Categories
редакцийн-нийтлэл

З.Энхболд: Би Сонгуулийн ерөнхий хороог АТГ-т өгнө

Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр орой 16.00 цагт хуралдав. Гэвч ирц бүрдэхгүй нэлээд хугацаа авсан юм. Хурлын танхимд З.Энхболд гишүүн хамгийн түрүүнд ирж суун бусдыгаа хүлээж байлаа. Сонгуулийн ерөнхий хо­рооныхон сонгуулийн саналыг автоматаар тоолох машинаа тан­химд байрлуулсан харагдана. Гаднаас нь харвал өдөр тутмын хэрэглээний энгийн принтер байв. Өөрсдийнх нь нэрлэснээр скайнер гэнэ. Туршилтын саналын хуудас авчран тэрхүү машинаараа “канон­дож” үзүүлэх аж.  Сонгогч саналын хуудсаа бөглөнө. Түүнийг нь энэ машинд хийхээр саналын хуудсыг хүчинтэй хүчингүйгээр нь ялгаад гаргах юм гэнэ. Тэгэхээр нь хүчин­тэй хуудсыг нь гараар тоолох юм байх. Сонгуулийн ерөнхий хороо­ны яриад байсан сонгогчийн сана­лыг автоматаар тоолох ажил нь энэ гэнэ. Гаднаас орж ирсэн ги­шүүд цувран ирж, принтерийг со­нирхлоо. Батлан хамгаалах яамны сайд Л.Болд ирээд ингэж болохгүй хэмээн баахан ярив.

Сонгуулийн ерөнхий хорооны ажлын албаны дарга түүний хэлс­нийг хүлээн зөвшөөрөхгүй байгаа нь илт. Гараа элгэндээ эвхэн хэг­жүүрхэнэ. Дараа нь Л.Гүндалай гишүүн ирэн “Автоматжуулах ма­шин нь энэ үү” хэмээн эргэж, тойрон сонирхоод явлаа. Араас нь Н.Бат­баяр, Д.Энхбат нарын гишүүд цуварч,  санал тоолох принтертэй танилцав. Скайнерийг танил­цуу­ла­хаар ирсэн хүн Д.Энхбат ги­шүүнийг танимхайран сүрхий ярих гэтэл өөдөөс нь “Энэ чинь скайнер л байна шүү дээ. Сонгуульд ямар хамаатай юм” гэхэд өнөө  нөхөр “Саналын хуудсыг өндөр хурдтай тоолдог юм” гэлээ. Тэгэхэд нь Д.Энхбат гишүүн “тэгвэл өндөр хурдтай тоолдог хоёр хүн авчихад л болоо биш үү. Ийм машинаар яадаг юм” хэмээн тэнд байсан хүмүүсийг инээлгээд авлаа. Ингээд гишүүдийн ирц бүрдэж хурал эхлэв.

Сонгуулийн ерөнхий хорооны дарга Н.Лувсанжав сонгуулийн санал тооллогыг автоматжуулах ажлаа танилцуулсан юм. Төрөөс тэдэнд энэ ажилд нь зориулж 24 тэрбум төгрөгийг өгсөн юм. Сон­гуулийн хороо эхлээд хоёр машин сонгосон байж. Нэг нь сонгогчийн бүртгэл хийнэ. Энэ машин нь Солонгосын компанийнх гэнэ. Харин нөгөө нь саналын хуудсыг автоматаар тоолох машин. Тэр нь АНУ-ын “S and S” компанийнх байж. БНСУ-ын компанитай ярьс­наараа гэрээгээ хийчихэж. Харин АНУ-ын компанитай гэрээгээ хийх болтол тохирч чадаагүй учраас больжээ. Учир нь манай тал тэд­нийг техникийнхээ эвдрэлийг хариуц, гүйцэтгэлийн баталгаа гаргаж өгөх нөхцөлийг шаарджээ. Нөгөө тал хүлээн зөвшөөрөөгүй юм байх. Тиймээс оронд нь Со­лонгосын компанийн энэхүү скай­нерийг сонгохоор авсан нь энэ гэдгээ Н.Лувсанжав дарга тайл­бар­лалаа. Үүнээс болж бөөн шуугиан дэгдлээ. Гишүүн бүр ам амандаа шаагиж, байнгын хорооны даргад ч захирагдахаа байв.

Л.Болд сайд  “Өнгөрсөн нэгдүгээр сард төсөв баталж, та нарт 24 тэрбум төгрөг гаргаж өгсөн. Өнөөдөр бүх гүйлгээ хаагдах гэж байна. Монгол Улс сонгуулийг автоматжуулсан системээр явуу­лахыг Сонгуулийн ерөнхий хороо зориуд унагаж байна. Улс төрийн зорилгоор ийм зүйл хийлээ” хэ­мээв. Н.Лувсанжав дарга “Сон­гуу­лийн тухай хууль хэзээ батлагдах нь тодорхойгүй байсан. Чанартай машин авах учраас хамгийн бага үнийн санал ирүүлснээр нь тен­дерт шалгаруулах боломжгүй бай­лаа. Тиймээс санал тоолох ма­шиныг шууд худалдан авах зарч­мыг УИХ-аар зөвшөөрүүлсэн. АНУ-ын компани Монголыг үл тоосон учраас Солонгосыг сонго­сон. Энэ сонголтод мэргэжлийн байгууллагууд оролцсон гэх мэ­тийн шалтгаан тоочив. Хажуугаас нь З.Энхболд гишүүн “Ямар учир­тай компани юм бэ, энэ чинь. Олон улсын ямар нэг сонгуульд ашиг­ласан туршлага байна уу” хэмээн тодрууллаа. Сонгуульд оролцож байсан ямар ч туршлагагүйг Н.Лув­санжав дарга батлав. Харин Со­лонгосын банкууд энэ компанийн машинаар бүртгэлээ явуулдаг гэдгийг дуулгасан юм. Үүнийг сонс­сон З.Энхболд гишүүн “Та нар сонгогчийн саналыг гараар тоолох арга руу түлхлээ”  гэв. Шүүмжлэлүүд ар араасаа хөвөрч, СЕХ-ны даргыг чичилж гарлаа.

Н.Лувсанжав “Ийм машин авбал яах вэ гэж санал болгож байна. Болох, болохгүйг нь та нар шийд. Болохгүй гэвэл больчихно л биз” гэсээр суув. Энэ маргааныг Л.Гүндалай гишүүн хэрүүл болгон хувиргасан юм. Тэрээр “Ийм зүйл УИХ-д оруулна гэж байхгүй шүү. Гэрт тавьдаг принтер аваад ирсэн байна. Бид саналын хуудсанд тэмдэглэгдсэн гурван цэгийг яаж тоолох тухай асуудал ярьж байна. Хэрэв ийм принтер авах байсан юм бол би үнэгүй өгчихье. Надаас хэдийг ч авсан болно” гэж омогдож гарлаа. Хариуд нь Ц.Нямдорж сайд “Заавал Америк, Солонгосын машин ав гэж заагаад байгаа юм уу” гээд хэрүүлд орж ирэхэд Л.Болд сайдын дуу чангарч түүнийг яриулсангүй. Ц.Нямдорж сайд “Болд гуай миний дараа ярьчихгүй юу” хэмээн зандраад “Сонирхлын зөрчил гэдэг чинь энд жинхэнээрээ гарч байна. Америкийн машинаар санал тоолсон чинь олон улсад ямар, ямар будлиан гаргасныг сонинд биччихсэн байна лээ” гээд үгээ дуусгав.

Харин Ч.Сайханбилэг гишүүн “Сонгогч саналын хуудсаа тоолох төхөөрөмж рүү оруулна. Тэр са­налын дүнг машин ой санам­жин­даа санаж байх ёстой гэдгийг бид хуульдаа тусгасан байгаа. Гэтэл энэ авч ирсэн машин үүнээс эсрэ­гээрээ юм байна” гэлээ. Дэргэдээс нь Д.Очирбат гишүүн “Сайханбилэг ээ дуугүй бай” гээд хэлчихэв. Уур нь хүрсэн Ч.Сайханбилэг гишүүн “50 грамм  татчихаад битгий олон юм яриад бай. Би чамаар агсруу­лахгүй шүү” гээд мууг нь дуудав.

Ингээд энд танилцуулахаар авч ирсэн машины санал тоолох үйлд­лийг самбар дээр харууллаа. Д.Энх­бат гишүүн “Цемент зөөдөг машин гээд москвич авчирчихаад байгаагаас ялгарах юм алга. Са­налын хуудсыг гараар тоолох юм байна” гэж ундууцлаа. Гэтэл Н.Лув­санжав дарга “Үнэндээ сонгуулийн хуульд саналын хуудсаа машинд хийнэ гэсэн үгс байхгүй. Саналын хайрцаганд хийнэ гэсэн байгаа шүү дээ” гэж авлаа. З.Энхболд гишүүн “Ингэж хэлээд санал луй­вар­дах гэж байгаа юм байна. Сонгуулийн хууль сонгогч бөглөсөн саналын хуудсаа төхөөрөмжид хийнэ гэж бичсэн байгаа. Хаалтан дотор саналын хайрцаг гэж бичсэн нь үнэн. Гэхдээ энэ нь саналаа биеэр ирж өгөх чадваргүй хүмүү­сийн саналыг зөөврийн хайрцгаар авна гэсэн үг. Гэтэл хуулийг ингэж буруу уншиж байгаа нь долдугаар сарын 1-нийг давтах гэснийх. Эс­вэл СЕХ-ныхон авлига авсан бай­на. Тиймээс би АТГ-т бичиг явуул­на” хэмээв. Тэгэхэд нь Н.Лувсанжав дарга “З.Энхболд гишүүн яагаад заавал АНУ-ын компанийг сонгуу­лах гээд байгаа юм. Ашиг со­нирх­лын зөрчилтэй юм байна” гэдэг хариу барьж суулаа. Үг хэлж, ярь­сан болгонтой зэрэгцэн, хашгичиж байсан Л.Гүндалай гишүүн “Намын даалгавраар явж байгаа новшнууд байна. Авчирсан юмыг нь хар л даа. Луйварчид цугларчихаж” хэ­мээн орилж гарлаа. МАН-ын бүл­гийн дарга Ө.Энхтүвшин “намын даалгавар энэ тэр гээд юу яриад байна аа” гэхэд Л.Гүндалай гишүүн “Сонгуульд хэн нь луйвар хийдэг билээ дээ” гэв. Байнгын хорооны дарга Ж.Сүхбаатар “Гүндалай гишүүнээ гараад жаахан тайвшир­чихаад орж ирдэг юм уу” хэмээн гуйж суулаа. Харин Н.Энхболд гишүүн “СЕХ-ны нөхцөл байдлыг ойлгож байгаа ч оруулж ирсэн энэ машин чинь арай биш ээ” гэв. Э.Бат-Үүл гишүүн ирэх зургаду­гаар сар хүртэл алдаагаа засах хугацаа байна гэдгийг сануулж байлаа. Л.Болд сайд “Н.Лувсанжав Хууль зүйн сайд хийж явсан турш­лагатай хүн байж хариуцлагагүй байна. Сонгуулийн дараа өндөр албан тушаалаар шагнуулаад явж болно. Гэвч ард нь хохирч үлдэх ард түмэн, улс орон яах юм бэ. Сонгуулийн луйвраас болж хувьс­гал гарна шүү дээ. Дахиад дол­ду­гаар сарын нэгэн гарвал яана. Таван хүний амь юу ч биш юм уу. Ямар ч асуудалгүй санал тоолчих ганц машин олоод ирэх хэмжээнд СЕХ-г удирдаж чадсангүй шүү дээ, та. Баяндүүрэн гэж нөхөр намайг Бага хурлын гишүүн байхаас СЕХ-нд ажиллаж байгаа. Үүнээс хойш хичнээн сонгууль будлиантав” хэмээн шүүмжлэв. Тэгэхэд нь З.Энхболд гишүүн “Баяндүүрэн гэдэг нөхөр Лувсанжаваас илүү эрх мэдэлтэй юм билээ. Тиймээс ийм хүмүүстэй сонгуульд орно гэдэгтээ итгэхгүй байна” гэв. Ингээд ги­шүү­дийн олонхийн саналаар СЕХ-г санал хураах өөр машин олохыг үүрэг болгосон юм.   

Дараа нь Нийтээр тэмдэглэх баяр ёслолын тухай хуульд өөрч­лөлт оруулах тухай хуулийн төс­лийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Ингээд арванхоёрдугаар са­рын 29-нийг нийтийн амралтын өдөр болгохыг дэмжив. Харин энэ өдөр болох бөхийн барилдаанд барилдах бөхчүүдэд цол олгохыг гишүүдийн олонхи хүлээж ав­сан­гүй.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Ч.Сайханбилэг: АН 22 настай ч 90-тэй намаасаа хамаагүй илүү туршлагатай болчихсон байхгүй юу

УИХын гишүүн, АНын бүлгийн дарга Ч.Сай­ханбилэгтэй ярилцлаа.

Бүтэн гурван жил ярьсны эцэст Сонгуу­лийн хуулиа баталлаа. Үнэхээр санаанд нийц­сэн хууль гаргаж чад­сан гэж бодож байгаа юу?

-Сонгуулийн хууль бат­лагдсаны дараа хэв­лэл мэдээллийнхэн асуу­сан л даа. Тэгэхэд би хоёрдмол сэтгэгдэлтэй байгаагаа хэлсэн. 2008 оны сонгуулийн дараа эмх замбараагүй байдал үүсч, эрдэнэт хүний амь эрсэдсэн тэр хэцүү үед хоёр нам хамтарсан Зас­гийн газар байгуулсан. Ингээд Сонгуулийнхаа хуулийг өөрчлөх хэрэгтэй. Энэ хэвээрээ байж бо­лох­гүй гэж үзээд гэрээн­дээ тусгасан байдаг. Ямар ч байсан санал хураах, тоолохтой хол­боо­той процессыг луй­вар, будилаангүй болгох ёстой юм байна гэсэн дохиог долдугаар сарын 1-ний өдөр болсон үйл явдал өгсөн. Парламент эмхлэгдсэний дараа Сон­гуулийн хуулиа өөрчлөх асуудал орж ирсэн. Энэ цагаас хойш бүтэн гурван жилийн турш зарчмын зөрүүтэй 300 гаруй санал хураалгасан. Үүний талаас илүү буюу бараг 160 гаруй саналыг АН-ын бүлгээс гаргасан байгаа. Тэгээд ямар ч байсан энэ хууль сонгуулийн луйвар булхайг багасгаж байгаа­гаараа өмнөх хуулиасаа хамаагүй дээрдсэн. Үүнд сэтгэл өндөр байна.

Гэвч АН-ын бүлэг анх­наасаа пропорциональ тогтолцоог сонгоё гэсэн байр суурьтай байсан. Бид өнөөдрийг хүртэл мажоритар тогтолцооны сайн, мууг үзэж ирлээ. Одоо пропорциональ тогтолцоог туршаад үзэх хэрэгтэй гэсэн хүсэлтэй байлаа. 100 хувь биш юм аа гэхэд пропорциональ давамгайлсан тогтолцоо­той сонгууль явуулъя гэдэг саналтай байсан даа. Харамсалтай нь санас­наар болсонгүй гэ­дэгт сэтгэл дундуур бай­гаа. Мэдээж АН парла­мен­тад 27 суудалтай уч­раас өөрсдийн саналаа 100 хувь дэмжүүлнэ гэдэг хэцүү. Гэсэн хэдий ч зөв­шилцөх замаар явсаар өнөөдрийн энэ хувилбар дээр тогтсоноо чамлахгүй байна. Ямар ч байсан нэг дэвшил боллоо гэж ол­зуур­хаж байгаа. Чамла­хаар чанга атга гэдэг дээ. Пропорциональ тогтол­цооны эхний хэлбэрүү­дээ гаргачихлаа. Дараа­гийн удаа агуулгаар нь өөрчлөх тэр алхмыг хийчихэв үү гэж бодож байна.

Ямартаа ч Сонгуу­лийн хуулиа өөрчилнө гэж амласан хамтарсан Засгийн газрын гэрээ­гээ зөрчсөнгүй гэж үзэж байна уу?

-Үндсэндээ
хоёр нам хамтарч хийе гэсэн нэг зүйлээ
шийдэж чадлаа. Сонгогчийн үнэмлэх
гэж байхгүй учраас сонгог­чийн
үнэмлэх давхар тараагдах асуудал
нэг мөр үгүй болж байна. Ингэснээр нэг сонгогч нэг санал гэсэн
зарчим биеллээ олно гэсэн үг.

Хэсгийн хороо зөвхөн санал авах байр болон ху­вирснаар сонгогчдын нэрийг хасах гэх мэтийн элдэв булхай луйвар га­рах үүд хаалга хаагд­лаа. Гадаадад байгаа мон­голчууд анх удаа сон­гуульд оролцоно. Сон­гууль луйвардахаар завд­­сан этгээдэд эрүү­гийн ха­риуцлага ногдуу­лахаар бол­лоо. Хэвлэл мэдээллийн байгууллага, сонгуульд орол­цож бай­гаа субьектүүд ч хариуц­лагатай байхыг хуулиар нарийн заагаад өгчих­лөө. Ингээд яриад байвал чансаатай өөрчлөл­түүд орсон. Шинэчлэн най­руулж баталсан Сон­гуу­лийн хуулийг чанартай гэж хэлнэ.

