Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Орой бүр хорон хэл нь гозолзсон хэрүүлийн чуулган хоймор эзэгнэх юм

Орчин үеийн төр барих онолоор бүх ард түмэн улс орноо удирдах ёстой. Мэдээж бүгд Засгийн газар, УИХ-даа орж ажиллаж чадахгүй учраас төлөөллийн хүмүүсээ сонгодог. Бидний төлөөлөл болж буй хүмүүс нь манайхаар УИХ. Угтаа бол үүнийг төлөөллийн ардчилал гээд байгаа юм. Ингэж төлөөллөө сонгодог болсноос хойш хорь гаруй жил МАН, МАХН, АН-аас завсаргүй УИХ-д сууж буй хэдэн хүн байна. Ердөө энэ хэдэн хүн л УИХ-ын хурлын цөмийг бүрдүүлж, бодлогыг зангидаж ирлээ. Бидний төлөөлөл болох УИХ-ын гишүүд ард иргэдээ баян тансаг байх, сурч боловсрох, эвтэй найртай, сайхан амьдрах бололцоог хангаж өгөх ёстой юм. Гэтэл бид хорь гаруй жил дахин, дахин УИХ-д сууж байгаа нөгөө л хэдэн хүнийг хоорондоо хялалзаж, нэгийгээ заналтайгаар харж, ил, далд хор найруулж, хуйвалдаж, хэрүүл хийхийг л харлаа. Хэрүүлчдийн нүүрэнд нэмэгдсэн үрчлээс, унаа тэрэг, амьдардаг байшин, тансаглалынх нь тухай харж, сонсч байснаас бидэнд юу гийгүүлснийг нь мэдэхгүй.

Юу бодож байгаа нь нүүрэн дээрээ үл илэрч, гөлийсөн, цаагуураа юу хийж байгаа нь ард түмэнд ойлгогддоггүй ийм хүмүүс монгол айл бүрийн хойморт өдөр бүр хэрүүл хийнэ. Орой бүр хорон хэл нь гозолзсон хэрүүлийн чуулган хоймор эзэгнэх юм. Муу ёр байгаа даа. Нөгөө хэд маань нэг ч гэсэн хэрэгтэй юм ярих нь уу гэж горьдож суваг эргүүлэхэд албан тушаал, эрх мэдэл булаацалдан хэмлэлдсээр угтана. Улс оронд чухал хэрэгтэй хууль батлах үед ажлаа таслаад алга болох хэрнээ эрх мэдэл ярихаараа бүхнээ хойш нь тавиад бөөнөөрөө чуулна.

Эд ямар ааш аяг гарганав, нийгмээрээ тийм болж байна. Ингэхээр Монголын нийгэм ямар байх нь ойлгомжтой. Яг энэ улстөрч хэдийгээ дуурайж бие биенээ хялалзсан, элдэв муухайгаараа дуудалцсан, үзэн ядсан байдал нийгэмд зонхилж байна. 1990 оноос хойш л улстөрчид нь бие биенээ муулж бас огцруулж эхэлсэн. Яг тэрийгээ одоо ч хийж л байна. Хийж байгаа юм нь өөрчлөгдсөнгүй. Сонгогдож буй гишүүд нь ч өөрчлөгдсөнгүй. Яг л хориод жилийн өмнө ямар байсан тэр чигээрээ. Орой бүр биесээ үзэн ядсан, элдвээр хэлсэн, хорон хэл нь гозолзсон могойнууд костюм өмсөөд чуулж буй мэт л дэлгэцнээ тодорно.

Улс орон хөгжсөнгүй. Хүн нь солигдсонгүй. 1990 оноос хойш хичнээн ч Засгийн газар огцруулав. 1990-1992 онд Д.Бямбасүрэнгийн толгойлсон Засгийн газрыг унагах гэсэн оролдлого хийсэн ч бүтээгүй. Тэр үед хуйвалдаанд гаршиж амжаагүй байсан биз. 1992-1996 онд П.Жасрайн Засгийн газар харин энэ дайрлаганд өртөөгүй. Гэвч хэл ам хэрүүл шуугиан тасраагүй. Түүний дараа М.Энхсайхан Ерөнхий сайд болж 1998 оны дөрөвдүгээр сард түүний Засгийн газрыг унагаасан. Ц.Элбэгдоржийн Засгийн газрыг 1998 оны долдугаар сарын 24-нд огцруулсан бөгөөд үүнээс хойш арванхоёрдугаар сар хүртэл үүрэг гүйцэтгэгчээр ажилласан. 1998 оны наймдугаар сар хүртэл Ж.Наранцацралтын Засгийн газрыг захидлын гэх хэргээр унагаж байсан. Улс төрийн нарийн учир мэдэх хүмүүс тэр захидал гэдэг нь шалтаг төдий зүйл. Цаана нь бас өөр учир байсан гэлцдэг. Ингээд Р.Амаржаргал Ерөнхий сайд болж засгаа толгойлоод нэг жил болсон. Хэдийгээр хугацаанаас нь өмнө огцруулаагүй ч унагаах оролдлого хийж л байсан. Нэгэнт сонгууль дөхсөн болохоор тэгэсхийгээд өнгөрсөн. Түүнчлэн Н.Энхбаяр түүний дараа Ц.Элбэгдорж, М.Энхболд гээд үргэлжилнэ. Нөгөө хуйвалдан унагаах үйл явц нэлээд төгөлдөржиж байсан үе. Нэг нам нь өөрийнхөө намынхныг, эсвэл нөгөө намынхаа Засгийн газрыг гэх мэтээр унагаж, яг энэ хэмнэлээр М.Энхболдоо С.Баяр нь унагааж гарч ирлээ. Гэвч С.Баяр ч өвчний улмаас гэж ажлаа өгсөн ч цаана нь долдугаар сарын 1-ний үйл явдалтай холбоотой мөн л шахаагаар аргагүйдэж ажлаа өгсөн гэх юм билээ. Ингээд Сү.Батболд сонгууль дуустал Ерөнхий сайдын албыг хашиж, одоо Н.Алтанхуягийн Шинэчлэлийн Засгийн газартай нүүр тулсан нь энэ. Түүнийг Засгийн газрын тэргүүн болсны маргаашаас огцруулах яриа эхэлсэн. Ардчилсан нам арай гэж засаг барих дээрээ тулсан юм чинь одоо хашраа байлгүй гэтэл үгүй аж. Засгийг хэн толгойлж байна гэдгээсээ илүүтэй манайх шиг улсад засаг огцроод байх нь өөрөө аюул юм.

Манайд Засгийн газар огцорно гэдэг бүх амьдрал зогсохтой адил. Улс төрөөсөө нэг иргэнийх нь амьдрал шууд хамааралтай байдаг. Гэтэл манай улс төрчид хаа байсан Японы Засгийн газрын жишээг татах дуртай. Японы Засгийн газар, танхимын гишүүд нь байнга л солигдож байдаг гэж ирээд л ярих дуртай. Хамгийн сүүлд л гэхэд Японы Засгийн газрын сайд бүсгүй төсвийн мөнгөнөөс гүүрний будгандаа зарцуулсан гээд л огцорлоо. Тэгвэл Японы парламент хүчтэй. Дээрээ хаантай. Засгийн газар байсан байгаагүй бодлого үйл ажиллагаа нь савлахгүй, явагдаж байдаг. Манайд эсрэгээрээ. Бүх ажил зогсдог. Японд ёс зүйгээсээ болж огцордог, огцруулдаг бол манайд дараагийн ээлжнийхэн идэх хоолоо булаацалдах аятай нэгийгээ зориуд унагаадаг. УИХ нь улс орондоо хэрэгтэй хууль батлахаасаа илүүтэй эрх ашиг л ярьж хэрэлддэг.

Тиймээс энэ муу ёрын могойн чуулган болсон их хурлыг, их хурлын гишүүдийг солих хэрэгтэй. Монгол хөгжиж өөрчлөгдье гэвэл муу ёрын могойн чуулган болсон он удсан гишүүдээ энэ бүх намууд солих цаг болсон. Одоо ч могойн чуулган сурсан ажлаа хийж л байгаа. Энэ нь нөгөө л засаг огцруулах их ажил. Нөгөөдүүл нь огцрохгүй гэсэн их ажил. Ийм л юм Монголд өрнөж байна. Энэ их цаг, энэ их мөнгө, энэ их эрч хүчийг ард түмний амьдралыг өөд нь татахад зориулдаг ч болоосой. Төр барина гэдэг хэдэн биеэ тойрч засгаас буулгаж, хэдэн биеэ тойрч хөрөнгө цуглуулахыг хэлдэггүй юм. Өнөөдрийн манай төр засгийн үнэн царай чи их идлээ, одоо миний ээлж гэж байгаатай яг адил. Түүнээс биш чи ингээд хийж байна, би бас ингээд юм хийчихье гэх нь алга. Төр барина гэдэг ард түмний аяганд ямар хоол нэмэхэв, ард түмний амьдралд ямар ая тух нэмэгдэв, ард түмнийг айдас түгшүүргүй амьдруулахыг л хэлдэг байх. Тийм төртэй байж үзээгүй болохоор мэдэх ч үгүй юм. Том гүрнүүдийн удирдагчдын үгнээс л ингэж сонсч байсан юм байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ардын нам Сүхбаатарын талбайг устгасан, одоо Улаанбаатарыг устгаж адууны жүчээ болгох нь

Ардын намын нийслэлийн хороо саяхан “Найрамдал”-д хоёр өдөр бүсийн зөвлөгөөн гээчийг хийжээ. Хорь гаруй жил энэ нам нийслэлийг удирдахдаа хийгээгүй ажлаа л ярьцгааж. Улаанбаатарыг нүүлгэх, хэрхэн хөгжүүлэх, гарц энэ тэр гэх зэргээр нийслэлийн хөгжлийн бодлогыг хэлэлцсэн юм байх. УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар нийслэлийг Хархорин руу нүүлгэх тухай илтгэл тавьсан байна. Ингээд л нийслэлийг хэрхэн нүүлгэх тухай яриа өрнөжээ. Ардын нам Ардчилсан намд Сүхбаатарын талбайг алдсан. Сүхбаатарын талбай гэдэг нэртэй байлаа гээд буруу юм юу ч байх билээ. Гэтэл харсаар сууж байгаад Нийслэлийн иргэдийн хурлын хэдэн нөхөд нэрийг нь солих шийдвэр гэнэт гаргачихсан. Ард түмэн энэ үед дуугүй л хараад өнгөрсөн. Одоо улсын нийслэлээ ард түмэн алдах нь. Гэхдээ МАН-ын газрын мафиас болж алдах юм гэнэ. Улаанбаатарын газрыг зарж идсэн гэгддэг нөхөд энэ зөвлөгөөнд бүгд очиж суусан байгаа юм. Угаас МАН-ын хотын гэгдэх фракц нь тэр чигтээ намаа удирдаж байгаа. Намын дарга нь хотын фракцыг толгойлдог. Хотын газрын албаны дарга байсан Ц.Сандуй нийслэлийн намыг удирдаж байна. Тэгэхээр зөвлөгөөнөөр нийслэлийг нүүлгэх тухай санал гаргаж, хэлэлцсэнд гайхаад байх ч хэрэг алга. Оролцогсдын зарим нь толгой дохин дэмжиж, зарим нь дэмжсэн үг хачирлаж шидсээр сууж. Дээрх зөвлөгөөнөөр хэлэлцсэн асуудлыг МАН-ын гишүүнээс лавлахад “Нийслэлээ нүүлгэнэ гэнэ, манай намынхан. Хэн ч харсан дараагийн газрын наймаагаа хийх аргаа сэдсэн л харагдаж байгаа биз дээ” гэв. МАН дахь эрүүл сэтгэлгээтэй залуу инээдээ барьж ядан намынхныхаа ярьсныг ингэж товчхон тодорхойлсон. Өөрөөр хэлбэл Ардын намынхан нийслэлээ нүүлгээд, шинэ байрших газраа газрын наймаагаа хийж найрлаж, Улаанбаатарыг минь адууны жүчээ болгох нь.

Энэ юу болж байнаа, ард түмээн. Та бүхэн үүнд сонор соргог байгтун. Монгол ардын намын дарга М.Энхболд бүх газрыг зарж хөл гишгэх зайгүй болгосон гэж шүүмжлүүлдэг. Улаанбаатар хотын газрын албаны дарга байсан Ц.Сандуй, Т.Бадамжунай, нарын нэр бас байнга л газрын наймаатай хамт явж байдаг. Улаанбаатар хотын бүх газар зарагдаж дууссан. Хот төлөвлөлтийг огтхон ч авч хэлэлцэхгүйгээр хаа сайгүй газар олгосон.

