Categories
мэдээ цаг-үе

С.Батболд: Бага тойргоос Багахангай хүртэл нэг стандарт

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

800 хоногийн өмнө буюу 2016 оны наадмын өмнөхөн тэр ажлаа авч байжээ. Түүний ажил бол Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч. Гэхдээ энэ хүн ажил албанхаа тухайд “Дарга, захирагч гэдэг үгэнд би дургүй. Хотын дарга бол нийслэлийн амьдралыг тодорхой стандартад жигдрүүлэх үүрэгтэй менежер юм” гэж тодорхойллоо. Түүний удирдаж байгаа 1,4 сая хүнтэй их хотод шийдэх ёстой асуудал даанч олон. Шийдэж байгаа, шийдэх гэж байгаа асуудлынх нь тухай “сая гаруй хүний аж амьдралын менежер” Сундуйн Батболдтой ярилцав.


-2016 оны долдугаар сарын 6-нд Нийслэлийн засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагчийн ажилд томилогдсоноос хойш 800 хоног өнгөрчээ. Бүрэн эрхийн хугацаа дөрвөн жил. Замынхаа хагаст нэгэнт хүрчээ гэсэн үг. Замын дундаас эргэж харахад алдсан, оносон хоёрын аль нь илүү жин дарж байна?

-Хотын дарга гэдэг магтаалаас илүү зэмлэл хүлээдэг ажил. Сөрөг хүчнийхээ ч, намын нөхдийнхөө ч, хамгийн гол нь нийслэлийн иргэдийн бүтээлч, зарчимч шүүмжлэлийг би ажилдаа тусгаж ажиллаж ирсэн. Иргэддээ ээлтэй, “чих зөөлөн” засаг дарга байхыг хичээж ирсэн, цаашдаа ч хичээх болно. Ерөөсөө л магтуулахын төлөө ажиллана гэдэг өрөөсгөл л дөө. Эхлээд таалагдахгүй, эсэргүүцэлтэй тулж, шүүмжлүүлэх ч байсан хожмын өдөр, алсын үр дүнг нь зөв тооцсон бол зөвшилцөж, тайлбарлаж, ойлголцоод ажил урагшаа явж байх ёстой. Магтаалд булуулах нь миний ажлын нэгдүгээр зорилго биш гэдгээ энэ өрөөнд орж ирсэн эхний өдрөө би мэдэж байсан. Надаас өмнө нийслэлийг удирдаж байсан үе үеийн засаг дарга нар ч мөн адил. Газар зохион байгуулагч, барилгын инженер, эдийн засагч, физикч гээд үндсэн мэргэжил өөр өөр хүмүүс өмнө нь энэ албыг хашиж байсан. Жишээ нь, миний үндсэн мэргэжил бол хөдөө аж ахуйн инженер. “Өө, ийм нөхөр хот удирдаж чадах уу?” гээд ажлаа аваагүй байхаас л шүүмжлэл эхэлсэн юм шүү дээ. (Инээв.) Төрийн захиргааны удирдлагын менежмэнтийн докторын зэрэгтэй, эрх зүйч мэргэжилтэйг минь хэлдэггүй юм.

Тэгэхээр, би юу хэлэх гэж байна вэ гэхээр хотын дарга гэдэг даргалдаг, ямбалдаг хүн биш ээ. Энэ бол менежмэнт хийдэг мэргэжилтний ажил. “Бүрэн эрхийнхээ бүтэн хугацаанд бид 1,4 сая хүнийг ая тухтай, адил тэгш амьдрах менежмэнт хийнэ”гэсэн итгэл үнэмшилтэйгээр ажлаа эхлүүлсэн. Нийслэлийн төр захиргаа, үйлчилгээний байгууллагад данстай хүн бүр ийм менежмэнтийг хамтран хийх менежерүүд гэж өөрсдийгөө ойлгох хэрэгтэй юм л даа.

-Өнгөрсөн 800 хоногийн ажлаа товч дүгнээч гэвэл та алийг нь онцлох вэ?

-800 хоногийн ажлыг сар, жил болгоноор нь тайлагная гэвэл 80 минут ч багадах байх. Тоймлоод хэдэн тоо хэлье. Ажил авснаасаа хойш нийслэл хотын өмнө хуримтлагдаад байсан нийтдээ 100 тэрбум төгрөгийн өр төлбөрийг барагдууллаа. Ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийг санхүүжүүлэх “Гэр хорооллыг хөгжүүлэх сан” байгуулсан, иргэдэд санхүүжилт олгоод эхэлчихсэн. Гүүр, гүүрэн гарцны дөрвөн том төслийн ажил ид дундаа явж байна. Сүүлийн 60 жилийн түүхэнд лав ийм богино хугацаанд гүүрний дөрвөн төсөл нэгэн зэрэг хэрэгжиж байсан удаагүй. Хотын дарга байх хугацаандаа энэхүү дөрвөн гүүрийг ашиглалтад оруулахыг зорьж эхлүүлсэн. Эхнээсээ энэ оны арваннэгдүгээр сараас ашиглалтад өгөх болно. Мөн 15 байршилд авто замын засвар, шинэчлэлтийн ажил хийгдэхээр төлөвлөөд одоо дуусч байна. Улаанбаатар хот руу чиглэсэн иргэдийн шилжилт хөдөлгөөнийг 2017 оны арваннэгдүгээр сараас 2020 оны нэгдүгээр сарын 1 хүртэл нэг жилийн хугацаагаар зогсоосныг та санаж байгаа байх. Жил бүр бүр нийслэлд 20 000-30 000 иргэн шилжиж ирдэг байсан. Дээрх арга хэмжээг авч хэрэгжүүлсэн, нэг жилийн хугацаанд орон нутгаас нийслэлд байнга оршин суухаар өмнөх оноосоо 11552-оор цөөн буюу 9567 хүн шилжиж ирсэн байна. Харин энэ хугацаанд нийслэлээс 10161 хүн орон нутаг руу шилжсэн. Өөрөөр хэлбэл, нийслэлд байнга оршин суугч иргэдийн тоо сүүлийн жилүүдэд анх удаа буурсан дүн гарсан юм. Судалгаанаас хархад орон нутгаас шилжин ирэгсдийн 80-90 хувь гэр хороололд бууж, яндангийн тоог ганц жилд 500-600-аар нэмэгдүүлдэг гэсэн тооцоо байдаг. Тэгэхээр 2017-2018 онд гэр хороолол хүрээгээ тэлээгүй, яндангийн тоо нэмэгдээгүй гэсэн үг. Хотоос гадагш чиглэсэн хүний тоо дотогш чиглэсэн хүний тооноосоо буурсан нь сүүлийн 27 жилийн түүхэнд тохиолдож байгаагүй үр дүн. Цаг хэмнэх үүднээс цөөн хэдэн жишээ дурдвал ийм байна. Маш товчоор хэлбэл, өнгөрсөн 800 хоногийн ажлын зүг чиг, үндсэн зорилго нь нийслэл хот өөрийн гэсэн стандарттай байя, тэр стандарт руугаа зорьё, хүрье гэсэн бодлогын эхлэл байсан. Өнгөрсөн хугацаанд бид Нийслэлийн эрх зүйн байдлын тухай хуулийн шинэчилсэн найруулгын төслийг боловсруулан УИХ-д өргөн бариад байгаа. Хууль батлагдвал Монгол Улсын нийслэлийн амьдралын хэмнэл шинэ амьсгалаар хүч нэмэх болно. Нөгөө кинон дээр гардаг ”Жанжаан, одоо манайх улс шиг улс мөн үү?” гэдэг шиг. Нийслэлийн стандарт нэг шат ахина гэсэн үг.

-Та сая нийслэлийн стандарт гэж яриандаа нэг бус удаа дурдлаа. Жаахан тодруулж болох уу?

-Улаанбаатар хот бол нийслэл хот. Нийслэл хот өөрийн нэгдсэн стандарттай байх ёстой. Эмнэлгийн орчин ийм байна, зам харгуй нь тийм байна, амьсгалах агаар нь цэвэр байна, нэг цэцэрлэгийн ор төдий байна гэхчлэн. Нэг хэсэгт нь илүү хүрсэн үйлчилгээ нөгөө хагаст нь дутуу байх ёсгүй. Нэг л стандартаар жигд сайн байх ёстой. Хотын хойд зах Хайлаастын агаарын чанар Зайсангийнхтай адилхан байх ёстой. Хорооллын замын ачаалал Яармагийнхтай ижил болж жигдрэх ёстой. Тийм учраас Нийслэлийн засаг даргын ажлын зорилго, уриа тодорхой. Бага тойргоос Багахангай хүртэл “Нэг хот, нэг стандарт”. Стандарт гэдэг бол хэм хэмжээ, үлгэр загвар гэсэн англи үг. Стандартыг зохиодог, зорьдог, дүрэм, журмаар зохицуулдаг. Нийслэлд амьдарна гэдэг иргэд нь нийслэлийн стандартад нийцсэн үйлчилгээ авна гэсэн үг. Улаанбаатарыг удирдана гэдэг хотоо дэлхийн хотуудын стандартад хүргэнэ гэсэн үг. Хотын даргын хийх ажил ердөө л энэ. Жишээ нь, 2016-2018 оны хоёр жилд буюу өнгөрсөн 800 хоногт томоохон 18 эмнэлгээс 14-ийнх нь гадна тохижилтыг олон улсын стандарт ямар байдаг вэ, түүний дагуу хийж гүйцэтгэсэн. Тээврийн орц гарц, түрдэг тэрэгний зам, авто зогсоол, нисдэг тэрэг хөөрөх буух талбай гээд. Үлдсэн дөрвөн эмнэлгийн гадна тохижилтыг 2019 онд дуусгана. Үнэндээ 1980-аад оноос хойш нийслэлийн нутаг дэвсгэрт үйл ажиллагаа явуулдаг томоохон эмнэлгүүдийн гадна тохижилтод улсаас анхаараагүй ирснийг Улаанбаатарынхан бүгд мэднэ. Хэдий миний ажил үүргийн харьяа биш ч гэсэн улсын гэх тодотголтой I, II дугаар шатлалын эмнэлгүүдийн гадна талбайг дэлхийн жишигт хүргэх бодол байсан юм. Би энэ хотыг автомашин, барилга байгууламж гэх мэт ямар нэг амьгүй зүйлд биш, зөвхөн хүнд ээлтэй хот байх ёстой гэж боддог. Тиймээс ч аюулгүй, амар тайван алхах боломжтой явган хүний зам, талбайн стандарттай болох, байгаагаа сайжруулах томоохон ажлууд энэ намраас хийнэ. Явган хүний зорчих хөдөлгөөнд саад хийсэн хаалт, хашаа, авто машины төлбөртэй, төлбөргүй зогсоолуудыг чөлөөлж, тав тухтай, аюулгүй зорчдог дэд бүтэцтэй болох ажил үүгээр эхлэж байгаа юм. Бас түүх, соёлын үнэт өв болсон байшин барилгын ойр орчмыг авто машины хөдөлгөөнөөс тусгаарлаж, иргэдийн амарч, чөлөөт цагаа өнгөрөөдөг газар болгоно. Манай Улаанбаатар шиг Төв номын сан, Драмын театрынхаа урд талыг авто машины төлбөрт зогсоол болгочихсон улс, хот гэж энэ дэлхий дээр байхгүй байх. Энэ бол бас л стандартын тухай яриа юм.

-Үнэхээр иргэндээ бус цементэн ширэнгэн дундах төмөр тэрэгнүүдэд зориулсан хот байгуулалт алдаа байжээ гэж дэлхийн олон улс дүгнэх болжээ. Энэ бол бас л шинэ стандартын яриа байх?

-Тийм ээ, Бага тойргоос Багахангай, төв талбайгаас захын хороолол хүртэл нийслэл хотын 4700 ам дөрвөлжин километр дэвсгэр нутагт нэг л стандарт байх ёстой. Агаарын чанар, сургуулийн хүрэлцээ, гадна тохижилт, нийтийн тээвэр, барилга орон сууц гээд хотын амьдралын хэм хэмжээ болсон үзүүлэлт өдөр шөнө шиг өөр өөр байх ёсгүй. “Баянхошуу”, “Сэлбэ” шинэ дэд төв мөн л энэ зорилгын хүрээнд хийж байгаа ажил. Гэр хорооллын иргэдэд дэд бүтцийг нь хүргэж өгөх их ажлын эхлэл нь энэ. Эдийн засгийн боломж, орон сууц, хотын дэд бүтцийн үйлчилгээ, хангамж бүхий эрүүл, аюулгүй, тав тухтай амьдрах таатай орчин нөхцөл бүрдүүлсэн, бие даан хөгжсөн, дэд төвийн сүлжээг гэр хороололд бий болгох нь энэ том төслийн зорилго. Гэр хороололд 10 мянган айлын орон сууц барих, “Орлогод нийцсэн орон сууц хөтөлбөр”-ийг ирэх онд мөн хэрэгжүүлж, эхлэнэ.

Гэр хороолол маань орон сууцны хороолол болох эхлэл энэ. “Оргил” нийслэлийн үйлчилгээний нэгдсэн төв байна. Зургаан буудалд төрийн үйлчилгээний дөрөв дэх төвөө байгуулсан. Одоо нийслэлийн хойд хэсгийн иргэд төрийн үйлчилгээ авах гэж төв рүү явж, цаг үрэх хэрэггүй болсон. Эдгээр цөөхөн жишээ бол “Нэг хот-нэг стандарт” гэдэг их ажлын эхлэл. Энэ бол ганц миний, хотын даргын ажил төдий биш юм. Энэ бол Монгол Улсын нийслэл Улаанбаатар хотын ойрын жилүүдийн зорилго юм. Энэ бол их хотын иргэдийн хүсэл тэмүүлэл юм. Бид чадна. Чадах гэж би энэ ажлыг хийж байгаа.

Ингэж бид орчин үеийн хотуудын хөгжлийн туршлага, олон улсын байгууллагуудаас батлан гаргасан концепци, шалгуур үзүүлэлтийг хангаж байж “Азийн цагаан дагина” цолоо эргүүлэн олж авч чадна. Агаар нь утаатай, зам нь түгжрэлтэй байсаар байвал “Аз жаргалтай хот”-ын тухай яриад ч хэрэггүй. Манай зорилтын үр дүнг товчхондоо “Нийслэлийн 1,4 сая иргэн бүрт нэг л стандарт” томьёолон ойлгосон ч болно.

-Төрийн үйлчилгээ, нийгмийн халамжаас дэд бүтцийн хөгжил, гадна тохижилтод хүртэл стандарт жишиг байх ёстой гэж та хэллээ. Олон хүн тантай санал нэг байгаа байх. Гэтэл яагаад урьд нь яг тодорхой стандартад хүрэхийн төлөө Улаанбаатар хот хөгжинө гэж бид ярьдаггүй, зорьдоггүй байсан хэрэг вэ?

-Үе үеийн хотын удирдлага энэ тухай ярьдаг, зорьдог байсан. Газар газрын олон хотынхны санаа бодол ч үүнд төвлөрч байгаа. Гол нь асуудлыг ойлгох, томьёолох арга барил нь л өөр байсан байх. Ирээдүйн үзүүлэн гэмээр гял цал төв, хүний байтугай мал амьтны амьдралын наад захын орчин бүрдээгүй хороолол зэрэгцсэн гадны зарим хотыг бид зурагтаар хардаг шүү дээ. Өдөр шөнө шиг бүү хэл өөр гариг шиг ялгаатай, “стандарт бус” хотууд дэлхийд олон бий. Хотын төв, хотын зах хоёр нь тэнгэр газар шиг хол ялгаатай Өмнөд Ази, Латин Америкийн зарим хотуудыг “стандарт бус”-ын жишээгээр дурдаж болно. Бас төвд нь, захад нь, хаана нь ч очсон хот шиг хотууд ч байна. Сидней, Сөүл, Сингапурыг жишээлж болно.

Манай нийслэлийн үлгэр загвар, зорилго зорилт бол Сингапур. Бид тэдний стандартад ойртон дөхөж гүйцэж хүрэх ёстой. “Стандарт бус” буруу муу жишээг дайралгүй тойрцгооё. Эртхэн дээр нь засч залруулъя. Үүний л тулд би “Нэг хот-нэг стандарт” гэж байгаа юм. Манай хотынхны хагасаас илүү нь, олонх нь Сүхбаатарын талбайгаас хойш амьдардаг. Олонход хүрэлцэхгүй байгаа нийгмийн үйлчилгээг нэг стандартад нийцүүлэн дээшлүүлэх нь миний, манай зорилго. Манай хот бол залуусын хот. Хүн амын олонх нь идэр залуус. Тэднийхээ хүсэл сонирхлыг хотынхоо хөгжлийн бодлогод тусгацгаая. Дэлхийн хотуудын стандартаас суралцъя. Жишээ нь, энэ зунаас нийслэл хотод Ubike түрээсийн дугуйн үйлчилгээ нэвтэрснийг анзаарсан байх. Ийм түрээсийн дугуйн үйлчилгээ дэлхийн бүх метрополитан хотуудад хэрэгждэг, авто машины түгжрэл бууруулах, иргэдийнхээ эрүүл мэндийг дэмжих гэж хотоос нь хэрэгжүүлдэг төсөл. Бид энэ үйлчилгээг үндэсний үйлдвэрлэгч, монгол залуустайгаа хамтран амжилттай хэрэгжүүлж эхэлсэн. Анх энэ төслийг хэрэгжүүлэхээр зарлахад дэлхийн бусад хотуудад энэ төрлийн үйлчилгээ явуулдаг гадаадын том компаниуд хамтрах хүсэлтээ илэрхийлж байсан. Гэвч Монгол Улсын нийслэлд монгол залуусын ур ухаан, инноваци шингэсэн дугуйн үйлчилгээ нэвтрэх ёстой гэдэг үзлээр “Никель Ганбаа” ХХК-тай хамтран ажиллаж байна. Энэ төсөл маань ирэх жилээс U scoot­er, U taxi гэсэн шинэлэг үйлчилгээгээр хүрээгээ тэлнэ. Хотын дарга өөрөө дэлхийн хөгжил, залуу үетэйгээ хөл нийлүүлж алхахыг хүсдэг, хичээдэг байх ёстой. Улаанбаатар Инновацийн төвийг залуусынхаа дэлхийд өрсөлдөх, бүтээлч сэтгэхүйд тулгуурласан бизнесүүд бий болоход туслах зорилгоор байгуулсан юм.

-Үе үеийн хотын дарга нарыг сүүдэр шиг дагаж явдаг шүүмжлэл бол газрын асуудал. Таныг ч бас тойроогүй?

-Нийслэл хотын хөгжлийн үндэс нь газар. Газрын харилцааны шинэчлэл, реформ хийгүйгээр нийслэлийн хөгжлийн хүрэх түвшин, стандартад бид хүрч очиж чадахгүй. Ямар ч бүтээн байгуулалт, тохижилтын ажил байсан хүн хүч, хөрөнгө мөнгө, техник технологиос илүү эн түрүүнд “Хаана?” гэдэг асуултаар эхлэдэг. Шинэ цэнгэлдэх хүрээлэн, шинэ хотын захиргаа барих газаргүй болчихсон байсан шүү дээ, манай хот. Тийм болохоор бид газраас ажлаа эхлэсэн. Ажлаа авсан даруйдаа нийтийн зориулалттай орон сууцны хороолол дунд болон ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн ойр орчмын газарт орон сууц, конторын барилга барих зориулалтаар газар олгохыг хориглосон захирамж гаргаж байсныг та бүхэн санаж байгаа байх. 29 болон 33 дугаар сургуулийн хашаа, Богд хааны Ордон музейн хойд тал, “Өгөөж чихэр боов”-ны үйлдвэрийн урд “Унагатай хөшөө”-тэй талбай, хамгийн сүүлд хэдхэн хоногийн өмнө Яармагийн V, VI хороонд 80 мянган кв.метр хууль бус газрыг хүчингүй болгосон гээд олон жишээ бий.

