Categories
мэдээ үндэсний-бөx цаг-үе

Улсын заан Д.Анар: Энэ жилийн наадамд санасандаа хүртэл барилдаж чадаагүй DNN.mn

-Даншиг наадамд зодоглоно. Ер нь барилдаан алгасалгүй барилдъя гэсэн бодолтой байна –


Хантайшир уулын аймаг буюу Говь-Алтай аймгийн 100 жилийн ойн бөхийн барилдааны үеэр Дорнод аймгийн Дашбалбар сумын харьяат, Улсын заан Д.Анартай манай сэтгүүлч цөөн хором ярилцжээ.


-Говь-Алтай нутгийн 100 жилийн ойд зодоглож их шөвгийн дөрөвт шалгарлаа. Таныг түрүү, үзүүрт үлдэх болов уу гэж олон хүн харж байсан?

-Говь-Алтай аймгийн 100 жилийн баяр наадам өргөн дэлгэр сайхан болж байна. Даян аварга Н.Батсуурь тэргүүтэй алдар цолтой бөхчүүд зорьж ирж зодоглож олон түмнээ баярлуулсан нь энэ наадмын онцлог боллоо. Үзэгчид, наадамчин олон ч сэтгэл дүүрэн баяртай сайхан байна. Миний хувьд сайхан барилдлаа. Улсын начин Б.Лхагвадоржоор дөрөв, аймгийн харцага Б.Өлзийсайханаар тав давж шөвгийн дөрөвт улсын Б.Бат-Өлзийтэй тунаж барилдаад уналаа.

-Б.Бат-Өлзий заантай та өмнө нь олон тунаж байсан?

-Тийм ээ, улсын наадамд хэд хэдэн удаа тунаж барилдсан. 2016 онд начин болох жилээ би Ш.Мөнгөнбаатар харцагатай тунаж барилдаад давсан. Ингээд харцага цолны цолтой Бат-Өлзий заантай тунаж барилдаад унасан. Харин би 2019 оны наадамд Бат-Өлзий заантай дахин тунаж барилдаад давж харцага цол хүртэж байсан.

-Энэ жилийн наадмын тавын даваанд Архангайн С.Сүхбатад өвдөг шороодсон. Та наадмаар санасан хэмжээндээ барилдаж чадсан уу?

-Энэ жил бэртэл гэмтэл гээд бэлтгэл сайн хийж чадаагүй. Тэгээд өнгөрөгч зургадугаар сараас наадмын бэлтгэлдээ гараад арай дээр болсон. Наадмаар тавын даваанд өвдөг шороодсон. Мэдээж санасан хэмжээндээ хүрч чадаагүй.

-Наадмаас хойш ямар ямар барилдаанд зодоглосон бэ?

-Наадмын дараа Хэнтий аймгийн 100 жилийн ойд очиж зодоглосон. Улсын начин Н.Мустафагаар тав давж зургаагийн даваанд Хэнтий аймгийн харьяат, Улсын харцага Г.Бадрахад тунаж барилдаад унасан. Мөн Хөвсгөл аймгийн Жаргалант сумын 100 жилийн ойд очиж барилдаад түрүүлсэн.

-Одоо ямар наадамд зодоглох төлөвлөгөөтэй байна?

-Энэ амралтын өдрүүдэд Улаанбаатар хотод Хүрээ цам Даншиг наадам болно гэж дуулдсан. Миний хувьд Даншиг наадамд зодоглох бодолтой байна. Ер нь барилдаан алгасалгүй барилдъя гэсэн бодолтой байгаа.

Categories
нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

А.Амарбаясгалан: Авлига өгдөггүй үнэнч шударгаар зөв явж байгаа компанийг оролддог юм байна DNN.mn

“Эм энд Жи” компани буюу “Aqua garden” хорооллын захирал А.Амарбаясгалантай ярилцлаа.


-Та бүхний босгосон хорооллыг буулгах шийдвэр гарчихлаа. Энэ талаар байр сууриа илэрхийлээч?

-“Aqua garden” хороолол, Усан парктай холбоотой худал гүтгэлэг мэдээлэл их явлаа. Манай компанийн нэр хүндэд их халдаж байна. Aqua gar­den хороолол Улаанбаатар хотыг үерт автуулчихсан мэт маш олон ташаа мэдээлэл явсан. Авлига хороолол хэмээх сонин нэрийг манай байгууллагад хаяглалаа. Манай компанийг өөр өрсөлдөгч байгууллагууд доромжилсоор ирлээ. Би бүгдээс нь асуумаар байна. Хэнд хэзээ хэдэн төгрөгийн авлига хаана яаж өгчихсөн юм бэ. Хэн хэнд авлига өгсөн юм. Тийм асуудал байгааг хэн мэдэж байгаа вэ. Өнөөдөр Авлига өгдөггүй үнэнч шударгаар зөв явж байгаа компанийг оролддог юм байна. Манай компанийн бүх зүйлийг шалгавал ямар шударгаар ажилладаг гэдгийг мэдэх болно. Угаасаа ч маш олон удаа манай байгууллагын үйл ажиллагааг маш олон шалгасан. Юу ч гараагүй болохоор өрсөлдөгч газрууд санаатайгаар авлига хороолол гэдэг нэрийг өгсөн. Өнөөдөр хэн нэгэнд миний хамтрагч болоод найз нөхөд, танил зэрэг манай компанийн зүгээс ямар нэгэн байдлаар авлига өгсөн асуудал байвал би хариуцлагаа хүлээе. Угаасаа огтоос нэг ч төгрөгийн асуудал байхгүй учраас зориудаар бидний ажлыг зогсоохоор ийм нэршил өгч байгаа бололтой.

-Таныг ингэж ярихаар том артай. Ард талд нь хэн нэгэн албан тушаалтан байгаа гэдэг яриа гараад байна. Та үүнд тайлбар өгөх үү?

-Манай компанийн ард нэг ч Улсын их хурлын гишүүн, нэг ч сайд, хотын дарга, хотын удирдлагууд, нэг яамны мэргэжилтэн удирдлага хэн ч байхгүй. Бидний ард хэн ч байхгүй учир зөв зүйлийг хийж байгаа ч гэсэн хийсэн ажлыг минь харлуулж байна. Миний ард би болоод манай компанийн хамтрагчид л байгаа. Дөрвөн үндсэн байгууллага бий.

Монголдоо хийсэн зүйлтэй, дандаа барилгын компаниуд хамтраад энэ төслийг хэрэгжүүлж эхэлсэн. Энэ компаниуд улсаас нэг ч төгрөгийн тендер аваагүй. Нэг ч концесст оролцоогүй. Үр хүүхэд ах дүүс нь хэзээ Боловсролын сангийн зээлээс зээл авч сураагүй. ЖҮДС зэрэг нэг ч санг бид цөлмөөгүй. Бид үнэнч шударгаараа явж байгаа хүмүүс. Бидний барилгыг барьж байгаа 400 гаруй ажилчид өнөөдөр бор зүрхээрээ хөдөлмөрөөрөө амьдарч байгаа. Ажил хөдөлмөрийг шүтсэн хамт олон, баг ажиллаж байгаа юм шүү. Дахиж энэ компанийн ард хэн нэгэн байгаа мэтээр ойлгосондоо буруу мэдээлэл битгий хийгээч.

-Барилгыг нураах шийдвэр гарчихлаа. Одоо та ямар арга хэмжээ авах вэ?

-Манай барилгыг голын голдирол өөрчилсөн мэтээр яриад байгаа. Үе үеийн сансрын зургийг та бүхэн хаанаас ч олоод харж болно. Голын голдирол гэж зүйлийг Эм энд Жи болоод өөр хэн нэгэн 1 мм, 1 см ч тэр өөрчлөөгүй. Байгаль өөрөө урсаж яваад зохицуулаад ирсэн тэр голдирол яг л хэвээрээ байгаа. Голын голдирол өөрчилж, урсацыг боож хааж үерийн далан барилаа гэж сийх ч үгүй худлаа мэдэгдэл гаргалаа. Төр хувийн өмчид өөрийн үзэмжээр хандаж болох юмуу. Хэрэв манай хорооллыг нураавал зохих ёс хууль журмаар нь хувийн өмчөө хамгаалах болно. Өнөөдөр миний өмчид халдаж байгаа төр маргааш таны өмчид халдахгүй гэх баталгаагүй болчихлоо. 2011 онд Иргэдийн төлөөлөгчдийн хурлаас ард иргэдийг үер усны аюулаас сэргийлэхийн тулд Дунд, Сэлбэ гол дээр үерийн даланг барьсан. Тэр тогтоол нь байна. Барихдаа голын урсгалд нөлөөлсөн, голдирол өөрчилсөн зүйл ерөөсөө байхгүй.

-Танай барилга үерийн усанд автсан зураг олон нийтийн сүлжээнд байдаг. Захиалагч хүмүүс байрандаа орлоо гэхэд үерт өртөхгүй гэх баталгаа бий юу?

-Өмнө нь манай барилга руу үерийн ус орсон асуудал байдаг. Энэ ямар учиртай вэ гэхээр 2015 оноос Замын цагдаагийн призер дээр баригдсан Олимпын гүүр буюу шинэ гүүрний явагдсантай холбоотойгоор призерийг бүхэлд нь хаасан. Ингэхэд Энхтайвны гүүрний нэвтрэх чадвар бага учраас дахин нэг зам яаралтай хэрэгтэй гээд “Эм энд Жи” констракшны хэрэгжүүлж буй төсөл болох “Усан парк” цогцолборын хэсэг дээгүүр соёмботой хөшөөнөөс нарны зам орох хэсгийг сэтэлж дундуур нь зам барьсан. Зам барихдаа хоёр том алдаа гаргасан. Нэгдүгээрт, усны урсацыг саатуулах, хэвийн урсгалыг алдагдуулахаар маш жижиг хэмжээний хоолой түр тавьсан. Энэ хоолой нь усыг бүрэн нэвтрүүлж чадахгүй учраас ус хальсан. Халихдаа үерийн даланг нь дундуур нь сэтэлчихсэн учраас тэрхүү ус нь манай барилга руу орсон. Цаашдаа ийм асуудал огт гарахгүй. Усан парк болоод Aqua garden хорооллын хэрэгжүүлж байгаа төсөл үер усны аюулаас бүрэн хамгаалагдсан. Өөрөөр хэлбэл, үерийн одоо баригдсан далангаас дээшээ тэг цэг нь гарч ирсэн. Доошоо огт ухаагүй, дээшээ баригдсан барилга юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Сэтгэлзүйч Б.Саранцэцэг: Монголчууд өөрийгөө боомилсон ямаан омгоо дарж чадахгүй бол юу ч хийж мэдэх аюултай DNN.mn

Нийгмийн сэтгэл судлалын хүрээлэнгийн сэтгэлзүйч, сэтгэлзүйн ухааны доктор Б.Саранцэцэгтэй ярилцлаа.


-Саяхан GS-25 сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлсэн эмэгтэй худалдагч охиныг зүй бусаар доромжилж, биед нь халдсан хэрэг гарсан. Ийм огцом уур, ямаан омог ямар үед гардаг вэ?

-Энэ зууныг дэлхий нийтээрээ оюун ухааны зуун гэж нэрлэх боллоо. Оюун ухаанд суурилсан, оюун ухаанаар захирах, түүнд суурилсан сургалт сурталчилгааг их хийж байгаа. Дэлхий нийтээрээ цаг уур, уур амьсгалтай холбоотой нийгмийн ороо бусгаа байдал, дэлхий нийтийн хөгжил, тухайн улс орны хөгжил, амьдралын хэв маяг, нийгмийн авч буй мэдээлэлд тулгуурлаад хүмүүс хоорондын харилцах харилцаа өөр болж байна. Нийгэм нь хөгжөөд байгаа мэт харагдаж, барилга байшин баригдаад байдаг. Гэтэл хувь хүнийх нь хөгжил хаягдаад, дутагдаад байна. Хувь хүн өөрийгөө хөгжүүлж чадахгүй, түүнээсээ болоод нийгмийнхээ хөгжилд хөл нийлүүлэн алхаж чадахаа байгаад зарим хүмүүс нь хоцроод байгаа. Хүний хэл яриа, оюун ухааныг хүн өөрөө л удирдана. Гэтэл өөрөө өөрийгөө удирдаж чадахаа байсан. Хүн өөрийгөө удирдаж чадахгүй байна гэдэг нь араатнаас ялгаагүй гэж ярьдагтай адилтгаж болох зүйл. Ухамсар анхдагч, материал хоёрдагч байсан бол одоо материал анхдагч, ухамсар хоёрдагч болчихсон. Бүх юм эсрэг болчихсон. Түүнтэй л маш их холбоотой. Хүн өөрийгөө хөгжүүлэх, олох хэрэгтэй. Өөрийгөө олсон хүн хэзээ ч ямаан омог, огцом авир гаргаж, гэнэтийн үйлдэл хийхгүй. Монголчууд өөрийгөө боомилсон уур цухал, огцом үйлдэл, ямаан омгоо дарж чадахгүй бол юу ч хийж мэдэх аюултай.

-Бусадтай маргалдахаараа биеэ барьж чадахгүй ямар нэгэн үйлдэл хийдэг гэдгээ хүн өөрөө мэдэх боломжтой юу?

-Тухайн хүний араншин гентэй нь холбоотой. Генийн удмын сандаа дүгнэлт хийгээд, өөрийнхөө араншинтай харьцуулаад, үйл хөдлөлөө анзаараад би нэг иймэрхүү темпераменттэй хүн шүү дээ.

Би үүн дээр алдаад байдаг шүү гэдэг зүйлээ бодох ёстой. Өөртэйгөө ажиллах хэрэгтэй. Өөртөө дүгнэлт хийж өрөөлд хүндэтгэлтэй хандах, хүлээцтэй байх нь зүйн хэрэг. Сүүлийн үед анзаараад байхад энэ их дутуу дулимаг болсон шиг анзаарагдсан. Энэ нь гэр бүлийн халуун дулаан уур амьсгал байхгүй, нийгэм нь хэцүү болчихсон, амьдрахад төвөгтэй болсон, хүмүүсийн амьдрах орчин нь өөрөө хүнийг стресст оруулдаг болчихсон. Түүнийг хүлээж авч чадахгүй бухимдаад, стресст ороод байна. Түүнээсээ болоод түргэн ууртай болж янз бүрийн эвгүй байдалд ороод байна л даа.

Стресс нь нийгэм цаг үе, орчин нөхцөл бүхий л зүйлтэй холбоотой. Гэлээ гээд бүхнийг нийгэм рүү чихээд байж болохгүй. Дан ялангуяа хувь хүний өөрийнх нь төлөвшил, өөрийнх нь нийгмээс олж авсан харилцаа, хандлага, суурь хүмүүжилтэй холбоотой. Хоёр хүн харьцахад эхлээд тархиндаа бодоод, дүн шинжилгээ хийгээд, хариулт өгдөг шүү дээ. Орчноо ажиглаад, энэ хүн сайн, энэ хүн жаахан хүний мөсгүй, үүнийг ингэж хэлж болохгүй, ийм асуудлаар шууд хариулж болох уу гэж дотроо дүгнэлт хийж байх хэрэгтэй. Гэтэл би л түргэн ааштай, түргэн ууртай гээд амнаасаа гарч байгаа үг бүрээ цензургүй хүн бүрд хэлээд байж болохгүй. Энэ мэтээр хүмүүс харалган байдалд орчихсон, зөвхөн сошиал орчин фэйсбүүк, твиттер, инстаграмаас стресс л хүлээж аваад байдаг. Тэгсэн хэрнээ түүнийгээ эргээд зөв аргаар гаргаж чаддаггүй. Түүнийгээ яаж гаргах вэ гэдэг учраа олохоо байчихсан. Гэрт нь ч стресс, ажил дээрээ ч стресс, гудамжинд ч стресс. Бүх л амьдрал нь стресс болчихсон. Тэр стрессээ хэрхэн яаж гаргах вэ, хаанаас зөвлөгөө мэдээлэл авах вэ, хэнд хандах вэ гэдэгтээ ач холбогдол өгдөг болмоор байна. Ядаж л авч байгаа мэдээлэлдээ цензуртэй ханддаг болмоорсон. Авах юмаа авдаг, хаях юмаа хаядаг байх ёстой.

-Маргалдаж байгаа хоёр хүн хэн хэнийх нь буруу байгаа болоод л маргалдаж байгаа шүү дээ. Гэтэл хэн хэн нь өөрөө өөрийгөө өмөөрөөд, бусдыг зүй бус үг хэлээр доромжилдог. Энэхүү өөрийгөө өмөөрсөн үзэл юунаас болж илэрдэг, яаж дарах ёстой вэ?

