Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Ганхөлөг: Рекетүүд албаар биднээр ямар нэгэн үйлдэл хийлгэх гэж оролдсон. Хэрэв харилцан зодоон, биеэ хамгаалах үйлдэл хийвэл шууд хорих ял авна DNN.mn

“No double standart” болон “No war” хөдөлгөөний гишүүд өчигдөр шүүхийн шийдвэрийн дагуу цахим бугуйвч зүүлээ. Энэ талаар “No double stan­dart” хөдөлгөөний гишүүн Л.Ганхөлөгтэй ярилцлаа.


-Та бүхэн шүүхийн шийдвэрийн дагуу цахим гав зүүчихлээ. Энэ талаарх байр сууриа илэрхийлээч?

-Эрх баригчдыг шүүмжилснээс болоод л өнөөдөр бидний таван залуу цахим гав зүүж байна. Цахим гав зүүх явцад бөөн үйл явдал боллоо. Гадаа нь рекетүүд ирчихсэн, Одког барьж авч заамдаад, Билгүүнийг мөргөөд албаар биднээр ямар нэгэн үйлдэл хийлгэх гэж оролдсон.

Цахим гав зүүсэн тохиолдолд ямар нэгэн байдлаар нийтийн хэв журам зөрчиж болохгүй юм байна. Жишээлбэл, бид тэр хүмүүстэй харилцан зодоон хийх, биеэ хамгаалах үйлдэл хийх л юм бол шууд хорих ял авах юм байна л даа. Өмнө нь биднийг заналхийлж “Танай галерейг шатаана” гэж байсан нөхөр шүүхийн гадаа бүлэг этгээдтэй ирж, биднийг албаар хэрэгт унагах үйл явц өрнөж байгаа юм. Бид 12:00-15:40 цаг хүртэл нийт гурван удаа цагдаа дуудсан. Гэвч цагдаа ирээгүй. Иймэрхүү байдалтай цахим гав зүүх үйл явдал өрнөлөө. Дээрээс нь Билгүүн бид хоёр Сүхбаатар дүүрэг рүү шилжиж байгаа.

Гэтэл шүүхийн шийдвэр, шүүх, прокурор гурвын харилцан уялдаагүй ажиллагаанаас болоод Билгүүн бид хоёр орох оронгүй, байх газаргүй гадаа хоног төөрүүлэх болчихлоо. Прокурор бид хоёрын хүсэлтийг хангатал гадаа гудамжинд хэд хонох юм шиг байна. Тиймэрхүү байдалтай л байна.

-Хэд хэдэн сарын хугацаатай зүүж байгаа вэ?

-Э.Одбаяр 13 сар, бусад нь 12, 12 сарын хугацаатай зүүж байгаа.

-Энэ хооронд ямар нэгэн зөрчил гарвал иргэн Д.Монголхүүгийн кейсийг давтах нь ээ?

-Тийм. Яг л тэр процессийг бидэн дээр хэрэгжүүлэх гээд байна.

-Цахим гав зүүж байх хооронд өөр зүйл тохиолдов уу?

-Сая Чинбат дүүрэг дотроо байхад нь “Дүүргээс гарлаа” гэсэн мессэж ирсэн гэнэ. Одбаярыг гэртээ байж байхад нь “Яаралтай залга” гэсэн гэнэ. Цахим гав зүүсэн тохиолдолд маш эрсдэлтэй л юм байна. Байнгын л шоронд орох вий гэсэн айдас дагах юм байна.

-Та бүхэнд цахим гавыг зүүж байхад ямар нэгэн сануулга болоод хийж болохгүй үйлдлүүдийг танилцуулсан уу?

-Энэ ерөөсөө л үйлдэл болгон л шоронд орох эрсдэлтэй. Батарей дууслаа, шорон. Эвдэрлээ, шорон. Цахим гавтай айхавтар болгоомжтой, дээд зэргийн хяналттай л харьцахгүй бол бүх зүйл нь зөрчил үүсгэгдэнэ. Зөрчил үүсгэвэл тэгээд л хорино гэсэн зөвшөөрлийн хуудсан дээр гарын үсэг зуруулаад л зүүлгэж байна даа.

-Эвдэрч гэмтсэн тохиолдолд нөхөн төлбөр өгөөд буцаагаад зүүнэ гэсэн зүйл байхгүй юу?

-Эвдрэл гэмтэл нь юунаас болсон бэ гэдгийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагатай ярилцах юм шиг байна. Тэр нь гадны нөлөөтэй бол торгуулиа төлөөд дахин худалдаж авах ч юм уу тиймэрхүү байдалтай байх бололтой. Шууд хэлэхэд ямар ч зохион байгуулалтгүй, ямар ч зохицуулалтгүй л зүүлгэлээ.

Энэ чинь уг нь хорихоос өөр төрлийн ял эдлүүлж буй хөнгөн төрлийн ял шүү дээ. Цахим гав гэдэг нь хөнгөн ялыг хүнд ял болгож хорих зориулалттай л зүйл юм байна. Дээрээс нь Монголын ихэнх иргэн тодорхой хаяггүй, байр түрээслэдэг. Гэтэл би өнөөдөр Сүхбаатар дүүрэг рүү шилжих хөдөлгөөн хийснээр бараг л банкны зээл авах гэж байгаа юм шиг тайлбарлаж байж дүүрэг шилжүүлэх бололтой юм шиг байна.

-Та аль дүүргээс шилжиж ирж байгаа вэ?

-Баянзүрх дүүргээс Сүхбаатар дүүрэг рүү шилжиж ирж байгаа.

-Танд нэмж хэлэх юу байна вэ?

-Цахим гав зүүнэ гэдэг маш аюултай л юм байна. Хамгийн аюултай нь нэг хоног цахим гав зүүх нэг хоног шоронд суух нь ялын хувьд яг адилхан байхгүй юу. Нэг тэнцүү нэг. Үүнийгээ маш хөнгөн ял оноож байна гэж байгаа боловч цаагуураа цахим гавыг цэнэггүй болгох, эвдлэх, дээрээс нь сая Одбаяр руу бүлэг этгээдүүд дайрлаа шүү дээ. Тэдгээр хүмүүсээс биеэ хамгаалсны төлөө хорих санкц руу шууд шилжүүлэх маш аюултай үйл явц л болоод байна. Нэг илүү үйлдэл хийхэд л биднийг шууд хорино.

Өөрөөр хэлбэл, бид тэсрэх

бөмбөг биедээ агуулаад явж байгаатай адил болчихлоо. Тэр дэлбэрлээ л бол шууд хорих ял. Жишээ нь, би хэнд ч халдаагүй, хэнд ч хохирол учруулаагүй, ямар ч ял эдлэх зүйл хийгээгүй мөртлөө 12 сар буюу бүтэн жил хорих ангид хоригдох ийм ял үүрэхээр болчихлоо.

Дараа жилийн энэ өдөр миний ял дуусна. Дээрээс нь энэ хуулийн хийдэл гэх юм уу, эсвэл бусдад бэлтгэж өгсөн занга гэх юм уу хэний явуулга гэдгийг нь сайн мэдэхгүй хүмүүс үүнийг ашиглаад, нийтийн хэв журам зөрчих буюу тэр үйлдлийг хийсэн тохиолдолд биднийг маш амархан хорих анги руу явуулах боломжийг бусад хүмүүст бүрдүүлж өгсөн байгаа юм. Энэ бол дахиж сайн ярилцах ёстой зохицуулалт юм байна.

Хуулийг дахин магадлах ёстой. Цахим гав Монголд туршилтын журмаар явж байгаа. Маш олон хүн үүнд туршигдаж байгаа. Үүгээр хорих ял авдаг байдал утгаа алдсан юм байна. Үүнийг л бид хэлж мэдэж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Р.Дарьхүү: Хувийн аминч үзэл, өөрийгөө зөвтгөх зан, шунал гэх мэтийг эмчилдэг зүйл нь ёс суртахуун, ёс зүйн боловсрол DNN.mn


-ЁС СУРТАХУУНЫ ХУВЬД ӨӨРЧЛӨГДӨЖ ШИНЭЧЛЭГДЭХГҮЙГЭЭР ХҮН Ч, НИЙГЭМ Ч ХӨГЖИХГҮЙ-


МУИС-ийн Шинжлэх ухааны сургуулийн хүмүүнлэгийн ухааны салбарын философи, шашин судлалын тэнхимийн зөвлөх профессор Р.Дарьхүүтэй ярилцлаа. Тэрбээр МУИС-ийн дугуй танхимд “Ёс зүй ба ёс суртахуун” сэдвээр лекц уншсан юм.


-Лекцийг яагаад тавих болов. Хүмүүст энэ талын боловсрол, мэдлэгийн хэрэгцээ шаардлага дутагдаад байна уу?

-Лекцийг МУИС-ийн ахмад багш ажилчдын нэгдсэн холбоо, Соён гэгээрүүлэгч телевиз хамтран цувралаар явуулж байгаа. Намайг “Ёс зүй-Ёс суртахуун”-ы чиглэлээр лекц уншиж өгөөч гэсэн урилгын дагуу уншлаа. Нөгөө талаас, ёс зүй ёс суртахууны асуудал ганц Монгол ч биш дэлхий нийтээрээ анхаарал татсан тулгамдсан асуудал мөн үү гэвэл мөн. Ёс суртахууны уналт доройтол хүн төрөлхтөн өөрөө орших уу, эс орших уу гэдэг дээр тулаад байгаа. Яагаад гэхээр ёс суртахуун гэдэг нь өөрөө хүнийг хүн болгодог. Хүний мөн чанарыг тодорхойлдог.

Хүний хөгжил нийгмийн хөгжлийн суурь, үнэт зүйл учраас судлаачдын ч төдийгүй хүмүүсийн анхаарлын төвд бий. Мөн ёс зүй ёс суртахууны асуудал нь анги давхарга, нас хүйс, ажил мэргэжил хамаарахгүй бүгдэд хамаатай. Бүх мэргэжилд мэргэжлийн ёс зүйг ярьж байгаа. Ахмад, залуу, хүүхэд гээд бүх хүнд ёс суртахууны төлөвшил, зан харилцаа, ёс зүйн ээдрээтэй асуудал тулгарах зүйл гарна. Тэр болгонд ёс зүй, ёс суртахуун гэж юу юм бэ гэж гараад л ирнэ. Нэр томьёоныхоо утга учрыг зөв ойлгож байж зөв сонголт хийж, зөв үр дүн гарч, өөрийнхөө болоод бусдын сайн сайхны төлөө ажиллах боломжтой болно. Тэр утгаараа энэ бол мөнхийн сэдэв. Философичид үеийн үед ёс зүй, ёс суртахууны асуудлыг онцгой анхаарч ном, сурах бичиг бичиж ирсэн. Аль ч үеийн алдартай философичид ёс зүйн асуудлаар тусгайлан ном бүтээл бичсэн байдаг. Жишээлбэл, эртний грекийн философич Аристотель “Дээд суртахуун”, “Никомахын ёс зүй”, “Евдемийн ёс зүй” гээд гурван том бүтээл бий. Германы философич Кант бас хэд хэдэн алдартай ёс зүй, ёс суртахууны алдартай бүтээл туурвисан. Ёс зүй, ёс суртахуун нь хүний мөн чанарыг тодорхойлдог. Тэр нь хувь хүний ёс суртахууны ахиц дэвшлээр нийгэм өөрөө оршин тогтнож, хөгждөг гэдгийг гаргасан байдаг.

-Монголчууд ёс зүй, ёс суртахууны хувьд бусад улсаас өөр үү. Үндэстний ёс зүйн зарчим тусдаа байдаг уу?

-Ёс суртахууны хувьд бол тийм. Үндэсний онцлог болон тухайн нийгмийн онцлог гэж байна. Ёс суртахуун гэдэг зүйл чинь тухайн нийгмийн харилцааны тусгал. Эргээд нийгмийн харилцааг тохируулдаг янз бүрийн эсрэг тэсрэг ашиг сонирхол, хувийн эрх ашиг, нийтийн эрх ашгийг зохицуулах гол хүчин зүйлийг бүрдүүлдэг. Эдгээрийг тэр болгон хуулиар зохицуулж чадахгүй. Хууль гаргаад байдаг, гаргаад байдаг. Хууль гэхээсээ ёс суртахуунаар илүү зохицуулагдах ёстой асуудлууд гэж байна. Тэгэхээр иргэд ёс суртахууны хэм хэмжээ, зарчмуудыг ойлгож, түүнийгээ өдөр тутмынхаа ажил амьдрал, үйл ажиллагаанд хэрэгжүүлээд явахад аяндаа тэр хүний хөгжил, нийгмийн хөгжил цэгцрээд зөв замаараа явна. Хүнлэг, шударга, хариуцлагатай байх гэдэг нь ёс суртахууны хамгийн чухал суурь зарчмууд юм. Уламжлалаараа манай Монголд ийм зүйлүүд байгаа нь байгаа.

Дашжамц гуай, Золзаяа бид гурвын бичсэн “Монголчуудын ёс зүйн сэтгэлгээний түүх” гэж номд монголчууд эртнээс эдүгээг хүртэл өөрийн гэсэн ёс суртахууны үзэл сургаалтай, үнэт зүйлтэй ард түмэн байсан гэдгийг бичсэн. Гэхдээ шилжилтийн нийгэмд тэр үнэт зүйлүүд алдагдсан. Хүнлэг ёс, хүн чанар байхгүй боллоо. Шударга ёс сураггүй боллоо. Хариуцлага гэж байхгүй боллоо. Алхам тутамдаа бид тийм зүйлтэй таарч байгаа шүү дээ. Сүүлийн гучаад жил ёс зүй, ёс суртахуун гэдэг үнэт зүйлээ дутуу үнэлээд, ач холбогдлыг нь ойлгохгүйгээс болж сургалт судалгааны ажлыг цалгардуулсантай холбоотой.

Цөөхөн мэргэжлийн судлаачид судалгаа хийж байна уу гэвэл хийж байгаа. Түүнийг төрийн бодлого, хууль дүрэм боловсруулах, өөр мэргэжлийн судлаачид хийж байгаа ажилдаа онол арга зүйг нь ашиглах ёстой юм. Тэгдэггүй. Ойлгодоггүй, ойшоодоггүй, түүнийг мэддэггүй гэж би боддог.

-Монголчуудыг зовлон үзээгүй ард түмэн гэдэг. Ёс зүй, ёс суртахуун яг аль үед алдагдчихав. Манжийн дарлалд байсан 200 жил, Оросын хамааралд байсан 70-аад жилд энэ үнэт зүйлээ гээсэн гэх хүмүүс байдаг шүү дээ. Бусад орны дарлалд байна гэдэг нь ёс суртахуунд нөлөөлөх үү?

-Мэдээж тодорхой хэмжээнд нөлөөлнө. Би өөрөө социализмын нийгмийн үед амьдарч, сурч байсан хүн. Социалист, коммунист ёс суртахуун гэж хичээл бидэнд ордог байлаа. Уламжлалт ёс зүй, ёс суртахууны хичээлийг өнгөрсөн нийгмийн үлдэгдэл хоцрогдсон зүйл гэх мэтээр үгүйсгэдэг. Тэгэхээр тэр чинь үнэт зүйл алдагдаж байгаагийн нэг хэлбэр мөн л дөө. Гэхдээ бүр хаячихсан уу гэхээр бас тийм биш. Тэр үед жишээ нь, Дашжамц гуай “Монголчуудын ёс суртахууны дэвшилтэт өв уламжлалаас” гэж ном бичсэн. Уламжлалаас бид дэвшилтэт зүйлийг нь авах ёстой гэж. Огт бас хаяагүй л дээ. Би Манжийн дарлалын үеийг мэдэхгүй юм. Социализмын үед өөрөө амьдарч, сурч байсан хүний хувьд нөлөөлөх нь нөлөөлсөн. Гэхдээ бүр мөсөн хаячихаагүй.

-Та лекцэндээ ерөнхий боловсролын хичээлд “Иргэний ёс зүйн боловсрол” хичээлд агуулгыг нь өөрчилсөн гэж хэлнэ лээ. Яаж өөрчилсөн юм бол?

-2019 онд Боловсрол шинжлэх ухааны сайдын тушаал гараад 1-12 дугаар ангид “Иргэний ёс зүйн боловсрол” гэдэг хичээлийг заавал үзнэ гэж заасан. Тэр сургалтын хөтөлбөрийг боловсруулахдаа философи, ёс зүйн чиглэлээр сургалт судалгаа хийдэг хүмүүсээр хийлгэх ёстой байсан. Яагаад гэхээр ёс зүй философи хоёр хамт үүсч хөгжсөн салбар ухаан. Гэтэл тэр сургалтын хөтөлбөрийг Боловсролын яам мэргэжлийн биш хүмүүсээр хийлгэсэн нь гол алдаа болсон. Хэн хийсэн бэ гэхээр академич хүн хийсэн. Төрийн соёрхолт хүн хийсэн гээд байдаг. Академич, Төрийн соёрхолт ч байсан мэргэжлийн хүн байх ёстой. Тэгэнгүүт яасан гэхээр тэр хичээлийн гол агуулгыг монгол өв соёл гээд явчихсан. Гэтэл монгол өв соёл нь маш өргөн хүрээтэй ойлголт. Тэгэхээр суурь өөрийнх нь ойлголт сайн муу, нэр төр, аз жаргал, амьдралын утга учир, хүнлэг ёс, шударга ёс, хариуцлагын тухай ойлголтуудыг нас насанд нь тохируулан хийх байтал тэгээгүй. Монгол ёс заншлын юмнууд баахан оруулчихсан. Хурдан морины шинж, эрийн гурван наадам, дахиад баахан буддын шашны сэтгэл судлалын зүйлүүдийг их оруулсан. Бясалгал, зовлонгийн тухай гэх мэтээр. Нэг дунд сургуулийн хүүхэд ярьж байна л даа. Энэ хичээл дээр нэг улирлын турш зовлон ярилаа гэж. Тэгсэн Буддын сургаалд Дөрвөн үнэний сургаал гээд хүний амьдрал зовлонгоор дүүрэн, зовлонгийн шалтгаан байдаг нь үнэн. Зовлонг гэтлэх нь үнэн гэх мэтээр хичээлүүд оруулсан юм билээ. Гэтэл шашин судлал гээд тусдаа, ёс зүй гэж тусдаа шинжлэх ухаан. Тэр хөтөлбөр доторх хамгийн гол алдаа нь яг ёс зүйн хувьд шинжлэх ухааных нь агуулга нь бага. Оронд нь тэр монгол ёс заншил орчихсон. Монгол ёс заншлыг чинь Монгол хэл, Уран зохиол эсвэл Монголын түүхийн хичээлээр ордог биз дээ. Тэгээд Буддын шашин, сэтгэл судлалын зүйлүүд нь илүү яваад, аргыг дадуулна, билгийг дадуулна гэх мэтээр зүйлүүд оруулчихсан. Миний гол шүүмжлэлтэй хандаад байгаа зүйл нь хөтөлбөрийн нэр агуулга хоёр нь зөрсөн. Гол агуулга нь яг тэр ёс зүйн агуулгаа л хадгалах ёстой байсан. Ёс зүйн гол сургаал, үзэл баримтлалаа ойлгох, зарчим хэм хэмжээг өнөөдрийн амьдралтай холбож оруулах ёстой. Жишээ нь, бага ангийн хүүхдэд нүгэл буян гэж зааснаас юу сайн юм, юу муу юм, харилцааны ёс зүй дээр мэндлэх ёс, талархах ёс, хүндлэх ёс зэргээ хэвшүүлэх хэрэгтэй шүү дээ. Хүнийг яагаад хүндлэх ёстой юм бэ гэдгийг ойлгуулах хэрэгтэй.

-Тэгэхээр таны лекцэнд дурдагдсан нас насны ёс суртахуун өөр өөр байдаг гэдэгтэйгээ уялдах нь ээ?

