Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Таван толгойг С.Баяр хурааж аваагүйсэн бол ийм хэрүүл болохгүй байх байлаа

Ерөнхий сайд байсан С.Баярын том гавьяа бол Оюу толгойг хөдөлгөсөн. Энүүгээр нь бид амьдарч байгаа. Том төслийг хөдөлгөсөн гавьяа үнэхээр олон жилдээ ингэж гарч ирдэг юм байна. Гэхдээ бас нэг зүйл байна. Гай ч бий, гавьяа ч бий гэдэгчлэн түүнд бас тарьсан гай гэж байна. Тэр нь өнөөдрийн энэ их талцал хэрүүлийн үрийг тарьсан Таван толгойг зогсоосон явдал. Таван толгой дээр гаргасан түүний шийдвэр буруу байв.

Одоо олон амьтны хэрүүлийн үр болсон Таван толгойн талаар түүх сөхье. Таван толгой нийтдээ 6.5 тэрбум тоннын нөөцтэй, таван толгойгоор нь хуваахад найман зуугаас 900 мянгаар бараг тэгш хуваагддаг.

Улсын төсвөөс их хэмжээний мөнгө гарган 1957 онд анх хайгуулыг нь хийж, 1980-аад оны үед нөөцөө батлуулж, дараа нь Эдийн засгийн харилцан туслалцах зөвлөл гэж тэр үеийн социалист блокын орнууд багтдаг зөвлөлд хөрөнгө оруулалт хүсэн санал тавьсан байдаг. Гэтэл хөрөнгө оруулах улс олдоогүй. Тэгж байтал манай улс ардчилал зах зээлд шилжиж, 1997 онд Ашигт малтмалын тухай хууль гарсны дараа Австралийн BHP компани тусгай зөвшөөрлийг нь эзэмших болж улмаар эдийн засгийн үр ашиггүй байна гэж үзээд 1998 онд лицензийг буцааж өгсөн. Учир нь тэр үед коксжих нүүрсний үнэ тонн нь дөнгөж 40 доллар байсан үе. Мөн дэд бүтэц, ус, цахилгаан огт байхгүй болохоор эдийн засгийн үр ашиггүй гэж үзсэн. Ингээд дөнгөж зургаахан сарын дараа л лицензээ буцаахад нь “Mine info” хэмээх Монголын компани авч, уул уурхайн зөвлөх үйлчилгээ үзүүлдэг уг компанийн эзэн Батсайхан “Алтай трейдинг” компани буюу бидний мэдэх Сү.Батболдод санал тавьж, ингээд өргөжин нийт арван дөрвөн компани нэгдэн консорциум болохоор ярьсан байдаг. Сү.Батболдыг Монголын томоохон ордыг эзэмшлээ гэж шүүмжлэхэд “Өмнөх эзэмшигч нь гадны компанид лицензээ өгч болох байсан, харин ч монгол хүн Монголдоо авч үлдсэнээрээ улсынхаа өмнө гавьяа байгуулсан гэж тайлбарлах нь ч бий. Өнгөц харахад тийм. За тэр ч яахав. Ямартай ч Таван толгойн түүх ингэж л эхэлсэн. Г.Батхүү, Ц.Цэнгэл, Сү.Батболд, Ж.Оджаргал, Батж.Батбаяр, П.Очирбат, М.Энхсайхан, Д.Идэвхтэн, Ж.Оюунгэрэл нарын арван дөрвөн компани буюу арван дөрвөн айл эзэмших болсон нь ийм учиртай. Энэ хэдэн айл Таван толгойг өөрийн болгоод байж байтал өнөө хэдэн айлын заримыг нь айлгаж, шантаажинд оруулж, төрийн нэрээр сүрдүүлж байгаад дээрэмдээд авчихсан. Яг үнэндээ намаа гоё харагдуулах гэж иргэдээс оноо авах гэсэн л арга гэж учир мэдэх хүмүүс ярьдаг. Мөн өөрсдийн хувиа С.Баярын шахалтаар төрд булаалгасан хүмүүс одоо ч толгойгоо шааж, харамсч суудаг юм билээ. Таван толгойн нэлээд хэсгийг нь төрийн болгож С.Баяр төрд авсан гэдгээ зарласнаар тухайн үед “Монгол ардын нам ард түмэндээ хэдэн баячуудааас баялгийг нь булааж авч өгч байна” гэж ойлгогдохоор, сонгогчдыг татах үнэхээр том сценари болсон. Нэг үгээр ард түмэнд өгнө гээд булаагаад авахаар булаалгасан хүмүүст муухай ч “Биднийх боллоо, хувь хувьцаа эзэмших нь” гэж ард иргэд баярласан. Гэвч өнөөг хүртэл үр шимийг нь хүртээгүй, яагаад Таван толгойгоос болоод хэрүүл тэмцэл тасрахгүй байгааг огт ойлгоогүй нь олон. Ингэж л төр нэг хэсгийг нь булааж авсан үеэс Таван толгойн хэрүүл эхэлсэн. Өнгөц харахад төр ард түмэндээ хувааж өгнө гэдэг нь их гоё сонсогддог. Төр бол гурван сая хүний төлөөлөл. Яг жинхэнэдээ төр бол эзэн биегүй. Төрийн өмч гэдэг тухайн үед төрд байгаа хэдэн хүний л өмч болдог. Төр, хувийн хэвшил хоёрын ялгаа Ухаа худаг, Эрдэнэс Таван толгой хоёрын байгаа байдлаас л шууд харагддаг. Ухаа худаг баяжуулах үйлдвэртэй, хил хүртэл зам тавьчихсан, Эрдэнэс Таван толгой шороо манаруулсан хэвээрээ баяжуулах ч үйлдвэргүй л байж байна.