Газрын реформыг эхлүүлэхэд амар байгаагүй. Газраа алдсан цөөн хүмүүс зохион байгуулалттайгаар маш ихээр эсэргүүцсэн, шүүмжилсэн, гүтгэсэн. Гэсэн ч бид сургууль, цэцэрлэг, орон сууцны хороолол дунд хууль бусаар болон зөрчилтэй олгосон газруудыг хүчингүй болгосон. 50 ширхэг хөлбөмбөгийн газартай тэнцэх нийт 576 225 ам.дөрвөлжин метр газар гэсэн үг. 50 ширхэг хөлбөмбөгийн талбайн дайтай нийслэлийн газрыг иргэдэд эргүүлж авчирсан. 1041 СӨХ-д газар ашиглах эрхийг нь олголоо. 46 байрлалд 2000 машины түр зогсоол байгууллаа. “Зам чөлөөл!” аян явуулсныг манай хотынхон санаж байгаа байх. 173 байршилд чөлөөтэй зорчих, явах аргагүй болгосон хаалт, хашааг буулгалаа. Хууль бус, хугацаа хэтэрсэн газрыг иргэдийнхээ мэдэлд эргүүлж авчирсан гэдгээ бардам хэлнэ. Энэ бол газрын реформын эхлэл нь, үндэс нь болохоос эцсийн зорилго нь биш.

-Нийслэлийн МАН-ын бага хурал энэ сарын 21-нд товлогдсон. Одоогоор та нийслэлийн намын хорооны даргыг түр орлон гүйцэтгэгчээр ажиллаж байгаа. Та Нийслэлийн МАН-ын хорооны даргад өрсөлдөх үү?

-Би нийслэлийн намын хорооны даргад нэрээ дэвшүүлэн өрсөлдөнө. НИТХ-д олонх болсон МАН 2016 оны сонгуулийн мөрийн хөтөлбөрөө бүрэн хэрэгжүүлэх ёстой. 2020 онд дүнгээ тавиулна, хариуцлагаа хүлээнэ. Энэ нь ч амжсангүй, тэрнээс ч боллоо, тэгчих байсан юм гэдэг тайлбар шалтаг хэлэх эрхгүй. Тийм тайлбар сонсох гэж манай хотын иргэд биднийг сонгоогүй. Засаг даргын мөрийн хөтөлбөрт тов тодорхой тоонууд бий. Цэцэрлэгт хамрагдалтыг 85 хувьд хүргэнэ, 150 км шинэ зам тавьж, замын ачааллыг 50 хувь бууруулна, бүх сургууль хоёр ээлжээр хичээллэнэ, гэр хороололд шинэ дэд төв байгуулна гээд тодорхой зорилт, тодорхой тоонууд бий.

Тавьсан зам гүүр, татсан шугам сүлжээ, нэмэгдсэн ажил орлого, бууруулсан гэмт хэрэг, арилгасан утаа, барьсан сургууль цэцэрлэг, багассан хүнд суртал… Энэ хэдхэн үзүүлэлтээр л хотын ажлыг дүгнэнэ. Энэ бүхнийг сонгуульт хугацааны үлдсэн хоёр жилд хийх ёстой. Хийнэ. Энэ бол засаг дарга С.Батболд гэдэг хүний ажлаас гадна нийслэлийн МАН-ын мөрийн хөтөлбөр юм. Тийм учраас нэг зорилгод зангидаж, нэг баг болж ажиллах гэж би нэрээ дэвшүүлнэ. Энэ бол улс төрийн шийдвэр. Гэхдээ Улаанбаатарын иргэдийн амьдралтай холбоотой шийдвэр. Улаанбаатар хотын ажил төрөл нь талцал хэрүүлгүй, бүтээн байгуулалт нь улстөржилтгүй урагшлах ёстой. Бие биетэйгээ барилдаж, тэмцэлдэх биш, цаг хугацаатай уралдаж урагшлах хэрэгтэй байна.

-Олны анхааралд байгаа “60 тэрбум”-ын гэх асуудалд та байр сууриа илэрхийлнэ үү?

-“60 тэрбумын” гэх асуултын тухайд хариуцлагатайгаар хэлье. Би ажлын байр, албан тушаалыг үнэлэн борлуулах тухай хаана ч, хэнтэй ч, ямар ч хэлцэл хийж байгаагүй. Тийм уулзалт, ярилцлагад оролцоогүй. Би УИХ-ын гишүүн, байнгын хорооны дарга, Засгийн газрын гишүүн, Хуул зүйн сайд хийж явсан. Хууль хаанаас, юугаар эхэлж, хаана, юуг хязгаарладаг гэдгийг мэдэхтэйгээ хүн. Нийслэлийн төр захиргааны байгууллагын 3200 ажилтнаас мөнгө төлж ажилд орсон хүн байхгүй. Төрийн ажилд сэтгэл зүрхээ зориулсан залуусаас мөнгө татах битгий хэл боломжтой бол эсрэгээр мөнгө цалинг нь арай ахиу өгөх ёстой гэж би боддог. “Шинэ дэд бүтэц” төслийн залуусыг жишээ болгон дурдъя. Сэлбэ, Баянхошуу дэд төвийн ажил амжилттай явж байгааг түрүүн дурдсан. Баянхошуу дэд төвийн 240 ортой цэцэрлэг, МСҮТ төвийг энэ есдүгээр сард хүлээлгэж өгөх гэж байна. “60 тэрбумын” гэдэг” муухай үг их хотын ажил амьдралыг нуруундаа үүрч яваа төр захиргаа, үйлчилгээний байгууллагын бүх шатны ажилсаг, шударга, зуу зуун ажилтны сэтгэл рүү ус цацаж байна.

Хоёр жил дараалан хоёр гурван сонгууль дамжсан энэ асуудлыг нэг мөр шалгаад эцэслэх ёстой. Тийм тохиолдол байвал хариуцлага тооцоод, үгүй бол энэ сэдвийг хаасан нь дээр. Ажил, бүтээн байгуулалт ярих хайран цагаа хэрүүл талцалд үрж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Цогтбаатар: ОХУ-ын ерөнхийлөгч “Монголоор дамжуулж хийн хоолой тавьж болно” гэсэн

БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Ван И-гийн манай улсад саяхан хийсэн айлчлалын талаар Гадаад харилцааны сайд Д.Цогтбаатартай ярилцлаа.


-БНХАУ-ын Гадаад харилцааны сайдын айлчлалыг хэр үр дүнтэй болсон гэж дүгнэж байна?

-БНХАУ-ын Гадаад хэргийн сайд Ван И-гийн айлчлал улс төрийн агуулгаараа ч, эдийн засгийн агуулгаараа ч амжилттай сайн боллоо. Арав гаруйхан сарын өмнө хоёр орны харилцаа амаргүй нөхцөл байдалтай байсан. Тэр бүх хүндрэлүүдийг би дурдаад яахав. Энэ бүхний дараа хоёр орны харилцааг эрүүлжүүлэх тал дээр нэлээд ажил хийгдэж, яриа хэлэлцээ хэд хэдэн түвшинд хийлээ. Үр дүнд нь хоёр улсын харилцаа ямар нэгэн саад тотгоргүй явж байгааг том амжилт гэж бид үзэж байна. Одоо хоёр орны харилцаа, тэр тусмаа эдийн засгийн харилцаан дээр нэлээд ахицтай, амжилттай явж байна. Монгол Улсын Ерөнхий сайд урд хөршид айлчлах үеэр цэвэрлэх байгууламжийн асуудлыг ярьсан. Монгол Улсын гол цөм нь болсон Улаанбаатар хот, энд оршин суудаг 1.5 сая хүний амьдралтай холбоотой энэ том дэд бүтцийн асуудлыг ахуйн хэрэгцээний усыг цэвэрлэх төдийхнөөр ойлгож болохгүй. Аж үйлдвэр, цахилгаан станцууд бүгд ус хэрэглэнэ. Хүн амын хувьд тайван тухтай амьдралыг хангаад явах уу гэхээсээ гадна ажлын байр хэдээр нэмэгдэх, аж үйлдвэр хэр өсч хөгжих вэ гэдэгтэй ч холбоотой.

Энэ бүгдийн суурийг тавьж өгөх дэд бүтцийн маш том бүтээн байгуулалт. Олон жил яригдсан энэ асуудлыг саяын айлчлалын үеэр эхлүүллээ. Мөн хоёр орны худалдаанд аливаа нэг саад тотгор гаргахгүйгээр цааш үргэлжлээд явуулъя, жишээлбэл өмнө нь өндөр дээд хэмжээний айлчлалын үеэр яригдсан 2020 он гэхэд худалдааг арван тэрбум ам.долларт хүргэе гэсэн тохиролцоогоо баталгаажуулаад явж байна. Хоёр орны худалдааны эргэлтийг арван тэрбум ам.долларт хүргэнэ гэдэгт бид ямар нөхцөл тавьж байна гэхээр манай экспортыг нэмэгдүүлж байж худалдааны эргэлтийг бүхэлдээ нэмэгдүүлнэ шүү, экспорт дотроо уул уурхайн бус экспортын эзлэх хувийг дорвитой нэмэгдүүлмээр байна гэдэг нөхцөлийг ярьж айлын талтай ойлголцож, тохиролцлоо. Айлчлалын үеэр урьд өмнө хэзээ ч яригдаж байгаагүй зарчмын нэг том асуудал ярилаа. Энэ нь дараагийн хэрэгжих бүх төслүүдэд хамаарах юм. Хоёр орны хооронд хөгжлийн хамтын ажиллагаа үргэлжилнэ. Бие биенээ дэмжээд, хамтраад хөгжөөд явна. Энэ хөгжлийн хамтын ажиллагааны ард Монгол Улс өртэй үлдэж таарахгүй. Өрийн дарамтаас урьдчилан сэргийлэх зарчим дээр тулгуурласан харилцаа явуулъя гэсэн тохиролцоонд хүрч чадлаа. Урьд өмнө ингэж яригдаж байгаагүй. Үүнийг тохирч авах гол томьёо нь бид өрөнд орохгүй шүү гэж зүгээр нэг дурдаад өнгөрөх биш, ингэхийн тулд бидэнд юу хэрэгтэй байна гэхээр экспортоо нэмэгдүүлэх, тэр дотроо уул уурхайн бус бүтээгдэхүүний экспортоо нэмэгдүүлье гэж хэлээд байгаа юм.

-Уул уурхайн бус экспортод ямар бүтээгдэхүүнүүд орж байна?

-Мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, арьс ширний үйлдвэрлэл. Монголд мал аж ахуйд суурилсан, малын гаралтай бүтээгдэхүүнийг боловсруулах үйлдвэр хөгжих бүрэн боломжтой.

Худалдаж авах хамгийн том зах зээл урд хөршид байж байна. Энэ нь гүн боловс-руулаад гаргана гэсэн үг. Уул уурхайн бүтээгдэхүүн дээр ч гэсэн түүхийгээр нь биш, боловсруулж гаргая гэж хоёр тал тохироод, хятадууд “Гүн боловсруулж гаргая, бид энийг чинь авахад бэлэн байна” гэлээ. “Бид өрөнд орохгүй шүү” гэж зүгээр нэг хэлээд зогсох биш. Яавал өрөнд орохгүй вэ гэдгээ хоёр талд зарчмын хувьд тохирч байна шүү дээ. Хятад руу манай экспорт нэмэгдээд, худалдаа ашигтай байна гэдэг чинь манай валютын нөөц нэмэгдэж, ажлын байр олон болж, эдийн засгийн өсөлт хангагдаж байгаа юм.

Валютын нөөц хуримтлал-тай болох юм бол бид зээлээ ямар ч хүндрэлгүй төлөх бо-ломжтой болж болно гэсэн үг. Өөрөөр хэлбэл хятадуудтай бид хамтарч ажиллаад, тэр хамтын ажиллагааныхаа бүтээгдэхүүнийг хятадууд өөрсдөө эргүүлээд худалдаад авъя гэж байна. Өрийн дарамтад орох эрсдэлээс хамгаалсан томьёо бүхий харилцааг бид тохирч чадлаа гэсэн үг. Энэ нь хоёр улс цаашдын хамтын ажиллагаандаа харилцан итгэж, ажиллах гол суурь болж байгаа юм. Үүнийг хятадууд ойлгож хүлээж авч байгаа нь маш чухал. Жишээ нь, зээл авах гэж банкин дээр очоод “Би зээл авъя. Тэгэхдээ өрийн дарамтад ормооргүй байна” гэвэл банк “Та зээл авахаа больчих” л гэнэ шүү дээ. Тэгвэл бид урд хөрштэйгөө манай тавьж байгаа асуудал чинь ийм ийм үндэслэлтэй, энийг ийм зөв аргаар тойроод гарах боломж байна гэдгээ тохирч авч чадсан гэдэг нэн чухал. Хятадын талд үүнийг ойлгуулаад хүлээн зөвшөөрүүлж, асуудлаа тавихад зүгээр гайхаад, “Бид больчихож хэзээ ч болно” гэсэн хариулт авах эрсдэлтэй асуудлыг зөв үндэслэлтэй гаргаж тавиад хүлээн зөвшөөрүүлнэ гэдэг өөрөө том амжилт.

-Мах, махан бүтээгдэхүүн, малын гаралтай түүхий эдийг экспортлох гэхээр манайхыг бэлчээрийн мал аж ахуйтай, мал нь өвчилдөг, хүнсэнд хэрэглэхэд шаардлага хангахгүй гэж гадныхан хэлдэг. Тэгэхээр яаж үүн дээр ойлголцож чадав. Олон жил л мах экспортлох талаар ярьж байгаа…

-Олон жил яригдаж бай-гаа нь үнэн. Гэхдээ Монголд шүлхий гарлаа гэхэд Мон-голоос гарч байгаа бүх бүтээгдэхүүнийг шүлхийтэй мэт ойлгоод экспортод хориг тавьчихдаг. Бид БНХАУ-ын Гадаад харилцааны сайдыг яагаад баруун аймагт зочлуулав. Энэ хүн тийрэлтэт онгоцоор цаг гучин минут нисээд баруун аймагт очиж байна. Улаанбаатар хот л гэхэд шүлхий гараад байдаг зүүн аймгаасаа хоёр гурван цагийн зайтай нисч хүрдэг газар. Тэгэхээр баруун аймаг, зүүн аймгаас хэр хол зайнд байгаа, ямар хол зайнд гарсан малын өвчнийг хамтатгаж бүхэлд нь хорио цээр тавиад байгаа вэ гэдгийг ойлгосон байх. Баруун аймагт очоод би “Та нар Польшид гарсан асуудлыг Францт гарсан мэтээр Францын бүтээгдэхүүнд хамаатуулж нялзаагаад байвал бодит байдалтай нийцэхгүй биз дээ. Тэрэнтэй адил манай зүүн аймаг, баруун аймгийн хооронд Европын хэмжээгээр бол хэдэн арван улс багтахаар ийм зай байгаа. Манай баруун аймагт шүлхий ерөөсөө гардаггүй. Тийм учраас баруун аймгийн малын махыг баруун аймгийн хил хязгаараар шууд авч байгаач” гэж хэлсэн. Тэгэхгүй Монголоос гаргана гэхээр шууд Замын-Үүдээр бүх аймгийн малын махыг гаргана гэж ойлгоод эргэлзэх нь байна. Тэр эргэлзээг бууруулах үүднээс баруун аймагт газар дээр нь нөхцөл байдалтай нь танилцуулаад, тэндээ мах боловсруулах үйлдвэрүүдээ бариад баруун хилээр гаргая гэж ярьсан. Хятадын тал ойлгож хүлээж авсан. Газар дээр нь очиж үзээд, дэмжээд ажиллая гэлээ. Махны экспорт сүүлийн хэдэн жил муу байсан ч яг өнөөдрийн байдлаар өмнөх жилүүдтэй харьцуулахад махны экспорт эрс нэмэгдчихсэн байгаа. Өмнө нь арван мянган тонн мах гаргаж байсан бол одоо хориод мянган тонн болж нэмэгдээд явж байгаа. Бид энийг дэмжиж өгөх л ёстой юм. Дэмжихдээ бид мал эмнэлгийнхээ тогтолцоог сайжруулах шаардлагатай. Түүнээс биш манайд малын өвчин гараад байхад махаа гаргана гээд суугаад байж болохгүй шүү дээ. Ямар ч гэсэн эхлээд малын өвчин гардаггүй газраасаа махаа экспортлоод бусад газраа мал эмнэлгийнхээ үйлчилгээг сайжруулаад одоо байгаа малын эрүүл ахуйн тогтолцоогоо маш сайн бэхжүүлж өгөх ёстой. Тэгж байж импортлогчдын итгэлийг олж авч, манай мах экспортлогдох боломж гарч байгаа юм. Бид мах, махан бүтээгдэхүүн, сүү, сүүн бүтээгдэхүүн, арьс ширэн бүтээгдэхүүнээ үйлдвэрлээд, боловсруулаад, экспортолдог болоход ямар ч уул уурхайн бүтээгдэхүүнээс дутахгүйгээр экспорт хийх боломж байгаа. Энийгээ бид ашиглах ёстой. Хамтын ажиллагааны үр шим олон түмэнд жигд хүртээмжтэй байх учиртай. Уул уурхайн бүтээгдэхүүний экспортын үр шим харьцангуй олон нийтийг хамарч, хүмүүст хүрч чадахгүй байна. Харин хөдөө аж ахуйн бүтээгдэхүүний экспортыг нэмэгдүүлэх юм бол бүхэл бүтэн нэг том салбар хамрагдаж байгаа юм. Монголын хүн амын томоохон хэсэг хамрагдах боломж бий болно. Ажлын байр бүр олноор бий болно гэсэн үг. Тэр хэрээр хүмүүсийн орлого нэмэгдэнэ гэдэг байдлаар бид айлын талд асуудлыг тавьж байгаа юм.

-Баруун аймаг руу Хятадын Гадаад харилцааны сайд очсон нь энэнтэй л холбоотой юм уу. Шинжаан Уйгарт нефтийн том орд олдсонтой холбоотой гэсэн мэдээлэл яваад байсан. Жишээ нь, судлаач Шүрхүү гуай “Олон жилийн өмнөөс манай баруун бүс нутгийг хятадууд сонирхож ирсэн” гэж хэлсэн байна лээ…

-Айлчлалын хөтөлбөрийг манай яам л гаргасан.Урьж байгаа хүн нь Гадаад харилцааны сайд би. Энэ хүн Монголд өмнө арван хэдэн удаа ирсэн. Арван хэд дэх удаагаа Тэрэлж аваад явъя гэвэл явах л байсан. Баруун аймаг руу явна гэдэг ийм бодлоготойгоор, газар дээр нь нөхцөл байдлыг харуулъя, бас манай улс орон гэдэг өргөн уудам нутагтай, газар зүйн маш өөр өөр бүсэд оршиж байгаа улс шүү гэж таниулж, улс орноо сурталчлах үүднээс авч явсан юм. Махны экспорт хийе гэхээр Хятадын зүгээс ямар шаардлага тавьж байна гэдгийг манай орон нутгийн удирдлагууд нь ч сонсох ёстой юм. Яагаад гэвэл тэндээ малын эрүүл ахуйн тогтолцоогоо оновчтой зөв, шаардлагад нийцүүлж, ажиллуулах үүргийг тэд бас авахгүй бол “Бид гаргамаар байна” гээд л экспортолчихдог юм биш шүү дээ. Ямар ч улс орон өөрийнхөө иргэдийн хүнсний аюулгүй байдлыг онцгой анхаарна.

