Монгол Улсын Ерөнхийлөгчийн тамгын газар, Байгаль орчин аялал жуулчлалын яам, Ойн газар, Монголын мод үржүүлэг, цэцэрлэгжүүлэлтийн мэргэжлийн холбоо, НҮБ–ын Монгол дахь суурин төлөөлөгчийн газраас “Тэрбум мод” үндэсний аяны хүрээнд өчигдөр уулзалт зохион байгууллаа. Уг арга хэмжээнд мэргэжлийн 100 гаруй төлөөлөгч оролцсон байна. Энэ талаар сурвалжиллаа. Уг уулзалтад оролцсон “UBT Garden” ХХК-ийн ерөнхий инженер Н.Баяржавхлантай ярилцлаа.
-Танай компани хэдэн төрөл зүйлийн ямар модны суулгацууд тариалдаг вэ?
-Манайх 15-20 төрлийн хоёроос арван настай моднууд тариалдаг. Шилмүүст гурван төрлийн мод, навчит төрлийн модны суулгацууд бий. Навчит модны төрөл дотроо цэцэглэдэг, жимслэдэг гоёлын мод, жимсний тэхийн шээг, мойл, үрлийн модод байдаг.
-Хүмүүс ямар төрлийн мод ихэвчлэн авдаг вэ?
-Энэ жилийн байдлаар иргэд ихэнхдээ жимсний мод, шилмүүст мод, нарс, гацуур авч байна. Аж ахуйн нэгж байгууллагууд хамгаалалтын зурвас, ойн зурвас ойжуулалт хийх зорилгоор навчит болон шилмүүст мод асуудаг.
-Ерөнхийлөгчийн санаачилсан “Тэрбум мод” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээс хойш мод үржүүлгийн газруудын борлуулалт нэмэгдсэн үү. Хавар, намартаа борлуулалт хэр байдаг вэ?
-Яг энэ уулзалт дээр наад асуудлын чинь талаар ярилцаж байна. Энэ уулзалтад мод үржүүлгийн газрууд, уул уурхайн томоохон аж ахуйн нэгжүүд “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөний хүрээнд уулзлаа. Энэ жил борлуулалтын орлого маш муу байна. Манай компани жилдээ 100-гаад сая төгрөгийн борлуулалттай байдаг байсан бол энэ жил 10 сая төгрөг ч хүрсэнгүй.
-Яагаад?
-Бид харин тэр талаар ярилцлаа. Энэ асуудал юунаас болов, яагаад орлого буурав гээд. Урьд нь хавар намартаа хүмүүс боломжийн хэмжээнд борлуулалт хийдэг байсан. Энэ уулзалтад ярилцсаныхаа үндсэн дээр юу гэж үзэв гэхээр “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөн эхлэхдээ бэлтгэл үе шат, сорилтын үе шат гэх мэтээр хуваачихсан юм байна. Тэгэхээр ирэх жилээс тарилтын үе шат нь эхлэх юм байна. Түүнээс болоод энэ жил бэлтгэл үе шат нь болохоор уул уурхайн компаниуд ч эдийн засаг хүнд байгаа гэдэг үүднээс одоохондоо мод тариалалт руугаа ороогүй байгаа гэсэн. Ирэх хавраас мод тариалалт нь эхлэх байх гэсэн зүйл л ярилцлаа. Энэ жил мод үржүүлгийн газруудын орлого тэр чигээрээ муу байна гэсэн.
-Суулгацын үнэ наснаасаа хамаараад өөр байх уу?
