Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: “Урт цагаан”-ыг цэцэрлэгт хүрээлэн болгохыг ихэнх иргэд дэмжжээ DNN.mn

Хотын даргаар Хууль зүй дотоод хэргийн сайд асан Х.Нямбаатар томилогдонгуутаа гаргасан шийдвэрүүдийн нэг нь Урт цагааны гудамжны дахин төлөвлөлт. Тэрбээр “1960-1962 оны хооронд баригдсан 8000 орчим метр квадрат бүхий Урт цагааны барилгыг нурааж, нийтийн эзэмшлийн талбай буюу ногоон байгууламж болгох уу эсвэл шинээр худалдааны төв барих нь зөв үү гэдэг асуудлаар нийслэлчүүдээс өнөөдрөөс санал авахаар боллоо. Уг барилга нь нийслэлийн өмч, хятадууд барьсан юм билээ. Иргэд ulaanbaatar.mn сайтын Санал асуулга хэсэгт хандаж, зааврын дагуу саналаа өгнө. “Хурдан” системийг ашиглаж байгаа учир хэн нэгэн хүн санал асуулгын дүнг өөрчлөх боломжгүй. Санал асуулгыг өнөөдрөөс эхлэн долоо хоногийн хугацаанд явуулна.

Урт цагааны барилгыг түрээслэгчид 2020 оноос хойш нэг ч төлбөр өгөөгүй, шүүх дээр маргаан үүсгэсэн байдалтай байгаа. Уг байранд алт хайлуулах, химийн хортой бүтээгдэхүүнийг ашиглах асуудал байгааг шалгуулахаар цагдаагийн байгууллагад хандсан. Урт цагааны байрыг түрээслэгчдийг аравдугаар сарын 10-ны дотор байраа суллах тухай мэдэгдлийг аль эрт өгсөн ч суллаагүй. Нийслэлээс буюу өмчийн эзэн нь түрээслэгчдийг албадан чөлөөлөх хүсэлтийг Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хүргүүлсэн” хэмээн энэ сарын 3-ны өдөр мэдээлэл хийхдээ ярьсан.

Тэгвэл одоогоор Урт цагааны гудамж ямар байдалтай байгаа талаар сурвалжиллаа.


Өчигдөр өдрийн 13:30 цагийн үед Урт цагааны гудамжийг зорин очив. Цас бага багаар хялмаалан хаялж, нар илч муутайхан ээнэ. Тэнгис кино театрын урдуур Теди төвийн хажуугаар алхан, Урт цагааны гудамжны зүүн талын үзүүрээр тойрон эргээд зорьсон газартаа хүрлээ. Ажлын өдөр энэ гудамжны урсгал хөл хөдөлгөөн ихтэй, алтан эдлэлээ засуулах, мөнгөн тоноглолоо хайлуулах гэсэн хүмүүс, зах худалдааны төвийг зорих иргэд, түлхүүр олшруулж, гутлаа засуулахаар хүмүүсийн урсгал нааш цааш сүлжилдэнэ.

Зүүн захын эхний хаалгаар ороход түлхүүр олшруулна, алт мөнгөн эдлэл авна, гутал засна, үсчин гэх маш олон хаягтай хаалгаар орлоо. Үүдэнд нь жижигхэн өрөөнд алт мөнгөний дархан гэсэн өрөөнд 40 эргэм насны эрэгтэй сууж байлаа. Түүнтэй цөөн хором ярилцлаа. Тэрбээр ярихдаа “Амьжиргааны ганц эх үүсвэр минь энд байна. Өдөрт эндээ хэдэн алт мөнгөн эдлэл засч л амьжиргаагаа залгуулдаг. Овойж оцойтол их олоод байдаг зүйл байхгүй. Сар болгоны түрээс, ар гэрийн хэрэгцээгээ шийдэх гээд хүнд асуудал зөндөө л гарна шүү дээ. Байнгын тогтмол орлого биш. Сар бүр өөр өөр орлого олно. Зарим сар нь түрээсээ ч өгч хүрэхгүй. Заримдаа овоо хэдэн төгрөг ч олно. Энэ газрыг нураана, буулгана л гээд байх юм. Ганц амьжиргаанаасаа салчихвал яах юм байгаа юм. Энд ажиллаж байгаа иргэдийг хүн чинээ тоохгүй тэнгэрийн, тэнгэрийн юм ярьцгаах юм. Энэ барилгад миний тооцоолсноор 200-гаад түрээслэгч байгаа. Тэд бүгд амьжиргаанаасаа сална. Тэдний нэг хүний ард л гэхэд дор хаяж гурван хүн байгаа. Тэгэхээр хэчнээн өрх айл хоолноосоо салах нь уу гэдгийг бодож үзсэн болов уу. Хөрсөн дээр бууж амьдралд нийцсэн шийдвэр гаргаасай” хэмээв. Ингээд цааш алхлаа. Гутал засвар гэсэн хаягтай ойролцоогоор арав гаруй ширээ тавьжээ. Ширээ тус бүрийн ард нэг гуталчин сууна. Зарим ширээ нь хоосон байгаа нь анзаарагдав. Тэдгээр хүмүүс өнөөдөр ажилдаа ирээгүй нь энэ аж. Харин хажууд нь жижигхэн вакум ханаар тусгаарлан өрөө хийсэн нь “Түлхүүр олшруулна” гэсэн бичиг хаалгандаа наажээ. Ойролцоогоор 7х8 м.кв өрөөнд ийнхүү арав гаруй хүн тус тусдаа үйл ажиллагаа явуулж, тус тусдаа түрээс төлдөг гэнэ. Тэднээс зарим зүйлсийг тодруулахад “Бидэнд энэ газрыг түрээслэдэг хүнд тэрхүү мэдэгдэл нь ирсэн байж мэдэх л юм. Гэхдээ яг бидний гар дээр ирсэн зүйл байхгүй. Тиймээс энэ газрыг нураах хүртэл нь үйл ажиллагаагаа явуулна” гэж дуу нэгтэй хэлж байлаа.

Энэхүү байранд түрээсээр үйл ажиллагаа явуулдаг оёдолчин С.Хандмаатай ярилцлаа.

-Та энд оёдол хийгээд хэдэн жил болж байна вэ?

-Би энд ажиллаад найман жил болж байна. Энэ хооронд байнгын үйлчлүүлэгчтэй ч болсон. Гэтэл нэг л өдөр нураана, буулгана гээд хотын дарга нь ирж баахан сэтгүүлчид яриа өгөөд л. Энд ажиллаж байгаа хүмүүсийг яа гэж байгаа юм бол. Хааш нь шилжүүлэх, бидний ажлын байрыг яаж шийдвэрлэх талаар ер яриагүй.

-Та энэ шийдвэрийг эсэргүүцэж байгаа хэрэг үү?

-Эсэргүүцсэн ч биш л дээ. Гол нь энэ барилгыг нураалаа гэхэд энд түрээсээр ажиллаж байгаа иргэдийн ажлын байрыг яаж шийдвэрлэх вэ гэдэг чинь бидэнд хамаатай асуудал шүү дээ.

-Гэтэл нийслэлээс авч буй санал асуулга нь буулгах уу, үгүй юу гэдгээр биш юм билээ. Та “Та Урт цагаан”-ы дахин төлөвлөлтөд саналаа өгнө үү” гээд “Цэцэрлэгт хүрээлэн байгуулах, Дахин төлөвлөж барилга барих” гэсэн хоёр л сонголт байна лээ. Тэгэхээр буулгах нь тодорхой юм биш үү?

-Хэрэв буулгах бол энд үйл ажиллагаа явуулж байгаа иргэдийн амьжиргаа залгуулах ажлаа хийх боломжийг олгож, дараагийн газар руу нь нүүлгэн шилжүүлсний дараа буулгах хэрэгтэй. Бид чинь бас Монгол Улсын иргэд шүү дээ. Иргэдээ хөсөр хаяж болохгүй. Биднийг тэжээ, хоол өг гээгүй. Ажлын байраар хангаад өгөөч ээ. Бид амьдралаа өөрсдөө аваад явна л гэж гуйж байна.

Оёдолчин С.Хандмаа ийн байр сууриа илэрхийлэв. Энд түрээсээр ажиллаж байгаа иргэд бүгд л ийм байр суурьтай байлаа. Харин Урт цагааны гудамжинд алхаж яваа энгийн иргэдээс байр суурийг сонсов.

Иргэн С.Амаржаргал: Хэрэв энэ барилгыг заавал буулгах ёстой бол доороо олон машины дулаан зогсоолтой дээр нь нийтийн эзэмшлийн цэцэрлэгт хүрээлэн ч юм уу эсвэл залуус, хүүхдүүдэд зориулсан спорт, соёлын газар байгуулах нь зүйтэй. Өнөөдөр залуус, хүүхдүүд цагаа зөв боловсон өнгөрүүлэх газар тун ховор байна.

Иргэн Э.Долгор: Түүх соёлоо бодвол энэ газрыг аль болох хүчитгээд хуучин хэвээр нь сэргээн засварлавал хотын маань түүхийн нэгэн хэсэг юмсан. Хэрэв үнэхээр тийм боломж байхгүй бол цэцэрлэгт хүрээлэн болгосон нь л дээр байх.

Иргэн Ц.Ариумаа: Доороо машины зогсоолтой, дээр нь цэцэрлэгт хүрээлэн хийсэн нь л олонд хэрэгтэй байх даа. Энд угаасаа орон сууц хэрэггүй шүү дээ. Тэртээ тэргүй тойроод зөндөө худалдааны төвүүд байна. Жуулчдаа татъя гэж байгаа бол өндөр шилэн барилга биш монгол ахуйгаа харуулсан цомхон шийдэлтэй үндэсний үйлдвэрлэл, гар урлалын зүйлс зарах жижигхэн худалдаа наймаа эрхлэх газар хийсэн нь дээр байх. Бусад хэсгийг нь цэцэрлэгт хүрээлэн болгочихвол хотынхоо төвд иргэд амарч зугаалах сайхан талбай шүү дээ. Иргэд өнөөдөр хотын төвд тааваараа суугаад, зуны улиралд таатай цагийг өнгөрүүлэх газар байхгүй шүү дээ. Тийм л болговол зүгээр санагддаг.

Урт цагааны гудамжаар алхах иргэдийн байр суурь ийм байлаа. Тус гудамжны түүхийг сөхвөл Улаанбаатар хотын хамгийн эртний гудамжны нэг бол Жуулчны гудамж. Хүмүүсийн ярьж заншсанаар Урт цагааны гудамж юм. Энэ гудамж 1778 онд Их хүрээ одоогийн байршилд ирж суурьшихад үүсчээ. Хүрээний анхны худалдааны төв гудамж. Тухайн үеийн хэллэгээр Хүрээний их зээлийн газар нь түм түжигнэж, бум бужигнасан их хөлийн газар байв. Энэ гудамж нь одоогийн Дүрслэх урлагийн музей, Барилгачдын талбайгаас баруун тийш Туул ресторан, Урт цагаан, Шар дэлгүүр, цаашлаад Гандангийн хүр хүртэл үргэлжилдэг байлаа. Энд монголчуудаас гадна Хятад, Орос, Англи, Япон, Төвөд тэргүүтэй гаднын улс орнуудын пүүс, дэлгүүрүүд худалдаа эрхэлдэг байжээ. Энэхүү гудамжинд Их хүрээний үеийн нэг, Нийслэл хүрээний үеийн хоёр, Социализмын үеийн долоон түүхэн барилга байдаг. Худалдааны гудамжийг 1970 онд Октябрийн гудамж, 2002 онд Жуулчны гудамж хэмээн нэрийджээ.

Тэгвэл хотын зарим иргэдийн байр суурь ямар байгаа талаар тодрууллаа.

Иргэн Т.Лут-Очир: Урт цагааны гудамжинд байгаа тэрхүү барилга өөрөө Улаанбаатар хотын түүхэн барилга. Аль дээр үед Хүрээнээс эхлээд л “Худалдааны гудамж” нэршилтэй байсан юм билээ. Тухайн үедээ гадаад дотоодынхон тэнд худалдаа наймаа эрхэлдэг байсан. 1958 онд анх Хоршоологчид буюу хувиараа бизнес эрхлэгчид өөрсдийн хөрөнгөөр барьсан. Сүүлд нийслэлийн өмчид оччихсон байгаад одоо нийслэлийн өмчөөс хасчихсан байгаа юм билээ. Тэгээд нийслэлээс санал аваад ард иргэдийн ихэнх нь тэрхүү байшинг нураагаад цэцэрлэгт гудамж болгоё гэж санал өгсөн юм билээ. Миний хувьд хотын түүхийг үлдээх ёстой гэж бодож байна. Угаасаа л энэ барилга хүмүүст үйлчилгээ үзүүлдэг байсан. Түүнийг нь орчин үетэй нийлүүлээд үлдээх хэрэгтэй гэж бодож байна.

Иргэн Д.Монголхүү: Би буулгасны дараа яах вэ гэдэг зүйлийг огт яримааргүй байгаа. Буулгаж болохгүй гэдэг дээр маш хатуу байр суурьтай байгаа. Хэрэв нэгэнт хотын иргэдээс үл шалтгаалсан байдлаар асуудлыг явуулаад Төв музейг нураасан шигээ машиндаад явах юм бол Урт цагааныг “Урт ягааны гудамж” болгоод биеэ үнэлэлтийг хуулиар хүлээн зөвшөөрөөд явсан нь дээр гэж бодож байна. Социализмын үед баригдсан барилгууд монголчуудын хотжиж эхэлсний түүхэн эхлэл. Тэр утгаараа хотынхоо ой санамжийг үе дамжуулан тээж, хөшөө дурсгалын үүргийг гүйцэтгэдэг түүхэн барилгуудаа нэг нэгээр нь ингэж устгаад баймааргүй байна. Тэгэхээр Урт цагааны гудамжийг устгана гэдэг хотынхоо ой санамжийг устгаж байгаагаас ялгаагүй. Хөгшин европ гээд л бид яриад байдаг. Европчууд анхныхаа баригдсан барилгуудыг сэргээн засварлахдаа орчин үеийн материалаар биш, тэр үед ямар материалаар барилгыг барьж байсан гэдгийг шинжилж, судлаад түүнийг нь боловсруулж түүхэн барилгаа засварладаг. Тэр үед ямар шавраар тухайн барилгыг барьсан түүнийг нь найруулж, боловсруулж, шинжилж судлаад яг адилхан материалаар сэргээдэг. Гэтэл бид түүхэн барилгуудаа нураана гээд сууж байдаг. Ер нь бол Оросын их хядлагын үед ч Улаанбаатар хотын түүхэн барилгуудыг нураалгүй үлдээснийг санах хэрэгтэй.

