Categories
мэдээ цаг-үе

Малын тоо толгойг төрөөс тогтооно

Монголчууд юугаараа баян малаар л баян. Бас газар нутгаар баян. “Дөрвөн цагийн улиралд дураараа нүүх нутагтай” гээд хэнд ч захирагддаггүй, эрх чөлөө нь дэндсэн сайн дурын малчид Монголын хөдөөгөөр нэг. Одоо ч нийслэлд элбэгшиж байх шиг. Ингэж малыг сайн дураараа маллахыг больё. Энэ юу гэсэн үг вэ гэхээр монголчуудын эртнээс маллаж ирсэн мал аж ахуй байгаль орчныг уул уурхайгаас дутах­гүй цөлжүүлж, хор хохирол учруулж байна. Ялангуяа нүүдлийн мал аж ахуй. Малчдад хориглодог юм гэж Монголд алга. Хамгийн сайхан, хамгийн үзэсгэлэнтэй, уул ус, ургамал амьтан тэгширсэн эрүүл газрыг 1000 хонь, 500 ямаа, тавин үхэр, 100 адуутай очоод талхлаад тэр уулын амыг улаан халцгай болгоод явдаг. Байгаль орчинд хор хөнөөл учруулсан гэж хэн ч малтай заргалдахгүй, малчинтай хэрэлдэхгүй. Харин ч нүүдлийн малын баас нь бордоо болдог гэлцээд л өмөөрөх биз. Аргалыг нь унаа тэрэгтэй очоод түүчихдэг болсон цагт ямар юмных нь бордоо болж амжих билээ. Монгол Улсын газар нутгийн 120 сая га газрыг бэлчээр нутаг гэдэг юм билээ. Гэвч байгаль цаг уурын өөрчлөлт, малын тоо толгой хэтэрч бэл­чээрийн даац багасч байгаа. Судал­гаагаар бэлчээр нутгийн орчим хувь нь 50-70 хувь нь талхлагдсан гэж үздэг. Ялангуяа хот суурин газрын орчим бүр их талхлагдсан аж. Монгол Улсын хэмжээнд 28 сая орчим тоо толгой мал байх боломж­той гэсэн судалгаа бас байдаг. Гэвч одоо жаран саяд хүрчихээд байна. Энэ нь байгальд хор хөнөөлтэй, бэлчээр нутаг нөхөн сэргэх боломжгүй, ургамлын зүй тогтол өөрчлөгдөж, элсний нүүлт ихэссэн, өвсөн тэжээлт зэрлэг амьтадунаган нутгаа орхин нүүх, ховордох зэрэг аюул бас дагуулдаг юм байна.

Урт нэртэй хуулинд голын ай сав газар, эх ундаргад голын эхэнд уул уурхайн үйл ажиллагаа явуулж болохгүйгэдэг. Гэтэл түм түмэн мал гол нуурандшавхай татуулан орж шээгээд, адуу дотор нь зогсоод хомоолоо унагаж, ундаргыг нь битүүлдэг. Ин­гээд малчид хэдэн малаа хариу­лах гэж дуртай газраа буугаад Монголын байгалийг сүйрүүлж байна. Уг нь ухдаг эдийн засгаасаа үрждэг эдийн засаг нь мал. Бид ухдагийг байгаль орчныг цөлжүүлээд байна гэдэг ч хаа сайгүй цөл­жүү­лээд байгаа нь үрждэг эдийн засаг болох мал илүү сүйтгэдэг. Хуучин Хөх нуурт цайдмын Монгол руу, эсвэл хойшоо Байгаль нуур руу зусдаг байсан цаг одоо өнгөрсөн. Хил гаальтай чанга хатуу болсон. Тиймээс жаран сая малыг бэлчээрийн даац нь дийлэхгүй болоод удлаа. Мал хэдийгээр үрждэг эдийн засаг ч бэлчээрийн мал аж ахуйг эдийн засаг гэж шууд ойлгоход бэрх болсон. Үүний оронд юу хийх вэ. Суурин мал аж ахуй буюу фермерийн аж ахуйг түлхүү хөгжүүлэх хэрэгтэй. Ийм тохиолдолд одоо байгаагаасаа хэд дахин олон мал үржүүлсэн ч болж байгаа юм. Нэг айл 100 мянган үхэртэй, сая хоньтой, мянга мянгаар нь адуутай байж болж байгаа юм. Суурин мал аж ахуй нь бэлчээрийн мал аж ахуйг бодвол эрсдэл багатай, бай­галийн давагдашгүй хүчин зүйлийн нөлөөлөл бага бай­даг. Дээр нь ашиг шим нь илүү, эдийн засгийн эргэлт ихтэй. Монголын энэ цэлгэр талыг бэлчээр болгож талх­лахынхаа оронд хаа сайгүй фермерийн аж ахуй хөгжүүлж хажуудаа усалгааны сис­темтэй, тэжээлийг нь бэлдээд өгчихдөг, өвөл зуны байртай, нарладаг талбайтай, сүү, мах, арьс шир, ноос ноолуурын чиглэлийн үйлд­вэрүүдтэй, үүнийгээ хилийн орчим бай­­гуул­чихвал орчин үед зо­хих ёстой болж. Ухахаас илүү­тэй мөнгө, үржүүлдэг эдийн засгийг ингэж хөгжүүлж болно. Фермерийн аж ахуйгаа да­гаад хүүхдийн сургууль, хүн эмнэ­лэг, малын эмнэлэг, соёлын үйлчилгээ гээд бүгд бий болно. Малч­дын хүүхдүүд дотуур байранд суух шаардлагагүй болно. Дэд бүтэц аяндаа хөгжөөд ирнэ.

Шинэ зуунд уламжлалаа дагана гээд дур дураарааявдаг малчдыг журамд оруу­лах хэрэгтэй болж. Суурин маллагааг сонгохгүй ч мал хариулах сонирхолтой сайн дурынхан бэлчээрийн мал аж ахуйгаа сонгоно гэвэл малын тоог нь заагаад лиценз зөвшөөрөл олгож хариуцлагыг ч тэр чи­нээ­­гээр оногдуулах хэрэг­­тэй. Гэтэл зунжин айраг цагаа, найр наадам хэсч наз­гайрч хэвтчихээд өвөл нь эхний зуднаар л ам руу нь хийх ширхэг өвсгүй хэдэн малынхаа амийг нь авчихдаг шүү дээ. Энэ олон амьтны амийг хайхрамжгүй цалгар назгайгаасаа болж үгүй хийчихлээ гэж хэн ч ха­риуцлага тооцдоггүй. Тиймээс лиценз­тэй, эрх бүхий мал­чин малаа өлсгөж, хөлдөөж алсан бол лицензийг нь хураах хүртэл хариуцлага оногдуулдаг байх хэрэгтэй.

Үүнээс цааш битгий малаа хариул гээдбэлчээрийг нь заагаад өгчихдөг, малын тоог нь хязгаарлаж 30 хонь,гурван үнээ, хоёр морьтой байхад л болно биз. Гэхдээ Улаанбаатарын ойролцоо 100 км-т мал байлгах хэрэггүй. Сая давсан хүнтэй хотод ямар нэг халдварт өвчин гарвал сүйд болно. Үүнээс гадна малаа маллая гэсэн ч хот орчмын бэлчээр дэндүү талхлагдсан учир талдаа ч олигтой шим тэжээл болохгүй.

Дэлхийн цаг уурын өөрч­лөлтийн нөлөөгөөр Монголын цаг агаарт ч өөрчлөлт орж манай орны бүх нутгийн жилийн дундаж температур хоёр градусаар дулаарчээ. Мөн хур тунадасны жигд хуваа­­рилалт өөрчлөгдөж ган, зуд тохиолдох нь элбэгших бол­сон. Нийт бэлчээрийн 69 хувьд нь бэлчээрийн ногоон масс ямар нэг хэмжээгээр буурсан аж. Хэрэв хугацаа алдвал тарга тэвээрэг муутай хэдэн мал нь нэг зудын ая даахгүй малчны хотхарлахыг үгүйсгэх аргагүй талаар мэргэжлийн хүмүүс хэлжээ.

Бид өөрсдийгөө л мал маллах арга ухаантай, малын ашиг шимийг зөв хүрт­дэг гэж боддог. Гэхдээ бүр хууч­ныхаасаа дэвшсэн нь гэвэл малаа мотоцикль, машинаар хариулдаг болсноос хэтрэх­гүй. Хөдөө аж ахуй зөвхөн Мон­голд байдаг юм шиг ойлгол­­тоосоо салмаар байна. Герман гэхэд дэлхийн хөдөө аж ахуйн бүтээг­дэхүүний 6 хувийг үйлдвэр­лэдэг юм. Энэ нь дэл­хийд дөрөвдүгээрт ордог гэсэн үг. Уламжлалт мал аж ахуйтай манай улс харин аль хавьд яваа билээ. Гадныхан монгол малын мах авах саналаа ирүүлж, эхнээсээ судлаад гэрээ хэл­цэл хийгээд, зарим нь бүр аваад эхэлсэн. Гэхдээ тэдний гол шаардлагын нэг нь бэлчээрийн малын мах биш фермерийн аргаар өсгөсөн эрүүл малын мах авах юм. Тэдний шаардлагыг буруу гэх аргагүй. Монголд байсхийгээд л малын халдварт өвчин гардаг болохоор ийм шаард­лага тавьдаг хэрэг. Орчин үед хотын ямар ч иргэн дураараа, таалагдсан газраа байшин бариад, гол ус, ой мод болсон, үзэсгэ­лэнт байгальтай газар ли­ценз зөвшөөрөлгүй амь­дар­­­­даг­­гүй. Амьдрах нь бүү хэл ам­рах гээд очиход хүртэл захын ойн цагдаа ирээд заг­­наад суулгахгүй. Харин малчин Дорж өвсний шим, усны арвинтайаль л сайхан газар хүссэнээрээ хэдэн малаа тууж очоод тал­хаж бай­гаад яваад өгдөг. Тэрний төлөө хариуцлага хүлээдэггүй. Мал мал­лагааны арга ухаан, нөх­цөлийг өөрч­лөх цаг нэгэнт болсон. Тэ­гээд ч хариуцлага гэдэг юмыг хаа хаанаа бодмоор, хэрэг­жүүлмээр. Ядаж л малаа үхүүлс­нийхээ төлөө хариуцлага үүрдэггүй малчдыг хариуц­лагажуулмаар. Одоо хариуцлага үүрдэггүй юмаа гэхэд эрлэгийн өмнө очиход хүний амь, амьтны амь хоёр адилгээ биз дээ

Categories
мэдээ улс-төр

Улсад хохирол учруулсан Урт нэртэй хуулийг санаачлагчдад нь хариуцлага тооцъё

Гадныхныг айдаст автуулан болгоомжлолд оруулж, яаран хамаг юмаа ачаад
явахад нөлөөлсөн, дотоод, гадаадын олон компанийг
зогсолт хийлгэсэн хууль бол Урт нэртэй гэгдэх хууль. Хангай, Хэнтий, Хөвс­гөлийн
ой мод, голын ай сав газарт алтны уурхайтай компаниуд бүгд зогссон. Үнэн хэрэгтээ хууль нь хэрэгжээгүй
ч шинэ зууны дэвшилтэт технологитой, лицензийн эрхтэй компаниудын ажлыг зогсоосноос өөр гавьтай
гавьяагүй энэ хуулийн гай нь харин их байлаа.
Компаниуд хуулиа дагаж ажлаа зогсоомогц нинжа нар нь замбараагаа алдсан. Тэднийг хэн ч
дийлдэггүй. Хууль үйлчилдэггүй нинжа нарыг уул уурхайг дураараа сэндийчихэд зориулсан, гадныхныг нүүр буруулахад хамгийн их хувь нэмэр оруулсан,
эдийн засгийн хямралын эхний шанг тавьсан энэ хууль нь санаачлагч хэдэн гишүүний эх орончийн дүрд тоглосноос болж
төрсөн.

Муу сайнаараа хэлэгддэг
Мян­ганбаярын Орхоны хөн­дийд байгаа “Монгол газар” үйл ажиллагаагаа хуулийн дагуу
зогсоолоо. Зөрөөд нинжа нар шуудайгаа үүрээд
хувингаа бариад тийшээ бөөнөөр орчихсон. Хамгийн сүүлийн жишээ Ноён уул. Түүхийн
дурсгал ихтэй уулыг ухаж төнхөх гэлээ гээд зүүсэн алтаа дийлэхгүй болтлоо гоёсон
хэдэн хүн эсэргүүцэж тэмцээд хэвлэлийн хурал
хийгээд сүйд болсон. Одоо нинжа нар Ноён уулаар нэг дүүрчихээд байна. Энэ хуулийн үр дагавар ердөө л энэ. Хууль үйлчилдэггүй
гар аргаар олборлогч нөхдөд боломж олгосон, гадны хөрөнгө оруулагчдыг нүүр буруулахад
хувь нэмэр оруулсан, Монголын эдийн засгийг унагахад, доллар хаданд авирахад нөлөөллөө.

Урт нэртэй хууль буюу Гол мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхний
газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт, ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох
тухай хуулийг санаачлагчид нь Б.Бат-Эрдэнэ, Г.Баяр­сайхан, Д.Ганхуяг, Ц.Сэд­ваан­чиг,
С.Одонтуяа, Ц.Даваа­­сүрэн, Ц.Мөнх-Оргил, С.Сайхансамбуу, Д.Энх­­бат нарын гишүүд. Уг балагтай хуулийг
2009 онд санаачилсан.

