Categories
мэдээ цаг-үе

Шинээр нэмэгдсэн татвар бол ажил бүү хий гэсэн ерөнхий философитой

Эрх баригчид есөн төрлийн татвар нэмлээ. Үүнийгээ “Олон улсын валютын сангийн шаардлагыг биелүүлж ингэхээс өөр аргагүйд хүрсэн” гэж тайлбарлаж байгаа. Үнэн хэрэгтээ Олон улсын валютын сангийнхан “Татвараа шууд нэм гэж бид хэлээгүй. Татварын бааз сууриа бэхжүүл. Хууль эрх зүйн орчноо сайжруул, онгорхой цоорхойг нь нөх” гэж хэлсэн байдаг. Тэгэхээр манай эрх баригчид Олон улсын валютын сангийн өргөтгөсөн санхүүгийн хөтөлбөрт хамрагдахын тулд илүү ухаалаг арга бодож олж болох байж. Харин хамгийн бүдүүлэг, хүч түрсэн аргаар татварыг өм цөм нэмэх аргыг л эрх баригчид олсон байх нь. Угтаа 65-уулаа болж сонгуульд ялж гарч ирэхдээ мөрийн хөтөлбөртөө татвар нэмэхгүй, шинэ төрлийн татвар бий болгохгүй гэж амласан шүү. Яг үүнийхээ эсрэг үйлдэл хийлээ.

Татварын бодлого бол улс орон хаашаа явахав, ямар салбараа хөгжүүлэхэв, юун дээр илүү анхаарах вэ гэдэг ерөнхий философи юм.

Оны эхнээс хэрэгжиж эхэлж буй татварын энэ бодлого нь улс орноо хөгжүүлэхийн эсрэг, ажилгүйдлийг дэмжсэн арай дөнгүүрийг нь чагталсан бодлого боллоо. Малчин, дуучин, бөх, бөө, лам нар бол энэ татварт хамаарахгүй. Татвартай холбоотой хууль тогтоомжуудын ерөнхий агуулга нь ажил бүү хий гэсэн агуулгатай болжээ. Сургуульгүй, боловсролгүй, техникийн мэргэжил эзэмшиж болохгүй, сайн мэргэжил эзэмшиж, өөрийгөө хөгжүүлж болохгүй, сайн цалин авч болохгүй, уул уурхайн салбарт ажиллаж болохгүй, сайхан амьдрахын тулд хөдөлмөрлөж болохгүй, компани байгуулж болохгүй, хичээх шаардлагагүй, нийслэлд амьдарч болохгүй гэсэн ойлголтыг эндээс шууд өгч байна. Тэрний оронд гэртээ хүүхдээ хараад сар бүр тавин мянган төгрөг авчихаад сууж байх нөхцөл үүслээ. Нүүрэндээ галтай нүдэндээ цогтой бүтээлч, ажилсаг, хөдөлмөрч, хөгжиж дэвших эрмэлзэлтэй хүмүүсийг боомилсон ийм л татвар боллоо. Тэд хөдөлмөрлөж хичээсний үр дүнд амьдрал сайжирна гэж итгэдэг, бэлэнчлэх сэтгэлгээгүй, ухаалаг хүмүүс. Ийм хүмүүс л өндөр цалин авч, сортоотой амьдарч байгаа. “Боломжийн цалин авч байгаа хүмүүс 11 хувь болохоор нийт ард түмэн хохирохгүй, санаа зоволтгүй” ухааны юм эрх баригчид яриад байна лээ. Тэр 11 гээд байгаа хувийг басч болохгүй ээ. Монголын нэр нөлөө, ирээдүй, хөгжил дэвшил энэ 11 хувьтай шууд хамаатай. Тэд илүү хөдөлмөрлөдөг, гэвч бусдаас илүү хоол иддэггүй л байхгүй юу. Тэр хоёр хувийг тойроод ах дүү хамаатан садан, найз нөхөд нь амьдарч байдаг. Энэ хүмүүсийн үгийг сонсдог. Энэ хүмүүсийн авдаг хэдэд халдвал ард түмний хэрэглэж болох сагсанд байгаа бараа хөдөлнө. Энэ 11 хувь бол улсыг хөдөлгөж байдаг нөлөөтэй. Ийм атал 11 хувь хохирох нь та нарт падгүй гэж хэлээд сууж болох уу. Тэр хувь чинь үлдсэн хувиа чирч яваа шүү. Гэсэн атлаа амьдралаас тасарсан баячуудаас татвар авахгүй. Учир нь тэр амьдралаас тасарсан баячууд, олигархиуд өөрсдөө төрд байгаа учраас өөрсдийнхөө эрх ашгийг хөндөхгүй. Дундаж давхаргын аль сортоотой болгондоо ингэж тээг тавьчихаад Нарантуулын наймаачид, хүнсний захууд, машины ченж нараас татвар авахгүй. Эдний гар дээр асар их мөнгө эргэж байдаг. Ядаж л эд нар худалдан авагчдаа НӨАТ-ын баримт өгдөггүй шүү дээ. Дуучдаас татвар авахгүй. Нэг тоглолтоос хэдэн саяар нь олдог тэдний хэд нь татвар төлдгийн. Хэзээ ч татвар төлж байгаагүй тэд энэ татварын нэмэгдэлд огт хамрагдаагүй. Хүнд өгч сураагүй, бусдын гарын алгыг дээш харуулж үзээгүй, бусдаас авч л сурсан бөхчүүдээс татвар яагаад авахгүй байгаа юм. Жар, далан сая малаасаа малын хөлийн татвар авдаггүй. Харин ч малчдын тэтгэврийн насыг таван жилээр урагшлууллаа. Зүгээр л баялаг бүтээгчдийг, илүү хөдөлмөрлөснийг нь дарамталсан Татварын хууль боллоо. Энэний төлөө өнөөгийн эрх баригчид МАН нэг юм дуулах нь дуулна. Магад эрх баригчид нэмсэн татварынхаа хүлээсэнд боомилогдох биз. Өмнөд хөрш ядуусаа дундаж давхарга руу оруулах гэж хэдэн саяар нь амьдралыг нь өөд татах зөв бодлого явуулж эхлэв.Манайх эсрэгээр нь дундаж давхаргынхнаа ядуусын эгнээ рүү чирлээ.

Дундаж давхаргын нөлөө асар их. Тэдний цалингаас ингэж өндөр татвар авах шийдвэр нь Монголоо устгах гэсэн бодлого. Гэртээ хүүхдээ хараад суудагт мөнгө өгдөг, улсдаа ганц төгрөг хялайлгадаггүй малчдын тэтгэврийн насыг хүнд хүчир гэж наашлуулаад цөөхөн хэдэн татвар төлөгчдөө, хичээж зүтгэснийг нь татвараар дарамтлаад тэтгэврийн насыг нь уртасгаад сууж байгааг юу гэж ойлгохов. Татвар нэмэгдсэн, бензиний үнэ нэмэгдсэн. Долларын ханшийг энэ янзаараа барьж гүйцэхгүй болох нь. Эрх баригчдын явуулж байгаа бодлого нэг иймэрхүү улсынхаа эсрэг болоод байна. Нэмсэн татвар нь тендерийн цавчаа, авлигачийн халаасанд орохгүй гэж хэн батлах юм. Иргэдээсээ ингэж дээрэм хийдэг үүнийгээ ихэнхэд нь нөлөөлөхгүй, хэвлэлийнхэн буруу яриад байна гэж дүйвүүлдэг. Уг нь НӨАТ-ын буцаан олголт зэргийг өмнөх парламент санаачилж, тэр хэрээр татварын орлого урьд хожид байгаагүй өсөлттэй гарсан. Тэгвэл байгууллагууд, хувь хүмүүс татвараас болж орлогоо нууж эхэлнэ. “Хэт илүү татвар хураах нь хуулиар халхавчлан хулгай хийнэ” гэсэн үг гэж АНУ-ын гуч дахь Ерөнхийлөгч хэлсэн байдаг.

Сайн хөдөлмөрлөж хичээснийх нь үр дүнд иргэдээ татвараар торгодог төр засаг гэж байж болох уу. Зүгээр л юу ч хийлгүй хэвтэж байсан нь дээр гэсэн бодлоготой төр байж болох уу. Хөгжингүй орны татварыг жишээ татан ярьж байгаа бол манайх хөгжиж байгаа орон. Тэд манайх шиг байхдаа биш өнөөгийн түвшинд хүрсэн хойноо шатлалтай татварын системийг сонгосон байдаг. Өөрөөр хэлбэл нэг хүнд ногдох дотоодын нийт бүтээгдэхүүн өндөр болсны дараа шатлалтай систем рүүгээ орсон байдаг.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Өмч хувьчлалаар хөлжиж, уул уурхайгаас баяжсан бүлэглэлүүдийг ойлголцлын ширээнд урья

Монголд улс төр, бизнесийн хоёр том бүлэглэл байна. Нүүрсчдийн намынхан, шороочдын намынхан гэж өөрсдийгөө ил далд хэлэлцэх болж. Угтаа бол нэг нь уул уурхайгаар баяжиж, нөгөө нь өмч хувьчлалаар баяжсан хоёр бүлэглэлийг хэлээд байгаа юм. Өнөөдрийн улс төр бизнесийн хүрээнд энэ хоёр бүлэглэлийн л дайн болж өрнөлөө. Өмч хувьчлалынхан уул уурхайнхнаа нэг нүдээр үзэхгүй. “Бурхнаас монголчуудад заяасан баялгийг нэр бүхий гучин гэр бүл эзэмших ёсгүй. Энэ баялаг бол монголчуудын бүгдийнх нь. Оффшороос мөнгөө оруулж ир. Лицензийг нь хураана. Эх орноо худалдагсад” гэлцэв. Тэгтэл уул уурхайнхан нь нөгөөдүүлээ “Монголын ард түмний 70 жил бүтээсэн баялгийг хэдэн эрээн цаасаар авчихсан луйварчид” гэцгээж ад шоо үзнэ. Нөгөөгөөсөө буруу хайсан тэд эрх мэдэлд хүрч, төрд очихоороо улсаараа тоглож байна. Өрсөлдөгч бүлэглэлийнхнээ намнана. Энэ хоёр том бүлэглэлийн маргаан талцал нь нийгмийг хуваагаад зогсохгүй Монголын улс төрийг булингартуулсаар ирлээ. Монголын төр улсынхаа аюулгүй байдал, иргэдийнхээ тэгш эрхийг хангах үүрэгтэй. Гэтэл Монголын төр нийгмийн баялгийн төлөө ноёрхолоо тогтоох гэсэн тэмцлийн төр болж хувирсан. Дотооддоо тэмцэлддэг биш, дэлхийн хөгжилтэй өрсөлдөхүйц тийм улс орон болмоор байна.

Өмч хувьчлалаар цэнхэр, ягаан тасалбар бүгдэд тэгш өгсөн л дөө. Ихэнх нь тасалбарынхаа үнэ цэн учир утгыг ойлгоогүй. Харин мэдээлэлд ойр, бас арай сийрэг толгойтой, сэргэлэн гэх зарим нь тэр тасалбарыг бусдаасаа авч “чулуу” болгосон нь үнэн. Нэг ёсондоо боломжийг олж харж чадсан хүмүүс. Гэхдээ тэд аваад юу ч үгүй үрэн таран хийчхэлгүй, өдий зэрэгтэй авч явааг нь бол буруутгах аргагүй. Америкт зуу гаран жилийн өмнө хэдхэн баян л байсан. Япон ч мөн л хэдхэн гэр бүлийн хүчинд хөл дээрээ боссон. Цаг хугацааг буцааж болохгүй хойно өнгөрсөнтэй зууралдахаасаа илүүтэй ирээдүйгээ бодоцгооё. Хуучин социалист орнуудын зах зээлийн эдийн засаг руу орохдоо бүгд л иймэрхүү маягаар хувьчлал явагдсан байдаг. Манай хоёр том бүлэглэл ч нэг тиймэрхүү аргаар баяжсан ч сэтгэл нь ханахгүй юм. Аль аль бүлэглэл нь одоо биесээ элдвээр нь хэлцгээж, чи их идэж, би бага идлээ гэх талцлаа үргэлжлүүлсээр байгаа. Олсноо арвижуулах, өргөжүүлэх гэхээр нэг бүлэглэл нь нөгөөдөө саад хийж, тэмцэлдсээр байтал хоёр бүлэглэлийн зодооны дүнд Монгол Улс сүйрэх нь. Та хэд минь одоо эе эвээ ололцоо. Та нарын яаж баяжсан нь сонин биш цаашид юу хийж бүтээх чинь л чухал. Эв түнжинтэй байж хуваалцах юм байвал хуваалц, тохиролц. Ширээний хоёр талд өөд өөдөөсөө хараад ярилцаад үз. Та бүхний аль, аль нь энэ хугацаанд бас ч үгүй чамгүй зүйл хийж бүтээжээ. Одоо их бага, авсан гэж хэрэлдэхийн оронд ойлголцож, улс орноо хөгжүүлэхэд анхаарлаа хандуулаач. Өгөгдөлтэй хүмүүс гэж байна. Тэр бүтээгч хүмүүс нь та нар гэдгийг үгүйсгэх аргагүй. Дэлхийн долоон тэрбум хүн бүгд саятан, тэрбумтан биш, цөөн нь баян, тэд нь бусдыгаа авч явдаг. Үнэн хэрэгтээ заримынх нь баян гэж ад үзээд байгаа хүмүүс олсон мөнгө хөрөнгөө ганцаараа идэж уугаад байдаг юм биш. Үйл ажиллагаа явуулж, олон хүнийг ажлын байраар хангаж, тэр хэрээр татварт мөнгө төвлөрч байдаг. Одоо тэдний хөрөнгийг хурааж аваад юу болох юм. Тэдний өнгөрсөн хугацаанд бүтээснийг нурааснаараа санаа амраад, ядуу хүмүүс баяжчих юм биш. Тэд улам баян болог. Тэр хэрээрээ Билл Гейтс шиг улсынхаа төлөө юм хийг. Улс нь байтугай дэлхий түүнийг хүлээн зөвшөөрч байна. Шүтэн биширч, хүндэтгэж байна. Жак Ма шиг хүлээн зөвшөөрөгд. Си Жиньпин, Трамп бүгд түүнтэй уулзаж гарыг нь барьж байна. Үндэсний хөрөнгөтнүүдээ үзэн ядах цаг бишээ. Муугийн бэлээхэн жишээ Венесуэл байна. Импортоор орж ирж байгаа бараа бүтээгдэхүүндээ хориг тавьж, хөрөнгөтэй хүмүүсийнхээ хамгийг хурааж, шоронд хийлээ гээд эдийн засаг нь доройтож, ямар хүнд байдалтай байгаа билээ. Олон нийтийг хамарсан жагсаал цуглаан, эмх замбараагүй байдал газар авч, ажилгүйдэл дээд цэгтээ хүрч, бараа бүтээгдэхүүн, хүнсний хомсдолд орж, дээрэм тонуул цадигаа алдсан. Уго Чавесийн алдаатай бодлого, популизмаас болж улс орон нь ямар нөхцөл байдалд байгаа билээ. Манайх нэг иймэрхүү замаар яваад байна. Яг одоо л зөв голдрилд нь оруулж, зөв бодлого явуулах хэрэгтэй байна. Яг одоо эввлэрэл эв нэгдэл хэрэгтэй байна. Дэлхийн том удирдагчид улсынхаа том бизнес эрхлэгчидтэй жигтэйхэн найрсана. Тэднийгээ дэмжинэ. Тэд хариуд нь бүтээж байна. Харин манайд төрд гарсан нэг бүлэглэл нь нөгөө бүлэглэлээ дарж авах гэж үзэж тарсаар өдийг хүрлээ.

Гуравхан сая хүнийг ажилтай, орлоготой байлгах тийм ч хэцүү биш шүү дээ. Иргэд нь аз жаргалтай байхад тийм ч их зүйл хэрэггүй. Утаагүй, түгжрэлгүй, хууль дүрэм нь үйлчилдэг, боломжийн цалинтай байхад л хүн амын ихэнх нь оршин суудаг хотынхны нуруу тэнийчихнэ. Дэлхийн улс орнуудад байгаа стандартыг мөрдөхөд л болчихно. Тэр дагуугаа явахад л тайван амгалан болоод байна. Хүн амьдрах таатай тохитой байхаас илүү өөр юу хэрэгтэй гэж. Бутаныг хар л даа. Тийм баян тарган, баялагтай улс биш ч дэлхийн хамгийн аз жаргалтай иргэдтэй. Тэдний аз жаргал бол их мөнгө хөрөнгө биш амгалан тайван байдал юм. Магадгүй удирдагчдад нь булаацалдаад шунаад байх зүйл байхгүй ч байдаг биз.

Удирдагчид нь олигтой шийдэл гаргаж өгөхгүй, бизнес улс төрийнхөн нь талцаад бие биенээ шоронд хийнэ гээд байвал улс орон яаж амар жимэр байх юм. Ядуу байх тусмаа их улстөрждөг гэсэн судалгаа гарч, тэр улстөрждөг ядуу улсуудын тэргүүн эгнээнд манайх орчихсон явна лээ шүү дээ. Хоёр тал хоёр биенийхээ улыг шагайгаад мууг нь дуудаад байвал энэ хэрүүл зогсохгүй. Ард түмэн нь яг эдэн шигээ талцаад л үзээд байна.

Буянгийн Жагаа нэг удаа “Намайг баян гээд байх юм. Би яаж ч баяжсан арван давхар ноолууран цамц өмсөхгүй. Есөн ноолууран цамц нь тэнд үйлдвэрт ажиллаж байгаа хүмүүст өгөөжөө өгч, тэд амьжиргаагаа авч явж байна” гэж хэлсэн нь яах аргагүй үнэн үг. Буян Жагаа шиг бизнес эрхлэгчид ноолууран цамцаа амар амгалан үйлдвэрлэг. Түүнд бүү саад хий. Учир нь түүний үйлдвэрлэсэн цамцны ашгийг овоо хэдэн гэр бүл хүртэж байгаа. Дээрх бүлэглэлүүд ч мөн ингэж дайтахгүйгээр учраа ололцоод урдахаа л хийж бүтээ. Бие биедээ гай тарихгүй нэг зүг рүү харж ажиллавал бид ч бас мөрөөрөө сайхан амьдарчихмаар байна.

Иргэдийнхээ амьдралыг сайжруулах төрийн үүргээсээ илүүтэй эрх мэдлээ яаж хадгалах вэ, тэрний төлөө хэн нь илүүг хожих вэ гэдэг асуудал төрийн бодлого болоод хувирчихлаа. Алийн болгон ингэж явах юм бэ. Монголд арван том үйлдвэр барьчихад л Монголын залуус Солонгос явахгүй. Эрдэнэт, Оюу толгойд ажиллаж байгаа хүмүүс Солонгос явдаггүй. Харин ч гурван жилийн өмнө Оюу толгойд ажиллахаар Солонгос явсан залуус эргэж ирж байсан шүү. Нефть боловсруулах, зэс хайлах үйлдвэр барьчих. Зодолдож хэрэлдэлгүй, тохироод барьцгаачих.

Үр шим нь монголчуудад өгөөжөө өгөг. Хэрэлдэж байгаа хоёр хүний эцсийн дүр зураг нь хэлхээтэй хоёр яс л шүү дээ гэдэг үгийг санаж, тоотой хэдэн насаа үүрдийнх юм шиг алийн болгон хоорондоо тэмцэлдэхэв. Та нарын зодооны талбар Монгол Улс бүү болог. Тиймээс өмч хувьчлалаар хөлжиж, уул уурхайгаар баяжсан бүлэглэлүүдийг ойлголцлын ширээнд урьж байна.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Д.Ганхуяг: Охинд минь тохиолдсон явдлын үнэнийг олохын төлөө эцсээ хүртэл явна

УИХ-ын гишүүн, Уул уурхайн сайд асан Д.Ганхуягийн охин өнгөрсөн арваннэгдүгээр сарын 30-нд нүүр номондоо бичлэг хийхдээ анхаарал татсан олон мэдээлэл хүргэж, өөрөө хүчирхийллийн хохирогч болсон төдийгүй, олны танил, томоохон компанийн захирлууд, улстөрчдийн хүүхдүүдийн хар тамхи хэрэглэдэг болон хүчирхийллийн хэргийн талаар ноцтой зүйлс ярьсан билээ. Гэвч тэр даруйдаа бичлэг устгагдаж, сүүлийн хэд хоног дахин олон нийтийн сүлжээнд цацагдсан. Үүнтэй холбоотой УИХ-ын гишүүн асан Д.Ганхуягтай уулзаж ярилцлаа.


-Танай охины хийсэн бичлэг сүүлийн хэд хоног шуугиуллаа. арваннэгдү-гээр сарын 30-нд анх тавигдаад төд удалгүй устчихсан байсан. Энэ бичлэгийг хэзээ хийсэн юм бол?

-Арваннэгдүгээр сарын 30-ны өдөр анх нийтийн сүлжээнд тавигдсан байсан. Тэгээд устгасан байсан, дахиад гараад ирлээ л дээ. Америкт хүний эрхийн чиглэлээр сурдаг нэг эмэгтэй “Энийг зүгээр орхиж болохгүй асуудал байна” гээд хадгалаад авчихсан юм билээ. Тэгээд л фэйсбүүк дээрээ тавьсан байсан.

-Тэр эмэгтэйг та нар таних уу?

-Үгүй ээ, нийтэд цацсанаас нь хойш тэр эмэгтэйтэй миний хань чатаар холбогдсон.

-Танай охин тэр бичлэгийг хэн нэгэнтэй зөвлөж хийсэн үү? Өмгөөлөгч болон аав, ээжтэйгээ зөвлөсөн гэж ярьсан байна лээ.

-Бидэнтэй зөвлөж ярьсан юм байхгүй ээ. Тухайн үед сэтгэл санааны хувьд асар хүнд, хямралд орчихсон байсан юм билээ. Эхнэр бид хоёрт тэр хүчирхийллийн асуудлыг өмнө нь огт хэлж байгаагүй. Энэ асуудлыг сая хийсэн тэр live-аас мэдсэн. 2015 онд болсон хэрэг юм байна.