Энэ газрын мафи Улаанбаатарт дахин төлөвлөлт хийж болохгүй гэж үзсэн байна. Энэ болохгүй нөхцөлийг дээрх нөхөд өөрсдийн гараар хийсэн. Газрын мафийнхан гэж хэлэгддэг хүмүүсээс гадна Хархорины Д.Сумъяабазар Сонгинохайрханаа ядуу муухай гэж голоод өөрийн аймаг руу нийслэлийг зөөх юм байх. Улаанбаатарыг нүүлгэвэл нүүдэлчдийн түүхэндээ анх удаа байгуулсан сая хүнтэй хотыг устгана гэсэн үг. Талаар нэг нүүдэллэж байсан монголчууд арай гэж цуглаж сая хүнтэй хот бий болчихоод байна. Монголчуудын зан аашийн онцлог гэж бий. Нийслэл хаана байна, тийшээгээ нүүдэг. Хот л орсон бол нийслэлдээ очдог. Зүгээр нэг хотод очихгүй. Манай нийслэл бараг гурван зуун дал гаруй жилийн түүхтэй ч эрчимтэй хөгжсөн нь сүүлийн 20 жил гэж хэлж болно. Өмнө нь монголчуудыг нийслэлдээ нүүж ирэхийг хорьдог байсан. Сүүлийн хорин жилд л нийслэлдээ нүүж ирэх эрхтэй болсон. Арай гэж нийслэлдээ нүүж ирээд Хайлаастын эцэст нэг ноохойтой болсон нь “Эд нар бидэнтэй адил нийслэлд шигдлээ” гээд зугтаах нь л дээ.

Үүний бэлтгэл болгож хэвлэл мэдээллээр нь “Улаан хацарт оркууд Улаанбаатарыг эзэллээ” гэсэн яриа хөөрөө гараад байгаа. Хотыг яавч нүүлгэж болохгүй. Эдийн засаг улс төрийн асар их хохирол учирна. Энэ талаар намууд байр сууриа илэрхийлэх хэрэгтэй байна. Улаанбаатар хотын дарга Э.Бат-Үүл ч байр сууриа илэрхийлэх хэрэгтэй байна. Э.Бат-Үүл барилга барина, бүтээн байгуулна гээд яриад байгаа атал нөгөө талд нь нүүлгэнэ гэж яриад байна шүү дээ. Тэгэхээр нүүлгэх гэж байгаа хотод хөрөнгө оруулалт хийх хэрэг байна уу гэдэг асуулт гарч ирнэ. Нүүлгэхдээ тулбал ард түмний санал асуулга зайлшгүй явуулах шаардлагатай. Бусад улсын жишээг хар л даа.

Улаанбаатар газаргүй учраас нүүхээс өөр аргагүй гээд байгаа нь бас ч тийм үнэмшилтэй сонсогдохгүй байна. Хотын төвийнхөө газруудыг л зарчихсанааас дэд бүтэц сайжраад ирвэл тэлэх боломж байгаа. Хүмүүс Багануур, Налайх, Багахангайг тусдаа хот мэт андуураад Улаанбаатарын дүүргүүд гэдгийг мартчих юм. Энэ дүүргүүд рүүгээ тэлэг л дээ.

МАН-ынхны ярьснаар нийслэл хот улсынхаа төвд байдаг гэнэ. Тийм юм гэж хаана байна. Оросын нийслэл Москва улсынхаа цаад үзүүрт байна. АНУ-ынх зүүн эрэгтээ байна. Тэгэхээр улсын нийслэл төвдөө байдаг гэдэг шиг худал яриа алга. Зүгээр МАН монголчуудыг хорлож, өөрийнхөө дараагийн бизнес болох шинэ хотыг байгуулж, дахин газар зарж баяжих гэсэн л арга биз. Үүнийг нь МАН-ын гишүүн өөрөө хэлж байна шүү дээ. Энэ намыг дараагийн сонгуулиар яавчиг гаргаж болохгүй нь. Тэгэхгүй бол нийслэлийг нүүлгэж, дараагийн газрын наймаагаа эхлэхээр бэлдэж байна. Нийслэлээ нүүлгэнэ гэдэг чинь улс орноороо наадах гэж байгаагаас ялгаагүй. Хичнээн жил нийслэлийг удирдахдаа юу хийж гийгүүлэв, МАН-ынхан. Өөрсдийнх нь амьдардаг орд харш өнгө засч, тансаг сайхан болсноос биш хот царай дарж, төлөвлөлтгүй, замбараагүй болсон. Ардчиллын буя¬наар бий болсон хувийн хэвшлийнхэн л хотын өнгө зүсэнд нэмэр болсон байх.

Одоо харагдаж байгаагаар МАН нийслэлд эрх барихаа байсандаа их бачуурч бухимдаж байгаа бололтой. Нийслэлд эрх барихын тулд нийслэлээ зөөхөд ч бэлэн байна. Тиймээс МАН сонгуулиар ялбал нийслэл нүүлгэх нэрээр улс орныг минь самарч гүйцэх шинжтэй. Яавч ийм боломж олгохгүй юм шүү.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хүнээрээ л байя

Улс төрд орохоосоо өмнө давгүй бизнес эрхлээд бусадтай эвтэйхэн харьцдаг байсан нэгний тухай  танил минь хуучилсан юм. Ахмад хүмүүс түүнийг сайн хүү гэж магтаж, үеийнхэн нь сайн залуу хэмээн итгэдэг байж. Яагаад өнгөрсөн цаг дээр яриад байна гэхээр тэр УИХ-д нэр дэвшээд танигдахын аргагүй өөрчлөгдсөн. Улс төрд ороод тэр ингэтлээ өөрчлөгдөв үү. Танилын маань мэдэх тэр нэгэн залуу гэлтгүй бидний анзаарахад ч тийм хүмүүс олон болж.  Хүнийг танья гэвэл эрх мэдэл, эд хөрөнгө өгөөд үз гэж нэг үг бий. Оргүй үг биш бололтой.

Олон залуус улс төр лүү хошуурах болсон энэ цагт хүнийг танихгүй болгодог, эсвэл өөрөө өөрийгөө танихаа байчихдаг тэр зүйл рүү тэгтлээ тэмүүлэх хэрэг байна уу гэж асуумаар. Заавал улс төр гэлтгүй ээ, өмнө нь энгийн сайхан залуу байснаа арай дөнгүүрхэн алба хашаад, амьдрал нь өмнөхөөсөө дээрдээд ирэхээр өөрийгөө ч танихаа байчихдаг хүмүүс олон болж. Хүн хүнээрээ байх л сайхан. Эхийн хэвлийгээс  хүний жам ёсоор төрж, хүнд ирдэг зовлон жаргал хэнийг ч тойрдоггүй. Нэг л амьдрах хорвоо. Яаж  ч амьдралаа гэсэн хүнээрээ л байцгаая. Албан тушаал, мөнгөтэй байлаа гээд  мөнхийн шидийг олох биш дээ. Өөрийгөө ч танихгүй хүмүүс дэндүү олширвол өргөн хорвоог яаж туулах билээ. 

Д.МӨНГӨНДАЛАЙ  

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улстөржиж жүжиглэхгүйгээр долларын ханшаа л буулгачих

Зуны налгар цагт хэн хүнгүй амарч, УИХ-ын эрхэм гишүүд ч хууль ёсны амралтаа авч, хөдөө гадааг зорьжээ.  Гэвч Төрийн ордон эзгүй шахам байсан ч улс төр нам гүм байсан гэвэл ташаарал. Энд тэндгүй эдийн засгийн хямрал ярьж, улс орон сүйд болж байна гэцгээж  зуны  амралтанд хачир нэмцгээв. Улстөрчидтэй холбоотой, тэр дундаа Ерөнхий сайдын эргэн тойронд байгаа хүмүүсээс  хэл ам салсангүй. Үйлдэл болгоныг нь л буруутгах нь элбэг байна. Зунжин яригдсан гол сэдэв Засгийн газрын тэргүүн, танхимын гишүүд, тэдний үйл ажиллагааны тухай шүүмжлэл, Ерөнхий сайдын ойр тойрныхныг хорьсон, идсэн ууснаар нь дуудсаар л өнгөрөв. Мөн Засгийн газрыг огцруулах, Ерөнхий сайдыг унагах талаар ч хүний өөрийн нам, улс төрийн хүчнүүд байсхийгээд л мэдэгдэл, уриалга, сануулга өгсөөр байв. 

Үүнээс улбаатай ээлжит бус чуулган хуралдуулах шаардлагатай гэж МАН-ынхан хэвлэлийн хурал зарласан. МАН-ын генсек  Ж.Мөнхбат тэргүүтэй хүмүүс сөрөг хүчнийг төлөөлж  УИХ-ын даргад хандаж мэдэгдэл гаргахдаа  долларын ханш өслөө,  улс орон хэцүүдлээ, Засгийн газрын тэргүүний асуудлыг авч хэлэлцэх шаардлагатайг дурдана лээ. Ерөнхий сайдыг ахлах зөвлөх Л.Гансүхийг хоригдож байхад нь Хууль зүйн сайдтай хамт очиж уулзлаа гэсэн нь тэдний гол буруутгал байсан юм.  Энэ нэг их сүр  бадрааж гайхаж, цочоод  байх зүйл биш. Сөрөг хүчнийхэн иймэрхүү мэдэгдэл хийж л байдаг. Тэрний зоргоор, зөвлөхөө эргэлээ гэж ээлжит бус чуулган хуралдуулж суухаар тэнгэрт хадаад байгаа долларын ханшаа буулгах талаар хуралдаж  байвал болох юм. Түүнээс биш  зөвлөхөө эргэсэн Ерөнхий сайд Н.Алтанхуягийг авч  хэлэлцэх гэж хуралдаад ямар ч хэрэг байхгүй. 

УИХ-ын ээлжит  бус хуралдааныг хуралдуулах сонирхол зөвхөн сөрөг хүчин гэлтгүй  АН-ын зарим гишүүдэд ч байгаа. Тэдний төлөөлөл болгож гишүүн М.Зоригт, С.Дэмбэрэл нар УИХ-ын даргад уриалга  хүргүүлсэн.  Гэхдээ тэдний саналд валютын ханшийн өсөлт, инфляцийн түвшин улсын нийгэм эдийн засгийн байдалд сөргөөр нөлөөлөх нь нэмэгдэж байгааг дурдаад, ээлжит чуулганыг хүлээлгүй эдийн засгийн хямралыг давах асуудлыг хэлэлцэх шаардлагатайг дурдсан байна лээ.  Эдийн засаг сайжруулах талаар, долларын ханш буулгах тухайд хуралдвал болж байна. Харин ээлжит нэгэн улс төрийн жүжгийг  тавьж, сандал ширээ албан тушаалаа булаацалдаж,  хэмлэлдэх, эсвэл шоронд байгаа зөвлөхөө эргэлээ хэмээн загнах гэж байгаа бол ээлжит бус чуулган хуралдах шаардлага байхгүй.  

Ээлжит бус чуулганы талаар УИХ-д суудалтай болон суудалгүй намууд, гишүүд өөр өөр байр суурьтай байгаа. УИХ-д суудалгүй намууд ээлжит бус чуулганыг хуралдуулах санал хэлж байгаа ч тэд эдийн засаг хямраад байхад Ерөнхий сайд огцрох ёстой гэсэн байр суурь илэрхийлж байгаа. Чуулган хуралдуулах шаардлагатай гэсэн есөн үндэслэл гаргаад тавьж. Тэр ч бүү хэл Хятадын удирдлагыг ирэхээс өмнө Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг яаран шийдэх ээлжит бус чуулган хуралдах хэрэгтэй гэж шаардаж буй.

Зарим нь ийм байр суурьтай байхад  нэг хэсэг нь ээлжит  бусаар хуралдах шаардлагагүй гэж үзэж байна. УИХ-ын  гишүүн Д.Арвин “Чуулган ямар үед хуралдаж, гишүүд хэзээ амрах нь хуульчлагдсан. Төсвийн тодотголыг яаралтай хэлэлцэнэ гэж Засгийн газар асуудлаа өргөн барьсан бол  ээлжит бусаар хуралдаж болох юм. Түүнээс өөрөөр ээлжит бус чуулган хуралдах шаардлагагүй. Ерөнхий сайд, Хууль зүйн сайдын асуудал бол өөр. УИХ шүүх байгууллага биш” гэсэн бол УИХ-ын гишүүн Р.Амаржаргал, Б.Гарамгайбаатар нар мөн л “Засгийн газраас хэлэлцэх асуудал оруулж ирээгүй, төсвийн тодотгол хэлэлцье гээгүй байхад ээлжит бус чуулган хуралдуулах хэрэг байхгүй, юу хэлэлцэх вэ гэдгээ бодолцох ёстой” гэсэн байр суурьтай байна. Харин БНХАУ-ын дарга айлчлахтай холбоотой хүндэтгэлийн чуулган ирэх 22-нд болох юм.   