Хуульд олон компанийн эрх ашиг хөндөгдөж, лиценз нь цуцлагдсан. Хуулийн
үйлч­лэлд 1782 лиценз хамрагдсан бөгөөд зөвхөн алтны л 128 компанийн 240 лицензийн
талбай хамрагдсан байдаг. Энэ нь нийт дүнгээр
130 тонн алт буюу таван тэрбум 600 сая ам.доллартай тэнцэнэ. Ийм хэмжээний мөнгөнд
хаалт тавьчихаар, ийм олон компани үйл ажиллагаагаа
зогсоохоор эдийн засагт хэрхэн нөлөөлөх нь
ойлгомжтой. Хичнээн өрх айлын амьдрал орлогогүй болсон нь тодорхой. Монголын эдийн
засгийг 17.5 хувийн үсрэнгүй өсөлтөд хүргэсэн гэж үздэг Оюу толгойн таван тэрбум
доллартай тэнцэхүйц хөрөнгийг энэхүү урт нэртэй хууль санаачлагчид үгүй хийжээ.
Эдний устгасан таван тэрбум долларыг Оюу толгой нөхсөн байна. Оюу толгойг хөдөлгөхөөр Ч.Сайханбилэг Дубайд очиж
далд уурхайн төлөвлөгөөнд гарын үсэг зурахад Б.Бат-Эрдэнэ, Ц.Даваасүрэн нарын нөхөд өнөөх Оюу толгойг гарын үсэг цуглуулж чагтлахаар
хурал зарлаад эхлэв. Ингэж Монголын эдийн засгийг сүйрүүлж дууслаа.

Урт нэртэй хуульд
лиценз эзэмшигч компаниудад төрөөс нөхөн олговор олгоно гэсэн ч өдийг хүртэл өнөөх
нөхөн олговрыг авсан нэг ч компани байхгүй зургаан жилийн нүүр үзлээ. Хууль төрснөөр жилд хорин тонн алт тушаадаг байсан компаниуд
ердөө л таван тонныг тушаах болов. Уул уурхайгаа дагаж эдийн засаг ч овоо болж байтал Урт нэршилтэй урагшгүй энэ хуулиас болж
хамаг юм орвонгоороо эргэлээ. 2009 онд батлагдсан уг хуулийн хэрэгжилт хангалтгүй,
хэрэг­жүүлэхэд зарим бэрхшээл тулгарч байна гэж үзэн 2011 оны нэгдүгээр сард хэсэг гишүүд төсөл санаачилж
бат­луулсан ч дэмжлэг авалгүй анх хуулийг санаачилсан гишүүд болон одоо уул уурхай,
Оюу толгой, Таван толгойг эсэргүүцээд байгаа популист гэгдэх гишүүдийн зарим нь
хурал хаяж, зарим нь хатуу эсэргүүцэн үг хэлснээр батлагдаагүй буцсан юм.

Ингээд Урт нэртэй хуулийн дагаж мөрдөх журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг УИХ-д 2014 оны наймдугаар сард өргөн
барьсан ч хуулийн үйлчлэх талбайг бүрэн тогтоогоогүй,
дахин судлах асуудал олон гэж хойшлуулсаар
Засгийн газраас санаачлан 2015 оны
хоёрдугаар сарын 18-нд цагаан сарын битүүний өдөр УИХ баталсан байдаг. Уул уурхайн
компаниуд нааштай юм болох нь гэж горьдсон ч бүр эсрэгээрээ нуухыг нь авах гээд нүдийг нь сохолсон хэрэг боллоо
гэлцэв. Учир нь өнөөг хүртэл аваагүй ч авна
гэсэн итгэлээ гээгээгүй байсан өнөөх нөхөн олговрыг өгөхөөсөө бултсан заалтууд ороод ирж. Нэг ёсондоо төрөөс
авлага авах биш харин нэмж төлбөр төлөх дээрээ тулаад байгаа аж. Урьдчилсан байдлаар
компаниудад 659 тэрбум төгрөгийн нөхөн олговор олгох тооцоо байгаа ч төр үүнийг
олгосонгүй. Компаниуд хохирч хуулийг хэрэгжүүлэх
боломжгүй болсон. Мөн хуульд зааснаар нөхөн
олговор олгогдоогүй тохиолдолд компаниуд үйл ажиллагаагаа үргэлжлүүлэх эрхтэй гэсэн
заалт бий ч хэрэгжээгүй. Ингээд Урт нэртэй
хууль хэрэгжихгүй хуульд заасан заалтуудыг төр өөрөө зөрчөөд эхэлсэн. Өнөөдрийн
байдлаар уул уурхайн компаниуд дээшээ тэнгэр хол, хууль тэдний эсрэг болчихсон учраа
мэдэхгүй байцгааж байна. Мөн нэгэнт хэрэгжихгүй, үйлчлэх боломжгүй хуулиас болоод
компаниуд өөрсдөө нинжа болж хувирах дээрээ тулаад байна.

Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журамд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай
хуулиас нааштай заалтууд хүлээж байсан уул уурхайн компаниуд шинээр батлагдсан хуулийг төрийн зүгээс хийсэн том заль гэцгээж байна. Тухайн
үедээ хуулиндаа нөхөн олговор лиценз эзэм­шигч компаниудад олгоно гэж байсан бол
зөрүүлээд Засгийн газар байгаль орчны хохирол, газар ухсан зэргээр үйл ажиллагааг
нь бүгдийг хохирол гэж тооцоод дааж давшгүй өртэй болгожээ. Ингэхээр нөгөөх нөхөн
олговроос давсан торгууль нэмэгдээд ирэхээр
компаниуд дахиж сэхэхгүй дээрээ тулаад байгаа аж.

Өнгөрсөн онд Ашигт малтмалын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахдаа
өсөн нэмэгдэх татвар буюу роялтыг 10 хувь байсныг 2.5 болгосноор хэдийгээр хамрах
хүрээ багасчихаад байгаа ч татварын ачаар тав зургаан тонн тушааж байсан алтны хэмжээ
13.8 болж өсссөн. Алт гэдэг нь дотоод эх үүсвэрээс цорын ганц валют болж байдаг
зүйл. Гэтэл ийм их хэмжээний валютаа хуулиар хориод байхаар яаж эдийн засаг өөдлөх
билээ.

“Монголд хөрөнгө оруулаад хэрэггүй ээ, улстөрчдөд нь хөрөнгө оруулбал
гадныхныг ивээн тэтгэсэн хууль санаа­чилна, тэрнээс улсад нь хөрөнгө оруулбал өөрсдөө
л хохирно” гэж гадныхан ярьж байсан тухай уул уурхайн салбарынхан хэлж байна лээ.
Энэ мэтээр уршиг ихтэй Урт нэртэй хуулийг санаачлагчид эх орон газар нутаг гэж цээжээ
дэлдэхдээ үр дүнг нь огт тооцсонгүй юу. Тооцсон ч тоолгүй өнгөрөв үү. Улсад хохирол
учруулсан Урт нэртэй хуулийг санаачлагчдад хариуцлага тооцъё.

Украйны Ерөнхий сайд байсан Ю.Тимошенко Оросоос хий авахдаа эх орондоо
ашиггүй гэрээ хийсэн гэж ял эдэлж, шоронд суусан. Тайландын Ерөнхий сайд асан Й.Чинават
цагаан будаа худалдах улсад хохиролтой хууль батлах гэснийхээ төлөө баригдаж хоригдсон. Төр барьж байгаа эрхмүүд эх орондоо ашиггүй гэрээ хийж, хууль баталсныхаа төлөө ял уншуулж байна. Манайд ийм уршигтай хууль санаачилсныхаа төлөө улсад хичнээн их хохирол учруулсныг тооцож
гаргавал том тоо гарна. Гэхдээ гаргаагүй
байна. Гаргаж ирсэн тохиолдолд энэ хуулийг санаачлагчид улс орондоо эдийн засгийн
асар их хохирол учруулсан гэж ял унших хэмжээнд хүрсэн шүү.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Сэжигтний хүүхдийг зулбуулан шүүх гэдэг, хүний өвчнөөр даажигнаж, үхсэний хохийг дууддаг ямар харгис нийгэм бэ

Монголчууд минь ямар их үзэн ядалтаар дүүрээ вэ. Нийгэм тэр аяараа ямар харгис болоо вэ. Сүүлийн долоо хоногт болсон үйл явдлын мэдээлэлд нийтээрээ хэрхэн хандаж байгааг өгүүлье. Төр нийгмийн зүтгэлтэн, манай толгой эдийн засагчдын нэг О.Чулуунбатыг гадаадад эмчлүүлж байхад нь эргэж очсон УИХ-ын гишүүн Д.Тэрбишдагва хамт зургаа авахуулснаа өөрийн нүүр хуудсанд тавьчихаж. Мэдээж эмчилгээ хийлгээд хэд хэдэн хагалгаанд орсон хүн ядруухан харагдаж байна лээ. Гэтэл уг мэдээллийг уншсан хүмүүсийн сэтгэгдлүүд үнэхээр сэтгэл гонсоймоор. Тавласан, басамжилсан, доромжлол, үзэн ядалтаар дүүрэн. Адилхан монгол хүн байна даа, хурдан эдгэхийг ерөөмөөрсөн. Ерөөдөггүй юм гэхэд хараамааргүйсэн. Өвчин зовлон хэлж ирдэггүй. Өвчин зовлон үзээгүй хүн гэж хайгаад олохгүй. Өөрөө өвдөж зовоогүй гэхэд өрөөл нэгийг, хамаатан садан, ах дүү, аав ээж, найз нөхдөөс чинь хэн нэгэнзовж шаналахыг харж л байсан байлтай. Тэднийгээ зовж тарчилж байхыг хараад “Тэнгэр ингэж гэсгээж, нүглийн чинь хариу ирлээ” гэж бид хэлдэггүй биз дээ. Гэтэл О.Чулуунбатыг эмчлүүлж байгаа тухай зурагтай мэдээллийн дор дээрх үгсийг бичиж. Ихэнх сэтгэгдэл хараал зүхэл, басамжлалаар дүүрэн. Хаанаас нь ийм их үзэн ядалт гараад байдаг юм. Нүүр хуудсандаа зураг тавьсан Д.Тэрбишдагва гишүүн хүмүүсийн хандлага, хараалын үгсийг уншаад “Монголын нийгэм ямар харгис болчихсон юм бэ” гэж халаглаж байхав дээ. О.Чулуунбат гэдэг хүнхэлж ирээгүй өвчинд шаналж эдгэрэхийн төлөө тэмцэж байгаа жирийн нэг монгол эр хүн. Өрх гэрийн эзэн, аав, ээжийн хүү, үр хүүхдийн аав, хүний хань, дүүгийн ах, монгол төрийн зүтгэлтэн. Гэтэл О.Чулуунбат гэж хүн эдгээр зүхэгсдэд ямар гай тарьсан юм.

Хүүхэд байхаас ньэцэг эх нь үр хүүхдээ хүмүүжүүлж чадаагүйн жишээ өвдсөнийг энэрэх, зовсныг хайрлах сэтгэлгүй болгож. Өнөөдрийн нийгмийг бүрдүүлж байгаа нэгэн үеийнхэн үнэхээр хүмүүжилгүй өссөн ньэнэ бүгдээс тодхон харагдаж байна.

“Үртэй хүн хүний үрийг, биетэй хүн бусдын биеийг элдвээр хэлж болдоггүй юм” гэжөвөө минь хэлдэг байж билээ. Үр хүүхэд нь яаж явахыг хэн мэдэх билээ. Өөрөө үртэй бол бусдын үр хүүхдийг битгий элдвээр хэл, өөрөө махбодтой бол бусдын тухайд хамаагүй муу бүү ярь, учир нь чамдч бас тохиолдож болно гэсэн санаа.

Өвдсөн зовсон хүмүүсийг тавлаж байгаа хүмүүс бүгд хэзээ нэг өдөр үхэлтэй нүүр тулна.Мөнх амьдарсан хүн гэж сонсоогүй, үхээгүй хүн гэж дуулаагүй.Хамгийн хүчирхэг нь ч, хамгийн баян ч, үгээгүй ядуу, сайн муу, сайхан муухайтайгаа бүгд л үхдэг. Энэ ертөнцийн жамаас зугтах аргагүй. Тиймээс ч даруулгатай байх ёстой болдог. Дэлхийн хамгийн хүчирхэг хүмүүс чүхлээс айж амьдралд татагдаж байсан. Дэлхийн талыг эзэлсэн Чингэс хаан ч зүгээр л хүн алж байлддаг хүн байгаагүй. Түүнд дагаж мөрддөг ёс журам, эрхэмлэн дээдэлж хүндэтгэдэг зүйл олон байсан. Тэрээр хүчирхэг хүн ч даруулгатай байсан. Учир нь үхэл ирэхийг тэр мэддэг байсан. Стив Жобс хэмээх гайхалтай эрхмийг мэдэхгүй хүн байгаагүй. Амьдралын төлөө, амьд явахын төлөө тэмцсэн ч чадаагүй. Түүнд мөнгө байсан. Гэвч үхлийг дийлээгүй. Ийм атал Монголын нийгэм хэзээ ч үхэхгүй мэт ямар ч даруулгагүй, хүмүүжилгүй, харгис хэрцгий байна вэ. Энэрэх нигүүлсэх сэтгэл, хайр үгүй бол энэ дэлхий яаж орших билээ.

