Categories
редакцийн-нийтлэл

Төрийг чөдөрлөх МАН-ын санаа хийгээд МАХН-МҮАН-ын зөрчлүүд

Орон нутгийн сонгуультай холбоотой намуудын улс төрийн амьдрал идэвхижжээ. Намуудын дотоодод юу болж буй талаар уншигчдадаа хүргэе.  

МАХНЫН БАГА ЧУУЛГАНЫ ГИШҮҮД Д.ТЭРБИШДАГВАА ДЭД ДАРГААС НЬ ОГЦРУУЛАХ ГЭЭД БҮТЭЛГҮЙТЭВ

МАХН-ын Бага чуулган нэлээд хэд хоногийн өмнө хуралдав. Д.Тэрбишдагвыг намын дэд даргаас нь огц­руулахаар намын хэсэг нө­хөд нь тохироод байсан ч чадаагүй байна. Намын дар­га нь хоригдож байх зуур дөнгөж бүрэлдэж бий болсон МАХН  дотооддоо зөрчилдөж эхэлжээ. МАХН-ыг байгуу­лахад анхнаасаа дэмжиж, үйл ажиллагаанд нь оролцож байсан хүмүүсээ биш МАН-аас ирсэн П.Хангал, О.Лхаг­ва­цэдэн, У.Барсболд нарыг   нарийн бичгийн даргаар шууд томилжээ. Ийнхүү томи­лох­доо шийдвэрээ эхлээд гаргасны дараа Бага чуул­ганд танил­цуулсан зэрэг нь МАХН-ын гишүүдэд таалаг­даа­гүй болол­той. Мөн өөрийн ах дүү, танил тал, найз нөхдийг ажил албанд томилж байхад анхнаасаа  хар бор ажлыг нь хийж, сайн, муу нэр сонсч явсан жирийн гишүүдээ таагүй хандаж бай­гаа аж. Тиймээс ч хоёр тал болон талцаж дотооддоо үймээн ихтэй байгаа гэнэ. Мөн тус бага чуулганаар за­рим нэг хүн Ц.Оюунбаатарын  УИХ-д суух ёстой суудлыг “Хэлмэгдэгсдийн суудал” гэж зарлан Н.Энхбаяр даргадаа авч үлдье гэсэн санал ч хэл­жээ. Гэхдээ энэ санал төдий­лөн дэмжлэг авсангүй. Ц.Оюун­баатарын хувьд  ямар ч тохиолдолд УИХ-ын гишүүн болно гэдгээ албан ёсоор хэлчихээд байгаа. Дотооддоо иймэрхүү байх зуур  УИХ-ын сонгуульд гар барилцан ор­сон МАХН-МҮАН-ын эвслийн удирдагчид түнжин тааруу байна. Тохирсон ёсоороо албан тушаалыг тэнцүү ху­ваа­рилж очих ёстой атал МАХН-ынхан хэлснээсээ буц­санаас болж МҮАН-ын дарга М.Энхсайхан хоосон хоцор­сон. Үүнд хорссон М.Энх­сай­хан Н.Энхбаярыгаа “Шүүх Энхбаярыг буруу шүүгээгүй байх” гэсэн утгатай үг хэлчих­сэн. Энэ үг Н.Энхбаярын уурыг барж, М.Энхсайханыг зайлуулаач гэж нэгэн томоо­хон албан тушаалтанд  хэл­сэн байгаа юм.   

МАНД ГАДНЫХАН ХИЧЭЭЛ ЗААЖЖИГҮҮР, ХОЛБООД НЭМЭГДЖЭЭ

МАХН, МҮАН иймэрхүү   зөрчилтэй байх зуур МАН, МАХН хоёрыг алсдаа дахин нийлүүлэх зорилготой яриа хөшигний цаана ярилцах болжээ. Олны гайхлыг төрүүл­сэн У.Хүрэлсүхийн шийдвэртэй хамт энэ яриа сөхөгдөх болсон нь мөн л анхаарал татаж буй юм. Дээр нь  боловсон  хүчин ихтэйгээ гайхуулдаг энэ нам  Ерөн­хий­лөгчийн сонгуульд МАН-аас нэр дэвшиж өрсөлдөх хүн олдохгүй байгаа аж. Мэдээж цаг нь ирэхээр хэн нэгэн өрсөлдөх л байх. Одоогоор  яриа хэлцлийн түвшинд  л яваа болохоос тодорхой товлосон нь үгүй байна.

УИХ-ын сонгуулийн ялагд­лын шоокноос гарч ча­даа­гүй хүндхэн байгаа Ардын нам “Жолоогүй төрд хазаар хэрэгтэй” гэсэн уриаг орон нутгийн сонгуульд дэвшүүл­жээ. Орон нутгийн сонгуу­лийн­хаа агуулгыг ойлгоогүй юм уу, эсвэл 1996 оных шиг улсын ажил явуулахгүй улс­төржиж суухаа зарласан юм уу, нэлээд ойлгомж муутай уриа аж. 

Орон нутагт гарч ирлээ гэхэд хууль баталж байгаа УИХ-д юм уу,  Засгийн газарт тээг болох юм байна гэж энэ урианаас нь ойлгогдож бай­гаа юм. Ямар ч байсан өөрс­дийнх нь явуулсан судалгаа­гаар бол нийслэлд  рейтинг тааруу байгаа учир хөдөөд илүү ажиллах ёстой хэмээн баг томилж тал бүр тийш илгээжээ. Нутгийн өөрөө удир­дах ёс гэдэг шиг л тухайн газар орноо өөд татах асуу­дал болохоос УИХ, Засгийн газрын үйл ажиллагааг хазаарлаад ажил хийлгэхгүй байхыг хэлээгүй. Нэг үгээр хэлбэл төрийн ажлыг чөдөр­лөөд суух юм байх аа. МАН-ын хувьд гаднаас баахан хүмүүс авчирч сонгуульд хэр­хэн ажиллах талаараа Нүх­тэд сургалт явуулжээ.  Тэд нь чухам юу зөвлөснийг хэн мэдэхэв. 

Сонгинохайрханд гэхэд “Төрийн хяналтыг сонгино­хайр­ханчууд тогтооно” гэж яриад яваа.  Үүнээс нь хара­хад дүүрэг, нийслэл, аймаг, сумаа хөгжүүлэх биш төрийн ажил руу хошуу дүрээд ажил хийлгэхгүй санаатай болол­той. Мөн “Парламентчдын нээлттэй холбоо” гэж МАН-ын гишүүдээс голдуу бүрдсэн холбоо байгуулагдаж тамга тэмдгээ авчээ.  Энэ холбоо нь хуучин УИХ-ын гишүүн асан,   МАН-ын Бага хурлын гишүүн байсан хүмүүс багтаж байгаа аж. Өөрсдийнх нь хэлснээр өөр намын гишүүд ч энэ төрийн бус байгууллагад нь орж болох гэнэ. Одоогоор АН-ын Л.Гүндалай нэгдэхээ илэрхийлээд байгаа гэсэн. Тэд хууль зүйн зөвлөгөө өгөх,  лобби хийх, бүр цаашлаад улс төр хийхээ ч  нуусангүй.

Ардын намын хувьд “Ардын жигүүр”
хэмээх залуу­сын байгуулсан жигүүр
ур­галаа. Засаг барьж байх үед   албан тушаалгүй
хоосон хоцорсон хүмүүс  жигүүр
бай­гуулж шантаажилдаг байсан бол засаглалгүй  үед
чухам яах гэж байгуулагдав. Нэг­мөсөн томчуудаа унасан дээр нь нам
дарж авч, өд жигүүр ургуулж өөдөөс нь өрвөлзөж, өөрсдийн
байр сууриа бий болгох гэсэн хувил­бар байж болох. Ер нь ч тэгээд орон нутгийн сон­гуульд
унавал чиг унаг, тэрэн дээр нь дөрөөлж нэгмөсөн намаа шинэчилж авъя гэсэн санаа бодолтой залуус
ч МАН-д бас байдаг болсон байна лээ.

Categories
редакцийн-нийтлэл

МАН-ын зарим гишүүн хууль зөрчин төрийн сангийн зээлд хамрагджээ

Төрийн сангийн зээлээр гадаа­дын их, дээд сургуульд элсэн су­рал­цана гэдэг оюутан залуусын өмнө нэлээд өндөр шалгуур тавигд­даг. Тоо хязгаартай учраас хүссэн болгон нь аваад ч байдаггүй.  Улс  ч гадаадад чанартай боловсон хүчин бэлдэхийн тулд ийнхүү за­луу­саа харж үзэн төрийн сангаас зээл олгодог. Гэхдээ төрийн сан­гийн зээл олгохын тулд гадаадын 500 шилдэг их, дээд сургууль гэж заасан байгаа юм. Харамсалтай нь гадагшаа явсан болгон нь шилдэгт суралцдаггүй. Мөн гадаадад сурах нэрээр төрийн сангийн зээл авсан хэрнээ Монголд салбартай гадаа­дын их дээд сургуульд сураад байгаа нь анхаарал татна. Энэ нь шууд хууль зөрчиж байгаа хэрэг юм.  

Гэтэл жирийн иргэдийн  хүүх­дүү­дийн арай гэж  хамрагддаг төрийн сангийн зээлд МАН-ын гишүүдийн охид, хөвгүүд ямар ч шалгуургүйгээр багтдаг. Энэ та­лаар манай сонин өмнө нь ч бичиж байсан. Хэдийгээр сурлагын чанар, сургуулийн чанарыг нь харгалзан үзэж явуулдаг гэх ч үнэн хэрэгтээ тухайн үед эрх барьж байсан МАН-ын албан тушаалтнуудын хүүхдүүд л төрийн сангийн зээлд хамрагдах нь их байжээ. Нэг ёсондоо өөрийн­хөө хүүхдүүдийг албан тушаал, эрх мэдлээ ашиглан төрийн сангийн зээлд хамруулан явуулдаг байж. Тэр ч байтугай МАН-ын залуус, бүр УИХ-д суугаа гишүүн Ж.Энхбаяр, Г.Занданшатар нар ч төрийн сан­гийн зээлээр сурсан байх юм. Үүнийг нотлох баримт байна. 1997-2011 онд төрийн сангийн зээлээр гадаа­дад суралцсан хүмүүсийн нэрс дунд МАН-ын гишүүдийн хүүхдүүд цөөнгүй харагдлаа. Су­рал­цагчдын судалгааг гадаадын дээд боловс­ролын сургалтын бай­гуул­лага гаргажээ. Дээрх хугацаанд нийтдээ 1342 хүн хилийн чанад дахь их, дээд сургуулиудад суралц­жээ. Нийт суралцагчдаас 111 нь төрийн сангийн зээлээс чөлөө­лөгдсөн байна. Гадаадад сурал­цагчдын 300 гаруй нь эх орондоо ирж, төсвийн байгууллагад ажил­лаж байгаа аж. Мөн долоон хүн гадаа­дад суралцах явцдаа золгүй байд­лаар нас барсан бол 16 хүн сур­гуулиа төгсч чадаагүй ажээ. Харин 202 хүн гадаадад  сургуулиа төгс­сөн боловч эх орондоо эргэж ирээ­гүй гэнэ.  

Манайхаас АНУ, Австрали, Япон, ХБНГУ, Солонгос, Энэтхэг, ОХУ, Шинэ Зеланд, Норвеги зэрэг дэлхийн 30 гаруй улс руу мэргэжил дээшлүүлэхээр суралцдаг юм бай­на. Гэхдээ нөгөө шаардлагад нийц­сэн шилдэг 500 сургууль руу явдаг нь цөөн. Харин хүслээрээ л яваад байж. Тэр шаардлага энэ тэрийг харгалзахгүйгээр. Австралид гэхэд Шийрэвдамбын Маргад, Пүрэв­доржийн Хулан, Раднаагийн Ариун­билэг, Эрдэ­нэсүрэнгийн Амга­лан нар суралц­жээ. Тэд худал­дааны эрх зүй, эдийн засаг, бай­галь орчны шин­жээч, боловсролын удирдлагын мэргэжлээр суралцаж төгсчээ. Харин Баделханы Галия, Цанжидын Дэлгэрмаа, Бэгзжавын Мөнхбаатар, Сандалханы Бакат­жан нар Англид суралцсан байх юм. Тэд олон улсын харилцаа, бизнесийн удирдлагын чиглэлээр мэргэжил дээшлүүлжээ.

Нидерландад Далайгийн Эрдэнэ-Отгон, Жадамбаагийн Энхбаяр, Зэнээмядарын Батбаяр, Пүрэвдоржийн Хангал, Гомбожавын Занданшатар нар Маастрихтын удирдлагын сур­гуульд бизнесийн удирдлагын чиглэлээр суралцсан гэнэ.  Угтаа энэ сургуулийн Монгол дахь сал­бар Улаанбаатарт бий шүү дээ. Нэгэнт салбар сургуульд нь Мон­голд сурчихаад үүнийгээ гадаадад сурсан гэж төрийн сангийн зээлд хамрагдсан нь бас  гайхал төрүүлж байгаа юм. 

Мөн АНУ-д МАН-ын гишүүдийн үр хүүхдүүд цөөнгүй суралцжээ. Хотын мэр байсан Т.Билэгтийн Лхагвасүрэн, Аудитын газрын дар­гын албыг хашиж байсан Жавзмаа­гийн Мөнхцэцэг тус улсад суралцсан байна. Тэднээс гадна МАН-ын гишүүн Лувсанжавын Жавхлан, М.Энхболдын Одмөнх, Рашийн Оргилмаа, Дэмбэрэлийн Одмягмар, Энхтүвшингийн Зол­боо, Дэмбэрэлийн Нямцэрэн, Насан­­жаргалын Отгонболд, Цолмон­гийн Нарангарав, Баярт­сайханы Хулан, Содномдоржийн Санасэр, Базархүүгийн Даажамба, Бателханы Арна, Гунгаадоржийн Тунгалаг, Лхагваагийн Ганбат нар төрийн захиргааны болон бизне­сийн удирдлага, хууль эрх зүйн мэргэжлээр суралцан төгсөгчид байх юм.

МАН-ын гишүүдийн, тэр тусмаа албан тушаалтны хүүхдүүд гадаа­дад сурч болохгүй гэсэн хууль байхгүй. Төрийн сангийн зээлд ч бас хамрагдаж болох талтай. Арын хаалга хэрэглэснийг нь эс тооцвол шүү. Гэхдээ тэрийгээ эргүүлэн төлсөн эсэх нь анхаарал татаж байгаа юм. Учир нь тэр мөнгө чинь өнөө л ард түмний халааснаас гарсан татварын мөнгө шүү дээ.  Гэвч ихэнх нь төлдөггүй, тэр байту­гай гадаадад сурчихаад эргэж ирэхгүй байгааг юу гэж тайлбарлах вэ. Улсын төсвийг үрлэгэн зарла­ган ашигласан дээрх хууль бус үйлдэлд холбогдох байгууллагууд анхаарал хандуулбал яасан юм.

Categories
редакцийн-нийтлэл

У.Хүрэлсүх ба түүний эргэн тойронд

Сүүлийн хэд хоногт улс төрийн үйл явдлын гол төв нь У.Хүрэлсүх байлаа. Чухам яагаад УИХ-ын гишүүнийхээ эрхээс тэрээр татгалзах болов.  Эхнэрийнхээ эрүүл мэндийн байдлаас болж  ийм  алхам хийсэн гэж тайлбарлаж байгаа  ч энэ бол шалтаг төдий  юм. Тэр ч байтуай Ардын на­мын­хан үүнийг “Эх­нэ­рийнх нь бие муудлаа гээд улс төрөөс тат­галз­даг хүн байдаггүй” гэж ирээд л бахтай нь аргагүй дотооддоо ярьж байна  лээ. Бидний олж мэд­сэ­нээр түүний эхнэрийн эрүүл мэнд асуудалтай байгаа юу гэвэл, тийм юм билээ. Хувь хүний нууц­тай холбоотой учраас энэ тухай дэлгэрэнгүй  мэдээ­лэх шаардлагагүй байх. Харин УИХ-ын гишүүнээ­сээ татгалзах болсон   цаад шалтгаан нь улс төртэй холбоотой.   Гэхдээ У.Хүрэлсүх шиг адар­маатай, анхаарлын төвд байдаг хүний хувьд одоо­гийн болон ирээдүйд хийх акцынх нь талаар намын түүхтэй холбож дурдъя гэж бодлоо.