-Та зочноо Ховд, Говь-Алтайд очуулах сонирхолтой байсан, гэтэл БНХАУ-ын Гадаад харилцааны сайд Увсыг сонгосон гэж шуугиад байгаа. Энэ үнэн үү?

-Говь-Алтай гэж хувилбар яриагүй. Ховд гэсэн хувилбар бол ярьж байсан нь үнэн. Тэгээд Увс дээр тогтсон. Яагаад гэвэл Увсад хэзээ ч шүлхий өвчин гарч байгаагүй юм билээ. Тэр онцлог энэ тэрийг бид тооцоолж үзсэн л дээ.

-Хийн хоолойг Монголоор дамжуулах их чухал асуудлыг айлчлалын үед ярилаа. Их олон жилийн өмнөөс ярьсан. Саяын айлчлалаар нааштай шийдэгдэж байгаа юм байна гэж ойлгож болох уу?

-Олон жил яригдсан гэхэд бас хэцүү л дээ. 1990-ээд оны сүүл хавиар нэлээд идэвхтэй яригдаад унтарсан сэдэв. Хүмүүс өөр хоорондоо ярьж байсан юм бий. Тэр үеийн яриа ой ухаанд нь үлдчихсэн байх. Ний нуугүй л ярья. Манайх өмнө нь хэд хэдэн удаа санал хэлсэн ч дэмжлэг авдаггүй байсан. Тиймээс бид энэ асуудлыг ерөөсөө ярихаа байчихсан. Энэ сэдэв дахиад нээгдсэн. Оросын Ерөнхийлөгчийн түвшинд “Монголоор дамжуулж, хийн хоолой тавьж болно” гэсэн. Тийм учраас энэ асуудал одоо бидний хувьд нээлттэй. Одоо Хятадын талтайгаа ч ярьж байгаа. Бидний хувьд энэ дээр улс төрийн тохиролцоогоо бүрдүүлэх, асуудал маань нээлттэй болоод Оросын тал дэмжинэ гээд, Хятадын тал үүнийг ойлгож хүлээж авч байгаа. Гэхдээ эцэслээгүй.

-Одоо ямар түвшинд байгаа юм бэ?

-Шинэ нөхцөл байдал бий болсон учраас эдийн засгийн тооцоо судалгаагаа сайн хийх ёстой гэж ерөнхийлөгч Путин их тодорхой хэлсэн. Эдийн засгийн үр ашгийн тооцоо судалгаагаа аль, аль талдаа нарийвчилж хийх хэрэгтэй байна. Ер нь энэ асуудал дээр бид өөрсдөө идэвхтэй ажиллах ёстой. Сая айлчлалын үеэр тэр нэг компанийн асуудал яригдаад байсан даа.

-Хятадын нэг компанийн нэр яригдаад, тэр компани хэвлэлийнхний өмнө санамж бичигт гарын үсэг зураад байсан шүү дээ….

-Нэг зүйл хэлье. Тэр компанитай ямар ч холбоо байхгүй. Хятадын тал ч, Оросын тал ч мэдэхгүй байгаа. Бид энэний дараа хаанаас ямар компани орж ирээд, ийм юм яриад байна гэж судалсан. Хаанаас ч албан ёсны түвшинд яриа хэлэлцээ хийгээгүй юм билээ. Хувийн аж ахуйн нэгж санаачилгаараа “Шинэ боломж нээгдэж байна. Тэр боломжийг ашиглах гээд ажиллаад үзье” гэсэн бодолтой явж байгаа байх. Бидний хувьд үнэхээр тэрийг мэдэхгүй байна.

-Хийн хоолой тавих асуудал таваас арван жилдээ бүтэхгүй гэж зарим судлаач ярьсан байсан. Монголоор хийн хоолой дамжуулах хэр баттай вэ?

-ОХУ-ын ерөнхийлөгч Путин “Энийг дэмжинэ. Та нар судалгаагаа хийгээрэй” гэсэн шүү дээ. Тэгэхлээр энэ бол хамгийн бодитой эх сурвалж. Энэ хүн ийм юм хэлж байхад “Манайхаар дамжихгүй байх” гэж хэн нэгэн өмнөөс нь хэлэх хэр үндэслэлтэй байх бол. Албан ёсоор ийм асуудал тавигдлаа. Бид энийг хэрэгжүүлэх гээд ажиллах л ёстой. Хийхгүй гээд арагшаа суувал хэзээ ч оройтохгүй. Путин ерөнхийлөгчийн түвшинд асуудал яригдахын тулд маш их бэлтгэл судалгаа хийгддэг. Таамгийн, гэнэтийн, санаандгүй яриа гэж тэр түвшинд байдаггүй.

-Төмөр зам дээр Хятадын талтай сая юу ярив?

-Бид эрчим хүч, дэд бүтцийн асуудлууд дээр ярьсан. Харилцаанд ямар нэг саад байхгүй. Гадаад харилцааны сайд бүх салбарын, тэр тусмаа техникийн асуудал яриад сууна гэж байхгүй. Бид улс төрийн саад тотгоргүй, хамтын ажиллагааны үүд хаалгыг нээлттэй болголоо. Одоо холбогдох салбарын сайдууд, мэргэжилтнүүд тэр чиглэлээрээ ажиллаад явах ёстой. Энэ төслүүдээ хэрэгжүүлэх тал дээр хамтраад явахад бүгд нээлттэй байгаа.

-Манай Ерөнхийлөгч Хятадад айлчилна гэсэн?

-Дараа жил айлчилна. Албан ёсны урилгыг сая Гадаад хэргийн сайд Ван И айлчлалынхаа үеэр нотолсон.

-Тэр айлчлалын бэлтгэл ажлын талаар та хоёр ярьсан уу?

-Тэгэлгүй яахав. Нэг айлчлалаар бүх асуудлыг шийдчихгүй. Бид шийдэж чадахаа амжуулаад л ярьж байгаа. Цаана нь бүхэл бүтэн хоёр улсын харилцаа, соёл боловсрол, эдийн засаг, худалдаа, хөрөнгө оруулалт, технологи, батлан хамгаалах гээд олон салбарт хамтарч ажилладаг. Салбар бүрт яригдах урагшлуулах асуудал, хөндөх сэдэв маш их.

-Ирэх жил хоёр улсын хооронд дипломат харилцаа тогтоосны 70 жилийн ой тохиож байгаа. Ойн хүрээнд ямар ажил хийх вэ?

-Бидний хувьд их том ой. Бид хэд хэдэн юмыг бодож санаж байх учиртай юм. БНХАУ-ыг бид хүлээн зөвшөөрсөн найм дахь орон. БНХАУ дэлхийн 180-аад оронтой дипломат харилцаа тогтоосон. Монгол бол анхлан хүлээн зөвшөөрсөн найман улсын нэг. БНХАУ Монголыг хүлээн зөвшөөрсөн дөрөв дэх орон. Бид тусгаар тогтнолынхоо төлөө дэлхий дээр хүлээн зөвшөөрүүлэх гээд явж байхад анхлан зөвшөөрсөн дөрвөн орны нэг БНХАУ байна гэхээр түүхэн хамтын ажиллагаатай, бие биенийхээ тусгаар тогтнолыг олоход харилцан тусалж байсан орнууд. Дэлхийн хоёрдугаар дайны үед ЗХУ-тай хамтраад Хятадыг чөлөөлөх дайнд цэргийн бие бүрэлдэхүүнээрээ оролцож явсан хоёрхон орны нэг нь Монгол. Монгол цэргүүд Хятадыг чөлөөлөхөд амь биеэ зориулж байсан. Тэр түүхэн хамтын ажиллагааныхаа ололт, давуу талыг тэмдэглэх хамгийн сайхан боломж бол дипломат харилцаа тогтоосон ой. Далан жилийн түүхэн ойгоор бид үүнийг анхаарч ажиллах ёстой. НҮБ-д манай улс гишүүнээр элсэхэд БНХАУ дэмжиж байсан. Өөрсдөө НҮБ-д суудлаа эзэлж амжаагүй байхдаа Монгол Улсыг НҮБ-ын гишүүн байх ёстой гэж дэмжиж байсан бол бид БНХАУ-ыг НҮБ-д зүй ёсны суудлаа эзлэхэд дэмжиж байлаа. Тусгаар тогтнол гэдэг бидэнд хамгийн үнэтэй зүйл. БНХАУ-д ч мөн адил хамгийн үнэтэй зүйл нь. Тиймээс анх тусгаар улс болж байх үед нь үзүүлж байсан дэмжлэг бол улс төрийн жин, нөлөөгөөрөө ихээхэн ач холбогдолтой юм. Санал бүрийн төлөө явж байсан хэрэг шүү дээ. Ийм харилцаа, хамтын ажиллагааг би үлгэр жишээ харилцаа, хамтын ажиллагаа гэж үзэж байгаа. Бид их сайн ч байж үзсэн, их муу ч харилцаатай байж үзсэн. Энэ ертөнц дээр улс орнууд хоорондоо сайндах, муудах бүгдийг үзээд үүнийхээ ард гарч стратегийн түншлэлийг бий болгосон байдаг. Ийм стратегийн түнш хөрштэйгөө харилцаад бид 70 жилийг ардаа үджээ. Энэ харилцааныхаа цаашдын өрнөл үйл явцыг тодорхойлохын тулд далан жилийнхээ ойн хүрээнд эрдэм шинжилгээний хурал хийж, нөхцөл байдлаа дүгнэж цэгнэж, цаашдын ирээдүйгээ тодорхойлох ёстой гэж үзэж байна. Энэ үеэр түүхэн үйл явдлуудтай холбоотой цөөнгүй арга хэмжээнүүд зохион байгуулагдана. Соёл, урлагийн арга хэмжээнүүд зохион байгуулна. Худалдаа эдийн засгийн хамтын ажиллагаандаа ойн жилдээ мөн түлхүү анхаарч, улам өргөжүүлэхийг зорьж байгаа. Сая ярьсан хамтын ажиллагааны төслүүд ч гэсэн энэ ойн жил нэлээд урагшлах ёстой хэмээн найдаж байна.

Categories
мэдээ цаг-үе

Сэлэнгэ, Дархан, Улаанбаатарын зам эдийн засгийг сэргээхэд чухал үүрэгтэй

Сүүлийн үеийн их бороо Монголын томоохон асуудал болж хувирлаа. Авто зам уурссан тухай мэдээ тасраагүй байхад төмөр зам урссан тухай мэдээ олон нийтэд түгэв. Үүнд Засгийн газар онцгой ач холбогдол өгч, өөрийн эрх мэдлийн хүрээнд Зам, тээврийн хөгжлийн дэд сайд Л.Халтарыг шуурхай томиллоо. Шинэхэн сайд ч өөрийн хэрээр итгэл даахыг хичээж байгаа бололтой. Тэрээр өнгөрсөн амралтын өдрүүдэд сүүлийн үед иргэдийн шүүмжлэлд өртөөд байгаа Улаанбаатар-Дархан-Сэлэнгийн авто зам дээр Авто замын хөгжлийн төвийн дарга Р.Будтай хамт ажиллаа. Энэ нь Зам, тээврийн сайдын ажлаа авсны дараахь анхны орон нутгийн томилолт гэнэ. Хөдөөгийн сайдад их бороо гэдэг нь сайн бол Замын сайдад их бороо нь суудлыг нь булаах аюул дагуулна. Манайхан Дархан-Улаанбаатарын замыг хүн хөнөөдөг, мөнгө идсэн зам гэж ярьдаг. Үнэхээр тийм эсэхийг шалгаад тогтоочихсон баримт өнөөг хүртэл байдаггүй юм байна. Харин шинэ дэд сайд Л.Халтар үүнд эцсийн хариу өгөх зорилгоор газар дээр нь үзэхээр шийдсэн бололтой юм. Түүний шалгасан зам бол Монголын хүнсний хангамжийн маш чухал бүсийг дотоодын хамгийн том зах зээл болох нийслэлтэй холбодог зам. Өөрөөр хэлбэл Монголын эдийн засагт хамгийн том төмөр замын дараа орох авто зам. Мэргэжлийн хүний хувьд тэрээр юунаас эхлэхээ мэдэж байгаа аж. Гэхдээ дэд сайд маань зөвхөн асуудал үүсгэсэн авто зам дээр ажиллаагүй. Тухайн бүс нутгаар дайран өнгөрч байгаа улсын чанартай авто замын засвар арчлалтын ажлын явц, ургацын замын нөхцөл байдал, төмөр замын өртөөний үйл ажиллагаатай танилцах, орон нутгийн удирдлагуудтай уулзалт хийх, холбогдох үүрэг даалгавар өгөх, тулгамдаж буй асуудлуудыг шийдвэрлэхээр ажилласан юм. Зам тээврийн осол гардаг 26 цэг байдгаас есөн цэгт хамгийн олон давтамжтай гэж судалгааны дүн гарчээ. Судалгааны дүнгээр бидний нэрлэж заншсанаар 52-ын даваа, 60 даваа, Шавартайн голын гүүр, Тахилтын даваа, Нарийн хөндий, Цайдмын хөндий, Хустайн даваа гэсэн цэгүүдэд хамгийн их осол гардаг юм байна. Шалтгаан нь өгсүүр даваатай, үзэгдэх орчин хязгаарлагдмал огцом эргэлттэй бөгөөд манайхан хурд хэтрүүлдгээс болдог аж. Өнгөрсөн долоо хоногоос Зам тээврийн хөгжлийн төв, Тээврийн цагдаагийн албатай хамтран хурд хэмжигчийг нэмж байршуулах, авто замын хөдөлгөөнт эргүүлийг тус хэсэгт ажиллуулах шийдвэр гаргасан гэнэ. Үүнтэй холбоотой шийдвэрийн биелэлт, хэрэгжүүлэх ажлын талаар ЗТХТ, Тээврийн цагдаагийн газар, тус чиглэлийн замын цагдаагийн удирдлагуудтай энэ үеэр уулзаж санал солилцож үүрэг чиглэл өгчээ. Гэхдээ энэ шийдвэрийг хэрэгжүүлэх төсөв мөнгө байхгүй. Одоогийн байдлаар замын эргүүл гэсэн нэртэй хүмүүсийг тарчигхан төсвөөр ажиллуулж байгаа юм байна

Тэр нь “Хөдөлгөөнт эргүүл” гэсэн өхөөрдөм нэртэй. Тэр замын дагуу амьдардаг иргэдэд тулгуурлана. Тэд зам дээр хурд хэтрүүлэх, техникийн бүрэн бүтэн байдал, согтуугаар жолоо барих, шинээр үүссэн замын гэмтлийг цаг тухайд нь мэдээлэх, замын тэмдэглэгээг хулгайлах зэрэг асуудалтай тэмцэнэ. Гэхдээ энэ асуудлыг албан ёсны болгох журам боловсруулахыг Буд даргад газар дээр нь үүрэг болгов.

Авто осол үүсэх бас гол шалтгаан бол техникийн бүрэн бус байдал. Энэ асуудалд дэд сайд багагүй анхаарал хандуулж байгаа нь ажиглагдсан. Авто замын цагдаагийнханы мэдээллээр бол өмнө нь замын цагдаагийн хэсгийн дэргэд авто засварын газар ажиллаж байсан юм байна. Цагдаагийнхан техникийн бүрэн бус автомашины жолоочид арга хэмжээ авахаас илүүтэйгээр аюулгүй байдлаа хангах зөвлөгөө өгдөг байсан гэнэ. Ингэснээр жолооч нар цагдаагийн шалгалтын хэсгийн ойр байгаа засварын газраас шаардлагатай сэлбэгийг авч, цааш амар тайван байдлаар аяллаа үргэлжлүүлнэ. Гэтэл нөгөө л монгол араншингаар “Цагдаагийнхан өөрсдийн бизнесээ зам дагуу шалгалтын цэгээр хийж байна” гэсэн хийрхлээс болж зам дагуу ажиллаж байсан засварын газар хаагджээ. Цагдаагийнхан ч үүнээс болж засварын газрыг хаасан гэнэ. Инээдтэй нь нөгөө шүүмжлээд байсан иргэд тухайн бүсэд засварын газар нээсэнгүй. Ингэснээр ослын тоо нэмэгдсэн үү гэхээс буураагүй нь лавтай. Цагдаагийнхан өмнөх зарчмаар хэнээс хамааралгүй засварын газар нээх санал тавьсан ч улстөрч дэд сайд болгоомжтойгоор “Жолооч нараас судалгаа авах хэрэгтэй” гэсэн болгоомжтой хариулт өгөв.

Үнэн хэрэгтээ цагдаагийн шалгалтын хэсгийн дэргэд байгуулагдсан засварын газрын түүх зүрх зүсмээр сонсогдсон. Нэгэн залуугийн төрөл төрөгсөд энэ замд осолд орж амиа алдсан юм байна. Тухайн үед машинд ямар нэгэн гэмтэл гарсан бөгөөд ойр хавьд ямарч засварын газар байхгүй тул хүрэх газраа гэмтэлтэй машинаар зүтгэсээр яваад амиа алдсан аж. Тэр залуу цагдаагийнхантай ямар ч холбоогүй. Дээр нь зам зуурын шаардлагатай сэлбэгийг ашиг олохгүйгээр жолооч нарт зардаг нь олны анхаарлыг татдаг аж. Цагдаагийнхан энэ тухай дэд сайдад хичээнгүйлэн учирлаж байсан ч юу ч хийдэггүй бай бүхнийг шүүмжлэгчдээс болгоомжилсон дэд сайд зориг орсон бололтой “Ажиллаад үз” гэх нь сонсогдов.

Цааш томилолтын багийнхан Сэлэнгэ аймгийг зорив. Аймгийн хил дээр Сэлэнгийн Засаг даргын орлогч Ж.Сайнцог, ИТХ-ын төлөөлөгчид хүлээж авав. Тэдний энэ том хүндэтгэл ердөө ганц шалтгаантай. Тэр нь замаа сайжруулах. Сэлэнгийнхэн үеийн үед хэнээс ч гуйхгүй амьдарч ирсэн уламжлалтай. Социализмын үед Сэлэнгийнхэн гоё хүнсээр бялхаж байсан газар байхгүй. Тэд гахай, тахиа, талх тариа, загас, ногоо гээд тухайн үеийн Улс төрийн товчооныхноос илүү их тансаг зоогтой байсан хүмүүс. Өнөөдөр ч тэд ямар нэгэн юмаар гачигдаагүй гэнэ. Гэхдээ замын дэд сайдыг хүндэтгэлтэйгээр хүлээн авах шалтгаан нь авто зам. Тэд төрөөс хүсч байгаа зүйл нь чанартай зам. Тэдэнд Ерөнхий сайдаас илүүтэйгээр замын сайд чухал. Сэлэнгийнхэн социализмын үед зах зээлд орсон.

Тэдэнд зах зээлд нийлүүлэх бүтээгдэхүүн бэлэн. Тэдний зөгийн балаас эхлээд утсан загас, буриад талх чанар, үнээр дэлхийд өрсөлдөх чадвартай. Тус аймаг монгол гурилын 50 хувь, хүнсний ногооны 60 хувийг хангах чадвартай. Энэ нь манай эдийн засгийн 30 шахам хувьд дам нөлөө үзүүлнэ. Энэ нь нийслэлийн дараа орох эдийн засгийн бүс гэсэн үг. Гэтэл энэ том эдийн засгийн чадавхыг ашиглах, цаашдаа томруулахад муу зам саад болж байгаа аж. Ийм учраас л сэлэнгэчүүд замын сайдад “пялдагадсан” бололтой юм. Шинэ сайд ч энэ бол Сэлэнгэ, Улаанбаатарын зам биш, эдийн засгийг эрүүлжүүлэх зам гэж харсан бололтой “Удахгүй та нар сайн замтай болно. Сэлэнгэ, Дархан, Улаанбаатарын зам эдийн засгийг сэргээхэд чухал үүрэгтэй” гэснээр анхны томилолтоо дуусгав.


