Categories
редакцийн-нийтлэл

Их хурлын хүүхнүүд бас “Цагаан сарыг улаан сар болгоно” гэх боллоо

Цагаан сарыг монголчууд хэ­дэн зуун жил тэмдэглэж ирсэн. Хэдийгээр яг таг он тоолол байхгүй ч ихэнх нь Чингэсийн үеэс тэм­дэглэж эхэлсэн гэх юм билээ. Түүнээс өмнө, түүнээс хойно ч  тэмдэглэж эхэлсэн гэх нь бий.  Гэвч энэ удаа хэзээ тэмдэглэж байсныг эрж сурж, тогтоох  гэсэнгүй.

1921 онд цагаантнууд гаминг хөөж, цагаан сараар баяраа тэм­дэг­лэх зуур гамингууд “Цагаан  сарыг нь улаан сар болгоно” гээд хүрзээ ирлэж байсан гэдэг. Сүүлд Оросын нөлөөлөлд байх үед цагаан сарыг Октябрь сар болгох гэж үзээд бараагүй. Ю.Цэдэнбал   дарга Филатова эхнэртэйгээ  малч­дын баяр, нэгдэлчдийн баяр бол­гож нийтээрээ тэмдэглэхийг  хорих гэж оролдсон. Мөн 1952 оны нэг­дүгээр сарын 26-ны өдөр битүүний өдөр Х.Чойбалсанг нас барсныг далимдуулж улс орон даяар гашуу­дал зарлан, баяр тэмдэглэхийг хориг­ло­сон байна.  

Энэ олон саад бэрхшээл­тэй учирсан ч энэ баяр хоригдохгүй явсаар өдийг хүрлээ. Аав, ээжийн яриагаар бол цагаан сарыг хориг­лоод байхаар нь өдөр нь ажилдаа явж ирээд шөнөжин золгоод тэм­дэглэдэг байсан гэнэ лээ. Тэр үед айлын ууц хураах аймгийн намын хорооны комисс хүртэл байгуу­лаг­даж байж. Цаг цагийн буулганд ийнхүү цагаан сар хэмээх үндэсний баяр маань элдэв бэрхшээлийг туулсаар өнөөд­рийн бидний үед ч хамгийн сайхан баярын нэг хэвээ­рээ ирсэн билээ.

Монголчуудын хувьд үндэсний хоёрхон баяртай. Цагаан сар, наадам. Цагаан сараар ууц, ул боов,  айраг, гар цайлгах бэлэгтэй, буузаа жигнэж, ууцаа таллаж баярладаг. Үндэсний маш олон уламжлал, ёс заншил энэ үед сэргэдэг. Үндэсний­хээ дээл хувц­саар гоёдог. Ахас ихэсдээ хүндэтгэл үзүүлдэг. Бүх хүн зөвхөн сайн сайхан зүйлийг бэлгэдэн ярьдаг. Энэ өдөр гэмт хэргийн тоо ч эрс багасдаг. Айл бүхэн бүртийх тоос­гүй болтлоо гэр орноо цэвэрлэж, ах дүүгээ мэдэлцдэг. Жилдээ ганц удаал энэ баяраар  хамаатан саднууд уулздаг. Улс орноо­роо аз жаргалтай бол­дог. Гайхамшигтай сайхан баяр. Бие биедээ чадлын­хаа хэрээр бэлэг өгдөг. Элбэг дэлбэг байх нь юу нь буруу байх билээ. Цаг цагт нэг цадна, цагаан сараар нэг цадна гэдэг үг ч бий шүү дээ. 

Энэ мэтээр ямар ч хүнд хэцүү үед бид цагаан сараа тэмдэглэхгүй өнгөрөөж байсангүй. Бүр картын бараанд орсон байлаа ч бие биедээ бэлэг өгсөөр л байсан.

Зун наадмаараа баяр­лана. Ихэнхдээ хүйтэн улирал­тай манай­хан наад­маар хүн, малын зоо тэний­сэн энэ үед нэг баяр­ладаг. Айрагтай, адуутай, адууны хөлс­тэй, улаан шороотой, шороо нь амтагдсан хуушууртай, бөхтэй, бөх нь хэл ам дагуулна. Энэ бүхэн бүгд байж л наадам жинхэнэ ёсоороо болдог. Монгол наадам ийм л байдаг. Наадмын хуушуур хамгийн амттай. Ресторан, цайны газарт хэзээ ч наадмын талбайн шороо­той хуушуур шиг амт амтагдахгүй. Наад­мын хуушуур үүгээрээ л ялгаа­тай.

Миний мэдэхээр хамгийн дур­самжтай, мартагдаггүй баярууд энэ хоёр баяр л байдаг. Тиймээс мон­гол­чууд тэр жилийн цагаан сар, тэр жилийн наадмаас өмнө, хойно  гэж он цагийг ярих нь бий. Бүр нарийн яривал тэр бөх түрүүлдэг наадам, тэрний адуу хурдтай байсан жил гэж ирээд хуучилдаг. 

Энэ бүхнийг дурдах болсон маань УИХ-ын хэдэн хүүхнүүд цагаан сарыг өөрчлөх гэж ярьж эхэлснээс үүдсэн юм. “Гамингууд “Цагаан сарыг улаан сар болгоно” гэж байсан шиг эд нар яах нь вэ.  Энэ хэдэн хүүхнүүдэд оролдохгүй, оролцохгүй юм алга” гэж зарим шооч хүмүүс ярьж байхтай таарав.

Улстөрч хүүхнүүдийнхээр бол   цагаан сараар золгох гэж ирээд ургийн бичгээ бөглөөд суух юм байна. Тэгээд ирсэн гийчдээ явахаар нь тавагнаасаа боов хугалж өгөх юм байна.

Арай эртдээ бол идээ, шүүс­нээ­сээ хувь хишиг тараадаг байсан. Арай өөрөөр хошуу хоргой, даавуу, торго, бүр хожуудаа саван, оймс өгдөг байсан. Хүмүүсийн амьд­ралын боломж дээрдээд ирэх үед өөрсдийнхөө хэр хэмжээнд тааруу­лаад янз бүрийн л бэлэг өгдөг болж. Энэ бол байх л зүйл. Их бага нь хамаагүй, үнэтэй, үнэгүй хамаа­гүй. Бэлэг авах, өгөх  сайхан ш дээ. Харин УИХ-ын гишүүн хүүхнүү­дийн зөвлөснөөр бэлэг өгмөөр санагдвал дотоодын оймс, утасны карт өгөх юм байна. Тэд бидэнд ингэж зөвлөх болов. Өөр бэлэг өгч болохгүй юм байх.

Бүр байтлаа үндэсний баярыг минь яаж тэмдэглэхийг энэ хэдэн хүүхэн заах юм гэнэ.

Энэ хүсэл чинь хэзээ ч бүтэхгүй ээ, хүүхнүүд ээ. Гамин, оросуудаас эхлээд хэн ч хорьж чадаагүй юм, энэ баярыг.  Яаж ч ядарсан, ямар ч цаг үед  бие биедээ хэрдээ таарсан сэтгэлийн бэлгээ өгөөд, баяраа тэмдэглээд  ирсэн юм.

Би лав ээждээ, дүүдээ, хамаа­тандаа юу бэлэглэхээ Их хурлын хэдэн хүүхнүүдээр заалгахгүй. Хамгийн зэвүүн нь энэ хэдэн хүүх­нүүд ард түмнийхээ идэж уух, эцэг, эхдээ өгөх бэлгийг нь хүртэл заадаг болох нь.  Аягүй бол өөрсдөө булга, минж болсон хамгийн том бэлгийг аав, ээждээ өгөх байх. Биднийг болохоор ядарсан юмнууд эцэг, эх ах дүү нараа баярлуулж чадахгүй гэж доромжлоод байгаа юм шиг зааварлаад л.

Төрийн хүн болчихоод гэрийн авгай шиг дэмийрэх юм. Ингэж гэнэн хонгортож болохгүй ээ. Үндэс­нийхээ ёс заншил, уламж­лалаар тоглох нь өөрсдөд нь маш хатуу тусдаг. Испанийн бухын тулаан, Бразилийн үндэсний бү­жиг, АНУ-ын сүнсний баяр, Хята­дуудын еэвэн сар, олон орон тэмдэглэдэг талархлын баярыг  оролдвол тэр улстөрчид нь улс төрийн тавцангаас тэр чигтээ арчиг­дана. Улс үндэстэн бүхэн өөр өөрийн үндэсний онцлогтой, сай­хан баяртай байдаг. Тогтсон ёс заншлын эсрэг юм хийж болохгүй, тоглож болохгүй. Түүхийнхээ хөгж­лийн замаар шинэчлэгдэж, хөгжиж ирдэг ч үндсэн утга агуулгаа өөрч­лөөгүй үндэсний баяр минь бай­саар л байх болно. Үндэсний ёс заншлаараа оролдвол өөрөөрөө оролдсонтой ялгаагүй.

Бүсгүйчүүд УИХ-д энэ  удаа хамгийн олон суудал авсан билээ. Бид ч өнөө яриад байсан хатан ухаанаа гаргах нь гэж бодож талар­хан хүлээж авсан.  Энэ янзаараа бол буруутаж гэж бодохоор байна. Энэ УИХ үйл ажиллагаагаа эхэлс­нээс хойш хүүхнүүдийн санаачил­сан хууль нүдээ олоогүй, амьдралд ойр биш байлаа. Нэг иймэрхүү ойрын зайны улс төрийг хэн ч хийнэ. Ингээд байвал хол явахгүй ээ. Ёс заншлаараа оролдвол дараа­гийн удаа ард түмэн та нарыг дахин сонгохгүй байх шүү. Гал тогооноосоо давж сэтгэж байж л улс орныг жолоодолцоно. Түүнээс биш гал тогооны улс төрийг захын нэг эмээ ч хийчихнэ.  

Арай өөрийг
бодож ол л доо, УИХ-д суугаа “охидуу­даа”. Улс оронд хэрэгтэй олон хууль баталж
болно. Том харж, том сэтгэе.

Categories
редакцийн-нийтлэл

Монголын хүмүүн бус улс төрд хүн үзэгдэх нь юутай сонин

Монголын улс төр жудаг­гүй. Хамт яваад бие биенээ “хутгалдаг”. Эрчүүд нь эмэг­тэйчүүдээ дорд үзнэ.  Нам нь гишүүдээ хэрэгтэй үед нь ашиглаад хаяна. Нэг удаа ялагдвал үүрд ялагдсан мэт адална.  Фракцуудаараа нийлж байгаад унасан дээр нь нам дарж авах гэж ухаан­гүй зүтгэдэг. Жудаггүй жудаг­гүй гэхэд хүмүүн бусын жу­даг­гүй загнадаг шүү дээ, манай улс төрийнхөн. Ёс суртахуун, хүн ёс, хүн чанар гэж улс төрд байхгүй болсон.  Улс төрд орсноо орчлонгийн оргилд хүрлээ гэж боддог хүн дэндүү олширсон. Хүсэл мөрөөдөл нь улс төрөөр л хязгаарлагддаг хүн өдрөөс өдөрт үржин тэлж байгаа. Эх орноо, ээж ааваа ч улс төр гэж ойлгох шахна. Улс төрд оро­хоосоо өмнө  сайн хүн байдаг. Улс төрд орохоороо л хүн биш болчих юм. Мэдээж ганц ч гялайх хүнгүй муу муухай гэж юу байхав. Нийтлэг байдал нь л иймэрхүү болж. Иймээс Монголын улс төрийг хүмүүн бус гэж тодорхойлоход буруу­дахгүй байх.

Жудаггүйн нэг жишээ бол Баянзүрх дүүргийн дахин сонгууль байлаа.  Нэг намын хоёр, тэр дундаа эрэгтэй, эмэгтэй хоёр хүн өрсөлдлөө. “Энэ сонгуульд нам битгий оролцоорой”  гэж Д.Арвин  нь гуйхаар нам нь тэгэхээс тэгэх гэсэн шиг дарга, цэрэггүй сууж байгаад нөгөө нэр дэв­шигчийг нь  дэмжихээ ил то­доор хэлчихсэн. Аргаа ба­раад үг хэлэх гэхээр нь мик­рофон хаагаад яриулаагүй байдаг. Ард түмэн Д.Арвин, Б.Батзориг хоёрын хэн нь хэн бэ гэдэгт саяын сонгуулиар дүн тавилаа. 

Нэгэнт хуулиндаа суртал­чилгаа хийж болохгүй учир Ардын намынхан Баянзүр­хийн дахин сонгуулиар дэм­жиж байгаа Б.Батзоригоо маг­таад байж болсонгүй. Тэгээд нэг арга олсон нь Д.Арвинг муулах. Энэ аргаа  ч сонгуу­лийн өмнөхөн сайн хэрэг­жүүл­сэн л дээ. Эрээ цээргүй чулуу нүүлгэж, элдвээр нь дарамталсан. Тэснэ тэснэ гэхэд дэндэнэ ээ. 

Сонгуульд ялаад гараад ирэхээр нь “Тангаргаа бит­гий өргө” гэж шахна. Тийм дуртай бол өөрсдөө тангар­гаа өргөх­гүй байх нь яасан юм. Д.Са­ран­гэрэл, Д.Арвин хоёрыг дуудаж бай­гаад л битгий тангаргаа өр­гөөч гэж хэлэх­дээ Ардын на­мынхан өөрс­дийнхөө ча­на­­рыг харуулсан хэрэг бол­сон.  

Д.Арвинг Ардчилсан намд орохоор  намаасаа  урвалаа гээд байх юм. Гэтэл нам нь аль хэдийнэ сонгуулийн үеэр Д.Арвинаас урвасан шүү дээ. Цагтаа Д.Арвин энэ намын төлөө ажилласан. Түрийвчээ бариад гүйгээд ирснээ ч өөрөө хэлдэг. МАН яаж ялзарч, гишүүддээ хэрхэн ханддаг нь Д.Арвинд  хандсан том жишээ. МАН өөрийнхөө гишүүдэд тэр байтугай на­мынхаа удирдлагуудад хэр­хэн хандаж байсныг Д.Арвин ярилцлагадаа дурдсан. С.Бат­мөнх агсныг ямархуу байдалтай байлгасан, гэр­гийд нь яаж хүйтэн цэвдэг сэтгэлээр хандсан, тэр хүнд туслах гэж Д.Арвин яаж явсан. Нам төрийн удирдагч Ю.Цэ­дэнбал минь гэж нэрийг нь барьдаг хэрнээ үр хүүхдийг нь  Монголын иргэнээр хүлээн зөвшөөрөхгүй яаж зовоов. Энэ бүхний төлөө өөртөө ямар ч ашиггүй байхад хүн сэтгэл гаргасан Д.Арвин яахаараа өөр намд орсныхоо төлөө урвагчаараа дуудуул­даг билээ. Нам нь гишүү­дээсээ урваж, намын дарга байсан хүмүүсээсээ урваад байхад ийм намаас гарсан хүн урвагч болно гэж үү. Ийм хүн жудаггүй  байдаг хэрэг үү. Д.Арвин улс төрөөс хүн чанар л нэхсэн. Тэрийгээ Ардын намаас гарснаараа харуул­лаа.

Д.Арвин урвагч байсан бол Н.Энхбаяраас урвах бай­лаа. Ардын намынхан бүгд Н.Энхбаяраас нүүр бу­руулж өөрсдийг нь өнөөд­рийн өндөрлөгт хүргэсэн хүнийг хэрхэн гадуурхаж нүүр буруулсан билээ. Н.Энхбаяр хэдийгээр энхийн цагаан таг­таа биш ч гэлээ улстөр­чийнхөө хувьд тэднийг яалт ч үгүй татаж гаргаж ирсэн хүн мөн. Ардын  намынхан кра­наар татуулж гарч ирдэг, тэр кран нь тухайн үедээ Н.Энх­баяр байсан юм шүү.  Гэтэл бүгд л түүн рүү нулимсан. Ийм бохир заваан улс төрийн намаг шалбаагаас ганц  ч гэсэн зүйл гялтайсан нь Д.Ар­вингийн энэ үйлдэл байлаа.