Иргэн Г.Ганбат: Монгол хүн монгол гэрт амьдарч байгаад суурин соёлд шилжсэн. Бид өв уламжлалаа бодсон ч монгол гэрээс орон сууцанд нүүж орсон ч аав ээжийнхээ өвлөж үлдээсэн авдар савыг энэ хуучин муу юм гээд гаргаж хаядаггүй. Шинэ байрандаа аавынхаа, ээжийнхээ, эмээ өвөөгийнхөө авдрыг үнэ хүндтэй газраа хоймортоо байршуулдаг. Түүнтэй адил хотынхоо түүх болсон үлдэж хоцорсон барилгуудаа эхнээс нь Байгалийн түүхийг музейг нураачихсан. Одоо МУИС-ийн гуравдугаар байрыг нурааж байна. СЭЗДС-ийн барилгыг нурааж байна. Үндсэндээ Улаанбаатар хотын түүх байсан неоклассик стилийн түүхэн дурсгалт барилгуудад маш хүйтэн цэвдэг сэтгэлээр хандаж байгаад өөрийн чадал хэрээр эсэргүүцдэг. Гэсэн ч нурааж байгаад Улаанбаатар хотынхоо иргэн хүний хувьд маш их харамсдаг. Яг түүнтэй адил барилгуудын нэг нь Урт цагааны гудамжны барилгууд тэр чигээрээ ордог. Урт цагаан бол Монголын биет соёлын өв болох уран дархан, алт мөнгөн эдлэлээр эд хэрэглэл хийдэг Монголын хамгийн том биет соёлын өвийг тээж яваа газар. Тухайн барилдга нь олон жил нийслэлийн өмч байх хугацаандаа муудсан. Үнэхээр өмчийн эзний хувьд маш арчаагүй байдалтай байлгасаар өдийг хүрсэн. Ийм болгосон хойноо нэгэнт муудчихсан юм чинь нураана гэдэг байр сууринаас хандаж байгаад гомдож, харамсаж байна. Урт цагааныг хуучин төрхөөр нь сэргээн засварлаад, одоогийн зорилго жуулчны гудамж хэвээр үлдээж, Монголын соёлын өв болсон уран дархчуудын төв байх хэрэгтэй гэж боддог. Бид жуулчид ирэхэд үзүүлэх юмгүй гээд байдаг. Гэтэл тэдгээр уран дархчууд жуулчдад Монголын уран дархчууд ээмгийг ингэж хийдэг, бөгжийг ингэж хийдэг, эмээлийн бүүрэг ингэж урладаг гээд нүдэн дээр нь дархлаад, урлаад үзүүлээд, гайхуулаад явах боломжтой ийм газар гэж би боддог. Би Урт цагааныг нураагаад оронд нь иргэдэд зориулсан амралт зугаалгын цэцэрлэгт гудамж болгоно гэдэгт итгэхгүй байгаа. Та бүхэн санаж байвал 13 дугаар хороолол дөрвөн замын уулзвар дээрх East төв шатаад олон жил болж байна. Түүнийг цэцэрлэгт болгоно гээд шатсан туурийг нь буулгасан. Гэтэл өнөөдөр тэнд зүгээр л нөгөө л өндөр барилгаа барьж байна. Тэгэхээр Урт цагааныг буулгаад нөгөө л оффисийн барилгаа барих байх гэж би боддог. Манайх яг иргэдэд зориулсан маш гоё цэцэрлэгт хүрээлэн барьж чаддаггүй. Хэдэн улиас, хайлаас л тарьдаг. Усан ориглуур нь зуны 2-3-хан сар л ашигладаг. Тиймээс Урт цагааныг буулгаад цэцэрлэгт хүрээлэн байгуулна гэхэд итгэдэггүй.

Иргэн Ц.Уянга: Урт цагааныг яг хуучин байснаар нь сэргээн засч машин явдаггүй хуучин хэвэнд нь оруулчихвал хамгийн гоё гудамж шүү дээ. Социализмын үед ч оросууд түүхэн өгөгдлийг нь эвдээгүй. Үндэстний суурин соёлын ой санамжийг нь хүндлэн, органик үүсэл хөгжил дээр нь тохируулж төлөвлөлт хийж өгч байсан юм шүү. Түүхийг буцааж босгох ямар ч аргагүйг санаарай.

Нийслэлийн Засаг даргын тамгын газраас Ulaanbaatar.mn хаягаар авч буй санал асуулга “Урт цагааныг өөрчлөхөд та санал өгөх үү?” гэсэн асуулттай. Хариулт нь “Цэцэрлэгт хүрээлэн байгуулах, Дахин төлөвлөж барилга барих” гэсэн хоёр сонголттой. Энэхүү санал асуулгад өчигдрийн байдлаар нийт 3436 хүн оролцжээ. Тэдний 96 хувь нь буюу 3294 иргэн “Цэцэрлэгт хүрээлэн барих” гэсэн хариултыг бөглөжээ. Харин “Дахин төлөвлөж барилга барих” гэсэн хариултыг дөрвөн хувь буюу 142 хүн дэмжжээ.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Д.Сэржмядаг охины ээж Б.Хоролмаа: Хэний зөвшөөрлөөр миний хүүхдийн зургийг алуурчны зурагтай зэрэгцүүлж тавиад байгаа юм бэ DNN.mn

Дорноговь аймгийн Замын-Үүд сумын III багийн нутаг дэвсгэр “Мөнгөн шонхор” гудамжны задгайгаас 2017 оны арваннэгдүгээр сарын 2-ны өдрийн 12:10 цагийн үед найман настай Д.Сэржмядаг охин хичээлдээ явахаар гараад ор сураггүй алга болсон байдаг. Охин алга болоод зургаан жилийн нүүрийг үзжээ. Энэ хугацаанд нийт 1200 гаруй алба хаагч, ажилтан, иргэд, албаны эрэлч нохой, давхардсан тоогоор 118 тээврийн хэрэгсэлтэй Замын-Үүд сумыг бүхэлд нь нэгжсэн гэдэг. Ингэхдээ I, II, III, IV, V багийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулж буй 24 байгууллага, 214 аж ахуйн нэгж, 4947 айл өрхөөр нэг бүрчлэн орж шалган, тус суманд шинээр баригдаж байгаа, бүрэн дуусаагүй, бүрэн дууссан боловч ашиглалтад ороогүй 47 айлын орон сууц, 445 траншей, бохир усны нүхийг шалгаж, сумын нэгдсэн ус цэвэрлэх байгууламжийн усыг шүүж ёроолыг нь шалган, байшингийн дээврийн хонгил, байшин, хувийн сууцандаа подвал, зоорьтой 174 объектод үзлэг шалгалт хийж гүйцэтгэсэн байна. Мөн охины хил давуулсан байж болзошгүй гэх таамаглал гарсан ч өнөөдрийг хүртэл тодорхойгүй байсаар. Мөн Замын-Үүд сумын нутаг дэвсгэрээр автомашин болон галт тэргээр зорчиж явсан, дамжин өнгөрсөн тус суманд амьдардаг 550 иргэнээс мэдүүлэг авч, 32 мянган иргэн, 1000 тээврийн хэрэгслийн лавлагаа мэдээллийг шалгаж, шаардлагатай бүх үйл ажиллагааг явуулсан байдаг. Охин тухайн үед Ерөнхий боловсролын II сургуульд сурдаг байв. Д.Сэржмядаг сураггүй алга болох үедээ 130-150 см өндөртэй, цэнхэр дотортой, ягаан өнгийн даавуун куртик, ягаан өнгийн сурагч цүнхтэй, сурагчийн дүрэмт хувцастай, хар өнгийн ноосон өмд, хүрэн өнгийн урт түрийтэй гуталтай явсан гэдэг.

Дахин энэ оны аравдугаар сарын 3-ны өдөр мөн л аймгийн нутаг дэвсгэрээс хичээлдээ явахаар таксинд суусан 12 настай охин сураггүй алга болж цогцсыг нь 6-ны өдөр олсон байдаг. Энэ хэргийн сэжигтэн Г.Гантулгыг хоёр охины хэрэгт хамаатай байж магадгүй гэсэн таамгийг зарим хүмүүс дэвшүүлээд байсан.

Гэтэл Д.Сэржмядаг охины хэргийн дагуу нэг хүнийг хоёр жил шалгаж байгаа. Хэрэг бараг шийдэгдэх шатандаа яваа гэсэн мэдээлэл олон нийтийн сүлжээнд тавигджээ. Уг мэдээллийн дагуу сурвалжиллаа.

Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Манайд ийм мэдээлэл ирээгүй. Мэдээлэл өгөх боломжгүй” гэв. Дорноговь аймаг дахь цагдаагийн газраас тодруулахад “Уг хэргийн талаар мэдээлэл өгөх хүн алга” гэсэн хариуг өгөв. Ингээд тухайн үед охины ангийн багш байсан Дорноговь аймгийн ерөнхий боловсролын II сургуулийн багш Я.Өлзиймаатай холбогдлоо. Тэрбээр ярихдаа “Тухайн үед хүүхдүүдийн сэтгэл санаанд их нөлөөлсөн. Манай ангийнхан тэр чигээрээ өдөр бүр Сэржмядагийг хичээлдээ ирэх байх гэж хүлээдэг байсан. Би тухайн үед хэд хэдэн удаа цагдаагийн газарт байцаалт өгсөн. Сүүлд сонсоход ээж, аав нь эндээс нүүгээд явсан гэсэн сураг дуулдсан. Жил бүрийн арваннэгдүгээр сарын 2-ны өдөр хүндхэн өнгөрдөг” гэсэн юм.

Ингээд Д.Сэржмядаг охины ээж Б.Хоролмаатай ярилцлаа.


-Цагдаагаас та бүхэнтэй холбогдож байгаа юу?

-Өнөө өглөө (өчигдөр өглөө) цагдаа нартай ярьсан.

-Танд юу гэж хэлэв?

-Шалгаж байгаа л гэсэн.

-Цахим орчинд сүүлийн хоёр жил охины хэрэгт холбогдуулаад нэг хүнийг шалгаад хэрэг шийдэгдэх шатандаа яваа гэсэн утгатай мэдээлэл явж байна лээ. Энэ талаар танд мэдсэн зүйл бий юу?

-Наадхыг чинь одоо л чиний амнаас сонсож байна. Би цахим орчинд орох боломжгүй утас барьж байгаа болохоор мэдээллээс хол байгаа.

-Дорноговь аймгийн цагдаагаас тодруултал тодорхой хариулт өгөх хүн алга гэсэн?

-Шалгалтын ажиллагаа явагдаж байгаа. Тодорхой шийдвэр гараагүй л байна.

-Сүүлд алга болсон 12 настай охины хэргийн сэжигтэн Г.Гантулга гэгчийг бас охины хэрэгт хамаатай гэх мэдээлэл яваад байсан. Та харсан уу?

-Монгол Улсын хэмжээнд ямар хэрэг гарна, бүгдийг л шалгадаг. Алга болсон охидын хэргийг бүгдийг нь шалгаж байгаа. Охины минь зургийг алуурчны зурагтай хамт нийтэлчихсэн байх юм. Би бүр гайхаад байна. Хүмүүс над руу яриад байна. Хүүхдийн чинь зураг алуурчны зурагтай зэрэгцээд гарчихсан байна гээд. Өөрсдөө үр хүүхэдгүй юм шиг ямар муухай юм бэ. Тэр алуурчныхаа зургийг л тавина биз. Яагаад миний охины зургийг зэрэгцүүлж тавиад байгаа юм бэ. Хүүхдийнхээ зургийг ариун сайхан байлгамаар байх юм. Өөрсдийнх нь хүүхдийн зургийг алуурчны зурагтай зэрэгцүүлээд тавибал тэдэнд ямар санагдах бол. Хэчнээн хэвлэл мэдээлэл ч гэсэн ард түмнийхээ талд байх хэрэгтэй шүү дээ. Хэрэв сонинд нийтлэх гэж байгаа бол миний охины зургийг алуурчны зурагтай бүү тавиарай. Миний охины зургийг тэгж тавьсан ямар сайтууд байна, бүгдэд нь би гомдол бичиж өгнө. Өнөөдөр би цагдаад хэлсэн. Манай хэвлэл мэдээллээс тэгж цацаагүй ээ. Та гомдол хүсэлтээ гаргаад өгч болно гэсэн. Хүүхдийн эрх шүү дээ. Хэний зөвшөөрлөөр миний хүүхдийн зургийг тэгж байгаа юм бэ. Алуурчны хажууд. Дангаараа, ганцаараа миний охин байсан бол хамаа алга. Алуурчинтай зэрэгцээд байж байгаа юм. Тэгэхээр чинь ямар ч хүний эцэг, эх дургүйцнэ биз дээ.

Танайхыг Дорноговь аймгаас хот руу шилжсэн гэсэн. Хэзээ шилжиж ирэв?

-Тийм тийм. Ирээд гурван жил боллоо. Коронагийн үеэр ирсэн.

-Та хил онгойхоор урагшаа гарч охиноо эрж хайна гэж байсан гарсан уу?

-Гарсан гарсан. Эгч нь гараад охиноо хайсан. Даанч ямар ч сэжүүр олж чадаагүй. Сайтуудад хатуухан сануулга өгмөөр байна. Хүний өмнөөс шийдэж, хүүхдийн эрхэнд халдаж, дур мэдэн зураг тавьж байдаг. Өрлөг гэдэг сайт тавьсан л гэнэ. Цагаачууд овогтой Тайвантөр гэсэн. Өнөөдөр бас Зариг тавьсан байна гэж манай охин над руу утсаар яриад хэлээд байна. Тэр зургуудыг яаралтай устгуулмаар байна. Гомдлоо гаргана гэв.

Тухайн хэргийн талаар Дорноговь аймгийн иргэнтэй холбогдоход “Д.Сэржмядаг охины хэрэг ч тэр, сүүлд алга болсон 12 настай охины хэрэг ч тэр энд маш нууцлагдмал байгаа. 12 настай охины цогцсыг олоход эд эрхтэн нь байгаагүй, хүн харахын аргагүй байсан гэсэн. Тиймээс сураггүй алга болсон охидын хэргийг энд их нууцалж байгаа. Хүүхэдтэй хүн болгон энд айдастай байна. Хүүхдүүдээ ганцааранг нь явуулахаа больсон. Гараас гарт хөтөлбөрийг утгаар нь хэрэгжүүлж байгаа. Угаасаа камер муутай, хараа хяналт султай газарт эцэг эхчүүд өөрсдөө л үр хүүхдэдээ анхаарахгүй бол хэцүү болсон цаг үе. Хүүхэд алга болсон хэрэгт албаныхан оролцоотой байж магадгүй. Нэг хүн ганцаараа яагаад ч тийм хэрэг хийхгүй гээд эмч нарыг хүртэл цагдаагаас дуудаж шалгасан. Яагаад вэ гэвэл мэргэжлийн бус хүн хүний эд эрхтнийг авч чадахгүй шүү дээ” хэмээн ярив.

Цагдаагийн байгууллага сүүлийн 10 жилийн хугацаанд 10.000 хүүхдийг эрэн сурвалжилж, ар гэрт нь хүлээлгэж өгчээ. 1996-2022 оны хооронд 16 хүүхэд сураггүй алга болсон. Үүнээс гэмт хэргийн улмаас алга болсон байж болзошгүй хоёр хүүхэд байдаг. Энэ нь Сэлэнгэ, Дорноговь аймагт бүртгэгджээ. Харин 14 хүүхэд ахуйн ослын улмаас алга болсон тул цагдаагийн байгууллага тасралтгүй эрэн сурвалжилж байна хэмээн ЦЕГ-ын Гэр бүлийн хүчирхийлэл, хүүхдийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсээс мэдээлж байлаа. Харин ОБЕГ-аас “Он гарсаар сураггүй алга болсон 274, төөрсөн 12 тохиолдол бүртгэгдэж, 204 иргэний (том хүн 170, хүүхэд 16, гадаад улсын 31) иргэний амь насыг авран хамгаалсан. Харамсалтай нь 27 иргэн (том хүн 22, хүүхэд 5) нас барсан” гэсэн мэдээллийг өгөв.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

ӨДРИЙН СУРВАЛЖИЛГА: Өвөлжилт хүндхэн эхэлж байна гэв DNN.mn

Арваннэгдүгээр сарын 3-ны өдөр хөдөө орон нутагт үргэлжлэн орсон цас хүндрэлтэй нөхцөл байдал үүсгэсэн. Энэ талаар сурвалжиллаа. Өнгөрсөн өдрүүдэд нөхцөл байдал улс орон даяар ямар байсан талаар ОБЕГ-ын Урьдчилан сэргийлэх газрын дарга, хурандаа Ц.Уранчимэгтэй ярилцлаа.