Categories
мэдээ цаг-үе

С.Батболд: Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудыг холбосон хөгжлийн алтан гурвалжин бий болгоно

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболдтой уулзаж ярилцлаа.


-Нийслэлийн Засаг дарга төвийн бүсийн аймгуудад ажиллаад ирлээ. Хотын дарга дүүргүүдэд биш, хөдөө орон нутагт ажилласан шалтгаан юу байв гэсэн асуултад олон хүн хариулт хүлээж байх шиг байна?

-Манай улс Бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлалтай, аймаг, орон нутгаа баруун, төв, зүүн гэж бүсчлээд хөгжүүлэхээр төлөвлөсөн. Холбогдох хуулиуд ч батлагдсан. Гэвч энэ үзэл баримтлалыг хэрэгжүүлэх ажил ерөөс ахидаггүй. Иргэдийн Улаанбаатар луу чиглэсэн нүүдэл, суурьшил ихсээд хот хэт их ачаалалтай болоод удаж байгааг иргэд өөрсдөө ч ойлгодог болсон. Нийслэлийн зүгээс иргэдийнхээ нийгмийн асуудлыг шийднэ гээд тодорхой дорвитойхон ажил хийдэг. Сургууль, цэцэрлэг бариад, эмнэлгийн хүртээмжийг нэмээд, зам гүүр шийдсэн ч ачаалал нь хэт ихэсчихсэн учраас бэрхшээл нь бэрхшээл хэвээр л харагдах ийм байдал руугаа орсон. Нэгэнт нүүгээд, зориод ирсэн иргэдээ буцаагаад Ховд, Увс руу ч юмуу, говь руу нь явуулах бололцоо байхгүй. Монгол Улсын иргэн Үндсэн хуульд заасан ёсоор оршин суух газраа өөрөө сонгох эрхтэй. Тийм учраас энэ онд Улаанбаатар хотын хэт төвлөрлийг сааруулахад чиглэсэн “Хөгжлийн алтан гурвалжин” санаачилгыг өрнүүлсэн юм. Энэ удаагийн орон нутагт ажилласан томилолтоор энэ санаачилгаа ажил хэрэг болгох асуудлын хэсгээс шийдээд ирлээ.

-“Хөгжлийн алтан гурвалжин” санаачилгын талаар товчхон ойлголт өгөхгүй юу. Энэ санаачилгын үр дүн, тус дэмийг Улаанбаатар хот, нийслэлийн иргэд хэрхэн хүртэж болно гэж тооцоолж байгаа вэ?

-Улаанбаатар хотын төвлөрлийг сааруулах алхамууд зөвхөн Улаанбаатарын шийдэх ёстой асуудал биш.

Энэ бол Монгол орны хөгжлийн асуудал. Хөдөө орон нутаг эзгүйрээд эсрэгээр Улаанбаатар хотод төвлөрөл ихэсч, ачаалалдаа түүртээд байна. Тэгвэл иргэдийн нүүдлийн гол шалтгаан юу юм. Монгол Улсын зах хязгаар нутгаас төвийн бүсэд нүүж ирж байгаа иргэд юу хүсч мөрөөдөж байна вэ гэсэн асуулт зайлшгүй үүсдэг. Нүүдлийн гол шалт-гаануудад дэд бүтэц, зам харгуй, ажлын байр гэсэн зүйлүүд багтаад байна. Тийм учраас нийслэлийн ачааллыг бууруулах ямар гарц, гаргалгаа байж болох вэ гэдгийг судалж үзээд Сэлэнгэ, Орхон, Туул гээд гурван том мөрний сав газарт оршдог, Монгол Улсын эрчимжсэн мал аж ахуй, газар тариалан, үйлдвэрлэл бүх юм төвлөрсөн Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотуудыг холбосон гурвалжинд бодлогоор хөгжлийг төвлөрүүлэх ажлыг эхлүүлэх нь зөв юм байж гэж үзсэн. Дархан, Эрдэнэт хотын дэд бүтцийн хөгжил, хүн амьдрах таатай орчин нь Улаанбаатар хотоос хавьгүй илүү. Нэгэнт ингээд төвлөрчихсөн хотууд бий учраас энэ боломжуудыг ашиглах замаар иргэдээ тийш нь суурьшуулж, хөгжлийг тэлэх, төвлөрлийг сааруулах ажлыг эхлүүлэн хэрэгжүүлж байна.

Хөгжлийн гурвалжинд зөвхөн энэ гурван хот багтахгүй. Хотууд байрладаг Төв, Сэлэнгэ, Булган аймгийг энд татан оролцуулсан байгаа. Өнгөрсөн хавар таван аймгийн удирдлагуудтай зөвлөлдөх уулзалт хийж санамж бичиг байгуулсан. Энэ санамж бичгийн хүрээнд аймгууд хамтран ажиллах үйл ажиллагаагаа төлөвлөөд авсан. Одоогийн байдлаар эхний санаачилгууд хэрэгжих боломжтой болсон.

-Тухайлбал?

-Энэ долоо хоногийн эхээр орон нутгаар явж, аймгуудын Засаг дарга нартай уулзахдаа үйлдвэрлэлийн болон нийгмийн зарим салбарыг төрөлжүүлээд Дархан, Эрдэнэт хот руу гаргах, ажиллах хүчээ хэрхэн шилжүүлэн байршуулах вэ гэдэг асуудлыг ярилцаад, тодорхой саналуудтай ирсэн. Жишээ нь, өнөөдрийн байдлаар Улаанбаатар хотод арьс шир боловсруулах үйлдвэрийн хэрэгцээ тун бага байна. Улаанбаатар дахь зах зээл муутай арьс шир боловсруулах үйлдвэрүүдийг Дарханы нэхийний үйлдвэрийг түшүүлэн Дарханд суурьшуулах, уул уурхай, металл боловсруулах зэрэг хүнд үйлдвэрлэгчдийг Эрдэнэт хотод суурьшуулах нь зөв. Тооцоо судалгааг ойрын үед гаргаж, ажил хэрэг болгоё гэдэгт санал нэгдсэн. Улаанбаатарын нийгмийн ачааллыг бага ч гэсэн бууруулах үүднээс бараг 100 хувь Улаанбаатар хотод төвлөрсөн их дээд сургуулийг Дархан, Эрдэнэт хот рүү нүүлгэн шилжүүлэхэд болохгүй юмгүй гэсэн саналд нэгдсэн. Бид их олон жил арав гаруй мянган оюутантай 2-3 мянган багштай их, дээд сургуулийг Улаанбаатараас бүхлээр нь гаргана. Тэнд гоё байшин бариад оруулчихна аа гэж яриад, хүлээгээд суусан. Үүнийг түвэг багатай шийдэх гарц бидэнд бий. Харин байгууллагуудтай, сургуулиудтай тохиролцоод хэрэгжүүлэх ажил л үлдэж байна.

-Олон зуун хүний нүүдлийг дагаад орон гэр, орон сууцны асуудал хөндөгдөх нь тодорхой. Их, дээд сургуулийн тухайд гэхэд оюутнуудыг нийтийн байранд суулгаж болох ч багш нарыг тэнд шингээж болохгүй байх. Энэ асуудлыг яаж шийдвэл зүгээр гэж үзэж байгаа вэ?

-Дандаа болохгүй, бүтэхгүй гэх нь таатай биш. Нөөц боломжоо сайн тооцох нь зөв юм л даа. Ганц жишээ хэлэхэд Дарханд 1500 оюутан сурах боломжтой их дээд сургуулийн салбар 400 оюутантай үйл ажиллагаа явуулж байна. Үлдсэн байр нь сул байж байгаа юм. Гэтэл Улаанбаатарт байх төв сургууль нь оюутнуудаа байрандаа багтааж дийлэхгүй байгаа. Тийм учраас их, дээд сургуулиуд зайлшгүй Улаанбаатар байх ёстой салбар сургуулиа үлдээгээд орон нутагт сургалт явуулахад хүндрэлгүй, харин ч материал техникийн, дадлагын орчин, нөхцөл нь сайжрах боломжтой салбар сургуулиа ийш нь нүүлгэж, зохицуулалт хийхэд бид хэсэг асуудлаа шийдэж чадна. Багш ажилчдын орон байрны тухайд Засгийн газар найман хувийн орон сууцны зээл олгох байдлаар зохицуулалт хийх жишээтэй. Дархан хот гэхэд 10 000 айлын орон сууц барих төлөвлөлт хийгдээд, барилгын бүтээн байгуулалт өрнөж байна. Ийм цогц бодлогыг бид хэрэгжүүлэх хэрэгтэй юм. Засгийн газар их, дээд сургуулийг Улаанбаатараас гаргах талаар тогтоол гаргаад БСШУСЯ, Нийслэлийн Засаг даргын тамгын газар хоёрт тодорхой үүрэг ч өгсөн. Ирэх есдүгээр сараас энэ ажил аль аль хүрээндээ нэлээд яригдах байх.

Одоо бол сул байгаа дэд бүтэц, барилга байгууламжид аль их, дээд сургуулийн ямар салбарыг яаж нүүлгэх вэ. Энэ үйл явцад төрийн байгууллага, Улаанбаатар хотын захиргаа ямар ажлууд хийх юм гэдгээ тодорхой болгох хэрэгтэй юм. Энэ асуудлыг шийдэхийн тулд өөрийн зүгээс, араас нь маш их хөөцөлдөж байж үр дүнд хүргэх ёстой гэж үзэж байгаа.

-Нийслэлийн төвлөрлийг сааруулахад энэ л хамгийн том дэмжлэг болох байх гэж бодогддог, найдлага төрүүлдэг бүтээн байгуулалтын санаанаасаа хуваалцахгүй юу?

-Улаанбаатар, Дархан, Эрдэнэт хотыг холбосон хурдны авто зам, хурдны галт тэрэгний зам байгуулбал бид төвлөрлийг маш сайн бууруулна гэж боддог. Хүссэн ч, хүсээгүй ч иргэд Улаанбаатар хотын уулын орой дээрээс бууж, энэ замын дагуу суурьшиж, Дархан, Сэлэнгэд газар авч, тэнд ногоо, тариагаа тарьж, өөрийн амьдралын хэрэгцээгээ хангаад явчихна. Сэлэнгэ, Төв, Булганыхны эрчимжсэн газар тариалан, мал аж ахуй Нийслэлчүүдийг эрүүл хүнс болоод явчих ийм цаг ирэхэд энэ гурвалжинд гурван сая байтугай 30 сая хүн багтана. Энэ тооны хүнийг хангалттай багтаагаад тэжээгээд явах боломжтой бүс нутаг юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

​Сүхбаатарын “эсэргүү санаат”

Улстөрчдийг дөрөв ангилчихмаар санагддаг. Олны анхаарлыг татаж байвал ямар ч том сэдвийг барьж аваад сенсаци дуулиан тарьж манаргадаг, хийж буй үйлдэл, хэлж байгаа яриа хэл нь ирэх жилийн сонгуульд яажшуухан амь тэсч үлдэх вэ гэсэн ганцхан зорилготой хэсэг байна. Харин хоёр дахь хэсэг нь эсрэгээрээ нам жим, мэдэх юм байвал сулхан дуугарчихаад, аль нэг фракцийн нөмөр дор амьдарцгаадаг. Хэнд ч нэмэргүй, хэнд ч гайгүй амьдардаг энэ хэсгийнхний уг гарлыг нь хөөхөөр ихэвчлэн цүнх баригчаас карьераа эхэлсэн ажиглагддаг. Гурав дахь хэсэг нь лидерүүд. Ард түмэн, улс орны эрх ашиг, хувийн амбицаа ялгаж эрэмбэлж чаддаг, өндөр боловсролтой, товчхондоо түүчээлэгчид. Дөрөв дэх хэсгийн хувьд илүү хүндэтгэлтэй хандах учиртай бүлгийнхэн. Хийсэн ажилтай, юуны төлөө зүтгээд яваагаа мэдэрчихсэн, тэгсэн хэр нь хөшигний цаана амьдардаг хэсгийнхэн. Ер нь хүн төрөлхтний түүхэнд гэгээ татуулсан үйл ажил хийсэн хүмүүсийн намтрыг сөхөхөөр ихийг мэдэх хэрээр илүүг ярилгүй аж төрдөг хандлага анзаарагддаг юм. Элдвийг ярих завгүй их ажил дунд буцалж явдаг учраас тэр л дээ. Улстөрчдийн энэ хэсгийг олонд таниулах, хийсэн зөв ажлыг нь нийгэмд мэдрүүлэх үүрэг сэтгүүлчдийн өмнө бий. Зүгээр нэг магтан дуулах, пиардах өнгөц зорилгоор биш санаж сэдэж яваа нь улам өргөжвөл улсад хэрэгтэй хүмүүс учраас хөшигний наана, тайзан дээр гаргаж ирэх хэрэгтэй гэсэн санаагаар унагаж байгаа үг л дээ. Энэ хэсэгт зүй ёсоор багтах залуус АН, МАН-ын аль алинд байгаа. Олны өмнө гаргаж ирэх учиртай залуусын нэг нь Сүхбаатар аймгийн ИТХ-ын дарга Б.Мөнхбат. Тэр улс төрд шинэ кадр биш. Бага залуугаасаа улс төрд нэлээд идэвхтэй зүтгэсэн улстөрчдийн нэг.

Түүний философи их энгийн. “Жалга довны үзэл гаргалаа гэсэн яриаг ойлгодоггүй юм. “Эх орон нутаг уснаас эхэлдэг” гэсэн айхавтар үг бий. Хүн бүр амьдарч байгаа орон нутгаа зөв хөгжүүлээд явчихвал улс хөгжих асуудал биш. Би Сүхбаатар аймгийнхаа төлөө зүтгэсээр ирсэн. Цаашид ч зүтгэсээр байх болно” гэж ярьдаг юм. Зүгээр нэг ухаантай ярих нэг хэрэг, зүтгэж хийгээд зөв ярьдаг бол өөр хэрэг. Тэр зүтгэж хийгээд ухаантай ярьдаг хэсэгт нь өлхөн багтах улстөрч. Сүхбаатар аймгийн нутгийн зөвлөлийг цөөхөн алдартай хүмүүсээр удирдуулсан, идэвхтэй нөлөөгүй үед нь орж ажиллаад хүрээ цараатай нутгийн зөвлөлүүдийн нэг болгосныг нь сайн мэдэх юм байна. Нутгийн зөвлөлийг алдартай хүмүүс толгойд нь суусан, гаднаас нь харахад өнгө зүс сайтай гоё сувинер шиг санадаг, сэтгэдэг хандлага өнөө ч хүчтэй анзаарагддаг. Сүхбаатар аймгийн Нутгийн зөвлөлийн нарийн бичгийн даргаас эхлээд тэргүүнийг нь хүртэл хийж явсан Б.Мөнхбатаар овоглосон санаа шийдэл өчнөөн. Нутгийн зөвлөлдөө ид хийж бүтээж яваа залуусыг татаж чадсан учраас өнөөдөр Сүхбаатарын нутгийн зөвлөл нөлөө ихтэй нутгийн зөвлөлүүдийн тоонд багтаж байна. Бизнес эрхэлдэг залуусаа нэгтгэж, уулзуулж, ажил хэрэгч яриа өрнүүлэх боломж олгож, нутаг орныхоо төлөө зөв зүйл сэдэж хийхэд нь дэм нөлөө үзүүлнэ гэдэг нутгийнхаа хөгжлийг улсын хөгжил гэж харсан хүнээс л гарах ухаан.

Тэр сүүлийн үед нэг “эсэргүү” санаа гаргачихаад ажил болгох гээд зүтгэж яваа. “Сайн малчин гэсэн шагналыг малын тоо толгой харж өгдгөөсөө татгалзмаар байна. Малын чанарыг нь харж өгдөг болох хэрэгтэй. Аймагтаа тийм шагнал бий болгоно” гэж ярьсныхаа дараахан “Мөнгөн унага” гэсэн шагнал сэдчихсэн явсан. Аймгийн сайн малчны шагнал гардуулах журмын төсөлд өөрчлөлт оруулах санал гаргаад байгаа юм билээ. ИТХ-ын нэрэмжит “Мөнгөн унага” шагналыг жилд гурван малчинд өгнө гэсэн тов тодорхой санаа шийдлийг нь нутгаа гэсэн сэтгэлтэй олон хүн толгой дохин дэмжих байх. Сүхбаатар адуу олонтой аймгуудын нэг. Сүүлийн үед гаднаас адуу ихтэй оторлох болсон тал анзаарагддаг. “Тэр сайдын 1000 адуу, энэ захирлын 1000 адуу” гэж нутгийн өөр зуураа ярьцгаагаад удаж байна. Морины соёлоороо түүчээлдэг, хурдан морины алтан өвтэй Сүхбаатар аймгийнхны хувьд адууны олонд шүтдэггүй. Цөөхөн хурдан адуутай, тэрийгээ үнэ хүргэн арилжаалж Монголын хурдан морины өв уламжлалыг таслахгүй авч яваа улс. Цөлжилтөд ямаан сүрэг онцгой нөлөө үзүүлдэг бол, бэлчээрийг талхагдуулдаг нь адуун сүрэг. Ер нь ямар ч зүйлийн тун нь хэтрэхээрээ том эрсдэл авчирдаг л даа. Ган ихтэй, бороо хур багатай жил Сүхбаатар аймгийн баруун талын сум өвс ч үгүй болж, хонь нь хулгана барьж идсэн эмзэглэмэээр явдал дуулдаж л байсан. Б.Мөнхбаттай саяхан уулзахад “Мянган адуу, 5000 хоньтой хүнийг сайн малчин гэж өргөмжлөх нь бодлого талаасаа зөв хандлага биш. Мөнгөн унага шагналаа малаа чанаржуулсан малчдад өгнө” гэж ярина лээ. Хийнэ гээд зүтгэсэн л бол ард нь гардаг чанарыг нь эртнээс хараад мэдчихсэн учраас эргэлзэх юм алга. Удахгүй Сүхбаатарын малчид малаа чанаржуулж, түүний санаачилсан “Мөнгөн унага”-ын эзэн болохын төлөө явцгаах байх. Нэг аймаг нь ийм зөв бодлого бариад ирэхээр Засгийн газраас жил бүр шалгаруулдаг “Сайн малчин” шагналын хандлага ч өөрчлөгдөж таарна. Нутгийн хөгжлөөс улсын хөгжил гээд зүтгэж яваа Б.Мөнхбатын философийн өгөөж нь энэ л дээ.

Бас нэг эсэргүү санааг нь онцлохгүй орхиж болохгүй. Отрын бүс нутгийг доройтуулж байгаа малаас малын хөлийн татвар авъя гэчихсэн явсан. Сонгогчдоосоо эмээсэн улстөрчдийн зүрхэлж хэрэгжүүлж чадахгүй яваа асуудлын нэгийг аймгийн ИТХ-ын дарга хэрэгжүүлэхээр шийдчихсэн бас л том амбиц шүү. Улс даяар хэрэгтэйг гайхаж ярьдаг ч ажил болдоггүй малын хөлийн татвар Сүхбаатар аймагт харин хэрэгжчих байх. Өнгөрсөн долоо хоногт нэг уулзахад мань эр “Малаа туугаад ирдэг хүмүүсээс ийм татвар авах санал гаргачихаад байгаа. Харин малаа зарчихаад Сүхбаатараас мал худалдаж аваад амьдарвал татварын асуудал ярихгүй” гэж сонирхуулна лээ. Наанаа аймгийн хэмжээний асуудал юм шиг хэр нь цаанаа бэлчээрийн талхагдлын эсрэг маш том амбиц мөнөөсөө мөн.

