Categories
редакцийн-нийтлэл

С.Төмөр-Очир захирлын наймаа Н.Алтанхуяг сайдыг давж гарах уу?

Налайх дүүрэгт их сургуу­лийн хотхон бай­гуулж, сур­гуу­лиуд тий­шээ нүүх сургаар хөл толгой­гүй бужигнаан үүсээд бай­­гаа болол­той. МУИС гэ­хэд л ойр хавийнхаа газрыг наймаалцах ажилд ханцуй шамлан орсон сурагтай. Хотын төвд байрлал сайтай уч­раас эдний газар руу хонь харсан боохой шиг дай­рах хүн ч олширсон гэнэ. Хүний өөрийнгүй шүлэн­гэтэж бай­гаа энэ газраа яаж ашиг­тай­гаар най­маа­­лах талаар тус сургуу­лийнхан хуралдаж ярил­­цах болжээ. Энэ хурлын протокол олдсон юм.

МУИС шинэ номын сан­тай болох тухай Ц.Ган­цог захирлыг байх үеэс яригдаж эхэлсэн юм байна. Хүмүүн­лэгийн ухаа­ны их сургуулийн зүүн талд хүмүүсийн нэр­лэдгээр “Кибер” захын үүдэн хэсгийн газрыг эзэн н.Да­шаас нь 160 сая төгрөгөөр Ц.Ганцог захи­рал худалдаж авчээ. Тэнд МУИС-ийн но­мын санг барихаар төлөвлө­сөн нь тэр. Гэвч Ц.Ганцог захирал удал­гүй ажлаа өгч, шинэ за­хи­рал сонгох шуугиан дэгд­сэн учир юун номын сантай манатай болж ажил өдий хүртэл зогс­сон байна. Ингээд тус сур­гуулийн захирлаар УИХ-ын дарга, БСШУ-ны дэд сайд асан С.Төмөр-Очир сон­гогд­со­ны дараа номын сан­гийн асуудал эргэн сөхөгджээ. Тэрээр сургуулийнхаа номын санг өөр газар барихаар төлөвлөсөн учир Ц.Ган­цо­гийн 160 сая төгрөгөөр худалдаж авсан газрыг “Кибер” захын эзэн Дашид буцаагаад 300 сая төгрө­гөөр ху­дал­дахаар бол­сон байна. Харин номын сангаа МУИС-ийн хоёр­ду­гаар байрны баруун талд Монгол-Япон төвтэй залгаа байрлах сургуу­лийн эзэмш­лийн хуучин хоёр барилгыг нурааж, 12 давхар хоёр ихэр цамхаг босгохоор шийджээ. “Орч­лон” констракшнаар ба­рилгаа бариулаад зур­гаа, зургаан давх­раар нь хувааж авахаар тохи­ролцсон байгаа юм. Тий­мээс С.Тө­мөр-Очир захи­рал тус компанийн тө­лөөл­лийг захирлуудын ху­ралд оролцуулан танил­цуул­жээ.

Хоёр ихэр цамхгийг бос­гоход нийт найман тэрбум гаруй төгрөг шаард­лагатай. Энэ мөн­гийг хоёр байгуул­лага ижил тэнцүү гаргах нөх­цөл­тэй юм билээ. Тус компа­нийг төлөөлж МУИС-ийнхны ху­ралд оролцсон Даваадорж хэмээх эрхэм “Барилга ба­рих талбайгаа цэвэрлэх зар­далд нэг тэрбум төг­рө­гийг манайх гаргана. Үүний дараа танайх хоёр тэр­бум төгрөг, дараа нь манайх хоёр тэрбумын сан­хүүжилт хийнэ. Ингээд энэ жилдээ нийт таван тэрбумын сан­хүү­жилт хийх санаатай байна.” гэж танилцуулсан нь прото­колд тэм­дэг­лэг­дэн үлд­жээ. Хоёр барилгынхаа тал зардлыг төсвөөс гаргуул­чи­хаж байна гэдэг эдний ком­па­нид ашиг­тай­гаар барахгүй. Тэдний аманд “шар тос үм­хүүлж” байгаа С.Төмөр-Очир захирал ч үүнийхээ хариуд овоо шан харамж хүртэж бай­гаа бололтой.  Ингээд МУИС Налайх руу нүү­гээд явсан тохиолдолд энэ барилга, газрын хамт “Орчлон” конст­ракшны өмч болж үлдэнэ гэж бай­гаа. Тэр болтол МУИС өөрс­дийн эзэмшлийн зур­гаан давх­раа­саа дээш бусад давхруудыг үнэ төлбөргүй­гээр оюут­ны дотуур байр болгон ашиглах боломж бий юм байх.

Гэхдээ энэ наймааг МУИС-ийн Хууль зүйн сур­гуулийн захирал С.На­ран­гэрэл ганцаараа эсэргүү­цэж, бусад сур­гуулийн захирал зөв­шөөрс­нөөр гэрээ дэм­жигд­жээ. С.Нарангэрэл захи­рал “Энэ бол нэг ком­пани МУИС-д 70 жилийн ойгоор нь хандив бол­гоод номын сантай бол­гож, эсвэл оюутны байр бариад өгчихье гэдэг асуу­дал биш. Хамгийн гол нь дээд зэрэглэлийн үнэ цэнэтэй энэ газарт өөрийнхөө их хэм­жээний хөрөнгийг оруулаад да­раа нь ямар нэг аргаар өөрийн болгож авахаар бид­нийг хошго­руулж бай­гаа байх­­­гүй юу. Ийм нөхцөлд МУИС-ийн нэг­дү­гээр зэ­рэг­лэлийн, бүр улсын тусгай нөө­цийн газрыг худалдсан гэдэг  асуу­дал босно. Эндээс хар­далт сэрдэлт гарна, бүр авли­гын асуудалтай ч холбог­доно. Ийм учраас энэ са­наа­гаа бүгд орхи­вол яасан юм. Дан­гаа­раа зургаан давхар номын сангаа өөрийн хөрөн­гөөрөө барья. Ихэр цам­хаг барихад эрх зүйн хувьд ямар гэрээ, ямар хуулиар зохицуу­лах нь надад ерөөсөө хараг­дах­гүй байна” гэжээ. Хууль зөрчсөн хуудуутай зүйл бол­но гэдгийг нь хуулийн хүн сануулсаар байтал тэд гэрээг хэрэгжүүлэхээр болсон бай­гаа нь цаанаа олон хүний эрх ашиг яваа нь илт байна. 