Харин манай сэтгэгдэл бичээчид, сошиалд үзэл бодлоо илэрхийлэгсдэд үнэхээр даруулга алга. Ямар ч адгийн муу хүн байсан талийгаачийн хойноос муу хэлдэггүй ард түмэн бол монголчууд. Ялагдсан талыг нь өрөвддөг ард түмэн бол бид. Тэр зан чанараа хэзээ хаана гээчихэв. Бурхан болсон нэгнийг муулбал тэрхүн л өөрөө өчүүхэн амьтан болж харагддаг. Биднээс өмнө амьдраад явагсдад бүгд л үхэлтэй нүүр тулсан. Дэлхий нийтээрээ хүний насыг уртасгах элдэв арга хайсан, оролдлого хийсэн, одоо ч хийсээр байгаа. Гэвч үхэл гэдэг үнэнээс зугтаж чадаагүй. Үхэл ирнэ гэдгийг мэднэ гэдэг нь өөрөө ямар нэг зүйлээс айна гэсэн үг. Юунаас ч айж эмээдэггүй байна гэдэг аюултай. Гэтэл монголчууд бид ялангуяа нийгмийн голлох хэсэг болсон залуус үнэхээр харгис хэрцгий, хүмүүжилгүй зэрлэг бүдүүлэг, хайрлах энэрэх, хүндлэх сэтгэлээ гээж байна.

Дөрвөн настай охиныг хойт эх Г.Маралмаа нь зодож хөнөөсөн гэх хэрэг шүүхээр явж байгаа. Энэ үнэхээр жигшмээр хэрэг. Гэвч давхар биетэй хэвлийдээ хүүхэд тээж байгаа энэ эмэгтэйг үзэн ядах нь хэрээс хэтэрч, хүн болох гэж ядаж байгаа хүүхдийг нь үхээсэй гэж ирээд л аймшигтайгаар зүхэж, сэтгэгдэл үлдээж. Хүүхдийн эрхийн төлөө дуугарч байгаа бол эхийн хэвлийд байгаа тэр хүүхэд ч бас эрхтэй гэдгийг мэдмээрсэн. Тэр хүүхэд ээжтэйгээ хамт яллагдах ёсгүй.

Үнэн хэрэгтээ бид Г.Маралмаагаас муухай байна. Тэр хүн муу үйл хийлээ ч түүний хэвлий дэх хүүхэд бусдад үзэн ядуулах ямар гэм хийлээ. Монголын нийгэм тэр чигээрээ давалгаалан хэвлий дэх үр хүүхэдтэй нь үзэн ядаж байна. Шүүх, цагдаа, өмгөөлөгч нь ч тэр түүнд ямар харгис хэрцгий хандана вэ. Энэ эмэгтэйгээс бид өөрсдийгөө олж харлаа. Хүний орчлондирж амьдрах гэж яваа тэр хүүхдийг үзэн ядаж, эхийг нь яллахын хажуугаар хүүхдийг нь ялласаар байх уу. Түүнийг шүүх хурлын үйл явцаас нийгмийнхээ мөн чанарыг толинд тусгасан мэт харж байна. Шүүгдэгч Г.Маралмаа шүүх хурлын өмнө бие нь муудажухаан алдан их хэмжээний цус алджээ. Энэ талаархи мэдээллийн доорхи сэтгэгдлүүд эрүүл хүний санаанаас яаж гардаг юм гэмээр, аймшигтай, зүхэл хараалаар дүүрч. “Жүжиглэж байгаа юм, хүүхэдтэйгээ хамт үхээсэй” гэх мэтээр хараан зүхжээ. Хэрэг хийсэн хүн ял шийтгэл хүлээх нь дамжиггүй. Гэвч хэвлийдээ хүүхэд тээчихээд цус алдаж жүжиглэнэ гэж байх уу. Монголчууд бид унаж яваа хүнийг түлхдэггүй гэж ярьдаг.

Хохирогчийн талын өмгөөлөгч “461 дүгээр саатуулагдаж байгаа хүнийг жирийн эмнэлэгт хүргэж байгааг хүндэтгэн үзэх шалтгаан гэж харахгүй байна. Хорих ангийнх нь харьяа эмнэлэгт хэвтүүлэх ёстой” гэж хатуурхана лээ. Эхэд нь хатуурхлаа гэхэд хэвлий дэх үрд нь ингэж хатуу хандаж болохгүй.

“Шүүх шударга байснаас ухаалаг байсан нь дээр” гэж манай сонин бичиж байсан. Шударга байлаа гээд эхэд нь хатуурхлаа гэхэд хэвлий дэх үрд нь ухаалаг хандах ёстой. “Хуульд зааснаар…” лгээд шүүхээс долдугаар сарын нэгэнд учраа мэдэхгүй бусдыг дуурайн, дүйвээнээр чулуу шидэж зогссон хүүхдүүдэд ял оноож байсан. Тийм учраас л шударга гэдгээс илүүтэй ухаалаг байхыг шүүхээс хүсч бичсэн нь тэр.

Categories
мэдээ цаг-үе

Арабын нэгдсэн Эмират улс бас монгол малын махыг авахаар боллоо

Монгол Улс мөнгө олох боломж дүүрэн байдаг. Уул уурхайгаас гадна жаран сая мал бидний баялаг. Тэгэхээр мал өсгөөд бурхан шиг тахиад байх биш эдийн засгийн эргэлтэд оруулах шаардлагатай байна. Үүнийг төр олж хараагүй биш олж хараад хөрш орнууд болон олон улс орнуудад байгаа баялгаа мөнгө болгох саналаа тавьсаар ирсэн. Малынхаа мах түүхий эдийг гадагшгаргах саналаас гадна төрийн томоохон бодлого хэрэгтэй байгааг мэргэжлийн хүмүүс онцолж байгаа. Манайхаас Хятад, Орос, Вьетнам малын мах авахаар болсон болхамгийн сүүлийн мэдээллээрАрабын нэгдсэн Эмират улсад Монголоос нэг сая толгой малын мах экспортлохоорболжээ. Вьетнамын талаас мэргэжлийн шинжээчид ирж махны хорь гаруй үйлдвэрийг судалж үзэхээр болсон талаар бид өмнө нь мэдээлсэн.

Хойд хөрш Оростой олон жилийн өмнө хийсэн Засгийн газар хоорондын гэрээ бий. Тэрхүү гэрээнд Сибирийн бүсэд адуу,үхрийн мах Монголоос экспортлох талаар тусгасан. Путиныг Монголд айлчлах үед энэ асуудлыг сөхсөн билээ. Тэрээр Монголоос махавч болно гэдгээ хэлсэн. Өнгөрсөн онд 2217.96 тонн мах Орос руу гаргасан байдаг. Гэвч гаргаж байгаа махны хэмжээг нэмэгдүүлэх гэж манайхан эрмэлздэг ч гадныхны шаард­­лага өндөр, дэлхийн стандартыг шаарддаг. Гол бэрхшээл нь бруцелёз, шүлхий зэрэг малын гоц халдварт өвчин. Гадны мэргэжилтнүүдма­лын өвчин тархаагүй айм­­гуу­­­дын малын махыгирж шинжлээд шаардлага хангасан гээд өөрсдийн тамгаа дараад явдаг. Гэтэл зарим үйлдвэрүүд мөн дэлхийн хэм­­­­жээний стандартын шаард­­лага хангахгүй байх тохиолдол байдаг аж. Бэрх­шээл гэвэл энэ. Тиймээс Путин ирээд мах авъя гэж хэлсэн ч ОХУ-ын Хөдөө аж ахуйн яам, энэ талаархи ул­сын бодлого, хууль дүрмээ дагаад л өнөөх бурцелёзтэй, шүлхийтэй малын махыг авахаа байчихдаг юм. Бид энд Путин зөвшөөрсөн юм чинь гэдэг ч энэ ганц Путинээс шалтгаалдаг юм биш. Тиймээс ч санасан хэмжээндээ мах экспортолж чадахгүй байгаа юм. Урд хөрш манайх хоёр мөн л Засгийн газар хоорондын гэрээтэй. Тэд дулааны аргаар боловсруулсанхонь,ямааны мах авч болно гэсэн. Өнгөрсөн онд Хятад руу 779.8 тонн мах гаргасан байдаг. Бусад улс орон Монголоос мах ава­­хыг сонирхдог. Манайх бас гаргах хүсэлтэй. Хоёр талын сонирхол нийлээд бай­­хад яагаад мал маань мөнгө болж эдийн засгийн эргэлтэд орохгүй байна. Өнөөх л дэлхийн стандарт гэсэн шаардлага. Монголоос мах авч байгаа бас нэг улс нь Казахстан.

Вьетнам манайхаас мах авъя гэдгээ илэрхийлээд мэргэжлийн хүмүүс нь ирж байгаа. Гэтэл Вьетнам руу мах гаргахын тулд Хята­даар дамжин өнгөрөх шаард­лагатай. Хятад гэтэл дулааны аргаар боловсруулсанмахан бүтээгдэхүүн хилээр гаргах шаардлага тавьдаг байхад Вьетнам хөлдүүгээр нь авах сонирхол байгаа.Монголын мал эмнэлгийн газрын дарга М.Галбадрах Вьетнамын Элчин сайдтай уулзаж энэ талаар ярилцсан юм билээ.Дамжин өнгөрүүлэх улс болох Хятадын талын Хөдөө аж ахуйн дэд сайд долдугаар сараас Монголд айлчлах төлөвлөгөөтэйбайгаа бөгөөд тэрнээс өмнө ажлын хэсэг ирнэ. Тиймээс Вьетнамын тал долдугаар сарын үед Хөдөө аж ахуйн дэд сайдаа ирүүлж гурван тал энэ асууд­лаар ярилцвал яасан юм гэсэн саналыг манай талааставиад байгаа юм билээ. Вьетнамаас Монгол Улсад суугаа Элчин сайд Монголд боловсрол эзэмшсэн хүн бө­гөөд өөрийн талд энэ саналыг уламжлахаар болж.Тэгэхээр энэ асуудал нэлээд ажил хэрэгч түвшинд яригдаж эхэл­сэн байна.

Харин хамгийн сүүлийн шинэ мэдээ өчигдөр Арабын нэгдсэн Эмират улс руу нэг сая толгой малын мах экспортлохоор Ерөнхий сай­дын айлчлалын үеэр тохирсонбай­на. Монгол малын мах дэлхийд гарах иймэрхүү таатай мэдээнүүд ар араасаа хөвөрч эхэллээ. Гэвч бид уламж­лалт сэтгэлгээнээс салж дэлхийн стандартад нийцүүлэх, фермерийн аж ахуйг хөгжүүлэх, эрүүл ахуйн шаардлага хангах, махны үйлдвэрүүдээ шаардлагад нийцүүлэх гээд ажил их бий.Тэд монгол малын махыг авна гэсэн ч дэлхийн стандартын шаардлагыг л биднээс нэхэж байна.

Энэ бүхэн юу хэлж байна гэхээр малаа эрүүлжүүлэх шаардлага бий болсныг, дэн­хийн стандартыг хангахын тулд энэ салбарт бодлогын томоохон өөрчлөлт хийх болс­­­ныг харуулж байна.Үүнд мэргэжлийн бодлого шаардлагатай байна. Мэр­гэж­лийн хүмүүсийн хэлж байгаагаар энэ салбарын хөгжлийн загвар бодлогуудыг дэмжих цаг нь болсон гэлээ. Манайх фермерийн мал аж ахуйг хөгжүүлэх шаардлагатай байгаа. Хажуугаар нь бэл­чээрийн мал аж ахуй нь давхар явж байж болох талаар ч тэд ярина лээ.

Одоо бол манайх хэн нэгэн Доржийн мал эрүүл байлаа ч Дондогийн өвчтэй малтайбэлчээр дээр нийлээд идээшиж байдаг. Иймээс эрс­дэл их гэж гадныхан үздэг. Дэлхийд мах экспортолдог орон олон. Канад, Бразил, Шинэ Зеланд, Аргентин, Авст­рали улсууд малын ма­хаа гадаадад гарган эдийн засагтаа том нэмэр болж байгаа. Тэдэн дотроо Авст­рали, Канад, Шинэ Зеланд, Бразилд бэлчээрийн мал аж ахуй фермерийн аж ахуй­тайгаа зэрэгцэн байж л бай­даг. Манайхаас ялгаатай нь бусдын малтай нийлж бэл­чинэ гэж үгүй. Хувь хувийн бэл­чээртээ л идээшнэ. МанайхСэлэн­гэ, Булган, Дорнод зэ­рэг га­зар тариалангийн бүс нут­гууд­даа ферьмерийн болон бэлчээрийн мал аж ахуйг хослуулан хөгжүүлэх боломжтой гэнэ. Хавар төрсөн тө­­лөө намар фермертээ байл­гажгурван сар хэртэй бордоод хяналтад байлгаж эрүүл гэдгийг нь баталгаажуулахаас гадна өөх махны хэмжээ, шим шүүс, тарган туранхай, махны өнгө зэргийг нэг ижил стандартынх болгоод экспортлох шаардлага­тай байгаа юм.

