УИХ-ын гишүүн Ч.Улаантай ярилцлаа.
-Танай бүлэг Дубайн гэрээг эсэргүүцэж Ерөнхий сайдад шаардлага хүргүүллээ. Юу нь болохгүй байна гэж үзээд байгаа юм бэ. Тэр үндэслэлүүдээ дэлгэрэнгүй тайлбарлаач?
-Оюу толгойн далд уурхайн санхүүжилтийн төлөвлөгөө гэдэг баримт бичгийг Дубайд баталгаажуулсан. Нэр нь төлөвлөгөө. Дотор нь тусгагдсан асуудлын цар хүрээ, түүнийг шийдсэн арга барил, санхүүгийн үр дагаврыг харгалзан үзвэл төлөвлөгөө биш гэрээ юм. Энэ гэрээ найман бүлэг, 57 зүйл заалттай. Эдгээрээс 30 заалтыг хүлээн зөвшөөрч цааш нь хэрэгжүүлэх нь зүйтэй гэж үзэж байгаа. Яагаад гэхээр Оюу толгойн бүтээн байгуулалтын ажлыг түргэтгэе, Монгол Улсын хууль дүрмийг мөрдье, үйл ажиллагаагаа нээлттэй байлгая гэдэг зүйлүүд туссан байгаа юм. Харин 22 заалтыг дахин авч үзэж, Монгол Улсын хууль дүрэмтэй уялдуулж, эдийн засаг санхүүгийн тооцоог нарийвчлах шаардлагатай.Яагаад ч хүлээн авч болохгүй таван заалт байгаа нэр цохон онцолж байна.
-Ямар заалтууд байна…
-4.3а, 4.3б, 4.4, 4.5, 5.6 гэсэн заалтуудыг нэн даруй хүчингүй болгох ёстой гэсэн байр суурьтай байна. Яагаад гэвэл монголчуудын эрх ашигт харшилсан, эдийн засгийн сөрөг үр дагавартай байна гэж үзсэн.
-Заалт нэг бүрээр нь тайлбарлах уу?
-4.3а гэсэн заалтад “Оюу толгой төслийн эхний үе шат буюу ил уурхайн шатанд гарсан бүх зардал нь батлагдсан хөтөлбөр, төсвийн дагуу зарцуулагдсан. Оюу толгой хувьцаат компанийн санхүүгийн тайланд үнэн зөвөөр тусгагдсан” гэж хүлээн зөвшөөрсөн байгаа юм. Ингэж яавч болохгүй. Яагаад гэвэл ил уурхайн шатны санхүүжилтийн явцад ихээхэн хэмжээний зөрчил дутагдал гарсан.Үүнийг өнгөрсөн жилүүдэд Монгол Улсын Засгийн газрууд тогтоосон байдаг. Ил уурхайн үе шатыг дотор нь хоёр хувааж үздэг. Төсөл эхэлсэн үе буюу 2009-2010 оны тайланг Сү.Батболдын Засгийн газар авч үзээд зөрчил илрүүлж, засах шаардлага тавьсан байдаг.Тэр үед Оюу толгой нэг тэрбум 55 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийсэн гэж тайлагнасныг Засгийн газар хянаад 300 гаруй сая ам.долларыг баталгаажуулах бололцоогүй гэсэн байдаг. Өөрөөр хэлбэл 300 сая ам.долларын зөрчилтэй илэрсэн гэсэн үг. 2010-2012оны тайланг Шинэчлэлийн Засгийн газар баталгаажуулах ёстой байсан. Тиймээс гурван сайдын хамтарсан тушаалаар Оюу толгойд баримтын шалгалт хийж, нэг тэрбум 880 сая ам.долларын санхүүгийн зөрчил илрүүлсэн. Үүнээс гадна анх баталсан ТЭЗҮ-г 1.4 тэрбум ам. доллараар хэтрүүлснийг тогтоосон. Үүнийг хүлээн зөвшөөрөх боломжгүй гэдэг дүгнэлт шалгалтаар гарсан. 2013-2014 оны тайланг дүгнээгүй зөвхөн 2012 оныг дуустал хугацаанд хийсэн дүгнэлтээр нийтдээ гурван тэрбум гаруй ам. долларын зөрчил Оюу толгойд илэрчээ.
-Зөрчлүүд нь ямар хэлбэрээр илэрсэн байх вэ?
