Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Хорин хоёр жилийн дараахь уулзалт

Гэр бүлээрээ

Хорин хоёр жилийн өмнө Монгол нутагт хөл тавьж байсан энэ эрийг Алекс Декоте гэдэг. Швейцарийн иргэн, сэтгүүлч мэргэжилтэй тэрбээр Монголын нүүдэлчдийн амьдралыг үзэж сонирхохоор ирсэн байна. Монголд өмнө нь хэд хэдэн удаа ирж байсан нутгийн найз нь түүнийг “тал нутгийн гайхамшгийг үз” хэмээн ятгажээ. Тэд Монголд ирж, Төв аймгийн Сэргэлэн сумын нутагт очиж, малчин айлд зочилжээ. Цагаан сарын үеэр ирж таарсан болохоор үзэж харах ч зүйл их байсан бололтой. Энэ үеэрээ Алекс талын нүүдэлчдийн тухай, хөдөөгийн малчин айлын өдөр тутмын амьдралыг харуулсан богино хэмжээний бичлэг хийж авчээ. Нутагтаа очоод өнөө бичлэгээ youtube-д оруулснаас хойш өнөө айлтайгаа холбоо барьж чадсангүй. Тухайн үед айл болгонд гар утас, интернэт гэж ч байсангүй. Ингээд л холбоо тасарчээ.

22 жилийн дараахь уулзалт

Алекс бол 50 жил дэлхийн улс орнуудаар хэрэн хэссэн хүн. Очсон орны тоо нь 80 гарчээ. Сэтгүүлчийн хувиар телевиз, радиод ажиллаж, 10 гаруй ном туурвисан аж.

Цаг хугацаа урсан одож, нэг л мэдэхэд 22 жил өнгөрчээ. Алекс ч 75 нас хүрэв. Нэг өдөр youtube дэх монгол ахуйг харуулсан бичлэгийн дор холбоо барихыг хүссэн нэгэн зурвас ирсэн байсан бөгөөд и-мэйл хаягаа үлдээсэн байв. Тэр хаяг руу захидал бичиж, өөрийгөө танилцуулан, холбоо барих хаягаа ч үлдээлээ. Удалгүй түүний хаягаар огт танихгүй хаягнаас захидал ирсэн байв. Захидлыг нээтэл, бурхан минь… Аль тэртээ зүүдний юм шиг холоос түүнд хаяглан захидал иржээ. Улаа бутарсан хацартай бяцхан хүү хээв нэг морь унан хурдалж, адуугаа эргүүлж буй тэр дүр төрх. Хөр цасан дөнгөж ханзарсан жаварт өглөө тэр холоос өлгийтэй хүүхдээ өвөртлөн ирж настнууддаа золгож буй морьтон залуус. Тал нутгийн соньхон амьдрал шууд л нүдэнд нь буугаад ирэв шүү.


Мартин

Захидлыг яаран нээж үзвэл, 22 жилийн өмнө зочилж байсан монгол айлаас түүний амрыг эрэн мэндчилсэн байв. Айлын хүүхдүүд өсч том болоод, түүний youtube-д байршуулсан өөрсдийнхөө бичлэгийг олж үзсэн тухайгаа бичээд, боломжтой бол эх бичлэгийг нь шуудангаар илгээхийг хичээнгүйлэн хүсчээ. “Аль 22 жилийн өмнөх явдал шүү дээ. Яг л зүүд шиг санагдсан. Хэзээ ч бүтэхгүй, биелэхгүй зүйл шиг санагдаж байсан тэр зүйл бүтэх шиг, зүүд бодит болж байгаа мэт санагдсан шүү” хэмээн Алекс сэтгэл догдлон ярьж байлаа. Тэгээд өнөө бичлэгийг шуудангаар биш, өөрөө биечлэн аваачиж өгөхөөр сэтгэл шулуудан, бэлтгэлээ базааж эхэлсэн байна. Түүнд монгол хэлтэй орчуулагч хэрэгтэй учраас Мартин хэмээх бүсгүй рүү залгаж “хамт Монгол явах боломжтой юу” гэж асуухад өнөөх нь шуудхан зөвшөөрчээ. Хоёр нялх хүүхдээ нөхөртөө даатгаад, ажлаасаа чөлөө аван Монголыг зорьсон энэ швейцарь бүсгүй бол өмнө нь Монголд хэд хэдэн удаа ирсэн, зан заншил ахуй соёлыг нь боломжийн мэддэг, монгол хэлээр ус цас шиг ярьдаг нэгэн юм. Зөвхөн монгол хэл бус дэлхийн 10 гаруй орны хэлээр чөлөөтэй ярьдаг ховорхон авьяастай энэ бүсгүй монгол нутаг, монгол хүмүүст сэтгэл зүрхнээсээ хайртай. Мөн л Монголд ирэлгүй 12 жил болсон хүн. Энэ хоёрт хоёуланд нь Монгол руу явах нууцхан хүсэл дараатай явсан нь ийн биелж, өдгөө ирээд байгаа нь энэ юм.

Алекс, Мартин хоёр Монголд ирсэнийхээ маргааш шууд л Сэргэлэн суманд байх танилынх руугаа давхижээ. Цаг хугацаа урсан өнгөрсний гэрч Алексийн өтөл царайнд шингээ юу гэлтэй. 20 гаруй жилийн өмнө түүнд цангинатал дуулж өгч байсан Болдоо хүү хэдийнэ өрх тусгаарлаж, амьдрал нь тэгширчээ. Хүүхдүүд том болж, ихэнх нь хот суурин газар амьдарч байгаа аж. Хөдөө машин тэрэг, гар утас, гэрэл цахилгаантай ч болж. Хөгжлийн хэрээр ахуй амьдралд нь өөрчлөлт гарсан ч нүүдэлчний соёл, тал нутгийнхны сайхан сэтгэл яг хэвээрээ байна. “Би арай эрт ирэх ёстой байж. 22 жилийн өмнө намайг ирэхэд ид гялалзаж явсан хүүгийн ээж өнгөрсөн хавар бурхны орныг зорьсонд үнэхээр харамсаж байна” хэмээн швейцарь эр нүдэндээ нулимстай өгүүлж сууна. “Монголчууд их гэр бүлсэг улс. Аав, ээж, ах дүү биенээ гэх элгэн халуун сэтгэлтэй. Би дэлхийн 80 гаруй улсад ажлаар болон аяллаар очсон байна. Тэгж явахад зарим улс орон, хүмүүс өмнө нь уулзаж учирч байсан ч юм шиг хачин дотно санагддаг. Монгол орон, монгол хүмүүс надад яг тийм дотно санагддаг. Тиймээс ч би өөрөө энэ бичлэгийг хүргэж ирсэн юм. Би нас өндөр хүн. Магадгүй, би дахиж ирж чадахгүй байх” хэмээн Алекс ярьж байна. Тэрээр Сэргэлэн суманд Болдоогийнд очоод буцахдаа сэтгэл нь ихэд хөдөлж, нулимсаа барьж дийлээгүй гэнэ. Болдоогийнхон ч уйлцгааж. Ирж буцах хорвоогийн урсгалд дахин уулзах болзоо тавьж салцгаасан ч, хожмоо инээлдэн учрах тавилан буйг хэн ч мэдэхгүй буй за.

Хорин хоёр жилийн өмнө хийсэн тэрхүү бичлэгийг үзэхийг хүсвэл youtube-ээс Mongolie: un hiver sous la yourte гэсэн нэрээр хайж болно.

Categories
мэдээ цаг-үе

В.В.Путин: Манай ард түмнүүд найрамдал, харилцан хүндэтгэлийн зарчимд тулгуурласан бат итгэлцлээр нягт холбогдсон билээ

– АЙЛЧЛАЛЫН ҮР ДҮНД ХОЁР ТАЛЫН ХАРИЛЦААГ ЧАНАРЫН ШИНЭ ТҮВШИНД ГАРГАХ НАЙРСАГ ХАРИЛЦАА, ИЖ БҮРЭН СТРАТЕГИЙН ТҮНШЛЭЛИЙН ТУХАЙ ГЭРЭЭНД ГАРЫН ҮСЭГ ЗУРНА-

Оросын Холбооны Улсын Ерөнхийлөгч В.В.Путин өнөөдөр Монгол Улсад айлчлан ирж байна. Владимир Владимирович Путины манай сонинд өгсөн ярилцлагыг уншигчдадаа хүргэж байна. В.В.Путин Монгол Улсад дөрөв дахь удаагаа айлчлан ирж байгаа нь энэ юм.


-Эрхэм Ерөнхийлөгч Та Халхын голын байлдааны талаар болон Орос, Монголын харилцаа, Ялалтын ач холбогдлын талаар ямар санал бодолтой байна вэ?

-Орос, Монгол хоёр улс зөвхөн түүх, газарзүйн хувьд ойрхон хөршүүд биш шүү. Манай ард түмнүүд найрамдал, харилцан хүндэтгэлийн зарчимд тулгуурласан бат итгэлцлийн харилцаагаар нягт холбогдсон билээ.

Бидний хамтын түүхийн хамгийн яруу тод, чухал үйл явдлын нэг нь японы цэргийг Халхын гол дээр хамтарч ялсан явдал юм. Өнгөрсөн зууны 30-аад онд Монгол улсын зүүн хил дээрх нөхцөл байдал тавгүй байж, улам түгшүүртэй болж байсныг сануулъя. 1935 онд эхний ноцтой зэвсэгт мөргөлдөөнүүд гарч байлаа. Үүнтэй холбогдуулан 1936 оны гуравдугаар сарын 12-ны өдөр ЗХУ, БНМАУ-ын хооронд харилцан туслалцах протоколд гарын үсэг зурж улмаар Монгол улсын нутаг дэвсгэрт улаан армийн ангиудыг байрлуулсан. Ширүүн байлдаан буюу 1939 оны наймдугаар сарын 20-ноос есдүгээр сарын 16-ны хүртэлх төгсгөлийн үед тэдгээр ангийн цэрэг Монголын дайчидтай мөр зэрэгцэн тулалдаж түрэмгийлэгчдийг бут цохиод, Монгол Улсын тусгаар тогтнол, нутаг дэвсгэрийн бүрэн бүтэн байдлыг хамгаалж чадсан юм.

Халхын гол дээр байгуулсан ялалт цэрэг, улс төрийн чухал ач холбогдолтой байжээ. Тэрхүү ялалт маань Япон улс 1941 онд Зөвлөлт Холбоот Улс руу довтлохоос татгалзсаны гол шалтгааны нэг байсан бөгөөд Япон улсыг Дэлхийн хоёрдугаар дайнд оролцох явцыг удаашруулсан юм. Ингэснээр зөвлөлтийн удирдлага Москва орчмын тулалдаанд чухал үүрэг гүйцэтгэсэн анги нэгтгэлийг 1941 оны сүүл гэхэд улс орныхоо баруун хэсэгт шилжүүлж чадсан билээ.

Аугаа их эх орны дайны хатуу ширүүн жилүүдэд Монгол Улс тусламж үзүүлснийг Орос улс талархалтайгаар дурсан санаж байдаг. Монголын иргэд фронтод тулалдаж байсан зөвлөлтийн дайчдад зориулж дулаан хувцас, хоол хүнс илгээхийн хамт морьт цэргийн ангиудад өөрсдийн агт морьдыг өгдөг байжээ. Мөн өөрсдийнхөө хангамжийг ихээхэн хасан байж “Хувьсгалт Монгол” танкийн цуваа болон “Монгол ард” сөнөөгч онгоцны эскадрилийг байгуулах хөрөнгө мөнгө хуримтлуулан хандивлажээ.

Ирэх оны тавдугаар сард Москва хотноо болох Аугаа их Эх орны дайнд Ялалт байгуулсаны 75 жилийн ойн баяр ёслолд Монгол Улсын Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулга оролцоно гэж найдаж байна.

-Таны айлчлал Халхын голын байлдаанд Ялалт байгуулсаны 80 жилийн ойг хамтран тэмдэглэхээс гадна өөр ямар зорилготой вэ. Ямар асуудлуудыг авч хэлэлцэх гэж байна?

-Дээр миний хэлсэнчлэн манай хоёр ард түмнийг зөвхөн ах дүүгийн дайчин нөхөрлөл төдийгүй харилцан ашигтай хамтын ажиллагааны баялаг түүх холбодог билээ. Энэ жил хамтарч тэмдэглэх ой олонтой. Манай хоёр талын аж ахуйн хамтын ажиллагааны тэргүүлэгч байгууллага болох улс хоорондын хамтарсан үйлдвэр “Улаанбаатар төмөр зам” хувь нийлүүлсэн нийгэмлэг 70 нас хүрлээ. 60 жилийн өмнө манай мэргэжилтнүүдийн дэмжлэгтэйгээр Монгол Улсад атар газар эзэмших ажил эхэлсэн.

Өнөөдөр Орос, Монгол хоёр улсын хамтын ажиллагаа иж бүрэн, олон талын шинж чанартай бөгөөд улс төр, худалдаа, эдийн засаг, хөрөнгө оруулалт, санхүү, аж үйлдвэр, хөдөө аж ахуй, шинжлэх ухаан, боловсрол, соёл, спортын болон бусад салбарыг хамарч байна.

Ерөнхийлөгч Халтмаагийн Баттулгатай хэлэлцээ хийх, Улсын Их Хурлын дарга Гомбожавын Занданшатар, Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхтэй уулзаж ярилцах явцад харилцан ашигтай хамтын ажиллагааг цаашид өргөжүүлэх хэтийн төлөв, үүний дотор Оросын Холбооны Улс, Монгол Улсын хооронд стратегийн түншлэлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөрийн хэрэгжилтийг дэлгэрэнгүй авч хэлэлцэнэ.

Айлчлалын үр дүнд манай хоёр талын харилцааг чанарын шинэ түвшинд гаргах Найрсаг харилцаа, иж бүрэн стратегийн түншлэлийн тухай улс хоорондын гэрээнд гарын үсэг зурна. Найрсаг харилцаа, хамтын ажиллагааны тухай 1993 оны гэрээний суурин дээр боловсруулсан энэхүү баримт бичиг хугацаагүй байхыг онцлон тэмдэглэе.

-Монгол, Орос хоёр улс мөнхийн хөршүүд. 1990-ээд онд эдийн засгийн харилцаа объектив шалтгааны улмаас багассан ч сүүлийн үед өсөх хандлагатай байна. Цаашид хоёр улс аль салбарт харилцан ашигтай хамтран ажиллах боломжтой гэж та харж байна вэ. Мөн гаалийн татвар өндөр байдаг нь эдийн засгийн эргэлтэд сөргөөр нөлөөлдөг. Энэ татварыг зохистой түвшинд аваачих талаар яригдах уу?

-Монгол Улстай олон салбарт харилцаа, хамтын ажиллагааг хөгжүүлэх нь Ази тивд Орос улсын явуулж буй гадаад бодлогын тэргүүлэх чиглэл мөн.

Сүүлийн жилүүдэд хоёр талын худалдаа өндөр хурдтай хөгжиж байна. 2018 оны дүнгээр худалдааны эргэлт 21 орчим хувиар нэмэгдэж 1.65 тэрбум ам.долларт хүрсэн. Энэ оны эхний зургаан сарын байдлаар дахиад 11.8 хувиар өсч 800 сая ам.долларт хүрчээ.

Худалдаа, эдийн засаг, шинжлэх ухаан, техникийн хамтын ажиллагааны Засгийн газар хоорондын комисс болон түүний харьяа дэд комисс, ажлын хэсгүүдийн чиглэлээр бодит хамтын ажиллагааг гүнзгийрүүлэх ажил үр дүнтэй явагдаж байна.

Хоёр талын яриа хэлэлцээний хүрээнд тээвэр, дэд бүтцийн салбар, Монгол Улсын дамжуулан өнгөрүүлэх нөөц бололцоог илрүүлж, нэмэгдүүлэн ашиглахад анхаарлаа хандуулж байна. Энэ зорилгоор “Оросын төмөр замууд” буюу “РЖД” компани Монгол Улсын тээврийн гол суваг болсон “Улаанбаатар төмөр зам”-ыг шинэчлэхээр төлөвлөж байна.