Д.Арвиныг Ардчилсан намтай тохироо хийж орлоо  хэмээн далдыг харах мэт зарим нь хэлэх юм.  Д.Арвин хүний чанаргүй загналаа гэх юм. Тэгж л их тохироо хийдэг байсан бол   өдийд хэд хэдэн салбарын сайд хийгээд үзчих­сэн сууж байх байлаа. Д.Арвин харин ч зөв сонголт хийлээ. Тэртэй тэргүй шинэч­лэх гээд бараагүй энэ намаа­саа явахгүй бол тэдэнтэйгээ л адилхан болно. Тэрээр эмэгтэй хүн гэхэд олон удаа намынхаа өмнөөс гал руу орж, хатуу хөтүү үг хэлж бай­лаа. Д.Арвинаас одоо юу хү­сээв. Энэ эмэгтэйг Ардын нам хангалттай л ашигласан. Одоо Баянзүрхийнхний төлөө ажиллахаа мэдэгдсэн. Амласнаа хийнэ гэдэгт нь ч итгэж байна. Тэрнийхээ төлөө Ардчилсан намд орлоо.

Ардын намыг шинэчлэх гэж энэ эмэгтэй явсан нь үнэн шүү дээ. Элсний арван гурав гэж адлагдаж нэг үзсэн. Харамсалтай нь энэ нам шинэчлэгдсэнгүй. Д.Арвины хичээл зүтгэл талаар болов.

Өнөөдөр Д.Арвиныг өөр намд ороход Монголын улс төрд анх удаагийн тохиолдол мэт нүдээ бүлтийлгэх хэрэг­гүй. Ингэж өөр намд орсон тохиолдол хорь хол давсан.    Бүр таван нам дамжсан нөхөд ч  байна. Тэглээ гээд ингэтэл шуугисан билүү.   Тэр олон хүн дотор Монголын  сор болсон улстөрчид бай­даг. Р.Гончигдорж МАХН-д байсан. С.Баярцогт Улсын бага хуралд МАХН-аас нэр дэвшин сууж байлаа. Ерөн­хий сайд асан Д.Бямбасүрэн МАХН-ын гишүүн байсан. Ингээд дурдаад байвал олоон олон. Эд нар тэгээд жудаггүй хэрэг үү. Тэд шинэ сонголт л хийсэн. Намаа со­льсон болохоос эх орноо солиогүй. Энэ бол улс төрд байдаг л үзэгдэл.

Энэ бүхний  дараа Д.Ар­вин намаасаа гарч АН-д орлоо. Шударга
бусын эсрэг тэр ийм үйлдэл
хийлээ. Иймээс л Монголын хүмүүн бус улс төрд хүн үзэгдэх
нь юутай сонин гэж бодогдлоо.

Categories
редакцийн-нийтлэл

Монголын оюутнууд ичмээр юм

Ховд аймгийн Хөшөөтийн уур­хайд хайгуул, олборлолт хийдэг “МонЭнКо” ХХК өнгөрсөн зурга­дугаар сард тэтгэлэгт хөтөлбөр зарлажээ. Нэг ёсондоо сайн үйлс хийж байгаа хэрэг. Энэ хэдэн оюутнаас нь улс орондоо цөөхөн  нь ч гэсэн хэрэгтэй хүн болог гэж  бодсоных биз. Мэдээж бас тодор­хой шаардлагууд тавьжээ. Ингээд баахан сургуулийн оюутнууд тэт­гэлэг авахаар материалаа бүрдүү­лээд өгсөн байна.  Тэднээс сүүлийн  шатанд 20 сурагч тэнцэн батламж  авчээ. Энэ үед төлөвлөөгүй юм боллоо. Нөгөө уурхай нь страте­гийн орд болж төрийн мэдэлд очихоор болсон гэнэ. Тэгээд хувь хувь­цаа­гаа хэрхэн тохирохоо ший­дэх гээд бөөн асуудал босч бужиг­наад эхэлдэг юм байгаа биз дээ. Нэг ёсондоо уг уурхайн хэдэн хувь нь ч юм  төрийн мэдэлд очно гэсэн үг. Ингээд дотооддоо бужиг­наан­тай өнөө компани тэтгэлэг өгөх хугацаа нь хойшилж “Хүлээзнэж  бай” гэсэн юм байх.

Гэтэл нөгөө оюутнууд тэтгэлгээ  компаниас нэхээд шүүхэд хандаж байгаа гэнэ. Энэ талаараа хэв­лэлийн хурал зарлаж, “Бид хохир­лоо. Тэд мөнгө өгөөгүйгээс зарим оюутан төлбөрөө төлж чадалгүй нутаг буцлаа” энэ тэр боллоо. Нэгэнт төрд уурхай нь очиж байгаа бол тэр компани юугаа өгөх болж байна. Хэнд ч юу ч тохиолдож болно. Үйл ажиллагаа явуулж байсан компани өөрөө асуудалд орчихоод байхад  мөнгө авна гээд шүүхэд хандаж байдаг. Тэр ком­пани өгөх албатай биш. Оюутнууд ч авах албатай биш.

Гэхдээ компанийг өмөөрөх гээд байгаа хэрэг биш шүү. Авахаас өөрийг мэдэхгүй хомхойн сэтгэл­тэй, даварсан оюутнуудын үйлд­лийг хараад өмнөөс нь ичлээ. Монголын оюутан залуус ичих хэрэгтэй юм гэж бодлоо. 

Үгүй мөн даварч байнаа, энэ оюутнууд. Оюутнууд сурч боловс­рохоо л бодох хэрэгтэй. Оюут­нуу­дад сурч боловсрох боломж олгож,  Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн  санаачилгаар сар бүр цалинтай болгож,  70 мянган төгрөгийг төрөөс оюутнуудад  өгдөг болсон. Ингээд цалинтай оюутнууд нийтийн унаанд үнэ төлбөргүй явна. Зарим нь тэтгэлэг авна. Дээр нь хүний хөгжлийн хорин нэгэн мянга нэмэгддэг. Авсан мөнгөөрөө архи ууж, баар хэснэ. Бас болоогүй улстөржинө. Энэ мэтээр манай оюутнууд дэндүү даварчээ. Мон­голын оюутнууд шиг бэлэнчлэх сэтгэлгээ нь дээд цэгтээ тулчихсан  оюутан дэлхийн хаана ч алга.

Нэг жишээ хэлье. Зургаан дээд сургууль төгссөн нэгэн ажилд оро­хоор ирэхэд нь манай нэг томоохон компани 1500 ам.доллартай дүй­цэ­хүйц цалин өгөхөөр болж ажилд авчээ. Ажилд авсан ком­пани өнөөх залууг жигтэйхэн боловсорсон амьтан гэж бодсон байх л даа. Долоо хонолгүй өнөөх нь ажлаа хийж чадахгүй нь гээд гарсан байгаа юм. Тэтгэлэг аваад ямар ч хариуцлага үүрэхгүй, зүгээр суухаар суръя гэдэг нөхдүүдийн тодорхой жишээ энэ. Ингэж тэтгүүлж тэтгүүлчихээд ажлын ачаалал даахгүй, зүгээр л ширээ­ний ард суудаг хүн болчихдог. Дээр нь сайн санаж тэтгэлэг өгөх гэж амласан компани мөнгө өгнө гээд гэнэтийн явдал тохиолдоод өгч чадахгүй болсон чинь шүүхдэнэ гэнэ. Тэд хүний төлөө сурч байгаа юм уу.  Хүн шиг сураад  мэргэжлээ аятайхан эзэмшвэл өөрт нь л хэрэгтэй баймаар. Монголын оюут­нууд ичмээр юм. Хүн өөрт нь тусалъя гээд боломжгүй болоод тусалж чадахаа болихоор шүүх­дээд явна гэдэг юу гэсэн үг вэ. Улс нэгэнт уурхайг авсан бол “МонЭнКо” ком­пани оюутнуудад юугаа өгөх вэ дээ. Угтаа бол тэр оюутнууд дээрх компанид тэгж  сэтгэл гаргасных нь төлөө, сур­галтынх нь төлбөрийг төлөх гэс­нийх нь төлөө хичээсэнд нь таларх­­лаа илэрхий­лээд л өнгөрөх байсан юм. Ямар тэр компанийн­хан тэдэнд өртэй юм уу?

Есдүгээр сарын 11-ний үеэр аврагчид нурсан байшин руу орох гэж хичээхэд  нэгэнт аврах боломж­гүй үед дотогш оруулахгүй гээд аврагчдыг буцаан татсан байгаа юм. Тийм атал тэр аврагч нарт амь үрэгдэгсдийн ар гэрийнхэн аврах гэж сэтгэл гаргасных нь төлөө талархал илэрхийлсэн байдаг. Энэ бол барууны соёл юм. Манайх бол үхсэн хүмүүс дээр нь орж үхсэнгүй гэж зүхнэ. Талархаж чаддаггүй монгол зан. Энэ хоёрт ийм ялгаа байгаа юм.

Нэгэнт тэтгэлэгтэй холбоотой асуудал сөхсөн болохоор бас нэг жишээ хэлье. Тэтгэлэг гэдгийн мөн чанар нь төлбөрийн боломжгүй сайн сурлагатай оюутнуудад  буян болж өмнөөс нь томоохон компани, эсвэл улсаас тэтгэлэг олгодог.

Манайд нэлээд олон компани оюутнуудын дунд тэтгэлэг зарла­даг. Нэг томоохон компани  мөн тэтгэлэг зарлажээ.  Гэтэл тус компа­нийн эзэд рүү өндөр албан ту­шаал­тан, мөнгө хөрөнгөтэй биз­нес­­мэнүүд утасдаж, амраахгүй зовоодог тухай танил маань ярьсан юм. Нөгөө залгаж байгаа хүмүүс нь  ах дүү хамаатан садан, бүр өөрийн­хөө хүүхдүүдийг тэтгэлэгт хамруулах гэж дарамталдаг, рекэ­тэлдэг гэнэ. Өөрийнхөө халаас­наас гаргаад өгч болохоор юмыг өрөөл бусдаас ингэж дарамталдаг байна. Энэ мэтээр хувийн ком­паниудад ирэх дарамт дэндүү их. “Төр бидэнд туслахгүй байвал том тус болж байгаа хэрэг” гэж нэг бизнесмэн хэлсэн байна лээ. Тусалж байгаа нэрээр гай болохгүй л бол бид амар амгалан ажлаа үргэлжлүүлэх боломжтой гэж хэлсэн хэрэг л дээ.

Нэг найз маань хувиасаа хэдэн хүмүүст гэр өгье гэжээ. Гэтэл бо­ломж нь болохгүй “Хэсэг хугацааны дараа өгье” гэж. Өнөө хүмүүс ажлынх нь үүдээр эргэлдээд  амар заяа үзүүлэхээ байж “Шүүхэд хандана, хэвлэл мэдээллээр зар­лана, луйварчин, зальтай амьтан” гээд элдвээр нь дууджээ. Аргаа барсан найз маань “Бусдад тус болъё гэсэн биш, өөртөө гай бол­чихлоо” гэчихсэн толгой сэгсэрч суусансан. Боломжтой хүн бо­ломжгүй болж болно. Аль нэг компани хувь, хүнд юу ч тохиолдож болно. Дээрх оюутнууд, гэр авах гэж дайрч, доромжлоод байсан иргэд  хүний юмыг авах ёстой юм шиг дураараа дургих нь жинхэнэ луйварчин шиг санагдлаа. Хүний юм хүнийх л байдаг. Хүний төлөө биш, өөрийнхөө төлөө сурч байгаа өөрсдөөсөө ичиж амьдаръя. Зүгээр л хичээлдээ хичээ. Хүнээс зүгээр юм нэхэхийнхээ оронд ажил олж хий. Аль нэг компани мөнгө өгөхгүй байлаа гэхэд яаж ийгээд төлбөрөө төлөх л байсан шүү дээ.  Хүний юмыг авах гэж ичгүүргүй аашлахаасаа ичмээр юм даа, Монголын оюутан залуус.

Categories
редакцийн-нийтлэл

Д:Арвин: Би МАН-ыг ядарсан үед нь биш, задарсан үед нь гарч байна

Д.Арвин дахин сонгуулиар ялалт байгууллаа. Хотын дүүрэгт МАНаас нэр дэвшсэн хүмүүсээс Д.Арвин л гарч ирсэн билээ. Тэрээр  өөрийнхөөрөө нэгэн шийдвэр гаргасан нь Ардчилсан намыг сонгосон явдал байлаа. Сүүлийн үед түүнийг ийм шийдвэр гаргасантай нь холбож янз бүрээр л ярьжбичиж байгаа. Энэ бүхний хариултыг авахаар УИХын гишүүн Д.Арвинтай ярилцсанаа уншигчдадаа хүргэж байна

Юуны өмнө танд сон­гуульд ялалт бай­гуулсанд баяр хүргэе.

-Баярлалаа.
Намайг дэмжиж байсан бүх хүнд танай сониноор дамжуу­лан талархлаа илэр­хийлье.

Нэг намын хоёр хүн хоорондоо өрсөлдөж байсан ийм тохиолдолд байхгүй байх аа

-Тиймээ,
улс төрийн  хувьд их сонин үзэгдэл байлаа. Тэгээд яахав, өрсөлдөөд л гараад ирлээ.

Танай намынхан таны эсрэг ажиллачих шиг болсон. Та энэ бү­хэнд гомдоо юу?

-Юунд
нь гомдох юм. Би гомдоод гараагүй. МАН-аас гарч Ардчилсан намд орно гэдэг  бол миний сонголт байлаа. Би анх намынхандаа хэлсэн. “Нэг намын хоёр өрсөлдөгч байгаа учраас аль алиныг нь битгий дэмжээрэй” гэлээ. Харам­салтай нь манай намын­хан тэгсэнгүй.  Нэгийг нь дэмжинэ гээд Баянзүрх дүүргийн намын тэргүү­лэгчдийн тогтоол гарган уншсан. Нэг ёсондоо өнгөр­сөн сонгууль миний хувьд Ардын намтайгаа өрсөлдсөн сонгууль бол­сон л доо.

Та яагаад Ардчил­сан намд  орох шийдвэр гаргасан юм бэ?

-Монголын том эрх ашиг байгаа. Ард түмний нийтлэг эрх ашиг гэж бий. Миний хувьд энэ дөрвөн жилд иргэдийнхээ төлөө
дорвитойхон ажлуудыг хийхээр төлөвлөсөн
бай­гаа. Баянзүрх бол Монгол
Улсын хамгийн том дүү­рэг.
Гэтэл энд ажилгүйдэл, ядуурал
маш их байна. Арван хэдэн мянган хүн­тэй
газар нэг ч сургууль, цэцэрлэг байхгүй
гээд бод доо. Нэг аймгийн төвд
нэг ч сургууль, цэцэр­лэг байхгүй
байна гэдэг эмгэнэл биз дээ. Гэтэл Баянзүрхэд
байдал ийм л байна.  Энэ бүхнийг ший­дүү­лэх хэрэгтэй. Агаар,  хөрсний
бохирдол, хогны асуудал байна. Гэрэл­түү­лэггүй, халуун усгүй, ху­даг­гүй, хүй нэгдэлд бай­гаа юм шиг амьдарч бай­на, хүмүүс. Иргэддээ зо­риулсан бодлого байх­гүй­­гээс иргэд их хохирдог. Тиймээс
энэ бүхнийг өөр­чилж ажиллахаар дүүрэгт нэр дэвшиж орж ирлээ.

Үүнийг иргэд маань ойлгож их хуралд гарга­лаа. Энэ дөрвөн жилд надад зүгээр суух эрх байхгүй. Ордон дотор муур, хулгана болж тог­лохыг хүсэхгүй. Олон зүй­лийг шийдвэрлэнэ гэж гарч ирчихээд  зүгээр сууж болохгүй биз дээ.  Иргэ­дийн эрх ашгаа бодож Ардчилсан намд орох сонголт хийлээ.