Ийм их үнэ цэнтэй асар их баялгийг түмэн амьтны дунд ширээн дээр дэлгээд тавиад үз л дээ. Хэн түрүүлж шүүрсэн нь авдаг. Үүн шиг энэ асар их баялгийг авах гэсэн болгон булаалдаж байна. Энэ хэрүүлийн үрийг л С.Баяр тавьчихсан хэрэг. Таван толгойг одоо төр барьж байсан хэдэн хүн л булаалдаж байна. “Би авна, танайх авбал бидэнд дийлдэхгүй, бид авбал та нарт дийлдэхгүй” гэсэн хэрүүлээр үргэлжилж, эцэстээ энэ хэрүүл Монголын нийгмийг хуваах хэмжээнд хүрлээ. Угтаа хэдхэн айлын, хэдхэн том улстөрчийн хэрүүл шүү дээ. Тэр эзэн суучихсан байсан арав гаруй айл өөрсдөө аваад Таван толгойг ажиллуулж байсан бол одоо хагартлаа баяжсан байх ёстой. Өдийд дэлхийн хэмжээний овоо хэдэн тэрбумтантай болчихсон байх байв. Мөнгөтэй болсон хүн эхний хэдэн жил баруун солгойгүй тансаглана л биз. Эцсийн дүндээ тэр их мөнгийг хадгалаад хадгалах газар ч байхгүй. Тиймээс тэнэг л биш бол их мөнгөтэй болохоороо хүмүүс хөрөнгө оруулалт хийдэг. Юу ч юм барьж бүтээдэг. Өдийд өнөөх хэд маань дэлхийн дайны баячуул болчихсон бол Toyota-ийн салбар үйлдвэрийг Монголд нээчихсэн, тэнд нь зуун мянган хүн ажиллаж байх байлаа. Энэ бол ердөө л жишээ шүү дээ. Гэтэл тэгсэнгүй. Хувхай хоосон хэвээрээ өөрөө ч баяжсан юмгүй, өрөөлийг ч баяжуулсан юмгүй алаагүй баавгайн арьсыг хувааж авах хэрүүлээ хийсээр л өнөөдрийг хүрчихлээ. Өнөөх арван хэдэн айл дээр дахиад арван хэдэн айл нэмэгдэг л дээ. Та хэд хорин хэдүүлээ Таван толгойг аваад баяжицгаа. Хамаа алга. Тэгээд зуун мянга, хоёр зуун мянган монголоо ажиллуул, хоолтой нь залгуул, амьдралаа өөд татах боломжийг нь олго. Тэдний цаана хэдэн ам бүл байгаа билээ. Олон монгол хүн ажилтай, орлоготой болно. Хэрэлдэж талцаад байхаар ийм нэг шийдэл байна. Ширээ тойроод нэг ярилц. Түүнээс биш ард түмэнд энийг ашиглуулаад бид тэрнээс хувь хүртээд бид баяжитлаа өдий байх шиг байна. Энэ итгэл аль хэдийнэ алдарчихлаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сүхбаатарын талбайгаас атга амуу ч хураахгүй шүү

Газар тариалан эрхлэгчид сонгуулийн жил айхтар улстөрждөг. Энэ жилийн улстөржилт тариаланчдын хүрзтэй жагсаал гэнэ. Үүнийг “Бид бусдыг бодвол хаалтын гэрээ, захиалгат нэвтрүүлэг хийдэггүй” гэцгээж, бусад хэвлэлээ доош хийж байдаг Монголын толгой баян Чинбатын Монгол HD телевизээр өдөр шөнөгүй сурталчилж байна. Газар тариалангийн улстөржилт тариаланчдад хэзээнээс ээлгүй байсаар ирсэн юм. Улс төр, үйл явцын гэрч, халуун цэг дээр нь хэзээнээс сурвалжилж, мэдээ мэдээлэл хүргэсээр ирсэн “Өдрийн сонин” энийг байнга л тариаланчдад анхааруулж байдаг. Э.Бат-Үүл баатар 2000 оны сонгуулиар Сэлэнгэд нэр дэвшиж ялагдав. 2002 оны арваннэгдүгээр сарын 5-нд 100 трактортой жагсаал Сүхбаатарын талбайд хийнэ гэж бужигнуулсан. Нэг ёсондоо улс төрийн акц маягийн юм хийж, Төв, Сэлэнгийн тариалангийн газрыг тариаланчдад нь өгөхийн төлөө жагсаж тэмцсэн. Тэр үед газар тариалангийн хамгийн үржил шимтэй хэсгийг нь хуучин коммунистууд авчихсан байлаа. Иргэнд газар өмчлүүлэх хуульд мөнгөтэй л бол хэн ч, ямар ч хэмжээний тариалангийн газар авах заалт явж байсан. Яг энэ үед газар тариалангийн бүсэд амьдарч байгаа тариаланчдад, газар тариалангийн бүсэд насаа элээсэн, иргэдэд тариалангийн талбайгаас тодорхой хэмжээний газрыг үнэгүй олгох ёстой гэсэн шаардлага Э.Бат-Үүл тэргүүтнүүд тавьсан юм. Өмнө нь малчдад малыг, орон сууцтай иргэдэд байрыг нь үнэгүй өгчихсөн байв. Ингээд тариаланчдад газрыг өг гэдэг шаардлагад үнэмшсэн тариаланчид салга улаанаа унаад, газар тариалангийн бүс нутаг болох Сэлэнгэ, Төв аймгийн хэдэн сумаас Сүхбаатарын талбайд ирсэн ч бүтэлтэй юм болоогүй. Хамгийн дээд тал нь 39 трактортой л жагссан байдаг юм. Өнөөх 100 трактортой жагсана гэж зарласныхаа талд нь ч хүрсэнгүй. Ид хүйт тачигнаж эхэлж байсан үе. 2002 оны арваннэгдүгээр сарын 10-11-ний шилжих шөнө өнөөх хэдэн таркторыг нь бүгдийг нь журмын хашаа руу зөөчихсөн байж билээ.

Ингээд тариаланчид төр засгийн өч төчнөөн хаалт, шахалт туулаад өнөөх хэдэн трактороо журамлуулж, журмын хашаа, жолооны үнэмлэхний төлбөр гээд бөөн юм болж, хэдэн трактороо эвдүүлж, хохироод л буцсан юм. Улстөрч улс төрөө хийгээд УИХ-ын гишүүн болох замаа засаад хэдэн муу тариаланч гавьсан зүйлгүй хэд хоногийн ажлаа алдаж, хэдэн төгрөгөөр хохироод л дууссан юм даа. 2008 оны сонгуулийн өмнө С.Баярын санаачилсан Атрын гуравдугаар аян баахан дуулиан тарив. Аян зарласнаас хойш Хөдөө аж ахуйн салбарыг Т.Бадамжунай хариуцаж байсан цаг. Цоо шинэ, гайхалтай нээлт хийчихсэн мэт хөөрцөглөж, 1960 оны атрын аян дахин давтагдлаа гэсээр ёстой нэг өөд уруугүй сурталчилсан. Хэдэн тариаланчид нь хөөрч баярлаад бидний асуудлыг дэвшүүлж тавилаа, одоо л манай салбар юун мал аж ахуй, Монголыг тэжээнэ гэлцэж өнөөх аянг нь жигтэйхэн сүр дуулиантай рекламдахад хошуу нэмэрлэцгээсэн. Газар тариалангаа өөд татах гэж, тариаланчдад буян болох ажил хийх нь гэж баахан рекламдсаны дараа үр дүнд нь томчууд уринш, шатахууныхаа зардлыг төрөөс гаргаж, жаахан тарьсан тарианыхаа хураасан хэмжээг нь худал мэдүүлж, улсаас урамшуулал авч, тэр маягаар хурдан хүлэг, хул шиг хөөрөг авч баяжсан хүмүүсийн төлөөлөл бол Л.Чинбат, Л.Цандэлэг нар. Өчигдөрхөн тэд толгойгоо ногоон даавуугаар боочихсон жагсах тухайгаа зарлаж, 100 тэрбумын хөнгөлөлттэй зээл олгохыг засгаас шаардаад сууж байна лээ.

