Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч Э.Бат–Үүлтэй ярилцлаа.
–Та өнгөрсөн 2012 оны онцлох хүнээр тодорсон. Онцлох олон ажил хийсэн болохоор таныг шалгаруулсан байх л даа…
-Өнгөрсөн 2012 онд нийслэлд үнэхээр онцлог үйл явдлууд болсон. Нийслэлд 22 жилийн дараа анх удаа АН сонгуульд яллаа. Социализмын үеийг оруулаад тооцох юм бол 90 гаруй жилийн дараа анх удаа нийслэлийг улс төрийн өөр хүчин удирдах бололцоотой болсон юм. Бид ажлаа аваад богино хугацаанд ч болов хотод олон ажил хийхийг хичээсэн. Энэ дотроос замын түгжрэл гэдэг нэртэй багц асуудлыг зохицуулах гэж оролдлоо. Энэ бол зөвхөн замын түгжрэлийн биш нийгмийн тулгамдсан асуудал байсан юм. Одоо бид бага ангийн хүүхдүүддээ хандах хандлагаа өөрчилж байна. Өөрөөр хэлбэл тэднийгээ сургуульд нь хүргэж өгдөг ажлыг нэгдсэн зохион байгуулалттайгаар хийхээр болж байна.
Ер нь хүмүүсийн эрүүл, аюулгүй орчны тухай ярихдаа хамгийн түрүүнд хүүхдийн тухай хөндөх ёстой. Бага насны хүүхдүүдийн эрүүл, аюулгүй орчныг хангаж чадаагүй байж хүний болоод хотын аюулгүй байдлын тухай ярих нь утгагүй юм. Японд бол бага сургуулийн хүүхдүүдийг эцэх, эх нь хүргэж өгдөггүй юм билээ. Энэ хуулиар хориотой. Тусгай автобусаар хүүхдүүдийг сургуульд нь хүргэдэг. Учир нь хүүхдүүд хичээлдээ очихдоо нийгмийн эрээн барааныг харж, мэдэрч очих ёсгүй. Одоо манайхны хүүхдүүд аавынхаа эксель машинд сууж хичээлдээ явахаас ичдэг болсон байна. Аав, ээжийгээ том жийп машинтай хүргэж өгч, авахыг хүсдэг болжээ. Гэтэл энэ бол бага насны хүүхдүүдийн ярьдаг сэдэв биш шүү дээ. Бага насны хүүхдүүд баян, ядуугийн ялгааг ойлгож, ярих ёсгүй юм. Хүүхдийн онгон оюун санааг цаг нь болоогүй нийгмийн таатай биш үзэгдлээр цочроож болохгүй. Ийм учраас бид хүүхдүүдийг сургуульд нэгдсэн байдлаар хүргэдэг журамд шилжье гэж байна.
–Сургуулийн насны хүүхдүүдийг автобусаар зөөх тухай хуулийн төслийг УИХ–ын гишүүд санаачилсан ч дэмжигдээгүй санагдаж байна…
-Тийм. Тэр их харамсалтай зүйл болсон. Бүдүүн хатуу сэтгэлээ зөөллөөч ээ гэж УИХ-ын гишүүдээс хүсмээр байна. Бидний үеийнхэн чинь автобусаар үйлчлүүлж хичээлдээ хүргүүлж байгаагүй болохоор тоомжиргүй хандаад байгаа байх. Гэхдээ бүгдээрээ өнгөрсөн үеийнхээ зуршлаас салж, дэлхий нийтийн жишиг рүү орох хэрэгтэй байна. Хотын даргын хувьд бага ангийнхныг автобусаар зөөнө гэдэг байр суурь дээр тууштай зогсч байгаа. Гэхдээ автобусаар хүүхэд тээвэрлэх зардлыг тооцоод үзэхээр их мөнгө гарч байна лээ. Захын нэг сургууль руу хүүхдүүдийг зөөх автобусаар хангая гэхэд л жилд арваад тэрбум төгрөгийн зардал гарах юм билээ. Энэ мөнгийг нийслэлийн татвар төлөгчдөөс гаргана гэсэн үг. Тиймээс иргэдээс санал асуулга асууж байж үүнийг шийднэ. Төсвийн орлогын 80 гаруй хувь нь нийслэлийн иргэдийн татвараас бүрдэж байгаа. Тиймээс та нарын мөнгөний тодорхой хувийг ийм зүйлд зориулах уу, яах уу гэж асууна гэж бодож байна.
