Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын хөрөнгө мөнгөтэй хүмүүс дулаан арал худалдаж авах цаг болжээ

Хувьдаа аралтай хүн манайд цөөнгүй бий л гэлцдэг. Олны хэл ам, хэрүүл шуугианаас эмээдэг үү, энэ талын мэдээлэл нууцлаг талдаа байдаг. Нэг үеэ бодвол Монголын бизнесмэнүүд чамгүй мөнгөжсөн, арал байтугай хөрөнгөтэй болсон. Дэлхийн долларын тэрбумтнуудын эгнээнд бичигдэж байгаа нь манайхан дэлхийн энд хүрснийг итгэнэ. Харин одоо та нар маань монголчууддаа нэг тус хүргээч. Монголын хөрөнгөлөг мөнгөлөг гэсэн хүмүүс, төр засагтайгаа нийлээд дулаан арал худалдаж авах цаг болжээ. Энэ сэдвийг манай сонин хэдэн ч өвөл хөндөж бичив. Өөрөөр хэлбэл, “Өдрийн сонин”ы байнгын сэдвүүдийн нэг бол Монгол Улс өөрийн гэсэн дулаан аралтай болох.

Эх оронд маань өвлийн хүйтэн өдрүүд эхэлж байна. Өдөр ирэх тусам хүйтний эрч чангарч, жавар тас нясхийн, амьд бүхэн тэсч тэвчихийн аргагүй хүйтэрнэ. Өвөлдөө цельсийн -50 хүрч хүйтэрдэг газар манай гаригт тун цөөн. Тиймдээ ч дэлхийн хамгийн хүйтэн орны тавдугаарт Монгол бичигддэг. Яаж туулна даа гэмээр их хүйтэн өдрүүд бидний өмнө сунайтал тосч байна. Лав гуравдугаар сарын дунд хүртэл энэ хүйтэн арилахгүй. Жилийн жилд л ийм байсан, одоо ч ийм байна, цаашид ч үргэлжилнэ. Тиймээс ч бид өөрсдийн гэсэн дулаан аралтай болъё, Ханбогдод хот байгуулъя гэж бичсээр ирсэн юм. Энэ бол мөрөөдөл биш юм. Дэлхий нийтээр арал худалдах, худалдан авах бизнес аль хэдийнэ бий болсон. Үл хөдлөх хөрөнгийн бизнесийн сүлжээ болох “Ремакс”-ын зарлал дунд ч ийм сурталчилгаа цөөнгүй бий.

Дэлхийд арал худалдаалагч хамгийн том брокер гэгддэг Фархад Влади өнгөрсөн дөч гаруй жилийн хугацаанд 3000 шахам арал худалдаалжээ. Дэлхийн хамгийн сайхан байрлалд байх гайхалтай арлуудыг авъя гэвэл энэ хүнтэй наймаалцдаг. Түүний худалдан авагчдын 40 хувь нь америкчууд, 40 хувь нь европчууд харин үлдэх нь япон болон арабууд байдаг тухай мэдээлэл бий.

Байрлал, том багын хэмжээ, эх газраасаа хэр зайтай зэргээс шалтгаалан арал бүр өөр өөр үнэтэй. Далайд ойрхон улсууд арлаа зардаг бөгөөд өөрийн хүмүүс нь авахгүй тохиолдолд олон улсад зарах тухайгаа зарладаг. Энэ тухай хууль, дүрэм журам ч тодорхой байдаг талаар бид өмнө нь бичиж байлаа. Нийтлэл хэвлэгдсэний дараа уншигчдаас олон санал ирдэг юм. Харин одоо бизнесмэнүүд саналаа нэгтгэж, улсаараа дэмжүүлэн дулаан холгүйхэн арал худалдаж авч, ард түмэндээ буян үйлдээч. Номхон далайн хаяа хярхагггүй их усан дунд бидэнд тохирох арал байж л байгаа.

Хэрэв тийм дулаан аралтай болчих юм бол өвлийн энэ хахир улиралд хамгийн түрүүнд хүүхэд, хөгшдөө аваачна. Байр сууц хангалттай ихээр барьж, аялал зугаалга хийх бүх боломжийг бүрдүүлэхэд ядах юмгүй. Дулаан орны байр гэдэг бидний зуны амбаараас ч хямд босно. Өдөр тутам онгоц нисч, ирсэн нь буцаж, үлдсэн нь зөрж ирэх гэх мэтээр зогсоо чөлөөгүй нааш цааш явах сүлжээ үүссэнээр бизнесийн бас нэгэн том гарц, боломж нээгдэнэ. Үндэсний том компаниуд ажилтнуудаа зуны аралд амраах шагнал өгч, том том уурхайнууд ашгаараа ард түмнээ тэтгэж, дулаан аралд үнийн хөнгөлөлт үзүүлнэ. Хүн бүр өвлийн хахир хүйтнээр дулаан аралд амрах зорилготой болж, мөнгөө хуримтлуулна. Мөсөн хонгил мэт хүйтэн саруудын нэг сарыг нь ч гэсэн дулаан өнгөрөөвөл аятай юу даа.

Ийм болбол монголчуудын маань амьдрал ямар амар амгалан болох вэ. Монгол үндэстэн бие биедээ ямар хайр, хүндэлтэй хандах вэ. Өнөө нүдэнд орсон хог, шүдэнд тээглэсэн мах мэт ад үзэгддэг хөрөнгөтэй хэсгээ өөрийн эрхгүй хүндэлж, хамгаалдаг болно. Монголчууд баячуудаараа бахархаж эхэлнэ. Анх Хөвсгөл рүү засмал зам тавихад ямар гоё байв. Одоо ч гоё хэвээрээ. Яагаад гэхээр шинэ зам бидэнд амарч, юм үзэх боломж нээсэн юм. Ийм боломжуудыг нээж, монголчуудынхаа амьдралын чанарыг дээшлүүлэхгүй бол хэдий болтол өвлийн өвөлд ундуй сундуйхан зутарч амьдрах билээ. Пиндийтэл зузаалсан хүмүүс халтирч бэртэхгүйн тулд оцон шувуу шиг шогшино. Гээд хичнээн хичээсэн ч халтирч унаад гэмтэж бэртсэн хүмүүс эмнэлэгтээ багтахгүй шалан дээр унтана. Осгосон, угаартсан, галд шатсан дуудлага ар араасаа цувна. Хүйтэн гэдэг бол асар их хохирол, тав тухгүй байдал, бүр амьд үлдэх эсэхийн төлөөх их тулаан юм.

Ер нь дулаан аралтай болбол хахир өвлийн хүйтнийг амралтын улирал болгоод зун нь ажиллахад тун таатай юм. Монголын зун бол үүрийн 04 цагт наран манддаг, уртын урт өдрүүдтэй, ажиллахад туйлын тохиромжтой улирал. Ажлын цагийг нар мандсаны дараа эхлүүлдэг болбол үд гэхэд л ажил дуусч амралтын цаг эхэлнэ. Ажиллаагүй юм шиг л амарч болох цаг билээ.

Айл бүр машинтай, хүн бүр гар утастай болно гэхэд битгий үлгэр ярь гэж шоолж инээлддэг үед монголчууд амьдарч үзсэн. Гадаад явна гэдэг төсөөлшгүй хол байсан. Одоо нэг айл хоёр ч машинтай болж. Нэг хүн гурван ч утас барьж болж байна. Айл аймгаараа шахуу гадаадад ажиллаж амьдарч байгаа. Тэгэхээр удахгүй бид хүйтрэхээр дулаан арал руугаа очиж амьдардаг болох нь тийм ч холын мөрөөдөл биш юм. Сүүлийн гучин жил монгол хүмүүс өмнө байгаагүй их хөрөнгө мөнгөтэй болсон. Муулаад л байдаг болохоос чухам үнэн билээ. Одоо үүнийхээ хэргийг гаргаж, дулаан аралтай л болъё. Санал санаачилга манай тэргүүлэгч бизнесмэнүүдээс гарч, төр улс нь дэмжээд энэ ард түмнийхээ магнайг нэг тэнийлгэнэ байгаа.

Categories
мэдээ цаг-үе

Р.Уранчимэг: Судас бөглөх эмчилгээ бол эрхтэнтэйгээ үлдэх эмчилгээний хамгийн дэвшилтэт арга

Хоол хүнс, эмийн замбараагүй хэрэглээ, орчны бохирдол, уур амьсгалын нөлөөлөл гээд монголчуудын дундах элдэв өвчлөл хүрээгээ тэлсээр. Тэр дундаа эмэгтэйчүүдийн хоргүй хавдар улам бүр залуужиж, тэр хэрээр эрхтнээсээ салсан бүсгүйчүүдийн тоо ихэссэнийг эмч нар хэлж байна. Хавдрыг төгс эмчлэх нэрээр умай, савыг бүтэн авах хагалгаа ард орхигдож, умайн артераар дамжуулж зангилааг тэжээж буй судсыг бөглөдөг тактик хамгийн дэвшилтэт эмчилгээ болжээ. Харамсалтай нь салбарын бодлого, дэмжлэг бага ч эмч нар өөрсдөө судалгаа шинжилгээ хийж, тодорхой тооны бүсгүйчүүдийн өвчин зовлонг нимгэлсэн туршлага байна. Энэ сэдвээр буюу умайн хоргүй хавдрыг тэжээгч судсыг бөглөх эмчилгээний арга тактикийг судалж, судалгаа эрдмийн ажлынхаа хүрээнд 40 гаруй эмэгтэйг эмчилж, тэн хагаст нь үрийн зулай үнэрлүүлчихээд суугаа Нийслэлийн Өргөө амаржих газрын Эх барих, эмэгтэйчүүдийн тэргүүлэх зэргийн эмч, Анагаах ухааны доктор Р.Уранчимэгтэй ярилцлаа.


-Эмэгтэйчүүдийн өвчлөлөөс зонхилон тохиолддог өвчнүүд нь миом, киста юу. Хоргүй хавдрыг миом гэж нэрлээд байна уу?

-Эмэгтэйчүүдэд дийлэнх тохиолддог нь бэлэг эрхтний үрэвсэлт өвчнүүд л дээ. Дараа нь миом (myoma) буюу монголоор умайн хоргүй хавдар орж байна. Мyo- гэдэг нь гөлгөр булчин,ома- гэдэг нь хавдар. Умайн булчингийн хоргүй хавдар буюу гөлгөр булчингийн эдээс гаралтай хавдар юм. Хавдрыг бүрдүүлж байгаа эдийн бүтцэд булчингийн эд, эсвэл холбогч эд давамгайлсан уу гэдгээс хамаараад миом, фибромиом, лейомиом гэх өөр өөр нэршилтэй. Киста бол өндгөвчинд үүсдэг, өндгөвчний уйланхай гэж нэрлэгддэг эмгэг.

-Юунаас болж хоргүй хавдар үүсээд байдаг юм бол?

-Хоргүй хавдар умайн булчингийн эс хурдацтайгаар өсч үржсэн, булчингийн эд зузаарсан, хэсэг газарт голомтолсон ургалт маягтай харагддаг. Яг юунаас үүсдэг, яагаад өвчилдөг зэрэг анхны шалтгааныг эрдэмтэд олон янзаар тайлбарлаж байгаа. Умайн гөлгөр булчингийн нэг ширхэг эсээс буюу хромсомондоо хавдар үүсгэх ген агуулсан өөрчлөлттэй эс (үүдэл эс) үржиж олширсноос булчингийн эд голомтлогоор зузаарч томрон хавдар үүсч байна гэж л ерөнхийд нь үзэж байна. Түүнээс ямар нэг юм очоод наалдаад үүсчихдэг эмгэг биш. Хавдрыг үүсгэх ген агуулсан үүдэл эсийн гарал үүслийг эрдэмтэд удамшил, хромсомын өөрчлөлттэй холбон тайлбарлаж байгаа.Нөгөөтэйгүүр өөрчлөлттэй эсийг өсч, үржиж томрох явцад гаднаас нь нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлүүд их. Эрсдэлт хүчин зүйлээс гадна эмэгтэйн бие организмын онцлог, бэлгийн дааврын суурь тогтолцоо, түүний зохицуулга, үйл ажиллагаа нь алдагдах, биеийн дархлаа сулрах зэрэг нь буруу мэдээлэл агуулсан хэрэггүй эсийг устгах өсөлтийг дарангуйлж, организмын өөрөө өөрийгөө цэвэрлэдэг “Эсийн программчилсан үхэл” гэх нэртэй процессыг алдагдуулдаг нь хавдрын эдийн ургалтад том нөлөө үзүүлдэг. Энэ процесст хүний дархлаа маш их нөлөөлдөг.

-Эрсдэлт хүчин зүйлүүдэд юу юу ордог байх нь вэ?

-Бэлгийн замаар дамжин халдварладаг өвчнүүд, бэлгийн замын архаг үрэвсэлт өвчин, удаа дараагийн үр хөндөлт, үр зулбаад цэвэрлүүлэх гэх мэт умайд янз бүрийн ажилбар, хагалгаа хийлгэх, мэс засал хийлгэх зэргээс гадна эмэгтэйчүүдийн амьдралын хэв маяг их нөлөөлдөг. Хөдөлгөөн багатай суугаа ажил, илүүдэл жинтэй байх, архи тамхи хэтрүүлэн хэрэглэх, тэр байтугай кофе ихээр хэрэглэдэг эмэгтэйчүүдэд миом үүсэх эрсдэл өндөр гэж судлаачид үзээд байна. Генийн өөрчлөлттэй хүнс мөн нөлөөлөх гээд байгаа.Стресс байна. Ялангуяа, миомын тархалтыг судалсан эрдэмтдийн судалгаанаас харахад хот суурин газарт, нөхөрт гаралгүй удсан буюу сурах боловсрохын тулд гэр бүл зохиож үр хүүхэдтэй болохоо хойш тавьсан эмэгтэйчүүдийн дунд илүүтэй тохиолддог байгаа юм.

-Таргалалт бас нөлөөлдөг гэж үү?

-Таргалалт өөрөө миом үүсэхэд нөлөөлдөг дааврын нийлэгжилтийг ихэсгэдэг учраас илүүдэл жинтэй эмэгтэйчүүдийн дунд өвчлөл харьцангуй олон тохиолдож байна.Мөн артерийн даралт ихсэх эмгэгтэй эмэгтэйчүүдийн дунд тохиолдол олон байгааг эрдэмтэд судалсан байдаг.

-Аль ч насныхан өвчилж мэднэ гэсэн үг байх нь?

-Тийм ээ, аль ч насныхан.Ихэвчлэн 30 наснаас дээш анх оношлогддог гэдэг л дээ.Хамгийн их тохиолдол 35-45 буюу цэвэршилтийн өмнөх насны эмэгтэйчүүдийн дунд бүртгэгдсэн байдаг. Сүүлийн үед 25-аас доош 20 насны охид, бүсгүйчүүдэд илэрч, залуужаад байгаа. Залуужаад байгаад нь замбараагүй бэлгийн хавьтал, хүсээгүй жирэмслэлт, аборт, бэлгийн замын өвчлөл нөлөөлж байна.

-Өтгөн хаталт эмэгтэйчүүдийн өвчлөлд нөлөөлдөг юм биш байгаа?

-Яг ингэж судалсан судалгаа байхгүй. Гэхдээ өтгөн хаталт үүснэ гэдэг тухайн хүнд дотор эрхтний ямар нэг эмгэг байж мэдэх шүү дээ. Харин нэгэнт үүссэн миом буюу хоргүй хавдар умайн ар хананаас шулуун гэдэс рүүгээ шахсан, дарсан байрлалтай байвал өтгөн хатах зовиур өгч болох талтай.

-Миом умайн гадна, дотор, булчинлаг хэсэгт гээд өөр өөр байх шиг?

-Үндсэн гурван ургалттай байршилтай байдаг л даа. Умайн булчингаас гадагш хэвлийн хөндий рүү түрсэн, умайн булчин дунд байршсан, булчингаас умайн хөндий рүү чиглэж ургасан гээд. Дэлхийн эх барих эмэгтэйчүүдийн эмч нарын холбооны ангиллаар хавдрын зангилааны долоо, найман нарийвчилсан байршлыг заасан байдаг ч энэ нь эмч нарт эмчилгээний тактик сонгоход зориулагдсан байдаг. Умайн хоргүй хавдар нийт эмэгтэйчүүдийн 20-70 хувьд тохиолддог, гэхдээ эмчид хандсан тохиолдлоор үзэхэд шүү дээ. Сонирхуулахад, АНУ-д тэр дундаа хар арьст эмэгтэйчүүдийн 70 хувьд хоргүй хавдар оношлогддог гэдэг.

-Яагаад?

-Хар арьстан эмэгтэйчүүдийн бэлгийн дааврын суурь байдлаас гадна Д витамины дутагдал өндөр байдаг юм байна.

-Д витамины дутагдал хоргүй хавдар үүсгэдэг гэж үү?

-Д витамин хүний дархлаанд чухал үүрэг гүйцэтгэдэг. Тэгэхээр дархлаа муудаад ирэхээр эсийн өөрөө өөрийгөө устгаж, цэвэрлэдэг процесс алдагдаад дээр хэлсэн эрсдэл рүү орж байгаа хэрэг юм.

-Нэгэнт хавдар үүсчихсэн хүнд Д витамины дутагдал өндөр байвал хавдар хурдацтай томрох эрсдэл бас бий болох нь ээ?

-Тэгэлгүй яахав. Бас нэг эрдэмтний судалгаагаар стресс ихтэй байдал нөлөөлж байна гэж үзсэн байгаа юм.Хар арьстай эмэгтэйчүүдийг арьсны өнгөөр ялгаварлах үзэлтэй холбоотой стресс өндөр байдаг гэсэн дүгнэлт хийсэн байдаг юм байна лээ. Тэгэхээр стресс нь миом өсч үржих явцыг хурдасгадаг гэж үзээд байгаа. Өрх толгойлсон, ганц бие ээж, эмэгтэйчүүдэд миомын тохиолдол өндөр байгааг даавартай холбох гээд байдаг, гэвч үнэн чанартаа стресстэй холбож байж мэдэхээр юм. Гэхдээ батлагдсан зүйл биш шүү дээ.

-Орчны нөлөө байх юм биш байгаа?

-Байна аа. Халуун, чийгтэй уур амьсгал, өндөр уулархаг бүс, эсвэл хуурай тоос шороо ихтэй газарт амьдардаг бүсгүйчүүдийн дундах өвчлөлийн тохиолдол өөр өөр.Замын ойролцоо, тоосонцор ихтэй газарт удаан амьдарсан эмэгтэйчүүдэд төдий чинээгээр миом үүсэх эрсдэл өндөр байдгийг судалсан эрдэмтний судалгаа бий.Судалгаанд PМ2.5 РМ10 тоосонцор нь миом үүсэх нөхцөлийг бий болгодог гэж онцгойлсон байдаг. Тэгэхээр энэ бүх хүчин зүйлүүд чинь дархлаанд төдий хэрээр нөлөөлдөг гэсэн үг шүү дээ.Дархлаа муудах тусам организмын өөрөө өөрийгөө цэвэршүүлэх процесс алдагдаад анхны үүдэл эсээс миом үүсэх процессыг ихэсгээд байгаа хэрэг.

-Нэг үеэ бодвол эмэгтэйчүүд өөртөө анхаарал тавьдаг, урьдчилан сэргийлэх үзлэгт хамрагддаг болсон. Саяхан үзүүлж, шинжилгээ өгөхөд зүгээр байсан хэрнээ учиргүй томорсон хавдар, миом илэрчихлээ гэх нь бий. Ямар учиртай юм бол, оношлогоонд байна уу?

-Нэгдүгээрт, оношлогоо.Эмэгтэйчүүдийн 50-60 хувьд зовиур илрэхгүй болохоор ирдэггүй.Харин өөр шалтгаанаар, тухайлбал, үр хөндүүлэх юмуу, ямар нэг өөр өвчин эмгэг үзүүлэх гэж яваад оношлогдож байгаа. Энэ нь манайд эхо, MRI гэхчлэнгээр оношлогооны тоног төхөөрөмжүүд сайжирсантай холбоотой. Хоёрдугаарт, мөнөөх эрсдэлт хүчин зүйлүүдээс шалтгаалж өвчлөл залуужсан, ихэссэн. Нөгөөтэйгүүр, миомын зангилаа, тоо ширхгүүд олшроод, хурдацтай томорч буйд шалтгаан бий.