-Тийм. Бага, дунд, ахлах анги өөр шүү дээ. Нас насны хэрэгцээ шаардлага, сэтгэхүйн онцлог, хүүхдийн өөрийн төлөвшил хандлага, хэрэгцээ бүгд өөр өөр. Тэр бүхэнд тохирсон шинжлэх ухааных нь агуулгаар л явах ёстой. Боловсрол шинжлэх ухааны яам гэж байгаа биз дээ нэр нь. Гэтэл шашны байгууллага нь шашны сургаалаараа ёс зүйгээ төлөвшүүлнэ биз. Заавал түүнийг ерөнхий боловсролд оруулах хэрэгцээ шаардлага байсан уу. Ёс суртахууны боловсрол гэж байгаа бол өөр хэрэг. Эндээс л тэр ёс зүй, ёс суртахуун гэдэг ойлголтыг яагаад ялгах ёстой гэдэг эхлэл нь тавигдана. Ёс суртахууны боловсролыг шашнаар, шинжлэх ухаанаар, сэтгэл судлалаар олгож байна. Олон шинжлэх ухаантай холбогддог. Үндсэн нэр томьёоныхоо утгыг тэр хөтөлбөр дээр алдагдуулсан. Нэр томьёог буруу хэрэглэсэн.

-Монголчуудын ёс зүй маш дордсон гэж ярих болсон. Бид яавал ёс зүйтэй болох вэ. Яавал дэлхийн хүн болох вэ. Яавал дэлхийтэй хөл нийлүүлэн алхах вэ?

-Ёс суртахууны доройтох шалтгаан олон зүйлтэй холбоотой. Түүнээс гарах арга зам ч олон зүйлтэй холбогдоно. Жишээ нь, энэ асуудал нийгмийн тогтолцоотой ч хамаатай. Гараад л ёс бус зүйлүүд дүүрэн. Түүнийг хэвийн үзэгдэл шиг хүлээж аваад эвлэрчихсэн. Гэртээ хичнээн ээж аав нь үлгэр дуурайл үзүүлээд, сайхан авч явдаг, сургууль дээр багш нар мянга сайхан юм яриад байхад гадаа гараад л нөгөөх дээрэлхэлт, хэрүүл зодоон янз бүрийн зүйлүүд нь ил байна. Тэгэхээр нийгмийн тогтолцоогоо өөрчилж, шинэчлэх хэрэгтэй. Жинхэнэ ардчиллаа жинхэнээр хэрэгжүүлэх ёстой. Одоо хуурмаг ардчилал яваад байна шүү дээ. Жинхэнэ ардчилал биш. Хамгийн гол нь ёс суртахууны боловсролыг шинжлэх ухааных нь утга агуулгаар заах ёстой. Шашны байгууллага нь бас жинхэнэ утгаар нь таниулмаар байгаа юм. Шашин нь бизнесийн байгууллага болчихлоо. Иргэнээ энэрэнгүй хүлцэнгүй нигүүлсэнгүй үзлээр хүмүүжүүлэх юмаа хийх хэрэгтэй байна. Тийм зүйлээ хийхгүй байна шүү дээ. Хувь хүмүүс ч гэсэн өөрсдөө бие даагаад ёс зүйд, ёс суртахуунд суралцаж болно шүү дээ. Мэдээлэл, мэдлэгийн нийгэмд интернэтээр дүүрэн ном зохиол, сурах бичиг байна. Ёс зүй гэж юу вэ, ёс суртахуун гэж юу вэ. Энэ хоёр ямар ялгаатай ямар онцлогтой. Ямар харилцан хамааралтай вэ гээд монгол, орос, англи хэл дээр өчнөөнөөрөө мэдээлэл байгаа.

Монгол хэл дээр гэхдээ харьцангуй бага. Заримдаа хуурамч мэдээлэл биччихсэн байдаг. Түүнийг мэдэхгүй хүмүүс илтгэл бичээд байгаа. Би Боловсролын хүрээлэнд 30 илтгэл хоёр өдөр шүүгээд сууж байхад буруу зүйл бичсэн багш нар байсан. Хөдөөний багш нарыг буруутгах арга ч байхгүй л дээ. Ном байхгүй интернэтэд байгаа мэдээллийг ашигладаг. Тэр нь буруу. Интернэтэд байгаа юм болгон үнэн биш шүү дээ. Хогийн сав шиг зүйлүүд их байна. Түүнийг ялгаж, салгаж ойлгох хэрэгтэй. Тэгэхээр их дээд сургуулиудын мэргэжлийн багш нарын бичсэн ном сурах бичгийг уншвал илүү зөв замаараа явна. Мэргэжлийн бус хүмүүст би хэлдэг. Энэ олон жил би ёс зүйг судалчихаад нэг сайн сурах бичиг бичье гээд зүрх хүрдэггүй. Тийм ээдрээтэй нарийн асуудлууд их бий. Тэгэхэд мэргэжлийн биш хүмүүс ёс зүй гэсэн ном зохиол гаргаад, бичээд энд тэнд очоод лекц уншиж байна гэж будилаантуулаад яваад байдаг. Түүнд би их харамсдаг. Аливаа юм мэргэжил шаардана шүү дээ.

-Энэ тал дээр хэлэх шүүмж юу байна вэ?

-Төрийн бодлого л их алдагдсан. Ёс зүй, ёс суртахууны боловсрол олгох бодлого алга. Ёс суртахуун гэдэг чинь нийгмийн бас нэгэн институт байхгүй юу. Бүх юмны суурь. Суурь байхгүй бол барилга нурж унадаг шиг. Ёс суртахууны уналт доройтолд орсон энэ үед аль ч салбар хөгжихгүй. Хүн ч хөгжихгүй. Сайн үйлийг эрхэмлээд, хүн болгон сайн сайхан зүйл хийгээд, бие биенийхээ сайн сайхныг дэмжээд явбал өөр шүү дээ. Тэгэхгүй бие биенийхээ улыг шагайгаад, сайн зүйл хийж байгаадаа атаархаж хорсоод, үгүйсгээд байхаар хөгжихгүй байгаа юм шүү дээ. Атаархал гэдэг хүнд байдаг сөрөг аюултай зүйл. Хувийн аминч үзэл, өөрийгөө зөвтгөх зан, шунал гэх мэт. Эднийг эмчилдэг зүйл нь хувийн ёс суртахуун, ёс зүйн боловсрол байхгүй юу.

-Нэгэн япон эмэгтэй “Ёс зүйтэй нийгэм хөгждөг. Монголчуудыг харахад хөгжих нийгэм биш” гэх утгатай зүйл хэлсэн байдаг. Бид ингэж харагдаж байгаа нь үнэн үү?

-Тийм. Үнэний хувьтай. Ёс суртахууны хувьд өөрчлөгдөж шинэчлэгдэхгүйгээр хүн ч хөгжихгүй, нийгэм ч хөгжихгүй. Эхлээд ямар ч мэргэжилтэн хүн болох ёстой. Хүн болъё гэвэл ёс зүй, ёс суртахууны боловсрол эзэмших ёстой. Яагаад гэвэл хүнлэг, шударга, хариуцлагатай хүн л жинхэнэ хүн биз дээ. Тийм хүмүүс үгүйлэгдээд байна. Байх нь байна л даа. Гэхдээ алхам тутамд хүнлэг бус, шударга бус, хариуцлагагүй зүйлтэй таараад байна шүү дээ.

-Гэр бүлийн боловсролд ёс суртахууныг хэрхэн суулгах вэ?

-Гэр бүлийн боловсрол үүнтэй шууд холбоотой, маш чухал асуудал. Эцэг эхчүүдийн ёс суртахууны үлгэр дуурайл гэж бий. Үглэж биш үлгэрлэж хүмүүжүүл гэдэг шүү дээ. Тиймээс эцэг эх болж байгаа, гэр бүл болж буй хүмүүс гэр бүлийн ёс суртахууны боловсрол, ёс суртахууны харилцааны ёс зүйн хэм хэмжээнд суралцмаар байгаа юм. Бие биенээ хүндэлдэг, бие биедээ шударга ханддаг, хариуцлагатай байвал элдэв төрлийн маргаан зөрчил гарахгүй. Гэр бүл салалт, гэр бүлийн хүчирхийлэл гэдэг юм байхгүй болно. Хичнээн хууль байгаад буурахгүй байгаа биз дээ. Гол зүйл нь хаягдчихаар тийм байдалд хүрч байна. Аль ч салбарт тийм л байна шүү дээ.


Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

461 дүгээр ангид хоригдож буй иргэн Д.Монголхүү: Миний биеийг хорьсон болохоос үзэл санааг минь хорьж чадахгүй DNN.mn

Урьдчилан хорих 461 дүгээр ангид хоригдож буй иргэн Д.Монголхүүтэй ярилцлаа.


-Хорихын нөхцөл байдал ямар байна вэ?

-Энд яах вэ хорих анги ямар байх ёстой тийм л байна. Би чамд захиа бичиж явуулсан чи авсан уу?

-Үгүй. Ирээгүй.

-Чиний өмгөөлөгчөөр маань дамжуулж өгсөн асуултад хариулсан. Мөн өөрийн үзэл бодлоо бүгдийг нь дэлгэрэнгүй бичээд, чамд хаяглаад явуулсан даа.

-Та хэзээ явуулсан бэ?

-Өнгөрсөн нэг дэх (дөрөвдүгээр сарын 17) өдөр тогтоол шийдвэр бүх зүйлсээ батлуулж, гарын үсэг зуруулж, мөнгө төгрөгийг нь төлөөд бэлэн болгоод явуулсан. Тэр өдөртөө гарч амжаагүй бол хоёр дахь өдөр нь гарсан байх ёстой. Төлбөр мөнгийг нь данс руу нь шилжүүлээд, асуудалгүй явсан байх ёстой доо уг нь. Хэрэв эндээс гараагүй бол тоо бүртгэл дээр байгаа байх. Чи гарахдаа тоо бүртгэлээс асуугаарай.

-За тэгье. Удахгүй ирэх байх аа. Та эндэхийн нөхцөл байдлаа дэлгэрэнгүй яриач?

-Маш жижигхэн өрөөтэй юм билээ. Тэгээд гэрэл нь 24 цаг унтрахгүй асаалттай. Мөн камертай. Энд санал хүсэлт хүлээж авах хайрцаг гэж байдаг. Би түүнд нь санал хүсэлтээ бичиж хийсэн ч юу ч шийдэгдээгүй. Тэр нь зүгээр л бэлгэдлийн чанартай юм шиг байна лээ.

-Ямар гэрэлтэй вэ?

-Ийм (айлуудад байх нэмэх, хасах гэрлийн хасах гэрлийг заав). Их хурц гэрэлтэй. Тэр жижиг өрөөнд тийм гэрэл хурцдах нь аргагүй л дээ.

-Гэрлээ унтраахгүй 24 цаг тийм хурц гэрэлтэй байна гэхээр та унтаж чадаж байна уу?

-Эхэндээ ч хэцүү байсан. Одоо дасч байна. Хоёр ор давхар байдаг. Би доод талд нь унтдаг болохоор дээд орны сүүдэр тусаад арай гайгүй. Дүү хүү бол яг хурц гэрлийн дор унтаж байгаа. Хүн чинь шөнө амарч, өдрийн гэрэлд ажил төрлөө хийдэг биз дээ. Энэ нь хүмүүсийн биологийн цагийг ихээр эвдэж байна. Бид заримдаа өдөр шөнийн аль нь болж байгааг ч ялгадаггүй. Энэ чинь бас нэг төрлийн эрүүдэн шүүлт мөн биз.

-Тийм л дээ. Хоол унд ямар байна вэ?

-Гурван л төрлийн хоол өгдөг. Будаатай хуурга, хөц будаатай шөл, бор гурилтай шөл. Дандаа таван цулаар хийдэг. Мөн өдөрт тэргэн дээр түрээд пакетанд хийсэн хоол зардаг. Тэр нь эндэхийн хоолноосоо долоон дор. Ямар ч амт шимт, чанар байхгүй. Эрүүл ахуйн шаардлага хангасан эсэхэд эргэлзэж байна. Тэгээд асуухаар тендерээр шалгарсан компани хоол хийж зардаг гээд байгаа. Бас л бидний татварын мөнгийг нэг компани хууль бусаар аваад ингэж жонхууруулж байна гэж хардсан.

-Тэр хоол нь хэдэн төгрөгний үнэ ханштай байх уу?

-7000-8000 төгрөгөөр зарагддаг. Авч идсэнээс аваагүй нь дээр. Эндэхийн хоол нь хамаагүй илүү.

-Өөр төрлийн худалдаа энд явуулдаг уу?

-Нэг дэлгүүр шиг юм байгаа. Тэр нь долоо хоногт хоёр л өдөр ажилладаг. Долоо хоногт нэг удаа дотроосоо захиад бараа худалдан авч болдог. Тэгээд тэнд нь хүнд хэрэгтэй олигтой юм бараг байхгүй. Цөөхөн хэдхэн нэр төрлийн бараатай. Хэдэн төрлийн печень, ус ундаа, контек, хуурай идэх юмнууд байдаг. Дандаа таргалуулах төрлийн бүтээгдэхүүнүүд. Миний нойр булчирхай өвддөг болохоор тийм төрлийн бүтээгдэхүүнээс аль болох татгалздаг. Гэхдээ яахав үнэхээр тулсан үед иднэ л дээ.

-Мөнгөө яаж төлдөг юм бэ?

-Эндээс нэг данс өгдөг. Тэр рүү нь ар гэрийнхэн мөнгө шилжүүлээд түүнээсээ хасуулж тооцуулаад, худалдаа наймаагаа хийдэг. Энэ ганц дэлгүүр нь бас тендерээр шалгардаг гээд байгаа. Хэний, ямар тендерээр дэлгүүр, хоолны үйлчилгээ шалгараад энд тусгай эрхтэй үйлчилгээ үзүүлээд байгааг бас шалгаж үзмээр л юм билээ. Хэн нэгний эрх ашиг орсон байхыг үгүйсгэхгүй. Дээрээс нь эндээс худалдан авалт хийхэд НӨАТ-ын баримт өгдөггүй. Гаднаас хүнсний төрлийн бүтээгдэхүүн оруулах хориотой. Зөвхөн энд байгаа дэлгүүрээсээ л худалдан авалт хийх ёстой. Бод доо, ардчилсан статустай нийгэмд ийм хорио цээр байх ёстой юу. Бид эрх чөлөөтэй байх эрхээ хасуулсан болохоос хүн байх эрхээ хасуулаагүй шүү дээ. Хүнтэй хүн чигээр нь харьцмаар байна. Хоригдол, ялтан ч гэсэн хүн шүү дээ.

-Өдөрт юу хийх үү. Цагийн хуваариар хийх зүйлүүд байдаг уу?

-Юу ч хийхгүй. Өрөөнөөсөө ч гарахгүй. Тэгээд л ар гэртээ захиж авчруулсан хэдэн номоо уншина. Санал хүсэлтийн хайрцагт нь өдөрт нэг зүйл бичиж хийдэг юм. Гэхдээ шийдэгдэхгүй л дээ. Тэгээд л хоолны цаг болбол хоол орж ирнэ. Өдөрт таван удаа цай орж ирээд байх шиг байгаа юм.

-Өрөөнөөсөө ямар үед гарч болох вэ?

-Эргэлт ирсэн, нарлагааны үеэр л гардаг. Нарлагаа нь долоо хоногт хоёр удаа. Хоёр дахь, тав дахь өдөр гардаг. Тэр нь дээгүүрээ шилэн хаалтархуу юмтай полкон шиг газар байдаг. Тэрэн дээр гаргасныгаа л нарлагаа гээд байгаа юм.

-Таны биеийн байдал ямар байна вэ. Эрүүл мэндийн шалтгаанаар эмнэлэг явж байгаад баригдсан байх аа?

-Тэгсэн. Эгэмнээс болоод нуруу өвдөөд байгаа. Чийгтэй орчинд удаан байхаар нурууны өвчин сэдэрдэг юм байна. Нуруу удаан өвдөхөөр таталт өгөөд, хөл бадайрах аюултай. Хааяа хааяа хөл бадайрах болсон. Нойр булчирхай өвддөг. Цагдаа нарын гэмтээсэн давсаг түрүү булчирхайн асуудал бас бий.

-Эндэх эмнэлэгтээ хандсан уу?

-Хандсан. Шийдвэр нь гарахаар эмчилгээ хийлгэх байх. Гэрийнхнээсээ бололцоотой гэсэн эмийг багаар оруулаад ууж байгаа. Аль болох таслахгүйн тулд долоо хоногт эргэлтээ хоёр удаа авмаар байна. Гэвч эндэхийн удирдлагууд нь тэгээд байгаа юм уу, цаанаасаа тушаалтай юм уу долоо хоногт хоёр эргэлт авах ёстой байтал 14 хоногт нэг эргэлт гэдэг байсан. Манай эгч нар, эхнэр удирдлагатай нь уулзсан юм билээ. Түүнээс хойш арай гайгүй долоо хоногт нэг удаа эргэлт оруулаад байгаа.

-Өөр энд танд тулгарч байгаа бэрхшээлтэй асуудал юу байна вэ?

-Ус нь их сонин. Гар угаахаар зүгээр л тостой цаасаар арччихсан юм шиг нил тос болдог. Тэгээд ус нь хаанаас яаж ирдэг талаар асуухаар гүний ус гээд байгаа. Өнөөгийн Улаанбаатар ямар их хөрсний бохирдолтой билээ. Тэгтэл төвийн шугамнаас биш гүнээс усаа авдаг гэх юм. Энэ талаар нь хэлж, санал хүсэлтийн хайрцагт нь бичиж хийсэн л дээ. Гэхдээ бас л хариу байхгүй. Мөн өдөрт таван удаа ирдэг цай нь их хачин. Миний бодлоор буцалсан, буцлаагүй хоёр янз байх шиг байгаа юм. Заримдаа уухаар хэл дарвиганасан сонин амттай. Тэр нь буцлаагүй байх гэж бодоод байгаа. Буцалсан үедээ тэр амт нь мэдрэгддэггүй юм шиг байна лээ. Эндэхийн усыг судалж үзмээр л юм билээ шүү.

-Өмгөөлөгч тань таныг хүн алсан рецедив гэмт хэрэгтэнтэй цуг нэг өрөөнд хорьсон байна гэсэн. Тэр талаар яриач?

-Түүнийг рецедив гэмт хэрэгтэн гэж хэлэхэд хэцүү л дээ. Анх удаа гэмт хэрэг үйлдсэн. Зодооны хэргээр юм билээ. Цохиулсан хүн нь комд орчихсон сэргээгүй байгаа. Түүнээсээ болоод хүний эрүүл мэндэд хүнд гэмтэл учруулсан гэдгээр хоёр жилийн хорих ял авчихсан. Тэр хүн нь сэргэх, сэргэхгүйгээс хамаараад дараагийн ял шийтгэл нь хөнгөрч, хүндрэх нь шийдэгдэх байх. Гэмгүй ээ зайлуул жаахан залуу. Бид хоёр номоо сольж уншаад хоорондоо буу халаад байж байдаг юм.

-Таныг эрүүдэн шүүж, дарамталж байгаа зүйл бий юу?

-Тийм зүйл энд байхгүй. Аль ч улс оронд ямар ч нөхцөлд, аль ч цаг үед улстөрийн гэмт хэрэгтэнд хаанахын ч шорон, гяндан хүндэтгэлтэй ханддаг. Ямар хүн алж хүрээ талсан биш. Хийсэн хэрэг байхгүй хүнд аргагүй байх. Намайг энд хамгийн захын өрөөнд хянагчтай хамгийн ойр байлгаж байгаа. Байнгын хараа хяналтад, 24 цагийн камер, хянагчийн хараанд хэн ч намайг яаж ч дарамталж чадахгүй. Мөн ХЭҮК-оос надтай ирж уулзаад, нөхцөл байдалтай танилцаад явсан.