АН эрх барих бүртээ эв эвдэж хэрүүл тэмцэл, албан тушаалын сонирхлоосоо болж  дотооддоо эе эвдрэхэд өөр намд ашиг ирнэ үү гэхээс ард түмэнд сайнаар наалдаж байсан түүх үгүй. Мөн өөрийнх нь намд ч энэ нь дандаа муу үр дагавар авчирч байсан. Энэ чигтээ АН-ынхан хэдэн тийшээ хараад суучихвал дараагийн сонгуульд ялна гэж байхгүй.  Сөрөг хүчин сөрөг үйлдэл хийх шаардлагагүйгээр АН өөрсдөдөө унах нүхээ бэлдчихнэ гэсэн үг. Дандаа бусдын аманд орж,  өөрсдөдөө унах шалтгаан бий болгодог. Гэвч АН-ын эв түнжингүй байдал, фракцуудын зөрчилдөөн нь энэ удаа ч давтагдаж, дотооддоо зөрчилдөж эхэлсэн нь   нэгэнт ил тодорхой мэдэгдэх болсон. Өргөн нарийн, цариг, өшөө авалтын улстөржилт хэрээс хэтэрлээ.  Зуны налгар цагт  АН-ын дотоод зөрчил, улс төрийн гадаад хүчин зүйл, эдийн засгийн хямралтай зэрэгцээд нийгмийн амьдралыг налайлгасангүй.  Засаг барьсны маргаашаас л  эе эвдэрч эхэлсэн гэхэд нэг их буруутахгүй байх.  Одоо ингэж суухын оронд эдийн засгаа хамтдаа яаж босгож ирэх талаар ярилцаж нэг шийдвэрт хүрмээр байгаа юм.  

Ер нь үеийн үед аль засаг төр барьсан эрх баригчдыг бүгд л шүүмжилдэг. Ялангуяа Монголд энэ бол тогтчихсон ойлголт.  Хэзээ хойно хэн нэгэн Ерөнхий сайд, аль нэг эрх баригчтай харьцуулж байж л  жинхэнэ үнэлэлт дүгнэлт гарч ирдэг.   Шүүмжиллээ гээд айж,  гайхаад байх  зүйлгүй. Энэ засгийг огцрууллаа гээд дараа нь хэн ч гарлаа гэсэн өргөс авахын дайны эдийн засаг сэргэчихнэ гэж байхгүй. Эдийн засаг хүндхэн, долларын ханш өсөөд айл бүрийн амьдралд энэ нь нөлөөлж байгааг хэн ч мэднэ. Амтай болгон л  толгой сэгсрэн шаагилдаж байна.  Одоо асуудлын гол нь энэ л болохоос Н.Алтанхуяг болоод түүний танхимын гишүүд биш. АН-ынхан одоо л ширээ тойрч суугаад хүндхэн байдлаас хэрхэн гарч, хөрөнгө оруулагчдыг цаашаа явсан сэтгэлийг нааш хандуулахгүй бол Н.Алтанхуяг  ба түүний нөхдийн асуудлыг хэлэлцэж, зөвлөхөө эргэснээр нь улс төр хийж байх зуур цаг хугацаа яваад байна.  Н.Алтанхуягаа унагаж, дараагийн засгийг байгуулж эмхлэх гэсээр байтал ард түмэн, улс орон чинь хэцүүдэх гээд байна. Та нарын хэрүүл тэмцэл, албан тушаалын маргааныг хүлээж  буурдаг доллар гэж юу байхав.  Ахин хэлэхэд яг одоогоор долларын ханштай л ноцолдож, эдийн засгаа өөдлүүлж, улс орноо аврахаа  бод.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

ОРТ-ийн “Жди меня” нэвтрүүлэг 29 жилийн дараа монгол хүүхдүүдийг ээжтэй нь уулзуулжээ

Ээжтэйгээ 29 жил уулзаагүй хүү, охин хоёр  Оросын “ОРТ” телевизийн тусламжтайгаар уулзаж  буй  “Жди
меня” нэвтрүүлэг  “Youtube”-д тавигдсаныг
олон хүн нулимстай үзсэн билээ. Ээжийгээ олж уулзсан Н.Сансартай уулзаж төөрөлдсөн
хувь  тавиланг, ээжтэйгээ уулзсан баярт мөчийнх
нь талаар ярилцлаа.
 

 -Анх аав, ээж хоёр чинь  Украйнд
танилцсан гэсэн.  Аав тань Львовт цэргийн
сургуульд сурч  байсан юм уу?

-Украйны Львов хотод  хуучин социалист нийгмийн үед Монголоос цэргийн
дарга нар бэлтгэгддэг байсан. 1969 онд цэргийн албанд яваад 1972 онд халагдаж ирээд
тэгээд шууд таван жил Львовт улс төрийн сургуульд явж байсан. Манай аав одоо тэтгэвэртээ
гарсан хүн байдаг юм. Львовт сурч байхдаа ээжтэй танилцсан юм билээ. Ээж минь украйн
хүн.    Монголд 18 жил байхдаа  ээж Украйн руу бас явдаг байсан юм.  Ээж, аав хоёр хамт ч явдаг байсан. 1986 онд намайг
нэгдүгээр ангид ордог жил ээжийн аав нь нас барж, манай гэрийн амьдрал ч болж бүтэхгүй
байсан юм шиг байна лээ. Тэгээд л Украйн руу явсан.

-Тэгээд буцаж ирээгүй юм уу?

-Угаасаа “Би ингээд
явлаа. Буцаж ирэхгүй”   гээд бүр явсан.

-Яагаад буцаж ирэхгүй гэсэн юм бол. Ирэхгүй байх учир шалтгаан байж
дээ?

-Ээж, аав хоёр муудсан  байх аа. Манай аав цэргийн байгууллагаасаа
1983,1984 онд гарсан. Хувьсгалын музейн орлогч дарга хийж байгаад дараа нь Богд
хааны музейн орлогч дарга болсон. Тэгж байхдаа нэг асуудалд орооцолдсон шиг байгаа
юм. Баахан цэргийн дарга нар бөөндөө хөзөр тоглож, архи уугаад л баригдсан юм шиг
билээ. Улсын мөнгө төгрөг рүү орсон ч гэдэг билүү. Нилээн олон хүн шүүхээр ороод
гурван жилийн ял  авцгаасан. Манай аав ч адил.
Гурван жил суух байснаас  жил гаруй болоод
гарч ирсэн. Гарч ирээд  ажил байхгүй, архи
их уудаг байлаа.  Тэр үед ээжийн аав нь нас
барсан. Нөхөр нь архи уугаад байхаар эмэгтэй хүн тэсээгүй, Украйн руу бүр явсан
болов уу. Уг нь манайх Улаан хуаранд хамгийн анх баригдсан таван давхар байшинд
байсан. Улсаас хоёр өрөө байр өгсөн юм. Аав тэр үед Батлан хамгаалахын их сургуульд
улс төрийн орлогч, багшаар ажиллаж байв. Хамгийн анхны л цэргийн дарга нар манай
байранд байдаг. Тэр үед цэргийн дарга нар орос эхнэртэй байх моод байсан. Цэдэнбал
даргын үеийн моод шүү дээ. Хойно сургуульд сурч төгсөөд ирэхдээ гадаад эхнэртэй
л ирдэг байж.

-Та аав, ээжээсээ гурвуулаа байхаа…?

-Тиймээ, хоёр том
нь  хотод 
аав, ээжтэйгээ амьдардаг. Бага дүү 
эмээ, өвөөтэйгөө хөдөө  амьдардаг байсан.
Бид цөөн насны зөрөөтэй болохоор   ээж ажил
хийх шаардлагатай болоод аавын аав, ээж дээр бага дүүг төрөнгүүт нь хөдөө явуулсан.
Манай ээж Ира  Батлан хамгаалах яамны лабораторид
олон жил ажилласан.   Тухайн үед олон жаахан
хүүхэдтэй болоод ч тэр үү “Бид  энэ хоёр хүүхдээ
өсгөе, та бага  хүүхдийг өсгөөд өг” гээд  эмээ, өвөөд өгч, манай бага дүү эмээ өвөөгийн  хүүхэд болсон шүү дээ.

-Тэр дүү чинь одоо хөдөө л байдаг 
уу?

-Тиймээ.  Сүүлд ээжтэй уулзсанаас хойш  “Дүүгээ битгий хол байлгаач ээ, өөрийнхөө хажууд
байлга”  гэсэн. Тэгээд хөдөөгийн байрыг нь
зараад Гачууртад хашаа байшин авч өгсөн юм. Хотод хоёр жил гаруй амьдарсан. Энд
амьдарч үнэхээр чадахгүй нь гээд хөдөө рүүгээ явсан.

-Дүү нь нөхөр, хүүхэдтэй болсон уу?

-Нөхөр хүүхэдтэй.
Нөхөр нь төмөр замд ажилладаг. Хөдөөнөө л сайхан байна гэсэн. Тэндээ өөрөө үсчин
хийгээд, саяхан ямар юмны ч билээ эмэгтэйчүүдийн зөвлөлийн дарга болсон гэж ярьсан.

-Та хоёр ээжийгээ санадаг байсан уу. Та хоёр тусдаа байж байгаад хэзээ
уулзсан юм бэ?

-Ээжийг явснаас хойш
аав бид хоёулаа үлдсэн. Нэгдүгээр анги төгсөөд зун нь хөдөө өвөөгийнх рүүгээ явсан.
Галт тэргэнд  суугаад  л  Дорноговь
явчихна. Зуны амралт дуусахад гэртээ хүрээд ирнэ. Ингээд  дүүтэйгээ холбоотой байдаг байлаа. Би бас Дорноговьд
нэг жил эмээ өвөөгийндөө сурсан. Дараа нь Дорноговийн-Сайншандад шилжээд нэг жил
айлд байсан. Аав архи уугаад, байраа зараад тэгээд орох оронгүй. Тухайн үеийн хүмүүсийн
амьдрал канондсон юм шиг яг адилхан. Тухайн үеийн цэргийн дарга нар яг нэг замаар
ижилхэн явсан шүү дээ . Бүгд ажилгүй, эхнэрээсээ салаад, байраа зараад, архинд орцгоосон.

-Та хэд ээжтэйгээ уулзаагүй хэр удсан бэ?

-Манай дүү бол нэг
ч удаа уулзаагүй, хараагүй.  Зураг хараад
л ээж гэж мэддэг  байсан. Би ч бас гайгүй
1986 оноос хойш хараагүй байлаа. Бас бус юмаа санана. Дүү маань ээжтэй 29 жил уулзаагүй
гэсэн үг л дээ. 1981 онд төрөөд л эмээ, өвөө дээр байсан болохоор ээжтэй уулзаагүй.
Би 24 жил уулзаагүй байж байгаад л 2010 онд уулзсан юм шүү дээ.

-Тэгээд ээжтэйгээ уулзъя гэж хэзээ шийдсэн  юм бэ. Тэр хооронд холбоотой байсан уу?

– Ерөөсөө холбоо
байхгүй. Намайг багад нэг л өдөр ээж  “Өвөө
нь өнгөрчихлөө, Украйн  явахгүй бол болохгүй.
Чи Монголд аавтайгаа үлдэх үү, ээжтэйгээ явах уу” гэж асууж байсан нь тод санагддаг.
“Монголд аавтайгаа үлдэнэ” гэж би хэлсэн. Нэгдүгээр  ангийн жаахан хүүхдийн сонголт байсан шүү дээ.
Миний дараагийн дүү Сарнайгаас бас яг ингэж асуусан. Сарнай “Аавтай үлдэхгүй, ээжтэйгээ
явна”  гэсэн.  Тэгээд л би аавтайгаа үлдэж, Сарнай ээжийг дагаж
яваад, бага дүү Солонго маань эмээ, өвөө дээрээ хөдөө үлдсэн хэрэг. 1986 онд Монголд
амьдарч байсан орос, украйн хүмүүс   их буцсан
шүү дээ. Цэргийн дарга нарын орос эхнэрүүд нөхрөөсөө салаад, зарим нь нөхөр хүүхдээ
дагуулаад явцгаасан юм. Ээж минь надаас  тэгж
асуугаад л маргааш нь билет бүх юм нь бэлэн болчихсон  байсан.

