Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Баяр өөрөө уулзах хүсэлт тавьсан гэв

Авилгатай тэмцэх газраас сар бүрийн хийсэн ажлаа тайлагнадаг билээ. Өнгөрсөн долдугаар сарын ажлын тайлангаа өнөөдөр АТГ-ын Олон нийтийн зөвлөлийн байранд тавилаа. Үүний дараа сэтгүүлчдийн асуултад хариуллаа. Ээлжит хэвлэлийн хуралд АТГ-ын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасанням, Мөрдөн шалгах хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Э.Идэрцог, Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Х.Хашбаатар, Урьдчилан сэргийлэх, соён гэгээрүүлэх хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар Т.Баярхүү нар оролцов.

Ч.Сайханбилэг болон С.Баяр нарыг мөрдөн шалгах ажиллагааны тухайд, тэднийг тусгаарлагдсан хугацаанд мөрдөн шалгах ажиллагаа тодорхой хэмжээнд хийгдсэн. Прокурор үнэлэлт дүгнэлт өгөөд одоо гадуур шалгагдаж байна. Ингэснээр хилээр гарах, тодорхой хүмүүстэй уулзахыг хориглосон. Дуудаж байцаалт, мэдүүлэг авах ажиллагаа үргэлжилж байна. АТГ-ын дарга Х.Энхжаргал Ерөнхий сайд асан С.Баяртай уулзсан бичлэг тойрсон асуултын хариуд, АТГ-ын дарга хэрэгтэй танилцах эрхтэй байдаг. Яллагдагчтай прокурорын хяналтын дор өрөөндөө уулзах ажиллагаа явагдсан. Ерөнхий сайд асан С.Баяр өөрөө уулзах хүсэлт тавьсан. Энэ уулзалт бол иргэн хүний өөрт оногдсон эрхийнх нь хүрээнд явагдсан ажил юм. Түүнээс мөрдөн шалгах ажиллагаанд хөндлөнгөөс нөлөөлөх гэсэн зүйл биш . С.Баяр өөрөө зарим асуудлыг анхаарч өгөөч гэсэн хүсэлт тавьсны дагуу л уулзсан гэв. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн туслах асан бөгөөд МИАТ-ын Захиргаа хууль эрх зүйн асуудал хариуцсан дэд захирал Н.Энхбаатарыг шалгаж байгаа талаарх асуултад, Ямар нэг албан тушаал болон улс төрийн шалтгаанаар шалгаагүй. Зөвхөн прокурорын зөвшөөрлөөр шалгаж эхэлж байгаа тул энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөх боломжгүй. Мөрдөн шалгах ажиллагаа дөнгөж эхэлж байна. Хэвлэлээр гараад байгаачлан 600 сая төгрөгийн авлига авсан, үйлдэл дээрээ баригдсан гэх зүйл байхгүй. Түүнийг авлига албан тушаалын гэмт хэрэгтэй холбогдуулан мөрдөн шалгах шаардлага гарсан. Өчигдөр баривчилсан гэлээ.

Үндэсний их баяр наадмын дараа бөхчүүдийн цолыг наймаалцсан гэх яриа байсхийгээд гардаг. Энэ ам дамжсан яриа сүүлдээ аймгууд нөөц хөрөнгөөрөө бөхчүүдийн цолны найрыг зохион байгуулдаг гэх хүртлээ даамжраад байна.

Энэ асуудлыг АТГ хэрэг үүсгэн шалгах боломжтой эсэхийг тодруулахад “Хуульд авлигын субьект нь төрийн байгууллага, албан хаагчид гэж заасан байдаг. Тиймээс бөхчүүдийн асуудлыг шалгах боломжгүй” гэсэн хариулт өгсөн юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн туслах байсан Э-г авлигын хэрэгт холбогдуулан шалгаж байгаа бололтой

Авлигатай тэмцэх газраас Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн туслах байсан Э-г авлигын хэрэгт холбогдуулан шалгаж байгаа талаар мэдээлэл тархаж байна. Зарим эх сурвалж түүнийг 600 сая төгрөгийн авлигын хэргээр саатуулагдсан хэмээн мэдээлж байгаа юм. Экс туслах МИАТ-д ажиллаж байсан гэнэ. Энэ талаар Авилгатай тэмцэх газраас тодруулахад “Шалгаж байгаа учраас мэдээлэх боломжгүй. Маргааш 11 цагаас өөрийн байрандаа хэвлэлийн хурал хийнэ. Энэ үеэр прокуророос зөвшөөрөл авч чадвал нэрийг мэдээлнэ” гэв.

