Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сэтгүүлчдийн зээлийн хүүг бууруулъя

Малчдын авдаг зээлийн хүүг бууруулах талаар яриад эхэллээ. Жилийн
гучин хувийн хүү төлдөг байсан нь арван хувь болтлоо буух юм байна. Энэ талаар нэлээд
олон жил ярьж байсан. Харин өнгөрсөн лхагва гаригт Эдийн засгийн байнгын хорооны
хурлаар Ерөнхий сайд цагаан сараас өмнө шийдчих юм мэдэгдлээ. Малчдын авдаг зээлийн
хүүг улс төрийнхөн яриад л шийдчихэж болж байна. Монголын малчид баян айлын эрх
хүүхэд шиг л бусдаасаа давуу эрх эдэлсээр ирсэн. Чухам яагаад малчид ингэж илүү
хангамж эдлээд байдаг юм, хэн мэдлээ. Он удаан жил үргэлжилсэн энэ байдал огт өөрчлөгдсөнгүй.
Төр засаг харж үзэх тусам улам л зовлон тоочиж, уруул цорвойн, алга дэлгэж нэхсээр
л ирлээ. Малчдын зээлийн хүүг бууруулахын тулд арилжааны банкуудын зээлийн системд
өөрчлөлт оруулж байж шийдэх асуудал. Өнгөрсөн оны байдлаар 73 мянга есөн зуун малчин
53 тэрбумын малчны зээлтэй байж. Энэ нь нийт малчдын жараас дээш хувь нь малаа барьцаалан
арилжааны банкнаас зээл авсан үзүүлэлт. Гэхдээ тэдний авдаг зээлийн хүү жигтэйхэн
өндөр учраас амьжиргаанд нь хүндхэн тусдаг юм байх. Монголбанк бусад байгууллагатай ажилласны дүнд 10 хувь болгож буулгах бололцоо бий гэж ярьж
байна лээ. Хэрэв хүсвэл буулгаж болдог л хүү юм байна гэж харагдаж байгаа биз. Гэвч
зөвхөн малчдад зориулж ийм тусгай хангамж эдлүүлж байгаа юм. Уг нь хамгийн их төрийн
хайр халамжийг хүртдэг нь малчид. Малын ноосоо тушаахдаа ч урамшуулал авдаг. Нэг
килогрмм тутамд нь хоёр мянгыг шүү. Тариаланчид байна. Тариагаа тариад тэрийгээ
худалдаад ашиг олно. Дээр нь нэмээд тонн тутамд нь урамшуулал авч байна. Үүнийг
нь өгөхгүй гэхээр жагсана, тэмцэнэ, хэрэлдэнэ.

Сонгууль дөхөөд намууд элдэв
халамж үзүүлэх талаар ярьж эхэлсэн. Гэхдээ дээрх шийдвэрээс харахад иргэддээ
ялгавартай хандаж халамжлах нь. Хүүхдийн мөнгийг ялгавартай өгнө гээд юу боллоо
доо. Үндсэн хуульд заасан эрхээ ч эдэлж чадахгүйд хүрэх нь. АН орон сууцны зээлийн
хүүг бууруулах тухай яримагц МАН бүх төрлийн зээлийн хүүг бууруулах ёстой гэж зөрүүдлэв.
Нийслэлийн иргэдийн хамгийн том асуудал бол орон сууцны зээлийн хүү. Одоо бүхэл
бүтэн гурван хувиар хүү нь буурах эрх зүйн орчин нь бүрдчихлээ. Энэ бол маш том
сюрприз. Тэтгэврийн зээлийн хүүгээс бага хэмжээ. Төрд алба хашиж байгаа иргэдийн
ихэнх хувь нь ямар нэг хэмжээгээр зээлтэй байдаг. Зээлтэй иргэд арай гэж зээлийн
хүүгээ төлж байна. Түүнээс япончууд шиг цалингаасаа гучин хувийг нь хадгаламжинд
хийх боломж бидэнд байхгүй. Тэтгэврийн хөгшдийн ная гаруй хувь нь зээл авдаг. Хамгийн
том зээлдэгчид бол томоохон компаниуд. Ингээд харахаар Монголын нийгэм тэр чигтээ
зээлэнд умбаж байдаг. Зөвхөн малчид зээлийн хүүгээс болж шаналаад байгаа ч юм биш.

Энэ нийгмийн эд эс болсон өөрийнх нь хүүхэд хоолтой ундтай байна уу гэхээсээ хүний
төлөө гүйж, элдэв эрсдэл дунд цаг наргүй ажилладаг сэтгүүлчид ч бас зээлтэй. Гэлээ
гээд малчид тариаланчид шиг хангамж, урамшуулал, зээлийн хүүгийн хөнгөлөлт авдаггүй.
Төрийн албаныхан шиг 13 дахь сарын цалин урамшуулал авч байсангүй. Харин хамгийн
их загнуулж, элдвээрээ хэлүүлдэг нь сэтгүүл зүйн салбарынхан. Тэдний төлөө байгууллага,
ар гэр нь санаа тавихыг эс тооцвол хэн ч санаа тавьдаггүй. Улстөрчид нь болж л өгвөл
хууль батлахдаа хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдийн эрхийг боогдуулсан,
хяхаж хавчсан заалт оруулна. Уншигч, үзэгчид ч мэдээ мэдээллийг хялбархан олчихдог
юм шиг байнга л шүүмжилцгээнэ. Бид нартайд гэртээ харьдаг удаа цөөхөн. Амтай болгон
шүүмжилнэ. Сайн үйлс хийхэд нь хэн ч талархдаггүй. Буруу зүйл хийсэн хүнийг баримттай
нь ил болгохоор хүний муу үзлээ гэнэ. Сайн сайхан зүйл бүтээж байгааг нь дэмжин
сайшаавал “Мөнгө аваад магтаж байгаа биз, захиалгатай юм бичиж” гэж хардана. Ер
нь яаж ч байсан муулуулна, шүүмжлүүлнэ. Тэглээ гээд гомдол нэхэж гоншигонож байсангүй.
Цаг наргүй, үйл явдал өрнөвөл шөнө дунд ч ажлаа хийгээд явж байдаг, хэн нэгний буруу
булхайг илчилбэл дарамт шахалт заналхийлэлд өртөж байдаг сэтгүүлчдийг өмгөөлж, хамгаалж,
талархдаг хүн хэр олон билээ дээ. “Зөв зүйл бичжээ” гэдэг гуравхан үгэнд урамшаад
л элдэв зовлон тоочилгүй өмнөх ажлаа хийж ирсэн.

Малчид, тариаланчид гол хүнсийг
чинь бид хангадаг л гэлцдэг. Тэгвэл сэтгүүлчид бид оюуны талхыг чинь бэлддэг биз
дээ. Энэ салбарт ажилладаг найман мянга орчим хүн байдаг. Тэд бас л зээл авах сонирхолтой,
хэрэгцээтэй байдаг. Тэгвэл сэтгүүлчдэд зээлийн хүүгийн хөнгөлөлт үзүүлж яагаад болохгүй
гэж. Долдугаар сарын нэгний үймээний үеэр ажлаа хийж явсан сэтгүүлчид яаж гэмтэж
бэртлээ. Тэр үед олон нийтийн телевизээс бусад нь ажиллахгүй байхад мэдээллээр хэрхэн
ангаж цангалаа. Эмч, багш нар байна. Өдөр бүр эрсдэлтэй нүүр тулдаг ч цалин багатай,
бас л зээлтэй. Түмний хүүхдийг сургах гэж яаж ч ядарсан бага цалинтай, бас л зээлтэй.
Алдаа гаргавал түмнээрээ жигшиж зэвүүцдэг ч амьдрал нь ямар байгаа бол гэж хэн ч
санаа зовохгүй. Төр ч тоохгүй, түмэн олон ч тоохгүй. Амиа авруулчихаад ганц набор
өгснийхөө араас авлига авдаг эмч, багш гэж л зүхэцгээдэг. Малчид ядарч зовдог бол
энэ хүмүүс ч бас ядардаг. Бас зээлтэй. Илүү их зарлагатай. Одоо иргэд юу ярьж байна
гээч. “Малчин болох минь яав даа. Хичнээн жил сурч боловсорч, дараа нь ажиллаад,
өндөр хүүтэй зээлнээсээ илүү гарахгүй амьдарч байхад тусгай хангамжтай малчдын зээлийн
хүүг бууруулж байгаа бол малчин л болдог байж” гэцгээж байна.

Төр ингэж ард түмнээ
алагчилж, хийдэг ажил, сонгосон мэргэжлээр нь ялгаварлаж болохгүй. Хэцүү бэрх яривал
зөндөө л юм байна. Тэрийгээ яриад тэрүүгээрээ гомдоллоод явсан нь хожиж, үүрэгт
ажлаа мөрөөрөө гүйцэтгээд яваа хүмүүс нь хохирч үлдэх ёстой юу. Тиймээс ч нэг удаа
заргалдаад үзье гэж бодон үүнийг бичиж байна. Сэтгүүлчид ч гэсэн зээлийн хүүгээ
бууруулъя. Хэцүү бэрх дээрээ тулбал дэлхий дээрх хамгийн хүнд мэргэжлийн тоонд сэтгүүлчийн
мэргэжил уурхайчдын дараа хоёрт жагсдаг юм шүү.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цэц гуай зөнөгөрсөн нь үнэн юм биш үү

Цэцийн шийдвэртэй холбоотой орон сууцны найман хувийн зээлийн олголт зогсчихоод байгаа билээ. Үүний дараа Иргэдийн сонордуулга нэртэй хуудас нийслэлийн гудамж, талбайд хаа сайгүй наасан байв. Энэ сонордуулгад “Арилжааны банкууд орон сууцны найман хувийн зээлээ зогсоосон нь Үндсэн хуулийн Цэцийн шийдвэрээс болсон хэрэг. Цэцийн дүгнэлт нь Иргэний болон Үл хөдлөх хөрөнгийн барьцааны тухай хуулийн зарим заалт Үндсэн хууль зөрчиж байна гэж гарсан. Энэ нь орон сууцны зээлийг эргэн төлөгдөх баталгаагүй, хариуцах эзэнгүй, банк ч, шүүх ч хариуцахгүй болголоо. Аливаа үл хөдлөх хөрөнгө зээлжих зэрэглэлтэй байж үнэ цэнтэй болж, эдийн засгийн эргэлтэд ордог. Гэтэл энэ зээлжих зэрэглэл алга болов. Иймээс банкууд эргэн төлөгдөх баталгаагүй, найдваргүй зээлд хадгаламж эзэмшигчдийн мөнгийг тарааж, эрсдэлтэй бизнес хийхээсээ татгалзаж, ипотекийн зээлээ зогсоов. Найман хувийн хүүтэй зээлээр орон сууцтай болох монголчуудын хүсэл талаар боллоо. Хашааны газраараа хоршсон айлууд газраа барьцаалан банкнаас зээл авч, хаус хотхон босгоё, барьсан хаусдаа өөрсдөө амьдраад илүү гарсан амины сууцаа худалдаж банкны зээлээ төлье гэсэн итгэл үнэмшлээр нэгдээд байсан иргэдийн хүсэл тэмүүлэлд Үндсэн хуулийн Цэц цэг тавьж бүхнийг зогсоолоо” гэсэн байв. Сонордуулгыг гаргасан газар нь “Шинэ хөдөлгөөн” гэсэн нэртэй аж. Орон сууцны найман хувийн зээл зогссонд дургүйцэж үзэл бодлоо илэрхийлсэн хүмүүс ямартай ч үүнийгээ олонд хүргэе гэж хаа сайгүй нааж. Гэтэл саяхан Цэц үүнтэй холбоотой мэдэгдэл гаргаж, Тагнуулд ханджээ. Цэцийн мэдэгдэлд “Иргэдийн сонордуулга нэртэй ухууулах хуудсыг “Шинэ хөдөлгөөн” гэгчээс тараасан бөгөөд Улсын бүртгэлийн газраас лавлагаа авахад “Шинэ хөдөлгөөн” гэгчийн талаар мэдээлэл байхгүй байна. Иймд Үндсэн хуулийн Цэцийн Тамгын газраас дээрх үйлдэл нь Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд сөргөөр нөлөөлөх, үндэсний эв нэгдлийг алдагдуулан, нийгэмд тогтворгүй байдлыг дэвэргэж, Эрүүгийн хуулийн тусгай ангид заасан үндэсний аюулгүй байдлын эсрэг гэмт хэрэгт турхирч, улмаар Үндсэн хуульт байгуулалд заналхийлсэн ноцтой үйлдэл гэж үзэж, зохих арга хэмжээ авахуулахаар холбогдох байгууллагад хандаад байна” гэжээ.