Өнгөрсөн хуга­цаанд хоёр намын бү­лэг зөв­шилцөж байна гээд хуу­лийг олон удаа гацаагаад авсан даа. Энэ янзаараа шинэ хууль гарахгүй нь гэсэн ойлголтыг төрүүлж бай­лаа

-Энэ жилүүдэд сөрөг хүчингүй парламентын ту­хай шүүмжлэл их өрнө­лөө. Нэг хууль гаргах гэж бид гурван жил хагасын хугацаа зарцууллаа. Тэгэ­хэд үнэ­хээр хамтарсны давуу тал ч гардаг юм байна. Сөрөг хүчин байх ёстойн учрыг ч ойлгосон. Гэхдээ үүний аль аль нь зэрэг оршсон учраас бид хуулийг удаан гацаасан даа.

Мэдээж зөвшилцөж бай­на гээд нэг юм уу хоёр хүн ойлголцоод шийдчих асуу­дал биш учраас тө­вөгтэй байсан. Тиймээс дан ганц нэг тал нь өөр­төө сэтгэл ханамжтай шийд­вэр гар­гуул­на гэж бай­даггүй юм билээ. Үнэн­дээ хууль га­цаалаа гэж ги­шүү­дийг буруутгах бас аргагүй юм. Пар­ла­ментад дөрвөн жил суу­чихаад эцэст нь Сон­гуу­лийн хууль батлагдах бо­ло­хоор хүнийхээ хувьд “Энэ хууль батлагдвал би гарах нь уу, үгүй юу” гэдгээ харж, асуудалд хандана. Ийм ийм шалтгаанаар хэд хэдэн удаа гацаанд орж байлаа. Ер нь 2012 оны сонгуулиар гарах дараагийн парламент Сон­­гуулийн хуулиа өөр­чилье гэвэл ажлаа эхэл­сэн эхний жилдээ баг­таах хэрэгтэй юм байна гэдэг сургамжийг эн­дээс аваасай.

Тойргоос сон­гогч­дын 28 хувийн санал авч унасан тохиолдолд намын жаг­саалт руу шил­жинэ гэж байгаа. Ер нь энэ шилжилт тойрогт нэр дэв­шигчдэд давуу эрх олгоод байна уу даа?

-26 тойрогт 48 хүн нэр дэвшиж өрсөлдөнө. Ин­гээд сонгогчдоос авсан сана­лаараа эрэм­бэ­лэг­дэнэ. Олон­хийн санал авсан нь УИХ-ын гишүүн болох бо­ломжтой. Үлд­сэн нь буюу 28 хувийн санал авсан нэр дэв­шигч­дийг унасан эсвэл хаал­­гаар өшиглүүлж га­раад тоо­ноор буцаад ороод ирэх хү­мүүс гэх мэтээр нэрлээд байна л даа. Уг нь тэднийг ингэж хар­маар­гүй байгаа юм. Тэд бол олонхийн са­на­лаар парламентад сонгогд­сон нэр дэвшигчдийн араас саналын хувиараа эрэм­бэ­лэгдсэн хүмүүс. Манай нам бол нэ­гэнт ард түм­нээс санал авсан энэ хүмүүсийг эрэмбээр нь намын жаг­саалт руу оруулъя гэсэн. Аль ч газ­рын про­пор­цио­наль тог­толцооны сон­гууль ийм маягаар явдаг. Гэтэл хэ­ний­гээ намын жаг­саал­тад оруулахаа нам нь мэддэг байя гэж Ардын нам санал болгосон. Хэ­рэв тэгвэл олон түмний өмнүүр орж улс төрийн нам сонголт хийх болчих­но гэж манай нам үзсэн. Үүнээс болж нэлээд цаг барсан даа. Хуучин ма­жоритар тогтолцоогоор сон­гууль явуулж, хамгийн олон санал авсан нэр дэвшигч “алтан медаль” хүртэж пар­ламентад сууд­гийг харсаар бай­гаад сурчихаж. Тэгтэл олимпийн наадмаар та­мирч­дад зөвхөн алтан медаль өгдөггүй биз дээ. Мөнгө, хүрэл медальт­нууд тодор­дог. Үүн шиг сонгуульд мөнгө, хүрэл медаль авсан нэр дэв­шигчдийг парла­ментад оруулъя гэсэн нь энэ. Асуудлыг энэ талаас нь хараасай гэж хүсч байна.

Одоогийн парла­мен­­тад суугаа 76 хүн эргээд сонгогдохнү­хээмал­таж, өөрс­дө­дөө зориул­сан хууль гаргалаа ч гэх шүүмж­лэл бий?

-Хүн төрөлхтний түү­хэнд ийм тогтолцоо гар­сан гэж сонсоогүй. Тийм ид шидийн томъёолол байдаг бол бүх улс орны эрх бариг­чид хэрэглэж байх байлгүй. Үнэндээ хуулиар олгогдож байгаа сонгох, сонгогдох эрх зөв­хөн парламентад олонхи, цөөнх болсон хоёр намд хамааралтай юм биш. Улс төрийн бүрт­гэлтэй бүх хүчин 26 той­рогт өрсөлдөх боломж нээлттэй. МАНАН өөрс­дөдөө зориулж хууль гар­галаа ч гэж шүүмжилж байгаа. Гэхдээ нэг л хуу­лиар бүгдээрээ сон­гог­доно шүү дээ. Түүнээс биш одоо­гийн 76 хүнээс нэг нь ч “Би найдвартай сонгогдоно” гэж хэлж ча­дахгүй болов уу. Сонгогч бол­гонтой уулзаж, мө­рийн хөтөлбөрөө танил­цуулж байж гарахаас биш гэртээ зүгээр сууж бай­гаад сонгогдоно гэж байх­гүй.

Ардын нам ли­де­рүү­дээ намын жагсаал­таар оруулна, АН эсрэ­гээрээ тойрогтоо лиде­рүү­дээ сойно гэсэн яриа ч гараад байсан. Бодит байдал дээр яаж төлөвлөсөн бай­сан юм бол?

-УИХ-д олон жил сон­гогдсон, нэр нүүртэй хү­мүүсээ намын жаг­саал­таар оруулж, шууд гар­гана гэж нөгөө тал үзэж байсан. Харин манай нам бүгд той­рогтоо очиж, адилхан хүрз жоотуу бариад хар ажлаа хийе. Нэг саналын төлөө ажил­лая. Тэгээд авсан са­на­лаараа эрэмбэлэгдэж гаръя гэдэг саналтай бай­лаа. Намын лидерүүд гэ­хээ­рээ жирийн гишүү­дээсээ илүү эрх дархтай, автома­таар сонгогддог байж болох­гүй. Тойрогтоо очиж, намдаа суудал авахын төлөө явах ёстой. Тэгээд ч монгол­чуу­дын нэг чанар бий шүү дээ. Аливаа юмыг заавал эмэрч үзэж байж танина гэдэг шиг хүнээ харж байж сонголтоо хийдэг. Манай Ардын на­мынхан зунжингаа ярьсан биз дээ. “Хөдөөгүүр явлаа. Сонгогчид намаа биш хүнээ харж сонгоно гэж байна” гээд байсан. Тийм учраас бүгдээрээ тойрог дээрээ оч л доо. Хүмүүст өөрийгөө таниул. Тэгж байж гарч ир гэсэн зарч­мыг АН анхнаа­саа ба­рим­талж байсан юм.

Сонгогчдын 28 ху­вийн санал авсан хүн намын жагсаалт руу шил­жих эрхтэй болно. Тэгвэл сонгогчдын 28.1 хувийн санал авчихсан хүн яах вэ?

-28.1 хувийн санал ав­чих­сан хүн жагсаалт руу шилжиж болно. Харин 27.9 хувийн санал авсан хүнд асуудал үүснэ. Той­рогт нэр дэвшсэн бүх хүн жагсаалт руу ороод ирэх боломжтой болчихлоо гэж нөгөө та­лынхан шүүмж­лээд байсан л даа. Тиймээс ямар нэгэн босго тавихаас өөр арга­гүй болоод 28 гэсэн тоон дээр тогтсон. Улаан­баа­тар хотод гэхэд жишээ нь манай той­рог дээр өнгөр­сөн удаа 43 хүн өрсөл­дөж байлаа. Гэтэл зарим аймагт долоо, найман хүн өрсөлдөж байх жишээ­тэй. Үүнийг харьцуулахад шударга биш болоод бай­гаа юм. Тиймээс 28 ба түүнээс дээш хувийн босго тавихаар шийдсэн.

Ер нь нэр дэв­шиг­чид он гарахаас өмнө амжиж бэлэг сэлтээ та­раах гээд тойрог руу яарч байх шиг байна л даа?

-Он гарсны дараа олон зүйлийг энэ хууль хориг­лосон байгаа. Ми­ний хувьд тэмдэглэлт баяр ёслолын үеэр хувь хүнд хандсан арга хэмжээ явуулж байгаагүй дээ. Нэгдүгээр сарын 1-нээс өмнө хамаг ажлаа амжуу­лах гэж яарсан хүмүүс байхыг үгүйсгэхгүй. Ту­хайн хүмүү­сийн сон­гуулиа яаж харж байгаа тактикаас хамаарах бо­лов уу. Сонгуулийн сур­тал­чилгааны сүүлийн сард нэлээд олон ажлыг нэр дэв­шигч­дийн хувьд хорьчихсон байгаа даа. Үүнийг зөрчвөл авах мөн­гөн торгуулийн хэмжээг нэмсэн, цаашлаад ту­хайн нэр дэвшигчийг нэр­сийн жагсаалтаас хасах хүртэл арга хэмжээ ава­хаар тусгасан шүү дээ.

Манай уншигч нэг зүй­лийг асуусан нь нээ­рээ ч тийм юм уу гэж бодогдож байсан. Иргэ­дэд хувь хи­шиг тараах ажил шинэ оны дараа ч үргэлжилнэ. Ахмадууд сая төгрөг бэл­нээр, ир­гэд ч 21 мянган төгрөгөө үргэлжлүүлэн авна. Тэ­гэхээр энэ сон­гуулийн сурталчилгаанд орох юм биш үү?

-Энэ бол УИХ, Зас­гийн газар бүрэн эрхийн хуга­цаан­даа мөрийн хө­төлбөрөө хэрэгжүүлж бай­гаа хэрэг. Ер нь УИХ-ын гишүүд ч бүрэн эр­хийнхээ хугацаанд хий­сэн ажлынхаа тайланг тавих эрх нь нээлттэй.

Энэ хууль парла­мен­тын гадна байгаа намуу­дад УИХд орж ирэх бо­ломж олгож бай­гаа гэх. Гэвч үнэндээ УИХд суу­далгүй на­мууд ингэж ха­рахгүй байгаа тал бий?

-Ардчиллын үндсэн зарч­маараа аваад үзсэн ч гудманд ажиллаад бай­гаа “микрофонууд” Их хурлын танхимд ажил­лаа­сай гэж хүсдэг. Гу­дамжинд байгаа иргэ­дийн төлөөллийн хү­сээд байгаа зүйлүүд шийд­вэр гаргах түвшинд яригдаж байгаасай. Тиймээс пар­ламентад орж ирэх на­муу­дын босгыг таван хувь бол­гож бууруулсан. Ин­гээд парламентад олон нийтийн төлөөлөл ол­ноор орж ирэх боломж нэмэгдэж байгаа. Ард­чиллын үндсэн зарчмаа хадгалж, олон намын тог­толцоог бүрдүүлж, улс ор­ны­хоо хөгжлийг ярьж бай­­гаа­сай гэсэн байр суу­рийг АН үргэлж барим­талдаг. Энэ дагуу асуу­далд хандсан.

Олон жил яриад ший­­дэж чадахгүй бай­сан нэг асуудал нь эмэг­­тэй­чүү­дийн квот. Үүнийг шийд­сэн нь нэг дэвшил болсон байх

-Жендерийн тухай хуу­­лийг 16 жилийн турш пар­ла­мент дамжин хэ­лэлцсэн. Одоогийн пар­ла­мент энэ хуулийг батал­сан байгаа. Ингээд сая Сонгуулийн тухай хуульд эмэгтэй­чүү­дийн квотыг тусгаж өгч чад­лаа. Ингэс­нээр улс төрийн намууд сонгуульд 76 хүн нэр дэв­шүүлбэл тэдний дор хаяж 15 нь эмэгтэй байхаар болж байна. Тэгэхээр ирэх жилийн парламент эмэгтэй гишүүд олонтой байх болов уу гэж хараад байгаа.

УИХ, орон нутгийн сонгуулийг хамт явуулна гэж байгаа. Гэх­дээ Ардын намын­хан салгах сонир­холтой байх шиг байна. АН ямар байр суурьтай байгаа вэ?

-АН-ын бүлэг тодор­хой байр суурьтай бай­гаа. Үүнээ­сээ холбирно гэж байх­гүй. Мэдээж УИХ, Орон нутгийн сонгууль салж явах тухай ойлголт байх ёсгүй. АН байгаа тохиолдолд энэ хоёр сон­гууль тусдаа явна гэж байхгүй. Бүх зүйл хуу­лиараа явна.

Энэ парламентын бү­рэн эрхийн хугацаа дуу­сахад хэдхэн сар үлдлээ. АНын бүлгийг толгойлж ажиллаж бай­гаагийн хувьд яаж ажил­ласан гэж дүгнэж байгаа вэ?

-Ер нь 2008-2012 оны парламентыг өөрийн гэ­сэн өнгө төрхтэй, түүхэнд мөрөө үлдээсэн гэж бо­дож байгаа. Парламент болгон өөр өөрийн гэсэн онцлогтой. Гэхдээ энэ удаагийн УИХ улс орны өмнө тулгамдсан асууд­луудыг шийдсэн. Уул уур­хайг эргэлтэд оруулж, гэрээг батлах том ажлыг нугаллаа. Үүнээс гадна Монголын ард түмэнд уул уурхайн баялгийн эзэн байх эрхийг нээж өглөө. Үндсэн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулж чадвал том дэвшил болно. Сон­гуулийн шинэ тогтолцоог нэвтрүүлсэн парламент боллоо гэх мэ­тээр дүгнэж болно. Гаргасан шийдвэ­рүүдийн үр дүнг мэдээж цаг хугацаа харуу­лах байх. Ялангуяа энэ УИХ төсвийн чиглэлээр том өөрч­лөлт хийж чадсан. Орон нутагт төсвийн маш их эрх мэдлийг шилжүүлж чадлаа шүү дээ. Ингэс­нээрээ УИХ-ын гишүүд худаг барьдаг, сургуу­лийн дээвэр засдаг ажилд оролцохоо болино. Төс­вийг дураараа зарла­гаддаг асуудлыг хязгаар­лаж, хариуцлагыг чангат­гаж өглөө. Төсвийн ал­дагдлыг тодорхой хувьд барьж бай­хаар тогтлоо. Ирэх онд төсвийн алдагд­лыг хасах хоёр хувьд ба­рихаар болсон гэх жи­шээ­ний. Сонгуулийн үеэр бэлэн мөнгөний амлал­тыг хязгаарлаж өгсөн гэх зэрэг ач холбогдолтой зүй­лүүдийг шийдсэн.

Энэ парламентын хуга­цаанд АНыг дага­сан нэг шүүмжлэл нь хам­тар­сан засагт орсон явдал байлаа. Одоо га­рах цаг нь болсон юм биш үү?

-Сөрөг хүчний дуу хоо­­лой үгүйлэгдсэн үү, үгүй юу гэдгийг Сон­гуу­лийн хуулийг баталсан асуудал харуу­лаад өглөө. Тэгэхээр ямар ч байсан сөрөг хүчний дуу хоолой дутагдаагүй юм болов уу гэж бодож байгаа.

Үнэндээ Ардчилсан намын гишүүд л Засгийн газрыг шахаж шаардаж, ажиллуулдаг байсан гэд­гийг хаана ч хэлнэ. УИХ-ын үйл ажиллагаанд идэвх­тэй оролцсон. Тийм учраас Монголын төр өн­гөрсөн ху­га­цаанд хараа хяналтгүй, дангаараа ду­раараа ажил­лаагүй ээ. Хэрвээ АН сөрөг хүчин байгаад бусад на­муудтай нийлээд гудамжинд гар­сан бол Оюу толгойн гэ­рээ батлагдах байсан уу үгүй юу гэдгийг мэргэч төл­гөч биш учраас хэлж мэ­дэхгүй. Ямар ч байсан за­сагт хамтарсан учраас энэ гэрээг сайжруулахын тулд ажилласан. Ирэх жил Таван толгой, Оюу толгойн гэрээ Монгол Ул­сыг аваад гарах нөх­цө­лийг бүрдүүлэхийн төлөө зүтгэсэн дээ.

Сонгуулиас өмнө хам­­тарсан Засгийн газ­раас гарчихвал яасан юм?

-Сайханбилэг гэдэг хү­нээс асууж байгаа бол тэг­сэн ч яахав гээд хэл­чих­мээр байна. Гэвч ард­чил­лын үндсэн зарчим, АН шийдвэр гаргадаг ме­ха­низ­маараа шийдэх ёс­той. Хам­тарсан Засгийн газарт орох шийдвэрийг бид олонхиороо гарга­сан. Гарах асуудлаа ч ингээд шийдэх бололцоо бий. Гэхдээ АН улс орны нийтлэг эрх ашгийг бодох уу, улс төрийн явцуу эрх ашгаа бодох уу гэдгээ чиг болгох учиртай. Энэ да­рааллаа зөв байрлуулж чадаж байгаа тохиол­долд засгаас гарч, орох тухай маргаж, мэтгээд байх шаардлагагүй. Улс орны эрх ашиг юу хүлээж байна түүнийг л дагах учиртай.

АНын ҮЗХоор хам­тарсан Засгийн газраас гарах асуудал яригдах юм биш үү?

-Магадгүй юм. ҮЗХ-оор ямар ч асуудал ярих нь нээлттэй. Гэхдээ эрх ашгийн­хаа зөв дараал­лаар шийдвэрээ гаргах нь чухал.

Та бол энэ дараа­лал зөв явж байгаа гэж үзэж байна уу?