Ихэр цамхгийг ба­рихаар ший­дэж, барил­гын талбайг цэвэрлэх гэ­тэл нэг асуудал тулгар­чээ. Учир нь их сур­гуультай залгаа нураа­хаар төлөвлөсөн хуучин барилгад “Тита­ник”  хэ­мээх баар ажил­ла­даг гэнэ. Баарны эзэн Н.От­­гон­баяр нь Зас­гийн газ­рын тэргүүн шадар сайд Н.Ал­тан­хуягийн төрсөн дүү юм байна. Тиймээс баарны эзэд энэ газраа­саа хөдлөхгүй гэж тас гэдий­чихээд додигор бай­гаа юм байх. Ард нь тө­рийн сайд байгаа учраас Төрийн өмчийн хороо­ныхон хуруу­гаа ч хөдөл­гөхгүй байгаа гэнэ. Тэгээд ч Н.Ал­танхуяг сайд МУИС-ийн захирал­тай өөрийн биеэр ирж уулзжээ. Энэ талаар С.Төмөр-Очир захи­рал “Байшинг ну­раах асуудал төрийн өмчийн хо­роогоор орох­гүй хойшлоод байгаа­гийн учир нь “Титаник” баарыг эзэмшиж байгаа ком­панийн эзний төрсөн ах нь Засгийн газрын гишүүн. Тэр хүн надтай ирж уулзсан, “тийм юм байхгүй гэж” хэлсэн” хэ­мээ­сэн нь протоколд үлд­сэн байх юм. Сай­дынхаа албан тушаалаар да­лайл­гаж, даргыг дарам­тал­сан нь тэр бололтой. Ямартай ч МУИС-ийн газ­рын наймааг тойроод сайдаас эхлээд гур­вал­жин дөрвөлжин бөөн асуу­дал үүсээд байгаа юм байна. Газрын най­маа сайд, дарга нарыг “галзууруулж” байгаа­гийн ойрхон жишээ энэ биз ээ.

МУИС-ийн захирал С.Төмөр-Очиртой хол­боо­той асуудал үүгээр дуусахгүй гэнэ. Тэрээр сургуулийн хөгжлийн сан­гийн мөнгийг гарын са­лаагаараа урсгаж байгаа юм байх. МУИС-ийн багш нарыг ноут­бүү­кээр хангах нэ­рийд­лээр хөгж­лийн сангаас 60 сая төг­рөгийг эргэн төлөгдөх нөх­цөлтэйгээр гаргуул­жээ. Гэвч тэнхимийн эрх­лэгч 67 хүнд Солонгосын тусламжаар ир­сэн хуучин ноутбүүк тарааж, нүд хуурс­наас өөр ажил хий­гээ­гүй гэнэ. МУИС-ийн Хөгж­лийн сангийн хө­рөнгө нэмэлт элсэлтээр орсон хүүхдүүдийн  мөн­гөнөөс бүрддэг юм байна. Нэмэлт элсэлтээр МУИС-д орохын тулд нэг хүүхэд дээд тал нь хоёр, гурван сая төгрөг төлдөг юм байна. Энэ мөнгө­ний хуримт­лалаар Хөгжлийн сан бай­гуулж хадгалдаг аж. Ц.Ганцог захи­рал С.Тө­мөр-Очирт тэрбум төг­рө­гийн ху­римт­лалтай Хөгж­лийн санг хүлээлгэн өгсөн байдаг аж. Түүнийг нь мань нөхөр өөрийн ду­раар ийн ашиглаж бай­гаа бололтой.

Я.МӨНГӨН

Categories
редакцийн-нийтлэл

АНУ-ын дэд Ерөнхийлөгч айлчиллаа

АНУ-ын дэд Ерөнхий­лөгч Жозеф Байдэн Ерөн­хий сайд С.Батболдын урилгаар манай улсад нэг өдөр айлчлаад буцлаа. Түүний сууж яваа онгоц “Чингэс хаан” олон улсын нисэх онгоцны буудалд даваа гаригийн 11.45 минутад газардах байс­ныг өглөө л мэдэв. Учир нь АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байдены Монголд хэ­зээ ирж, хэдэн цагт хэнтэй уулзах тухай хөтөлбөр хэвлэлийнхэнд энэ хүртэл ил болоогүй юм. Энэ та­лаар тодорхой мэдээлэл авъя гэсэн боловч манай Гадаад харилцааны яам, АНУ-ын Элчин сайдын яамныхан дундаа хаян эзэнгүйдүүлж байлаа.

Ингээд өглөөний 09.00 цаг гэхэд онгоцны буудалд зарим сэтгүүлч­дийг аваачжээ. Нэгдсэн журмаар явах сэтгүүлч­дийн сүүлч нь цагийн дараа очив.

Телевизийн зураг­лаач, сонины зурагчин нарын камер, аппаратыг шалгаж байна гэж жиг­тэй­хэн юм боллоо. Аме­рикууд аппарат, каме­руудын товчлуур бүрийг дарж үзэн, эзнийх нь чих рүү өнгийж харахаас наа­гуур юм болов. Үүний дараа айлчлал сурвалж­лах сэтгүүлчдийн иргэ­ний үнэмлэхийг нь шал­гаж мандат олгосноор их хүлээлтийн цаг эхэлсэн юм. Үдийн 12 цаг өнгөрөхөд АНУ-ын талын нэг эмэгтэй сэт­гүүлчдийг нислэгийн зурвас руу нэвтрүүлэв. Тэнд манай хүндэт ха­руулынхан эгнэн жагсчээ. Онгоцны буудлын дээвэр дээр хэдэн мэргэн бууч харагдана.

Хэвлэлийнхнийг бай­раа эзэлсний дараа удал­гүй манай Ерөнхий сайд зочноо угтахаар тал­байд гарч ирлээ. Үүнээс хойш удсангүй АНУ-ын агаарын хүчний аварга том онгоц газардсан юм.  10 минутын дараа буюу 12.40 минутад АНУ-ын дэд Ерөнхийлөгч Жозеф Байдэний сууж яваа он­гоц нислэгийн зурваст буулаа. Онгоцны бууд­лаас Ерөнхийлөгчөө то­сох том хар машинууд хэдийнэ байраа эзлэн зогсов. Харин Ж.Бай­дэ­ний онгоцноос том цүнх барьсан хар нүдний шил­тэй тэвхгэр залуус бууж ирээд өнөө машинуудын дэргэд очсон юм. АНУ-ын дэд Ерөнхийлөгч Мон­голд өөрсдийн ма­шин, жолоочтойгоо ирсэн нь энэ байж. Хамгаалалт нь ч өөрсдийнх нь байв. 

Энэ бүхнийг ажиж зогс­­соны эцэст АНУ-ын Ерөнхийлөгч Ж.Байдэн сая онгоцноосоо буулаа. Хажуудаа шаргал үстэй дэгдгэнэсэн охин да­гуул­жээ. Задгай энгэртэй, бо­гино даашинзтай тэр эмэг­­тэйг хараад “эхнэр нь үү, охин нь уу” гэсэн таа­маг хөврөв. Гэвч тэр түү­ний ач гэнэ.

Ингээд түүнийг Ерөн­хий сайд С.Батболд угтан авч, хоёр орны төрийн дуулал эгшиглэсэн юм. Хүндэт харуулын өмнүүр алхаж ирээд тэд таван минут гаруй хугацаанд хөөрөлдөв. АНУ-ын Ерөн­­хийлөгч Ж.Байдэн Ерөнхий сайдын мөрийг алгадаж, их л баяс­га­лан­тай инээнэ. Байсхийгээд Ерөнхий сайд руу гараа чичиж, ямар нэг зүйл ан­хааруулж буй мэт хэсэг ярьснаар Ж.Байдэнийг угтах ёслол өндөрлөсөн юм. Монгол, АНУ-ын тө­рийн өндөрлөгүүд ма­шин­даа суун хөдөллөө.

Үнэндээ АНУ-ын Ерөн­хийлөгч Ж.Бай­дэнийн Монголд хийх айлчлалыг сурвалжлах Мон­голын хэвлэлийнх­нийг тусгай, тусгай биш хэмээн хоёр хуваажээ. Тиймээс айлчлалын цу­вааг “тусгай” багт багтсан гурав, дөрвөн телеви­зийнхэн даган хөдлөв. Харин бусад хэвлэл мэ­дээллийнхнийг Төрийн ордонд хийх уулзалтууд руу  оруулахгүй гэсэн юм.

