Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Д.Мөнхбат: Үзэл бодлоо илэрхийлэхээр цагддаг, хорьдог, эрхэд нь халддаг жишиг тогтлоо DNN.mn

АН-ын Үндэсний бодлогын хорооны гишүүн, залуусын “Нээлттэй ардчилал” клубийн удирдах зөвлөлийн гишүүн Д.Мөнхбаттай ярилцлаа.


-Иргэн Д.Мөнх-Эрдэнийг ямар үндэслэлээр хорьсон юм бэ?

-Д.Мөнх-Эрдэнийг 2022 оны арванхоёрдугаар сарын 19-ний өдөр Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ авах прокурорын саналыг үндэслэн цагдан хорих, таслан сэргийлэх хурал болсон. Энд нэг сонирхол татаж буй зүйл нь нэгдүгээрт, дүүргийн прокуророос санал орж ирсэн. Түүнтэй зэрэгцээд Нийслэлийн прокуророос бас санал ирсэн байдаг. Нэгдүгээрх нь, Сүхбаатар дүүргийн хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Н.Пүрэвтогтох гэдэг прокурор сэжигтнийг шүүхийн зөвшөөрөлгүй баривчилсан тухай мөрдөгчийн шийдвэрийг шүүхээр хүчинтэйд тооцуулах саналыг оруулсан юм билээ. Д.Мөнх-Эрдэнэ 2022 оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр Сүхбаатар дүүргийн нэгдүгээр хороонд байрлах Гадаад харилцааны яамны байранд хүмүүстэй очиж, Төрийн нарийн бичгийн дарга Н.Анхбаяртай уулзах нэрийдлээр яамны байр руу нэвтрэхийг завдсан.

Мөн төрийн тусгай албан хаагчдыг үг хэлээр доромжлон биед нь халдаж, орилж хашгичин, Н.Анхбаярыг цохихоор завдсан. Талбай явъя гэж хувцсанаас нь татсан, өдөөн хатгасан, байгууллагын үйл ажиллагааг алдагдуулсан, танхайрсан гэх үндэслэлээр, мөрдөгчийн тогтоолоор, шүүхийн зөвшөөрөлгүйгээр цагдан хорьсон асуудал байгаа. Энэ асуудалтай холбоотойгоор шүүхээр мөрдөгчийн саналыг хүчинтэйд тооцуулах, зөвшөөрөлгүйгээр цагдан хорьсон. 2022 арванхоёрдугаар сарын 18-ны өдөр иргэн Д.Мөнх-Эрдэнэ амралтын өдөр өөрийн ажлын байр дээрээ байхад арав гаруй цагдаа ирж баривчилсан. Тэр үед иргэн Д.Мөнх-Эрдэнийг согтуу байна гэх үндэслэлээр шууд эрүүлжүүлсэн. Ингээд 2022 оны арванхоёрдугаар сарын 19-ний 05:53 цагт шүүхийн зөвшөөрөлгүйгээр шууд хорих 461 дүгээр ангид цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээ авсан. Үүнтэй холбоотойгоор уг мөрдөгчийн шийдвэрийг Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд хууль зүйн үндэслэл нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд зааснаар хойшлуулашгүй тохиолдол гэдэг үндэслэлээр цагдан хорьсон гэх нэрийдлээр прокурорт санал хүргүүлсэн юм билээ. Тус саналын тухайд Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс иргэн Д.Мөнх-Эрдэнийг хойшлуулашгүй тохиолдол гэдэг үндэслэлээр буюу эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 31.5-д заасан шүүхийн зөвшөөрөлгүйгээр цагдан хорих хууль зүйн үндэслэл хангагдаагүй байна. Өөрөөр хэлбэл, хүний эрхийг зөрчиж шүүхийн шийдвэргүйгээр, мөрдөгчийн тогтоолоор шууд цагдан хорих хууль зүйн үндэслэлгүй. Тиймээс нэн даруй суллах шийдвэрийг гаргасан байдаг.

-Нийслэлийн прокуророос ямар санал ирсэн юм бэ?

-Дүүргийн прокурорын саналыг шүүхээс хүчингүй болгосны дараа Нийслэлийн прокурорын хяналтын прокурор, хууль цаазын зөвлөх Ганхүлэг гэдэг прокурор Мөнх-Эрдэнэд авагдсан таслан сэргийлэх арга хэмжээг цагдан хорих урьдчилан сэргийлэх арга хэмжээ болгож өөрчлөх, тэрхүү саналаа 30 хүртэлх хоногоор үргэлжлүүлэх ёстой гэсэн саналыг шүүхэд оруулсан. Үүний үндэслэл нь Д.Мөнх-Эрдэнэ гэмт хэрэг үйлдэж болзошгүй талаар үндэслэл бүхий баримт мэдээлэл байгаа тул Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 14.9.1 дэх хэсгийн 1.3-т заасан үндэслэлээр урьд авагдсан таслан сэргийлэх арга хэмжээг өөрчлөн урьдчилан сэргийлэх, цагдан хорих арга хэмжээг авах шаардлагатай гэсэн саналыг оруулсан. Мөнх-Эрдэнийн тухайд хязгаар тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ буюу хилийн хориг авагдсан байсан. Хязгаар тогтоох таслан сэргийлэх арга хэмжээ авснаас хойш хоёр удаа хэрэг бүртгэлтийн хэрэг нээгдсэн байна. Өөрөөр хэлбэл, нэгдүгээрт төрийн өндөр дээд албан тушаалтанд халдахыг завдсан, танхайрсан. Хууль сахиулагчийн хууль ёсны шаардлагыг биелүүлээгүй гэх хоёр үндэслэлээр хэрэг бүртгэлтийн хэрэг Сүхбаатар дүүрэгт нээгдсэн тул үүнтэй холбогдуулан цагдан хорих, таслан сэргийлэх арга хэмжээ зайлшгүй авах ёстой гэсэн үндэслэлийг тайлбарласан. Үүнтэй холбогдуулан иргэн Д.Мөнх-Эрдэнийг 30 хоногоор цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг авч 461 дүгээр ангид үргэлжлүүлэх нь зүйтэй гэсэн шийдвэрийг шүүхээс гаргасан.

-Та бүхэн энэхүү шүүхийн шийдвэртэй санал нийлэхгүй байгаа хэмээн мэдэгдэл гаргасан шүү дээ. Энэ талаар тайлбарлах уу?

-Энэ шийдвэр хүний эрх зүйн байдлыг дордуулсан үйл явдал боллоо гэж бидний зүгээс үзэж байгаа. Яагаад гэхээр Д.Мөнх-Эрдэнэд хоёр хэрэг бүртгэлийн хэрэг нээчихсэн. Тэр нь хөнгөн Зайлшгүй 30 хоног цагдан хорьж, шалгах шаардлагагүй. Үнэхээр холбогдсон гээд байгаа тэр хоёр хэрэг нь гэм буруутай эсэх нь шүүхээр эцэслэгдэн тогтоогдоогүй. Ийм байхад түүний эрхийг 30 хоног хязгаарлаж байгаа үйлдэл нь Д.Мөнх-Эрдэнийн үзэл бодлоо илэрхийлэх, үг хэлэх эрхийг боон хязгаарлалт тогтоох гэсэн санаархал. Түүнийг хорьж цагдаж байгаа нь эрүүдэн шүүж, түүний эрхэд халдаж байгаа нэг хэлбэр гэж бид хардаж байна. Нөгөөтэйгүүр улс төрийн өндөр албан тушаалтанд халдсан гэх үндэслэлээр иргэний эрхийг хязгаарлаж байгаа үйлдэл хэмээн дүгнэхэд хүрч байна.

-Тэрбээр лайваар олон нийтэд мэдээлэл дамжуулдаг нь ийм байдалд хүргэлээ гэх хардлага бас нийтэд байна шүү дээ?

-Улс төрчдийн, өнөөдрийн төрийн өндөр дээд албан тушаалтнуудын үнэн дүр төрхийг, ялангуяа төрөөс их хэмжээний хохирол учруулж байгаа нүүрсний хулгайчдыг, авлигачдыг эсэргүүцэн, зарлаж, илэрхийлж, шүгэл үлээж байгаа нь хувь хүнийх нь хувьд маш их зориг гаргаж байгаа үйлдэл. Энэ үйлдлийг таслан зогсоохгүй бол маш олон албан тушаалтнуудын булхайтай үйлдлийг илчлээд байх, цаашилбал төрийн өндөр дээд албан тушаалтнууд энэ хүний хэлэх ярихыг хязгаарлая гэсэн зохион байгуулалттай зүйл байхыг үгүйсгэхгүй.

-Та бүхний харж байгаагаар түүнийг эрүүдэн шүүх, ял тулгах магадлалтай юу?

-Бидний харж буйгаар Д.Мөнх-Эрдэнэ хардах эрхтэй. Үндсэн хуулиар заагдсан үзэл бодлоо илэрхийлэх эрхтэй. Үндсэн хуулиар олгогдсон хүн бүр тэгш эрхтэй байх, үзэл бодлоо илэрхийлсний төлөө түүнийг шүүхийн зөвшөөрөлгүйгээр цагдан хорих ёсгүй. Хуульд заагдсан бүх л эрх Д.Мөнх-Эрдэнэд ч гэсэн хамааралтайгаар үйлчлэх учиртай. Заавал түүний эрхийг 30 хоногоор хорих шаардлагагүй гэж бидний зүгээс харж байгаа. Энэ нь санаатайгаар түүний эрхэд халдсан үйлдэл л гэж харж байна.

-Ар гэр, өмгөөлөгчтэй нь уулзуулсан уу?

-Бид өмгөөлөгчидтэй нь холбогдож мэдээлэл авсан. Одоогоор 461 дүгээр ангид хоригдож байгаа. Өмгөөлөгчдийн зүгээс үйлчлүүлэгчтэйгээ уулзах эрх нь нээлттэй. Д.Мөнх-Эрдэнийн зүгээс өмгөөлөгчидтэйгөө уулзахдаа хөдөлгөөнт камерын хяналт дор уулзана гэдгээ илэрхийлсэн юм байна лээ. Одоогоор ар гэрийнхэнтэй нь уулзах зөвшөөрлийг шүүхээс өгөөгүй байгаа.

-Таслан сэргийлэх арга хэмжээ авснаас хойш түүнд шахалт дарамт үзүүлсэн зүйл байгаа болов уу. Биеийн байдал нь ямар байгаа бол?

-Түүний эрүүл мэнд сайн гэсэн мэдээлэл авсан. Таслан сэргийлэх арга хэмжээ авснаас хойш ямар нэгэн дарамт шахалт үзүүлсэн тухай мэдээлэл одоогоор бидэнд алга. Шүүхээс 30 хоногийн хугацаатай таслан сэргийлэх арга хэмжээ авсан шийдвэртэй холбоотойгоор гурав хоногийн дотор ерөнхий шүүгчид гомдол гаргах эрх нь нээлттэй. Үүний дагуу ар гэр, өмгөөлөгчдийн зүгээс прокурорын санал хууль зүйн үндэслэлтэй эсэх дээр гомдол гаргаж байгаа гэсэн мэдээллийг авсан. Бидний зүгээс харахад хүний эрх зөрчиж байгаа үйл баримт харагдаж байна. Үзэл бодлоо илэрхийлэхдээ нийтээр дагаж мөрдөх хэм хэмжээг зөрчиж, зөрчил үүсгэсэн. Эсвэл эрүүгийн гэмт хэргийн шинжтэй үйлдэл гаргасан эсэхийг шүүх тогтооно. Гэтэл хэрэг хянан шийдвэрлэх үйл ажиллагаанд заавал цагдан хорьж хүний эрхэд давхар халдаж байгаад нь бидний зүгээс Хүний эрхийн комисст хандаад байна. Шүгэл үлээж, үзэл бодлоо илэрхийлэхээр цагддаг, хорьдог, эрхэнд нь халддаг жишиг тогтлоо. Бид үүнд гомдолтой, шүүмжлэлтэй хандаж байна.

Categories
мэдээ нийгэм

Г.Жавхлантөгс: Ирээдүйн нүүрсний хулгайгаас сэргийлэхийн тулд төрийн өмчит компаниудыг олон нийтийн өмчит болгох ажлыг яаравчлах шаардлагатай DNN.mn

Монгол дахь Амеркийн Худалдааны Танхимын Бодлого хариуцсан захирал Г.Жавхлантөгстэй ярилцлаа.


-Амеркийн худалдааны танхим 2022 онд Монгол Улсад ямар ажлуудыг хийж хэрэгжүүлэв. Энэ жилийн ахиц дүгнэлтээсээ эхлээд ярих уу?

-Монгол дахь Амеркийн худалдааны танхим энэ онд маш идэвхтэй үйл ажиллагаагаа явуулсан. Ялангуяа хууль эрх зүй, бодлогын шинэчлэлийн асуудлаар зорьж ажилласан. Манай танхим сар болгон бодлогын асуудлуудаар зорилтот уулзалтуудыг зохион байгуулдаг. Оны эхээр бид бодлогын хувьд баримтлах тэргүүлэх чиглэлүүд буюу зорилтуудаа гаргадаг. АмЧам Монголын Өсөлтөд хүргэх Замын зураг 2022 нь энэ жилийн турш манай бодлогын бүх үйл ажиллагааг чиглүүлсэн бөгөөд сар бүрийн уулзалтын сэдэв болон илтгэгчид энэхүү замын зурагт тусгагдсан гурван үндсэн зорилттой нягт уялдаатай байв.Энэхүү гурван зорилтын эхнийх нь хувийн хэвшилд тулгуурласан эдийн засгийн сэргэлт болон өсөлтийг дэмжих байсан.Хоёрдугаарт, АНУ болон Монгол улсын хоёр талын худалдаа, хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх, бүс нутгийн харилцаа холбоо, түншлэлийг бэхжүүлэх, Гуравдугаарт, манайх гишүүддээ үйлчилдэг байгууллагын хувьд гишүүдийнхээ ашиг сонирхолд нийцсэн дэмжлэг үзүүлэх, тэдний брэндийг сурталчлан таниулах, тулгарч буй асуудал, бэрхшээлүүдийг шийдвэрлэх гэсэн чиглэлээр ажилласан. -Энэхүү олон үйл ажиллагаануудаас онцлоод дурдах ажлууд нь юу байна вэ?

-Нэгдүгээр сарынхаа уулзалтаар бид Монголбанкны ерөнхийлөгч Б.Лхагвасүрэн, Монголын банкны холбооны гүйцэтгэх захирал Л.Амар нартай гадаад вальютын нөөцийн хомсдол, төлбөрийн тэнцлийг яаж хэрхэн шийдвэрлэх, хувийн хэвшлийн зүгээс ямар оролцоо байх вэ гэдэг асуудлуудыг хөндөж ярьсан. Хоёрдугаар сарын уулзалтаараа сангийн дэд сайд С.Мөнгөнчимэгтэй “Шинэ сэргэлтийн бодлого”-ын талаар ярилцсан. Мөн АНУ-аас Монгол Улс руу шууд нислэг үйлдэх асуудлаар АНУ-ын элчин сайдын яамтай хэлэлцүүлэг өрнүүлсэн. Түүнийг бид анх 2018 онд зохион байгуулсан. Энэ онд дахин зохион байгууллаа. Цар тахлын улмаас нислэгийн аюулгүй байдлын ажилчдын сургалт нь хойшилсон нөхцөл байдалтай байгаа ч гэсэн АНУ, Монгол Улсын хоорон дахь худалдаа эдийн засгийн асуудлыг өргөжүүлэх гол нөхцөл нь шууд нислэгтэй болох ажил байгаа. Энэхүү хэлэлцүүлгийн үр дүнд хоёр улсын хооронд агаарын тээврийн хэлэлцээр эхэлчихсэн. Түүнчлэн сая 10 сард Ерөнхий сайд АНУ-Монгол Улсын хооронд агаарын тээврийн гэрээ хэлэлцээрт гарын үсгийг зурах эрхийг Зам тээврийн хөгжлийн сайд С.Бямбацогт сайдад өгсөн. Иймэрхүү бодьтой үр дүн гарсан байна. Түүнчлэн бид 2022 оны зургадугаар сарын 21-23-ны өдрүүдэд гадаад болон дотоодын хөрөнгө оруулагчид, Монгол дах АНУ-ын ЭСЯ-тай хамтран Doorknock 2022 айлчлалыг амжилттай зохион байгуулж, төлөөлөгчид Монгол Улсын Засгийн газрын төлөөлөл, төрийн дээд байгууллагуудтай уулзаж санал солилцлоо.АмЧам Монголын төлөөлөгчид Doorknock 2022 уулзалтын үеэр УИХ-ын дарга Г.Занданшатарт бараалхсан бөгөөд Монгол Улсад ГШХО-ыг хэрхэн нэмэгдүүлэх талаар УИХ-ын даргын асуултад Жэймс Лиотта хариулахдаа “Хувийн хэвшлийн хөрөнгө оруулагчдын амжилтын түүх нь Монгол Улсын хувьд хамгийн сайн PR болох тул хувийн хэвшилд тулгуурласан эдийн засгийн хөгжлийг дэмжсэн хууль тогтоомжийн эко тогтолцоог бүрдүүлэх нь чухал ач холбогдолтой” гэж хэлсэн. Уулзалтуудаар хувийн хэвшил, бизнес эрхлэгчдэд тулгамдаж буй асуудлууд, хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээх буюу нэмэгдүүлэх, бизнесиийн орчинг сайжруулах, эдийн засгаа сэргээх, хүнд суртлыг арилгах, эдгээр асуудлыг даван туулахад нэн даруй хийх ажлууд, хууль, эрх зүйн орчны шинэчлэлийн талаар санал солилцсон. Айлчлалын хүрээнд АмЧам Монгол “Эерэг өөрчлөлтийн гурван тулгуур” нэртэй баримт бичгийг танилцуулсан. Өөр нэг онцлох явдал бол манай “Мэдээлэл, харилцаа холбоо ба дижитал эдийн засгийн хороо” 2022 оны зургадугаар сарын 2-3-ны хооронд “Цахим эдийн засгийн хөгжлийг тодорхойлох нь, Вэб 3.0” сэдэвт олон улсын чуулганыг зохион байгуулсан бөгөөд блокчэйн болон дижитал технологиор тэргүүлэгч Polygon, DLA Piper, BCW Group, TOKO зэрэг глобал компаниудын хөрөнгө оруулагчид Монгол улсад анх удаагаа ирж, технологийн дэвшил бизнесийн салбарт хэрхэн өөрчлөлт авчирч буй тэргүүн туршлага, түүнийг оновчтой интеграцичлал хийх, хууль, эрхзүйн орчинг боловсронгуй болгох, технологийн салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэхийн тулд авч хэрэгжүүлэх алхмууд болон тэдгээрийг хөхүүлэн дэмжих эко-системийг бий болгох тухай сонирхолтой хэлэлцүүлэг өрнүүллээ. Чуулганы үеэр Монголын шилдэг гарааны бизнесүүд төслүүдийн танилцуулга бүхий экспо ажиллаж, олон төрлийн технологийн шийдэл, токенжуулалт, блокчэйн технологийн тухай дэлгэрэнгүй мэдээллийг олон нийтэд, ил тод хэлбэрээр хүргэж чадсан. Мөн бид аравдугаар сарын 18-ний өдөр “Түгжрэлийн эсрэг нийтээрээ” сэдэвт хэлэлцүүлгийг Түгжрэлийг бууруулах үндэсний хороо, Нийслэлийн Засаг даргын тамгын газар (НЗДТГ), Монголын авто дистрибьютерийн ассоциаци (MАДА) -тай хамтран зохион байгууллаа. Миний хувьд “Автомашины түгжрэлтэй холбоотой тулгамдсан асуудлууд, шийдлүүд ба олон улсын сайн жишгүүд” сэдвээр илтгэл толилуулсан бөгөөд НЗДТГ-аас боловсруулсан төвлөрлийг сааруулж, түгжрэлийг бууруулах төлөвлөгөө олон улсын зарим сайн жишгүүд дээр тулгуурласан байгаа боловч одоо гол нь энэхүү төлөвлөгөөг яаралтай хэрэгжүүлж, түгжрэлийг дорвитой бууруулах зоригтой алхмуудыг хийх шаардлагатай байгааг онцолсон.