Тэргүүн баян Л.Чинбат, Л.Цандэлэг нар хүрз барьсан 10 мянган тариаланч жагсаана гэнэ. Наадуулынхаа хөлд үрэгдэв ээ, тариаланчид аа. Эд нар тариа тарихгүй байсан ч хотойхгүй улс. Харин тариаланч та нар тариагаа тарихгүй бол хоолгүй болно шүү. Сүхбаатарын талбайгаас атга амуу ч хурааж авахгүй. Тэнд жагслаа гээд жагсаал зохион байгуулагчид л ашиг унаж байснаас жагсаж байгаа хэдэд ашиггүй. Та бүхэн тариалангийн талбай дээрээ хөлсөө дуслуулж байж л жаахан тариа хурааж авдаг биз дээ. 25 тэрбумыг Засгийн газар тариаланчдад хуваах сурагтай. Бодвол үгэндээ ордог тариаланчдад л өгөх байлгүй дээ. Талбай дээр очиж зогслоо гэж урамшуулах гээгүй л байлгүй. Тариаланчид та нар хаваржин улс төр хийлээ гэж бодъё. Хаваржин талбай сахиж, төр засаг руугаа хашхирлаа гэж бодъё. Сайндаа л Р.Бурмаагийн булган дээлийг тайлна биз. Нэг ёсондоо давхар дээлтэй гэгдэх сайдынх нь албанаас л буулгана биз. Ингэлээ гээд хүүхдийн тань сургуулийн төлбөр олдох уу. Ингэлээ гээд хоолтой хонох уу. Үүнийг нэг бодолцоорой. Баян улсыг дагаж хохиров оо. Та нар л хохирно уу гэхээс цаад баян тарган хүмүүс чинь наашаа харж та нарын төлөө санаа тавьж байгаа гунигт харц шидээд л, цаашаа харж чимээгүйхэн мушийгаад та хэдийг хаврын хавсарганд жагсаасныхаа шимийг хүртээд арилж өгнө шүү. Эцэст нь хэдэн муусайн тариаланчид та нар л хохироод үлдэнэ.

Өнгөрсөн оны нэгдүгээр сараас тариаланчид жагсана, цуглана гэсээр гуравдугаар сард талбай дээр буудайгаа асгаж эсэргүүцлээ илэрхийлсэн. Уг нь идэх уухаараа тоглодоггүй гэж хуучны хүмүүс ярьдагсан. Муу ёр, буянаа барна л гэдэгсэн. Ер нь бол Р.Бурмаа сайд чанартай буудайнд урамшуулал өгье гэснээс хамаг хэрэг мандсан л даа. Чанартай чанаргүй, цавуулагтай, цавуулаггүй байх нь байгаль цаг уур, өөр юу ч билээ, олон юмнаас шалтгаалдаг гээд муу буудай байсан ч урамшуулал авах гээд л өнөөх тонн тутамд өгдөг зуун мянгын урамшууллаа авна гэж зүтгэж хэл ам татлаад салахаа байсан. Ингээд л жагссан.

Мөн гурил, буудайнд импортын зөвшөөрөл их өгснийг эсэргүүцсэн. Үнэн хэрэгтээ импортынх нь чанартай, хямд болж таараад гурил үйлдвэрлэгчид дотоодын биш импортынхыг илүү авах сонирхолтой болчихсон.

Энэ жил газар тариалангийн салбарын тэргүүн баячууд тариаланчдын нэрийг барьж дахиад л төрөөс нэхээд суучихлаа. Угтаа хувийнх нь бизнес. Улс гэхдээ аль боломжоороо л дэмжиж ирсэн. Бусад салбарынхан хөнгөлөлттэй зээл урамшуулал нэхээд суудаггүй. Эд нар л эрх хүүхэд шиг үргэлж нэг юм нэхэж, гомдол санал хэлдэг. Импортын квотоо болиулахгүй бол, хөнгөлөлттэй зээл өгөхгүй бол жагсана гэлцээд байна. Уг нь бид чөлөөт эдийн засгаар явах замыг сонгосон. Чөлөөт эдийн засаг гэдэг чөлөөт өрсөлдөөн байдаг. Тэгж өрсөлдөж чадахгүй бол энэ бизнесээсээ гарч болно шүү дээ. Тариа тарих сонирхолтой хүмүүс байж л байгаа. Монопол эрхтэй хэдэн компани тариаланчдын нэрийг барьж төр лүү давшилсны гор нь тариаланчдад муу юу гэхээс өөр бусдад муу нөлөө үзүүлэх нь юу л бол.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ардын нам Да хүрээ зах дээр дивандаад байгаа нь ямар учиртай юм бэ

Өнгөрсөн дөрвөн жил МАН сөрөг хүчин байлаа. Сөрөг хүчин ч гэж дээ сөрөг хүчнийхэн гэчихээд юу ч хийгээгүй. Улстөрчдийн ярьдаг заваан хэллэгээр бол Ардын намынхан “бөлдөгдүүлчихсэн” учир дуугарч чаддаггүй. Дуугаръя гэхээр эрх барьж байх үеийн хамаг юм нь сөхөгдөх гээд таг дуугүй дөрвөн жил болсон хэрэг. Сөрөг хүчний ажил гэж ганц хийсэн юм нь АН-аас Өвөрхангайд нэр дэвшиж гарч ирсэн Г.Батхүү, Д.Зоригт нарыг тангараг өргүүлэхгүй, хүлээн зөвшөөрөхгүй, хуралдаанд оруулахгүй гэж чуулганы танхимын үүдэнд диван аваачиж тавьж, дээр нь хэвтчихээд байсныг нь санах юм. За тэгээд давхар, дан дээл гэж нэг сүрхий улстөржих аядсан. УИХ-ын дарга байсан гурав, Ерөнхий сайд байсан хоёр нөхөр чуулган хуралдуулахгүй гээд диван дээр хөндлөн хэвтчихээр яасан ч эвгүй харагддаг юм. Тэгж хэвтлээ гээд үр дүнд ч хүрээгүй. Хэн нэгэн пиарчны тархинд орж ирсэн санааг л уухайн тас шүүрч аваад хэрэгжүүлсэн юм шиг байна лээ. Магадгүй Н.Энхбаярыг баривчлах үед хэдэн улстөрчийг дивантай нь хөмөрснөөс өнөөх пиарчин нь санаа авсан байж болох л талтай.

