Categories
мэдээ цаг-үе

“Аавын тухай дуун” булангийн нэрээ “Аавын нөмөр”-ийг уншиж суугаад олсон

“Улирал ба Зохиолч” сэтгүүлийн Ерөнхий эрхлэгч, Соёлын гавьяат зүтгэлтэн, Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч Данзангийн Нямаатай ярилцлаа.


“ …26 |1936| оны дундуур уран сайхны улс төрийн зөвлөлөөс… улс хувьсгалын 15 жилийн ойд зориулж зарласан уран зохиол, яруу найруулгын уралдаанд хот хөдөөгийн 17 авьяастан оролцсоноос нэгдүгээр зэрэгт орсон Т.Нацагдорж, Цэвэгмид, Пэрлээ, даржаа нарт “ардын уран зохиолч” цол олгожээ…” гээд сонин баримтууд уншлаа, цаашаа ч бас бидний машид сайн мэддэг зохиолчдын нэрс гарч байна…

-Энэ бол Монголын уран зохиолын түүхнээ бага Нацагдорж гэж алдаршин үлдсэн Т.Нацагдоржийн 110 жилийн ойд зориулан бичсэн ХЗХ-ийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Б.Мөнхбаярын Уран сайхны Зөвлөлийн “Ардын уран зохиолч” Төмөрийн Нацагдорж өгүүллийн хэсэг л дээ. Ер нь их сонирхолтой өгүүлэл. Манай сэтгүүл гарсан цагаасаа л зохиолчдынхоо ойн жилд зориулсан ийм эрдэм шинжилгээ, судалгааны өгүүллийг мэргэжлийн судлаач, эрдэмтдээр бичүүлэн нийтэлдэг юм. Энэ жил гэхэд л олон зохиолчдын ой тохионо. Хаврын дугаартаа бид Л.Ванганы тухай тавьсан, мэндэлсний 100 жил нь энэ онд тохиож байгаа энэ аугаа хүний тухай Зохиолчдын байгууллагууд ер нь дуугарсангүй. “Улирал ба Зохиолч” сэтгүүл энэ жил мэндэлсний 100, 90 жил нь тохиож байгаа уран зохиолын нэрт шүүмжлэгч нар болох Г.Жамсранжав, Ц.Хасбаатарын нарын тухай тавина. Энэ жил бас шог зохиолч Ж.Барамсайн 70, яруу найрагч, 80-аад оныхны нэртэй төлөөлөгч С.Батмөнхийн маань 60 жил бас тохионо… Энэ мэтчилэн нэрлэвэл зохиолчдын олон ой бий…

-Зохиолчдын мэндэлсний ой гэснээс, ардын хувьсгалын 100 жилийн ой ирэх жил тохионо. Дээр ч бас улс хувьсгалын 15 ойд зориулсан уран зохиолын уралдааны тухай сонирхолтой баримт хэллээ.

-За чи ёстой чухал санаа хэллээ дээ, төр засгаас ардын хувьсгалын 100 жилийн ойдоо зориулж уран зохиолын уралдаан зарлаасай, төрөл бүр дээр нь зарлаасай, сайхан уламжлал ч бий шүү дээ, “Тунгалаг тамир”, “Цаг төрийн үймээн” романууд ийм л уралдаанаас төрсөн шүү дээ, “Есөн эрдэнийн эх орон” найраглал ч энэ л уралдаанаас төрсөн байдаг, С. Пүрэвийн “Уулын намар”, Д.Батбаярын “Цахилж яваа гөрөөс” зэрэг туужууд ч бас ийм л уралдаанаас гарчээ, Олон сайхан дуунууд ч бий… Жүжиг, өгүүллэгүүд ч бас бий…

-Зохиолчдынхоо урмыг бадрааж, онгодыг нь дуудсан томоос том бай шагналтай уран зохиолын уралдаан төр засгаас зарлах байлгүй дээ.

-Ерөөл орших болтугай…Тэгвэл шилдэг бүтээлийнх нь дээжсээс уншигчдадаа хүргэхэд хуудсаа харамгүй зориулна даа. Ер нь шилдгийн шилдэг туурвилаар л дугаар бүрээ бэлтгэх гэж сэтгүүлийн хамт олон минь хичээдэг юм. Энэ дугаарт гэхэд л 1901 онд уран зохиолын анхны Нобелийн шагналыг хүртсэн Францын яруу найрагч Сюлли Прюдомын намтар, шүлгүүдээс нь орууллаа. Бэлтгэж ирүүлсэн хүн нь Францад амьдрагч, орчуулагч Ш.Майцэцэг. Гадаадад суугаа оюунлаг Монголчууд сэтгүүлийг минь дэмжихийн зэрэгцээ уран бүтээл, орчуулгаасаа ирүүлж байдагт уншигчид минь баяртай байдаг. “Дуун хөрвүүлэгчийн цэцэрлэг” буланд мөн л Францад амьдарч, Монголын уран зохиолоо Францын уншигчдад хүргэж байгаа, авьяаслаг залуу орчуулагч Р.Мөнхзулын орчуулгаар нэрт яруу найрагч Поль Элуарын шүлэг орсон. Туркийн зохиолч Азиз Несины “Бид бүгд залуудаа яруу найраг шохоорхдог байсан…” өгүүллэг ч бас сонирхолтой шүү.

-Хорин зургаа дахь дугаарт хэд хэдэн шинэ булан шинээр нээгджээ. бас сэтгүүлийн шилэн дээр 26 гэсэн тоо тавигдчихаж…

-Чи овоо гярхай юм. Ер нь уншигчид минь ажигласан байх, тийм шүү, гурвын гурван шинэ булан нээгдсэн. Эхнийх нь “ Сонгодог уран зураг” булан. Энэ буланг Монгол Улсын Соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүлч Өвгөнхүүгийн Рагчаасүрэн байнга хөтлөх юм. Хамгийн эхний бичвэр нь: “Алтан даашинзтай бүсгүй”.Түүний уран зургийн тухай эсээнүүд танин мэдэхүйн өвөрмөц гаргалгаатай, эгэл энгийн өгүүлэмжтэй, зураг бүтсэн түүхээр аялуулах өөрийн гэх зам зөрөгтэй, уншигчийг мөнөөх уран зургийн эд эс болтол нь татах увдистай, яруу сайхны таашаал цэнгэлийг эдлүүлэх тарнитай байдаг. Хоёр дахь булан нь “Аавын тухай дуун” булан. Энэ буланг чиний “Аавын нөмөр” дурсамжаар эхэлсэндээ баяртай байна. Чамд баярлалаа. Хүн бүрийн сэтгэл дотор аавын тухай дуун насан туршид нь эгшиглэж амьдрахуйн утга тарнийг шившиж байдгийг эгэл энгийн хэрнээ тод яруугаар бичсэн шүү, Чи. “Өдрийн сонин”-оос “Аавын нөмөр”-ийг уншиж суугаад булангийн нэрээ олсон. Одоогооор гэхэд л зохиолчдоос “Аавын тухай дуун” буланд хэд хэдэн бичвэр ирээд байна. Уг нь ирэх дугаартаа “Ээжийн тухай эгшиглэн” булангаа эхэлье гэж бодсон юм, аа. Тэгсэн “Аавын тухай дуун” тасрахгүй бололтой. Гурав дахь нь “Зориулалт шүлэг” булан. Зохиолч, яруу найрагчдын бие биедээ зориулж бичсэн шүлгүүд орж байх юм. Анхных нь яруу найрагч Г.Бадамын До.Цэнджав, Ц.Чимиддорж нарт бичсэн шүлгүүд оров шүү. Хавтасны шил дээрээ дугаараа тавьж эхэлсэн, анхнаасаа л тавьдаг байж гэж бид хожимдон гэмшицгээсэн. Гэмшил бол ариусал. Номын сан дотор ирийсэн 25 дугаараа хараад л ар шил дээр нь дугаар байх хэрэгтэй юм байна гэж бодсон л доо…Одоо цаашдаа ар шилэн дээр нь дугаар тавигдаад явна. Захиалга олшроод, хэвлэлтийн зардлаасаа илүү мөнгө олоод, баян болохоороо эхний хорин таван дугаараа цөөн хувь хэвлүүлж, шилэн дээр нь тоогоо гүйцээж тавина даа.

-Тууж, өгүүллэг, яруу найраг, онол, судлал, шүүмж, монгол туургатны яруу найраг, захидал,сүүтэй дөрөө гээд уламжлалт байнгын булангууд бүгд байна, эдгээрээс онцолбол?

-Аль бүхнийг онцлолтой билээ… М.Цэдэндорж найрагчаас Ло.Нямаад бичсэн захидал байна, Б.Ренчин, Д.Пүрэвдорж, Д.Урианхай, Х.Байыт нарын шүлгүүдийг бол онцолно шүү. Яруу найрагч Ч.Пүрэвдоржийн “Короногийн хоригдол” бүлэг шүлгүүд тун сонирхолтой. Уран зохиолын шинжээч Г.Батсуурийн шинэ шүүмжийг орхиж үл болмуй… “Савдгийн хараал” шинэ туужийг уншаарай…. Дугаарын онцлох зохиолчоороо Соёлын гавьяат зүтгэлтэн зохиолч, сэтгүүлч Л.Мөнхтөрийг, онцлох номоороо Худалдааны гавьяат ажилтан, зохиолч, доктор, профессор А.Шагдарсүрэнгийн “Далдугаар зөрлөг” гурван ботийг онцоллоо…

-Танд баярлалаа…

Төгсгөлд нь нэг мэдээлэл хэлье. “Улирал ба Зохиолч” сэтгүүлийн гуравдугаар улирлын захиалга эх орон даяар эхэлж байгааг дуулгая.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Мэдээллийн найдвартай эх сурвалж бол үндэсний хэвлэл юм

Орчин үед хүн бүр мэдээллийн эх сурвалж болж чаддаг болсон. Учир нь фэйсбүүк, твиттер, инстаграм зэрэг пратформууд хүн төрөлхтөнд ийм боломж олгож байна. Хүмүүс бүгд мэдээлэл түгээж, бичиж байна. Хаа холын хилийн сумдаас ч, малчны хотноос, уурхайн цооног дээрээс, гэрээсээ, ажил дээрээсээ гээд хаанаас л бол хаанаас бичиж, тэр нь нийтийн хүртээл болж, сайшаагдаж, шүүмжлэгдэж байдаг нь энгийн үзэгдлэл болсон. Тиймээс л хүн бүрийг мэдээллийн эх сурвалж боллоо гээд байгаа юм. Энэ бүхэн сошиал мэдээлэл гэдэг ойлголтод хамрагдана. Гар утас барьдаг хүн болгон ингээд бичээд эхлэхээр мэдээллийн маш их бөөгнөрөл эх захгүй хөвөрч, үнэн худал нь мэдэгдэхгүй шуугиан дуулиан тасардаггүй гэсэн үг. Тиймээс одоо цагт ямарч мэдээлэл маш хурдан шуурхай тардаг болсон. Мэдээлэл олон эх сурвалжтай болж, хүртээмж нь ихэссэн байна. Энэ бол яалт ч үгүй сайн тал билээ.

Гэхдээ “олдохоороо өлдөнө” гэж хууччуулын үг өнөө цагт бас л орой руу орж байна. Эх захгүй энэ олон мэдээлэл мөн л сөрөг үр дагавар бий болгосон. Энэ нь эргээд сошиал мэдээллийг устгах хэмжээнд хүрэх шатуу хорлонтой болоод эхэллээ. Учир нь мэдээллийн хэт их бөөгнөрлөөс аль нь үнэн, аль нь худал мэдээлэл вэ гэдгээ хүмүүс ялгаж чадахаа больж байна. Мэдээллийн баталгаа алдагдсан гэсэн үг л дээ. Хүн бүр өөр өөрийн өнцгөөр, эсвэл өөртөө ашигтайгаар бичдэг. Үгүй ядахдаа л, сонссон зүйлээ нэмж чимж бичнэ. Өнөөх нь цаашаа нэмэгдэж хачирлагдаж явсаар анхны мэдээлэл нь огт өөр болчих жишээтэй. Мөн маш олон хуурамч хаяг нээж, зориуд өрсөлдөгчөө гутаасан хуурамч мэдээлэл түгээж эхэлсэн. Зарим нь санамсаргүй алдаа гаргаж бичсэнийг нь бусад нь шууд хуулж тавиад тэр чигтээ худал мэдээлэл давлагаалж байна. Дөнгөж саяхны нэг жишээ хэлье. Цахим орчинд хэдхэн хоногийн өмнө “Архангай аймагт Английн иргэнийг хөнөөжээ” гэсэн мэдээлэл тараад эхлэв. Хил хаагдсан энэ үед юун хэрэг болов гээд мэдээллийг нягтлаад үзэхэд аль 2016 онд болсон хэргийг нэг нь сая болсон мэт мэдээлснийг үг үсэггүй хуулаад тараажээ. Мэдээж, буруугаа нуухын тулд өнөө мэдээллийг хэдхэн цагийн дараа бүгд устгасан байсан. Гэх мэтээр мэдээлэл найдваргүй, үнэн худал нь мэдэгдэхээ байгаад эхлэхээр хүмүүс сошиал мэдээлэлд эргэлзэж, мэдээллийн эх сурвалжийг нь заавал үздэг, нягталж шалгадаг болоод байна. Аль ч улсад мэдээллийн найдвартай эх сурвалж нь тухайн орны үндэсний хэвлэл байдаг. Америкчууд “Вашингтон пост”-доо, япончууд “Ёмиури”-даа үнэмшдэг бол, Монголд “Өдрийн сонин” энэ үүргийг гүйцэтгэж байна. Хамгийн баталгаатай мэдээллийг анализ, тойм дүгнэлттэй нь түгээдэг гэсэн үг. “Өдрийн сонин” дээр л гарсан бол үнэн гэж итгэж үнэмшдэг болсон байна. Амин чухал, амьдралдаа хэрэг болох шаардлагатай мэдээллийг хүмүүс “Өдрийн сонин”-оос л харж, үнэмшдэг болжээ.

Орчин үеийн мэдээллийн энэ их шуугиан дунд сонин ийн тодорч ялгарч харагдаад удаж байна. Өмнө нь ч ийм байсан, тэр өнгө төрхөө найдвартай хадгалсаар байна. Дахин хэлэхэд сонин бол мэдээллийн хамгийн найдвартай эх сурвалж юм. Дашрамд хэлэхэд, япончууд өдөр тутмын сонинг том хүний сурах бичиг гэж үздэг юм билээ. Тиймдээ ч заавал сонин захиалж уншиж, тэндээс хэрэг болох найдвартай шинэ мэдээллээ өдөр бүр авсаар байна.

Яагаад мэдээллийн найдвартай эх сурвалжийн тухай бичээд эхлэв гэж үү. Цаг хугацааны хувьд бичихээс аргагүй юм. Яг одоо Монгол Улсад сонгууль эхэлсэн, 20 гаруй хоног үргэлжилнэ. УИХ-ын 76 гишүүний нэг болохоор 600 гаруй хүн сонгуульд өрсөлдөж, хөл толгой нь олдохгүй манаргаж явна. Зургаан зуун хүний талаар зургаан зуун өөр мэдээлэл тэнэж явна. Аль нь үнэн юм бүү мэд. Нэг нь магтаж байдаг, нөгөө нь муулж суудаг. Заримыг нь уншихаар ариуссан бурхан мэт, эргээд нөгөө бичсэнийг нь харахаар энэ орчлон яаж дааж яваа юм гэмээр нүгэлтэн ч юм шиг санагдах. Хамгийн их шуугиан дуулиан дагуулж байгаа нөгөө “Шарк”-ын мэдээ байна. Гадаад улсын харьяат бөгөөд түүний баталгаа нь энэ байна гээд зураг хөрөгтэй нь гаргаад тавьж. Хэн ч харсан үнэмшинэ.

Нөгөөдөх нь бодвол энэ тэрүүгээр лайв майв хийгээд няцаалт өгч л байгаа биз. Хэрэв гадаадын иргэн гэдэг нь худал мэдээ бол үүнийг няцаасан мэдээлэл нь худал байх магадлалтай. Яагаад гэвэл цахимаар явж байгаа учир. Үүнийг хийчихэж болдог. Тэгвэл “Шарк” Г.Амартүвшин маань үнэн мөнийг ярих сонирхолтой, тэр нь баталгаатай бол “Өдрийн сонин”-д хандахад л хүмүүс “аан ийм учиртай юм байна” гэх болно шүү дээ. Яагаад гэвэл үндэснийх нь сонин худал юм мэдээлээд эхэлбэл тэр үндэстэн цаашид яах билээ. Тэгэхээр хүссэн ч хүсээгүй ч үнэн мэдээлэл түгээх нь түүний үүрэг юм.

Мэдээллийн ийм замбараагүй урсгалд төөрч явахаар зүгээр л төв хэвлэлээ унш, нэр дэвшигчид ч төв хэвлэлдээ ханд. Хүн бодит юманд цаанаасаа дуртай, итгэл үнэмшилтэй байдаг юм. Сонин гартаа бариад уншиж байгаа хүнд итгэл үнэмшил төрдөг. Сонинд ярилцлага өгч, ажил амьдралаа хүүрнэж байгаа хүн худлаа ярьдаггүй. Ярьсан хэлсэн, зорьж тэмүүлж байгаагаа ул суурьтай тайлбарласан л бол сонгогчид сонинг сонгууль дуустал эргүүлж тойруулж уншиж болдог давуу талтай. Ядах нь ээ, сонгуульд ялсных нь дараа ярьсан хэлсэн нь бодит баримт болоод үлддэг. Сонгогчид нь “хөөе ингэж хэлснээ мартаагүй биз” гээд сонингоо харуулж, загнаж чаддаг. Цахим мэдээлэл бол яахав ээ, нэгэнт үүргээ гүйцэтгэсэн бол сэмхэн сэмхэн устгаад байж болдог эд.

