Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эрдэнэт үйлдвэр улс төрийн байгууллага шиг болжээ

“Эрдэнэт” үйлдвэрийн ОХУ-д төлөх 100 сая.ам долларын асуудал ил болов. Засгийн газар хоорондын хэлэлцээрийг соёрхон батлах тухай хуулийн төслийг УИХ хэлэлцэх үеэр 2012 оноос өнөөдрийг хүртэлх ногдол ашгаа Эрдэнэт үйлдвэр ОХУ-д төлөөгүй талаар яриа өрнөлөө. Энэ ямар учиртай юм гэдгийг УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, О.Баасанхүү нар Төрийн өмчийн хорооны удирдлагаас асууж тодруулсан. Төрийн өмчийн хорооны дарга Ц.Нанзаддорж өнөөх ногдол ашгийг банкинд хадгалж байсан ч өнгөрсөн жил эдийн засаг хямралтай байх үед зарцуулаад дууссан тухай дуулгав. Тэр ч бүү хэл “Одоо ногдол ашиг төлөх мөнгө байхгүй. 100 сая ам.долларын өрөнд орчихоод байгаа” гэж хэлсэн. Яагаад дор бүр нь шилжүүлээгүй гэдэг асуудал гарахад Совет хуралдаж ашгаа хуваах шийдвэр гаргаагүй гэж хариулсан юм. Энэ нь Эрдэнэтийг 100 гаруй сая ам. долларын өрөнд оруулах нөхцөл бүрдүүлсэн юм байх. Учир мэдэх хүмүүс энэ үйлдвэрийн дөрвөн жилийн ахуйн зарцуулалт ийм хэмжээний ам.доллар болно гэж байхгүй гэж үзэж байгаа. Энэ өр яагаад үүссэн тухайд Төрийн өмчийн хорооны дарга “Төрийн албан хаагчийн цалин тэтгэмж зэргийг үйлдвэрийн ноогдол ашгаас суутгаснаас..” гэж тайлбарлаж байгаа харагдана лээ. Одоо ийм их хэмжээний өрийг төрөөс төлүүлэх дээрээ тулчихаж. Зарцуулахаа болохоор дур мэдэж зарцуулаад төлөхөө болохоор төрөөс дэмжлэг авна гэдгийг юу гэж ойлгохов. Мөн ногдол ашгийг банкинд байршуулахдаа ямар гэрээ байгуулж, хэдэн хувийн хүү авахаар тохирч, хадгалуулсан тухай мэдээллийг Төрийн өмчийн хороо өгөх боломжгүй гэж байсан. Тэгсэн мөртлөө хэний зөвшөөрлөөр ямар зүйлд захиран зарцуулсан нь тодорхойгүй.

УИХ-ын чуулганы хуралдаанаар ил яригдсан ноцтой мэдээлэлд хэвлэл мэдээллийнхэн анхаарал хандуулахгүй, анзааргагүй өнгөрнө гэж үү. Хэвлэлүүд шүүмжлэх нь шүүмжилж, илүү мэдээлэл олж олон нийтэд мэдээлэх үүргээ гүйцэтгэсэн. Дэлхийн ямар ч улсад Эрдэнэтийн дайтай үйлдвэр нь хамтарсан компанид шилжүүлэх мөнгөө банкинд хадгалж байгаад өөрсдөө дур мэдээд зарцуулсан бол олон нийтэд мэдээлнэ, шүүмжилнэ. Үүний араас мөшгинө. Харин ч ийм мэдээлэл УИХ дээр нь яригдаж байхад, өөрсдөө үгүйсгэж чадахгүй хүлээн зөвшөөрөөд сууж байхад дуугүй өнгөрвөл хэвлэл мэдээллийнхэн захиалга аваад дуугүй өнгөрлөө гэж хардуулах биш үү. Гэтэл энэ үйл явдлыг мэдээлж, шүүмжилснийх нь төлөө Эрдэнэт үйлдвэрийнхэн улс төрийн байгууллага шиг мэдэгдэл гаргаж. Мэдэгдэлдээ “Компанийн үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлсөн, хамт олны нэр хүндэд халдсан, илт гүжирдсэн, баримт нотолгоогүй зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж байгаа. Эдийн засаг хүнд байгаа үед үйлдвэр хэвийн ажиллаж, үр ашгаа нэмэгдүүлж, бүтээмжээ дээшлүүлэх арга хэмжээ авснаар орон нутгийн төсөвт хуулийн дагуу татвараа төвлөрүүлэн, ажилчдадаа ажлын үр дүнгийн болон зэсийн үнийн урамшууллыг олгожээ. Тус үйлдвэр 2015 оны эхний есөн сарын байдлаар үйлдвэрлэлийн төлөвлөгөөгөө биелүүлж, 219.5 тэрбум төгрөгийн татвар, нийгмийн даатгалын шимтгэл төвлөрүүлсэн. Нэг тонн зэсийн өөрийн өртгийг тогтмол бууруулан сүүлийн хоёр жилд 140 орчим тэрбум төгрөгийн хэмнэлттэй ажилласан байна. Гэтэл зарим хэвлэл мэдээллийн хэрэгсэл “Эрдэнэт” үйлдвэрийг алдагдалд орж, үйлдвэрлэлийн үйл ажиллагаа доголдож байгаа мэтээр буруу ташаа мэдээлэл олон нийтэд цацаж байгаа нь компанийн хэвийн үйл ажиллагаанд нөлөөлөх эрсдэлийг бий болгож байна. Иймд баримт нотолгоогүй, захиалгат мэдээ мэдээлэл түгээсэн хэвлэл мэдээллийн хэрэгслийг хуулийн байгууллагаар шалгуулах болно” гэжээ. Компанийн хэвийн үйл ажиллагаа эрсдэлд орох зүйлийг хийж, ногдол ашгаа төлөөгүй, улсаа өрөнд унагаж байгаа тус үйлдвэрийнхэн үү, тэрийг мэдээлсэн хэвлэл мэдээллийнхэн үү. Зуун сая ам.долларыг хэвлэл мэдээллийнхэн санаанаасаа зохиогоод эсвэл өгүүлэхгүй гээд байгаа биш шүү дээ.

Шүүмжилсний төлөө шүүхэд өгнө гэдэг арай дэндсэн хэрэг. Монголд ийм буруу жишиг тогтож байна. Шүүмжилсний төлөө шүүх эрүү үүсгэдэггүй. Энэ бол цагийн гарз. Үзэл бодлоо илэрхийлэх, мэдээлэл олж авах нь Үндсэн хуулиар олгогдсон эрх. Хэн ч юуг ч шүүмжилж болно. Үзэл бодлоо илэрхийлж болно. Ялангуяа хэвлэл мэдээллийнхэн мэдээлэх үүргээ гүйцэтгэнэ.

Улс төрийн байгууллага шиг мэдэгдэл гаргаж байгаа энэ байгууллагын удирдлагад үеийн үед эрх баригч буюу сонгуульд ялсан нам өөрийн хүнээ тавьдаг. Монголбанк, МҮОНРТ, гааль, мэргэжлийн хяналт гээд олон байгууллагад мөн л ялсан нам өөрийн хүмүүсээ шургуулж, удирдлагаар нь өөрийн хүнээ тавьдаг.

Эрдэнэт үйлдвэр гэхэд бүх юм нь нууц далд. Ямар бараа материалыг яаж худалдаж авдаг, тендер нь хэрхэн явагддаг нь ойлгомжгүй. Тэр улстөрчийнх, энэ бөхийнх, олны танил ийм хүний бизнес л гэлцдэг. Тодорхой хэсэг бүлэг хүнээс өөр бусад нь Эрдэнэтийн гэх тендерт оролцох ёсгүй юм шиг байгаа юм.

Иймэрхүү байгууллагаас ямар нэг мэдээлэл авах гэж бөөн хүнд суртал, хэдэн давхар шалгуур давна. Мэдээлэл өгөхийн тулд хэн нэг дарга сэтэртнүүд нь заавал хянаж, гар хөлийн үсэг зурна. Эсвэл мэдээлэл өгөхөөс татгалзана. Өөр газраас мэдээлэл олоод авчихвал шууд захиалгатай гэж гүтгэнэ. Хэвлэлд сайн, муу олон талын мэдээлэл гардаг. Сайн сайхан бүтэж болж байгааг мэдээлэхээр захиалгатай гэнэ, болж бүтэхгүй байгаа мэдээллийг баримттай нь тавьсан ч захиалгатай гэнэ. Ардчиллаар олж авсан хэвлэн нийтлэх эрх чөлөөг захиалгат гэдэг үгээр дорд үзэж үгүйсгэх болж. Хэрэв хэвлэлийг мэдээлэл нийтэлснийх нь төлөө захиалгат гэж байгаа бол үүнийгээ тухайн байгууллага хувь хүмүүс нотлох хэрэгтэй.

Хэзээнээс ч юм “Эрдэнэтэд шахах” гэдэг үг гарч, одоо бол жирийн хэллэг болж. Тэр шахаа гэх зүйл нь улс төрийн эрх ашигт үйлчилдэг шиг байгаа юм. Томоохон улсын үйлдвэр улс төрийн байгууллага шиг болсны гор. Эрдэнэтийн гэх ганц ил тендер зарлаж байхыг мэдэхгүй. Гэтэл Оюу толгой идэвхтэй ажиллаж байх үедээ байнга ил тендер зарлаж, ажилтан авах, бараа материал худалдан авахаа ч заавал хэвлэл мэдээллээр олон нийтэд ил зарладаг. Эрдэнэтийн тэр шахаа гэх зүйлийг ч бас тендер зарлаж өрсөлдөж байж л шийдэх зүйл байх. Гэхдээ хэн өрсөлдөөд хэн ялдаг нь олон нийтэд ил биш. Оюу толгойг хэн хүнгүй шүүмжилж л байдаг. Тэглээ гээд улс төрийн мэдэгдэл хийвэл хөрөнгө оруулагчид, хувьцаа эзэмшигчид тэр байтугай дэлхий чихээ дэлдийлгэн гайхна. Гэтэл Эрдэнэт үйлдвэр улс төрийн байгууллага шиг л байдаг. Эрдэнэтийг улс төрөөс ангид байлгахын тулд төрийн өмчийн 51 хувийг задалж, үндэсний томоохон компаниудад хувьчилчихвал улс төрийн элдэв шахаанаас гарах биз. Монголын 51 хувийг 26:25 буюу төрд 26, хувийн хэвшилд 25 хувийг нь өгчих хэрэгтэй юм. Тухайлбал МАК, МСS, Гацуурт, Алтан тариа, Талх чихэр, Монполимет, Петровис, Сод Монгол, АПУ, Авзага трейд, Гандирс зэрэг үндэсний томоохон компаниудад тодорхой хувь өгчихвөл төрд эрхлээд, ялсан намд үйлчилж, улстөржөөд байх нь үгүй болно.

Ялсан нам өөрийн хүнээ даргаар тавихаа болино. Ингэхээр үйл ажиллагаанд нь ямар нэг улс төрийн хүчин, улстөрч оролцохгүй гэсэн үг. Ингэвэл энэ үйлдвэр улс төрийн байгууллага шиг биш, аж ахуйн байгууллага болно.

Categories
мэдээ цаг-үе

А.Гансүх: Хувь хүний хийх улс төрөөс үнэтэй Монгол төрийн эрх ашиг гэж байна

Зам, тээврийн сайд асан, УИХ-ын даргын хуулийн бодлогын зөвлөх А.Гансүхтэй уулзаж ярилцлаа.

-Сайдын ажлаа өгснөөс хойш хэвлэлд огт ярьсангүй. Энэ хооронд УИХ-ын даргын хуулийн бодлогын зөвлөхөөр томилогдсон, бас Хонконгийн арбитрийн шүүхэд заргаа авлаа, АН-ын генсек болох гэж байна, дахиад Зам, тээврийн сайдаар томилогдох гэнэ, ЗГХЭГ-ын дарга болох гэнэ гэх мэт олон мэдээлэл сонсогдсон. Ярих зүйл ихтэй л байгаа биз дээ?

-Сайдын ажлыг өгөөд нэг жил болж байна. Ярья гэвэл ярих зүйл байна аа. Арбитрийн шүүхийн ялалтын хувьд энэ бол би ажлаа хуулийн дагуу зөв хийж байсны л баталгаа юм.

-Тэгвэл АН-ын генсект өрсөлдсөн талаар чинь сонирхмоор байна л даа. Ямар нэг улс төр орчихов уу, яг юу болсон бэ?

-Би энэ албан тушаалд өрсөлдөхгүй гэж нэрээ татсан.

– Яагаад?

-Би ажилтай хүн. Төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллагын даргын хуулийн бодлогын зөвлөх гэдэг бол их чухал ажил. Тиймээс энэ ажлыг үр дүнтэй хийх нь зүйтэй гэж үзсэн. -Таныг дахиад Зам, тээврийн сайдаар томилох нь гэж бодож байлаа. Танай салбарынхан ч гэсэн тэгж ярьж, хүлээлт үүссэн байсан. Гэтэл үгүй байжээ?

-Таны энэ асуултанд би хариулт өгчихсөн.

-Би ажилтай хүн гээд үү. УИХ-ын даргын зөвлөх хүн ямар зөвлөгөө өгдөг вэ?

-УИХ-ын даргад өгдөг зөвлөгөөг хэвлэлд ярих боломжгүй. Ажлын онцлог тийм. Харин Зам, тээврийн сайдаар ажиллаж байхдаа юу хийсэн талаар асуувал яасан юм бэ.

-За тэгье. Та Зам, тээврийн сайдаас огцорч ажлаа өглөө. Өөрийгөө зам, тээврийн салбарт юу бүтээсэн гэж дүгнэх вэ?

-Би огцроогүй. Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийгдэж би сайдын албан тушаалаас чөлөөлөгдсөн. Энэ бол зарчмын ялгаа. Нөгөө талаар би хийсэн ажлаа тайлагнах нь л зүйтэй болов уу. Сайдын ажлыг УИХ дүгнэдэг. Харамсалтай нь ажлаа өгөхдөө УИХ дээр ажлаа тайлагнах боломж гарсангүй.

-Та салбарын сайдаар ирэхдээ ийм, тийм юм хийе гэсэн бодол, төлөвлөгөөтэй л байсан биз….

-Засгийн газарт бүтцийн өөрчлөлт хийснийхээ дараа Ерөнхий сайд асан Н.Алтанхуяг олон нийтэд хийсэн мэдэгдэлд зам, тээврийн салбарын амжилтын тухай тодорхой дурдсан. Эндээс харахад миний удирдсан яамны ажил гайгүй дүгнэгдээд байх шиг байгаа юм.

-Тухайлбал…

Тэр бүхнийг багтааж ярина гэвэл сонины зай хүрэхгүй л болов уу. Ганцхан жишээ хэлье. Тухайлбал, 2012 онд Зам, тээврийн яам байгуулагдахад Монгол Улс нийт 2699 км хатуу хучилттай авто замтай байсан. 2013, 2014 онд нийт 2655 км хатуу хучилттай авто зам баригдсан. Үүнээс Баянхонгор, Дорноговь, Дундговь, Өмнөговь, Хөвсгөл, Сүхбаатар гэсэн зургаан аймгийн төвийг Улаанбаатар хоттой хатуу хучилттай замаар холбосон. Мөн аймгийн төвийг нийслэлтэй холбох ажлын хүрээнд 28 сум хатуу хучилттай замаар гол замтайгаа холбогдсон. Ингэснээр Монгол Улсын хатуу хучилттай авто замын нийт урт нь 5354 км болсон. Түүхэн амжилт шүү.

-Таныг ажил авах үед Монгол Улс 2699 км хатуу хучилттай замтай байж. Таныг сайдаар ажилласан хоёр жилийн хугацаанд 2655 км зам баригдаж гэж ойлгож болох уу?

-Нэгдүгээрт, манай замчид үнэхээр хичээж хөдөлмөрлөсөн. Хоёрт, ЗТЯ-наас долоо хоног тутам зам дээр очиж байнгын хяналт тавьж ажилласан. Би л гэхэд өөрөө сар тутам бүх замын ажлыг биечлэн очиж шалгаж байсан. Гуравт, санхүүжилтийг богино хугацаанд шийдэж, ЭЗХЯ, Сангийн яам, Хөгжлийн банктай нягт хамтран ажилласан. Дөрөвт, нэг компани чадахгүй байж урт замын ажил гэрээлж авчихаад энд тэндгүй дуусаагүй ажилтай олон жил болдог байсныг болиулж техникийн хүчин чадалд нь таарсан ажлыг өгөх болсон. Тавд, хугацаандаа замаа барьж дуусахгүй нь тодорхой болсон компанийн гэрээг хугацаа алдахгүй цуцалж, дараагийн гүйцэтгэгчийг яаралтай оруулдаг зохицуулалтыг хийсэн. Хамгийн гол нь надад 2008 оноос хойш хамт явсан ажлаа мэддэг мэргэжлийн баг байсан. 2012-2014 онд авто зам барьсан рекорд үзүүлэлтийг цаашид удаан хугацаанд дахиж давтаж чадахгүй.

-Яагаад?

-Өөрөө харж байгаа биз дээ. Шийдлийн Засгийн газар 2015 онд нэг ч аймгийн төвийг нийслэлтэй холбосон авто зам барьж чадсангүй. 2012 онд байгуулагдсан Шинэчлэлийн Засгийн газрын ЗТЯ бол залгамж чанараа хадгалсан ганцхан яам байсан. Манай баг 2008 оноос ажиллаж хүрсэн амжилтаа 2012 оноос ахиулаад цаашаа явсан. Бусад яам харьцангуй шинээр эхэлж байсан.

-Танай баг ЗТЯ-нд буцаж ирлээ гэх юм. Энэ ямар учиртай юм бэ?

-Жинхэнэ төрийн мэргэшсэн албан хаагчид шүү дээ. Н.Төмөрхүү сайдын үед ажлаас чөлөөлсөн байсныг М.Зоригт сайд буцааж томилсон байна лээ. Буруу биш биз дээ. Тэдгээр хүмүүс ямар ч улс төрийн намын гишүүн биш, тэгээд ч хамгийн сайн ажиллаж байсан. Тэд муу ажиллаад халагдсан биш, улс төрийн шалтгаанаар ажлаасаа халагдсан байсан. Тийм чадварлаг багтай ажиллаж байсандаа бахархдаг. М.Зоригт сайд болон энэ мэргэшсэн баг ирээд замын ажил эрчимжиж байна. Одоо аймгийн төвийг Улаанбаатар хоттой холбох замын ажил эрчимжиж, баригдана гэсэн итгэл төрж байна. М.Зоригт сайд өөрөө биечлэн замаар явж шалгаж, асуудлыг газар дээр нь шийдвэрлэж байна. Энэ их чухал.

-Авто зам ийм байдаг юм байж, МИАТ-тэй холбоотой шүүмжлэл их гардаг?

-МИАТ-ийн удирдлагыг нь олон жилийн турш улс төрийн бялуу хуваах зарчмаар дарга нь томилдог байсан. Энэ л шүүмжлэл үүсгэдэг шалтгаан. Зөвхөн 2005-2012 онуудад “МИАТ” ХК-ийн ТУЗ нь 5-6 удаа өөрчлөгдсөн бөгөөд дээрх хугацаанд компанийн бүтцийг 12 удаа, гүйцэтгэх захирлыг зургаан удаа өөрчилж байсан байна. Би сайд болоод улс төрийн бус мэргэжлийн шалгуураар үе дамжсан гавьяат нисгэгч хүнийг захирлаар томилсон. Ашгүй одоо ч ажлаа хийж байна. Энэ нь “МИАТ” компанийг улс төрийн томилгооноос салгах гэсэн оролдлого юм. Төрийн өмч буюу ард түмний өмч болсон “МИАТ” компанийн үйл ажиллагааг дэмжиж, зах зээлд эзлэх байр суурийг бэхжүүлэх, түүний үнэлэмжийг дээшлүүлэх олон ажил хийгдсэн. Засгийн газар албан ёсоор тогтоол гаргаж үндэсний агаарын тээвэрлэгчийн статус олгосон. Мөн 2013 оны нэгдүгээр сард олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн Английн “Skytrax” байгууллагын үнэлгээгээр “МИАТ” компанийн үйлчилгээ гурван одын зэрэглэлд хүрснийг албан ёсоор зарласан. Энэ үнэлгээг гаргахын тулд 800 гаруй үзүүлэлтээр нарийвчилсан чанарын үнэлгээ хийж зэрэглэл тогтоодог. Амжилт байгаа, түүнийг олж харах хэрэгтэй. Гэхдээ МИАТ бол агаарын тээврийн салбарын нэг хэсэг. Энэ салбарт олон шинэчлэл хийгдсэн. Агаарын тээврийн салбарт төрөөс баримтлах бодлого баримт бичгийг 2011 онд ЗТБХБ-ын дэд сайд байхдаа ажлын хэсгийг нь ахлан боловсруулсан бөгөөд салбар хариуцсан сайдын ажлыг аваад УИХ-аар 2013 оны нэгдүгээр сард батлуулсан. Энэ бодлого батлагдсанаар Монгол Улсын агаарын тээврийн салбарын хөгжлийн шинэ үе эхэлсэн гэж хэлж болно. Ингэхэд авто замаас гадна агаарын шинэ замууд тавигдсан шүү дээ.

