Categories
редакцийн-нийтлэл

Байхгүй бүлэг яаж дарга, дэд даргатай болох юм

“Монголд
ардчилал ялахыг үзээд үхэх юмсан” гэж ярьдаг ардчилалд хайртай хүн олон бай­даг. Ардчилсан гэх Монголд ком­мунист угшилтай Ардын нам төр барьж, толгойд нь суух цөөн тооны  хэдэн хүн төрийг өөрсдийгөө гэж эндүүрэн дураараа дургидагт нь эгдүүцсэндээ хүмүүс ингэж хэлдэг юм.  Ардчилсан тогтолцоотой бо­лоод хорь гаруй жил болж байхад өнөөх л коммунистууд толгой дээр зайдалчихаад эрүүл саруул, эр, эм, хөгшин залууг ялгалгүй халамж хэмээх цөөхөн хэдэн төгрөгөөр хууран, иргэдээ бэлэнчлэх сэт­гэл­гээтэй амьгүй албат болгосоор ирлээ. Хорин хэдтэй идэр насны залуус ажил хийхээ больсон. Ажил олдохгүйдээ биш, архины мөнгийг нь төрөөс бэлэн өгч байсан боло­хоор л ингэж байлаа. Хөлсөө дуслуулж, хөдөлмөрлөж олсон мөнгө бол, зүгээр байхад нь өгсөн мөнгөнөөс хамаагүй үнэ цэнэтэй. Үнэ цэнэтэй олсон мөнгөө хэрэг­цээтэй зүйлдээ  хүн зарцуулна.

Мэдээж ардчилал ялахыг үзээд  баярласандаа амиа хорлоод үхэх нь хаашаа юм. Яагаад ч нэмэргүй, эсрэг санал өгсөн ч ялж гарч ирээд, дураараа дургиад байсан боло­хоор нь ардчилал ялахыг үзэхгүй нь гэж арга ядахдаа дээрх үгийг хэлж байхав. 

Энэ олон жилийн хугацаанд тэд төр барьсан нэрээр хүс­сэнээ­рээ улс орноор минь тоглолоо. Дуртай үедээ хууль зөрчиж, дараа нь өөрсдөдөө зориулж хууль гар­гадаг байсан нь илчлэгдлээ шүү дээ. Хуулиараа 24 цагийн дотор бүлэг байгуулахаа өргөн мэдүүлэх ёстой атал тэд сурснаараа тоом­жиргүй хандсан. Нөгөө л төрийг, хуулийг уландаа гишгэдгээ нотол­сон хэрэг.

Одоо араас нь гоншгонож, өөрсдөдөө тааруулсан хууль бат­луулах гээд гүйж явна. Хуулиар бүлэг байгуулах эрх зүйн чадамж­гүй болсон уг нам бүлгийн дэд даргаа сонголоо гэнэ. Байхгүй бүлэг яаж дарга, дэд даргатай болох юм.

Тэд өнгөрсөн хугацаанд төрд, хуулинд яаж ханддаг байсан нь тодорхой байгаа юм. Анхнаасаа хуулийн хугацаандаа бүлгээ бай­гуу­­лахыг нь хэн ч хориглоогүй. Өөрсдөө л хууль зөрчиж маяг­ласныхаа горыг амссан хэрэг.

Тэд эрх барьж байх үедээ төрөөс илүү намаа тавьдаг байж. Нам нь ялаагүй болохоор эвлэрч чадаагүй. Тэгээд л том толгой гаргаж байгаад араас нь олон ааштай авгай шиг аяглаж байна.    Ер нь ч өнгөрсөн хугацаанд төрийн ажлыг олигтой хийгээгүй нь эхнээ­сээ харагдлаа. Ардын намынхаа  ажлыг л хийгээд байж. Тиймдээ сангийн авдраа цайлгаад жилийн  хагас ч хүрээгүй байхад төсөв хүрэлцэхгүй болчихлоо. Сүүлдээ  Хөгжийн банкийг “тонож”, Эрдэнэ­тийг “дээрэмдэж”, сонгуульд ялахын тулд иргэдэд мөнгө тараасан. Монгол Улс цаашдаа яах нь тэдэнд хамаагүй, сонгуульд ялах нь л чухал байв. Ингэж хойтохоо бодох­гүй увайгүйтэн иргэдийн саналыг өөрсдийнх нь татварын мөнгөөр худалдаж авах гэж хичээсэн байж. 

     Бусад улс орнууд коммунист угшилтай ийм намаа бүгд татан буулгасан. Харин манайд  комму­нист нам  амь бөхтэй оршиж,  эрх барьсаар,  төрийг эрхшээж байлаа. Сая болж өнгөрсөн УИХ-ын сонгуу­лиар цөөнх болсондоо шаралхаж, бид төр барих ёстой гэж үзсэндээ хуулийг завхруулж, хугацаандаа бүлгээ байгуулаагүй. Өөрсдийгөө төр гэж үзсээр ирсэн тэд бүлэг ч үгүй шийдвэр гаргах эрхгүй байж бүл­гийн дэд даргаа сонгоод явж бай­гаа нь хэрхэн дураараа авирлаж ирснийг нь бэлхэнээ харуулж бай­гаа хэрэг биш үү. МАН бүлэггүй байснаараа улс орон хохироод байгаа юм алга. Харин ч энэ нам бүлэггүй байснаараа эрх барьж буй АН-д ажил хийх боломж гарч байна. Хэрэв эд өөрсдөөсөө болж бүлэггүй болоогүй бол өдийд УИХ-ын даргыг сонгуулахгүй, Засгийн газар ч бүрдүүлэхгүй шантаажлаад сууж чадах хүмүүс.  Улс төрийн хамаг л шантаажийг бүлэг гэдэг юмаараа МАН л хийж ирсэн. Тэд саад болохгүй байгаа учраас бүх шатны төрийн бүтцэд салхи орж эхэллээ шүү дээ. Монгол төрийн ажил одоо л нэг зөв замаар явж эхэллээ. МАН бүлэгтэй болбол маргаашаас нь л төрийн ажлыг гацаанд оруулах гэж зүтгэнэ. Бүлэг гэдэг эрүүлээрээ харах юм бол улс төрийн статус мөн ч нэг хэсэг бараг мафи болгосон нь МАН шүү дээ. Бүлэг гэдгээрээ түрий барьж, хамаг дарамт шахалтыг хийж ирсэн.

Нийгэмд энэ намыг татан буул­гах хүсэлтэй хүмүүс олон бий. Ингэж татан буулгаад буурин дээр нь өөр нам байгуулах цаг нь бол­сон. Орон суурин дээр нь өөр нам байгуулж  сая сонгуульд ялж гарч ирсэн тойргуудад нь дахин сон­гууль явуулах хэрэгтэй. Нийгмийн дуу хоолой ийм байна.

Ардын нам  Монголын төлөө биш намын толгойд байгаа арваад хүнийг сайн сайхан, баян цатгалан байлгахын төлөө л явж ирсэн гэлтэй. Өөрсдийнх нь хэлдгээр монголчуудын 40-өөд хувь нь тэд­нийг дэмждэг гэж ярьдаг. Тэгэхээр тэр 40-өөд хувийн дэмжлэгийг энэ хугацаанд өөрсдийнхөө төлөө л аваад байсан аж. Ард түмэн, улс орон гэдэг тэдний хувьд хойгуур хаягдах ойлголт. Удирдлагад бай­даг арваад хүний л сайн сайхны төлөө  зүтгэдэг, тэднийг хагартал нь баяжуулснаас өөр гавьтай зүйл энэ нам бүтээсэнгүй. Энэ хуга­цаанд төсвийн мөнгийг хэрхэн үр ашиггүй зарцуулж, газрыг ямар ч зохион байгуулалтгүй олгон, далд бизнес болгон хөгжүүлж байсан нь эхнээсээ баригдаж байна л даа.    Тэд Монголыг хөгжүүлэх томоохон алхмуудыг зоригтой хийж бай­сангүй.

Гэтэл тэд ирэх орон нутгийн сонгуульд ямар ч хамаагүй аргаар ялна гэж бэлтгэл базаагаад эхэл­лээ. Албан тушаалгүй болсон болохоор дунд шатанд ч болов, дарга болох гэж бүгд дүүргүүддээ анхаарал хандуулж байна. Байс­наас байхгүй байх нь хамаагүй дээр энэ намынхан яаж ч мэднэ шүү.

Categories
редакцийн-нийтлэл

Албан тушаалын төлөөх намуудын дотоод тэмцэл

Н.Алтанхуягийн Засгийн газар байгуулагдаж, албан тушаалын хуваарилалт үргэлжилсээр байгаа билээ. Ардчилсан нам ялсан сур­гаар үсээ гельдэж, зангиа зүүсэн олон хүн Н.Алтанхуягийн өрөөний үүдэнд урт дараалал үүсгэсэн. Мэдээж тэдэн дунд ардчиллын төлөө анхнаасаа зүтгэсэн нь ч байгаа, ар хударгаар нь ашиг унагачихдаг арга зальтай нь ч бий. Албан тушаалд дугаарлагчдын эгнээ Ардчилсан намынхнаар хяз­гаар­лагдахгүй. Хэдийгээр албан тушаал тоотой ч авахыг хүсэгчид  тоймгүй нь Засгийн газарт хамтарч буй намуудад ч албан тушаалын төлөөх  алалцаан ид өрнөж буй­гаас ойлгомжтой. 

МАХН-ын бага чуулган саяхан хуралдаж, дотоод зохион байгуу­лалтын асуудлаа хэлэлцжээ. Энэ үеэр нэлээд маргаан үүссэн байна.  МАХН уг нь найман  нарийн бичгийн даргатай байсан бол дахиад таваар нэмж, зуун ямаанд жаран ухна гэгчийн үлгэр болжээ. Нарийн бичгийн даргаар Э.Батшугар, Э.Тулга, Ч.Чимэдсүрэн, Н.Удвал, З.Баянсэлэнгэ нарыг нэмж сонгосноор МАХН арван гурван нарийн бичгийн даргатай болов.  Ажлын туршлагагүй залуусыг ийн­хүү гэрлийн хурдаар дээш нь татаж, намынхаа толгойд залж буйд ахмадууд дургүйцсэн бол УИХ, Засгийн газарт ажиллах хүмүүс намын ажил давхар хийх нь ажил цалгардуулна гэх мэт шүүмжлэл хэлсэн олон хүн байсан аж.  Н.Удвал УИХ-ын гишүүн болсноос гадна Эрүүл мэндийн сайдын алба хаших болсон тул өргөдлөө гаргаж,  генсекийн ажлаа өгсөн бөгөөд оронд нь тавих хүний асуудал мөн л хэрүүл тарьжээ.