-Хувийн хэвшлийг дэмжих чиглэлээр ямар ажлууд хийв?

-Бид дөрөвдүгээр сарын уулзалтаа “Хувийн хэвшил тэргүүлсэн эдийн засгийн сэргэлт ба хөгжлийг дэмжих нь” сэдвээр зохион байгууллаа.Хэлэлцүүлэгт оролцогчид бизнес дэх төрийн оролцоо их байгаа нь хувийн хэвшлийн өрсөлдөх чадварт сөргөөр нөлөөлж, хэцүү нөхцөл байдал бий болгож байгаа тул төрийн өмчийн оролцоог хумих шаардлагатай байгааг онцоллоо. Тийм учраас төрийн өмчийн компаниудыг олон нийтэд ил тод болгох, үүнтэй холбоотой маш их авилга хээл хахуулийн асуудал сөхөгдөж байна. Үүнийг шийдвэрлэх шаардлагатай байна.

-Яаж шийдвэрлэх вэ?

-Засгийн газар тодорхой хугацаанд төрийн өмчит зарим компаниудыг хувьчилах, олон нийтийн болгох бодитой төлөвлөгөөг гаргаж ажиллах шаардлагатай байна гэдгийг бид аль хоёрдугаар сард гаргаж тавьж байсан.

-Сүүлийн үед анхаарал хандуулахаас аргагүй нэгэн үйл явдал талбай дээр болж буй жагсаал шүү дээ. Та бүхний зүгээс үүнийг хэрхэн харж байна вэ?

-Бидний хувьд ард иргэдийнхээ нэгэн адил үнэхээр бухимдаж, бас УИХ, Засгийн газраас энэхүү нүүрсний хулгайтай холбоотой этгээдүүдтэй бүрэн хариуцлага тооцохыг шаардаж байна. Төрийн өмчит аж ахуйн нэгж гэдэг нэрийн цаана хяналт сул, ямар их авилга хээл хахууль явагддаг, ямар их хэмжээний хууль бус ажиллагаа явагддаг вэ гэдгийг харж болж байна шүү дээ. Тиймээс бид үүнийг эртнээс сануулаад хэлээд, тодорхой төлөвлөгөө гаргаж энэ үйл ажиллагааг хэрэгжүүлээрэй гэж хэлж байсан. Үүний үндсэн дээр өнөөдөр Тавантолгойг олон нийтийнх болгох IPO гаргах гэх мэт ажлууд хийгдээд явж байна. Цаашид аль болох хувийн хэвшлээ дэмжсэн эдийн засгийн тогтолцоог л бүрдүүлж чадах юм бол манай эдийн засаг хурдан сэргэж, тогворжих боломж бүрдэн хөгжинө гэж ойлгох хэрэгтэй. Тэгэхгүйгээр бүх зүйл төрөөс хамааралтай, төр өөрөө бүх зүйлд оролцоотой, төр нэг талдаа зохицуулагч, нөгөө талдаа өрсөлдөгчийн үүрэг гүйцэтгээд байдаг. Хувийн хэвшилтэйгээ төр нь өрсөлдөөд байхаар яаж хувийн хэвшил нь хөгжих вэ. Яаж ч өрсөлдсөн төр өөрийн компаниуддаа давуу эрх олгоод байдаг. Хамгийн сүүлийн жишээг харахад банкуудын IPO дээрээс шууд харагдаж байгаа. Хамгийн эхэнд өгсөн банкуудын IPОбиш Төрийн банкны IPO эхэлж гарсан шүү дээ. Авлига хээл хахуулийн асуудал ерөөсөө л төрийн өмчтэй холбоотой байгаад байна. Тиймээс ирээдүйн нүүрсний г.м. бүх төрлийн хулгайгаас сэргийлэхийн тулд төрийн өмчид компаниудыг олон нийтийн өмчит болгох ажлыг яаравчлах шаардлагатай байна.

Хууль эрх зүйн орчинд та бүхэн ямар арга хэмжээг авав?

-“Уул уурхайн долоо хоног 2022” чуулганыг дэмжин ажиллаж, “Mine-golia-г хэн үгүй хийсэн бэ” сэдвээр хэлэлцүүлгийг зохион байгуулсан. Манай танхимын тэргүүн асан Жэймс Лиотта Монгол хэрхэн Mine-golia буюу уул уурхайд түшиглэсэн орон болсон, 2011 онд дэлхийн хамгийн өндөр өсөлттэй эдийн засагтай болсон боловч ямар шалтгаануудын улмаас энэ өсөлтөө хадгалж чадалгүй, өнөөгийн байдалд хүрсэн талаар дэлгэрэнгүй танилцуулсан. Үүнээс үндэслээд Хөрөнгө оруулалтын тухай хууль, Ашигт малтмалын тухай хуулийн шинэчилсэн найруулга, АМНАТ-ийн хууль зэрэг хуулиудыг яаралтай шинэчлэх асуудлуудыг хөндсөн. Эдгээр хуулийн шинэчлэлүүд ирэх хаврын чуулганаар хэлэлцэгдэх байх. Хөрөнгө оруулагчдад ямар ч ээлгүй хуулиас болж монголоос хэчнээн хөрөнгө оруулагчид гарав. Яаралтай эдгээр хуулиудыг шинэчилж, олон улсын жишигт нийцсэн болгох, ингэснээр Монгол улсын бизнес, хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах шаардлагатай байна.

-Та бүхэн 2022 онд маш олон ажлыг хийж хэрэгжүүлжээ. Тэгвэл 2023 оны зорилтоосоо товч дурдах уу?

-Түрүүн ярианыхаа эхэнд хэлсэн. Оны эхээр бодлогынхоо гол чиглэлийг тодорхойлдог гэж. 2023 онд бодлогынхоо гол чиглэл буюу өсөлтөд хүргэх замын зураг хэмээх бичиг баримт баталж гаргадаг. Үүгээрээ бид 2022 оныхоо үндсэн чиглэлүүдийг хэвээр нь хадгалъя. Асуудлууд гүйцэд шийдэгдээгүй байна. Цар тахалын дараахь эдийн засгаа сэргээе. Эдийн засаг сэргэх гол үндэс нь хувийн хэвшлээ дэмжиж байж, хувийн хэвшлээ сэргээж байж эдийн засаг сэргэнэ. Хувийн хэшлийн бизнесийн үйл ажиллагаа нь сайжраад тэр чинээгээрээ орлого ашиг нь нэмэгдээд, олон хүн ажиллуулаад, цалин олгоод байвал Засгийн газраас тавьсан тэр олон зорилтуудад хүрнэ. Ажилгүйдлийг бууруулах, халамжаас хөдөлмөрт шилжих, ажлын байр бий болгох гэх мэт тэр олон ажлуудыг төрийн өмчийн газрууд шийдэхгүй юм байна. Төр бүх зүйлд оролцохоор ямар үр дүнд хүрдэгийг бид өнөөдөр бодитоор харж байна. Тиймээс хувийн хэвшлээ дэмжихийн тулд ямар ажлуудыг хийх вэ гэдэг гарц гаргалгааг олж, үйл ажиллагааг явуулах нь зүйтэй. Энэ хүрээнд төр, хувийн хэвшлийн хооронд хэлэлцүүлгүүдийг зохион байгуулах, хуулинд тодорхой нэмэлт өөрчлөлтүүдийг оруулах шаардлагатай. Тухайлбал, Татварын багц хуулинд хөрөнгө оруулагчдыг үргээсэн хэд хэдэн заалтууд бий. Аж ахуйн нэгжийн албан татвар, НӨАТ-тай холбоотой таван үндсэн асуудал бий. Тэр дотор жишээ нь, хувьцаа шилжүүлсний татвар гэх 20 хувийн татвар ногдуулдаг. Энэ заалтаас болоод маш олон хөрөнгө оруулагчид Монголоос дайжиж байгаа. Бид бусад худалдаа, аж үйлдвэрийн танхимууд болон Монголын Уул Уурхайн Үндэсний Ассоцаци зэрэг байгууллагуудтай хамтран Татварын багц хуулиудад оруулах нэн шаардлагатай өөрчлөлтүүдийн санал, үндэслэл, дүгнэлтүүдийг Сангийн Сайд, Уул Уурхай, Хүнд Үйлдвэрийн Сайд болон УИХ-ын байнгын хороодуудад аравдугаар сарын 13-ны өдөр хүргүүлсэн. УИХ, Засгийн газрын зүгээс татварын багц хуулиудад эдгээр өөрчлөлтүүдийг яаралтай тусгаснаар Монгол улсын бизнес, хөрөнгө оруулалтын орчин сайжирч, ГШХО нэмэгдэнэ гэж АмЧам Монголын зүгээс үзэж байгаа бөгөөд энэ тал дээр бүхий л байдлаар хамтран ажиллахад бэлэн гэдгийг дахин илэрхийлж байна. Мөн АНУ-Монгол улсын хоорон дахь худалдааг өргөжүүлэх, хөрөнгө оруулалтыг дэмжих, Монгол Улс руу орох валютын урсгалыг нэмэгдүүлэх ямар арга хэмжээ авч болох уу зэрэг дээр дуу хоолойгоо өргөж оролцъё гэж бодож байна. Цар тахлаас болж хойшилсон арга хэмжээнүүдээ, тухайлбал Олон улсын хөрөнгө оруулалтын форумыг ирэх онд зохион байгуулж, гадаадын хөрөнгө оруулагчдад Монгол Улсаа зөвөөр таниулах, бизнесийн төслүүдийг танилцуулахаар төлөвлөж байна.

-Америкийн худалдааны танхимд одоогоор хэдэн гишүүн байгууллага байгаа вэ. Цар тахлын дараа нэлээд олон хувийн хэвшил үүд хаалгаа барьсан тоо баримт бий. Тэдгээр компаниудын үйл ажиллагаа эргэн сэргэх боломж бий юү?

-Одоогоор манайх 75 гишүүн байгууллагатай үйл ажиллагаагаа явуулж байна. Цар тахлын дараа маш хүндрэлтэй байсан. Бид аль болохоор уян хатан хандаж, зарим нэг төлбөр тооцоог хойшлуулах байдлаар ажилласан. Түүний хүрээнд гишүүнчлэлээ хадгалаад, шинэ гишүүд нэмэгдсээр байгаа.Ирэх онд эдийн засаг сэргээд явах юм бол компаниуд маань өргөжинө гэж бодож байгаа. Эдийн засгийн хувьд эхний нэг, хоёрдугаар улиралд бондын эргэн төлөлтөөс хамаараад маш их хэмжээний төлөлт хийгдэх ёстой. Ирэх оны эдийн засгийн нөхцөл байдал таагүй харагдаад байгаа ч бидний хувьд чиглэлүүдээ зөв гаргаад ажиллавал эдийн засаг таатай хэмжээнд сэргэх болов уу гэсэн хүлээлт байгаа. Гэхдээ бодит байдал дээр ямар байхыг одоо хэлэхэд эрт байна.

Танай гишүүн байгууллага болсноор ямар давуу талуудтай, ямар боломжууд нээгдэх вэ?

-Манай гишүүн болохын тулд монгол компани 3000 ам.доллар, америк компани 4000 ам.долларын гишүүнчлэлийн татвар төлдөг. Гишүүн болсноор сар болгон бидний явуулдаг үйл ажиллагаанд оролцох боломжуудыг нээж өгдөг. Гишүүн болсноор тухайн компани үйл ажиллагаа бүрт тав хүртэлх ажилтнаа үнэгүй оролцуулах боломжтой. Чиглэл бүрээрээ компаниуд өөрсдийн төлөөллөө сонгоод явуулж болно. Мөн бид сар бүр гишүүн байгууллагууддаа зориулж үйл ажиллагаа явуулдаг. Тэрхүү үйл ажиллагаанд оролцоно. Компаниудын гол асуудал нь санхүүжилт, хөрөнгө оруулалтын асуудал байдаг. Түүнтэй холбоотой АНУ-ын Хөгжлийн санхүүжилтийн корпораци буюу DFC, АНУ-ын EXIM банк гэсэн байгууллагуудтай санхүүжилт олгох урт хугацааны бага хүүтэй бизнесийн хөрөнгө оруулах, зээл олгоход нь тусалж зуучилж өгдөг. Гишүүддээ АНУ-ын элчин сайдын яамтай хамтраад төслөө танилцуулах боломжуудыг олгодог. Дээр нь гишүүн байгууллагууддаа өдөр бүр Монгол Улсын эдийн засаг, улс төрийн хувьд юу болж өрнөж байгаа талаар англи хэл дээр мэдээллийг товч тодорхой явуулдаг. Долоо хоног бүр бодлогын асуудлаар хууль эрх зүйн орчинд ямар өөрчлөлт орж байна, цаашдаа ямар асуудлыг хэлэлцэхээр төлөвлөж байгаа мэдээллүүдийг гишүүддээ өгдөг.

Өөрөөр хэлбэл, гишүүдээ сүүлийн үеийн мэдээллээр байнга хангадаг гэсэн үг. Мөн гишүүддээ зориулж хувьчилсан бодлогын өмгөөллийг хийж өгдөг гэх мэтээр манай гишүүн байгууллагууд маш олон хөнгөлөлт, урамшуулал, үйл ажиллагаанд оролцох эрхтэй болдог. Жишээлбэл, энэ арванхоёрдугаар сарын эхээр манай танхим 11 жилийн ойн баяраа тэмдэглэх үеэрээ АмЧам Монголын компанийн нийгмийн хариуцлагын шагнал гардуулах ёслолын арга хэмжээг зохион байгуулж, дөрвөн компанийг хараат бус хөндлөнгийн шүүгчдийн хамтаар шалгаруулж, нийгмийн хариуцлагын хүрээнд хийсэн ажлуудыг нь олон нийтэд таниулсан.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Бямбын Жигжид: Монгол Улсын галыг тасалчихгүй юмсан л гэж зүтгэсэн дээ DNN.mn

Дэд бүтцийн сайд асан, Аж үйлдвэрийн гавьяат ажилтан, Хөдөлмөрийн баатар Б.Жигжидтэй ярилцлаа.

түрүүч нь 2022.12.11-нд


М.Энхсайхан сайдын үед та НААҮ-ний газрын даргаар очсон байдаг. Тэр үед юу болсон юм бэ?

-Засгийн газрын хэрэгжүүлэгч агентлаг НААҮ-ний газрын даргаар ажиллах хүн хэрэгтэй гэхэд нь манай намын нөхөд намайг санал болгож л дээ. Тэгсэн Ерөнхий сайд их дургүй, хүлээж аваагүй юм билээ. “Тэр чинь улаан коммунист нөхөр” гэж халгаасан байдаг. Удалгүй Засгийн газар хуралдаад намайг дуудаж, шууд л томилсон. Надаас ч асуугаагүй. 2000 оны УИХ-ын сонгууль болтол тэндээ ажилласан. Манай нам тухайн жил олонхын суудал авч, Засгийн газраа байгуулсан. Тэр үед Н.Энхбаяр Ерөнхий сайд болж, өмнө нэг нь Соёлын сайд, нэг нь Түлш, эрчим хүчний сайдаар П.Жасрай гуайн Засгийн газарт ажиллаж явсан хоёр. Н.Энхбаяр намайг бодвол ардчилсан үзэлтэй, барууны оронд боловсрол эзэмшсэн хүн л дээ. Ингээд 2000 онд Н.Энхбаярын Засгийн газар байгуулагдахаар бужигнаж, намайг дуудлаа. “За Жийгээ сайд аа, би Засгийн газартаа таныг авч ажиллуулна. Түлш, эрчим хүчний салбарыг танаас салгахгүй” гэдэг юм байна. Би ч өмнө нь энэ салбартаа ажиллаж байсан хүн татгалзсангүй. Ингээд шинэ Засгийн газар өргөн бүрэлдэхүүнтэй байгуулагдав. Тэгсэн таван яамны бүтцийг нэгтгэж, Дэд бүтцийн яам болгоод намайг сайдаар томилсон. Холбоо мэдээлэл, зам тээвэр, барилга, нийтийн аж ахуй, эрчим хүч гээд бүгдийг нь манай яам хариуцах болов. Манай яам 13 агентлагтай ИНЕГ, Төмөр зам гээд бүх томоохон салбарыг хамарсан. Тэгээд ч болоогүй Монгол Улс-ОХУ-ын, Монгол Улс-БНХАУ-ын Засгийн газар хоорондын комиссын даргаар давхар томилчихлоо. Энэ их үүрэг хариуцлагыг яаж дааж явна даа гэсэн бодол л тээж явлаа.

МЯНГАНЫ ЗАмБА МЯНГУУЖИНГИЙН ҮЛГЭР

-“Мянганы зам”-ын төсөл таныг сайд байх үед эхэлсэн байдаг шүү дээ. Товчхон ярьж өгөөч?