-Суулгац нь навчит, шилмүүстээсээ хамаараад өөр үнэтэй. Мөн бортогтой, ил үндэстэй гэдгээрээ бас өөр. Бортогтой гэдэг нь хавар дөрөвдүгээр сараас эхлээд 11 дүгээр сар хүртэл тарьж болдог модыг хэлж байгаа юм. Ил үндэстэй гэхээр хавар намар мод тарьдаг өдөр байдаг даа. Унтаа байдалтай үед тарьдаг модыг ил үндэстэй мод гэдэг. Бортогтой нь хавраас эхлээд 11 дүгээр сар хүртэл хэзээ л бол хэзээ тарьж болдог мод. Үнийн хувьд бортогтой, ил үндэстэй, навчит, шилмүүст гэдгээрээ өөр өөр үнэтэй. Модны насжилтаараа мөн өөр үнэтэй. Манай Монголын ихэнх мод үржүүлгийн газрын үнэ нь хамгийн доод тал нь 1000 төгрөгөөс эхэлдэг. Ил үндэстэй нь 1000 төгрөгөөс 100 мянган төгрөг хүртэл үнэтэй бий. Модныхоо өндөр нам, насжилтаас хамаараад. Шилмүүст мод нь 800 төгрөгөөс эхлээд 400-500 мянган төгрөг хүртэл үнэтэй. Тэр нь бас л насжилт, өндөр намаас хамаарна.
-Танай мод үржүүлгийн талбай хаана байрладаг вэ. Иргэд сонирхож үзээд очиж авъя гэвэл?
-Манайх Дамбадаржаагийн хуучин эцсээс Бэлх рүү өгсөх замд 300 метр яваад замынхаа урд талд “Мод үржүүлгийн газар” гэсэн том самбартай, талбай байгаа.
-Модны суулгац худалдаж авах хүсэлтэй хүмүүс очиж үзээд, зөвлөгөө тусламж аваад худалдаж авах боломжтой юу?
-Тийм. Бид модоо хаана тарих, ямар зориулалтаар тарих, ямар газарт суулгах зэргээс нь хамаараад худалдан авагчдадаа үнэ төлбөргүй зөвлөгөө өгдөг. Манайхтай хамтран ажилладаг компаниудад арчилгааны зардлаа төлөх юм бол манай компаниас эхний гурван жилийн арчилгааг хариуцаад явдаг. Бидэнд мөн тарьж өгдөг үйлчилгээ байгаа. Зөвлөгөө өгнө, арчилгаа үйлчилгээг хийх гэх мэтээр хэрэглэгчийн хүссэн үйлчилгээг хийх боломжтой.
-Танай компани хэдэн ажилтантай вэ. Ажилчдынхаа нийгмийн даатгал, татвар гэх мэтийг төлдөг үү. Энэ жил орлого эрс багассан гэлээ. Яаж ажиллаж байна вэ?
-Манайх үндсэн 15-18 ажилтантай. Улирлын чанартай 4-10 дугаар сарын хугацаанд 20-30 хүн авч ажиллуулдаг. Бүгдэд нь нийгмийн даатгал, эрүүл мэндийн даатгал төлөгдөнө. Бид мод тарихаас гадна зүлэг тарих, ногоон байгууламжууд хийх үйлчилгээг давхар хийдэг болохоор солонгороод тэдгээрээр орлогоо нөхөөд явдаг.
Манай компани 2012 онд байгуулагдсан. Түүнээс хойш мод үржүүлэг, ногоон байгууламж, тохижилт үйлчилгээ хийгээд явж байна. Урьдны жилүүдэд балансаа бариад цалингаа тавиад, татвар даатгалаа төлөөд таардаг байсан. “Тэрбум мод” хөдөлгөөн эхэлснээр эрэлт ихсээд борлуулалт сайжрах байх гэж найдаж байна. Энэ жил бэлтгэл үе шат нь болоод ч тэр үү борлуулалт муу байна. Ирэх жилээс борлуулалт нэмэгдэх байх аа.
-Мод үржүүлгийн салбарт шинэ техник технологи хэр нэвтэрдэг вэ. Танай компанийн хувьд шинээр нэвтэрсэн технологийг хэрэгжүүлэх боломж хэр байдаг вэ?