МАН  гэдэг  нам хувьсгалт гэдэг үгийг анх авахдаа цэвэр гадны шахалтаар болсон. Энэ нэрийг авснаар   гадны шахалттайгаар  их хэлмэгдүүлэлт өрнөсөн  гэж  тайл­барладаг. МАН-ыг МАХН болоход лам нар  тухайн үед энэ бол бурх­ны шашинд маш том гарз авчирна гэж ярьж байсан гэцгээдэг. Тэр ч  үнэн болж толгой тоолон лам нарыг устгаж, сүм хийдийг олноор нь үгүй хийсэн түүхийг бид мэднэ. За энэ ч яахав. Одоогийн МАН-ынхны дунд сэм ярилцдаг, нэгэн хууч яриа шиг зүйлийг бас сөхье. Үнэндээ лам нарыг   аймшигтай­гаар хэлмэгдүүлэх үед тэд үүрээ эвдүүлсэн юм шиг  сандралдан  баахан мэргэ төлөг, зурхай зурж энэ намын ирээдүй, хойчийн та­лаар үзэж харсан юм байх. Энэ явдлын үнэн худлыг баталж мэдэх­гүй ч  нэгэнт МАН-ынхны дунд яригдсан сэдэв учраас  хөндөж  байгаа юм. Ингээд лам нар  МАН-ыг  хэд наслах вэ гэж үзэхэд буруу зөрүү харсан зургаагийн тоо га­раад байна гэж  мэргэ төлөгт буусан гэдэг. 6 буюу 666-г англичууд чөтгөрийн тоо гэдэг. Манайхан бол түүнийг нь муу ёр гэж хөрвүүлсэн байдаг. Хэрэв буруу харсан бол  9-ийн тоо ч байж болох талтай. Нөгөө 90 наслах тухай яриа үүнтэй давхцаж байгаа юм. Мөн Богд ч энэ намыг 90 наслана гэж хэлсэн тухай яриа  бий.  Тохиолдол гэмээр ч юм уу  намын  Онц их хурлаар  С.Бая­рыг намын дарга болгохоор санал өгсөн хүний тоо 666 байсан гэдэг. Тооллогын комиссын дарга нь У.Хүрэлсүх байсан. Гэвч нэг их удалгүй С.Баяр  Ерөнхий сайдын­хаа  ажлыг эрүүл мэндийн шалт­гаантай гэж өгч байсан. Одоо У.Хү­рэлсүх УИХ-ын гишүүнээсээ тат­галзлаа. Муу ёрын тооны нөлөө­лөл гэх нь хаашаа юм зүгээр давх­цал, тохиолдол ч байж болох л доо.

Лам нарын зурхайн зурлагын талаарх түрүүчийн яриандаа эр­гээд оръё. МАХН-ын (одоогийн МАН) талаар цааш зурлага хийхэд  морины сүүлэнд молцог занги­даг­даж, хэвтээ хонь хивж,  босоо бич модны орой дээр гарсан цаг  байх нь гэсэн гэдэг. Инээдэмтэй нь одоогийн Ардын намын логог харвал  цаашаа харсан сармагчны бөгс харагдаад байдаг шүү. Зүгээр давхцал ч байж болох. Мөн 2007 онд Ц.Хулан  УИХ-ын гишүүдийг амьтантай зүйрлэсэн нэгэн ёгт нийтлэлдээ   “Хүрэлсүх шиг овлиго­гүй бич улаан хошногоо улал­зуу­лан хамаг амьтныг сэрээж орхив” гэж бичсэн нь бас санаанд буулаа.

Тэгээд нөгөө лам нар цааш нь энэ намын ясыг барих хүн нь  данхар толгойтой, урт шар дээлтэй хүн байна гэж буусан гэдэг. Бүр нүдний өнгийг нь хүртэл хэлсэн гэж байгаа. 2004 онд УИХ-ын  чуулганд үг хэлэхдээ Н.Багабанди “урт шар дээлтэй хүний учруулж болох   гай, түйтгэр”-ийн тухай битүү утгатай үг хэлсэн нь  Н.Энхбаярын шар дээл өмсдөгийг дайруулснаас гадна энэхүү лам нарын зурлагын тухай давхар хэлсэн байж болох талтай.

У.Хүрэлсүхийг тойрсон үйл явдлыг ярихын өмнө тэдний на­мынхны дунд яригддаг зүйлээс ганц нэг иш татлаа. Мэдээж Хү­рэл­сүхийн дотор улс төрийн амьд­ра­лаа ингээд дуусгах хүсэл байхгүй нь тов тодорхой. Тэр бүү хэл тэрээр намын дарга,  Ерөнхий сайд, Ерөн­хийлөгч болохыг хүсдэг нь дам­жиг­гүй. Хэдийгээр савла­гаатай хачин гэмээр, биеэ барьж дий­лэхгүй үйлдлүүд гаргадаг ч улстөрчийнх нь хувьд хэн ч хүлээн зөв­шөө­рөхөөс аргагүй. Гэвч бас түүний УИХ-ын гишүүнээс нэрээ татахад нь жигтэйхэн хурдан шуурхай таатай хүлээж авсан нь намын дотоод асуудал хурцадмал,  түү­нийг зайлуулах сонирхолтой хүн олон байсныг бэлхэнээ ха­рууллаа.

У.ХҮРЭЛСҮХ УИХЫН ДАРГААС Г.БАЯРСАЙХАНЫГ ЦОХИСОН ХЭРГЭЭ АНХААРЧ ҮЗЭХИЙГ ХҮСЧЭЭ

“Намын
нэр сольсноор буруут­даг юм бол би хар толгойгоороо хариуцна. Хариуцлагаа үүрнэ”  гэж У.Хүрэлсүх хэлж байсан. Ингэж хэлснийг нь захын Должин эмээ ч мэдэх учраас тайлбар хэрэггүй биз. Яалт ч үгүй нэрээ сольсон нь,   хуучин нэрийг нь Н.Энхбаяр авсан зэрэг нь МАН-д гай авчирсан нь тодорхой.

Тиймээс эхний ээлжинд  У.Хү­рэлсүхийг УИХ-ын гишүүнээсээ татгалзахад хүргэснийг сайнаар  харъя гэвэл  хариуцлагаа үүрч байгаа нь энэ гэж ойлгоё.  Шударга, мундаг, улс төрийн соёлтойгоо харууллаа гэх мэтээр намдаа ашиг­тайгаар тайлбарлахаа МАН-ынхан бас мартахгүй байх. Уг нь Д.Бямбасүрэн, Улсын Бага хураас Дамдин, УИХ-аас Ц.Элбэгдорж нар тухайн үеийнхээ нөхцөл байдлаас болж гишүүнээсээ татгалзаж байсан тохиолдлууд бий. Тэгэхээр У.Хүрэлсүхийн үйлдэл анхных биш л дээ.

Эхнэрийнхээ эрүүл мэндийн төлөө санаа тавьсан сайн нөхөр У.Хүрэлсүх улс төрийг үүрд орхино гэвэл горьдсоны гарз. Түүнд айдас бий. УИХ-ын даргад нэрээ татахаар болсон тухай өргөдлөө өгөхдөө  “Прокурор дээр байгаа миний асуудлыг бодолцоно биз дээ” гэж хэлсэн байгаа юм. Г.Баярсайхан гишүүнийг заамдаж, шанаадаж  унагадаг  явдал бол үйлдэл  дээрээ баригдсан хэрэг. Тэгэхээр яалт ч үгүй асуудал үүсэх нь тодорхой. Тэрээр үүнийгээ амьхандаа гуйсан бололтой. Харин УИХ-ын дарга  энэ хүсэлтэд нь тодорхой хариу хэлээгүй  талаар  У.Хүрэлсүхийн ойрын эх сурвалж нь ярьсан байна лээ. Ер нь тэгээд УИХ-ын дарга тэр асуудлыг нь яаж зохицуулах билээ дээ. Хуулийн байгууллагынхны л шийдэх хэрэг шүү дээ.  Угаасаа У.Хүрэлсүх Сүхбаатар дүүргийн прокурорт дуудагдаж байцаалт  өгч байгаа юм билээ.

СҮ.БАТБОЛД ТЭГЭЭД ЯАХАВ?

Хүрэлсүх ингэж нэрээ тат­са­наар Сү.Батболдод дүүжлүүрийн олс бэлдчихэв үү гэлтэй. Өөрөөр хэлбэл Хүрэлсүхтэй хамт  намын нэрээ сольж,  намаа унагасан хариуцлагыг С.Батболд ч бас үүрэх нь дамжиггүй. Хамтран өөрчилсөн хүн нь яалт ч үгүй мөн. Түүнд  УИХ-ын гишүүнээс нэрээ татах, үгүй бол УИХ-ын халхавчинд улс төрийн амьд үхдэл болох хоёр зам  байна. Ийм байдалд орох замыг нь  У.Хүрэлсүх бэлдчихлээ л дээ. Дээр нь Сү.Батболдын асуудал саяхан хуралдсан Засгийн газрын ху­ралдааны үеэр хөндөгдөж.   Тэрээр Ерөнхий сайд байх үедээ MCS-ийн  захиалгаар   төмөр замыг Мон­голын эрх ашигт нийцэхгүйгээр шийдсэн  талаар ярьж, цааш нь шалгуулах хэрэгтэй гэсэн байна.      Тэрээр У.Хүрэлсүхийг дагаж гишүү­нээсээ татгалзлаа гэхэд шоронд явах магадлал өндөр болоод бай­на. Мөн Чингэс зочид буудлаа 65 сая доллараар зарсан, түүнийгээ аваад Монголоос зугтах  нь гэж нэг хэсэг нь хардаж байгаа бол  Ерөн­хийлөгчид өрсөлдөх сонирхолтой байгаа тухай зарим нь өгүүлэв. 

ТЭР ГИШҮҮНЭЭСЭЭ ТАТАЛЗСАН Ч УЛС ТӨРӨӨС ЯВАХГҮЙ

У.Хүрэлсүх УИХ-ын гишүүнээс таталзсанаар улс төрөөс бүрмө­сөн ангижирчихаж байгаа хэрэг биш юм. Түүн шиг улаан хам­гаалагч хайрт намаа хөндлөнгөөс хараад зүгээр суухгүй. Тэрээр Төрийн ордонд биш байлаа гэхэд гудамжны улс төр хийнэ. Угаас МАН-д байгаа цорын ганц жагсагч шүү дээ. Араас нь дагах хүмүүсийн тухай энд дурдсангүй. Оройлон оролцогч гэдгээр нь хэлж байна. Түүнд Зүүний хүчний холбоо, НАМЗХ, намын дэргэдэх оюутны байгууллага, тэр бүү хэл мотоцикль унаж давхидаг  залуусын холбоог  тэргүүлдэг  гэж байгаа. У.Хүрэлсүх ингэж  шоу хийгээд зогсож байвал гайхах зүйлгүй. Энэ бол У.Хүрэлсүхээс элбэг гарах үйлдэл.  Ерөнхийлөгчийн сонгуульд өөрөө биш хүн бэлтгэж гаргах зорилгоор ингэж шоудна. Үр дүнд нь өөрийн гэсэн Ерөнхийлөгчтэй болох гэж зүтгэх гэнэ.

У.ХҮРЭЛСҮХ ЯАГААД Н.ЭНХБАЯРТАЙ УУЛЗАХ ХҮСЭЛТ ТАВИВ

Баахан дуулиан тарьж орхиод, утсаа салган намынхантайгаа ч холбогдохгүй чимээ алдарч орхи­сон У.Хүрэлсүх  Н.Энхбаяртай уулзах хүсэлтээ таван удаа тавьсан байна. Улс төрөө орхиж гэргийнхээ эрүүл мэндэд анхаарал тавих гэж буй хүн юунд Энхбаяртай уулзах гэж ийнхүү улайрав. Өөр нэг эх сурвалжийн мэдээлснээр өнгөрсөн амралтын өдрүүдэд тэднийг уулзсан гэх мэдээ бий. Уулзсан байх магадлал бий. Учир нь Шүүхийн шийдвэр гүйцэтгэх газрын дарга, генерал  Ганхүү  У.Хүрэлсүх хоёр нэг нутаг усных, сайн яривал садан төрөл болохоор хүн учир энэ хүсэлтийг нь биелүүлсэн байх магадлалтай.

Улстөрчдийн нэг сонин чанар бол нэг өдөр дайсан байсан ч хэзээ нэгэн цагт анд нөхөд болж хувирах нь бий. Магадгүй дахин гар барьж Энхбаяраар туг хийж тохирох гэсэн байх магадлалтай. Мөн МАН, МАХН хоёрыг нэгтгэх тухай яриа байдаг. Энэ тухай ч тэд ярьсан байж болох юм. 

Эцэст нь хэлэхэд дээр дурдсан МАН-ынхны ярьдаг  түүхээр бол урт шар дээлт нь Н.Энхбаяр юм бол, модонд авирсан бич нь У.Хүрэлсүх ч юм билүү. Мэргэ төлөгт итгэсэндээ биш тэдний өөрсдийнх нь ярьдаг хачин яриа үйл явдалтай нь давхцаж байгааг сануулах гэж холбож  бичсэн юм шүү.  

Categories
редакцийн-нийтлэл

Галзуучуудын эх орны тухай эргэцүүлэл

Эх орон минь галзуу хү­мүүсийн цугларалт шиг са­нагдах боллоо. Дэлхий дээр хачин хэргүүд гарч дуулиан тарьдаг ч тэр нь ихэвчлэн сэтгэцийн өвчтэй, эсвэл шаш­ны хэт мунхаг үзлээсээ болж үйлдсэн байх нь элбэг. Ма­найд бол өдөр тутам аймшигт хэргүүд гардаг. Эмнэлгийн дүгнэлтээр эрүүл гэх ч эрүүл хүнээс гарамгүй галзуу хү­мүүсийн аймшигт үйлдэл хийц­­гээх юм. Үүнээс гадна бүх л салбарт, бүх л шатан­даа, хөдөө хээр малчны хо­тонд ч, хотод Төрийн ордонд ч энэ галзуурал газар авлаа.   

Усны хөвөөнд хэдэн нө­хөр муудалцаж үхрээ усалж  байсан нэгийгээ зодож алаад уулан дээр аваачаад бензин асгаж шатаан, нүх ухаж булах гэж байснаа гэнэтхэн цагдаа дуудаад “Энэ нөхөр өөрийгөө шатаах гэж байсан байна” гэж  хэлээд өөрсдийгөө бариад өгчих жишээтэй. Иргэд нь галзуурчихсан хэрэг бус уу, энэ чинь. Ханилж суусан эхнэ­рээ хардаж, байшингийн буланд хутга барьж зогсож байгаад аймшигтайгаар там­лаж аллаа. Дараа нь өөрийн­хөө амийг егүүтгэх гэж үзнэ. Энэ галзуурал биш гэж үү.

Хүүхэлдэй, машинаараа тоглодог насан дээрээ хүүх­дүүд нь улс төр ярьж,  насны намбагүй эмгэд хөгшид нь садар самуун зүйл ярин саваа­­гүйтэж,  яруу найрагчид нь яруу сайхныг биш, ядмаг­хан мөрүүд хэлхэж, урлаг соёлынхон нь хүртэл улс­төржиж, бөө, удган болчихсон дөвчигнөнө. Тайзан дээр яруу найрагч хэмээх нэгэн “…Говь-Алтайн Бигэр суманд олон мянган нинжа нар газар шороо бусниулж байна”     “…Жан­­цанноровын хөгжмийг сонсоход тэр гуайн охины онгон биеэ алдсан нь са­наанд бууна” гэдэг юм ун­шаад “Болор цом”-ын эзэн гээд зогсож байх жишээтэй.   Дуучид нь алаан хядаан, цус, буу болсон аймшигт клип хийлгэж, эрээгүй хараал урс­гаж дураараа дургина. Хаа сайгүй галзуурал.

Бүх салбарт бөө төрж, бүгд эцэг өвгөдийн сүнстэй ярьдаг боллоо. “Би Чингэс хаан байна” гээд ороод ирдэг нэгэн ч байна. Дээр нь бас Чингэс хаан ирчихээд байхад итгэсэнгүй гэж загнахыг нь яана. Арван хэдтэй жаахан хүүхдүүд бөө болж архи уух нь энэ нийгмийн галзуурал.  Зарим нь дэлхий сөнөх тухай ярьж тэрэнд нь хөдөө,  хотгүй итгэж,  малчид нь галзуурсан мэт малаа хядаж байна.  Яа­гаад ингээд байдаг юм бол.

Улс төр нь бас хачин. УИХ-ын дарга байсан гурван нөхөр, Ерөнхий сайд байсан хоёр нөхөр, чуулганы тан­химын хаалгыг диванаар дараад хэвтчихнэ. Өөрсдийг нь эрх барьж байхад иргэд гадаа үзэл бодлоо илэр­хий­лээд жагсахаар баривчилж хориод сүйд болно. Хаалга дарж суудаг хэд нь “Ялагд­чихлаа, ялах байсийм” гээд хээвнэг бичиг бариад суух нь  хошин шогийн үзүүлбэр мэт. Энэ эрүүл үзэгдэл мөн үү. 