-2000 онд тухайн үеийн Монгол ардын хувьсгалт нам парламентын сонгуульд үнэмлэхүй ялалт байгуулж, Засгийн газраа байгуулсан. УИХ-ын даргаар сонгогдсон Л.Энэбиш над руу утас цохилоо. “Уулзаж ярилцмаар байна” гэсэн. Бидний хооронд өрнөсөн яриаг товчхон яривал, “Хот, нийтийн аж ахуй, инженерийн хангамж, зам харгуй, тээвэр, туувар гээд бүхий л салбарт хоёулаа сайн муу, сайхан муухайгаа хэлэлцэн хамтран ажиллалаа. Энэ салбаруудад юу хэрэгтэйг чи бид хоёр сайн мэднэ. Тиймээс улс орон, ард түмэнд хэрэгтэй эдийн засгийн чухал ач холбогдолтой томоохон зүйлийг эхлүүлж хэрэгжүүлмээр байна” хэмээн удаан ярилцаж суусан юм. Бидний ярианы төгсгөлд “Мянганы зам” хэмээх санаанд багтамгүй, нүсэр төслийн зураглал орж ирж, бараг хийчихсэн юм шиг л сэтгэл хөдлөн, Л.Энэбиш маань надад яаралтай төсөл, тооцоо хийх, удирдлага зохион байгуулалтын арга хэмжээг төлөвлөх даалгавар өгөв. За тэгээд тухайн үед “Мянганы зам ба Мянгуужингийн үлгэр” гэх мэтээр маш их дайралтууд ирсэн.

Хамгийн гомдмоор нь Г.Батхүү гишүүний хэлсэн үг их хүнд туслаа. Нэг өдөр Г.Батхүүтэй тааралдаад “Очиж очиж чи тэгж хэлэхээр улс амьтан тэгж ойлгох нь аргагүй шүү дээ. Чамайг арай ч тэгнэ гэж бодсонгүй” гэтэл Батхүү харин “Улс төр гэдэг их муухай юм аа. Та л тэгж хэл, таны үг л жинтэй тусна гэж хүмүүс, нам шахсаар байгаад шахаанд ороод тэгж хэлсэн шүү” гэж байгаа юм. Батхүү өөрөө авто замын инженер хүн. Намынхаа нөхдийн шахаагаар, аргагүйн эрхэнд тэгж яриа энэ тэр өгсөн юм билээ. Мөнгө төгрөггүй, зовлон зүдгүүртэй байлаа ч гэсэн “Мянганы зам”-аа эхлүүлсэн. Анх Улсын үндэсний хороо байгууллаа. Үндэсний хорооны даргаар нь ажиллаад, зураг төслийг гаргах гэх мэт ажилд гар бие оролцлоо. Монгол Улсын таван босоо тэнхлэг, нэг том хэвтээ тэнхлэгийг бариулах болов. Мөнгө нь байхгүй. Хаанаас мөнгө олох вэ энэ маш чухал.

-Тэгээд яаж мөнгө олсон юм бэ?

-Миний дотроо үнэлж, бодож явдаг ганц зүйл улс орны хөгжлийн үндэс нь стратегийнх нь салбар юм. Зам тээвэр, холбоо мэдээлэл, барилга байгуулалт гэх мэт юм. Төсөлд мөнгө байхгүй УИХ баталж өгдөггүй, Энэтхэгээс буцалтгүй тусламж гуйж байсан зэрэг янз янзын арга хайж эрсээр яваад бүтээсэн. Дэлхийн бүх улсаас гуйсан. Гуйгаагүй улс байхгүй. Энэ том төсөл хамгийн сүүлд Завхан аймгийг түрүү жил холбоод дууслаа. Зам дагаад олон сум, суурин байгуулагдлаа.

Замыг 50-100 км зайд байхад тэрхүү замын ашгийг хүртдэг гэж ярьдаг. Замаа дагаж хөгжил яригдана. Наад зах нь хоолны газар байгуулагдана шүү дээ. Эрчим хүчний нэгдсэн систем болоод энэхүү ажлыг эхлүүлэхэд намайг маш их шүүмжилсэн. Монгол Улсын бүх аймаг сумыг өндөр хүчдэлийн шугам татаад, шугамын алдагдал, аваар болно гэх мэт сонин хэвлэлээр тухайн үеийн сайд нь хүртэл шүүмжилж байлаа. Би зүтгэсэн. Дөрөвхөн аймгийн төв л түүвэрлэгдсэн системд холбогдсон. 200-гаад сум нь дизель станцтай. 17 аймгийн төв дизель станцаар халдаг. Дизель түлш байхгүй, хүчирхэгдэхгүй үнэтэй. Тэгээд л бодлоо. Монгол нүүрс ихтэй. Нүүрсээрээ хэдэн төв станцуудаа халаая. Энэ шугамуудаараа бүгдэд нь тог хүргэе гэж зүтгэсээр бүх сум суурин, аймгийн төвийг төвийн эрчим хүчний нэгдсэн системд холбосон. Баруун таван аймгийг хэлж болохгүй. Оросоос цахилгаанаа авдаг. Хэрвээ энэ зүйлд хүрээгүй байсан бол одоо бодоход тухайн үед 1л дизель ханш нь 2000 төгрөг байсан. Ингээд бодоход нэг жилд 300 тэрбум төгрөг дизель түлшид зарцуулна. Хэрэв хуучнаараа байсан бол шүү дээ. Одоо тэгтэл яах вэ хоёр дахин өсөх нь байна шүү дээ. Харин нүүрсээр явбал жилд зургаан тэрбум төгрөгөөр нүүрсээ худалдаж аваад, цахилгаанаа гаргачихна. Бараг 60-70 дахин бага зардал шүү дээ. Энэ бол Монголын үндэсний аюулгүй байдалтай холбоотой асуудал. Стратегийн чухал ач холбогдолтой асуудлыг бүрэн шийдсэн гэж би боддог.

-Усан онгоцон дээр Монголын төрийн далбааг мандуулаад мөнгө авдаг гэсэн дээ. Тэр ямар учиртай юм бэ?

-Манай Монголын засаг төр түүнийг социализмын үеэс 60-70 жил мөрөөдөж ирсэн. Гадаад далай гэдэг зүйлд оролцох юмсан гэж. Яагаад гэвэл бид далайд гарцгүй. Далайд гарцтай улсууд бол өөрсдийнх нь ойролцоо хэсэг тухайн улсынх нь давуу эрхэд байдаг. Том далайд цаашлах тусмаа дэлхийн ямар ч улс тэнд үйл ажиллагаа явуулж болно. Тэгээд би бодсон юм. Далайн баялаг маш арвин шүү дээ. Далайгаас нефть, хий, загас, жараахай гээд яриад байх юу байх вэ. Дор нь байдаг шүр сувд, алт тэрэнд нь бид хүрч чадахгүй л байх. Гэхдээ далай дээгүүр хөвж яваа улс орнуудын онгоцыг бүртгэлийн компани байгуулж, мөнгөөр бүртгэн эрх олгодог юм. Тэр далай дээгүүр хөвөх эрхээ авна гэсэн үг. Түүнд далайд гарцгүй орнууд давуу эрхтэй байдаг. Үүнийг нь би бодож байгаад Монголын далбаатай онгоц далайд гаргая, бүртгэлийн компани байгуулъя гэж шийдсэн. Тэрхүү компанийг байгуулахын тулд 100 гаруй конвенцид нэгдэж орно. Маш их ажил болсон. Тэр олон конвенцийг УИХ-аар оруулж, хууль батлуулж гаргуулна. Дэлхийн далайн байгууллагаас зөвшөөрөл авна. Хаана байгуулахаа батлуулна. Тэгж үзсээр байгаад л ямар ч байсан байгуулаад Италийн эрэг дээр нэг газар байгуулна гэсэн нь бидэнтэй хийсэн гэрээгээр ашиггүй байсан. Тэгээд Сингапурын эрэг дээр бид хамтарсан компани байгуулаад, манайхаас 30 хувийн оролцоотой. Тэр нь ерөөсөө л энэхүү эрхийг авсны оролцоо. Бид ямар ч мөнгө өгөөгүй. Явсаар байгаад манай бүртгэлийн компанийн онгоцнууд сүүлдээ 400 гаруй болсон. Манай зөвшөөрлийг авсан гэсэн үг. Үүнд нь бас Далайн захиргаа гэж байгуулдаг. Тэгтэл манайхны нөгөө л нэг тамын тогоо. Далайн захиргааг хотдоо байгуулна. Хотын захиргаан дээр манайх авна гэнэ. Тэгсэн нөгөө талаас нь “Өө тэр бүртгэл энэ тэр хийдэг юмыг чинь Хөдөө аж ахуйн яам манайх авна” гээд булаацалдаад хэрэлдээд салдаггүй.

-Түүнийг нь тэгээд Монголд байгуулж болох эд үү?

-Ерөөсөө тэр Далайн захиргааг тухайн эрх олгож байгаа улсынх нь нийслэлд байгуулдаг. Далайн захиргаа нь бүх бодлогыг явуулдаг. Тэгээд л яах вэ дээ. Тэдэнтэйгээ үзэж тараад, тухайн үедээ Дэд бүтцийн яам хариуцах нь зөв гэж УИХ, Засгийн газраар шийдвэрлэж байсан. Одоо бол Зам, тээвэр хөгжлийн яамны харьяанд байдаг. Тэр зөв. Ингэж байгуулснаар бид нэг жилд 1 сая гаруй ам.долларын орлого төсөвт оруулдаг. Түүнээсээ Далайн захиргаагаа санхүүжүүлдэг. Ингээд далай гэдэг зүйл дээр монголчууд гараад ирсэн. Түүнд нь ямар намайг шүүмжлэх хүн мундах биш. Хар тамхи ачаад баригдана. Зэвсэг буу тээнэ л гэнэ. Тэр бүхнийг гэрээгээрээ заагаад өгчихсөн. Монголын далбаатай онгоцоор хууль бус тээвэр хийвэл тухайн усан онгоцны компани өөрөө хариуцлага хүлээнэ. Бүртгэлээ л зөв хийгээд өгчихвөл тэгээд л боллоо. Яагаад манайхаар тухайн усан тээврийн компаниуд илүү бүртгэл хийлгээд байна гэвэл Далайд гарцгүй орнуудын конвенц байдаг. Арай илүү хөнгөлөлттэй ханддаг. Үүнээс цаашид үүссэн миний зорилго далайн мэргэжилтэн бэлтгэх. Боловсролын чиглэлээр далайн мэргэжилтэн бэлтгэх асуудал гадаадын их сургуулиудаар явж байгаа юм байна лээ. Би түүнд их баярлаад байгаа. Одоо далай дээр өөрийн гэсэн онгоцтой болмоор байна. Агаараар Монголын авиа компаниуд нисээд болоод байхад далайгаар адилхан хөвье л дөө. Болохгүй юу байна. Эсвэл тэнд нь манай геологийнхон хайгуул хийе. Өрөмдлөг юмаа гадаадынхантай нийлээд хийе. Нефть олборлоё гэх мэтээр далайд хийх зүйл их байна шүү дээ. Энэ бол их ирээдүйтэй эд. Харамсалтай нь үүн дээр ажиллаад байгаа зүйл алга л байна даа.

БУРХНЫ АВРАЛААР БАРИГДСАН УСАН ЦАХИЛГААН СТАНЦ

-Тайшир болон Дөргөний усан цахилгаан станцыг та бас бариулсан шүү дээ?

-Тэр хоёр станцыг бариулах гэж би шар махтайгаа хатсан. Ард түмэн эсэргүүцээд болдоггүй. Усны станц дээр энэ өндөр даланг барихаар үерээс хамгаална шүү дээ. Усны их үер орж ирэхээр дээд нуурандаа шингээгээд авчихдаг. Тэгээд тэр нь гарахдаа эрчим хүч үйлдвэрлэдэг. Би ч зүтгэн зүтгэн барьсан. Гэтэл одоо бурхны авралаар бид бүхэн ийм сайхан цахилгаан гаргуулж байна. Энэ сайхан гол маань бид бүхнийг тэжээж байна гэх мэтээр ярьж байна. Хэрэв бид энэ хоёр станцаа төвийн эрчим хүчнээс гаргаж байсан бол жилд 50 мянган тонн нүүрс шатаах байсан. Гэтэл тэр цахилгааныг одоо зүгээр ус үйлдвэрлээд байна шүү дээ.

-Одоо Эрдэнэбүрэнгийн усан цахилгаан станц гээд өчнөөн л жил ярилаа. Энэ хэрвээ баригдвал эдийн засгийн ямар үр өгөөжтэй вэ?

-Эрдэнэбүрэнгийн станцыг бариулах гэж би зөндөө явж байна. 1991 оноос хойш юм уу даа.

-Одоог хүртэл яагаад баригдахгүй байгаа юм бэ?

-Нөгөө л мөнгө нь байхгүй. Засаг төр солигдохоор унагачихна. Сэлэнгэ мөрнөөс Байгал нуур усныхаа 50 хувийг авдаг. Манай улс Орост цахилгаан боловсруулаад явж байна. Тэгээд тэд мөнгийг нь авдаг биз дээ. Бид Оросоос эрчим хүч худалдаж авдаг. Монгол Улс чинь эзгүй газар. Бүр огт эзгүй шүү. Энэ эзгүй газар дээр бид цахилгаан худалдаж аваад сууж байна. Хэдэн станцуудаа сая миний ярьдаг зовлонгоос болоод барьж чаддаггүй. Хамгийн наад зах нь Эрдэнэбүрэнг барьчихвал шинэ хойд станц маш их ашигтай. Гол нь далан барихад л хамгийн их зардал гарна. Нэг л барьчих юм бол үнэгүй цахилгаан өгөөд л байна шүү дээ. 15, 20 жилийн дараа улсад шилжүүлээд өгчихнө л биз дээ. Байгаль өөрөө цахилгаан үйлдвэрлээд өгч байна. Миний маш их харамсаж явдаг нэг зүйл байдаг юм. Эгийн голын усан цахилгаан станцыг барих гээд 1994 онд манай Засгийн газрын Ерөнхий сайд Малайзад айлчлаад хөнгөлөлттэй зээлийг зөвшөөрүүлсэн. Төслийн мөнгө нь шийдэгдчихсэн, 1999 онд ашиглалтад орох байв. Энэ төслийг 1996 онд М.Энхсайхан тэргүүтэй Засгийн газар гарч ирээд унагаачихсан. Яг барих гээд хүмүүсээ хуваарилчихсан, зураг төсөл нь батлагдчихсан төслийг болиулаад, Монголын эрчим хүчний стратегийн том салбарыг түйвээсэн гэж хэлэхэд болно доо. Одоо Хятадаас зээл аваад барья гэхээр Орос улс Байгал нуурын экологид нөлөөлнө гэдэг. Энэ даанч харамсалтай зүйл.

-Харилцаа холбооны салбарт хийсэн өөрчлөлтөөсөө ярих нь зүйтэй байх?

-Харилцаа холбоо гэдэг өнөө үед улс орны хөгжлийн суурь болчихлоо. Бидний үед тог тасарлаа гэхэд нэг их гайхдаггүй байсан бол одоо тоггүй бол амьдралгүйтэй адил болчихлоо. Тэгэхээр холбоо мэдээлэл гэдэг улс орны аюулгүй байдлын баталгаа яах аргагүй мөн болж таарч байгаа биз. 2003-2004 онд сайдаар ажиллаж байх үедээ “Холбоо мэдээллийн дунд хугацааны стратеги”-ийг хэрэгжүүлсэн. 21 аймаг 330 суманд бүгдэд нь шилэн кабель татсан. Өнгөрсөн долдугаар сард хамгийн сүүлчийн сумаа холбоод дууссан байх. Ганц зээл тусламж гуйгаагүй төсөл энэ байх. Үүрэн телефоны үндэсний операторууд, хувийн хэвшлийнхэндээ энэхүү ажлыг дуусгах боломжийг олгосон. Монгол Улс дэлхийн өнцөг булан бүрт суугаа хүмүүстэй ярьж болж байна. Ийм зүйлд бид хүргэж чадсан. Цаашдаа хиймэл дагуулаа хөөргөөд, оруулчихвал гэрэлт ирээдүй харагдаж байна. Өөрсдийн гэсэн хиймэл дагуулаа хөөргөчих юм бол улсынхаа эгц дээрээс сансраас бид бүх л сувгийг хүлээн авах боломжтой болно.

-Нарны зайн төхөөрөмжийн төслийг бас та санаачилсан байх аа?

-“100 мянган нарны гэр” гэж төслийг санаачилсан. Би 1992 онд Японд айлчиллаа. Токиод Элчин сайдтай уулзахаар явж байтал нэг их урт оочер яваад байна. Капиталистууд оочер гэж мэддэггүй гээд байдаг ямар сонин юм гээд гайхаад, Гадаад яамны дагалдаж явсан япон хүнээс асуулаа “Манай Токиод “40 мянган нарны дээвэр” гэдэг төсөл хэрэгжиж байгаа. Айлын дээвэр дээр нарны зай хураагуур байрлуулаад, тухайн айл 50 хувийн хэмнэлттэй эрчим хүчинд холбогдох учир үүнд оочерлож байгаа юм” гэнэ. Тэр айлууд хямд цахилгаан хэрэглэмээр байна шүү дээ. Энэ хэрэгцээг нь Засгийн газар нь олж харсан байна шүү дээ. Гэтэл “ХХ зуунд Монголын малчин, тариачин 400 мянган айл өрх харанхуй байна шүү дээ” гэж эргэн иртлээ бодсон. Зэрлэг омгийн ширэнгэд амьдардаг улс шиг 100 км явж сумын төв орж байж хот руу утсаар ярина, захиагаа хоёр сар зөөнө гэдэг өнөө үед байж болох асуудал уу. Тэгээд энэ төслийг 1993 оноос хэрэгжүүлж эхэлсэн. Нарны орчин үеийн батерей, дэлгэц, удирдлага худалдаж авахад ард түмэнд мөнгө байгаагүй. Тэгэхээр нь Япон-Хятадын буцалтгүй тусламжаар 70 хувийг нь гаргуулаад тавьж эхэлсэн дээ.

УЛС ТӨРД ДУРГҮЙ УЛСТӨРЧ ХҮН

-Та эрчим хүч, уул уурхай, харилцаа холбоо, усан хангамж гээд улсын бүх л чухал салбарын судсыг атгаж, хамгийн хэцүү үед нь өндийлгөж босгоод, асуудлаас гаргаад, үйл ажиллагааг нь жигдлээд хүлээлгээд өгсөн хүн. Гэтэл одоо “0” зогсолт хийнэ гээд байгааг юу гэж бодож явдаг вэ?