-Өөрийгөө өмөөрнө гэдэг хамгийн буруу. Өөрийг нь зөв ч юм уу, буруу ч юм уу байдлаар шүүмжлэхээр түүнийг дандаа буруугаар ойлгодог хүмүүс байна. Хүний уураг тархи юунаас бохирдох вэ гэхээр архи, тамхинаас бохирдоно. Гэтэл одоо хүмүүс архи, тамхийг маш ихээр хэрэглэж байна. Ялангуяа архи, тамхи ихээр хэрэглэдэг хүний сэтгэхүй маш их бохирдолтой байдаг. Тэвчээр хатуужил маш сул болчихсон, хүнээс үг сонсож тэвчдэггүй болчихдог. Сүүлийн үед эр, эмгүй л архи тамхинд ороод байна. Судалгаа хийж үзэхэд архи, дарс, тамхийг ихээр хэрэглэдэг хүмүүсийн дунд бухимдал их байдаг тухай гарсан. Дандаа өөрийгөө зөвтгөдөг, өрөөлөөс нэг ч үг сонсож чадахгүй, сонсох чадваргүй хүмүүс их болсон. Өөрийгөө олоогүй хүн л бусдыг хайрлахгүй байна шүү дээ. Өөрийгөө олчихсон, танин мэдчихсэн хүн бол өөр. За яахав дээ, энэ хүн жаахан стресстэй байгаа юм байна. Би энэ хүнд стресс нэмээд яахав. Хоёулаа бие биедээ хүлээцтэй хандъя гэдэг зүйлийг түрүүлж хараад, тайвшруулдаг. Хоёулаа стресстэй, бухимдалтай байгаа хүмүүс юу л бол юу хийхээс буцахгүй болчихлоо. Уурын мунхгаар бүхнийг шийдэх гэж зүтгэдэг хүмүүс их боллоо.

-Хоёр хүн маргалдаад, бие биенээ үг хэлээр доромжилдог. Тэгсээр хутга шөвгөндөө тулдаг шүү дээ. Тэр нь эцэстээ хүрч байгаа нь л байх. Уурлаж эхлээд, хутга шөвгөндөө тултал ямар шат дамжлагыг дамжих вэ. Тэр хооронд өөртөө дүгнэлт хийгээд ингэж болохгүй гэсэн бодол орж ирэх боломж байдаг болов уу?

-Энэ хамгийн аюултай. Хүмүүс архи уучихаад өглөө нь ярьдаг. Кадр тасарчихжээ гэж. Уур яг л тийм. Хэт ууртай хүн юу хийж байгаагаа, яаж байгаагаа өөрөө анзаарахаа больдог. Тэгээд дараа нь би ууртай хүн, гэнэт юу хийж байгаагаа мэдэхээ больчихдог гэж яриад байдаг. Өөрсдийнхөө гэм хорыг хүлээн зөвшөөрдөггүй. Өөрөө буруу зүйл хийгээд байгаагаа ухамсарлаж чаддаггүй. Ухамсрын маш их доройтолд орчихсон байна л гэсэн үг. Харилцааны, ухамсрын доройтол, өөрийгөө өмөөрдөг, өөртөө хир халдаадаггүй, өөрийнхөө тэр буруу зуршлыг ер анзаардаггүй. Түүнийгээ засах гэж ч оролддоггүй.

-Энэхүү ухамсрын доройтолтой байдлаас хэрхэн гарах вэ?

-Ухамсрын доройтлоос гарахын тулд хүний сонсож чаддаг хүлээцтэй л байх ёстой. Түүнийг багаас нь эцэг эхчүүд хүүхдүүддээ суулгах ёстой. Сууж сурсан, сонсож сурсан хүүхэд алсдаа тийм түргэн уур барагтай л гаргахгүй. Юу ч хэлж байсан дуугүй сонсоод л байдаг хүлээцтэй хүмүүс байдаг шүү дээ. Гэтэл сүүлийн үед хүүхэд хөгшидгүй хүний үг сонсохоо байчихсан. Хүн юм хэлэхээр л өөрийг нь буруутгаад байгаа юм шиг бодоод буцаагаад дайраад байдаг. Уг нь өөрийнх нь л төлөө юм хэлээд байгаа шүү дээ. Өөрийг нь алдчих вий, алдаагаа давтчих вий, ингэхээрээ алддаг шүү гэж сэрэмжлүүлэх гэхээр өөрсдөө буруугаар ойлгож аваад байдаг хүмүүс олширсон. Үүнийг л маш хурдан засч залруулах шаардлагатай. Ард иргэдийг соён гэгээрүүлэх ажлуудыг маш их хийх ёстой. Цэцэрлэг, сургууль гээд анхан шатны нэгжээс эхлээд гэгээрүүлэх ажлуудыг шат дараатай хиймээр байна. Бид хүний хөгжлөө орхичихсон. Хүний ухамсарт нийгмийг цогцлоох асуудлаа орхигдуулсаар л ирлээ дээ.

-Хүн өөрийгөө цочмог, түргэн ууртайг мэддэг бол өөрөө өөрийнхөө сэтгэл зүйн хувьд дархлаагаа яаж тогтоох ёстой вэ?

-Жишээ нь, архи уудаг хүнд үг хэлэхээр сонсоод ойлгоод байгаа юм шиг мөртлөө дараа нь архи уусан үедээ чи намайг тэгсэн. Чи ер нь юу юм гэх мэтээр өөрийг нь бодож хэлсэн үгийг мушгин гуйвуулдаг. Өөрийгөө өмөөрч, хүний хэлсэн үгийг хүлээж авахгүй, өөртөө дүгнэлт хийх чадваргүй болчихсон байдаг. Уг нь тухайн хүнийг өөрийг нь засах гээд сайн санаад хэлж байхад өш хонзон санадаг. Өөрт нь л муу хандаад байна гэж бодоод байдаг. Ялгаж салгаж ойлгох билгийн мэлмий нь нээгдээгүй. Өөрийг нь л муугаар хараад, үнэлээд байна л гэж хараад байдаг. Нөгөө талд тэр хүнд яаж санаа зовж, түүний төлөө хэлж байгааг ойлгодоггүй. Тийм хүмүүс л ихэнхдээ цочмог түргэн ууртай байдаг. Хүнийг таних чадвар, хүн сонсох чадвар, өөртөө дүгнэлт хийх чадвартай хүн сэтгэл зүйн хувьд өөрийгөө ялан дийлж чадна.

-Ингэж өөрийгөө өмөөрч, бусдыг дорд үзэх байдал тухайн хүний боловсролтой ямар нэгэн байдлаар холбоотой юу?

-Хувь хүний амьдралаас, нийгмээс авсан боловсрол, хувь хүний өөрийн хандлагаас л хамааралтай. Дээд сургууль төгссөн ёс зүйгүй хүнийг алийг тэр гэхэв дээ. Дипломтой мөртлөө л үүнийг ойлгохгүй, зөвхөн өөрийгөө өмөөрдөг хүн байна. Дээд сургууль төгсөөгүй мөртлөө төлөвшчихсөн, хүнийг сонсоод сурчихсан, тэвчээр суучихсан, амьдрах ухаантай, амьдралын ухааныг ойлгочихсон, амьдралын зөв хэвшилтэй хүмүүс ч байна. Энэ бол багаас суусан дадал, амьдралын хэв маяг, гэр бүлийн орчин нөхцөлөөс л шалтгаална. Одоо хувцсаар нь хүнийг дүгнэдэг цаг биш болсон. Ухаанаар нь, харьцаагаар нь, хэлж ярьж байгаа үгнээс нь хүнийг дүгнэдэг болсон. Таван үгнээс л бүх зүйл хамааралтай болсон. Таван үг хоорондоо солиход л энэ хүн хэн бэ гэдэг нь харагддаг нийгэм, цаг үе болчихлоо. Үгнээс нь, үгээ хэлж буй өнгө төрхөөс, биеийн хэлэмжээс хүмүүсийг уншдаг болсон үе ирсэн. Тэгэхээр нийгмээ дагаж ач холбогдол өгч өөрийгөө хөгжүүлэх, зөв илэрхийлэх соёлд бие дааж суралцах цаг иржээ.

С.ОТГОНБАЯР

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хуульч Б.Агар-Эрдэнэ: Олон нийтэд ил тод мэдээлсэн хэргүүд хэрхэн шийдэгдсэнийг эргэж мэдээлэх нь зөв DNN.mn

Хуульч Б.Агар-Эрдэнэтэй ярилцлаа.


-Ойрын үед интернэт сошиал хуудсуудаар гэмт хэргийн холбогдолтой мэдээллүүд цацагдаж байна. Байрны гадаа үрлэн сумтай буугаар тоглож байгаад хүүхдийг нь оносон гэх шалтгаанаар 14 настай хүүхдийг зодсон гэдэг мэдээлэл гарсан. Энэ тохиолдолд хуулиар ямар хариуцлага оногдуулах вэ?

-Тэр мэдээллийг харсан. Түүн дээр гэмтлийн зэргийг нь тодруулахаар шинжээч томилуулсан гэж байна лээ. Тэр шинжилгээний хариу гарснаас хамаарч эрүүгийн шинжтэй эсхүл зөрчлийн шинжтэй хариуцлагыг тухайн хүүхдийн биед халдсан этгээдэд оногдуулна. Хэрэв гэмтлийн зэрэг тогтоогдоогүй бол Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн 1 дэх хэсэгт зааснаар “1.Хүний биед хохирол учруулахгүйгээр халдаж зодсон бол хүнийг нэг зуун нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно” гэсэн санкциар шийтгэнэ. Хэрэв гэмтлийн зэрэг хөнгөн бол Эрүүгийн хууль 11.6 Хүний эрүүл мэндэд хөнгөн хохирол санаатай учруулах гэдэг зүйл ангиар “450-аас. 1300 хүртэлх нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-3 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах” ял шийтгэл оногдуулахаар хуульчилсан байгаа. Мөн гэмтлийн зэргээс шалтгаалж Эрүүгийн хуулийн хариуцлага хүндэрч болох магадлалтай.

-30 настай, эмэгтэй “Д” гэгч согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн үедээ тээврийн хэрэгсэл жолоодон зам тээврийн осол гаргасныг илрүүлж, тухай этгээдийг саатуулан шалгалтын ажиллагаа явуулж байна гэсэн мэдээлэл цацагдсан.

-Энэ тохиолдолд хохирогчид хүндэвтэр гэмтэл учруулсан бол Эрүүгийн хуулийн 27.10 дугаар зүйлд заасан “Автотээврийн хэрэгслийн хөдөлгөөний аюулгүй байдал, ашиглалтын журам”-ыг зөрчсөн гэдэг зүйл ангиар эрүүгийн хариуцлага оногдуулна.

Тухайн гэмтэл учруулсан хүн нь согтуу байсан бол 2.1-т “согтуурсан, мансуурсан үедээ” үйлдсэн тул хүндрүүлэх бүрэлдэхүүнтэй гэмт хэрэг гэж үзэж тээврийн хэрэгслийг жолоодох эрхийг 1-3 жил хүртэл хугацаагаар хасч зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах эсхүл хорих ялаар шийтгэхээр хуульчилсан байгаа. Тухайн этгээд нь ослын газраас зугтсан гэдэг шалтгаанаар эрүүгийн хуулийн тусгай ангийн 27.11 дүгээр зүйл “гэмт хэрэг үйлдсэн жолооч хэргийн газрыг зориуд орхиж зугтаасан” гэдэг зүйлээр 450-2700 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл 1-6 сар хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэхээр хуульд заасан байгаа.

-GS-25 сүлжээ дэлгүүрээр үйлчлүүлж буй ахимаг насны эмэгтэй тус дэлгүүрийн худалдагч эмэгтэй С-ийг хэл амаар доромжилж буй бичлэг өнгөрсөн амралтын өдрүүдэд цахим орчинд тавигдсан. Иймэрхүү тохиолдлуудад хуулийн хариуцлага хүлээлгэдэг үү?

-Хүний бие махбодид шууд халдаж ямар нэг хохирол учруулаагүй бол хуулийн хариуцлага хүлээлгэхгүй гэж ойлгож болохгүй. Үндсэн хуульд /16.13/ хүн халдашгүй чөлөөтэй байх эрхтэй гэж заасан. Үүнд зөвхөн тухайн хүний бие махбодь гэдгээс гадна сэтгэл санаа, нэр төр, алдар хүнд зэргийг ч агуулгын хувьд хамааруулах боломжтой. Мөн нөгөө талаасаа Үндсэн хуулийн 17 дугаар зүйлийн 2-т зааснаар иргэн бүр “хүний нэр төр, алдар хүнд, эрх, хууль ёсны ашиг сонирхлыг хүндэтгэх” үүрэгтэй. Үүнийг биелүүлээгүй тохиолдолд хариуцлага оногдуулахаар төр хуульчлах үүрэгтэй.

Олон нийтийн газарт, эсхүл орон байранд: хэрүүл маргаан үүсгэж, Бусдыг өдөөн хатгаж, бусдын амгалан тайван байдлыг алдагдуулж, олон нийтийг үл хүндэтгэж, Үйлчилгээний болон дарааллын журам зөрчиж биеэ авч явах нийтээр хүлээн зөвшөөрөгдсөн хэм хэмжээг зөрчсөн, эсхүл аж ахуйн нэгж, байгууллагын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэсэн шинжүүдээс аль нэгийг нь хангасан тохиолдолд Зөрчлийн тухай хуулийн 5.2 дугаар зүйлд заасан “Танхайрах” гэдэг зүйлчлэлд хамаарч хүнийг 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл албадан сургалтад хамруулж 7-30 хоногийн хугацаагаар баривчлах шийтгэл оногдуулна.

GS25-д болсон жишээн дээр бол сүүлд дурдсан ААНБ-ын хэвийн үйл ажиллагааг алдагдуулсан гэдэгт хамаарч зөрчлийн хариуцлага оногдуулна. Үүнээс гадна тухайн этгээд ажилтны биед хохирол учруулахгүйгээр халдсан бол эхний тохиолдолтой ижил Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлд зааснаар 100 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгоно.

-Төрийн өндөр албан тушаалтныг татвар төлөхөөс зайлсхийсэн, мөнгө угаасан байж болзошгүй хоёр үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг нээсэн. Хураагдсан мөнгөний эх үүсвэрийг тогтоох ажиллагаа явагдаж хэргийг цагдаагийн байгууллага болон АТГ-ын хамтарсан баг шалгаж байгаа гэсэн мэдээлэл гарсан. Иймэрхүү төрлийн гэмт хэрэгт ямархуу хэмжээний ял оногдуулдаг вэ?

-Эрүүгийн хуулийн тусгай ангийн 18.3 дугаар зүйлд тодорхой хуульчилсан байдаг. Татвар төлөгч хувь хүн, хуулийн этгээдийн удирдах, гүйцэтгэх албан тушаалтан татвар төлөхөөс зайлсхийх зорилгоор их хэмжээний татвар ногдох орлого, эд хөрөнгө, бараа үйлчилгээг зориуд худал тодорхойлсон, нуусан зэрэг шинжтэй үйлдэлтэй тохиолдолд 450-5400 нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл 240-720 цаг хүртэл хугацаагаар нийтэд тустай ажил хийлгэх, эсхүл нэг сараас нэг жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах ялаар шийтгэдэг байгаа. Мөн үүнтэй хамт мөнгө угаасан зэрэг үйлдэлтэй бол давхар зүйлчлэгдэх боломжтой. Энэ бүхнийг цагдаагийн болон бусад эрх бүхий этгээд шалгаж тогтоон түүнийг шүүхээр гэмт хэрэг үйлдсэн эсэхийг нь эцсийн байдлаар шийднэ, түүнээс өмнө тухайн этгээдийг гэмт хэрэгтэн гэх мэт янз бүрээр нэр хоч өгч, нэр төрд нь халдахгүй байх хэрэгтэй гэдгийг хэлмээр байна.

-Эдгээр хэргүүдийг яагаад жишээ татав гэхээр бүгдийг нь ЦЕГ, АТГ, УЕПГ-аас албан ёсоор олон нийтэд ил мэдээлсэн. Энэ талаар хэсэг шуугиад л дараа нь тухайн этгээдүүд зохих ёсны хариуцлага хүлээсэн эсэх нь тодорхойгүй намжаад байдаг. Нийтэд ил мэдээлсэн хэргүүдээ яаж шийдсэн, ямар хариуцлага оногдуулсан зэргээ буцаагаад ил мэдээлээд байж болдоггүй юм уу?