-Агаарын зам гэдгээ тайлбарлаач?

-2012 онд намайг сайд болоход Монгол Улсаас найман чиглэлд (Москва, Бээжин, Хонконг, Сөүл, Токио, Осака, Берлин, Хөх хот, Иркутск) нислэг үйлдэж байсан бол 2013-2014 онд Монгол Улсаас нэмж найман чиглэлд (Шанхай, Бангкок, Сингапур, Франкфурт, Парис, Манжуур, Хайлаар, Эрээн) олон улсын нислэгийн шугам нээсэн. Өөрөөр хэлбэл, агаарт найман чиглэлд шинэ зам тавьсан гэж бас хэлж болно. Гэхдээ эдийн засгийн шалтгаанаар эхнээсээ зогсч байх шиг байна. Дандаа ийм байхгүй биз дээ. Агаарын тээвэр бол ирээдүйгээ олон жилийн өмнөөс бэлтгэдэг онцлогтой салбар. Дэлхийн бусад оронтой агаарт хийсэн өрсөлдөөн гэж хэлж болно.

-Сингапурын нислэг нээгдлээ гэсэн, удалгүй зогсоосон байсан. Та их л ажил болж байж энэ эрхийг авсан гэсэн?

-Намайг ажлаа өгснөөс хойш зогсоосон байна лээ. Харамсалтай шийдвэр. Нэгд, Сингапур ниснэ гэдэг бол Засгийн газрын мөрийн хөтөлбөрт орсон зорилт байсан. Хоёрт, Засгийн газар ч аялал жуулчлалыг дэмжинэ гэдэг бодлого барьж байсантай уялдаж байсан. Гуравт, Бээжингээс зорчигч авах эрхтэй нислэг байсан. Үүнийг тавдугаар эрх гэдэг. Тэгээд ч 1.3 тэрбум хүнтэй Хятад, жилд 50 сая зорчигч хүлээн авдаг Сингапурын хооронд 100 суудалтай онгоц дүүргэж чадахгүй байна гэдэг бол МИАТ-ийн маркетинг муу байна л гэсэн үг. Бурууг бид өөрсдөөсөө хайж сурах хэрэгтэй.

-МИАТ дахиад хоёр шинэ онгоц авна гэсэн юу болж байгаа бол?

-Би авна гэдэг байр суурьтай байсан. Одоо харин яах гэж байгаа юм бол доо. Шинэ сайдаас нь асуух хэрэгтэй байх. Дашрамд шинэ “БОИНГ” онгоцыг “Чингис” бондын мөнгөөр авсан гэдэг ташаа ойлголтыг залруулах нь зүйтэй байх. Уг онгоцыг АНУ-ын “ЭКЗИМ” банкны урт хугацааны зээлээр авсан. Энэ зээлийг авахад АНУ-аас Монгол Улсад сууж байсан элчин сайд, хатагтай А.Кэмпбэлл улс төрийн асар их дэмжлэг үзүүлснийг дурдах нь шударга болно.

-Төмөр замын асуудлаар улстөржсөн шүүмжлэл, улс төрийн тоглолт маш их хийгдэж байна. Та тайлбар хэлэх үү?

-Өнөөдрийг хүртэл хийгдсэн ажил нүдэнд ил учир шууд хэлье. Баримт нотолгоо нь байгаа учир гүтгээд ч нэмэргүй биз ээ. Төмөр зам бариагүй зургаан жил боллоо гэдэг. 2010 оны зургадугаар сарын 24-нд УИХ-аас Төрөөс төмөр замын талаар баримтлах бодлогын бичиг баримтыг баталсан. 2010 оны арваннэгдүгээр сард төмөр зам барих эрхийг Монголын төмөр зам ХК (МТЗ)-д олгосон. 2011 оны наймдугаар сард 55 сая долларыг Хөгжлийн банкнаас олгох шийдвэр гарсан ч энэ мөнгө олгогдоогүй. Харин 2012 оны сонгуулийн үр дүнд байгуулагдсан Шинэчлэлийн Засгийн газар өмнө нь өгнө гээд өгөөгүй 55 сая долларыг олгохоор 2013 оны нэгдүгээр сард шийдвэрлэсэн. Дараа нь 2013 оны гуравдугаар сард ЗГ тогтоол гарган Чингис бондоос 400 сая доллар олгохоор шийдвэрлэн мөн оны тавдугаар сараас эхлэн 200 сая долларыг үе шаттай олгож эхэлсэн. УИХ бодлогын бичиг баримтыг баталснаас хойш гурван жилийн дараа 2013 онд л шинэ төмөр зам барих төсөл эхнийхээ санхүүжилтийг авч ажлаа эхлүүлсэн гээд бод доо. Энэ мөнгөөр нэг жилийн хугацаанд шинээр барих нийт 1800 км шинэ төмөр замын ажлын зургийг бүрэн хийлгэж дуусгалаа. Намайг 2014 оны аравдугаар сард ажлаа өгөхөд Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр замын нийт барилгын ажлын 44.98 хувийг, газар шорооны ажлын 77.3 хувийг хийсэн.

-Өнгөрсөн онд болсон хоёр хөршийн төрийн тэргүүнүүдийн айлчлалын чухал сэдэв нь төмөр замын салбартай холбоотой байлаа. Хоёр хөршийн айлчлалаар та чухал гэрээнүүд байгуулсан тухай сонирхмоор байна л даа…

-Тийм ээ. Тэр гэрээнүүд чинь одоо манай дарга нарын хаана ч очсон ярьдаг сэдэв болоод байгаа. Харин онцлон хэлэхэд төмөр замын салбар нь зөвхөн эдийн засгийн агуулгатай биш, улс орны ирээдүйн хөгжилд чухал үүрэгтэй геополитикийн салбар гээд ярихаар намайг мөн ч олон хүн шүүмжилж байсан даа. Гэхдээ хоёр хөршийн тэргүүнүүдийн Монгол Улсад хийсэн айлчлалын гол сэдэв төмөр зам байсан, улс гүрний тэргүүнүүд нүүр тулан уулзаж зөвшилцөлд хүрч байж шийдэгдэж байгаа нь би буруу яриагүйн баталгаа болсон болов уу. Ер нь юм юм л болсон доо.

-Ер нь юу болсон гэж? Одоо тэр талаараа ярьж болох уу?

-Улс орны эрх ашигтай холбоотой ярьж болох болохгүй зүйл, ярих цаг хугацаа гэдэг нэг зүйл байна.

-Гэхдээ болоод өнгөрсөн зарим зүйлийг тайлбарлахгүй бол мушгин гуйвуулах, буруу ойлголт өгөхөөс эхлээд асуудал бий шүү дээ. Тэгэхээр ярих боломжтойгоос нь ярьчихаж болохгүй юу?

-За яахав. Жишээ нь, Хоёр хөрштэйгөө төмөр зам, транзит тээвэр талаар баримтлах чиглэлийг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлөөс (ҮАБЗ) тогтоож хэлэлцээр хийх үүргийг надад өгсөн байсан. ҮАБЗ, УИХ-аас өгсөн чухал үүрэг даалгаврыг хэрэгжүүлэх гэж гадаад оронтой хэлэлцээр хийж байхад учирч байсан хамгийн хүндрэлтэй нь хэлэлцээр хийгч тал биш, харин дотоодын улстөрчид байсан нь харамсалтай. Тэд хэлэлцээрт улс төрийн дэмжлэг үзүүлээгүй атлаа саад болж байсан нь хамгийн их урам хугалж байсан. Гэхдээ би болон манай баг байр сууриа хатуу хамгаалж чадсан. Үр дүнд нь ҮАБЗ-ийн удирдамжийг хэрэгжүүлж Монгол Улсын ирээдүйн хөгжлийг хангасан хэлэлцээрүүд хоёр хөрштэй байгуулж чадсан.

Энэ хэлэлцээрүүдийг хийх боломжийн төлөө ямар тэмцэл болсныг УИХ дахь АН-ын бүлгийн гишүүд, ЭЗБХ-ны гишүүд, УИХ-ын 2014 оны долдугаар сарын 1-ний өдрийн чуулганы хаалттай хуралдаанд оролцсон Их хурлын гишүүд мэдэж байгаа. Хоёр хөрштэй гэрээ хэлэлцээрийг хийхэд Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, УИХ-ын дарга З.Энхболд болон Ерөнхийлөгчийн баг болох П.Цагаан, Зөвлөх Л.Пүрэвсүрэн (одоо ГХ-ийн сайд) ҮАБЗ-ийн нарийн бичгийн дарга Ц.Энхтүвшин, ажлын албаны дарга О.Очиржав, референт Ё.Жаргалсайхан, Гадаад хэргийн дэд сайд Д.Ганхуяг (одоо ГХЯ-ны төрийн нарийн бичгийн дарга), Бээжин дэх элчин сайд Ц.Сүхбаатар нарын дэмжлэг болон чуулган дээр байр сууриа илэрхийлж үг хэлсэн УИХ-ын гишүүн М.Энхболд, Л. Цог, Н.Энхболд, Р.Бурмаа, Ж.Батзандан, Х.Баттулга, Р.Амаржаргал, Ч.Хүрэлбаатар, С.Бямбацогт, Ё.Отгонбаяр, Ж.Энхбаяр, Д.Батцогт, С.Дэмбэрэл, Д.Дэмбэрэл, О.Баасанхүү зэрэг нэр бүхий УИХ-ын гишүүдийн дэмжлэг үнэлж баршгүй тус болсон болохыг онцлон тэмдэглэе. Ямар ч байсан Зам, тээврийн сайдын хувьд миний баримталж байгаа байр суурь зөв гэдгийг УИХ баталсан. Чуулганд оролцсон нийт 53 гишүүн бүгд миний байр суурийг дэмжиж саналаа өгсөн.

-УИХ урд чиглэлийн төмөр замын царигаа нарийн байхаар шийдсэн. Ер нь энэ царигийн маргааны талаар та байр сууриа илэрхийлээч..

-Би олон удаа хэлсэн. Одоо дахин хэлье. Энэ асуудлаар хэн нэгэн улстөрчийн, аль нэг намын байр суурь гэж байх ёсгүй. Төрийн бодлого байх ёстой гэж би үздэг. Учир нь улс орны ирээдүйн урт хугацааны хөгжлийн маш чухал асуудал. Тийм ч учраас би Зам, тээврийн сайд байхдаа баримтлах удирдамж боловсруулж ҮАБЗ-д танилцуулсан. ҮАБЗ хаалттай хэлэлцээд дэмжиж, маш тодорхой удирдамж гарсан байгаа. Хэвлэлээр олон нийтэд мэдээлэх боломжгүй.

-Та бас өмнө нь хэвлэлд иймэрхүү хариулт өгч байсан. УИХ-ын хаалттай хуралдаан дээр яригдсан гээд тодорхой бус байдаг.

-Мэдээж яригдсан. Mанай хоёр хөрш их гүрнүүд, улс төр, эдийн засгийн тодорхой бодлоготой. Тиймээс бид ч бас төрийн бодлоготой байх ёстой. “Хар хайрцагны бодлого” ч гэдэг. Тэр бодлогын дагуу бүх шийдвэр гарч байгаа. Тэр тухай та асуугаад ч би хариулахгүй.

-Та УИХ-д өргөн барьсан төмөр замын тогтоолд гарын үсэг зурахгүй гэсэн гээд тухайн үед шуугьж байсан. Тэр шалтгаанаа одоо хэлж болох уу?

-Энэ асуудлыг мартаагүй байгаа юм уу? Маш ойлгомжтой шалтгаантай. 2014 оны гуравдугаар сарын 18-ны өдөр ҮАБЗ хуралдаж, төмөр замын асуудлаар хоёр хөрштэй хэлэлцээр хийхэд баримтлах чиглэл удирдамж баталсан. Түүнийг хэрэгжүүлэх үүргийг надад даалгасан. Үүний дагуу хоёр хөрштэй хэлэлцээр хийж эхэлсэн. Гэтэл хэлэлцээр дуусаагүй байхад буюу 2014 оны зургадугаар сард Ерөнхий сайд асуудлыг УИХ-д өргөн мэдүүлэхээр намайг гарын үсэг зур гэсэн. Гэтэл ҮАБЗ-өөс болохоор хэлэлцээрийн үр дүнд үндэслэн УИХ-д өргөн мэдүүл гэдэг чиглэл өгсөн байсан. ҮАБЗ-өөс өгсөн чиглэл, удирдамж зөрчигдөх учраас би өргөн мэдүүлэх нөхцөл бүрдээгүй байна гэдэг үндэслэлээр гарын үсэг зураагүй. Учир нь хоёр хөрштэй хийж байгаа хэлэлцээр дуусаагүй байсан.

-Тэр үед таныг танхимынхаа эсрэг ажилладаг, үгэнд ордоггүй гэх шүүмжлэл нэлээд явсан байх аа?

-Би хууль, Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг мөрдөж ажилласан. Салбар хариуцсан сайдын хувьд яагаад гарын үсэг зурахгүй шалтгаан, түүний хуулийн үндэслэл, цаашид гарах үр дагаврыг Ерөнхий сайдад баримт, нотолгоотой тайлбарлаж хэлсэн. Ажиллах хугацаандаа би аливаа хууль зөрчсөн үйлдэл дээр санал нийлдэггүй байсан. Тэгээд ч хууль зөрчиж шийдвэр гарга гэдэг шахалтыг хүлээж авахгүй, тиймээс үгэнд ордоггүй байсан гэвэл үнэн.

-Энэ хугацаанд бэрхшээл нэлээд байжээ гэж ойлголоо…

-Бэрхшээл үргэлж байдаг л юм. Харин зохион байгуулалттай дарамт, шахалт, эсэргүүцэл байсан нь харамсалтай. Тэр ч бүү хэл сайдын албан тушаалаасаа огцор гэдэг дарамт ирж байсан. Гэхдээ төмөр замын асуудал яригдаж байх 2013 он болон 2014 оны эхний хагаст болсон үйл явдлууд, зарим нэг улстөрчдийн хандлага надад эргэлзээ, болгоомжлол төрүүлж, зүгээр орхиод явж болохгүй юм байна гэж бодох болсон. Тийм ч учраас 2014 оноос эхэлсэн олон удаагийн дарамт, шаардлагад автаж сайн дураараа чөлөөлөгдөх огцрох өргөдөл өгөөгүй юм.

-Улс төрийн дэмжлэг үзүүлээгүй гэж ойлгогдож байна?

-Ямар нэгэн үл ойлгогдох шалтгаанаар салбарын ажилд саад учруулж эхэлсэн.

-Тодорхой жишээ хэлж болох уу?

-Засгийн газраас шинэ төмөр замыг санхүүжүүлэхээр шийдвэрлэсэн 400 сая долларын үлдэгдэл 200 сая долларыг өгөхгүй байгаагаас шалтгаалан төмөр замын барилгын ажил зогссон. Мөн шинэ төмөр замын төслийг санхүүжүүлэхээр гадаадын банк, санхүүгийн байгууллагуудаас ирүүлсэн 600 сая долларын саналыг ЗГ-аар хэлэлцүүлэхээр 2014 оны зургадугаар сарын 5-нд хүргүүлсэн хэдий ч Засгийн газрын хуралдаанд ч оруулж өгөөгүй.

-Мөнгө олоод ирж байхад уу?

-Баримт нь байгаа. Хэрэв Засгийн газар бондын санхүүжилтийн үлдэгдэл 200 сая долларыг МТЗ компанид өгөөд, гадаадын банк санхүүгийн байгууллагаас санал болгож байсан 600 сая долларын санхүүжилтийн асуудлыг шийдвэрлээд өгсөн бол Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам энэ онд баригдаж дуусах байлаа.

-Төмөр замыг гацаасан, их хэмжээний хөрөнгө мөнгө идсэн уусан гэдэг хардлага байдаг?

-Улс төрийн зорилготой зориуд тарааж байгаа хар пиар. Гацааж байсан юм бол сөрөг хүчин болох МАН-ын сайд Н.Төмөрхүү миний дараа энэ албан тушаалыг аваад 10 сар ажиллахдаа тэр гацааг гаргаад явна биз дээ. Гэтэл нэг хүрз шороо ч нэмэрлэж чадаагүй. Н.Төмөрхүү сайдын буруу биш. Төмөр замын ажлыг гацаах эрх мэдэл нь Зам тээврийн яам дээр байхгүй. Гацаа нь өөр газар буюу Засгийн газар дээр байсан. Хэн, яагаад гэдгийг ч хэлж чадна. Хөрөнгө мөнгө завшсан гэх асуудлыг АТГ шалгаад үгүй гэдгийг тогтоосон. Гэхдээ миний өөрийн хүсэлтээр шалгасан. Харин гүтгэсэн хүн нь шүүхээр ял авсан. Ер нь төмөр замын бүтээн байгуулалтын мөнгө Зам, тээврийн яамаар дамжаагүй, мөнгө яаманд хамаагүй байдаг. Мөнгөний асуудал Сангийн яам, Хөгжлийн банк, Монголын төмөр зам компанийн хооронд л явагддаг. Тэгээд ч миний дараа 2014 оны аравдугаар сараас хойш өөр намын сайд энэ албан тушаалд очлоо. Тийм л луйвар байгаа юм бол илрүүлээд гаргаад ирэх хугацаа хангалттай боллоо шүү дээ. Миний сонссон дам яриагаар бол Н.Төмөрхүү сайдыг томилогдсоны дараа Их хурлын зарим гишүүн төмөр замтай холбоотой бүх материалыг хуулбар хийж авч тэр луйврыг хайсан гэсэн. Тэгж тэгж мухардсан. Луйвар хийсэн бол би ингээд байж байх уу.

-Төмөр зам барина гээд шороон далан барьсан гэдэгт тайлбар өгнө үү?

-Юуны өмнө даланг шороогоор барьдаг гэдгийг хэлье. Тавантолгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын даланг Солонгосын “Samsung” компани барьж, түүний хяналтыг Германы төрийн өмчит “Германы төмөр зам” (Deutsche Bahn) компанийн герман инженерүүд хянаж ажилласан. Тиймээс ямар ч алдаа гараагүй, олон улсын түвшинд хийгдсэн. Ямар ч луйвар байхгүй. Тухайн үед Ерөнхий сайд Н. Алтанхуяг газар дээр нь очиж үзсэн. УИХын дарга бас очсон. Саяхан шинэ сайд М. Зоригт очсон байсан. 1000 сонсохоор нэг очиж үзэх нь зүйтэй. Энэ асуудлаар хаана ч, хэний ч өмнө би шалгуулахад бэлэн гэдгийг хариуцлагатай хэлье.

-Таван толгой ордыг ашиглахтай холбоотой Хөрөнгө оруулалтын гэрээний талаар та дүгнэлт бичиж, шүүмжлэлтэй байр суурь илэрхийлсэн. Яагаад?

-Миний бичсэн санал, дүгнэлтийг дахиад уншаад үзвэл та яагаад гэдэг асуултын хариултаа олно доо. Маш товч хэлье. Учир нь энэ талаар маш их зүйл ярьж болно. УИХын 10 гишүүнтэй ажлын хэсгийн гаргасан 90 хуудас дүгнэлтэд тодорхой бичигдсэн байгаа. Энэ гэрээг бэлтгэсэн хүмүүс Монгол Улсын эрх ашгаас урвасан гэж УИХын ажлын хэсгийн дарга Л.Эрдэнэчимэг гишүүн хэлсэн. Би санал нийлж байгаа.

-Арай хатуу хэлж байгаа юм биш үү?

-УИХ-ын 10 гишүүний гаргасан дүгнэлтийг үндэслэж хэлсэн үг шүү дээ. Үгүй гэдгээ тэгвэл тэр хүмүүс батлах хэрэгтэй. Ер нь Тавантолгойн ордыг авах гэсэн улс төр, бизнесийн бүлэглэл төмөр замын бүтээн байгуулалтыг гацаасан. Монгол Улс өөрөө энэ төмөр замыг барьж эзэмших боломжийг л зогсоох үйл ажиллагааг тэд л явуулсан. Хэрэв Засгийн газар 2014 оны зургадугаар сард олон улсын санхүүгийн байгууллагаас миний босгосон 600 сая ам. долларын зээлийн санхүүжилтийг шийдвэрлээд өгчихсөн бол Таван толгой-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын ажил энэ онд дуусах байсан гэдгийг дахин онцлон хэлье.

-Төмөр замын хувьд ямар байх нь зүйтэй вэ?