Ардын  намаас  нэр дэвшиж  гарч ирчихээд Ардчилсан намд орж байгаа нь тийм зөв жи­шиг мөн гэж үүХатуу хэлбэл намаасаа урвах нь зөв гэж үү?

-Би түрүүнд хэлсэн энэ бол урвалт биш, сон­голт. Би эх орноосоо ур­ваагүй, ард түмнээсээ урваагүй. Хүн зогсонги байдалд байх ёсгүй шүү дээ. Би иргэдийнхээ тө­лөө илүү зүйл хийх гэж орж байгаа. Миний үзэл бодолд Ардчилсан намын  хийж байгаа ажил нь нийцэж байгаа. Өн­гөрсөн дөрвөн  жилд би “Хөдөлмөрийн яам бай­гуулаач ээ” гэж  Засгийн газарт олон удаа  явуулж байсан. Энэ Засгийн га­зар Хөдөлмөрийн яам байгуулсан. Энэ ганц жи­шээ л гэхэд миний са­наанд их нийцэж байгаа.  Мөн Магнай шиг олон хүн байгаасай гэж бодож бай­на. Тэр хүний хийж байгаа ажил иргэдийн санаанд маш их нийцэж байгаа.  Мөн зовох цагт  нөхрийн чанар таниг­дана гэгчээр дахин сон­гуу­лийн үед Ардчилсан намынхан надад  сэт­гэ­лийн дэм өгч байлаа.

Гэхдээ та Ардын намаас дөрвөн ч удаа нэр дэвшиж их хуралд гарсан. Тэгэхээр МАН  танд  боломж олгосон юм биш үү?

-Тэгж яривал би МАХН-аас нэр дэвшиж гурван удаа сонгогдсон шүү дээ.

МАХН МАН боло­хоос өмнөхийг хэлж бай­на уу?

-Тийм. 

Зөвхөн иргэдийн­хээ төлөө ажил хий­хийн тулд л  АНд орж байгаа  гэхээр  үнэмшил муутай ч юм шиг

-Надад АН-д орох бо­дол байсан. Гэнэт сая ингээд шийдсэн юм биш. БИ МАХН МАН болсон их хурал дээр  суугаагүй шүү дээ. Намын даргын сон­гуульд ирж саналаа өгч байснаас Монгол ардын хувьсгалт нам Монгол ардын нам болж нэрээ өөрчлөхийг эсэргүүцэж, бүлгийн хурал дээр би үг хэлж байсан. Харам­сал­тай нь миний үгийг хү­лээж авах хүсэл тэр үед манай удирдлагуудад бай­гаагүй.

Та юу гэж хэлж бай­сан юм?

-МАХН гэсэн нэрээ сольж болохгүй ээ. Нэрээ биш үйл ажиллагаагаа  шинэчлэх ёстой боло­хоос МАХН гэдэг нэрээс   хүн уйдаагүй, нэр нь хоц­рогдоогүй. Хувьсгал гэдэг үг хэзээ ч хоцрогдохгүй. Хувьсгал гэж мундаг үг шүү дээ. Аль ч үед хувьс­гал хийж болно. Хувьсгал гэдэг үг аль ч үед үнэ цэнээ алдахгүй. Харин ардын гэдэг үг хоцрогд­сон шүү дээ. 1921 онд ардууд байсан. Гэтэл өнөөдөр иргэний нийгэм байгуулчихсан, иргэний нийгэм төлөвшчихсөн байхад эргээд иргэдээ ард болгоод байна гэдэг бол иргэншсэн энэ ний­гэмд зохимжгүй  гэж хэлж байлаа. Гэтэл дарга нар хүчээр шийдсэн. Анхан шатнаас,  гишүүдээс маш их санал ирж байсан. Зарим газар зуун хувь эсэргүүцсэн санал ирж байсан. Тэгтэл Удирдах зөвлөл үүнийг тоолгүй хүчээр намынхаа гишүү­дийн саналаар биш, на­мынхаа удирдлагуудын саналаар нэр сольсон. Би ер нь МАХН гэдэг нэ­рээ сольсноос  хойш үг хэлэхээ бараг больчих­сон доо. Яршиг  гэж бод­сон. 1990-ээд оны дун­дуур МАХН-ыг  өөр нэртэй  бол­­гох гэж Энхбаяр дарга тэргүүтэй хүмүүс орол­дож байсан.

Монголын хөдөл­мө­рийн нам гэлүүТийм  хувилбар яригдаад бай­сан байх аа?

-Үгүй ээ, “Эрэл”-ийн Эрдэнэбатын нам юу би­лээ?

Эх орон нам уу?

-За нэг тиймэрхүү со­циалист чиг барим­жаа­тай нам болгох гэж аж­лын хэсэг байгуулж бай­сан. Тэр үед би зүтгэж байж болиулж байсан. Нэрээрээ оролдоно гэдэг  сайн зүйл биш.   Нам нэрээ сольсон нь надад хүнд цохилт болсон.

За тийм байж. Гэх­дээ МАНыг ялагд­чи­хаад байгаа энэ үед нь яагаад гарч байгаа юм бэ. Өмнө нь гарч болох л байсан шүү дээ

-Би МАН-ыг ядарсан үед нь гараагүй ээ, за­дарсан үед нь гарч байна. Ядарсан хүнд үед, гишүүд нь явчихсан  1980-аад оны сүүлээр манай на­маас хүмүүс зугтчихсан тийм хүнд үед нь би тү­рийвчээ барьсаар л орж ирсэн. Сэтгэл, оюун ухаа­наа зарсан. Маш олон залуусыг намд татан оруулж байлаа.

Тэр үеэс хойш МАН удаа дараалан төрийн эрх барьж сонгуульд ялалт байгуулж байсан. Үүнд миний  хувь нэмэр байгаа гэж бодож байна. Харамсалтай нь  эрх мэ­дэлтэй болоод ирэх үе­дээ манай намын удирд­лагууд үнэхээр буруу шийд­вэр гаргасан. На­мын­хаа нэрийг сольсон.  Энэ утгаараа МАН бол задарсан. Миний хамт­ран зүтгэж байсан олон хүн МАХН руу очсон бай­гаа. МАН-д үлдэх үү, МАН руу явах уу гэдэг бодол  миний дотор байнга явж байсан. Хүссэн хүсээгүй намын нэг хэсэг нь гараад явчихлаа шүү дээ. Үлдье гэхээр үлдэж болохгүй, явъя гэхэд явж чадахгүй тийм байдалд манай намын удирдлагууд бид­нийг оруулсан. Хоёр гу­равхан хүний тулгалтаар намынхаа гишүүдийг ийм байдалд орууллаа. Үүний­гээ эд нар ойлго­доггүй, ухаан муутай ул­сууд юм. Цаана нь ги­шүүд нь яаж зовж тар­чилж бай­гааг тэд  ойл­гох­гүй. Дээр нь манай нам үе үеийн намын дарга, лидерүүдээ хүнд байдалд оруулж бай­сан шүү дээ. Намын дарга нараа ийм хүнд байдалд оруулж байгаа хүмүүс жирийн гишүүдээ яах нь ойлгомжтой.

Жишээ нь яаж хүнд байдалд оруулдаг гэж

-Тухайлбал Цэдэнбал даргыг намаас нь хөөж, өмч хөрөнгийг нь хурааж авсан. Дөчин жил энэ хүний оюун ухааныг ашиг­лачихаад намаасаа хөөгөөд явуулчихсан. Бат­мөнх даргыг аваад үзье. Хүнд үед ардчиллыг  зөв хүлээж авч байсан тэр гавьяатай хүнийг  өмс­сөн хувцастай нь үл­дээж,  хэн ч биш болгоод тэр сэтгэлийн дарамт­наас болоод л нас бар­сан. Эхнэр нь гэхэд 50-хан мянган төгрөгийн  халам­жаас өөр орлогогүй тэр мөнгөөрөө  байр, гэр­лийн­хээ мөнгийг төлөөд  хүнд байдалтай байсан. Энхбаяр даргаар жишээ авъя. Энхбаяр даргад алдаа байсан ч гэсэн Монголын түүхэнд энэ хүний хийсэн гавьяа бай­гаа. Энэ хүн тодорхой хэмжээнд үүрэг гүйцэт­гэ­сэн.

1990-ээд оны эхэн үеэс эхлээд  манай намын удирдлагад байгаа бүх хүнийг  энэ хүн авчирсан.  Энэ хүний гараар ороо­гүй хүн манай өнөөдрийн удирдах түвшинд байх­гүй.  Бүгд Энхбаяр даргын  дагуулж ирсэн хүн. Гэтэл энэ хүнийг өөрийнх нь тавьсан хүмүүс Түг­жи­лийн замаар орсон. Ерөн­­­хийлөгчийн сон­гуульд Энхбаяр даргыг унага­сан. Мөн  Энхбаяр дарга­тай холбоотой өнөөд­рийн болж байгаа бүх асуудал манай­хан­тай ха­маатай.  Ерөн­хий­лөг­чийн сонгуулийн да­раа ч би энэ талаар хэлж байсан. Энхбаярыг ма­най на­мын­хан унагалаа гэж.  Одоо ч  би энэ байр суу­рин дээрээ хатуу зог­соно. Ерөнхий сайд, Их хурлын дарга байсан хү­мүүстээ яаж хандав. Эц­сийн мө­чөө хүртэл Энх­баяр дарга эд нар руу утасдаж байхад яаж ханд­лаа даа. Ийм эх оронч биш, ийм эв нэг­дэлгүй, ийм бусармаг, хүн чанаргүй  улсууд ма­най намыг толгойлж үл­дэж байгаа. Тэгэхдээ нэг их намдаа гомдоод байх юм алга.  Энэ бол миний сонголт.   

-“Элсний арван гурав“-ын ард Энхбаяр  байсан юм биш үү?

-Тэр үед  Ганди, Улаан, Тэрбишдагва нарын бидний хэсэг нө­хөд л намаа шинэчилье гээд ярилцаж асуудлыг гаргаж тавьсан. 

Энхбаярыг дэмждэг хүмүүсЭлсний арван гурав“-т багтаж байсан уу. Тиймээс ч таныг Энх­баярын хүн, тэдний бү­лэг­лэл, фракцынх гэж ярьдаг..

-Манай намд фракц гэж байдаггүй шүү дээ. Фракц гарч ирвэл  аль ч намын даргын үед унага­чихдаг.  Бид тэр үед ерөө­сөө  М.Энхболдтой  сон­гуульд орвол ялагдана гэж бодож шинэчлэлийн асуудал ярьж гарч ирсэн. Бид тэр үед ялсан. Энэ ялалт маань үр дүнгүй болсон. Намын шинэч­лэ­лийн төлөө  зөндөө л  зүтгэсэн. Ямар ч нэмэр­гүй юм байна гэж мэдлээ. 

Баянзүрхэд нэр дэв­ших нь таны сон­голт байсан уу, намын  шахалт  байсан уу?

-Миний өөрийн сон­голт. Тэгээд ч  Хэнтий  хоёр мандаттай болчих­сон шүү дээ. Аав маань Хэнтий аймгийн Биндэр сумын харьяат, ээж минь Завханы Жавхлант су­мынх, би өөрөө Баянзүрх дүүрэгт төрж өссөн юм чинь төрсөн газартаа ирж дэвшье, өссөн төрсөн дүүргийнхээ хөгжилд   хувь нэмрээ оруулъя гэж бодсон юм.

Танай намын Удирдах зөвлөл таныг АНын гишүүн болж бай­гаатай холбоотой На­лайхын ардын намын хороо руу утасдажАр­виныг УИХын гишүү­нээс татах тухай гарын үсэг цуглуулгэсэн үүрэг далгавар өгсөн гэсэн

-Би энэ тухай сонс­сон. Удирдах зөвлөл На­лайхын намын хороог ийм ажил зохион байгуул гэж хэлсэн юм билээ. Би хүнийхээ хувьд Ардын намынхнаасаа нэг зүйл хүсье. Миний араас бит­гий чулуу шидээч ээ.  Бие биенийхээ араас чулуу шидэж, мөшгиж, хавчиж тарчлаасаар байгаад   уна­гааж авдаг. Энийгээ  таслан зогсоогооч гэж хүсч байна. Намын нэ­рээр гарчихдаг юм бол МАН-аас хотод  яагаад нэг ч хүн ялаад гараад ирээгүй юм.   МАН-ын нэр гэхээсээ илүүтэй Арвин гэдэг хувь хүний чар­майлт зохион байгуулалт их байсан.   Тиймээс намын нэрээр гарч ирсэн  гэдэгтэй санал нийлэхгүй.  Тэгж яривал миний аавын  нэр хүчтэй нөлөөл­сөн гэж бас бодож байгаа. Уулзалт болгон дээр аавын маань тухай хү­мүүс ярьдаг,  асуудаг байлаа. Иргэд гучин жи­лийн дараа  миний аавыг дурсаж ярьж байсанд би их бахархсан.  Дашжам­цын охин гэдэг маань ялахад  их нөлөөлсөн. Гэхдээ МАН-ын зарим гишүүн намайг дэмжсэн гэж би бодож байгаа. Дээр нь нам бус жирийн иргэд  дэмжсэн. АН,  МАХН, ИЗН-ын гишүүд  намайг дэмжсэн. Ард тү­мэн намайг дэмжсэн. Ард түмэн гэдэг бол нам биш шүү дээ. Энэ дашрамд хэлэхэд   Батзандан ги­шүүн гишүүнчлэлгүй намын хууль санаачилна гэсэн.  Батзандан гишүүн намайг  ажлын хэсэгт орж ажиллаач гэсэн. Би үүнийг маш их дэмжиж байгаа. Хоёр сая хүрэх­гүй хүн амтай ард түмэн намчирхаад,   нэг намын анхан шатны үүрийн дар­гад дарамтлуулаад байх ямар хэрцгий юм болдгийг  би сая мэдлээ. Ер нь намаар хүнийг да­рамталж намаар бүлэг­лэж, идэж уудгийг болих цаг болсон.  Нам гэдэг бүлэглэлийн дор улс орны эдийн засгийг барь­даг, ах дүү танил талаа тавьдаг, цөөхөн хүнийг баяжуулдаг, тэгээд иргэ­дийг дарамталдаг, Үнд­сэн хуулийг зөрчдөг, ийм систем манайд байна.

Намаасаа гарах тухай бичсэн таны өр­гө­дөл хэвлэлээр гарсан. Энэ ямар учиртай юм?

-Манай намынхан л тараасан байх. Тэрнээс би ямар ч хэвлэлд өгөө­гүй. 

Ардын нам дотор та хэнтэй дотно вэ. Найз нөхөд чинь таны  өөр намд орсон шийдвэрийг  юу гэх юм?

-Миний дотно улсууд бүгд МАХН руу явчихсан шүү дээ.

Сонголт яагаад МАХН байж болоогүй юм?

-МАХН задарч МАХН, МАН болсон  болохоор задарсан намынхаа аль нэгд нь орохыг  хүсээгүй. Нөгөө талаас миний сон­голт бол АН байсан. Ард­чилсан нам миний олон жил бодож явсан  улс орон, ард иргэдийнхээ төлөө хийе гэснийг хийж эхэллээ.

Та Ардчилсан намд орох тухайгаа анх хэнд хэлсэн юм?

-УИХ-ын дарга З.Энх­болдод хэлсэн.  УИХ-д олон жил хамт суулаа. Их шударга,   хүний жаргал зовлон ойлгодог хүн. Бид хоёр хөрш өрөөний хоёр, хааяа өрөөгөөр нь орж аминчхан ярилцдаг бай­лаа. Лидер хүний бүх шинж энэ хүнд бий шүү дээ. Би сонгуулийн өмнө бас нөхцөл байдлаа хэл­сэн. Надад З.Энхболд дарга “Манай намын ги­шүүд танд саналаа өгөх байх аа” гэж хэлж байсан.

Намд элсэх тухай­гаа хэзээ хэлсэн юм?