“Намын
даргаас заавар өгөөгүй учраас…” хэмээн хурлын үеэр ерөнхий нарийн бичгийн даргаа сонгосонгүй. Ингээд Гүйцэтгэх товчоогоороо хэлэлцэж шийдүү­лэхээр болсныг нь намын бага чуулганы гишүүд таагүй хүлээж авсан байна. Харин Д.Тэрбиш­дагва үүнд эгдүүцэн  “Өнөөдөр энэ асуудлыг шийдэхгүй бол надаас энэ дэд даргын ажлаа аваарай” гэх мэтээр ширүүлж, бусдыгаа хэлэх үггүй болгожээ. Ийнхүү генсекийн асуудлыг Гүйцэтгэх товчоогоор шийдүүлэх  эрхийг хүчээр шахуу гар өргүүлж эцэслэжээ.  Намын удирд­лагуудын зүгээс Байгаль орчны сайд асан Г.Шийлэгдамбыг дэв­шүү­лэх байх гэсэн мэдээлэл нь хэ­дийнээ хэвлэл мэдээллээр тарсан. Харин залуучуудын зүгээс Эрдэнэ­жамъян гэх хуульч залууг зүтгүүлж буй бол ахмадууд нь Г.Бямба­сүрэнг дэмжиж байгаа аж. Ил тодорхой байгаа энэ дэмжлэг нэгэнт явахгүй гэдэг нь  Гүйцэтгэх товчоонд намын ерөнхий нарийн бичгийн даргыг сонгох асуудлыг шилжүүлснээс нь харагдана. Гэвч Гүйцэтгэх товчооны хурлаас МАХН-ын генсекээр сонгогдох магадал өндөр хүн нь Г.Шийлэг­дамба аж.

Мөн дэд сайдад залуучуудаас сонгох тухай яригдахад ахмадууд нь таагүй хүлээж авчээ. МАХН  Ардын намаасаа ялгагдах юмгүй ардчилалгүй хурал хийж, шоронд суугаа намын даргаасаа ирэх саналыг хүлээсэн байдалтай үйл явцын өрнөлийг харж суугаа аж. Өнөөдрийн байдлаар МАХН-аас албан тушаалд очсон болон очих хүмүүс нь мэдээж Н.Энхбаярын  тойрон хүрээлэгчид байх нь тодорхой болоод байна.

Засагт хамтрагчдын нэг Иргэний зориг ногоон намынхан ч өөрсдөдөө оногдох цөөхөн албан тушаалын төлөө мөн л дотоодын үймээн самуунтай байгаа дуул­дана. Ямартаа л засгаас гарах нь гэсэн мэдээлэл хаа сайгүй тарсан нь үүнийг нотолж байгаа юм. Өчиг­дөр тус намын удирдах байгуул­лага хуралдсаны дараа намын дэд дарга С.Дэмбэрэл “Тийм асуудал яриагүй. Ногоон хөгжлийн бод­логоо ярьсан” хэмээн хэв­лэлийн­хэнд тайлбарлана лээ. Гэвч энэ хариулт нь албан тушаалын төлөөх намынх нь дотоод тэмцлийг нууж чадахгүй.  Ийнхүү албан тушаалын бялуунаас хүртэх асуудал намуу­дад үргэлжилж байна.

Албан тушаал горилох нь бүү хэл амь аргацааж, бүлэгтэй болох гэж зүтгэж буй МАН ялагдлын гашууныг  мэдэрсэн ч эвлэрч чадах­гүй дотроо шатаж, үүнээсээ болж ямар ч үйлдэл хийхэд  бэлэн  байгаа нь генсек асан У.Хүрэл­сүхийн биеэ барьж дийлэхгүй УИХ-ын гишүүн Г.Баярсайханыг  шанаа­даж унагаснаас нь харагдлаа. МАН-ынхан асуудалд хүчирхийл­лийн аргаар ханддаг нь эндээс тодорхой боллоо. У.Хүрэлсүх өмнө нь намынхаа нөхрийг  хүмүүсийн өмнө шанаадсан ч  мэлзээд өнгөрч байсан удаатай. УИХ-ын гишүүн нөгөөгийнхөө бүрэн эрхэд халдаж болно гэсэн хууль нэгэнт байхгүй болохоор Г.Баярсайхан  гишүүний халдашгүй эрхэнд  халдсан нь  хэвлэлийнхний өмнө, УИХ-ын гишүүдийн нүдний өмнө, Төрийн ордонд болсон нь нотолгоотой тул  өөрийгөө хаацайлах аргагүй юм. 

Төрийн ордонд МАН-ын гишүүн нударгаар асуудлыг шийдэж байгаа бол гадна талд  хууль зөрчин УИХ-ын гишүүн болох гэсэн тэмцэл МАН-д өрнөжээ.

Ирэх сард Баянзүрх дүүрэгт болох сонгуультай холбоотой нэгэн мэдээлэл чих дэлсэв. Баянзүрх дүүрэгт болох УИХ-ын дахин сонгуульд нэг намын хоёр буюу МАН-ын Д.Арвин, Б.Батзориг нар  өрсөлдөнө. Уг нь сонгуулийн хуулиар ийм тохиолдолд сур­тал­чилгаа хийхгүйгээр өрсөлдөх  ёстой боловч Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзориг “SS” клубт энэ сарын 28-ны 17 цагт ИТХ, хэсгийн хороо­дын гишүүдээс бүрд­сэн нижгэр хүлээн авалт хийжээ. Мөн ирсэн хүмүүст хайрцагтай бэлэг өгсөн байгаа юм. Үүнээс өмнө тэрээр бүх хороодод антенн өгчээ. Тойргийн хороог Б.Бат­зоригийн удирдлагад ажилладаг хүмүүс толгойлдог аж. Тиймээс  сонгуульд нэг намынхаа нөхрийг ялуулахын тулд улайрч бай­гаа нь ойлгомжтой юм. Хамгийн сонир­холтой нь сонгуульд зориул­сан энэ хүлээн авалтанд МАН-ын генсек Г.Занданшатар ирж “Бат­зоригийг дэмжээрэй” гэж хэлжээ. Энэ үйлд­лээрээ “Би Батзоригийг дэмжинэ. Д.Арвинг дэмжихгүй” гэдгээ илэр­хийлж, намын нөхдөө алагчилж, хагаралдуулж буй хэрэг юм. МАН-ын хуучин, шинэ ген­секүүд иймэр­хүү л адал явдалтай­гаар ялагдсан намынхаа дарин дээр нь давс нэмлээ. 

Өнгөрсөн долоо хоногт Чингэл­тэй дүүргийн ИТХ хуралдах үеэр МАН-ын бүлгийн гишүүд дүүргийн Засаг даргыг солих тухай санал оруулж ирсэн ч байсхийгээд л завсарлага авсаар эцэст нь хуга­цаагүй хойшлуулсан билээ.

Энэ нь  намын дотоод зөрчлөөс үүдэлтэй бөгөөд УИХ-ын гишүүн асан Д.Очирбат дүүргийн Засаг даргын ажлаа буцаан авах гэж оролдож, ийм хор найруулсан байжээ.  Энэ мэтээр  намууд дотоод­доо албан тушаал, ашиг сонирхлынхоо төлөө тэмцэлдэж байна.

Categories
редакцийн-нийтлэл

Монголд мэдээллийн агентлаг сонгодог утгаараа хөгжиж байна уу?

Уг нь нэрнээсээ
эх­лээд домог болох шахсан МОНЦАМЭ хэмээх бай­гууллага Монголд бий. Монголын цахилгаан
мэ­дээ хэмээх
үгийн товч­ло­лоороо нэрийдсэн уг бай­гууллага
нь сэтг
үүл зүйн салбартаа анхдаг­чид орох, бас цорын
ганц гэхэд болохоор мэдээл­лийн агентлаг юм.

Монголын талаарх мэ­дээлэл гадаад ер­төн­цөд улам бүр эрэлт хэ­рэг­цээтэй болж байгаа ч тэрхүү шаардлагад ний­цэх хэмжээний мэдээ, мэ­дээ­лэл ямар сувгаар яаж гадагш  дамжиж  буйг анзаарч судалсан мэр­гэж­лийн байгууллага, тоо­цоо, судалгаа өнөөдрийг хүртэл  алга.

Өнгөрсөн зун улс тө­рийн хүрээнд өрнөсөн томоохон үйл явдлын нэг болох Н.Энхбаярын ба­рив­чилгааны үеэр л гэхэд энэ талын мэдээллүүд дэлхийн нэр бүхий хэв­лэлд ямар эх сурвалжаар дамжин ямархуу байд­лаар гарч байсныг эргэн санацгаая. Хэвлэлийн эрх чөлөөг дээдэлдэг Мон­голд хувийн мэдээллийн хэрэгслүүд олширсон ч тэдгээр нь тодорхой бү­лэг­лэлийн эрх ашгийг илэрхийлэх байдлаар хөгжиж буй. Н.Энх­бая­рын баривчилгааг тойр­сон мэдээллийг л гэхэд явцуу эрх ашиг бүхий эх сурвалжууд өөрсдийн өнцгөөр дамжуулснаас болоод  бодит байдлыг бүрэн илэрхийлж чадах­гүй нийтлэл, мэдээ мэ­дээллүүд  дэлхийн хэв­лэ­лээр цацагдаж байлаа. Энэ үйл явдал Монголын улс төр, эдийн засгийн талаар бодитой, мэр­гэж­лийн түвшний, олон эх сурвалжид түшиглэсэн албан ёсны мэдээлэл гадаад ертөнцөд ямархуу эрэлт, шаардлагатай бай­гааг бидэнд нотолж өгсөн юм. Урд өмнө Мон­гол бол уудам өргөн ну­таг­тай, нүүдэлчин уламж­лал­тай, үлэг гүрвэлийн өлгий нутаг гэх зэргийн жуулчдад л зориулагдсан та­нилцуулга дайны мэ­дээ­лэл гадаад ертөнцөд цацагддаг байсан бол өнөөдөр үүнээс илүү на­рийн ширийн, мэр­гэж­лийн төвшинд бэлт­гэгд­сэн мэдээллийг гадаад зах зээл шаардаж байна. Учир нь Монгол Улс улс төр, эдийн засаг, тэр дун­даа ашигт малтмалын арвин нөөц, асар их ирээ­дүй бүхий уул уурхайн салбарын асуудлаараа дэлхий дахины анхаар­лыг татах хэмжээнд хүр­чих­лээ. Олон улсын түү­хий эдийн зах зээлд нө­лөө бүхий тоглогч болон гарч ирж буй Монголын талаарх бодитой, то­дор­хой мэдээлэлд үндэс­лэ­сэн үнэлгээ дүгнэлтийг хамтрагчид үгүйлж эхэл­лээ. Мэдээлэл, судалгаа дулимаг харанхуй таам­гаар аз сорин нүүдэл хийх нь эрсдэлтэй учир шаард­лагатай мэдээллээ олж авахын тулд дэлхийд нэр хүнд бүхий томоохон ком­пани, корпораци, судал­гаа, шинжилгээний бай­гуул­лагууд ихэнхдээ ху­вийн шугамаар “мэдээ­лэгч” хөлслөн ажил­луул­даг жишиг өнөөдөр Мон­голд хэдийнэ тогтжээ. Энэ бүх байдал чухам юуг илэрхийлж байгааг ан­заарч, төрийн бодлогын түвшинд асуудал дэв­шүү­лэн тавьсан улс төрийн нам хүчин, улстөрчид өнөө­дөр Монголд байх­гүй.