-Өнөөдрийг хүртэл зөв дарааллаар явж чадаж бай­гаа гэсэн бодолтой байна. Чухал хуулиудыг бид гар­галаа. Одоо би­дэнд хийх ажил их байна. Хугацаа бага үлдсэн уч­раас юу ч хийж амжихгүй гэж болохгүй. Харин ч хугацаа бага байх тусам даацтай ажиллах хэрэг­тэй.

Ирэх сонгуулиар хоёр нам тэнцүү суудал авч чадвал дахиад хам­тарсан Засгийн газар бай­гуулаад явах юм биш биз дээ?

-Мэдээж АН сонгуульд ялалт байгуулж, Засгийн газраа дангаа­раа бүр­дүү­­лэхийн төлөө сон­гуульд оролцоно. Тэгээд ч алаагүй баав­гайн арьсыг хувааж авахын үлгэ­рээр сонгууль болоо­гүй байна. Энэ асууд­лыг ярихад дэндүү эрт байна.

ҮЗХоор намын дар­гын асуу­дал хөндөг­дөнө гэж байнга яригд­­даг. Энэ удаа яах бол?

-Асууж байгаа хүнд ч, хариулах гэж буй хүнд ч энэ нь цочир санаг­дахаа байж дээ. Яагаад гэвэл энэ сэдэв 2000 оноос хойш яригдсан шүү дээ. Энэ яриа үнэн байсан бол АН-ын дарга хэдэн удаа солиг­дохоор бай­лаа, гэвч тэгсэнгүй. АН даргаа солих хэрэгтэй бол­лоо гэж бодъё. Ерөнхий­лөгчийн сонгуульд намаа ялуулсан учраас уу. Эсвэл хамтарсан Засгийн газарт орж, ҮЗХ-оор шийдэгдсэн асуудлыг хийж чадсангүй гэж үү. АН-ын рейтинг өр­сөлдөгч намаасаа дээ­гүүр гарсан гэдэг шалтгаанаар даргаа солих юм уу. Би бодохдоо ҮЗХ хуралдсан ч хамтарсан засагт байж бо­лох уу, үгүй юу, мөрийн хөтөлбөрөө яах гэж байна гэдгээс эхлээд “Монгол-хүн-2020” хэлэл­цүүлгээ дүгнэх асуудал хэлэлцэж болно. Ирэх сонгуулийн үр дүн гараагүй байхад намын дар­гын асуудлыг ярих нь эрт гэж бодож байна.

Ерөнхий сайдыг огцруулах саналыг есөн гишүүн гаргасан ч УИХ хэлэлцээгүй. Та аливаа асуудалд дандаа бүл­гийн­хээ байр суурийг илэр­хийлдэг. Харин ги­шүү­нийхээ хувьд энэ асуу­далд яаж хандаж бай­сан бэ?

-Хоёр нам хамтарч бай­гаа үед УИХ дахь цөөнхийн бүлгийг тол­гойлох нь хам­гийн хэцүү ажил юм байна. Бүлгийн ахлагч бол тогооны хүн гэгчээр намын халуун гал то­гооны ажилд оролцдог юм уу даа. Нөгөө талаар 101 буюу галын дуудлага шиг ажил шүү дээ. Энд тэнд дандаа гал унтраах үүрэг­тэй. Хүн болгоны эвийг олох шаард­лагатай болдог. Гэх­дээ үндсэн зарчмаа алдах­гүй байх ёстой гээд л хэцүү дээ. Хувь хүнийхээ хувьд хэлмээр, хашгирмаар, илэр­хийл­мээр асуудал их гардаг. Гэвч би хэлж байгаа учраас АН-ын байр суурь гээд ойлгочих вий гэж өөрий­гөө хянадаг. Ийм бай­дал нь хүнийг хариуц­ла­га­тай, сахилгатай бол­годог юм байна. Хэлэх үгээ бодож, амаа үдэх шаардлага тул­гардаг юм байна.

Харин Ерөнхий сайдыг огц­руулах асуудал дээр бол ийм байр суурьтай байсан. Ерөнхий сайдыг Засгийн газрын нэг кабинетийн гишүүнтэй адилтгаж үзэж болох­гүй. Ерөнхий сайд огцорвол ка­бинет огцорно гэдэг шүү дээ. Энэ бол Үндсэн хуулийн зарчимтай нийцэж байгаа. Үүнийг нэг мөр болгоё гэсэн учраас сая УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулан 19 гишүүн Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өргөн барина гэсэн хяз­гаарлалт хийсэн. Тэгэхгүй бол хэн дуртай нь Ерөнхий сайдыг огц­руулах асуудал оруулж ирнэ. Бараг өдөр болгон ийм зүйл хэлэлцэх болно шүү дээ. 19 гишүүнийхээ босгыг давчихсан тохиолдолд энэ бол нээлттэй асуудал.

Долдугаар сарын 1-ний хэр­гээр хэлмэгдсэн хүмүүс, амиа алдсан иргэ­дийн ар гэрийнхнээс төр уучлал гуйх ёстой гэсэн тогтоолыг УИХаар бат­луу­лах гэсэн боловч дэмж­лэг авсангүй. Үнд­сэн­дээ Ардын намынхан унагачихсан л даа?

-Энд ямар ч эргэлзээ байх ёсгүй. Монголын төр алдааныхаа төлөө шаард­лагатай бол уучлал гуйх учиртай. Хувь хүнийхээ хувьд ч, бүлгийн байр суу­рийг илэр­хийлсэн ч Хүний эрхийн дэд хо­рооноос гар­гасан асуудлыг дэм­жиж байгаа. УИХ энэ асуудлыг дахин хэлэлцэх ёстой. Са­нал хураах үед гишүүдийн ирц хан­галттай байсан уу, үгүй юу гэдгийг нягтлах хэрэгтэй.

Засгийн газрыг шүүмжилсэн, буруу зүйл хийсэн гишүүддээ Ардын нам бүлгээрээ хэлэл­цээд сануулга өгдөг, хариуц­лага тооцдог. Харин АН яадаг вэ?

-Хариуцлага тооцох, са­нуулга өгөх нь АН-ын мөн чанар биш. Энэ дарга, тэр ахмад настай, парла­ментад удаан суусан гэдэг үндэс­лэлээр бие биедээ ханд­даггүй. АН-ын гишүүд бүгд тэгш эрхтэй. Ямар ч асуу­далд бүгд санаа бодлоо уралдуулдаг. Ингэж байж олон­хийн шийдвэр гаргадаг юм. АН-ын мөн чанар энэ. Ер нь хүнд сахилга хариуц­лага тооцоод, итгэл үнэмш­лээр нь нуга дарна гэдэг бол ойл­гомжгүй шүү дээ. Хүн хүний аран­шин, үзэл бодол дээр АН тогтдог юм байна. Бие биеийнхээ дутууг гүй­цээж явдагт АН-ын хүч орш­дог юм байна гэдгийг өн­гөрсөн 20 жилийн түүх ха­руулсан.

Үндсэн хуулийн хоёр заал­тад өөрчлөлт оруу­лах гэж бай­гаа. УИХын гишүүд сайд бо­лоход тоо­ны хязгаарлалт хийнэ. Сумын Засаг даргыг ир­гэд сон­годог болгохоор ярьж байна. Гэвч энэ өөрч­лөлтийг өнгөц төдий юм гэдэг шүүмжлэлийг хүмүүс хэлээд эхэлж бай­на. Та ямар бодолтой бай­гаа вэ?

-Үндсэн хуульд нэмэлт оруулах гэж байгаа энэ үед өнгөц өөрч­лөлтийн тухай ойлголт хэзээ ч байж бо­лох­гүй. Үндсэн хуулийн үг өгүүл­бэр, цэг таслал бүр утга учир агуулж байдаг. Үндсэн хуулийн хоёр заал­тыг өөрчлөх нь маш том өөрчлөлт. Эхний ээлжинд нийг­мийн дийлэнх хэсэгт таалагдах хоёр зүйлээ өөр­чилье гэсэн юм. Үүний араас нийтийн хэлэл­цүүл­гийн үр дүнд том том өөрч­лөл­түүдийг Үндсэн хуульд оруулах боломж бий.

Улстөрч хүний хувьд эцэст нь нэг зүйлийг асууя. АНын мөнхийн өрсөлдөгч болох улс тө­рийн хүчин хоёр хувааг­даад МАН, МАХН бол­чих­лоо. Одоо Н.Энхбаяр, Ц.Ням­дорж зэрэг лиде­рүүд нь толхилцоод эхэл­сэн. Энэ нь магадгүй та­най намд ашигтай тусч байх шиг

-Төлөвшлийн хувьд аваад үз­вэл АН 22 жилийн түүхтэй, турш­лагатай шүү дээ. Нам хуваагдах, гишүүд нь урвах шарвахаас эхлээд бүх асуудлыг манай нам туулаад ирсэн. АН 22 настай мөртөө 90 настай нөгөө намаасаа хамаагүй илүү туршлагатай болчихсон байх­гүй юу. Бид хоорондоо арцалдаад байвал тоглоом биш шоглоом болно шүү гэдгээ ухаарчихсан. Энэ байдлаар харвал нөгөө нам хөгжлийнхөө аль хавьцаа яваад байгаа юм бэ дээ. Миний бодлоор магадгүй 90-ээд оны сүүл хавьцаа яваад байгаа юм болов уу. Үүнийг нь далимдуулж манай нам улс төрийн богино зайны гүйлт хийхийг хүсэхгүй байна. Гэнэн зүйлд итгэж болохгүй л дээ. МАН, МАХН хоёр хагаралдсанаас болж манай намын рейтинг өсөх тухай асуудал байхгүй. Энэ хоёрын хэрүүлээс бид зав­шаад байгаа гэж ойлгож болохгүй. Улс орныхоо хөгж­лийг урагшлуулахын төлөө АН бусад намаас илүү ажиллаж чадна гэдгээ ха­руулбал амжилтад хүрнэ гэдэг итгэл үнэмшлээрээ явж байгаа. Ингэж байж сонгуульд ялалт бай­гуулна.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Нэр дэвшигчийн үнэмлэхээ авсан хойноо нэрээ татахыг хориглоно

-СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛИА  ЧУУЛГАНААР БАТЛАХАД БЭЛЭН БОЛЛОО –

Төрийн байгуулалтын байнгын хороо өчигдөр өглөө эрт хуралтай тов­той байв. Гэвч хоёр намын бүлэг тойргоос унасан нэр дэвшигч на­мын жагсаалт руу шил­жих босго хувиа тохи­роо­гүй учраас хурлыг хойш­луулсан юм.  Ингээд үдээс хойш 15.00 цагт байнгын хо­рооны хуралдаан эхлэв. Хуралдааны эхэнд УИХ-ын тухай хуульд өөрчлөлт оруулах төслийг хэлэл­цээд дэмжлээ. Энэ нь УИХ-ын есөн гишүүн Ерөн­хий сайдыг огцруу­лах бичиг өргөн барьс­наас үүдэлтэй Засгийн газар болон гүйцэтгэх засаглалын тэргүүнийг огцруулахтай холбоотой асуудлыг тодорхой бол­гох тухай юм.

Энэ өдөр хэлэлцсэн гол зүйл нь Сонгуулийн тухай хуулийн шинэчил­сэн найруулгын төсөл байв. Хоёр нам тохи­ролцохгүй байсан асууд­лаа шийджээ. Тэд той­рогт 28-аас дээш хувийн санал авсан намаас нэр дэвшигч болон бие даагч УИХ-ын гишүүн болно. Харин сонгогчдын 28 ху­вийн санал авч ялагд­сан бол намын жагсаалт руу шилжихээр болж то­хирчээ. Мэдээж энэ нь намгүй бие даагчдад ха­маагүй болж байгаа юм. Ямартаа ч гацаад бай­сан асуудал нэг мөр бол­сон учраас ажлын хэсэг  байнгын хорооны эцсийн хэлэлцүүлэгт 36 санал оруулж ирэн эцсийн хэ­лэлцүүлгийг хийв. Н.Энх­болд гишүүн Сонгуулийн тухай хуулийн ажлын хэс­гийн гишүүдийг танил­цуул­сан юм. АН-аас УИХ-ын гишүүн Ч.Сай­ханби­лэг, З.Энхболд, Г.Батхүү, Э.Бат-Үүл, МАН-аас УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин, Ж.Сүхбаатар, Ц.Мөнх-Оргил, Д.Оюунхорол нар болон Д.Энхбат гишүүн ажлын хэсэгт орж ажил­ласан юм байна.

ИРЭХ НЭГДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС ТОЙРОГ БАЙГУУЛАХ АЖИЛ ЭХЭЛНЭ

Ингээд ямар саналууд хэлэлцсэнийг хүргэе.  Али­ваа нам, эвсэл сон­гуульд 76 нэр дэвшигчийг нэг жагсаалтаар оруулах юм байна. Тэдний 48 нь тойрогт, 28 нь намын жаг­саалтаар сонгогдоно. Үүнийг гишүүд дэмжсэн юм. Энэ саналыг хэлэл­цэх явцад тойрогтоо ялалт байгуулан парла­ментад сонгогдох гишүү­дийн тоо харьцангуй цөөн байгаа учраас тэднээс сайдын албан тушаалд томилогдвол дахин сон­гууль явуулах асуудал гарч мэднэ гэдгийг хөндөж байв. Д.Энхбат гишүүн “Хэрэв Үндсэн хуульдаа өөрчлөлт оруулчихвал сайд болж дэвшсэн УИХ-ын гишүүдийн тойрогт дахин сонгууль явуулна. Үндсэн хуулиа өөрчилж чадахгүй бол өнөөд­рийн­хөө хувилбараар УИХ-ын гишүүн сайдынхаа албан тушаалыг давхар хаших болж таарна” гэж байсан.

Дараагийн санал нь тойрог байгуулах тухай байв. Улсын хэмжээнд 26 тойрог байгуулах ажлыг сонгуулиас зургаан сарын өмнө хийх гэнэ. Тэгэхээр ирэх нэгдүгээр сарын 1-нээс 26 тойргоо байгуулах болох нь. Ин­гэхдээ хүн амынх нь тоо­ноос хамаарч бага хүн ам цөөтэй аймаг, дүүргүү­дийг нэгтгэн нэг тойрог болгох юм байна. Тухайн нэр дэвшигч хүсэлт гар­гаад сонгогчдын нэрсийн жагсаалтыг авч болох гэнэ.  Гэвч хэн дуртайд нь Монгол Улсын хүн амын дэлгэрэнгүй бүртгэлийг гаргаж өгөх нь осолтойг гишүүд сануулж байлаа. Харин З.Энхболд гишүүн ганцаараа орчин үед хувь хүний мэдээлэл нууц байхаа бараг боль­чих­сон. Дэлхийн зарим улс иргэдийнхээ бүх мэдээл­лийг ил гаргах нь ч бий хэмээн ярьж байв.

СОНГУУЛЬД ГОРИЛОГЧ ТӨРИЙН АЛБАН ХААГЧ ИРЭХ НЭГДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС АЖЛАА ӨГӨХ НЬ ХЭВЭЭР ҮЛДЛЭЭ

Сонгуульд нэр дэв­ших сонир­холтой төрийн албан хаагчид ирэх нэгдү­гээр сарын 1-нээс ажлаа өгөх тухай саналыг ажлыг хэсэг гаргаж, гишүүдийн дэмжлэгийг аваад бай­лаа. Гэтэл өчигдөр ажлын хэсэг энэ саналаасаа бу­цаж, төрийн албан хаагч ирэх гуравдугаар сарын 1-нээс ажлаа өгөхөөр болгон оруулж ирлээ. Ерөнхийлөгчийн санал болгосноор ингэж өөр­чилж байгаа­гаа ажлын хэсгийн ахлагч Н.Энх­болд хэлсэн юм. Гэвч ги­шүүд эрс эсэргүүцэв. Тө­рийн албыг сон­гуульд нэр дэвшигчдийн хөлд чи­рэх­гүй байх алхмыг хийх нь гэж  баярлаж байсан. Аж­лын хэсэг яагаад ийм зөв санал гаргачихаад түү­нээ­сээ ухарч байгаа юм гэх мэтийн шүүмжлэлийг Ц.Даваасү­рэн, З.Энх­болд, С.Эрдэнэ нарын гишүүд хэлсэн юм. “Төрийн мөнгө, хүчээр сон­гуулийн сурталчил­гаагаа хийнэ гээд цаана чинь төрийн албан хаагчид яриад эхэл­чихсэн байна. Тиймээс тэдний ажлаа өгөх хуга­цааг хойшлуулж болохгүй. Үнэхээр УИХ-ын гишүүн болмоор байгаа юм бол ажлаа өгөх хэрэгтэй. Ажил, сонгууль хоёрын­хоо аль нэгийг сонгох учиртай” гэдгийг Э.Бат-Үүл гишүүн ярив. Ингээд санал хураа­хад сонгуульд нэр дэвших төрийн албан хаагч ирэх гуравдугаар сарын 1-нээс өмнө ажил өгөх асуудал олонхийн дэмжлэг авсан­гүй. Ирэх нэгдүгээр сарын 1-нээс өмнө ажлаа өгөх санал хэвээр үлдлээ.

ЭМЭГТЭЙЧҮҮДИЙН КВОТ 20 ХУВЬ БАЙХААР ТОГТЛОО

Аливаа улс төрийн намаас нэр дэвшигч эмэгтэйчүүдийн квотыг 20 байхаар хоёр нам тохирчээ. Энэ саналыг Сонгуулийн тухай хуулийн төсөлд оруулахыг гишүүд дэмжсэн юм. Харин намуудын УИХ-д суудал босгыг таван хувиар тогтоов. Про­порциональ хувилбараар намуу­дын авсан саналын хувь тав бол­бол тухайн нам парламентад суудал­тай болно гэсэн үг. Тухайн тойр­гийн сонгогчдын 50-иас дээш хувь сонгуульд оролцоогүй эсвэл ту­хайн нам, эвсэл таван хувийн босго даваагүй бол сонгуулийг дахиулах юм байна.