Клинтон эцэг, хүү Буш бүгдээрээ  Конгрессоо, Путин Медведевтэйгээ Думаа хурал­­дуулахгүй гэж хаалгыг нь дараад хэвтвэл ямар байхав.

Хот гэж байшин дотор байшин барьсан эмх зам­ба­раагүй, чанар муутай барил­гуудын бөөгнөрөл. Нэг сая 500 мянган хавтгай дөрвөл­жин километр газар нутагтай  хэрнээ хаа дуртай газраа бөөгнөрөлдөөд, газраа бу­лаа­­цалдаж биенээ ад үзнэ.  Эсвэл бөөрийг нь наалдуу­лаад хажуугийн барилгынхаа цонхыг таглаад байшин барьчихна. Агуу уудам тал нутагт  гурван сая хүрэхгүй хүн  нь багталцахгүй, таг битүү явах замгүй болтлоо шахцал­даад хэрүүл тэмцэл хийхийг нь яана. Хотыг ингэж бай­гуул­даг юм уу. Барилгын сал­барын олон жилийн далд   байсан идээ бээр нь сая ил гарч, өдөрт хичнээнээрээ барил­гын ослоос болж эрдэ­нэт хүн амиа алдаж байна. Энэ эрүүл үзэгдэл үү.

Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын дарга байсан хүн шүүх дуудахаар очдог­гүй. Аргаа бараад гурван зуун цагдаатай очиж байхав. Ганц хүнд гурван зуун цагдаа шүү.  Том дарга байсан учраас шүүхэд очихгүй гэсэн ёс хаа­на байна. Шүүх буруу хэрэг хийжээ гэж ял оноохоор аял­дан дагагчид нь шүүх рүү дайраад, шүүгчээ барьж чирээд сүйд болно.

Дэлхийд тэгвэл яадаг билээ. Италийн Берлускони гэж байнгын хэл ам таталж явдаг нэг улстөрч бий. Хүнд гарын нөхөр ч  шүүх дуудсан цагт очоод байгаа биз дээ. Харин  намайг хэлмэгдүүллээ гээд давж заалддаг. Дэлхийд алдартай одууд  ч хууль зөрч­сөн ял шийтгэлээ авч л бай­даг. Манайд бүгд эсрэгээр.

Тэртэй тэргүй зуд болж,  өвөлдөө -40 градус хүйтэрч, 50 см цас ордгийг мэдсээр атлаа малчид нь зунжин архи­­даж, пин дээрээ ганц өвс түүж тавьдаггүй.  Тэгээд  нэг ч өвс түүгээгүй хэрнээ 1000 малтай өвлийг өнтэй давна гэж байх уу. Сая гаруй хүнтэй  нийслэлдээ л гэхэд 50, 60 телевиз, хорь, гучин өдөр тутмын хэвлэл байна. Энэ олон хэвлэл мэдээллийн бай­гууллага нь бизнес явуулж байгаа хэдхэн компанийнхаа тамирыг тасартал шулна. Рекламаа өгөхгүй бол муулна шүү гэж айлгана. Энэ эрүүл ёс уу.

Гүүрэн дээр  эсрэг урсга­лаас орж ирээд хүн амиа алдаж л байдаг. Замын хө­дөл­гөөний дүрэм зөрчих бол хэвийн үзэгдэл. Халь­тир­гаа­тай зам дээр хурд хэтрүүлж яваад хэдэн арван машин гэмтэнэ.

Гадны хөрөнгө оруулалт орж ирээд юм хийе гэхээр бүгд ад үзнэ. Өөрсдөө тэгсэн мөртлөө юу ч хийж бүтээхгүй. Энэ бүхнийг та бүхэн эрүүл гэж бодож байна уу. Өөрий­гөө дэлхийн төв гээд ойлго­чихсон хүмүүс Монголоор нэг.

Бүгд өөрсдийгөө дэлхийн төв агуу ихийг бүтээгч гэж боддог учраас шагналын төлөө улайрдаг. Хийж байгаа ажлаасаа зүгээр л таашаал авна гэж үгүй. Үүргээ гүйцэт­гэж байна гэж бодохгүй. Араас нь заавал шагнал горь­доно. Бүгд агуу ихийн дэмий­рэлд автчихсан.  Ямар сайн­даа албан байгууллагуудыг шагналд битгий тодорхойлж бай гэсэн журам гарч байхав. Олон жил ажилласан хүмүүс нь бүгд л гавьяа шагнал авах гэж зүтгэдэг монгол сэтгэлгээ.  Энэ бүхнээс хараад дэлхийн бүх галзуучууд нэг дор цуг­лаад Монгол Улс бий болчих­сон юм шиг санагдах болов.

Бүх дэлхий
намайг тойрон эргэдэг, би дэлхийн төв
гэж боддог улс олон болсон та­лаар төрийн
шагналт, ардын жүжигчин Н.Сувд
гуай хэлсэн байна лээ. Яг үнэн
хэлжээ. Монголоор нэг өөрсдийгөө дэлхийн төв гэж боддог ул­сууд байна. Өөрөөсөө
бусдыг хайрладаггүй, өөрөөсөө
бус­дыг хүлээн зөвшөөрдөггүй, бүгдийг үзэн
ядаж бусниул­даг, зөвхөн би, би, би. Энэ бүхнээс үүдэн  эх орон
минь галзуучуудын цугларал  бол­чих­сон юм
уу гэж эмзэглэхэд хүрч, ийнхүү эргэцүүллээ.

Categories
редакцийн-нийтлэл

Ц.Оюунбаатар: Х.Баатарын захидлыг үндэслэн би ч тусалсан, нам ч тусалсан

-Х.БААТАР НАМАЙГ БУРУУГААР ОЙЛГОЖ БАЙЖЭЭ-

Гаалийн дарга асан Х.Баатарын ярилцлага манай сонинд гарсан
билээ. Тэрээр тухайн
үед
шоронгоос намын удирдлагууддаа хуульч  Ц.Оюунбаатараар
дам­жуу­лан захидал илгээ­сэн гэдэг. Тэр захидал нь гэтэл х
үрэх ёстой хүмүүстээ очихоосоо өмнө хэвлэлд гарчих­сан. Тиймээс “гаалийн”
хэмээх Х.Баатар Ц.Оюун­­баатарт гом­дож явдгаа манай со­ни­ноор дамжуулан илэр­хийлсэн
билээ. Ха­рин энэ талаар х
үний
эрхийн хуульч Ц.Оюун­баатар юу ярьсныг уншигч­дадаа х
үргэе.

Гаалийн дарга асан Баа­тарын ярилцлага манай сонинд гарсан. Танд итгээд явуулсан захидлыг нь хэвлэлд худалд­санд гомдож явдаг гэж ярьсан. Энэ талаар яриагаа эхлэх үү?

-Би бодит үнэнийг л ярья л даа. Баатар минь шоронд суусан, гом­дол бухимдал ихтэй байгаа байх. Би Баатарын танай сонинд өгсөн ярилц­лагыг уншсан. Бодит байд­лаас га­жууд­сан зүйл тэр ярианд хэд хэд 
байна лээ. Миний хувьд 
үнэнийг
тэр үед ярьж болохгүй байсан. Үнэдээ бол Баатарын тэр захидлыг нам ч хүлээн зөвшөө­рөхгүй, Баатар өөрөө ч хүлээн зөвшөөрөхгүй байсан. Баатарын өөрийнхөө гараар бичсэн тэр за­хи­дал бол бодитой. Тэр захидлыг Баатар надад өгсөн юм биш. Би “Ганц худаг”-ийн шоронд 2003 онд хүний эрхийн асуудлаар л очиж байсан. Тэрнээс хойш тийшээ нэг ч очиж байгаагүй. Тэр захидлыг би Баатараас “Ганц худаг”-ийн шорон­гоос очиж авсан юм биш. Захидлыг Ганц худагийн шоронд Баа­тарыг эргэж очсон хүн надад авчирч өгсөн юм. Яахав, надад өгөөрэй гэсэн нь бол үнэн. 
Тэр үед Баатар надтай Ганц худагаас утсаар л ярьдаг байсан. 

Захидлыг танд хэн авчирсан юм?

-Гаальд ажилладаг хүн авчир­сан юм. Тэгээд захидлыг М.Энх­болд, С.Баяр нарт өгөөрэй гэсэн байсан. Би захидлыг өгөх ёстой хүмүүст нь дамжуулах гэтэл Ганц худагаас Баатар “Захидлаа өгөхөө болио, устга” гэж хэлсэн. Хоёр хоногийн дотор л илгээсэн захид­лаа битгий өгөөрэй гэж хэлсэн хэрэг шүү дээ. Хагас, бүтэн сайн өдөр ч таарсан байх. Өөрсдөө зориг алдсан байхгүй юу.

Өөр хүн байсан хэрэг үү?

-Ганц Баатар ч биш. Баатартай хамт 
хүмүүс ч байсан.

Та тэр захидлыг нь устгаагүй хэрэг үү?

-Хэлснийх нь дагуу би захид­лыг устгасан. Өөрсдийнх нь хэлснээр бүр шатааж устгасан.

Захидалд юу гэж бичсэн байсан юм?

-Захидалд мэдээж олон сонир­холтой зүйл байсан. Хандив нэрээр маш их мөнгө босгодог, хураадгийг илчилснээс эхлээд маш их зүйл байсан. Захидлын хуул­барыг би компьютертээ хийсэн. Зургийн аппа­ра­­таар татаад ком­пью­терт хийсэн. Учир нь би тэр чиглэлийн судалгаа явуулдаг бай­сан учраас судалгааны ажилд хэрэг болно гэж бодсон хэрэг. Ганц Баа­тарын захидал ч биш л дээ. Улсын бага хурлын хорьдугаар тогтоо­лыг би шалгаж байсан. Тэр­нээс эхлээд Сэргээн босголтын банк, спиртийн хэргүүд ч гэдэг юмуу олон хэргүүдийн талаарх материа­лаар судалгаа хийж байсан. Тэр мате­риа­луудын нэг бол­гож л авсан. Захидлыг авахаас өмнө ч, авсны дараа ч 
надад  хуульч гэдэг утгаар нь их хүсэлт ирдэг байсан.

Та тэгээд намын удирд­лагууд­даа Баатарын захидал болон түү­ний хэргийн талаар хэлж ярьсан уу?

-Ярихаар барах уу. Хууль шүүхийн олон хүнтэй уулзсан. Тэр байтугай намын даргатай, ерөнхий нарийн бичгийн дарга С.Баяртай хэд хэдэн удаа уулзсан. Гэхдээ “Баатарыг хөнгөн шийтгээч, Баа­тарт битий ял өгөөч” гэж яриагүй. Намын хандив гэдэг юм авлига мөн үү биш үү, энийг зөв ялгаж, салгаач гэж хэлж байлаа. 
Ингэж хөө­цөлд­сөний үр дүн ч бас тодорхой хэмжээгээр гарсан шүү. Намаас “Баатар хандив цуглуулж, зуун саяыг өгсөн” гэсэн бичиг хүртэл шүүхэд явуулсан шүү дээ. Өөрөөр хэлбэл нам нь ч анхаарал тавьсан. Би ч анхаарал тавьсан. Тодорхой 
өндөр албан тушаалтай хүмүүстэй, сүүлд нь ерөнхий шүүгч болсон хүмүүстэй ч би уулзаж байсан. Ер нь Баатар захидлаа шүүхийн ял шийтгэл оногдуулснаас хойш бич­сэн шүү дээ. Тэгэхээр захианаас болоод өөрт нь ямар нэг муу үр дагавар ирсэн 
юм байхгүй. Харин ч Баатарыг нийгмээрээ 
“Энэ өөрөө авлига аваад байсан юм биш байна. Цаашаа намдаа өгсөн юм байна” гэсэн ойлголт 
бий болсон.

Намаас шүүхэд өгсөн бичиг гэж Ё.Отгонбаярын гарын үсэг­тэй бичгийг хэлээд байна уу?

  -Тийм, тийм. Шүүхэд өгсөн тэр бичиг нь танай сонинд гарч байсан санагдана. Захиан дээр 
үндэслээд
нам ч тусалсан, би ч чадлаараа тусалсан. Одоо ч Баатарын талаар 
миний уулзаж ярилцсан хүмүүс бүгд байж байгаа. Хандив гэдгийг авлига гэж 
бүх шатны шүүх 
үзсэн. Өөрөөр хэлбэл хуулиар энийг ялгасан зүйл байгаагүй. Одоо ч энэ хандив гэдэг хэвээрээ л байгаа. Сонгуульд зарж байгаа энэ олон тэрбум төгрөг хаанаас гарч байна гэж бодож байна. Хандиваар л босч байгаа. Үүнийг өөрчлөх л хэрэгтэй 
юм.

Хандивыг авлига гэж үзэх юм бол олон хүн Баатартай адилхан шийтгэгдэхээр л юм байна?

-Тийм. Өнөөдөр хандив гэдэг нэрээр авсан татвар төлөөгүй мөнгө сонгуульд хэдэн тэрбумаа­раа л хэрэглэгдсэн. Ерөөсөө мөн­гөн дээр сонгууль явуулдгийг л болиулах хэрэгтэй. Нэг нэг сая төгрөгийн хандив гэж хуулинд заасан ч, нэг байтугай хэдэн зуун саяар нь л авч байгаа шүү дээ. Бүх шатны сонгуульд ийм байгаа. 
Ин­гэж замбараагүй хандив авчихаад бие биенээ их, бага идсэн гэж маргалддаг ийм систем бий болчихлоо.

Баатар намдаа 250 сая төг­рөгийн хандив өгсөн гэдэг. Гэтэл нам нь 100 саяыг өгсөн  гээд шүүхэд бичиг өгсөн байдаг. Энэ ямар учиртай юм бэ?

– Тиймээ. 
Яг татвар энэ тэр дээр очиход ч гэсэн 
ийм юм гардаг л юм билээ. Жишээ нь хэн нэгэн “Би танай намд ийм мөнгө өгчихсөн” гэдэг. Намаас шалгахаар бай­даггүй. Тэгэ­хээр хувь хүнд л өгсөн байж таардаг.

Баатарын захидалд ч нэр устайгаа байсан юм биш үү?

-Хандив гэдгийг ер нь эрх мэдэл албан тушаалаар дарамталж байж авсан уу, сайн дураараа гүйж ирээд өгсөн үү гэдгийг ялгаж, зааглах ёстой. Шүүх ч үүнийг ялган зааглах ёстой. Ийм юм тухайн үед хуулинд ч байгаагүй, одоо ч байх­гүй. Би тэр үед үүнийг ялгаж, сал­гаач гэж үнэхээр их явсан. Гут­лынхаа улыг эргэтэл явсан. Би ямар Баатараас цалин хөлс авсан биш. Үнэнийг л хэлж байна.

Тэр захидал ер нь яаж яваад хэвлэлд гарчихсан  байхав. Ганцхан хувийг танд  явуулсан гээ биз дээ?

-Баатарын захидлыг чухам яагаад алдсан талаараа тухайн үед ил хэлж болохгүй байсан. Яагаад гэвэл тэр үеийн МАХН буюу одоогийн МАН Баатарын захид­лыг хүлээн зөвшөөр­дөггүй, Баатар ч 
“Би тийм захидал бичээгүй” гэж хэвлэлд мэдэгдэж байсан. Энэ нөхцөлд 
захиа байсан, байгаагүй яагаад ганцхан надад байсан зүйл олон нийтэд хүрч, хэвлэлд гарсныг хэлэх боломж байгаагүй. Гэхдээ МАН-ын Бага хурал дээр би албан ёсны мэдэгдэл хийсэн юм шүү. “Би энэ захидлыг аль нэгэн хэвлэл мэдээллийн байгууллагад дам­жуулж өгөөгүй. Би 
хариуцлага­тай­гаар та бүхэнд мэдэгдэж байна” гэж намын хурал дээр хэлсэн. Улс төрийн зарим нөхөд үүнийг ашиг­лах гэж оролдсон юм бий. “Найзынхаа захидлыг аваачаад хэвлэлд гаргасан” гэж ярьсан хүн бий шүү 
дээ. 

Хэн тэгж хэлсэн юм?

-Миний найз Ц.Нямдорж.

Та Баатарыг хэзээнээс таньдаг юм бэ?