-За энэ их сонирхолтой асуулт байна. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29.3 дугаар зүйлд Хэрэг бүртгэлт, мөрдөн байцаалтын төлөвлөлт, явц, үр дүнгийн нууцлалыг хангаж ажиллахаар хуульчилсан. Үүнээс прокурорын зөвшөөрснөөр, прокурорын мэдэгдэх бололцоотой гэж үзсэн хэмжээгээр нийтэд мэдэгдэж болохоор хуульчилсан. Яагаад гэдэг асуулт гарч ирнэ ойлгомжтой. Учир нь түрүүн дурдсан хүн бүр халдашгүй байх эрхтэй гэж. Тухайн гэмт хэрэгт сэжиглэгдэж, шалгагдаж байгаа этгээд хууль бус үйлдэл хийсэн ч эцсийн эцэст хүн гэдэг утгаараа хуульд заасан тодорхой эрхүүдийг эдлэх ёстой. Хуулийн зүйл заалт дурдахгүй энгийн утгаар бодсон ч ямар ял авсан зэргийг нь нийтэд зарлаад байхаар тухайн хүний гэр бүл ойр тойрны хүмүүст тэр тусмаа өөрт нь ямархуу байдлаар тусах талаас нь бодох л хэрэгтэй. Тэртээ тэргүй буруутай үйлдэлд нь шүүхээс зохих ялыг өгч байхад нэмж нийгмээрээ тухайн хүнийг жигшин зэвүүцээд, гадуурхаад эхлэхээр бас тухайн хүний эрхийг нэг талаараа нэмж боомилж байна гэсэн үг л дээ. Бас нэг талаасаа гэмт хэргийн мэдээллүүдийг их цацахтай холбоотой зүйл гэвэл хэтэрхий олны анхааралд өртсөн хэргийг шүүх гэж буй шүүгч хараат бус байж чадахгүй талтай. Тухайн хэргийн шийдвэрийг сонирхож буй этгээдүүдэд таалагдах гэж нотлох баримтад буруутай этгээдийг зөвтгөх, хөнгөрүүлэх бага ч гэсэн баримт байхад түүнийг үл харгалзан хэт өндөр ял өгдөг ч юм уу байдлаар шийдэх эрсдэлтэй. Тиймээс шүүгч хараат бус байж гагцхүү хуульд захирагдана гэдэг бол маш чухал зүйл. Зарим хуульч, өмгөөлөгч нар энэ тал дээр ёс зүйтэй байж хэргийн явцын талаар нийтэд хэвлэл мэдээлэл, сонин сэтгүүлээр зарлахгүй байхыг уриалж байна.

-Тэгвэл шүүгчийн хараат бус байдалд нөлөөлж, шийдвэрийг өөрчлөх магадлалтай юм бол хэргүүдийг яагаад олон нийтэд цагдаа, хууль хүчний байгууллагууд өөрсдөө мэдээлээд байгаа юм бэ. Ингэж мэдээлэх нь зөв үү?

-Хуульд урьдчилан сэргийлэх үүднээс л гэмт хэргийн талаар тодорхой хэмжээнд Прокурорын зөвшөөрсөн хэмжээнд хүртэл мэдээлнэ гэж заасан байдаг. Тэгэхээр хууль, хүчнийхэн, цагдаагийн байгууллага гэмт хэргийн талаар урьдчилан сэргийлэх л зорилготой биш бол олон нийтэд мэдээлэх нь буруу.

-Тэгтэл зарим хэргүүдийг бүр үйл явдлыг нарийн тайлбарлаж детальчилж мэдээлдэг шүү дээ. Жишээ нь, 461 дүгээр урьдчилан хорих ангиас хүн оргуулсан. Оргуулахдаа гэж нарийн үйлдлүүдийг дурдсан байдаг. Энэ нь хууль зөрчсөн гэсэн үг үү?

-Дахин хэлэхэд гэмт хэргийн талаарх мэдээллийг урьдчилан сэргийлэх зорилгоор л олон нийтэд мэдээлдэг. Тэгэхээр энэ мэдээж буруу.

-Бүр Засгийн газар нь өөрөө “Шүгэл үлээж” байна хэмээн нүүрсний хэрэгтэй холбоотой нэрсийг зарласан. Өөр олон хэрэг ч зарлалаа. Засгийн газар нь “Шүгэл үлээгч” мөн үү?

-Засгийн газар “Шүгэл үлээгч” биш л дээ.

-Тэгвэл албаны байгууллагууд хууль зөрчин хэргийг мэдээлсэн юм чинь, хууль зөрчин шийдвэр, хариуцлага хүлээлгэсэн байдлаа адилхан зарлах нь зүйн хэрэг бус уу?

-Нэгэнт олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл, нийгмийн сүлжээгээр ил тод мэдээлсэн хэргүүдийн хариуцлагыг олон нийт шахаж шаардана. Тэгэхээр олон нийтэд детальчилж ил тод мэдээлсэн хэргүүдийнхээ шийдвэрийг ч гэсэн мэдээлэх нь зүйн хэрэг байх. Хууль эрх зүйн үүднээсээ анхнаасаа мэдээлэх нь буруу байсан. Гэвч нэгэнт мэдээлчихсэн учир тэр хэргүүдийнхээ шийдвэрийг олон нийтэд ил тод танилцуул. Хуулийн хариуцлага хүлээлгэсэн эсэх нь тодорхойгүй олон мэдээллийг нийтэд ил тод мэдээлэх нь сүүлдээ хэргийг хэргээр дардагтай адил харагдах боллоо.


Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Эмч Ч.Гансүх: Vape хэрэглэж байгаагаа өсвөр насныхан дундаа мода, нэг нэгнээсээ илүү гарч байгаа соёл мэтээр үзэх болжээ DNN.mn

“Дэлхийн тамхигүй өдөр” тун удахгүй тохионо. Жил бүрийн тавдугаар сарын 31-ний өдрийг “Дэлхийн тамхигүй өдөр” болгон тэмдэглэдэг.

Яагаад энэ өдрийг тэмдэглэх болсон бэ гэвэл жил бүр дэлхий даяар зөвхөн тамхидалтаас болж долоон сая гаруй хүн хорвоог орхиж байна. Ойролцоогоор зүрхний эмгэгийн нас баралтын 12 хувь нь тамхины хэрэглээ, дам тамхидалтаас үүдэлтэй. Зүрх судасны эмгэг ба цусны даралт ихсэх өвчний хоёр дахь шалтгаан (тамхидалт үүнд нөлөөлдөг) болдог. Энэ тоон мэдээ тамхи татдаг хүмүүсийн хувьд таагүй үр дүнг харуулж байгаа ч ойролцоогоор 900 мянга гаруй хүн бусдын татсан тамхины утаанд өртсөнөөс үүдэн нас барж буй юм. “Дэлхийн тамхигүй өдөр” нь тамхи татдаг хүмүүс зөвхөн өөрсдөө хордоод зогсохгүй тамхи тэдний эргэн тойронд буй хайртай дотны хүмүүст нь нөлөөлдөг гэдгийг ойлгуулах зорилгыг агуулдаг. Дэлхий даяар 1 тэрбум гаруй хүн тамхи татдаг. Түүний 80 орчим хувь нь бага орлоготой улс орнуудад ногдож, тамхидалтаас үүдэлтэй өвчлөл, нас баралтад хүргэж байгааг ДЭМБ анхааруулж байна.

Янжуур тамхийг судлаачид эртнээс судлан, дотор нь агуулагдах хорт бодис, хүмүүст хэрхэн нөлөөлөх зэрэг бүх зүйлийг гаргасан байдаг. Гэтэл сүүлийн жилүүдэд электрон тамхи буюу Vape тамхины хэрэглээ олон улсад нэвтэрчээ. Янжуур тамхины хэрэглээг олон жил судлаад, тодорхой үр дүнг хүмүүс мэддэг учир энэ удаад электрон тамхины хор нөлөө болон янжуур тамхинаас юугаараа онцлогтой талаар Хавдар судлалын үндэсний төвийн эмч Ч.Гансүхтэй ярилцлаа.


-Элетрон тамхи, янжуур тамхины ялгаа нь юу вэ?

-Утаат тамхины хувьд никотин нь арай өндөр. Никотин нь их байна гэхээр донтуулах нөлөө их байна гэсэн үг. Тэр нь судасны ханыг агшаах, судсыг нарийсгах үйлдэлтэй. Сүүлийн үеийн Vape буюу электрон тамхи нь утаат тамхитай адил хэмжээний никотин агуулсан байдаг. Дэлхийн 30 гаруй оронд үүнийг хортой хэмээн оруулахыг хориглосон. Манай улсын хувьд цахилгаан бараа гэх нэршлээр оруулж ирдэг. Энэ нь хэрвээ тамхи гэдэг нэрийдлээр орж ирвэл Онцгой албан татвар ногдуулдаг. Харин цахилгаан бараа гэсэн нэрийдлээр энгийн татвар төлнө гэсэн үг. Тэгэхээр үүнийг хяналтгүй оруулж ирээд байна уу гэж харагдаад байгаа.

-Энэхүү Vape буюу электрон тамхийг хэрэглэгч иргэдийн насны хувьд ямархуу байгааг анзаарсан уу?

-Дийлэнх нь өсвөр насны хүүхдүүд хэрэглэдэг болсон. Бие биенийхээ дунд мода болгочихсон, нэг нэгнээсээ илүү гарч байгаа соёл мэтээр үзэх болжээ. Яг электрон тамхины хувьд судалгаа шинжилгээг маш бага хийсэн учир хортой гэдгийг нотолж чаддаггүй байж. Сүүлийн жилүүдэд Дэлхийн эрүүл мэндийн байгууллага нарийвчлан судалж үзэхэд электрон тамхи нь янжуур тамхи татаж байгаагаас хор нь арай үйлчлэл бага ч гэсэн донтуулах явц нь найм дахин илүү байна гэсэн судалгааг гаргасан. Тэгэхээр хүмүүс тамхинаас гарах гэж үүнийг хэрэглэж байгаа бол гарахгүй л гэсэн үг. Тамхинаас гарахын тулд янжуур тамхитайгаа хослуулж хэрэглэдэг. Тиймээс хавсарч хэрэглэж байгаа тохиолдолд илүү л никотинийг хүснэ. Тэгэхээр тамхинаас шууд гарч чадахгүй. Электрон тамхийг хэрэглээд тамхинаас гарна гэж худлаа. Тэгээд гарчихсан хүн ховор. Бараг байхгүй. Тэгтэл нөгөө талаас хүмүүс Тамхины хяналтын тухай хуультай холбоотойгоор утаат тамхийг олон нийтийн газарт татаж болдоггүй. Vape-ийг хаана ч татаж болдог. Тэр утгаараа донтуулах эрсдэлийг улам л нэмдэг гэсэн үг.

-Vape-ийг өсвөр насныхан их татдаг гэлээ. Өсвөр насныханд яаж нөлөөлөх талаарх зөвлөгөө мэдээллийг өгөөч?

-Өсвөр насны хүүхэд vape татаад явж байна гэдэг үнэхээр харамсалтай зүйл л дээ. Энэ насандаа хүүхдүүдийн сэтгэн бодох чадвар хөгжиж, сурлага номдоо анхаараад явж байх ёстой. Гэвч электрон тамхи нь тархины цусан хангамжид бууралтыг өгдөг. Энэ нь ой тогтоолтыг маш ихээр бууруулж байдаг. Электрон тамхийг байнга хэрэглэснээр аажимдаа толгой байнга өвддөг болно. Ой тогтоолт маш муудна. Өсвөр насныхны бэлгийн бойжилт маш хурдтай явагдаж байдаг. Гэтэл дааврын өөрчлөлт нь жигд сайн явж байх ёстой атал энэ хөгжлөө өөрийнхөө хувьд блоколж байна л гэсэн үг. Ирээдүйд энэ хүн ямар нэгэн уушгины асуудалтай эсвэл тархи толгойны ямар нэгэн өвчлөлтэй болох өндөр эрсдэлтэй. Хэрвээ электрон тамхи vape-ийг хэрэглээд удаагүй бол нэн даруй болих хэрэгтэй. Ирээдүйд маш их сөрөг зүйлээс өөрийгөө хамгаалж болох эхний үйлдэл нь энэ юм шүү.

Электрон тамхины хэрэглээний судалгаанаас харвал манай улсын насанд хүрсэн нийт иргэдийн 24.2 нь электрон тамхи татдаг ажээ. Үүнээс эрэгтэйчүүдийн 49.1, эмэгтэйчүүдийн 5.3, 13-15 насны хүүхдийн 14.3 хувь нь тамхи татдаг гэсэн судалгаа гарсан байна. 

Харин Тамхины хяналтын тухай хууль хэрэгжиж эхэлснээр хууль эрх зүйн орчинд яаж өөрчлөгдсөн болон орчин тойронд хэрхэн нөлөөлсөн талаар “Хууль зүйн үйлчилгээний төв”-ийн хуульч, өмгөөлөгч Г.Жалбуугаас тодрууллаа.


-Тамхины хяналтын тухай хуульд тамхины хор хөнөөлийн талаар юу гэж заасан байдаг вэ?

-Тамхины хяналтын тухай хууль нь тамхины хэрэглээ, дам тамхидалтаас үүдэлтэй сөрөг үр дагавраас хүн амыг хамгаалахаар тамхины хяналтын эрх зүйн үндсийг тодорхойлж, түүнийг хэрэгжүүлэхтэй холбогдон төр, иргэн, аж ахуйн нэгж, байгууллагын хооронд үүсэх харилцааг зохицуулахаар хуульчлагдсан тул тамхины хор хөнөөлийн талаар хуульчилсан зохицуулалт байхгүй, тусгаж өгөөгүй байна.

-Мөн хуульд тамхины дам хэрэглээний талаарх заалтууд бий юу?

-Тамхины дам хэрэглээ гэж өөрийн хүсэл зорилгоос үл хамааран бусдын татсан тамхины утаагаар амьсгалахыг хэлэх бөгөөд энэ талаар Тамхины хяналтын тухай хуульд нарийвчилсан зохицуулалт байхгүй. Тухайн дам хэрэглээний талаарх тодорхойлолтыг тусгаж өгсөн байна.

-Хуульд заасныг зөрчсөн тохиолдолд иргэн, аж ахуйн нэгжид ямар хариуцлага тооцох вэ?

-Тамхины хяналтын тухай хууль зөрчсөн албан тушаалтны үйлдэл гэмт хэргийн шинжгүй бол Төрийн албаны тухай хуульд заасан хариуцлага тооцдог. Харин жирийн иргэн, хуулийн этгээд нь гэмт хэргийн шинжгүй бол Зөрчлийн тухай хуульд заасан торгуулийн арга хэмжээг авдаг. Гэмт хэргийн шинжтэй бол Эрүүгийн хуульд заасны дагуу хариуцлага хүлээдэг. Тамхины хяналтын тухай хууль тогтоомж зөрчигдсөний улмаас эрх, хууль ёсны ашиг сонирхолд хохирол учирсан гэж үзсэн иргэн, хуулийн этгээд гомдлоо холбогдох байгууллага албан тушаалтан болон шүүхэд гаргана.

-Тамхины эсрэг хууль Монголд тодорхой хэмжээгээр нөлөөлж чадсан уу. Өөрчлөгдсөн зүйлүүд бий юу?

-Тамхины хяналтын тухай хууль Монголд тодорхой хэмжээнд нөлөөлсөн. Жишээ нь, утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгт хүмүүс тамхи татдаг болсон. Сургууль, цэцэрлэгийн ойр орчим, олон нийтийн газар, зорчигч тээврийн буудал, зочид буудлын нийтийн танхим, нийтийн хоол, худалдаа, баар цэнгээний газрын утаат тамхи татах зөвшөөрөгдсөн цэгээс бусад газарт тамхи татаж болохгүй. Тамхины сурталчилгаа телевиз, олон нийтийн цахим хэрэгслээр явахгүй зэрэг олон давуу талыг бий болгосон юм.

Манай улсад 2017-2019 онд импортоор оруулж ирсэн электрон тамхины хэмжээ 68 дахин өсжээ. Үүнийгээ дагаад хэрэглээ ч мөн өссөөр байна. 

Аж ахуйн нэгж, бизнес эрхлэгчид электрон тамхийг хил, гаалиар нэвтрүүлэхдээ цахилгаан бараа, төхөөрөмж, аппарат гэх зэргээр нэрлэж мэдүүлдэг байна. Тиймээс утаат тамхи шиг хяналт тавих боломжгүй байдаг ажээ. Иймд электрон тамхийг хуульчлах, дотоод орчинд татахыг хориглох, үйлдвэрлэх, экспортлох, импортлох тусгай зөвшөөрлийн зохицуулалтыг боловсронгуй болгох асуудлыг хууль эрх зүйн орчинд хэлэлцүүлэх болсон юм.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Цогт: Хоосон буцдаг байсан чингэлгүүдэд хөдөө аж ахуйн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнүүдийг ачаад, шууд хүлээн авах улс руу нь явуулдаг болсон DNN.mn


Улаанбаатар төмөр замын тээвэр зохион байгуулалтын албаны дарга М.Цогтоос төмөр замын ачаа тээврийн талаар тодрууллаа.


