Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Т.Энхтүвшин: “Замын-Үүд”-ийн чөлөөт бүс нээгдсэнээр “Made in Mongolia” шошготой бараа бүтээгдэхүүн гуравдагч улсын зах зээлд гарна

УИХ-ын гишүүн Т.Энхтүвшинтэй ярилцлаа.


-Замын-Үүдэд үүсээд байгаа нөхцөл байдлын талаар ярилцлагаа эхэлье. Өнөөдрийн байдлаар нөхцөл байдал ямархуу байна вэ?

-Замын-Үүдийн чөлөөт бүсийн гадна, дотор талд 1000 гаруй тээврийн хэрэгслийн дараалал үүсээд байсныг бууруулж, чөлөөт бүсийн дотор 380, чөлөөт бүсийн гадна 1250 тээврийн хэрэгсэл байна. Эрээний хил дээр хүлээгдэж буй 3172 ачаа тээврийн хэрэгслийг шуурхай татан авахын тулд өдөрт нэвтрэх авто тээвэр болон төмөр замын тээврийг нэмэгдүүлэхээр ажиллаж байна.

Хөх хотын болон Эрээний төмөр замын байгууллагатай Монгол Улсын Засгийн газар, Зам, тээврийн хөгжлийн яам болон УБТЗ удаа дараагийн хэлэлцээр хийсний үр дүнд өргөн царигийн гурав дахь замыг нээж эхэлсэн. Ингэснээр өдөрт нэвтрүүлж буй 50 вагон ачааг хоёр дахин нэмэгдүүлэх боломж бүрдэж байна.

Өдөрт тогтмол 110 автомашин, 50 вагон ачаа тээврийг нэвтрүүлдэг болсноор Эрээний хил дээр гацаад буй бараа бүтээгдэхүүнийг нэг сарын хугацаанд багтааж татан авах тооцоолол гарч байна.Үүнтэй холбогдуулан Замын-Үүдийн боомтын ачаа тээврийг нэмэгдүүлэх, ариутгал халдваргүйтгэлийг эрчимжүүлж, мөн үнийн хөөрөгдлийг цэгцлэхэд шаардлагатай бүхий л арга хэмжээг авч ажиллаж байна. Хятад улс өөрсдийгөө ногоон бүс гээд зарлачихсан. Түүнчлэн Өвлийн олимп Хятадад зохион байгуулагдана. Түүнтэй холбоотойгоор Монголд ковид нэмэгдэж байгаа учраас хил гаалиар нэвтрэхэд хүндрэл үүссэн. Хятадын талд 50 жолооч байршуулчихаад тэр жолоочид нь 0 цэг дээр хүргэж өгөөд наанаас нь татаж аваад Улаанбаатар руу явж байгаа. Хамгийн гол нь цаана байгаа бизнес эрхлэгчдийн бараа бүтээгдэхүүнийг хурдан татаж авах нь чухал байна. Нөхцөл байдлыг сайжруулахад манайх ногоон бүсээ бий болгох хэрэгтэй. Энэ нь зөвхөн Дорноговь аймгийн асуудал биш, Монгол Улсын хэмжээнд ногоон бүс болоход анхаарч ажиллах шаардлага үүсч байгаа юм.

-Вагон тээврийг нэмэгдүүлэх боломжтой болсон байна лээ.

-Вагоноор ачаа татах ажлыг Зам, тээврийн хөгжлийн яам, УБТЗ онцгой анхаарах хэрэгтэй. Манайх дан замтай учир хүндхэн байна.Өдөртөө манайхаас 14 цуваа гардаг гэхээр 700 гаруй вагон гарч байгаа юм. Буцаж орж ирэхдээ зургаа нь бараа бүтээгдэхүүнээ ачиж, бусад нь хоосон орж ирээд байна.

Угтаа хуримтлагдсан арматур төмөр, тоног төхөөрөмж сав баглаа нь амархан эвдрэхгүй тоног төхөөрөмжийг нүүрс, төмрийн хүдрийн задгай вагоноор ачих асуудлыг Хөх хотын талтай УБТЗ сайн ярилцах хэрэгтэй байна. Эрээн хотод бараа бүтээгдэхүүнийг түрүүлж ачих гэсэн үнийн өрсөлдөөн яваад байна. 3000-4000 машины ачаа бөөгнөрчихсөн, Улаанбаатар хүртэл нэг машин ачаа 70.0-80.0 мянган юань хүрчихээд байна. Энэ тал дээр Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газар, Зам, тээврийн хөгжлийн яам онцгой анхаарч ажиллах шаардлагатай.

-Ариутгал халдваргүйжүүлэлт манайд маш хангалтгүй байсан шүү дээ.

-Сумын Засаг дарга хил гаалийн онцгой бүс дээр болж байгаа асуудлыг хариуцдаггүй. Хил дээр босоо удирдлагатай байгууллагууд ажилладаг. Тэр гаалийн татвар, үзлэг, гадаадын иргэдийг оруулах, гаргах, ариутгал халдваргүйжүүлэлтийн асуудал бол Гааль, Мэргэжлийн хяналтын 100 хувь хариуцах асуудал.Ариутгал халдваргүйжүүлэлт чинь манай хилээс гарч байгаа машиныг ариутгадаггүй. Гарч байгаа машиныг Хятадын тал иж бүрэн ариутгадаг. Хятадаас орж ирж байгаа машиныг л манайх ариутгадаг. Сүүлийн үед хил дээр гарч байгаа асуудлыг аймаг орон нутгийн удирдлагуудтай хольж хутгаж яриад байгаа юм. Замын-Үүд сум улсын төсөвт жилд 600-700 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийдэг. Гэтэл аймаг, сумын төсөвт нэг ч төгрөг өгдөггүй. Замын-Үүд бол экспорт, импортын байнгын үйл ажиллагаа явуулдаг Олон улсын хилийн томоохон боомт юм.

-“Замын-Үүд” чөлөөт бүсийн байнгын үйл ажиллагааг эхлүүлэх шийдвэр гарсан. Бэлтгэл ажил хэр үргэлжилж байна?

2021 оны долдугаар сарын 31-ний өдөр Монгол Улсын Шадар сайд С.Амарсайхан холбогдох албаны хүмүүсийн хамт Замын-Үүд суманд ажиллалаа. Замын-Үүд хилийн боомтоор нэвтрэх ачаа эргэлтийг сайжруулах чиглэлээр Ерөнхий сайд болон Шадар сайдын өгсөн үүрэг даалгаврын хүрээнд тодорхой ажлууд хийж хэрэгжүүлсний үр дүнд ахиц дэвшил гарч эхэлж байна. Засгийн газрын хуралдаанаар “Замын-Үүд” чөлөөт бүсийн үйл ажиллагааг байнгын болгох шийдвэр гарсан. Замын-Үүд суманд байрлах чөлөөт бүсийн нутаг дэвсгэрт наймдугаар сарын 14-ний өдөр бүсийг байнгын үйл ажиллагаанд оруулах арга хэмжээг зохион байгуулахаар бэлтгэл ажлуудыг хангаж байна. Бэлтгэл ажлын хүрээнд төрийн үйлчилгээ үзүүлэх Хил, Гааль, Мэргэжлийн хяналт, Гадаадын иргэн харьяатын алба зэрэг холбогдох мэргэжлийн албадын үйл ажиллагааг явуулах, зорчигч, ачаа тээврийн хэрэгслийг нэвтрүүлэх байнгын ажиллагааг эхлүүлэхээр ажиллаж байна. “Замын-Үүд” чөлөөт бүсээр зорчигч ачаа тээврийн хэрэгслийг нэвтрүүлснээр Замын-Үүд сумын боомтод үүсээд байгаа ачаа тээврийн бөөгнөрлийг бууруулж, тээврийн урсгалыг нэмэгдүүлж, нэвтрэх чадварыг сайжруулна. Одоогийн байдлаар “Замын-Үүд” чөлөөт бүсийн 3, 4 дүгээр хэсэгт цахилгаан хангамж, усан хангамж, ариутгах татуурга, авто зам, холбоо дохиолол, дулааны станцын барилга байгууламжуудыг барьж байгуулсан бөгөөд эдгээр станцууд бүрэн хүчин чадлаараа ажиллах юм бол чөлөөт бүс болон Замын-Үүд сумыг бүхэлд нь хангах боломж бүрдэнэ.“Замын-Үүд” чөлөөт бүс үйл ажиллагаагаа байнгын болгосноор 2500 орчим нэр төрлийн бүтээгдэхүүн үйлдвэрлэх боломжтой бөгөөд “Made in Mongolia” шошготой бараа бүтээгдэхүүнийг гуравдагч улсын зах зээлд гаргах боломж нээгдэнэ. Ингэснээр ажлын байр бий болж, экспортын бүтээгдэхүүн нэмэгдэж, бүс нутгийн хөгжилд эерэг олон үзүүлэлт гарахаас гадна гадаадын жуулчдыг хүлээн авах таатай нөхцөл бүрдэх юм.

-Чөлөөт бүсийг нээснээр хил гааль дээр хүлээгдээд байгаа ачаа тээврийн асуудал цэгцрэх үү?

-Бид эдийн засгийн чөлөөт бүсээр бараа материалуудаа татаж авах ажлуудыг яаралтай зохион байгуулах хэрэгтэй. Хятадын чөлөөт бүсээр дамжуулаад Монгол талд чөлөөт бүсэд ачаа таваараа буулгаад нааш нь татаад авчих боломжтой юм. Хамгийн гол нь бид импорт, экспортын хоёр том хил дээрээ онцгой анхаарах хэрэгтэй байна. Энэ жил Гашуунсухайт боомтоор 42 сая тонн нүүрс экспортлох төлөвлөгөөтэй байсан ч одоогийн байдлаар одоо 7.6 сая тонн нүүрс экспортолсон байна. Төсвийн тодотголоор 26 сая тонн нүүрс экспортлохоор төлөвлөсөн. Гэсэн хэдий ч он дуустал энэ хэмжээний нүүрсээ гаргаж чадахгүй бол тэр хэмжээгээр валютаа олж чадахгүй болох нь.

-Газрын тос боловсруулах үйлдвэрийн ажил ямар шатандаа явж байна?

Монгол Улсын 30, 31 дэх Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн Засгийн газрын үед Монгол Улсын эдийн засгийг тэргүүлэх чиглэлийн томоохон мега төсөл Газрын тос боловсруулах үйлдвэр Дорноговь аймагт амжилттай хэрэгжиж байна. Цар тахлаас үүдэлтэйгээр Бүгд Найрамдах Энэтхэг улсын мэргэжилтнүүд ирэхэд хүндрэл үүсч, Монголд ирснийхээ дараа удаан хугацаагаар тусгаарлалтад байсан, мөн Тяньжины боомт, Эрээнд ачаа бараа удаан хугацаагаар саатсан. Замын-Үүдээс үйлдвэрийн талбай руу хийж буй ачаа тээвэрлэлтийн үнэ хэд дахин өссөн. Гэхдээ төлөвлөсний дагуу “EPC-1” багц ажлыг 2022 оны 11 сарын сүүлээр хүлээлгэн өгч, дуусгах төлөвлөгөөтэй. Өнөөдрийн байдлаар “EPC-2”, “EPC-3” багц ажлуудын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах тендерийн материалыг МГТБҮ-ийн зүгээс боловсруулж 2021 оны 4-5 дугаар сард Энэтхэг рүү илгээсэн боловч цар тахлын нөхцөл байдлаас үүдэлтэйгээр тодорхой болоогүй байгаа юм билээ. Газрын тос боловсруулах үйлдвэрийг ашиглалтад оруулснаар манай улс жилд 1.5 сая.тн түүхий тосноос 1.3 сая.тн бүтээгдэхүүн гарган авч, дотоодын газрын тосны хэрэглээний 55 орчим хувийг хангах боломж бүрдэнэ.

-Ковидын нөхцөл байдлаас шалтгаалж манайд боловсролын хүртээмж хүндхэн байна. Есдүгээр сараас танхимаар хичээллэх ёстой гэж бодож байна уу?

-Ерөнхий боловсролын сургуулийн танхимын хичээлийг есдүгээр сарын 1-нд эхлүүлэхээр Эрүүл мэндийн яам, БШУЯ хамтран зөвлөмж боловсруулж байгаа.Эрүүл мэндийн яамнаас хүүхдүүдийг вакцинжуулж байгаа бөгөөд одоогоор 260 гаруй мянган хүүдийг вакцинд хамруулсан мэдээлэл байна. Сум орон нутагт хүн сийрэг учраас халдвар хамгааллыг баримтлан танхимаар хичээллэх боломжтой. Цахим хичээл хөдөө сумдад хүрэхэд хүндрэлтэй. Дорноговь аймгийн зарим сумдад шилэн кабель ч байхгүй. Одоо танхимаараа хичээллээд явахгүй бол ковидоос ч хүнд эрсдэл гарахыг үгүйсгэхгүй. Сургалтын үйл ажиллагаа хоёр жил хааснаас болж хоцрогдол их байгаа бөгөөд энэ жилээс болосвролынхоо асуудалд түлхүү анхаарч, дорвитой арга хэмжээ авахгүй бол сургуулийн өмнөх боловсрол эзэмшсэн хүүхэд гуравдугаар ангид орох жишээний. Тэгэхээр есдүгээр сарын 1-нээс танхимаар хичээллэх нь зүйтэй.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Л.Оюун-Эрдэнэ зөөлөн царайлчихаад…

Мэдээ: Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Олимпын нээлт үзэхээр Япон руу нислээ.

Хоёр хоногийн дараах мэдээ: Ерөнхий сайд анхны ажлын айлчлалаа Япон улсад хийж буй бөгөөд энэ айлчлал нь Олимпын нээлттэй давхцаж буй юм байна.

Тав хоногийн дараах мэдээ: Ерөнхий сайд Япон дахь ажлын айлчлалаараа тус улсын Эзэн хаанд бараалхаж, Ерөнхий сайдтай нь уулзав. Энэ үеэр Япон очоод байсан Францын ерөнхийлөгч, АНУ-ын тэргүүн хатагтай нартай албан бус уулзалт хийжээ. Буцах замдаа БНСУ-ын ерөнхий сайд, “Эксим” банкны ерөнхийлөгчтэй уулзжээ. Ерөнхий сайд энэ айлчлалаараа улс төр, эдийн засгийн томоохон хэлэлцээр, тохироог хийв.

…Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнийн олон нийтэд хүрдэг ажлын мэдээллийн дэс дараалал энэ.

Уг нь Л.Оюун-Эрдэнэ сул гишүүн байхдаа ажлынхаа мэдээллийг олон нийтэд хурдтай, гол нь угтуулж хүргэдэг байсан байгаа юм. Болохгүй бол өөрөө Төрийн ордонд “камер”-тай таарч яриа өгөөд мэдээллээ хүргэчихдэг байжээ.

Ер нь тэр сул гишүүн байхдаа зүгээр байдаггүй нөхөр байсан л даа. “Эрдэнэт”-ийн 49, М.Энхболд, 60 тэрбум гээд том “сэдэв”-үүд барьж аваад гүйчихдэг. Тиймээс хэвлэлийнхний анхаарлын төвд байдаг байв.

Харин Ерөнхий сайд болсноосоо хойшх хагас жилд хачин даруухан болжээ. Засгийн газрын мэдээллийн сайт нь ч байж байж шинэ мэдээ тавьдаг. Хурд хөөдөггүй.

Л.Оюун-Эрдэнэ сошиалаар бол сайн гөвүүлдэг. Гэхдээ тэр бүрт хариу барихгүй. Дуугардаггүй.