МАН-ынхны дивандалт нэгэнт үр дүнд хүрээгүй болохоор өөрсдөө ч баахан ичих шиг болно лээ. Эцсийн дүнд нь Диванддаг хэд, Диванддаг нам гэдэг хоч зүүгээд онигооны баатар болоод хэрэг явдал дууссан. Тэрнээс хойш хурал хаясныг эс тооцвол сөрөг хүчин шиг хэрэгтэй зүйл дээр шүүмжлэлтэй хандаж, улс оронд хэрэгтэй зүйл хийж байсныг нь санахгүй байна. Да хүрээ захыг хотын төвөөс холдуулах шийдвэр нийслэл гаргаж, нүүлгэх болтол Ардын намын удирдах бүрэлдэхүүн нь өнөөх зах руу бүгдээрээ оччихсон дивандаж эхэлжээ. Улстөржиж ядахын хажуугаар хувийн сонирхол нь давамгайлсан юм шиг байгаа юм. Баянзүрхийн хэдэн захын боссууд нь ихэвчлэн Ардын намынхны эзэмшилд байдаг дуулдана. Да хүрээ захад ч МАН-ын Бага хурлын зарим гишүүн хувь эзэмшдэг гэх юм билээ. Ө.Энхтүвшин даргынх нь нэлээдгүй хувийг эзэмшдэг зах нь “Өгөөмөр” гээд хэвлэлүүд мэдээлчихэж. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ “Собу” компанийн тавин хувийг эзэмшдэг гэж мэдүүлсэн бол тэр компани нь Өгөөмөр захыг ажиллуулдаг юм байна. Баянзүрхийн захуудын нэг шүү дээ, дээр дурдсан Өгөөмөр зах. Тэгэхээр нэг талаас иргэдийн эрх ашиг зөрчигдлөө гэж байгаа ч цаагуураа өөрсдийнх нь эрх ашиг хөндөгдөж, өмчөө хамгаалаад тэмцэж байна гэж ойлгогдохоор байна. Өөрийнхөө өмчийг хамгаалангаа улс төр хийж байгаа хэрэг болох нь. Тэнд ажилладаг иргэдийг нүүхгүй байхыг сануулж, өмгөөлж хамгаална гэж хэлж. Яг үнэндээ Баянзүрх дүүргийн тал нь Нарантуул, Өгөөмөр, Да хүрээ, Цайз. Энэ олон захад ажилладаг хэдэн зуун иргэнээс гадна энэ олон захуудын эзэд, түрээслэгчдийг хоолтой байлгах гэж тус дүүрэгт оршин суугчид, тэр ч бүү хэл захаар үйлчлүүлдэг хотын сая гаруй иргэн хохирч байх ёстой юу. Баянзүрх дүүрэгт өнгөрсөн оны байдлаар байнга оршин суугч 308672 иргэнтэй байсан. Одоо бүр ч их нэмэгдсэн. Тэдгээр иргэдийн хэд нь зах дээр ажиллаж амьжиргаагаа залгуулдаг. Хэд нь оршин суугч вэ. Захуудыг нүүлгэх нь буруу биш. Захууд бараг л хотын төвдөө байхаар замын түгжрэл, агаарын бохирдол, хөрсний бохирдол улам даамжирч байна. Тиймээс нүүчихвэл илүү л таатай байх болно.

“Хамгийн чадалтай, шинэ машин зардаг зах нь Баянчандманьд, хуучин машин зардаг захыг 22-ын товчоо хавьцаа байлгая” гэж манай сонин өмнө нь бичиж байлаа. Машин авчих дайны чадал байгаа бол ядахдаа 22-ын товчоо орчих дайны байх ёстой биз дээ. Машин унадаггүй, машин унадаг ч хаанаас ч болов авчих чадалтай хүмүүс бий. Тэдгээр хүмүүсийн эрхийг хүндлээч ээ. Хотын төвлөрлийг багасгахын тулд Да хүрээ зах болон түүний эргэн тойронд үйл ажиллагаа явуулж, автомашины худалдаа эрхэлдэг 30 гаруй захыг “Авто худалдааны цогцолбор” руу нүүлгэх нийслэлийн шийдвэр нь харин ч цагаа олсон. Тус зах дээр үйл ажиллагаа явуулдаг олон аж ахуйн нэгж анх зөвшөөрөл авахдаа өөр зориулалтаар авсныг Мэргэжлийн хяналтынхан хэлээд байгаа. Тэгэхээр шүүхдэлцэхдээ тулбал түрээслэгчид өөрсдөө ч асуудалд унаж мэдэх юм.

Түрээслэгчид өөрийнхөө эрх ашгийг хөндөхөөр хэл ам гаргахыг ойлгож болно. Ямар нэг шинэ зүйл хийхэд иймэрхүү бэрхшээл тулгарч л байдаг. Даван туулж л байдаг. Харин сөрөг хүчин болох МАН, тэр дундаа удирдлагууд нь улаан тугаа намируулчихсан сүр бараатай тийш зүглэх ямар хэрэг байна. Үүнийг сөрөг хүчний ажил гэдэггүй юм аа. Иймэрхүү явуургүй улс төр бол цаад санаа нь баригддаг. Бас нэг их газар авч чаддаггүй. Дивантай хаалга дараад хэвтэх дайны улс төр бол хотын иргэдийн эрх ашгаас дээгүүр байж яав ч болохгүй. Бусад улс оронд сөрөг хүчин ямар нэг асуудал дээр ялгаатай байр сууриа илэрхийлдэг. Тэрнээс биш бодитоор ажлыг нь гацаадаггүй. МАН-ынхан Бат-Үүл л санаачилсан бол ямар ч ажлыг нь жадлан эсэргүүцэж байвал бах нь ханах мэт ойлгох юм. Тэгвэл тэдэнд саналаа өгөөд гаргаад ирсэн иргэд тэгж бодож байна уу. Монголд байгаа сөрөг хүчин бол эрх баригчдын алдаатай бодлогыг эсэргүүцэхдээ захын үүдийг тэгнэх, парламентын үүдийг дивандах замаар илэрхийлдэг. Харин бусад орон үүнийг хүчирхийлэл гэж үзнэ. Нийслэл буруу шийдвэр гаргасан байж болно. Үүнийг шүүхээр шийддэг. Тэрнээс улс төрийн шоу хийгээд байх утгагүй. МАН-ынхан л үүнийгээ иргэдийнхээ төлөө хийж байгаа зөв зүйл гээд байгаа боловч үнэн хэрэгтээ ялагдаад өшөөгөө авч байгаа явуургүй үйлдэл шиг л харагдаж байна. Энэ хорлол чинь зөвхөн нийслэлийн, Бат-Үүлийн ажлыг хорлохдоо биш, нийслэлийн иргэдэд гай болоод байгаад л хамаг учир бий.