Дээрх бодит байдал Монгол Улс дэлхийн хэм­жээнд мэдээллийн кон­тент нийлүүлэх мэдээл­лийн томоохон агент­лаг­тай болох шаардлага бий болсныг сануулж буй юм. Уг нь нэрнээсээ эх­лээд домог болох шахсан МОНЦАМЭ хэмээх бай­гууллага Монголд бий. Монголын цахилгаан мэ­дээ хэмээх үгийн товч­ло­лоороо нэрийдсэн уг бай­гууллага нь сэтгүүл зүйн салбартаа анхдаг­чид орох, бас цорын ганц гэхэд болохоор мэдээл­лийн агентлаг юм. Гэхдээ өнөөгийн ертөнц дахины хурд, шаардлагад хөл нийлэх хэмжээнд хүрч чадалгүй өлгийндөө өтөлж буй байгууллага гэж хэлэхэд хилсдэхгүй байх.

Энэхүү агентлагийг хөгжүүлэх талаар төрийн бодлогын хүрээнд ч, мэр­гэжлийн байгууллагын зүгээс ч тэр анхаарал тавьж, үзэл ба­римт­лалыг нь өөрчлөн шинэчлэх та­лаар санаачлага гар­гаж, хангалт­тай ажил­лаа­гүй учраас өнөөдөр ийм хэмжээнд хүрсэн биз ээ. 

Уг нь МОНЦАМЭ агент­­лаг нь өв уламжлал, хүн хүчний нөөц, гадаад ертөнцөд бас ч танил болсон брэнд нэр гээд олон талаараа Монголын сэтгүүл зүйн салбарт үнэтэй капитал юм.

Харин үүнийг өнөөгийн шаард­лагад нийцүүлэн хөг­жүү­лэх бод­лого, концепциэр дутагдаж ирсэн. Өнөөд­рийн байдлаар дотоод­доо ч мэдээллийн эх сур­валж байж ча­дахаа бай­сан тус агентлагийг Зас­гийн газар бодлогынхоо хүрээнд анхаарч ажил­лах цаг болсон байх аа. Мэдээлэл технологийн хөгж­лийг дагаж бий бол­сон хэвлэл, мэдээллийн маш олон хэрэгсэл до­тоо­дод ажиллаж байна. Мэдээл­лийн эх сурвал­жаар цангахын зовлон монголчуудад өнөөдөр нэгэнт үгүй болсон. Энэ их мэ­дээллийн хэрэгсэл, бөмбөгдөлт дундаас МОНЦАМЭ ялгарах ёс­той.

Дэлхийн хэмжээнд ажил­ладаг Ройтерс, ВВС, CNN-тэй эн зэрэгцэх мэдээллийн агентлаг бо­лохгүй юм гэхэд ядаж тэдгээр сувгуудад Мон­голын талаарх эх сур­валж болж чадах мэргэж­лийн байгууллага Мон­голд үгүйлэгдэж байна. Чухам энэ орон зайд ажил­лах ёстой албан ёсны статус бүхий агент­лаг нь МОНЦАМЭ. Гэтэл энэ бай­гууллагын хөг­жил, бодлого хаана явна вэ?!

Ерээд оны үед
Мон­голыг га­даадад сурталч­лах зорилгоор тус агент­лагийн төсвийг нэмэг­дүүлж байсан санагдана. Хэрвээ Мон­го­лыг
гадаад ертөнцөд сурталчлан та­ниулах, бодит мэдээл­лийг
дам­жуулах албан ёсны эх сурвалж байх утгаар нь тус агентлагийг хөгжүүлье гэвэл Гадаад харил­цаа­ны яамны дэр­гэд татан
авчрах ёстой болов уу. 1998 онд Хэв­лэлийн эрх чөлөөний тухай хууль гарч төрийн мэдлийн хэвлэл мэ­дээл­­лийн
хэрэгсэл байх ёсгүй гэж тунхагласан
ч тус агент­лаг өнөөд­рийг хүр­тэл Ерөнхий сайдын мэ­дэлд ажиллаж, монгол
хэл дээр сонин гаргаад явж байна. Тэгэхээр хууль эрх зүйн орчныг нь ч бас өөрчлөх ёстой бололтой. Юутай ч үе үеийн эрх баригчдын бодлогын гадна орхигдсоор ирсэн
энэ байгууллагыг өнөө­дөр бүрдэж
байгаа  Зас­гийн газар шинэчлэн өөр­чилж, дэлхий дахинд Мон­голын
талаарх бодит мэдээлэл, сурталчилгааг дамжуулах сонгодог утгаар нь хөгжүүлнэ гэж найдаж байна.

Categories
редакцийн-нийтлэл

Орон нутгийн сонгуульд бэлдэж, МАН-ын фракцууд нэгджээ

Өөрөөр хэлбэл М.Энхболд, С.Баяр, У.Хүрэлсүх гэсэн Ардын намын голлох  фракцын тэргүүнүүд нийслэлийн намын хороондоо өөр өөрийн төлөөллөө эв найртайгаар шургуулжээ.

Хэрэв МАН орон нутгийн сонгуульд ялах юм бол АНын хувьд 1996-2000 оных шиг дороо хөлгүй хүндхэн байдалд орно. Тиймээс УИХ, нийслэлийн сон­гуулиар ялчихлаа гэж тайвшралгүй орон нутгийн сонгуульдаа анхаа­рал хандуулна бизээ. Угаас орон нутагт байнга ялагдал хүлээж ирсэн Ардчилсан намд өмнөх ялагдлуудын гашуун түүх нь ч, гол өрсөлдөгч  намынх нь улайрал  ч  нэгийг сануулж байгаа биз ээ

Ардын нам  сонгуульд ялагдал хүлээснээр гэнэтийн цохилтонд орсон. Тэднийг шокноосоо гарч ч амжаагүй байхад ялалт байгуул­сан Ардчилсан нам эрх мэдлийг тэдэнтэй хуваалцахыг хүсээгүй нь байдлыг улам ч хүндрүүллээ. Албан ёсны бүлэг ч үгүй үлдсэн МАН Ардчилсан намынхныг  бялуу­гаа хуваалцах гэж уймарч байх зуур хаяанд ирчихээд байгаа орон нутгийн сонгуульд анхаарлаа хан­дуулж эхэлжээ. Тэд холимог сис­темээр явсан сонгуульд нэгэнт ялагдал хүлээсэн учраас орон нутгийн сонгуулийг можаритар системээр явуулах сонирхолтой байгаа аж. Үүнийгээ ч УИХ-аар хэлэлцүүлж, Сонгуулийн хуульд өөрчлөлт оруулахаар хуулийн төсөл санаачлах бололтой. Тэдний энэ саналыг харин бусад нь дэм­жих эсэх нь эргэлзээтэй. 

Ардын намын хувьд хэзээ­нээ­сээ хотын фракц хүчтэй явж ирсэн. Аль л өнгөтэй өөдтэй албан тушаал тэдэнд л очдог байсан. Харин одоо хотын фракцын дан­гаараа шахам ноёрхол бусад­тайгаа гар нийлж, өрсөлдөгч намуудаа орон нутгийн сонгуульд ялахад чиглэжээ.

Өнгөрсөн сонгуулиар МАН УИХ-д ч, нийслэлд ч тэр тахимаа өгчихлөө. Орон нутагт өөрсдийн ноёрхлоо алдвал Ардын намын хувьд сүйрлээ л гэсэн үг.  Тиймээс орон нутгийн сонгууль тэдний хувьд гол онилгоо болоод байна. Үүнд зориулж фракцууд хүчээ зузаат­гасан нь Нийслэлийн намын хороо­ны удирдлагуудын томилгоо­ноос нь илхэнээ харагдаж байгаа. Ер нь дороо хөл, гаргүй, өөрийн гэсэн  фракцгүй Ө.Энхтүвшин Тус­гаар тогтнолын ордондоо намын­хаа улс төрийг явуулж байна гэхээс илүүтэйгээр Ардын намын улс төр нийслэлийн намын хороон дээрээ төвлөрчээ. Энэ нь фракцуудын хуваарилалт нийслэлийн намд хэрхэн очсоноос тодорхой байгаа юм. 

Одоогоор Г.Мөнхбаяр нийс­лэлд ялагдсаныхаа хариуцлагыг хүлээж ажлаа өгсөн ч нийслэлийн газрын албаны дарга асан Ц.Сундуй түүний оронд МАН-ын нийслэлийн удирдлагыг гартаа авсан. Бараг л өрсөлдөгчгүйгээр энэ албанд очсон гэж хэлж болох юм. Тэрээр М.Энхболдын фракцын хүн. Т.Бадамжунайтай ч их ойр гэгддэг. МАН-ын Нийслэлийн намын хороо хүчээ зузаатган  дөр­вөн ч дэд даргатай болсон. Тэд­ний нэг Д.Энхтөр нь С.Баярын фракцад  багтдаг.  Эндээс харахад нийслэлд ч С.Баяр нөлөөгөө тавиагүй болол­той. Ардын намынхан Г.Мөнх­баярыг Нийслэлийн намын хороо­ны дарга байх үед дэд даргаар нь ажиллаж байсан учраас улиран сонгогдсон гэж хэлж болно. Гэхдээ тэрээр Нийслэлд намын нэрээр сонгуульд өрсөлдөөд унасан хүмүүсийн нэг.

Мөн Б.Амарбаясгалан хэмээх залуу төв намаасаа нийслэлийн намдаа  ажиллахаар  иржээ.     Ардын намын ирээдүйтэй залуу­чуудын нэг гэгддэг. МАН-ын   залуу­чуудын байгууллага болох НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн. Нийслэлийн намын хорооны дэд даргаар ирэхээсээ өмнө намынхаа хэвлэл олон нийттэй харилцах албаны даргаар ажиллаж байсан. У.Хүрэлсүхийн фракцын хүн.