С.ОТГОНБАЯР

Categories
мэдээ нийгэм

Хүрээ ​цам харайх ёслол маргааш болно

Жил бүрийн зуны адаг сарын шинийн есөнд хүрээ цам харайх ёслолыг үйлддэг. Энэхүү ёслол Богд хаант Монгол Улсын үеэс эхлэлтэй ч нэг хэсэг тасарч 2003 оноос сэргээн үйлдэх болжээ. Энэ талаар Зүүн хүрээ Дашчойлон хийдийн тамгын газрын дарга Ц.Алтанхүүгээс тодрууллаа.

-Хүрээ цамын ёслол хэзээ эхлэх вэ?

-Маргааш буюу билгийн тооллын шинийн есөн, аргын тооллын долдугаар сарын 21-ний 13 цагт Зүүн хүрээ Дашчойлон хийдийн хашаанд болно.

-Хүрээ цам харайх ёслол гэж юу вэ?

-Цам нь өөрөө нууц тарнийн шашин хөгжсөн газар гардаг номын зан үйл. Зуны адаг сарын шинийн зургаанд лам хуврагууд бүгд дотоод гадаад бэлтгэлээ хийгээд, Цамыг гурван өдөр хурдаг. Үүний дараа гадаа цам буюу хүрээ цам харайх ёслолыг үйлддэг. Мөн сор зална. Энэ зан үйлийг хийснээр хүн ард гурван муу хорлол буюу уур, шунал, мунхагаас хагацаж энх амгалан тайван болох, байгаль дэлхий лус савдагийг баярлуулж, эх дэлхийн амар амгалан, бороо хуртай, тэгш дүүрэн, мал сүрэг өсч, хүн ард амгалан нигүүлсэнгүй байх, сайн сайхны төлөө үйлддэг ёслол юм.

-Сүсэгтэн олон Хүрээ цам харайх ёслолд даган баясахдаа ямар нэгэн өргөл барьц бэлдэж авчрах уу?

-Манай хийдэд даган сүсэглэдэг, сүсэгтэн олон энэ зан үйлийг сайн мэддэг. Хэзээ болох гээд өөрсдийн зурхайн номоосоо хараад мэдчихсэн, хүрээд ирдэг. Ямар нэгэн өргөл барьц авч ирэх шаардлагагүй. Сүсэгтэн олон өөрсдөө ирж, сайн сайхан бүхнээ бодон дотроо залбирч, гурван муу хорлолоос өөрийгөө амирлуулж, даган баясахад болно.

-Лам хуврагууд энэ ёслолдоо яаж оролцдог вэ?

-Зуны адаг сарын шинийн зургааны орой хувцас хэрэглэл, баг, балин тахил, номын эд зүйлсээ бүгдийг нь адислаад бэлтгэлээ хангадаг. Ингээд гурван өдөр номоо хурж, сүүлийн өдөр хүрээ цам харайдаг. Энэ бол нууц тарнийн ёслолын номын зан үйл. Ард иргэд чөлөөтэй ирж даган баясах нь нээлттэй байдаг юм.

Categories
мэдээ спорт

Хөлбөмбөгийн ДАШТ-ий шилдэг 11 тоглогч тодорлоо

Өнгөрсөн зургадугаар сарын 14-нд эхэлсэн хөлбөмбөгийн ДАШТ бүтэн сарын турш дэлхий нийтийг байлдан дагуулсан. Тэгвэл энэ удаагийн ДАШТ-ий хамгийн шилдэг 11 тоглогчийг тодруулсан байна. Энэхүү шилдэг 11 тоглогчоос аварга болж “Алтан Дагина” өргөсөн Францын шигшээ багаас таван тоглогч шилдэгт орсон бол Хорват болон Уругвай шигшээ багаас хоёр хоёр тоглогч Англи болон Бельгийн багаас тус бүр нэг нэг тоглогч багтжээ.

Хаалгач Уго Льорис (Франц)

Зүүн жигүүр хамгаалагч Лукас Хернандес (Франц)

Төвийн хамгаалагч Харри Магуайр (Англи)

Төвийн хамгаалагч Диего Годин (Уругвай)

Баруун жүгүүр хамгаалагч Шиме Врсалько (Хорват)

Хагас хамгаалагч Поль Погба ( Франц)

Хагас хамгаалагч Лука Модрич ( Хорват)

Хагас хамгаалагч Н’Голо Канте (Франц)

Довтлогч Эдэн Азар ( Бельги)

Довтлогч Килиан Мбаппе ( Франц)

Довтлогч Эдисон Кавани ( Уругвай)

Categories
мэдээ нийгэм

​Үерийн улмаас зарим нутагт гамшиг нүүрлээд байна


Онцгой байдлын ерөнхий газраас хэвлэлийн бага хурал зарлан үргэлжлэн орсон усархаг аадар борооны улмаас үүсээд байгаа нөхцөл байдлын талаар мэдээлэл хийлээ. Тодруулбал, усархаг, аадар борооны улмаас Баян-Өлгий, Сэлэнгэ, Төв аймгийн сумдад гамшиг нүүрлээд байна.