Хэрэв нэр дэвшигч нас барсан юм уу эсвэл ял шийтгэл авсан хоёр тохиолдолд түүнийг санал ху­раалтаас хасна. Сонгуулиас  20 хоногийн өмнө нам, эвслүүд  түү­ний оронд  нэр дэвшүүлэх хүнээ тодорхой болгох юм байна. Гэтэл сонгуулийн үеэр нэр дэвшигчид хүсэлтээрээ нэрээ татаж, тойргоо өрсөлдөгч намынхандаа “худалд­даг” үйлдэл олонтаа гардаг нь өмнөх сонгуулиудын туршлагаас харагддагийг З.Энхболд гишүүн анхааруулсан юм. Тиймээс нэр дэвшигчийнхээ үнэмлэхийг авсан хойноо  сайн дураараа нэрээ татахыг хуулиар хориглож өгөхөөр болов.

Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд нэр дэвшигчидтэй заавал гэрээ байгуулсны үндсэн дээр суртал­чилгааг нь явуулахаар тусгаж бай­гаа юм байна. Хэрэв худал мэ­дээлэл цацсан бол тухайн мэ­дээллийг өгсөн гэрээт нэр дэв­шигчээ зарлах учиртай. Худал мэдээлэл хэвлэл мэдээллийн хэ­рэгсэлд өгсөн  нам эвсэл, нэр дэвшигч долоогоос арав гаруй сая төгрөгийн торгууль төлнө. Хэрэв хэвлэл мэдээллийн хэрэгсэл тухайн гэрээт нам, эсвэл, нэр дэвшигчээ нэрлэж чадахгүй бол таваас до­лоон сая хүртэлх төгрөгөөр тор­гуулна. Эдгээр саналууд эцсийн байдлаар Сонгуулийн тухай хуу­лийн шинэчилсэн найруулгын төсөлд орохоор боллоо. Ажлын хэсгээс гаргасан бүх саналыг ин­гээд хэлэлцэж дуусав. Тиймээс  чуулганы хуралдаанд Сонгуулийн тухай хуулийн эцсийн хэлэл­цүүл­гийг хийхээр болсон. Тэгвэл энэ долоо хоногтоо багтаж хуулиа батлахад бэлэн болсон гэсэн үг. 

НЭР ДЭВШИГЧ ДАЙЛЛАГА ЦАЙЛЛАГА, УРЛАГИЙН ТОГЛОЛТ ХИЙВЭЛ ЭРҮҮГИЙН ХАРИУЦЛАГА ХҮЛЭЭНЭ

Ажлын хэсгээс оруулсан са­налуудыг хэлэлцсэний дараа УИХ-ын гишүүн Ц.Даваасүрэн, Х.Бат­тулга нарын Сонгуулийн хуульд оруулахаар гаргасан саналаар санал хураасан юм. Тэд сонгуу­лийн үеэр нэр дэвшигчид иргэдэд үнэ төлбөргүй эмнэлгийн үйл­чил­гээ үзүүлэх юм уу эм тарааж, урла­гийн тоглолт үзүүлж, дайллага цайллага хийж, элдэв янзын бэлэг дурсгалын зүйл тараавал эрүүгийн хэрэгт тооцон хариуцлага хүлээл­гэе гэжээ. Гэвч Э.Бат-Үүл гишүүн нэр дэвшигчид хүссэн үедээ эрүү­гийн хэрэг үүсгэж болох нь хэмээн эсэргүүцсэн ч нэмэр байсангүй, уг санал дэмжлэг авлаа. Ц.Даваа­сү­рэн цаашлаад нэр дэвшигчдийг ухуулагч ажиллуулахгүй байхыг санал болголоо. Харин энэ нь дэмжигдсэнгүй.

Дараа нь Х.Баттулга сайдын нэхэл хатуутай санал болгоод буй асуудлыг хэлэлцсэн юм. Архи, тамхины үйлдвэр байгуулж, ийм төрлийн бизнес эрхэлж байсан, одоо гэр бүл, ах дүүс нь тухайн бизнесийг нь авч яваа эрхмүүдийг УИХ-д нэр дэвшүүлэхгүй хэмээн зүтгэж байгаа билээ. Х.Баттулга сайд тойрогтоо томилолтоор яваад эзгүй тул үүнтэй холбоотой асуул­тад хариулах эзэн олдохгүй байв. З.Энхболд гишүүн өмнөөс нь асуул­туудад хариулахаар болсон юм.

Э.Бат-Үүл гишүүн уг саналыг эрс шүүмжилж даацтай хэдэн үг хэлээд авлаа. Тэрээр “Хүнийг эрхэлдэг бизнес, хөрөнгө чинээ­гээр нь ялгаварлана гэдэг бол дарангуйлал бий болохын шинж. Энэ бол ардчилсан нийгмийн зар­чим биш. Энэ бол зүгээр л биз­несийн өрсөлдөөнөөс үүдэж нэ­гийгээ төрд гаргахгүй гэсэн асуудал байна. Хэрэв энэ саналыг дэмжвэл Үндсэн хуулиар олгогдсон хүний жам ёсны эрхэд халдана. Иргэ­дийн сонгогдох эрхийг ингэж зөр­чиж болохгүй. Архи, тамхитай тэмцье гэвэл төр бодлогоо зөв гаргах ёстой. Түүнээс биш иргэ­дийнхээ сонгогдох эрхэд халдах учиргүй” гээд архидалтыг дэмж­сэн­дээ ингэж яриагүйгээ ч хэлсэн.  Э.Бат-Үүл гишүүн өөрөө “Архины градусыг жил бүр хоёроор багасгах хуулийн төсөл өргөн барих гэж байгаагаа ч дуулгав. 

З.Энхболд гишүүн “Архины хэрэглээ Монгол Улсад гамшгийн хэмжээнд хүрсэн. Дэлгүүрүүдийнх нь барааны 80 хувийг согтууруулах ундаа эзэлж байгаа манайх шиг улс өөр хаана ч байхгүй. Тиймээс архи тамхи үйлдвэрлэгчдийг төрөөс хол байлгая гээд байна. УИХ архи, тамхины эсрэг бодлого гаргах гэхээр тэд саад болох вий гэсэндээ Сонгуулийн хуульд ийм өөрчлөлт оруулах гэж байгаа юм” хэмээн тайлбарлав.  Харин  Г.Баярсайхан гишүүн “Архи, тамхины бизнес эрхлэгчдийг гадуурхсан хэрэг биш.  Гамшгийн хэмжээнд хүрсэн архины асуудлыг цэгцлэх гэсэндээ ийм зүйл хийж байна. 13-хан настай хүүхэд архинд хордоод нас барчихаад байхад бид энд хүний эрх яриад сууж байгаа нь шившиг” хэмээв. Гэвч Э.Бат-Үүл гишүүн “Утаа гамшгийн хэмжээнд хүрлээ гээд Алагтолгойн уурхайн захирлыг сонгуульд нэр дэвшүүлэхгүй гэж болох нь л дээ. Алтны ордтой хүмүүсийг байгаль сүйтгэгч гээд нэр дэвшүүлэхгүй байх нь. Цаашдаа ийм жишиг тогтоохын тулд энэ саналыг оруулж ирлээ” гэдгийг хэллээ. Ингээд санал хураахад Х.Баттулга сайдын санал дэмжлэг аваагүй юм.

Сонгууль явуулах өдрийг ирэх оны зургадугаар сарын сүүлийн долоо хоногт товлохоор тогтов. Ингэхдээ ажлын өдрийг тааруулан сонгуулиа явуулах ажээ.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Ирэх сарын 1-нээс хэн хэн ажлаа өгөх вэ?

Сонгуулийн тухай хуульд шинэчилсэн най­руулгаар нэгэн заалт оруулсан нь сонгуульд санаархаж буй төрийн албан хаагчдад хүндхэн тусаад байгаа. Төрийн албан хаагчид парла­ментад сонгогдох нэ­рийд­лээр төрийн албыг эзгүйрүүлж,  ядарсан ард түмнийг хөлдөө чирч сон­гуульдсаар ирсэн  гажууд­лыг арилгаж, нэр дэв­шигчдэд сонгуульд тэгш гараанаас өрсөлдөх бо­ломжийг олгох энэ мэргэн санааг Сонгуулийн аж­лын хэсгийнхэн гаргасан.  Тиймээс хууль бат­лагд­чих­вал нэр дэвшихээр дарцаглаж яваа төрийн албан хаагчид сон­гуу­лиас зургаан сарын өмнө ажлаа өгөх болно. Тэр хугацаа нь 2012 оны нэгдү­гээр сарын нэгэн.  Энэ бол төрийн яамдын сайд, дэд сайд болон бүх шатны Засаг даргад ха­маа­рахгүй. Учир нь тэд улс төрийн албан ту­шаал­танд тооцогддог уч­раас ажлаасаа салах аюу­лаас нэг удаадаа ав­раг­даж байгаа юм.

Харин ирэх жилийн сонгуульд өөрийгөө “сойж” PR-аа аль хэдийнэ эхэлчихсэн төрийн албан хаагч олон бий. Төр барьж байгаа хоёр нам нь Сонгуулийн хуульд гох дэгээ тавьчихсан. Хууль нь хугацаанаасаа өмнө батлагдах эсэх нь то­дорхойгүй байхад тэд  элдэв санал асуулгад сайн дураараа оролцож, дээгүүр давхичих санаа­тай зүтгээд эхэлчихэж. Өнгөрсөн сонгуулиар МАН-аас нэр дэвшээд парламентад орж чадаа­гүй С.Баярмөнхийг нам нь  Гадаад харилцааны яам­ны дипломат байгуул­лагын үйлчилгээ аж ахуйн газрын даргын суудлаар шагнаж, гомдол гутралыг нь тайлсан билээ. Дөрвөн жил төрийн халамж хүр­тэж, даргын суудалд ям­балсан тэрээр ирэх жи­лийн сонгуулиар даагаа нэхэх бололтой. “Монгол шуудан” төрийн өмчит компанийн салбарын за­хи­рал Д.Бурыжан гэдэг нөхөр МАН-аас нэр дэв­шээд нутгаасаа гараад ирэх өндөр магадлалтай хэмээн горьдож суугаа юм байна. Гадаад харил­цааны яамны төрийн на­рийн бичгийн дарга Д.Цогтбаатарын санаанд ч ирэх жилийн сонгууль  багтаад байгаа бололтой. Улсын бүртгэлийн ерөн­хий газрын дарга Л.Мөнх­баатар, Татварын ерөнхий газрын дарга Б.Баттөмөр нарын тө­рийн албанд зүтгэгчид сонгуульд горилж, сэт­гэ­лийн гүндээ парла­мен­тын гишүүн болчихсон тууж яваа бололтой са­нал асуулгад нэрээ оруул­чихжээ.

Тэгвэл АН-аас Мон­голын шуудан харилцаа холбоо технологийн газ­рын дэд дарга А.Мөнхбат нэр дэвшихээр тоочиг­лож байгаа юм байна. Саяхан төрийн соёрхол хүртсэн “Эрдэнэт” үйлд­вэ­рийн дарга Ч.Ганзориг ч санаатай яваа нь мэдээж. Гаалийн ерөнхий газрын дэд дарга А.Мурат ч үзээд алдах гэнэ.  Ингээд тоо­чоод байвал төрийн ал­бан хаагчаас төрийн тү­шээ болох мөрөөдөлтэй эрхмүүдийн цуваа бараг­дахгүй биз ээ. Гэхдээ Сонгуулийн тухай хууль өнөө маргаашгүй бат­лагд­чихвал тэд хоёр до­лоо хоногийн дараа аж­лаа хүлээлгэж өгөх ёстой.  Тэгэхээр парламентын гишүүн болох хүсэлтэй төрийн албан хаагчдын ажилтай байх хугацааг өнөөдрөөс тоолбол ер­дөө 18-хан хоног үлджээ. Хүмүүс шинэ оноо угта­хаар яараад байдаг. Ха­рин тэдний хувьд албан тушаалтай нь хамт ули­ран одох гээд буй хуучин оны сүүлийн энэ өдрүүд хараар тэмдэглэгдэж зүр­хэнд нь  шар ус хуруулж байгаа. Тиймээс Сонгуу­лийн хуулийг гацааж  “буян” болж буй хоёр нам­даа баярлаад барахгүй яваа биз ээ.

Я.МӨНГӨН

Categories
редакцийн-нийтлэл

Хуучин “Ху” нам “модоо” барьж сонгуульд орох уу?

МАН Бага хурлаа хийлээ. Тэд ерөнхийдөө нэг их  дуулиан шуу­гиангүй намдуу зөөлөн хуралдана гэсэн чигийн дагуу явцгаасныг тэртэй тэргүй бүгд мэднэ. Намын дарга нь эдийн засаг өслөө, ядуу­рал буурлаа, улс орон цэцэглэн хөгжиж байна гэх лоозон болчих­сон уран үгсээр илтгэлээ эхлүүл­сэн. Цээжинд байдаг ганц шүлгээ хаа сайгүй дуржигнуулж явдаг нөхдүүд байдаг шиг С.Батболд дарга энэ илтгэлээ хэзээд, хэний ч өмнө уншдаг даа. Тэр тоолонд тоо баримтуудад нь онцын их өөрчлөлт орохгүйг нь яана. А, Б-гүй цээжилчихсэн болохоор арга ч үгүй байдаг биз.

Түүний уншсанаас үзвэл Мон­гол Улс хөгжлөөрөө аль хэдийнэ АНУ мэтийн өндөр хөгжилтэй ор­ныг гүйцчихсэн тууж яваа. Социа­лизмын үед л манай дарга нар ийм аргаар ажлаа явуулдаг байсан байх.  Албан тасалгааны цонхоор амьдрал сайхан харагддагт хуур­тагдчихаад бүх зүйл болж байна, бүтэж байна гэсэн лоозон илтгэл урсгана.  Зогсоо зайгүй тоть шиг давтах энэ үгэнд нь ард түмэн бат итгэдэг байсан тэр хуучин цаг хойно хоцорсон. Орчин үед ард түмэн бодит амьдралын үнэн, МАН-ын дарга С.Батболдын яриа хоёрыг ялгаж салгахтайгаа. 

Эрхбиш намынх нь хурал юм байна, ирэх хавар яажшуухан сонгуульдах тухайгаа харин зураг­лаадахсан нь шинэ байлаа.  Яана гэчихэв ээ, хуучин Ху нам модоо барьж сонгуульд орох юм гэнэ үү. Түүнийгээ хөгжлийн ч билүү, юуны ч билээ тодотгоод өгчихжээ. Зуданд хамаг малаа барчихаад харласан хотоо харж шилбүүрээс өөр тулах юмгүй зогсоо малчныг модоо барь­сан гэж хэлдэггүй билүү. Насаараа мал дагаж, нүүрээ нүүрс шиг харлаж, ширлэтэл нь нар салхинд гандчихаад адаг сүүлд нь хоосон хотоо самардан бархирах малчныг монголчууд модоо барьсан гэлцдэг. Авгай, хүүхнүүд ам зөрөхдөө үгүйрч хоосорсон нэгийгээ  модоо барьсан гуйлгачин ч гэж доромж­лох нь бий. Модоо барих гэдэг үгийг монголчууд ийм л утга учрын үүд­нээс хэрэглэхийг цээрлэсээр ирс­нийг мэдэхээс биш хөгжлийн төлөө мо­доо барьдгийг дуулаагүй юм бай­на. Одоо л юм юм дуулах нь гэгчээр МАН-аас их юм сонсох нь ээ.

Үнэндээ Ардын намын залуу­чууд модоо барихын мууг мэддэггүй юм байна. Уг нь монголчууд ёр бэлгэдлийг эрхэмлэдэг ард түмэн. Гэвч ард түмэн юуг бэлгэдэж, юуг цээрлэдгийг мэддэггүй цоо шинэ үе Ху намд гарч ирсэн нь энэ. Монго­лоо мэдэхгүй юм байж юун улсаа хөгжүүлэх. Цаана чинь муугаар хэлбэл модоо барьсан айл өчнөөн байна. Та нарынхаар бол тэд элбэг дэлбэг, хангалуун сайхан амьдра­лын төлөө модоо барьчихаад суу­гаад  байгаа хэрэг үү, үгүй юм. Хотоо харлуулчихаад төв газар бараа­даж, хоосон хонож, хог түүж яваа хүмүүс.  Модоо барих гэдэг бол ийм л муу ёрын үг.  Гэтэл ард түмэнд таалагдах гоё үг олоод, оноод хэлчихсэн юм шиг хээвнэг хэлж зогсох шинэ үеийн олигархиуд Ардын намыг өнгөлж байна. Ёс, цээрээ мэддэг ахмадууд, ард түмэн та нарын муу ёр зөгнөсөн энэ үгийг сонсоод тэнгэр бурхандаа залбирч суугаа. Монголчууд үгэнд хүч байд­гийг мэдэрч, түүний сайн, муу утга учрыг тунгаасаар ирсэн. Муу үг юу дагуулдгийг бүгд мэднэ. МАН-ынхны сонгууль бүрийн өмнө хэлдэг муу үгнүүд биеллээ яаж олдгийг ч харсаар ирлээ.  Юу билээ гэж бодож байгаа бол 2008 оны сонгуулийн түүхийг сөхөөд нэг үзье. М.Энхболдын Засгийн газрыг унагааж, МАХН-ын даамлаар сууж Ерөнхий сайдын сэнтийд заларсан С.Баяр “Ямар ч үнээр хамаагүй бид сонгуульд ялна” хэмээн ярьж бай­лаа. Сонсоход аймаар байгаа биз. Сонгуульд ялахын тулд хүн алж, хүрээ талахаас ч сийхгүй гэдэг нь эндээс ойлгомжтой байсан юм. Нээрээ ч С.Баяр 2008 оны сонгуу­лийг ямар үнээр хийснийг бид харсан. Мартаагүй байгаа.