Ж.Байдэн Төрийн ор­донд Ерөнхий сайд С.Бат­болдтой албан ёсоор уулзаж, хүндэт зоч­ны дэвтэрт гарын үсэг зуржээ.

Ганцаарчилсан уул­залтын үеэр Ерөнхий сайд Ил тод байдлын ту­хай хэлэлцээрийг ойрын үед байгуулах хүсэлтэй гэдгээ хэлжээ. Мөн Мон­голын тал МСК-аас үзүү­лэх тусламжийн хүрээ­ний хоёр дахь сонгон шалгаруулалтад орол­цох хүсэлтэй байгаагаа илэрхийлсэн байна. АНУ-тай худалдаа, эдийн засгийн харилцааг хөг­жүүлэх, өргөжүүлэх, АНУ-ын хөрөнгө оруулалтыг Монголд татах болом­жийн талаар санал со­лилцсон аж. Монгол Ул­сад ардчилсан өөрчлөлт шинэчлэлт, зах зээлийн эдийн засгийг төлөв­шүү­лэх үйл явцад АНУ цаа­шид ч дэмжлэг үзүүлэхээ Дэд ерөнхийлөгч Ж.Бай­дэн нотолсонд талархаж байгаагаа илэрхийлжээ.

Айлчлал болж буй энэ өдөр МИАТ төрийн өмчит хувьцаат компани болон АНУ-ын Худалдаа, хөгж­лийн агентлагийн хоо­ронд иргэний нисэхийн салбарыг хөгжүүлэх, МИАТ-ын сургалтын баа­зыг бэхжүүлэх, боловсон хүчний чадавхийг сайж­руулах асуудлаар са­намж бичигт гарын үсэг зуржээ. Ерөнхий сайд С.Батболд АНУ-ын Дэд Ерөнхийлөгч Ж.Байден нар боловсролын сал­ба­рын хамтын ажил­ла­гаа­ны талаар санал солилц­сон байна. АНУ-ын тэт­гэлгээр тус улсад сурал­цах монгол оюутнуудын тоог нэмэгдүүлэх болом­жийг судлахыг Засгийн газрын тэргүүн хүсчээ.

2010-2011 онд АНУ-ын Түүх, соёлын дурс­галыг хамгаалах сангаас 695 мянга гаруй дол­ла­рын санхүүжилт хийх шийд­вэрийг АНУ-ын тал гаргасанд талархал илэр­хийлжээ. Монгол, Солонгос, АНУ-ын хоо­ронд тогтмол уулзалт хийх АНУ-ын санаачил­гыг манай улс дэмжиж байгаа гэдгээ  хэлсэн байна.  Түүнчлэн АНУ-ын сенатын танхимаас Мон­гол Америкийн түнш­лэ­лийг дэмжих тогтоол гар­гасанд талархал илэр­хийлээд “АНУ-ын Ерөн­хийлөгч Б.Обамагийн са­наачилгаар нээлттэй Зас­гийн газрын түншлэлийн харилцааг Монголын Зас­гийн газар дэмжиж байгаа. Цөмийн энергийг энхийн зорилгоор ашиг­лах талаар хоёр тал үр­гэлжлүүлэн ажиллахаар тохирсон. Боловсон хүч­нээ АНУ-д бэлтгэх сонир­хол­той байгаагаа” Ерөн­хий сайд хэлсэн байна. 

Харин Ж.Байдэн  “Өнөө­дөр Монгол Улс дэлхий бусад улсуудын адил ардчиллын замаар замнаж байна.

Олон улсын энх тай­ван, аюулгүй байдлыг хамгаалах үйлсэд оруулж байгаа Монгол Улсын хувь нэмрийг АНУ өндрөөр үнэлдэг. Өнгөр­сөн 10 жилийн хугацаанд Монгол Улсын зэвсэгт хүчний дайчид Чаад, Дар­фур, Косово зэрэг дэлхийн олон халуун цэгт энхийг сахиулах үйл ажил­лагаанд оролцож, Чингэс хааны үлгэр дуу­райллыг харуулсан. Мон­голын дайчид Иракийг чөлөөлөх үйл ажилла­гаанд оролцсон төдийгүй одоо Афганистанд алба хааж байна. Афганистан дахь Монголын энхийг сахиулагчдын тоо 400-д хүрч байна. Вашингтонд болсон айлчлалын үеэр ч Ерөнхийлөгч нар бас энэ талаар ярилцаж бай­сан” хэмээн хэлжээ.   

Энэхүү уулзалтад сайд нараас Эрдэс бая­лаг, Эрчим хүчний сайд Д.Зоригт байлцсан байна.  Дараа нь ноён Ж.Байдэн Монгол Улсын Ерөн­хий­лөгч Ц.Элбэгдоржид ба­раалхжээ.

Ноён Ж.Байден  Ерөн­хийлөгч Ц.Элбэг­дорж­той уулзаад АНУ-ын Ерөнхийлөгч Б.Оба­ма­гийн чин сэтгэлийн мэнд­чилгээг уламжилжээ. Тэ­рээр Монгол Улсын Ерөн­хийлөгч Ц.Элбэгдоржийг ардчиллыг бэхжүүлэх, хүний эрхийг дээдлэх чиг­лэлээр зөвхөн улс орон­доо төдийгүй олон улсад мэдэгдэхүйц үр дүнтэй, санал санаачилгатай ажиллаж байгаа хэмээн сайшаасан байна.

Харин Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж АНУ-ын дэд Ерөнхийлөгч  ноён Жо­зеф Байдений айлчлалд амжилт хүсээд, Ард­чил­сан орнуудын хамтын нийгэмлэгийг даргалах хүндтэй үүргийг нэр төр­тэй хариуцлагатай хий­хийг чармайх болно гэсэн байна.  Тэрээр “Монго­лын түүхийг дэлхий даяар сайн мэддэг. Гэхдээ эзэнт гүрэн, Чингэс хааны түүхийг мэддэг. Харин Монголын шинэ цагийн түүх, ардчилсан тогтол­цоонд шилжсэн үйл яв­цын талаар тэр бүр сайн мэддэггүй. Энэ байдлыг өөрчлөх, Монголын шинэ түүхийг таниулах  талаар хамтран ажиллах санал­тай байна” гэхэд нь ноён Ж.Байден талархан хү­лээн аваад Америкийн дунд сургуулийн хичээ­лийн хөтөлбөрт өөрчлөлт оруулах зэргээр хамтран ажиллаж болох тухай хэл­жээ. Дэд Ерөнхийлөгч Ж.Байден мөн авилгын эсрэг тууштай тэмцэж бай­­гаа Ерөнхийлөгч Ц.Эл­бэгдоржийн бод­логыг дэмждэгээ илэр­хийлээд, авилгын эсрэг тэмцэх талаар санал бод­лоо хэлсэн аж. Ерөн­хий­лөгч Ц.Элбэгдорж “Нэрт судлаач Ларри Даймон­дын нотолсноор ард­чил­лыг “баллаж” болох цо­рын ганц зүйл бол авли­гал” хэмээгээд шударга ёс тогтоох чиглэлд хийж хэ­рэгжүүлж байгаа үйл ажил­лагаанаасаа дурд­сан байна. Ноён Ж.Бай­ден “Байгаль орчинд хал­гүй  сэргээгдэх эрчим хү­чийг ашиглах талаар би­дэнд хамтран ажиллах боломж байна. Монгол бол сэргээгдэх эрчим хүч­ний нөөцтэй, харин америк  өндөр техно­ло­гитой, сайн туршлагатай” гэж ярьжээ.