-Цаанаас нь ер нь хүнээ татаж авсан юм уу?

-Тийм л юм шиг билээ.
Буцаж очъё гэсэн хүмүүстээ тусалсан байх.

-Ээжгүй өнгөрүүлсэн он жилүүд хэцүү л байсан байх…

-Тийм ээ. Амьдрах
гэж өчнөөн л юм болж байгаа юм чинь. Энд ч 
нэг ажил хийгээд, тэнд ч нэг ажил, давхар ажил хийгээд л яваад байлаа.

-Та дээд сургуульд сурсан уу?

– ШУТИС-д сурсан,
төгсөж чадаагүй. Сая Япон сургуульд гурав дахь жилдээ сурч байхад хөрөнгө оруулалтаа
татаад зогссон. Олон л сургуулиар явлаа. Төгсөхийн даваан дээр болж өгөхгүй юм аа.
Энэ жил Боловсролын яамнаас гурван жил сурсан бичгээ аваад ирвэл нэг жилийн төлбөрөө
төлөөд дипломоо ав гэж байна лээ. Гэхдээ тэгмээргүй байна.  Өөрөө суралцаж төгсөөд хонхны баяр хийж үзмээр
байна шүү дээ.

-Ямар, ямар ажил хийж байсан юм бэ?

-1995 онд арван жилээ
төгссөн. 1995 он чинь дампуурлын үе шүү дээ. Наймаа хийдэг хүн болж Эрээн рүү явна.  Тамхи авчирч хот руу зарна. Хотоос хүнсний бараа
авч   Эрээн явах замдаа галт тэргэнд зарна.
1997 онд “Хос ирвэс” клубт тамирчнаар орсон. Дөрвөн сар хэртэй бэлтгэл хийгээд
“Топ тэн” клубт хамгаалагчаар орсон. Гурван жил ажиллаад бас дампуурсан. “Tse” гээд
пабын сүлжээ хамгийн анх Од кино театрын урд ганцхан салбартай байсан. Тэнд  хамгаалагчаар ороод нэг жил гаруй ажилласан. Дараа
нь Дэнжийн мянга– Нарантуулын хооронд микро барьсан. Хамгаалагчийн ажил олон жил
хийсэн болохоор туршлагатай. Монгол шилтгээнд 12  жил ажиллаж байна. 2005 онд харуул хамгаалалтын
компани нээсэн. Хэд хэдэн ажил давхар хийнэ шүү дээ. Хамгаалагч хийж явсан хүн хамгаалагчаараа
л явахгүй бол өөр ажил байхгүй шүү дээ. 

– Эндээ ямар алба хашдаг юм?

-Монгол шилтгээнийхээ
Хамгаалалтын албаа хариуцдаг.  Эндээсээ бол
хангалттай цалин авна. Бас Английн элчингийн хамгаалалтыг хариуцдаг. Бас хоёр, гурван
барилгын компанид зөвлөх хийдэг. Цаг бол асар бага дөрөв, таван цагийн нойр аваад
маш нарийн хуваарийн дагуу ажиллана. Залуу байгаа дээр жаахан ажиллахгүй  бол болохгүй. 
Ингэж чармайж ажиллахгүй  юм бол хамаатан
садан гэх хүн цөөн, найз нөхдөөс өөр хүнгүй хүн чинь хэцүү.

-Та хэдэн хүүхэдтэй юм бэ?

-Гурван хүүхэдтэй.
Хоёр охин, нэг хүүтэй. Амьдрахын төлөө яваад л байна.

-Аав тань одоо тусдаа  байдаг
уу?

-Тиймээ, тусдаа.

-Харилцаа гайгүй биз дээ?

– Гайгүй ээ. Долоо
хоногтоо нэг, хоёр удаа ойр зуурынх нь хэрэгтэй зүйл, хоол ундыг нь  аваад очдог. 
Аавыг минь Нэргүй гэдэг. Нэг хүнтэй хожуу суусан, одоо сайхан амьдарч байгаа.

-Ээжийгээ их санадаг байсан уу?

-Яаж байгаа бол,
ямар болсон бол, хүнтэй суусан болов уу гээд 
том болох тусмаа их юм боддог болсон. 
Амьдрал гайгүй  болоод ирэхээр энэ
нь яаж байгаа бол, тэр минь яаж байгаа бол гээд санаа тавьж эхэлдэг юм байна. Ээж
минь яаж байгаа бол, ядарч байвал очоод тусалчих юмсан гээд  боддог байлаа.

-Ээжтэйгээ яаж холбоо барьсан талаар сонирхмоор байна л даа….

-Украйнаас Оросын
жуулчид ирсэн. “ТрансСибирь” гээд жилд хоёр удаа Сибириэр,  Монголоор дайрч Бээжин ордог, өөрсдийн вагоноор  буцаад Европ руугаа явдаг Европын баячуудын аялал
байдаг. Тэр аяллын групп одоо миний  ажиллаж
байгаа Монгол шилтгээнд байнга буудаг юм. Өнгөрсөн жил буугаагүй. Манай төмөр зам
гадны вагоныг өртөөн дээрээ зогсоохгүй гэснээс болоод  шууд явчихсан юм. Тэр группын орчуулагчийн аав,
ээж хоёр гээд хоёр хүн буусан.  Би бараг сарын
өмнө захиралтайгаа ээжийнхээ тухай ярьж, боломж олдвол нэг яваад ирдэг юм бил үү,
очоод нэг сураглаад болох байлгүй гэж ярьсан чинь “Тэгэхгүй юу даа,  нэг яваад ирэхгүй юу” гээд ярьж байсан юм. Тэгээд
захирал тэр хүмүүстэй ярилцахад Украйнаас аялж яваа хүмүүс гэдгээ хэлж. Гэтэл манай
захирал миний талаар ярьж, “Украйнд ээж нь байдаг. Та хоёр холбоо барьж өгөөч” гэж
хэлсэн юм билээ.

-Хаяг нь өөрт чинь байсан юм уу?

-Явахдаа үлдээсэн
хаяг нь л байсан юм. Тэгээд нөгөө хүмүүстэй би уулзаж, ээжийн үлдээсэн хаягийг өгч
асууж өгөөч гэхэд нөгөө хоёр хүн “Нутаг буцаад холбоод өгье, холбогдох газарт мэдэгдэж,  хайж олж өгье”  гээд надаас 
ойр зуурын мэдээлэл аваад явсан.  
Би бас оросоор сайн ярьж чадахгүй. Хүн ярихыг ойлгоод байдаг, ярих гэхээр
таг. За тэгээд ямар ч байсан ойлголцоод нөгөө хоёр хүн ч яваад өгсөн, би нэг их
ач холбогдол өгөөгүй юм. Бие муутай настай хүмүүс юм чинь надад тусалж чадах болов
уу даа гэж эргэлзээд  өнгөрсөн. Гэтэл дараагийн
аяллаар нөгөө орчуулагч хүү нь хүрээд ирсэн. Ирэхдээ “Манай аав, ээж хоёр чамд юм
явуулсан” гэсэн чинь надад бэлэг  явуулж.
“Бид хөөцөлдөж байгаа шүү. Бид өөрсдөө явж чадахгүй болохоор хайдаг газар луу мэдэгдсэн.
Ямар ч байсан олдох байхаа, хаяг нь байгаа юм чинь” гэж хэлүүлсэн байв.  11 дүгээр сар эхлээд Украйнаас над руу нөгөө газраас
нь утсаар ярьсан.  “Таны өгсөн хаягаар хайгаад
олдохгүй байна. Украйнд амьдардаггүй юм байна. Хамгийн найдвартай газар Орос байна.
Таны хүсэлтийг бид Орос руу явуулсан шүү. Оросоос  хүмүүс тан руу   хандаж холбоо барина. Тэгээд учир байдлаа ярихаар
нь хэлээрэй” гэсэн. Тэгээд байж байтал сарын дараа Москвагаас ярьсан. “Ээжийн тань  сургийг гаргах гэсэн чинь эрэл мухардах гээд байна. 

Нэмэлт мэдээлэл явуулах хэрэгтэй байна. Буриадын телевизээс сурвалжлагч нар явууллаа
шүү” гэлээ. Буриадын телевизээс долоохон хоногийн дараа баахан сурвалжлагч давхиад
ирдэг юм байна. Манай гэрт хүрч ирээд гэр орны зураг аваад л, “Ээжийгээ хайж байгаа
тухайгаа камер луу хараад хэлээрэй” гээд л баахан зураг аваад хоёр өдөр болоод буцаад
явчихлаа. Арван хэд хоногийн дараа Улаан-Үдээс дахиад нэг телевиз яваад ирлээ.  ОРТ телевизээс дахиад сурвалжлага ав гэсэн юм
байна. Тэгээд тэд бас хоёр өдөр болсон. Энүүгээр яваад л, хотоор яваад л баахан
зураг авлаа. Би бас Монголд  ирсэн хүмүүсийг
яаж зүгээр байлгахав. Цонжин болдог,  дэлгүүр
хоршоо  дагуулж явсан юм.  Тэд өмнө нь Монголд ирж байгаагүй хүмүүс. Ямар
гоё юм гээд л.  Өндөр байшингуудыг харж гайхаад
л. Шангриллад манай хамгаалалт гардаг юм. Нөгөө айхтар үнэтэй брэндийн дэлгүүрүүдээр
оруултал тэрбум төгрөгийн үнэтэй цаг хараад нүд нь орой дээрээ  гарсан. Бараг л шокийн байдалд орсон.  Зах руу гарсан чинь мэдрэгчтэй  гэрэл хэдийг авч явсан. Манай гэрт тийм гэрэл
байдаг юм. Тэрийг харж сонирхоод тэрнээс авмаар байна гээд авч явсан. Зах дээр байдаг
гээд авч өгсөн. Тэднийг явсны дараа Улаанбаатар телевизээс сурвалжлах групп  ирсэн. Улаанбаатар телевиз  Улаан-Үдийн телевиз хоёр  хамтарч ажилладаг юм байна. Тэгээд тэд ярилцлага
авч 11 сард баахан бичлэг хийгээд  л усанд
хаясан чулуу шиг чив чимээгүй болчихсон. 

Гурав дөрвөн сар  нам гүм болчихлоо. Тэгж байтал дахиад Оросоос  ярилаа. “Сансараа, таны  явуулсан энэ материалууд ерөөсөө болж өгөхгүй
байна. Москвад ирээд манай нэвтрүүлэгт шууд ор. Ээжийгээ хүлээж байна гээд ярилцлага
өгөх хэрэгтэй байна. ОРТ дээр хүрч ир” гэсэн.  
“Би өөрөө очъё” гэлээ. Тэд “Та яах вэ, 
гол нь дүүгээ дагуулж ир гэлээ. Та 
бол ээжийгээ харсан хүн байна. Гучин жил болж байхад нэг ч удаа хараагүй
охин дүүгээ авчир гэлээ. Тэгээд манай дүү бид хоёрт  урилга явуулсан.

-Охин дүү чинь ээжийнхээ тухай ярьдаг байв уу?

– Тийм, эмээ дээрээ
өссөн болохоор эмээгээ “ээжээ”  гэдэг  байхгүй юу. Одоо хүртэл эмээтэйгээ байгаа.  Тэгээд Оросоос урилга ирсэн. ОРТ  ёстой мундаг юм билээ. Над руу утсаар яриад маргааш
нь миний урилга мэйлээр ирлээ. Над руу явуулсан урилгаа нэг хувийг Элчин сайдын
яам руугаа явуулчихсан байсан. “Урилгыг  чинь
явуулсан. Элчин рүү хоёр паспортоо аваад оч” гэдэг юм байна. Оронгуут Элчин сайд
нь өөрөө намайг угтаж аваад. “За юу болсон юм. Би сайн учрыг нь олохгүй л байна.
ОРТ-ээс утасдаад “Энэ хоёр хүүхдийн визийг гаргаж өг” гэсэн. Ямар учиртай, юу болоод
байгаа юм”  гэлээ. Би ч хамаг учраа хэллээ.
Тэгээд хэдхэн цагийн дотор виз гараад л хоёр хоногийн дараа онгоцны тийз явуулсан,  манай дүүгийн зардлыг Оросын “В” банк  гаргаж, 
миний зардлыг би өөрөө, манай компани гаргаад явсан.  ОРТ өөрөө зочид буудалтай юм билээ. Биднийг очиход
тэндээ байрлуулсан. Телевизийн байрнаасаа холгүйхэн шиг байдаг. Би дүүгээ хөдөөнөөс
дуудаад хувцас хунараа бэлдээд хүрээд ир гэсэн. Тэгээд дүү ирээд бид Москва ниссэн
дээ.   