Ерөнхий сайд, МАН-ын дарга учраас ингэж “гөвүүлэх хэрэгцээ” ч байдаг бололтой. Гөвдөг хэдэн сэдэв байх. Тэдгээрийн голлодог нь “Ерөнхий сайд хатуу байх ёстой авч эсрэгээрээ байна” гэдэг шүүмжлэл бий. Өөрөөр хэлбэл, гурав, дөрвөн жилийн өмнө Монголын нөлөө бүхий нөхдүүдийн өмнөөс цод цод хийж явсан Л.Оюун-Эрдэнийг олон нийт мартчихжээ.

Оронд нь зөөлөн зөөлөн дуугарсан, зөөлөн царайлсан Ерөнхий сайдын дүрээр мэддэг болсон байна.

Тэгээд бас сошиалд сайн гөвүүлнэ. Тэрийг нь Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайд болсноосоо хойш ковид тарааж, эдийн засаг унагаагаад баллаж буй ажээ.

Үнэнийг хэлэхэд Л.Оюун-Эрдэнийг анх Ерөнхий сайд болоход “Энэ хүн гурван сарын дараа унана” гэсэн “дагалдах прогноз” байсан. Хагас жил өнгөрчээ. Огцроогүй байж л байна.

Гэвч “Унана” гэдэг улсууд нь тэр үгээ хэлсээр л сууж байна. Угаасаа Монголын улс төр ийм байдаг л даа. Сүүлийн 30 жилд лав хэн нэгэн томоохон албан тушаалд очихтой зэрэгцээд “Унана” гэж ярьж эхэлдэг юм. Улс төр юм л даа. Сөрөг хүчин, улс төрийн өрсөлдөгчдийн үндсэн ажил нь эндээс эхэлдэг гэхэд болно.

Гэхдээ хамгийн гол нь Л.Оюун-Эрдэнэд Ерөнхийлөгч болсон У.Хүрэлсүхээс “өвлөгдөж” очсон Ерөнхий сайдын суудал маш хүнд ачаатай. Дэлхийд ковид тарчихсан. Монгол ч нэрвэгдчихсэн. Тэр утгаараа хэн хүссэн нь хийе гээд хийчихээргүй, за гээд ажил амжуулчихааргүй цаг үе үргэлжилж байна.

Харин “албан мэдээ”-нээс өөр үг амнаасаа унагахаа больсон Л.Оюун-Эрдэнэ хагас жилийн өмнө чуулганы хуралдаан дээр танилцуулсан зорилтуудаа ягштал дагаж ажиллаж байгааг олон талын эх сурвалж нотлон дүгнэж байх юм.

Тодруулбал, тэр дөрвөн зорилтынх нь эхэнд вакцинжуулалтыг шийднэ гэсэн. Хүн амынхаа 60 гаруй хувийг вакцинжуулсан. Эдийн засгийг сэргээх арга хэмжээ авна гэсэн. 10 их наядын хөтөлбөр хэрэгжүүлээд явж байна. Авлигатай тэмцэж, цахим улс болохын төлөө ажиллана гэсэн. Одоо тэр ажил нь эхлээд явж байна.

Хамгийн сүүлд, 20-иод хоногийн өмнө Замын-Үүдээр эхлүүлсэн Авлигын индексийг бууруулах энэ үйл ажиллагаа нь харин “хүний, өөрийн” олон дайсан бий болгох бололтой дог. Тэр хэрээр сайхан гөвүүлнэ гэсэн үг.

Зөвхөн Замын-Үүд тойрсон асуудалд л гэхэд өөрийнх нь намын харьяалалтай УИХ-ын гишүүд холбогдож, удахгүй гар, хөлүүд нь хууль хяналтын байгууллагад татагдах мэдээлэл нэлээд яригдаж байна.

Мөн Ерөнхий сайдын ажлыг авснаасаа хойш,аль эсвэл сул гишүүн, ЗГХЭГ-ын дарга байхаасаа ярьж, шүүмжилж ирсэн зүйлүүдээ одоо ч орхиогүй байна. Энэ нь олон хэрэг маргаан, төсөл хөтөлбөрийн хэрэгжилт, шийдэлтээс харагдаж буй бөгөөд цаашдаа улам мэдрэгдэх гэнэ.

Ер нь хараад байх нээ, “Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зөөлөн царай гаргачихаад, цааагуураа зэвүүн ажиладаг” гэсэн намынх нь нэг нөхрийн саяхны үг үнэний ортой ажээ.

Б.Нямдорж

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Энхболд: Судалгаагаар шаардлагатай гэж үзвэл иргэдээ гуравдугаар тунд хамруулна

Эрүүл мэндийн сайд С.Энхболдтой ярилцлаа.


-“Ковид-19” халдварын тохиолдол өдрөөс өдөрт нэмэгдэж байна. Өдөрт нэмэгдэх тоог бууруулах, халдварын тохиолдлыг тодорхой хэмжээнд хумихад ямар арга хэмжээ авах шаардлагатай байна вэ?

-Халдварын тохиолдол харьцангуй тогтвортой буурах хандлагатай байна. Өнгөрсөн зургадугаар сард бид хоёр дахь том давлагаанд өртсөн, одоо энэ давлагаа буурч байна. Гэхдээ бид тайвшрах болоогүй.Наадмаас хойших өдрүүдэд хөдөө орон нутгийн тохиолдол нэмэгдэж, Улаанбаатар хотын тохиолдын тоо тогтвортой буурах хандлагатай байна. Иймд орон нутагт тохиолдлын тоог хязгаарлах тал дээр Эрүүл мэндийн яам аймаг орон нутгийн эмнэлгүүдийг оношлуур, шаардлагатай эм тариагаар хангах, эмнэл зүйн баг ажиллуулах, шаардлагатай орон нутгуудад тандалтын баг илгээх зэрэг мэргэжил арга зүйгээр хангах тодорхой ажлуудыг гүйцэтгэн ажиллаж байна.

Түүнчлэн аймаг орон нутгийн удирдлага, эрүүл мэндийн байгууллагатай хамтран олон хүн цугларсан үйл явдлыг хориглох, аль болох гэр бүлийн хүрээнд байлгах талын арга хэмжээг орон нутагт авч хэрэгжүүлж байна. Эрүүл мэндийн яамны зүгээс ямар нэг төрлийн наадам тэмдэглэхгүй байх саналыг Монгол Улсын Засгийн газар, УОК-т удаа дараалан оруулсан. Энэ байр сууриа одоо ч хадгалж байгаа. Орон нутагт овооны наадам, ургийн баяр гэх мэт наадам болох эрсдэлтэй байна. Үүнийг хийлгэхгүй байх дээр сум орон нутгийн удирдлагатай хамтран ажиллаж байна. Хоёрдугаарт, дельта вирусийн тархалт нэмэгдчих вий гэж түгшээж байна. Үүнээс урьдчилан сэргийлэхийн тулд мэдээллийг түгээх, хил дээрх хяналтыг сайжруулж хил дээр ирж буй бүх иргэдээс шинжилгээ авч байна. Гадаадаас ирж буй хоёр тунгаа хийлгээд 14-өөс дээш хоносон иргэдийг гэрт нь тусгаарлаж байгаа. Уг тусгаарлалтын хугацаанд хяналтын ПГУ (PCR) шинжилгээг авч хянах, тусгаарлалтын хяналтыг сайжруулах чиглэлд холбогдох байгууллагуудын анхаарлыг хандуулах тал дээр зохих шийдвэрүүдийг гарган ажиллаж байна. Ер нь Засгийн газар, УОК, Эрүүл мэндийн яам зэрэг төрийн байгууллагуудын зүгээс бүх боломжтой шийдвэрээ гаргаад, шаардлагатай үйл ажиллагаануудыг хэрэгжүүлээд явж байна. Гэвч үүн дээр иргэдийн маань дэмжлэг, хамтын ажиллагаагүйгээр бид энэ цар тахлыг давж гарахгүй. Иргэд маань цар тахлыг хязгаарлахад гол хөшүүрэг болох вакциндаа хамрагдах, маск зүүх, хүн хоорондын хоёр метрийн зай барих, гараа халдваргүйжүүлэх, олон хүн цугларсан газар очихгүй байх нь чухал байна даа.

-Коронавирусийн бусад хувилбараар өвчлөөд эдгэсэн хүн дельта хувилбараар өвчлөх эрсдэл өндөр байгаа гэж байсан. Манай улсад одоогийн байдлаар дельта хувилбарын хэдэн тохиолдол батлагдаад байна вэ?

-“КОВИД-19” халдвар нь шинэ төрлийн вирус учир дэлхий нийтэд судлагдаад явж буй. Гэхдээ зарим улс оронд өвдсөн хүн дахин дельта вирусээр өвдөх тохиолдол гарч байна. Судалгаа нотолгоо эхнээсээ гарч эхэлсэн байна.Иймээс би өвдчихсөн юм чинь гээд айдсаа хойш тавих нь эргээд эрсдэлд оруулна. Таны асуултад товчоор хариулбал, дельта вирусээр өвдөх эрсдэл бүх хүнд байгаа. Иргэдэд өвдөхгүй байх боломж бий. Энэ нь дээр хэлсэнчлэн вакциндаа хамрагдах, маск зүүх, хүн хоорондын зай барих, гараа халдваргүйжүүлэх, олон хүнтэй битүү орчинд халдвар хамгааллаа сахих нь туйлын чухал юм.

Долдугаар сард явуулсан сорьцын 93.3 хувь нь альфа, 5.6 хувь нь дельта хувилбарууд эзэлж байна. 

-Манайд амьсгалын аппарат хангалттай бий юү?

-Монгол Улсын хэмжээнд төр, хувийн хэвшил, сувилал, эмнэлэг гээд бүх байгууллагын орыг нийлүүлээд 27 мянган ор байдаг. Үүнийхээ 14.500 орыг сая “Ковид-19” өвчний оргил үед дэлгэн өвчтөн хүлээн авлаа. Улсын хэмжээнд 227 эрчимт эмчилгээний ортой. Зургадугаар сарын “Ковид-19” өвчний давлагааны оргил үед энэ тоог хоёр дахин нэмэгдүүлэн ажиллалаа. Амьсгалын аппарат өнөөдрийн байдлаар эмнэлгүүдэд 1100 орчим байна. Энэ нь тухайн эмнэлгүүдэд хангалттай хэмжээнд хангагдсан гэсэн үг. Нөөцөнд 100 гаруй амьсгалын аппарат байна. Ер нь амьсгалын аппарат гэдгийг иргэд буруу ойлгоод байх шиг байна. Энд гурван өөр төрлийн аппаратны тухай яригдаад байгаа юм. Нэгдүгээрт, экмо буюу уушги орлуулагч аппарат. Монголд гурван ширхэг байгаа. Энэ аппарат нь нэг өвчтөнд хэрэглэх зардал маш өндөр буюу 40-50 сая төгрөг. Өвчтөнг уг аппаратанд оруулах заалт нь хязгаарлагдмал буюу бүх хүндэрсэн өвчтөнг оруулах шаардлагагүй. Хоёрдугаарт, амьсгалын аппарат. Дээр би хэлсэн. Манай нөөцөнд хангалттай бий.

Нөгөө талдаа аппаратыг ажиллуулах хүний нөөц хязгаарлагдмал. Гуравдугаарт, хүчилтөрөгч өтгөрүүлэгч аппарат. Энэ аппарат харин нөөц багатай байсан үе бий. Дэлхийд өөрөө энэ аппаратын хэрэгцээ нэмэгдсэний улмаас ховордсон. Одоо манай улсын хувьд хангалт харьцангуй жигдэрч байна. Амьсгалын аппарат дутагдсанаас болоод хүн нас барсан тохиолдол байхгүй. Харин өөр хүчин зүйлийн улмаас “Ковид-19” өвчний нас баралт бүртгэгдэж буй. Нөгөө талдаа бид нэг зүйлийг ойлгох хэрэгтэй. Вакцины нөлөөгөөр сүүлийн үед хүндрэл харьцангуй буурч байгаа талаар эмчлэгч эмч нар ярьж байна. Вакцин нь хүндрэл, нас баралтаас 92-94 хувь хамгаалж байгааг Монголын эрдэмтэд судалж тогтоогоод байна. Харамсалтай нь нийт нас баралтын 80 орчим хувь нь архаг суурь өвчтэй, 86.5 хувь нь вакцинд хамрагдаагүй, эсвэл нэг тун вакцинд хамрагдсан хүмүүс байна. Энэ нь ч дэлхийд нийт тохиолдолд нас баралт хоёр хувийг эзэлж байгаа бол Монгол Улсад нас баралт 0.5 хувь байгаагаар батлагдаж байгаа.

-Коронавирусийн эсрэг вакцины гурав дахь тунг наймдугаар сарын сүүлээр эхлүүлэхээр төлөвлөсөн гэж байсан. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгөөч?

-Дээр хэлсэнчлэн вакцины үр дүн өндөр байгаа гэдгийг дахин тодотгоё. Монгол Улсад хийж буй дөрвөн төрлийн вакцин нь “Ковид-19” өвчнөөс 75-95 хувийн хамгаалах чадвартай. Өнөөдрийн байдлаар Монгол Улсын нийт хүн амын 66.4 хувь нь нэгдүгээр тун, 60.4 хувь нь хоёрдугаар тун вакцинд хамрагдаад байна. Нэг тоо тайлбарлахыг оролдъё. Вакцины үр нөлөөг 75 хувь гэж тооцвол ойролцоогоор хоёр сая иргэнээс 500 мянган хүн вакцинд хамрагдсан ч өвдөх эрсдэлтэй гэсэн үг. Гэхдээ хөнгөн өвдөнө. Маш бага. Бүр дахин тодотгон хэлье. Маш бага хувь нь хүндэрч болно. Монголын эрдэмтэн судлаачдын зүгээс бүүстер тунгийн талаарх судалгаа, шинжилгээний ажлаа эхлүүлээд явж байна.

Олон улсад ч судалгааны ажлууд хийгдэж, Арабын нэгдсэн Эмират улс, Бахрайн, Турк зэрэг улсуудад гуравдугаар тунг хийж эхлээд байна. Хэрэв бидний судалгаагаар шаардлагатай гэж үзвэл нэн тэргүүнд эрүүл мэндийн салбар, хариу арга хэмжээний багт ажиллаж байгаа албан хаагчиддаа болон 60-аас дээш насны зорилтот бүлэгт бүүстер тунг сайн дурын үндсэн дээр хийгдэж болзошгүй. Судалгаанд үндэслэж шийдвэр гарах учраас эхлээд эрдэмтэн судлаачдынхаа үгийг сайн сонсох болно. Тэд ямар зөвлөгөө зөвлөмжийг гаргана, тэр дагуу шийдвэрээ гаргана.

-Ковидын нөхцөл байдлаас харахад ирэх есдүгээр сарын 1 гэхэд хичээл сургууль танхимаар хичээллэх боломжтой байна уу. Та хэрхэн харж байна?