АНУ-ын дэд Ерөн­хий­лөгчийг түүний зөвлөх, Цагаан ордны төлөө­лөг­чийг эс тооцвол бусад нь ҮАБЗ-ийнхөн дагаж ир­сэн байна. Дэд Ерөн­хийлөгчийн ҮАБЗ-ийн зөвлөх, ҮАБЗ-ийн Азийн асуудал эрхэлсэн захи­рал, ҮАБЗ-ийн Хятад, Тайвань, Монго­лын асуу­дал эрхэлсэн захирал нар иржээ.

Төрийн ордонд уул­залт хийсэн АНУ-ын дэд Ерөнхийлөгч Ж.Байдэнд бэсрэг наадам үзүүлэ­хээр “Яармаг”-ийн дэнж рүү хөдөллөө. Гэвч наа­дам руу сэтгүүлчдийг оруу­лаагүй юм. АНУ-ын тал бүх хамгаалалтыг ха­риуцаж байгаа учраас монгол сэтгүүлчдийг огт­хон ч оруулахгүй гэлээ. Манай Гадаад харил­цааны яамны хэвлэлийн албаныхан ч өөрсдөө арайхийж оров. Зөвхөн камертай хүмүүсийг нэвт­рүүлнэ гэж гуйсаар араа­саа хоёр, гурван зураг­лаач, зурагчин дагуулсны тоонд манай гэрэл зу­раг­чин багтсан юм. Бэсрэг наадамд морь уралдаж, АНУ-ын дэд Ерөнхийлөгч Ж.Байдэн, Ерөнхий сайд С.Батболд нар сур харва­сан байна. Мөн бөх ба­рилдаж, урлагийн тог­лолт үзүүлжээ. Мөн Ж.Бай­дэнд Ерөнхий сайд морь бэлэглэжээ. Харин ноён Ж.Байдэн наадмын үеэр уран нугаралтын гайхамшгийг үзүүлсэн нугараач охиныг ихэд шүтэн биширчээ. Тэрээр наадмын төгсгөлд нуга­раач охиныг эрж хайн олоод өмнө нь мэхийн ёсолсон гэнэ лээ.

 Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Ш.Сайхансамбуу: Таван толгой, Сонгуулийн хууль ярина гэвэл тэрэн шиг худал юм байхгүй

УИХ-ын гишүүн Ш.Сайхансамбуутай ярилцлаа.

-Чуулганы завсарлагаанаар юу хийж байна даа?

-Сая тойргоороо яваад ирлээ. Завхан аймаг энэ жил зуншлага сайтай байна.

-Энэ зун ажил хийж байгаа төрийн түшээ ховор юм шив дээ. Ийш тийшээ амарч зугаалсан хүмүүс л байх юм?

-Тийм шүү. Их оносон шүүмжлэл гэж бодож
байна. Иргэдийн ярьж байгаа зүйлээс харахад ийм дүгнэлт хийж болохоор
байгаа юм. Ер нь манайх хууль муутай учраас чуулган олон хоног
завсарлаад байна шүү дээ. Засгийн газарт шийдэх асуудал их байна.
Хөрөнгө оруулалтын ажлаас эхлээд хийх юм олон байгаа. Гэвч УИХ, Засгийн
газар ид ажлын үеэр амардаг байгууллага болж хувирчихаад байна л даа.
Улс оронд жирийн ажилчид улс орны хар ажлыг нугалж байна шүү дээ.
Түүнээс биш дарга нар амралт хөөгөөд ийш тийшээ явчихаж.

Ер нь энэ зуны амралт зугаалга, найр
наадам бүр хэрээс хэтэрлээ. Наадам хоёр өдөр боллоо, хангалттай юм биш
үү. Социализмын үед л наадмын дараа намар гэж ярьдаг байлаа. Гэтэл одоо
наадмын дараа наадам гэцгээдэг болжээ. Наадмын найраа гэж замбараагаа
барсан. 150-200 сая төгрөгөөр нэг начин төрж байна. Тэгээд хөрөнгө
бэлтэй хүмүүс наадмын бай шагналд юу бэлтгэснээрээ уралдаж, зиндаагаа
харуулдаг болж. Мөнгөтэй баячууд төрсөн өвөлжөөн дээрээ өөрийнхөө
нэрэмжит хөшөө суварга босгож, наадам хийж байна. Түүнийгээ ядуу ард
түмэнд гайхуулж, баярхаж байна.

Тэгэхээр төрийн албан хаагчдыг өглөө
07.00 цагг ажилдаа ирүүлдэг европ стандартыг Монголд нэвтрүүлэхгүй бол
болохгүй нь ээ. Хөдөөгийнхөн өглөө 05.00 цагт босоод малаа бэлчээж
байхад Улаанбаатар тэр аяараа дуг нойрондоо дугжирч байна шүү дээ. Бараг
үдийн үед ажилдаа ирчихээд орой эрт тарж шоу цэнгээний газраар наргиж
байна. Хотын амьдрал нэг ийм л байх юм. Монгол Улс ийм байхад дэлхийн
хөгжил биднийг хүлээхгүй биз дээ.

-Намрын чуулганаар олон чухал хууль батлах ёстой. Сонгуулийн тухай хуулиа эцэслэн гаргаж чадах болов уу?

-Сонгуулийн хууль дээр хоёр нам тохирсон
болоод орхисон. Гэхдээ уг нь Сонгуулийн хууль бол аминд тулсан асуудал
биш шүү дээ. Энэ хуулиас илүү хотын замын түгжрэлээс эхлээд өдөр бүр
иргэдийг бухимдуулж байгаа зүйлүүд чухал. Ард түмний амьдрал ядуу байна,
баян хоосны ялгаа туйлдаа хүрч. Энэ л санаа зовоосон асуудал шүү дээ.
Намар цаг болж, өвөл хаяанд ирсэн энэ үед утааны асуудал зайлшгүй
хөндөгдөнө. Энэ тухай бид ярих ёстой. Харамсалтай нь эдгээр асуудлыг
ярьж, шийдэж байгаа хүн алга.

Намрын ээлжит чуулган эхлэхэд 2012 оны
төсөв, Засгийн газрын мөрийн хөтөлбөрөөс эхлээд хэлэлцэх ёстой үндсэн
дөрвөн том асуудал бий. Үүнтэй зэрэгцээд Таван толгой, Сонгуулийн хууль
ярина гэвэл тэрэн шиг худал юм байхгүй. Угаасаа амжихгүй. Тэгэхээр одоо
ээлжит бус чуулган зарлаад Таван толгой, Сонгуулийн хуулма шийдчих
хэрэгтэй байхгүй юу.

-Таныхаар бол энэ байдлаараа шийдэх щинжгүй байх?

-Харин тийм ээ. Гэхдээ ирэх сонгуульд
ялалт байгуулах 76 хүнийг аль хэдийнэ сонгочихсон байна лээ. Тэгэхээр
хуулиа шинэчилсний хэрэг байна уу.

-Ямар хүмүүс сонгогдчиховоо?