-Төмөр замын ачаа тээврийн нөхцөл байдал ямар байгаа вэ?

– Өнгөрсөн намраас эхлээд төмөр замын ачаа тээврийн хөдөлгөөн хэвийн болсон. Хойноосоо ч, урдаасаа ч дамжин өнгөрөх транзит тээвэр ч хэвийн байгаа. Өнгөрсөн жилийн мөн үетэй харьцуулахад 2.6 сая ачаа тээвэр зөөжээ. Энэ нь өнгөрсөн оноос 140 орчим хувийн өсөлттэй байна. Дамжин өнгөрч буй транзит тээврийн хэмжээ мөн 30 гаруй хувийн өсөлттэй байгаа. Экспортын тээвэр 180 орчим хувиар өссөн. Хоёр дахин нэмэгдсэн байна гэсэн үг. Импортын чингэлэг тээвэр өнгөрсөн жилийн хэмжээнд хэвийн байна. Өнгөрсөн жилийн өдийд чингэлэг тээвэр их ачаалалтай бөглөрч байсан үе. Одоо хэвийн болсон. Тяньжин дахь чингэлгийн хуримтлал 2000 орчим байна. Энэ нь хэвийн хэмжээндээ явж байна гэсэн үг.

Ачаа тээвэр нэмэгдэхэд юу нөлөөлөв?

-Орос, Монгол, Хятад гурван улсын хилийн хэлэлцээр гэж болдог. Өөрөөр хэлбэл дамжин өнгөрөх болон аль аль орнууд ирж, явуулж байгаа ачааныхаа хэмжээг тохирдог. Энэ хурал 2023 оны хоёрдугаар сарын 2-6-ны хооронд болсон. Манайх Хятадаас зургаан галт тэрэг авч, буцаагаад зургаан галт тэрэг өгдөг байсан. Үүнийг найм болгож нэмэгдүүлсэн. Тэгэхээр наашаа орж ирэх урсгал арай чөлөөтэй болсон. Монголоос хоногт 14 галт тэрэг солилцдог хүчин чадалтай. УБТЗ-аас хүсэлт тавьснаар хятадууд замаа өргөсгөөд, замаа нэмж бариад, бид ч бас замаа өргөсгөж нэмж бариад 15 галт тэрэг хоног тутам солилцдог болсон. Ингээд өргөн болон нарийн царигаараа галт тэрэг солилцоо нэмэгдсэн. Өргөн цариг нэмэгдэх нь ямар ач тустай гэвэл манай экспортын барааны гарц нэмэгддэг. Ингэж замаа шинэчилж солилцооны тоогоо нэмснээр түрүү жилийнхээс 200 хувиар илүү өсөлттэй тээвэрлэлт хийсэн байна.

-Хойноос буюу Оросоос хэдийг солилцдог вэ?

-Оросоос бид арван галт тэрэг солилцох хүчин чадалтай боловч бид найм, наймыг солилцдог байсан. Энэ жил арав арван галт тэрэг анх удаа солилцлоо. Хоногийн дунджаар 6.3 галт тэрэг хүлээж авдаг байсан. Өнөөдрийн байдлаар долоо хоногийн дунджаа харахад 8.2 галт тэрэг оросоос хүлээж авсан байна. Долоон галт тэрэг хүлээлгэж өгсөн байна. Өөрөөр хэлбэл хоног тутам хоёр галт тэрэг импортын ачаануудаа илүү авч байна гэсэн үг.

-Бүрэн эрхт төлөөлөгч Ж.Ганбат мэдэгдэлдээ нүүрс тээвэр багассан тухай дурдсан байсан. Нүүрс тээвэрлэлт ямар байгаа вэ?

-Экспортын нүүрсний тээвэр тодорхой хэмжээнд буурсан. Өнгөрсөн намар олон жил хуримтлагдсан маш их нүүрс Чойр, Мааньт, Олон овоо өртөөн дээр хоёр сая тн нүүрс овоорсон байсан. Тэр нь орчинд бохирдол үүсгээд, Засгийн газраас өгсөн чиглэлийн дагуу бид нүүрс тээврийн ажлыг нэмэгдүүлэн, овоорсон нүүрсээ тээвэрлэсэн. Энэхүү өртөөнүүдэд одоо 400 тн хүрэхгүй маш бага хэмжээний нүүрс үлдсэн. Нүүрсний экспорт үүнээс болоод сүүлийн хоёр сард буурсан нь үнэн.

-Засгийн газраас санаачилсан “5Ш” ажиллагааны хүрээнд танайх мэдээллээ шилэн болгосон уу?

-Бид ачаа тээврийн цахим систем гэж программ хэрэгжүүлээд, түүнийхээ хүрээнд ulaanbaatartumurzam.mn гэж сайттай болсон. Түүн рүү орох юм бол бүх мэдээллүүд нээлттэй бий. Өөрөөр хэлбэл хилээр орж ирж байгаа экспорт, импортын бараатай вагонуудын дараалал хэн нь хэзээ орж ирсэн дарааллаар ачилт нь тавигдаад, ачаа дуусвал тэр дарааллаараа хилээрээ гарна.

Түүнийг нь сайтаараа шилэн болгоод, олон нийтэд нээлттэй мэдээлж байгаа. Мөн ачилтын өртөөнүүдэд дэлгэц тавьчихсан. Дараалал нь ийм байгаа гэдгийг харуулдаг болсон. Одоо хувийн вагонууд маш их болсон. УБТЗ-ын вагонаас дөрөв дахин их хувийн вагонууд бий. Тэр вагонуудын очерыг ил гаргаад тавьчихсан. УБТЗ-ын удирдах байр хүмүүсийг ороход жаахан төвөгтэй байсан. Түүнийг нь хүмүүст ороход төвөггүй болгож, баруун талд нь хаалга гаргаад, тээврийн үйлчилгээний талаар нэг цэгийн үйлчилгээтэй болгосон. Хүмүүс ирээд, паспортаа үзүүлээд, мэдээллээ авдаг болчихсон. Цахим сайтаас иргэд өөрсдөө чөлөөтэй ороод бүх мэдээллээ авах боломжтой. Дамжин өнгөрөх, экспорт, импорт, дотоодын тээврийн мэдээллүүдийг авч болно. Чингэлэг орж ирээд машинууд нь буулгахаар бид хоосон чингэлэг буцаадаг байсан. Өнгөрсөн оны арванхоёрдугаар сард УБТЗ шинэ үйлчилгээ нэвтрүүлж, хоосон буцдаг байсан чингэлгүүдэд хөдөө аж ахуйн ноос ноолуур, хивэг гэх мэт янз бүрийн нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнүүдийг ачаад, шууд хүлээн авах улс руу нь явуулдаг болсон. Шилэн болох ажил руугаа нэлээд ажил хийсэн.

-Нийт хэмжээгээр хэр их ачаа тээвэрлэсэн бэ?

-Өнгөрсөн жилийн өдийд есөн сая тн ачаа тээвэрлэсэн. Өнөөдөр 12.6 сая тн ачаа тээвэрлээд байна. Тэгэхээр 30-аад хувиар ачаа тээвэрлэлт нэмэгдсэн байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Наранбаатар: Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэгдэж хяналт тавих ёстой DNN.mn

“Хэвлэл мэдээлэл ба олон нийтийн харилцаа” олон улсын эрдэм шинжилгээний хурал боллоо. Уг хуралд 11 орны хэвлэл мэдээллийн салбарынхан чуулжээ. Энэ үеэр МУИС-ийн Сэтгэл зүй, олон нийтийн харилцааны тэнхимийн эрхлэгч, доктор Б.Наранбаатартай ярилцлаа.


-Өнөөдрийн чуулганд 11 орны төлөөлөл иржээ. Дэлхийд хэвлэл мэдээллийн өрсөлдөх чадвараараа Монгол Улс хэр яваа гэж харж байна вэ?

-Монгол Улс ардчилсан улс. Ардчилсан улс гэдгээ хэрэгжүүлж байгаа хууль, хэвлэл мэдээллийн салбарын орчин өрсөлдөөн, хувь хүний эрх чөлөөний илэрхийлэл болсон янз бүрийн үйлдэл, түүнийг нийгэм хүлээж авч буй байдал, түүний үр нөлөө олон зүйлээрээ бид үүнийгээ баталгаажуулж, харуулж чаддаг. Хэвлэлийн эрх чөлөө болоод хүний эрх чөлөөний индексээрээ бид хэдийгээр хагас эрх чөлөөтэй гэх статуст багтаж явдаг ч Монгол бол евроазийн том газар нутагт ногоон өнгөөр харагддаг ганц улс орон. Нэг хүнд оногдох хэвлэл мэдээллийн хэрэгслийн тоо, 1000 хүнд оногдож байгаа хэвлэл мэдээллийн бүтээгдэхүүний тоо, интернэт мэдээллийн технологийг ашиглаад мэдээлэл хүртэж байгаа, хүлээн авч байгаа, мэдээллийн урсгалд оролцож байгаа идэвх зэргээрээ азидаа Монгол Улс дээгүүрт ордог. Дээр нь хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн үйл ажиллагаанд төр засаг, улстөрчдийн нөлөө, эдийн засгийн бүлэглэлүүдийн нөлөө их байна гээд бид тоочоод байвал зовлон их. Зовлонгоо тоочихгүй бид байгаа байдлаа бусадтай, дэлхийн улс орнуудтай биднээс илүү зовлонтой улс орнуудтай харьцуулаад харах юм бол Монгол Улсын хэвлэл мэдээллийн салбар ямар ч байсан эрүүл зам дээр яваа. Ардчилсан зам дээр яваа.

-Дэлхий даяаршихын хэрээр хэвлэл мэдээллийн салбар ч гэсэн даяаршиж байна. Сошиал орчинд мэдээллээ хүмүүс түгээгээд, хамаг санхүүжилт орлогоо Твиттер, Фэйсбүүк буюу гадны хоёр платформд өгчихөөд, үндсэн хэвлэл мэдээллийн салбарт санхүүжилт оруулахаа болилоо. Энэ өрсөлдөөн дунд хэвлэл мэдээллийн салбар яаж өрсөлдөх ёстой вэ?

-Хэрвээ бид чөлөөт ардчилсан сэтгүүл зүйг зарчим болгож явж байгаа бол хэвлэл мэдээллийн салбар дахь чөлөөт өрсөлдөөн гэдгийг чиг шугамаа болгож явж байгаа бол төр, төрийн субъектийн дураараа цацаж байгаа мөнгөнөөс надад өгсөнгүй гэж гомдоллох ёсгүй. Чөлөөт өрсөлдөөн, чөлөөт зах зээлийг үнэлж, хүндэлж тэр зах зээлийг хөгжүүлье гэж бодож байгаа бол хэвлэл мэдээллийн салбар мөнгө босгох хуулиар хүлээн зөвшөөрөгдсөн нэг арга зам байна. Тэр бол шударга зар сурталчилгаа. Цэвэр бизнес, цэвэр нийгмээс босгож ирэх.

-Гэтэл жишээ татъя л даа. Хуульч Б.Мэргэн саяхан нэгэн ярилцлагадаа “29 тэрбум төгрөгийг 18 телевиз үйлчилгээ үзүүлээгүй байж сул хувааж авч байна” гэж дурдсан. Татвар төлөгчдийн мөнгөнөөс зарим хэвлэл мэдээллийн хэрэгслийг дэмжээд заримыг нь огт орхиод байгаа нь ямар учиртай вэ?

-Монгол цөөхөн хүн амтай. Цөөхөн хүн амтай мөртлөө хэтэрхий олон гэж хэлж болохоор хэвлэл мэдээллийн хэрэгсэлтэй. Өмнөх онд 512 байсан бол энэ онд 486 болсон гэсэн тоо гарсан. Энэ нь үнэн бодит уу гэдэг нь эргэлзээтэй. Уламжлалт хэвлэл мэдээллийн тоо нь багасаад, онлайн буюу мэдээллийн сайт гэж нэрлэгдэж байгаа хэвлэл мэдээллийн тоо жил бүр өсч байна. Хэвлэл мэдээллийн зах зээлд чөлөөт өрсөлдөөн байгаа юу. Шударгаар мөнгө олж байгаа юу. Шударгаар сэтгүүл зүй, чөлөөт ардчилсан сэтгүүл зүйн зарчмаар бид алхаж чадаж байгаа юу гэдэг нь өөрөө том асуудал. Энэ бол зөвхөн Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслийн зовлон биш. Орчин үед хэвлэл мэдээллийн салбар хаанаас санхүүжих вэ, хаанаас мөнгө олох вэ гэдэг асуудал бүх судлаач, хэвлэл мэдээллийн менежер, редакциудын толгойд байгаа. ялангуяа хөгжиж буй, хөгжингүй, ардчилсан сэтгүүл зүй хүний эрх, эрх чөлөөний төлөө явж байгаа улс орнуудад хэвлэл мэдээллийн хэрэгслийн санхүүжилтийн шинэ арга хэлбэр, хэвлэл мэдээллийн хэрэгслийн шинэ бизнес модул, загварыг бий болгох гэдэг өөрөө том асуудал болчихсон. Хариултууд байгаа юу гэвэл байгаа. Хариултууд гарч ирж байгаа. Цаана нь шийдлүүд яригддаг. Зөндөө олон шийдэл байна. Тухайлбал, хөгжингүй орнуудад хэвлэл мэдээллийн хэрэгсэл дан ганц бизнесийн зар сурталчилгаагаар оршин тогтнох боломжгүй болчихлоо. Үйл ажиллагааны зардал өндөр болчихлоо. Маркетерууд бидэн рүү хандах нь бага болчихлоо. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн нүүр хуудсан дээр буудаг эсвэл нэг секундэд оногддог реклам зар сурталчилгааны орлого нь багасчихлаа. Тэгвэл орлого хаанаас олох вэ гэдэгтээ хариу хайж эхэлсэн. Жишээ нь, барууны хүн ам ихтэй, сэтгүүл зүйн хараат бус байдлаа хадгалахыг хүссэн хэвлэл мэдээллийн хэрэгслүүд өөрсдийн тодорхой брэнд нэр хүндийг бий болгож чаддаг. Тэр брэнд нэр хүндээ өөрсдөө бий болгоод, түүнийхээ хажууд бизнестэй болдог. Хажуудах бизнес нь юу ч байж болно. Хүүхдийн тоглоом, аялал жуучлал зэргээр юу ч хийж болно. Тэр бизнесийг авч явах, брэндийг хадгалах нэр хүнд нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл өөрөө байдаг. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь жинхэнэ утгаараа сэтгүүл зүйгээ авч явдаг хосолмол бизнесээр явдаг болсон. Бие биенээ дэмждэг, гэхдээ хэвлэл мэдээллийн хэрэгслээрээ жинхэнэ цэвэр сэтгүүл зүй, олон нийтийн эрх ашгийн төлөө оршин тогтнодог бизнесийн моделийг хөгжүүлээд эхэлж байна. Хоёрдугаар загвар нь, моданд орж байгаа нэг хэлбэр нь шуурхай мэдээллийн төлөө өрсөлдөхөө больё. Яаж ч хурдан мэдээлэлтэй байсан үйл явдал дээр сууж байгаа твиттер аккаунт твиттерт жиргэж байгаа хурднаас давж гарахгүй. Мэдээллээ нягтлаад, редакцдаа очих гэсээр байтал дэлгэрүүлэх гэсээр байтал хэн нэгэн жиргэчихнэ. Хэн, хаана, хэзээ, хэрхэн, яаж гэдэг асуултад хэвлэл мэдээллийн хэрэгсэл тодорхой аккаунтаас түрүүлж мэдээлэх ямар ч боломжгүй болчихлоо. Тэгэнгүүт хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шуурхай байдал дээр хоорондоо өрсөлдөхөө больё. Сошиал медиа дээр ч уралдахаа больё. Харин чанарын төлөө, нийгмийн төлөө, хөгжлийн төлөө явъя. Тодорхой асуудлыг шийдэх гарц гаргалгааны төлөө явъя. Сайн гарц хаана байна, түүнийг судлахад цаг хугацаа зарцуулъя. Түүнийг олон нийтэд хүргэхэд зарцуулъя. Түүнээс биш хэн, хаана, хэзээ, яаж гэдэг дээр хоорондоо уралдаад яваад байх юм бол сошиал орчныг ч гүйцэхгүй, өөрсдөө ч унаад бүдрээд дуусах юм байна гэдэг чиглэл рүү орсон. Тиймээс одоо шийдлийн сэтгүүл зүй, хөгжлийн төлөө сэтгүүл зүй гээд сэтгүүл зүйн шинэ урсгалууд их хүчээ авч эхэлж байна.