-Эхний 300 сая ам.доллар ямар учиртайг тайлбарлая. Оюу толгой орд дээр хөрөнгө оруулалтын гэрээ байгуулахаас өмнө хийсэн ажлуудыг санхүүжүүлэхээр тусгасан 106 сая ам.долларын зөрчил байна. Гэтэл Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээнд “Оюу толгойнгэрээ байгуулагдахаас хойших үе хөрөнгө оруулалтад хамаарна. Өмнөх үеийн хайгуулын зардлыг хамааруулахгүй” гээд биччихсэн байгаа. Дээрээс нь2009 оноос өмнө “Антра Голд” компанитай хамтарч хайгуул хийсэн 22 сая ам.долларыг манайд хийсэн хөрөнгө оруулалт гээд тооцчихсон. Удирдлагын зардал 38 сая ам.долларыг нэмж тооцсон. Гэтэл Оюу толгойн гэрээнд удирдлагын зардал биш менежментийн төлбөр гэж тусгасан байгаа. Цаана нь хүлээн зөвшөөрөх боломжгүй үйл ажиллагааны дутагдлаас үүссэн алдагдал болох 75 сая ам.долларыг хөрөнгө оруулалтдаа оруулчихсан. Энэ бүхнийг бид хүлээгээд авчихбал манай талын төлөх зээлд бичигдэж, хүү бодогдоно.
-Хэдэн хувийн хүү бодогдох уу?
-Улирал тутам хүү бодогдоно. Өмнөх улирлынх нь хүү үндсэн төлбөр болж тооцогддог. Нийлмэл хүүгийн аргаар тооцож 6.5 хувь дээр дэлхийн зах зээлийн дундаж түвшинг нэмж бодоод хамгийн багаар тооцоход арваас доошгүй хувийн хүүтэй байна гэсэн үг. Үүний 34 хувийг бид төлнө.
-2010-2012 онд гаргасан нэг тэрбум 880 сая ам.долларын зөрчлийг задлаад хэлэх үү?
-Үүнийг ярина гэвэл овоо их юм болно доо. Гэхдээ базаад хэлье. 2012 оныг дуустал аваад үзвэл Оюу толгой төсөлд нийтдээ 7.9 тэрбум ам.долларын зардал гарсан байна. Үүнээс 1.1 тэрбум нь бодит бүтээн байгуулалт болж хувирчээ. Байшин барилга, тоног төхөөрөмж, машин техник, бараа материал болсон гэсэн үг. Цаана үлдэж байгаа 6.8 хувь нь удирдлагын зардал буюу цалин хөлсөд зарцуулагджээ.
-Менежерүүд нь хэдэн ам.долларын цалин авдаг байсан гэлээ…
-Төслийн менежментийн институт гэдэг олон улсын байгууллага бий. Тэд Оюу толгой төслийг хэрэгжүүлж байгаа менежерүүдийн цалингийн судалгааг хийхэд 2011 оны байдлаар нэг менежер 92 мянган ам.долларын цалин хөлс авчээ. Энэ нь 29 оронд хэрэгжсэн 30 мянган төсөлд хийсэн судалгаагаар тогтоогдсон менежерүүдийн дундаж цалинтай харьцуулахад гурав дахин өндөр байна гэдгийг тухайн байгууллага гаргажээ. Оюу толгой дэлхийд байхгүй жишгээр менежерүүдээ цалинжуулж байж.Өөр олон юм бий.