-Монгол Улсад шинээр баригдах төмөр замыг төрийн өмчит Монголын төмөр зам компани өмчлөх ёстой гэдэг Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2010, 2011 онд төмөр замын асуудлаар гаргасан зөвлөмжүүд, Засгийн газрын 2012 оны 121, 2013 оны 28 дугаар тогтоолтой нийцэж байгаа. Монгол төрийн эдгээр шийдвэрүүдийг би сайд байхдаа хийж гүйцэтгэсэн. Н.Төмөрхүү сайд үргэлжлүүлсэн. Одоо шинэ сайд М.Зоригт ч бас үргэлжлүүлэх ёстой.

АН-ын Н. Төмөрхүү сайд зам бариагүй гэдэг шүүмжлэл гарсан?

-Аймгийн төвийг Улаанбаатар хоттой холбох авто замтай холбоотой яригдсан байх. Энэ яахав ээ, барьж болно. Гэхдээ төмөр замын асуудлаар Н.Төмөрхүү сайд Үндэсний аюулгүй байдлыг хамгаалж, Үндэсний аюулгүй байдлын зөвлөмж, удирдамжийг баримтлан улс орныхоо язгуур эрх ашгийг хамгаалж ажиллаж чадсанд баяр хүргэх хэрэгтэй. Зарим нэг сонирхлын бүлэг бодохдоо Н.Төмөрхүү сайдыг ятгаж, хүссэн шийдвэрээ гаргуулж чадна гэж бодсон байх.

-Ямар эрх ашиг?

-Хууль зөрчсөн гэрээгээр Тавантолгойн ордыг төмөр замтай нь авах гэсэн эрх ашиг.

-Төмөр замд аудит оруулж шалгах хэрэгтэй, гэтэл шалгуулахгүй байна гэдэг шүүмжлэл байгаа. Та юу гэх вэ?

-Шалгуулсан. Би хоёр жил сайд хийхэд ЗТЯыг Үндэсний аудитын газар жил бүр шалгасан. Тэр шалгалтын дүнг УИХ-д тухай бүр танилцуулсан. Одоо ч шалгаж байгаа. Хэн ч саад хийгээгүй. Үндэсний аудитын газраас очоод мэдээлэл авахад нээлттэй.

-Та тэгээд тухай бүр тайлбар хийхгүй, удаан дуугүй явж хардуулж, элдвээрээ хэлүүлэх хэрэг байсан юм уу. Өөрийгөө хамгаалсан улс төрөө хийж шуугиан тарьж болох л байсан юм биш үү?

-Миний улс төр хийх нь зөвхөн хувь хүний хэрэг. Гэтэл түүнээс үнэтэй Монгол төрийн эрх ашиг гэж чухал зүйл бас байна. Хэвлэлийнхэн та нар олон зүйлийг мэдэхгүй, шуудхан хэлэхэд мөсөн уулын оройг л харж байгаа.

-Та тэгвэл хэлээд өг л дөө?

-Надад тийм эрх байхгүй. Ингээд яриагаа дуусгая. Цагийн юм цагтаа гэдэг байх аа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Барилдаад юм уу, бахиралдаад баян амьдардаг бол сайхан л юм

Телевизийн суваг солиход дуулдаг хуурддаг тэмцээн л гарах болж. “My voice”, “Universe best songs”, “Авьяаслаг монголчууд”, “Гэгээн алсын одод”, “Камертон II” зэрэг олон шоу, тэмцээн уралдаан дуулж хуурддаг бүхэл бүтэн үе бэлдэж байна. Эхлээд соньхон байсан. Одоо хэтрээд утгаа алдсан. Энэ олон шоунаас түрүүлсэн нь олонд танигдан од болж, эдийн засгийн хувьд ч сайжраад өнгө зүс ч ороод явчихдаг. Үлдсэн нь мөрөөдлөөс цаашгүй хоцорно. Нэг хэсэг нь загвар өмсөгч болно л гэнэ. Мөн л ирээдүйтэй загвар өмсөгч болгох элдэв нэртэй шоу, загвар өмсөгчийг сургадаг дамжаа, курс тоогоо алдав. Өөр нэг хэсэг нь жүжигчин болохыг мөрөөдөж, сэдэв нь мохсон ижил продакшн, хамтлагууд олноороо төрлөө. Эсвэл дунд болон дундаас доош орлоготой, амьдралтай айлын хүүхдүүд, биеийн хүчний спорт ялангуяа үндэсний бөх, чөлөөт бөх, жүдо, самбо, сумо, боксыг сонгон хоолонд хүрэх зам гэж бодон олноороо тийш хошуурах болов.

Арга ч үгүй биз. Амьдрал нь нүдэн дээр дэвжиж, хоёр, хэдэн өрөө байрыг хоёр гурваар нь бэлгэнд авч, үнэтэй машин, гулуузаар нь алт, сар бүр улсаас өндөр цалинтай болж, дууны тэмцээнд түрүүлсэн нь зуун саяыг аваад байхад хэн дургүй байхав.

Нийгэмд ийм үзэгдэл давамгайлж дуучин, бөх, загвар өмсөгч, цаашлаад улстөрч болох мөрөөдөлтэй жаалууд Монголоор нэг болов. Барилдаад, бахираад Монгол хөгждөг бол, бүгдээрээ баян болдог бол сайхан л юм. Тэгдэггүйд л учир байна. Бразилийн ядуусын хороололд өссөн хүүхэд хөлбөмбөгчин эсвэл хар тамхины наймаачин дээрэмчин л болдог гэлцдэг. Үнэн хэрэгтээ тэдний хэд нь хөлбөмбөгчин болох билээ дээ. Хэдэн саяас зуу ч хүрэхгүй нь хөлбөмбөгчин болно. Ядарсан орон ингэдэг. Бүх юм тоотой, хэмжээтэй. Дуу дууллаа гэхэд тоотойхон нь од болдог. Монголоор нэг дуучин байна. Хониныхоо захад, адууныхаа дэлэн дээр дуулж яваа нь Монголын талаар нэг бий. Учиргүй солгой хоолойтой л биш бол бүх хүн л дуулдаг. Дуу хоолой бол хөдөлмөр гэхээс байгалийн өгөгдөл. Сүүлийн үеийн техникүүд дуулж чаддаггүйг ч дуучин шиг дуулуулж дөнгөдөг болсон доо. Хүсвэл би ч, та ч дуучин болчихно. Гэхдээ үнэхээр онцгой авьяас, сайн маркетингтай нь л цойлж гарна уу гэхээс тоо нь хэтэрчихээд, тоож үзэх үзэгчгүй болсон дуучдаас их юм Монголд алга. Хаа сайгүй хандив нэхсэн, тасалбар нь борлогдохгүй, танил нэгнээ тамлан байж тоглолтоо шахаагаар үзүүлдэг болсон нь зөндөө.

Үнэхээр сайн дуучдынх нь тасалбар нь олдохгүй, дамын үнээр авъя гэчихсэн хайж байх. Ингэж хайлгаж, эрэл сурал болж тоглолтыг нь үзмээр, жинхэнэ од нь тоотойхон. Тамирчид ч гэлээ олимпийн медаль авах хэмжээнд нэг жинд нэг л хүн өрсөлддөг шүү дээ. Тэгэхээр нийгмээрээ хошуурах зүйл мөн үү.

Бидний яваад байгаа, явах гээд байгаа зам буруу байна. Үүний оронд техник засдаг, сантехник, барилга, уул уурхайн инженерүүд, мөнгө хийдэг бизнес эрхлэгчид, үйлдвэрлэл явуулдаг, гутал хувцас, хоол хүнс хийдэг, шинэ бүтээлүүд санаачлагчид, баялаг бүтээгчид энэ улсад тамирчид, дуучид, загвар өмсөгч, бүжигчдээс илүү хэрэгтэй байна. Дамын наймаачид 25 жил дороо хий эргэлээ. Гэхдээ дуулж, барилдсанаас хамаагүй дээр. Ядаж тэд хуримтлал үүсгэдэг. Тэр хуримтлалаараа дараагийн бизнес, үйлдвэрлэлээ эхэлчихсэн, эхлүүлээд явж байдаг. Тэгээд ч худалдаа бол хүн төрөлхтний үндсэн мэргэжил. 1989 оны Улаанбаатар, 2015 оны Улаанбаатарыг хар. 1989 онд гадаадад гарсан хүн өнөөдөр ирвэл Монголынхоо нийслэлийг таних ч үгүй. Өнөөх худалдаа, дамын наймаагаар эхэлсэн хүмүүс өнөөдөр ийм хэмжээнд хүрэхэд нөлөөлсөн.

Энэ их хөнгөн хийсвэр дуу бүжгийн шоу, тэмцээн, загварын шоунууд дээр нь бөө удган, лам, мэргэч төлгөч, зөнч гэсэн огтхон ч баялаг бүтээдэггүй хэсэг, бүлэг бас гараад ирлээ.

Зарим нэг улстөрч “Би алт ухдаггүй, би наймаа хийдэггүй, миний гар хуруу цэвэр” гэсэн буруу үзлээр хойч үеэ, Монголын нийгмээ хордуулсаар байна. Залуу үеийнхэн энэ ах шиг цэв цэвэрхэн гартай байвал улстөрч, олны танил болох нь гэж ойлгоно. Тэр үгийг нь шууд өлгөөд авах хөрс нь бэлэн байна. Гараа хар, хир болгохгүй хөнгөн хийсвэр зовлон багатай амьдрахыг залуус илүүд үзэх боллоо.

Уйлах, дуулах хоёр адилхан. Мөхөж байгаа ард түмэн дуулалддаг, уйлалддаг. Бид ийм тийм байсан, агуу ард түмэн байсан гэж цээжээ балбадаг. Өнгөрсөн цагийн мундаг байснаар ирээдүй цагийг бүтээдэггүй. Тэр тусмаа дуулж хуурдаж, барилдсанаар бий болохгүй. Ирээдүй цагийн сайн сайхныг өнөөдөр хөдөлмөрлөж бүтээснээр л бий болгодог. Шоу бизнес хөгжсөн дэлхийн орнууд бий. Тэд бүтээхийн хажуугаар цэнгэж байгаа юм. Бидэн шиг зугаа цэнгэл таашаалаа өмнөө тавьж, үйлдвэрлэж, бүтээхээ ардаа орхичихоод, баялаг бүтээгчдээ, баян хүмүүсээ улс орноороо адалдаггүй. Бид өмнөд монголчуудыг мэднэ. Тэд дуулж хуурдаж тэрүүгээрээ бахархаж л суудаг. Их, дээд сургууль төгсөгчид нь бүгд дуучин, бүжигчин, их сайндаа соёл судалдаг хүмүүс л болдог. Египетийг хар. Эртний түүхээрээ бахархаад өнөөдөр ямар байна. Бид яг л ийм замаар яваад байна. Үүнийг сэтгэгчид, хэвлэл мэдээллийнхэн, телевизүүд тунгаах биз ээ. Бид саятнуудаа магтаж, баячуудаа хүндэлж, баялаг бүтээгчдээ дэмжиж, олигархи, баян тарганаараа дуудахаа болимоор байна. Тэднийг хүндэлж, дэмжиж, сайшааж хэлж, ярьж, бичдэг болмоор байна. Хөгжилтэй орны иргэд яаж амьдардаг вэ. Дунд сургуулиа дүүргээд коллежоо төгсөөд аав, ээжийн байгуулсан удам дамжсан жижиг цехийг, дэлгүүр, жижиг машин засварын газар, хувийн эмнэлгийг хөгжүүлсээр үргэлжлүүлэн авч явдаг. Хэдэн үе дамжсан тэр бизнесд нь хэдэн үе дамжсан хэрэглэгч байж байдаг. Манайд бол эсрэгээрээ. Дориухан хоолтой замын нэг гуанзандаа арван жилийн дараа очиход сураг ч үгүй болчихдог. Эсвэл өөдөлж дэвжээгүй, өнөө мөдгүй үгүй болоход бэлэн сарампай юм байдаг. Хааяахан ганц нэг нь өргөжин тэлж өөдөлсөн нь бий. Нэг эхэлсэн ажлынхаа үр дүнг үр удмаараа үзэж, түүнийх нь үр шимийг нийтээрээ хүртдэг тийм тогтвортой бизнес бараг эрхэлдэггүй. Төр нь ч тийм боломжийг олгодоггүй. Хүмүүс нь эхний шуурганд эхний давалгаанд л бууж өгч, босгосноо үгүй хийж орхидог. Бизнесээ тогтвортой эрхэлдэггүй. Нэг нь хоолны газар эхлүүлээд овоо дориухан байвал дараагийнх нь дэлгүүр байгуулах гээд аль ч үгүй болгочихдог. Японы Чибагийн хөдөөх сууринд уралдааны морьдыг тэжээж, сургадаг бизнес эрхэлдэг танил өвгөн үүнийгээ удам дамжин эрхэлж өргөжүүлсээр саятан болсноо ярьж байсан. Хэдэн үе дамжин ирсэн энэ бизнесээ үр хүүхдэдээ мөн өвлүүлнэ. Тэднээр морио тэжээлгэж, сургадаг баячууд олон. Тэдний үр хүүхдүүд нь удам дамжин эднийхээр л морьдоо сургадаг. Гэхдээ тэр танил өвгөн маань морьд нь дориухан давхивал ажилчдаа дайлан суухдаа аятайхан дуу аялчихдаг л юм. Украин найз минь жижиг машин засварын газар ажиллуулж байсан аавынхаа бизнесийг үргэлжлүүлж байгаа. Тэр миний хийх ёстой ажил энэ гэдгийг бүр эрт л мэддэг болсон. Хааяахан тэр гитар даран сайхан дуулчихдгийг бас санаж байна. Дуу дуулах бол тэдний хувьд ажил нь биш. Алжаал тайлан, сэтгэл гэгэлзэх үедээ тэд дуулж л байдаг. Гэхдээ тэд бахираад, юм уу барилдаад амжилт олно гэж боддоггүй юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цөөврүүд улилдаж эхэллээ, дахиад л огцруулалт уу!

Ерөнхий сайдыг огцруулах саналыг
гишүүн Г.Уянга гаргаж, УИХ-ын гишүүдийн гарын үсгийг цуглуулж эхлээд сар гаруйн
хугацаа өнгөрлөө. Арабын нэгдсэн Эмират улсад айлчилж, Оюу толгойн далд уурхайн
бүтээн байгуулалтын төлөвлөгөөнд гарын үсэг зурахдаа УИХ-д урьдчилж мэдээлээгүй
нь огцруулах үндэслэл гэж Г.Уянга гишүүн үзэж байгаа.

Одоогоор огцруулах саналд Г.Уянга
гишүүнээс гадна Ж.Энхбаяр, Б.Бат-Эрдэнэ, Л.Цог, С.Ганбаатар, Х.Болорчулуун, Ц.Даваасүрэн,
О.Баасанхүү нарын гишүүд гарын үсэг зураад байна. Хамгийн сүүлд АН-ын гишүүн Р.Амаржаргал
гарын үсгээ зуржээ. Ил зурж байгаа нь Р.Амаржаргал болохоос далдаас дөгөөдөг нь
АН-д бас цөөнгүй бий дуулдана. Улс орны төлөө санаа тавих биш сайд болж үзэх санаатай
л ингэж байгаа гэлцэнэ. Хэрэв гарын үсэг зурсан гишүүд 19 болбол УИХ-аар Ерөнхий
сайдыг огцруулах эсэхийг хэлэлцэх юм. МАН-ын гишүүд бас үүнийг дэмжиж гарын үсэг
зурна гэсэн. Намрын чуулганы нээлттэй зэрэгцэн МАН энэ саналд гарын үсгээ нийтээр
зурна гэв. МАН-ын бүлгийн дэд дарга Д.Хаянхярваа “Ийм Засгийн газар байсан ч яалаа,
байгаагүй ч яалаа, би болон бид огцруулах саналд гарын үсэг зурах болно. Төрийн
ажлыг ингэж явдуулдаггүй юм шүү. Огцрохоос өөр зам Ч.Сайханбилэгт үлдсэнгүй” хэмээн
нэлээд ширүүхэн дуугарсан. Ерөнхий сайдыг огцруулах нь зөвхөн улс төр ч биш, бизнес
ч байж болох юм. МАН-ын бүлгийн дэд даргын уурыг хүргэж ингэж хэлэхэд тулсан нь
Дарханы Засаг даргын асуудлаас үүдэлтэй. Мөн МАН сануулан байж хугацаа хэлж байгаа
нь зарим зүйл дээр тохиролцохыг хүсч байж болох юм.

Бие даагчид бүгд дэмжээд гарын үсэг
зурчихсан. Энэ ойлгомжтой. Тэд уул уурхай, Оюу толгойн талаар үг дуугарах бүртээ
эсрэг байр суурь илэрхийлж байдаг, дээр нь Засагт багтаж чадаагүй, мөн олон нийтэд
таалагдахын тулд ямар нэг зүйл ярьж байх ёстой болдог. Ердөө л энэ.

Ерөнхий сайдыг огцруулах санал гаргасан
хүн нь угтаа Ч.Сайханбилэгийн Засгийн газарт багтсан МҮАН-ын гишүүн. Магадгүй Г.Уянга
гишүүн Засгийн газрыг унагах гарын үсэг зуруулж байгаагаа том оноо гэж үзэж байх
талтай. Нэг үгээр хэлбэл улс төр хийж байгаа л хэлбэр. Ерөнхий сайдыг танхимтай
нь унагачихвал сонгуулиар Оюу толгойг аварсан баатар хэмээн эх орончоо зарлан шоудах
боломж.

Улс эх орны эрх ашгийг хохироосон
ноцтой алдаа гаргаагүй байсан ч ямар нэг шалтаг шалтгаан олоод Засгийн газраа унагаж
тоглосоор өдийг хүрлээ. Монголын улстөрчид улсаа бодохгүй зөвхөн улс төр хийхээ
л бодож ирсний бодит байдал энэ. Угтаа Дубайн гэрээг үзэглэсэнд олон нийт Ч.Сайханбилэгт
талархаж байлаа. Олон залуус ажилтай, амьдралтай болж, Монголын эдийн засаг ч сэргээд
ирэх боломж нээгдлээ гэж харж байсан. Тэгтэл улстөрчид үүнийг эсэргүүцээд эхэлсэн.
Үргэлж л ийм байлаа. Хэн нэгэн дорвитой алхам хийнэ гэхээр л өөр нэгэн эсвэл шүүмжлэгч,
эсэргүүцэгч гарч ирээд улстөрждөг. Энэ нь улс орноо гэхээсээ улстөржилтөө, амин
хувиа илүүд тавьснаас л болдог. Эсвэл эрх мэдэлд шунаснаас л болдог. Ингэж ээлжилж
төр улсаараа тоглож өнөөдрийг хүргэв. Үеийн үед иймэрхүү улс орныг хутган үймүүлэгч,
төрөөрөө тоглодог цөөврүүд байсан, одоо улам л олширч, улс төрийн гал тогоонд ороод
суудаг болов.

Ард иргэд төр барьж буй улсуудын
тэнэглэлд залхаж гүйцэж байна. Ингэхээр төр засгийн толгойд гаргаж байгаа хүмүүстээ
өндөр шаардлага тавьж сонгох нь ямар чухлыг, яс махандаа тултал, голдоо ортол ойлголоо.
Тэднийг сонгохдоо зүгээр нэг сэтгэлийн хөөрлөөр бус боловсрол, хүний ёс жудаг, ёс
суртахуун, монгол эр хүн талаас нь ч шаардлага тавих хэрэгтэй юм байна. Монгол эр
хүн уужуу, хүний үг даадаг, ганц удаагийн үйлдлийг өнгөрөөж чаддаг, буурь суурьтай,
өс хонзон санадаггүй, ийм л байдаг. Одоо бол Монголын төр хүүхэд нохойн доог болж
байна. Нусгай жаалаас эхлээд хөгшдөө хүртэл улстөржиж, төр барьж байгаа хэдэн нөхдөө
өдөр шөнөгүй тоглоом наргианы бай болгож, хэлсэн үг болгон нь, ярьдаг сэдэв бүхэн
нь төрд байгаа хэдийг элэглэх болж. Байтлаа урлагийн шоунд оролцож байгаа хүүхэд
хүртэл улс төр ярьж, улстөрч болох тухай хэнэг ч үгүй хэлж байна. Төрд байгаа хэдийг
харахаар улстөрч байна гэдэг амархан санагдаж л дээ. Мэдсээр байж алдаа гаргавал
тэнэглэл гэхээс өөр яалтай билээ.

Хэн дуртай нь төрөөрөө тоглож болдог,
Засгийн газраа огцруулдаг болов. Дуртай нэг нь шөнө бодож хоноод л өглөө нь энэ
санаагаа хэрэгжүүлдэг боллоо. Хэрэв Засгийн газар огцрохдоо тулбал УИХ тарж, ээлжит
бус сонгууль хийе. Төрөөрөө тоглодог улстөрч гэгдэх энэ нөхдөөс ингэж л салах хэрэгтэй
байна. Ийм дээрээ тулахыг хүсээгүй л бол хагас жил тэсч төрөөрөө тоглохгүйхэн шиг
дараагийн сонгуультай золгомоор байна. Заавал 1996-2000 оны улс төрийн хараалыг
давтах хэрэггүй.