Хамтын ажиллагааны өөр нэг салбар бол эрчим хүч юм. Оросын компаниуд Монгол Улсад цахилгаан эрчим хүч нийлүүлэхийн хамт тус улсын цахилгаан эрчим хүчний үйлдвэрүүдийн техникийн шинэчлэлд оролцож байна. Мөн аж үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт сонирхолтой төслүүдийг боловсруулж, хэрэгжүүлж байна.

Эрүүл ахуй, мал эмнэлгийн салбарт хамтын ажиллагаа идэвхтэй өрнөж байна. Өнгөрсөн жил монгол малыг вакцинжуулах хүмүүнлэгийн хөтөлбөрийн хоёр дахь шат амжилттай хэрэгжиж дууссаны ачаар Монголын мал аж ахуйн бүтээгдэхүүнийг Оросын зах зээлд гаргах ажил улам амар болох юм.

Байгаль орчноо хамгаалах асуудалд чухал ач холбогдол өгч байна. Хил орчмын бүс нутагт хамтарсан дархан цаазат газруудыг байгуулах талаар хэлэлцээ явагдаж байна. Энэ нь манай нийтлэг бүс нутгийн биологийн олон төрлийн өвөрмөц байдлыг хадгалан хамгаалахад тус дөхөм болно.

Үндэсний боловсон хүчнээ бэлтгэхэд нь Монголын талд дэмжлэг туслалцаа үзүүлсээр байна. Одоо Орос улсын их, дээд сургуульд Монгол Улсын гурван мянга орчим иргэн суралцаж байна. Монгол оюутнуудад зориулж манай улсын төсвөөс жил бүр 500 тэтгэлэг олгож байна.

Гаалийн татварыг бууруулах тухайд гэвэл 2015 онд Евразийн эдийн засгийн комисс, Монголын талын хооронд байгуулсан хамтарсан ажлын хэсгийнхэн хоёр талын худалдааны үр ашгийг дээшлүүлэх, үүний дотор саад тотгорыг арилгах, гаалийн хяналтын удирдлагын системийг сайжруулах, эрүүл ахуйн хэм хэмжээг харилцан уялдаатай болгох зэрэг ажлыг гүйцэтгэж байна. Ихэнх тохиолдолд техникийн шаардлагыг хөнгөвчлөх нь ажил хэргийн хамтын ажиллагаанд татварыг бууруулахаас илүү хүчтэй түлхэц болж өгдөг шүү.

-Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай тогтоосон таны хувийн харилцаанд жүдо бөхийг сонирхох, спортоор хичээллэх нийтлэг сонирхол хэр зэрэг нөлөөлж байна вэ?

-Миний хувьд жүдо бол зүгээр нэг спортын төрөл биш ээ. Жүдо нь зоригтой байх, бусад хүмүүст хүндэтгэлтэй хандах, тэвчээр гаргах, амьдралын хүндийг даах, хэцүү нөхцөл байдлаас нэр төртэйгөөр гарах зэрэг чанарыг бөх хүнд суулгаж өгдөг.

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга бас жүдогоор ч, самбогоор ч хичээллэдэг, дэлхий дахинд хүлээн зөвшөөрөгдсөн халз тулааны мастер мөн гэдгийг мэднэ. Бидний хувьд нийтлэг сонирхол, төстэй сэтгэхүйтэй тул “Хоёулаа нэг долгион барих” гэдэг шиг харилцан ойлголцолд хүрэхэд амар байлаа. Өнөөдөр энэ маань үр ашигтай яриа хэлэлцээгээ үргэлжлүүлэх, хоёр талын хамтын ажиллагааны чухал чухал асуудлыг ажил хэрэгчээр шийдвэрлэх, ирээдүйтэй төслийг их амжилттай хэрэгжүүлэх боломж олгож байна. Мэдээжийн хэрэг, бид улс төрийн арга хэмжээ, эсвэл эдийн засгийн форумын үеэр төдийгүй жүдо бөхийн ДАШТ-ий үеэр ч уулзахыг эрмэлздэг ээ.

Categories
мэдээ цаг-үе

Үндсэн хуулийг одоогийнхоос муутгавал өөрчлөх хэрэггүй

1992 онд баталсан ардчилсан Үндсэн хуулийн гол автор Б.Чимэд “Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах зайлшгүй шалтгаан байна уу гэдгийг харах хэрэгтэй” гэж хэлсэн байдаг. Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар энэ парламент хаваржин, зунжин хуралдаж байна. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах шалтгаан бол хангалттай байсан гэдгийг бид хуульч, судлаачдын амнаас сонсохоос гадна амьдрал дээр ч харсаар иржээ. Тухайлбал, УИХ-ын 20 гаруйхан гишүүн хууль баталдаг болсон. Шүүхийн хараат бус байдал алдагдаж, хэт улстөржсөн. Шүүх засаглалд Ерөнхийлөгчийн эрх мэдэл хэт их төвлөрсөн. Засгийн газрын үйл ажиллагаа тогтворгүй болсны тод жишээ бол 1992 оноос хойш ажилласан Засгийн газрын ажилласан хугацаа. 1992 оноос хойш 14 Засгийн газар байгуулагдсанаас хоёрхон нь бүрэн эрхийн хугацаандаа ажиллажээ. Засгийн газрын дундаж бүрэн эрхийн хугацаа 1.8 жил. Ямар ч Засгийн газар гарч ирлээ гэсэн бодлогоо боловсруулж батлуулаад, түүнийгээ хэрэгжүүлж эхлэх гэж байтал огцордог. Үүнээс болоод нийгэм, эдийн засгийн асуудлуудаа шийдэж чадахгүйд хүрч ядуурал, авлига, баялгийн тэгш бус хуваарилалт дорвитой буурдаггүй. Монгол Улсын Ерөнхий сайд асан С.Баяр саяхан манай сонинд өгсөн ярилцлагадаа “Үндсэн хуулийн гуравдугаар бүлэгт л өөрчлөх зүйлс байгаа” хэмээн ярьсан. Тодотговол одоогийн хуулинд байгаа “УИХ бол төрийн эрх барих дээд байгууллага…” гэсэн нь төрийн эрх мэдлийг хуваарилах сонгодог онолын дагуу хууль тогтоох, гүйцэтгэх, шүүх гэсэн харилцан шүтэлцээтэй, эрх тэгш гурван эрх мэдлийг үгүйсгэжээ. Дээрх гурвын аль нэг нь “дээд” байх учиргүй. Парламентын тогтолцоог сонгосон хэрнээ Улсын Ерөнхийлөгчийг “сонгуулийн эрх бүхий иргэд нийтээрээ” сонгох заалт орчихсон. Ингэснээр “бүх ард түмнээс сонгогдсон” Ерөнхийлөгч нь Ерөнхий сайдтайгаа эрх мэдэл булаалдах эхлэл тавигдсан” хэмээн ярьсан байна.

Энэ мэт шалтгааны улмаас МАН-ын 62 гишүүн Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төслийг өргөн барьсан билээ. Энэ удаа Үндсэн хуулийн бүх зүйл заалтын 28 хувийг өөрчлөхөөр болсон байв. Судлаачдын үгнээс харахад эхний төсөл тун чамбай болжээ гэсэн үнэлэлт хаа сайгүй хөвөрч байлаа. Монголын аль гайгүй гэсэн хуульч, эрхзүйчид, нэлээн олон хоног сууж хийсэн болохоор боломжийн болсон нь аргагүй биз.

Шинэ төсөлд Ерөнхийлөгчийн талаар “Ерөнхийлөгч бол үндэсний эв нэгдлийг илэрхийлэгч байх ёстой гэдэг үүднээс 55 нас хүрсэн хүн Ерөнхийлөгчид нэр дэвшиж, зөвхөн нэг удаа зургаан жилээр сонгогдоно. Мөн Ерөнхийлөгчид Үндсэн хуульд заагаагүй маш олон бүрэн эрхийг хуулиар нэмсэнийг болиулж, шүүгчдийг шилж олдог, ШЕЗ-ийн дарга, гишүүдийг томилох, Шүүхийн ёс зүйн хорооны дарга, гишүүнийг томилох, АТГ-ын дарга, дэд даргыг нэр дэвшүүлэх гэх мэт олон бүрэн эрхтэй байсныг нь хумьж өгчээ.

Анхны төсөлд УИХ-ын талаар “Парламентын үйл ажиллагаа, хариуцлага, гүйцэтгэх эрх мэдэлд тавих хяналтыг сайжруулахын тулд УИХ хагас жил тутам ажлын 50 өдөр чуулдаг байсан бол төслөөр 70-аас доошгүй болгон нэмэгдүүлж, байнгын ажиллагаатай парламентын шинжийг хангах заалт оруулсан. Мөн УИХ-ын нийт гишүүний олонх буюу 39-өөс доошгүйн саналаар хуулийг эцэслэн баталдаг болно. УИХ-ын гишүүн Үндсэн хуульд заасан албан үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй. Ерөнхий сайд болон Засгийн газрын дөрвөн гишүүн л УИХ-ын албан тушаалыг хавсарч болно гэж оруулж өгсөн. Энэ нь хэт олон сайд УИХ-ын гишүүн болж хууль тогтоох болон гүйцэтгэх эрх мэдлийн зааг ялгаа бүдгэрэхээс сэргийлж байв. УИХ-ыг хариуцлагажуулахтай холбоотойгоор УИХ нийт гишүүдийнхээ гуравны хоёрын саналаар тарна. УИХ-ын анхдугаар чуулганы хуралдаан эхэлснээс 45 хоногийн дотор, эсвэл шинээр Ерөнхий сайдыг томилох нөхцөл үүссэн өдрөөс хойш 30 хоногийн дотор Ерөнхий сайдыг томилоогүй бол УИХ-ыг тараах шийдвэрийг Ерөнхийлөгч гаргана” гэх зэрэг заалтыг оруулж өгчээ.

Засгийн газрын хувьд Ерөнхий сайдыг огцруулж, шинэ Ерөнхий сайдыг томилох тухай саналыг хамтад нь тавьбал УИХ шийдвэрлэнэ. Уг саналыг нийт гишүүний олонхоор дэмжсэн бол Ерөнхий сайд огцорч шинэ Ерөнхий сайд томилогдоно. Засгийн газрын гишүүнийг УИХ, Ерөнхийлөгчид танилцуулснаар Ерөнхий сайд өөрөө томилж, чөлөөлж, огцруулна гэх мэт оруулсан.

Шүүх засаглалын хувьд “Монгол Улсын иргэнийг анхан шатны шүүхийн шүүгчээр хуульчийн мэргэжлээр таваас доошгүй жил ажилласан, гучин нас хүрсэн хүнийг томилно. Давж заалдах шатны шүүхийн шүүгч нь тухайн шүүн таслах ажлын төрлөөр дагнан анхан шатны шүүхэд зургаагаас доошгүй жил шүүгчээр ажилласан байна. Улсын дээд шүүхийн шүүгчээр хуульчийн мэргэжлээр арван таваас доошгүй жил ажилласан, 40 хүрсэн иргэнийг томилно гэж байгаа. Энэ шалгуурыг хангасан нэр дэвшигчийг шүүгчээр томилох шийдвэрийг ШЕЗ гаргана. Ерөнхийлөгч энэ шийдвэрийг хүлээн авснаас хойш 21 хоногийн дотор батламжлах ёстой. Үнэхээр Үндсэн хуульд заасан шаардлага хангаагүй гэж үзвэл Ерөнхийлөгч шүүгчийг батламжлахаас татгалзаж болно. Гэхдээ заавал үндэслэлээ нийтэд тайлбарлах ёстой. Улсын дээд шүүхийн шүүгчийг арван хоёр жилийн хугацаагаар зөвхөн нэг удаа томилох, ингэхдээ ШЕЗ томилгооны сонсголд оруулж, томилох шийдвэрээ УИХ-д танилцуулж, Ерөнхийлөгчид хүргүүлнэ.

ШЕЗ нь арван гишүүнтэй байна. Гишүүд дөрвөн жилийн хугацаагаар зөвхөн нэгэн бүрэн эрхийн хугацаанд ажиллана. Арван гишүүний тав нь шүүгч байна. Шүүгч таван гишүүний нэгийг нь хяналтын шатны шүүхийн, нэгийг нь давж заалдах шатны шүүхийн, гурвыг нь анхан шатны шүүхийн шүүгчид өөрсдөө дотроосоо сонгоно. Үлдсэн таван гишүүн нь хууль зүйн өндөр мэргэшилтэй, мэргэжлээрээ арваас доошгүй жил ажилласан хүмүүс буюу шүүгч биш байх бөгөөд УИХ эдгээрийг томилно. Ингэхдээ хуралдаанд оролцсон гишүүдийн гуравны хоёроос доошгүйн саналаар томилно. УИХ санал хураахаасаа өмнө эдгээр таван нэр дэвшигч дээр томилгооны сонсгол заавал хийнэ. ШЕЗ-ийн даргыг гишүүд дотроосоо сонгоно” гэжээ. Энэ нь ШЕЗ дэх улс төрийн зүй бус нөлөөллийг сааруулж, шүүхийн бие даасан, шүүгчийн хараат бус байдлын нэг баталгаа гэж тайлбарласан байна. Одоо бол ШЕЗ таван гишүүнтэй бөгөөд даргаас нь эхлээд гишүүдийг нь хүртэл Ерөнхийлөгч томилдог болсон.

Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулахаар сар гаруй хэлэлцээд байтал Ерөнхийлөгч гэнэт өөрийн төслөө ирүүлсэн нь хэсэг гацаа үүсгэж, шуугиан тарилаа. Ерөнхийлөгч Үндсэн хуульд оруулах өөрийн төслөө бүтнээр нь батлуулна гэж зүтгэж байгаа. МАН-ын бүлгийн хуралд сууж, сүрхий ширүүн загнасан гээд мэдээллүүд хөвөрч байна. Эцэг хуулийн өөрчлөлтөд манлайлан оролцох ёстой Ерөнхийлөгч хууль хэлэлцээд эхэлснээс хойш бүхэл бүтэн сарын дараа өөрийн төслөө оруулж ирж байгаа нь хууль зөрчсөн хэрэг хэмээн түүнийг буруутгах хэсэг ч бий. Мөн “анхны төсөл их чамбай болсон, хэлэлцүүлгийн үеэр анхны төслийг сулруулж муутгасан ямар нэгэн заалт, өөрчлөлт шургуулж өөрчлөх вий гэсэн” хуульчдын хардлага биеллээ олж эхлэв бололтой. Учир нь Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд шүүх эрх мэдлийн талаарх өмнөх заалтуудын төслийг үгүй хийж чаджээ. Өөрөөр хэлбэл, шүүхийн байгууллагын томилгоонд Ерөнхийлөгч өөрөө оролцдог, эрх мэдлээ хэвээр үлдээхээр шийдсэн байна.

Харин Ерөнхийлөгчийн өргөн барьсан төсөлд УИХ-ын гишүүний тоог 108 болгох, сонгуулийг холимог тогтолцоогоор буюу гишүүнийхээ 50 хувийг нь мажоритар, нөгөө 50 хувийг нь пропорционал тогтолцоогоор сонгох, УИХ-ын гишүүн болон нийслэл, аймаг, дүүрэг, сум багийн Засаг даргын таван жилээр сонгоно гэсэн тун боломжийн заалтууд орж ирсэн юм. УИХ-ын гишүүний тоог олон болгох нь нэг гишүүний хэт их эрх мэдлийг багасгах, сонгуулийн хугацаа холимог тогтолцоо нь зардал хэмнэх гэх мэт эерэг нөлөөтэй юм.

Ямартай ч МАН-ын УИХ дахь бүлэг өнгөрсөн долоо хоногт хуралдаж Ерөнхийлөгчийн өргөн барьсан зарим заалтуудыг дэмжлээ. Гэхдээ 108 гишүүнийг 99 болгож, 23 гишүүнийг намын жагсаалтаар, 76 гишүүнээ жижиг тойргоос сонгох хувилбарыг дэмжлээ. Энэ заалт бол Ерөнхийлөгчийн хэлснээр “МАН-ын гишүүдийн түүнд санал болгож өргөн бариач хэмээн гуйсан санал юм. Эдгээрийг УИХ-ын Төрийн байгуулалтын байнгын хороо мөн дэмжив. Мөн “Улсын Их Хурлын гишүүн нь Ерөнхий сайдаас бусад, хуулиар тогтоосон үүрэгт нь үл хамаарах ажил, албан тушаал хавсарч болохгүй. Улсын Их Хурлын гишүүн бүрэн эрхээ хэрэгжүүлэхдээ өргөсөн тангарагаасаа няцаж, Үндсэн хууль зөрчсөн бол түүнийг Улсын Их Хурлын гишүүнээс татах үндэслэл болно”, “Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрдэнэ. Ерөнхий сайд Улсын Их Хурлын гишүүн байна” гэж өөрчлөн найруулж, дэмжив. Харин шүүх болон шүүгчийн томилгоотой холбоотой саналуудыг Зөвшилцлийн ажлын хэсэг болон УИХ дахь МАН-ын бүлгийн хуралдаанаар дахин хэлэлцэж, нэгдсэн ойлголцолд хүрэх хүртэл түр хойшлуулжээ.