-Сонгуулийн дараа хэлсэн.

Дахиад УИХын дар­гад уу?

-Тийм. Би сонгуулиас өмнө Ардчилсан намд орох шийдвэрээ гаргасан байсан. Сонгуулийн да­раа энэ шийдвэрээ хэл­сэн. 

Энхбаяртай яагаад таныг хамаатуулж ярь­даг юм. Энхбаярын хүн гэх мэтээр..

-1990-ээд оноос хойш намынхаа үйл ажилла­гаанд идэвхтэй оролцож байсан. Багабанди, Даш-Ёндон даргыг намын дарга байхад ч тэр. Энх­баяр дарга 1997-1998 оны үед манай намд орж ирж байсан. Бид хоёр их таарамжгүй  байсан шүү дээ. Тэр байтугай сони­ноор байлддаг. Намын бага хурлаар “Энхбаяр дарга, Энхтүвшин даргаа та хоёр эхлээд энэ на­маас гараад өг” гэж хүр­тэл хэлж байлаа. 2000 онд их хурлын гишүүн болсноос хойш Энхбаяр дарга манай намын дарга болоод бидэнд “Хамтарч ажиллая, нэг баг болж ажиллая” гэж хэлж бай­сан. Тэр үеэс хойш харь­цаа нэлээд гайгүй болсон. Түүнээс өмнө бол танай сониноор ч байлдаж л байсан. Энхбаяр даргыг намын дарга болсноос хойш дэмжиж  ажилла­сан. 1990 онд  одоо энэ намд байгаа хүмүүсийн хэн нь ч байхгүй үед би намын залуучуудын дуу хоолой болж ажиллаж байсан учраас би хэн нэгэн хүний хүн биш. Сүүлийн үед  юм л бол Энхбаярын хүн гэж хэл­дэг болсон байна лээ. Би үе үеийн намын дарга нараа хүндэлдэг. Тухайл­бал тухайн үеийн Ерөн­хийлөгч Цэдэнбал дар­гын хүү Зоригийг Монго­лын иргэн болгохгүй бо­ло­­хоор нь би хөөцөлдөж байгаад болгож байлаа.

Хэн Ерөнхийлөгч бай­сан гэж..

-Н.Багабанди дарга Ерөнхийлөгч,  С.Баяр Тамгын газрын дарга бай­сан. “Оросын иргэнээ тэндээ өгчихөөд ир” гэж хэлсэн байдаг.  Оросын иргэнээ тэнд өгчихөөд хаанахын иргэн болж ирж Монголд ирэх юм болж байна. Тийм тэнэг юм ярьж байсан. Зориг урилгаар энд ирчихээд “Миний энэ асуудлыг ший­дэж өгөхгүй бол эндээс явахгүй” гэж ярьж байсан юм шүү дээ. Тэ­гээд би ямар гарц байна гэж  өмгөөлөгч Наран­гэ­рэл багшаас асуулаа. Тэ­гээд гарц хайж байгаад Зоригийн 17, 18 нас­тай­даа авч байсан монгол паспортыг нь иргэний бүртгэлээс шүүж гаргаж ирээд тэр  паспортыг нь сэргээсэн шүүхийн шийд­вэр гаргуулж байж Мон­го­лын иргэн болгож өгч бай­лаа. Тэгээд Монголын төрийг 40 жил удирдсан хүний хүүхэд Монголын иргэн байх ёстой гэсэн  хатуу бодол маань ингэж биелсэн. Дараа нь намын дарга нартаа хэлж гурван өрөө байр авч өгч, манай компани засвар хийгээд,  Амаржаргал сайд байр­ных нь засварт мөнгө гаргуулж өгч байлаа. Энэ нь Цэдэнбал даргын ачийг л намын гишүүн нь хариулж байгаа ухаан­тай юм шүү дээ. Дараа нь Батмөнх даргын эхнэ­рийг уйлуулж,  хөөгөөд хүлээж авахгүй байна гэж сонссон.

Хэн..

-Манай намын удирд­лагууд. Даариймаа гуай тэр үед манай ээжтэй эмнэлэгт нэг өрөөнд хэв­тэж таараад. Ээж надад хэлснээр би очиж уулз­сан. Даариймаа гуай на­майг  тэврээд уйлсан. Бүх зовлонгоо ярьсан. Бүр уулзах гээд очиход нь хөөж туугаад түлхсэн гэнэ лээ. Тэгээд Батмөнх гуай яаж амьдарч байгаад  нас барсныг, өөрөө яаж амьдарч байгаагаа яриад. Халамжийнх нь 50 мянган төгрөгөөс өөр орлого байхгүй хэцүү байсан юм билээ.  Би УИХ-ын  тогтоолын төсөл гаргуулж  цалингийн доод хэмжээг тав дахин нэмэг­дүүлсэнтэй тэнцэх мөнгө олгуулахаар шийдвэр гар­гуулж, буцалтгүй тэт­гэмж өгүүлж,  байр,  ду­лаан, тог  усных нь зард­лыг улсаас олгохоор  бол­сон.

Түүнээс хойш Даа­рий­маа гуай нөхрийнхөө тухай ном бичиж, хөшөө босгож олон сайхан зүйл хийгээд явж байна. Ийм учраас энэ даргын хүн, тэр даргын хүн гэж на­майг ярих өрөөсгөл юм. Эмэгтэй хүн болохоор тэгээд байдаг юм уу, би гайхаад байдаг юм. Би эрчүүдтэй адилхан ша­тар, даам тоглох биш, архи дарс ууж, биллиард тоглох биш, дагаад га­даад дотоод явах биш дээ. Тиймээс Энхбаярын хүн гэж цоллоод байгаа хүмүүс чинь манай дарга нар өөрсдөө байхгүй юу.  Тэгж яривал эд нар  Энх­баяр даргаар татуулж энэ намд орж ирсэн.

Тухайлбал хэн хэн юм. Яг яаж орж ирсэн бэ?

-2000 он гэхэд өнөөд­рийн лидерүүд байхгүй л байсан ш дээ. М.Энх­болдыг нийслэлийн намын хороон дарга бол­гох гээд Энхбаяр дарга хөтлөөд авчирч байсан. Тэгэхэд  чинь би намын бага хурлын гишүүн бай­лаа. Баянзүрхийн Засаг дарга байсан Ган­тө­мө­рийг нийслэлийн даргад өрсөлдүүлэх гэж зүт­гүүллээ. Тэр үед Энхбаяр дарга Гантөмөрийг да­рам­талж байгаад М.Энх­болдыг өрсөлдөгчгүйгээр нийслэлийн намын дарга болгосон. Т.Бадамжунай гэдэг чинь Намбар гуайн хамаатан гэж орж ирж байлаа. Тэгээгүй бол ийм том намд Бадамжунай орж чадахгүй шүү дээ. Ц.Мөнх-Оргил байна. Цол­монгийн хамаатан гэж оруулж ирж байлаа. С.Батболд гэж намд ямар ч мэдэлгүй зүгээр нэг бизнесмэн залууг Энх­баяр дарга шууд Удир­дах зөвлөлд оруулж ирээд л Гадаад хэргийн дэд сайдаар тавьсан.  Мөн Моксвад байхад их өрийн асуудлаар очих­доо С.Баяртай  тохироо хийсэн гэж ярьдаг юм билээ. Ингэж С.Баярыг авчирсан.  Тэгээд   нэг өдөр бүлгийн хурал дээр  Энхбаяр дарга “Би намын ерөнхий нарийн  бичгийн даргаар нэг хү­нийг тавина. Та нар шүүмжлэхгүй. Шууд дэм­жинэ  шүү” гэж байсан. Ямар ч шүүмжлэлгүйгээр тавина гэхээр нь хэн юм бол гэж бодож байтал С.Баяр гэж хэлсэн. Тэр үед би дургүйцэж үг хэл­сэн  юм.

Ямар үг хэлсэн гэж

-“Намд ямар гавьяа байгуулсан юм. Юу хий­сэн юм.  Энэ хүн чинь намын хамт олныг удир­даж чадах юм уу” гээд асуусан. Талийгаач М.Зэ­нээ гуай өмнө нь С.Баяр гэдэг залууг улс төрд ерөө­сөө оруулж болох­гүй шүү гэж хэлж байсан. Би тэр үгийг нь  тэсэлгүй хэлчихсэн. Тэгтэл Одон­чимэд гуай намайг заг­налаа. Ер нь олон хүн намайг загнаад зуун хувь гар өргөөд л С.Баярыг гаргаж ирсэн. Сүүлд нь  Одончимэд гуай “Би бу­руу зүйл хийж,  ууч­лаа­рай. Чиний зөв байж” гэж надад  хэлнэ лээ. Би тэр үед хаалга саваад гарч явсан. Миний араас  Н.Энх­болд,  Д.Лүндээ­жан­цан хоёрыг гаргасан. Бодвол Арвиныг тайвш­руу­лаад ир гэсийм байх.  Ийм байсан.  Гэтэл одоо  бүгдээрээ нийлээд  Энхбаярыгаа унагалаа ш дээ. Би тэрийг  Ерөн­хийлөгчийн сонгуулиар харлаа. Ерөнхий­лөг­чийн сонгуулийн дараа намын бага хурлаар “Энэ хүнийг их хуралд оруулъя” гэж би  хэлсэн. Чингэлтэй дүүргийн ан­хан шат нь дэмжээд оруулж ирэхэд энэ хэд нь нийлээд дээрээс нь шууд хүчээр өөр хүн оруулж ирж бай­сан. Өнөөдөр энэ хүнийг ийм байдалд оруулсан хүн бол даргын өөрийнх нь авчирсан хү­мүүс шүү дээ. Гэтэл бид үнэнч л байсан.  Харин энэ хү­мүүст хүн чанар гэж алга. Ардчилсан нам бол ил цагаан алалцаад асууд­лаа шийддэг.  Ма­найхан бол  хумсаа нуу­сан муур шиг Энхбаярыг ийм бай­далд оруул­чи­хаад өнөө­дөр Элбэгдорж Ерөн­хий­лөгч Энхбаяр дар­гыг ийм байдалд оруул­сан юм шиг яриад л сууж байна. Үнэн ца­гааныг ялгах цаг ирэх л байлгүй гэж би бодож байгаа. Ийм ул­сууд энэ намд байгаа учраас, энэ үнэн түүхийг би мэддэ­гийн хувьд хүний мөсгүй энэ байдлыг нь би хар­саар одоо залхлаа.

Танд Ардчилсан нам юу амласан бэ. Ам­лалт өгч оруулж байгаа гэсэн яриа бас яваад байгаа..

-Би ямар ч албан ту­шаал гуйгаагүй. Би шан­таажчин хүн биш. Иргэ­дийнхээ төлөө ажиллах боломжийг л нэхнэ. Би АН-д орлоо гээд өөрч­лөгдөхгүй. Шүүмжилбэл шүүмжлээд, хэлдэг үгээ хэлээд л явна. Арвин Арвингаараа л байна. Шударга зүйл дээр   зөв хамтарч ажиллах гэж л орж ирж байгаа.

АНд таны найз бий юу?

-Н.Батбаяр, С.Баяр­цогт гээд  эвлэлийн ажил  хамт хийж  явсан эртний  найзууд бий шүү дээ. На­майг АН-ын гишүүд илүү их ойлгодог. Яаж ч хэ­рэлдсэн намайг эд нар л тайтгаруулж байдаг. Тэ­гээд ч тэр үү өөр намд орж байгаа юм шиг санаг­дахгүй байна. Мөн УИХ-д эмэгтэй олон гишүүн байна. Бурмаа гишүүн гэхэд их хуралд орж ирэ­хэд хачин их баярлаад л,  сонгуулиас өмнө  туслах гэж асуугаад л “Даанч хуу­лиараа   болохгүй юм” гэж байлаа. Оюунгэрэл, Бат­чи­мэг гээд л намайг ойл­гож дэмждэг олон бүсгүй­чүүд байна.

Сарангэрэл гишүүн та хоёрыгТангаргаа битгий өргөөчгэж Ардын намын удирд­лагууд сонгуулийн да­раа хэлж байсан гэсэнЭнэ үнэн үү?

-Тэгсээн. “Өвөрхан­гайн хоёрын асуудал ший­дэгдээгүй байхад та хоёр тангаргаа өргөхгүй хүлээзнээч” гэсэн.  Гэхдээ бид хоёр “Бидний ард сонгогчийн эрх ашиг байгаа” гэсэн хатуу байр суурьтайгаар тангаргаа өргөнө гэж шийдсэн.

Дараагийн сонгуу­лиар  Ардын нам ялчих­вал та харамсах уу?

-Үгүй. Би сонголтоо хийсэн. Би 2016 оныг харж энэ сонголтыг хий­гээ­гүй. Өнөөдөр хийх   ажил, санаачлах хуулиуд их байна. Тэр бүхнээ хийх нь л  миний хувьд чухал байна.

-За  цаг зав гаргаж
ярилцага
өгсөн танд баярлалаа. Мөн Ард­чилсан намын гишүүн болсон шинэ сон­гол­тонд чинь
баяр х
үргэе.

Categories
редакцийн-нийтлэл

Ч.Дагвадорж: Миний дуунууд Хотгойдын гэгэлгэн дуунаас эхтэй

Далан насныхаа ойг хамт олонутга зохиолын хүрээнийхэнтэйгээ тэмдэглэж буй   соёлын гавьяат зүтгэлтэн, яруу найрагч Ч.Дагвадоржтой ярилцахаар урилаа. Тэрээр утга зохиолын хүрээний олон Дагвадоржоосоодууныгэдгээрээ онцлон танигддаг. Мөн түүнийгбуурал Дагваагэх нь ч бий. Энэ эрхэмтэй  уран бүтээлийнх нь он жилүүдийн  талаар ярилцсанаа хүргэе.

Саяхан тоглолтоо хий­сэн гэсэн. Энэ талаар яриа­гаа эхлэх үү?

-Х.Сүглэгмаа, Д.Цэдэв, Д.Саруулбуян, Д.Сумъяа   бид хэд “Түмэнд хүрсэн дуунууд” хамтарсан уран бүтээлийн тоглолтоо хийлээ. Мөн Шинж­­лэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэн, Монго­лын үндэсний чөлөөт зо­хиолч­дын холбоо, Улаанбаа­тар их сурууль, Хүүхдийн номын ордноос  “Утга зохио­лын ертөнц, туулсан он жи­лүүд” нэртэй олон улсын бага хурлыг миний уран бүтээлээр   хийлээ. Олон орны утга зо­хио­лын төлөөлөл энэ хуралд маань оролцлоо. 

За тэгвэл таны туулсан он жилүүдийг сонирхмоор байна. Та чинь хотгойд хүн байх аа?

-Би
ардын аман билэг, хотгойд дууны өлгийд өссөн  хүн.  Манай Хөвсгөл аймгийн Хотгойдын  арваад сум бий л дээ. Дэлгэрмөрөн гэж айм­гийн төвөөр  урсдаг  их сайхан том гол байдаг. Тэр мөрнийг дагасан Хотгойдын хэдэн сум байдаг. Их өвөрмөц ёс зан­шил, өөрийн гэсэн дуу хуур­тай ястан л даа. Хотгойдын ноён, Хотгойдын шадар жан­жин Чингүнжавын албат шүү дээ, бид нар. Энэ хошуунд Хотгойдын гэгэлгэн дуу  маш их дэлгэрсэн. Ердөө арван долоон дуу л бий. 