-Аль ч хэлбэр, шалтгаантай байсан эмчилгээний үр дүн хэр байдаг бол?

-Эмчилгээний тактикийг эмэгтэйн нас, мөн төрсөн үү, үгүй юү гэхчлэн нөхөн үржихүйн хэрэгцээ хангагдсан уу, хоёрдугаарт, зовиур, хавдрын зангилааны байршил, тоо ширхэг зэргээс хамаарч сонгодог юм. Ерөнхийдөө эмчилгээний үндсэн хоёр арга бий. Мэс заслын, эмийн гэсэн. Орчин үед судас бөглөх эмчилгээ нэвтэрч эхэлж байна. Гаднаас нь өндөр эрчимтэт долгионоор шарах арга бас бий. Сүүлийн хоёр нь орчин үеийн дэвшилтэт эмчилгээний арга юм.

Манайд төдийгүй ихэнх улс оронд мэс заслын эмчилгээ давамгайлж байгаа. Ер нь хавдрын зангилааг шулж авах, хавдрыг умайтай нь хамт авах гэсэн мэс заслын хоёр арга байдаг юм. Умайг хавдартай нь авах нь эмчилгээний хамгийн төгс хэлбэр гэж үздэг л дээ. Умайг бүхлээр нь авлаа, өвчин бүрэн эдгэрнэ.Хавдрын зангилааг шулж авахдаа манайд ч, дэлхий дахинд ч дурангаар, эсвэл хэвлий нээж хийж байгаа.

-Үр дүн?

-Үр дүн сайн.Дуран нь хэвлий нээж хийснээс илүү өвчтөндөө шаналгаа бага, хагалгааны дараахь эмнэлэгт хэвтэх ор хоног бага, эдгэрэлт хурднаас гадна бие дэх шарх сорви багатай, хоёр гуравхан жижиг сорви үлддэг.Хэвлий нээхэд наанадаж 7-8 см-ийн зүслэгтэй сорвитой болно.

-Өвчлөлийн 50-60 хувьд зовиур илэрдэггүй байх нь.Тэгвэл оношлуулахын тулд ямар шинжилгээ, үзлэг хийлгэх ёстой вэ?

-Бид хоёрын хөндөж буй умайн хоргүй хавдар, өндгөвчний киста зэрэг чинь эзлэхүүнт үүсвэр шүү дээ. Биед байхгүй юм үүсчихсэн гэсэн үг. Тэгэхээр эмэгтэйчүүдийн мэргэжлийн эмчид хандаж, үзүүлэх хэрэгтэй. Жилдээ нэг удаа үзүүлчих хэрэгтэй. ЭХО оношлогоо хаа сайгүй хийж байгаа, хамгийн анхны оношлогооны арга нь шүү дээ. Мөн ямар нэг зовиур шаналгаа илрээд байвал хэн нэгнээс асууж, лавлаж цаг алдалгүй мэргэжлийн эмчид хандчих хэрэгтэй.Миом оношлогдоод өвчний хүнд хөнгөн, явцыг тодруулах шаардлага үүсвэл хэвлийн тодосгогчтой томографи хийлгэнэ, цаашлаад судасжилт, ургалт үзэхийн тулд ангиографи хийнэ дээ.

-Хүнд гэмээр, сонирхолтой бүтэцтэй гэх үү хавдартай өвчтөн тохиолдож байв уу.Анхаарал татмаар тохиолдол байдаг байх?

-Саяхан миомын арван хэдэн ширхэг зангилаа түүсэн. Умай өөрөө 5-6 см хэмжээтэй, лийр хэлбэртэй жижигхээн булчинлаг эрхтэн шүү дээ. Тэгэхэд тэр жижигхэн эрхтнээс гадагшаа болон дотогшоо, булчин дундуураа гэхчлэн 15, 16 ширхэг зангилаан ургалттай эмэгтэй байсан. Огт төрж байгаагүй, 40 нас гарчихсан. Цус алдах эрсдэлээс нь хамгаалаад умайг хавдартай нь хамт авах эмчилгээний тактик тулгараад байдаг. Гэтэл “Би төрөөгүй тул савтайгаа, умайтайгаа баймаар байна.Тэр байтугай хүүхэдтэй болохыг хүсч байна” гээд байдаг.Ингээд эмэгтэйн савыг үлдээх мэс засал хийсэн.Арван хэдэн ширхэг миом түүсэн, хагалгааны дараа сарын тэмдэг нь хэвийн ирсэн. Харин бүсгүйг жирэмслүүлэх, үр хүүхэдтэй болгох тухайд нэлээд шинжилгээ, эмчилгээ хийгдэх байх. Эрхтнээ, нөхөн үржихүйгээ хадгалж үлдэх гэдэг хэдэн настайгаас шалтгаалахгүйгээр бүсгүй хүн бүрийн хүсэл шүү дээ. Савтайгаа, эрхтэнтэйгээ байж байгаад физиологиороо цэвэршихийг бүгд хүсч байна.

-Яаж ийгээд эрхтэнтэй нь үлдээх өөр арга байхгүй гэж үү?

-Байна аа. Гэхдээ манай улсад арай нутагшиж амжаагүй ч бид эхлүүлж чадсан арга бий. Умайн артераар дамжуулж зангилааг тэжээгээд байгаа судсыг бөглөдөг эмчилгээ нэвтрүүлсэн. Эрхтэн хадгалах эмчилгээний хамгийн дэвшилтэт арга болж байгаа.

-Хавдар дахиж ургах уу?

-Ургана аа. Булчин дунд байршсан, хэмжээ нь нэг сантиметрээс дотогшоо хэмжээний жижиг миом үлдчихвэл тэрнээс дахиад ургаж томрохгүй гэх баталгаа байхгүй. Хавдрыг шулж авах мэс заслын дараахь эхний хоёр жилд 15-30 хувьд миом дахин ургадаг, оношлогддог гэсэн судалгаа бий. Харин судас бөглөх эмчилгээний дараахь эхний таван жилд дахин ургах эрсдэл ердөө 10 хувь гэж үздэг. Нэг нь хоёр жил, нөгөө нь таван жил гэж байгаа биз. Судас бөглөх эмчилгээ ийм сайхан үр дүнтэй.

-Энэ эмчилгээгээр та докторын зэрэг хамгаалсан бил үү, саяхан?

-Тэгсэн.

-Тэгэхээр энэ мэс заслыг та өөрөө хийж үзсэн байх нь уу?

-Судсан доторх мэс засал хийдэг тусгай тоноглогдсон өрөөнд, судасны мэс засалч эмч хийдэг юм шүү дээ. Нэгдсэн III эмнэлгийн ангиографийн, судасны мэс засалч эмч нартай хамтарч хийж байгаа. Энэ эмчилгээг өргөн хүрээтэй, практикт нэвтрүүлж, Монголдоо нутагшуулахын тулд эмэгтэйчүүдийн эмчилгээний стандартад оруулах хэрэгтэй. Түүний төлөө ажиллана л гэж бодож яваа даа.

-Судасны эмч нартай хамтарч хийдэг мэс засал юм бол эмэгтэйчүүдийн эмнэлгийн дэргэд дахиад энэ төрлийн эмчилгээгээр дагнасан тасаг, төв ч юм уу хэрэгтэй биш үү?

-Болдог бол төрөх эмэгтэйчүүдийн эмнэлэг буюу төрөлжсөн, нарийн мэргэжлийн эмнэлгүүд дээр ангиогийн аппарат авчраад тавьчихмаар байгаа юм.Рентген мэс заслын өрөөтэй болж, бэлтгэгдсэн мэргэжилтнүүд нь ажиллавал эмэгтэйчүүдэд бүр амар болмоор.Одоогийн нөхцөлд рентген мэс засал зөвхөн III төв эмнэлэгт бий.Уг нь энэ ажилбар ор хоног цөөтэй, хүндээ ямар ч сорви үлдээдэггүй, зовиур шаналгаа маш бага. Хагалгаа биш, ганц зүүгээр хатгаад л судсан дотуур гуурсаа оруулж хийдэг ажилбар юм. Тэгэхээр өвчтөн маань эмнэлэгт ганц, хоёрхон хоноод гарна, хөдөлмөрийн чадвар алдах хугацаа тун цөөн, үргэлжлүүлээд эмэгтэйчүүдийн эмчдээ хянуулаад явчихна.Тиймээс энэ дэвшилтэт эмчилгээг Эмэгтэйчүүдийн эмнэлгүүддээ албажуулан нэвтрүүлчихвэл бүсгүйчүүдэд маань хэрэгтэй юм даа.

-Ангиографийн аппараттай, мэс заслын өрөөтэй болчихлоо гэхэд эмч нар хэр бэлтгэгдсэн байдаг юм бол?

-Судсан дотуурх мэс засал манайд одоо л амжилттай хөгжиж эхэлж байна. Нэгдсэн III эмнэлэгт Р.Ганбаатар, н.Лхагвасүрэн эмч нар л хийж байна. Зүрхний мэс засалчид мөн хийж байгаа.

-Судас бөглөх энэ ажилбараар умайн хоргүй хавдар бүрэн эдгэрэх үү?

-Шууд бүрэн эдгэрч байгаа гэсэн үг биш л дээ.Умайг бүтэн авч байж бүрэн эдгэрнэ гэж ярина.Энэ ажилбараар зовиурыг маш сайн дарна, цус алдалтыг 90-ээс дээш хувиар багасгадаг талаасаа төгс мэс заслын аргатай адил эмчилгээний арга гэж байгаа юм.

-Умайн хоргүй хавдар дийлэнхдээ зовиур илэрдэггүй гэх ч илэрвэл ямар шинжүүд байна?

-Ихэвчлэн цус алдалт.Эмэгтэйчүүд ийм зовиуртай маш их ирдэг. Мөн өвдөлт, үргүйдлийн шинж тэмдэгтэй. Жирэмслэхгүй байна гээд ирэхэд миомтой байдаг. Хавдрын зангилаа хэмжээгээрээ томорсноос шалтгаалж урагшаа давсгаа дарснаас шээсний талын зовиур, арагш шулуун гэдсээ дарж өтгөн хатах гэх мэт эрхтэн дарагдлын шинжүүд илэрнэ. Хавдрын зангилаанд халдвар орж үрэвсвэл халуурах тохиолдол бий.Зарим тохиолдолд миомтой эмэгтэйчүүд хожуу цэвэршдэг ч энэ нь цус алдалтын нэг хэлбэр байх нь бий. Монгол эмэгтэйчүүдийн цэвэршилтийн дундаж нас 48-50 шүү дээ. Сүүлийн үед цэвэршилтээ хойшлуулна гээд дааврын эм уух нь ихэссэн.

-Цэвэршилтээ хойшлуулж эм уух нь хэр оновчтой юм бол?

-Шаардлагагүй л дээ. Физиологийн юм физиологиороо байх хэрэгтэй гэж үздэг. Дааврын эм уух нь эргээд хямрал үүсэх, хортой хавдар үүсэх эрсдэлийг дагуулдаг.

-Умайн хоргүй хавдрыг судас бөглөх эмчилгээгээр зогсоох гэсэн сэдвээр докторын зэрэг хамгаалж, Монголдоо ч анхны эмчилгээнүүдийг нэвтрүүлээд эхэлж.Цааш нь үргэлжлүүлж судалж, хийхээр хүссэн сэдэв бий юү?

-Судас бөглөх эмчилгээ хийлгэсний дараахь жирэмслэлт болоод уг эмчилгээ нь өндгөвчинд ямар нөлөөтэй вэ гэдэг дээр дэлхийн эрдэмтэд санал хуваагдаж маргаантай байгаа. Ялангуяа жирэмслэлт, төрөлтийн асуудал дээр. Тэр талаарх судалгааны ажлаа нарийвчлан үргэлжлүүлж хийвэл хэрэгтэй юм гэж боддог. Судас бөглөх эмчилгээ жирэмслэлтэд сөрөг нөлөөтэй гэж нэг хэсэг нь үзэж байхад, ихэнх нь муу нөлөөгүй гэж дүгнэсэн байдаг.

-Та юу гэж бодож байна?

-Ямар ч нөлөөгүй, зүгээр гэдэг талд нь бидний хийсэн судалгааны үр дүн гарсан байгаа. Харамсалтай нь, манайд судас бөглөх эмчилгээ стандартад ороогүй байна. Хоёрдугаарт, эмчилгээнд хэрэглэгдэж байгаа материалын үнэ өндөр байгаа. Тиймээс эмч нар 100 хувь зөвлөж чадахгүй байгаа юм.

-Эрдмийн ажлаа хийх явцад хамрагдаж, энэ эмчилгээнд орсон хичнээн эмэгтэй байдаг бол?

-47 эмэгтэйг судалгаандаа хамруулсан. Тэрнээс гадна эмчилгээнд хамрагдсан бүсгүйчүүд минь нийлээд 170 шахам бий.

-Үр дүн нь?

-Бүгд эрхтнээ хадгалж, өөртөө зовиур багатайгаар, сорви үлдээхгүйгээр, эмчилгээний дараа эмнэлэгт хэвтэхгүйгээр, хөдөлмөрийн чадвараа алдахгүйгээр өвчнөөсөө салж байгаа юм.Дурангийн мэс засал гэхэд ерөнхий унтуулгатай ордог бол судас бөглөх ажилбар тэрүүхэн хэсгийн мэдээ алдуулалттай л ордог.Бидний судалгааны ажилд хамрагдаж, судас бөглөх эмчилгээ хийлгэсэн 47 эмэгтэйгээс 19 нь жирэмсэлж, төрсөн байгаа. 35-39 насны гурван эмэгтэй анх удаа жирэмсэлж, хүүхдээ төрүүлсэн сайхан үр дүнтэй. Тэгэхээр цаашид стандартад оруулж, өндөр үнэтэй эмчилгээний жагсаалтад оруулж чадвал олон эмэгтэй өвчин эмгэгээсээ салж, олон айл үртэй болох боломжийг нээж өгөх дэвшилтэт эмчилгээ байгаа юм.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шинэ хонгил анхны туршилтаа амжилттай хийлээ

Улстөрчид “Хонгил хонгил…” гэж орилолдсоор байгаад ээлжит бус чуулган зарлаж “Шүүгчийн эрх зүйн байдлын тухай“, “Прокурорын тухай”, “Авлигын эсрэг хууль”-д нэмэлт өөрчлөлт оруулсан билээ. Ингэснээр Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурор, АТГ-ын дарга зэрэг өндөр албан тушаалтныг хуулинд заасан зургаан жилийн хугацаа нь дуусаагүй байхад Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн шийдвэрээр өөрчилж солих боломжтой болсон юм. Энэ шийдвэрийг ард түмэн шинэ хонгил бий болж байна гэж дүгнэж байна.

Олон улсын парламентын холбооны Хүний эрхийн хорооны тайланд “Хуулинд оруулсан шинэ нэмэлт өөрчлөлтүүд нь засаглалын нэг салбарт эрх мэдлийг төвлөрүүлснээр шүүхийн хараат бус байдалд аюул болно. Шинээр томилогдсон Ерөнхий шүүгч, Ерөнхий прокурорт олон нийт үл итгэсэн хэвээр байна. Хэдхэн хүнийг солиод шүүх засаглалын гажуудсан тогтолцоог сэргээхэд нэмэр болохгүй гэж олон нийт үзэж байна” хэмээн дүгнэжээ. Олон улсад манай шүүх засаглал, хуулийн байгууллагуудын үйл ажиллагааг гажуудсан хэмээн албан ёсоор зарласан гэсэн үг.

Шүүх, прокурор, АТГ-ын толгойд улстөрчид өөрсдийнхөө үгэнд ордог хүмүүсийг тавилаа хэмээн ард түмэн дургүйцэж байгаа. Хүчний байгууллагуудын дарга нарыг хугацаа харгалзалгүй томилох эрхийг улстөрчид шууд гартаа авсан нь ийм хандлага, дургүйцлийг бий болгож байгаа юм. Тэгвэл шинэ хонгил дотоод тохируулгаа хийж дууссан бололтой анхны туршилтаа зохион байгууллаа. Энэ бол 60 тэрбумын хэргийг зохион байгуулсан гэж дуулиан болгоод байгаа Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг шийтгэсэн шийтгэл байлаа. Дээрх шүүх хурлын дараа “Арга байхгүй шинэ МАНАН үүссэн юм байна. Шинэ МАНАН-гийн шинэ хонгил туршилтаа амжилттай хийлээ” гэдэг нь шууд харагдаж байна.

Үнэндээ” 60 тэрбум” бол хэрэг биш юм. Нам бүрт яригддаг л яриа, хүн болгон мэднэ. Ц.Сандуй, А.Ганбаатар нарын гэм нь гэвэл хүнийг яриаг “Хөөх, нээрэн наадах чинь болох юм байна” хэмээн хөөр хөс болгон сонссон нь буруу юм. Зүй нь бол тэр Д.Доржзодовыг “Яасан дэмий зүйл ярьдаг юм” гээд өшиглөөд хөөгөөд гаргах байж. Ийм нэг яриа болоод л өнгөрсөн болохоос албан тушаалыг эгнүүлж байгаад 60 тэрбум төгрөгөөр хэн ч зараагүй. Даргын сэнтий худалдаж авах гэж оочер дараалал үүсгээгүй. Хуулийн байгууллага л лав баталж нотолсон юм алга. МАН сонгуульд ялахдаа ч “та нарт албан тушаал зарна” гэж сонгогчдодоо амлаагүй. Сонгогчид ч “би дараа нь албан тушаал худалдаж авах юм” гэж МАН-д саналаа өгөөгүй. Үүний баталгаа гэвэл МАН-ын сонгуулийн сурталчилгаанд нэг удаа ингэж яриагүй. Зүгээр л “МАН-ын мөрийн хөтөлбөр хэрэгжвэл энэ нийгэм арай эрүүлжих юм болов уу, бид арай гайгүй амьдрах юм болов уу” л гэж найдаж, саналаа өгсөн хэрэг. Төрийн эрхийг хууль бусаар худалдаж авсан 60 тэрбум гэдэг бол зүгээр л үлгэр.

Ц.Сандуй, А.Ганбаатар нарт холбогдуулаад буй “60 тэрбум”-ыг өмнө нь хуулийн байгууллага шалгаад “энэ хэрэг биш юм байна” гээд хэд хэдэн удаа хэрэгсэхгүй болгож байж. Тэр бүрт дахин сэргээн шалгаж байгаад өнгөрсөн долоо хоногт “Төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн” гэм буруутай эсэхийг тогтоох шүүх хурал боллоо. Шүүх хурал дээр улсын яллагч нь “Энэ гэмт хэрэг биш юм. Ял өгөхгүй” гэж. Харин шүүгч нар “Нээрэн төрийн эрхийг хууль бусаар авах гээгүй юм байна. Харин сонгууль будлиантуулах гэж оролджээ” гэж огт өөр зүйл ангиар яллаж дөрвөн жил хорих ял өгчихөв.

2016 оны сонгууль ямар ч будлиан маргаангүй болсон гэдгийг би түрүүн хэлсэн. Сонгогчид өөрсдийн итгэл үнэмшлээрээ МАН-д саналаа өгсөн нь үнэн байхад Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг сонгууль будлиантуулсан гэж яллаж байгаа нь хэтэрхий үнэмшилгүй юм. Монголын шүүхийг ойлгохоо болилоо гэж олон хүн хэлж байхыг сонслоо. Улсын яллагч ч “ял өгөхгүй” гээд байхад өөр зүйл анги гаргаж ирээд ял өгдөг шүүгчтэй юм байна. Хөөн хэлэлцэх хугацааг хэрэг хийсэн өдрөөс нь тоолдог хуулийн заалттай. 60 тэрбумтай холбоотой яриа 2014 онд болсон бөгөөд хөөн хэлэлцэх хугацааны хувьд шүүгчид өөрсдийн үзэмжээр шийдлээ. Шүүгчид “Энэ яриа 2014 онд болсон ч 2016 онд л ил болсон. Тиймээс ил болсон өдрөөс нь хөөн хэлэлцэх хугацааг тоолно” гэдэг байгаа. Хуулийг хэрэгжүүлэх ёстой шүүгчид ингэж завхруулж байна. Монголын шүүх ингэтлээ дампуурсан хэрэг үү. Үүнийг шинэ хонгил гэхээс өөрөөр юу гэж тайлбарлах вэ. Шинэ хонгил туршилтаа амжилттай хийлээ. Хэрэв шүүх ийм маягаар ажиллаад байх юм бол хуучнаасаа ч аюултай хонгил үүсчээ гэж харагдаж байна. Сайн тал нь гэвэл, хуучин хонгилоос илүү аюултай хонгил үүссэн шүү гэдгээ илчилж байгаа нь зөв юм.