Тэр хэрэгт холбогдсон хүүхдүүд ам алдаад ярьдаг юм байна л даа. Тэгэхээр үе тэнгийнх нь охид охиныг минь шоглож доромжлоод яриад байж. Энийгээ аав, ээждээ хэлэхгүй хоёр жил гаруй хугацаанд нуугаад явж. Охин маань хичээлдээ үнэхээр сайн байсан. Гэтэл сүүлийн жилүүдэд хичээлдээ жаахан тааруу болоод. Тэгээд би охиндоо хоёулаа санамж бичиг байгуулъя гэж хүртэл хэлж байсан. Цаана нь ийм юм болоод байж гэж огт мэдээгүй. Тэр хүүхдүүдийн доромжлолыг тэсэхээ байгаад л тэр бичлэгийг хийсэн юм билээ. Бид тэр бичлэгийг олон удаа үзэж чадахгүй юм байна. Сэтгэл санаа тавгүй болоод маш хүнд туссан. Бидэнд ийм хүнд тусч байхад охинд минь ямар байсан нь ойлгомжтой шүү дээ. Муу охин минь энэ хоёр жилийн хугацаанд ямар их зовж байсан бол гэдгийг бодохоор л нулимс гараад байна.Тэр бичлэгийг анх хийсэн зорилго нь тэр хүүхдүүдийг жаахан айлгах гэсэн, уучлалт гуйлгах гэсэн гэж охин бидэнд хэлсэн. Одоо бие нь их тааруу байгаа. Эмчид үзүүлж, зөвлөгөө авч, эмчилгээ хийлгэж байгаа.

-Энэ удаан хугацаанд яагаад аав ээждээ хэлээгүй юм бол?

-Нуучихсан байж. Охин минь их зорилготой, амбицтай хүүхэд л дээ. Сурах мэдэхийн их тэмүүлэлтэй.

-Хувцас загварын шоу хийгээд байсан охин мөн биз дээ?

-Мөн мөн. Ер нь их авьяастай, зүтгэлтэй хүүхэд. Сургуулийнхаа аварга сурагч болж, англи хэл, математикийн олимпиадаас медалиуд авдаг, сурлага сайтай хүүхэд. Өчигдөр би охинтойгоо жаахан ярилаа л даа. Хүн юм чинь тэр хүүхдүүдийг надаас уучлалт гуйчих болов уу гэж бодсон гэж хэлж байна лээ.

-Охин чинь бичлэгийн үеэр маш ноцтой зүйлүүд ярьсан. Олны танил хүмүүсийн хүүхдүүд хүчирхийлэл, хар тамхи, танхайн гэмт хэрэг үйлдсэн талаар ноцтой зүйлс ярьсан.

-Би бол заримыг нь дам сонссон болов уу гэж бодож байна.

Охины хамт

-Та хуулийн байгууллагад хандсан уу?

-Хандсан. Эрүүгийн цагдаагийн газар шалгаж байгаа.

-Бичлэг анх арваннэгдүгээр сарын 30-нд цацагдахад “Сүхбаатар дүүргийн шүүх дээр ирээрэй, анхан шатны шүүх хурал болно” гэж охин тань хэлж байсан. Тэгэхээр хууль хяналтын байгууллагад энэнээс өмнө хандчихсан байжээ дээ?

-Сая тэр бичлэгийг үзсэний дараа л бид хуулийн байгууллагад хандсан. Тэрнээс өмнө мэдээгүй байсан болохоор хуулийн байгууллагад хандсан зүйл байхгүй. Охины хувьд нөгөө хүүхдүүдийг айлгах гэж тэгж хэлсэн юм билээ.

-Танай охин өөрөөсөө гадна дүүгээ бас хүчирхийлэлд өртсөн гэж хэлж байсан. Энэ үнэн үү?

-Тэр охин манай хамаатны хүүхэд. Хуулийнхан шалгаж эцсийн хариуг хэлэх байх. Төрсөн дүү нь биш. Багаасаа ойрхон өссөн. Тэр дүүтэйгээ дотно найзалдаг.

-Та хэдэн хүүхэдтэй билээ?

-Хүү, охин хоёртой. Охин маань бага нь.

-Тэр бичлэгт дурдагдсан бизнес, улс төрийн хүрээний хүмүүсийн хүүхдүүдийг таны охин таньдаг байсан уу?

-Мэдэхгүй юм даа.

-Нэг сургуульд суралцдаг юм уу?

-Ерөнхийдөө охин маань олон найз нөхөдтэй, ангийн найзууд гээд байна л даа. Орчлон, Сант сургуульд гээд сурч байсан найзууд байдаг.

-Гадаадад сурч байсан уу?

-Америкт “Нью-Йорк таймс”-ын 21 хоногийн курст шалгалт өгч тэнцээд явж байсан. Өнгөрсөн зун явчихаад ирсэн.

-Энэ хугацаанд болсон явдлыг дотроо хадгалаад л яваад байсан хэрэг үү?

-Бидэнд хэлээгүй болохоос ангийн хүүхдүүд, зарим найз нь мэдэж байсан юм байна.

-Охины тань яриа нийтэд цацагдсанаас хойш, бичлэгт нэр дурдагдсан хүмүүсийн хүүхдүүд болон ар гэр, эцэг эх нь холбогдсон уу?

-Янз янзын утас их орж ирж байгаа. Тэр болгоныг авахгүй байгаа. Таньдаг найз нөхдийнхөө дугаарыг хараад л авч байна. Тусалъя гэсэн хүмүүс бас их ярьж байна. Найз нөхөд маань санаа тавиад ярьж байна.

-Таны хувьд дараагийн алхам юу байх вэ?

-Би бол үнэн мөнийг нь тогтоотол эцсээ хүртэл явна. Үүгээр энэ нийгэмд болж байгаа олон хохирсон хүүхдийн асуудал ч сөхөгдөх байх. Аав ээж бид нар чинь хүүхдээ хичээлдээ сайн суралцаж, гэртээ харагдаж байвал цаана нь юу болж байгааг мэддэггүй юм байна шүү дээ. Миний охинд тохиолдсон зүйл нийгэмд болон олон хүнд цочрол өгч зарим хүнд өөрсдийнхөө төлөө, үр хүүхдийнхээ төлөө, охин үрийнхээ төлөө анхаарч, бас ийм гэмт хэргийн золиос болсон бол тэмцэхэд нь тус болоосой гэж бодож байна. Сайхан аав ээжийн буянд би Японд сурсан л даа. Тэнд хүний эрхийн асуудал өсвөр насны хүүхдийн эрхийн асуудал чухалд тавигддаг. Манай төр засаг ч хүчирхийллийн асуудалд анхаарлаа хандуулах хэрэгтэй. Өнгөрсөн парламентад эмэгтэй гишүүд Хүчирхийлэлтэй тэмцэх хууль энэ тэр оруулж ирэхэд би их дэмжиж байсан. Зовлон хүнийг ялгах биш дээ. Өөрт ирсэн зовлонг үүрээд л гарна. Гэхдээ бусад айлын охидод ч энэ болсон явдал сургамж болооосой гэж бодох юм. Бусад айлын охидод ийм юм бүү тохиолдоосой гэж бодож байна. Цаашдаа би хүний эрхийн байгууллагуудтай хамтарч ажиллана. Миний охин сэтгэлдээ хар толботой болсон. Хоёр жил үүнийгээ сэтгэлдээ тээж зовж явж. Ийм юм бүү давтагдаасай гэж дахин, дахин хэлмээр байна.

-Танай охины нүүр номондоо оруулсан постыг өчигдөр нийтийн сүлжээнд тавьсан байна лээ. “Аав минь намайг зодож, цагдаад хандахад цагдаа аавын талд орж намайг буруутгасан, гэсэн утгатай. Ийм юм болсон юм уу?

-Энэ явдал охин минь бичлэг хийхээс өмнө болсон юм. Нэг удаа оройтоод ороод ирэхээр нь өөрийнх нь ноосон өмдөөр ороолгоод авсан. “Чи аав, ээжийгээ зовоогоод байж болохгүй. Дараа ингэвэл өмдний тэлээгээр ороолгоно шүү” гэж хэлсэн.

-Тэгэхээр тэр постыг танай охин өөрөө бичсэн байх нь ээ?

-Өөрөө л тэр тухай бичиж дээ гэж би ойлгосон. Орчин үеийн хүүхдүүд чинь загнаж зэмлэхээр эсэргүүцэж цагдаа дуудчихаж байна. Цагдаа ирээд “Оройтсон нь чиний буруу” гэж хэлээд явчихсан. Ийм л юм болсон. Тэгсэн чинь охин өглөө уцаарлаад л байсан.

-Танай охин тэр бичлэгтээ сурдаг сургуулиа хэд хэдэн янзаар хэлсэн байх юм. Энэ ямар учиртай юм бэ?

-СЭЗДС-д шалгалт өгөөд тэнцээд орсон. Нэгдүгээр курсын оюутан л даа. “Google-ын Япон дахь салбарт тест өгөөд цалинтай ажиллах хариу ирсэн” гээд надад үзүүлж л байсан.

-Англид сурч байсан юм уу?

-Зуны амралтаар Англид хэлийг нь сайжруулах гэж явуулж байсан.

-Танай намын найз нөхөд, олны танил хүмүүсийн хүүхдийн нэрс ч охины тань бичлэгт байсан. Тэд танд болон охинд чинь өргөдөл гомдлоо татаж аваач, нам, найз нөхдөө бодооч гээд ярих вий дээ…

-Хэрэг үйлдсэн хүмүүс өөрийгөө буруутай гэж хэлэх нь ховор юм шиг байна шүү дээ. Хэрэгт холбогдсон хүмүүс миний охины үеийн л хүүхдүүд байна лээ. Гэвч хэний ч хүүхэд бай ийм хэрэг хийлээ гээд өрөвдөж өөгшүүлж болохгүй. Би үнэн мөнийг нь олно л гэж хэлнэ. Хүчирхийллийн хэрэг. Тодорхой баримтууд байгаа. Тэднийг би уучлалт гуйгаасай гэж хүсч байна.

-Гэмт хэрэг үйлдсэн хүмүүс тэр бүр буруугаа хүлээн зөвшөөрдөггүй. Уучлалт гуйлаа гээд та уучлахгүй биз дээ.

-Хууль хяналтын байгууллага шалгаж тогтоох ёстой.

-Өмнө нь устгачихсан бичлэг дахин цацагдсаныг хүмүүс Хурцыг томилох асуудлыг Их хурлаар хэлэлцэж байгааг шуугиулахгүй, анхаарлыг өөр тийш хандуулсан оролдлого гэж хардаад байсан…

-Тэрийг бол мэдэхгүй. Нэг талд нь томилохоор хэлэлцээд ч байх шиг, нөгөө талд нь сонсгол болоод ч байх шиг. Ямар ч байсан тэр үеэр охины минь асуудал зэрэгцээ явчихлаа. Цаг хугацаа тэгж таарсан болов уу даа,

-Охины тань уух юманд мансуурах төрлийн бодис хийсэн гээд байсан…

-Тэрийг нь сайн мэдэхгүй байна. Анх энийг сонсоод үнэхээр шоконд орсон. Сая охины бие тааруу сэтгэл нь их хямарсан учраас охиндоо л их анхаарал хандууллаа.

-Бичлэг нэлээд олон сайтаар явж байснаа устчихсан. Та нар хандаад устгуулчихав уу, эсвэл хэрэгт холбогдсон хүүхдүүдийн эцэг эх устгуулчихав уу?

-Бидний зүгээс бичлэгийг устгуулахаар хэнд ч хандаагүй. Гэхдээ тэрийг хараад байх нь сэтгэлд зүйд үнэхээр хэцүү байна.

-“Манай гэр бүл энэ асуудалд ул суурьтай хандаж байгаа. Иймд та бүхнийг хүлээцтэй хандаасай гэж хүсч байна” гэж та жиргэсэн.

-Тэсэхэээ байгаад ямар нэг үг хэлье гээд л жиргэсэн. Охин минь, манай гэр бүл сүүлийн үед асар хүнд өдрүүдийг өнгөрүүлж байна даа. Их хэцүү байна. Гэхдээ тэсч гарна даа.

-Үйл явдал хоёр жилийн өмнө болсон болохоор хэргийг илрүүлэхэд хүндрэлтэй байх болов уу. Хэрэг хийсэн хүмүүс гэмгүй өнгөрөх боломж болчих вий….

-Баримт, гэрч байгаа. Үнэн мөнийг тогтоохын төлөө би эцсээ хүртэл явна. Олон хүнд ийм юм бүү тохиолдоосой. Ийм байдалд орсон хүмүүс байгаа бол сэрэмжлүүлэг болоосой. Охид, эмэгтэйчүүд, насанд хүрээгүй хүүхдийн хүчирхийллийн асуудал, хүний эрхийн асуудалд үлдсэн насаа зориулна гэж би бодож байна.

-Архи дарс уухыг та бүхэн зөвшөөрсөн юм уу. Таны охин тэгж ярьсан байна лээ?

-Юу гэж тийм юм байхав. Алкоголгүй вино уухыг ээж нь зөвшөөрсөн гэсэн.

-Танд өөр хэлж ярих зүйл байна уу?

-Миний охиныг, манай гэр бүлийг сэтгэл санаагаар дэмжиж, уламжлалт хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиалд дэмжин хамгаалж байгаа шударга ёсны төлөө тэмцэгч, сайхан сэтгэлт элэг нэгт монгол хүмүүс, олон сайхан найз нөхөд, байгууллага, хүний эрхийн чиглэлийн болон бусад ТББ-ууд, төрийн холбогдох хууль хяналтын байгууллагын ажилтнууд та бүхэнд талархаж байгаагаа илэрхийлэх байна.

Харин нэг зүйлд анхаарах хэрэгтэй байна.Тэр нь fa¬cebook энэ тэр дээр ямар ч хамааралгүй хүмүүсийн зургийг манай гэр бүлийн зурагтай хамт оруулж постлох явдал гарч байна. Үүнд ухаант хүмүүс минь анхаарч холбоогүй, хамааралгүй хүмүүсийг хохироохгүй байхыг олон түмэнд анхааруулах байна.

Categories
мэдээ цаг-үе

НОМ ЯРЬЖ ӨГЬЕ: Миний захидлууд

“Амьдралын минь хань

Амин зүрхний хайрт гэргий минь сайн байна уу?

Алсын оддын дороос чамайгаа мөрөөдөн суугаа Дашбалбарыгаа адилхан санааширч суугаа чамдаа хайрын захидлаа илгээнэм. Өнөөдөр 11 дүгээр сарын 30 буюу оройн 11 цаг өнгөрч байна. Сая Сүрэнжав гуайтай цуг Останкинд очиж Егор Исаевын яруу найргийн үдэшлэгт оролцож, сэтгэл маш их хөдлөв. Хайрт минь чи бодооч. Останкин гэдэг бол Зөвлөлтийн телевизийн бичлэгийн төв юм. Эндээс дэлхий дахинд Орбитоор дамжуулан нэвтрүүлэг явагддаг гэж бод л доо. Хэрвээ чи минь хотод байдагсан бол намайг Орбитын сувгаар даруй гурван цаг харахсан. Би хамгийн нүүрэн талд нь зураг авалтын гол төвд байсан. Бид Исаевт асуулт тавьж, тэр хариулж байсан гээч. Гэлээ ч хотод байдаг нөхөд минь үзэж баахан шуугих байх л даа. Останкины цамхаг бол дэлхийд хамгийн өндөр цамхаг. Зөвхөн ганхалт нь 36 метр гээд бодоод үз л дээ. Сонин биз. Бичлэгийн заал нь гайхамшигтай саруулхан, сайхан юм. Цул гантиг шалтай гээч. Тэр ч яахав, хамгийн гол нь оросууд яруу найрагчдаа гайхамшигтай хүндлэх юмаа…”

ЗХУ-ын нийслэл Москвад Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургуульд сурч байх үедээ О.Дашбалбар найрагч, гэргий Н.Борхүүхэндээ бичсэн захидал ийнхүү эхэлнэ.

“…Амрыг эрье. Хоног өдрүүдийн тоосонд явсаар л. Бүтээл ч муугүй. Хоёр дахь номоо явуулж, гурав дахиа хэвлэлтэнд бэлдээд байна. Дөрөв дэх номоо бас бэлдэнэ. Амьдралд өгөөмөр гараа сунгаж байх шиг байна. Мэхийн аваад хүртэж орхиноо. Дандаа гадаа бус, ажил дээр бус, айлд бус, гэрт минь морилооч. Ярих хөөрөх юу эс мундах билээ. …Чи өөрөө юу хийж байна. Алгуурхан биш, довтлох мэт ажиллаач. Их унших, өөрөөр харах хэрэгтэй байна шүү. Бичлэгийн өвөрмөц төрөл хайх, олон юмаар оролдох хэрэгтэй байна. Шүлгийн номоо яаралтай бэлдэж ирүүл!!! Миний хувьд гэвэл олон төлөвлөгөө, олон бодолд дарагдаад сууж байна. 1. Бруно Спартакын тухай найраглал бичнэ. 2. “SOS” туульсын найраглал бичнэ. 3. “Үлэмжийн чанар”, “Миний он жилүүд” роман бичих гээд 2000 он хүртэл хийх гол ажлууд энэ. Бас хөрөг, эссе, зураглалаар, нэг ном хийнэ. Өөрөөр хэлбэл, утга зохиолын тухай. За өөр онц юмгүй. Говь талын бор толгодын салхи үнэрлэсэн захидлыг чинь үргэлж хүлээж байх болно. Уран бүтээлийн анд Д.Цэнджавт яруу найрагч О.Дашбалбар ийн захиа бичиж байсныг товчилбол ийм.

“Сайн байна уу, хайрт аав минь. …Гуравдугаар курст ордог жилээсээ би ээж та хоёрыг хамтад нь гадаадад, хоёр гурван орноор жуулчлалаар явуулна гэж бодож байна. Сайхан шүү дээ. Орчлон дээр хүн болж төрснийх юм үзэж нүд тайлах хэрэгтэй. Жуулчлалаар явах их сайхан. Олон улсын хэлэлцээр байдаг учир дээд зэргийн бүх үйлчилгээгээр хангадаг юм. Амьдралдаа ер үзээгүй сайхныг үзэх болно. Онгоц, галт тэргэнд дээд зэргийн суудалд, бүр тусгай үйлчлэгчтэй явна гээч. Ямар ч сайд дарга нараас дутахгүй, нэг сар жаргаж үзэх хэрэгтэй. Москва, Польш, Герман гэсэн маршрутаар явуулахыг бодно. Би ингэж мөрөөдөж байгаа. Миний мөрөөдөл биелдгийг аав та мэднэ шүү дээ. Надад итгээрэй. Би явуулна. Би чадна…” Аавдаа бичсэн түүний захидлын хэсэг энэ. Энэхүү захидалд бичсэнээр яруу найрагч өөрийн аав, ээжийгээ аялуулсан. Мөрөөдлөө биелүүлсэн. Чадсан.

Хуучин, том хүрэн төмөр шүүгээн дэх найрагч аавынхаа гар бичмэл, тэмдэглэлүүдийг эмхэлж суухдаа нямбайлан хадгалсан олон захидлуудыг нь олж амтархан уншсаны эцэст олон хүн уншвал хичнээн сайхан гэж бодон хэвлэхээр шийдсэн юм. Аавынхаа бичсэн тэр захидлуудыг уншиж суух нь ээ үнэр нь үнэртэх шиг, энэ захидлыг бичихдээ ямар дүр төрхтэй байсан нь, юуг бодон суусан нь сэтгэлд тодрох шиг. Ийнхүү аавынхаа захидлуудыг “Миний захидлууд” нэртэйгээр “Зохист дорно” хэвлэлийн газарт эмхтгэн, энэ онд хэвлүүлэн гаргасан билээ. Энэхүү номонд яруу найрагч, Д.Нямсүрэн, Г.Мэнд-Ооёо, Д.Цэдэв, Ж.Саруулбуян нарын олон алдартнуудтай харилцаж байсан захидлууд бий. Цаг хугацаа өнгөрөх тусам захидал илүү үнэ цэнтэй болдог. Захидал бичиж буй хүмүүс өөрсдөө ч анзааралгүй, түүхийг бичиж үлдээж байдаг юм байна. Он цагийг элээж цаасан дээр бэхээр бичсэн эзнийхээ гарын хэвтэй үлдсэн тэр захидлууд ямар их нууцыг хадгалж байдаг юм бэ. Хүмүүс нүүр нүүрээ харан тэр бүр хэлж чадаагүй үгээ бодлоороо дамжуулан захидалдаа бичдэг юм байна. Тэр захидлуудад тухайн он цагийн үйл явдлууд дурайж, бичсэн эзний хүсэл мөрөөдөл, сургамж, хайр, аз жаргал, баяр гуниг, гэгээн дурсамж, чин сэтгэлийн нандин бүхэн буудаг аж. Та ч бас хайртай хүмүүстээ, аав, ээждээ, анд найздаа, үр хүүхдэдээ захидал бичээрэй. “Миний захидлууд” ном Интерном, Аз хур дэлгүүрүүдэд худалдаалагдаж байгаа шүү.


Categories
мэдээ цаг-үе

Женифер Зимдал Галт: Би Монголыг амьд, эрчимлэг, халуун дулаан нийгэм, баялаг түүхтэй, ирээдүйтэй улс гэж хардаг

Гэрэл зургийг Г.БАЗАРРАГЧАА

АНУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайд Женифер Зимдал Галттай ярилцлаа.

-Та удахгүй буцах гэж байна. Монгол улсад ажиллах хугацаандаа юу, юу амжуулав?

-Монгол Улсад хоёр жил гаруй хугацаанд ажиллалаа. Монголд АНУ-ын Элчин сайдаар ажиллах нь миний хувьд нэр төрийн хэрэг байлаа. Энэ хугацаанд хийж хэрэгжүүлсэн ажил, олсон ололт амжилтаа эдийн засгийн харилцаа, батлан хамгаалахын түншлэл, иргэд хоорондын харилцаа гэсэн гурван үндсэн чиглэлээр ярья гэж бодож байна.

Америкийн Нэгдсэн Улстай эдийн засгийн харилцаагаа өргөжүүлэх гэсэн Монгол Улсын Засгийн газрын сонирхол байсан учраас бид эдийн засгийн харилцааг сэргээх зорилтыг нэн тэргүүнд тавьж ажиллалаа. Энэ зорилтынхоо хүрээнд хөрөнгө оруулалтын орчныг сайжруулах, АНУ-ын хувийн хэвшлийн сонирхлыг Монголд татах зорилтууд тавьсан.