Хотгойдын гэгэлгэн дууны онцлог гэж байх уу

-Дотоод
сэтгэлийн нан­диныг нээсэн тийм нэг гэгэлгэн дуунууд. Би  зургаан настай байсан санагддаг юм. Намар нэлээд орой болж байсан цаг. Би хүргэн ахындаа хүү­хэдтэй нь тоглож  байсан чинь авга эгч маань оройныхоо саалинд гарах гэтэл нэг хүн зөрөөд ороод ирэхгүй юу. Тэгсэн манай авга эгч “Лхаа­маа дээшээ суу” гээд урьж суулгах мөртлөө идээ, цай тавьж  өгөөд  эргэнэгээ ууд­лан, галуун хүзүүт гаргаж ирэн,  хүрэн хундаганд хийж тавиад “Би одоо саалиндаа гарлаа. Лхаамаа наад архиа уугаарай” гэчихээд гараад явчихлаа. Авга эгчийн охин бид хоёр зүүн талын орон дээр гарчихсан тоглоод нөгөө архи ууж суугаа хүнийг ха­раад л байлаа. Нэг мэдэхэд нар шингээд  гэр доторх юмс нэг их тод биш харагдаж байх  үед  Лхаамаа гуай ганцаараа дуулаад л… 

Дэлтэй цэнхэр зовно уу яана

Дэлгэр мөрөн бооно уу, яана гэж дуулаад л өнөөх галуун хүзүүтээсээ хүрэн хундагандаа хийгээд уух гэ­сэн өөрөө дуундаа уяраад  нулимс нь нүдний аягаа дүүрч гарч ирснээ, хам­рын­хаа овгор дээгүүр мэлтэрч, хамрынх нь нурууг дагаж урсаад, үзүүр дээр нь бөн­жиг­нөж байснаа аягатай архи руу унаж байсан. Тэр дүр зураг миний сэтгэлд их тод үлдсэн байдаг. Би тэгээд багаасаа ардын билэгт со­нир­холтой болсон юм.

Хэдийд сургуульд оров?

-Би
1950 оны сурагч. Хөвсгөл аймгийн Арбулаг сумын бага сургуульд таг  харанхуй, бичиг үсэг мэдэх­гүй, цагаан толгой нүдлээгүй хүн очиж байгаа юм. Ээж авдар дотроос цоо шинэ өмд, цамц гаргаж өмсгөөд даавуун цүнх өгөөд л явуулж байлаа.  Бид анх төрийн дуулал зо­хиогдсон тэр жил сургуульд орсон. Сургуульд ороод до­лоо хоног хэртэй таг харан­хуй амьтан яваад нэг л мэ­дэхэд уншаад сурчихсан. Уншаад сурчихаар унших юм олдохгүй. Одоо  бол юм өөр болжээ. Унших юм нь ихдээд уншиж барахгүй байна.  Тэр үед би уншихын дон тусчих­сан байлаа. Пионерийн үнэн сонины тасархай, Сталины зохиол гээд юу л байна, ун­шаад байна. Эхлээд Хот­гой­дын аман билэг, аман дууны яруу найргаар дамжаад, да­раа нь Дамдинсүрэн багшийн уран бүтээлийг уншиж,  тэр нь миний тагнайд яг ангир уураг шиг уусаад, тэгж уран зо­хиолд татагдсан байгаа юм. Тэгээд тэр намрын ус гэдэг юмыг би хоёрдугаар ангид байхдаа ямар байдгийг мэ­дэрсэн. Нэг хагас сайн  өдөр гэртээ морьтойгоо давхиад  иртэл ээж данхаа сэгсэрч үзсэнээ “Цай байхгүй юм бай­на ш дээ. Миний хүү ус руу жирийгээрэй” гэлээ. Тэр үед манайх Бөхний суга гэдэг газар намарждаг байж. Тэгээд гуулин домбо, гуулин шанагаа бариад ус авахаар  гүйж очлоо. Усаа авах гээд тонгойтол хадны ангалаас урсах тас хар ус тэр доор гялтганаад, ус руу үлээхээр хүрр гэж хүржигнэж дууга­раад, гуулин шанагаа  ус руу хийх гэтэл алтан  шанага орж байгаа мэт мэдрэмж төрсөн. Урьд огт ажиглаж байгаагүй мөртлөө би намрын ус гэж тийм гоё юм байдгийг мэдэр­сэн юм. Дамдинсүрэн баг­шийн  “Намрын ус” гэдэг шүл­гийг би бодитоор харж байгаа нь тэр. Намрын ус үнэхээр гайхамшигтай. Бороо холд­чихсон, бүх навч намиа хийс­дэг юм байхгүй, хадны ангалд тэр гоё ус байдаг.

Сэтгэлд бууж байна шүү. Та хожим нь Дамдин­сүрэн багштайгаа хамт ажиллаж байсан байхаа..

-Сүүлд
Шинжлэх ухааны академийн Хэл зохиолын хүрээлэнд  Да багштай хамт ажиллалаа. Тэгээд өөрөөр нь өнөө намрын усны тухай яриултал  “Манай нутагт ус их ховор оо. Би Дорнод аймгийн Матад сумынх. Манай тэнд эрэгтэй хүүхэд төрөхөөр  заа­вал нэг худаг гаргадаг байсан. Намайг төрөхөд гаргасан тэр худаг нь одоо болтол байдаг” гэж ярьж билээ. Гэтэл ус хо­вортой тийм газрын хүн мөрт­лөө намрын ус гэдэг юмыг тэгж хүний сэтгэлд хоногш­тол бичсэн байсан. Билгийн нүдээр л харж, мэдэрч  дээ. Тэр нь хангай газрын надад  хүртэл хүрч байхав. Ингэж л би уран зохиол руу хөт­лөгд­сөн юмаа.

Та анх ямар  шүлэг би­чиж байв. Шүлэг бичих мэдрэмж төрсөн тэр үеэ дурсаач..

-Би
долдугаар анид байх­даа намар гэж шүлэг орол­дож байсан юм. Тэр үеийн бичдэг загвараар л бичиж байсан санагдана. Намайг долдугаар ангид байхад уран зохиолын багш Долгорсүрэн гэж нэг их сайхан хүн байсан.  Уран зохиолыг ярьж байхдаа тэр зохиолын баатар өөрөө юм шиг тэгж гоё ярьдаг. Миний амьдралд хамгийн хүнд хэцүү үе бол тэр долду­гаар ангид орсон жил байсан. Хөдөөнөөс аймгийн төв рүү орж ирээд байр олдохгүй. Ээж минь таньдаг айлаа зааж өгсөн чинь тэр айл маа­нь хөдөөнөөс авчирсан мах дуусахаар намайг гэрээсээ хөөчихсөн. Гэрээсээ идэшний  мах авчир гэж хэл  гээд. Би айгаад гэрийнхэндээ хэлж чаддаггүй. Тэгээд ангийнхаа Хадбаатар, Намбардагва  гэдэг хоёр хүүхдийг дагаад жилийн турш айл хэссэн. Тэр хоёрынхоороо очно.  Бүтэн жил айл хэссэн. 

Хичээлээ тараад та хэнийх рүү явахав  гэж л бодох уу?

-Нөгөө
хоёр маань айм­гийн төвийн хүүхдүүд учраас гэр орондоо намайг хоол­лоод дагуулаад явдаг байв. Тэр үеийн хүүхдийн нөхөр­лөл тийм л байсан. Дотуур байранд сууж чадахгүй бол хөдөөний хүүхэд чинь сур­гуулиасаа оргоод л явдаг байсан үе. Би ч гэсэн  сургуу­лиас гарчихмаар л байдаг. Ганцхан Долгорсүрэн гэж уран зохиолынхоо багшид хоргодоод, тэр багш маань ч уран зохиолын хичээлийг ёстой нэг заана даа. Тэр багш л миний сэтгэлийг тогтоож, долдугаар ангид би уран зохиолын амтанд бүрэн ороод өөр бодох юм байхгүй болсон.

Ахлах ангидаа бол аль хэдийнээ олон шүлэг биччихсэн байв уу?

-Ес,
аравдугаар ангидаа нууцгайхан бичдэг болсон. Гэхдээ зохиолч болно гэдэг зорилго маань  долдугаар ангид аль хэдийнээ бий бол­сон байсан. Тэгээд арав­дугаар анги төгсөхдөө монгол хэл уран зохиолын багш, эсвэл  сэтгүүлч болъё гэж бодсон.

Таны ургийн овог юу вэ?

-Ээж
хадных гэдэг овогтой.

Ямар учиртай юм?

-Ээжийнхээ
дурсгалд зориулж өвөөлжөөнийхөө тэндэх есөн метр орчим ургаа хадан дээр долоон метр ор­чим өндөртэйгээр дүрийг нь сийлүүлсэн. Охин маань өөрөө зураач хүн. Найз нө­хөдтэйгөө нийлж бүтээсэн. Цээж дүрийнх нь доор “Ээж минь дээ” дууныхаа эхний бадгийг, ноттой нь  бичсэн.

Будантай юу буурал хорвоодоо бүүвэйлж өсгө­сөн ээж минь дээ хөгээд л үү?

-Тиймээ,
манай нутийнхан  баярлаж байсан. Залуучууд орон гэрээсээ дайжаад нутаг­таа ч ирэхгүй байхад та өдий хэр насалчихаад аль эрт өөд болсон ээжийгээ дурсаад, өвөлжөөн дээрээ ийм сайхан зүйл хийсэн байж, нутгийнхаа баяр болгооч гэсэн. Бид орол­цъё гээд баг сумынхан бэсрэг наадам хийж, дуу хуур болж  сайхан нээлт хийсэн. Энэ газар маань Хөвсгөл аймгийн Арбулаг сумын нэгдүгээр багийн Ямаат гэдэг ууланд байдаг Бэтүүгийн ам гэдэг газар. Тэр газрыг маань Ээж хад, Ээж хайрхан гэж нэрлэ­дэг болчихсон. Одоо  хүмүүс  очсоор  байгаад жим гарчих­сан. Хорин нэгэн аймаг, хо­тоос,  гарал нэгтэй урд талын монголчууд гээд дуулсан хүн болгон Хөвсгөл далайгаар ирэхдээ очдог болсон. Би өөрөө хотгойд ястай гэдгээ мэднэ. Эзэнтэй, эзэнгүй овог авч байхаар гээд Ээж хад­ныхан гэдэг овгоо авсан.

Та АНУ явж ирэхдээ өөртөө тусалсан Сюзанна гэдэг бүсгүйд зориулж шү­лэг бичсэн байсан

-АНУ-д очиход  намар оройхон шиг Атлантын бороо цутгадаг. Тэр бороо хувин­гаар асгасан шиг шаагина. Тэгээд нэг өдөр би зээ хүүгээ сургуулиас нь аваад  явж байсан чинь бороо шаагиад орлоо. Уг нь гэр ойрхон. Манайхаар бол автобусны буудал хүрэхгүй л газар.  Зам дагаад явж байвал улаан жийпнээс нэг их сайхан бүс­гүй гарч ирээд “Гэрт чинь дөхүүлж өгөх үү” гэж асуусан юм.  Бодсон ч үгүй  шууд л ороод суучихсан. Би чинь хөрөнгөтөн оронд зангий нь мэдэхгүй хүүхний машинд суучихдаг гэж бас бодоод  явлаа. Тэгээд гэрийн гадаа хүргэж өгөөд явсан. Манай нутагт хэрвээ би бороонд цохиулаад явж байвал манай чинээлэгдүүхэн залуу бүсгүй­чүүд намайг хүргэж өгөх  бо­лов уу яах бол  гэж бодогдоод тэр бүсгүйд шүлэг бичсэн. Сүүлд нь зээ хүүгээ авах гэж явахдаа тэр бүсгүйтэй хэд хэд таарсан. Багш хүн юм билээ. Өөрийг нь Сюзанна гэдгийг нь мэддэг болж мэндтэй устай болсон.

Та их олон дууны шүлэгтэй. Дуу болгоё гэж  анхнаасаа бичдэг үүхөгжмийн зохиолчид таны шүлгэнд ая зохиогоод   дуу болгочихдог хэрэг үү?

-Ерөөсөө
би шүлгээ дуу болгоно гэж бичээгүй. Хөгж­мийн зохиолчид “Таны шү­лэг­нээс аялгуу аяндаа сонсог­доод байдаг” гэж хэлдэг. Бод­вол тийм юм байлгүй. Тэрийг нь хөгжмийн зохиолч мэдэр­дэг юм байлгүй. Түүнээс биш би үүнийг л дуу болгоно гэж шүлэг бичиж байгаагүй. Хам­гийн анхны олонд хүрсэн шүлэг маань “Ээж минь дээ” дуу байна. С.Цэрэнчимэд тэр дууны аяыг зохиож,  өөрөө дуулсан. “Богд нь уулын сүн­дэл” гэж Сийлэгмаагийн  дуул­сан дуу байна. Аяыг нь  Мэндбаяр хийсэн. Энэ дуу юугаараа онцлог гэхээр дуу­ны шүлэг бичсэн намайг, дуулсан Сийлэгмааг, аялгууг нь бичсэн Мэндбаярыг гур­вууланг нь гавьяат болгосон.  Р.Оюунбат гэж язгуур урла­гийг онцгой мэдэрдэг хүн бий. Бид хоёр нэлээд олон дуу хийсэн. Тэрэн дотроос “Харз­ны хайланд чинь автлаа шүү дээ хонгор минь дээ хө..” гээд дуу ардын дуу бүжгийн Баа­санжав, Цогтсайхан нарын хамтран дуулсан дуу бий. Одоо дуучин  Бурмаа, Мөнх­бат нар хослон дуулж байна.  Ардын жүжигчин Долгорын дуулдаг “Аав л, ээж л хоёр минь” гээд олон дуу бий л дээ.

Та утга зохиолын  шинэ үеийн түүхийн  төлөөл­лүү­дийг ихэнхийг нь таньдаг, хамт ажиллаж байсан гэд­гийг мэдэх юм байна

-Нэг
л мэдэхэд тийм бол­дог юм байна. Үнэхээр далан насны даваан дээр гараад ирсэн хойно харахад XX зуу­ны Монголын уран зохиол гэдгийг үндэслэсэн Нацаг­дорж,  Буяннэмэх хоёроос бусад Ц.Дамдинсүрэн, Б.Рин­чен, тэрний дараа үеийн  Ц.Цэ­дэнжав, Б.Явуухулан наашлаад утга зохиолын бүх үеийнхэнтэй  ямар нэг байд­лаар холбогдсон байгаа юм. Нэг бол хамт бүтээл туурвиж, эсвэл үерхэж нөхөрлөж, нэг бол халуун сургаалыг нь сонсч, бүтээл туурвилынх нь түүхийг сонсож явсан байдаг юм. Эргээд харахад утга зо­хиолын тогоонд буцалсан он жилүүд байж. Тэгээд бодоход сайхан байдаг юм.

Та болор цом, Мөнгөн цомд орж байна уу?

-Мөнгөн
цомд бол  байнга ордог юм. Болор цомд хэд хэд орсон. Хамгийн ам­жилт­тай оролцсон нь “Атлантын да­лайн захад ээжийгээ л их саналаа” шүлгээрээ ай­рагд­сан юм байна. Болор цомд эхний гуравт бол орно гэж байхгүй л дээ. Орохоор ч байсан орохгүй л байдаг нэг тийм юм байсан.

Тэр нь ямар учиртай юмЗохиолчдын хороо хоёр салсан нь таны хэлээд бай­гаатай бас  холбоотой юу?