-Хэвлэл мэдээллийн хэрэгслээр
зарлачихсан байна лээ. Сонгуульд сонгогдох 76 гишүүн энэ гээд биччихсэн
байсан биз дээ. Миний оронд энэ өрөөнд маань хэн орж ирэх юм бол гээд
хүлээгээд сууж байна. Гишүүнийхээ өрөөг нэг мөсөн хүлээлтэж өгчихөөд
явдаг юм бил үү гэж бодож сууна.

-Та Сонгуулийн аль тогтолцоог дэмжиж байгаа бил ээ?

-Уг нь Монгол Улс нэг тойрог болоод
пропорциональ тогтолцоогоор сонгууль явуулбал зүгээр юм. Эсвэл хоёр
танхимтай парламенттай болох нь зөв. Гэхдээ одоогийн явж байгаа
хувилбараас 52:26-г нь дэмжиж байна.

-Ер нь явж явж Сонгуулийн хууль мажоритар тогтолцоон дээрээ тогтох юм биш үү?

-Ер нь сонгуулийг дүрмээр нь хатуу
хяналтан дор явуулбал элдэв будлиан гарахгүй шүү дээ. Тэгэхээр заавал
Сонгуулийн хуулийг өөрчлөх гээд байсны хэрэггүй гэсэн үг. Үнэхээр
Сонгуулийн хуулийг өөрчлөх гээд байгаа юм бол Үндсэн хуулиа өөрчлөөд,
ард иргэдийн дунд санал асуулга явуулах хэрэгтэй. За тэгээд бидэн шиг
жирийн гишүүд энэ талаар мянга яриад нэмэр алга. Шийдвэр гаргах түвшний
дарга нар Сонгуулийн хуулиа энэ ондоо багтаагаад гаргахын төлөө ажиллана
биз.

-Таван толгойн гэрээний талаар юу гэж бодож байна?

-Одоо Засгийн газраас ямар гэрээ орж
ирэхийг нь харж байна. Энэ гэрээ УИХ-аас баталсан 39-р тогтоолыг
биелүүлсэн байна уу, ард түмэнд ашигтай байж чадаж байна уу гэдгийг нь
харна даа.

-Та одоо ямар хуулийн төсөл дээр ажиллаж байна вэ?

-Эрүүгийн хуульдаа олон нийтийн санал
асуулгыг судалсны үндсэн дээр ганц нэг засвар оруулсан. Одоо нэгдсэн
чуулганаар оруулж санал хураалгана. Замбараагаа алдсан шагналыг
зохицуулах Шагналын тухай хууль санаачилсан. Үүнийгээ хэлэлцүүлнэ. Өөр
жижиг хуулиуд бий. Гишүүнчлэлийн тухай хуулийг З.Алтай гишүүн бид хоёр
санаачлаад явж байна.

Я.Мөнгөнцэцэг

Categories
редакцийн-нийтлэл

Төв аймгийн сумдад ямар улс төр яваад байна вэ?

ЦЭЭЛИЙНХЭН Н.ЭНХБАЯР ДАРГАА ХҮЛЭЭЖ СУУНА

Сонгууль хаяанд ирж улс төрийн
хүрээнийхнийг хөдөлгөөнд оруулаад эхэлж байх шиг байна. Нэг гэр бүлийн
хоёр хүртэл хоёр өөр өөр нам болчхоод талцдаг, найз нөхөд, ажил
төрлөөрөө намд хуваагдан нэгийгээ үзэцгээдэг сумынхны улс төрийн үйл
ажиллагаа хүчээ аваад эхэлчихсэн бололтой.

МАХН-ынхан дарга, цэрэггүй хөдөө орон
нутгаар бадар барьж яваа гэнэ. Намын дарга Н.Энхбаяр Ерөнхий нарийн
бичгийн дарга Н.Удвалыг, телевизийнхээ хамт дагуулан өнөөдөр Төв аймгийн
Цээл суманд очно гэсэн зар тараажээ. Уг нь тэд өнгөрсөн баасан гаригт
очих байсан ч хойшилсон юм байна. Цээл суманд өнөөдөр Уяачдын холбооноос
нэгэн өдөрлөг зохион байгуулах юм байна. Уг арга хэмжээнд тус сумын
иргэд, хөдөлмөрчид, хөдөөгийн хоёр багийн малчид оролцохоор болжээ.
Сумын төвд нутгийн иргэд олноор цугларч байгаа энэхүү завшааныг
МАХН-ынхан ашиглаж, иргэдтэй уулзалт хийгээд авахаар төлөвлөсөн
бололтой.

Одоогийн байдлаар Цээл суманд МАХН-д
албан ёсоор элссэн 100 хүн бий гэнэ. Намын анхан шатны байгууллагаа
аравт, зуутын зохион байгуулалтад оруулна гэж МАХН дүрэмдээ заасан.
Тэгэхээр тэдний зуутын болзлыг хангаж байгаа анхны сум нь Төв аймгийн
Цээл болж байгаа юм байна.Тиймээс МАХН-ын дарга Н.Энхбаяр Цээл сумыг
онцгойлон авч үзэж өөрийн биеэр очиж ард иргэдтэй уулзаж байгаа нь энэ
аж. Өдөрлөгийн үеэр элсээд байгаа 100 хүнээс гадна шинэ гишүүд элсүүлэх
зорилго өвөртлөн яваа нь тодорхой биз ээ. Н.Энхбаяр болсон хойно нэлээд
хүнд намынхаа батлахыг бэлэглээд ирэхээ мэдэх байлгүй. Цээлийнхэн ч
намын дарга, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярыг хэлсэн ёсоороо ирэх, үгүйг
тэсэн ядан хүлээж, ирэх замынх нь зүг рүү нүдээ чилтэл харж суугаа
бололтой.

БАТСҮМБЭРИЙН АН-ЫНХНЫГ МАН-ЫН ГИШҮҮН САНДАРГАЖ БАЙНА

Цээл сумынхан бараг тэр чигээрээ МАХН-ын
гишүүн болж буй мэдээ байхад Батсүмбэр суманд АН-ын даргаар МАН-ын
нөхөр сонгогдох гээд бажгадуулж байгаа сурагтай.

Өнгөрсөн наймдугаар сарын 3-нд тус сумын
АН-ын намын хороо хуралджээ. Энэ хуралд хуучин МАХН-ын гишүүн
Ц.Цоггэрэл ирж суугаад хамтарч ажиллах санал тавьжээ. Түүний саналыг Төв
аймгийн АН-ын намын хорооны дарга Д.Доржпүрэв дэмжсэн байна. Гэтэл уг
хурлын дараа Ц.Цоггэрэл Батсүмбэр сумын АН-ын дарга болохоор үхэн хатан
зүтгэж эхэлжээ. Түүний энэ үйлдлээс болж Батсүмбэр сумын Ардчилсан нам
хоёр хуваагдаад байгаа юм байна. Тиймээс тус сумын АН-ын гишүүд аймгийн
намын хорооны дарга Д.Доржпүрэвт гомдол гаргасан байх юм. Гомдол нэхсэн
энэхүү бичигт өгүүлснээр бол Ц.Цоггэрэл нь Ху намд 20 жил зүтгэж,
одоогийн парламентад сонгогдсон МАН-ын гишүүд болох М.Энхболд,
Н.Энхболд, Д.Дондог, Су.Батболд нарыг сонгуулиар сурталчлах ажилд
оролцож явсан, тэднийг тууштай дэмжигч гэнэ. МАХН-д үнэнч зүтгэснийхээ
хариуд эхнэр хүүхдээ гадаад, дотоодод амрааж чадсан зайтай эр аж.
Дээрээс нь суманд ирсэн зээлийг намын нэрээр авчихдаг зальтай нөхөр
гэнэ. Батсүмбэр сумын ядуурлыг бууруулах төслийн зээлийн ихэнхийг зөвхөн
Ц.Цоггэрэл аваад одоо болтол төлж барагдуулаагүй юм байна. Үүгээр
зогсохгүй Төв аймгийн сум хөгжүүлэх сангаас олгосон 50 сая төгрөгийг
хувьдаа зээлж авчхаад эргүүлж төлөөгүй аж.