-Өнгөрсөн өдрүүдийн цаснаар орон даяар нөхцөл байдал ямар байв?

-Онцгой байдлын байгууллагаас арваннэгдүгээр сарын 3-6-ны өглөөг хүртэлх хугацаанд 46 техник хэрэгсэлтэйгээр 280 алба хаагч ажилласан. 12 аймгийн 24 суманд үүрэг гүйцэтгэсэн. Нийт ажиллах хугацаанд гал түймрийн дуудлага, цасанд боогдсон, хээр төөрсөн гэх дуудлагууд давамгайлсан. Энэхүү дуудлагуудыг буцаагаад дүгнээд үзэхээр малчид, ард иргэд, тээвэрчид маань цаг агаарын мэдээг анхаарч сонсож, түүндээ дүн шинжилгээ хийгээд холын замд гармаар байна. Малаа хол бэлчээмээргүй байна. Бага насны хүүхдээ малд явуулмааргүй байна. Яг энэ өдрүүдээр отор нүүдэл хийх, хаваржаанаас өвөлжөөндөө буух гэх мэт нүүдэл хийсэн дуудлага мэдээлэл давамгайлсан. Тиймээс малчид, иргэд цаг агаарын мэдээг сонсож дүн шинжилгээ хийгээд, дараа дараагийн үйл ажиллагааг төлөвлөдөг байх шаардлага тулгараад байна. Цаг уур болон мэргэжлийн байгууллагуудаас мэдээллийг цаг алдалгүй шуурхай дамжуулж байгаа. Үүн дээр

мэдээллийн эх сурвалжууд, хэвлэл мэдээллийн бүх байгууллага байнга хамтран ажиллаж, бүх сувгаар дамжуулан, мэдээлж байна. Гэвч иргэд өөрсдийн хайхрамжгүй хэнэггүй байдлаас болж харамсалтай зүйлүүд тохиолдож байна.

-Цахим сүлжээнд арван иргэн осгож нас барсан гэсэн мэдээлэл явж байна лээ?

-Найман хүн амь насаа алдсан гэсэн харамсалтай мэдээлэл байна.

-Малын тоо толгой хорогдсон уу?

-Мал олноор хорогдсон тохиолдол одоогоор бүртгэгдээгүй.

-Зам даваа гүвээнд машин хаагдаж боогдлоо гэсэн дуудлага их байсан уу?

-Улаанбаатар хотын хоёр дүүрэг, найман аймгийн нутагт зам даваа боогдлоо гэдэг нийт 42 дуудлага ирсэн. Эдгээр дуудлагаас 152 иргэний амь насыг авран хамгаалсан. 42 тээврийн хэрэгслийг татан гаргах ажиллагааг Онцгой байдлын алба хаагчид зохион байгуулсан.

-Одоогоор хаалттай зам бий юу?

-Одоо зам хаагдсан зүйл байхгүй. Бүх зорчих хэсгийг нээсэн.


ОБЕГ-аас дээрх мэдээллийг өглөө. Завхан аймагт нөхцөл байдал ямар байгаа талаар Завхан аймгийн Онцгой байдлын газрын дарга Ө.Болдоос тодруулахад “Завхан аймгийн төв цас ихтэй байгаа. Хөдөө орон нутгаар маш их цас орсон.

Одоо дахин шуурах юм бол зудын байдалд орох эрсдэл үүссэн. Өвөлжилт хүндхэн эхэлж байна. Онцгой байдлын газарт машин суусан, төөрсөн, цаснаар мал уруудсан гэх дуудлага их ирсэн. Хүн хохирсон, мал хорогдсон зүйл одоогоор байхгүй” гэв.

Төв аймгийн Эрдэнэсант суманд үргэлжлэн орсон цасны улмаас таван насанд хүрсэн иргэн, нэг хүүхэд цасан шуурганд төөрч, осгож амь насаа алдсан харамсалтай хэрэг гарсан. Энэ талаар Төв аймгийн Эрдэнэсант сумын Засаг даргын Тамгын газрын дарга Б.Сарантуяагаас тодрууллаа.


-Танай суманд нэлээд хүндрэлтэй нөхцөл байдал үүссэн мэдээлэлтэй байна. Одоогоор нөхцөл байдал ямар байна вэ?

-Одоогоор сумын нийт нутаг дэвсгэрээр цасан бүрхүүл тогтсон. Цасны зузаан багадаа 34-40 см. Энэ бол хамгийн нийтлэг хэмжээ. Гуу жалга дүүрсэн, баг хоорондын машин техник явдаг замууд бүгд хаагдсан. Хөдөө сумаас төв рүү орж ирдэг замууд бүгд хаагдсан. Иймэрхүү л байдалтай байлаа. Тэр өдөр эхэндээ бороо орсон. Үргэлжлээд цас болсон учраас маш их нягтаршсан, доороо мөстэй болчихсон. Өвөлжилт нэлээд хүндрэх төлөвтэй эхэлж байна.

-Энэ өдрүүдэд дуудлага мэдээлэл их ирсэн үү. Хүний амь эрсэдсэн тохиолдол бүртгэгдсэн байсан?

-Шуурганд төөрлөө, малтайгаа уруудлаа гэсэн 12 иргэний дуудлага мэдээлэл сумын Онцгой комисст ирсэн. Үүнээс насанд хүрсэн таван хүн, нэг хүүхэд нас барсан харамсалтай мэдээлэлтэй байна. Шуурганд осолдож нас барсан.

-Мал хорогдсон талаар мэдээлэл бий юу?

-Одоогоор мал хорогдсон тухай мэдээлэл ирсэн зүйл алга. Намрын шуурганд мал хорогдох нь бага байдаг. Гэхдээ одоо ямар нөхцөл байдалтай байна гэхээр ер нь их олон айл тэрхүү шуурганаар малаа алдсан. Олон ч айл малаа олж, шүүж, бүртгэж амжаагүй байна. Ерөнхийдөө айлууд малынхаа эрэлд их явж байна. Одоогоор мал олон тоогоор хорогдсон, хохирол амссан гэсэн мэдээлэл байхгүй. Өнөөдөр (өчигдөр) сумаас ажлын хэсэг гараад багуудад ажиллаж байна. Тэрхүү мэдээлэл нэгтгэгдэж гарсны дараа хорогдсон малын тоо толгой мэдэгдэх байх. Түүний дараа л хорогдсон малын тоо мэдээлэгдэх болов уу гэж бодож байна.

-Сумын хувьд өвөлжилтийн бэлтгэл байдлаа хэр хангасан бэ?

-Малчин өрхүүд өөрсдийнхөө хэмжээнд малынхаа өвс тэжээлийг бэлтгэсэн. Малчин өрхийн шалгуур үзүүлэлт гэдэг албан даалгаврууд өгөгддөг. Түүнийхээ дагуу бэлтгэлээ хангасан. Өөрсдийнхөө бололцоо, нөөц, хөрөнгө чинээний хэрээр таримал тэжээл, гараар бэлтгэсэн хадлангаа бэлтгэсэн. Манай сум харьцангуй газар тариалан ихтэй учраас тэжээлийн будаа нөөцөлсөн. Ийм л байдалтай өвөлжилтийн бэлтгэлийг хангасан.

-Танай суманд малчин өрх хэд байдаг вэ. Өвөл цаг агаарын байдал хүндэрнэ гэж эхнээсээ мэргэжлийн байгууллагууд мэдээлж байна. Энэ талаар малчин өрхүүдэд сэрэмжлүүлэх байдлаар хэр ажиллаж байгаа вэ?

-Манай суманд 938 малчин өрх байгаа. Мэдээллийн хэрэгслүүдээр малчин өрхүүдэд зориулсан цаг агаарын мэдээ маш их тавигдсан. Тэр мэдээллийг бид боломжийн хэрээр мэдээллийн сувгуудаараа шэйрлээд, тааглаад, түгээж байсан. Өөрсдийн фэйсбүүк хуудас, баг бүрийн иргэдтэйгээ харилцдаг фэйсбүүк группүүдээр тараадаг. Дээрээс нь хурал цуглаан болгоноор мэргэжлийн байгууллагуудын урьдчилсан мэдээлэл ийм байна гэж сануулдаг. Мөн УЦУГ-аас гаргасан албан мэдээллийг иргэдийн гар утсанд масс мессеж хэлбэрээр дамжуулдаг. Дээр нь самбар, үзүүлэн зэргээр мэдээллүүдээ түгээж байсан.

-Тэдгээр 938 малчин өрхөд дараа дараагийн сэрэмжлүүлэг, анхааруулгыг тасралтгүй өгч байна уу?

-Бид цаг агаар урьдчилсан мэдээллүүд дээр үнэлэлт дүгнэлт хийгээд одоо өвөлжилт хүндэрнэ гэдэг нь гарцаагүй боллоо гэдэг дүгнэлтэд хүрсэн. Сумын Онцгой комисс хэд хэдэн удаа хуралдлаа. Нөхцөл байдалдаа дүн шинжилгээ хийж, үнэлгээ өглөө. Ер нь сумын хэмжээнд цасан бүрхүүл тогтчихлоо. Доод цасан бүрхүүл нь нэлээд их хэмжээний цастай тогтчихсон. Тийм учраас өвөлжилт гарцаагүй хүндрэх нөхцөл байдал руугаа орлоо гэдгийг багууддаа сануулж, ажлын хэсэг гарчихсан ажиллаад явж байна.

-Бусад аймаг, сумдын нутгаас отор нүүдлээр ирсэн малчид байсан уу?

-Одоогоор отроор ирсэн малчин байхгүй. Өвөрхангай аймгийн Баян-Өндөр, Бүрд сумын зарим малчид байнга сумын зах хязгаараар нутаглаж байдаг. Энэ жилийн хувьд зориод отроор ирсэн малчид алга.

-Цас дагтаршсан гэхээр мал цасан доор дарагдсан өвсийг ухаж идэх боломжгүй болчихсон гэсэн үг үү?

-Боломжгүй болсон.

Сумын хэмжээнд нөхцөл байдал ийм байна. Арваннэгдүгээр сарын 3-ны өдөр Өвөрхангай аймгийг зорьж байсан иргэн Б.Баттулга тус сумын нутаг дэвсгэрт цасанд боогдон цааш явах аргагүй болсноо сумын фэйсбүүк группэд нийтлэн тусламж хүсчээ.

Иргэн Б.Баттулгатай холбогдон тухайн үед юу болсон талаар тодрууллаа.

-Та хотоос хэдэн цагт гарч, хэзээ Эрдэнэсант суманд очсон бэ?

-Би Улаанбаатар хотоос өдрийн 13:00 цагийн үед гарсан. 10 км газар маш удаан түгжирч, цасанд боогдсон. Ингээд 3-наас 4-нд шилжих шөнийн 03:00 цагийн үед Төв аймгийн Эрдэнэсант сумын төвд очсон.

-Тухайн үед цасан шуурга болж байсан шүү дээ. Нөхцөл байдал ямар байсан бэ?

-Үзэгдэх орчин тэр чигтээ хязгаарлагдсан. Машины хаалга, цонх онгойлгох боломжгүй болтол цасан шуурга шуурсан. Эрдэнэсант сумын Онцгой байдлын хэлтсээс арга хэмжээ авсан ч тухайн үед цас түрэх ганц л техник хэрэгсэл байсан. Тэр нь цасаа түрж хүчрэхгүй, зам хаасан нөхцөл байдалтай байсан даа.

-Машин дотор болон гадаа температур тэр үед хэдтэй байсан бэ?

-Машин дотор -2 градус байсан. Гадаах цаг агаарын мэдээлэл худлаа заагаад, аль нь үнэн эсэхийг мэдэх боломж гараагүй. Гадаа 10 секунд зогсоход л гар хайрч, чих халуу дүүгэж байсан.

-Таныг тус сумын фэйсбүүк группэд тусламж хүссэн пост бичихэд хүмүүс тусалсан уу?

-Эрдэнэсант сумын нэг иргэн манайд ирээд хоночих гэж бичсэн. Даанч очих ямар ч боломж байгаагүй. Бас нэг хүн хоол цай дөхүүлээд өгье гэсэн ч хашааны хаалгаа онгойлгож чадахааргүй тийм их цас нөмөрсөн байсан.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ч.Батзориг: Машиныг цахим бүртгэлжүүлснээр E-Mongolia-гаас лавлагаагаа аваад төрийн үйлчилгээнүүдэд хамрагдаж болно DNN.mn

Авто замын түгжрэлийг бууруулах төслийн нэгжийн захирал Ч.Батзоригтой машины цахим гэрчилгээний талаар ярилцлаа.


-Машины цахим гэрчилгээний олголт хэвийн явагдаж байгаа юу?

-Улсын хэмжээнд өнөөдрөөс (өчигдрөөс) эхэлж байгаа. Хотын хэмжээнд олгогдоод эхэлчихсэн. Энэ сараас олголт нийт хувийн тээврийн хэрэгсэл эзэмшигч рүү орж байгаа. Нийслэлийн хэмжээнд үйл ажиллагаа явуулдаг бүх тээврийн хэрэгсэл эзэмшигч улсын байгууллагуудад олголт хийгдээд хэвийн явж байна. Үүнийгээ дуусангуут хувийн тээврийн хэрэгсэл эзэмшигч аж ахуйн нэгж рүү орно.

-Одоогийн байдлаар нийслэлийн хэмжээнд хэдэн хувьд олголт хийгдсэн байгаа вэ?

-Аравдугаар сард мэдээ авахад 16800 цахим гэрчилгээг суулгасан гэсэн мэдээ ирсэн. Цаашдаа өдөр бүр үйл ажиллагаа хийгдээд л яваа. Нийтийн тээвэр, такси үйлчилгээ, улсын тусгай хэрэгцээний машинуудад хийгдэж л байна. Зам тээвэр, хөгжлийн яам улсын хэмжээний гэрчилгээжүүлэлтийг орон даяар өнөөдрөөс (өчигдрөөс) эхлүүлсэн.

-Цахим гэрчилгээ суурилуулсан машинууд ямар давуу талтай вэ. Төрийн үйлчилгээнүүдийг цахимаар авах уу?