-Мөнгөн
цомд зохиолч яруу найрагчид чөлөөт, хү­лээт гэхгүй их оролцдог шүү дээ. Мөнгөн цомд бол Г.Мэнд-Ооёо, Д.Цоодол гээд Зо­хиолч­­дын хорооныхон тү­рүүлж л байсан. Буурь сахиж үлдсэн улс маань харин хуу­чин ба­ри­лаасаа нэг л сал­даггүй юм. Энэ бол учрыг нь мэдэхгүй ялангуяа залуу ул­сууд бол Монголын утга зохиолыг ха­галаад хэсэг улс гарсан  гээд бидэн лүү чулуу нүүлгээд л байдаг юм. Цаанаа их учир­тай. Утга зохиол чинь дэг сургууль гэж юм байна. Энэ дэг сургуулийн хоо­рон­дын өрсөл­дөөн явж, явж 1990-ээд оны эх гэхэд үзэл бодлын зөрчил­дөөнөөс хоёр салсан юм байгаа. Чөлөөт зохиолч­дын холбоог байгуу­лахад сэтгэ­лийн хөөрлөөр гарсан юм биш. 1957 онд Монголын зохиолчдын хоёр­дугаар их хуралд манай Гаа­дамба багш “Манай зохиол­чид юм ун­шихгүй байна. Ерөө­сөө өсч хөгжихгүй бай­на. Пушкин чинь лицейд байх­даа сонго­дог шүлгээ бич­чихсэн шүү дээ. Гэтэл манай зохиолч, яруу найраг­чид өвгөн болтлоо олигтой юм бичихгүй, өөрий­гөө хөг­жүүлэхгүй байна. Зо­хиолч болъё гэвэл авьяастай бай. Юм унш” гэж хэлсэн. Тэрийг нь үзэл бодлын зөрүү­тэй байсан хүмүүс мушгин гуйвуулаад “Гаадамба Мон­голд утга зохиол хөгжүүлэх шимтэй хөрс байхгүй” гэж хэлсэн гэж үгүйсгэх үзэлтэн гэсэн хаяг зүүгээд тэр хүнийг хавчин гадуурхаж, түүний хэлснийг дэмждэг үзэл бодол нэгтэй зохиолч Ц.Дамдин­сүрэн гуайг сэхээтний төөрөг­дөл гээд ерөнхийдөө ингэж явсаар Монголын зохиолчид хоёр салсан. Тэр үеэс эхэлж зарим зохиолч  чөлөөт сэтгэл­гээг эрхэмлэж,  нэг үзэл сур­тал, нэг хананд баригдахгүй гэж явсаар 1990 оны нийг­мийн хөдөлгөөнөөр л хоёр тийш болсон. Тэрнээс биш гэр бүлийн хоёр таарч тохирох­гүй болоод данх саваа ши­дэлцээд салдаг шиг юм биш.  Манай чөлөөт зохиолчдын холбоо чинь Ринчен гуайн дэг сургуулийг дагадаг Жамцын Бадраа, Ц.Дамдинсүрэнгийн дэг сургуулийг дагадаг Гаа­дамба  тэргүүтэй хүмүүс орж, нийт 28 хүн Зохиолчдын хо­рооноос гарсан.

Зохиолчдын хороо тэ­гэ­хэд хэдэн хүнтэй байсан юм?

-Би
зохиолчдын хорооны дүн бүртгэлийг хариуцдаг байсан ш дээ. Тэгэхэд зо­хиолч­дын хорооны гишүүн  нийтдээ 185-205-ын  хооронд байсан. Зохиолчдын эвлэ­лийн гишүүн болно гэдэг өч­нөөн хүнд шалгуур давдаг байсан. Биднийг салаад гар­тал Зохиолчдын хороо нэг удаагийн хурлаараа л 40 хэдэн хүнийг бөөнөөр нь элсүүлж байсан. Одоо хич­нээн мянган зохиолчтой юм мэдэхгүй.

Ц.Дамдинсүрэн, Б.Рин­чен, Б.Явуухулангийн тухай сайхан дурсамж өгүү­лээч

-Би Явуутай нэг их нөхөр­лөж байгаагүй
ч танихын ху­вьд таньдаг байсан.  Ринчен гуай,
Дамдинсүрэн гуай хоёр­той  бол Хэл зохиолын хүрээ­лэнд хамт ажилладаг байсан.   Хэл зохиолын хүрээлэнд
байх­­даа нэг өглөө карт бичдэг ажил хийгээд сууж
байтал Ринчен гуай зогтусаад миний хийж байгаа ажлыг  хараад л байв. Би  хүн
хараад байхад бичихээ болилтой нь биш үргэлжлүүлээд бичээд бай­лаа. Гэтэл Ринчен
гуай надад “Таны наад карт бичиж бай­гаа байдлыг харвал шинэ цагийн эрдэм боловсролд
шунан тэмүүлж байгаа хүн биш, Манжийн үеийн бичиг хэргийн түшмэл шиг санагдаж байна” гэж байлаа.
Би ажил­даа хэтэрхий улайраад их түүртэнгүй харагджээ. Жаа­хан  чөлөөтэй  байх хэрэгтэй 
юм байна гэж бодсон. Да багш бол  хөгшин, залуу гэлт­гүй бидэнтэй их хамаагүй ярьдаг хүн байсан.

Categories
редакцийн-нийтлэл

Ардчилсан нам ард түмний саналыг хамгаалж чадсангүй

Энэ удаагийн Орон нут­гийн сонгууль Ардчилсан нам түүхэндээ байгаагүйгээр ял­лаа. Ирц ч урьд өмнө байгаа­гүй өндөр байв. Иргэд Ард­чил­сан намд итгэжээ. Тэд­нийг олуулаа болголоо.  Харам­салтай нь МАН-ынхны эрт­нээс төлөвлөсөн ёсоор ирц хүрсэнгүй. Энэ нь цэвэр ялагдсан МАН-ынхны том баяр болов. Дахин сонгууль болохыг сонсоод л МАН-ын­хан “Бид яллаа” хэмээн шоуд­сан байгаа юм. Учир нь тэдэнд луйвар хийх алтан боломж гарч ирсэн. Ард­чилсан нам энэ удаа ялалтын амтанд  мансуураад, нэг унагасан, хоёр унагана гээд л хуруугаа ч хөдөлгөөгүй. Дахин сонгууль болохгүй байх бүрэн боломж байсан.  Гэвч Ардчилсан нам ард түмний  саналыг хулгайд алд­лаа. Уг нь бол иргэдийн идэвх орон нутгийн сонгуульд тийм сайн байхад гадаадад бай­гаа, хаяг дээрээ байдаггүй, цэрэгт явсан, ял эдэлж байгаа хүмүүсийг аль сонгууль эхлэ­хээс өмнө хасалт хийлгэх ёстой байлаа. Нэгэнт АНУ-д байгаа нэг нөхөр амжиж сана­лаа өгөөгүй, шоронд байгаа нь нэгэн ч өгөөгүй, бурхны оронд явсан хүмүүс ирж саналаа өгөөгүй. Уг нь энэ бүхнийг хасч тооцуула­хаар  Улсын бүртгэлийн ерөн­хий газар, УИХ-ыг сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэл, хяналтын дэд хорооноос  га­даадад байгаа, ял эдэлж байгаа, хаяг дээрээ амь­дардаггүй тийм хүмүүсийг нэрсийн хавтгайгаас хасах зөвлөмж хүргүүлсэн ч тухайл­бал Чингэлтэй дүүргийн сон­гуулийн хороо хүлээж  авал­гүйгээр байхгүй хүмүүсийг нэр­сийн хавтгайд оруулан сон­гуулийг явуулсан. Үүний үр дүнд ямар ч тохиолдолд ирц хүрэхгүй байх нь тодор­хой. Сонгинохайрхан дүүрэг ч мөн адил. Өмнөх ялалтууд нь эсрэгээр эргэж МАН-тай адил тооны суудалтай болсон.   Багануур дүүрэг мөн л ялсан газраа ялагдсан. Хамгийн гол нь дахин сон­гуулийн үр дүн ард түмнийг үнэхээр дором­жил­сон явдал боллоо. Тавин хэдэн мянган хүний саналыг арван хэдэн мянган хүний саналаар сольж  болох уу.

Дахин сонгуулийн дүн МАН-ны бодсоноор гарав. АН ялж байсан газар эсрэ­гээрээ МАН ялсан дүн гарчээ. Энэ үнэн үү. Долоо хоногийн дотор сонгогчдын үзэл бодол ингэтлээ өөрчлөгдчихнө гэж байх уу.

Ялагдсан МАН яаж ажил­лав. Хэсгийн хороо, сонгуу­лийн хороо, хороо дүүргийн Засаг дарга нар ихэнх нь МАН-ынх. Тэд ердөө л давуу талаа ашиглан иргэдийн бүрт­гэл дээр үндэслэн МАН-д өгөх боломжтой бүх л хүний  нэрсийг жагсаагаад микронд суулгаад л зөөгөөд байсан.   Мөн ажлын өдөр сонгуулийг зохион байгуулсан нь ч ард­чиллын төлөө өгдөг иргэдийг санал өгөх боломжгүй болгож орхисон.

МАН эхний хувилбараа­раа  эзэнгүй байгаа иргэдийг  нэмээд ч энэ удаагийн сон­гуулийн онцлог тал болох санал тоолох машиныг илэр­хий луйвардаж бараагүй юм. Тэгээд ч энэ сонгуульд орон нутагт урьд өмнө байгаа­гүй ирц оролцоо байснаас үүдэн АН түүхэндээ анх удаа үнэм­лэхүй ялалт байгуулж чадсан. Харамсалтай нь энэ ялалтаа эрх барьж байгаа Ардчилсан нам хамгаалж чадаагүй.

Тодорхой баримтыг өгүүлье.

Сая орон нутгийн сонгуу­лиар Чингэлтэй дүүргийн 1 дүгээр хороонд АН-ын нэр дэвшигч МАН-ын нэр дэв­шигчээс 243 хүнээр илт та­сар­­хай ялалт байгуулсан бай­тал ирц хүрэхэд таван хүн дутсан гэсэн шалтгаар тухайн хэсгийн хорооны сонгуулийг хүчингүйд тооцжээ. Гэтэл таван хүнээр дутах биш энэ хаягандаа байдаггүй, цахим үнэмлэхээ аваагүй 440 хүнийг энэ хэсэгт илүү бүртгэ­сэн байх жишээтэй. Мөн ЧД-ийн 14 дүгээр хороонд нэр дэвшигч  өрсөлдөгчөөсөө 316 хүнээр хол тасархай илүүгээр ялалт байгуулсан байхад ирц  96 хүнээр дутсан гэсэн шалт­гаар сонгуулийг мөн л хүчингүйд тооц­сон. Гэтэл 14 дүгээр  хороонд огт амьдардаггүй, гадаадад байдаг, цахим үнэм­­лэхээ аваа­­гүй 236 иргэнийг сон­гууль өгөх хүний тоонд оруу­лан илүү бүртгэсэн байжээ. 

Илэрхий ийм тоо баримт байхад ЧД-ийн Сонгуулийн хороо, УИХ-ын
Сонгогчийн нэрсийн жагсаалт, бүртгэл
хяналтын дэд хороо болон УБЕГ-ын  шийдвэрийг
эс тоон хасагдах сонгогчдыг хасал­гүйгээр
шууд дахин санал хураалт явуулсан нь хууль бус үйлдэл
болж, энэ нь дээрх тоо баримтаас анхнаа­саа зорилготой үйлдэл бай­сан нь харагдаж байна. Ин­гэс­­нээр долоо
хоног хүрэх­гүй хугацаанд ард түмний сон­гол­тыг орвонгоор нь өөр­чилж, луйвардах боломж нөх­цөл байдгийг бидэнд харуул­лаа. Бид ч харлаа, үзлээ, мэдлээ. Долоо хоногийн до­тор
Ардчилсан намын 22 сууд­лыг 11 болгож,  өөрсдийн ав­сан 11 суудлыг 22 болгож
чад­на гэж хэлбэл хэн ч итгэх­гүй.
Гэтэл бодит амьдрал дээр ингэж чаддагаа Ардын на­мын­хан харууллаа. Иргэдийн саналыг
долоо хоногт ингэж өөрчилж
болдог нарийн жо­рыг  зөвхөн Ардын намын­хан л найруулж чаддагийг олон түмэн харлаа шүү дээ. Үнэ­ний нүдийг
худлаар соль­сон, сонгуулийн үр
дүнг хү­чээр өөрчилснийг дахин са­нал хураалт хэмээх нэрийн доорх
луйвар тодоос тод харууллаа.

Categories
редакцийн-нийтлэл

Бүтэц, тогтолцоо, шүүгчээсээ л шүүхийн шинэчлэл эхэлнэ

Шүүхийн шинэчлэл, шүүхийн бие даасан бай­дал, шүүгчийн хараат бус байдлын талаар манай­хан ярьцгаадаг.  Шүү­хийн­хэн авлига авдаг, хэрэг буруу шийдлээ,  нө­лөөнд автлаа гэж гом­дол­лох нь бас бий.  Нотол­гоо­гүй боловч ийм хар сэр байн­га л явж байдаг. Тэг­вэл шүүх юунаас эхэлж ши­нэч­лэгдэх ёстой вэ. Шүү­хийн шинэчлэл бү­тэц,  тогтолцоо, шүүгчээ­сээ л эхэлнэ. Ингэхийн тулд хуулиндаа өөрчлөлт оруулах хэрэгтэй байсан.

Ерөнхийлөгч Шүү­хийн тухай багц хуулийн төслийг УИХ-д өргөн барьс­наар уг хууль бат­лагдаж ирэх оны долдугаар сарын нэгнээс хэрэгжиж эхлэх болсон. Энэ  багц хуулиудад  шүүхийн бүтэц, тогтол­цоонд нэлээдгүй өөрчлөлт оржээ. Гэхдээ шүүхийн шинэчлэл  гэхээр хуучин хувцсаа шинээр солихтой адил хялбархнаар бодож болох­гүй. Цаг хугацаа нэлээдгүй орно. Ямар ч байсан хууль шинээр бат­лагдсан нь үүнд том түлхэц болох юм.  Шүүхийн түүхийг он тооллоор нь ярих юм бол  эргэлзээтэй.  Зарим нь  1921 оны Үндсэн хууль батлагд­санаас хойш  тооцдог бол өөр нэг хэсэг нь тэрнээс өмнө  үүссэн гэж үздэг. Хууль зүйн яам,  Шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба 100 жи­лийн ойгоо саяхан тэмдэглэснээс харвал энэ ч бас ортой байж болох юм. Ер нь Үндсэн хуулийн өөрч­лөл­түүдтэй холбоотой Шүүхийн тухай хууль ч өөрчлөгдөж ирсэн байдаг. Гэхдээ олон хуулийг нэгт­гэж, Шүүхийн тухай хуулиндаа базаж оруулсан нь нэг талдаа өгөөж муутай, олон зүйл тодорхой бус бүрхэг байлаа. Шүүхийн тог­толцооны дагуу анхан болон давж заалдах, хяналтын шатанд ажил­лах шүүгч нарынх нь эрх зүйн байдал хуулинд тодорхой бай­гаа­гүй. Энэ бүхэн шинээр батлагдсан Шүүхийн тухай багц хуулинд на­рийн тодорхой тусгагджээ.  Тиймээс эдгээр хуулиудад ямар, ямар өөрч­лөлт орж, шинээр юу  нэмэгдсэнийг  тоймлоё.

Шүүхийн сахилгын хороо нь ёс зүйн хороо гэдэг нэртэй болж Шүүхийн ерөнхий зөвлөлийн бү­рэлдэхүүнд орж ажиллахаар бол­сон. Шүүхийн сахилгын хороонд шүүгч нар орж байсан нь шинэ хуулиар өөрчлөгдсөн. Эрдэмтэн судлаачид, хуульчдаас бүрдсэн есөн хүн энэ бүрэлдэхүүнд багтана. Хэрвээ хэн нэгэн шүүн таслах ажиллагаа явуулахдаа мэргэж­лийн алдаа гаргасан, хуульчийн ёс зүй зөрчсөн, шүүн таслах ажил­лагааг буруу хийсэн гэж үзвэл  Хуульчдын холбооны дэргэдэх  Мэргэжлийн  хариуцлагын хороонд хандах юм. Мэргэжлийн хариуц­лагын хороо шүүгчийн шүүн тас­лах эрхийг хураах хүртэл арга хэмжээ авч болох аж.  Мэргэжлийн хариуцлагын хорооны шийдвэрийг тухайн шүүгч зөвшөөрөхгүй бол Захиргааны хэргийн давж заалдах шүүхэд хандана.