-Хувийн бөгөөд өөр өөрсдийнхөө санхүүжилтийг бие даагаад явж байгаа хэвлэл мэдээллийн салбарыг хууль эрх зүйн орчинд боомилох боллоо. Хэмнэлтийн хууль гэж гаргаад л өдөр тутмын сонин захиалгыг зогсоогоод, тендерийг хэвлэл мэдээллийн хэрэгслүүдээр зарлуулахгүй гэх болсон. Төр хувийн хэвлэл мэдээллийг боомилоод эхэлхээр бид яаж оршин тогтнох вэ?

-Хяналтаа сайн тогтоо. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэгдээд хяналтаа тавих ёстой. Авлигал ярихаараа, ЖДҮ-ээ ярихаараа, БЗС-гийн будилааныг ярихаараа бүгд нэгдээд чанга дуугараад, хөдөлмөрлөөд л, баримт дэлгээд нэгдээд явж чадаж байна шүү дээ. Хуулиудыг хэлэлцэж байхад нь, боловсруулж байх үед нь ажлын хэсгүүд дээр нь идэвхитэй бай л даа. Хаа хамаагүй хуулийн тодорхойгүй заалтаар дам утгаар нь хянаад эхэлж байхад нь олж харахгүй байсаар байгаад хэрэгжээд эхэлсэн хойно нь араас нь хашхирч байна. Энэ хууль ингэж үйлчлэх гээд байна шүү гэдгийг урьдчилж харж, ярих ёстой. Бидэнд уг нь бамбай байгаа шүү дээ. Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг цуцлаагүй хэвээрээ байгаа. Төр хэвлэл мэдээллийн хэрэгслийн үйл ажиллагааг хязгаарласан, агуулгад нөлөөлсөн ямар нэгэн үйл ажиллагаа хийхгүй. Тийм хууль тогтоомж батлахгүй гэдэг амлалтаа 1998 онд өгчихсөн. Тэгвэл энэ хуулиа бариад, хэвлэл мэдээллийн салбарт хамаагүй ч байсан ямар нэгэн холбогдолтой байж болох бүх хуулийн заалт дээр батлагдахаас нь өмнө, хэрэгжээд торгуулийн хуудас авчраад өгчихөөс нь өмнө түүнийг нь хянаж чаддаг чадамжтай хэвлэл мэдээллийн хэрэгслүүд байх ёстой. Сэтгүүлчид тийм байх ёстой. Хууль яригдаж эхлэхэд, боловсрогдож байхад нь Их хурал дээр яригдаж байхад нь энэ зүйл заалт чинь дам дамаа ингэж нөлөөлөх гээд байгаа юм биш үү гээд урьдчилсан байдлаар бойкот тавьдаг, урьдчилсан байдлаар олон нийтэд мэдээлдэг, урьдчилсан байдлаар сэтгүүл зүйн салбартаа мэдээлж чаддаг ийм чадамжтай редакциудтай болмоор байна. Бид хоцорч ажиллах биш төрөөс түрүүлж ажиллаж байж олон нийтийн хяналт гэдэг зүйлийг тавина. Түүнээс биш олон нийтийн хэвлэл мэдээллийн хэрэгсэл дуугүй байгаад байх юм бол аль болохоор өөрт ашигтай хувилбаруудаар нөгөө хайрцгаа бариад л сууж байдаг.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Өмнөд Монголын хүний эрхийн өртөө” байгууллагын ажилтан Тоочогийн Энхбат: Тусгаар тогтнолыг чинь уландаа гишгэж, нутаг дэвсгэр дээр чинь дураараа аашилж байна. Үүний эсрэг Монголын төр засаг ямар нэгэн юм хэлмээрсэн DNN.mn

-АМИНБӨХИЙН ЛХАМЖАВ: ГИНЖЭЭ ТАСАЛСАН НОХОЙ ГЭДЭРГЭЭ БУЦНА БАЙХГҮЙ-


Энэ оны тавдугаар сарын 3-ны өдөр Өмнөд Монголын иргэн Аминбөхийн Лхамжав гэх 80 настай зохиолчийг Хятадын дөрвөн цагдаа Улаанбаатар хотоос авч гарсан тухай мэдээлэл сошиал орчинд тархаад байгаа. Тэгвэл Монгол Улсын Гадаадын иргэн харьяатын байгууллагаас “Визний хугацаа дуусахаас хоёр хоногийн өмнө А.Лхамжав гэх Өмнөд Монголын иргэнийг эрүүл мэндийн шалтгаанаар хүүхдүүд нь ирж авсан” гэсэн мэдээлэл өгсөн. Энэ талаар АНУ-д байх НҮБ-ын дэргэдэх “Өмнөд Монголын хүний эрхийн өртөө” байгууллагаас мэдээлэл гаргажээ. Тус мэдээллийг гаргасан АНУ-д байх НҮБ-ын дэргэдэх “Өмнөд Монголын хүний эрхийн өртөө” байгууллагын ажилтан Тоочогийн Энхбаттай холбогдон ярилцлаа.


-Та АНУ-ын аль хотоос холбогдож байна вэ?

-Би Нью-Йорк хотоос холбогдож байна.

-Та мэдэгдэлдээ дөрөвдүгээр сарын 23-ны өдөр Аминбөхийн Лхамжав гуай өөрөө холбогдон ярьсан тухай мэдээлсэн байсан. Тэр үед Лхамжав гуай юу гэж байв?

-Бидэнтэй холбогдохдоо “Манай ар гэрийг дарамталж байна. Миний охинтой ирж намайг аваачих гэсэн чимээ байна. Тэгээд би Улаанбаатарт байхгүй шүү. Японы Осака хотод байна. Намайг аваачхаар очих гэж буй бол буруу газарт очих нь ээ. Японд ирээрэй” гэж хэлсэн гэсэн. Тэгээд “Гинжээ тасалсан нохой гэдэргээ буцна гэж байхгүй. Явахгүй, буцахгүй, харихгүй” гэж хэлж байсан. Би чамд настны өөрийнх нь ярьсан хэсгийг таслаад аудиогоор явуулъя.

-За.

(Тухайн аудио бичлэгт Аминбөхийн Лхамжав гуай өөрөө ярьсан байлаа). Тэрбээр “За өглөөний мэнд ээ. Манай энд өглөөний 07:20 цаг болж байна. Манай тэнд их түчигнэж байна гэнэ. Миний хойноос гэр бүл, үр хүүхдүүд минь авахаар ирж байна гэнэ. Бараг дагуулаад ирнэ гэсэн. Тэгээд би ингэж хэлсэн юм.

Би одоо Монголд байхгүй. Японы Осакад орж ирсэн байна. Хойноос ирвэл андуу явах нь ээ. Японд ир гэж хэлчихээд байж байна. Тэгээд хойноос маань ирж байгаа гэнэ. Би одоо яахаас ч буцахгүй. Гинжээ тасалсан нохой гэдэргээ буцахгүй” гэсэн байв.

-Манай улсын Гадаадын иргэн харьяатын газраас мэдэгдэхдээ “Биеийн байдлаас нь болоод үр хүүхдүүд нь ирээд аваад явсан” гээд байгаа. Та бүхэнтэй холбогдохдоо биеийн байдлынхаа талаар дурдсан уу?

-Настан Монголд байхдаа эмч найзындаа байсан. Найзынхаа ажиллаж байсан эмнэлэгт бүрэн хэмжээний шинжилгээ хийлгээд, эмчлүүлээд 80 хүрч байна гэхэд ямар ч өвчин архаггүй, эрүүл саруул байна гэж хэлж байсан. Өөрөө хэлэхдээ номоо бичээд, Монголд эрх чөлөөтэй баймаар байна. Яасан ч урагшаа буцахгүй гэж байсан. Бие маш сайхан байна. Монголын цаг агаар сайхан юм. Үлдсэн хэдэн насандаа эрх чөлөө эдлээд, Монголдоо амьдармаар байна гэж хэлж байсан.

-Тухайн үедээ монголд ямар нэгэн улс төрийн орогнол хүссэн болов уу?

-Монгол Улсын төр засагт хандаж ямар нэгэн улс төрийн орогнол хүсээгүй. Гэхдээ НҮБ-д хандаж улс төрийн орогнол хүсч байсан. Бидэнд тэр орогнол хүссэн өргөдлийн бичгээ өгсөн. Манай байгууллага Өмнөд Монголын хүний эрхийн мэдээллийн өртөөнд, НҮБ-ын дүрвэгсдийн бүсийн төв Тайланд улсын Бангкок хотноо байрладаг. Тэр НҮБ-ын байгууллагад хандаж, өөрийнх нь ар гэрийн байдлаас болж мөн Хятадын цагдаа нар ар гэрт нь очиж дарамталж байна. Ирж аваачих гэж байна, та нар яаралтай туслаарай гэж бид бүхэнд хандсан. Тэгсэн НҮБ “Бид ойлголоо. Тухайн хүнтэй өөртэй нь шууд ярихгүй бол болохгүй” гээд биднээс утасных нь дугаарыг авсан. Тэгээд настан бидэнтэй холбогдоогүй хэд хоног чимээгүй байсан. Нэг мэдсэн Хятадын цагдаа гэр бүлийнхэнтэй нь ирээд, аваад явсан байна лээ. Мэдээж гэр бүлийнхнийг нь өмнөө барихаар буцалгүй хаачих вэ дээ. Гэр бүл, үр хүүхдийг нь өмнөө бариад, худал мэдээлэл гаргахын тулд ирээд аваад явсан байх. Монголын талаас мэдэгдэж байсан шүү дээ. Тавдугаар сарын 3-нд Замын-Үүд-Эрээнээр гарсан гээд байгаа. Тэр нь тодорхой болсон. Өмнөд Монголдоо очоод ямар байгаа талаар бид мэдэхгүй. Мэдэх арга ч байхгүй. Ганц зүйл л мэдсэн. Шилийн хотод байгааг л мэдсэн. Чухам гэртээ байна уу, шоронд уу, саатуулах газарт уу түүнийг нь мэдэх аргагүй. Хамаатан садан, гэр бүлийнхэн нь ч гэсэн маш их дарамттай байгаа учраас хэлэх аргагүй. Одоохондоо ямар ч мэдээлэл өгөх боломжгүй байна.

-Тухайн НҮБ-д өргөсөн бичгээс цухас уншиж өгч болох уу?

-Энэ өргөдлийн бичгийг ингэж бичжээ. “Улс төрийн орогнол олгох өргөдлийн бичиг. Би Боржигон овогтой Лхамжав 80 настай, эрэгтэй. Жоу-Уд аймгийн Хишигтэн хошууны малчин Аминбөхийн гуравдугаар хөвгүүн. 1944 онд төрөв. 1947-1976 он болтол жил дараалан улс төрийн хөдөлгөөнд 50 гаруй явагдаж, энэ насыг өнгөрүүлэв” гэж байна. Тэгээд Өмнөд Монголд болж өнгөрсөн улс төрийн дарангуйллыг он дараалан бичжээ. Мөн өөрийн он цагийг яаж өнгөрүүлсэн тухай бичсэн байна. Тэгээд яг дуусах үеэрээ яагаад улс төрийн орогнол хүссэн тухайгаа бичжээ. Үүнд “Хэрэг учрын өнгөрөөлт болоод хэлмэгдэлт олгогдсон байдал. 2018 оны долдугаар сард Шилийн гол аймгийн дотоодыг хамгаалах газраас “Улаан хувьсгал” гэх номын тухай аймгийн дунд зэргийн шүүх хороонд шаардлага дэвшүүлж, аймгийн байцаах хорооноос Шилийн хотын дунд зэргийн шүүх хороонд тушаажээ. Би 2019 оны дөрөвдүгээр сард “Улаан хувьсгал” гэх номыг бичсэн. 77 настай А.Лхамжавыг хоёр жилийн ял оногдуулан, гянданд нэг жил гяндны гадна нэг жилээр таслав. Таслалтын бичгийг одоогоор биедээ авч яваагүй байна. 2021 оны тавдугаар сарын 24-ний өдөр 202125021321 дугаарт сулласан бичиг гарав. Үнэндээ насаараа гэрийн хорионд байж, чанга хяналт мөрдлөгийн дор мөрдөлт болгов. 2023 оны гуравдугаар сарын 6-ны өдөр Эрээний боомтоор Монголд ирсэнд Хятадын цагдаа нарын чанга нэхэмжлэлд тулгарч, миний гэр өрх ба садан төрөлд дарамт үзүүлж байна. Би өтөл насандаа хэдэн өдөр чөлөөтэй амьдрахын тусад хүний эрхийн хамаа бүхий газарт улс төрийн орогнолын өргөдөл дэвшүүлж байна. Зөвшөөрөхийг хүсч байна” гэжээ. Ингээд А.Лхамжав настны өөрийнх нь гарын үсэгтэй өргөдөл бичсэн хүн А.Лхамжав 2023 оны дөрөвдүгээр сарын 16-нд гэж байна. Ийм гурван хуудас бүхий бичиг баримт бүх зүйлтэйгээ хавсаргасан бичиг байгаа. Энэ бичгийг бүх агуулгаар нь нийтлэхээс жаахан болгоомжилж байна. Гэхдээ ерөнхийдөө ийм нэг улс төрийн орогнол дэвшүүлсэн өргөдөл гаргасан. Энэхүү бичгээ бидэнд ирүүлж, бид НҮБ-ын дүрвэгсдийн газарт явуулж өгсөн. Гэхдээ НҮБ-ын дүрвэгсдийн газар өөртэй нь ярьж, зарим мэдээллийг баталгаажуулж, тодорхойлж авах ёстой л юм байх. Тэгээд бид Лхамжав гуайг буцаасных нь дараа НҮБ-аас асуусан. Та нар утсаар холбогдож ярина гэсэн ярьж чадав уу? гэсэн чинь “Бид ярьж чадаагүй” гэж байна лээ.

-А.Лхамжав гуай хамгийн сүүлд та бүхэнтэй хэзээ холбогдсон бэ?

-Бидэнтэй хамгийн сүүлд дөрөвдүгээр сарын 29-ний өдөр холбогдсон. Тэгэхдээ “Цагдаа нар манай охид, хүүхдүүдийг дарамтлаад ирэх гээд байна шүү дээ” гэж байсан. Түүнээс дөрөв хоногийн л дараа гаргачихсан байна л даа. Өөрөө үлдээсэн үг нь байгаа. Бид шууд утсаар ярьж чадаагүй. Бидэнд үг үлдээсэн.

-Одоо Лхамжав гуйтай холбогдох ямар ч боломж байхгүй юу?

-Байхгүй. Хятад өөрөө тэр чигээрээ том шорон. Шоронгийн доторх шорон, Хятадын доторх шорон гээд бодоод үзэхээр л ойлгомжтой биз дээ. Тийм нөхцөл байдалд байна гэхээр хэцүү. Монголоос энэ мэтээр буцаагдсан өөр олон хүн бий. Буцаагдсан хүмүүс хэлдэг, хэцүү шүү. Холбоо барих бүх зүйлийг авчихдаг. Утас интернэт бүх зүйлийг хаадаг. Ямар ч холбоо барих аргагүй байдалд ордог юм аа. Тэгэхээр одоо хэнтэй ч холбогдох аргагүй байх. Одоо ер нь шоронд байна уу, гэрийн хорионд байна уу, ямар ч ялгаа байхгүй. 24 цагаар хяналтад байна гэсэн үг. Лхамжав гуай бидэнтэй Монголд очингуутаа холбогдсон. Өөрийн байдлаа тодорхойлсон их урт тодорхойлолт хийсэн. Тэр үедээ ярьж байсан юм. Миний сууж байсан гэрийн эргэн тойронд дүүрэн камертай шүү. Тэр камераараа 24 цаг бүх орж гарах юмыг харж байдаг. Өдөрт хоёр удаа цагдаагийн газарт очиж нэрээ мэдүүлж, би энд байгаа шүү, өнөөдөр юу хийсэн, яаснаа бүгдийг бичиж, гарын үсгээ зурж өгдөг гэж байсан. Тэгэхээр Хятадад гэрийн хорио, шорон хоёр адилхан гэсэн үг.

-Гэрт нь чагнах төхөөрөмж байх уу?

-Камераар л бүгдийг хянадаг гэж байсан. Сошиал сүлжээнүүд, Wechat гэх мэт нь бүгд л хяналтад байгаа л даа. Чагнаж мэдэх бол тэдэнд ямар ч асуудалгүй л байх.

-Хэрвээ НҮБ А.Лхамжав гуайн хүсэлтийг хүлээж авбал Хятадаас түүнийг гаргаж авах боломжтой юу?

-Байхгүй. Хятад НҮБ-ыг тоохгүй шүү дээ. НҮБ байтугай дэлхийн хүний эрхийн тунхаглал, конвенц бүгдийг тоохгүй. Тэр байтугай АНУ-д хүртэл цагдаагийн газартай. Энэ Нью-Йорк хотод хүртэл цагдаагийн газартай гэсэн. Тэр бүү хэл америкийн НҮБ-д ажиллаж байсан хүнийг баривчлаад нутаг буцаасан байна лээ. Америкт хүртэл Хятадын иргэдийг айлгаж, гэр бүлийг нь дарамталж, хүмүүсийг бариад явдаг.