Ингэхээр энэ салбарт ши­нэч­лэл өөрчлөлт хийх мөн мэргэжлийн байгууллагын үгийг сонсч бодлогыналхам хийх шаардлага байгаа нь то­­дорхой юм. Зөвхөн мах гэлтгүй ноос ноолуур, арьс ширийгэдийн засгийн эргэл­тэд оруулах, ашиг тусыг нь хүртэх боломж бий. Одоо манайх угаасан ноолуураа гаргаж байна. Гэвч самнаж гаргах шаардлага байна. Үүн дээр татварын зохицуулалт дутагдаж байгааг мөн л мэргэжлийн холбоод хүмүүс хэлж байсан. Монгол жилд 6500 орчим тонн ноолуур, 18500 тонн хонины ноос, 1200 тонн тэмээний ноос, сарлагийн хөөвөр 100 тонн бэлтгэдэг.Монголд сүлжмэлийн 150 гаруй үйлдвэр үйл ажиллагаа явуулж байгаа бол нэхмэлийн чиглэлээр таван үйлдвэр л үйл ажиллагаа явуулдаг аж. Энэ салбарыг дэмжиж 2011 онд Засгийн газраас бондын зээл, ноолуурын сал­барыг дэмжиж эргэлтийн хөрөнгө, тоног төхөөрөмжийн шинэчлэлд зориулж таван жилийн хөнгөлөлттэй зээл, 2013 оноостоног төхөөрөмж, технологийн шинэчлэлд зо­­риу­лан хөнгөлөлттэй зээл олгож байв. Гэвч энэ салбарын гол бэрхшээл болоод байгаа зүйл нь нөгөө 6500 тонн ноолуурынхаа 1000 хүрэхгүй тонныг нь эцсийн бүтээгдэхүүн болгож байгаа болохоос 5500 тонн нь урд хөрш рүү татваргүй гараад явчихаж байна. Монголдоо эцсийн бүтээгдэхүүн болгожбайгаа мянган тонныг угаа­хаас эхлээд утас болгох бү­тээг­дэхүүн гаргахад бүх дамжлагад арван хувийн татвараа төлөөд явж байгаа. Гэтэл Хятад руу угаасан ноо­луур гарч 5500 тонн ноолуурыг угаагаад далан хувийн гарцтай гэж үзвэл 3850 тонн угаасан ноолуур экспортод нэмүү өрт­гийн татваргүй гарч байгаа.Ноос ноолуурын холбооны Удирдах зөвлөлийн гишүүн Сор кашемир компанийн за­хирал М.Эрдэнэтуяа энэ талаар“Ерөнхийлөгч, Засгийн га­зар, Аж үйлдвэрийн яам, бүх шатны хүмүүстэй бид уулзсан. Монгол татваргүй гаргажбайгаа болохоор Хятадын тал жил бүр татвараа өсгөөд байдаг. Татварын зохицуулалт зайлшгүй шаардлагатай байгаа” гэлээ. Одоо ноолуу­раа самнаж гаргах хэрэгтэй байгаа. Ингэснээр эдийн зас­гийн хувьд Монголд ашигтай бөгөөд үр ашиг нь дэндүү их. Энэ мэтчилэн монгол ма­лаа баялаг гэж эндээ бөөций­лөөд байхаар хилийн чанадад гаргаж жинхэнэ утгаар нь баялаг болгоцгооё.Хажуухны хөршөөс эхлээд алс холын улс орнууд сонирхлоо илэрхий­лээд эхэлж. Одоо л зөв хөдлөх хэрэгтэй байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Эцсийн буудал буюу бие засах газар

Нохойтойгоо салхилахдаа ялгадсыг нь хийх тусгай ууттай явдаг хүмүүстэй хилийн чанадад явахдаа олонтаа таардаг. Мөн булан тохойд тоох ч үгүй бие засч байгаа монгол хүнийг хараад бид дөжирчихөж. Төвлөрсөн суурин газар нийтийн бие засах газруудыг шийднэ гэдэгтун чухал. Гэрээсээ холхон шиг гараад явахад ариун цэврийн газар хайж, тэвдсэн хүн олон л байх.

Жишээ нь автобусны жолооч, кондуктор нарийн төлөвлөсөн маршрут, шахуу цаг хугацаандзорчигч тээвэрлэдэг. Өдөржин замын хөдөлгөөнд оролцдог эдгээр хүмүүст бие засах цаг ч, ариун цэврийн газар ч олдохгүй.

Тэд ер нь үүнийг хэрхэн зохицуулдаг вэ. Автобусны эцсийн буудлуудад л бууж суух боломж тэдэнд гардаг болохоор энэ үед лбие засдаг аж. Гэвч харамсалтай нь зориулалтын ариун цэврийн газар байхгүй учраас бас л булан тохой, буудлын дэргэдэх ТҮЦ-ийн ар талыг жорлон болгочихдог юм байна. Хүн юм чинь бие засах гэнэ. Гэтэл гэр лүүгээ явж амжихгүй,мэдээж танихгүй айл юу гэж хашаа байшиндаа оруулж бие засуулахав. Ингээд автобусны эцсийн зогсоолууд бие засах газар болж бохир заваан, эрүүл ахуйн шаардлага хангахгүй болсон тухайд яриад ч хэрэггүй биз. Нэг үеэ бодвол цөөнч гэсэн нийтийн бие засах газартай болсон хэдий ч хүрэлцээ муутай, шаардлагатай газраа байршуулахгүй байна. Хотын соёл, ариун цэвэр, хүний эрх ярих дээрээ тулбал автобусны эцсийн буудлуудад бие засах газрыг байршуулмаар л байгаа юм.

Д.МӨНГӨНДАЛАЙ

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Таны өсөн дэвжихэд хэн саад хийв

Нэгэн байгууллагын үүдний өрөөнд зарлал наажээ. “Таны өсөж хөгжих боломжийг хааж, боомилж байсан нэгэн хүн нас барлаа. Түүнийг эцсийн замд нь үдэх ёслолд оролцох хүмүүс спорт зааланд очоорой” гэж уг зарлалд бичжээ. Тэр хүн чухам хэн юм бол хэмээн гайхсан ажилтнууд спорт зааланд байрлах авсанд дөхөж очоод ихэд сандран бүгд хөшиж орхив. Тэнд юу олж харсан гээч.

Авсанд толь тавьсан байж. Авс руу өнгийсөн болгон өөрийгөө л олж харцгааж. Өөрийгөө өсөн дэвжихийг боомилж байгаа тэр хүн бол та өөрөө. Амьдралаа өөрчилж чадах хүн бол та өөрөө. Таны эзэн, дарга өөрчлөгдсөн ч та хэвээрээ л байна. Таны ажлын нөхцөл, найз нөхөд чинь өөрчлөгдсөн ч та л хичээхгүй бол амжилт ирэхгүй. Эх орон баян тансаг байсан ч таны амьдрал та өөрийгөө өөрчилсөн тохиолдолд л өөр болно. Сургамжит энэ өгүүлэл амжилт зөвхөн тухайн хүнээс л шалтгаалдгийг, өсөж дэвжих боломжоо та өөрөө л боомилж байгаа болохоос өөр хэн нэгэнд ямар нэг бурууг оноох хэрэггүйг өгүүлжээ. Өнөөдрийн байгаа таныг та л өөрөө бий болгосон. Та амжилттай сайн яваа бол өөрийн чинь хичээл зүтгэлийнх. Амжилтгүй яваа бол таны бүтээсэн өнөөдрийн хүн та өөрөө. Хүн бүр үүнээс нэгийг бодно биз. Амжилтаас чинь арагш нь татаад байгаа өөрийгөө өөрчлөх гээд үзвэл яасан юм.

Д.МӨНГӨНДАЛАЙ

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Тооноороо дээж өргөдөггүй

Монголчууд цай, сүүнийхээ дээжийг өргөхдөө малгай өмсөх юм уу алчуур зүүж, гэрээсээ гарч сайн сайхан зүйлийг шившин шивнэн цацлаа өргөдөг. Орчин үед ихэнх айл орон сууцанд амьдардаг болсон. Харамсалтай нь орон сууцнынхаа цонхоор дээж өргөчихдөг хүн дэндүү олон байна. Ингэснээр доод давхрын айлын цонх тэр чигээрээ халтардчихна. Цонх угаах тийм ч амар ажил биш. Мөн хэн нэгэн байрны цонхон дор явж байвал эрхэм эмээ, ээж, эгч нарын золиос болж шалба норно. Байрны гадаа тавьсан машинууд цагаан халтар толботой болж дээж өргөгсдийн хийсэн хэргийг гэрчилнэ. Орон сууцны цонх бол монгол гэрийн тооно гэсэн үг. Хэзээ байтлаа монгол хүн тооноороо дээж өргөж байлаа.

Цай сүү өргөж байгаа хүн үргэлж буян бодож өргөдөг. Харамсалтай нь таны цонхоороо өргөсөн дээж заавал хохирогчтой болоод байна. Хүнийг хохироон байж буян үйлддэггүй юм. Цонхоороо дээж өргөж байгаа хүн бол бусдын эд хөрөнгөд халддаг хулгайч нараас нэг их ялгаагүй. Хулгайч нар машины толь, дугуй аваад явчихдаг, хохирогч мөнгө төлж дэлгүүрээс дахин худалдаж авдаг. Харин цонхоороо цайны дээж өргөдөг эрхэм та хэн нэгнийг машин угаалгын газарт мөнгө төлөхөд хүргэдэг. Хамгийн багадаа арав гаруй мянган төгрөг. Өдөр бүр ингээд байвал тэр хүн эдийн засгаараа хэр хохирох билээ. Цаг хугацаагаар яаж хохирохов. Тэгэхээр таны үйлдэл хэн нэгний түрийвчнээс хулгай хийснээс ялгаа алга. Дөнгөж угаалгасан машинаа дахин угаалгах болсон хүн уурлаж уцаарлаж, хамаг муу муухай үгийг л хэлнэ. Сүүний толбыг яаж ч угаалгасан халтардаж үлдээд машины будгийг муухай болгодог. Буян бодсон цацлаа цонхоороо өргөснөөс болж үр дүн нь нүгэл болж хувирах нь тэр. Нэмж хэлэхэд урьд цагт хар гэрт хоригдогсод хатавчаараа сүү өргөдөг байсан гэнэ лээ. Арга ядахдаа л тэр. Харин та буян бодсон бол цайны дээжээ гэрээсээ гарч өргөөрэй.

Д.МӨНГӨНДАЛАЙ

Categories
редакцийн-нийтлэл

Канад инээмсэглэл 2

Төгсгөл. Түрүүч нь
¹022 (3412) дугаарт
Бидний аяллын дараагийн
хот Эдмонтон байв. Цас их орсон ч нэмэх градустай байлаа. Яагаад ч юм Улаанбаатарыг
санагдуулав. Онгоцны буудлаас хотын төв рүү явахад яг л Монголдоо яваа мэт. Гэхдээ
зам нь донсолгоогүй. Неф­тиэр баялаг энэ хот Альберто му­жид харьяалагддаг бөгөөд
энд Монголоос цагаачлан ирээд амь­дарч байгаа
Баатарцогт, Бат­баатар гэх хоёр гэр бүлийнхэнтэй танилцав. Арван гурван монгол айл
энэ хотод байдаг бөгөөд ха­раар ажиллаж амьдардаг хүн алга. Угаасаа харлах тухай
ойлголт байхгүй. Албан ёсны зөв­шөөрөл­гүй бол ажил олдоно гэж үгүй. Тэд өөрсдийгөө Канадад амьдардаг монголчууд биш,
канад монгол хүн гэж байсан.

Нэгэнт л эндхийн хүн
болчих­сон тэдний энэ үг хилээр хөл тавих үед таарсан хятад за­луугийн хэл­сэн үгийг
санагдуулав. Баатарцогт нь нисэхэд дис­пет­черийн
албаны дарга хийж бай­сан. Орост сургууль
төгссөн нэгэн. Хотдоо тээврийн машин барьдаг. “Манайд л дарга болохыг хүн бол­гон
хүсдэг. Энд хүн ажлаа л хийж чадаж байвал сайхан амьдар­чихна. Хүн ер нь сайхан
амьдарч байвал илүү юу хүсэхэв. Энд зээл­гүй хүн гэж байхгүй. Ажил хийж байгаа бол
аяндаа төлчихнө. Харин манайд зээлтэй хүн
өртэй гээд сүйд болдог” талаар ярина лээ. Хувийн байшинтай, эхнэр, хүү, охинтойгоо
амьдардаг юм байна. Хүү нь нээрээ л канад монгол болчихож. Энэ байшин­гийнхаа
зээлийг төлж дуусч байгаа гэнэ. Бас дахиад нэг хаус барьж байгаа бөгөөд одоо амьдарч
бай­гаа­гаа түрээслүүлэхээр төлөв­лөжээ. Гэ­рийн эзэн анх энд пиц­цаны газар ажилд
орох гээд анкет бөглөхдөө баахан дээд сургууль төгссөн, том дарга хийж байснаа бичээд
өг­чихөж. Ажил олддоггүй.

Гэтэл тэр анкетанд
нь хэн итгэх вэ дээ. Тийм олон сургууль төгсөж, дарга хийсэн хүн пицца зөөнө гээд
байхаар худалч нөхөр гэж бодсон биз. Дараа нь анкет бөглөхдөө аль хийж чадах юмаа
бичдэг болж. Тэрээр биднийг “Дэлхийн зөн”-гийн шу­га­маар Монголд амьдрахаар явж
буй нэгэн фермерийн эзэнтэй та­ни­лцуулав. Хотоос зайдуу энэ газраа түрээсэлдэг
бөгөөд гэр бүлийнх нь бизнес юм байна. Тэд тариа тарьж, будаагаа Энэтхэг, Хятад
руу экс­портолдог аж. Ид ажлын үед ердөө гуравхан гэр бүл ирж эднийд хөл­сөөр ажилладаг.
Бусад үед нь өөрсдөө бүхнийг амжуулна. Бид­нийг очиход зас­варын газраас тостойгоо хутгалд­чихсан нэг нөхөр гараад ирсэн
юм. Эзэн нь хэн юм бол гэж бодож зогстол нөгөө тосон­доо хутгалдсан хүн фермерийн
эзэн болж таарав. Хэдэн адуутай бөгөөд манайх шиг малын саравч бас байх юм.