-БШУЯ-наас хуулийн дагуу есүгээр сарын 1-ний өдрөөс хичээлээ эхлүүлнэ гэсэн байр суурьтай байгаа гэдгээ бидэнд илэрхийлсэн. Эрүүл мэндийн яамны зүгээс ч дэмжиж байгаа. Гэвч халдварын нөхцөл байдал, тэр дундаа мутацилагдсан вирусийн тархалтын байдлаас хамаарч эцсийн саналаа хүргүүлнэ. Аль ч тохиолдолд бэлэн байдлаа хангаж, хүүхдүүдийн сурах орчныг аюулгүй, эрүүл байлгахын төлөө шаардлагатай журам, зөвлөмжийг боловсруулан ажиллаж байна. Шаардлагатай сургалтуудыг ч боловсролын байгууллагын ажилтнуудад хийхээр бэлтгэл хангаж байна. Түүнээс гадна 12-17 насны хүүхдүүдийг “Ковид-19” өвчний эсрэг вакцинжуулалтад хамруулж эхэлсэн. Өнөөдрийн байдлаар эдгээр насны 198,150 хүүхэд нэгдүгээр тундаа хамрагдсан бол 123,033 нь бүрэн тундаа хамрагджээ. Наймдугаар сарын 4-ний өдрөөс өмнө үлдсэн хүүхдүүдийг вакциндаа хамрагдаарай гэж хүсэх байна. Энэ нөхцөлд есдүгээр сарын 1-нээс өмнө амжиж дархлаа үүсч, хичээл сургууль хугацаандаа эхлэхэд томоохон дэмжлэг болно гэж харж байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Мөнхбаатар: Төмрийн хүдрээрээ арматур үйлдвэрлэж байж дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой болно

Барилга, хот байгуулалтын сайд Б.Мөнхбаатартай ярилцлаа.


-Барилгын материалын үнийн өсөлт барилгын салбарт томоохон сорилт авчрах шиг боллоо. Бараа материалын үнийн өсөлт, тэр дундаа арматурын өсөлтийн талаар ярилцлагаа эхэлье?

-Дэлхийн нийтээрээ сүүлийн хоёр жил цар тахалтай тэмцэж байна. Коронавирусийн нөхцөл байдлаас шалтгаалан дэлхийн олон орон өнгөрсөн онд хөл хорио тогтоож, бүтээн байгуулалтын ажил зогсоод байсан. Харин өдгөө цар тахлын дараахь эдийн засгийн өсөлтөөс шалтгаалан бүтээн байгуулалтын ажил идэвхжиж эхэллээ. Үүнтэй холбогдуулан арматурын гол түүхий эд болох төмрийн хүдэр, коксжих нүүрсний үнийн савлагаа үүсч, Монгол Улсад худалдаалагдах арматурын үнэ нэмэгдээд байна. Ковидын нөхцөл байдал эрүүл мэнд төдийгүй улс орнуудын эдийн засагт маш том сорилт авчирлаа. Манай улсын хувьд барилгын материалын 38 орчим хувийг дотооддоо үйлдвэрлэж байна. Сүүлийн хэдэн сар хэд хэдэн шалтгаанаар барилгын материалын үнэ өслөө. Барилгын материалын орцонд 23 хувь нь арматур, 19 хувь нь цемент бетон зуурмаг байдаг.

Хятад улс дэлхийн төмрийн зах зээл дээр 60-70 хувийг үйлдвэрлэдэг. Төмөр үйлдвэрлэхэд төмрийн хүдэр маш чухал. Бид Дархан, Сэлэнгийн бүс нутгаасаа төмрийн хүдрээ баяжуулаад Хятадын зах зээлд олон жил экспортоллоо. Дэлхийн зах зээл дээр төмрийн хүдрийн гол тоглогч Австрали улс байдаг. Өнгөрсөн хугацаанд БНХАУ, Австрали худалдааны маргаанаасаа болоод тодорхой хэмжээгээр төмрийн хүдэр хомсодсон байх. Гадаад зах зээлд анализ хийж үзэхэд төмрийн хүдэр өнгөрсөн жилд найм дахин өссөн байна. Хятадад найм дахин төмрийн хүдрийн үнэ өснө гэхээр төмрийн эрэлт, нийлүүлэлтийн хомсдол бий болно. Тэр утгаараа түүхий эд нь хомсдоод ирэхээр БНХАУ-ын төмрийн үйлдвэрлэлд 2021 оны хоёрдугаар сараас эхлээд хомсдол бий болж эхэлсэн.

-Манай улс жилд хичнээн тонн арматур үйлдвэрлэдэг юм бэ?

-Монгол Улс өнгөрсөн онд гэхэд 210 мянган тонн арматур хэрэглэсэн байсан. Түүнээс 12.3 мянган тонн арматурыг дотооддоо үйлдвэрлэсэн байна. Түүний 70 хувийг БНХАУ-аас импортолдог. Манай улс дотооддоо жилдээ 50 мянган орчим тонн арматурыг үйлдвэрлэдэг бөгөөд 2019 онд гэхэд 55.7 мянган тонн арматур үйлдвэрлэж байсан.

-Манай улсад энэ төрлийн төмөр үйлдвэрлэдэг 10 гаруй аж ахуйн нэгж бий. Тэдний хүчин чадлыг цаашид сайжруулах боломж бий юү?

-Өдгөө манай улсад арматурын төмөр үйлдвэрлэдэг 15 үйлдвэр бий. Дэлхий дахинаа дэгдсэн цар тахлаас үүдэн өнгөрсөн жил “Дарханы төмөрлөгийн үйлдвэр”-ээс бусад нь ажиллаагүй. Уг нь дээрх үйлдвэрүүд 350 орчим мянган арматурын төмөр үйлдвэрлэх хүчин чадалтай. Харамсалтай нь арматур үйлдвэрлэхгүй, үйлдвэрээ бүрэн ашиглалтад оруулаагүй, хаягдал төмрийн нөөц, ажиллах хүчний хараат байдлуудаас шалтгаалан үйлдвэрлэлийг жигд явуулах боломжгүй байна. Эдгээр үйлдвэрүүд төмрийн хаягдлыг дахин боловсруулж, арматур үйлдвэрлэдэг юм. Тиймээс дотоодын төмрийн хаягдлын хэмжээнд баригдан, бага хэмжээгээр үйлдвэрлэл явуулж байна.

-Цементийн үнэ хэдэн хувиар нэмэгдсэн бэ?

-Монгол Улс цементээ дотооддоо үйлдвэрлэдэг болсноор цементийн үнэд зохион байгуулалт хийх боломж гарч ирсэн. Хомсдол бий болохын хэрээр төмөр металл эдлэлүүд дээр үнийн өсөлт нэмэгдсэн. Харин цементийн үнэ дөрвөн хувийн өсөлттэй гарлаа. Төмөр эдлэлүүд дээр 80-аад хувийн өсөлттэй байсан бол бид өнгөрсөн жил цементийн үйлдвэрүүдэд их анхаарсны үндсэн дээр цементийн үнийн өсөлт хөөсөрсөнгүй. Хөөсөнцрийн хувьд үнэ нь мөн л адил өсч байна. Хөөсөнцрийг Монголдоо үйлдвэрлэдэг гэдэг боловч түүхий эд нь бас л БНХАУ-аас орж ирдэг. Бараа бүтээгдэхүүний хомсдолоос гадна Замын-Үүд дээр бусад бараа материал овоорч эхэлсэн. Давхар тээвэрлэлтийн орох, гарах асуудал хүндээр тавигдаж эхэлсэн. БНХАУ,Монгол Улсад халдварын тохиолдол ихэсч байгаа учраас бараа бүтээгдэхүүн хүлээж авахгүй, оруулж гаргах нь хүндрэлтэй нэлээд цаг хугацаа өнгөрөөлөө. Монголын талаас ч уялдаагүй ажиллаж, алдаа оноо ч гарлаа. Зохион байгуулалт, хариуцлагагүйн улмаас эрэлт бий боллоо. Сүүлийн хоногуудад Замын-Үүдийн ачаа барааг оруулж гаргах тал дээр анхаарч овоорсон бараа материалыг татах арга хэмжээ хийгдэж байна.

-Цаашид барилгын материалын гол хэрэгсэл арматур төмрийг дотооддоо үйлдвэрлэх боломж хэр байгаа бол?

-Цаашдаа Монгол Улс хувийн хэвшлээ дэмжиж арматур төмрийг дотооддоо үйлдвэрлэдэг болох хэрэгтэй. Арматур бол эцсийн бүтээгдэхүүн. Эцсийн бүтээгдэхүүн болгоход төмрийн хүдрээ олборлоно, тэгээд баяжуулна, боловсруулаад ганг нь гаргаад эцсийн бүтээгдэхүүн болгох хүртэл цогцоор нь харах ёстой л доо. Эцсийн бүтээгдэхүүн болгох үйлдвэр нь хэдий бий болсон ч ашигт малтмалын лиценз нь өөр компани дээр байдаг. Цогцоор нь харахгүй л бол төмрийн дан ганц үйлдвэрлэл байгуулаад хол явдаггүй. Арматурын үйлдвэрлэлийг дотооддоо дэмжихгүй бол барилгын материалын гол орц болсон арматур дээр хүндрэл үүсээд эхэллээ. Хэд хэдэн төсөл хөтөлбөр хийгдээд явж байна. Гэхдээ төдийлөн үр дүнд хүрч чадахгүй байна л даа. Концессоосоо гэрээтэй, гэрээний асуудлыг эцэслэн шийдвэрлэхэд маргаан үүссэн байдалтай. Цаашдаа том бүтээн байгуулалтууд хийгдэхийн хэрээр барилгын материалын үйлдвэрлэлийн асуудалд бид цогцоор нь анхаарах шаардлагатай. Төр бодлогоороо арматур, төмөр эдлэл хийх гэж байгаа компани болон хувийн хэвшлийг дэмжээд явбал дахиад ковид шиг сорилт ирэхэд бид даваад гарчихна. Бид төмрийн хүдрээрээ арматураа үйлдвэрлэж байж л дотоодын хэрэгцээгээ бүрэн хангах боломжтой болно.

Арматурын үйлдвэр эрхэлнэ гэдэг цогц зүйл гэдгийг ойлгох хэрэгтэй. Эхлээд тухайн компани тогны эх үүсвэртэй, устай газар үйлдвэрээ барина. Монголын төмрийн хүдрийг ашиглах гэж байгаа бол технологийг нь судална. Газраа аваад үйлдвэрээ барилаа гэхэд төмрийн хүдэр аваад баяжуулна, боловсруулна. Үйлдвэр тогтвортой үйл ажиллагаа явуулахын тулд Ашигт малтмалын компаниудтай удаан хугацаанд гэрээ хийх ёстой болно. Хамгийн эрсдэлтэй нь төмрийн хүдрийн үнэ өсчихөөр нөгөө хэдэн компаниуд чинь гэрээгээ цуцлаад урагш гаргачих талтай. Тиймээс түүхий эдээ нийлүүлэх компани маш найдвартай, урт хугацаандаа хамтарч ажиллах ёстой болж таарч байгаа биз. Яагаад манай цементийн үйлдвэр сайн ажиллаад байна гэхээр МАК, Монполимет өөрсдөө Цагаан шохойны ордтой. Өөрсдийн орд дээрээ олборлолт хийдэг. Түүхий эдийн хувьд хараат бус ажиллаж байгаа юм. Өнөөдөр Хар төмөрлөгийн алдаа бол баахан ордыг нь хувийн компани авчихсан. Нөгөө хэд нь баяжуулаад экспортод гаргаад байдаг. Тиймээс өөрийн ордтой компани арматурын үйлдвэрлэл явуулбал бүр сайн.

-Барилгын материалын үнэ өсөхөөр улсын төсвөөр баригдаж байгаа барилга байгууламжийн өртөг нэмэгдэж таарах болов уу?

-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар 1000 гаруй объект баригдаж байна. Үүнээс 350 гаруй барилга байгууламжид манай яам барилгын хөгжлийн төвөөр дамжуулж барилгын захиалагчийн хяналт тавьж байна. Барилгын материалын үнэ өсч байгаа учраас улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаа сургууль, цэцэрлэг, эмнэлэгт ашиглагдах материалууд дээр нэмэлт хөрөнгө шаардагдана. 2018, 2019 онд эхлүүлсэн бүтээн байгуулалтын ажлаа дуусгах гэтэл барилгын материалын үнээс болоод төсвийн өртөг нь өсчихсөн. Улсын төсвөөр баригдаж буй олон ажлуудаа яаж хөрөнгө оруулалт санхүүжилтийг нь шийдэж хурдан дуусгах вэ л бодож байна. Цаг хугацаа алдах тусам улам үнэ өснө. Барилгын чанар муудна. Тиймээс үнийн индексийг салбар дунд ярьж байна. Ганц барилга бус бүх өрнөж байгаа бүтээн байгуулалтад барилгын материалын үнийн өсөлт яригдана. Энэ ажлыг хэрхэн шийдэх талаар Сангийн яам, Засгийн газарт танилцуулж, үнийн өсөлтийг судлаж байна. Мэдээж оны төсөвт нэмэлт гарч ирнэ гэсэн үг. Энэ тал дээр ажлын хэсэг гараад ажиллаж байна.

-Ипотекийн зээлд хичнээн хүн хамрагдаад байна вэ?

-Одоогийн байдлаар ипотекийн зээлд 2020 онд улсаас 400 гаруй тэрбум төгрөгөөр 5644 хүн ипотекийн зээлд хамрагдаж байсан. 2021 онд долдугаар сарын 9-ний байдлаар 6917 хүн ипотекийн зээлд хамрагдсан байна. Хөдөө орон нутагт 1703 иргэн ипотекийн зээлд хамрагдсан байна. Үндсэндээ ипотекийн зээлийн хүртээмжийг нэг дахин нэмж, зээлийн хүүг нь буулгуулсны үр дүнд хагас жилийн байдлаар 6917 иргэн ипотекийн зээлд хамрагдсан байна. Үүний цаана иргэд ч, барилгын салбарынхан ч хожиж байгаа.

-Барилгын салбарт одоогоор ямар ажлууд хийгдэж байна вэ?

-Барилгын ажлыг эхлүүлэх, үргэлжлүүлэх зөвшөөрөл олгох дүрэм, Барилга байгууламжийг ашиглалтад оруулах дүрмийг шинэчилж Засгийн газрын хуралдаанд танилцуулж батлуулсан. Дараа нь зөвлөх үйлчилгээ үзүүлэх болон зураг төслийн магдлалын дүрэм журмыг шинэчлэх гэж байна. Манай барилгын хөгжлийн төвд 30 гаруй захиалагчийн хяналт тавьдаг инженер байдаг. Энэ бол олон барилга байгууламжид 30 гаруй инженер хяналт тавьж ажиллах боломжгүй. Тиймээс бид зөвлөх үйлчилгээг оруулж ирэх ёстой гэж үзэж байгаа. Энэ дүрэм журмуудыг өөрчилж ирэх намар Засгийн газрын хурлаар оруулж батлуулна. Ингэхээр хяналтын тогтолцоог авч хэрэгжүүлж байгаа нэг арга хэмжээ. Хоёрдугаарт, барилгын салбарт барилгын тусгай зөвшөөрлийг хоёр жилийн өмнөөс төр өөрөө шийддэггүй болсон. 8000 гаруй барилгын тусгай зөвшөөрлийн компаниудыг энэ оны долдугаар сарын 1-нээс эхлээд бүрэн цахимжуулж байна. Цахимжуулснаар доод дунд шатанд хүнд суртал, тодорхойгүй байдлууд шийднэ.