Ардчилсан намынхан ашигт малтмалын баялгаас ард түмэндээ эрдэнийн хувь олгож, нэг сая төгрөг өгнө гэхийг тухайн үедээ С.Баяр сүйд майд болон хүлээж авч бай­лаа. Тийм тэнэглэл гэж юу байхав, тэгж гарын салаагаар урсгах мөнгө манайд байхгүй, тэгж эдийн засгаа сүйтгэж болохгүй хэмээн АН-ыг газар доогуур ортол нь муулж, буруушааж байв. Тэгсэн өөрөө бараг сонгуулийн урьд өдөр “Манай нам ашигт малтмалын баялгаас ард түмэндээ эх орны хишиг олгож 1.5 сая төгрөгийг өнөө маргаашгүй бэлнээр өгнө” гэж авдаг байгаа. Бүр улайх ч үгүй хэлж билээ. Ингэж Ху нам ард түмэнд их мөнгө амлаж, дөрвөн жилийн хууралт нь үргэл­жилсээр байна.  Худлаа амласан Ху-гийнхан сонгуулиар луйвар яаж хийдгийг яруу тодоор харуулсан. Тэд үхсэн хүнийг амилуулчихдаг, нэг хүнийг хэд ч болгож “олшруу­лаад” санал өгүүлчих чадвартай гэдгээ дахин мэдрүүлсэн юм.

Харин сонгуулийн дараа луй­вар хийсэндээ бантаж, баригдахаа болохоор барьц алдахдаа байраа шатааж, таван хүн буудаж аллаа. Хайран залуус, ард нь хичнээн ам бүл тэжээгчээ алдаж, амьдрал нь орвонгоороо эргэж, шар махтайгаа хатаа бол. Тэдний нулимсаар дэнчин тавиад зогсоогүй. 1000 гаруй иргэнийг хоморголон барив­чилж, 800-гаад хүнийг шоронд хийсэн юм.  Бууны суманд оногдож, зодуулж нүдүүлж шархны халуунд тарчилсан залуусыг тоолж барш­гүй. Насаараа эдгэхгүй шарх олсон ийм залуус хэдэн арваараа бай­гаа. С.Баяр ийм их үнээр сонгуульд ялалт байгуулсан юм. Үнэхээр тэр хэлсэндээ хүрсэн. Ингэж ард түмний нулимс, цусаар тэр ялалтаа баталгаажуулж билээ. Энэ бүхний эцэст сая С.Баярын сонгуулийн өмнө хэлээд байсан үг цэвэр большевик үзэл санаа агуулсан байжээ гэдгийг ойлгосон. Үнэндээ большевикчүүд 70 сая хүний амиар тоглож байж өөрийнхөө дэглэмийг тогтоосон гэдэг юм. Гэвч цусаар гараа угааж, хүний амиар тахил өргөснөөр оршин тогтносон энэ дэглэм удалгүй нуран унасан. Үнэндээ ийм адгийн хог шаараас дэлхий өөрийгөө цэвэрлэж чаддаг гэдгээ харуулсан нь тэр.

Энэ эмгэнэлийг нуухын тулд С.Баяр Ардчилсан намд найр тавьж сонгуулийн луйвраас үүдэлтэй гэмт хэргээ хаацайлах арга хайв. Баялгаа тэнцүүхэн хувааж авах хуйвалдаан хийхээр хамтарсан Засгий газар байгуулж, нэг сумаар хоёр туулай буудсан эр. Даанч таван хүний амьтай зайлш­гүй өөрөө холбогдоод байсан тул С.Батболд гэгч бизнесмэн нөхөрт албаа шилжүүлээд зугтаасан гэхэд болно. 

Халааг нь авсан С.Батболд харин сая намын Бага хурал дээрээ “Сонгууль ямар ч хуулиар явагдсан бай манай нам ялна” гээд хэлчихлээ. Энэ бол аюултай үг. Сонгуулийн хууль яаж гарах нь Ардын намд хамаагүй юм байна. Сурсан ёсоороо луйвраа хийгээд, хуулиа зөрчөөд ялалт байгуулах нь. С.Баяр ямар их үнээр сонгуульд яллаа. Тэгвэл С.Батболд ирэх хавар яаж сүйдэлж, ямар үнээр сонгуульдахыг бодохоос ч аймаар санагдаж байна.  Хөөрхий ард түмнийхээ амь, амьдралаар ингэж тоглож, бэмбэгэнүүлж байж эрх мэдэл, албан тушаалд хүрэхийн хэрэг юу байна. 

Ардчилал хөгжиж, улс орон даяаршсан энэ шинэ эрин үед уг нь аливаа улс төрийн хүчин, хувь хүн  сонгуульд заавал ялахын тулд биш  үзээд алдъя л гэж ордог болсон.  Харамсалтай нь хуучин Ху намынхан сонгуульд ямар ч үнээр хамаагүй, хуулиа зөрчөөд ялахын төлөө үхэн хатан тэмцдэг. Үнэндээ сонгуульд ялагдал хүлээвэл энэ намын хувьд үхэл болно гэсэн үг. Тэгэхээр аргагүй юм. Ардын намын гишүүд сонгуульд орж байгаа нь үхэх сэхэхээ үзэж байгаагаас ялгаа­гүй. Нэг нам гэлтгүй хоорондоо улайран өрсөлдөж, бүдрээд уна­вал татаад босгохын оронд дээгүүр нь гишгээд гарч мэдэхээр хүмүүс энэ намд байдаг юм. Ингээд бодо­хоор С.Баяр, С.Батболд нарын зөв. Юу ч болж байсан нүдээ аниад ялалтын төлөө зүтгэхээс биш яах билээ. 90 жил төр барьсан энэ  дэглэмд олон олон Каддафи, Сад­дам Хусейн, Мубаракийг төрүүлсэн нь ойлгомжтой. Тэд сонгуульд ялагдвал эргэж сэхэхэд хэцүү, тэр чигтээ дуусна гэсэн үг. Үнэндээ энэ дарангуйлагчид цөмөөрөө төрөөс төрсөн тэрбумтан байсан юм. Хүн эрх мэдэлтэй болох тусмаа түүний­гээ хамгаалах гэж зүтгэдэг. Тэрбум тэрбумаар нь мөнгө “идэх” тусмаа суудлаасаа буухгүйг хичээнэ. Үүнийг нь эсэргүүцсэн ард түмнийг дарангуйллаар дарж авахыг бодно. Гэвч ард түмэн нэг босвол юу болдгийг ливичүүд, египетчүүд харууллаа. Ард түмнийг номхон тэмээ шиг ноолж, басамжлан дором­жилж байсных нь хариуд дарангуйлагчдыг яаж цээрлүүлж, муу ч сайн ч толгойлогчоо гэж үзэхгүй харгис хандаж байгааг дэлхий нийтээрээ үзсэн. Үүний жишээ Монголд давтагдахгүй бай­хын аргагүй. Угаасаа дарангуйлаг­чид унахаараа нэг бол шорон эсвэл цаазын тавцанд очдогийг дэлхийн түүх сануулж байна.

Дашрамд хэлэхэд “Ху” намын хоёр лидер болох Н.Энхбаяр, Ц.Нямдорж нарын маргааныг дээ­рэмчдийн толгойлогчдын хагарал­даан гэж ойлгохоос биш шударга ёсны тэмцэл хэмээн андуурах хэрэггүй. Хуучин, шинэ “Ху” намд тэр хоёроос илүү том луйварчин өчнөөн бий. Тэд илчлэгдвэл хөөр­хий Каддафи, С.Хусейн шиг өлгүү­рийн шонд савчиж мэднэ.  Тэгэхээр сонгуульд ялж, үүрд эрх мэдэлтэй явахын төлөө ямар ч хуулийг улан­даа гишгэж зүтгэхээс өөр яах ч билээ. Гэвч “модоо” барьсан тэд­нийг ямар ч хууль зөрчөөд ялна гэвэл ард түмэн зөвшөөрөх үү. Үгүй л болов уу.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Э.Бат-Үүл: УИХ-ын дарга энэ бичгийг хүлээж авснаараа Үндсэн хуулийг зөрчлөө

АЛБАН ТУШААЛТАН ИРЭХ НЭГДҮГЭЭР САРЫН 1-НЭЭС АЖЛАА ӨГӨХИЙГ ДЭМЖИВ

УИХ-ын Төрийн бай­гуулалтын байнгын хо­рооны өчигдрийн ху­рал­даанаар  Сонгуулийн ту­хай хуулийн нэгтгэсэн төслийн эцсийн хэ­лэл­цүүлгийг хийсэн юм. Сон­гуулийн тухай хуу­лийн төслийг боловс­руу­лах ажлын хэсгээс оруулж ирсэн саналын томъёоллоор санал ху­раав. Энэ үеэр төрийн албан тушаалтан сон­гуульд нэр дэвших бол сонгуулиас зургаан са­рын өмнө ажлаасаа чө­лөөлөгдөх тухай  заалтыг тойрч нэлээд ярилаа. Энэ заалт хүчин төгөлдөр бол­бол сонгуульд нэр дэвших төрийн албан тушаалтан ирэх нэгдү­гээр сарын 1-нээс  ажлаа өгөх болчихоод байгаа. Гэвч Ерөнхийлөгчийн зү­гээс энэ хугацааг гурван сар болгох саналтайгаа илэрхийлчихсэн байдаг. Үүнээс болж гишүүдийн дунд нэлээд маргаан дэгд­сэн юм. УИХ-ын ги­шүүн Э.Мөнх-Очир “Тө­рийн өмчит компаниудын захирлууд бол төрийн албан хаагчаас тэс өөр.  Улсын төсөвт хөрөнгө төвлөрүүлэхээр ид зүтгэж байх хугацаандаа албан тушаалаасаа чөлөө­лөг­дөх нь буруу. Тухайн хүн өөрөө сонгуульд нэрээ дэвшүүлэх хүсэлгүй бай­хад намаас нь шаардаад шахаад байвал яах юм. Тиймээс хуучнаараа нэг сарын өмнө албан ту­шаа­лаасаа чөлөөлөгдөх хэрэгтэй” хэмээж байв. Тэгтэл Н.Энхболд, Х.Тэ­мүүжин нарын гишүүд  “Улс төр,  мөнгө хоёрыг салгахын тулд ингэж өөрч­лөлт оруулсан. Тэ­гэх­гүй бол төрийн ажил ч хийхгүй, хэдэн сараар ажлаа хаяад алга болдог тал бий. Дээрээс нь ал­бан газрынхаа ажилчдыг сонгуульд дайчлаад ам­раадаггүй. Үр дүнд нь иргэд төрийн үйлчилгээ авч чадахгүй, чирэгддэг” гэсэн тайлбараар хам­гаалж байлаа. 

Харин  Э.Бат-Үүл ги­шүүн “Ирэх жилийн сон­гууль дахиад луйвар бо­лох нь гэж гадуур яриад байна. Сонгуульд нэр дэвшигч гурван сарын өмнө албан тушаалаасаа түдгэлзэнэ гэдэг саналыг дэмжээд аваад явбал га­даа байгаа намууд эсэр­гүүцэл илэрхийлнэ. Ал­бан тушаалтан эрсдлээ үүрээд сонгуулиас зур­гаан сарын өмнө УИХ-ын сонгуульд нэрээ дэв­шүү­лэг. Үгүй гэвэл албан тушаалдаа үлдэх сон­гол­тоо хийг. Сонгуулийн тухай хуульдаа намууд захирагдах ёстой” гэж байв. Ингээд эцэст нь Сонгуулийн тухай хуу­лийн ажлын хэсгийн са­налыг гишүүд дэмжсэн юм.

Д.ДЭМБЭРЭЛ: БАТБАЯР ГИШҮҮН ЭЭ, БАРИН ТАВИН ХУДЛАА ЯРИЛАА ГЭДЭГ ҮГИЙГ ЧИНЬ ХҮЛЭЭЖ АВАХГҮЙ ШҮҮ

Дараа нь Төрийн бай­гуулалтын байнгын хо­рооны дарга Ж.Сүх­баа­тар, УИХ-ын гишүүн Х.Тэ­мүүжин, С.Бямбацогт на­рын санаачилсан УИХ-ын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ.  УИХ-ын тухай хуулийн Үндсэн хуультай зөрчил­дөж байгаа долдугаар зүйлийн 1.12 дахь заал­тыг өөрчлөхөөр санал оруулж байгаа юм байна.  Ингэснээр парламентын гишүүдийн дөрөвний нэг буюу 19 гишүүн гарын үсэг цуглуулсан тохиол­долд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг УИХ хэлэлцэхээр болно гэсэн үг. Энэ өөрчлөлтийг хийс­нээр Үндсэн хууль, УИХ-ын тухай хуулиуд зөр­чил­дөхгүй болох гэнэ. Үүнээс болж гишүүдийн дунд үүссэн маргааныг тайл­бар­гүйгээр хүргэж байна. Энэхүү хуралд УИХ-ын дарга Д.Дэмбэрэл оролц­сон юм.

УИХын гишүүн Ц.БАТБАЯР: Хэний за­хиалга, даалгавраар ийм төсөл оруулж ирээд бай­гаагаа тайлбарлах хэ­рэгтэй. Гэнэт алдаагаа ухаарсан юм шиг Ж.Сүх­баатараар хуулийн төсөл санаачлуулж байна. Ж.Сүх­баатар та нарын нохойд барьдаг мод юм уу. Ж.Сүхбаатар нь Х.Тэ­мүүжин, С.Бямбацогт на­раас гуйгаад хамт хуу­лийн төсөл боловс­руул­сан байна шүү дээ.

УИХын гишүүн Ж.СҮХБААТАР: Та тэг­вэл хэний захиалга, даал­­гавраар Ерөнхий сай­дыг огцруулах сана­лыг тавьсан юм. Хүнийг өөр шигээ  боддогоо бо­лих хэрэгтэй. Таны ард тэгвэл хэн байгаа юм бэ.

УИХын гишүүн Ц.БАТБАЯР: Хоёр, гу­рав­хан хоногийн дотор хуулийн төсөл санаа­чилж оруулж ирчихээд юу яриад байгаа юм бэ.

УИХ-ын гишүүн  Х.ТЭМҮҮЖИНТа ямар хар­тай юм бэ.

УИХын гишүүн Ц.БАТБАЯР: Би харгүй байсан. Та нар хартай болгосон шүү дээ. Миний ард би өөрөө л байна, өөр хэн ч байхгүй. Та нарын ард харин хэн бай­гаа юм бэ хэлчих л дээ.

УИХын гишүүн Ж.СҮХБААТАР: Миний ард сонгогчид л байгаа. 

УИХын гишүүн Э.БАТҮҮЛ: Өнгөрсөн хавар Х.Тэмүүжин ги­шүүн бид хэд Ерөнхий сайдыг огцруулах санал гаргаж, найман хүний гарын үсэг зураад УИХ-ын даргад өргөн барих гэтэл боломжгүй гэсэн. Тэгэхээр нь орхисон шүү дээ. Гэтэл одоо Д.Дэм­бэрэл дарга та яагаад намынхаа Ц.Батбаяр тэр­гүүтэй нөхдүүдийг Ерөн­хий сайдыг огцруулах бичиг өргөн барихаар хү­лээж аваад Төрийн бай­гуу­лал­тын байнгын хо­роогоор хэлэлцүүлж бай­гаа юм.  Та энэ бичгийг хүлээж авснаараа Үнд­сэн хууль зөрчлөө.

УИХын дарга Д.ДЭМ­БЭРЭЛ: Таныг Ерөн­хий сайдыг огцруулах асууд­лыг тавих үед бид ярилцсан шүү дээ. Тэгээд Үндсэн хуульд УИХ-ын гишүүдийн 19-өөс доошгүй нь Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг тавина гэж заасан байдаг тэр заалтыг хүндэтгэн үзэхээр болоод асуудлыг шийдсэн биз дээ. Харин энэ есөн ги­шүүн асуудлаа сайн ойлгоо­гүй. Тийм учраас  чуулганы танхимд орж ирэн Ерөнхий сайдыг огцруулах албан бич­гээ өргөн барьсан. Уг нь ту­хайн өдөр “Маргааш буюу баасан гаригийн өглөө 09.30 цагт та хэдийг өрөөндөө хү­лээж авъя” гэж хэлсэн юм.  Гэтэл тэд “Бидний бичгийг хүлээж авахгүй зугтлаа” гэх зэргээр ярьж эхэлсэн. Тэгээд пүрэв гаригийн үдээс хойших  чуулганы нэгдсэн хурал­даа­ны үеэр огцруулах тухай өр­гөн барьж буй бичгээ  уншаад явчихсан шүү дээ.  Нэгэнт өгсөн албан бичгийг хүлээж аваад, холбогдох байнгын хороо руу шилжүүлэхээс өөр яах юм. Харин Х.Тэмүүжин нарын гишүүд төсөл санаач­лан, зөрчил үүсгээд байгаа асуудлыг нэг тийш шийдье гэдэг нь сайн хэрэг.

УИХын гишүүн Ц.БАТ­БАЯР: УИХ-ын дарга аа, та  барин тавин худлаа ярьж байна.  Та “Маргааш өглөө 09.30 цагт өрөөндөө хүлээж авъя” гэж огт хэлээгүй. “Г.Бат­хүү даргад өгчих” л гэсэн. Бид Г.Батхүүд өргөн барих  гэтэл хүлээж аваагүй, алга болсон. Тиймээс бид бүтэн цаг хү­лээ­сэн. Дараа нь Н.Энхболд даргад асуудлыг тавьтал “Хү­лээж авахгүй” гэсэн шүү дээ. Ингээд бичгээ танд өгөхөөс өөр арга байгаагүй. Битгий ингэж худлаа ярь.