“Шинэ хөдөлгөөн” гэдгээс гаргасан дээрх сонордуулгад үндэсний аюулгүй байдлын эсрэг турхирсан, сөргөөр нөлөөлөхөөр үг, өгүүлбэр нэгийг ч олж харсангүй. Үүнийг уншаад үндэсний эв нэгдэл яаж алдагдахыг ойлгосонгүй. Зээл зогсчихоор бухимдсан хүмүүс Цэцийн шийдвэр үүнд нөлөөллөө гэж үзэж. Үүнийгээ олон хүнд хүргэх гэж хуудас цааснууд наачихаж. Цэцийн шийдвэрийг бүх нийтээрээ алга ташин дэмжин хүлээж авах ёстой ч юм биш. Тэдний гаргасан шийдвэрийг хэн нэгэн буруу гэж үзэж болохгүй, ярьж, бичиж болохгүй гэсэн хууль байхгүй. Ардчилсан нийгэмд хэн ч бай өөрийнхөө үзэл бодлыг илэрхийлэх эрхтэй. Үүнийг Үндсэн хуульдаа заачихсан. Тэр Үндсэн хуулийг хамгаалж, зөрчүүлэхгүй байх ёстой байгууллага нь үзэл бодлоо илэрхийлсэн хэсэг бүлэг хүмүүс, эсвэл аль нэг хөдөлгөөнийг шалгуулах гээд тэр тусмаа үндэсний аюулгүй байдлын эсрэг турхирч байна гэж үзэж байгаа нь гайхан шогшроход ч багадмаар юм.

Ингэтэл их сүржигнэх юм ер алга. Эрхэм уншигчид ч “Шинэ хөдөлгөөн” гээчийн сонордуулгыг уншсан бол улс оронд хохирол учруулж, аюулгүй байдалд заналхийлсэн нэг ч зүйл олж хараагүй биз. Үндсэн хуулийн Цэц яаж хараад тэгж ойлгосныг мэдэхгүй юм.

Цэцийнхнийг хүмүүс элдвээр хэлдэг. Улс төрийн моорг, улстөрчдийн тэтгэвэртээ гарахдаа орогнодог газар, зөнөглөсөн хүмүүсийн цуглардаг газар гэх мэтээр ярьцгааж байхыг сонссон л байлгүй. Элдвээр ингэж хэлэхэд нь энэ ч юу л бол доо гэж боддог байлаа. Сая ийм хачирхалтай мэдэгдэл гаргахад нь эргэлзээ төрөөд явчихлаа. Зээлээр байр авч чадахаа байчихлаа гэсэн гоморхол, тунирхал, үүнд Цэцийн шийдвэр нөлөөлчихлөө л гэж тэдгээр хүмүүс үзээд санаа нэгдэн “Шинэ хөдөлгөөн” гэж байгуулчихаад Улсын бүртгэлээс нэрээ авч амжаагүй байсан ч байж болох юм. Үнэн хэрэгтээ “Шинэ хөдөлгөөн”-ийнхний тэр мэдэгдлийг уншиж байгаа ч хүн алга. Тэр нааж байгаа хуудсыг нь хараад цахимаар тараачихсан бол арай илүү хүн олж унших байж гэж бодогдоод л өнгөрч билээ. Ер нь үзэл бодлоо илэрхийлсэн ухуулах хуудас наахад хэн ч сүйд болдоггүй шүү дээ. Хаа байсан социализмын үед бүхэл бүтэн нийгэм солигдох мөчид одоо Монгол Улсын баатар болсон Э.Бат-Үүл цагтаа ухуулах хуудас наагаад явж л байсан. Хэн сүйд болж байсан юм. Айхтар юм болох вий гэж бэргэж байсан ч тэгээгүй. Гэтэл тэр үед цаг үе ямар байлаа даа. Өнөөдөр ямар байгаа билээ. Ямар ч хүн хувийн үзэл бодолтой байх эрхтэй. Үзэл бодлоо зарлан тунхаглах эрхтэй. Үзэл бодлоо илэрхийлэх нь ардчилсан нийгмийн үндсэн ойлголт ухагдахууны тэргүүнд явдаг. Хүний эрх, эрх чөлөөний тухай Үндсэн хуульд байдаг. Тэр Үндсэн хуулийг манаж, хамгаалж байх ёстой Цэц юу хийгээд байна аа. Хориннэгдүгээр зуун гараад, ардчилал Монголд хөгжөөд 25 жил болчихсон, ардчилсан оронд Цэцийн ийнхүү аяглах нь хэтэрхий инээдтэй харагдаж байна. Цаас наахад ганхдаг тусгаар тогтнол, аюулгүй байдал гэж байдаггүй юм. Монгол минь байрны зээл авч чадахаа байлаа гэсэн бичигтэй цаасны дайны хэврэг тусгаар тогтнолтой улс орон болж таарах юм уу, Үндсэн хуулийн Цэцийнхээн. Тэр байтугай бүхэл бүтэн нийгэм солигдоход ганхаж хөдлөөгүй тусгаар тогтнол. Хятадын дивизүүд Шанд өнгөрөөд явж байна гэвэл улс орны аюулгүй байдал эвгүйтэх нь гэж ярьж болох юм. Гэтэл хэдэн хүн цаас нааж, үзэл бодлоо бичсэний төлөө ийнхүү мэдэгдэл гаргахдаа тулж байгаа нь хэтэрхий хийрхсэний шинж. Тэдний мэдэгдлээс “Ихэнх нь улстөрч байсан, хийрхсэн хэдэн хөгшин хүн Үндсэн хууль манаж байгаа нэртэй эцэг хууль дээр зайдалж суучихаад улс төрийн шийдвэр гаргадаг” тухай зарим хүний хэлж байсан нь ортой юм шиг санагдахаар байна. Х.Тэмүүжин гишүүний санаачилсан Үндсэн хуулийн Цэцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах хуулийн төсөлд Цэцийн гишүүдийн насны дээд хязгаарыг 65 болгосон заалт оруулж ирж байгааг байнгын хороо хэлэлцэн дэмжээд байгаа. Ингэж нас зааж хуульчилж байгаад гайхах зүйлгүй юм байна. Үндсэн хуулийн Цэцийн эрхмүүд ээ, халдлага болох гэж байгаа юм шиг хадууралгүй, Үндсэн хуулиа л яг энэ үйлдэл шигээ маш сайн манаж, хамгаалж үзээрэй дээ.

Categories
мэдээ цаг-үе

Сонгуулийн бусад хууль хүчингүй болж, нэгдсэн нэг хуультай болж батлагдлаа

Сонгуулийн хууль батлагдлаа. Гурван ч төсөл явж байснаас УИХ-ын гишүүн Р.Бурмаа нарын өргөн барьсан Сонгуулийн хуульд суурилан Су.Батболд нарын хуулийн гол санааг тусгаж, О.Баасанхүү нарын өргөн барьсан хуулийн төслийн нэгтгэж оруулснаар ажлын хэсэг дээр нэлээд хэлэлцсэний эцэст өнгөрсөн баасан гаригт чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон 60 гишүүний 52 нь дэмжсэнээр Сонгуулийн хууль батлагдсан юм. Эхэндээ намууд тус тусдаа хууль өргөн барьчихаад ойлголцохгүй удаан хугацаанд явсны эцэст тохиролцож чадсанаар хууль батлах үйл явц хэрүүл маргаан багатай, олонхийн саналаар шуурхай батлагдсан. Ингээд гол гол анхаарал татсан заалтууд хэрхэн хуульчлагдсаныг дуулгая.

Сонгуулийн тогтолцоо өмнөх сонгуулийнхтай адил 48/28 гэсэн холимог хувилбар хэвээр байхаар болов. Өөрөөр хэлбэл, 28 нь намын жагсаалтаар 48 нь томсгосон тойргоос сонгогдох юм. Уг нь нэрсийн жагсаалтаар сонгогдохыг бүсчилж явуулахаар төсөлд тусгасан төдийгүй МАН, АН тохирчихсон байж. Гэвч Шударга ёс эвслийн эсэргүүцэлтэй тулж, Сонгуулийн хуулийг хугацаанд нь батлуулахгүй завсарлага авна гэж “сүрдүүлсэн” юм байх. Ингээд бүсчлэхийг болиулж, хуучнаар нь явуулахаар болж. Харин энэ удаа сонгуулиар санал хураах хуудастай хамт жагсаалтаар орж ирэх хүмүүсийн нэрстэй хуудас хэвлэгдэн сонгогчийн гарт очих юм. Өмнө нь зөвхөн хэвлэлүүд л жагсаалтыг зарлаж, намууд хэзээ хойно мэдэгдээд өнгөрдөг байсан билээ. Жагсаалтаар хэн орж ирж байгаа нь мэдэгдэхгүй байх нь хор уршигтай, заавал иргэдэд тодорхой байх ёстой гэсэн санал хэлсэн нь дэмжигдэж, хуульд дээрх байдлаар тусгагдсан юм. Нам болгоноос жагсаалтаар орж ирж байгаа 28 дэвшигчийн нэрсийн жагсаалт гэхээр тоймгүй олон хуудас цаас санал өгөх байранд сонгогч очоод хараад суух нь.

УИХ-ын сонгууль холимог системээр явагдах бол орон нутгийн сонгууль можаритор системээр явагдана. Өмнө нь УИХ-ын сонгууль нийслэлийн сонгуультай хамт явж байсныг аймаг, нийслэлийн ИТХ, УИХ-ын сонгуулийг хамтатган зургадугаар сарын сүүлийн долоо хоногийн ажлын нэг өдөр явуулахаар болов. Харин сонгуулийн жилийн аравдугаар сарын сүүлийн долоо хоногийн ажлын нэг өдөр сум, дүүргийн ИТХ-ын сонгууль болохоор хуульчлав. Өөрөө хэлбэл ирэх баасан гаригаас өмнө сонгуульд нэр дэвших бодолтой байгаа төрийн албаныхан амжиж ажлаа өгөх нь. Орон нутагт сум багт намын харьяалал харгалзахгүй сонгууль явуулах тухай яриа нэлээд яригдсан ч энэ удаа хуучнаараа үлдэв. Учир нь ингэхийн тулд Үндсэн хуульд өөрчлөлт оруулах шаардлага гарна.