Мөн Монгол Улс Олон улсын валютын сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийн багцыг авахад бид дэмжлэг үзүүллээ. Монгол Улс цаашдаа эдийн засгийн тогтвортой хөгжлийн замд ороход энэ багц хамгийн их тус дэм болно гэж бид итгэж байна. Эдийн засгийн харилцааг өргөжүүлэх чиглэлээр хийж буй гурав дахь ажил маань Монголтой байгуулах хоёр дахь компакт гэрээний асуудлаар Мянганы сорилтын корпорацитай хамтран ажилласаар байна.

Энэ гэрээний хүрээнд нийслэл Улаанбаатар хотын усан хангамжийг ихээхэн хэмжээгээр нэмэгдүүлэх төсөл дээр ажиллах шийдвэрийг Мянганы сорилтын корпорациас гаргасан. Мянганы сорилтын корпорациас оруулах 350 сая ам.долларын хөрөнгө оруулалт бол цаашдаа Улаанбаатар хотын усны системийг бүхэлд нь шинэчлэхэд шаардлагатай 700 сая ам.долларын хөрөнгө оруулалтын хөшүүрэг болох үүрэг гүйцэтгэнэ гэж бодож байгаа. Тийм учраас энэхүү компакт гэрээ нь өнгөрсөн хугацаанд АНУ-аас Монголд оруулсан хамгийн том хэмжээний хөрөнгө оруулалт болж чадах юм.

-Батлан хамгаалах салбарын хамтын ажиллагаанд анхаарал хандуулж ажилласан талаараа тодруулбал?

-Цэргийн хамтын ажиллагааны хүрээнд бид хоёр талын харилцаагаа улам өргөжүүлж , Монгол Улсын зэвсэгт хүчний энхийг дэмжих ажиллагаанд оролцох, түүний дотор инженерийн ротын хүчин чадал болоод чадавхийг бэхжүүлэх, нэмэгдүүлэх тал дээр хамтран ажилласаар ирлээ.

-Батлан хамгаалахын шинэ сайдтай уулзсан байсан…

-Тиймээ, Батлан хамгаалахын шинэ сайдтай уулзах завшаан өчигдөр (арваннэгдүгээр сарын 1-нд) тохиосон. Афганистанд явагдаж байгаа “Шийдвэртэй дэмжлэг” ажиллагаанд Монгол Улс дэмжлэг үзүүлж оролцсоор байгаад туйлын баяртай байгаа. Миний энд дурдахыг хүссэн гурав дахь салбар бол иргэд хоорондын харилцааг нэмэгдүүлэх асуудал юм. Энэ хүрээнд Монголын залуустай нэлээд ойр нягт ажиллах зорилт тавин, Монгол орноор аялж явахдаа хэдэн зуун залуу манлайлагчидтай уулзаж, тэдний санаа бодлыг сонсож явлаа. Тэдгээр залуус асар бадрангуй, урам зоригтой байгааг хараад Монгол Улсын ирээдүй маш найдвартай гарт байгаа гэдэгт итгэлтэй болсон. Тэгээд бид шинээр солилцооны хоёр хөтөлбөр эхлүүлсэн. Эхнийх нь LEAD буюу “Ардчиллыг хөгжүүлэгч залуу манлайлагчид”, хоёр дахь нь FLEX буюу “Ирээдүйн манлайлагчдын солилцоо” гэсэн нэртэй хөтөлбөр байгаа. Хоёр дахь хөтөлбөрийн хүрээнд ахлах сургуулийн сурагчдыг Америкийн ахлах сургуульд нэг жилийн хугацаатай суралцуулж, Америк айлд амьдруулдаг. Энэ жил уг хөтөлбөрт арван сурагч хамрагдсан. Харин дараа жилээс жил бүр хорин сурагч энэ хөтөлбөрт хамрагдах юм. Мөн Монголын БСШУСЯ-тай хамтарч цэцэрлэгийн барилга барих төслийг хэрэгжүүлэв. Энэ жил хоёр цэцэрлэг барьж ашиглалтанд оруулан, хүлээлгэж өглөө. Улаанбаатар хотын Баянзүрх дүүрэгт баригдсан эхний, Дорноговь аймгийн Замын-Үүдэд баригдсан хоёр дахь цэцэрлэгүүд Монголын залуу үеийн боловсролд бид анхаарлаа хандуулж байгаагийн илрэл юм. Зарим онцолж хэлэх гэсэн ажлын үр дүнгүүд маань ийм байна.

-Та Монголд байсан хугацаандаа их нээлттэй ажиллаж, олон ажил амжууллаа. Тэр дундаас монголчуудын анхаарлыг татаж байгаа нэг ажил бол Ану-д түр хугацаагаар ажиллах H2 визний асуудал. Энэ асуудал ер нь нааштай шийдэгдчих болов уу?

-Монгол Улсын Засгийн газраас АНУ-ын Засгийн газарт хандаж Н2 буюу “түр хугацаагаар ажиллах виз”-ний хөтөлбөрт хамрагдах талаар хүсэлт гаргасан юм. Тиймээс манай Элчин сайдын яамнаас уг хүсэлтийг дэмжээд цааш нь Төрийн департаментад уламжилж өгсөн. Энэ асуудлыг ярилцаж байгаа. Шийдвэр эцэслэгдэн гараагүй байна. Нэлээд урт үйл явцыг туулж байж гарах юм. Тиймээс одоогийн байдлаар ямар нэгэн шийдвэр гарсан гэж зарлах боломжгүй байна.

Нэгэнт энэ сэдвээр яриа дэлгэснийх, хоёр долоо хоногийн өмнө Монголын Гадаад харилцааны яамтай бидний хамтран эхлүүлсэн“Хариуцлагатай аялцгаая” олон нийтэд хандсан аяны талаар уншигчдадаа дамжуулж өгөхийг танаас хүсч байна. Энэ кампанит ажил нь АНУ-д аялах хугацаандаа, хариуцлагатай аялаад буцаж ирэхийг монголчуудад уриалах зорилготой юм. Ер нь АНУ-д визний хугацаагаа хэтрүүлэн хууль бусаар оршин сууж байгаа монголчуудын тоо нэлээд их болчихоод байна л даа. Тиймээс монгол хүн болгон хариуцлагатай аялаад, хугацаандаа буцаж ирээд байвал дараа нь аялах бусад хүмүүстээ боломж олгоно гэсэн үг. Иргэн бүр хийж буй үйлдлийнхээ бусдад нөлөөлөх үр дагаврын талаар бодож үзээсэй гэж бид хүсдэг.

-АНУ-аас манайд хэрэгждэг төсөл хөтөлбөрүүд, хэрэгжилтийн үйл явц, цаашид үргэлжлэх эсэх талаар тодруулмаар байна л даа…

-Мянганы сорилтын корпораци бол манай хөгжлийн тусламжийн хөтөлбөрийн нэг хэлбэр байгаа юм. Мянганы сорилтын корпораци эхний компакт гэрээгээ Монгол Улстай таван жилийн хугацаатай байгуулан, 2008-2013 оны хооронд хөтөлбөр хэрэгжиж дууссан. 2015 онд Монгол Улсын Засгийн газар дахин Мянганы сорилтын корпорацитай хоёр дахь компакт гэрээ байгуулах асуудлаар ярилцаж эхэлсэн, хоёр жил гаран үргэлжилж байна. Хоёр дахь компакт гэрээг байгуулаад дараа жил гэхэд Мянганы сорилтын корпорацийн тусламжийг авчирч чадах байх гэсэн итгэлтэйгээр ажиллаж байгаа. Мянганы сорилтын корпорацийн үндсэн зорилго нь эдийн засгийн өсөлтөөр дамжуулан ядуурлыг бууруулахад оршдог. Тэгэхээр хоёр дахь компакт гэрээгээр Улаанбаатар хотын усан хангамжийг ихээхэн хэмжээгээр нэмэгдүүлэх асуудлыг шийдвэрлэхээр сонгож авсан. Хоёр дахь компакт гэрээгээ 2018 онд байгуулж чадах юм бол дахиад таван жил үргэлжилнэ гэсэн үг.

-Эдийн засгийн ил тод байдлын хэлэлцээрийг эцэслээд байгаа. Хоёр улсын эдийн засгийн хамтын ажиллагааны ирээдүйг яаж харж байна?

-Ил тод байдлын хэлэлцээрийг энэ оны гуравдугаар сард эцэслэн одоо хэрэгжүүлэх шатандаа явж байна. Худалдаа, эдийн засагтай холбоотой хууль тогтоомжуудыг англи хэл рүү орчуулах хэрэгцээ шаардлагатай уялдуулан тусгай зориулалтын англи хэлний сургалтын чиглэлээр Монгол Улсын Засгийн газарт мэргэжлийн туслалцаа үзүүлэх үүргийг бид хүлээж байгаа. Ил тод байдлын эцсийн үр дүн нь Монгол Улсын Засгийн газар худалдаа, хөрөнгө оруулалт, эдийн засаг, бизнестэй холбоотой бүхий л хууль тогтоомжуудаа англи хэлээр цахим орчинд байршуулах тийм боломжийг олгож байгаа. Тэгэхээр хууль тогтоомжуудыг зөвхөн Америк гэлтгүй, бүхий л гадаадын хөрөнгө оруулагчдад нээлттэй болгосноор тэд Монгол Улсын зах зээлд нэвтрэхэд илүү хялбар болно гэсэн үг.

-Монголын бизнес эрхлэгчид, жижиг, дунд үйлдвэрлэгчид Америкийн зах зээлд бараа бүтээгдэхүүнээ борлуулах боломж хэр байдаг вэ?

-Америкийн Нэгдсэн Улсын Олон улсын хөгжлийн агентлагийн санхүүжилттэйгээр хэрэгжиж байгаа REACH төсөл нь жижиг, дунд үйлдвэрлэгчид, аж ахуйн нэгжүүдийг санхүүгийн эх үүсвэртэй холбож өгөх зорилготой юм. Энэ төслийн дагуу 25 сая ам.долларыг зээл хэлбэрээр 500 жижиг, дунд үйлдвэр, аж ахуй нэгжүүдэд олгох төсөл хоёр дахь жилдээ маш амжилттай хэрэгжиж байгаа. Ялангуяа шинэ залуу бизнес эрхлэгчдэд урам зориг өгч, энтрепренёршип соёл, үзэл санааг Монголд авчрах, бизнес эрхлэгчдийг санхүүгийн эх үүсвэртэй холбож өгөхийн тулд бид олон арга хэмжээ зохион байгуулсан. Зөвхөн өнгөрсөн онд гэхэд хоёр удаа хакатон зохион байгууллаа.Энэ нь залуус бизнесийн санаагаа танилцуулаад,тэдний танилцуулгыг сонссон санхүүгийн байгууллагууд бизнес санааг нь дэмжихээр бол анхны хөрөнгө оруулалтыг нь хийдэг арга хэмжээ юм л даа.Үүнийг хүмүүс маш сайн хүлээн авсан. Иймэрхүү энтрепренёршип талын санал санаачилгууд дээр Монголын бизнесийн зөвлөл зэрэг байгууллагуудтай маш ойр нягт хамтран ажилладаг. Дөнгөж саяхан болсон Улаанбаатар олон улсын кино наадмын хүрээнд бид Америкаас залуу бизнес эрхлэгч эмэгтэйг урьж авчран маш олон залуустай уулзуулж, хэд хэдэн илтгэл тавиулсан. Энэ уулзалтуудаар яаж бизнес эхлүүлдэг, санхүүжилт хэрхэн олж авдаг гэх зэрэг арга туршлагаасаа хуваалцсан. Энэ мэтчилэн бид залуу бизнес эрхлэгчидтэй хамтын ажиллагаагаа үргэлжлүүлсээр байх болно.

-АНУ-ын ерөнхийлөгч Трамп цагаачлалын бодлогодоо хатуу байр суурь баримтлахаа зарласан. Монголчууд Америкт олноороо амьдардаг. Цагаачлалын хатуу бодлого тэнд амьдарч, ажилладаг монголчуудад хэрхэн нөлөөлөх бол?

-Аль ч улс орон хил хязгаараа, үндэсний аюулгүй байдлаа хамгаалах үүрэгтэй байдаг. Америкийн Нэгдсэн Улс цагаачлалын талаар баримтлах бодлогоо одоо эргэн харж байна. Гэхдээ Монгол Улсын талаар юу ч яригдаагүй. Харин Америкийн Нэгдсэн Улсад хууль бусаар оршин сууж байгаа хүмүүсийг илүү нарийн нягт шалгах зэрэг асуудал бол нэмэгдэх байх. Тийм ч учраас бидний саяхан эхлүүлсэн“Хариуцлагатай аялцгаая” аян маань АНУ-д амьдарч байгаа монголчууд визнийхээ нөхцөлийг баримталж байгаасай, монгол аялагчдад алдарсан бидний итгэлийг эргүүлэн олж аваасай гэсэн агуулгатай.

-Монголын ардчиллыг та юу гэж дүгнэж байна. Манайд ардчилал жинхэнэ утгаараа хэрэгжиж чадаж байна уу?

-Бид Монгол Улсыг адилхан ардчилсан орон гэж талархан хүлээж авдаг. Манай хоёр улс ардчиллын адилхан үнэт зүйлстэй. Тиймээс Монголд ардчилсан институцуудыг бэхжүүлэх тал дээр хамтран ажилладгаараа бахархдаг. Миний ажилласан хоёр жил гаруйн хугацаанд Монголд УИХ-ын сонгууль, Ерөнхийлөгчийн сонгууль боллоо. Урд өмнө нь гарч байгаагүй 2 дахь шатны санал хураалттай, аль, аль нь маш тайван, нээлттэй, ил тод, чөлөөтэй, улсынхаа хууль тогтоомжид нийцсэн ардчилсан сонгууль болж чадсан гэж үзэж байна. Ийм байдлаар сонгуулиа явуулж байнаа гэдэг нь аливаа ардчиллын үндэс суурь гэж боддог доо. Тийм болохоор хэцүү бэрх хүрээлэлд ардчиллыг хөгжүүлж байгаа улс орных нь хувьд бид Монголыг байнга хүндэтгэж байдаг. Ардчиллын институцуудыг цаашид улам бэхжүүлэхийн тулд үргэлжлүүлэн хамтран ажиллахдаа таатай байх болно.

-Монголчууд Америкийн ардчиллаас юуг суралцах хэрэгтэй вэ?

-Ардчилал бол монголчуудын өөрсдийнх нь сонгосон зам. Ард түмэн төр засгаа, замнах замаа сонгох бүрэн эрхтэй. Энэ бол монголчуудын өөрсдийнх нь сонголт.

-Монголд та хоёр жил гаруй ажиллалаа. Монголын тухай та ямар ойлголттой болсон бэ? Монголчуудын юу нь болоод юу нь болохгүй байна гэж бодож байна?

-Би Монгол орныг амьд эрчимлэг, халуун дулаан нийгэм гэж хардаг. Маш баялаг түүхтэй, гэрэл гэгээтэй ирээдүйтэй улс орон гэж хардаг. 1991 онд тэр үеийн АНУ-ын Төрийн нарийн бичгийн дарга байсан Жеймс Бейкэр Монголд айлчлахдаа “гуравдагч хөрш” гэдэг үгийг анх хэрэглэсэн гэж ярьдаг. Энэ гуравдагч хөршийн бодлого бол хоёр хөршөөсөө цааших улс орнуудтай харилцан ашигтай хамтын ажиллагааг хөгжүүлэх боломжийг олгодог стратегийн бодлого гэж бид хардаг. Тийм учраас бид Монгол Улсын гуравдагч хөршүүдийн нэг гэдгээрээ бахархдаг.

-Монголын залууст та юу хэлмээр байна. Ингэж асууж байгаа минь бас учиртай. Та LEAD Mongo¬lia хөтөлбөр хэрэгжихэд үнэтэй хувь нэмэр оруулсан гэж Монголын манлайлагч залуус ярьж байсан. Монголын залуустай таныг нэлээд ойр ажилласан гэж ойлгодог. Тиймээс та манай талаар юу гэж хэлмээр байна.Тэдэнд захиж хэлмээр үг байна уу?

-Монголын залууст өгөх миний зөвлөгөө, захиас гэвэл Америкийн залуус, түүний дотор өөрийнхөө хүүхдүүдэд ч өгдөг зөвлөгөөтэй адилхан байх болно. Энэ бол “Оролц” гэдэг үг. Санааг чинь зовоож байгаа асуудлыг олж тодорхойл. Тэр асуудал дээр нийгэмдээ нөлөөлж болохоор ямар өөрчлөлтийг чи хийж чадах вэ гэдгээ бод. Ийм зүйлийг Монголын залуусаас, залуу манлайлагчдаас олж харсан бөгөөд энэ нь надад маш их урам зориг өгсөн. Өөрөөр хэлбэл, тэднээс нийгэмдээ байгаа асуудлыг олж харж, тэрийгээ өөрчлөх шийдлийг гаргаж тавьж чадна, нийгмээ эерэг тал руу өөрчилж чадна гэсэн итгэл найдварын цог олж харсан. Ардчилсан орны иргэний хувьд хэдийгээр маш олон эдлэх эрх байгаа ч түүний хажуугаар тодорхой үүрэг хүлээдэг. Эдгээрийн нэг нь эх орондоо илүү сайн сайхан ирээдүйг бий болгох үүрэг юм. Тийм учраас “Оролц” гэж хэлээд байгаа юм.

-Та Монголыг өөрийнхөө ажиллахыг хүссэн газар гэж хэлсэн байдаг. Юу тэгтэл таныг Монгол руу татав?

-Хоёр шалтгаан байсан гэж боддог. Нэгдүгээрт, Монгол Улс 1990 онд ардчиллын замаар замнах маш зоригтой шийдвэр гаргасан. Энэ зоригтой шийдвэр нь Америкийн Нэгдсэн Улсаас дэмжлэг туслалцаа авах бүрэн үндэслэл гэж би боддог. Хоёрдугаарт, Монгол Улс бидний онцгой түнш маань байсаар ирсэн. Афганистанд, НҮБ-ын энхийг сахиулах ажиллагаанууд болон НҮБ-ын хүний эрхийн зөвлөл дээр бидний ойр дотно хамтрагч, үнэ цэнэтэй түнш маань байсаар ирсэн. Ийм ч учраас би Монгол-Америкийн харилцааг цаашид улам бэхжүүлэх, хөгжүүлэх ёстой гэж харсан. Тиймээс хоёр орны хооронд дипломат харилцаа тогтоосны гучин жилийн ойгоо тэмдэглэж байгаа энэ онд хамтын ажиллагаагаа эргэн харахад зөв зам дээр, зөв голдрилоороо явж байна гэж дүгнэж байна.

-Та энэ хугацаанд маш нээлттэй, мөн их шаргуу ажиллалаа гэж ойлгож байгаа. Тэр тусмаа олон нийтийн сүлжээнд ч нээлттэй байсан.Та дахин Монголд ирэх үү?

-Хоёр жил гаруй хугацаанд Монгол орны үзэсгэлэнтэй, сайхан байгаль, газар нутгийн заримыг нь үзсэн ч үзэж амжаагүй нь олон газар байгаа.Тэр нь миний хувьд дахин ирэх шалтгаан болно. Монголчууд намайг маш халуун дотноор хүлээн авч, хоёр жилийн хугацаанд хамтран ажилласныг дурсаж явах болно. Твиттер, нийгмийн сүлжээнд ч бас монголчуудтай нээлттэй харилцахад сайхан байсан. Нийгмийн сүлжээний зарим дагагч маань Вашингтон руу явахад ч дагах байх гэж бодож байна.

-Монгол хэл хэр сурав?

-Оюутан гэдэг утгаар бол элчин сайдаасаа хамаагүй муу байсан гэж хэлж болно. Өөрөөр хэлбэл, монгол хэл сурах хичээлдээ ахиц муутай байсан. Би монгол хэл гэдэг сураад дуусашгүй баялаг юм байна гэдгийг мэдэж авах хэмжээнд хүртлээ л монгол хэлийг сурсан гэж ойлгож болно. Монгол хэл сурах бол энд ирээд миний хийж дуусгаагүй ажил гэж ч хэлж болох юм.

-Монгол хоолны амт ямар байв?

-Миний идэж үзсэн монгол хоол бүгд таалагдсан. Хуушуур, бууз, цуйван бүгд л сайхан амттай.

-Та Монгол Улсын Ерөнхийлөгчтэй уулзсан байсан. Уулзалтын ерөнхий үр дүнг сонирхож болох уу?

-Одоогийн Ерөнхийлөгчтэй би хоёр удаа уулзсан. Өмнөх Ерөнхийлөгчтэй бол хэд хэдэн удаа уулзсан. Элчин сайдаар ажиллахын нэг давуу тал нь тэр байдаг. Сая Ерөнхийлөгчтэй уулзсан уулзалтаар хоёр улсын хамтын ажиллагаа, цаашид харилцаагаа яаж өргөжүүлэх талаар санал бодлоо солилцсон.

Categories
мэдээ нийгэм

Манайд зочилсон сансрын нисгэгч

“Өдрийн сонин”-ы 2011 оны 3 сарын 21-ны дугаараас авч нийтлэв.

Related image

Тэр орой аав минь дүү бид гурвыг хэд хоног нойргүй хо­нуулж мөрөөдөлд умбуулах үг хэллээ. “Сансрын нисгэгч Ж.Гүр­рагчаа манайд ирнэ” гэж хэлсэн тэр үг бидэнд ямар ч том бэлэг авч өгс­нөөс илүү гайхал­тай сайхан сон­согд­сон юм. Бид түүнийг ирнэ гэж догдолж, байд­гаараа л бэлтгэл базаав. Тэр ирсэнгүй. Орой нь аав “ажилтай байсан гэнэ” хэмээн тайлбар хэлэв. Дахиад л маргааш нь хичээлээ эртээ тараад гэрээ цэмцийтэл цэвэрлээд хүлээ­лээ. Ирсэнгүй. Нас ойрхон болоод ч тэр үү дүү бид гурав байнга хоорон­доо муудалцдаг байсан ч сансрын нисгэгчийг хүлээсэн тэр өдрүүдэд бид хэзээ ч бай­гаа­гүйгээрээ эвтэй байв. Би эгч шиг эгч байж, дүү нар маань ч хэлсэн үгнээс гарахгүй жигтэй­хэн чих зөө­лөнтэй болчих­сон байж билээ. Гурвуулаа хэрэн­дээ гангалж, үс зүсээ янзлав. Ши­рээн дээр зассан тавагтай чихэр өөр өдөр бол нүд ирмэх зуурт алга болох байсан биз. Бид харин тэр өдрүүдэд ил орхисон чихэрт ам хүрэх нь бүү хэл гар ч хүрээгүй юм даа.

