Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Батболд: Нийслэлийн асуудлыг шийдэхгүйгээр Монгол Улсынхыг шийдэх боломжгүй

Гэрэл зургийг Г.БАЗАРРАГЧАА

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболдтой бүтээн байгуулалтын ажлын талаар ярилцлаа.


-Нийслэл хот анх удаа өргүй болсон байна. Тэр ямар учиртай өр байв. Яаж өргүй болов?

-Улаанбаатар хотод санхүүгийн нэлээд өргөн эрх мэдэл байсан. Тухайлбал, Улаанбаатар хот Хөгжлийн банкнаас зээл авах эрхтэй, Олон улсын санхүүгийн байгууллага, бусад орноос хөнгөлөлттэй зээл авах эрхтэй, концессын гэрээ байгуулах эрхтэй байсан юм. Хотын өмнөх удирдлагууд энэ хүрээнд нэлээд хэмжээний зээл авч, дараа төлөх маягаар олон янзын гэрээ хийсэн. Мэдээж энэ дотор хэрэгцээтэй ажлууд байснаас гадна өр тавин байж хийх ёсгүй ажлууд бас байсан. Зуслангийн төв замыг шинэчлэх нь зөв зүйтэй ажил байсан ч бүр зуслангийн ам руу салаа зам тавихаар концессын гэрээ хийчихсэн байв. Тэр битгий хэл Нийслэлийн Засаг даргын орлогчоор ажиллаж байсан хүний хувийн зуслангийн байшин руу зам тавьсан байх жишээтэй. Үүнийгээ концессын гэрээгээр хийгээд дараа нь хот төлнө гэх мэтээр шийдсэн байгаа юм. Энэ мэтийн хуримтлагдсан өр их байсан. Олон тэрбумын өр тавьсан байсныг бид Засгийн газрын тогтоол гаргаад, эхлээгүй байсан, онц ашиггүй байсан гэрээнүүдийг цуцалж, ажил нь эхэлчихсэн, гучин хувиас дээш ажил нь явчихсан ажлуудыг үргэлжлүүлэхээр болсон. Бид үргэлжлүүлээд өнгөрсөн хоёр жилийн хугацаанд 170 гаруй тэрбумын концессын өрийг тэглэсэн. Ингэж Улаанбаатар хотыг өрөөс гаргасан.

-Авто зам, таван гүүрийн шинэчлэлийн талаар сонирхож байна. Монголд өмнө нь хийж байгаагүй том бүтээн байгуулалт хэдий ч шүүмжлэл ч нэлээд дагуулж байна…

-Улаанбаатар хотын хөдөлгөөнд оролцож байгаа машин, оршин суугчдын тоог аваад үзэх юм бол ачааллыг нь даах тийм хэмжээний авто зам одоогоор байхгүй. Ялангуяа хатуу хучилттай авто замын хэмжээг нь үзэх юм бол олон улсын дунжаас хамаагүй доогуур үзүүлэлттэй байгаа. Тэгэхээр нийслэлийн энэ өсөн нэмэгдэж байгаа хэрэгцээ, нэмэгдэж байгаа автомашины тоо, оршин суугчдын тоог авч үзэх юм бол авто замыг бид олноор барих шаардлагатай байгаа. Авто замын түгжрэлийн асуудлыг нэг үе “Гудамж төсөл” нэрээр уулзваруудыг шинэчилж шийдсэн. Энэ бол зөв арга.

УИХ-ын дарга М.Энхболд УИХ-ын хаврын чуулганы нээлт дээр “Замын түгжрэлийг зөвхөн уулзваруудыг өргөтгөж, нэг эгнээг хоёр эгнээ болгох байдлаар өөрчилж дийлэхээ больж байна. Тэгэхээр орчин үеийн хотуудын хөгжлийн чиг хандлагыг харахад давхар зам гүүрэн гарцуудыг барих шаардлагатай” гэж хэлсэн. Яг энэ бодит хэрэгцээ манай хотын авто замын салбарт тулгараад байгаа. Өнөөдөр Улаанбаатар хотод БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд авто зам болон гүүрэн байгууламжуудын шинэчлэл явагдаж байна. Азийн хөгжлийн банкны хөнгөлөлттэй зээлийн хүрээнд тусгай замын автобусны төсөл хэрэгжиж байгаа. Мөн хотын төсвийн хөрөнгө болон Хотын замын сангийн хөрөнгөөр нэлээд ажлыг хэрэгжүүлж эхлүүллээ. БНХАУ-ын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд гурван том гүүрийн шинэчлэл явагдаж байгаа. Сонсголонгийн гүүр, Баянзүрхийн гүүрний эхний ажил энэ сарын 5-нд эхэлсэн. Энэ хоёр төслийн ажил 2019 оны аравдугаар сар гэхэд дуусна. Өнгөрсөн жилийн тавдугаар сард эхэлсэн Яармагийн гүүрийн шинэчлэлийн ажил энэ оны аравдугаар сард ашиглалтад орно. Ийм гурван гүүр шинэчилж байгаа. Туул гол дээрх гүүрнүүд 40-60 жил болчихсон, ашиглалтын хугацаа нь дууссан. Энэ гурван гүүрийг шинэчлээд, мөн хуучин гүүрнүүдийг засварлах том төсөл хэрэгжиж байгаа. Насжилтын хувьд зуугаад жилийг даах гүүрнүүд баригдана. Ингэснээрээ Улаанбаатарыг дундуур нь хуваасан Туул гол дээр үүсдэг түгжрэлийг алга болгох, нийслэлийн орох, гарах гарцыг нэмэгдүүлэх үр дүнтэй юм. Дараагийн том ажил нь Улаанбаатарт анх удаа давхар зам гүүрэн гарц барих гэж байгаа. Дэлхийн хотууд хэдэн зуун мянган ийм замтай. Энэ гүүрэн замыг барих ажил сая энэ сарын 15-нд эхэллээ. Зураг төсөл нь бэлэн болсон. Гүүрэн гарц бий болсноор хотын өнгө үзэмжийг ч нэмнэ, түгжрэлийг байхгүй болгоно. Жишиг гүүр болно. Зөвхөн ганц туушдаа гарчихдаг гарц биш. Дөрвөөс таван гол, төмөр замын гарам, дөрвөн замын хоёр ч уулзварыг холбосон ийм гүүрэн байгууламж болох юм. Технологийн шийдлийн хувьд ч шинэлэг. Тав дахь том төсөл нь Улаанбаатараас Налайх, Чойрын чиглэлийн 20.6 км авто замыг барих төсөл. Улаанбаатар хотоос зүүн гурван аймаг, говийн нэг аймаг, гурван дүүргийг холбосон том зам бол Налайхын гэж нэрлэгддэг зам. Энэ зам дээр маш их осол гардаг. Хамгийн их түгжээ үүсдэг учраас зайлшгүй шинэчлэх шаардлагатай. Замын шинэчлэлийн ажил одоо хэлэлцээрийн шатандаа явж байгаа.

-Хуучин замыг нь өргөтгөж засна гэсэн үг үү?

-Бүр шинээр зам тавина. Дөрвөн эгнээ орчин үеийн шинэ зам тавих юм. Энэ жилдээ гэрээ хэлцлийн ажил дуусгаад намраас эхлүүлнэ гэсэн зорилт тавиад ажиллаж байна. Энэ зам ирэх аравдугаар сард ашиглалтад орно гэж тооцож байна. Зам барих ажлын гүйцэтгэлд Монголын замын компаниуд оролцож байгаа. Монголд цоо шинээр хэрэгжиж байгаа төслүүд учраас монгол инженерүүдэд, Монголын авто замын компаниудад туршлага болсон бүтээн байгуулалт болох юм.

-Гүүрэн гарц барихтай холбоотой их шүүмжлэл яваад байна л даа. Дэндүү их мөнгөөр барьж байна. Зураг төсөл нь буруу гарсан юм биш үү, замынхаа эхлэл төгсгөлд түгжрээ үүсэхээр юм байна гэхчилэн шүүмжлэл бас тасрахгүй л байгаа. Энэ бүхэнд нэг цогц хариулт өгнө үү?

-Замын цагдаагийн гүүрэн гарц барихтай холбоотой хөдөлгөөний хязгаарлалт бий болно. Жишээ нь гүйцэтгэгч компани нь 1.6 жилийн хугацаагаар замыг бүрэн хааж өгөөч гэсэн хүсэлт тавьсан. Бидний зүгээс “Бүрэн хаах бололцоогүй. Яагаад гэвэл хотын ачаалал маш их авдаг гарам учраас тодорхой хугацаагаар хаагаад тодорхой хугацаагаар нээгээч” гэсэн хүсэлт тавьсан юм. Одоо бол график гаргаад хэднээс хэдний хооронд хаах вэ, хэзээ нь нээх вэ гэдэг нь гарчихна. Ингэж хаахтай холбоотой шүүмжлэл нийтийн сүлжээгээр нэлээд явсан.

Би энэ гүүрэн гарцын түүхийг ярья. 2008 оны үеэс Улаанбаатар хотын гүүр, замын гарцыг шинэчлэх асуудлаар санхүүгийн эх үүсвэр хайж эхэлсэн. Тэгээд хоёр улсын Засгийн газар хоорондын гэрээ хэлцэл явагдаад Улаанбаатар хотын замын түгжрэлийг арилгах үүднээс авто замын мастер төлөвлөгөөний дагуу ямар ямар газар ямар гүүрэн гарц барих вэ гэдэг төлөвлөгөө гарсан байдаг. Тэр төлөвлөгөөний дагуу эхний ээлжинд Туул гол дээгүүрх гүүрнүүдийг шинэчилье, тэр дотроо баруун, зүүн дөрвөн замын дээгүүр давхар гүүрэн гарц барья. Замын цагдаагийн уулзвар дээр давхар зам барья гэсэн төлөвлөгөө нь гараад, Засгийн газрын хурлаар ороод зээлийн гэрээ нь батлагдаад, тэрнээс хойш хэрэгжих гэж янз бүрийн шатанд явсаар байгаад одоо хэрэгжиж байгаа нь энэ. Тэгэхээр энэ төсөл бол 2008 оноос эхлэлтэй бөгөөд өнөөдөр гэнэт мөнгө төгрөгийг нь шийдсэн юм биш. Бүх шат дамжлагаараа явж, ТЭЗҮ нь гарчихсан төсөл. Яагаад ийм өндөр өртөгтэй байгаа юм гэхээр зөвхөн ганц шулуун гүүр биш. Хоёр ч дөрвөн замын уулзвар, мөн гол дээгүүр, төмөр зам дээгүүр тавигдаж байгаа гүүрэн зам. Нарны гүүрийг барьсан өртгөөс энэ гүүрийг барьж байгаа өртөг хамаагүй хямд байгаа. Тэр үед Нарны гүүрийг төгрөг, ам.долларын ханшийн харьцаа нэг ам.доллар 1300 төгрөг байхад бараг 40-өөд сая ам.доллараар барьсан байдаг. Одоо барих энэ гүүр бол Монголын хамгийн урт гүүрэн гарц.

Гуравдугаарт, аж ахуйн нэгжүүдийн шүүмжлэл бас яваад байна. Газраа өгөхгүй гэсэн аж ахуй нэгж их байсан. Бид аль болох аж ахуйн нэгжүүдийн байршлыг хөндөхгүй хийхээр хичээсэн. Гэхдээ л зарим аж ахуйн нэгж янз бүрийн хэл ам их гаргаж л байна.

-Агаарын бохирдлын асуудлыг хэрхэн шийдэх вэ?

-Хотын суурьшлын бүс гэж байдаг. Тэнд химийн бохирдлын хэмжээ нэмэгдсэн байгаа. Манай судлаачид, эрдэмтэд, мэргэжлийн хяналтынхан үүнийг анхаарах хэрэгтэй. Тиймээс бид хөрсний бохирдлыг арилгахаар хэд хэдэн ажил хийж байгаа. Нэгдүгээрт, хөрсний бохирдлын дийлэнх нь гэр хорооллын жорлонтой холбоотой. Үүнээс яаж салгах вэ гэдэг асуудал гарч ирж байна. Арга зам нь бидний яриад байгаа Сервис центрийг олноор байгуулах зайлшгүй шаардлага байгаа юм.

-Гэр хорооллын Сервис центрийн талаар дэлгэрэнгүй яриач. Дахин төлөвлөлт гэснээс энэ шийдэл, бас хаус хороолол байгуулах нь илүү үр дүнтэй юм шиг санагдсан. Эхний хоёр төв энэ оны сүүлээр дүр төрхөө олох юм байна…

-Гэр хорооллыг барилгажуулах тал дээр би хоёр зүйлийг санаачилсан. Нэг нь энэ Сервис центр буюу дэд бүтцийн төв юм. Энэ нь иргэн хүн хувийнхаа газар дээр өөрийн байшинг шинэчлээд орчин үеийн дэд бүтцэд холбогдож, яг бид нарын яриад байдаг хаус хороолол гээд байдаг тийм нөхцөлд амьдрах бололцоо юу байна гэдгийг судлаад шийдэл нь Сервис центр юм байна гэж үзсэн. Сервис центр гэдэг нь 200500 айлын дунд нэг дэд бүтцийн төв барих юм. Тэр төв нь дулаан, нэгдсэн ариутгах татуургын систем, цэвэр усны системтэй, ийм төв байгуулах юм. Ингэсний дараа иргэд маань СӨХ маягийн байгууллагаа байгуулж, ашиглалтын зардлаа төлөөд явах юм. Эхний хөрөнгө оруулалтыг нь улсаас гаргаад өгчихөж байна шүү дээ. Энэ дэд бүтцийн төвийн дулааны эх үүсвэр нь газ, нүүрс, шахмал түлш, цахилгааны аль нь байх вэ гэдгээс хамаараад янз бүрийн ТЭЗҮ гаргасан байгаа.

Миний зүгээс тавьж байгаа шаардлага бол ерөнхийдөө нэг айлд оруулах хөрөнгө оруулалт хамгийн бага байх учиртай. Нэг өрөө байр хамгийн багадаа одоо 80100 сая төгрөг байгаа. Тэр нь 30 гаруйхан метр квадрат л байр шүү дээ. Сервис центртэй холбогдсон тохиолдолд нэг айлд оногдох өртөг 60 саяас ихгүй байна гэсэн шаардлага тавьсан. Гэр хорооллынхны маань орлого бага учраас орсон хойноо цахилгаан, дулаан, бохирын зардал нь 120 мянгаас хэтрэхгүй байхаар шаардлага тавьж ТЭЗҮ хийсэн.Үүнийг зөвхөн улсаас мөнгө гаргаад шийдчих юм биш. Иргэд өөрсдөө сайн дураараа нэгдэх ёстой. Жишээ нь, 200 айл нэгдээд хотод хүсэлтээ гаргана. Бидэнд ийм газар байна гээд хоттой гурвалсан гэрээ байгуулна. Иргэд ямар үүрэг хүлээх вэ гэхээр өөрсдийн гэр, байшин руу орох шугамыг өөрсдөө татна. Төв шугамыг бид тавиад өгчихнө. Хоёрдугаарт, иргэд халаалтын хэрэгслээ сонгоно. Гуравдугаарт, иргэд байшингаа сонгоно. Сервис центрт багтъя гэсэн хоёр зуун айл бүгд нэгдэж, ашиглалтын зардлаа өөрсдөө хариуцаад явна гэдгээ зөвшөөрсөн байх ёстой. Ийм шаардлага хангасан айлуудтай гэрээ хийгээд явна.

Сервис центр хотын дундын бүсэд баригдана. Төвийн бүсдээ бид гэр хорооллын дахин төлөвлөлтөөр өндөр давхартай байшин хорооллууд барина. Төвийн бүсэд өндөр өртөгтэй дулааны шугам, бохирын шугам оччихож байгаа. Мөн Гэр хорооллыг хөгжүүлэх сан гэж байгаа. Иргэд найман хувийн зээлд хамрагдъя гэхээр барьцаалах хөрөнгө байдаггүй. Өөрт нь байгаа 0.07 га газраа эргэлтэд оруулж тохилог орон сууцаар солих боломжтой. Ингэхдээ иргэд газраа хотод санал болгоно. Хотоос үнэлгээний баг гарч газрыг нь үнэлээд тухайн иргэнд хэдэн сая төгрөгийн зээл олгох бололцоотой вэ гэдгийг судлаад хот, иргэн хоёр сайн дурын үндсэн дээр газрын үнэлгээн дээрээ тохирох юм бол тухайн иргэнд хэдэн саяын зээл олгох бололцоотойг гаргаад өгнө. Иргэн газраа худалдсан мөнгөөрөө байрныхаа зээлийн урьдчилгааг өгөх бололцоотой. Ингээд банктай тохироод найман хувийн зээл авах боломжтой гэх юм бол иргэдэд бид тэр мөнгийг нь гаргаж өгөөд орон сууцтай болох бололцоотой. Энэ бол цоо шинэ зүйл. Одоо жар гаруй айлд олгочихоод байгаа төсөл. Үүнийг цаашдаа улам боловсронгуй болгох шаардлагатай байгаа. Нэг талд нь Улаанбаатар хот маань газрын сантай болно. Нөгөө талд иргэд орон сууцтай болно. Энэ төслийн хамгийн гол үр дүн жинхэнэ ёсоороо яндангийн тоог цөөлж байгаа юм.

-Хэдэн газар Сервис центрийг барих боломжтой вэ? Судалгаа хийсэн үү?

-Улаанбаатар хотын төвөөс алслагдсан, төвлөрсөн дулаан, бохирын систем очих боломжгүй газруудад иргэдийнхээ санал хүсэлтийг үндэслэн Сервис центр байгуулах шинэ бодлого гарган ажиллаж байна. Нийт 11 байршилд судалгаа хийсэн. Эндээс ирэх арваннэгдүгээр сард Сервис центр байгуулж дуусгах хоёр байршил сонгосон. Үүний нэг нь Чингэлтэй дүүргийн VII хороон дахь байршил юм. Сүхбаатар дүүргийн 18 дугаар хороонд хоёр дахь байршил нь байгаа. Өөрийн эзэмшил газар дээрээ, орчин үеийн чиг хандлагаар хүмүүс яаж амьдарч болохыг эндээс харуулахыг зорьж байгаа юм.

-Эрүүл мэндийн байгууллагын шинэчлэлд нэлээд хөрөнгө мөнгө зориулж байна. Тухайлбал, Гэмтлийн эмнэлгээс эхлээд гаднаа онгоц буух талбайтай болоод байгаа?

-Эрүүл мэндийн байгууллагын санхүүжилтийг Засгийн газраас өгдөг юм. Харин дүүргийн нэгдсэн эмнэлгүүд, төрөх эмнэлгүүд нийслэлийн харьяанд байгаа. МАН бол социал демократ нам. Өөрөөр хэлбэл, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн халамжийн салбарт илүү их анхаарал хандуулдаг. Тэр утгаараа Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт иргэдэд үзүүлж байгаа эрүүл мэндийн тусламж үйлчилгээг сайжруулах заалт орсон. Энэ дагуу том зорилт тавьсны нэг нь Улаанбаатарт байгаа эрүүл мэндийн салбарт хамааралтай гадна талбайн газрыг бизнесийн зорилгоор юм уу, орон сууц барих зорилгоор хувь хүн, компаниудад зарахгүй. Харин энэ талбайг иргэд эмнэлгийн үйлчилгээ авахад зориулсан автомашины зогсоолтой, илүү тохилог орчин болгоно гэсэн зорилт тавиад өнгөрсөн жил Хавдар судлалын төв, Гэмтэл, согог судлалын үндэсний төв, Сонгинохайрхан дүүргийн нэгдсэн эмнэлэг, Шастины нэрэмжит клиникийн төв эмнэлгийн гадна талбай, нийт дөрвөн эмнэлгийн гадна талыг тохижуулсан. Гэмтлийн эмнэлгийг яагаад тохижуулсан бэ гэхээр Улаанбаатар хотод нийтийг хамарсан осол гамшиг боллоо гэхэд энэ эмнэлгийн гадна талбай дүүрэн ТҮЦ болсон, бөөн түгжрэл болоод байсан. Ингээд Гэмтлийн эмнэлгийг гурван гарцтай байхаар шийдэж, онгоц буух талбай, 350 машины зогсоолтой болгож зассан. Эдгээр эмнэлгээр үйлчлүүлэгчдийн 60 орчим хувь нь нийслэлчүүд байдаг. Энэ жил бүх дүүргийн эмнэлэг, төрөхүүдийн гадна талын талбайг тохижуулж дуусгана. Зөвхөн зогсоол биш, явган хүний зам, сандал суудал, ногоон байгууламжууд гээд иж бүрнээр нь тохижуулж байна. Ингэснээр эрүүл мэндийн үйлчилгээ авах иргэдийн ая тухтай байдал бүрдэх юм. Үүнийг эрүүл мэндийн салбарт зориулж байгаа Засаг даргын онцгой бодлого гэж хэлж болно.

-Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх талаар удаан хугацаанд яригдсан. Ямар хөрөнгө оруулалтаар, ямар хугацаанд энэ ажлыг хийх вэ?

-Шинэ Засгийн газар байгуулагдаж, Ерөнхий сайдаар У.Хүрэлсүх томилогдсоноос хойш хамгийн түрүүнд Улаанбаатар хотын Төв цэвэрлэх байгууламжийг шинэчилнэ гэдгийг амалсан. Энэ амлалтынхаа хүрээнд Нийслэлийн Засаг дарга болон Барилга, хот байгуулалтын яаманд үүрэг өгч, энэ асуудлыг Засгийн газрын хуралдаанаар хэд хэдэн удаа хэлэлцэж, хамгийн богино хугацаанд Төв цэвэрлэх байгууламжийг шинэчлэх боломж ямар байгааг судалсан. Ингээд сая Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалаар Төв цэвэрлэх байгууламж барих тухай Санамж бичигт гарын үсэг зурлаа. Энэ зундаа багтаж Санамж бичгийн хүрээнд хэлэлцээрүүдээ хийж, ажлаа эхэлнэ. Нийтдээ 1.6 жилийн хугацаанд багтаж ажлаа хийнэ. 250 мянган метр куб багтаамжтай Төв цэвэрлэх байгууламж барина.

Хэдхэн хоногийн өмнө Төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа усыг лазерын туяагаар үнэргүйжүүлэх, халдваргүйжүүлэх төхөөрөмж тавилаа. Тэндээс гарч байгаа ус дутуу цэвэрлэгдсэн байлаа ч гэсэн өвчин тараахааргүй, үнэр харьцангуй бага болно. Энэ жил мөн лаг цэвэрлэх ажил дээр 10 тэрбум төгрөг тавигдлаа. Улаанбаатар хотын хэмжээнд 600 гаруй мянган тонн лаг хуримтлагдсан. Үүнийг үнэргүйжүүлэх, бүхэлд нь устгах ажлыг хийхээр Унгар Улсын талтай ярьж байна. Эхний ээлжинд төсвөөс 10 тэрбум төгрөг гаргаж, иж бүрэн үйлдвэр байгуулж, Төв цэвэрлэх байгууламжаас гарч байгаа бүх лагийг шатааж устгадаг, бордоо хийдэг үйлдвэртэй болох юм.

-Нийслэлд 2018 онд нийгмийн салбарт ямар гол хөрөнгө оруулалтууд хийгдэх вэ?

-Нийслэлийн Засаг даргын мөрийн хөтөлбөрт ч оруулсан, Засгийн газрын мөрийн хөтөлбөрт ч оруулсан нэг зүйл бол Улаанбаатар хотын сургууль, цэцэрлэгийн хангамжийг сайжруулах асуудал юм. Бид 2020 он гэхэд Улаанбаатар хотын бүх сургуулийг хоёр ээлжинд шилжүүлье. Цэцэрлэгийн хангамжийг 85 хувьд хүргэе гэсэн зорилт тавьсан. Энэ хүрээнд УИХ, Засгийн газар дээр ярилцаад 2018 онд Улаанбаатар хотын сургуулиудыг хоёр ээлжид шилжүүлэхэд хэдэн сургууль хамруулах вэ гээд бүх сургуулийн хөрөнгө оруулалтын эхлэлийг тавьсан. Энэ жил нийслэлийн хөрөнгө оруулалтын ихэнхийг боловсролын салбар эзэлж байгаа.

Авто замын салбарт гадны хөрөнгө оруулалтаар гүүрүүд, давхар замын ажил эхэлж байна. Нийслэлийн хувьд авто зам, гүүрнүүдийн хувьд хувьсгал гэж хэлэхээр ажлууд байгаа юм. Авто замын сангийн хөрөнгөөр Улаанбаатар хотын их тойруугийн ажлыг үргэлжлүүлнэ. Баянхошууны эцсээс гарсан машин хотын төвөөр дайралгүй шууд Хайлааст, Дарь эхийн уулзвар хүрэх авто замын ажил хийнэ. Ингэснээр Улаанбаатар хотын их тойруу гэсэн замын эхлэл болно. Зүүн дөрвөн замын гүүрэн гарцын ажлыг энэ жил эхлэхээр төлөвлөж байна.

Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд Азийн хөгжлийн банкнаас хэрэгжүүлэх маш том ажлууд энэ зун хийгдэнэ. Сэлбэ дэд төвийн Дулааны цахилгаан станцын ажил эхэлнэ. Баянхошуу дэд төвийг IV цахилгаан станцаас хангах дулааны шугамын ажил эхэлнэ. Дэд төвүүд дээр дэд бүтэц бий болгох, цэцэрлэгийн барилгуудыг барих, МСҮТ буюу Инкубатор төвүүдийн барилгын ажил эхэлнэ. Азийн хөгжлийн банкны төслийн хүрээнд Баянхошуу дэд төв, Сэлбэ дэд төв гэдэг ямар төвүүд болох вэ гэдэг дүр төрх энэ оны сүүлээр харагдаж эхэлнэ.

-Улаанбаатар хот руу орон нутгаас чиглэсэн шилжилт хөдөлгөөнийг багасгаж чадлаа. Утаа, агаарын бохирдлын асуудал ч үүнтэй уялдаад багасах боломжтой. Гэхдээ энэ нь Үндсэн хуулиар олгогдсон хүний амьдрах газраа сонгох эрхийг зөрчлөө гэсэн асуудал үүсгэсэн?

-Дэлхийн хотууд агаарын бохирдлоосоо салсан туршлагыг харвал захиргааны маш сайн хяналт, хязгаарлалт тавьж байж гарсан байдаг. Хэн дуртай нь ирж буугаад, хэн дуртай нь юу ч хамаагүй түлээд, агаарын бохирдлоосоо сална гэвэл тийм зүйл байхгүй. Энэ дээр захиргааны арга зайлшгүй байх шаардлагатай. 2019 оны дөрөвдүгээр сарын 15 гэхэд Улаанбаатар хотод түүхий нүүрс оруулахгүй байхаар Засгийн газрын шийдвэр гарсан. Энд хяналтын систем ажиллах ёстой. Улаанбаатар хотод өнөөдөр тулгараад байгаа агаар, хөрсний бохирдол, замын түгжрэл зэрэг олон асуудал хэт ачааллаас болж байгаа. Анх 500 мянган хүн амьдрахаар төлөвлөсөн хотын ачаалал гурав дахин нэмэгдээд байна. Ийм хотод асуудлыг шийдэхийн тулд тодорхой хугацаагаар хүн амын шилжилт, хөдөлгөөнийг хязгаарлаж, энэ байгаа хүн ам дээрээ асуудлаа шийдэх арга замаа олох хэрэгтэй.

Өнгөрсөн жил ҮАБЗ-ийн зөвлөмж гарсан. Үүнийг зөвлөмжийн хүрээнд шийдээд, энэ жил дахиад Засгийн газрын хуралдаанаас тэмдэглэл гарч 2020 он хүртэл хүн амын шилжилт, хөдөлгөөнийг хязгаарлаад байна. Энэ нь хүний эрхийг зөрчих гэхээсээ илүү хүний эрхийг хангах гэж ийм хязгаарлалт тавьж байгаа юм. Яагаад гэвэл хүн ам олширсноор нийслэлчүүдийн сурах, эрүүл байх эрх зөрчигдөж байгаа. Сургууль, цэцэрлэг, эмнэлгээр хангаж чадахгүй байна. Улаанбаатар хотод газар байхгүй. Газар ашиглах, өмчлөх эрх үүсэх боломжгүй боллоо. Тийм учраас тийм эрхээр хангагдаж чадах төрсөн аймаг, сумандаа амьдраач гэсэн шаардлага тавьж байгаа юм. Энд шинээр ирсэн хүмүүсийн хүүхдийг сургаж чадахгүй байна. Эрүүл мэндийн үйлчилгээ үзүүлж чадахгүй байна. Энэ үүднээс хязгаарласан. Үр дүнгээ ч өгсөн. Өнгөрсөн жил анх удаа нийслэлд шилжиж ирсэн хүн амын тоо шилжиж явсан хүн амын тооноос бага байж чадсан. Сүүлийн 27 жилд анх удаа ийм үзүүлэлт гарлаа.

-Өмнө нь хөрөнгө оруулалт татах, бүтээн байгуулалт хийх гэж нийслэл дангаараа явдаг байсан. Засгийн газар тэр бүр хөдөлдөггүй байлаа. Одоо бол нийслэл, Засгийн газар гар нийлээд том том төслүүд хөдөлгөж байна. Энэ талаар яриагаа үргэлжлүүлэх үү?

-Нийслэл хотыг хүн амын төвлөрлийнх нь хувьд аваад үзэхэд Монгол Улсын нийт иргэдийн 50 орчим хувь оршин сууж байна. ДНБ-ний 64 хувийг үйлдвэрлэж байгаа. Улаанбаатар хотод бүх аж ахуйн нэгжийн 90 хувь нь бүртгэлтэй. Эдийн засгийн болон хүн амын талаас тоо, статистикийг аваад үзэхэд нийслэл хот Монгол Улсын хэмжээнд том үүрэг гүйцэтгэдэг засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгж болсон. Энэ утгаараа Засгийн газрын зүгээс нийслэлийг бүх талаар дэмжинэ гэж Ерөнхий сайд хэлж байгаа. Үнэхээр нийслэлийн асуудлыг ярьж, шийдэхгүйгээр Монгол Улсын асуудлыг шийдэх бололцоогүй болсон. Тийм учраас үүн дээр Засгийн газар онцгой анхаарал хандуулж ажиллаж байгааг хэлмээр байна.

Сая Ерөнхий сайдын БНХАУ-д хийсэн айлчлалаар Төв цэвэрлэх байгууламж, орон сууцны хангамжийг сайжруулах хүрээнд дэд бүтцийг шийдвэрлэх төслийн санхүүжилтийн асуудал, 1008 айлын түрээсийн орон сууц, хог боловсруулах үйлдвэр гэх зэрэг нийслэл хоттой холбоотой олон асуудал ярилцаж, Санамж бичигт гарын үсэг зурлаа. Хот энэ мэтчилэн Засгийн газрын дэмжлэгийг авч ажиллаж байна.

Нийслэлд 20162020 оны хугацаанд нэг онцлог бий. УИХд өмнө нь нийслэлээс 22 гишүүн сонгогдож байсан. Одоо 28 гишүүн сонгогдон ажиллаж байна. Өөрөөр хэлбэл, УИХ-ын гишүүдийн гуравны нэг нь нийслэлээс сонгогдоно гэдэг хотын асуудлыг шийдэхэд чухал ач холбогдолтой гэж үзэж байгаа.

Монгол Улсын Засгийн газар Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг дэмжиж УИХд өргөн барилаа. Нийслэлийн статусыг нэмэгдүүлэх маягаар хотын асуудлыг илүү өргөн хүрээнд шийдвэрлэх бололцоотой хуулийн төслийг УИХд өргөн барьсан нь хот, Засгийн газрын хамтын ажиллагаанд чухал зүйл юм.

-Нийслэлээс их, дээд сургуулиудыг гаргах асуудлыг хэрхэн шийдэх вэ? Саяхан нийслэлийн нутаг дэвсгэрт ШУТИС-ийн нэг салбар сургуулийн шав тавих ёслол болсон. Бодлого, ажил хоёр зөрөөд байна гэж хэлж болох уу?

-Хотын төвлөрлийг сааруулах чиглэлд яригддаг нэг зүйл бол их, дээд сургуулиудыг нийслэлээс гаргах асуудал юм. Хотод одоо 180 мянга орчим оюутан байна. Монгол Улсын их, дээд сургуулийн 98 хувь нь Улаанбаатарт байна. Энэ бол Засгийн газрын хувьд ч томоохон бодлогын асуудал. ҮАБЗийн зөвлөмж, УИХын тогтоол, Засгийн газрын тогтоолуудаар төвлөрлийг сааруулах хүрээнд Улаанбаатар хотоос аж ахуйн нэгжүүдийг аймгууд руу болон захын дүүргүүд, дагуул хотууд руу шилжүүлэх бодлого гаргасан. Энэ хүрээнд БСШУ-ны сайд, Нийслэлийн Засаг дарга хоёрт үүрэг өгсөн. Бид судалгаа хийгээд явж байна.

Нийслэлийн Засаг даргын хувьд ямар бодлого барьж байна вэ гэхээр эхний ээлжинд Дархан, Эрдэнэт рүү боломжтой сургуулиудыг нүүлгэх нь зүйтэй гэж үздэг. ШУТИС, ХААИС бүхэлдээ нэг удаа нүүгээд гарах боломжгүй. Бага багаар нүүлгэхийн тулд Дарханы Ургамал, газар тариалангийн эрдэм шинжилгээний хүрээлэн рүү ХААИСийн агроном болон инженерийн сургуулиудыг нүүлгэх боломжтой. Тэнд сургуулийн танхим, дотуур байр, багшлах боловсон хүчин нь байгаа. МУИСийн салбар сургуулийг Эрдэнэтэд байгуулж болно. Эрдэнэтэд ШУТИСийн геологи, уул уурхайн сургуулийг нүүлгэж болно.

Гэхдээ Улаанбаатараас бүх сургууль гарахгүй. Энд зарим сургууль үлдэх ёстой. Гэхдээ шаардлагатай сургуулиуд гарснаар Дархан, Эрдэнэтийг огт өөр болгоно. Оюутнууд тэнд шинэ соёл нэвтрүүлнэ. Худалдаа, үйлчилгээ нэмэгдэнэ. Хот хоорондын тээвэр хөгжинө. Би ийм санал дэвшүүлээд ажиллаж байгаа. ДарханУул, Орхон аймаг, Дархан, Эрдэнэт хотын Засаг дарга нартай хамтын ажиллагааны гэрээ байгуулж, яаж үүнийг хэрэгжүүлэх, шилжиж очсон багш нарын ар гэрийн хүмүүсийг хэрхэн ажлын байраар хангах, оюутнуудыг цагийн ажлаар яаж хангах зэрэг асуудлаар Санамж бичиг байгуулаад, хамтран ажиллаад явж байгаа. Энэ бол хурдан шийдэх ёстой асуудлын нэг мөн. Оюутнууд цугларах цагаар хотын ачаалал эрс нэмэгддэг. Үүнийг багасгахад энэ ажил чухал. Мөн төр, захиргааны боломжтой байгууллагуудыг Улаанбаатараас гаргах учиртай. Үүнийг нийслэлийн Засаг даргын Тамгын газар түүчээлээд хотын нэг шинэ дэд төв болох Яармаг руу нүүхээр төлөвлөлөө. Энэ ажлыг хийхээр Засгийн газрын тогтоол, НИТХын Тэргүүлэгчдийн тогтоол гарсан. Энэ зундаа багтааж барилга, байгууламжийн асуудлаа шийдэж, 2019 оны дунд гэхэд нүүлгэхээр төлөвлөсөн. Үүнийг дагаад заавал Улаанбаатарт байх шаардлагагүй төрийн байгууллагууд хотоос гарах шаардлагатай. Хот өөрөө үүнийг үлгэрлэх ёстой. Бусад орны туршлагыг харахад хотоо тэгж задалдаг юм билээ.

-Зун болохоор хотод бүтээн байгуулалт эхэлж, тэгэхдээ ганц хоёрхон жилийн өмнө тавьсан замын шинэхэн хүрээг буулгаж хаядаг үзэгдэл байнга гардаг. Үүнийг хэн нэгний бизнес гэж үздэг хүмүүс ч бий. Яагаад дөнгөж бүтээсэн зүйлийг буцааж нураадаг юм бэ?

-Өмнө нь тэгдэг байсан. Одоо больсон. Гэхдээ том бүтээн байгуулалт хийх газруудад буулгаж таарна.

-Дугуйн зам буддаг ажлыг яах вэ?

-Өнгөрсөн жил тэгж будаж үзсэн. Энэ жил тийм зүйл хийгээгүй. Гаднын орнуудад бол буддаг юм билээ.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Улаанбаатар-амар амгалангийн бэлгэдэл

Улаанбаатарыг минь амар амгалангийн хот гэж дэлхийгээрээ нэг ярьж байна. Амар амгалан хотын тухай энэ яриа Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Ун, АНУ-ын Ерөнхийлөгч Д.Трамп хоёрын уулзалт болно гэснээс эхтэй л дээ. Өөрөөр хэлбэл Өмнөд Солонгосын төлөөлөгчид өнгөрсөн гуравдугаар сард АНУ-ын Ерөнхийлөгчтэй уулзах үеэрээ Хойд Солонгосын удирдагчийн уулзах хүсэлтийг уламжилсан юм. Хариуд нь Д.Трамп ч зөвшөөрсөн хэрэг. Гэхдээ уулзах газар, хугацаагаа товлоогүй.

Хэрэв энэ хоёр уулзвал түүхэн уулзалт болно. АНУ-ын түүхэнд ерөнхийлөгч нь Хойд Солонгосын удирдагчтай уулзаж байсан удаагүй. Тэр хоёрын уулзалт хаана болох вэ гэдэг одоо ч халуун сэдэв хэвээрээ байгаа. Хэдийгээр Хойд Солонгосын тал Пхеньянд уулзах хүсэлт тавьсан гэсэн мэдээлэл явж байгаа ч үүнийг Д.Трамп хүлээж авахгүй болов уу гэсэн ажиглагчдын байр суурь их байна. Ингээд дэлхийн хэвлэлүүд Ким Жөн Ун, Д.Трамп хоёрын уулзаж болох хамгийн тохиромжтой улс орнуудыг нэрлэж эхэлсэн. CNN, ИТАР ТАСС, Вести, Newsru.com, BBC мэдээллийн хэрэгслүүдийн хамгийн сүүлийн мэдээллүүдэд уулзалт Монголын нийслэл Улаанбаатарт болох магадлалтай талаар дурдаж байна. Олон улсын тоймч, судлаачид ч Улаанбаатарыг хамгийн байж болох хувилбар гээд чухам яагаад уулзалдаж болохоор тоймлож байна.

Дэлхийн хэвлэлүүд уулзаж болох хамгийн тохиромжтой, амар амгалан хотоор манай нийслэлийг нэрлээд байгаа нь учиртай. Бид хэнтэй ч мууддаггүй. Хойд, Өмнөд Солонгос, Орос, Хятад, Америк, за тэгээд ер нь аль ч улстай найрсаг харилцаатай явж ирсэн шүү дээ. Манайхан өөрсдөө нийслэлээ түгжрэлтэй, утаатай, тоостой, өмхий үнэртэй гэлцдэг. Тэр яахав бидний асуудал. Харин дэлхий бидний амар амгалангийн хот гэж байгаа нь үнэхээр бахдууштай. Манай улс дайн дажингүй, терроризмгүй, шашин хоорондын мөргөлдөөн, шашны хэт үзэл, дотоодын самуун байхгүй, цөмийн зэвсэггүй. Ойрын бараг зуун жил дайн тулаангүй байсан. 1990 онд нэг нийгмийг огт өөр нийгмээр солихдоо оготны хамраас цус гаргалгүй хувьсгал хийсэн дэлхийн цорын ганц улс. Тэр ч бүү хэл хүн ам цөөн хэрнээ гадны цагаач иргэд ч байхгүй. 2016 оны байдлаар хоёрхон цагаач иргэн бүртгэлтэй гэсэн статистик байдаг. Тэр хоёр нь насаараа 32-ын тойрог хавьд амьдраад тэндээсээ ч бараг холдохгүй насыг барж байгаа хоёр хятад иргэн. Уулзалт болох боломжтой гэж ам өрсөн шаагиад байгаа ийм шалтгаанууд бий.