Сүхбаатар адууны орон, монгол адууны соёлыг тээсээр өнөөг хүрсэн аймаг. Тэр утгаараа яах аргагүй монгол адууны өв соёлын төв. Б.Мөнхбатын зорьж яваа бас нэг том санаа нь энэ. Тэр аймгаа монгол адууны өв соёлын төв болгох санааныхаа хүрээнд багагүй ажил амжуулчихсан яваа. Монгол адуунаас холдсон сумдаа хамруулсан “Мөнгөн унага” адууны фестиваль зохион байгуулна гэдэг алсыг харсан том санааны автор нь Б.Мөнхбат. Өнгөрсөн тавдугаар сард түүний санаачилгаар аймгийн удирдлагууд, уяачид, мэргэжлийн байгууллагууд, эрдэмтэд, судлаачдын маш том бүрэлдэхүүнтэй баг Сүхбаатар аймгийг монгол адууны өв соёлын төв болгох тухай хэлэлцүүлэг өрнүүлсэн юм. Үр дүнтэй, сонирхолтой, гарц шийдэлтэй хэлэлцүүлэг болсон.

Эдийн засаг хэцүү үед “Жавхлан шарга” ТББ байгуулж сурагчдын дунд олимпиад зохиож, улсад шалгарсныг нь тусгайлан бэлдэж, цас зуд боллоо гэхэд хандивын тоглолт зохион байгуулж, тусгай сэтгүүлүүд хэвлэж, ер нь аймаг руугаа хандсан том ажлуудын эхлэлийг тавьсан хүн бол хөргийн маань эзэн. Зарим ажил нь өнөө ч үргэлжилсээр яваа. Гадаадын иргэн харьяатад ажиллах үедээ ч зүгээр суугаагүй. Гадны хөрөнгө оруулалттай газрын тосны компани ажилчдаа урд хөршөөс зүгээр шахуу оруулж ирж ажиллуулж байсныг нь хөдөлмөрийн виз болгуулж, Монголд төлөх мөнгөн урсгалыг нэмж, визний төлбөр гэж овоо хэдэн төгрөгийг аймгийнхаа Төрийн санд оруулж чадсан түүх түүний намтарт бий. Тухайн үед хэрийн аавын хүү зориглож хийхээргүй аргаар хийсэн нь анхаарал татаад байдаг. Улсын төсөвт багагүй мөнгө оруулдаг газрын тос олборлогч том компанийн ажлыг гурав, дөрвөн хоног зогсоож “том толгойл”-сон их эр.

Ер нь очсон газар бүртээ эсэрүү санаа гаргаж, шинэ шийдэл хайж явдаг нь түүний төрөлхийн чанар. Бас л нэг удаагийн яриа хөөрөөний үеэр “Залуу хүн шинийг санаачлахдаа хойрго байх нь гунигтай, харамсалтай үзэгдэл. Шинэ санаа оноо бодож олоод гялалзаад ирэхээр атаархал, хонзогнол, нас, албан тушаал, фракцийн дарамт ирдэг учраас тэгдэг тал анзаарагддаг. Гэхдээ алийн болгон айж сүрдэж, амьгүй мэт, ямар ч зорилгогүй амьдрах вэ дээ. Залуу насандаа хийе гэснээ зориод зүтгээд хийчихдэг байх хэрэгтэй. Ер нь миний амьдралдаа барьдаг гол зарчим энэ. Манайханд нэг муухай чанар их тод ажиглагддаг. Энэ хэзээ ийм байсан юм бэ гэх хандлагад би ясны дургүй. Ингэж атаархаж хандсанаас, яаж үүн шиг мундаг болох вэ гэж урагшлах учиртай биз дээ. Хөгжсөн улсын иргэд яг ийм хандлагатай амьдардаг” гэж ярьсан нь санаанд тод үлджээ. Үнэн үг сэтгэлд ойр учраас тэр байх.

Б.Мөнхбатын ээлжит “эсэргүү санаа” нь амьгүй Иргэдийн төлөөлөгчдийн хурлыг амь оруулах. Уг нь иргэдийг төлөөлсөн хурал гэдэг хамгийн том байх ёстой газар. Иргэдээ дээдэлсэн улсын иргэдийн төлөөлөгчдийн хурал нь нөлөөтэй, жинтэй, хүчирхэг байж иргэний төлөө гэсэн төрийн бодлого жинхэнэ утгаараа хэрэгжинэ гэдэг талаас нь харвал түүний санааг үгүйсгэх аргагүй. Орон нутгийн ИТХ-ууд эдийн засгийн ямар ч эрх мэдэлгүй, жилдээ хэдхэн удаа хуралддагийг эс тооцвол хийх ажилгүй шахам, төрийн захиргааны үйл ажиллагаанд биечлэн оролцох боломжгүй жижигхэн газар болсон нь үнэн л дээ. Олуулаа нэгдээд хуралдахаар том эрх мэдэлтэй болж хувирдаг, бусад үед нь аймгийнхаа хөгжилд ямар ч оролцоогүй болчихдог хачин бүтцийг өөрчлөх санаа нь олны дэмжлэг авах байх аа.

Б.Мөнхбатын эсэргүү санаа ер нь хэзээ ч дуусахгүй байх. Тулгуур төв яриад хөгжихгүй гэж тасхийтэл хэлчихсэн хүн одоогоор түүний үеийнхэн дунд алга. “Манай аймгийнхан эрүүл мэндийн чанартай үйлчилгээ авч чадахгүй байна. Улсаас бодлогоор дэмжиж өгсөн төсөл, мөнгө зүүн бүсийн хөгжлийн төв гээд Дорнод руу явчихдаг. Сүхбаатарчууд яг үнэндээ Дорнод руу очиж үйлчилгээ авдаггүй, Улаанбаатар хот л барааддаг. Тэгээд ч Дорнодод сайн эмч энэ тэр гээд хүний нөөц, техник технологи асуудалтай хэвээр байгаа. Тулгуур төв гэж харж бодлогоо явуулах нь хэр оновчтой вэ гэдгийг эргэж харах цаг ирсэн. Би энэ санаагаа НҮБ-ын нэг мэргэжилтэнтэй уулзаад хэлэхэд тэгш бусын зарчим байгааг үгүйсгээгүй” гэж яриад тэр дараагийнхаа ажил руу яарсан. Наад өнгөндөө аймгаа гэсэн, цаад утгаараа улсаа бодсон түүний эсэргүү санаанууд ирэх жилүүдэд ажил болоод явна гэдэгт итгэмээр байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хаалга тогшилгүй орж ирж буй шинэ үеийнхэн

“Улс төр лидерээр ангажээ, 76-д олигтой гэж хэлэхээр хүн үзэгдэхгүй байна, төрд суугаа хэдэд авлига, хүнд суртлаас өөр хийж чадах зүйл алга” гэсэн шүүмжлэл байсхийгээд сонсогддог. Нэг талаас нь харахад толгой дохимоор шүүмжлэл мөн үү гэвэл мөн. Ц.Элбэгдорж, Ц.Нямдорж, Р.Гончигдорж, С.Баяр, Н.Алтанхуяг, М.Энхболд гэж ирээд яривал лидер гэж хүлээн зөвшөөрөгдсөн цөөн хэдэн хүн бий. Гэхдээ тэдний үе дуусч байгаа гэхэд хэтрүүлсэн дүгнэлт болохгүй. Хийдгээ хийчихсэн, цаашид юу хийх нь тодорхой болчихсон, бүр тодруулж хэлбэл “гэрэл цохичихсон” улстөрчид. Бүгд эрх ашгийн сонирхолтой, улс төр, эдийн засгийн бүлэглэлүүдэд данстай, бүлэг нэгдлийнхээ төлөө улс эх орны эрх ашгийг хоёрдугаарт тавьдаг болсон сул тал эдгээр эрхмүүдээс тод анзаарагддаг. Н.Алтанхуягийн Засгийн газрын үед бондын мөнгөний зарцуулалт ойр тойрныхон руу нь чиглэсэн, Ц.Нямдорж Эрдэнэтийн асуудал дээр нэг талд нь ороод үзэлцэж яваа гэж ирээд яривал жишээ баримтууд хангалттай бий. С.Баяр Ерөнхий сайдаар ажиллаагүй бол Оюу толгой хөдлөхгүй байсан, Ц.Элбэгдоржгүй бол Монголын ардчиллын үнэлэмж энэ зэрэгт очихгүй байсан гэж ирээд яривал бүгдээрээ Монголын төрд, монголчуудад хийсэн гавьяатай. Гай, гавьяа нь тэнцчихсэн улс.

Гэхдээ нэг гашуун үнэн бий. Тэдэнд нэгдэж орсон бүлэглэл, фракцийнхаа эсрэг хөдлөх орон зай байхгүй. Цор ганцаараа улс эх орныхоо төлөө гээд өнөөдүүлийнхээ эсрэг зогсвол оршин тогтнохгүй болтлоо эрх ашгаараа нэгдсэн бүлэглэлүүд өнөөдөр хүчирхэг байгаа нь мөн л бултах аргагүй үнэн. Тэгэхээр эднээс улс орныг хөгжүүлэх шийдэл хайгаад хол явахгүй. Хатуухан хэлэхэд тэд цагтаа лидерийн үүргээ гүйцэтгэсэн, одоо ашиг сонирхлоороо нэгдсэн улс төр, эдийн засгийн том бүлэглэлийн эрэг шураг төдий болчихсон.

Дунд үеийн лидерүүд гэж байна. Дунд үеийн лидерүүд хоёр янз байх шиг анзаарагддаг. Аль нэг эрх ашгийн бүлэглэл гэж хэлбийгээд байдаггүй, хал үзэж халуун чулуу долоосон, өндөр боловсролтой, тулхтай, улсын эрх ашиг гээд зүтгэхэд шантааж, шахаанд ороод байхааргүй цөөхөн улстөрч бий. АН-аас Д.Эрдэнэбат, Х.Тэмүүжин, МАН-аас Ц.Мөнх-Оргил гэсхийгээд дуусах байх. Улсын хөгжлийн төлөө гэсэн аятай, дажгүй шийдвэрүүд гаргаж мэдэх, тийм найдлага тавьж болохоор хэсэг. Гэхдээ ийм лидер тун цөөн. Тэгэхээр шийдвэр батлах хэмжээнд нэгдэж нийлээд аятай зүйтэй шийдэл гаргаад явах нь юу л бол.

Дунд үеийн лидерүүдэд эрх ашгийг бүлэглэлд орооцолдчихсон хэсэг бас бий. У.Хүрэлсүх, Ж.Батзандан, Г.Занданшатар, Ч.Хүрэлбаатар тэргүүтэй олон улстөрч энэ хэсэгт хамаарна. Нэгдсэн бүлэглэлийнхээ эрх ашгаас зарим нэг нь илүү гарч дуугарч хөдөлж чадахгүй учраас тэднээс юм хүлээх хэрэггүй.

Ер нь манай улстөрчдийн нэрний өмнө авлига гэсэн үг сүүдэр мэт хөндөлсдөг. Шалтгааныг нь ухаж ядах юмгүй. Баялаг бүтээж, хөлсөө урсгаж мөнгө олоогүй, олон улсын стандартаар хөгжиж байгаа компанийн удирдах багт орж дэлхийн бизнес загвараар ажиллаагүй, товчхондоо шинэ цагийн амжилт бүтээгч тэдэн дунд байхгүй. Компани толгойлдог бизнестэй хэсэг нь өмч хувьчлалаар хөрөнгөжсөн, бизнесгүйгээр өдий хүртэл төрд зүтгэсэн нь төрөөс төрсөн тэрбумтнууд гэсэн нэр зүүдэг нь нууц биш. Шуудхан хэлэхэд ихэнх нь ч бизнесийн зарчмаар мөнгө босгож үзээгүй улс. Эндээс шинэ цагийн амжилт бүтээгчид хаана байна вэ гэсэн асуулт гарч ирж таарна. Тэд улс төрийг сонирхохгүй байна, ер нь манай улс шинэ цагийн амжилт бүтээгчтэй улс мөн үү гэсэн асуулт ургана л даа, яалт ч үгүй. Энэ асуултууд эерэг хариулттай байгаа нь монголчуудын аз, хувь заяа. Шинэ цагийн, шинэ үеийнхэн аль хэдийнэ төрчихөөд, ажиллаж хөдөлмөрлөж, амжилтаараа түүчээлээд явж байна. Улс төр ярьж байгаад бизнес эрхэлдэг, амжилттай яваа залуусын талаар дурдах гэж байгаа минь учиртай. Яагаад гэвэл бидний амьдрал эдийн засаг дээр тогтдог. Улс төрчид угтаа улс орныхоо эдийн засгийг яаж сайжруулах вэ гэсэн асуултад хариу хайж суух учиртай хүмүүс.

Парламент нь өндөр түвшинд хөгжсөн улс орнуудын улс төрчид нь гайхалтай эдийн засагч, хуульч, аналистууд байдаг. Манай эдийн засаг өөдөлж өгөхгүй байгаа нь уул уурхай гэхээр попордог хэдэн улс төрч, улстөржилт гэхээр дэвдэг хэдэн нөхөдтэй л холбоотой. Инфляци, төсвийн алдагдал зэрэг ойр зуурын наад захын асуудлыг ч онож ярихгүй, эдийн засагч хэдхэн хүнийхээ үгийг ч сонсохгүй сууга нь анзаарагддаг. Ийм хүмүүс ертөнцийн эдийн засаг, блокчейн, дижитал хувьсгал, дэлхийтэй хөл нийлүүлэх тухай глобаль сэдвийг ярих нь бүү хэл сөхөж ч чадахгүй. Гэтэл бид цахим хувьсгалын эринд амьдарч байна.

Шинэ үеийнхэн аль хэдийнэ гараад ирлээ. Тэд дэлхийн хэмжээнд үнэлэгдэж, гадаад зах зээл дээр тоглож, топ компаниудад уригдаж ажиллаж байна. Дотооддоо үйлдвэрлэл явуулж, бизнесийн салбарт гялалзаж яваа залуус олон байна. Нэг ёсондоо дараа үеийнхэн хаалга тогшилгүй ороод ирлээ. Мэдээж тэдний нэр улстөрчид шиг булт олны танил болоогүй. Гэхдээ салбар салбартаа аль хэдийнэ тодорчихсон. Ирээдүйд бодлого боловсруулах, шийдвэр гаргах хэмжээнд хангалттай бэлтгэгдчихсэн. Цөөн заримаас нь эш татъя. “Форбес” сэтгүүлийн шилдэг 30 залуугийн нэгээр тодорсон “Монос”-ын Х.Анандыг жишээ нь салбарынхан нь андахгүй. Жилд 1.5 тэрбум төгрөгийг инновацийн хөгжилдөө зарцуулдаг, Монголын анхны GMP стандарттай “Монос” группийн 15 компанийн 24 захирал, 1500 гаруй ажилтан түүний удирдлага дор ажилладаг. Одоогоос таван жилийн өмнө тэр группийнхээ бүх компанийн хэрэгжүүлж буй төслийг нэгтгэн сайжруулж, хөрөнгө оруулалт босгох, хяналт тавих зэрэг ажлыг хариуцдаг төслийн захирлаас дэд ерөнхийлөгч болж байж. Азийн орнуудад эрүүл мэнд, гоо сайхны бүтээгдэхүүнээ түлхүү экспортолж, ОХУ-ыг эм эмийн бүтээдэхүүнийхээ зах зээл гэж харж буй “Монос”-ын өнөөдрийн амжилтыг түүнтэй салшгүй холбоотой гэдэг. Монгол, Японы хөрөнгийн бирж дээр давхар бүртгүүлэх амбицтайгаар ажиллаж буй “Монос”-ын Х.Ананд “Манай стратеги бол экспорт. Эхний ээлжинд бид компанийнхаа хувьцааны 20-25 хувийг 1-2 үе шаттай гаргана. Эдгээр үнэт цаасыг монголчууд эзэмшээсэй гэж бид хүсэж байна. Нээлттэй компани болсноор компанийн засаглал давхар сайжирч, хувьцаа эзэмшигчид ч манай байнгын хэрэглэгч болно. IPO босгосон хөрөнгөөрөө манай групп цаашид экспортлохоор төлөвлөсөн бүтээгдэхүүнээ гарган авах төдийгүй дараагийн төслүүддээ хөрөнгө оруулах боломж бүрдэнэ. Нийгмийн хариуцлагын талаасаа ч олон давуу талтай гэж харж байгаа. Гаднаас хөрөнгө оруулалт авах боломж ч илүү өргөжнө” гэж “Форбес”-т ярьж байж. Дэлхий рүү харсан бодлого, стратегитай компанийг босголцсон Х.Ананд шиг залуус олон болж байгаа нь талархууштай юм.

Дараагийн онцлох залуу бол “LendMN”-ий Ч.Анар. Түүний үүсгэлцсэн “Анд глобал” компани LendMN гэх бичил зээлийн үйлчилгээгээ зах зээлд танилцуулаад удаагүй ч Азийн гурван ч оронд нэвтрүүлэхээр ажиллаад эхэлчихсэн. Гар утсандаа аппликэйшн суулгаж ганц товч дараад хэрэгтэй мөнгөө зээлдэг үйлчилгээг аваагүй хүн бараг л алга. Үүнтэй төстэй үйлчилгээ дэлхийд ч шинэдээ орж байна. “Aнд глобал” холдингийн систем хөгжүүлэлт, санхүүгийн технологийг боловсруулдаг “Aнд системс” компани Олон улсын санхүүгийн кропораци, Европын сэргээн босголт, хөгжлийн банк зэрэг олон улсын болон Монголын харилцаа холбоо, банк, санхүүгийн томоохон байгууллагад ажилласан туршлагатай хүмүүсээс бүрддэг юм билээ. “Анд системс”-ийн Монголын топ математикчдаас бүрдсэн хиймэл оюун ухааны багийг гэхэд л Математикийн хүрээлэнгийн захирал Ү.Отгонбаяр ахалж ажилладаг. Ү.Отгонбаяр бол Токиогийн их сургууль, Пенсильванийн их сургууль, Кардиффын их сургуулийн онолын математикийн профессор. Тэдэнтэй баг болж ажиллахаар Hitachi, PWC дахь ажлаа орхиод ирсэн хүн ч бий. За тэгээд Цахиурын хөндийд ажилладаг монгол залуус ч багтсан гэж ирээд яривал дэлхийн хэмжээнд хардаг, дэлхийн хэмжээний мэргэшил чадвартай залуусыг нэгтгэсэн хүн нь Х.Цолмон болж таарч байна. Түүний намтарт “G-Mobile” компанийг үүсгэн байгуулалцсан, гар утасны тоглоом хөгжүүлдэг Английн “Boss Alien”, Хонконгийн “APGO limited” компанид Бразил, Орос, Энэтхэг хөгжүүлэгчид бүхий олон улсын багийг удирдан аутсорсинг менежерээр дөрвөн жилийн турш ажилласан гэсэн өгүүлбэрүүд дурайж байна. “Анд глобал” дараагийн онилж буй зах зээл Зүүн Өмнөд Ази. Бүр Камбожийн нэг банктай хамтраад эхэлчихсэн. Зүүн Европ, Ойрхи Дорнод болон Зүүн Өмнөд Азийн зарим банк бус санхүүгийн байгууллагад технологио ашиглуулах хэлбэрээр хамтран ажиллахаар төлөвлөгөө ч тэдэнд бий. Дижитал эрин, финтекийн дараагийн төв болохоор зорьж буй Сингапурт бүртгэлтэй ажилладаг “Анд глобал”-ын Ч.Ананд хэвлэлд өгсөн ярилцлагадаа “Хэрэв зөв чиглүүлж, бодлогоо зөв тодорхойлвол инноваци, шинэ технологи гэдэг Монгол Улсын хөгжлийн дараагийн гарц гарцаагүй мөн” гэж ярьсан удаатай. Дэлхийд танигдсан монгол брэнд бүтээхээр зорьж яваа энэ залуу Монголын ирээдүйд хувь нэмрээ оруулах нь аль хэдийнэ тодорхой болчихсон.