Энэ үйл явдлыг хараад нийгэмд үл итгэх байдал үүсч байна. Өнөө гайхуулаад байдаг ардчилал, хүний эрх, эрх чөлөө, шударга шүүх хаачив. Энэ бүхэн зугуухан алгуурхан биднээс алсарсаар байгаа юм биш үү. Өнөөдөр ярьсны төлөө шоронд хорьж байгаа бол маргааш бодсоны төлөө шүүгдэж мэдэх нь. Хэнийг ч юугаар ч шоронд хорьж болдог гэдгийг өнөөдөр хонгил харууллаа. Нийтээрээ айдас хүйдэст автан гайхан харж байна. Хамгийн ойлголжтой байх ёстой шүүх ийм ойлгомжгүй байх шиг айдас хаана байхав дээ.


Categories
мэдээ цаг-үе

​Хятад мөрөөдөлд суурилсан технологийн хөгжил

БНХАУ-ын Ухань хотноо байрлах Төв Хятадын шинжлэх ухаан, технологийн их сургуулийн Эдийн засгийн сургуулийн эрдэмтэн профессорууд Хятадын эдийн засгийн өсөлт, уруудалт, “Бүс Зам” санаачилгын талаар лекц семинар зохион байгуулсан билээ. Тэрхүү мэдээллээс товчлон хүргэе.

Ажиллах хүчний хомсдол ба худалдааны дайн

Дэлхийд ажиллах хүчний хомсдолд хамгийн түрүүнд орсон улс бол Япон. 1990 оноос Японд энэ асуудал сөхөгдөж эхэлсэн бөгөөд өнөө жилээс тус улс ажиллах хүчнийхээ тодорхой хувийг гадаадаас авч эхэллээ. Өмнөд Солонгосын хувьд 2010-2015 онд хүн амын хөгшрөлт эхэлсэн гэдэг. Азийн орнуудаас хүн ам нь хамгийн хожуу хөгшрөх улс Сингапур бөгөөд хойтон жилээс л энэ тухай ярьж эхлэх нь. Дэлхийд хүн амаараа тэргүүлдэг манай өмнөд хөрш болох хятадуудын хувьд ч ажиллах хүчний хомсдолд ороод байна. Энэ нь нэг хүүхдийн бодлоготой холбоотой бөгөөд хүн амын өсөлт удааширч, хөгшрөлт нэмэгдсэн нь эдийн засагт шууд сөргөөр нөлөөлж эхэлжээ. Яг ийм үед Хятад Америкийн худалдааны дайн эхэлсэн нь огцом тэсрэлттэй өсч байсан Хятадын эдийн засгийн өсөлтийг удаашрууллаа.

1978 онд хувьсгал гарсан нь өдөөгийн Хятадын үсрэнгүй хөгжлийн эхлэл болсон гэдэг. Улсаа хөгжүүлэхийн тулд хүнээ хөгжүүлж, хөрөнгөжүүлэх хэрэгтэй байсан учраас Хятад улс дотоод нөөц бололцоондоо найдахаас өөр арга байсангүй. Тэдэнд байгалийн баялаг бүхий асар өргөн уудам газар нутгаас гадна ажиллах хүчний маш их нөөц байв. Улс нь мөнгө хөрөнгөгүй, хүмүүс нь ядуу, техник технологи хөгжөөгүй, олигтой том компани ч байхгүй байсан үе нь. Тиймээс тэд газраа ажиллах хүчиндээ хуваарилан хотуудаа хөгжүүлэх бодлого барилаа. Аж ахуйн нэгж, компаниудыг олноор бий болгон, үйлдвэрүүд байгуулж, хийсэн зүйлээ экспортолж эхэлсэн. Экспортоос орж ирсэн мөнгөө дэд бүтэц бий болгоход зарцуулна. Хувцас, бараа бүтээгдэхүүнээс эхлээд электрон барааг үй олноор нь үйлдвэрлэж гадагшаа зарж байв.

Мөн гадаадын хөрөнгө оруулалт татах бодлогоо ч тогтвортой байлгав. Үүний үр дүнд өнөөгийн үсрэнгүй хөгжилтэй Хятад улс бий болсон бөгөөд 1978-2011 оны хоорондох эдийн засгийн өсөлт нь 9,2 хувьд хүрч түүхэн дээд амжилт тогтоов. Америкийн дараа орох дэлхийн хоёр дахь том эдийн засагтай орон болж чадлаа. Эдийн засгийн оргил үе буюу 2011 оны үед Хятад улс 10 триллион ам долларын гадаад валютын нөөцтэй байв. Үндсэндээ багтаж ядсан хөрөнгөтэй улс байлаа. Өдгөө энэ тоо 3,1 трилон ам.доллар болтол буурч, өмнөд хөршийн эдийн засгийн өсөлт 6,3 хувьтай болж уруудсан ч дэлхийд хүчирхэг улс хэвээрээ байна. Эдийн засаг уруудсан ч 6,3 хувийг боломжийн тогтвортой өсөлт хэмээн оношилж байна. Учир нь эдийн засгийн индекатор болох ажил эрхлэлт, үнийн тогтвортой байдал, олон улсын худалдааны тэнцвэртэй байдал зэрэг нь өсөлттэй байгаа аж. Эдийн засаг тэлж, хөгжихийн хэрээр хятадууд маш орон асуудалтай нүүр тулж эхэлжээ. Хамгийн түрүүнд гадаад орчин буюу Хятад Америкийн худалдааны дайн эдийн засагт цочмог нөлөөлсөн байна. Эдийн засгийн удаашралыг эрдэмтэд гадаад хүчин зүйлээс гадна мөчлөгийн дагуу давтдагддаг зүй тогтол хэмээн таамаглаж байна. Хятадын эдийн засгийн удаашрал дэлхийн эдийн засгийн удаашралтай бараг давхацдаг. Ер нь дундад улсынх гэлтгүй өндөр хөгжилтэй орнуудын эдийн засаг ч унаж байгаатай холбодог.

Үйлчилгээний салбарын өндөр хөгжил эдийн засгаа унагасан уу?

Эдийн засгийн өндөр өсөлтийн үед Хятадад үйлчилгээний салбарын хөгжил ч маш хурдацтай өсчээ. 2013 оноос үйлчилгээний салбарын хөгжил маш хурдан буюу 50 хувиас дээш өсөлт үзүүлсэн нь гайхалтай тоо аж. Бээжинд 81, Гуанжоуд 71, Уханьд 51, нийт хятад даяар 52 хувьтай өссөн үзүүлэлт байна. Харамсалтай нь, энэ үеэс Хятадын эдийн засаг унаж эхэлсэн юм. Энэ нь тохиолдол уу, холбоотой юу хэмээн шинжээчид судалгаа хийсэн бөгөөд судалгаанаас харахад шууд холбоотой байв. Өөрөөр хэлбэл, үйлчилгээний салбарын өндөр хөгжил улсын эдийн засагт сөргөөр нөлөөлсөн гэсэн үг.

Үйлчилгээний салбар хөгжих нь зөв үү. Яагаад энэ хөгжил эдийн засагт сөрөг нөлөөлсөн бэ? Хариулт нь тун энгийн аж. Иргэдийн орлого нэмэгдэж, эдийн өсөх нь үйлчилгээний салбарт зохиомол хөөсрөл үүсгэжээ. Үүнийг урлагийнхны тоглолт дээр жишээлж тайлбарлавал илүү ойлгомжтой юм. Урлагийнхны тоглолтын тасалбарын үнэ байнга өсч байдаг. Үнэ өссөн ч тухайн дуучны авьяас чадвар нь яг өмнөх шигээ хэвээрээ байдаг гэсэн үг. Үйлчилгээний салбарт иргэдийн гаргах мөнгө нэмэгдэж байгаа нь жинхэнэ өсөлт биш юм. Энэ салбарт гарч байгаа өсөлт нь бодитой, үр дүнтэй байх ёстой. Үнэ сайжруулсан шиг чанараа сайжруулбал эдийн засаг бодитой сайжирна.

Хятадын эдийн засаг уруудах уу, өгсөх үү?

Эдийн засгийн өсөлт 6.3 хувиас буурахгүй бол хэвийн үзэгдэл гэж үздэг юм байна. Тэгвэл одоо 6.3 хувьтай байгаа Хятадын эдийн засгийн өсөлт буурсаар байх уу гэдэгт судлаачид өөр өөр тайлбөр өгдөг. Хятадын алдартай эдийн засагч “Хятадын эдийн засгийн урт хугацааны өсөлт 2011 онд хамгийн өндөртөө найман хувьд хүрнэ” гэж 20 жилийн өмнө хэлсэн нь яг биеллээ олсон байна. Тухайн үед Хятад улс 1954 оны Япон, 1967 оны Сингапур, 1973 оны Солонгосын хөгжилтэй адил, нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн нь Америкийн дотоодын нийт бүтээгдэхүүний 20 хувьтай тэнцэж байв. Өсөлт найман хувиас дээш гарахгүй байх нь дотоод хүчин зүйлээс эдийн засаг шууд шалтгаалдагтай холбоотой аж. Хамгийн чухал нь хүн амын хүчин зүйл. 2010 оноос өмнөх Хятадын хүн ам маш хурдан өссөн. Тэгэхээр эдийн засгийн уналт хүн амын хүчин зүйлээс хамаарч байна гэж харж болох нь. Ер нь эдийн засгийн хурд буурч байгаа нь аймаар зүйл биш гэв. Энэ өөрчлөлт шинэ хөдөлгөх хүчинд түшиглэнэ. Өөрөөр хэлбэл, боловсон хүчний чанар, технологийн шинэчлэл хийж үр дүнг сайжруулах аж. Хамгийн гол нь эдийн засгийг хөдөлгөгч өөр ямар хүч байна вэ гэдгийг олж харах нь чухал.

Ирээдүйн чиг хандлага

Америк, Баруун Европын орны дэлгүүрээс авсан бараан дээр “Made in China” гэсэн шошго байнга дайралддаг. Баруунд гаргах боломжтой юу байна тэр бүгдийг баруун солгойгүй үйлдвэрлэн экспортолдог байсан нь хятадуудын гадаад валютын урсгалаа нэмэх гол арга байсан юм. Харин одоо хятадууд оймс, гутал, өмд, цамц мэтийн хэрэглээний жижиг сажиг зүйлс үйлдвэрлэхээ болихоор шийджээ. 2012 оноос өмнө бүх хүчээрээ урагшаа гэдэг уриатай байсан бол үүнээс хойш нийлүүлэлт дээрээ анхаардаг болсон байна. Оймс, бээлийнээс эхлээд бүхнийг хийдэг байсан үйлдвэрүүдээ Тайланд, Вьетнам зэрэг Зүүн Азийн орнууд руу шилжүүлжээ.

Үүний оронд нийлүүлэлтээ илүү чанартай болгоё гээд ноу хау шингэсэн технологийг оруулж эхэлсэн байна. Тухайлбал, цахилгаан машины хамгийн том үйлдвэрлэгч болохоор зорьж байгаа. Ер нь дэлхийн хамгийн сүүлийн үеийн дэвшилтэт техник технологийг үйлдвэрлэгч орон болно хэмээн зорилгоо тодорхойлжээ.

Хятадууд өдгөө хүн төвтэй хөгжлийн тухай ярьж байна. Энэ нь ядуурлын эсрэг дайн юм. Мөн бүх хотуудаа Бээжин мэт болгож, хот хөдөөгийн ялгааг арилгах тэнцвэртэй хөгжил рүү зорьж явна. Ингэвэл нийгмийн баян хоосны ялгаа арилна. Инновацийг дэмжиж интернэт орчноо илүү хөгжүүлэхэд анхаарч эхэлжээ. Үүнтэй холбоотой маш олон судалгааны хүрээлэнгүүд ажиллаж байна. Уламжлалт үйлдвэрлэлээ багасгаж байгаль орчинд ээлтэй ногоон хөгжлийг дэмжиж эхэлжээ. Хятад гадаад гэхээсээ дотоод эдийн засагтаа илүү анхаарч татвар бууруулах гэх мэт мөнгөний бодлогоо ард түмэн рүүгээ илүү чиглүүлж байна. Үйлдвэрлэлийн салбарт НӨАТ 15 байсныг 10 хувь, аж ахуйн нэгжийн нийгмийн даатгал 16 хувь болгож бууруулсан байна.

Тэдний ойрын зорилт бол иноваци болон дотоодын нөөц бололцоогоо ашиглан хүчирхэгжих. Гадаад хүчин зүйлээс хараат байдлаа хална. Шинэ технологи, шинэ үйлдвэрлэлийн системийг бий болгоно. Судалгааны салбартаа илүү мөнгө хаяна.

“Бүс Зам” санаачилга

2011 оны эдийн засгийн үсрэнгүй өсөлтийн үед Хятад хүчин чадлаасаа илүү гарсан хөрөнгийн боломжтой болсон байв. Үйлдвэрлэж буй бараа бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ их. Маш их бүтээн байгуулалт өрнөж байсан. Тиймээс илүүдэл зүйлээ гадагш гаргах хэрэгтэй болсон. Эдийн засгийн цар хүрээ нэмэгдэхийн урвуу хамаарал нь нөөцийн дутагдалд орсон. Тиймээс олон улсын зах зээлээс газрын тос, нүүрс, төмрийн хүдэр, хүнсний том компаниудыг хүртэл худалдаж авч эхэлсэн.

2013 оноос эхэлсэн Америк, Хятадын таагүй харилцааны үр дүн бол Худалдааны дайн юм. Энэ үед Хятадын нэг хүн ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн Японыг давж, Америкийн дараа орж эхэлсэн. Дэлхийд гадаад худалдаагаараа нэгд ордог улс болов. Энэ нь АНУ, Япон, Баруун Европын улсуудтай худалдааны зөрчил үүсгэж эдийн засаг буурах гол шалтгааны нэг болсон юм.

Худалдааны дайныг хэрхэн хор хөнөөл багатай давах талаар судалгаа, бодлого шийдвэрүүд гарч эхнээсээ хэрэгжээд эхэлжээ. БНХАУ-аас санаачлан хэрэгжүүлж буй “Бүс,Зам” санаачилга ч үүнтэй шууд холбоотой. Энэ санаачилга бол зөвхөн Хятад улс ашиг олох биш бүгд харилцан ашигтай ажиллах Хятад мөрөөдөлд тулгуурласан юм. Үүнийгээ ч Хятадын дарга нь албан ёсоор зарласан билээ. Дээрх санаачилгын хүрээнд эдийн засгийн зургаан коридор үүсэх бөгөөд нэг нь Хятад-Монгол-Оросын газар нутгийг дайрах юм. “Бүс, Зам” санаачилгад нийт 60 улс хамрагдах юм байна.

“Бүс Зам”-ын зорилго нь Евро Азитай холбосон гүүр, ложистикийн гинжин хэлхээ үүсгэх зорилготой. Тиймдээ ч энэ санаачилгыг эхлүүлснээр Хятадын гадаад худалдаа эрс өссөн үзүүлэлт байна. “Монгол Улсын хувьд Ашигт малтмалын баялгаа давуу тал болгон хөгжих, хөрөнгө оруулалт татах хэрэгтэй. Мөн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн, ноос ноолуураа боловсруулан экспортолж, валютын нөөцтэй болох. Үүгээрээ дахин үйлдвэрлэл явуулж, шинэ технологи суурьшуулах. Нэг бүс-нэг замыг ийм хөрөнгө оруулалт татах үйл ажиллагаан дээрээ маш сайн ашиглах хэрэгтэй” хэмээн Хятадын эдийн засгийн судлаач багш нар онцолж байлаа.

Categories
мэдээ цаг-үе

Устөрөгчийн хот болох том амбийцтай Ухань

Хятадын Ухань хотын тухай манайхан дажгүй мэдээлэлтэй байдаг нь тэндхийн их сургуулиудад монгол оюутнууд харьцангуй олноор сурдагтай холбоотой. Уханьд байх Төв Хятадын шинжлэх ухаан, технологийн их сургуулийг л гэхэд 300 гаруй монгол оюутан төгссөн бөгөөд өдгөө 50 шахам залуус сурч байна. Эд бүгд Хятадын Засгийн газрын тэтгэлэгт хамрагдагсад юм.