-Монголд Гадаадын иргэн харьяат, Цагдаагийн ерөнхий газар, Хууль зүйн яам, Гадаад харилцааны яам гэх мэт албан байгууллагууд А.Лхамжав гуайг дуу нэгтэйгээр “Биеийн байдлаас нь болоод хүүхдүүд нь ирээд аваад явсан. Визний хугацаа нь дуусч байсан” гээд байгаа. Үүнийг юу гэж ойлгох вэ?

-Итгээд байгаа юм уу? АНУ-аас хүртэл Хятадын цагдаа нар хүнээ ирээд баривчлаад явж байна шүү дээ. Монголд Хятадын цагдаа байгаа гэдэгт би лав эргэлзэхгүй. Хятадын дөрвөн цагдаа ирээд, Улаанбаатар хотоос түүнийг баривчлаад явсан нь үнэн шүү дээ. Түрүүхэн нь Өмнөд Монголын Адьяа гэдэг залууг Тайландын Бангкок хотод амьдарч байхад нь Хятадын цагдаа нар, мэдээж Тайландын цагдаа холбоотой байх. Бараг хамжилцаж туслалцсан байх. Тэгээд Адьяаг Тайландын гадаадын иргэдийг саатуулах газар гэсэн байх аа тэнд аваачаад, Хятадын цагдаа, консулын хүмүүс ирж шүүж, гар хүрч зодож, дарамтлаад Хятад руу буцаах гэж оролдсон байсан. Нэлээд хэд хоног тэгж байж байгаад азаар тэр залуу НҮБ-ын дүрвэгсдийн бүсийн төвд хандсан байж. Бангкокт байдаг тэр дүрвэгсдийн бүс рүү долоо хоногийн дараа гаргаад, Канадад орогнол хүссэнийг нь шилжүүлсэн байна лээ. НҮБ-ын хамгаалалтад орсон байсан ч Хятадын цагдаа тоохгүй шүү дээ. Ирээд л бариад аваад явчихдаг. Жишээ нь, 2009 онд Өмнөд Монголын Ордост нутагтай Батзангиа гэж залууг Монголд байхад НҮБ-ын дүрвэгсдийн төвд орогнол хүссэн байхад нь Хятадын цагдаа Монголын цагдаатай хамтран ажиллаад баривчлаад явсан байдаг. Тэр бүү хэл НҮБ-д ажиллаж байсан Монголын иргэн хүртэл барьж буцаах ажилд нь оролцсон гэсэн. Батзангиа гэдэг залууг эхнэр хүүхэдтэй нь нутаг буцаасан байсан. Өмнөд Монголд очоод тэр залуу гурван жил шоронд суусан гэсэн. Шоронгийн дараа ч гэсэн тодорхой хяналтад байж байгаад одоо ямар ч сураггүй болсон. Тухайн Батзангиа гэх залуу НҮБ-ын хамгаалалтын бичиг гэдэг юмаа авчихсан байсан гэсэн. Түрүүний хэлсэн Адьяа гэдэг залууд ч тэр НҮБ-ын хамгаалалтын бичиг байж байсан. Гэтэл тэрийг тоохгүй бариад л явсан байна лээ. НҮБ-ын хамгаалалтын бичиг ямар нэгэн хуулийн хамгаалалттай зүйл биш. Тэр бол НҮБ-аас энэ хүнийг хамгаална. Энэ хүний хамгийн үндсэн эрх хүний эрхийг хамгаалах ёстой л гэсэн бичиг байдаг. Түүнийг хуулийн ямар нэгэн хүчин төгөлдөр заалттай байсан ч Хятад тоохгүй. Бүрэн бүтэн тусгаар тогтнолтой Монголын нутаг дэвсгэр дээр цагдаагаа ирүүлээд л хүн баривчлуулж байна гэдэг хүний эрхийг тоохгүй байна л гэсэн үг. Дэлхий нийтийн, олон улсын хүний эрх гэж байна шүү дээ. Түүнийг Хятад тоохгүй.

-Танд монголчуудад зориулж хэлэх үг байна уу?

-Монголчуудад юу байх вэ. Монголын төр засгийн эрхийг барьж байгаа хүмүүст хандаж хэлэх хэдэн үг байна. Монгол барууны орнуудад тусгаар тогтносон ардчилсан орон гэх тодотголтой. Америкт ч гэсэн Монгол гэхээр “Ардчилсан улс” л гэдэг. Ардчилсан тусгаар тогтносон энэ улс маань Хятадын дарангуйлалтай ийм ойр байж. Тэр мөртлөө Өмнөд Монгол ахан дүүсээ барьж буцаадаг. Энэ бол ганцхан Лхамжав гуайн хэрэг биш шүү. Бүр дээр үеэс түүхээсээ хэлэх юм бол 100 жилийн өмнөөс гэж хэлж болно. Ардчилалд шилжээд 30 жил болж байгаа шүү дээ. Энэ 30 жилд ч гэсэн ямар олон өмнөд монголчуудыг буцааж байлаа. За ахан дүүсээ больё. Ядаж ардчилсан хүний эрхийг дээдэлдэг орон. Хүний хамгийн наад захын эрхийг хүндэтгэх хэрэгтэй шүү. Улс төрийн орогнол хүссэн хүнийг хамгаалах нь дэлхий нийтээрээ тогтсон зүйл. Боломжийн хэрээр өөрсдийн хамгаалалтад байлгадаг ёстой шүү. Энэ хүн зүгээр нэг эрүүгийн хэрэгтэйн биш. Тийм байтал шууд бариад буцаана гэдэг ардчилсан нийгэмд байж боломгүй асуудал гэж бодож байна. Нөгөө талаар Монгол Улс тусгаар тогтносон бүрэн эрхт улс шүү дээ. Гэтэл харь улсын цагдаа ирээд нутаг дэвсгэр дээр нь хүн барьж аваад явж байхад юу ч хэлсэнгүй. Тэгсэн мөртлөө сонин хэвлэл, мэдээллийн сайтуудаар нь янз бүрийн мэдээлэл тарааж байна лээ. Тэр нь “Лхамжав гуайг биеийн байдлаас нь болоод хүүхдүүд нь аваад явсан” гэж нийтэлсэн байна лээ. Гэр бүл нь авч яваагүй шүү дээ. Бие нь ямар ч асуудалгүй. Өөрөө бидэнд тов тодорхой хэлсэн. Миний бие ямар ч өвчин, архаг байхгүй. 80 хүрч байгаа мөртлөө бие эрүүл саруул гэсэн. Худал шалтаг зохиож, энэ хүнийг баривчлаад аваад явсныг зөвтгөж бичсэн байна лээ. Үүнийг Монголын төр засаг оролцоод хийсэн гэж ер хэлсэн үг биш шүү. Хамгийн гол нь Хятадын цагдаа ирж, тусгаар тогтносон орноос хүн бариад явж байхад Монголын төр юу ч хэлсэнгүй. Үүнд Монголын төр ямар нэгэн тайлбар хийх ёстой. Энэ чинь зөвхөн өмнөд монголчуудыг хамгаалж байгаа хэрэг биш. Монгол өөрийнхөө тусгаар тогтнолоо хамгаалах үйлдэл. Тусгаар тогтнолыг чинь уландаа гишгэж, нутаг дэвсгэр дээр чинь дураараа аашилж байна. Үүний эсрэг Монголын төр засаг ямар нэгэн юм хэлмээр байна.

Тоочогийн Энхбат гуай үүнийг ярилцлагын доор заавал нийтэлж өгнө үү хэмээн бичиг дамжууллаа. Үүнд: Монголын төр засагт хандаж ингэж хэлмээр байна.

Ахан дүүсийн холбоо харилцаагаа бодохгүй юм гэхэд ардчилал, хүний эрхийг дээдлээрэй. Өмнөд монголчуудын эрх дархыг хамгаалдаггүй юмаа гэхэд өөрийн улсынхаа тусгаар тогтнолыг хүндэтгээрэй! гэжээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Ганхөлөг: Бидний хэсэг залуучуудад тохсон хилс хэрэг хэзээ нэгэн цагт цагаадна гэдэгт би итгэлтэй байгаа DNN.mn

“No double standart” хөдөлгөөний гишүүн Л.Ганхөлөгтэй ярилцлаа.


-Та бүхний хувьд цахим гав зүүнэ гэдэгтээ сэтгэл зүйн хувьд ерөнхийдөө бэлэн байсан гэж харагдсан. Яг зүүсэн хойно яаж нөлөөлж байна вэ?

-Өөрийн чинь хэлж байгаагаар 2021 оны аравдугаар сараас хойш хилс хэрэг тулгаад, 20 гаруй удаагийн шүүх хурал болсон. Энэ хугацаанд 6-7 прокурор солигдож, хуулийг илтэд гуйвуулсан хэрэг тохох гэж дайрсан. Энэ бүхнийг хараад байхаар ийм хугацаанд сэтгэл санаа аяндаа бэлтгэгдчихдэг юм байна лээ. Шийдвэр гарч байхад сэтгэл зүйн хувьд онцын өөрчлөлт байгаагүй. Хэрэгт авагдсан бүх нотлох баримт бидний хэдэн залуусыг цагаатгаж байсан. Гэтэл улайм цайм улсын яллагч нь цагаан цаас барьж босч ирээд, хар байна шүү дээ гэж нотолгоогоо гаргаад байсан нь бидэнд ойлгомжтой болсон. Ингэхдээ хүмүүсийн хэлдгээр зовлонгийн түргэн, жаргалын удаан гэдгээр биш зовлонгийн удаанаар, аль болох олон удаа шүүх хурал, цагдаагаас мэдүүлэг авч, сонгуулиар дуугүй байлгах зорилготой ч юм шиг харагдуулж байсан. Анхнаасаа сэтгэл зүйн хувьд бэлтгэлтэй байсан учраас зүүхдээ ч нэг их цочрол аваагүй. Харин миний хувьд нэг зүйл дээр цочирдсон нь би хаягаа шилжүүлчихсэн байсан. Яагаад гэхээр манай хүүхдүүдийн сургууль, цэцэрлэг бүгд Сүхбаатар дүүрэгт. Тиймээс би гэр бүлийнхээ бүх нөөц бололцоог шахаж байгаад, гурван сараар байр түрээслэн, байнга оршин суух хаягаа бүртгүүлсэн. Тэгэхгүй бол гаваа зүүсэн тохиолдолд хүүхдүүдээ зөөхөд асуудал үүсэх нь ойлгомжтой. Ингээд хувийн зохион байгуулалтаа хийсэн. Гэтэл гаваа зүүхээр очиход E-mongolia-д бүртгэлтэй албан ёсны хаягаар зүүх байх гэж бодтол өмнөх хаяг буюу Баянгол дүүрэгт зүүчихсэн. Үүнд нь харин ёстой цочирдсон шүү. Очих газаргүй. Ар гэр яах билээ. Хүүхдүүд яах вэ. Ажлаа яах вэ. Гавны цаад зорилго нь уг нь ажлаа хийх боломжоор хангах, ар гэртэйгээ хамт байх. Гэхдээ энэ нь гэм хийсэн хүмүүст шүү. Бид гэм хийгээгүй.

-Та гаваа зүүсний дараа 7-8 хоног Баянгол дүүрэгт хоригдсон шүү дээ. Тэр хугацааг ямаршуухан байдалтай өнгөрөөв?

-2-3 найз нөхдийнхөөрөө орон гаран явсан даа. Дунд нь 1-2 удаа зочид буудал хөлсөлж хоносон. Тэр нь ажлын шаардлагаар байсан л даа. Айлд шөнө гэрэл асаагаад юм хийгээд байж болохгүй. Тэгээд л айл айл хэсээд л хоноод явсан. Айлын хоол буудаж л хэд хоносон доо.

-Хүний сэтгэл санаа гэж сонин зүйл шүү дээ. Дүүргээсээ битгий гараарай гэхээр гармаар санагдаж байна уу?

-Дүүргээс гарах тухай бол огт санагдахгүй байна. Энэхүү цахим гав гэдэг зүйлийг яг юунд зориулж ашиглаад байгаа юм бэ гэдэг зүйл л бодогдоод байна. Үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүст зориулсан эд үү. Үг хэлж, үзэл бодлоо илэрхийлэх нь эрх баригчдын л эсрэг байдаг. Эрх баригчид өөрсдийнх нь эсрэг үг хэлсэн, тэр нь баримттай, нотолгоотой байгаа учраас иргэдээс айж цахим гав зүүж ялладаг, хилс хэрэг тохдог байдал бий болчихлоо. Ийм л зүйл бодогдож байна. Би Жорж Уроэллын “1984” гэдэг зохиолыг гурав дахиа уншиж байна. Түүн дээр дарангуйлал яаж тогтдог, эрх баригчид хүмүүсийн эрх чөлөө, оюун санааг яаж боомилох гэж оролддог юм гэдгийг маш яруу тодоор харуулдаг. Одоо яг түүний элементүүд бий болчихсон байгаа нь тодорхой харагдаж байна. Энэ бол чимээгүй байгаад байж болохгүй асуудал. Өнөөдөр үгээ хэлж тэмцсэнийг цахим гав зүүж хязгаарлаж байгаа бол маргааш танд зүүхэд үгүй гэх газаргүй болсон.

-Цахим гавтай нэг өдөр яаж өнгөрч байна вэ. Ажлаа хийх боломж нөхцөл хэр байна вэ?

-Ажлаа хийх боломж тун тааруу. Маш их хязгаарлагдсан. Тэр болгон ажил төрлийн шугамаар уулзах хүмүүстэйгээ би ингэчихсээн гээд аймшгийн кино шиг зүйл яриад байх хэцүү. Түүнийг ойлгох хүн байна, ойлгохгүй хүн байна. Ойр тойрны хүмүүс бол ойлгож хүлээж авч байгаа. Ирж уулзах, дүүрэгт маань ирж ажил төрлөө амжуулах, тодорхой ажлууд явагдаж байна. Тэгээд л өглөө 07:00 цагт хүүхдээ сургуульд нь хүргэж өгчихөөд, эргэж орж ирж бага охиноо цэцэрлэгт нь өгөөд, эхнэртэйгээ ээлжлээд л явж байна. Өдөр 12:00, 17:00 цагт буцаж хүүхдүүдээ аваад л. Тэр хооронд ажлаа утсаар амжуулаад л байж байна. Харин нэг болгоомжлол байгаа. Хилсээр оноосон ч гэсэн энэ бол гурван шатны шүүхийн эцсийн шийдвэр. Монгол Улс хуулийн засаглалтай орон гэж итгэхийг хүсч байгаа учраас энэ шүүхийн шийдвэрийг би даган биелүүлнэ. Энэ хугацаандаа ямар нэгэн байдлаар зөрчил гаргахгүй, зөрчил шиг зүйлд ч ойртож болохгүй юм байна гэдэг нь Монголоогийн жишээн дээр харагдсан. Яагаад гэхээр Монголоог прокурор нь өөрөө зөвшөөрөл өгч гэмтэл явуулчихаад, түүнийхээ араас гүйцэтгэх ажиллагаа явуулж шоронд хорьсон. Улайм цайм нотлох баримтыг устгах замаар шоронд хийсэн. Тэгэхээр биднийг юу ч гэж гүтгээд хорих ялаар солих, хүндрүүлэх байдал руу оруулж магадгүй. Тун болгоомжтой, хянамгай байхыг хичээж байна.

-Нэгэнт зүүсэн тохиолдолд биеэсээ салгаж болохгүй, тийм үү. Тэгэхээр усанд орохдоо болон гараа угаахдаа яадаг вэ?

-Биеэсээ салгах юм бол зөрчил. Гав зүүж байгаа л бол маш хянамгай болгоомжтой байхгүй бол гурван сарын дотор хоёр удаа зөрчил гаргавал хорих ялаар солино. Минийх анх зүүхэд зүгээр л юм шиг мэдрэгдэж байсан. Яг хэрэглээнд ороод гараа угаах гэхээр устайгаа холилдчих гээд чанга зүүчихсэн юм байна лээ. Уг нь усны хамгаалалттай гээд байгаа. Намайг хариуцаж авсан шүүхийн шийдвэрийн ажилтан анхааруулж хэлсэн л дээ.

Усны хамгаалалттай гээд байгаа боловч ус нэвтрээд эвдэлчихсэн хүмүүс их байдаг. Тэгэхээр хүнсний скочоор скочдоод ч юмуу хамгаалаад усанд ороорой гэсэн. Анхныхаа усанд оролтыг хийх гээд хүнсний скочоор ороосон зургаа сошиалд тавьсан чинь хүмүүс зөвлөсөн. Бэлгэвчний урд үзүүрийг тасдаад углачихдаг юм байна. Түлэгдсэн, гэмтсэн хүмүүс арьсаа тэгж хамгаалдаг гэнэ. Тиймэрхүү байдлаар усанд орж байна.