Аяллын төгсгөлд бид
өвлийн олимп болох Ванкувер хотыг зо­рилоо. Сэвсийсэн цас болсон хот байх юм бодсон,
эсрэгээр өмнөх очсон газруудаас хамгийн ду­лаа­хан буюу +18 градусын дулаантай байв.
Байнга бороо шивэрч, өвс ногоо модод нь ногооноороо байх юм. Буудлын цонхоор Ванкуверын
олимп сурвалжлах сэтгүүлчдийн байрлах газар харагдана. Зарим улсаас мэргэжил нэгт
нөхөд минь эрт наашилсан бололтой. Мэр­гэж­лийн камер барьсан те­ле­визийн­хэн энд
тэнд зураг аваад завгүй харагдах нь сэтгэлд ойр.

Мөн том усан онгоцон
дээр зайгүй олон контейнер байр­луул­жээ. Олим­пийн аюулгүй байдлыг нь хангах албаныхан
энд байрлах юм гэнэ. Яагаад усан дээрх хөлөгт байрлаж байгааг ойлгосонгүй. Өвлийн
олим­пийн зарим төрөл энэ жил анх удаа битүү стадионд бо­лох юм. Олимпод зориулж
онгоцны буудлаасаа хот хүртлээ цахилгаан галт тэрэгний зам тавьжээ. “2003 онд олимпийн
эрхээ авснаас хойш тасралтгүй хөдөлмөрлөсөн” гэж биднийг энэ хотод хүлээж авсан
Бритиш Колум­биа мужид суугаа Монгол Улсын өргөмжит консул Тоббин Роббинс тайлбарласан
юм. Хот тэр аяараа олимпийн өнгө аястай болжээ. Олимпийн бэлгэ тэмдэг болсон зурагт
хуудас, туг далбаа хотоор нэг намирчээ.

Өргөмжит консул маань
со­циализ­мын үед Монголд ирсэн дурсамжаа хуваалцав. Хотын замд ганц ч машин харагдахгүй хэрнээ замын цагдаа замын
голд зогсож байсныг ярив. Замын цагдаа ма­шин­гүй
зам дээр юу хийж зогсдог байсныг ойлгоогүй гэнэ. Тэр үед Монгол руу явах виз авах
гэж бөөн чирэгдэл болж байсан аж. Мань хүнийг Улаанбаатарт буусан ца­гаас нь НАХЯ-ны
бололтой хүн хаа ч явсан хажууд нь дагаж явж бай­жээ. Хөрөнгөтөн орноос ирсэн гэж
л сэрдэж дагасан нь тэр.

Ванкувер дэлхийн хамгийн
таатай хотоор сүүлийн арваад жил шалгарч байгаа аж. Тэрнийхээ хэрээр юмных нь үнэ
тэнгэрт хад­чих­сан. Хамгийн доод талын хаус хоёр сая таван зуун мянган ам доллараас
буухгүй.

Энд хууль бол хууль
байдаг юм байна. Бүгд ягштал дагах юм. Үгүйсэн бол газар газрын цагаачид учраа олж
амар амгалан амьдарч чадахгүй байхсан. Хүүхдүүдийг
хов зөөлөө гэж загнадаг бол энд­хийнхэн сайн ховч болохыг сур­гадаг. Тэгээд бэлтгэгдсэн
ховчид нь насанд хүрэхээрээ дутагдлын ха­жуу­гаар дуугүй өнгөрч чаддаггүй, хууль
зөрчсөн нэгэн рүү харж канад инээмсэглэл илгээлээ ч зохих байгууллагад нь ховлож
орхидог бай­на. Хэн нэгэн хууль зөрчсөнөөр өөрийнх нь эрх зөрчигдөх учир ингэж асуудлыг
дор нь шийдчихнэ.

Тусгай зориулалтын
газар там­хилна. Казино, баар, олон нийтийн газраа ч тамхи татахгүй хориглоно. Хууль дүрэм зөрчиж та зөвшөөрөл­гүй газар тамхи
татвал 250 доллар, автомашиныхаа бүсээ зүүгээгүй бол 130 доллар. Улаан гэрлээр давхиад
явчихвал 400 доллар гээд л түрийвчтэй нь яриад эхлэхээр аргагүй дүрэм, журам хуулийг
мөрддөг болдог юм байна.

Хог боловсруулж дахин
ашиг­ладгаараа дэлхийд тэргүүлдэг. Бидний
очсон монгол айлын хүү шил хуванцар савнууд цуглуулж тушаагаад мөнгө олдог бяцхан
бизнестэй. Бизнес нь ашигтай байх нь ааваас нь шалтгаална. Аав нь гайгүйхэн пиво
уугаад байвал шил их цуглардаг гэж хошигнов.
Зарим­даа хүү хогийн сав очиж ухаад шил түүдэг байна. Манайд жирийн амьдралтай айлын
хүүхэд ингэж явбал яасан их муулах бол. Олсон
мөнгөөрөө өөрийнхөө дуртай зүй­лийг авна. Хүүхдийг багаас нь хөдөлмөрт сургах нь
боловс­рол­той бол гэхээс илүүтэй хэрэгтэй зүйл болохыг анзаарав.

Энд замын асуудал үнэхээр шийдэгдэж чаджээ. Хороолол бий болгохын тулд хамгийн түрүүнд замаа
л тавьдаг юм байна. Манайх шиг баахан замбараагүй байшин барилга, гэр, сууцаа барьчихаад
дараа нь замаа шийдэх гэж зовдог­гүй нь илт.
Жаахан ч газар үл­дээлгүй ашиглаж сурсан тэдэнд машины зогсоол гэдэг хүндрэлтэй
асуудал. Томоохон албан байгуул­лага орон сууцууд газар доорх зогсоолд машинаа тавих аж. Тат­вар татаас гэдэг туйлдаа хүрчихсэн газар юм.
Дэлгүүрт тавьсан бараан дээр татвар нэмэгдэнэ.
Төрсөн нь үнэн, үхэх нь үнэн, татвар төлөх нь үнэн гэдэг энд жинхэнэ ёсоороо
байна. Та үхсэн хойноо ч төлөх ёстой өр, татвараа төлнө. Төр танаас татвараа бол
яаж ийгээд авчихна. Хэзээ өр дуусна тэр цагт л яс амрах жишээтэй. Энд тат­варгүй
ганцхан зүйл байдаг. Тэр нь лото. Аз үзсэн лото тоглоом тоглох нь энд элбэг. Лото
тоглоод хожвол татвар авахгүй.

Канадчууд монголчуудыг
мэд­дэг болжээ.Таксинд суухаар Оса­ма Бин
Ладены хамаатан гэлтэй араб царайтай, үс сахал болсон нөхөд жолоо барьж байх юм. Үгэнд дуртай гэж жигтэйхэн.
Заа­вал хаанахынх вэ гэж асуух юм. Нэг таксины
жолоочид монгол хүн гэж хэлтэл би бас монгол гэдэг байгаа. Харахаас араб тэр
нөхрийг яаж ч үгүйсгэх гээд өөрийгөө монгол
гээд байх юм. Бодвол Чингэс өвөг Арабд байлдан дагуулалт хийхдээ мань нөхрийг
бас монгол цустай болгох зам тавьсан юм байлгүй дээ.

Бид ч хөгжил, цэцэглэлт,
их хотын үймээнт амьдралаас дэндүү хол зэрлэгээрээ, дураараа бай­гаа­­гаа их хотын
шуугиант амьд­ралаас Улаанбаатарт буухдаа л мэдэрлээ. Бидний эрх чөлөө тэд­нийхээс
тэс өөр юм. Канад инээм­сэглэл надад лав
таалагдаагүй.

Ванкуверийн олимпод бэлтгэж буй хүүхдүүд

Categories
редакцийн-нийтлэл

Канад инээмсэглэл

Канадын хил рүү ороход
хи­лийн шалган нэвтрүүлэх цэг дээр нэг ази
царайтай нөхөр паспорт бичиг баримт шалгаад сууж байна. Бичиг баримтаа шалгуулангаа
хамт явсан нэг маань үгэнд дурлаж “Өөрөө хаанахын хүн бэ” гэтэл “Канадын хятад”
гэж байна. Инээд­тэй санагдлаа. Манай хилийн
шалган дээр хятад залуу паспорт шалгаад зогсож
байвал ой тойнд буумгүй. Ямархуу интернационал улсад ирснээ төвөггүй
мэдчихлээ. Үнэхээр цагаачдаар дүүрсэн
тэр тусмаа Азийнхан ихтэй юм. Хоёр алхаад л нүүрэндээ инээмсэглэл тодруулсан шар
толгойтнуудтай таарна. Таньдаг юм шиг инээгээд
мэндлэх нь манайд бол хачир­халтай
санагдана. Хэзээ уулзлаа гээд араас нь бодоод олохгүй юм болно. Канад инээмсэглэл
гэдэг нь энэ. Зүгээр л найрсаг сэтгэгдэл төрүүлэх энэ инээд тийм ч үнэн сэтгэлийнх
биш, хуурай хөндий санагдав. Гэхдээ уур хүрэхгүй,
харин ч хариу инээмсэглэх хэрэг гарах юм. Таны эрх чөлөө бусдын эрх чөлөөгөөр хязгаарлагддагийг
энд ёстой хамаг байдгаараа мэ­дэр­нэ. Бусдын
эрх чөлөөг хар­галзан үзэхгүй бол таны эрх чөлөө “будаа” болно гэсэн үг.

Эндхийн амьдрал сайхан
юм аа. Утаа униар алга. Хөгжил цэцэг­лэлт
нь нүдэн дээр ил. Өвөлжин цас будрах бүүдгэр тэнгэрийнх нь дор амар амгалан ноёлох
мэт. Тиймдээ ч эмэгтэйчүүдийн дундаж наслалт
85, эрчүүдийнх нь 75 нас бол­чихоод байна. Эрүүл мэнддээ ан­хаарна гэж тоймгүй. Мөн түргэн
хоол идсээр гамбургер шигээ бие­тэй болчихсон хүмүүс ч олон тааралдах юм.

Зам тээвэр их хөгжсөн
бө­гөөд хальтиргаа гэж алга. Далайн дав­сыг
хайр найргүй замаараа цац­чихдаг бололтой.
Тиймээс маши­нууд нь өвөлдөө мөсөн гулгуур шиг замаар давхихгүй нь сайхан.
За­маар нэг цацсан давс арьсан гутлыг бол
юу ч үгүй болгоно. Дараа жил гутлаа өмсөх гээд гаргаж ирэхэд ул нь хагарчихдаг гэнэ. Сайны ха­жуугаар саар гэдэг энэ юм уу даа.

Аяллаа Оттава хотоос
эхлэв. Фэйрмонд хэмээх буудлын сүл­жээгээр
хот болгонд бууж явсан юм. Тэнд амьдардаг монгол айлын хүүхэд биднийг сүнстэй буудалд
буучихаж гээд шоолоод болдоггүй. Учрыг лавлатал их эртний ал­дартай буудал юм.
“Титаник” усан онгоцны эзэн энэ буудлыг ба­риулжээ. Буудлынхаа тавилгыг “Титаник” хөлөг дээр ачиж яваад эргэж
ирээгүй юм гэсэн. Засгийн газар, парламент нь энэ хотод төвлөрчээ. Хөгшчүүд голдуу
энд амьдрах аж. Хоёр давхраас хэт­рэхгүй
өндөртэй хувийн байшин­гууд хаа сайгүй байх ч эмх зам­бараатай баригджээ. Нөгөө
алдарт канад дүнзэн байшингууд нь энэ. Сэв­сийсэн цасанд дарагдсан бай­шин­гууд
үлгэрийн юм шиг атлаа уйтгар төрүүлэх аж.
Манайхан шиг хатуу ширүүн хүмүүс бол нэг ууран­даа байшингийнхаа ханыг цоолж,
нураачихмаар нимгэн, хэврэг юм шиг.
Уг нь гэр хорооллоо эднийх шиг өртөг багатай, хурдан барьчихдаг байшингуудаар дүүр­гэвэл зүгээрсэн. Байгалийн хий­гээр халаалтаа шийдчихсэн бо­ло­хоор
даарах зовлон алга. Үүргэвчтэй аяллынхан Канадыг “Айхавтар хүйтэн газар юм” гээд
зурагтаар яриад байсныг энд амьдардаг мон­гол­чууд үгүйсгэв. Ямар ч байсан Мон­голдоо
даараад байсан бид энд даарсангүй. Сүрхий дулаалж үслэг хувцастай явсан биш
ичих ч шиг болсон. Байгаль хамгаалах
үзэл ихтэй тэд амьтны арьс нөмөрсөн хүнийг ад үздэг бололтой. Нэг канад залуу хажуугаар
нь өнгөрөх үед “арр, арр” гэхээр нь эргэж харахаар гэмгүй царайлаад зогс­чих юм.
Эсэргүүцэж байгаа нь тэр. Тэр зэрэгтэй өнгөрсөн нь их юм. Бүр будаг цацах, өндөг
шидэх зэргээр байгаль ан, амьтныг өмөөр­дөг
гэсэн. Ер нь энд амьтны арьс нөмөрсөн хүн таараагүй шүү.

Хэдийгээр нутгийн
үндсэн иргэд гэхээсээ илүүтэй цагаачид олон ч хууль дүрмээ барина гэж жиг­тэй­хэн.
Нутгийн уугуул иргэд нь индианчууд болон инуитууд Азийн нүүдэлчдээс гаралтай бөгөөд
Си­бирь, Аляскаар дамжин энд ирж суурьшжээ. Нутгийн индианууд төрхөөрөө бидэнтэй
адил юм аа. Уугуул иргэдийн хувьд мөхөх тийшээ ханджээ. Ихэнх нь архичин, ажилгүй
бөгөөд харж үзэж байгаа нь гэж халамжаар бөмбөгдсөөр мөхөл рүү нь илгээж байгаа
нь энэ юм уу даа. Манай­хаар бол өвгөнтийнхөн голдуу хүмүүс уугуул иргэд нь. Манжийг
хятадууд хөлд нь сууж бөөцийл­сөөр байгаад үгүй хийсэн гэдэг жишээ индианчуудад
ирсэн аж. Аливаа жижиг үндэстэн өөрийн бодолтой байхгүй бол яаж үгүй болдгийн жишээ яруу тодоор
энд байна.