Ухань хот бол БНХАУ-ын Хубэй мужийн нийслэл нь. Төв Хятадын хүн ам хамгийн нягт суурьшсан хот юм. Ухань хот 30 орчим сая хүн амтай. Хөх мөрөн болон Жиан Хань мөрний эрэг дээр оршдог барууны маягийн том хот. Өдгөө тэнд 30 гаруй хэмийн халуунд дуниартан байгаа. Өвөлдөө -10 градус хүрдэг ч чийглэг газрын уур амьсгалын нөлөөгөөр яс янгинам хүйтэрдэг байна. Ёстой л манай ноолуур, ноосон хувцас, хөнжил аминд ордог гэж байгаа. Хотын дунд бадамлямхуа цэцэглэсэн том том нуурууд цэлэлзэнэ. Зарим нь байгалийн тогтоцоороо байгаа бол зарим нь хүний гараар бүтжээ. Нуурын эрэг дагуу амралт, тоглоомын бүсүүдтэй. Тэнд жижиг завиар салхи татуулан давхиж болно. Арай томхон онгоцонд сууж яаралгүйхэн зугаалангаа усны давлагаанд бүүвэйлэгдэн зоог барьж болно. Эсвэл хөнгөн завиар татуулан бөмбөлгөөр нисч зугаагаа гаргах нь ч байна. Гучин сая хүнийг хөгжил хөөртэй байлгах бүхий л боломж хот дотроо бий. Хоол унд, бэлэг дурсгал, унаа тэрэгний үйлчилгээ ч энэ бүхэнтэйгээ яв цав уялдаатай.
Хубэй мужийн хувьд цахилгаан тоног төхөөрөмж, хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортоороо дээгүүр ордог. Өөрийн нэрийн брэндүүдтэй аж. Эдний хийсэн зургаан төрлийн хөдөө аж ахуйн бүтээгдэхүүнийг бусад улс орнууд маш дуртай худалдаж авдаг байна. Тухайлбал, энэ муж зөгийн балны экспортоороо 10 жил дараалан улсдаа тэргүүлж байгаагаа гайхуулах дуртай. Мөн сам хорхой, хавч, мөөгний экспортоороо ч улсдаа тэргүүж эхэлжээ. Хонконгийн өндөгний хэрэгцээний 50 хувийг зөвхөн хубэйчүүд нийлүүлдэг. “Angel yeast” нэртэй исгэгч нь дэлхийд алдартай. Дэлхийд экспортоороо гуравт, Азидаа нэгд ордог бүтээгдэхүүн юм. Манай хүнсний дэлгүүрүүдийн органик тасагт ч энэ исгэгч байгаа харагддаг. Мөн олон төрлийн хүнсний ногоо, төрөл бүрийн цайгаараа алдартай нутаг юм. Энэ бүхний төв цэг нь Ухань юм.
Ухань хотыг гурван том дүүрэгт хуваадаг. Их, дээд сургууль, шинжлэх ухааны төвүүд бүхий нэг том дүүрэг байх. Энэ бол Хятадын Цахиурын хөндий гэсэн үг. Сүүлийн жилүүдэд энэ хэсэгтээ маш их хөрөнгө оруулалт хийж байгаа бөгөөд их сургуулийн дэргэдэх шинжлэх ухааны судалгааны том төвүүдийн хийсэн шинэ бүтээлүүд аль хэдийнэ амьдралд хэрэгжиж эхэлжээ. Шөнөдөө хотын төв тэр чигтээ янз бүрийн өнгөөр гэрэлтэн анивалзана. Гэрлийн шоу, өнгийн гэрэлтүүлэг бол тэндхийн судалгааны төвийн ажлын нэг нь. Ухань хот нь шинжлэх ухаан болон боловсролын үзүүлэлтээрээ бүх Хятад даяараа гуравдугаар байранд жагсдаг байна. Үндэсний хөгжлийн бүсүүд, шинжлэх ухаан болон боловсролын хөгжлийн дөрвөн хүрээлэн, мөн түүнчлэн нэлээдгүй олон хэвлэлийн инкубатор, 350 гаруй судалгаа шинжилгээний төвүүд, өндөр технологи хэвлэлийн үйлдвэрүүд, мөн 400 мянга хол давсан мэргэжилтэн шинжээч, техникчидтэй. Үндэсний 36 их, дээд сургуулиудаас найман их дээд сургууль нь Ухань хотод байдаг нь энэхүү хотын бас нэгэн бахархал яах аргагүй мөн билээ.
Жижигдүү усан завинд сууж нөгөө эрэгт хүрэх дүүрэг бол баячуудын дүүрэг. Тэнд мөнгө уул овоо шиг байдаг хэмээн ярьдаг нь эртнээс усан боомтоор худалдаа хийж, мөнгө олж байсантай холбоотой. Энэ дүүргийн байшин барилгын хийц загвар огт өөр бөгөөд харваас бэл бэлчинтэй иргэдтэй нь ойлгомжтой.
Гурав дахь нь үйлдвэрлэлийн дүүрэг. Хийж бүтээж, үйлдвэрлэж, экспортлох гээд ажил өрнөж байдаг хэсэг нь.
Ухань хот нь Хятадын есөн муж руу нэвтрэх замтай гэдгээрээ олонд танигдсан. Мөн зам тээврийн гол төв бөгөөд олон арван төмөр зам, авто зам болон хурдны замууд энэ хотоор дайран өнгөрдөг. Ухань нь Төв Хятадын засаг захиргаа, эдийн засаг, санхүү, соёл, боловсрол, зам тээврийн төв хэмээн хүлээн зөвшөөрөгдөж чадсан хот юм. Хотын доторх гүүрэн байгууламж, хот зохион байгуулалт, байшин барилгын хийц донжийг ярих юм биш. Төлөвлөж, тэр төлөвлөгөөгөө яс баримталдаг гэсэн үг. Хүний олноор асар богино хугацаанд хөгжиж, нүд булаах болсон үзэсгэлэнт хот юм.
Хэдхэн сарын өмнө энэ хотынхон дэлхийн чихийг дэлдийлгэх нэг мэдэгдэл хийсэн юм. Тэд устөрөгчийн эрчим хүчний салбарыг хөгжүүлэх замаар бүхэлдээ “устөрөгчийн хот” болно гэж хөгжлийн төлөвлөгөөндөө оруулснаа зарлалаа. Цахиурын хөндий хэмээн нэрлэгдэх их, дээд сургуулиуд, шинжлэх ухааны судалгааны том төвүүдийнхээ тусламжтайгаар Ухань хот ойрын жилүүдэд устөрөгч үйлдвэрлэлийн технологийг улам бүр боловсронгуй болгож, устөрөгчийн дэд бүтцийг сайжруулахаар зорьж байна. Мөн устөрөгчийн эрчим хүчний аж үйлдвэрийн цогцолбор, 20 хүртэлх тооны устөрөгчийн шатахуун түгээх станц барьж байгуулна. Тус хот нь 2025 он гэхэд бүхэлдээ “устөрөгчийн хот” болох, устөрөгчийн түлш үйлдвэрлэлээр дэлхийд тэргүүлэх 3-5 үйлдвэр барих зорилт тавиад байгаа гэнэ. Эдгээр үйлдвэр нь жилд 100 тэрбум юань буюу 15.63 тэрбум ам.долларын устөрөгчийн түлш үйлдвэрлэх ажээ.
Төсөөлөхөд бэрх мэт санагдах ч тэд таван жилийн дараа үүнийгээ амьдрал дээр баталгаажуулах биз ээ. Учир нь хийхээр зорьсон л бол хэрэгжүүлдэг гэдгийг хотын түүх өөрөө өгүүлэх ажээ.
Ухань хотод ирсэн гадаадын иргэд, оюутнуудын виз авдаг төр захиргааны байгууллагад тус хотын жижигрүүлсэн макетыг байрлуулжээ. “Уул байтлаа морь шиг харагддаг” гээд манай нэг дуу байдаг даа. Түүн шиг макет байтлаа хот шиг сүндэрлэх энэ байгууламжийг харсан хэн ч дуу алдам. Өнөө гурван том дүүрэг нүдэн дээр байшин барилга, зам гүүртэйгээ тодроод ирэх юм. Нэг ч зүйл дутуу орхисонгүй. Бүр дотор нь орж амьдран суумаар барин тавин тод. Тэнд одоогийн хотын бүтэц, зохион байгуулалтаас гадна ирээдүйн төлөвлөгөө ч байна. Ирэх жилүүдэд Уханийнхан газар доогуур гурван давхар хот байгуулахаар төлөвлөсөн нь тэнд тавигджээ. Хүн ам өсөхийн хэрээр техник технологиор зодож, газрын гүнд амьдрал өрнөх нь. Тэд ингэж зорьж, түүнийхээ төлөө ажиллаж байна.
Ухань хотод ирээд сонссон бас нэгэн сонирхолтой зүйл нь иргэн бүрт байдаг онооны тухай юм. Манайд жолооч бүр 10 оноотой, зөрчил гаргавал онооноос нь хасагдаж байдаг дүрэмтэй. Хэрэв 10 оноо дуусвал бид шалгалт өгөөд оноогоо нөхөөд авах боломжтой байдаг. Харин Ухань хотын нэг иргэн 10 000 оноотой байдаг. Ямар нэгэн зөрчил гаргавал онооноос нь хасагддаг бөгөөд түүнийг нөхөж авах тухай ойлголт байхгүй. Хэрэв тухайн хүн хэрэг төвөгт тасралтгүй орсоор оноогоо дуусгавал Ухань хотод амьдрах эрхгүй болдог шийтгэлтэй. Тийм болохоор тэнд хулгай дээрэм гэх мэт гэмт хэрэг бага гардаг. Гэхдээ их хөлийн газар явуулын хүн ихтэй байдаг болохоор жуулчдыг цүнх саваа мэдээтэй яваарай гэж захина.
Тус хот олон хүнтэй гэдгийг үзвэр үйлчилгээний газар, дэлгүүрт ороод шууд мэдэрнэ. Музей үзэхээр дугаарлагсад хэд дахин мушгирч, хэдэн гудамж ороох ч тасралтгүй урагшилсаар нэг их төвөг чирэгдэл болохгүй орчих жишээтэй. Дэлгүүрт өглөөгүүр хөл багатай байснаа өдөр нь олны хөлд дарагдаж, хэдэн давхар том барилга тэр чигээрээ зөгийн үүр мэт дүнгэнэх нь толгой эргэм.
Хятадын 10 том их сургуулийн нэг болох Төв Хятадын шинжлэх ухаан, технологийн их сургуульд зочлох, оюутны байранд нь амьдрах боломж тохиов. Оюутны байранд амьдарсан болохоор тус сургуулийн сургалт, оюутнуудын амьдралтай илүү ойр танилцсан юм. Тус сургуулийн анхны монгол төгсөгчдийн нэг нь Сангийн дэд сайд Х.Булгантуяа юм. Тэрбээр энэ сарын эхээр сургуульдаа айлчилсан бөгөөд Төв Хятадын шинжлэх ухаан, технологийн их сургуулийн хүндэт профессор боллоо. Х.Булгантуяа сайд төгссөнөөсөө хойш энэ сургуульдаа монгол оюутнуудаа сургах, тэтгэлэгт хамруулах зэрэг ажлыг тасралтгүй зохион байгуулж, хоёр улсын боловсролын салбарын хамтын ажиллагаанд түүчээ болсоор явна.
Төв Хятадын шинжлэх ухаан, технологийн их сургууль бол Хятадын 10 том сургуулийн нэг нь. Тус сургууль нь хотынхоо зүүн хэсэгт хотхон хэлбэртэй орших бөгөөд сургуулийн газар нутгийн хэмжээ манай Дархан хотынхтой дүйцэхээр том. Тиймдээ ч хичээлийн байр хооронд оюутнууд мопедтой жирийлгэнэ. Мопедгүй бол хичээлээсээ хоцорно. Мөн оюутны болон хичээлийн байр хооронд автобус явна. Явган явахаар бол ёстой алхана гэдгийг үзүүлнэ дээ. Дулаан орон болохоор хаанаас нь бол хаанаас нь мод бут, цэцэг навч алаглана. Гудамж, талбайнууд нь гүн ногоон моддоор нягт хүрээлэгдсэн нь аагим халуунд тунчиг нэмэртэй, сэрүү татахгүй ч сүүдэрлэж өгнө. Энэ сургууль Хятадын хамгийн үзэсгэлэнтэй сургууль гэдгээрээ алдартай юм билээ. Дун нуураар хүрээлүүлсэн Луо Жа уулан дээр байгуулагдсан болохоор байгалийн тогтоц нь хараа алдам сайхан. Сургууль оюутнуудынхаа сурах орчинг бүрдүүлээд зогсохгүй аюулгүй байдлыг нь чандлан хамгаалдаг. Сургуулийн хотхон үүд бүртээ харуул хамгаалалттай бөгөөд гадны машиныг нэвтрүүлдэггүй, гадны хүн ч тэр бүр ороод байдаггүй юм билээ.
Мөн хотхон дотроо сургууль тус бүрийн хичээлийн болон оюутны байрууд, номын сан, оюутны хоолны газар, биеийн тамрын талбайнууд, чөлөөт цагаа өнгөрөөх цэцэрлэгүүд, хэрэглээний зүйлсээ авах дэлгүүр, банк, эмнэлэг, багш, ажилчдын байр гээд бүгд бий. Оюутнууд хоол идэх, хэрэглээний зүйлсээ авах тусгай карттай бөгөөд түүгээрээ хавьгүй хямд үйлчилгээ авна. Оюутны хоолны газрууд маш том. Манайд байх олон үндэстний хоолны газар шиг олон цонхтой. Тэр бүр өөр өөр хоолоор үйлчлэх бөгөөд нэг жижиг таваг хоол 2-10 юанийн үнэтэй. Мөн хотхон доторх дэлгүүрээр картаараа худалдаа хийж болох бөгөөд архи, тамхинаас бусад зүйл худалдан авах боломжтой. Шинэ ирсэн оюутнуудыг эмнэлгийн иж бүрэн шинжилгээнд хамруулж, оношилно. Ингээд л оюутан болж, хичээлдээ чөлөө завгүй гүйлдэх юм.
Ухань хотынхон ундны усаа зөөврийн цэвэр усаар хангах бөгөөд дулаан орон болохоор халаалтын систем байхгүй. Зуны шатам халуунд хүйтнээр үлээж сэрүүцүүлэх кондишн өвөл халуунаар үлээж дулаацуулна. Оюутны байранд тог цахилгаан, ус бүгд тоолууртай бөгөөд үүнийг оюутнууд өөрсдөө төлдөг. Манайхны хувьд жихүүн нойтондуу, өвөл нь хүнд байдаг бололтой. Өвөл бол гэртээ төдийгүй хичээлийн байрандаа гадуур хувцаснаасаа салдаггүй гэсэн. Арваад жилийн өмнө цахилгааны хязгаарлалт хийдэг, дотуур байр нь хуучин бохирдуу байсан бол тэр цаг хэдийнэ ард хоцорчээ. Хуучин байруудаа буулган шинэчилж, цахилгаан таслахаа больсон нь эдийн засаг нь хүчтэй байгаагийн шинж болой.
Төв Хятадын Шинжлэх ухаан, технологийн их сургууль нь дэргэдээ мөн л судалгааны хүрээлэнтэй. Хотын захиргаанаас зориуд тус сургуульд зориулан дээрх хүрээлэнг барьж өгсөн байна. Мэдээллийн багтаамжийн судалгаанаас гадна гэрлийн технологийн судалгааг хийдэг гэнэ. Цувны товч мэт жижиг хар зүйлийг асар том багтаамжтай хард диск хэмээн зааж байх жишээтэй. Мөн гэрлээр юу хийж болохыг судалдаг. Жишээлэхэд, пуужингийн эд ангийг гэрлийн технологи ашиглан энд хийдэг гэж байв. Есөн нанометр хурдтай гэрлээр хэвлэх машин гурван сая юанийн үнэтэй гэв. Био анагаах ухааны судалгаа ч энд хийгддэг. Бүтэн биеийн судалгаа, оношлогоо хийдэг ПЭТ машинаас эхлээд сүүлийн үеийн рентген оношийн аппаратын талаар ч тайлбарлаж байв. Яг одоо бол хүний хөгшрөлтийн учир шалтгааныг олохоор судалгаа хийж байгаа гэнэ.
Энэ мэт энгийн хүний төсөөлөмгүй техник, технологийг эндхийн эрдэмтэн судлаачид өдөр бүр ашиглаж, улам гүнзгийрүүлэн төгөлдөршүүлж, амьдралд нэвтрүүлсээр байна. Тэдний ажлын үр дүнд хүн төрөлхтний амьдрал илүү хялбар сонирхолтой болно. Элдэв өвчнийг ялан дийлнэ. Алс хэтдээ сансар огторгуйг эзэмших хүртэл холын зорилготой.

Үргэлжлэл бий…

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Баянгол зочид буудалд амьдрах Баянхошууныхны нэрс тодорч байна


Үнэгүй байр авахаар ингэж цуглажээ

2017 оноос хойш Монголын улс төр дэх попролт хэрээс хэтэрлээ. Үл бүтэх зүйл амалж, эрүүл нийгэмд хэзээ ч бүтэхгүй хийсвэр лоозон ашиглан массд нэр хүндээ өсгөдөг энэхүү жүжгийн голлон тоглогч нь манай Ерөнхийлөгч Х.Баттулга, Ерөнхий сайд У.Хүрэлсүх нар. Ерөнхийлөгч Х.Баттулгын хувьд Монголын хөрөнгөтэй, чөмөгтэй эрчүүдийн нэг. Түүний эзэмшлийн компаниудын нэрс “Мах импекс”, “Талх чихэр”, “Баянгол зочид буудал” гээд цааш үргэлжилнэ. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн хувьд ч хоосон хүн биш. Хотын төвийн Хүрээ төвөөс эхлээд энд тэнд бишгүй л хөрөнгө сонсогддог. Энэ хоёр хүн Монголын хөрөнгөлөг хүмүүсийн тоонд яах аргагүй орох ч өдөр тутамдаа хамгийн ядуу хүний дүрд чадварлаг тоглож, улс төрийн үйл ажиллагаагаа явуулж байна.

Дээрх хоёр хүний амнаас гарсан үг бүхэн нэг агуулгатай байдаг. “Баячуудын хөрөнгийг хурааж ядууст өгнө” гэсэн үгээр тэд гурван жил поп жүжгийнхээ гол санааг илэрхийлжээ. Гурван жил тэд ингэж л ярьсан. Тэдний эх оронч, ядуусын төлөө дуугарч, хамгаалж байгаа мэт хуурмаг дүрийн цаана нэр алдар олох, олон нийтэд таалагдах ганцхан зорилго бий. Зорилгодоо хүрэхийн тулд тэд тасралтгүй ийм утгатай зүйлс ярьж, ядуу ард түмнээ өрөвдөж хайрлаж буй дүр эсгэж байна. Энэ нь тэрүүхэндээ ард түмний толгойг эргүүлж, улстөрчийн нэр хүндийг өсгөөд зогсдог бол хамаа алга. Гэтэл мөнгөгүй ард түмэн нь тэдэнд туйлаас итгэх юм. Нийтээрээ энэ попролтыг нь дагаж баясч, бодит зүйл мэт төсөөлж эхэлжээ. Ийм явцуу, хуурмаг тоглолтын горыг одоо бид нийтээрээ амсах гэж байна.

Баячуудын байрыг хурааж, үнэгүй байртай болох гэсэн хүмүүсийн тоо өдгөө 30 мянга хол гараад явчихаж. Ард нь үнэгүй байрны төлөө хэдэн мянгаараа дугаарлаж байна. Улс төрийн сонгуулиар МАХН мэтийн жинхэнэ поп улс төрийн хүчин гарч ирвэл Монголын нийгэмд ямар аюул нүүрлэх гэж буйн дохио энэ биш гэж үү. “Хэний хаусыг хэн хурааж авч надад өгөх нь үү” гэж харж байгаад масс тэр хүчинд саналаа өгөх нь тодорхой байна. Хэрэв ийм улс төрийн хүчин сонгуулиар гарч ирвэл юу хийх вэ? Хамгийн түрүүнд Үндсэн хууль өөрчилж, Ерөнхийлөгчийн засаглалтай болно. Гадаадын хөрөнгө оруулагчдыг хөөж гаргана. Ингээд авторитор дэглэмтэй, гадаад харилцаагүй, харанхуй бүдүүлэг Хойд Солонгосынх шиг нийгэм бүрэлдэнэ. Мэдээж, хоёр хөршийн гар хөл, бодлого шууд нөлөөлж, тоглоомын улс болно. Өмнө ч ийм нөлөөлөл байгаагүй гэж хэлэхгүй.

Ийм болох үндэс суурийг Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нар болон АН, МАН хоёр бэлдээд сууж байна. Харин одоо энэ алдаагаа засахын тулд дээр нэр дурдсан эрхмүүд болон Монголын улс төрийн голлох хоёр нам нийгмийн хариуцлагаа ухамсарлан ачааны хүндийг үүрэх цаг иржээ. АН, МАН хоёр намд тусгаар тогтнолоо хамгаалах, тусгаар байхын үндэс болсон ардчилал, парламентын засаглалаа авч үлдэх үүрэг хариуцлага ирлээ. Энэ бол голлох хоёр нам болон улс төрийн зүтгэлтнүүдэд бүгдэд нь хамааралтай хэрэг юм.

Хамгийн түрүүнд АН, МАН хоёр эвлэж зөвлөж байгаад Сонгуулийн хуулиа зөв хийж, ирэх парламентад олонх болох хэрэгтэй байна. Ингэж байж л ардчиллаа авч үлдэнэ. Бусад нам, хөдөлгөөний үйл ажиллагаа, гаргаж буй ааш аягийг харахад тэдэнд найдах арга алга. Монголын шинэ үеийн түүхийн ганц ололт амжилт болсон ардчиллыг хамгийн түрүүнд алга хийхээр тэд зэхэж байна. Ардчилалгүй оронд мэдээж, парламентат ёс алга болно. Ийм тохиолдолд тусгаар улсын тухай ярихад хэцүү болох нь тодорхой.

Туулсан замналаа эргэн харахад голлох хоёр намын зүтгэлтнүүд асан хүмүүс хэзээ ч өнөөдрийнх шиг попорч, ардчилсан тогтолцоог нурааж, хувийн өмчийг хураана гэж хашгирч байсангүй. Түүх бидний нүдэн дээр үргэлжилж байна. Ерөнхийлөгч асан Н.Багабандийг өнөөдөр муулах хүн олон. Гэтэл энэ эрхэм хэзээ ч “Парламент хэрэггүй. Хувийн өмчийг хураана. Ерөнхийлөгчийн засаглалтай болно” гэж хэлээгүй. Захын хүн л ална хядна гээд муулаад байгаа Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн ингэж ярихыг сонссон хүн байна уу. Р.Гончигдорж, Э.Бат-Үүл, Д.Дэмбэрэл, С.Төмөр-Очир нар парламентат ёс хэрэггүй гэж ярьж байл уу. Хэн ч ардчиллыг ад үзсэн ийм зүйл ярьж байгаагүй юм шүү.

Итгэж найдахаас өөр гарцгүй улс төрийн энэ хоёр том хүчнийг хагаралдуулж байгаад дундаас нь гарч ирэхээр улс төр хийж байгаа хүмүүсийг та нар харж байгаа байх. Октябрийн хувьсгал юугаараа тэгж Оросын ард түмний сэтгэлийг татаж, амжилт олж чадсан бэ гэвэл газрын эздийг баривчилж, тариачдад үнэгүй газар олгоно гэсэн амлалт л байсан. Үнэгүй газрын төлөө үгээгүй ядуус давалгаалан дайрцгаасан. Тэгвэл олон байртай хүний байрыг хурааж ард түмэнд өгнө гэж байгаа энэ амлалт Октябрийн хувьсгалын үнэгүй газар өгөх уриатай утга нэг байгаа юм. Орост 100 гаруй жилийн өмнө биеллээ олсон энэ үг одоо Монголд амилахад тун ойрхон болжээ. Өөрөөр хэлбэл, Баянголд орох Баянхошууныхны нэрс тодорхой болж байна гэсэн үг. Манай талын хөрөнгөтөн гэж байдаггүй. Байргүй хүмүүс үнэгүй байр авахын төлөө эхнээсээ Баянгол зочид буудал, Хүрээ төв рүү дайрна. “Би үлдчих юм чинь” гэж битгий горьдоорой. Хамгийн том, сайхан байрлалтай байшин нүдэн дээр ил байхад тойроод гарна гэж байдаггүй юм.