Сонгуулийн сурталчилгааны хугацаа 21 хоног байсныг ажлын хэсэг, байнгын хорооноос 14 хоног гэдгээр Их хуралд орж ирсэн ч Д.Лүндээжанцан гишүүний 18 хоног болгох санал эцсийн хэлэлцүүлгийн үеэр дэмжигдэв. Намууд санал тоолох дээр маргаж ойлголцолд хүрэхгүй удаж байсан билээ. Тэгвэл энэ асуудал дээр нэгдсэн байр суурьтай болж чадсан учир нь саналын хуудсыг тоолохдоо хар машинаар тоолсны дараа дахин гараар текникийн тооллого хийнэ. Энэ тооллогыг хуульд 24 цагийн дотор гэж зааж өгсөн байгаа. Энэ нь тавин хувийг сугалаагаар санамсаргүй байдлаар сонгон хар машины саналтай тулгана гэсэн үг. Ингэхдээ намуудын болон бие даагч, иргэдийн төлөөллөөс бүрдсэн хүмүүс хяналт тавих юм.

Сонгуулийн сурталчилгаа хийх хэвлэл мэдээллийн хэрэгсэлд сонинг оролцуулахгүйгээр хуулийн төсөл хийсэн байв. Үүнийг төсөл санаачлагчид “Бусад гэсэнд сонин ч бас багтсан” гэж тайлбарлаж байсан. Үүнийг сонин хэвлэлийнхэн болон Д.Сарангэрэл нарын зарим гишүүн эсэргүүцэж байгаагаа илэрхийлсэн. Д.Сарангэрэл “Монголын ард түмний төрийн эрх барих эрхээ хэрэгжүүлэхэд тус дэм болдог, сонголт хийхэд нь том зэвсэг болдог хэрэгсэл бол сонин. Сонин бол айлаас айл руу, сумаас сум руу, багаас баг руу очдог том зэвсэг. Хэвлэл мэдээллийн хэрэгслийн анхдагч зэвсэг. Гэтэл өнөөдөр сонгуулийн сурталчилгаанд сонинг оруулахгүйгээр хуулийн төсөл хийсэн байна” гэж хэлж байсан билээ. Сонгуулийн хууль хэлэлцэх явцад Н.Энхболд, Р.Бурмаа нар хуульд сонин гэж нэмж томьёолол оруулж, энэ нь чуулганы нэгдсэн хуралдаанд орж ирснээр дэмжигдэв. Хуульд сонгуулийн сурталчилгаанд сониныг оруулахыг дэмжээч гэж хэлж байсан Д.Сарангэрэл гишүүн ч хууль батлах явцад сониныг сонгуулийн сурталчилгаанд оруулж ирж батлуулсандаа тусгайлан талархлаа илэрхийлж байлаа. Харин хэвлэл мэдээллийн хэрэгсэл болон сошиал, бусад байдлаар тухайн нэр дэвшигчийг гүтгэсэн мэдээ материал цацсан тохиолдолд сонгуулийн үед Эрүүгийн хуулиар бусад үед Зөрчлийн хуулиар зохицуулах аж.

Энэ удаагийн Сонгуулийн хуулийн бас нэг онцлог нь Ерөнхийлөгчийн, Орон нутгийн, УИХ-ын сонгуулийн хуулиуд байхгүй болж, Сонгуулийн нэгдсэн нэг хуультай болж байгаа юм.

Мөн санал өгсөн сонгогчдын 28 хувийн босгогүй болох буюу сонгогчдын 28 хувийн санал аваагүй байсан ч ирц хүрээгүй гэж сонгуулийг дахин явуулахгүй байх өөрчлөлт оруулж байгаа юм байна. Саналын хуудсанд намуудын нэрсийн дараалал Дээд шүүхэд бүртгэгдсэн он сар өдрийг баримтлан тухайн нам, түүний нэр дэвшигч гэсэн дарааллаар бичигдэнэ.

Сонгуулийн санхүүжилт, хандивын үйл ажиллагаа шилэн дансны зохицуулалтад орно. Хандив өгөх хэмжээнд өөрчлөлт ороогүй ч сонгуульд өрсөлдөх улс төрийн нам, нэр дэвшигчийн санхүүжилтийг тодорхой байлгах үүднээс хандивлагч байгууллага, хувь хүн хуулийн этгээдийн өгөх хандивын хэмжээ, нэр хаягийг тодорхой зааж өгөх юм байна. Мөн Сонгуулийн ерөнхий хороо хяналт тавьдаг байсан бол одоо Аудитын байгууллага хяналт тавихаар тусгажээ.

Сонгуулийн өдрөөс 24 цагийн өмнө бүх самбар, сурталчилгааны зурагт хуудас, намын туг далбааг авах ёстой байдаг өмнөх хуулийн заалт энэ удаа өөрчлөгдөж орж ирсэн. Сонгуулийн өдөр ч сурталчилгааны самбар, туг дарцаг, зурагт хуудсыг авахгүй байж болохоор хуульд оруулж өгчээ. Мөн сурталчилгааны самбарыг хувь хүн, байгууллагаас түрээслэхгүй бөгөөд нийтийн эзэмшлийн талбайд үнэ төлбөргүй самбараа байрлуулах юм байна. Сонгуулийн ямар нэг маргаан гарахад сунжирч, хоёр гурван жилийн хугацаа авахдаа тулдаг бол үүний хугацааг зааж өгч, 60 хоног буюу хоёр сарын хугацаанд шийдвэрт хүрч болохоор болсон. Энэ мэтээр Сонгуулийн хууль удаан хугацаанд яригдсаны эцэст нэлээдгүй өөрчлөлт оруулан баталсан юм.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

“Өдрийн сонин”-оор уучлалт гуй

“Өдрийн сонин”-ы
саяхны нэг дугаарт “Иргэн Ариунболд танд өөрсдийн буруутай үйл ажиллагааны улмаас
хангалтгүй үйлчилгээ үзүүлсэндээ хүлцэл өчиж, уучлал гуйж байна” гэсэн гурван ч
хүний нэртэй зүйл нийтлэгджээ.

Үүнийг уншсан
уншигчид сошиалаар нэг шуугив. Юу болсон бэ гэхээр нэг хүн хоолны газар орж үйлчлүүлж
л дээ. Харин хоолны газрынхан түүнд хангалтгүй үйлчилгээ үзүүлж, уурыг нь барсан
уу, ямар нэг бухимдахаар зүйл болж. Ингээд өнөөх үйлчлүүлэгч хэвлэлээр албан ёсоор
уучлал гуйвал асуудлыг цэглэе гэсэн юм шиг байна. Мэдээж үүнийг хэргийн эзэд манай
сонинынхонд хэлээгүй л дээ. “Үйлчлүүлэгчээ гомдоосон юм аа. Танай сониноор дамжуулан
уучлалт хүсэх гэсэн юм” л гэснээс өөр зүйлгүй. Ингээд үйлчлүүлэгчийнхээ сониноор
дамжуулан уучлалт хүсэх саналыг гомдоогсод зөвшөөрч, нэгэн хэвлэлд гаргасан байна.
Харин өнөөх хүн “Олон хүн уншдаггүй ийм хэвлэлд гарсныг тооцохгүй, хамгийн олон
уншигчтай “Өдрийн сонин”-оор дамжуулан уучлал гуй” гэжээ. Ингээд л хоолны газрын
хэдэн хүн манай сонинд хандан хүлцлээ нийтлүүлсэн нь энэ. Маргаж, уурлах, гомдох
үе бишгүй л таардаг даа, амьдралд. Гэхдээ ойлголцож, инээж, нөхөрлөх нэг өдөр ч
бас бий.

Бусдаас уучлал
гуйх гэдэг тийм ч муу муухай зүйл биш. Тэдний энэ уучлал хүссэнийг уншаад сэтгэл
их л өег болчихлоо. Нөгөө эрхэм ч гэсэн тэднийг уучилж, тайвширсан байлгүй. Олон
мянган уншигч тэр хүмүүсийн уучлал хүссэнийг олж уншлаа. Тэр ч бүү хэл нийтийн сүлжээгээр
нэг яриа боллоо. Уучлал гуйна гэдэг амаргүй ч, уучлуулсан хойно сайхан. Уучлах ч
бас таатай. Хүнд уурлаж бухимдаж явах юу нь сайхан байхав. Хоёр тал аль алиндаа
өгцөө, авцаагүй боллоо. Хэн хэн нь санаа амарч, сэтгэлд нар гийгээ байлгүй дээ.
“Өдрийн сонин” та бүхнийг ойлголцоход тусалсан гэж найдна.

Categories
мэдээ цаг-үе

Ардчилсан хувьсгалыг Жамбын Батмөнх агсан хийсэн болж хувирав уу

Арванхоёрдугаар сарын 10. Цагийн хүрдээр “Ардчилсан хувьсгалыг хийсэн гавьяатны нэг Жамбын Батмөнхийн хөшөөнд цэцэг өргөв” гэсэн мэдээ гарлаа. Мэдээ бэлтгэсэн сэтгүүлч юм мэдэхгүйдээ ингэж мэдээлсэн байж болох юм. Харин учир мэдэх, өөрсдөө ардчиллын төлөө тэмцсэн өнөөх ардчилагчид энэ өдрүүдэд хаачив. Бид тэднийг бүхэл бүтэн нийгмийг өөрчилж чадсан, оготнын хамраас цус гаргалгүй хувьсгал хийсэн баатрууд гэж санадаггүй бил үү. Өөрсдөө ч бас үүгээрээ бахархдаг байгаагүй бил үү. Гэтэл гэрэл зургийн үзэсгэлэн гарсан, Ж.Батмөнх агсны хөшөөнд цэцэг өргөсөн тухай мэдээлээд л өнгөрөв. Ардчилсан хувьсгалын баярыг хэн ч тоож тэмдэглэсэнгүй, тэгэсгээд л чимээ аниргүйхэн өнгөрөх шив. Хорь гаруй жил нөхцөл байдал ямар ч байсан тэмдэглээд ирсэн баярыг гэнэт ингэж хав дарж, хэн ч санахааргүй болгож байгаа нь зохион байгуулалттай бодлоготой юм явчихлаа. Хамгийн түрүүнд МоАХ мэдэгдэлд гаргасан. МоАХ-ны мэдэгдэл хэцүү бэрх, энэ үед баярлаж цэнгээд байх зүйлгүй гэсэн утгатай. Өнгөрсөн 25 жилд сэргэн мандах, хөл дээрээ зогсох боломжоо ашиглаж чадаагүй, хилсдүүлэн дарамтлах гэж оролдох, улс төрийн намуудын дотоод хагарлыг өдөөх зэрэг зохисгүй зүй бус өрнөл эрчимжлээ. Өндөр албан тушаалд байгаа хүмүүс төрийн ажлыг гацааж, завхруулж байна зэргээр энэ хугацаанд ганц ч удаа өөд нар хараагүй юм л мэдэгдэлдээ дурдсан байна лээ. Ингээд өнөөх түүхт баяр нам дарагдав. Үнэн хэрэгтээ агуулга нь баяр тэмдэглэж, хундага өргөхдөө гол биш тэр өдөр бол түүх юм. Тиймээс сануулж, дурсаж тэмдэглэж байх ёстой. Ардчиллын төлөө тэмцсэн хүмүүсийн төдийгүй, ард нийтээрээ баярлах ёстой баяр юм. Гол нь ингэж тэмдэглэхгүй байгаа нь өнөөдөр Ж.Батмөнх агсныг ардчилсан хувьсгалыг хийсэн гавьяатан гэж хэлж байгаа шиг ардчилсан хувьсгалыг өөр нам, өөр хүмүүс хийсэн гээд явах нь. Түүхийг ингэж гуйвуулдаг шүү дээ.