Канад улс Их Британийн
хамтын нийгэмлэгт багтдаг. Их Британийн хатан хаан энэ улсын төрийн тэргүүн бөгөөд хатан хааны бие төлөөлөгч нь эдний амбан захирагч.
Амбан захирагч нь улс төрийн намаас хамааралтай биш дипломат буюу цэргийн албан
хаагч, нийгмийн зүтгэлтнүүдээс сонгон Ерөнхий сайдын санал болгосноор хатан хаан Канадын англи, франц хэлтнүүдээс
таван жилийн хугацаатайгаар ээлжлэн сонгодог байна. Парламент, Зас­гийн газратай
бөгөөд олон намын тогтолцоотой. Тэглээ гээд
улс төр канадчуудад падлийгүй.

Канадад цагаачилсан монгол айлын шинээр барьж буй байшин.

Дараагийн хот Торонто
От­тавагаас огт өөр юм. Энд амьдрал буцалж байна. Хүмүүс нь за­луу­жиж, хувцаслалт
нь хүртэл өөр болоод ирлээ. Онтариа мужийн нийслэл Торонто хотын нэр нь хурал чуулганы
газар гэсэн утгатай үг ажээ. Биотехнологи, техник технологийн төв, банк санхүүгийн
хамаг л гол төвүүд энд бий. Бас алдарт Торонтогийн биржийг хэлэх ёстой. Дэлхийд хамгийн цөөн гэмт хэрэг гардаг хотоор
шалгарсан энэ хотын бахархлын нэг нь алдарт Си Эн цамхаг. Жуулчдыг олноор нь татдаг
энэ цамхаг нь олон арван телевиз, богино долгионы радио дамжуулах цэг төдийгүй
533.33 метр өндөр байгууламжийн 360 метрт байрлах ресторан нь нэг цаг 12 минутад
нэг удаа бүтэн эргэдэг байна. Энэ ресторанд суух зуураа хотыг бүхэлд нь харчихаж
болно гэсэн үг. Торонтод Ниагара хэмээх үзэсгэлэнт
хүрхрээг очиж сонирх­лоо. Өвөл болсон ч хөлдөөгүй,
дуу чимээ ихтэй урсах аж. Эргийн цаана байгаа
Америкийг эндээс харж болох бөгөөд тэндхийн бай­шин­ууд нь ойрхон харагдах юм. Ниагара
хүрхрээ Канад, АНУ-ын хилийн зааг нутгаар
урсдаг бөгөөд жилд 12 сая гаруй жуулчид ирж
сонирхдог. Дэлхийд хоёрт ордог энэ хүрхрээг зорьж ирэх жуулчдын мөнгийг давхар саачих
ухаанаа канадууд олжээ. Ниагара хүрхрээ Америкаас ч харагддаг гэсэн. Ха­рин Канадын
талаас харахад илүү сүрлэг сайхан харагддаг юм байна. Олон давхар барилга бүхий ка­зинод нь хүний хөл тасарсангүй. Үүдээр нь лимузин
тасралтгүй цувах бөгөөд бодвол хөрөнгө чинээ ихтэй их гарын тоглогчид бололтой.

Үргэлжлэл бий.

Categories
мэдээ цаг-үе

Б.Пүрэвдорж: М.Цэдэндорж ахын оршуулга дээр ээж минь “Хүү минь ээждээ бүү гомдоорой” гэж хэлсэн зүрх зүсэм үгэнд цас хүртэл хайлсан болов уу

Яруу найрагч, зохиолч, сэтгүүлч, орчуулагч Мишигийн Цэдэндорж бол Монголын уран зохиолын нэрт төлөөлөл, гайхалтай сод авьяастан байлаа. Түүний дүү Б.Пүрэвдорж олон роман тууж бичсэн манай эмэгтэй зохиолчдын нэг. Б.Пүрэвдоржтой авьяас төгөлдөр ахынх нь талаар хөөрөлдлөө.

Нэг зүйл их сонин са­нагд­­­лаа. Та­ныг Балжин­нямын Пүрэвдорж гэдэг. Гэтэл та­ны ах Ми­шигийн Цэдэндорж. Энэ талаар яриагаа эхэлье.

-Цэдэндорж ах бол миний ууган ах. Гэхдээ ах маань Говь-Алтайд төрсөн. Гал дээрээ төрсөн хүүхэд гэж монголчууд ярьдаг шүү дээ. Ээж маань нөхөрт гараагүй байхдаа гэртээ гаргасан хүүхэд гэсэн үг л дээ.

Нарийн яривал миний ах чинь эрлийз хүн. 2007 онд “Билгүүн хөх салхи” романыг Зохиолчдын эвлэлийн 70 жилийн ойгоор ахдаа зориулж гаргасан. 1932 онд төрөөд 1982 оны хоёрдугаар сарын хоёронд зуурдаар нас барсанюм шүү дээ. Амьдрал нь тэр чигээрээ эмгэнэл. Үхэл нь ч тэр. 1932 онд Говь-Алтай аймгийн нэг суманд, хөдөө эрлийз хүүхэд төрөх ямар байхав. Тэр нь ахад бол нөлөөлөөгүй. Харин манай ээжид тодорхой хэмжээгээр нөлөөлсөн. Тэгээд ээж ахыг таван настай байхад нь Улиастай руу явж, бидний аавтай танилцаад Завханы хүн болчихгүй юу. Тэгээд ах маань таван настайдаа эмээ дээр үлдэж, ээжийн дүү Мишиг ах дээр өссөн юм. Нагац ах Мишиг маань ахыг өсгөж хүн болгосон. Хамгийн гоё нь өөр дээрээ аваад л овоглосон. Пагма эмээ маань жаал цуг байж байгаад нас барсан. Манай Мишиг ах гэрлээгүй шүү дээ. Цэдэндорж ахыг хүн болгож өгсөх гээд. Ах долдугаар анги төгсөөд Багшийн сургуульд явж дараа нь зохиолч болоод Улаанбаатар Говь-Алтайн хооронд ирж очдог сурвалжлагч болсон байгаа юм. Тэгээд Мишиг ах Дуламсүрэн гэж нэг охин өргөж авсан. Миний үеийн нэг эмэгтэй байдаг. Өөрөөр хэлбэл Цэдэндорж ахын дүү гэж явдаг. Мишигийн Дуламсүрэн гэдэг овогтой. Түүнээс Цэдэндорж ах маань манай хамгийн том ах. Бид эхээсээ бол дөрвүүлээ. Ахын дараа ах, эгч хоёр бий. Би отгон нь. Ахдаа зориулж бичсэн роман дээр ахын бүх амьдралыг уран сайхны аргаар гаргасан. Зүгээр намтарчилсан түүх баримт бас биш юм.

Амьдрал нь бас л их адармаатай байсан гэж сонсч байлаа…

-Тийм ээ. Анхны амьдрал нь бүтэлгүйтэж, хоёр дахь нь бас бүтэлгүйтэж эхнэр нь нас барсан. Өөрийнх нь хурц шүлгүүд нь нам төрийн үзэл сурталд тохирохгүй шахаж хавчигдаж явсан. Ах маань гүн сэтгэлгээтэй, шүлэг яруу найрагтаа тухайн нийгмийн болохгүй бүтэхгүйг далд утгаар шүүмжилдэг байсан. Гэхдээ л болно болно, болохгүй юм гэж хаана байхав гэдэг ч юм уу, “Гэрээслэл” гэдэг шүлгээсээ болоод донгодуулах, арга хэмжээ авахуулах, сонинд ажиллаж байхдаа ажлаасаа халагдах зэргээр шийтгүүлж байсан. Миний ах 50 настай өнгөрөхдөө Засгийн газрын жуух бичгээс өөр шагнал гэж юм аваагүй. Тэгэхэд ахын үе тэнгийн 1960-аад оны нөгөө аваргууд Ч.Чимид, Б.Явуухулан, С.Дашдооров, С.Эрдэнэ гуай эд нар төр улсаас ямар л шагнал авдаг юм бүгдийг нь авсан. Харин ах сайн зохиолч, яруу найрагчнэр төртэй орчуулагч, ухаантай хүн байсан гэдгээрээ үлдсэн. Харин 40 мянгатад байранд орчихсон байсан шүү. Намайг хүүхэд байхад зохиолчид их ирдэг байлаа.

Их гайхалтай орчуулагч байсан. Яаж орос хэл сурсан юм бол?

-Өөрийнх нь удамшлын авьяас билэг байсан юм шиг байна лээ. Ахыг Говь-Алтайд багшилж байхад нь хоёр орос бүсгүй мэргэжилтнээр ажиллаж байсан. Тэр хоёрын нэг нь орос хэлний Галсан багштай, нөгөө нь манай ахтай найзалжээ. Тэд дугуйгаар зугаалаад л орос хэлийг хар аяндаа л сурсан гэдэг юм. Ах энэ тухай “Орос хэлийг тэгж л хар ухаанаар сурсан” гэж ярьж байсан. Манай ах шиг орос хэлтэй хүн зохиолчиддунд байгаагүй шүү. Ч.Чимид гуай байсан. Тэгээд манай ах. Тэгээд л ах найзуудаа ирэхээр ширээ дүүрэн орос ном дэлгээд л сэтгүүлүүд үзүүлээд л бүгдийг ярьж өгч уншуулж, тайлбарлаад л Хемингуэй, Есенин, Таагүрийг орчуулаад л. Есенинд шүлгээ зориулаад л. Ахынх дүүрэн гадаад номтой байсан. Би оюутан болоод Багшийн дээд сургуулийн хэл утга зохиолын ангид орж байхад ахын номын сангаас баргийг нь уншчихсан байсан учраас гадаадын уран зохиол надад их л хялбар санагддаг байлаа.

Зан араншингийн хувьд ямар хүн байв. Зохиолч яруу найрагч уран бүтээлчидзан чанарын хувьд өвөрмөц байх нь олонтаа…

-Хачин дөлгөөхөн, сайн хүн байсан. Гуч гаруй хүний дурсамж уншиж бүгдтэй нь уулзаж ахын тухай яриулж, ном бичиж явахад ахын тухай ямар сайхан дурсамжууд хэлж байсан гээч.Би өөрөө ахыгаа 16 ,17 настайгаасаа илүү сайн мэддэг болсон. Наймаас дээш настай байсан байх. Нэг удааах маань ээжтэй уулзах гээд ирсэн.Би тэгэхэд сургууль дээрээ байж байтал ах маань ангийн хаалга нээгээд намайг дуудлаа. Нэг их гоё орос хүн л харагдсан. Надад чихэр өгөөд л “Орой очно гэж ээжид хэлээрэй. Би энд намын хороон дээр ажилтай байна” гээд явахад нь манай ангийнхан гайхаад л нэг орос ахирсэн гэлцээд л бөөн яриа өрнөсөн юм даг. Тэгээд би гэдэг хүн чинь баярлаж дэвхрээд л гүйж яваад цүнхэн дотроосоо хамаг чихрээ унагаачихсан байж билээ. Тэгээд ээждээ очиж “Ах ирсэн. Орой ирнэ гэсэн” гээд л хэлсэн санагддаг. Тэрнээс жаахан сургуульд ороогүй байхад бас ирж байсан. Дараа нь 16 нас өнгөрөөд ахтайгаа хамгийн ойр байж, нас бартал нь хамгийн хайртай дүү нь явлаа. Ах манайхаар байнга ирж, би ахынхаар байнга очдог, нэрт зохиолч, яруу найрагч Явуухулан, Дашдооров, Гайтав, Чимид гуай манайхаар ирдэг, ахынхаар очдог, намайг нөхөрт гараад оюутан болоод байхад манайд ирцгээж надаар цуйван хийлгэж идээд л баахан ярьж суудаг байв. Ахын нас барсан ньих эмгэнэлтэй шүү дээ. Нэг удаа үүнийг яриад ойлгох боломжгүй. Ахыг нас барахад ээж минь амьд байсан юм шүү дээ. Оршуулга дээр нь ээж ирээд хүүгээ үнсч “Хүү минь ээждээ бүү гомдоорой” гэж хэлсэн. Зүрх зүсэгдэм энэ үгэнд цас хүртэл хайлсан болов уу гэж би боддог. Ногоолин өнгөт боржин чулуун дээр нь “Яруу найрагчид минь ээ, Яаж энэ орчлонг аврах вэ” гэсэн найрагч ахын маань шүлгийн мөрийг яруу найрагч Б.Лхагвасүрэнсийлсэн дээ.

Хэр олон шавьтай хүн байв?

-Ахад О.Дашбалбар, Лувсандорж, Л.Мягмарсүрэнгээд олон шавьбайсан.О.Дашбалбар шавь орохдоо хурган дотор бэлэглэсэнюм. Тэр хурган дотор нь эрэгтэй хүний дээлийнх. Аав ээж нь хүүдээ “Багшдаа өгөөрэй” гэж өгсөн үү, өөрт нь хийж өгсөн үү мэдэхгүй. Эрэгтэй хүний дээлийн нэг их гоё хурган дотрыг ах дараа нь надад бэлэглэсэн.Ах надад “Миний дүү монгол дээл их өмсдөг, чамд бас их сайхан зохидог юм чинь үүнийг ав.Дашбалбар надад шавь орохдоо өгч байсан юм” гэж хэлж байсан. Тэгээд би хасаад өөртөө дээл хийлгэж байв. Одоо ч надад бий. Гурав дахь өнгөө татаад элэгдээд гуч гаруй жил болж байна шүү дээ. Ахынхаа өгсөн тэр дээлийг одоо ч хадгалж цагаан сараар өмсчихөөд л явдаг.