-Сонсъё…
-Оффшёр бүсэд ажил үйлчилгээ явуулчихаад байхад нь Монгол Улс татвар ногдуулаагүй. Зүй нь 225 сая ам.долларын татвар оногдуулах ёстой байсан. Гэтэл30 саяыг аваад хаачихсан. Оюу толгой бараа материалыг хэт өндөр үнээр авдаг. Зөвхөн цемент дээр жишээ авъя. Монгол Улсын Хятадаас импортолсон цементийн үнэ нэг тонн нь 50 ам.доллар. Тонн тутмын тээврийн зардал нь 5-7 ам.доллар байсан. Гэтэл Оюу толгойн Хятадаас авсан тонн цементийн үнэ 110 ам.доллар.Тээврийн зардал нь 70 ам.доллар. Онгоцоор авч ирсэн байгаа биз.За болоогүй, Оюу толгой өөрийн биш хүний хөрөнгийг засдаг. Тухайлбал, Петровисын нефтийн агуулахыг засварлахад 3.3 тэрбум төгрөг зарцуулсан байна. Үүнийгээ Монголд хийсэн хөрөнгө оруулалтад тооцсон. Петровис бол ашгийн төлөөх байгууллага. Яахаараа Оюу толгойгоос авсан мөнгөө Монгол Улсаар төлүүлдэг юм. Цаашилбал, Монголд огт бүртгэлгүй Бээжинд төлөөлөгчийн газраа байгуулаад Монголын талын төлөх зээлд оруулчихсан. Тэр нь 30 сая ам.доллар.Үүнээс гадна үндсэн хөрөнгөө буруу тооцчихдог, ажил үйлчилгээнийхээ зардлыг буруу боддог. Тэр битгий хэл төлбөрөө илүү өгчихдөг тохиолдол Оюу толгойд олон. Жишээ нь аливаа ажил үйлчилгээг давхардуулж бичдэг. Оюу толгойн бүтээн байгуулалтын ажлын тал хувийг хийсэн Хятадын Жян Су Жин Ду гэдэг компани байгаа юм. Тэдэнтэй Оюу толгой анх495 сая ам.долларын гэрээ байгуулсан. Явцын дунд энэ мөнгө 955 сая ам. доллар болж өссөн. Эцсийн байдлаар ажил нь дууссаны дараа энэ компани руу шилжүүлсэн мөнгө нь тэрбум 71 сая доллар байгаа юм.
-Яаж байгаа юм?
-Мөнгө угааж байна. Оюу толгой Монгол Улсын татвараас зугтдаг.Өөр компанийн бараагөөрийнхөө нэр дээроруулж ирдэг. Татварын хөнгөлөлт эдэлж байгаа нь тэр. Хаа байсан Лондонд байгаа толгой компанийн зардлыг Монголын хөрөнгө оруулалтад тооцчихсон тохиолдол ч байна. “Рио Тинто”, “Айвенхоу” группын гишүүн компаниудын удирдлагын зардлыг тооцсон байх жишээтэй. Тухайлбал, Оюу толгой компанийн бус гадаад ажилчдын Хятадад төлсөн орон сууцны төлбөр, эмнэлгийн үйлчилгээний хөлс, дээрээс нь Роберт Фрийдландын орон сууцны түрээс, эмчилгээний зардал, орлогч захирал Маурин Шу гэдэг хүний орон сууцны санхүүжилт, хүүхдийн сургалтын төлбөр,аялал зугаалгаар явсан нислэгийн тийз, Хятадад төлсөн татвар, бусдад өгсөн хандив. Тэр битгий хэл “Рио Тинто”-гоос Бээжинд томилогдсон Батсүхийн орон сууцны түрээс, аяллын зардал, амь даатгал зэргийг Монголд хийсэн хөрөнгө оруулалтад тооцжээ.
-Бид төлөх үү?
-Мэдээж. Бүгд баримттай шүү. Монголыг дорд үзэж болно, арай ч ингэж болохгүй ээ. Ийм байхад Оюу толгойн ажил эхэлж л байвал сайхан байна гээд явах үндэс байна уу. Ийм учраас дээрх заалтуудыг хүчингүй болгох ёстой. Бид энэ төлбөрийг төлөх ёсгүй.
-4.3б заалтын тухайд…
-Ил уурхайн зардалтай холбоотой ямар ч сөрөг үр дагавар бүхий дүгнэлт алга. Талуудын хооронд ямар ч үл ойлголцол байхгүй гэж заасан байгаа. Сая миний хэлдэг зөрчил, татварын байцаагч нарын тогтоосон 130 сая ам.долларын төлбөр зэргийг үгүйсгэж, үг дуугүй бууж өгч байна гэсэн үг. Дараа нь 4.4 гэсэн заалтаар Сангийн яам Дубайн гэрээ байгуулагдсанаас тав хоногийн дотор 2010-2014 оны Оюу толгойн санхүүгийн тайланг хүлээн авч баталгаажуулна гэсэн үүрэг авчээ. Энэ бол шууд утгаараа хууль зөрчиж байна.
Санхүүгийн тайлан баланс гаргах, түүнийг хүлээн авч баталгаажуулах нь тусгай хуультай. Түүнээс биш хэн нэг удирдлагын шийдвэрээр тав хоногт баталгаажуулдаг тайлан хаана ч байхгүй. Тайланг аудитын байгууллагаар хянуулсны үндсэн дээр мэргэжлийн байгууллага баталгаажуулдаг. Гэтэл 2010-2012 онд ийм зөрчлүүд байна, 2013-2014 оны тайлан гарч ч дуусаагүй байгаа ийм үед автоматаар батлах үүрэг авчихсан байна. Үүнийг хүлээн зөвшөөрч хэрхэвч болохгүй.