-Нэгдүгээрт, энэ нь дижитал буюу цахимжиж байгаа явдал. Хуучин бүртгэлийн дагуу Авто тээврийн үндэсний төв рүү очдог байсан бол гэрчилгээгээ солих, шинээр авах, үрэгдүүлсэн бол дахин авах хүсэлтүүдийг E-Mongolia-гаас авах хүсэлтээ явуулах боломжтой болно. Мөн жолооч нарыг тээврийн хэрэгслийн гэрчилгээгээ авчир гээд л янз бүрийн байдлаар заавал цаасан хэлбэрээр үзэхгүйгээр шууд л E-Mongolia-гаас лавлагаагаа аваад төрийн үйлчилгээнүүдэд хамрагдаж болно. Нөгөө тал нь Улаанбаатар хотод зорчиж байгаа тээврийн хэрэгслүүдийг бүгдийг нь бүртгэлжүүлж байгаа гэсэн үг. Өнөөдөр бид тээврийн хэрэгсэл хаагуур яаж явж байгааг хэдхэн тооны байршилд байсан камеруудаар хэмждэг. Цахим гэрчилгээтэй болсноор 161 байршлаар явж байгаа тээврийн хэрэгслийн зорчилт дуустал төлөвлөдөг, цаашлаад зорчиж дуустлаа зогсоолоо захиалдаг, зогсоолын төлбөрөө, татвараа түүгээрээ төлдөг. Тэгэхийн тулд заавал хөндлөнгийн хүн, цагдаагийн байгууллага оролцуулахгүйгээр шийдэх боломжтой. Мөн төрийн байгууллага, цагдаагийн байгууллага тээврийн хэрэгслийн мэдээллийг олж авах боломж бүрдэнэ. Жишээ нь, цагдаагийн лавлагааг шууд гаргаад өгчихдөг. Цагдаа нь заавал гэрчилгээгээ машиндаа авч явсангүй, чамайг торгоно гэх зүйлгүй болж, цахим гэрчилгээгээр тухайн жолооч зөрчилтэй байна уу, торгуультай байна уу, татвар төлбөрөө төлөөгүй байна уу гэдгийг төрийн байгууллагууд шууд мэдэх бололцоотой болно. Нөгөөтэйгүүр хамгийн том давуу тал нь тээврийн хэрэгсэл эзэмшигчид өөрсдөө хөдөлгөөний зорчилтыг мэдэх бүрэн боломжтой болно. Одоо жолооч нар Google map хараад л энэ урсгал улаан байна, ногоон байна энэ замаар явъя гэдэг. Цахим бүртгэлжүүлснээр өөрсдийн зорчих урсгалын замыг хянах боломжтой болж байгаа. Яваандаа бүх машин GPS, аппликэйшнд холбогдоод ирэхээр түүнтэй нь холбоод өгчихнө. Гэх мэтээр давуу тал ихтэй.

-Хотын дарга мэдэгдэхдээ улаан, ногоон бүс болгоод улаан бүс рүү нэвтрэхэд өдөрт 27 мянган төгрөг авна гэсэн. Энэ бүсчлэлийг хэрхэн тогтоож байгаа вэ?

-Хотын даргын хэлж байгаа улаан, ногоон, шар, хөх зэрэг өнгөөр бүсчлэх асуудал дээр шинэ хуулийн зохицуулалт орж ирж байгаа. Өөрөөр хэлбэл энэ бол хуучин бидэнд байсан систем шүү дээ. Их тойруу, Бага тойруу, Микро район гээд байлаа. Тийм зүйл нь байхгүй болчихсон. Тэгэхээр одоо бүсчлэх тогтолцоог шинээр оруулж ирж байгаа юм. Хүмүүсийн хэлээд байгаа шиг хотын төв рүү зорчсон хэдэн урсгалд л төлбөр авдаг систем биш. Улаанбаатар хотын нийт нутаг дэвсгэрийг бүсчлэх асуудал яригдаж байгаа. Өөрөөр хэлбэл, хаана ямар тээвэр ложистик, хаана ямар дэд төвүүд, хаана ямар зам, замын байгууламжийн сүлжээ, нийтийн тээврийн чиглэл маршрут бүрчлэн бүсчлээд хүн амын нутагшил, албан газар ажлын байр, сургууль цэцэрлэг, хүн амын орон сууцжуулсан байдалтай уялдуулж бүсчилнэ гэсэн үг. Энэ бүсчлэх зохицуулалтыг хуулиараа эрх олгож байгаа юм. Ингээд бүсчлээд ирэхээр хоёр зүйл орж ирнэ. Нэгдүгээрт, бүсчлэхээр төлбөрийн асуудал гарч ирнэ. Хоёрдугаарт, бүсчлэлд тодорхойлогдсон хэсэгт барилгажилт, орон сууцжуулалт, газар зохион байгуулалтыг хийх үндэслэл нь бий болно. Хуучин ИТХ л хэсэгчилсэн инженерийн төлөвлөгөө, хэсэгчилсэн газрын төлөвлөлтийг баталдаг байсан бол одоо энэ бүсчлэлд хамааруулж тэр төлөвлөлтүүдийг хийдэг болж байгаа юм. Ингээд ирэхээр төлбөрийн системтэй ч болгож болно. Түүнд тохируулаад барилгажилт, газар олголт бүсчлэлээсээ хамаараад ялгамжтай байдлаар тэнцвэртэй олгох нөхцөл нь бүрдэнэ. Энэ бүсчлэлийн нэг хэсэг нь цахим гэрчилгээг унших төхөөрөмж нь 161 байршилд байгаа. 161 байршил гэдэг нь сая ярьсан бүсчлэлийн нэгээхэн хэсэг. Нэг бүсчлэл дотор авто машин, тээврийн хэрэгсэл уншигчийн нэг бүсийн хэсэг л байх нь. Дахиад ложистик буюу баруун, зүүн бүст дахиад нэг бүсчлэл тогтоох нь байна шүү дээ. Энэ хэсэгт зөвхөн ложистикийн төв байна. Баруун аймгуудаас ирсэн төмөр зам, паркуудын бүсчлэлийг энэ хэсэгт тогтооно. Энэ хэсэг аялал жуулчлалын бүс байна. Ийшээ нэвтрэлт тэд байна зэргээр ИТХ хэмжээгээ тогтооно.

-Иргэд татвар авах гэлээ гээд эсэргүүцээд байгаа?

-Хуулиар авто зам ашигласны төлбөрийн дээд хэмжээг УИХ тогтоож өгнө. Хуулиараа татварын хэмжээг УИХ л батална. Түүнд тохируулаад нийслэл өөрөө бүсчлэлээрээ төлбөрийнхөө хэмжээг харилцан адилгүй тогтооно гэсэн үг.

-Мөн дээрээс нь авто машинуудын номерыг үйлчилгээ, зориулалтаар нь өнгөөр ангилж төрийн үйлчилгээнийхнийг цэнхэр дугаартай болгосон гээд байгаа. Цэнхэр дугаартай машин татвар төлдөг үү?

-Цэнхэр, ногоон, улаан зэрэг өнгөөр номер ялгасан машиныг одоогоор нийслэлийн хэмжээнд татварын хөнгөлөлт болон үнэ тарифаас ямар нэгэн байдлаар чөлөөлсөн харилцаа огт байхгүй. Улаан дугаартай олон улсын дипломат корпусын машин адилхан татвараа төлөөд, жилийнхээ авто зам ашигласны төлбөрийг төлдөг. Албан байгууллагуудынх мөн ялгаагүй төлж байгаа. Түүн дээр их, бага гэсэн ялгамж байхгүй. Нэг л үйлчилгээтэй. Улаанбаатар бүү хэл улсын хэмжээнд авто тээвэр өөрөө явагч хэрэгслийн төлбөр нэг л байна. Түүнийг яаж тогтоох вэ гэдгийг харин ИТХ өөрөө хариуцна. Жишээ нь, Улаанбаатар хот ноднин авто тээвэр, өөрөө явагч хэрэгслийн татварыг нэмчихсэн байхад Дархан-Уул аймагт нэмээгүй л байгаа. Үүнтэй адил гэсэн үг.

-Цэнхэр дугаартай машинд дугаарын хязгаарлалт үйлчилдэг үү?

-Одоогийн байдлаар дөрвөн төрлийн тээврийн хэрэгсэл цэнхэр, цагаан дугаар хамаарахгүйгээр дугаарын хязгаарлалтад орохгүй явж байгаа. Нэгдүгээрт, тусгай зориулалтын тоноглолын авто тээврийн хэрэгсэл гэдэгт цэнхэр ихэвчлэн дугаартай машинууд байгаа. Гэхдээ зарим тохиолдолд хувийн эмнэлгийн машинууд орно. Хувийн эмнэлгийн машин цэнхэр биш цагаан дугаартай. Тусгай тоноглогдсон гал түймэр, эмнэлэг, цагдаа, онцгой байдлын машинууд хязгаарлалтад ордоггүй. Хоёрдугаарт, ногоон дэвсгэртэй эко машинууд дугаарын хязгаарлалтад орохгүй. Бүрэн цахилгаан болон газан машинууд. Гуравдугаарт, тахир дутуу, хөгжлийн бэрхшээлтэй иргэдийн тээврийн хэрэгсэлд дугаарын хязгаарлалт нөлөөлөхгүй.

Дөрөвдүгээрт, тухай бүрд нь олгож байгаа буюу зарим үед сэтгүүл зүйн салбарынхан, зарим үед хүнд байнгын эмчилгээ өдөр бүр хийлгэх шаардлагатай үед гэр бүлийнхэн нь дугаарын хязгаарлалтад орохгүйгээр тухайн өвчтөнийг эмнэлгийн үйлчилгээнд хамруулах зорилгоор дугаарын хязгаарлалтад орохгүйгээр зорчино. Мөн асаргаа шаардлагатай, эрүүл мэндийн хувьд байнга асаргаа сувилгаанд явдаг хүмүүс хүсэлт гаргасны дагуу эмнэлгийн байгууллага болон бусад газрын тодорхойлолтыг үзээд хязгаарлалтад оруулахгүй явуулж байгаа.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ц.Ганбат: Агаарын чанарын хувьд стандарт баталсан зүйл байхгүй DNN.mn

Хотын стандарт хяналтын газрын ахлах мэргэжилтэн Ц.Ганбаттай ярилцлаа.


-Хотод хэдэн төрлийн стандарт мөрдөгддөг вэ?

-Улаанбаатар хотын эрх зүйн байдлын тухай хууль, Стандартчилал хэмжил зохицуулалтын тухай хуулиудад Улаанбаатар хот стандарттай байна гэж тусгасны дагуу нийт 52 стандарт хэрэгжиж байгаа. Энэ 52 стандарт орчны аюулгүй байдлыг хангах чиглэлээр батлагдсан.

-Агаарын чанарын хувьд Улаанбаатар өвөлдөө маш утаатай аюултай нөхцөл байдалд хүрдэг. Үүн дээр агаар орчны судалгаанууд их хийгддэг. Энэ судалгаанууд дээр үндэслэсэн стандартуудыг баталдаг уу?

-Манайх байгаль орчны стандартын хэлтэстэй. Чиглэл бүрээр стандартууд баталсан байгаа. Байгаль орчны чиглэлээр дөрвөн бүлгийн 70-аад стандарт мөрдөгддөг. Жишээ нь, зуслангийн хашааны хаягжуулалт, зуслангийн хашааны байдал, зуслангийн жорлонгийн байдал гэх мэтчилэн. Агаар орчны хувьд Агаарын чанарын газар гээд тусдаа нийслэлийн хэрэгжүүлэгч агентлаг бий. Тэнд агаар орчны бүх судалгаа чиглэлийн ажлууд явагддаг. Агаарын чанарын хувьд стандарт баталсан зүйл байхгүй. Харин галлагааны зууханд стандарт байгаа.

-Гадаад орчны агаарын чанарт машины нүүрсэн яндангийн асуудал их хөндөгддөг. Машины нүүрсэн янданг маш их хэмжээгээр урагш нь гаргадаг. Үүний хорт утаа хүний эрүүл мэндэд заналхийлдэг гэдэг шүү дээ. Үүн дээр хяналт зохицуцлалт хийдэг үү?

-Энэ нь тээврийн үйлчилгээний салбар. Тэгэхээр Авто тээврийн үндэсний төв, Зам тээвэр, хөгжлийн яам, Тээврийн цагдаа зэрэг газрууд хариуцдаг. Үүн дээр манайд хоёр хяналтын байцаагч бий. Ер нь машины ашиглалтын явцад гардаг яндан хулгайлах, түүнийг солих асуудал нь тухайн үзлэг оношилгооны төвүүдээр үзүүлж оношлуулахад илэрч гарна. Түүнээс машин болгоны ёроолыг өнгийгөөд юм гаргаж чадахгүй.

-НЭМҮТ-ийн мэргэжилтний хэлснээр Монгол Улсад дотоод орчны агаарын чанарын стандарт байдаггүй гэсэн. Энэ талаар танайх анхаарч ажилладаг уу?

-Мэргэжлийн хяналтын газар татан буугдахдаа найман агентлаг буюу яам яамныхаа хамааралд очсон. Нийслэл дээр байсан Нийслэлийн мэргэжлийн хяналтын улсын байцаагчид найман агентлагт хуваарилагдаад оччихсон. Тэгээд дотоод орчны стандарт хангагдаж байгаа юу, дотоод орчны агаар хүнд сөргөөр нөлөөлж байгаа юу, үгүй юу гэдгийг шалгадаг эрүүл мэндийн улсын байцаагчид гэж байсан. Тэдгээр байцаагчид Нийслэлийн эрүүл мэндийн газар харьяалагдах болсон. Манайд барилга дэд бүтэц, зам, цахилгаан холбоо, эрчим хүчний байцаагчид шилжиж ирсэн. Улсын хэмжээнд стандарт батлах эрхтэй байгууллага нь Стандарт хэмжил зүйн газар. Шадар сайдын агентлаг. Ямар нэгэн Засгийн газрын агентлагт хамаарагдахгүй. Стандарт хэмжил зүйн газарт үндэсний стандартыг баталдаг. Хотын стандартыг зөвхөн хотод л мөрдөх учир үүнийг ялгаж салгах ойлгох хэрэгтэй. Хотод баталсан стандартыг хөдөө орон нутагт хэрэгжүүлэх боломжгүй.

-Жишээ нь, энэ түгжрэл зөвхөн хотын асуудал шүү дээ. Өнөөдөр (өчигдөр) 07:00 цагт Яармагаас ажилдаа гарсан хүн өдрийн 11:30 цагт Сүхбаатар дүүрэгт байх ажилдаа ирж байна. Хотын замын стандарт ямар байх ёстой вэ. Хотын нийтийн тээвэр хэдэн цагт нэг ресс хийх стандарт нормтой байдаг вэ?

-Түгжрэлийн эсрэг хууль батлагдаж байгаа. Бас л чиг үүрэг нь өөр газар. Түгжрэлийг бууруулах үндэсний хороо гэж бий. Хот дотор түгжрэл дунд машин тэдэн км.цагийн хурдтай явна гэдгийг стандартчилаад сууж байна гэдэг өрөөсгөл ойлголт. Дээр нь байгаль цаг уурын нөхцөл байдал шалтгаалж байна гэхээр чиг үүргийн дагуух байгууллагууд л хариуцана.

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Өмнөх жилтэй харьцуулахад угаарын хийнд хордох тохиолдол 20-30 хувь өссөн гэв DNN.mn

Сүүлийн үед угаарын хийнд хордож нас барах тохиолдол нэмэгдсэн. Энэ талаар Хордлогын төвийн эмчтэй ярилцлаа.