Энэ уулзалт болох талаар анхны мэдээлэл гарахад Ерөнхийлөгч асан Ц.Элбэгдорж өөрийн твиттер хуудаснаа “Санал байна: АНУ-ын Ерөнхийлөгч Трамп Хойд Солонгосын удирдагч Ким нар Улаанбаатарт уулзаж болно. Монгол бол хамгийн тохиромжтой, төвийг сахисан нутаг дэвсгэр юм. Бид өмнө нь Япон-Хойт Солонгосын Улаанбаатарын чухал уулзалтыг зохион байгуулж байсан. Монгол орны хойшдын үлдээх өв бол Зүүн хойд Азийн аюулгүй байдлын асуудлаарх Улаанбаатарын яриа хэлэлцээ юм” гэж жиргэсэн. Трамп цөмийн зэвсэггүй бүсэд уулзах санал хэлсэн. Хоёр талын төлөөллүүд хэд хэдэн удаа нууц уулзалт хийсэн ч уулзах газраа эцэслээгүй учраас дэлхийн хамгийн амар амгалан хот гэсэн мессэж энэ хугацаанд илүү их явж л байг. Энэ нь дэлхийд биднийг сурталчилж байгаа юм. Хэдийгээр бидэнд түм буман асуудал бий ч, түүнээс олон сайн сайхнаа дурдаж болно.

Манай улс АНУ-тай найрсаг харилцаатай. АНУ-ын талаас манайд олон удаагийн өндөр түвшний айлчлал хийж байсан. Ерөнхийлөгч нь ч, төрийн нарийн бичгийн дарга нь ч айлчилж байлаа. АНУ манайд төдийгөөс өдий хүртэл тусламж дэмжлэг үзүүлж байсан. Манай улсыг ардчиллыг тууштай баримтлагч, “Ардчиллын баянбүрд” гэж нэрийддэг. Нөгөөтэйгүүр Хойд Солонгостой манай улс мөн л найрсаг харилцаатай явж ирсэн. Дайны үед Монголд Хойд Солонгосын олон өнчин хүүхэд өссөн гэдгийг уншигчид мэдэх биз ээ. Тэгэхээр уулзалт нэгэнт Ази тивд, тэр тусмаа цөмийн зэвсэггүй нутаг дэвсгэрт гэвэл амар амгалан Улаанбаатарт яагаад байж болохгүй гэж. Хоёр удирдагчийн уулзалтын гол сэдвийн нэг нь цөмийн зэвсгийг үл дэлгэрүүлэх талаар. Манай улс цөмийн зэвсгээс ангид статустай. Олон улсын уулзалт, АСЕМ зэргийг хийж байсан туршлагатай.

Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Уны өвөө Ким Ир Сен нь Монголд ирж байсан. Бүр хоёр удаа. 1956, 1988 онуудад ирэхдээ эхний удаа нь онгоцоор дараагийнхад нь вагоноор ирж байсан. Ким Ир Сен Монголын нэгэн үеийн удирдагчид болох Ж.Самбуу, Ю.Цэдэнбал нартай Хар далайд амарч, түүний хүү одоогийн удирдагч Ким Жөн Уны аав Ким чин Ир нь манай удирдагчдын хүүхдүүдтэй тоглож явсан нандин дурсамж бий.

Магадгүй Трамп, Ким Жөн Ун хоёрын уулзалт огт болохгүй байж ч болох юм. Эсвэл Улаанбаатарт уулзалтаа хийхгүй ч байж болно. Хамгийн гол нь энэ хоёрын уулзалт Монголын нийслэл Улаанбаатарт болж болох боломжтой. Учир нь амар амгалан газар гэж дэлхийгээр ярьж, томоохон хэвлэлүүд уулзалт болох газар Улаанбаатар байж болох хамгийн магадлалтай гэж үзээд тэр нь мэдээлэгдэх нь л чухал байгаа юм. Тиймээс тэр хоёрын ирэх ирэхгүй хамаа алга. Ирвэл сайн л биз. Энд уулзалт болохгүй байсан ч амар амгалангийн хот гэдгийг гадныхны хэлдгээр бол брэнд болгох хэрэгтэй. Амар амгалангийн хот гэдэг бол биднийхээр бэлгэ тэмдэг юм. Энэ давуу талаа улам сайн сурталчлах хэрэгтэй.

Дэлхий энэ уулзалтыг улс төрийн талаас нь харж байгаа. Скандиновын орнуудыг дэлхийн амар амгалангийн бүс гэдэг ч Хойд Солонгос бол энэ улсуудыг барууны ертөнц л гэж харна. Трамп барууны бус орнуудыг пост коммунист бүс гэж харж байгаа. Тэгэхээр түүний сонголт биш болж таарна. Дээрх улсууд улс төрийн талаасаа хоёулангийх нь боломжит сонголт биш болж таарч байна. Улаанбаатар бол өөрөө энэ хоёр бүсэд алинд нь ч дангаараа харьяалагдахгүй. Ямар ч зөрчилгүй байдаг улс. Уулзалт хийх газар луу хүрнэ гэдэг Ким Жөн Ун-д хүндхэн. Тэгэхээр тэртээ он жилд Монгол руу ирсэн өвөөгийнхөө замаар хуягт галт тэргээр хүрч ирэх боломжтой. Монгол бол улс төрийн хувьд уулзалт хийгээд явахад амар амгалан хот шүү. Уулзах цэг чинь Улаанбаатар байг. Тэр болтол дэлхий биднийг амар амгалан диваажингийн улс гэж шаагьж л байг.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Сугар: Намайг зүхээд байгаа хүмүүст хэлэхэд тэвчээртэй хүлээвэл учир нь олдоно доо

Өмнөд Африкийн Стандарт банкинд “Жаст” ХХК Эрдэнэтийг барьцаанд тавьж, зээл авснаа төлөөгүйгээс Арбитрын шүүх манай улсыг 109 сая доллар төлөх шийдвэр гаргасан. Үндсэн хуулийн Цэцийн гишүүн Д.Сугар энэхүү шуугиантай асуудалд нэр холбогдоод байгаа. Энэ талаараа өмнө нь “Өдрийн сонин”-д тэрээр ярилцлага өгсөн билээ. Гэтэл саяхан 49 хувийг төрд авсан УИХ-ын 23 дугаар тогтоол Үндсэн хуулийн зарим зүйл заалтыг зөрчсөн гэж хандсан иргэдийн өргөдлийг Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар хэлэлцсэн. Цэцийн гишүүн Д.Сугар энэ хуралдаанд илтгэгч гишүүнээр оролцсон билээ. Эдгээртэй холбоотой асуудлаар түүнтэй ярилцсан юм.


-Стандарт банкны өр, Арбитрын шүүхийн шийдвэртэй таны нэр холбогдсон гээд цахим сүлжээгээр л нэг шуугиж байна?

-Мэдээллийн энэ шинэ орчинд чухам яаж зохицож амьдрахаа мэдэхгүй л байна. Хувь хүмүүсийн үзэл бодол, байр суурь юм даа. Ямар албан ёсны шийдвэр дүгнэлт биш гэж бодоод хүлээцтэй, чимээгүй байхаар “Энэ нөхөр буруугаа хүлээгээд чимээгүй болчихлоо” гээд бүр дэвслэх юм. Яах аргагүй үндэслэлтэй бодитой тайлбар хэлж байхад түүнийг ойлгохыг хүсэхгүй байх шиг. Өөрсдийнхөө л хүссэн чиглэл рүү үерлэдэг бололтой. Хувь хүний жаргал зовлон яах вэ. Эрдэнэт үйлдвэр, цаашлаад улс маань аль болох хохирол багатайгаар энэ үүссэн нөхцөл байдлаас гарах хэрэгтэй байна. Үйлдвэрээ удирдаж байсан, Арбитрын процессын янз бүрийн шатанд оролцож байсан, өөрөөр хэлбэл мэдвэл мэдэх хүмүүс нь Арбитрын шийдвэрийн эх хувийг албан ёсоор шаардан авч байгаад түүн дээр ярих юм байгаа гээд байна лээ. Энэ чиглэлээр чадах чадахаараа хамтарч ажилламаар.

-Та өөрийгөө буруугүй цэвэр хүн гэж зарлаад байсан. Гэтэл түүнтэй чинь санал нийлэхгүй хүмүүс баахан шаагилдаж байна. Энэ хэрэгтэй холбоотой нэр нь гараад байгаа бусад хүмүүсийн талаар та юу хэлэх вэ?

-Хууль хяналтын байгууллагаас шалгах шаардлагатай хүмүүсээ шалгаж байгаа юм билээ. Намайг ч гэсэн дуудвал дуртайяа очиж юу мэдэж байгаагаа хэлнэ. Харин олон нийтийн цахим сүлжээгээр бодит байдлыг өөрсдөө ойлгоогүй, тэгсэн мөртлөө шалгагдаагүй мэдээллээр хүн доромжлоод байгаа зарим сайт, хувь хүмүүсийг би өөрөө хууль хяналтын байгууллагад өгчихөөд байгаа. Удахгүй дүгнэлт шийдвэр нь гарна. Ер нь намайг зүхээд байгаа хүмүүст хэлэхэд жаахан тэвчээртэй хүлээвэл учир нь олдоно доо.

-Та “Арбитрын шүүхийн шийдвэрт миний нэр байвал 461 дүгээр ангийн үүдэнд өөрөө яваад очно” гэж манай сонинд ярилцлага өгсөн шүү дээ. Тэр хэлсэн үг чинь хэвээрээ юу?

-Миний өмнө нь хариуцаж байсан амаргүй, хариуцлагатай ажилтай холбоотой, би олон удаа шалгуулж байсан. Онцын гэмтэй буруутай юм илрээгүйг л би жаахан хэтрүүлэгтэй танай сонинд хэлсэн юм.

Бусад нэр холбогдоод байгаа хүмүүсийн талаар би юм хэлж чадахгүй. Тэд мэдэж байгаа зүйлсээ өөрсдөө ярих байлгүй дээ.

-Арбитрын шүүхийн шийдвэрт таны гарын үсэг байна гээд л яваад байх юм. Одоо та хэлснээсээ буцах болох нь ээ дээ…

-Хэрвээ би тэр баталгаанд гарын үсэг зурсан байвал очдог газар нь өөрөө очно гэсэн хэлсэн амнаасаа буцахгүй. Хэлсэндээ хүрнэ. Харин наадах чинь нөгөө Батхүүгийн “Эрдэнэт ХХК-ийн удирдлагын гарын үсэгтэй баримт бичгийг Жаст групп ХХК-ийн зүгээс үйлдсэн ба Эрдэнэтийн удирдлага энэ талаар мэдэхгүй байсан болохыг тодорхойлов” гэсэн албан бичигт дурдсан хуурамч баримтын нэг нь байна. Олон улсын “Жайлес” лабораторийн яг энэ гарын үсгийг хуурамч гэж дүгнэсэн албан ёсны дүгнэлтийг манай биш, харин Стандарт банкны хүсэлтээр гаргасан юм билээ. Үүнээс өөрөөр би яаж тайлбарлах билээ. Тэгээд энэ баталгааны төлөө хариуцлага хүлээх болвол Эрдэнэтийн хувьцааг эзэмшиж байгаа 49 хувь, 51 хувийн аль алинд нь л хамаатай болж таарна шүү.

-Яагаад тэр билээ. Эрдэнэтийн 51 хувь нь МАН-д, 49 хувь нь АН-д оччихлоо гээд байгаа шүү дээ?

-Компанийн тухай хуулиар балансын активын нийт дүнгийн 25 хувиас дээш үнийн дүнтэй хэлцлийг их хэмжээний гээд үүнээс доошихыг ерөнхий захирал байгуулах эрхтэй л дээ. Ингэвэл Эрдэнэтийн монгол, орос захирал зөвшилцөн 100-200 сая долларын хэлцэл хийх эрхтэй. Жилийн экспорт, импорт олборлох, боловсруулах, ерөнхий хэмжээг ТУЗ-өөр баталж, үүнд ороогүй 10- 20-иос дээш сая долларын хэлцлийг ТУЗ-ийн монгол, орос тал тус тусдаа хуралдаж, зэрэг зөвшөөрөл өгдөг уламжлалтай байсан юм. Тэгэхлээр Стандарт банкинд өгөх баталгааг ийм л журмаар өгөх ёстой бөгөөд энэ нь аль, аль талд хамаарч таарна. Хэрвээ ийм замаар яваагүй, бүх материалыг хуурамчаар бүрдүүлээд авчихсан бол бас л аль, аль тал хохирлыг үүрнэ.

-Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанаар “Эрдэнэт ХХК”-ийн 49 хувийн энгийн хувьцаатай холбогдсон маргааныг шийдвэрлэсэн. Үүнд та нэлээд үүрэгтэй оролцлоо. Таны талаар сүүлийн үед шуугиад байгаа нь үүнтэй холбоотой биз дээ?

-Үндсэн хуулийн Цэцийн дунд суудлын хуралдаанд оролцсон таван гишүүн, хуулиар олгогдсон эрх хэмжээнийхээ хүрээнд, хэнээс ч хараат бусаар шийдэж байхад, миний голлох үүрэг гэж юу байхав. Харин 51 хувьтай холбоотой, ашиг сонирхлын зөрчилтэй гэсэн яриа гарсан байна лээ. Энэ тийм их үндэстэй яриа биш гэдэг нь уг нь танд яриад байгаагаас минь ойлгогдох байх гэж найдна.

-Эрдэнэтийг өрөнд тавиад туучихсан асуудалд нэр холбогдоод яваа юм чинь 49 хувийг төрд авсан тогтоолыг хэлэлцэх Цэцийн дунд суудлын хуралдаанд та оролцохгүй байж болоогүй юм уу. Бүр илтгэгч гишүүнээр оролцдог нь яаж байгаа юм?

-Аж ахуйн удирдлагын ажилд оролцож байсан туршлагатай, иргэний эрх зүйгээр эрдмийн зэрэг хамгаалсан зэрэг шалтгаанаар өргөдлийг надад хуваарилсан юм гэнэ лээ. Түүнээс би сайн дураараа энэ асуудлыг хэлэлцэхэд оролцъё гээгүй. Илтгэгч гишүүн гэж тусгай илүү эрх дарх байхгүй. Материалыг номын дагуу бүрдүүлээд бусдын адил нэг саналтай л байдаг. Тиймээс энэ шуугиан Цэцийн шийдвэртэй холбоогүй байх.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ламхайгаас адис авдаг профессор

Саяхан ШУТИС-ийн шинэ байрны шав тавих ёслол сүр дуулиантай боллоо. Телевизийн суваг эргүүлэх бүр өнөөх шав тавих ёслолын арга хэмжээ гээчийг нь мэдээлэх юм. Энийг хараад сэтгэл эмзэглэж, бас ичих ч шиг боллоо.

Энэ нь товчхондоо баахан лам авчирч, арц уугиулж сан тавьсан, лус савдгаа аргадаж, мөлхөж мөргөсний эцэст газар ухаж бумба, хадаг, цай оршуулах ёслол юм. Хангинатал хонх дамар болоод л, хүнгэнэтэл ном уншсан ийм нэг харанхуй хоцрогдсон мухар сүсгийн бурангуй ёсыг үйлдэнэ. Яг ийм ёслол ШУТИС-ийн барилгын шав тавихад болсон. Цэмцийсэн хэдэн профессорууд нь сүжигтэй байна гэж жигтэйхэн. Шинээр барих барилга нь угтаа хиймэл оюун ухаан хөгжүүлэх, электроникийн лаборатори сургууль барьж байгаа юм шүү дээ. Дэлхийн хаана хиймэл оюун ухаан хөгжүүлэх сургууль барихдаа шашин ном, ёслол үйлдээд байгаа юм бэ. Тийм ёслол үйлдээгүй барилаа гээд муу юм болоод байгаа нь хаана байгаа юм.

Шинжлэх ухаан, шашин хоёр бол гал ус шиг харш. Шинжлэх ухаан нь шашнаа үгүйсгэдэг. Судалж шинжилж, бодит нээлт хийдэг. Шашнаа дооглодог. Шашин нь харин шинжлэх ухаанаа үгүйсгэдэг. Гэтэл шинжлэх ухааны сургууль, шинжлэх ухааны профессорууд нь ингэж алга хавсран залбирч, мухар сүсгээ өөгшүүлэн суугаа нь хэтэрхий муйхар мунхаг юм биш үү. ШУТИС гэдэг шинжлэх ухааны үүр уурхай. Тэнд сурсан оюутан төгсөөд Монголыг хөгжүүлэхэд хувь нэмрээ оруулах ёстой. Барилга барихыг шинжлэх ухаанчаар судалдаг инженерүүд энд бэлтгэгддэг. Ирээдүйн компьютер, техникийн инженерүүд энд суралцдаг. Уул уурхайн инженерүүд эндээс төрдөг. Тийм сургуулийн барилгыг барих гэж байгаа гээд ингэж мунхаглаж суух гэж. Иймэрхүү мухар сүсгийн дээд хэлбэр болсон ёслол манай нийгэмд нэвчээд байна. Хаа сайгүй барилга барих шав тавих ёслол хийнэ. Ингэхдээ заавал нэг цай оршуулах ёслол үйлдэх юм. Буддын шашинтай зарим оронд газрыг эзэнтэй гэж үзэж газрыг ашиглахдаа эзэн лус савдгийг нь аргадаж, гуйж байна гэсэн утгаар бумба хэмээх зүйлийг хадаг яндартай гэр байшин барихдаа тухайн газартаа ёс үйлдэн булдаг аж. Энэ нь газар хөдөлдөг нутаг орнуудад газар эзэнтэй юм байна гэж үздэг байснаас үүсжээ. Нэг үгээр хэлэхэд, шинжлэх ухааны үүднээс газар хөдлөлтийг ойлгодоггүй байснаас ийн зан үйл хийх болж. Үнэн хэрэгтээ газар хөдлөлт болохоо хүрвэл хадаг яндар булж, ламхай нараар ном уншуулсан, уншуулаагүй ялгаагүй. Чанартай нь тэсээд үлдэнэ, чанаргүй нь багахан баллын газар хөдлөлтөд нурдаг. Энэ бүхэн барилгын чанар, стандартаас л шалтгаална. Гэтэл барилгыг зөв чанартай, стандартын дагуу барихыг заадаг сургууль ийм ёс үйлдэх нь дэндүү эмгэнэлтэй.

Дэлхийд өдөрт хичнээн зуун мянгаараа барилгын ажил эхлүүлж байгаа. Тэглээ гээд шав тавих ёслол хийгээд шашны ёс үйлдээд байдаггүй. Харин сууриа зөв тавих тухай, сайн чанартай, стандартын дагуу барилга барих ойлголт л шинжлэх ухаанд бий. ШУТИС бол дээхнэ үед МУИС-иас салбарласан сургууль. МУИС 1944 онд дайны үед байгуулагдаж байсан. Б.Ширэндэв гэж агуу эрдэмтэн анхны захирал нь байсан сургууль. МУИС анх байгуулагдахдаа ч ингэж лам ном болж муйхарлаж шав тавиагүй байдаг. Дайны жилүүдэд боловсролын систем хөгжөөгүй, хүн амын арван хувь нь л бүрэн дунд боловсрол эзэмшсэн төдий, тоотой хэдхэн сэхээтэнтэй байсан үе шүү дээ. Тэр үед сургуулийн барилгаа барихдаа анхны суурь чулууг, хадагтай тавьж барилгын ажлаа эхэлсэн байдаг.

Лам нь лам, шашин нь шашин байсан тэр үед лам аваачиж ном уншуулж, тоотой хэдэн сэхээтэн нь сөгдөж мөргөөд байгаагүй юм билээ. Гэтэл өнөөдөр цаг үе ямар болов. Шинжлэх ухааны хөгжлийн хурд дэлхийгээс халиад явчихлаа. Өөр гариг ертөнц дээр амьдрах талаар ярьж байна. Ийм байхад Шинжлэх ухаан, техникийн их сургууль нь барилгаа барихдаа мухар сүсгийн харанхуй бүдүүлэг ёс үйлдэх нь инээдтэй бөгөөд эмгэнэлтэй. Дэлхий мунхаг харанхуйг биш шинжлэх ухааныг шүтсэнээр биднээс тасраад явчихлаа. Бид гар мухар, бусдын хийснийг гайхан алмайрахаас хэтрэхгүй байгаа. Монголын шинжлэх ухаан ямар хэмжээнд хүрснийг харуулсан үйл явдал ШУТИС-ийн барилгын шав тавих ёслол болов. Сурлага муутайдуу, шинэ үсгээ ч сайтар сурч амжаагүй ламхай нарт шинжлэх ухааны профессорууд нь сунаж мөргөөд байгаа нь хөлөөрөө толгой хийсний шинж биш үү.