Х.Ананд, Ч.Анар хоёрын дараа онцлох учиртай өөр нэг залуу бол “Монголын зэс корпораци”-ийн Ц.Пүрэвтүвшин. Монгол, Оросын хамтарсан “Эрдэнэт” үйлдвэр, “Монросцветмет” компанийн Оросын талын 49 хувийг худалдаж авах ажлыг нугалсан залуу. Тиймдээ “Монгол Улс дэлхий дахины нэг хэсэг. Тиймээс дэлхий нийтэд хүлээн зөвшөөрөгдсөн түгээмэл зарчмаар л хөгжинө шүү дээ. Хаа нэгтээх ширэнгэн ойн дүрмээр бид хөгжихгүй. Гэхдээ Монгол Улс хөгжинө гэсэн олон нийтийн чин эрмэлзэл байгаа цагт хувийн ашиг сонирхолдоо хөтлөгдсөн, хүмүүст ямар ч аргаар хамаагүй таалагдах ганцхан зорилготой маш цөөн улстөрчийн дураараа аашилдаг байдал хэвээр хадгалагдана гэж бодохгүй байна. Хүн ямар ч ажил хийдэг бай түүндээ мэргэжлийн болох нь чухал. Бизнес эрхлэгчид нь бизнесээ эрхэлж, улстөрчид нь хуулиа батлахдаа л мэргэжлийн байх нь чухал. Эсрэгээрээ аль алийг нь сонирхогчийн түвшинд хийж, эргэн тойрон, нийгэмд гай болохоо зогсоох хэрэгтэй” гэж зоригтой дуугарсан болов уу. Зардал хөрөнгө их шаарддаг уул уурхайн салбарт хэрхэн яаж амжилттай өрсөлдөх талаар санаа, шийдэлд боловсруулчихсан сууна гэдэг хэрийн аавын хүүгийн хийх ажил биш. “Уул уурхайн их хөрс, хүдрийг автомашинаар бус туузан дамжуургаар, хяналт, харуул хамгаалалтаа олон хүн хүчээр бус дроноор гүйцэтгэж, дизель, бензин бус цахилгаанаар ажилладаг автомашин ашиглаж байна. Дэлхий даяар өрнөж буй энэ ололт, үр ашигтай шинэ санаачилгуудаас хоцрохгүйн тулд ямагт судалж, анхаардаг. Бидний хувьд технологи харьцангуй өндөр хөгжсөн банк, харилцаа холбооны салбараас дутахгүй уул уурхайн салбарт технологийн дэвшлийг нэвтрүүлэх бодолтой байгаа. Тиймдээ ч ойрын хугацаанд энэ салбарт нэлээд анхаарал хандуулж, цаг зарцуулж байна” хэмээн ярьж яваа Ц.Пүрэвтүвшин яалт ч үгүй шинэ үеийнхний томоохон төлөөлөл юм.

“Сүү” ХХК-ийн гүйцэтгэх захирал Б.Гантулга байна. Сургуулиа төгсөөд банк санхүүгийн салбарт теллерээс эхлээд маркетингийн захирал хүртэл ахисан залуу одоо Монголын топ компанийн удирдлагын багт орчихсон явна. Тэрээр компаниа удирдаж эхэлснээс хойш олон шинэ бүтээгдэхүүн гаргасан юм. Сүүлд Хөрөнгийн бирж дээр IPO хийсэн нь ч амжилттай болсон. Lhamour брэндийг үүсгэн байгуулагч, Натурал Эссеншлс ХХК-ийн захирал Д.Хулан гэхэд дэлхийн зах зээлд өрсөлдөхөөр хүч үзэж, Тэрээр Ази номхон далайн шилдэг бизнес эрхлэгч тэмцээнд түрүүлж, шилдэгээр шалгарсан нь саяхны явдал. “Seaberry” брэндийг үүсгэн байгуулагч Д.Болортуяа мөн л бүтээгдэхүүнээ дэлхийн зах зээлд гаргаж, амжилт олж яваа. Австралид матрын арьсаар үйлдвэрлэл явуулж байгаа Oogii брэндийг үүсгэн байгуулагч Оюунцэцэг гэж ирээд яривал амжилттай яваа залуусын бүхэл бүтэн шинэ үе гараад ирлээ. Тэдний энэ их тэмүүлэл, амжилтыг битгий л нураачихаасай билээ. Үүдэл эс судлалаар Нобелийн шагнал хүртсэн Япон эрдэмтний гарын шавь Н.Ариун гэж биохимич бүсгүй Монголдоо үүдэл эсийн банк байгуулна гэж өөдрөг хүсэлтэй ирээд урам хугарч буцаад явсан жишээ бий. Гаагийн шүүхэд ажиллаж буй хуульч Н.Орчлонг онцлохгүй үлдээж болохгүй. Шинэ үеийнхэн ийнхүү дэлхийн хэмжээнд сэтгэж бүтээж ажиллаж байна. Тэд хаалга тогшилгүй орж ирж байна.

Categories
мэдээ цаг-үе

Г.Доржзодов: МАН-ын нуруун дээрх том ачаа нь 60 тэрбумтнууд

Албан тушаалын наймаанаас 60 тэрбумыг босгохоор төлөвлөсөн гэх МАНын зарим удирдлагын ярианы бичлэгийг ил болгосон Г.Доржзодовтой ярилцлаа.


-60 тэрбумын асуудлыг харж байхад хуулийн байгууллагууд аль эрт шийдвэрлэсэн гэх юм?

-Ажиглаад байхад, энэ асуудалд хуулийн байгууллагууд, прокурор, АТГ, ЦЕГ, ТЕГ, ШШҮХ цэг тавих гэж их зүдэрч байх шиг. Тэд эхлээд эвлүүлэг гэж зөрүүдэлсэн. Нотлох баримт эх хувиараа байна гэсэн хуулийн заалттай өнөөдөр амь тэмцэн зууралдаж байна. НПГ-ын ерөнхий прокурор Баярмагнай, түүний орлогч Ариунаа нар өгсөн ярилцлагадаа манай шүүх шинжилгээний байгууллагад өндөр нарийвчлалтай дуу авианы шинжилгээ хийх техник, тоног төхөөрөмжгүй, мэргэжилтэн байхгүй гэсэн байдаг. Тэгэхээр хуулийн заалт ч саад болж байна, техник хэрэгсэл ч алга, мэргэжлийн шинжээч ч алга гэж ойлгогдохоор байна. Эцэс сүүлдээ 2014 оны есдүгээр сарын 8-нд Шинэ Монгол хаад ХХК-ийн байранд уулзалт болсон нь тогтоогдсон гэдгийг прокурор арга буюу хүлээн зөвшөөрчихсөн. АТГ уг хэргийг нотлох баримт дээрх ярианы агуулгаар бус харин эх хувиараа олдоогүй учир прокурор хэргийг хаасан гэж хэллээ. Би ЦЕГ, АТГ, ТЕГ-ын хамтарсан ажлын хэсэгт нотлох баримтыг эх хувиар нь төхөөрөмж гээд байгаа iPhone 5, iPad Mini 2-той хамт хөндлөнгийн гэрчийг байлцуулан хүлээлгэж өгсөөр байтал ийм ичгэвтэр тайлбар хийж байгаа нь хол явахгүй арга л даа. Эндээс харахад хуулийн байгууллагууд энэ хэргийг хаах гэж их чармайж байгаа нь илт. Гэхдээ энэ хэрэг эцэслэгдээгүй, эцэслэгдтэлээ ч удах байх. Өнгөрсөн оны дөрөвдүгээр сард намайг өөр гэмт хэрэгт гүтгэн баривчилж, сэжигтнээр татаж, сүүлдээ арга нь мухардаад наймдугаар сард гэрчээр дуудаж маш их шалгалаа. Шалгах шалгахдаа гэрчийг л илүү их шалгах шиг боллоо. Одоо нотлох баримтын чанар гэгчээр хэргийг хаахаар муйхарлан оролдож байна гэж харж байгаа. Хэрэг эцэслэн шийдэгдтэлээ их удах байх. Энэ хооронд нотлох баримт нь хэзээ ч хөдөлшгүй байсаар л байна.

-Анхны дүгнэлтүүд яагаад олон янз гарсан байдаг юм бол…?

-Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн гаргасан гурван дүгнэлтийг хоёр ангилж болно. Нэгдүгээрт, УИХ-ын 2016 оны сонгуулиас өмнөх 4113, 4225 дугаартай хоёр дүгнэлт. Хоёрдугаарт, УИХ-ын сонгуулиас хойших 4374 дугаартай нэг дүгнэлт гэж. Сонгуулиас өмнө Ц.Сандуйгийн дуу хоолойтой тохирч байна, бичлэг эвлүүлэг биш байна гэж эхний хоёр дүгнэлт гарсан. Сонгуулийн дараа 2016 оны долдугаар сарын 18-нд бичлэг бол эвлүүлэг гэсэн дүгнэлт гаргасан. Шүүх шинжилгээний үндэсний хүрээлэнгийн дарга Ц.Гантулга өөрийнхөө өрөөнд сууж байгаад эдгээр гурван удаагийн шинжилгээний дүгнэлтийг хуурамчаар үйлдсэн гэдэг мэдээлэл өнгөрөгч дөрөвдүгээр сард хэвлэлээр цацагдчихлаа шүү дээ. Шударга хүмүүс захаасаа илчилж эхэлж байгаа нь сайн хэрэг. Иргэд бодит мэдээллүүдийг уншаад, сонсоод ирэхээрээ хуулийн байгууллагуудыг 60 тэрбумын гар хөл гэж дүгнэх нь зүйн хэрэг.

-Өнгөрсөн жил таныг эвлүүлэг хийсэн гэж ярьсан. Энэ талаар юу гэх вэ?

-УИХ, Ерөнхийлөгчийн сонгуулийн үеэр болон түүнээс хойш бичлэг бол эвлүүлэг, олон янзын хурлын бичлэгээс үг үсэг бүрийг түүж, бүр залгаж, эвлүүлсэн байна гэсэн мэдээллийг их олон сувгаар цацсан. За яах вэ, би 162 минут болон 40 минутыг мундаг авьяасаар эвлүүлжээ гэж бодъё л доо. Тэгвэл нөгөө гурван хүнийг би гүтгэж, нэр төрд нь халдаж, гутаасан хэргээр тэд намайг цагдаа, тагнуулд өгч шалгуулах ёстой биз дээ. Бичлэг бол эвлүүлэг биш гэж хэлсэн Ц.Нямдорж, Д.Амарбаясгалан нарыг ч мөн ялгаагүй шалгах хэрэгтэй болно. Гэтэл тэд яаж тэгж чадах юм. Чадахгүй шүү дээ. Би өнгөрсөн бүх хугацаанд 60 тэрбумд холбогдсон улстөрчдийн ёс зүйн асуудлыг зөвхөн бодит нотлох баримттайгаар илчилсэн. Энэ талаар би зөвхөн үнэнийг л ярьсан. Миний ярьсан хэлсэн бүхэн телевизийн эфирт, интернэтэд, сонины нүүрэн дээр архивлагдан үлдсэн. Миний ярьсан зүйл огт өөрчлөгдөөгүй, өөрчлөгдөх ч үгүй шүү дээ. Үнэн гэдэг ийм л хүчтэй. Нотлох баримтууд хөдөлшгүй. Би нотлох баримтуудыг эх хувиар нь олон тоогоор хувилж гарын үсгээ он сартай нь тавиад хувь хүн, байгууллагад хаа сайгүй тараачихсан. Мөн www.dorjzodov.org гээд сайт дээрээ бүх нотлох баримтыг байршуулчихсан байгаа. Өнөөдөр эрх мэдлээрээ дарж хаалаа гэхэд энэ асуудал надтай надгүйгээр үеийн үед хөвж гарч ирсээр л байна. Одоо ахин намайг яаж ч дарамталж, айлган сүрдүүлж, худалдаж авах гэж оролдсон ч би нотлох баримтад нөлөөлж чадахгүй болсон. Энэ бол миний хамгаалалт. Өнөөдөр хуулийн заалт, цоорхойг үхэн хатан хайж нотлох баримтыг хүчгүйдүүлэн энэ хэргийг хааж болох байх л даа. Энэ ёс зүйн ноцтой асуудлыг бид биш юм гэхэд хойч үе шүүнэ шүү дээ.

-162 болон хоёр минутын бичлэгийг тайлбарлаж өгөөч?

-162 минут бол яг тэр 2014 оны есдүгээр сарын 8-ны өдрийн уулзалтыг бүхэлд багтаасан эх бичлэгийн хугацаа. Харин хоёр минут гэдэг нь 162 минутаас хэсэгчилж авсан гурван тасархайг МАХН Э.Эрдэнэжамьяан soundcloud.com сайтаас татаж аваад, хооронд нь залгаад, дүрстэй болгоод телевизээр цацсан шторкны үргэлжлэх хугацаа нь юм. Дууны кассетны гурван тасархай лентийг скочоор залгаж наадагтай л төстэй юм хийсэн юм шиг байна лээ. Энийг л эвлүүлэг гэж үгээр халхавчлаад байгаа юм. Тэрнээс биш m4a тоон форматтай тасралтгүй 162 минут үргэлжилсэн яриаг ШШҮХ шинжилсэн юм бол дүгнэлтийг ил гаргах хэрэгтэй шүү дээ. Эхээрээ тэдэнд очсон байгаа.

-Тэгвэл 40 минутын бичлэг нь юу вэ?

-Ц.Сандуй, А.Ганбаатар нар 60 тэрбумын санхүүжилтийг яаж анх тооцоолон бодож байгаа уулзалтын бичлэг юм. Би тэр харанхуй шөнө 40 минут үргэлжилсэн уулзалт дээр байсан юм. Энэ бичлэг гарч ирээгүй байхад 60 тэрбумынхан уг схемийг боловсруулсан автор нь Доржзодов, үүнийгээ улстөрийн намуудад зарах гээд танилцуулаад яваад байсан гэж их хүчтэй гүтгэлээ шүү дээ. Бүр сүүлдээ АН-ын санхүүжилтийн схем ч гэж олон нийтэд худал мэдээлэл цацсан. Эрүүл хүний ухаанд оромгүй гажиг логик. 60 тэрбумынхан гарцаагүй байдалд орсон ч өрсөлдөгч намын нэр хүндийг хутгахтай манатайгаа байсан шүү. Үүнийг нь тэр 40 минутын бичлэгээр тас цохисон юм. Хуулийн байгууллагуудад эх хувиар нь мөн л m4a форматаар өгчихсөн. Миний цуглуулж өгсөн нотлох баримтуудад бүхэлд нь дүн шинжилгээ анализ хийхгүй байгаа нь тэд дөнгөлүүлчихээд байгааг л харуулж байна. Өөрөөр тайлбарлах ямар ч арга байхгүй. Уг нь мөрдөгчдийг энэ зэргийн учиг тайлах Шерлок Холмсууд гэж боддог шүү.

-Эх хувь гэдэг дээр өнөөдөр маргаан яваад байх юм…

-60 тэрбумын уулзалтын бичлэгүүд кассетны соронзон хальс биш. Харин тоон системээр m4a форматаар хийгдсэн. Тоон систем гэдэг бол одоогоор технологийн хамгийн өндөр түвшин. Хэдэн зуун наян мянга хувилсан ч анхдагч эхээсээ ялгагдах аргагүй ихэр байдаг. Соронзон хальс байсан бол хувилах тоолонгоор чанар нь устдаг. Аналог ба тоон системийн ялгаа энэ. Энгийнээр тайлбарлавал, аналог нь угаалгачихсан фото зураг. Хувилах бүрт бүүдийнэ. Харин тоон систем нь компьютерт хадгалчихсан фото зураг. И-мэйлдэж, хуулж, угаалгаж, флаш дээр зөөвөрлөсөн ч нэг л чанараараа.

-АТГ өнгөрсөн даваа гаригт мэдээлэл хийхдээ тоног төхөөрөмж нь олдоогүй, устсан гэх шиг боллоо. Яагаад тэр вэ?

-АТГ мэдээлэл хийхдээ худлаа ярьсан. Тоног төхөөрөмж гээд байгаа юм нь ердөө л миний хэрэглэж байсан iPad mini 2 таблет болон iPhone5 смарт утас. Сонгуулийн өмнө Тагнуулын ерөнхий газар 2017 оны дөрөвдүгээр сараас зургадугаар сар хүртэл бүтэн хоёр сар эдгээрийг ухаж, төнхөж, шинжилж шалгасан. Дараа нь ЦЕГ, ТЕГ, АТГ гээд хамтарсан ажлын хэсэг гарч эдгээрийг надаас хурааж аваад мөн л сар шахуу ухаж, шинжилж шалгасан. Харин смарт утсыг нь эвдчихээд буцааж өгсөн. Одоо бодоод байх нь ээ тэд зориуд эвдсэн юм байна. Тухайн үедээ надад хүлээлгэж өгсөн Акт дээрээ гарын үсэг зуралгүй зугтацгаасан шүү дээ. Хөндлөнгийн гэрч бий.

-Та аль нэг намын гишүүн үү?

-Би амьдралдаа хэзээ ч улстөрийн намд элсч байгаагүй. Ноднин би намуудаас энэ талаар лавлагаа авсан л даа. МАН л намайг гишүүн нь мөн, эсвэл биш гэдгийг тодорхойлж өгөхөөс зайлсхийсээр байдаг юм.

-Таныг нэг хэсэг гадаадад гарчихсан гэж шуугьсан, энэ талаар…?

-(Инээв). Хэрвээ би гадагшаа явчихвал энэ асуудал яаж шийдэгдэх бол? Харин ч намайг гүтгэсэн мэдээллүүд нь газар авч, аягүй бол би ёстой “жинхэнэ” эвлүүлэгч гэгдэж, 60 тэрбумынхан надад хэргээ тохчих байлгүй. Би ч эх орондоо ирэхэд төвөгтэй болно биз дээ. Тэгснээс Монголдоо байж байгаад элдэв худал мэдээллүүдийг тухай бүрт нь баримт нотолгоотой няцаах ёстой юм биш үү.

-Таны бодлоор одоо цаашид энэ асуудал хэрхэх бол…?