-Таны нүдний шил хагарсан гэсэн. Яагаад хагарсан юм бол?

-Би түүнийг ширээн дээрээс санаандгүй унагаад, цементэн шалтай болохоор дорхноо хагарчихсан л даа. Түүнийг нь манай эгч фэйсбүүктээ бичсэн юм билээ. Түүнээс болоод энүүгээр түргэн аваад эмч ирж үзээд, зодож нүдэж, дээрэлхэж дарамталсан зүйл байна уу, эрүүдэн шүүсэн үү гээд баахан үзэж, хоргоосон.

-Таны давж заалдах шатны шүүх хурал товлогдоогүй байгаа юу?

-Товлогдоогүй.

-Давж заалдах хурал дээр анхан шатны шүүхийн шийдвэр хэвээрээ батлагдвал яах вэ?

-Яахав тэгээд үлдсэн ялаа биеэр эдэлж дуусгана даа. Би өмгөөлөгчтэйгөө ярилцаад байгаа. Эд нар надад хилс хэрэг тохож, хорьж цагдаж л байг. Тэр тусам нь эдний баримт надад нэмэгдээд л байгаа. Гарын үсэгтэй, тамга тэмдэгтэй баримт болгоныг би цуглуулж байгаа. Ял яахав, хугацаа нь дуусаад суллагдана. Харин би суллагдаад эд нартай эргээд тооцоо бодно. Ардчилсан улс орнуудын дундах Магнитский Акт хуулиар би эднийг бүгдийг нь эх оронд нь хорино. Уг хууль яадаг вэ гэхээр ардчилсан улс орнууд хувь хүний эрх, эрх чөлөөнд халдсан, улс төрийн гэмт хэрэгтэн болгон хорьсон, үг үзэл бодлоо илэрхийлэхэд саад хийсэн бол тухайн шийдвэрийг гаргасан эрх мэдэлтэн, албан тушаалтан бүх хүмүүсийг өөрсдийг нь ардчилсан улсад нэвтрүүлэхгүй блоклодог. Өөрөөр хэлбэл, надад хорих шийтгэл ногдуулсан, миний эрх, эрх чөлөөнд халдаж хилс хэрэг тохсон бүх хүмүүс бүх насаараа өөр улс оронд очиж чадахгүй насаараа эх орондоо хоригдоно. Гэр бүлээрээ шүү. Тэдний үр хүүхдүүд өөр улс оронд аялж зугаалж, сурч боловсрох эрхгүй болно. Би үүнийг хийхээр бүх баримт сэлтээ цуглуулж байгаа.

-Өөр танд нэмж хэлэх зүйл байна уу?

-Манай өрөө маш жижиг. Тэгээд хоёулаа байдаг. Ер нь олон улсын шоронгийн стандарт ямар байдаг юм. Нэг хүнд хэдэн м.куб талбай оногддог юм. Тэр болгоныг судалж үзмээр юм байна. Би өөрөө судалж үзье гэж хүсэлт тавьсан л даа. Legalinfo.mn рүү ороод л авчихна шүү дээ. Гэтэл эд надад тийм зөвшөөрөл олгохгүй байгаа.

-Таны өрөө ойролцоогоор ямар хэмжээтэй вэ. Та дүрслээд хэлж болох уу?

-Өргөн нь гараа алдлаад зогсоход хоёр талд хуруу хүрч байдаг.

-Таны өндөр хэд вэ?

-169 см. Арай 170 хүрэхгүй.

-Тэгвэл тэр хавьцаа л юм байна өргөн нь. Уртаашаа ямар вэ?

-Нэг ор тэгээд хагас алхам хүрэхгүй хэмжээ л үлдэнэ. Ойролцоогоор 2 м юм болов уу даа. Хүрэхгүй ч байж мэднэ. Нэгэнт намайг зориод ирсэн танай сонины хамт олонд баярлалаа. Хориотой байгаа хүнд хэцүү үед ч үг үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөг олгоно гэдэг сайхан санагдаж байна. Би энд нөхцөл байдлыг сайжруулахын төлөө үг үзэл бодлоо илэрхийлсээр л яваа. Хараахан үр дүнд хүрээгүй ч цаашид сайжрах байх гэж найдаж байна. Эд миний биеийг хорьсон болохоос үзэл санааг минь хорьж чадахгүй. Та бүхнийхээ ажил үйлсэд амжилт хүсье.

-Баярлалаа. Таны байрлаж байгаа хэсэгт ойролцоогоор хичнээн өрөө байдаг вэ. Та анзаарч харж чадсан уу?

-Яг хэдэн өрөө байгааг сайн мэдэхгүй юм. Ямар ч байсан хамгийн олон хүнтэй нь наймуулаа байдаг гэсэн. Тэгээд тав, хоёр, нэг хүний өрөө гэж байдаг юм билээ. Нэг зүйл анзаарсан нь би түрүү жил энд нэг сар хоригдсон доо. Тэгэхэд өрөөнүүд нь хоосон хүнгүй байсан. Гэтэл одоо бүх өрөө нь дүүрэн хүмүүсээр хахаж байна. МАН-ы махны машин ингэж л ажиллаж байгаа бололтой.

-Насны хувьд ямар хүмүүс байх юм?

-Бүх насныхан.

-Хоорондоо ярилцаж болох уу?

-Болохгүй. Тэр хориотой. Яагаад гэвэл энд бүлэглэн хэрэг хийсэн янз бүрийн хэрэгтэй хүмүүс орж ирдэг. Урьдчилан хорих анги болохоор хэрэг нь шийдэгдээгүй хүмүүс байдаг. Тэдгээр улсууд хоорондоо үгсэн тохирох, хэл амаа нийлүүлэх магадлалтай учир ярихыг хориглодог юм билээ. Гэхдээ яахав ганц нэг үг аргыг нь олж байгаад аятайхан сольж болдог. Би нэг зүйлийг гайхаад байна. Ардчилсан улс хэрнээ яагаад нарлагаа гэж хоёрхон өдөр хэдхэн минут гаргадаг юм. Эмэгтэйчүүд хүүхдүүдийг яагаад тусад нь байлгаж, хооронд нь яриулж болдоггүй юм бэ. Ардчилсан улсын хуульд нас хүйс, үндэс угсаагаар хэнийг ч ялгаварлан гадуурхахгүй гэдэг биз дээ. Гэтэл энд яагаад ялгаа яваад байгаа юм бэ.

Хэмээн бидний яриа өндөрлөв. Иргэн Д.Монголхүүтэй хянагчийн хараан дор 20 минут ярилцсан юм. Түүнтэй уулзах амар байсангүй. Өмнө нь хэд хэдэн удаа асуулт өгч өмгөөлөгч болон эхнэрээр нь дамжуулсан боловч хэвлэн нийтлэх эрхийг хорин асуултын хариултыг гаргасангүй. Энэ удаад түүний эхнэртэй цуг орох нэрсэд нэрийг маань өгч орсон нь энэ юм. Түүнтэй уулзахаар явах замдаа ямар байгаа бол нүдний гал нь бөхсөн болов уу хэмээн бодсоор очив. Бид өмнө нь хэд хэд ярилцсан ч биеэр уулзаж байсангүй. Дандаа утсаар ярьж байлаа. Тэрбээр дүүргээсээ гарах эрхээ хасуулсан тул ярилцлага өгөх газарт ирэх боломжгүй байсан юм. Ингээд түүний эхнэр, эгчтэй хамт ороход намайг таньж байв. Шууд л харц нь гэрэлтэн инээж, эхнэртэйгээ эгчтэйгээ ярьсны дараа надтай ярилцсаныг дээр буулгалаа. Эгч Д.Булган нь ярихдаа “Өчигдөр (уржигдар) Ц.Оюунгэрэл эгчтэй уулзсан. Чамайг долоо хоногт шагналын хоног авахын төлөө сайн байгаарай. С.Баярцогт, Э.Бат-Үүл дарга нар тэр хоногоо цуглуулаад хугацаагаа маш их наашлуулж чадсан гэсэн. Хэрэв чи шагналын хоног аль болох их цуглуулж чадвал муугаар бодоход давж заалдах дээр ялагдчихвал наадмын өмнө гарчих байх” гэсэн юм.

Урьдчилан хорих 461 дүгээр ангийн нөхцөл байдлыг ажиглахад хоригдсон хүмүүс их байгаа нь гадаа нь уулзалтын цаг авахаар хүлээн суугаа хүмүүсийн дарааллаас мэдэгдэж байв. Ингээд уулзахаар орохын өмнө “Өнөөдрийн гол зорилго чи учир бид биеийг нь асуугаад, захих зүйлийг нь аваад үлдсэн минутад нь чи ярилцаарай” хэмээн тохиролцоод, иргэний үнэмлэхээ үзүүлэн тоо бүртгэл дээр эхлээд бүртгүүлэв. Дараа нь үүдэнд суугаа хянагчид иргэний үнэмлэхээ үзүүлэн цагаа бичүүлээд, “Нэр дуудахаар ороорой” гэсний дагуу хүлээн суулаа. Ингээд цаг гаруй хүлээсний эцэст “Монголхүүгийн ар гэр” хэмээн дуудахад оров. Ороход нэг талдаа ойролцоогоор арав гаруй харилцууртай, пластикан хаалтаар хаасан, вакум цонхоор хаалт босгон тусгаарласан өрөө байлаа. Иргэн Д.Монголхүү нэг харилцуурын ард биднийг хараад инээн суув. Гэнэт л хянагч “Цаг дууслаа, дуусга” хэмээн Д.Монголхүүгийн харилцуурыг шууд л унтрааж орхилоо. Аль хэдийнэ олгогдсон 20 минут дууссан нь тэр аж. Гарч ирээд, үүдний хүлээлгийн танхимдаа буцаж орлоо. Яриад байсан дэлгүүр нь тэнд байрладаг юм байна. Барааг нь харахад хүмүүсийн тэр болгон гэртээ сонгож авахааргүй гурилан бүтээгдэхүүнүүд, ус ундаа цөөхөн нэр төрөл ихэнх нь хийжүүлсэн. Печениүд, чоко пай, контек, хуурай сүү, чихэр гэх мэт зүйлүүд өрсөн байв. Ахуйн хэрэглээ нь гар нүүрийн алчуур, оо сойз, ариун цэврийн цаас ямар ч сонголтгүй ганц ганц төрөл байх юм. Мэдээллийн самбар дээр мөнгө шилжүүлэх дансыг бичиж тавьсан руу Д.Булган эгч нь түүний хэрэглээний мөнгийг шилжүүлээд, надад хаягласан гэх захианы учрыг асуухаар шалган руу орон сураглаж, гарч ирлээ. “Ямар ч байсан явсан юм байна. Чамд очдог л байгаа” гэсээр бид тэндээс хөдлөв.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Эрхэмбаяр: Цөлжилтөөс сэргийлэх хамгийн эхний ажил нь бэлчээрийг хуваарилах юм DNN.mn



Монголын мал зүйч, үржүүлэгчдийн холбооны тэргүүн, Хөдөө аж ахуйн ухааны доктор Л.Эрхэмбаяртай ярилцлаа.


-Та сошиалд “Мал аж ахуй хаашаа явах вэ” хэмээх нийтлэл бичсэн байна лээ. Түүнд малын тоо толгойг бууруулах шаардлагатай гэсэн байсан. Малын тоо толгойг бууруулахын тулд ямар ажил хийх шаардлагатай вэ?

-Энэ бол үр ашгийг нэмэгдүүлж, байгаль орчинд ээлтэйгээр мал аж ахуйн салбарыг эрхлэх цогц асуудал юм. Энэхүү цогц асуудлын нэгийг нь онцолж ярихаар хүмүүс түүн рүү туйлширч ойлгоод байна. Мал аж ахуйн салбарыг эрчимжүүлэх хэрэгтэй. Бэлчээрийн мал аж ахуйгаа эрчимжсэн мал ахуйтайгаа хослуулах ёстой. Ингээд бодохоор хаа байсан Алтайн баруун хязгаарын малчдыг хүртэл хэлж байна, Ховдын хязгаарт нутагладаг хүнийг хүртэл хамруулж байна гэж ойлгодог. Нийгэм үүнийг савлагаатай, боловсруулалтгүй хүлээж авах тал байна. Хаанаас эхлэх ёстой вэ гэхээр Бэлчээрийн тухай хуулиасаа эхлэх ёстой. Газар бол бүх юмны эхлэл. Газраа зөв хуваарилан, бэлчээрээ талхлахгүй ажлаа зөв эхлүүлэх ёстой. “Хаяа багтахаараа бууж, хамар хатгахаараа иднэ” гэдэг хуучны үг цаг үеэсээ хоцроод, өнөөгийн нийгэмд нийцэхээ больсон. Бэлчээр эзэнтэй болохоор газрыг цөлжүүлэхгүй байх, талхагдалд оруулахгүй байх үүргийг эзэн нь хүлээнэ. Энэ ажлаас л эхэлнэ гэсэн үг л дээ. Хүнд бэлчээрийг нь заагаад, гаргаад өгчихөөр түүндээ багтсан хамгийн өндөр үр ашигтай мал аж ахуйг эрхлээд эхэлнэ.

-Энэ асуудлыг малчин дангаараа хийнэ гэхээр нэг бодлын өрөөсгөл байх л даа?

-Энэ ажлыг жирийн малчдад даатгаад, тэдний үгээр явбал нэлээд их хохирол, зовлон үзнэ. 10, 20, 30 жилийн хойно хохирлоо үзээд өнгөрсний дараа сэргээхээс эхлээд дахиад л явна гэсэн үг. Тиймээс нөхцөл байдлыг том зургаар нь харж, эрдэмтэн судлаачид, бусад улс оронд очиж юм үзэж нүд тайлсан хүмүүсээрээ удирдуулан, зарим зүйлүүдийг захиргааны маягаар шийдэж явах нь зүйн хэрэг. Дан малчдад даатгаад, тэдний санаагаар явна гэвэл 40-50 жил орно. Тиймээс малчдаа соён гэгээрүүлэх, ойлгуулах ажлаас эхлэх хэрэгтэй.

-Малчдыг яаж соён гэгээрүүлж боловсруулах вэ?

-Бодит байдал дээр өөрсдөө хохироод, хор нөлөөг нь үзээд эхнээсээ мэдрээд байна л даа. Дээрээс нь энэ маягаараа үргэлжлээд байвал бид байгаль орчноо улам сүйтгэнэ гэдгийг ойлгуулах, таниулах нь зүйтэй. Тал талаасаа ажиллах л хэрэгтэй.

-Нөгөө талаасаа “Мянгат малчин, Аймгийн сайн малчин, Улсын сайн малчин” гэх мэт шагналд дулдуйдаад малаа олон л болгох ёстой гэх ухагдахуун суугаад байна шүү дээ. Энэ байдлыг яаж засах вэ?

-Аливаа шинэчлэл өөрчлөлт зохих хэмжээний хохирол амсах, маш их хөдөлмөр зарцуулах, тогтоосон журмыг биелүүлэхээс өөр аргагүй байдалд орох, эцэстээ тулах гээд зөндөө юм байна.

Мэдээж хэрэг үүнийг нүд ирмэхийн зуурт 1-2 жилийн дотор хийх гэж байгаа юм биш. Аажим алгуур, хууль эрх зүйгээ зөв болгоод, 5-10 жилийн дотор байгаль орчиндоо ээлтэй мал аж ахуй руу шилжих тал руугаа хандах ёстой. Хүмүүс уламжлалт мал ахуйгаа байхгүй болгочих юм шиг яриад байдаг. Тийм зүйл огт байхгүй. Тэр тусмаа хангайн өндөр ууланд, Алтайн өндөр ууланд, говь талд байгаа хүмүүс байдгаараа л байна. Эхлээд нягтрал их үүсч буй, төв суурин руугаа тэмүүлж байгаа, малын урсгал хэтэрхий их, малын бөөгнөрөл үүссэн газрууддаа хосолсон мал ахуйг эхлүүлэх ёстой. Тэртээ тэргүй бэлчээрийн хомсдолтой юм чинь сайн тариалсан таримал тэжээлээр малаа тэжээгээд өвөл, хавраа ав. Энэ хооронд зарим нь бордоод таргалуул. Хавар нь маханд борлуул. Борлуулах үйл ажиллагаа ганцхан намар болдог биш жилийн дөрвөн улирлын туршид нойтон, шинэ махтай баймаар байна. Энэ хэрэглээ рүү Монгол Улс шилжих ёстой.

-Эдгээр асуудлаа шийдчихсэн ферм болон хосолсон мал аж ахуйтай иргэдэд хугацаа хожих боломжтой л юм байна. Тийм үү?

-Боломжтой. Тэжээлийн хангамжаа шийдчихсэн, малын үүлдэр угсаагаа шийдэж байгаа, хөрөнгө оруулалт, техник тоног төхөөрөмжөөс авахуулаад шийдчихсэн малчид, мал бүхий иргэд, аж ахуйн нэгжид шууд бэлчээрийг нь хуваарилж өгөөд, ажлыг нь эхлүүлэх нь зүйтэй. Үүнээс санаа аваад, бусад нь даган дуурайгаад хийдэг. Тиймээс даган дуурайлгах, үлгэрлүүлэх, манлайлуулах, түүчээлүүлэх асуудлыг зэрэг зэрэг авч явна. Мянга сонссоноос нэг үз гэдэг. Бэлчээрийн мал ахуйг намар, зундаа хийгээд, эрчимжсэн мал аж ахуйг өвөл, хавартаа хийхийг хослуулна гээд байгаа юм. Энэ нь эрчимжээд байгаа юм огт биш. Өвөл, хавартаа малаа тураахгүй сайн тэжээгээд, байнгын зуны мал шиг байлгаж чадаж байгаа л асуудал. Ийм үед хэзээ ч малынхаа махыг борлуулж болно.

-Бэлчээр хуваарилна гэхээр маргаан үүсэх байх даа?

-Монголчуудад уул уурхайн хайгуулын лиценз авдаг шиг 50-60 мянган га талбай авчихаад юмаа хийдэггүй шунаг сэтгэлгээ бий. Хүн л юм хойно зөв л дөө. Тэгсэн хэрнээ түүнийгээ хүнд ч ашиглуулахгүй, өөрөө ч хэрэглээд гавьсан юмгүй, газрынхаа хэмжээнд таарсан үйлдвэрлэл явуулахгүй хашчихдаг. Журмаар үүнийг маш сайн зохицуулж өгөх ёстой. Танд бэлчээр ашиглах эрх олголоо. Та энд ажлаа хийхгүй нэг жил боллоо. Хоёр дахь жилээс багасгалаа. Таны газар ихэджээ. Энэ хэсгийг шилжүүлье гэх мэтээр зохицуулж болно. Үүнийг дамлан худалддаг, хоорондоо наймаалцдаг хэрэгсэл болгож огт болохгүй. Нэг ёсондоо цөлжилтөөс сэргийлэх хамгийн эхний ажил нь бэлчээрийг хуваарилах юм. Баг, сумын Засаг даргаас авахуулаад төрд ажиллаж байгаа дунд шатны ажилтан, дээд албан тушаалтан хүртэл үүнийгээ ерөнхий нэг бодлоготой, том зургаар нь ойлгосон байх шаардлага тулгарна. Тэгэхээр энэ зөвхөн малчдыг гэгээрүүлэх ажил биш. Шийдвэр гаргадаг, төрд ажилладаг, анхан шатны нэгжүүдийн удирдлага, төрийн албаныхныг ч гэсэн маш сайн гэгээрүүлж, ойлгуулах ажил бий. Үүнийгээ хийхдээ нэг долгион дээр, нэг бодолтой, нэг амаар ярьдаг байх хэрэгтэй. Багийн Засаг даргаас эхлээд Ерөнхий сайд хүртлээ бодлогоо ойлгочихсон байна гэсэн үг. Ингэхийн тулд нэг том стратегич байх ёстой. Түүнийхээ үгэнд ороод л, шийдвэр тушаалыг нь гүйцэтгээд явах нь зүйтэй.