-Тэр үед ээжийгээ олдсон гэх бодол төрөөгүй юу?

-Сэтгэлийн мухарт
олдохгүй нь гэж хэлэх юм болов уу, очтол байж байх болов уу гээд л элдэв юм бодогдоод.
Намайг явахад Монголын өчнөөн олон компани тусалсан шүү дээ. “Тэргүүн инвест”,
“Монгол шилтгээн”, “Хаан брой”,  “Говь” гээд
олон компани тусалсан. Манай найзууд хүртэл тусалсан. Би бас очихдоо яаж зүгээр
байхав. Телевизийн нэвтрүүлэгт үгээ хэлснийх нь дараа дүүгээ буцаагаад өөрөө үлдээд
сураг ажиг гаргана даа гэж бодож байлаа.

Жаахан бэлэг сэлт авсан. Гэхдээ л уулзалдахгүй бол яана гэж түмэн янзаар
бодож байлаа. 

-Ээжийгээ амьд мэнд гэдэгт нь итгэж байсан биз
дээ….

-Хүний зөн совин гэж байдаг шүү дээ. Амьд гэж итгэж байлаа. Юмыг яаж мэдэхэв
гээд хадаг аваад, амьдарч байсан газар нь уячихаад явдаг юм билүү гэж бодоод авч
явсан.  Мөнгөн аяга авч явдаг ч юм билүү гэж
бодож байлаа.

-Орост очоод юу болов?

-Онгоцноос шууд буугаад л ОРТ гэсэн хаягтай миний нэрийг барьчихсан хүмүүс
угтлаа.  Шууд машинд суулган буудалд буулгаад
“Маргааш тэдэн цагт явна шүү”  гээд л үлдээ­гээд
явсан. Дүү бид хоёр буудлаасаа гарч зайрмаг зардаг том цэгээс хамгийн томоос нэг
нэг зайрмаг  авч  идээд Москвагийн гудамжаар алхлаа, бүх хүн хараад
л байсан. Машинтай хүн хүртэл нүд нь том болоод л хараад байсан. Өвөл зайрмаг иддэггүй
юм уу, иддэггүй юм бол зайрмагны дэлгүүр яагаад ажиллаад байгаа юм, учрыг нь олоогүй
ээ. Тэгж бид хоёр Москвагаар жаахан аялж билээ. Хоёр дахь өдрөөс нь телевизийн бичлэгт
орно гээд хүмүүс ирж дагуулж явлаа. ОРТ чинь аймаар юм билээ. Шалгалт гэж жигтэйхэн.
Дотогшоо ортол нэвтрүүлэг нь яг эхэлж байсан. Бид хоёрыг хүлээлгийн танхимд суулгаад
хэсэг хугацаа боллоо.   Би бол бага сага оросоор
ойлгоод байдаг. Манай дүү “Юу  гэнээ, юу гэж
байгаа юм бол” гээд л надаас асууна. Би арван жилд орос хэл заалгаж байсан болохоор
хурдан сурахаар юм билээ. Тэгээд л тусгай өрөөнд сууж байтал нэвтрүүлэг бараг дуусах
гэж байна. “Та хоёр ээжийгээ хайж байгаа тухайгаа ярь” гэлээ. Би ч нөгөө хаягаа
барьчихсан, “За ороорой” гэх үед нь дүүгээ дагуулаад орлоо.  Нэвтрүүлгийн 
заал гэж пиг хүн. Гэтэл Оросын хамгийн хоёр алдартай хөтлөгчийг дуудаад ирүүлчихэж.
Эрэл нь бүтэлтэй болоод ч тэр үү мундаг хөтлөгч нар хөтөлж байсан. Хөтлөгч эмэгтэй
нь Оросын гавьяат жүжигчин, төрийн шагналт 
ч билүү  хүний охин гэнэ. Тэгээд л
надаас асууж байна. Надад чихэвч авчирч өгөөд шууд монголоор ярь гэлээ. Шууд орчуулаад
явчихаж байгаа юм. Ээжийг тань хайж байгааг гаргая гээд Монголд авсан нөгөө бичлэгүүдийг
том дэлгэцээр гаргаад хөтлөгч асуугаад би ч хариулаад л байлаа. 

-Яг тэр үед ээжтэйгээ уулзах нь гэж бодож байв
уу.

-Харин ч итгэл алдрах маягтай. Ер нь л 
нэг найраагүй талдаа болоод явчихлаа гээд бодож байтал эрэгтэй хөтлөгч нь
“Бид ээжийг тань хайсан. Украйнаас, Оросоос хайгаад олоогүй, Италиас  оллоо. Сургийг нь гаргалаа. Та одоо ээжийгээ хаана
байгаа гэж бодож байна” гэсэн чинь би “Украйн гэж бодож байна” гэж хариултал  “Энэ зааланд ирсэн байна, Ира, Сарнай хоёр гараад
ир дээ” гэдэг юм байна. Гэтэл ээж дүү хоёр маань нөгөө том дэлгэцийн цаанаас гараад
ирсэн. Тэгээд бид хоёр очоод бөөн уйлаан болж тэврэлдээд, нэвтрүүлэг ч өндөрлөсөн.
Тэд биднийг нэг өрөөнд оруулаад “Дахиж битгий холбоогоо таслаарай”  гэж хэлсэн. Дараа нь бид  ээж, дүү хоёрын байрласан буудалд очиж зөндөө
удаан ярьж суусан.

-Уулзах агшны мэдрэм­жээсээ хуваалцаач….

-Зүүд ч юм шиг, үнэн ч юм шиг.

-Москвад хэр удсан бэ?

-Бид нэг хоног хамтдаа өнжөөд маргааш нь Моск­вагаар бүтэн өдөр зугаалаад
гурав дахь өдөр нь ээжийгээ дүүтэй Итали руу нь үдэж явуулсан даа. 

-Энэ хугацаанд ээж нь юу хийж байсан гэнэ….

-Украйнд амьдрал хэцүү учир Европ руу гарч ажил хийдэг. Тэгж ажил хийж байхдаа
нэг хүнтэй танил­цаад, тэр нь том ресторан ажиллуулдаг хүн юм билээ. Тэр газар нь
ажиллаж байгаад хоорондоо танилцсан юм шиг билээ. “Манай хүн чамд мэнд хүргэсэн”
гээд л ээж минь утсаар ярихдаа хэлдэг.  

-Тэгэхээр та хэдээс өөр хүүхэдтэй болоогүй юм
байна, тийм үү?

-Дахиж хүүхэд гаргаагүй юм билээ. Миний дараагийн дүү охин ээжтэй байсан
шүү дээ. Ээж маань хэзээ ч Монгол руу явахгүй гэж байсан хүн чинь сүүлдээ бас наашлах
гээд л байсан юм шиг билээ. Намайг ингэж өөрийг нь хайж олоогүй бол Монгол руу нэг
очно гэж бодож байсан гэж ярьж байна лээ.

-Таны ээж Монголын иргэн байсан уу, Украйны иргэн
хэвээр визээ сунгуу­лаад Монголд амьдардаг байсан уу?

-Украйны иргэнээрээ л байсан юм билээ. 

-Та хэд яаж хэл нэвтрэлцэж байв?

-Би л бага сага орчуулж хэлээд, ээж монгол хэл бага сага мэддэг байсан юм
билээ. Дүү маань байнга шокийн байдалтай гайхсан, манарсан л хүн яваад байгаа юм
чинь. Монгол руу буцатлаа   манараа нь гараагүй
байсан.(инээв)  Эмээ маань дүүг минь “Ээжтэй
нь нэг уулзуулахсан” гэж байнга ярьдаг байсан юм. Эмээ маань одоо ч Дорноговьдоо
байгаа л даа.

-Одоо ээж нь байнга харилцаатай байгаа юу.
2010 оноос хойш нэлээд хугацаа өнгөрсөн байна…

-Байнга холбоотой. Ялангуяа  дүүтэй
байнга холбоотой. Одоо бага дүү Польшид  байгаа.  Бид байнга мэйлээр харилцаатай байдаг, мөн утсаар
холбогддог. 

-Ээжийгээ дагаад явсан дунд дүү нь та нарыг ер
нь мэддэг байж уу?

-Надтай тоглож байсан үеэ санадаг гэж байсан. Хоёрхон монгол үгийг огт мартаагүй
юм билээ. Нэг нь “аав” гэдэг үг, нөгөө нь нохой.

 -Аав тань
энэ талаар мэдсэн биз дээ. Сонсоод юу гэх юм?

-Мэдсээн. Эр хүн болохоор
хааяа нэг ярьдаг л байсан. Байнга яриад байхгүй ээ. Ээжтэй уулзаад ирснийг сонсоод
“Болж дээ” л гэсэн.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Р.Чойномыг авьяасгүй гэж хэн хэлэх юм, асч, адарч, алдаж яваад л дууссан

Төрийн шагналт яруу найрагч Ренчингийн Чойномын тухай олонтаа сонсч,
шүлэг бүтээлийг нь уншиж байлаа. Амьд сэрүүнд нь нөхөрлөж явсан, нэгэн үед амьдарч
явсан хүмүүсийн дурсгал дурсамжууд олон бий. Хамгийн ойр дотно явсан хүний нэг нь
Ардын уран зохиолч Шаравын Сүрэнжав. Тиймээс Р.Чой­номын талаар ярилцахаар Ш.Сүрэнжав
найрагчтай уулзсанаа толилуулж байна. 

 -Та
хоёр хэзээнээс нөхөрлөж эхэлсэн юм?

-1962 онд өөрөө надтай уулзъя гэж хэлүүлж байгаад бид танилцаж байлаа.
Гоголь маягаар хагалж сам­на­сан халимагтай, ёжтой инээм­сэглэсэн, дунд
зэргийн нуруу­тай, онигор нүдтэй, өндөр хүзүүтэй, монхор хамартай  хүн байсан. Мөр нь жаахан хазгайдуу байсан нь
ясны сүрьеэ өвчнөөс болсон юм шиг билээ. М.Гомбосүрэн гэж миний дотно нөхөр зураач
түүний тухай анх хуучилж, би бас танилцах юмсан гэж гэж хэлж, түүний дараа хар бэхээр
ихэд гоёмсог бичсэн захидал, зурагтай хамт надад Чойном илгээсэн. Үүнээс хойш бид
сарын дараа уулзаж танилцсан.

-Тэр
үед хэдий хэр настай байсан юм?

-Залуухан байсаан. На­даас хоёр ах юм шүү дээ. 1936 онд төрсөн. Ээж­тэй­­гээ
цуг дөрөвдүгээр дэл­гүү­рийн дээхнэ давхарт 
амьдардаг байлаа. Сүүлд нь  Лхагважавтай
суугаад “Хүн” романаа бичсэн.  “Залуу нас”
найраглал нь эхэлж гарсан юм. Тэр хоёрыг нь Эвлэлийн төв хороо л хэвлэсэн шүү дээ.
Тэгээд овоо байсан. Тэгээд л Нинаг Пашкагаас салгаж суугаад.

-Чойномын
эхнэр Нина орос гаралтай хүн үү.

-Жинхэнэ монгол бүсгүй. Газар зүйн анги төгссөн, их царайлаг эмэгтэй
байлаа. Пашка гэж “Улаанбаатарын мэдээ” сонины дугуйлангийн эрхлэгч хүн байсан.
Пашка дандаа зохиолчдод эхнэрээ алдсан. Түрүүчийн эхнэрийг нь нэг зохиолч авч суугаад   дараачийн эхнэрээ Чойномд алдсан. Пашка ч бас
монгол хүн.  Тэр үед орос нэр их өгдөг байж.   Одоо ч Нина нь байдаг шүү дээ. Нина Чойном хоёрын
охин  нь 
Хулан.   Лхагважавтай амьдарч  байхдаа Эрдэнэном  гэдэг хүүхэдтэй болсон. Одоо Лхагважав  нас барсан. Хуучин нөхөртэйгөө эргээд суучихсан
юм даг. Түүнтэй Нинагаас өмнө сууж байсан. 
Автобусны кондуктор хийдэг байсан.

-Чойномын
үр хүүхэд гэхээр хоёр л хүүхэд байдаг юм байна, тийм үү?