-Маш чухал асуудал. Миний хариуцаж байсан салбаруудаас хамгийн хүнд байдалтай байгаа нь эрчим хүчний салбар болоод байна. Би хийж байсан, эхлүүлсэн бүх зүйлээ сая ярилаа. Тийм ээ.

-Тэглээ.

-Таван толгой, Шивээ-Овоо, усан цахилгаан станц гээд явж байсан зүйлүүд минь ингээд өдийг хүртэл бүтсэнгүй. Бүтээсэнгүй. Энэ хооронд ганц ч цахилгаан станц нэмж барьсангүй. 1990 оноос хойш. Тухайн үед би Түлш эрчим хүчний яам хэдэн станцаа шинэчилж авч, сайжруулсны буянаар өдийг хүртэл явж байгаа юм. Эрчим хүч гэдэг хамгийн том буюу толгой станц дээр тэнд буй хамгийн том генератор (Дөрөвдүгээр цахилгаан станц дөрвөн генератортой) сүүлд тав дахиа тавьсан. Нэг нь 100 мегаваттын чадалтай. Нэг уурын генератор, нэг трубин генератор хоёр нь резевт байх ёстой. Одоо бүгд байхгүй. Тэнд нэг л тоног зогсвол системийн аваар болно. Хязгаарлалтууд эхэлнэ. Тэгээд л яах вэ дээ, манай салбарынхан чинь 20 гаруй жил зүтгээд л яваад байгаа. Тэгээд өнөөдөр юу болж байна хүчин чадал нь дутагдсан. Гаднаас хамааралтай. Хэдэн станц нь ямар ч нөөцгүй болчихсон. Үнийг нь барьчихсан. Хоёр том уурхайнхаа нүүрсний үнийг барьчихсан. Ингээд энэ салбар уналтын байдалд орчихсон. 400, 500 тэрбум төгрөгийн өртэй. Хаашаа ч хөдөлж чадахгүй. Засвараа хийж чадахгүй болсон.

-Энэ байдлаас яаж гарах вэ?

-Одоо бушуухан усан станцаа барь. Гадна, дотно хамаагүй хөрөнгө оруулалтаа босгоод цахилгаан станцаа барь. Таван толгойг барина гээд байгаа шүү дээ. Одоо эхлэх хэрэгтэй. Багануурт станц барина гэж байсан бас л ярьж байгаад больчихлоо. Бушуухан өөрийнхөө л юмыг барьж авах хэрэгтэй. Засагт мөнгө байхгүй, Олон улсын валютын сан зөвшөөрдөггүй юм бол хувийн компаниуд барья гээд байна шүү дээ. 25 жил болгоод буцаагаад өгье. Бариад өгье гээд байна шүү дээ. Бариулаач. Түүнийг нь зөвшөөрч өгөхгүй байна. Харин одоо энд зориуд цохон тэмдэглэхэд энэ парламент, энэ Засгийн газар урьд хожид байгаагүй зөв замаар явж байна. Хүчээр явуулж байна. Төмөр зам барилаа. Яадаг юм бэ. Мухар байгаа л биз. Барьчихсан, баригдсан юмыг хэзээ нэгэн цагт холбоно шүү дээ. Хөвсгөл аймгийн Могойн голд 60 мегаваттын цахилгаан станц барья гээд шийдчихсэн байхад нь бариулахгүй зогсоосон. Хятадууд мөнгөө гаргаад уурхай дээр нь барья гэсэн. Бариулаагүй л байхгүй юу. Гэтэл 70 км-ийн цаана Завхан аймгийн Тэлмэн суманд тэр станцыг бариул гэсэн. 70 км-ээс маш том даацын машинаар нүүрсээ зөөнө шүү дээ. Тэгэхээр нөгөө цахилгааны үнэ ямар болох вэ. Ийм хачин хариуцлагагүй юм яваад байна.

-Таны ярианаас ажиглахад улс төрийн замд өөрийн мэдэлгүй л яваад орчихсон болохоос улс төрд дургүй мэт л уншигдлаа?

-Би сайдын ажлыг хийж үзсэн ч өөрийгөө сурталчлах, сонгуульд нэр дэвших гэдэгт дургүй. Улс төр гэдэг миний хийж чадахгүй, бас дургүй зүйл. Улс төрийн хатуу бодлогоос хөндий явдгаас болж дарга, удирдлагынхаа дургүйг хүргэж ч явлаа. 1996 онд Ерөнхий сайд П.Жасрай гуай намайг дуудаад “УИХ-ын сонгуульд Дархан, Шарын голын тойрогт чамайг нэр дэвшүүлэх саналтай байгаа. Чи юу гэж бодож байна” гэж асуусан. Тэгэхэд нь би “Би аж ахуйн чиглэлээр ихэвчлэн ажилласан. Улс төрийн туршлага байхгүй. Тэгээд ч УИХ-ын гишүүн хүн хууль, эрх зүйн өндөр мэдлэгтэй, чадвартай, ёс зүйтэй байх ёстой гэж үздэг. Би тэр шаардлагыг хангаж чадахгүй байх. Тиймээс намайг дэвшүүлэх хэрэггүй” гээд хэлчихсэн. Тэр сонгуульд манай нам ялагдсан. Хотын намын хорооны дарга бол гэхэд нь ч би болоогүй. Түүний дараа 2004 оны УИХ-ын сонгуульд намайг Орхон аймагт нэр дэвшүүлэхээр шийдсэн байж л дээ. Тэр үед нь миний бие жаахан сул, эмнэлэгт байсан юм. Түүгээрээ шалтгаалаад нэр дэвшсэн үнэмлэхээ ав гэхэд нь аваагүй. Товчхондоо, улс төрийн хэрүүл уруул, ямарваа нэгэн өрсөлдөөнөөс хол байх, сэтгэлдээ таарамжгүй зүйлээр оролдохгүй явах нь миний зарчим байсан юм. Би чинь улс төрд дургүй улстөрч хүн шиг байгаа юм, төрөлхийн технократ хүн юм даа.

-Ярилцлага өгсөнд баярлалаа. Эрүүл энхийг хүсье.

С.ОТГОНБАЯР

М.МАЙНАРАН

Э.АРИУНТУ

Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

Хөлбөмбөг тайлбарлагч Б.Батзаяа: Энэ жил Аргентин түрүүлэх болов уу л гэж харж байна DNN.mn

Хөлбөмбөг тайлбарлагч Б.Батзаяатай ярилцлаа.


-Энэ жилийн хөлбөмбөгийн ДАШТ-ий онцлог юу вэ?

-Энэ жилийн онцлогийг шөвгийн наймаас эхэлж ярья. Африкийн баг дөрөв дэх удаагаа шөвгийн наймд үлдлээ. Хамгийн том сенсацийг тарьсан баг Африкийн Марокко болж байна. Хамгийн шуугиан тарьсан тоглолт нь Англи-Франц гэсэн гоё тулаан боллоо. Сонгодог тоглолт болсон.

-Хөлбөмбөг даяаршиж Саудын араб Аргентиныг хожиж байна. Хөлбөмбөгийн даяаршлын тухай мэдээлэл уншигчдад маань өгөөч?

-Хөлбөмбөг даяаршиж Саудын Араб Аргентиныг хожиж байгаа нь үнэн. Яагаад гэвэл багууд яаж хамгаалах учраа олчихсон байна. Том багуудыг сайн хамгаалж байгаа юм чинь хамгаалж байгаад сөрөг довтолгоо хийх арга барил маш чухал болоод байна.

-Азийн хөлбөмбөгийн хөгжил хэрхэн явагдаж байна вэ?

-Азийн хөлбөмбөг өндөр хөгжиж байна. Азиуд европт тоглож байна. Европууд ч энд тэндгүй тоглох боломж бүрджээ. Европын тамирчдаар дамжуулаад азид ч хөлбөмбөг эрчимтэй, хурдтай хөгжиж байна.

-Манай улсын хөлбөмбөгийн хөгжил ямар шатандаа явж байна вэ?

-Манай хөлбөмбөгийн хөгжил сүйдтэй ахисан зүйл байхгүй. Яагаад гэвэл улстөрчид Хөлбөмбөгийн холбоог удирддаг. Сонгуульд нь улс төрийнхөн оролцдог учраас хөлбөмбөгийн хөгжил Монголд төдийлөн хөгжихгүй байгаа.

-Манай улсад хөлбөмбөг үзэх соёл хэр байна вэ?

-Манайх хөлбөмбөг үзэх соёлд нэлээд суралцаж байгаа. Үүнд практик их чухал л даа. Хүмүүс гадны соёлыг нутагшуулж байж өндөр зэрэглэлийн үзэгчид бий болно.

-Та тав дахь ДАШТ-ээ тайлбарлаж байгаа. Энэ хугацаанд хамгийн сэтгэлд үлдсэн ДАШТ юу байв?

-Хамгийн сэтгэлд үлдсэн хөлбөмбөгийн ДАШТ бол мэдээж 2006 оны дэлхийн аварга. Яагаад гэвэл 2006 онд Монголд анх удаа дэлхийн аваргыг шууд дамжуулж эхэлсэн. Тэр үед тайлбарлагч, хөтлөгч тусдаа байдгийг сайн мэдэхгүй би ганцаараа тайлбарлагчаар ажиллаж байсан.

Дэлхийн аварга дуустал ганцхан тайлбарлагч ажилласан эхний бөгөөд сүүлийн ганц тохиолдол байсан байх. Тухайн үед Монгол Улсын хэмжээнд ч сайн мэддэггүй байсан үе. Түүнээс хойш ерөнхийдөө олон тайлбарлагч ажиллах ёстой юм байна гэдгийг ойлгосон. 2008 оны Европын аваргыг бас ганцаараа тайлбарлаж байлаа.

-Жил жилийн хөлбөмбөгийн ДАШТ дуугаараа байлдан дагуулдаг. Хамгийн гоё дуутай хөлбөмбөгийн ДАШТ хэзээнийх вэ?

-Хамгийн гоё сэтгэлд үлдсэн дуу нь 1998 онд Рикки Мартинигийн дуулсан “The cup of life” гэх дуу их гоё. Мэдээж 2010 оны ДАШТ-ий Шакирагийн дуулсан “Waka waka” болон Кока колагийн нэрэмжит “Wavin’ Flag” бас их гоё. Гэх мэтээр сэтгэлд үлдсэн гоё дуунууд бий, бий.

-20 гаруй жил хөлбөмбөг тайлбарлахад дуу дүрс хэрхэн өөрчлөгдөв?

-Энэ хугацаанд дүрс мэдээж хамаагүй гоё болсон. Hd болсон яваандаа бас 4к дүрс рүү шилжих байх. Энэ жилийн зарим дүрсүүд 4к-гаар явж байсан. Тэр нь хамаагүй өөр өндөр нягтралтай болсон.

-Таны таамгаар энэ жил аль улсын баг түрүүлэх вэ?

-Одоо шөвгийн дөрөвт үлдсэн багуудыг харахад Франц түрүүлэх магадлал өндөртэй. Гэхдээ миний хүсэл бол Аргентиныг түрүүлээсэй гэж харж байна. Гэхдээ тоглолтыг харахад Аргентин Францын эсрэг тоглолтод хожчих боломж харагдаад байгаа. Тиймээс би Аргентиныг түрүүлэх болов уу гэж харж байна.

-Энэ жилийн ДАШТ 32 баг оролцож байгаа сүүлийн тэмцээн. 48 баг ороод эхлэхээр ачаалал нэмэгдэх байх даа?

-48 баг оролцож эхэлбэл ачаалал мэдээж нэмэгдэнэ. Тухайн үедээ л ямар байх нь уу ярья даа.

-Нэгэн үе хамтран тайлбарлаж явсан Э.Балжинням агсныг энэ цаг үед хөлбөмбөг үздэг хүн бүхэн дурсаж байна. Та түүнтэй холбоотой дурсамжаасаа хуваалцаач?

-Талийгаачтай холбоотой дурсамжууд зөндөө байгаа. 2004 онд анх би тайлбарлаж эхэлсэн. Балжаа ах 2006 оноос Тв9 телевизээр анх тойм тайлбарлаж эхэлсэн.

Сүүлд бид хоёр ах дүүс шиг маш сайн ойлголцдог болчихсон байсан. Маш их дурсамжууд байна. Түүн дотроос ах дүүс шиг болсон нь хамгийн сайхан нь юм даа.

-Тайлбарлалтыг хэт их ярьж байна, өөрсдийн дүгнэлтээ тулгаж байна гэх мэтээр шүүмжүүд бас их явж байна. Шүүмжлэлийн хариуд юу хэлэх вэ?

-Хүн болгон л янз янзаар хэлдэг. Би яаж ч тайлбарласан таалагдахгүй хүмүүс зөндөө байгаа шүү дээ. Би заавал бага ярья, өөрийнхөө дүгнэлтийг хэлэхгүй байя гэж боддоггүй. Тиймэрхүү зүйлүүд зөндөө л байдаг. Түүнийг үзэгчдэд өөрсдөд нь үлдээдэг. Би бол шүүмжлэлийг сайн хүлээж авдаг. Маш их шүүмжлүүлсэн. Шүүмжлүүлсэн болохоороо ч энэ зэрэгтэй сайжирч байгаа байх гэж боддог.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​Худалдагч Г.Энхжин: Юун архи манатай хоногийн хоолоо яах вэ гэсэн айлууд олон байна DNN.mn

Хүмүүсийн худалдан авалт хэр байгаа талаар сурвалжлахаар хотын захын гэр хорооллыг зорилоо. Чингэлтэй дүүргийн 17 дугаар хороо буюу хүмүүсийн хэлж заншсанаар Зүрх уулын гэр хорооллын Найман нэрийн барааны дэлгүүрт орлоо. Хүний хөл хөдөлгөөн бага, дэлгүүрийн бараа таваар дүүрэн өрөөтэй байна. Худалдагч Г.Энхжинтэй ярилцлаа.


-Сүүлийн үед хүмүүсийн худалдан авалт хэр байна вэ?

-Юмны үнэ маш их нэмэгдэж байна. Худалдагч хийж байгаа би өөрөө хүртэл барааныхаа үнийг тогтоохгүйгээр ирэх болгондоо нэмэгдэж ирж байна.

Тиймээс хүмүүсийн худалдан авалт ч багассан. Аргагүйн эрхэнд хоол ундныхаа юмыг л арай гэж авч байх шиг байна.

-Архины борлуулалт хэр байна вэ?

-Бас л багассан шүү дээ. Юун архи манатай хоногийн хоолоо яах вэ гэсэн айлууд олон байна. Өмнө нь хүмүүс хоол ундныхаа зүйлсийг хангалттай аваад үлдсэн мөнгөөрөө ганц шил архи авдаг байсан бол одоо хүнснийхээ хэрэгцээнд ч мөнгө нь хүрэхээ больсон юм чинь аргагүй л дээ.

-Ямар архи ихэвчлэн авах вэ?

-“Хараа” гэх архийг хүмүүс элдэв найрлагагүй цэвэр архи гээд их авдаг байсан. Энэхүү архины захиалга долоо хоногтоо нэг удаа авдаг. Тэр нь долоо хоногтоо хүрдэггүй байсан бол одоо сар шахуу болоод нэг захиалга дөнгөн данган хийж байна.

-“Хараа” архины үнэ хэдтэй байгаа вэ?

-0.75-ынх 16200, 0.5 нь 11500, 0.33 нь 8400 төгрөгийн үнээр зарагдаж байгаа.

-Архины худалдан авалт буурсан гэхээр архи уух хүмүүс багассан гэсэн үг үү?

-Тийм. Энэ хавьд архи уудаг хүмүүс их байсан. Жил болгон л ганц нэгээрээ талийгаач болсоор шинэ үе нь нэг мэдэхэд нэмэгдээд гараад ирдэг байсан бол одоо архины мөнгө нь олдохоо байсан юм уу, тэр хүмүүс нь уухаа больсон юм уу ховор болсон шүү.

-Хүмүүс хоол ундны зүйл авахдаа ихэвчлэн юу авдаг вэ?

-Ургамлын тос, ногоо, мах, сүү, гурил, будаа ихэвчлэн авна. Будаа ч үнэд ороод авахаа больж байна. Гурил ихэвчлэн авах болсон. Гэвч гурилынх нь үнэ бас нэмэгдээд ирсэн. Нэмэгдсэн гээд хэлэхээр би нэмчихсэн юм шиг намайг загнана. Хараана, уурлана. Хэцүү шүү дээ.

-Өндөг, хиам хэр зарагдаж байна вэ?

-Өө, өндөг бол энүүгээр тансаг хэрэглээндээ орно. Барагтаа л авахгүй. Хааяа нэг авцгаадаг юм. Хиам ч ялгаагүй борлуулалт буурсан. Ер нь бүх л барааны борлуулалт буураад хугацаа хэтрэх тохиолдлууд нэмэгдсэн.

-Хугацаа нь дууссан бараагаа яадаг юм бэ?

-Хэнд ч хэрэггүй болгож байхаар гээд өөрсдөө хэрэглэнэ шүү дээ. Чихэр шоколад, ундаа, зайрмаг, набор зэрэг бол зарагдахгүй, хөргөгч лангуугаар дүүрсэн. Энэ их юмыг хаялтай биш гээд л өөрсдөө иднэ дээ.

-Танайд өрийн дэвтэр бий юү?

-Байлгүй яах вэ. Тийм дэвтэргүй дэлгүүр гэж байхгүй биз. Энүүгээр дүүрэн барьцаанд тавьсан иргэний үнэмлэх. Арай гэж нэг цалин буухаараа авна. Хэд хоноод л буцаад зээл авъя гээд бариад ирнэ. Энэ хавийнхаа сайн таньдаг хүмүүст заавал барьцаа энэ тэр гэхгүйгээр зээл өгчихдөг. Тэгээд цалингаа буухаар өгнө. Зарим нь үнэхээр цалин нь хүрэлцэхээ больсон юм уу, орж ирэхээ больсон. Тойрч зугтаад л. Тэгж байгаад жаахан цэгцрэхээрээ өгөх байлгүй гээд би ч нэхдэггүй. Одоо харин бараа эргэлтийн мөнгөгүй хэцүүдэх гээд л байна шүү хэмээн халаглав.

Дэлгүүрээс гараад гудамж тойрон алхлаа. 14, 15-тай болов уу гэмээр хүү ус түрээд явж байв. Замдаа хүүтэй жаахан хөөрөлдөж, цуг алхлаа.

-Танайх ам бүл хэдүүлээ вэ?