Нийслэлийн МАН-ын дэд дар­гын албыг хашиж эхэлсэн гурав дахь хүн нь “Эсэргүү төлөөлөгч” номынхоо нэрээр дуудагдах  бол­сон М.Ганбаатар. Түүний хувьд дүүргийн ИТХ-д хэдэнтээ сон­гогдсон туршлагатай нэгэн.    М.Энх­болдын фракцад хамаарна. 

Харин УИХ-ын гишүүн асан Ш.Сайхансамбуу хамаа намаагүй өөрийнхөөрөө санасан бодсоноо шулуухан хэлчихдэг нөхөр. Тиймээс ч намын бодлогоос тэс өөр юм  ярьж, зарим үед намаа ч шүүмжилчихдгийнхээ гороор УИХ-д нэр дэвших эрхээ  олж авч чадаа­гүй. Аль нэг фракцад шууд хамаа­ралтай байдаггүй нь ч үүнтэй холбоотой биз ээ. Хэдийгээр УИХ-д нэр дэвших виз олгоогүй ч МАН түүнийг зүгээр үлдээсэнгүй. Нийс­лэлд хүчийг нь үзэхээр шийджээ.

Ямар ч байсан  МАН-ын гол хүч нийслэл дээрээ төвлөрч, фракцууд орон нутагт анхаарлаа хандуу­лахаар гар нийлсэн нь нийслэлийн намын удирдлагуудын томилгоо­ноос аяндаа тодорхой болж байгаа юм. Өөрөөр хэлбэл М.Энхболд, С.Баяр, У.Хүрэлсүх гэсэн Ардын намын голлох  фракцын тэргүүнүүд нийслэлийн намын хороондоо өөр өөрийн төлөөллөө эв найртайгаар шургуулжээ.

Хэрэв МАН орон нутгийн сонгуульд ялах юм бол АН-ын хувьд 1996-2000 оных шиг дороо хөлгүй хүндхэн байдалд орно. Тиймээс УИХ, нийслэлийн сон­гуулиар ялчихлаа гэж тайвшралгүй орон нутгийн сонгуульдаа анхаа­рал хандуулна бизээ. Угаас орон нутагт байнга ялагдал хүлээж ирсэн Ардчилсан намд өмнөх ялагдлуудын гашуун түүх нь ч, гол өрсөлдөгч  намынх нь улайрал  ч  нэгийг сануулж байгаа биз ээ. 

Намын дарга Ө.Энхтүвшингийн хувьд дороо хөлгүй, өөрийн
гэсэн фракцгүй. Өмнө нь  намаа,
шүүм­жилж жигүүр байгуулж явсан тэрээр  хувь заяаны эрхээр Ардын намыг ялагдал хүлээх үед толгойлох болсон. Гэхдээ Ө.Энхтүвшин хэв­лэлд өгсөн ярилцлагадаа ч өөрий­гөө “Фракцыг шүтдэггүй, бүлэглэн хуйвалдахын эсрэг байдаг” гэсэн утгатай үг  хэлсэн байна лээ. Харамсалтай нь улс төрд ган­цаарчилсан тоглолтоос илүү багийн тоглолт хүчтэй байдаг нь олонтаа харагддаг.
Ямар ч байсан нийслэлийн намын хороо нь түүний
оролцоогүйгээр бусад фрак­цуудын
багийн тоглолтоор явах нь тодорхой болжээ.

Categories
редакцийн-нийтлэл

Ардын нам бүлэгтэй юу, бүлэггүй юу?

Ардчилсан
нам тэр
үед бүлэгтэй болохын төлөө их тэмцсэн. Гэвч тэр үед одоо­гийн МАН-ын эрхмүүд хуулийн заалт бариад л зүтгэ­сэн. “УИХ нь хуулиа зөрчвөл хэн хууль биелүүлдэг болох юм” гэж ирээд л бүлэгтэй бол­гоогүй санагдаж бай­на. Тэр үед МАН-ынхан хуулиа мөн ч сайн мэдэж тайлбарлаж бай­сан санагдана.
Т
үүх тодор­хой хугацаа­ны дараа дав­тагддагийн
жишээ­гээр АН-ыг б
үлэгтэй болгохгүй гэж бай­сан МАН өөрсдөө бүлэггүй болдог юм байж.

Хуулиараа бол энэ на­маас УИХ-д суугаа гишүүд бүлэггүй, хорин хэдэн хувь гишүүн л болсон. Намаас нэр дэвшсэнийг  нь эс тооцвол бие даагчдаас нэг их ялгаагүй.  Хэн нэгэн тэднийг бүлэг бай­гуулж болохгүй гэсэнгүй. Хэн нэгэн тэднийг ийм байдал руу шахсангүй. Олон жил эрх барьж, УИХ-д олонхи байсан МАН-ынхан өөрсдөө энэ замыг сонгосон. Тэд УИХ-ын тухай хуулийн 26.5 буюу УИХ-ын дарга сонгогдсоны дараа 24 цагийн дотор бүлэг байгуулах тухайгаа өргөн мэдүүлнэ гэсэн заалтыг зөрч­чихөөд байгаа. Тэд олонхи байхдаа энэ хуулийн санаа­­чилгыг гаргаж, УИХ-ын дарга Ц.Нямдорж хурлыг даргалан баталж байлаа.

УИХ-д хууль тогтоолго­хоор ард түмний сонгосон Ардын намын гишүүд ийнхүү өөрсдийн баталсан хуулиа уландаа гишгэлээ. Хуулиар бол Ардын нам бүлэггүй болж таарлаа.

УИХ-ын даргыг сонгох үед тэд төрийн ажлыг үл тоож,  хурал хаясан нэрээр Тусгаар тогтнолын­хоо ордонд тус­гай­лан хуралдаж суусан билээ. Тэд эхнээсээ ард түмний сон­голтыг хүндэтгээгүй. Цөөнх болох тохиолдол бүрт  үргэлж л ингэж гоншигонодог бай­сан. Уг нь бол тэдэн шиг олон удаа Засгийн эрх барьсан нам Монголд өнөөдөртөө алга байна. Гэсэн ч үргэлж л ялж байх ёстой, үргэлж л луйвраа амжилттай болох ёстой гэж бодсоор ирсэн нь өнөөдрийн гаргаж байгаа араншингаас нь харагдлаа. Ингээд эрх хүүхэд шиг дураа­раа авирласныхаа гороор  бүлэггүй болсон. Уг нь тэд мэдээж хугацаандаа бүлэг байгуулах саналаа өргөн мэдүүлэхгүй бол болохгүй гэдгийг мэдэхийн дээдээр мэдэж байсан.

УИХ-д бүлэггүй нам бай­сан түүх бий. “Эх орон-Ард­чилал” эвсэл 2004-2008 онд эвслийн удирд­лагууд болох  Д.Эрдэнэбат, М.Энх­сайхан нарын хувийн тоглолтоос болж задарч, сүүлдээ АН бүлэггүй  болж үлдсэн. Гол учир нь тэд хүсч байсан албан тушаалдаа очиж ча­даа­гүйгээс эвслийг тэр тусмаа Ардчилсан намыг хүнд бай­далд оруулсан юм. Бүлгээ авч үлдэхийг хичээсэн ч Эх орон намаас Цэцэд хандсанаар Ардчилсан нам хүнд байдалд орсон юм. Ингээд Ардын намын бүлэгт орж, 62-ын бүлэг буюу “Бүдүүн бүлэг” гэсэн нэртэй явж, Засгийн газраа хамтран бай­гуулж явсан ч нэг л орой одоогийн Ардын намынхан  нэг шөнө нууцаар хуралдаж, маргааш нь засгаас гарах өргөдлөө өгснөөр Ц.Элбэгдоржийн зас­гийн газрыг унагаж бай­сан түүх бий. Энэ үед АН-аас  олон хүн урваж, сонгуульд хамтарч орсон эвсэл нэгэнт задарснаар Ардчилсан нам тэр үед  бүлэггүй болж үлдэж байсан. Ингээд АН-аас гар­сан зарим хүн өөр өөр нам байгуулж, Ардын намтай хам­тарч, Ард түмний нам, ҮШН, ИЗН, Эх орон намын төлөөл­лөөс бүрдсэн Засгийн газар байгуулагдаж байлаа. Ийн­хүү  Ардчилсан нам зөвлөл нэртэй тэр парламентын сүүлийн жилүүдийг үдсэн дээ. 

Ардчилсан нам тэр үед бүлэгтэй болохын төлөө их тэмцсэн. Гэвч тэр үед одоо­гийн МАН-ын эрхмүүд хуулийн заалт бариад л зүтгэ­сэн. “УИХ нь хуулиа зөрчвөл   хэн хууль биелүүлдэг болох юм” гэж ирээд л бүлэгтэй бол­гоогүй санагдаж бай­на. Тэр үед МАН-ынхан хуулиа мөн ч сайн мэдэж тайлбарлаж бай­сан санагдана. Түүх тодор­хой хугацаа­ны дараа дав­тагддагийн жишээ­гээр АН-ыг бүлэгтэй болгохгүй гэж бай­сан МАН өөрсдөө бүлэггүй болдог юм байж. 2004-2008 оны нөхцөл байдал өнөөдөр үүсчихээд байна. Одоо МАН бүлэг биш, зөв­лөл ч биш, хорин таван хувь гишүүн­тэй байна. Тэгэхээр тэд сөрөг хүчин гэж өөрсдийгөө нэрлэх эрх ч үгүй боллоо. Тиймээс энэ парламент бол сөрөг хүчингүй.  МАН-ынхан Ард­чил­сан намыг “Засагт хамт­раач” гэж гуйна гэж бодож байсан нь талаар болж, мөн­хөд албан тушаалын бялуу хүртэж ирсэн хувь заяа нь өөрөөр эргэсэнтэй тэд эвлэрч чадахгүй, чуулганы анхны хуралдаанаас л шантаажлах гэж оролдож эхэлс­нийг уншиг­чид санаж буй биз ээ.  Гэвч төрийн ажил тэдэн­гүй­гээр явдгаараа явсан нь уур унтууг нь улам хүргэж, сурсан зангаараа ихэрхэх гэж үзээд ийм байдалд хүрлээ. 