-2023 оны эхний есөн сарын байдлаар 53 иргэн угаартаж нас барсан гэх мэдээлэл байна. Хордлогын төвд сүүлийн үед дуудлага нэмэгдсэн үү. Сайжруулсан түлшний орц найрлагад юу байгаа болоод иргэд хордож нас бараад байгаа юм бол?

-2023 онд 53 хүн угаартаж нас барсан нь үнэн. Угаартаж нас барах иргэдийн тоо өсч байгаа. 2019, 2020 онтой харьцуулбал нас барах тохиолдол өсөөд л байна. Үүнийг олон нийт ч мэдэж байгаа. Гэхдээ тэр нүүрсний найрлага, агаарт ялгаруулах хорт байдал зэргийг би мэдэхгүй. Би хүн л эмчилдэг учраас тэр талыг нь мэдэхгүй юм. Наадахыг чинь мэддэг байгууллага нь тусдаа бий. НЭМҮТ-ийн хор судлал шуурхай удирдлагын төв гэж бий. Тэдгээр албаныхан ЭМЯ-тайгаа холбогдоод угаартсан хүмүүсийн мэдээлэл өдөр бүр нэгтгэгдэж бүртгэгдээд, судлагдаад дүгнэлт хийгээд бүх мэдээллээ гаргадаг. Би ерөнхий мэргэжлийн эмчийн хувьд угаарын хордлогыг оношилж, хордсон хүмүүсийг яаж эмчлэх вэ гэдэг дээр ажилладаг. Ерөнхийдөө иргэд гэртээ угаартаж нас барах тохиолдол их байгаа.

Эмнэлэгт ирээд нас барах тохиолдол харьцангуй цөөхөн. Бараг байхгүй шахам. 2-3 тохиолдол л байдаг байх.

-Ямар тохиолдолд эмнэлэгт очиж амжаад байгаа вэ?

-Эмнэлгийн түргэн тусламж дуудаж чадахгүй гэртээ нас барчихаад байна. Угаарт хордоод ухаангүй болчихдог. Угаарын хий хоёр үндсэн шинж чанартай. Хүн угаартаад эхлэнгүүтээ угаартсанаа мэдэхгүй сайхан болоод эхэлдэг. Архи уусан хүн шиг ч гэх үү, хар тамхи хэрэглэсэн хүн шиг ч гэх үү мансуурлын байдалд ороод түүнийгээ хүн мэддэггүй, анзаардаггүй. Өөрөөр хэлбэл өөрийнхөө биеийн байдалд дүгнэлт хийхгүй, хордлогод орсон гэдгээ мэддэггүй. Тийм учраас иргэд хордлогод орсноо мэдэхгүй, дуудлага өгч амжихгүй, эмнэлэгт очилгүй нас барж байна. Нэг бол оройтчихсон, нэг бол нас барсан хойно нь, нэг бол нас барах хэмжээнд оччихсон хойно нь дандаа ойр хавьд нь амьдардаг хүмүүс, эсвэл эргэж тойрч байгаа хүн, ажил төрлөөсөө буугаад ирэх хооронд нь муудчихсан, ямар ч эмчилгээгүй болчихсон үед нь мэддэг. Түргэн тусламж очоод арга хэмжээ авч амжилгүй нас бараад байгаа юм.

-Аль үед нь эмчилгээ хийх боломжтой байдаг юм бол?

-Ямар ч үед эмчилгээ хийж болно. Эмнэлгийн бараа л амьд харж чадах юм бол боломжтой. Би хэлсэн, эмнэлэгт ирсэн л бол аврагдаад байгаа шүү дээ. Эмнэлгийн тусламжийн талын үзүүлэлтүүд боломжийн. Хамгийн гол болохгүй байгаа зүйл нь хүмүүс дуудлага өгч чадалгүй гэртээ муудаад нас барах тохиолдол давамгайлаад байна.

-Сайжруулсан түлш хэрэглэж байгаа айлууд нэгэнт хэрэглэж байгаа юм чинь үүнээс урьдчилан сэргийлэх аргууд нь юу байдаг юм бол?

-Угаар мэдрэгчээ байнга ажиллуул. Зуух, пийшингийн битүүжиллээ сайтар нягтал. Хаалтыг нь гал түлсэн үедээ, унтраагүй тохиолдолд хааж болохгүй. Янз бүрийн угаарын шинж тэмдэг мэдэгдэх юм бол яаралтай түргэн дууд.

-Албаныхан яг нарийн мэдээлэл өгдөггүй. Энэ талын мэдээлэл хаалттай байна л даа. Танай төвд хоногтоо хэдэн хүн угаартсан байдалтай ирдэг талаар мэдээлэл бий юу?

-Төрийн байгууллагууд Засгийн газрын хяналтын зарчмаар ажилладаг учраас мэдээлэл өгөхөд хүндрэлтэй. 53 гэдэг тоог Шүүх шинжилгээний хүрээлэнгийн тоотой харьцуулаад үзвэл эргэлзээтэй. Зөрөөд байдаг юм билээ. Үүний ихэнх буюу 80-90 хувь нь Улаанбаатарт гэр хорооллын айлуудад л бүртгэгдэж байгаа тохиолдлууд байдаг.

Мөн Нийгмийн эрүүл мэндийн үндэсний төвийн Хор судлал, шуурхай удирдлагын албаны дарга Б.Баттүшигээс тодрууллаа.

-2023 он гарснаас хойш нийт хэдэн хүн угаарын хийнд хордсон бэ?

-2023 он гарснаас өмнөх жилтэй харьцуулахад 20-30 хувь өссөн. Сүүлийн жилүүдэд өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ нэмэгдсэн. Мөн химийн хорт болон аюултай бодисын ангилалд багтдаг бодисын тоо 600-гаас дээш болж нэмэгдсэн. Өмнөх жилүүдэд энэ тоо буурсан үзүүлэлттэй гардаг байсан бол сүүлийн жилүүдэд өсч байна. Тийм учраас өнөөдөр бид химийн бодисын хордлого гэдэг сэдвийг ярихаас өөр арга байхгүй.

-Сайжруулсан түлш ямар шинж чанартай вэ?

-Утааны талаарх сэдэв 2000 оны эхээс нэлээн хүчтэй яригдаж эхэлсэн. Тухайн үед нийтээрээ түүхий нүүрс түлдэг байсан. Тэр үед гадаад орчны хүний нүдэнд үзэгдэх байдал манан татчихсан юм шиг байсан. Өөрөөр хэлбэл, Улаанбаатар хотын Зуун айл орчмын хэсэг, Сонгинохайрхан, Баянзүрх, Сүхбаатар дүүрэг орчимд. Сайжруулсан түлшийг хэрэглэх болсноор манан татах буюу цайрч харагдах асуудал байхгүй болсон. Хиртэй хувцсыг барааны саван, угаалгын нунтгаар угаахаар хир нь арилаад материалынх нь чанар үлддэг. Сайжруулсан түлш үүнтэй адилхан. Гаднах бохирыг нь авсан ч найрлагад орсон бодисуудад нөлөөлөх боломжгүй. 2000 оны эхэн үетэй харьцуулахад хүний нүдэнд үзэгдэх утаа мэдэгдэхүйц багассан. Сайжруулсан нүүрсэнд хүхрийн агууламж өндөр байдаг. Тиймээс хагас кокосжсон нүүрс хэрэглэх, дулаанаар шийдэх гэх мэтээр дараагийн шат руу ахих шаардлага үүсээд байна. Нүүрс цэвэр байх тусмаа л өнгөгүй байна гэсэн үг. Утаа гарч байна гэдэг ямар нэгэн хольцтой байна гэсэн үг. Хагас кокс гэдэг бол илүү цэвэр нүүрс гэсэн үг.

-Ард иргэдийн угаартах шалтгаан юу байна вэ?

-Угаарын талаар ирж байгаа дуудлага мэдээллээс харахад 30 гаруй хувь нь дохиоллоо салгаснаас болж угаартдаг. Салгаж байгаа шалтгаан нь муухай дуутай, тог их зарцуулдаг. Гэтэл дохиолол нь утас цэнэглэхээс бага цахилгаан зарцуулдаг. Мөн таны эрүүл мэндийг авран хамгаалах хэрэгсэл юм шүү гэдгийг хаана хаанаа ойлгох хэрэгтэй. Иргэд яндангаа хөөлөх, сойлтыг нь шалгах, зуухны битүүмжлэлээ сайн шалгаж байх хэрэгтэй.

-Сайжруулсан түлш болон коксон нүүрсний аль нь агаарын чанарт бага сөрөг нөлөө үзүүлдэг вэ?

-Коксон нүүрс нь нүүрсний ангиллын дагуу гангын зориулалттай болоод явчихна л даа. Хагас кокосжсон нүүрс сайжруулсан түлшнээс бага өнгө, үнэр, хийтэй. Мөн нүүрстөрөгч их агуулдаг. Тэгэхээр мэдээж хагас коксон нүүрс нь сайн байлгүй яах вэ.

-Иргэдэд угаарын хийн хордлогоос хамгаалах талаар юу гэж зөвлөх вэ?

-Дохиоллоо 24/7 ажиллуулах, яндангийн хөөлт болон сойлтыг цэвэрлэх, зуухны битүүмжлэлийг шалгах, галлагаа хийхдээ анхаарах нь угаарын хийн хордлогоос өөрийгөө болон бусдыг хамгаалж байна гэсэн үг юм шүү.

С.ОТГОНБАЯР

Ө.АНХЗАЯА

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Г.Батсүх: Импортын барилгын материалын 40 орчим хувь нь чанарын шаардлага хангахгүй байна DNN.mn

ЗАМЫН-ҮҮДЭД БАРИЛГЫН МАТЕРИАЛЫН ЛАБОРАТОРИ НЭЭГДЭЖ БАЙГАА

“Импортын барилгын материалын стандарт” хэлэлцүүлэг боллоо. Хэлэлцүүлгийн үеэр Стандарт хэмжил зүйн газрын дарга Б.Ууганбаяртай ярилцав.


-Хэлэлцүүлгээс гарсан санал зөвлөмжүүдийг нэгтгэж, Засгийн газарт өргөн барина гэсэн. Голцуу ямар саналууд ирж байна вэ?

-Хэлэлцүүлгээс гарсан санал зөвлөмжүүдийг нэгтгэж Шадар сайдад танилцуулна. Тэгээд холбогдох арга хэмжээ, шийдвэрүүдийг гаргахаар болсон. Хэлэлцүүлгээс гарсан санал дүгнэлтүүдийг нэгтгэж байна. Холбогдох байгууллагууд санал хүсэлт, дүгнэлтээ бичгээр өгсөн. Тэр асуудлуудыг бид нэгтгээд, нэгдсэн зохион байгуултад оруулаад төрийн байгууллага нь ийм ийм чиг үүргийг хэрэгжүүлье, хувийн хэвшил нь үүн дээр анхаарч ажиллая гэдэг дээр нэгдсэн санал дүгнэлтүүд гарна.

-Монголд барилгын материалын стандарт ямар баталгаажилтаар явдаг вэ. Муу материалууд орж ирдэг гэж хүмүүс их ярьдаг шүү дээ?

-Барилгын салбарт нийт 618 стандарт хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа. Үүнээс барилгын материалын стандарт 155 байна. Стандарт нь байгаад байна. Хэрэгжилтийн түвшинд нь анхаарах асуудлууд бий. Заавал баталгаажуулалтад хамруулах бүтээгдэхүүн үйлчилгээний жагсаалт гэж байдаг. Хүний эрүүл мэнд, амь насанд сөрөг нөлөө үзүүлэхэд заавал стандартын шаардлага хангуулсан байна гэдэг. Үүний хүрээнд 644 нэр төрлийн бүтээгдэхүүн үйлчилгээнээс 230 нь барилгын материалтай холбоотой асуудлууд байдаг. Үүний хэрэгжилтийг хангаж ажиллах шаардлагатай. Үүнд тодорхой хэмжээгээр хамрагдаад явж байна. Гэхдээ гаалийн хяналтын байгууллагаар магадгүй баталгаагүй оруулж ирж байгаа асуудлууд бий. Тэр чиглэл рүү нэлээд ач холбогдол өгч анхаарч ажиллахаар болж байгаа.

-Үүний хэрэгжилтийг хаанаас хянаж ажиллах вэ. Одоо Мэргэжлийн хяналтын газар гэж байхгүй болчихсон шүү дээ?

-Барилгын материалын стандартын шаардлага хангахыг хяналт шалгалт хийх эрх бүхий байгууллага нь гаалийн байгууллага. Барилгын материалыг стандартын шаардлага хангасныг хяналт тавих чиг үүрэг бүхий байгууллага нь гаалийн байгууллага гэсэн үг.

-Дотоод орчны агаарын чанарт барилгын материал маш их нөлөөлдөг гэсэн. Үүнийг шинжилж судлах хангалттай хэмжээний лаборатори, мэргэжлийн шинжээч Монголд бий юу?

-Хэд хэдэн тохирлын үнэлгээний байгууллагууд байдаг. Барилгын хөгжлийн төв, Барилга архитектор корпораци, Барилгын хөгжлийн нэгдсэн төв гэх мэт. Эдгээр байгууллагууд тодорхой төрлийн үнэлгээг хийгээд явж байгаа.

-600 гаруй нэр төрлийн барилгын материал гаалийн байгууллагаар л дамжиж орж ирж байгаа. Гаалийн байгууллага тэдгээр бараа материалд бүрэн хяналт тавьж чаддаг болов уу?

-Түүнийг гаалийн байгууллагаас нь л тодруулах байх. Өөр байгууллагын өмнөөс би хариулт өгөх боломжгүй. Ер нь тохирлын гэрчилгээ буюу тохирлын үнэлгээний үр дүнг үндэслээд бараа материалыг оруулж ирж байх ёстой. Үүн дээр зохих хэмжээний зүйлүүд байгаа талаар Гаалийн ерөнхий газар, холбогдох албан тушаалтнууд нь тодорхой тайлбар мэдээллүүдийг өгч байгаа. Энэ тал дээр анхаарал хандуулж ажиллая гээд мэдэгдсэн. Нөгөө талаар барилгын материал оруулж ирж байгаа имспортлогчид стандартын шаардлага хангасан бараа бүтээгдэхүүнийг л оруулж ирэх хандлагын өөрчлөлтүүд хийх хэрэгтэй. Түүнээс бид чанаргүй бараа бүтээгдэхүүн оруулж ирэхэд та нар өөрсдөө хяналтаа тавьж чадахгүй байж гэдэг хандлага байж болохгүй. Тэгэхээр аль аль тал нь үүн дээр анхаарах ёстой. Гаалийн байгууллага ч хяналтаа сайжруулах ёстой. Нөгөө талаас бараа материалаа импортоор оруулж ирж байгаа аж ахуйн нэгж байгууллага ч гэсэн чанартай бараа бүтээгдэхүүн оруулж ирэх ёстой. Ингэж байж эрүүл аюулгүй орчин хангагдах нөхцөл нь бүрдэнэ. Нөгөө талаас стандартын байгууллага шаардлагатай стандартыг батлах чиглэлээр холбогдох арга хэмжээнүүдийг авч ажиллана.

-Барилгын материал импортын хувьд хамгийн их тулгамддаг асуудлууд юу байна вэ?