-Эхний мөчөөс л дуугарсан бүхэн өөрсдийгөө илчлээд л, бие биенээ бухаад л, зэс нь цухуйгаад л, үгэндээ ороогдоод л байна. Ц.Сандуй “Манай намын стратеги, тактик ярьсан уулзалтын бичлэг алдагдсан байна” гэж анх үнэнгээ хүлээчихсэн. Дараа нь Ц.Сандуй “Удирдах зөвлөлийн хурал дээрээ уулзалт болсон, нам мөнгөгүй байсан болохоор би тэгээд өөрөөр яах байсан юм” гээд ам алдчихсан. А.Ганбаатар 60 тэрбумын уулзалт болсон нь үнэн, гэхдээ Д.Амарбаясгалан, У.Хүрэлсүх, Л.Оюун-Эрдэнэ нар байсан гэх утга агуулгатай, бүтэл муутай хэвлэлийн хурал хийсэн. Ц.Нямдорж, Д.Амарбаясгалан нар эвлүүлэг гэж бодож явсан чинь худлаа байна лээ, А.Ганбаатар намайг гүтгэсэн учир шүүхэд хандсан гээд хэлчихсэн. Гэрчийн эсрэг өчнөөн гутаасан мэдээлэлтэй нэвтрүүлэг орон даяар зөндөө цацлаа. Тэдний амнаас ямар ч баримт нотолгоогүй, логикгүй, хоосон хий л гарч байна. Яг л солиорчихсон хүмүүс шиг. Тэдний эл үйлдлүүд нотлох баримт хэмээх чулуун хана мөргөөд л бутарч байна. Прокурорын байгууллага хэрэгт цугласан нотлох баримтаар уулзалт болсон нь тогтоогдсон гээд хоёр ч удаа хэлчихлээ. Хуулийнхны арга нь ч мухардаж байна. Нэг их удахгүй үнэнд гүйцэгдэж мухарлагдана гэж харж байна. Нийгэм шүүн тунгаах чадвартай болж байна. Сонгогчид илүү мэдээлэлжсэн, үнэн худлыг дэнслэх чадвартай болсон.

Магадгүй, 60 тэрбумын асуудал МАН-ын олон арван мянган жирийн гишүүдийн нуруун дээрх том бул хар чулуу болчихлоо гэж харж байгаа. Энэ нэршлийг, түүнд холбогдсон улстөрчдийн нэрийг сонсох бүртээ яс нь хавталздаг болж байгаа байх. Цаашид энэ ачаагаа үүрээд яваад л байх юм бол сонгуулиудад дүнгээ тавиулах биз. Иргэд бүгдийг харж, ажиглаж, шүүн тунгааж, эргэцүүлж л байгаа.Цаг хугацаа алсрах тусам илүү тунгалаг харагддаг шүү дээ.

-Вашингтон Пост сонины өчигдрийн дугаарт 60 тэрбумын асуудлаар нийтлэл гарсан байсан. Тантай сэтгүүлч нь уулзсан юм уу?

-Өнгөрсөн тавдугаар сарын сүүлээр Вашингтон Пост сонины Бээжингийн салбарын эрхлэгч Симон Дениэр (Si­mon Denyer) 60 тэрбумын асуудлаар надтай уулзаж ярилцлага авсан. Түүнд энэ асуудалтай холбоотой өнөөдрийг хүртэл цугласан бүх нотлох баримтуудыг эх хувиар нь өгч маш дэлгэрэнгүй ярилцлага хийсэн. Өөрөөр хэлбэл, Вашингтон Пост сонин эл асуудлын талаар тусгайлан судалж байгаа гэсэн үг юм байна лээ. Америкийн Холбооны мөрдөх товчооны дуу авианы шинжээч Фрэнк Пиазза (Franck Piazza)-ийн төрийн албан тушаалыг зарах тухай 162 минутын аудио бичлэгт хийсэн шинжилгээний дүгнэлтийг үл тоомсорлож байгаа нь хачирхалтай санагдсан байх л даа. Ингээд энэ асуудал 2 сая хувь хэвлэгддэг өдөр тутмын Вашингтон Пост сонинд нийтлэгдэж олон улсын хэмжээнд цацагдаж эхэллээ гэсэн үг. Интернэтэд ч цахим хувилбар нь байна лээ. Уг сонины 140 жилийн нэр хүндийн талаар энд дурдах нь илүүц байх.

Прокурорын үзэж байгаагаар манайх үнэхээр техник хэрэгсэлгүй, мэргэжилтэнгүй байгаа бол манай Хууль зүйн яам Англи, АНУ, Герман, Швейцарь, Франц, Италийн шүүх шинжилгээний хэд хэдэн байгууллагад нэгэн зэрэг хандаж нотлох баримтууд шинжлүүлэх хүсэлтээ гаргаж болно шүү дээ. Тэрнээс нааш энэ асуудлыг улстөрийн нөлөөгөөр, эрх мэдлээрээ дарсаар л байна байх.

-Нээлттэй хэлэлцүүлэг зохиох санал дэмжигдвэл та очих уу?

-Намайг дуудвал хуулиараа би очих л үүрэгтэй.

Жич: Ярилцлагад дурдагдсан бүх нотлох баримтуудаа Г.Доржзодов өөрийн www.dorj­zodov.org сайтад байршуулсан байдаг юм байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дэлхий эвлэрэл өөд, харин бид эвдрэлцэл өөд мацсаар

Хүн төрөлхтөн бүхий л цаг үедээ эвлэрэл буюу дундын гарц олох гэж явж ирсэн. Одоо ч тийм. Алдах нь бий ч онох нь дийлэнх байдаг. Орчин үед илүүтэй эвлэрлийн төлөө зүтгэх болж. Хамгийн сүүлд дэлхийгээрээ анхаарал хандуулсан эвлэрэл бол Хойд Солонгосын удирдагч Ким Жөн Ун, АНУ-ын ерөнхийлөгч Трамп хоёрын уулзалт байна. Хагас жилийн өмнө цөмийн дайн хийх юм ярьцгааж, кноп дарахад бэлэн гэж ил цагаан хэлж байсан. Хэзээ ч эвлэрэхгүй юм шиг байсан Трамп, Ким Жөн Ун хоёр өнөөдөр хэлэлцээ хийгээд сууж байна. Энэ үйл явдлыг сүүлийн тавин жилд болж буй хамгийн том эвлэрлийн нэг гэж ажиглагчид үзэж байгаа юм билээ. Ким Жөн Ун үүний дараа “Японтой хэлэлцээ хийхэд бэлэн” гэж мэдэгдлээ. Дайны ирмэг дээр дэнжигнэж байсан улс орнууд ингэж эвлэрлийн гараа сунгалцаж байна. Дахин уулзаж ярилцана гэж байна. Колумбын партизанууд ширэнгэн ой руугаа гарч, Засагтайгаа зөрчилдөн тавин жил үймээн дэгдээж байснаа сая бууж өгч, эвлэрлээ. Пёнчаны өвлийн олимпоор Хойд, Өмнөд Солонгос нэг туган дор жагсав. ОХУ-д болж байгаа Дэлхийн хөлбөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний нээлтийн үеэр ОХУ-ын тэргүүн В.Путин Горбачевын үеэс мөргөлдөөнтэй байж ирсэн Азербайджан, Армений ерөнхийлөгч, ерөнхий сайдыг гар барилцуулж харагдана лээ. Талибанчууд Афганы Засгийн газрын тэргүүнүүдэд хандаж армадан сарын үед ямар нэг зэвсэгт мөргөлдөөн хийхгүй гэдгээ мэдэгдэж хэлсэндээ хүрсэн. Хэзээ ч эвлэрэхгүй мэт дайсагналцаж, дайтаж байсан улс орнууд эвлэрэл рүү явж байна.

Харин түүхээс харахад талцал хуваагдал хэзээ ч сайн сайхныг авчирч байсангүй. Үүнд Монголынх ч, дэлхийнх ч хамаатай. Монголд шашин хоорондын мөргөлдөөн гээд байх юм алга. Үндэстэн ястны мөргөлдөөн гэх юм алга. Тэгсэн мөртлөө байнгын хэрүүл тэмцэл Монголоор нэг өрнөж байна. Бүх л салбарт шүү. Бүр гэр гэртээ талцаад үзэж тарна. Саяхан УИХ дахь олонхын бүлгийн гишүүн М.Оюунчимэг, А.Ундраа гишүүн хоёр сошиалаар муудалцав. Гишүүн асан М.Зоригт одоогийн “УИХ дахь хүүхнүүд бандаашны асуудлаар тодрох гэж байна. Бид сохор биш шүү” гээд сошиалд жиргэтэл гишүүн А.Ундраа “УИХ дахь эмэгтэй гишүүдийг энд доромжилж, ёс зүйгүй юм ярьж байхынхаа оронд АН-ынхаа бүсгүйчүүдийг уриалж, Муратынхаа өргөдлийг өгүүл” гэв. Тэгээд ч болоогүй “Ам нээвэл уушги нээе” гэж байгаад экс гишүүн М.Зоригтыг эмэгтэй хүний зураг жиргэдгийг шүүмжилтэл төд удалгүй М.Оюунчимэг гишүүн “Ундраа гишүүнээ наад шоугаа боль. Ам нээвэл уушги нээе гэж та хэллээ. Охид бүсгүйчүүдийн хүчирхийллийн аймшигт тохиолдлууд, Дүнжингаравын морин уралдаанд хохирсон хүүхдүүдийн талаар юу ч дуугараагүй биз дээ” гэж хошуу нэмэн жиргэснээр хүмүүс өлгөж аваад шаагилаа. МАН-ын фракцуудын хагарлын илрэл, 33, 32-ын бүлгийн талцал уу гэлцэв. Нэг намыг дангаар шахуу ялуулаад байхад дотроо ингээд 32, 33-аар талцаад өөрөө өөрсдийнхөө Засгийг унагачихна. Унасан хэд нь шинэ засгаа ажил хийлгэхгүй байнга хэрүүл тэмцэл хийж, хор хутгана. Тэрний, энэний фракц гэдэг нь бүр тоймоо алдсан. Арав хориороо бүлэг, фракц болоод нөгөө хэдээ ажил хийлгэхгүй. Зөв байна уу, буруу байна уу, алиныг нь ч харгалзахгүй байнга эсэргүүцнэ.

Улс төрийн хэрүүл талцал эвдрэлцлээ дагаад ард түмэн нь цэнхэр, улаанаараа хуваагдах юм. Хоёр том нам нь талцах энүүхэнд. МАХН нь Н.Энхбаяр, О.Баасанхүү гэж хоёр талцав. Ид насны шижигнэсэн, боловсролтой залуус ХҮН гэж нам байгуулаадахлаа. Сонгуулийн өмнөх судалгаагаар өнөөх шинэ нам нь овоо рейтингтэй гарчихсан чинь алаагүй баавгайн арьсыг хуваах дээрээ тулж, хагаралдан тойрог булаацалдаад, дунд нь ах намуудын тоглолт орж, Босоо С.Ганбаатар давхиж Очиж хачир нэмээд аль ч үгүй болгож орхисон доо.

Дээр нь нутаг хошуугаараа талцана. Ядуус нь баянаа үзэн ядаж, баян нь ядуугаа дорд үзнэ. Хөгшчүүл нь залуусаа шүүмжилж, залуус нь ахмадаа хүндлэхгүй. Спорт нь төрөл төрөлдөө хоёр хуваагдчихсан. Эхний жишээ сагсан бөмбөг, хоёр хуваагдаад хөгжихөө байсан. Тэмцээн уралдаанаа хоёр талд хийнэ. Бөхчүүд нь бөмбөгөр оройтой, дугуй байшингаа тойроод хоёр талцчихсан. Бас тэрүүхэндээ жалга довны хуваагдалтай, барууныхан, зүүнийхэн болцгоочихсон байх жишээтэй. Наадмаар түр эвлэрээд буцаад талцах юм яриад сууж байх. Зохиолчид нь чөлөөт, хүлээтээрээ хоёр хуваагдаад, тусдаа найргийн наадам хийнэ. Анх удирдлагуудаа, ахмад зохиолчдоо, хуучинсаг, шударга биш байгааг, танил тал харж, шагнал урамшуулал өгдөг, авьяасыг дардаг, Болор цом наадмын шагналын эзэд түрүүлж тодордог зэргийг шүүмжилж, гарч ирсэн. Хуучин зохиолчдоо шүүмжилж, шинэчлэл өөрчлөлт хийхээр ардчилсан үзэлтэйнүүд нь хэлээд нэмэр болохгүй болохоор тусдаа Чөлөөт зохиолчдын холбоо байгуулаад гарсан. Үүсгэн байгуулсан хэд нь бурхны оронд очих нь очоод бусад нь ингэс тэгэсхийгээд л явж байна. Энэ хэдийгээ Зохиолчдын хорооныхон нь нэг нүдээрээ үзэхгүй. Угтаа бол аль аль нь Монголын зохиолчид. Бөхчүүд нь үнэхээр Монгол бөхийн хөгжилд санаа тавьдаг бол дундын хувилбараа олох хэрэгтэй шүү дээ. Хэрэлдэж байгаа хоёр талын хэнийг ч гэлгүй эвлэлдэн нэгдэх алхам хий л дээ. Заавал хэрэлдэж байгаа талууд Монголын бөхийн холбоог авч явах ёстой ч юм биш шүү дээ. Том улстөрчид, бизнесмэнүүд нь хэзээ ч эвлэрэхгүйгээр биесээ зууна. Нэг нь гайгүй бизнес эрхлэх гэхээр нь заавал садаа тээг болдог. Х.Баттулга, MCS-ийн Ж.Оджаргал хоёр бол аль аль нь хүлээн зөвшөөрөгдсөн хүмүүс. Дагагчтай, шүтэн бишрэгчтэй, дайсантай, муу сайнаар хэлдэг түмэн олонтой. Нэг нутаг усны, нас жигдэрсэн энэ хоёрын хэрүүл мөн ч олон хөгжлийн чагт болж байна. Нэг нь өөр юм яриад тээг болчихно. Энэ хоёр хүн ширээний ард өөд өөдөөсөө харж суугаад дундын хувилбараа яримаар байна шүү дээ. Оюу толгойгоо чи ингэ, Таван толгойгоо би ингэе, төмөр замаа би ингэе, хар замаа чи ингээд тавьчих гээд ярьчихаж болмоор юм. Таван толгойгоос болж тэд анх муудалцсан. Ингээд тэр нь сүүлдээ Монголын эдийн засаг, улс төрийг ч хувааж нөлөөлөөд эхэлсэн дээ. Эдийн засаг макро түвшинд харьцангуй сэргэж байгаа ч микро түвшинд ерөөсөө ахихгүй байгаа. Энэ нь бизнесмэнүүдийн зөрчилдөөнтэй холбоотой. Монголын эдийн засгийн форум төрийн бус байгууллага нь бас дотроо хуваагдчихсан. Овоо нэг бизнесийнхэн нь нэгдэж, ухаалаг алхам ярих нь гэсэн тэгсэнгүй. Хуваагдаагүй салбар гэж байхгүй. Багш, эмч нар хүртэл хуваагдчихсан. Ажил хаяна гэж нэг хэсэг нь хэлэхээр эрх баригч намыг дагадаг хэд нь дэмждэггүй, нөгөө талдаа суучихдаг. Ингээд нэгдэж өгдөггүй.

Ингэж аль аль нь нөгөөгөө хүлээн зөвшөөрөхгүй, баруун зүүний орой дээр гарч суучихаад танайх, манайх, АН-ынх, МАН-ынх гээд энэ сайхан тайван амгалан эх орондоо өдөр шөнөгүй талцаж байх юм. Ингэж хоёр үзүүртэй байж болохгүй ээ. Дундын орой дээрээсээ гарч хараад үз. Юм өөр харагдана.Харж байгаа сууж байгаа газраасаа хараад байвал энэ байдал хэзээ ч өөрчлөгдөхгүй ээ. Би л биш бол чи биш шүү. Би сонгуульд ялаагүй бол чамайг ялсны дараа татаж унагана. Чи тэр том төслийг авч байгаа бол би чамайг мөн ч хийлгэх байх даа гээд л үзэж тараад байна. Би муу байвал бусад нь адилхан муу байх ёстой гэж бусдыгаа үргэлж хорлож байдаг. Надаас бусад нь хохирч байх ёстой гэсэн би гэсэн үзлээ бид болгомоор байна.Би хохирсон бол надтай өрсөлдөгч Дорж, Дондог бүүр их хохирох ёстой гэнэ. Намууд нь зөвхөн улс төр хийнэ. Улсынхаа төлөө нэг ч сайн юм хийхгүй. Хэн нэг нь сайн зүйл хийвэл дараа сонгуульд ард түмнээс оноо авчихна гээд өнөөхийг нь ёстой баллуурдаж өгнө. Эсвэл тээг болоод хэвтчихнэ. Хэн нэг нь муу үйл хийж байвал өөгшүүлнэ гэж жигтэйхэн. Энэ бүхэн нийгэмд маш хортой тусч байна. Монголчууд бүгдээрээ нийгэмших хэрэгтэй байна. Суурин соёлд суралцах хэрэгтэй байна. Нэгэнт суурин иргэншлээр амьдрах замыг сонгочихоод нүүдэлчин сэтгэхүйгээрээ байгаад байвал энэ бүхэн хэзээ ч өөрчлөгдөхгүй. Би хожихгүй бол тэд хожихгүй гэдэг үзлээсээ салж нийтээр хожъё гэсэн бодолтой болохгүй бол болохгүй нь ээ.Нийгэм сайхан бол, нийтээрээ сайхан байх гэж хичээвэл өөрт нь ч гэсэн ашигтай байдаг. Ертөнцөд ганцаараа хождог гэсэн ойлголт байдаггүй. Дийлэнх нь хожсон тохиолдолд иргэншсэн нийгэм оршин тогтнодог. Манайд хоёр том баян нь биесээ үзэхгүй. Тэр хоёрын муудалцаанаас нийгэм нь ядуурдаг. Ядуурсан нийгэмдээ өнөөх баян амьдрахын аргагүй болдог. Яг өнөөдрийн Монгол ийм л байгаа. Баян хүнд дуртай хүн нэг ч байхгүй. Харсан болгон харааж, эдэлж хэрэглэж байгаа, сайн сайхан явааг нь шүүмжилнэ. Угтаа хийсэн бүтээснийг хүлээн зөвшөөрдөг, дундын хувилбараа олох хэрэгтэй. Дэлхий эвлэрэл өөд явж байхад бид эвдрэлцлийн замаар энэ янзаараа явбал өөд нар харахын эцэсгүй болно. Зөвхөн чиний л зөв гэж байдаггүй. Хоёр туйл болж, эвдрэлцэл өөд мацахынхаа оронд дундын хувилбараа олж, эвлэрэл өөд мацъя.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

“Эрүүл явбал улсын наадам үзнэ” гэдэг сэн дээ

Монголын бөхчүүд хоёр хуваагдчихлаа. Хоёулаа Монголын үндэсний бөхийн холбоо нэртэй. Холбоод аль аль нь нөгөөгөө хүлээн зөвшөөрөхгүй. Чамгүй удаан хугацаанд хэрэлдэж талцлаа. Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн дархан аварга Б.Бат-Эрдэнэ түүний ард хуучин энэ холбооны тэргүүн байсан Д.Данзан, Р.Нямдорж, улсын заан Ц.Магалжав, улсын заан Б.Сайнбаяр, нөгөө талд нь бас тамга тэмдэг авчихсан Гачууртын Л.Чинбат бизнесмэн тэргүүнтэй бөхчүүд. Түүний ард дархан аварга Х.Баянмөнх, дархан аварга А.Сүхбат, улсын арслан Д.Мөнх-Эрдэнэ, улсын заан Д.Ганболд, Улсын начин С.Дуламсүрэн, Х.Пүрэв тэргүүтнүүд жагсаж байна. Нэг ёсондоо баруун, зүүн аймгаараа талцсан шахуу юм уу даа.