АН, МАН-ын бүлэггүй бол­сон хувь заяа адил ч  ялгаатай нь АН мэдсээр байж бүлэггүй болоогүй юм. Удирдлагын хувийн амбицаас үүдэж ийм явдал болж байсан. МАН харин мэдсээр байж төрийн ажлыг явуулахгүй гэж зүтгэж бай­гаад ийм байдалд уналаа. Эрхбиш олон жил төр барьж явсан хүмүүс батал­сан хуулиа мэдэж л байсан нь тодорхой. Хуулийг үл хүндэт­гэдгээ, дур зоргоо­роо авирлаж сурснаа л илтгэж байгаа хэрэг. МАН-аас УИХ-д орж ирсэн гишүүд нь хувь хүний л шийдвэрээ ярина уу гэхээс албан ёсны бүлгийн шийдвэр гаргахааргүй болчи­хоод байна. Өөрөөр хэлбэл УИХ дахь ямар нэг субьект биш болчихлоо. Тэд бөөг­нөрч суугаад ямар нэг шийд гаргавал тэр нь хууль зүйн үндэсгүй. Зөвхөн хувь гишүү­дийн л санал болж таарна.

Энэ байдлаас гарахын тулд МАН хууль өргөн барих тухай яриад эхэлсэн. Хэн нэгэн, эсвэл аль нэг нам, бүлэг хууль зөрчихөөр араас нь залруулга болгож хуульд өөрчлөлт оруулна гэдэг өөрөө утгагүй юм. Хууль тогтоогчид нь өөрсдөө өөрс­дийнхөө нөхцөл бай­далд тааруулж, алдаагаа зал­руу­лах гэж хууль баталдаггүй гэж найдна. Тийм жишиг ч дэл­хийд байхгүй. Иймэрхүү бай­далтай хуулийг үл тоом­сор­лон, өөрсдөдөө зориулж хуулийг өөрчилвөл нийгэм тэр чигээрээ хямарна. Хууль тог­тоог­чид нь ингээд байвал хуулийг хэн хэрэгжүүлэх юм.

Хууль урагшаа хэрэгждэг боло­хоос ухарч арагшаа хэрэгждэггүй. Хэдэн жилийн өмнө хэн нэгэн Дорж, Дондог  хууль зөрчиж
төрийн өмч шамшигдууллаа гэж бодъё.  Түүний
хууль зөрчсөнийг зөр­чөөгүй болгох гэж хуулинд өөрчлөлт оруул­даг­гүй
биз дээ. МАН-ынхны одоо яриад байгаа зүйл
ч гэсэн үүнтэй утга адил.  Жирийн иргэн, нам хоёрт хууль өөрөөр үйлчилнэ
гэж заагаа­гүй бол шүү дээ.   Ер нь хуулийг тэнэгүүд баталсан байлаа ч ухаантнууд ч дагах ёстой болдог.
Нэгэнт ард түмэн виз дараад
хууль батлах эрхийг нь өгсөн бол хэн баталсан нь хамаагүй дагах л үүрэгтэй. Үгүй бол хариуцлагаа үүрэх
ёстой юм.  Мөн хууль хүчин
төгөлдөр үйлчилж
байгаа нөхцөлд нам эвсэл, эрхтэн дархтан хэн
ч байсан аль ч цаг үед дагаж
мөрдөх ёстой. Түүнээс биш хууль зөрчсөн нэг намын гишүүдэд
зориулж хуулиа өөрчлөх ёсон үгүй.

Categories
редакцийн-нийтлэл

МАН бол сөрөг хүчин биш, СӨХӨРСӨН ХҮЧИН

Ардчилсан нам сонгуульд ялж, аль нэг намтай эвсэж Засгийн газраа байгуулах нь  тодорхой болсон. Харин Зас­гийн газрын тэргүүн хэн бо­лох, хэн хэн сайд болох  та­лаар өнгөрсөн амралтын өдрүүдэд АН-ын фракцууд хувь хувьдаа нууцхан уулзалт хийцгээсэн байна. Сүүлийн үеийн мэдээллээр АН-ын дарга Н.Алтанхуягийг Ерөн­хий сайд, ерөнхий нарийн бичгийн дарга Д.Эрдэнэбатыг  УИХ-ын дарга болно гэсэн хувилбар илүүтэй сонсогдох болов.  Өнгөрсөн ням гаригт хотын сонгуулийг удирдаж ороод ялалт байгуулсан Э.Бат-Үүлд Нийслэлийн на­мын хорооны дарга Ш.Түв­дэндорж ажлаа өгсөн бол  генсек Д.Эрдэнэбат мөн аж­лаа хүлээлгэж өгөхөө албан ёсоор мэдэгджээ. Тэгэхээр АН-ын фракцууд ерөнхий нарийн бичгийн орон тоон дээр өрсөлдөх бас нэг ажил­тай болж байх шиг. Харин олонхи болсон АН  ямар намд  эвсэх санал тавих бол гэсэн олон таамаг явж байсан  ч  МАХН-МҮАН-ын “Шударга ёс эвсэл”-тэй эвсэх саналтай байгаагаа АН-ын удирдла­гууд өчигдөр олон нийтэд мэдээллээ. 

АН-д тоогдож, эвсэлд баг­тах гэсэн МАН-ын  горьдлого үүгээр дуусгавар болж байна. Угаас МАН-тай эвсвэл өнгөр­сөн дөрвөн жилээс ялгарах зүйлгүй болно хэмээн иргэд дургүйцлээ илэрхийлж бай­сан билээ.

Ардчилсан нам МАН-тай эвсээгүй тохиолдолд хүчтэй сөрөг хүчин болно гэж дүгнэх хүмүүс байсан. Гэвч 1996-2000 оны үеийн МАН, өнөөд­рийн  шиг байгаагүй. Тэр үед МАН үнэхээр хүчтэй сөрөг хүчин байсан. Учир нь МАН-ын гишүүд гинжнээсээ өөр алдах юмгүй пролетариуд байсан. Одоо харин нөхцөл байдал өөрчлөгдсөн. МАН-ын гишүүд тэр үеийн про­летари биш болсон. Тэд аль хэдийнээ Монголын тэргүүн олигархиуд болоод хувирчих­сан. Тэдэн дотор хөдөл­мө­рөө­рөө хөлсөө дуслуулж баяжсан нь хуруу дарам цөөн. МАН-ынхан алдах юм­гүй үеэ нэгэнт ард үлдээж,  авдраар дүүрэн алдах юмтай болчихоод байна. Тиймээс алдах юмтай тэр хүмүүс юун хурал хаяж бойкотлох. Тэр үед зуу гаруй хоног хурал хаяж, төр засгийн ажлыг явуу­лахгүй боомилж байсан нь үнэн. Одоо 100 цаг ч хурал хаяж чадахаа байсан байна лээ. Шинэ парламентын нээл­тэн дээр “Бид чуулганд орол­цохгүй” гэж зарласан тэд мар­гааш нь  чуулганы танхимд юу ч болоогүй юм шиг сууж бай­сан. Угаас  хурдхан хуулийн хамгаалалтанд орж УИХ-даа суухгүй бол дээлээ нөмрөх хүн олон болохоор арга ч үгүй биз. Сонгууль луйвардсан хүмүүсээс гадна төрийн өм­чөөс хулгай хийсэн, авлига авсан зэрэг  нь илрэх учраас  УИХ хэмээх халхавчиндаа яаран орж нуугдах нь аргагүй. Тэгээд ч шоронд орохоос цөсөө цалгитал айж байгаа тэдэнд хуралдаа сууж,  эрхэм гишүүний бүрэн эрхийг эд­лэхээс өөр арга зам үлдээгүй.  МАН одоо хуучин шиг төр засаг бойкотолж хурал хаяж маяглавал Авлигатай тэм­цэх газрын гадаа бөөнөөрөө очих вий. Ингээд бодоход сөрөг хүчин биш сөхөрсөн хүчин болж таарч байгаа юм. Тиймээс эд нараас айх юм байхгүй.  Тэр бүүхэл таван  гишүүн нь сонгууль буд­лиан­туулж, эд мөнгө тараасан хэргээр төрийн эрхийг хууль бусаар авах гэсэн хэмээн  эрүү үүсгэгдэх асуудалтай байгаа.

Эднийг луйварчин гэж зоригтой хэлээд байгаа минь бас учиртай. 1990 оноос хойш ганзагын наймаанаас эхэлж, сүүлдээ хөл дээрээ бостлоо өдөр шөнөгүй хө­дөлмөрлөсөн бизнесменүү­дээс баян хүмүүс МАН-д дэн­дүү олон.  Энэ олон жил төр барихдаа тэд  дэлхийн томоо­хон тэрбумтнууд шиг, Мон­голын толгой баячуудаас илүү амьдраад байгаа. Тэд  толгойд багтамгүй сансрын тоо ярьдаг болсон байна лээ. Төрийн алба хашиж байгаа хүн цалингаараа хэзээ ч тийм баян  болох боломжгүй. Тэр ч бүү хэл өчнөөн давхар, төч­нөөн өрөө хаустай, хичнээн зуун саяын машиныг хэд хэдээр нь цуглуулчихсан тэр хүмүүсийг шударга гэх үү. Хүний урманд ганц удаа наймаанд явж үзээгүй, хөдөө хөрч, гадаа гандаж,  ажил хөдөлмөр эрхлээгүй хэрнээ тэд яаж ингэж баяжив. Тий­мээс ч эхнээсээ Авлигатай тэмцэх газрынханд шалгуулж, МАН-ын гэх овогтой Засаг дарга нарын хэрэг шүүхээр таслагдсаар байгаа билээ. Уг нь УИХ-д тэднээс хэд дахин илүү хүүдийлсэн авлигачид нь байгаа л даа. Харам­сал­тай нь өөрсдөдөө зориулж, гэмт хэргээс мултрах хуулийн заалтуудыг эрээ цээргүй ба­талсан болохоор УИХ тэдний хамгаалалт болоод байгаа юм. Дэлхийн бусад улс оронд бол өндөр алба хаших тус­маа хариуцлага нь тэр хэ­рээрээ нэмэгддэг. Харин ма­найд эсрэгээрээ хууль батлагчид нь гэмт хэрэг хийж байгаад газар дээрээ бариг­даагүй л бол хүн  алсан ч хамаагүй юм шиг хачин заалт­тай. Тиймээс хууль зөр­чөөд ч хамаагүй УИХ-д орох гэж  яарцгаадаг нь саяын сонгуулийн үеэр айхгүйгээр мөнгө тараасан зэргээс нь харагдаж байна. Ардчилсан нам эрхбиш энэ бүхэнд анхаарлаа хандуулж, хууль тэгш үйлчилдэг орчинг бий болгох биз ээ.