Өчигдөр буюу долдугаар сарын 17-ны өдөр нийслэл хотод түр зуурын олон удаагийн давтамжтай орсон усархаг аадар борооны улмаас Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй, Баянгол, Хан-Уул дүүргийн автозам, орон сууцны байрны орц болон зоорийн давхар, айл өрхүүдийн гэр, хашаа, байшин усанд автсан, цахилгаан дамжуулах агаарын шугам унасан, автозам дээр их хэмжээний лаг шавар зөөгдөн ирж автомашины хөдөлгөөнд саад учруулсан, иргэд усанд боогдсон зэрэг үер усны холбогдолтой нийт 31 удаагийн дуудлагын дагуу Нийслэлийн Онцгой байдлын газрын бие бүрэлдэхүүн ажилласан байна. Алба хаагчид 29 хүний амь насыг авран хамгаалж, зам талбайд тогтсон их хэмжээний усыг соруулан ажиллав.

Нийт дуудлагын 73,3 хувь нь иргэдийн хашаа гэрт ус орсон, 24,9 хувь нь орц болон газар доорх зоорийн давхар усанд автсан, 1,8 хувь нь нийтийн эзэмшлийн гудамж талбай болон автозам усанд автсан зэрэг дуудлага эзэлж байна. Баянзүрх, Чингэлтэй дүүргийн 9, 11 дүгээр хорооны нутагт дэвсгэрт тус бүр нэг нэг хүн нас барсан харамсалтай хэрэг болжээ. Нэг хүн нь жалганд хэвтэж байгаад амиа алдсан бол нөгөө нь зорчиж яваад эндсэн байна. Сүхбаатар аймагт өчигдөр мөн үер бууснаас зам их хэмжээгээр эвдэрсэн аж. Цаг уур, орчны шинжилгээний газраас ирүүлсэн мэдээллээр энэ сарын 18-21-ний өдрүүдэд нийслэлийн хэмжээнд дуу цахилгаантай усархаг бороо орох тул гэнэтийн үер ус, мөндөр, хүчтэй салхины аюулаас сэрэмжтэй байхыг иргэд, аж ахуйн нэгж, байгууллагад онцгойлон сэрэмжлүүлж байна.

Баян-Өлгий аймгийн Өлгий суманд энэ сарын 15, 16-нд дараалан аадар бороо орсноос 270 гаруй айл өрх орон гэргүй болсон. Энэ тоо нэмэгдсээр байгаа. Иргэдийг сургууль, цэцэрлэгийн байранд түр байрлуулж, хоол ундаар хангах, эмнэлгийн тусламж үзүүлж байгаа юм. Өнөөдрийн байдлаар 80 гаруй өрхийн 170 гаруй иргэнд эмнэлгийн тусламж үзүүлжээ. 2016 онд Өлгий суманд үер бууж байхад хохирлын хэмжээ 2.2 тэрбум болсон. Харин энэ удаагийн үерийн хохирол 4-5 дахин өсч, 10 тэрбумаар яригдаж байна гэж албаныхан мэдээллээ. Мөн газар зүйн хувьд хотгор газар байрладаг нь үерт автах эрсдэлийг бий болгодог аж. Одоогоор сэргээн босгох болон эрэн хайх ажиллагаанд Зэвсэгт хүчин болон онцгой байдал, цагдаа зэрэг мэргэжлийн байгууллагууд оролцсон 600 гаруй хүн 100 гаруй техник хэрэгсэлтэйгээр ажиллаж буй юм. Үерт өртсөн ард иргэдэд туслахаар Улаан загалмай, Адра, Дэлхийн зөн зэрэг байгууллагууд судалгаандаа орж, ажлаа эхлүүлжээ.