Барилгын салбарт тусгай зөвшөөрөл авах гээд тулгамддаг асуудал юу байсан гэхээр инженер техникийн ажлын давхцал. Цахимжуулснаар тухайн компани өргөдлөө бөглөхдөө нийгмийн даатгал төлөхдөө инженер техникийн ажилтнаа оруулахад төрийн хур систем, дан системтэй бүгдэнтэй нь холбогдоод эдгээр инженер танайд бүртгэлгүй юм байна гээд гараад ирнэ. Ямар ч хүний оролцоогүй ажлыг шийдээд хэрэгжүүлээд явж байна. Урт хугацаандаа чанаргүй компани тендер авчихаад өөр компаниудад шилжүүлээд явдаг асуудал ч цэгцэрнэ. Хүнд суртал, авлига ч цэгцэрнэ. Энэ бол маш том шинэчлэл.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

​Индиан шиг … Абергин шиг …

Монгол Улс 3.3 сая хүн амтай. Нийгмийн халамжийн тэтгэвэр, тэтгэмж, хөнгөлөлт, тусламжид энэ оны хагас жилд давхардсан тоогоор 2.3 сая хүнд 1002,4 тэрбум төгрөгийг зарцуулжээ. Энэ нь өмнөх оны мөн үеэс халамжид хамрагдагсад 56.7 мянга, зардал 364 тэрбум төгрөг буюу 57 хувиар өссөн тоо юм. Гурван сая гаруй хүн амын 60 хувь нь нийгмийн халамж их бага хэмжээгээр хүртдэг аж. Эндээс халамжийн хүрээ ямар өндөр хувиар өссөнийг харж болно. Монгол Улс иргэддээ 12 нэр төрлийн тэтгэвэр, тэтгэмжийн багц үйлчилгээг үзүүлж байна. Тухайлбал, хүүхдийн мөнгөн тэтгэмж, хөгжлийн бэрхшээлтэй иргэнд олгох хөнгөлөлт тусламж, алдар цолтон ахмад настанд төрөөс олгох нэмэгдэл, хөнгөлөлт олгох, ахмад настанд үзүүлэх тусламж хөнгөлөлт, нийгмийн халамжийн тэтгэвэр, олон нийтийн оролцоонд түшиглэсэн халамжийн үйлчилгээ, төрөлжсөн асрамжийн үйлчилгээ, хүнс тэжээлийн дэмжлэг үзүүлэх үйлчилгээ, тайгад амьдардаг цаатан иргэнд олгох тэтгэмж, олон хүүхэдтэй өрх толгойлсон эх, эцгийн тэтгэмж, асаргааны тэтгэмж зэрэг багтдаг.

Нийгмийн даатгалын сангаас 2021 оны эхний хагас жилд 456.2 мянган хүн тэтгэвэр авсны 76.1 хувь нь өндөр насны тэтгэвэр, 15.3 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэд, 8.6 хувь нь бусад (тэжээгчээ алдсаны болон цэргийн тэтгэвэр) тэтгэвэр авагчид байна. Нийгмийн халамжийн тэтгэвэрт хамрагдсан иргэдийн 67.5 хувь нь хөгжлийн бэрхшээлтэй иргэн, 25.7 хувь нь тэжээгч нь нас барсан 18 хүртэлх насны хүүхэд, 6.6 хувь нь ахмад настан, 0.2 хувь нь 16 насанд хүрсэн одой иргэн байна. Харин нийгмийн халамжийн тэтгэмжид 2021 оны эхний хагас жилд 106.6 мянган хүн хамрагдсаны 54.2 хувь нь асаргааны тэтгэмжид, 45.8 хувь нь онцгой тохиолдлын болон амьжиргааг дэмжих мөнгөн тэтгэмжид хамрагдсан иргэд байна. Ажилгүйдлийн даатгалын сангаас 2021 оны эхний хагас жилд 12216 хүнд 27.3 тэрбум төгрөг олгосон нь өмнөх оны мөн үетэй харьцуулахад тэтгэмж авагчид 1594 хүнээр нэмэгдэж, олгосон тэтгэмжийн хэмжээ 1221.6 тэрбум төгрөгөөр өссөн байна.

Нийгмийн халамжийн тэтгэмжид 2021 оны эхний хагас жилд 51.3 тэрбум төгрөг олгосон нь өнгөрсөн оныхоос 5.9 тэрбум төгрөгөөр нэмэгджээ. 18 хүртэлх насны 1.2 сая хүүхдэд 723.9 тэрбум төгрөгийн хүүхдийн мөнгөн тэтгэмжийг 2021 оны эхний хагас жилд олгосон байна. Хүүхдийн мөнгөөр жишээ аваад үзье. Хүүхдийн мөнгө халамжийн бодлогын нэг хэсэг. Нэг талаараа хүн амыг дэмжих бодлоготой уялдаж байгаа ч нөгөө талаараа хөдөлмөрийн зах зээлд сөргөөр нөлөөлдөг гэдгийг судлаачид хэлж байна. Ажиллах хүчний оролцоог бууруулах нэг хүчин зүйл болдог аж.

Энэ тоо, статистикаас харахад Монгол ядуу хэрнээ хүмүүсээ ажил хийлгэхгүй, халамжаар бялхуулж байна. Бүр гаднаас зээл аваад халамжийн мөнгөө тарааж байгаа. Монголд өнөөдөр давхардсан тоогоор 2.3 сая хүн халамж хүртэж байгаа нь улсаараа халамжаас хамааралтай амьдарч байгааг харуулж буй хэрэг. Монгол Улсын хүн ам 3.3 саяд хүрсэн ч орлогоороо амьжиргаагаа залгуулдаг нь тун цөөн болж таарч байна. Халамжид хамрагддаг гэр бүл дээд тал нь сар бүр 1.5 сая төгрөг авдаг аж. Нэг өрх гэхэд дунджаар 3-4 төрлийн халамж авдаг байна. Гэтэл хөдөлмөр эрхэлдэг иргэдийн ихэнх нь дунджаар 700 мянган төгрөг. Эндээс ажиллаж амьдрах уу, халамж авч амьдрах уу гэдэг асуулт гарч ирнэ. Мэдээж бэлэн мөнгө аваад зүгээр суухыг хүсэгчид дийлэнх нь. Өнөөдрийн нийгмийн хамгийн гашуун төрх нь халамж авдаг нь ажил хийдгээсээ давсан орлоготой болсон явдал. Гашуудсан бодлогын уршгаар Монголд ажил хөдөлмөр эрхэлж амьдаръя гэхээс илүү халамж авдаг болъё гэх сэтгэлгээтэй хүн олширч, тэр хэрээр ажилгүйдэл, ядуурал, архидалт газар авч эхэллээ. Энэ янзаараа халамж авдаггүй хүн байхгүй болох нь. Улсаараа халамж авдаг тогтолцоо руу гулсаж ороход ойртчихож.

Саяхан л гэхэд Засгийн газраас иргэн бүрд 300 мянган төгрөг, вакцин хийлгэсэн хүн бүрд 50 мянган төгрөг олгосон. Мөн айл өрхийн хэрэглээний ус, цахилгааныг төр даагаад долоон сар өнгөрч байна. Эрх баригчид аливаа зүйлийг бодлогоор шийдэх, судалгаанд суурилж ажлаа явуулахаас илүүтэй халамжлах бодлогыг хэрэглэдэг. Засгийн газар ажилгүй орлогогүй иргэдээ ажилтай орлоготой болгох гол зорилтоо таг мартаж орхисон. Сүүлийн хорь гаруй жил МАН халамжийн бодлого явуулж, идэр насны залуусыг ажил хийх сонирхолгүй архичин болгож, ажил олгогчдын явуулсан зарын дагуу нэг ч хүн ажиллах гэж ирдэггүй нийгмийг бүтээсэн улс. Ерөөсөө л хавтгайрсан халамжийн гор өнөөдрийн ядуурал, архидалтыг бий болгосон. Төрөөс төрөл бүрийн халамж, тэтгэмж өгөөд байхаар хүмүүс ажил хийх, хайх сэтгэлгээгүй л болдог. Нэг ёсондоо халамж чинь бэлэнчлэх сэтгэлгээг өөгшүүлж байгаа л хэлбэр.

Дэлхийд халамжлуулсаар байгаад нүдний өмнө дампуураад дууссан үндэстний жишээ бий. Нөгөө талд нийгмийн халамжийн нэг үүрэг нь ажилгүй иргэддээ ажил олж өгдөг улс орнууд ч байна. Хөдөлмөрийн чадвартай хүн олж өгсөн ажлыг нь хоёр, гурван удаа дараалан хүлээн авахгүй бол халамжаас хасдаг жишиг ч бий. Америкийн уугуул иргэд болох индиан, Австралийн абергинчууд халамжийн буянаар ажил хийхээ больсон. Ажил хийхгүйгээр аятайхан амьдрах мөнгийг төр тэдэнд зүгээр өгдөг. Өсөхгүй, хөгжихгүй, бэлэн хоол идээд архиа ууж жаргаж байгаа тэдний хувь тавилан улам л бүүдийж харагдана. Тэдэн шиг халамжаар тэтгүүлчихээд, ядуурал архидалт дунд живэхэд бид тун ойрхон байна. Жишээ нь, өнгөрсөн намар тариа хураалтад ажилчин авах гээд сая, сая төгрөгийн ажил амлахад нэг ч хүн очоогүй. Бид барлаг биш гэдэг сэтгэлгээ нь үнэхээр аймшигтай. Тэгээд л архиа уугаад хэвтэж байдаг. Өч төчнөөн зар тавихад нэг ч хүн ирэхгүй байсан хэмээн тариаланчид шогширч суусан. Ажил хийх хүн олдохоо больж халамжаар тэтгүүлээд, гэдсээ илээд, хэвтэхийг илүүд үзэх болж. Засаг төр ч иргэдийг ажиллах боломжоор хангахаас илүү халамжлаад удирдаад суух хүсэлтэй. Алгаа тосоод сууж байгаа хоосон хүмүүс үгэнд сайн орох нь ойлгомжтой учраас халамжийн тоо ихэсээд байгаа юм. Хэтийдсэн халамжийн цаана сүйрэл л байдаг. Халамж улс үндэстнийг мөхөх зам руу л түлхдэг жамтай.

Цаашид халамжийг цэгцэлж, хүртэх ёстой хүмүүсийг хамруулахад төр бодлогын шинэчлэл хийх шаардлагатайг өнөөдрийн халамжийн систем тов тодоор харуулж байна. Засгийн газар халамжийн бодлогын оронд хөдөлмөрлөж, үр шимийг нь хүртэж амьдрахыг уриалах ёстой атал эсрэгээр нь халамжаар угждаг бодлогоо эргэж харах цаг ирж.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

С.Бямбацогт: Эрдэнэбүрэнгийн УЦС гаднаас эрчим хүчний хараат бус болгох төсөл учраас гацах учиргүй гэж үзэн шахаж ажиллаж байна

УИХ-ын гишүүн С.Бямбацогттой ярилцлаа.


-Хаврын чуулган хаалтаа хийсэн. Хаврын чуулганаас онцолж хэлэх хууль тогтоомжоос нэрлэвэл?

-Дэлхий нийтэд болон манай улсад голомтлон тархаад байгаа коронавируст халдвар /КОВИД-19-/ цар тахлын аюулт, онцгой нөхцөл үе таарсан ч УИХ Үндсэн хуульд заасан ажлын 75 хоногтоо хангалттай ачаалалтай, хурдтай ажилласан гэж дүгнэж байна. Би таны асуултад нэгдүгээрт, Хууль зүйн байнгын хорооны даргын хувиар, хоёрдугаарт, УИХ-ын гишүүний хувиар хариулъя.

Манай Байнгын хороо бусад Байнгын хороодоос хамгийн олон буюу 23 удаа хуралдаж тулгамдаад байсан олон асуудлыг хэлэлцэн шийдвэрлэлээ. Тухайлбал, УИХ-аас 2021 оны дөрөвдүгээр сарын 2-нд Хүний эрх хамгаалагчийн эрх зүйн байдлын тухай хуулийг баталсан. Ингэснээр манай улс Ази тивд анх удаа хүний эрх хамгаалагч гэж хэнийг хэлэх, хүний эрх хамгаалагчийн эрх зөрчигдвөл хэрхэн хамгаалах талаар эрх зүйн зохицуулалттай улс болон бусад улсыг түүчээллээ. Төр төмөр нударгаа үзүүлсэн бол бас боломж олгож дахин алдалгүй нийгэмдээ хөл нийлүүлэн, гэр бүл, үр хүүхэдтэйгээ хамт амьдрах боломжийг олгох нь зүй ёсны асуудал тул 2021 оны долдугаар сарын 2-нд Өршөөл үзүүлэх тухай хуулийг баталлаа.

Өршөөл үзүүлэх тухай хуулийг гаргахад хоёр хүчин зүйл нөлөөлсөн. Нэгдүгээрт, коронавируст халдвар (КОВИД-19) өдөр ирэх тусам нэмэгдэж байна. 2020 оны тавдугаар сарын 13-нд ДЭМБ, НҮБ-ын Мансууруулах бодис, гэмт хэрэгтэй тэмцэх алба, Дархлалын олдмол хомсдол /ДОХ/-ын нэгдсэн хөтөлбөр, Хүний Эрхийн Дээд Комиссарын Газраас гаргасан “Хорих анги болон бусад хаалттай орчин дахь Ковид-19” хамтарсан мэдэгдэлд төр засгийн зүгээс эрх чөлөө хасах, цагдан хорих явдлыг аль болох хязгаарлах, нэн ялангуяа хэт их ачаалалтай хорих байгууллагуудад хоригдож буй хоригдлуудын тоог бууруулах, хорих ялаас өөр төрлийн хариуцлагын арга хэмжээ авах хүчин чармайлтаа нэмэгдүүлэхийг уриалсан. Та бүхэн мэдэж байгаа эрх, эрх чөлөө нь хязгаарлагдсан хүмүүсийн амьдрах орчин нөхцөл, хоол хүнс жирийн иргэдийнхээс ялгаатай. Энэ ч утгаараа хэрэв хорих ангид цар тахал голомтлон гарвал асуудал маш их хүндэрнэ. Хоёрдугаарт,энэ жил бол Тулгар төр байгуулагдсаны 2230 жил, Их Монгол Улсын 815 жил, Ардын хувьсгалын 100 жилийн ой тохиож байна.

Монгол Улсын тусгаар тогтнолыг халуун амь, бүлээн цусаараа бидэнд авч ирсэн өвөг дээдсийн гавьяаг бид хойч үедээ таниулан авч явах үүрэгтэй. Засгийн газраас өргөн мэдүүлсэн төслөөр нийт ял эдэлж байгаа 4175 хүний 709-г буюу нийт 16.7 орчим хувийг өршөөлд хамруулах тооцоо байсан бол УИХ-аас тодорхой зарчмыг баримтлан 1841 ял эдэлж байгаа хүнийг буюу нийт 46 хувийг Өршөөл үзүүлэх тухай хуулийн үйлчлэлд хамруулахаар шийдвэрлэлээ. Энд нэг зүйлийг онцлоход, Өршөөл үзүүлэх тухай хууль бол тухайн хүнийг суллаад, тавиад явуулж байгаа зүйл огт биш харин алдсан, эндсэн хүмүүсийг нийгэмдээ хөл нийлүүлэн ажиллаж амьдрах, ажил хийж, учруулсан хохирлоо барагдуулах боломжийг олгож байгаа асуудал юм. Хүний амь нас хохироосон, хүчингийн хэрэг үйлдсэн, эдийн засаг, албан тушаалын хэрэгт холбогдсон, урьд өмнө боломж олгож Өршөөлийн хуульд хамруулсаар байтал дахин санаатай гэмт хэрэг үйлдсэн бол өршөөхгүй байх нь зүйн хэрэг гэж хууль тогтоогчид үзсэн. Би Монгол Улсын Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах үед Төрийн байгуулалтын байнгын хорооны дарга байсан бөгөөд Монгол Улс ардчилал, хүний эрхийг дээдэлсэн нийгэмд шилжсэн цагаас доголдолтой явж ирсэн эрх мэдэл хуваарилах зарчим, төрийг тогтвортой байдлын үндэс суурийн гажуудлыг тус нэмэлт, өөрчлөлтөөр засахыг хичээсэн. Үндсэн хуулийн энэ суурь өөрчлөлтийн нэг нь УИХ-ын хянан шалгах чиг үүргийг тодорхойлсон.