Ямар ч байсан МАН  сөрж чадахааргүй, сөхөрч суух нь тодорхой боллоо. Иймээс АН тэднээс айлтгүй. Ард түмний сонголтыг хүндэтгэж, Засгаа байгуулж, улсаа төвхнүүлэх хэрэгтэй байна. Нэгэнт АН МАН  болох шаардлагагүй боллоо. Хэрэв АН-ынхан МАН-д хамтрах санал тавьж, АН МАН болвол сонгуулийн өмнөх нөхцөл байдлаас ял­гаг­дах юмгүй болох байлаа. Өнгөрсөн дөрвөн жил ирээ­дүйн дөрвөн жилд давтаг­дана гэсэн үг.   МАН-ыг сонго­сон бол ардчиллын төлөө өгсөн ард түмний санал үнэгүйдэх байлаа.  Угаас МАН төр барихдаа улсаа ямар болгосныг, иргэдээ хэрхэн ядуу чигээр нь халамжаар хуурч өнөөдрийг хүргэснийг    ард түмэн мэдэж байгаа.  Энэ удаа өөрчлөлтийг хүсч АН-д олонхиороо саналаа өгсөн  биз ээ.

АН МАН-ыг сонгож эвсээгүйгээрээ
ард түмний саналыг хүндэтгэж байгаагаа харууллаа. МАН-аас  хорь гаруй жилийн хариуцлага нэхэх боломжтой боллоо.

Categories
редакцийн-нийтлэл

Хүний хөгжлийн мөнгийг хууль зөрчин олгосон Ардын намынханд хариуцлага тооцъё

Халаагаа өгч буй МАН-ын Засгийн газар Хүний хөгж­лийн мөнгөний  үлдэгдэл сая төгрөгийг ахмадууд болон хөгжлийн бэрхшээлтэй иргэ­дэд гурав хувааж өгөхөөр болсон. Гэтэл тараах мөнгө нь байхгүй  элдэв  арга сэдэж, энд тэндээс гуйлга гуйж, эцэст нь  Эрдэнэт үйлдвэрээс 100 тэрбумын урьдчилгаа авч байж заримыг нь олгосон.  Ингэж яаран мөнгө тараах болсон нь  мэдээж сонгууль­тай холбоотой. Сонгуу­лийн өмнө  иргэдэд амласан мөн­гөө тараачихвал ард тү­мэн тэднийг амлалтаа бие­лүүл­дэг эрх баригчид гэж үзээд дахин сонгоно гэж найд­жээ. Гэвч ингэж олгох бэлэн мөнгө эрх баригчдад  байсангүй.

Иргэдийн саналыг авах гэж улайрсан эрх баригчид Монголбанкнаас ихээхэн хэмжээний мөнгө авсан тө­дийгүй Хөгжлийн банкийг онилов. Гэвч  хөгжлийн банк­ны ТУЗ-ийн дарга Батжаргал үүнийг тас эсэргүүцэж, хууль бус үйлдэлд оролцохгүй гэ­сэн ч  эрх баригчдад  дарамт­луулан ажлаа өгөхөд хүрсэн.   Энэ тухай манай сонин мэ­дээлж байсан. Хөгжлийн банк­ны ТУЗ-ийн дарга Бат­жаргал  энэ шахалтаас болж аргагүйн эрхэнд өргөдлөө өгөхдөө чухам яагаад аж­лаасаа гарах болсноо хамт­ран зүтгэж байсан хамт олон­доо захидлаар илэрхийлсэн билээ.  

Уг нь хүний хөгжлийн мөнгийг ямар эх үүсвэрээр тараахыг хуульчилсан. Гэтэл эрх баригчид  хууль зөрчиж, эх үүсвэр нь ямар байх нь хамаагүй, амлалтаа биелүүл­сэн болох гэж бүхий л аргаар мөнгө  цуглуулсан байдаг. Тэр бүү хэл Төрийн банкнаас мөнгө авч тараасан тухай АН-ын дарга Н.Алтанхуяг өчиг­дөр хэвлэлийн хурлын үеэр мэдэгдсэн байна лээ. Мөн төмөр зам барих мөнгийг хүний хөгжийн мөнгийг тараа­хад зарцуулсан тухай ч тэ­рээр хэвлэлийнхэнд дуулга­сан. Энэ бүгдээс харахад Ардын намынхан үхэхдээ үхэр буугаа тавина гэгч л болж. 

МАН-ын Засгийн газар хоёр дахь ээлжийн 330 мян­гыг сонгуулиас өмнөхөн тараах шийдвэр гаргасан. Гэтэл Сангийн сайд Д.Хаян­хярваа, дэд сайд Ч.Ганхуяг нар эрх мэдлээ ашиглан өөрс­дийн нэр дэвшсэн  тойр­гуудад   сая төгрөгийг нь бүрэн олгосон байна. Өөрөөр хэл­бэл Монгол Улсын сан хөм­рөгийн түлхүүрийг атгаж суу­гаа тэд өөрсдийн эрх ашгийг бодон сонгуульд өрсөлдөж байгаа тойргийнхоо иргэдэд л сая төгрөгийг нь бүрэн өгсөн нь иргэдээ ялгаварласан хэрэг юм. 

Эх үүсвэрийг нь өөр газраас татан төвлөрүүлсэн мөнгийг тараасан Засгийн газар нь  хууль зөрчсөн бол  Сангийн сайд, дэд сайд нар нь Засгийн газрынхаа гурав хувааж олгоно гэсэн шийд­вэрийг мөн зөрчиж, өөрсдийн нэр дэвшиж өрсөлдсөн тойр­гуудад сая төгрөгийг бүтнээр нь тараасан хэрэг.  Нэр дэвшигч сонгуулиар мөнгө тарааж болохгүй хуулийн заалтыг тэд ийнхүү зөрчиж байгаа юм.   Хүний хөгжлийн мөнгөтэй  холбоотойгоор хууль зөрчсөн бас нэг асуу­дал бол Эрдэнэт үйлдвэрийн даргын шийдвэр. Тэрээр Засгийн газрыг мөнгө нэхэхэд хөгжлийн банкны ТУЗ-ийн дарга шиг “үгүй” гэж хэлж болох байлаа.  Гэтэл тэгсэн­гүй.

Нэг намыг сонгуульд ялуулахын тулд улсын үйлд­вэрийн газрын 100 тэрбум төгрөгийг гаргаад өгчихсөн байгаа юм. Тэгэхээр хууль зөрчиж, шалгуулах ёстой хүний нэг нь Ч.Ганзориг болж таарч байна. Энэ асуудлыг  хууль хяналтын байгуул­лагууд шалгаж тогтооно биз. Эднийг ингэж хууль зөрчин иргэдэд мөнгө олгож байх хооронд энэ хаврын бүтээн байгуулалтын ажил зогсонги байдалд орчихоод байна. Тендерт ялсан барилгын ком­паниудын мөнгө нь орж ирээ­гүйгээс ажлаа хийж ча­дахгүй байгаа юм. Нэгэнт улсын сан хөмрөг хоосорч байгаа бүх­нээ сонгуулиас өмнө үрэн таран хийсэн хойно бүтээн байгуулалтад юугаа зориу­лах билээ. Иймэр­хүү намын эрх ашгаа улсын эрх ашгаас дээгүүр тавьсан ээлжээ өгч буй эрх баригчдын балаг дараагийн Засгийн газарт нэлээдгүй гай тарих байх даа.

Categories
редакцийн-нийтлэл

Ардчилсан нам ардчиллын төлөө өгсөн санал бүрийг хамгаалах хэрэгтэй байна

КОММУНИСТУУД ХЭЗЭЭ Ч ЯЛАГДЛАА ХҮЛЭЭН ЗӨВШӨӨРДӨГГҮЙ

Ардчилсан нам энэ  сон­гуульд олонхийн санал ав­лаа.  Ард түмэн ардчилалд хангалттай саналаа өгөв. Ардчиллын төлөө өгсөн ард түмний саналыг Ардчилсан нам хамгаалж чадахгүй бай­на. Ардын намынхан ард түмний өөрсдөд нь өгөөгүй саналын төлөө яаж ичгүүргүй дайрч, луйвардаж өөрийн болгодог билээ. Коммунис­тууд хэзээ ч ялагдлаа хүлээн зөвшөөрдөггүйг Ардчилсан намынхан мэдэхийн дээдээр мэдэж байгаа.   МАН сүүлийн хэдэн ч сонгуулиар луйвраар ялалт байгуулсан билээ.     

Өнгөрсөн он жилүүдэд Ардчилсан намд ард түмэн  тасралтгүй саналаа өгч ир­лээ. Ардчилсан нам ард түм­ний өөрсдөд нь өгдөг энэ саналд хүндэтгэлтэй хандах хэрэгтэй юм.  Ардчилал хэр­хэн саналаа луйвардуулж байсан нь  сонины шарласан хуудаснаа түүх болон үлд­жээ. Улс орны санах ой бол  сонин байдаг. 2004 оны сон­гуульд АН ялсан. Яваандаа ардчиллын төлөө санал цөө­рөөд ирэхээр ард түмэн Сон­гуулийн ерөнхий хорооны өмнө саналаа хамгаалж жаг­саж байсан. Тухайн үед МАХН-ын генсек байсан Д.Идэвхтэн “Сонгуулийн дүн бидэнд таалагдахгүй байна. Бид хүлээн зөвшөөрөхгүй” гэж мэдэгдсэн. Гэтэл тухайн үед Ардчилсан намын дарга байсан М.Энхсайхан ард түмнийг хуурч,  “Ардчиллын  саналыг  бид хамгаална” гэж тэмцлийг  тараасан. Маргаа­шаас нь зарим  тойргоо тэр үеийн МАХН-тай наймаалц­сан. Ганц жишээ хэлье. Ж.Гүррагчаа Баянзүрхийн тойрогт ялагдчихаад байхад  тохироо хийж, Ардчиллаас  нэр дэвшиж байсан С.Отгон­баярыг Эрээний консул  бол­гоод явуулж байсан санаг­дана. Тэгээд УИХ-ын  даргын ажлыг Н.Энхбаярт өгч өөрс­дөө нэг муу хамтарсан Зас­гийн газартай үлдсэн.

“Эх
орон” гэж албан ёсны нэртэй ч “Эрэл”  гэдгээр нь гадарлах сураггүй шахам байсан намтай М.Энхсайхан  эвсээд   намынхаа баахан нэр дэвшигчийг  шахсан.  Ингээд “Эрэл”-ийн намынханд сай­дын суудал хүртэл өглөө. Тэглээ гээд Ардчилсан нам хожоогүй. Хамтарсан Зас­гийн газар нь огцорч нам нь тарсан. М.Энхсайхан ч на­маа орхисон. Ардчилалд өгсөн ард  түмний саналыг хуваал­цаж гайхуулаад байсан “Эрэл” нам нь мөн сураг алдарсан.  Гэтэл  Ардчилсан нам байсаар. Ард түмэн са­на­лаа өгсөөр байгаа билээ. 2008 онд АН ялсан. МАХН ялагдсан. Гэвч хүлээн зөв­шөөрөөгүй.