Хэрэв зөвшөөрвөл Улаанбаатар хотын түгжрэлийн асуудал цэгцэрнэ. Эцэг, эхчүүд ч санаа амар ажлаа хийх боломж бүрдэнэ. Сая хотын зүгээс Боловсролын яаманд хүсэлт тавьж, бага ангийн хүүхдүүдийг амраахаар болсон. Ингэсний хүчинд ойрын өдрүүдэд түгжрэл гайгүй болчихсон байгаа биз дээ. Эцэг, эхчүүд хүүхдээ хүргэж өгнө гээд машин унаж явах нь багассантай холбоотой шүү дээ. Бид өөр нэг арга бодчихсон байгаа. Юу гэвэл бага сургуулийн хүүхдүүдийн амьдарч байгаа газарт ойрхон сургууль барина. Тэгвэл хүүхдүүд шууд гэрээсээ гараад сургууль руугаа орчихдог болно гэсэн үг. Энэ ажилд үлгэр дуурайлал үзүүлэхийн тулд хотын захиргаа хажуудаа цэцэрлэг байгуулах гэж байна. Хүмүүс ажилдаа ирэхдээ хүүхдээ цэцэрлэгт өгчихнө, өдөр тэдэнтэйгээ хамт хооллочих боломж бүрдэж байгаа юм.
–Хаана барих гэж байгаа юм бэ?
-Энүүхэнд, хуучин цэцэрлэг байсныг сэргээж янзлах юм. Энд зөвхөн хотын захиргааны ажилчид хүүхдээ өгөхгүй байх л даа. Энэ хавийнхан үйлчлүүлнэ биз. Хажууд нь эцэг эхтэйгээ цуг хооллох боломжийг бүрдүүлсэн стандартаар байгуулна. Ийм учраас би цэцэрлэг сургуулийн тусгай зөвшөөрөлд өөрчлөлт оруулж, байгууллага бүр дэргэдээ цэцэрлэг сургууль байгуулах эрх олгох гэж байна. Дэргэдээ цэцэрлэг байгуулна гэсэн албан байгууллагад газрыг хотын захиргаанаас өгье гэж байгаа юм.
–Зүгээр санаа байна шүү?
-Тийм. Нөгөө талаар бага, дунд, ахлах ангийн хүүхдүүд нэг дор сургуульд явах нь утгагүй юм байна гэж бодож байгаа. Дунд, ахлах ангийн хүүхдүүд чинь нэг ёсондоо эвдэрсэн үеийнхэн гэж хэлж болно. Жишээлбэл, тамхи татахаас эхлээд зодоон нүдээн хийх хүртэл муу үлгэр үзүүлэх нь элбэг. Энэ нь дөнгөж хорвоотой танилцаж байгаа, цагаан цаас шиг яваа бага ангийн жаахан хүүхдүүдийн төлөвшилд муугаар нөлөөлж, муу зүйлд уруу татахын үндэс болж байна. Тиймээс гадны улс орнуудад бага, дунд, ахлах ангийн сургуулиуд нь тусдаа байдаг юм билээ. Манайх удахгүй энэ жишиг рүү шилжмээр байгаа юм. Түүнчлэн бага насны хүүхэд том болоод ямар хүн болох нь багшаас их шалтгаалдаг. Үндсэндээ бага ангийн багш гэдэг бол тусгай сурган хүмүүжүүлэгч байх шаардлагатай. Тэгэхээр тэр багш нарыг бэлтгэдэг сурган хүмүүжүүлэх сургууль байгуулах нь зөв юм билээ. Сурган хүмүүжүүлэгчдийн цалин бусад багш нараа бодвол өндөр байх ч юм уу, ийм тогтолцоог бүрдүүлж өгвөл бид хүүхдээ санаа амар, найдвартай хүнд өгчихөөд ажлаа хийж явах боломж бүрдэнэ. Ийм саналууд байгаа даа.
–Нийтийн тээврийг нэгдүгээр эгнээгээр явуулдаг болсноор түгжрэлийн асуудал цэгцэрч чадаж байна уу?