Мөн ардчилсан хувьсгалыг ялуулсан хүмүүс эрх барьж байгаатай холбоотой энэ түүхэн өдрийг мартуулав. Ямар ч хэцүү бэрх байдал, улс төрийн эвгүй нөхцөлд, сөрөг хүчин байхдаа ч энэ ойг тэмдэглэж, дуу хоолойгоо хүргэж байлаа. Олон түмэнд сануулж байлаа. Одоо эрх баригчдад тийм шаардлага үгүй болж. Ардчилагчдад энэ ойг тэмдэглэх хүсэл зориг байхгүй болж. Энэ хувьсгалыг эхлүүлж, нийгмийг өөрчилж, тэмцэж явсан тэр хүмүүст тэгэж явсан нь ичгүүртэй санагддаг болсон юм байна. Хувьсгал хийж, тэмцэж, ядуу хоосон, өлсөж, эрх мэдэлгүй явсан тэр үе нь одоо ичгүүртэй санагддаг болжээ. Том албан тушаалд очсон ардчилсан хувьсгалын зүтгэлтнүүд угаасаа ийм тэнгэрт заяат дээд язгуурт, элит хүн байсан гэж өөрсдийгөө боддог болсон юм байна. Тэд бүгдийг мартаж. Юуны төлөө тэмцсэнээ, ямар байснаа, яаж явснаа мартаж, эсвэл мартахыг хүсчээ. Оргилсон их хүсэл тэмүүлэл, даарч хөрч, өлсөж, битүүхэндээ эмээж, нууцаар хуралдаж, эцэстээ үзэл санаа, зорьсон зорилгоосоо ухрахгүй гэж жагсаж, тэмцэж явсан тэр өдрүүдийг, залуу халуун омголон явснаа, зоригтой байснаа, халаасандаа улаан мөнгөгүй, сэтгэлдээ дүүрэн итгэл тээж явсан тэр өдрүүдээ санахаас ичдэг болж. Тэр үед партизан байгаагүй юм шиг тэнгэрийн хүн гэж өөрсдийгөө боддог болжээ. Амьдралаас бүүр тасарчихаж. Бодит үнэнээс хол явж. Дурсан санахаас дургүй нь хүрч. Угтаа бол НАХЯ-ны маш том, аалзны тор шиг том сүлжээний эсрэг зориглон, энэ нийгмийг өөрчлөх цаг болж, хүн төрөлхтөнтэй нэг замаар алхъя гээд зориг шулуудсан залуус байсан юм шүү дээ, тэд. Хувьсгалыг ухаантнууд хийж, үр шимийг нь тэнэгүүд хүртдэг гэдэгчлэн хувьсгал хийсэн ухаантнуудаас төрд байгаа нь үнэн. Гэхдээ үр шимийг нь сорж шимж, хүртсэн өнөөх тэнэгүүдтэйгээ эрх ашгаа нэгтгэсэн нь харамсалтай.

Мөн өнөөдрийн энэ дээдсүүдийн зарим нь ардчилсан хувьсгал хийх он жил, өдөр саруудад анхнаас нь яваагүй, жагсаж, цуглан, өлсөж цангаж яваагүй, замын дундаас орж ирсэн. Зарим нь мэдээлэгч хийгээд явж байсан. Ингэж хэцүү бэрх бүхэн ард хоцорсон хойно орж ирснээ битүүхэн нуудаг. Гэхдээ яаж яваад ч юм албан тушаал, эрх мэдэлд оччихсон. Хэрэв тэмдэглээд яриад, тэртээх хорин таван жилийн өмнөх өдрүүдийг дурсаад эхэлбэл эхнээс нь явсан хэдээсээ доогуур харагдчих гээд, тэр үед тэмцэж байгаагүй нь олон түмэнд мэдэгдчих гээд байгаа. Тийм нөхөд энэ жил ардчиллын баярыг хийхгүй байхыг хичээлээ, зорьсондоо ч хүрлээ.

Үнэн хэрэгтээ тийм хэсэг нөхөд анхны өлсгөлөн, анхны жагсаал цуглааны үед эсрэг байр суурьтай, эсэргүүцэн шуугиж явсан нь ч бий. Надад огт падгүй хэмээн чимээгүйхэн өөрийнхөө урдах амьдралаа зохицуулбал барав гээд явж байсан нь ч бий. Партизануудыг дуурайж ярих дурсамжгүй, бусад нь яриад эхлэхээр өөрөө баригдчих гээд байдаг нэг тийм цэмбэгэр, гял цал, хатуу хөтүүг мэдэхгүй болоод ч тэр үү, жигтэйхэн эмзэг, өнөөх замын дундаас орж ирсэн нөхөд тэр дурсамж, тэр үйл явдлыг сэдрээхийг хүсэхгүй байна. Ийм шалтгаануудаас болж тэмдэглэх нь бүү хэл улайм цайм түүхийг гуйвуулж, Ж.Батмөнх агсны гавьяа мэт ярьж эхэллээ. Замын дундаас ирсэн нөхдийг бодвол жинхэнэ партизануудаас юунд ч хүрээгүй, ардчилал ирэх нь л сайхан гэж бодон албан тушаалд нэг ч очиж үзээгүй хүмүүс бий. Ихэнх нь нас явж, зарим нь тэнгэрт одож. Одоо байгаа зарим нь албан тушаалд очих гэж ч гуйж яваагүй, ойн баяраараа ардчиллын төлөө яаж зүтгэснээ онгирч ярьж, сэтгэлээ цайлгадаг. Баярыг нь тэмдэглэхгүй, дурсамжийг нь яриулахгүй болохоор тэд мартагдаж эхэлж байна. Тэр өдөр гавьяаг нь дурсаж цэцэг өргөөд байсан Ж.Батмөнх гэж ямар гавьяатай хүн билээ. Хэдэн мянган жил залгамжилж ирсэн Монголын өндөр төрийн жолоог хорин хэдтэй, юу ч мэдэхгүй залуучуудын гарт хаяад л зугтсан хүн шүү дээ. Бидэнд амархан бууж өгсөн гэж л гавьяаг нь үнэлж байгаа юм биш бол өөрөөр яаж ардчилсан хувьсгалын төлөө зүтгэж явсан болохов. Гэтэл ардчилсан хувьсгалыг хийж явсан С.Зоригийн хөшөөнд баярынх нь өдөр хэн ч цэцэг өргөөгүй. Бидний баатар гэж бодож явсан өнөөх партизанууд гавьяагүй хэрэг үү. Тоож дурсагдсангүй, тоож санагалзсангүй. Анхны гэх хэдэн партизанууд уйлалдаад энд тэнд хэд арваараа цугласныг эс тооцвол энэ хувьсгалд хэн ч гавьяагүй мэт.

Ардчилагчдын нэр хүнд унасан болохоос ардчиллын нэр хүнд унаагүй. Хөр цасанд хөлдөж үхэх гээд өлсөж, амь нас, ар гэр, амьдрал нь яаж ч магадгүйг мэдсээр байж тэмцэж ардчиллын төлөө явсан нөгөө хүмүүс түүхэн баяраа ч тэмдэглэх гавьяагүй юм уу. Энд зөвхөн ардчиллыг авчирсан, тэмцсэн тэр хэсэг хүмүүсийн баяр төдий биш, нийт ард түмний баяр юм. Тэр өдөр бол түүх юм. Болсон явдал юм. Хэн нэгэн зохиож яриад байгаа юм биш. Тэрийгээ ардчилагчид та нар эрх барих үедээ ингэж мартагнуулбал, цаашид түүх яаж өөрчлөгдөж, яаж үгүйсгэгдээ билээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эзнээсээ өөр юу ч нийтэлж, нэвтрүүлдэггүй хэвлэл мэдээллийн байгууллага байх юм

Монголын хэвлэл мэдээллийн
байгууллага төрийн мэдэлд байсан цаг бий. Ардчилал гарч ирснээр төрийн дуу
хоолой болж байсан хэвлэлүүдийг хувьчилсан. Энэ нь ч зөв юм. Хэн нэгэн дарга,
эрх мэдэлтэн өөрийн хүсэл, эрх ашигт нийцүүлж мэдээлэл хүргэнэ гэдэг тун
аюултай. Ардчиллын буянаар бид үүнээс ангижирсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслүүд
хувийнх болсноор олон түмний дуу хоолой болохоос гадна олон нийтийнх болж,
уншигч, үзэгч, сонсогч төрийн цензургүй мэдээллийг хүлээн авч, өөр өөрийнхөөрөө
шүүн тунгаах бололцоо олдсон. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл бол мэдээлэл хүргэх
үүрэгтэй. Энэ үүргээ шударга өрсөлдөөний зарчмаар олон нийтэд хүргэдэг.

Хувийн хэвлэл мэдээлэл олон
болсноор өрсөлдөөн их болж, хамгийн түргэн шуурхай, үнэн бодит мэдээллийг
хаанаас уншиж, үзэж сонсч болохоо өөрсдөө сонгох боломж нээгдсэн. Гэвч анхаарах
зүйл бий. Хэвлэл мэдээллийн байгууллагын эзэд нэг зүйлийг ойлгох хэрэгтэй.
Хэдийгээр тухайн хэвлэл мэдээлэл өөрийнх нь хувийнх ч олон нийтэд үйлчилдэг
онцлогтой. Өөрөөр хэлбэл бусад бизнес эрхлэгч, үйлдвэрлэгчдээс бусдын оюун
санаа үзэл бодолд мэдээлэл хүргэж байдаг энэ салбар тэс өөр.

Тиймээс ч хэвлэлийн эзэд нь
бусад хувийн компанийн эздийг бодвол салбарын онцлогоо харгалзан арай өөрөөр
ханддаг. Монголын ихэнх хэвлэл мэдээлэл ингэж ажилладаг. Үүний хажуугаар зөвхөн
өөрийнхөө тухай нийтлэл, нэвтрүүлэг, мэдээ мэдээлэл гаргаж, нийтэлдэг хэвлэл
мэдээллийн байгууллага олширч байна. Энэ нь хувийн хэвлэл мэдээллийн байгууллагын
нэр хүндийг олон нийтийн дунд унагах нэг шалтгаан болоод байх юм. Олон нийт
болон хууль тогтоогчдоос хэвлэл мэдээллийн эздээс нь салгах гэсэн оролдлого
байсхийгээд л гардаг. Энэний шалтаг шалтгаан нь ч бас зөвхөн өөрийнхөө тухай
өөрийнхөө өмч болох хэвлэлд нийтэлж, нэвтрүүлээд, үзэл бодлоо тулгаад байдагтай
холбоотой. Өөрөөр хэлбэл хэвлэл мэдээллийг өөрийгөө сурталчлах, өөрийгөө
хамгаалах, бусад бизнесээ рекламдах хэрэгсэл л болгоод байгаа эзэд байна. ТВ 9
телевиз Н.Энхбаярыг авлигын хэрэгт холбогдож, үйл явдал өрнөхөд тэр хүнээс өөр
юу ч нэвтрүүлэхээ больсон. Суваг эргүүлэх бүрт л бүх л мэдээ, нэвтрүүлгүүд нь
зөвхөн эзнийгээ хамгаалж өмгөөлсөн л мэдээллээр бөмбөгдсөн. Эхэндээ үйл явдлаа
дагаад нэвтрүүлгийг үзэж байсан хүмүүс сүүлдээ залхаж эхэлсэн. Ямар сайндаа л
хөнжил дотор минь Энхбаяр байж байх вий гэж ярилцах дээрээ тулахав дээ.