-Манайх ам бүл тав. Аав ээж, эгч, би дүүтэйгээ амьдардаг. Аав ээж хоёрын цалин бидэнд хангалттай хүрдэг байсан бол одоо эгч оюутан болоод ээж цалингийнхаа зээлийг авчихсан. Дараагийн цалин хүртэл аавын цалинг хүргэх гэж бидний идэх талх хүртэл хасагдаж байна. Гэтэл тэр нүүрсний мөнгө гэж их тоо хэлэх юм.

-Чи жагсаал руу очсон уу?

-Очсон очсон. Хэд хэдэн удаа ангийнхантайгаа очсон. Тэгээд тэнд зүгээр л томчуудын тоглоом юм биш үү дээ.

-Тэр нь юу гэж байгаа юм бэ?

-Байсхийгээд л хэсэг хэсгээрээ бөөгнөрөөд юм ярьцгаагаад, бараг тэр зохион байгуулалттай нь үнэн санагдаад очихоо больсон.

-Яагаад?

-Тэр томчуудын дунд нэг юм яваад байх шиг байна лээ. Би ойлгохгүй юм билээ.

-Танай энэ хавиар архи уудаг хүмүүс байдаг уу?

-Байгаа байгаа. Гэхдээ сүүлийн үед согтуу хүн тааралдах нь цөөрсөн. Архины мөнгө нь олдохгүй байгаа юм уу, уудаг ах нар эрүүл л явдаг болсон байна лээ.

-Танайд архи уудаг хүн байдаг уу?

-Аав хааяа цалингаа буухаар л уудаг байсан. Одоо цалин нь архи авах байтугай хоолондоо хүрэхээ байсан юм чинь яаж уух вэ дээ гэсээр устай тэргээ түрэх гэсэн боловч нэлээд өндөр рүү байдаг болохоор дийлж ядан явав. “Эгч ээ, та намайг жаахан дөхүүлээд өгөөч” гэхэд нь “Тэгэлгүй яах вэ” гэсээр бид хоёр усаа чирээд дээш алхав. Хүүг дөхүүлж өгөөд хотын төвийн хэсгийг зорилоо.

Хотын А бүсийн нэгэн найман нэрийн дэлгүүрийг сонголоо. Хотын захаа бодвол дэлгүүрт хэд хэдэн хүн үйлчлүүлж байна. Хотын захын дэлгүүрт 20-иод минут болоход ганц ч хүн орж ирээгүй нь хүмүүсийн худалдан авалт үнэхээр буурсныг харуулж байв. Сүхбаатар дүүргийн Есдүгээр хороонд орших “Анар” хүнсний дэлгүүрт ирлээ. Худалдагч Н.Цэндээ ярихдаа “Энэ хавьд худалдан авалт буурах нь буурсан. Өргөн хэрэглээний барааны үнэ өдөр өдрөөр нэмэгдэж байхад худалдан авалт буурахгүй ч гээд яах вэ дээ. тансаг хэрэглээ ч алга болсон. Хааяа нэг цалингаа буух үеэр юм уу, хүүхдийн мөнгө орох үеэр хүүхдүүддээ амттан шимттэн, бага сага архи авдаг болсон. Түүнээс өмнөх шигээ өдөр бүр архи авахаа больсон нь үнэн. Манайд “Хараа” архи 0.75 нь 15750, 0.5 нь 11050, 0.33 нь 7550 төгрөгөөр зарагдаж байгаа. Архинаас хамгийн их зарагддаг байсан “Хараа” ч зарагдахаа больсон. Нэг захиалга лангуун дээр арваас дээш хонож байна. Урьд нь долоо хоногтоо хоёр удаа захиалга өгдөг байсан шүү дээ. Архины оронд хүмүүс талх, будаа, гурил, ногоогоо л авдаг болсон. Өрийн дэвтэр гэж одоохондоо байхгүй. Энэ янзаараа юмны үнэ нэмэгдээд, хүмүүсийн худалдан авах чадвар буурсаар байх юм бол яалт ч үгүй зээл тавьж эхлэх байх даа” гэв. Тус дэлгүүрээр үйлчлүүлж буй иргэн М.Тулга ярихдаа “Эхнэр бид хоёр хоёулаа ажилтай тулдаа хоногийн хоолоо болгоод л байна. Манайх ганц хүүтэй. Тэгсэн мөртлөө л юмны үнэ нэмэгдээд байхаар үнэндээ сөхрөх нь холгүй л зүтгэж байна. Үнийн өсөлт ийм байхад дагаад цалин нэмэхгүй энэ хэдэн улныхнаа яаж амьдар гээд байгаа юм бол. Энэ маягаараа байх юм бол удахгүй модоо барих нь. Гэр бүлдээ ч зориулах цаггүй ажиллаад, амьдралаа торгоох хэмжээний ингэж байхынхаа оронд гадаад руу хар ажил хийхээр явах нь зөв шүү дээ. Энэ байдал өөрчлөгдөхгүй бол би ч гэсэн нэг л өдөр ажлаа хаяад талбай орж жагсана аа” гэв.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Хунан: Залуус соёлтой, мэдрэмжтэй, мэдээлэлтэй, ухамсартайгаар жагсаж байна DNN.mn

Хүний эрхийн үндэсний комиссын дарга Ж.Хунантай ярилцлаа.


-Төв талбай дээр “Нүүрсний хулгайчдын нэрсийг зарла” гэх шаардлага бүхий жагсаал ид өрнөж байна. Арванхоёрдугаар сарын 4-ний өдрөөс эхэлсэн уг жагсаалын үеэр Хүний эрхийн Үндэсний комисс хэрхэн яаж ажиллаж байна вэ?

-Д.Сүхбаатарын талбай дээр 2022 оны арванхоёрдугаар сарын 4-ний өдрөөс эхэлсэн жагсаал, цуглааны явцад Хүний эрхийн Үндэсний Комисс (ХЭҮК) анхнаас нь ажиглалт хийж, хяналт тавин ажиллаж байна. Энэ хүрээнд хуваарь гарган ажиглалт, баримтжуулалт хийхээс гадна жагсаал, цуглаанд оролцогчдод хүний эрхийн чиглэлээр видео хэлбэрээр мэдээлэл өгөх, уриалга, сэрэмжлүүлэг гаргах, Цагдаагийн байгууллага болон холбогдох төрийн захиргааны байгууллагын удирдлагуудтай уулзаж санал, зөвлөмж өгөх зэрэг арга хэмжээг тухай бүр нь авч ажиллаж байна.

-Зөвлөмжүүдийн агуулгыг дурдаж болох уу?

-Арванхоёрдугаар сарын 5-ны өдөр эмх замбараагүй байдал үүсч, нийтийн хэв журам алдагдаж эхэлсэнтэй холбоотой Нийслэлийн Засаг даргын жагсаал, цуглааныг албадан тараах шийдвэр гарч оройн 21:00 цагаас жагсаал, цуглааныг албадан тарааж эхэлсэн. Энэ хүрээнд тайван, эсэргүүцэл үзүүлээгүй, шаардлага биелүүлж байгаа жагсагчийг саатуулахгүй байх, албадан тараах ажиллагааны явцыг гэрэл зураг, дуу-дүрсний бичлэгээр баримтжуулах, хүч хэрэглэсний улмаас хүний эрүүл мэндэд хохирол учирсан тохиолдол нэг бүрийг бүртгэж анхан шатны тусламж авах боломжийг бүрдүүлэх, албадан тараах үйл явцад галт зэвсэг хэрэглэхээс бүх талаар зайлсхийх, албадан тараах үйл явцыг сурвалжилж буй сэтгүүлч, баримтжуулж буй хүний эрхийг хамгаалагчийн үйл ажиллагаанд саад учруулахгүй байх, саатуулагдсан хүнд саатуулах болсон шалтгаан, үндэслэлийг тайлбарлах, гэр бүлийн гишүүн, өмгөөлөгч, ойр дотны хүнд нь даруй мэдэгдэх, өөрийгөө өмгөөлөх, хууль зүйн туслалцаа авах, гомдол гаргах, өөрийнхөө эсрэг мэдүүлэг өгөхгүй байх эрхийг сануулж, эдлүүлэх, мэдүүлэг, тайлбар авахдаа өмгөөлөөгчийг байлцуулах, өмгөөлөгчийн үйл ажиллагаанд саад учруулахгүй байх зөвлөмжийг хүргүүлсэн. Түүнчлэн жагсаал, цуглаанд оролцогчид арванхоёрдугаар сарын 8-ны өдрөөс эхлэн суулт хийх болсонтой холбоотойгоор дулаацах байр, гэр барих боломжоор хангах, ариун цэврийн байгууламжийг 24 цагаар ажиллуулах зөвлөмжийг Нийслэлийн Засаг даргад хүргүүлээд байна.

-Жагсаал, цуглааны үеэр ХЭҮК-оос хяналт тавьж, дүн шинжилгээ хийж байна гэлээ. Гэтэл жагсаал, цуглаанд хамрагдаж буй иргэдийн тоог танай Комиссын алба хаагчдын тоо хоёрыг харьцуулбал ажиллах хүний нөөц хангалтгүй байгаа нь тодорхой. Цаг үеийн нөхцөл байдалд аль аль байгууллагатай хамтран ажиллаж байна вэ?

-Мэдээж цагдаа болон төрийн захиргааны байгууллагуудаас гадна хүний эрхийн чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг иргэний нийгмийн байгууллагууд, хүний эрхийн идэвхтнүүдтэй хамтарч байна. Монголын Эмнести интернэшнл, Хүний эрхийн форумын гишүүн, төлөөлөгчидтэй хамтран ажиглалт, мониторинг хийж байна. Харамсалтай нь, эдгээр ТББ-ын ажилчид “Хүний эрх хамгаалагч” гэсэн таних тэмдэг бүхий хантааз өмсөж, жагсаалын явцыг баримтжуулж, иргэдтэй уулзаж ярилцах үеэр биед нь халдах, хөөх тохиолдол цөөнгүй гарсан. Уг нь “Хүний эрх хамгаалагч” гэсэн таних тэмдэг бүхий хантааз өмссөн хүмүүс нь жагсаж байгаа иргэдийн эрх, эрх чөлөө, амь нас, эрүүл мэнд битгий зөрчигдөөсэй, эд хөрөнгө бүү үрэгдээсэй гэж санаа тавин ажиллаж байгаа. Гэтэл өөрсдийг нь хамгаалах гэж яваа иргэд рүү дайрч давшилж, халдаж байгаа нь харамсалтай.

-Цагдаагийн байгууллагаас жагсагчдад хүч хэрэглэсэн, эсвэл халдсан зэрэг ямар нэгэн зөрчил гаргасан болов уу?

-Өнөөгийн залуус ухамсартай, соёлтой, мэдрэмжтэй болж.Тэд мэдлэгтэй, мэдээлэлтэй, ухамсартайгаар жагсаж чадаж байна. Үүнийг жагсаал, цуглааны үеэр хамгаалалтад гарсан цагдаагийн алба хаагчидтай хамтран ажиллаж байгаагаас харж болно. Цагдаагийн алба хаагчдын хууль ёсны шаардлагыг биелүүлж байна, тэднийг аарц, цай гээд байгаа бүх зүйлээрээ дайлж байна. Бусаддаа үймээн самуун гаргахгүй шүү гэж уриалж байна. Энэ бол эрүүл нийгмийн шинж. Эрүүл, эрх чөлөөтэй нийгмийн шинж нь өнөөдрийн өрнөж байгаа жагсаал, цуглаан юм. Бидэнд байгаа мэдээллээр иргэн хохирсон тохиолдол гараагүй. Харин төрийн тусгай хамгаалалт, цагдаагийн 15 алба хаагч гэмтэж бэртэн, эрүүл мэндээрээ хохирсон.

Жагсаалын үеэр гарч болох эрсдэлүүд юу байна вэ?

-Тайван замаар үзэл бодлоо илэрхийлж байгаа залуучуудын дунд тал бүрийн ашиг сонирхолтой бүлэглэл цуглаж байх шиг байна. Согтууруулах ундаа хэрэглэсэн хүн олон байна. Магадгүй энэ жагсаал, цуглааныг далимдуулж олны танил болохыг, цаашлаад өөр ямар нэг сонирхол агуулсан байхыг үгүйсгэхгүй. Тиймээс жагсаж байгаа залуус үүнээс урьдчилан сэргийлж, бусдын нөлөөнд хэт автахгүй байхад анхаарах нь зүйтэй.

-Жагсаал, цуглааны үеэр иргэдэд хоол хүнсээр үнэ төлбөргүй үйлчилсэн. Маркер, ватум цаас тараасан иргэнийг жагсаал, цуглаан ивээн тэтгэсэн гэж цагдаагаас байцаалт авсан тухай цахим хуудаст бичсэн байна лээ. Энэ талаарх мэдээлэл танайд ирсэн үү. Хууль сахиулах байгууллагатай танайх хэрхэн, яаж хамтарч ажиллаж байна вэ?

-Тайван замаар үзэл бодлоо илэрхийлсэн, жагсаж цуглах эрхээ эдэлсэн хэнийг ч мөрдөн мөшгөж, саатуулж баривчилж болохгүй. Харин үймээн самуун зохион байгуулах, бусдын эрх, эрх чөлөө, эд хөрөнгөд хохирол учруулахаар санаархсан үндэслэл бүхий баримт, мэдээ байвал цагдаагийн байгууллагаас шалгах ажиллагаа явуулж болно. Өөрөөр хэлбэл, ямар нэг өөр зорилгоор үймээн самуун дэгдээх, жагсагчдын үндсэн зорилгоос өөр хүчирхийлэлд уриалсан шинж чанартай зүйл гарвал урьдчилан сэргийлэх үүднээс цагдаа ажлаа хийх нь зүйн хэрэг. Гэхдээ шалгах ажиллагаа явуулахдаа эдлэх ёстой эрхийг нь хангах үүрэгтэй. Энэ нь хэн нэг иргэнийг саатуулж тайлбар, байцаалт авч байгаа бол эрхийг нь сануулах, өөрийнхөө үйлдлийг тайлбарлах боломжийг олгох, хууль зүйн туслалцаа авах эрхийг нь хангах, хүнлэг харьцах, баримтжуулалт хийх зэрэг шаардлагыг хангана гэсэн үг. Таны хэлсэн жагсаал, цуглаан санхүүжүүлсэн, ивээн тэтгэсэн гэдэг үндэслэлээр байцаалт авсан, баривчилсан гэх гомдол өнөөдрийн байдлаар Комисст ирээгүй. Хэрвээ ийм гомдол, мэдээлэл ирвэл бид зайлшгүй ажиллагаа явуулна.

-Дээрх жагсаал, цуглааныг бүртгүүлээгүй гэдэг зүйл яригдсан. Заавал бүртгүүлэх ёстой гэдэг нь жагсаал, цуглааныг хязгаарлах гэсэн зорилготой гэх юм билээ. Та үүнийг юу гэж бодож байна вэ?

-Одоо хүчин төгөлдөр үйлчилж буй хуулийн зохицуулалтад жагсаал, цуглаан зохион байгуулахдаа заавал мэдэгдэж, бүртгүүлэх ёстой гэж заасан. Мэдээж бүртгүүлэх нь жагсагчдын аюулгүй байдал, нийтийн хэв журам сахиулахад хэрэгтэй ч өөр зорилгоор бүртгэхгүй байх боломжийг олгодог тул хязгаарлалт гэж үздэг. Гэхдээ бодит амьдрал дээр сайн дураараа цуглан үзэл бодлоо илэрхийлэн нэгдэж байгаа органик жагсаалыг бүртгэх, бүртгүүлэх боломжгүй гэдгийг бид бүгд л харж байна. Тиймээс Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуулиа шинэчлэх, боловсронгуй болгох шаардлагатай.

-Монгол Улс жагсаал, цуглааны эрх чөлөөгөөрөө дэлхийн улс орнуудын хэддүгээрт жагсдаг юм бэ?

-Монгол Улсын хувьд жагсаал цуглаан хийх, үзэл бодлоо илэрхийлэх эрх чөлөөний хувьд харьцангүй чөлөөтэй улсын тоонд ордог. Олон улсын байгууллагуудаас улс орнуудын эрх чөлөөний байдлыг үнэлж индекс гаргадаг. Жишээ нь Хүний эрх чөлөөний индексээр Монгол Улс 165 улсаас 47-т, Хэвлэлийн эрх чөлөөний индексээр 180 улсаас 90-т, дэлхийн эрх чөлөөний индексээр 84 оноогоор эрх чөлөөтэй гэдэг ангилалд жагссан байдаг. Өнөөдрийн Д.Сүхбаатарын талбай дээр өрнөж буй жагсаал, цуглаан ч үүнийг илтгэж байна.

-Идэр ес эхлэх гэж буй энэ цаг үед иргэд талбай дээр хонож байна, нүцгэлж байна. Энэ нь хүний эрх талаасаа ямар вэ?

-Жагсаал, цуглаан хийх журмын тухай хуульд Сүхбаатарын талбайд гэр барихыг хориглодог. Гэхдээ нөгөө талаасаа шөнөдөө -35 хэм хүрч хүйтэрч байгаа энэ үед бид иргэдийнхээ амь нас, эрүүл мэндийг хамгаалах, аюлгүй байх нөхцөлийг бүрдүүлэх үүрэгтэй. Тиймдээ ч ХЭҮК-оос холбогдох газруудад үе шаттай хандсан. Нөхцөл байдлаас үүдэн иргэдэд дулаацах газар, гэр барих асуудал, бие засах газраар үйлчлүүлэх, эрүүл мэндийн үзлэгт хамрагдах боломжийг бүрдүүлэх хүсэлт, зөвлөмжийг холбогдох байгууллагуудад хүргүүлсэн.

Мөн уржигдар Нийслэлийн Цагдаагийн газар, Нийслэлийн Эрүүл мэндийн газар, Засаг даргын Тамгын газар, Сүхбаатар дүүргийн Засаг даргын Тамгын газрын холбогдох албан тушаалтнуудтай уулзаж, дээрх хүсэлтээ илэрхийлсэн. Үүний үр дүнд гэр барих зөвшөөрөл олгогдлоо. Өнөөдрийн байдлаар эмчийн үзлэг тогтмол хийгдэж байна. Ариун цэврийн байгууламж 24 цагаар ажиллаж байна. Шат шатандаа авах ёстой арга хэмжээг авч байгаад холбогдох албаныхан талархал илэрхийлэх нь зүйтэй.

-Жагсаалын үеэр хүний эрхийн зөрчил гарсан уу. Үүнээс сэргийлж, анхааруулах зүйлийг та дурдахгүй юу?