Яагаад гэвэл тэр чих­рийг сансрын нис­гэгч ахад амсуулах учраас. Гэвч түүнд дахиад л ажил гараад ирсэнгүй. Бидний тэвчээ­рийн хүлээс тасрах шахлаа. Юунд ч юм итгэл алдарч, гомдол төрөөд байлаа. Өрөөнүүдийнхээ хаал­ганы шилийг тэсгээдэггүй сахил­гагүйтдэг байсан бид олиг­тойхон чанга ч дуугарахгүй болчихсон байсан юмсан. Санс­рын нисгэгч ахыг тэвчээр­тэйхэн хүлээ­сэнсэн. Хүлээсэн өдрүүд бараг гарын та­ван ху­руунд багтах шахлаа. Орой болж унтах тал руугаа хандаж байтал аав нэг хүнтэй дуу шуу болсоор ороод ирлээ. Сансрын нисгэгч манайд хүрээд иржээ. Тэвчээр алдаг­даад гэрээ жаа­хан муухай бол­госон бид хэсэг ал­майрч зогсоод гэнэт хурдан хөдөл­гөөнд оруул­сан юм шиг хэнийг ч хэлээгүй байхад дуул­га­вартай нь аргагүй хамаг юмаа эмхлэв.

Монголд тэр үед түүнээс өөр алдартан байгаагүй биз. Одоо­гийнхоор бол Ж.Гүррагчаа жин­хэнэ од байсан юм. Түүний тухай дуу шүлэг цээжлэн холын одны тухай орчлон дээр тэр л ган­цаараа мэдэж байгаа гэж итгэдэг байлаа. Гэтэл од, сар­тай уул­заад ирсэн дэлхий­гээс гадуур нисээд ирсэн нөгөө мундаг ах манайд иржээ. Тэв­хийсэн дү­рэмт хувцастай түү­ний өмдний улаан кант хичнээн гоё харагдаж байсан гээч. Бас аймаар том бие­тэй санагдав. Зөөлөн инээм­сэг­лэсэн тэр ах шиг тийм том биетэй хүнийг би урьд өмнө нь хэзээ ч хараагүй юм шиг. Дөнгөж сансраас буу­гаад манайд ирсэн юм шиг, нэг л хачин шинэ мэд­рэмж төрөөд болдоггүй ээ. “Санс­рын нисгэгч Гүррагчаа” амандаа ингэж шив­нэ­сэн бид сэтгэл ханасан аятай тэрүүхэн буланд нөгөө хүний хөдлөх бүрийг ажиглан суув. “Ма­най хүүхдүүд. Таныг ирнэ гэж хэд хоног нойргүй шахам хүлээж бай­гаа юм” гэж аав бидэн рүү дохингоо хэлж нөгөө ах бидний толгойг илээд “За тэгээд одоо санаа амрав уу, яг ирэх гэхээр ажил ихтэй байж таараад удчих­лаа” гэж өөрийгөө буруут­гах, биднээс уучлал эрэх хоёрын аль нь мэдэгдэхгүй тайлбар хэлээд ширээнд суув. Ээж мөнгөн аяга­тай цай барьж нэлээд санд­рангуй үйлчилж байлаа. Аав тэр хоёр элдвийг хуучлах боловч тэдний яриа­наас илүү тэр хүн л бидний анхаарлын төвөөс га­рах­­гүй бай­лаа.

“Цайгаа
уучих­лаа. Хийц­тэй цайны будааг идэж бай­на” гэж дүү маань чихэнд шивнэв. “Бууз гараараа барьж идэж байна” гэж би бас шивнэв. Бид гуравт тэр жирийн хүн шиг байгаа нь илүү хачин санагдаж байв. Яагаад ч юм бусдаас өөр байна. Ямар нэг юм нь өөр л байх учиртай шиг хараад л байлаа. Сайхан хоолойтой тэр хүн аав­тай минь элдвийг хүүр­­нэ­сээр л суув. Сансрын нисгэгчийг амь­даар нь харсан, биширч алмайр­сан тэр орой дуусч тэрээр явах боллоо. Түүнийг явснаас хойш нойр хулжжээ. Аав дүү бид гурвыг нэг их хайрласан харцаар хараад ээжид хандан “Энгийн сайхан хүн байгаа биз” гэлээ. Ээж дуугүй л толгой дохив. Сансрын нисгэгчтэй уулзах мөрөөдлийг минь биелүүлж, тэр мундаг хүнийг гэртээ авчирсан боло­хоор аав их л додигор бай­лаа. Хурдан өглөө болоосой. Ангийн­хандаа очоод ярих юм­сан. Юунаас нь эхэлж ярих билээ.

Өглөө ч боллоо. Сэтгэл дог­дол­­сон амьтан сургууль руугаа цагаа­саа эртээ очив. Мэнд ч мэдэлгүй шууд л нэг ширээнд хамт суудаг Викторт “Өчигдөр манайд санс­рын нисгэгч Гүр­раг­чаа ирээд” гэж хэлтэл тэр огт гайхаж биширсэн шинжгүй ха­рин ч намайг худал хэллээ гэсэн шиг “Нэртэйгээр нь Бат­мөнх дарга ирсэн гээд залчи­хаач” гэдэг байгаа. Ж.Бат­мөнх дарга тэр үед Сайд нарын зөвлө­лийн дарга, Намын төв хорооны на­рийн бич­гийн даргын алба хашиж байсан үе. Ингээд шөнө­жин мө­рөөд­сөн сайрхал маань бү­тэл­­гүйтэв. Бүгд гайхаж биш­рээд би өөрөө сансрын нисгэгч шиг л олны анхаарлын төвд байна гэж бодсон байсныг хэлэх үү.

Дэмж­лэг авах гээд ангийнх­наа той­руулан хартал надад итгэж, намайг дэмжих хүн тэдний харц­наас хайгаад ол­сон­­гүй. Би яаж ч хаш­гираад хэн ч сонсохоогүй байлаа. Яагаад гэвэл Гүррагчаа жирийн нэг айлд очно гэдэг тэдний санаанд багтамгүй зүйл байв. Ангийнхны минь тэр тоом­жир­гүй байдал намайг гом­доо­сон ч дүү бид гурав манайд зочил­сон сансрын нисгэг­чийн тухай нэг хэсэгтээ л ярих сэдэв­тэй болж, са­наа­гаар ч юм уу сахил­гагүйтэх маань багассан юм шиг санаг­даж билээ.

Хожим би Ж.Гүррагчаа
гуай­тай тааралдаж зургаа хамт татуу­лав.
Багынхаа дурсам­жийн талаар ганц ч үг
хэлсэнгүй. Сэт­гүүлч болчихоод төрийн ордонд олон ч таарч бай­лаа.
Одоо гайхаж биширч байсан тэр үе
маань ард хоцорсон ч багын маань тэр их хүндэтгэл
алга болоо­гүй ээ. Одоо ч
тэр санс­рын нисгэгч хэвээрээ л байгаа шүү
дээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

60 тэрбумын Г.Доржзодов “Өдрийн сонин”-д тусгайлан ярилцлага өглөө

-ЦАГДАА НАР Г.ДОРЖЗОДОВЫГ БАРИВЧЛАХ ГЭЖ ОРОЛДСОН УУ-


Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

МАН-ын удирдлагууд төрийн албан тушаалыг үнэлэн 60 тэрбум төгрөг босгох тухай хэрхэн ярилцаж байгаа нууц бичлэгийг Г.Доржзодов гэх залуу 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр олон нийтэд цацаж шуугиан тарьсан. Бичлэг цацагдсанаас хойш МАН-ын гишүүд түүнийг хэрхэн дарамтлах болсон, мөн их хэмжээний мөнгө амлаж, хаана дуудаж хэрхэн уулзсан талаар ч баримттай мэдээллийг тэрбээр олон нийтэд хүргээд байгаа юм.

Тэгвэл өчигдөр буюу энэ сарын 15-нд цагдаагийн алба хаагчид Г.Доржзодовыг саатуулахаар оролдлоо. Г.Доржзодов УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн гэрт түр хугацаагаар очоод байхад нь дээрх ажиллагаа болсон юм. Энэ талаар эх сурвалж болон Г.Доржзодов нарын мэдээлж байгаагаар Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Оргил хотхон”-ы гадаа 04:00 цагийн орчимд 100 гаруй цагдаа ирсэн гэнэ. Хотхоныг хэдэн талаас нь бүсэлж эхэлжээ. Оршин суугч болон бусад хүнд цагдаа нар ямар шалтгаанаар хотхныг бүхэлд нь хамгаалалтад аваад байгаагаа мэдэгдээгүй юм. Энэ үеэр УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэл орон нутагт сонгуулийн ажлаар явж байсан бөгөөд түүний нөхөр жеффри гэртээ байсан гэнэ. Г.Доржзодов тэдний гэрт түр орогнож байгаа гэдгийг цагдаа нар мэдээд бүсэлсэн байна. Цагдаагийн алба хаагчид УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн гэрийнх нь хаалгыг тогшиж, дотогш нэвтрэх гэж оролдсон гэдгийг тэд хэлж байгаа юм. УИХ-ын гишүүн асан Ц.Оюунгэрэлийн нөхөр “Би бол АНУ-ын иргэн. Тиймээс зөвхөн АНУ-ын Элчин сайдын яаманд л тайлбар өгнө” хэмээгээд цагдаа нарт хаалгаа нээж өгөхөөс татгалзсан байна.

Манай сонины сурвалжлах баг Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Оргил хотхон”-д ямар асуудал үүсээд байгаа талаар сурвалжлахаар 8:30 цагийн орчимд очсон юм. Цагдаа нар хотхон руу хүн огт нэвтрүүлэхгүй, хамгаалалтад авсан байв. Мөн цагдаагийн алба хаагчдын машин дотогш нэвтэрч байсан юм. Сэтгүүлчид болон АН-ын гишүүд дотогш орж Г.Доржзодовыг байгаа эсэхийг мэдэх гэсэн боловч цагдаа нар оруулахгүй байгаагаас үүдэн үл ойлголцох байдал үүссэн байлаа. Мөн Г.Доржзодовын өмгөөлөгч Г.Баасан ч дотогш нэвтэрч чадаагүй юм. Ингээд 10:30 цагийн орчимд цагдаа нар хамгаалалтаа буулгасан юм. Үүний дараа сэтгүүлчид болон бусад хүн дотогш нэвтэрч Г.Доржзодовын байгаа байшинд очиход цонхон дээрээ “Элчин сайдын яам нээгдэхээр хүмүүс ирнэ” хэмээн цаасан дээр гараар бичээд наасан байв. сэтгүүлчид ирж байгаа бараанаар Г.Доржзодов цонх онгойлгож, тухайн үед юу болсон талаар мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Цагдаа нар намайг баривчлахаар ирсэн нь үнэн. Харин одоо огт өөр худал мэдээлэл олон нийтэд хүргэж байна” гэв.

Мөн зуу гаруй цагдаа хэн нэгнийг хамгаалж байсан түүх Монголын цагдаагийн түүхэнд байхгүй гэнэ. Монгол Улсын гурав дахь Ерөнхийлөгч Н.Энхбаяраас эхлэн бусад нэр нөлөө бүхий цөөн тооны хүнийг баривчлахдаа л зуу орчим цагдаагаар бүслэлт хийж байсан гэдгийг ярих хүн олон байв.

Г.ДОРЖЗОДОВ: 60 ТЭРБУМЫН БИЧЛЭГИЙГ ОЛОН НИЙТЭД ХҮРГЭХ НЬ МИНИЙ ИРГЭНИЙ ҮҮРЭГ ГЭЖ БОДСОН

Жаран тэрбумын бичлэг хийсэн Г.Доржзодовтой ярилцлаа.

-Яаж яваад та МАН-тай холбогдсоноос яриагаа эхэлье.

-Энэ их сонин зүй тогтолтой. Би 2008 оны өвөл нэгдүгээр сарын 24-нд аспирантураасаа чөлөө аваад Москвагаас гэртээ ирж Дархан-Уул аймгийн Засаг дарга байсан Д.Хаянхярваатай зун болох сонгуулийнх нь кампанит ажлыг удирдахаар гэрээ байгуулж ажиллаж билээ. Тэр зундаа үйлчлүүлэгч маань сонгуульд ялж, УИХ-ын гишүүн болж билээ. Яахав улстөрч хүн болохоор би нурууг нь хараад үлдсэндээ тэгэхэд. Дараа нь Татварын ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн албыг удирдаж, эсвэл ҮАБЗөвлөлийн Стратегийн судалгааны хүрээлэнд мэргэжлээрээ ажиллаж явахад найзууд маань Д.Хаянхярваа чинь чамайг өөд нь татчихдаг сайхан юмаа гэж хэлдэг байлаа. Үнэндээ би бол нурууг нь хараад л үлдсэн хүн шүү дээ.Энэ намтай ажиллалаа гээд надад наалдсан юм огт байдаггүй юм. Яахав сонгуулийнх нь кампанийг маш сайн зохион байгуулсан, хамгийн бага төсвөөр ялалт байгуулж сонгуулийн төв штабын ажлыг удирдсан гэсэн ганц А5 тодорхойлолт л үлдсэн. Ингээд бараг таван жил төрийн байгууллагуудад ажилласны дараа улстөржсөн дотоод уур амьсгалаас нь залхаж ажлаа 2012 оны тавдугаар сард хүлээлгэж өгөөд хувийн хэвшилд ажиллахаар бүрмөсөн явсан л даа.

Харин 2014 оны дөрөвдүгээр сарын сүүлээр миний нэг найз өөрийн толгой компанидаа Стратеги хариуцсан захирлын ажлын байр бий болгож байгаа. Тэр ажлын байранд чамайг л авмаар байна. Чамд зориулж Захирлуудын зөвлөлийн шийдвэрээр бүтэцдээ ийм өөрчлөлт оруулсан юм гэсний дагуу “Шинэ Монгол Хаад” групп ХХКийн Гүйцэтгэх захирал А.Ганбаатартай танилцуулсан. Тэгээд 8 сарын 1нд тус компанийн Захирлуудын зөвлөлийн хурал болж би асуудлаа оруулаад 100 хувийн саналаар Стратеги хариуцсан захирлаар ажиллах шийдвэр гарч 9 сарын 1-ний дотор Хөлсөөр ажиллах гэрээ байгуулах үүргийг гүйцэтгэх захирал А.Ганбаатарт үүрэг болгосон юм. Захирлуудын зөвлөл гэдэг бол Гүйцэтгэх захирлын дээр байрлах хамтын шийдвэр гаргадаг байгууллага юм л даа. Ингээд ажлаа хүлээж авах юм болоод бэлдээд явж байтал Нийслэлийн МАНын дарга Ц.Сандуйтай намайг танилцуулж есдүгээр сарын 1-ээс өмнө амжиж 2014-2016 онд Нийслэлийн МАН-ыг шинэчлэх, бүтэц, зохион байгуулалтыг хийх, ажил үүргийн хуваарийг нарийвчлан гаргах, үйл ажиллагааны стратеги төлөвлөгөөг боловсруулах, мөн 2016 оны УИХын сонгуульд МАНын сонгуулийн төв штаб, түүний бүтэц, зохион байгуулалт, сонгуулийн кампанийн стратеги төлөвлөгөө, түүний нарийвчилсан задаргаа, ажил үүргийн хуваарь гээд ажлыг хийхэд оролц гэсэн үүрэг даалгавар өгдөг юм байна. Миний Москвад Улстөр судлалын тэнхимийг Сонгуулийн технологиор бакалавр, Бодлогын стратегийн анализаар мастер хийсэн боловсролын бичиг баримтуудыг нөхдүүд үзээд намайг ажилдаа туслуулахаар болсон юм гэж ойлгосон. Яахав тэгээд тэдний ажилд тусалж дуусаад Стратеги хариуцсан захирлын ажлаа хүлээж аваад цааш явна гэж тэр үедээ бодохгүй юу.

-Ингээд сонгуулийн багт нь уригдаж ажилласан хэрэг үү?

-Энэ нь бас яг сонгуулийн баг биш юмаа. Зүгээр л нэг хэдэн нөхдийг цуглуулаад 2016 оны сонгуулийн бэлтгэл ажлыг ваав гэж хэлэх хэмжээнд бэлдээд даргадаа танилцуулах зорилготой багийг Ц.Сандуй, А.Ганбаатар нар өөрсдөө сэдэж олсон юм байна лээ. Би яг энэ үетэй таарчихгүй юу. Намайг урьсан гэх нь хаашаа юм. Миний Гүйцэтгэх захирал болж байгаа хүний өгсөн үүрэг даалгаврын дагуу л ажлаа хугацаанаас нь өмнө наймдугаар сарын 1-нд ийм маягаар эхэлчихгүй юу. Яг энэ багтай ажиллах гэрээ цаасан дээр байхгүй харин дээрх улстөрийн ажлыг хийж дуусмагц үндсэн ажлыг надад хүлээлгэж өгөх А.Ганбаатарын амаар хэлсэн амлалт, 9 сарын 1-ний дотор Хөлсөөр ажиллах гэрээ байгуулахыг үүрэгдсэн Захирлуудын зөвлөлийн хурлын шийдвэр л байсан. Би чинь анх очихдоо Ц.Сандуйтай танилцаж дахиад буцаад улстөрийн сонгуулийн ажил руугаа дайчлагдчихна гэж бодоогүй байсан юм шүү дээ. Энэ бол одоо бодоод байхнээ цэвэр дайчилгаа байжээ.

-Чухам яагаад тэр бичлэгийг хийх болсон юм бэ?

-Би үүрэг даалгавар авснаасаа хойш өглөө эрт очиж бүтэн өдөржингөө мэргэжлийнхээ хэмжээнд хийж боловсруулж ажилладаг байв. Орой нь Ц.Сандуй намын байрнаасаа ирэхээр нь би хийсэн зүйлсээ гурван хувь хэвлээд л А.Ганбаатарын өрөөнд орж тэндээ шөнө дөл болтол өнөө хоёрын засваруудыг нэг бүрчлэн оруулаад анхны хэлбэр нь бүр огт танигдахгүй хачин зүйлтэй үлддэг байлаа. Заримдаа хийж байгаа зүйлийг нь хараад шүүмжлэх гэж, ойлголцох гэж Гүйцэтгэх захиралтайгаа хэдэн бичиг цаасан дээрээ ширүүн үздэг байв. Ц.Сандуй бол яахав дээ. Угаасаа зөөлөн тоглоом шиг бөөрөнхий хүн.Тэгж ингэж явсаар нэг мэдэхэд есдүгээр сар гарчихсан. Бид гурав хамтдаа бараг 40 гаруй хоног ажилласан байсан. Тэгээд есдүгээр сарын 67ны үеэр М.Энхболд, Д.Сумъяабазар 2 ирэх юм болсон. Гэвч ирээгүй. Харин есдүгээр сарын 8-ны өглөө М.Энхболд ганцаараа 11:00 гэж ирээд А.Ганбаатарын өрөөнд Ц.Сандуйтай гурвуулаа хамт цайлж байгаад уулзалт болдог 4 давхарт 12:00 үед бууж ирсэн. Би ч яахав А.Ганбаатарын заавраар уулзалтын протоколь маягийн юмыг хийх болж уулзалтад байлцсан. Уулзалтын аудио бичлэг дээр энэ уулзалт бол ямар нэг нууцтай холбоотой гэж анхааруулаагүй учир би протоколыг хялбарчлаад өөрийнхөө айпад дээрээ буулгасан юм. Уулзалтын бичлэг дээр Ц.Сандуй багаа танилцуулснаар яриагаа эхэлдэг. Тийм болохоор намайг энэ уулзалт дээр байх эсэхийг А.Ганбаатар, Ц.Сандуй нар гаргасан.

-Яагаад бичлэгийг олон нийтэд хүргэе гэж бодов. Тантай хамт шалгагдаад байгаа Ө гэж юун хүн юм бэ. Хамт бичлэг хийсэн хүн үү?

-Тэр уулзалтын дараа Ц.Сандуй, А.Ганбаатар, М.Өлзий нар өрөөнд гэв гэнэт орж ирээд миний сууж ажиллаж байсан компьютер дээрх бүх файлыг зөөврийн хард дискэнд хуулж аваад эд мөрийн баримт болох зүйлсийг бүгдийг нь устгасан. Харин миний айпад дээрх протоколын аудио, уулзалтын өрөө рүү зөөж явсан миний хувийн флаш хоёрыг тэд оролдоогүй. Өнгөрсөн оны хавар-зун би сонгуулийн үйл явцыг анзаараагүй л дээ. Завгүй байсан юм. Хавар зургадугаар сар гараад би арай тогтвортой байх болж сонгуулийн өрнөлийг ажиглаж эхэлсэн юм. Гэтэл нэг л биш. Улстөрийн намуудын сонгуулийн сурталчилгаа сүүлдээ маш бохир яваад эхэлсэн. Олон нийтийг маш их вакумжуулж мэдээллийн тэнцвэргүй байдалд халтал байлгаж байх шиг санагдсан. Богино долгионы зуух шиг байхгүй юу. Дотор нь юм хийгээд долгионоор шарахтай л адил вакумжсан мэдээллийн орчинд хүн удахаар удирдууламтгай инстинкт нь ноёлох хандлагатай болж эхэлдэг. Энэ их битүү орчинд намуудын мэдээллийн дайн утгаа алдаж эхэлсэн. Би тэгээд 2014 онд хийж байсан ажлаа эргэж санаад хуучин айпадаа ч асааж үзлээ. Тэгээд өнөөх уулзалтын үеэр яригдаж байсан зүйлсүүдийг дахин нэг сонсоод олон нийтэд эдгээрээс хэсэглээд ч гэсэн хүргэх нь миний иргэний үүрэг юм гэдгийг би ойлгосон. Интернэтэд 2016 оны зургадугаар сарын 17-ны орой soundcloud.com дээр байршуулж байгаад твитрээр дамжуулан маш хурдтай түгээгээд хоёр хоногт бараг 600 гаруй зорилтот хүнд хүргэж амжсан. Директ маркетингийн зарчим л даа. Их өндөр хурдтай түгээлт болсон. Тэгээд үр дүнг нь та мэдэж байгаа байхаа. Хүлээж авсан 600 гаруй хүн маань цааш шейрлэх хурд хангалтгүй байснаас болоод тархалт зогсох хандлагатай болсон. Мэдээж зэрэгцээд олон үйл явдлууд болсон л доо. Улс төрчдийн том бас чанга мэдэгдлүүд ар араасаа өдөр бүр телевизээр цацагдаад л. Тэгсэн ч сонгууль болдгоороо болж нар манддагаараа мандана гэдэг шиг л юм болсон доо.