УИХын дарга Д.ДЭМ­БЭРЭЛ: Батбаяр гишүүн ээ, барин тавин худлаа ярилаа гэдэг үгийг чинь хүлээж авах­гүй шүү. Би тэр үед юу болс­ныг л ярьж байна.

УИХын гишүүн Ц.БАТ­БАЯР: Та хүлээж авахгүй гээд зугтсан шүү дээ.

УИХын дарга Д.ДЭМ­БЭ­РЭЛ: Тийм зүйл байхгүй ээ.  Ер нь цаашдаа надад албан бичиг өгөх бол албан ёсоор миний өрөөнд орж өргөн барих хэрэгтэй. Та нар чуул­ганы танхимд өгсөн нь буруу болсон. УИХ-ын даргад ал­бан бичиг өргөн барих нь жирийн үйл явдал. Үүнийг улстөржүүлж болохгүй.

УИХын гишүүн Ц.БАТ­БАЯР: Есөн гишүүний амыг таглах гэж хууль санаачилж байгаа бол болиорой. Хуулиа өөрчлөх гэж байгаа юм бол асуудлыг цогцоор нь ярих хэрэгтэй. Засгийн газрын талаас илүү хувь нь огцорвол бүхэлдээ огцрох хуультай. Сайдыг огцруулах асуудлыг нэг ч гишүүн тавьж болно.

УИХын гишүүн Э.БАТҮҮЛ: Ерөнхий сайд огцорсон нөхцөлд дараагийн Ерөнхий сайд томилогдох ёстой. Тий­мээс Ерөнхий сайдыг огцруу­лах асуудлыг тавихдаа ор­ных нь  хүний нэрийг өгөх ёстой. Өмнө нь Засгийн газ­рыг огцруулахдаа дараагийн хүнийх нь нэрийг өгөөгүйн улмаас Ц.Элбэгдорж зургаан сарын турш Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч гэдэг албан тушаалыг хашиж байсан юм. Есөн гишүүн Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өргөн барихдаа үндэслэл, шийдвэ­рийн төслөө хамт өгсөн юм уу.

УИХын дарга Д.ДЭМ­БЭРЭЛ: Өгөөгүй. Албан би­чиг л өгсөн. Үүнийг нь тод­руулж асуухад “УИХ-ын Там­гын газар өгнө” гэсэн.

УИХын гишүүн Э.БАТҮҮЛ: Энэ маягаар Ерөнхий сайдыг огцруулах асуудал тавьж болдог юм бол би одоо ч гэсэн Засгийн газрыг огц­руу­лах шаардлага тавимаар байна. Стратегийн ордуудаа хурдан эргэлтэд оруулах хэ­рэгтэй байна.  Бид ямар ял үүрсэн гэхээрээ ядуу байх ёстой юм. Өөрсдийнхөө амьд­ралын хамаг асуудлыг шийдвэрлэчихсэн УИХ-ын гишүүд ч яахав. Цаана чинь байртай  болохыг хүссэн гэр бүл хэдэн мянгаараа байна. Засгийн газар амласнаа хур­дан биелүүлж, гэр хорооллын иргэдийг орон сууцжуулмаар байна. Бид Япон, Швейцарь шиг сайхан амьдармаар бай­на. Үүнийг Засгийн газраас шаардъя. Тэгээд энэ хуулийг дэмжээд гаргалаа гэхэд ирэх оны долдугаар сараас хэрэг­жүүлмээр байна. Тэгэхгүй бол хүмүүс дэмий популизм хийнэ” хэмээн дуу нь чан­гарлаа. Гэвч түүний үгээр хэлэлцэх асуудлыг өндөрлөж, санал хураахад Ц.Батбаяр гишүүнээс бусад нь энэхүү хуулийн төслийг дэмжив.

ЕРӨНХИЙ САЙДААР ТЕНДЕРИЙН АСУУДЛЫГ ХАРИУЦУУЛАХГҮЙ ГЭЖ ҮЗЛЭЭ

Хамгийн сүүлд нь “Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг батлах тухай УИХ-ын 43 дугаар тогтоолын хавс­ралтад нэмэлт оруулах тухай” тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгийг хийв. Тенде­рийн тухай өөрчлөлт оруулж, тендер хариуцсан тусгай агентлагтай болох гэж байгаа юм байна. Үүнийг Ерөнхий сайд хариуцаж ажиллах са­на­лыг тусгажээ. Гэвч үүнийг нь УИХ-ын гишүүн Ч.Сай­хан­билэг эсэргүүцэж “Улс орныг хөгжүүлэх их ажилтай Ерөн­хий сайд тендерийн асууд­лыг зохицуулна гэвэл ам­жихгүй. Тэгээд асуудлыг хэрэг эрхлэх газар руу гаа шил­жүүлнэ. Тэндээ очоод ший­дэгдсэн зүйлгүй, бие бие рүүгээ шидээд бөөн хугацаа алдана. Тэгээд ч Ерөнхий сайд тендертэй шууд хол­боотой ажиллавал түүнийг огцруулах санал байсхийгээд орж ирэх юм болно. Тиймээс энэ саналаа буцааж татах хэрэгтэй” гэв. Харин Х.Тэмүү­жин гишүүн Ерөнхий сайдыг аж ахуйн асуудалд хутгал­дуулж болохгүй гэсэн сана­лыг нэмэрлэж байлаа. Гэх мэтчилэн гишүүд дуу дуугаа авалцан эсэргүүцээд эхэлтэл  уг саналыг санаачилсан аж­лын хэсгийн гишүүн Э.Бат-Үүл “Саналаа татаж авах хэрэгтэй юм байна” хэмээн гэнэт ухаарав. Тэгтэл ажлын хэсгийн ахлагч Ж.Батсуурь гишүүн “Хэлэлцүүлгийн явцад гэнэт ийм зүйл хэлж байгаа юм чинь яалтай билээ. Миний байр суурь ч үүнтэй нэгдэж байна” гээд саналаа татаж авах юм боллоо. “Эсвэл аж­лын хэсэг дээрээ асуудлыг дахиад ярих учраас хойш­лууъя” гээд гарахаар завдав. Тэгтэл С.Баярцогт сайд “Ха­риуцлагыг нь та хүлээгээрэй” хэмээн Ж.Батсуурь гишүүнд хэлж бухимдаж байлаа. Цаа­наас нь Э.Мөнх-Очир гишүүн “Ийм хариуцлагагүй хүнээр ажлын хэсэг ахлууллаа” гэж үг нэмэрлэж суув. Ч.Сай­хан­билэг гишүүн “Төслийг хойш­луулах нь буруу. Сонгууль дөхчихлөө гээд хамаг ажлаа хойшлуулаад байвал энэ төр чинь ердөө хоёр жил л ажил­ладаг боллоо шүү дээ. Тий­мээс асуудлуудаа хойш­луу­лахгүй хэлэлцээд, шийдээд явъя” гэлээ. Үүний дагуу  Ерөн­хий сайдаар Тендерийн асуудлыг хариуцуулах нь зөв үү, үгүй юу хэмээн санал хураахад гишүүд дэмжсэнгүй.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Элчин сайдуудын томилгоо тойрсон асуудлын учир

-Т.ГАНДИ ЭЛЧИН САЙД БОЛОХ ГЭСЭН Ч БҮТСЭНГҮЙ-

Гадаад улсуудад суух Элчин сайдын
томилгооны асуудал хөндөгдөж эхэллээ. Тэр тусмаа Япон улсад Монгол Улсаа
төлөөлөн суух Элчин сайдын тухай онцгойлон яригдаж байна. Энэ албан
тушаалд БНАСАУ-д Элчин сайдаар ажиллаж буй С.Хүрэлбаатарыг томилохоор
Ерөнхийлөгчид өргөн мэдүүлээд байна. Гэтэл Япон улсын тал Элчин сайд
С.Хүрэлбаатарт дурамжхан байна. Хойд Солонгос, Японы харилцаа хэвийн бус
байгаа өнөө үед тэгэхээс тэгэх гэсэн юм шиг БНАСАУ-д Элчин сайдаар сууж
байсан нөхрийг ирүүлэх гэлээ хэмээн тэд эсэргүүцлээ. Үүнийгээ
илэрхийлсэн нот бичгийг манай Гадаад харилцааны яаманд ирүүлчихлээ гэх
мэтийн мэдээлэл түгэв. Гэвч энэ нь ор үндэслэлгүй худлаа гэнэ. Дипломат
ёсонд ийм зүйл байх учиргүй тухай албаны хүмүүс ярьж байна.

Гадаад харилцааны яамны Олон нийттэй
харилцах газрын холбогдох албан тушаалтнаас энэ талаар утсаар
тодруулахад “С.Хүрэлбаатар сайдыг Япон руу томилох гэж байгааг тус улсын
тал эсэргүүцэж нот бичиг ирүүлсэн” гэсэн мэдээлэл ор үндэсгүй юм. Олон
улсын харилцаанд мөрддөг тусгай дипломат ёс журам бий.

Нэг орон нөгөө улсдаа Элчин сайд томилох
шийдвэрээ гаргасныхаа дараа айлын талаас агреман хүсдэг. Тухайн хүнийг
айлын тал зөвшөөрч байвал хариу өгдөг. Эс зөвшөөрвөл айлын тал хариу
өгөхгүй удаадаг учраас зөвшөөрсөнгүй гэж үзээд өөр хүнийг санал
болгодог. Тэгээд ч Япон улсад Элчин сайдаар томилогдох хүн нь одоогоор
тодроогүй байна. Тиймээс Японы тал манайд нот бичиг ирүүлэх ямар ч
үндэслэлгүй. Хоёр орны харилцаатай холбоотой асуудлаар ташаа мэдээлэл
гарч байгаа нь харамсалтай юм” гэсэн тайлбар өглөө. Манайд суугаа Ялон
улсын Элчин сайдын яам ч дипломат ёсонд нийцэхгүй ийм мэдээлэл тараасан
хэвлэл мэдээллийн хэрэгсэлд мэдэгдэл хүргүүлэх гэж байгааг өөр эх
сурвалж хэлсэн юм. Харин ч Япон улсын тал Элчин сайд С.Хүрэлбаатарыг
тааламжтай хүлээж авах талтай гэнэ. Учир нь тэрээр өмнө нь Япон улсад
Элчин сайдаар ажиллаж байсан удаатай. Энэ удаа томилогдвол хоёронтоо
очих юм байна. Тэгээд ч хойд Солонгост Элчин сайдаар ажиллаж байсан
хүний хувьд Япон, БНАСАУ-ын харилцаанд эерэг хандлага гаргах байр
суурьтай ажиллана гэж үзэх хүмүүс байгаа юм.

Элчин сайдаар томилогдохоор анх санал
болгосон хүмүүсээс анхаарал татаж байсан нь Нийгмийн хамгаалал,
хөдөлмөрийн сайд Т.Ганди. Гэвч түүнийг АН-ын бүлэг дэмжээгүй учраас
Элчин сайд болох гэсэн хүсэл нь бүтсэнгүй. Монгол Улсын Ерөнхийлөгч
Ц.Элбэгдорж сая Италид хийсэн айлчлалынхаа үеэр тэнд Монголынхоо Элчин
сайдын яамыг байгуулаад ирсэн билээ. Тиймээс уг яаманд Бүрэн Эрхт Элчин
сайдын орон зай эзгүйрч эзнээ хүлээж байгаа. Харин энэ суудалд Т.Ганди
сайд очихоор санаархсан хэрэг. Улс төрд олон жил зүтгэсэн энэ эмэгтэйд
нам нь өндөр албан тушаалуудыг харамгүй өгсөөр ирсэн. Тиймдээ ч УИХ-ын
сонгуульд ялалт байгуулж, парламентад суух эрх авч чадаагүй хэрнээ
сайдын албан тушаалд дөмөгхөн суусан юм. Тэгэхдээ бүр хамгийн их мөнгө
эргэлдүүлж байдаг, орлого ихтэй яамны даамлаар очсон гэж байгаа. Сайдынх
нь нэр сэвтэж, элдэв янзын шүүмжлэл дагуулаад байгаагаас болсон уу
ямартаа ч гадаад улсад Элчин сайдаар явж, налайж сууя хэмээн тэрээр
үзсэн бололтой. Итали улсад суух Элчингээр томилогдчихвол тэртэй тэргүй
ирэх сонгуулиар бүрэн эрх нь хэмжигдэж байгаа сайдын албаа өгөөд санаа
амар яваад өгнө. Магадгүй түүний хувьд их улс төрөөс хэсэгхэн холдож,
тархиа амраах гэсэн зальжин аргуудынх нь нэг энэ байж болох. Гэвч түүний
хүсэл бүхэн биелж, дуртай албан тушаалдаа очоод байдаггүйг АН-ынхан
сануулж буй бололтой. Учир нь тус намын бүлэг Т.Ганди сайдыг Италид суух
Элчин сайдаар томилохыг эсэргүүцжээ. Үргэлж дардан замаар явж ирсэн
Т.Ганди сайдын улс төрийн карьер магадгүй үүгээр дуусгавар болж байгаа ч
юм бил үү. Ямагт эрхлүүлж ирсэн намынхан нь ингэж зайлуулж байгаа ч юм
уу, хэн мэдлээ.

Я.Мөнгөнцэцэг

Categories
редакцийн-нийтлэл

Засгийн газар нүүрсний компаниудын эрх ашгийг хамгаалав уу?

Төсвийн байнгын хорооны өчигдрийн
хуралдаанаар Зарим бараанд ногдуулах экспортын гаалийн татварын хэмжээ
тогтоох тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг хэлэлцэхээр
болов. Гол нь Монголоос экспортлох нүүрс, төмрийн хүдэр дээр яригдах
гаалийн татварын асуудал энд тусгагдсан юм. Гэвч Сангийн сайд С.Баярцогт
орж ирснээр Засгийн газраас өргөн барьсан энэ хуулийн төслөө татаж авч
байгаа мэдээг танилцуулав. Ингээд гишүүд гайхаж байгаагаа илэрхийлцгээж
эхэллээ.
УИХ-ын гишүүн Ч.Улаан “Төсвийг дагалдаж
орж ирсэн хуулиа буцаачихаар төсвөө эргээд татагдчихаж байгаа юм биш үү”
гэсэн бол Х.Бадельхан гишүүн “Гадуур янз бүрийн улс төр явж байна. Энэ
хуулийн төслийг хэлэлцэхээр нүүрс экспортлогчдын эрх ашиг хөндөгдөх гээд
байгаа учраас ингэж байгаа юм” гэв. Ц.Сэдванчиг гишүүн “Үүнийг Засгийн
газар татаж авснаар нүүрсний татвараас бүрдэх 300 гаруй тэрбум төгрөгийн
орлого алга болох нь. Энэ мөнгийг төсөвт яаж нөхөх гэж байгаа юм” гэвэл
Ц.Батбаяр гишүүн “Засгийн газар уул уурхайн хэдхэн компанийн эрх ашигт
үйлчлээд байгаа юм биш үү” хэмээсэн юм. Харин О.Чулуунбат гишүүн “Ийм
чухал баримт бичгийг байнгын хороогоор хэлэлцэхгүй, шууд татаж авна
гэдэг утгагүй” гэлээ. Энэ бүхэнд өгсөн С.Баярцогт сайдын хариулт үнэндээ
нэг л байсан юм. Тэрээр “МҮХАҮТ, Уул уухайн үндэсний ассоциаци, Эрдэс
баялгийн үндэсний бирж гэх мэтийн байгууллагуудын саналыг Засгийн газар
харгалзан төслөө татаж авахаар болсон. Оронд нь экспортын татварыг өөр
байдлаар нөхнө. Үүнийг төсвийн хоёрдугаар хэлэлцүүлгийн үеэр ярина.
Хэрэв энэ татварыг авбал нүүрсийг эцсийн бүтээгдэхүүн болгох үйлдвэрлэл
зогсох сөрөг талтай гэж үзсэн” гэснээс өөр тайлбар хэлэхгүй байлаа.
Гишүүд илүү тайлбар шаардахад “Энд хэвлэлийнхэн хэр байна. Бид
Тэмдэгтийн хураамжийн тухай хуульд нэмэлт оруулчихаад баахан
шүүмжлүүлсэн учаас хуулиа дахиад өөрчилж байсан. Дэгийн тухай хуульд
сэтгүүлчдийг байнгын хорооны хуралдаанд суулгахгүй гэдэг заалт
оруулчихаад шүүмжлүүлээд больж байлаа. Энэ мэтээр баталсан хуулиа
хамгаалж чадахгүй, нийгэмд хэл ам үүсгэдэг учраас уг төслийг татаж авсан
тухай ил тод дэлгэрэнгүй тайлбарлахгүй байгааг ойлгооч” хэмээн гуйснаар
асуудалд цэг тавилаа. Харин хамгийн сүүлд нь УИХ-ын гишүүн Д.Ганхуяг
“Нүүрсээ ямар ч татваргүйгээр гадагш нь ачуулах юм бол уул уурхайгаа
ашигласны хэрэг байна уу. Тэгвэл хууль зөрчсөн хэрэг болно. Үнэндээ
Засгийн газар “Энержи ресурс”, МАК, жижиг Таван толгой гэсэн компаниудын
үгээр төслөө татаж авлаа гэдгээ нээлттэй хэлчихээч” гэсэн юм.

ТАНСАГ ХЭРЭГЦЭЭНИЙ АВТОМАШИНЫ ТАТВАРЫГ НЭМНЭ

Дараа нь Монгол Улсын авто тээврийн
болон өөрөө явагч хэрэгслийн албан татварын тухай хуульд өөрчлөлт
оруулах тухай, онцгой албан татварын тухай хуульд өөрчлөлт оруулах тухай
хуулийн төслүүдийг хэлэлцэх эсэхийг хэлэлцээд дэмжсэн юм.