Categories
мэдээ цаг-үе

Монголын хуулийн байгууллага тойрч сагсалздаг хав шиг санагдах юм

Монголын хуулийн байгууллагын сүүлийн хэдэн жилийн үйл ажиллагааг харахад тойрч сагсалздаг хав шиг санагдах боллоо. Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн эргэн тойрон дахь хүмүүсийг яалаа даа. Заримыг нь хэрэгт унагаж, эрүү үүсгэж, удаан хугацаагаар шалгаж, заримыг нь шоронд хорьсон. Төрсөн охин, хүргэн, зөвлөх Л.Гансүх, “Цэвэр агаар” сангийнхан, “Нүүрс хөтөлбөр”-ийг хэрэгжүүлэгч компанийн удирдлага, нягтлан гээд л холбоотой болгоныг нь шалгаж, барьж хорьсон. Н.Алтанхуягийн төрсөн охин А.Саранзаяаг “Цэвэр агаар” сангийн хэрэгт холбогдуулан шалгаж, мөн хүргэн Дэнзэнг нь “Эрдэнэс Таван толгой”-н ТУЗ-ийн даргаар ажиллаж байхдаа улсад их хэмжээний хохирол учруулсан хэргээр шалгаж барьж хорьсон. Мөн Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дэд дарга байхдаа эхнэрийнхээ нэр дээрх компанийг Хятад руу нүүрс экспортлох тендерт ялуулсан зэрэг үндэслэлээр шалгасан. Зөвлөх байсан Л.Гансүхийг “Нүүрс” хөтөлбөрөөс их хэмжээний мөнгө хувьдаа завшсан гэж шалгаж, шүүхийн шийдвэр гарснаар тэрээр одоо ял эдэлж байгаа. Мөн “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлж байсан компанийн нягтлан Б.Мөнгөнтуяа хэмээх бүсгүй, тус компанийн удирдлага болох Даваажав нарыг барьж хорьж шалгаж үйлийг нь үзсэн. Үүний үр дүн нь юу байсан гээч. Зөвхөн Н.Алтанхуягийг Ерөнхий сайдаас нь огцруулах л байлаа. Санасандаа ч хүрцгээсэн.

Н.Энхбаярыг хорлохын тулд юу болов. Дүү, туслах, туслахынх нь ах, намын нөхөд гээд шалгаагүй юм алга. Н.Энхбаярын төрсөн дүү Н.Энхтуяа, Б.Хуяг нарыг нь интерполоор эрэн сурвалжилж, мөн шадар туслах Б.Тулгыг нь ах Б.Хуягтайгаа нийлэн нийслэлийн өмчийг завшсан хэмээн сэжигтнээр татан баривчилж байсан. Хууль зүйн дэд сайд байсан Э.Эрдэнэжамъяныг интерпол руу захиа бичсэн хэмээн шалгасан. Цаашлаад До.Чулуунбаатарыг мөн барьж, хорьж байлаа. Баривчлагдаж хоригдоогүй ч шалгагдаж байсан нь тоймгүй олон.

Лу.Болдыг сайдаас нь унагахын тулд дагасан болгоныг нь шоронд хийхээ алдсан.

Одоо Х.Баттулга гишүүнийг унагахын тулд хууль, шүүх цагдаа нь дээр, доороо ороод үзэлцэж байна. Хууль хяналтынхныг гартаа атгасан манай улстөрчдийн муудалцаан иймэрхүү янзтай өрнөж байна. Нэлээд хэдэн жилийн өмнөөс эхлэлтэй энэ технологи одоог хүртэл үргэлжилсээр байгаа нь Х.Баттулгын эргэн тойронд ажилладаг, мөн ойр дотнын нөхдийг нь бүгдийг барьж шалгаж байгаагаас харагдана. Хамтран зүтгэгч А.Гансүхийг сэжигтнээр татан шалгаж, туслах, хувийн компанийг нь удирдаж байсан Г.Түвшинжаргал, Ш.Эрдэнэтуяа нарын хөхүүл нялх хүүхэдтэй бүсгүйчүүдийг барьж саатуулав. Мөн Зам тээврийн яамны Төрийн нарийн бичгийн дарга байсан Б.Батзаяаг нэг хэсэг хорьж байсан. Одоо батлан даалтад байгаа. Дээр нь П.Бат-Эрдэнэ, “Либерти партнерс” компанийн захирал Ч.Ганбат нарыг интерполоор эрэн сурвалжилж байгаа.

Гадаадын иргэн, туслах, журмын нөхөд, нялх хүүхэдтэй бүсгүйчүүдийг ч бүгдийг барьж хорилоо. Энэ тухай Х.Баттулга гишүүн “Батзаяаг таван сар гаран мөрдөнд суулгаж тамласан. Дөрвөн залуу Монголдоо орж ирж чадахгүй интерполоор эрэн сурвалжлагдаж байгаа. Энэ дандаа надтай ажиллаж байсан залуучууд. Ингээд эрчүүдийг нь нугалж чадахгүй болохоор хөхүүл эмэгтэйчүүд рүү нь орж байна л даа. Тэр туслах нарийн бичгүүдээс юу гарах юм бэ. Эрх мэдэл байхгүй. Эрчүүдийг нь нугалж чадахгүй болохоор эмэгтэйчүүд тэр тусмаа хөхүүл хүүхэдтэй эмэгтэйчүүдийг нь барьж сэтгэл санаагаар дайрч байгаа юм байна л даа” гэж хэлсэн. Үнэхээр ч хууль хүчний байгууллагууд хүнээр бол өөдгүй хулчгар, тойрч гүйгээд ойртож чадахгүй байна. Нохойгоор бол хазаж чадахгүй байж, хоосон боргоод тойрч гүйгээд байдаг хав шиг л сагсалзах юм. Томхон нохдоос айх хэрнээ ойртож чадахгүй дэмий л сагсалзаж тойроод гүйдэг биз дээ, хав. Тиймдээ ч хөхүүл хүүхэдтэй хүүхнүүдийг хэнэг ч үгүй “Оргон зайлж болзошгүй” гээд хорьчихож байна.

Үнэн хэрэгтээ Х.Баттулга гишүүн ч хууль хүчнийхэнтэй нийлж Х.Тэмүүжинг Хууль зүйн сайдаас унагах гэж түүнтэй холбоотой гэх жаахан охиныг шоронд хийж, амьдралыг нь үрж байсныг санаж байгаа биз. Гэтэл тэр технологи дахиад л өөр дээр нь давтагдлаа.