Сонгууль бүрээр нэг  ийм буруу жишиг тогтоод удлаа. 2008 оны сонгуулийн орой  сонгуулийн хэсгийн хороо­доос АН  ялсан дүнгүүд ирж байгаад өглөө сэрэхэд л “МАХН ялчихлаа” гэсэн.  Тэр үед С.Баяр тэргүүтэй МАН-ынхан инээдээ барьж ядан өөрсдийгөө ялсан гэж мэ­дэгдэж байлаа. Ард түмэн үүнийг эсэргүүцэж, Ардчил­сан намыг өмөөрч боссон.   Тэгээд Долдугаар сарын нэг­ний тэмцэл өрнөсөн. Гэвч Долдугаар сарын нэгний энэ тэмцэлд Ардчилсан нам оролц­сонгүй. Ардчиллын төлөөх энэ тэмцлийн зохион байгуулалтыг энэ нам хийсэн бол таван сайхан залуу  үхэж, олон залуус шоронд суухгүй байсан ч юм билүү.  Тийм муухай луйвар дээрэм болохгүй ч байсан юм билүү.

АН-ынхан талбай дээр майхан бариад “Сонгуулийн луйврыг хүлээн зөвшөөрөх­гүй” гээд ард түмэнтэйгээ хамт тэмцсэн бол байдал яаж ч эргээ билээ. Гэтэл Долдугаар сарын нэгний тэмцэл ямар ч удирдлагагүй, жижиг намуу­дын амбицтай хэдэн залуус ард түмний тэмцэл дээр тог­лоод л дууссан. Ингээд тэм­цэл үнэгүйдэж, Ардчилсан нам амраар нь Хамтарсан засгийн газарт  орсон доо.

2012 оны сонгууль бол­лоо. Энэ удаа мөн л адилхан үйл явц өрнөж байна. АН-д ард түмэн итгэж олонх нь саналаа өглөө. АН сонгуу­лийн өдрийн үүр цайтал  ялаад тэрнээс хойш нэг нэгээр нь саналаа алдаж эхэлдэг нөгөө л жишиг дав­тагдах нь. АН-ын удирдлага “Би Ерөнхий сайд болохгүй бол энэ нам ялагдсан  ч яадаг юм” гэсэн байдлаар хандаж байна. Сонгуулийн санал хураалт явагдаж дууссанаас хойш дөрөв дэх өдөр нь болж байна. Энэ дөрвөн хоногт АН ардчиллын төлөө өгсөн сана­лыг өдөрт нэг нэгээр нь ал­даж эхэллээ. Энэ янзаараа МАН олонхи болж МАХН-тайгаа Засгийн газар  байгуу­лах нь шиг байна.

АН-д ард түмний саналыг хамгаалах бүх бололцоо бий. Маргаантай бүх тойргоо АН авах хэрэгтэй юм. МАН-ынхан  ингэж байгаад л луйвраа хийдгийг эрхбиш Ардчилсан намынхан мэдэж байгаа. Сонгуулийн дүнг хүлээн зөв­шөөрөхгүй гэж МАН-ынхан гонгинож эхэллээ. Бүр ялалт байгуулж буй Ардчилсан нам луйвар хийсэн мэтээр тур­хирч эхлэв.

Нэг иргэн редакци руу утасдаж “Ингэхэд ардчилал ялж болдоггүй хэрэг үү. МАН дандаа ялж байх ёстой гэж хэн хэлээд байгаа юм. Ард­чилсан нам ялахаар яагаад Ардын намынхан луйвар­дуул­лаа гээд байгаа юм” хэ­мээн гомдоллож байсан. Түү­ний ч зөв байх. Ардчилсан нам энэ бүхэнд хатуу байр суурьтай байж, МАН-ынхны идсэн уусныг нь илчлэх цаг ирлээ. Алийн болгон тэдэнд дээрэлхүүлж, ард түмнээ ч, өөрсдийгөө ч доромжлуулж байх юм. 

АРДЧИЛСАН НАМД СӨРӨГ ХҮЧИН БАЙХГҮЙ

Нэгэнт ард түмний олон­хийн саналыг авсан хойно Ардчилсан нам Засгийн газраа байгуулах болно.   АН-д энэ удаа сөрөг хүчин гэж байхгүй. МАН бол сөрөг хүчин биш, цөхөрсөн хүчин. “1996 оных  шиг  хүчтэй сөрөг хүчин гарлаа” гэж МАН-ынхан  элдвийн юм ярьж яваа гэнэ.   Тэр үед  МАН   үнэхээр хүчтэй байсан. Яагаад гэвэл гинж­нээсээ өөр алдах юмгүй про­летариуд байлаа. Одоо бол хулгай луйвраар баяжсан Монголын тэргүүн олигар­хиуд болчихсон. Үүнийг шүүх, прокурор, Авлигатай тэмцэх газартай  хамтран ил болгож, ардчиллын төлөө өгсөн ард түмний саналыг баталгаа­жуулж авах хэрэгтэй. Энэ хорь гаруй жилд МАН-ынхны баяж­сан нь нүдэнд ил. Тэгэхээр хулгай луйвраар баяжсан сөрөг хүчин хүчгүй байж таар­на. УИХ гэх хамгаалалтанд орж, шургалан, хууль бат­лалцан, төр барилцах биш, шоронгийн өрөөний түлхүү­рээ өвөр дээрээ шидүүлээд сууж байх ёстой хүмүүс энэ намд олон бий. Шударга ёс хууль гэж байдаг бол Ардын намын олон хүн явдаг газраа явах ёстой. Тэгэхгүй бол эхнээ­сээ нөгөө л жүжгээ тавьж, саналаа луйвардууллаа хэ­мээн гоншгонож, санал ху­раах автомат машинд итгэх­гүй байна гэж тэд мэдэгдэж эхэллээ. Тэд өөрсдөө олонхи байх үедээ энэ машинаар санал явуулахыг зөвшөөрсөн биз дээ. Ардчилсан намынх­ны эсэргүүцээд байсан цар­цаа нүүлгэж авчирсан тухай мэдээллийг одоо бол өөрс­дөө биш АН хийсэн мэт бол­гож бухаж эхэллээ. Үнэн хэ­рэгтээ Иргэний бүртгэлийн газар нь Хууль зүй, дотоод хэргийн сайд Ц.Нямдоржийн удирдлагад байсан. Ц.Ням­дорж “Ардчилсан намд манай царцаануудаар санал өгүү­лээрэй” гэж тэдэнд үүрэгдээ­гүй байлтай. Сонгуулийн ерөн­хий хорооны удирдла­гууд ч МАН-ынх. Сонгуулийг зохион байгуулсан нь эрх баригчид. Ингэхээр МАН луй­вар хийсэн үү, АН луйвар хийсэн үү. Энэ сонгуулийн амжилт нь хүн биш машинаар тоолсонд байгаа юм. Нэг ёсон­доо МАН-ынхны луйвар  машинаар тоолдог болсноор хаагдсан. Тиймээс ч үр дүн нь үнэн гарч байна. Тэр бай­тугай Ардын намын угшилтай удирдлага нь хүртэл “Автомат машинд эргэлзэх зүйлгүй” гэдэг нь нотлогдлоо гээд бай­хад МАН тэргүүтэй жижиг намууд эсэргүүцлээ илэр­хийлж эхлэв. Сонгуулийн өмнөх судалгааны дүн ч Ард­чилсан нам  ялахыг бэлхэнээ харуулж байсан. Энэ тухай нийтлэлч Баабар “Арван хоёр оны сонгууль” нийт­лэлдээ дурдсан байгаа. Гэтэл улстөрчид үнэнтэй эвлэрэ­хийг хүсэхгүй, ард түмний саналыг хүндэтгэхгүй хэвээр байна.

МАНЫГ ТАТАН БУУЛГАЖ БАЙЖ  АРДЧИЛАЛ ЖИНХЭНЭ УТГААРАА ХЭРЭГЖИХ ЮМ БАЙНА

Нэгэнт олонхийн санал авсан Ардчилсан нам одоо юу хийх ёстой вэ. Нэг түүх сөхье. 1996 онд Улсын Ерөн­хийлөгч П.Очирбат байв. Ул­сын бага хурлын дарга нь Л.Гончигдорж, Ерөнхий сайд нь Д.Бямбасүрэн байлаа. Тэр үед юу л бол юу хийх болол­цоо байсан, АН-ынханд.  Гэвч юу  ч хийж чадаагүй. Тэрнээс хойш ардчилалд хайртай, ардчиллыг дэмждэг хүмүүс “МАХН-ыг тэр үед л татан буулгах ёстой байсан юм” гэж ярьдаг болсон. Энэ нь ч үнэ­ний ортой. Ардчилалд хөл тавьсан бүх улс орон хуучин коммунист намуудаа татан буулгаж, нам төрийн удирд­лагуудтай нь хариуцлага тооц­сон байдаг. Одоо яг тэр цаг ирлээ. Ардчилсан Ерөн­хийлөгч нь байна. АН мэдээж Ерөнхий сайдаа томилно. УИХ-ын даргаа сонгоно. Тий­мээс МАН-ыг татан буулгах цаг нь болжээ. Коммунист угшилтай энэ нам нийгмийг чөдөрлөж юу ч хийлгэхгүй, ард түмнээ халамжаар хуурч, ажил хийлгэхгүй байсаар   20 гаруй жилийг үдлээ. Улс орон тэр хэрээр хөгжсөнгүй. Ард түмэн нь ажил хийхгүй улс орон яаж ч хөгжих билээ. Тиймээс МАН-ыг татан буул­гаж, өөр  нам байгуулах хэрэг­тэй юм.  Тэгвэл ард түмэнд аль ч нам ялсан айдасгүй,  аж­лаас нь хална гэж эмээхгүй,  авлига цэцэглэнэ, хэлмэгдүү­лэлт болно гэсэн айдас үгүй болно. 

Тиймээс МАН-ыг  та­тан
буулгаж ялсан газар нь дахин сонгууль явуулбал яасан юм. Ардчилсан на­мынх­ныг өстөнөө
гэж хардаг МАН-ынхныг өрөвдөж маяг­ладгаа болих цаг ирсэн. Олон удаа, олон сонгуулиар
өөгшүүлж, бууж өглөө. Ингэс­нээс чинь болж ардчиллын төлөө зүрх,
сэтгэлтэй, итгэж найддаг ард түмэн
амьдра­лаа­раа хохирдог шүү.
Энэ бүхнийг өөрчлөх цаг ирлээ. 
Хоногт нэг суудлаа алдах биш, хоногт нэг суудлаа олж авах хэрэгтэй байна.