-Манайх Монголдоо хамгийн анх бортогтой мод гэдэг шинэ технологийг нэвтрүүлсэн. Анх Монголдоо модыг бортгонд үржүүлж эхэлсэн компани. Одоогоор манайх аль болох хүмүүсийнхээ хөдөлмөрийг хөнгөвчлөх зорилгоор механикжуулах ажил хийх гэж байна. “Тэрбум мод” хөдөлгөөний хүрээнд боломжтой тоног төхөөрөмжийг оруулж, технологийн шинэчлэл хийхийг зорьж байна. Одоогоор гадагш дотогшоо судалгаа хийгээд л явж байна. Хувийн компанид шууд шинэ технологи нэвтрүүлье гэхээр нэг шинэ механик машин л гэхэд дор хаяж 1-2 тэрбум төгрөг болдог. Бид гэхдээ аль болох боломжоороо шинэ тоног төхөөрөмжийн судалгаа хийж байна. Шинэ технологи оруулж ирэх мөнгөний боломж жаахан дутмаг байгаа. “Тэрбум мод” хөтөлбөр хэрэгжээд, борлуулалт сайжраад ирвэл бид шинэ технологи нэвтрүүлж, ажилчдынхаа хөдөлмөрийг хөнгөвчилнө.
-Танайх хичнээн га талбайд модны суулгац тарьж байна. Яг одоогоор хүмүүс худалдан авалт хийхэд хэдэн суулгац зарах нөөцтэй байна вэ?
-Манайх мод үржүүлгийн 45 мянган м.кв га талбайтай. Тэндээ бид үрээр нь тарьдаг. Тариад 1-2 настай болгоод бортгондоо шилжүүлээд борлуулалтаа хийдэг. 1-2 настай арай борлуулалтад гарах болоогүй 5 сая ширхэг мод байгаа. 2024 оны намар, 2025 оны хавраас борлуулалтад гаргана. Бэлэн борлуулалтад гарах 100 мянга гаруй суулгац бий. Төрөл зүйлээсээ хамаараад янз бүрийн суулгацууд байна.
-Жилд хичнээн суулгац борлуулах хүчин чадалтай вэ?
-Манайх жилд 500 мянган суулгац борлуулах хүчин чадалтай. “Тэрбум мод” хөтөлбөр эхлэхээс өмнө суулгацыг тэгж ихээр нь авдаггүй байсан. Зуслангийн газартаа мод тарих гэсэн юм. Хаусныхаа гадна талыг тохижуулах гэсэн юм гэдэг байдлаар ганц нэгээр л хүмүүс авдаг байсан. “Тэрбум мод” хөтөлбөр хэрэгжиж эхэлснээр бид суулгацын төрөл зүйлээ олшруулаад 2025 оны хавраас эхлээд бид жилд 5 сая ширхэг суулгац зарах боломжтой болж байгаа. Одоогийн байдлаар 100-300 мянган суулгац гаргах боломж байна. Гэхдээ тэгж борлуулж чадахгүй л байна л даа. “Тэрбум мод” үндэсний хөдөлгөөнийг маш үр дүнтэй хэрэгжээсэй гэж хүсч байгаа.
Эргээд бид 10 жилийн дараа харахад тэрбум мод маань ургасан байгаасай гэж хүсдэг. Би ойн инженер мэргэжил эзэмшээд 20 гаруй жил ажиллаж байгаа. Сэтгэл зүрхээ зориулан тарьсан мод бүхэн минь ургаасай гэж хүсч байна даа.
Ингээд мод үржүүлгийн аж ахуй эрхэлдэг таван байгууллагын холбогдох утсыг хүргэж байна.
“UBT Garden” ХХК-99049214, 89066896
“Мөнх ногоон тал” ХХК- 99050505, 99070006
“Zen Garden” ХХК-9000-3199
“Төгөл мод үржүүлэг”- 9917-0889
“Байгалиа дээдлье”- 99585858
С.ОТГОН