Ийн Үндсэн хуульд оруулах нэмэлт өөрчлөлт анхны төслөөсөө ихээхэн өөрчлөгдөж байна. Энэ нь эцэг хуулийг сайжруулах биш, муутгах тал руугаа чиглэгджээ гэдгийг мэргэжлийн хүмүүсийн шүүмжлэлээс харж болно. Үндсэн хуулинд нэмэлт өөрчлөлт оруулсан бол найман жил дахин гар хүрдэггүй хуультай. Улстөрчид өөрсдийн эрх мэдлээ хадгалж үлдэх гэж элдэв улс төрийн тохироо, хуйвалдааны аргаар энэхүү нэмэлт өөрчлөлтийг хийх юм бол өнөөгийн засаглалын хямрал, улстөржсөн шүүхийн үйл ажиллагаа дахин арваад жил энэ хэвээрээ үргэлжлэх нь. Монгол Улсын эрх ашиг тэр хэрээр хөсөр хаягдаж, бүр л харанхуй үе рүүгээ орно. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хүмүүс өөрсдийнхөө эрх ашгийг хуульд нааж өгдөггүй ёстой. Гэтэл энэ парламентад хэт олонх болсон МАН-ын 62 гишүүн, АН-аас сонгогдсон Ерөнхийлөгчтэйгээ нийлээд аль заалтыг яаж өөрчилбөл өөрсдөд нь хэдийд хэрхэн хэрэг болох улс төрийн тохироо, ашиг хонжоо харж Үндсэн хуулийг хүч түрэн өөрчлөх нь үү гэсэн хардлага төрж байна. Үндсэн хуулийн эрхзүйг одоогийн байгаа байдлаас нь муутгавал өөрчлөх тухай бодох ч хэрэггүй юм. МАН анх гайгүй сайн төсөл боловсруулж оруулж ирсэн ч замын дундаас Ерөнхийлөгчид захиалга өгөн өөр бусад саналуудыг нэмж байна. Үүний хариуд Ерөнхийлөгч өөрийн эрх мэдлээ хадгалах хуучин тогтолцоог хэвээр үлдээхээр тохирч чадсан бололтой. Ийм л бие биедээ барьцаалагдсан бохир тохирооны хүлээсэнд Монгол Улс, Монголын ард түмэн дахин 10-аад жил баригдах нь.

Өөр нэг зүйл бол Үндсэн хуулийн хэлэлцүүлгийг ингэж удааж, гацааж байгааг зориудын үйлдэл гэж хардаж байна. Учир нь эцэг хууль хэлэлцэх үед хуулиа эцэслэн баталтал УИХ, байнгын хороогоор өөр асуудал хэлэлцдэггүй хуультай. Үүнийг ашиглаж засгаа огцруулахгүй хэмээн зүгээр л цаг хожиж байна хэмээн эрх баригчдыг хардах хүний тоо олон болсоор.

Categories
мэдээ цаг-үе

Б.Содмягмар: ДАШТ-д хамтлаг, хосын төрөлд оролцох болсон нь манайдаа анхных болж байна


“Master Dance” бүжгийн клубыг үүсгэн байгуулагч, бүжигчин Б.Содмягмартай ярилцлаа.


-“Master Dance” хамтлагийнхан маань тун удахгүй ДАШТ-д явахаар болсон тухай баяртай мэдээ сонслоо. Танай хамтлагийн хувьд анх удаагаа дэлхийн аваргад өрсөлдөх гэж байгаа байх аа?

-Өнгөрсөн 10-ны өдөр болсон стандарт хамтлагийн улсын аварга шалгаруулах тэмцээнд манай хамтлаг хоёрдугаар байрт шалгарснаар ДАШТ-д оролцох эрхээ авч, бэлтгэлээ улам эрчимжүүлээд явж байна. Ирэх сарын 7-нд Москва хотноо ДАШТ болох учраас бүх зүйл маш тулгуу л байна. Бидний хувьд байгуулагдаад удаагүй, ердөө нэг жил болж байгаа гэхэд дэлхийн аваргад улсаа төлөөлөн оролцох болсондоо маш баяртай байгаа. Өнгөрсөн зургадугаар сард хотын аварга болж, сая улсын аваргын тэмцээнд амжилт үзүүлж явах болсон нь манай хамтлагийн хувьд том боломж, том амжилт. Тиймээс бид юу чаддагаа хичээнгүйлэн харуулах хүсэлтэй байна. “Master Dance” клубын маань дэргэд стандарт болоод латин бүжгийн хамтлаг байгуулагдаад жил болсон ч ДАШТ-д орох болсон нь том амжилт. Монголчууд маань 2010 оноос эхлэн бүжгийн спортоор ДАШТ-д оролцох болж, “Хатантуул”, “Улаансарнай” хамтлагууд оролцож ирсэн байдаг.

-Өөрөө хамтлагаараа стандарт бүжгээр ДАШТ-д оролцохоос гадна латин бүжгийн төрөлд хосын төрлөөр оролцох гэж байгаа гэж дуулсан. Ер нь манайх хосын төрөлд тэр дундаа латин бүжгээр анх удаа орох гэж байгаа байх шүү?

-Латин бүжгийн хосын төрөлд өнгөрсөн жил аварга болж, өнөө жил дэд байрт орсон амжилт маань Г.Энхжин бид хоёрыг ДАШТ-д хосын төрөлд оролцох боломжийг олгож байна. Ер нь хамтлаг, хосын төрөлд зэрэгцэж дэлхийн аваргад өрсөлдөх тохиолдол манайдаа анхных ер нь ч ховорт тооцогдох байх аа. Тэр дундаа стандарт бас латин төрөлд зэрэг орох. Тиймээс миний хамтрагч, бид хоёр ихэд хичээж байгаа. Манай хамтлагийнхан өөрсдийгөө хөгжүүлэх гэж байнга олон улсын мэргэжилтнүүдийн хичээлийг авдаг. Өнгөрсөн зургадугаар сард гэхэд Орос явж дэлхийд ранкаараа гуравт ордог бүжигчний сургалтад хамрагдаж байсан. Энэ бүх олж дуулсан, сурч мэдсэн маань бидэнд хэрэг болно гэдэгт итгэж байна.

-Ингэхэд “Master Dance” клуб маань хэзээ байгуулагдсан бэ?

-“Master Dance” клубээ байгуулаад гурав дахь жилийнхээ нүүрийг үзэх гэж байна. Байгуулагдаад гурван жил болж байгаа ч хүүхдүүд маань тогтмол өндөр амжилт үзүүлдэг, хүүхэд, өсвөр нас, насанд хүрэгчдийн олон аваргуудыг төрүүлж, нэгэнт хүлээн зөвшөөрөгдсөн клуб болжээ. Анх хоёр жилийн өмнө Малайзад болсон олон улсын тэмцээнд Монголоос анх удаа оролцож байлаа. Тэр үед бусад орны тамирчид Монголоос ирж оролцож байна гэхэд ихэд гайхаж байсан. Хүүхэд нас болон өсвөр насны ангилалд найман хүний бүрэлдэхүүнтэй оролцож 11 төрөлд өрсөлдөөд есөн төрөлд нь байр эзлээд ирсэн. Өнгөрсөн жил Сингапурт болсон дэлхийн газар газраас шилдэг тамирчид ирж ордог “World Super Star” хэмээх олон улсын тэмцээнд хүүхэд нас, өсвөр насны тамирчид маань хоёр гуравдугаар байрт орсон гэх мэтээр олон улсын тэмцээн уралдаанд тогтмол амжилттай оролцож ирсэн. Харин одоо ДАШТ-д бид насанд хүрэгчдийн стандарт бүжгийн хамтлагаараа оролцох гэж байна.

-Бүгд мэргэжлийн бүжигчин болохгүй ч бүжгийн спортоор хүүхэд багачуудыг хичээлүүлж, урлагийн мэдрэмжтэй болгоно гэдэг том ажил санагддаг. Ер нь танайхаар дамжиж хэр олон хүүхэд бүжгийн спорттой танилцсан бэ?

-Өнгөрсөн хугацаанд манайх 1000 гаруй хүүхэд залуусыг төгсгөснөөс яг тэмцээний ангийн чадварлаг тамирчид гэвэл 500-600 гаруй хүүхэд байна. Одоо манай клуб дээр тэмцээний ангийн 100 гаруй тамирчин тэмцээн уралдаанд тогтмол оролцоод явж байна. Хүүхэд нас, өсвөр наснаас гадна залуу нас, насанд хүрэгчид, ахмад насанд хүмүүс хичээллэж байна.

-Бүжгийн спортоор хэдэн наснаас эхэлж хичээллэж болох вэ?

-Ер нь дөрвөн наснаас элсэлт авдаг. Манайд одоо дөрвөн настай хүүхэд суралцдаг. Бид анхан шат, ахисан шат, тэмцээний анги гэсэн гурван үе шаттай элсэлтээ авдаг. Манайд бүх насны ангилалд тамирчид бэлтгэгдэж байна. Бүр сениор насны ч тамирчидтай. 30-35, 40-өөс дээш, 60-аас дээш насны тамирчид ч хичээллэдэг.

-“Master Dance” клуб маань сүүлийн хоёр ч жил шилдэг клубээр шалгарсан санагдаж байна. Гэтэл үнэндээ байгуулагдаад удаагүй юм байна. Манайд байгаа тэр олон бүжгийн клубуудээс шилдгээр тодорно гэдэг амаргүй биз дээ?

-Бүжгийн спортын холбоонд харьяалалтай маш олон клуб бий. Монголын бүжгийн спортын холбоо 2000 оноос хойш идэвхитэй үйл ажиллагаа явуулж ирсэн. Улаанбаатар хотод л гэхэд арваад клуб байна. Хөдөө орон нутаг аймаг болгонд харьяалалтай клубүүд бий. Манай бүжгийн спортын холбооны тэмцээн уралдаан маш өргөн цар хүрээнд болдог. 1000 гаруй тамирчин тэмцээнд тогтмол оролцож, жил ирэх тусам ур чадвар нь нэмэгдэж өрсөлдөөн маш өндөр байдаг. Сардаа 1-2 удаа тэмцээн болдог учраас бүжигчдийн, клубын ур чадвар маш хурдтай өсөн дэвждэг гэж болно. Тэр өрсөлдөөн дундаа бид илүү чадавхижиж, илүү өсч дэвжсээр ирсэн.

-Манайд байгаа спортын олон холбоод дундаас танай бүжгийн спортын холбоо нэлээд дэгтэй, үйл ажиллагаа нь нягт нямбай явагддаг шиг анзаарагддаг…

-Монголын бүжгийн спортын холбоонд клубууд маань харьяалагддаг. Манайхан дүрэм журмаа сайн биелүүлдэг идэвхитэй гишүүдтэй сайн холбоо гэдэг нь үнэн шүү. Багш нар маань холбооныхоо багш дасгалжуулагчийн сургалтад сууж байж багшлах эрхийн лицензээ авна. Мөн клубууд маань спортын холбоондоо татвараа төлөөд үйл ажиллагаа явуулах эрхтэй болдог. Монголын бүжгийн спортын холбоо нь дэлхийн бүжгийн спортын холбоонд харьяалагддаг. Дэлхийн бүжгийн спортын холбооны тэмцээн уралдаанд орохын тулд эхлээд Монголын бүжгийн спортын холбооныхоо тэмцээн уралдаанд орж эрхээ авдаг.

-Өөрийг тань “Ододтой хамт бүжиглэе” шоун дээр загвар өмсөгч Д.Пүрэвсүрэнгийн хос болж байснаар олон хүн таних болсон. Ер нь бүжгийн спортоор хэр удаан хичээллэж байна вэ?

-Би бүжгийн спортоор хорь дахь жилдээ хичээллэж байна. Тэр шоу нэвтрүүлэг яг арван жилийн өмнө болж байжээ. Би тэмцээнд оролцогчдоос хамгийн бага нь буюу 16 настай байсан. Бүжигчний хувьд туршлагатай ч энэ шоу нэвтрүүлэг миний хувьд олон шинэ зүйлийг нээж өгсөн. Камерт аль талаасаа ямар хөдөлгөөн хийвэл илүү сайхан харагддаг гээд. Бүжгийн тэмцээнээс тэс өөр. Тэгэхэд гурван сарын турш үргэлжилсэн тэмцээний бэлтгэл маань өглөөнөөс орой болтол явагддаг байлаа.

-Загвар өмсөгч Д.Пүрэвсүрэн гайхалтай бүжигчин гэдгээ баталсан. Маш өөрчлөгдсөн. Хамтрагчийн хувьд заах зүйл их байсан биз?

-Би бүжигчний хувьд заах ч хувь хүнийхээ хувьд Пүүжээ эгчээс маш их зүйл сурч авсан. Бараг би илүү шахуулж байсан юм биш үү. Өглөө яг цагтаа ирнэ. Маш шаргуу хөдөлмөрлөдөг тэр хүнээс сурах зүйл их байсан. Тодорхой хугацаанд арван бүжиг сурна гэдэг амаргүй.

-Хорин жил бүжиглэж байна гэлээ. Ийм залуу хүн хэдтэйгээсээ бүжиглэж эхэлсэн гэсэн үг үү?

-Би одоо 26 настай. Зургаан настайдаа анх латин бүжиг, цэнгээнт бүжгээр хичээллэж эхэлсэн. Дарханы “Солонго” хамтлагт П.Фрунз багшдаа анх шавь орж байлаа. Клубээ хамтран байгуулсан Ч.Анхбаяр найзтайгаа тэр үеэс хойш хамт явж байна даа. Дарханыхан бид хоёрыг андахгүй. Анхаа маань стандарт бүжгээр, би латин бүжгээ илүү барьдаг юм. Одоо өөрсдөө бүжигчин бас багшаа хийгээд явж байна. Энэ спортоор хичээллэсэн хугацаанд үзүүлсэн амжилт гэвэл Монгол Улсын найман удаагийн аварга, бүжгийн спортын мастер, Хонгконгт болсон олон улсын тэмцээний дөрвөн төрлийн нэгдүгээр байрт шалгарч байсан.

-“Master Dance” клубийнхээ салбарыг орон нутагт тэр дундаа Дарханд байгуулсны учир юу вэ. Өөрсдөө Дарханых учраас тэр үү?

-Бидний тэнд салбараа нээх болсон шалтгаан түүх их хөөрхөн. Анх гурван жилийн өмнө клубээ хотод нээгээд үйл ажиллагаа явуулж байхад Дарханаас 8-9 насны хүү манай клубт шавь ормоор байна гээд ирсэн. Тэгээд Б.Насанбат маань ажлын өдрүүдэд хичээлдээ суугаад амралтын өдрүүдэд Улаанбаатарт бүжгийн сургалтадаа суудаг байсан. Баасан гаригийн орой галт тэргэнд сууж ирээд, ням гаригт таксидаад буцаж байгаа тэр бяцхан хүү бидний сэтгэлийг хөдөлгөсөн. Эхний ээлжинд ээж, аав нь зөөдөг байсан бол сүүлдээ хүү ганцаараа Улаанбаатар, Дарханы хооронд гурван жил явсан. Тэгж их сэтгэл зүрх гаргасныхаа хариуд өнгөрсөн жил хүүхэд насны ангилалд Монгол Улсын аварга болсон. Олон улсын тэмцээн уралдаанд ч бас түрүүлсэн мундаг тамирчин болсон. Хоёр жилийн өмнө Малайзын олон улсын тэмцээнд дөрвөн төрөлд гэхэд түрүүлсэн хүү дээ. Энэ хүүгийн сэтгэл биднийг орон нутагт салбараа нээхэд хүргэсэн. Тэгээд ч бид өөрсдөө Дарханд анх бас бүжгийн спортод хөл тавьж байсан болохоор уугуул нутагтаа өнгөрсөн гуравдугаар сард салбараа нээсэн. Олон ээж, аавууд бид хоёроор хүүхдүүддээ бүжиг заалгахыг хүсч байгаа сэтгэл, орон нутгийн хүүхдүүдийн сэтгэл биднийг тэнд салбараа нээж, бас байнга өөрсдөө очиж байх урмыг өгдөг. Тэнд салбараа миний олон жилийн хамтран бүжиглэгч Б.Тамир маань хариуцаж, Ч.Анхбаяр бид хоёр амралтын өдрүүдээр ээлжлэн очиж хичээлээ заадаг. Б.Тамираа маань Монгол Улсын аварга мөн олон улсын тэмцээнд өндөр амжилт үзүүлж байсан.