-Сүүлийн үед мал махан тарга биш өөхөн тарга авах боллоо гэх болсон. Тэжээл, бордоогоор тэжээхэд мал яаж тарга авдаг вэ?

-Уургаар дутагдсан, өвөл хавартаа дан ганц бэлчээрээр хооллоод уураггүй болчихсон, хагд өвсөөр өлмөн зэлмэн бэлчээрлэсэн мал намрын авсан амьдын жин буюу махныхаа 30 хувийг алддаг. Зундаа бэлчээрлэсэн ч таргаа гүйцэд авч чадалгүй, махлаагүй байтал байгалийн өвс ургамал нь тослог тал руугаа болоод явахаар жаахан махан дээрээ өөх давхарлаад байдаг. Махан таргагүй. Тэгэхээр өвөл, хавар нэмэгдэл тэжээлээр сайн тэжээвэл махан таргаа алддаггүй. Өвөл, хавартаа тэжээлээр тордох нь нөгөө талдаа бэлчээрээ гамнаж байна гэсэн үг. Өвөлдөө өнжсөн бэлчээр дараа жил нь сайн ургана. Борог өвс чийг, ялзмагийг хадгалж байдаг. Хөрснийх нь улыг гартал идчихээр л цөлжилт болоод байгаа шүү дээ. Мал боргийг үлдээхгүйгээр идчихдэг. Алтай, Ховдын газар тариалангүй нутгуудад энэ нь хол сонсогдох байх. Яваандаа тэр бүс нутгийн нам дор газруудад нь малын ногоон тэжээл тариалдаг бизнесийг цэцэглүүлэх ёстой. Хаа байсан Говь-Алтай, Завхан, Ховдын өвөл хэрэглэх жаахан өвсийг Улаанбаатар, Дорнодоос татна гэдэг эмгэнэл. Ургуулдаг компаниудыг бойжуулж, өсгөх ёстой. Бидэнд хийх ажил маш их байна.

-Үүнд хэр хугацаа зарцуулах бол?

-Хүмүүс үүнийг ойрын 1-2 жилдээ хийчихнэ гэж хараад байгаа. Гэтэл маш сайн төлөвлөж, нарийн зохион байгуулалттай ажиллахад, үргэлжилсэн 5-10 жилийн хөдөлмөр орно.

-Малчид өөрсдөө тэжээл бордоогоо бэлтгэх боломжтой юу?

-Бусад оронд тэжээл бордоог бэлтгэдэг тусдаа компаниуд байдаг. Манайд нэг л хүн тэжээлээ ч тавьдаг, малаа ч хариулдаг, худгаа ч гаргадаг. Гэтэл дэлхийн бусад оронд энэ ажлууд бүгд төрөлжсөн. Тэжээл хийх хүн зөвхөн тэжээлээ л хийнэ. Малаа хариулдаг нь зөвхөн малаа л хариулна. Шилмэл хээлтүүлэг гэх мэтийг зөвхөн үржлийн фермээс авна. Юм болгоны эзэн байж болохгүй. Малчин хүн мянган мэргэжлийн эзэн гэж үг бий. Өнөөдрийн түвшнээс харвал энэ үг хоцрогдсон. Одоо чиглэл бүр нь мэргэшиж нарийсч байгаа. Энэ төрлийн компаниудыг төрөөс дэмжих хэрэгтэй. Олон компани гараад ирэхээр өрсөлдөөнөөс гадна төрийн зохицуулалт байх хэрэгтэй. Малчид компаниуд хорших ёстой. Хөдөлмөрөө, эд хөрөнгөөрөө хоршвол дундын үйлчилгээ бий болно. Солонгос, Япон, Ази, Европын орнуудад тэжээлийнхээ асуудлыг шийддэг өч төчнөөн аргууд байна. Түүнд суралцахаас ч өөр аргагүй. Бид үүнийг шийдэхгүй бол дэлхийн хөгжлөөс хоцрох гээд байна.

-Ямаа бас бэлчээрийн даацад их нөлөөлдөг гэх. Гэтэл төр бодлогоор өсгө гээд байдаг шүү дээ?

-Бог, бод мал хоёулаа байгаа бол бог мал нь нийт малын 30 хувиас хэтрэхгүй байх ёстой гэдэг. Үүнийг детальчилж яривал маш том асуудал л даа. Одоогоор детальчилж нарийн юм руу орж чадахгүй л явна.

-Бэлчээр, тэжээл бордоо, мал маллагаа гээд асуудлуудыг шийдээд ирэхээр малын махыг экспортод гаргах боломжууд нь хэр нээгдэх вэ?

-Бэлчээр хуваарилах гэдгийг хатуугаар ойлгож болохгүй. Өнөөгийн нөхцөлд хуваарилалт байхгүй учраас эрүүл өвчтэй нь мэдэхгүй айл болгоны мал хоорондоо холилдоод байдгийг л гадаадынхан дургүйцдэг юм шүү дээ. Тэгэхээр бэлчээрээ зөв зохистой хуваарилж өгөөд, тэр дотроо мал нь ямар ч өвчин эмгэггүй, хэдэн жил малын гаралтай ямар ч өвчин гараагүй, өөр айлын мал орж ирээгүй байхад л гадаад руу махаа экспортлох үүд хаалга улам бүр нээгдэх боломжтой. Ингэвэл махаа экспортлох гарц маш хялбар болно.

-Та дээр дурдахдаа тэжээл хийдэг хүн нь тэжээлээ, хариулдаг хариулгаа гэх мэтээр тус тусад нь хариуцаж хийнэ гэсэн. Тэгэхээр малыг өсгөхдөө нас насаар нь бас өсгөх ёстой юу?

-Бас л төрөлжинө. Жишээ нь, малчид ашиг орлогоо нэмэгдүүлье гэвэл хургыг 5-6 сартайд нь ялгаад, хурга борддог аж ахуй руу өгөөд мөнгөө авчихдаг. Тэр нь одооны нас бие гүйцсэн эм хонийг борлуулсан өртөгийн хэмжээнд хүрэх жишээний. Дараагийнх нь хурга бордох аж ахуй нь дахин арай үнэ цэнэтэй хонины мах үйлдвэрлэж, гадаадад гаргаж болно. Дотооддоо хэцүү л дээ. Гадаадад гаргахдаа ингэж үнэ цэнэ нэмэгдсэн бүтээгдэхүүн гаргах ёстой. Одоо манай малын мах Иран руу гурван ам.доллараар гарч байхад, Австрали хонины мах 7-8 ам.доллараар гарч байна. Хоёр дахин үнэтэй. Нэг төрлийн ижил чанартай, ижил стандарттай, ижил махан бүтээгдэхүүн гаргаад ирэхээр үнэ цэнэ нь нэмэгддэг. Бидний гаргаж буй хонины мах нэг бол тарган эсвэл туранхай, нэг бол зөөлөн шүүслэг эсвэл хатуу, нэг бол дандаа өөх эсвэл дан хар мах гэх мэтээр ямар ч стандартгүй. Стандартад нийцүүлж жигдлээгүй ийм бүтээгдэхүүн үнэд хүрдэггүй. Ер нь ямар ч бүтээгдэхүүн. Бид нэгэн жигд үнэ цэнэтэй мах болгохын тулд малчид заасан стандартын дагуу хургаа өсгөж, махлуулаад дараагийн мал бордох аж ахуй руу нийлүүлдэг. Мал бордох аж ахуй нь дахин дээд түвшинд хүргээд борлуулвал үнэд хүрнэ шүү дээ. Өртөг нэмсэн үнэ цэнэтэй бүтээгдэхүүн хамтаараа кластраараа үйлдвэрлэж чадахгүй байгаагаас болоод малчдаасаа авахуулаад, мах боловсруулах үйлдвэр, экспортод гаргаж байгаа компани хүртэл бүгд “боолын хөдөлмөр” хийж байна. Үүнийг бизнес гэж хэлэхэд хэцүү. Үнэнийг хатуу хэлэхээр доромжилж байна, худлаа гэж ойлгох гээд байдаг. Хатуу хэлсэн үг эмзэг ч гэсэн хүнд буудаг.

-Манайд бордоо тэжээл үйлдвэрлэдэг үйлдвэрүүд хэр бий вэ. Малынхаа хэдэн хувийг тэжээлээр хангах боломжтой вэ?

-Шууд тэдэн үйлдвэр гэж хэлэхээсээ илүү яг өнөөдрийн байдлаар тэжээл хэрэглэж үзээгүй малчид олон бий. Тэжээл хэрэглэхээр махных нь үнэ нэмэгдчихнэ. Тэгээд л байгальдаа найдаж хямдхан мах үйлдвэрлэж, гадаадад гаргах гэхээр стандартын жигдэрсэн шаардлага хангадаггүй. Ийм учраас тэжээлийн үйлдвэрүүд нь зарим жил ажиллаж чадахгүй, бүтээгдэхүүн нь борлогддоггүй. Бэлчээр өвс хадлан муу жил тэжээл авах гэхээр тэжээлийнхээ үнийг дийлэхгүй. Манай монголчууд малдаа мөнгө зарж үзээгүй. Дандаа л авдаг. Байгалиасаа ч тэр, малаасаа ч тэр. Энэ байгаа байдал нь байгаль цаг уур, дэлхийн уур амьсгалд нийцэхээ больчихоод байна. Хэдхэн цөөхөн тэжээлийн үйлдвэртэй мөртлөө бүтээгдэхүүн нь борлогддоггүй. Нөгөө талдаа тэжээлгүй учраас олон саяараа мал хиардаг. Ийм том эрсдэлтэй. Тэжээлийн үйлдвэр малчин хоёр хоорондоо авцалддаггүй. Иймэрхүү тохиргоон дотор л ажиллаж байна даа.

-Дэлхийн бусад орнуудад манайх шиг ингэж бэлчээрийн даац нь хэтрээд, эрчимжсэн мал ахуй руу шилжсэн туршлага бий байх. Та жишээ дурдахгүй юу?

-XVIII зуунд Англид “Хонь нь хүнээ барьж идэв” гэх хэлц гарч байсан. Энэ нь хонины тоо толгой маш ихээр өсч, цөлжилт явагдаад, ус бэлчээргүй болоод талхлагдаж, түүнээс нь болоод ийм хэллэг гарсан. Австралид гэхэд хонин сүргийн тоо толгой өсч, бэлчээрийн даац хэтрээд, жимс ногооны үр тариагаар хооллодог тоть нь хонины сэг зэмээр хооллодог махчин болсон ч гэж яригддаг. Эдгээр улс гэхдээ үйлдвэржилтээрээ ч тэр, давж гарсан туршлагаараа ч тэр 200 жилээр манайхаас түрүүлж яваа. Одоо тэдний техник технологийн хөгжлийг шууд л копидож авахаас өөр гарцгүй. Хоцрогдлоо давуу тал болгож, 200 жил зовж зүдэрсэн тэр туршлагыг нь бид 20 жилийн дотор суурьшуулах боломж байна. Канад улс бэлчээр нь маш их цөлжиж, доройтолд орж эхэлсэн. Тэд 1960-1970 оны хооронд бэлчээрийг хуваарилж, эзэнтэй болгох ажлыг хийсэн. Одоо маш сайхан болсон шүү дээ. Англи, Австрали гээд мал аж ахуйгаараа дэлхийд тэргүүлдэг орнууд бүгд л энэ зүйлийг даван туулаад, амсаад ирсэн. Ганцхан манайх ийм байдалд ороод байгаа зүйл биш л дээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Элийрэгч буюу Ц.Уянга: Би сошиал орчин бодит амьдрал биш гэдгийг харуулахыг хичээдэг DNN.mn

Твиттерийн жиргээч Элийрэгч буюу Ц.Уянгатай ярилцлаа.


-Монголд хэзээ ирэв. Хувийн шалтгаанаар ирсэн үү?

-Тэгсэн. Хувийн шалтгаанаар ирээд гурван долоо хоног болж байна. Энд байх компанийнхаа зарим ажлыг цэгцлэх хэрэгтэй болоод ирлээ. Зарим хөрөнгөө зарж борлуулахгүй бол монголын эдийн засаг царцанги байдалд орчихсон. Ковидын өмнөөс л уналттай байгаад эхэлсэн. Тэссээр байгаад л ковидоор бүр зогсонги байдалд ороод, түүнээс хойш сэргэхийг хүлээсэн ч сэргэсэнгүй. Үйл ажиллагаагаа нэлээд цомхотгоод, зарж борлуулах зүйлээ зараад, зарим хөрөнгө оруулагчийн мөнгийг гаргаж өгөхгүй бол Монгол дахь үйл ажиллагаа маань санхүүгийн хувьд хүнд байдалтай л байна.

-Хэр хугацааны дараа ирж байгаа нь энэ вэ?

-Би байнга л ирэн очин байдаг. Ковидоор гацаад ирж чадахгүй жаахан удсан байх. Гадагшаа төслийн судалгааны ажлаар яваад, төсөл ч дууссан, үйл ажиллагаа ч царцсан. Тэр хооронд хүүхдийн сургууль соёл гээд тэндээ завгүй болоод, гурван жил гарангийн дараа л ирж байна даа. Явахаасаа өмнө бас л хэрүүл тэмцэлтэй байж байгаад явсан шүү дээ. Тэр асуудлаа шийдчихээд явсан. Хэдийгээр эх орондоо байхгүй ч цахим эрин зуунд мэдээллийг шуурхай авч, хамт байгаа юм шиг л амьдарч байна. Тэгэхээр ямар нэгэн зүйлээс хоцрохгүй дунд нь байгаа юм шиг л явж байна даа.

-Таныг байхгүй хугацаанд өөрчлөгдсөн зүйл байна уу?

-Би хөндлөнгөөс ажиглаад байгаа юм биш. Бүгд л мэдэж байгаа. Улстөр ч тэр, нийгэм эдийн засаг ч тэр жилээс жилд дордож байна. Бүх талаар огцом дордсон. Ялангуяа нийгмийн сэтгэлзүй тогтворгүй, итгэлгүй болчихсон байгаа үе л дээ. Ийм үед зөвхөн бухимдлаа л илэрхийлнэ үү гэхээс явж байгаа бодлогын хүрээнд, нийгэмд хэрэгжиж байгаа үйл ажиллагаа, төсөл, улстөрийн шийдвэрийн хүрээнд ч гэдэг юмуу эсвэл эдийн засгийн нөхцөл байдлын хүрээнд ч юмуу тийм маргаан биш өнөө маргаашаа аргацаасан л хэрүүл хийдэг боллоо. Өмнө нь харьцангуй наадах чинь буруу, энэ нь зөв гэх мэтээр маргаан явдаг байсан бол одоо хэлэх ч үггүй л болоод л байна. Нийгмээрээ царцчихлаа. Ялангуяа ажил амьдралын гараагаа дөнгөж эхэлж байгаа залууст ямар ч гэрэл гэгээ алга. Тиймээс чадвартай боловсон хүчин, мэдлэгтэй, мэдээлэлтэй тодорхой хэмжээнд мэргэжлийн капитал үүсгэсэн байсан жаахан хэсэг хүний нөөцийн хүрээ нь гадагшаа урсаад дууслаа л даа. Тэгээд үлдсэн хэд нь энэ асуудлыг шийдье, энэ цаг үеийг даваад, тэр төслийг хэрэгжүүлэхийг нь дэмжье гэдэг зүйл нь байхгүй болохоор өөр хоорондоо маргаантай хэрүүлтэй л амьдраад байна уу даа. Засаг барьж байгаа хүмүүстээ гомдолтой иймэрхүү л байдалтай байгаа юм байна. Хамгийн харамсаж байгаа зүйл нь юу вэ гэхээр засаг барьж байгаа хүмүүс нөхцөл байдлыг нээлттэй зөв мэдээллээр хангаад, хамтдаа даван туулах биш шүүмжилснийг нухчин дардаг.

Бодит байдлыг нуун дарагдуулдаг эсвэл хэт аминчилдаг, хэт айдас үүсгэж ойлгомжгүй цуврал кино аятай зүйл болгоод, ард иргэдийг төөрөгдүүлээд байна л даа.Хууль нь өөрөө хууль байж чадахаа байгаад хуулийн хүч нь өөрөө албан тушаалтнуудын гарт орчихсон байгаа нь хамгийн гунигтай санагдаж байна. Байгаа хууль нь сайн муу нь хамаагүй хуулийнхаа хүрээнд ажиллаж амьдрах, үйл ажиллагаагаа явуулах, үг үзэл бодлоо илэрхийлэх боломжгүй байгаад л гунигтай байна.

-Та олон нийтийн сүлжээнд идэвхтэй шүүмжилдэг. Тан руу дайралт, дарамт, шахалт ирж байна уу?

-Би нутаг дэвсгэрийн гадна талд байсан учраас харьцангуй гайгүй. Энд байгаа хүмүүс үгээ хэлээд, үзэл бодлоо илэрхийлээд хардах, мэдэх эрхийнхээ хүрээнд эрх чөлөөгөө эдлэх гэхээр ямар нэгэн байдлаар хашраагаад, нийгэмд мессэж өгөөд байна шүү дээ. Бидний өөдөөс өрвөлзөх юм бол шоронд л хийнэ шүү, хорино шүү гэсэн байдал нь иргэдийн эр зоригийг мохоох байдлаар явж байгаа юм байна. Би ирээд арай сар болоогүй байна л даа. Гэхдээ намайг байхгүй хооронд үүсгэсэн, хараандаа авсан юмуу мэдэхгүй. Үгээ хэлсэн, үзэл бодлоо илэрхийлсэн

залуусыг залхаан цээрлүүлэх ажиллагааг явуулаад байгаа нь хэнд ч ойлгомжтой л байна. Хамгийн инээдтэй нь холбогдох хэргийн шинж чанар нь болоод гэмт хэрэгт холбогдуулж байгаа байдал нь тохирсон ялтай байх ёстой. Ямар нэгэн байдлаар тэр хүн танхайраагүй, хүн гэмтээгээгүй, хууль сахиулагчийн тавьсан шаардлагыг биелүүлээгүй л байх. Гэтэл түүнээс нь үүдэн шоронд хориод байдаг ийм зохицуулалт гэж юу байдаг юм бэ. Тэр тусмаа ардчилсан улсад. Манайх болж өгвөл хорих ялаас татгалзах ёстой. Гэмт хэргийн нөхцөл байдалд нь хүмүүсийг дасан зохицуулахгүй байх, гэмт хэрэгт холбогдуулаад хорих ял өгөөд, шорон гяндангаар явуулчих юм бол цаашдын ажил амьдрал нь гэмт хэрэгтэйгээ холбогдоод эрүүжсэн ертөнц бий болно шүү дээ. Анх удаа гэмт хэрэг хийсэн, зөрчил гаргасан бол тодорхой хэмжээнд нийгэмшүүлэх боломжийг нь олгож байх хэрэгтэй. Хувь хүний хийсэн алдаан дээр дөрөөлж амьдралыг нь устгах, ажил төрөл, амжиргааны эх үүсвэрээс нь салгах өөрөөр хэлбэл, Үндсэн хуульд заасан амьд явах, ажил төрөл хийх, сурч боловсрох зэрэг үндсэн эрхээс нь салгах кранжсан дарангуйлалтай улс байж боломгүй юм. Хэрэв нэг хийсэн хэргээ олон дахин давтсан тохиолдолд тийм зүйл байж болно. Өмнө нь ямар нэгэн сануулах арга хэмжээ авсан байх. Дараа нь хөл хориод, дараа нь хорих ял болгодог ч юмуу шаталсан байдлаар ял шийтгэлийг өгдөг болмоор байгаа юм. Гэтэл өнөөгийн шүүхийн процесс хамгийн гол нь хэн рүү чиглэж байна гэхээр эрх баригчдын эсрэг зоригтой бодитойгоор үзэл бодлоо илэрхийлсэн залуус руу чиглээд байна. Энэ улсуудад зориудад арга хэмжээ аваад, тэр хүмүүсээр дамжуулж нийгэмд сануулга өгөх гэсэн зориудын арга хэмжээ гэж харагдаж байгаа юм. Тэгэхээр үүний эсрэг заавал тэмцэх ёстой. Над мэтийн хүмүүс ийм зүйлийг хараад чимээгүй байж чадах ч үгүй. Ямар нэгэн байдлаар эсэргүүцэж тэмцсээр л байх болно. Цор цор гээд явах нь ойлгомжтой. Нэг Монголхүүг хорьж болно. Арван Монголхүүг хорино. Тэгээд зогсоно гэж бодож байна уу. Үгүй. Тийм зүйл байдаггүй юм. Нэг нэгээр нь барьж хориод чимээгүй болгоно гэвэл санасных нь гарз. Тэгэх тусам нь зуугаараа, мянгаараа сөрж босож байж бид тодорхой тулгуур хэдхэн эрхээ баталгаажуулж авч үлдэх зорилго тавьж байгаа юм. Түүнээс би Монголхүү гэж хүнийг амьдралдаа хараагүй. Ямар нэгэн байдлаар холбогдож үзээгүй. Яахав сошиал дээр тавьж байгаа постууд, эсэргүүцлүүд нь бие биенээ дэмжиж байгаа нь тодорхой хэмжээнд мэдэгдэж, цахим харилцаагаар л явж байгаа болохоос би тэр хүнтэй ямар нэгэн байдлаар танил биш. Үзэл бодлын хүрээнд танил болцгоосон, цахим орчинд мэддэг л хүн юм.