-Орчин үед баян, ядуугаараа ялгарах үзэл давамгайлчихаад байна. Үүнээс бид зайлсхийх ёстой. Японд бол тэрбумтан ч, жирийн иргэд нь ялгаагүй метрондоо суугаад явдаг. Гэтэл манайд голын урд баячууд нь амьдарч, голын хойно ядуус амьдардаг гэсэн ойлголт бий болчихоод байна шүү дээ. Энэ нь эв нэгдэлд ч хортой учраас үүнээс татгалзах хэрэгтэй. Зөвхөн замын түгжрэл гэлтгүй энэ ойлголтоос салж, ард түмнээ нэг түвшинд байлгах үүднээс нэгдүгээр эгнээгээр нийтийн тээвэр явуулах шийдлийг олсон юм шүү дээ. Цаашдаа ч ийм байх ёстой. Хөрөнгө чинээ гэдэг бол цэвэр хувийн хэрэгцээ. Түүнээс биш бусдад ид хаваа гайхуулж, бие биедээ таатай таагүй сэтгэгдэл төрүүлдэг зүйл биш. Цаашлаад нийтийн тээврийг цагийн хуваариар явуулна. Хот дотор хувийн унаа унаад байх шаардлагагүй болгоё. Гар дор нийтийн тээвэр нь байдаг, бараг гэрийнх нь үүдэнд ирдэг байвал хүмүүс дуртай сууна. Парис мэтийн том хотуудад цахилгаан машины парк байгуулж, хэн дуртай нь ухаалаг үнэмлэхээ уншуулаад суудаг болсон байна шүү дээ. Унадаг дугуйг ч тийм болгосон байна. Манай иргэдийн зүгээс ч ийм санал хэлж байгаа. Өөрийнхөө машиныг унаж арчлаад, шатахуун тос үрээд явах нь төвөгтэй юм байна. Нийтийн тээвэр гар дор хүрээд ирвэл зовох хэрэг алга гэж байгаа.
–Автобусны тоог хэзээнээс нэмж, шинээр оруулж ирэх вэ. Өвлийн хүйтэнд автобусны буудал дээр удаан зогсч байна гэсэн гомдол тасрахгүй байна лээ?
-Автобусны тоо нь багадахаар барах уу. Одоо бид тоог нь нэмэгдүүлнэ. Энэ жил япон стандартын 200 ширхэг автобус орж ирнэ. Бид цаашид Японоос лизингээр өөр олон автобус авах санаатай байгаа.
–Солонгосын автобус авахгүй гэж үү?
-Нийтийн тээврийн газраас явуулсан судалгаагаар автобусны компаниуд солонгос автобусыг ашиглалтын хугацаа багатай байна. Олон хүний хэрэглээг даахдаа муу байна гэж дүгнэсэн байгаа. Тиймээс Японоос автобус авах байх. Мөн бид хувийн компаниудаа дэмжиж автопаркийн шинэчлэл хийхэд нь тусалъя, хөрөнгө оруулагч олж өгье гэсэн. Түрүүчээсээ зарим компани төслөө ирүүлчихсэн байна.
–Буруу талдаа жолоотой машинуудыг явуулахгүй гэж та үзээд байгаа юм уу?
-Ийм шийдвэр гаргавал ямар вэ гэж санал асуулга явуулсан юм. Тэгтэл хүмүүс маш их эсэргүүцсэн. Би хувьдаа буруу талдаа жолоотой машиныг ганцхан бүтэн сайн өдөр явуулахгүй байвал ямар вэ л гэсэн юм. Тэгээд учир үндэслэлээ сайн ойлгуулж чадаагүй болохоор эсэргүүцчих шиг болсон. Тиймээс энэ талаар дахиад сайн хэлж тайлбарлана гэж бодож байгаа.
Яагаад буруу талдаа жолоотой машиныг явуулахгүй гээд байна вэ гэвэл бид Улаанбаатарын түгжрэлийн асуудлыг хянаж чадахаа больчихоод байна. Өдөрт шинээр 200 машин дугаар авч замын хөдөлгөөнд орж байна шүү дээ. 200 машин гэдэг бол Гадаад харилцааны яамнаас төмөр зам хүрэх тэр урт замыг бүрэн түгжих хэмжээнийх. Уг нь түгжрэлээ хэвийн хэмжээнд барья гэвэл бид өдөр болгон тэр хэмжээний зам тавих шаардлага тулгараад байна. Харамсалтай нь тийм хөрөнгө мөнгө байхгүй. Тиймээс машины тоонд хязгаарлалт тавихаас өөр аргагүй болчихлоо. Нөгөө талаас тэртэй тэргүй манай жолооны дүрэм журамд зөв талдаа рультэй машин барина гээд заачихсан байгаа шүү дээ. Тэгэхээр хууль дүрмээ хэрэгжүүлээд явъя гэсэн юм.