-2016 онд танай хамтлаг “Авьяаслаг монголчууд” шоунд орж байсан байх аа. Түүгээрээ бас хүмүүст танигдсан байх. Тэр үеийн түүхээсээ хуваалцахгүй юу.

-Клубээ анх байгуулж, шинэ хүүхдүүдээ элсүүлж аваад нэлээд тулж ажиллаад, Анхаа багш бид хоёр хүүхдүүдтэйгээ хамт орж байлаа. “Авьяаслаг монголчууд” шоунд орсны учир бүжгийн спортыг олон нийтэд таниулах хүсэлд байлаа. Бид аль болох бүжгийн спортын техникүүдийг харуулах бүжгүүдийг бүжиглэж үзүүлсэн. Тэр тэмцээнд нас насны ангиллаар орсон маань онцлогтой байсан. Хамгийн доод тал нь 7-8 настай хүүхдүүд оролцож байсан. Нийтдээ таван хос арван хүний бүрэлдэхүүнтэй орсон. Бид хагас финальд шалгарч чадсан.

-Бүжгийн партнёр олон хүн байдаггүй байх. Тэгж байн, байн солиод байдаггүй байх шүү…

-Бүжгийн нэг л партнёр байна. Тэгж байн байн солих боломжгүй л дээ. Би Дарханаас хотод ирэхэд миний партнёр Б.Тамир маань тэнд үлдэж, би гурав, дөрвөн жил партнёргүй завсардаж байх жишээтэй. Харин өнгөрсөн хугацаанд клубынхээ өсвөр насны охидуудыг дасгалжуулж бэлдэж байгаад Г.Энхжин гээд шавьтайгаа хамтран бүжиглэх болсон. Манай шавь 16 нас хүрээд залуучуудын ангилал руу орсноор надтай бүжиглэх боломжтой болно. Өөрийнхөө гарын шавиа хамтран бүжиглэгчээ болгоод авчихсан, тэмцээн уралдаанд тогтмол орж байна.

-Залуудаа бүжиглэх хүсэлтэй байсан ч боломж нь олдоогүй хүмүүс нас нь явсан ч бүжиг сурмаар байна гээд ирэх нь байдаг гэж дуулсан. Бусад тийм хүсэлтэй хүмүүст юу гэж зөвлөх вэ?

-Бүжгийн спортод насны хязгаар гэж байхгүй. Өндөр настай хүмүүс ч хичээллэх боломжтой байдаг. Манайд л гэхэд 50 гарсан хүмүүс нэг хоёр сарын хугацаанд бүжгийнхээ үндсэн элементийг өөрсдийнхөө хэмжээнд сурч, насныхаа ангиллын тэмцээн уралдаанд орж байгаа. Өөрсдөө ч сэтгэл өндөр байгаа. Тийм болохоор нас явчихлаа, сурахгүй байх гэж өөрийгөө голох хэрэггүй.

-Солгой хоолойтой хүн гэдэг шиг огт бүжгийн эв дүйгүй хүн байдаг уу, насанд хүрэгчид ер нь хэр удаан явж байж зүгширдэг вэ. Хүүхдүүдээс хамаагүй илүү цаг хугацаа шаарддаг уу?

-Бүжгийн спортын маань давуу тал нь бүх зүйл техникийн дагуу байдаг. Бүх гишгэлт бүх алхам, гарны байрлал, толгойны байрлал бүгд техникээр байдаг болохоор анхнаас нь сурахад ямар ч эвсэлгүй хүн байсан ч ялгаагүй сурах боломжтой. Ерөнхийдөө дор хаяж хоёр сар явж байж үндсэн бүх бүжгүүдийнхээ үндсэн хөдөлгөөнийг сурч жигдэрдэг. Хүүхэд ч тэр, насанд хүрсэн хүмүүс ч тэр. Тэгээд гурав дахь сараас эхлээд ахисан шат тэмцээний ангилал руугаа ороод явах боломжтой.

-Нийт хэдэн бүжиг сурах вэ, энэ хугацаанд. Бас танайд гэр бүлийн анги гэж байдаг гэсэн үү?

-Цэнгээнт бүжгийн спортод латин бүжиг, стандарт бүжиг гэсэн хоёр төрөл байдаг. Латин дотроо таван бүжигтэй, стандарт таван бүжигтэй. Энэ бүжгүүдийг бүгдийг нь мэргэжлийн түвшинд сурна гэж ойлгож болно. Мөн гэр бүлийн анги бий. Эхнэр, нөхөр хамтдаа явж болно. Бас хүүхдүүдтэй хамт сурах боломжтой. Гэр бүлээрээ хамтдаа байх цагийг олгож, халуун дулаан уур амьсгалыг нэмэгдүүлдэг тун онцгой сургалт гэж тэд маань сэтгэл хангалуун байдаг шүү. Бас байгууллагын сургалт ч бий. Манайх “Хаан банк”-тай гурван жилийн турш салшгүй холбоотой хамтарч ажиллаж байгаа. Зөвхөн “Хаан банк”-ны ажилтнуудаас бүрдсэн бүжгийн хамтлаг бий шүү дээ.

-Гэр бүлийнхээ тухай танилцуулахгүй юу?

-Манай эхнэрийг Э.Ариунзаяа гэдэг. “Mas­ter Dance” клубыг үүсгэн байгуулалцсан хүмүүсийн нэг. Эхнэр маань манай клубын бүх менежмент, тэмцээн уралдаанд орох бүх санааг гаргадаг. Ч.Анхбаяр багш бид хоёр бүжиг тавилт, техник дээрээ ажиллаж, бусад бүх санаа зохион байгуулалт, гадаад харилцаа, арын бүх ажлыг гэргий маань хариуцдаг. Мөн хажуугаар нь “Master Dance” клубынхээ “S Siilen” брэнд гээд бүжгийн хувцасны брэнд гаргаж байгаа. Одоогийн байдлаар бэлтгэлийн хувцас, бэлтгэлийн цамц гаргасан. “Master make up” нүүр будалтын салоноо саяхан нээсэн. Манай клубын бүх тамирчдын тэмцээн уралдааны нүүр будалтыг хийдэг. Бид хоёр хүүхэдтэй. Бага маань гурван настай, том охин маань тавтай. Бид уран бүтээл, ажил гээд явчихаар хүүхэд харах хамгийн том арын ажлыг хадам ээж маань дааж хариуцдаг даа.

-Эхнэр тань бүжиглэдэг үү?

-Үгүй. Гэхдээ бүжигт маш мэдрэмжтэй. Бараг Ч.Анхбаяр бид хоёрт бүжиг тавилт дээр зааж зөвлөдөг шүү. Бид бүжгийн клубээ илүү өргөн цар хүрээнд бүжгээ заачихдаг, хувцсаа хийчихдэг, тэмцээн уралдаанд орохдоо нүүр гоёлоо хийчихдэг цогц том клуб болгон ажиллахаар зорьж, эхнээсээ ч үүндээ хүрээд явж байгаадаа баяртай явдаг.

-ДАШТ-д нь амжилт хүсье. Саяхан мэдээтэй буцаж ирээрэй.

-Баярлалаа та бүхэндээ.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Нэгийгээ харсаар байж үхүүлэх шиг аймшиг хүн төрөлхтөнд байдаггүй

Монгол Улсын шигшээ багийн тоглогч, Оюутны лигийн аварга О.Дөлгөөн АНУ-д очоод гэнэт өвдөж, элэг яаралтай солиулахаар болсон. 2019 оны Оюутны лигийн аваргын шагнал болох “NBA”-ын финалийн тоглолт үзэх гэж яваад өвдсөн түүний эмчилгээ, хагалгааны зардал 100 мянган ам.доллар болсон хэмээн мэдээлснээр сагсчин залууд туслах хөдөлгөөн өрнөсөн. Нийгмийн сүлжээнд #Pray4Dul­guun хэмээх давлагаа үргэлжилсээр байна. Ямартаа ч нийтээрээ давалгаалсаар байгаад энэ тухай мэдээллийг олон түмэнд хүргэж, хандив тусламжаар эмчилгээ, хагалгааны зардал нь бүрдчих шиг болов. #Pray4Dulguun хэмээх коментыг хэр олон удаа бичнэ, тэр хэрээр олон улсын байгууллагаас хандив тусламж авах магадлалтай учраас аль болох олон дагагчтай гадаадын одуудын дор бичвэл үр дүнтэй хэмээх зөвлөмж ч хаа сайгүй хөвөрч байна.

Олны танил алдартай хүмүүс өөрийн нэр нүүрээрээ түмэн олныхоо хандив тусламжаар эмчилгээний зардлаа босгон, амьд мэнд явж болоод байна. Хошин урлагийн жүжигчин Б.Баатархүү өвдөж, Германд хагалгаанд орох болоход найз нөхөд нь тоглолт зохион байгуулж, хандивын данс нээж, эмчилгээний зардлыг дор нь олоод өгсөн. Түүнийг таньдаг, тоглолтыг нь үздэг, мэддэг хүмүүс цаг зав, мөнгөө харамгүй зарцуулсан. Тэр үед тоглолтын заал үзэгчдээр дүүрэн байсан нь үнэн. Монголын хөгжмийн урлагийн ноён оргилын нэг Б.Шарав, домогт их найрагч Б.Лхагвасүрэн, алдарт ятгачин Ч.Мөнх-Эрдэнэ нар ар араасаа цуварч өвдөхөд, ард түмэн өглөг хандиваа чадлынхаа хэрээр өгч, эмчилгээний зардлыг нь босгоод ирсэн нь бахархмаар байв. Харин олны танил бус хүмүүс өвдөж зовоод хандив гуйвал бараг хэн ч тоодоггүй. Тэд маань тэнгэр хол, газар хатуугийн зовлонг үүрч, өвдөж зовсоор орчлонг орхиж байна. Сагсчин О.Дөлгөөнд туслах #Pray4Dulguun давлагааны араас гурван ч нялх “амьтан”-д туслаач хэмээсэн комент ар араасаа фэйсбүүкт харагдаж эхэлсэн. Ингэж олны анхааралд аваачиж, хандив тусламжийн арга хэмжээг идэвхжүүлж болдог юм байна хэмээн аргаа барсан эцэг, эх нь бодоо биз. #PrayforUchral, #Pray4Eson­erdene, #Pray4Амингэрэл гэсэн коментны дээрх нялх үрсийн зургийг харахад өр өвдөм.

Б.Амингэрэл охин долоон настай. Дөнгөж нэг сар гаруйтай байхдаа цөсөө авахуулсан, одоо яаралтай элэг шилжүүлэн суулгах шаардлагатай. Монголд эмчилгээ хийх боломжгүй учраас Солонгост очсон. Анх аав, ээж, ах дүү, хамаатан садангийнхаа тусламж дэмжлэгээр 60 гаруй сая төгрөгтэй явснаар бүрэн шинжилгээ, оношоо хийсэн бөгөөд аав нь охиндоо элэгнээсээ өгөхөөр болжээ. Хагалгааг ирэх сарын 11-нд хийхээр товлосон. Өртөг нь 200 сая вон буюу 440 орчим сая төгрөг. Байдгаа шавхсан болохоор эцэг, эх нь ард түмнээсээ хандив дэмжлэг хүсч байгаа бөгөөд өдгөө нийт зардлын 20 орчим хувь нь цуглажээ. Хэзээ мөнгө бэлэн болно, тэр үед охинд хагалгаа хийнэ.

Т.Есөн-Эрдэнэ охин зүрхний төрөлхийн гажиг буюу ховдол хоорондын таславч нь цоорхой. Монголд эмчлэх боломжгүй. Зүрхний төрөлхийн ийм гажигтай хүүхдүүдэд гаднаас эмч нар ирж үнэ төлбөргүй хагалгаа хийдэг ч Т.Есөн-Эрдэнэ охины хувьд хэтэрхий хүнд гэсэн оноштой болохоор энэ хөтөлбөрт хамрагдах боломжгүй. Охины хагалгааны зардал 120 сая төгрөг ч өдгөө хандиваар 20 орчим хувь нь цугласан хэмээн ээж нь ярилаа.

О.Учрал дөрвөн настай. Хорт хавдраар шаналж буй үрийнхээ төлөө эцэг, эх нь байр, машин гээд юу байдгаа зарж, дээр нь аав ээж, ах дүү, хамаатан садан, таньдаг мэддэг сайхан сэтгэлтэй хүмүүсийнхээ тусламжаар 158 сая төгрөгөөр Хятадад хагалгаанд орж, Сингапурт эмчлүүлжээ. Дараагийн хагалгааны мөнгө болох 62 сая төгрөгөө олохын тулд яалт ч үгүй хандив гуйж байгаа бөгөөд цуглах яагаа ч үгүй бололтой. Энэ бол бидний мэдэж байгаа хүүхдүүд. Үүний цаана хичнээн ч үрс өвдөж зовж, хичнээн ч хүн мөнгөгүйн зовлонгоос болж хайртай хүмүүсээ өнчрүүлэн одож байгаа бол.

Монголчууд ардчилал, зах зээлийн чөлөөт нийгмийг сонгосноор барууны хөгжил дэвшлээс нэг их хол хоцрохоо больсон. Үүрэн технологи, харилцаа холбоо, интернэт сүлжээ гээд барууны хөгжил манайд шууд л хуулбарлагдан бууж байна. Анагаах ухааны нээлт ч мөн хурдан шуурхай бидний амьдралд нэвтэрч эхэллээ. Өнөөдөр баруунд нэвтэрсэн анагаах ухааны нээлт маргааш нь л Япон, Солонгосын эмнэлгүүдэд нэвтэрдэг. Монголчууд тэнд очиж эмчлүүлж, үр шимийг нь хүртэж байна. Япон, солонгосууд хамтарсан эмнэлэг барих ч юм уу, тусламж дэмжлэгээр ч болтугай энэ шинэ дэвшлийн эмчилгээний загвараа манайд тун хурдан, тэр чигээр нь шууд оруулж ирдэг нь баярламаар. Монголчууд барууны чиг баримжааг дагаагүй бол “Сибирийн бөглүү тосгонд шприцээ буцалгаад сууж байдаг” гэдэг шиг л амьдрах байсан биз.

Орчин үеийн анагаахын шинжлэх ухаанд эмчилж чаддаггүй өвчин гэж байхаа больсон. Яаж ийж байгаад л эмчилдэг боллоо. Харин мөнгө төгрөгний ойлголт шинээр гарч ирлээ. Юу гэсэн үг вэ гэхээр, “Энэ өвчнийг эмчлэхэд ийм хэмжээний мөнгө хэрэгтэй” гэдэг болсон. Тухайлбал, элэг шилжүүлэн суулгахад хамгийн хямд гэгддэг Энэтхэг улсад замын зардал, буудал, эмчилгээ нь нийлээд ойролцоогоор 100 мянган ам.доллар буюу 200 сая төгрөг болчихдог. Өөрөө донортойгоо очвол хагалгааны зардал дунджаар 80-130 орчим сая төгрөг. Элэг шилжүүлэн суулгалтаараа хамгийн сайн гэгддэг Сингапурт энэ төрлийн хагалгаа, эмчилгээ 250 сая төгрөгөөс эхэлнэ. Монголчуудын хамгийн их очдог Солонгос улсад 130 -500 сая төгрөг бол Монголд эмч нар 85 сая төгрөгөөр элэг шилжүүлэн суулгаж байгаа.