Кёкүшюзан Батбаярын телевизээр
гэргий Баясгалангийнх нь дууг л сонсох болов. Дуучдаас зөвхөн тэдэнд таалагддаг
хүмүүс л телевизийн нэвтрүүлэгт нь ордог. Иймэрхүү телевиз, радио их байна.
Зарим хэвлэлийн эзэн нь өөрөө нэвтрүүлгээ хөтлөөд, өөрөө ярилцлагаа хийж,
оролцогч нь таалагдахгүй болохоор “Бууны нохой байна” гэж хэлээд сууж байдаг.
Улаанбаатар телевиз гэхэд зөвхөн Балхжавын дууг дуулдаг шоу нэвтрүүлдэг. Өмнө
нь гадаад дууны тэмцээн явуулж, өрсөлддөг байсан нэвтрүүлгээ зөвхөн Балхжавын
дууг дуулдаг болгоод өөрчилчихөв. Одоо үзэгчид бараг уйдаад үзэхээ байсан.
Хичнээн авьяастай мундаг хүн байлаа гээд зөвхөн нэг хүний бүтээлийг сонсоод
байна гэдэг энэ хурдтай хөгжиж байгаа дэлхий ертөнцийн нэг хэсэг болсон
Монголын үзэгчдийг залхааж эхлэв. Хөгжмийн нэвтрүүлэг, телевизээр гарч байгаа
дуу хөгжмийн 90 хувь нь зөвхөн эзнийх нь л зохиосон хөгжим явна. Зөвхөн
Балхжавын дууг өдөр шөнөгүй сонсоод байхыг хэн хүсэх билээ. Нэг үгээр үзэгчдэд
хүчээр тулгаж байгаа хэрэг л дээ. “Үүнээс өөр сонголт үгүй. Үүнийг л үз” гэж
байгаа юм шиг. Балхжав муу хөгжмийн зохиолч биш байж болно. Гэвч зөвхөн
өөрийнхөө бүтээлийг л сурталчлаад байвал телевиз нь уналтанд орно. Хэрэв өөр
олон телевиз байгаагүй бол зарим хэвлэлийн эздийн тулгалтыг л тархи оюундаа
шингээхээс өөр гарцгүй болох байж.

Энэ нь хэвлэл мэдээллийн ёс
зүйг зөрчиж байна. Мэдээлэх үүргээ умартаж, уншигч, үзэгчийн сонголт хийж, шүүн
тунгаах эрхийг хааж, хүчээр тулгаж байгаа хэрэг. Төрийн мэдэлд байсан өмнөх
үеийнхээс ялгаагүй болгочихож байгаа юм. Бусад хэвлэл мэдээллийн байгууллагадаа
маш хортой байна. Угтаа бүгд ийм үү гэвэл үгүй. 25 дугаар телевиз зөвхөн Алтай
л гараад байдаггүй. Олон талтай, үзэх харах юм ихтэй. ТВ5-ын Сарангэрэл нэвтрүүлгээ
хөтлөөд өөрийнхөө тухай өдөр бүр гаргаад байдаггүй. Тэрнээс өөрөө хөтөлбөл
хэнээс ч дутахгүй нэвтрүүлэг хийгээд хөтөлчихнө. “Үндэсний шуудан” сонины
Б.Ганболд эрхлэгч өөрийнхөө тухай сониндоо нийтлээд байдаггүй. “Өдрийн сонин”-ы
эрхлэгч Ж.Мягмарсүрэн ч зохиолч, сэтгүүлч хүн. Тэглээ гээд “Өдрийн сонин”
Ж.Мягмарсүрэн эрхлэгчийнхээ номыг байнга нийтлээд байдаггүй. Хувийн хэвлэл
мэдээллийнг өмч нь тэр хүнийх байж болно. Гэхдээ бүтээгдэхүүн нь нийтийнх,
нийтэд зориулсан байх ёстой. Нийтэд үйлчлэх, нийтийн сайн сайхны төлөө
дуугардаг, хууль зөрчигчдийн эсрэг хоточ нохойн үүрэг гүйцэтгэх ёстой. Гэтэл
өнөөх хоточ нохойгоо хэвлэл мэдээллийн байгууллага үүднээсээ уячихаад эзнээ
алдаршуулан, хамгаалж, сурталчлаад босгоноосоо холдохгүй боргоод байвал чөлөөт
хэвлэл яаж эрүүл байж, олны талархал хүлээх билээ. Магадгүй зарим алдаа нь
чөлөөт хэвлэлийн хөгжлийн нэг шат байж гэж бодъё. Гэвч алийн болгон ийм байх
билээ. Үүнээсээ хурдан ангижирч, хөгжлийнхөө дараа үе рүү орж, үндсэн үүргээ
биелүүлмээр байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Танан цагаан шүдээ гайхуулан инээмсэглэ

Сайхан шүдтэй байх нь эрүүл мэнд төдийгүй гоо сайханд тустай. Хоол хүнс, эмийн буруу хэрэглээ, тамхи, кофе, шүдээ тогтмол угаадаггүй зэргээс шалтгаалан өнгө нь өөрчлөгддөг.

Энэ нь шүдний өнгийг өөрчлөхөөс гадна шүдний пааланг гэмтээж, шүд цоорох, буйл болон амны хөндийн элдэв үрэвсэлт өвчний эх үүсвэр болдог. Үүнийг дагаад шүд цайруулах бодисууд олноор үйлдвэрлэх болсон ч энэ нь сөрөг нөлөөтэй байх нь их. Иймээс сайхан инээмсэглэлээрээ өөрийгөө чимж, эрүүл сайхан шүдтэй явахад тань тус болох үүднээс гэрийн аргаар шүд цайруулах зарим энгийн аргыг хэлж өгье. Гадил жимсийг бид идэх дуртай ч хальсыг нь хэрэгтэй гэж огт боддоггүй. Тэгвэл гадил жимсний хальс шүд цайруулахад тустай. Идсэн гадил жимснийхээ хальсны дотор талын зөөлөн хэсгээр 2-3 минут шүдээ үрвэл өнгөр нь арилж цайрна.

С витаминаар баялаг гүзээлзгэнэ нэгээс гурван ширхэг, чимх давс, хагас цайны халбага хүнсний содтой хольж нухаад орой унтахын өмнө сойзондоо түрхэж таван минут орчим шүдээ угаавал үр дүн нь тун удахгүй мэдэгдэнэ. Энэ аргыг долоо хоногт нэг удаа хэрэглээд байхад болно. Мөн нэг халбага хүнсний содыг бага хэмжээний ус юм уу нимэгний шүүстэй хольж найруулаад ооны оронд хэрэглэнэ. Нимбэгний шүүстэй хольсон бол нэг минут угаахад л хангалттай. Энэ нь шүдний бүрхүүлийг гэмтээхээс сэргийлж байгаа юм. Долоо хоногт нэг удаа энэ аргыг хэрэглэхэд сарын дараа мэдэгдэхүйц өөрчлөлт гарна.

Бас нэгэн арга. Өглөө нэг цайны халбага кокосын тосоор 10-15 минут зайлна. Үүнийхээ дараа усаар зайлахаа мартуузай. Тосоор зайлснаар аман дахь нянгийн тоо үлэмж буурдаг байна.

Хэрэв кокосын тос байхгүй бол ургамлын тосоор орлуулж болох юм байна шүү. За ингээд өөрт таалагдсан аргаа туршаад үзээрэй. Энгийн боловч үр дүнтэй. Танан цагаан шүдээ гайхуулан инээмсэглэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Үндсэн хуулийн өөрчлөлт болон үйл явдал, цаг хугацааны давхцал

“Өдрийн сонин”-ы 1999 оны арванхоёрдугаар сарын 25-ны дугаарт “Үндсэн хуульд анх удаа өөрчлөлт орууллаа” гэсэн чуулганы сурвалжлага эхний нүүрт нийтлэгдсэн нь шарласан хуудаснаа түүх болон үлджээ. Үндсэн хуулийг өөрчлөхөөр ярьж буй энэ цаг мөчид сошиал ертөнцөөр 1999 онд Үндсэн хууль өөрчилсөн мэдээлэлтэй “Өдрийн сонин”-ы тэр өдрийн дугаарыг нэгэн уншигч дэлгэсэн нь анхаарал татав. Олон хүн тэр үеийн Үндсэн хуулийн өөрчлөлт одоогийн өөрчлөх гэж байгаа хувилбарын тухай сэтгэгдлээ бичиж бүтэн өдрийн сэдэв болж орхив. Тэр үед радио, телевизээр энэ тухай мэдээлэл гарч байсан нь дамжиггүй. Гэхдээ зарим нь мэдээллээ устгаж, заримыг нь фондонд ганц нэг хувь хадгалан үлдсэн байдаг. Үүнийг жирийн нэг уншигч, үзэгч олон жилийн дараа дахин олж үзэхэд тийм ч амар биш, ер нь л бүтэхгүй болов уу. Харин сонин олон мянган хувь хэвлэгдэн, цагаан дээр хараар баримт болон уншигч, захиалагчдын гар дээр үлдсэн төдийгүй, номын санд ч дугаар бүрээрээ хадгалагдсан байдаг. Тухайн үед “Өдрийн сонин” 25000 хувь хэвлэгдэж байлаа. Үндсэн хуульд ямар өөрчлөлт, ямар хугацаанд оруулж байсныг бидний ихэнх нь мартчихсан байхад өнгөрсөн он жилүүд, тэр үед өрнөж байсан үйл явдлууд ингэж л сонины шарласан хуудаснаа түүх, он цагийн гэрч, баримт болон үлддэг аж.