Дархан аварга Б.Бат-Эрдэнэ тэргүүтнүүд нь улс, аймгийн цолтой бүх бөхчүүдийн 80 хувь нь хуралдсан, албан ёсны ирцтэй гэгдэж байгаа үндэсний бөхийн Их эеэс сонгогдсон улс гэж өөрсдийгөө хэлээд байгаа. Л.Чинбатын талын улс, аймгийн цолтой бөхчүүдийн 20 хувь оролцсон гэх их хурлаас нь сонгогдсон талынхан. За ингээд хоёр бие рүүгээ хэвлэлээр бичиг цаас шидэлцэж, зодоон нүдээний ч сураг сонсогдож, сүүлдээ хоёр талаас төлөөлөл оролцуулж Ерөнхийлөгч хүртэл хүлээж авч уулзлаа. “Ойлголцож чадахгүй энэ мэт байдал үргэлжилвэл улсын цолыг чинь хураана” гэж Ерөнхийлөгч сануулсан. Гээд нэмэр болсонгүй. Хэрүүл үргэлжилсээр. Муу дээр муухай, муухай дээр улцан нэмэр гэгчээр уул уурхай, авлигын хэргээр хэдэн Ерөнхий сайд аснуудаа барьж хорьсон нь дотоод, гадаад ертөнцөд шившгээ хутгаж дуусахгүй байхад монголчуудын өв соёл, уламжлалын нэг бөхийн спортын хэдэн аваргууд нь ингэж талцаад муу муухайгаа дуудалцаж дуусахгүй нь.

Монголын төрийн бус байгууллагууд дотроо ганц том үндсэн хөрөнгөтэй нь угтаа Бөхийн холбоо байсан юм. Энэ нь Бөхийн өргөө. Бөхийн өргөө хэмээх өнөө муу дугуй байшингаа булаацалдаад, тэрийгээ сүүлдээ лацдуулаад, орлого олж байсан ганц эх үүсвэрээ хаагаад эцэстээ өөрсдийн ганц ажил болох улсын баяр наадмаар бөхөө барилдуулах уу, үгүй юу даа тулав. Бөхгүй наадмыг наадам гэх үү. Эрийн гурван наадмаас хамгийн их үзэгчтэй нь бөхийн барилдаан. Бөхийн хорхойтнуудад хөгшин, залуугүй багтана.

Тэгээд одоо энэ зуны наадмыг энэ их эвдрэлцлээрээ бөхийн барилдаангүй болгох вий. Монголын төр ч наадмаа хийдгээрээ хийх байх. Харин энэ хоёр холбоо нь наадам хийх нь үү. Бөхгүй бол наадам ямар ч сүр хүчгүй, амтгүй, утгагүй болно. Бөхийн барилдаан, бөхийн эрэмбэ гээч нь олон зуун жил уламжилж ирсэн. Дархан аваргууд нь өнөөдөр барилдаж байгаа залуу бөхчүүдийнхээ багш. Казакуудын хэлдэгчлэн аксакал нь. Увсын гаралтай улс, аймгийн цолтой, өнөөдөр ид барилдаж байгаа залуу бөхчүүдэд дархан аварга Х.Баянмөнх яалт ч үгүй нөлөөлнө.

Төв аймгийнханд А.Сүхбат аварга нөлөөлнө. Аварга биеийн тамирын төгсөгч бөхчүүд болоод зүүн аймгийн бөхчүүдэд Б.Бат-Эрдэнэ аварга яалт ч үгүй нөлөөлнө. Энэ аваргуудын талцал хуваагдал өсөрхүү байдал нь үнэхээр чинээндээ тулж Х.Баянмөнх аварга нь “Шударга бус наадамд барилдаж болохгүй” гэчихвэл улсын аварга С.Мөнхбат, улсын арслан П.Бүрэнтөгс, Н.Батсуурь нар барилдахгүй. Монгол наадмыг ид чимж, үзэгчид барилдааныг нь харахыг хүсэн хүлээдэг аварга, арслангууд барилдахгүй бол ямар наадам болох билээ.

Өнөөх арслан Э.Оюунболдоо Б.Бат-Эрдэнэ аварга нь “битгий барилд” гэвэл наадам юу болохов. Эсвэл тус тусдаа наадам хийнэ гэх үү. Энэ янзаараа бид өнөө жилийн наадмыг үзэх нь үү. “Эрүүл явбал улсын наадам үзнэ” гэдэг сэн дээ. Японы сумогийн их аварга Ёкозүна нар сумогоо хөгжүүлэхийн төлөө хичээн чармайдаг бол Монголын их аваргууд улсаа тараах, ёс заншил уламжлалаа үгүй хийх л юм хийж байх юм.

Гэтэл ард түмэн энэ хэдэн бөхөө яаж бөөцийлж, яаж хайрлаж хүндэлдэг билээ. Нутгийн зөвлөл нь “Манай нутгийн бөх гайгүй барилдлаа” гээд аймгийнхаа аль өнгөтэй өөдтэй яваа хэдээсээ хэдэн төгрөг цуглуулж, үнэтэй чамин машин, байр орон сууц, мөнгө төгрөг өгнө. Монголын хэдэн бөхөд ард түмний хайр лав багадаагүй. Хөлстэй биеэс нь адис авч баярлаад, гэрт нь зочилвол хоймроо суулгаад хамаг байдгаа барьдаг. Монгол эрчүүдийн хамаг хийморь лундаа нь энэ хэдэн бөхчүүдэд л байдаг юм шиг дээшээ залахыг нь яана гээч. Сум орондоо бол сумын бөх нь нутгийн настны дараа л хүндлэгдэнэ. Засаг дарга бол бүүр хэддүгээр зэрэгт ч юм жагсана шүү. Аймгийнхан ч сүйд болно. За тэгээд улсын цолтой бол дээдэлнэ гэж сүйд. Ингэж хайр хүндлэлийг хүртэх хэрнээ манай энэ хэдэн бөхийн байж байгааг хар.

А.Сүхбат аварга Төв аймгаа залгих нь. Аймагтаа юу хийж гийгүүллээ. Бөхийн төлөө хийсэн гэхээсээ хэрүүл маргаан, хийснийг нь түмэн олон мэдэх боллоо. Нөгөө л хорин жилийн өмнө Бөхийн холбоо, Нямдорж гээд л хэрүүл хийж явсан. Өнөөдөр УИХ-ын гишүүн болчихоод өнөөхөө л яриад явах юм. Яасан ч мартдаггүй гомдол, хэрүүл, тэмцэл вэ. Хорин жилийн өмнөх байтугай хоёр хоногийн өмнөхөө ч мартаж л орхидог биз дээ, эр улс чинь. А.Сүхбат аваргын уран барилдаанч, дархан аварга, гавьяат тамирчин гээд шагшаад байгаа нь хувь хүний өөрийнхөө төлөө хийсэн л гавьяа. Улс орны хөгжилд тэр цол гуншин нь ямар ч нэмэртэй юм. Харин ч бөхийнхөө тэр олж авсан нэр төр дээрээ дөрөөлөөд УИХ-ын гишүүн болсон. Ингэж УИХ-ын гишүүн болж, хууль баталж, төр барилцах хэмжээнд хүргэчихээд арай өөр юм яриад явж баймаар. Улс орны хөгжлийн төлөө хөдөлмөр, цаг хугацаа, нервиэ зарцуулж болмоор юм. Гэтэл өнөөх л хорин жилийн өмнөхөө яриад явж байх гэж. Увсын бөхчүүд зөвхөн өөрийн аймгийн бөхийг л бөх гэж үздэг. Монгол бөхийг зөвхөн энэ нутгийнхан л эзэлж байх ёстой мэт аяглах юм.

Увсын бөх түрүүлвэл стадион дүүрэн “Увс нуур”-аа дуулна. Монголын Үндэсний бөхийн холбоо ч Увсынхнаар л дүүрэх ёстой мэт аяглана. Ингэж болохгүй ээ. Монгол бөхөд Монголын уламжлал нэвт шингэсэн байдаг. Монгол бөх бол Монголын л уламжлал, ёс заншлыг тээж явдаг том соёл. Хоёр талын хэн нь хэн байх нь пад алга. Увс нь байна уу, Хэнтий нь байна уу ард түмэнд хамаа ч байхгүй. Жалга доворхож, аймаг хошуурхаж, сүүлдээ ёс заншил, уламжлалаа, үндэсний дархлаагаа үгүй хийх нь. Монгол бөхөөр дамжуулж Монгол хэмээх цул үндэстнийг ястнаар нь хагалах олон жилийн бодлогыг энэ хэдэн аваргын нүүрэн дээр үзэх вий гэж эмээх юм. Манай улс хаа очиж үндэстэн ястнаараа, шашин шүтлэгээрээ дайн байлдаан хийгээд байдаггүй, дотоодын зөрчилгүй, энх тайван орон. Гэтэл энэ хэд маань нойроо хасан байж дугуй байшингаа тойрч нэг хэрэлдэж, дотор нь орж нэг заамдалцсаар өдийг хүрэв.

Ерөнхийлөгчийн хэлдгээр цол гуншинг хурааж хашраахгүй бол яваандаа гадны жаахан түлхээс ороход улсаа сүйрүүлэх нь байна. Өнгөц харахад бөхийн өргөөг тойрч хэрэлдсэн эдийн засгийн ойлголт юм шиг ч эдний энэ талцал, хэрүүлийн үр дүн цаагуураа Монголыг бутаргах нь. Энэ хэд маань эвтэй байвал улсын наадмаа уламжлал ёсоор сэтгэл тэнүүн үзэхсэн дээ.

Categories
мэдээ нийгэм

Сөрөг хүчин улс төрийн тохиролцооны зууч байх ёсгүй

Улс төрийн намууд сонгуулиар цөөн суудал авсан нь парламентад цөөнх болдог. АН өнгөрсөн сонгуулиар ялагдаж, парламентад цөөнх болов. Найман гишүүнтэй байж бүлэг болдог. Парламентын цөөнх есөн гишүүнтэй. Өнөөдөр эрх баригчид хэрүүл, маргаантай ч 65-уулаа байна. Гэтэл сөрөг хүчин гэгдэх АН-ынхан сөрөг хүчин шиг ажиллаж чадахгүй байгаа. Ийм сул дорой байвал бүлэгтэй байснаас байгаагүй нь дээр. Сөрөг хүчин эрх баригчдыг өдөр, шөнө, өглөө, оройгүй ташуурдаж, улс орноо хөгжүүлэхэд эрх баригчид юу хийх ёстойг сануулж, шахаж шаардах ёстой. Бусад улс орны сөрөг хүчин улстөржихөөсөө илүүтэй, эрх баригчдаа ажил хий гэж шахдаг. Сөрөг хүчин бол эрх баригчдыг ташуурдах ард түмний ташуур байх ёстой.

Манай сөрөг хүчин бол сөрөхийн тулд л сөрөг хүчин байгаа мэт аяглаад гэдийгээд суучихдаг. Манай улс одоогийн нөхцөл байдалд эдийн засгийн хямрал, хоёр хөршийн шахалт, хөрөнгө оруулагчдын нүүр буруулалт гээд чамгүй юм үзэж байна. Ийм нөхцөлд эрх баригчдыг юм хийлгэдэг байя. Тэднийг улс орныхоо төлөө сайн зүйл хийж, зөв бодлоготой, зөв хууль гаргахад нь ташуур болох ёстой, манай парламентын сөрөг хүчин бүр эсрэгээрээ юм хийлгэхгүйн төлөө ажиллаад байх шиг. Сөрөг хүчин сөрөх ёстой гээд юу ч хамаагүй, баруун солгойгүй буруутгаад байх шинжтэй. Эрх баригчид зөвийг хийвэл чөдөр тушаа болохгүйхэн шиг дэмжиж, ташуурдан, буруу зүйл хийвэл хэлж ярьж, засч залруулж, шүүмжилж байх ёстой. Манай парламентын хуучин гишүүд болж л өгвөл эрх баригчдаа муулцгаадаг. “Та ч бас тэр парламентад байхдаа дуугарахгүй яасан юм” гэхээр “Цөөнх юу ч хийж чадахгүй юм билээ” л гэлцдэг.

Орчин цагийн улс төрд шинэ ойлголт бий болсон. Улс орны байдал муу байгаа бол түүнийг ард иргэд нь сөрөг хүчинд тохдог болчихоод байгаа. Мэдээж эрх баригчид буруутай ч цөөнх тэднээс дутахгүй гэж үздэг. Яагаад гэвэл сонгогчдын нэг хэсэг нь эрх баригчдад, нөгөө хэсэг нь цөөнхөд саналаа өгсөн. Нэгэнт сонгогдоод төлөөлөл нь болсон л бол цөөнх байна уу, олонх байна уу хамаагүй, хариуцлагаа адилхан л үүрнэ. Сөрөг хүчинд хүч дутна гэж байдаггүй. 1992 онд МАН дангаараа шахам эрх барьж байсан ч Да.Ганболд, Ц.Элбэгдорж, М.Энхсайхан, Р.Гончигдорж нарын тавхан хүн л сөрөг хүчин гээд сууж байлаа. Төлөвлөгөөт эдийн засгийн ойлголтоос хэтрэхгүй олонхын гишүүдэд өнөөх таван гишүүн зах зээлийн эдийн засгийн хичээл бараг заасан шүү дээ. Зах зээлийн эдийн засагт нийцэхгүй хуулиудыг зогсоож чадаж, алдаатай оноотой ч тэр үед баталсан хуулиуд зах зээл, олон ургалч үзлийг Монголын нийгэмд нутагшуулах суурь болж байсан.

1996 онд парламентад олонх болсон Ардчилсан намынхан 2000 онд хуу ялагдаж бие даагч Л.Гүндалай, Эх орон намын Б.Эрдэнэбат, ИЗН-аас С.Оюун, Ардчилсан намаас Ж.Наранцацралт нар л цөөнхийн үүргийг гүйцэтгэсэн. 72-ын бүлэгтэй ана мана л байлаа. Энэ үед бие дааж өрсөлдөөд гарч ирсэн Л.Гүндалай АН-ын гишүүнээр элсч, цөөнх яаж ажилладгийг яруу тодоор харуулсан шүү дээ. Цөөнх цөөддөггүйн жишээ энэ мэт байна.

Гэтэл өнөөдрийн парламент дахь цөөнх АНУ-д Олон улсын валютын сангийн хэлэлцээр хийж явсан Ч.Хүрэлбаатарыг огцор, огцор гээд хашхираад уналаа. Ах нь Хотгор шанагын ордтой нэр холбогдсон гээд дүүг нь огцруулахаар гэнэт хашхиралдав. Эрдэнэтийн талаар ганц зоригтой дуугарч байсан Ц.Нямдоржийг бас л огцруулна гэнэ. Дээр нь нэмээд тагнасан, чагнасан асуудалд ч хутгаад авлаа. Энэ мэтчилэн цагаа олохгүй цовхчих юм. Энэ хоёр сайдыг огцрууллаа гээд улс орон өөдлөн дэвжих бол хамаа алга. Том төслүүдийг энэ хоёр гацаагаад байгаа бол хамаа алга, огцруул. Гэнэт л огцруул гэж хашхиралдах нь анхаарал татав. Цөөнх ингэж том улс төрийн тоглоом, томцуулын захиалгаар ажлаа хийдэг болоо юу. Эдний ард Ерөнхий сайд нам доторх хэрүүл, тэмцэл, зодооноо өөр нэгэнтэй тохирч цөөнхөөр хэлүүлж чадаад байх шиг.

Эсвэл Ерөнхийлөгчийн захиалгаар хийгээд байна уу. Эд нар хоорондоо тохиролцоо, наймаа хийхдээ сөрөг хүчнээр ийм юм хэлүүлж байна. Эрх баригчид дотооддоо шийдэж чадаагүй асуудлаа сөрөг хүчнээр нь хийлгээд бүр сурчихлаа шүү. Мөн сөрөг хүчин эрх баригчдын булай булхайг дэлгэх гэхээр ямар нэг юмаараа барьцаалагдчих юм. Сулхан сөрөг хүчнээр хүссэн улс төрөө хийлгээд ард нь том наймаа ярьж байгаа шүү дээ, цаад томчуул чинь. АН-ын хэдийн үгээр орж огцордог, огцруулдаг ч гэж юу байхав. Ингээд бүтэхгүй болохоор АН-ын бүлэг минь бусдын тоглоом болоод л дуусна. Өөрийн зорилго, өөрийн толгойгүй гэж харагдах болсон Я.Санжмятав, Д.Мурат, Б.Наранхүү нарыг тэрүүхэндээ бувтнахыг Монголын их улс төр тоохгүй шүү дээ. Ямар ч хэрэггүй, үр дүнгүй, амьтан хүний тоглоом, шатрын хүү болсон энэ хэдийн оронд Сонсголонгийн “парламент”-д байгаа С.Баярцогт, Б.Бямбасайхан Ч.Сайханбилэг, Б.Ариунсанг төрийн ордонд суулгаж баймаар байх юм. С.Баярцогт дэлхийн топ арван сургуулийн тавд нь суралцаж төгссөн. НҮБ-ын таван хэлээр ярьдаг. 23 настайдаа парламентын гишүүн болж байсан хүн. Ингээд бодохоор ямар улсууд Их хуралд, ямар нь Сонсголонгийн “парламент”-д байгаа нь харагдана. Эх орноо ингэж хохироодгоо боль оо. Ингэж нэг хоёр, улстөрчийг буулгана, болиулна, огцруулна гэж байхынхаа оронд Таван толгой, Оюу толгой, Эрдэнэтийн 49 хувиа ярь. Шаард. Том төслүүдээ явуулъя гэж шах. Гэтэл нэг сандал суудалхан яриад сууж байх. Монголын хөгжлөөс чухал асуудал уу тэр чинь.

Нэг их сүртэй жагсаал хаврын эхэнд сөрөг хүчнийхэн хийсэн. Тэгээд хавар дөрөвдүгээр сарын нэгнээс өдөр бүр эрх баригчдыг амласнаа биелүүлэхийг шахаж шаардана гээд байсан, сураггүй. Ард түмэнтэйгээ нийлээд шаардах юм яриад байсан яалаа. Эсвэл хүн ирэхгүй гэж айгаа юу. У.Хүрэлсүхийн Засгийн газар олигтой юм хий гээд шаардвал бид ойлгоно. Амиа өгөхөд бэлэн гэж хэлж, өмнөх Засгаа цөөнхтэй, юутай хээтэй нь хамтарч байгаад унагасан У.Хүрэлсүхийн Засгийн газрыг шүүмжилвэл шүүмжлэхээр. Сөрөг хүчин У.Хүрэлсүхийн захиасыг биш, танхимыг нь ажил хийлгэх гэж, УИХ дахь олонхоо олигтой хууль батлуулахын тулд ташуурдаж суух ёстой биш үү. Өмчлөгдсөн юм уу, барьцаалагдсан сөрөг хүчин цөөнхийн үүрэг гүйцэтгэж чаддаггүй. Гантулгын асуудал Их хурал дээр ороод ирэхэд цөөнхөөс Мурат гараад ирдэг. Рио тинто гэхээр Эрдэнэтийн 49 хувиар амаа асуулгадаг байж болох уу. Та нарт ард түмэн итгэхээ байж. Эрх баригчдад ч, цөөнхөд ч тэр. Хоёр намын рейтинг яаж унаж байна.

Сант Маралын саяхны судалгаагаар маргааш сонгууль болвол аль намд өгөх вэ гэхэд АН-ыг дэмжих 41 хувь, 38 хувь нь МАН-ыг дэмжинэ гэж. Дахиад ч энэ дүн өөрчлөгдөнө. Цөөнх минь цөөнх шиг бай. Цөөнхийн дуу хоолой багадна, тоо цөөднө гэж байхгүй.