Энэхүү төсөлд тусгаснаар үйлдвэрээс
гараад арван жил явсан хуучин автомашиныг Монголд оруулж ирвэл татвар нь
нэмэгдэж байгаа юм байна. Мөн тансаг хэрэгцээний том оврын суудлын
автомашинуудын онцгой албан татварыг нэмж байгаа аж. Гадаадад бол
чинээлэг давхаргын баячуудаас машины татвар илүү авдаг жишиг байдгийг
Сангийн сайд хэлж байлаа. Энэ хоёроос бусад төрлийн автомашины татварыг
нэмэхгүй гэнэ. Энэ өөрчлөлтийг хамгийн их эсэргүүцсэн хүн нь
Д.Дамба-Очир гишүүн байв. Тэрээр “Монголын зам муу учраас том машин
унахаас өөр аргагүй байдаг” гэсэн тайлбар хэлж байсан юм.

ИРЭХ ЗУРГАДУГААР САРААС ИРГЭН БҮРТ 23 МЯНГАН ТӨГРӨГ ӨГӨХОӨР ТУСГАЖЭЭ

Сүүлд нь Төсвийн хүрээний мэдэгдэл,
төсвийн төсөөллийн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулийн төслүүд,
“Хүний хөгжил сангаас Монгол Улсын иргэнд 2012 онд хүртээх хишиг, хувийн
хэмжээг тогтоох тухай” УИХ-ын тогтоолын төслийг хэлэлцээд хэлэлцэхийг
дэмжлээ. Ирэх жил Монгол Улс иргэддээ 2,4 их наяд төгрөг өгөх гэнэ.

Он гараад эхний таван сард иргэн бүрт 21
мянган төгрөгөө өгнө. Харин зургадугаар сараас 23 мянга болгож нэмэх
нь. Мөн 55, түүнээс дээш настай эмэгтэй 60, түүнээс дээш насны
эрэгтэйчүүд, оюутнууд, хөгжлийн бэрхшээлтэй иргэд гээд нийт 600 мянган
хүнд тус бүр нэг сая төгрөгийг бэлнээр олгоно. Үлдсэн 2.2 сая иргэн нэг
сая төгрөгийг бэлнээр эсвэл хувьцаа маягаар авч болно гэж Сангийн сайд
ярилаа.

Я.Мөнгөнцэцэг

Categories
редакцийн-нийтлэл

Ц.Нямдорж: Н.Энхбаяр ой санамжаа алдчихсан юм шиг байна лээ

Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдорж­той ярилцлаа.

МАХНын дарга Н.Энх­­­­баяр таныгАж­лаа өгч шал­гуулгэж мэдэг­дээд эхэллээ

-Н.Энхбаяр өөрөө хэв­лэх үйлдвэр, нийслэ­лийн мэдлийн хөрөнгө болсон  “Өргөө” зочид буудлын хувьчлалын асуу­далтай нэр хол­богд­сон. Тэгээд дээрх асууд­лууд цагдаа­гийн байгуул­лагад шалгаг­даад удаж байгаа юм билээ. Хэвлэх үйлдвэ­рийн хувьчлалтай хол­боо­той До.Чулуун­баа­тар гэ­дэг сэтгүүлч хоёр, гур­ван сар шоронд суусан. Тэр үед нь Н.Энх­баяраас гар­цаагүй асуух зүйл бай­сан учраас түү­нийг цаг­даа­гаас дууд­тал ирээгүй юм билээ. “Өргөө” зочид бууд­лын асуудал ч гэсэн бөөн буд­лиан бол­чихоод Н.Энх­бая­раас асуух зүйл га­раад байхад зугтаагаад очихгүй бай­гаа. Тэгээд цагдаа, проку­рорынхон албадан ирүү­лэх шийд­вэр гаргасан юм билээ.

Н.Энхбаяр даргаӨргөөзочид буу­дал, “Улаанбаатар таймссонины хувьч­лалтай ямар ч холбоогүй. Энэ асуу­дал хууль хянал­тын­­хан нэгэнт шал­гаад дууссан гэж мэдэгдээд байгаа?

Н.Энхбаярыг ажлаа хийж байхад айгаад шал­гаж чадаагүй юм байлгүй. Гэвч үнэхээр шалгахаас аргагүй зүйлүүд
бий. Бай­гуулагдаад долоо хоно­сон “Хар дун” гэдэг ком­панид “Өргөө” зочид бууд­лыг үнэгүй өгсөн.
Ком­панийнх нь захирал Хурц гэж Дарханд амьдардаг хүн байдаг юм билээ. Тэр Н.Энхбаярын үүдэнд суу­даг байсан Тулгын төрсөн ах. Хурцын “Хар дун” ком­панийн үүсгэн байгуулагч нь Н.Энхбаярын
хүү. Ин­гэ­хээр түүнийг шалгахаас өөр яах юм. Энэ бүхний­гээ Н.Энхбаяр тухайн үед албан тушаалтай байх­даа зувчуулаад
өнгөрч байсан юм билээ. Харин одоо
“Би ямар ч холбог­долгүй”
гэж мянга яриад яахав дээ.

Таныг өөрийг нь баривч­­лахаас урьтаад мэ­дэгдэл гаргачихсан юм биш үү?

-Тийм
ойлголт өгөх гээд наадах чинь чармай­гаад байна шүү дээ. Эцэс сүүлд нь Н.Энхбаяр “Шу­дарга ёсны төлөө тэмц­сэн чинь Ц.Нямдорж на­майг ба­риулж, хэлмэг­дүүлэх гэ­лээ” гэж мэдэг­дээд, мулгуу ажил хийж  байна. Барьж, хорьдог хүн нь би биш л дээ. Ал­бан тушаалын хувьд ч надад тийм үүрэг байхгүй. Манайх цагдан шалгаж, мөрдөн шийтгэх систем­тэй орон биз дээ. Хууль зүйн сайд хүн шийт­гэнэ гэж байхгүй. Ер нь Н.Энх­баяр өөрөө асуу­дал үүс­гээ­гүй бол юу гэж ийм зүйл болохов. Тэгээд ч би зарга үүсгээд байгаа юм биш. Лхагвасүрэн жанж­­ны ач Сэргэлэн гэж хүн бий. Н.Энхбаярыг хамтаръя гээд байхаар нь хэвлэх үйлдвэрт 400 сая төгрө­гөө өгөөд алдчих­сан. Одоо болтол заргал­даад явж байна. Тэгээд Хэвлэх үйлдвэрийн цаа­на “TV9”, “Зууны мэдээ” со­нин нь ажиллаж байгаа биз дээ. Тэр бол түүний өмч шүү дээ.

Та олон тэрбум төг­рөгийн үнэтэй бай­шин­гуудаа нууж, хөлсний байранд амьдардаг гэж хүн үнэмшмээргүй зүйл яриад байгаа юм биш үү?

-Надад
авсан авлига байхгүй. Хүний худалдаж авсан байранд хөлсийг нь төлөөд амьдарч бай­гаа нь үнэн. Хөрөнгө ор­логын мэдүүлэгтээ үүний­гээ мэдүүлсэн.  Тэгж ярих юм бол миний амьдарч байгаа байшинг худал­даж авсан хүн нь байгаа.

Миний хоёр хүүхэд зээл аваад байшин ба­риулж байгаа нь үнэн. Энэ бол тийм үнэтэй бай­шин биш. Н.Энхбаяр хө­рөнгийн үнэлгээчин бол­чихсон юм байлгүй зур­гаан тэрбум төгрөгийн үнэтэй байшин гэж хэлсэн байна лээ. Зургаан тэр­бум төгрөгөөр хоёр мян­ган хүний суудалтай, хоёр сургуулийн байшин барьдаг юм. Өнөө жил Баянзүрх дүүрэгт 2.8 тэр­бум төгрөгөөр 960 хүүх­дийн суудалтай сургууль барина гээд төсөвт тус­гачихсан байна. 56 сая төгрөгөөр хөдөөгийн сум­дад цагдаагийн кубон барьж байгаа. Миний хүүх­дүүдийн бариулж бай­гаа байшин бол цаг­даагийн хоёр кубоны дайны зардалтай бай­шин л даа. Тэгэхээр Н.Энх­баяр намайг айм­шигтай баян авлигач гэдэг ойлголтыг олон нийтэд төрүүлэхээр санаатай гүтгэлэг хийж байна. Хүн гүтгэж болно. Гэхдээ жаа­хан баримжаатай байх хэрэгтэй.

Тэгвэл хоригдлууд танай хүүгийн байшинг барьсан юм уу. Тэднээс нэг хоригдол нас бар­сан байх аа?

-Үгүй
ээ. Тэнд хүн нас бараагүй. Ш.Сай­хан­сам­буугийн захын наад талд Шүүхийн шийдвэр гүй­цэтгэх ерөнхий газрын ажилчдын 120 айлын орон сууц барьж байгаа юм. Тэнд ажиллаж бай­сан хоригдол харам­сал­тайгаар нас барсан.   Анги дээрээ байсан нэг хо­риг­дол нас барсан. Үүнийг надтай холбож байгаа юм.

Та үүрэг өгч Л.Гүн­далай гишүүнийг ба­ривч­луулж байсан юм уу. Үүнийг Н.Энхбаяр нотолж байгаа нь үнэм­шилтэй байна

-Наадах
чинь худлаа. Н.Энхбаяр ой санамжаа алдчихсан юм шиг байна лээ. Л.Гүндалайг баривч­лахыг тухайн үед мэдээ­гүй. Манай яамныхан Гер­маны техникийн хамтын ажиллагааны нийгэм­лэ­гийн төслийн хүмүүстэй салхинд гарсан хойгуур энэ явдал болсон. Нэг үгээр хэлбэл, намайг эз­гүй хойгуур тийм зүйл болсон юм билээ. Орой нь хот орж ирээд энэ тухай сонсч байсан.  Ер нь энэ байтугай зүйлийг зохиож байгаа хүн цааш­даа юу ч ярьж магадгүй. Н.Энхбаяр тийм хэлбэр рүүгээ орчихож. Түүний гол зорилго нь асуудлыг улстөржүүлж байгаад өөрийнхөө холбогдсон элдэв муу зүйлээс хал балгүй салах гээд байна л даа. Ингэж болохгүй биз дээ.

Н.Энхбаяр Ерөнхий сайд байхдаа таныг аж­лаа өгчих гэдэг санал хэлж байсан юм аа даа?

-Хэзээ
ч тийм зүйл ярьж байгаагүй. Намайг 2000 онд сайд болж бай­хад тухайн үеийн тагнуул, цагдаагийн удирдлагад байсан нөхдүүд “Ц.Ням­дорж Хятадын тагнуул байсан” гэдэг зохиол би­чээд Хулганаа гэж хүнээр гарын үсэг зуруулаад Н.Багабандид өгсөн юм. Тэгээд би Н.Багабанди, Л.Энэбиш, Н.Энхбаяр гу­равтай уулзаж “Надад ийм асуудал байхгүй” гэд­гийг албан ёсоор хэлсэн учраас тэд нөхцөл байд­лыг ойлгоод миний то­мил­гоог хийлгүүлсэн юм. Гэтэл Н.Энхбаяр одоо худал зүйл яриад эхэл­лээ.

Хууль зүй, дотоод хэргийн сайдаар Ц.Ням­дорж, ЦЕГын даргаар Д.СандагОчир нар бай­сан цагт Н.Энхбаяр гэ­дэг хүн  шалгуулахгүй юм биш үү?

-Н.Энхбаярыг ажлаа өг гэхээр ажлаасаа гар­даг хүн байдаг юм уу. Тэр тусмаа өмч хөрөнгийн асуудалд холбогдчихсон хүн ингэж хэлэхээр аж­лаа өгөх үү. Зүгээр цаг­даагийн газарт очоод мэдүүлгээ өгчих хэрэгтэй шүү дээ. Үүнд илүү дутуу зүйл байхгүй. Надтай хол­боотой асуудал гарлаа гэхэд дуудсан цагт нь очоод мэдүүлгээ өгчихнө. Ерөнхийлөгчөөс эхлээд жирийн иргэн бүгд хууль, шүүхийн өмнө тэгш эрх­тэй юм байгаа биз дээ. “Энэ хүн надад таалаг­дах­гүй байна, би мэдүү­лэг өгөхгүй” гэдэг зарчим байхгүй. Н.Энхбаярыг хэлмэгдүүлэх гээд байгаа юм байхгүй.  Өөрөө л ийм асуудал үүсгэсэн шүү дээ. Хариуцлагаа надаас биш өөрөөсөө асуух ёстой.

Та Н.Энхбаярт өшир­хөөд  дарангуй­лаад байгаа тал бий юу?

-Н.Энхбаярыг л да­ран­гуйлагч байсан гэж ярьдаг юм билээ. Гэхдээ би түүнийг дарангуйлагч байсан гэж боддоггүй. Хууль, шүүхгүйгээр хүмүү­сийг хорьж цагдаад буу­даад байдаг хүнийг да­ран­гуйлагч гэдэг биз дээ. Пиночет, Гитлер, Сталин байлаа. Ийм хүмүүсийг дарангуйлагч гэх боло­хоос миний дарангуйлагч гэж юу байдаг юм. Ард­чилсан Монгол Улсад дарангуйлагч байх арга­гүй биз дээ.

Н.Энхбаяр дарга өчиг­дөр танд ханданЗүгээр л ажлаа өгөөд шалгуулчих. Үгүй бол чамтай холбоотой олон зүйлийг дахиад дэл­гэнэ шүүгэж анхаа­руулж байгаа юм шиг камер руу хараад хэлж байна лээ

-Хэлье
гэсэн ч өөр юм байхгүй. Ер нь Н.Энх­баярын холбогдсон хэр­гийн төлөө би ажлаа өгнө гэж юу байсан юм бэ. Тийм биз дээ. Намайг холдуулж байж хэргээ хаалгах зорилготой бай­гаа юм шиг байна лээ. Би явсан ч түүний хэрэг хааг­дахгүй шүү дээ.

Түүнтэй олон жил хамт зүтгэж сайн муу­гаа мэдэлцэж явсан хү­ний хувьд танд ч түү­ний талаар дэлгэх ба­римтууд бий биз

-Мэднэ
ээ. Хүнийг нь ч мэднэ. Өөрөө хүний юм хэлэхээс өөр аргагүй бай­далд хүргээд байх юм байна шүү дээ. Баахан худлаа ярих юм. Түүнд нь би хариулт өгч таарна биз дээ. Би мангар хүн биш шүү дээ. Өөр яах юм. Ийм зүйл ярьж явахын оронд шүүх, цагдаагийн бай­гуул­лагад очоод холбог­доод байгаа хэргээ тайл­барлачихвал болоо биз дээ. Сонгуульд өөрөө уначихаад “Манай на­мын удирдлагууд зохион байгуулж байгаад унага­чих­лаа. Сонгууль луй­вард­сан” гээд яриад байх юм. Тэгж болохгүй биз дээ. Намын удирдлага урваад намдаа өгсөн са­налыг луйвардаад Ц.Эл­бэг­доржид өгчихсөн юм байхгүй. Тэр өөрийнхөө хардлага сэрдлэгээр бус­дыг дүгнээд байж болох­гүй. Миний хувьд Н.Энх­баярын тухай ямар ч яриа эхэлж гаргаагүй шүү. Н.Энхбаярын талаар нэг ч удаа хиртэй үг хэлээгүй. Тэр дандаа өөрөө эхэл­дэг.

Цагдаагийн байгууллагын тухай хуульд өөрчлөлт оруулах төсөлд үнэхээр галт зэвсэг хэрэглэх тухай тусгачихсан юм уу?

-Галт
зэвсэг хэрэглэх тухай ямар ч заалт байхгүй. Эмх замбараагүй байдал үүсэх юм бол зөвхөн цаг­даа, дотоодын цэргийнхэнд буу тавьж өгнө. Бусдад нь буу өгч болохгүй гэсэн зүйл энэ төсөлд явж байгаа. Эгзэгтэй үед хуулийн бай­гууллагад яаж хамтарч ажиллахыг тодорхой болгох гэсэн  юм. Түүнээс биш ирэх сонгуулиар Н.Энхбаярыг ард түмэнтэй хамт буудчих гээд байгаа зүйл биш. 1993 онд батлагдсан Цагдаагийн байгууллагын тухай хуульд ийм тохиолдолд галт зэвсэг хэрэглэнэ гээд заачихсан байдаг. Үүнийг өөрчилж асуудлыг арай тодорхой болгоё гэсэн ч явж өгөх­гүй байна.

Дотоод хэргийн их сур­гуу­лийг байгуулахдаа Ерөн­хий­лөгчтэй зөвшилцөөгүй, түүний бүрэн эрхэд халдсан гэдэг асуу­дал яригдаад байгаа

-Төрийн
өмчийн их, дээд сур­гууль байгуулах шийдвэрийг Зас­гийн газар гаргадаг юм. Цагдаагийн академи, Хилийн цэргийн дээд сургуулийг нэгтгээд Дотоод хэргийн их сургууль болгосон. Энэ нь зөв. Цөөн хүн амтай оронд байгууллага болгон дэргэдээ сургуультай байж болохгүй.  Харин ч энэ шийдвэрийг би хожуу гаргуулжээ гэж бодож байна.  Дотоод хэргийн их сургуулийн дэргэд цэргийн анги байгуулъя гэдэг санал тавьсан. Дэмжихгүй болохоор нь больчих­сон юм. Тэгээд Дотоод хэргийн их сургуулийг дулааны шугамтай холбох шийдвэр гаргуул­лаа. Ирэх жилээс хичээлийн болон оюутны байр нь баригдана. Хөрөн­гийг нь төсөвт тусгачихлаа. До­тоо­д хэргийн их сургуулийг байгуулсны дараа дотоодод нь янз янзын асуудал гараад болдоггүй. Тэгэхээр шалгуулсан чинь өмнө нь ял эдэлж байсан 13 хүн тэнд элссэний дотор 12 сая төгрөгийн хулгай хийсэн хүн байсан. Хүн зодож гэмтээж явсан хүн байгаа юм. Энэ сургуульд сайнгүй зүйл байжээ. Тэр бүхэн нь Дотоод хэргийн их сургуулийг байгуулах шийдвэр гарснаар ил болж байна гэж бодож байгаа шүү. 