Categories
мэдээ цаг-үе

Т.Мөнхсайхан: Харилцааны соёл, өвчтөн, үйлчлүүлэгчдэдээ үйлчилж буй хандлагаар нь тооцож эмч, ажилтнууддаа урамшуулал олгоно

-“ХАНДЛАГЫН 10 ХУВЬ” УРАМШУУЛЛЫН СИСТЕМ МААНЬ ЭРҮҮЛ МЭНДИЙН САЛБАРТ ӨӨРЧЛӨЛТ АВЧИРНА-

Улсын Нэгдүгээр төв эмнэлгийн ерөнхий захирал, анагаах ухааны магистр, докторант, клиникийн профессор Т.Мөнхсайхантай ярилцлаа.


-Танай эмнэлгийнхэн “Хандлагын 10 хувь” урамшууллын талаар ид ярьж байна. Та эмнэлгийн эмч нартаа ямар нэгэн урамшуулал олгохоор шийдээ юү?

-Иргэдийн хувьд улсын эмнэлгүүдийн эмч, ажилтнуудын харилцаа, хандлагад сэтгэл дундуур, шүүмжлэлтэй байх нь олонтаа байдаг. Бусад хөгжилтэй оронтой харьцуулахад манай улсын эмнэлгүүдийн эмчилгээний арга технологи ижил ч үйлчилгээний соёл, эмч, эмнэлгийн ажилтны хандлагад тулгуурлан гадны эмнэлэг мундаг, илүү гэх тохиолдол иргэдийн дунд байдаг.

Манай эмнэлгийн хувьд дэлхийн жишигт, тэр дундаа эхний ээлжинд Ази, Номхон далайн орнуудын эмнэлгийн түвшинд хүрсэн эмчилгээ, оношилгоо, үйлчилгээтэй эмнэлэг болох том зорилготой. Иймээс дээр хэлсэнчлэн бид эмч, эмнэлгийн ажилтныхаа хандлагыг өөрчилж, иргэдэд ойр, дотно үйлчилгээг бүрдүүлэх нь эхний томоохон алхмуудын нэг гэж үзэж энэ ажлыг эхлүүлж байна. Энгийн мэт сонсогдож байгаа ч бодлогоо хэрэгжүүлэх түлхүүр алхам болно. Тиймээс зургадугаар сарын 01-нээс эхлэн “Хандлагын 10 хувь” урамшууллын системийг эмнэлгийнхээ нийт 810 ажилтанд хэрэгжүүлэхээр болоод байна. Үйлчлүүлэгчээс тухайн ажилтны нэр дээр гомдол санал ирэхгүй бол хандлагын урамшууллаа авна, эсрэгээр гомдол, шүүмжлэл баримт, нотолгоотой ирвэл урамшуулал авах боломжгүй. Товчхондоо “Хандлагын 10 хувь” урамшууллыг харилцааны соёл, өвчтөн, үйлчлүүлэгчдэдээ үйлчилж буй хандлагаар нь тооцож олгоно гэсэн үг.

-Сайхан санаа байна. Гэхдээ та санхүүгийн эх үүсвэрээ тооцсон уу. Танай эмнэлэг төсвөөс санхүүждэг. 800 гаруй хүнд дээрх 10 хувийн шагнал өгөхөөр төсөв мөнгө чинь хүрэлцэхгүй биз дээ?

-Манай эмнэлгийн хувьд санхүүгийн хагас бие даасан байдал руу энэ оны дөрөвдүгээр сарын 01-нээс эхлэн шилжээд байна. Өмнө нь ЭМЯ-наас улсын эмнэлгүүдэд төсөвт төвлөрүүлэх орлогын төлөвлөгөөг жил бүр баталж өгдөг. Төлөвлөгөөг давуулан биелүүлсэн тохиолдолд орлого улсын төсөвт татагддаг бөгөөд эмнэлэгт тухайн орлогыг зарцуулах эрх байдаггүй байсан. Хоёр жилийн өмнөөс давуулан биелүүлсэн орлогын тодорхой хувийг эмнэлгийн үйл ажиллагаа, эмч, эмнэлгийн ажилчдын урамшуулалд зарцуулах боломж бүрдсэн. Санхүүгийн хувьд хагас бие даасан байдалд шилжсэний гол давуу тал нь эмнэлэг орлогоо нэмэгдүүлэх, менежмэнт хийх, түүнийгээ захиран зарцуулах эрх нь эмнэлгийн ТУЗ-д шилжсэн. Тиймээс бид санхүүгийн зохицуулалт хийж эмч, эмнэлгийн ажилчдаа урамшуулах, цаашлаад цалин нэмэх механизмыг бүрдүүлэх боломжтой болж байгаа юм.

Бид 2024 он хүртэлх төлөвлөгөөгөө батлуулан орлогоо нэмэгдүүлэх ажлуудаа маш эрчимтэй хэрэгжүүлэн ажиллаж байна. Ирэх есдүгээр сар гэхэд 2020 оны төлөвлөгөөт ажлууд бүгд хэрэгжиж, үр дүнгээ өгч эхэлнэ гэж тооцож байна. Энэ эрчээрээ төлөвлөгөөний дагуу ажиллахад ирэх оны нэгдүгээр сар гэхэд эмнэлгийн эмч, ажилчиддаа 30 хувийн цалингийн нэмэгдэл олгох боломж бүрдэнэ гэж тооцоолж байна.

-Хэн сайн ажилласан, хэн чадал чадвартай нь илүү үнэмлэмжтэй байх ёстой…

-Тэгэлгүй яахав. Бид цаашид гүйцэтгэлээр нь цалин, урамшууллыг тооцох системийг төгөлдөржүүлэх бодолтой байна. Өнөөдөр их, бага ажилласны ялгаа цалин, урамшууллын тогтолцоон дээр бага байна. Тиймээс хэн сайн ажиллана, тэр хүн цалин орлого сайтай байх шударга тогтолцоог бүрдүүлэх нь чухал юм.

-Таны ярианаас УНТЭ-ийн ирэх дөрвөн жилийн төлөвлөгөө болон батлагдсан гэж ойлголоо?

-Намайг ажлаа авахад УНТЭ 2015 оноос хойш стратеги төлөвлөгөөгүй ажиллаж байсан. Ингээд бид бүхэн эмнэлгийнхээ бүх эмч, ажилчид, эрдэмтэн судлаачид, иргэд, үйлчлүүлэгчдээсээ санал, судалгаа авч, төлөвлөгөө боловсруулан удирдлагын багаараа хэлэлцэн 2020-2024 он хүртэлх хэмжигдэхүйц, бодитой, хэрэгжихүйц стратеги төлөвлөгөөгөө батлан гаргасан.

Стратеги төлөвлөгөөндөө хүний нөөцийн хөгжлийн цогц хөтөлбөр, оношилгоо эмчилгээний дэвшилтэт технологи, инновацийг нэвтрүүлэн нутагшуулах, байгууллагын бие даасан байдлыг хангах менежмэнтийн арга барилыг нэвтрүүлэн, санхүүгийн тогтвортой байдлыг бэхжүүлэх, сургалт эрдэм шинжилгээ судалгааны түвшинг олон улсын жишигт хүргэх, эрсдэлгүй ээлтэй орчин, тусламж үйлчилгээний чанар, аюулгүй байдлыг тасралтгүй сайжруулах гэсэн тэргүүлэх таван чиглэлийг оруулсан.

Уг төлөвлөгөөнд орлогоо нэмэгдүүлэх, эмчилгээ оношилгооны төрлөө сайжруулж дэлхийн түвшинд өрсөлдөхүйц “тоглогч” болох, эмч мэргэжилтнүүдийнхээ мэдлэг чадварыг бодлого, төлөвлөттэйгөөр дэмжих, цалин урамшууллаа нэмэгдүүлэх, ард иргэддээ төвөг чирэгдэлгүй эмнэлгийн тусламж, үйлчилгээ үзүүлэх зэрэгт голлон анхаарч ажиллахаар тусгасан. Бид стратеги төлөвлөгөөгөө амжилттай хэрэгжүүлснээр дөрвөөс таван жилийн дараа эмч, эмнэлгийн ажилчдынхаа цалинг хоёроос гурав дахин нэмэгдүүлэх боломж бүрдэнэ хэмээн харж байна. Энэ төлөвлөгөөнд тусгагдсан 2020 оны зорилтын хүрээнд эмнэлгийн ажилчдадаа “Хандлагын 10 хувь”-ийн урамшууллын системийг олгохоор болсон. “Хандлагын 10 хувь” бол том төлөвлөгөөний нэг хэсэг бас төлөвлөгөө зөвхөн цаасан дээр биш амьдралд хэрэгжиж буй жишээ гэж үзэж болно.

-Төлөвлөгөө бүр сайхан амлалт, тэмүүлэл байдаг л даа. Гэхдээ төлөвлөгөө санхүүгийн бололцоо, хөрөнгө оруулалт, орлоготой байж л хэрэгждэг. Танай эмнэлэг орлогоо яаж нэмэгдүүлэхээр төлөвлөсөн бэ?

-Бид бүхэн орлогоо нэмэгдүүлэх чиглэлээр долоон үе шаттай төлөвлөгөөг боловсруулсан. Үүнд хамтран ажилладаг түрээслэгч нартаа нээлттэй, үнийн өрсөлдөөнт сонгон шалгаруулалтыг бий болгох, амбулаторийн эмийн санг ашиглалтад оруулах, зөв худалдан авалтыг бэлтгэн нийлүүлэгчээсээ хийх менежмэнтийг хэрэгжүүлэх, Эрүүл мэндийн дэмжих төвийг байгуулж, байгууллага хамт олны урьдчилан сэргийлэх захиалгат төлбөрт үйлчилгээг нэвтрүүлэх, ажлын өдөр ажлын цагаар Эрүүл мэндийн дэмжих төвөөр дамжуулан төлбөртэй тусгай үйлчилгээг үзүүлэх, харьяалал даатгал харгалзахгүйгээр манай эмнэлгээр үйлчлүүлэхийг хүссэн иргэддээ төлбөртэй буюу VIP тасгаар үйлчлэх, амралтын өдөр эмч, сувилагч нартай цаг товлон төлбөрт үзлэг, оношилгоо эмчилгээнд хамрагдах боломжуудыг бий болгож орлогоо нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Нөгөө талдаа эмч, ажилчдадаа цалингийн нэмэгдэл олгох, нийгмийн асуудалд нь анхаарах, сэтгэл тайван ажлаа хийх, өөрийгөө хөгжүүлэх, ард иргэддээ цаг алдалгүй илүү хүртээмжтэй, сэтгэлд нийцсэн үйлчилгээг нэмэлтээр авах зэрэг олон талын давуу талыг бүрдүүлж байгаа юм.

-Улсын эмнэлэг төлбөртэй үйлчилгээ үзүүлнэ гэдэг хууль зөрчсөн үйлдэл биш үү?

-Шинээр нэвтрүүлж буй төлбөрт үйлчилгээ нь зөвхөн хүссэн иргэдэд сайн дурын үндсэн дээр үзүүлэх үйлчилгээ гэдгийг онцолъё.

Эмнэлэг нийт орныхоо 10-аас ихгүй хувьд нь төлбөрт үйлчилгээ үзүүлж болно гэж журманд заасан байдаг. Бид энэ хүрээндээ орчин нөхцөл сайтай, тав тухтай, чанартай эмнэлгийн үйлчилгээ үзүүлэх тэр бүх бололцоог хангаж, төлбөртэй үйлчлэх юм.

Дээрх орлогоо нэмэгдүүлэх 7 төлөвлөгөө нь одоо хэвийн үйлчилж буй даатгалын системийн үйлчилгээний чанарт сөргөөр нөлөөлөх, төлбөртэй болгож байгаа зүйл огт биш. Даатгуулагчийн эрх ашгийг зөрчиж, ачаалал нэмэгдэх асуудал үүсэхгүй. Энэ тал дээр ЭМЯ, ЭМДГ-аас тогтмол хяналт тавьж ажилладаг. Хэрэв бид хэт төлбөрт үйлчилгээ рүү чиглээд иргэд, үйлчлүүлэгчидээ хохироовол эмнэлэг даатгалын байгууллагаас санхүүжилтээ авч чадахгүй эрсдэл үүснэ. Тиймээс бид зохион байгуулалт дээр маш сайн хяналт тавьж ажиллана. Эмнэлэг нэмэлт боломж, дотоод нөөцөө ашиглан орлогын эх үүсвэрээ нэмэгдүүлж буй явдал юм.

-Эмнэлгийн ажилчдын цалин, урамшуулал нэмэгдэж байгаа нь таатай мэдээлэл юм. Гэхдээ эмнэлгийн ажилтан, эмч гэдэг бол онц нарийн мэдлэгийн салбар. Энэ салбарт хөрөнгө оруулалт хийх нь зөв байгаагүй юу?

-Харин ч эсрэгээрээ. Өмнө нь манай эмнэлгийн эмч, ажилтны сургалт, судалгаа, эрдэм шинжилгээний зардал, хүний нөөцийн мэргэжил дээшлүүлэх сургалтад тусгайлан зориулсан зардлыг тусгаж өгдөггүй байсан. Тэр үед манай ажилчид хувийн шугамаар аливаа сургалтад хамрагдаж ирсэн. Харин одоо бидний боловсруулсан төлөвлөгөөгөөр сургалтын зардал, эрдэм шинжилгээний ажлын зардлуудыг тусгайлан, онцолж төсөвтөө суулгаж өгсөн. Энэ бол таны хэлснээр эмч, эмнэлгийн ажилтны мэдлэг, мэргэшлийг дээшлүүлэх онц үүргээ эмнэлгийн удирдлага тусгайлан анхаарсан менежмэнт гэж үзэж байгаа.

-Таны дээр хэлсэнчлэн УНТЭ хөгжингүй орны түвшинд хүрч хөгжихөд хэр хугацаа шаардагдах вэ?

-УНТЭ-ийн хувьд Монголдоо хамгийн том эрүүл мэндийн институт. Гэвч дэлхийн хэмжээнд “тоглогч” болж чадахгүй байна. Өнөөдрийн бидний танилцуулж байгаа ажлууд ирээдүйд “том” зорилго руу чиглэсэн ажил. Бид, манай эмнэлэг хошуучилж байж Монголын эрүүл мэндийн салбар дэлхийтэй хөл нийлүүлэх боломж бүрдэнэ. Ингэж хэлэх нотолгоо манайд байна. Чадварлаг, мэргэшсэн, бэлтгэгдсэн эмч, баг, хамт олон байна. Энэ бол маш том давуу тал. Энэ давуу талаа ашиглан олон шинэ технологи, инновацийг эхнээсээ нэвтрүүлээд, нутагшуулаад явж байна. Шинэ эмчилгээний технологи нэвтрүүлж байна аа гэдэг дэлхийн тоглогч болох нэг алхам ойртож байгаагийн илрэл юм. Энэ дотроо хандлагаа өөрчлөх ажил бол том бодлого руу чиглэсэн түлхүүр ажил бас өрнөл юм.

Categories
мэдээ цаг-үе

Т.Аюурсайхан: Бүх зүйл сайн сайхан болчихоогүй ч бодит зөв өөрчлөлтүүд маш их гарсан

УИХ-ын гишүүн, Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга Т.Аюурсайхантай ярилцлаа.


-УИХ-ын чуулган өндөрлөлөө. Та гишүүнээс гадна байнгын хорооны даргын ажлыг давхар хийдэг. Өнгөрсөн хугацаанд хийсэн гол онцлох ажил гэвэл юуг нэрлэх вэ?

-Би сүүлийн нэг жилийн хугацаанд УИХ-ын Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны даргаар сонгогдон ажиллаж байгаа. Энэ бол УИХ-ын чухал байнгын хороодын нэг. Байнгын хорооны даргаар анх удаа сонгогдон ажиллана гэдэг нэлээн сорьсон, өндөр шалгуур давсан хугацаа болж өнгөрлөө. Манай байнгын хороонд Гадаад харилцааны яам, Батлан хамгаалах яам, Онцгой байдлын ерөнхий газар, Тагнуулын ерөнхий газар, Цөмийн энергийн газар зэрэг яам, агентлаг харьяалагддаг учраас удирдлага зохион байгуулалтыг нь хангаж ажилладаг. Энэ хугацаанд Батлан хамгаалах салбарын нэлээн олон чухал хууль, тогтоомжийг баталж, бодлого шинэчлэлийг хийлээ. Гадаад харилцаа болон Батлан хамгаалахын салбарт хариуцлага дээшлүүлэх талаар онцгой анхаарч ажилласан. Энхийн цагт Батлан хамгаалах салбарт үүрэг гүйцэтгэж байхдаа цэргийн амь нас хохирдог, хариуцлагагүй байдал нэлээн гарсан. Гадаад харилцааны салбарт дипломат ажилтан, албан хаагчид хариуцлага алддаг, хууль бус наймаанд оролцдог, улсынхаа нэр хүндийг сэвтээдэг явдар ихээр гүнзгийрсэн байхад би ажлаа авсан. Ингээд энэ хугацаанд хууль тогтоомж болон хариуцлага чангатгах асуудал дээр голлон анхаарлаа.

Энхийн цагт манаанд гарахдаа цэргүүд амь насаа алддаг биш, харин улс орныхоо бүтээн байгуулалтад гар бие оролцдог, улс орноо эрсдэлээс хамгаалах бэлтгэлээ хангадаг, хилээ манадаг байх ёстой. Тиймээс энх цагт цэргүүд маань одоо төмөр замын бүтээн байгуулалтад оролцон ажиллаж байна. Гадаад харилцааны салбарыг хариуцлагажуулах асуудалд анхаарлаа. Элчин сайдууд, дипломат ажилтнуудыг өндөр хариуцлагажуулах, ялангуяа хууль бус наймаа, хар тамхины наймаанд оролцвол хатуу хариуцлага тооцож, хуулийн байгууллагуудтайгаа хамтарч ажиллаж байгаа. Хууль тогтоомжоо чангатгалаа. Цагдаагийн байгууллагатай хамтарч хар тамхитай тэмцэхэд хүчин зүтгэх багийг 60 гаруй хүнээр анх удаа орон тоог нь нэмлээ. Тиймээс хар тамхитай тэмцэх асуудал дээр маш ахицтай дэвшил гарах ёстой гэж үзэж байна, гаргахаар хичээл зүтгэл гарган ажиллаж байгаа.

-Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хороо завсарлагагүй ажилласан. Яагаад тэгж эрчимтэй ажиллах шаардлага гарав?

-Энэ цаг үед Монгол Улсад маань коронавирус тархах эрсдэлтэй байна. Тиймээс Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны зүгээс Онцгой байдлын ерөнхий газар, Гадаад харилцааны салбарыг удирдамж өгч чиглүүлдгийн хувьд энэ жилийн чуулганы хувьд завсарлаагүй тогтмол ажиллаж хуралдсан байнгын хорооны нэг нь манайх байлаа. Аюулгүй байдал, гадаад бодлогын байнгын хорооны дарга бол хууль тогтоомжоор Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн бүрэлдэхүүнд орж ажилладаг. Тиймээс маш өндөр хариуцлага, үүрэг даалгаврыг ухамсарлаж, үүний ард нэр төртэй гарахын төлөө хичээж ажилласаар ирлээ. Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлал, Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлалыг хэрэгжүүлдэг, хэрэгжүүлэхийн зэрэгцээ ахиц дэвшил гаргаж ажиллах үүрэгтэй. Тийм учраас энэ чиглэлээр Үндэсний аюулгүй байдлын зөвлөлд хуулиараа зөвлөх эрхтэй оролцдог. Төрийн гурван өндөрлөг суугаад улс орны амин чухал шийдвэрүүдийг гаргаж байхад зөвлөх эрхтэй ганц байнгын хорооны дарга учраас энэ чиглэлээр маш их уншиж судалж, аливаа асуудалд судалгаа тооцоотой, хамгийн гол нь Монгол Улсынхаа үндэсний аюулгүй байдлын төлөө, Монгол эх орныхоо бүрэн бүтэн байдлын төлөө, ард иргэдийнхээ эрсдэлгүй амар амгалан, сайн сайхан нийтлэг эрх ашгийн төлөө аливаа шийдвэр гаргахдаа зөвлөж дэмжиж, зарим шийдвэрийн төсөл дээр ажиллаж, хэрэгжилтийг нь хангахад тогтмол хяналт тавьж ажиллаж ирсэн. Энэ бол Монгол төрийн надад оногдуулсан өндөр хариуцлага, үүрэг гэдгийг ойлгож ажиллаж байна даа.

-Таныг УИХ-аас “Шилдэг залуу төрийн түшээ”-гээр өргөмжилсөн. Бусад залуу гишүүдээс таны ялгарах онцлог юу вэ?

-Монголын төр жишиг болгож цааш цаашдаа Монгол төрийн долоон түшээг энэ удаагийн парламентаас эхлэн нэрлэдэг болж байгаа юм байна. Намайг Монгол төрийн долоон түшээгийн нэгээр нэрлэж, батламжаа гардуулсанд маш их үүрэг хариуцлага ирлээ гэж хүлээж авлаа. Үүнийг шалгаруулж тайлбарлахдаа УИХ-ын чуулган болон Байнгын хороодын үйл ажиллагаанд оролцож байгаа байдал, идэвх, ирц, хууль тогтоомжийн өргөн барьж байгаа тоо хэмжээнээс гадна батлагдаж байгаа чанар, төр нийгэмд шударга ёс тогтоох асуудлууд дээр хэрхэн яаж бусдыгаа манлайлж, үүрэг гүйцэтгэж бодит үр дүн гаргасан зэрэг олон зүйлийг харгалзаж үзсэн хэмээн УИХ-ын даргын зүгээс танилцуулсан.

Миний хувьд 2016 оны УИХ-ын сонгуульд нэр дэвшихдээ “Шударга ёсыг тогтооно” гэсэн уриатайгаар өрсөлдөж сонгогдсон. Тиймээс энэ амлалтаа биелүүлэх юмсан гэж бүтэн дөрвөн жилийн хугацаанд ихээхэн хүн хөдөлмөр гаргаж ажилласан. Анхандаа цөөн байсан ч шударга үнэнийг дэмжсэн гишүүд маань улам олон болсон. Энэ хугацаанд итгэл үнэмшилдээ бат зогсож, сонгогчдынхоо захиас даалгаврыг биелүүлэхийн тулд ажилласны үр дүнд их олон өөрчлөлтийг бий болгож чадсан. Хариуцлага алдаж байгаа хүмүүст хариуцлага тооцдог боллоо. Байгуулсан Засгийн газраа хүртэл өмгөөлж хамгаалах биш хариуцлага тооцож, асуудлыг шийдсэн. У.Хүрэлсүхийн Засгийн газрыг дэвшүүлж, ажилд нь оруулж, хууль шүүхийн байгууллагын удирдлагыг өөрчилж, УИХ-ын даргыг чөлөөлж өөрчилсөн. Энэ бол хөшигний цаана яриад улс төрийн наймаа тохироо хийдэг өнгөрсөн жилүүдийн алдаа дутагдлыг давтах ёсгүй гэж үзсэний үндсэн дээр хийсэн ажил. Захиалгатай маш олон хууль орж ирдэг болсон байна. Жишээ нь, Олон улсын гэрээний тухай хуульд өөрчлөлт оруулж, УИХ-аар Олон улсын гэрээг хүчингүй болгох эрхгүй, соёрхон баталдаггүй болгож байж “Эрдэнэс Таван толгой”-г гадны этгээдэд худалдаж гэсэн оролдлогыг зогсоож чадсан. Эрдэнэтийн 49 хувийг Монгол төр авах боломжийг хязгаарласан явдлыг таслан зогсоож чадсан. Хилийн тухай хуульд өөрчлөлт оруулж хийлийн бүсийн 100 км-ийг байхгүй болгох замаар тэнд ашигт малтмал ухах, бусдад ашиглуулах гэж байсан оролдлогыг таслан зогсоож чадсан. Энэ мэт олон хууль тогтоомжуудыг хэлж болно. Тиймээс энэ болгонд өндөр сонор сэрэмжтэй ажиллаж, шударга зөв өөрчлөлтийг авчрах, шударга ёс тогтооно гэдэг амлалтандаа хүрэхийн тулд ажилласан их хөдөлмөр зүтгэлийн дөрвөн жил өнгөрч байна.

-Авлига, албан тушаалын хэрэг үйлдсэн хүмүүс сонгуульд нэр дэвших боломжгүй болж байна. Энэ таны санаачилсан хуулийн нэг нь байх аа…

-Бусад нөхдийнхөө хамт санаачилж УИХ-ын сонгууль болон Орон нутгийн сонгууль, Төрийн албаны хуульд өөрчлөлт оруулсан. Түүний нэг нь авлига албан тушаалын гэмт хэрэг үйлдсэн хүмүүсийг сонгуульд нэр дэвшүүлдэггүй, төрийн албанд ажиллуулдаггүй болгож эхэлсэн хууль тогтоомжийг баталлаа. Энэ хуулийн заалтыг Үндсэн хуулийн цэц дээр очиж хамгаалж, үндэслэл шаардлагаа гаргаж ажилласан. Энэ бүхнийг үнэлж, шударга ёсыг тогтоох, авлига албан тушаалын гэмт хэрэгтэй тэмцэх хууль эрх зүйн орчинг бий болгох, мөн нийгэм эдийн засгийн сахилга батыг хангах, иргэдийнхээ нийтлэг эрх ашгийг хамгаалах тал дээр нөхдийгөө манлайлж ажилласан гэж УИХ-ын удирдлагууд үзэж, Монгол төрийн долоон түшээгийн нэгээр намайг нэрлэж байгаа явдал бол сонгуулиар шударга ёсыг тогтооно гэж амласан амлалтандаа тодорхой хэмжээнд хүрч, зорьж явж байгаа юм байна гэсэн итгэл урам зориг өгч байна.

Мэдээж, өнөөдрийн түвшинд бүх зүйл сайн сайхан болчихоогүй ч бодит зөв өөрчлөлтүүд маш их гарсан. Үндсэн хуулинд төрийн эрхийг ард түмэн шууд төлөөллөөрөө дамжуулж барина гэсэн заалт бий. Би энэ эрхийг ард түмэнд эдлүүлэхийн тулд, мэдээлэлтэй ойрхон байхын тулд, ард иргэдийнхээ хараа хяналтанд хууль тогтоох байгууллагыг, төрийн хариуцлагатай албан хаагчдыг аваачихын тулд нэлээн олон зүйл хийсэн. Энэ хараа хяналт үндсэндээ тогтож байна. Тиймээс хөшигний цаана нууцаар хуйвалдаж, бизнесийн бүлэглэлтэй хамтарч хувийн эрх ашгийн төлөө төрийн албан тушаалыг ашиглаж аливаа шийдвэр гаргах энэ нөхцөл улам хумигдсан. Цаашдаа бүр байхгүй болно. Энэ бол бидний хийсэн хамгийн чухал ажлын үр дүн гарч байна гэж үзэж болно.

-Та эдийн засгийн ухааны доктор хүн. Энэ утгаараа эрдэмтэдтэйгээ нэлээн хамтарч ажилладаг уу?

-Миний хувьд 2014 онд Монгол Улсын эдийн засгийн өсөлтөд гадаад худалдааны үзүүлэх нөлөө сэдвээр докторын зэрэг хамгаалсан. Түүнээс хойш эрдэмтэдтэйгээ хамтарч судалгаа, эрдэм шинжилгээний ажил, арга хэмжээг зохион байгуулах, эрдэмтдийнхээ хийсэн судалгааг олон нийтэд сурталчлан таниулах, төрийн бодлого шийдвэрт тусгах талаар нэлээдгүй анхаарч ажиллаж байна. Салбар салбарын эрдэмтэдтэйгээ хамтарч “Хөгжлийн төлөөх эрдэмтэд” төрийн бус байгууллагыг санаачлан үүсгэн байгуулж, их олон ажил хийлээ. Эдийн засагч хүнийхээ хувьд төсөв, санхүү, мөнгөний бодлого, эдийн засгийн бодлоготой холбоотой асуудал дээр онцгой анхаарч ажилласаар ирлээ. Тооцоо судалгаа, эрдэм шинжилгээний судалгаа дутуу байтал үзэмжээрээ, баримжаагүй төрийн бодлого гаргадаг байдлыг арилгахын тулд ажлууд хийж байна. Шинжлэх ухаанч тооцоо судалгаатай, бодит эдийн засгийн сектор, өрсөлдөөнийг дэмжсэн, өсөлтийг хүртээмжтэй болгосон, хүртээмжтэй өсөлтөө тогтвортой болгодог хөгжлийн эдийн засгийн томоохон онол, практикийн концепци байдаг. Энэ дагуу бүх бодлого шийдвэр явж байх ёстой. Энэ чиглэрээр төсөв, мөнгөний бодлого болон эдийн засгийн бусад бодлогууд, ажлаа хариуцсан албан тушаалтнууд, Санхүүгийн зохицуулах хороо, Монголбанк, Сангийн яам болон бусад эдийн засгийн хөгжлийн чиглэлийн салбарынхаа удирдлагуудтай түлхүү хамтарч ажилласан.

-УИХ-д бүрэн эрхийн дөрвөн жилийн хугацаа дуусч байна. Дөрвөн жилийн өмнө Таныг УИХ-ын гишүүн болоход Монгол Улс эдийн засгийн хувьд тун амаргүй байдалтай байсан. Эдийн засгийн ухааны доктор хүний хувьд хэтийн төлөвийг юу гэж харж байна вэ?

-Анх УИХ-ын гишүүнээр сонгогдонгуут Монгол Улс дампуурлаа зарлах хэмжээнд хүрсэн байсан. Олон улсын Moody`s агентлаг удаа дараа Монгол Улсын зээлжих зэрэглэлийг бууруулсан. Монгол Улсын валютын нөөц шавхагдан дуусч, хасах руу орсон. Их хэмжээний өр зээлд баригдсан, экспортын бараа бүтээгдэхүүнээ зохих ёсоор үнэ хүргэж борлуулж чаддаггүй ийм л нөхцөл байдал биднийг угтсан. Тиймээс хариуцлагажуулах асуудал дээр нэлээн ач холбогдол өгч анхаарсан. Санаачилгаараа Монголбанкийг шалгах ажлын хэсэг байгуулж, өөрөө ахалж, гурван их наяд төгрөгийн алдагдал бол хууль бус ажиллагаанаас болсон гэдгийг гаргаж ирсэн. Үнэ тогтворжуулах хөтөлбөр, санхүүгийн хэлэлцээрүүд, мөн эргэлзээтэй үйл ажиллагааны цаана хэрхэн хууль зөрчсөн, яагаад Монголбанк санаатай алдагдал хүлээв гээд асуудлууд гарч ирсэн. Ер нь санамсаргүйгээр алдагдал хүлээх боломжгүй, Монгол Улс заавал мэдэх боломжтой байхад энэ их мөнгөөр Монгол Улсыг хохироосон байна гэдгийг эдийн засаг, санхүүгийн анализ хийж тогтоох амаргүй ажил хийсэн. Гэхдээ энэ бүгдийг бид тогтоож чадсан, хууль хяналтын байгууллага руу шилжүүлсэн. Одоо зарим хүмүүсийн асуудал хууль, шүүхийн шатанд шалгагдаад явж байна. Энэ бол зөвхөн нэг хүнд хариуцлага тооцох гээд байгаа асуудал биш юм. Зөвхөн хэн нэгний араас шалгаж сайн мууг нь үзэх гээд байгаа юм биш. Энэ бол одоо ажил хариуцаж байгаа, цаашид ажил хариуцах хүмүүст хариуцлагагүй ажиллах юм бол монгол төрийн ой санамж байдаг юм байна, монгол төр мартдаггүй, араас нь нэхэл хатуутай ажилладаг юм байна, заавал хариуцлага тооцдог юм байна гэдэг ухамсрыг төлөвшүүлснээр урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх үйлст хүн болгон анхаарч хариуцлагатай ажиллах нөхцөл байдлыг бүрдүүлэх үндсэн зорилготой юм.

Categories
мэдээ цаг-үе

Л.Бямбасүрэн: УНТЭ-ийн чих, хамар хоолойн тасаг Монголдоо хоёр төрлийн шинэ технологийн мэс заслыг нэвтрүүллээ

Улсын нэгдүгээр төв эмнэлгийн Чих, хамар, хоолойн тасгийн эрхлэгч, Монголын чих, хамар,хоолойн эмч нарын нийгэмлэгийн тэргүүн, АУны доктор Л.Бямбасүрэнтэй ярилцлаа.


-УНТЭ-ийн хувьд чих, хамар хоолойн мэс заслын шинэ технологийг нэвтрүүлээд байгаа гэсэн. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юү?

-Манай эмнэлгийн хувьд эмнэлгийн тусламж үйлчилгээ, эмчилгээн дээр олон талаараа анхдагч байсаар ирсэн. Тухайлбал манай чих, хамар, хоолойн тасгийн хамт олон Монгол Улсын чих, хамар, хоолойн мэс заслын хөгжилд хоёр ч шинэ технологийг нэвтрүүлээд байна. Энэ нь хамрын таславчийн цоорхой нөхөн сэргээх болон хамрын хөндийн доод самалдаг шилжүүлэн суулгах мэс заслууд юм. Уг мэс заслуудыг эх орондоо хийдэг болсноор иргэд маань хямд зардлаар дэлхийн түвшинд хүрэхүйц үр дүн бүхий мэс заслын үйлчилгээг авах нөхцөл бүрдэж байгаа юм.

Өмнө нь 2010 онд америк эмч нар уг мэс заслыг манай улсад хоёр тохиолдолд хийсэн боловч амжилтгүй болсон. Улмаар бид 2017 онд Америкийн чих хамар хоолойн нийгэмлэгийн олон улсын эрдэм шинжилгээний сэтгүүлд таславчийн цоорхойг нөхөх шинэ аргын тухай өгүүлэл хэвлүүлсэн байсныг уншиж танилцаад уг мэс заслын арга техникээр үйлчлүүлэгчээ бэлтгэн мэс заслыг амжилттай хийсэн. Одоогийн байдлаар 15 иргэнд уг мэс заслыг хийхэд 13 нь амжилттай болсон. 2019 оноос манай баг хамт олон хамрын таславчийн цоорхойг нутагшуулсан гэж хэлж болно.

Хамрын мэс засал нь бага зайд жижиг хүрцээр хийдэг микро мэс засал юм.

-Манай улсад ийм оноштой иргэд хэчнээн байдаг вэ?

-Сүүлийн үед энэ төрлийн оноштой иргэд ихэсч байна. Ялангуяа агаарын бохирдолтой холбоотойгоор сүүлийн 10 жилд нэлээдгүй өссөн. 1990-ээд онд анх Нэгдүгээр төв эмнэлэгт ажиллаж байхад цоорхойтой хүн жилдээ нэгээс хоёр л байдаг байсан бол одоо жилд дунджаар 20-30 хүнийг үзэж оношилж,мэс заслыг хийж байна. Сайн дурантай байснаар мэс засал сайн хийгддэг. Мөн эмч нарын гарын эв дүй, ур чадвар их шаардагддаг.

-Манай улсад уг мэс заслыг хэр өндөр өртгөөр хийдэг вэ. ЭМД-ын 75 хувийн хөнгөлөлтөд хамрагддаг уу?

-Таславчийн цоорхойн мэс засал нь амь насанд эрсдэлтэй ч юм уу тахир дутуу болгох эмгэг үүсгэдэггүй учраас өндөр өртөгт мэс заслын 75 хувийн хөнгөлөлтөд ордоггүй. Тухайн хүний дурангийн хагалгаанд хэрэглэдэг нэг удаагийн хэрэгслүүдийн өртөг болох нэг сая гаруй төгрөгт багтдаг. Харин гадаад улсад энэ төрлийн мэс заслыг 10 мянган доллараар хийдэг. Зарим иргэд гадаадад энэ мэс заслыг хийлгээд дахин цоорсон тохиолдол ч манай дээр ирж байсан. Бид тухайн иргэнд дахин мэс засал хийж амжилттай болсон. Манай багт өнөөдрийн байдлаар 2,5-2,8 см-ийн хэмжээтэй том цоорхойг амжилттай нөхсөн сайн үр дүн байна.