-Албан ёсны хоёр хүүхэд л байсан. Өөр элдвийн хүү­хэнтэй холбогдсон
нь зөндөө л дөө. Сүүлдээ хүүхэн бүхэн Чойномын эхнэр байсан, архи уусан, шоронд
орсон хүн болгон л найз нь болж хувирсан шүү дээ.

-Ямар
хүмүүстэй дотно нөхөрлөж байсан юм?

-Бидний 60-аад оныхонтой л их нөхөрлөдөг. Нэр дурдвал хагас нь хаягдаад
гомдох байлгүй дээ.

-Яагаад
шоронд орсон юм бол, бичсэн шүлэг, найраг нь тухайн цагийн үзэл суртлын эсрэг болоод
тэр үү?

-Улс төрийн эсэргүү шүлгээ хүнд тараасан  гэж. Түүнээс тийм юм бичлээ гэж шүүхийн тогтоолоор
яллаагүй юм. Эсэргүү зохиолыг бусдад дамжуулж сурталчилсан гэж баригдсан. “Уур минь
хүрч байна” гээд л  шүлгүүд байгаа шүү дээ.
Очирхуяг гэж нэг найз нь шүлгийг нь хуулж аваад Өвөрхангайд айлын найран дээр уншихад
нь “Хэдийдээ ийм шүлэг энэ бичдэг юм” гээд хэсгийн төлөөлөгч сэжиглэхгүй юу. Очирхуягийг
барьж хоёр сар байцаахад өнөөх нь “Минийх, би бичсэн” гэж хэлээд, сүүлдээ л байцаалтанд
тулгагдаад “Чойном гэж хүн бичсэн” гэж хэлээд Чойном дараа нь баригдсан юм. Тэгээд
дөрвөн жилийн ял авсан. 1970 онд  Очирхуягтайгаа
цуг Хажуу улааны чанга дэглэмтэй хори­ход ял эдэлсэн дээ. Тэгээд гарч ирсэн хойно
нь эхний гурван жил Улаанбаатарт амьдрахыг хориглосон юм. 

-Нутаг
заажээ дээ.  Тэгээд хаана байсан юм?

-Хэнтийн Дэлгэрхаан су­манд Нармандахынд бай­гаад, дараа нь Батноровт
дүү Туяагаа бараадах гэж очоод өөрийнхөө гараар пин бариад нэг хэсэг амьдарсан юм.  Хамгийн сүүлийн дурлал нь Цэрэндулам гэж эмэгтэй  байв. Тэдний дундаас хүүхэд гараагүй, 1974 оны
намраас 1975 оны хавар хүр­тэл амьдар­сан. “Нэгэн хайрын дууль буюу Р.Чойном” гэж
би тэр хоёрыг  бичиж байв. Хүн нь хэн юм гэж
харуулах  гэсэн санаа.

-Сургууль
соёл төгссөн үү, орос хэлтэй байсан байх аа…

-Долдугаар анги л төгссөн хүн. Биеэ боловсруулсан хүн дээ. Орос хэлийг
их сайн сурч Расул Гамзатовыг маш сайн орчуулсан. Казах хэлийг ясны больницод (сүрьеэгийн
эмнэлэг) хоёр жил болохдоо сурсан байдаг. Англи хэл үзнэ. Амьдралд тохиолдсон сонин
хачныг наргиа шүлэг болгоод биччихнэ.

-Шоронгоос
гарч ирээд эмнэлэгт байсан хэрэг үү?

-Шоронд орохоос өмнө 1958-1960 онд сүрьеэгээр хэвтсэн байдаг. Өөрөө
их авьяас­­тай хүн учраас орос казах хэл сурсан. Казах хэл өөрт нь заасан  казах хүнтэйгээ  намайг танилцуулахаар Налайхад дагуулж очиж байлаа.
Чойном сэтгэл нь хөдөлбөл казахаар сүүл, толгой холбож бичээд өөрийнхөө зургийг
зураад зарим хүнд дурсгадаг байсан.

-Зураг
зурна, шүлэг бичнэ, өөр ямар авьяастай  байв?

-Сийлбэр хийнэ, зураг зурна. “Шөнө ургасан цэцэг” номын минь хавтасны
зур­гийг зурсан. Орчуулга хий­нэ. Морин хуур сийлсэн нь музейд байдаг. Шүдний сой­зон
дээр сийлбэр хийгээд л хүнд бэлэглэдэг байсан. Цоолбор хийнэ. Гэрэл зураг авна.  Хөгжим сонирхоно.

-Ааш
араншингийн хувьд ямар хүн байв, шүлэгнээс нь харахад ширүүн,  омголон хүн байсан юм шиг…

-Түүний тухай нэг кино хийсэн байдаг даа. Кинонд гаргаснаас өөр хүн
байсан юм шүү дээ. Хүнтэй хэрэлдэнэ гэж байхгүй. Архи уудаг ч айхтар ааш аяг гаргаад
байх нь ховор. Цэцэн цэлмэг,  юмыг онож хэлнэ
гэж жигтэйхэн. Чойном манайд байж байхад үдийн хоолонд эхнэр маань бүхэл мах чанаж
өгөхөд багалзуурын мах огтолсноо

“Баячууд дээдсийнхэн дотроос

Балмад танхай хүүхдүүд төрөх юм

Аргагүй дээ

Багалзуурын мах бул­чирхайтай байдаг хойно доо” гэж хээвнэг
инээж суусан. 

Түүний тухай нэг кино хий­нэ гэж жүжигчин Сосорбарам хэлээд зохиолыг
нь би бичсэн. Завдал нь болоогүй юм байл­гүй, кино нь гараагүй л байгаа. Харин түрүүнд
хэлсэн кино бол аль хэдийнээ гарчихсан шүү дээ.   

-Яруу
найрагч Ш.Уянга агсны гол дүрд нь тоглосон кино байхаа…

-Тийм. Тэр кино арай л улстөржүүлчихсэн юм. Архи уух нь уудаг. Гэхдээ
тийм гуларчихсан хүн байгаагүй. Яахав ажил хийх дургүй, хүнтэй тогтож суух дургүй,
гэр ахуйн хүрээнд баригдана гээд зоргоор байх гэдэг л  хүн. Тэгээд айлын орон дээр л өөд болсон хүн шүү
дээ. Архи ууж,  ажил хийхгүй болоод тэр үү
ах дүү нь дандаа харж хандаад байсангүй.

-Эцэг
эхээс олуулаа хүн үү?

-Олуулаа байсан юм би­лээ. Айлын хоёр дахь хүү нь. Дөрвөн дүү охинтой.
Төр­сөн нэг ах нь хөдөө адуу­чин хүн саяхан хүртэл байсан. Хэдэн эмэгтэй дүү нь
байдаг. Чойномыг тэд нь нэг хоёр хоногоос гэртээ хэтрүүлэхгүй дээ. Өөрөө ч тогтож
байдаггүй байсан биз. Амьдралын сүүлийн өдрүүддээ Дэмбэрэлийн гэдэг айлд л байсан.
Дэмбэрэлийн эхнэр Сугармаа тэр хоёр асарч, байлгаж. 1979 оны дөрөвдүгээр сарын
29-нд тэр айлын орон дээр өнгөрсөн юм.


Үзэл суртлын үед зохиол бү­тээлээ хэвлүүлэхэд хэцүү байсан байх..

-“Залуу нас”,  “Хүн”  роман нь хэвлэгдсэн ч шүлгийн түү­вэр нь гараагүй
байв.  Түүврээ гаргая гэхээр тэр үеийн Зохиолчдын
хорооны удирдлагууд ч дэмжээгүй байх. Номыг нь гаргахгүй хавчигдаад байлаа. Чойном
бидэн шиг шүлэг бичихгүй шүү дээ. Хамаагүй л тууна.  Гэлээ гээд бид ч бас цаг үеэ дандаа дагаад байгаагүй
юм. Хавчлагатай ч гэсэн бид юмаа хийж л байсан. Гэхдээ бидний шүлгийг тайзан дээр
уншиж болдог. Чойномынх болохооргүй л байсан байх­гүй юу. Их хамаагүй хэлчих­сэн,
ресторанд архи уух гээд л бандаашны тухай шүлэг бичнэ. Ажилгүй  тэнэж явахдаа болохгүй  муу улстай нөхөрлөнө, тэд нь ашиглаж  иймэрхүү рестораны шүлэг уншуулдаг.  

-Шоронгоос
гарч ирэхэд та тосч авсан гэдэг….

-Тиймээ, би бага охин  Өнөрөөгөө
дагуулаад, нэг муу хиймэл цэцэг барь­чих­сан лонхонд сүү хий­чих­­сэн, бас болоогүй
өмд­ний­хөө халаасанд архи нуу­гаад шоронгоос гарахад нь тослоо. Дотоод яамны арын
гуанз байсан. Одоо алга болсон уу, байгаа юм уу мэдэхгүй. Чанх араар нь ороход баруун
Сонгинохайрхан тал руу харсан хаалгатай гуанзны хоёр дахь шатны тэндэх хаалгаар
гаргаж ирсэн дээ. Өвөл байлаа. Тэр авч очсон сүүг их бэлгэшээж билээ. Сүүлд нь би
“Энд болдог юм уу. Нэг архи аваад ирсэн” гэж хэллээ. “Яадаг юм, наадахаа өгөөдөх”
гээд шатны өнцөг дээр сууж байгаад, гаргаж өгсөн хоёр хүнтэйгээ хувааж уусан. 

-Чойномыг
онцгой авьяас­тай нэгэн гэхээс гадна цаг үеэ шуудхан шүүм­жилдэг гудамжны шүлэгч
төдий гэж хэлж ярьдаг хүмүүс ч бий. Та энэ тухай юу хэлэх вэ?

-Авьяасгүй гэж хэн хэлэх юм. 
Асч, адарч, алдаж  л явсан хүн. Би
дээр хэлсэн шүү дээ. Архи уух гэж рестораны шүлэг хүртэл бичдэг байсан гэж.  Ер нь бол хавчигдаад юмыг нь гаргаж өгөхгүй болохоор
хэцүү шүү дээ. Их буу Дамдин гэж энэ тэрийн шүлгийг засч өгдөг байсан. Гэтэл Дамдины
дэгс ярианд итгээд Цэдэнбалд “Тэгшээгийн ээжийн захидал” гэж бичиж байв. Байтагт
байлдсан Тэгшээ баатрын тухай их буу Дамдины үгээр буруу ойлгоод л бичсэн хэрэг.
“Хундаганд хийгээд ууж байгаа коньяк чинь миний хүүгийн цус шүү дээ…” гэх мэтээр
бичсэн байсан.  Тэгээд сүүлд нь би энэ талаар
үнэнийг мэдээд “Чамд худлаа хэлсэн байна лээ. Чи тэрэнд нь автаад ийм юм бичих гэж
дээ” гэж зэмлэж байлаа. Чойном надад “Дамдин гуай ярихаар итгээд уур хүрээд бичсэн”
гэж хэлсэн. Ер нь жаахан эсэргүү, хориотой үед “Нүцгэн биеийг алдаршуулъя” гээд
бичдэг. Дарга нарт бас  дургүй. Хамаа­гүй
ч хэлдэг байж. Дээр нь нэг алдаа хий­­сэн. Би хамаагүй хүнд ярьдаггүй юм. Намын
хурал дээр Б.Явуухуланг хутга барьж элдэж байв. Би хутга барьж элдэх байтугай намын
хурал дээр согтуу очоод заяатай алуулаагүй шүү дээ. Тэр үед чинь нам гэдгийг толгой
дээрээ шүтдэг байсан үе. Явуухулан 500 төгрөг зээлчихээд өгөхгүй байж. Явуугийн
эхнэр ч хатуу хүн. Явуу гурван төгрөгтэй 
л явдаг байсан шүү дээ. Архи  уух нь
дур нь хөдөлсөн үү,  өөр юманд зарцуулах хэрэг
гарсан уу, Чойном тэр үед нь мөнгөтэй ч байж таарч. Тэр цагийн таван зуун төгрөг
гэдэг чинь их мөнгө. Хичнээн архины шил мөнгө. Гэтэл намын хурал болж байхад “Явуу
мөнгө өг” гэхэд нь Явуухулан “Нөхөр минь намын хуралтай байна ш дээ” гэж уруулаа
шилэмдээд намаар гул барихад нь Чойном “Чиний тэр муу намын хурал надад ямар хамаатай
юм” гээд тонгорог бариад гүйхэд нь Явуу ширээ тойрч зугтаад С.Эрдэнэ хөндөлсөөд
“Чи яаж байгаа нөхөр вэ” гэхэд “Зайл муу Буриахай” гээд баахан ширээ тойрч элдээд
Явуу зугтаах үед нь Удвал гуай “Алив Чойномоо, наад хутгаа надад өгчих” гэлээ. Чойном
өгчихсөн. Удвал гуай тонгоргыг нь эвхэнгээ “За Явуухулан чи мөнгө авсан нь үнэн
үү” гэхэд “Үнэн” гэлээ. “Чи хэзээ өгөх юм” гэж Удвал гуай асуухад Явуу “Нэг дэх
өдөр цалин буухаар өгнө”. Удвал гуай Чойномд хандан “За сонсов уу. Чамд мөнгийг
чинь нэг дэх өдөр өгье гэж байна. Нэг дэхь өдөр хүрээд ир. Би аваад өгье, чамд.
Одоо та хоёр тэврэлд”  гээд тэврэлдүүлсэн.
“Намын хурал дээр хутга барих нь байтугай согтуу очдоггүй юм чинь Удвал гуай дотроо
“Энэ ер нь хүмүүжихэд жаахан гэм­гүй нөхөр байна” гэж бодсон бо­лов уу. Тиймээс
ч Галсан шиг бүтээлийг нь гаргая, хэвлүүлье гэж хөөцөлдөж гүйгээгүй байх гэж би
л хувьдаа боддог юм. Тэгэхээр хувийнх нь алдаа бас нөлөөлчихсөн шиг. Гэхдээ байнга
тийм ааш араншин гаргадаг хүн байгаагүй юм шүү.