УИХ шийдвэр гаргасаар байхад Засгийн газар, бусад байгууллага түүнийг нь хэрэгжүүлдэггүй байдал гарч байсан. Ийм учраас Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийн үзэл баримтлалын хүрээнд УИХ-ын нэр бүхий гишүүдийн хамт УИХ-ын хяналт шалгалтын тухай хуулийн төслийг санаачлан өргөн мэдүүллээ.

-Та Хөгжлийн бодлого төлөвлөлтийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах хуулийн төслийг санаачлан УИХ-аар хэлэлцэж эхлээд байгаа. Тус нэмэлт өөрчлөлтөөр хуулийн хэрэгжилтийг хангуулах, үүсээд байгаа хүндрэлийг зохицуулах өөрчлөлтүүдийг хэрхэн тусгасан бэ?

-Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөөр хийсэн “Хөгжлийн бодлого, төлөвлөлт тогтвортой байна” гэсэн зарчим, хөгжлийн бодлогыг хоосон тунхаг байлгахгүйн тулд 2020 оны тавдугаар сарын 7-нд Хөгжлийн бодлого, төлөвлөлт, түүнийудирдлагын тухайхуулийг шинэчлэн баталсан. Гэвч байгаа бодлогоо бүрэн хэрэгжүүлэхгүй, батлагдсан хуулиа нэг мөр ойлгохгүй алдаа хийдэл гарч байгаа учраас дагаж мөрдөх арга зүй, дааж хариуцах эзэн, нэгтгэн зангидах удирдлагын бүтцийг тодорхой болгох хуулийн төслийг өргөн барьсан. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулснаас хойш хоёр жил, хууль шинэчлэн баталснаас хойш нэг жилийн нүүр үзэж байгаа ч салбарууд хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудалд нэгдсэн арга зүйгээр хангагдаж чадаагүй, холбогдох байгууллагууд хуулиа нэг мөр ойлгож, хэрэгжүүлж хэвшээгүй болон хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал хариуцсан төрийн захиргааны байгууллага нь техник, тоног төхөөрөмж, ур чадвартай хүний нөөц, тооцоо судалгааны баазын хувьд дутагдалтай хэвээр байгаа.

Мөн Монгол Улсын хөгжлийн бодлогыг нэгтгэн зангидах Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн асуудал эрхэлсэн төрийн захиргааны төв байгууллага байгуулж, чиг үүргийг нь оновчтой зохион байгуулах, хөгжлийн бодлого, төлөвлөлтийн дэд бүтцүүдийн хоорондын уялдаа хамаарлыг нарийвчлан гаргах нэн шаардлагатай байна. Энэ мэт багагүй асуудлыг хуулийн нэмэлт өөрчлөлтөөр зохицуулна.

-Эрдэнэбүрэнгийн УЦС-ын төслийн сонгон шалгаруулалт удаа дараа хойшилж, сүүлдээ цуцлагдан, гацаанд орчихлоо. Юунаас болж энэхүү бүтээн байгуулалтын ажил гацаанд оров. Та хэрхэн харж байна?

-Монголын төр засаг үеийн үед Эрдэнэбүрэнгийн УЦС барихаар анхаарч ажиллаж ирсэн. Анх УЦС барих судалгааны ажил 1968 онд хийгдэж эхэлсэн байдаг. Миний мэдэхийн 2004 оноос эхлээд УИХ, Ерөнхийлөгчийн сонгууль болгонд нэр дэвшигчид УЦС-ыг барьж, ашиглалтад оруулна гэдэг асуудлыг ярьдаг байсан. 2008 онд УИХ-ын гишүүн болсноос хойш Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг ашиглалтад оруулчих юмсан гэж байнга шахаж, бүхий л бололцоогоо шавхаж ажиллаж байна. 2014 онд Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд байхад шахаж байж УЦС барих төслийн нэгжийг байгуулах Засгийн газрын шийдвэр гаргуулж байсан. 1968-2014 он хүртэл үндсэндээ 40 гаруй жил яригдсан байгаа биз. 2014 онд төслийн эхлэл нь тэгж анх тавигдаж байсан түүхтэй. Төслийн нэгж байгуулагдсан ч судалгаанаас хэтрэхгүй байсныг 2017 онд Ерөнхий сайд асан У.Хүрэлсүх Ховд аймагт очиж ажиллах үедээ гарцаагүй барих ёстой гэж үзэн төслийг бүрэн утгаар нь эхлүүлсэн. 2018 оноос Эрдэнэбүрэнгийн УЦС барьж байгуулах ТЭЗҮ, судалгаа хийх ажлууд эхлээд, урьдчилсан зураг төсөв хийгдсэн. Өнгөрсөн гуравдугаар сард анх зарлагдах байсан тендер сонгон шалгаруулалт удаа дараа хойшилсоор өнөөдрийг хүртэл ажил урагшлахгүй байгаа тул энэ асуудалд онцгой анхаарч ажиллаж байна.

-Эрдэнэбүрэнгийн УЦС-ыг шан харамж хардаг хэдэн хурган дарга гацаалаа гэж та чуулганы хуралдаанд чангахан хэлж байсан. Төслийн тендер сонгон шалгаруулалт ямар учраас олон удаа хойшлогдож, цуцлагдсан юм бол?

-Засгийн газрын үйл ажиллагааны томоохон зорилго, зорилт болох энэхүү төслийг төрийн албаны хүнд сурталтай, шан харамж, авлига хардаг нөхдүүд гацаасан гэж хараад байгаа. Ерөнхий сайдад асуулга тавьж, сонгон шалгаруулалт удааширсан асуудлыг шалгуулахаар холбогдох байгууллагад хандсан. Учир нь өнгөрсөн гуравдугаар сарын 22-нд тендер зарлаж, дөрөв, тавдугаар саруудад хоёр удаа сонгон шалгаруулалтыг сунгасан. Энэ хугацаанд Тайширын станцыг барьсан туршлагатай төслийн удирдагчийг гэнэт ажлаас нь чөлөөлсөн. Эцэст нь тендерийг хүчингүй болгож цуцалсан байсан. Эх орны тусгаар тогтнолын дэнс болсон, гаднаас эрчим хүчний хараат бус болгох энэхүү төсөл гацах учиргүй гэж үзэн шахаж шаардан ажиллаж байна.

-Эгийн голын УЦС-ын төсөл шиг цаасан дээр гацах вий гэсэн хардлага байгаад байна л даа. УЦС-ын давуу талыг тоочоод барахгүй болов уу?

-Та санаж байгаа байх. Дөргөний УЦС байгуулах үед хэрэгтэй юү, хэрэггүй юү гэж олон жил ярьж, эсэргүүцэлтэй тулж байж баригдсан. Өнөөдөр үр дүнд нь баруун бүсгийн цахилгааны 20 гаруй хувийг хангаж байна. 70 гаруй хувийг нь ОХУ-аас, 3-4 хувийг БНХАУ-аас өндөр үнээр авдаг. Дөргөний УЦС нэг квт эрчим хүчийг 38 төгрөгөөр үйлдвэрлэдэг. ОХУ-аас нэг кВт-ыг 250 төгрөгөөр, БНХАУ-аас 350 орчим төгрөгөөр авдаг. Тэгвэл Эрдэнбүрэнгийн УЦС барьснаар хөнгөлөлттэй зээлээр барих учир зээл дуусах хүртэл тодорхой хэмжээнд үнэтэй байна. Зээл дууссаны дараанаас нэг квт цахилгааныг 38 төгрөг нь больё гэхэд 50 төгрөгөөр, БНХАУ-аас авч байгаа үнээс долоо дахин, ОХУ-аас авч байгаа үнээс тав дахин хямд эрчим хүч авах боломжтой болох юм. Баруун гурван аймаг, наашлаад Завхан, Говь-Алтай аймгуудыг цахилгаанаар хангах боломж бүрдэнэ. Товчхон хэлбэл, баруун аймгийнхан одоо хэрэглэж байгаа тогны мөнгөнөөс тав дахин хямдаар цахилгаан авдаг болно гэж л үзэж байгаа. Энэ бол бидний хамгийн том зорилго юм.

-Дөргөний УЦС баруун аймгийнхны цахилгааны хэрэглээний 20 гаруй хувийг хангадаг гэж байна. Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орвол хэдэн хувийг нь хангах вэ?

-Эрдэнэбүрэнгийн УЦС ашиглалтад орсноор баруун гурван аймгийн цахилгааны хэрэглээг 100 хувь хангаад зогсохгүй илүүдэл эрчим хүчээ төвийн бүс рүү нийлүүлнэ. Ер нь баруун таван аймгаа эрчим хүчээр хангачихаад түүнээс хоёр дахин илүү тогийг төвийн бүс рүү нийлүүлнэ гэсэн үг. Өөрөөр хэлбэл, баруун таван аймгийн хэрэглэж байгаа тогтноос хоёр дахин илүү тогийг үйлдвэрлэх юм.

-Энэ бүтээн байгуулалт хэдий хугацаанд хийгдэх вэ?

-Төслөөрөө бол таван жилийн хугацаанд баригдах ёстой. Гэвч аль болох дөрвөн жил болгохыг зорьж байгаа. Хэрэв ингээд улстөржөөд, тээг саад үүсгээд ажил гацаагаад байвал хямд үнэтэй эрчим хүч үйлдвэрлэх томоохон бүтээн байгуулалт тэр чинээгээр хойшлоод байна аа л гэсэн үг.

-Ирэх сард ээлжит бус чуулган зарлах гэж байгаа нь үнэн үү?

-Тийм зүйл яригдаагүй.

-Хичээл сургууль эхлэх дөхөж байна. Ковидоос болж хоёр жил гэртээ суусан хүүхэд, оюутнууд энэ жил танхимаар хичээллэх боломж бүрдэх нь үү?

-Дэлхий нийтээрээ энэ аюулт цар тахлын өмнө хүчин мөхөстөж байна. Манай улсын хувьд ч иргэд, төр засаг, бүх нийтээрээ тэмцэж, хичээж байна. Бид бүхэн эрт дээр үеэс эрхэм баян бол эрүүл мэнд гэж ярьсаар ирсэн. Эрүүл мэнд бол нэгдүгээрт байх хэдий ч боловсролын асуудлыг орхигдуулж болохгүй. Цахимаар хичээл зааж байгаа ч мэдээллийн хүртээмж, хүлээн авах суваг, орчин нөхцөлөөс шалтгаалан бүрэн хамрагдаж чадахгүй, танхимаар олж авах мэдлэгийн хэмжээнд хүрэхгүй нь ойлгомжтой. Ийм ч учраас ХЗБХ “Монгол Улс дахь хүний эрх, эрх чөлөөний байдлын талаарх Хүний эрхийн Үндэсний Комиссын 19, 20 дахь илтгэлийг хэлэлцсэнтэй холбогдуулан авах арга хэмжээний тухай” Улсын Их Хурлын тогтоолын төслийг боловсруулан УИХ-ын чуулганы нэгдсэн хуралдаанаар хэлэлцүүлэн батлууллаа. Тус тогтоолд “Цар тахлаас шалтгаалан ерөнхий боловсролын сургуулийн суурь хичээлүүдийг танхимаар судалж чадаагүй, сурч боловсрох эрх нь зөрчигдсөн сурагчдын сурлагын хоцрогдлыг нөхөх арга хэмжээг авч хэрэгжүүлэх” үүргийг Монгол Улсын Засгийн газарт өгсөн.

Та бид бүгд мэдэж байгаа, цар тахлын вирус мутацид орж халдварлах чадвар нь хэд дахин нэмэгдэх боллоо гэх зэргээр олон улсын эрүүл мэндийн байгууллагууд мэдээлэх боллоо. Бид халдвар хамгааллын дэглэмээ байх ёстой хэмжээнд нь сахиж халдварыг бууруулж чадвал есдүгээр сараас хичээл танхимаар эхлэх боломжтой гэж харж, бэлтгэлээ базааж эхэлсэн. Гэсэн хэдий ч үүнийг баттай хэлэх боломжгүй.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Х.Тэмүүжин: МАН сонгууль сайн хийж чадаж байна, муу юмандаа гаршиж байна

-ДАРАНГУЙЛАЛ ГЭХ ЮМ УУ, ДАВАМГАЙЛАЛ ГЭХ ЮМ УУ ЭНЭ ҮЗЭГДЭЛ МОНГОЛД ХЭСЭГТЭЭ ҮРГЭЛЖЛЭХ БАЙХ-

Хуульч Х.Тэмүүжинтэй ярилцлаа.


-УИХ-ын гишүүн Б.Пүрэвдорж, УИХ-ын гишүүн асан З.Нарантуяа та гурав АН-ын Онц их хурлыг хуралдуулах үүднээс АН-ын 100 мянган гишүүний гарын үсэг цуглуулах санаачилга дэвшүүлсэн. Энэ ажил одоо ямар шатандаа явж байна?

-Гишүүд идэвхтэй, сайн зурж байна аа. Намын гишүүдээр гарын үсэг зуруулах болсон шалтгаан, зорилго үндсэн гурван зүйлд чиглэж байгаа. Нэгдүгээрт, АНхоёр газар хуралдаад, хоёр шийдвэр гаргаад, дээд шүүх рүү хоёр тусдаа бичиг өгөөд байхаар дээд шүүх алийг нь ч бүртгэж авахгүй, манай намын дүрэм, даргын асуудал цэгцэрч дуусахгүй байна.Дотроо учраа олохгүй бол хууль зүйн хувьд ямар ч бүртгэл хийхгүй гэх ганц үгээр буцаачихаад байгаа. Хоёр газар хуралдахаа больж, нэг хурал хий гэдэг бол гарын үсгийн эхний зорилго. Нам гэдэг үзэл санаан дээрээ нэгдсэн хүмүүсийн хамтын удирдлагын байгууллага болохоос хэн нэгний хувьчлаад авчихсан аж ахуйн нэгж биш л дээ. Тийм учраас хий талцаж, тамганы хоёр булан тэврээд суулгүйгээр, нэгдэж нийлж хуралдаад, асуудлаа шийдэж, нэг тодорхой дүрмээр намаа цэгцэлж авах нь зөв л дөө. Би сая хий талцал гэлээ. Намын удирдлагын түвшинд үүссэн ангал бол зохиомол. Зохимол ангалын хоёр талд зогсоод байгаа хүмүүсийн нэгдэж нийлэх гүүрийг намын жирийн гишүүдийн гарын үсгээр бий болгох зорилготой санаачилга, товчхондоо. Хоёрдугаарт, энэ олон мянган гишүүдийн гарын үсэг шүүхэд Ардчилсан нам хуваагдаагүй гэдгийн гэрч, хурлаа нэг хийх болсныг нотлох баримт болно. Гуравдугаарт, энэ намыг байгуулсан хүмүүсийн хоорондын хувийн өширхөл, хонзогнол бүтээсэн ардчиллаа нураачихгүйн тулд зогсох ёстой л гэсэн уриалгыг жирийн гишүүд гарын үсгээрээ илэрхийлж байгаа хэлбэр.

АН-ын нэрээр Монгол Улсын хамгийн өндөр албан тушаалд очсон хүмүүсийн хоорондын үл ойлголцол, жөтөөрхөл нь энэ намыг бусдын идэш болоод МАН-ын оролцоотой тамга тэмдэгний хэрүүл болчихсон нь үнэн. Тэд хэрүүлээ намаас хол хийвэл АН илүү хүчтэй бөгөөд цул явах боломж байна. АН нам шиг нам байвал улс оронд улс төрийн тэнцвэр, хяналт үүсч, ардчиллын жаахан ч гэсэн үнэр энэ нэг намын хэт хүч түрсэн цаг хугацаанд байх юм даа.