-Иргэд маань хамрын таславч цоордог энэ өвчнөөс хэрхэн урьдчилан сэргийлэх вэ?

-Манай орны хувьд цаг агаар хуурайшилттай учраас хамрын доторх хөндий хуурайших, хамраа ухаж гэмтээснээр таславчаа таслах эрсдэл үүсдэг. Хамрын таславч цоороод ирэхээр хамрын урд хэсгээр хонхойн суулт өгдөг. Суулт өгснөөр эрүүл мэндийн болон гаднах төрхийн хувьд ч хохирол үүсдэг учир яаралтай мэс ажилбарт орох нь хамгийн чухал. Хамрын таславч цоорох эмгэг нь хамар ухах зуршил, хамрын хөндийд стеройд цацлагыг удаан хугацаагаар хэрэглэх, химийн ууршимтгай бодисоор удаан хугацаагаар амьсгалах гэх мэт олон төрлийн шалтгаануудаас болж үүсдэг. Хамрын таславчийн цоорлын үед 40 хувьд нь ямар нэгэн шинж тэмдэг илэрдэггүй боловч, үлдсэн 60 хувьд нь хамар битүүрэх, тав үүсэх, амьсгалахад шүгэлдэх чимээ гарах, өвдөх зэрэг эмнэл зүйн шинж тэмдгүүд гардаг. Иргэнд дээрх шинж тэмдгүүд илэрсэн бол эмнэлгийн байгууллагад яаралтай хандах нь урьдчилан сэргийлэх хамгийн зөв арга юм шүү.

-Хоёр дахь нэвтрүүлсэн шинэ технологийн мэс засал болох хамрын хөндийн доод самалдаг шилжүүлэн суулгах талаар тодорхой ойлголт өгөхгүй юү?

-Хамрын самалдагны доод махыг авахуулснаар хамрын чийгшил алдагдах, хөндүүрлэн зовиурлах, амьсгалахад янгинаж өвдөх зэрэг хувь хүнд зовиур шаналгаа ихтэй эмгэг үүсдэг. Хамрын самалдаггүй болсон хүнд хавирганы мөгөөрснөөс хэсгийг авч хамрын самалдагт суулгах нөхөн сэргээх мэс заслыг 56 настай эрэгтэйд энэ оны гуравдугаар сарын 10-ны өдөр анх удаа амжилттай хийсэн.Товчхондоо өөрөө алга болсон болон ямар нэг мэс заслын үеийн хүндрэлээс үүсэн байхгүй болсон хамрын хэсгийг шинээр суулгаж байна гэсэн үг.

Уг мэс заслыг хийх болсон нь нэлээд урт түүхтэй. 2018 онд солонгос профессор Европын чих, хамар, хоолойн том хуралд ийм оноштой хүнд мэс засал хийсэн тухайгаа илтгэсэн зураг, видеогоо танилцуулсан. Тухайн илтгэлд мэс заслын процесс болон бусад зүйлсийг нэг бүрчлэн танилцуулж хэсэг тус бүрийг нарийвчлан заасан онлайн хичээл байршуулсан бөгөөд тухайн хичээлийг үзэж, мөн энэ төрлийн эрдэм шинжилгээний өгүүллэгүүдийг маш нарийн судлаад Монголдоо хийх боломжтой юм байна гэж үзсэн. Солонгос багшийн хичээл дээр ийм өвчтэй нэг иргэн өвчнийхөө улмаас стресст өртөж түүнийгээ давж гарч чадалгүй амиа хорлосон тухай дурдсан. Эндээс хамрын самалдаггүй хүн ямар их дарамт, өвчнийг мэдэрдгийг ойлгож болно.

-Өнөөдрийн байдлаар тасагт хэчнээн төрлийн хагалгаа хийгдэж байна вэ?

-Зөвхөн хамарт л гэхэд хамрын хөндийн дурангийн, хамрын дайвар хөндийн дурангийн, хамрын хөндийн ургацаг авах, гоо сайхны, хамрын таславчийн мурийлт засах, хамрын самалдаг засах, хамрын ясны хугарал засах зэрэг нийт 30 төрлийн мэс заслыг хийж байна. Чихний 20 гаруй, чих, хамар хоолойн нийт 70 гаруй төрлийн мэс заслуудыг хийж байна.

-Монголын чих, хамар, хоолойн мэс заслын хөгжлийн ирээдүйг хэрхэн төсөөлж байна вэ?

-Миний бие “Монголын чих хамар хоолойн нийгэмлэг”-ийн тэргүүнээр ажилладаг. Манай чих, хамар, хоолойн эмч нар олон улсын эмч нартай эн тэнцэхүйц мэдлэг, туршлагатай болсон. Үүний илрэл нь эмч нар маань олон улсын хурал, семинаруудад урилгаар илтгэл тавьдаг, олон улсын томоохон сэтгүүлүүдэд эрдэм шинжилгээний нийтлэлээ нийтлүүлдэг болсон. Өмнө бид бусдын ярихыг л сонсдог байсан бол өнөөдөр үр дүнгээ хуваалцан, харилцан туршлага солилцох чадвартай болж олон улсын эмч нартай нэг түвшинд байгаа нь бидний ахиц, дэвшил юм.

Чих, хамар, хоолойн мэс засал нь маш олон эрхтнийг хамарсан, шинж тэмдгүүд бүдэг, хэтэрхий нарийн жижиг бүтцэд мэс засал хийгддэг. Энэ төрлийн мэс заслыг нүдээр хараад хийх боломжгүй байдаг тул эмч нар маань их олон жилээр бэлтгэгддэг. Нэг мэс заслыг 30 удаа хийхэд тухайн эмчийг анхны мэдэгдэхүүнтэй боллоо, 100 удаа хийхэд эхний байдлаар сурч байна, 500 удаа хийхэд гаршиж байна гэж үздэг. Манай салбарын мэс засалчид маш өргөн мэдлэгтэй, гар хурууны нарийн ур чадвартай байх шаардлагатай байдаг.Хамгийн гол хүчин зүйл нь хүний нөөц болсон эмч нар маань их залуужиж байгаагаас гадна гадаад хэлний өндөр боловсролтой болсон. Мөн 2010 оноос хойш бүх зүйл нээлттэй болж цахимаар сургалт, судалгааны ажлууд дэлхий даяар нэг хэл дээр түгээгдэж байгаа нь эмч нарт маань мэргэжлээрээ өсөн дэвжих боломжийг олгож байна. Арван жилийн дараахь манай салбарын эмч нарын мэдлэг, ур чадвар гайхалтай үр дүнг бий болгоно гэдэгт итгэж байна.

-Баярлалаа.

Categories
мэдээ цаг-үе

Мэргэшсэн мөрдөгчдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор дээд боловсролтой иргэдийг “Цагдаагийн ажил-эрх зүй” хөтөлбөрт хамруулна

ХЗДХЯ-ны харьяа Дотоод хэргийн их сургуулийн Цагдаагийн сургуулиас бакалавр болон түүнээс дээш боловсролтой иргэдэд зориулсан “Цагдаагийн ажил-эрх зүй” бакалаврын хоёр жилийн мэргэшүүлэх хөтөлбөрийг хэрэгжүүлж байгаа. Тус их сургуулийн элсэлт, сургалтын үйл ажиллагааны талаар ДХИС-ийн Цагдаагийн сургуулийнЭрүүгийн процессын эрх зүйн тэнхимийн эрхлэгч, цагдаагийн хурандаа Б.Эрдэнэбаттай ярилцлаа.


-Дээд боловсролтой иргэдэд зориулсан “Цагдаагийн ажил-эрх зүй” бакалаврын хөтөлбөрийн талаар танилцуулахгүй юу?

-Монгол Улсын Засгийн газрын тус их сургуулийн талаар авах зарим арга хэмжээний тухай тогтоолоор, их сургуулийн сургалтын агуулга, чанарт ахиц гаргах, сургалтын бодлого, тогтолцоог олон улсын жишигт нийцүүлэх үүргийг Дотоод хэргийн их сургуульд хүлээлгэсэн. Мөн Засгийн газрын 2016-2020 оны мөрийн хөтөлбөрт “… Дээд боловсролын эрх зүйн орчинг боловсронгуй болгож, төрийн их, дээд сургуулийн бие даасан байдлыг нь хангах, хөдөлмөрийн зах зээлийн эрэлт, хэрэгцээг баримжаалсан мэргэжилтэн бэлтгэх, стандартад суурилсан чанарын хяналтын бодлого, төлөвлөлтийг хэрэгжүүлэх, судалгаанд суурилсан их сургуулийг хөгжүүлэх нөхцөлийг бүрдүүлнэ”гэж тусгасны дагуу Дотоод хэргийн их сургуулиас “Цагдаагийн ажил-эрх зүй” бакалаврын хөтөлбөрийн хүрээнд эрх зүйн бус бакалаврын боловсролтой иргэдэд зориулсан “Цагдаагийн ажил-эрхзүй” мэргэшүүлэх хоёр жилийн хөтөлбөр боловсруулан хэрэгжүүлж энэ онд анхны төгсгөлтөө хийх гэж байна.

Тус хөтөлбөрийн хүрээнд Үндэсний аюулгүй байдал, нийгмийн дэг журам, иргэдийн аюулгүй байдлыг хангах мэргэжлийн үйл ажиллагааг хэрэгжүүлэхдээ нийгэм, хүмүүнлэг, байгалийн ухааны онолын суурь мэдлэгийг ашиглах чадвартай, гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг хангах цагдаагийн албаны чиг үүргийг хэрэгжүүлэх чадварлаг хүний нөөцийг бэлтгээд байна.

Тодруулбал, эрх зүйн болон мэргэжлийн мэдлэг, ур чадварыг бүрэн эзэмшсэн, үндэсний эх оронч, хууль дээдлэх, шударга ёс, хүний эрх, эрх чөлөөг хангах үзэл төлөвшсөн, эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл зүйн болон ёс зүй, харилцааны урчадварын шаардлагыг хангасан, мэдлэг, ур чадвараа тасралтгүй дээшлүүлж, технологи, арга зүйн өөрчлөлтөд зохицон өөрийгөө хөгжүүлэх чадвартай цагдаагийн алба хаагчийг бэлтгэх нь тус хөтөлбөрийн онцлог гэж болно.

-“Цагдаагийн ажил-эрх зүй” мэргэшүүлэх сургалтын талаар тодруулаач?

-“Цагдаагийнажил-эрх зүй” мэргэшүүлэх хөтөлбөр нь эдийн засаг, нябо-бүртгэл, инженерчлэл, байгалийн шинжлэх ухаан, математик, мэдээлэл харилцаа холбооны инженер гэх мэт бакалаврын боловсролтой иргэдэд гэмт хэрэгтэй тэмцэх, криминалистик, шинжлэн магадлахуйн болон мөрдөн шалгах ажиллагаа, хэргийн газрын үзлэгийг удирдан явуулах, мөр, эд мөрийн баримтыг илрүүлж, бэхжүүлэх, оношлогоо, шинжилгээ хийж дүгнэлт гаргаж, гэмт этгээдийг эрэн сурвалжлах, илрүүлэх, мөрдөн шалгах ажиллагаа явуулах, эрх зүйн зөрчилтэй тэмцэнэ. Мөн шинжлэн магадлахуйн ухааны мэдлэгтэй шинжилгээний тодорхой чиглэлээр магадлагаа, дүгнэлт гаргах чадвартай, сэтгэл зүй, ёс зүй, харилцааны ур чадвартай мэргэшсэн алба хаагчийг бэлтгэхэд чиглэгдэнэ.

Цаашилбал, практикт экологи, эдийн засгийн эсрэг болон цахим гэмт хэрэг, мансууруулах, сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэлийг зарж борлуулах зэрэг илрүүлэхэд нарийн мэргэжил, мэргэшил шаардах гэмт хэргүүдтэй тэмцэхэд энэ чиглэлийн мэргэжил эзэмшсэн, мэргэшсэн мөрдөгч нар дутагдалтай байгаа. Иймд мэргэшсэн мөрдөгчдийн тоог нэмэгдүүлэх зорилгоор дээд боловсролтой иргэдийг “Цагдаагийн ажил-эрх зүй” хөтөлбөрт хамруулна. Энэ хөтөлбөрт суралцагчийг анхны мэргэжил, суралцах хугацааны амжилт чанараас шалтгаалан шинжээч-мөрдөгч, замын хөдөлгөөний гэмт хэрэг мөрдөгч, эдийн засгийн мөрдөгч, урьдчилан сэргийлэх чиглэлээр мэргэшүүлэн сургана.

-Дээд боловсролтой иргэд тус хөтөлбөрт хамрагдсанаар төгсөөд ажлын байранд шууд томилогдох уу?

-“Цагдаагийн ажил-эрх зүй” хөтөлбөрт хамрагдсан төгсөгчид цагдаагийн албаны чиг үүргийг хэрэгжүүлэхэд шаардлагатай эрх зүйн болон мэргэжлийн мэдлэг, ур чадварыг бүрэн эзэмшсэн, эрүүл мэнд, бие бялдар, сэтгэл зүйн болон ёс зүй, харилцааны ур чадварын шаардлагыг хангасан, цагдаагийн дэслэгч цолтойгоор офицер орон тоонд шууд томилогдон ажиллана.

-Иргэдийг “Цагдаагийн ажил-эрх зүй” хөтөлбөрт хамруулах шалгуур нь юу вэ?

-Тус хөтөлбөрт элсэгчдэд дараахь нийтлэг шаардлага тавигдана. Тухайлбал, өмнө нь төгссөн бакаклаврын дипломын голч дүн 2,4-өөс доошгүй байна.

Элсэхийг хүсэгч иргэд эдийн засаг, сэтгэл судлал, ня-бо бүртгэл, санхүү, банк, даатгал, байгалийн шинжлэх ухаан, математик, статистик, мэдээлэл, харилцаа холбооны технологи, инженерчлэл, үйлдвэрлэл, зохион бүтээгч, ХАА мал эмнэл зүй, эрүүл мэнд, цэрэг, батлан хамгаалахын мэргэжил эзэмшсэн бакалавр болон түүнээс дээш боловсролтой байх нь тавигдаж буй гол шалгуурууд юм.

Түүнчлэн эрүүл мэндээр цэргийн албанд тэнцэх, шивээсгүй, сорвигүй, сэтгэцийн хувьд эрүүл, бие бялдрын болон нүүрний хэлбэр төрөх зөв хөгжилтэй байна.

Мөн эрэгтэй 25 хүртэл насны 170 см буюу түүнээс дээш өндөртэй, ял шийтгэгдэж байгаагүй,мансууруулах эм сэтгэцэд нөлөөт бодисын хамааралгүй байх, ДХИС-ийн элсэлтийн шалгалт, цэргийн хэргийн бэлтгэл сургалтад хамрагдаж тэнцсэн байх шалгуурыг хангасан байна.

-Бакалавр болон түүнээс дээш боловсролтой иргэд “Цагдаагийн ажил-эрх зүй” хоёр жилийн хөтөлбөрийн бүртгэлд хэрхэн хамрагдах вэ?

-Юуны өмнө ДХИС-ийн www.uia.gov.mn цахим хуудасны элсэлт-элсэлтийн цахим бүртгэл гэсэн хэсэгт нэвтэрч, бүртгэлд хамрагдана. Бүртгэлийн хугацаа 2020 оны тавдугаар сарын 1-ний 8.00 цагаас зургадугаар сарын 26-ны 17.00 цаг хүртэл үргэлжилнэ.

Өмнө нь бакалаврын дипломтой, цаашид цагдаагийн байгууллагад ажиллах сонирхолтой залуусыг энэ хөтөлбөрт элсэн суралцахыг урьж байна. Төгсөгчийг хоёр жилийн дараа ажлын байраар баталгаатай хангана, суралцсан хугацааг цэргийн алба хаасан хугацаанд болон ажилласан жилд оруулан тооцдог давуу талтай.

-Энэ хөтөлбөрөөс гадна ДХИС шинэ хичээлийн жилд хэдэн мэргэжлийн чиглэлээр элсэлт авах вэ?

-Хууль зүй, дотоод хэргийн яамны харьяа агентлаг, байгууллагууд болон Шадар сайдын эрхлэх асуудлын хүрээний Онцгой байдлын байгууллагаас манай их сургуульд хүний нөөц, албан хаагчийг бэлтгэх захиалга ирүүлсний дагуу 2020-2021 оны хичээлийн жилд бакалаврын зэрэг олгох цагдаа, хил, онцгой байдал, шүүхийн шийдвэр гүйцэтгэл, эрх зүйн чиглэлийн нийт 12 хөтөлбөрт элсэлт авна.

-ДХИС оюутны хотхон хэлбэрээр хөгжиж, сургалтын орчноо сайжруулах чиглэлээр бүтээн байгуулалтын олон ажлыг хийж хэрэгжүүлж байгаа гэсэн?

-Их сургуулийг хотхон хэлбэрээр хөгжүүлэх ажлын хүрээнд 2013 онд 850 сонсогчийн дотуур байр, 2016 онд Их сургуулийн 3000 сонсогчийн хичээлийн төв байр, 2018 онд Гүнжийн хоолой дахь сургалт, дадлагын төвийг өргөжүүлж 720 м2 талбай бүхий 2 давхар, ус, цахилгаан, дулааны хангамжийг бүрэн шийдсэн сургалтын байртай болсон. Энэ ондоо “Номын сан, спорт цогцолбор” барилгыг ашиглалтад оруулах төлөвлөгөөтэй ажиллаж байна.

Их сургуулийн статустайгаар үйл ажиллагаа явуулсан сүүлийн цөөхөн жилийн дотор төр, засгийн дэмжлэгтэйгээр хичээлийн болон сонсогчийн байрууд, номын сан, спорт цогцолбор, сургалт-дадлагын төв, багш, албан хаагчдын орон сууц зэрэг олон байгууламж бүхий сургалтын таатай орчинг бүрдүүлж байгаа нь тус сургууль “Оюутны хотхон” хэлбэрээр хөгжих нөхцөлийг хангасан. Өнөөдөр сонсогч, оюутнууд суралцах, амьдрах ая тухтай орчинд байрлаж, төрийн тусгай албаны эрдэм ухаанд шамдан суралцах боломжтой болсон нь ирээдүйд чиглэсэн томоохон хөрөнгө оруулалт юм.