Цагдаа, шүүх, прокурор, АТГ, Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газар гэсэн байгууллагууд нэг л ёозгүй. Цагтаа эзэн нь байсан, өөрсдийнх нь үйлчилдэг байсан өөрсдийг нь удирдан чиглүүлдэг байсан хүнээ ч эргээд барьж иддэг боллоо. Н.Энхбаярыг хаан шиг явахад үйлчилж байсан хэрнээ эцэст нь бас л барьж хорьж эргэн тойрныхныг нь шалгаад амар заяаг нь үзүүлэхээ байсан. Одоо ч дуусаагүй л байна. Энэ нь нийгмийг нийтээр нь ёс суртахуунгүй болгож байна. Хуулийн байгууллагад итгэх иргэдийн итгэл суларлаа. Улстөрчдийн биенээ айлгаж, сүрдүүлж, шантаажилдаг хэрэгсэл нь хуулийн байгууллагууд болчихлоо. Угтаа хууль хүчний байгууллагууд нь жаахан гүргэр, хуулиа барьдаг болчихвол энийг дагаад нийгэм гайгүй эрүүл болох юм.

Яг үнэндээ айсан хэдэн хүүхэд, хүүхнүүд цагдаад юу ч хамаагүй ярьчихдаг. Энэ нь шүүхийн өмнө баримт болж чаддаггүй. Нарийн учир начрыг нь ойлгоогүй юм чинь тэр бүр баримтаар гаргаж ирж чаддаггүй. Н.Энхбаяр “Л.Цог надаас нэг сая доллар нэхсэн гээд байгаа. Харин ч гадаад дотоодынхонтой нийлж нэг сая доллар надаас Л.Цог нэхээд байгаа. Би тэр наймаа ярих үед нь гадны улсуудтай англиар ярьсан. Цог англи хэл мэдэхгүй байж юу ойлгоод надаас мөнгө нэхээд байгаа юм. Бидний хооронд ярьсан хэлсэн юм бий” гэж ярив. Яг үүн шиг баривчлагдсан хүүхэд, хүүхнүүд юугаа мэдэхэв дээ. Даргынхаа хэнтэй юу ярьсныг мэдэх ч үгүй. Яг тулаад хэргийн эзнийг нь барьчихалгүй тойроод байх юм. Хэрэв хэрэг үйлдсэн нь тодорхой юм бол хэргийн эзнийг нь шалгаад барьж хорих хэрэгтэй. Хэрэг хийгээгүй юм бол өчнөөн олон хүний амьдрал, ар гэр, цаг хугацаа, сэтгэл санаагаар наадаж, хуулиар далайлган айлгаж ичээн шантаажлах хэрэг юун. Хэдэн улстөрчдийн тоглоом болж эрх хав шиг сагсалзаж байхаар үндсэн ажлаа л сайн хий. Золиосонд нь олон айл гэр хэцүүдлээ. Олон залуус чирэгдлээ. Олон эцэг эх цөхөрч байна. Олон хүүхэд хохирч байна. Одоо наад технологийг чинь ард түмэн мэддэг болсон. Тэрнийгээ чадах гээд тэр нь ингээд байна. Тийм юман дээрээ л тохирч чадахгүй болохоор хариуг нь ингээд барьчихлаа гэлцэх болж. Ингэж ил цагаан хамаг технологи нь мэдэгдчихээд улстөрчдийн тоглоомын хүүхэлдэй болж байхад цаашид хуулийн байгууллагынханд хэн итгэх юм бэ. Иргэдтэйгээ яаж ёс суртахуун, хууль журам сахих тухай ярих болж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Баттулгын туслах Г.Түвшинжаргалын нөхөр Н.Мөнхбаатар: Эхнэрийг минь хорилгүйгээр шалгаж болоогүй юм уу, хүүхдүүдийн маань эрх ч зөрчигдөж байна шүү дээ

УИХ-ын гишүүн Х.Баттулгын хамт ажиллаж байсан ойр дотнын хүмүүс болон охин компанийн захирлыг нь баривчилсан үйл явдал ойрын өдрүүдэд олон нийтийн анхаарлыг татаж байна. Түүний туслахаар ажиллаж байсан Г.Түвшинжаргал болон “Натур фрэйндли” компанийн захирал, хоёр нягтлангийнхаа хамт баривчлагдаад буй. Өнгөрсөн баасан гаригийн үүрээр “Түмэн хишигтэн” компанийн захирал Ш.Эрдэнэтуяаг 04:00 цагийн орчимд баривчилж мэдүүлэг аваад батлан даалтад гаргасан. Тэднийг улсаас таван тэрбум төгрөг шамшигдуулсан, мөнгө угаасан хэргээр зүйлчлэн шалгаж байгаа тухай “Өдрийн сонин” өмнөх дугаартаа мэдээлсэн билээ. Г.Түвшинжаргалын нөхөр Н.Мөнхбаатартай ярилцсанаа хүргэж байна.