Төв аймгийн Борнуур суманд энэ сарын 17-нд хүчтэй адар бороо орсноос 70 айл өрх, 10 аж ахуйн нэгж усанд автсан. Шавартайн гүүр усанд автсан. Гүүрийн тулгуур нурсан. Сэргээн босгох ажлыг хийхээр мэргэжлийн байгууллагууд ажиллаж байна. Тодруулбал, Төв аймгийн Онцгой комисс, Төв АЗЗА компани Улаанбаатар-Дархан чиглэлийн замыг сэргээн босгох, лагийг цэвэрлэх зэрэг ажлыг хийж байна. Сэлэнгэ аймгийн Сүхбаатар суманд өчигдөр усархаг бороо орсноос эрчим хүч доголдож, иргэд аж ахуйн нэгжид ч хохирол учруулжээ. 22 км төмөр зам үерийн усанд автжээ. Дөрвөн хэсэг газрын авто зам их хэмжээний шороогоор дүүрсэн. Замыг засварлах ажлыг эхлүүлээд байна гэж мэдээллээ.

Categories
мэдээ спорт

Монгол Улсын аварга Ч.Санжаадамба, Улсын арслан Н.Батсуурь нар үзүүр түрүүнд үлдлээ

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын Хүчит бөхийн барилдааны их шөвөгт Улсын аварга Ч.Санжаадамба, С.Мөнхбат, Улсын арслан Н.Батсуурь, Улсын заан Н.Жаргалбаяр нар үлдсэн.

Улсын аварга Ч.Санжаадамба Улсын аварга С.Мөнхбатыг амлан авч, Улсын арслан Н.Батсуурь, Улсын заан Н.Жаргалбаяр нар тунав.

Тэгвэл Улсын аварга Ч.Санжаадамба Улсын аварга С.Мөнхбатаар найм давж, үзүүр түрүү булаалдахаар боллоо. Улсын арслан Н.Батсуурь элэг сэмжний барьцнаас шахаж татан Улсын заан Н.Жаргалбаяраар найм давлаа.

Ийнхүү Монгол Улсын аварга Ч.Санжаадамба, Улсын арслан Н.Батсуурь нар хүчит бөхийн барилдааны есийн даваанд үзүүр түрүү булаалдахаар тунан үлдэв.

Categories
мэдээ нийгэм

​Улсын заан Н.Жаргалбаяр цолоо баталлаа

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын хүчит бөхийн барилдааны долоогийн даваа эхэллээ. Улсын заан Н.Жаргалбаяр Улсын арслан Ц.Содномдоржийг баруун зүүн золгоо хаялцах барьцнаас хавирч долоо даван заан цолоо баталлаа.

Улсын аварга Ч.Санжаадамба шинээр Улсын харцага цолны болзол хангаад байсан Аймгийн арслан Ш.Мөнгөнбаатарыг амлан авч, өвдөг шороодуулан долоо давлаа.

Улсын арслан Н.Батсуурь Улсын харцага цолны болзол хангаад байсан аймгийн арслан Н.Золбоог давхар шуудагны барьцнаас хонгодож, шөвгийн дөрөвт үлдэв.

Улсын аварга С.Мөнхбат шинэ харцага Т.Бэгзсүрэнгээр долоо давлаа. Ингэснээр их шөвөгт Улсын аварга Ч.Санжаадамба, С.Мөнхбат, Улсын арслан Н.Батсуурь, Улсын заан Н.Жаргалбаяр нар тунаж үлдлээ.

Categories
мэдээ нийгэм

Ш.Мөнгөнбаатар, Н.Золбоо, Т.Бэгзсүрэн нар харцага цолны болзол хангалаа

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваанд шинээр начин цолны болзол хангаад байгаа А.А Н.Золбоо Ц.А Д.Цэрэнтогтох нар тунав. А.А Н.Золбоо зургаа давж, начин цолоо Харцага болгох болзлоо хангав.

Улсын аварга С.Мөнхбат шинээр начин цолны болзол хангасан А.А Ш.Дарханбатаар зургаа давлаа.

Завхан аймгийн Отгон сумын харьяат Даян бөхийн дэвжээ, Хаан даатгал компанийн бөх А.А Т.Бэгзсүрэн У.Г Н.Ганбаатарыг өвдөг шороодуулан Харцага цолны болзол хангаад байна.

Улсын аварга Ч.Санжаадамба шинэ начин цолны болзол хангасан А.А Б.Батжаргалаар зургаа давав.

Сүхбаатар аймгийн харьяат А.А Ш.Мөнгөнбаатар У.Х А.Цацабширээр зургаа давж, харцага цолны болзлоо хангалаа.

Categories
мэдээ нийгэм

​Улсын арслан Ц.Содномдорж, Н.Батсуурь нар зургаа давлаа

Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Үндэсний Их Баяр наадмын Хүчит бөхийн барилдааны зургаагийн даваа эхэллээ.