Төрийг тогтворгүй болгож, тодорхой
бодлого гээд байх юмгүй, хувийн тоглолт хийдэг, дараа нь хариуцлага хүлээдэггүй
бие даагчид, олон жижиг нам Монголын улс төрд илүүц гэдэг нь харагдаж байна. Цөөхөн
хүн амтай Монголд улс төрийн тулхтай хоёр нам байхад л болж байгаа юм. Нэг нь эрх
барьж байхад нөгөө нь хяналтаа тавиад сөрөг хүчний үүрэг гүйцэтгэхэд болчихно. МАН
улс төрийн намын шаардлагыг хангана. АН хэдийгээр хүлээн зөвшөөрөгдсөн том нам ч
бүхэл бүтэн институц болж чадсан МАН-ын дэргэд нам гэхэд хэцүүхэн л байна. Ард түмэн
АН-ынханд итгэл хүлээлгээд сонголоо. Хэрүүлтэй айл шиг, эвлэрч өгдөггүй, хэдэн тийшээ
харчихаад, ар хударгаар нь хэнтэй ч хамаагүй нийлчихсэн намаа, журмын нөхдөө, цаашлаад
төр улсаа самарч явдаг нь дэндүү олон. Энэ янзаараа явбал хагарч бутрах магадлал
өндөр. Өнөөдрийг хүртэл тэмцэж бий болгосон намаа эмхэтгэн цэгцлэх үү, эвдэлж хэдэн
тийш бутлах уу гэдэг нь ухаалаг алхмаас л шалтгаална. Ямартай ч сайн, муу хэлүүлсэн
сүүлийн хорь гаруй жил МАН, АН хоёр Монголын төрийг барьж ирсэн. Өөр гарц ч үгүй.

Тиймээс Үндсэн хууль, бусад хууль
журмуудаа өөрчилж, аль болох хоёр намтай болох тал руу явуулах хэрэгтэй болж. Тэгэхгүй
бол Монголын улс төрийн хямралыг гуравдагч хүчин, бие даагчид л тавьж байна. Гуравдагч
хүчин, бие даагчид олонхи болохгүй, бие даан бодлогоо хэрэгжүүлж засаг барьдаггүй.
Гэтэл сонгуулиар жижиг намууд, бие даагчид санал хувааснаас сүүлийн үеийн сонгуулийн
үр дүнгүүд нэг нам дангаараа эрх барих боломжгүй, цөөнхтэйгөө хамтрах, үгүй бол
жижиг намуудтай хамтарч Засгийн газраа байгуулахад хүрдэг. Өнөөх жижиг намууд нь
засагт орон эрх барилцаж байж нэг бодлоготой байж чадахгүй, хувийн тоглолт хийж,
улс орноороо тоглоод улс төр бужигнуулаад ер зүгээр суудаггүй. Ийм байхад Засгийн
гадна байхдаа ямар үйлдэл хийх нь тодорхой. Ингээд л төрд шургалсан цөөврүүд болж,
засаг төрөөрөө тоглосоор байна.

Categories
мэдээ цаг-үе

Б.Даш-Ёндон: Би улс төрд дам оролцож байгаа

МАН-ын дарга асан, философийн ухааны доктор Б.Даш-Ёндонтой ярилцлаа.

Би улс төрд хийдэг юмаа хийчихсэн гэж боддог

-Та улс төрөөс хөндий, хэсэг чимээгүй байлаа. Энэ хугацаанд эрдмийн ажил хийж байв уу?

-Улс төрөөс хөндийрнө гэж юу байхав. Улс төрд биечлэн оролцох, дам оролцох гэж байна. Би өөрийгөө улс төрд, улс төрийн ажилд дам оролцож байгаа гэж бодож байгаа.

-Алсаас удирдаж байна гэж үү?

-Үгүй ээ, бичиж байгаа ном зохиолуудаараа улс төрийн асуудлыг хөндөж байна.

-Ямар ном бичиж байгаа юм?

-Философийн, нийгмийн шинжлэлийн номууд минь улс төртэй холбогдоно шүү дээ. Улс төрийн хариуцлага, улс төрийн ёс суртахуун, улс төрийн ёс суртахууны дундаж үзэл гэсэн юмыг л бичиж, ярьж байгаа юм. Тэр маань улс төрд дам оролцож байна гэсэн үг. Нэг үгээр зохиол бүтээлээрээ оролцож байна. Тэрнээс биш алсын удирдлагаар хангах юм уу, хэн нэгэнд мэдээлэл өгөх, зөвлөгөө заавар, чиглэл өгөх энэ тэр бол байхгүй.

-Залуучууд тантай ирж уулздаг уу. Тухайлбал намын залуучууд?

-Уулзана аа. Хувийн шугамаар ирнэ.

-Жишээ нь намын залуус улс төрд цаашид яаж оролцох талаараа зөвлөгөө авах гэж ирэх үү?

-Тийм яриа болно. Улс төрийн байдал ямар байна. Юу болж байна гэх мэтээр хувийн шугамаар уулзахдаа ч ярьдаг л юм. Тэрэнд нь би идэвх муутайхан шиг тэгсхийгээд л хариу өгнө.

-Чухам яагаад улс төрөөс дөлөөд байх болов. Тантай ярилцах санал тавихад ч улс төр ярихгүй гээд цааргалаад байсан. Улс төрийн халуун тогоонд орлоо, үйл явцад оролцлоо гэхэд таныг хэн үгүйсгэх юм бэ?

-Би бол улс төрд хийдэг юмаа хийчихсэн гэж бодож байгаа. Одоо биечилж, гардаж оролцох залуучууд л тэр юмаа өөрснийхөө хүсэл, дур, сонирхлоороо хийх цаг болсон.

-Залуус алдаж, буруу зүйл хийвэл яах вэ?

-Тэдний л хэрэг.

-Тэд алд дэлэм алдаад Монгол Улс минь хайран болчих вий гэж бодохгүй байна гэж үү?

-Бодолгүй яахав. Аль ч намаас эрх мэдэлтэй байгаа хүмүүс нь ирж санаа оноо авахгүй болохоор чинь эрх мэдэлгүй, сонирхогч залуучууд гүйгээд юу ч сонсоод нэмэргүй. Хэрэгжүүлж чадахгүй юм чинь. -Тэгвэл эрх мэдэлтнүүд тантай уулзаж зөвлөгөө авбал улс төрд өөрийн байр сууриа хэлж зөвлөж залах уу?

-Хэлж болно. Гэхдээ бид нар чинь улс төрийн гал тогооноос гадна байгаа, миний хувьд бол бүр гадна байгаа шүү дээ. Ийм тохиолдолд мэдэхгүй юм их байна. Яг одоо дотор нь буцалж байгаа хүмүүст юу тулгараад, яах ёстой, ямар хэлхээ холбоо сулраад, ямар нь чангараад, хаашаа яваад байгааг мэдэхгүй, мэдэгдэхгүй байгаа учраас хамаагүй дэмий юм яриад хэрэггүй шүү дээ.

Миний хувьд зөвлөнө гэдэг чимээгүй суухыг л хэлнэ

-Ширээний ард болдог сэм хуйвалдаан, уулзалт зэргээс л ангид байгаа болохоос ерөнхий зангаргаараа бол та юу болоод байгааг харж л суугаа. Тэрнээс биш улс төрийн талаар та юу ч мэдэхгүй байна гэвэл би хувьдаа итгэхгүй юм байна.

-Ерөнхий юм яахав дээ. Ерөнхий юмыг хэн чиг л ярина шүү дээ. Амьдрал ийм байна, юмны үнэ, авлига хэтэрлээ л гэнэ, гэмт хэрэг өсч байна гэх зэргээр бүгдээрээ л ярьж байгаа. Тэнгэрээс ямар нэг юм гарч ирээд надад бүгдийг хэлэхгүй. Дотроосоо өөрөө нэг их мундаг хүн болоод гаргаад тавиад байх юм байхгүй. Энэ л нийгмийн дунд амьдарч байгаа болохоор их сайндаа л тэр хүний ном ийм байдаг, ийм сургаал байдаг гэхээс цаашаа гарахгүй. Тийм учраас зөвлөнө гэдэг чимээгүй суухыг л хэлж байгаа юм.

-Чимээгүй сууж зөвлөж болох уу?

-Болж л байна. /инээв/

-Таны бичиж байгаа номуудын талаар сонирхмоор байна…

-Олон бий. Сүүлийн үед би “Монголын хөгжлийн философи” гээд зохиол хэвлүүлсэн л дээ. Тэр номыг уншихаар монгол хүн бүхэнд л санах бодох, уншиж ойлгоод ажил хэрэгтээ хэрэгжүүлэх тийм л зүйлүүд бий. Зүгээр хийсвэр, Гегелийн онол шиг мэргэжлийн хүн үзэхээс бусдад нь хамаагүй тийм юм бичээгүй. Нийтлэг, хэн ч уншаад ойлгоод тунгаагаад явах юм байгаа. Ер нь бүх л эрдэмтэд нийгэм шинжлэлийнхэн тиймэрхүү л юм бичиж байгаа.

-Та Монгол Улсыг яаж хөгжих ёстой гэж номондоо бичсэн бэ?

-Ёс суртахуунд гарч байгаа энэ олон алдааг засахгүй бол болохгүй л дээ.

-Ямар алдаа?

-Хээл хахууль, ёс суртахууных мөн үү, мөн. Гэмт хэрэг ёс суртахуунтай хамаатай юу хамаатай. Албан тушаалын гэмт хэрэг гарч байна. Луйвар гарч байна. Энэ чинь ёс суртахууны доголдол мөн үү, мөн. Улс төр ёс суртахуун хоёр бол нягт холбоотой. Тийм учраас хэцүү цагт ёс суртахууныг сайн ярих ёстой.

-Аль ч цаг үед залуу үеэ шүүмжилж, орчин үеийн хүүхдүүд гэж ирээд л ярьцгаадаг. Таныхаар орчин үеийн залуус ямар байна?

-Тийм л дээ. Чиний хэлж байгаагаар аль хэдэн мянган жилийн өмнө л, эртний Грекийн философичид сургаалаа бичиж, номлож байх үед л энэ яриа чинь үргэлж явж байсан.

Одоогийн залуус нэг л биш гээд. Хүн бол өөрөө өнгөрчихсөн хугацаагаа, амсаад туулчихсан зүйлээ өтлөөд ирэхээрээ хамгийн сайхан үе гэж боддог. Миний амьдарч байсан цаг үе хамгийн сайхан гэж сэтгэл зүйн хувьд тэгж боддог. Оролцох зүйлдээ оролцоод шийдэх юмаа шийдэлцээд урагшаа явж байгаад өтлөөд байгалийн жамаар хүч чадал нь сулраад ирэхээр мэдээж хэрэг байраа тавьж өгнө. Тэр үедээ бид эд нарын хийж байгаа юмыг ингээд хийчих байсан гэж заавал боддог. Тийм учраас залуу үеэ голох, шүүмжлэх юм заавал гарч ирнэ. Энэ бол гарцаагүй. Гэхдээ онож шүүмжилж чадаж байна уу, үгүй юу гэдэг нь л ялгаатай.

Нөхцөл байдал бол хувираад байдаг. Нэг хэсэг сайхан үе байсан бол нэг хэсэг хэцүү төвөгтэй үе гарч ирнэ. Улс орны амьдралд сэтгэгчид философичдын хэлдэг цөвүүн цаг ирэх нэг үе байна. Нэг хэсэг гайгүй байна. Социализмын үеийн хүмүүс бол тэр үеэ л сайхан байсан гэж хэлж байгаа. Хүүхэд сургууль төгсөнө, ажилтай. Айх зовлон байхгүй. Сургалт, эмнэлэг үнэ төлбөргүй. За тэгээд бас хэцүү байсан юмаа бодно. Дэлгүүр оочертой, унаа унаш ховорхон, юу юу ч гэдэг юм. Хамгийн гол нь санаа зовох юм бага байлаа. Эрүүл энх байх, хүүхдээ сургаж хүмүүжүүлэх, ажилд нь санаа зовох юмгүй байсан. Тэр бол ахмад хүмүүст үргэлж бодогдож, үргэлж хоорондоо ярьж байгаа. Гэтэл одоогийн эрх мэдэлд байгаа энэ хүмүүс тийм болгож чадахгүй. Нийгэм нь өөр болчихсон учраас. Тэгэхээр нөгөө өмнөх цаг үе нь ахмад хүмүүст үгүйлэгдээд байдаг. Мөн тэр үеийн төгсөгчид, оюутан залуучуудын сурч чадаж байсан хэмжээ доор орчихсон юм шиг байгаа юм. Энэ яагаад гэхээр боловсролын системд гадна талыг дуурайсан халтар хултар өөрчлөлт хийснээс болоод ийм юм руу орчихсон. Одоо боловсрол дорой байна гээд байгаа нь үүнтэй холбоотой. Тэгэхээр энийг бас засах хэрэгтэй. Энэ дээр тэрний буруу болчихлоо, энэний буруу болчихлоо гэх юм байхгүй. Төрийг бид яах гэж бий болгож байгаа юм гэхээр төрөөр хамгаалуулах, сайн сайхан амьдрах гэж л тэр шүү дээ. Тэрнээс би ганцаараа шовойгоод байж байдаг бол тэр төрийн хэрэг биш. Харин тэр төр нь сайн ажиллаж байх ёстой. Монголын төр муу ажиллаж байгаа. Энд л хамаг учир байна.

-Та Ардын намыг удирдаж байсан хүн учраас ардчиллынхан эрх барихаар ингэж шүүмжлээд байгаа юм биш биз.

-Ингэж харж болохгүй. Яагаад гэвэл би зөвхөн өнөөдрийн төр засгийг шүүмжилж байгаа юм биш. Нийтдээ 1990-ээд оноос хойш л ийм болчихлоо.

-Тэдний төр барихдаа гаргасан алдаа нь юунд байна?

-Гадныг дуурайж давхиснаас ийм боллоо. Өөрийн онцлогоо харгалзахгүйгээр туйлширч нэгийг дуурайж, нөгөөг дагаад л, дуурайж байгаа улс орон нь тэс өөр нөхцөлтэй байж байгаа шүү дээ. Хамаг юм бусдыг дуурайснаас болж байгаа юм.

-Төвч үзэл, онолын талаар нэлээд эрт таны бичсэн ном байдаг даа. Тухайн цаг үедээ энэ онолоор явбал зөв гэж та гаргаж тавьсан байх. Нагаржунайн төв үзлээс үүдэлтэй онол байх аа?

-Тэр бол яахав эртнээс уламжлалтай л төв ёсны гүн ухааны онол. Нагаржунайн гүн ухаанаар тодруулаад дахин ном хийх гээд сууж байна.

Даяарчлал гэж яриад байгаа чинь шахалт юм шүү дээ

-Нөгөө номны үргэлжлэл үү?

-Бараг л тийм юм даа. Гэхдээ тэрнээс жаахан өөр. Дэлхий дахин, том хүчтэй улс орон бусад жижиг улс орноо шахаж байна.

-Яаж шахаж байна. Манайх тэр шахуулж байгаад нь багтаж байна уу?

-Тийм. Даяарчлал гэж яриад байгаа чинь шахалт юм шүү дээ. Тэр шахалт бол жижиг буурай орнуудыг хүнд байдалд оруулж байгаа. Энэ бол Латин Америкийн орнууд, Африкийн орнууд, Дундад азийн жижиг орнуудад маш хохиролтой. Үүнийг төрийн тэргүүнүүд, НҮБ, олон улсын томоохон байгууллагууд хэлж шүүмжилдэг ч яаж ч чадахгүй байгаа. Манайхан даяарчлал болж байна гээд л давхиад байдаг. Глоблизация гэдэг үгээ орчуулах гээд л ядаад байдаг. Зарим нь даяарчлал, зарим нь даяаршил гэвэл таарна гээд л. Би бол энэ хоёр орчуулгыг хоёуланг нь оночтой биш гэж үздэг. Даяарчлал гэхээр хүчээр хийж байна гэдэг утга байгаа. Нэгэнт тийм юм чинь тэрнийг үг сүггүй дагаад явах ёстой, эндэхээ бодохгүй, тэнд тэгж байгаа бол тэрүүгээр явна гэж хэлээд байх шиг. Энэ утгаар бол ойлголт нь буруу өгөөд байх шиг. Даяаршил гэхээр аяндаа л уудаг цаасанд бэх асгасан юм шиг өөрсдөө уусан орж байгаа мэт. Энэ хорвоо дээр тэнд л оччихвол сайхан юм байна гэх юм байхгүй. Угтаа энэ хоёрыг авцалдуулж бодоод монгол хүн юу гэж бодож байх ёстой вэ гэвэл нэгэнтээ хоёр юм хоёулаа байгаад байна шүү дээ. Аль нэгийг нь хэтрүүлж болохгүй, өөрөөр хэлбэл даяарчлал гэдэг нь өөрийн эрхгүй автаж, үг сүггүй дагах, нөгөө талаас нэгэнт даяарчлал гэж байгаа юм бол бид тэр лүү орох ёстой болж байна. Тэгэхээр минийхээр бол даяаршихуй гэдэг монгол үгийг хэрэглэмээр байгаа юм. Энэ нь ертөнц дээр ийм юм өрнөх ёстой. Хэрэв болж байх юм бол тэр дотор өөрсдийгөө зохицуулж явах ёстой. Дундаж үзэл буюу төв үзэл гэдгийн ерөнхий цаад санаа нь л энэ шүү дээ. Харин даяарчлал, даяаршил хоёр нь туйлшрал болчихоод байгаа юм. Даяарчлалын үр дүн гэж гар утаснаас аваад технологи гээд элдэв долоон юм орж ирж байна гэдэг. Угтаа даяаршихуй л явж байгаа нь тэр. Юу өнөөдөр хэцүү байна гэхээр улс орны, улс төрийн бодлогод тэр даяарчлал нь нөлөөлдөг. Дээрээс нь үндэсний соёл, ёс суртахуун, зан уламжлалд их хүнд цохилт ирээд байгаа. Тэрийг нь бид өөрсдөө мэдэхгүй байгаа юм. Үндэсний хамгаалалт хэрэгтэй. Нэгэнт орчихсон бол орсон хойноо хамгаалах хэрэгтэй.

-Зарим хүн хэлдэг шүү дээ. Цагаачдаар дүүрсэн улс үндэстэн байхад заавал ингэж монгол цус яриад байх ямар хэрэгтэй юм, нөгөө хэсэг нь монгол цөөхүүлээ учраас цус холилдвол үндэстэн мөхнө гэх мэт. Нэг үе гадаад иргэнтэй суухыг их хүнд хүлээж авдаг байсан. Одоо ч таагүй ханддаг хүмүүс байна. Сүүлийн үед залуус гадаадад сурч амьдрахдаа гадаад эхнэр, нөхөртэй болж байна. Гэтэл хүний зүрх сэтгэлийг яалтай билээ. Ингэхэд ер нь улс үндэстэн өөрийгөө яаж авч үлдэх ёстой юм?

-Тэр гэрлэлт гэр бүлийн асуудал бол өөр байх. Монгол хүн монголоороо байя гэвэл бусдаас шууд хамааралгүй байх хэрэгтэй. Бусад улс орноос хамааралгүй байя гэвэл өөрөө юмаа хийдэг болъё. Дэлхийд эдийн засгийн хямрал боллоо гэхээр дагаад навсайгаад л уначихаж байна шүү дээ. Жишээ нь хөдөө байгаа малчин хүнд эдийн засгийн хямрал гэдэг худлаа байдаг. Тэр чинь малынхаа махыг идчихнэ. Сүүгээ саагаад цайгаа уугаад цагаан идээгээ идчихнэ. Ямар юм яриад хямрал гээд байгаа юм.

Тэгэхээр өөрийнхөөрөө байна гэдэг үндэсний соёл зан заншлыг хадгалаад өөрөө юмаа хийчихдэг байхыг хэлээд байна. Хүүхэд нь эрлийз байна уу, бүр хурлийз болоод явна уу тэр бол нэг их хамаатай биш. Цус бол тэнд хамаагүй байхаа. Би тэгж бодож байна. Одоо чинь хөдөө аж ахуй нь нэг ган болохоор л баларчихдаг. Нэг зуд болохоор балардаг. Тэнд ямагт бэлтгэл хэрэгтэй. Өөрснөө юмаа хийдэггүй. Өөрснөө хийж байгаа гээд жижиг, дунд үйлдвэрийнхэн байнга нэг гомдол ярьж байна ш дээ. Төрийн дарамтаас болоод ингэж, тэгж дампуурч байна гээд. Төрд алба хааж байгаа нөхдийн хувийн сонирхлоос болж ийм асуудал үүсээд байна шүү дээ. Энэ мэтийг зохицуулчихдаг улс орон зөндөө л бий. Нэг юм хийхдээ гарах үр дагавар нь ямар байх, сөрөг тал нь юу байна гэдгийг заавал бодох ёстой. Хуулийг бас тэгж хийх хэрэгтэй. Бидний яриад байдаг улс төрийн зөвлөгөө гэнэ үү, оюуны зөвлөгөө ч гэнэ үү, энэ намууд чинь тийм л юм яриад байдаг даа. Монголд шинэ зүйл зөндөө нэвтэрч байна. Хувийн сургууль гэдэг шинэ зүйл. Сөрөг үр дагавар нь хэвлэлийнхний шүүмжилдгээр баахан дипломтой цэвэрлэгч гарч ирээд байна.