-Жагсаал цуглааны үеэр зарим иргэн бусдын биед халдах, эд хөрөнгө сүйтгэх, нүцгэлж эсэргүүцлээ илэрхийлэх, нийтийн тээврийн хөдөлгөөн хязгаарлах, өлсгөлөн зарлах, бага насны хүүхэд дагуулж ирэх зэргээр өөрсдийн болон бусдын эрүүл мэнд, амь насанд эрсдэлтэй зүйл хийж байна. Дахиад ч хийж болзошгүй. Тиймээс ийм үйлдэл дахин битгий гаргаач ээ гэж хүсч байна. Жагсаал, цуглаан хийх, үзэл бодлоо илэрхийлэхдээ тайван замаар, хүчирхийллийн бус аргаар, бусдын эрхэд халдахгүй байдлаар хийвэл жинхэнэ утгаараа эрх, эрх чөлөө хэрэгжинэ гэдгийг санах нь зүйтэй. Бусдын амь нас, эрүүл мэнд, эрх чөлөөнд халдах, бусдын эд хөрөнгийг сүйтгэвэл хуулийн хамгаалалт үйлчлэхгүй. Мөн бусдыг өдөөн хатгасан, турхирсан үйлдэлд автахгүй байх, хэт бөөгнөрөлд орохоос татгалзах, үүрэг гүйцэтгэж буй алба хаагчийн биед халдахгүй байхыг анхаарах хэрэгтэй байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Р.Эрдэнэбаяр: АМНАТ бол НӨАТ биш. Гадаадын хөрөнгө оруулагчид үүнээс болоод орж ирэхгүй байна DNN.mn

“Хүнд үйлдвэрийн эрдэс холбоо” ТББ-ын удирдах зөвлөлийн дарга Р.Эрдэнэбаяртай ярилцлаа.


АМНАТ-ийн асуудлаар ярьдаг хүн сүүлийн үед олон болжээ?

-Тийм ээ, олон хүн ярьдаг болсонд баярлаж байна. Миний хувьд АМНАТ-ийг давхардуулж ногдуулж болохгүй, олон улсын зах зээлийн үндэслэлгүй өндөр үнээр АМНАТ-ийн суурийг буруу тооцоолж, олоогүй орлогод нь дахин АМНАТ ногдуулснаас болж өөрийн ордгүй олон баяжуулах, боловсруулах үйлдвэрүүд дампуурч, олон хүн ажилгүй боллоо, байгуулагдах гэж байсан олон том үйлдвэрийн төслүүд зогслоо гэж ярьдаг байсан. Ашигт малтмалын хуулиа хурдан шинэчилж алдсан алдаагаа засаач гэж шаардсаар ирсэн.

-Олон улсын зах зээлийн үнэ яагаад маргаан дагуулдаг юм бэ?

-Энэ маргаан дагуулдаг үнийг Засгийн газрын 2016 оны 81 дүгээр тогтоолын дагуу Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яам, ГЕГ, ТЕГ, АМГТГ-ын ажлын хэсэг сар бүр зарладаг. Төмрийн хүдэр, баяжмалын үнийг www.umetal.com, жоншны хүдэр, баяжмалын үнийг Хятадын www.indmin.com, нүүрсний үнийг БНХАУ-ын www.en.sxcoal.com сайтуудын үнийг үндэслэн тогтоодог. Манай экспортлогчдын гэрээний үнээс олон улсын зах зээлийн үнэ 1.5-2 дахин өндөр тогтоогддог учир том маргааныг дагуулдаг.

-Манай экспортлогчид яагаад олон улсын зах зээлийн үнээр хүдэр, баяжмал, нүүрсээ худалдаж чаддаггүй вэ?

-Хятадын томоохон үйлдвэрлэгчид Австрали, Канад, ОХУ, Индонези, Бразилаас их хэмжээний нүүрс, төмрийн болон жоншны хүдэр, баяжмалаа худалдан авдаг. Тэдний хүдэр, баяжмал нийлүүлэх хэмжээ, чанар, тээвэрлэлтийн асуудал томоохон үйлдвэрлэгчдийн шаардлагыг хангадаг. Нүүрсний хувьд бидэнд том боломж байдаг ч тэр үнээр гэрээ хийж чаддаггүй. Саяхан “ЭТТ” ХК-д томилогдсон БЭТ 1 тн коксжсон нүүрсийг 109 ам.доллараар экспортолж байгаа, хилээр гаргах нөхцөлөөр 140-150 ам.доллараар экспортлохоор ажиллаж байгаа гэсэн. Гэтэл 2022 оны улсын төсөвт коксжсон нүүрсийг дунджаар 128 ам.доллараар зарна гэж тооцсон боловч Олон улсын зах зээлийн үнэ 2022 онд 225-344 ам.доллар гэж зарласан. АМНАТ-ийг 2022 оны тавдугаар сард 109 ам.доллараар зарсан байхад 344 ам.доллараар тооцож АМНАТ ногдуулж төлнө гэсэн үг. Олоогүй орлогодоо АМНАТ төлдөг ийм стандарт бус татвартай улс болсон. Эрчим хүчний нүүрсний хувьд Засгийн газрын 2021 оны 174 дугаар тогтоолын дагуу 14 ам.доллараар зараад 15 ам.доллар АМНАТ-ийг жил гаруй төлсөн. Нүүрсний ангилал өөрчлөгдсөн ч АМНАТ-ийн дарамт төдийлөн бууруугүй. Мөн төмрийн хүдрийг 70 ам.доллар гэрээний үнээр зарахад 110 ам.доллар, жоншны хүдрийг 220 ам.доллар гэрээний үнээр зарахад 320 ам.доллар зарсан гэж тооцдог. Ийм ойлгомжгүй байдлаар олоогүй орлогод нь АМНАТ ногдуулж байгаа нь хүдэр болон баяжмал экспортлогчдыг санхүүгийн хүнд байдалд оруулсаар байна.

-Баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдэд АМНАТ-ийн ямар хүндрэл учирч байна?

-Агуулга багатай хүдрийг АМНАТ шингэсэн, НӨАТ-тай үнээр баяжуулах үйлдвэр худалдаж аваад баяжуулаад экспортлоход дахин АМНАТ ногдуулдаг болсноор алдагдалтай ажиллах болсон. ЕСБХБ (Европын Сэргээн босголтын хөгжлийн банк) манай улсын АМНАТ ногдуулж буй суурь үнэлгээг буруу байна, АМНАТ-ийг олборлох шатанд ногдуулчихаад баяжуулах, боловсруулах шатанд ногдуулж буй нь гадаадын хөрөнгө оруулагчдыг орж ирэх боломжгүй болгосон гэж үзээд Засгийн газарт зөвлөмж хүргүүлсэн байдаг. Ихэнх оронд олборлолтын шатанд АМНАТ ногдуулсан бол бусад шатанд АМНАТ ногдуулдаггүй. Маш товчоор хэлэхэд, АМНАТ бол НӨАТ биш. Үүнээс болоод гадаадын хөрөнгө оруулагчид орж ирэхгүй байна.

-Давхардаж буйг тодруулаач?

-Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй этгээд олборлолттой холбогдолтой бүх зардлаа тооцоолж АМНАТ ногдуулан төлсний дараа НӨАТ-тай үнээр хүдэр, нүүрсээ баяжуулагчид худалддаг. Энэ өртөг нь баяжмалд эзлэх хүдрийн өртөг – 70 хувь болдог. Харин -30 хувь нь үйлдвэрлэлийн бүх нэмэлт 32 төрлийн зардлууд, Эрээн хүртэлх тээврийн зардлууд болдог. Хүдэрт ногдох 70 хувийг хасахгүйгээр дахин АМНАТ ногдуулдаг. Харин тэр өмнөх шатанд төлсөн АМНАТ-ийн хасалт чинь баяжуулагчдад ирж буй татварын дарамтыг бууруулдаггүй.

-Дагалдах металлд АМНАТ ногдуулж буй нь зөв үү?

-Энэ бол бас л маргаантай асуудал. Манай улсад Боловсруулах үйлдвэр байхгүй. Зэс боловсруулах үйлдвэрийг байгуулах талаар олон жил яригдсан. Эрдэнэтийн баяжмал 5-7 хувийн төмрийн хүдэр, молибдентэй, Оюу толгойн зэсийн баяжмал алт, мөнгө агуулдаг. Төмрийн хүдэрт нэлээд хэдэн төрлийн металлууд маш бага хэмжээгээр байдаг. Манай улсад боловсруулах үйлдвэрүүд өндөр хөгжсөн бол зарим үнэт металлуудыг тодорхой хувийг нь хүдэр, баяжмалаас салгаж авах боломж үүсч болно.

-Баяжуулах, боловсруулах үйлдвэрүүдэд АМНАТ ногдуулахгүй болсноор улсын болон орон нутгийн төсвийн орлого буурах уу?

-Буурахгүй. Өөрийн ордгүй баяжуулах үйлдвэрүүдэд АМНАТ дахин ногдуулахгүй тохиололд 10 орчим татвар, төлбөр, хураамжуудыг нь орон нутгийн төсөвт төлүүлж олон арван ажлын байрыг нь хэвээр хадгалж үлдэх нь энэ улс оронд илүү ач холбогдолтой. Улсын болон орон нутгийн төсвийн орлого буурахгүй, харин ч илүү нэмэгдэнэ. Үүнийг Сангийн яам л сайн ойлгох хэрэгтэй. Сангийн яам энэ стандарт бус бодлогоо хамгаалаад Ерөнхийлөгчийн уриалга, Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн эсрэг ажиллаад байвал Монгол Улсад хүнд үйлдвэр хөгжихгүй, ажлын байр нэмэгдэхгүй ядуурал буурахгүй, гадаадын хөрөнгө оруулалт орж ирэхгүй, валютын орлого нэмэгдэхгүй.

-Хулгайлагдсан гэх нүүрсний АМНАТ-ийн талаар тодруулахгүй юу?

-Үндсэн хуулиар энэ хулгайлагдсан нүүрс чинь “Төрийн нийтийн өмч” шүү дээ. Хэдий хэмжээний нүүрс хулгайгаар экспортлогдсон талаар маш олон тоо яригдаж байна. Ерөнхий сайд нүүрсний 1 тэрбум долларын далд эдийн засаг үүссэн, Нүүрсний түр хорооны дарга одоогоор 2.5 сая тн, Т.Доржханд гишүүн 40 орчим их наяд төгрөгийн нүүрс алдагдсан, гишүүн асан н.Энхболд 6.4 сая тн гэсэн тоонууд гаргаж ирээд байна. Иймд яаралтай нүүрс хулгайгаар экспортолсон этгээдийг илрүүлж, АМНАТ-ийг нөхөн ногдуулж, алданги, торгуулийг, аж ахуйн нэгжийн орлогын албан татварын хамт төлүүлэх ёстой. Ингэж чадвал 2023 оны төсвийн алдагдал эрс буурна.

-АМНАТ-ийн хуулийг яаж өөрчлөх ёстой вэ?

-2019 оны гуравдугаар сараас өмнө хэрэгжиж байсан Ашигт малтмалын тухай хуулийн 47 дугаар зүйлийг сэргээн өөрчлөх хэрэгтэй. Энэ тохиолдолд хүдэр, баяжмал, бүтээгдэхүүнд АМНАТ давхардуулан ногдуулдаггүй болсноор Татварын алба, татвар төлөгчдийн хооронд маргаан гарахгүй болно.

-Аж ахуйн нэгж, боловсруулах үйлдвэрүүд АМНАТ-ийн хуулийн ажлын хэсэгт багтсан уу. Орох тухай саналаа хэлж байв уу?

-Ашигт малтмалын хуулийг шинэчлэх ажлын хэсэгт зөвхөн Уул уурхайн үндэсний ассоциацаас нэг хүн орсон. Ашигт малтмалын тухай хууль хурдан өргөн баригдаасай. Манай улсын эдийн засаг, экспортын хөгжилд түлхэц болох маш чухал суурь хууль.Цэвэр кокс, ган, ширэм, хорголжин, жоншны хүдрээс төрөл бүрийн бүтээгдэхүүн хийх төсөлтэй нэлээд хэдэн компаниуд байгаа ч энэ Ашигт малтмалын тухай хуулийн шинэчлэлийг хүлээсээр байна.

-АМНАТ-ийг хэрхэн тооцож байж зөв голдиролдоо орох вэ?

-Эхлээд олон улсын зах зээлийн үнээр бус гэрээний үнээр АМНАТ-ийг ногдуулдаг болох хэрэгтэй. Давхардуулж ногдуулдаггүй болох. Хүдэр, баяжмалын дагалдах металлд АМНАТ ногдуулж болох эсэхийг сайн судлах нь чухал.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

М.Буянбадрах: Монголчилсон АМНАТ экспортлогчдоо дампууруулж байна DNN.mn

– БИД “ДАВХАРДСАН АМНАТ” БУЮУ НЭГ БҮТЭЭГДЭХҮҮНД ХОЁР АМНАТ ТӨЛДӨГ-


“Хүнд үйлдвэрийн эрдэс холбоо” ТББ-ын Гүйцэтгэх захирал М.Буянбадрахтай ярилцлаа.


-АМНАТ буюу роялтиг манай уншигчдад товчхон тайлбарлаж өгөөч?

-Газрын дор буй эрдсийг ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй этгээд олборлоод нэг удаа төлдөг зөвшөөрлийн төлбөрийг олон улсад “Royalty” буюу манайд “Ашигт малтмалын нөөц ашигласны төлбөр” буюу “АМНАТ” гэдэг. Уул уурхай хөгжсөн Австрали, Канад, Бразил, ОХУ, БНХАУ, Африкийн орнуудад роялтийг олборлолтын шатанд ногдуулдаг, дотоодын үйлдвэрлэгч компаниудынхаа өрсөлдөх чадвар, бусад чиглэлийн үйлдвэрлэлүүдээ дэмжих бодлоготой уялдуулдаг, үйлдвэрлэлийн болон тээврийн зардлыг хасч роялти ногдуулдаг, зарим нь цэвэр ашгаас нь, зарим нь нэгж бүтээгдэхүүнд роялти ногдуулж авдаг хуультай. Хувь хэмжээ нь улс орон бүрд өөр байдаг.

-Ашигт малтмалын хуульд 2019 онд ямар өөрчлөлтүүд орсон юм бэ?

-2019 оны гуравдугаар сард орсон өөрчлөлт Үндсэн хууль зөрчсөн дүгнэлт гарч байсан. Мөн оны арваннэгдүгээр сард Ашиглалтын тусгай зөвшөөрөлтэй этгээд АМНАТ төлөгч нь төлдөг байсан дээр нэмж “Экспортолсон этгээд”-ийг АМНАТ төлөгч болгосон. АМНАТ шингэсэн бас НӨАТ-тай үнээр агуулга багатай жоншны болон төмрийн хүдэр, түүхий нүүрс худалдан аваад баяжуулж, боловсруулж угаагаад экспортлоход олон улсын зах зээлийн үнээр борлуулсан гэж үзээд АМНАТ-ийг дахин ногдуулж төлүүлдэг болгосон.

Бид нэг удаа 68 хувийн татвар гэж гаргаад алтаа гадагш урсгаад амжилт олоогүй. Энэ удаа бусад улсад байдаггүй АМНАТ-ийг бий болгож монголчилсон. Өөрөөр хэлбэл, бид “давхардсан АМНАТ” буюу нэг бүтээгдэхүүнд хоёр АМНАТ төлдөг. Хүдэр худалдаж авахад төлсөн АМНАТ-ийг хасдаг болгосон гэдэг боловч энэ нь хүдрийн өртөг болон төлсөн НӨАТ зэргийг хасалгүйгээр, экспортолсон баяжмалд дахин өндөр хувь хэмжээгээр АМНАТ ногдуулдаг болсон. Сангийн яам Үндсэн хуульд заасны дагуу “төрийн нийтийн өмч”-өөс ямар хувь хэмжээгээр татвар авахаа бид мэднэ гэдэг. Гэтэл хэт өндөр хувиар АМНАТ ногдуулдаг болсон нь компаниудын өрсөлдөх чадварыг бууруулсан. Харин Үндсэн хуулинд хууль эрх зүй, эдийн засгийн баталгаагаар хангана, Татварын ерөнхий хуульд татвар нь “үр ашигтай, шударга” байх ёстой гэж заасантай зөрчилддөг. Бодит жишээ, “ЭТТ” ХК эрчим хүчний нүүрсээ 14 ам.доллараар зараад 15 ам,долларын АМНАТ төлдөг болгоод нэг жил гаруй болсон. Нүүрсний ангиллыг саяхан өөрчилсөн боловч татварын дарамтыг төдийлөн бууруулж чадаагүй. Хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үр дүнд 20 гаруй өөрийн ордгүй баяжуулах үйлдвэрүүд маш их өрөнд орж, 1500 орчим хүн ажилгүй болж агуулга багатай хүдрүүд эдийн засгийн эргэлтэд орохгүй, орон нутгийн төсөвт төлдөг татвар, төлбөр, хураамжууд төлөгдөхгүй болсон.

-Олон улсын зах зээлийн үнээр ашигт малтмалаа яагаад борлуулж чадахгүй байна вэ?

-Олборлолтын хэмжээ, хил гааль, тээвэрлэлт, түүхий эдийн чанар гэх мэт олон зүйлээс хамаарч худалдан авагчтай өндөр үнээр гэрээ хийж чаддаггүй. Төмрийн хүдэр, баяжмалыг БНХАУ-ын томоохон худалдан авагчид хүхэр ихтэй гээд худалдаж авдаггүй. Нүүрсний хувьд “ЭТТ” ХК-д БЭТ томилогдсон яагаад өндөр үнээр зарж чадахгүй байгаад тайлбар хийвэл сайн. Сангийн яам 2022 оны улсын төсөвтөө 1 тонн коксжсон нүүрсийг 128 ам.доллараар борлуулна гэж оруулж ирэхэд Сангийн яам, Уул уурхай, хүнд үйлдвэрийн яамнаас томилогдсон үнийн комисс дунджаар 230-345 ам.доллараар борлуулсан гэж үздэг. Ийм ойлгомжгүй АМНАТ-тэй улсад ямар ч хөрөнгө оруулагч орж ирэхгүй. ЕСБХБ өнгөрсөн жил манай улсыг АМНАТ тооцоолох суурь үнээ хэт өндөр тооцоолж байна. АМНАТ-ийг давхардуулж ногдуулж байгааг шүүмжилж, Засгийн газарт зөвлөмж хүргүүлсэн. Дэлхийн банкны 110 орчим орны роялтийн судалгааг үзэхэд, манай улс шиг АМНАТ-ийг ийм зарчмаар ногдуулж авдаг улс нэг ч байхгүй.