1990-ээд оноос хойш шинэ байрны шав тавьж, цай оршуулах ёслол хийх нь хэрээс хэтэрлээ. Үүнийг нь орой бүр телевизүүд мэдээлнэ. Энэ бурангуй хоцрогдсон ёсноос салмаар байна. Алийн болгон мунхаг бүдүүлгээрээ байх юм. Үүнээс гадна бас нэг гайхшруулсан зүйл байна. Хотоос их, дээд сургуулийг гаргана гэж Их хурал, Засгийн газар, Иргэдийн хурал, ер нь хаа сайгүй л ярьсаар удлаа. Э.Бат-Үүл хотын дарга байхдаа хотын захиргааг нүүлгэн шилжүүлэх газрыг нь шийдээд, зураг төслийг нь хүртэл гаргачихсан байсан ч ажил хэрэг болоогүй. Газар чөлөөлөх хүртэл энэ асуудал яригдаад Э.Бат-Үүл даргын Сонгинохайрханд хотын захиргааг нүүлгэх ажил замхарсан. 2017 онд Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийг УИХ хэлэлцэж, Нийслэлийн төрийн захиргааны болон нутгийн захиргааны төв байгууллагуудыг хотын төвөөс нүүлгэнэ гэв. Одоогийн хотын дарга хотын захиргааг Яармаг руу нүүлгэнэ, их, дээд сургуулийг хотоос гаргана гэж мөн л ярьсан. Хотын захиргааг нүүлгэнэ гэж 2018 оны төсөвт 1.5 тэрбумыг суулгалаа. Засгийн газрын тогтоол хүртэл гарав. Ингэж хэлж яриад байсан нь яачихаад үйлчлэхээ байчихав. Нөгөө хотоос гаргана гээд байсан их, дээд сургуулийнх нь нэг ШУТИС-ийн шинэ байрны газрыг хотын төвдөө өгөөд шав тавих ёслол гээчийг хийгээд сууж байх юм. Зүй нь энэ сургуулийн нүүж очих газар нь шав тавих ёстой юм биш үү. Энэ бүхнээс харахад Монгол Улсад төр гэж ер нь байна уу. Төр гэж байдаг бол төрийн шийдвэрээ дагаж хотоос гарах ёстой байгууллагуудыг гаргах ёстой биз дээ. Монголчуудын нэгийг хэлж, нөгөөг хийдэг дампуу зан төр засагт нэвт шингэсэн нь эндээс харагдаж байна. Нэгэнт шийдвэр гарсан бол сургуулийн барилгыг хотод барих зөвшөөрөл өгөх ёсгүй. Ийм л дампуу хоорондоо уялдаагүй шийдвэрүүд Монголд өдөр бүр ар араасаа гарч, тэрийг нь орой бүр зурагтаар гаргаад сүйд болох юм. Төр нь үүнийг болиулдаггүй юм уу. Төрийн бодлого шийдвэрийн уялдаа холбоо гэж Монголд байна уу. Профессор нь ламхайд мөргөж адис авдаг шиг Засгийн шийдвэр гарчихаад байхад хотод сургуулийн байшин барих гэж шавь тавьж суудаг нь ямар учиртай юм. Ийм гажиг үйл явдлууд өрнөдөг нь Монголын онцлог юм шиг болоод удлаа. Энэ онцлог нь Монголыг хөгжүүлэхгүй байгаа юм. 2016 онд Анагаахын дээд сургуулийн шинэ байрны шав тавих ёслол мөн л иймэрхүү зан үйлтэй болж байсан. Ерөнхий сайд нь, Боловсролын сайдтайгаа очоод л сууж байсан. Шав тавих ёслол, тууз хайчлах хоёрт манай дарга нарын дуртайг хэлэх үү. Жорлон барьсан ч, зөөврийн худаг барьсан ч шав тавьж, тууз хайчилж, ламхай нарыг аваачих юм. Барилгын суурь тавихад лам, нам, дарга, дуучин ямар хэрэгтэй гэж. Зүгээр ч үгүй энэ ёслолдоо барилгынхаа төсвөөс нэгээхэн хэсгийг зарцуулдаг гэж байгаа. Төрийн шийдвэрээсээ эсрэг үйлдэл хийдэг дарга, ламхайгаас адис авдаг профессортой улсын шинжлэх ухаан хол явахгүй ээ. Улс орон маань ингэхээр уруугаа харуулчихсан юм шиг, учир нь олдохоо байсан нь аргагүй биз ээ.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Хууль, хяналтынхан даргын тушаалаар биш хуулийн дагуу л шийдвэр гаргах ёстой

УИХ-ын гишүүн Д.Гантулга өнгөрсөн оны зургадугаар сард хүчингийн хэрэгт холбогдон шалгагдаж эхэлсэн. Хэргийг харьяаллын дагуу Баянзүрх дүүргийн цагдаагийн газар шалгаж, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн шинжээчдийн дүгнэлтийг үндэслэн УИХ-ын гишүүн Д.Гантулгыг буруугүй гэж үзэн хэргийг хэрэгсэхгүй болгосон. Мөн нотлох баримтыг Шүүх шинжилгээний хүрээлэнгийнхэн устгаж, хуурамч дүгнэлт гаргасан байна гэж үзэн дахин шалгуулахаар хохирогчийн талаас Сүхбаатар дүүргийн цагдаа, прокурорт хандсан. Сүхбаатар дүүргийн прокурор, цагдаагийнхан шинжээчдийн гаргасан дүгнэлтийг үнэн зөв байна гээд гаргачихав. Хохирогчийн тал дахин ерөнхий прокурорт хандсанаар хэргийг сэргээн шалгаж эхэлсэн юм. Ингээд Шүүх шинжилгээний хүрээлэнгээс шинээр шинжээч томилтол гишүүн Д.Гантулгын ДНК нотлох баримтуудтай таарч байна гэсэн дүгнэлт гарлаа. Тухайлбал, нэг байгууллага хэдхэн сарын дотор хоёр өөр дүгнэлт нэг хэрэг дээр гаргасан. Зарим мэдээллээр Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн нэр бүхий шинжээчийг уг хэрэг дээр ажиллуулж, УИХ-ын гишүүнийг буруугүй гэж нотлох дүгнэлтийг зориуд гаргахын тулд өөр байр суурьтай шинжээчийг тэр үеийг тааруулж байгаад амралтанд явуулсан гэх. Ямартай ч сүүлийн гаргасан дүгнэлтээр гишүүн Д.Гантулгад эрүүгийн хэрэг үүсгэн, яллагдагчаар татан зохих байгууллага мэдүүлэг авахаар дуудсан ч эрхэм гишүүн дуудсан цагт ирэхгүй шалтаг шалтгаан тоочсоор байгаа аж. Мөн хэрэгт Шүүх шинжилгээний байгууллагын хэд хэдэн хүнийг холбогдуулан шалгаж байгаа. Энэ байдлаас харахад хэрэг ер нь зөв шийдэгддэг болов уу гэсэн эргэлзээ төрж байгаа биз.

Өнгөрсөн онд 13 настай охиныг зочид буудалд хүчирхийлж амь насыг нь хөнөөсөн гэх хэрэг ч олны анхаарал татаж байгаа. Охинд архи их хэмжээгээр уулгаж, хүчирхийлэн үхэлд хүргэсэн гэх хэргийг ч мөн л хуулийнхан өөрсдөө яаран дүгнэлт хийж олон нийтэд өөрөөр мэдээлсэн. Тухайлбал, охиныг сайн дураараа архи ууж, насанд хүрсэн хүмүүстэй бэлгийн харьцаанд орж, хэтрүүлэн хэрэглэсэн архи нь үхэлд хүргэсэн мэтээр эхний мэдээллийг өгсөн.

Г.Номуундарь охины олон нийтэд хүргэсэн лайвыг үндэслэн хар тамхи болон хүчирхийллийн хэрэг шалгагдаж байгаа. Гэвч прокурор тухайн үедээ шүүхийн шийдвэр гараагүй байхад яаран олон нийтэд хохирогч гэгдэх нэг охиныг нь хүчирхийлэлд өртөөгүй гэж шууд зарласан. Хууль хяналтынхан мэдээлэл авах гэхэд бөөн хүнд суртал гаргадаг хэрнээ өөрсдийн зорилтот мэдээллээ яаран нэг талаас нь дүгнэн нийтэд хүргэсний дараа нөхцөл байдал өөр байсан нь ил болдог энэ мэт тохиолдол бишгүй гардаг.

Долдугаар сарын нэгний хэргийг олон хүн санаж байгаа. Хүний эрхийг ноцтой зөрчсөн, таван хүний амь насыг авч одсон энэ аймшигт хэргийн олон зүйл таавар хэвээр үлдсэн. Үүрэг өгсөн хүн яг хэн байсан нь одоо хүртэл тодорхой биш. Буудсан хүн нь олдоогүй. Тухайн үеийн цагдаагийн удирдлагад байсан зарим хурандаа, чулуу нүүлгэсэн гэж хүүхэд залуус хэдэн зуугаараа ял авснаар энэ хэрэг дууссан. Хэн нэгэн улстөрч ямар ч хариуцлага үүрээгүй өнгөрснийг бид санаж байна.

Мөн олны анхааралд өртсөн нэг хэрэг бол С.Зоригийн хэрэг. Түүний амь насыг бүрэлгэсэн гэх хэдэн хүнд ял өгсөн боловч одоо болтол захиалагчийг зарлаагүй байгаа. Үе үеийн эрх баригчид шинээр ажлын хэсэг байгуулж, удахгүй алуурчдыг болон, захиалагчийг зарлана гэдэг ч он улирсаар саяхан шийдэгдсэн. Гэвч олон хүн жинхэнэ захиалагч хэн бэ, ял авсан хүмүүс алуурчид мөн үү гэдэгт эргэлзсээр байгаа. Алуурчид нь тодорсон бол хэргийн захиалагч тодорхой л баймаар юм. Хэргийн чухам юу нь нууц юм бол. Захиалагчийг нуух ямар шалтгаан байна.

Олны анхааралд өртсөн хэргүүдээс цөөхнийг дурдахад ийм эргэлзээтэй, зарим нь шүүхийн шинжилгээний дүн ингэж зөрүүтэй гараад байхаар иргэд хэнд итгэх юм. Энэ мэтээс харахад манай цагдаа, шүүх, прокурор, шүүхийн шинжилгээний байгууллага улстөрчдийн эсвэл нөлөө бүхий, эрх мэдэлтэй, мөнгөтэй хүнд үйлчилж, нөлөөнд автдаг уу, аль нэг хэрэгт хөндлөнгөөс нөлөөлдөг үү гэсэн асуулт гарч ирж байгаа. Мэдээж хуулийнхан тэрний үгэнд ороод ингэлээ, эсвэл тэг ингэ гэж тэр улстөрч захиалсан гэж хэлэхгүй. Захиалагч нь ч албан бичиг өгч хэрэгт нөлөөлөхгүй. Албан бусаар, нууцхан далд, гэрчгүй л уулзаж ярилцдаг биз. Болж байгаа үйл явдлын өрнөлөөс хүмүүс өөр өөрийнхөөрөө дүгнэж, эргэлздэг, хэвлэл, мэдээлэл өөрийн өөрийнхөөрөө олсон мэдээллээ түгээдэг. Ямар ч байсан нотолж чадахгүй ч эргэлзсээр үлдсэн энэ мэт олон хэрэг бий.

Энэ бүхний дараа шүүх, прокурор, цагдаагийнхны нэр хүнд унадаг. Улс төрийн нөлөөлөл орсон, хэргийг үнэн зөв шийдсэн гэж үздэггүйтэй холбоотой. Хүн бүхэн шударга биш шийдлээ гэж гадарлаад байдаг. Нотлоход хэцүү. Гардан гүйцэтгэсэн хуулийн зарим хүн нэр төр, алба ажлаараа хохироод үлдэх нь бий. Хамгийн аюултай нь хүмүүс хуулийг сахих, түүнд итгэх итгэл буурдаг. Буруутгая гэвэл буруугүйг ч буруутан болгож, гэмгүй болгоё гэвэл буруутныг ч цэвэр ариухан амьтан болгочихож байгаа учраас. Бүгд аргалах, аргацаах, үнэнийг худал болгох, худлыг үнэн болгох нь ядах юмгүй мэт ойлгоод эхэлнэ. Одоо үүнийгээ болимоор байгаа юм. Нийгэмд шударга ёсны хэмжүүр тогтоох ёстой хүмүүс бол хуулийнхан. Тэдний шийдвэр шударга байж л шударга ёс тогтоно.

Хэвлэл мэдээлэл ямар нэг хэргийн талаар мэдээлэл хүргэхэд шүүхийн шийдвэр гарахаас өмнө тухайн хэвлэлийг болон сэтгүүлчийг яллах нь бий. Гэвч хэсэг хуцгацааны дараа сэтгүүлчийн хөндсөн сэдэв үнэн болох нь бий. Харамсалтай нь нэгэнт сэтгүүлч буруутгагдсан бол дараа нь гэмт хэрэгтэн буруутай нь тогтоогдсон ч сэтгүүлчийн нэр хүнд авсан ялын талаар хэн ч сөхдөггүй.

Олон жилийн өмнө манай сонины сэтгүүлч Г.Дашрэнцэнгийн Гаалийн ерөнхий газрын удирдлагуудын авлига, хээл хахуультай холбоотой бичсэн баримтат нийтлэлийн эсрэг нэр дурдагдсан хүмүүс зарга үүсгэж шүүхийн шийдвэр Өдрийн сонины эсрэг гарч мөнгөн торгууль оноосон. Төд удалгүй сэтгүүлчийг буруутгаад шүүхэд гомдол гаргаж байсан албан тушаалтан авлига авсан нь тогтоогдоод шоронд ял эдэлсэн. Угтаа шүүхийн шийдвэрээс өмнө сэтгүүлч баримтад тулгуурлан мэдээллийг олон нийтэд хүргэсэн ч ийнхүү буруутаад л өнгөрсөн. Жинхэнэ хэргийг мөрдөж шалгаад шүүхийн шийдвэр гарахаас өмнө сэтгүүлчийг буруутгааад гүтгэсэн хэргээр яллачихаж байгаа юм. Одоо ч ийм явдал тохиолддог.

Энэ мэтээр дуулиант хэргийн талаар хэвлэлийнхэн мэдээлэл хүргэхээр нийтлэл мэдээлэлд нэр дурдагдсан хүн өөрийгөө хамгаалж, нэр төрөө сэргээлгэнэ, гүтгэлээ гээд л шүүхэд ханддаг. Нотлох баримтаа авчир гэдэг. Нэгэнт шүүхийн шийдвэр гараагүй шалгагдаж байгаа болохоор тэрийг нь авчирч өгч чадахгүй л бол тухайн хэвлэл шууд л буруутаж байгаа юм. Ингээд хэргийн эзнийг шалгагдаж шийтгүүлэхээс өмнө сэтгүүлч аль хэдийнээ буруутан болоод шийтгүүлчихдэг. Энэ бүхнийг аажуу уужуу харж шийддэг болмоор байна. Үнэн хэрэгтээ сэтгүүлчид ч гэсэн дотоод итгэл үнэмшил гэж бий. Олсон мэдсэн баримт сэлтдээ тулгуурлан мэдээ материалаа нийтэд хүргээд буруутан болоод байвал хэн үнэний төлөө явах болж байна. Үүнд таарсан хууль, эрх зүйн орчин дутмаг.

Хүчирхийллийн хэрэг ч мөн адил гэрчгүй л бол ихэнх тохиолдолд хохирогчийг гүжирдээд, эсвэл тохиролцсон болоод өнгөрөх тохиолдол их. Шүүх хуулийнханд шүтдэг дарга, албанд тушаалд хүргэсэн хүн, танай, манай нам, танил тал гэсэн ойлголт байх ёсгүй. Ингэвэл хууль дээдлэх, хуулиа сахих ёсонд хор хөнөөлтэй. Мөн шүүхэд хэрэглэгддэг процессын хуулиудад хэргийн оролцогчийн нотлох баримтыг тал бүрээс нь бодитойгоор харьцуулан үзсэний үндсэн дээр шүүх өөрийн дотоод итгэл үнэмшлээр шийднэ гэсэн заалт байдаг. Зарим тохиолдолд шүүгчид өөрийг нь томилсон даргад, эсвэл улс төрийн нөхцөл байдалд тааруулан тэр дотоод итгэл үнэмшлээрээ хандаад байдаг юм биш биз. Хууль, хяналтынхан даргын тушаалаар биш, хуулийн дагуу л шийдвэр гаргах ёстой.

Categories
мэдээ цаг-үе

Ч.Сосорбарам: Даяаршил мэдээллийн энэ зуунд аюул заналхийллийн агуулга, хэлбэрт ихээхэн өөрчлөлт гарсан

Батлан хамгаалах яамны Гадаад хамтын ажиллагааны газрын дарга, бригадын генерал Ч.Сосорбарамтай ярилцлаа.


-Манай улс хоёр том хөршийн дунд байдаг. Зэвсэгт хүчний чадавхи, хүн хүчний хувьд ч энэ хоёр улстай харьцуулахад хэцүүхэн гэж манайхан ярьдаг шүү дээ. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Хүн хүчний ихээхэн нөөцтэй дэлхийн хамгийн хүчирхэг Зэвсэгт хүчинтэй хоёр хөрштэйгээ харьцуулан өөрийн Зэвсэгт хүчнээ үгүйсгэн басамжилж байдаг олон улстөрчидтэй цэргийнхэн үргэлж таарч асуултанд нь бүдэрч байдаг. Саяхан болтол бусдын толгойгоор явж ирснээс үүдэн төрийн бодлогын уламжлалаа гээсэн улстөрчидтэй болгосон түүхээ яалтай билээ. Нэг л бүхэл бүтэн арми дайрч орж ирээд л тэгээд хэдэн цаг манай цэргүүд тэсэх тухай шугаман гэнэн асуултуудаа улстөрчид тавьсаар цэргийнхэн бид тэр болгон зөв хариулт өгч чаддаггүй нь харамсалтай.

-Яагаад хариулт өгч чаддаггүй гэж. Дэлхий нийтийн хөгжлийн хандлага-гадаад аюулгүй байдлын орчин ямар байдаг талаар та тэгвэл хэлээд өгч болох уу?

-Орон нутгийн хамгаалалт үйл ажиллагаа арга хэрэгсэл тодорхойгүй, зөвхөн Зэвсэгт хүчин хамгаалах юм шиг харагдаад байдаг учраас хариулж чаддаггүй байсан юм. Одоо хууль боловсруулж байгаа. Энэ хууль тодорхой батлагдсаны дараа хариулахад илүү дөхөм болно. Нэг ёсондоо хууль өөрөө хариулт нь болох учиртай. Өнөөгийн дэлхий нийтийн хөгжлийн үйл явц нь аль нэг улс дангаараа бие даан шийдвэрлэх бололцоогүй хүндрэлтэй асуудлуудыг бий болгож байгаа учраас улс орнууд хамтарсан нэгдмэл бодлогыг боловсруулах шаардлагыг тулгах болсон. Дэлхийн хүн амын ядуурал, өвчлөл, цагаачдын нүүдэл, байгалийн гамшиг, бүс нутаг, үндэстэн хоорондын мөргөлдөөн зэрэг нь нэгдмэл бодлого, эрх зүйн зохицуулалтыг шаардаж байна гэсэн үг л дээ. Шашин, түүхэн уламжлал, терроризм газар нутгийн болон бусад олон шалтгаанаар улс орнууд сөргөлдөн орон нутгийн чанартай зэвсэгт мөргөлдөөн, дайн байлдаан тасрахгүй байгаа. Өөрөөр хэлбэл олон улсын хүчний харилцаа өөрчлөгдөж, шинэ нөхцөл байдалд улс орнууд бүс нутгийн хэмжээнд нөлөөгөө тогтоох буюу хадгалах гэсэн эрмэлзлэл, өрсөлдөөн тэмцэл ихсэх болсонтой шууд холбоотой. Даяаршил мэдээллийн энэ зуунд аюул заналхийллийн агуулга хэлбэрт ихээхэн өөрчлөлт гарсан л даа. Гибрид–эрлийз дайн, аюулын тухай болон уламжлалт, уламжлалт бус аюул заналхийллийн тухай цэргийн онолчид ихээхэн ярьж бичиж, цэргийн номлолдоо ч тусгах боллоо.