-Өдөрт 1305 төгрөг дата хэрэглээнд төлдөг гэсэн. Өөр төлбөр мөнгө төлдөг үү?

-Анх зүүхдээ 780 мянган төгрөг төлсөн. Өдөрт 1305 төгрөгийн дата хэрэглээ. Сардаа 30 мянга гаруй, жилдээ 400 мянга гаруй төлнө гэж тооцоо гарч байсан л даа. Эвдвэл мөн нөхөж төлнө.

-Өдрийн дата хэрэглээний мөнгөө өдөр болгон төлөх үү, сардаа юу. Ямар банкинд яаж тушаадаг вэ?

-Шүүхийн шийдвэрийнх нь данс бололтой юм билээ, нэг данс өгсөн. Сар сардаа, улиралдаа, жилээрээ төлж болно. Өдөр өдөртөө ч байж болно.

-Өөр дүүргийн нутаг дэвсгэрт ойртсон тохиолдолд ямар нэгэн мэдээлэл ирэх үү?

-Ирнэ. Та бүсийн хязгаарт 200м ойртлоо. Бүсийн хязгаараас гарлаа ч гэдэг юм уу, анхааруулга ирдэг юм байна лээ.

-Бүсийн хязгаарт хамгийн ойртож болох хэмжээ нь хэдэн метр вэ?

-200 м дотроо анхааруулдаг юм байна лээ. Цаашаа чухам хэд явдаг юм. Би бол замын наана цаана л гээд үзээд байгаа шүү дээ. Яг хэтэрлээ барилаа гэвэл өө ашгүй нэгийг нь ч гэсэн цааш нь хийчихье л гэх байлгүй.

-Зургаан цаг тутамд цэнэглэх ёстой гээд байгаа. Цэнэглэгч нь ямар байдаг вэ. Утасны цэнэглэгч шиг үү?

-Энэ ёстой асуудалтай. Цагных нь нүүрэн дээр тавьдаг таг шиг юм байгаа. Тэр нь дөрвөлжин хар, хоёр давхар шүдэнзний хайрцаг давхарласантай тэнцэх зузаантай. Тэр нь повер банк юм. Повер банкаа өөрийг нь эхлээд 2:30-3:30 цагийн хугацаатай цэнэглэнэ. Повер банк нь мөн миний цагийг 2:30-3:30 цаг цэнэглээд байх шиг байгаа юм. Тэр нь хөдөлгөөнт байдалд байхад арай амар санагдсан, надад бол. Шууд залгуураасаа цагаа цэнэглэж болно. Тэр нь соронзтой цэнэглэгч. Цагныхаа цэнэглэгчийг залгахаар соронзлоод цэнэглэнэ. Тэр бол ёстой худлаа. Жаахан амьсгалах төдийд л салаад уначихдаг. Минийх бол цэнэглэх ямар ч боломжгүй. Нэг дүүртэл цэнэглэсэн байхад зургаан цаг хэртэй бариад байх шиг байна лээ. Шөнө заавал нэг босч повер банкаа залгана. Буцаад повер банкаараа гаваа цэнэглэнэ. Дүүрчихвэл буцаад повер банкаа цэнэглэнэ гээд маш олон үйлдэлтэй. Арчилгаа нь нялх хүүхэд шиг л юм байна лээ. Одоо ч тэгээд дасч байна.

-Тэр повер банк нь анх цахим гаваа авахад дагалдах хэрэгсэлд нь цуг ирдэг юм уу?

-Зөвхөн цахим гав нь 780 мянган төгрөг. Дагалдах хэрэгсэл нь тусдаа үнэтэй. Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газрынх нь дарга бүгд нийлээд 880 мянган төгрөгийн үнэтэй гэж дуугарсан шүү. Тэгэхээр цаг нь 780 мянга, дагалдах хэрэгсэл нь 100 мянган төгрөгийн тусдаа үнэтэй болж таарч байгаа юм.

-Өөрсдийнхөө амар байдлыг бодоод дагалдах хэрэгсэл нь тусдаа үнэтэй юм бол повер банкнаас нь хоёрыг авчихвал зүгээр юм биш үү?

-Тийм. Би хүсэлтээ өгчихсөн. Нэмж повер банк өгөөч гээд. Дөрөвдүгээр сарын 27-ны өдөр өгсөн хүсэлтийн хариуг одоо өгөөгүй л байна. Сая би чамтай ярихынхаа өмнөхөн дахин хэлж гомдол гаргачихаад л байж байна. Повер банк байхгүй гэсэн тайлбар хэлнэ лээ.

-Шөнө унтаж байх хойгуур цэнэглэгч нь унах ч юм уу, салаад цэнэггүй болчихсон тохиолдолд яах вэ?

-Мэдэнгүүтээ л хариуцсан ажилтандаа мэдэгдэх ёстой юм билээ. Минийх нэг удаа шөнө анхааруулга худлаа ирээд, бүсээс гарлаа гэсэн. Би гэртээ байж байхад шүү дээ. Түүнийг нь би хариуцсан ажилтан руугаа хэлэх гээд залгатал холбогдох боломжгүй байсан. Тэр нь хэдэн өдрийн дараа дата сангаас нь үзэхээр зөрчлөөр бүртгэгдлээ гэж гарч ирээд байгаа. Ер нь бодит байдлаа мэдэгдэх боломжтой гэж байгаа боловч прокурор, шүүхийн байгууллагаас үл хамаараад, улс төрийн зорилготой учраас бид хэзээ үгээ хэлнэ, үзэл санаагаа илэрхийлнэ, хэзээ тайлбар хийхээсээ хамаараад тэр тайлбар сонсогдох, сонсогдох үгүй нь эрх мэдэлтнүүдийн үзэмжээр л шийдэгдэж байгаа.

-Таныг гэртээ байсан тохиолдолд тийм анхааруулга ирсэн гээд байгаа шүү дээ. Та түүнийгээ бодит баримтаар нотлоод, гэрээсээ гараагүй дүүргийн нутаг дэвсгэрт байсан гэдгээ нотолвол зөрчлөөр бүртгэгдсэн мэдээлэл дата сангаас устах боломжтой юу?

-Яг наадах чинь байхгүй юу. Монголоогийн жишээн дээр нотолсон байхгүй юу. Гэмтлийн эмнэлэгт очоогүй гээд хорих ялаар солихоор орж ирсэн. Гэтэл гэмтлийн эмнэлгийн камерын бичлэг байгаа. Эмчийнх нь уулзсан тэмдэглэл тодорхойлолт байгаа. Түүнээс өөрөөр яаж нотлох ёстой юм. Нотлох баримтуудаа бүгдийг гаргаад өгтөл үүнийг нотолгоо гэж авч үзэхгүй, та ноцтой зөрчил гаргасан байна гээд хорих ялаар сольсон байхгүй юу. Би бол гэртээ байхад анхааруулга ирж буй мессэжийг нь цаг минуттай нь өөрийнхөө утсан дээр бичлэг хийж баримтжуулж байгаа. Монголоогийн жишээг сонсохоор даанч дээ гэмээр жишээнүүд олон бий.

-Та бүхнийг цахим гаваа зүүж байх явцад халдсан этгээдүүд ямар нэгэн байдлаар хариуцлага хүлээсэн үү?

-Үгүй шүү дээ. Өдөр тутам гаваа зүүж явахдаа гавныхаа аюулгүй байдлыг би өөрөө давхар хамгаалах ёстой. Биднийг гаваа зүүж байх явцад Э.Одбаяр руу масктай нөхөд халдсан. Тэднийг бидэнд ямар нэгэн гэм хор зөрчил учруулаагүй байна гээд шийдвэр нь гарчихсан. Сүүлд сураг сонсох нь ээ бүр гадагшаа гараад явчихсан гэнэ лээ. Эрүүгийн хуулиараа уг нөхөд хүнийг илт заналхийлсэн, зандалчилсан гэсэн зүйл ангитай гэмт хэрэг. Үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлснийхээ төлөө гав зүүсэн хүмүүс рүү магадгүй эрх мэдэлтэй хэсэг бүлэг этгээдүүд зориудаар өдөөн хатгагчдыг явуулах, эрүүл мэндэд нь халдах, заналхийлэх, халдах үйлдэл хийлгэдэг юм байна гэдэг нь ойлгомжтой болчихсон. Тэгэхээр би өдөр тутамдаа гэгээн цагаан өдрөөр ч гудамжаар явахдаа үүнээс маш их болгоомжилж байгаа. Үүнийх нь ялыг тэд хүлээхгүй. Би хөдөлгөөн хязгаарлах ялаа хорих ялаар солиулах, магадгүй цаашаа эрүүгийн хүнд ял наах, нэмж зүйлчлүүлэх эрсдэлтэй, маш аюултай байдалд байна. Миний ойр тойрныхон, гэр бүлийнхэн ч ялгаагүй. Өдөр болгон мэдэрч байгаа сэтгэлийн хүнд дарамт яалт ч үгүй энэ.

-Гавнаас болж сошиал дайралтууд их ирж байгаа нь анзаарагдсан?

-Маш их дайралт ирж байгаа. Ялангуяа ямар ч нэр зураггүй троллууд маш их дайрч байна. “Та нар гэртээ аятайхан байж чадахгүй бол шорондоо очоод жангаа ид” гэх мэтээр дайралтууд ирж байна. Энэ бол хамгийн наад захын жишээ. Ойр дотныхон маань “Хар гэрт орж байснаас дээр юм даа” гэдэг. Гэтэл юу вэ гэхээр гэмт хэрэг хийсэн хүнд энэ цахим гав байж болох шийтгэл, ял. Гэмт хэрэг хийсэн хүмүүстээ энэ бол хүнлэг шийтгэл байж магадгүй. Харин бидэнд бол цагдаа хүчний байгууллагынхан хэн нэгний захиалгаар үг хэлж, үзэл бодлоо илэрхийлсэн залуучуудад хилсээр тохсон хэрэг. Гурван шатны шүүхээр хилс хэргээр яллаад, цахим гав зүүсэн. Энэ нь өөрөө эрүүдэн шүүлт болоод байгаа юм. Эрх баригчид иргэний нийгмийн дуу хоолойг боомилох, хяхан хавчих хэрэгсэл болгочихсон. Л.Оюун-Эрдэнийн Засгийн газрын үед хүний эрх сүүлийн 30, 40 жилд байгаагүйгээр доройтлоо. Иргэд Үндсэн хуульд заасан эрхээ эдэлж чадахгүйд хүрлээ. Бидний хэсэг залуучуудад тохсон хилс хэрэг хэзээ нэгэн цагт цагаадна гэдэгт би итгэлтэй байгаа.

Categories
мэдээ нийгэм

Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн Я.Цэлмэн: Эрүү шүүлт тулгах гэмт хэргийг мөрдөн шалгах бие даасан байгууллага байгуулах нь үзэл баримтлалын хувьд зөв DNN.mn

Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны талаар Монгол Улсын ХЭҮК-ын Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн (ЭШУСАЭГ), хууль зүйн доктор Я.Цэлмэнтэй ярилцлаа.


-Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн яг ямар чиг үүргийг хэрэгжүүлдэг юм бэ?

-Монгол Улсын Хүний эрхийн үндэсний комиссын тухай хуульд “Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар шийтгэх буюу хүний нэр төрийг доромжлон харьцахаас урьдчилан сэргийлэх чиг үүргийг Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн хэрэгжүүлнэ.

Комиссын гишүүн болон бусад албан тушаалтан Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний үйл ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх, оролцохыг хориглоно” гэсэн хуулийн зохицуулалттай. Энэ хүрээнд Монгол Улсын нутаг дэвсгэрт эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх зорилгоор аливаа хэлбэрээр хүний эрх, эрх чөлөөг хязгаарлах, эсхүл тухайн этгээд өөрийн хүсэлтээр гарч явах боломжгүй бүх газарт эрүү шүүлт гарч болзошгүй тогтолцооны шалтгаан, нөхцөлийг судлах зорилгоор тогтмол хяналт шинжилгээ хийх, олон нийтэд эрүү шүүлтийн хор аюулыг тайлбарлан таниулах, эрүү шүүлтээс ангид байх эрхийг төрийн албан тушаалтан, иргэдэд сурталчлах, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудлаар судалгаа хийх, ном, сургалт, сурталчилгааны хэрэглэгдэхүүн, сургалтын хөтөлбөр, гарын авлага боловсруулах зэрэг ажлыг эрхлэн явуулах, ашгийн төлөө бус хуулийн этгээдийг оролцуулах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх чиглэлээр мэдээлэл, сурталчилгаа тогтмол явуулах гэсэн үндсэн дөрвөн чиг үүргийг хэрэгжүүлдэг.

-Зөвлөмж хүргүүлэх нь ямар ач холбогдолтой байна. Биелэлт нь ямар хувьтай байна вэ?

-ЭШУСАЭГ нь байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдийн шийдвэр, үйл ажиллагаа нь эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар шийтгэх буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж болзошгүй гэж үзвэл шалтгаан, нөхцөлийг арилгуулахаар холбогдох байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээдэд зөвлөмж хүргүүлдэг бөгөөд хүлээн авсан байгууллага, албан тушаалтан, хуулийн этгээд биелүүлэх үүрэгтэй. 30 хоногийн дотор хэрэгжүүлсэн арга хэмжээний талаар бичгээр хариу мэдэгдэх үүрэгтэй. Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний зөвлөмжийн дагуу арга хэмжээ хэрэгжүүлээгүй бол албан тушаалтныг албан тушаалаас нь бууруулах, чөлөөлөх, огцруулах, байгууллага, хуулийн этгээдийн үйл ажиллагааны зөвшөөрлийг цуцлах, үйл ажиллагааг зогсоох саналыг эрх бүхий байгууллага, албан тушаалтанд гаргах хууль зүйн үр дагавартай юм. Зөвлөмжийн биелэлт өндөр хувьтай байгаа. Бид биелэлтийн дагуу хийсэн ажлын тайланг мөн эргэн газар дээр нь тооцож ажилладаг арга барилыг нэвтрүүлсэн. Зарим нэг хуучин хандлагаа өөрчлөх дургүй, арга барил нь хүний эрхийн мэдрэмжгүй, цаасаар ажил хийсэн мэт болж аргацаах гэсэн ганц нэг байгууллагын удирдлагын асуудлууд байгаа. Энэ жилээс бид ийм албан тушаалтнуудтай эвлэрэхгүй гэдгээ мэдэгдэж, хуулийн хүрээнд албан тушаалаас нь чөлөөлүүлэх асуудлыг хөндөнө гэсэн байр суурьтай байна.

-Монгол Улсад өнөөдөр эрүү шүүлтийн нөхцөл байдал ямар байна вэ?

-Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн энэ хуульд заасан чиг үүргээ хэрэгжүүлэхэд гэмт хэргийн нөхцөл байдал, түүний шалтгаан, нөхцөлийн талаар статистик мэдээллийг прокурорын байгууллагаас гаргуулах болон бусад хэлбэрээр хамтран ажиллана гэж заасан. Үүний хүрээнд бид уг гэмт хэргийн талаарх гомдол, мэдээлэл, түүний шийдвэрлэлтийн талаар статистик мэдээллийг холбогдох байгууллагуудаас авч дүн шинжилгээ хийж байна. 2017 оны сүүлийн хагас жилээс 2022 он хүртэлх байдлаар улсын хэмжээнд Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан 13.9 /Хууль бусаар баривчлах/,14.1 /Ялгаварлан гадуурхах/, 21.12 /Эрүү шүүлт тулгах/ гэмт хэргүүдтэй холбоотой нийт 385 гомдол мэдээлэл эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаа явуулах эрх бүхий хуулийн байгууллагад бүртгэгдэн, нийт 471 хүний үйлдэл, эс үйлдлийг холбогдуулан шалгаснаас 191 хэрэгт хэрэг бүртгэлтийн хэрэг нээн шалгасан байна. Улмаар прокурорын байгууллагаас 2018, 2019 онд тус бүр нэг хүнтэй нэг, 2020 онд долоон хүнтэй дөрөв, 2021 онд дөрвөн хүнтэй хоёр, 2022 онд долоон хүнтэй таван эрүүгийн хэрэгт яллах дүгнэлт үйлдэн шүүхэд шилжүүлсэн байна. Шүүхээс 2019-2022 онуудад тус бүр гурван хэргийг шийдвэрлэсэн дүн мэдээг бидэнд ирүүлсэн.

-Иргэн Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг эрүүдэн шүүсэн талаар та ямар байр суурьтай байна вэ?