Хувийн амьдралынх нь талаар хүмүүс домог шиг л зүйл ярьдаг. Та дээр дурдаад өнгөрлөө. Жаахан дэлгэрүүлэхгүй юу?

-Анхны эхнэр нь Гүнжид­маа. Салаад Лхагважав эгчтэй суугаад долоохон жил амьдраад хань нь хүнд өвчнөөр нас барсан. Тэгээд тэрнээс хойш удаагүй дээ. Хоёрхон жил болоод л дөнгөж тавин насандаа л өөд болсон юм. Амьдрал нь ч, үхэл нь ч өөрийн чинь хэлсэн шиг их адармаатай, эмгэнэлтэй. Нэг удаа яриад өнгөрөхөд багадахаар. Тиймээс ч би бүтэн роман бичсэн юм шүү дээ. Зохиолч Л.Хуушаан ах миний ахтай хачин дотно, их ойр байсан. Ахын маань бүх л зовлон жаргал, бүх уран бүтээлийг нь хуваалцдаг. Ганцаардал, амьдрал, сайн сайхан болгонтой нь хамт байсан хүн. Нас барахад нь хүртэл хамгийн түрүүнд Хуушаан ах л гүйж очсон. Тийм хайртай найз нь учраас би Хуушаан ахыг хүндэлж хайрлаж явдаг юм.

М.Цэдэндорж найраг­чийг яруу найраг бичихэд нь юу нөлөөлсөн юм бол. Багш гэж хэн нэгэн хүн байсан уу?

-Ерөөсөө 15, 16 настайгаа­саа л бичиж эхэлсэн.

Ах тань таныг зохиол бичдэг байсныг мэдэх үү?

-Би дээд сургуульд байхдаа ганцнэг шүлэг бичиж байсан. Ийм том яруу найрагч ахаасаа айгаад бичсэнээ үзүүлээгүй. Гологдоно гээд айсан хэрэг. Би ч анхны номоо бичиж Монголын утга зохиол руу орж ирсэн шүү дээ. “Хоёр сэтгэл” гэж туужбичиж байсан. Ахыг нас барсны дараа л анхны ном маань хэвлэгдсэн дээ. Тэр үед ном хэвлүүлэх их хүнд хэцүү байлаа. Зохиолчдын хорооны Утга зохиолын зөвлөлөөр орно. Өнөө утга зохиолын аваргууд болох С.Эрдэнэ, Ж.Бямбаа, Д.Мягмар, С.Дашдооров, Д.Цэдэв гуай гээд л арваад хүн суучихаад,би бараг эрдмийн зэрэг хамгаалахын дайтай юм болж байж номоо хэвлүүлж байсан. Их сайхан тууж байна гээд хэвлэхээр болов. Дөрөвдүгээр бүлгийг нь Гармаа гуай хасчихсан юм. Тэгээд Цэнд багшид үзүүлж зөвлөгөө авч хурлаар орох эрх аван автлаа ахдаа хэлээгүй. Гэхдээ ах дуулсан байсан юм билээ. “Танай дүү Пүрэвдорж тууж бичээд тэр нь хэвлэгдэхээр батлагдаж. Хэллэг их сайтай” гэж ирээд магтсан байна. Ах нас барахынхаа өмнө надад хэлсэн. “Чиний тухай сонсоод ах нь их баярлалаа. Манай удмын утга зохиолын авьяас билгийн удам бол ээжийн тал шүү. Миний аавын тал биш. Чиний аавын тал биш” гэж хэлсэн. Бид хоёрын өвөг эцэг буюу ээжийн аав Чимид гэж мундаг заргач хүн Говь-Алтайд ойр тойрныхоо хүмүүсийн заргын өргөдлийг бичиж өгдөг, тэр нь цаашаа амжилт олдог байсан юм билээ. Одоогоор бол хуульч өмгөөлөгч маягийн юм уу даа. Тийм бичиг соёлтой хүн байсан. Манай ээж их цэцэн цэлмэг хүн байв. Зүгээр ярихдаа цэцэн цэлмэг үг хэлж хүний инээд хүргээд байдаг. Ахын тэр үг одоо ч санаанд тодхон байна.Гэвч ах маань номыг минь уншиж амжилгүй нас барсан. Би тэгээдоршуулга дээр нь “Ахынхаа хийж гүйцээгүй бүхнийг хийж гүйцээнэ. Монголын утга зохиолд Мишигийн Цэдэндорж, Балжиннямын Пүрэвдорж гэсэн утга зохиолын мөрийг таслахгүй” гэж хэлсэн юм. Орчуулагч Ж.Бадраа гуай “Миний хүү ямар сайхан үг хэлдэг юм бэ. Яг үүндээ хүрээрэй” гэж хэлж байсан. Тэрнээс хойш ахыгаа бодсоных ч юм уу, бичих цаг нь болсон ч юм уу уран зохиол бичих ажилдаашууд орчихсон. “Хүний дайтай явахсан” туужийн номоо 1988 ондгаргаад Үйлдвэрчний төв зөвлөлөөс зарласантом хэлбэрийн хүүрнэл зохиолын уралдаанд тэргүүн байр эзэлж байлаа.

Олон томчуудын роман бүтээлийг ялж тэргүүн байр эзэлсэндээурам аваад шүлгийн хоёр түүвэр гаргасан. Зохиолч хүнд нэг их сонин юм байдаг. Бичиж байх үедээ л ерөнхий санаагаа олоод шууд урсаад байдаг. Дараа нь дахиж санана гэж үгүй. Хэзээ хойно эргээд уншихад би ингээд хэлчихсэн юм уу гэж өөрөө гайхдаг. Би ээждээ их баярладаг юм. Монголын утга зохиолд хоёр сайхан хүүхэд төрүүлжээ. Хөдөөний бичиг үсэг мэдэхгүй хүн шүү дээ.

Цэдэндорж ахын үхлийг жам ёсных биш, хүний оролцоотой гэж боддог

Авьяас төгөлдөр яруу найрагч Мишигийн Цэдэндорж агсны амьдрал, уран бүтээл, үхлийн талаар ам дамжин яригдсаар өдийг хүрсэн ч тоймтой мэдээлэл нэлээд алсарсан. Тиймээс түүний дүү зохиолч Б.Пүрэвдоржтой уулзаж ярилцсанаа өчигдрийн дугаартаа хүргэсэн билээ. Ярилцлагын үргэлжлэлийг хүргэж байна.

Цэдэндорж агсан аавыгаа ямар хүн байсныг амьд сэрүүндээ мэдсэн үү?

-Үгүй ээ, мэдээгүй шүү дээ. Ээж маань огт хэлээгүй. Ах маань намайг “Ээжээс асуугаад өг” гэж яван явтлаа гуйсан. “Чи одоо том болчихсон юм чинь ээж хэлэх байх. Миний дүү ээжээс асуугаадах” гээд. Ээж ердөө хэлж өгөөгүй. Эцэст нь ээж минь энэ бүх нууцаа өөртөө үлдээгээд л өнгөрсөн дөө. Гэвч ахын маань аавын тухай олон таамаг Говь-Алтайнхан ярьдаг юм. Сүүлд нь “Тэр биш байжээ, тийм хүн байж” гэж ирээд л хэлж, таамаг дэвшүүлдэг хүмүүс байж л байдаг. Өнөөдрийг хүртэл бид хэн гэдгийг нь мэдэж чадаагүй л дээ. Гэхдээ ах маань яалт ч үгүй эрлийз хүн. Араншин, хоол ундаа идэж байгаа нь биеэ авч яваа соёл,хүнтэй харьцаж байгаа нь, юмыг мэдрэх цар хүрээ нь ямар өөр гээч. Ахаасаа хойш би нэг их өнчирсөн ш дээ. Би одоо сэхээтний хүрээлэлд амьдардаг. Манай нөхөр техникийн их сургуулийн профессор эрдэмтэн доктор хүн. Миний хүрээлэл гэхэд багшийн их сургуулийнолон багш, танил найз нар, Хөгжим бүжгийн коллежид насаараа багшиллаа.Олон зохиолчдын дунд ажиллалаа. Тэгсэн мөртлөө миний ахын зиндааны хүнтэй таарч байсангүй. Миний ахын ухаан надад үргэлж үгүйлэгддэг. Тэгмэгц нь уншиж эхэлдэг. Ном л уншдаг. Ном бол миний дотнын нөхөр. Хааяа Цэнд багштайгаа очиж зохиолын талаар ярилцдаг. Ах маань нийгмээсээ хамаагүй эрт сэтгэчихсэн хүн байж.

Цэдэндорж агсны үр хүүхэд гэж бий юу?

-Байсаан. Анхны эхнэрээс нь төрсөн Доржмаа охин ньөнөөдөр амьд байсан бол 57 настай байх байсан. Бурхан болчихсон. Доржмаагийн гурван хүүхэд байдаг. Ахын зээ нар гэсэн үг. Нэг нь Бельгид, нөгөө хоёр нь Улаанбаатарт бий. Надтай холбоотой. Гүнжээ эгчээс нэлээд хэдэн хүүхэд гарсан ч зарим нь манай ахынх мөн, биш гэсэн асуудал байдаг. Харин тэр том охин Доржмаа бол ахын хүүхэд мөн. Дараа нь Чингис гэж хүү байсан нь бас нас барчихсан. Хамгийн сүүлд Гүнжээ эгчээс нэлээд хэдэн хүүхэд гарсны дараа Алтайбаатар гэж хүү төрсөн. Тэрхүүхдийг өөр айлд өргүүлчихсэн. Овог өөр. Гэхдээ тэр Алтайбаатар гэдэг нэрийг ах өгсөн болохоор би мөн байх гэж боддог. Яагаад гэвэл ах маань Алтайбаатар гэж их ярьдаг байхгүй юу. Тэрийг нь бодоод мөн байж магад гэж би боддог. Лхагважав эгчээс Дунгалмаа гэж охин гарсныг нь би өөрийн хүүхдүүдтэй хамт өсгөж байсан. Тэрнийг маань Лхагважавэгчийн төрсөн дүү нь Болгар руу найман настайд нь авч явсан. Би өгөхгүй гээд, гэтэл тэдгуйсаар байгаад авч явсан юм. Дунгалмаа маань Болгарт очиж аравдугаар анги төгсөөд машины ослоор нас барчихсан байна лээ. Хэзээ хойно надад хэл дуулгасан. Бэр эгчийн дүүнадаас гуйж авч яваад дараа нь өөд болчихсон болохоор санаа нь зовдог бололтой надад хэлэлгүй удсанюм билээ. Бэр эгчийн дүү“Монголд ерөөсөө очихгүй Пүрэвдоржийн царайг яаж харах юм” гэж хүнд ярьсан гэсэн. Тэгээд ч тэр үү одоо болтол Монголд ирээгүй. Манай дүү нас бараад хориод жил болж байна. 1975 оны хүүхэд байсан.

Та нар ээжээсээ хэдүүлээ юм бэ?