-Олон
шүлгүүдийг нь та эмхэтгэн гаргасан гэдэг..

– Амьдад нь яруу найргийн номын түүвэр зохиол ер гараагүй. Би түүвэр
зохио­луудыг нь эмхтгээд гаргасан. 1988 онд би төрийн шагнал авсан. 1989 онд Чойномын
номыг хэвлэлд шилжүүлсэн. Зүгээр нэг хүн ороод хэлэх, төрийн шагналын тэмдэгтэй
хүн  Төв хороонд хэлэх хоёр  ялгаатай шүү дээ. “Чойномын номыг гаргая, энэ
хүн чинь ийм авьяастай хүн байсан юм” гэж хэлсэн. Тэгээд Төв хороо зөв­шөөрч ном
хэвлэгдэх болсон юм. 1989 онд номыг хэвлэлтэд шилжүүлж, 1990 онд ардчилал гарах
үед хэвлэгдэж таараад “Сүмтэй будрын чулуу” гэдэг ном мэндэлсэн. Тэр номонд Төрийн
шагнал олгосон юм шүү дээ. Ээжийг нь дагуулж очоод төрийн шагналынх нь тэмдэг дипломыг
нь  гардуулж байлаа. Төрийн шагналыг олгоход
дагалддаг 15 мянган төгрөг өгөх болтол Туул гэдэг эмэгтэй Чойномтой сууж байсан
гэж нэрийг нь бариад  шүүхдсэн. Ардчиллын
өнгөн дээр чинь худлаа ярьдаг улс их гарч ирсэн шүү дээ. Ардчиллыг муулж байгаа
юм биш шүү. Ардчиллыг зоргоороо байж болдог зүйл гэж манайхан янз бүрээр ойлгоод
байсан шиг. Гэтэл тэр эмэгтэй шүүхдсэнээс бо­лоод бүтэн жил нөгөө мөнгө нь олгогддоггүй.
Тэгтэл Бямба­сүрэнгийн  хорьдугаар тогтоол
гараад мөнгөний ханш унахад өнөөх 15 мянгыг 30 мянга болгож өсгөж өгсөн. Тэрний
дараа нь 15 мянгыг Туулд,  15 мянгыг ээж Д.Рэгзэнд
нь хувааж өгсөн. Тэр Туул уг нь огт хамаагүй хүүхэн.  Шарил дээр нь 
Нина л очсон болохоос тэр эмэгтэй 
очоогүй шүү дээ. Ээж нь тэр үед “Эх миний эргэлзээ” гэж ил захидал  бичиж, тэр нь сонинд хэвлэгдэж билээ.

-Чойномын
шүлэг бү­тээ­лүүдийг та эмхэтгэн ном гаргасан гэж байгаа. Тэгэ­хээр танд тэр бүтээлүүд
нь байсан учраас эмхэтгэсэн гэсэн үг үү.

-Цэдэв болгоомжтой,  хянуур
хүн учраас Чойномын бүтээлийг эмхэтгэн гаргах ко­мисс гэж байгуулаад надаас гадна
Яруу найргийн зөвлөлийн эрхлэгч байсан болохоор Д.Цоодолыг миний хажууд дайж өгөөд
миний найз Бямбааг нэмэрлээд оршил үгийг нь би бичиж, тэр ном гарсан юм. Бүтээлүүдийг  нь хүмүүсээс цуглуулсан. Хүмүүсийн гар дээр тарсан
байсныг сонин хэвлэл,  радио­гоор зарлаад
цуглуулж номыг нь гаргасан. Бидний гар дээр ч байсан бүтэлүүдийг нь нийлүүлж ном
бүтсэн.  “Сүмтэй будрын чулуу” гэж би номыг
нь нэрлэсэн юм. Өөрөө Сүмтэй будар гэж их ярьдаг байлаа. Тэрийг нь бодож өгсөн дөө.

-Нутаг
усанд нь байдаг газрын нэр үү?

-Сүм хийд шиг тийм чулуу­нууд байдаг байж.  Өөрт нь их л ойр байсан санагддаг.

-Хүмүүс
нэг юм яриад л байдаг юм. Таныг  шүлэг­нээс
нь аваад өөрийн бол­гочихсон мэтээр.

-Бид биенээ шинэ сэргэг шүлэг яруу найргаараа сэрээн дуудаж байсан
юм. Бие биедээ шүлэг зориулж явлаа. Бие биедээ онгод бэлэглэж, шо­рон­гоос надад
захиа илгээж, би хариуг нь бичиж байв. Шүлэг хулгайлсан гэдэг яриа бол тэр Туул
энэ тэр л гаргасан шүү дээ. Бүтээлээс нь хулгай хийсэн гээд. Хоёр өдөр дараалан
тэр үеийн “Улаан­баатарын мэдээ” сонинд бич­сэн шүү дээ. Гүтгүүлэх шиг муухай юм
үгүй. Нөхрийн шүлгийг хулгай хийх нь бай­тугай өөрийн авьяасаараа мандаж явсан үе.
Намайг тэгж гүтгэж бичсэнийхээ дараа  Сампилдэндэв
хар далайд эх­нэр­тэйгээ явж амарсан. Сүүлд нь Сампилдэндэв гэмшээд л “Би таны өмнө
их муухай юм хийсэн” гэсэн. Эзэн нь хэн гэдгийг мэдэх үү гээд хэлж байсан. Би эзнийг
нь мэднэ гээд, энэ гүтгэлэгт түлхсэн хүмүүсийн нэрийг хэлсэн.

-Одоо
хэлж болохгүй юм уу?

-Зарим нь нас барсан шүү дээ. Тэр үедээ яригдаж л бай­сан.

-Хоёулаа
яриагаа Чой­ном­доо хандуулъя. Чойном гуай ямар нэг газар ажиллаж бай­сан биз дээ.
Хаана ажил­лаж байв?

-Эрдэм дэлгэрүүлэх ний­гэм­лэгт ажиллаж байсан. Төдөлгүй гарсан.
Урчуудын эвлэлийн хороонд зураач, Хэнтий аймгийн “Урагшаа” сонинд бичээч зэрэг ажил
хийсэн байдаг. Нэг газраа удаан тогтож ажилладаггүй.  Жаахан юм зурж амиа тэжээ­хийн тулд, гарын ураар
хэдэн төгрөг олдог. Сүүлийн жилүүдэд бараг ажиллаагүй. Гэхдээ уран бүтээлээ туурви­саар
байсан юм.

-Амьдралынх
нь сүүлийн жилүүд яаж өнгөрсөн юм бол?

-Их гунигтай өнгөрсөн дөө. Айлд үхнэ гэдэг ямар олиг байхав дээ.
Дэмбэрэл гэж зураач Чойномын зохиолыг шүтдэг, хүнийх нь хувьд хайр­ладаг учраас
гэртээ байлгадаг байсан байхгүй юу.

-Хүнийхээ
хувьд ямар хүн байсан юм?

-Муугүй хүн байсан шүү. Тэр кинонд гардаг шиг хүнтэй хэрэлдэж агсам
тавиад байх­гүй, архи уулаа ч заавал нэг стаканд ус хийж зөөллөж ууна. Ингэж уугаад
ямар хэрэг байдаг юм гэж бид хэлдэг л байв. Ер нь хүнтэй муудалцах нь ховор, кинонд
үзүүлдгээс өөр хүн байсан юм шүү дээ. Зураг зурчихаад, хүн шоолсон,  шоглосон шог 
үг хэлнэ. Их зоригтой, бидэн шиг гэр бүл эхнэр хүүхэд гэж баригдахгүй  хүн чинь шоронд орсон ч айхгүй л бичнэ. Бид бол
шоронд орвол хэдэн хүүхэд турж үхнэ гэж санаа зовно шүү дээ. 

-Танд
захидал бичдэг байсан юм билээ. Тэр захид­­лаас сонирхож болох уу. Олон бүсгүйн
нэр дур­дагдсан байх юм. Дусья гэж хэн бэ, зориулсан шүлэг дурдагдсан нь их болохоор
асууж байгаа юм шүү?

-Олон захидал бий дээ. Балын харандаагаар бичсэн захидлууд нь “Залуу­чуудын
үнэн” сонинд нийтлэгдэж байсан. Дусья гэж Ш.Дулмаа.

-Яруу
найрагч уу, тэд нөхөд явсан уу?

-Тиймээ,  тэд олон л янзын
холбоотой байсан байх. Бие биедээ бичсэн шүлэг, 
захидал нь байдаг л юм.

-Энд
нэг захидалд Дуурийн театрын Цэрмаа гэж бүсгүйн зургийг олж явуулаач гэсэн байх
юм…

-Биднийг түүнтэй захид­лаар холбож
өгөхийг хүссэн байсан. Хүүхдэд олон юм яриад яахав. Олон бүсгүйтэй холбогдож, шүлэг
найргаа бичиж явсан нь бий.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Төр гэдэг хэдэн улстөрчийг хэлдэггүй

Манай төр болохгүй байна, энэ муусайн улстөрчид  дэндүү  байна  гээд л амтай болгон шүүмжлэх юм. Шүүмжилж болно. Шүүмжилмээр зүйл ч байна.  Гэлээ гээд арван хэдтэй жаахан хүүхэд хүртэл  ирээдүйн тухай гэгээн мөрөөдөлд умбахын оронд улс төр ярьж шүүмжлэх юм. За тэр ч яахав. Нөгөө хэдэн улстөрчид нь ч болдоггүй л байх. Гэхдээ Монголын төр гэдэг чинь энэ хэдэн улстөрч гэж шууд ойлгож боломгүй.  Хэдэн улстөрчдийн болохгүй бүтэхгүйг ярих гээд  Монголын төрийг нураачих юм шиг аашилцгаах  аж. Улстөрчид  үүрд монгол төрд ажиллахгүй.  Хэдэн жил болоод  хэн нэгэнд ээлжээ өгөх нь тодорхой.  Тэд бол  төрд ажиллаж байгаа хүмүүс. Харин Монголын төрд хэн ч ажиллаж байлаа,   хэн ч явлаа гэсэн байдгаараа л байх ёстой. Ахмад хүмүүс “Төрийн минь сүлд өршөө, төр минь төвшин, түмэн олон амгалан байг” гэж хэлдэг болохоос улстөрчид минь мөнх байг гэдэггүй. Дэлхийн олон оронд төр лүүгээ дайрч төрийн эргэлт хийсэн улс орнууд мөхөж байгааг бид өдөр бүр л сонсдог. Угтаа бол болохгүй  нөхдийг сонгохгүй байх эрх нь бидэнд бий.  Тэднийг сонгуулиар сольчихно.  Харин улсаараа тоглож, төрөөрөө наадаж болдоггүйг төр нь хямарч, улс нь сүйдэж байгаа улс орнууд бэлхэнээ  харуулж байгаа.

Д.МӨНГӨНДАЛАЙ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Өөдрөгөөр харвал амьдрал өөрөө амралт

Билл Гейтсийн хэлсэн үг цахим ертөнцөөр нэг таржээ. “Амьдрал жилийн дөрвөн улиралд хуваагдахгүй, зуны амралт гэж тэнд байхгүй. Маш цөөн ажил олгогч чамайг өөрийн “би”-гээ олоход тусална, үүнийг ч хувийн чөлөөт цагаараа амжуулах ёстой” гэж тэрээр хэлж.  