-4.5 нь ямар учиртай заалт вэ?
-Хөрөнгө оруулалтын шатанд хийсэн үйл ажиллагаатай холбоотой татварын хөнгөлөлт үзүүлэх тухай.Энэ заалт хэрэгжсэнээр Оюу толгой үндсэндээ нэг тэрбум ам.долларын татварын хөнгөлөлт авах гэж байна. Хийсэн хөрөнгө оруулалт нь зөрчилтэй байхад хөрөнгө оруулагч талын санал болгосон дүнгээр татварын хөнгөлөлт үзүүлэх бололцоо байх учиргүй. 5.6 гэдэг заалтад Оюу толгой хувьцаат компанийн эзэмшиж байгаа бүх тусгай зөвшөөрөл, хөрөнгө оруулалтын гэрээнд олгогдсон эрх, үл хөдлөх хөрөнгийг зээлийн барьцаанд тавина гэсэн байгаа.
-Юу гэсэн үг вэ?
-Монгол Улсын хяналтаас гарлаа гэсэн үг. Гэрээгээрээ Оюу толгойд Монголын тал маш олон онцгой эрх олгосон байдаг. Ашиг орлогоо яаж хуваарилах уу, хичнээн бүтээгдэхүүн үйлдвэрлэж, хаана ямар үнээр борлуулах уу, өртөг зардлаа яаж тооцож тайлагнах уу гэх мэтийн эрх олгосон. Энэ бүх эрх мэдэл Оюу толгойд зээл олгосон субьектуудын мэдэлд шилжлээ гэсэн үг. Дээрээс нь Оюу толгой зээлийг хэдэн ч удаа авч болохоор заасан байгаа. Эхний ээлжинд Дубайн гэрээнд тохирсон үе шатанд авах зээл нь 4-6 тэрбум ам.доллар. Үүнийг авах бэлтгэлийг хангахад шаардлагатай зардал нь 500 сая ам.доллар. “Рио Тинто” барьцаа гаргаж өгсөн учраас 1.2 тэрбум ам.долларын төлбөр авна. Цаашдаа Оюу толгой зээл авах тоолонд барьцаа гаргасан гэдэг үндэслэлээр “Рио Тинто” төлбөр авах нь. Монголчуудад мэдэгдэхгүй, хянуулахгүйгээр хэдэн ч удаа зээл авах эрх нь тэдэнд үлдэж байна. Зээлийг төлүүлэх эрх мэдэл нь зөвхөн зээл олгогчдод шилжинэ. Тэр зээлийг төлж дуустал Оюу толгойгоос монголчуудад хэзээ ч үр ашиг оногдохгүй. Энэ таван заалтыг хэрхэвч хүлээн авч болохгүй гээд байгаагийн учир ийм байна. Үүнээс гадна Оюу толгой төслийг үр дүнтэй хэрэгжүүлэхийн тулд зайлшгүй шийдэх ёстой хэд хэдэн асуудал бий. Үүнийг саяын Дубайн гэрээнд огт хөндөөгүй.
-Тэр нь юу юм бэ?
-Нэгдүгээрт Оюу толгой “Антра голд” компанитай 70:30 гэсэн харьцаагаар ашгаа хуваана гээд 2004 онд гэрээ байгуулчихсан. Тэгэхээр 2009 онд хөрөнгө оруулагчтай хийсэн гэрээний 34:66 гэсэн хувь өөрчлөгдөнө. Өөрөөр хэлбэл Монгол Улсад Оюу толгойн 34 биш 24 хувь нь оногдохоор байна. “Антра голд”-той хийсэн энэ гэрээг 34:66 гэсэн хувиа хөндөхгүйгээр ойрын үед цэгцэлж, Дубайн гэрээндээ тусгах ёстой гэж үзэж байна. Үгүй бол Монголын талын эзэмшлээс шууд арван хувийг нь булаан авч байгаа луйврын схем үргэлжилнэ.
-Луйврын схем нь ямар учиртай юм бэ?