-Таны эрх баригчдыг эсэргүүцэх гол зүйл нь юу байв?

-Энэ засаг барьж байгаа хүмүүс өөрсдөө яаж гарч ирлээ дээ. 1980-1990-ээд оны шинэ залуу үе. Шударга тав, яасан ийсэн гээд л. Ялгамжтай байдлыг үгүй хийнэ. Бүгдийг нь үндсээр нь өөрчилнө. Арчина, хядна, яллана л гэсээр гарч ирсэн. Гарч ирэхдээ өөрсдөө талбай дээр зуу зуугаар нь гэр барьж, өчнөөн мөнгө төгрөгөөр тайз засаж, микрофон, чанга яригч, уриа лоозонгийнхоо мөнгийг бүгдийг нь төсвийн мөнгөнөөс гаргасан. Гэтэл өнөөдөр А4-ийн цаас бариад үзэл бодлоо илэрхийлсэн залууст тийм хангамж байсан уу. Өөрсдөө төрийн эрхэнд тэгж хууль бусаар гарч ирсэн хүмүүс буцаад өөрсөд шиг нь шаардлага тавьсан залуусыг хорьж цагдаж байна. Энэ чинь double standart. Тэдгээр залуус ийм ялгамжтай байдлыг үгүй хийхийг зорьсон шүү дээ.

-Таны үзэл бодлын талаар нэлээд ярилцлаа. Одоо жаахан өөр зүйл рүү чиглэх үү. Та фэйсбүүк твиттерт бусад шиг гоё ганган биш хааш яаш хамаагүй зургаа хийдэг нь хүмүүсийн шүүмжлэлд бас өртөөд байдаг шүү дээ?

-Би өсвөр насны охинтой. Тэр минь инстиграмм, фэйсбүүк, сошиал орчинд амьдарч байгаа. Бүгд л гоё ганган сайхан зургаа нийтэлдэг. Хүн бүр тийм байх албагүй. Хүн гоё ганган сайхан байх үе байна. Залхуурсан хааш яаш үе байна. Өвдөж хавдсан ямар ч царайтай байж болно. Заавал гоё бай, хөөрхөн бай, туранхай бай, дэгжин бай л гэж сошиал орчин сургаж байна. Түүний эсрэг би арзайж сэгсийх, өвдөж зовох, гуниж гутрах ямар ч үе байж болно гэж хүмүүст харуулахыг хичээдэг. Биднийг өсвөр үеийн өч төчнөөн хүүхдүүд харж байгаа. Сошиал бодит амьдрал биш гэж л харуулахыг хичээдэг юм. Эхэндээ ч хүмүүс хүлээж авч чадахгүй элдэв янзын юм бичдэг л байсан. Одоо бол дассан.

-Та хамгийн сүүлд явахаасаа өмнө Байгалийн түүхийн музейн хуучин барилгыг нураалгахгүй гэж тэмцэж байсан шүү дээ. Одоо аль хэдийн өөр барилга бариад Монголын топ-100 шилдэг архитектуртай барилгаар шалгарсан. Үүн дээр та ямар байр суурьтай байна вэ?

-Үүн дээр би үнэндээ ярих юм алга. Энэ хэн гээч ямар архитекторчийн зургаар баригдсан барилга юм. Ичихгүй Туркийн Станбулын дэлгүүрийн зургаар барьчихсан барилга шүү дээ. Гадна талд нь нэг хоёр зүйл илүү наахаар өөр харагдана гэж бодоод байгаа юмуу. Эргүү тэнэг хүмүүсийг хуураад байгаа юмуу. Дөнгөж засаг солигдоод юу гээд байлаа. Эдийн засаг нь элгээрээ хэвтсэн улс орныг хүлээж авлаа гээд Л.Оюун-Эрдэнэ өөрөө амаараа хэлээд зогсож байсан биз дээ. Тэгвэл элгээрээ хэвтэж байсан юм бол тэр 96 тэрбумаар хэнд ч хэрэггүй ийм цемент цутгаж яах гээд байсан юм. Зөвхөн санхүүгийн хувьд шүү энэ. Хэрэглээний хувьд одоо бидэнд эдийн засгийн ямар үр өгөөж, эргэлт авчирч байгаа юм. Улсад хэдэн төгрөгийн орлого оруулж байна. Хэзээ оруулсан хөрөнгө оруулалтаа нөхөөд, хэзээнээс цэвэр ашигтай ажиллаж эхлэх юм бэ. Оюун санааны хувьд, хуучин барилга нь үнэт зүйл байсан юмуу, одоо шинээр баригдсан нь үнэт зүйл юмуу. Бид зөвхөн түүн дээр л тэмцсэн шүү дээ. Бид хотжихдоо оюун ухааны, соёлын өвүүдийг бий болгосон. Энэ чинь Филармони, Соёлын төв, Драмын театр, Дуурийн театр гээд ансамблиараа байгаа барилга. Гэтэл нэгийг нь цох дутаагаад нураагаад хаячихаж байгаа юм. Тэгвэл түүнийгээ соёл урлаг хүртэхгүй байгаа бусад газраа барихгүй яасан юм бэ. Яармаг, Толгойд, Бэлх Сэлхийн шинэ бүстээ барихгүй. Тэгсэн бол тийшээ хүмүүсийн урсгал нэмэгдэж, соёлын үрийг утгаар нь тарина биз дээ. Энэ бол цэвэр хулгай, дээрэм. Эрх ашиг сонирхол байхгүй юу. Үүний цаана юу байгааг бид мэдэхгүй. Мэдэх боломж бололцоо ч байхгүй. Түүнийг нь шүүе, үзье, харъя, мэдээлэл авъя гэхээр иргэдэд тийм боломж олгодог ч үгүй. 96 тэрбум төгрөгөөр барилаа гэсэн нэрийдлээр 20-иор нь бариад, үлдсэнийг нь идсэн ч юмуу, эсвэл газрыг нь хувааж аваад наашаа цаашаа болгосон ч юмуу, мэдэгдэхгүй байж байгаад ирээдүйд хувийн өмч л болчихсон байдаг шүү дээ. Нэг тийм хуйвалдааны заваан юм байгаа. Үүнээс л сэргийлэх гэж бид тэмцсэн. Даанч бидний хүч дутсан.

-Та хэдий хугацаагаар ирсэн бэ. Хэзээ буцах уу?

-Ажил төрлөө амжуулаад аль болох богинохон хугацаанд байна л гэж бодож байгаа. Эндэх үйл ажиллагаа зогсчихсон учраас судалгааныхаа ажлыг шилжүүлчихсэн. Монголд эдийн засгийн хувьд зогсонги байдалд орсон ч бусад газарт үл хөдлөх хөрөнгө оруулалтын судалгаануудаа явуулж л байгаа. Бид энэ чиглэлээрээ мэргэшээд олон жил болчихсон учраас үүгээрээ амьдарч байна. Төсөөлснөөс жаахан удлаа гэхэд хоёр сар л болох байх.

-Сүүлийн асуултыг танд үлдээе…

-Юм чинь яаж ч муудсан сайн тал руугаа явдаг байх ёстой. Сайн засаг, мундаг засаг гээд явна гэж байхгүй. Үргэлж л бид хэрэлдэнэ. Тэр болгоныг хорьж цагдаад дарамтлаад байна ч гэж байхгүй. Яагаад гэвэл язгуур эрх ашгаа бүгд нэхнэ. Хүн болгон өөр өөр юм ярина, нэхнэ, хэрэлдэнэ. Тэр болгоныг зохицуулдаг засаг ч гэж байхгүй. Тулгуур үндсэн бодлого, язгуур эрх ашиг, үндсэн тогтолцооны зүйлүүдийг бүрдүүлэхэд нийгмийн хандлага маш чухал. Нийгэм өөрөө үүнийг гажуудуулахгүй гол жанжин шугамаа барих ёстой. Тэгтэл нийгэм өөрөө үүнийг даръя гэдэг болчихсон байгаа нь харамсалтай. Энэ бол хэзээ ч хүлээн зөвшөөрч болохгүй асуудал.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Жиргээч Болушка буюу Б.Болор-Эрдэнэ: Монголчууд өдөрт дор хаяж нэг хүн сонгож авч дайралт хийдэг гэхэд хилсдэхгүй болчихлоо DNN.mn

-ДАЙРУУЛЖ БАЙГАА ГЭХЭЭСЭЭ ИЛҮҮ ДАЙРЧ БАЙГАА ТАЛ НЬ ӨӨРӨӨ ЭМГЭГ АСУУДАЛТАЙ БАЙДАГ. ЯМАР НЭГЭН ХҮНИЙГ ХЭРЭГЛЭЖ БАЙЖ ТЭР ӨДӨР ӨНГӨРДӨГ-


Жиргээчин Болушка буюу Б.Болор-Эрдэнэтэй ярилцлаа.


-Сошиал орчинд хүмүүс нэгнийгээ адладаг, үзэн яддаг, ялладаг боллоо. Сошиолд хүмүүс нэгнээ хүндлэхээ болиод байна уу?

-Орчин үед сошиалд англиар social bully, Targeted harassment, hate speech гэх мэтээр ухагдахуунууд , нэр томъёонууд нь үүсээд, технологи болон хууль эрх зүйн байдлаар яаж зохицуулах вэ гэдэг асуудал дэлхий дахинд сүүлийн 20-иод жилийн нүүрийг үзэж байна. Энэ нь ганц Монгол биш дэлхий дахинд үүссэн шинэ асуудал. Оюун ухаант хүн төрөлхтөн дуу хоолойгоо илэрхийлэх боломжтой асар хүчтэй энэ багажийг хэрэглэж байгаа нь хүний түүхэнд өөрөө шинэ үзэгдэл юм. Энэ бол инноваци, хөгжил дэвшил, ардчилал, боломж мөн. Гэхдээ түүхэнд шинэчлэл, хөгжлүүд заавал араасаа асуудал дагуулдаг. Асуудал нь өөрийнхөө араас шийдлээ дагуулдаг. Тэгэхээр жамаараа л явж байгаа зүйл.

-Монголын нөхцөлд хууль эрх зүйн орчин нь дутмаг. Манай нөхцөлд шийдлүүд нь юу байж болох вэ?

-Бид процессийг цаг хугацааны хувьд ойлгоод шинэ боломж бий боллоо, шинэ асуудал бий боллоо гэж хүлээж авах хэрэгтэй. Үүнийг харин яах вэ гэдэг дээр өдөр тутам хэлэлцэж байдаг. Эхлээд асуудал ямар түвшинд байгааг би хоёр өнцгөөс базаад хэлье. Нэгдүгээрт, сошиал медиа хөгжсөн сүүлийн арваад жил дэлхийн улс төр өөрөө маш экстрим болсон.

Нийгмийн хуваагдал буюу Фүкүяама судлаачийн томъёолсноор ideant tipolitics буюу нэг нэгнийхээ мэдээлэл дээр чи хэн бэ, чи эмэгтэй юу, чи бэлгийн цөөнх үү, чи ази уу, мексик үү. Энэ бүх өөр өөрийнхөө шинж чанар, оршихуйн ялгаан дээр маш их хуваагдал үүсдэг. Асар экстрим шинжтэй намууд бий болсон. Сонгуульд ялдаг болсон. Ингээд нийгмийн хуваагдал нэлээд гүнзгийрэх чиглэлдээ болж ирсэн. Үүнд ганцхан сошиал медиа нөлөөлөөгүй ч гэсэн сошиал медиаг хүн өөрийгөө батлах гэж хэрэглээд байгаа.

-Өөрийгөө батлах гэж хэрэглэнэ гэдэг нь яана гэсэн үг вэ?

-Зөвхөн өөрийн санал нийлэх хүнээ дагадаг. Санал нийлдэг хүнтэйгээ найз болдог. За ингээд нэг мянга ч юмуу, таван мянга ч юмуу, өөртэйгөө адилхан үзэл бодолтой хүмүүсийн хүрээнд өдөр тутам байгаад байхаар тэр нь нэлээд төөрөгдөлтэй, хатуу, догматик шинж чанартай болж ирдэг. Гэтэл хажууд нь өөр үзэл бодолтой зэрэгцээ хүмүүс байгаа шүү дээ.

Тэднийгээ хүлээж авч чадахаа больдог. Ингээд хоорондоо улам бүр таарахаа больдог. Үүнийг devision гэж байгаа юм. Ангал тийм үү. Үүнээс болоод нийгэм хоорондын ойлголцол, харилцан яриа, диалоги зэрэг нь хүлээцгүй, доромжлол гүтгэлэг, дайралтад өртдөг. Сүүл рүүгээ улс гүрнүүд нэг нэгнийхээ дотоод бодлого руу сошиал медиа хэрэглэж оролцох, сонгуульд нь хүртэл нөлөөлөх глобал түвшинд хүрсэн. Хувь хүний түвшинд асуудал маш их. Тэр нь манай Монгол шиг нэг хүнд ногдох ДНБ нь 4000 ам.доллар орчимтой нийгэм болоод ирэхээр, хүний нэр төр, сэтгэл санааны сайн сайхан байдал зэрэг, нэн ялангуяа гарт баригдахгүй, барих биегүй, биет бус хүний капитал зүйлс рүү харилцан халдлага хийх, маш их дайрах, түүнийгээ улс төрийн зорилгоор ашиглах байдалтай болж ирсэн. Өнөөдөр ч бас тийм байгаа. Монголын хувьд дэлхийн бусад орноос өөрийн гэсэн онцлогууд бий. Сая би нэгийг нь дурдлаа. Хоёрдугаарт, манайх ардчилсан орон гэдэг. Гэвч ардчилал гэдгээ өөрсдөө бүрэн дүүрэн ойлгоогүй тал бий. Үүнд олон соёлын онцлогууд нөлөөлж байгаа.

-Тэгвэл одоо яах ёстой вэ гэдэг асуудал урган гарч байна л даа?

-Аливаа асуудал илэрсэн хойно шийтгэлээр ч юмуу, хуулиар ч юмуу, эсвэл санкцаар шийдэж болно. Гэхдээ дийлэхгүй гэж би боддог. Жишээ нь, ус цооногоос оргилж байна гэж бодъё л доо. Түүнийг гараараа дараад, янз бүрийн зүйлээр тогтоох гэж таглаад таглаад, доороос нь оргилсоор л байгаа. Тэгэхээр зэрэг энэ нь урт хугацаандаа хүний оюун санаа, төлөвшил, боловсрол мэдлэгийн асуудал болно. Ганц сошиал медиа ч биш.

Манай нийгмийн маш олон асуудал бий. Өөрсдийн боловсрол, оюун ухаанаа хөгжүүлэх, асуудал ундраад оргилоод байгаа тэр зүйлд л зориулж, өөрчилж сайжруулж явахгүй бол дээрээс нь мянга таг тавьж таглаад шийдэж чадахгүй. Дунд болон богино хугацаанд бид гэмт хэргийг тодорхой хэмжээнд зохицуулж болдог. Бид хүний амь биед халдаж болохгүй, эд зүйлсийг нь хулгайлж болдоггүй. Хүний нийгэмд ёс зүй, хууль эрх зүйн хүрээнд ч энэ асуудал байж болохгүй. Эдгээр асуудлыг бид хүмүүс хоорондын гэрээ маягтай хуулиар зохицуулдаг. Тэгэхээр үүнтэй адил хүний нэр төр, алдар хүндэд хэн ч халдаж болохгүй. Би дээр хэлсэн. Боломж нь асуудлаа дагуулна. Асуудал нь шийдлээ дагуулна. Шийдлүүд нэмэгдэж байна.

-Ямар шийдлүүд байна вэ?

-Технологи хөгжүүлэгчид фэйсбүүк, твиттер зэрэг олон хэрэглэгчтэй компаниуд хүмүүсийн өөрсдийн шаардлагаар шинэчлэлүүд хийж байна. Твиттер ялангуяа тролл, бот хаягуудад нэлээд хатуу бодлогууд авч хэрэгжүүлэх шинжтэй болж байна. Хүн өөрөө мөнгөө төлж өөрийнхөө хаягийг баталгаажуулдаг болсон. Технологи талаасаа энэ шийдлүүд их чухал. Яагаад гэвэл бид өнөөдөр өөрсдөө ойлгохгүй хэмжээнд алгоритмийн нөлөөнд амьдарч байгаа. Нэг газар алгоримт нэг инженер бичдэг. Ганцаараа бичихгүй л дээ. Багаар хөгжүүлж байгаа. Тэр алгоримт юу шийдэж байдаг вэ гэхээр чамайг юу уншихыг, чиний авсан мэдээллийг шийдэж байдаг. Жишээ нь, Фэйсбүүк компани олон нийтэд шүүмжлүүлсэн. Маш их гүйлгээтэй хуурамч, сөрөг мэдээллүүд оруулдаг гэж. Хүний тархинд хөгжлийнхөө түвшинд аюулаас зугтаах хэрэгцээ байсан учраас бид сөрөг мэдээллийг маш хурдан авдаг. Хүн гал гарч байна гэхэд маш хурдан мэдээллийг тархиндаа авч зугтаж гарахаа боддог. Үүн шиг сошиал мэдиад сөрөг мэдээллүүд хурдан тархах шинжтэй байдаг. Тийм мэдээллүүд тархаад байхаар сошиал медиагийн компанид тусна.