Үндсэн хуульд өөрчлөлт оруулахаар 1999 оны арванхоёрдугаар сарын 23-нд өргөн бариад 24-ний баасан гаригт анхны хэлэлцүүлгээр баталсан нь 25-ны бямба гаригийн дугаарт нийтлэгдсэн нь энэ. Гурван намын дарга өөрчлөлт оруулах талаар зөвшилцөн гарын үсэг зурсныг эс тооцвол шинэ Үндсэн хууль батлагдсанаас хойш найман жилийн дараах анхны өөрчлөлтийг хэлэлцэн батлах процедур гуравхан хоногийн дотор л болж. Ингэж яаран өөрчлөлт хийхдээ Үндсэн хуульд хоёр зүйлийг шинээр нэмж, таван зүйлийг өөрчлөн найруулсан байна. УИХ-ын 65 гишүүн гарын үсэг зурж санаачилсан гэх энэ хууль 60 гишүүн дэмжсэнээр батлагдаж байж. Үүнийг дордохын долоон өөрчлөлт гэлцдэг. Үндсэн хуулийн Цэцийн дүгнэлтийг ч авалгүй, чуулганы хуралдаан дээр Цэцийн даргын үгийг сонсолгүй баталсан нь сүүлд процедурын алдаа гэж үзэн, 2000 оны арванхоёрдугаар сарын 14-нд нэмэлт, өөрчлөлт оруулсан нэрээр бараг л хэвээр нь баталжээ. Энэ өөрчлөлтөөр зарим албан тушаалын томилгоог нууц санал хураалтаар явуулдаг байсныг ил болгосон юм.

Мөн 1992 онд баталсан Үндсэн хуулиар чуулган хагас жилд 75 хоног хуралддаг гишүүдийн дийлэх олонхи буюу 51 хүний ирцтэйгээр хуралддаг байсныг өөрчилж, ирцийг ердөө 39 хүн хуралдаж шийдвэр гаргаж болохоор өөрчилсөн. Байнгын хорооны 17 гишүүний ес нь хуралд суугаад тав нь олонхи болсноор хуулийн төсөл дэмжигдэн чуулганы хуралдаанд оруулж, батлагдах боломж нээгдсэн юм. Давхар дээлийн асуудал ч энэ үед л бий болсон. Мөн Монгол Улсын Их Хурал нь төрийн эрх барих дээд байгууллага гэсэн Үндсэн хуулийн суурь зарчмыг бүрхэгдүүлж сулруулсан заалтууд орсон. Энэ нь сонгуульд ялсан нам, эвслээс нэр дэвшүүлсэн хүнийг Ерөнхий сайдаар томилох саналыг тав хоногийн дотор Ерөнхийлөгч УИХ-д оруулах, Ерөнхий сайдыг томилох асуудлыг 45 хоногийн дотор хэлэлцэж, шийдвэрлэж чадахгүй бол УИХ өөрөө тарах буюу Ерөнхийлөгч тараах шийдвэр гаргах, Ерөнхий сайд долоо хоногийн дотор Ерөнхийлөгчтэй зөвшилцөж эс чадвал Засгийн газрын гишүүдийг УИХ-д өөрөө өргөн мэдүүлэх гэж өөрчилсөн байв.

Тухайн үед Н.Энхбаяр МАХН-ын /одоогийн МАН/ дарга байсан бөгөөд ирэх сонгуулиар Ерөнхий сайд болохын тулд зарим хүнд сайдын албан тушаал амлаж, Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санаачилгаа дэмжүүлсэн гэж нэлээдгүй шуугисан юм даг. Мөн үүний өмнө Ерөнхийлөгч Н.Багабанди Да.Ганболдыг Ерөнхий сайдад нэр дэвшүүлсэн саналыг долоон удаа буцаасанд аргаа бараад өөр Ерөнхий сайд тавихад хүрсэн эвслийнхний гайхшаа барсан байдал дээр Н.Энхбаяр Үндсэн хуульд өөрчлөлт оруулах санаачлагаа дэмжүүлэх тоглолтоо хийсэн юм.

Да.Ганболдыг долоон удаа буцаасныхаа дараа Ерөнхийлөгч эвслээс гурван хүн санал болгосноор Ж.Наранцацралт Ерөнхий сайдаар томилогдож байв. Дараа нь Орос руу илгээсэн захидлын асуудлаар Ж.Наранцацралт огцрон Р.Амаржаргал Ерөнхий сайд болж байсныг уншигчид санаж буй биз ээ. Эрх барьж буй нам Ерөнхий сайдаа томилж чадахгүй Ерөнхийлөгчийн хүслээр шийдвэр гаргахад хүрч байсан нь Үндсэн хуульд өөрчлөлт оруулж, Н.Энхбаярын өгөөшийг үмхэхэд хялбар байв.

Ардчилсан холбоо эвсэл эрх барьж, хамаг муу нэрийг авчихсан, казиногийн гэх хэргээр хэдэн гишүүн нь шоронгийн хаалга татчихсан, С.Зориг бусдын гарт аймшигтайгаар алагдсан, С.Наранцацралт Орос руу захидал бичсэн асуудал босч дараагийн Ерөнхий сайдаар Р.Амаржаргал сонгогдчихсон, эрх баригчид өөрсдийнхөө Засгийн газрыг байн байн унагадаг, нэр хүнд нь навсайтал уначихсан байсан үе. Гэтэл цөөнх байсан МАХН-ын дарга Н.Энхбаярын ид мандан бадрахын оргил үеийн эхлэл тавигдаж, ирэх сонгуульд ялах нь бараг л ойлгомжтой болчихсон байв. Сөрөг хүчнээсээ илүү өөрсдөдөө унах нүхээ бэлдчихсэн Ардчилсан холбоо эвслийнхэн Н.Энхбаярт долигонож долдойдон, замыг нь засч, эрх барих үедээ хаан шиг байх боломж олгосон гэмээр өөрчлөлтийг Үндсэн хуульдаа дээр дурдсанаар хийсэн юм. Тэр нь нэгэнт ялах нь тодорхой намд боломж олгосон, ялсан намын дарга бусдыгаа үгнээсээ гаргахгүй байх, албан тушаалын томилгооны санал хураалт илээр явдаг болсон учир намын даргын бодол санаанаас эсрэг санал өгсөн хүн түүний зуултад орохоор өөрчлөлтүүд байв. Ингээд сонгууль ч болж, МАХН ялж, Н.Энхбаярт Үндсэн хуулийн өнөөх өөрчлөлтүүд тусаа өгсөн билээ.

Энэ удаагийн Үндсэн хуулийн өөрчлөлтийг ч сонгуулиас зургаан сарын өмнө гэж яаран хийхээр ярьж байна. Хэрэв сонгуулиас өмнө гэвэл 1999 оных мөн үеийнхтэй давхцан, яаран батлах болох нь. Үүгээр зогсохгүй улс төрийн үйл явцын хувьд олон зүйл тэр үеийнхтэй давхцаж байна. АН эрх барьж байгаа атлаа өөрсдийнхнөө барьж хорьж, засгаа унагаж тоглож байгаа нь тэр үеийнхээс өөрчлөгдсөнгүй. Одоо мөн л дараагийн засгийг унагах яриа яваад эхэлчихсэн. Эрх мэдэл, эрх ашгийн төлөө фракц фракцаараа хуваагдан бие биенийхээ булхайг сайн дураараа илчлэн, нэг нь дургүйг нь хүргэвэл тэрний гэх хүнийг бариулж, нөгөөх нь хариуг нь өгсөөр өнөөдрийг хүрэв. Цөөнхөд улс төрийн элдэв акц хийх шаардлагагүйгээр эрх баригчид өөрсдийнхөө нэр хүндийг ийнхүү барж байгаа. Сонгууль болтол дахиад юу ч болоо билээ. АН ялагдах нь тодорхой боллоо хэмээн МАН аль эрт алгаа үрчин баярлаад эхэлж. Яг энэ үед Үндсэн хуульдаа гар хүрэх гэж байна. Ажлын хэсэг байгуулагдчихсан. Хууль санаачлагч, ажлын хэсгийн гишүүд нь парламентын бүрэн эрхийн хугацаа таван жил, парламентын гишүүдийн 99 гэсэн тоог онцолж ярьсаар ирэх сонгуульд ялах магадлалтай нам хүчнийхэнд Үндсэн хуулийн заалтуудаар замыг нь засч өгч байна. 99 гэсэн тоо ингэтлээ амны уншлага болж байгаа нь зүгээр л өнгөлөн далдлалт төдий.

Эрх барьсан нам Засгаа байгуулна. Засаг нь хязгааргүй эрх мэдэлтэй байх нь. УИХ-ын гишүүд юу ч биш болно. 99 байна уу, 999 ч болоод нэмэргүй юм байна. Одоо Үндсэн хуульд оруулах өөрчлөлт нь гишүүдийн тоог 99, УИХ-ын бүрэн эрхийн хугацааг таван жил, Ерөнхийлөгчийг аймаг, хотуудын засаг дарга, ИТХ-ын дарга нарыг оролцуулан парламентаар нууц санал хураалтаар сонгоно. Ингэхдээ ерөнхий шүүгчийг Ерөнхийлөгч санал болгохгүй, Дээд шүүхийн шүүгч нар дотроосоо нууц санал хураалтаар сонгоно. Улсын ерөнхий прокурорыг Ерөнхий сайд санал болгоно. Хэрэв Ерөнхий сайдыг огцруулах бол УИХ-ын нийт гишүүдийн олонхи нь Ерөнхий сайдыг огцруулах бол оронд нь томилох хүний нэрийг хамт оруулж байж УИХ-аар хэлэлцэнэ. Ерөнхийлөгчийн хууль санаачлах, сонгогдох, томилох, Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүний талаар Ерөнхий сайдтай зөвшилцөх зэрэг эрхийг хассан. Засгийн газарт чиглэл өгөхийг хассан. Гадаад улсад улсаа бүрэн төлөөлж УИХ-тай зөвшилцөн Монгол Улсын нэрийн өмнөөс олон улсын гэрээ байгуулах эрхийг хасч байна. Түүнчлэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийг тэргүүлэх эрхийг нь ч хасч байгаа аж. Харин шүүгчдийг Шүүхийн ерөнхий зөвлөл санал болгох юм байна.

Засгийн газрын бүтцийг Үндсэн хуульд зааж гуравны нэгээс дээшгүй хувь нь давхар дээлтэй байж болно. Ерөнхий сайд бүтцээ, томилсон, чөлөөлсөн, огцруулснаа Ерөнхийлөгчид толилуулж, УИХ-д танилцуулна.

УИХ-ын гишүүдийн дөрөвний нэгээс доошгүй нь Засгийн газрыг огцруулах санал тавибал УИХ хэлэлцэн шийдвэрлэнэ. Засгийн газрыг бүтнээр нь огцруулах эрх байгаа болохоос танхимынхаа гишүүнийг огцруулах эрх нь Ерөнхий сайдын л мэдэх асуудал болж байна. Эдгээр өөрчлөлтөөс харахад Ерөнхийлөгчийн эрх мэдлийг бүр байхгүй болгож, Засгийн газрын эрхийг хэт дөвийлгөж, Хууль баталдаг, төрийн эрх барих дээд байгууллага УИХ нь гүйцэтгэх засаглалаасаа ч дор эрхтэй болж таарах нь. Ийм л өөрчлөлтүүдийг хийж МАН-д бэлэг барихаар эрх баригчид зэхэж байна. Өрнөж буй үйл явдлууд, сонгуулиас өмнө яаран хэлэлцэх гээд байгаа нь ч өрөөл бусдад л ашиг өгөхөөс өөр нэмэр болдоггүйг өнгөрсөн удаагийн Үндсэн хуулийн дордуулсан өөрчлөлт, тэр үеийн үйл явдал, цаг хугацаа ч нэгийг хэлнэ бус уу.