Харин тэр Ө гээд байгаа хүн чинь М.Өлзийг хэлж байгаа юм. Ц.Сандуйгийн эгчийнх нь хүүхэд л гэж би сонссон. Ц.Сандуйгийн хамгийн ойрын нууц ажлуудыг гардан хийдэг залуу. Ц.Сандуй, А.Ганбаатар нар намайг дагалдуулан түүнийг сонгуулийн технологид сургалцуулъя гэж их ярьдаг байсан юм. М.Өлзий 2014 оны уулзалтад байгаа ч үгүй. Шатан дээр л байсан байх. Тэр залуу өнгөрсөн зун АТГ-т өгсөн мэдүүлэгтээ надтай хамт эвлүүлэг хийж А.Ганбаатарыг хорлоё гэлүү дээ тийм юм тохирч хийж байсан гэсэн байсан. Би чинь тийм айхтар студийн продюссор маягийн юм хийж чадахгүй шүү дээ (инээв). Мэргэжил маань шал өөр. Та нар хавтаст хэргийг татаж уншвал савж унана даа. АТГ дээр нэг өдөр нэг дор энэ гурван хүн мэдүүлэг өгөхдөө үг нь хоорондоо авцалдахгүй, маш их зөрчилдсөн мэдүүлэг байсан. Яахав худлаа хэлж дарга нарыгаа аваръя л гэсэн юм байлгүй дээ. Харин тэр мэдүүлгийг авч байгаа байцаагч нь арай л сургуулийн хүүхдийн хэмжээний боловсролтой л биш бол тийм хачин байцаалт хийхгүй байсан байх. Би ч тэр хавтаст хэргийг нь олон нийтэд ил тавьсан. Хэн дуртай нь үзэж болно гэж ойлгож байгаа. Магадгүй хуулийн сургуулийн хүүхдүүдэд хэрэгтэй зүйл болно. М.Өлзийг АТГ дээр намайг гэмт хэрэгтэн болгох гэж гэрч маягаар татан оруулсан юм шиг байгаа юм. Үнэндээ М.Энхболдыгоо хэргээс гадагш түлхэн гаргахын тулд миний эсрэг 3 хүн үгсэн хуйвалдаж гараад намайг гэмт хэрэгтэн болгож нотлоод цэвэр ялах хэмжээний хүчтэй шүү дээ. Тийм л зорилгоор тэр хүүхэд одоо худал мэдүүлэг өгсөн хэрэгт унах биз.

-Сонгуульд ажилласны хөлс мөнгө өгөөгүй юм уу. Тэр хорин сая төгрөг шилжүүлсэн баримт яагаад яваад байгаа юм бол?

-Би бараг хоёр хоног олон нийтэд тэдгээр тасархай гурван файлыг маш хурдтай түгээж 600 гаруй хүнд хүргэсэн болохоор Ц.Сандуй, А.Ганбаатар нарыг 19-нд залгахад нь бараг бэлэн байсан. Учир нь өмнөх өдөр нь буюу 18нд А гэдэг хүн над руу гэв гэнэт BlackBerry Messenger-ээр дахин дахин залгаж эхэлсэн. Утсаа автал “Чамайг А.Ганбаатар хайгаад байна. Чи хаана байна” гэж шалгааж эхэлсэн. Би хариуд нь “Чи яагаад гэнэт гараад ирчихэв” гээд утсаа салгасан л даа. Тэгээд 19нд 10:00 цагаас эхлээд Ц.Сандуй, А.Ганбаатар, М.Өлзий нар над руу маш их залгасан. Би soundcloud.com дээрх түгээлтийг өглөө эрт босоод ажиглаж байсан юм. Тэгээд тэдэнд зөвхөн мессэж бич гэсэн хариу өгсний дараа Ц.Сандуй “Бичлэгийг устгая, чиний ажлын хөлсийг нөхөж өгөөгүйгээ ойлгож байна, одоо шилжүүлье, уг нь А.Ганбаатарт чиний цалинг өг гэж би хэлдэг л байсан, гэхдээ чи найдвартай устгах үгээ өгнө биз, баталгаатай биз” гэх зэрэг мессэжээр бичсэн л дээ. Ц.Сандуй “тагнах чагнах хуультай шүү” ч гэж нэг заналхийлээд, эсвэл “Би уг нь чамайг дэргэдээ ажилд авах гэсэн чинь Ганбаа зөвшөөрөхгүй байсан” гээд л ойлгомжгүй савлаж бичиж эхэлсэн. Ц.Сандуй шоконд орчихлоороо тэгдэг юм. Шийдвэр гаргах ур чадвар шаарддаг ажилд тэнцэхгүй хүн л дээ. Би тэгээд хариуд нь “Уулзалтын протоколь хий гэж танай А.Ганбаатар чинь үүрэг болгосон. Юуных нь тагнах чагнах байх вэ дээ. Нууц гэж анхааруулсан ч юм байгаагүй. Би өөрөө хамт дэргэд чинь сууж байсан шүү дээ, угаасаа” гэдгээ бичсэн. Намайг 2014 оны наймдугаар сараас есдүгээр сар гартал ямар ч хөлсгүй ажиллуулаад, дээр нь ажилд авах шийдвэрээ цуцлаад л, мөн миний хамаг боловсролын бичиг баримтыг барьцаалж цоожилж зугтаад л, их хачин хачин үйлдлүүд эдгээр хүмүүс удаа дараа гаргаж байсан шүү дээ 2014 онд. Өөрсдөө гэв гэнэт миний ажлын хөлсийг өгөх юм гэдгээ ойлгоод сайн дураараа 2 жилийн дараа нөхөн төлөөд түүнийхээ оронд ямар ч хэрэгцээгүй болчихсон файлуудыг устгах нууц үгийг авч тэр дор нь устгасан л даа. Хүмүүс намайг зүгээр сууж байгаад мөнгө авлаа гэж ойлгоод байх шиг байгаа юм. Би тэр Ц.Сандуй, А.Ганбаатар нарын ажлыг хийчихээд луйвардчихлаа гэж гүйгээгүй л дээ. Гэв гэнэт гүйлдэж ирээд л устгах түлхүүрээ аваад л алга болсон хүмүүс.

-Бичлэгийг нийтэд хүргэх өөр шалтгаан байсан уу?

-Байлгүй яахав. Бичлэг дээр төрийн албыг худалдах, үнэлэх пирамид тогтолцоо яриад явж байгаа улстөрийн хүчин сонгуульд өрсөлдөж байна гэдэг бол маш ноцтой зүйл. Мөн сонгуулийн сурталчилгааг хийхдээ төрийн хамгаалалтад байдаг үндэсний аюулгүй байдалд хамаардаг мэдээллийн дата баазыг хянах, мониторинг хийх, УБЕГ, СЕХ-ны дата баазын урсгалыг хянах энэ тэр гээд Тагнуулын байгууллага шалгавал зохих зөндөө л ноцтой зүйлүүд байгаа шүү дээ.

Хүний эрхийн асуудлыг маш ноцтой зөрчсөн зүйлс гарч болзошгүйг сэрэмжлүүлэх шаардлагатай байсан. Интернэт, телевиз гэх мэт маш чухал дэд бүтцүүдийг хэрхэн медиаконглемират үүсгэн контентоор нь хэрэглэгчдийг хянах, магадгүй манипуляци буюу хүний оюун санааг удирдах хэмжээнд технологи хэрэглэхээр зэхэж байсныг сэрэмжлүүлэх зайлшгүй шүү дээ. Тэдэнтэй хамт ажиллаж байхад А.Ганбаатар нь Ц.Сандуйгаа бараг удирддаг юм шиг сэтгэгдэл төрсөн.

-УИХ-ын сонгуулиас хойш нэлээд хугацаа өнгөрч. Энэ хугацаанд та ер нь хаагуур юу хийж явав?

-Сонгуулийн дараа би хотоос явсан л даа. Хотод юу болж өнгөрснийг ч би анзаараагүй. Наймдугаар сарын сүүлээр УБт ирэхэд их л бужигнаан болсон байсан. Намайг есдүгээр сарын 14нд халуун ус өгөхийн өмнөх өдөр Орон сууцны конторт 14:00 үед очиж дуудлага өгчөөд гарч ирэхэд энгийн хувцастай залуучууд тойрон ирээд аваад явсан. Сүхбаатар дүүргийн Цагдаагийн 1 дүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн Ахлах мөрдөн байцаагч, хошууч н.Батсайхан надаас анхны тайлбарыг авсан. Дараа нь манай гэрт ирж үзлэг хийхдээ зөвхөн цахим файл хадгалж болох бүх төрлийн төхөөрөмжүүдийг хурааж шинжилгээнд оруулахаар авч явсан. Тэгээд байцаалтаа эхлэхэд нь би 2014 оны наймдугаар сараас 2016 оны есдүгээр сар хүртэлх бүх зүйлийг яг байгаагаар нь тайлбар өгчөөд байж байтал А.Ганбаатар гүйж орж ирээд сандал тавиад хажууд суучихсан. Мөрдөн байцаах процесс явж байхад шүү дээ. Гэтэл байцаагч түүнтэй нүдээрээ ойлголцоод гараад явчихсан. Тэр хооронд А.Ганбаатар зуны турш юу болсон тухай, одоо байцаалтаа хэрхэн өөрчилж өгөх тухай болон “Хэрэв зөвшөөрвөл Ц.Сандуй дээгүүрээ яг одоо яриад чамайг батлан даалтанд гаргачихна, оройдоо шууд гарчихна” гээд л гуйх, шаардахын хооронд ярьсан. Байцаагч орж ирэхэд А.Ганбаатар зөрөөд алга болсон. Бүр орой 22:00 цагийн үед А.Ганбаатар дахин байцаагчийн өрөөнд орж ирээд “Би Доржзодовтой дахиад нэг уулзаадахъя тэгэх үү” гээд гуйхад нь байцаагч надаас “Яахийн. Зөвшөөрөх юм уу” гэхээр нь би “Яахав уулзъя гээд байгаа бол уулзахаас” гээд уулзтал дахин ятгаж эхэлсэн л дээ. Би өдөр гэрээсээ гараад огт таг алга болсон хүн ар гэртээ санаа зоволгүй яахав нялх хүүхэдтэй хүн чинь. Тэгээд Ц.Сандуй, А.Ганбаатар нарын хүсэлтээр байцаалтаа өгөөд батлан даалтанд гарсан л даа. Бараг сар шахуу дүүргийн Цагдаагийн нэгдүгээр хэлтэст өглөө бүр очиж бүртгүүлдэг байлаа. Өдөр нь А.Ганбаатарын офисст очих бүрт байцаалтад юу юу нэмж хэлэх, юуг хасах гээд А.Ганбаатар бүх үгийг заадаг байв. Намайг байцаалтад юу юу гэж хэлсэн тухай мэдээллийг А.Ганбаатар тэр дор нь мөрдөн байцаагчаас утсаар мэдчихдэг юм шиг байсан.

-Бичлэгт гурван хүний дуу хоолой сонсогддог. А.Ганбаатар, Ц.Сандуй, М.Энхболд нарын дуу хоолой гэж хүмүүс таниад байдаг. Гэтэл МАН-ын дарга М.Энхболд бичлэгийн эхний хэсэг нийтэд цацагдахад “Миний дуу хоолой биш” гэж хэвлэлийн хурал хийж байсан. Тэр ямар учиртай юм бол.

-Судалгаагаар МАН бараг ялж явсан учир сонгуулийн дараа цэгцэлнэ гэж л бодсон байх. Гэхдээ гэнэтийн тийм зүйлд огт бэлэн биш байсан байх. Зургадугаар сарын 1922 үеэр МАНын удирдах зөвлөл яаралтай хуралдаж намын рейтингийг 1213 хувиар унагасан гэдгээр Ц.Сандуйг Ж.Энхбаяр, Д.Амарбаясгалан нар бараг “алах” дөхсөн гэсэн яриа явдаг юм билээ. М.Энхболд зургадугаар сарын 27-нд хийсэн хэвлэлийн хурлын үеэр бичлэгийг эвлүүлэг гээд мэдэгдчихсэн. Яг тэр дагуу нь ШШҮХ “…бичлэг бол эвлүүлэг…” гэсэн дүгнэлтийг хэзээ хойно долдугаар сарын 18-нд гаргасан. Сонин шүү. Шинжээчийн ур чадвараас илүү мэдрэмжтэй байна гэж байх уу. Ямар сайндаа сая Тагнуулынхан намайг дөрөвдүгээр сард баривчилж эрүү үүсгэж шалгахдаа хүүхдүүдийн хэрэглэдэг Sansa Clip Plus mp3 жирийн хөгжмийг тагнуулын тусгай хэрэгсэл гээд шинжилгээний дүн бас гаргасан. Прокурор тийм төхөөрөмжүүдийн жагсаалтыг хуулиараа хянадаг гэж байгаа. Та бидний өдөр бүр хэрэглэдэг дуу бичиж болдог, зураг авч болдог бүхэн, утас, пад, хөгжим бүгд тагнуулын тусгай хэрэгсэл гэж байна лээ шүү /инээв/. Эд нар зүгээр л иргэдийг ингэж басамжилж хилсээр хэлмэгдүүлдэг багаж болоод удчихсан бололтой, тэгээд хуучин КГБ арга барилаар ажиллаад байна уу гэж боддог болсон.

-Бичлэг нийтэд хүрсний дараахан Сандуй телевизийнхэнд бичлэгийг үнэн гэдгийг хүлээн зөвшөөрсөн ярилцлага өгсөн. Харин бичлэг алдагдсаныг хуулийн байгууллагаар шалгуулна гэж байсан. Хачирхалтай нь төд удалгүй МАН-ынхан эвлүүлэг гэж яриад эхэлсэн. Та бичлэгийг эвлүүлэг биш гэдгийг баталж чадах уу?

-2014 оны есдүгээр сарын 8ны өдөр бичлэгийг би айпад дээрээ тасралтгүй бичсэн. Уулзалтын явцад цайны завсарлага ч байгаагүй. Цаг давчуу байсан. Дээр нь би уулзалтын зургийг авсан. 6-7 кадр байв уу даа. Тэрийг Ц.Сандуйд өөрт нь 2017 оны гуравдугаар сарын 15-нд вайбраар явуулсан. Одоо өөрт нь байж л байгаа байх. Үнэхээр нотлох баримт хармаар байгаа бол би тэдгээр зургийг танай сонинд өгсөн ч болно шүү дээ cloud хаягнаасаа татаад. Ц.Сандуй бол яахав гүйх ёсгүй газраараа гүйж яваад сүрхий том үгтэй мэдэгдэл хийхдээ намаа тэр чигт нь “хутгалчихсан” шүү дээ. Тэр хүнд улстөрийн том алба хаших ямар ч ёсзүй, ур чадвар байхгүй. Одоо тэр хүн яаж бусдын нүүр царайг харж явдгийг би мэдэхгүй. Саяхан намайг ТЕГ баривчлахаас 2 хоногийн өмнө 2017 оны дөрөвдүгээр сарын 12нд Д.Амарбаясгалан “…60 тэрбумын асуудал бол сонгуулийн ядмаг зохиол..” гэж мэдэгдсэн. Энэ хүн намайг хоёр хоногийн дараа баривчлуулахаар тагнуулд өргөдөл энэ тэрийг аль хэдийн өгчихөөд ингэж ярилцлага өгсөн байж болох юм. Залуу хүн гэхэд улайхгүй ярьж байна лээ.

-Шүүх шинжилгээний хүрээлэн эхлээд бичлэгт оролцсон хүмүүсийн дуу хоолой мөн гэж баталсан хэрнээ хоёр дахь удаагаа биш гэсэн дүгнэлт гаргасан байна лээ. Үүнийг та юу гэж бодож байна?

-Яахав шинжилгээнд ирүүлсэн даалгаварт ямар шинжилгээ хийхийг заасан байдаг юм байна лээ. Тэр дагуу л ном журмаараа шинжилгээгээ хийдэг биз. Ц.Сандуйгийн хоолой, өнгө, тембр мөн эсэхийг тогтоох даалгавраар эхний шинжилгээний хариу 2016.06.22-нд гарч “…дуу хоолой нь тохирч байна…” гэсэн хариу гарсан байна лээ. Хоёр дахь дүгнэлт нь 2016.06.30-нд гарахдаа “…эвлүүлэг биш…”, гурав дахь дүгнэлт нь 2016.07.18-нд гарахдаа “…5 газраараа залгаастай тул эвлүүлэг мөн…” гэсэн хариуг нэг л хүн гаргасан байдаг. Сүүлчийн “…эвлүүлэг мөн…” гэсэн дүгнэлт бүхий шинжилгээний хугацааг харж байна уу: долдугаар сарын 18. Гэтэл М.Энхболд зургадугаар сарын 27-нд “…миний дуу хоолой биш…” буюу бичлэг бол эвлүүлэг гээд бараг хэлснийг ШШҮХ бататгаж өгсөн байдаг юм билээ. Нөгөө талаас, 2 минут орчмын бичлэгийг ямар нэгэн аргаар 5 газраар нь салгаж тавихад хэлний хамгийн бага бүрэн хэмжээний утгат хэсгийг багтаадаг өгүүлбэр аль ч тасархай дээр хэд л бол хэд буюу 6 саланги файл дээр 6 байтугай 60 өгүүлбэр багтана шүү дээ. Тэгэхээр эдгээр хүмүүс анхнаасаа бүтэхгүй тоглоомоор наадаад луйвардаад яваад байгаа хүмүүс байхгүй юу. Ж.Мөнхбат угаасаа энэ хэдийгээ долдугаар сар гараад “нялгадна” л гэж хэлж байна лээ. НИТХ-ын даргын суудлыг нь аваад улстөрөөс энэ 2 нөхрөө хамтад нь зайлуулна гэж би ойлгосон.

-Тантай энэ хооронд МАН-ынхан уулзаж, утсаар болон мессэжээр ч харилцсан гэж ойлгосон. Хэн хэн уулзсан юм бэ?

-Сая зургадугаар сарын 1-ний өдөр бүх нийтээр амардаг, архи дарсгүй өдөр гэв гэнэт утас цангинаж 5 жилийн өмнө Стратегийн судалгааны хүрээлэнд хамт ажиллаж байсан залуу яаралтай уулзъя гэв. Би ч болгоомжтой явсаар Русская гимназия сургуулийн үүдэнд очтол 750гр архи барьчихсан их сэжигтэй зогсож байсан. Уг нь намайг архи уудаггүйг мэдэх л хүн. Тэгтэл түүнээр дамжуулж надад ҮАБЗ-өөс хүн мессэж ирүүлжээ. Бичлэг энэ тэрийг нотолж гэрч бололгүй зүгээр л алга бол гэж гуйлгасан байв. Намайг суралцахыг хүссэн сургуулиа сонго, амьдрахыг хүссэн улсаа сонго, тэгээд 2 өрөө байр нэмээд ав гэсэн байсан. ҮАБЗ-д хэн байдгийг мэднэ биз дээ. Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга гурав байдаг. Тэндээс энэ хүнийг ирүүлсэн байсан.

Дараа нь зургадугаар сарын 6-нд надтай жилийн өмнө танилцсан хүн шөнө 22:00 өнгөрч байхад уулзъя, яаралтай хүрээд ир гээд болдоггүй. Би орой үдэш хамаагүй явахгүй байгаа болохоор очоогүй. Вайбраар л холбогдож ярьсан. Дараа нь түүнтэй хамт байсан хүнээс асуувал “Ийгл”-ийн Амундра намайг яг юу хүсээд байгааг мэдээд өгөөч гэж тэр хүнийг явуулсан юм байна лээ.

Сая хэдхэн хоногийн өмнө зургадугаар сарын 9-нд нэгэн их нэр хүндтэй бизнесмэн намайг “М.Энхболд орой Энканто хотхоны Спорт центрийн VIP саунд ганцаарчилж уулзъя гээд байна” гэж гуйсаар байгаад би хамгаалалтын бүх аргаа хэрэглэж очсон чинь ЗГХЭГ дарга Ж.Мөнхбат “Энхболд дарга намайг явууллаа” гээд хүлээж байв. Уулзалтын явцад намайг гадагшаа явчих. Гэхдээ явахаасаа өмнө “Бичлэг бол эвлүүлэг” гээд камераар бичүүлчих. Тэгвэл нэг сая доллар өгнө гэв. Энэ бол урхи шүү дээ. Нэг ёсондоо видео камерт “Би эвлүүлэгч мөн” гэж хэлээд хилээр гарлаа юу. Өөрөөр хэлбэл, өөрөө өөрийнхөө эсрэг мэдүүлэг хийгээд өгөөч гэж ийм айхтар их мөнгө санал болгосон. Би уг нь тэр таньдаг бизнесмэнээ хүндэтгээд л тэнд очсон юм. Уулзалтын үеэр саунд гурван шалдан эр сельфидсэн баахан зураг Ж.Мөнхбатын утсанд одоо байж л байгаа. М.Энхболд даргадаа үзүүлэх гэж хийснийг нь ч мэдэж байна.

-2016 сонгуулийн үеэр бичлэгийн хэсгээс цацсан. Сая бүр 90 минутын бичлэг цацлаа. Яагаад бүтнээр нь цацах болов. Ерөнхийлөгчийн сонгууль болж байгаа болохоор цацав уу, эсвэл үнэхээр сонгууль дөхөөд тэд таныг дарамталж эхэлсэн хэрэг үү?

-2017 оны тавдугаар сарын 8-нд байцаагч утасдаад даваа гаригт үзлэг хийнэ шүү заавал байлцаарай гэж хэлсэн юм. Би яг тэр өдөр хүний эрхээр дагнан ажилладаг хүмүүстэй уулзаж байсан юм л даа. Тагнуул дээр миний зөөврийн компьютерийн нууц үгийг задалсан юм байх даа. Хэрэв тийм бол даваа гаригт 90 минутын бичлэгийг нотлох баримт болгон маш нууц тамга дарчихвал тэр бичлэг олон нийтэд хэзээ ч хүрэхгүй юм байна гэж бид зөвлөлдсөн. Тэгээд cloud дээр хадгалсан бүх нотлох баримтаа шууд ил байршуулж олон улсад хүртэл цацсан. Харин яагаад миний зөөврийн компьютер тагнуулынхны гарт орчихсон юм бэ гэхлээр Ц.Сандуй, А.Ганбаатар нар намайг гүйцэтгэх ажлын хууль зөрчсөн гэсэн үндэслэлээр худал өргөдөл гаргаж 2017 оны дөрөвдүгээр сарын 14-нд “Кафе Бене”-д сууж байхад ТЕГ-ын долоон тагнуулын ажилтнаар баривчлуулсан шүү дээ. Тэгээд тэд нар миний бүх цахим зүйлсийг, банкны картуудыг, гэрийн болон машины түлхүүрүүдийг бүгдийг авчихсан байсан юм. Бид аргагүй байдалд орсон учир тавдугаар сарын 6-нд цацчихсан юм. Цаг хугацаа нь Ц.Сандуй, А.Ганбаатар нарын сонголтоор л тэгж таарсан.Одоо яая гэхэв.