-Би өмнө нь таньдаггүй байсан. Замын-Үүдийн чөлөөт бүсийн боомт, Өмнөговийн Гашуун сухайт, Нарийн сухайтын боомтуудыг нээхэд бид хамт ажиллаж байлаа. Тэр үедээ сайхан танилцсан. Түүнээс өөр дотно зүйл байгаагүй. Хэрэв дотно байсан бол гаалиас өгсөн гэх тэр олон байран дотор миний нэр цохиж байх ёстой биз дээ. Бидэнд тийм дотно найз нөхдийн харилцаа бол огт байгаагүй. Хэрэгт холбогдохдоо хуульчийн 
хувьд надад хандсан нь үнэн. Тэр хэрэгт холбог­доод бай­сан Өвгөнхүү маань ч бас 
хандсан.

Компьютерээсээ тэр захид­лыг алдчихсан яриагаа үргэлж­лүүлье. Чухам юу болсон юм бэ?

-Хэвлэлд өгч олон нийтэд гаргасан хүн нь харамсалтай нь би биш, Гомбосүрэнгийн Арслан гэж хүн. Би албан ёсоор хэлж байна. Энэ хүн хулгайгаар миний компьютерээс авсан.

Тантай хамт ажилладаг байсан юм уу. Таны компьютерт байсан юмыг яахаараа авдаг билээ?

-Байнга манай ажлаар 
орж ирдэг байсан юм. Иргэний хөдөл­гөө­ний залуус жагсаал цуглаан 
хийчихээд
энд орж ирдэг байлаа. Арслан бидний танилцсан түүх УИХ дахь МАН-ын бүлэгт Арс­лангийн гэр бүлийн хүн ажилладаг 
байсан.
Тэнд манай гэр бүлийн хүн ч ажиллаж байсан. Арслан тэр үед Баруун Хараад автын ноцтой осолд ороод гэмтлийн эмнэлэгт хэв­тэж байсан. Тэрний асуудлыг надаар хөөцөлдүүлсэн юм. Тэгээд бид нар чинь бишгүйдээ л нэг Арслангийн төлөө явсан. Тэгээд надтай гайгүй харьцаатай байлаа. Иргэний хөдөлгөөн 
байгуулагдаад
Батзандан,  Магнай гээд манай энэ хавиар ирдэг, уулздаг байлаа.  
Ер нь нийгмийн шударга ёсны төлөө үгээ 
хэлж явсан хүмүүс манай энэ төв дээр ирдэг л байсан байхгүй юу. Тэр үед л мань хүн миний компьютерт орж захидлыг татаж аваад нэг хүнд өгсөн байдаг юм. Тэр нь хэвлэлд өгсөн гэдэг. Чухам хэвлэлээс мөнгө авч өгсөн эсэхийг  
би мэдэхгүй юм. Арслантай энэ талаар би олон удаа ярьсан. Тэр байтугай “Хүн чанаргүй, новшийн амьтан” гэж хэлж байгаад хүртэл Арслантай бишгүй хэрүүл хийсэн. Арслан болохоор Ганц худагийн шоронгоос энэ захиаг авсан. Би Баатарын гарын үсгийг тулгахын тулд 
гаалийн
гадаа зогсож бай­гаад Баатарын бичигтэй цаасыг хүнээр авахуулж байгаад тулгаж үзсэн гээд л бүх хэвлэлээр ярьж 
“баатар”
болж байсан. Миний хувьд үнэнийг хэлэх нөхцөл нь бүрэлдээгүй байсан. 

Одоо яагаад хэлэх болов?

-Одоо бол Баатар нэгэнт өөрөө захидал бичсэнээ хэлчихэж байгаа учраас хэлэх бололцоо бий бол­лоо. Гэхдээ Баатар намайг буруу бодож явсан юм билээ. Танай сонинд өгсөн ярилцлагаас л тэгж ойлгосон. Тиймээс энэ бүхнийг асуухад чинь илэн далангүй ярьж байгаа юм.  
Намайг  УИХ-д байхад 
гишүүд орон сууцаа сайжруулах зорилгоор арав, арван сая төгрөг авахад 
татгалзсан
цөөхөн гишүү­ний нэг нь би. Тийм байтал би аль нэг хэвлэлээс хэдхэн төгрөг авах гээд гадаа нь захиа бариад зогсож байх уу.

Гэхдээ л ганцхан хувь  бай­сан захидлыг та алдчихсан байна шүү дээ?

-Захидлыг хулгайд алдсан нь миний буруу. Гэхдээ энэ бүхэн Баатарт эерэгээр туссан гэж бод­дог. Ядаж л нам өөрийнх нь төлөө бичиг хүртэл хийж өгөө биз дээ. Авлига биш, хандив цуглуулсныг нь батлах гэж. 
Харин  Арслантай би олон удаа хэ­рэлдсэн. Баатар нар ч “Наад Арслангаа зогсоогооч” гэж олон удаа хэлсэн. Цагдаад өгөх гэхээр бичсэн эзэн нь захидлаа хүлээн зөвшөөр­дөггүй боло­хоор хандаагүй юм. Би Арслантай мессэжээр ч хэрэлдсэн. Тэгэхэд надад ингэж хэлсэн юм. Надад одоо тэр мессэж нь ч байгаа. “Би үе дамж­сан тагнуулчийн хүүхэд. Би хийх ёстой юмаа хийсэн. Одоо 
МАХН-ын (одоо­гийн МАН) авлигыг олон нийтэд дэлгэж байна гэсэн утгатай юм надад бичсэн. Үе дамж­сан тагнуулч гэдэг нь Арслан­гийн аав нь НАХЯ-ны хэлтсийн дарга байсан юм билээ. 
Миний алдаа бол говийн хүний гэдэг юм уу, итгэмт­гий байдлаасаа болж 
хүнд итгэсэн. Хулгай хийчихнэ гэж үнэн­дээ бод­сонгүй. Өдий олон жил тайлбар хийгээ­гүй явсан. Харин өнөөдөр танай сонинд Баатар өөрөө захидал бичсэнээ хэлсэн болохоор надад бас үнэнийг хэлэх бололцоо олдлоо. Ер нь ком­пьютерийн хулгай гэдэг бол аюул­тай юм байна. Татварт ажиллаж байхад салбартаа 
авлигын
асууд­лыг байхгүй болгох гэж 
тодорхой
шалгалт
хийж, хүмүүстээ хариуц­лага тооцдог бай­лаа. Гэтэл тэр 
мэдээлэлтэй
хоёр компьютерийн процессорыг цонхоор орж ирээд аваад явчихсан байсан. Чингэлтэй дүүргийн цагдаа шалгасан болоод л хаясан шүү дээ. Хэзээ нэгэн цагт гарч ирээд бөөн юм болж магадгүй л юм. Өөрөөр хэлбэл зориуд зохион байгуулалттай хийж байгаа байхгүй юу.

Одоо яриагаа арай өөр зүгт хандуулъя. “Зэрэг нэмэхийн өмнөгэдэг шиг танга­раг өргөх гэж байтал МАНын гишүүд чуулган хурал­дуулсан­гүй

-Яг л тийм юм боллоо. УИХ-ын сонгуулийн үр дүнд “Шударга ёс” эвслээс нийтдээ 11 хүн гарч ирс­нээс 
жагсаалтаар
долоон хүн сонгогдсон. Үүнийг Сонгуулийн ерөнхий хороо долдугаар сарын 4-нд 
баталгаа­жуу­лаад тогтоо­лоо гаргаж, өргөн барьсан. Манай эвслийн гурван хүн тухайн үед 
намын дарга, “Шударга ёс” эвслийн дарга Энх­баярын хүсэлтээр түр түдгэлзээд байсан юм. Дараа нь хоёр хүн тангаргаа өргөсөн. Миний хувьд тангаргаа өргөөгүй өнөөдрийг хүрсэн. Тангараг өргөхгүй хойшилж байгаа гол шалтгаан бол хүн ёсны 
юм даа. Нэг нөхрийгөө хэрэгт орчихсон буюу бидний үзэж байгаагаар, хууль зүйн талаасаа хэлмэгдсэн, улс төрийн талаасаа хохирсон 
гэж үзэж байгаа нэг 
нөхрийнхөө  хүсэлтэд 
хүндэтгэл­тэй хандсан. Ингээд гурван сар гаруй 
болчихлоо.
Би УИХ-ын гишүүний түр үнэмлэхээ гурван сарын дараа авлаа. Түр үнэмлэхээ гардаж авмагцаа оролцсон 
анхны чуулганаараа төрийн сүлдэндээ тангараг өргөөд УИХ-ын гишүүний бүрэн эрх хэрэгжээд явах ёстой. Ингээд өнгөрсөн долоо хоногт холбогдох хүмүүс яриад “Өвөр­хан­гайн хоёр гишүүнтэй хамт тангаргаа өргө” гэсэн. Тэгээд бид тангаргаа өргөх гэж байтал сөрөг хүчний зүгээс жагсаал цуглаан, суулт хийгээд 
энэ ажил саатчихлаа. 

Намын дарга чиньТанга­ргаа битгий өргөөчгэсэн гээ биз дээ. Яагаад тангараг өргөх болчихов?

-Намын дарга тухайн үед тэгж хүссэн. Манайхан 
нэлээд хэлэл­цэж, маргалдсаны үндсэн дээр тангараг өргөхөөр шийдсэн. Гурван сар гаруйн хугацаанд хүн чанар талаасаа ч, 
нөхөр журмын талаа­саа ч би үүнийг хүлээж авсан. Хангалттай хугацаа өнгөрсөн. Өөрөөр хэлбэл Энхбаяр дарга тухайн үедээ Үндсэн хуулийн Цэцийн шийдвэр гартал шүүхээр асуудал шийдэгдтэл хүлээгээч гэсэн л дээ. Нэгэнт энэ хугацаа өнгөрсөн учраас би тангаргаа өргөе гэж шийдсэн. Үүнийг ч бас “Шударга ёс” эвсэл МАХН-ын 
удирдлагуудад
би албан ёсоор хэлсэн. Хүмүүс янз бүрийн 
байр суурьтай байлаа л даа. Даргынхаа асуудлыг эцэслэн шийдэгдтэл хүлээх хэрэгтэй байна гэсэн зүйл ч ярих хүн байсан.  

Та тухайн үедээ түр  үнэм­лэхээ аваад, бусадтайгаа адил тангараг өргөж болоогүй юм уу?

-Тухайн үедээ яваад орсон бол шууд тангараг өргөчих байлаа. Хуулинд тийм байгаа. Бид удаан маргалдсан гэж хэлсэн. Ердөө л хүн чанарын асуудал. Намын даргыг шударга бусаар 
нэр дэвшихээс нь татлаа. Энэ бүхнийг эсэргүүцэж байгаагийн нэг хэлбэр нь миний тангаргаа өргөхгүй байсан явдал гэж хэлж болно.

Таны оронд Н.Энхбаяр, эсвэл түүний хүү Батшугар УИХын гишүүн болох гээд хүлээл­гээд байгаа гэсэн яриа ч явж байлаа

-Мэргэжлийн хуульч хүний хувьд хэлэхэд эхнээсээ бүх зүйл тов тодорхой байсан. Батшугар юмуу, өөр бусад хүний нэр гаргаж ирээд байгаа нь улс төрийн элдэв явуургүй явуулга.

Хаанаас явуулга явуулж байна гэж

-Аль аль талаас л явуулж байгаа ш дээ. Надад таагүй 
хүмүүс явуулж байгаа. Тэнд ч Татварын ерөнхий дарга болж байна, энд ч МҮАН-д 
элслээ ч 
гэдэг юмуу. Энэ ардчил­сан үзэлтэй хүн. Ардчилсан намд орох нь ч гэдэг юм уу ийм явуулга бол байнга л явж байна ш дээ.

Та одоо МАХНын гишүүн мөн үү?

-1986 онд МАХН-ын гишүүний батлахаа авсан. Нэг ч удаа өөр намын батлах авч үзээгүй. 2011 онд МАХН МАН болоход 
би намын нэрээ соли­хоос татгалзсан. Далайхүү гуай бид хоёр 
татгалзсан
юм. Би 
2012 оны тавдугаар сард МАХН-ын шинэ батлахаа авсан. 
Аль ч нам солиогүй. 
Тиймээс
нам тойрсон урвагч шарваг­чийн 
асуудал
бол надад байхгүй. 

Баасанхүү гишүүн таныг төрийн бус байгууллагын гишүүн гэсэн биз дээ?

-Баасанхүү гишүүн маань улс төрийн байгууллага, төрийн бус бай­гууллага хоёроо ялгахгүй бай­на л даа. Нөгөө талаас манай хүн Ардчилсан нам, Социал демократ нам гээд баахан нам дамжсан. Би Баасанхүүг төрөөгүй шахуу байхад нь энэ намын гишүүн байсан.

Гишүүн БаасанхүүЦолмон та нар   Н.Энхбаярын гуйлтаар танга­раг өргөхөөс түр түдгэл­зээд байсан. Нөгөө хоёр чинь тангаргаа өргөчихсөн. Хамтдаа тангаргаа өргөхгүй та үлдээд байсан нь ямар учиртай юм?

-Нөгөө хоёрын маань хувьд 
бараг сар гаруйн дараа тангараг өргөсөн. Манай Баасанхүү арав хоноогүй сонгуулийн хороон дээр очоод 
“Намайг ирсэн гэж битгий хэлээрэй” гээд л түр үнэмлэхээ аваад явчихсан байсан. Яг гурван сарын дараа би түр үнэмлэхээ авсан. 
Би үүнийг хэн нэгэн хүнийг буруутгахаас илүү хувь хүний­хээ хувьд хүн чанар гаргасан гэж бодож байгаа. 

Одоо тэгээд Н.Энхбаяр дарга чинь таныг тангаргаа өргөхийг  зөвшөөрсөн гэсэн үг үү?

-Заавал зөвшөөрөл авах тухай асуудал биш.  
Яг тулж ажиллаж байсан хүний хувьд өөртэй нь 
ярьсан.

Та Н.Энхбаярыг хуучин намын­хаа дарга байх үед нь жигүүр байгуулж, шүүмжилж байсан хэрнээ өнөөдөр яагаад нийлчихсэн явж байгаа юм бэ?

-Тухайн үед бөгсийг нь долоож байсан хүмүүс тойрон хүрээлэгчид гээд хамгаалж явсан юм. Бид шүүм­жилж байсан. Тэглээ гээд дайсан гэсэн үг биш шүү дээ. Энхбаяр сайн, муу гэж маргахаасаа илүү 2,5 сая хүн амтай цөөхүүлээ бид нэгэн сэтгэлтэй эв нэгдэлтэй байх хэрэгтэй ш дээ. Улс төрийн намууд, Ерөнхийлөгч уриалж байгаад энэ чиглэлээр дугуй ширээний ярилцлага хийж, нийгмийн том хагар­лаас ангижрах хэрэгтэй. 
Тиймээс
ч “Шударга ёс” эвсэл АН-тай засагт хамтарсныг би 
зөв гэж бодож байгаа. Нэмж хэлэхэд би 
Магнайгаар
үнэхээр
бахархаж
байгаа.
Энэ хүний хийж байгаа юм олон түмэнд маш их таалагдаж байна шүү дээ. Бат-Үүлийн хийж байгаа алхмууд ч гэсэн. Бид ийм замаар явъя л даа. Монголын нийгмийг эрүүл болгох ажлыг хамтраад хийх хэрэгтэй.

Н.Энхбаяр шударга хүн мөн үү?

-Өнгөрсөн болсон үйл явдал дээр үндэслээд энэ хүн цаашдаа Монголын нийгэмд шударгаар зүтгэнэ гэдэгт би итгэлтэй байдаг. Хийснээсээ илүү ихийг хийнэ гэдэгт би итгэлтэй байдаг. Энхбаяр хэл­мэгдсэн. Энэ хүнийг хохироосон гэдгийг 
би хаана ч хэлнэ. М.Энхсайхан бол “Шүүх шийдсэн бол зөв байх” гээд хэлчихсэн байна лээ. Би тэгж хэлж чадахгүй. Энэ бол зүгээр л хүн ёсны зүйл. Би Энхбаярын өмгөөлөгч биш. Бидний хооронд нэг төгрөгний харилцаа ч байхгүй.

Шүүх шийдвэрээ гаргачи­хаад байхад та хэлмэгдсэн гээд байхаар шүүх худал шүүсэн болж байна уу?

-Шүүх маань өнөөдөр хүнд байдалд байна. 
Энхбаяр
ингэсэн
гэсэн гарцаагүй баримт өнөөдөр алга байна ш дээ. Би хүмүүст хэлээд байгаа. Хэзээ нэгэн цагт Энхбаяр дарга цагаадна гэж. Зуун хувь үүнд итгэлтэй байгаа. 