Categories
мэдээ цаг-үе

Баргил хоолойтой барилгачин залуу минь ард түмнийхээ өгсөн алдар хүндлэлийг дааж яваарай

“Авьяаслаг монголчууд” хэмээх шоу олны анхаарлыг татаж, тэр дундаас баргил хоолойтой барилгачин залуу А.Отгонбаяр од болон гялалзаж эхэллээ. Шоуны эхний шатанд тайзан дээр гарч ирэн мэндлэхдээ л шүүгчдийг цочтол баргил хоолойгоор мэндэлсэн тэр залууг дуулахад үзэгчид, шүүгчид шуугиад л явчихав. Бүгд босч хүндэтгэв. Энэ үеэс түүний амьдралын нэг шинэ хуудас нээгдлээ. Ээжтэйгээ хоёулаа гэрт амьдардаг, сургалтын төлбөрөө төлж чадахгүйгээс болоод сонирхлынхоо дагуу суралцаагүй барилгачин болсон энэ залуу даруухан, энгийн. Шоуны эхнээс л дуу хоолой нь шүүгчид, үзэгчдийг гайхшруулж орхив. Ингээд шилдгүүдийн тоонд орж шилдэг гучин хоёрын эхний багийнхнаас хамгийн олон санал авч, хагас шигшээ тоглолтод шалгарлаа. Үзэгчдийн ихэнх нь түүнд санал өгчээ. Цэцэрлэгт байхдаа мөрөөдлөө “дуучин болох” гэж тодорхойлж байсан түүнд олноо танигдан од болох замыг “Авьяаслаг монголчууд”-ын үүд хаалга цэлийтэл нээж өглөө. Шоуны эхний өдөр итгэл муутайхан тайзнаа гарч ирснээ бодвол түүний нүдэнд найдварын гэрэл ассан нь сүүлийн үеийн бичлэгээс харагдана. Од болж олонд хайрлагдана гэдэг хүн болгонд тохиох хувь заяа биш. Түүний дуу хоолойноос гадна даруухан зан, эгэл борог амьдрал, том мөрөөдөл нь үзэгчдийн хайрлах болсон шалтгааны нэг байсан болов уу. А.Отгонбаяр чив чимээгүйхэн өмнөх ажлаа хийгээд бусдын адил л мөрөөдлөөрөө жигүүрлэн амьдарч байсан жирийн нэг залуу. Гэхдээ хүн болгон мөрөөдөөд ч хүссэн зорьсондоо хүрдэггүй. Харин А.Отгонбаяр тэр нэгэн өдөр шоунд оролцох болсноор сүүлийн үед өрнөж байгаа бүх зүйл түүнд тохиолоо. Зүүд шиг л санагдаж байгаагаа тэрээр хэлж байсан. Мэдээж л дээ. Түүнийг танихгүй хүнгүй боллоо. Фэйсбүүк хуудсандаа нэг ч бүсгүй хүний зураг тавьж байгаагүй түүнд өдөрт хэдэн арваараа найзын хүсэлт ирэх болсон гэнэ. Тэр ч бүү хэл А.Отгонбаярыг байшинтай болгох хөдөлгөөн хүртэл өрнөхдөө тулав. Барилга байшингийн зар дээр “Барилгачин Баяраагийн барьсан барилга шүү” гэж байх юм. Түүнийг дэмжигчдийн клуб хүртэл бий болж. Нэг үгээр хэлбэл чимээ аниргүйхэн амьдарч байсан түүний амьдрал гэнэт олны өмнө ил, нийтээрээ таньдаг болж, бас бүгд дэмжин хайрлав. Одоо л энэ үед эвдрэхгүй өөрийгөө авч үлдэх хэрэгтэй. Муу ёрлож байгаа юм биш. Олны хайр хэтийдээд, магтаал сайшаал, урмын үг ихдээд ирэх нь дандаа сайхан байдаггүй. Уулзсан, учирсан, таарсан, таньсан болгон тэнгэрт тултал магтаж, хүндэлж эхлэхэд гэнэт л “Би чинь хэн билээ, бусдаас өөр, од хүн шүү” гэх бодол толгойд зурсхийнэ. Яг үнэндээ тэр магтаал тэнгэрт шатгүйгээр өргөсөн шигээ газарт хатуу унагадгийг мартаж болохгүй. Мөнхийн юм гэж үгүй. Бүгд хайрлаж, магтаж, архи, хүүхэн, мөнгө төгрөг ер юу л бол юу алдар нэрийг дагаад ирнэ. Тэр хэмжээгээрээ бас дэндүү их булаадаг. Бий болсон байтугай байсан гэх бүхнийг авдаг хатуу тавилан бий. Ухаанаараа үүнийг жин банг нь тааруулж, жолоогоо зөв залуурдахгүй бол амьдрал санаснаар болохгүй.

Үеийн үед л хэн нэгэн ингэж од болоход, түүнийг дэмжигч, шүтдэг, сонсох дуртай даган дуурайгчид, долдойдож эвддэг нь ч гараад ирдэг. Алдар нэр гэнэт санаанд оромгүй ирсэн шигээ, нөгөө хүнээ эгэл байсан үеэс нь, эгэл байгаа хүмүүсээс илүү хатуу чанга унагах нь бий. Зарим нь тэр хатуу уналтаас зугтаж, өөрийгөө авч гарч чадсан хүмүүс ч бий.

Социализмын үед Монголд олон сайхан авьяаслаг хүн байсан. Хүн болгон магтаж, хүүхэн болгон дурлаж, тэнгэрээс унасан мэт л тахиж сүйд болж байв. Зүв зүгээр явсан гэргий нь хүртэл гологдож салж сарнин, “би” гэх өвчнөөр өвчлөөд эхэлсэн. Магтаж сайшаахын хажуугаар архи бариад гүйнэ. Гэвч дандаа иймээрээ байдаггүй. Архи авчирч аялдан дагагчид архинд оруулчихаад өөрсдөө харин аяа бодоод алга болчихдог. Тэр үед өнөөх од болсон хүн архи хэмээх найзтайгаа л үлддэг. Архитай нэгэнт нөхөрлөвөл ихэнх нь түүнд живж, түүний эрхшээлд ордог.

Хүмүүс хувийнхаа амьдралыг хөөдөг болохоос оддын, олны танил хүмүүсийн амьдралыг хайрладаггүй. Тэд бол зүгээр л үзэгч. Гэргий чинь биш, үр хүүхэд, аав ээж чинь биш. Ялж, дийлж, гялалзаж явахад чинь хаа сайгүй дагадаг байсан ч нэг бүдэрхэд нэлээд нь алга болж, нэг алдвал нүүр буруулдаг.

П.Адарсүрэн гэж гайхалтай хоолойтой, олны хайрыг татсан, бараг л амьдаараа домог болсон хүн байлаа. Алдрын оргилд нэг өдөр хүрсэн ч Баянхошуунд айлын нүүрсний амбаарт сүүлийн амьсгалаа хураасан. Олны хайр хүндлэлийг хүлээж явсан тэрээр амьдралынхаа сүүлийн өдрүүдийг гунигтай өнгөрөөж, Хархорин зах дээр ноорхой ногоон дээлнийхээ энгэрт хоёр алтан гадас одонгоо зүүчихсэн дуулж, сүүлдээ дуулж ч чадахаа байж, “Алтай Хангайг дуулдаг Адараа ах нь байнаа” хэмээн гуйлга гуйж явсан гэдэг. Цэндийн Чимэддорж хэмээх яруу найрагч л түүнд тус болж байсан юм билээ. Ч.Мөнхбаяр гэж сайхан хүн “Харах нүдэнд гийсэн саран чи минь ээ хө” хэмээн дуулдаг байсныг санаж байгаа биз дээ. Тэр хүний амьдралын сүүлийн өдрүүд Туулын эрэг хавьцаа орон гэргүй хүмүүсийн дунд л өнгөрсөн гэдэг. Гавьяат Д.Дашням “Мөнгөн цагаан хүлэг минь” гэж дуулсаар мөн л бор дарсанд хамгаа мэдүүлж, амьдралынхаа сүүлийн өдрүүдийг Бөмбөгөрийн хавиар “өвгөнтийнхөн” гэгдэх хүмүүүстэй л өнгөрөөсөн байдаг. Ямар сайхан авьяастай хүмүүс байлаа. Яаж олноор хүрээлүүлж байлаа. Дуучин Төмөрийн амьдралын сүүлийн өдөр хоногууд, аймшигт үхэл ч харамсам. Алдартай яруу найрагчдын хувь тавиланг сонсоо л байлгүй. Монголынх ч, дэлхийнх ч адил даа. Гунигт хувь тавилангаар цэл залуухнаараа хорвоог орхиж, авьяас билигтээ хэт омойтож, архи дарс, хүүхэнд хэт шунан амьдралаа үрсэн байдаг нь олон.

Алдар нэр, олны хайр хүндэтгэл гэдэг тэр чигтээ өөрт ирээд наалдчихдаг юм биш. Унаж босоход нь хамтдаа л мартдаг. Ялангуяа урлаг соёлынхон энэ магтаал хайрын шуурганд амархан урууддаг. Үүнээс өөрийгөө авч гарахад сэтгэлийн хат, ухаан хэрэгтэй.

Холливудын 1980-1990-ээд оны од, 2000-аад онд ч өндөр үнэтэй байсан жижиг Жин гэгддэг Чарли Шин, хар тамхи хэтрүүлэн хэрэглэж сүүлдээ эхнэрээ зодож, гэр бүлийн хүчирхийлэл үйлдэгч гэсэн нэр зүүж, нэр хүндээ алдсан бөгөөд саяхан түүнийг ДОХ-ын вирус тээгч болсон талаар зарласан. Уйтни Хьюстон ямар авьяаслаг дуучин байлаа. Хар тамхинд орж, сүүлдээ хэтрүүлэн хэрэглэснээр амиа алдсан. Хамгийн сүүлийн жишээ Линдсей Лохан байна. Байнга л ямар нэг хэрэг төвөгт орооцолдож байдаг. Архи, хар тамхи, хулгайн хэрэгт орж шорон орноор явж, нэр хүндээ барсан. “Гэртээ ганцаараа” киног мэдэхгүй хүн байхгүй. Киноны гол дүрд тоглосон Маколей Калкин эгэл амьдралаас гэнэт нэр алдарт хүрсэн ч хар тамхинд донтон хэн ч биш болсон. Тухайн үедээ Холливудын хамаг л алдартантай нөхөрлөж, шуугианы эзэн байсан залуу. Одоо түүний тухай яриа өрнөхөд “Амьд байгаа юм уу” л гэлцдэг.

Алдар нэрээр хоолоо олж идэх үнэхээр хэцүү. Бараг боломжгүй. Хүн гэдэг шуналтай амьтан. Алдрын оргилд мацаж яваад өөр зүйлд шунаж, зорилгоосоо хазайж, алдуурдаг. Ч.Лхамсүрэнгийн “Хүрэн морь” найраглалд “Гурван уут барьсан Гуйлгачин явсан билээ” гэдэг шиг манай авьяастай гэх дуучид, хуурчид ихэнх нь тэгээс л эхэлсэн байдаг. Тиймээс ч тоглолтын тасалбараа борлуулах гэж ивээн тэтгэгч хайж, албан байгууллага, хувь хүмүүст хүчээр өгөөд явдаг. Дэлхийн одууд авьяасаараа мөнгө олдог байх. Тэд ивээн тэтгэгч гэж яриад байдаггүй. Тоймгүй их мөнгө л амладаггүй юм бол хэн нэгэн ивээн тэтгэгчид баярласан, талархсан гэж яриад байдаггүй. Тиймээс ганц авьяасаараа дулдуйдан баян чинээлэг, алдар нэртэй болно гэж хууртах хэрэггүй.