Үүний хажуугаар автобусны билетэд өөрчлөлт оруулж, нэг тасалбараар хэд хэдэн чиглэлийн нийтийн тээвэрт суудаг байя. Энэ схемийг судалж байна. Тэгээд ч зөв талдаа рультэй машин барьдаг хүмүүс ч бидэнд “Жолооны дүрмээ хэрэгжүүлье” гэдэг санал тавьж байгаа. Харамсалтай нь санал асуулга эсрэгээр гарч, иргэд эсэргүүцсэн. Ийм байхад бид дур мэдэж шийдэх эрх байхгүй. Харин Засгийн газарт хэлээд байгаа юм. Буруу талдаа жолоотой машиныг оруулж ирэхийг импорт дээр нь хориглоё гэж. Хүмүүс буруу талдаа жолоотой машинаа буцаахаар болбол анх төлсөн татвараа буцааж авах зэрэг зохицуулалт хийж болно. Тиймээс буруу талдаа жолоотой машиныг явуулахгүй байя гэдэг санал асуулгыг дахиад явуулна даа.
–Үүнийг заавал хийх гээд байгаа шалтгаан нь юу юм бэ. Зөв талдаа рультэй машины бизнес эрхлэгчдийг дэмжиж, тэдний ашиг сонирхол ард нь яваад байна уу?
-Ямар ч юм ярьсан түүнийг мушгин гуйвуулдаг шүү дээ. Ийм сонирхлын зүйл үнэндээ байхгүй. Тэр битгий хэл бусад хотууд огт машингүй байх нэг өдөртэй байдаг юм билээ. Энэ жишгээр л явъя гэсэн юм.
–Монголчуудын тэн хагас нь буруу талтай жолоотой япон тэрэгтэй. Гэтэл ийм шийдвэр гаргачихвал та болоод засаг барьж байгаа АН дараагийн сонгуульд гарахгүй гэж шүүмжлэх хүмүүс зөндөө бий…
-Энэ бол улс төрийн хувьд эрсдэлтэй шийдвэр гэдгийг мэдэж байна. Гэхдээ би хотын дарга шиг хотын дарга байя л гэсэн юм. Зөвхөн сонгуулийн төлөө гарч ирсэн хүн биш шүү дээ, би. Хотын даргын албан тушаалыг шохоорхсондоо элдэв санаа санаачилга сэдээд яваа юм биш. Хотоо гоё болгоё. Дүрэм журамтай, эмх цэгцтэй байлгая гэсэн юм. Бид өнгөрсөн он жилүүдэд хэтэрхий дур зоргоороо явсаар байгаад учраа олохоо байж, хөл толгойгоо алдчихлаа шүү дээ. Үүнийг эмхэнд нь оруулъя л гэсэн юм.
–Дугаар хязгаарлалт түгжрэл сааруулахад нэмэргүй болчихоод байна уу?
-Машины тоо нэмэгдээд байгаа учраас хичнээн дугаар хязгаарлаад ч нэмэргүй болчихоод байна. Машины түгжрэл гэдэг чинь бидний боддогоос аюултай үзэгдэл болчихоод байгаа. Нийгмийн хөдөлмөрийн бүтээмжийг унагаж байна шүү дээ.
–Та тэгж байгаад гэнэтийн шийдвэрүүд гаргадаг. Ойрын үед ямар шийдвэр гаргахаар зэхэж байна вэ?
-Нийслэлийнхний оролцоотойгоор сургуулиудын захирлыг өөрчилнө. Хүүхдээ сургуульд өгч байгаа эцэг, эхчүүдээс санал асуулга асууж шийднэ гэж байгаа юм. Сургуулиудад тодорхой өөрчлөлт хийх хэрэгтэй болчихоод байна. Хүүхдээ сургуульд өгч байгаа эцэг, эхчүүд тухайн сургуулийн үйл ажиллагаанд дүн тавих ёстой. Түүнд үндэслэж сургуулийн захирлыг өөрчилдөг баймаар байна.