-Сургалтын орчныг сайжруулснаар практик байгууллагууд та бүхнээс их зүйлийг хүлээж байгаа. Сургалтын үйл ажиллагаанд ойрын ирээдүйд ямар шинэлэг алхмууд хийгдэх вэ?

-Сургалтыг илүүтэй амьдралд ойртуулсан нөхцөлд явуулах, практик байгууллагын өмнө тулгамдаж буй асуудлыг шийдвэрлэж чадахуйц хүний нөөцийг бэлтгэх шаардлага бидний өмнө оршиж байна. Үүнтэй холбоотойгоор академик сургалтыг прагматик сургалттай оновчтой хослуулах, түүнчлэн чадамжид суурилсан, асуудалд суурилсан, үр дүн, үйл ажиллагаанд суурилсан, судалгаанд суурилсан болон клиник, зайн сургалтын технологиудыг нутагшуулах ажил биднийг хүлээж байна. Эдгээрийг бий болгохын тулд лаборатори, кабинет байгуулах замаар сургалтын орчинг шинээр бий болгох, багшлах бүрэлдэхүүнийг бүрдүүлэх, заах арга зүйд суралцуулах зэрэг олон ажил шат дараатай хийгдэнэ. Сургалтын шинэ технологи эзэмших үйл явц нь багшлах бүрэлдэхүүн, профессорын багуудаас ихээхэн зүйлийг шаардана гэсэн үг. Өөрөөр хэлбэл, багш, судлаачдад тавих шаардлага өндөрсөнө гэж ойлгож болно.

-Их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны ажил хэр ахицтай байгаа вэ?

-Их сургуулийн эрдэм шинжилгээ, судалгааны ажилд тодорхой ахиц харагдаж байна. Өнгөрсөн цөөн жилүүдэд Их сургууль эрдэм судлалын ажлыг явуулах бие даасан бүтэц, бүрэлдэхүүнтэй болж, шинжлэх ухааны тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлж, судалгааны ажлын арга зүйг эзэмшсэн баг хамт олныг бүрдүүлж чадсан. Өнөөдөр эрдэм шинжилгээ, судалгааны ажлын тухайд том үр дүнг ярихад арай эрт байна. Багш, судлаачдын оюун санааны хүрээнд харин томоохон өөрчлөлт эхэлсэн гэж баттай хэлж болно.

Манай хамт олон шинэ мэдлэг бүтээх, түүнийгээ бүтээгдэхүүн болгох чиглэлээр, өөрөөр хэлбэл, инновацийн үйл явцад идэвхтэй оролцох болсныг би сэтгэлгээний томоохон өөрчлөлт гэж үздэг. Энэ чиглэлээр энэ судалгааны жилд хийхээр олон ажлыг төлөвлөсөн. Гарааны компанийн үйл ажиллагааг жигдрүүлж, үйлдвэрлэлийн дэд бүтцийг бүрдүүлэх тодорхой алхмуудыг хийнэ. Ингэснээр Их сургууль маань “эрдэм шинжилгээ-сургалт- үйлдвэрлэл” гэсэн хэв шинжид шилжих нөхцөл бүрдэнэ.

Тус Их сургуулийн эрдэм шинжилгээний хүрээлэн, бүрэлдэхүүн сургууль, судлаачдын явуулж буй зарим судалгааг би дурдъя. Нийгмийг түгшээж байгаа олон асуудлыг шийдвэрлэх гарц, шийдлийг олохоор манай судлаачид ажиллаж байна. Хүрээлэн буй орчны эсрэг гэмт хэрэг, замын хөдөлгөөний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэг, насанд хүрээгүй хүүхдийн бэлгийн мөлжлөг, гэр бүлийн хүчирхийлэл, хулгайлах гэмт хэрэг, орон нутагт үйлдэгдэж буй гэмт хэрэг, хүн худалдаалах зэрэг гэмт хэргийн гаралт, түүний динамик, шалтгаан, нөхцөлийг тодорхойлох судалгаанууд, хилийн аюулгүй байдал, тал, хээр, ой, объектын түймрийн эрсдэл, урьдчилан сэргийлэх ажил, үер, усны ослын эрсдэлийн судалгаа гэх мэт олон судалгааг нэрлэж болно.

Манай Их сургуулийн Эрдмийн зөвлөл саяхан хуралдаж их сургуулийн хөгжлийн хэд хэдэн асуудлыг хэлэлцэж шийдвэр гаргалаа. Ирэх хичээлийн жилээс эхлээд докторын сургалтын өдрийн хэлбэрийг туршиж үзэх нь зүйтэй гэж үзлээ. Иймд докторын эчнээ сургалтын зэрэгцээ сургалтын өдрөөр явуулах хэлбэр бий болгох санал боловсруулаад байна. Докторын сургалтыг өдрийн хэлбэрээр явуулснаар сургалтад хамрагдаж буй албан хаагч үндсэн ажлаасаа түр чөлөөлөгдөж тус Их сургуульд гурван жилийн хугацаанд тасралтгүй суралцан, боловсролын докторын зэрэг хамгаалах боломжтой болох юм.

-Танай Их сургуулийн гадаад хамтын ажиллагаа хэр эрчимтэй хөгжиж байна. Гадаадын хэдэн их, дээд сургуультай хамтран ажилладаг вэ?

-ДХИС 10 гаруй орны 20 орчим их, дээд сургууль, эрдэм шинжилгээний байгууллагатай байнгын хамтын ажиллагаатай. Эдгээртэй бид багш солилцоо, оюутан солилцооны болон хамтарсан судалгааны хөтөлбөрийг хэрэгжүүлж байна. Цаашид сургалтын хамтарсан хөтөлбөрийг хэд хэдэн их сургуультай хэрэгжүүлэхээр бэлтгэл ажлаа хангаж байна. Манай их сургуульд суралцах хүсэлтийг гадаадын иргэдийн зүгээс илэрхийлэх болсон нь биднийг хүлээн зөвшөөрч байна гэсэн үг.


Categories
мэдээ цаг-үе

Ж.Батбаатар: Хэдий “оймсчин” ч бай, иргэнийхээ нэр төр, эрхийг хамгаалах нь төрийн үүрэг

МСНЭ-ийн дэд ерөнхийлөгч, доктор Ж.Батбаатартай уулзаж хүний эрх, хэвлэл мэдээллийн эрх зүйн орчин, Хэвлэлийн эрх чөлөөний хуулийн тухай асуудлаар ярилцлаа.


-Хэвлэл мэдээллийн эрх зүйн орчинтой холбоотой тулгамдаж буй асуудлуудаас яриагаа эхлэх үү?

-Хэвлэл мэдээллийн хууль,эрх зүйн орчин, түүний зохицуулалт бол хүний эрх, тэр тусмаа ардчилсан нийгмийн чухал үнэт зүйл болох иргэний үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний тухай асуудал юм. Тийм учраас бусад салбартай тэр бүр адилгүй хүний эрхийн мэдрэмжтэй, нарийн зохицуулалт шаардаж байдаг. Дан ганц Хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль ч биш дээрх эрхтэй хамаарал, холбогдолтой хуулиудын зохицуулалтаас ч ихээхэн хамаардаг. Ганцхан жишээ хэлэхэд, Зөрчлийн тухай хуулийн гүтгэх, доромжлохтой холбоотой 6,21 гэж заалт үндсэндээ хэвлэл мэдээлэлд тавьсан эдийн засгийн цензур болж олон редакц, сэтгүүлчийг их хэмжээний торгуулийн ял, зэмд унагаж хохироолоо.Их хурлын гишүүний хэлсэн үг, хийсэн мэдэгдлийг дамжуулсан хэвлэл ч хүртэл энэхүү Зөрчлийн тухай хуулиар худал ташаа мэдээлэл тараасан хэргээр цагдаад дуудагдахад хүрсэн. Тухайн эх сурвалж нь өгсөн мэдээллийнхээ төлөө хууль, ёс зүйн хариуцлага хүлээх чадвартай эсэх тухай ярьсан бол өөр хэрэг, гэтэл мянга мянган иргэдээ, биднийгээ төрд төлөөлж байгаа субьектийн хэлсэн, ярьсныг худлаа байна гэж үзэхээрээ зүгээр л дамжуулсан хэвлэлтэй нь хариуцлага тооцоход хүрч байгаа бол тэр ямар ч эргэлзээгүйгээр буруу хууль, буруу зохицуулалт юм.

Магадгүй Их хурлын гишүүн чуулган дээр ч юм уу хэлсэн үгнийхээ төлөө хариуцлага хүлээдэггүй байх, тэгвэл тэр хариуцлагыг нь хэвлэл хүлээх ёстой юу, гишүүдийн өгсөн мэдээлэл, хэлсэн үг үнэн эсэхийг шалгаж, нотолсон хойноо л нийтэлж, нэвтрүүлэх үүрэгтэй юу гээд олон асуулт гарч ирнэ ээ дээ.Тэгвэл энэ бүхэн чинь чөлөөт хэвлэлийн өөрийн нэгэнт тогтсон мэргэжлийн дүрэм журмаараа явдаг зүйл.

Сэтгүүл зүйн мэдээлэлд заавал эх сурвалжтай байх мэргэжлийн шаардлага тавигддаг нь санаандгүй зүйл биш, тухайн эх сурвалжид мэдээллийн бодит байдлын хариуцлагыг давхар ногдуулж байдаг онцлогтой, үүнээс гажуудуулах ямар ч зохицуулалт байх боломжгүй.Хуулийн энэ заалт нь ардчилсан нийгмийн бие даасан чухал институци чөлөөт хэвлэлд учруулсан нэг төрлийн дарамт, хэвлэлийн чөлөөнд халдсан, эрхийн мэдрэмжгүй муйхар зохицуулалтын нэг байсан.

Ер нь хууль төдийгүй хэвлэлд, төрд, нийгэмд бүхэлдээ эрх, хүний эрхийн мэдрэмж гэдэг зүйл илт үгүйлэгдэж байгаа.

Саяхан энэ заалтыг өөрчлөөд Эрүүгийн хуулинд оруулсан нь бас л ихээхэн маргаан мэтгээн дагуулж байна. Энэ бүхэн чинь ерөөсөө хэвлэлийн эрх чөлөө, чөлөөт хэвлэлийн үйл ажиллагаатай холбоотой аливаа эрх зүйн зохицуулалт хичнээн нарийн төвөгтэй зүйл болохыг л харуулаад байгаа юм.Түүнээс сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн салбарынхан л тусгай эрх эдлэх гээд, хуулиас гадуур байх гээд байгаа хэрэг огтхон ч биш.

-Та сая манай хэвлэлээс авахуулаад төрд ч хүний эрхийн мэдрэмж ихээхэн дутагдаж байгаа тухай хэллээ. Үүнийгээ тодорхой баримт дээр дэлгэрүүлж ярьж болох уу?

-Бишгүй л бий. Нөгөө тоталитар дэглэмийн үеийн сэтгэлгээ, арга барил хадгалагдсаар байгаатай холбоотой байх. Хэн нэгэн гэмт хэрэг үйлдсэн бол хуулийн дагуу түүндээ тохирсон ял шийтгэлээ л хүлээх ёстой байдаг шударга, ардчилсан зарчим олонтаа зөрчигдөж байна. Жишээлбэл, танай сониноор ч яригдаад байсан даа, төрийн тодорхой байгууллагад л байх ёстой мэдээлэл болох авлигын мөнгөө оймсондоо нуусан этгээдийн үйлдэл, дүрсийг олон нийтийн сүлжээ, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нийтэд тараасан тухай. Бидний өнөөгийн байгаа байдал, хүний тодорхой эрхийн зайлшгүй хамгаалалт нэг ийм л түвшинд.

Гэтэл хар тамхины хэрэгт холбогдсон манай иргэнийг саяхан Германы шүүхээр орохоор ирэхэд нь хэвлэлийнхэн зураг авах үед харгалзагч нь барьж яваа сониноороо нүүрийг нь хааж халхалж байгаа зураг хэвлэлээр тарсныг бид харсан. Шүүхээр яллагдах гэж байгаа, гадны иргэн ч гэлтгүй хүн л бол хүн, хүний эрхийг дээдлэн хамгаалах нь тэндхийн төр, төрийн ажилтны үүрэг ажээ. Соёл, төлөвшил, хандлагын ялгаа эндээс л харагдана.

Ардчилсан нийгэмд ерөөсөө ямар нэг гэмт хэрэгтэн, тэр хэдий “оймсчин” ч бай иргэнийхээ эрх, нэр төрийг хамгаалах нь төрийн үүрэг юм. Тэр “нүүр хийх газар”-гүй болтол нь ичээж цээрлүүлэх, бусдад сургамж болгох гээд байгаа гэмтэнд чинь ч “амьд явах эрх” нь байгаа л бол хүний эрх, нэр төр нь бас хамт байдаг юм.Үүнээс гадна ямар ч буруугүй гэр бүл, ойр дотныхон нь буруутгагдах, ялгаварлагдах ёсгүй гэдэг ардчилсан зарчим үйлчилж, гэм зэмгүй тэдний эрхийг хамгаалах ёстой болохыг төр ч, хэвлэл мэдээлэл ч удирдлага болгох ажиллах ёстой. Ер нь иймэрхүү байдал цөөнгүй удаа давтагдахад тухайн гэмт хэргийг жигшүүлэх, үйлдсэн этгээдийг олон түмэнд шившиглэх замаар түүнийг бууруулна, таслан зогсооно гэж боддог нийгэм дэх хоцрогдсон сэтгэлгээ, түмний түрхэрээн ихээхэн нөлөөлж байгаа нь илт харагддаг. Магадгүй ийм нэмэлт маягийн шийтгэл, цээрлүүлэлт өнөөхөндөө олны таалалд нийцэж байж мэдэх ч, өнөөдөр муусайнуудыг өмгөөлж, хамгааллаа хэн бэ энэ гэж хараалгуулж загнуулсан ч хамаагүй, бид ирээдүйд илүү сайхан нийгмийг бий болгохын тулд иргэд нь жинхэнэ ёсоор эрхээ эдэлдэг, иргэний эрх, нэр төр нь хамгаалагддаг дархлаа, соёлын төлөө байхаас аргагүй юм.

-Бас иргэд, олон нийтэд ч хүний эрхийн ойлголт, мэдрэмж их дутагдаж байх шиг санагддаг?

-Тийм. Заримдаа ч юун хүний эрхийн мэдрэмж, гэм буруутай эсэх нь ч хамаагүй хэн хүнгүйг л зарла, шившиглэ, дүүжил, шатаа гэх нь “нийгмийн сүлжээ”-нд бол наад захын хэрэг. Тэгээд арай зүй зохист юм ярьсан нэгнээ гутаан доромжилно, нийтээрээ уулгалан дайрна. Зарим нь бүр захиалгатай, зохион байгуулалттай ч байна. Ийм хэтийдсэн байдал, сэтгэлгээ, суртхууны доройтол нь олон жил тогтносон үзэл суртлын нийгмийн улбаа, ардчилсан соёл, харилцааны уламжлалгүй явж ирсэн бидний түүх, олонхын маань гайхуулан бахархах дуртай шашингүйн үзэл, хүмүүжил гээд олон зүйл шалтгаантай л даа. Гэхдээ одоо бол энэ бүгдийн тухай биш иргэд маань бусдын эрхийг хүндэтгэдэг, хүний эрхийн боловсролтой, мэдрэмжтэй, эерэг хандлагатай болж төлөвшихөд төр их үүрэгтэй, хэвлэл чухал оролцоотой болох тухай л яриад байна. Ингэхийн тулд гэнэт өөрчлөгдөн мундаг болчих олон түмний ухамсарт итгэж хүлээх биш, тэр өөрчлөлтөд нь нөлөөлөх хууль эрх зүй, тэр тусмаа чөлөөт хэвлэлийн эрх зүйн орчин маань эхлээд хүний эрхэд суурилсан, хүний эрхийн нарийн мэдрэмжтэй байх явдал чухал юм.

-Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулинд өөрчлөлт оруулах эсэх тухай асуудал нэлээд яригдаж байна. Энэ тухай таны бодол, байр суурь…?

-Нийгэм, технологийн хөгжил, дэвшлийн улмаас мэдээлэл харилцааны салбар, тэр дундаа хэвлэл мэдээлэл ихээхэн өөрчлөгдөж эрх зүйн шинэ шинэ зохицуулалтууд хийх, хэвлэлийн эрх чөлөөг илүү өндөр түвшинд баталгаажуулах шаардлага ихээр бий болж байгаад эргэлзэх хэрэггүй. Хэвлэлийн эрх чөлөө их эмзэг зүйл учраас түүнийг хуульчлахад тун болгоомжтой хандахгүй бол үндсэн хуульд заасан иргэний язгуур эрх зөрчигдөх, хэвлэлийн бие даасан, хараат бус байдал хөндөгдөх улмаар Монгол Улс олон улсад яаж харагдах, хэрхэн үнэлэгдэх гээд маш олон асуудалтай холбоотой учраас муу хууль баталбал ихээхэн хор уршигтайг юуны түрүүнд бодох ёстой.

Гэхдээ хэт болгоомжлоод цаг нь болоогүй, илүү их судлах ёстой гээд суугаад байх биш, түрүүчийн хуулийг бүтэн 20 жил хэрэгжүүлж ирсэн туршлагаас алдаа, оноо нь юунд байна, одоо энэ харилцаанд зайлшгүй хэрэгтэй зохицуулалтууд юу байх вэ гэдгээ тодорхойлж, бусдын сайн жишгийг тусгаад шинэ орчин, нөхцөлд шинээр хуульчлан баталгаажуулах хэрэгцээ тулгамдсан байна. Бид 10-аад жилийн өмнө хоёр ч хуулийн төслийг баахан ярилцаад цаг нь болоогүй гээд буцааж байсан, хэзээ цаг нь болох вэ.

-Хэвлэл, мэдээллийн салбарынхан Хэвлэлийн эрх чөлөөний тухай хуульд оруулах нэмэлт өөрчлөлтөд санал авахаар сэтгүүлчдийн дунд хэлэцүүлэг явуулсан байх аа?

-Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах төсөл боловсруулах ажлын хэсэг ХЗДХЯ-нд байгуулагдаад нэлээд удаан ажиллаж хуулийн төслийн анхны хувилбарыг гаргасан юм билээ. Сэтгүүл зүйн салбараас энэ хуулийн төсөлд өгөх саналыг боловсруулах МСНЭ болон хэвлэл мэдээллийн төрөлжсөн байгууллага, холбоодын төлөөлөл өргөн оролцсон 20 гаруй хүнтэй ажлын хэсэг бас байгуулагдаад салбар салбарын сэтгүүлчидтэй уулзалт ярилцлага хийж саналуудыг нь боловсруулан хуульд тусгуулах зарим саналаа өгсөн, одоо ч цөөнгүй санал оруулахаар бэлтгэж байгаа. Энэ хаврын чуулганаар хууль хэлэлцэгдэж амжихгүй байлаа ч цаашид сайн хуультай болохын тулд сайн хэлэлцүүлэх хэрэгтэй юм.

-Хуулийн төсөлд хэвлэлийн эрх чөлөөг хамгаалахад тустай ямар ямар нааштай сайн заалтууд орсон бол?

-Өмнөх хууль батлагдаад олон жил өнгөрчихсөн учраас цаг хугацаа, хөгжил өөрчлөлтийн эрхээр зайлшгүй шаардлагатай болсон олон зохицуулалт туссан байгаа.Сэтгүүл зүйн хараат бус үйл ажиллагааны гол тулгуур болох сэтгүүлч мэдээллийн нууц эх сурвалжаа хамгаалах эрхийг хуульчлахаар тусгасан нь гол чухал зүйл. Мөн хэвлэл мэдээллийн бие даасан байдлыг хамгаалахад тустай хувьцаа эзэмшигч нь редакцтай хараат бус байдлын гэрээ байгуулах болон редакцид сэтгүүлч мэргэжлийн үйл ажиллагаагаа хараат бусаар явуулах нөхцөлийг байгууллагын дотоод журамд тусган хангах тухай, хэвлэл мэдээллийн байгууллагын эзэмшлийн ил тод байдлыг хангах асуудлыг нэлээд тодорхой тусгасан зэрэг олон дэвшилтэт зүйл, заалтууд туссан. Хэвлэл мэдээллийн ажлын хэсгийнхэн дотроо бас сэтгүүлчдийн дунд хэлэлцүүлэг явуулж саналуудыг яамны ажлын хэсэгт хүргэх замаар олон өөрчлөлт оруулж аль болох хэвлэлийн эрх чөлөө, хараат бус байдлыг хамгаалж чадах “амьд” хууль болгоход анхаарч байгаа юм. Тухайлбал, сэтгүүлчид, хэвлэлийг ялангуяа албан тушаалтнууд нийтлэл, нэвтрүүлгээр шүүмжилснийх нь төлөө хууль, хяналтын байгууллагад гомдол гаргаж удаан хугацаагаар шүүх, цагдаагийн үүд сахиулж нэг ёсондоо залхааж, мохоох арга хэрэглэх явдал их болсон учраас хэвлэл мэдээллийн эсрэг үндэслэлгүй гомдол гаргасан этгээд хуулийн хариуцлага хүлээдэг байх заалтыг оруулах саналыг сэтгүүлчид гаргаад явж байна.

-Сэтгүүлч мэдээллийн нууц эх сурвалжаа хамгаалах эрхийг хуульчлах нь яагаад чухал байдаг вэ. Зарим судлаач энэ хуулийн төслийн нууц эх сурвалжаа илчлэх шаардлагатай холбоотой хэсэгт шүүмжлэлтэй хандаж байна билээ?

-Чөлөөт хэвлэл, түүний мэдээллийн бодит байдал нь эх сурвалжийн өгсөн үнэ цэнэтэй мэдээлэл дээр тогтдог, олон нийтэд зайлшгүй хүргэх ёстой, аливаа чухал мэдээллийн эх сурвалж нь ил гарахыг хүсэхгүй, өөрийгөө нууцлахыг хүсэх явдал сэтгүүл зүйн практикт түгээмэл гардаг учраас нийгэм дэх аливаа болж бүтэхгүй зүйлийг илчилсэн, хэн нэг эрх мэдэлтний олон түмнээс нууцлах гэсэн мэдээллийг өгсөн ч юм уу, тэрхүү нууц эх сурвалжаа хамгаалах нь сэтгүүлчийн мэргэжлийн үүрэг байдаг. Сэтгүүлчийн энэ эрхийг ардчилал, чөлөөт хэвлэл хөгжсөн орнууд хуулиар хамгаалдаг, харин манайд өдий болтол хуульчлагдаагүй явж ирсэн нь хэвлэлийн хараат бус байдалд нөлөөлөх эрсдэлт хүчин зүйлийн нэг байсаар байна.Энэ заалтыг хуулинд оруулах нь шударга ёс, иргэдийн хүртэх мэдээллийн чанар, чөлөөт хэвлэлийн хөгжилд нэг том алхам болно.

Зарим талаар шүүмжлэлтэй хандаж байгаатай санал нэг байна.Хуулийн төслийн сэтгүүлч нууц эх сурвалжаа илчлэх тохиолдол, шаардлагад “…үндэсний аюулгүй байдал, хүний амь нас, эрүүл мэндэд бодит хохирол учруулахуйц гэмт хэргээс урьдчилан сэргийлэх үндэслэлтэй…” бол гэж байгаа нь хэт ерөнхийлсөн, олон улсад баримталдаг зарчмаас гажсан зүйл байгаа нь үнэн. Жишээ нь, үндэсний аюулгүй байдал их өргөн хүрээтэй ойлголт учраас юу хамаагүйг хамааруулаад сав л хийвэл эх сурвалжаа илчлэхийг шаардаад байвал ардчилал, хүний эрх, хэвлэлийн эрх чөлөөнд хохиролтой хэрэг болно. Бас олон улс оронд “нийгмийн эрүүл мэндийн болон олон нийтийн эсрэг гэмт хэргийг илчлэхэд зайлшгүй шаардлагатай бол…” гэж онцгойлон заадаг нь энэ хуулийн төсөл дэх “хүний амь нас, эрүүл мэнд” гэснээс хамаагүй ялгаатай болохыг анзаарч, тэрхүү жишгээр тусгаж байж сая нууц эх сурвалжийн хамгаалалт болж чадна гэдгийг ч бодолцох ёстой гээд олон зүйл бий.

-Тэгвэл хуулийн төслийн ямар заалтыг нь сэтгүүлчид, хэвлэл мэдээллийн байгууллагууд байж болохгүй гэж үзэж эсэргүүцээд байгаа юм бэ?

-Уг хуулийн төслийн Хэвлэл мэдээллийн өөрийн зохицуулалтын байгууллага гэсэн 13 дугаар зүйлд Хэвлэлийн зөвлөл байгуулах, тэр нь улсын төсвөөс санхүүждэг байхаар тусгасан байгаа юм. Мөн уг хуулийн дагаж мөрдөх журмын тухай хуулийнх нь төсөлд хууль хүчин төгөлдөр болсноос хойш 90 хоногийн дотор Засгийн газраас анхдугаар хурлыг нь сэтгүүлчдийн төлөөллийг оролцуулан хийж Хэвлэлийн зөвлөлийг байгуулахаар заасан байна билээ. Хэдийгээр хуулийн төсөл эцсийн хувилбараар гарч нийтэд хэлэлцүүлэгдээгүй байгаа боловч ингэж хэвлэл, мэдээллийн өөрийн зохицуулалтыг хуульчлах замаар төрийн зохицуулалт болгох нь, түүнийгээ төрөөс санхүүжүүлэх нь чөлөөт хэвлэл, хэвлэлийн хараат бус байдалд халдсан хэрэг, хэрхэвч байж болшгүй зүйл гэж сэтгүүлчид, редакциуд үзэж байгаа. Хэрвээ ийм байгууллага байхаар оруулах юм бол хэвлэлийн эрх чөлөөний хуулийн хэлэлцүүлгийг бүхэлд нь эсэргүүцэх, батлуулахын эсрэг байх болно гэдгээ олон удаагийн санал авах хэлэлцүүлэгт оролцсон сэтгүүлчид, мэргэжлийн холбоод илэрхийлсэн. Хэвлэл, мэдээллийн салбарынхан ихэд болгоомжтой хандаад байгаагийн учир нь хэдийгээр эрх зүйн орчны зарим зохицуулалт чухал байгаа ч муу хууль гаргачихвал иргэд, олон нийтийн нүд чих, шударга үнэний дуу хоолой болж тэртэй тэргүй эрсдэлтэй нөхцөл, элдэв дарамтан дунд ажилладаг чөлөөт хэвлэлийг бүр “хуулийн дагуу” эрсдэлд оруулах юм болчих вий гэдэг болгоомжлолоос үүдэж байгаа юм.

Ерөөсөө манайд хэвлэлийн өөрийн зохицуулалтын байгууллага буюу Хэвлэлийн зөвлөл бусад орнуудын жишиг, туршлагаар байгуулагдаад ажиллаж байхад түүнд хөндлөнгөөс оролцох, хуульчлах гэх ямар ч шаардлага байхгүй. Чөлөөт хэвлэлийн хэвийн үйл явцад хөндлөнгөөс оролцох ийм үйлдэл нь наад зах нь жил бүр олон улсын байгууллагуудаас тогтоодог манай улсын хэвлэлийн эрх чөлөөний индексийг унагааж, хэвлэлийн хагас эрх чөлөөтэй орноос хэвлэлийн эрх чөлөөгүй орны жагсаалтад шууд оруулах эрсдэлтэй.

Энэ чинь зүгээр нэг жагсаалтын тухай ч биш, тухайн орны засаглалын ардчилсан байдал, улсын гадаад нэр хүндийн илэрхийлэл, цаашлаад олон зүйлд шалгуур, хэмжүүр болж байдаг.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Коронагаас авч үлдэх сургамж, дадал

Хүн төрөлхтөн бий болсон цагаасаа маш олон зовлон бэрхшээлийг туулж өдийг хүрсэн. Нийтийг хамарсан дайн самуун, өвчин тахал, байгалийн гамшигт үзэгдлээс болж хэдэн зуун мянгаараа, сая саяараа хиарч байсан түүх бий. Гэсэн ч энэ бүх гай зовлонг давж гарахын тулд хүн төрөлхтөн улам ихийг сурч, илүү ихийг хийж байснаараа өнөөгийн түвшинд хүрч чаджээ. Өөрөөр хэлбэл, аймшигт цар тахал, дайн байлдааны хор уршиг өгүүлшгүй их боловч үүний дараа шинэ, шинэ соёл дэлгэрч, шинжлэх ухаан улам л хөгжсөн байдаг. 60 гаруй сая хүний амийг авч одсон дэлхийн хоёрдугаар дайны дараа л гэхэд цөмийн шинжлэх ухаан, сансар судлал, харилцаа холбооны салбар гэх мэт шинжлэх ухаан шинэ шатанд хөгжих эхлэлийг тавьжээ. Дэлхийн нэгдүгээр дайны дараа л гэхэд пулемёт, миномет болоод усанд шумбагч хөлөг онгоц, зэрэг байлдааны үйл ажиллагаанд урьд өмнө ашиглаж байгаагүй зэвсэг техник гарч ирээд зогсохгүй, цэргийн нисэх хүчний хөгжлийн эхлэл тавигдаж, тагнан турших болон сөнөөгч, бөмбөгдөгч онгоцны төрөл ангиуд үүсэн хөгжсөн байдаг. Харин дэлхийн нэгдүгээр дайны төгсгөл хавьцаа гарсан Испани ханиад дэлхийн 50-100 сая хүний амийг авч одсоноороо хүн төрөлхтний түүхэнд хамгийн их үхэл дагуулсан аймшигт халдвар хэмээн тэмдэглэгджээ. Энэ хөнөөлт өвчний талаар анх мэдээлэл түгээгээгүй дарсан нь олон сая хүнд халдах нөхцөлийг бүрдүүлсэн гэдэг. Мөн дэлхийн дайн ч нөлөөлсөн нь тодорхой. Олон зуун саяар нь хүнээ алдсаны дараа л Европ даяараа “Хичнээн хэцүү байсан ч ард түмнээсээ үнэнийг нуухгүй байх” хэрэгтэй гэдэгт санал нэгдсэн байна. Энэ үзэл баримтлалыг өдгөө соёлт хүмүүс мөрдлөг болгосоор байна.

Өнөөдөр дэлхийн улсуудад аюул болоод буй коронавирусээр олон мянган хүн эндээд байгаа ч хүн төрөлхтөнд бас нэгэн шинэ соёл хэвшүүлж, шинэ нээлтүүд гарч ирж байна. Хамгийн ойрын жишээ бол коронавирусийг анх гурав хоногт шинжилж тогтоож байсан бол өдгөө таван минутын дотор оношилж чадаж байна. Энэ нь анагаахын шинжлэх ухааны оношилгооны салбар хэрхэн хурдан хөгжиж, шинэ шинэ бүтээгдэхүүн шил даран гаргаж байгаагийн жишээ. Цаашид үүнээс ч илүү хурдан, хялбар оношилгоо эмчилгээний арга, хэрэгслүүд гарах нь дамжиггүй. Өнөөдөр Бээжингийн томхон дэлгүүр, үйлчилгээний төвүүд орж гарч байгаа үйлчлүүлэгчдийнхээ халууныг алсын зайнаас хэмжиж том дэлгэцээр харуулж байна. Халуунтай хүн байвал нэг алхам гишгүүлэхгүй мэдэх боломжтой гэсэн үг.

Монголчууд бид ч шинэ дадал, хэвшилтэй болоод, хэзээний ийм байсан мэт амьдарч байгаа. Бид гараа хэрхэн угаахыг шинэ түвшинд сурч байна. Мөн маск зүүх, нус цэрээ ил хаяхгүй, онц шаардлагагүй бол олноороо бөөгнөрөхгүй байх, ариун цэвэрч, шинэ хэв маягт бүгдээрээ л дасан зохицож эхэллээ. Яг энэ маягаараа хэвшил тогтоовол элдэв халдарт өвчин гарах магадлал буурдгийг бүгдээрээ харж байна. Өвөл, хаврын улиралд эмнэлгийн коридорт хүртэл багталцахгүй чихэлдэж, эмчлүүлдэг хүүхэд, хөгшид одоо алга. Он гараад коронагаас өөр нийтийг хамарсан өвчин гарсангүй. Өдөр тутмын амьдралдаа энэ бүхнийг хэвшил болоод дадвал бид элдэв маяггүй энгийн сайхан амьдарч чадах юм байна. Манай сонинд өгсөн судлаачийн ярианаас харахад өмнө нь 27-37 насны нэг, хоёр хүүхэдтэй гэр бүл долоо хоногт их сайндаа гурван удаа хоолны ширээний ард бөөнөөрөө суух боломжтой байж. Замын түгжрэл, гадуур хооллолт, хүүхдээ цэцэрлэг, аав ээжийнхээсээ авах хугацаа зэрэгт гэр бүлийн хамтдаа байх цагийн дийлэнх нь зарцуулагддаг байв. Харин одоо сургууль, цэцэрлэг ажиллахгүй, бага насны хүүхэдтэй ээжүүд гэртээ байгаа, ихэнх байгууллага онлайнаар ажиллаж эхэлсэн зэргээс болоод гэр бүлийн хамтдаа байх цаг нэмэгдэж, ядаж л орой бүр хамтдаа ярилцаж, хооллодог болсон гэж байгаа. Ингэснээр гэр бүлд эерэг дулаан уур амьсгал бүрдэж байна гэх.

Хүмүүсийн худалдан авалтад ч эерэг нөлөөлөл гарч байна. Дэлгүүрт ороод зөвхөн хэрэгтэй зүйлээ авдаг, эрүүл мэндийн дайсан гэгддэг хийжүүлсэн ундаа, чихэр, чипснээс татгалзаж эхэлжээ. Учир нь корона тусахгүй байхын тулд хүний дархлаа сайн байх ёстой. Дархлаа дэмжих эрүүл хүнсийг л гэрийн эзэгтэй нар сонгож байна.

Урьд жилүүдийн Цагаан сарын нүсэр золголт, дээл хувцас, өргөн хэсэлт ямар их мөнгө үрж, яаж ядраадаг байсныг одоо нийтээрээ ярьж байна. Цагаан сарыг өнөө жилийнх шиг тэмдэглэвэл их зүгээр юм гэж нийтээрээ л шагшиж байна. 2018 оны байдлаар манай 895.1 мянган өрхийн 64.0 хувь буюу 572.6 мянган өрх Цагаан сарын баярыг өргөн дэлгэр тэмдэглэдэг байжээ. Судалгаагаар нэг өрхөөс дунджаар Цагаан сард 1.5 сая төгрөгийн зардал гаргадаг. Тавгийн идээ болон гарын бэлэгт улсын хэмжээнд 845.1 тэрбум төгрөгийн зардал гардаг. Харин бэлгийн 80.0 орчим хувийг импортын бүтээгдэхүүн зочиндоо бэлэглэж байгаа нь Монгол Улс Цагаан сарын баярт зориулж дунджаар 357.3 тэрбум төгрөг гадагш гаргадаг гэсэн тооцоо байна. Тэгвэл бид энэ жил гадагшаа ийм их мөнгө цутгасангүй. Гэхдээ л Цагаан сараа цомхон, тун дажгүй тэмдэглэчихсэн.

Мөн Эмэгтэйчүүдийн баяр, Цэргийн баяраас эхлээд хэн нэгнийхээ төрсөн өдрийг хүртэл хөөрч цэнгэлгүй, даруухан тэмдэглэж болдог гэдгийг мэдэж авлаа. Утга учиргүй олон хурал, семинар, үр дүн муутай хувийн болон ажил хэргийн уулзалтуудгүй бид амьдарч болоод л байна. Баасан гаригийн их архидалт, караоке дахь уулт байхгүй байсан ч амьдарч болж байгааг бид харж байна. Бааранд орж стрессээ тайлахгүй бол яаж амьд явах вэ гэж ярьцгаадаг нь худал болохыг мөн мэдлээ. Түүний оронд гэр орондоо эхнэр хүүхдүүдтэйгээ жаргал зовлонгоо хуваалцан инээхдээ инээж, уурлахдаа уурлаад бужигнаж байхад сайхан тайвширдгийг одоо л амьдралдаа үзэж байна.