Харамсалтай нь, монголчуудын дийлэнх нь мөнгөгүй. Эмчилгээ нь бэлэн байхад өөрийнхөө болон хайртай дотны хүмүүсээ аврах мөнгө нь байдаггүй. Дээхнэ үед бол “эмчилгээгүй” гээд эмнэлгээс гаргадаг байж. Нэгэнт эмчилгээгүй гэсэн юм чинь гэрт, гадаа нь хэдэн өдрөөр эргэлдэж байгаад хайртай нэгнээ аварч чадалгүй ертөнцөөс үддэг байлаа. Хөдөө бол “хөөрхий манай нутгийн тэр гуай раак тусаад эмчилгээгүй гээд гэртээ гарсан гэнэ. Эргэж очилгүй болохгүй” гээд хэдэн өдөр уяан дээр нь морьд багширч, эргэж тойрч байгаад буцаадаг. Эмчилгээгүй гэдэг байсан тийм цаг үе хэдийнэ ард хоцорсон ч бид эмчилгээний мөнгөгүй гээд сууж байгаа нь дэндүү эмгэнэлтэй.

Нэгийгээ аврах бололцоо байсаар байтал харсаар суугаад үхүүлэх шиг аймшиг хүн төрөлхтөнд байдаггүй. Нэгэнт эрдэмтэд ямар ч өвчнийг эмчлэх эмчлгээг нь гаргаад ирсэн байхад мөнгөний асуудлыг шийдэх хавьгүй хялбар юм. Монголчууд мөнгөгүйгээсээ болж үхэхгүйн тулд төр засаг, ард түмэн бүгд ярилцаж байгаад яаж ийгээд яаралтай шийдэх л хэрэгтэй.

Эрүүл мэндийн даатгалын тухай хуулиар Монгол Улсын бүх иргэн эрүүл мэндийн даатгалд албан журмаар даатгуулах үүрэгтэй. Гэсэн ч эрүүл мэндийн салбар хамгийн муу нь хэвээрээ. Үүнд бодлогын дорвитой өөрчлөлт хийж байж л бид мөнгөгүйн зовлонг гэтлэх боломжтой. Албан эх сурвалжаас харвал “Эрүүл мэндийн даатгалын тогтолцоог нэвтрүүлсэн цагаас эрүүл мэндийн даатгалд Монгол Улсын нийт хүн амын 73.4-98.6 хувийг хамруулж, сангийн орлогын төлөвлөгөөг жил бүр биелүүлэн, жилээс жилд нэмэгдүүлсээр иржээ. Тухайлбал, 1995 онд 7.5 тэрбум төгрөгийн шимтгэлийн орлого төвлөрүүлж байсан бол 2016 онд 302.6 тэрбум төгрөгт хүрч сангийн орлого 40.4 дахин нэмэгдсэн байна. Эрүүл мэндийн даатгалын сангийн орлого жил бүр зарлагаасаа давсны улмаас санд 2017 оны сүүлчээр 473.4 тэрбум төгрөгийн мөнгөн хөрөнгийн үлдэгдэлтэй, үүнээс 442.2 тэрбум төгрөг нь банкны харилцах болон хадгаламжийн дансанд, 31.2 тэрбум төгрөг нь Засгийн газрын бонд хэлбэрээр байршиж буй” гэсэн мэдээлэл байна. Энэ даатгалын санд цугларсан мөнгийг зөв зохистой зарцуулах хэрэгтэй байна. Ханиад, хатгаа зэрэг ойр зуурын өвчинд төрөөс мөнгө зарцуулахаа больё. Энэ мэт зардлаа бид халааснаасаа гаргачих боломжтой. Үнэгүй болон хөнгөлөлттэй эм олгохоо больсон ч болно. Эрүүл мэндийн даатгалын санд төвлөрсөн мөнгөний дийлэнхийг хорт хавдар зэрэг хүнд өвчтэй хүмүүстээ зориулдаг болбол бид цаг бусын үхлээс аврагдах боломжтой. Эрүүл мэндийн салбарыг үргүй зардлаа багасгавал бид хүмүүсээ харсаар байгаад алдах биш, аварч чадна. Улстөрчид нэг их сайн хүн болох гэж, өөртөө сайхан нэр алдар олох гэж ямар ч хамаагүй зүйлд даатгалын мөнгийг зарцуулж байгаа нь ард түмэнд хорлонтой тусч байна. Наад захын жишээ гэвэл Эрүүл мэндийн даатгалаар фитнесст явж байгаа. Өч төчнөөн хүн мөнгөгүй гэж үхэж, амь наана там цаана байхад энэ бол тансаглал, галзуурал юм.

Эрүүл мэндийн хувийн даатгалын сангуудыг ч төр бодлогоор дэмжиж бий болгомоор байна. Хувийн эрүүл мэндийн сангууд олон улсын том том эмнэлгүүдтэй хамтран ажилладаг, хэлхээ холбоотой байх бөгөөд даатгуулагчаа эмчилгээнд нь хамруулдаг тогтолцоо аяндаа бий болоод эхэлнэ. Энэ мэт зоригтой, шийдэмгий бодлогын алхмуудыг хийхгүй бол монголчууд маань хэдий болтол хандив гуйж явах вэ. Тэгээд ч хандив гэдэг нэр хүндтэй, олны танил хүмүүст үйлчилдэг зүйл.

Хувь хүмүүс ч сэтгэлгээндээ өөрчлөлт хийж, ямар ч үед эрүүл мэнддээ мөнгө зарцуулдаг болох хэрэгтэй. Үүний тулд мөнгөнд ханддаг сэтгэлгээгээ ч өөрчлөх нь чухал юм. Бид ядуу байгаагаа өмөөрч “мөнгө чухал биш. Үхэхдээ мөнгөө аваад явах биш дээ” гэж ярьцгаадаг. Гэтэл амьдрал дээр мөнгөгүй бол юуг ч шийддэггүй. Бүр мөнгөгүйгээсээ болоод үхэж байна шүү дээ. Ойрын 100 жилд лав энэ хэвээрээ байна. Яваандаа шинжлэх ухаан тултал хөгжих үед хүн үхэхгүй болох ч юм уу, өвдөж зовбол шууд эрүүл болгодог болох биз.

Одоо монголчууд бид хандивын гуйлгачин сэтгэлгээнээсаа салах цаг болсон. УИХ-ын гишүүдээсээ эхлээд ард түмэн бүгд тойрч суугаад ярилцах хэрэгтэй. Яаж мөнгөтэй байх, харсаар байгаад нэгэндээ тусалж чадалгүй буцаачихгүйхэн яаж эмчлэх вэ гэдгийг шийдэх л хэрэгтэй байна. Гарц хаана ч байдаг.

Categories
мэдээ цаг-үе

Бидний мэдэхгүй Турк орон (III)

2016.07.15-ны халдлагын үеэр бөмбөгдөлтөд өртсөн Төрийн ордны байр

Бидний өмнө түргэн түргэн алхаж яваа эрхэм бол Туркийн үндэсний их хурлын гишүүн, Турк-Монголын парламентын бүлгийн дарга Махмет Эрдоан юм. Монголд хэд хэдэн удаа ирж байсан, “Би бол Монгол Улсыг Туркт төлөөлж байгаа нэгж” гэж ярих дуртай энэ эрхэм Турк-Монголын парламентын бүлгийг арав гаруй жил тэргүүлж буй туршлагатай нэгэн. Тэрбээр биднийг 2016 онд Туркт болсон цэргийн эргэлтийн үеэр парламентын ордон руу буудсан ор мөрийг үзүүлэх гэж дагуулан яваа юм. Туркийн Үндэсний парламентын ордон хоёр том барилгатай, нэгэнд нь 500 гаруй гишүүдийнх нь өрөө сэлт байдаг бол нөгөө нь хуралдааны танхим бүхий байр. Эхний онилсон сум тэрхүү хоёр барилгын яг голд нь унасан бөгөөд ойр орчмын модыг булга татсан харагдана. Сумны хонхорхой гаргасан хэсгийг майхан зоогоод хамгаалчихсан байна. Хойдхон талд байх парламентын ордны яг орой дээр дараагийн сум тусчээ. Тэр нь Ерөнхий сайдын өрөөний орчим бөгөөд аз болж хүн өртөөгүй гэнэ. Барилгын дээврийн нэг хэсэг өм цөм хонхойсныг тэр чигээр нь үлдээжээ. Хажуугийн хана, цонх, шил нэлэнхүйдээ үйрч унасны ул мөр одоо ч тод харагдана. Хожим хойч үедээ энэ үйл явдлыг битгий мартаарай гэж, тус халдлагын үеэр амь үрэгдсэн гэм зэмгүй иргэдийнхээ дурсгалыг хүндэтгэх гэж сумны ор мөрийг тэр чигээр нь үлдээжээ.

2016 оны долдугаар сарын 15-нд болсон цэргийн эргэлт бол ард түмнийхээ өөдөөс гал нээсэн аймшигт үйл явдал болсон хэмээн албаны хүмүүс онцлон ярьж, танилцуулж байсан. Махмет Эрдоан ч “Турк улс терроризмтэй тэмцэх ажлын хүрээнд ФЕТО байгууллагатай ч мөн тэмцэж байна. ФЕТО бол Туркийн хэвлэл мэдээлэл, хууль хүчний байгууллага, боловсролын салбарт ч гүн гүнзгий нэвтэрч чадсан байгууллага” хэмээн ярьж байв.

Ер нь Монголын сэтгүүлчдэд Туркийн зүгээс хоёр зүйлийг тайлбарлаж байсны нэг нь ФЕТО хэмээх байууллага юм. Монголын сэтгүүлчдийн баг Монгол-Турк улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн өмнө тус улсад ажилласан бөгөөд ТИКА буюу Туркийн хамтын ажиллагааны зохицуулах агентлаг, тус улсад суугаа манай Элчингийнхэн энэ хөтөлбөрийг зохион байгуулсан юм.

Ямар ч улсын хувьд аюулгүй байдлаа хангахын тулд тероризмтэй тэмцэх зайлшгүй шаардлагатай байдаг. Туркийн зүүн өмнөд хил буюу Сиритэй хиллэдэг бүсэд байдал ээдрээтэй хэвээр байгаа тухай албаны хүмүүс мэдээлэл өгч байв. Тухайлбал, Сирийн чөлөөт армид сүүлийн жилүүдэд гадны улсаас хүмүүс ирж ихээр элсэж байгаа. Өдгөө 1500 гаруй дайчид энэ армид идэвхтэй үйл ажиллагаа явуулж байгаа. Төв Азийн улсаас Сирийн чөлөөт армийг зорьж ирэгсэд олон гэнэ. Мөн энэ армийн зүгээс элдэв өдөөн хатгалга, террорист ажиллагаа явуулах аюул бий. ФЕТО хэмээх байгууллагыг Туркийн Засгийн газраас террорист үйл ажиллагаа явуулдаг, 2016 оны цэргийн эргэлтийг зохион байгуулсан хэмээн албан ёсоор зарлаад байгаа юм. Фетталлах Гулений удирддаг энэхүү байгууллага 2016 онд Засгийн газрын ордон руу буудаж, цагдаа, телевизийн байрыг эзэлж, Ерөнхийлөгчийн ордон руу дайрсан. Хамгийн эмгэнэлтэй нь ард түмэн рүүгээ буудаж энгийн 250 гаруй иргэн амь үрэгдсэн хэмээн тайлбарлаж байсан. Шашны номлогч Фетталлах Гулен гэдэг хүн өдгөө Америкт амьдардаг бөгөөд “энэ үйл ажиллагааг зохион байгуулаагүй” хэмээн албан ёсоор мэдэгдээд байгаа ч баривчлагдсан хүмүүсийн 98 хувь нь Гулений үүрэг даалгавраар ийм зүйл хийсэн гэж мэдүүлсэн гэлээ. Цэргийн эргэлт гарснаас хойш Туркийн төрийн албанд маш том цэвэрлэгээ хийж, ойролцоогоор 10 мянган хүнийг баривчилжээ. Үүний дотор 300-гаад сэтгүүлч байгаа нь тэдний тайлбарласнаар Гулений даалгавраар төрийн эсрэг ажиллаж байсан хүмүүс гэнэ. Аль 40 жилийн өмнөөс Гулен дотоодоо төдийгүй дэлхийн олон оронд турк сургуулиудыг олноор байгуулсан бөгөөд оюутнуудаа дотуур байрандаа авдаг нь боловсролоор дамжуулж шинэ улсыг бий болгох гэсэн бодлого байсан хэмээн үздэг байна. Тиймээс ч гадаадад байгаа турк сургуулиудыг татан буулгах, тэнд ажиллаж байсан багш нарыг Туркт шилжүүлэх зэрэг хүсэлтийг улс орнуудад тавиад байгаа аж. Манайд ч ийм үйл явдал өрнөж, турк сургуулийн захирлыг хулгайлах гэлээ гэсэн дуулиан шуугиан болж байсныг уншигчид санаж байгаа биз ээ.

* * *

Туркийн Гадаад хэргийн яамныхан Монгол Улсын Элчин сайд Р.Болд болон тэдний багийг бусад улс орнуудын элчингүүдээс хамгийн идэвхтэй ажилладаг, дөнгөж өчигдөрхөн бид уулзалт хийсэн хэмээн онцолж байна лээ.

Турк-Монголын парламентын бүлгийн дарга Махмет Эрдоан

Дэлхийн сонирхол Ази руу чиглэж байгаа энэ үед Турк-Монгол Улстай илүү өргөн хүрээнд харилцаа холбоотой байх сонирхолтой байгаа аж. Монгол Улсыг Туркээр дамжуулж барууны орнуудад нээх, Монголоор дамжиж Турк Азийн орнуудад гарах бүрэн боломжтой гэж тэд үзэж байна. Өдгөө хамтын ажиллагааны олон яриа хэлэлцээр үргэлжилж байгаа ч зарим асуудал бидний санасан хэмжээнд хүрэхгүй байна хэмээв. Учир нь өнгөрсөн онд Монгол-Туркийн хоорондын худалдааны эргэлт 30 сая орчим ам.доллар байгаа нь чамлахаар үзүүлэлт юм. Үүнийг 300 сая ам.долларт хүргэх зорилт дэвшүүлж байна. Хоёр улс газар нутгийн хувьд хол оршдог, тээврийн асуудал шийдэгдээгүй байгаа нь худалдааны эргэлтэд нөлөөлж байна гэв. Үүнийг шийдэхийн тулд Монгол Туркийн хооронд шууд нислэг хийж байгаа “Туркиш эйрлайнс”-ийн нислэгийн тоог нэмэх, онгоцны багтаамжийг томруулах шаардлагатай гэж тайлбарлаж байлаа.

Хоёр улсын эдийн засгийн эргэлтийг сайжруулах үүднээс Чөлөөт худалдааны хэлэлцээр байгуулахаар ажиллаж байгаа. Энэ чиглэлийн хоёр дахь уулзалт удахгүй Анкарад болно. Туркууд монголчуудтай хөдөө аж ахуй, газар тариалангийн чиглэлээр хамтран ажиллах бүрэн боломжтой юм. Хоёр орны хамтын ажиллагаа өргөжин тэлэхэд дээд хэмжээний уулзалт маш чухал байдаг. Дипломат харилцаа тогтоосны 50 жилийн ойн хүрээнд ийм уулзалтыг хоёр талаас ярьж байгаа аж. Хамгийн сүүлд буюу 2018 онд М.Энхболд УИХ-ын дарга байхдаа БНТУ-д айлчилсан бол өнөө жил Батлан хамгаалахын сайд Н.Энхболд албан айлчлал хийсэн байна. Туркийн одоогийн ерөнхийлөгч Эрдоган 2013 онд ерөнхий сайд байхдаа Монгол Улсад айлчилж байсан юм.

Туркийн үндэсний авиа компани болох “Туркиш эйрлайнс” хоёр улсын хооронд долоо хоногт гурван удаа шууд нислэг үйлдэж эхлээд багагүй хугацаа өнгөрчээ. Одоо тэд долоо хоногт таван удаа том онгоцоор шууд нислэг хийх санал тавьж байгаа бөгөөд ингэснээр хоёр улсын худалдаа төдийгүй аялал жуулчлал нэмэгдэнэ гэж үзэж байна. Мөн зорчигчид тав тухтай нисэхээс эхлээд онгоц цагаасаа хоцрох, ачаа үлдэх зэрэг чирэгдэл гарахгүй гэж байв. Өдгөө жижиг онгоцоор нислэг хийх үед заавал Киргизэд бууж шатахуунаа цэнэглэдэг нь алдагдал хүлээдэг, зорчигчдод ч хүндрэлтэй байдаг аж. Энэ талын яриа хэлэлцээр үргэлжилж байгаа юм байна. Монгол Улсын хувьд “Туркиш эйрлайнс” том онгоцоор долоо хоногт таван удаа нислэг үйлдэх юм бол МИАТ-ийн үйл ажиллагаанд сөрөг нөлөөтэй хэмээн болгоомжилж буй бололтой. Харин Туркийн талаас МИАТ-ийн үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлэхгүй, хамтарч нислэг хийх зэрэг бүхий л боломжийг санал болгож байгаа гэлээ. Хэрэв том онгоцоор олон удаагийн нислэг хийх юм бол тийзний үнэ хямдрах сайн талтай аж.