Жигүүр байгуулж байх үеийн та бүхний шүүмжилж байснаар бол Н.Энхбаяр гэдэг хүн алдаа ихтэй л байсан санагдах юм

-Боловсон хүчин, хүний нөөцийн асуудал дээр, хүнээ тань­даггүй гэдэг дээр алдаа байсан. 
Өөрөө тэрийгээ хүлээн зөвшөөр­дөг. Ажил албан тушаал авч, эрх мэдэлд хүрч, тэр байтугай тэрүүгээрээ мөнгө хийсэн хүмүүс өнөөдөр бас л нэг хүнийг дагаад л гүйж байгаа шүү дээ. Бид тэгээгүй. Бид нүүр бардам үнэнийг л хэлж байсан. Тэгж ч байгаа.

Ардын намаа дагаж болоо­гүй юмуу. Танд Ардын намд үлдээч гэж хүмүүс хэлсэн үү?

-Ардын намыг олон мянган гишүүн­тэй гэдэг. Хоёр зуун мянга гэдэг байхаа. Хоёр зуун мянга ч хүрэхгүй дээ. Сонгуульд санал өгснөөр бол. Тэр олон гишүүдэд нь бол буруу байхгүй. Тэр нөхдүүдтэй ойрхон ажиллаж бай­сан. Намын батлахаа ав, намдаа ир гэж хүмүүс зөндөө л ярьж байсан. Гэхдээ дэндүү олигархижсан мафижсан тогтолцоонд орчихсон шүү дээ. Ардчилсан намд ч тодорхой хүмүүс бий. Манай баяжсан хүмүүс албан тушаалаа ашиглаж баяж­сан, нөгөө нь ганзагын наймаанаас эхэлж 
өндийсөн  хоёрхон төрлийн хүмүүс байгаа. Тэгэхлээр алдаа оноон дээрээ дүгнэлт хийгээд илүү эрүүл талцал багатай, албан тушаалд хоёроос илүү удаа байж болохгүй. УИХ-ын гишүүн бол уг нь албан тушаал биш. Засгийн газарт орохоороо албан тушаал болчи­хож байгаа юм. Түүнээс УИХ-ын гишүүн бол хуулиа батлаад боловс­руулаад сууж байх ёстой. 

Categories
редакцийн-нийтлэл

Хонхэрээдийн Энхбат: Хүлээж авахгүй байсан ч хамаагүй ээ, би талийгаач хүүгийн аав, ээжээс уучлалт гуйх ёстой хүн

-ТАЛИЙГААЧИЙН ХҮҮХДИЙГ ОХИН
МААНЬ ТӨРҮҮЛСЭН ШҮҮ ДЭЭ-

Тортой хашаа, буу­тай харуул дунд Банз­рагчийн Энхбат гэдэг хүний амьдрал үргэл­жилж байнаТодорхой хэмжээний уншигчтай, дэмжигчтэй, бас үзэн ядагчтай тэрээр өдгөө тавь гарч байгаа нэ­гэн. Түүний урд чилий­сэн хорин жилийн ял хүлээж байгаа. Зарим нь хорин жилийн ялыг давна, давахгүй гэлцэх ч бий. Гэхдээ түүний оюун санааг тортой хашаа зогсоохгүй. Б.Энх­бат өдгөөХүн гүрний түүхномоо бичээд өчүүхэн ч чөлөө завгүй сууж байна лээ. Түүнтэй хийсэн ярилц­лагынхаа төгсгөл хэс­гийг хүргэж байна.
Хэдийгээр эргэж ярихад хэцүү ч гэсэн зургаан жилийн өмнө болсон тэр хэргийн та­лаар яриагаа үргэлж­лүүлье. Тэр өдөр чухам юу болсон юм бэ?

-Намайг
гэртээ ирэхэд охин маань найз залуугаа дагуулаад ирсэн байсан. Их сайхан ч залуу бай­сан. Гэтэл “Маргааш сур­гууль руугаа буцна. Эрт­хэн цагаан тэ­мээн дээр очиж зургаа авахуулъя”  болцгоолоо. Тэр хүүтэй  юм ч ярьж чадаагүй ээ. Тэгээд л машинд суугаад гарцгаасан. 

Юун цагаан тэмээ билээ?

-Яагаав 180 метр урт торгон дээр “Нууц тов­чоо”-г эхнэр,
охин маань оёж, би тэрийгээ цагаан тэмээн дээр авч явж хү­мүүст
үзүүлнэ, есөн
сард нь төрд хүлээлгэж өгнө гэж байсан юм.

Санаж байгаа бол Н.Энхбаяр дарга гэх мэт хүмүүст төрийн ордонд орж үзүүлж байсан шүү дээ. Тавь гаруй зурагтай, оёмол ном шүү дээ. Тэгээд нутгаасаа хөдөл­мөрийн баатар, тэмээчин Самдан гуайн хүү Энх-Амгалантай хамт тэр гур­ван цагаан тэмээг авчирч, өдөр­төө Амгалангийн тийшээ гаргаж бэл­чээж, орой нь хашаандаа авчирдаг байсан юм. Хүмүүс бас тэр тэмээ­нүүдтэй зургаа татуулъя гэж их ирдэг байсан.

Тэгээд  тэмээтэй зургаа татуулах гэж явсан хэрэг үү?

-Тийм
ээ. Орой болохоос өмнө эртхэн зургаа татуулчихмаар байна гэж хэлсэн. Тэгээд  бид гурав машинд сууж гэрээс хөдлөөд  1300 метр газар яваад л тийм зүйл болсон. 

Тэгээд дөнгөж машин хөд­лөөд тэр хүүтэй та муудалц­сан хэрэг үү?

-Яалаа
гэж дээ. Муудалцах нь байтугай олигтой хэдэн үг сольж  амжаагүй байтал машины  дон­сол­гоонд буун дуу гарч ийм хэрэг болсон. Тэгээд шууд цэргийн эмнэ­лэг рүү авч явсан. Би хүүг тэврээд эмнэлгийнхэнтэй хамт  насилкан дээр хэвтүүлсэн.  Хэрвээ хүүг алъя гэж санасан бол юу гэж эмнэлэг рүү очих билээ дээ. “Амийг нь авраач” гээд л тэврээд очсон шүү дээ.

Та яах гэж буу машиндаа авч явсан юм?

-Манай
тэмээг хариулж байсан  хүнийг золбин нохойнууд дайрч урсан байсан. Тэгээд тэр нохой­нуудыг үргээх гэж буугаа машинд хийсэн юм. Хэрэг болохоос өмнө тэр буу угаасаа машинд минь байж л байсан. Хэн тийм гайтай юм болно гэж бодохов дээ.

БИ ТЭР ӨДРӨӨС ХОЙШЦАГ  ХУГАЦААГ УХРААЧИХДАГ БОЛ..” ГЭЖ ЯМАР ИХ БОДСОН ГЭЭЧ 

Бидний сонссоноор бол та хүүг хятад аялгаар ярилаа гээд бууд­чихсан юм биш үү. Таныг хэт үндсэр­хэг үзэлтэй болохоор Хятадад сурч байсан хүүг хятад аялгаар ярилаа гээд уурласан гэж сонссон. Хэвлэлээр тэгж л гарч байсан шүү дээ?

-Хятад
аялгатай эсэхийг   мэдэх нь байтугай тийм олон үг ч сольж амжаагүй ээ. Хугацааны хувьд ч тэр ойлгомжтой шүү дээ. Аав нь ч шүүх хурал дээр “Миний хүү хятад аял­гаар ярьдаггүй” гэж хэлж байсан.

Эхэндээ охин чиньӨвөр дээрээ тэр бууг тавиад явж байтал донсолгоонд гэнэт л тийм юм болсонгэж мэдүү­лээдГанц худаг“-ийн урьд­чилан хориход хоригдож бай­сан. Гэтэл дараа нь та бууд­сан болж хувирсан. Энэ ямар учиртай юм?

-Гуравхан
хүн л байхад болсон хэрэг шүү дээ. Хуулиараа бол охин бид хоёр аль алиныхаа эсрэг мэдүүлэг өгөхгүй шүү дээ. Бүх нотлох баримт машинд байсан. Хавтаст хэрэгт гэрчүүдийн мэдүүлэг ч тодорхой байгаа. Хуулийнхан үүнийг өөрсдөө тогтоох ёстой шүү дээ.  Мэдээж би   охиноо хэзээ ч шоронд сууж зовохыг харахыг хүсэхгүй. Ямар ч эцэг хүн үрээ зовохыг харахыг хүсэхгүй. Би хүн буудаагүй. Тэр явдал санамсаргүй болсон. Юу болсныг нь цагдаа, шүүх, прокурорынхон үнэнээр нь тогтоох ёстой л байсан.

Тэр үед бас их сонин мэдээл­лүүд хэвлэлээр гарч байсан л даа. Таны охиныг дагавар охин гэх мэтээр

-Эхнэрийн
минь дагуулж ирсэн охин биш, миний дагуулж ирсэн охин минь шүү дээ.

Арай тодорхой ярьж  болох уу?

-Ах
нь залуудаа алдаж, эндэж явах үедээ шоронд сууж байсан. Хятад айлаас хулгай хийсэн, дээрэмдсэн гээд. Та нар магадгүй сонссон байх. Тэр үед эхнэр маань охин, хүү хоёртойгоо үлдсэн ч намайг шоронгоос гарч ирэхэд салчихсан юм. Тэгээд би шүүхдэж охиноо өөр дээрээ авч, хүү маань эхнэр дээр үлдсэн. Гуравхан настайд нь муу охиноо өөр дээрээ авсан болохоор охиныхоо төлөө  амьдрах ёстой гэж ах нь бодсон. Тэгээд л би охиноо хүн болгосон. Нөгөө талаар би охиноо хүн бол­госон гэхээс илүүтэй охин маань намайг хүн болгосон гэх үү дээ. Охиноо өсгөхийн тулд хүн шиг амьдрах ёстой гэж бодоод архи, тамхи огт хэрэглэхээ больж амьдралын төлөө зүтгэсэн. Сүүлд энэ ханьтайгаа учирч бас нэг хүү төрсөн. Ханийг маань Сумъяа гэдэг. Харин хүү маань одоо хорин нэгтэй. Тогооч болсон шүү дээ. Хань маань охиныг минь төрсөн ээж шиг нь хайрладаг. Азаар надад муу хэлэх юмгүй сайн хань заяасан. Ер нь  охиныхоо дагуулж ирсэн залууг бид яалаа гэж ад шоо үзэж, алах дээрээ тулахав дээ. Тэгээд ч нутгийн, сайн хүмүүсийн үр удам юм билээ.

Та талийгаач хүүгийн аав, ээжтэй нэг нутаг юм чинь таньж, мэддэг байсан уу?

-Шүүх
хурал  дээр харсан чинь мэддэг хүмүүс байсан.  “Бялзуухай Цэрэн” гээд манай аавын жүжигт дээр үед тоглож байсан хүн хүүгийн аав байна лээ. Тэр жүжигт сэтгүүлч эмэгтэйн тухай гардаг юм. Шүүх хурал  дээр хараад  би таньсан л  даа. Манайхан тэднийхтэй эртдээ бол дотно сайхан явсан улсууд байсан юм байна лээ. Манайд тэр үеийн зураг нь ч байдаг юм.

Мэдээж ганц сайхан үрээ алдчихаад ээж, аавынх нь сэт­гэл  ямар байсан нь тодорхой

-Би
тэр хүмүүсийг ойлгож байна аа. Ах нь түрүүнд хэлсэн дээ. Өмнөх эхнэр маань хүүгээ авч,  би охиноо авч салж байсан тухай. Тэр хүү маань  хориодхон настай байхдаа  хүний гарт алуулчихсан шүү дээ. Тэгэхээр талийгаач хүүгийн ээж аавын үрээ алдсан сэтгэлийн зовлонг би маш сайн ойлгож байна. Тэд намайг яаж ч харааж, муу муухайгаар хэлсэн надад хэлэх үг байхгүй. Яалт ч үгүй хүү нь бидэнтэй уулзах гэж очиход нь ийм гай дайрчихсан юм чинь.  Гэхдээ би юу боллоо гэж тийм жаахан залууг охинтойгоо найз­лаад уулзах гээд ирэхэд нь алж байхав дээ. Тэр бол санамсаргүй хэрэг болсон юм. Би энэ хэрэг болсноос хойш тэр өдрийг ухраачихдаг бол гэж ямар олон удаа бодсон гээч.

Тухайлбал

-Би
тэр өдөр оройтож ирдэг байж дээ ч гэх юм уу. Би эрт ирээгүй бол тэр хоёр тэмээний зураг авахуулах гэж яваа ч уу, үгүй ч үү. Тэр хүүг донсолгоонд бууны суманд  оногдохгүй байсан хувилбарыг олон янзаар боддог юм. Цаг хугацаа буцахгүй гэдгийг мэдсэн хэрнээ л өөрийн эрхгүй тэгж бодогдоод байдаг юм.  Аав нь шүүх танхимд  “Энэ хүнд цаазын ял өгөөч” гэж хэлж байсан. Би тэр үгэнд нь гомдохгүй. Яаж ч байсан үрээ алдсан эцэг хүн шүү дээ. Түүний оронд байсан бол би ч гэсэн тэгж л хэлэх байсан. Цаг хугацаа олон юмыг эмчилдэг гэдэг ч төрсөн үрээ алдсан эцэг, эхийн сэтгэл  хэзээ ч эмчлэгддэггүй юм. Би мэднээ, үрээ хүний гарт алдаж байсан эцгийн сэтгэлийг. Ийм гашуун хувь тавилан ирнэ гэж би яаж мэдэх вэ дээ. 

Энэ дашрамд та хоёртой уулзсаных хүүгийн аав, ээжээс чин сэтгэлээсээ уучлалт гуйж байна. Би түмэнтээ уучлалт гуйсан ч тэр сайхан хүү  нь босоод ирэх биш дээ. Гэхдээ л би тэднийг хүлээж авсан, аваагүй уучлалт гуйх ёстой хүн. Би  мөрдөн байцаагчаар дамжуулан уучлалт гуйсан захиа явуулсан ч өгөөгүй юм шиг байна лээ.

БИД ТЭР ҮЕД ОХИНОО ТАЛИЙГААЧИЙН ХҮҮХДИЙГ ТЭЭЖ ҮЛДСЭНИЙГ НУУХААР ШИЙДСЭН ЮМ

Охинд чинь мэдээж хүнд л байсан байх

-Мэдээж
их хүнд байсан. Шууд хорьчихсон шүү дээ, тэр үед. Хоригдож байхад нь хүүгийн аавын сонинд өгсөн ярилцлагыг охинд маань “унш” гэж өгсөн байгаа юм. Уг нь охин маань тэндээс гараад тэдэнтэй уулзъя гэж байсан гэсэн. Тэгээд сонин дээрхийг уншаад их эмзэглэж, очоогүй гэсэн. Би бол ямар ч ярилцлагыг нь олж хараагүй ээ. Ер нь тэр тухай гарсан мате­риалуудыг уншаагүй. Тийм боломж ч байгаагүйг мэдэж байгаа биз дээ.

Одоо охин чинь юу хийж байгаа вэ?

-Миний
охин айхтар юмыг давлаа. Үерхэж, сууна гэж бодож байсан хүнээ алдчихаар ямар сайн байхав дээ. Миний охин Пүрэвбат ламын дэргэд бурхан бүтээдэг болчихсон, зээгт наамлаар бурхан урлаж байгаа.  Охин маань охинтой болсон болохоор одоо элэг нь жаахан дэвтсэн байх. Одоо зээ охин маань бараг зургаан настай болж байна уу даа.

Цаг хугацааны хувьд их сонин санагдлаа. Арай талий­гаачийн хүүхэд юм биш биз дээ?

-Талийгаачийн хүүхэд шүү дээ.  Энэ тухай бид хүмүүст хэлдэггүй юм. Тэр үед охин маань давхар биетэй байсан. Тэгээд бид хэнд ч хэлэхгүй байхаар шийдсэн юм. Одоо  л ил хэлж байна.

Талийгаач хүүгийн аав, ээж мэдсэн үү?

-Мэдээгүй
ээ. Тэр үед бид нуу­сан. Бидний хувь тавилан л ийм байж дээ. Сонин юм шүү.

 Д.МӨНГӨНДАЛАЙ
Т.ЦОГТЭРДЭНЭ
Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Хонхэрээдийн Б.Энхбат: Би Н.Энхбаярын бээлий байсан

1980 оны сүүлээр яруу найрагч Б.Лхагва­сүрэн “Чин сэтгэлийн захи­дал” хэмээх шүлгийн оршилд “Алтан нар цац­рагаа наранд ч,  нарсанд ч алаггүйгээр ээдэг юм. Энэхүү шүлгээ би байнга захидлаар харьцдаг Банз­рагчийн Энхбат, ба­га­даа нэг ангид байсан ч олон жил шоронд суусан,  одоо барилгачин болсон Цэвээний  Лхамсүрэн  бо­лон бусад хоригдол за­лууст зориулав” хэмээн бичиж байв. “Соц” нийг­мийн үед Б.Энхбат хята­дуу­дыг бүлэглэн дээ­рэмд­сэн хэргийн толгой­логч хэмээн ял эдэлж бай­сан гэдэг. Энэ үеэс эхлэн Б.Энхбат гэдэг залуугийн ном зохиол, нийтлэлүүд  зохиолч Л.Түдэв гуайн өмнөтгөлтэй хэвлэлд гарч байсныг санаж байна.