Яагаад гэхээр олон хүн байгаа газар маркетинг буюу сурталчилгаа хийж болно. Тэгэхээр фэйсбүүк юу гэж шүүмжлүүлсэн бэ гэхээр өөрсдийнхөө ашиг орлогын төлөө фэйк ньюс, сөрөг мэдээлэл, дайралт зэргийг өөгшүүлж байна гэдэг асуудалд орсон. Ингэсээр байгаад сошиал медиа компаниуд өөрсдөө дотроо гол бодлогыг шинэчилж эхэлж байна. Дараагийн шийдэл нь хууль. Энэ нь нийгмийн шинжлэх ухаан талдаа илүү зохицуулалт л даа. Хууль бол гарцаагүй байх ёстой. Бид анхнаасаа аливаа нийгмийнхээ харилцааг хуульгүй зохицуулж чадах байсан бол төгс төгөлдөр оюун ухаантай, ёс зүйн хувьд өндөр хөгжсөн төрөл байна. Ийм төрлийнхнийг анархи гэдэг. Монголд үүнийг буруу ойлгодог. Анархиги хаос гэх эмх замбараагүй байдалтай дүйцүүлж ойлгоод байдаг. Тэр бол каос буюу өөр хэлбэр. Анархи гэдэг нь төр хэрэггүй, зохицуулалт хэрэггүй. Хууль хэрэггүй өндөр түвшинд хөгжсөн нийгмийн бодьгалыг хэлж байгаа юм.

Бид тийм биш. Зам дээр цагдаа зохицуулж л байхгүй бол мөргөлддөг. Гарч ирээд зодолддог. Нэг нэгнээ шанааддаг. Бидний төлөвшил хөгжлийн хувьд өнөөдөртөө бидэнд төр хэрэгтэй. Зохицуулалт хэрэгтэй. Хууль хэрэгтэй. Ийм болохоор л өнөөдөр бид Засгийн газрыг тэжээж байгаа шүү дээ. Өөрсдийнхөө дундаас хэдэн хүн сонгоод, төсөв өгөөд, татвар төлөөд, зохицуулалт хий гэж байгаа юм. Энэ ерөнхий дүрэм зарчим нийгмийн бүх асуудалд үйлчилнэ.

-Сошиал медиа дахь хүний эрхийн зохицуулалтыг хэрхэн хангах вэ?

-Хүний эрхийн ойлголт бол ёс зүйн явцуу ойлголт. Хүний эрхээс өргөн агуулгын хүний эрхэм чанар тийм үү. Бүр өргөн агуулгын хүймонизмийн буюу хүмүүнлэгийн асуудал. Ёс зүйн асуудлууд байна. Үүнийг бид хоорондоо хараахан зохицох чадвартай болоогүй байгаа энэ түвшинд хуулийн зохицуулалт хийх гарцаагүй шаардлагатай.

-Нөгөө талаасаа сошиал орчин нэг хүнийг бай болгож харааж зүхдэг, шүүмжилдэг, шүүдэг орчин болчихлоо шүү дээ…

-Тэр бол Targeted harassmentонилсон дайралт. Тэгээд цахимаар буллидэх, гадуурхах үзэгдэл. Монголчууд өдөрт дор хаяж нэг хүн сонгож авч дайралт хийдэг гэхэд хилсдэхгүй болчихлоо. Үүнийг бид эхлээд анализ хийж ойлгох хэрэгтэй. Яагаад ингэж байна вэ гэдгийг нь. Энэ нь өөрөө сошиал эконимик буюу нийгэм эдийн засаг талаасаа учир шалтгаанууд байна. Соёлын шалтгаан байна. Дайруулж байгаа гэхээсээ илүү дайрч байгаа тал нь өөрөө эмгэг асуудалтай байдаг. Өөрсдөд нь өвчин байна шүү дээ. Өөрсдөд нь ямар нэгэн золиос, ямар нэгэн хүнийг хэрэглэж байж тэр өдөр өнгөрдөг. Өөрийнх нь ажил бүтдэг юмуу. Тиймэрхүү асуудал нийгэм талдаа байгаад байна. Жишээ нь, бид хүмүүсийн боломжийг өгөхгүй байж мэднэ. Хүмүүс боломж нэхээд бухимдаж байгаа ч юмуу. Монгол хүн юунд бухимдаж байна. Яагаад хажуугийнхаа нэг монгол хүнийг шонд өлгөхгүй бол сэтгэл амар тайван амьдарч чадахгүй байна вэ. Үүнийг ойлгох хэрэгтэй. Ялангуяа бодлого тодорхойлж байгаа тэдгээр хүмүүс. Би хувьдаа ингэж боддог.

Би өөрөө Targeted harassment -д их өртдөг. Ерөнхийдөө дайрч байгаа дайруулж байгаа хоёр тал хоёулаа хохирдог. Яагаад гэхээр тэр хүний өөрийнх нь асуудал маш гүн гүнзгий. Өөрийнх нь асуудал шийдэгдэхгүй болохоор бусад руу дайрч аргацаадаг. Түүнээсээ болж өөрөө өөрийгөө төөрөгдөлд оруулж амьдардаг. Тэгээд суугаад байхаар нөгөө асуудал нь улам хүндрээд л байна. Ер нь маш асуудалтай, ямар ч аз жаргалгүй хүн л тийм зүйл хийж сууна шүү дээ. Юм хийж байгаа завгүй, ухаан санаа нь бүтээх хөдөлмөрлөх бодлоор дүүрэн хүнд тийм зүйл хийж явах зай байхгүй. Иймэрхүү нийгмийн нөхцөл байдалд ялагч гэж байхгүй.

-Эцэст нь асуухад, сошиал орчны боловсролыг яаж олж авах вэ?

-Боловсролыг хүн яаж олж авдаг билээ, ухамсрыг яаж өөрчилдөг юм яг л тэр замаараа л явна. Бид хамгийн гол нь мэдлэгээ нэмэх хэрэгтэй байна. Энэ тухай маш сайн харилцан яриа явах хэрэгтэй. Диалогууд, хэлэлцүүлгүүд гэх мэт. Монголд соёл урлаг, хэвлэл мэдээлэл зэрэг хүмүүст хүрдэг сувгууд бий. Түүгээр дамжуулаад л боловсруулах хэрэгтэй. Юмыг гэнэт хүчээр өнөөдөр шийднэ гэхээсээ илүү яаж хүний ухамсартай явах вэ гэдэг тэр л жамаараа явна. Өөр онцгой гойд шийдэл байхгүй.

Categories
мэдээ нийгэм

Б.Өсөхбаяр: Цахим хэрэгсэл ашиглаж үйлдсэн залилан мэхлэх гэмт хэргийг урьдаас төлөвлөж, урьдчилан бэлтгэсэн данс, мөнгө хүлээн авах аргыг ашигладаг DNN.mn

Цахим орчинд үйлдэгдэж буй залилах гэмт хэргийн талаар Цагдаагийн ерөнхий газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн Нийслэлийн урьдчилан сэргийлэх тасгийн дарга, цагдаагийн дэд хурандаа Б.Өсөхбаяртай ярилцлаа.


-Цахим орчинд үйлдэгддэг гэмт хэргийн статистик мэдээллийг эхлээд өгөөч?

-Нийгмийн хөгжлийг даган иргэдийн цахим хэрэглээ эрс нэмэгдэж,төлбөр тооцооны систем хялбар болж, цаг хугацаа, орон зайнаас үл хамааран өөрийн данс, мөнгө хөрөнгийг удирдах боломжтой болсон. Энэ нь дэвшил боловч, нөгөө талаар цахимаар залилах гэмт хэрэг үйлдэгч нарт боломж олгож, эрсдэлийг нэмэгдүүлж байна. Цагдаагийн байгууллагад 2021 онд нийт 7956 залилах гэмт хэрэг бүртгэгдсэнээс цахим орчинд 3391 гэмт хэрэг бүртгэгдсэн байна. 2022 онд цахим орчинд залилах гэмт хэрэг 9066 бүртгэгдсэн бол зөвхөн энэ оны эхний гурван сарын байдлаар энэ төрлийн гэмт хэрэг 3641 бүртгэгдээд байгаа нь өмнөх оны мөн үеийнхээс 23.8 хувиар буюу 593 хэргээр өссөн үзүүлэлттэй байна. Нийт залилах хэргийнхээ 60 орчим хувь байсан бол одоо 80 хувьд хүрээд байна.

-Голдуу ямар хүмүүс энэ гэмт хэргийн хохирогч болж байна вэ?

-Цагдаагийн байгууллагаас залилах гэмт хэрэгт хохирсон иргэдийг судалж үзэхэд санхүү, цахим хэрэглээний мэдлэг сул, гэнэн, итгэмтгий байдлаас болж, гэмт этгээдэд мөнгө шилжүүлж, хохирсон байдаг. Ихэвчлэн 35-аас дээш насны иргэд байна.

-Залилах гэмт хэрэг ямар үед ихэвчлэн гардаг вэ?

-Гэмт этгээдүүд ихэвчлэн нийгэм, цаг үеийн шинжтэй үйлдлийн аргыг ихээр ашиглаж байна. Тухайлбал, намар хичээл эхэлж, орон нутгийн оюутан, сурагчид Улаанбаатар хотод ирэх үед байр түрээслэх зар, шинэ жил, баяр, наадмын үеэр хямд бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ үзүүлэх. Мөн иргэдийн анхаарал, сонирхлыг татах бага хүүтэй зээл олгох, бараа үйлчилгээ худалдан борлуулах, виз гарган өгөх, өндөр ашигтай бизнест зуучлах, гадаад улсын нэр хүндтэй сургуульд тэтгэлэгт хамруулж, суралцуулах, хөрөнгө оруулалт хийлгэх тухай хуурамч зар, мэдээллээр залилж байна.

-Цахим орчинд залилах гэмт хэрэг жил бүр өсөөд байгаа юм байна. Ямар аргыг түлхүү ашигладаг юм бол?

-Гол арга нь хохирогчийн гар утасны дугаарт фэйсбүүкийн нэг удаагийн нэвтрэх код авах хүсэлтийг илгээн хуурч мэхлэж аваад түүний өмнөөс фэйсбүүкийн найз, танил хүмүүст мөнгө гуйх, зээлэх зурвасуудыг илгээдэг. Ингээд мөнгө шилжүүлэн авч залилах тохиолдол их байна. Иргэн таны утсанд ирсэн мессэж, таны гэрийн түлхүүртэй адил нууц, хэнд ч дамжуулан өгч болохгүй зүйл юм. Цахим хэрэгсэл ашиглаж үйлдсэн залилан мэхлэх гэмт хэргийг урьдаас төлөвлөж, урьдчилан бэлтгэсэн данс, мөнгө хүлээн авах аргыг ашигладаг бөгөөд хохирогчийн эмзэг байдлыг ашиглах, ашиг, үр өгөөж ихтэй боломжийн санал тавих болон найз нөхөд, танил хүмүүсийн дүрд хувирч хууран мэхэлдэг. Гэмт этгээдүүд дараагийн бай бол олон нийтэд нэр алдартай хүмүүс болон төрийн байгууллагын дүр эсгэх, тэдгээрийн нэр, зураг логог ашиглах. Мөн орон нутгийн иргэдийг хуурч мэхлэх үйлдлүүд гарч болзошгүй байна.

-Тэгвэл энэ төрлийн хэргээс хэрхэн сэргийлэх вэ?

-Залилах гэмт хэргээс урьдчилан сэргийлэх хамгийн чухал алхам бол бусдад мөнгө шилжүүлэхдээ анхаарал болгоомжтой байж, мөнгө, хөрөнгө, хувийн мэдээлэл, данс, картыг бусдад шилжүүлэхээс сэрэмжил. Иргэн та өөрийн хувийн мэдээллийг хамгаалах, бусадтай хуваалцахгүй байх, цахим орчинд худалдаа үйлчилгээ эрхлэх, санхүүгийн харилцаанд орохдоо үнэн бодитой байдлыг нягталж байх явдал юм.

-Та тодорхой кейс жишээ татан ярьж болох уу?

-Хоёр жишээ өгүүлье. Иргэн Т нь Улаанбаатар хотод их сургуульд сурдаг, түрээсийн байрны төлбөр төлөх, найзуудтайгаа цуг уулзаж наргиж цэнгэх зорилгоор амар хялбар аргаар мөнгөтэй болохын тулд өөрийн гар утсаараа бусдын фэйсбүүк хаягийн нэвтрэх нэр, нууц үгийг утасны дугаар зохиож 2019 оны есдүгээр сарын 5-ны өдөр 9910**** гэх утасны дугаарыг нэвтрэх нэр, нууц үгийг хоёуланд нь бичихэд иргэн Д-гийн фэйсбүүк хаягт тохирсон учир түүний өмнөх харилцсан чатуудаас харж, түүний найзын фэйсбүүк хаяг руу “Дүү маань осолд орчихсон байна, яаралтай мөнгө хэрэгтэй болоод байна. Хөдөө сүлжээ тасраад байгаа учраас мөнгө шилжүүлэхэд хэцүү байна, сумын төв рүү ороод мөнгийг чинь буцаагаад шилжүүлье” гэж чат бичихэд найз нь шөнийн 02:00 цаг болж байсан учир түүний утас руу залгалгүйгээр гэртээ байхдаа түүний хэлсэн 1,000,000 төгрөгийг шилжүүлж хохирсон. Мөн халамжийн байдлаар сүүлийн үед энэ төрлийн гэмт хэрэг их үйлдэгддэг болсон. Жишээ нь, иргэн Э нь нийгмийн даатгалын хэлтсээс 2021 оны есдүгээр сарын 22-ны өдрөөс 2022 оны гуравдугаар сарын 30-ны өдрийн хооронд 121 иргэнтэй итгэмжлэл хийлгэж, тухайн иргэдийн өмнөөс Иргэний хэргийн шүүхэд ажилласан жил тогтоолгох, хөдөлмөрийн хэвийн бус нөхцөл тогтоолгох нэхэмжлэл гаргах замаар иргэнээс хөдөлмөрийн дэвтэр, цэргийн батлах, баярын бичиг, сайшаалын үнэмлэх гэх мэт баримтуудыг эх хувиар нь хүлээн авч шүүхэд нотлох баримтуудыг гарган өгч шийдвэр гаргуулдаг.

Шүүхэд нотлох баримтуудыг гаргаж өгөхдөө итгэмжлүүлсэн иргэдийн өгсөн эх хувиараа байгаа бичиг баримтуудад засвар оруулах, зохиомол гэрчүүдийг бэлтгэн шүүхэд мэдүүлэг өгүүлэх, бичиг баримтуудыг хаяж үрэгдүүлсэн гэж худал мэдүүлэх зэргээр зохиомол байдлыг бий болгож, эсхүл гэрэл зургаар, нэг хүний баримт бичиг, тушаалуудыг /1990 оноос өмнө зарим тушаалууд дээр овог бичигдэлгүй зөвхөн хүний нэр бичигдсэн байдаг байсан/-ыг ашиглаж өөр адил нэртэй хүний ажилласан жилийг шүүхээр тогтоолгож, эх хувиар нь ашигласан баримтуудыг санаатай устгадаг. Иргэн Э нь хуурамч баримт бүрдүүлэх замаар хөдөлмөрийн хүнд хортой нөхцлөөр иргэдийн ажилласан жилийг шүүхээр тогтоолгож нэг иргэнээс 2.500.000 төгрөг хүртэл шан харамж авсаар, гэрчүүдийн мэдүүлгээр 58 иргэнээс нийт 99.500.000 төгрөг авсан гэмт хэрэг үйлдсэн нь тогтоогдсон.

Categories
мэдээ нийгэм цаг-үе

Халхгол сумын малчин Н.Сайнтөгс: Битүү утаа, харагдах орчин хязгаарлагдмал хоолой хорсоод, нүд аргаад нөхцөл байдал хэцүүхэн байна DNN.mn

Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Хадынбулаг багийн Уртынцагаан гэдэг газар энэ сарын 8-ны өдөр ой хээрийн түймэр гарсан. Энэ талаар ОБЕГ-ын хэвлэл мэдээллийн ажилтан Б.Цэндээс тодруулахад “Түймрийг хяналтад авч, тархалтыг зогсоогоод байна” гэсэн мэдээллийг өгч байгаа юм. Түймрийн голомтод ОБЕГ-ын Гал түймэртэй тэмцэх газрын хэлтсийн дарга, дэд хурандаа П.Соронзонболдоор ахлуулсан ОБЕГ-ын харьяа Үндэсний аврах бригад ажиллаж байгаа аж. дэд хурандаа П.Соронзонболд ярихдаа “Дорнод, Хэнтий, Сүхбаатар аймгийн Онцгой байдлын газар, Дорнод, Сүхбаатар аймгуудын Хилийн цэргийн ангиуд, Дорнод аймгийн Матад, Халхгол, Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Гамшгаас хамгаалах алба, мэргэжлийн ангийн гишүүд, иргэд гээд нийт 200 гаруй хүн, 20 гаруй техник хэрэгсэлтэйгээр галын голомтод ажиллаж байна. Өнгөрсөн шөнө түймрийн голомтод салхи, шуурга ихтэй ч агаарын температур хүйтэн хоносон. Энэхүү цаг агаарын нөхцөл байдлыг ашиглаж, түймрийн голомтыг хязгаарлах, хумих ажлуудыг зохион байгуулж, түймрийг хяналтандаа авлаа. Монгол Улсын Шадар сайдын өгсөн үүргийн дагуу ЦУОШГ, Дорнод аймгийн Ус цаг уур, орчны шинжилгээний төв, аймгийн Байгаль орчны газар, аймгийн Онцгой комиссоос урьдчилсан экспедицийг гаргаж, Халхгол, Нөмрөг орчимд байрлуулсан.

Мөн энэ хугацаанд үүлэнд зориудаар нөлөөлөх ажлыг зохион байгуулснаар Халх голын сав нутгаар цас орж, цасан шуурга шуурч байна. Цаг уурын байгууллагын ирүүлсэн мэдээгээр өнөөдөр, маргааш зүүн аймгуудын нутгаар хүчтэй салхи шуургатай, түймрийн эрсдэл өндөр хэвээр байгаа тул ой, хээрийн түймрээс урьдчилан сэргийлэхийг онцгойлон анхааруулж байна” гэлээ.

Галд өртсөн иргэдэд үзүүлэх тусламжийн талаар Дорнод аймгийн засаг дарга М.Бадамсүрэнгээс тодруулав. Тэрбээр “Гал түймрийн аюулд өртсөн иргэд, малчдад туслах, хохирлыг багасгах ажлыг зохион байгуулах, хариу арга хэмжээ авах ажлын хэсгийг аймгийн Засаг даргын Тамгын газар, Улаан загалмайн хороо, Эрүүл мэндийн газар, Хүнс, хөдөө аж ахуйн газар, Онцгой байдлын газар, Байгаль орчин, аялал жуулчлалын газар, сум, багийн Засаг дарга нарын бүрэлдэхүүнтэй байгуулж, Халхгол суманд газар дээр нь ажиллахаар ирээд байна. Бид Улсын Онцгой комисс, Халхгол сумын Онцгой комисстой хамтран дараахь ажлуудыг шуурхай зохион байгуулна. Үүнд: Гал түймрийн аюулд нэрвэгсэн 10 орчим малчин иргэдэд Улсын нөөцөөс гэр олгохоор болсон. Мал сүрэг, төл малд хэрэгцээт өвс тэжээлийн нөөц бүрдүүлж малчдад хуваарилалт хийн өгөх. Түймэрт өртсөн малчин өрх айлуудыг малын бэлчээртэй газарт нүүлгэн шилжүүлэлт хийх. Мал сүрэг нь түймэрт өртсөн иргэдийг малжуулах төсөлд хамруулах. Түймэрт гэр, сууц, малын хашаа хороо нь өртсөн иргэдэд гэр, дулаан хувцас, эд хогшил олгох, малын хашаатай болгох ажлыг зохион байгуулах.

Түймрийн аюулд нэрвэгдэгсдэд сэтгэлзүйн олон талт дэмжлэг үзүүлэх. Зэрлэг амьтдын талаар авах арга хэмжээний санал боловсруулах ажлыг хэрэгжүүлнэ. Ирэх өдрүүдэд малчдыг нүүлгэхэд хүн хүч, ачааны автомашин, мал сүрэгт өвс тэжээл зэрэг нэн хэрэгцээтэй болж байна” гэв.Орон нутгийн иргэдийн аж байдал ямар байгаа талаар Дорнод аймгийн Халхгол сумын малчин Н.Сайнтөгстэй ярилцлаа.