Шүүх байгууллагын ши­нэт­гэл ямар шатандаа яваа вэ?

-Шинэтгэлийг ямар өнцгөөр харахаас шалтгаална. Үндсэн хуулийн заалтын хүрээнд дорви­той өөрчлөлт хийж чадахгүй ээ. Шүүгчдийг бүх насаар нь томилдог системтэй. Мэргэжлийн шүүгчийн системд шилжчихсэн байна. Гур­ван шүүгч суугаад хэрэг хамтраад шийдэх заалт оруулж байна лээ. Энэ явахгүй ээ. 1994 онд Ц.Ша­рав­дорж гишүүн байхдаа анхны Шүүхийн тухай хуулийг санаачилж батлуулсан юм. Тэр үед би өөрөө Иргэдийн төлөөлөгчдийг таслах хэрэгт оруулдаг болгох гээд ядаад хаясан. Үүнийг өөрчилж чадаагүй нөхцөлд дорвитой шинэчлэл хийг­дэхгүй. Хуулийг хэрэгжүүлж байгаа хүмүүст асуудал байгаа үед шу­дарга шүүхтэй болох нь туйлын хэцүү. МАХН-ыг бүртгэсэн асуудлыг хар л даа. Цагаан цаасан дээр хараар “Уг намын нэрийг тухайн намын гишүүн болон бусад иргэд хэрэглэхийг хориглоно” гэсэн заал­тыг зөрчөөд МАХН-ыг бүртгэ­чих­лээ. Хамгийн инээдтэй нь Үндсэн хуулийн Цэцэд Дээд шүүх дээрх заалтыг Үндсэн хууль зөрчсөн эсэхийг лавлахаар асуудал тавь­сан. Цэц хууль зөрчөөгүй байна гэсэн дүгнэлт гаргаад өгтөл то­хуурхаж байгаа юм шиг Дээд шүүх зөрсөн шийдвэр гаргаж байгаа юм. Ингэх байсан юм бол Дээд шүүх яах гэж Цэцэд хандсан юм бэ. Ийм шүүгч нартай байсан цагт олигтой зүйлд хүрэхгүй ээ. Энэ нь Монгол Улсыг шүүхгүй, Үндсэн хуульгүй, Цэцгүй болгож байгаа хэрэг.  Одоо тэгээд Д.Энхбатын Ногоон нам ч гэнэ үү, ИЗНН-ын холбоо ч гэнэ үү энэ газрын дотоод хэрэгт шүүх оролцож байна. Намын хурлаа юу хийхэв, ямар шийдвэр гаргахыг алхам тутамд нь заагаад өгчихсөн хууль бий шүү дээ. Улс төрийн намын тухай  хуулийг батлагдах үед Н.Энхбаяр  УИХ-ын дарга, Ц.Элбэгдорж Ерөнхий сайд байсан юм. Тэгээд Олон нийтийн теле­визийн тухай хууль гаргана гэдэг саналыг Ц.Элбэгдорж хэлээд, Улс төрийн намуудын тухай хуулийг гаргах саналыг  Н.Энхбаяр тавиад нэг ёсондоо тэд  улс төрийн тохи­ролцоо хийж байлаа. Н.Энхбаяр МАН нэрийг авахын тулд тухайн үед Улс төрийн намын тухай хуу­лийг батлуулсан байхгүй юу. Ар­дын намын байгуулсан хүмүүстэй ил далд тохиролцоо хийгээд татан буулгасан. Энэ үйлдлийнхээ төлөө хоёр хүнд албан тушаал өгч бай­сан юм.

Ямар хүнд

-Татварт
ажиллаж байсан Эн­хээ гэж хүн бий. Түүхийн Өлзий­баатар нарт албан тушаал өгч байж Ардын намыг татан буулгаж бай­лаа. Ийм зүйл хийчихээд одоо МАХН-ыг бүртгүүлж байгааг нь хар даа. Яаж чадаж байна аа. Эрүүл сэтгэхүйтэй хүний нүдээр үүнийг хараад гайхаж байна.

Эцэст нь нэг зүйлийг асуу­хад та хоёр нэг зорилгын төлөө хамтдаа зүтгэж явсан хүмүүс. Харин одоо аль али­ныхаа мууг дуудалцаж, өнгөрс­нөө уудалж байх муухай биш үү?

-Би
тэр хүний талаар муу муу­хайг нь уудлаагүй. Асуусан асуул­танд чинь хариуллаа.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Categories
редакцийн-нийтлэл

Хөрөнгө луйвардах гэмт хэрэг гэж ажлын хэсэг дүгнэжээ

-АЖЛЫН ХЭСГИЙН ДҮГНЭЛТИЙГ ДЭЛГЭЖ
БАЙНА-

Зоос банкинд
зо­риулж Засгийн газраас гаргасан 100 тэрбум т
өг­рөгийн бондын асуудлыг УИХ-аас ажлын хэсэг
гар­гаж шалгасан билээ. О.Чу­луунбат гиш
үүнээр ахлуулсан ажлын хэсэг өнгөрсөн долоо хоногт дүгнэлтээ танилцуулсан нь сүүлийн үед шуугиан болоод байна. Тиймээс тус ажлын
хэсгийн д
үг­нэлтийг бүрэн эхээр нь хүргэж байна.

“2009 онд Зоос банк­ны санхүүгийн
байдал муудаж, Монголбанкнаас хийсэн шалгалтаар өөрийн
хөрөнгө нь бүрэн
хэмжээгээр дутсан (41,4 тэрбум төгрөг) дүгнэлт гаргасан юм. Зоос бан­кинд байршсан иргэдийн
хадгаламжийн мөнгийг сааталгүйгээр төлбөр
хийх, банкны салбарт төлбөрийн саатал гар­гахгүй зорилгоор Засгийн газар 100 тэрбум
төг­рөгийн түр хугацааны санхүүжилт
хийхээр Зас­гийн газрын бонд гаргах хүсэлт
УИХ-д оруулж бат­луулсан. Засгийн газрын бонд нь татвар төлөгч­дийн мөнгөөр нөхөн
тө­лөгдөж, төсвийн
орло­гоор хаагддаг тул аль болох яаралтай, үнийн
дүн, хүү болон бусад шимт­­­гэлд ямар
ч хөнгө­лөлт­гүйгээр
хаагддаг олон улсын практик бай­даг. Иймээс энэ бондын эсрэг барьцаанд ирэх Олон
овоотын ордын өр, лицензийн
хамт нээлттэй зах дээр ил тодоор бор­логдож төсвийн
(бондын) өр түргэн шуурхай хааг­дах ёстой байтал
одоо болтол төлөгдөөгүй
төс­вийн цоорхой байсаар байна.
Зоос банкийг муут­гасан хэд хэдэн гол зээл­дэгч байгаагийн нэг нь Өмнөговь аймаг дахь “Олон овоот”-ын алтны төсөл, үйлдвэр
байлаа. Энэ төсөлд Зоос банк­наас 59,4 тэрбум төгрө­гийн зээл олгосон байв. Олон-Овоот төсөлд Мон­гол газар, “Жаст” хоёр компани хамтран хөрөнгө
оруулалт оруулж, төл­бөрийг хугацаанд нь хийж чадаагүй нөхцөлд
Зоос банк барьцааг ил то­доор зах дээр бор­луулж орлогоор нь хаах ёстой байсан.
“Жаст” групп ХХК нь 117 дугаар батлан даалтын гэрээ­гээр “Олон-Овоот гоулд” ХХК-д
ол­гогдсон зээлийн өөрт ног­дох
хэсэг болох 11.4 сая ам.долларт ба­талгаа гар­гаж түүнийгээ 2009 оны арванхоёр­ду­гаар сарын 25-ны дотор
төлөх ёстой байтал ча­даагүй.

Чадваргүй болсон хоёр ком­па­нийн нэгд сунгалт хийж хөнгөлөлт олгож төсвийн их хэмжээний хө­рөнгийг ашиглуулж байгаа нь яа­гаад ч шударга ёсонд нийцэхгүй. Олон улсын санхүүгийн зах зээ­лийн туршлагыг харахад иймэрхүү банк хүндрэлд орсон тохиолдолд зээлийн болон бусад төлбөрөө хугацаанд нь хийгээгүй компани, барьцаанд байгаа төслийг нээлт­тэй зах дээр ил тодоор дуудлага худалдаагаар борлуулаад орло­гоор нь банкны зээлийг хаах, банк нь дампуурсан нөхцөлд иргэдийн хадгаламжийг төлдөг журамтай байдаг. Монгол Улсад ч гэсэн ийм хууль эрх зүйн орчинтой. Төсвөөс зээл санхүүжилт авсан нөхцөлд төлбөрийг ямар ч хөнгөлөлт сун­галтгүйгээр хийлгэх зарчимтай байдаг. Даатгал, Ард, ХОТШ бан­кийг дампуурахад Засгийн газар, Монголбанкнаас бүх барьцааг битүүмжлэн хураагаад зах дээр нээлттэй ил тодоор дуудлага ху­далдаа хийж, иргэдийн хад­га­ламжийг олгож байсан. Хадгаламж зээлийн хоршоодын дампуурлын нөхцөлд мөн л бүх хөрөнгө барь­цааг битүүмжлэн хураагаад зах дээр нээлттэй ил тодоор борлуулж хадгаламж эзэмшигчдийн мөнгийг эргүүлэн олгож байгаа. Гэтэл Зоос банкинд төрөөс 100 тэрбум төг­рөгийн бонд босгож, алдагдал өөрийн хөрөнгийн дутагдлыг сан­хүүжүүлсэн ч битүүмжилж хураах ёстой байсан Олон-Овоот төсөл учир битүүлгээр хувийн компанид шилжсэн байна. (Засгийн газраас бондоо Монголбанкинд борлуулах саналын бичгийн хуулбарыг хав­саргав). Гэвч энэ нь саналын бичиг биш хууль эрх зүйн хүчин төгөлдөр бүхий гэрээ контракт байх ёстой баймаар.

Засгийн газрын дэргэдэх Ашигт малтмалын агентлаг мөн л учир битүүлгээр “Монгол газар” ком­панийн мэдэлд байсан Олон-Овоот алтны ордын лицензийг өөр ху­вийн компанийн болох “Олон-Овоот гоулд” гэдэг компанид шил­жүүлсэн нь хөрөнгө луйвардах эрүүгийн шинж чанартай гэмт хэрэг болсон. Хууль эрх зүйн үндэс­лэлгүйгээр ашигт малтмалын хай­гуулын болон ашиглалтын ли­цен­зийг дур мэдэн өөр компанийн мэдэлд шилжүүлэх гэдэг нь гэмт хэргийн шинж чанартайгаас гадна Монгол төрийн зохицуулалтад итгэл алдуулах хамгийн муу үр дагавартай тул үүнийг нарийвчлан шалгаж буруутанд хариуцлага тооцох шаардлагатай. Бондын төлбөрийг хийлгүй удааж төсөвт хүндрэл учруулсан тул УИХ-ын Төсвийн байнгын хорооноос 2011 оны хоёрдугаар сарын 28-нд Зас­гийн газар, Монголбанкинд бондын барьцааг хууль, зохицуулалтын дагуу төрийн мэдэлд авч баримт­жуулж баталгаажуулах тоот явуул­сан. (Хавсралт ¹3

Үүний дагуу Монголбанк Олон-Овоотын барьцааг 2011 оны дө­рөв­дүгээр сард баримтжуулж ба­тал­гаажуулсан хариуг УИХ-д мэ­дээл­сэн болно. Монгол Улсын Сангийн сайдын 2\1896 тоотыг хавсаргав.)

Төсвөөс, Монголбанкнаас зээл, санхүүжилт олгосон бол дээрх арга хэмжээг нэн даруй 2009 оны арван­нэг, арванхоёрдугаар сард авч хэрэг­жүүлэх ёстой байлаа. Гэвч хожим­дож 2011 оны дөрөв­дү­гээр сард хийж байгаа нь арга буюу УИХ-ын шаардлагаар ал­даа­гаа хүлээн зөвшөөрч залруулж байна. Хэрэв хууль зохи­цуулалтын дагуу барьцаанд бай­гаа хөрөнгийг ху­далдсан бол Зоос банкны өөрийн хөрөнгө (41.4 тэр­бум төг­рөг) бүр­дэж, дампуурах ёсгүй бай­сан. Зоос банкны олон зуун Мон­го­лын болон гадаадын хувьцаа эзэмшигчид хохирох ёсгүй байв. (Санхүүгийн зохицуулах хорооны дүгнэлтийг хавсаргав.)

Ажлын хэсэг бондтой хол­бог­дох асуудлыг шалгаж судлаад дараахь саналуудыг оруулж бай­на.

1.Бондын
барьцаанд байгаа өрийг нээлттэй зах зээл дээр ил тодоор 2011 оны арванхоёрдугаар сарын 01-ний дотор борлуулж, төсвийн хөрөнгийг яаралтай эргүү­лэн төлөх үүргийг Засгийн газарт өгөх

2.Лицензийн
шилжүүлэлтийг хууль эрх зүйн үндэслэлгүйгээр (хуйвалдаанаар) хийсэн Ашигт малтмалын агентлагийн хариуцах албан тушаалтанд 2011 оны арван­хоёрдугаар сарын 01-ний дотор хариуцлага тооцож эргэн УИХ-д мэдээлэх

3.Барьцааг
борлуулж Зоос банкны үйл ажиллагааг сэргээх эсвэл бүх хувьцаа эзэмшигчдийг хохиролгүй болгох арга хэмжээ авах” гээд ажлын хэсгийн гишүүд болох УИХ-ын гишүүн О.Чулуун­бат, Х.Баделхан, Н.Батбаяр, Ц.Да­ваасүрэн, Ц.Сэдванчиг нар гарын үсгээ зуржээ. Ажлын хэсэг дүгнэлт­дээ “Зоос” банкнаас “Монгол газар” болон түүний холбогдох компа­ниу­дад олгосон зээлийн талаар товч танилцуулгыг хавсаргасан байв.

Үүнд дурдсанаар “Монгол газар” болон “Жаст” компанийн Зоос бан­кинд төлөх өрийг “Олон-Овоот гоулд” компанийн нэр дээр зээл болгон нэгтгэх шийдвэрийг 2006 оны зургадугаар 29-ний өдөр гар­гажээ. Монгол газар, Жаст ком­пани, “Зоос” банкныхан уулзаж ийм ший­дэлд хүрсэн байдаг юм байна. Ингээд “Монгол газар”, “Жаст” ком­панид хамаарах нийт 41 тэрбум 140 сая төгрөгийн зээл болон бусад авлагыг “Олон-Овоот гоулд” компанийн нэр дээрх зээл бол­го­сон хэрэг. Тус компани жи­лийн 14.4 хувийн хүүтэй таван жилийн хуга­цаа­тай “Зээлийн өр шилжүүлэх гэрээ”-г “Зоос” банктай байгуулсан байх юм. Гэрээ байгуу­лахдаа Голд­ман сакс банкинд барьцаалсан хөрөнгийг суллаж “Зоос” банкинд шилжүүлэх, Зоос банкны барь­цаанд байгаа хөрөн­гийг “Олон-Овоот гоулд” компанийн нэр дээр шилжүүлсний дараа барьцааны гэрээг шинэчлэх нөх­цө­лийг тусга­сан байж. Тухайн үед “Зоос” банкны барьцаанд “Монгол газар” компани болон түүнд ха­маа­рах аж ахуй нэгж, байгууллага байжээ. Мөн иргэдийн зээлийн барьцаанд нийт 22 ширхэг ашигт малтмалын хай­гуулын тусгай зөв­шөөрөл хадга­лаг­даж байсан аж. Түүнчлэн олон тооны тоног төхөө­рөмжөөс гадна “Жаст” компани болон түүнд хамаа­рах аж ахуй нэгжийн нэр дээрх газар эзэмших хоёр бичиг,  “Говь сор” үйлдвэрийн барилга, Дорнод аймгийн махны үйлдвэрийн ба­рилга, “Агро эко” компанийн ба­рилга гэх мэтчилэн олон зүйл Зоос банкны барьцаанд байсан юм байна.

Гэвч удалгүй “Зоос” банкинд томилогдсон гадны удирдлагууд “Олон-Овоот гоулд” компанитай байгуулсан зээлийн өр шилжүүлэх гэрээг цуцлах шийдвэр гаргажээ. Учир нь тус компани гэрээгээр хүлээсэн үүргээ биелүүлээгүй, “Зоос” банкны зээлийн түвшингээс хэтрүүлж, Банкны тухай хууль зөрчсөн гэдэг үндэслэлээр гэрээг цуцлахаар болжээ. Энэ мэдэгдлээ 2009 оны наймдугаар сард “Монгол газар” компанийн захирал Ц.Мян­ганбаяр, “Жаст” компанийн захи­рал Ш.Батхүү нарт хүргүүлсэн боловч заасан хугацаанд нь хариу ирүүлээгүй. Эндээс бүх асуудал үүссэн тухай нарийн баримтуудыг ажлын хэсгийнхэн танилцуулгад өгүүлсэн байв.

Я.МӨНГӨН