Ардчилсан намын дүрэм, журмыг судалж
мэдээгүй, намын гишүүн биш хүнээр даргаа сонгохгүй хэмээн гомдол
гаргасан гишүүд хэлжээ. Ц.Цоггэрэлийн хуурамч занд итгэж, бохир мөнгөөр
нь гишүүдийнхээ толгойг угаалгахгүйн төлөө тэд тууштай тэмцэх гэнэ. Төв
аймгийн Батсүмбэр суманд нэг ийм улс төр өрнөөд эхэлжээ. АН, МАН хоёр
дээгүүрээ үгсэн, хамтарсан Засгийн газар байгуулж, нэг хөнжилд орсон нь
үнэн. Гэхдээ МАН-ын гишүүн С.Баяр АН-ын дарга болохдоо тултал найрлаагүй
санагдана. Харин хөдөөгийн сумдад АН, МАН нэг нь нөгөөгийнхөө намын
дарга болтлоо эвсэж, найрамдсаны жишээ энэ. Төв аймгийн АН-ын дарга
МАН-ын нөхрийг нэг сумынхаа АН-ын даргаар тавихаар найр тавин суугаа даг
шүү. МАН-ынхан яахав дээ АН-ын анхан шатны байгууллагад өөрийн хүнээ
шургалуулж, АН-ыг идэж эхлэх төлөвлөгөөгөө хэрэгжүүлж байгаа нь тэр биз.

Я.Мөнгөн

Categories
редакцийн-нийтлэл

Америкт амардаг Ерөнхий сайд хэзээ ирэх вэ?

Ерөнхий сайд С.Бат­болд АНУ-д дөрөв,
тав хонож байгаа гэнэ. Чухам ямар ажлаар явж байгааг нь түүний тойрон хүрээ­лэгчид
тас нууж байна.

Төр, улсынхаа “эцэг” нь байх хариуцлагатай
үүрэг хүлээсэн төрийн өндөрлөгүүдийн гадаад, дотоод томилолтуудыг ард түмэн мэдэж
байх учиртай. Гэвч гүйцэтгэх засаглалыг толгойлж яваа эрхэм С.Батболд хаана, юу
хийж явааг ард түмэн битгий хэл УИХ-ын гишүүд ч мэдэхгүй байна.  Тиймээс хаашаа ямар зорилгоор явах гэж бай­гаа­гаа
хэзээ ч мэдэгдэх­гүй, сэмхэн алга бол­чих­дог Ерөнхий сайдыг шүүмж­лэх гишүүн олон
бий.

Албан эх сурвалжийн мэдээллээр бол Ерөнхий сайд С.Батболд АНУ-ыг хувийн ажлаар зорьжээ.
Гэхдээ гэр бүлийнхнийгээ дагуулаагүй цөөн хэдэн зөвлөхтэйгээ хамт очсон гэнэ. Төрийн айлчлал бишээс хойш уг нь
хувийн ажил хөөцөлдөх  хүнд зөвлөхийн
хэрэг байхгүй баймаар. Америкчуудтай
Оюу толгой, Таван тол­гойтой дүйцэхүйц өөрт ашигтай ямар нэгэн гэрээ байгуулах лоббигоо хий­хээр
зөвлөхөө дагуулав уу гэсэн хар төрөөд
бай­на. Ямартаа ч Ерөнхий
сайд төсвийн мөнгөөр туйлж яваа бололтой. Тэрээр өчигдөр эх орон­доо очно гэж наашаа хэл дуулгасан байна.
Гэвч нислэгийн хуваарь нь хэзээ гэдгээс түүний
ирэх хугацаа хамаарах тухай ойрын эх сурвалж нь хэл­сэн юм.

Өөр эх сурвалжийн хэлснээр Засгийн
газрын тэргүүн АНУ-д сургах хүүх­дийнхээ сургуулийн асуудлыг хөөцөлдөж бай­гаа юм
байна. Тэгэ­хээр Ерөнхий сайд АНУ-д амарч, амин хувийн ажлаа амжуулж байгаа нь үнэн
аж.

Социализмын үед ма­най дарга нар Хар
да­лайд амарч алжаалаа тайлдаг. Хариуд нь оро­суудын далласан газар нь ил гарч,
далайсан газар нь далд ордог бай­сан гэх юм билээ. Хар далайд тухлуулж, зугаа­цуулсных
нь  төлөө орос ах нарын үгнээс гаралгүй, ядарсан
ард түмнээ хэл­мэгдүүлэн, ёс бусаар аашилдаг байсан гашуун түүх бий.

Харин тэдний ший­рийг хатаах хүн нь
энэ цагийн Ерөнхий сайд С.Батболд болж таарав уу. Сиймхий гарвал га­даа­дад сэм
явчих гээд байдаг нөхөр юм. Мон­голд амрах газар мундсан биш заавал АНУ-д очиж алжаалаа
тайлдаг нь цаа­наа нэг учиртай биз ээ.

Намар цаг хаяанд ирж, юу юугүй өвлийн
дүн хүйтэн тачигнана. Улс түмэнд өвлийн бэлтгэлээ базаахаас эхлээд хийж, амжуулах
ажил их, санаа зовох зүйл олон байна. Ийм үед Засгийн газрын тэргүүнд амарч суух
зав байна гэж үү. Энэ улс орны хамаг ажлыг нугал­даг Засгийн газрыг тэр­гүүлж байгаа
хүн биеийн амар хараад, өртөг ихтэй гадны улсад тансаглаж суудаг цаг мөн үү. Сур­гууль
соёлынхон цуглаад, улс даяар уламжлалт их ажил өрнөх гэж байхад Ерөнхий сайд С.Батболд
АНУ-д юу хийгээд сураг алдарчихав аа. 

Ерөнхий сайд С.Бат­болд энэ зун аймгуудын
ойн баяр хэсэхээс өөр ажил хийсэнгүй. Очсон баяр бүртээ малилзтал инээж, өөрөөсөө
өгч бай­гаа мэт бөөн одон медаль гардуулав. Ээжийнхээ төрсөн нутаг Дундговьд
100 км засмал зам тавьж өгнө гээд ойгоор амлаж зогсоно. Төрийн хүн ин­гэж дураараа
авирлан, төсвийн мөнгийг зарцуу­лах эрхгүй санагдана.

Танхимын тэргүүн нь баяр наадам хөөцөлдөж
гүйгээд завгүй, сайд нар нь дагаж гэгэлзээд горьгүй тул энэ зун Зас­гийн газрын
хурал гур­вантаа тасалдлаа.  Ийм байхад Монгол
Улс яаж өвөлд өнтэй орж, хөгжил нь өөдөө явах билээ.

Найр наадам хэсч дуус­сан бол уг нь
Ерөн­хий сайд ажилдаа шуур­хайлан орох ёстой бай­лаа. Улс орны зуун зад­гай ажлуудыг
эмхэлж суух хэрэгтэй байв. Харам­салтай нь тэгсэнгүй, найр наадмынхаа ядаргааг тайлахаар
АНУ-ыг зорьсон байна. 