Нөгөө талаасаа аав ээжийг нь төлбөрийн хүчтэй дарамтад оруулаад. Хэдэн зуун сургууль байна. Энэ бол цэгцэрсэн байх ёстой. Гурван сая хүн дотроо хэдхэн хүн суралцаж байгаа. Тэрийг эвийг нь олж болно. Заавал капиталист нийгэм ийм байдаг, барууны орон ийм байдаг гэж ярьж болохгүй. Яаж энэ хэдэн нөхдийн ахуйг сайжруулах вэ гэж бодох, хийх л төрийн хэрэг. Түүнээс биш төрийн дээд, доод, дунд албан тушаалд орчихоод би энэнээс яаж ашиг олох вэ гэдэг бол муухай бөгөөд маш хортой. Хэн ч мэдэж, хэн ч хэлж байгаа ч хэвээрээ л байдаг.

Тэгээд энийгээ Үндсэн хуулиас болоод байна гэсэн юм яриад байна. Үнэн хэрэгтээ Үндсэн хуулиа ч мэдэхгүй байгаа шүү дээ.

-Тэрийг яаж засах юм?

-Одоо Үндсэн хуулиас салбарлаж гарсан хуулиудыг засах хэрэгтэй. Манайд 400 гаруй хууль байгаа. Хоорондоо цөмөөрөө зөрчилтэй. Тэрнийг нэгтгээд цэгцлэх хэрэгтэй. Би номондоо тийм санаа хэлээд байгаа. Талийгаач Чимид бид нар бас тийм зүйл яриад яаж ч чадахгүй байсан юм чинь. Нэгдсэн бодлого гэж алга.

-Хууль баталдаг хүмүүстэй тулж уулзаад хэлж ярьж болдоггүй хэрэг үү. Эрхбиш та нарын үгийг сонсох байлгүй дээ.

-Тийм юм байхгүй. Тэр тухай яриад ч хэрэггүй.

-Яагаад?

-Яагаад гэвэл тэр хууль чинь янз бүрийн сонирхлоосоо гарч байдаг. Тийм учраас ёс суртахууныхаа боловсролыг дээшлүүлэх, нийгмийн шинжлэлийн мэдлэгээ сайжруулах хэрэгтэй байна, тэр эрх мэдэлд гарч байгаа хүмүүс.

Барууны, зүүний үзэл гэж байхгүй болсон

ФИЛОСОФИД БУРХАНЫ ТУХАЙ ОЙЛГОЛТ БАЙДАГГҮЙ

– Та нэгэнт улс төр ярихгүй гэсэн болохоор арай өөр сэдэв ярья л даа. Жишээ нь философийн хуучин онолууд хэр өөрчлөгдөж байгаа вэ. Идеализм, материализм гээд л яриад байдаг байсан. Зарим нь огт шашингүй ч болоод байх шиг. Зарим нь бүр шашинжаад ч байх шиг. Тэгснээ тэнгэр, бөө нар олон ч болох шиг. Учир тойм нь олдохгүй л юм ярьцгаах юм.

-Өрнө дахинд философийн урсгалуудыг материализм, идеализм гэж хоёр хуваагаад хичээл ном зааж, би ч өөрөө тийм хичээлүүд зааж л явлаа. Дорно дахиныг ажиглаад байхад материализм, идеа­лизм гэж ярьдаггүй юм байна. Хятадын Лаоз, Энэтхэгийн Нагаржуна гээд хэдхэн том хүн байгаа шүү дээ. Яахав Дундад Азийн нэр алдар нь дуурсч чадаагүй эртний их сэтгэгчид байдаг л гэж байгаа юм. Одоо бол материализм, идеализмын тухай яриа байхгүй болсон.

-Огт байхгүй гэж үү?

-Тийм. Философийн урсгалуудын тухай л яригдана. Шашны асуудал дээр нь гарч ирж байгаа юм. Эдийн засгийн доройтол, нийгмийн цөвүүн байдлаас хамаараад манай хүмүүсийн оюун санаа нь хямарч байгаа. Тэрнээс чинь болоод бөө удган, мэргэч төлгөч, өөр юу ч билээ гарч ирээд байна.

Хүн өөрийнхөө юмыг хийж чадахгүй бусдаас асуудаг болчихоод байна. Их олон хүн зам мөрөө заалгана, яана ийнэ гэнэ үү. Үхэл хагацал болж байгаа үед тэр бол хамаа алга. Там, диваажинг үзэж хараагүй учраас байдаг бол яах билээ гээд л зам мөр гаргана гэж ёс үйлддэг. Энэ бол сэтгэлийн асуудал. Харин өвдөж зовохдоо, шийдвэр гаргахдаа хүртэл ямар нэг бөө удган, лам, мэргэн түргэн хүнээс асууна гээд явж байдаг. Энэ чинь ердөө л өөрөө чадалгүй, өөртөө итгэлгүй хүний ажил.

-Ингэхэд та шашингүй үзэлтэй юу?

-Тийм. Ер нь философид бол бурханы тухай ойлголт байдаггүй. Философичдын бурхан гэж сургаал номдоо дурддаг нь өөр юмыг хэлээд байгаа юм.

-Тэр нь юу юм?

-Бүх зүйлийн үндэс болж байгаа философи чинь юмны чанад талыг, хийсвэрлэлийг хөөцөлддөг. Энэнээсээ дээд хийсвэрлэл байна гэдэгт хүрч байгаа юм л даа. Нагаржуна бол хоосон чанар гэж байгаа юм. Аристотель бол матери хэлбэр гэж байх жишээтэй. Лаоз бол дао гэж нэг юм байгаа гэж хэлээд байдаг.

-Тэр дао гэдгийн тухай?

-Бас л хийсвэрлэл. Бүх юм тэр дао гэдгээс үүсээд дао гэдэг рүү эргэж орж байна гэдэг. Тэгэхдэээ л Лаоз тэнгэр гэсэн үгнүүд хэрэглээд байгаа юм. Тэр нь цаанаа тэр даогоо хэлээд байгаа. Нагаржуна өөрийн зохиол дотор бурхан гэж хэлээд байгаа. Тэр нь хоосон чанараа хэлж байгаа. Бурхан Будда гэж бас хэлдэг. Бурхан Буддад мөргөж биширч байна гэж хэлээд байдаг. Тэр Будда хоосон чанарын онолын суурийг тавьсан учраас тэгж хандаж байх жишээтэй. Гүн ухааныг тайлбарлах гэснээсээ болоод хүн бүр тэрийг нь ойлгож чадахгүй учраас санааг нь ойлгуулахын тулд хялбарчлаад тэр хялбарлчлалаасаа шашин гарч байгаа юм.

-Тэгэхээр шашныг огт үгүйсгэж болохгүй гэсэн үг үү?

-Тийм ээ. Хүмүүст байх ёстой. Хүмүүсийн сэтгэл санаанд байх ёстой. Яагаад гэвэл шашны сургаж байгаа ёс суртахууны сургаал нь хүнийг хязгаарлаад байдаг. Философи уншаад тархиа хязгаарлах чадалтай тийм оюунтай хүн хорвоод цөөхөн байдаг юм байна. Шашнаар айлгаад, шунавал тамд унана ч гэдэг юм уу, хулгай хийвэл бас л нэг муу юм руу орно, хойд төрөлдөө ингэнэ, тэгнэ гэдэг. Тэгж бариад байгаагаараа шашин бол хүнд хэрэгтэй. Хүн тэгэхээр хулгай хийх, муу үйл хийх гэж байснаа больдог ч юм уу, хийхээсээ эмээдэг, хийвэл болохгүй гэж боддог.

-Аливаа юманд ямар нэг учир холбоос байдаг шүү дээ. Муу зүйл хийхээр үр дагавар нь ирэх ч юм уу. Хүнд нэг сайн зүйл хийхээр өөрт сайн зүйл тохиолдох ч юм уу. Үйлийн үр гэж ярьдаг шиг. Тэр үйлийн үрийн тухай өгүүлдэг бас философи юм уу?

-Философи. Буддагийн философи.

-Есүс Христ, Мухамедынх ч бас философи уу?

-Тийм. Муу юм хийчихээд муу юм тохиолдох нь зөндөө. Хэн нэгэн муу юм хийчихлээ. Хариуд нь муу зүйл болохоор аль нэг бурхан залхааж байгаа юм биш. Ертөнцийн бүх юм уялдаа холбоотой. Тэр уялдаанаас болоод байгаа юм.

-Яагаад ийм байдаг юм бол. Зүгээр л нэг учир хол­боотой байна гэж байхгүй гэж бодоод л хүмүүс ямар нэг ид шид, бурхан, далдын хүчинд итгээд байдаг шиг..

-Хоосон чанарын онолыг би товч хэлье. Энэ миний зүүж байгаа цаг байна. Энэ юунаас тогтож байна. Баахан механизмаас тогтож байгаа. Тэрний нэг нь л байхгүй бол энэ ажиллахгүй. Энэ цагны аль нэг эрэг шургийг авч хаяад. Тэгж авч хаясан муу зүйл эргэж надад яаж тусч байна гэхээр энэ цаг ажиллахаа больчихож байна. Ийм л юм байгаа. Цаг гэж ийм юм дээрээс пүд гээд уначихаагүй. Үүнийг хүн хооронд нь угсарч бүтээсэн. Тэр угсарч бүтээснийг шүтэн барилдлага, хэлхээ холбоо гэж байгаа юм. Юмс бүгдээрээ ийм хэлхээ холбоотой. Тийм хэлхээ холбоо сайн муу янз бүр л байна.

НАМ ГЭДЭГ БАЙХ ЁСТОЙ ЗҮЙЛ

– Ямар ч байсан идеализм, материализм гэдэг байхгүй болж. Намуудын баруун, зүүний үзлийн тухай яриач. Таны яриад байдаг төв үзэл энэ хоёрын дундуур нь л явна гэсэн үг үү. Өнөөдөр аль нэг үзэл хамаарахгүй, хамтарч эрх бариад байгаа нь төв үзэл мөн үү?

-Тэр чинь төв үзэл биш шүү дээ. Ингэж хоорондоо нийлж бужигнаж байгаа чинь хуйвалдаан болохоос биш төв үзэл гэдэг өөр л дөө. Төв үзлийн тухай олон философич ярьдаг, судалдаг. Ямарваа туйлшрал байхгүй байхыг л хэлнэ гэж маш товчхоноор тодорхойлох юм даа. Баруун, зүүн үзэл гэдэг чинь Европт алга болчихсон юм. Ер нь дэлхийд байхгүй. Байхгүй болоод хоёр зуун жил болж байна.

-Би бол одоо ч байгаа л гэж боддог. Тэгээд барууны, зүүний үзэл байхгүй юм бол манайд байгаа намууд маань юу болж таарах вэ. Байхгүй болчихсон үзлээр яагаад яваад байдаг хэрэг вэ? Ер нь Монголд ээлжилж эрх барьж байгаа хоёр том нам тэгвэл ямар үзэлтэй нам болж таарав?

-Ардын нам бол зүүний гэж байгаа юм. Ардчилсан нам барууных л гэж байгаа. Хэрэг дээрээ тийм юм байхгүй. Амьдрал дээр хар л даа. Зүүнийх бол зүүний бодлогыг хэрэгжүүлэх ёстой. Гэтэл Ардын нам Засгийн эрх барьж байхдаа барууны баримтлалаар яваад л байсан, эрх баригчид одоо зүүний чиг баримжаатай асуудлыг шийдэж байгаа юм зөндөө л байгаа шүү дээ.

-Манайд холилдоод, байхгүй болсон гэж та хэлээд байна. Дэлхийд тэгвэл ямар байна. Мэдэх нь ээ баруун, зүүн гээд л байж л байх юм билээ.

-Европын орнуудад барууны зүүний гэж ярьдаг нь хэвээрээ байгаа юм. Гэтэл цаанаа амьдрал дээр бол байхгүй болчихсон.

-Үүнийг философичид тэгж хэлж байна уу, ерөөсөө л тийм болчихсон юм уу?

-Өөр юм хэлж чадахгүй байгаа учраас л баруун, зүүн гэсэн нэршлээрээ яваад байгаа юм.

-Хэрэв үзэл баримтлал нь байхгүй болчихсон юм бол нам байх хэрэг байна уу?

-Нам байх ёстой.

-Нам гэдэгт ямар нэг үзэл баримтлал, явах зам гэж байх ёстой биз дээ?

-Баруун, зүүн гэж нэрлэхгүйгээр явж болно л доо. Би бол үндэсний ардчилсан үзэл санаа гэдэг л Монголд байх ёстой гэж үздэг. Тэр үндэсний ардчилсан үзэл санаа бол дундаж үзэл л дээ. Баруунсаад ч байх юмгүй, зүүнсээд ч байх юмгүй, ард түмэнд юу хэрэгтэй байна тэрнийг л хийх хэрэгтэй. Олон жил би үүнийг ярьж байгаа юм аа.

-Таны бичсэнийг уншаад л аль нэг нам энэ замаар явъя гэхгүй л байлгүй. Тэгэхээр та өөрөө улс төрд оролцож байж үүнийгээ хэрэгжүүлэх юм биш үү?

-Тэр дэмий. Болгох гэж оролдоод болоогүй юм чинь дахиад болохгүй биз.

-Яаж тэр билээ?

-Намайг удирдаж байхад манай нам миний хэлээд байгаа үзлээр л явсан юм шүү дээ. Тэрний дараа ардчилсан социалист үзэл гэж гарч ирээд нөгөө тийшээ туйлширчихаж байгаа юм. Хэрэв ардчилсан социализмыг ярьж байгаа бол одоогийн Швед, Дани, Норвеги, Австри шиг ийм хэмжээнд хүрэх ёстой. Тэд бол социализм ярихгүй ч гэсэн социализмд хэрэг дээрээ орчихсон орнууд. Мэдээж хэрэг тэнд дутагдал энэ тэр их л байгаа л даа. Гэхдээ биднээс хамаагүй даваад явчихсан.

-Тэр орнууд социализм, ардчилал хоёрын дундуур яваад байна гэсэн үг үү?

-Зөв холбож чадсан гэсэн үг. Алинаас нь ч хэрэгтэйг нь аваад зөв хөгжүүлж чадсан. Одоо тэр лүү чинь орох маягтай юм яриад байгаа.

-Хаана тэгж ярьж байгаа гэж….

-Дэлхий даяар ярих гээд байна. Яриад ч эхэлж. Бид капитализм гэж яриад байдаг шүү дээ. Угтаа сонгодог капитализм бол алга болчихсон. Марксын үеийн цус балчгаар урссан капитализм гэж хэлээд байдаг нь байхгүй болсон. Одоо юу яригдаж байна гэхээр баруунд капитализм гэж яриад байгаа чинь чөлөөт зах зээл гэдгийг хэлээд байгаа шүү дээ. Социализм нь төлөвлөлттэй, тогтвортой эдийн засагтай байхыг л хэлээд байгаа юм. Өрнөдийн улс төрийн том зүтгэлтнүүд, НҮБ-ын дарга ч тэмдэглэсэн байна лээ. Чөлөөт зах зээл либерализм гэдэг бол явахгүй нь ээ. Энэ дэлхийг хямралд хүргээд байна гэсэн бол Оросын философичид, Өмнөд Солонгосынхон бас энэ тухай их ярьж байна. Харин Хятад бол тусдаа өөрийн гэсэн нэг дэлхий. Өөрийн бодолтой, өөрийн гүн ухаантай.

-Хятадуудын явж байгаа зам зөв үү?

-Зөв. Айхтар. Тэр олон хүнийг барьж байх ёстой. Хятадад анги үүссэнтэй хамаагүйгээр төр үүссэн шүү дээ. Аж ахуйг яаж эрхлэх вэ, яаж цөмөөрөө газар тариаланг хөгжүүлэх вэ гэдгээсээ болж зохион байгуулалтад орж, тосгон сууринг нэг нь удирддаг болох маягтайгаар төр үүссэн. Өөрийн гэсэн уламжлалтай. Тэр нь Күнз, Лаоз хоёрын гүн ухаан дээр тулгуурласан. Хятад чинь өөрсдийгөө Дундад улс гэдэг шүү дээ.

-Тэгвэл хятадууд энэ хү­мүү­сийн философиор явдаг юм байж. Монголын үндсэн философи нь юу юм?

-Манайх чинь нүүдэлчин орон, ард түмэн учраас бясалгаад философи гаргаад сууж байх зав зай байгаагүй байх. Буддын шашин дэлгэрс­нээс хойш буддын гүн ухаан нэлээд хөгжсөн юм билээ.

-Манайхан монгол ухаан гэж ирээд л ярьдаг шүү дээ..

-Тэр ч яахав, Монголынхоо онцлогийг л хэлж байгаа юм. Соёмбыг Монголын гүн ухааныг үндэслэсэн гэж би ном гаргасан. Энэ номын ихэнх нь зураг. Тэгээд тайлбартай. Ийм бэлгэдлийн гүн ухаан бол дэлхий дээр байхгүй. Занабазарын бүтээ­сэн соёмбыг би бэлгэдлийн гүн ухаан гэж байгаа юм. Энийг чинь хүн яаж ч тайлбарлаж болно. Бүрэн гүйцэд тайлбарлаж чадахгүй. Хичнээн ч тайлбар гарч болно.

Дэлхий дээр хаана хэн юу гэж байна, авахыг нь аваад гээхийг нь гээгээд өөрийн онцлогт тааруулж л явах ёстой юм. Бидний хүчин чадал бас дутаж байна л даа. Тоохгүй байх гэхээр эдийн засаг өөрөө ийм байдаг. Тоох гэхээр дэлхийн улс орнууд тасраад талийлаа. Манайх хоцорлоо. Тэндээс ч ийм юмыг авъя, эндээс ч ийм юмыг авъя гээд л гүйлдээд байдаг. Тэрийгээ уншиж сайн судлаагүй болохоор хэрэгтэй хэрэггүй юмнууд цуглуулцгаагаад л, хэрэгтэй, хэрэггүй юмны үгэнд ороод л явчихаж байгаа юм. Дэлхий дээр социализм задрах үед ч тийм юм болсон шүү дээ. Тэгэхээр аль болох өөрийн онцлог, өөрсдийн байж байгаа царайг сайн тунгаах ёстой. Энэн дээрээ манайхны эв түнжин их муу байна. Эрх мэдэл, эд хөрөнгө, эв нэгдлийн төлөө биесээ яаж ч мэдэх нь.

ГҮН УХААНТНУУДЫН ХЭЛЖ ЯРЬДАГ, СУРГААЛ НОМ БОЛ ЭЦСИЙН ДҮНДЭЭ ЯГ АДИЛХАН

-Ер нь яаж зөв явах вэ. Заримдаа ч зөв гэж бодсон зүйл буруу болчих нь бий…

– Ёс суртахуун л байна шүү дээ. Ард түмний тогтсон ёс суртахуун байна. Дээрээс нь эрдэмтэд, Күнз, Лаоз, Будда, Нагаржуна, Аристотелийн ёс суртахууны том сургаал байгаа. Заримыг нь шашинд оруулаад л байгаа болохоос.

-Энэ олон философичид, сэтгэгчид хоорондоо зөрчилтэй зүйлс яриад байдаг биз дээ?

-Яг эцсийн дүндээ яг адилхан л байдаг юм. Нэг юман дээр очиж бууж байгаа юм.

-Дао, хоосон чанар, хэлбэр гээд байгаа нь бүгд адилхан гэсэн үг үү?

-Тийм. Философичид тийм юм хэлж байгаад тэндээсээ ёс суртахууны сургаалаа гаргадаг. Нагаржуна хоосон чанарын онолоо гаргачихаад хэрвээ чи хорвоог хоосон чанартай гэж үзэж байгаа бол, чи амьдралдаа өөрийнхөө суртахуун, оюун ухааныг тэр хоосон чанарыг ажигласнаараа тогтоож авах хэрэгтэй. Тэр нь дундаж үзэл рүү орчихдог юм. Туйлширч болохгүй. Амьдрах ёстой юу, ёстой. Сайхан амьдрах хэрэгтэй юу, хэрэгтэй. Гэхдээ тэр шунал, хүсэл, тачаал, эрх мэдлийн төлөөх тэмцэл энэ бүх юмыг хэмжээнд нь байлгах хэрэгтэй. Тэгэхээр ёс суртахууны сургаалаар нь явна гэж бараг байхгүй. Уншаад нээрээ тийм байна гэж ойлгож байгаа тэр хүн л тэр сургаалаар явъя гэлээ ч хажуудах чинь болохгүй байхаар чи дахиад л тэрүүгээрээ явж чадахгүй шүү дээ. Нийтээрээ ёс суртахууны сайн чанарт хүрэх ёстой.