-Энийгээ жаахан тодруулаач. Жишээ нь гибрид дайн гэдгийг…

-Гибрид дайн гэж аль нэгэн улсын эсрэг цэргийн болон өөр нээлттэй хүчирхийлэл хийхгүй, харин тэр улсын үндэсний аюулгүй байдал, бүрэн эрхт байдал нь аюул заналхийлэлд орж, эвдэгдэх болсныг хэлээд байгаа юм. Энэ талаар Оросын Зэвсэгт хүчний жанжин штабын дарга, армийн генерал Валерий Васильевич Герасимовын бичсэн дайны тухай өгүүлэлд байдаг. Мөргөлдөөний аргын агуулгад улс төр, эдийн засаг, дипломат, мэдээлллийн болон хүн амын эсэргүүцэгч чадавхийг оролцуулан хэрэгжүүлж буй цэргийн биш аргууд зонхилох болсон. Гэхдээ орчин үеийн дайны агуулга ойрын ирээдүйд урьдын адил зэвсэгт тэмцэл байх болно гэдэгтэй мэргэжилтнүүд, судлаачид санал нэг байгаа юм. Мөн дайсан, болзошгүй түрэмгийллийн тухай ойлголт ч ихээхэн өөрчлөгдлөө. Эвсэл холбоо ч биш, улс үндэстэн ч биш дайсан буюу үндэстэн дамжсан шашин, гэмт хэрэгтний бүлэглэл болох Бин Ладен, Талибан, Лалын улс-ISIS, далайн дээрэмчид гээд учир нь олдоход бэрх хил хязгааргүй зэвсэгт хүчинтэй дэлхийн хамгийн том гүрнүүд, НАТО хүртэл тэмцээд тэр бүр амжилтанд хүрэхгүй л байна. Дэлхийн хүчирхэг улс гүрнүүдийн зэрэгцээ үндэстэн дамнасан зохион байгуулалттай “улс биш тоглогчид”, бүлэглэлийн үйл ажиллагааг улс орнууд аюулгүй байдлаа хангахдаа тооцох болсон. Үүнээс болж Цэргийн холбоотон, эвслийн гишүүний асуудал ч бас шинэ тайлбар төдийгүй зарчмын өөр тодорхойлолт шаарддаг болж. Үүнтэй холбоотой аюулгүй байдлын тухай онолын сэтгэлгээнд ч өөрчлөлт орж, хэвшмэл зарим ойлголтуудыг эргэн харах шаардлагатай болсныг хүлээн зөвшөөрч асуудлыг иж бүрнээр нь ойлгох ёстой болж байна.

-Цэрэг дайн, байлдааны ажиллагаа орчин үед ямар болсон бэ?

-Сая танд ярьсан нөхцлүүдээс болж дайн байлдааныг явуулах арга, төрөл, зорилгыг өөрөөр тодорхойлж, зэвсэгт хүчнийг ашиглах хэлбэрт ихээхэн өөрчлөлт оруулахад хүргэж байна. Хөгжилтэй орнуудын цэрэг техникийн бодлого нь үндэсний эрх ашгаа хамгаалах зорилгодоо түргэн байрлах хүчнүүдийг голлон хөгжүүлж, технологийн дайны зорилгод улам бүр нийцүүлэх чиглэлээр тээвэрлэгч хэрэгслэл болон сансар, агаар, газрын электрон цогцолборуудыг хамтруулан хөгжүүлж байна. Аль болох богино хугацаанд ямар ч алсад шийдвэрлэх цохилтыг амьд хүчний хамгийн бага хохирлоор гүйцэтгэдэг технологийн дайн, байлдаан том улсуудын зэвсэгт тэмцлийн арга, хэлбэр болж байгаа.

-Хөгжилтэй улс орнууд тэгдэг юм байж. Бага буурай, хүн ам цөөтэй, хөгжил тааруу улс тэгвэл яана гэсэн үг вэ?

-Бага орнуудын хувьд энэхүү технологийн дайны эсрэг уян хатан, сунжирсан нутгийн гүн рүүгээ, газар орноо сайн ашигласан жижиг бүлгээр байлдах арга, орон нутгийн байлдаанаар эсрэг хүчээ цөхрүүлэх, цаг хожин олон улсын дэмжлэгийг олж авах зорилтыг голлон анхаарах болсон юм.

-Тухайлбал манайх шиг орон яаж хамгаалах вэ?

-Их гүрнүүд үндэсний эрх ашгаа дэлхийн хаана ч хамгаалах эсхүл өөрсдийн “үнэт зүйлсээ” сахин түгээх үүргийг Зэвсэгт хүчиндээ ноогдуулдаг бол дунд, жижиг орнуудын хувьд дайны аюулыг сэрэмжлэх, зэвсэгт хүчин оршин байгаа утгаараа аюул заналхийллийн босгыг өндөрт байлгах, цаг хожих зорилт тавьдаг. Үүний сацуу их, бага орны зэвсэгт хүчнүүдэд байгалийн төрөл бүрийн гамшигтай тэмцэх, хүмүүнлэгийн тусламж үзүүлэх, дайнаас дүрвэгсдэд туслах аврах, энхийг сахиулах ажиллагаа, алан хядах ажиллагаатай тэмцэх ажиллагаанд зэвсэгт хүчнийг сургах, ашиглах, усан болон хуурай хилээ хамгаалах зорилгоор “дайны бус цэргийн операци” гэдэг ойлголт бий болж түүнд сургаж дадлагажуулах боллоо. Дайчилгааны армиас мэргэжлийн чадварлаг арми болох үндсэн хандлагатай болж энэ нь улс орон бүрт өөрийн эдийн засгийн боломжоос шалтгаалан янз бүрийн нэр томьёогоор нэрлэгдэн хэрэгжих шатандаа явж байна.

Орчин үеийн мөргөлдөөний онцлогийг генерал Герасимов бичихдээ “НАТО-гийн Югославт явуулсан операцийн туршлага урд өмнө өргөн тархаагүй байсан хавьтахгүй буюу зайнаас дайтах дайны эрин үеийг нээсэн. Энэ дайны гол онцлог нь янз бүрийн зориулалт, үйлдэл бүхий робот техникийн комплекс, нисгэгчгүй нисэх аппарат зэргийг маш ихээр хэрэглэсэн явдал болно. Янз бүрийн хүч, хэрэгслийг ашиглах шинэ шинэ хэлбэрүүд бий болов. Жишээлбэл, Ливийн дайны үеэр үл нисэх бүс байгуулахын хамт НАТО-гийн гишүүн орнуудын хувийн цэргийн компаниуд, сөрөг хүчний зэвсэгт нэгтгэлүүдийн хамтын үйлдлийг хослуулан тэнгисийн бүслэлт хийх явдлыг нэгэн зэрэг хийж байна. Сирийн мөргөлдөөнд гибрид аргыг ашигласан явдал. Тэнд цэргийн болон цэргийн бус шинж чанар бүхий уламжлалт болон уламжлалт бус үйлдлийг нэгэн зэрэг ашигласан. Дотоод босогчид, мэдээллийн сүлжээ, удирдлагатай алан хядагчдыг Засгийн газрын эсрэг ашиглах гэх мэт” гэж дурдсан байгаа юм. Улс орон бүр дайны аюулаас сэрэмжлэх түүхэн туршлага, зөн мэдрэмждээ тулгуурлан зохих зэвсэгт хүчийг барьж байгаагаараа аюул заналхийллийн босгыг өндөр болгож сэрэмжилж байна.

“Global Firepower” судалгааны байгууллагаас дэлхийн орнуудын зэвсэгт хүчний хүчин чадлыг тодорхойлоход манай хоёр хөрш ОХУ, Хятад Улс Ази тивд тэргүүлж, дэлхийд АНУ-ын дараа бичигджээ. Тэгвэл 126 орныг хамруулсан жагсаалтад Өмнөд Солонгос 7-д, Япон Улс 9-д Монгол Улс 85-т бичигдсэн байна лээ. Сүүлийн жилүүдэд улс орнууд, хөршүүд маань батлан хамгаалах зардлаа өсгөн нэмэгдүүлж зэвсэглэлээ шинэчлэн сайжруулж байгаа бол манай улс улам танаж хассаар байгаа нь үнэн. Гэтэл БНХАУ, ОХУ цэргийн номлолдоо амин чухал эрх ашгаа хамгаалах шаардлага тулгарсан нөхцөлд ҮОХЗ, цэргийн хүч хэрэглэх тухай заалт оруулсан буюу оруулах хандлагатай, ашиг сонирхлоо хамгаалахын тулд хүч хэрэглэхээс татгалзахгүй гэдгээ мэдэгдсэн.

Энэ цаг үед цэргийн аюул хийгээд заналхийллийг урьдчилан төсөөлөхийн үүрэг, ач холбогдол өсч байгаа бөгөөд иж бүрнээр нь үнэлэн цэгнэх шаардлагатай болж байна. Америкийн шинжээч Роберт Фарли “The National Interest” сэтгүүлд нийтлүүлсэн өгүүлэлдээ 2018 онд Дэлхийн гуравдугаар дайн дэгдэж болох таван бүсийг дурдсан байна. Үүнд БНАСАУ, Тайвань, Украин, НАТО-гийн өмнөд бүс болон Персийн буланг нэрлэсэн байна лээ. Умард Солонгосын эргэн тойрны байдал нь өнөөгийн дэлхий ертөнцийн гадаад бодлогын хамгийн ноцтой хямрал гарцаагүй мөн. БНАСАУ, АНУ-ын хооронд дэгдэж болзошгүй дайнд Япон, Хятад улс татагдан орж болох юм гэж бас бичсэн байсан. Японы шинжээч нар Солонгосын хойгт дайн эхэлж болох дөрвөн хувилбарыг мөн дэвшүүлсэн. Хятадын Жилинь мужийн орон нутгийн сонин оршин суугчдад цөмийн довтолгоо болсон тохиолдолд ямар арга хэмжээ авах тухай бүтэн нүүр зөвлөгөө, зааварчилгаа нийтэлсэн байсан. Тус мужид дүрвэгсдийн таван хуаран байгуулахаар төлөвлөж буй тухай мэдээлсэн. Нанжинь их сургуулийн профессор Жу Фэн “Ямар ч тохиолдолд бид пуужингийн довтолгоо, цөмийн дэлбэрэлт, гамшиг сүйрэлд сэтгэлзүй, практикийн бэлтгэлтэй байх хэрэгтэй” гэсэн байгаа.

-Манай улсын хувьд?

-Монгол Улсын хувьд дээрх бүхнийг анхаарлынхаа төвд байлгаж, ялангуяа олон улсын хамтын нийгэмлэг болон бүс нутгийн хэмжээнд аюулгүй байдлаа, цэрэг-дипломатын аргаар хангах, цэргийн итгэлцлэлийг бэхжүүлэхэд идэвхтэй хүчин чармайлт гарган ажиллаж байна. Энэ зорилтын хүрээнд НҮБ-ын энхийг сахиулах ажиллагааны оролцоогоо идэвхитэй үргэлжлүүлэх, ОХУ, БНХАУ-тай батлан хамгаалах салбарт хамтран ажиллахын зэрэгцээ бусад улс орнууд түүний дотор НАТО-той ч харилцах боломжийг хадгалах нь аюулгүй байдлаа хангах үндэсний стратегийн чухал хэсэг байсаар байх болов уу. Цэргийн эвсэл холбоотноос татгалзсан, хоёр хүчирхэг улсад хавчуулагдсан өргөн уудам нутагтай, хүн ам нь сийрэг суурьшсан, дэд бүтэц сул хөгжсөн манай орны хувьд “…улс төр дипломатын арга тэргүүлсэн, орон нутгийн хамгаалалтад тулгуурласан. чадварлаг зэвсэгт хүчинтэй байх…” гэж батлан хамгаалах гол арга замуудаа хуульчилсан байдаг.

Үүнээс улс төр, дипломатын арга, чадварлаг зэвсэгт хүчин гэдгийг энэ удаа тайлбарлаад хэрэггүй биз ээ. Монгол Улс чадварлаг зэвсэгт хүчинтэй–сайн цэргүүдтэй болохоо дэлхийд харуулсан. Цэргийн шинэчлэлийн үр дүнд энхийг сахиулах ажиллагаанд оролцсоны ачаар шүү дээ.

Улс төрчдөд улс төр дипломатын арга хэрэгслээ хэрэгжүүлэх боломж цаг хугацааны босгыг зэвсэгт хүчин хангаж өгөх асуудал батлан хамгаалахын эхний шат. Бүр болохоо байвал бүх ард түмнээрээ тэмцэх түүний гол тулгуур нь бас л зэвсэгт хүчин юм. Дээр дурдсан батлан хамгаалах аргуудаас орон нутгийн хамгаалалтыг тодорхой болгож хуульчлах нь тулгамдсан хэрэг болоод байна. Цэргийн эвсэл холбоотноос татгалзсан батлан хамгаалах стратегитай орнуудад өөрийн нутаг дэвсгэр дээрээ, газар нутгийнхаа гүн рүү хориглон хамгаалдаг орон нутгийн хамгаалалтын тогтолцоотой байх шаардлага тавигддаг. Мөн түүхэн уламжлалаасаа болоод АНУ Үндэсний гварди, Франц улс жандармери, Итали улс карабинери, ОХУ казачество гэх мэт орон нутгийн хандлагатай хүчин байсаар байдаг. Сүүлийн үед батлан хамгаалах нэгдмэл тогтолцоо (Total Defense) л манайд илүү тохирно гэж зарим улстөрчид үзэх болсон.

Батлан хамгаалах тухай хуульд “Монгол Улс орон нутгийн хамгаалалтад тулгуурласан батлан хамгаалах нэгдмэл тогтолцоог бүрдүүлнэ” гэсний цаад утга, агуулга нь тотал-нэгдмэл тогтолцоо юм. Энэхүү тогтолцоогоор улс орноо бүхэлд нь батлан хамгаалахад төлөвлөгөөтэйгөөр бэлтгэх, бүх хүмүүсээ эх орноо хамгаалахад сургах, үүрэгжүүлэх явдал бөгөөд Сингапурын ерөнхийлөгч асан Ли Ю Куэны номонд энэхүү нэгдмэл тогтолцоо-Тотал Defence Сингапурт хэрхэн бий болсон ямар хүндрэлүүд байсныг сургамжтай хэлбэрээр бичсэн байдаг.

Бидний анхаарч судалж ирсэн Швейцарийн “газар нутгийн хориглон хамгаалах” аргаар бол нутаг дэвсгэрээ бүхэлд нь дайн байлдаанд бэлтгэж, бүх эрчүүдээ цэргийн хэрэгт сурган жил бүр, буу зэвсэгтэйтэйгээ, унаатайгаа томилгоот газраа очиж бэлтгэл сургууль хийдэг, гүйцэтгэх үүрэгтэй байдгийг монгол эхнэртэй швейцарь айлд зочлохдоо, эр цэргийн үүрэгтний дэвтэр, буу сумыг хүртэл үзэж явлаа. Швед улсын “орон нутгийн хамгаалалтын” тогтолцоо манайхтай олон талаар төсөөтэй байдаг.

Эдгээр жишгээр өргөн уудам нутагтай, хүн ам нь сийрэг суурьшсан, дайчилгааг богино хугацаанд хийх боломж хязгаарлагдмал, дэд бүтэц сул хөгжсөн манай орны хувьд Зэвсэгт хүчний ангиудаа зохистой тараан байрлуулж, хил агаарын орон зайгаа хянан, орон нутгийн удирдлага, хүн амаа шаардлагатай үйл ажиллагаанд тайван цагт бэлтгэдэг орон нутгийн хамгаалалтын тогтолцоотой болох шаардлага байгаа юм.

Дун бүрээний дуугаар айл бүрээс зэр зэвсгээ агссан шууд байлдахад бэлэн цэргүүд гарч ирдэг, цэргийн хээрийн сургуулийг ан аваар хийж байсан түүх уламжлал бидэнд бий. Манай улс үндсэн хуулиндаа өөрийгөө хамгаалах зарчмаа тунхагласан бага орны хувьд батлан хамгаалах арга хэлбэртээ “жижиг болон төвийг сахисан орнуудын (цэргийн холбоонд нэгдээгүй буюу холбоотон оронгүй) батлан хамгаалах бодлогын хамгийн боломжтой, оновчтой загвар гэгддэг орон нутгийн хамгаалалтын тогтолцоог өөрийн орны нөхцөлд тохируулан авч хэрэглэх гэж 1990-ээд оноос хойш оролдсоор байна.

-Орон нутгийн хамгаалалтын тухай хууль боловсруулж байгаа гэл үү?

-”Орон нутгийн хамгаалалт” гэж юу болохыг 2006 онд УИХ-ын тогтоолоор батлагдсан “Монгол Улсын төрөөс орон нутгийн хамгаалалтын талаар баримтлах бодлого” үзэл баримтлалын шинжтэй баримт бичигт анх тайлбарласан бол түүний дараа Батлан хамгаалах хуулиндаа “Орон нутгийн хамгаалалтад тулгуурласан батлан хамгаалах нэгдмэл тогтолцоо” гэснээр гол агуулгыг нь илэрхийлсэн гэж үзэж болно.

Саяхан хэвлэгдсэн “Батлан хамгаалах стратеги” номонд дэслэгч генерал Ц.Дашзэвэг бичихдээ “Орон нутгийн хамгаалалтад үндэслэсэн батлан хамгаалах тогтолцоог манай улс сонгон авсан нь тун оновчтой хэрэг болсон бөгөөд одоо бүрдүүлэх, бэхжүүлэх үйлсэд шуурхайлан орох цаг нэгэнт болоод байна. Орон нутгийн хамгаалалт нь батлан хамгаалах нэгдмэл тогтолцооны үндэс төдийгүй Монгол Улс өөрийгөө хамгаалах стратеги болж байгаа юм” гэж дүгнэсэн.

-Орон нутгийн хамгаалалтын хуульд та ямар саналууд оруулж байна?

-Тайван цагт орон нутгийн хамгаалалтын хүрээнд иргэдээ, цэргээ хамтатган бэлтгэдэг байх, иргэд, байгууллага болгоныг орон нутгийн хамгаалалтаар тайван цагт үүрэгжүүлж бэлтгэсэн байх гэсэн зарчмын өөрчлөлт оруулах. Жишээ нь, цагийн байдал үүсч, дохио өгөхөд нутгийн тодорхой тооны иргэд нууц төлөвлөгөөний дагуу өөрийн машин, мотоцикль, мориор А.Б.С цэгт (Өмнөговийн ууланд, Үенчийн хавцалд, Эгийн голын хавцал) очоод бэлтгэгдсэн танк, их бууны гал явуулаад аюулгүйн зайд шуурхай буцаж, дараахь үүргээ биелүүлэхэд бэлэн болоход энх цагт үүрэгжсэн, сургагдсан байх. Жанжин штаб дээр зэвсэгт тэмцлийн бүх төлөвлөлт орон нутгийн хамгаалалтад тулгуурлан бүс-арми, аймаг-дивиз, сум салбар–батальоны хэмжээний нэгтгэгдэн уялдаа холбоотой хийдэг байх. Үндсэн хуулиар хүлээсэн эх орноо хамгаалах иргэний журамт үүргээ биелүүлээгүй иргэн (орон нутгийн томилгоожсон сургалтыг тасалсан) бүх шатны сонгуульд нэр дэвшүүлэх эрхгүй, төрийн албанд оруулахгүй болон гадаад томилолт, татварын тал дээр хариуцлага хүлээлгэдэг заалт оруулах гэх мэт саналууд байна. Тэгэхгүй бол шинэ гарах хууль маань дайчилгааны хуультай төсөөтэй байдлаар төсөв хөрөнгөн дээр гацдаг хэрэгждэггүй нөхцөл байдал үүсэх магадлалтай. УИХ-д аюулгүй байдал, батлан хамгаалах асуудалд идэвхтэй ханддаг гишүүд олон бий. Тэгэхээр ийм агуулгатай хуулийн төсөл дэмжигдэх болов уу.

Батлан хамгаалах төсвөө нэмээд нэг тэрбум доллар болгож чадахгүй ч ухаалаг улс төр, дипломатын бодлого явуулж, багагүй дайчилгааны нөөцтэй чадварлаг зэвсэгт хүчин дээрээ Монголын хүн бүр эх орноо хамгаалж бэлтгэлтэй болбоос батлан хамгаалах чадавхи тэр хэмжээгээр өсөх, баталгаажих болно. Энэхүү шинэчлэлээр монгол хүн бүр эх орноо хамгаалах бэлтгэлтэй шүү гэдэг “mes¬sage-мэдээ” нь Монгол Улсын батлан хамгаалах чадавхийг харуулсан хамгийн чухал ач холбогдолтой хэрэг болох бөгөөд дээр нь “батлан хамгаалах тодорхой үүргийг” иргэн болгон хүлээх болсноор УИХ-ын гишүүн хүртэл эх орноо яаж хамгаалахаа мэдэх болно оо.