-Сонгуультай холбоотой танд нөгөө намын нэр дэвшигчид эсвэл тэдний багийнхнаас бичлэгийг бүрэн эхээр нь дэлгээч гэж санал тавьсан уу?

-Байгаагүй. Учир нь нэр дэвших эрхээ авахаас өмнө бид нар бичлэгийг бүрэн эхээр нь дэлгэчихсэн шүү дээ. Харин та өнгөрсөн жилийг ярьж байгаа бол, би тэр хэсэгхэн гурван файлыг цацчихаад хөдөө явчихсан. Утсаа асаагаагүй. Тэгэхээр ямар нэр дэвшигч энэ цаг хугацаанд таарах билээ.

-Та бичлэгийг олон нийтэд хүргэснээс хойш юу хийж байв? Эхнэр хүүхдээ хотоос хол явуулсан гэж сонссон. Тэд гэр бүлийг чинь дарамталсан хэрэг үү?

-Намайг эзгүйд үл таних хүмүүс гэрээр орж гарсан байсан. Мөн манай СӨХ-ны ажилтан манайхаас хэн гэдэг айл вэ гээд асуугаад явсан байгаа юм. Уг нь манай СӨХ-ны ажилтнууд контортоо журналтай байдаг л даа. Тэрнээс гадна манай доор байдаг дэлгүүрийн эзэнд миний зургийг үзүүлээд “Энэ хүн танай байранд амьдардаг уу. Харагдвал утсаар хэл өгөөч” гээд ямарч бичиг баримтгүй хүмүүс гуйсан байгаа юм. Тэдгээр хүмүүс өглөө бүр ирж орцны үүд сахидаг байсныг тэр дэлгүүрийн эзэн нотолж байгаа юм. Сүүлд бодоод байхнээ А.Ганбаатар намайг хууль бус аргаар бүрэн судалж мөшгөсөн байна лээ. Манай эхнэр хүүгийн маань дүр зураг, гэрийн хаяг, миний машины дугаар, Дарханд байдаг аав ээжийн маань гэрийн хаяг, нас, өвчин, өдөр бүр хэнтэй хаана уулзаж байгаа тухай бүгдийг судалсан гэдгээ надад хэлж байсан. Бүр Дарханд очиж манай аав ээжийн байрны гадна отолт хийж байсан гэдгээ хэлж байсан. Тэгээд арга буюу эхнэр хүүгээ дөрөвдүгээр сарын 10-нд хотоос явуулсан. Уулзалгүй одоо хоёр сар болж байна.

2014 оны есдүгээр сарын 7-ны 12:00-13:30 цаг. “Шинэ Монгол хаад” группын дөрвөн давхарт болсон уулзалт. Энэ үеэр 60 тэрбумын бичлэг хийгджээ.

-Олон улсын байгууллага болон манайд улсаа төлөөлөн сууж буй элчин сайд нарт хандаж үзэв үү. Хэрэв хандсан бол тэд ямар хариу өгсөн бэ?

-ОУ-ын хэмжээнд Монгол Улсыг ардчилсан улс гэж хардаг болохоор энэ мэт хүний эрхийн асуудал гарч ирэхээр гайхдаг юм байна. Манайхан чинь муу муухайгаа нуух араншинтай шүү. Гэхдээ бид гадаадад тун амжилттай харилцаа холбоо тогтоосон шүү. Манай монголчууд дарамтанд орохоороо хилс хэрэгт өртөж, тэрийг нь дараа нь хэрэгсэхгүй болгонгуут туйлын их баярлаж, өөрийнхөө эрхийг ноцтой зөрчсөн үйлдлийг тэгээд хаячихдаг болтой юм шиг байна лээ. Хуулийн мэдлэггүйг нь далимдуулаад хууль сахиулах байгууллага процессоо үзэмжээрээ зөрчдөг юм шиг санагдсан. Тагнуулынхан намайг баривчилж аваачихад Тагнуулын ерөнхий газрын Мөрдөн байцаах хэлтсийн орлогч дарга н.Ууганбаяр хамгийн түрүүнд асуусан зүйл нь “Айфон, айпад зөөврийн компьютерийн нууц үг чинь юу юм бэ. Хэл” гэж хоёр ч удаа давтан шаардсан. Би “Ямар үндэслэлээр саатуулж байгааг мэдмээр байна” л гэж хариулсан.

-Нэг зүйл анхаарал татсан. Энэ хугацаанд таныг хоёр ч удаа баривчилж. Тэгээд юу гэж хэлж, яагаад сулласан юм.

-Сүхбаатар дүүрэг дээр үүссэн хавтаст хэргийг А.Ганбаатар мөрдөн байцаагчид нөлөөлж, хавтаст хэргийг өнөөх нь хэрэгсэхгүй болгох хэмжээнд найруулж сулруулсан, бас СБД-ийн прокурорт ихээхэн хэмжээний мөнгө өгч байж хэрэгсэхгүй болгох тогтоол гаргуулсан гэж өөрөө ярьж байсан. Хавар ТЕГ-т үүссэн хавтаст хэргийг 60 тэрбумын асуудлаар хэлэлцүүлэг зохион байгуулсны дараах ажлын өдөр гэв гэнэт дуудаад миний хамаг юмыг буцааж өгөөд л таг болсон. Сүүлд тэр Энкантод болсон уулзалтын үеэр тэр бизнесмэн залуу “М.Энхболд утсаараа нөгөө өрөөнд орж яриад чамайг дараа нь тагнуулаас чөлөөлсөн” гэж хэлсэн. Удахгүй ямар нөхцлийн улмаас ийм болов гэдэг нь тодорхой болох байх.

-Тэр бизнесмэн залуу нь хэн юм. Тийм нууц хүн үү?

-Сая долларыг төлөх хүн л байхгүй юу. Алтан Дорнодын Ганболд.

-Одоо таны нөхцөл байдал ямар байна. Утас чинь байнга хаалттай байх юм. Яагаад?

-Би тагнуулаас авсан өөрийн эд зүйл, цахим техникүүдээ бүгдийг нь баглаад хураасан. Элдэв дуудлага авахгүй гэж утсаа унтраасан. Шаардлагатай хүнтэйгээ би яаж л бол яаж холбогдоно шүү дээ. Мөрдөлт мөшгөлтөөс дайжиж байгаа хүн хаа сайгүй мөрөө үлдээгээд яваад байдаггүй байх. Тэр дүрмийг л сайн дагаж байна даа. Машинаа хүртэл далд хураасан. Өнгөрсөн дөрөвдүгээр сараас эхлэн ухрах камер жирэлздэг болсон байсныг хүнд үзүүлсэн чинь машинаас чинь радио долгион цацагдаад байна. Байршил тогтоогч суулгасан юм шиг байна. Үзлэгт оруул гэсэн. Одоогоор надад тэгэх боломж алга.

-Та нэг хэсэг чимээгүй байсан. Чухам яагаад ил гарахаар шийдэв. Таны талаар янз бүрийн таамаг их байсан шүү дээ. Нэр нь тодорхойгүй л нэг хүн дуулдаад байсан.

-Хүний эрхийнхэн намайг ил гар гэж зөвлөсний дагуу би ил гарч эхэлсэн шүү дээ. Хуучин ажлын арга барил ч юмуу би бас нэг их ил байдаггүй байсан юм. Харин миний талаар олон янз домог яваад байсан байна лээ. Зарим нь намайг АНУ-д байгаа гэнэ, зарим нэг нь надтай уулзаж бичлэгийг авсан гэнэ гэх мэт инээдтэй олон л юм ярьцгааж байсан юм байна лээ.

-МАХН-ын Эрдэнэжамъянтай та яаж анх холбогдсон юм бэ?

-Э.Эрдэнэжамъян гуравдугаар сарын 14-нд хэвлэлийн бага хурал хийж, 2016 оны АТГ нээсэн хавтаст хэрэгт эрүү үүсгэхээс татгалзах тухай НПГ-ын тогтоолыг танилцуулсан. Орой нь твитрээр холбогдож уг тогтоолыг би түүнээс авч анх удаа уншсан. Тэгэхэд л Ц.Сандуй, А.Ганбаатар, М.Өлзий нарын үгсэн хуйвалдаж хагас хугас мэдүүлэг өгснийг байцаагч нь хэрэгсэхгүй болгуулж өгсөн харагдсан.

-Эрдэнэжамъян анх энэ талаар мэдээлэл хийж байсан шүү дээ. Харин шүүхээр ороод эхний шатанд тэр ялагдчихсан байна. Үүнийг та юу гэж бодож байна?

-Шүүхээс надад гэрчээр оролцох зарлан ирүүлэх юм болов уу гэсэн ирүүлээгүй. Ноднингийн АТГ-ын хавтаст хэрэг, түүнд авагдсан материалууд, 90 минутын аудио бичлэг, эксель файл, поверпойнтыг нотлох баримт хангалтгүй гэж үзсэн байна лээ. Байдал ийм тохиолдолд энэ их эрх мэдэлтэй хүмүүсийн өөдөөс бид яаж хөдлөхөө л сайн бодож хөдлөхгүй бол тун хэцүү. АТГ, ТЕГ, ЕТГ, ЦЕГ, ШШҮХ, УПЕГ, НПГ зэрэг шүүх засаглалын хэрэгжүүлэгч байгууллагууд дотор иймэрхүү улс төрийн хэргийг сүвлэж гаргадаг нүх сүв байгаад байна. Системийг буруутгахаас илүү яг тэр сүвлэгддэг нүхийг бид онилох ёстой. Өөрөөр хэлбэл, ийм улстөрийн хэргийг хэрэгсэхгүй болгосон, эсвэл үзэмжээрээ шийдсэн шүүгч, байцаагч, прокуроруудын нэрс цаасан дээрээ дурайж байгаа шүү дээ.

-Зарим хүн таныг ингэж бичлэг цацсаныг “Түгжилдлээ. Хүний итгэлийг алдаж, ашиг хайлаа гэж үзэх хандлага байна. Зарим нь баатар цолоор шагная ч гэсэн байх юм. Нэг хэсэг нь Монгол Снөүден ч гэж нэрлэж байна. Та итгэл алдсан урвагч уу, эсвэл үнэхээр улс төрийн намын цаана болдог бузар булхайг илчилсэн баатар уу?

-Цаг хугацаа хэлж өгөх байх. Гэхдээ би балиар зүйлийг халхалж байсан хөшгийг авч хаясан шүү дээ. Ард нь байсан хүмүүс магадгүй нүцгэн шахуу байсан болохоороо дургүйцэх л байх. Харин наана нь хууртаж суусан үзэгчид харсан зүйлдээ итгэж ядан хэсэг шоконд байна байх. Хэсэг хугацаанд өнөөдрөөс холдсоны дараа арай обьектив дүгнэлт надад өгөх байлгүй дээ. Намайг овойж оцойтол мөнгөөр зарчлаа гэж хардалгүй яахав. М.Энхболд даргыгаа арай тийм биш гэж бодсон хүн аргагүй байдалд ороод гоморхохдоо намайг хэн ч гэж болно шүү дээ. Би хүмүүсийн нүдний зэрэглээг авч хаясан. Уучлаарай, бодит байдал ийм байна шүү дээ. Магадгүй Ж.Мөнхбат надаас ч илүү баясгалантай харагдах шиг санагдсан. Залууст нь, залуу үеийнхэнд нь энэ намын удирдах албан тушаал ойрмогхон сулрах байх л даа.

-МАН-ынхан цацсан бололтой нэг бичлэг бас тавигдсан байна лээ. Олж сонссон л биз дээ. Тэр бичлэг үргэлжлэл нь үү, эсвэл тэд нийтэд цацсан бичлэгийн хариуд ийм бичлэг зохиомлоор хийчихсэн хэрэг үү?

-Ц.Сандуй, А.Ганбаатар нарт М.Энхболд ийм их том ар тал болж өгч байгаа нь гайхалтай. Өөрөөр хэлбэл, хөрөнгө чинээтэй айлын хоёр мангар пацаан юугаа ч мэдэхгүй харснаа авна гэж цамнахтай л адил харагдаад, аашлаад, эцэг эхийнхээ нүүрийг түлж өгч байгаа юм даа.

Миний сайтад эдгээр гүжирдсэн, гүтгэсэн, олон нийтийн тархи толгойг савандсан Ц.Сандуй, А.Ганбаатар нарын баримт, нотолгоог цуглуулж байршуулж байгаа. Миний сайт руу орох бол sixtybln.mo­zello.com хаягаар орох эсвэл твитрийн @dorjzodov гэсэн хаягийг дагаж мэдээллийг био дотроос авах боломжтой. Удахгүй www.dorjzodov.com, www.dorjzodov.org хаягууд ашиглалтанд орох байх.

-Одоо таныг Тагнуул, цагдаа АТГ-ын аль нь шалгаж байгаа вэ?

-Өмгөөлөгч маань намайг бүрэн төлөөлөх эрхээ авчихсан. АТГ намайг дуудаагүй байна. Цагдаад намайг дуудах зүйл одоогоор байхгүй байх шиг байна. Тагнуул дээр дөрөвдүгээр сарын 14-нд нээсэн тоглоомыг тагнуулын хэрэгсэл гэж үзсэн хавтаст хэрэг хараахан дуусаагүй байна. Өмгөөлөгч маань өөрөө намайг төлөөлөөд харилцаад явчих байхаа. Би зөвхөн мэдүүлэг өгөх, нотлох баримт гаргаж өгөх хэмжээнд хамтран ажиллана байх.

-Яагаад тагнуул таныг барьсан юм бол?

-Гүйцэтгэх ажлын хууль зөрчсөн зүйлээр Тагнуулын харьяаны 133.1 заалтаар эрүүгийн хэргийг А.Ганбаатарын худал өргөдөлд үндэслэн үүсгэсэн. Өргөдлөө цагдаад өгөөгүй шууд Тагнуулд өгсөн байсан. Тэгэхлээр цаана байгаа хуульчид бас овоо зөвлөсөн юм шиг байгаа юм. Гол нь намайг дарамтанд ороод 90 минутыг дэлгэчихнэ гэж огт санаагүй байх. Энэ 90 минутын бичлэгийг дэлгэснээр маш олон улстөрчдийн гарт байсан хөзрийг би үндсэндээ хутгаад бужигнуулаад хаячихсан.

-Танаас тэд юу асуудаг вэ. Одоо тэд таныг юунд буруутгадаг юм бэ. Бичлэг хийсэн гэж үү, бичлэгийг олон нийтэд дэлгэлээ гэж үү. Эсвэл энэ бичлэгийг эвлүүлсэн гэж буруутгадаг юм уу?

-Байцаагч залуу mp3 хөгжмийг тагнуулын хэрэгсэл гэж үзсэндээ ч ичдэг болсон. Яахав дарга нь буруутга гэсэн тушаал өгвөл ямар нэгэн аргаар хамаагүй буруутгадаг байх. Нэг үг байдаг шүү дээ, “Хүн нь байвал зүйл анги нь олдож л таараа” гэж. Яахав уурын мунхагтаа над руу “Чи эвлүүлдэг нь юм уу, А.Ганбаатар эвлүүлдэг нь юм уу” гэж хашгирсан тохиолдол бий. Энэ их олон зүйл хэлж өгч байгаа биз. Яг бодитой тийм ийм зүйлээр буруутгаж байна гэж хэлэхгүй байгаа. 133.1 зүйлээрээ л явж байгаа байх. Ойрноос тагнуулынхан огт холбоо барьсангүй шүү дээ.

-Таныг Зоригийн хэрэг шиг болгочихно шүү гэж заналхийлсэн нь үнэн үү?

-А.Ганбаатар 2017 оны дөрөвдүгээр сарын 5-нд манай гэрийн гадна отож зогсож байгаад уулзаж дарамтлахдаа бүр хэд хэдэн удаа давтан хэлсэн шүү наад үгийг чинь. Энэ бүр гэрчтэй. Бас баримттай. Биеийн хэлийг нь харуулсан дүрсийг би сайт дээрээ тавьсан байгаа. Уг нь Э.Эрдэнэжамъяныг шүүхдэж байгаад А.Ганбаатар өөрийнхөө нэр төрөө цэвэрхэн гэж харуулах гээд шоу хийх гэсэн юм шиг байгаа юм. Би дундаас гарч ирээд тэр АТГ-НПГ хэрэгсэхгүй болгосон хэргийн тогтоолыг үзээд Ц.Сандуй руу “Хэрвээ надад ямар нэг зүйл тохиолдвол үнэнийг олон нийтэд хүргэж нэр төрөө сэргээнэ” гэсэн учир А.Ганбаатарыг над руу явуулж дарамталж байхгүй юу. А.Ганбаатарыг нам дээрээ амьтан болсон гэдэг юм билээ.

-Ингэхэд та энэ хэргийн гэрч үү, сэжигтэн үү?

-Чухам аль хэргийн хэмжээнд вэ гэдгээс болох байх. Тагнуул дээр хүүхдийн тоглоомоор 133.1 гэдэгт эрүүгийн хэрэгт намайг сэжигтэн гэж байгаа. Хэрвээ бүр том зургаараа 90 минутын хэргийн тухайд бол би лав сэжигтэн биш гэж боддог.

-Цаашид та яана гэж бодож байна. Ингэж нуугдаад байх уу, эсвэл гадаадын аль нэг орноос улс төрийн орогнол хүсэх үү?

-Энэ бол миний дараа дараагийн үйлдэл юм. Нүүдлээ задалдаггүй уламжлалтай.

-Таны нэр чинь бичиг баримтан дээрээ юу гэж явдаг юм бэ. Яагаад Болд, Доржзодов гэсэн хоёр нэрээр яваад байдаг юм.

-Яахав дээ. Миний нэр чинь бурхны номын нэр шүү дээ. Нэр хүнддэнэ гэж монголчууд ярьдаг даа. Намайг Доржзодов гэдэг. Дууддаг нэр л Болд байхгүй юу. Тэрнээс албан ёсны бичиг баримтны нэрээрээ л явна шүү дээ. Тийм хүмүүс зөндөө л байдаг биз дээ.

-За таныг айлд байхад чинь цагдаагийнхан оччихсон гэж бөөн хэрэг мандлаа. Дараа нь хэвлэлийн хурал хийж таныг хамгаалалтандаа авах гэсэн гэж хэлсэн. Энэ талаар тодорхой яриач.

-Би шөнө 03 цаг өнгөрөөж унтсан. Хүмүүс дүнгэр дүнгэр яриад байгаа сонсогдсон. Өглөө зургаан цаг дөхүүлээд цонхоор харсан чинь баахан цагдаа нар байж байна. Бараг бүгдээрээ шинэ дүрэмт хувцастай. Хэн нэгэн албан тушаалтан явах гээд хамгаалалт гарч дээ гэж эхлээд бодсон. Тэгтэл нэг л бишээ. Эргэн тойрны бүх цонхоор очиж хартал тойроод цагдаа нар бүсэлчихсэн байсан. Бараг тавиад цагдаа байх шиг харагдлаа. Тэгээд л өмгөөлөгч, бас бус хүмүүс, хэвлэлийн ганц нэг хүн рүү холбогдож баривчилгаа болох гэж байна гэж дуулгасан. 09 цаг болох үед ямар ч зөвшөөрлийн бичиг цаас үзүүлэхгүй мөртлөө хаалга тогшоод байсан. Хаалга тогших нь ширүүсээд байхаар нь “Элчингээс хүн ирнэ гэсэн утгатай бичиг цонхон дээр наасан. Шөнийн нэг цагаас хойш байшин битүү бүслээд өглөө болтол хүлээж байдаг хамгаалалт гэж ч юу байхав. Хамгаалуулах хүн нь мэдээ ч үгүй байхад шүү дээ. Тэгээд цонхны завсраар “Бид аавын чинь фэйсбүүк дээр бичсэн хүсэлтээр хамгаалалт авч байна гэж хэлсэн нь бүр ч сэжигтэй санагдсан. Аав, ээж маань 70 хүрсэн, фэйсбүүк хэрэглэдэггүй хүмүүс. Би өмнөх өдөр нь ч ээжтэй ярьсан байсан. Тэр даруйдаа залгаж асуухад тийм хүсэлт гаргаагүй гэсэн. Цагдаагийнхан мэс заслын хувцастай эмч дагуулчихсан. Эмч нь эмнэлгийн хайрцагтай. Тэгээд ч хамгаалах зөвшөөрлийг цагдаагийн газар биш прокурорын зөвшөөрөлтэй өгнө шүү дээ. Намайг эмчид үзүүлэх үү гэж асуусан. Би үзүүлэх шаардлага байхгүй гэж хэлсэн. Үйл явдал нийтийн сүлжээгээр хүчтэй цацагдаад ирэхээр сэтгүүлчид орох зөвшөөрөл хүсээд дөхөж ирсэн.

Ингээд олон хүн анхаараад, хэвлэлийнхэн хүрээд ирэхээр цагдаа нараа татаж, гурван цагдааг хамгаалалтанд үлдээлээ гэсэн. Энэ байрнаас арван метрийн зайтай байлгаарай гэж бид хэллээ. Удалгүй Энхбат гэж хошууч буцаж ирээд цагдаагийн 2017 оны зургадугаар сарын арван тавны өдрийн он сартай Цагдаагийн даргын гарын үсэгтэй бичиг аваад ирж 16 цаг 42 минутанд миний өмгөөлөгчид өгсөн. Намайг гэрч болгосон юм уу, хохирогчоор тогтоосон юм уу, сэжигтэн гэж байгаа юм уу алийг нь ч тогтоож өгөөгүй байж хамгаална гээд байдаг. 15-ны өдрийн тушаалтай ирсэн мөртлөө тушаал гарахаас өмнө тийм олуулаа ирсэн нь хачин байгаа биз дээ. Хэрэв шөнө нэг цагаас бүсэлсэн бол зөвшөөрөл өгсөн прокурорын тогтоол зургадугаар сарын 14-ний 18.00 цагаас өмнө гарсан байх ёстой. Ингэж олон цагдаа дагуулж бүсэлсэн нь сэтгэл зүйн дарамт шууд үзүүлж байгаа хэрэг. Би ямар ч хамгаалалт тэднээс хүсээгүй шүү дээ. 60 тэрбумын бичлэгт ярьж байгаа хүмүүсээ шалгахгүй хэрнээ өдийг хүртэл надтай хөөцөлдөж, намайг сэтгэл санааны дарамтанд оруулж ирсэн шүү дээ. Би тэднийг намайг хамгаалах гэж ирсэн гэж бодохгүй байна.