-Манай улсын эдийн засагт эзэлж буй хүнд үйлдвэрлэлийн салбарын талаар мэдээлэл өгөөч?

-УУХҮЯ-ны судалгаагаар 92 үйлдвэр байдаг. 2022 оны байдлаар ТОП-100 компанид уул уурхай хүнд, үйлдвэрийн чиглэлийн 28 компани орж байна. Ойрын 10-20 жилд уул уурхайд түшиглэсэн эдийн засагтай байх нь тодорхой байгаа. Том үйлдвэрүүдээ дэвшилтэт болон шинэ технологи, бүтээгдэхүүн бий болгосон бол гааль, татвар, зээлийн бодлогоор дэмжих талаар тусгагдсан ч бодит дэмжлэгүүд байхгүй л байна.

-Хүнд үйлдвэрүүдийн хууль эрх зүй, татварын орчин ямар байна вэ?

-Товчхон хэлэхэд, хууль эрх зүй, татварын орчин маш тогтворгүй байна. Ашигт малтмалын тухай хууль, татварын хууль, Засгийн газрын тогтоол, татварын хувь хэмжээ байнга өөрчлөгддөг. Ашигт малтмалын хууль 1994 онд хэрэгжиж эхэлснээс хойш нийтдээ 35 удаагийн өөрчлөлтөөр 300 гаруй зүйл, заалт өөрчлөгдсөн. ГХО нар юуны түрүүнд манай татварын хуулиуд түүний хувь хэмжээ, тогтвортой байдлыг нэгдүгээрт авч үздэг. Эдгээр үйлдвэрүүдийг хэвийн үр ашигтай үйл ажиллагаагаа явуулахад засч залруулах хууль, тогтоол, журмууд олон байна.

-Боловсруулах үйлдвэрүүдийг хөгжүүлснээр ямар ач холбогдолтой вэ?

-Ажлын байр олноор бий болж ядуурал буурна, татварын суурь өргөжиж улсын болон орон нутгийн төсвийн орлого нэмэгдэнэ. Зэс боловсруулах үйлдвэр байгуулж чадвал зэсийн баяжмалаас алт, мөнгө, молибден, төмрийн хүдэр ялгаж авах, авахгүй маргаан арилж, томоохон тоглогч болох боломжтой. Төмрийн хүдэр, баяжмалын стандартыг шинэчилж, энэ чиглэлийн үйлдвэрүүдийг бодлогоор дэмжиж, ядаж экспортынхоо 50 хувийг баяжмал, ширэм үйлдвэрлэдэг болгоход маш олон ажлын байрыг бий болгож валютын урсгалыг нэмэгдүүлж чадна. Манай улс жоншны нөөцөөр дэлхийд дөрөвдүгээрт ордог тул бүх хүдрээ баяжуулж, боловсруулдаг болвол бүс нутагтаа томоохон тоглогч болох боломж байгаа. Энэ бүгдийг хийхийн тулд Ашигт малтмалын тухай хуулиа улс орныхоо “Аж үйлдвэржилт”-ийг хөгжүүлэх чиглэлд эрс өөрчлөлт хийх хэрэгтэй. Эс чадвал гадаадын хөрөнгө оруулалт, шинэ техник, технологи орж ирэхгүй, Ашигт малтмалаа түүхийгээр нь хямд экспортлосоор байх болно. Засгийн газрын Хүнд үйлдвэрлэлийг дэмжих хөтөлбөр, Ерөнхийлөгчийн “Олборлолтоос-Боловсруулалтад” уриалга, “Шинэ сэргэлтийн бодлого”-ын “Аж үйлдвэржилт” гэсэн хөтөлбөрүүд хэрэгжихгүй. Сангийн яамнаас баримталж буй АМНАТ-ийн бодлого Засгийн газрынхаа мөрийн хөтөлбөрийн хэрэгжилттэй зөрчилдөж байгааг залруулах хэрэгтэй.

-Үүнд ямар гарц байна вэ?

-Хуучин мөрдөгдөж байсан хууль нь дэлхий нийтийн зарчимд нийцдэг, маргаан үүсдэггүй татвар төлөгчдөд хүндрэлгүй байсан тул сэргээж болно. Сангийн яамны саналаар 2019 онд Ашигт малтмалын тухай хуульд оруулсан АМНАТ-ийн өөрчлөлт мөн ЗГ-ын 2021 оны 174 дүээр тогтоол маш буруу гэдэг нь хангалттай батлагдлаа. Алдсан алдаагаа яаралтай засах хэрэгтэй. УУХҮЯ Ашигт малтмалын тухай хуулийг хоёр жил боловсрууллаа гурван чуулганаар хэлэлцүүлэхийг хойшлууллаа, яаралтай батлуулах хэрэгтэй. Цаг хугацаа маш хурдан өөрчлөгдөж байна. Бид хэтэрхий удаан байна.

-Танай холбооны гол зорилго юу вэ?

-Экспортын баяжмал, бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг нэмэгдүүлэх эх орныхоо эдийн засгийг эрчимжүүлэх зорилготой үйлдвэрлэгчид эрх ашгаа хамгаалахын төлөө энэ холбоог байгуулсан. Манай улсын эдийн засгийн өсөлт буурч, инфляци нэмэгдэж, валютын орлого багасч, гадаад өрийн хэмжээ маш эрсдэлтэй байдалд хүрээд байна. Энэ хүнд байдлаас гаргахад болон нэг хүнд ногдох ДНБ-ний хэмжээг нэмэгдүүлэхэд Хүнд үйлдвэрүүд чухал үүрэг гүйцэтгэнэ. Бид гишүүн байгууллагууддаа тулгамдаж байгаа асуудлуудыг шийдвэрлүүлэхийн төлөө ажиллана. Бидэнтэй нэгдэж ажиллах хэн бүхэнд манай холбоо нээлттэй.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

“Чингисийн одон”-т Д.Доржготов: Хөрс байхгүй болбол хүнс байхгүй болно. Хүнс байхгүй болбол хүн, амьтан үгүй DNN.mn

Монгол орны анхны хөрсний зургийг зохион хэвлүүлж, сансрын гэрэл зурагт тулгуурласан хөрсний зураг зохиож, Монгол орны газар нутаг, хөрс, хөрсөн бүрхэвчийн талаар 50 гаруй суурь судалгаа хийсэн нэрт эрдэмтэн, шинжлэх ухааны гавьяат зүтгэлтэн, академич, доктор, профессор, Чингисийн одонт Д.Доржготовтой ярилцлаа.


-Юуны өмнө Төрийн дээд шагнал Чингисийн одон хүртсэнд тань баяр хүргэе. Сэтгэгдлээсээ хуваалцаач?

-Шагнал авна гэдгээ өмнөх өдөр нь их тулгаж мэдсэн. Их сайхан байсан. Өмнө нь би гавьяат зүтгэлтэн, “Алтан гадас”, Хөдөлмөрийн гавьяаны одон, мөн газарзүйн эрдэмтдэд өгдөг Оросын газарзүйн нийгэмлэгийн шагнал С.М.Пржевальскийн алтан медаль хүртэж байсан. Чингисийн одон авна гэдгээ сонсоод хамгийн түрүүнд би юу хийлээ, юугаа үзүүлдэг билээ л гэж бодогдсон.

Миний 80 насны ойгоор манайхан надад нэг ном гаргасан юм. Тэр номоо нээгээд зөндөө харлаа хүн асуувал юу, юу хийлээ, ямар гол зүйлээ харуулах вэ гэж харж суусан. Олон ч жил их ч зүйлийг хийлээ. Би өөрөө хөрс судлаач мэргэжилтэй хүн. Москвагийн их сургуулийг 1962 онд төгсөөд, долдугаар сарын 1-нд Шинжлэх ухааны академийн газар зүйн тасагт ажилд орж байсан. Өнөөдөр яг 60 жил долоон сар болж байна /инээв/. Миний нийт хэвлүүлсэн, нийтлүүлсэн, үйлдвэрт шилжүүлсэн 310 гаруй ажил байдаг. Тэдгээрийг дотор нь дөрвөн бүлэгт хуваасан. Нэг нь цэвэр яг миний мэргэжлийн хөрс судлалын чиглэлийнх, хоёрдугаарт Монгол орны физик газарзүйн чиглэлийн судалгаанууд, гуравдугаарт танин мэдэхүйн чиглэлийн судалгаанууд, сурталчилгааны судалгаанууд, тэгээд дөрөвдүгээрт нь үндэсний атлас гээд дөрвөн төрөл бүлэг болгож хуваасан. Үндэсний атлас нь маш олон зуун хүний хүч хөдөлмөрөөр хийгддэг ажил. Сүүлийн үед экологийн чиглэлийн судалгаа бас хийсэн байна.

Монгол Оросын хил дамнасан нутгаа, Монгол орныхоо нутгаар, оросуудтай хамтарч, дангаараа хийсэн нь цөөхөн дөө. Ер нь шинжлэх ухааны бүтээл гэдэг том багийн хамтын ажил шүү дээ. Нэг нь удирдаад зөвлөөд хамт хийдэг. Нэг хүн судалгаа шинжилгээ хийх боломжгүй. Манайхан бол хөдөө багаараа явна. Доод тал нь 4-5 хүн явдаг. Зарим нь газраа ухахад тусална. Ном бичнэ, задлан шинжилгээ хийнэ. Би ганцаараа тэр зүйлсийг хийхгүй шүү дээ. Оростой хийсэн атласт 300 гаруй Орос, Монголын эрдэмтэд, хүмүүс оролцсон. Энэ ажил дээр би редакцийн зөвлөлийн нарийн бичгийн даргаар ажилласан. Аливаа том ажил судалгаа олон хүний хамтын бүтээл багш, шавь нарын хамтын бүтээл байдаг. Миний багш гэхэд Цэгмид, Баасанжав гээд том эрдэмтэн, Оросын олон сайхан эрдэмтэд байдаг. Одоо өөрөө багш нь болчихоод л явж байна /инээв/.

-Хоёр улсын хооронд судалгаа хийж явлаа гэсэн шүү дээ. Улс хоорондын хөрсний ялгаа байдаг уу. Газарзүйн онцлогоороо өөр байх уу?

-Ялгаа мэдээж байлгүй яахав. Монгол оронд өөр хаана ч байхгүй хөрс байна. Халуун орны хөрс Монголд байхгүйтэй адилхан юм. Нутаг нутагтаа өөр өөр өвөрмөц хөрстэй. Монгол хүн монгол үндэстэн гэдэг шиг Монгол оронд тархсан унаган хөрс байдаг. Ойролцоо хөрс бас байна. Манайхтай ижил төстэй уур амьсгал байгальтай газар Төв Ази дунд Азийнхан бас л ойролцоо хөрстэй байдаг.

-Газарзүйг судлахад үндсэн суурь нь юу байдаг вэ?

-Газарзүй гэж өөрөө их том шинжлэх ухаан шүү дээ. Манайхан мэддэггүй юм. Газарзүй нь хоёр том тулгууртай байдаг. Нэг нь байгалийн газарзүй буюу физик газарзүй гэж байдаг. Үүний дотор хөрс, уур амьсгал, ус, мөнхцэвдэг, амьтан ургамлын газарзүй, ус, нуур, гол мөрөн гээд бүгд физик газарзүйд багтдаг. Хоёр дахь нь нийгэм эдийн засгийн газарзүй юм. Тэр нь хүн амын, хотын, аж үйлдвэрийн, хөдөө аж ахуйн, аялал жуулчлалын газарзүй гэх мэт. Манайхан газарзүй гэхээр дандаа байгалийн гэж боддог нь буруу юм. Байгаль нийгмийн шинжлэх ухааныг хоёуланг нь судалдаг шинжлэх ухаан юм. Өнөөдрийн Монгол орны хотжилтын хотын газарзүй, хүн ам шилжих хөдөлгөөний асуудал, хөгжлийн төлөвлөлтийн асуудал, орон зай төлөвлөтийн асуудал гээд энэ бүхэн өөр шинжлэх ухааны биш газарзүйн шинжлэх ухааны судалдаг зүйл мөн юм. Манайхан дандаа буруу ойлгочихсон байдаг. Газарзүй гэхээр газар ухаад явдаг хүмүүсийг огт хэлдэггүй. Хоёр том багана нь тус тусдаа арван салбар нийлээд 20-иод том салбараа холбосон шинжлэх ухаан юм.

-Хөрсний бохирдол, доройтол үүслээ гэх юм. Үүнийг мэргэжлийн үүднээс нь тайлбарлаач?

-Хөрс гэдэг чинь бараг бохирддоггүй орчин юм. Миний бодоход дандаа буруу ойлголт яваад байдаг. Агаар бохирдоно, тэгээд амьсгалаар түгэж нөлөөлж болно. Ус бохирдоно уугаад нөлөөлж болно. Бид хөрсийг идэх үү, хөрсийг амсах уу. Хөрсний бохирдол гэдэг чинь өөр асуудал юм. Хөрсөнд ургаж байгаа ургамал хөрснөөс бохирдох уу гэвэл бараг үгүй юм. Хөрс хамгийн гол нь бохирддог орчин биш бохирддог байгалийн биет биш, бохирдлыг арилгадаг, илааршуулдаг, эдгэрүүлдэг эрүүл ахуйн том функцтай орчин юм. Үүнийг манайхан ерөөсөө мэдэхгүй хөрс бохирдоод байна гээд л асуугаад байдаг. Хөрс бохирдлоо гээд хөрсөө долоохгүй шүү дээ. Хөрсөнд ургаж байгаа ургамал хорыг барагтаа сорж авахгүй. Хүнтэй адилхан олдсон болгоноо долоодог, залгидаг амьтан биш шүү дээ. Хэрэгтэй зүйлээ хөрснөөс авна, авахгүй зүйлээ авахгүй.

-Тэгэхээр хөдөө орон нутгаар уран ухсанаас болж хөрс бохирдсон, мал амьтан хордсон гээд байдаг. Худлаа болж таарах уу?

-Яахав, цацраг идэвхит зүйл бол шал өөр асуудал. Цацраг хөрснөөс хамаарахгүй, хөрсөнд байдаг бодис биш шүү дээ. Олон сая жил бий болсон геологийн том бүтээгдэхүүн. Уран олборлоно гэдэг чинь газрын гүнээс дээш ухаж олборлоно. Хөрсөн дотор байдаг зүйл биш юм. Хөрс нь Монгол оронд бол 1 метр гаруй, гүндээ л 2 метр байдаг. Уран гэдэг чинь 50-60 метрийн гүнд байдаг. Хөрснийх биш шүү дээ. Газрын гүний ашигт малтмал юм. Хөрсөн дээр нь тэднийг хамгаалж байдаг. Бид бүх л муухай зүйлээ газарт булдаг. Хог новш, тарваган тахал туссан мал, мялзан, сүрьеэ, боом туссан малаа дандаа газарт булдаг. Нас барсан хүнээ хүртэл газарт булдаг шүү дээ. Хөрс бохирддог бол дээр нь ургаж байгаа ургамлыг мал иднэ, малаа бид иднэ. Хэрвээ тэр хөрс бохир бол яах вэ. Улаанбаатарыг тойрсон хичнээн их шарилын газар байна. Хөрс нь бохирддог бузартдаг орчин биш. Тэр муухай зүйлсийн бактериудыг ариутгадаг, өвчний нянгуудыг үгүй хийдэг тийм гайхалтай байгалийн орчин юм. Улаанбаатар хотын бохирдол чинь хөрс биш шороо шүү дээ. Гадаа байгаа энэ зүйл хөрс биш шороо юм. Хүний хөлийн шороо, машины дугуйн шороо хөрс биш шүү дээ. Энэ дотор харин бохирдол бий юү гэвэл байлгүй яахав дээ. Машины утаанаас ялгарч байгаа, машины дугуйнаас ялгарч байгаа гээд зөндөө юм бий. Гэхдээ энэ нь яг тэр хэвээрээ байдаг бол өдийд бид Улаанбаатарт нэг ч хором амьд байхгүй. Өнөөдрийг хүртэл 208 тэрбум хүн хорвоо дээр байсан. Одоо 8 тэрбум хүн амьд оршдог. Тийм их хөрсөн доор булагдсан хүмүүс янз бүрийн өвчтэй хүмүүс байгаа. Хэрвээ хөрсөнд ариусдаггүй байсан бол яах бол хамгийн гол нь тэрийг ойлгох хэрэгтэй. Хөрсний эвдрэл бол байна. Салхинд хийсэж, усанд урсаад хайран сайхан хөрс байхгүй болж байна. Манай оронд ч биш дэлхийн бүх газар ийм асуудал тохиолддог. Хөрс нь салхинд хийсээд, тариалангийн хөрс нь усанд урсаад эвдрээд алга болж байгаа. Улаанбаатар хот хөрс байхгүй дээр нь барилга бариад устчихсан. Уул уурхайтай газар хөрс байхгүй бүрмөсөн устана. Гэх мэт маш их хөрс элэгдэж хорогдоод устаж үгүй болж байна. Энэ бол байдаг асуудал юм. Харин бохирдоно гэдэг бол агуулах хэмжээнээсээ бодиснууд нь ихэссэн бол бохирдсон гэж авч үздэг. Тиймээс хөрс нь барагтаа бохирддоггүй.

-Хөрс байхгүй болсноор байгальд ямар хор уршигтай вэ?

-Хөрс байхгүй болбол хүнс байхгүй болно. Хүнс байхгүй болбол хүн байхгүй болно. Хөрс нь хуурай газрын бүх амьтныг тэжээдэг. Хөрсөн дээр ургаж байгаа ой мод, бэлчээр, бут сөөг тэр бүх ургамал дотор нь амьдарч байгаа амьтад, хорхой шавж, хулгана, зурам, мэрэгч амьтад, 1 гр хөрсөнд хичнээн саяараа байдаг бичил амьтад, тэднийг хооллодог хүн араатан амьтад гээд бүгдийг хүнсээр хангадаг зүйл бол газрын хөрс шүү дээ. Тэгээд газрын хөрс алга болчихвол гээд бодвол хүн амьтан, мал байхгүй болно. Хуурай газрын амьдралын эх булаг нь хөрс юм. Манайхан бүгд тийм буруу ойлголттой байдаг. Хөрс бохирдлоо л гэх юм, хэн бохирдуулаад байгаа вэ. Бид л бохирдуулж байгаа шүү дээ. Хог новш, нус цэр, өтгөн шингэнээ гадагшлуулж, бүх хогоо хөрсөнд цацаж булдаг. Хамгийн гол нь тэр бохирдол нь хүнд тэр хэвээрээ ирдэггүй.