-АН сэргэх болов уу?

-Учраа олох байх гэсэн горьдлого байна. АН чинээндээ тултал уначихлаа. Доошоо нүх ухаж үсрэх гээгүй л юм бол одоо болно ш дээ.

-АН-ын гишүүд сөрөг хүчний үүрэг гүйцэтгэж чадаж байна уу?

-Сөрөг хүчний дуу хоолой гэж бараг байхгүйтэй адил байна. Өнгөрсөн хоёр жил МАН ковидоор далимдуулж ямар их мөнгө, их эрх мэдлийг төвлөрүүлж, хяналтгүйгээр яаж үрэн таран хийж дуусгав. Улс орны нөхцөл байдлыг харахаар дүр зураг нь ичиж үхэм байгаа биз дээ. Эрсдэлийг сэрэмжлүүлж, бурууг нь хоосон шүүмжлэлгүй хатуухан хариуцлага нэхээд, зөвд нь дэм өгөөд явсан бол эрх баригчдыг байх ёстой байр, ажиллах ёстой хүрээнд нь авчрах боломж байж л байгаа. Энэ ажлаа АН уул нь хийж чадна ш дээ. Бид сөрөг хүчнийхээ ажлыг хийх биш, өөрсдөө дотроо сөргөлдсөн хүчин болж хувирчихаад, хэтэрхий сул дорой байна.

-Ерөнхийлөгчийн сонгуульд АН дахиад нэг боломжоо алдчихлаа даа?

-Ойлгомжтой ш дээ. Намаа хагалж хуваагаад, талцуулж байгаа хүн өөрөө том сонгуульд нэр дэвшчихээр дор хаяж намынх нь тал нь тэр хүний эсрэг ажиллаж эхэлнэ биз дээ. Унах нь тодорхой сонгууль. АН өөрчлөгдөж болох маш олон боломжийг нэг уутанд хийгээд өөрсөдтэйгөө цуг хогийн сав руу шидчихсэн. Намаа эмхлэх, олон нийтийн итгэлийг буцааж авах, сонгуулийн үеэр эрх мэдлийн хэт түрэлттэй байгаа улс төрийн намын эсрэг сөрөг хүчнийхээ хувьд дэмжигч, иргэдтэйгээ хамтран бэхжин зогсох боломжийг алдлаа. Намын нийт гишүүдийн 60, 70 хувь нь Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохгүй, оролцлоо ч өөр сонголт хийнэ гэдэг шийдэлтэйгээр сонгууль руу орсон.

-МАН төрийг барьж чадаж байна уу. Төрийн гурван эрх барих байгууллагад нэг нам суучихлаа. Тэнцвэртэй улс төр байж чадахгүйд хүрчихсэн биз дээ?

-Улс төрийн тэнцвэр алдагдаж,нэг талд хэт их эрх мэдэл төвлөрөөд ирэхээр асуудлыг бодитойгоор харах, ухаалгаар зүй зохицлыг нь олох, нийгмийн бусад бүлэгтэй ярилцах, хамтрах чадвар багасаад бэлэн байгаа хүч, нөлөөгөө юун түрүүнд барьж авч ашиглах гээд байдаг. Зүй тогтол юм даа. Ямар ч хүний гарт томоохон муна бариулчихвал мунатай нөхөр чинь хүмүүстэй ам хэлээрээ учраа олохоос илүүтэй мунаараа л асуудлыг шийдэх гэж оролдож эхэлнэ. Хүн нь сайн муу, аль нам байгаагаас үл шалтгаалаад тэнцвэргүй улс төр хүчирхийлэл, харалган байдлыг илүү өөгшүүлдэг нь үнэн. Эрх мэдэл овоороход овоолгон доороос эрүүл ухаан цухуйж гарах хэцүү л дээ. Эрх мэдлийнхээ цонхоор асуудлыг харж, тойрон эргэлдэж байгаа хүмүүсийнхээ дуу хоолойгоор нийгмийг дүгнээд эхлэхээр л бусдыг дарлаж эхэлнэ шүү дээ. Дарангуйлал гэх юм уу, давамгайлал гэх юм уу энэ үзэгдэл Монголд хэсэгтээ үргэлжлэх байх аа. Ийм үзэгдлийг зогсоох гэж хүн төрөлхтний олсон арга бол улс төрийн тэнцвэр. Ялгаатай үзэл бодолтой хүмүүс харилцан ойролцоо хүч чадалтай байж тэр хүч чадлынх нь тэнцвэр дээр эрүүл оюун ухаан, хууль ёс, иргэний эрх чөлөө оршин тогтнодог гэдгийг ойлгочихсон. Энэ ойлгоцоороо арай ухаалаг, эрсдэлгүй сонгуулийн тогтолцоо хүртэл бодож олоод байдаг. Манайх яг эсрэгээрээ л яваа. МАН сонгууль сайн хийж чадаж байна, муу юмандаа гаршиж байна. Харин төрд бол хөл толгой алга.

-С.Баярцогтын хэргийг мөрдөн байцаалтад буцаачихлаа. Шүүхээс хэрэг буцаадаг жишиг гэж ямар юм байна аа?

-Дэлхийд шүүхээс хэрэг буцаадаг жишиг бараг байхгүй. Ганцхан тохиолдолд хэрэг дахин хянан шалгах үйл ажиллагааг эхлүүлж болдог. Тэр нь шинэ нотлох баримт гарч ирсэн, шинээр нөхцөл байдал үүссэн үед. Хэрэг буцаах биш, шүүхийн процессыг дахин эхлүүлэх гэж хэлдэг. Манайх шиг дуртай үедээ мөрдөн байцаалт руу анхан шатны шүүх рүү хэргийг шиддэг, шүүх маргаан эцэслэхээс тойрч бултдаг улс байхгүй дээ. Завьчлах гэж улс төр, хуулийн ойлголт байна. Асуудлыг эцэслэн шийдэхээс илүүтэй нааш цааш нь шидсээр байгаад цаг хугацаа, зардал мөнгө, хүний тэвчээр, хувийн амьдралыг завьчилж дуусгадаг. Энэ чинь эрх мэдэлтнүүдийн хэн нэгний амьдралаар тоглодог арга. Ийм байдлыг хүний эрхийг эрхэмлэдэг, хууль засагладаг улс орнууд хорьдог. Шүүхээс хэрэг буцаахгүй. Прокурор, мөрдөх алба зэрэг процессыг хийх үүрэг бүхий байгууллагууд тодорхой хугацаанд төрд байгаа бүх хүч нөөц, техник, арга хэрэгслээр хэргийг шалгаад шүүхэд өгөхөд шүүх тэрийг шийдэх үүрэгтэй. Нотлогдохгүй, хууль хэрэглэхэд эргэлзээ байгаа бол шүүгдэгчид ашигтайгаар буюу энэ хүнтэй холбоотой гэмт хэргийг нотолж чадахгүй байгаа учраас энэ хүн гэмт хэрэгтэн биш гээд сулладаг жишигтэй. Энэ зарчим, энэ жишгийг олохын тулд хүн төрөлхтөн хэдэн мянган жил туулсан. Сүүлийн 500 жилийн тэмцлийн ололт. Гэтэл үүнийг манайх нулимаад суугаад байна. Шүүгч нь прокурор мөрдөгчийн ажлыг өмнөөс нь хийгээд байх юм. Орчин үеийн Үндсэн хуульт ардчилсан тогтолцоонд байж болдоггүй зүйл. Дээд шүүх үнэхээр үндэслэлгүй ялласан байна гэж үзэж байгаа бол алхаа цохиод суллаад явуулах ёстой. Хариуцлага хэн дээр байх ёстой гэхээр хугацаа байсан уу байсан, татвар төлөгчид хангалттай мөнгө өгсөн үү өгсөн, техник хэрэгсэл, хүний нөөц хангалттай байгаа юу байгаа, тэр боломжиндоо хэргийг нотолж чадахгүй байгаа бол та нар муу ажиллалаа, эсвэл энэ хүн хэрэг хийгээгүй гэдэг хоёр дүгнэлт рүү очих ёстой болохоос дахиад мөрдөөд, алдаагаа засаад, яг шийтгэхээр болгоод аваад ир, би яллаад өгье гэдэггүй. Шүүхээс хэрэг буцаадаг тогтолцоог халах ёстой.

2015 онд Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль бичихдээ шүүхээс хэрэг буцаадаг заалтыг хасаж байсан юм. 2016 онд Дорлигжав буцаагаад оруулаад ирэхэд нь УИХ дээр хасаад баталж байсан. Тэр хуулийг эцсийн найруулга сонсоод ёсчлох байсныг МАН 65 суудалтай болоод зүгээр л буцаачихсан. 2017 онд энэ зарчим хуульчлагдахад 2019 онд нь сиймхий гаргаад Нямдоржтонгууд шүүхээс хэрэг буцаадаг болгочихсон. Шүүхээс хэрэг буцдаг процесс дотор иргэд л хохирдог. Харин хуулийнхан илүү хождог. Завьчилж шиднэ гэдэг чинь хүнийг хуулийн байгууллагатай тодорхойгүй хугацаагаар уяж, амьдралынх нь шим шүүсийг сорж, мөлжих л арга. Уул нь завьчилж, завшуулалгүй иргэн өөрийгөө шүүхэд нэн дариу сонсгох, хэрэг маргаанаа шударгаар шийдүүлэх гэдэг чинь Үндсэн хуульд байгаа шударга шүүхээр шүүлгэх гэдэг иргэний үндсэн эрхийн гол хоёр агуулга юм ш дээ. Шүүхээс хэрэг буцаана гэдэг энэ хоёр зарчим, агуулгыг шууд үгүй хийж байгаа явдал.

-Хуулийн салбарын шинэчлэлүүдийг та яаж харж байна. Дорвитой шинэчлэлт хийгдэж байх юм уу?

-Эргэж буцсан, дахин сэргээх гэж оролдсон, нэгдсэн төлөвлөгөөгүй л зүйл харагдаж байна. Хийсэн ажлуудыг буцааж нураагаад буцааж өрж босгох нь нэг ажлыг хоёр хийхтэй л адил л даа. 2012-2016 он хүртэл хийгдсэн шинэтгэлийн үйл явц, цөөнгүй судлаачдын судалгааны үр дүнгээр үүссэн олон шийдэл, санаа байсан. 8,9 жилийн дараа дахиад тэр шийдлүүдийг арай өөр хэлбэрээр дахин амилуулах гээд оролдож байна. Аливаа дэвшилтэт өөрчлөлт, шийдэл тэр цаг үедээ шүүмж, эсэргүйцэлтэй тулж, заримдаа бүтэлгүйтдэг ч цаг хугацааны шалгуураар буцаад бэхжиж, үнэ цэнэтэй болж, урагшилж байдаг.Хугацаа алдаж байгаа, гэхдээ нийгмийн оюун санаанд илүү бат бөх суух боломжтой болж байгаа. Одоо хийх гэж байгаа хүмүүс нь тэр үеийн зовлонг шинээр мэдэрч эхэлж байгаа байх аа.

Яагаад хуулийн салбарын шинэчлэл таагүй, эсвэл сөрөг байдаг вэ гэхээр яг энэ хуулийн гажуудлыг ашиглаж амьдардаг хуулийнхан,тэдэнд улс төрийн өмгөөлөл үзүүлж, шүхэрлэдэг эрх мэдэлтнүүд энэ өөрчлөлтийг хүсдэггүйтэй холбоотой. Тэр хүмүүс өөрийн дадсан амьдрах арга, олдог олзноосоо салах дургүй.Тэр олз, хуулийн эрх мэдэлд нь наалдаж, өөрийгөө улс төрд удаан амьд явж чадаж байгаа хүн ч Монголд байна ш дээ. Ц.Нямдоржоос эхлээд. Хэзээ ч хуулийн салбарт томоохон өөрчлөлт хийх гэж оролддоггүй. Байгааг нь л додомдож, нөлөөтэй хэдэд нь сайн хүн болж үлдэх гэж оролддог. Тэрний гайгаар Монголын хуулийн салбар 20 жил гацлаа. Урагшаа нэг алхаад, хойшоо хоёр алхаж байдаг гаслант хувь заяатай боллоо. 2008 оны долдугаар сарын 1-ний явдлын сургамжийн дараа хуулийн салбарт маш олон шинэчлэл хийхгүй бол явахгүй нь гэдэг ойлгомжтой болсон. Гэтэл харамсалтай нь 13 жилийн дараа буцаад 2008 оны долдугаар сарын 1-нийхээ байдлаасаа ч дор нөхцөл рүү ухарчихсан. Тухайн үед хохирсон иргэдийг өмгөөлөх өмгөөлөгч олдохгүй л байсан. Яагаад гэхээр Хууль зүйн яам, тэр дундаа Хууль зүйн сайдын лицензээр үйл ажиллагаа явуулдаг учраас өмгөөлөгчид Засгийн газартай, тэр дундаа хуулийн салбарын маргаанд орохгүй байсан. Тиймээс Хууль зүйн яамнаас энэ лицензийг салгаад Хуульчдын холбоо байгуулаад Хуульчдын холбоо өөрсдөө шийддэг болж хувирсан. Гэтэл Ц.Нямдоржийн үед Өмгөөллийн холбоо байгуулаад Хуульчдын холбоог задалж эрх мэдлийг нь буцаагаад хуваачихсан. Цагдааг буцаагаад генералаар удирдуулаад цэрэгжсэн тушаалын хүүхэлдэй болгочихсон. Шүүхийг тахар биш буцаад цагдаа хамгаалдаг нэртэй, гэрч хохирогч нь хамгаалалтгүй, сонгуулийн луйвар, худалдан авалт ил цагаан гээд бүх юм бахь байдгаараа.

-Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Авлигатай тэмцэх комисс байгуулж, даргаар нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Х.Нямбаатарыг томилсон. Авлигыг бууруулж чадах болов уу?

-Авлига бол албан бус, гэхдээ өөртөө маш их мөнгө, ухаан зардаг тогтолцоо. Бас төлбөрийг нь төлчихвөл хамгийн хурдан хөдөлдөг хөшүүрэг. Гэхдээ төлбөр төлж чадах хүнд л ашгаа өгдөг, бусдаас нь бүгдийг хулгайлдаг тийм л тогтолцоо. Тогтолцоотой тогтолцоогоор л тэмцэнэ. Хоосон уриагаар явахгүй. Авлигын нөгөө талд албан ёсны хуулийн тогтолцоо амь тэмцэн зогсож байгаа. Тэр амь тэмцэн зогсож байгаа тогтолцоог зарж иддэг нөхдүүдийг л авлигач гэдэг биз дээ. Тэр тогтолцоог иргэд зарж идэж чадахгүй, харин байгаагаа барж, хахуульдаж тэр байх ёстой тогтолцоог авлигачдаас худалдаж авах гэж оролдоцгоож байна. Татвараа төлнө, дээр нь авлига өгч, авах ёстой үйлчилгээгээ авна гэдэг бол боолчлол л доо. Авлига өгөөд ч авч чадахгүй зүйл их. Авлига гэх мөнгөний уралдаан зарим хүнд авах ёсгүйг нь өгч, авах ёстой нь хохироод үлдэх явдал байнга гарна. Энэ нь дэндүү олон хохирогчтой. Авлигыг хэр хязгаарлаж барьж чадна, төдий чинээ олон хүмүүсийн итгэл, бүтээлч байдал нэмэгдэнэ. Авлигыг хэдий чинээ бага байлгана, төрийн үйлчилгээ хүн бүрд хүртээмжтэй, хууль иргэн бүрд алагчлалгүй болж эхэлнэ. Тиймээс Авлигатай тэмцэх үйл явц бол соёлт хүн төрөлхтний заавал хийх ёстой ажил. Монгол Улс авлигатай тэмцэх Засгийн газрын чиг үүрэг, эрх мэдлийг байхгүй болгоод удаж байгаа. Үндсэн хуулиар эрх мэдэл хуваарилсан, тусгаар улс болгон Засгийн газар нь өөрөө эрх мэдлээ авч авлигын эсрэг ажилладаг. Миний бодлоор Засгийн газар, гүйцэтгэх эрх мэдэл бодитойгоор гурван чиглэлд өөрийнхөө эрх мэдлийг авч хэрэгжүүлж эхлэх ёстой. Энэ нь авлига, хүний эрх, шударга ёсны асуудал. Манайх хүний эрх, шударга ёс, авлигын асуудлаа Засгийн газраасаа гаргаад тавиад туучихсан. Дэлхийн улс орнууд Засгийн газар дээр түшиглэсэн авлигатай тэмцэх бодлогын хувилбарыг нийтлэгээр явуулж байхад манайх эсрэгээр нь яваад олон жил болж байгаа.