-Тэр өдөр юу болсон юм бэ. Эхнэрийг тань баривчлахад та хаана байсан юм?
-Энэ гуравдугаар сарын 16-нд би гэртээ байж байтал хаалга тогшсон. “Цагдаагаас явж байна” гээд хоёр хүн зогсч байсан. Бичиг баримтаа үзүүлээд “Түвшинжаргал байна уу” гэсэн. Прокурорын нэгжих бичиг гэж юм үзүүлээд манайд нэгжлэг хийж эхэлсэн. Намайг “Наанаа сууж бай” л гэж хэлсэн.
-Шууд л нэгжээд эхэлсэн хэрэг үү?
-Тэгсээн. Хөндлөнгийн гэрч байх ёстой байдаг гээд цагдаагийн байгууллагад дадлага хийж байгаа бололтой хамт ирсэн хүнээ гэрчээр байлцуулъя гэсэн. Би тэр хооронд учраа мэдэхгүй сандраад нэг өмгөөлөгч рүү ярьсан.
Өмгөөлөгч ирсний дараа жолооч нь орж ирсэн. Нэгжлэг хийгээд дуусч байхад л даа. Нэгжлэг хоёр цаг гаруй үргэлжилсэн. Хоёр болон түүнээс дээш гэрч байх ёстой юм шиг билээ, сүүлд л сонсоход.
-Нэгжлэг хийгээд танайхаас ямар нэгэн юм баримт болгож авсан уу?
-Гэр бүлийн хэрэгцээнд байдаг хүүхдүүдийн тоглодог хоёр Ipad-ыг аваад явсан.
-Эхнэр тань хаана байсан хэрэг вэ?
-Гадуур явж байсан. Эхнэрээ дуудчих гэхээр нь би утасдаж дуудсан.
-Баривчлахаас өмнө танай эхнэрийг дуудаж байцааж байсан уу?
-Огт үгүй, тэр өдөр л шууд нэгжлэг хийнэ гээд ирсэн. Тэгээд намайг дуудсаны дараа эхнэр ч гэртээ ирсэн. Байцаалт авна гээд л аваад явсан.
-Тэгээд шууд барьчихсан хэрэг үү?
-Тэдэнтэй хамт явсны дараа эхнэр утасдаад хоригдохоор болсноо дуулгасан. Би байцаалт, тайлбар өгөөд л ирэх юм бодсон чинь гэнэт л ийм юм хэлсэн.
-Та тэдэнтэй хамт яваагүй юм уу?
-Байцаалт аваад л буцаад явуулчихна гэж бодсон. Манайх нялх хүүхэдтэй, хүүхэд маань ханиад нь хүндэрчихсэн болохоор хүүхдээ хараад гэртээ үлдсэн.
-Танайх хэдэн хүүхэдтэй билээ?
-Хоёр хүүхэдтэй. Том нь естэй, бага маань ой найман сартай. Бага маань ханиад хүрээд ээжийг нь барьж явдгийн өмнөх өдөр эмчид үзүүлэхэд эмнэлэгт хэвтэх бичиг хийж өгсөн байсан юм. Тэгээд ээж нь баригдаад явчихсанаас хойш бид учраа ч олохгүй сандралдаад хүүгийн маань ханиад хатгаа болж хүндэрчихээд зутруухан л байж байна. Хөхнөөсөө гараагүй болохоор ээжийгээ нэхээд их уйлах юм. Хатгаатай, уушги нь хүнд байгаа хүүхэд их уйлахаар бүр л айхтар байх шиг.
-Чухам юунаас болж ингэж барьж хорихдоо тулчихав. Танай хүн өмнө нь ямар нэг асуудалд орж байсан уу, асуудалд орохоор юмтай хутгалдчихлаа гэж хэлж байсан удаа бий юу?
-Тийм юм юу байхав дээ. Хуурамч бичиг баримт үйлдсэн ч гэнэ үү. Манай хүн тийм юм хийх хүн биш ээ. Их даруухан, бас их чамбай хүн. Тэгээд ч хуурамч бичиг үйлдээд гарын үсэг зуруулаад явах хэмжээний эрх мэдэлтэй хүн биш шүү дээ.


Ярилцлагын үргэлжлэлийг “Өдрийн сонин”-ы өнөөдрийн дугаараас болон http://admin.dnn.mn/plugins/news/login/ линкээр холбогдон захиалж уншина уу.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Мах иддэг монголчуудад мартах өвчин тусдаггүй

Орчин үеийн ухаант хүн бий болоход, мөн хүний хэл яриа ч хөгжихөд махан хүнс чухал нэмэр болсон гэж Харвардын их сургуулийн эрдэмтэд судалгаандаа дурджээ. Хүн төрөлхтөн амьтны гаралтай уураг хэрэглээгүй бол өнөөдрийн оюун ухаант хүн байхгүй гэж тэд үзжээ. Сүүлийн үед цагаан, ногоон хоолтнууд их олширсон. Тэдний олонх нь хүний бие организм мах идэхэд зориулагдаагүй гэлцдэг. Гэвч аливаа зүйлийг хэр хэмжээнд тааруулж зөв хооллох нь л чухал болохоос огт мах идэхгүй, эсвэл огт ногоо жимс идэхгүй бай гэх нь буруу гэнэ. Арслангийн хоол боловсруулах үйл явц нь зарчмын хувьд хүнийхтэй адилхан ч ходоод нь хүнийхээс арав дахин илүү хүчил ялгаруулдаг учраас махыг маш хурдан задалдаг байна. Тэгэхээр бид арслан шиг их хэмжээний мах идэж болохгүй нь тодорхой. Харин өвсөн тэжээлтэн амьтан дан ганц ургамал ногоогоор хооллодог учраас биедээ шаардлагатай тэжээлийг авахын тулд биеийнхээ уртаас ойролцоогоор арав дахин урт нарийн гэдэстэй байдаг аж.

Тэдний идсэн хоол хүнс нь бүдүүн гэдэс рүүгээ орохоос өмнө энэ урт нарийн гэдсээрээ дамжин биеийг тэжээж өгдөг байна. Хэрэв өвсөн тэжээлтэн мах идлээ гэхэд өнөөх урт нарийн гэдсээр дамжин маш урт зам туулах бөгөөд зарим нь боловсрогдож чадалгүй тэндээ үлдэх болж байна.

Хүний биеийн нарийн гэдэс биенээсээ 3-4 дахин урт байдаг. Энэ нь махчин амьтныхтай төстэй. Үүнээс үзэхэд хүний бие нь мах, ногооны аль нэгийг дагнаж хэрэглэх нь заяагдмал биеийнх нь онцлогт таардаггүй гэсэн дүгнэлт гарч байна. Тиймээс идэж байгаа хоол хүнснийхээ хэмжээ данг тааруулж биед хэрэгтэй зүйлсээ олж идэх нь чухал юм. Тэрнээс аль нэг нь илүү чухал гэж талцан туйлшрах хэрэггүй.

Мөн цагаан хоолтон олонтой Европ, Азийн зарим оронд ой санамжаа алддаг мартах өвчин их байдаг бол махыг хүнсэндээ их хэрэглэдэг монголчуудад ийм өвчин бараг байдаггүйг санах л хэрэгтэй. Тэгээд ч гадны эрдэмтэд монгол хүмүүс альцгеймер буюу мартах өвчнөөр өвчилдөггүй нь мах иддэг, өвчүү, сүүлний өөх иддэгтэй нь холбож тайлбарлах болсон байна лээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сургуулийн цагдаа буянтай ажил

Нэг өдөр хүүгийн сурдаг сургуулиас залгаж байна. Сургуулийн нийгмийн ажилтан “Маргааш сургуулийн цагдаагаар ажиллана шүү” гэв. Хантааз өмсөөд зохицуулагчийн дохиур мод бариад зогсоно гэхээр санаа зовмоор ч юм шиг, ажлын хажуугаар юу ч билээ гэж бодогдох шиг. Одоо яая гэхэв. Мэдээж татгалзах эрхгүй.