Архидалт, байнгын хурал семинар, өглөө оройгүй худал үнэн ажил хийсэн нэр зүүж гэр орноосоо гадуур байх ямар их дарамттай байдгийг, энэ нь эрүүл мэндэд ямар их дайсантай байсныг хэдүүлээ мэдэж авсан нь чухал юм. Тэгэхлээр эрүүл байхыг хүсвэл өдөр бүр согтохгүй байхад л болдог юм байна. Эрүүл эр нөхөр хэрүүл хийдэггүй, эхнэртээ загнуулдаггүй, загнуулаагүй болохлоор хэрэлдэх хэрэг юу байна гэх мэтчилэн. Ийм байхад гэр бүлд энх тайван тогтож хүүхэд гарч тэнэхгүй, эхнэр үглэж яншихгүй амьдрал тэгшрээд явчихдаг гэдгийг энэ өвчний гайгаар ч гэх юм уу, золоор ч гэдэг юм уу мэдэж авлаа.

Ихэнх ажлыг цахимаар хийж болдог болчихоод байсныг одоо л хэрэгжүүлж үзэж амьдралд туршиж сурч байна. Хувь хүний харилцаа ч өөрчлөгдөж эхэлж. “Маскаа зүүгээч” гэвэл “Ямар сүртэй юм” гэж хялалзах хүн ч алга болов.

Энэ бүхнээ одоо бүгдээрээ бүр дадал, хэвшил болгоод авмаар байна. Ноднин тэмдэглэж чадаагүй юм гээд цагаан сар, наадмыг улам нүсэр хийх биш, хүндрэл чирэгдэл багатай өнөө жилийнх шиг хийж сурмаар байна.

Аз жаргалтай, амар хялбар амьдрахад нэг их олон зүйл хэрэггүй юм байна гэдгийг бид энэ өдрүүдэд мэдэж авч байна. Хамгийн гол нь эрүүл мэнд л чухал, эрүүл байвал бусад бүх зүйл аз жаргал юм байна гэдгийг мэдэж авсан нь энэ тахлын үеийн хамгийн гол олз юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Тэнэх донгоо хагас жил тэвччих ээ, монголчууд аа

Сүүлийн 30 жил буюу, гадаад паспорт эзэмших эрхтэй болонгуутаа монголчууд бүгд дэвэн дэлхийгээр хэрэн хэсч эхэлсэн. АНУ, Солонгос, Япон, Европын улсуудаас эхлээд хаа хол Африкийн оронд ч тууж л явдаг монгол хүн та, аюулт вирусийн халдварын энэ үед жолоогоо татах хэрэгтэй байна. Монголчуудыг гадаадад ямар их явдаг тухай шог яриа байдаг. Ямарсайндаа нэг өмнөд монгол хүн “монголчууд та нарыг гурван сая гэж буруу тоолсон байх аа. Гадаадад ямар олуулаа амьдарч байх юм” гэж дуу алдахав. Тэнд амьдардаггүй юм гэхэд, ганзагын наймаанаас эхлэлтэй наймаачид энд тэндээс бараагаа татаж давхилдана.

Дэлхийгээр дүүрэн монголчууд байгаад тогтохгүй дотооддоо улс орноороо асар их тэнэж зугаалж байна. Зам сайхан ч болсон юм байгаа, хүн бүр зээлийн унаатай болсон ч юм байгаа өвөл, зунгүй өглөө оройгүй адилхан хэрэн хэсч явдаг. Монголын дурын сум, дурын баг дээр очоод харахад УБ… дугаартай приус машин зогсож л байна. Хотоос ирсэн гийчид гэсэн үг. Аав ээж, ах дүү, хамаатан садан, найз нөхдийнхөөрөө хэсч байгаа хүмүүс. Бүр ямар ч хэрэггүй дэмий сэлгүүцэн давхиж ирсэн хүн ч тэнд байж л байдаг. Монголд суурин ажил хийх хүн тун цөөхөн болсон нь үүгээр батлагдана. Завтай хүмүүс л ингэж явдаг. Даяаршихын хэрээр мөнгө олох боломж ч элбэг болжээ. Бензиний мөнгөтэй болуут л приусэндээ суугаад жирийлгэж өгч байна.

Хөдөө хэсч чадахаа байлаа гэхэд Улаанбаатар дотроо зайгүй хөлхөнө. Өглөө Зүүн салаанд явж байсан хүн тун удалгүй Баянзүрхэд, өдөр нь хотын төв хавьцаа, оройхон Нисэхэд давхиж явна. Хотод мөнгө олох хамгийн хялбар арга бол таксинд явах. Зам мэддэг, мэддэггүй хамаагүй халтууранд давхисаар байгаад мөнгө хийдэг болохоор хэдэн мянгаараа ингэж явдаг. Монголчууд ийм л мөнхийн хөдөлгөөнд байдаг улс. Нэг хэсэг нь гадаадад, нөгөө хэсэг нь хөдөө гадаагүй, үлдсэн нь хот дотроо зогсоо зайгүй явж байдаг. Үүний тод жишээ нь, хэдхэн өдрийн өмнөх хөл хорио байлаа. “Цагаан сараар хөдөө гадаа битгий яваарай, автомашины хөдөлгөөнийг хаана” гэж анхааруулсаар байтал хэдэн мянгаараа хөдөө гарч давхицгаасан. Хөл хориог үргэлжлүүлэн тав хоног сунгахад мөн л түмэн зовлон тоочин хот руу орох, хотоос гарах машин тасраагүй гэж байгаа. Бүр ядаад хот руу орох гэж гэдсэндээ даавуу чихэн жирэмсэн болж жүжиглэж байгаад баригдлаа шүү дээ. Хот хоорондын замын хөдөлгөөнийг нээсэн эхний хоногт 31998 тээврийн хэрэгслээр 108772 иргэн нийслэл хот руу орж, гарсан байна. Монголчууд ингэж л холхидог хүмүүс.

Дэлхий даяар аюулт тахал гараад хүмүүс бие биеэндээ халдаагаад одоо бүр цар тахлын хэмжээнд хүрч болзошгүй байна. Одоохондоо манай улсад энэ өвчин илрээгүй байгаа. Өвчин гараад бараг хоёр сар болчихоод байхад илрээгүй байна гэдэг бол дотооддоо байхгүй л гэсэн үг. Одоо гаднаас хүнээр тээвэрлэгдэн орж ирж болзошгүй гэж мэргэжилтнүүд анхааруулсаар удлаа. Тэгэхлээр бид гадаадад тэнэх донгоо хагас жил хэртэй тэвччихэд коронаг аюулгүй давчих боломж харагдаж байна. Эрүүл мэндийн байгууллагаас ч ингэж хэрэн хэсүүчлэхгүй, гэртээ суухыг байнга анхааруулсаар байгаа юм.

Коронавирусээр үүсч байгаа өвчин тоглоом биш гэдгийг бид нүдээрээ харж байна. Ийм өвчин туссан хүмүүс хэдэн мянгаараа нас барж байгаа мэдээг өдөр бүр сонсож байна. Энэ вирус хүний уушгийг гэмтээж, дэлүүг багасгаж, зүрхний булчинг задалдаг гэж эмч нар тогтоосон. Сүүлийн үеийн зарим эрдэмтдийн судалгаагаар коронавирусийн халдвар авсан л бол насан туршдаа тэмцэх шаардлагатай гэж баталж байна. ХДХВ-ийн халдвар авсан хүмүүс насаараа эм уудаг шиг л энэ вирусийн эсрэг насаараа эм, тариа хэрэглэх нь.

Монголчууд бид өөрсдийгөө нүүдэлчин удмынх, ийм ген цусанд маань шингээтэй энэ тэр гэж хөөрцөглөдөг. Ямар юмных нь цусанд шингэх вэ дээ, хэрэн хэсүүчлэх гэдэг бол ажилгүй хүний хийдэг зүйл. Ажилгүй зүгээр уйдаж суухаар явж л байвал сонирхолтой болоод тэр. Манайд суурин ажил хийдэг хүн тун цөөн. Том үйлдвэр байтугай үйлчилгээний төв цөөн. Тиймээс хэн нэг нь нүүр номдоо хээр хөдөө авахуулсан зургаа оруулсан байвал тэрийг давах сэдэл төрж, бензиний хэдэн төгрөг хийнгүүтээ хөдөө гараад сүнгэнүүлчихдэг. Хаана ч очсон цэлгэр сайхан тал, уул устай Монголын хөдөө цэнхэртэн цэлийн байдаг, ах дүүгээ байг гэхэд хамаатан садан нь тэнд суудаг болохоор давхиж хүрцгээдэг.

Социализмын дал, наян жилд хүмүүс бүгд суурин ажилтай байжээ. Тиймээс сумын ойролцоо байх бригад руугаа ч очиж амждаггүй байсан гэдэг. Мэдээж, гадаадад хэн ч явж чаддаггүй байсан үе. Одоо бол хэт сул чөлөөтэй байдал нь дэмий тэнэх дон болчихоод байна. Энэ донгоо хагас жил тэвччихье ээ, монголчууд аа. Юугаа хийж гадаадад гарах гээд зүтгээд байна вэ. Өвчин тахал гарчихаад байна. Энэ өвчнийг тусчихвал яана. Элгэн түмэн монголчуудад минь халдаачихвал яана гэж бодоод үзээрэй. Гадаад явах чинь моодноос гараад удаж байгаа, дээрээс нь энэ эрсдэлтэй цаг үед бүүр ч дэмий хэрэг болчихоод байна.

Гадны улсууд бидэн шиг шөнө нь гэнэт бодож шийд гаргаад өглөө нь гараад давхичихдаггүй юм билээ, шүү.

Categories
мэдээ цаг-үе

Туяана: Хүн өөрийгөө таньж, амжилтад хүрч, үнэ цэнээ мэдрэхэд хамгийн их нөлөөлдөг зүйл бол өнгө

Загвар зохион бүтээгч, стилист, гоо сайханч гэдэг үгтэй бид хэдийнэ танил болж,бүр байнгын үйлчлүүлэгч болчихсон явна. Харин сүүлийн үед өнгөний артист гэдэг мэргэжил, ийм үйлчилгээ амьдралд хүчтэй орж ирж байна. Баруунд бол арваад жилийн өмнөөс ийм үйлчилгээ нэвтэрчээ. Та бүхэндээ өнгөний артист Туяана буюу Д.Отгонтуяатай энэ талаар хийсэн сонирхолтой ярилцлагыг хүргэж байна.


-Таныг Германд олон жил ажиллаж амьдарч байгаад ирсэн гэж сонссон. Тэнд юу хийж байв?

-Би Германд ахлах сургуулиа төгссөн. Дараа нь ангийн багшийнхаа зөвлөснөөр Берлин хотод загварын сургуульд орсон. Манай ангийн багш намайг сайн зурдаг, загварлаг хувцасладаг гээд ийм чиглэлийн сургуульд орохыг зөвлөж, бүр өөрөө очиж бүртгүүлсэн байсан. Тэнд хоёр семестер сураад Германы баруун гэгддэг Штутгарт хотод загварын бас нэг сургууль руу шилжин суралцсан. Дараа нь гоо зүйч, гоо сайханчаар сурч,стилист, сэтгэл зүйч, имижмейкер мэргэжлээр Мюнхен хотын “Styling academy”-д нэлээд цаг хугацаагаа зарцуулан байж суралцсан даа.

-Яг ямар мэргэжилтэй гэсэн үг вэ?

-Ахлах сургуулиа төгссөнөөс хойш гоо зүйч, гоо сайханч, стиль имижмейкер гэсэн мэргэжлээр арваад жил суралцаж, гоо сайхан, гоо зүй, сэтгэл зүйч, стиль имижээр гээд тус тусад нь авч үзвэл олон мэргэжилтэй. Хамгийн сүүлд өнгө судлалын ангийг төгссөн. Тэнд нэг анги төгсөөд нэмж суралцмаар бол дараагийнх руу нь орж сураад байдаг. Нэлээд олон жил сурлаа, олон ч мэргэжил эзэмшлээ. Одоо ажлын байран дээр гараад үзүүлээд өгнө гэж байхад багш маань дахиад өнгө судлал, нэмж сураадах гэсэн юм. Би одоо хангалттай гээд цааргалах маягтай, харин багш маань хүссэн хүнийг энэ ангид авдаггүй. Цөөхөн гарын шавь нараа оруулдаг гэснээр хоёр жил шахам энэ чиглэлээр нэмж суралцсан юм. Намайг сурч байхад Мюнхений дөрвөн орос хүүхэн ирж, хоёр нь стилистийн зөвлөгөөгөөр юм худалдаж авна гээд дэлгүүр явсан. Нэг нь хувцсаа тааруулж чаддаггүй болохоор биеийн бүтцээ тодорхойлуулъя гэсэн. Нөгөөх нь би өнгө мэддэггүй, өнгөө тодорхойлуулъя гэсэн. Өнгө гэдэг зүйлийг би хүнийг яаж нээж, гэрэлтүүлж өгдөг гэж мэдээгүй байсан үе л дээ. Багш намайг туслахыг хүссэн болохоор би өнгөний сонголт хийж өгсөн. Өөрт нь таарах өнгөн дээр тэр хүүхэн гэрэлтэж, хачин гоё болж байхад тохирохгүй өнгөн дээрээ ядруу гутруухан харагдаж байсан. Дахиад өөр өнгөн дээр очихоор дунд зэргийн байдаг л нэг орос хүүхэн болж байв. Ингэж л анх өнгөний гайхамшгийг мэдэрч байсан даа. Багш маань тавхан хүүхэд сонгож авахдаа нэгд нь намайг багтаасанд би үргэлж талархдаг. Нэг мэргэжил эзэмшээд нэг л болоогүй мэт нэмж сураад байсан маань ч учиртай байсан байж гэж одоо санадаг. Чухал өнгө судлалын ухааныг олж, өнгө тодорхойлдог артист болох гэж энэ урт замыг туулжээ гэж санадаг. Одоо сурсан мэргэжлүүдийнхээ дагуу тухайн хүнд тохирсон хувцасны загвар гаргаж өгнө. Мөн өдөр тутмын амьдралын стиль загвар, нүүр будалт, имижмейкерээс гадна өнгө тодорхойлох чиглэлээр “Tuy­ana codе agency” салоноо ажиллуулж байна.

-Загвар зохион бүтээгч, стилист гэхээр бид ямар мэргэжил гэдгийг мэддэг. Харин өнгө тодорхойлогч гэхээр содон сонстож байна. Өнгө тодорхойлно гэж яадаг юм, тайлбарлаж өгөөч?

-Энэ бол шинээр гарсан залуухан, орчин үеийн мэргэжлүүдийн нэг. Мэргэжил болоод 10 гаруй жил болж байна. Австрийн Йоханес Иден гээд мундаг доктор, профессорын олон жилийн судалгаа, шинжилгээний үр дүнд бий болсон олон ажлын нэг нь энэ өнгө тодорхойлох мэргэжил юм. Гэхдээ судалгаагаа бүрэн дуусгаж амжилгүй жараад оны сүүлээр насан эцэслэхэд түүний шавь АНУ-ын иргэн Кэрол Жексон наяад оноос үргэлжлүүлэн судалж, 1985 онд “Color me Beautiful” номоо гаргасан байдаг. Өнгөний талаарх цоо шинэ ойлголт ухагдахууныг гаргаж ирснээр олон зүйлийг өөрчилсөн. Холливудын алдартай жүжигчид болон найруулагч нарын амжилт ч энэ өнгөтэй холбоотой байдаг гэж болно. Тэдний бүтээл яаж тийм амьд, амьдралд ойр, хүмүүсийн сэтгэлд хүрээд байдгийн нэг нууц нь тэд өнгөний гайхамшгийг уран бүтээлдээ, амьдралдаа хэрэглэж чаддагт оршдог. Өнгө бол тухайн хүнийг дотроос нь гэрэлтүүлж, нээж, гаднаас нь чимж өгдөг. Хүн өөрийгөө таньж, амжилтад хүрч, үнэ цэнээ мэдрэхэд хамгийн их нөлөөлдөг зүйл бол өнгө.

-Их олон төрлийн өнгө байдаг. Тэр өнгө болгон хүмүүст зохих уу. Эсвэл хүнд өөрийн гэсэн өнгө байдаг уу?

-Өнгө болгон хүнд зохино гэж байхгүй. Тухайлбал, шар өнгө гэхэд чиний шар, миний шар, тэр хүний шар гээд өөр өөр өнгөтэй. Жаахан жаахан туяагаараа ялгаатай байдаг. Туяа нь бага зэрэг өөр болохоор чиний шар өнгө өөрчлөгдөөд миний шар өнгө болчих жишээтэй. Өөртөө тохирсон туяатай шар өнгөө өмсөхөөр хүн үнэхээрийн гоё харагддаг. Дотроосоо гэрэлтсэн гоо үзэсгэлэнтэй, эрч хүчтэй маш сайхан харагддаг. Үнэтэй авсан ч бай, хямд авсан ч бай тухайн даавууг гэрэлтүүлж явах нь гол биш өөрөө дотроосоо гэрэлтэж явах нь хамгийн чухал юм билээ.

-Хүн болгон өөр өөрийн өнгөтэй гэлээ. Хүний өнгийг яаж тодорхойлдог вэ?