Ядаж энэ бодлогын ялгаагаа харж байвал сайн л байна. Үнэхээр авлигатай тэмцэх гэж байгаа бол судалгаа сайтай, алсын хараатай, цогц бодлого л хэрэгтэй дээ. Зарим асуудал дээр Үндсэн хуулийн түвшинд өөрчлөлт хийх шаардлага ч гарах байх.

Хууль зүйн яам, дотоод хэргийн яамаа салгах, прокурорын тогтолцоогоо өөрчлөх, төвлөрсөн эрх мэдлүүдийг задлах, төрд шаардлагагүй чиг үүргийг шилжүүлэх, үр дагаварт нь сүржигнэдэг бус процесст нь зөвлөдөг мэргэжлийн хяналт шалгалтын тогтолцоо бүрдүүлэх, ойлгомжгүй, ухаалаг бус дүрэм журмуудыг халах, шаардлагагүй шат дамжлагуудыг алга болгож, үр ашиггүй төрийн зохион байгуулалтыг өөрчлөх гэх мэт АТГ-ын хийдэггүй зөндөө л ажил байна. АТГ гэснээс гэмт хэрэгтэй тэмцэх гэдэг чинь Засгийн газрын үндсэн ажил ш дээ. УИХ-ын болон Ерөнхийлөгчийн хийх ажил огт биш. Ер нь ямар ч үед Ерөнхий сайд зоригтой урагшаа алхахад салбарын сайдууд нь дагаад урагшаа зоригтой алхдаг л юм. Ерөнхий сайд нь дүлгэнээд байвал бусад нь ч хойшоо ухарч, дов довныхоо ард л нуугдана. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ зоригтой манлайлал гаргаж байгаа бол сайн. Харин шоу хийх гэж байгаа бол нөгөө шударга ёс гэдэг шиг нь авлига гэсэн гарчигтай шоу төдий л юм болно. Одоо Монголд шинэ сэдэвтэй социалист уралдаан хэрэггүй л дээ.

-Ковидын нөхцөл байдал манайд хүнд байна. Коронавирусийн эсрэг Засгийн газраас авч хэрэгжүүлж буй арга хэмжээ хэр оновчтой байна вэ?

-Засгийн газар ковидын үед ард иргэдээ хамгийн их алдагдалтайгаар давуулж байгаа. Ашгаа бол дарга нар нь хийчихсэн байх. Ямар ч байсан тэд эдийн засгаа хумьчихсан. Ажлын байруудыг өм цөм байхгүй болгочихсон. Бизнес хийх битгий хэл зээл, түрээс хоёроо яах уу гээд зарим иргэд орон байраа алдахдаа хүрсэн. Санхүү мөнгөний хувьд хүмүүсийн боломж нийтлэгээр багасчихсан, дундаж анги нь байсан цөөхөн хадгаламжаа идээд дуусгачихсан. Дээр нь бүх юмны үнэ өсчихсөн. Ядаж байхад зөв менежмэнт хийгээгүйгээсээ болоод эрүүл мэндийн салбарынхны хамаг хүчийг тарамдаад залхаачихсан. Хүнд хэцүү нөхцөл тулаад ирэхэд улс орны хэмжээнд ямар ч бэлтгэлгүй, мөнгөгүй, хамаг нөөцөө наана нь тоглоод устгачихлаа. Нөгөө талд төсөв нь ковидод зориулагдсан уу гэвэл үгүй. Харин иргэнээ хорьсон энэ хугацаанд сонгууль дамжсан авлига л гаарлаа. Хүн бүр нэг ийм дүгнэлт хийж байгаа биз дээ.

Categories
гадаад мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Обрушански Борбала: Унгар улсаас Монгол Улсад хандивласан 33 ширхэг амьсгалын аппаратыг авчрах асуудлаар Монголын эрх бүхий байгууллагатай зөвлөлдөнө

Унгар улсаас Монгол Улсад суугаа Элчин сайд Др.Обрушански Борбалатай ярилцлаа.


-Унгар улсаас Монгол Улсад 33 ширхэг амьсгалын аппаратыг бэлэглэхээр болсон. Унгарын Засгийн газар хэзээ энэ шийдвэрийг гаргасан бэ?

-Өнгөрсөн зургадугаар сарын эхээр УИХ-ын гишүүн, Монгол-Унгарын Парламентын бүлгийн дарга Н.Ганибал Унгар улсын Үндэсний Ассамблейн гишүүн, Үндэсний Ассамблей дахь Унгар-Монголын Парламентын бүлгийн дарга Хорват Ласлотай цахим уулзалт хийсэн. Энэ уулзалтаар дэлхий нийтийг хамарсан цар тахлын хүнд цаг үед Унгар улсаас Монгол Улсад ямар тусламж үзүүлж болох талаар санал солилцон ярилцсан юм. Үүний үр дүнд хоёр талын Элчин сайдын яамд Монгол Улсад нэн шаардлагатай байгаа амьсгалын аппаратыг хандивлах талаар Засгийн газартайгаа зөвлөлдсөн. Ингээд долдугаар сарын 14-ний өдөр болсон манай Засгийн газрын хуралдаанаар Монгол Улсад эмнэлгийн тоног төхөөрөмж нийлүүлэх 1481/2021 тоот шийдвэр, долдугаар сарын 16-нд энэхүү шийдвэр дээр үндэслэсэн тогтоол гарсан. Энэхүү тогтоолын хүрээнд Унгар улс Монгол Улсад 4.6 тэрбум төгрөгийн өртөгтэй 33 ширхэг амьсгалын аппаратыг хандивлах юм. Зах зээл дээр нэг бүр нь 45000-50000 орчим еврогийн үнэтэй энэхүү амьсгалын аппарат нь маш сайн загвартай төдийгүй өөртөө компрессортой учраас тухайн эмнэлэгт өтгөрүүлсэн хүчилтөрөгч байхгүй тохиолдолд ч ажиллах боломжтой.

-33 ширхэг амьсгалын аппарат хэзээ манайд ирэх юм бол?

-Бид 30 хоногийн дотор 33 ширхэг амьсгалын аппаратаа Монголд авчрах бодолтой байна. Амьсгалын аппаратыг хүргэх асуудлаар Монголын эрх бүхий байгууллагатай зөвлөлдөхөөр болсон.

-Монгол, Унгар улсын 70 жилийн ой өнгөрсөн онд тохиосон. Хоёр улсын хамтын ажиллагаа өнөөдөр ямар түвшинд хүрсэн гэж та үзэж байна?

-Миний бие Монгол Улсад Элчин сайдаар томилогдсоноосоо хойш хоёр улсын хамтын ажиллагааг илүү өргөн хүрээнд хөгжүүлэхээр зорин ажиллаж байна. Өнгөрсөн жил тохиосон хоёр улсын дипломат харилцааны 70 жилийн ойн үеэр нэлээд ажлыг хийхээр төлөвлөсөн байсан ч цаг үеийн амаргүй байдал зарим ажлыг хойшлуулахад хүргэсэн. Гэсэн хэдий ч манай Элчин сайдын яам энэ жилийн нөхцөл байдалд уялдуулан “Унгарын соёлын өдрүүд” мөн Монгол дахь Польш, Чех, Словакийн Элчин сайдын яамдтай хамтран “Кино фестиваль” зэрэг арга хэмжээг зохион байгуулахаар төлөвлөсөн.

Мөн Унгараас эм, эмийн бүтээгдэхүүнийг импортлох талаар ч ярьж байна. Бид цаашдаа хоёр орны эдийн засгийн хамтын ажиллагааг өргөжүүлэх хүрээнд худалдааны эргэлтийг нэмэгдүүлэх зорилт тавьж байгаа. Энэ зорилтынхоо хүрээнд бид энэ намар “Бизнес форум” зохион байгуулна.

Миний хувьд хоёр улсын соёл, боловсрол, шинжлэх ухааны салбарыг илүү өргөжүүлэн хөгжүүлэх хэрэгтэй гэж үзэж байгаа. Монгол дахь Унгарын Элчин сайдын яамны үйл ажиллагааны гол зорилгын нэг бол яах аргагүй Унгарын соёл, боловсрол, үндэсний зан заншил зэргийг таниулах явдал. Тиймээс энэ ажлын хүрээнд салбар тус бүрт ном товхимол гаргаж байна. Мөн бид Монгол Улстай кино урлагийн салбарт хамтран ажиллахаар ажлаа эхлүүлсэн байгаа. Удахгүй хамтран ажиллах хэд хэдэн санамж бичгийг үзэглэнэ.

-Унгарын Засгийн газрын тэтгэлгийн талаар мэдээлэл өгөөч?

-2015 оноос эхлэн Унгарын засгийн газар жилд 100 оюутан сургаж байсан бол манай улсын Ерөнхий сайд Виктор Орбан 2016 онд Монгол Улсад албан ёсны айлчлал хийснээс хойш жилд 200 оюутанг сургахаар болсон. Манай улсад монгол оюутнууд 100 хувийн тэтгэлгээр суралцаж байна. 2015 оноос өмнө нь жилд 10-15 оюутан Унгарын тэтгэлэг авч суралцдаг байлаа. Хамгийн гол нь Монгол Улс ямар мэргэжлээр оюутнуудаа суралцуулах хүсэлтэй байна, тэр санал дээр тулгуурлан бакалавр, магистр, доктор зэрэг боловсролын бүх түвшинд суралцах боломжтой байдаг.

-Хоёр улс археологийн хамтын ажиллагаагаа сэргээсэн гэсэн. Энэ тухайд?

-60 жилийн дараа буюу 2021 оны зургадугаар сард хоёр улсын хоорондох археологийн хамтын ажиллагааг сэргээлээ. Өнгөрсөн зургадугаар сард Унгар судлалын хүрээлэнгийн Ерөнхий захирал Хорват Лугошшу Габор, Археологийн хэлтсийн захирал Мазулди Миклуш нар Монгол Улсад ирсэн. Одоо Монголын Шинжлэх ухааны академийн археологийн хүрээлэнтэй хамтарч Улаанбаатарын Бэлхийн аманд Хүннүгийн язгууртны булшны археологийн судалгаа, малтлага хийгдэж байна. Энэ жилийн малтлагыг манай Унгар судлалын хүрээлэн санхүүжүүлж байгаа. Бид уг малтлагын талаар баримтат кино хийхээр төлөвлөж байна. Мөн энэ намар Унгарт Хүннүгийн эрдэм шинжилгээний бага хурал зохион байгуулах бодолтой байна. Энэ бүх ажил дээр Монгол Улсын Шинжлэх ухааны академитэй хамтарч ажиллана.

-Дэлхий дахинд коронавирусийн цар тахал дэгдээд хоёр жил гаруй хугацаа өнгөрлөө. Унгар улс коронавирусийн эсрэг ямар арга хэмжээ авч ажиллаж байгаа вэ?

-Бид коронавирусийн эсрэг арга хэмжээний эхэнд иргэдээ вакцинжуулсан. Манай Засгийн газар иргэдээ вакцинжуулалтад идэвхтэй хамруулснаар өнөөдөр маскгүй явж байгаа. Өмнө нь өдөрт хэдэн мянган тохиолдол илэрч байсан бол вакцинд идэвхтэй хамрагдсанаар одоо өдөрт бараг 100 хүрэхгүй коронавирусийн тохиолдол илэрч байна. Саяхан манай улсад Европын хөлбөмбөгийн арга хэмжээ зохион байгуулагдсан. Стадион дүүрэн хүн тэмцээн үзсэн ч коронавирусийн халдвар гараагүй. Унгарын Засгийн газар иргэддээ пфайзер вакциныг хийсэн. Дашрамд дурдахад, Карико Каталин гэсэн Унгар эмэгтэй пфайзер вакциныг зохион бүтээхэд оролцсонд их баяртай байгаа.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Ирэх сард улс төр хэрхэн өрнөх вэ?