-Орон нутгийн хамгаалалт гээд та нэлээд ярилаа. Ард түмэн буу барих эрхгүй. Ийм гар мухар байхад яаж тэр хамгаалалтыг хийх вэ?

-Орон нутгийн хамгаалалтын хууль цоо шинээр гарч байгаа хууль. Энэ хууль гарснаар тайван цагт эх орноо хамгаалах бэлтгэлээ хангаж байх үедээ буу зэвсэг хэрэглэхийг зөвшөөрөх л болох байх даа.

-Чеченийн дайнд орчин үеийн долоон танкийг есөн настай хүүхэд устгасан гээд уншиж байсан. Манайд бол насанд хүрсэн хүн ч танкны өөдөөс гар мухар л гэж хэлэх гээд байгаа юм. Ядаж сумаа ч өөрсдөө үйлдвэрлэчихдэггүй шүү дээ?

– Манай батлан хамгаалах сумны үйлдвэртэй болъё гэсэн бодлоготой.

-Ерөнхийлөгч генералуудтай уулзсан гэсэн. Гурван жил цэргийн алба хаах талаар Ерөнхийлөгч яриад байгаа. Та ямар байр суурьтай байна?

-Цэргийн хүн ерөнхий командлагчаа эсэргүүцэж болохгүй шүү дээ. Гэхдээ энэ салбарт олон жил зүтгэсний хувьд хэлэхэд Ерөнхийлөгчийн саналаар шууд гурван жилийн цэрэгтэй боллоо гэхэд манай эдийн засаг тэжээж дийлэхгүй шүү дээ. Зэвсэгт хүчин хүчтэй байх тал дээр Ерөнхийлөгчийн саналыг дэмжихгүй байх аргагүй. Харин бүтээн байгуулалтад оролцуулж, Монголын өргөн уудам нутагт компани, байгууллагууд, хүн болгон эх орноо хөгжүүлэхэд оролцоно гэдгээр нь дэмжиж болно. Одоо боловсруулж байгаа хууль зөв гарчихвал Ерөнхийлөгчийн санал боломжтой байж болно.


Categories
мэдээ цаг-үе

О.Магнай: 2016 оноос хойш аймаг, сум, дүүрэг, агентлагууд ямар шинэ машин авсныг тоо ширхгээр нь зарлана

– НЯМБААТАР ГИШҮҮН, АСА ХОЁР ЭХЛЭЭД УЧРАА ОЛОГ. ДАРАА НЬ БИ ТАЙЛБАР ХИЙЕ –

Ардчилсан намын нарийн бичгийн дарга О.Магнайтай ярилцлаа.


-Саяхан та бүхэн Засгийн газрын зуун хоногийн тайлантай холбоотой мэдээлэл хийлээ. Их шүүмжилсэн мэдээлэл байна лээ…

-МАН-ын Засгийн газар байгуулагдаад нэг жил долоон сар болж байна. Ж.Эрдэнэбатын Засгийн газрын зуун хоног дээр бас Ардчилсан нам дүгнэлт хийж байсан. Өөрөө санаж байгаа байх. Ингэж Засгийн газрын зуун хоногийг дүгнэдэг улс төрийн соёлыг Ардчилсан нам Монголд төлөвшүүлж байна л даа.

-Засгийн газрын зуун хоногт хийсэн ажилд гэгээтэй юм ер алга гэж дүгнэжээ дээ?

-Засгийн газрын зуун хоногт хийсэн гучин ажил гэдгийг та харсан байх. Утааны шүүлтүүр тараасан гэсэн. Хар жагсаалтанд өөрсдөө оруулчихаад буцаад гаргалаа гэсэн байсан. Зоригийн хэргийг ил болголоо гэсэн байсан. Нэг ёсондоо энэ Засгийн газарт бодлого алга л даа. Хэн нэгэн хүн Ерөнхий сайд боллоо гэхэд энэ улсыг хааш нь авч явах вэ, бодлогын чанартай ямар юм хийгээд, тэр нь хэдэн жилийн дараа үр дүн гарах вэ гэдэг ийм юм тавих ёстой байхгүй юу. Ойд сүхээр мод хагалж болдог байх, улс төрд бол сүхээр ингэж болохгүй л дээ.

Ямар ч техник эдийн засгийн үндэслэлгүй үйлдвэр барина гэх мэт юм яриад л.

-Нефть боловсруулах үйлдвэрийг хэлж байна уу?

-Тийм, тэгээд эсрэг ярьсан хүн ардын дайсан шүү гэж хэлж байна лээ. Гучин он байсан бол цаазлах нь л дээ. Ийм нэг нэгдсэн бодлогогүй, улс орон ямар байгаа, хаана хүрэхэв гэсэн орентаци байхгүй тийм л нөхөд энэ засагт байна гэж дүгнэж байна. Цэцэрлэгийн агааржуулагч солих энэ тэр байдаг л байх. Гэхдээ Монгол Улсад илүү том реформ шинэчлэл хэрэгтэй байна шүү дээ. Өнөөдөр 2018 он. Зарим улс өөр гариг руу аялах гээд байна. 2030 онд Марс руу явна гээд байна шүү дээ. Бодитой болчихлоо. Марс руу явахтай харьцуулах юм бол бид чулуун зэвсэг, хүй нэглийн үедээ үлдэх нь. Тийм биз дээ. Энд нийгэм улам харанхуй болж байна, боловсролын салбарыг хар. Шинэчлэл, өөрчлөлт бүхлээр нь хийхгүй бол болохоо байлаа. Эрүүл мэндийн салбар бүрэн дампуурсан. Гэтэл манай төрд ямар өөрчлөлт хийх вэ гэсэн тодорхой бодлого нэг ч алга.

-Нефть боловсруулах үйлдвэр барина гээд байгаа нь тэгээд буруу гэсэн үг үү?

-Нефть боловсруулах үйлдвэр барих нь зөв. Гэхдээ ямар ч ТЭЗҮ байхгүй. Хаана яаж бариад, түүхий эдээ хаанаас авах нь ч тодорхойгүй шууд үйлдвэр барихаар боллоо гэж байгаа. Энэ бол популизм. Ингэж болохгүй. Ийм юмыг бодлоготой ярих ёстой.

-Танай нам УИХ-д цөөнх ч гэлээ эрх баригчдын буруу алхмуудад нь яагаад дорвитойхон эсэргүүцээгүй юм бол?

-Хүрэлсүхийн Засгийн газартай холбож асууж байна уу?

-Үгүй ээ, МАН ялснаас хойш гаргаж байгаа шийдвэр, хийж байгаа ажилтай нь холбож асууж байна?

-Тухай бүрт нь ярьж байсан. Гэхдээ арай аажуу ярьсан бол уучлаарай. Хүрэлсүхийн асуудал дээр бид зуун хоногийг нь өнгөрөөе өө. Ямар ч Засгийн газрын ерөнхий өнгө зуун хоногт харагддаг даа. Гэтэл үр дүнг нь хар. Энэ хүн Ерөнхий сайд болохоосоо өмнө “Амиа алдаж магадгүй шүү” гээд л айлгаад, яриад байсан шигээ айхтар мундаг реформ хийх гээд байгаа юм болов уу, гадаад харилцаан дээр ч худалдааны гол түншүүдтэй асуудлаа шийдэх юм болов уу гэсэн хүлээлт байсан. Гэтэл тийм юм хийсэнгүй. Харин баахан шинэ жил хэсч дуулах шиг л боллоо. Зуун хоногийг нь хүлээлээ. Одоо бол асуудал болгоныг нь яриад явнаа.

-Ардчилсан нам өнөөдөр жагсаал хийнэ гээд байгаа. Тэр ямар учиртай жагсаал, цуглаан бэ?

-Ардчилсан нам дангаараа жагсаал хийнэ гэж ойлгож болохгүй л дээ. Манай нийгэмд асуудал байна уу, байна. Утаа асуудал мөн үү, мөн. Бид орчин үеэс хоцорчихлоо. Орчин үеэс хоцорно гэдэг бол хамгийн аюултай. Сүүлд нь дахиж орчин үе рүү авчирна гэдэг ренесансын үеэсээ эхэлнэ шүү дээ. Дахин сэргэлтээсээ эхлэх байхгүй юу. Илүү их урт хугацаа шаардана. Тэгэхээр энэ бүгд дээр өөрчлөлт шинэчлэл хэрэгтэй байна. Хоёрдугаар сарын нэгний жагсаалыг олон төрийн бус байгууллага, нам, хөдөлгөөн хамтарч зохион байгуулж байгаа. Гэхдээ Ардчилсан нам туршлагатай улстөрийн хүчний хувьд энэ жагсаалыг голлож зохион байгуулахад оролцож байгаа. Би хүмүүст нэг л юм хэлэх байна. Юу гэхээр Ардчилсан намын төлөө ч юм уу, Магнайгийн төлөө жагсаж байгаа тэмцэл биш ээ. Иргэд өөрсдийнхөө л төлөө тэмц, жагс. Статистик харж байхад дайн болж байгаа хэмжээний статистик л байна шүү дээ. Агаарын бохирдлоос хичнээн ураг эндэж, хичнээн хүүхэд жилдээ нас барж байна. Агаарын бохирдлын хэмжээнд ярихад ийм байна. Боловсролын салбар дампуурсны гайгаар энэ нийгэм хичнээн харанхуй болсныг та ч гэсэн мэдэж байгаа. Энэ бүгдийг харах юм бол тэмцэхээс өөр аргагүй байх. Бид энэ жагсаал тэмцэл гэдэг соёлыг нийгэмдээ төлөвшүүлэх ёстой юм байна. Яагаад гэхээр бидний энэ байгуулж байгаа нийгмийн чинь хамгийн үнэт зүйл нь эрх баригчидтайгаа хуулийн дагуу тэмцэж болдог ийм нийгэм байхгүй юу. Ийм нийгэмд байгаа боломжоо иргэн бүр ашиглаж сурах хэрэгтэй. Энэ ордонд хүмүүс болохгүй шийдвэр гаргаж байгаа бол жагсдаг тийм соёлтой байх хэрэгтэй.

-“Татварын асуудлыг эргэж харахгүй бол Ардчилсан нам засаг унагаах юм ярина шүү” гэж бүлгийн дарга Д.Эрдэнэбат хэлж байсан. Засаг унагаад байх зөв үү, буруу юу?

-Засаг унавал муу гэсэн нэг ойлголт яваад байдаг. Засаг унавал муу, засаг унахгүй бол тэрнээсээ ч муу. Сирийг хар л даа. 2011 оноос хойш дайтлаа. Долоон жил байлдаж байна. Ингээд ч засгаа унагаж чадахгүй байна. Тэгэхээр муу засгийг унагахад муу зүйл бол байхгүй. Ерөнхий сайд болно гэдэг чинь тоглоом биш шүү дээ. Гурван сая хүний хувь заяа, амьдралтай холбоотой шийдвэр гаргадаг хүн. Гэтэл Засгийн газрын зуун хоногийн тайланг хар. Хүнд хамгийн үнэтэй юм юу юм цаг хугацаа. Залуу нас дууслаа. Ийм аймаар саарал утааг хар л даа. Ямар саарал байна. Тод өнгө ч байхгүй. Шударга ёсны үнэр ч байхгүй ийм хотод амьдарсаар байгаад дуусмааргүй байна шүү дээ. Мөн биз дээ. Тэгэхээр энэ бүгдийг өөрчлөх ёстой байхгүй юу. Харамсалтай нь энэ байгаа засгийг нь хар даа. Бодлого байхгүй. Төлөвлөгөө байхгүй. Юу хийх гэж байгаа нь тодорхой биш. Ардын намын засаг ажлаа аваад л Ардчилсан намын хийсэн бүх зүйлийг үгүйсгэсэн, одоо өөрсдийнхөө хийсэн бүхнийг үгүйсгээд л дуусч байна. Хийсэн тайланг нь хараа биз дээ. Татварыг болилоо л гэж байна. Өөрсдөө л эхлээ биз дээ.

-Ардын намын засгийг Ардчилсан намынхан шүүмжлэхээр “Та нар засаг барьж байхдаа олигтой байхгүй яасан юм. Биднийг засаг авахад улс орон өрөнд орчихсон байсан” гэх юм байна шүү дээ…

-Ардчилсан нам өртэй улс хүлээлгэж өгсөн гэж Ардын намынхан дэндүү их ухуулга хийлээ. Ардчилсан намын тухайн үед босгосон бонд гээд 1.5 тэрбумын орчим долларын бонд л байна. “Чингис” бондыг санаж байгаа байх. Ардчилсан нам эрх барьж байхдаа хийсэн ажил гэвэл байна. Дөрөвдүгээр цахилгаан станцын хүчин чадлыг нэмсэн. Одоо энэ чинь аминд орж байна гэж хүмүүс ярьж байна. Амгалангийн дулааны цахилгаан станцыг шинээр барьсан. 1990 оноос хойш анх удаа эрчим хүчний эх үүсвэр нэмэгдүүлсэн нь энэ. Дээр нь зам, уулзварыг ямар болголоо доо. Өнөөдөр ч гэсэн олон хүн ярьж байна. Гэтэл 2016 оноос хойш Ардын нам 2.5 тэрбум долларын бондын өр тавьчихлаа. Бараг нугалчихсан байгаа биз дээ. Энэ мөнгөөр юу хийв ээ. Концесс гэж ах дүү нартаа хуваах гэж үзсэн байх. У.Хүрэлсүхийн Засгийн газар нь энийг нь зогсооно гэж хэлж гарч ирсэн. Тэгчихээд тэр чигээр нь цааш нь явуулчих шиг боллоо.

-Татвар нэмж, иргэдийнхээ халаасыг улам нимгэлэх хэрнээ тоймгүй үнэтэй машин сайд нар нь авч унасан гээд баахан шуугиж байна. Та ч энэ талаар ярьж байсан. Танд баримт нь байна уу?

-Өчигдөр Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нь өөрөө хэлж байна лээ. Харсан уу та?

-Харсаан харсан…

-Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга нь өөрөө зөвшөөрсөн. АСЕМ-аас авсан машинуудыг сайд нартаа хуваарилж өгсөн гээд хэлсэн шүү дээ.

-АСЕМ-ын дараа үлдсэн машин гээд байгаа юм уу, шинээр авсан гээд байгаа юм уу?

-Энийг Занданшатар илүү сайн хэлэх байх. Тэр хүнээс асуу.

-Таныг энэ машины асуудлыг ярьснаас болж, Засгийн газар шүүхэд өгч байгаагаа зарлалаа…

– Тэгсэн байна лээ. Би энэ талаар хэвлэлийн хурал хийж, мэдээлэл өгнө. 2016 оноос хойш аймаг, сум, дүүрэг, агентлагууд ямар шинэ машин авсныг тоо ширхгээр нь зарлана.

-Таныг ном гаргах гээд бэлдээд байгаа гэж сонссон. Тэр ямар учиртай ном юм бэ?

-Одоо хэвлэлтэд бэлдэж байна. “Орчин үед Монголыг бүтээх үзэл санаанууд” гэдэг ном. Монголын салбар болгонд реформ хэрэгтэй байна. Хамгийн нэгдүгээрт англи хэлийг албан ёсны хоёр дахь хэл заавал болгох хэрэгтэй.

-Энэ таны санаа юу?

-Миний санаа. Дээрээс нь өнөөдөр Монголын урлаг хүртэл байхгүй болчихлоо. Урлаг хүртэл орчин үеийн модерн байх ёстой. Манай ажлын өмнө арт галерей гээд байна. Шинэ үзэсгэлэн гарах болгонд нь би орж үздэг. Гэтэл энэ хүртэл шашин болчихож.

-Ямар шашин?

-Зүгээр шашинжчихсан байхгүй юу. Монголын шашныг заавал шинэчлэх шаардлагатай. Өнөөдөр Монголд шашин биш урсгал л байна. Энийг бас зөв замд зайлшгүй оруулах хэрэгтэй. Иймэрхүү санаанууд хэвлэгдэх номонд байгаа. Энэ ном зөвхөн Магнайгийн ажил биш ээ. Ардын намынхан, Ардчилсан намынхан аль нь ч бай бүгдээрээ тойрч сууж байгаад энийг яг ингэж хийе гэж ярилцах ёстой. Тэгж байж энэ улс чинь орчин үеийн улс болно. Орчин үеийн улс гэдэг орчин үеийн иргэдтэй байх ёстой. Орчин үеийн иргэн гэдэг чинь ямар байх ёстой юм. Энэ бүхнийг л номонд оруулсан байгаа. Энийг ганц Магнай гэдэг хүн хийчих юм биш. Тиймээс би салбар салбарын хүмүүстэй уулзаж ярилцсан. Сошиалд хүмүүс хоорондоо байнга маргаж, үзэлцээд л байгаа биз дээ. Нэг хэсэг нь модерн болчихсон хүмүүс, нөгөө хэсэг нь арай тэр лүү хүрээгүй хүмүүс. Энд соёлын ялгаа гарч байгаа биз дээ. Бид чинь нэг үндэстэн. Арай орчин үежиж соёлжсон нь нэг улс байгуулаад тусдаа явчихаж чадахгүй. Хүссэн ч, хүсээгүй ч нэг тогоондоо байна. Тэгэхээр энэ хүмүүсийг чинь бүгдийг нэг соёлтой болгох ёстой байхгүй юу. Энэ чинь Монголын төрийн үүрэг юм. Боловсролын салбарт ямар их реформ хэрэгтэй байна гэж бодож байна. Сая англи хэлийг хоёр дахь хэл болгоё гэж хэлж байгаа маань зөвхөн нэг л жишээ байхгүй юу. Гэртээ англиар ярьдаг бүлэг хүмүүс бий болчихлоо. Англиар суваг үзэж байна. Гэтэл хотын хойд хэсэг рүү л гэхэд зөвхөн хоолоо идэх сувгаа л тавьж байна ш дээ. Яг адилхан монгол хүмүүс байж нийтлэг соёлгүй байна. Тэгэхээр нэгээс дөрөвдүгээр ангид хувийн сургуулиудыг хориглоод бүгд нэг ном үздэг. Нэг соёлтой болгох ёстой юм шиг байна. Энэний үр дүн хорин жилийн дараа гарна. Одоо хар л даа. Бид нар боловсролын салбарыг хорин хэдэн жил хаячихсан. Үр дүн нь одоо гарч байгаа. Хоёр өөр соёл бий болчихсон. Хоорондоо хэзээ ч нэг саванд орохгүй маргалдаж, мөргөлдөж байна. Дахиад хорин жилийн дараа энэ хэвээрээ байвал Өмнөд Африк шиг болчих вий гэж айж байна. Тэр улсад нэг хэсэг нь хашаа хашчихаад тэр хашаандаа Европын баячууд шиг амьдраад л байдаг. Хашааны гадна шал өөр амьдрал байж байдаг. Миний гаргах гэж байгаа ном бол орчин үеийг Монголд яаж авчрах вэ. Яаж Монголыг орчин үеийн Монгол болгох вэ гэдэг ном байгаа юм. Урлаг, шашин, боловсрол, эрүүл мэнд, улс төр, Үндсэн хууль гэсэн салбарын бүх өөрчлөлтүүдийг энэ номд оруулж байгаа. Боловсролын салбарт ийм реформ хийе, эрүүл мэндийн салбарыг ингэе, гадаад харилцаанд ийм байя гэх мэтээр.

-Монголын хөгжлийн бодлого гэсэн үг үү?

-Философийн ном гэж ойлгож болно. Бодлого гэж ойлгож болохгүй. Бодлого гэвэл тэдэн онд тэгнэ гээд явчихна. Энэ ном бол нөхцөл байдал ийм байна. Энийг ингэж өөрчилье гэсэн философийн ном.

-Нямбаатар гишүүн, Дагвадорж аварга хоёрын хооронд нэг юм болоод байнаа. Тэр дунд таны нэр яваад байна. Циркийн хувьчлалыг шүүмжилсэн чинь Дагвадорж очоод Нямбаатарын талд ороод дэмжээд явсан гэх юм. Тэр ямар учиртай юм болов?

-За яахав, эхлээд Нямбаатар, Аса хоёр хоорондоо учраа олоодхог, тэгэж байтал би нэг тайлбар хэлье. Өнөөдөр энийг асуусан гурав дахь хүн нь та боллоо. Цирк, Нямбаатар, Дагвадорж гээд л асуугаад байна.