–Дараагийн шинэ захирлыг нь яаж сонгох юм?
-Тусгай мэргэжлийн комисс тухайн сургуульд захирал хийх хэмжээний дөрөв, таван багшийг сонгон шалгаруулалтаар сонгож авна. Тэднээс хэнийг нь захирал болгох тухайд тухайн сургуулийн эцэг, эхчүүдээс асуух юм. Би урьдчилсан байдлаар ярьж байгаа шүү.
–Ер нь сургуулиудын захирлууд нэлээд удчихсан, бараг тэтгэвэрт гарчихсан хүмүүс байдаг байх аа?
-Тийм. Нийт сургуулиудын 30-аад хувь нь тэтгэвэрт гарсан захиралтай байна. Дээрээс нь гэрээний хугацаа өнгөрчихсөн хүмүүс ажиллаж байна. Ер нь сургуулийн захирал солих ажлыг улс төрөөс ангид байлгана. Ялсан нам өөрийнхөө хүнийг захирал болгодгийг өөрчилнө.
–Боловсролын сайд дэмжиж байгаа юу?
-Би одоохондоо санаагаа хэлж байгаа нь энэ. Журам гараад ирэхээр Боловсролын сайдтайгаа ярина.
–Гэр хорооллыг барилгажуулах ажил удахгүй эхлэх гэж байгаа гэж сонссон…
-Тийм. Эхний ээлжинд инженерийн шугамд холбох бололцоотой зургаан газарт ажлаа эхлүүлнэ.
–Ямар газрууд байгаа билээ?
-Гандан, Зурагт, Дэнжийн мянга, 100 айл гэх зэргийн газрууд бий. Гэхдээ зөвхөн энэ хэдээр хязгаарлахгүй. Орон сууц бариулах хүсэлтэй аль ч гэр хорооллын иргэдэд бид хүрч үйлчилнэ. Гэр хорооллынхон газрын эзэд учраас давуу эрхтэй байх болно. Тэд эхлээд хүсэлтээ тавь, бид түүнийг нь хөрөнгө оруулагчдад уламжлаад явна гэсэн үг. 100 айл орчмын гэр хорооллын айлуудад өмнөх засаг, хотын захиргаа их дээрэнгүй хандсан. Гэр хорооллыг орон сууцжуулахдаа газрыг нь хямд үнэлж аваад газар дээр нь орон сууц барихаар болсон шүү дээ. Гэтэл хүн нэг удаа олдсон хувийн өмчийн газраа шахалтад орж өгөх ёс байхгүй. Тэд хашааныхаа газар дээр нийтийн орон сууц бариулах уу эсвэл таун хаус бариулах уу гэдгээ өөрсдөө шийдэг.
–Газраа өгчихөөд орон сууцаа өөрсдөө худалдаж авах юм уу?
-Үгүй шүү дээ. Үнэ төлбөргүйгээр орон сууцтай болно гэсэн үг. Ингэхээр манайхан ойлгохгүй байгаа юм. Би нэг газартай байлаа гэж бодъё. Хөрөнгө оруулагч компани ирээд газрыг минь авъя гэлээ. Тэгэхэд нь би “Та нар тэгвэл надад хаус барьж өг. Эсвэл барьсан орон сууцныхаа гурван өрөөг өг” гэсэн шаардлага тавина. Энэ болзлыг хөрөнгө оруулагч компани зөвшөөрөхгүй бол бид газраа өгөх албагүй.
–Тэгэхээр хөрөнгө оруулагч компаниуд эндээс ямар ашиг олох вэ?
-Компаниудад маш их ашигтай. Газрын эзэдтэй тохиролцож чадвал айлуудаас хандивын газар авч, тэндээ өөрсдөө үйлчилгээний юм уу эсвэл орон сууцны барилга бариад худалдах ашигтай. Компани иргэдэд “Та нарын хүсээд байгаа орон сууц, хаусыг бариад өгье. Гэхдээ та нар оронд нь дундаасаа манайд хандивын газар өг” гэж хэлнэ. Иргэд үүнд дуртай байх болов уу. Хөрөнгө оруулагчийн буянаар үнэ төлбөргүй орон сууцтай болж байгаа юм чинь хандивын газар гаргаад өгөх байх.