Наадмын ес хоногийн амралт дууслаа. Ирэх сараас намрын ажил, өвлийн бэлтгэл эхлэх ёстой. Хамгийн том асуудал нь бүх шатны сургууль, цэцэрлэгийн танхимын сургалт хэрхэн явагдах нь тодорхой бус байна. Намрын улс төр цар тахлын эсрэг арга хэмжээнээс гадна хоёр жил гэртээ байсан хүүхдүүд, оюутан залуусын боловсролын хоцрогдолд ямар арга хэмжээ авах нь таамаг төдий хэвээр. Ирэх сард УИХ-ын ээлжит бус чуулган хуралдах талаар мэдээлэл байна. Ээлжит бус чуулганаар хамгийн гол хэлэлцэх зүйл бол дахин Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах аж. Сүүлийн сонгуулиудаар МАН бүх шатандаа ялалт байгуулсан. УИХ-д олонх болж, Засгийн газраа байгуулж, Ерөнхийлөгчийн суудлыг авлаа. Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ намын даргаа ч авлаа. Гэвч коронавирусийн нөхцөл байдал, зарим сайд нарын алдаатай үйл ажиллагааг олон нийт илт шүүмжлээд эхэлсэн. Тиймээс хэд хэдэн сайдыг суудлаас нь огцруулах санал гараад эхэлсэн гэх мэдээлэл бий. Өдрөөс өдөрт цар тахлын нөхцөл байдал хүндрэх тусам олон нийт, эрүүл мэндийн байгууллагын ажилчид Эрүүл мэндийн сайдаас хариуцлага нэхэж эхэлсэн. Тиймээс Эрүүл мэндийн сайд С.Энхболдыг үүрэгт ажлаас нь чөлөөлөхөөс гадна түүнтэй зэрэгцээд Замын-Үүдийн асуудлыг шийдэж чадаагүй Зам тээвэр, хөгжлийн сайд Л.Халтар мөн хариуцлага хүлээх сурагтай.Одоогоор Засгийн газраас Эрүүл мэндийн сайд С.Энхболд, Зам тээвэр хөгжлийн сайд Л.Халтар нарыг огцруулах тухай хэвлэлээр бичиж байна. Үүн дээр нэмээд Соёлын сайд Ч.Номин, Хотын дарга Д.Сумъяабазар нарт хариуцлага тооцож, огцруулна гэх мэдээлэл ч байна. Ингээд ирэхээр Засгийн газар цаашид яах бол гэсэн асуулт гарч ирнэ. Үүн дээр улстөржилт ч нөлөөлнө. Бүр цаашлаад ирэх аравдугаар сар хүртэл барьж байгаад Засгийг огцруулах нь гэсэн мэдээлэл ч явж байгаа. Хэдийгээр Засгийн газрыг тогтвортой байлгах үүднээс дуртай нь өөрчлөөд байх боломжгүй хуультай болсон ч аль цоорхойг хэлж барах вэ дээ. Түүнчлэн Ерөнхий сайд Л.Оюун-Эрдэнэ Ерөнхий сайдаар томилогддог өдрөө УИХ-ын чуулганы танхимд “Ирэх намраас Инноваци, цахим хөгжлийн яам ба Эдийн засгийн хөгжлийн яамыг шинээр байгуулна” гэж хэлж байсан удаатай. Уг хоёр шинэ яамны сайдыг УИХ-ын гишүүдээс томилох дүр зураг бий. Тэр дундаа Инноваци, цахим хөгжлийн яамны сайдаар Н.Учрал, харин Эдийн засгийн хөгжлийн яамны сайдаар Б.Чойжилсүрэнг томилох хувилбар байгаа гэх мэдээлэл байна. Дээрх таамаг “бай”-гаа онохын тулд Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт хийх хэрэгтэй болно. Хуулиараа УИХ-ын дөрвөөс ихгүй гишүүн Засгийн газарт ажиллах боломжтой.Энэ үүднээс шинэ хоёр яам байгуулах, холбогдох Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтийг хэлэлцэх хугацаа нь ирэх сард зарлагдах ээлжит бус чуулганаар хэлэлцэгдэнэ ч гэх мэдээлэл байна. Үндсэн хуульд парламентыг хоёр танхимтай болгох, УИХ-ын гишүүдийн тоог нэмэх зэрэг өөр томоохон агуулгууд ч орж ирнэ гэдэг прогноз бий. Ямартаа ч засаглалыг сайн хийх гэж зүтгэсэн шүү гэсэн дүр төрхийг бүрдүүлэхийн төлөө илүү зүтгэнэ. Түүнээс шалтгаалж энэ Засгийн газрын орших хугацааны урт богино хэмжигдэнэ. УИХ-ын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгуулийн мөрийн хөтөлбөрийн амлалт дотор сонгодог парламентын засаглалтай болно гэж тодоос тод тусгасан. Нөгөө талаар улс төрийн намтай холбоотой өөрчлөлт хийгдэх магадлал өндөр. Тэр дундаа засаглалтай холбоотой өөрчлөлт түлхүү орох таамаг бий. Монгол Улсын Үндсэн хуульд оруулах нэмэлт, өөрчлөлтийн төслийг 2019 оны арваннэгдүгээр сарын 14-нд эцэслэн баталсан. Гэтэл МАН байсхийгээд л Үндсэн хуулиар оролдоод байх нь. Үндсэн хуульд дуртай үедээ гар дүрээд байх нь мэдээж иргэдэд тааламжтай санагдахгүй. Ямартаа ч Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө МАН, МАХН гар барилцсан. МАХН анхнаасаа Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд таатай бус байгаагаа илэрхийлсээр ирсэн. Тиймээс МАН-ын малгай дор нэгдсэн МАХН-ынхан ээлжит бус чуулганаар хэлэлцэгдэх Үндсэн хуулийн нэмэлт, өөрчлөлтөд хүслээ шингээж таарна.

Ерөнхийлөгчийн сонгууль дуусаад хэсэг амсхийх нь үү гэтэл дахиад л сонгууль. Сонгинохайрханы 28 дугаар тойрогт Д.Сумъяабазарын оронд нөхөн сонгууль болох байсан бол У.Хүрэлсүх Ерөнхийлөгч болсноор Хэнтийн 18 дугаар тойрогт нөхөн сонгууль болох нь. Ирэх аравдугаар сарын 11-нд нөхөн сонгууль болох товтой байгаа. Намрын нөхөн сонгуулийн нэр дэвшигчдийн тохиролцоон дуусаад тойргийн бэлтгэл ажил хийгдэж байгаа гэх яриа байна. Нөхөн сонгуульд хэн нэр дэвших вэ гэдэг асуудал мөн л энэ намрын улс төрийн нэг хэсэг. Н.Энхбаярыг хүү Э.Батшугартайгаа Хэнтий, Сонгинохайрханы нөхөн сонгуульд МАН-аас өрсөлдөнө гэсэн мэдээлэл явсан. Угтаа бол Н.Энхбаяр нөхөн сонгуульд өрсөлдөхгүй, хүү Э.Батшугар нь өрсөлдөх магадлал өндөр байна.

Мөн улс төрийн намуудын дарга нар солигдох, жинхлэх асуудал ч энэ намрын чухал сэдэв болох нь. Томоохон ялалтын дараахь фракцуудын тохиролцоон ч ил болох байх гэсэн таамаг хөвөрч байна. Албан тушаалын томилгоонууд ч хийгдэж эхлэх талаар улс төрийн хүрээнийхэн дунд яригдаад эхэлж.

Сүүлдээ үнэмлэхүй ялалт буюу бүх шатны сонгуульд ялсан улс төрийн намаас хүлээх хүлээлт өндөр хэвээр байх боломжгүй болж байна. Хамгийн түрүүнд цар тахлын эсрэг засаглалын сул тал дээр улс төр хийгдэж таарна. МАН-ын хувьд улс төрийн засаглалдаа сайн ч улс орныг засаглах талдаа үнэхээр учраа олохгүй байгаа талаар шүүмжүүд хөврөөд эхэлсэн. Бодлогын үр дүн гэдэг нь өнөөдөр ажлын хэсэг байгуулаад маргааш үр дүн нь гардаг зүйл биш. Богино, дунд, урт хугацааны төлөвлөлт гэдэг үүнтэй холбоотой. Цар тахлаас дэлхий дахин хурдан салахгүй нь тодорхой болсон тул авч буй арга хэмжээнээс эхлээд бүх зүйл илүү ойлгомжтой байхыг иргэд шаардаж байгаа. Манай улс төрийг ерөнхийд нь хэлбэл манлайлал, нэгдмэл зорилго, шударга өрсөлдөөн, чадвартай байх гэдэг зүйл дутуу дулимаг явсаар ирсэн. Ерөнхийдөө чадамжгүй, арьсаа хамгаалсан улс төр хийсээр ирсэн.

Улс орны эдийн засаг, цар тахалтай тэмцэх асуудал үндсэндээ муу байгаа үед сайхан төсөөлөл төрөхгүй л байна шүү.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Т.Энхтүвшин: НДШ-ийн хоёр хувийг түр хойшлуулаагүй, бууруулсан хэмжээгээр цаашид үйлчлээд явна

УИХын гишүүн Т.Энхтүвшинтэй ярилцлаа.


Нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг Та болон бусад долоон гишүүн санаачлан боловсруулж чуулганы хуралдаанаар хэлэлцэгдэж байна. Яг ямар өөрчлөлт оруулж байгаа вэ. гол өөрчлөлтийг нь нэрлээч?

-Нийгмийн даатгалын тухай хуулийн 15 дугаар зүйлийн 1 дэх хэсгийн “тэтгэврийн даатгалын шимтгэлийн хэмжээ ажил олгогч, даатгуулагч тус бүр 9.5 хувь байгааг 8.5 хувь болгон нэг хувиар бууруулах” хуулийн төсөл санаачилсан. Энэхүү хуулийн төсөл батлагдсанаар даатгал төлөгчид маань 2021 оны долдугаар сараас эхлэн тэтгэврийн даатгалын шимтгэлийн хэмжээ нийт хоёр хувиар нэмэгдэж төлөгдөх байсан байдлыг бо-лиулж цаашид 8.5 хувиар төлөхөөр болгосон юм. Энэ нь коронавируст халдварт цар тахал дэгдээд буй өнөөгийн нөхцөлд ажил олгогч болон даатгуулагчид нэмэлт санхүүгийн дарамт үзүүлэхгүйгээр бага боловч тус дэм болно гэдэгт итгэлтэй байна.

НДШийг 2018 онд хоёр хувиар, 2019, 2020 онд нэг хувиар нэмчихсэн. 2021 онд хоёр хувиар, нийтдээ таван хувиар нэмэх ёстой байсан. Ковид гараад сүүлийн хоёр хувийг хойшлуулаад явж байсан. Нийгмийн даатгалын шимтгэлийг түр хойшлуулж байгаа юм уу. Эсвэл бүр ингээд хоёр хувийг дахиж нэмэхгүй гэсэн үг үү?

-Бид нийгмийн даатгалын тухай хуульд өөрчлөлт оруулах байдлаар нийгмийн даатгалын хувийг буюу тэр дотроос тэтгэврийн даатгалын шимтгэлийг хоёр хувиар бууруулж байгаа. Энэ нь шимтгэлийн хэмжээг тогтоож байгаа хуулийг өөрчлөн баталчихаар тэр хуулийн тухайн заалтад дахин өөрчлөлт оруулж баталтал энэ зохицуулалт хүчин төгөлдөр үйлчилнэ гэсэн үг юм. Тиймээс заавал нийгмийн даатгалын шимтгэлийн хувь хэмжээг нэмэх шаардлагагүйгээр өөр олон төрлийн зохицуулалт хийж болохоор байгаа гэдгийг хэлмээр байна. Жишээ нь, хувийн тэтгэврийн сан байгуулах тухай нийгмийн даатгалын багц хуулийн шинэчлэлийн хүрээнд орж ирж байгаа. Үүн дээр нухацтай ажиллаж тэтгэвэрийг өвлөх боломжийг бүрдүүлэхэд анхаарах төлөвлөгөөтэй байна.

Нийгмийн даатгалын багц хуулиар хүн бүр тэтгэвэр тогтоолгохдоо сонголттой байх, гэр бүлд өвлөгддөг байх зэрэг хувийн тэтгэврийн тогтолцоотой байх олон улсын стандартын дагуу төслийг боловсруулсан гэж ойлгосон?

-Манай орны хувьд нийгмийн хамгааллын болон даатгалын тогтолцоо нь үе үеийн эдийн засаг, нийгмийн шаардлагын дагуу үүсч хөгжин, шинэчлэгдэж ирсэн бөгөөд 1995 оноос эхлэн Монгол Улсын нийгмийн даатгалын тогтолцоог цогц байдлаар хуульчлан, системчлэх ажил хийгдсэн байдаг. Тухайн үеэс нийгмийн даатгалыг таван төрөл болгон хувааж, “Нийгмийн даатгалын тухай” багц хуулийг баталж одоог хүртэл 28 удаагийн нэмэлт, өөрчлөлтийг хийсэн байдаг ч энэ удаа дахин томоохон шинэчлэлийн асуудал цаг үе болон Нийгмийн даатгалын сангийн алдагдалтай ажиллагаатай холбогдон урган гарч ирж байна. Одоо байгаа тогтолцоо нь хүн ам зүй, насжилт, нийгэм, эдийн засгийн хүчин зүйлүүдээс хамаарч хувьсан өөрчлөгдөх шаардлагатай тулгарсан учир Нийгмийн даатгалын багц хуулийн төслийг Хөдөлмөр, нийгмийн хамгааллын яам боловсруулж УИХ-д өргөн барихаар бэлдэж байгаа. Үзэл баримтлалаа батлаад хуулийн төслөө бичээд дууссан, одоо олон нийтийн хэлэлцүүлэг удахгүй хийх тухай Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд хэлж байсан. Тиймээс иргэддээ хандаж хэлэхэд тухайн хэлэлцүүлэгт идэвхтэй оролцож өөрсдийн зөв, бодит санааг тусгуулах бүрэн боломж байдаг шүү гэж хэлмээр байна. Дээрх таны хэлсэн зохицуулалтууд ихэнх нь хуулийн төсөлд тусгагдсан гэж бодож байна. Гэхдээ одоогоор хуулийн төсөл нь УИХ-д орж ирээгүй байгаа болохоор тодорхой мэдээлэл өгөх боломжгүй байна.

Нийгмийн даатгалын тухай хуульд оруулсан өөрчлөлтийг 2021 оны долдугаар сарын 1-нээс эхэлж дагаж мөрдөнө гэж байгаа. Хэдий хэмжээний төсөв хөрөнгө шаардагдаж байгаа вэ. Эх үүсвэр нь хаанаас гарах юм?

-Нийгмийн даатгалын сан жил бүр улсын төсвөөс тодорхой хэмжээний татаас авдаг. 2018 онд улсын төсвөөс 609,8 тэрбум, 2019 онд 605,5 тэрбум, 2020 онд 399,4 тэрбум төгрөгийн татаас авсан гэсэн мэдээ байдаг. Харин энэ удаа нийгмийн даатгалын шимтгэлийг бууруулснаар нийгмийн даатгалын санд төсвөөс үзүүлэх дэмжлэг нь 2021 онд 94.5 тэрбум төгрөг, 2022 онд 198.9 тэрбум төгрөгөөр нэмэгдэхээр байна гэсэн тооцоог Нийгмийн даатгалын газраас бидэнд өгсөн. Үүнтэй холбогдуулан төрөөс шаардлагатай дэмжлэг үзүүлэхгүй бол нийгмийн даатгалын сангийн бие даасан байдалд бэрхшээл учрах тул төсвийн тодотгол хийх зайлшгүй шаардлага гарч ирнэ гэдэг нь ойлгомжтой. Бид Цар тахлын онцгой нөхцөлд ард түмний эрх ашгийн төлөө эдгээр арга хэмжээг авах хэрэгтэй, энэ бол бидний хийх ёстой үүрэг юм.

Дорноговь аймагт газрын тос боловсруулах үйлдвэр баригдаж байна. Энэ үйлдвэрийн үйл ажиллагаа ямар хэмжээнд явж байна вэ?

-Монгол Улсын Засгийн газар, Бүгд Найрамдах Энэтхэг Улс хооронд байгуулсан БНЭУ-ын хөнгөлөлттэйзээлийн хэлэлцээрийн хүрээнд жилд 1.5 сая тонн газрын тос боловсруулах хүчин чадал бүхий үйлдвэрийг 30 дахь Ерөнхий сайд Ухнаагийн Хүрэлсүхийн үед ажил хэрэг болгохоор зориглон ажлыг эхлүүлж, одоогийн байдлаар дэд бүтцийн ажил бүрэн хийгдэж дууссан, Газрын тос боловсруулах үйлдвэрийн технологийн бус барилга байгууламж болох агуулах, усан сан, шугам сүлжээ, зам, талбайн барилгын ажлууд 2021 оны гуравдугаар сарын 1-ний өдрөөс эхлэн хийгдэж байна. Энэ эрчээрээ бүтээн байгуулалтын ажил саадгүй үргэлжилбэл 2024 онд барьж ашиглалтад оруулна. Газрын тосны боловсруулах үйлдвэр баригдсанаар дотоодын нийт бүтээгдэхүүн 10 хувиар нэмэгдэж, улсын болон орон нутгийн төсвийн орлого 150 сая ам.доллараар өсч, 600 гаруйажлын байр шинээр бий болж, үйлдвэрийг дагасан жижиг дунд үйлдвэрлэл хөгжин, бензин шатахууны үнийн хөөрөгдлийг бууруулах боломж бий болох юм.Өнөөдрийн байдлаар Газрын тос боловсруулах үйлдвэрийн барилгын ажилд Энэтхэг улсын 122 инженер техникийн ажилчид, Монгол Улсын есөн компанийн 100 гаруй иргэд ажиллаж байна. Үйлдвэрлэлийн барилгын ажлыг түргэсгэх үүднээс Замын-Үүдийн хилийн боомтоор орж ирэх техник, тоног төхөөрөмж болоод барилгын материалыг түргэн шуурхай тээвэрлэх, орон нутгийн компаниудаар ачаа барааг тээвэрлүүлэх асуудлыг тухай бүр шийдвэрлэн ажиллаж байна.