Харцагын даваанд Улсын арслан Ц.Содномдорж шинээр Улсын начин цолны болзол хангаад байгаа А.А Д.Амаржаргалыг амлан авч, өвдөг шороодуулан зургаа давлаа.

Улсын арслан Н.Батсуурь шинээр начин цолны болзол хангасан А.А Ц.Бямба-Очироор зургаа давав.

Categories
мэдээ нийгэм

​Яармагийн шинэ гүүрийн хөдөлгөөнийг нээлээ

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр нийслэлийн Хан-Уул дүүргийн дөрөвдүгээр хорооны нутаг дэвсгэрт “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн шинэ гүүрийн зорчих хэсгийг нээж, өнөөдөр тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг нэвтрүүлж байна.

Уг төслийг 2016 оноос хэрэгжүүлж эхэлжээ. Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийн сэргээн засварлах, налуу гүүрэн гарц барих, хойд хэсэгт жаазан гүүр, тулгуур хана барих зэрэг ажлууд хийгдэж байна. Ингэснээр Хөшигтийн хөндий болон “Чингис хаан” олон улсын нисэх онгоцны буудал зэрэг тухайн бүсэд шинээр баригдаж байгаа орон сууцны хорооллуудын замыг холбож, авто замын нэвтрүүлэх чадварыг сайжруулж, замын хөдөлгөөний ачаалал буурах боломжтой юм.

Төслийн захиалагчаар Нийслэлийн Засаг даргын тамгын газар, Нийслэлийн Засаг даргын хэрэгжүүлэгч агентлаг Авто замын хөгжлийн газар, төслийн ерөнхий гүйцэтгэгчээр Хятадын “Төмөр замын 20 дугаар товчоо групп” корпораци ажиллаж байна. Мөн хяналтын зөвлөх үйлчилгээг “Эс Ар Ди инженер консалтинг Монголиа” ХХК гүйцэтгэж байна. Нээлтийн үеэр Нийслэлийн Засаг бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд ярихдаа “Өнөөдөр зөвхөн хөдөлгөөнийг нээж байна. Ашиглалтад орох болоогүй. Энэ гүүр нь гол, төмөр зам, гүүрэн гарц гээд бүгдийг холбосон томоохон бүтээн байгуулалт. Ашиглалтын хугацаа 60 жил. Стандартаас давсан сайн гүйцэтгэлтэй бүтээн байгуулалт болж байгаа юм” гэлээ.

Шинэ гүүр нь 250.2 метр урт, 20.5 метр өргөн, дөрвөн эгнээтэй. Хуучин гүүртэйгээ зургаан эгнээ байх юм. Шинээр барих гүүр доогуур нэвтрэх А рамп зам дээрх гүүр нь 2-10 метрийн жаазан гүүр байна. В, С рамп зам нь асфалт бетон хучилттай байх юм. Урд эргийн шинэ барих D рамп-д 9х30 метрийн хүчитгэсэн бетон угсармал дам нурууг ашиглах юм. Нийслэлийн авто зам хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр “Нийслэлийн авто замыг бүтээн байгуулалтын ажил Сонсголон, Баянзүрх, Замын цагдаа болон Яармагийн гүүрийн бүтээн байгуулалтаар үргэлжилж байна. Яармагийн шинэ гүүр ашиглалтад орсноор Нисэх, Яармаг чиглэлийн авто замын ачааллыг гурав дахин бууруулна. Гүүрийн ажлууд өнгөрсөн тавдугаар сард эхэлсэн. Бүх ажлууд товлосон хугацааны дагуу явж байгаа. Ирэх жилийн аравдугаар сар гэхэд ажлаа дуусгаад хүлээлгэж өгөх төлөвлөгөөтэй байгаа. Өдөртөө 35-45 мянган авто машин зорчино гэсэн тооцоог гаргасан” гэв.

Өнөөдөр шинэ гүүрийг нээж, хуучин гүүрийг хааж байна. Хуучин гүүрийн засварын ажил маргаашнаас эхлэх юм. Засварын ажлын хүрээнд гүүрийн ховхорсон ригель болон бетон хучилтыг засаж нөхөх, завсрын тулгуур, даацын тулгуур баганыг засварлах, хүчтэй элэгдэлд орсон даацын тулгууруудыг бэхжүүлэх, явган хүний зам, хашлага, гэрэлтүүлгийг солих, голын даланг бэхжүүлэх ажлуудыг хийнэ.