Турк улс хүн амынхаа талтай тэнцүү хэмжээний буюу 40 сая жуулчин жилд хүлээн авдаг. Аялал жуулчлалаасаа 30 тэрбум ам.доллар олдог нь дэлхийд дээгүүрт ордог үзүүлэлт юм байна. Өнөө жил үүнээс ч илүү их жуулчин хүлээж авна гэж төлөвлөжээ. Туркүүд ч хэдэн саяараа гадагшаа аялдаг. Хэрэв “Туркиш эйрлайнс”-ийн том онгоц хоёр улсын хооронд олон удаагийн нислэг хийх юм бол Туркэд ирж байгаа жуулчид Монгол руу ирэх боломж нээгдэнэ. Мөн туркүүдийг өвөг дээдсийнхээ нутаг руу очиж үзэх аяллыг зохион байгуулж болно хэмээж байсан нь боломжийн сонстож байлаа. Өнгөрсөн онд 3000 орчим турк иргэн манайд ирсэн бол энэ оны эхний дөрвөн сарын байдлаар 4500 турк ирсэн нь жуулчдын тоо өсөх магадлалтайг харуулж байгаа аж. Монголын сэтгүүлчдийн баг Стамбулд байх “Туркиш эйрлайнс”-ийн төв байраар орж танилцлаа. Нийт 335 онгоцтой, үйл ажиллагааныхаа цар хүрээгээрээ Европдоо нэгд, дэлхийд 10-т ордог том авиа компани. Энэ үеэр Турк Улсад суугаа Монголын Элчин сайд Р.Болд тус компанийн удирдлагуудад саналаа хэллээ. Санал ч юу байхав дээ, өмнө нь ярьж тохирсон яриа хэлэлцээр яагаад ажил хэрэг болохгүй байгаа талаар нэлээн шүүмжлэлтэй, хатуухан яриа өрнүүллээ. Элчин сайд Р.Болд ““Туркиш эйрлайнс”-ийн нислэг хоцордог, ачаа хоцордог, хоол муу, монголчуудад муу үйлчилдэг гэсэн гомдол их ирдэг. Үүнийг яаж шийдэж байна. Стамбул-Улаанбаатар чиглэлийн нислэгт онгоцны доторх зааварчилгаа, үйлчилгээг турк, англи, монголоор зарлах тохиролцоонд хүрсэн. Тэр яагаад одоо болтол хэрэгжихгүй байна вэ. Яагаад та нар хэлсэн ярьснаа биелүүлэхгүй байгаа юм. Компанийнхаа Монголын талыг хариуцсан хүмүүсээ дууд” хэмээн албан ёсны хатуухан шаардлага тавьсан нь хамт явсан бидэнд тун бахархалтай байлаа. Хэлэх үгээ хэнд ч хэлж чаддаг, хамтын хэлэлцээрийн үр дүнгээ шахаж шаарддаг туршлагатай, мэдлэгтэй дипломатчийн зангараг тэнд бүрэн дүр зургаараа харагдаж байсан юм. Үүний хариуд “Туркиш эйрлайнс”-ийн удирдлагууд “Хоол, үйлчилгээгээрээ манай компани дэлхийд дээгүүрт ордог. Таны хэлсэн асуудлыг нягтлан судалъя. Бишкекээс Монгол хүртэл англи, монголоор зарлаж байгаа” хэмээн учирлаж байсан. Элчин сайд “Бикшекээс Улаанбаатар хүртэл биш, Стамбулаас Улаанбаатар хүртэл зарлах гурван хэлний нэг нь монгол байх учиртай” хэмээн сануулсаар гарав.

* * *

Турк улс аялал жуулчлалаа хөгжүүлж чадсаны нууц нь хувийн хэвшлээ хангалттай дэмжиж чадсаных ажээ. 1970-аад оноос улсын мэдэлд байсан газрыг хувийн хэвшилд түрээслэх ажиллагааг эхлүүлжээ. Түрээсэлсэн компаниуддаа төрөөс хөнгөлөлттэй зээл олгож эхэлснээр зочид буудал олноороо бий болжээ. Саалиа бэлдэхээр саваа бэлд гэгчээр гаднаас жуулчин ирвэл ая тухтай байлгах байр саваа ингэж бэлдэж чаджээ. Ингэснээр 1.5 сая ор бүхий 10 мянга гаруй өндөр зэрэглэлийн зочид буудалтай болсон байна. Дараа нь жуулчдын очих дуртай түүхийн болон байгалийн хосгүй үзэсгэлэнт газруудаа танилцуулж, сурталчилж эхэлсэн байна. Газарзүйн өвөрмөц тогтоцтой, далай тэнгисийн эрэг, түүхийн ховор дурсгалт газар ихтэй энэ улс жуулчдыг соронзон мэт татсаар байна.

Монголын хувьд турк жуулчдыг татах нэгэн сайхан сэжим нь “Өвгөдийн нутгаа үз. Түүх дурсгалтай нь танилц” хэмээн урих явдал юм. Орхоны хөндий дэх Билгэхан, Культегин, Налайх дахь Тонюкикийн зэрэг хөшөө дурсгалыг үзэх сонирхох хүсэл туркүүдэд бий. Ямартаа л тэд хоорондоо “Монголд очсон хүнийг жинхэнэ турк боллоо гэж бод” хэмээн ярилцдаг байхав. Ер нь түүхийн баларсан жимээр аялж, сонин хачныг өөрийн биеэр үзэх сонирхол хэн хүнгүй дуртай байдаг хойно. Дашрамд дурдахад, туркүүдтэй холбоотой Монголын нутаг дахь дээрх хөшөө дурсгал хүрэх засмал замыг Туркийн Засгийн газрын буцалтгүй тусламжаар барьсан байдаг.

Турк улсын тухай бид өөрсдийгөө дажгүй сайн мэдлэгтэй гэж боддог. Нэг үеэ бодвол Туркийн тухай бидний мэдээлэл хавьгүй их байгаа ч яг тулаад ирэхээр ерөнхийлөгч Эрдоган болон Туркиш эйрлайнсийн шууд нислэг, турк хувцас хунар гээд цаашаа хэтэрдэггүй мэт. Бидний сайн мэдэх хэрнээ огт мэддэггүй Турк орны талаар дараагийн нийтлэлдээ үргэлжлүүлэн хүргэх болно.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Олон улсын онгоцны буудал оготнын сүрэг хүлээн авахад бэлэн болжээ

Монголын хөдөө үлийн цагаан оготноор буцалж байна. Зам хөндлөн зогсоо зайгүй сүлжин гүйлдэх олон оготно хараад нүд эрээлжлэм болжээ. Зүүн тал Сүхбаатар, Дорнодоос эхлээд наашилсан оготнын сүрэг өдгөө Багахангайн урд талаас бүрхэн ирж байна. Тун удахгүй олон улсын онгоцны буудал оготнын сүрэг хүлээн авахад бэлэн болжээ. Тэгвэл юун олон улсад нислэг үйлдэхтэй манатай юм болно. Хамаг нарийн нандин утас шөрмөсийг нь мэрж тасдаад зогсохгүй, тэр олон мэрэгчийн ялгадас, үнэр танараар халдварт өвчин тархах аюултай хэмээн гадныхан манайхыг зүглэхгүй.

Албан эх сурвалжаас харахад Өмнөговь, Ховд, БаянӨлгий, Орхон аймгаас бусад 17 аймгийн 200 гаруй суманд үлийн цагаан оготно тархжээ. Энэ онд тархалтын дээд хэмжээндээ тулаад байгаа болохоор хэн хүнд илт мэдэгдэм бужигнаж байгаа гэнэ. Энэ мэрэгч дээд цэгтээ тултал үржиж тархахдаа манай нийт газар нутгийн гуравны нэг хувьд буюу 40 сая га талбайд ингэж олширч тархдаг бөгөөд үүнийг тэсрэлт гэж нэрлэдэг. Ер нь үлийн цагаан оготно 8-12 жилийн давтамжтай хэт олширдог бөгөөд үүнд хүний болон байгалийн хүчин зүйл маш их нөлөөлдөг гэж Ургамал хамгааллын эрдэм шинжилгээний хүрээлэнгийн доктор Д.Цэвээндорж ярьж байна. Докторын хэлснээр бол дэлхийн дулаарлаас үүдэлтэй хур тунадаг багасч, ган гачиг нүүрлэх нь үлийн цагаан оготно өсч үржих таатай нөхцөл болдог байна. Нөгөө талаар хөдөө орон нутагт малын тоо толгой ихэсч бэлчээр талхлагдаж байгаа нь энэ мэрэгчид үржих сайхан боломж олгодог. Тачирхан, богино, сийрэг өвс ургамал тэдний хангалуун сайхан өсч үржих суурь нь болдог байна. Хээр талыг хэрсэн зам харгуй дагаж оготнын сүрэг мянга мянгаараа тэлж үрждэг баримт бас байна. Замын тачир өвс идэж, эргэн тойрныг нь эзэлж түрэн түрсээр газар нутгаа тэлдэг. Мөн мэрэгчдийг хороож байдаг махчин амьтдын тоо толгой цөөрсөн бөгөөд тэдний ан ав хийх боломжийг хүмүүс бид хязгаарладаг. Өөрөөр хэлбэл, тэдний оготнотой хөөцөлдөх цаг завыг үгүй хийжээ. Малчид нэг газраа нүүлгүй удаан суурьших нь ойр орчмоо талхалдаг учраас оготно тэр хавьд илүүтэй үржиж өсдөг. Үржиж өссөн оготныг үнэг, хярс идэх гэхээр айлын ноход хөөж туугаад ойртуулна аа гэж байхгүй. Машин мотоциклийн дуу чимээ, бензин шатахууны үнэр ч хээрийн амьтдыг хулжаадаг. Ингэж л үлийн цагаан оготно үржих боломжийг хүмүүс өөрсдөө олгоод, тэднийг араатан амьтдаас хамгаалаад сууж байгаагаа мэддэггүй.

Доктор Д.Цэвээндорж “1861 онд Оросын эрдэмтэн үлийн цагаан оготныг анх нээж бүртгэжээ. 1829 онд энэ оготно Монголд олширсон гэж Австрийн эрдэмтэн анх бичсэн байдаг. Тэр үед яагаад одоогийнх шиг ингэж хор хохирол учруулаагүй юм гэхээр бэлчээр талхлагдаагүй, малын тоо толгой цөөн байж. Байгальд байх хэмжээгээрээ л байсан. Уг нь урагшаа Шилийн гол, хойшоо Байгал нуур хүртэл тархдаг байсан бол одоо үлийн цагаан оготно зөвхөн Монголын амьтан болж үлджээ. Өөр улсад байдаггүй” гэж ярилаа.

Энэ амьтан ингэж гэнэт ихээр өсч үржиж байгаа нь нэг талаасаа устах аюулын дохиог байгаль дэлхийгээс авсан учраас үр удмаа олноор нь үлдээж байгаа хэрэг. Ямартаа ч цөөрөх, устах ийм нэг дохио авсан амьтад гэнэ. Нэг оготно жилд 4060 ширхэг болж үрждэг. Дөнгөж төрсөн гөлчгий л гэхэд сарын дараа үржилд орж 1014 болж өсдөг ажээ. Тийм учраас тоо толгойг цөөлөх зайлшгүй шаардлагатай. 1960 оноос манайд үлийн цагаан оготныг авиа химийн арга буюу онгоцоор хор цацаж устгадаг байв. 2004 оноос энэ аргыг хориглосон нь 1994 онд Биологийн төрөл зүйл хамгаалах олон улсын конвенцид нэгдсэнээс үүдэлтэй аж. Энэ хор нь оготноос гадна бүлээн цуст бусад амьтдыг хөнөөгөөд байна гэж үзсэнээс хэрэглэхээ больжээ. Тиймээс оготнын хөеөг хураах гэх мэт амьдралын орчинг нь өөрчлөх замаар утсгах аргыг малчдад зөвлөдөг болсон байна.

Үлийн цагаан оготно гоц халдварт тахал тээвэрлэдэг гэж судлаач эрдэмтэн маань хэлсэн. Тиймээс хүний эрүүл мэндийг хамгаалахын тулд мэрэгчдийн тоо толгойг багасгахаас өөр арга байхгүй аж. Олноороо амьдарч байгаа мэрэгчдийн ялгадас салхи шуургаар хийсэн хоол унданд орох зэргээс үүдэн халдварт өвчин үүсэх эрсдэл байдаг гэлээ. Мөн эдийн засгийн үүднээс буюу малын бэлчээрээ хамгаалах зорилгоор энэ амьтныг цөөлөх зайлгүй шаардлагатай. Байгаль, экологийн доройтолд оготны хувь нэмэр маш их. Газрын дээрх өвс ургамлыг идээд зогсохгүй хөрсөн доорх үндэс, нахиаг нь ч мөн идэж устгадаг хорлонтой мэрэгч ажээ.

“Хамаг хөрс сүйтгэлээ, бэлчээр өвсгүй боллоо” гэж өдгөө ярьцгааж л байна. Яг энэ үед үлийн цагаан оготныг устгах нь маш их зардал гаргадаг нь тодорхой. Зүй нь оготны тоо толгой буурсан үед судалгааны ажилд хөрөнгө мөнгө нэмж зарцуулбал, хэт олноор үржихээс урьдчилан сэргийлж болдог байна. Харамсалтай нь,манайд ниргэсэн хойно нь хашгирав гээч болоод байгаа юм. Эрдэмтэд, мэргэжлийн байгууллагуудаа дэмжиж, судалгаа шинжилгээний ажилд нь хүрэлцэхүйц төсөв мөнгө хуваарилдаг бол өнөөдрийн гамшигт байдалд хүрэхгүй.

Ийм хорон, богино хугацаанд асар хурдан өсч үрждэг үлийн цагаан оготныг хязгаарлах ажил манайд хангалтгүй байгаа нь тодорхой. Жилд 800 орчим сая төгрөг төсөвлөдөг нь 200гаад суманд хуваарилахаар аманд ч гүй, хамарт ч үгүй болдог аж. Уг нь энэ мэрэгчтэй тэмцэх ёстой хүмүүс нь малчид хэмээн эрдэмтэн маань хэлж байна. Гэтэл өнөөдүүл нь утсгах аргаа ч мэдэхгүй, заагаад өгөхөөр залхуураад хийдэггүй юм байх. Эсвэл “нүгэл” гээд халгаадаггүй гэсэн.

Үлийн цагаан оготно хот сууринд ойртож эзэлдэг үү гэж Д.Цэвээндорж доктороос асуухад “Дээхнэдээ Яармагийн орчмоор ороод ирсэн л байсан. Одоо Сүхбаатар, Дорнод аймгийн төвд байж л байгаа” гэв. Тэгвэл гай болж гоц халдварт тахал гарлаа гэхэд гол тараагч нь хэдэн саяараа Монголыг бүрхээд байгааг өнөөдөр хэн ч ярихгүй байна. Мэрэгчдээр дүүрч, аргаа барсан хотууд өнөөдөр ч дэлхийд байна. Нью-Йорк хотын хувьд 1940өөд онд хархандаа бариулах дөхөж байж. Лав 32 сая харх байсан гэсэн тоо байна. Хор цацах гээд янз янзын л арга чарга хэрэглэж байж мэрэгчээсээ салжээ. Одоо бол хотын эрх баригчид урьдчилан сэргийлэх арга хэмжээг тун сайн авдаг ажээ.