-Та галын голомтоос ирсэн гэсэн үү. Нөхцөл байдал ямар байна вэ?

-Тэгсэн өчигдөр (уржигдар) гэр маань галд өртөөд Онцгой байдлынхан яаралтай ирж биднийг авсан. Бидний нөхцөл байдал хүндхэн байна. Одоогоор хотоос хүмүүс ирээд аймгийн Онцгой байдлынхан, сайн дурынхан, бусад аймгуудаас ирсэн хүмүүс галыг цурманд оруулсан гэж дуулсан. Мал амьтан тэнд хуйгаараа өртөж байна. Миний мэдэхийн манай зүүн дээд талд буусан саахалтынх бас өртсөн сурагтай.

-Танайх ам бүл хэд вэ. Бүгд эсэн мэнд үү. Одоо хаана байрлаж байгаа вэ?

-Манайх ам бүл зургуулаа. Хүүхдүүд аймгийн төвд сургуульд сурдаг. Манай хүн бид хоёр дүүтэй маань гурвуулаа байсан. Ямар нэгэн байдлаар бэртэж гэмтээгүй эрүүл саруул гарсан. Одоогоор сумын төвд хадмын талын эгчийндээ байгаа. Түймэр унтраад байдал тогтворжвол арга нь олдох байх аа.

-Мал сүрэг тань ямар байгаа вэ?

-Яг тийм гамшиг гэнэт тохиолдсон үед юун мал хуй өөрсдийгөө л амь бүтэн, эрүүл саруул аваад гарахаа боддог юм байна. Одоо гал сөнөөгч нар цурманд оруулаад тогтворжуулсан учраас очиж мал хуйгаа эргэе гээд бэлдээд гарах гэж байна. Эрүүл саруул үлдсэн хойно мал хуй болно доо гээд л сэтгэлээ тэжээж явна даа.

-Сумын төвд байдал ямар байна вэ?

-Битүү утаа. Харагдах орчин хязгаарлагдмал хоолой хорсоод, нүд аргаад нөхцөл байдал хэцүүхэн байна. Байгалийн гамшигт өртсөн хүмүүс сэтгэл санаа хүнд байлгүй яахав дээ. Ойр дотныхон хамаатан садных нь мал хуй нь галд өртсөнийг дуулаад хэцүү л байгаа. Бидний амьдрал энэ хэдэн мал шүү дээ. Нэлээд мал галд өртсөн шиг дуулдана лээ.

-Цаг уурын газраас үүлэнд нөлөөлж цас оруулсан гэсэн. Гал унтраахад нэмэр болж чадсан болов уу?

-Үүрээр цас орж эхэлсэн. Газар сайхан чийгшээд, тэр нь нэмэр болж цурманд оруулсан байх. Түрүүхэн цас зогссон дахиад орох бололтой бүрхэгдүү л харагдана. Гэхдээ жаахан салхитайдуу байна.

-Аймгийн Засаг даргын тамгын газар, Улсын онцгой комисстой хамтраад галд өртсөн айлуудад гэр өгөх болон малжуулах ажил зохион байгуулах тухай мэдээлэл байна. Танайд тусламж очих байх аа…

-Ээ яасан сайхан мэдээ вэ. Тэгвэл үнэхээр түмнийхээ буянд талархаж явах болно. Цаашид яах билээ. Айлын хаяанд хэр удаан байх уу гээд толгой гашилж л суулаа. Баяртай мэдээ дуулгасанд баярлалаа.

Categories
мэдээ нийгэм

Б.Билгүүн: “Иргэд хэтэрхий дураараа загнадаг боллоо. Нийгэмд сургамж болгох үүднээс эдгээр иргэдийг яллах нь зүйтэй” гэж прокурор нь хэлж байсан DNN.mn

“No double standart” хөдөлгөөний гишүүн Б.Билгүүнтэй ярилцлаа.


-Дөрөвдүгээр сарын 6-ны өдөр та бүхний асуудлыг Дээд шүүхээр хэлэлцсэн гэж сонслоо. Ямар шийдвэр гарсан бэ?

-Бид хэдийн асуудал ч гэж дээ. Дээд шүүх хэрэг хянан шийдвэрлэхээ больж байгаа юм билээ. Давж заалдах шүүхээс Дээд шүүхэд очсон 27 хэргийг хэлэлцэх үү, үгүй юу гэдгийг хэлэлцсэн юм билээ.

-Дээд шүүх хэлэлцэхээргүй болсон юмуу. Тэгэхээр цахим бугуйвч зүүнэ гэсэн үг үү?

-Дээд шүүхийн шийдвэр биежээд, шийдвэр биелүүлэх байгууллага руу очоод, ял хэрэгжиж эхэлнэ гэсэн үг.

-Дээд шүүх хэлэлцэхгүй гэхээр ял авах тодорхой болчихлоо. Одоо Монголд өөр хандах газаргүй шүү дээ. Олон улсын хүний эрхийн байгууллагуудад хандах уу?

-Олон улсын хүний эрхийн байгууллага заавал практик дээр эрх зөрчигдсөн тохиолдолд асуудлыг авч хэлэлцдэг. Тэгэхээр олон улсын байгууллагуудад хандах эрх нь ингээд нээгдэж байгаа гэсэн үг. Дээд шүүх яагаад иймэрхүү асуудлыг хэлэлцэхээ байсан нь миний ойлгосноор Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатар шүүхийн зардал их байна. Хэмнэлтийн хуулийг хэрэгжүүлнэ гэж ярьсан. Түүнтэй уялдаад Дээд шүүх дээр ихэнх хэргийг авч хэлэлцэхгүй, хянан шийдвэрлэхгүй байх журам тогтоочихсон юм билээ. Өмгөөлөгчид гурван шаардлага байгаа талаар ярьж байна лээ. Тэр шаардлагыг нь хангаагүй, биелээгүй бол Дээд шүүхээр хэлэлцэхгүй гэсэн яриа хүмүүсийн дунд их яригдсан.

-Та бүхний шийдвэр хэзээ биежих бол?

-Одоогоос 20 орчим хоногийн дараа биежээд, цахим бугуйвчаа зүүчих байх аа. Тэр хооронд анхан шатны шүүхийн шийдвэрийг өөрчлөхгүйгээр анхан шат руугаа буцаж очоод, шүүхийн шийдвэр гарах процесстой юм билээ.

Танай хөдөлгөөний таван гишүүн бүгд цахим гав зүүхээр болсон уу?

-Тийм. Нийтдээ таван хүн байгаа. Э.Одбаяр, Л.Ганхөлөг, Б.Бямбагэрэл, Ц.Чинбат бид тав.

-Хугацааг нь хэвээр нь шийдвэрлэх үү?

-Э.Одбаярт Ерөнхий сайдын нэр хүндэд халдсан хэргээр Эрүүгийн хуулийн 13.14-өөр хоёр сар зорчих эрх хязгаарлах ял, нэмээд нэг жил зорчих эрх хязгаарлах ял, мөн торгуулийн ялтай. Дээрээс нь Э.Одбаяр нэг сар 461 дүгээр ангид хоригдсон. Тэр нь хасагдаад 13 сар зорчих эрх хязгаарлах ял оноосон. Бидний заримд нь эрүүгийн хоёр ял суулгаж өгч байна гэсэн үг. Тэгээд бидэнд нэг жил зорчих эрх хязгаарлах ял оноосон. Үүнийгээ улс төр огт ороогүй хэрэг мэтээр тайлбарлах гэж оролдож байгаа. Ямар ч улс оронд улс төрийн гэмт хэрэг гэж байдаггүй л дээ. Улс төрийн хэлмэгдүүлэлт, улс төрийн нөлөө орсон, зарим нэг эрх баригчдын хийж байгаа үйлдэлд, батлагдаж байгаа хууль, хэрэгжүүлж байгаа үйл ажиллагааг эсэргүүцсэний үндсэн дээр зарим нэг ялыг халдаах хэлбэрээр, өмнө нь хийсэн хэрэг, эсвэл хийж болзошгүй, цагдаа хүчний байгууллагаар далимдуулан ямар нэгэн хэрэгт холбогдуулдаг. Иймэрхүү нөхцөл байдлыг л олон улсад улс төрийн нөлөө орсон гэж ярьдаг.

Гадуур “No double stan­dart”, “No war” хөдөлгөөнтэй холбоогүйгээр эдгээр хүмүүс өөрсдөө ийм асуудалтай. Тиймээс ял авчихлаа гэдэг өнцгөөр биднийг их харлуулж байна. Тархи угаалт их явуулж байна лээ. Бид бүгд л Сүхбаатарын талбай руу хүүхдийн гутал оруулах оролдлого хийсэн. Эхнээсээ шоронд хоригдоод эхэллээ шүү дээ. Бидний үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөнд цагдаа хууль бус шаардлага тавьж, зодсон. Яагаад өнөөдөр энэ таван залуу зорчих эрхээ хязгаарлуулах ял авчихсан байгаа вэ гэвэл прокурор, шүүх ямар ч зөвшөөрөлгүйгээр хэн нэгэн даргын шууд тушаалаар хүнийг гэрээс нь шөнө орой баривчилдаг. Энэ үйл явдал Монголд газар авсныг сая НҮБ хүртэл танилцууллаа шүү дээ. Монголд дур зоргоор баривчлах байдал 2021 онд 97 хувь, 2022 онд 98 хувьтай гарлаа гээд. Түүнийг л эсэргүүцсэн, ил гаргасан иргэдийн үйл хөдлөл, цагдаагийн байгууллагын хууль бус үйл ажиллагааны хоорондох мөргөлдөөнд л ийм зүйл болж байгаа юм. Нэмж хэлэхэд, дайн эхлэхээс яг нэг сарын өмнө бидний анхан шатны шүүх хурал болсон. СХД-ийн Эрүүгийн хэргийн шүүгч, Жанчивнямбуу гэдэг хүн 2020 оны нэгдүгээр сарын 20-ны өдөр “Наадах чинь гэмт хэрэг биш байна. Хүн болгоны хийсэн үйлдэл нь ондоо юм. Наадхаа хэрэгсэхгүй болгочихож болохоор зүйл их харагдаж байна” гээд прокурор руу буцаасан.

Түүнээс сар гаруйн хугацааны дараа Украинд дайн болж “No war” хөдөлгөөн идэвхжээд, бид идэвхтэй дэмжээд оролцож байх үед дахин прокуророос бидний хэргийг илүү хүндрүүлэх байдалтайгаар оруулж ирээд, биднийг шүүх анхан шатны шүүх хурал дахин болсон. Тэгэхээр энэ бол ямар ч өнцгөөс харсан улс төрийн хэлмэгдүүлэлт, улс төрийн нөлөө орсон, биднийг залхаан цээрлүүлэх, айлгах зүйлүүд явагдаад байгаа. Анхан шатны шүүх хурал дээр прокурор н.Ууганбаатар гэдэг хүн биднийг нийгэмд жигшүүлэх хэлбэрээр, нийгэмд айдас мэдрүүлэх хэлбэрээр, нийгэмд сургамж өгөхөөр бидэнд ял өгч, “Иргэд хэтэрхий дураараа загнадаг боллоо. Нийгэмд сургамж болгох үүднээс эдгээр иргэдийг яллах нь зүйтэй” гэдэг үгийг прокурор нь өөрөө хэлж байсан. Тэр нь шүүхийн бичлэгт хадгалаастай байгаа.

-Д.Мөнх-Эрдэнийн тохиолдол дээр консул байх хугацаандаа авлига өгсөн, авсан гэх хэргээр ял өгчихлөө. Түүнийг консул байх хугацаанд нь шийдээгүй байж үг үзэл бодлоо илэрхийлснийх нь дараа ял өгч явууллаа. Иргэн Д.Монголхүүг зургаан цагдааг зодсон хэргээр ял өгчихлөө шүү дээ?

-Хэрэв анзаарвал бүгдэд нь Эрүүгийн хуулийн 13.14 гэдэг зүйл заалтаар ял үүсгээд явж байгаа. Жишээлбэл, Д.Мөнх-Эрдэнийн дөрвөн хэрэгт бидэнтэй адил төстэй хэлбэр нь юу вэ гэхээр 23.1.1 буюу хууль сахиулагчийг эсэргүүцсэн. 13.14 буюу бусдын нэр хүндэд илтэд халдсан гэх хүндрүүлэх нөхцөлүүд бүгдэд нь явдаг. Иргэд үг үзэл бодлоо илэрхийлэхийн тулд ямар нэгэн байдлаар хэвлэн нийтлэх, хэвлэл мэдээллээр үг хэлнэ. Түүнийг нь өлгөн аваад худал мэдээлэл тараасан, хүний нэр хүндэд халдсан гэдэг байдлаар авч үзээд байгаа. Мэдээж жагсаал цуглаан болно, ямар нэгэн эрх мэдэлтэнтэй асуудал үүснэ. Тэгэхэд хууль хүчний байгууллагынхан ирдэг, оролцдог. Тэр дундаа 23.1.1 гэдэг ялыг маш хөнгөн үүсгэчихэж байгаа юм. Дээрээс нь Д.Монголхүү, Д.Мөнх-Эрдэнэ, бид тав, Б.Цацралд хүртэл жагсаал цуглаан хийсэн хэргээр гурав дахь хэрэг нь үүссэн. Ингээд явахаар адил төстэй зүйлүүд их харагдаад байгаа. Хүн хувийн нөхцөл байдал, өмнө нь эрхэлж байсан албан тушаалаар ямар ч гэмт хэрэг өдүүлсэн байж болно. Түүн дээр нь улс төрийн нөлөө ороод, нэмж өгдөг 13.14, 23.1.1 гэдэг хоёр “хачирны” зүйл заалттай болчихоод байна.

-Тодруулахгүй юу?

-Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар, Т.Аюурсайхан гээд анх “Шударга тав” гэж гарч ирэхдээ үзэл бодлоо илэрхийлж, эрх чөлөөгөө эдэлж, өнөөдөр төрийн эрхийг авсан. Бидэнтэй адилхан хандъя гэвэл эд төрийн эрхийг хууль бусаар авсан. Дээрээс нь энэ хүмүүс ковидын үед алдаатай маш олон үйл ажиллагааг хийсэн. Хүмүүсийн амь нас эрсэдсэн. “No double standart” хөдөлгөөн үүссэн хамгийн гол шалтгаан Ковидын хууль шүү дээ. Ковидын хуулиар ялгамжтай байдал гарч, double standart буюу давхар өөр стандарт үүссэн. Эрх мэдэлтэнд хууль үйлчилдэггүй, иргэдэд үйлчилдэг байдал явж байсан учраас бид эсэргүүцсэн. Хүмүүс “No naadam” гэж агуулгынх нь хүрээнд авч үзээд андуураад байдаг. “No naadam” бол бид баярламаар байна, бас ажлаа хиймээр байна, тэвчээр тасарлаа, адилхан амьдармаар гэдэг акци явж байсан.

Тэр үед эрх мэдэлтнүүд нь “Бид наадамлана. Та нар зурагтаар үз ээ” гэдэг л байдлаар иргэддээ хандсан. Тэгэхээр энэ чинь double standart-тай зүйл байна аа гээд бид эсэргүүцсэн. Ялгамжтай зүйл яваад “No double standart”, “No war” хөдөлгөөн үүсээд, хоёр жил гаруй шүүх цагдаагаар яваад, одоог хүртэл үргэлжлүүлэн цагдаагийн байгууллагаар шалгагдаж байна. Бидэнд хэрэг үүссэн хэвээрээ л байгаа. Хүмүүст үүнийг зөвөөр ойлгуулахгүй бол No naadam гэх мэтээр нэрнийх нь хувьд харлуулаад, биднийг хууль сахиулагчийг эсэргүүцэж, хүмүүсийг гүтгэдэг хүн мэтээр ойлгуулж байгаад харамсалтай байна. Биднийг зүгээр хийх ажлаа олж ядсан, хүн гүтгэсэн, цагдаагийн байгууллагыг эсэргүүцсэн мэтээр ойлгуулж, “No double standart”, “No war”-тай ямар ч холбоогүй юм байна гэж эргээд харин биднийг гүтгэж байна.

Энэ талаар бид ярихгүй бол болохоо байлаа. Дээрээс нь бидний эрүүл мэнд, бизнес эрхлэх байдал, ажил төрөл гээд бүх зүйлд төрийн ачлага ил болон далд бүх хэлбэрээр нөлөөлж байна. Бид энэ болгон дээр гомдлоод хэвлэл мэдээллээр яриад байя гэж бодохгүй байгаа. “No double standart”, “No war” хөдөлгөөн дэлхий даяар өрнөсөн. Ганцхан Монголд болоод байгаа үйл явдал биш. Double standart, дайныг эсэргүүцэж болохгүй тэгсэн мөртлөө дайныг дэмжиж, Оросыг дэмжиж болно гэсэн үзэл суртал зөвхөн Орос, Монгол хоёрт л явж байна. Орост дайныг эсэргүүцсэн хүнд 10-15 жилийн ял өгч байна. Монголд илэрхий нэг хэлбэрээр биш юмаа гэхэд дайныг эсэргүүцсэн хүмүүст ямар нэгэн ял, торгууль, зөрчил гэдэг байдлаар эдгээр хүмүүсийг амьдралгүй болгох, үзэл бодлыг нь мохоох, цаашлаад эрүүл мэнд, сэтгэл санаа гэдэг зүйлээр нь дарамтлах чиглэлээр явж байна. Д.Монголхүү, Д.Мөнх-Эрдэнэ, О.Мөнхжин зэрэг хүмүүс гэмт хэрэг хийсэн хийгээгүй нь гурван шатны шүүхээр эцэслэн тогтоогдох ёстой. Түүнээс өмнө дэлхий нийтээрээ хүлээн зөвшөөрсөн нэг зүйл бий. Гэм буруутай нь тогтоогдоогүй байхад, хүнийг эрүүдэн шүүж, залхаан цээрлүүлж, албадан хорьж болохгүй гэдэг. Манайд бол хэрэг эцэслэгдэн шийдэхээс өмнө залхаан цээрлүүлдэг. Гэрт нь нэг хариулаад, буцааж шоронд хийгээд, энэ бол 100 хувь залхаан цээрлүүлэх ажиллагаа. Эрүүдэн шүүлт. Монголд Л.Оюун-Эрдэнэ гэдэг хүн шүүх засаглалыг 100 хувь өөртөө авахын тулд ажиллаж байна. МАН, гүйцэтгэх засаглал Улсын их хурлынхаа дээр гараад суучихлаа шүү дээ. Одоо эдэнд юу дутуу байна вэ гэвэл шүүх засаглалыг авах, шүүх засаглал руу дайрах л дутуу. Шүүх засаглалыг л авчих юм бол У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ, Х.Нямбаатар зэрэг хүмүүст ямар ч хориглох, гарыг нь дөнгөлөх, эрх мэдлийг нь хязгаарлах зүйл байхгүй болно. Тиймээс шүүх засаглалыг Л.Оюун-Эрдэнийн гүйцэтгэх засаглал өөрийн болгох хүсэл сонирхолтойгоор биднийг ашиглаж, эрүүдэн шүүж, шүүхийг ийм шударга бус байдлаар харагдуулах үйл ажиллагаа их явж байна. Энэ нь юугаар илэрч байна гэхээр СХД-ийн Анхан шатны шүүх дээр ерөнхий шүүгч н.Жанчивнямбуу шүүгч бидний хэргийг хэрэгсэхгүй болгоод буцаахад, хэрэгсэхгүй болгохгүйгээр явсаар байгаад, шинээр хэрэг үсгээд, дөнгөж шинэ ирсэн шүүгчээр шийдүүлчихэж байгаа юм. Д.Мөнх-Эрдэнийн хэргийг бас орон нутгаас ирсэн шинэ шүүгч шийдсэн. Тэгэхээр үүнд нэг хардах зүйл нь шүүхийн гаднаас журам, хийдэл гэдэг зүйлийг ашиглан, шүүх эрх мэдлийг иргэдэд муухай харагдуулах зүйлийг давхар хийгээд, түүнийх нь хохирлыг үзэл бодлоо илэрхийлж байгаа залуус давхар хүртэж байна. Үүн дээр хуульчид, өмгөөлөгчид, иргэний нийгмийн байгууллагууд, сөрөг хүчнийхэн, хэвлэл мэдээллийнхэн салбар маш гярхай харж, анхааралтай хандахгүй бол Л.Оюун-Эрдэнийн фракцын тоглоомонд явж ороод, хохирох вий гэж харж байна. Монгол хувь хүний эрх чөлөө, хүний эрхийн байдлаараа ухарсан. Эдийн засгаараа ч ухарсан. МАН эрх барьсан бүх жилүүдэд манай бүх үзүүлэлт арагшаа ухарч байгаа. Тэгэхээр энэ хүмүүст Монголыг илүү эрх чөлөөтэй, эдийн засгийн хараат бус байлгах сонирхол байхгүй. Илүү хавчигдмал, авторитар төр рүү явах сонирхолтой байгаа нь харагдаж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Дугаржав: төмрийн хүдрийн баяжмалыг биржээр арилжаалж ил тод болгоно DNN.mn

Дарханы төмөрлөгийн үйлдвэр ТӨХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дугаржавтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Дарханы төмөрлөгийн үйлдвэрийн удирдлагаар томилогдоод багагүй хугацаа өнгөрлөө. Таныг томилогдсоны дараахан улсад учирсан хохирлын талаар цочирдмоор дүнгүүдийг Засгийн газрын зүгээс олон нийтэд мэдээлсэн. Үйлдвэрийн үйл ажиллагаа, нөхцөл байдал мэдээж хүнд байдалд байна уу?