Шүүгч бусдыг хохироосон шийд­вэр гаргавал тэр хуралд оролцсон өмгөөлөгч, прокурор хоёр тэр шүүгчийг хариуцлагын хороо руу өгч болно. Хэрвээ өм­гөөлөгч нь зөрчсөн бол шүүгч, прокурор нь өгч болно. Прокурор зөрчсөн бол өмгөөлөгч, шүүгч нь өгч болно. Сахилгын хороонд иргэд өргөдөл өгөх нь нээлттэй, Мэргэжлийн хариуцлагын хороон дээрээ хаалттай байсныг хоёу­ланд нь нээлттэй болго­чих­сон. Тэгэх­лээр  хэргийг буруу шийдвэл хэргийн оролцогчид нь гомдол гаргах эрх нээлттэй учраас эвгүйтэх нь байна шүү гэж шүүгч нөхөр бодноо  доо.  Ингэхээр тухайн шүүгчийн хариуц­лага өндөрсөж байгаа юм.  

Шүүгчийн эрх зүйн байдлын  тухай болон Шүүхийн тухай  хуу­лиар шүүгчийн өөрийнх нь шүүх эрх мэдлийг хэрэгжүүлэхтэй хол­боотой эрх зүйн байдал нь ямар байх, шүүгчид ямар болзол шаард­лага тавигдах, шүүгчийн эрх, ха­раат бус байдал нь ямар журмаар хуульчлагдах юм, түүний эдийн засгийн болон улс төрийн батал­гаа нь ямар байх юм гэдгийг  хийж өгчээ.

Шүүхийн захиргааны тухай хуулиар Үндсэн хуулийн заалтаас эхтэй шүүгчийн хараат бус, шүү­хийн бие даасан байдлыг Ерөнхий зөвлөл яаж хангах юм гэдгийг зохицуулсан байна лээ. Шүүхийн ерөнхий зөвлөлийн бүтэц бүрэл­дэхүүн зэргийг бүгдийг  энэ хуулиар зохицуулаад  өгсөн.

Дээр нь шүүх хэрэг маргааныг төрөлжүүлэн шийдвэрлэх дагна­сан шүүхтэй болж, үүнд  мэргэшсэн шүүгч нар ажиллана.  Өмнө нь нэг шүүгч эрүүгийн хэрэг, иргэний хэрэг аль  алиныг   нь шийдэхэд оролцдог байсан.  Үүнээс болж алдаа гарах­гүй гэхийн баталгаагүй. Тиймээс энэ нь мэргэшсэн байдлыг хад­галж чадахгүй,  дагнаж чадахгүй,  хэрэг шийдэж байгаа улсуудын сэтгэл ханамжийн баталгаа болж чадах­гүй байсан. Үүнийг анхан шатнаас нь төрөлжүүлж байгаа ажээ. Энэ хууль хэрэгжээд эхлэхээр шүүгч нар эрүүгийн хэрэг шүүх үү, иргэ­ний хэрэг шүүх үү гэдгээ өөрсдөө сонгох юм.

 Өмнө нь гомдол гаргагч Дээд шүүхэд хандаад дараа нь Ерөнхий шүүгчид ханддаг байсан нь мөн болих юм. Нэг шийдэлтэй хэргийн хувьд бодъё л доо. Анхан шатны хурлаар бүрэлдэхүүнтэй шийдэх хэрэг байсан учраас гурван шүүгч орсон. Тэгэх юм бол анхан шатны гурав, давж заалдах шатны гурав, хяналтын шатны тав гэхээр нийт 11 шүүгч болно. 11 шүүгчийн ухаан уралдуулж шийдсэн хэргийг  хууль зөрчсөн гэх үндэслэлээр Дээд шүүхийн ерөнхий шүүгчид дүгнэлт, Ерөнхий прокурорт   эсэргүүцэл  бичиж, үүнийг нь  17 шүүгч хэлэлц­дэг байсан. Энэ нь эрх зүйн та­лаасаа ч, хууль хэрэглээ талаасаа ч, онолын шүүх гэдэг утгаараа болохгүй байсан бол  шинэ хуулиар энэ шат байхгүй болж байгаа. Нэгэнт таван шүүгч шийдсэн л бол шийдвэрийг хүчин төгөлдөр болгож хугацааны хувьд иргэнийг  хохи­роохоо больсон байна. Одоо иргэд хяналтын шатны таван шүүгч нь шийдчихээд байхад гом­дол гаргаад дахиад яваад байдаг.  Нэгэнт хяналтын шатны тогтоол гарсан бол гарсан өдрөөсөө хуу­лийн хүчин төгөлдөр болоод гүй­цэт­гэлийн шугамаараа шийдээд явна.

Иргэд хуулийн этгээ­дийн хү­сэлтээр Дээд шүүх, Үндсэн хуулиас бусад хуульд тайлбар гаргадаг байсан бол одоо ингэхээ больсон. Ингэж тайлбар гаргах нь сөрөг үр дагавартай байлаа. “Тэдний талд ашигтай тайлбар хийчихлээ” гээд л шүүхийг буруутгаж,  ам урцалдан шүүмжилж эхэлдэг. Үүнийг өөр­чилж хяналтын шатны шүүх хэрэг, эрх зүйн мар­гааныг хянан шийд­вэрлэх замаар л хуулиа тайл­бар­лахаар болж байгаа юм байна.  

Шүүх хурлын үеэр шийдвэр гаргахаар зөвлөлдөх тасалгаанд орцгоодог. Олонхиороо шийдвэр гаргалаа гээд гараад ирдэг. Таван шүүгч шүүх хуралд орлоо гэхэд хоёр нь эсрэг саналтай байвал  ямар учраас ийм санал өгснийг хэн ч мэдэхгүй  нууц хэвээр үлдчихдэг байсан. Тэгвэл  шинэ хуулиар энэ бүхэн нээлттэй болж,  шүүхийн шийдвэртэй хамт тусгай санал Дээд шүүхийн вэб сайтан дээр тавиг­дана. Ингэснээр тухайн хэргийн талаар эрх зүйн талаас нь анализ хийх эрх нь иргэдэд олгогдох юм.  Харин анхан болон давж заалдах шатны хурал  дээр тусгай саналаа шүүхийн шийдвэрт хавсаргаад өгөх жи­шээтэй байх аж.

Хуучин бол Ерөнхий шүүгч зургаан жилээр томилогдоод, нэг удаа улирч арван хоёр жил ажил­лаж болох байсныг шинэ хуулиар урт байна гэж үзжээ. Хүний амьд­ралын арван хоёр жил гэдэг бага хугацаа биш. Тиймээс үүнийг зургаан жилээр нэг удаа томилог­дохоор болж өөрчилсөн. Тан­химын тэргүүнүүд гурван жилээр нэг удаа томилогдоно. Нэг удаа гурван жилээр дахиж сунгаж болно.  Бүх шатны шүүхийн ерөнхий шүүгч мөн адил гурван жилийн хугацаа­тай л томилогдоно. “Энэ хүн сайн ажиллаж байна. Үргэлжлүүлээд ажиллах боломжтой” гэвэл нэг удаа гурван жилээр сунгах боломжтой болж өөрчлөгдсөн. Одоо яадаг гэхээр  зургаан жилээр томилог­доод, дахиад  зургаагаар сунгаад арван хоёр жил ерөнхий шүүгч хийдэг. Тэгээд дараагийн зургаан жилийн хугацаа дуусахын өмнө  өөр аймаг, өөр дүүргийн шүүхэд шилжчихдэг. Өөр шүүхэд очоод дахиад л ерөнхий шүүгч болчихно.  Ингэсээр насаараа аль нэг шүү­хийн ерөнхий шүүгч хийгээд явчи­хаж байгаа юм. Одоо тийм боломж байхгүй болсон. 

Өнөөдөр гомдол гаргасан хэн болгоны хүсэлтээр орж ирсэн хэрэг болгоныг Дээд шүүх шийддэг. Энэ байдал нэгэнт үгүй болох нь. Хууль хэрэглээ, хуулиар тогтоосон журам зөрчлөө гэсэн үндэслэлээр л Дээд шүүх рүү орно. Бусад нотлох ба­рим­тын үнэлгээ, хэрэг хянан шийдвэрлэх үнэлгээ, хууль хэ­рэглээтэй холбоотой хэргийг давж заалдах шатны шүүхээр шийд л гэдэг болж байгаа юм байна.

Иргэдийн төлөөллийн эрх зүйн байдлын тухай хууль гэж тусдаа хууль гарсан. Иргэдийн төлөөлөгч хуучин бол хэлбэрийн төдий шүүх хуралд оролцдог байсан бол шинэ хуулиар шүүгчтэй адил таслах эрхтэйгээр оролцох юм. 

Мөн Эвлэрүүлэн зуучлах үйл ажиллагааны тухай хууль гэж бай­гаа. Энэ нь иргэний хэрэг дээр л зөвхөн хэрэгжинэ. Нэг төрлийн бизнес ч гэж хэлж болох юм.   Эвлэ­рүү­лэн зуучлагч нь заавал хуульч хүн байх албагүй. Энэ  нь шүүхээр орохгүйгээр талуудын эвлэрэх боломжийг олгосон хууль. Эвлэ­рүү­лэн зуучлагч  нь эрх авах бөгөөд дээд боловсролтой, эрх зүйн ча­дамжтай, ял шийтгэлгүй гэх мэтээр хуульд зааж өгсөн байгаа. 

Шүүхийн багц хуулиудтай хол­боотой, шүүх хэрхэн өөрчлөх тухай бичвэл чамгүй олон зүйл дурдах хэрэг гарна.

Ирэх оны долдугаар сарын нэгнээс Шүүхийн багц хуулиуд хэрэгжиж эхлэх бөгөөд энэ хуу­лиудтай холбоотой шүүхэд ши­нэчлэл ч өрнөх юм байна. 

Categories
редакцийн-нийтлэл

МАН-ынхан дотоод үймээндээ учраа олохоо байжээ

Гурван сонгууль дараалан далаараа
тавиулсан МАН үүрээ эвдүүлсэн шоргоолж шиг бужигнаж байна. Одоо тэдний
хувьд дараагийн сонгуульд дангаараа орвол дахин ялагдах магадлал өндөр
учраас хуучных шиг хүчээр, луйвраар ялдаг цаг өнгөрсөн. Олон удаагийн
дараалсан ялагдал МАН-д өөрчлөлт хийхийг санууллаа. Үүнээс үүдэлтэй 
МАХН-тай эвсэж Ерөнхийлөгчийн сонгуульд орох тухай намын нэг хэсэг нь
ярьж эхэлжээ. Нөгөө хэсэг нь үүнийг эрс эсэргүүцэж байгаа. МАХН-тай
эвсэж орохыг дэмжигсэд нь Ө.Энхтүвшин, Д.Загджав, Ж.Сүхбаатар нараас
эхлээд цааш үргэлжилж байгаа бол эсэргүү багт С.Баяр, С.Батболд.
Ц.Нямдорж нар багтжээ. Д.Загджав сонгуульд хамтарч орох саналыг
Ө.Энхтүвшинд зүтгүүлж буй голлох хүн гэсэн. Үүнээсээ болж нам дотор
түнжин хагарч асуудал нэлээд хурцадмал байдалтай байна. Харин МАХН-ын
хувьд МАН-тай эвсэж орохыг дэмжигсэд олон байна. Н.Энхбаяраасаа өөр
торойх лидергүй энэ нам Ерөнхийлөгчид  нэр дэвшүүлье гэвэл Ч.Улаанаас
цааш хэтрэхгүй. Тиймээс Ерөнхийлөгчийн сонгуульд МАН-тай хамтрах
магадлал өндөр. Ерөнхийлөгчийн сонгуульд хамтарч ороод МАН-ын нэр
дэвшигч яллаа гэхэд Н Энхбаяр  тохироогоо хийх гэнэ. Харин хэнийг нэр
дэвшүүлэх тал дээр өөр өөр бодолтой байцгаана. МАН-ын зарим гишүүд
Ерөнхийлөгчийн сонгууль бол шал өөр явагддаг. Үүнд юм нэг их нөлөөгүй.
Хүнээ зөв сонгож гаргах хэрэгтэй. Тиймээс заавал нэгдэх гэх алба байхгүй
гэцгээн нам нэгдэхийг эрс эсэргүүцэж байгаа. Яагаад гэвэл МАН-аас
Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвших магадлалтай хүмүүс маш олон тул
ингэж үзэхэд хүргэж байгаа бололтой.
Н.Энхбаяр Дээд шүүхээр хэлэлцэгдэх өдрөө
хүлээх зуур МАХН-д намын даргын төлөөх марафон эхэлжээ. Өнөө маргаашдаа
биш байлаа гэхэд алсдаа энэ асуудал ирэх нь гарцаагүй хэмээн ийнхүү
өрсөлдөж эхэлсэн байна. Н.Энхбаяр ч үүнийг гадарлаж энэ талаар ойрын
хүмүүсээсээ асуусан аж. Мөн МАХН орон нутгийн сонгуульд олигтой амжилт
үзүүлээгүй. Намын нэрээр л энд тэнд ганц нэг суудал авснаас ялж гарч
ирсэн хувь хүн бараг алга гэж дотооддоо шүүмжлэх хүн ч захаасаа эхлээд
нэмэгдэж байна. Энэ хооронд МАН-аас МАХН руу очих хүмүүсийн тоо нэмэгдэх
хандлагатай байгаа нь бас анхаарал татна. УИХ-ын Тамгын газрын ерөнхий
нарийн бичгийн дарга асан Ц. Шаравдоржийг ч МАХН руу орох магадлалтай
хүмүүсийн тэргүүн эгнээнд нэрлэж байгаа. Учир нь түүний эхнэр МАХН-аас
Өмнөговьд нэр дэвшсэн.

Тэгээд Ц.Шаравдоржийн саяхны өгсөн ярилцлагад ч өөрийнхөө намд шүүмжлэлтэй хандсанаас нь харвал энэ бас үнэний ортой байх.

Энэ зуур Ц.Оюунбаатарыг тангараг
өргүүлэхгүй гэж МАХН-ынхан эрээгүй зүтгэж байна. Хуулинд өөрчлөлт
оруулдаггүй л юм бол энэ боломжгүй зүйл ч “Энхбаяр дарга эсвэл түүний
хүү энэ суудлыг авах ёстой” гэж МАХН-ын удирдлагуудын зүгээс ярьж буй
юм. Үүнд жирийн гишүүд нь мөн л дургүйцэж намын дотоод зөрчлийг нэмсээр.

МАН-ЫН ЗАЛУУС ЮУ СЭДЭЭД БАЙНА

Орон нутгийн сонгуулийн өмнө МАН-ын
залуусын дунд нэгэн үйл явдал өрнөсөн. “Хэрэв энэ удаа нам ялагдвал
намын даргыг, намын удирдлагуудыг авч хаях хэрэгтэй байна. Энэ намд
шинэчлэл хийх цаг болсон. Залуу шинэлэг хүмүүсийг удирдлагаараа тавья.
Тэгж байж энэ нам өөр харагдана хэмээн ярьцгаажээ. Саяын болж өнгөрсөн
сонгуулийн маргааш Ж.Энхбаяр, С.Бямбацогт, мөн НАМЗХ-ны удирдлагууд
уулзалдаж намынхаа ирээдүйн тухай ярилцсан мэдээлэл ч үүнтэй хамт чих
дэлсэв. Ж.Энхбаяр. Д.Загджав, Я.Содбаатар, Л.Оюун-Эр-дэнэ, О.Содбилэг
нар намын шинэчлэл, удирдлагуудын өөрчлөлтийг ярьж байгаа гэх мэдээлэл
бий. Мөн намын даргад залуусаас Ж.Энхбаяр, Байгаль орчны сайд асан
Д.Цогтбаатар нарыг байж болох талаар ч ярьж байна. Саяхан МАН-д
Г.Занданшатарыг залуучууд унагах нь гэсэн яриа хүчтэй явагджээ.
Г.Занданшатар энэ яриаг сонсон тэвдэж, залуусыг ээлжлэн дуудаж хэн ийм
яриа гаргасан тухай асууж сурчээ. Ингэхээр МАН, МАХН хоёрт шинэ
удирдлагатай болохоор нууцхан ярилцаж, энэ нь даамжирч өрнөл ихтэй
байгаа нь тодорхой боллоо.