Монголын нийгэмд ийм л нөхцөл байдал бий болоод байна. Энэ бүхнийг биежүүлж, амилуулахгүйн тулд АН, МАН хоёр хоорондоо учраа ололцож, ирэх жилүүдэд парламентын олонхыг бүрдүүлэхээс өөр арга алга. Өөр хоорондын хэрүүл, хагарлаа зогсоож, төдийгөөс өдий хүртэл ард түмнийг шулж ирсэн увайгүй зангаа өөрчилж, шударга ёсыг тогтоож, тусгаар тогтнол, ардчилал, парламентат ёсоо авч үлдэх түүхэн үүрэг танай хоёр намд ирж байна.


Categories
мэдээ цаг-үе

Б.Мэргэн: Шинэ хуулийн төсөлд хөөн хэлэлцэх хугацааны тухай заалт ороогүй

-“60 ТЭРБУМ”-ЫН ГЭХ ҮЙЛ ЯВДАЛ ГЭМТ ХЭРЭГ БИШ-

ХУУЛЬ БУЦААН ХЭРЭГЛЭХ НЬ УЛС ТӨРИЙН ЗОРИЛГООР БИЕ БИЕНЭЭ НАМНАХ МАШ ТОМ ЗЭВСЭГ БОЛНО

Хууль буцаан хэрэглэх ямар шаардлага байгаа вэ. Үүний хор уршиг хэр их бол. Хөөн хэлэлцэх хугацаа Эрүүгийн хуулийн шинэ төсөлд огт тусгагдаагүй талаар хуульч, өмгөөлөгч Б.Мэргэнтэй ярилцлаа. Мөн тэрбээр “60 тэрбумын” гэх хэрэгт нэр холбогдоод буй А.Ганбаатарын өмгөөлөгчөөр ажиллаж байгаа юм. А.Ганбаатар, Ц.Сандуй нарт нэр холбогдоод буй хэргийн шүүх хурал маргааш товлогдсон билээ.


-Эрүүгийн хуулийн шинэ төслийн хэлэлцүүлэг ид явж байна. Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан гэдэг үндэслэлээр дуулиантай хэд хэдэн хэрэг хаагдсан болохоор хүмүүс үүнийг яаж өөрчлөх бол гэж харж байгаа. Мөн хууль буцаах тухай ч яригдаж, дэмжигдэж байгаа нь ч хачирхал төрүүлж байна. Хуульч хүний хувьд та энэ талаар ямар мэдээлэлтэй, ямар байр суурьтай байна вэ?

-Хөөн хэлэлцэх хугацааны асуудал хүмүүсийн анхаарлыг татаж, нийгэмд маргаан үүсгээд жилийн нүүр үзэж байна.

Анх энэ Эрүүгийн хуулийг 2015 онд батлагдаад дараа нь 2017 онд нэлээн их өөрчлөлт оруулах явцдаа хөөн хэлэлцэх хугацаатай заалтад ч өөрчлөлт оруулсан. Хөөн хэлэлцэх хугацаа яллагдагчаар татагдаад дуусдаг байсныг анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэл хөөн хэлэлцэх хугацааг тоолно гэж оруулсан.

Анхан шатны шүүхийн шийдвэр маань гармагцаа хүчин төгөлдөр болдоггүй. Шийдвэр гарсны дараа оролцогчид гардаж аваад 14 хоногийн дотор давахын шүүхэд хандахгүй бол хүчин төгөлдөр болно. Хандвал давахын шүүхийн шийдвэр гарсны дараа анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болно. Тэгэхээр ерөнхийдөө давахын шүүхийн шийдвэр гарах хүртэл хугацаанд хөөн хэлэлцэх хугацаа тоологдохоор болсон. Хүмүүс хөөн хэлэлцэх хугацаа тоологдох дээр анхаараад байгаа болохоос биш зарим гэмт хэргүүд дээр хөөн хэлэлцэх хугацаа тодорхойгүй байгаа.

-Хугацаа тодорхойгүй гэдэг нь…

-Тухайлбал, 84 гэмт хэрэг дээр хөөн хэлэлцэх хугацаа тодорхойгүй л байгаа. Зорчих эрх хязгаарлах болон хорих ял дээр л хөөн хэлэлцэх хугацааг тоолоод байдаг. Цаана нь нийтэд тустай ажил хийлгэх болон торгох ял дээр хэмжээ нь ямар байх, хөөн хэлэлцэх хугацаа нь ч тодорхойгүй. Байдаггүй гэсэн үг л дээ. Энэ мэт маш олон асуудал байсан, үүнийг шийднэ гэж Хууль зүйн яам 2018 оны зургадугаар сард хуулийн төсөл боловсруулсан боловч өргөн барихгүй явсаар байгаад жил гарны дараа өргөн барьсан. Өргөн барихдаа яг одоо маргаан болоод байгаа Хөөн хэлэлцэх хугацааны тухай заалтаа өөрчлөөгүй. Өөрөөр хэлбэл, хөөн хэлэлцэх хугацаа яллагдагчаар татвал зогсоно, анхан шатны шүүхийн шийдвэр гартал тоолно гэдгийн алинаар нь явах юм гэдэг дээр маргаан өрнөөд, үүнийг л засах зорилготойгоор хүмүүс өргөн барилаа гэж ойлгож байгаа шүү дээ. Гэтэл тэр заалт нь огт байхгүй.

-Бүр байхгүй юу?

-Байхгүй. Огт өөр заалтууд оруулаад явчихсан. Одоо бол хорих ял урт байхаас хамааран хөөн хэлэлцэх хугацааг тогтоодог гэх мэт гэмт хэргийн ерөнхий байдлаар нь тогтоогоод байгаа юм. Гэтэл тэр дундаас ганцхан татварын хэргийг ялган авч, Татварын хэрэг дээр хөөн хэлэлцэх хугацаа таван жил байна гэсэн заалт оруулаад ирсэн байна лээ. Ямар учиртай юм, ойлгомжгүй. Гэмт хэрэг болгон дээр ингэж ялгаж авч үзэх юм бол хууль хоёр гурав дахин том зузаан цаас болох гээд байна. Гэтэл хууль товч тодорхой, ойлгомжтой, хэмнэлтийн зарчим буюу аль болох богино цөөн өгүүлбэрээр бичих ёстой гэсэн зарчимтай байдаг.

-Хөөн хэлэлцэх хугацаа нь дууссан зарим хэргийг хууль буцаан хэрэглэх замаар дахин шалгах тухай яригдаж байна. Ингэж болох уу?

-Эрүүгийн эрх зүйн шинжлэх ухаанд ч тэр, бусад улсын хууль, Монгол Улсын хуулинд ч байдаггүй нэг зүйлийг Хууль зүйн байнгын хорооны дарга яриад байгаа. Тэр юу гэхээр хууль буцаан хэрэглэх тухай асуудал. Буцаан хэрэглэх онол, хууль гэж байна. Ямар тохиолдолд хууль буцаан хэрэглэдэг вэ гэхээр тухайн гэмт хэрэг хийсэн гээд байгаа этгээдийн эрх зүйн байдлыг дээрдүүлсэн хуулийг буцаан хэрэглэж болно. Харин эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг хэзээ ч хэрэглэхгүй. Энэ бол хэдэн зуун жилийн өмнө бий болсон онол, одоо ч дэлхийн бүх улсууд хэрэглээд явж байна. Гэтэл хөөн хэлэлцэх хугацаа гэж өөрсдийнх нь гаргасан алдаанаас болж дуулиантай том том хэргүүд эхнээсээ хаагдсан. Хамгийн анх хүргэн Дэнзэнгийн 17 тэрбумын хэрэг хөөн хэлэлцэх хугацаа дууссан гээд хаагдсан. Дараа нь Хөгжлийн банкны өчнөөн зээлтэй холбоотой асуудлууд хаагдсан. Одоо Жастын Батхүүгийн хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусах гэж байна. Ингээд зөндөө асуудлууд хөөн хэлэлцэх хугацаа нь дуусч, хэл аманд ороод ирүүт энэ хүмүүс дээр хуулийг буцаан хэрэглэнэ гээд байгаа юм. Энэ хүмүүс буруутай нь буруутай. Өчнөөн төчнөөн мөнгө төгрөг идэж уугаад төрийг хохироосон нь үнэн. Хичнээн тийм байсан ч хууль бол хууль, онол бол онол. Хуулиараа л шийдэх ёстой. Ганц тэр хүмүүсийн хэргийг шийдэхийн тулд өдий хорь гучин жил бий болгосон эрх зүйн систем, ардчиллын ололт бүх зүйлээ нурааж, дараа дараагийн хүмүүсээ хохироох жишиг тогтоож болохгүй. Энэ хэдэн хүнийг шийтгэснээсээ илүү хохирол, үр дагавар ирээдүйд бий болно. Хүмүүст таалагдахын тулд ийм зүйл хийж болохгүй. “Хөөн хэлэлцэх хугацаа дууссан хэргүүдийг сэргээж ял өгчихлөө” гэвэл яг одоо нийгэмд, хүмүүст таалагдах гээд байна. Хортой үр дагавар нь түүнээсээ хавьгүй өндөр, яагаад ямар ч боломжгүй зүйлийг боломжтой болгох гээд байна вэ гэж тайлбар асуухаар Хууль зүйн байнгын хорооны дарга нь “Мэдэж байна, хуулийг буцаан хэрэглэхгүй. Ялангуяа гэмт хэрэг хийсэн хүний эрх зүйн байдлыг дордуулсан хуулийг бүр буцаан хэрэглэхгүй. Хөөн хэлэлцэх хугацаатай заалт чинь зүйл юм, хуулийн доторх зүйл. Зүйлийг буцаан хэрэглэхгүй гэсэн юм байхгүй. Тэгэхээр дагаж мөрдөх журмын тухай хуулин дээрээ хууль буцаан хэрэглээгүй, зүйл буцаан хэрэглэж байгаа шүү гэж тайлбарлаад явуулна” гэсэн юм яриад байгаа.

-Зүйл чинь хууль л биз дээ?

-Хууль зүйлүүдээс л бүтдэг. Молекул атомоос бүрддэг ч атом чинь молекултай ямар ч хамаагүй гэж байгаатай адил юм. Бүх зүйлүүд нийлээд хууль болно. Зүйл бол хууль. Ийм байж боломгүй тайлбар хэлээд, хууль буцаан хэрэглэнэ гэж яриад л байгаа юм. Үүнийг байнгын хороо дэмжээд, нэгдсэн чуулганд орох гээд л байж байна.

-Одоо хэдэн хүн дээр хуулийг буцаан хэрэглэлээ гэхэд дараа нь өөртөө таалагдахгүй хүмүүсээ хуулийг буцаан хэрэглэж дарж авах жишиг тогтоно. Бүр хуульгүй болох магадлалтай юм биш үү?

-Харин тийм. Энэ бол улс төрийн зорилгоор ч ашиглаж болох маш том зэвсэг болчихож байгаа юм. Хууль буцаан хэрэглэхтэй холбоотой бас нэг зарчим байна. Хэрвээ үйлдэл, эс үйлдэхүйг шинэ хуулиар гэмт хэрэгт тооцохоо больсон тохиолдолд хуучин хуулийн үед үйлдэгдсэн гэмт хэргийг хуулийг буцаан хэрэглэж тэр хүнийг буруутгаж болохгүй. Эсвэл хуучин хуулийн үед үйлдсэн гэмт хэрэг нь шинэ хууль гарсны дараа гэмт хэрэг биш болчихвол бас хууль буцаан хэрэглэж болохгүй. Гэтэл улс төрийн зорилгоор, эсвэл эсрэг намын улстөрчдөө гэмт хэрэгт холбогдуулан шоронд хорьж болох нөхцөл байдал үүсэх гээд байна. Тухайлбал, 2014 он буюу Эрүүгийн хуучин хууль үйлчилж байх үед одоогийн УИХ-ын гишүүн тухайн үедээ хуулинд ямар ч гэмт хэрэгт заагаагүй нэг үйлдэл хийсэн байлаа гэж бодъё. Тэгвэл шинэ хуулиндаа тэр үйлдлийг нь гэмт хэрэг мөн гэж оруулж байгаад өмнө нь энэ хүн гэмт хэрэг үйлдсэн байна гэж яллаад явуулаад байх юм уу.

-Ийм нөхцөл үүсэх юм байна л даа…

-Ийм нөхцөлд оруулах боломжтой болгох гээд л байгаа юм. Жишээ нь, саяын хууль буцаан хэрэглэхтэй холбоотой асуудал дээр, иргэд тэр хүмүүст хариуцлага тооцох ёстой, эрх мэдлийг хууль бусаар авах гэсэн 60 тэрбумынхан гээд бүгд дургүйцэж байна. Гэхдээ энэ үйл явдал нь 2016 онд болсон, гэтэл тухайн үед буруутгаж байсан зүйл нь шинэ хуулиар гэмт хэрэг биш болчихсон байдаг. Миний түрүүний хэлдгээр иргэд хичнээн дургүйцээд хариуцлага хүлээлгэх ёстой гэж байсан ч одоогийн мөрдөж байгаа хуулиараа л шийдэх ёстой.

-Сонгууль дөхчихсөн, улстөрчид сонгогчдодоо таалагдах гэж попордог үе нь. Улс төрийн хэт попрол хуульд нөлөөлж, хуулинд ороод эхэлбэл жинхэнэ завхрал үүснэ биз дээ?

-Үүнийг ардчиллыг хулгайлж байгаа үйл явц гэж нэрлэдэг. Ардчиллыг маш богино хугацаанд хулгайлж, дарангуйлагч нийгэм рүү шилжиж болдог. Эсвэл урт хугацаанд аажмаар хулгайлж болдог. Богино хугацаанд гэдэг нь хүчээр төрийн эргэлт хийж,цэрэг зэвсэг, бослого хөдөлгөөнөөр өдрийн дотор булааж авдаг. Энэ бол иргэдийн дэмжлэгийг авдаггүй. Удаан оршин тогтдоггүй, эрх чөлөөгөө алдсан иргэд ойлгож ухаараад буцаад эрх чөлөөнийхөө төлөө тэмцдэг. Харин удаан ч гэсэн иргэдийн эсэргүүцэлтэй тулдаггүй, үр дүнтэй, харин ч иргэдийн дэмжлэгийг авдаг арга нь нийгэмд таалагдахгүй байгаа хүмүүст зориулж хуулийг бага багаар нь өөрчилж шоронд явуулаад байдаг. Наад өнгөндөө буюу тухайн цаг үедээ бол иргэдэд маш их таалагддаг. Гэмт хэрэг хийсэн хүмүүст хуулийг буцааж байгаад ч болтугай хариуцлага хүлээлгэсэн юм чинь аргагүй, шударга төр бий боллоо гэж харагддаг. Гэтэл цаагуураа системийг нь, эрх зүйг тогтолцоог нь, ардчиллын элементүүдийг нь бага багаар хулгайлж авсаар байгаад нэг мэдсэн толгой дээр нь гараад суусан байдаг. Энэ үед ардчилал энэ тэр бүр байхгүй болчихсон, одоо та нар яах юм гэдэг. Яаж ч чадахгүй нөхцөлд оруулдаг. Энэ бол удаан хугацааны үр дүн. Сүүлийн хэдэн жилийг харж байхад яг л энэ замаар яваад байна.

ХӨӨН ХЭЛЭЛЦЭХ ХУГАЦАА УРТ, БОГИНОДОО БИШ, ХЭЗЭЭ ДУУСАХДАА Л ГОЛ УЧИР НЬ БАЙГАА

-Хөөн хэлэлцэх хугацааны тухайд гол өөрчлөх заалтаа оруулаагүй гэлээ. Ер нь хөөн хэлэлцэх хугацаа хэдээс хэдэн жил байдаг юм бэ?

-Тухайн гэмт хэрэгт оногдуулж байгаа ял ямар байна түүнээсээ хамаарч янз бүр байдаг. Тухайлбал, нэг жил хүртэлх хугацаагаар хорих, эсвэл зорчих эрх хязгаарлах ялтай хэрэг дээр хөөн хэлэлцэх хугацаа нэг жил байна. Доод тал нь хоёр, дээд тал нь найман жилийн ялтай хэрэг дээр хөөн хэлэлцэх хугацаа таван жил байна. Энэ мэт 12, 20 жил ч байна. Бүр огт хөөн хэлэлцэх хугацаа тооцдоггүй гэмт хэрэг ч бий. Хүн төрөлхтний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, бүх насаар нь хорих ялтай гэмт хэргүүд, хүн амины хэрэг гэх мэт. Зориг агсны амь насыг бүрэлгэсэн хэрэг 1998 онд үйлдэгдсэн байхад одоо хүртэл мөрдөж шалгаж байна гэдэг хөөн хэлэлцэх хугацаа тоологдохгүй болохоор хэрэг хэзээ ч дуусахгүй гэсэн үг. Өмнөх хуулиар хөөн хэлэлцэх хугацаа арай урт байснаа шинэ хуулиар арай багасгасан. Монгол Улс 1992 онд шинэ Үндсэн хуулиа баталснаас хойш олон улсын маш олон гэрээ, конвенцид нэгдсэн. Тэр гэрээ, конвенцид нэгдсэн үүргээ хуулиндаа тусгаж олон улсын өмнө үүргээ биелүүлэх ёстой. Тэгэхгүй бол олон улсын шахалт дарамт ирнэ. Жишээ нь, цаазаар авах ялыг хална гэж олон улсын конвенцид нэгдсэн ч халахгүй явсаар байгаад 2015 онд батлагдсан шинэ хуулиндаа тусгаж өгсөн. Өөр маш олон гэрээ конвенцид нэгдэж, хуулиндаа тусгана гээд тусгахгүй явсаар байгаа заалтуудаа шинэ хуулинд тусгаж өгсөн, олон улсад нийцсэн байдлаар анх бичигдсэн юм. Гэхдээ 2017 онд хууль хэрэгжиж эхлэх үед өөрчлөлт оруулж, бүр замхруулаад хаясан.

Хөөн хэлэлцэх хугацаа урт, богино байхдаа асуудал биш юм. Гэтэл иргэдэд хөөн хэлэлцэх хугацаа хэтэрхий богино байгаа болохоор хэрэг хаагдаад байгаа юм гэсэн ойлголт төрүүлэнгүүтээ хорь, гучин жил болгож сунгана гэж шинэ хуулиар яриад байгаа. Хугацаа сунгахдаа биш, хэзээ дуусах вэ гэдэг нь л асуудал. Хэрэв яллагдагчаар татаад л хөөн хэлэлцэх хугацаа зогсдог байсан бол энэ хэргүүд хаагдахгүй байсан. Бүгд яллагдагчаар татагдсан, түүнээс хойш хэдэн ч жил мөрдөн шалгаж болно. Яахав, хэрэг мөрдөн шалгах хугацаа гэж байдаг, түүндээ багтаж байвал хөөн хэлэлцэх хугацаа нь дуусахгүй.

Хуул зүйн яам иргэдээс санал авах гээд сайтдаа хуулийн төслөө байршуулдаг. Тэр үед хөөн хэлэлцэх хугацаа нь яллагдагчаар татагдаад зогсоно гэсэн заалт байсан юм. Дараа нь яагаад ч юм тэр төслийг сайтаасаа татаад авчихсан байсан. Хэдэн сарын өмнөөс хөөн хэлэлцэх хугацааны хэл ам гарах үеэр буцаагаад сайтдаа байршуулсан, дээрх заалт байж л байсан. Сая Хууль зүйн байнгын хороогоор хуулийн төсөл хэлэлцэх үеэр УИХ-ын сайт руу ороод хуулийн төслийг татаж аваад үзэхэд нөгөө заалт алга болсон байсан.