-Шударга өрсөлдөөн, хэрэглэгчийн төлөө газар таныг удирдаж байхад ёстой нэг бужигнуулж байсан. Үнэхээр хэрэглэгчийн төлөө ийм газар байдаг юм байна гэдгийг мэддэг байлаа. Одоо бид байгаа, байхгүйг нь мэдэхээ байсан. Та анзаарч байна уу?

-Яахав дээ. Бүх зүйл хүнээс шалтгаалдаг шүү дээ. Та санаж байна уу? Бин Ладен гэдэг хүнийг устгахын тулд америкууд 13 тэрбум доллар зарцуулсан гэж байна. Зарим хүн тогтолцоо чухал энэ тэр гээд ярьдаг л даа. Гэтэл 13 тэрбум долларыг нэг хүнийг устгахад зориулж байна. Энэ чинь хүн илүү чухал гэдгийг харуулж байгаа нэг жишээ. Хүн сайн, муу бүх юмыг бий болгодгийн жишээ. Өнөөдөр сонгууль ямар их ач холбогдолтой билээ. Монголыг өнөөдөр хаос болгосон ийм нөхцлөөс нэг л хүн өөрчилнө. Харж л байгаарай. Манай сонгогчид сонголтондоо ухамсартай хандах ёстой гэсэн үг байхгүй юу. Миний энэ сонгож байгаа хүн Монголыг өөрчлөх ёстой хүн гэж л сонголтоо хийх хэрэгтэй. Тэрнээс 76-гийн нэг хэн ч байсан хамаагүй гэж бодож ерөөсөө болохгүй

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Алт диллерийн хэргээр алдсан алтаа эргүүлж авах хөдөлгөөн өрнүүлье

Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэнгийн Засгийн газрын үед буюу 1991 онд алт диллерийн гэх дуулиантай хэрэг мандлаа. Тэр үед Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбат, Ерөнхий сайд нь Д.Бямбасүрэн, шадар сайд нь Да.Ганболд, Д.Дорлигжав нар байв. Монголбанк банк хоорондын арбитражийн гүйлгээ буюу диллерийн үйл ажиллагааны үр дүнд 100 сая долларын алдагдал хүлээж, улсын нөөцийн 4.4 тонн алтаар төлбөр хийсэн гэж ярьж бичигдсээр ирсэн.

Монголын түүхэн дэх хамгийн том луйвар гэгддэг Алт диллерийн хэрэгтэй холбоотой баримт мэдээллүүдийг дурдъя.1990 оны гуравдугаар сард манай улс ямар ч зээлгүй байснаа Швейцарьт байдаг Олон улсын хөгжлийн банкны мэдээгээр зургадугаар сард нь 58 сая, есдүгээр сард нь 100 сая, 12 дугаар сард 62 сая долларын зээл тавьсан гэсэн мэдээлэл гарч. Яг үүнтэй зэрэгцээд хэсэг хүмүүс диллер тоглож, 100-гаад сая доллар алдаж, улсын нөөцийн дөрвөн тонн алтыг гадаадад гаргачихсан хэрэг мандав. 1991 оны аравдугаар сард Засгийн газар энэ талаар хаалттай хуралдаж, шалгалтын комисс байгуулав. Комиссын даргаар тэр үеийн Сангийн сайд А.Базархүүг томилжээ. Ажлын хэсэг шалгалтынхаа дүнг танилцуулахдаа диллерт наян сая, банкны конторын засварт гурван сая, Биржийн төвд 3.6-3.7, Германд урьдчилгаанд 4 сая, нийлээд 90 гаруй сая доллар оргүй алдсаныг тогтоосон гэжээ.

Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн тухайн үедээ “Энэ ажиллагааг КГБ, НАХЯ-ны агент гүйцэтгэсэн. Нууц нэр нь “Боолд”. Энэхүү Боолд гэгчийг хүмүүс О.Чулуунбатыг гэж хэлээд байгаа. Надад энэ талаар мэдээлэл байгаа” гэсэн байдаг. Сүүлд О.Чулуунбат энэ Боолд гэгч нууц нэрийн талаар сэтгүүлч асуухад үгүйсгээгүй, тийм гэж ч хариулаагүй байдаг. Гэвч энэ хэргийн мэдээллийг О.Чулуунбат анх хүчнийхэнд мэдээлсэн гэдэг нэг яриа байдаг ч үнэн хэрэгтээ Улсын банкны ерөнхий хорооны дарга асан Данзан гэж хүн анх энэ талаарх мэдээллийг хууль хяналтынханд хэлсэн гэдэг. Ямартай ч маш олон хүн холбогдсон хэрэг гэдэг ч цөөн хүний нэр байнга дурдагддаг.

Тэр үеийн НАХЯ-ны орлогч сайд, генерал Б.Цийрэгзэн нэгэн ярилцлагадаа дээрх алтны хэмжээг 2.4 тонн гэж дурдсан байдаг юм. Хэрэг явдлын цөөхөн гэрчийн нэг гэгдэх тэрээр энэ талаар Тухайн үеийн ерөнхийлөгч П.Очирбат, Ерөнхий сайд Д.Бямбасүрэн нар өөрийг нь дуудаж “ Англид алт цэвэршүүлэхээр гаргах хэрэгтэй байна. Үүнийг маш нууцалж, оросуудад мэдэгдэлгүй Лондонд хүргэх ажлыг зохион байгуул” гэсэн үүрэг өөрт нь өгсөн талаар хэвлэлд ярьсан байдаг. Тэгээд ЗХУ-ын нутаг дээгүүр тэр их алтыг яаж гаргах асуудал яригдаж, эцэст нь оросуудтай тохирч, ЗХУ-ын зорчигч тээврийн онгоцоор Москва хүргүүлж, тэндээсээ түрээсийн онгоцонд шилжүүлэн ачиж, Лондонд зохих газар нь хүргүүлсэн гэж өдөр хоногтой нь ярьсан байдаг юм. Энэ нь 1990 оны есдүгээр сарын 27, 28-ны үеийн үйл явдал. Тэр алтыг дагаж тухайн үеийн Монголбанкны дэд дарга Баяр, УАБХЕГ-ын ажилтан Адилбиш, Мэндсайхан нар хамгаалж явсан аж.

Гэтэл Д.Бямбасүрэн гуай энэ талаар арай өөр юм ярьдаг. 1988 оноос Монгол банк диллерийн гүйлгээ хийж эхэлсэн. Түүнээс хойш төв банк диллерийн гүйлгээг байнга гадны банкуудтай хийж байсан. Гүйлгээний алдагдлыг олон нийтэд зарладаггүй байсан болохоос биш энэ хэрэг 1990 оноос өмнө болсон асуудал гэдэг. Нэг үгээр ил болсон нь өөрийнх нь Засгийн газрын ил болсон хэрэг гэдэг.

Үүнийг үгүйсгэх аргагүй мэдээллүүд яваад байдаг. ЗХУ задарч, өөрчлөн байгуулалт эхлэхэд хуучин Коммунист намынхан их хэмжээний алт, валютыг КГБ-ын дэргэд аж ахуй эрхлэх эрх бүхий компани байгуулж, тэр компанийн нэрээр гадагшаа гаргаж нуусан гэдэг. Манай НАХЯ алт диллерийн энэ хэрэгт оролцсоныг бодоход ЗХУ-ын коммунист намаас үүрэг авч мөн мөнгөө ийм замаар гаргасан нь энэ гэж үздэг. ЗХУ-ын тэр алга болсон их мөнгийг сүүлд Ельцин хайж, ажлын хэсэг гаргаад өнөөх нь КГБ дээр очоод төрийн нууц гэдгээр амаа таглуулаад гацчихдаг байсан гэдэг. Түүнээс биш Монголын хэдэн банкир залуу улсынхаа төсвийг тэр чигээр нь тоглоно гэж байхгүй гэж үзэх хүмүүс бий.Тоглолоо ч багахан хэсгээр нь л тоглоно шүү дээ гэж эх сурвалж ярьж байсан. Мөн тэр алтыг гаргахдаа тухайн үеийн Монголын удирдагчид ЗХУ-ын Коммунист намын заавраар ингэлээ гэж хэлж чадахгүй байсан биз.

Ямартай ч Алт диллерийн гэх хэрэг олны өмнө ил болж мандсан үе бол 1991 оны аравдугаар сар болж таарлаа. Энэ үед 20 дугаар тогтоол гарч, өнөөх картын барааны үе эхэлчихсэн улсаараа хүнс, барааны хомсдолд орчихсон байв. Мэдээж улсын сан хөмрөг хоосорсон. Д.Бямбасүрэнгийн Засгийн газрын үед алт цэвэршүүлэх нэрээр гадагш гараад сураг алдарсан энэ их алт хаачсан бэ? Лондонд 1990 онд очсон байсан тэр алтыг өнөөх диллерийн хэргийн өрөнд суутгаад авчихсан уу, алтны хэмжээ 4.4 байсан уу, 2.4 байсан уу. Эсвэл Швейцарийн банкинд хэн нэгний нэр дээр байж байдаг уу? Мэдээж ор сураггүй алга болно гэж баймгүй.

Тэр их алтны оронд Монгол юу авсан нь тодорхойгүй. Энэ хэрэг луйвар байсан уу, эсвэл юугаа ч мэдэхгүй монголчууд гадныханд луйвардуулсан уу.

Энэ хэрэгт тухайн үеийн Монгол банкны Ерөнхийлөгч Н.Жаргалсайхан (сүүлд Монгол банкны ерөнхийлөгч байсан Н.Золжаргалын төрсөн ах), Д.Сүх-Эрдэнэ, Г.Хүдэрчулуун, Д.Саран, Хүрэлбаатар нарын нэр холбогдож байсан. Хэрэг үүсч ял төлөвлөж байтал нэр холбогдсон Монгол банкны захирал Н.Жаргалсайхан алга болж, хэрэг хойшлогдоод тэрнээс хойш энэ хэрэгт нэр холбогдсон хүмүүс сураг алдарч, бүгд гадаадад амьдарсан байдаг. Хааяа нэг Монголд амарч зугаалах гэж ирдэг л сураг сонсогддог. Тэд гадаадад гараад ямар мөнгөөр яаж амьдардаг бол.

Тухайн үед Алт диллерийн хэргийн буруутнаар тодорсон хүмүүсээс хоёр нь ял сонсч тэр нь тэнсэн болсноор хэрэг шувтарчээ. Ямар учиртайг нь мэдэхгүй учраас хардлага сэрдлэг байнга дагуулсаар ирсэн энэ хэргийн нарийн учир одоо ч бүрхэг байна. Яагаад гэвэл тэр үед улсаараа юу ч мэдэхгүй тэнэг байв. Зах зээлийн эдийн засаг гэж мэдэхгүй, луйвар энэ тэр мэдэхгүй. Тэр ч бүү хэл гадаад хэлтэй, хүн тоотой хэдхэн, англи хэлтэй нь бүр цөөн байв. Тэр үеийн гайгүй боловсролтой англи хэлтэй, банк санхүүгийн мэргэжилтэй хэдэн хүн улсынхаа төсвөөр тоглосон л гэцгээдэг. Ямар ч байсан улсаараа гадаад гүйлгээ хийж мэддэггүй байсан баримт бий. Монгол банкны захирал байсан Н.Жаргалсайханыг тэр үед энэ хэрэгтэй холбоотой барьж аваачаад Ганц худагт хийчихсэн байсан. Цахим гүйлгээ энэ тэр огт мэддэггүй хүмүүс яахав дээ. Жаргалсайхан шоронд орохтой зэрэгцээд улсын гадаад гүйлгээ тэр чигтээ зогссон. Аргаа бараад барьж хорьсон Н.Жаргалсайханаа тусгай хамгаалалттай машинаар жигтэйхэн нууж хааж шөнө дөлөөр авчраад гадаад гүйлгээ хийлгэж байсан гэдэг. Тэр үед ийм боловсролтой хүнийг барьж хорилоо гээд нийгмээрээ нэг шуугив даа. Одоо бодоход гүйлгээний нууц кодыг нь авалгүй шоронд хийчихсэн юм шиг байгаа юм. Улс орноороо ийм гэнэн тэнэг байж. Ийм болохоор нь гадны луйварчид манай алтыг луйвардсан биз. Яг л ийм байдлыг нь ашиглахгүй юу. Одоо тэгээд энийгээ эргүүлж авчирч болдоггүй юм уу. Тэр үеийг бодвол монголчууд ухаажсан, боловсролтой болсон, юм үзсэн, гадаад дотоодын нөхцөл байдлыг мэдэхтэйгээ болсон. Ул мөр үлдээдэггүй гэмт хэрэг гэж байдаггүй гэдэг. Ялангуяа эдийн засгийн гэмт хэрэг заавал ул мөрөө үлдээсэн байдаг. Шинэ үеийн залуус энийг яагаад хайж болохгүй гэж. Бид ийм их алт хулгайд алдчихаад зүгээр суух тийм баян орон билүү. Дэлхийд эрдэнэсээ алдаад буцааж олж авч байсан тохиолдол бий. Алга болсон ч байнга эрж хайсаар байдаг эрдэнэс, их хөрөнгө ч бий. Жишээ нь хуван танхим. Хятадад болсон боксёрын буюу нударган зодоончдын бослогын үеэр Хятадын түүхийн дурсгал, үнэт эдлэл, ховор нандин зүйлс гадагшаа гарсан байдаг. Хятадууд тэр үед алдсан эдгээр дурсгалт үнэт зүйлсээ худалдаж авах болон тусгай ажиллагаа явуулан улсдаа авчирсаар байгаа билээ. Египетийн түүхэн дурсгалт, үнэлж баршгүй үнэт зүйлсийг тус улс хөөцөлдөж олж авсаар байгаа. Дэлхийн хоёрдугаар дайны үед германчуудын авсан гэх үнэт зүйслийг одоо ч Франц, Итали, Польш, ОХУ буцаан олж авсаар байна. Энэ үеийн дуулиант нууцын нэг хуван танхимыг олж авах эрэл одоо ч үргэлжилж байна. Пруссын хаанаас Оросын нэгдүгээр Петр хаанд бэлэг болгон өгч байсан хуван танхим дэлхийн хоёрдугаар дайны үед алга болсон билээ. Энэ нь маш нарийн тансаг чимэглэсэн дан хуваар урласан том өрөө. Энэ танхим дайны үед германчуудын олз болсон гэгддэг бөгөөд одоо Кеннисбергт нууцаар хадгалагдсаар байдаг гэж таамагладаг. Оросууд одоо ч энэ үнэт эрдэнэсээ олж авахаар эрэлхийлсээр байна.

Тиймээс Монголоос Лондон хүрсэн гэдэг одоо хаачсан нь мэдэгдэхгүй олон тонн алтыг Монголдоо буцааж авчрах хөдөлгөөн өрнүүлье. Ингэвэл Монголын төрийг бусад улс орон хүндэлдэг болно. Явж явж оффшороос анхаарал татсан шударга бус зүйл бол энэ. Оффшор ч эрх биш хөдөлмөрлөж олсон, тэрнийгээ татвараас нуусан л байдаг юм байгаа биз. Шударга ёсыг сахиулъя гэвэл энэ алга болсон алтаа хайхаас л эхэлье. Эрх баригчид яагаад энийг ярьдаггүй юм. Сонгууль болохоор энэ талаар хаа нэг шуугиан гараад намждаг. Нэг нам нөгөөгөө намнах үедээ л энэ тухай ярьдаг юм. Гэвч ямар ч тодорхой баримтгүйгээр дэмий л хардсан сэрдсэн, муушаасан юм яриад өнгөрдөг. Тэр үедээ нийгмээрээ ардчилал гэдэг нь ингэдэг ёстой юм байна. Энийг муулвал ардчиллыг буцаагаад авчихна л гэж бодож байж. Одоо бол ардчилал гэдэг чинь хууль дүрмээрээ явахыг хэлдэг юм байна гэдгийг ойлгодог болсон. Эх орончид энэ алтыг авчрах дээр нэгдээч.

Categories
мэдээ цаг-үе

Хассуурийн Ганхуяг: Би Ардчилсан намын даргыг амлаж өрсөлдөнө

2016 оны УИХ-ын сонгуулиар хэдэн шинэ залуу нэр дэвшиж шуугиулсны нэг нь Хассуурийн Ганхуяг. Сонгуулиас хойш тэрээр олон нийтийн өмнө гарч ирж харагдсангүй. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр ч дуугарсангүй. Түүнтэй ярилцлаа.

-Өнгөрсөн сонгуулиас хойш та нэлээд чимээгүй байна. Улс төрөөс холдохоор шийдэв үү?

-Улс төрөөс холдож ойртоно гэдэг шууд сэтгэл хөдлөлөөр шийдчихэж болохооргүй хариуцлагатай шийдвэр л дээ. Хувь хүн нэгэнт нийтийн төлөө зүтгэнэ гэж шийдсэн бол сонгуулийн дүнгээс хамаарч буцаж няцаад байвал хэний ч итгэлийг олохгүй. Би улс төрөөс холдоогүй ээ. Харин нийгмийнхээ өмнө тулгамдаж буй улс төр, эдийн засгийн суурь асуудлуудын шийдлийг олоход түлхүү ажиллаж байгаа. Хүмүүсийн өмнө тулгамдаад байгаа асуудлыг шийдэх арга замыг санал болгохгүйгээр хий хоосон попрох нь нийгэмдээ хортой. Улс төрийн гол сул тал нь энэ. Нийгмээ хорлож буй улс төржилтийн уршгийг бид өдөр тутмынхаа талхан дээрээ хангалттай мэдэрч байна шүү дээ.

-Удахгүй хөгжлийн тодорхой саналууд дэвшүүлэх нь гэж ойлголоо. Баянгол дүүргээс бие дааж нэр дэвшээд тухайн үеийн УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболдыг унагаж байсан залуу гэдгээр хүмүүст илүү танигдсан. Таныг МАН-ын Бага хурлын гишүүн болчихсон гэж сонссон. Үнэн үү?

-Тухайн үед Баянгол дүүргийн 70 дугаар тойрогт Монгол Улсын үе үеийн парламентын хоёр даргатай өрсөлдсөн. Залуу улс төрчдийн хувьд ийм түүх өмнө нь байхгүй гэж сүүлд танилцсан улс төр судлаач ярьж байсан. Нийт 9 нэр дэвшигч өрсөлдсөнөөс гол өрсөлдөөн Д.Лүндээжанцан, З.Энхболд бид гурвын дунд өрнөсөн л дөө. Бидний хоорондын саналын зөрүү 1000 гаруй байсан нь залуу хүний хувьд маш их урам зориг авсан. Би чинь бие дааж өрсөлдсөн хүн шүү дээ. Нийгэм залуу хүнийг, бодлогын шинэ шийдлийг хүсч байгаа юм байна гэдгийг сонгуулийн хугацаанд алхам тутамдаа мэдэрсэн. Саяхан МАН-ын Бага хурлын гишүүнээр сонгогдсон.

– Яагаад МАН-д элсчихсэн хэрэг вэ?

-Бизнес хийгээд хувийн амьдралаа босгосны дараа нийтийн төлөө зүтгэе, иргэдийн өмнө тулгамдаад байгаа асуудалд залуу хүний хувьд оролцох зорилгоор улс төр сонирхож эхэлсэн. Би үр хүүхдээ сайхан Монгол орондоо бахархалтай амьдраасай гэж хүсдэг. Тиймээс өөрөө улс төрд орж, өөрчлөлтийг манлайлж түргэтгэхэд хувь нэмрээ оруулъя гэж л бодсон юм. Харамсалтай нь Ардчилсан намын удирдлага залуусаа дэмждэггүй юм билээ. Тэнд бие даасан бодолтой, ямар нэгэн фракцад ороогүй залуу хүн манлайлал үзүүлэх ямар ч боломжгүй, хаалттай орчин. Хөгшчүүл нь өмчлөөд суучихсан. Одоо ч тэнд миний олон найз бий. Харин МАН-ын залуус “Хамтдаа зүтгэе, намаа ч, нийгмээ ч шинэчилье. Чи баялаг бүтээгчдийн төлөөлөл болж оролц” гэж ятгасан учраас МАН-ын Бага хуралд өрсөлдөж сонгогдсон.

-Их хурлын дарга нартай халз өрсөлдсөн хүн дараагийн сонгуульд хэрэв Баянгол дүүрэгтээ өрсөлдвөл АН-ын дарга С.Эрдэнэтэй халз тулах юм биш биз.