Дээрээс нь тухайн гэр хорооллыг барилгажуулах эрхийг авсан тухайн компанид инженерийн шугам татах, сургууль эмнэлэг барих мөнгийг нь улсаас өгчихнө. Дараа нь тэр инженерийн бүтэц нь улсынх болох учраас тэр шүү дээ.
–Тендер явуулна гэсэн үг үү. Энэ бүхэн хэзээнээс эхлэх вэ?
-Жишээ нь “Жигүүр гранд” гэдэг компани нэг гэр хорооллыг барилгажуулах ажил хийх эрхтэй боллоо гэхэд инженерийн шугам татах, сургууль цэцэрлэг барих ажлыг давхар хийнэ гэсэн үг. Тэгэхээр энэ ажил барилгын компанид ч ашигтай, иргэдэд ч ашигтай. Үр дүнд нь хотын захиргаа хотоо гоё болгоод авна шүү дээ. Гурван талын ашигтай ажил удахгүй эхлэх гэж байна. Саяхан барилгын 40 том компанийг урьж, уулзалт хийж, хүсэлтээ тавьсан. Мөн гадны хөрөнгө оруулагчдад хандаж байгаа. Манай гэр хорооллыг дахин төлөвлөж, барилгажуулах ажилд оролцооч, туслаач гэдэг санал тавьж байгаа. Өмнө нь манай барилгын компаниуд сул газар харагдвал аваад барилга барьж бизнес хийх гээд байдаг зуршилтай болчихсон байсан. Одоо тэгж газар өгөхгүй. Гэр хорооллын иргэдийн амьдралыг дээшлүүлнэ гэвэл эрх олгоно, бүх талаар дэмжинэ.
–Газрын асуудал юу болж байгаа вэ?
-Газрыг хурааж авах ажил амаргүй байна. Гэхдээ бид үүний цаана ямар ч байсан гарна. Одоогийн байдлаар барилгын зөвшөөрөлтэй холбогдсон асуудлыг шийдэж байна. Дулааны, цахилгааны, барилгын зөвшөөрөлгүй барилгуудыг ангилж, асуудлыг цэгцэлж байна. Бид газрын зөвшөөрөлгүйгээр баригдсан барилгуудын эрхийг хураагаад авчихсан. Жишээ нь, 120 мянгатад оршин суугчдын нар үздэг цонхыг халхалж барьсан гоёмсог өндөр барилгын эрхийг цуцалсан. Үүнийг буулгах гэхээр нэг тэрбум 300 сая төгрөг шаардлагатай болчихоод байна. Ийм их мөнгөөр буулгасан нь дээр үү эсвэл ойр орчных нь иргэдээ оруулчих боломж байна уу гэдгийг хайж, судлуулж байна. Буулгахаас өөр аргагүй нурж унахад бэлэн болчихсон хулхины барилга бас байна.
–Хичнээн байгаа вэ?
-Шалгалтын дүн эцэслэж гараагүй байна. Цаашдаа бид иргэдэд албан ёсоор анхааруулж байгаа. Зөвшөөрөлгүй барилга худалдаж авав, зөвшөөрөлгүй барилга барих гэж байгаа компанид зээл өгөв гэж банкуудад хэлж байгаа. Хэрэв тийм зүйл гарвал та нар хохирлоо өөрсдөө хариуцна шүү гэж сануулж байна. Иргэн та байшин авах гэж байгаа бол, банк зээл өгөх гэж байгаа бол шаардлагатай мэдээллийг эхлээд биднээс аваарай гэж захиж байгаа. Хууль бус газрын асуудал одоогоор хүнд л байна.
–Зориг тань мохчихоо юу даа?
-Үгүй ээ. Хууль дүрэм зөрчиж авсан 40 газрыг хүчингүй болгож, хураагаад авчихсан шүү дээ. Яахав энэ асуудал нэлээд маргаантай, шүүх энэ тэртээ тулж байгааг л хэлж байна.
–Зоригтой шинэчлэл хийж байгаа сайд, дарга нарт заналхийлсэн захидал ирдэг болжээ. Танд тийм зүйл байна уу?
-Тийм заналхийлэл зөндөөн бий. Гэвч 90 оноос хойш ийм зүйл сонссон учраас дөжирчихөөд байна даа.
Я.МӨНГӨНЦЭЦЭГ