Уг нь монголчууд бид  уудам тал нутгийнхаа сэргэлэн агаарт гараад, уужим
амьсгаа авахад л дэлхийн ямар ч тансаг оронд очсоноос илүү амарч, алжаалаа тайлж
чаддаг. Харин Ерөнхий сайдад бол Монголынх нь салхи гэхээсээ Амери­кийн уур амьсгал
уужуу амьсгаа авах боломж ол­годог бололтой. Монгол Улс байн байн АНУ руу “гүйдэг”  Ерөнхий сайдтай болжээ.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Д.Зоригт сайдыг дахин авч үлдэхээр боллоо

МАН-ын Удирдах зөв­лөл Д.Зоригт
сайдыг 100 хувь хамгаална гэсэн шийд­­вэр гаргасны дараа УИХ дахь хоёр намын бү­лэг
хуралдсан юм. Ар­дын намын бүлэг үдээс хойш 17.00 цагийн үед хурлаа дуусгахад
зөрөөд АН-ын бүлэг орлоо. Тэд оройн 19.00 цаг хүртэл хуралд­сан. Энэ өдөр
МАН-ын бүлгийн хуралд цөөн хүн сууж асуудлыг хэлэл­цэхэд нэг их хугацаа зар­сангүй,
Д.Зоригт сай­дыг огцруу­лах­гүй гэж үз­жээ. Тэртэй тэргүй Удир­дах зөвлөл нь
Д.Зоригтыг хам­гаална гэ­сэн боло­хоор бүлэг уг шийдвэрийг нь үг дуугүй дагасан
бо­лолтой. Тэгээд ч бүлгийн гишүүдэд Удир­дах зөв­лө­лөөс асууд­лыг сунж­руу­лахгүй
хурдан хэ­лэл­цэж, Д.Зориг­тыг авч үл­дэнэ гэсэн чиг өгсөн бай­жээ. Нэг сайдын
асуудал ярихаар дор хаяж 14 хо­ног, цаашлаад 21 хоно­гийн ажил болно. Богино
хугацаа үлдсэн үед ийм зүйл дээр цаг алдах ёсгүй гэж тус на­мынхан үзжээ.

Түүнчлэн
МАН-ын Удир­­дах зөвлөлийн за­рим гишүүн Эрдэс бая­лаг, эрчим хүчний сайдыг огц­руулах санал өргөн барь­сан АН-ын бүлгийн
гурван гишүүний нэгтэй
уулзаж “Та нар Засгийн газрын ганц сайдыг огц­руулах асуудал ярьж бай­гаад
яваан­­даа Хамтар­сан Зас­гийн газраас на­маа салгах юм биш биз дээ. Сонгууль дөхөж бай­гаа үед
та нар биднээс сал­чихвал манай нам алуул­на шүү
дээ” хэ­мээн хэлсэн удаа ч бий гэнэ. Ардын намын бүлэг ганц сайдыг огцруулах нь хам­тарсан Засгийн
газ­рын байр суурь ганхахад хүр­гэ­нэ
гэж эмээж байгаа уч­раас яаж ч байсан хоёр намын бүлэг, намын дар­га нар Д.Зоригт сайдыг хамгаалж
авч үл­дэ­хээр болсон
бололтой. МАН-ын бүлэг
Оюу тол­гой, Та­ван толгой гэх мэт­чи­лэн бүтээн
бай­гуу­лал­тын асууд­­­лаар бүлгийн
дүг­нэлт гаргахаар
тогтоол үйлдсэн  байна.

ТӨР БАРИЛЦАХ АЛТАН БОЛОМЖОО АЛДМААРГҮЙ
БАЙГААГАА
АН-ЫНХАН ИЛЭРХИЙЛЖЭЭ

Харин АН-ын бүлгийн хуралд 20
гишүүн сууж Эрдэс баялаг, эрчим хүч­ний сайд Д.Зоригтыг огцруулахгүй гэж үзжээ.
Д.Зоригт сайдыг огцруу­лах саналыг анх гаргасан тус бүлгийн гурван ги­шүүн
Д.Зоригт сайдыг хамгаалсан гишүүдтэй нэлээд ширүүхэн марга­сан бололтой, хурал
сун­жирч нэлээд удсан юм.  Эцэст нь санал
хураахад З.Энхболд, С.Эрдэнэ, Г.Баярсайхан, Д.Ганхуяг, Д.Одхүү, Н.Батбаяр,
Лу.Ган­төмөр, Р.Амар­жар­гал нарын 
найман ги­шүүн Д.Зоригт сайдыг огцруулъя гэсэн санал өгчээ. Үлдсэн
Ц.Баяр­сай­хан, Я.Батсуурь, С.Лам­баа, Д.Зоригт, Л.Ган­сүх, Л.Болд, Г.Батхүү,
С.Баяр­цогт, П.Ал­тангэ­рэл, Ч.Сай­­ханбилэг, Д.Кёкүш­юү­зан Батбаяр, Н.Ал­танхуяг
нарын арван хоёр гишүүн түүнийг авч үл­дэхээр болсон байна. Хам­тар­сан Засгийн
га­зарт орж ажиллаж, төр барил­цах болсон болом­жоо алд­маар­гүй, “алтан
өндгөө” хагалмааргүй байна гэд­гээ тэд илэр­хийлсэн гэнэ. Бүлгийн хурлын дараа
Эдийн зас­гийн байнгын хороогоор уг асуудлыг оруулж, УИХ-ын чуулганаар
хэлэлцэнэ гэсэн төлөвлөгөөтэй бай­сан юм. Гэвч цаг орой болж тус байнгын хороо­ны
гишүүдийн ирц бүр­дэхгүй учир хурлыг хойш­луулав.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Д.Сүхбаатар: АТГ-ыг татан буулгах, эсвэл даргыг нь яаралтай томилох хоёр зам байна

АТГ-ын Олон ний­тийн зөвлөлийн дарга Д.Сүхбаатартай
ярилцлаа.

-АТГ-ын дарга нар хоригдож байгаа.
Олон нийтийн зөвлөл юу гэж үзэж байгаа вэ?

-АТГ-ын удирдлагууд шүүхийн шийдвэрийн
дагуу хоригдсон. Энэ бол хууль ёсных. Шүүх хараат бус шийдвэрээ гаргасан гэж үзэж
байгаа. Үүнээс хойш өнөөдрийг хүртэл энэ байгууллага эзэнгүй байна. АТГ-ын дарга
нар байхгүй ч гэлээ Авлигын эсрэг хуулийн 22.2 дугаар заалт хүчин төгөлдөр үйл­чилж
байх ёстой.

-Ямар заалт юм?