-Чанаргүй бараа бүтээгдэхүүн орж ирж байгаа л асуудал байна. Үүн дээр хамгийн нэгдүгээрт анхаарах зүйл нь дотоод орчны агаарын бохирдолд шатамхай дэгдэмхий бодисууд нэн тэргүүнд стандартын шаардлага хангасан байх ёстой. Стандарт гэдэг нь аюулгүй байдлыг л хангуулах гээд байгаа юм. Шаардлагатай стандартуудыг баталдаг байх ёстой. Замын-Үүдэд барилгын материалын лаборатори нээгдэж байгаа. Тэгэхээр нэлээд цэгцрэх байх.

ЧАНАРГҮЙ БАРИЛГЫН МАТЕРИАЛААС БОЛЖ ЧАНАР МУУТАЙ БАРИЛГА БАРИГДАЖ, БАРИЛГУУД НУРАХ, НАСЖИЛТ НЬ БОГИНОСОХ, УРСГАЛ ЗАСВАРЫН ЗАРДЛУУД ИХ ГАРДАГ БОЛЛОО

Мөн энэ үеэр Барилгын ханган нийлүүлэгчдийн зөвлөл ТББ-ын тэргүүн Г.Батсүхтэй ярилцлаа.


-Хэлэлцүүлгээс гарсан ямар санал зөвлөмжүүдийг Засгийн газарт өргөн барина гэсэн. Хамгийн их хөндөгдсөн асуудлууд юу байв?

-Голцуу барилгын материал нь хүний эрүүл мэнд, амь насанд эрсдэл учруулж байна. Чанаргүй барилгын материалаас болж чанар муутай барилга баригдаж, үүнээсээ болоод барилгууд нурах, насжилт нь богиносох, урсгал засварын зардлууд их болж байна.

-Монголд импортоор хэчнээн төрлийн барилгын материал орж ирдэг юм бэ?

-10 мянга гаруй нэр төрлийн барилгын бараа материал орж ирдэг.

-Эдгээр 10 мянга гаруй нэр төрлийн бараа бүтээгдэхүүнийг шинжилж судлах боломж нь хэр байдаг вэ. Лабораториудын хүчин чадал нь хүрдэг үү?

-Тодорхой хэмжээг нь шинжлэн судлах боломжтой. Одоо бол заавал бүгдийг нь шинжлэн судлах шаардлагагүй болсон. Монгол олон улсын конвенцид нэгдчихсэн. Тэгэхээр тухайн улс орнуудын шинжилсэн лабораторийн дүгнэлт, тохирлын гэрчилгээг Монгол Улс хүлээн зөвшөөрдөг болчихсон гэсэн үг. Тиймээс заавал Монголдоо нарийн лаборатори байгуулаад байх шаардлагагүйгээр тухайн улсын лабораторийн дүгнэлтийг үнэн зөв гэж үзээд, түүнийг нь бид үнэн зөв гэж хүлээн зөвшөөрч импортоор оруулж болно.

-10 мянга гаруй нэр төрлийн бараа материалаас хэчнээн нь стандартын шаардлага хангахгүй, чанарын баталгаагүй бүтээгдэхүүн импортоор орж ирж байна вэ?

-Зах зээл дээр импортоор орж ирж байгаа барилгын материалын 40 хувь орчим нь чанарын шаардлага хангахгүй байна.

-Чанарын шаардлага хангахгүй бараа материал оруулж ирж байгаа хувь хүн, аж ахуйн нэгжид хараа хяналтыг хаанаас тавьж байна вэ. Ямар арга хэмжээ авдаг вэ?

-Хараа хяналтыг хэн ч тавихгүй байна. Ямар ч хариуцлага байхгүй.

-Үүнийг яаж таслан зогсоох вэ?

-Хуулиа хэрэгжүүлээд л явах шаардлагатай. Үүний дагуу дагаж мөрдөх дүрэм журам баталж гаргах хэрэгтэй байгаа.

-Мэргэжлийн хяналтын газар нь татан буугдчихсан. Үүнийг хянах тусгай чиг үүргийг хаанаас хангах вэ?

-Үүний эрх нь Барилга хот байгуулалтын яам руу шилжчихсэн. Түүнийг нь хийх боловсон хүчин байхгүй юм билээ.

-Дотоод орчны агаарын чанарт барилгын материал их нөлөөлдөг гэдэг. Барилгын материалыг чанаржуулахын тулд та бүхний хэлэлцүүлгээс гарсан зөвлөмжүүд, саналууд юу байна вэ?

-Хэн дуртай нь барилгын материал зөөдөг биш аж ахуйн нэгж зөөдөг болгоё гэж байгаа. Одоогоор дийлэнх нь Зуун айлын барилгын материалын худалдаа явуулдаг иргэдийн нэрээр буюу гааль бүрдүүлэлт хийлгүй, бараа материалаа мэдүүлэлгүй шууд оруулж ирээд байгаа. Тиймээс нэгдүгээрт, тохирлын гэрчилгээтэй, хоёрдугаарт, аж ахуйн нэгж барилгын материал оруулдаг болъё гэж байгаа юм.

С.ОТГОНБАЯР

 

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Т.Батболд: Цахим орчинд мэдээллээ оруулах тусам л та хувийн нууцаа алдаж байна гэсэн үг DNN.mn

Харилцаа холбооны зохицуулах хорооны Зохицуулалтын бодлого хэрэгжүүлэх газрын дарга Т.Батболдтой ярилцлаа.


-Монгол Улсад цахим хэрэглээ жилд хэдэн хувиар өсдөг тухай тооцоо судалгаа бий юу?

-Бид харилцаа холбооны салбарын статистик мэдээллийг Харилцаа холбооны зохицуулах хорооны зөвшөөрлөөр гаргадаг. Харилцаа холбоо хэрэглэгчийн өсөлт жил бүр арван хувьтай байдаг. Жишээлбэл, 2022 онд үүрэн холбооны хэрэглэгч 4.2 сая байсан бол 2023 онд 4.8 сая болсон. Нийт суурин интернэт хэрэглэгч 450 мянга буюу Монгол Улсын нийт өрхийн 50 хувь нь хэрэглэдэг гэсэн судалгаа бий. Нэг хүн дунджаар 12.8 Gb интернэт гар утсаараа хэрэглэдэг. Гаднаас 570 мянган Gb интернэтийн урсгал түрээслэдэг. Үүнээс хэрэглэж буй 200 мянган Gb гаруй байгаа. Монгол Улсын нийт хэрэглээ 500 мянган Gb. Дотоод урсгал 200 мянган Gb байна гэдэг статистик гарсан.

-Эдгээр хэрэглээний аюулгүй байдлыг хангаж чаддаг уу. Хэрэгцээ шаардлагад нийцсэн хамгаалалтын шинэ элементүүдийг нэвтрүүлдэг үү. Жишээ нь, фэйсбүүк л гэхэд хувь хүний мэдээллийг цааш нь зардаг гэдэг шүү дээ?

-Хувь хүний мэдээлэл хамгаалах тухай хууль 2022 онд батлагдсан. Цахим багц таван хуулийн нэг нь.

Энэ хуульд хувь хүний мэдээллийг хадгалж боловсруулж болно. Гадагшаа дамжуулах, түгээх хориотой. Энэ хуулийн заалтаар бид гадаадын компаниудтай хамтран ажиллах боломжтой. Хоёрдугаарт, тухайн хувь хүний мэдээллийг хадгалсаныг чиг үүргийн хүрээнд кибер аюулгүй байдлын төвүүд хариуцаж ажиллах ёстой. 2023 онд Үндэсний кибер аюулгүйн төв байгуулагдсан. 2024 онд Нийтийн төв байгуулагдана. Тэгэхээр бид энэ чиглэл рүү олон улсын платформуудыг нэгтгэхээр хамтран ажиллана. Энэ нь хэрэглэгчийн датаг хамгаалахаар л хийгээд байгаа ажлууд шүү дээ. Нөгөө талаар иргэд, хэрэглэгчдийн эрх үүрэг гэж бий. Хүмүүс өөрсдийн хувийн мэдээллийг ашиглуулахгүй, хадгалуулахгүй, дамжуулахгүй байх боломжийг олгоосой. Тэр боломжийг хэрэглэгч өөрөө эрэлхийлж байх ёстой. Томоохон платформуудад заавал гэсэн улаан чагттай тэмдэглэгээнүүдийг л оруулаад бусдыг нь заавал оруулахгүй байж болно. Заавал дээр нь овог нэр, утасны дугаар, имэйл хаяг л байдаг шүү дээ. Бусад мэдээллийг заавал оруулаад байх шаардлагагүй. Тэгэхээр түүнийг оруулах эсэхээ хувь хүмүүс бодох ёстой. Мэдээллээ оруулах тусам л та хувийн мэдээллээ алдаж байна гэсэн үг. Гуравдугаарт, хувь хүний мэдээлэл гэхээр регистрийн дугаар, гар утасны дугаар, хаяг байршил гэдгээр мэдээллийн санд тодорхойлогдохгүй болчихлоо. Таны зан үйлдэл, цахим орчинд гаргаж байгаа мэдээллээр чинь судлаад их хэмжээний өгөгдөл үүсгэдэг. Үүнийг EI буюу хиймэл оюун ухаанаар тооцоолон судлаад, таныг тэр олон мянган хүн дундаас таних бололцоотой болчихсон. Нэг талаараа бид хүний мэдээллийг хамгаална гэж тэмцээд байхаас илүү тухайн хувь хүний мэдээллийг хамгаалж байгаа платформууддаа, ялангуяа үүнийг ашиглаж дижитал бизнес хийх гэж байгаа, дижитал үйлчилгээ үзүүлэх гэж байгаа үйлчилгээ эрхлэгчидтэй нягт хамтран ажиллах ёстой. Ингэхийн тулд олон улсын хамтын ажиллагаа маш чухал. Өөрөөр хэлбэл олон улсын байгууллагуудтай хамтран ажиллаад тухайн нутаг дэвсгэр дээр Монгол Улсын иргэний мэдээлэл хадгалагдсан платформууд дээрх хувь хүний мэдээллийг задруулахгүй байх гэдэг бүтцийг хийх ёстой юм билээ. Олон улсад яг энэ асуудлыг хурцаар ярьж байна. Жишээ нь, манай аль нэг аппликэйшний бизнес хөгжөөд хятадын хэрэглэгчдийг аваад эхэллээ. Тэгвэл Хятадын хуулиар тухайн хятад иргэний мэдээллийг хадгалах ёсгүй. Заавал хятад сервер дээр байршуулах ёстой. Хятад байршлыг үзүүлэх ёстой болж байгаа юм. Хэрэв бид хоёр талын эрх ашгийг бодоод дижитал трийдмэнт буюу дижитал худалдааны гэрээ байгуулаад цаашид нягт хамтран ажиллавал хялбар болох магадлалтай. Ингэж байж л Монгол Улсын дижитал үйлчилгээ эрхлэгчдийн бизнес гаднын зах зээл рүү тэлнэ ээ л гэсэн үг.

-Олон улсад энэ үйл ажиллагаа хэр амжилттай яваа вэ?

-Олон улс тэр чиглэл рүү аль хэдийнэ яваад эхэлсэн. Яагаад гэвэл хувь хүний мэдээллийг дотооддоо хадгалах асуудал яригддаг. Олон улсын хэмжээнд. Үүнийгээ их бариад эхэлсэн чинь нөгөө дижитал эдийн засгууд тус тусдаа салангид болоод цаашдын хөгжил нь боомилогдож эхэлж байна гэсэн асуудал яригдаад эхэлсэн. Үүнийг нээж өгөх ёстой. Ялангуяа бусад улс орны дижитал үйлчилгээ эрхлэгчид бусад улс орны зах зээлд нэвтрэхийн тулд олон улстай хамтарсан механизмыг бий болгохгүй бол хувь хүний мэдээлэл гэдэг асуудлаар бүгд боомилогдоод байх юм байна гэдэг зүйл яригдаж байгаа.

-Нэг үеэ бодвол дижитал үйлчилгээ эрхэлдэг, хувь хүний нууцыг хадгалдаг, хамгаалдаг байгууллага, аж ахуйн нэгжүүд, компаниуд олноор үйл ажиллагаа эрхэлдэг болжээ. Харилцаа холбооны зохицуулах хорооноос иргэдэд зориулсан ямар шинэ үйлчилгээ, технологиудыг нэвтрүүлж байгаа вэ?

-Харилцаа холбооны зохицуулах хорооноос иргэдэд зориулж хоёр аргыг хэрэглэж байгаа. Нэгдүгээрт, Кибер аюулгүй байдлын тухай хуулиар кибер халдлага, довтолгоо, кибер цахим аюулгүй байдлыг хуулиар байгуулагдсан аюулгүй байдлын зөвлөл болон түүний доор байгаа холбогдох төвүүд хариуцаж ажиллана. ХХЗХ-ны хуулиар өгөгдсөн чиг үүрэг нь онлайн буюу цахим орчны аюулгүй байдал тэр дундаа цахим орчны хүүхэд хамгааллын бодлогыг хэрэгжүүлэх.

Хоёрдугаарт, бид интернэт үйлчилгээ эрхлэгч болон үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчдэд тусгай зөвшөөрөл олгодог. Тусгай зөвшөөрлийн хүрээнд нөхцөл шаардлагын дагуу тухайн интернэт үйлчилгээ эрхлэгч болон үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгч нь хэрэглэгчийн мэдээллийг хамгаалах, хэрэглэгчийн аюулгүй байдлыг хангах, кибер аюулгүй байдалд дэмжлэг үзүүлэх зэрэг ажлуудыг хийх ёстой. Тэгэхээр бид энэ хүрээнд технологийн байгууллагуудтай хамтран ажиллаж байгаа. Үүрэн холбооны үйлчилгээ эрхлэгчид жишээ нь, sms ирэх, спам мессэж ирэх, гадны дуудлага ирээд төлбөр их гарах зэрэг асуудлууд гардаг. Энэ асуудлыг шийдэж явна. Нөгөө талаас интернэтээр хортой линкүүдийг шидээд хувь хүмүүсийн мэдээллийг аваад залилдаг гэдэг асуудал байгаа. Бид үүн дээр аль болох хортой контентыг устгах асуудлыг үүрэг болгоод явж байна. Үүнийг технологийн хувьд шийдэх боломжгүй. Ялангуяа интернэт орчинд. Тэгэхээр үүнийг яаж шийдэх ёстой гэхээр олон улсын хамтын ажиллагаа, технологийн байгууллагууд, үйлчилгээ эрхлэгчид, иргэд, өрхүүд бүгдийн оролцоо чухал.

-Олон улсад твиттер, фэйсбүүк хэрэглээ болчихлоо. Хятадын хувьд өөрсдийн Wechat гэх үндэсний платформтой болчихсон. Монголын хувьд E-Mongolia-гаас өөр үндэсний хэмжээний томоохон платформ алга. Цахим орчинд оруулдаг мөнгөн урсгалыг дотооддоо үлдээх үндэсний хэмжээний платформ байгуулах боломж бий юу?