-Хар үгээр тайлбарлахыг хичээе. Оюу толгойг 100 хувь гэж үзвэл 66нь “Туркойз хилл ресурс”-т, 34 хувь нь Монголын талд байна. “Туркойз хилл”-д Рио Тинто, хөрөнгө оруулалтын 40 сан, бусад хувьцаа эзэмшигчид багтдаг. Гэтэл “Антра голд” гэдэг компанитай Оюу толгой бүр 2004 онд гэрээ байгуулж олсон ашгаа 70:30 гэсэн харьцаагаар хуваахаар болчихсон байлаа. 2009 онд Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг хийх үед аль хэдийнэ 30 хувийг нь “Антра голд”-д өгчихсөн байсан гэсэн үг. Тэгэхээр үндсэндээ Оюу толгойн 70 хувийг хуваахаар 2009 онд хөрөнгө оруулалтын гэрээ хийсэн байх нь. Энэ 70 хувийг 34:66 гэсэн харьцаагаар хуваахад Монголд 24 хувь нь оногдож байна. Тэгвэл одоо “Антра голд”-д оногдсон 30 хувийг хэн хэн хувааж авсныг харъя. “Рио Тинто”, “Туркойз хилл” болонбусад нөхдүүд. Энэ бол Оюу толгойн хөрөнгө оруулагчдын манай талын эзэмших 34 хувийг 24 болгож, арван хувийг сожсон луйврын схем. Үүнийг цэгцлэх талаар нэг ч үг Дубайн гэрээнд туссангүй.
-Өөр ямар асуудал байна вэ?
-BHP гэдэг компанид төлөх хоёр хувийн роялтын асуудал бий. Оюу толгой төсөл хэрэгжих хугацаанд тус компанид 2.5 тэрбум ам.долларын роялт төлөх нөхцөлтэй. Энэ гэрээг 2000 онд “Айвенхоу майнз”-ын үед байгуулсан байдаг. Үүнийгээ2009 онд Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээг хийх үед гаргаж ирээгүй. Бүр сүүлд 2012 оны арваннэгдүгээр сард гэнэт ил болгосон. Хамгийн гол нь роялт авах эрхийг “Айвенхоу майнз” компани “BHP”-гээс 2003 онд 37 сая ам.доллараар худалдан авсан байгаа юм.Тэгэхээр Монголын талаас “Айвенхоу майнз”-д роялт төлнө гэсэн үг. Оюу толгойн гэрээ хийх үеэр гаргаж ирээгүй учраас үүнийг хүлээн зөвшөөрөхгүй гэдэг асуудлыг сая Дубайн гэрээний үеэр хөндөх ёстой байсан. Гэвч яриагүй. Гарцаагүй ярих гурав дахь асуудал бол менежментийн төлбөр. Оюу толгойн хөрөнгө оруулалтын гэрээгээр менежментийн баг байгуулж, үйл ажиллагаа явуулбалтөлбөр төлнө гэж заасан байдаг. Гэтэл менежментийн багаа өнөөдрийг хүртэл байгуулаагүй. Тэгсэн хэрнээ удирдлагын бүх үйл ажиллагаанд нь манай тал менежментийн төлбөр төлөөд явж байна. Энэ асуудлуудыг хөрөнгө оруулагч талтай 14 хоногийн дотор дахин ярь гэдэг шаардлагыг л манай бүлгээс Засгийн газарт тавьж байна.
-Ерөнхий сайд энэ бүх асуудлыг мэдэж байгаа биз дээ?
-Мэдэхгүй байх арга байхгүй. Энэ бүх гэрээг нэг бүрчлэн уншиж танилцсан байх ёстой. Шүлэг цээжилж байгаа юм шиг уншаад өнгөрөх биш цаад утга учир нь юу вэ гэдгийг ойлгож харсан байх ёстой. Дээрх бүх зөрчлийг илрүүлсэн санхүүгийн тайланг ажлын хэсэг 2014 оны зургадугаар сард Засгийн газарт танилцуулсан. Тэр үед өнөөдрийн Ерөнхий сайд Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга байсан шүү дээ. Үнэндээ өнөөдөр ийм гэрээнд гарын үсэг зурж байгаа хүмүүст Монголоо гэсэн сэтгэл байхгүй. Гадныхны нүдээр хөдөлж байна гэхээс өөр хэлэх үг алга. Тэр бүү хэл Дубайн гэрээнд гарын зурсан нөхдүүд өмнөх Засгийн газрын үед хийсэн шалгалтын дүнг үгүйсгэж, “Хэл усгүй хүмүүс шал дэмий юм хийсэн байна” гэж нөгөө талдаа ойлгуулсан гэнэ лээ. “Энэ хүмүүстэйгээ хариуцлага тооц. Асуудалд ингэж хандаж яаж болдог юм. Дэндэнэ гэхэд арай байж болохгүй” гэдгийг Ерөнхий сайдад ч хэлсэн.