-Тиймээ. Би бүр амлаж өрсөлдөнө гэж бодож байгаа. (инээв) З.Энхболд, С.Эрдэнэ гээд Ардчилсан намын үе үеийн хоёр даргатай Баянголд хэнтэй нь ч халз өрсөлдөхөд бэлэн байна. Сонирхуулахад, сонгуулиар надад санал өгсөн сонгогчдын олонх нь Ардчилсан намын гишүүд байсан шүү. Энэ нь миний сайных гэхээсээ намын удирдлагынхаа мэдрэмжгүй, дарангуйлсан арга барил, үнэт зүйлийн зөрчлөөс зугтсан гишүүдийнх нь эсэргүүцлийн хэлбэр байсан гэж боддог. Намын гишүүд нь удирдлага нь таалагдахгүй бол чимээгүй өөр сонголт хийчихдэгийг сүүлд болсон Ерөнхийлөгчийн сонгуулийн цагаан хуудасны тоо харууллаа шүү дээ. Аль ч улс төрийн хүчин сонгуульд сонгогчдын хүлээлтэнд нийцэх хүнийг нэр дэвшүүлэх ёстой гэдгийг анхаарах цаг болсон. Баянгол дүүргийнхний хувьд үеэ өнгөрөөсөн, ардчилсан нэрээр хувийн өмч, хүний эрхийн эсрэг хуарангийн социализмыг Ерөнхийлөгчтэйгөө нийлж сурталчилдаг С.Эрдэнэ шиг улстөрчийг хүлээж авах зай өдрөөс өдөрт багассаар л байгаа. Энэ бол маниас юм уу өөр хэн нэгнээс хамаарч биш ирж яваа цагийн эрх ашиг, шалгуур хүч түрж байгаа хэрэг юм. Би хуарангийн социализмын эсрэг хүний эрх, хувь хүний эрх чөлөө, хувийн өмчийг хамгаалж хүчтэй тэмцэх болно.

-Эдийн засаг хямралтай үед баялаг бүтээгчдийн нэр хүнд тийм ч сайнгүй байх шиг. Манай эдийн засаг сэргэх найдлага бий юу?

-Эдийн засаг сайнгүй байгаа нь баялаг бүтээгчдийн биш улстөрчдийн шийдвэр гаргалттай холбоотой. Манай шийдвэр гаргагчдын нийтлэг сул тал нь эдийн засгийг сэргээх тодорхой төлөвлөгөө танилцуулдаггүй. Индрийн араас гоё үгтэй зарчим ярьсаар цаг алддаг. Засгийн газар бүрдсэнээс хойших 100 хоног өнгөрсөн ч өнөөдрийг хүртэл яг юу юун дээр төвлөрч ажиллах гэж байгаа, эдийн засгийг хэр хугацаанд сэргээх төлөвлөгөө нь тодорхойгүй байна. Гол экспортын зам нь хаагдсан, татвар нэмэгдсэн, шатахууны үнээ дагаад бүх бараа материалын үнэ дагаад өссөөр. Дэвшил гарсан нь өмнөх жилүүдийг бодвол төсвийн сахилга бат, мөнгөн хөрөнгийн удирдлага сайжирч байгаа нь харагдаж байна. Харин цаашид төсвийн алдагдлыг 2-3 хувьд багтаах гэж зорих нь зөв.

-Та МАН-ын Засгийн газрыг шүүмжлээд байна аа даа.

-Шүүмжлэл бол шүүн шинжлэх гэсэн агуулгатай. Шууд улстөржиж дайрахаас илүүтэй бодлогын саналуудыг дэвшүүлж, намын гишүүний үүргээ гүйцэтгэж байна гэдэг утгаар нь харах чадвар МАН-ын гишүүдэд байгаа гэж итгэж байна.

-Таныхаар эдийн засгийг сэргээхийн тулд юу хийх ёстой вэ?

-Дөрвөн зүйлийн ажлыг яаралтай хиймээр байна. Нэгд, татварын ачаалал нэмэгдсэн нь ард иргэд, аж ахуй нэгжүүдийн нуруун дээр хүнд ачаа болж байгаа тул зайлшгүй ОУВС-тай дахин хэлэлцээрийн ард сууж бусад эх үүсвэрүүдээс төсвийн алдагдлыг нөхөх санал тавих хэрэгтэй. Эрдэнэт болон Оюу толгой, төрийн өмчит компаниудын төрийн эзэмшиж байгаа хувийн тодорхой хувийг хөрөнгийн биржээр дамжуулж ард иргэд, дотоодын аж ахуйн нэгжүүддээ худалдах замаар зоригтой хувьчлах цаг мөн.

Хоёрдугаарт, эдийн засгийн бүтцэд ард иргэдийн худалдан авах чадварыг нэмэгдүүлэх, амьдралын өртгийг нь бууруулах тал дээр өөрчлөлтүүдийг яаралтай хийх. Суурь үнүүдэд нөлөөлж байгаа гол шалтгаан болох монополиудыг задлах, төрийн хувийн хэвшлийн үйл ажиллагаа явуулахыг хязгаарлах, хадгаламжийн өндөр хүүний барьцаанаас гаргана гэдгээ Их хурал, Засгийн газрын түвшинд зарлах ёстой. Гуравдугаарт, хоёр хөрштэйгөө чөлөөт худалдааны хэлэлцээрийг байгуулах. Ингэснээр аль алиндаа ашигтай байхаар экспортын болон ре-экспортын тааламжтай нөхцөлүүдийг бүрдүүлнэ. Манай импортын татвар 5 хувь байдаг, гэтэл манай хөрш орнуудын татварууд бүтээгдэхүүнээс хамаараад уул уурхайн бүтээгдэхүүн дээр 3-10 хувь, ХАА-н бүтээгдэхүүн дээр 25-30 хувь байна. Татвар, импортын хориг, хязгаарлалтыг үгүй хийснээр манай экспортын гол нэрийн бүтээгдэхүүнүүдийн өрсөлдөх чадвар нэмэгдэхээс гадна экспортын хязгаарлалтанд орохгүй байх боломжийг нэмэгдүүлнэ. ОХУ-аас манайх жилд 1 тэрбум гаруй долларын бүтээгдэхүүн ( түлш ) импортолдог мөртлөө зөрүүлээд 76 сая ам.долларын бүтээгдэхүүн экспортолдог нь байж болохгүй асуудал юм. Хоёр хөрштэйгөө чөлөөт худалдааны хэлэлцээрийг байгуулснаар Монгол Улсад энэ хоёрын зах зээлийг харж манайд олон тооны үйлдвэрүүд ( угсралт, хүнсний, хөнгөн аж үйлдвэр гэх мэт) гаднаас орж ирэх нь дамжиггүй юм. Одоогийн байдлаар манай ХАА-н бүтээгдэхүүн Хятад, Оросын 30 хувь татварыг төлөөд өрсөлдөх боломжгүй байна.

Эцэст нь түүхий эдийн үнэ тогтвортой байгаа энэ үеийг ашиглаж экспортын бүтээгдэхүүнүүдийн өрсөлдөх чадварыг нэмэгдүүлэх дэд бүтцүүдийг хөгжүүлэх дараагийн үнэ уналтанд бэлэн байх, хайгуулын лиценз олголтыг эрчимжүүлж гадны хөрөнгө оруулалтыг татах дараа дараагийн Оюутолгой, Тавантолгой шиг мега төслүүдээ олох, ашигласнаар бид тогтвортой хөгжих нөхцөл бүрдэхээр байна.


Categories
мэдээ нийгэм

ШХАБ-д элсэхийн ач холбогдол ба ашиггүй талууд

Шанхайн хамтын ажиллагааны байгууллага (ШХАБ) буюу бүс нутгийн олон улсын нэгдэл гэж юу вэ.

Түүх сөхье. 1996 онд Орос, Хятад, Казахстан, Киргиз, Тажикстаны тэргүүнүүдийн уулзалтаар хилийн районуудад цэргийн салбарын итгэлцлийг бэхжүүлэх тухай гэрээнд гарын үсэг зурж, тэр баримтад тулгуурлан “Шанхайн тав” гэсэн улс төрийн нэгдлийн суурь тавигдсан. Энэ байгууллага НҮБ-д 2004 оноос ажиглагчийн статустай болсон юм. ШХАБ 1997 онд байгуулсан гэрээндээ хилийн бүсэд зэвсэгт хүчнийг харилцан адилаар хорогдуулахаар болж, энэ нь Ази Номхон далайн бүсэд цэргийн хурцадмал байдлыг намжаах, анхны алхам гэж байв. “Шанхайн тав” 2000 онд Шанхайн чуулга болон өөрчлөгдсөн. “Шанхайн тав”-д Узбекстан нэмэгдсэнээр Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг бий болгох тунхагт гарын үсэг зурав. 2002 онд албан ёсны байгууллага болсон бөгөөд бүс нутгийн аюулгүйн болон тогтвортой байдал, түүнчлэн терроризм, хэт даврагчидтай хийх тэмцэл, эдийн засгийн хамтын ажиллагааг хөгжүүлэх, эрчим хүчний түншлэл ба хамтран ажиллах явдал гэж эвслийн зорилгоо тодорхойлж байлаа.

Манай улс тус байгууллагад 2004 онд анхны ажиглагчийн статустай улс болсон юм. Одоогоор хамгийн удаан ажиглагчийн статустай яваа нь Монгол Улс. Ажиглагч улс болсноосоо хойш төр засгийн тэргүүнүүдийн хувьд томоохон хэмжээний уулзалтад байнга оролцож ирсэн.

ШХАБ-ын гол тоглогч орнууд нь манай хоёр хөрш болох ОХУ, БНХАУ. Хойд хөршийн хувьд 2015 оноос олон улсын хориг арга хэмжээнд өртөж ганцаардсан учраас холбоотны эрэлд явсан төдийгүй ШХАБ-д энэ сонирхол нь харагддаг. Цэрэг улс төр, аюулгүй байдлын хувьд ШХАБ дотроо тэргүүлэгч орон. Харин эдийн засаг, санхүүгийн нөөцийн хувьд Хятадыг гол нөлөөтэй гэж судлаачид үздэг. ШХАБ-ын албан ёсны хэл нь орос, хятад. Энэтхэг ШХАБ-д элсэхэд ч хэлний асуудал хөндөгдөж байсан. Албан ёсны хэл нь англи учраас. Манай улсын дараа тус байгууллагад ажиглагчаар Иран, Пакистан, Энэтхэг, Афганистан элссэн бөгөөд одоо дээрх улсын зарим нь гишүүнчлэлээр элсээд байгаа. Уг нь ШХАБ-ын дүрэмд газар нутгийн маргаантай орнуудыг үндсэн гишүүнээр элсүүлэхгүй гэдэг ч Энэтхэг, Пакистан хоёр гишүүнээр элссэн нь анхаарал татдаг. ШХАБ нь Хятад, Пакистаны стратегийн хамтын ажиллагаа, үүнийг сөрсөн Орос, Энэтхэгийн харилцааны талбар болж магадгүй гэсэн болгоомжлол бийг ч ажиглагчид хэлж байгаа билээ. Энэ байгууллагын талаар албан ёсны мэдээлэл ийнхүү хөвөрнө.

Гэвч зарим судлаачийн үзэж буйгаар Афганистаны дайны үеэс ШХАБ байгуулагдах суурь тавигджээ. Үүнийгээ эдийн засгаар далдлах гэж оролддог. 1979-1989 онд Афганистанд ЗХУ-ын цэрэг орж баахан дайтав. Ямар ч ялагчгүй энэ дайнд асар их үргүй зардал, зэвсэг техник, хүн хүч үрэгдсэн байдаг. Афганистанаас ЗХУ-ын цэрэг гарахад тус улс засаг захиргаа гэх юмгүй хаос байдалтай үлдсэн. Энэ үед талибанчууд жинхэнэ дураараа дургисан. 1991 онд ЗХУ задарч Дундад азийн лалын шашинтай орнуудад нөхцөл байдал хүндэрч, талибаны нөлөө тэр үед их болж байнгын мөргөлдөөн тэмцэл салахаа больсон.

Афганистанд талибанчууд дураараа дургиж, дундад азийн орнуудад хар тамхины тариалалт, хэрэглээ замбараагаа алдаж, ОХУ руу хар тамхи Афганистанаас цувж эхэлсэн байдаг. Дээр нь терроризм, лалын шашны хэт даврагчдын үүсгээд байсан нөхцөл байдал зэргээс сэргийлэх шаардлага бий болж, Шанхайн хамтын ажиллагааны байгууллагыг цэргийн зориулалттай байгуулсан гэдэг. Хэдийгээр ШХАБ өөрсдөө терроризм салан тугаарлах үзэлтэй тэмцэх, мөн нөхөрсөг хамтын ажиллагаа гэх мэтийг өмнөө тавьж хэлдэг ч зорилгыг нь шууд утгаар нь хүлээж авдаг улс төр судлаач, олон улсын ажиглагч бараг үгүй.

2001 оны есдүгээр сарын 11-ний үйл явдлын дараа америкчууд Афганистан руу орж талибанчуудыг дарах үйл ажиллагаа явагдаж, ШХАБ-ын үүрэг зорилго ч энэ хооронд өөрчлөгдсөн. Талибаны нөлөөнөөс айж эхэлсэн. Киргизэд хүртэл АНУ агаарын цэргийн бааз байгуулж байсан. Нэг үгээр Америк дундад азийн орнуудыг өөртөө татах сонирхол явуулж эхэлсэн учраас АНУ-ын нөлөөний эсрэг зогсохын тулд ШХАБ өөрийн байр суурийг өргөтгөх шаардлага тулгарч, зарим улсыг гишүүнээр татан оруулсан нь Энэтхэг, Пакистан.

ШХАБ-ын гишүүн орны томоохон хэмжээний уулзалтууд тогтмол болдог ч шууд утгаараа нөлөөлөл нь бага байдаг гэсэн шүүмжлэл ч бий. ШХАБ-д хоорондоо улс төр, геополитикийн маш зөрчилтэй орнуудыг гишүүнээр оруулсан нь анхаарал татдаг. Тажикстан, Узбекстан нэг голын усны асуудлаар талцаж, зөрчилдсөөр байгаа бол Пакистан, Энэтхэг хоёр байнгын зөрчилтэй байдаг улс.

Хятадын хувьд “Нэг бүс-нэг зам” төслөөрөө дэлхийн бүс нутгуудад өөрийн нөлөөллөө тогтоох оролдлого хийж байгаа. Энэ нь ч бас амжилттай хэрэгжиж байгаа. Эдийн засгийн хувьд хүч нөлөөллөө бэхжүүлэхэд энэ байгууллагаар дамжуулан сонирхлоо илэрхийлж байгаа гэдэг.

Яг өнөөдрийн байдлаар Монголын экспортод тодорхой хэмжээний хориг тавьж байгаа бол хойд хөрш ОХУ дотоодод нэмэгдсэн нефтийн үнийн өсөлтийг далимдуулаад өөрсдийн сүлжээг оруулж ирэх саналаа тавиад байна. Хэрэв энэ сүлжээ орж ирэх юм бол Оросын ганц компани манай бараа үйлчилгээний суурь үнийг хөдөлгөх монополь эрхтэй болно. Эдгээр үйлдлүүдийг ШХАБ-д гишүүнээр орохтой холбон тайлбарлаж, тойруу замаар, албан бусаар шахалт үзүүлж байна гэж хардах нь ч байна.

Украйны ОХУ-аас салан тусгаарлах бодлоготой холбоотой ОХУ-д барууны орнууд тэр дундаа их наймын орнууд нэлээд хатуу хориг тавьсан билээ. Энэ шахалт нь ОХУ-д ШХАБ-ыг бүрэн бэхжүүлэх нэг сонирхол болж өгсөн. Нэг үгээр хэлбэл өөрийн гэсэн холбоотноо бэхжүүлэх сонирхол нь ихэссэн.Тиймээс ч хэдийгээр эдийн засаг, төсөл хөтөлбөр гэсэн олон өнгөлөн далдлалтын цаана барууны эсрэг чиг хандлагатай олон улсын цэрэг улс төрийн эвсэл гэж үзэх ажиглагчид олон байна. ШХАБ Ираныг ажиглагчийн статусаас нь гаргаж гишүүн орон болгох гэж мэрийж байгаа нь ч үүний нэг илрэл гэж үзэж буй. Учир нь АНУ Иран хоёр бол томоохон асуудалтай байгаа. Шанхайн хамтын ажиллагааны гишүүн орнууд нь ихэвчлэн авторитар дэглэмтэй лидер дагнасан улс орнууд. Киргизид байсхийгээд өнгөт хувьсгал гардгийг эс тооцвол ШХАБ-ын гишүүн гэх бусад нь бол насаараа нэг хүн эрх барьсан тогтолцоотой улс. Гэтэл ажиглагчийн статустай манай улс ардчилсан орон. Ардчиллын зарчмаа бодсон ч гишүүнээр орох нь зохимжгүй гэж судлаачид үзэж байна. ШХАБ терроризм, салан тусгаарлагчтай тэмцэнэ гэдэг. Манайх бол холбооны улс биш учраас салан тусгаарлах үзэл гэж байхгүй. Терроризм гээд шууд утгаар нь хэлэх юм байхгүй. Тиймээс ШХАБ-ын цэрэг улс төр аюулгүй байдлын асуудал нь Монголын хувьд тулгамдсан асуудал биш гэж ажиглагчид үзэж байна.

Хэдийгээр Монгол Улс хоёр хөрштэйгөө найрсаг харилцааг эрхэмлэдэг ч гуравдагч хөршийн бодлогыг мөн барьсаар ирсэн. Зарим улс төр судлаачийн хэлж байгаагаар хэрэв ШХАБ-ын ажиглагчийн статусаа өөрчилж, гишүүн болвол Монгол хамгийн их тусламж авдаг донор орнуудаасаа хагацах аюул нүүрлэнэ. Хоёр том гүрний дунд улс төр эдийн засгийн шууд хамааралтай болно гэж үздэг. Манай гуравдагч хөрш гэгддэг улс орнууд энийг яавч таатай хүлээж авахгүй.

Тиймээс ч манай улс түүгээр явсан гайг үүгээр дуудав гэгчээр илүү дутуу зүйлд хэт самбаганах шаардлага байхгүй, гадаад бодлогын хувьд тодорхой хугацаанд ажиглагчийн статусаа хадгалах нь зүйтэй гэж үзэж байна.

Мөн ШХАБ-ын бүрэн эрхэт гишүүн улс бусад улстай цэргийн болон батлан хамгаалах салбарт үйл ажиллагаа явуулвал эвсэлдээ мэдэгдэнэ гэж заасан байдаг нь манайд тийм ч зөв хувилбар биш. Манайх энхийг сахиулах үйл ажиллагаанд оролцох буюу Хааны эрэлд цэргийн олон улсын хамтарсан хээрийн сургуулилт хийхдээ ч ШХАБ-ын гишүүн болвол тэдэнд заавал мэдэгдэх нь байна шүү дээ. Энхийн төлөө түншлэлүүд бүгд хяналтанд ороод ирнэ гэсэн үг. Мөн энэ байгууллагад жинэхэн гишүүн болсноор эдийн засгийн айхтар том ашиг олно гэж үзэхгүй байгаа юм. Учир нь ШХАБ-ын гишүүн зарим орон гол тоглогч Хятад, ОХУ-ыг эдийн засгийн хувьд дэмжсэнгүй гэж гомдоллох явдал одоо ч бий.

Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад гишүүн болох нь энэ мэт нэг их ач тустай биш, алдах нь их гэж үзэх хүн олон ч өөр байр суурьтай нь байна. Манайхыг ШХАБ-ын жинхэнэ гишүүн болох нь гэсэн мэдээлэл байсхийгээд л явдаг. Энэ нь хоёр хөршөөс их гардаг бөгөөд бүр ОХУ-ын Гадаад хэргийн яамны албан мэдээнд хүртэл орчихсон явж байсан удаатай. Тэгэхээр тус байгууллагад манай улсыг элсүүлэх сонирхол бий гэдэг нь харагддаг.

Нөгөө талаас хөрш хоёр орноо л түшье. НАТО удахгүй задрах нь. Манай улс энэ байгууллагад элссэнээр нэг их алдаад байх зүйлгүй. Хоёр хөрштэйгөө илүү дотно байх байр сууриа хадгалах үүднээс дээрх байгууллагад гишүүнээр элсэхэд татгалзах зүйлгүй гэсэн байр суурийг ч зарим хүн илэрхийлдэг. Шанхайн хамтын ажиллагааны байгууллагад элсэхийн ач тус болон ашиггүй байдал одоогоор судлаачдын үзэж буйгаар ийм л байна.