Түүний үг Монголд их тохирсон санагдлаа. Өвлийн хахир хүйтэнд угаас бүтээн байгуулалт хийх биш дээ. Зуны дэлгэр цагт амарлаа гээд ид ажил хийх дулаан сайхан үед биеийн амрыг бодоод алга болчихдог. Амармаар байвал өвөл ч амарч болно шүү дээ. Үүнийг өөрчилж зуны дэлгэр цагт ажлаа амжуулж, өвөл амардаг болгож солимоор байгаа юм. Ажил олгогч нар ч ажилчдынхаа амралтыг иймэрхүү маягаар зохион байгуулж болно шүү дээ. 

  Цаг наргүй ажилладаг, өөрт амралт гэж байдаггүй Билл Гейтс шиг хүмүүс бол амьдралыг аль нэг улиралд хуваадаггүй учраас л амжилтанд хүрсэн биз. Ажлаа зөв зохицуулж чадвал амрах цаг гарч л байдаг. Амьдралыг өөдрөгөөр харж чадвал тэр чигтээ амралт шиг санагдаж болно.  Ажиллана гэдэг бол ял үүрэхтэй адил зүйл биш. Заавал амрах ёстой бол яагаад заавал зун гэж. Ид хүйтэнд амарчихаад зун зугаатайхан ажиллая л даа. 

Д.МӨНГӨНДАЛАЙ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хичээл зүтгэл л бэлэг болж ирнэ

Хэдэн жилийн өмнө хоёр хүүхдийнх нь нэг нөгөөгөө галаас аврахад ээж нь ухаантай,  зоригтой хүүгээрээ бахархахаас илүүтэй “Их эзэн л бидэнд тусаллаа” гэж  ярьсан байж билээ. Хүү нь зориг гаргаж дүүгээ авраагүй бол их эзэн хүүг галд шатахаас аварчих байсан гэж үү. Мөн бурхны шашин шүтдэг зарим нь ламаар ном уншуулаад л бүх нүгэл арилчихдаг мэтээр төсөөлдөг. Саяхан Гандангийн хажуугаар өнгөрч явтал  тэнд ном уншуулах гэж яваа оюутнууд хашаан дахь тагтаанаас нь олон байх юм. Шалгалтандаа гайгүй дүн авчих санаатай ном уншуулж яваа гэнэ. Хичээлээ л сайн уншвал болоо биз дээ. Бурхны ном хичнээн уншуулаад хичээлээ мэдэхгүй бол таагүй л дүн авна.  Шашин номонд ч авах гээхийн ухаанаар  хандаасай.  

   Аль ч шашинд энэрэнгүй сайхан сургаал ном их байдаг.  Будда сайтар нягтлан судалсны үндсэн дээр сургааль номоо дагахыг сургасан. Түүнээс биш арван хар нүглийг хийчихээд нэг удаа ном уншуулаад л нүглээсээ ангижирчихдаггүй  байх. Тэгээд ч  хийсэн нүглийг тарни мааниар цайруулахгүй. Бүгдийг бурханд бүү даатга. Зөв явах замыг чинь өөр өөрсдийн сургаалиар шашинд заасан ч аль мууг  үйлдээд түүнийгээ бурханд даатгаад  буян хийлээ гэж нэрлэх нь яавч зүйд нийцэхгүй. Таны хичээл зүтгэл л  хариу болж ирэхээс хоосон залбирал танд юу ч бэлэглэхгүй. 

Д.МӨНГӨНДАЛАЙ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МАН захлаад гэдийчихлээ, одоо хөрөнгө оруулалтыг мөрөөдөөд ч хэрэггүй

МАН буюу хуучин МАХН завсарлага авах, шинэчлэлийг улдан чангаахдаа алдартай. Энэ тэдний гэм биш зан л даа. Эд нар  хуучин яаж завсарлага авч байсныг эргэн саная. Улсын бага хурлын дэд даргаар Ц.Элбэгдоржийг нэр дэвшүүлэхэд одоогийн энэ МАН Н.Багабандийг сөргүүлж дэвшүүлээд гурван сар ажил хийлгээгүй. Тэрнээс болж хуульд өөрчлөлт оруулж байж бүлэг бүрээс дэд даргатай байхаар заалт оруулсан. Үндсэн хууль баталж байхад мал төрийн хамгаалалтад байна гэдгийг хэлэлцэхэд хэд хоног уяв.   Малыг малчдад, орон сууцыг иргэдэд, иргэн бүр  гадаад паспорттой болох асуудлыг хэлэлцэхэд мөн л  гацааж байв.  
1996-2000 онд АН эрх барьж байхад ер ажил хийлгээгүй. Бараг л санаачилсан хууль болгоныг нь гацаадаг байсан. Эсвэл өөрсдийн саналыг тулгаж барьцаалддаг.  Одоогийн МАН тэр дөрвөн жилд дөрвөн удаа засаг унагаж, улс төр хийхээс өөр ажил хийгээгүй. АН-ынхныг ч ажил хийлгээгүй. УИХ-ын дэд даргад Р.Гончигдоржийг дэвшүүлэхэд мөн л завсарлага авсан. Ерөнхий сайдад Да.Ганболдыг дэвшүүлэхэд долоон удаа буцааж байлаа. Гурав,  дөрвөн сар ажил уяж үүнийх нь үр дүнд төсөв цалингаа тавьж чадахаа байж, орлон гүйцэтгэгчтэй өчнөөн удаж, ард түмэн амаараа шороо үмхэж элгээрээ хэвтсэн. Энэ хэнд ашигтай байв. Зөвхөн энэ намд ашигтай байсан биз. Үүнийг Ц.Элбэгдорж “АН ялсан нэртэй боловч улс төрийн гянданд  өнгөрүүлсэн дөрвөн жил” гэж хэлж байсан. Дөрвөн Засгийн газрын нүүр үзэж, завсарлагыг хүссэн хугацаагаараа авдаг байсан даа. Харин сүүлд энэ утгагүй байдалд бага ч болов хаалт хийх гэж ажлын таван өдөр л завсарлага авч болохоор хуульчилсан.  МАН 1996-2000 онд эхэндээ завсарлага авч ажил хийлгэхгүй байсан бол сүүлдээ АН-ын урвагчид буюу Элсний 13-тай дөрөө харшуулж засаг унагах л тоглолт хийдэг болж билээ. Бусад нь тэдэнд үнэндээ ямар ч хамаагүй байв. Тэр тусмаа улс орон  яах нь ямар ч хамаагүй, зөвхөн улс төр хийх нь чухал байсан юм.  Энэ дөрвөн жилд  АН эрх барьж байгаа нэртэй ямар ч асуудал шийдэж чадахгүй нь. Ер нь бол шийдүүлэхгүй нь л дээ, сөрөг хүчин нь. Тэртээх  дөрвөн жил улс төрийн гянданд байлгаснаас болж  дараагийн сонгуулиар АН цэвэр ялагдал амсч,   Л.Гүндалай л  парламентад намаасаа ганцаар суухдаа  өөрийг нь хэн ч сонсохгүй болохоор цаасан дээр үгээ бичиж, УИХ-ын дэд дарга хойноос нь муур, хулгана болж байж, барьсан цаасыг нь урж хаяж байлаа.  
    АН-ын ялагдал дүүрч. Улс орон элгээрээ мөлхсөн. Энэ үед Н.Энхбаярын хаанчлалын үе эхлэв. Яг энэн шигээ эдийн засгийг эрчимжүүлэх  зуу хоног гэж ярьж байгаад МАН-ынхан гэнэт арав хоног болгож оруулж ирж тулгаад  захалчихлаа. Үүнээс болж төр засгийн үйл ажиллагаа арав хоногийн дараа зогсоно. Энэ МАН-ынхны улс төр.  Хэний ч мэдээжийн юу гэж эдийн засаг арав хоногийн дотор өргөс авахын дайтай сайжрахав. Тиймээс энэ засаг унана.  Эрхбиш орлон гүйцэтгэгчтэй хэсэг хугацааг авах биз. Үүнд МАН баярлана. Ард түмэн хохирно. Ирэх жилийн ес эхэлтэл дахиад засаг байгуулах нүсэр ажил өрнөнө. МАН-ын шаардлага дотор энэ засгийн хийж чадахгүй, боломжгүй  зүйлийг тусгасан байна лээ. Ханшийг  Засгийн газар биш УИХ л Монгол банкныхнаа дуудаад шийдэх асуудал. Удирдлагыг нь эндээс л сонгодог. МАН өнөөдөр УИХ-ын тэн хагасыг шахам бүрдүүлчихээд бурууг засагт өгөөд сууж байгаа нь хачин шүү. МАН-ынхан эдийн засаг муу, улс орон хэцүүдэж,  улс амьтан уурлаж бухимдаж байвал баярлаад байх шинжтэй. Ардчилсан нам, эрх баригчид  л муу гэж хэлбэл тэр улс орон хэцүүдэх ч МАН-д ёстой пад алга. Ингээд засаг унах нь тодорхой болох нь. МАН-ын  шаардлагыг биелүүлэх гэж  ямар ч шидтэй бирд гарч ирээд ч арав хоногт  эдийн засаг сайжрахгүй. Н.Алтанхуяг яаж ч мяндсан ухаан гаргаад хүчрэхгүй. Долларын ханш энэ янзаараа 2000 давахад хөрөнгө оруулалт бүхэлдээ зогсоно. Үүний нэг дохио нь Ашигт малтмалын хуулийг унагасан явдал. Хөрөнгө  оруулагчдын ганц найдвар тавьж байсан, хонгилын үзүүр дэх гэрэл энэ байлаа. Хөрөнгө оруулагчид Монголд дургүйдээ, сонирхохгүй бай­гаадаа нүүр буруулсан юм биш. Монголын засаг төр тогтворгүй, хууль нь хэзээ яаж ч өөрчлөгддөг уч­раас болгоомжилдог, нүүр буруулдаг. Яг энэ болгоомжлолыг улам баталж, хамгийн их сонирхож байгаа хуулийг нь унагаж, төрийг тогтворгүй болгож орхилоо. Хөрөнгө оруулагчид нүүрээ буруулахаар эдийн засаг өөдлөхгүй.
МАН-ынхны ийм улс тө­рийн шантаажаас болж энэ зуны бүх бүтээн байгуулалт зогсоно. Өнөөдрийг хүртэл хийсэн улс төр нь  Засгийн газрыг ажиллуулах боломж олгосонгүй. МАН-ынхан юу­наас болж гэдийж захлав. Гол нь АН МАХН-тай гэрээ байгуулснаас болж дургүйцэв. АН-ын МАХН-тай гэрээ байгуулахад  дургүйцсэн АН-ын зарим хүчнүүд ч үүнд  нэгдээ биз.  Ингээд нөгөө зуу хоногийн мөрөөдөл өнгөрөх шиг болов.
Эх орноо ингэж хорлохоо боливол яасан юм. Ард түмэн  та нарыг мэдэж байгаа шүү дээ, МАН-ынхаан. Эхний удаа Монголыг ядууруулж засаг барьсан. Одоо харин ард түмэн та нарыг уучлах уу. Өнгөрсөн нэгдүгээр сард Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлого батлах болоход ажлын тав хоног завсарлага авсан. Царцаасан барилгуудад хийсэн аудитын шалгалт хийх үеэр бас л олон хоногийн завсарлага аваад л алга болсон. Ердөө л ажил хийлгэхгүй арга сэдэж, ирэх сонгуульд АН юу ч хийгээгүй гэж хэлээд сууж байх гэж л ингэж байна. Сүүлдээ МАН-ынхан АН-ын гал тогоонд орж, дотоод асуудалд  хутгалдах болов. Өөрсдөө болохоор УИХ-ын гишүүнийг сайдын албатай давхар хашиж болоод байдаг, Ардчилсан нам эрх барихаар болохоо байчихлаа гээд завсарлага авдаг. Х.Тэмүүжин сайдын асуудлыг хэлэлцэхэд ч завсарлага авлаа л гэсэн. Ингэж ажил гацаачихаад дараа нь эрх баригчид юу ч хийгээгүй, бүтээгээгүй гээд л сууна. Түүх  давтагдахаараа эмгэнэл болдог. 1996-2000 давтагдах шинжиндээ орлоо. Яг л тэр түүхийг давтахаар МАН улайрч эхлэв.