-Та 60 жил газарзүй судаллаа. Энэ бүх цаг хугацаанд хамгийн дурсамжтай, сэтгэлд үлдсэн ажил нь юу байсан бэ?

-Хийсэн болгон маань дурсамжтай байсан. Томоохон ажил ч бай, багахан ажил ч бай бүгд өөрийн түүхтэй. Байнга ширээний ард суугаад байдаг ажил биш учраас хөдөө гадаа машинтай, мориор, Хөвсгөлийн тайгад цаа бугаар ч явна. Монгол Алтайд мориор явж байсан гээд тэр болгон тухайн үедээ л том дурсамж шүү дээ. Хөдөө хээр явж байхад машин тэрэг саатах, бензин усгүй болохыг алийг тэр гэхэв дээ. Янз бүрийн сайхан муухай дурсамжтай үе их байсан. Гадаадын олон сайхан эрдэмтэдтэй явж байсан. Миний багш хүртэл Монголд ирж үзчихээд дахин ирж байсан. Оросын олон том эрдэмтэн, судлаачид үндэсний атлас хийгээд хөдөө гадаа явж байлаа. Экологийн атлас, эксистемийн атлас, байгалийн атлас гээд бүгдэд нь Оросын судлаачидтай ихэвчлэн явсан. Германаас олон судлаачид ирж, хамт явж байсан. Хамт бичсэн ном, зураг, шинжилгээ судалгааны ажлууд их бий. Польш, Унгараас Монголд ирж хамт судалгаа хийж байсан. Сүүлийн үед хятадууд, өмнөд монголчууд, япон, солонгосууд ирж байна. Манай орон нээлттэй болчихсон болохоор олон орны судлаачид сонирхон ирж байна. Тэр болгон өөрийн гэсэн өөр өөр дурсамжтай. Хамгийн сайхан дурсамж бол хамгийн анхны төсөл 1963 оны зургадугаар сарын 3-ны өдөр Төв аймгийн Жаргалан сумын аж ахуй, Загдалын голын хойд дэнж дээр хийсэн хамгийн анхны төслийг хэзээ ч мартахгүй. Хоёр сайхан шавь маань хамт явж байсан. Хамт ажилладаг Южмаа гээд эмэгтэй хоёр шавьтайгаа бид дөрөв морьтой явж байсан. Хамгийн анхны төсөл гээд бэлгэшээгээд сүү ууж байсан юм. Монгол орондоо хийж байсан хамгийн анхны төсөл байлаа.

-Гадаадаас эрдэмтэд их ирж судалгаа хийдэг гэсэн шүү дээ. Монголын онцлог юу байдаг болоод тэр хүмүүс судлахаар ирдэг вэ?

-Монгол гайхалтай байгальтай орон шүү дээ. Дахин давтагдашгүй өөр хаана ч байхгүй Төв Азийн хамгийн өндөрлөг газарт байрласан. Өндөр уул нурууд, өргөн тал хөндий, өргөн говь цөл гээд Монголд байхгүй зүйлгүй. Дөрвөн улирал 40 градус халдаг зунтай, 40 градус хүйтэрдэг өвөлтэй. Хавар, намар дөрвөн улирал эрс тэс ялгаатай ийм орон манайхаас өөр байхгүй. Дэлхийн хамгийн хуурай цөл Монголд байна гээд бод доо. Жилдээ хур тунадас 50-иас доош байдаг. Тийм цөл Алтайн өвөр говьд байна. Гэтэл манай Хөвсгөлийн тайга бол яг л тайга шүү дээ. Тийм эрс тэс байгальтай ийм газарт судалдаг хүн явахад гайхалтай орон юм шүү дээ. Тэгээд л энэ гадаадаас ирсэн хүмүүс юм үзэж, нүд тайлах гэж ном бичих гэж шинжлэх ухаанд бас нэг шинэ юм нээчих гээд ирж байгаа. Хөрсийг өвөл судалдаггүй. Хавар тавдугаар сарын сүүлчээс аравдугаар сарын эхэн хүртэл явж судалдаг. Бусад үед нь лабораторидоо суугаад хөрснийхөө дээжид задлан шинжилгээг хийдэг. Тэгээд дараа хавар нь дахиад хөдөө рүүгээ явцгаадаг. Зун нь хөдөө явна, өвөл нь лабораторидоо суудаг. Хоёр том цогц ажил юм. Лабораторигүй бол ямар ч судалгаа шинжилгээ хийх боломжгүй шүү дээ. Ямар найрлагатай, ямар давсжилттай, урвалын орчин нь ямар байгаа гээд бүгдийг лабораторийн шинжилгээгээр гаргана. Бид дандаа хамтын бүтээл хийдэг. Би хамгийн сүүлд 2003, 2004 онд хөдөө явсан. Арван хэдэн жил хөдөө явсангүй ээ, 70 гарчихаад хөдөө яваад байлтай биш. Бэртэж гэмтээд өвдөөд шавь нараа зовооно шүү дээ. Хааяа ойрхон зуур газар явна. Өмнө залуу байхад хавар ногоо цухуйнгуут л байж ядаад л хурдан явах юмсан гээд л машин олдоосой, бензин олдоосой гэж боддог байлаа. Тэр үед ачааны машинаар л явна 63, 51, 66 л олдоно. Монгол Оросын хамтарсан биологийн иж бүрэн экспедиц гэж байдаг. Иж бүрэн гэдэг нь тэр дотроо амьтны судалгаа, ургамлын судалгаа, усны амьтдын судалгаа, хөрсний судалгаа бүгд ордог. Тэрэнд би 1970 оноос хойш хамт судалгаа хийж ирсэн. Арай боломж сайтай, унаа машин сайтай оросуудтай хамт олуулаа явдаг байв. Тэр экспедицийн ачаар би их зүйл хийсэн дээ. Дангаараа ч явдаг оросуудтай ч явдаг байлаа.

-Шинжлэх ухааны салбарт сүүлийн үед тулгамдаж байгаа асуудлууд юу байна вэ?

-Хэцүү тулгамдсан асуудлууд бий, бий. Төсөв зардлаас эхлээд хээрийн зам хоногийн зардал, мөнгө гээд хариугүй юм. Манай хуучны оросуудтай хийдэг байсан шиг хоёр, гурван сараар явах арга байхгүй. Хоёр долоо хоног, гурван долоо хоног яваад ирэхээс биш их олон хоногоор явах боломж маш хэцүү. Төсвийн асуудал маш их байна. Оросуудтай хамтарч явж байсан олон улсын экспедици гээд илүү боломжтой байсан. Одоо тийм зүйл байхгүй болсон. Шинжлэх ухааны салбартаа хөрөнгө мөнгө зарцуулах нь Монголд бага байдаг. Яахав, ирэх жилээс жаахан нэмэгдэхээр юм ярьж байна. Хүрээлэн болон өөр өөр үндсэн чиглэлүүдийн, судалгааны чиглэлүүд, тэр чиглэлийнхээ дагуу судалгаа шинжилгээ хийвэл шууд хүрээлэнгийн санхүүжилтийг нь өгчихдөг. Ямар ч давхцал байхгүйгээр шүү дээ. Ийм чиглэл саяхан Засгийн газраас гарсан. Эрдэм шинжилгээний ажилчдын цалинг нэмэх зэрэг шинжлэх ухаанд улсаас зарцуулах хөрөнгө нэлээд нэмэгдэх сайхан мэдээ дуулдаж байна лээ.

-Ерөнхийлөгч танд “Чингисийн одон”-г гардуулж өгч байхдаа юу хэлж байв. Таныг тусад нь хүлээн авч уулзсан уу?

-Америкийн эрдэмтэнтэй хамт уулзсан. Олон юм хэлээгүй, баяр хүргэе гээд ажлын амжилт ерөөгөөд, шагналаа гардуулсан. Харин хамгийн сайхан хүндэтгэлтэй зүйл нь биднийг шагнал авсны дараа Их хурлын хүндэтгэлийн хуралдаан 40 минут гаруй болсон.

-Таныг Шинжлэх ухааны академи хүлээж авсан гэсэн үү?

-Би 40 гаруй жил багшилж байгаа хүн. Эрдэм шинжлэлийн ажлын хажуугаар хөрс судлалын хичээл, Монгол орны газарзүйн хичээлээ бас заана. Олон сайхан ахмад багш нар маань байхгүй болжээ. Би 1978 оноос хойш цагаар хичээл заадаг байсан. Сүүлдээ Монгол улсын Их Сургуулийн профессор багшаар зэрэг ажиллах болсон. Ажлынхаа хажуугаар 14-15 жил тэнхимийн эрхлэгч хийлээ. Их сургуулийн бас хамааралтай профессор хүн юм. Их сургуулийн хамт олон маань тав дахь өдөр намайг хүлээж авах гээд би очиж чадаагүй. Улсын багшийн их сургуульд бас багшилж байсан. Мөн манай академи өчигдөр хүлээж авсан. Хүрээлэн дээрээ бас очоогүй л байгаа. Хотын дарга баяр хүргэж хүндэтгэл үзүүлээд хоёр өрөө байрны батламж өгснийг Боловсролын сайд Л.Энх-Амгалан гардуулж өгсөн.

-Энд тэнд судалгаагаар явахад шавь нартайгаа хэр их таардаг вэ?

-Хөдөө зөндөө таарна. Би Өмнөговийн Ханбогд сум руу очиход байгаль орчны хүмүүс нь дандаа шавь нар минь байсан. Багшаа хэзээ ирэв ээ, хэлэхгүй яасан юм бэ гээд бүгд миний шавь нар тосч авч байсан. Одоо олон жил багшилчихлаа. Нас ч дээр гарч заримыг нь танихгүй будилна. Их л юм болно.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Хуульч Б.Алтанзул: Яг ийм жишээгээр “Бэлтэс мөрөн”-гийн хохирогчид үүссэн DNN.mn

Загвар өмсөгч О.Билгүүн өөрийн инстаграм хаягтаа “400 ам.доллар оруулаад 2000 ам.доллар болгож үржүүлээд одоо 4.5 хоногийн дотор 552 ам.доллар суллаад авсан байна” хэмээн нийтэлжээ. Тэрбээр инстаграм хаягаараа хүмүүст хөрөнгө оруулалт хийгээд мөнгөө өсгөн авахыг санал болгожээ. Энэ талаар хуульч н.Энхмандах “Би хуулийн салбарт ажиллах хугацаандаа ийм боломжийг ашиглах гэж яваад эцэст нь эд мөнгө, нэр төр, амь насаа ч алдсан хохирогчидтой олон таарч, эдийн засагчийн хамт систем загварчлалуудыг нь судалж байв. Энэ ч мөн адил. Дэндүү танил технологи. Олон хохирогчтойгоос “Жи тайм”, “Бэлтэс мөрөн”-гийнхний нулимс ч хатаж амжаагүй байна. Компьютер дээр маань 20-иод койны white paper байна. Яг л чам шиг итгэж болохуйц залуусыг ашигласан байгаа. 158 мянган дагагчтай Билгүүн ээ, чамд понзи системийн талаар хуулийн хүнтэй уулзахыг зөвлөж байна.

Магадгүй та өгөөшөөр сонгогдсон бололтой. Энэ систем эхэнд орсон хүмүүсийн мөнгийг л өсгөж өгнө. Гэхдээ тэр ашиг гэх мөнгө бол дараа дараагийн орж ирээд мөнгөө алдах хүмүүсийн нулимстай мөнгө. Дараагийн шатанд орж ирэгсдийн цустай мөнгө. Зовж олсон мөнгөө алдаад амиа хорлочихсон хүнийг харсан бол чиний олсон ашиг, ашиг шиг санагдахгүй. Сүлжээ л бол сүлжээ. Понзи системийг бэлэн мөнгө хурааж хийнэ үү, технологи апп ашиглаж хийнэ үү ямар ч зарчмын ялгаа байхгүй. Хэлбэрээ өөрчилсөн “Бэлтэс мөрөн” хэмээн бичжээ.

Хуульч Б.Алтанзулаас энэ талаар тодруулахад “Мэдээлэл тарааж байгаа этгээд мэдээллийнхээ үнэн зөв байх эсэх дээр өөрөө хариуцлага хүлээнэ. Түүнээс гадна тухайн этгээдийн хувьд аваад үзэхэд өөрөө тодорхой хэмжээгээр инфлюнсэр буюу 158 мянган дагагчтай. Ийм олон хүнд мэдээлэл тарааж байгаа этгээд мэдээллээ шалгаагүй тараасны улмаас бусдад хохирол учирвал яах гэдэг зүйл Зөрчлийн тухай хуулиар яригдана. Мөн Эрүүгийн тухай хуулиар давхар хариуцлага тооцно. Зөвхөн энэ ч биш ийм байдлаар нийгэмд мэдээлэл тараагаад байгаа нь өөрөө хууль эрх зүйн орчинд ямар зохицуулалттай юм бэ гэдгийг бодох ёстой. Яг үүнтэй адил жишээ бол Хөвсгөл аймгийн “Бэлтэс мөрөн”-гийн асуудал байгаа. Яг үүнтэй ижлээр залилангийн шинжтэй үйлдэл явсан. Хохирогчийн тоо хэмжээ тухайн нөхцөл байдал анх үүсэн бий болохгүй. Хэд хэдэн хүмүүс харилцаанд ороод ашиг олоод, үйл ажиллагаа нь өргөжөөд ирэхээр эхний хохирогчид гарч эхэлдэг. Тэгж байж хэрэг бүртгэлтийн ашиг гарч ирдэг учраас цагдаагийн байгууллагад өнөөдрийн байдлаар ямар нэгэн хохирогч бүртгэгдээгүй байгаа нь зөв л дөө.

Тэгэхээр мэдээлэл цацаж байгаа этгээд мэдээллийнхээ үнэн зөв байдлыг хянаж байж мэдээллээ тавих хэрэгтэй. Олон нийтийн сүлжээнд мэдээлэл тавьж буй этгээд үүнийхээ үнэн зөв эсэх дээр үүрэг хүлээдэг гэдгийг илүү хөндөх нь зүйтэй. Иймэрхүү төрлийн гэмт хэрэг үйлдсэн хүмүүс шүүхэд нэр төрөө сэргээлгэнэ гэсэн нэхэмжлэл гаргасныгаа нэр төрөө сэргээлгэлээ гэх мэтээр үнэн худал нь мэдэгдэхгүй бичээд байдаг. Үүнийг нь хуулийн мэдлэггүй хүмүүс үзээд зөв байсан юм байна гэж ойлгоод итгэж эхэлдэг. Үүнээс сэргийлэх мэдээллийг хэвлэл мэдээллийн байгууллагууд өгч баймаар байна” гэв.


АЛИВАА ТӨСӨЛ ХӨТӨЛБӨРИЙГ НАРИЙН СУДАЛЖ ШИНЖЛЭЭГҮЙ ХАРААР ДҮГНЭЖ, НЭР ТӨРД ХАЛДАХ НЬ ӨӨРӨӨ ХУУЛИЙН ЗААЛТТАЙ


Энэ талаар загвар өмсөгч О.Билгүүнээс тодрууллаа.


-Та үүсээд буй нөхцөл байдалд тайлбар өгөөч?

-Бид БНХАУ-ын крипто зах зээл дээр хүч түрэн гарч ирж буй шинэ төрлийн блокчейн платформ дээр суурилсан крипто төслийг Монголын зах зээл рүү оруулж ирээд ажиллаж байна. Энэ нь TUR­ING SMART CHAIN (TSC) гэдэг блокчейн платформ юм. Уг платформ маань төвлөрсөн бус удирдлагын тогтолцоотой буюу DAO (decentralized au­tonomous organization) юм. DAO гэдэг тухайн төслийн ард хэн нэг тухайлсан этгээд хуулийн этгээд байж бүх зүйлийг удирдаж шийддэг зүйл биш юм. Өөрөөр хэлбэл, энэ төсөлд хөрөнгө оруулж хүн бүр энэ төслийн эзэн буюу хувьцаа эзэмшигч гэж ойлгож болно. Уг платформ маань БНХАУ-д үүсч 3-4 жилийн хугацаанд тогтвортой хөгжүүлэлт хийгдээд явж байгаа юм. Тэгэхээр энэ маань манай дотоодын крипто маркет шиг маш бага эзэлхүүнтэй буюу нэг төсөл дээр 1 мянгаас 5 мянга хүрэхтэй үгүйтэй цөөхөн тооны хэрэглэгчийн тухай ойлголт биш юм. Нөгөө талаас энэ дэлхийн хамгийн их хүн амтай, хүчирхэг эдийн засагтай, хөрөнгө оруулалтын сэтгэл зүй суучихсан тэр хүмүүсийн бий болгоод дотооддоо тэлэлт үүсгэж байгаад дэлхийд гарч ирж байгаа маш том платформын тухай ойлголт юм. Үүнийг дотоодын элдэв луйврын замаар хийсэн бусад төрлийн крипто төслүүд болон элдэв прамид понзитой харьцуулж харлуулж байгаа нь харамсалтай байна.

-Олон нийт, хуульчид шүүмжлэлтэй байгаа. Үүнд ямар хариулт өгөх вэ?

-Аливаа төсөл хөтөлбөрийг нарийн судалж шинжлээгүй хараар дүгнэж нэр төрд халдах нь өөрөө хуулийн заалттай. Бид өөрсдөдөө мөнгө босгоогүй. Гадны төсөлд хөрөнгө оруулж ашиг авах боломжийг л санал болгож, сонирхуулж байгаа төдий. Энд заавал орох шаардлага байхгүй. Хувь хүний өөрийн л сонголт. Бид харин ч хөрөнгө оруулалт, санхүүгийн мэдлэг мэдээлэл дээр тулгуурлаж шийдвэр гаргах боломжийг олгож байгаа гэв.

Энэ талаар ЦЕГ-ын хэвлэл мэдээллийн албанаас энэ талаар тодруулахад ямар нэгэн байдлаар хохирсон гомдол мэдээлэл бүртгэгдээгүй байна гэв. Тухайн постон дээр нь нэг скрийншот маягийн зүйл яваад байна лээ. Тэр нь хятад бичигтэй флатформ юм уу, аппликэйшний зураг яваад байгаа. Тухайн зүйл нь Монгол Улсын харьяалалтай зүйл яалт ч үгүй биш. Энэ талаар Кибер гэмт хэрэгтэй тэмцэх тасаг болон эдийн засаг, залилах гэмт хэрэгтэй тэмцэх тасгуудаас холбогдон тодруулахад “Үүнээс болж хүн хохирсон тухай гомдол мэдээлэл ирээгүй. Иргэнээс гомдол ирээгүй байгаа тохиолдолд бид шалгах боломжгүй байна” гэв.