Энэ бүхнийг ирээдүйн сайн сайхан нь гялалзах нь тодорхой болж, олны хайр хүндлэл хүлээж байгаа энэ үед чинь хэлж байгаа нь муу ёрлож, мууг хүсч хэлж байгаа юм биш. Олноо хүндлэгдэж, тэр чинээгээрээ хайр хүндлэлийг нь дааж амжилт дүүрэн байгаасай хэмээн хүсч анхааруулж байгаа хэрэг юм шүү. Баргил хоолойтой барилгачин залуу минь, Адараа ахынхаа хувь тавиланг тойрч гараарай, ард түмнийхээ өгч буй алдар хүндлэлийг дааж яваарай гэж ерөөе.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Амьдрал яах вэ, Анжела Дэвис юу болж байна

УИХ-ын баасан гаригийн хуралдаанд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг Шилэн дансны тухай хуулийн хэрэгжилтийн талаар мэдээлэл хийлээ. Тэр мэдээллийн үеэр УИХ-ын гишүүн Д.Оюунхорол сэтгүүл зүйн амин чухал сэдвийг хөндсөн. Д.Оюунхорол гишүүн “Засгийн газар хийсэн ажлаа ард түмэнд сурталчилж, тайлагнаж байх хэрэгтэй. Ингэхгүй бол ард түмэн Засгийн газар хоёр хоорондоо хөндийрнө. Засгийн газар юу хийж байгааг ард түмэн мэдэхгүй байна. Тиймээс хийсэн ажил, баталсан хууль тогтоомжоо хэвлэл мэдээллийн хэрэгслээр сурталчлахад мөнгө төсөвлөж байх хэрэгтэй. Тэр хаалтын гэрээ гээд яриад байдаг юм чинь огт байдаггүй юм билээ. Хийсэн ажлаа сурталчилж гэрээ хийхийг л тэгж хэлдэг юм байна. Ихэнх хэвлэл мэдээлэл хувийнх байдаг учраас ингэхээс ч өөр аргагүй” гэж хэлсэн.

Ингэж ажлаа сурталчлахгүй бол төр засаг ч юу хийж байгааг мэдэхгүй олон нийт буруу ойлголттой өнгөрдөг. Эрхэм гишүүний хэлсэн үгийг сэтгүүлчид сонссон ч сонсоогүй мэт огт анзаараагүй. Угтаа зогсоо зайгүй түүний үгийг өлгөж аваад нэвтрүүлж, нийтэлж байх байлаа. Хэвлэлийнхний оршин тогтнох, эрхийнх нь төлөө ойрд хэн нэгэн улстөрч ингэж дорвитой дуугарсангүй.

Өмч нь хувийнх учраас сэтгүүлчид өөрсдийн ажилд хөндий хайхрамжгүй ханддаг. Дээр нь одоогийн эрх баригчид Монголын сэтгүүл зүйд халтай хууль журам, дүрэм гаргаж, байсхийгээд хэвлэлийн эрх чөлөөнд халдсан заалт сэм шургуулж, эсвэл гэнэт орж ирдэг. Эхнийх нь Засгийн газар мөнгө гаргаж хийсэн ажлаа сурталчилж болохгүй, Ерөнхийлөгчийн сонгуулиар сонинд сурталчилгаа тавьж болохгүй, мөн хувийн хэвлэл мэдээллийн байгууллагыг устгах хуулийн төсөл парламентын босго давж орж ирээд ногоон гэрлээр батлагдахын өмнө больсон. Хэрэв хэлэлцсэн бол зуун хувийн саналаар батлагдах байв. Эрүүгийн болон Зөрчлийн тухай хуулиуддаа чөлөөт хэвлэл, сэтгүүлчдийн эрхэд маш ноцтой халдсан заалтууд оруулсан байв. Үүнд “Мэдээлэх хэрэгсэл ашиглан сурвалжлага, мэдээ, тоймчийн нийтлэл болон зар сурталчилгааны бус хэлбэрээр зар сурталчилгаа байршуулсан, түгээсний төлөө төлбөр авсан бол хувь хүнийг 250 тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр, хуулийн этгээдийг 2500 тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэл онооно” гэж заасан байв. Мөн “Сэрэмжлүүлэг зар сурталчилгааг тухайн хэвлэл мэдээллийн нэвтрүүлгийн хөтөлбөрийг харгалзалгүйгээр холбогдох шийдвэрт заасан давтамжаар үнэ төлбөргүй түгээгээгүй бол хувь хүнийг 250, хуулийн этгээдийг 2500 тооцооны нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох ял шийтгэнэ” гэсэн заалт ч байсан. Ардчилсан засаг чөлөөт хэвлэлийн эрх чөлөөнд тэр тусмаа хувийн хэвлэл мэдээлийн байгууллагад төрөөс дарамт үзүүлэх, боомилох, ийм заалт оруулсан нь үнэхээр ичгэвтэр, зэвүүцэм байлаа. Энэ мэтээр тоочвол тоймгүй их юм болно. Төр нь буу шийдэм бариад, хэвлэл мэдээллийн байгууллагыг шууд хаагаагүй ч хуулийн хачирхалтай заалтуудаараа амийг нь авч, амыг нь боохыг санаархсан хэрэг.

Энэ бүгдийг сэтгүүлч нар тоогоогүйн гор одоо гарч ирж байна. Хэвлэл мэдээллийн байгууллагын хэвийн ажиллагааны гол үндэс суурь болсон реклам, зар сурталчилгаа байхгүй болсон. Өнөөдрийн Монголын хэвлэл мэдээллийг хар. Нэг муу, улс төрийн сулхан нийтлэлтэй, 12 нүүр цулгай сонин гарч байна. Телевизүүд ганц олдсон рекламаа бүтэн өдөржин давтдаг. Үзэж байсан нэвтрүүлэг, киногоо энэ хооронд бараг мартчихдаг юм. Сэтгүүлчдийн үзэж чаддаггүй, байнга шүүмжилдэг гадаадын хөрөнгө оруулагчид аль хэдийнэ явчихлаа. Баячууд гэж элдвээр зүхдэг дотоодын үйлдвэрлэгчид, бизнесмэнүүд реклам тавих чадваргүй болж. Ингээд нөгөө ардчиллаар олж авсан хэвлэн нийтлэх эрх чөлөө маань хэвлэл мэдээллийн байгууллагатайгаа устах өнгөндөө орж, сэтгүүлчид гудамжинд гарч эхэллээ. Өчнөөн олон хэвлэл мэдээллийн байгууллага үүдээ хааж, зарим нэг нь сонгууль дөхөж байгаа болохоор тэр хүртэл амь зогоох төдий бүр тасарчихалгүй явж байна. Монголын сэтгүүл зүйг ганц зогоож байсан нь Засгийн газар, хувийн хэвшлийнхний сурталчилгаа, сонгууль. Энэ бүгдийг хийрхүү, эх оронч дүр эсгэсэн сэтгүүлчдийн хийрхэл дээр тоглон улстөрчид нь элдэв хууль журмаар үгүй хийх болсон. Ингээд ажлаа хаячихаад, эрх баригчдын дохиогоор явсан, үнэн хэрэгтээ аягаа ч зөв угааж чадахгүй цагаан гартнууд болсон сэтгүүлчид өөрсдөө буруутай. Үүний жишээ нь баасан гаригт өөрсдийнх нь эрх ашгийг хөндөж дуугарсан Д.Оюунхорол гишүүний үгийг хэн ч тоосонгүй. Социализмын үед хөдөө орон нутагт Төв хорооныхны томилсон төлөөлөгчийг очиход зуд турхан болоод хот нь харлачихсан, өөрөө ядарч туйлдаад жигтэйхэн, өнгө зүс муутайхан байж “Амьдрал ямар байна” гэж асуухад өөдөөс нь “Амьдрал яах вэ, Анжела Дэвис яаж байна” гэж асуусан өвгөн шиг өөрсдийнх нь хувь заяатай холбоотой асуудал яригдаж байхад мэдсэн ч шинжгүй, хаалтын гэрээ муухай, аж ахуйн нэгж, баячууд муухай, гадаадын хөрөнгө оруулагчид муухай гэсээр Монголын хэвлэлүүд гудамжинд гарлаа. Малчдад Анжела Дэвис ямар хамаа байхав. Өөрийнх нь амьдрал, нүдэн дээр нь зуд турханд үгүй болж байгаа хэдэн мал нь хэрэгтэй баймаар. Хэвлэлийнхэн бид ч өөрсдийнхөө хувь заяатай холбоотой зүйлийг хойш тавьчихаад “Анжела Дэвисийг” асуугаад сууж байна. Анжела Дэвис гэж АНУ-ын коммунист хөдөлгөөний үүсгэн байгуулагч нарын нэг, арьсны үзлийн эсрэг тэмцэгч өнгөт арьст эмэгтэй. Коммунизмыг дэмжигч хүн болохоор л ЗХУ-ын нөлөөгөөр манайхан мэддэг болсон. Тиймдээ ч өөрийнх нь аж байдлыг асууж байхад үзэл сурталжсан өвгөн өнөөх арзгар үстэй, өөрт нь огтоос падгүй Анжела Дэвисийг асууж байгаа нь тэр. Тэрнээс хойш бүхэл бүтэн өөр нийгэмд орчихоод байхад өнөөх л малчин өвгөн шиг юм яриад байж байгаа нь халаглам.

Хэвлэлийнхнийг хаалтын гэрээ хийдэг гэж зүхэж байхад хэн ч дуугардаггүй. Угтаа цагаан дээр хараар “Хамаг мууг нь халхална, хаана” гэсэн хаалтын гэрээ гээч юм байдаггүй. Хамтын ажиллагааны гэрээ буюу хийсэн ажлаа, бараа бүтээгдэхүүнээ сурталчлуулахад байгууллага хоорондын гэрээ байгуулдаг. Ийм гэрээг шууд л хаалтын гэрээ гэж хэлэх нь дэндүү том эндүүрэл. Дэлхийн бүх л хэвлэл мэдээллийн байгууллагад хамтын ажиллагааны гэрээ буюу зар сурталчилгаа, хийсэн ажлаа хувийн хэвлэл мэдээллийн байгууллагад мөнгөө төлж гаргадаг. Байдаг л зүйл, байх ч ёстой. Чөлөөт хэвлэл бол төрийн байгууллага биш учраас эдийн засгийн ойлголтоороо реклам зар сурталчилгаанаас л санхүүжилтээ олдог. Үүнийг ойлгоход тийм хэцүү байна гэж үү.

Гэтэл хэвлэлүүд, сэтгүүлчид дал наяад оны намын үзэл сурталжсан үе шиг эрх баригчдыг уухайлан долдойдож, юу хэлснээр магтаад суудаг болж. Мөнгөнд дургүйдээ биш амьдралаас тасарсан, үндсэн үүргээ умартсан долдойнууд болж. Эцэст нь хэлэхэд Анжела Дэвис яах вэ, амьдралаа бодох цаг боллоо, хэвлэлийнхээн. Ганц ч гэсэн улстөрч ч гэлээ бидний төлөө дуугараад эхэлж.