Тэрээр шоронд ч, ний­гэмд ч үргэлж шуу­гиан тарьдаг нэгэн бай­сан. 1990 онд “Ургийн бичгээ сэргээх” санаа­чилга гаргаж байв. 2000 оны дундуур үндсэрхэг үзэлтэй залуусын бүлгэм байгуулж хятад ханз бүхий хаягуудыг буулгаж байлаа. Түүнийг “Даяар монгол”, “Хөх Монгол” бүлгэмүүдийн үзэл санааны эцэг гэх хүмүүс ч байсан юм. Б.Энхбатын  “Захиалгат аллага” хэмээх зургаан дэвтэр роман нь нэгэн үе хам­гийн их уншигчтай ном байж байсан.  Улс төрийн чиг баримжааны хувьд МАХН-ыг дэмжигч байсан бөгөөд жанжин Д.Сүх­баатарын удмын хүн гэгд­дэг.

Ингээд түүнтэй чанга дэглэмтэй Мааньтын хо­рих ангид хийсэн ярилц­лагын үргэлжлэлийг хүргэж байна.      

Ингэхэд гянданд ган­­­цаараа тусдаа өрөөнд байдаг гэсэн мөртлөө бусад  хоригд­лууд­тайгаа яаж ярьдаг байсан юм бэ?

-Бохирын цооногийн хоолойгоор л  хоорондоо ярина шүү дээ. Хэнтэй ч ярихгүй ганцаараа бай­на гэдэг чинь айм­шигтай шийтгэл. Ер нь ганцаар­чилсан өрөөнд олон жил суу­сан хүмүүс солиор­чихдог юм билээ. За­рим­даа  өөрөө өөртэй­гөө хэрэлдээд, хааяа нэг дуу чимээ, хөгжим сон­сохоороо хөг­жим­тэй­гөө хэрэлддэг хүмүүс болчихдог. 

Ерөнхийлөгч асан Н.Энх­баярын тухай та юу гэж боддог вэХарьцангуй ойр байсан хүний хувьд асууж байна л даа

-Энэ цаг үед Монголын улс төрд төрсөн агуу хүмүүсийн нэг. Мон­голын агуу хүмүүсийн ихэнх нь бурхны оронд очсон. Амьд байгаа  цөөхөн мундаг хүний нэг нь Н.Энх­баяр. Би тэгж л ойлгодог. Миний нэг ярих дуртай үг байдаг юм. Уул том байх тусмаа сүүдэр нь том байдаг гэж. Агуу хүмүүсийн алдаа ч тэрийгээ дагаад том байдаг байх. Магадгүй Н.Энхбаяр гуай том хүн учраас олон том алдаа гаргасан байх гэж боддог. Гэхдээ өнөөдөр Н.Энхбаярт оноогоод байгаа ял бол инээдтэй л санагддаг. Бусад хүмүүсийн идсэний хажууд юу юм. Яагаад тэр хүнд том лиценз бай­даг­гүй юм. Яагаад том компанийн хувьцаа эзэмшдэггүй юм. Ийм хүнийг идсэн уусан гэх үү.  Н.Энхбаяр дөрөв, таван жилийн ял авлаа л гэж байна. Гэхдээ Н.Энхбаяр шоронд ял авлаа гэхэд хэзээ ч өлсөхгүй, цан­гах­гүй, ядрахгүй. Монголын шорон­гийн систем бол Оросынхтой адилхан  системээр явдаг.  Оросод тухайл­бал дархлагдсан хулгайч гэж байдаг бол тэрэн шиг л…

Та Н.Энхбаяртай анх яаж холбогдсон юм бэ?

-1996 онд би “Үнэн” сонинд сурвалжлагчаар ажиллаж байхдаа дампуурч байсан МАХН-ын ерөн­хий нарийн бичгийн даргын ажлыг дөнгөж аваад байхад нь Н.Энх­баяр­тай анхны ярилцлагыг хийж байлаа. Тэгж л албан ёсоор бид хоёр зам нийлсэн гэх үү дээ. Түүнээс өмнө бол таньдаг байсан л даа. Бид хоёрын холбоо бол хориод жилийн асуудал л даа. Би  Л.Түдэв багшийнхаа шавь учраас багшийгаа дагаад л “Үнэн” сонинд  ажиллаж байсан хэрэг. Ер нь би Б.Лхагвасүрэн, Л.Түдэв багш хоёроор номоо уншуулж өмнөт­гөлийг нь бичүүлж байлаа шүү дээ. Тэднийг багшаа гэж хүндэлж явдаг шавь нь.

МИНИЙЧОНЫН ХҮҮНОМЫН САНААГЧОНОН СҮЛД“-ИЙН ЗОХИОГЧ ХУЛГАЙЛСАН БАЙНА ЛЭЭ

Та чинь Л.Түдэв гуайн шавь хэрэг үү. Мэдээгүй юм байна

-Түдэв гуайн гарын шавь байл­гүй яахав. Миний “Чонын хүү” номыг редакторлосон шүү дээ. Одоо Хятадын зохиолч “Чонон сүлд” гээд ном гаргаад дуулиан тариад байгаа шүү дээ.  Тэр но­монд миний номын санааг  хул­гайл­сан байна лээ.

Харин Бавуугийн Лхагва­сүрэн гуайтай захидлаар харил­цаж, тэрээр танд шүлэг зориулж бичиж байсныг мэдэх юм байна

-Тийм тийм. Миний номыг ч дэмжиж хэвлүүлж өгч байсан,  хүндэлж явдаг хүн маань. Надад зориулсан шүлгэнд нь ийм мөрүүд байдаг. Заримыг нь мартсан байж магадгүй.

Өөрөөсөө болж алдсан эрх чөлөөгөө

Өршөөл уучлалаар буцааж авахдаа

Уйлсан чдуулсан ч зоргоороо

Уулын салхи шиг дураараа

Бүдэрсэн гэж шоовдорлолгүй

Бүлээн хормойгоо дэвсэж

Эх орон чинь угтана 

Цэцгээ дэвсэж, агаараа чамд цутгах

Цэнхэр эх орны чинь хайрын хариу нь болог гэх мэтээр бичиж байсан.

Сонин түүх байна. Өмнөх яриа руугаа эргээд оръё. Н.Энх­баяр гуай таныг ийм байдалд орсноос чинь хойш дэмжиж тусалсан уу?

-Тусалсаан, тусалсан. Бас ма­най нутгийн Ч.Улаан сайд, Сү.Бат­болд, Сүхбаатар аймгийн Засаг дарга байсан Эрдэнэцогт,  Монгол шуудангийн Чинзориг, эмч Бундан­гийн Болдсайхан, Бат-Энх, Иргэ­ний нисэхийн Т.Батжаргал, бур­ханч лам Г.Пүрэвбат, мисс Ган­тогоо, тэдний ээж нь гээд олон хүн тусалж дэмжиж байлаа. Даяар Монгол, Хөх Монгол бүлгэмийн залуус маань ирнэ. Намайг шорон оронд орлоо гээд нөхөрлөлөө хэвээр нь хадгалж үлдсэн хүмүүс бий бий. Би тэрэнд их баярлаж явдаг шүү.  Ийм үед хүний мөс чанар их танигдаж, шигшигдэнэ шүү дээ. Гэхдээ би ганцаарчилсан өрөөнд хүн амьтан­тай уулзах боломжгүй байсан шүү дээ. Одоо л ганц нэг хүн эргэж ирэх боломжтой болсон болохоос. Тэр байтугай миний хавтаст хэрэгт ч төрийн том алба хашиж байсан хүмүүс мэдүүлэг өгсөн байдаг юм ш дээ. 

Та таван жил гянданд суу­гаад гараад ирлээ. Таныг давж гарч ирж чадах болов уу гэж бодох хүмүүс байсан л байх.   Гэтэл одоо манай энэ ял сонссон хурандаа нар, таны агуу гээд байгаа Н.Энхбаяр гуай нар ялан­гуяа өндөр албан тушаал хашиж явсан хүмүүс шоронгийн сургаар л бие нь муудаад байх юм. Уг нь гяндангийн дэргэд жирийн дэг­лэмтэй хорих бол анхан шат л гэсэн үг биз дээ. Та үүнийг юу гэж боддог вэ?

-Итгэл үнэмшил, үзэл бодол нь төлөвшсөн хүн л ямар ч юманд тэсч гардаг юм байна гэж бодсон. Би санаатай хүний амь бүрэлгээгүй хэрнээ үүний учир нь олдоогүй байхад үхчихэж бас болохгүй шүү дээ. Үнэн мөн нь олдтол амьд байх ёстой.  Н.Энхбаярын тухай та хоёр надаас асууж байна. Н.Энхбаярын хувьд хуурай өлсгөлөн зарлаад арав гаруй хононо гэдэг бол  аа яа яа хэцүү шүү дээ. За даа тэслээ тэслээ гэхэд долоо л хонож чадна. Би өөрөө өлсгөлөн зарлаж явсан хүн, мэднэ л дээ. Тэгэхэд хуурай өлсгөлөнг арав гаруй хоног тэсч гарна гэдэг бол аймаар. Чухам хуурай өлсгөлөн зарлахдаа  ямар орчинд яаж байсныг нь мэдэхгүй юм. Мань мэт ийм нөхцөлд өлсгө­лөн зарлах нэг өөр, төрийн том хүн зарлах нэг өөр байх. Гэхдээ л хэцүү. Ер нь би Н.Энхбаярыг  бол үзэл бодлын хувьд хүндэлдэг. Алдаагүй хүн байхгүй ээ. Хүний алдааг бас уучилж чаддаг байх хэрэгтэй юм шиг билээ. 

Саркози Каддафийг алуул­сан гэж ярьдаг шиг арай таныг Н.Энх­баяр нь ингээд түлхчихсэн юм биш байгаа гэж ярих хүмүүс бий л дээ. Яагаад гэвэл та Н.Энх­баярын сайн сайхныг мэдэхээс гадна муу муухай хийсэн зүйлийг ч гадарлана шүү дээ?

-Би ганцхан юм хэлье. Та нар анзаарсан уу, үгүй юу. Би бол олон сайхан шавьтай. Тэдний нэг Даяар Монгол хөдөлгөөнийг удирдаж байсан залуу дээд хэмжээ авсан.  Тэр чинь гурвуулаа хийсэн хэрэг шүү дээ. Ганцаараа хэрэг үүрсэн. Бид нар чинь бол өөрсдийнхөө дагаж байсан хүнийг хутга шааж байсан ч эсрэг хөдлөхгүй. Тэр бол эр хүний чанар. Тэр хүн нь түлхлээ ч үнэнч хэвээрээ л байдаг. Би тийм л хүмүүсийн  нэг. Эзэндээ үнэнч гэдэг шиг. Энхбаяр надад  “Би улс төрийн том алба хашиж байна. Би чамайг цэвэрлэнэ, чи надад хэрэг­гүй болсон” гэвэл би зөвшөөрнө. Тэртэй тэргүй улс төрчид юунаас болж үхдэг вэ гэвэл хэт их юм мэдсэнээсээ болж л үхдэг.  Н.Энх­баяр бол Монголын улс төрд дахин ирж тоглоно шүү. Наана нь элгээрээ яваад өгчихгүй л бол.

Улс төрдөө эргэн орж, дахин том албан тушаал хашна гэж үү?

-Напелеон Бонапарт Элба арал дээр цөлөгдөж байгаад эргэж ирэхдээ хоёр дахиа хаан болдог  шиг. Н.Энхбаяр бол өрөөндөө амиа хорлоод үхчих хүн бол биш шүү. Ялангуяа шоронд орж байгаа хүн амиа хорлох нь бараг үгүй шүү дээ.

Та Н.Энхбаярт үг дамжуулах бол юу гэж хэлэх вэ?

-Тэсээд гараарай, дахиад улс төрд босч ирээрэй л гэж хэлнэ.   Өөрөөр хэлбэл, алдсан алдаагаа ухаантай хүн давтдаггүй юм. Алдаагаа давтахгүй хүн л эр хүн шүү дээ. Нэг алдаагаа дахин,  дахин давтаад байвал тэр хүн болохгүй. Түүнээс биш Н.Энхбаяр бол маш их алдаа гаргасан хүн шүү дээ. Олон сайхан дотны хүмүү­сээ өөрөөсөө холдуулж байсан. Олон хэрэггүй хүнд бас итгэж байсан. Харин ажаад байхад нэг алдаагаа давтаад байдаггүй хүн шиг санагддаг. Ю.Цэдэнбал гуайг  олон жил төр барьсан л гэдэг. Н.Энхбаярыг бас тэгж хэлээд байгаа. Олон жил төр барьсан хүн Монголд төр бий шүү дээ. Пунсал­маагийн Очирбат аль 1972 онд монгол төрийн сайд хийж байсан хүн ш дээ. Өнөөдөр хамгийн том ажил хашиж л байна. Үндсэн хуулийн Цэцийн гишүүн гэдэг чинь  Монголд бол хамгийн том албан тушаалын нэг  гэж боддог шүү дээ.  Ер нь улс төр гэдэг өөрөө бохир тоглоом. Улстөрчид бээлийгүй бол улс төрөө хийж чаддаггүй.

Тэр нь юу гэсэн үг вэ?

-Бээлий болдог хүмүүс нь мань мэт шиг хүмүүс байдаг байхгүй юу. Гэхдээ би бол Н.Энхбаярын  бүл­гийн л бээлий байсан байхгүй юу. Тухайлбал Н.Энхбаяртай хамтарч ажилладаг хүмүүстэй би дамжуулж ажилладаг ч байсан байж болно гэсэн үг.

МОНГОЛЫН ТӨЛӨӨ САЙН ЗҮЙЛ ХИЙВЭЛ ЭРЛИЙЗ, ХУРЛИЙЗ НЬ ХАМААГҮЙ ЭЭ

Одоо асуултаа арай өөр  тийш нь хандуулъя. Та  бол номоо бичээд л сууж байдаг их сайн хүмүүжигч байсан гэж сонс­сон?

-Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллага, арми хоёр бол улс­төрж­дөггүй байгууллага гэж би боддог. Тиймээс хуулийн дагуу, ном журмаар нь л байхыг хичээж ирлээ. Одоо юу хийхэв. Номоо бичээд л сууж байна.  

Өмнө нь бичиж байсан ном­нууд чинь худалдаанд хараг­дахаа больсон байна лээ?

-Яахав, тэр үеийн номуудаа харахаар одоо үнэхээр голдог. Тэр бол зах зээлийн, борлуулалтын л номууд байж.

Ер нь анзаараад байхад ял эдэлж байгаа хүмүүсМиний хэрэг  буруу шийдэгдлээийм, тийм байна. Гэтэл  ингэчихлээгэх юм. Та  өөрийнхөө хэргийн талаар юу гэж боддог вэ?

-Би бол буруутай. Буруугүй гэж хэлэхгүй ээ. Хийсэн хэрэгт нь таарсан ял өгөөсэй л гэж боддог хүн. Ер нь Монголын шоронд бай­гаа олон залуучууд тэгж боддог юм билээ. Би ганцхан юм анзаард­аг. Яалт ч байхгүй хуулиар чанга ял авах түвшинд хүрсэн хүмүүс бий. Тийм хүмүүс бол цөөхөн ш дээ. Та хоёр  бол тийм хүмүүстэй уулзаж байгаагүй байх. Би амьд­ралдаа хятадын эрлийз хүнтэй гар барьж байгаагүй. Би гянданд байхдаа нэг тийм хүнтэй гар барьж байсан. Тэр залуу социализмын үеэс хойш долоон удаа шоронд орсон байгаа юм.  Сая орохдоо хүн хутгалж орсон. Би тэрнээс чи хэдэн жилийн ял авна гэж бодож байсан гэж асуухад “Хорин жилийн ял авна байх гэж бодсон. Илүү авчихлаа” гэсэн. Би тэрэнд  “За одоо чи бид хоёр гянданд таарлаа. Би хятадын эрлийз хүмүүст дургүй. Ийм газар таарчихаад бие биенээ үзэн ядаад яахав” гэж хэлээд гар барьж байсан.