2010 онд Үндэсний тэжээвэр амьтны холбоо “Барилгын ажлын чанар, муу ус, хогноос болж Лондонгийн хархны тоо 38 хувиар өссөн” гэж мэдэгджээ. Мэрэгч устгагч хор хэрэглэсэн ч Английн нийслэлд 7,5 сая харх үлдсэн байна. Үүнээс гадна муу мэдээ нь мэрэгч амьтад элэг болон бөөрний өвчин үүсгэдэг вирус тээдэг нь хүнд халдварладаг. 1665 оны Лондонгийн их тахал хархнаас үүссэн гэдэг. Тэрхүү булчирхайн тахалд Лондончуудын 15 хувь нь өртсөн байдаг. Мөн 1666 оны их гал түймэр Лондон хотын хөрсийг шатаасан нь тус өвчинг устгахад тусалсан гэж үздэг.

Categories
мэдээ цаг-үе

Бидний мэдэхгүй Турк орон (II)

Анкарад очоод үдээс хойш
жижиг хоолны газар орвол
хүнгүй эл хуль байлаа. Учир нь
ислам шашны мөргөлийн сар
буюу Рамадан сарын үеэр бид
очиж таарчээ. Өглөөн гэгээнээс
эхлээд үдэш харанхуй болтол
шашиндаа үнэнч хүмүүс юм
идэхгүй, ус ч уухгүй, тодорхой
цагуудад мөргөлийн уянгалаг
дуу хаа холоос цуурайтан
сонсдоно. Цайны газрын зөөгч залууст захиалга өгөх гэж бага
зэрэг будилсан нь цаана хараад
зогсож байсан хоёр турк бүсгүйн
инээдийг барав бололтой.
Алчуураар толгойгоо ороосон
гуч гаруй насны хоёр бүсгүй
гэдэгнэж годгонон инээлдэх нь
бидэнд ч хөгжилтэй байв.
Турк бол хоолны гайхалтай
соёлтой орон ажээ. Хонь, тахиа,
загас, үхрийн махыг янз янзаар
амттай шарна. Хоолны өмнө
заавал ногооны хачир, салат
зооглох бөгөөд ширээн дээр
бяслагийг хичнээн янзаар нь
өрнө. Сүү, тараг их хэрэглэдгийг
тэдний зоогийн ширээнээс
харж болно. Манайхан таргийг
сүүгээр шингэлж уудаг шиг,
тийм шингэн таргаа байнга
хэрэглэнэ. Гудамжинд нь дөнэр
төрөл төрлөөрөө байна. Хонины
гэдсээр хүртэл хийж байна
лээ. Монголчуудын хувьд хоол
таарахгүйн зовлон байхгүй,
мах их хэрэглэдэг ард түмэн
юм. Монголоос мах авна гэвэл
өөрсдөө малаа вакцинжуулж,
эрүүл гэдгийг нь бататгаж байж
авах боломж бий гэлээ.
Анкарагаас хурдны галт
тэргээр хоёр цаг гаруй яваад
Эскишехир хэмээх жижиг
хотод Монголын өргөмжит
консул Илхан Косей биднийг
хүлээн авлаа. Инээд алдсан,
үе дамжсан бизнесмэн энэ
эр өргөмжит консулынхаа
ажилдаа тун сэтгэл хангалуун
явдаг бөгөөд чин сэтгэлээсээ
ажлаа хийдэг нь илт. Туркт
сурдаг монгол оюутнуудын
спортын наадмыг энэ хотод
зохион байгуулдаг, энд сурдаг
монгол оюутнууддаа хэрэгцээ шаардлага гарвал тусалж
дэмждэг, харваас халгиж
цалгисан сайхан сэтгэлтэй
эр. Илхан Косей жил бүр
өөрийн компанийнхан болон
хамтрагчид, найз нөхөд, монгол
оюутнуудаа оролцуулан хүлээн
авалт хийдэг нь биднийг очих
үеэр таарчээ. 250 хүний
суудалтай том ресторанд нар
жаргаагүй байх үеэс хүмүүс
уван цувсаар ирлээ. Үүдэнд
нь манай консул бүх хүнээ
хүндэтгэн өргөмжит хүлээн авч
оруулна. Эрчүүд голдуу зочид дүүрэх үеэр харанхуй болж,
нэг залбирч аваад бүгд хоолоо
идлээ. Зөөгч нар талх, ногоо,
сүү тарагнаас гадна зутан шөл,
шарсан махыг таваг тавгаар нь
зөөж гүйлдэнэ. Зоог хоёр цаг
орчим үргэлжилж, зочид хоолоо
идэж дуусаад, талархлаа
илэрхийлэн гарсаар танхим
дороо эзгүйрлээ. Манайхны
ийм зоогт сархад сөгнөөстэй,
халамцуу эрчүүд хаа сайгүй
байдаг бол туркүүд сайхан
хооллож аваад тарж одоцгоох
нь содон харагдаж байлаа.
Манай өргөмжит консул
маань Эскишехирт сурч байгаа
10 гаруй монгол оюутныг бас
урьсан байсан. Тэд хэзээний
танил ажээ. Энэ хот Турктээ
жижигт тооцогдох ч 900 мянга
гаруй хүн амтай. Гурван том их
сургуультай болохоор залуус
ихтэй ажээ. Онгоцны мотор,
хөргөгч зэргийг үйлдвэрлэдэг
НАТО-гийн ханган нийлүүлэгч
томхон үйлдвэр байдаг гэх
мэт технологид суурилсан аж
үйлдвэр хөгжжээ. Мөн Туркийн
соёлын төв хот гэж хэлж
болохоор юм. Аялаг тавлаг
байдлаараа Анкарагийн дараа
эрэмбэлэгддэг цэвэрхэн хот
ажээ. Гэмт хэрэг зөрчил бараг
гардаггүй гэдгээрээ алдартай.
Ямартаа л хар шөнөөр эмэгтэй
хүн ганцаараа явахад ямар
ч аюулгүй гэж тайлбарлаж
байхав.

* * *

Туркүүд цайгаа хандалж,
нэг их таатай тухтай уух юм.
Цайны ханд бэлтгэх арга нь ч
өвөрмөц. Энгийнээр хэлэхэд
хандаа маш өтгөн хийж, усаар
шингэлж таатайхан ууна. Цай
чанах тусгай жижиг зуух хүртэл
байна лээ. Турк цайг хэрэглэж
сураагүй хүн хэт өтгөн уувал
толгой эргэж, дотор муухайрна,
зүрх ч эвгүйрхэх талтай. Харин
уугаад байвал амтанд нь орчих
шинжтэй, тааламжтай амттай.
Туркүүд цайгаа дундаа
тавьчихаад, махаа шарж
идэн хууч хөөрч суудаг. Гэр
бүл, найз нөхөд хаана ч ийм
төрх харагдана. Омголон
халуун цустай энэ ард түмэн
дайламтгай найрсаг зантай.
Харилцааны тал дээр албан
ажлын харилцаанаас хальж найз нөхөд болоод байдаггүй.
Ажлын хамтрагч бол тэр
хэв маягаас хазайхгүй гэсэн
зарчмаар явдаг хүмүүс ажээ.
Туркт гутал, хувцас хунар
бусад орноос хавьгүй хямд
ажээ. Анх тэд алдартай
б р э н д ү ү д и й г д у у р а й ж хуулбарлаж хийдэг байжээ. Тэр
нь удаан хугацаанд давтагдсаар
байгаад өдгөө үндсэн брэнд
бүтээгдэхүүнээсээ ч хавьгүй
илүү чанартай болсон байна.
Даавууны чанар, хувцасны
өмсгөл, биед таатай байх зэрэг
нь тун давгүй. Манайхан Туркээс
бараа зөөдөг болсноор барааны
чанарыг нь сайн мэддэг болсон.
Дунджаар Туркээс авчирсан
нэг жинсэн өмд манайд 80-
100 мянган төгрөгийн хооронд
хэлбэлздэг бол Стамбулын
томхон худалдааны төвд хийц
загвараасаа шалтгаалаад
дунджаар 25-50 мянган
төгрөгийн хооронд байх
жишээтэй. Анкарад үүнээс
арай хямд, Эскишехирт бүр
хямд байдаг гэнэ. Гутал, цамц
гээд бүхий л төрлийн бараа
бүтээгдэхүүн иймэрхүү л үнэтэй
байх юм билээ. Харьцангуй
үнэтэй байдаг зүйл нь архи,
дарс, шар айраг. Холоос зөөж ирж байгаа болохоор Монголд
үнэ өртөг нэмэгдэх нь аргагүй
биз. Харин туркүүдийн хүсээд
байгаа том онгоцыг өдөр бүр
нисгэвэл карго зөөх хэмжээ
нэмэгдэж, үнэ багасна. Тэр
хэрээр турк бараа Монголын
зах зээлд хямд ирнэ. Монголын
бараа бүтээгдэхүүнийг Туркт,
цаашаа Европод хямд зардлаар
гаргах боломжтой гэж тэд
тайлбарлаж байсан.


* * *

Эртний түүхт Стамбул бол
асар том хот. Уул, дов толгод дамнан бүхэл бүтэн хоёр тив
дамнан сунайна. Ази, Европ
тивийг заагласан Босфорын
хоолойг асар том гурван гүүрээр
холбож, хотоо холбожээ. Орой
ажил тарахын орчим Европ
тив чиглэсэн замын ачаалал
ихэсдэг. Өглөө эсрэгээрээ
хүмүүс Ази тив рүү ажилдаа
яарч, замын ачаалал нэмэгддэг
байна. Гэсэн ч тэр үеэрээ таг
зогсохгүй, бага хурдтай ч гэсэн
хөдөлгөөн урссаар л байдаг.
Замын голоор бас нэг зам
байх нь тусгай замын автобус
зорчих зориулалттай. Хоёр
талаар нь торон хаалт татсан
байх бөгөөд зорчигчид шатаар
дээш гарч ирж сууна. Ямар ч
түгжрэл, гацаагүй маш хурдан
явах хүмүүс энэ автобусыг
сонгож болно.
Алдарт Босфорын хоолойн
ус хөхрөн цэлэлзэх нь гайхалтай
үзэсгэлэнтэй. Хоёр эргээр
нь хувийн хаус, ресторан, үйлчилгээний газрууд ярайна.
Энд газар, байшин, үйлчилгээ
хамгийн үнэтэй. Эрэг дагуух
зогсоол дээр жижиг онгоцнууд
давалгаан дунд дайвалзан
эгнэн зогсох нь цэнхэр усандаа
гарахаар яаран яаран байна
уу даа гэлтэй. Энэхүү жижиг
завь бол амралт зугаалгын
унаа бөгөөд Туркэд ирсэн
жуулчид хөлөглөн үзэсгэлэнт
хоолойгоор аялна. Мөн төрсөн
өдөр, хуримын ёслол ч завин
дээр болдог. Дээрээ гурав
дөрвөн давхар барилга бүхий том том ачааны хөлөг онгоц
усан хоолойгоор байнга зөрнө.
Усны урсгалаасаа болдог уу
том онгоцнууд үдээс өмнө нь
нэг чигт, үдээс хойш нөгөө
чигт явдаг. Өөрөөр хэлбэл,
том хөлөг онгоцнууд зөрөлдөн
давхидаггүй гэсэн үг.


***

Хүн амынхаа тал хувьтай
тэнцэх хэмжээний жуулчин
авдаг энэ улс 2019 онд бүр их
жуулчин авна гэж төлөвлөжээ.
Туркийн үзэсгэлэнт байгаль,
хосгүй сонин түүхийн дурсгалт
газруудаар аялж, далайн эрэг
дээр наранд биеэ шарж, дэлгүүр
хоршоо хэсэх жуулчдаас тэд
бас л өөр хэлбэрээр “мөнгө
салгахаар” шийджээ. Тэр нь
эрүүл мэндийн аялал жуулчлал.
Аялангаа эрүүл мэнддээ анхаар
гэсэн үг. Анкара хотод л гэхэд
зургаан том блок бүхий Европ
тивдээ хамгийн томд орох нүсэр
эмнэлэг үүдээ нээж байна. Хотод байх томхон эмнэлгүүдээ
нэгтгэн, шинэ барилгад нүүлгэн
шилжүүлж байгаа бөгөөд тоног
төхөөрөмжүүдийг ч шинэчлэн
сольжээ. Эмнэлгийн дээд
зэрэглэлийн өрөөнүүд нь тансаг
зэрэглэлийн зочид буудлаас
ялгаагүй. Хурлын танхим,
зочны, унтлагын буюу сахиурын,
гал тогооны гээд дөрөв таван
давхар сэлүүхэн өрөөнүүдтэй.
Энгийн өрөөнд ч мөн 2-3 өвчтөн
хэвтэх бөгөөд саруулхан тохилог
ажээ. Эмнэлгийн блокуудын
хооронд явах шаардлага гарвал дотроо жижиг оврын машинаар
давхина. Алхана гэвэл хамаг
цагаа барж, төөрч мэдэхээр
том.Үүн шиг 15 том эмнэлэг
цаашид барихаар төлөвлөж
байгаа гэнэ.
Туркийн улсын эмнэлгийн
үйлчилгээ нь Европынхоос 30-
40 хувь хямд ч үйлчилгээний
чанараараа илүү гарна уу
гэхээс дутдаггүй байна. Сүүлийн
үед манайхан ч гэсэн Туркэд
эмчилгээ хийлгэх нь нэмэгдэж
байгаа бөгөөд Солонгос,
Тайландын эмнэлгээс хавьгүй
хямд тусдаг, эмчилгээ,
үйлчилгээний чанар өндөр
хэмээн онцлох хүн олон байв.
Тиймээс тун удахгүй Туркийн
улсын эмнэлгийн төлөөлөгчийн
газар Улаанбаатарт үүд хаалгаа
нээхээр яриа хэлэлцээр
эхэлжээ.

Үргэлжлэл бий

Categories
мэдээ цаг-үе

Бидний мэдэхгүй Турк орон


Анкарагийн эртний шилтгээн цамхаг

АНКАРАГИЙН ЦАМХАГААС АМЬДРАЛ ӨӨР ХАРАГДАНА

Анкарагийн эртний цамхаг дээр гарахад хот алган дээр тавьсан мэт харагдана. Байшин барилга ирийтэл ар араасаа эгнэн зах хягзааргүй мэт алслан холдоно. Гэхдээ энэ хот дөрвөн сая гаруй хүн амтай. Хүн ихтэй хотуудаа бодвол цомхон цэмцгэр. Нүргэлсэн их чимээ шуугиангүй, замын түгжрэл ч бага айван тайван юм. Гудамжаар нь багтаж ядсан олон хүн лав харагдаагүй. Орон сууцны хорооллууд нь дөрвөөс таван давхар, жигдхэн улбар өнгийн дээвэртэй нь их содон харагдана. Дээрээс бол шоо дөрвөлжин улаан хорооллууд харагдах нь нэг нэгнээсээ ялгарах юмгүй.

Сүүлийн 10 жилд БНТУ эрчимтэй хөгжиж, зам, барилга байгууламж олноор барьжээ. Үүний бодит жишээ Анкарад тод харагдаж байна. Дээшээ харахад малгай унам өндөр шилэн цамхаг, худалдаа үйлчилгээний төвүүд шинээр үүдээ нээж, зарим нь хэзээ мөдгүй үйл ажиллагаагаа эхлэх гэж байна. Тэнд сурч байсан оюутнууд “Биднийг сурч байх үеэс маш их өөрчлөгджээ. Олон сайхан барилгууд нэмэгдсэн байна, танигдахын аргагүй болж” гэж байв. Арваадхан жилийн доторх энэ өөрчлөлтийг “Турк үзэгдэл” хэмээн нэрлэдэг болжээ.

Анкарагийн эртний энэ цамхагт шилтгээн яг хэзээ баригдсан нь тодорхойгүй ч олон удаа сэргээн засч байжээ. Ямартаа ч эртний Анкара хотыг хамгаалах гол цайз байж. Одоо бол жуулчдын очиж сонирхдог гол газар. Цайзын орчимд одоо ч айлууд амьдарсаар байгаа бөгөөд гар урлалын жижиг эдлэлийг жуулчдад зориулан дэлгэн тавьсан харагдана. Турк эмээ, өвөө нар оросоор дажгүй ойлголцож наймаагаа хийнэ.