-АТГ-ын дарга, дэд дарга нь гэмт хэрэг
үйлд­сэн нь нотлогдож шүү­хийн шийтгэх тогтоол хү­чин төгөлдөр болсон бол тэр өдрөөс
нь албан ту­шаалаас нь огцорсонд тооцно гэсэн байна. Тийм учраас шүүхийн шийд­вэ­рийг
хүндэтгэн үзэж, Ав­ли­гын эсрэг хуулийн да­гуу АТГ-ын удирд­ла­гуу­дыг огцорсонд
тооцно. Гэтэл АТГ-ын дарга, дэд дарга нар үүрэгт ажил­даа хэвээрээ, ажлаа “Ганц
худаг”-аас удирдаж байна гэх мэт мэдээлэл тарааж орных нь даргыг томилохгүй байна.
Жи­рийн иргэн ял авсан бол шүүхийн шийдвэрийн да­гуу хэл амгүй хоригдоод явж байгаа.
Жирийн ал­бан тушаалтан буруутай нь нотлогдсон бол аль хэдийнэ ажлаасаа ха­лагд­чихна.
Өндөр албан тушаалтанд хууль өөрөөр үйлчилж болох­гүй шүү дээ. Тэд нэгэнт буруутай
нь нотлогдоод хоригдож байгаа. Хууль хэнд ч алагчлалгүй үйлч­лэх ёстой. Ийм тохиол­долд
АТГ-ыг татан буулгах асуудал хөндөгдөх ёстой.

-Авлигатай тэмцэх газаргүй болно
гэж үү?

-Татан буулгах тухай хуульд заасан  байгаа. Авлигын эсрэг хуулийн 15.3-т АТГ-ын бүтэц,
зо­хион байгуулалтыг өөрч­лөх асуудлыг хөндөхдөө Үндэсний аюулгүй байд­лын зөвлөлийн
зөвлөм­жийг үндэслэн АТГ-ыг татан буулгахыг УИХ шийд­вэрлэнэ гэсэн бай­гаа. Энэ
байгууллагыг эх­лээд татан буулгачихаад, Авлигын эсрэг хуулиа өөр­чилж, дараа нь
ши­нээр байгуулах асуудал яригдана гэсэн үг.

-Шинээр АТГ бай­гуу­лахаар бөөн
ажил юм биш үү. Тэр хооронд ав­лига газар авч дийл­дэхээ болино биз…

-Энэ асуудлыг бид ҮАБЗ-д бичгээр явуул­чихсан
байгаа. Одоогоор хариу ирээгүй байна. АТГ-ыг татан буулгаснаар энэ чиглэлийн үйл
ажил­лагаа зогсохгүй. Ийм чиг үүргийг биелүүлж байгаа тагнуул, цагдаа, эдийн засгийн
мөрдөн байцаах газар гээд тусгай бай­гууллагууд бий шүү дээ. Тэгэхээр хүссэн хүсээгүй
АТГ-ыг татан буулгах, эс­вэл даргыг нь яаралтай томилж эзэнтэй болгох хоёр зам байна.

-Ер нь АТГ-ын да­раа­гийн даргыг
томи­лох­гүй, энэ байгууллагыг эзэнгүй байлгаад бай­гаа нь ямар учиртай юм бэ?

-АТГ эзэнгүй байгаа нь үнэхээр ноцтой
хэрэг. АТГ-ыг удаан хугацаанд эзэнгүй байлгах нь цаа­наа улс төрийн ашиг со­нирхол
агуулж байна. Манай улс НҮБ-ын өмнө үүрэг хүлээж Авлигын эсрэг конвенцид нэгдэн
орсон. Уул уурхайгаа ашиглаад эхэлсэн энэ үед баялаг дагасан авлига, албан тушаалын
гэмт хэргийг таслан зог­соох нэр хүндтэй үүрэг биелүүлэх ёстой. Гэтэл энэ байгууллага
эзэнгүй болсноор үүргээ бие­лүүлж чадахгүйд хүрч бай­на. Дээрээс нь АТГ-ын одоогийн
нөхцөл бай­далд УИХ-ын дарга бу­руутай.

-Яагаад?

-АТГ-ын дарга нар хо­ригдсон учраас  тэднийг тус байгууллагын Тамгын газрын дарга Бадарч
орлох үүргийг УИХ-ын дарга өгсөн. Энэ бол түү­ний эрхийн хүрээнд ший­дэх асуудал
биш. Тийм учраас энэ үйлдлийг  хууль бус гэж
үзэж бай­гаа. Хэрэв энэ хугацаанд АТГ-т  олон
асуудал ноц­той зөрчигдвөл хэн ха­риуцлага хүлээх юм. УИХ-ын дарга уу эсвэл Бадарч
уу. Тэгээд ч Бадарч нь АТГ-ыг удирдах ёс зүйн эрхгүй. АТГ-ын дарга Ч.Сан­гарагчаа,
дэд дарга нартай хамт шалгагдаж явсан хүн гэдэг утгаараа шүү дээ.

-АТГ-ын дарга нарыг огцруулах асуудал
УИХ-аар шийдэгдээгүй гэдэг үүднээс томилгоо хийхгүй байгаа юм бо­лов уу?

-УИХ хараат бус шүү­хийн өмнө хөндлөн
хэвт­чихээд байна. Тэгээд ч өмнө нь Ерөнхий проку­ро­рын зүгээс АТГ-ын удирд­лагуудын
бүрэн эр­хийн асуудлыг УИХ-аар оруулсан. Гэвч тухайн үед Хууль зүйн байнгын хороо
саналыг хүлээж аваагүй. “Бүрэн эрхийг нь түдгэлзүүлэлгүйгээр тэд­нийг шалгах эрх
олголоо” гэсэн шүү дээ. Тэр дагуу нь АТГ-ын дарга нарыг шалгаад, буруутайг нь тогтоогоод
зохих ёстой арга хэмжээг нь авлаа. Өөр яах юм. Тэгэхээр энэ УИХ-ын гишүүд, байнгын
хорооны шийддэг асуу­дал биш юм аа.

-АТГ эзэнгүйгээс болж хичнээн хэрэг
ший­дэгдэлгүй гацаж бай­гаа бол. Та нарт су­далгаа байгаа юу?

-АТГ эзэнтэй байсан бол ямар ч байсан
одоо­гийнхоосоо үр дүнтэй ажиллана. Монгол Ул­сын төрд хууль үйлчилдэг бол УИХ энэ
байгуул­ла­гын удирдлагыг томи­ло­ход онцгой анхаарах хэ­рэгтэй. Ер нь АТГ-ын дарга
нар хуулийн дагуу шийтгүүлснээс хойш би­дэнтэй албан ёсоор ха­рилцах субьект  энэ бай­гууллагад үгүй болсон. Гэхдээ манай зөвлөлд
жирийн иргэд саналаа их ирүүлж байгаа. Гол нь тус байгууллагын удирд­ла­гыг томилохгүй,
үйл ажил­лагааг нь идэвхжүүлэхгүй байгааг шүүмжилж бай­на. Ард түмний баялгийг хулгайлж,
халаасалж бай­гаа авлигачидтай ха­туу тэмцэх ёстой энэ бай­гууллага эзэнгүй болсонд
иргэд бухимдаж байна. Уул уурхай ашиглалтад ороод түүнийг төрд шур­галсан луйварчид
хувааж халааслах гээд байна шүү дээ. Үүнийг таслан зогсоохын тулд АТГ-ыг яаралтай
эзэнтэй болгох хэрэгтэй.  Гэвч АТГ-ыг эзэнгүй
байлгах сонир­хол авлигачдад байна.

-Та тэр авлигачдыг нэрлээч?

-Бүгд мэднэ шүү дээ. Ард түмнийг ядууруулж
байгаа хүмүүсийг авлига­чид тооцох ёстой. Манай төсвийн мөнгө өмнөхөө бодвол өссөн.
Харам­салтай нь Монголын ард түмэн улам ядуураад бай­гаа нь Монголын төр өөрөө авлигад
идэгд­сэ­нийг гэрчлээд байна шүү дээ.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