Та маш олон хүнийг Хятадын эрлийз гэж зарласан шүү дээ.

-Би Монгол Улс тусгаар тогт­нолоо алдчихгүй байгаасай л гэж боддогийм. Монголын төлөө, Мон­голын ард түмний төлөө сайн юм хийж байвал эрлийз байна уу, хурлийз байна уу падгүй ээ. Төрийн том албан тушаалыг өөрийн хувийн, бүр цаашлаад өөр улсын сонирхлын төлөө хийгээд байвал би эсэргүүцэж тэмцэнэ.

Та хас тэмдэг анх зүүгээд л явдаг байсан. Одоо ч энд зүүгээд байгаа юм байна?

-Ер нь ийм л дээ. Би энийгээ дээдийн өрөөнд зүүж байлаа. Гянданд зүүж байлаа. Одоо ч зүүгээд явж байна. Уг нь  дээдийн өрөө, гяндан хоёрт  хүзүүндээ ийм юм зүүхийг хориглодог л доо. Хас тэмдэг гэдэг бол хүн төрөлхтний танин мэдэх гэж гээд байгаа тэр сансрын хар нүх энэ тэрийг чинь бэлгэддэг асар нарийн гүн ухаантай. Маш олон зуун жилийн түүхтэй эд. Гурван цэнхэрийн агуйд байдаг шүү дээ. Багшаас шавьд, амнаас ам дамжин нууц нь өвлөгдөж явдаг. Би энэ хасыг  үр хүүхдэдээ үлдээнэ гэж боддог юм. Яагаад гэвэл юманд энерги шингэх гэж ярьдаг ш дээ. Тэр утгаараа. Хасын нарийн утга ухааныг тайлбарлана гэвэл бүхэл бүтэн хэдэн боть ном болно.

Үргэлжлэл бий
Д.МӨНГӨНДАЛАЙ
Т.ЦОГТЭРДЭНЭ

Categories
редакцийн-нийтлэл

Хонхэрээдийн Энхбат: Монгол төр буудаж тогтоол гүйцэтгэдэг байсан үеийн хамгийн сүүлийн амьд гарсан хүн нь би

Даяар монгол“, “Хөх монголбүлгэмүүдийг үүсгэн байгуулагч, Ерөнхийлөгч асан Н.Энхбаярын орон тооны бус зөвлөхөөр ажиллаж байсан зохиолч Б.Энхбат чанга дэглэмтэй 415 дугаар хорих ангид хүн амины хэргээр ял эдэлж байна. Тэрээр биднийг уулзахаар очиход хөх өнгийн бэлтгэлийн хувцастайхүзүүндээ хас тэмдэг бүхий зүүлт, гартаа спорт загварын бугуйн цаг зүүсэн харагдавШоронгийн хатуу ширүүн нөхцөлд хөл нь муудаж, бам чийгт шүд нь унасан байлаа. Гяндангаас бууж ирээд бага зэрэг махалсан бололтой. Ингээд түүнтэй уулзсанаа уншигчдадаа хүргэе.

Таны бие гайгүй юу. Дэглэм буураад энд иржээ дээ. Гянданд хэдэн жил хоригдов оо?

-Шүүхийн
шийдвэр гүйцэтгэл чинь таван
үе шаттай. Таван үеийн хамгийн хатуу чанга нь гяндан.

Олон жил шоронгоор явсан хоригд­лууд бол гяндан явахын оронд замдаа боогоод үхчихье л гэдэг юм. Хэр баргийн аавын хүү даваад гардаг юм биш ээ. Эрүүл мэндийн хувьд гайгүй ээ. Харин шүд байхгүй дээ. Талх идэж байхад шүд талхтай хамт л хоолой руу ороод явчихна шүү дээ. Ер нь гяндан хэцүү. Гянданд суугаад гарч ирээд жил хэртэй мөлхөнө шүү. Жингийн алдагдалд ороод бие нь тааруу­хан гарч ирдэг. Би гянданд таван жил болоод дэглэм буурч энд ирсэн.

Энд хоол унд ямар байх юм?

-Гяндангаас доош дэглэмтэй шоронгууд бол яг эрх чөлөөтэй хүмүүсийн хэрэглэдэг калоритой хоол идэж байгаа шүү дээ. Гянданд бол үүнээс бага 2400 калоритой л хоол иддэг. Ер нь 1924 оны МАХН-ын  гуравдугаар бүгд хурлын мате­риалыг үзэх юм бол Монголын шоронг хагас өлсгөлөн байлгах тухай ярьсан байдаг. Тэр хурал дээр  хоригдлуудыг хагас өлсгөлөн байдалтай байлгаж байна гэж хүмүүс хэлжээ. Гэтэл  Насанбат гэж хүн “Зүгээр, зүгээр,  хагас өлсгөлөн байна гэдэг бол шийтгэлийн нэг хэлбэр” гэж хэлсэн байдаг юм. Одоо бол хоол ундны асуудал байхгүй л дээ.

ХЭЗЭЭ АВЧ ГАРАХ БОЛ ГЭЖ ХӨЛИЙН ЧИМЭЭ ЧАГНААД

Гянданг давж гарна гэдэг сэтгэл санааны хатуужил шаард­лагатай байдаг болов уу?

-Сэтгэлийн
хат их шаардана. Гяндангийн дээд шат нь дээдийн  өрөө гэж бий. Ялын дээд хэмжээ авсан хүн орно. Надтай цуг дээд хэмжээ авсан нэг хүн бас очсон. Тэр хүн буудуулсан. Дээдийн өрөөнд  “Намайг хэзээ авч гарах бол” гэж бодон хөлийн чимээ чагнаж хэвтэж байгаад гарснаас хойш ахиж нэг ч хүн буудуулаагүй. Надаас хойш дээд хэмжээ авсан хүмүүс бүгд амьд гарсан. Би нэг юманд баярладаг юм. Монгол төр буудаж тогтоол гүйцэтгэж байсан үеийн хамгийн сүүлийн амьд гарсан хүн нь би. Манай улс чинь жилд 20-30 хүн  цаазаар авдаг. Одоо бол байчих­сан шүү дээ. Хэзээ авч гарч буудах бол гэж чимээ чагнаж хүлээх, гучин жилийн ялтай ч тэртэй тэргүй  амьд гарна гэж бодох хоёрт их ялгаа бий. Энэ бол их сонин мэдрэмж байдаг юм билээ. Хүний амьдрал гэдэг сонин. Намайг дээдийн өрөөнд ороход нэг залуу хэлж байсан.  “Энхбат ахаа олимп үзээд л буудуулах  юмсан” гэж хэлсэн. Би тэр үед “Буудуулахын хооронд олимп үзсэн ч яалаа, байсан ч яалаа” гэж бодож байлаа. Гэтэл бид бүгд олимп үзсэн. Бид хэд чинь Түвшинбаяр алт авахад бүгд уйлц­гаасан. Тэгэхэд нөгөө залуу “За за, одоо буудуулахад харамсах юм алгаа” гэсэн юм. Хөөрхий бурхан болчихсон л доо.

Цаазын ял авчихаад  дээдийн өрөөнд байхад юу бодогдох юм?

 -Аймшигтай. Би бас нэг сонин юм хэлье л дээ. Хэдийгээр  уулзалт байхгүй ч гэсэн долоо хоног бүр илгээмж оруулдаг байсан л даа.  Аав нь зураач, ээж нь төрийн гавьяа шагналтай хүний хүү надтай байлаа. Нэрийг нь хэлээд яахав. Тэр хүний эхнэр хүүхэд, ээж нь  эргэж ирээд илгээмж өгөхөөр уурла­даг. “Яах гэж надад илгээмж явуулаад, эргэж ирээд байгаа юм” гэж. Би нэг удаа асуулаа. “Яагаад чи ингэж уурлаад байдаг юм” гэхэд тэр “Би  нэг өдөр буудуулна. Нөгөө хэд маань илгээмж оруулах гээд ирдэг. Нэг л өдөр “байхгүй ээ” гээд илгээмжийг нь буцаавал ээж ухаан алдаад унана, эхнэр орилж уйлаад сүйд болно. Одооноос хөндий­рүүлж байсан нь дээр” гэж хэлсэн. Хүн гэдэг чинь ийм л байдаг юм байна. Би бас нэг сонин юм анзаар­сан. Хамгийн сүүлийн шат буюу Ерөнхийлөгчид хандаад дуусчихсан байсан хүнд  ээжийнх нь зурвасыг оруулж ирсэн. “Ээж нь Алтан овоо руу явж хүүгээ гуйх гэж байна. Эхнэр нь Хөвсгөл рүү явж бөөд очиж амь гуйх гэж байна” гэж бичсэн байсан.

Амь хэлтрэхэд юу бодогдож байв?

-Намайг
амь хэлтэрч хорин тавин жилийн ял авчихаад байхад эмэгтэйчүүдийн өрөөнөөс “жиргээ” орж ирсэн. Жиргээ гэдэг чинь захиа шүү дээ. Тэр захианд “Энхбат ахаа өрөөсөн оймсоо ч болох нь ээ өгөөч” гэсэн байлаа. Дээдийн өрөөнд бүх сайн муу энерги   цуглардаг. Айдас, түгшүүр, сэтгэл шулуудал дээд цэгтээ хүрнэ гэсэн үг. Ялын дээд хэмжээ авчихаад амьд өршөөгдөнө гэдэг эхээс дахин төрж байгаатай адил. Тийм учраас дээд хэмжээ авсан хэрэгтний хувцас хунараас авах дуртай хүмүүс байдаг юм.

Итгэл найдвар хамгийн сүүлд үхдэг гэдэг

-Тиймээ,
сүүлчийн найдвар нь газар шороо, бөө хоёр байж дээ. Ахыг нь дээдийн өрөөнөөс шөнө авч гарсан. Углааш хальтираад газар дээр хөл хүрэхэд хоёр нүднээс нулимс аяндаа асгардаг юм билээ.

Гяндангаас бууж ирсэн хэрэгтэн тордлого авах гэж уддаг юм биш үү?

-Шүүхийн
шийдвэр гүйцэтгэх газрын зүгээс намайг гяндангаас буулгах гэж прокурор, шүүхэд хүртэл хандсан. Уг нь бол би арьс яс болчихсон, хөлөөрөө ороод хөндлөн гарч ирэх ёстой байсан байх.

Таныг магадланд оруулах­гүй байх сонирхол хэнд бай­сан юм бэ?

-Би
маш олон хүнийг хятад цустай гэж зарладаг байсан. Намайг энд байх зуур хятад цустай олон хүн албан тушаалд хүрлээ шүү дээ. Тэр хүмүүсийн нөлөө орсон гэж боддог. Монгол цусгүй ч ард түмний төлөө ажилладаг хүмүүс рүү дайрч байгаагүй. Харин харь гүрний бодлогыг дэмждэг албан тушаалтантай үргэлж тулж байсан. Хятад цустай хүмүүсийн бүлэглэл бүх шатанд бий. Бие биенээ ил далд дэмжихдээ гаргуун.

Шоронд ял эдэлж байгаа ялтнууд буруугаа бусдаас нэхдэг. Хэн нэгний өмнөөс ял авчихсан юм шиг ярьцгаадаг?

-Би
буруутай. Миний ажиглаж байгаагаар олон залуус тохирсон ял авч чадаагүй байдаг. Тийм учраас гомдолтой байдаг болов уу. Өөрийнхөө хийсэн хэрэгт тохир­сон ял авдаг цөөхөн ялтан байдаг. Тэднийг шүүх цагдаа, ялтнууд ч хүлээн зөвшөөрдөг. Би сая гянданд нэг залуутай таарсан. “Соц” нийг­мийн үеэс долоон удаа хутганы хэргээр шоронд орсон байдаг. Сая л гэхэд хүн амины хэргээр хорин жилийн ял аваад орж ирсэн. Тэр залуу “Би хорин жилийн хорих ял авна” гэж мэдэж байсан юм билээ.

Шоронд хүлээн зөвшөөрөгд­сөн ялтан гэж байх уу?

-Жолооч
хүн ямар үед тайван явдаг вэ гэвэл дүрмээ ягштал баримталсан үед алдаа гарга­даггүй. Түүнтэй адилхан шоронд ч өөрийн дүрэм, дэг жаяг үйлчилдэг. Тэр дүрмээр явахгүй бол нөгөө ертөнц ойрхон байдаг юм. Шорон бол шорон шүү дээ.   

АМЬД ЯВАХ ЯАХ ВЭ, АМЬДРАХ САЙХАН ШҮҮ

Амьд байх сайхан юм даа гэж бодогдов уу

-Амьд
байхаас илүү амьдрах сайхан юм даа. Амьд байх ч яахав. Хаана ч амьд явж болно. Амьдрах нь сайхан юм даа.

Ном зохиол их бичиж байна уу?

-“Хүн
гүрнээс өмнөх үеийн мон­голчуудын түүх” гэсэн ном бичиж байна. Уран бүтээл их хийж байгаа. Хүн гүрний өмнөх үеийн түүх их бага судлагдсан юм билээ.

Та цаазаар авах ялыг байх­гүй болгосныг юу гэж боддог вэ?

-Үндсэн
хууль, Эрүүгийн хуульд цаазаар авах ял байгаа шүү дээ. Ерөнхийлөгч ганцхан тохиолдолд  цаазаар авах ялаас өршөөдөг. Тэр нь Ерөнхийлөгчид хандаж өргөдөл бичсэн тохиолдолд хянаж үзээд цаазын ялаас өршөөх шийдвэр гаргадаг. Түүнээс биш нэгэнт цаазын ял хуульд байгаа цагт шүүхийн шийдвэрээр цаазын ял сонсч л байгаа шүү дээ.

Намайг төрийн тэргүүн байх хугацаанд цаазын ял гүйцэт­гэгдэхгүйгэж Ерөнхийлөгч хэлсэн шүү дээ

-Нэг
сонин юм хэлэхэд дээд хэмжээ авсан хүмүүсийн зарим нь өршөөл гуйдаггүй. Зарим нь хийсэн хэрэгтээ зохих ялаа аваад хүлээн зөвшөөрнө гэдэг шиг амь гуйдаг­гүй. Зарим нь амь гуйдаг. Би өөрөө тусгай байранд байсан болохоор  олон хүнийг мэднэ  л дээ.

Ингэхэд та өршөөл гуйсан уу?

-Амь
гуйгаагүй. Би өнөөдрийг хүртэл  есөн удаа дэглэм бууруулах гэж прокурорт бичиг явуулсан. Тэгэхэд надад ийм хариу өгч бай­гаа юм. “Таны дэглэм бууруулах асуудлыг хуульд нийцэж байгаа эсэхийг холбогдох байгууллагаас асууя” гэсэн хариу ирсэн. Монгол Улсын прокурорын газар хуульд нийцэж байгаа эсэхийг өөр ямар газраас асуудаг байнаа гэж бодсон.  

Тэгээд намайг таван жил гян­данд хоригдож ял эдлээд таван сар тав хоног дутуу байхад проку­ророос надад “Дахин нэг жилээр ял эдлэх хугацааг чинь хойш­лууллаа” гэсэн бичиг ирсэн. Давж заалдъя гэхээр  болохгүй гэсэн. Учир нь  өмгөөлөгчгүй учраас давж заалдах боломжгүй гэдэг.

Та яагаад өмгөөлөгч авдаг­гүй юм?

-Өмгөөлөгчтэй байсан. Өм­гөөлөгч маань талийгаач болчих­сон л доо.

Өөр өмгөөлөгч авч болдоггүй хэрэг үү?

-Би
гянданд байхдаа хорь гаруй удаа өмгөөлөгч авах гэж хүсэлт гаргалаа. Гэтэл өнөөдрийг хүртэл өмгөөлөгчгүй л явна. Миний хэргийг мөрдөн шалгаж байсан мөрдөн байцаагчид эрүүгийн хэрэг үүсгээд хэрэгсэхгүй болгосон гэсэн. Надад бол танилцуулаагүй. Яахаараа миний хэрэг дээр байсан мөрдөн байцаагчийг хууль зөрчсөнийг надад хэлдэггүй юм гэж хүртэл асууж байсан.

 Үргэлжлэл бий

Д.МӨНГӨНДАЛАЙ,
Т.ЦОГТ-ЭРДЭНЭ

Categories
редакцийн-нийтлэл

Сонголтынхоо үр дүнг үзье гэвэл АН-ыг хөлтэй болгоё

Амьдрал гэдэг сонголт дээр л тогтдог гэж мэргэд сургадаг. Энэ нь ч үнэн биз ээ. Та юу сонгосноос таны цаашдын амьдрал шалт­гаал­даг. Сайныг сонговол сайн, мууг сонговол муу л амьдардаг. Хүн бүр сайхан амьдрахын тулд сайныг  сонголоо, сонголтоо зөв хийлээ  гэж боддог. Хэн  муухай амьдарна гэж мууг сонгох билээ дээ. Энэ бүхэн санаснаар болж, бүгд сайн байх нь ховор. Гэхдээ тэр ховор сайныг нь сонговол  аз жаргал аяндаа ирнэ.