-Улсын төсөвт үйлдвэрийн газар E-Mongolia аппликэйшнийг хөгжүүлээд 1.6 сая хэрэглэгчтэй Монголын томоохон платформ болгочихлоо. Монголд хоёр л том аппликэйшн байгаа. E-Mongolia, E barimt гэсэн хоёр аппликэйшн бий. Худалдааны хувьд цахим төлбөр хийх, цахимаар мөнгө шилжүүлэх асуудал Монгол Улсад харин ч өндөр хөгжсөн гэж бодож байна. Яагаад гэхээр Монгол Улсад үйл ажиллагаа эрхэлдэг бүх банк цахим шийдлээ гаргачихсан. Цахим шийдлүүд нь маш амжилттай яваа. Мөн төлбөрийн картууд байна. Энэ асуудалд Монгол Улс хойгуур орно гэж бодохгүй байна. Харин ч дээгүүр явж байгаа. Pintek буюу төлбөр тооцооны системийн хувьд. Хятад өөрөө хаалттай орон. Тиймээс үндсэн хоёрхон платформыг зөвшөөрдөг. Нэг нь Alipay, нөгөө нь Wechat. Тэгэхээр бид тухайн орнуудтай хамтын ажиллагаа эхлүүлж байж хийнэ. Харин Монгол Улсын Hipay гэдэг үйлчилгээ эрхлэгч Alipay-тэй гэрээ байгуулаад Хятад улсад төлбөр тооцоо хийх боломжийг нээсэн. Энэ бол маш том давуу тал. Бид нөгөө улсын юм ярьж байна шүү дээ. Монгол Улс дотроо цахим төлбөр тооцооны систем хангалттай хөгжсөн гэж үздэг.

-Твиттер, фэйсбүүк бол гаднын платформ. Тэгэхээр бид түүнийг хэрэглэхээр гадагшаа л бидний мөнгө урсаад байгаа шүү дээ. Дотооддоо үлдэх төлбөр тооцоо, мэдээлэл солилцох, эдгээр платформ шиг цогц шийдлийг хийх боломж хэр байгаа бол?

-Хүмүүс фэйсбүүк, твиттер хэрэглээд гадагшаа мөнгө урсдаг гэдэг. Мэдээж бүүст хийх, сурталчилгаа хийхэд тухайн платформд хөрөнгө оруулж байгаа. Хоёрдугаарт, фэйсбүүк хэрэглэх тоолонд бид гадагшаа урсах интернэтийн урсгалд мөнгө төлж байна. Гэхдээ монголын интернэт үйлчилгээ эрхлэгчид дотроо фэйсбүүк, youtube, twitter, tik tok ч гэдэг юмуу томоохон платформуудын keyserver-ийг Монголдоо байгуулчихсан байдаг. Тэгэхээр ихэнх тохиолдолд эдгээр серверт үлдэх боломжтой. Дотооддоо интернэт урсгалыг хэрэглэнэ гэсэн үг. Гадагшаа нэмэлтээр авсан контентуудыг нийтэд нь татчихдаг. Өөрөөр хэлбэл шинэ контент авах болгонд тухайн keyserver цааш нь фэйсбүүк компанийн сервертэй холбогдоод тэр датаг пэйж дээрээ хадгалчихдаг. Жишээ нь, би нэг удаадаа шинэ контент руу орчихлоо.

Дараа нь та юмуу, эсвэл өөр хүн орлоо гэхэд тэрхүү keyserver дээр байгаа зүйлийг л татаад үзчихнэ. Нэмэлтээр гадагшаа дата урсгал гарахгүй гэсэн үг. Үүнийг бид нарийн тооцож гаргах ёстой юм билээ. Нөгөө талаар бид үндэсний хэмжээний мета ч байна уу, youtube ч юм уу, google шиг платформ байгуулна гэдэг хэцүү. Үүнийг хувийн аж ахуйн секторууд л урт хугацаанд хэрэгжүүлэх боломжтой л төсөл. Бидний хийж чадах зүйл гэвэл энэ компаниудтай хамтран ажиллах л юм.

С.ОТГОНБАЯР

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Үйлчлүүлэгч С.Мягмар: Хэрэглэгчээ боддог газар үйлдвэрлэгчийн үнээр хямд зараад болоод л байна DNN.mn

Ахуйн болон хүмүүсийн байнга хэрэглэдэг барааны үнийг сурвалжиллаа. Эхлээд фэйсбүүкт “Guren online shop хэмээн нэрлэгдсэн дэлгүүрийн 32 тойрог дахь салбарыг зорин очлоо. Энэ дэлгүүр бидний ярьж заншсанаар Сөүл эмнэлгийн чанх ард хоёр давхар байранд байрладаг юм байна. Дэлгүүр тус байрны хоёр давхарт аж. Яваад ортол өөдөөс цуваа үүсгэн хүмүүс очерлон зогссон нь тооцоогоо хийхээр хүлээж байв. Хориод хүний урт дараалал үүсчээ. Тасаг лангуу болгоноор хүмүүс бужигнан сагстай, тэрэгтэй худалдан авалт хийж байлаа. Дэлгүүрийн менежер Д.Гантунгалаг бараагаа танилцуулан мэдээлэл өгөв.


-Танай дэлгүүрийн хамгийн хямд үнэтэй бараа юу вэ?

-Ер нь манай бүх бараа хямд үнэтэй. Хүмүүс орж ирэхээрээ ямар хямдхан юм бэ гэж гайхдаг. Дээр нь бичсэн үнийг харчихаад энэ үнэ нь мөн үү гэхээр нь тийм ээ л гэдэг. Жишээ нь, манайх нойтон сальфитикийг бүх төрлөөр нь оруулж ирдэг. Машины салоны, гутлын, хэрэглээний, гал тогооны гээд маш олон төрөлтэй.

-Дандаа солонгосоос оруулж ирдэг үү?

-Солонгос, хятад, европ гээд бүх газраас оруулж ирнэ. Гүрэн гэдэг утгаараа бүх газраас бараа оруулж ирэхийг эрмэлздэг. Орос, Америк, Хятад, Солонгос зэрэг олон улсын бараа бий. Ер нь өргөн хэрэглээний бараа хаана хямд байна, тэндээс оруулж ирэхийг эрмэлздэг.

-Монгол брэндүүд бас бий юу?

-Манайх монголчуудаа, монгол брэндээ дэмжихийг эрмэлздэг. Горгаз манайхтай хамтран ажиллаж байгаа. наадмаас хойш манайх горгазыг зарж эхэлсэн. Манайх Халгай брэндийг мөн зардаг. Эдгээр бүх барааг бид ямар нэгэн нэмэгдэлгүй зардаг. Монгол брэндүүдээ ч нэмэгдэлгүй, үйлдвэрийн үнээр нь зарж байна. Аму гээд Солонгост оёдол хийдэг монгол эмэгтэй бидэнтэй хамтран ажилладаг. Түлхүүрийн оосор хийж зардаг залуугийн үйлдвэрлэлийг бид дэмжин хамтран ажилладаг. Гэх мэтээр хамтран ажиллах тохиолдлууд их.

-Танай дэлгүүрт хямдрал явагддаг гэж байсан. тэр тухай мэдээлэл өгөөч?

-Манайх зарагдаж байгаа бараандаа тухайн үйлдвэрлэгч нь хямдрал зарлахаар огцом огцом хямдрал зарладаг

Одоо л гэхэд шингэн вок, хуурай вок, аяга таваг (жимс ногоо) угаагчийг комоор нь 25900 төгрөгөөр аваад гурван төрлөөс нэг нэг ширхгийг бэлгэнд өгч байна.

-Танайх ямарч нэмэгдэлгүй зараад яаж ашгаа олж байна вэ?

-Бусад дэлгүүрүүд үйлдвэрлэгчээс нь аваад ашгийн 20-30 хувийг нэмж зардаг. Манайх ерөөсөө тэгдэггүй. Яагаад гэвэл манайх хөл хорионы ид хямралын үеэр нээгдэж

байсан. Тиймдээ ч манай дэлгүүрийн уриа “Хямралын эсрэг хамтдаа” гэдэг. Манайх үйлдвэрлэгчидтэй шууд гэрээ байгуулан хамтран ажилладаг. Тиймээс л үндсэн болон бөөний үнээр ямар нэгэн нэмэгдэлгүй зардаг.

-Танай салбарууд бий юу. Цагийн хуваарийн мэдээллээ өгөөч?

-Манайх нийт дөрвөн салбартай. Нэгдүгээр салбар 13 дугаар хороолол Баянзүрх захын зүүн урд К-4 байранд байрладаг. Салбар-2 нь Төмөр зам Варьетта чуулгын баруун талд Venera төвийн хоёр давхарт бий. Гуравдугаар салбар Улаанбаатар их дэлгүүрийн замын ард. Дөрөвдүгээр салбар 32-ын тойрог явах шинэ зам дагуу Сөүл эмнэлгийн чанх ард хоёр давхарт байрладаг, энэ салбар гэсэн үг. Цагийн хуваарь өглөө 09:00 цагаас оройн 20:30 цаг хүртэл ажиллаж байна.

-Өдөрт хичнээн хүн үйлчлүүлдэг вэ. Нэг салбартаа хэдэн ажилтантай вэ?

-Үйлчлүүлэгчээ тоолж байгаагүй юм байна. Гэхдээ ер нь хүний хөл тасардаггүй дээ. Нэг салбартаа арав гаруй ажилтантай.

-Барааны төрлийн хувьд хичнээн төрөл бий вэ?

-Зөвхөн нэг салбар дээр л 3000 гаруй төрлийн бараа борлуулж байна.

-Цаашид үйл ажиллагаагаа өргөжүүлж салбар нэмэх үү?

-Нэмнэ. Манайх одоогоор Сонгинохайрхан болон Хан-Уул дүүрэгт салбаргүй. Яваандаа энэ хоёр дүүрэг болон хөдөө орон нутагт салбараа нэмнэ гэсэн төлөвлөгөөтэй байгаа. Манай дэлгүүрийн фэйсбүүк хуудаст хөдөө

орон нутгийнхан салбар нээгээч гэж маш их ханддаг. Цаашид орон нутаг болон алслагдсан дүүргүүдэд ч салбараа нээхээр зорин ажиллаж байна гэв.

Ингээд дэлгүүрийн бараа бүтээгдэхүүний үнийг судаллаа. Maxim кофе ширхэг нь 350 төгрөг. Вакусны төрлүүдийг мөн гэрээгээр оруулж ирдэг. 10 ширхэгтэй вакус 7500 төгрөг. Коллагентай вакус ширхэг нь 2800 төгрөг. Хүүхдийн кальцтай вакус 13500 төгрөг. Бэмэксийн компанийн кофе, цайг хүмүүс их хэрэглэдэг

Хатан цай 30 ширхэгтэй нь 9670 төгрөг. Bestcup брэндийн 30 ширхэгтэй кофе 11850 төгрөг. Гүрэн дэлгүүр Disney брэндийг шинээр оруулж иржээ. Нялх хүүхдүүд хэрэглэх харшил өгөхгүй сальфетка 168 тасдагчтай нь 13000 төгрөг. Алчуур хэрэглэдэггүй угаагаад хэрэглэх боломжтой сальфетка юм байна. Jobi брэндийн 3 литртэй шингэн вок 23000 төгрөг, 2 литртэй нь 18000, 500 гр-тай нь 5000 төгрөг. Шингэн саван 3500-9800 төгрөг хүртэл. Аяга угаагч 5000-18000 төгрөг хүртэл зарагдаж байна. Хүүхдийн 6 кг-тай орос угаалгын нунтаг 51430 төгрөг. 9 кг-тай нь 74560 төгрөгөөр зарагдаж байна. Чийгний гудас дөрвөн ширхэгтэй эвлүүлдэг нь 18000 төгрөг. Амны цаас 100 ширхэгтэй нь 3500 төгрөг. Газ солонгос нь 3300, монгол нь 2800 төгрөг. Нойлын цаас бор өнгөтэй 60 ширхэгтэй нь 14000 төгрөг. Цагаан нь 15000 төгрөг. Дөрвөн ширхэгтэй нойлын цаас хамгийн хямд нь 4500 төгрөг. 15 ширхэгтэй хүүхдэд зориулсан нойлын цаас 6500, 32 ширхэгтэй нь 8500 төгрөг. Солонгос савангууд ширхэг нь 1800 төгрөгөөс эхэлнэ. Солонгос нүүрний маск ширхэг нь 450 төгрөгөөс эхэлж байна. Мөн Гүрэн дэлгүүр электрон барааны Hobmess брэндийг оруулж ирдэг. Энэ брэндийн гал тогооны комыг оруулж ирдэг. Гурван хос сав нь 110 мянган төгрөг. Ёроол нь есөн давхар материалаар хийгдсэн. Дундаа хөнгөн цагаантай. Хоол амттай хэрнээ хурдан болно хэмээн менежер нь хэлж байв. Аяганы төрлүүд маш олон. Граммтай, соруултай тагтай аяга гэхэд л 5500 төгрөг. Лаанууд 4800-18900 төгрөгөөр зарагдаж байна. Хичээлийн хэрэгсэл, хүүхдийн тоглоомын хувьд модон тоглоом 6900 төгрөг. Хүүхдийн цүнхийг 9900 төгрөгөөр зарж байна. Эко брэндийн бараанууд энд мөн л үйлдвэрийн үнээр зарагддаг. Оо сойз ариутгагчтай өлгүүр 40000 төгрөг. Машины халдаг суудал, руль гээд зарагддаг. Мэргэжлийн массажистын хэрэглэх бумба 16 ширхэгтэй, гуаша, жажим, спирттэй хөвөнтэйгөө дагалдаад 33900 төгрөг. 12 ширхэгтэй нь 26900 төгрөг. Таван ширхэгтэй никель савууд комоороо 53900 төгрөг. Wanli брэндийн будаа агшаагчууд хэмжээнээсээ хамаараад 75 мянгаас эхлээд 90 мянган төгрөг хүртэл зарагдаж байна. Жижиг мини угаалгын машин 7.8 литртэй пүүз угаагчтай 145000 төгрөг. Нэг хүний хөнжил 24900 төгрөгөөс эхэлнэ. Хоёр хүнийх нь 34900 төгрөгөөр зарагдаж байлаа.

Тус дэлгүүрийн үйлчлүүлэгч С.Мягмар ярихдаа “Гүрэн” дэлгүүрт гэр ахуйн болон ахуйн хэрэглээний бараанууд маш хямд үнэтэй байдаг. Бараг захын үнээс ч хямд шүү. Өмнө нь зах руу явах гэж түгжрэл дунд цаг алдаад, халуун халж, хүйтэнд даарч явдаг байсан бол энд эсрэгээрээ. Тав тухтай орчинд хямд чанартай бараа авна гэдэг хэн бүхний л хэрэгцээ болсон. Би эндээс нойлын цаас болон ахуйн хэрэглээний бараануудаа байнга авдаг болоод байгаа. Хорооллын дэлгүүрүүд болоод, захын үнээс хямд байхад заавал цаг алдаж, түгжрэл дунд стресстэж хол явахгүй үнэхээр амар болоод байгаа. Эднийх үйлдвэрлэгчийн үнээр зардаг болохоор НӨАТ төлдөггүй юм билээ. Өөрөөр яах ч билээ. Хямд үнээр авч байгаа болохоор хэрэглэгчид ч НӨАТ нэхдэггүй. Хямд чанартай барааг үйлдвэрийнх нь үнээр зарж байхад бид ч НӨАТ-ын баримт нэхээд байхгүй нь ойлгомжтой. Бусад адил төрлийн бараа оруулж ирж зардаг дэлгүүр худалдааны төвүүд эднийхээ жишээ авч өргөн хэрэглээний барааны үнэ өсч байгаа үед хэрэглэгчдээ бодож ажилламаар л байгаа юм. Лангуу түрээслэдэг, өндөр үнэ төлдөг гэх мэт шалтгаанууд байдаг л байх. Гэхдээ хэрэглэгчээ боддог газар үйлдвэрлэгчийн үнээр зараад болоод л байна шүү дээ. Эднийх дөрвөн салбартай. Би бүх салбараар нь орж үзсэн. Бүх салбарынх нь үнэ адилхан. Байс гээд л бараандаа хямдрал зарлана. Азтан тодруулна. Олон боломжит зүйлүүдийг нэмж санал болгодог. Эднийх ч гэсэн түрээсийн байранд л адилхан хүмүүсээ цалинжуулаад л ажиллуулж байгаа шүү дээ. хэрэглэгчээ боддог газар өөр байгаа биз. Зөвхөн нэг тиркон дээр жишээ аваад үзье. Шилэн тирко энд 3500. Зах дээр хамгийн хямд нь 5000 төгрөг. Арай зузаан нь энд 5000 төгрөг бол зах дээр 8500 төгрөгөөр зардаг. Бүр зузаан өвлийн тирко энд 8000 төгрөг. Зах дээр 20000 төгрөг. Ямар ялгаатай нь шууд мэдэгдэж байгаа биз дээ. Ийм байхад даарч хөрөөд, түгжрээд зах руу явахыг хэн хүсэх вэ дээ” гэлээ.