-Н.Алтанхуягийн Засгийн газрын үед Оюу толгой гацчихаад байсны учир нь таны ярьсан зүйлүүд юм байна…
-Ойлгомжтой. Ийм зүйлүүд байсан учраас зас гэсэн юм. Хүлээн зөвшөөрөөгүй учраас хөрөнгө оруулагч, Засгийн газар хоёрын байр суурь зөрчилдсөн. Ингээд л Монгол Улсын Засгийн газар хөрөнгө оруулалтыг сааруулдаг, зогсоодог гэдэг мессежийг дэлхий даяар тараасан. Манайхан ч дотроо гадаадын шууд хөрөнгө оруулалтыг зогсоолоо, тэднийг ад үзлээ, хөрөнгө оруулалтыг буурууллаа гээд шүүмжлээд эхэлсэн. Хоёр жил улстөржсөний эцэст Засгийн газрыг огцруулсан. Дараа нь “Рио Тинто”-гийн хамгийн дээд удирдлага сонинд“Саад тотгор арилах зам нээгдлээ” гэдэг ярилцлага өгч байсныг та нар санаж л байгаа. Ингээд дараагийн Засгийн газар байгуулагдсан. Одоо яг өөрсдийнхөө хүссэнээр бүгдийг шийдүүлж байна.
-Оюу толгойг ямар ч байсан гацаанаас гаргаж байж гадаад хөрөнгө оруулалт сайжрах учраас нүдээ аниад явуулж байгаа юм болов уу даа?
-Ажлын байр бий болох нь, хэд гурван төгрөг орж ирэх нь, ханшид нөлөөлөх байх гэж горьдсон учраас нүдээ аниад бууж өгч байгаа байх. Гэхдээ юу алдаж байгаагаа тооцож байна уу. Оюу толгойн орд газрын баялгийг үнэлбэл 300 тэрбум ам.доллар. Өнөөгийн үнэ ханшаар тооцвол 500 тэрбум ам.доллар шүү. Ийм л зүйл алдаж байна гэсэн үг. Нүдээ аниад бууж өглөө ч баримжаатай байх хэрэгтэй. Улс орны эрх ашиг,ард түмний хүсэл мөрөөдөл гэж нэг юм байна. Оюу толгой ордыг ашиглабал сайхан амьдарна гэсэн мөрөөдөл хүн бүхэнд байгаа. Үүнийг л үгүй хийж байна шүү дээ. Далд уурхайн ажил хэзээ эхэлж, ямар үр өгөөж хүртэх нь ойлгомжгүй байна шүү дээ.
-Өнөө маргаашгүй бүтээн байгуулалт нь эхлэх юм биш үү?
-Тэгж л ойлгуулаад байгаа болохоос тийм утгатай заалт Дубайн гэрээнд огт байхгүй. Оюу толгойн хоёр дахь үе шатыг эхлүүлэхийн тулд хөрөнгө оруулалтын 14-15 банкаас зээл авна гэж байгаа.4.7 гэсэн заалтыг унш л даа.Талууд далд уурхайн бүтээн байгуулалтын ажлыг шуурхай эхлүүлэх эрмэлзэлтэй байгаа хэдий ч зөвхөн дараахь нөхцөл хангагдсаны дараа далд уурхайн бүтээн байгуулалт эхлэх боломжтойг зөвшилцөв. Далд уурхайн үе шатыг санхүүжүүлэх гуравдагч этгээдийн төслийн санхүүжилтийг авах шаардлагыг Оюу толгой хангасан байх гэж заасан байгаа. Гуравдагч этгээд гэдэг нь нөгөө банкуудаа хэлээд байгаа юм.Тэр банкуудын шаардлагыг Монгол Улс хангахгүй бол Оюу толгойд зээл өгөхгүй нь. Тэгвэл банкууд ямар шаардлага тавих юм, Оюу толгойгоо барьцаанд тавь л гэнэ биз дээ.4.7б гэдэг заалтад далд уурхайн үе шатыг Рио Тинто, Туркойз хилл, Оюутолгойн ТУЗ бүрээр батлуулсан байх ёстой гэсэн байна. Ингээд бодохоор далд уурхайн ажил өнөө маргаашгүй эхлээд наадмын дараа ханш тогтворжино гэсэн үг биш байгаа биз.
Я.МӨНГӨНЦЭЦЭГ