-АН-аас энэ бүхнийг зохион байгуулсан гэсэн хардлага их явж байсан. Та яагаад АН-ын гишүүн, УИХ-ын гишүүн асан Оюунгэрэлийнд байсан юм бэ?

-Би тавдугаар сарын таванд Л.Болд гишүүн болон, гишүүн асан Ц.Оюунгэрэлд хандсан. Хандах учир нь хүний эрхийн төлөө тэд дуугардаг учраас хандсан. Тэд эрх барьж байгаа биш яаж энийг зохион байгуулах юм бэ.

Categories
мэдээ цаг-үе

Сонгууль эхэллээ гэдгийг бид сонин ирэхээр л мэддэг ард түмэнтэй шүү дээ

Гурван сая хоёр зуун мянган хүнээс сонгуулийн насны 2.4 сая иргэнтэй, өргөн уудам нутагтай Монгол оронд өнөө маргаашгүй болох гэж байгаа Ерөнхийлөгчийн сонгуулийн анир алга. Өнөөдрөөс сонгуулийн сурталчилгааны албан ёсны, хуульд заасан хугацаа эхэлж байгаа болохоор эрхбиш нэг юм дуулдаж эхлэх байлгүй. Улс төржөөд сүйд байхад, яахаараа нам гүм байна гэдгийн гэж зарим хүн хэлэх байх л даа. Өнөөдөр Монголд сонгуульдаж, улстөржөөд байгаа талбар сошиал л байх шив дээ. Нийгмийн сүлжээнд сонгуулийн шуугиан тарьж, шуугиулж байгаа 20-иодхон л хүн байна. Тэр шуугиан таригч зорилтот хориодхон хүний үгээр сошиалд хаягтай, завтай голдуу нөхөд нь хоёр талцан дээр, дооргүй хэрэлдэж, МАН, АН гэлцээд сүйд майд болох юм. Тэрийг нь тухайн цаг агшинд таймлайнд таарч уншиж байгаа, ихээр бодоход хоёр зуун хүн л үзэж байна. Тэр мэдээлэл шуугиан тарьсан, худал үнэн эсэх нь эргэлзээтэй пост, жиргээг нь тухайн цагт үзэж байгаа хүн л харна уу гэхээс олон зуун мянган дагагч нь бүгд олоод харчихдаг юм биш. Хэрэв бүгд зэрэг олж хараад байдаг бол дагагч нарынхаа тоогоор хэдэн зуун мянга, хэдэн мянгаар нь ретвийт, лайк яагаад авдаггүй юм. Монголын хамгийн олон ретвийт авсан жиргээ гурван мянга гаруй ретвийт л авсан байдаг. Гэхдээ нэг өдрийн хугацаанд биш шүү. Хэдэн жил болж байж, ийм хэмжээний ретвийт авна. Түүнээс олон ретвийт авсан нь сонгуулийн үед бот буюу бодит хүн биш, программаар зориуд өсгөсөн хуурамч байдаг.

Үүнийг одоо нийтийн сүлжээ хэрэглэгчид андахаа байсан л даа. Тэгэхээр яг нэг цаг минутад сошиалд хаяг, бүртгэлтэй бүх хүн байдаг гэж андуурах хэрэггүй. Жишээ нь би өдрийн цагаар ажилтай тул орой гэртээ очиж хоол ундаа хийж дуусаад тавлах зуураа гүйлгэж сошиалыг нэг харна. Өглөө ажилдаа ирэх зуур нэг харна. Өдөр цай уух зуур зав гарвал нэг шагайна. Гэхдээ энэ нь байнга бас биш шүү дээ. Бусад үед нь ажил амьдралтай хүмүүс өдөржин сошиалд сонгууль, улс төр жиргэж, постлоод суух нь юу л бол. Мэдээж нэр дэвшигчдийн сошиалд ажиллах баг бол сонгуулийн хугацаанд тогтмол байж болох л юм.

Тэгэхээр өөрийгөө сошиалд гол нөлөөтэй гэж үзэж, байнга сонгууль, улс төр жиргэж, постлоод сууж буй хориод хүн “Тэрний эмээ хятад, тэрний эмээ монгол, төмөр зам тавьсан, тавиагүй, Ганбаа боссон, босоогүй гэхээр сайндаа хоёр зуун хүний хүрээнд л шуугина. Хальт харсан хүнд бол сонгууль ид өрнөөд хэдэн өрсөлдөгч нь бие биенээ хар, цагаан хар пиараар бөмбөгдөөд, иргэд нь нийтээрээ талцаж байгаа аятай харагдаад байгаа юм. Үнэн хэрэгтээ тал хээрийн Монгол нам гүм байна. Зуны дэлгэр цаг ирж, айраг цагаа, найр наадам ярьцгаахаас биш хотын сошиал хэрэглэж байгаа хэдэн хүнээс халиад сонгууль сонирхож байгаа хүн алга. Монголын амьдрал бусад өдрүүдийн л нэгэн адил үргэлжилсээр.

Нарлаж суугаа хэдэн өвөгцүүлийн яриаг чагнах нь ээ сошиалаар яваад байгаа мэдээллийг огтоос дуулаагүй шинжтэй. Даалуу, даам, шатрынхаа нүд нүүдлийг л ярьцгаах аж. Хөдөө нутгаадаа яваад ирсэн хүн “Манай тэнд сонгууль болж байгааг мэдэж байгаа, тоож байгаа ч хүн алга” гэнэ.

Телевизээр сүүлийн үед бие бие рүүгээ дайрсан захиалгат нэвтрүүлэг хэд хэд гарлаа. Өрсөлдөгчид өөр өөрсдийн хувийн телевизээр л голдуу нэгийгээ намнасан, өөрийгөө магтуулсан нэвтрүүлгүүд гаргаж байна. Хорхойсон улс төр сонирхдог хэсэг хүмүүс, улс төрд оролцон тоглогч хэдээс өөр тэрийг сонирхож байгаа хүн төдий л олон биш. Телевизээр бие биенийгээ сүйд хийчих гээд явуулаад байгаа нэвтрүүлгийг хоногийн хоолоо болгох гэж яваа гэр хорооллын хэдэд яаж ч хүрэх билээ. Аль нь үнэн яриад байгааг ялгахаа ч байж.

“Яг түүн шиг” шоуг сая хүн үзэж байхад төмөр зам барьсан бариагүй, хэн нэгний удам сударт нь хятад хүн байдаг эсэхийг яг сонирхож харагдаач. Бүр тэгээд телевизүүдийн эфирт гарах дарааллын 10-аас хойш гарч байгаа сувгуудыг үзэх зав цаг, боломж алга. Эхний хэдэн сувгаа оройдоо үзэж барвал их юм. Энэ их цаг наргүй амьдралын шуурганд оройхон хэрд үздэг ганц нэг нэвтрүүлэг, киногоо үзнэ. Монгол HD-гээр гарч байгаа “Цэнхэр тэнгисийн домог” Солонгосын олон ангит кино хүүхэд залуусын дуртай кино болж. Үдэш хоолоо идэж дуусаад цэнгээнт нэвтрүүлэг эсвэл кино үзэж байна. Боловсрол сувгаар “Яг түүн шиг” шоу, “Көсем”, “Сэжүн хаан” олон ангит кинонууд гарч байгаа. Киног гадныхан үнэхээр сайн ч хийх юм. Үзэгчид тэр мэтэд уяатайл дэлгэцний өмнө сууж байна. МҮОНРТ-ээр “Людмила Гурченко” Оросын олон ангит кино гарч байна. UBS-ээр “Эхнэрийн урхи” олон ангит кино үзэгчдийн тоогоороо мөн л шуугиулж байна. ТV5-аар “Ээж” Солонгосын олон ангит кино, ТV9 дээр “Эргээд ирээч хайр минь” “Дуулиан“ зэрэг уран сайхны кинонууд, ТМ дээр “Золиослогдсон хайр” гэж Мексикийн олон ангит кино, NTV-гээр “Хоосон харгуй” олон ангит уран сайхны кино гэх мэтээр солонгос, америк, япон, орос сериалууд гарч байна. Дэлхийд шуугиулсан интертайнмент шоунуудыг Монголын телевизүүд уралдан эрхийг нь авч ирж байна. Ийм нэвтрүүлэг, кинонууд үзэж суугаа хүмүүс төмөр зам барьсан бариагүй тухай дөчин хэддүгээр сувгаар нэвтрүүлэг үзээд суух уу. Элсэн дороос төмөр зам олсон олоогүй, эмээ нь хятад мөн биш гэсэн шуугиан, олон түмэнд хүргэх гэсэн пиар нэг иймэрхүү л сошиал, олон хүн үздэггүй телевизээр цомхон хүрээнд л өрнөж байна.

Тэгвэл сонгуульд саналаа өгөх бусад хүн нэр дэвшигчдийн мэдээллийг бодитойгоор хаанаас авах вэ. Нэгэнт хэвлэгдсэн бол өөрчилж болдоггүй сонин л үүнийг хүргэж байна. Энэ хүмүүс сонин ирэхийг л сонгуулийн сурталчилгаа эхэллээ гэж үздэг. Тааралдсан захын хүн хэлнэ дээ. “Сонгуулийн сонин энэ тэр нь ирээгүй л байна. Тэрийг харж байж хэнийг сонгохоо шийднэ” гэж. Зарим нь “Тэр сонгууль нь хаагуур болоод байгаа юм. Манайхаар лав нэр дэвшигчийн сурталчилгааны юм орж ирээгүй” гэнэ. Сурталчилгааны юм гэж нэр дэвшигчийн мөрийн хөтөлбөр, ярилцлага, тэр хүнийг танилцуулсан мэдлээлэл бүхий сонин, мөн товч танилцуулгатай хэвлэмэл хуудас хоёр шүү дээ. Сонгуульд хамгийн идэвхтэй оролцдог эмээ, өвөө нар фэйсбүүк, твийтрийг мэдэх ч үгүй, мэдлээ гэсэн ч итгэх ч үгүй. Хэдэн хүүхдүүдийн тоглож наадаж зураг хөргөө сэлфидэж, танилцдаг газар гэлцэнэ. Технологийн хөгжил тэдэнд учир нь олдохгүй хов живийн ертөнц шиг санагдана. Орчин үед хэний ч дуу хоолойг үгийг нь өөрчлөөд монтажлаад, хаа байсан Холливудын ододтой хамт зургаа эвлүүлж, дүрс бичлэгээр ямар ч тохитой томоотой хүнийг дэггүйтүүлж болж байна. Хүнийг есөн шидээр нь өөрчилж Путин, Трамп хоёрыг ч хооронд нь зодолдуулж шоглож болдог болчихсон. Хэний ч мэдэхгүй танихгүй жаал нэг удаа live хийж, хүн ойлгохын эцэсгүй бураад амьтны элэг доог болж, тэнэгэрлийг нь хүн бүхэн шаагихаар өөрийгөө од болчихлоо гээд андуурна. Үнэн хэрэгтээ гадуур тэрнийг таних ч нэг ч хүн байхгүй. Ингэхээр ийм зүйлд яаж ч итгэх билээ дээ. Солгой хоолойтой хүн ч бичлэгт ороод хоолойгоо техникээр засуулаад мэргэжлийн дуучных шиг болгож нийтэд цацаж байна. Манай телевизүүд аналоги системээс дижитал систем рүү шилжиж, дуу, дүрсний өндөр чанартай нэвтрүүлэх болж, программ хангамж нь сайжирсан дэвшилтэт технологи нэвтрүүлсэн ч үүнийг дагаад үнэнийг худал болгож, сайхныг муухай болгож, муухайг сайхан болгох боломж нь илүү л нарийн болсон. Ингэхээр л итгэл үнэмшил улам буураад байна. Иймдээ ч хэдэн зууныг дамжин хэвлэгдэн гарч өнөөдрийг хүрсэн цаасан сонины үнэ цэн хэвээр байгаад байгаа юм.

Америк, Европт банкны мэдээлэл эхлээд цахимаар сүүлд нь цаасан хэлбэрээр дугтуйтай ирдэг. Шүүхийн бүх зарга цаасаар ирдэг. Үнэн гэдгийн баталгаа тэр. Ямар ч гэрээг цаасан дээр хийдэг. Өөрчилж болохгүй тул ингэдэг. Яг үүн шиг хэдэн зуун жил цагаан дээр хараар бичигдэж ирсэн сонин гэдэг юмыг л гартаа барьж, нүдээрээ харж байж итгэдэг. Нэгэнт хэвлэгдсэн бол өөрчлөх аргагүй. Нэг удаа урсаад өнгөрөхгүй учраас өнөөх сонингоо дахин нягталж үзэж болно. Баримт болгон хадгалж болдог.

Сонгуулийн сурталчилгаа эхлэхийг гэрт нь, гарт нь сонин ирэхлээр л мэддэг ард түмэнтэй улс шүү дээ, бид. Сурталчилгааны бодит материалыг сонин л гэж ойлгодог. Тиймдээ ч хэвлэмэл сонинг хүлээж суудаг. Нэр дэвшигч өрсөлдөгчийн тухай бодит үнэн мэдээлэл авахын тулд шүү дээ. Тэр тусмаа “Өдрийн сонин”-д юу хэлж вэ гэж чих тавьж байдаг. Мэргэжлийн өндөр түвшинд ямар мэдээ, мэдээлэл нийтэлж вэ гэж хүлээдэг. Хүн төрөлхтний том дэвшил бичиг үсэг үүссэний дараа мэдээлэл солилцох хэрэгцээ улам ихэсч, орн зай цаг хугацааны шалгуурыг туулах нөхцөл бүрдсэн гэдэг. Тэр цаг үеэс хэвлэмэл мэдээлэл ард түмнийг хэдий чинээ байлдан дагуулна төдий чинээ ихэс дээдсийн бухимдлыг төрүүлдэг байж. Эх сурвалжуудад анхны сонин хэзээ гарсныг янз бүрээр дурдсан байдаг бөгөөд хэвлэмэл анхны сонин бол “Библи” гэж үзэх нь бий. Нэг үгээр Библийг цаасан дээр хэвлэж тарааснаас үүдэлтэй ингэж үзэх талтай гэнэ. Мөн дэлхийн хамгийн анхны хэвлэмэл сонин VIII зуунд Хятадад “Нийслэлийн мэдээ” гэдэг нэртэй гарч байсан талаар зарим эх сурвалжид дурджээ. Ингэхээр хэвлэмэл сонины түүх хэдэн зуун жилээр тогтохгүй нь ойлгомжтой болж таарна.

Харин Монголд анхны сонин 104 жилийн өмнө буюу 1913 оны гуравдугаар сард “Шинэ толь бичиг” нэртэйгээр хэвлэгдэж байжээ. Гэхдээ түүнээс өмнө монгол хэлээр гарсан анхны сонин Хаант Оросоос монгол уншигчдад зориулан 1895-1897 оны хооронд “Дорнод хязгаарын амьдрал” нэртэй гарч байж. Оросын Чита хотод хэвлэгдэж байсан уг сонин нийт 450 дугаар гарсан байдаг. Тэр ч бүү хэл нийслэл хүрээ Ховд, Улиастай зэрэг газарт байнгын сурвалжлагчтай байсан юм билээ. Энэ бүхнээс харахад сонин гэдэг ямар урт удаан хугацаанд оршин тогтнож, мэдээлэл түгээж ирснийг илтгэнэ. Иргэд сониныг төдийгөөс өдий хүртэл уншиж, захиалж ирсэн нь технологийн хөгжлийн үед ч үнэ цэнээ алдалгүй, бодит мэдээллийг хүргэсээр, уншигчид цөөрөхгүй байгаагаас харж болно.

Сонгуулийн сурталчилгаа ч эхэллээ. Таны гарт сонин очихоор л цаад хэдэн нэр дэвшигчдийнхээ хэнийг нь хэн болохыг яг таг мэдэж авах нь дамжиггүй.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Н.Энхбаярын жолоог эвхүүлсэн нь Монголын ардчилалд мууг ёрлож байгаагийн дохио

Парламентад суудалтай гурван намаас гурван нэр дэвшигч Ерөнхийлөгчийн сонгуульд уяа сойлгоо тааруулж байсан. Сойсон хүлэг уралдаанд орохоо байхыг уяа мултарсан, жолоог эвхүүлсэн гэдэг. Үүн шиг гурван нэр дэвшигчийн нэг Н.Энхбаярын уяаг мулталж, жолоог эвхүүллээ. Н.Энхбаярыг Монголын ард түмэн сайнтай муутай нь хангалттай мэднэ. Горькийн нэрэмжит утга зохиолын дээд сургууль төгссөн, зохиолч орчуулагч, Монголын төрийн хамгийн өндөр албан тушаалуудыг бүгдийг хашиж явсан, оймс гозолзож, шүүхэд очиж, хоригдож, эмнэлэгт хүргэгдэж, нам байгуулж дарга нь болсон гээд сүүлийн үеийн үйл явдлууд дуулиантайхан өрнөснийг андахгүй мэдэж байгаа. Өнгөрсөн ням гаригт Сонгуулийн ерөнхий хороо Ерөнхийлөгчид нэр дэвшигчдийг бүртгэх эсэхийг шийдэхээр хуралдлаа. Н.Энхбаяр намын үнэнч хэдэн нөхөд болон эмээ, өвөө нарыг улаан бүч малгай өмсгөөд дагуулаад очсон ч тусыг эс оллоо. Н.Энхбаяр Сонгуулийн ерөнхий хороо өөрийг нь бүртгэхгүйг өмнө тооцоолсон болоод л ингэж сүр бараатай очсон биз. Сонгуулийн ерөнхий хорооны хурлын шийдвэр яаж гарахыг ч иргэд аль хэдийнэ гадарлаж байсан даа. Таамаглаж байсанчлан нөгөө хоёрыг нь ногоон гэрлээр бүртгэчихсэн. Харин Н.Энхбаярыг бүртгэсэнгүй. Сонгуулийн ерөнхий хороо нэр дэвшүүлэхгүй болсон албан бичигтээ гурван үндэслэл дурдаж. Эхнийх нь, нэр дэвшигчийг хилийн албаны тодорхойлолт хавсаргаагүй учраас бүрдүүлэх материал дутуу өгсөн гэж үзжээ. Нөгөө нь, ял шийтгүүлж байгаагүй гэсэн шаардлагыг хангаагүй, өөрөөр хэлбэл ялтайд тооцох хугацаа дуусаагүй гэж. Түүний ялтайд тооцох хугацаа нь энэ оны наймдугаар сарын хоёронд дуусна гэжээ. Эндээс түүнийг сонгууль дууссан хойно л ялгүй гэж үзэх юм байна гэдгийг хэн ч ойлгоно. Эцэст нь таваас доошгүй жил эх орондоо тасралтгүй оршин суусан байх ёстой гэсэн шаардлагыг хангаагүй гэв. Тухайлбал, 2013 оны наймдугаар сарын 13-наас 2014 оны аравдугаар сарын 9-нийг хүртэл буюу 13 сарын турш эх орондоо байгаагүй гэж үзэж.

Н.Энхбаярыг Ерөнхийлөгчид нэр дэвшихээ болилоо гэж үсээ үгтээн, харамсч халаглаад байх ч юу байхав. Энэ хүн өөрөө нэр дэвшихээ болиогүй. Нэр дэвшүүлэхгүй гэж бүхий л шатанд хичээж, санасандаа хүрсэнд хамаг учир байгаа юм. Монголын ардчилал, Монголын төр, Монголын удирдагчид юу хийж чаддаг, ямар болсныг Н.Энхбаярыг УИХ-д, Ерөнхийлөгчид нэр дэвшүүлэхгүй байгаагаас харж болно. Зөвхөн Н.Энхбаярт зориулж, зөвхөн энэ хүнийг нэр дэвшүүлэхгүй гэж хуульд ямар заалт суулгасныг, энэ хуулийн өөрчлөлт бүхнийг хийж болж байгааг бид харж байна. Ганц хүнд зориулж хэрхэн хуулийг өөрчилж, хуулийг тайлбарлаж, хуулийн хэрэгжилтийг хойшлуулсныг эргэн саная.

2015 онд Эрүүгийн хуулийн шинэчилсэн найруулгыг хэлэлцэхдээ 2016 оны есдүгээр сарын 1-нээс хууль хэрэгжихээр заасан бол МАН эрх баримагцаа гэнэт энэ хуулийг 2017 оны долдугаар сарын 1-нээс хэрэгжихээр хугацааг хойшлуулсан. Уг нь Эрүүгийн хуулийн хэрэгжилтийг ингэтэл удаан хойшлуулах нь олон үр дагавартай байдаг ч зөвхөн Н.Энхбаярыг сонгуульд нэр дэвшүүлэхгүйн тулд хуулийн хэрэгжих хугацааг ингэж хойшлуулчихав. Эрх баригчид үүнийг бэлтгэл ажил хэрэгтэй учраас гэж тайлбарладаг. Ингэж хуулийн хэрэгжих хугацааг хойшлуулснаар 8000 гаруй хоригдлын суллагдах хугацаа нь мөн хойшлогдсон гэсэн үг.

Өнгөрсөн УИХ-ын сонгуулийн өмнө Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулсан. Парламентад Шударга ёс эвсэл 11 гишүүнтэй байлаа. Тэд Ардчилсан намтай хамтарч засаг барьсан. Гэтэл жижиг намуудыг шахах зорилгоор ялангуяа Н.Энхбаярыг хүчгүй байлгахын тулд улс төрд тоглолт хийх боломжийг хаахын тулд Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулсан гэж үздэг. Уг нь сонгууль болохоос зургаан сарын өмнө Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахгүй заалттай байхад түүнийг авч хэлэлцээгүй. Энэ өөрчлөлтөөр пропорциональ системийг халсан билээ. Уг нь пропорциональ системд шилжих гэж чамгүй юм болж байж баталж, энэ системээр хоёр ч сонгуулийн нүүр үзсэн. Ингээд Үндсэн хуулийн Цэц 2012 онд пропорциональ системийг Үндсэн хууль зөрчөөгүй гэж үзсэн хэрнээ 2016 онд эсрэг шийдвэр гаргасан. Тэгэхээр өмнө нь пропорциональ тогтолцоогоор явуулсан сонгууль бүгд хүчингүй мэт ойлгогдохоор болчихсон. Гэвч үүнийг хүчээр шийдээд баталчихсан. Үүнийг нь дэмжихгүй байсан Цэцийн дарга Ж.Амарсанааг албаны хэрэгцээнд үнэтэй машин авсан гэж шалтаглан чөлөөлж байлаа.