Хичнээн ч зууны түүх түүхийг өөртөө шингээсэн юм энэхүү цайз, шилтгээнээс өрнө зүгт харахад Турк улсын нийслэлийн гайхалтай гоёмсог өнгө төрх харагдана. Харин дөнгөж нөгөө тал руу нь өнгийхөд эртний хуучин хорооллын үлдэгдэл дурайна. Нэг давхар голдуу навсайж нэвсийсэн энэ жижиг хороолол ямар л бол ямар гэмт хэрэг гарч мэдэх газар болжээ. Орой үдэш бол ганц нэгээрээ явалтгүй гэнэ. Тэнд удахгүй шинэ хороолол босох бөгөөд ор мөргүй арчигдан алга болохоосоо өмнө хуучин ая зангаа тавихгүй оршин байна. Цамхагийн цаад наад талд хоёр өөр орчин, хоёр өөр амьдрал буцалж байна. Анкарагийн цамхагаас амьдрал өөр харагддаг нь ийм учиртай. Тун удахгүй энэхүү хуучин суурингийн буурин дээр гэрэлтсэн өндөр хороолол босох бөгөөд аль хэдийнэ оршин суугчид нь байраа орхин оджээ. Харин тэдний орон сууринг дийлэнхдээ дүрвэгсэд эзлэн суудаг байна. Туркт хуучин ийм орхигдсон байшингуудад Сирээс ирсэн дүрвэгсэд ирж орогнодог. Өдгөө Турк улс дэлхийд хамгийн олон дүрвэгсэд хүлээн авч байгаа улс болж байгаа бөгөөд Сирээс 3,8 сая дүрвэгсэд энэ улсад амьдарч байна. Үүнийгээ “Туркийн Засгийн газраас үзүүлж буй хүмүүнлэгийн тусламж бөгөөд үүрэг хариуцлагаа гэж үздэг. Бусад улс орон биднээс үлгэр дуурайл авах ёстой” хэмээн албан ёсоор тайлбарладаг.


ӨВӨГ ДЭЭДСИЙН НУТГААС ИРСЭН ТА НАР МИНЬ…

Ийм үгс Туркэд олонтаа сонсож явлаа. Арга ч үгүй юм, монгол туркийн өвөг дээдэс түүхэндээ нэг газар нутагт амьдарч явсны ул мөр өдгөө ч хадгалагдан үлджээ. МЭӨ III зуунд хүчирхэгжин мандаж байсан Хүннү гүрний бүрэлдэхүүнд монгол, түрэг овог аймгууд байжээ. Хүннү гүрэн мөхөхөд нэг хэсэг нь баруун зүг нүүсэн нь түрэг аймгууд байв. Монголд үлдсэн түрэг аймгууд хүчирхэгжиж байсны ул мөрийг Орхоны хөндий дэх Билгэхан, Культегин, Налайх дахь Тонюкикийн зэрэг хөшөө дурсгалаас харж болно. Иймээс түүх, соёлын эртний холбоотой хэмээн туркүүд монголчуудыг ах дүүгийн холбоотой улс хэмээн тодотгон харилцдаг. Ер нь бүхий л зүйл дээр энэ харилцаагаа эрхэмлэдэг бөгөөд нэг үгээр хэлэхэд туркүүд монголчуудад тун элэгтэй.

БНТУ 1923 онд байгуулагдсан бөгөөд өдгөө 82 сая хүн амтай. Эдийн засгаараа дэлхийд 13, Европтоо тавдугаарт эрэмбэлэгдэж буй. Нэг хүнд ногдох ДНБ нь 10 мянган ам.доллар. “Их 20”-ийн гишүүн орон. Бүгд Найрамдах Турк Улс нь тив дамнасан зүүн Европ болон өрнөд Азийн улс юм. Газар нутгийнх нь ихэнх нь Ази тивд хамаарах ч Европын улс гэж явдаг. Грек, Болгар, Гүрж, Армен, Азербайжан, Иран, Ирак, Сири гэх найман улстай хиллэдэг. Мөн урд, баруун, хойд талуудаараа Газрын дундад тэнгис, Эгейн тэнгис, Хар тэнгисээр хүрээлэгджээ.

Жилийн дөрвөн улиралтай гэх ч хавьгүй дулаан уур амьсгалтай. Өдийд аль хэдийнэ зун болж, гүн ногоон өнгөнд умбажээ. Тэнгисийн зөөлөн чийглэг амьсгалтай болохоор ургамал мод ургахгүйн зовлонгүй, хаа сайгүй сагсайж багсайсан цэцэг навч, ой мод. Хэдий амар амгалан улс мэт харагдавч Курдын салан тусгаарлагчдаас эхлээд Сирийн хил орчимд асуудал, түгшүүр байсаар байна. Тиймээс аюулгүй байдлаа хангах,терроризмтэй тэмцэх нь улсын хамгийн чухал асуудал болж байна.

Монгол Турк улс 1969 оны зургадугаар сарын 24-нд дипломат харилцаа тогтоосон бөгөөд тун удахгүй 50 жилийн ойтойгоо золгох гэж байна. Монгол Улс нь гадаад бодлогынхоо хүрээнд БНТУ-ыг “гуравдагч хөрш” хэмээн үздэг. Туркүүд ч ТИКА буюу Туркийн хамтын ажиллагаа, зохицуулах агентлагаараа дамжуулан Монгол Улсын эрүүл мэнд, боловсрол, соёл, шинжлэх ухаан, дэд бүтэц гэх мэт олон салбарт 2004 оноос хойш нийт 45 сая ам.долларын буцалтгүй тусламж үзүүлсэн байна.

ТИКА нь 58 оронд төлөөлөгчийн газартай бөгөөд хамгийн их ажил буцалж бужигнасан газар нь Монголынх хэмээн тодотгож байлаа. Учир нь оны эхний дөрвөн сарын байдлаар л гэхэд 35 төсөл хэрэгжүүлээд дуусч байгаа аж. Нэг төсөл дуусч дараагийнх нь тасралтгүй эхэлж байдаг бөгөөд аль салбарт юу хийх тухайд манайхаас санал авдаг юм байна.

Үргэлжлэл бий

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

“ТОП”-уудаа тоодоггүй монголчууд

Монголын үндэсний худалдаа аж үйлдвэрийн танхимаас 2018 оны “ТОП-100” аж ахуйн нэгжийг өнгөрсөн долоо хоногт зарлалаа.Өнөө жилийн хувьд 50-ыг нэмж шилдэг 150 аж ахуйн нэгжийг зарласан юм. Эдийн засгийг нуруундаа үүрч энэ улсыг өдий дайны авч яваа компаниуддаа МҮХАҮТ жилдээ нэг удаа монголчуудын өмнөөс “Баярлалаа” гэж өргөмжлөл гардуулдаг утга учиртай арга хэмжээ. Тийм ч учраас хэвлэл мэдээллийнхэн онцгойлон хандаж сурвалжилж, мэдээллийг нь түгээсээр өнөөг хүрсэн.

Өнөө жил бидний мэдэх үндэсний хэдэн компаниуд маань өмнө хойноо орон дараалж, шилдэг 100-д эрэмбэлэгдлээ. Дараагийн 50-д ч өчнөөн хүнийг ажилтай амьдралтай авч яваа компаниуд шил дараад байна. Топуудыг эрэмбэлэхдээ Сангийн яам, Үндэсний татварын ерөнхий газар, Гаалийн ерөнхий газар, Нийгмийн даатгалын ерөнхий газар, Үндэсний статистикийн газар, Оюуны өмч, улсын бүртгэлийн ерөнхий газар, Санхүүгийн зохицуулах хороо зэрэг байгууллагын статистик мэдээлэлд үндэслэдэг. Өөрөөр хэлбэл тухайн аж ахуйн жилийн орлого, улсын төсөвт оруулсан татвар, нийгмийн даатгал төлсөн ажиллагсдын тоо, ашиг, хөрөнгийн хэмжээ гэсэн үндсэн таван үзүүлэлтийг хардаг. Ингээд харахаар ТОП-ууд маань Монголын хамгийн их хөрөнгөтэй, тэр хэрээрээ улсад татвар төлдөг, хамгийн олон хүн ажиллуулж, цалин өгдөг, нийгмийн даатгал төлдөг жинхэнэ баялаг бүтээгчид. Нэг ёсондоо дотоодын татварын орлогын дийлэнхийг нуруундаа үүрч, Монголын эдийн засгийн гол хөдөлгөгч хүч болсон үндэсний компаниуд юм.

“Монголын шилдэг 100 аж ахуйн нэгжийг салбараар нь дүгнэвэл уул уурхай, түүнийг дагасан бүтээн байгуулалт, ханган нийлүүлэгчдийн үйл ажиллагаа өссөн дүнтэй гарчээ. Тэдний борлуулалтын орлогын хэмжээ өмнөх оноос таван их наядаар өсч, 30 их наяд хүрсэн нь ДНБ-ий 96 хувийг эзэлж байна. Түүнчлэн төлсөн татварын хэмжээ өмнөх жилээс 29 хувиар өсч, 4.1 их наяд төгрөгт хүрсэн нь Монгол Улсын татварын нийт орлогын 50 хувьтай тэнцэж байна” гэсэн статистик байна.

Монголчуудын хамгийн их зүхдэг хэрнээ, шууд түүнээсээ хараат амьдардаг уул уурхай, олборлох үйлдвэрлэл нийт аж ахуйн нэгжийн 70 гаруй хувийг эзэлж байгаа бол банк, санхүүгийн салбар үүний удаад 14 хувьтай гарчээ. Цахилгаан, дулааны үйлдвэрлэл, усан хангамжийн чиглэлээр ажилладаг компани дөрөв, худалдаа үйлчилгээний компани ТОП-уудын гурван хувийг эзэлж. Үлдсэн цөөн хувийг хүнс, харилцаа холбоо, тээвэр ложистикийн компаниуд эзэлдэг ажээ.

Монголын улстөрчид, түүнээс улбаалан УИХ-ын гишүүн болон төрийн сэнтийд залрахыг хүсэгчид бүгд л уул уурхайг үзэн ядагчид байдаг. Ард түмний баялгийг идэж байгаа компанийг хаа, хөрөнгийг нь хураа. Хурааж аваад ард түмэнд баялгийг тэгш хуваарилах тухай амаа цангатал ярьдаг. Ажилгүй, цалингүй, гудамжинд лааз өшиглөж яваа хүмүүст ийм үг таалагдахыг мэддэг болохоор эцэж цуцалгүй ярина. Ярьсаар байтал ийм үлгэрт итгэгсэд түүнийг сонгоод гаргаад ирнэ. Дахин сонгууль болоход дахиад л “уул уурхайг хаа, зогсоо” гэж орилогсод. Ийм л цуврал үргэлжилж байна. Ажил хийж байгаа нэгнээ амаа эцтэл муулж, алдар нэртэй болдог технологи амилж, биежиж эхлээд удаж байгаа. Мэдээж, уул уурхайн компаниуд болон төрийн байгууллагууд хаана хаанаа засаж залруулах, сайжруулах зүйл байлгүй л яахав. Буруугаа зөв болгож, алдаагаа засаж байж л хамтдаа урагшилна уу гэхээс хааж боогоод хэн ч хожихгүй. Анзаараад байх нь ээ, татвар гэдгийг манайхан төдий л их ойшоож үздэггүй санагддаг. Эдгээр ТОП-уудын улсад төлсөн татвараар хичнээн эмч, багш, цалинжиж, эмнэлэг, сургууль ажилладаг гэдгийг хэн ч мэддэггүй мэт аашлах юм. Хүүхдүүд нь адлаад байгаа компаниудын улсын төсөвт өгдөг татварын ачаар сургууль, цэцэрлэгт явж, өөрсдөө өнөө топуудыг төлдөг татвараар ажилладаг эмнэлгээр үнэ төлбөр өгөхгүйгээр үйлчлүүлдэг хэрнээ яагаад ч юм тэжээгчдээ дургүй хачин сэтгэлгээ газар аваад байна. Монголын төр энэ компаниудын өгсөн татвараар хөдөлж, хилээ манах цагдаатай, хэргээ шүүлгэх шүүхтэй байгааг хэн ч ойшоохгүй нь хачирхалтай.

“2018 оны ТОП-100 аж ахуйн нэгж тодорлоо” гэсэн мэдээний дорх сэтгэгдлийг цахим орчноос сонирхоод хараарай. Сониуч нэг нь бүр нэгтгээд гаргачихсан байна лээ. Шилдэг 100-д шалгарсан уул уурхайн компаниудын дор “Монголыг өрөнд оруулж баялгийг маань ухаж байгаа энэ компаниуд гарвал таарна. Зогсоо, хаах хэрэгтэй, идээчин шулаачин” гэсэн сэтгэгдэл олон таарна. Банкуудыг болохоор “Ард түмнийг ясыг нь цайтал хүүлж байгаа юмнууд үхснээрээ Топ байдаг юм” гэж зүхнэ. Харилцаа холбооны компаниудыг “Сайн луйвардлаа гэж шагнаж байгаа юм байх даа”, шатахууны компаниудыг “Бензин шаглачихаад юундаа шалгардаг юм” гэх жишээтэй.

Үндэсний сүлжээ дэлгүүрүүдийг “Ийм хөгийн дэлгүүрүүд шалгарахаар ямар олиг байдаг юм” гэнэ. “ТОП-100” аж ахуйн нэгжийн удирдлагуудын бөөнөөрөө хамт авахуулсан зурагны дор “Дан хууль зөрчдөг компаниуд байна. Та нар шалгараад бидэнд юу наалдахав дээ” гэж бичих нь энүүхэнд. Энэ бол харин ч зөөлөн хэлбэрээр дайрсан сэтгэгдлүүд. Үүнээс ч муугаар бичнэ. Хичнээн жил, хичнээн олон хүний хөлс хүчээ дуслуулан зүтгэсэн хөдөлмөрийн үр дүнд өнөөдрийн үндэсний компаниуд маань өдий зэрэгт хүрсэн гэдгийг хэн ч төсөөлөхгүй. Тэнгэрээс бэлэн буугаад ирээгүй нь лав. ТОП-уудаа тоодоггүй, баялаг бүтээгчиддээ харшилдаг ард түмэн өөдлөхгүй. Тэднийгээ тордож, томруулж байж л бид том эдийн засагтай том орон болно. Өөртөө сэтгэл хангалуун, бусдын өмнө толгой өндөр, нүүр улайхгүй амьдарна гэсэн үг.

Үндэсний том компанийн захиралтай ярилцлага хийж байхад хэлсэн нэг үг санаанд үлджээ. Тэрбээр хэлэхдээ “Дэлгүүрт орлоо гэхэд дотоодын компанийнхаа бүтээгдэхүүнийг сонгохыг хичээдэг. Ядахдаа л Монголд үйлдвэрлэсэн нэг жүүс аваад гардаг даа” гэж байсан.Энэ бол үндэсний үйлдвэрлэгчдэд дэмжлэг ямар чухал байдгийг мэдэрсэн хүний үг. Түүн шиг ядахдаа л дотоодын үйлдвэрлэгчдээ дэмжиж худалдаа хийх, бүр чаддаггүй юм гэхэд хийж бүтээж байгаа нэгэн рүүгээ нулимахгүй байж сурахсан.

Гадаадын хөрөнгө оруулалтгүйгээр эдийн засаг томорч тэлэхэд хэцүү. Улстөрд популистууд олширч, УИХ, Засгийн газар нь зах зээлийн эсрэг ажиллаад эхлэхээр гадаадын хөрөнгө оруулагчид оруулсан мөнгөө татаад манай улсаас гараад явчихдаг. Олон том компанийн яг ийм шалтгаанаар Монголыг орхисон түүхийг бид мэднэ. Овоохон мөнгө оруулсан нь хэрэгжүүлж байгаа төслөө түрдээ зогсоож царцаадаг. Байдал бүр эвгүйдвэл гарна гэсэн бодолтойгоор ажилчдаа цомхотгож, компанийнхаа ажиллагааг зогсоодог. Ийм хэцүү цагт үндэсний хэдэн компанид л зогсох эрх байдаггүй. Ажилчдаа ажилгүй болгож, үүд хаалгаа барилгүйгээр хэцүүг сөрж зүтгэдэг. Муусайн баячууд гэж адлуулсан хэрнээ л ажилчдаа халахгүйг бодож, төсөвт өгдөг татвараа таслахгүйг хичээж, жилээс жилд ашиг нь багассан ч урагшаа зүтгэсээр байдаг. Үндэсний хэдэн компаниа ингэж харж бахархаж байж л бид улсаараа хөгжинө.