-Анхны төслөөсөө их өөрчилж дээ…

-Зөвхөн хөөн хэлэлцэх хугацаа биш, маш олон зүйл өөрчлөгдсөн. Зөрчил байсан олон заалтыг буцаагаад гэмт хэрэг болгож байна. Гэмт хэрэг байсныг хүчингүй болгосон заалтаа Зөрчлийн хууль руу оруулж байна. Маш инээдтэй ч гэмээр юм уу, эмгэнэлтэй нэг зүйл болсон. Бэлгийн дарамт гээд заалт Эрүүгийн хуульд байсныг 2017 оны нэмэлт өөрчлөлтөөр хасаад хаячихсан. Хурлын протоколыг нь үзэхээр үүнийг арай ч гэмт хэрэг гэж үзэж болохгүй юм байна, Зөрчлийн хууль руу оруулъя гэсэн байдаг. Тэгснээ Зөрчлийн хуулиндаа оруулахаа мартаад орхичихсон. Бэлгийн дарамт үзүүлсэн хүмүүс ямар ч хариуцлага хүлээхгүй, эмэгтэйчүүдийн эрх ашиг хөндөгдөөд байна гэж нэлээн яригдсаны дараа одоо сэргээж Зөрчлийн хуулинд оруулахаар төсөлдөө нэмж байх жишээтэй. Сэтгүүлчдэд хохиролтой нэг зүйл нь зөрчил байсан “гүтгэх”-ийг Эрүүгийн хууль руу гэмт хэрэг гэж оруулаад ял өгдөг болох гэж байна.

-Биеэ үнэлэлтийг бас гэмт хэрэгт тооцдог болж байна уу?

-Өмнө нь гэмт хэрэг байсныг зөрчил болгосон. Одоо буцаагаад гэмт хэрэг болгож байна. Энэ мэт төрийн залгамж чанар, хуулийн бодлого гэж огт байхгүй болж байна. Хуульд хэлбэрийн хувьд долоон том үндсэн зарчим байх ёстой гэдэг. Үүний нэг зарчим нь хууль тогтвортой байх ёстой. Иргэд хууль мэддэггүй гээд хариуцлагаас чөлөөлөгддөггүй. Иргэдэд хуулийг мэддэг болтол нь Засгийн газар хууль сурталчлах үүргээ биелүүлэх ёстой. Гэтэл иргэд хуулиа мэдэж ойлгоо ч үгүй байтал дахин дахин өөрчлөөд байж болохгүй.

60 ТЭРБУМ БОЛ ШИНЭ ХУУЛИАР ГЭМТ ХЭРЭГ БИШ

-Та түрүүн 60 тэрбумын хэрэг гэж ярилаа. Энэ хэрэгт холбогдогсдын нэг А.Ганбаатарын өмгөөлөгч нь та. Маргааш энэ хэргийн шүүх хурал товлогдсон байгаа. Ер нь энэ заавал шүүхээр орж шийтгүүлэх гэмт хэрэг мөн үү?

-Би түрүүн хэлсэн, дахиад хэлэхэд тухайн үйл явдал тухайн үедээ хүмүүст, нийгэмд таалагдахгүй байж болно. Ялангуяа хүний эрхийг хамгийн ноцтойгоор зөрчдөг хэлбэр болох Эрүүгийн ял оногдуулахдаа хуулиа ягштал биелүүлэх ёстой. Түүнээс биш нийтэд таалагдах гээд хуулиас гажуудуулж болохгүй. Ийм байдал руу манай улс сүүлийн үед нэлээн ороод байгаа нь сошиал хөгжсөнтэй ч холбоотой байх. Иргэд юмны цаад учрыг мэдэхгүйгээр ганц нэг буруу мэдээлэл дээр үндэслээд яллах ёстой, цаазлах ёстой, алаад өг гээд байдаг. Хэрэв нийгмийн хүсээд байгаа хариуцлагыг оногдуулахгүй бол шүүгчийг авлига авсан, шүүгч байх эрхгүй хүн, энийг хал гэлцээд эхэлдэг. Шүүгч ч гэсэн хүн. Хичнээн мэргэжлийн хандах ёстой ч сэтгэл хөдлөлд автах, нөлөөнд орох үе байна. Манай шүүх, прокурор, цагдаа ялгаагүй нийтийн хэл амнаас эмээж, нийгмийн шахалтад орж хариуцлага тооцдог тохиолдлууд зөндөө гарч байна. Би маш олон хэргүүдийг хэлж чадах ч, хэлчих юм бол эргээд өөрөө нийгмийн тэр хараалд өртөх болчихоод байна. Гэтэл бодит байдал дээр хэргийн материалыг уншаад үзэхээр нийгэмд тархаад байгаа мэдээллээс огт өөр байдаг.

60 тэрбумын асуудал дээр хүмүүс янз бүрийн байр сууринаас ханддаг. Гэхдээ үүнийг байгаа хуулийнхаа хүрээнд л шийдэхээс өөр арга байхгүй. Тухайлбал, 2002 оны Эрүүгийн хуулиар 60 тэрбумын схемийг зурсан танилцуулсан гээд байгаа үйл явдал гэмт хэрэг байж болно. Яагаад гэхээр 2002 оны Эрүүгийн хуулийн 82.1-д Төрийн эрх мэдлийн хууль бусаар авахаар хуйвалдаан зохион байгуулсан бол ял өгнө гээд заасан. Үүний биелэгдэх нөхцөл нь төрийн эрх мэдлийг хууль бусаар авахаар хуйвалдаан зохион байгуулах. Бид нар нэг өрөөнд суугаад, төрийн эрхийг авъя. Чи ийм ажил хийнэ, чи энийг хийнэ, ингэж мөнгө тараая, ийм ийм байдлаар зохион байгуулъя гэж ярилцаад сууж байгаа үйлдэл нь өөрөө гэмт хэрэг болохоор байгаа юм.

Гэтэл шинэ хуулиар олон улсын өмнө хүлээсэн үүрэг хариуцлагаа биелүүлж, дэлхийн эрүүгийн загвар хуулиас санаа авч өөрийн улсын хууль тогтоомжид нийцүүлж, ихэнх гэмт хэргийг эрх зүйн онолын зарчимд нийцсэн, хүний эрхийг дээдэлсэн ч ял завшуулахгүйгээр хийхийг зорьсон. Энэ явцдаа төрийн эрхийг хууль бусаар авах гэдэг чинь хүмүүс хоорондоо ярьж сууж байгаад арав, хорин жилийн ял авдаг байж болохгүй юм байна. Үүнийг арай нарийвчлах ёстой гээд шинэ хуулийн 19.2-т “Төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг хүч хэрэглэх замаар хууль бусаар авахыг оролдсон байвал төрийн эрх мэдлийг хууль бусаар авах гэж оруулж өгсөн. Ялгааг нь аваад үзвэл хуучин хууль шиг “Төрийн эрх мэдлийг” биш “Төрийн эрх барих дээд байгууллагын эрх мэдлийг” гэж оруулж өгсөн. Үндсэн хуульд зааснаар төрийн эрх барих дээд байгууллага нь УИХ. Парламентын эрх мэдлийг авахтай холбоотой асуудал яригдаж байгаа юм. Тэгвэл 60 тэрбумын гээд байгаа хэрэг чинь парламентын эрх мэдлийг авах тухай яригдаагүй. Бичлэг нь нийтэд цацагдсан болохоор хүмүүс мэдэж байгаа байх. Хоёрт, хүч хэрэглэх замаар гэдэг нөхцөл байхгүй. Тэр бичлэг дээр хүч хэрэглэж төрийн эрх авах талаар юу ч байхгүй.

Бид аль хуулиа хэрэглэх вэ гэдэг асуудал яригдахаар гэмт хэрэг үйлдсэн гээд байгаа этгээдэд эрх зүйн байдлыг нь дээрдүүлсэн буюу ашигтай хуулийг нь л хэрэглэнэ гэдэг. Үйлдэл нь 2002 онд болсон ч Эрүүгийн хуулинд заасан үйлдэл, эс үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоо больсон бол яг оногдуулж болохгүй.

-Үйл явдал 2016 онд болсон. Эрүүгийн шинэ хууль 2017 оноос хэрэгжиж эхэлсэн гэхээр хуучин хуулиараа л шийдэхээр яллаад байгаа юм биш үү?

-Үйлдэл нь хуучин хуулиндаа орж байгаа ч хууль буцаан хэрэглэх онолын зарчмаар бол үйлдэх, эх үйлдэхүйг гэмт хэрэгт тооцохоо больбол хуучин үйлдэлд нь хариуцлага хүлээлгэхгүй гэдэг. Манай хуулинд ч заачихсан байгаа. Аль ч талаас нь бодоод үзсэн хуучин хууль хэрэглэх ёсгүй. Гэхдээ 60 тэрбумыг гэмт хэрэг гэж үзэх гээд байгаа бол хуучин хууль хэрэглэхгүй гэж яриад байгаа юм. Түүнээс биш бид гэмт хэрэг мөн гэж хүлээн зөвшөөрөөд байгаа юм биш. 60 тэрбумын гэх энэ үйл явдал гэмт хэрэг биш. Хэрэв гэмт хэрэг үйлдсэн гэж үзэх гээд байгаа бол гэмт хэрэгтэн нь Ганбаатар биш. Тэр бичлэгийг үзээд, тайлбарлаад сууж байсан зөндөө л хүн байгаа, тэд нар нь яагаад зүгээр яваад байгаа юм гэдэг асуудал ч яригдана. Одоо энэ асуудлыг ярихаар шалгаж дуусаагүй хэргийн талаар ярих болчихоод, шүүгчид нөлөөлсөн зэрэг янз янзын асуудалд орох учраас орхилоо. Нэгэнт хуучин хууль хэрэглэхгүй, шинэ хууль хэрэглэнэ гэдэг нь илэрхий байгаа учраас хуулиараа ч, хуульчийн ёс зүйн дүрмээрээ ч ярьж болох асуудал юм. Гэтэл хуучин Эрүүгийн хууль хэрэглэж энэ хүмүүст ял оноох гээд байна. Хуульч хүн болгон, хуулийн сургуулийн оюутнууд, цагдаа, мөрдөгч, шүүгч, прокурор гээд бүгд мэдэж байгаа, хуучин хуулийг яагаад ч хэрэглэж болохгүй гэдгийг. Гэтэл яагаад хэрэглэх гээд байна гэдэгт асуудал байгаа.

-Шүүх хурал болохоор тов гаргаад байна гэдэг хуучин хуулийг хэрэглэх гээд байна гэсэн үг үү?

-Процессоороо бол гэмт хэргийн тухай мэдээлэл ирж, мөрдөгч хэрэг бүртгэл явуулаад гэмт хэрэг мөн гэж үзэх юм бол прокуророос зөвшөөрөл аваад, хяналтад дор нь хэрэг хэрхэн шийдвэрлэх ажиллагаануудаа хийгээд гэмт хэрэг биш байна аа гэх юм бол прокурор хааж болно. Мөрдөгч ч гэсэн хаах саналаа прокурорт өгч болно. Санал өгөөгүй ч прокурор хааж болно. Гэтэл прокурор үүнийг гэмт хэрэг мөн гээд шүүхэд өгчихөөд байна. Шүүх прокурорын шийдвэрийг батлаад цааш нь хариуцлага хүлээлгэх юм уу, эсвэл гэмт хэрэг биш гэж шийдэх үү гэдэг нь шүүхийн эрх хэмжээний асуудал болчихоод байна. Прокурорын зүгээс бидэнд үнэхээр инээдтэй хариу өгч байгаа юм. Бид гэмт хэрэг биш гэсэн үндэслэлүүдээ бичээд гэмт хэрэг биш учраас хэргийг хаана уу гэсэн албан бичгээ өгсөн. Хариуг нь хар үгээр хэлбэл, “яахав, бид нар ингээд явууллаа. Шүүх наадахыг чинь хэрэг биш гээд л шийдчихнэ биз”гэсэн.

-Юу ч гэмээр юм бэ дээ…

-Өөрсдөөсөө зайлуулж байгаам уу, эсвэл үнэхээр дарамтанд орчихоод бие бие рүүгээ түлхэж байгаа юм уу, бүү мэд. Хэргийг шүүхийн шатнаас прокурор руу их буцаадаг. Энэ бол хэзээ ч байж болохгүй зүйл. Дэлхий дахинд ч байдаггүй. Ингэж болохгүй гээд шинэ хуулин дээрээ болиулсан чинь 2017 оны өөрчлөлтөөр хуучин хэвээр нь болгочихсон. Хууль зүйн дэд сайд байсан Б.Энхбаяр ч бас хэлсэн байна лээ, ингэж хэрэг буцаадаг нь авлигын хэргийг цэцэглүүлж байна гэж. Шүүх дээр айлгаж байгаад буцаадаг. Тэгээд “чамд ял өгвөл өгчих л байсан, буцаалаа шүү, одоо нөгөө юмаа өг” гэдэг нөхцөл рүү оруулж байна гэдэг. Энэ үнэн. Хоёрт, шүүгч, прокурорууд хариуцлагаас бултдаг байдал руу мөн оруулж байгаа. Прокурор хэргийг энэ гэмт хэрэг мөн гэдгийг ямар ч асуудалгүй, маргаангүй боож шүүх рүү оруулах ёстой. Мөн цагаатгах талаас нь ч прокурор хянах ёстой. Манайд энэ талаас ердөө оруулдаггүй учраас би яллах ёстой юм шиг л яриад байгаа юм. Шүүх дээр очоод нотлох баримт хангалтгүй цуглуулсан, гэмт хэрэг нотлогдохгүй байгаа тохиолдолд гэмт хэрэг биш байна гээд шийдвэрээ шууд гаргах ёстой. Прокурор дутуу шалгасан бол хариуцлагаа хүлээ л дээ. Түүнээс биш “чи дутуу шалгасан байна. Энэ заавал гэмт хэрэг байх ёстой. Гэмт хэрэг болтол нь шалгаж оруулж ир” гэж байгаа юм шиг хэрэг буцаадаг. Мөн прокурор өөрөө улс төрийн нөлөөнд орж байна. Нөлөөнд орохоороо “ямар ч байсан хэргийг нь боогоод явуулчихъя” гээд явуулдаг. Тэгээд цаана нөлөөлөөд байгаа этгээддээ “би ямар ч байсан нүдээ аниад явуулсан шүү” гэдэг. Үүнээс гадна манай төрийн байгууллагуудын ажлын үр дүнгийн гэрээ гэдэг утгагүй зүйлээс хамааралтай. Учир нь прокурор хэрэг шалгаж байгаад хаавал ажлын үзүүлэлтэд нь сөргөөр нөлөөлдөг. Цагдаа сард дөрвөн хэрэг заавал прокурор руу шилжүүлэх ёстой. Ингэхгүй бол ажлын үзүүлэлт нь буурдаг.

-Заавал яллах нь гол юм уу?

-Заавал хэрэгтэн орж ирэх ёстой болчихдог. Ингээд прокурор ажлын үзүүлэлтээ бодсон ч, дээрээс нөлөөлөөд байгаа хүнээ бодсон ч заавал шүүх рүү шилжүүлдэг. Шүүгч бас нөлөөнд автана. Ял өгөхгүй гээд шийдэхээр дараа нь өөрөө асуудалд орох гээд байдаг, ял өгөхөөр арай улайм цайм болох гээд байдаг. Тэгэхээр өөрөөсөө зайлуулаад буцаачихдаг. Хэрэг ингэж хоёр тийшээ шидэгдэхээр шалгагдаж байгаа хүний эрх зүйн байдал, сэтгэл санаа маш их дарамтад ордог. Хүнийг маш их хохироож байгаа юм. Зарим нь бүр хоригдоод шалгагдаж байгаа.Гарч ирээд хохирлоо олигтой барагдуулсан ч юм байхгүй өнгөрдөг.

-Хэрэг буцаах гэдэг нэрийн дор цагдаа, прокурор, шүүхийн авлигын гурвалсан коридор үүссэн гээд их ярьдаг…

-Авлига нэхэхээр тухайн хүн би гэмт хэрэг үйлдээгүй юм чинь хуулиараа үнэн зөв шийдэгдэх байлгүй, шүүх шударга ажиллах биз гэж явсаар байгаад шүүх дээр ирдэг. Яг ял авах, эсэх дээрээ тулахаар “аль дээр юмыг нь өгсөн байсан бол гайгүй байх байж дээ” гэж боддог. Чамайг гэмт хэрэг хийгээгүй байхад чинь гэмт хэрэгтэн мэт болгож чадна шүү гэдгийг харуулчихаад прокурорт буцаадаг. “Прокурорт хэрэгсэхгүй болгож чадна, одоо юмаа өг” гэдэг.

-Энэ заваан тогтолцоог энэ хуулийн өөрчлөлөөр шийдэж чадахгүй нь л дээ…

-Одоо орж байгаа хуулийн өөрчлөлтөөр шийдэхгүй. Одоогийн хэлэлцэгдэж байгаа хууль эрүүгийн эрх зүйн орчноо сайжруулах биш, улам муутгаж байна гэж хараад байгаа.

-60 тэрбумын гэх хэрэгт одоо Ганбаатар, Сандуй хоёрыг л яллагдагчаар татсан уу?

-Энэ хоёр хүн л байгаа.

-Гэтэл цаана нь Доржзодов гээд схем зурж танилцуулсан хүн байгаа. Түүнийг нь Ганбаатар, Сандуй хоёртой хамт суугаад сонсож байсан хүмүүс Засаг тэргүүлж, намын генсек болчихсон явна. Тэд яагаад хэрэгт холбогддоггүй юм бэ?

-Энэ хэрэг дээр би шүүхийн шатан дээрээс өмгөөлөгчөөр ажиллаад явж байна. Прокурорт “Энэ хүнээ шалгаач, тэрийг хийгээч” гэсэн нэмэлт хүсэлт өгөх боломж байхгүй болсны дараа би өмгөөлөгчөөр ажиллаж эхэлсэн гэсэн үг. Яагаад Ганбаатар, Сандуй гэж хоёр хүн өмгөөлөгч аваагүй юм гэхээр, түрүүний хэлсэн шиг би гэмт хэрэг хийгээгүй юм чинь гэж явсаар байгаад шүүх дээр ирсэн байна. Өмнө нь хоёр гурван ч удаа гэмт хэрэг биш гэж хаагдсан хэрэг. Бид шүүх дээр “яагаад энэ хүмүүсийг хэрэгт татаагүй юм бэ” гэдэг асуудлыг тавина. Нэг хүн ойлгомжтой байгаа нь Доржзодов. Энэ хүнд хэрэг үүсгэсэн ч прокуророос хэргийг нь хэрэгсэхгүй болгоод хаасан байдаг. Гэмт хэрэг хийснээ өөрөө сайн дураараа хүлээсэн бол эрүүгийн хариуцлагаас чөлөөлнө” гэсэн заалт хуучин хуулинд бий. Прокурор хэрэг хаасныг энэ үндэслэлээр тайлбарладаг. Логикоор нь харахад Доржзодов ямартаа ч гэмт хэрэг хийгээд түүнийгээ сайн дураараа хүлээсэн гэдгийг прокурор хүлээн зөвшөөрчээ. Тэгвэл сайн дураараа илчилсэн үү, үгүй юу гэдэг асуудал дахиад яригдана. Доржзодов гэдэг хүн хэргээ сайн дураараа илчилсэн юм ерөөсөө байдаггүй. Анх АН, МАХН, МАН бүгд цагдаад мэдээлэл өгсөн байдаг. Тэр мэдээллээр шалгаж явж байхдаа энэ нөхрийг олдохгүй байхад нь эрж хайж мэдүүлэг авсан байдаг. Гэмт хэрэг илчилсэн хүн зугтаж явж байгаад баригдаж ирж мэдээлэл өгдөг юм уу. Хар тамхин дээр ч ийм тайлбар байдаг, гэмт хэргээ илчилсэн, эсвэл хар тамхины өөр хэргүүдийг илчилж өгвөл хэргээс чөлөөлнө гэдэг. Харин тэр мэдээлсэн хэргийг нь цагдаа мэдээгүй шинэ хэрэг байх ёстой. Хэрэв цагдаа мэдэж, мөрдөж байсан хэргийг мэдээлэх юм бол тооцохгүй гэдэг зарчим. Үүнтэй адилхан, цагдаа шалгаж байсан хэргийг Доржзодов ярихаар хэргээ сайн дураараа хүлээсэн болохгүй. Тэгвэл хүн болгон ингэе л дээ. Хар тамхи татаж байгаад баригдангуутаа “за би хэргээ хүлээе ээ, би ярья” гээд л хариуцлагаас чөлөөлөгдөөд байж болох нь. Ингэвэл Эрүүгийн хуулийн бүх зарчим алдагдах, хуультай байх нь утгагүй болж эхэлнэ. Хуулиа хэрэгжүүлдэг биш, үзэмжээрээ шийддэг болно. Зарим хүнийг ялаас чөлөөлж, заримыг нь үзэмжээрээ яллаад байж болохгүй.