Улс төрийн сонголт ч тэр ялгаа­гүй. Зөв сонголт хийсэн бол зөв үр дүн л гарна. Бурхан багшийн сур­гаалд үйлийн үрийн тухай сурга­даг нь сайн үйлийн үр сайн, муу үйлийн үр муу л байна. Ямар үр тарина. Ашиг шим нь тийм  байна.   Өнгөр­сөн УИХ-ын сонгуулиар ард түмэн АН-ыг сонгожээ. Олон жил өөрч­лөлтийг хүсээд нэмэр болоо­гүй учраас АН-ынхныг сонгочихвол сайн сайхан болно гэж олонхи нь итгэснийх. Энэ нь ч алдаа болоо­гүйг өнгөрсөн зургадугаар сараас хойшхи үйл явдлууд нэгэнт харуулж эхэллээ. МАН төсвийн мөнгөө сонгуульд ялахын тулд аль эрт  хамаагүй тараагаад дуусгачихсан байсан шүү дээ. Сангийн яам нь хоосон авдартайгаа үлдсэн тийм улсыг АН-ынхан хүлээж авсан.  Гэлээ гээд   ард түмний сонголтоор сонгогдсон болохоор  хариуцлагаа хүлээх л болно.

Хамгийн их үгүйлэгдэж байсан сахилга дэг журам аяндаа голди­рол­доо орж байх шиг. Хэн мөнгө­тэй нь юу дуртайгаа хийж байдгийг болиулж эхлэв. Байдаг юм байдаг ормондоо, хууль журмын дагуу явах ёстойг мэдрүүлж эхэллээ. Бүтэн хорин жил орон нутагт МАН ялсан ч юу ч хийж байсангүй. Мөнхөд ялж ирсний хар гай нь орон нутгийн амьдрал хүндрээд хүмүүс бүгдээрээ нийслэл барааддаг бол­чихсон. Монгол шиг улсад биз­несийг зөвхөн хотод төдийгүй хөдөөд ч цэцэглүүлж  болно.  Хөдөө­гийн иргэд тариа  ногоогоо тариад, малаа хариулаад явах юм бол АНУ-ын ямар ч дундаж иргэ­нээс дутуугүй амьдарч болохоор байгаа юм. Гэтэл МАН орон нутагт энэ боломжийг нь олгохгүй  залаастай бурхан шиг суучихаад  хөдөлж өгөхгүй байлаа.  Тиймээс орон нутагт  зах зээлийн сэтгэлгээ огт байхгүй явж ирсэн. Дээр нь орон нутгийн төсөв, тэр дундаа дүүргүү­дийн төсөв нээлттэй бус, хэн хэрхэн зарцуулж байгаа нь тодорхойгүй  дур зоргоороо хороо дүүргийн засаг дарга нар нь захиран зар­цуулж ирсэн. Үүнийг АН нээлттэй болгоё, орон нутгийн асуудалд иргэдийн оролцоог нэмэгдүүлж,  тэдэнтэй зөвшилцөж шийдвэр гаргадаг болохыг уриалж байгаа юм. 

Ард түмэн  нэгэнт  дээд шатан­даа АН-ыг сонгосон болохоор дөрвөн жилийн хугацаанд  нэг мөр эцсийг үзэх нь зөв юм. Ингэхийн тулд хөдөө орон нутагт, дүүргүүдэд  нэр дэвшигчдийг нь дэмжиж хөлтэй болгож өгөх хэрэгтэй. Хэрэв өнгөр­сөн зургадугаар сараас хойш  анхан шатны нэгжүүдэд АН-ын хүмүүс  сонгогдоод хөлтэй болчих­сон бол айлын цонх хаагаад тул­гаад барьчихдаг байшин, ямар ч хөдөлмөр хамгааллын горимгүй уул уурхай, барилгын ажлууд, зөвшөөрөлгүй газар олголт  нэг тийш болох зэргээр  олон хүнд суртлуудыг арилгачих байлаа. 

Хаанаасаа хаалгач нь гэж үг бий. Хаан хүлээж авахад бэлэн  байтал хаалгач нь оруулахгүй бол яаж болохов. Дээрээ суудлаа олоод дороо гүйдлээ олохгүй бол ажил яаж явах вэ. Дээд шатандаа АН-ынхан урагшлах гээд зүтгээд байдаг доод шатанд нь МАН-ынх гээд нэг нөхөр ажил уяж, чөдөр тушаа болоод  байвал яахав. Тиймээс л аль ч шатандаа АН-ынхыг сонгоод үзвэл яасан юм гэж хэлээд байгаа юм. Итгэл хүлээл­гэвэл нэгмөсөн итгэж үзье л дээ. 

Шинэчлэлийн гэж нэрлээд бай­гаа Н.Алтанхуягийн Засгийн газар 45 хоногийнхоо ажлыг тайлагна­хад л  хүсвэл хийж болдог гэдэг нь харагдаж байна шүү дээ. Салбар салбарт шинэчлэл, өөрчлөлтийг хийж болохоор байна. Ядаж л бид түгжрэлээс гарахын тулд Э.Бат-Үүлийн санаачлагаар дугаараар нь ялгаж өөр, өөр гаригт авто­машиныг замын хөдөлгөөнд орол­цуулдаг боллоо. Сэтгэл байвал хэн ч хийж болох л  байж.  Нийслэлийн удирдлагын ажлаа аваад эхлүүл­сэн ажил эхнээсээ үр дүнгээ өгч хүмүүст итгэл найдвар бий болжээ. Гэтэл анхан дунд шатандаа хөлгүй учраас л энэ бүхнийг нэгмөсөн хийчихэж бас болохгүй байна. Одоо Орон нутгийн сонгуулиар нэгмөсөн хөлтэй болгож байж ажил урагшилна. Өндөр хөгжилтэй орнуудад ихэнх тохиолдолд дээд түвшиндээ ялсан бол анхан дунд  шатандаа саналаа өгдөг.  Нэг үгээр хэлбэл нэгэнт дээд түвшиндээ бодлого боловсруулах боломжийг нь өгч байгаа юм чинь дунд, доод шатандаа ажил явуулах болом­жийг нь бүрдүүлж санал өгдөг байх нь. 

УИХ-ын сонгуульд АН ялсан юм чинь одоо орон нутагт нь МАН-ыг
ялуулъя гээд саналаа өгчихье
гэдэг үлгэрт итгэхээ больё.
Энэ бол буруу сонголт хийлгүүлэх
гэсэн санаархал. УИХ-д АН яллаа ч орон нутагт МАН гараад ирвэл ямар ч ажил явахгүй. Ардчилсан сонголтын үр дүн гарахгүй.
Одоо бол бүх хүнд сурталтнууд анхан, дунд шатандаа
байна. Нэг юм хийе гээд үүрэг
даалгавар өгдөг. Өнөөдүүл нь хөдөлдөггүй. Хожим нь тэгээд үүнээс
болж сайн үр дүн гарахгүй бол хариуцлага тооцох эзэнгүй болдог.  Тиймээс эднийг нэгмөсөн
солих хэрэгтэй. Ингэс­нээр хот, хөдөөд хийгдээд эхэлсэн сайн сайхан
зүйл, дорвитой ажлууд аяндаа
шат шатандаа хэрэгжээд эхэлнэ. Шинэчлэлийн засгийн газ­рын үр шимийг нэгмөсөн хүртье
гэвэл, хожмоо нь хариуцлага тоо­цох эзэнтэй байлгая гэвэл Орон нутгийн сонгуулиар
зөв сонголт хийцгээе. Өч төчнөөн
ажлууд эхнээ­­­сээ хэрэгжиж эхэлсэн.  Дахин
хэлэхэд зөв сонголт л цаашдын
хувь тавиланг шийднэ шүү дээ.

Categories
редакцийн-нийтлэл

Эргээд ирээч гэж эх орон чинь дуудаж байна

Бид цөөхүүлээ гэдэг ч олуулаа. Энэ дэлхийгээр нэг монголчууд байна. Өнгөрсөн хавар Ерөнхий­лөгч дэлхийн монголчуудыг Монгол нутагтаа ирцгээ. Монголчуудаа олуулаа болцгооё” гэж уриалсан.  Ерөнхийлөгчийн санаачилга цагаа олсон, зөв зүйтэй  зүйл  байв.  Ингэж  Монгол үндэстнээ  нэг дээвэр дор цуглахыг уриалсныг дэмжихээс  гадна Монголоосоо явсан монгол­чуу­даа эргэж ирэхийг уриалмаар байна. Дэлхийн монголчууд Ерөн­хий­лөгчийн уриалгыг талархан хүлээж авсан. Тэд Монголоосоо   явсан монголчуудаасаа илүүтэй Монгол гал голомт минь гэсэн итгэлээр наашаа гэсэн сэтгэлээр ханддаг. Харин бидэнд нэг том бэрхшээл байдаг нь үндэс угсаа нэгтэй монголчуудаа гадныхан, харийнхан, эрлийз, хурлийзаар нь дууддаг. Энэ нь их үндэстний дэргэдэх жижиг үндэстний жалгын мухрын хүнээс гардаг өөдгүй зан л даа.

Зах зээлийн эхэн үеийн ороо бусгаа цагт  монголчууд гадагшаа олноороо гарсан. Гадаад ертөнц бидэнд тэр үед хол санагддаг байлаа. Ардчиллын буянаар хам­гийн анх хүн бүр гадаадад хөл тавих боломж нээгдэж, гадаад паспорттой болсон.  Зарим хэсэг нь Монголдоо картын барааны хүнд­хэн үеийг давсан ч хөл дээрээ босох гэж ганзагын наймаа, ТҮЦ-ээс бизнесээ эхэлж байлаа. Нэг хэсэг нь сайхан амьдралыг эрэн бэдэрч гадаадад хар ажил хийхээр явцгаалаа. Ерөнхийдөө цэвэрлэг­чийн ажил хийх гээд явцгаасан шүү дээ. Гадагш урсах хүн урсгал одоо ч тасрахгүй л байна. Ингэж явах  шалтгаан нь асар их баялагтай хэрнээ бизнес эрхлэх эрх нь, боломж нь байхгүй байсантай холбоотой. Манайх шиг ийм баялаг­тай улсад дотоодынх нь битгий хэл гадаадынх нь гуйгаад ирдэг байхгүй юу. Монгол Улс нэг хүнд ноогдох баялгаараа дэлхийд эхний байранд бичигдэхээр болж   байгаа. Цаашид ч бүр сайжирна гэж итгэж байна. Орхиод явсан үеийнхээс чинь ондоо болсон, эх орон чинь. Энэ чинь Монгол руу бөөн бөөнөөрөө шавах нөхцөл бүрдчихлээ гэсэн үг. Нэгэнт нөхцөл  нь бүрдчихээд байхад харьд очиж, хүний боол хийх хэрэг байна уу. Эх орон, ээж, аав, элгэн садан чинь эндээ  байж байна. Эх орон чинь та нарыг дуудаж байна, монгол­чууд аа. 

Хоёрхон жилийн өмнөс Монгол Улс гадаадад боловсрол эзэмш­сэн  сэхээтнүүдээ авчрах гэж “Зөгийн үүр” төсөл хэрэгжүүлж эхэлсэн. Нэг ёсондоо баланд дурладаг зөгий шиг монгол залуус минь эх орондоо (үүрэндээ) ирж цуглаач  гэж сэдсэн санаа. Хэдэн зуун сая төгрөг гарга­сан боловч хэн ирсэн нь тодор­хойгүй. Хүмүүс зөвхөн боловс­ролоор амьдардаггүй. Боловс­ролоо мөнгө болгох орчинд  амь­дар­даг. Төр тэдэнд цалин амлаад хуурсан хэрэг л болно. Түүний оронд компани байгуулах баялгийг ашиглах, экспорт, импорт хийх, ажиллагааг гар харсан хэдэн түш­мэдээс холдуулчихвал маргааш нь  гадаадад буй монголчууд аяндаа л нааш зүглэх болов уу. Ингэж л горьдож байна. Түүнээс биш эх орноо орхиод ээж, ааваа  ор тас мартана гэж үгүй баймаар.

Монголдоо сайхан амьдарч болно. Хүний газар аз жаргалыг хайж явсныг нь буруутгахгүй ч эх орноо сайн сайхан байлгах гэж зүтгэхгүй,  зөвхөн өөрийнхөө төлөө яваад өгч байгааг нь бодохоор  хэтэрхий аминчхан сэтгэлтэй ч юм шиг. Монгол Улс улам цэцэглэн хөгжинө гэдэг итгэл  найдвар маань хэзээ ч алга болоогүй. АНУ-ын нэгэн түүхчийн судалснаар их гүрэн байсан улс заавал сэхдэг гэсэн. Өөрөөр хэлбэл түүхийн хүрдний эргэлтэнд хүчирхэг байсан улс үндэстэн дахин байрандаа очдог байх нь. Ингэж мандан бадрахын эхлэл нь олуулаа болох. 

Монголчууд тэртээ он жилүү­дийнх шиг гадаадаас ирсэн бохь, лаазтай ундаа хараад гайхахаа больчихсон. Дэлхийд ямар шинэ технологи гарч байна маргааш нь л Монголд нэвтэрдэг болсон.  Хол­ли­вудын оддын хүүхдийнхээ сур­галтын төлбөрт зарцуулдаг хэм­жээ­ний мөнгийг төлөөд эх орондоо хувийн сургуулиудад монгол хүмүүс хүүхдээ сургаж байна.  

Одоо гадаадынх гээд гайхаад байх зүйл монголчуудад байхгүй. Тэнд юугаараа илүү юм. Манай­хаас илүү нь  дулаахан л байх. Эрс тэс уур амьсгалтай гээд эх орноо­соо хол байна гэвэл инээдэмтэй л хэрэг биз дээ. Дэлхийгээр нэг эзэнгүй, засаг захиргаагүй монгол хэлээр ярьсан хүмүүс байдаг болчих­лоо. Гадаадад амьдарч байгаа хүмүүсийн тоо зуун хорь гаруй мянгад хүрдэг гэсэн. Үүнээс ч олон байгаа байх. Албан ёсны бүртгэлтэй нь энэ болохоос.  Эргээд очих эх оронтойгоо тэр олон монгол­чууд ухамсарлах хэрэгтэй. Ингэж “Монгол” гэдэг нэр зүүчихээд эх орноо ээж, ааваа орхиод олон жил явсан, тодорхой хугацааны дараа эх орондоо ирэхгүй байгаа хүмүүст  хариуцлага тооцдог бол­моор байна.  Тухайлбал Монголоо­соо гараад арваас дээш жил эх орондоо огт ирээгүй бол  Монголын харьяаллаас хасах арга хэмжээ авмаар байгаа юм. Хаслаа гэдгээ албан ёсоор зарлах хэрэгтэй. Гэхдээ үүнийг туйлшруулан ойлгож болохгүй. Сургуульд сурч байгаа, алба амины ажлаар ирж очиж байгаа хүмүүсийг бүгдийг нь хэлээд байгаа юм биш. Улс нь иргэнээ захирч чадахгүй бол улс гэж бай­гаад яах юм. Ямар ч эрх чөлөө явж, явж нэг хязгаарт хүрээд тулдаг. Гадагшаа явсан ч гэсэн эх орноо мартаж болохгүй. Эргэж ирнэ гэдэг таны үүрэг. Гадаадад байгаа монгол­чууд Монголын төрийн удирдлагуудыг очихоор асуудаг нэг зүйл нь давхар иргэншил. Гадаадад амьдардаг, бүр гадны иргэншилтэй болсон хэрнээ хааяа Монголдоо ирж, очиж байх гэж л үүнийг хүсдэг. Гэтэл угтаа Монгол Улсын эрх ашиг гэж бий.

Дэлхийгээр нэг тарсан 
монгол­чуудаа, эх нутагтаа цуглаж, эх орондоо эзэн сууя. Өтөл хөгшин
болсон хойноо “эх орон минь” гээд  ясаа тавих
гэж ирэх хэрэггүй. Идэр насаа
хүний нутагт өнгөрөөчихөөд Монголын төлөө хийсэн гавьяагүй
хэрнээ өгөршсөн ясаа эх орондоо тушаах нь шударга хэрэг үү. Тиймээс л эх орон чинь та нарыг
эсэн мэнд эрүүл саруул дээрээ
эргээд ирээч гэж дуудаж байгаа юм, монголчуудаа.  Тэгээд бид олуулаа болно.