Нөгөө талаас амбицаа дарж чадахгүй
байгаа залуусынх нь бас нэг гаргалгаа бол Ерөнхийлөгчийн сонгуульд
ордгоор нь оруулаад нэг мөсөн ялагдал хүлээсэн хойно нь удирдлагыг
өөрчлөх асуудлаа тавья гэсэн саналтай хүмүүс ч байна. Ийнхүү МАН-ынхан
дотоод үймээндээ учраа олохоо байж гишүүд нь сандралын байдалд хүрчээ.

Categories
редакцийн-нийтлэл

Д.Арвин адлагдсан ч Ардын намдаа үлдэж мэднэ шүү

Баянзүрх дүүрэгт УИХ-ын сон­гуу­лийн нэг мандат дээр өрсөлд­сөн хүмүүст өгсөн иргэдийн са­на­лын хувь хүрээгүй учраас орон нутгийн сон­гууль­тай хамт дахин сонгууль явагдсан. УИХ-ын дахин сонгуулиар  хамгийн олон санал авсан МАН-ын гишүүн Д.Арвин, Б.Батзориг хоёр дахин сонгуульд өрсөлдсөн. Улс төрийн хувьд нэг намын хоёр хүн хоорондоо өрсөл­дөж байгаа нь сонин үзэгдэл. Тиймээс Д.Арвин намын эв нэгдлээ бодож “Бид хоёрын хэнийг нь ч битгий дэмжээрэй” гэж удирд­лагуудаасаа гуйсан гэдэг.

Өнгөрсөн баасан гаригт Сон­гуулийн ерөнхий хороо Д.Арвинг сонгуульд ялсан хэмээн албан ёсоор шийдвэрээ гаргажээ.

Нэг намаас дээрх хоёр нэр дэвшигч өрсөлдөж буй учир МАН үүнд санаа тавьж оролцох шаард­лага байгаагүй. Хуулиараа дахин сонгууль болох өдөр хүртэл  сур­талчилгаа явуулах хориотой, нөгөө талаас нэг намаас хоёр хүн дэвшиж байгаа болохоор МАН-ын хувьд  амар амгалан налайгаад сууж болох байлаа.  

Хувь нэр дэвшигчдийн хувьд харин  санаа зовних нь гарцаагүй.  Нэгэнт цөөнх болж сонгуульд ялагдсан МАН-ын хувьд нэг ч гэсэн суудал нэмэгдэж л байвал чухал байлаа.  Гэтэл байдал өөр байв.

МАН илтэд нэг нэр дэв­шигчээ дэмжлээ. Тэр нь Баянзүрх дүүргийн Засаг дарга Б.Батзориг.   Сүнжинграндад болсон намын удирдлага зэрэг олон хүн цугласан уулзалтад ч  шууд л Батзоригийг дэмжихээ илэрхийлсэн. Үүнийгээ намын байр суурь гэж тайлбар­ла­сан байгаа юм. Д.Арвин нь сууж байхад шүү.  Аргаа барсан Д.Арвин ч үгээ хэлэх санаатай бостол шууд л микрофоныг нь хааж арга хэмжээ хаасныг мэдэгдсэн байгаа юм. Энэ талаар манай  сонин өмнө нь мэдээлж байсан. Үүнээс өмнө ч намын ерөнхий нарийн бичгийн дарга нь Баянзүрхийн намын үүрүү­дийн дарга нартай уулзахдаа ч “Намын бодлого Б.Батзоригийг дэмжинэ шүү” гээд бас хэлчихсэн байдаг.

Ингээд сонгууль ч боллоо. Ардын намынхандаа ад үзэгдсэн Д.Арвин ялчих нь тэр. Харин эх сурвалжаас сонссоноор бол на­мынхнаас нь  түүнд хэн нь ч баяр хүргээгүй гэнэ. Намдаа нэг суудал авчирч буй нэгэндээ ийнхүү хатуу хандан  дургүйцсэн нь цаанаа  нэг учиртай.

Д.Арвин бүр эртнээс л  шинэчлэл ярьж, хүний өөрийн  гэлтгүй хатуу шүүмжлэл унагаж байдаг нь намынх нь нөхдийн зүрхэнд айдас бий болгосон  байх талтай. Эсвэл түүнийг эмэгтэй хүн болохоор нь ингэж хандав уу. Уг нь тэрээр өөрийн намыг шүүмж­лэхээс гадна өрсөлдөгч на­мууд­тайгаа ч намаа өмөөрч хатуу ширүүн үг хамаагүй чулууддаг байсныг нь мартаж болохгүй. Ту­хайн үед ма­най сонин ч “Арвинаас өөр дуу­гарах хүн алга” гэж бичиж байсан. Эрчүүд айж хулчийгаад байгаа асуудлыг ч  нам энэ тэр гэлгүй шууд л хэлчихдэг  болохоор нь тийн бичсэн хэрэг.

Сонгуулийн үеэр сурталчилгаа явуулж болохгүйг мэдсээр байж “Д.Арвин МАХН-д орох нь” хэмээн нам нь юм уу, намын нөхөр нь юм уу мессэж илгээсэн байдаг. Энэ нь хэвлэлээр  ил тод мэдээлэгдсэн. Магадгүй тухайн хэвлэлийн байр суурь ч байж болох. Арвин МАХН-д элсэхээ  хүрвэл аль хэдийнэ элсчих байлаа. Д.Тэрбишдагва, Ч.Улаан нарын  Н.Энхбаярын фракц гэгддэг бусад нөхдийн хамт л явчих байсан шүү дээ. Цагтаа намаа шинэчлэх гэж “Элсний арван гурав”-т багтаж явсан удаа бий. Хэдий тийм байсан ч хүнд хэцүү үед нь намаа орхиж  яваа­гүйнх нь төлөө Д.Арвинд МАН баяр хүргэж дэмжих хэрэгтэй байсан биш үү. Нөгөө талаас Б.Батзориг, Д.Арвин хоёрын улс төрчийнх нь хувьд жингийн туухай дээр тавьсан ч улс төрийн туршлагын хувьд Д.Арвин хамаагүй жин дарна. Тэ­гээд ч Б.Батзориг  дүүрэгтээ бүтээн байгуулалт хийхийн оронд но­хойны хөшөөнд тэрбум тэрбумаар нь мөнгө зориулсан зэрэг нь баян­зүрх­чүүдийн дургүйцлийг хүргэж сон­гуульд ялагдахад нь нөлөөлсөн биз. Энэ байдал нь өөрөө УИХ-ын сонгуульд ялагдах нь бүү хэл   орон нутгийн сонгуульд ч “МАН-ынхан ийм л байдаг” гэсэн ойлголтыг төрүүлж намаараа ялагдахад ч нөлөө үзүүлсэн. Монголчууд муу­хай загнаад байгаа хүнд дургүй. Тиймээс илтэд нэг намынхаа нөх­рийн эсрэг юм хийгээд байгааг ард түмэн тэнэг биш болохоор мэдсэн байх. Дээрээс нь эмэгтэйчүүдийг дэмжих магадлал их энэ үед УИХ-ын 11 дэх эмэгтэй гишүүнээр Д.Ар­вин байх нь хэрэгтэй гэж үзсэн байх.

За энэ бүхэн ч яахав. Хамгийн сонин мэдээ гэвэл  Д.Арвин ял­чи­хаад байхад Ардын намын удирд­лагууд нь өөр намынхантай уулзан  сонгуулийг хүчингүй болгох хор найруулах гэж  яваа тухай мэдээ­лэл байна.  Д.Арвин л биш бол өөр намын хүн энэ тойрогт нэр дэвшээд гарч ирсэн ч хамаагүй юм байх. Тэгэхээр Д.Арвин намынхаа “но”-г их мэддэг байж таарах нь.  

Ямар ч байсан Д.Арвин ялчих­лаа. Нам нь үүнд дургүй байна. Намаа гээд МАХН руу яваагүй. Явлаа гэхэд Д.Арвинд алдах зүйл байхгүй. МАН л цөөхөн сууд­лаасаа дахин нэг суудал алдана биз. Гэлээ гээд “Та нартай, та наргүй энхрий хайрт намдаа үл­дэнэ” гэж мэдэх л хүн. Эцэст нь намдаа адлагдсан Д.Арвин одоо хаачих вэ гэдэг улс төр дэх анхаа­рал татсан сэдвийн нэг болоод байна. Ма­гад­гүй МАХН түүнийг алгаа тосон хүлээж байгаа.  Д.Ар­вин харин адлагдсан ч Ардын намдаа үлдэж мэднэ шүү.

Categories
редакцийн-нийтлэл

Хөшөөтийг төрд авсан нь сайн ч юм биш дээ

Сүүлийн үед нэг моод гэмээр хачин юм дэлгэрлээ. Төр шийдвэрээ гаргаж  уул уурхай,  томоохон орд газраа төр буцааж авна гэх болжээ. Эхнээсээ булаагаад авчих­лаа. Социализмын үеийн нийгэмчлэх, нэгдэлжих гэдэг шиг л нийтийн юм, ард түм­ний өмч гэж ирээд  анх шийд­вэр гаргаж өгчихөөд буцаа­гаад  шууд л дээрэмдэнэ.

Саяхан хэвлэлээр Хө­шөө­тийг төр авлаа хэмээн мэдэгдлээ. Үүнийгээ сайн мэдээ гэж онцолжээ. Угтаа бол  ингэж юм үзээгүй юм шиг  хөөрцөглөх нь буруу юм.  Хувийн өмчийг ингэж дээрэм­дэж байгааг муу мэдээ гэж хүлээж авах хэрэгтэй.

Хөшөөтийн уурхай төрд байснаас хувьд байсан нь хавьгүй дээр. Хувьд байсан юм төрд очоод ямар болдгийн бэлээхэн жишээ бол Таван толгой. Монголын толгой  баян арваад хүн Таван тол­гойг эзэмшиж байсан.     “Петровис”-ын Ж.Оюунгэрэл, АПУ-гийн Г.Батхүү, Батж.Батбаяр, Ц.Цэнгэл, Сү.Бат­болд, Ж.Оджаргал нарын хүмүүс эзэмшиж байс­наа улсад буцааж өгснийг санаж байгаа байх. С.Баяр Ерөнхий сайд байхдаа стра­тегийн ордод оруулна гэж айлгаж байгаад булааж ав­сан. Таван толгойг эзэмшиж явсан тэр хэдэн баячууд  зур­гаан сар тэссэн л бол тэр хэдэд үлдэх байлаа. Цаад С.Баяр нь зургаан сарын дараа л огцорсон. Ингээд нөгөө хэдэн баян маань Таван толгойгоо авч үлдэлгүй тавган дээр тавиад өгчихсөн дөө. Төр Таван толгойг аваад яаж гийгүүлсэн юм.

Өдийд хувьд байсан бол гадаадын нэг компанитай хамтраад нүүрсээ экспорт­лоод бид тэднээс үндсэн татвараас нь гадна роялтийн татвар аваад байж болох л байлаа.  Роялтийн  махчилж ойлговол хааны татвар гэж  болох юм. Монгол Улсын ашигт малтмалын нөөцийг ашигласныхаа төлөө төлж буй татвар. Бүр цаашилбал эзний татвар гэсэн үг. Таван толгойн эзэн Монголын ард түмэн. Энэ роялти татвараа өндөр тавиад сууж байхад одоогоос хамаагүй илүү ашиг­­тай байх байв. Ингэсэн бол өдийд долларын тэр­бумтан арваад хүнтэй бол­чихсон байхгүй юу. Манайх­ны нэг муухай зан байдаг. Баян хүнийг үзэн яддаг. Өөрс­дийнх нь ядуу байгаад тэр баян хүмүүс буруутай юм байх. Нэгэнт ардчилал зах зээлийн замаар орсон бол өөрөө ч гэсэн баян болохын төлөө л зүтгэх хэрэгтэй биз дээ.

Одоо төрийн булааж авсан Таван толгойг хар. Төрд очоод өрөндөө баригдаж өтөнд идэгдэнэ гэгч л болж байна. Төр Таван толгойг эзэмшигчдээс нь булааж аваад 2014 он хүртэл Чалько­той гэрээ байгуулж, өөр газар нүүрсээ өгөх эрхгүй болчих­сон. Яагаад ийм гэрээ бай­гуулсан гэхээр тухайн үед төр барьж байсан МАН ард тү­мэнд “Хүний хөгжлийн мөнгө”-ийг өгөх гэж зээл­сэн шүү дээ.

Таван толгойгоо барь­цаанд тавьж байгаад зээлсэн тэр мөнгө буюу 21 мянга нь  хүнээ хөгжүүлэх битгий хэл аманд ч үгүй, хамарт ч үгүй архины мөнгө болсон  шүү дээ. Чалькотой хийсэн гэрээ­гээр 250 сая ам.долларыг аваад гэрээн дээрээ “Энэ өрийг төлж дуустал ямар ч  улс орон, хувь хүн, пүүс ком­панитай гэрээ байгуулахыг  хориглоно” гэсэн заалтан дээр унаж, одоо Чалько эзэн нь юм шиг болж хувирсан. Юун мөнгө олох, юун хувь­цаа. Улсын хөрөнгө дэмий үрлэгдсэн шахааны бизне­сийн талбар л болсон. 

Иргэнээ дээрэмдэж авсан хэрнээ төр нь өөрөө Чалкод дээрэлхүүлж байгаа нь арчаагүй хэрэг биш гэж үү. 

Ард түмний өмч болголоо гэчихээд  ард түмнээсээ энэ тухай асуусан юмуу. Асуугаа­гүй л байхгүй юу. Төр барьж байгаа  нам л Монголын баялгийн эзэн юм шиг болдог.

Ухаа худагийг хар. Хувийн өмч. Тэд цахилгаан станц, хар зам, нисэх буудал, сургууль, цэцэрлэг, орон сууц ер нь юу юу ч босгов доо. Ядаж л  Монголоос долларын тэр­бум­­тан төрлөө. Хувьд очсо­ноор ингэж л ажиллаж байна ш дээ. Эзний татвар роялтийг  нэмлээ гэхэд монгол хүн энэ бүхнийг хаяад явж чадахгүй. Нэг ч гэсэн монгол хүн баян байна. Төрийн мэдэлд  эзэн­гүй байх, хувь хүний өмч болж,  эзэнтэй байхын ялгаа ийм л байна. Анхны эзэд болох арваад хүндээ Таван толгой байсан бол ийм л болох байлаа. Таван толгойг нь дагаад дэд бүтэц хөгжиж, ашиг орлогоо ахиухан аваад, ард түмэн тэрнээс нь хүртээд байж болох байлаа. Ажлын байр нэмэгдэх  байлаа. Манай­хан сая Хөшөөтийг төр авахад хувийн өмч төрд очлоо гээд ямар их баярлаж, алга ташив аа. Ачир дээрээ аминых уу, улсынх уу алин дээр вэ гэдгийг энэ хоёр жишээн дээр тогтож бодно уу. Энэ талаас нь харах юм бол Хөшөөтийг төр авлаа гээд баярлаад байх хэрэггүй.

Хувийн өмчийг олон бол­гох хэрэгтэй. Тэгээд татвараа л ахиухан авна биз. Түүнээс биш төр нь иргэдээсээ өмчийг нь булааж аваад байвал ямар зах зээлийн өрсөлдөөн байх билээ.  

Төр нь өөрөө  шийдвэрээ гаргаж иргэндээ өгчихөөд  Шивээ овоо,   Багануур, Адуун чулууны нүүрсний уурхайг бас л авна гэнэ. 1997 онд мөрдөгдөж байсан хуулиа­раа л хувьд очсон хэрэг. Гэтэл стратегийн орд гэсэн нэр томъёо бий болгож дээрэмдэх болов. 

Социализм руугаа ухарч, нийгэмчлэх сэтгэлгээг өөг­шүүлж байгаагаас ялгаа алга.  

Иргэн нь баян байхын тулд капитал бий болгож байж, зах зээлийн
нийгэмд амьдарна.