-Шинжлэх ухаан хар нүх гэж нэг юмны тухай яриад байдаг. Тэрний талаар юу гэж боддог вэ?

-Одоо юу гэж яриад байгааг нь мэдэхгүй юм. Хар нүх гэж физикийн ухаанд л ярьдаг байсан шүү дээ. Энэ огторгуйд хязгааргүй их нүх бий гэж. Тэр хязгааргүй нүхийг нь очоод үзчихээгүй учраас мэдэхгүй. Тэгэхдээ юу ч байж магадгүй. Бидэнд бол таньж мэдээгүй юм учир тоймгүй байгаа. Үй олон таамаглал хажуугаар нь явж байгаа. Далайн усны хэмжээг тогтоож чадахгүй шүү дээ.

-Тоо бодоод л гаргачих юм биш үү?

-Тэр худлаа. Миний толгойд хэдэн үс байгааг хэн яаж мэдэхэв.

-Хүний үс хэд байдаг гээд тоо гаргачихсан л байдаг..

-Тэр бол багцаагаар л хэлж байгаа юм. Аягүй бол тэрүүгээр эрдмийн зэрэг цол хамгаалж байгаа биз. Ойгүй хар нүх ярьдаг чинь ертөнц үүсэхдээ хаос гэдэг юмнаас үүссэн гээд эртний Грекийн гүн ухаанчид ярьдаг. Эмхгүй байдал гэсэн үг. Эмх замбараагүй юм гэдэг нь харанхуй юм байж таарнаа даа. Хоорондоо эвцэлдээ авцалдаагүй, хар нүх гэсэн утгатай юм л даа. Цаад санаа нь хоосон чанар гэсэн л үг. Хоосон чанар гэхээр тийм юм харагдаж байна гэхийн аргагүй. Юм хоорондоо шүтэн барилдсан учраас энэ гэж нэг юм алга. Мөнх юм байхгүй, мөнх бус юм байхгүй. Тэр хоёрын завсар байна. Тэр хоёрын завсрыг бид харж чадахгүй. Энэ бол бодис мөн, энэ бол бодис биш гээд л миний энэ барьж байгаа дэвтрийг тайлбарлаад явчихдаг. Таван махбод гээд байгаа шү дээ. Тэр махбод чинь дангаараа өөрөө ингээд байж байгаа юм биш. Шүтэн барилдаж хоорондоо авцалдсанаас гарсан. Мөнх биш учраас өөрөө өөрчлөгдөнө. Мөнх байж байвал бүх зүйл тасар­хай, бие биеэсээ хамаагүй болно. Жишээ нь би хэнээс ч хамаагүй болох нь байна шүү дээ.

-Улс төр, намын тухай асуултаас зугтаад байгаа ч ганц асуулт асуучихъя. Намыг удирдаж байгаа хүмүүс намаа ангаахай дэгдээхэйний үүр мэтээр бодож хаяж орхиж болохгүй гэж та хэлсэн. Энэ хэнийг хэлсэн юм бэ?

-Би дан ганц залуусыг хэлээгүй. Нийтэд нь хэлж байгаа юм. Нам гэдэг бол эрх мэдэлд гарах гэж байгаа гарах сонирхолтой хүмүүсийн эрх ашиг сонирхлыг нь хамгаалж байдаг газар биш гэсэн үг. Өөрөөр хэлбэл эрх мэдэл албан тушаал ахихын тулд намд ордог юм биш. Намын зорилго нь өөр юм.

Нийгмийг удирдахын тулд зөв зүйтэй оролцохыг хэлээд байгаа. За өөр зүйл ярина гэчихээд л улс төр лүү хальтирч асуучих гээд байх юм. Улс төр ярихгүй гэж анхнаасаа хэлсэн шүү дээ. Хэрүүлийн нэмэр байдаг юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хэрэггүй нээлт хэрэгтэй болсон нь

Цаг цагаараа
байдаггүй, цахилдаг хөхөөрөө байдаггүй гэдэгчлэн нэгэн үе хэрэггүй гэж байсан зүйлс
хэрэг болох нь байдаг аж. Эсрэгээрээ өдөр тутмын хэрэглээ болсон нь аажмаар хасагдаад
явдаг.

“Хэрэггүй
нээлтүүд” хэмээх номыг 1995 онд япончууд гаргажээ. Энэхүү номонд хүмүүсийн хэрэглээнд
төдийлөн нэвтрээгүй, эсвэл амьдралд хэрэг болохооргүй шинэ санаа, шийдэл бүхий бүтээлүүдийг
жагсаасан байна. Амьдралд нэгэнт хэрэг болохгүй учраас гологдсон бүтээлүүдийн жагсаалт
гэсэн үг. Тэдгээр дотор одоо хэрэг болоод зогсохгүй ухаалаг утас, цахим хэрэглээтэй
хүмүүсийн өдөр тутмын найз болсон нэгэн бүтээл багтаж. Энэ нь сэлфиний гар буюу
өөрийнхөө зургийг авахад утсаа суурилуулдаг урт иш. Тэр үед ухаалаг утас гараагүй
байсан болохоор зургийн аппаратаа суурилуулан өөрийнхөө зургийг дарахад зориулан
бүтээсэн байна. Одоогийн хувилбар нь ухаалаг утсаа суурилуулдаг болохоос тэр үеийнхээс
ялгаа бараг л алга. Ингээд бодохоор шинэ зүйл гэж мартагдсан хуучин зүйлийг жаахан
өөрчлөхөд л болдог гэдэгтэй санал нийлмээр. Мөн тухайн үедээ хамгийн хэрэгтэй байсан
зүйлс хэрэглээнээс ор мөргүй устаж алга болох, эсвэл технологийн дэвшил нь элдэв
сөрөг нөлөө үзүүлснээр дахин хуучнаа хэрэглэхэд хүрдэг. Тооны машин амьдралд нэвтэрснээр
цээжээр тоо огт бодож чадахгүй болсон учраас Японы сургуулиуд хүүхдүүддээ сампингаар
тоо бодох арга зааж эхэлсэн байна лээ. Саяхан ухаалаг утас, интернэтийн хэрэглээ
их болсноор хүмүүс амьд харилцаа, амьдралын бусад зүйлд цаг гаргах нь багассан гээд
бас нэгэн шинэ зүйл Солонгосын эрдэмтэд сэдсэн нь ямар нэг уулзалт, хурал, хичээлийн
үед утас нь огт ашиглагдахгүй болж унтардаг программ юм. Энэхүү программыг ухаалаг
утсандаа татаж авснаар нэлээд цагийг үр бүтээлтэй өнгөрөөж байгаа тухайгаа туршилтад
оролцсон хүмүүс ярьсан байна лээ. Хэдийгээр технологийн хөгжил асар хурдацтай байгаа
ч хуучин зүйлс эргэн хэрэглээнд нэвтрэх нь бий. Одоо ч гэсэн ярианы нууцлалтай холбоотойгоор
ухаалаг утаснаас татгалзсан хүмүүс нэмэгдээд байгаа шүү.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цагаан захтнуудын сонгох, сонгогдох эрхийг хасъя

Эрх баригчид ард түмнийг хоёр хувааж хооронд нь хагаралдуулж тэмцэлдүүлж байсан жишээ захаас аваад замаар нэг байгаа. Эртнээсээ өнөөг хүртэл он жилүүдийн түүх үүнийг гэрчилнэ. Анхны парламент үүссэн гэгддэг эртний Ромын үед язгууртнууд, лигионерууд, эрх чөлөөт иргэн, боол, гладиоторууд гэж ангилж байлаа. Эртнээс хаа сайгүй арьсны үзэл ноёрхож хар, цагаан, шар, улаан арьстан гэж ялгаж байв.

Оросууд ч үеийн үед мөн л нийгмээ хагалан ялгаварлан тэмцэлдүүлж большевик, ме­ньшвик, улаантан, цагаантан, коммунист, эсэргүү, нударган, пролетари гэж ангилсаар ирэв. Цагаантан хэмээгдэх Хаант оросын үеийн язгууртнууд, удам дамжсан дээд дав­хар­­гынхан, боловсрол мэд­­лэг өндөр сэхээтнүүд, улаантан гэдэг нь эдгээр хөрөнгөтэй хүмүүсийг үзэн ядаж, эсэргүүцэн тэмцсэн нийгмийн давхаргынхан. Тэднийг пролетарийн хувьс­гал буюу бидний сайн мэдэхээр Октябрийн хувьсгал нэрээр Ленин тэргүүтэн гаргаж ирсэн. Улаантнууд нэг шат ахиж большевик болж хувирсан. Большевикууд зохион байгуулалттайгаар хэдэн үеэр дамжиж ирсэн хөрөнгөтнүүдийн үйлдвэр, эд хөрөнгө, газар, хэргэм зэргийг хурааж байлаа. Комму­низмын төлөө коммунистууд гэх нөхөд бий болж, нөгөө хөрөнгөтнүүдээ хувьсгалын эсэргүү, цагаантан гэлцэн хөнөөлдөн тэмцэв. Хүн төрөлхтний түүх сэхээтэн язгууртнаа ингэж адлан, хороож, дээрэмдэн устгаж байсан улс нь ямар болсон, сэхээтэнлэг язгууртан, эд хөрөнгөтэй хүмүүсээ дагаж хөгжсөн нь одоо ямар байгааг бэлхнээ харуулж байна. Бидний мэдэх жишээ­нүүд гэвэл оросууд улаантан цагаантан хэмээн адилхан орос хүнээ хядаж, германчууд ари, еврейгээр нь ялган аймшигт яргалал үйлдэж байв. Дарангуйлагч Пол Потын дэглэмийн үед иргэдээ хуучин буюу үндсэн, шинэ гэж хоёр ангилж эхний ангилалд нь тариачид болон улаан кхмерүүд. Хоёр дахь ангиллынхан нь тэднээс үргэлж илүү амьдарч ирсэн боловсролтой, сэхээтнүүд нь буюу шинэ гэдэг ангилалд багтсан хүмүүс. Харамсалтай нь нэг дэх ангиллынхан өнөөх өөрсдөөс нь үргэлж илүү амьдарч ирсэн боловсролтой хэсгийнхнээ хуулиас гадуур гэж аймшигтайгаар тамлан алж, хүчирхийлэн устгаж байсан түүх бий.

Ингэж цаг үе бүрт эрх баригч, эрх мэдэлтнүүд ард түмнээ хоёр хувааж ирсэн. Манайд юу дутахав гэсэн шиг мөн л энэ ангилан ялгаварлал эртнээсээ байсан. Хубилай хааны үед л гэхэд хүн амаа дөрвөн зэрэгт хувааж байж. Эхний дээд зэрэглэлийн ангилалд монгол хүн, дараах ангилалд дундад ази гаралтай Китан, Уйгар, гуравдугаарт хойд Хятадын хүн, дөрөвдүгээрт нанхиад буюу өмнөд Сүн улсын хүн гэж ангилж байж.

Харин түүхийн нугачаанд хар шар феодал-харц ард, хувьсгалч, хувьсгалын эсэргүү, энгийн иргэд, баруунтан зүүнтэн, нударган баян, Японы тагнуул, гээд аль ч үедээ нэг хэсэг иргэдээ ялгаварлаж ирж. Ялгаварлалд өртсөн иргэдээ хэлмэгдүүлэхэд амар байдаг. Тэднийг хүний тооноос гаргаж, хүчирхийлэх алах, тамлахад юунаас ч айхаа байчихдаг. Хүн гэж үзэхгүй, дайсан гэж харахаар тэдэнд эрх гэж байхгүй болчихож байгаа юм. Нэгэнт эрх нь байхгүй гэж үзэхээр дарангуйлахад, үзэн ядаж зовоож тарчлаахад хэцүү биш болоод явчихдаг байна.

Дэлхийн олон оронд иргэддээ өршөөл үзүүлдэг. Солонгосчууд Өршөөлийн хууль гаргаж сэхээтэн, томоо­хон компанийн эзэд, бизнес эрхлэгчдээ эрх чөлөөтэй болгосноор өнөөдрийн хөгжилдөө хүрсэн гэдэг.

Монголын парламент хэлэлцэж байгаа Өршөөлийн хуульд хамрагдахгүй болох зуун жаран хэдэн хүн бол баруунд боловсрол эзэмшсэн, их бага хэмжээгээр аж ахуй эрхлээд баялаг бүтээчихсэн, доод тал нь тавин айлыг ажлын байраар хангадаг, тухайн салбартаа толгой цохих чадварлаг боловсон хүчнүүд. Шулуухан хэлэхэд нийгмээ чирч явдаг дунд, дээд давхаргынхан байгаа. Тэд Монголын ард түмний нэг хэсэг. Тэр дундаа ард түмнийг чирч явдаг оюунлаг, хөрөнгөлөг, баялаг бүтээдэг хэсэг.

Монголчууд бид бусдаасаа илүү сайхан амьдарч байгаа хүнийг нийтээрээ үзэн яддаг. Баян хүнийг үргэлж муулна. Нөгөө ардчилал, хүний эрх, Үндсэн хуулийн үндсэн заалтуудыг хаанаа гээчихээд ингэж суудаг юм. Угтаа адлагдаад байгаа тэдгээр хүмүүс ялангуяа өршөөлд хамрагдахгүй үлдээх гээд байгаа цагаан захтнууд бусдаас илүү хөдөлмөрлөж, бусдаас илүү боловсорч, бусдаас илүү сэтгэсэн учраас л хөрөнгөтэй мөнгөтэй, өнгөтэй өөдтэй явсан.

Сүүлийн хэд хоног эрх баригчдын амнаас цагаан захтан-энгийн иргэд, авлига­чид-ард түмэн, төрийн албан хаагч-хувь иргэд гээд л эсрэгцүүлсэн үгс их гарах болж. Авлигачдын толгой бөхийж ард түмний нуруу тэнийнэ, төрийн албан хаагчдыг өөд нь нар харуулж болохгүй, авлигачдыг цээрлүүлж, ард түмнээ аврах хэрэгтэй гэх мэтээр нийгмийг хагаралдуулж хоёр бүлэгт хуваалаа. Төр засгийн удирдлагууд, төр засаг нь иргэдээ ингэж хуваагаад байна. Яагаад ингэж хуваагаад байна. Үндсэн хуулийн 2.14.2-т зааснаар Хүнийг үндэс, угсаа, хэл, арьсны өнгө, нас, хүйс, нийгмийн гарал, байдал, хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал, шашин шүтлэг, үзэл бодол, боловсролоор нь ялгаварлан гадуурхаж үл болно гэж заасан. Энэ заалтыг хүн болгон зөрчдөг боллоо. Хүнийг үндэс угсаагаар гадуурхан ойрд, дөрвөд, халхаараа дуудалцан, эрлийз хурлийзаар нь доромжлох болов. Хүнийг хөгшин залуу, баян ядуугаар нь хэлэлцэн гутаана. Шашин шүтлэг, үзэл бодлоор нь байнга нэгийгээ ялгаж, буруу үзэл буруу номтноор дууддаг. Одоо хөрөнгө чинээ, эрхэлсэн ажил, албан тушаал хашиж байснаар нь ялган цагаан захтан гэж цоллоод байгаа. Цагаан захтанг өршөөхгүй гэж байна. Харин хүн хутгалдгийг нь өршөөнө гэж байна. Энэ юу гэсэн үг вэ. Боловсролтой бол өршөөхгүй, боловсролгүй дээрэмчнийг өршөөнө гэдэг нь юу гэсэн үг вэ. Цагаан захтай хүн гэдэг нь хар цустай биш. Цагаан захтан гэдэгт бидний аав, ээж, үр хүүхэд, ах дүү, хамаатан садан, найз нөхөд, танил ч багтана. Хүчирхийлэл үйлдэж, олон хүнийг орох газаргүй болтол нь зовоож, амьтан хүнийг амьдрах аргагүй болгодог хүнээс төрийн алба хашаад, төрийн өмчийг идээд баяжчихсан цагаан захтан хэмээн ад үзэгдээд байгаа хүмүүс хамаагүй дээр байдаг. Явж явж төрийн өмч гэж хэний өмч юм. Хэдэн дарга нарын л өмч шүү дээ. Ард түмэнд ямар хүртээлтэй байдаг билээ. Төрийн юм гээд хэн нэг оноосон эзэн бий бил үү.

Төр ингэж иргэдээ алагчлан үзэж, нийгмээр нь талцуулан хагаралдуулж, байгаа нь саяхан батлагдсан Өршөөлийн хуулиар тод илэрлээ. Ингэж болдог юм уу. Цагаан захтай ч бай, хар захтай ч бай, адилхан Монгол Улсын иргэн. Монгол Улсын хуульд адилхан л захирагдах ёстой. Нийгмийн аль нэг давхаргад зориулж, хууль гаргаж, аль нэг давхаргыг нь бусдаас илүү эрх эдэлнэ гэж зарлан тунхаглаж байгаа нь ямар учиртай вэ. Үүний үр дүнд юу болохов. Өршөөлийн хуулийг хэлэлцэж байгаа байдлыг харахад Монгол Улсын төр нийгмээ яг ингэж хувааж хэн нэгнийг нөгөөгөөс нь илүү гэж тунхаглах нь нийгмийг хооронд нь дайсагнуулж байна. Ингэж бие биеэ үзэн ядах хэнд хэрэгтэй юм. Гаргаж байгаа хуулиуд нь үргэлж хооронд нь хагалан тэмцэлдүүлэх заалтууд их болж. Хэвлэлийн эздийг дайсан гэж сэтгүүлчид нь дарлагдсан ард түмэн гэсэн утга бүхий хуулийн заалт оруулж ирж байсан. Ингэж нийгмээр хагалан захирах гэсэн ганц нэг хүн эрх мэдлээ хадгалж нийтээр нь дарангуйлах гэсэн шиг л харагдаж байна. Үндэстнийг хагаралдуудах чигтэй үг, хуулийн заалт оруулж ирэхдээ төрийн зүтгэлтнүүд бодож баймаар. Зуун хүний хэргийг шийдэхдээ нэг хүнийг хэлмэгдүүлбэл 99 хүнд нь ял завшуулсан нь дээр гэж үг бий.

Хууль шүүхийн өмнө Монгол Улсын иргэн бүр тэгш эрхтэй. Хууль Доржийг танхай болохоор үйлчлээд Дулмааг цагаан захтай болохоор нь үйлчлэхгүй гэж яавч байж болохгүй. Тэр цагаан захтан гэж ангилаад байгаа хүмүүс юу ч хүртэх эрхгүй хүмүүс үү. Нэртэйгээр нь цагаан захтнуудын сонгох, сонгогдох эрхийг хасчихаач. Нэртэйгээр нь тэднийг хүн биш гээд зарлачихаач.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Үндэсний цэцэрлэгт хүрээлэн буюу шөнийн Дүнжингарав

Улс үндэстэн болгон өөрийн цэцэрлэгт хүрээлэнтэй. Нэг хотод нэлээд хэдээрээ ч бий. Хот нь тэр чигээрээ цэцэрлэгт хүрээлэн шиг нь ч бий. Цэцэрлэгт хүрээлэнд нь очиход яг л диваажингийн нэгээхэн хэсэгт зочилсон юм шиг санагддаг. Цэцгийн хүлэмж, архитектурын гайхалтай шийдлүүд, усан оргилуур, ресторан, төгөл, хүлэмж, спортын цогцолбор, тоглоомын газрууд, амьтны хүрээлэн тэр байтугай саун амралтын газартай нэгэн цогц байдаг. Урлаг соёл, спортын арга хэмжээ, шоу үзүүлбэрүүд тасрахгүй. Өөр өөрийн онцлогоороо дэлхийд танигдсан. Тэрийг нь очиж үзэх гэсэн жуулчдын хөл тасрахгүй.

Улаанбаатарт дэлхийн хотуудын жишгээр иргэдээ амарч зугаалж, чөлөөт цагаа зөв, аятай тухтай өнгөрөөж байх газартай болгож, Үндэсний цэцэрлэгт хүрээлэн байгуулсан. Ийм цэцэрлэгт хүрээлэнтэй болсон нь сайн хэрэг. Орчин үеийн хот ийм л байдаг. Үндэсний цэцэрлэгт хүрээлэнг арван жилийн хугацаанд 95 сая ам.долларын хөрөнгө оруулалт хийн байгуулахаар ТЭЗҮ нь гарч 2013 он гэхэд 1,9 тэрбумыг зарцуулаад байсан. Дараа нь гадны хөрөнгө оруулалтаар дөрвөн тэрбумыг цэцэрлэгт хүрээлэнд зориулсан. Жил жилээр хөрөнгө оруулалт хийгээд л байгаа. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн нийслэлийн өмчит үйлдвэрийн газар. Нэг ёсондоо нийслэл өөрийн өмчдөө хяналт тавина гэсэн үг. Амралт чөлөөт цагаа өнгөрөөчих олигтойхон газар ховор болохоор хүүхэд, хөгшин залуу гэлтгүй тийш очих юм. Ялангуяа зуны дэлгэр цагт.