-Та Б.Хурцын өмгөөлөгчөөр ажиллаж байгаа. Мөрдөн байцаалтад шилжүүлсэн байсан Б.Хурцын хэргийг хэдхэн хоногийн өмнө анхан шатны шүүх рүү шилжүүлсэн. Одоо ямар үйл явдал өрнөх вэ?

-Б.Хурц нарын гэж яригдаад байгаа есөн шүүгдэгчтэй энэ хэрэг зургаа хоногийн турш Төв аймгийн анхан шатны шүүх дээр хуралдсан. Маш олон зүйлийг дутуу шалгасан, шалгах ёстой зүйлээ шалгаагүй байна , гэмт хэрэг гэж үзээд ял өгөхөд боломжгүй байна, тогтоож тодруулах олон зүйл байна гэдэг ерөнхий үндэслэлээр прокурорын нэмэлт мөрдөн байцаалтад буцсан юм. Прокурорууд болохоор шүүх буруу шийдсэн, буцаахгүй байх ёстой гэдэг үндэслэлээр эсэргүүцлээ давах шатны шүүхэд гаргаж, давах шатны шүүх түүнийг нь хүлээж авсан. Өмгөөлөгчдийн зүгээс давах шатны шүүхийн магадлал дээр Улсын дээд шүүхэд гомдол гаргана.

-Гомдлыг хүлээж авахгүй байж болох уу?

-Болно. Улсын дээд шүүх хоёр янзын шийд гаргана. Нэг нь давахын шийдвэр болон прокурорын эсэргүүцэл зөв байна. Анхан шатны шүүх шийдэж болно гэнэ. Эсвэл анхан шатны шүүхийн шийдвэр зөв байна, давахын шийдвэр болон прокурорын эсэргүүцэл буруу байна, мөрдөн байцаалтад буцаа гэсэн шийдвэр гарна.

-Хэд хоногт гарах вэ?

-Хугацаа хэлж чадахгүй байна. Эхлээд давах шатны шүүхийн шийдвэрийг гардаж авах хэрэгтэй байна. Шийдвэр авсанаасаа хойш 14 хоногийн дотор өмгөөлөгч нар гомдлоо гаргах хугацаа байна. Гомдлоо гаргаад өгөхөөр шүүх хэзээ хурлын товоо зарлах бол гээд биднээс шалтгаалахгүй шалтгаанууд байгаа болохоор хугацаа тодорхой хэлж чадахгүй байна.

-Б.Хурц нарын хэргийн хөөн хэлэлцэх хугацаа дуусч байгаа гэсэн мэдээлэл байсан болохоор хугацаа асуусан юм?

-Зарим үйлдэл нь 2014 онд, зарим нь 2015 онд хийгдсэн юм билээ. 2014 онд болсон үйл явдлын хөөн хэлэлцэх хугацаа зарим хүнийх нь дууссан. Энэ бол нэг хоёр хүний асуудал. Бусад хүмүүсийн хувьд буруутгаад байгаа зүйл нь таван жилийн ялтай учраас хөөн хэлэлцэх хугацаа нь 2020 оны есдүгээр сард дуусна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

​Г.Алтан: Ш.Батхүүгээс 60 тэрбум төгрөгөөр худалдан авсан “Олон овоот”-ын лицензүүд Монголбанкны барьцаанд хураагдсан

“Алтжин” группийн захирал Г.Алтантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-“Стандарт” банкинд төлсөн Эрдэнэтийн 40 сая ам.долларыг Ш.Батхүүгийн хөрөнгийг зарж төлүүлэх ёстой гэж Засгийн газраас мэдэгдсэн. Гэтэл бас “Олон овоот”-ыг Ш.Батхүү танд бэлэглэсэн гэж яриад байна. Та үүнд хариулт өнгө үү?

-“Олон овоот гоулд” ХХК-ийг би 2011 оны арваннэгдүгээр сард 60 тэрбум төгрөгөөр авсан. Худалдах, худалдан авах гэрээ болон 60 тэрбум төгрөгөөр авсан тооцоо нийлсэн акт бий. Тухайн үед долларын ханш 1000 гаруй төгрөг байсан нь 60 сая ам.доллараар авсан гэсэн үг юм.

-“Олон овоот гоулд” ХХК-ийн лицензүүд одоо таны мэдэлд байдаг гэсэн үг үү?

-Ц.Мянганбаяр,Ш.Батхүү нар Голомт банкнаас 30 сая ам.доллар, Зоос банк, Анод банкнаас 120 тэрбум төгрөг, Хадгаламж банкнаас 67 тэрбум төгрөгийн зээлийг тухайн үед авсан байдаг. Эдгээр зээлийг төлөөгүй тул дээрх дөрвөн банк бүх лицензийг барьцаалсан. Одоо лицензүүдийг Монголбанк хураасан байгаа. Мөн Шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн газраас “Олон овоот гоулд” ХХК-д байгаа бүх техник тоног төхөөрөмж, нэг ширхэг хадаасыг хүртэл бүгдийг нь битүүмжилсэн байдаг. Банкуудаас авсан зээлээс гадна бусад компаниудад ч мөн олон тэрбумын өртэй. Намайг “Олон овоот гоулд” ХХК-ийг авахад тус компани нийтдээ 346 тэрбум төгрөгийн өртэй, тухайн жилийн ашиг орлогын мэдээгээр (-67 тэрбум) төгрөгийн алдагдалтай ажилласан байсан. Би энэ компанийг авангуутаа бүх үйл ажиллагааг нь зогсоохоос өөр аргагүй байдалд орсон. Мянганбаярын ашигт малтмалын нөөцөөр хамгаалсан тайлангаар 25 тонн алт байгаа гэсэн боловч мөн чанартаа алт нь байхгүй, нэмээд хайгуул хийж байж нөөц тогтоох шаардлагатай болсон.

Тийм ч учир өнөөдрийг хүртэл үйл ажиллагаа нь тэг зогсолтын байдалтай байна.

-Танай орд газарт шохойны нөөц байдаг уу?

-Шохойны орд газар байдаг. Тэгэхдээ хайгуул хийгдээгүй учраас хэр хэмжээний нөөц байгааг би ч мэдэхгүй. Шохой Монголын уудам нутагт хаа сайгүй л байдаг юм даа.

Танай шохойн ордыг 10 сая ам.доллараар худалдаж авъя гэхэд та 100 сая ам.доллар гээд өгөөгүй гэдэг нь үнэн үү?

-Хайгуул хийгдээгүй, нөөц нь тогтоогдоогүй ордыг юун 10 сая доллараар авах вэ, нэг төгрөгөөр ч авах хүн олдохгүй. Нэг төгрөгөөр ч хамаагүй энэ шохойн ордыг минь авчихвал бусдад төлөх 346 тэрбум төгрөгийн үүрэг тэр хүнд шилжиж миний өр мундаг нимгэрэх нь, тийм ээ.

-Та тэгээд ийм их өртэйг нь мэдсээр байж яагаад 60 тэрбум төгрөгөөр худалдаж авсан юм бэ?

-Мянганбаяр луйвар, залилан хийж 25 тонноор нөөц батлуулсныг би ч мэдээгүй, зарж буй Батхүү ч мэдээгүй. Үгүйдээ 25 тонн биш юм аа гэхэд 10 тонн алт гарна гэж хатуу итгэлтэй байсан. Тийм ч учир Батхүү алтандаа хүрэх зорилготой 67 тэрбум төгрөгөөр хад цөмлөн багахан хорооллын хэмжээтэй доош 105 метр нүх ухаж байхав дээ. Тэр хадыг өрөмдөнө, тэсэлнэ, тээвэрлэнэ. Би ч гэсэн үгүйдээ 10 тонн алт байдаг юм бол ухаад өрийг нь төлөөд Батхүүгээс авах ёстой мөнгөө олоод авна гэж найдсан хэрэг.

Одоо та “олон овоот”-ыг эргэлтэд оруулж, хайгуул энэ тэр хийе гэвэл болохгүй гэсэн үг үү?

-Доошоо 105 метр ухаад юу ч байхгүй нь тодорхой болсон. Хайгуул хийнэ гэдэг бол үндсэндээ сохроор тэмтчээд байх хэрэг. Хайгуул бол асар өндөр өртөгтэй ажил. Би тэгээд нэмж мөнгө хаях уу. Юун худалдан авах.Хайгуул хамтарч хийе гэсэн санал ч ирдэггүй.

-“Жаст”-ын Ш.Батхүүтэй та бизнесийн түншүүд байсан. Одоо түүнтэй уулзаж байгаа юу. Хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?

-Батхүүтэй хамтарч бизнес хийж байгаагүй. Батхүүд мөнгө зээлдүүлдэг байсан нь үнэн. Тэр мөнгөө олж аваагүй нь бас үнэн. Одоо Батхүүтэй уулздаггүй.

-Өнгөрсөн жил тантай уулзаж байхад таны хүү Э.сүрэнд төрийн банк мөнгө өгөхгүй гэж мэдэгдэж байсан. Хүү тань Төрийн банкнаас 32.8 сая ам.доллараа авч чадсан уу, юу болсон бэ?

-Яг авч харагдаач.

-Банк ярихаар л таны нэр гарч ирээд байдаг боллоо. Капитал банкны гол харилцагчдын нэг нь та байсан гэдэг. Капитал дампуурсан, та мөнгөө авч чадсан уу?

-Яг авч харагдаач. Төрийн банкнаас 100 тэрбум, Капитал банкнаас 100 тэрбумын авлагатай. Банк болгон дээр мөнгөө алдаж луйвардуулж байх юм даа. Капитал банкинд мөнгө хадгалуулсан нь үнэн. Хадгалуулсан мөнгөө авч чадаагүй. Жишээ нь, та

-Ямартаа ч 1200 хадгаламж эзэмшигч иргэн байна гэсэн.Үндсэндээ бүгд мөнгөө авсан. Одоо мөнгөө авч чадаагүй 27 хүн л үлдсэн.

-Тэгвэл үлдсэн 27 хүний нэг нь та байх нь ээ. мөнгөө олж авах найдвар байна уу?

-Бишрэлтийн А.Ариунболд, УиХ-ын гишүүн Б.Ундармаа нар банкинд орж ирж байгаа мөнгийг өөрийн мэтээр ойлгож андуурмааргүй юм. Банкинд орсон бүгдийг банкнаасаа зувчуулаад үндсэндээ нэг их наяд төгрөгт хүрэхээр үл хөдлөх хөрөнгөтэй болжээ.

Гаднаас орж ирсэн Дорж ч юм уу, Дулмаа ч юм уу хүмүүсийн хадгаламжийн мөнгийг зувчуулсаар байгаад хувьдаа хөрөнгөтэй болсон гэсэн үг. Наанаа өндөр хүү амлах ч юм уу, үнэн худал үлгэр яриад хадгаламж хуримтлуулаад байсан байна. Үндсэндээ маш мундаг залилан үйлдсэн этгээд юм билээ.

-Их наяд гэдэг маш их тоо. үл хөдлөх хөрөнгийг нь зараад 27 хүний хохирлыг барагдуулах боломжтой юм биш үү?

-27 хүний мөнгийг байтугай бүх хохирогч нарын мөнгийг төлөх боломжтой. Харин хэдийд гэдгийг бүү мэд.

-Таны банкнаас авах авлага 100 тэрбумаар яригдаж байна. Таныг ямар бизнес хийдэг талаар хүмүүс их сонирхдог…

-Миний их олон жилийн хуримтлал юм аа. Би 1990 оноос хойш бизнес хийсэн. Би болон миний хоёр хүү, манай гэр бүлийн гишүүд мөнгө үрдэггүй юм билээ. Нэг төгрөг дээр нэмэх нь нэг төгрөг гэж хуримтлуулсаар ирсэн. Татварт мэдүүлсэн, татвараа өгсөн. Санаа зоволтгүй. Хэн ч эргээд шалгасан хаанаас ямар эх үүсвэрээр энэ мөнгийг олсон гэдэг нь тов тодорхой харагдана. Хаанаас ч ирсэн шалгуулахад бэлэн. Миний төрд ажилласан гэвэл Анагаахын дээдэд тэнхимийн эрхлэгч л байсан хүн. Тэндээс ширээ сандал л авахгүй бол өөр юу авах вэ дээ.

-Бас л банктай холбоотой нэг асуулт байна. төрийн банкийг хувьчлах тухай яригдаж байгаа. г.Алтан 75 тэрбум төгрөгөөр хувьчилж авах гэж байгаа гэх юм…

-Хувьчилж авах тухай бодол ч орж ирээгүй. Хувьчилж авахаар тэнд хөрөнгө байна уу даа.

Та бизнесийн хүн учраас Монголын улс төрийг анзаарч ажлаа зохицуулдаг биз. Улстөрчдийн гаргаж байгаа хууль, шийдвэрүүд зарим тохиолдолд ажилд сөргөөр нөлөөлдөг үү?

-Би улс төр сонирхдоггүй, хутгалддаггүй. Мөрөөрөө ажлаа хийгээд л явж байдаг.

-УИх тарах ёстой гээд гишүүд өөрсдөө гарын үсэг зурж байна. хэрэв тарвал төрийн ийм тогтворгүй байдал бизнест яаж нөлөөлдөг вэ?

-Улс төрийн шийдвэрүүдийг хэрхэн яаж гарахыг л ажиглаж сууна.

-Таныг хүмүүс гадаадад амьдардаг гэж ойлгодог. Энэ зун хаагуур амрав даа…

-Би зөвхөн Монголдоо. Е паспорт ч байхгүй мэт амьдардаг. Энэ зун гадаадаар зугаалах, амрах байтугай нэг хоног ч хотоос гарч амарч чадсангүй. Бизнес хийдэг хүмүүс амрах эрхгүй, амралтын өдөргүй ажилладаг. 24 цаг ажилладаг гэвэл хилсдэхгүй байх аа.

Categories
мэдээ цаг-үе

Р.Булгамаа: Эрх нь зөрчигдсөн эмэгтэйчүүдийн эрхийг сэргээх, хамгаалах хууль зүйн зохицуулалт хэрэгтэй байна

Хуульч, өмгөөлөгч Р.Булгамаатай ярилцлаа.


-Нийгэмд шуугиан болж байсан хэргүүдэд та өмгөөлөгчөөр оролцож байсныг санаж байна. Тухайлбал, УИХ-ын гишүүн асан Д.Ганхуягийн охин, мөн “Очир” төвд амь насаа алдсан 13 настай охины өмгөөлөгчөөр ажиллаж байсан. Энэ хэргүүд юу болж төгссөн бэ?

-УИХ гишүүн асан Д.Ганхуяг гуайн охины хувьд нийгэмд өсвөр насны охидын дунд далд хэлбэрээр оршин байгаа гэмт үйлдэл, эс үйлдлийн талаар зоригтой мэдээлсэн үйл явдал байсан төдийгүй ялангуяа өсвөр насны хүүхдүүдийн дунд байгаа хар тамхины хэрэглээ анхаарал татсан асуудал болоод байгааг өөрийн нэр төрийг золиослон байж олон нийтэд мэдээллэсэн. Нэр дурдагдсан хүүхдүүдийг тухайн үед ЦЕГ-ын Хар тамхитай тэмцэх газраас шалгахад холбогдогч хүүхдүүдийн заримаас нь мансууруулах болон сэтгэцэд нөлөөлөх бодис хэрэглэсэн нь илэрч зохих хариуцлага хүлээсэн байдаг. Энэ үйл явдал нийгэмд гэмт үйлдлээс урьдчилан сэргийлэх, томчууд бидний зүгээс үр хүүхдүүддээ байнга хараа хяналт тавьж байх шаардлагатай гэдгийг харуулсан алхам байсан. Уг хэргийн хувьд хуульд заасан зохих журмын дагуу шийдвэрлэж байгаа бөгөөд хүүхдийн нэр төр, хувь хүний нууцтай холбоотой учраас дэлгэрэнгүй хариулах боломжгүй байна.

“Очир” төвд амь насаа алдсан 13 настай охины хэргийн тухайд хоёр жилийн хугацаанд шалгагдаж гурван шатны шүүхээр хянагдаж хуульд заасан журмын дагуу зохих ял шийтгэл авсан. Ял шийтгэлийн тухайд шүүхээс тэр бүр ногдуулаад байдаггүй бүх насаар нь хорих ял оногдуулж шийтгэсэн байгаа.

-Хөөн хэлэлцэх хугацаа дуусахыг хүлээж хэрэг сунжруулдаг, ял завшдаг явдал газар авсан тухай их ярьж байна. Зарим шуугиантай хэргүүд ч хөөн хэлэлцэх хугацаа дууссан гэдгээр хэрэгсэхгүй болж байна. Таны өмгөөлж буй хэргүүдэд ийм зүйл тохиолдож байв уу?

-Миний өмгөөлж буй хэргүүдэд одоогоор ийм зүйл тохиолдоогүй. Хорих ялын дээд хэмжээг нэг жил, түүнээс бага хугацаагаар тогтоосон гэмт хэрэгт одоо үйлчилж буй Эрүүгийн хуулиар хөөн хэлэлцэх хугацаа нь “нэг” жил байдаг. Гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг гэмт хэрэг үйлдсэн өдрөөс эхлэн анхан шатны шүүхийн шийдвэр хүчин төгөлдөр болох хүртэлх хугацаанд тоолдог нь учир дутагдалтай.

Учир нь энэ нь ял завшихад хүргэж байна. Тиймээс гэмт хэргийн хөөн хэлэлцэх хугацааг тухайн гэмт хэрэг үйлдэгдсэн цаг хугацаанаас прокурорын яллагдагчаар татах тогтоол гарсан цаг хугацаа хүртэл тоолох нь зүйтэй гэсэн байр суурьтай санал нэг байдаг. Яллагдагч, шүүгдэгч оргон зайлсан бол хөөн хэлэлцэх хугацаа тоолохыг оргон зайлсан өдрөөс зогсоож уг этгээд баригдсан, эсхүл хэргээ өөрөө илчилж ирсэн өдрөөс хөөн хэлэлцэх хугацааг сэргээн тоолдог хуультайг мөн хэлэх нь зүйтэй байх.

Жишээлбэл, Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.5 дугаар зүйлийн 1-д “Арван найман насанд хүрсэн хүн хохирогчийг арван зургаан насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсхүл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон бол дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл зургаан сараас нэг жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас нэг жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг.Гэтэл уг хэргийг үйлдсэн этгээд хэргийг сунжруулж явсаар байгаад эцэстээ шүүхээс гэмт буруутайд тооцогдсон хэдий ч хөөн хэлэлцэх хугацаа дууссанаар хэргийг хэрэгсэхгүй болгодог байдал ажиглагддаг.

-Та ихэвчлэн эрх нь зөрчигдсөн охидын хэргийг өмгөөлдөг. 2002, 2015 оны Эрүүгийн хуульд заасан хүчиндэх гэмт хэргийн ялын ялгаа хэр өөр вэ?