-Өнгө тодорхойлоход нэлээн цаг хугацаа шаардагдана. Өнгөө тодорхойлуулах хүн урьд өдрөөсөө улаан вино болон өнгөлөг найрлагатай хүрэн манжин, луувангийн жүүс уухгүй ирэх хэрэгтэй. Энэ нь тухайн хүний цусанд шингэж арьс, нүдэнд нөлөөлснөөр өнгө буруу тодорхойлогдох гээд байдаг. Нүүрэндээ будаггүй байх хэрэгтэй. Йоханес Идений гаргасан сэтгэл зүйн кодтой тусгай алчуур, Кэрол Жексоны гаргаж ирсэн картуудын тусламжтай 2-6 цагийн турш судалж байж, тухайн хүнийг дотроос нь гэрэлтүүлэх өнгийг сонгож тодорхойлдог. Тусгай толь, алчуурууд, гэрэлтүүлэг зэрэг мэргэжлийн стандарт хэрэгслүүд байдаг л даа. Заавал ийм стандарт хэрэгслийн тусламжтай хүний өнгийг тодорхойлно.

-Хүн өөртөө зохицох, таарах өнгөө тодорхойлууллаа гэхэд яг тэр өнгийн хувцас хэрэглэлээ л хэрэглэнэ гэсэн үг үү?

-Өнгөө тодорхойлуулсны дараа амьдрал маш хялбар болдог. Тухайн хүний өнгийг тодорхойлоод би өнгөнийх нь картыг гарын авлага болгож өгдөг. Би Европт ажиллаж байхдаа ийм карт өгдөггүй байсан. Сургуулиа төгсөөд багшийнхаа “Women style” нэртэй лоунжид туслахаар ажилладаг байсан. Манай багш ч бас ийм карт өгдөггүй байсан. Ер нь ямар ч стилистүүд ийм карт өгдөггүй юм билээ. Яагаад гэхээр манайд өнгөний код нь алдаатай бараа, хувцас хэрэглэл их ирдэг. Манайхан арай хямдыг нь бодоод буруу кодтой хувцас аваад ирдэг. Буруу зөв кодтой гэдийг нь ялгах бас амаргүй л дээ. Гэтэл хоорондоо хэзээ ч авцалдахгүй өнгөнүүдийг хооронд нь нийлүүлээд хийчихсэн бол тэр ямар ч гоё загвартай байгаад хүнийг сайхан харагдуулдаггүй. Өнгөн дээр анхаарч байгаагүй брэндүүд эхнээсээ дампуурлаа зарлаад эхэлчихсэн. Алдартай том брэндүүд аль хэдийнэ өнгө судлалыг ашиглаад эхэлсэн яваа. Европт бол ямар ч дэлгүүрт орсон дөрвөн улирлын өнгөөр нь ялгаад, ханаа хүртэл чимэглэсэн байдаг. Өөрийнхөө өнгийг мэдсэн байхад ороод л шууд сонголт хийгээд авах боломжтой. Манайд ийм зүйл байхгүй болохоор би үйлчүүлэгчддээ өнгөнийх нь картыг өгдөг юм. Хоорондоо үл ялиг ялгаатай тэр олон өнгөнөөс өөрийнхөө өнгийг ялгадаг болтол бас хугацаа хэрэгтэй. Тэр хүртэл нь миний карт маш том дэм болдог.

Хүн өнгөө мэдсэн байхад цаг хугацаа, мөнгөнд маш хэмнэлттэй болно. Хэрэглэхгүй хэрэгтэй хэрэггүй зүйл худалдаж авахаа болино. Мөн өөрт хэрэггүй зүйлд шунах шунал дарагддаг. Бид олон өнгө мэддэг боловч солонгын долоон өнгөнөөс хэтэрдэггүй, энэ долоогоос өөр өнгө мэддэггүй. Тиймээс дандаа бусдыг дуурайж хувцасладаг. Хажуугаар зөрж байгаа бүсгүй, эсвэл дэлгүүрийн моделийг хараад өөрийгөө яг л тэгж харагдана гэж боддог. Харамсалтай нь тийм биш байдаг. Ингэж л сонголтоо хийдэг болохоос өөрт зориулагдсан сайхан өнгөнүүдээ мэддэггүй.

-Өнгөө олбол үнэхээр хялбар болох юм байна. Өөрт зохицох өнгөний хувцсаа авахаас гадна нүүр будалт, хувцасны зохих загварыг нь мөн гаргаж өгдөг гэсэн үү?

-Тэгнэ. Тухайн хүнд зохицох бүхнийг гаргаж өгнө. Ингэснээр хүн насан туршдаа өөрөө өөрийгөө олно л гэсэн үг. Та эмээ болсон ч тэр стиль, тэр өнгөөрөө л байна. Чиний ясны бүтцийг хэн ч хөрөөдөж авахгүй. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр өнгөө тодорхойлуулна, стиль имиж гэдэг бол чи өөрөө. Түүнээс биш өнөөдөр нэг даашинз, гутал өмсөөд ч юм уу, гэнэт зоримог хувцаслаад өөртөө итгэлтэй болдог юм биш. Өөрөө итгэж, өөрийгөө нээнэ гэдэг бол тэр чигээрээ амжилт дагуулдаг. Энэ амжилтыг хүн стиль имижээрээ гаргаж ирдэг. Чи эвтэйхэн харагдаж, чи өөрийн өнгөөрөө туяарч байвал л карьер амжилт чамайг ар араасаа дагадаг. Ийм л учиртай.

-Та нэг ярилцлагадаа “өнгө бол хувь тавилан” гэж хэлж байсан. Тэгтэл хүнд нөлөөлнө гэж байх уу?

-Энэ бол үнэхээрийн үнэн юм билээ. Өнгөө тодорхойлуулж, өөрийн өнгөө олсон хүн үнэхээр сайн сайхан явдаг. Өнгөөр хүнийг уурлуулж, тайтгаруулдаг. Өнгөөр л хүн өөрийгөө чимдэг шүү дээ. Өнгөгүй ертөнц бол аймшигтай. Хар, саарал, цагааныг өнгө биш гэдэг. Эд бол сэтгэл зүйн хувьд тайтгарал өгдөг, хэн ч харсан, яахав нэг хүн байна л гэж харагдуулдаг өнгө. Ялангуяа минималистын санал болгодог хар саарал бол уйтгартай өнгө. Манай нөхцөлд нэг их сайн тохирдоггүй. Өнгөөрөө хувцаслаад өөрийнхөө дотоод мөн чанар, өнгөөрөө гэрэлтээд явж байхад хүнд бүх хүмүүс эелдэг ханддаг, хүндэтгэдэг дагаад ажил үйлс нь тэгширдэг. Тэгэхээр өнгө бол хүний хувь тавиланг шийддэг, өнгөө олсон хүн бүгдийг зөв голдрилоор нь авч явна аа л гэсэн үг.

-Бүх хүнд таардаг өнгө гэж байх уу?

-Байдаг. Саарал, хар, цагаан хүн болгонд таарна. Гэхдээ тэр бол өнгө биш. Өнгө биш юм өмссөн хүн яаж харагдах вэ? Галзуугийн эмнэлэгт яагаад цав цагаан өнгө зонхилдог, сэтгэл санаагаар унасан хүнийг яагаад улаан өрөөнд оруулдаг гэвэл энэ бол өнгөний засал юм. Манай монголчууд бол бүрэг, даруухан улс. Ийм зан араншинтай хүн хар саарал өнгийн хувцас өмсвөл бүр л бүрэг болно.

-Монголчууд маань өнгөний талаар хэр мэддэг юм бол. Танд олон хүн хандаж байна уу?

-Би Германд олон жил амьдарч байгаад хоёр жилийн өмнө Монголдоо ирсэн болохоор найз нөхөд, хамаатан садан ч цөөн. Анх ирэхдээ ганцхан Их дэлгүүрээс өөр дэлгүүр мэддэггүй,хаа холоос таксидаж, их дэлгүүрээс хүнсээ цуглуулаад буцдаг байсан. Гэрийнхээ дэргэд дэлгүүртэй ч гэж мэддэггүй байсан тэр үеэ бодвол харин ч олон найз нөхөдтэй, олон үйлчлүүлэгчтэй боллоо. Манайхан нэг нь ирж өнгөний сонголтоо хийлгээд дараа нь гэрийнхэн, найз нөхдөө дагуулаад ирдэг. Тэгэхээр монголчууд маань их мэдрэмж өндөртэй хүмүүс гэсэн үг. Хүн өнгөө олох хэрэгтэй, өнгөө олсон хүний үйлс бүтдэг юм байна гэдгийг мэдэрч тэр мэдрэмжээ бусдадаа ч гэсэн түгээж байдаг. Германд байхад нэг залуу өнгөө тодорхойлуулъя гээд ирж байсан юм. Тэр хүү тэндхийн томоохон компанид гурван жилийн өмнө ажилд орох боломжоо алдсан ч 23 настайд нь дахин орох боломж гарч иржээ. Оноо нь адилхан 10 залуу байлаа гэхэд тавыг нь л авдаг. Тиймээс сонголт хийх өдөр өөрийн өнгөний хувцсаа өмсөж очих хэрэгтэй гэж хэлсэн. Тэр залуу“Би гурван жилийн өмнө буруу өнгөний хувцас өмсөж очоод азгүйтсэн, одоо би өөрийн өнгөө олж, тийм хувцас өмсөж очихыг хүсч байна” гэсэн. Хэд хоногийн дараа “Туяанаа, чамд баярлалаа. Би ажилдаа тэнцсэн. Үүгээрээ би амьдралын асуудлаа шийдэж чадлаа. Өнгө бол үнэхээр өөр юм байна шүү” гэж хэлж байсан нь мартагддаггүй юм. Одоо дэлхийн томоохон компаниуд ажлын анкет дээрээ өнгөө тодорхойлуулсан уу гэсэн асуумжтай болсон нь өнгөө олсон хүн өөрийгөө олсон байдаг, бусад ажлын хамт олонтойгоо ойлголцоход амар, тэнд халуун дулаан орчин үүснэ гэж үздэг болсонтой холбоотой.

-Шалгалт шүүлэг өгөх, эсвэл том арга хэмжээн дээр үг хэлэх үед хүн өөрийн өнгөний хувцсаа өмссөн байхад өөртөө хавьгүй итгэлтэй байх нь ээ…

-Манай багш өөрт тохиолдсон нэг явдлаа ярьсан нь дандаа санагддаг юм. Нэг удаа багш маш олон салбарын захирлуудад лекц уншихаар болжээ. Өөрийн өнгөний хувцсаа өмсөөд, эрч хүчтэй, итгэлтэй гэгч нь бэлдэж байж. Яг лекцийн цаг болохын өмнөхөн цамцан дээрээ кофе асгаснаас болж өөр өнгийн цамц өмсөөд оржээ. Манай багш бол хэзээ ч сандарч, ичихээр хүн биш. Маш, нүүрэмгий, дүрэлзсэн гал шиг өөртөө итгэлтэй эмэгтэй байдаг юм. Тэгсэн чинь тэр лекц дээр хөлс нь гарч, нүүр нь улайж, гар нь салганаад гайхмаар юм болжээ. Хэдэн минутын дараа завсарлагаанаар туслах нь өөрийнх нь цамцыг угааж цэвэрлээд ирэхээр нь өмсжээ. Завсарлаад ороход багш бичиж тэмдэглэсэн юмаа харалгүй шууд маш итгэлтэйгээр ярьж эхэлсэн, энэ бол ерөөсөө өнгө байсан юм шүү гэж байсан. Өөрийн өнгөө олоод өмссөн хүн ингэж салганахгүй, сандардаггүй гэдгийг би өөрийн биеэрээ мэдэрч байна. Бас олон үйлчлүүлэгч маань хэлдэг. Яагаад гэхээр өнгөө тодорхойлуулсан хүний хамгийн том орган нь тайвширдаг. Хамгийн том орган бол бидний арьс. Арьсанд тайвшрал өгдөг. Тэр байтугай экземтэй хүн эдгэж зүгээр болсон жишээ бий.

-Ямар сонин юм бэ?

-Үнэхээр сонин. Шинжлэх ухаанаар батлагдаад мэргэжил болоод гараад ирсэн зүйл шүү.Хүн өнгөө олохоор 16-20 хэв шинж чиний амьдралд шинээр бэлэг болж ирдэг. Хүссэн хүсээгүй ирнэ. Ийм гоё зүйл. Германд байхад над дээр балетчид болон шинээр нэвтрүүлэгч болж байгаа хүмүүс их ирдэг байсан. Монголд ч гэсэн жирийн бүсгүйгээс эхлээд олны танил одууд ирж байна. Манайд сүлжээний хүмүүс их байдаг юм билээ. Тэр хүмүүс ирж өнгөө тодорхойлуулдаг. Дараа нь надад “Яг өөрийн өнгөө өмсөөд гарахаар хүмүүсийн өмнө гарч яриа хийх, бүтээгдэхүүнээ танилцуулах зэрэгт сандарч салганахаа больчихдог. Үнэхээр гайхалтай” гэж олон хүн талархлаа илэрхийлж байгаа.

-Ордуудын зурхай дээр ийм ийм өнгө зохимжтой гэсэн үг харагдаж байдаг. Энэ танай мэргэжилтэй хэр нийцдэг бол. Таардаг болов уу?

-Тэгж судалж байгаагүй юм байна.Гэхдээ миний ордны зурхай дээрх өнгө надад лав таарч байна лээ. Ордны зурхай дээр нэг хоёр л өнгө байдаг, нэг хоёрхон өнгөөр хүн яаж амьдрах вэ.

-Би загварын хүмүүсээс нэг асуулт асуумаар санагдаад байдаг юм. Амьдрал дээр хэн ч, хэзээ ч өмсөхгүй сонин сонин загварууд хийгээд, тэрийг нь загвар өмсөгчид өмсөөд тайзан дээр алхаж яваа харагддаг. Тийм загварууд байх ёстой юу?

-Этгээд содон буюу Лэди Гага-гийн загвар байна. Элегант буюу эрхэмсэг эмэгтэйлэг загварууд байна. Спортлог буюу чөлөөт, экзотик буюу чамин дэгжин хэрнээ этгээд, романтик, классик гээд олон загварын хандлага, түүнийг илэрхийлсэн брэндүүд байна. Энэ стилийн нэр бол хүний зан характер юм. Хүн бүр үүнийг өмсөнө гэсэн үг биш. Хүн өөрөө өөрийгөө мэргэжлийн хүнээр тодорхойлуулж, олж байж яг тохирох загвараа өмсөж, стиль имижээ бүрдүүлнэ гэсэн үг. Миний ажил бол хүмүүст өөрийгөө олоход нь мэргэжлийн, шинжлэх ухааны үүднээс л тусалдаг гэсэн үг. Стиль, өөрийн өнгөө олсон хүн бол ёстой асч бадарч, ажил төрөл нь бүтэмжтэй байхаас яах вэ. Яаж ч байсан зөв замаар явж, зөв сонголт хийж, зөв хүмүүстэйгээ нөхөрлөдөг юм. Би хувьдаа нөхөрт гараагүй эмэгтэйчүүдийг ирээсэй гэж их боддог юм. Өөрийнхөө өнгийг олчихвол ямар ч байсан буруу хүнтэй нийлэхгүй.

-Бүх насныхан өнгөө тодорхойлуулж болох уу. Та түрүүн хүүхдийнхээ өнгийг тодорхойлсон гэж цухас ярьсан…

-Хүмүүс хүүхдээ авчирч өнгийг нь тодорхойлуулах гэдэг. Уг нь хүүхэд төлөвших ёстой юм. Ядаж л өсвөр насныхан шилжилтийн насаа өнгөрөөчихсөн байх ёстой. Үзэх ёстойгоо үзэж, туулах ёстойгоо туулж төлөвшсөн хойно нь өнгийг нь тодорхойлбол илүү их дотогшоо уншиж болдог. Гэхдээ би хүүгийнхээ хүсэлт, шахалтаар өнгийг нь тодорхойлоод өгсөн. Манай хүү Монголд ирээд хэл мэдэхгүй, хүүхдүүдтэй ойлголцохгүй их хэцүү байсан шиг байгаа юм. Тэгээд “Ээж ээ, та миний өнгийг олоод өг” гэсэн. Хүү маань өөрийн өнгөө олсон, хүүхдүүд ч үнэхээр сайхан харилцдаг болсон. Буруу хэрэг хийсэн үедээ манай хүү бушуухан өнгийнхөө хувцсыг өмсөөд сууж байна. Би харангуут загнах бүү хэл хайр хүрээд эхэлнэ. “Яахав, анзааралгүй ийм хэрэг хийчихээ биз” гэсэн өмөөрөл шууд ороод ирж байгаа юм. Ийм л хөгжилтэй амьдарч байна даа.

-Мэргэжлийн биш хүн өөрийн мэдрэмжээрээ өнгө тодорхойлж болох уу?

-Өнгө тодорхойлох гэдэг бол Европоос гаралтай мэргэжил. Тухайн хэлийг нь эх хэл шигээ сурсан хүн л энэ мэргэжлийг үндсэн утгаар нь сурч, амьдрал дээр утга учиртай авч явдаг. Энэ мэргэжлийг өнгөцхөн сурч, хүний хувь тавилантай холбоотой асуудлыг битгий худлаа хийгээрэй л гэж хэлмээр байна. Сэтгэл судлал, гоо зүйн мэргэжлээр мэргэшиж байж, өнгөний мэргэжлийн сургуульд нь сурч байж л хүний хувь тавиланг гэрэлтүүлэх өнгөний сонголтыг хийж чадна. Өөр маягаар өнгийг нь өнгөцхөн тодорхойлоод өгсөн бол тухайн хүний хувь тавиланг ч буруу тийш нь эргүүлж мэднэ. Тийм учраас бид багшдаа тангараг тавьж байж мэргэжлийн үнэмлэхээ авдаг.

Яг стандартын хэрэгслээ хэрэглэнэ, яг зөв зохистой ажиллана гэж амладаг. Хэрэв хичээл тасалсан бол хасагдана гээд их хатуу сургалттай байсан нь хүний хувьд тавиланд ч нөлөөлөх чухал мэргэжлийг эзэмшиж байсан болохоор тэгж чанд ханддаг байж гэж бодогддог.

-Өнгө тодорхойлох тусгай хэрэгслүүд Монголд зарагддаг уу?

-Үгүй. Монголд байтугай Германд зөвхөн Йоханесийн ач охины зөвшөөрлөөр зардаг. Бид мэргэжлийн кодоо өгч байж захиалж авдаг. Мэргэжлийн биш хүнд өгөхгүй.