Нийслэлийг 2020 он хүртэл хөгжүүлэх төлөвлөгөөнд оруулан уг цэцэрлэгт хүрээлэнг тохижуулах ажилд хөрөнгө мөнгө зарцуулах шийдвэр хотын дарга гаргаж Нийслэлийн иргэдийн хурлын Байгаль орчин, экологийн хорооны дарга Б.Саранчимэг цэцэрлэгт хүрээлэнг удирдах болсон. Тэрээр хувиасаа 40 гаруй га-д нь хөрөнгө оруулалт хийхээр санал гаргаж байсан юм билээ. 2009 онд цэцэрлэгт хүрээлэнгийн тохижилтын ажил эхэлж, 2012 оноос иргэдэд үүд хаалгаа нээсэн. 960 га газрыг хамарсан энэ том талбайд юу эсийг хийж болох билээ. Нью-Йоркийн алдарт цэцэрлэгт хүрээлэн ердөө л 43 га. Гэвч цэцэрлэгжүүлэлт ландшафтаараа дэлхийд алдартай. Манай цэцэрлэгт хүрээлэн ландшафтаар дагнаагүй ч иргэдэд хүрэх үйлчилгээ нь үүргийн наймаачдаас хэтрэхгүй. Дугуйн замаар нь зорчигсод дэндүү цөөхөн. Гүйлтийн зам тавьсан ч гүйж байгаа нь тун ховор. Харин эцэг эхчүүд хаяахан бага насны хүүхдээ дугуй унуулж явах нь л харагддаг. Хоосон байснаас ямар ч байсан эхлэл нь тавигдаад явж байгаа. Түмний хөл хөлхсөн газар болох нь болж. Харамсалтай нь цэцэрлэгт хүрээлэнд хөл тавиад л урд хөршийн хоолны гудамжаар явж байгаа мэт сэтгэгдэл л төрнө. Азийн орнууд үндэснийхээ хоолны онцлогийг таниулах хоолны гудамжуудтай. Гэтэл манай Үндэсний цэцэрлэгт хүрээлэн тэр хоолны гудамжны тааруухан хувилбар болж орхисон шиг.

Үдэш орой болсон хойно хуушуур бууз, шорлог, хорхог, таван цулын шөл, хонины чанасан толгой гээд аль л шингэц муутай, хүнд хоолнуудыг зардаг. Эрүүл ахуйн тухай яриад ч хэрэг байхгүй. Дүүргийн хэдэн цагдаа сайн дурын тогооч нарт шаардлага тавихаас хэтрэхгүй. Үгийг нь сонсч байгаа хүн ч алга. Жижигхэн сүүдрэвч шиг юм босгоод л дор нь хуушуураа хайрч зогсоно. Хажууд нь хуучин автобусны бололтой сандал тавьчихаж. Утаа, үнэрт нь толгой мансуурам. Хоолны үлдэгдэл, хог гэж учир тоймгүй их. Шарилж нь харшилтай хүмүүсийг дахиж очихгүй болтол хашраадаг. Хэрэгтэй хэрэггүй олон бараа, хүүхэд хуурах тоглоом, эрүүл мэндэд хор болохоор хоол зарж, бооцоот, мөрийтэй тоглоом тоглодог газар болж хувирчээ, өнөөх цэцэрлэгт хүрээлэн маань. Утаа май тавин шөнөжин хоол үнэртүүлэн зарах хэрнээ спортлог талын юм тун ховор. Дугуйн зам, 2.5 км гүйлтийн зам, өвөлдөө цанаар гулгах зам тавьсан ч гүйж байгаа хүн ховорхон. Хөлбөмбөгийн, теннис, сагсан бөмбөгийн талбайтай ч үйлчилгээ, үйлчлүүлэгч хоёрын ая дан таардаггүй юм уу, нэг л явц муутай. Олонхи нь спортоор хичээллэхгүй болохоор эндхийн гүйлтийн замаар гүйж яваа хүн бусдын нүд хужирлаж, санаа зовно. Спортоор хичээллэж, явган алхаж явъя ч гэсэн өнөөх түмэн янзын шаардлага хангаагүй хоол ходоод ажиллуулж худалдаж авахаас өөр аргагүйд хүргэнэ. Ингээд юун зугаалга, амралт, юун спорт болоод явчихна.

Хоёр, гурав, дөрвөөрөө сууж жийдэг үхэр тэрэг шиг дугуй нь ганц тойрохдоо мөнгө төлөхийг эс тооцвол спортлог гэхээсээ мөнгө олох гэсэн ядмаг арга. Тийм дугуйгаар ганц тойроод хүний биед сайн нөлөө үзүүлэх нь юу л бол. Спорт сонирхогч залуус Эрх чөлөөний талбай, Чингисийн талбайд дугуйт тэшүүр, гулгадаг тавцан, дугуйгаа унана. Үндэсний цэцэрлэгт хүрээлэн гэх том нэртэй газар залуусыг спортоор хичээллэх, чөлөөт цагаа зөв өнгөрүүлэх, фитнесс, дугуйт тэшүүр, гулгадаг тавцан, эрүүлжих, хөдөлгөөнтэй байх дасгал хөдөлгөөн хийх, сэтгэлээ сэргээж нэг сайхан юм үзчихье гэсэн ч гялайх юм алга. Олны хөлийн газар гэхэд ядаж л нэг ч мөнгөний машин байхгүй. Цэцэрлэгт хүрээлэнг эргэн тойронд торлосон нь торны ирмэгүүд хүүхдүүдийн нүүр, гар урчихаад байна гэсэн эцэг эхчүүдийн гомдол сонсов. Гоёмсог хашаатай байна гэж зураг нь гарсан л гэдэг. Таван хуруунд хүрэхгүй тоотой ариун цэврийн газрынх нь хажууханд хуушуур зарж байдаг. Угтаа ариун цэврийн шаардлага хангасан, хөнгөн зууш, ус ундаа, хөөсөн чихэр төдийхөн байхад л хангалттай. Мэдээж зориулалтын мухлагт. Иргэд тэнд амрах гэж, чөлөөт цагаа өнгөрөөх гэж очихоос хоол идэж наймаа хийх гэж очдоггүй. Гэвч нэгэнт зарж байгаа болохоор ядаж л хүүхэд нь нүдэнд нь харагдаж, хамарт нь үнэртээд байгаа хоолноос авна л гэнэ шүү дээ.

Дэлхийн хотуудын дайтай болохыг хүсч байгуулсан ганц цэцэрлэгт хүрээлэн маань нэг иймэрхүү л дүр зурагтай. Оройн цагаар Дүнжингарав худалдааны төв нүүгээд ирчихсэн юм шиг л болдог. Дашрамд хэлэхэд цэцэрлэгт хүрээлэнгийн захирал Б.Саранчимэгийн төрсөн дүү УИХ-ын гишүүн Б.Наранхүү нь “Дүнжингарав” худалдааны төвийн эзэн гэдгийг хэн хүнгүй мэднэ. Тэгэхээр эгч нь дүүгийнхээ худалдааны төвийн наймаачдыг цэцэрлэгт хүрээлэндээ ажиллуулаад шөнийн Дүнжингарав болгочихдог юм уу гэлтэй. Дэлхийн нийслэлүүдийн жишигт хүрье гэвэл байгуулсан ганц цэцэрлэгт хүрээлэнгээ тэдний зиндаанд л аваачъя. Японд гэхэд маш олон цэцэрлэгт хүрээлэн байдаг. Цэцэрлэгжүүлэлт, архитектурын шийдэл нь өөр өөр, зориулалт нь ч өөр. Үэно цэцэрлэгт хүрээлэн гэхэд л амьтны хүрээлэнтэй. Томоохон баяр, ёслолын үеэр хоол хийж зарна уу гэхээс бусад үед чихэр, бэлэг дурсгалын зүйлс, ундаа ус л зарна. Алхам тутамд үзэж харах юмтай. Нүд хужирлаж, сэтгэл баясгана. Манайхны хамгийн их очдог Хонконгийн Диснейлэнд ч зориулалтын мухлагт хөнгөн зууш, бэлэг дурсгалын зүйлс зарж, ирсэн хүний тав тух, үзэх харах зүйлээр уйдаахгүй. Үйлчилгээний ажилчид хаа сайгүй байх бөгөөд үйлчилгээ нь тэр олон хүнийг гомдоохгүй, бас сэтгэл хангалуун явуулдаг. Гэхдээ тэр хэрээр ашигтай ажилладаг. Харин манай цэцэрлэгт хүрээлэн эзгүй юм шиг үйлчилгээтэй, эзэд нь наймаачид болж. Гэтэл солонгосчууд хогийн цэгээ өөд татаад цэцэрлэгт хүрээлэн болгосон байна лээ шүү. Бусад улс орнууд дотоодынхоо байтугай гадаадын иргэдийг цэцэрлэгт хүрээлэнгээрээ даллаж байна. Нүд сэтгэлийг нь баясгасныхаа оронд мөнгө төгрөгийг нь аваад үлдэж чадаж байна.

Дэлхийн хотууд шөнийн цагаар ч бужигнаж байдаг. Гэрэлтэй, хүнтэй, үйлчилгээний газруудтай, амьд. Эл хуль харанхуй, айдас төрүүлэм болдог нь манай нийслэл. Хотынхоо төвд байдаг Чингисийн талбай маань харанхуй, гэрэлтүүлэггүй, байсаар нэлээд олон жилийн нүүр үзлээ. Тэгэхээс тэгэх гэсэн юм шиг зам дагуух гэрлээс ангид харанхуй байдаг нь хачин. Харанхуй талбайд нь харанхуй улсууд цугладаг. Тэд юу хийдэг нь мэдэгдэхгүй. Өглөө болоход тэрэг тэргээр хог овоорсон л харагддаг. Жанжны нэр гологдож байна гээд Чингис хааныхаа нэрийг өгөөд ч төв талбай нь гэрэлтэхгүй бол, ганц байгуулсан цэцэрлэгт хүрээлэнгээ хар зах шиг болгох юм бол ямар юмных нь нийслэл байх билээ.

Categories
мэдээ улс-төр

Аж үйлдвэрийн чиглэлд тэргүүлэгч түншээр Японыг сонгов

Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат Япон улсад зургадугаар сарын 28-наас энэ сарын 1-ний хооронд ажлын айлчлал хийлээ. Тэрээр Японы салбарын сайд нартай хэд хэдэн санамж бичигт гарын үсэг зурж, хоёр орны төр, хувийн хэвшлийн зөвлөлдөх уулзалтад оролцож үг хэлсэн юм. Японы талаас Монгол, Японы эдийн засгийн хорооны дарга Ё.Кобаяши, Эдийн засаг, үйлдвэр худалдааны сайд Ё.Такаги, Гадаад хэргийн дэд сайд К.Наканэ зэрэг албаны хүмүүс оролцов. Д.Эрдэнэбат сайд уулзалтын үеэр хэлсэн үгэндээ “Манай зах зээлд өөрийн улсад үйлдвэрлэсэн бараа бүтээгдэхүүнээ нийлүүлэх, мөн Японы техник технологийг ашиглан хамтран ажиллах сонирхлоо дэвшүүлж байна” гэлээ. Япон Монголын эдийн засаг, худалдаа шинэ түвшинд хүрлээ гэж онцолсон хоёр улсын төр, хувийн хэвшлийн хамтарсан долдугаар зөвлөлдөх уулзалтад Японы 200 гаруй хувийн хэвшлийнхэн оролцсон бол Монгол талаас тавь гаруй компанийн ная гаруй төлөөлөл оролцсон юм. Зөвлөлдөх танхим хөл гишгэх зайгүй хүнээр дүүрчээ.Хоёр улсын бизнесийн төлөөллүүд салбар салбарынхаа түншийг төвөггүйхэн олоод уулзаж, орчуулагчид тун завгүй байлаа. Тэдуулзалт эхлээд удаагүй байхад л бие биедээ хэдэн компани хамтарч ажиллах болсон талаар сэтгэл хангалуун сайрхах нь чихэнд чимэгтэй. Албан уулзалтын уйтгартай, албан ёсны, бишүүрхсэн уур амьсгалогт байсангүй. Арга хэмжээ дуусаагүй байхад л аль хэдийнэ эрэл сурал болсоор бизнес яриа өрнүүлж, эртний танилтайгаа уулзсан мэт ажил хэргээ товлож байлаа. Японы бизнес эрхлэгчид мөн аль салбарт хамтран ажиллаж, хөрөнгө оруулалт хийхэд боломжтойг судлах гэж ирсэн нь ч цөөнгүй байв.

Японы хэвлэл мэдээллийнхэн ч зөвлөлдөх уулзалтыг мэдээлэхээр зайгүй суудал эзэлжээ. NHK ч анхаарал хандуулан ирж, Монголын зарим хэвлэлтэй хамтран ажиллахаар болов. Мөн тус улсын бизнесүүд манайхантай уулзалтын үеэр хамтран ажиллахаар тохиролцон, зарим нь дахин уулзахаар товлож,зарим нь эхний гэрээндээ гарын үсэг зурлаа. Энэ нь Монголын “Дээд өнгө” компани Японы “Super region” компанитай таван сая иенийн гэрээнд гарын үсэг зурсан явдал байлаа. Японы компани даавуун материалаа гаргаж, Монгол компаниэцсийн бүтээгдэхүүн үйлдвэрлэн Японд гаргах төдийгүй цаашдаа дэлхийн зах зээлд гаргахаар тохиролцон хоёр тал гарын үсэг зурлаа. Мөн ирэх онд дээрх компаниуд таван сая ам.долларын гэрээ хийхээр урьдчилсан байдлаар тохиролцов.

Монголын тал Японы өндөр технологийг аж үйлдвэрийн салбарт нутагшуулах сонирхолтой байгаагаа уулзалтын үеэр илэрхийлж байсан бол Японы тал төрийн тогтвортой шийдвэр,нээлттэй мэдээлэл хэрэгтэйг ч сануулна лээ. Өмнөх жилүүдэд хоёр улс түншийн сайхан харилцаатай байсан ч эдийн засгийн хувьдзээл тусламжийн хэмжээнд л Японтой харилцаатай байсан гэхэд буруутахгүй байх. Харин одоо харилцан ашигтай хамтран ажиллах хоёр улсын худалдаа аж үйлдвэрийн чиглэлд хамтын ажиллагаагаа эхлүүлэхээр болсон нь энэ. Зөвлөлдөх уулзалт урьд урьдынхаас үр дүнтэй болж байгааг хоёр тал онцолжбайлаа. Очсон компанийн захирлууд бүгд сэтгэл хангалуун буцаж дахин уулзахын ерөөл, хамтын ажиллагааны эхний шан тавигдлаа хэмээн баяр хөөртэй байцгаав.

Манайхан мэднэ дээ. Жамц давс Японы зах зээлд нэгэнт брэнд болж чадаж. Жамц давсаар хийсэн чихэр эрэлт ихтэй байдаг юм байна. Япончууд хүнсний эрүүл ахуйн шаардлагыг өндөр тавьдаг улс. Тиймээс ч жамц давсыг эрүүл мэндэд хэрэгтэй гэж үздэг аж. Жамц давсаар хийсэн чихрийгхалуун үед идэхэд хөлс гарах нь багасдаг гэж япончууд ярьж байна лээ.

Японыэдийн засаг худалдааны дэд сайд “2013 оны гуравдугаар сард Ерөнхий сайд Шинзо Абэ Монголд айлчлах үеэр стратегийн түншлэлийн асуудал яригдаж одоо хэлэлцээрийн шатнаас бодит үр дүн гарах шатан дээрээ ирээд байна” хэмээн онцоллоо. Харин Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат “Монголын ард түмэн хүний тусыг хэзээ ч мартдаггүй. Япон, Монголын харилцаа хамтын ажиллагаа өөр түвшинд гарч ирлээ. Итгэлт түнш Японтой манай улсашиг сонирхол нэг цэгт огтлолцоно гэж найдаж байна. Танай улстай хамтрагчид байхыг хүсч байна” гэлээ.

Айлчлалын үеэр Японы Гадаад хэргийн тэргүүн дэд сайд,Аж үйлдвэрийн сайд Д.Эрдэнэбат нар санамж бичигт гарын үсэг зурахад Японы Гадаад хэргийн дэд сайд К.Наканэ“Япон, Монголын харилцаандач холбогдол өгч байгаа. Мөн хоёр улсын найрамдлын бүлгийн дарга байсан хүн Аж үйлдвэрийн салбарыг толгойлох болсондтаатай байна” гэлээ.

Аж үйлдвэрийн сайд айлчлалынхаа үр дүнгийн талаар “Монголоос Япон руу бараа бүтээгдэхүүн экспортлоханхны том алхам боллоо. Ажлын айлчлал зорилгоо биелүүллээ. Эрчим хүч, уул уурхай,дэд бүтэц, аж үйлдвэрийн салбарт Япон улс хөрөнгө оруулах сонирхолтой. Харин жижиг дунд үйлдвэр, хөдөө аж ахуйн салбарт хөрөнгө оруулах гэхээр мэдээлэл тун хомс байдаг. Эдийн засгийн үр ашгийг харилцан тооцож аж үйлдвэрийн салбарын тэргүүлэх түншээр Япон улсыгсонголоо” гэсэн юм. Японы талаас манай зарим салбарын мэдээлэл дутмаг байдгийг, төр бодлогын тогтвортой байдлыг хүсдэгээ дахин дахин илэрхийлж байлаа. Аж үйлдвэрийн бүхэл бүтэн парк байгуулах асуудлыг манай тал яаран хэлэлцэж шийдэх цаг болсон нь уулзалтын үеэр анзаарагдав. Парк байгуулах газрын асуудлыг ч шийдэх цаг болсон нь ойлгомжтой.

Япончууд нахилзаж дохилзоод зөөлөн аядуу шиг санагдавч хариуцлагатай, нягт нямбай, ярьсан хэлсэндээ яс байдаг, чанарыг эрхэмлэдэг, нэг зүйлийг олон талаас нь нарийн хянуур судалсны дараа л үйл хэрэг болгож эхэлдэг талтай. Тиймээс монголчуудын хувьд технологи өндөр хөгжсөн Японтой хамтран ажиллахаар нэгэнт шийдсэн бол “Итгэл өвөрлөөд орсон бол хаалгаа хаа” гэж хэлсэн амандаа лхүрэх хэрэгтэй. Гуйж гувшиж зээл авчихаад юунд зориулахаа мэдэхгүй, дэмий зүйлд зарцуулдаг улиг болсон урагшгүй байдалдаа ч цэг хатгах цаг болж.

Манайхан олон орноосвизний хөнгөлөлт үзүүлэх, визгүй зорчих асуудлыг хүсдэг. Өнгөрсөн хугацаанд Монголын төрийн удирдлагууд бүгд л Японыг зорьж хамтын ажиллагааны олон талт хэлэлцээр хийж, мөн улс орондоо хэрэгтэй олон чухал саналуудыг тавьсан. Японы талч Монголд олон боломж олгож байгаа нь эхнээсээ биелэлээ олж байна. Аж үйлдвэрийн сайдын энэ удаагийн ажлын айлчлал ч үүний нэг хэсэг байлаа. Ажлын айлчлалын үеэр нэгэн сонирхолтой мэдээлэл сонсогдсон нь зөвхөн дипломат паспорттой хүмүүсийг л визгүй зорчуулах тухай асуудал албан паспорттой хүмүүст ч үйлчлэхээр болж байгаа юм билээ.

Categories
мэдээ цаг-үе

Хөдөлмөрийн баатар Ц.Намхайнямбуу хүүхэд байхдаа Володя нэртэй байжээ

Гэр бүлээрээ

Хөдөлмөрийн баатар Намхайнямбуугийн хүү Н.Содномдаржаа, охин Н.Оюунчимэг нартай аавыг нь дурсан ярилцлаа.

-Аавын тань тухай дур­самжаар яриагаа эхэлье.

Н.С: -Бидний аав бол тэр нийгмийн сайхан цаг үед түмэн хонийг өсгөж өгнө гэж 16, 17 настайдаа амлалт өгч төлөвлөгөөнөөсөө дөрвөн жилийн өмнө давуулан биелүүлж байсан. Түүний зэрэгцээ бидний есөн хүүхдээ өсгөж өдий зэрэгтэй гарыг нь ганзаганд, хөлийг нь дөрөөнд хүргэсэн. Үнэхээр их хөдөлмөрлөж 29 насандаа хөдөлмөрийн баатар гэдэг эрхэм цолыг авсан байх. Аавыгаа хэзээ унтаж хэзээ сэрдгийг огт мэддэггүй, биднийг унтахад сэрүүн л байж байдаг. Өглөө босоход сэрүүн л байдаг. Цаг наргүй л хөдөлмөрлөдөг хүн байж.