-2002 оны Эрүүгийн хуулиар хүчиндэх гэмт хэргийн хохирогч нь заавал эмэгтэй хүн байх бөгөөд хамгаалагдах объект нь эмэгтэй хүний бэлгийн халдашгүй байдал байна гэж тайлбарлан, хэрэглэж ирсэн. Эрэгтэй хүн, эрэгтэй хүүхэд хүчиндэх гэмт хэргийн халдлагад өртсөн тохиолдлыг хүчиндэх гэмт хэрэг биш, бэлгийн дур хүслээ ёс бусаар хангах гэмт хэрэгт тооцож байсан. Харин 2015 оны Эрүүгийн хуулиар “Хүчиндэх гэмт хэргийн хохирогч нь бэлгийн халдашгүй байдал нь зөрчигдсөн аль ч хүйсийн хүн байж болно” гэж заасан нь хүйсийн ялгаваргүйгээр хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлыг хамгаалах боломжийг бүрдүүлсэн сайн талтай. Түүнчлэн бэлгийн харьцааны шинжтэй хүч хэрэглэсэн үйлдлийг хүчиндэх гэмт хэрэгт тооцсон. Ингэснээр зөвхөн бэлгийн харьцаанд орсон эсэхээр хязгаарлалгүй бэлгийн харьцааны шинжтэй бусад үйлдлийг хүчиндэх гэмт хэрэгт тооцдог олон улсын жишигт нийцүүлсэн байдаг. 2015 оны Эрүүгийн хуульд хүчиндэх гэмт хэргийг гэр бүлийн хамаарал бүхий харилцаатай хүнийг хүчиндэж, хохирогчийг жирэмсэн болгож, хохирогчид бэлгийн замын халдварт өвчин халдааж, хоёр, түүнээс дээш хүнийг хүчиндэж, урьд нь энэ бүлэгт заасан гэмт хэргийг үйлдэж гэм буруутайд тооцогдож байсан хүн, харгис хэрцгий аргаар үйлдсэн бол хүндрүүлэхээр заасан. Мөн өсвөр насны хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлыг онцгойлон эрүүгийн эрх зүйгээр хамгаалсан нэг гол зохицуулалт нь энэ гэмт хэргийн улмаас ураг зулбасан, арван зургаан насанд хүрээгүй хүнийг жирэмсэн болгосон, гэр бүлийн хамаарал бүхий 16 насанд хүрээгүй хүнийг хүчиндсэн бол онц хүндрүүлэхээр гэж ч бас заасан байгаа.

-Тэгвэл хүний бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг гэмт хэрэг, хүчиндэх гэмт хэргийн ялын бодлого ямар байгаа вэ?

-2002 оны Эрүүгийн хуульд хүчиндэх гэмт хэргийн хүндрүүлэх бүрэлдэхүүнд оногдуулах хорих ялын хэмжээг 5-10 жил байсныг 2-8 жил болгон ялын дээд болон доод хэмжээг бууруулсан. Онцлон хүндрүүлэх бүрэлдэхүүнд 15-25 жилийн хугацааг 12-20 жил болгон цаазын ялыг халж, бүх насаар нь хорих ял оногдуулахаар тусгасан байдаг. Эндээс үзэхэд, хорих ялын хэмжээг зөөлрүүлсэн нь илт харагддаг юм. 2015 оны Эрүүгийн хуулиар ялын доод, дээд хэмжээний интервалыг сунгаснаар шүүх гэмт хэрэг үйлдэгдсэн нөхцөл байдал, гэм буруутай хүний хувийн байдалд тохирсон ялыг сонгож оногдуулах боломж нэмэгдсэн төдийгүй шүүхийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааны практикаас харахад энэ төрлийн гэмт хэрэгт ял шийтгүүлэгчдэд оногдуулсан биечлэн эдлэх хорих ялын хугацаа мэдэгдэхүйц өссөн байгаа юм.

2018 онд хүчиндэх гэмт хэрэг 519 бүртгэгдэж түүний улмаас 530 иргэн хохирсон байдаг. Улсын Дээд шүүхээс гаргасан судалгаанаас харахад 2012-2018 онуудад анхан шатны шүүх хүчиндэх гэмт хэргийг нийт 1695 хүнд холбогдох 1441 хэргийг хянан шийдвэрлэсэн байна. Түүнчлэн 2018 онд шийдвэрлэсэн хүчингийн хэрэг, ял шийтгүүлэгчийг 2012 оны мөн үетэй харьцуулахад өссөн байдаг.

Сүүлийн зургаан жилийн дүнгээс үзэхэд бага насны хүүхэд хүчиндэх гэмт хэрэг нийт хүчингийн гэмт хэргийн 31.4 хувь, ял шийтгүүлэгчийн 28.3 хувийг эзэлж байгаад бид онцгой анхаарал хандуулж, дүгнэлт хийхгүй байхын аргагүй. Хүчиндэх гэмт хэргийн 33 хувь нь бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдсэн байна.

-Ер нь энэ төрлийн хэргийн хүрээнд өөр анхаарал татсан ямар асуудлууд байдаг вэ?

-Юуны өмнө бэлгийн эрх чөлөө, халдашгүй байдлын эсрэг үйлдэгдэж байгаа гэмт хэргийг үйлдэж байгаа субьектүүдэд хүлээлгэх хариуцлагаас гадна гэмт хэргийн хохирогч болсон охид, эмэгтэйчүүдийн зөрчигдсөн эрхийг хэрхэн сэргээх, хамгаалах вэ гэдэг нь хамгийн чухал байгаа юм. Эрх нь зөрчигдсөн охид, эмэгтэйчүүд хохирогч болоод үлддэг, насан туршдаа сэтгэлийн хүнд дарамт, сэтгэл зүйн эмгэг, сэтгэлийн шархтай үлдэж байгаад гол учир байна. Энэ асуудалд төрийн бодлого, хуулийн тодорхой зохицуулалт үгүйлэгдэж байна.

Гэмт хэргийн улмаас хохирсон охид, эмэгтэйчүүдийн бие махбод, эрүүл мэнд, сэтгэл санаанд учирсан шууд ба шууд бус хохирлын үнэлгээг тогтоож, нөхөн олговор олгодог зохицуулалтад шилжих хэрэгтэй. Гэмт хэрэгт хохирогч болсон охид эмэгтэйчүүдийн нэр төрийг гутаан доромжилдог, мэдээлдэг байдлыг таслан зогсоох шаардлагатай. Хохирогчийн сэтгэлийн гэмтлийг цаашид хэрхэн эмчлэх вэ гэдэг асуудлын хүрээнд шийдвэрлэх боломжтой гарц гаргалгаа байгаа. Төсөвт хүндрэл учруулахгүйгээр ч шийдэж болно. Хохирогчийг сэтгэл заслын болон эрүүл мэндийн үйлчилгээний үнэлгээг гаргаж эмчилгээ сувилгаанд хамруулдаг байж болно. Энэ үйлчилгээг эрүүл мэндийн даатгалаараа авч яагаад болохгүй гэж. Магадгүй дараа нь гарсан төлбөрийг гэмт хэрэгтнээс шүүхээр тогтоогдсоны дараа төлүүлж төрийг хохиролгүй болгож болно шүү дээ. Амьдрал практик дээр гэм буруу нь шүүхээр шийдвэрлэгдтэл хохирогчид эмчилгээний төлбөрийг шилжүүлэх, төлөх тухай асуудал тун ховор байдаг. Энэ хугацаанд хохирогч улам бүр сэтгэлийн дарамтыг мэдэрдэг. Гэмт хэргийн хохирогч болсон хүүхдүүдэд төр энэ зэргийн зохицуулалт хийж эмнэж эдгээж авахад болохгүй зүйл гэж юу байх вэ дээ. Сэтгэл шингэсэн, хүнээ гэсэн төрийн бодлого, хууль зүйн зохицуулалт л үгүйлэгдэж байна.

-Хууль зүйн талаас цаашид юуг яаж өөрчлөх хэрэгтэй вэ. Хууль хэрэглэх явцад ямар зүйлүүд илүү анхаарал татаж байна вэ?

-Маш тодорхой хэдэн зүйлийг товчлон хэлье. Нэгдүгээрт нь,Хүчингийн гэмт хэрэгт ял шийтгүүлэгчдэд тухайн гэмт хэргийн нийгмийн аюулын шинж чанар, хор уршиг, нөлөөлөх нөлөөлөл, сөрөг үр дагавар, хэр хэмжээ, гэм буруугийн хэлбэрт тохируулан ялыг ялгамжтай оногдуулж байгаа хэдий ч олон удаагийн үйлдлээр хүчирхийлснийг тусгайлан анхаарч Эрүүгийн хуулийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт “удаа дараа” гэж хүндрүүлэх бүрэлдэхүүний шинжид оруулах нь зүйтэй юм. Мөн энэ гэмт хэргийг үйлдэж байгаа субьектив санаа зорилгод нийцсэн хуулийн зохицуулалт хэрэгтэй байна. Яагаад гэвэл практикаас харахад харилцан тохиролцож зочид буудал явж, бэлгийн харилцаанд орчихоод маргааш нь цагдаагийн байгууллагад намайг хүчиндчихлээ гэж мэдүүлж, улмаар эрэгтэйчүүдийг дарамталдаг, мөнгө шантаажилдаг үйлдлүүд ч гарсаар байгаа. Энэ тохиолдолд хүлээлгэх хариуцлага нь хүч хэрэглэн санаатай үйлдсэн гэмт хэргийн зүйлчлэлээс өөрөөр зохицуулагддаг байх шаардлагатай.

Хоёрдугаарт, 2015 оны Эрүүгийн хуулийн тусгай ангийн 12.1 дүгээр зүйлийн 3 дахь хэсэгт буюу 14-16 настай хүнийг хүчиндсэний улмаас хүнд гэмтэл бие махбодын болон сэтгэл санааны хохирол учруулсан гэсэн шинжийг гэмт хэргийн хүндрүүлэх шинжид нэмж оруулан баталгаажуулах шаардлагатай.

Гуравдугаарт, бэлгийн хүчирхийлэлд өртсөн насанд хүрээгүй хүүхдүүд сэтгэл зүйн хувьд тодорхой хэмжээгээр өөрчлөлтөд орж, сэтгэл санааны хувьд хохирол хүлээдэг учраас төрөөс хүчингийн гэмт хэргийн хохирогчийн шууд болон шууд бус хохирлын үнэлгээг тогтоож, улмаар эмчилдэг, тодорхой мөнгөн дүнгээр нөхөн олговор олгодог тогтолцоог бүрдүүлэх хэрэгтэй.

Дөрөвдүгээрт, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1.2 дахь хэсэгт зөвхөн өсвөр насны сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд насанд хүрээгүй хохирогчийг өмгөөлөх эрхээр заавал хангах зохицуулалтыг бий болгох, насанд хүрээгүй хохирогчийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагааг өмгөөлөгчгүй явуулахыг хориглосон заалтыг нэмэгдүүлэх нь чухал.

Тавдугаарт, Мөн Эрүүгийн хуулийн 12.5 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт заасан “18 насанд хүрсэн хүн хохирогчийг 14 насанд хүрсэн 16 насанд хүрээгүй болохыг мэдэх боломжтой байсан, эсвэл мэдсээр байж бэлгийн харьцаанд орсон бол”… дөрвөн зуун тавин нэгжээс таван мянга дөрвөн зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг сараас нэг жил хүртэлх хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсвэл зургаан сараас нэг жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэсэн байдаг ба энэ заалтын торгуулийн ял болон зорчих эрх хязгаарлах ялыг уг зүйл хэсгээс хасаж, харин уг зүйлийн 1, 2 дахь хэсэгт заасан хорих ялын хэмжээг нэмэгдүүлэх шаардлагатай. Хүчиндэх гэмт хэрэгт торгуулийн ял өгдөг байдлыг өөрчлөх хэрэгтэй. Мөн хөөн хэлэлцэх хугацаа дууссан үндэслэлээр хэрэг хэрэгсэхгүй болох нөхцөл ч бий.

-Цаашдаа хуулиа өөрчилж, ялын бодлогоо оновчтой болгох зайлшгүй хэрэгтэй юм байна. Яагаад хүчиндэх, ялангуяа насанд хүрээгүй хүүхдийг хүчиндэх хэрэг өсөөд байна вэ?

-Бага насны хүүхдийн эсрэг үйлдэгдэж байгаа үйлдэл энэ төрлийн гэмт хэргийн 33 хувийг эзлээд зогсохгүй энэ гэмт хэрэг ураг төрлийн шинжтэй болоод байгаад гол анхаарлаа хандуулах учиртай байна. Судлаачийн хувьд дүгнэхэд, гэмт хэргийн тоо өсөж, улам бүр санаанд оромгүй хэв шинжтэй болоод байгаагийн цаад учиг нь ердөө л энэ ажилгүйдэл, ядуурал, архидан согтуурах, сэтгэц нөлөөлөх эм бэлдмэл, мансууруулах бодисын хэрэглээ өссөн зэрэгтэй шууд холбоотой. Гэмт хэргийн дийлэнх хувийг архидан согтуурсан иргэд үйлдэж байна. Архины зохисгүй хэрэглээ гэмт хэрэг гарах, гэмт хэрэгтэй болох урьтал нөхцөлийг бий болгож байна. Боловсролгүй иргэд гэмт хэргийг түлхүү үйлдэж байна. Засгийн газрын зүгээс Иргэдээ ажилтай, орлоготой болгож, нийгмийг соён гэгээрүүлэхэд бодлогоо чиглүүлж улмаар гэр бүлийн гишүүдийн үүрэг хариуцлага, өөрөөр хэлбэл эцэг эхийн үүрэг хариуцлагыг илүү нэмэгдүүлэхэд анхаарах хэрэгтэй байна.


Categories
мэдээ цаг-үе

Гарын үсэг зурсан гишүүд дахин нэр дэвшихгүй гэдгээ амлах ёстой

МАН-ын хэдэн гишүүд УИХ-ыг тараах тухай гар хөлийн үсэг зуран гүйлдээд эхлэв. Дарга нарынхаа өрөөгөөр орой үдэш цуглан их л сүрхий ярилцаж байгаа юм байна. Одоогоор тавь шахуу гишүүн УИХ-ыг тараая гэж гарын үсгээ зураад байгаа бололтой.

УИХ-ыг тараая гэдэг саналыг сонгогч бид дэмжиж байна. Эрт тарвал илүү л сайн. Энэ гишүүд ажлаа хийж дийлэхээ болиод, гишүүн байж чадахгүйгээ хүлээн зөвшөөрч ийм шийдвэр гаргаж байгаа биз. Үнэхээр ч Монгол төрийн түшээ хэмээх эрхэм сэнтийд заларч, улс орныг удирдах нь бүү хэл жирийн иргэн ч тэр бүр орооцолдоод байдаггүй хэл ам, хэрэгт төвөгт холбогдоод байгаа болохоор өөрсдийгөө мэдэрсэн бололтой. УИХ-ыг тараая хэмээн гарын үсэг зураад байгаа одоогийн парламентын гишүүд бол энгийн иргэдэд очих ёстой ЖДҮ-ийн мөнгийг эрх дархаараа дулдуйдан хэдэн тэрбумаар нь авч, мөнгө хүүлэгсэд. Эрх мэдэл, албан тушаалын авлигачид буюу 60 тэрбумынхан. Концессын мөнгийг хэдэн зуун саяар нь халааслагчид юм. Хажуугаар нь хүчин хийж, лиценз, газрын наймаанд нэр холбогдоно. Дээрх хэрэгт нэр холбогдоогүй хүн гэвэл олон жил төрд ажиллаж хат суусан Д.Лүндээжанцан, Стэнфордод багшилж байсан А.Ундаа, АН-ын ганц эмэгтэй гишүүн З.Нарантуяа нар л байна уу даа. Дийлэнх нь хэрэг төвөгт ямар нэгэн байдлаар холбогдсон, нэр хүнд нь шороон дээр өнхөрч яваа хүмүүс. Ийм байхад тарах тухай ярьж эхэлдэг нь тун сайн хэрэг юм.

Монгол Улсын Их Хурлын тухай хуулиийн 31 дүгээр зүйлд ямар тохиолдолд УИХ-ын бүрэн эрх хугацаанаас нь өмнө дуусгавар болох тухай заажээ. Үүнд: Нэгдүгээрт, Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж хугацаанаас нь өмнө тараах тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хэлэлцэж ёсоор болгосон. Хоёрдугаарт, Ерөнхийлөгч Улсын Их Хурлын даргатай зөвшилцөн санал нэгдэж Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзэж хугацаанаас нь өмнө тараах тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хэлэлцэж ёсоор болгосон. Гуравдугаарт, Ерөнхий сайдыг томилох саналыг өргөн мэдүүлснээс хойш дөчин тав хоногийн дотор Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэж чадаагүйгээс Улсын Их Хурлын нийт гишүүний гуравны хоёроос доошгүй нь Улсын Их Хурал өөрөө тарах тухай тогтоолын төсөл өргөн мэдүүлснийг Улсын Их Хурал хэлэлцэж ёсоор болгосон. Дөрөвдүгээрт, Ерөнхий сайдыг томилох саналыг өргөн мэдүүлснээс хойш дөчин тав хоногийн дотор Улсын Их Хурал хэлэлцэн шийдвэрлэж чадаагүйгээс Монгол Улсын Ерөнхийлөгч Улсын Их Хурлыг тараах зарлиг гаргасан тохиолдолд хууль тогтоох дээд байгууллага УИХ тарах хуулийн заалт байна. Ийм үед л УИХ тарах хуулийн заалттай. Тэгэхээр “Монгол Улсын Их Хурлын гишүүн би ард түмнийхээ элчийн хувьд нийт иргэн, улсын ашиг сонирхлыг эрхэмлэн, төрийн хуулийг дээдлэн сахиж, гишүүний үүргээ чин шударгаар биелүүлэхээ тангараглая” хэмээн төрийн сүлдэнд тангараг өргөсөн гишүүд маань Улсын Их Хурал бүрэн эрхээ хэрэгжүүлэх боломжгүй гэж үзжээ. Боломжгүйн шалтгаан нь өөрсдийнхөө чадамжийг бодитоор үнэлсэн байна. Өөрөөр хэлбэл, “бид энэ улс орныг чинь удирдаж чадахгүй юм байна. Хоорондоо ч хэрэлдээд таарахаа болилоо. Чаддаг хүмүүст нь өгье” хэмээн хүлээн зөвшөөрч, цагаан тугаа өргөн бууж өгч буй хэрэг юм. Юун улс орны эрх ашгийг эрхэмлэх, төрийн хуулийг дээдлэх, үүргээ чин шударгаар биелүүлэх манатай.

Тиймдээ ч тун цөөхөн хоногт 50-иулаа нэгэн дуугаар УИХ-ыг тараахаар гарын үсгээ зурж явна. Үүнийг туйлын зөв хэрэг хэмээн сонгогчид үнэлж байна.

Харин нэг зүйлийг энд зориуд тодотгон анхааруулмаар байна. “УИХ-ыг тараая” хэмээн гарын үсэг зурсан гишүүд “дахин нэр дэвшихгүй” гэдгээ амлах ёстой. Монголын ард түмний өмнө “дахин УИХ-ын гишүүн болохоор нэр дэвшихгүй” гэдгээ амлаж, хаалгаа нэр төртэйгөөр хаагаад явах ёстой юм. Дахин сонгууль зарлахад гарын үсэг зурсан нөхөд хээв нэг нэр дэвшээд гүйж явах магадлалтай учраас ингэж сануулж буй юм. Одоо ажиллаж чадаагүй байж дараа нь ажиллана гэдэгт хэн ч үнэмшихгүй. Ёстой хогийн, утгагүй зүйл болно. Тэгээд ч ард түмэн та нарыг дэмжихгүй. Мөнгө өгөөд хөөрхөн аргалаад сонгуульд ялчихдаг үе аль хэдийнэ ард хоцорсон. Сонгогч олны итгэлээр УИХ-ын гишүүн болчихоод яаж гэмт хэрэг хийж, яаж эрх ашгийнхаа төлөө хуйвалдаж, яаж монгол төрөөр тоглож буйг чинь хангалттай харж байна. Тиймээс Монголын хэвлэл мэдээллийн бүхий л байгууллага, сэтгүүлчид, нийгмийн сүлжээнийхэн ч УИХ-ыг тараах гарыг үсэг зурсан гишүүдийг өдөр бүр ард түмэнд сануулж байх болно. Хэн юу ярьж, монгол төрөөр хэрхэн тоглосныг нь тасралтгүй явуулж, нийгмийг соён гэгээрүүлэх, сануулах үүргээ нэр төртэйгээр гүйцэтгэх болно.

УИХ-ыг тараах гэж гарын үсэг цуглуулж буй эрхмүүд ажлаа шуурхайлж, даруйхан шийдэх хэрэгтэй. Шинэ УИХ-ын гишүүдтэй болохгүй бол улс орны ажил цалгардах нь. Сонгуульд нэр дэвших хүмүүсээ намын дарга нар нь ч бодолтой сонгоно биз. “Ажлаа хийж чадахгүй ээ” гээд төрийг тараасан хүмүүсээсээ хол байсан нь өлзийтэй гэдгээ эрхбиш мэдэж байгаа байлгүй. Тэртэй тэргүй ард түмэн ч гярхай шүү дээ.