-Засгийн газар ямар учраас концессийн гэрээгээ цуцлах болсон, гэрээ хэрэгжүүлэгч тал ямар нөхцөл байдал үүсгэсэн талаар олон нийтэд мэдээлж болох бүх мэдээллийг хангалттай өгсөн гэж бодож байна. Хууль хүчний байгууллагаар шалгагдаад, нотлогдоод явж байгаа асуудал дээр одоо тэр тэгсэн, ингэсэн гэж ярих нь зохимжгүй. Товчхондоо 805,8 тэрбум төгрөгийн өртэй компани хүлээж авсан. Одоогоор 700 тэрбумын хохирол тогтоогдсон хэрэг прокурорын байгууллагад шилжсэн байгаа.

-Энэ их хуримтлагдсан өр төлбөртэй компани үйл ажиллагаа явуулах, өсөж дэвжих боломж байна уу? Компанийн үйл ажиллагааг сайжруулахаар таныг томилсон байх. Таны харж байгаа ойрын ирээдүй ямар байна?

-“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК бол Дархан-Сэлэнгийн бүс нутгийн төмрийн хүдрийн орд газруудыг түшиглэн байгуулсан 30 жил тасралтгүй үйл ажиллагаа явуулж байгаа уул уурхай, гангийн үйлдвэрлэл бүхий манай үндэсний томоохон компани. Байгалийн баялагтаа түшиглэн 100 гаруй жил олборлолт, баяжуулалт хийж эцсийн бүтээгдэхүүн гаргах боломжтой. Компанийн мэдэлд 25 сая тоннын нөөцтэй Төмөртолгой, 229,3 сая тоннын нөөц бүхий Төмөртэйн уурхай байдаг, 12,6 сая тоннын нөөц бүхий ашиглаагүй Хуст-Уулын орд газар, жилд 100 мянган тонн ган хайлуулах хүчин чадалтай үйлдвэр бий. Ийм компанид яагаад өсөж дэвжих боломж байхгүй гэж. Миний хувьд өнөөдрийн нөхцөл байдлыг ярьж гоншигономооргүй байна. Надад Засгийн газраас өөрийн мэдлэг туршлага, арга барилаа ашиглаад байгалийн баялгаас нэмүү өртөг шингээсэн эцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, импортыг орлон дотоодын зах зээлийнхээ 50-иас дээш хувийг хангах “Монгол ган цогцолбор I” төслийг хэрэгжүүлэн, төмрийн хүдрээ боловсруулах цогцолбор бүтээн байгуулах үүрэг өгсөн. Энэ үүргээ би баг хамт олныхоо хамт биелүүлэхээр чармайж байна, ажиллаж байна. Нэг их хол ойрын ирээдүй гэхээс илүүтэй заавал хийх ёстой ажил, бүтээх учиртай төсөл маань гэж боддог.

-“Дарханы төмөрлөгийн үйлдвэр” ТӨХК-ийн одоогийн үйл ажиллагаа хэвийн явагдаж байгаа юу. Яагаад ингэж асууж байна гэхээр зарим нэг төрийн өмчит компаниудыг төр буцаан авснаар байдал дордлоо гэх яриа мэр сэр сонсогддог?

-Манайх үйлдвэрлэл, уурхай гэсэн хоёр үндсэн үйл ажиллагаатай. Яг үнэнийг хэлэхэд өмнөх концесс хэрэгжүүлэгчид хамаг байгалийн баялгаа сорчилж олборлоод экспортлоход л гол анхаарлаа хандуулж үйл ажиллагаагаа тийш нь чиглүүлж байснаас биш уулын ажлын төлөвлөгөөний дагуу хийх ёстой хайгуул, бусад технологийн ажлаа орхигдуулж үйлдвэрлэлийг бол бүр зогсох хэмжээнд хүргэсэн байсан. Концессийн гэрээг цуцалж Дарханы төмөрлөгийн үйлдвэрийг төр буцаан авахад буюу 2022 оны 4-р сард Гангийн үйлдвэр бүрэн зогссон, хаягдал төмрийн нөөцгүй болсон байсан. Техникийн эвдрэл, засвар үйлчилгээ, хаягдал төмрийн нөөц бүрдүүлэлт гээд нэлээд ажилласны хүчинд өнгөрсөн оны сүүлчээс эхлэн бид ямартай ч гангийн үйлдвэрийн төлөвлөгөө нормоо 100 хувьдаа хүргэж тасралтгүй үйл ажиллагаагаа явуулж чаддаг болсон. Уулын ажлын технологио жигдрүүлсэн. Энэ жил бид 33 мянган тонн ган бүтээгдэхүүн үйлдвэрлэж, 392 тэрбум төгрөгийн орлого олохоор төлөвлөсөн. Өмнөх оныхоос 64 хувиар орлогын хэмжээгээ нэмэгдүүлж болохоор харагдаж байгаа.

Төр аваад дордуулсан гэдэг ярианы тухайд энд нэг ойлголтын зөрүү байдаг юм. Төр хувийн компанийг булаагаад авчихсан юм шиг тэр ойлголтыг олон нийтэд хүчээр суулгачихсан. Үнэн хэрэгтээ анхнаасаа хувийн компани байгаагүй, төр хувийн хэвшилтэй хамтран ажиллах гэрээ хийж тодорхой хугацаатай, болзолтойгоор компани удирдах эрхийг түр зуур өгсөн. Тухайн хувийн хэвшил даалгавраа биелүүлээгүй. Тиймээс төр гэрээгээ цуцалж, компанийн удирдлагаа авсан. Ийм л процесс явагдсан. Нарийн яривал 2,5 жил сул зогсолт хийгээд сул зогсолтынх нь нөхөн олговрыг олгоогүй байсан гэх мэт зөндөө л асуудал байсан байна лээ. Яг үнэндээ компанийн удирдлага хэн байх нь ажилчдад нэг их сонин биш шүү дээ. Цалин мөнгө, нийгмийн асуудал, тогтвортой ажлын байр, хувь хүний өсөж дэвжих боломж л чухал болохоос. Компанийн удирдлагын хувьд уул уурхай, хүнд үйлдвэрийн салбарын дунджаас харьцангуй бага түвшинд байгаа цалингаа үе шаттайгаар нэмэгдүүлж дундаж түвшинд аваачих бодлого барьж, өөрийн тань хэлснээр төр авснаас хойш буюу өнгөрсөн нэг жилийн хугацаанд 38 хувиар нэмэгдүүлсэн. Жилийн үр дүнгийн нэмэгдэл 13 дахь сарын цалингаа бүх ажилтнууддаа олгосон. Цаашдаа зөвхөн үр дүн, ур чадвар, санаачилга дээр суурилсан цалин нэмэгдүүлэх бодлого барьж ажиллана. Төр авснаас хойш дордлоо гэж над дээр манай 1500 гаруй ажилтнуудаас нэг ч хүн орж ирээгүй л байна, одоогоор. Ажилчдын нэр барьсан ийм явуулга цаанаа санаа зорилготой байдаг байх аа.

-Төрийн өмчит үйлдвэрийн газрууд ашиггүй ажилладаг, цалингаа “Эрдэнэт үйлдвэр” ТӨҮГ-аас зээлж тавьдаг гэдэг шүүмжлэл сүүлийн үед гарах болсон. Танай тухайд?

-Бид Эрдэнэт үйлдвэртэй “зээлийн” биш худалдааны гэрээтэй. Эрдэнэтийн үйлдвэрлэлийн гол түүхий эд ган бөмбөлгийн бэлдэцийг Дарханы төмөрлөгийн үйлдвэр нийлүүлдэг. Манайх энэ жил 22 мянган тонн ган бөмбөлгийн бэлдэц нийлүүлж 80 гаруй тэрбум төгрөгийн борлуулалт хийх гэрээ Эрдэнэт үйлдвэртэй байгуулсан. Өнгөрсөн жил Эрдэнэт үйлдвэрт 60 орчим тэрбум төгрөгийн ган бөмбөлгийн бэлдэц нийлүүлж байсан бол энэ онд борлуулалт 20 гаруй тэрбумаар өссөн байгаа. Бүтээгдэхүүний нийлүүлэлт хэвийнээс ч илүү, сайн яваа. Манай гангийн үйлдвэрлэл I улиралд төлөвлөгөө нормоо 102,7 хувьтай биелүүлсэн. Бид энэ жил гангийн үйлдвэрлэлээ 37 хувиар нэмэгдүүлж байна. Уурхай, хүнд үйлдвэрийн үйл ажиллагаа харьцангуй тогтворжиж их хэмжээний өртэй байдлаас ашигтай ажиллаж эхэлсэн төлөв рүү шилжсэн. Засгийн газрын 362 дугаар тогтоолын хэрэгжилтийн биелэлт, валютын нөөц бүрдүүлсэн байдлаараа энэ жил бид Эрдэнэт үйлдвэр, “Эрдэнэс таван толгой”-н араас буюу гуравдугаарт явж байна. Дээрх үр дүнгүүд бол бидний экспортоо амжилттай эхлүүлсэн, үйлдвэр уурхайн үйл ажиллагаагаа тогтворжуулж ашигтай ажиллах хэмжээнд хүрснийг нотлох жишээ гэж би бодож байна.

-Уул уурхай, хүнд үйлдвэрийн ажилчдын нийгмийн асуудал хамгийн анхаарал хандуулах асуудлын нэг байдаг. Та энэ тал дээр цалин нэмэгдүүлэхээс өөр хийж байгаа ажил байгаа юу?

-Тэгэлгүй яахав. Олон хоногоор ар гэрээ орхиод уурхайд ажилладаг хүмүүс ардаа санаа зовохгүй байж л ажлаа хийж чадна шүү дээ. Энэ жил бид ажилчдаа хөнгөлөлттэй нөхцөлөөр орон сууцжуулах хөтөлбөр хэрэгжүүлж эхэлсэн. Одоо нийтдээ 800 айлын орон сууц барих ажил эхэлж байна. Ажилчиддаа аль болох хөнгөлөлттэй нөхцөлөөр байртай болох боломжийг нь бүрдүүлэхээр Зээлийн батлан даалтын сантай хамтарч урьдчилгаа төлбөрийг 30 хувиас 12 хувь хүртэл бууруулахаар хамтарч ажиллаж байгаа. Манайхан маш өндөр сэтгэгдэлтэй байгаа шүү.

-Валютын нөөц нэмэгдүүлэх тухай Засгийн газрын 362 дугаар тогтоолын хэрэгжилтийг хангаж буй төрийн өмчит компаниудын дотор танайх нэлээн дээгүүр байгаа харагдсан. Богино хугацаанд ам.доллар төвлөрүүлэх даалгавраа яаж биелүүлэв?

-Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын хэрэгжилт 2023 оны хоёрдугаар сарын эцсийн байдлаар 3.4 тэрбум ам.долларт хүрсэн нь өнгөрсөн оны есдүгээр сарын эцэстэй харьцуулахад 21 хувиар өссөн дүнтэй байгааг холбогдох албанаас мэдээлсэн. “Эрдэнэс Тавантолгой”, “Эрдэнэт үйлдвэр”,”Дархан төмөрлөгийн үйлдвэр”, “Монголросцветмет” он гарснаас хойш 443.1 сая ам.долларын орлого төвлөрүүлж чадсан. Ажилд томилогдсон даруйдаа нэг жил гаруй зогссон байсан экспортоо яаралтай эхлүүлсэн. Гадаад дотоодын харилцагч нартаа үнэн бодитой мэдээлэл өгч албан журмаар харилцаж тэдний итгэх итгэлийг сэргээх тал дээр нэлээн ажилласны үр дүн гарсан болов уу гэж бодож байна. Амаргүй байсан. Өмнөх өр алхам тутамд нэхэгдээд хэцүү л байна. Гэлээ гээд яахав дээ. Би тэр зэргээс эмээх байсан бол анхнаасаа томилолт авч ирэхгүй байсан.

-Төмрийн хүдрийн баяжмалыг тойрсон нэг биш асуудал яригддаг. Ялангуяа тээвэртэй холбоотой. Яригддаг асуудлууд хэр үнэний ортой вэ. Тухайлбал, вагоны давхар түрээс гэх мэт?

-Зөв асуулт байна. Шалгадаг газрууд нь шалгаад тогтоох ёстой асуудлууд бол байсан. Экспорт зогссон үед вагонуудыг түрээслэдэг байсан юм билээ. Ингэхээс ч өөр арга байгаагүй. Харин бид экспортоо эхэлсэн учраас түрээсээ зогсоож өөрсдөө тээвэрлэлтээ хийх шаардлагатай болж эхлэхэд буцааж авч таарна биз дээ. Давхар давхар түрээслэсэн, буцааж өгөхгүй байх сонирхолтой зөндөө тулгарсан. Хатуу тэмцсэн. Өөртөө их дайсан хураасан ч би байр суурин дээрээ хатуу зогссон. Одоо вагон түрээслэх тухай ойлголт манай компанид нэг мөр байхгүй болж бүх асуудал цэгцэрсэн. Баяжмалын экспортын тухайд асуудлыг шийдэх гарц бол биржээр буюу олон улсад дуудлага худалдаагаар арилжаа хийх явдал юм. Бид бэлтгэлээ хангаж байна. Тун удахгүй ирэх долдугаар сараас төмрийн хүдрийн баяжмалаа биржээр арилжаална. Үүн дээр бид анхдагч болж ажиллахдаа маш их баяртай байгаа. Уурхай дээр олборлогдсон төмрийн хүдрийн баяжмал хилээр ачигдаад гарах энэ бүх үйл ажиллагааг цахимжуулж, бүртгэлжүүлнэ. Цахим арилжаагаар худалдахдаа хийсэн гэрээн дээр суусан нөхцөлийн дагуу л тухайн баяжмал экспортлогдоно гэсэн үг. Ингэж чадвал дундын элдэв зуучлалгүй, уурхайн амнаас хил хүртэлх бүх зүйлийг цахимжуулж, хардлага сэрдлэггүй болно. Хичнээн тонн төмрийн хүдрийн баяжмал, ямар компанийн ямар гэрээгээр, ямар нөхцөлтэй гарч байгаа вэ гэдгээ бүгдийг нь бүртгэлжүүлж, нээлттэй болгоно. Гэрээнүүд бүгд ил тод болно. Баяжмалаа дэлхийн зах зээлийн үнээр зардаг болно. Үнэ өснө. Энэ бол зүгээр нэг процессын төдий ажил биш, энэ салбарт удаан бугшсан авлигын, хүнд суртлын эсрэг хийж байгаа “тэмцэл” юм. Төрийн алба, түүний албан хаагч авлига ашиг сонирхлоос ангид байх Засгийн газрын бас миний хүсэл зоригтой нийцсэн маш том дэвшил учраас би баяртайгаар үүнийг хийж байгаа.

-Шинэ гангийн үйлдвэр юу болж байна. “Монгол ган цогцолбор I” төслийнхөө талаар мэдээлэл өгөхгүй юу. Энэ төслөөс монголчууд юу хожих вэ?

-Шуудхан хэлэхэд Монголчууд байгалийн баялгаа түүхийгээр нь бас хагас боловсруулснаар нь гадагшаа гаргадаггүй л болно гэсэн үг. Төсөл маань овоо урагштай явж байна. Төслийнхөө ТЭЗҮ-г Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамны Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөлөөр батлуулаад авсан. Саяхан бид орон нутгаас төсөл хэрэгжих талбай газрын асуудлаа шийдүүлж 77.7 га газрыг өөрийн болгож авлаа. Дотоод зохион байгуулалтын асуудлаа нэлээн шийдээд ямар ч байсан үйл ажиллагаа маань хэвийн явж байгаа учраас одоо том төсөл рүүгээ анхаарлаа хандуулж чадахаар болоод байна.“Шинэ сэргэлтийн бодлого”-ын хүрээнд хэрэгжих “Монгол ган цогцолбор I” төслийн хөрөнгө оруулалтын хэмжээ 500 орчим сая ам.доллар. Гангийн үйлдвэрлэлийн технологи, хөгжлөөрөө тэргүүлж байгаа дэлхийн томоохон компаниуд энэ төслийг сонирхож байгаа. Тухайлбал, сонирхогч талд Хятад, Япон, Солонгос, Энэтхэг, Канад улсын салбартаа тэргүүлэгч томоохон компаниуд байна. Бидэнд манай улсад хамгийн тохиромжтой, эдийн засгийн үр өгөөж сайтай, байгальд ээлтэй, урт хугацаанд үр ашгаа өгөх тэр хөрөнгө оруулалтын хувилбарыг сонгохын тулд сонирхогч талуудтай уулзаж саналыг нь сонсох, судлах ажлууд их байна. За ингээд хөрөнгө оруулалтаа улсдаа ашигтай байдлаар шийдчихвэл эх орныхоо төмрийн хүдрээс импортыг орлох эцсийн ган цувимал бүтээгдэхүүн үйлдвэрлэх, дотоодын зах зээлийн 50-иас дээш хувийг хангах боломж бүрдэнэ гэсэн үг. Төслийг дагалдан шинээр 1600 гаруй ажлын байр нэмэгдэж татварын орлого 11,2 их наяд төгрөгөөр нэмэгдэнэ. Жилд 350 мянган тонн иржгэр ба гөлгөр ган туйван, булан төмөр, швеллер, төмөр утас үйлдвэрлэх хүчин чадалтай үйлдвэрлэлийн цогцолбор байгуулагдана. Шинэ гангийн үйлдвэрийг дагаж бусад жижиг, дунд үйлдвэрүүдийн кластер хөгжих боломж бүрдэж, ширмэн цутгуур, төмөр утсан хийц, металл боловсруулах, зормол эд анги, давтмал эд анги хийх үйлдвэр, боловсруулсан шаарыг авто зам, цементийн үйлдвэрт ашиглах, барилга, өндөр хүчдэлийн тулгуурын металл хийцийн үйлдвэрүүд ч хөгжих боломжтой болох юм.