– Дөрвүүлээ. Хамгийн том нь Цэдэндорж ах. Тэгээд бас ах эгч хоёр, бага нь би. Миний нэг эгч бий. Бага ангийн багш хийж байгаад одоо тэтгэвэрт суусан. Зохиолчид хэлдэг юм. “Цэдэндорж азтай юм. Өөрийнх нь тухай, бүхэл амьдралаар нь роман бичээд мөнхөлсөн уран бүтээлч дүүтэй” гэж ярьдаг. Үүнд би их баярлаж явдаг. Бас энд нэг зүйлийг хэлэх хэрэгтэй. Ахтай маань дотно сайхан нөхөрлөж, уран бүтээл, сэтгэл санаагаа хуваалцаж явсан олон сайхан хүмүүс, зохиолч нар бий. Энд бүгдийнх нь нэрийг дурдаж багтахгүй учраас нэр дурдагдаагүй хүмүүс ойлгох байх гэж найдаж байна. Ах маань Л.Түдэв, Хуушаан хоёртоосогтуу харагдаж болохгүй гэдэг байсан. Л.Түдэв гуайтай бүр арван жилийн сургуульд байхаасаа их дотно. Нас барсных нь дараа Л.Түдэв гуай “М.Цэдэндорж нь бурхны гүн ухааны ёсоор бол лонгуу биеэрээ буцаад чойгуу биеэ үлдээжээ. Лонгуу бие буюу буцах бие мөнх биш болохоор эрт орой хэзээ нэгэн цагт явж л таарна. Харин чойгуу буюу номын бие нь хүмүүст үлдээд буян хийсээр бүрэлгүү буюу хувилгаан бие болон хувирдаг гэж бурхны гүн ухаанд сургадаг болой. Тэр л ёсоор М.Цэдэндорж энэ бие нь буцавч чойгуу бие нь номноо шингэн үлджээ. Цэдэндорж бол өнөө үеэр зогсохгүй ирээдүй хойч үеийнхний мэлмийд сүндэрлэх эрдэнийн уул” гэж дурсамж бичсэн шүү дээ. Ахыг 48-тай байхад эхнэр нь нас барсан. Тэгээд ах ганцаараа болохоор хүмүүс их очиж архи уугаад болдоггүй ээ. Тэгэхээр нь би гэртээ авчирсан юм. Манайх гуравдугаар хороололд хоёр өрөө байртай байсан. Хойд унтлаганыхаа өрөөнд ахыг байлгаад л бид том өрөөндөө байсан. Ахыг гадагш гаргахгүй гэж. Ах маань миний үгэнд ороод манай жижиг өрөөнд хоригдоод байгаам шүү дээ. “Та архи ууж болохгүй, хүүхэн эргүүлж болохгүй, энд уран бүтээлээ хийгээд л байж бай” гээд би гэртээ хорьчихсон хэрэг. Манай хэд бүгдээрээ ажилдаа яваад өгчихнө. Ах маань орой цэцэрлэгээс манай бага охин өөрийн охин Дунгалмаа хоёрыг авдаг байхгүй юу. Тэгсэн чинь Мандал багшийн хүүхдүүдийг нэг орос хүн л аваад байх юм гэж манай байрныхан ярьж байсан байгаа юм. Мандал гэж миний ханийн нэр л дээ. Тэгсэн нэг удаа ах алга болчихов оо. Гэтэл манайд Лувсандорж гэж шавь нь ирсэн юм. Одоо талийгаач болчихсон л доо. Тэр Лувсандорж шавь нь ахыг дагуулж яваад архи уугаад орой хүргэж ирлээ. Би чинь учиргүй загнаад л. Архи гэдгийг үздэггүй байлаа шүү дээ. Ахыг манайд байхад яруу найрагч Г.Мэнд-Ооёо, Лувсандорж, Одончимэд гуай энэ хэд хааяа ирдэг байсан. Ах гурван сар шахам манайд байсан. “Ах нь архи уухгүй, авгай эргүүлэхгүй, номын сандаа очъё, энэ хэдэн ном чинь ерөөсөө болохгүй юм. Юу ч хийж болохгүй юм” гээд надад залбирахаа алдаж гуйгаад байсан. Тэгээд гэрт нь хүргээд өгсөн юм. Гэтэл тун удалгүй тэр хэдэн хүн гэрт нь архи авч очин,ахмаань нас барчихсан. Манайхаас явснаасхойш таван сар орчим болоод л өнгөрсөн. Одоо бодож байх нь ээ тэр сайхан залуу эр хүнийг хүнтэй уулзуулахгүй шоронд оруулчихсан юм шиг гурван сар байлгаж л байдаг гэж өөрийгөө буруутгаж боддог. Ах их зөөлөн хүн байсан. Баргийн хүн ингэх үү. Би ч гэсэн намайг тийм удаан хориод байвал гараад л давхичихна шүү дээ. Би өөрөө дөч гараад төдий насанд хүрээд ирэхээр л “Яана, муу ахыгаа арай ч дээ, гарч орно л биз дээ. Эхнэр хүүхэн эргүүлнэ л биз дээ, тэр насанд чинь гэрлээд хүүхэд гаргаад өчнөөн ном бичээд суух л нас байсан байна шүү дээ” гэж бодож байхав дээ.

Найрагчийн үхлийнталаар их л сонин зүйл ярьдаг. Үнэн худал нь мэдэгдэхгүй олон зүйл сонсч байсан болохоор ойр дотно байсан дүү нь та л тодорхой зүйл хэлэх байх…

-Асар их эмгэнэл. Чи тэрийг сонинд тавих юм уу, тэгвэл би ярьж болж байна.

Сониндоо тавих гэж л асууж байгаа юм шүү дээ.

-Гэрт нь хэд хэдэн хүн архидсан байгаа юм. Тэр нь 1982 оны нохой жил. Хуушаан зохиолч барайчихсан орж ирээд энэ мэдээг надад дуулгасан. Шинийн гуравны өдөр байсан юм. Ахтай маань санал солилцож хааяахан уулздаг орчуулагч Цэрэн, өөрийн дотнын найз Олонбаяртайгаа, мөн Д.Жамьян, хурандаа Батсүрэн, хурандаа Үнэнбат гэж хоёр цэргийн даргатай олон жил орон шоронгоор явсан Маанийн Цэрэндорж гэдэг хүмүүс гэрт нь хоёршил коньяк авч очсон байдаг. Яагаад тэнд очсон нь өнөөдөр ч оньсого. Янз бүрийн эрээвэр хураавар мэргэжлийн хүмүүс, миний өмнө огт сонсч мэдэхгүй тийм хүмүүс яагаад тэр цагт ахынд архи авч очив. Тэр бүрий олддоггүй коньяк хаанаас гараад ирсэн юм. Өдөржин шөнөжин уусан ч ухаан алдталаа согтдоггүй найрагч яагаад орондоо түрүүлгээ харж бурхан болсон юм. Хамгийн гайхмаар нь Жамьянгаас бусад нь өнөөдрийг хүртэл биднээс уучлал гуйгаагүй. Усанд хаясан чулуу шиг алга болцгоосон. Оршуулгын комисс байгуулагдаж гэр бүлээс нь дүү нь болох намайг, мөн зохиолч Наваансүрэнг оруулсан юм. Нөгөө хамт байсан хүмүүс гурав хоног баривчлагдаж, долоо найм хоног байцаагдаад л гарсан байдаг. Харин шүүх эмнэлгийн дүгнэлт архи хэтрүүлэн ууснаас зүрхний шигдээс болсон гэж гарсан байсан. Үдийн хоёр цагийн орчим орцны шатан дээр айлын хүнтэй таараад цоо эрүүл, золгоод явж байсан хүн шүү дээ. Ах маань хоёр цагийн дотор гүнзгий согтох хүн биш. Тэгээд ч хоёр шил коньяк тийм олон хүн уухад яасан гэж согтохов. Магадгүй ах тэдний архидалт, гэрт нь дураар ирээд элдэв муу юм ярьсанд уурсан хөөсөн байх. Тэд магадгүй өөр зорилготой ирсэн байх. Бүтэн 14 хоног оршуулгыг хойшлуулж, шүүх эмнэлгийн моргт ахын шарил байгаад л байсан. Ах маань түрүүлгээ харж унтдаггүй хүн байсан. Дандаа хажуу тийш харж хэвтдэг хүн байсан.

Найрагчийн үхэл гадны нөлөөтэй гэж үзэх юм бол ямар шалтгаанаар түүнийг хөнөөсөн байж болох вэ?

-Гадны нөлөөтэй, тэр нь үзэл суртлын л асуудал байсан.

Тухайлбал, ямар нэг нууц мэдэж байсан юм уу, эсвэл түүнд дайсагнадаг хүмүүс байв уу?

-1982 он шүү дээ. Ах маань их тайван, хэр барагтай хүнтэй муудаад байдаггүй хүн. Яахав ганц хоёр зохиолч нар уран бүтээл хувь хүнийх нь хувьд таагүй зүйл хийсэн гэж ярих хүмүүс байдаг юм. Харин үхэлд нь улс төрийн болон, үзэл суртлын зүйл нөлөөлсөн, захиалгатай байсангэж боддог. Жишээ нь ахХристийн судрыг түрүүчээс нь орчуулж байсан юм билээ. Тэрийгдараа нь талбай дээр хүмүүс нууцаар тараасан энэ тэр гээд ярьдаг юм. 1970-аад оны сүүл, наяад оны эхэн шүү дээ. Үзэл суртал ямар байлаа. Тийм зүйл орчуулах хориотой байсан үе.Ах нэг удаа хэлж байсан юм. Тэрний орчуулгын мөнгийг Англиас Швейцарийн ч билүү банк руу шилжүүлсэн байгаа.Шимаа ахтай чинь ярьж байгаад Европоор дүүгээ дагуулаад нэг зугаалнаа гэж нас барахаасаа хэдэн сарын өмнө хэлж байсан юм. Тэр үед Чехээс Монголд сууж байсан элчингийн хүн л дээ, Шима гэж. Ахтай их найз. Харин ахын нас бардаг өдөр буюу шинийн гурванд ахтайгаа золгоогүй очиж золгоно доо гэж бодож байсан юм. Учир нь би төрөөд нялх биетэй байсан болохоор очиж амжаагүй байлаа. Гэтэл орой 18 цаг өнгөрөөд тэр аймшигтай мэдээ ирсэн. Тэр жил ахын тавин насны ой болж, ахын гэрт нас барахаас нь яг хорь хоногийн өмнө хэдэн зохиолч, уран бүтээлчид, Хуушаан ах бид хэд “Тавин насны өндөрлөг дээрээс” шүлгийг нь сонссон юм. “Өнөөдөр би тавь хүрлээ, Өнгөт орчлонд тавин жил наран мандахыг харлаа. Тавьтайдаа цэцэг эрвээхэй оддыг хараад Тавтай хүүхэд шиг баярлаж байна. Алдаа онооны тавин жил Ард минь хоцорлоо. Аргамаг хүлэг минь давхи давхи…” гээд л уншиж билээ. Тэр орой ахынхаас гарахад ах минь намайг үнсээд, би бас ахыгаа үнсээд гарсан. Тэр өдөр ахдаа үнсүүлж, ахыгаа үнсээд гарсандаа одоо ч баярладаг юм. Хамгийн сүүлийн шүлэг нь тэр.Ахын үхэлтэй холбоотой, өөр олон зүйл бий. Тэрэнтэй холбоотой мөрдлөг энэ тэр эхэлчихсэн байсан. Одоо ч би жам ёсны үхэл биш, хүний оролцоотой үхэл гэж боддог. Ахын үхлээс ес хоногийн өмнө Б.Явуухулан найрагч өөд болсон байсан. Ахын нас барсантай холбоотой нарийн юм их бий. Энэ талаар тэгж байгаад бичих санаа бий. Олон зохиолч зуурдаар нас барсан байдаг, их сонин шүү.

Ахыг тань өөд болдог өдөряах гэж тэр хүмүүс очсон юм бол. Яг тэр үед ямар үйл явдал болсон юм бэ?

-Тэр өдөр түүнтэй сүүлийн үед үерхэж багахан хугацаанд хамт байсан бүсгүй нь утсаар ярихад хөлчүү хүмүүс гэрийн утсыг нь аваад “Цэдэндорж байхгүй. Өөр утсан дээр байгаа” гэж тоглоом тохуу хийгээд байхаар нь санаа зовж ажлаа эртхэн амжуулаад яаран очиход нь гэрийн хаалга нь онгорхой. Зочны өрөөнд нь хэдэн согтуу эр сууж байсан гэдэг. Унтаж байгаа гэхээр нь ухасхийн өрөөнд нь ороход ах маань орныхоо урдуур гараа унжуулчихсан түрүүлгээ хараад хэвтэж байхаар нь очоод эргүүлэх гэтэл бие нь хөрчихсөн байж. Айдаст автсан бүсгүй “Та нар хүн алчихсан байна шүү дээ” гээд хашгирч гараад азаар тэр байранд амьдардаг эмч таараад гучин минутын өмнө амьсгал хураасан байна гэж хэлсэн юм билээ. Энэ тухай хамгийн түрүүнд Хуушаан ахад дуулгасан юм билээ. Ах маань “Улаан тоост хорвоогийн жам, Усчин хүн усандаа үхнэ Урьдын лай биш өнөөгийн хүслэн Урхинд загас орсон ороогүй Уран зохиолын далайд би эцэслэнэ” гэж бичиж байв.

Ах тань, мөн та бичгийн авьяастай. Танайханд, үр хүүхдүүдэд нь тийм авьяастай хүмүүс бий юу?

-Бөх хүний хүүхдүүд бөх болох нь их юм. Бас дуучид байна. Авьяас нь их удамших юм.Харин утга зохиолынхудамших нь ховор. Миний хүүхдээс зохиолч, яруу найрагчид болоосойгэж боддог ч тэгсэнгүй. Гэхдээсэтгүүлч, орчуулагч хүүхэд байна. Дашрамд хэлэхэд Говь-Алтайнхан маань жил бүр ахын нэрэмжит яруу найргийн уралдаан зохион байгуулдаг. Мөн нийслэлийн 50 дугаар сургууль ахын нэрэмжит. Олон жил тасралтгүй нэрэмжит уралдаан тэмцээн зохион байгуулж байдагт нь их баярладаг юм. Сүүлийн хэдэн жил яруу найргийн тэмцээн уралдаанд ахынхаа нэрэмжит шагналыг би хувиасаа өгдөг болсон.

Та сүүлийн үед ямар уран бүээлүүд туурвиж байна?

-Дандаа роман туурвиж байгаа юм. Буриад, Өвөрмонголд хэвлэгдэн гарч ирсэн. Буриадууд эх хэлээ мартаж магадгүй гээд гайгүй сайн зохиолуудыг эх хэл дээрээ залуучуудад уншуулах том төсөл явагдаж байгаа юм байна. Буриадын “Байгаль” сэтгүүл дээр цувралаар гарч байсан номыг маань хэвлээч гэж олон сургууль санал хэлж Буриадын Соёлын яам нь хөрөнгийг нь гаргаж хэвлэлээ. “Даяанчийн хяслан” роман Өвөрмонголд хэвлэгдсэн. Хамгийн сүүлд Цэдэнбал даргын тухай “Зүрхэнд бадамласан гал” гэж роман бичлээ. Энэ роман маань Өвөрмонголд одоо хэвлэгдэхгэж байна. Буриадууд бас орчуулаад гаргах гэж байна. Одоо бичиж байгаа ном маань наян хувьтай явж байна. Ахыгаа өнгөрсний дараа “Билгүүн хөх салхи” гэж амьдралынх талаар уран сайхны аргаар бичсэн ном хэвлэсэн. Мөн бүтээлийг нь эмхэтгэж “Бурхан буудайн хөх салхи” номыг нь хэвлүүлж байлаа.