Үндсэн хуулийн 30 дугаар зүйлийн 2 дахь хэсэгт “Монгол Улсын Ерөнхийлөгчөөр 45 нас хүрсэн, сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан, Монгол Улсын уугуул иргэнийг дөрвөн жилийн хугацаагаар сонгоно” гэжээ. Мөн Сонгуулийн тухай хуулийн 139 дүгээр зүйлийн 5-д “Сүүлийн таваас доошгүй жил эх орондоо байнга оршин суусан гэдэг нь анхан шатны санал авах өдрөөс өмнөх хуанлийн таван жилийн хугацаанд тасралтгүй зургаан сараас дээш хугацаагаар гадаад улсад оршин суугаагүй байхыг ойлгоно” гэж заажээ.

Харин Н.Энхбаяр гадаадад эмчлүүлж байх 13 сарын хугацаандаа зургаан сарын дотор Монголд ирж очиж байсан байх юм. Цаашлаад хилийн алба гэдэг нь иргэнийг хилээр гарч байгааг бүртгэдэг газар болохоос гадаад, дотоодод оршин сууж байсан эсэхийг тодорхойлдог газар биш.

Сонгуулийн ерөнхий хорооны татгалзсан хоёр дахь үндэслэл нь шүүхийн шийдвэрт үндэслээгүй шүүхийн захирамжид үндэслэснийг МАХН-ынхан хууль зөрчсөн гэж үзэж байгаа. Мөн нэр дэвшигчийг хилийн бичиг дутуу өгсөн гэх хэрнээ хилийн бичгээ үндэслэн шийдвэр гаргасныг ч МАХН-ынхан хүлээн зөвшөөрөхгүй байгаа билээ.

Энэ бүхнийг харахад ил харагдах байдал нь бүгд хуулийн дагуу юм шиг. Нэг нь хууль санаачлаад парламент нь шууд баталж байна. “Энийг захиалгаар оруулаад ирлээ. Ганц хүнд зориулж ингэж болохгүй. Энэ чинь Н.Энхбаярт зориулж ” гэж хэн ч асууж, хэн ч дуугарахгүй нь хачин юм шүү. Нэгэнт хууль санаачлах ёстой субьект санаачилж оруулж ирээд парламент хэлэлцэж, гишүүдийн олонхийн саналаар баталсан болохоор ёс журам, хуулийн дагуу болоогүй гэж хэн ч хэлж чадахгүй. Гэхдээ захиалгаар ийм юм болоод байгааг бид харж байна. Нийт ард түмний төлөө хууль үйлчилдэг байхад хэдхэн хүний карьер, өрсөлдөгчөө намнахын тулд гаргадаг шийдвэр биш.

Нийгэмд дэг журам, шударга ёс тогтоох, хүний эрх, эрх чөлөөг хамгаалах зорилгоор нийгмийн харилцааг зохицуулж байдаг заавал биелэгдэх шинж бүхий хэм хэмжээний цогцыг хууль гэж тодорхойлдог. Энд дурдсан шударга ёс, хүний эрх, эрх чөлөө, дэг журам хаана байна. Ганц хүнд зорилуаад хууль санаачлах, сахиулах, биелүүлэх, хянах бүх л байгууллага нь ажиллаж байна. “Барьж хорь” гэхээр нь цагдаа, тагнуул, АТГ нь бөөнөөрөө очоод Холливүүдийн детектив кино ард түмэндээ бодитоор үзүүлчихэж байна. Нууцаар бичлэг хийж байна. Шүүх нь шийдвэр гаргаж байна. Ард түмний төлөөллөө болгоод сонгосон парламент нь үг сүггүй хууль баталж байна. Үйл явдлын цаана нэг хүн рүү хандсан өрнөл болоод байгааг мэдэвч буруу гээд хэлэх гэхээр бүгд процедурын дагуу болчихсон.

Монголын парламент ямар ч дархлаагүй байгаагийн, хууль ёс яаж алдагдсаны гол шинж энэ мөн. Ямар бүлэглэл төрийн толгойд байна, парламент тэрний заавраар л хөдөлж байна. Өнгөрсөн парламент ч тэр, одоогийн парламент ч тэр, хэний, ямар бүлэглэлийн заавраар энэ бүхнийг хийсэн нь хүн бүрийн нүдэнд ил. Дээрээсээ удирдлагатай, багцлагдаад аль ч нам олонх болсон ялгаа алга. Өмнөх парламентад цөөнх нь ядаж дуугарч болох байсан, эсэргүүцэж болох байлаа. Гэтэл тэгээгүй. Өнөөдөр 65-уулаа олонх нь нэг талд гарчээ гэж бодоход цөөнх нь бас дуугарч болноо доо. Бас л тэгсэнгүй. Ингэж нэг удирдлагатай ярайтал сууж байгаад олонхи цөөнхгүй баталчихаж байна.

Энэ л бидний санааг зовоох гол асуудал болоод байгаа юм. Бүлэглэлүүд төрийн толгойд нь гарчихаад тэр бүлэглэлийн толгойд хоёр, гуравхан хүн бүхнийг найруулж суухад Монголын ардчилал Монголын эмгэнэл болж байна. Монголын парламентын дархлаа ийм сул, хэн нэгний үгнээс гарахгүй, дохио зангаагаар дуулгавартай хууль баталдаг болсон нь Монголын ардчилалд муу ёрлож байна. Эрх мэдэлтэй хүн л бүхэл бүтэн улсыг юутай хээтэй нь ингэж удирдан залж 6-8 жил нэг бүлэглэл нийгмээр нь атгаж хүссэнээ хийж, хийлгэж байхад ардчилал баталгаатай байна гэж хэлж болох уу. Хамгийн их санаа зовох асуудал энэ болоод байгааг хэн хүнгүй л мэдэж байна. Нэг бүлэглэлийн дараа дахиад л өөр нэг бүлэглэл мөн л ингэж удирдан чиглүүлнэ. Ард түмэн энэ бүхнийг мэдэж байгаа ч хууртаад байдаг. Нийгэмд болж буй улс төр, эдийн засгийн бүх үйл явц найруулагчтай, найруулгатай болчихлоо. Ямар нэг тоглолтын хөтөлбөрт хөтлөгч ингэж зарлаад дараа нь дуучин тийм дуу дуулсны дараа тэр гэдэг бүжигчин тэгж бүжиглэнэ, төгсгөл нь ийм байна гэдэг шиг Монголын төрд болж буй үйл явц яг тэр чигээрээ хэрэгжиж, тэр бүү хэл үзэгч нь хэрхэн алга нижигнүүлэн ташихыг зааж байна.

УИХ-ын сонгууль болж байхад аль нам ялах нь тодорч, аль намаас хэн гарч ирж, ямар албан тушаалд очих, дарга нь хэн байх, Ерөнхийлөгчид хэн дэвших нь тодорхой болчихсон байдаг. Хэн гуайн хүү нэр дэвшинэ гэж УИХ-ын сонгуулиар ярьж байсан. Хэн гуайн хүүг дэвшүүлэхгүй гэж дээр дооргүй яриад эхэлсэн. Яг тэр ёсоор боллоо. Одоо хэн гуайн хүү яаж ялахыг бас яриад эхэлчихлээ. Ирэх зургадугаар сарын 26-нд хэн гуайн хүү Ерөнхийлөгч болохыг ч аль хэдийнэ тодруулчихаад л ярих юм. Бас л ёсоор болох вий. Хаана байна, хайран ардчилал минь, хаана байна бидний ардчилсан сонголт.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын банкуудад итгэдэг гадаад нь байтугай дотоод нь ч байхгүй

Олон улсын валютын сангийн өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт орох Монголын Засгийн газрын хүсэлтийг өнгөрсөн баасан гаригт хэлэлцэх ёстой байлаа. Гэвч манай хүсэлтийг хэлэлцэлгүй хойшлуулсан. Коммунизмд ороод жаргана гэгчийн үлгэр шиг Олон улсын валютын сангийн хөтөлбөрт ороод жаргачих юм шиг л УИХ, Засгийн газар нь бүтэн жил гаруй ярьж, хөөцөлдсөн. Хөтөлбөрт хамрагдахын тулд ингэх ёстой гээд эрх баригчид иргэдийнхээ нуруун дээр ачаа болсон баахан татвар нэмж олонхиороо баталчихсан. Гэтэл Олон улсын валютын сан юунаас болж Монголын Засгийн газрын хүсэлтийг хүлээж аваагүйгээ 2017 оны төсвийн тодотголыг хэрэгжүүлэхтэй холбоотой тодруулах асуудал үүссэн гэж тэд хэлээд байгаа. Үнэн хэрэгтээ юу болов.

Төсвийн тодотгол хэлэлцэх үеэр Ц.Даваасүрэн гишүүний шахаж байж оруулсан санал буюу Төсвийн тодотголыг дагуулан баталсан 29 дүгээр тогтоолд гадны хөрөнгө оруулалттай компаниудын гүйлгээг Монголын банкаар дамжуулдаг байх ёстой гэж УИХ-ын тогтоол гаргаж өгөөд Б.Чойжилсүрэн, Н.Баяртсайхан нарыг явууллаа.

Ийм шийд сонсмогц “Рио Тинто” Олон улсын валютын санд гомдол гаргасан. Үүнийг болиулахгүй бол хойшлуулж өгөөчээ гэсэн л юм шиг байгаа юм. Үүнээс нь болоод Валютын сан ч хурлаа хойшлуулчихлаа.

Ер нь Рио Тинто, Дэлхийн банк, Азийн хөгжлийн сан, Олон улсын валютын сангийн цаана АНУ байдаг шүү дээ. Манай тэнэгүүд ойлгохгүй өмнө нь Азийн хөгжлийн банктай муудалцаад Валютын санд чагтлуулснаа тэнд очиж байж л мэдсэн. Ялсан намууд Монголынхоо хэдэн халтар иргэнийг хуурч санал авчихаад дэлхийд ялчихсан мэт их зан гаргаж байдаг. Одоо Валютын сангийн анхааруулгыг хүлээж авахгүй гэлцээд хэнэг ч үгүй байж байна. Магадгүй эрх баригчид анхнаасаа татвар нэмэх зорилгоо эдийн засгийн хүндрэл, Валютын сангийн хөтөлбөр гэж бидэндээ молиго үмхүүлж байгаад бүтээсэн ч юм бил үү.

Яг энэ бодлоороо Гадаадын хөрөнгө оруулагчдыг Монголын банкаар мөнгөө дамжуул гэж ярьж байгаа хэрэг юм. Манай эрх баригчдынхаар бол Оюу толгойнхон 1200 метрийн гүнд газар ухаж, хар бор ажил хийх зуур бид мөнгийг нь тоолсон шиг зогсох юм байх аа.

Гадны хөрөнгө оруулагчдын эрсдэлийг даах нэг ч банк манайд байхгүй. “Рио Тинто” шиг том хөрөнгө оруулагчийг үргээвэл ажин суугаа жижиг хөрөнгө оруулагчид бүр л цаашаа болно. Манай улс Олон улсын худалдааны байгууллагад элсээд хорь гаруй жил болж байгаа бөгөөд хуульд ч, Риотой хийсэн гэрээнд ч “Монголын банкаар дамжуулж гүйлгээ хийнэ” гэсэн заалт байхгүй байхад яасан гэж ингэж дураар авирлана вэ. “Рио Тинто” шиг том компани томоохон сүлжээ банкуудаар дамжуулж мөнгөө хадгалуулж хамгаалуулж, гүйлгээ хийнэ үү гэхээс хэзээд эрсдэлд ороход бэлэн, нууцлал хадгалдаггүй манай банкуудаар яасан гэж үйлчлүүлэх билээ. Монголын банкууд найдвартай байсан бол яая гэхэв. Гэтэл яадаг билээ. Нэгнээс нь ялгахын аргагүй улаан луйварчид шүү дээ. Худлаа гэвэл наад захын хэдэн жишээ дурдъя.

Засгийн газраараа нийлж байгаад бүхэл бүтэн банкны мөнгөөр казино тоглочихдог улс. Хадгаламж банкны 14 тэрбум гэхээр санаж байгаа биз дээ. Тэр тоглоомчдын бүрэлдэхүүн бүгд өнөөдрийн Засгийн газарт байгаа.

Тэгээд болоогүй банкийг нь дээрэмдээд Оросын луйварчдад зарчихаж байсан юм. Ийм хүмүүсийн мэдэлд байдаг банкинд итгэж мөнгөө хадгалуулах уу.

Толгойтой, эрх мэдэлтэй болгон зээл аваад зээлээ төлөхгүйн тулд бүхэл бүтэн банкийг дампууруулдаг. “Анод” банкийг яалаа даа. 2008 оны тавдугаар сард ХХК болгоно гэж Санхүүгийн зохицуулах тогтоол гаргаад тогтоолын хэрэгжилт хууль бус байна гэсэн шийд дараа нь гаргасан. Хаалттай компанийг нээлттэй компани болгосон хэрнээ хувьцаа эзэшигчдийн хурлыг ч зарлаагүй компанийн хууль зөрчөөд бүрэн эрхт төлөөлөгч гэж шууд томилоод ажиллуулсан. Дараа нь процедурын дагуу эрх хүлээн авагч томилж сүүлдээ Монголбанк хувьцаа эзэшигчдийн эрх ашгийг үл харгалзан Засгийн газрын шийдвэрээр “Зоос”, “Анод”-ыг дампууруулсан. Эздийг нь шалтаглаж шоронд хийгээд, хадгаламж эзэмшигчид нь одоо болтол хохирчихоод байж байна. Тэгж хохироосон хүмүүс одоо засаг барьж л байна. “Анод”д Монгол талын хөрөнгө оруулагч нь гэхэд 10 тэрбум төгрөгийн хөрөнгө босгосон байдаг. Эрнест Янг гэж гадны компанид олон мянган доллар өгч аудит хийлгээд үйл ажиллагаа нь хэвийн гэж байсан “Зоос”ыг 2009 оны арваннэгдүгээр сард Төрийн банк болгосон. 2009 оны арваннэгдүгээр сарын 19-нд Засгийн газрын 348 дугаар тогтоол гарч Монголбанкнаас процедураа зөрчин бүрэн эрхт төлөөлөгч томилохгүйгээр тус банкийг найдваргүй гэж үзэн шийдвэр гаргаж Төрийн банкийг байгуулсан. Зоос банкны 635 хувьцаа эзэмшигчээс 125 нь гадаадын иргэд болон хөрөнгө оруулалтын сан, тэр дунд Японы 85 иргэн байдаг. Тэд мөн л хохирсон. Хачирхалтай нь Зоос банк Улсын бүртгэлд одоо ч хэвээрээ бөгөөд Зоос банкны эрх хүлээн авагч гээд найман хүн Төрийн банкны байранд ажиллаж байдаг. 2009 оноос хойш “Зоос”ын найман хүнийг удирдаж байгаа дарга нь л гэхэд олон саяын цалингаа Монголбанкнаас авсаар өдийг хүрчээ. Гэвч хувьцаа эзэмшигч гадна, дотнын иргэд хохирлоо барагдуулаагүй.

Дурын дарга бүх банкийг захиалж байгаад дампууруулдаг саяхны жишээ бас байна. Даргыгаа сонгуульд нэр дэвшихэд Үндэсний аюулгүй байдлын нэрээр банкнуудаас бизнес эрхлэгчдийн мэдээлэл, орлого зарлагын хуулгыг нэхээд компаниудыг дарамталж “Манай даргад хандив өг” гэсэн явдал бий. Эрхбиш хүн юм болохоор хөдөлмөрлөж хөлсөө шингээсэн хэдэн төгрөгөө хэн гуйсанд юу гэж өнөөх бизнес эрхлэгчид шууд өгөхөв. “Боломжгүй” гэж хэлэхээр нь “Энэ чинь тэгвэл юу юм” гээд өнөөх банкнуудын хуулгаа харуулж байгаад мөнгө авч даргадаа ч өгсөн юм байхгүй байшин бариулчихсан жишээ бий. Ингээд хүссэнд нь хүний нууцыг дэлгээд хадгалсан хэдийнх нь хуулгыг гаргаж өгөөд байхаар хэн мөнгөө итгэж хадгалуулах юм. Банкны нууц, харилцагчийнхаа нууцыг хамгаалж чаддаггүй ийм банкуудад гадныхан мөнгөө хадгалуулах уу, тийм банкаар гүйлгээ хийлгэх үү.

Дэлхийн топ компаниудын жагсаалтад банк ордоггүй бол Монголын топ компаниудын тал нь банк байх юм. Манай банкууд иргэдийнхээ хадгаламжийг цуглуулаад сийх ч үгүй бизнес хийчихдэг. Дэлхийн хаана ч банк ингэдэггүй. Ингэх ч ёсгүй. Гэтэл Монголд л ганцхан ингэж болдог. Хамгийн сүүлийн том жишээ Эрдэнэтийг худалдаж авсныг хар. Монголбанк Монголд байгаа валютыг хянахын тулд төгрөг гээд цаас хэвлэсэн. Ингээд л ард түмэн амаараа шороо үмхэхдээ тулсан даа. Валютын ханш үүнээс болж л хаданд гарч хянах аргагүй цаг цагаар нэмэгддэг. Ийм ард түмэндээ ээлгүй, сахилга батгүй, зээлийн хүү нь дэлхийд байхгүй өндөр банкуудаараа Оюу толгойн мөнгийг оруулбал өөрийнх нь мөнгөөр өөрсдийг нь худалдаад авчихад гайхах хэрэг алга. Монголын банкинд гайгүйхэн төсөл, бүтээн байгуулалтын ТЭЗҮ, шинэ санаа, тэр ч бүү хэл хамтрагчийнхаа нэрийг хэлж болдоггүй.

Зээл хөөцөлдөхөд нь банк энэ бүх мэдээллийг дэлгэрэнгүй нэхнэ. Өгөхөөр аль хэдийнэ булаагаад авчихдаг. Төслийг нь хуулж аваад зээл хүссэн хүнд олгох боломжгүй шалтаг хэлээд буцаана. Нэг ёсондоо мөнгө, банкны хүүгийн дарамтаас гадна иргэдийнхээ хийх гэж байгаа бизнесийг булаачихдаг ийм л банктай улс. Нэг л мэдэхэд гадаад түншийн дуу суларсаар сураг алдарвал банк түншийг чинь булаачихжээ гэж мэднэ. Нэг мэдэхэд үйлээ үзэж хийсэн төслийг чинь банкныхан бизнес болгочихсон байх болно. Ийм луйварчингуудад мөнгөө хадгалуулахад яаж ч дарамталж мэдэх.

Банкны зээл аваад эд хөрөнгөөрөө хохирсон хичнээн мянган иргэн бий. Шүүх дээр очлоо ч банк л дандаа ялна. Хуулийг нь банкны эзэн улстөрчид баталдаг болохоор арга ч үгүй биз. Ингэхээр аль олигтой мөнгөтэй төгрөгтэй нь яалаа гэж эдэнд мөнгөө өгөх юм. Энэ бүх дарамт, итгэл алддаг байдлаас чинь болж л оффшорчид бий болж байгаа юм. УИХ-ын гишүүн Б.Дэлгэрсайхан хэдийгээр АНд хаягласан мэт боловч бүх намынханд хандсан үгэндээ “Танай нам гарч ирээд маш олон компани, бизнесмэнүүдийг дээрэмдсэн. Тэрнээс чинь зугтаж л тэд оффшорт данс нээсэн байж магадгүй. Цаашид бид оффшороор хэт их туйлширвал гадны хөрөнгө оруулалт ч нүүрээ буруулах байх шүү” гэсэн. Их мөнгөтэй хүн Монголын банкуудад мөнгөө зүглүүлэлт байхгүй. Банкны эзэд нь бүгд улстөрчид. Худалдаа хөгжлийн банкны С.Мэдрээ АН-ын голлох зүтгэлтний нэг, УИХд өнгөрсөн сонгуульд нэр дэвшиж байсан. Хөрөнгө оруулалтын банк УИХын гишүүн Д.Сумъяабазарынх, Капитал банк гэхэд л “Бишрэлт”ийнх. Бишрэлтийн цаад эзэн УИХын гишүүн Б.Ундармаа.

Төрийн банк, Хөгжлийн банк, Монголбанк бүгд улсынх. Төрийн банкийг Санхүүгийн зохицуулах хорооны дарга байсан Д.Баярсайхан удирддаг бол Хөгжлийн банк иргэдэд үйлчилдэггүй.

Монголбанкны захирлаар ялсан нам хүнээ тавьдаг. Монголбанкны захирал Н.Баяртсайхан гэхэд УИХ-ын гишүүн, Сангийн сайд байсан МАН-ын хүн. Ингэж ялсан улс төрийн намын шийдвэрээр бүх юм нь хөдөлдөг, банктай улсад ямар ч тэнэг мөнгө хадгалуулахгүй шүү дээ. Магадгүй гадны хөрөнгө оруулалттай томоохон компани тэр дундаа Оюу толгойг Монголын банкуудаар дамжуулж гүйлгээ хий гэж байгаа нь сонгуулийн шоу ч байж мэдэх юм. Ингээд нэг их ард түмэндээ хайртай, гадныханд хатуурхдаг төр болж жүжиглээд эцсийн дүнд нь сонгуулийн дараа ард түмний амьдрал бүр л өөд нар харахгүй болж дуусна шүү.

Гадны хөрөнгө оруулалтыг захирах гэж байгаад улс орных нь эдийн засаг сүйрсэн хамгийн том жишээ бол Венесуэль. Асар их баялагтай улс. Арваадхан жилийн өмнө тансаг амьдралтай байсан. Гэнэт Уго Чавес гадны хөрөнгө оруулалтад саад хийгээд эхэлтэл нөгөөдүүл нь хаяад гараад явсан. Валютын сангийнхантай муудалцсан. Одоо эдийн засаг нь хүнд. Ийм бэлээхэн жишээ бий. Бизнес эрхлэгчдээ татвараар дарамталсан Эквадор, хөрөнгө оруулагчдаа нүд үзүүрлэн хөөсөн Зимбабвегийн жишээ бидэнд тун ойрхон байна.