-Энэ талаар би өмнө нь байр сууриа илэрхийлсэн. Тэр байр суурь хэвээрээ байгаа. Монгол Улсын Эрүүгийн хууль, Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд эрүүдэн шүүхийг хориглосон, ийм зүй бус арга хэрэглэж цуглуулсан нотлох баримтыг тухайн хүмүүсийн гэм бурууг тогтооход авч хэлэлцэхгүй байх утга бүхий зарчимтай. Хүнийг ямар гэмт хэрэгт холбож шалгаж байгаагаас үл шалтгаалж, хэнд ч эрүү шүүлт тулгаж болохгүй. Эдгээр иргэдийг эрүүдэн шүүсэн гэдэг нь нийтэд үзүүлсэн бичлэгээс тодорхой харагдаж байна. Хүний мөн чанарыг үгүйсгэсэн үйлдэл гарсан нь тун харамсалтай. 2015 оноос эхэлж удаан хугацаагаар үргэлжилж, хорих ял хүртэл өгсөн байдаг. Энэ асуудал цагдан хоригдож байсан хүмүүсийн хоорондын зөрчил гэж тухайн үед өндөр албан тушаал хашиж байсан хүмүүсийн тайлбарлаж байгаатай санал нийлдэггүй. Учир нь эрх мэдэл бүхий албан тушаалтны оролцоо, зөвшөөрөлгүйгээр эмэгтэй хүн хоригдож байгаа өрөөнд хорих ял эдэлж байгаа эрэгтэй хүн дураараа орж гардаг журам өмнө нь ч байгаагүй, тэр үед ч байгаагүй, одоо ч байхгүй. Эрүү шүүлтийг тогтолцоо ашиглаж хийвэл ямар аюултайг энэ тохиолдлоос харж болно. Зарим хүн цаазаар авах ялыг ямар нэг хугацаанд сэргээн хэрэглэе гэж ярьдаг. Хэрвээ эдгээр хүмүүсийг цаазаар авсан бол бид эрхийг нь хэзээ ч сэргээж чадахгүй нөхцөл байдал үүсэх байв. Бидний хуулиар хүлээсэн гол үүрэг бол энэ тогтолцооны шалтгаан нөхцөлийг тогтоон, түүнийг өөрчлүүлэх талаар ажиллах юм.

-2015 он гэдэг чинь ардчилсан гэх тодотголтой ерөнхийлөгчтэй байсан үе шүү дээ. Энэ тэгээд байж болох асуудал мөн үү. Уг хүмүүс гурван шатны шүүхээр гэм буруутай нь нотлогдсон гэж тухайн үед мэдээлж байсан. Одоо яагаад ийм байдалд хүрэв?

-Олон улсад Мирандагийн анхааруулга гэдэг зарчим байдаг. Энэ нь тухайн хүнээс эрүүдэн шүүж мэдүүлэг ба нотлох баримт олж авсан бол тухайн нотлох баримт нь шүүхийн хэлэлцүүлэгт хүчингүй гэсэн. Өөрөөр хэлбэл, хэнээс ч тайлбар, мэдүүлэг авахаар хэнбугай ч хүч хэрэглэх, тулгах, сэтгэл санаагаар дарамтлах, эрүүдэн шүүх арга ашиглаж болохгүй тухай юм. Эрүүдэн шүүх болон бусад хэлбэрээр хэрцгий, хүнлэг бусаар буюу хүний нэр төрийг доромжлон харьцаж шийтгэхийн эсрэг конвенцийн 15 дугаар зүйлд “Оролцогч улсууд эрүү шүүлтийн улмаас хийсэн гэж тогтоогдсон мэдэгдлийг шүүн таслах аливаа ажиллагаанд нотлох баримт болгохгүй, харин эрүү шүүлт тулгасан хэмээн буруутгагдсан хүний эсрэг мэдэгдэл хийгдсэн тухай нотлох баримт болгон ашиглаж болно” гэж заасан. Мөн Монгол Улсын хууль тогтоомжид ч нэгэн адил энэ талаар тодорхой хуульчилсан. Тэр тусмаа одоо мөрдөгдөж байгаа эрүүгийн хуулиар төрийн бүх албан тушаалтныг энэ төрлийн гэмт хэргийн субъект байж болох тухай өргөн хүрээнд зохицуулсан. Тухайн иргэдтэй эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны хүрээнд уулзсан. Сэтгэл санаа, эрүүл мэндээр маш их хохирсон талаараа зарим мэдээллийг өгсөн. Мөн тухайн эрүү шүүлт тулгасан гэмт хэргийг илрүүлсэн АТГ-ын мөрдөгчид зэрэг хуулийн байгууллагын шударга алба хаагчдад маш их баярлаж байгаагаа илэрхийлсэн. Засгийн газрын тэргүүн ч тодорхой байр суурь илэрхийлсэн. Одоо хамгийн түрүүнд эдгээр хүмүүсийн хохирлыг боломжит богино хугацаанд барагдуулахад тал талаасаа анхаарах шаардлагатай.

-УИХ-аар “Монгол Улс дахь Хүний эрх, эрх чөлөөний байдлын талаар 22 дахь илтгэл, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүний үйл ажиллагааны тайланг хэлэлцсэнтэй холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай” УИХ-ын тогтоолын төслийг баталж, ХЗБХ-нд танилцуулахыг Засгийн газарт даалгасан байна. Эрүү шүүлтээр урьдчилан сэргийлэх асуудлаар “Эрүү шүүлт тулгах гэмт хэргийг хараат бусаар мөрдөн шалгах бие даасан бүтэц байгуулах асуудлыг судлан танилцуулах” гэсэн нь прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг дахин бий болгох асуудал гэж ойлгож болох уу?

-Шууд тэр утгаар ойлгож болохгүй. Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны 2022 оны буюу анхны тайланд тусгасан саналуудын нэг нь энэ асуудал юм. Энэ асуудалд нухацтай, ул суурьтай, судалгаатай хандах шаардлагатай. Эрүү шүүлт тулгах гэмт хэргийн субъект өнөөдрийн мөрдөж байгаа Эрүүгийн хуулиар төрийн бүх албан хаагч, албан тушаалтан байж болохоор зүйлчлэгдсэн. Бид олон улсын сайн туршлагыг олж нэвтрүүлэх нь зүйтэй. Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд ямар нэг байдлаар оролцдог байгууллагын дэргэд байгуулах нь тийм ч оновчтой санал биш. Учир нь дээрх байгууллага, түүний алба хаагчдын үйлдэж болзошгүй гэмт хэргийг мөрдөн шалгах тул энэ бүтэц бие даасан байдлаар байгуулагдах нь үзэл баримтлалын хувьд зөв байх болно. Төрийн тусгай албан хаагчид энэ асуудалд эмзэглээд байх шаардлагагүй, хуучны татан буугдсан прокурорын дэргэдэх мөрдөн байцаах албыг сэргээн байгуулах асуудлыг дэмжихгүй саналтай байдгаа нэр дэвших үедээ ч илэрхийлж байсан, одоо ч энэ байр сууриндаа байна. Учир нь тухайн үед шүүхээр шийдвэрлүүлж байсан хэргийн статистик, гүйцэтгэх ажиллагаа явуулах эрхгүй байсан зэрэг олон учир дутагдалтай зүйлс энэ албанд байсан гэж хардаг. Хамгийн гол нь эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд хяналт тавих үндсэн чиг үүрэгтэй прокурорын байгууллагын дэргэд мөрдөх алба байх нь зарчмын хувьд тохиромжгүй. Харин одоо байгуулахаар зөвлөж байгаа энэ бие даасан бүтэц нь зөвхөн эрүү шүүлт тулгасан, ялгаварлан гадуурхсан гэмт хэрэг, зөрчлийг шалгах, мөн бүх төрийн албан хаагч энэ гэмт хэргийн субъект байж болохоор хуульчилсан гэдгийг л анхаарч, харах өнцгөө өөрчлөх нь зүйтэй.Мөн бие даасан хүний эрхийн шүүхийн асуудлыг ч судлах цаг нь болсон гэж боддог.

-Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны тайланд өөр ямар саналууд орсон бэ. Тайланд тусгасан саналуудаас хэрэгжих боломжтой болон боломжгүй болсон, яагаад гэдгийг тайлбарлаж болох уу?

-Монгол Улсад Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх механизмыг олон улсын гэрээний үүргийн дагуу байгуулснаас хойш есөн сарын хугацаанд хийсэн ажлын хүрээнд тайлангаа бичиж, есөн саналтайгаар Хууль зүйн байнгын хороонд хүргүүлж, танилцуулсан. Үүнээс Эрүүгийн хуульд заасан зарим гэмт хэргийн зүйлчлэлд эрүү шүүлт тулгах гэмт хэрэг үйлдсэн нь хүндрүүлэх нөхцөл байдалд тооцохоор зааж, өөр өөр бүлэгт харьяалуулсан байгаа нь зүйлчлэлийн хувьд тодорхойгүй байдал үүсгэж байгааг өөрчилж, нэг бүлэгт хамааруулж, тодорхой болгох, Эрүү шүүлт тулгаж авсан мэдүүлгээс бусад нотлох баримтыг нотлох баримтын хэмжээнд үнэлэх агуулга Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд хэвээр байгааг залруулах тухай саналууд дэмжигдсэн. Харамсалтай нь, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааг Монгол Улсын нэгдэн орсон олон улсын гэрээ, конвенцид нийцүүлэн бүрэн бие даасан, хараат бус байдлаар бэхжүүлэх, Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны хүрээнд Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнд боломжтой бүхий л хэлбэрээр дэмжлэг үзүүлэх тухай саналыг хассан.

-Энэ нь ямар утгатай санал байсан бэ?

-Монгол Улсын Их Хурлаас ЭШЭК-ын Нэмэлт протоколыг соёрхон батлах тухай хуулийг 2014 оны арванхоёрдугаар сарын 11-ний өдөр баталснаар 2015 оны гуравдугаар сарын 14-ний өдрөөс эхлэн Монгол Улсад хүчин төгөлдөр үйлчилж эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний байгууллага байгуулах үүрэг хүлээсэн. Энэ байгууллагыг байгуулах үүргийг гэрээнд нэгдэн орсон улс нэг жилийн дотор биелүүлэх үүрэгтэй байдаг. Монгол Улсын ИХ-аас 2020 оны нэгдүгээр сарын 23-ны өдөр Монгол Улсын ХЭҮК-ын тухай хуулийг шинэчлэн батлахдаа Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүн, түүний бүрэн эрх, чиг үүрэг, эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааны эрх зүйн зохицуулалтыг шинээр тусгасан. Үүний дагуу гишүүнийг нээлттэй сонгон шалгаруулж долоон үе шат бүхий шалгаруулалтын эцэст УИХ-ын гишүүдийн олонхын саналаар 2022 оны зургадугаар сарын 2-ны өдөр уг асуудлыг хариуцсан гишүүнийг томилсон. ХЭҮК-ын хуульд Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх асуудал эрхэлсэн гишүүнийг чиг үүрэг, хууль эрх зүйн баталгааг хуульчилж өгсөн. Харин хууль хэрэглээний явцад тодорхойгүй зарим асуудлууд гарч ирсэн. Энэ механизм өөрөө маш чухал ач холбогдолтой. Сайн дураараа гарч явах боломжгүй газарт байгаа хүн бүрд хүрч, эрүү шүүлт, хүнлэг бус харьцаа, ялгаварлан гадуурхалт, доромжлон харьцаж шийтгэхээс ангид байх эрхийг нь эдлүүлэх, түүнийг зөрчигдөхөөс урьдчилан сэргийлэх үүрэгтэй. ХЭҮК-ын тухай хуульд заасан бүх газар буюу хүн өөрийн хүслээр гарч явах боломжгүй нөхцөлтэй нийт 843 газарт, давтагдсан тоогоор жилд 144942 иргэн урт, богино ямар нэг хугацаагаар байрлаж байгаагаас нэн тэргүүнд Эрүү шүүлт тулгах, хүнлэг бус харьцаа, ялгаварлан гадуурхалтаас ангид байх эрхийн хэрэгжилтийг хангах хүрээнд зорилтот бүлгийн ойролцоогоор 37000 гаруй хүнд 21 аймагт тогтмол хүрэлцэж хяналт шинжилгээ, урьдчилан сэргийлэх ажлыг хууль, олон улсын гэрээнд зааснаар хийх шаардлагатай гэсэн тооцоог бид өнгөрсөн хугацаанд холбогдох байгууллагуудаас авсан албан ёсны тоо баримт, бусад судалгаагаар тогтоосон. Бид хяналт шинжилгээний хүрээнд нэлээд хүний эрхийн зөрчил илрүүлж, түүнийг дахин гаргуулахгүй байх талаар ажлуудыг хийж байна. Үр дүн нь гарч иргэд ч эрүү шүүлт, хүнлэг бус харьцаа, ялгаварлан гадуурхалт, доромжлон харьцахаас ангид байх талаар ойлголт нь тэлж байна. Үр дүнд нь энэ төрлийн эрхээ хамгаалуулах гэсэн гомдол, мэдээлэл нэмэгдэж байгаа. Өргөс авсан мэт тэр дороо үр дүн нь гарахгүй ч тодорхой төлөвлөсөн хугацаанд Монгол Улс эрүү шүүлтийн хор хөнөөлөөс ангижирч чадах болно гэдэгт итгэлтэй байна. Өнгөрсөн есөн сарын хугацаанд бид цөөн албан хаагч, бага зардлаар олон ажил амжуулж чадсан. Хуулиар хараат бус байхаар хуульчлагдсан боловч хэрэгжилт дээрээ зарим асуудал дээр тийм биш байна. Хүний амьдралын мөчлөгөөр жишвэл энэ механизм өнөөдөр өлгийдөө байгаа хүүхэд шиг байгаа. Ийм үед нь дэмждэг болохоос сүүг нь булаацалдаад байж болохгүй байх.

-Тухайлбал яг ямар асуудлууд тулгараад байна вэ?

-Энд яривал их олон зүйлийг тайлбарлах хэрэгтэй. Тухайлбал захиргааны удирдлага, төсөв, хүний нөөц гээд олон бэрхшээл байна. Өнөөдөр эрүү шүүлтээс ангид байх хүний эрх зөрчигдлөө гэхэд шуурхай яваад очих тээврийн хэрэгсэл байхгүй, олон нийтэд мэдээ мэдээлэл бэлтгэж хүргэх техник, тоног төхөөрөмжгүй гээд л. Гэхдээ эдгээр бэрхшээл удахгүй шийдэгдэнэ гэсэн итгэлтэй байгаа. Монгол Улсын Засгийн газрын тайланд бол хүний нөөц, төсөв хөрөнгийг нь шийдээд байгуулчихсан гэж тусгаад гадагшаа танилцуулчихсан. Гэтэл өнөөдрийг хүртэл нэг ч удаа дэмжлэг үзүүлэх талаар бодитой яриа хэлэлцээр хийгдсэнгүй. УИХ-аас томилогдсоноос хойш энэ механизмын талаар төрийн бүх шатанд ойлгуулах гэж оролдож ирсэн боловч ихэнх нь уламжлалт сэтгэлгээгээр л хандаж байна. Байгууллага биш юм байна, байгууллагын даргатай нь харьцана гэдэг. Гэтэл Эрүү шүүлтээс урьдчилан сэргийлэх үндэсний ажиллагааг дотоод, гадаадад эрхэлсэн гишүүн нь төлөөлнө гэсэн хуулийн хэм хэмжээтэй. НҮБ-ын болон олон улсын байгууллагууд бол бие даасан механизм гэдгийг бүрэн ойлгож харилцдаг. Хуулиараа дэмжих ёстой албан тушаалтныг хүртэл заасан байдаг. Гэтэл үнэндээ байгууллагын дотоод нэгжээ дэмжихийг хуулиар зохицуулдаггүй. Энэ нь ямар утга илэрхийлж байна вэ гэхээр өөр чиг үүрэгтэй хараат бус, бие даасан механизмууд гэсэн ойлголт байгаа юм. Товчхондоо энэ механизмыг ХЭҮК-ын хуулиар зохицуулж, хамаатуулж байгуулсан нь хэр зөв юм бэ гэдгийг эргэн харах нь зүйтэй гэдэг санал Хүний эрхийг хангах үндэсний хорооны хөтөлбөрийн төсөлд тусгагдсан байсан. Хоёр бие даасан хараат бус механизмыг нэг хуулиар зохицуулсан нь өнөөдрийн манай уламжлалт тогтолцооны хувьд шинэлэг боловч тодорхойгүй зүйлс ч бас их тулгарч байгаа.Өнөөдөр олон оронд тусад нь байгуулсан, Комиссынхоо дэргэд нь байгуулсан нь маш хурдан чадавхжиж байгаа сайн талтай боловч цөөнгүй улс 1-2 жилийн дараагаас тусад нь байгуулж, үр дүнтэй ажиллаж байгаа туршлагууд бас байна.