“Гүрэн” дэлгүүрээс гараад “Их тойруу” худалдааны төв болон 3, 4 дүгээр хорооллын адил төрлийн бараа зардаг дэлгүүрүүдээр сонирхлоо. 230 ширхэгтэй Мaxim кофе 81500 төгрөгөөр зарагдаж байна. Дээрх дэлгүүрт байгаатай яг адилхан материалтай гурван хос савыг тус бүрд нь салгаад 65, 75, 85 мянган төгрөгөөр зарж байлаа. Нойлын цаас хамгийн хямд нь 20 ширхэгтэй нь 15 мянган төгрөгөөс эхэлж байна. Шилэн тирко хямд нь 5000. Дээшээ 25 мянган төгрөгт хүрч байв. Граммтай, тагтай, соруултай аяга ширхэг нь 10 мянга. Хятад будаа агшаагч хамгийн жижиг нь 70 мянгаас эхлээд 300 мянган төгрөг хүртэл үнэтэй. Коллагентай вакус ширхэг нь 3200-3500 төгрөг. Нэг хүний хөнжил 70 мянган төгрөг. Хоёр хүнийх нь 95 мянга. Ариун цэврийн өрөөний сойз ариутгагч 68 мянга. Таван ширхэгтэй никел савны ком 70 мянга. Солонгос нүүрний маскууд ширхэг нь 1500 төгрөгийн үнэтэй. 100 ширхэгтэй амны цаас 5500 төгрөгөөс эхлээд 7800 төгрөг хүртэл зарагдаж байна. Чийгний гудас эвлүүлдэг дөрвөн ширхэгтэй нь 30 мянга. Jobi брэндийн шингэн вок 3 литртэй нь 35 мянга. Горгаз болон солонгос газ ширхэг нь 5000-5500 төгрөгийн үнээр зарагдаж байлаа.

Эндээс харахад ахуйн хэрэглээний барааны үнэ онлайн шопуудад энгийн дэлгүүрээс харьцангуй хямд үнээр борлуулагдаж байна.

С.ОТГОНБАЯР

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

21 нас хүрээгүй хүнд согтууруулах ундаа зарсан, түүгээр үйлчилсний улмаас бусдад учруулсан гэм хорыг худалдсан, түүгээр үйлчилсэн тусгай зөвшөөрөл эзэмшигч хариуцна DNN.mn

Цахим орчинд “ Ц а г даагийн байгууллагад 14 настай, эмэгтэй ” Н ” н ь “хичээлдээ явна гэж гараад очоогүй, гэртээ ч ирсэнгүй алга боллоо, олж өгөөч” гэх дуудлага, мэдээлэл бүртгэгджээ. Эрэн хайх ажиллагааг шуурхай зохион байгуулахад дээрх хүүхэд нь Сонгинохайрхан дүүргийн нутаг дэвсгэрт “Т” нарын 14-16 насны нэр бүхий хүүхдүүдийн хамт архи, согтууруулах ундааны зүйл хэрэглэсэн байдалтай байсныг олж тогтоон, ар гэр, асран хамгаалагч нарт хүлээлгэн өгөх, бусад шалгалтыг зохион байгуулж байна” гэх мэдээлэл түгсэн. Энэ мэдээллийн дагуу сурвалжиллаа.

Ү С Х – н ы 2 0 1 9 о н ы судалгаагаар нийслэлд архи зардаг худалдааны болон хүнсний дэлгүүр 2812, цэнгээний газар 457, кафе 428, зоогийн газар 564, зочид буудал 326 байна гэжээ. Эдгээр дэлгүүр, үйлчилгээний газрууд бага насны хүүхдэд архи, согтууруулах ундааны төрлийн зүйл зардаг эсэхийг сонирхлоо. Замд таарсан найман нэрийн дэлгүүр рүү оров. Тус дэлгүүр өөр өөртөө үйлчлэх бөгөөд архины лангуу нь худалдагчийнхаа кассны ард байх аж. Янз бүрийн шилтэй, элдэв хаяг шошготой архи, пиво лангуу дүүрэн өрөөстэй. Үнийг нь урд нь бичиж тавьжээ.

Худалдагч нь 30-аад насны эмэгтэй байлаа. Түүнээс цөөн асуултад хариулт авав.

– Та энд худалдагч хийгээд удаж байгаа юу?

-Би удаагүй ээ. Гурван сар л болох гэж байна.

-Өдөрт хэдээс хэдэн цагийн хооронд ажилладаг вэ?

-Өглөө 09:00 цагаас шөнийн 00:00 цаг хүртэл ажилладаг.

-Ажлын ачаалал их үү?

-Өөр өөртөө үйлчилдэг дэлгүүр болохоор ачаалал нэг их биш. Харин бараа их ирсэн өдөр бараагаа өрөх, зөөж хураах гээд ажил ихэсдэг.

-Үйлчлүүлэгч их орж ирэх үү?

-Зам дагуу болохоор хүн их орж ирнэ ээ.

-Танайх архи, согтууруулах ундаа зарах тусгай зөвшөөрлөө сунгуулсан уу?

-Тусгай зөвшөөрөл тэр өлгөөтэй байна. Би яг хугацааг нь харж байгаагүй юм байна. Сунгуулсан байх аа.

-Зам дагуу болохоор хүмүүс архи, согтууруулах ундаа бага авдаг уу?

-Ялгаа байдаггүй байх аа. Авч л байдаг шүү дээ.

-Бага насны хүүхдүүд архи эсвэл тамхи авахаар орж ирдэг үү?

-Ирдэг.

-Тэдэнд зардаг уу?

-Таньдаг хүмүүсийн хүүхдүүд бол өгчихдөг.

-Дунд анги ч юм уу ахлах ангийн хүүхдүүдэд тийм төрлийн зүйлийг зардаг уу?

-Зарим өсвөр насны хүүхдүүдийг дүрэмт хувцасгүй бол сургуулийн хүүхдүүд гэж мэдэхгүй шүү дээ. Тэгэхээр зарчихдаг л байх.

-Хэрэв сургуулийн хүүхэд гэж мэддэг бол зарах уу?

-Таньдаг, энэ хавийн хүүхэд бол зарна.

-Та худалдагч хийгээд гурван сар болсон гэсэн. Энэ хавийнхантай танилцаж амжсан хэрэг үү?

-Өдөрт олон орж ирдэг хүмүүсээ таньдаг болсон.

-Та насанд хүрээгүй хүүхдэд архи согтууруулах ундаа зарсан, үйлчилсэн тохиолдолд хуульд ямар заалттай байдаг талаар мэдэх үү?

-Мэдэхгүй.

Ингээд бидний яриа өндөрлөв.

Насанд хүрээгүй хүүхдэд архи согтууруулах ундаа зарсан, үйлчилсэн тохиолдолд хуульд юу гэж заасан байдаг талаар хуульч, өмгөөлөгч Б.Агар-Эрдэнээс тодрууллаа.


-Архидан согтуурахтай тэмцэх тухай хуульд бага насны болон насанд хүрээгүй хүүхдэд архи согтууруулах ундаа зарж борлуулсан, үйлчилсэн тохиолдолд ямар хариуцлагатай байдаг вэ. Хуульд юу гэж заасан бэ?

-Монгол Улсад “Архидан согтуурахтай тэмцэх тухай хууль” 2000 онд хэрэгжиж эхэлсэн байдаг. Тус хуулийг 2022 онд баталсан “Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хууль” болгон өөрчилсөн. Хуулийн 21.1.1 дэх хэсэгт “21 нас хүрээгүй, эсхүл согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүнд согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэх”. Хуулийн 26.2 дахь хэсэгт “Үйлчлүүлэгч 21 нас хүрээгүй гэх үндэслэл байгаа тохиолдолд энэ хуулийн 26.1-д заасан ажилтан согтууруулах ундаа худалдах, түүгээр үйлчлэхийн өмнө хуулиар зөвшөөрөгдсөн насанд хүрсэн эсэхийг шалгах зорилгоор үйлчлүүлэгчийн баримт бичгийг биечлэн болон техник технологи ашиглан заавал шалгана”. Хуулийн 27.1 дэх хэсэгт “21 нас хүрээгүй, эсхүл согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүнд согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсний улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн тусгай зөвшөөрөл эзэмшигч хариуцна”. Хуулийн 28 дугаар зүйл 28.1.2 дахь хэсэгт “согтууруулах ундаа хэрэглэхийг хориглох тохиолдол “21 нас хүрээгүй” гэж хуульчилсан байна.

-Хэрэв харсаар байтал бага насны хүүхэд байхад зарсан тохиолдолд яах вэ?

-Согтууруулах ундааны эргэлтэд хяналт тавих, архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийн 27.2-т тусгай зөвшөөрөл эзэмшигч энэ хуулийн 26.2-т заасан үүргээ зохих ёсоор биелүүлээгүйн улмаас үйлчлүүлэгч хуульд заасан насанд хүрээгүй болохыг мэдээгүй нь хариуцлагаас чөлөөлөх үндэслэл болохгүй гэж заасан.

-Та цахим орчинд гарсан мэдээллийг харсан байх. Бага насны хүүхдүүдийг архидан согтуурах байраар хангасан тохиолдолд яах вэ?

-Мөн хуулийн 27.1-т 21 нас хүрээгүй, эсхүл согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн хүнд согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсний улмаас бусдад учруулсан гэм хорыг согтууруулах ундаа худалдсан, түүгээр үйлчилсэн тусгай зөвшөөрөл эзэмшигч хариуцна гэж заасан. Орон байрны талаар энэ хуульд нарийн зохицуулалт хийгээгүй.

Хуульч ийм тайлбар өглөө. Дээрх мэдээллийн дагуу Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвийн дарга Б.Батзоригоос тодрууллаа.


-Өсвөр насны хүүхдэд архи зарсан, түүнийг хэрэглэх орон байраар хангасан газруудыг шалгаж байгаа юу?

-Өөрсдийн явцуу эрх ашгийн үүднээс бага насны хүүхдэд архи согтууруулах ундаа зардаг дэлгүүр, баар, караоке, дэн буудал маш их байна. Хүн хараад л насанд хүрээгүй нь тодорхой байхад 22 настай гэж хэлээд архи авсан гэдэг тайлбарыг өгдөг. Хуульд хүүхдэд насанд хүрээгүйг нь мэдээгүй архи согтууруулах ундаа зарсан, үйлчилсэн нь хариуцлага хүлээлгэхгүй байх үндэслэл болохгүй гэж заасан байгаа.

-Уг дэлгүүр, буудалд ямар хариуцлага хүлээлгэх вэ?

-Бид шалгалтын ажиллагааг хийж байна. Зохих хариуцлагыг шүүхээс оногдуулна. Өөрсдийн явцуу эрх ашгийн төлөө шунахайн сэдлээр бага насны хүүхдэд архи согтууруулах ундаагаар үйлчилдэг газруудад хандаж хэлэхэд энэ үйлдлээ таслан зогсоогооч ээ. Үүнээс үүссэн ямар нэгэн гэм хор илэрвэл түүгээр үйлчилсэн байгууллага, хувь хүн хариуцлага хүлээнэ гэдгийг анхааруулъя. Нөгөө талаар эцэг эхчүүд өсвөр насны хүүхдийнхээ сэтгэл зүйг ойлгох, тэдэнтэй харилцах харилцаагаа сайжруулах, хараа хяналтаа сулруулахгүй байхыг давхар сануулж байна. ЦЕГ-ын 2023 эхний есөн сард бүртгэгдсэн гэмт хэрэг зөрчлийн мэдээгээр Хүүхдийг согтуурах, мансуурах, донтох байдалд татан оруулах гэмт хэрэг 63 бүртгэгдсэн байна. Үүнээс архи согтууруулах ундаа хэрэглэсэн үедээ хүүхэд өөрөө гэмт хэрэг үйлдсэн тохиолдол найм бүртгэгджээ.

2021 оны “Дэлхийн хүн амын тойм” мэдээллээс харахад 15-аас дээш насны нэг хүнд ногдох архины жилийн хэрэглээний дэлхийн дундаж 16.38 литр байгаа бол монголчуудын хувьд жилийн хэрэглээ 21.9 литр, өдөрт 47.2 грамм цэвэр архи хэрэглэж байгаа нь 2010 онтой харьцуулахад 3.2 дахин өссөн. 2021 оны энэ мэдээллээр нэг хүнд ногдох архины хэрэглээгээр Монгол Улс дэлхийн 218 орноос 34 дүгээр байр буюу Тунис, Пакистан, Судан, Нигер зэрэг улс оронтой ойролцоо байна. Хойд хөрш ОХУ-ын хувьд 20.1 литр, БНХАУ 12.9 литр хэрэглээтэй гэж гарчээ. Тэгвэл саяхан буюу энэ оны есдүгээр сард Ерөнхийлөгчийн зөвлөх Т.Мөнхсайхан “Согтууруулах ундааны борлуулалт эхний найман сарын байдлаар хоёр сая литрээр буюу өмнөх онтой харьцуулахад 12.5 хувиар буурсан байна. Мөн 25 хүртэлх градустай согтууруулах ундааны хэрэглээ өсч, өндөр градустайн хэрэглээ эрс багассан. Согтуугаар үйлдэгдсэн гэмт хэрэг зөрчил 15.8 хувиар буурсан байна. Судалгаанд суурилсан шинжлэх ухаанч бодлого үр дүнгээ өгч, цаашид ч улам их өөрчлөлт, үр дүн гарах боломж харагдлаа” хэмээн өөрийн цахим хуудсаар мэдээлж байв. Дэлхийд архи, согтууруулах ундааны хэрэглээнээс шалтгаалсан цаг бусын нас баралт 100 мянган хүнд дунджаар 35 байдаг. Харин Монгол Улсад 123 буюу 3.5 дахин их, шууд ба шууд бус нөлөөллийн улмаас жилдээ 4000-4500 орчим хүн нас бардаг ажээ.