-Аавын тань бичсэн ном байдаг. “Хонины хишиг” нэртэй ном байсан санагдана. Өөр ном бий юу?

Н.С: -Өөр жижиг товхим­лууд бий л дээ. Туршлагаас нь оруулсан.

-Хүүхдүүдээс нь аавын­хаа мал маллах ухаа­ныг өвлөсөн хүн бий юу?

Н.С: -Байхгүй дээ. 1992-1996 онд их хуралд суусны дараа есөн хүүхдийнхээ хотонд зуу зуун хонь үлдээх үү, толгойд нь зуу зуун мэдлэг үлдээх үү гэдгийг л аав, ээж хоёр минь ярьж байж хот хүрээ орохоор шийдсэн. Одоо бол мал бидэнд байхгүй. Ер нь хувьдаа айхтар хөрөнгө малтай айл байгаагүй. Дандаа л нэгдлийн мал маллаж байсан шүү дээ, аав минь. Мал хувьд очоод удаагүй байхад аав минь УИХ-ын гишүүн болж ирсэн. Нутгийн ахан дүүс дээр хэдэн малаа тавиад нийслэлд ирж байлаа. Нэг их олон мал ч байгаагүй ээ. 1996 онд нийслэлд ирээд Гачууртад хоёр жил өвөлжсөн. Тэгээд сүүлтэй, сүүлгүй чононд хэдэн малаа алдаад, аав минь бие нь дийлэхээ байгаад үлдсэн тав арван малаа эмчилгээ энэ тэрдээ зориулаад дууссан даа.

-Аавын тань хэлсэн гайхалтай сайхан үгнүүд бий. Та нарт ч бас сургаал үгээ хэлдэг байсан байх.

Н.О: -“Бэрхшээл бол хүнд ялагдах л гэж ирдэг. Бэрхшээлийн ялагч нь ганцхан эзэн нь байдаг юм” гэж хэлдэг байсан. “Ажил хүнийг голохоос хүн ажлыг голдоггүй” гэж хэлдэг. “Монгол оронд ямар ч төр тогтлоо гэсэн Монголын хөгжлийн үндэс мал аж ахуй байх болно” гэж хэлж байсан. Хөдөлмөрийн баатар болчихоод “Баатарын минь алтан соёмбо хоттой хонин дотор минь байсан” гэж хэлсэн байдаг. Амжилт үргэлж хажууд байдаг гэдгийг л илэрхийлсэн үг болов уу.

Дөрвөн хүүгийн хамт

-Үр хүүхдүүд нь хаана юу хийцгээдэг вэ?

Н.С: -Аав минь дөрөвдүгээр ангийн л боловсролтой хүн шүү дээ. Өөрөө ч номон дээрээ бичсэн байдаг. Ямар сайндаа л Их хурлын гишүүн байх үед нь олон ангит Халтар царайт гэж кино гардаг байлаа. Тэр киноны Королия гэж үг дуугардаггүй хүний дүр гардаг даа. Аавыг минь тэр дүрийн нэрээр хочилчихсон байсан шүү дээ. Гэхдээ аав минь хааяа нэг дуугарахдаа нэлээд жинтэй дуугардаг байсан. Аав минь хожим “Хүнд боловсрол их хэрэгтэй юм байна гэдгийг би Их хуралд сууж байхдаа ойлгосон. Тийм учраас хүүхдүүддээ хонь мал хотонд нь үлдээх биш тархинд нь мэдлэг үлдээх нь зөв гэж шийдсэнээ хэлдэг байлаа. Тэгээд ч тэр үү, бидний дундаас мал дагасан хүн байхгүй. Бүгд дээд сургуульд сурсан даа. Манай том ах Хаянгарав Төмөр замын цагдаад ахмад цолтой ажиллаж байна. Би өөрөө СООС олон улсын хүүх­дийн байгууллагад ажил­­лаж байна. Миний дараа­гийн дүү Наранцэцэг маань Эрүүл мэндийн яаманд нягт­лан, Жамьянсүрэн гэж дүү маань хувиараа юм хийдэг, Оюунчимэг маань СУИС-д ажиллаж байна. Дорж­жүгдэр гээд дүү маань Баянзүрхийн хөдөлмөр, халамж үйлчилгээний хэлтэст мэргэжилтэн, Германд Отгонлхам гэж дүү маань сурч байгаа. Батсүрэн гээд Сүхбаатар дүүргийн цагдаад бас нэг дүү маань ажилладаг. Хамгийн бага дүү Хоролсүрэн маань “Шавь” цогцолбор сургуульд бага ангийн багш. Ээж маань ач зээ нараа хараад л байж байна даа. Одоо таван ач, хоёр зээтэй болсон. Би гэхэд өөрийн хоёр хүүхэд дээр гурван хүүхэд өргөж аваад таван хүүхэдтэй болсон. Ингээд бид улам л өнөр олуулаа болоод байгаа.

-Зан чанарын хувьд таны аав ямар хүн байсан бэ?

Н.С: -Хэлэх гэсэн үгээ тоглоом шоглоом мэтээр ёжилж хэлдэг хүн байсан. Алгадаж гар хүрч байгаагүй ч үгээрээ аргадаж үгээрээ зэмлэж ухааруулдаг. Ямар ч хүнийг ялгадаггүй. Хүүхэд ч байсан яриад л, инээж хөхрөөд явж байдаг. Хөгшин хүн байсан ч, залуу хүн байсан чиг л адил харьцана. Нэг хэлсэн үг нь хүчтэй цохиод авснаас илүүтэй тусдаг байсан. Миний санаанаас гардаггүй нэг дурсамж бий. Би аавыгаа 2000 онд хүнд өвчтэй байхад нь Солонгос руу насилкин дээр түрээд авч явлаа. Явахаасаа өмнө лам багшдаа очиж арц хүж авсан. Би тэр үед тамхи татдаг байлаа. Тамхи нууцаар татаад л араас нь нөгөө авч явсан арц хүжээ асаагаад шүдээ угаагаад мэдэгдэхгүй гэж хичээнэ. Нэг удаа аав эмнэлгийн орон дээр буруу хараад л хэвтэж байсан юм. Гэтэл буруу харсан чигтээ аав ”Содномдаржаа миний хүү ухаантай байгаарай “ л гэсэн. Тэгэхэд тархин дундуур тас буугаад авсан юм шиг л болж би тамхинаас гарч байлаа. Дараа нь аав минь бөөрний дутагдал, зүрхний шигдээс гэдэг оношоор 2003 онд мөнх бусыг үзсэн юм шүү дээ.

-Ингэхэд таны аавд мал маллах ухааныг ямар хүн заасан юм?

Н.С:-13 наснаасаа л мал малласан. Аав, ээж нь ядуу амьдралтай малчин хүмүүс байсан. Аавын угсаа гарал нь тайж удамтай. Аавын өвөө Жамжаа гэж тайж байж. Хэвтээ хонь босгодоггүй, тийм номхон тайжууд байсан юм билээ. Бас их номтой хүмүүс байсан гэж аав ярьдаг байсан. Аавын аав буюу бидний өвөө их даруу хүн байсан гэдэг. Сүүлд хэлгүй болчихсон гэх юм билээ. Тэгээд эрхиэ эргүүлээд л суудаг байсан гэж өвөөгийн тухай аав ярьдаг байсан. Аав минь айлын зургаан хүүхдийн дээрээсээ дөрөв дэх нь. Гурван том нь охин, гурван бага нь эрэгтэй. Ер нь бол аавын талынхан хүү цөөнтэй байсан болохоор хамгийн анх аав минь хүү болж төрөхөд их эрхлүүлж газар тавилгүй өсгөсөн гэдэг. Бас их өвчин ороодог хүүхэд байсан гэнэ лээ. Аав, ээж нь аавд минь Чулуунбат гэдэг нэр өгсөн. Тэгээд өвчин ороогоод байхаар нь тэр нутгийн Агаа гэдэг хүн орос эмч авчирч үзүүлж. Орос эмч үзчихээд эрхий хуруугаа гозойлгоод “Хорошо, хорошо” гээд нэлээд их юм оросоор яриад байж. Агаа нь орчуулж өгөөд “Танай хүүхдийг зүгээр байна гэлээ. Гэхдээ “нэрийг нь соль гэлээ” гэсэн юм билээ.

-Тэгээд нэрийг нь сольсон хэрэг үү?

Н.С: -Солихоор барах уу даа. Нөгөө орос эмч Володя гэж нэр өгсөн байгаа юм. Эмээ, өвөө хоёр Володя гэж дуудаж чадахгүй Болоож гэж монголчилж дуудсаар аав маань Болоож гэж нэртэй болсон.

-Сонирхолтой юмаа. Чулуунбат нь Володя, Володя нь Болоож болж. Тэ­гээд хэдийдээ Намхай­нямбуу болсон хэрэг вэ?

Н.С: -Сургуульд ордог жил нь орос нэртэй хүүхдүүдийн нэрийг монголчлох аян яваг­даж байсан юм шиг билээ. Тэгээд ангийн багш Нямдорж нь аавд хандан “Чамайг Намхай­нямбуу гэж дуудаж байя. Ямар санагдаж байна” гэхэд аав тэр үед юу ч хэлээгүй ч дотроо “Их сайхан нэр бай­на” гэж бодсон тухайгаа номондоо бичсэн байдаг. Өөрөө ч бидэнд ярьсан. Магад­гүй хүний хувь заяа гэж сонин юм хойно. Дуурсах нэрийг эцэг эх, дурсагдах алдрыг өөрөө олдог гэдэг шиг өнөөдөр Володя, Чулуунбат гэдгээрээ байсан бол ингэж ард түмний хайр хүндэтгэлийг хүлээсэн хүн болох байсан ч уу, үгүй ч билүү хэн мэдэх билээ. Аав Их хурлын гишүүн байхдаа алхаад л эсвэл автобусаар л явдаг байлаа. Хүмүүс ааваас “Та чинь Намхайнямбуу баатар уу” гэж ирээд л асууна. Эсвэл “Та чинь хэн билээ. Харсан хүн шиг” гээд асууна. Аав “Өө би Намхайнямбуу” гэж огт хэлдэггүй, “Намайг Болоож гэдэг” гэж хэлчихээд л яваад өгдөг. Хүмүүс төөрөл­дөөд л, инээх гайхахын завсар үлддэг байсан. Харин манай хамаатнууд, дүү нар нь бол аавыг Амбаажав гэж авгайл­даг. Аав өөрийгөө харин Нам­хайнямбуу гэж ер хэлдэггүй, утсаар хүн асуусан ч “Болоож байна” гэдэг байж билээ.

-Аавын тань тухай домог ч юм шиг, үнэн ч юм шиг түүхүүд их ярьдаг. Заримаас нь хуучлаач…

Н.С: -Намайг бага байхад нэг их зуд болж манайх Завханы Сонгинохайрханд өвөлж­дөг байсан. Тэрнээсээ цааш Сантын нутаг руу Хөшигийн үзүүр, Хоёр маргаз уулын хавьд өвөлжиж байсан юм шиг байгаа юм. Завханы Тэсийн тэжээлийн аж ахуй гэж байсан. Тэр аж ахуйгаас аавд тусламж гэж хоёр трактор өвс явуулж. Орой цасан шамрагатай үед нөгөө хоёр трактор өвс нь ирсэн байгаа юм. Тэгээд аавтай таараад нэрийг нь асуухад аав өөрийгөө Болоож гэж танилцуулж. Нөгөө хоёр жо­лооч “Намхайнямуу баатарынх аль вэ” гэж. Тэгэхэд аав “Та хоёр одоо яваад баатрынхыг олохгүй. Манайд хоночихоод өглөө яв” гэж хэлж. Тэгээд нөгөө хоёр манайд хоноод ээж хоол цай хийж өгөөд аав тэр хэд шөнөжин ярьж сууж. Тэр үед нөгөө өвс ачиж ирсэн хоёр “Манай дарга нар ч гэж дарга нар. Тэр баатар нь ч гэж баатар. Баатар гэхээр л манай дарга нар хөлөө хугалчих гээд заавал өнөөдөр багтааж хүргэж өг, тэгэхгүй бол болохгүй гээд тушаал буулгаад…” гэж ирээд л аавыг баахан муулж. Тэгээд өглөө босоод нөгөө хоёр “Баатрынхыг заагаад өгөөч” гэж гуйхад “Тэр чинь би шүү дээ” гэж аавыг хэлтэл нөгөө хоёр хүн үг дуу ч үгүй ум хумгүй өвсөө буулгаад алга болж өгсөн гэсэн. Дараа нь манай нутгийн хүмүүстэй таараад “Танай баатар ёстой айхтар хүн байна лээ шүү” гэж хэлсэн гэдэг. Энэ мэтээр дамшиглах бол олон шүү дээ. Тэгээд л хүмүүс домог шиг нэмж хачирлаад ярьдаг байх. Аав ер нь л их энгийн даруу, хөдөлмөрч хүн байсан. Ертөнцөөс тасарчихсан хүн байгаагүй. Ямар сайндаа л их хуралд дөрвөн жил суучихаад Худалдаа үйлдвэрийн дээд сургуулийн оюутны байранд жижүүр хийж байсан.

-Тэр тухай асуух гэж байлаа. Яагаад тэнд жижүүр хийсэн юм бэ?

Н.О: -Тухайн үед бид нар “Ааваа жижүүр хийгээд яах юм” гэхэд өнөөх л “Ажил хүнийг голно уу гэхээс хүн ажлыг голж болохгүй” гээд халгаагаагүй. Тэндээсээ ногооны хальс энэ тэрхэнийг ганц тарлан үнээн­дээ тэжээл болгоод аваад ирнэ. Сургуулийн жижүүр хийж байхдаа ундаа, гөөхий зардаг байсан. Ээж маань харин “Ардын эрх” сонинд ажиллаад сүүлд Гадаад хэргийн яаманд үйлчлэгчээр ажиллаж байгаад тэтгэвэрт гарсан. Ээжийг сургуульд нярваар авах гэхэд аав зөвшөөрөөгүй.

-Аав тань дөрөвдүгээр ангийн боловсролтой хүн гэдэг ч маш их ном уншдаг, бичгийн их соёлтой хүн байсан гэж сонссон…

Н.О: -Ном сониноос ер салдаггүй хүн байлаа. Орос хэлийг бие дааж, малын бэлчээр дээрээ л сурсан байдаг. Ямар ч байсан ойлголцдог байсан. Яагаад орос хэл сурсан нь бас их сонин. Орост малчин залуучуудын уулзалтад оролцохоор явсан юм билээ. Орост очоод дэлгүүрээс дуран авах гээд хэл нэвтрэлцэхгүй авч чадаагүй ирсэн гэдэг юм билээ. Тэндээс ирээд л орос хэл бие дааж үзсэн байдаг. Хүн бол аливаа юмыг бие дааж сурахад чадахгүй зүйл байхгүй гэж хэлдэг. Лениний бүх л ботийг уншсан хүн шүү дээ. Сонин хэвлэл их уншина. Биднийг хажуудаа суулгаад цээж бичиг хийлгэнэ. Уншуулна. Орой болохоор бурхны өрөөнд оруулаад нэг нэг гудас хаяад цаг хараад өөрөө хажууд мааниа уншаад л дөч орчим минут мөргүүлдэг байв. Тэр нь бидэнд их хэцүү санагддаг байж билээ. Бас бидний дунд зөв бичих, унших, цээж бичгийн уралдаан зарлаж алдаж, муухай бичсэн нь гэрээ цэвэрлэж хоолоо хийх шийтгэлтэй. Гэрээ цэвэрлээд шүүрдэхээр араас дахиж шүүрдэж үзүүлдэг байсан. Бид сайхан цэвэрлэлээ гэж бодсон байхад хаанаас тийм их хог үлдсэн юм, аавыг цэвэрлэхээр дахиад зөндөө хог гараад ирдэг байж билээ. Тэгэж л бидэнд ажил сургаж байж.

-Хэдэн настайгаасаа мал маллаж эхэлсэн юм бэ?

Н.О: -13 настайгаасаа мал маллаж Лхасүрэн гэдэг хөгшинтэй хот руу тууварт явж байсан. Бие чилээрхлээ гэж нэг удаа ч хэлж байгаагүй. Аав минь 54 настайдаа бурхан болсон. 1995 онд Их хуралд байхдаа баруун талдаа нэг харвасан юм. Багахан хэмжээний харвалт болоод чуулганаас түргэн дуудаж эмнэлэгт хүргүүлж байсан. 1997 оны долдугаар сарын 11-нд Хужир буланд байхдаа бас харвасан. Тэгээд даралт ихддэг байснаас өвчин хэлж байгаагүй. 1999 онд гэнэт өвдөөд хоёрдугаар эмнэлгийн сэхээнд ороход л хоёр бөөр нь эмчилгээгүй, эцсийн шатандаа орж гэж байсан. Тэрнээс хойш гурав дөрвөн жил эмнэлгээр яваад жаахан гайгүй болохоор л аав “зүгээр зүгээр” гээд эмчилгээгээ хийл­гэхгүй орхичихдог байсан. Бүр эмнэлгээсээ такси бариад зугатаагаад гэртээ ирж байсан. Аав маань өнгөрөөд 12 жил болж. Гэхдээ энэ хуга­цаа саяхан юм шиг санагд­даг. Аавыг минь дурсаж ярьж байгаа олон хүн байдаг. Хүмүүс нутаг нугаа ярихаар аавын тухай асууна, аавыгаа хэлэхээр сүйд болно. Баатарын хүүхэд юм уу гээд сайхан байдаг. Бас аавынхаа нэрийг байнга хэлэхээс эмээдэг. Аавынхаа нэрийг гутаачих вий гэж эмээж явдаг шүү.

-Хүмүүсийн зарим нь мартагддаг. Гэхдээ үхсэн хэрнээ амьд юм шиг хүмүүс байдаг гэдэг дээ. Тэрэн шиг л та нарын аав тийм сайхан дуурсалтай хүн байж. Аавынхаа дурсгалд зориулж жил бүр арга хэмжээ зохион явуулдаг гэж байсан.

Н.О: -Сайхан аавын үр хүүхэд болсон минь хувь заяа шүү. Аавыгаа өнгөрсний дараа бид юу хийж үйл хэргийг нь үргэлжүүлэх вэ гэж ярьцгаагаад аав минь “Намайг бага байхад нутгийн буурлууд “Энэ их малд нүдтэй хүүхэд” гэж хэлдэг байсан. Тэрэнд нь их урамшдаг байсан” гэж ярьдаг байсныг санаад “Намхайнямбуу сан” байгуулж жил бүр 10-16 насны хүүхдүүдээс “Малд нүдтэй хүүхэд” шалгаруулж шагнал өгдөг болсон. 11 жил зохион байгуулаад байна. Энэ жил Сэлэнгийн Баянгол сумын 15 настай хүүхэд шалгарсан. Хэвлэлээс хүмүүс энэ тиухай олж үзээд материалаа явуул­даг. Тэрнээс нь шүүгээд хүүх­дээ шалгаруулдаг. Шагналаа гардуулахдаа бид тэр нутагт очиж гардуулдаг.

-Аавыг тань хүндээр өвдөхөд намын нөхөд нь туслаагүй юу. Нэг л чимээ аниргүй байж байгаад бурхны оронд явчихсан юм шиг…

Н.О: -УИХ-ын гишүүн асан Нямзагд ах, ардын эмч Ж.Хатанбаатар, Сансарын 3 а байранд хуучин Их хурлын гишүүд байсан хүмүүсийнх байдаг байлаа. Тэд нараас эхлээд олон хүн тусалсан. Би аавыг өнгөрөхөд УИХ-ын даргад ааваас нуугаад өргөдөл бичиж байлаа. Солонгост эмчлүүлэх гэж байгаа тухай нь бичээд тусламж гуйсан юм. Тэр үед Төмөр-Очир гуай их хурлын дарга байсан. Намайг хүлээж аваад “Ийм тохиолдолд өгдөг мөнгө байдаггүй юм байна. Тиймээс би үүнийг хувиасаа өгье” гээд 100 мянган төгрөг өгч байсан нь их сайхан санагдсан. Мөн Н.Багабанди гуай жил бүр аавд ирж золгодог байлаа. Ерөнхийлөгч байхдаа ч бөөн хамгаалалт машин болоод манай гэрт ирдэг байсан. Аав амьдралынхаа сүүлийн жилүүдэд намаасаа жаахан өөр зүйл хүсч байсан юм шиг санагддаг. “Намайг Хөдөө аж ахуйн яаманд зөвлөхөөр ч гэсэн авчихгүй дээ” гэж нэг удаа дуугарч байсан юм.