Categories
редакцийн-нийтлэл

Олуулаа ялахын учир

Олуулаа
ялна шүү хэмээн  Ард­чилсан
намынхан  олон түмэндээ уриалж байгаа. Монголд эрх мэ­дэлтэй цөөнх нь баян чинээлэг амьдарч иргэд нь олноороо ядуу амьдарч
байгаа. Үүн дээр нь тоглох мэт нийгэмд шударга ёс тогтоох  уриалгыг Ардын нам гаргасан нь ард түмнээ басамжилж буй хэрэг  юм.  Шударга
ёсыг хэрэгжүүлэхгүй байгаа хүмүүс бол эрх баригчид, эрх
мэ­дэлтнүүд өөрсдөө. Гэвч тэд цөөхүү­лээ. Ард түмэн олуулаа. Ардчиллын
алтан зарчмын нэг нь олонхио дагадаг юм.

Хууль бүгдэд тэгш үйлчилж эхэл­сэн үед л шударга ёс тогтдог. Энэ шударга ёсыг тогтоохын тулд
хууль хэнд ч ялгаваргүй, адил тэгш  үйл­чил­дэг болохын тулд,
Монголд цө­мийн хаягдал булшлуулахгүйн тулд, улсаасаа баян улстөрчидтэй болох­гүйн тулд олуулаа ялахыг  уриалж байгаа юм.  Хууль бусаар баяжсан цөөхөн хүн олон болж үржвэл  Мон­гол 
маань улс шиг улс болохгүй юм байна гэдгийг бид
энэ хорь гаруй жил харлаа.

Авлигачид
өдрөөс өдөрт нэмэг­дэн, орон нутгийн
эрх авсан МАН-ын удирдлагуудын ихэнх нь авлига авсан нь шүүхээр нотлогдсоор 
байна. Улс орноо, нийслэлээ, аймгаа хөгжүүлэх тухай эрх бариг­чид бод­сонгүй. Тэд Монголын ирээдүйд  санаа зовохгүй.
Язарт­лаа баяжсан тэдний үр хүүхэд Монголдоо биш гадаадад амь­дар­даг. Эрх баригчид улсын
төсвийн мөнгийг гадаад, томилолт,
аялал зугаалгандаа хэдэн тэрбумаар зориулах хэрнээ ард түмнээ хорин нэгэн мянган төгрөгийн төлөө банкны үүдэнд дугаарлаж байхыг албан тасалгааныхаа цон­хоор л харж
мушилздаг. Эрх ба­риг­чид ард түмний амьдралаас хол тасар­сан.
Энэ бүхэнтэй бид олуулаа 
тэмцэх ёстой цаг ирлээ.

Тэр тэмцэл
маань ардчиллын төлөө өгөх бидний санал байх болно. Эрх баригчид хэзээ ч ард түмнээ бодож байсангүй.
Тэд сон­гууль бүрээр л хоосон амлалт, бэлэнчлэх сэтэлгээгээр ард түмнээ хуурсаар ирсэн. Одоо болсоон.  Дахиад хуурах гэж түмэн сайхан юм амлаад ч итгэхгүй. Засрах болов уу гэж горьдож, хуурамч амлалтанд чинь
итгэж,  иргэдээ, улсаа бодох болов уу гэж
хүлээсэн.  Бид олуу­лаа
сайхан амьдрахыг хүсч байна. Ажилтай, орлоготой
хүн шиг амьд­рах цаг ирлээ. Бид дахиж эрх ба­ригч­даар даажигнуулахгүй, ба­самж­луулахгүй.
Монголчууд бид олуулаа байх дуртай. Одоо бид олуулаа ялахыг хүсч байна.

Хууль зүйн сайд нь хууль засдаг, дотоодын хуулийн сургуулиа га­даадын
сургуулиас дорд үздэг, цалингаасаа өндөр түрээсийн бай­ранд амьдардаг ийм улс орон гэж үгүй. Хууль зүйн сайд нь  хүн гүтгэсэн нь тогтоогдож, шүүхээс уучлалт гуйх шийдвэр гарахад хэрэгжүүлдэггүй  ийм эрх баригчид бидэнд хэрэггүй.

Сонгуулийн
дүнг буруу гэж жагсч тэмцсэн иргэд рүүгээ буу шагайдаг ийм төртэй
байхыг бид хүсэхгүй. Тэгж хүсэхгүй хүмүүс нь дэндүү олон.  Засгийн газар
нь нууцаар цө­мийн хог хаягдал эх орондоо булш­луулах гэрээ хийдэг төртэй байхыг бид хүсэхгүй. Эрх мэдлээ ашиглан эх орноо худалдаж буй эрх баригч­дыг
бид дэмжихгүй.

Бид олуулаа.
Шударга ёсны төлөө, улс шиг улсад амьдрахын
төлөө, бид олуулаа ардчиллын
төлөө саналаа өгнө. Ард түмэн бидний  олуулаа
ялах өдөр зур­гаду­гаар сарын
28.

Categories
редакцийн-нийтлэл

Төрийн сан хоосорчээ

Монгол Улсын төрийн сан хөмрөг хоосорч,
алдагдал нь 470 тэрбум төгрөгт хүрчихээд байна. Өнгөрөгч тавдугаар сарын
нэгний байдлаар ийм байгаа аж. Байдал иймдээ тулсныг уг нь Сангийн яам
олон нийтэд мэдээлэх ёстой. Гэтэл нууцлах ёсгүй мэдээллийг олон нийтээс
тас нууж байгаа бололтой. Сангийн яамны вэб сайт дээр энэ тухай
мэдээлсэн эсэхийг хайсан ч олдсонгүй. Ер нь жил бүрийн өдийд төсвийн
зарлага 80 хувьтай байдаг атал энэ жил 68 хувьтай байгаа аж.
Энэ нь төсвийг танаж эхэлснийг харуулж
байна. Ёсоороо бол тариалан эхлэлт, зам засвар гээд бүхий л салбарт
зориулан зарлагадаад явж байх ёстой байтал ингээд таначихаад байгаа.
Дээр нь Засийн газарт ямар ч орлого байхгүй. Тиймээс орлогогүй Засгийн
газар зарлагаа танаад л байхаас яахав. Энэ удаагийн сонгуульд ялж байвал
улс орон дампуурч, ард түмэн элгээрээ хэвтсэн ч хамаа алга. Тиймээс
Монгол Улсын сан хөмрөг, мөнгөний авдар хоосрох нь тэдэнд сонин биш. Ард
түмнээс өнөөдөр санал авч байвал л болоо. Энэ бүх улайрлаас нь харахад
сонгуулийн дараа юу болох болоо.

Одоогоор Засгийн газар Монголбанкнаас
182 тэрбум төгрөг зээлж, 330 мянга, 21 мянгаа арай гэж тарааж байгаа юм
байна. Амлалтаа биелүүлэх нэрийн дор энэ мөнийг өгч байгаа. Эх үүсвэр нь
ямар байх нь ард түмэнд хамаа ч үгүй гэж бодож тэд ийм амь аргацаасан
юм хийж байна. Мөн Эрдэнэтээс төсвийн урьдчилгаа гээд мөнгө авсан байгаа
юм, энэ Засгийн газар.

Одоо үлдэгдэл мөнгийг тараахын тулд
ихээхэн хэмжээний мөнгө хэвлүүлэх л үлдэж байх шиг. Монголбанкаар 350
тэрбум монгол төгрөгийг бэлнээр нь хэвлүүлэх гэж байгаа тухай мэдээллийг
бид хүргэж байсан шүү дээ. Өчигдрийн Засгийн газрын хуралдаанаар
ахмадуудад, хөгжлийн бэрхшээлтэй иргэдэд үлдсэн мөнгөө өгнө гэж ярьсан
байна лээ. Ямар аргаар өгөх гээд байгааг нь дээр дурдсан.

Ингэвэл Монголын хувь заяа ер нь хаашаа эргэнэ ээ. Монголын эдийн засаг эд нарын амлалтаас болж далдуур уналтанд оржээ.

Энэ тухай мэдээллийг бид өмнө нь хүргэж байсан. Үлдэгдэл мөнгөө сонгууль дуустал аргалаад өгөхийн тулд юу л бол юуг хийж байна.

Одоо Хөгжлийн банкнаас мөнгө авч
үлдэгдэл мөнгөө тараах гэж үзээд эсэргүүцэлтэй тулсан бөгөөд тус банкны
ТУЗ-ийн дарга Батжаргал өөрөө өргөдлөө өгч ажлаасаа гарахаа мэдэгджээ.
Энэ бол сайн жишээ. Нэг намын шахалтаар даргад захирагдахгүй, хуульд
захирагдаж байгаа хэрэг юм. Хөгжлийн банкнаас Засгийн газар мөнгө авч
иргэдэд 670 мянгаа тараах гэж л тус банкныхныг шахаанд оруулснаас энэ
бүх юм болжээ.

2010 оноос өмнө байгуулагдсан компаниуд
Таван толгойн хувьцаа эзэмшиж болох билээ. Гэтэл ийм компаниудыг 6 сарын
28-наас урьтаж мөнгөө өг гэж Татварын ерөнхий газраар дамжуулан
татварын байцаагч нараар нь шахуулж эхэлжээ. Нэг татварын байцаагчид гуч
орчим компани оногдсон байна. Энэ бүхнээс үүдэлтэй бензиний үнэ өснө.
Долларын ханш өснө. Монгол төгрөгийн ханш буурна. Хүнд байдлыг
сонгуулийн өдрийг хүртэл барьж байгаа бөгөөд үүнээс цааш улс орноо яана
гэж байгааг ойлгохгүй юм.

Саяхан л сар бүр өгдөг хорин нэгэн
мянгаа өгч барахгүй байсан хэрнээ 330 мянган төгрөг өндөр настан,
хөгжлийн бэрхшээлтэй хүмүүст яаж өгөв. Улс орон дампуурах нь эдний намын
ялалтын хажууд юу ч биш бололтой. Засгийн газрын Чалкогоос зээлсэн
мөнгөө авахын тулд юугаа барьцаанд тавив. Тэд сонгуулийн төлөө эцсийн
хүчээ шавхан зүтгэж байгаа нь ямар учиртай вэ. Энэ бол үндэсний аюулгүй
байдлын хэмжээний асуудал. Улс орноо дампуурлын ирмэгт авчирсан ч
хамаагүй МАН ялахаар улайрч байгаагийн илрэл.

Л.МӨНГӨНДАЛАЙ