School police гэж эцэг эхчүүд хүүхдийнхээ сургуулийн эргэн тойронд эргүүлээр ажиллахыг хэлээд байгаа юм. Ингээд маргааш ч боллоо, хичээл эхлэхээс өмнө эртээ гэгч нь сургууль руу очлоо. Сургуулийн жижүүрийн өмнө том хар дэвтэр байна. Цагдаагаар ажиллах эцэг, эхчүүд тэр өдрийнхөө тэмдэглэлийг хөтөлдөг аж. Хэдэн цагт ирсэн, хэдэн цагт буусан, ямар зөрчил гарсан, анхаарах зүйл юу байгаа талаар бичиж. Дэвтэрт бас тухайн өдрийн эцэг, эх хэрхэн ажиллах журам байна. Бидний эргүүл хийх сургуулийн орчин тойрны газрын зургийг мөн гаргажээ. Энэ өдөр надаас гадна хоёр залуу сургуулийн цагдаагаар ажиллахаар ирж. Бид үдээс өмнө ажиллана. Нэг нь дунд насны эр, нөгөөх нь хорь хүрээгүй болов уу гэмээр залуу. Дүү нь энэ сургуульд сурдаг гэнэ. Аав, ээж нь ажилтай болохоор ахыг нь явуулж. Ингээд бид гурав орчин тойрныхоо газрыг хуваарилж аваад жижүүртээ гарлаа. Сургуулийн цагдаа гэсэн бичигтэй тод өнгөтэй хантааз өмсөөд гартаа дохиур бариад ажилдаа шуудрах нь тэр. Гадаа хүйтэн гэж жигтэйхэн. Сургуулийн нийгмийн ажилтан “Та нар үнэгүй аньсны шүүс, аарц ууж болно шүү. Цайны газрынханд хэлэхэд л болно. Даарвал сургууль дотор орж ирээд дулаацаарай” гэлээ. Мөн “Ахлах ангийнхан хичээл хоцроод эсвэл таслахаараа хэд гурваараа нийлж энд тэнд орц юм уу буланд элдэв юм сэдэх гээд байдаг тал бий. Тамхи татаж байх вий. Багацуул нь гайгүй. Зам хөндлөн гарахад нь л анхаарч байхгүй бол машины урдуур гүйх гээд байдаг” гэж байна. Хичээлийн цагийн үеэр ер нь нам гүмхэн. 11 цагийн үед бага ангийн хүүхдүүд тарлаа. Заавал эцэг, эх нь ирж автал сургуулийн үүдний танхимд байх ёстой атал нөгөө хэд ер зүгээр байхгүй. Гарч гүйгээд, энд тэнд авирчихсан явах жишээтэй. Зургаан настай жаахан хүү зам гарах гээд гүйнэ. Хойноос нь хөөцөлдөж байж сургууль руу оруулав. Хамгийн анхаарах зүйл бол хүүхдүүд хичээлдээ ирэх, явах үе. Өглөөний ээлжинд ихэнх нь ахлах, дунд анги хичээллэдэг учраас арай л дээр. Гэхдээ л зам гарахдаа чихэвч зүүчихсэн ямар нэг хөгжим сонсч байгаа бололтой, утсаараа оролдоод зам хөндлөн гарах юм. “Хөөе” гэж дуудаад сонсохгүй байгаа хүн машины чимээ яаж сонсохов. Энэ сургуулийн баруун, зүүн талд машин замтай. Эцэг, эхчүүд хүүхдээ замын хажууд буулгаад л явчихдаг юм байна. Хүүхдээ эсэн мэнд хүргээд өглөө гээд яваад өгчихдөг бололтой. Угтаа сургуулийн хашаанд, сургууль руу нь оруулж өгөх хэрэгтэй юм билээ. Хичээл орох, тарах үеэр сургуулийн эргэн тойронд машинаас их юмгүй болох аж. Эхэнд ирсэн хүмүүс машинаа тавиад хүүхдээ сургуульд нь оруулж өгөх гээд явчихна. Дараагийн хүмүүс машины зогсоолгүй үлдсэн учраас хүүхдээ замын хажууд буулгаад явчихна. Үнэн хэрэгтээ тэрхэн богино хугацаа л хамгийн эрсдэлтэй байдгийг эцэг эхчүүд мэддэггүй. Бид гарцны хоёр талд зогсч, зам хөндлөн гарч байгаа хүүхдүүдэд тусалж, машинуудад анхааруулж зогсох зуур яг гарцан дээр нэг эмэгтэй зогсоод хүүхдээ буулгалаа. Сургуулийн хажуугийн туслах замд гэрлэн дохио байхгүй, гарцны хажууд хурд сааруулагчтай. Өнөөх эмэгтэй өндөр машинтай учраас машины эгц ард яваа жаахан хүүхдийг харалгүй ухрах нь тэр. Тэвдэхдээ машиныг гараа атгаж байгаад цохиод авлаа. Нөгөө эмэгтэй ч зогслоо, цонхоо онгойлгон ууртай гэгч нь харах зуур амандаа хараал урсгаж байна. Би ч тэсэлгүй “Болгоомжтой яваач ээ, ард чинь хүүхэд” гэж хэлж амжив. Түүнийг бухимдан явсны дараа машины ард явсан хүүхдэд ч тэр, жолоо барьж явсан эмэгтэйд ч тэр тус болсондоо сэтгэл хангалуун үлдлээ. Өнөөдөр энд ирж сургуулийн цагдаа болсондоо анх удаа маш их баярлав. Хэрэв би энд зогсч байгаагүй бол юу ч болох байсан юм. Сургууль руу ирж байхдаа тээршаах маягтай байснаасаа ичих ч шиг. Өглөө гарахдаа дохиур барьж, хантааз өмсөөд зогсохоосоо ичиж байсан маань өөр болж хувирлаа. Ингээд зогсч байтал нэг машин ирж бас л замын голд хүүхэд буулгаад явчихлаа. Хартал найзын маань хүүхэд өдрийн ээлжинд хичээлдээ ирж байгаа нь тэр аж. Охин нь машинаас буугаад гар утсаа шагайсаар алхах зуур нь би гараас нь бариад авлаа. “Сайн уу, чи яагаад зам гарч байж утсаа хараад явдаг юм. Замаар анхааралтай гарч бай” гэж зэмлэлээ. Өөдөөс нүдээ том болгож ирээд нэг харснаа Сайн уу, эгч ээ” гэж байна. “Дахиж гарцаар гарахдаа утас шагайж, анхааралгүй байж болохгүй шүү” гэлээ.

Эсрэг талын гарцны хажууханд хэсэгхэн газар мөсөн дээр хоёр ч дараалаад хүүхэд халтираад уначихлаа. Ер нь тэр талд гарч зогсъё, машин зам дээр хүүхэд халтираад уначихвал аюул болж мэднэ гэж бодон очиж зогслоо. Хүүхдүүдийг халтирч унахаас сэргийлж анхааруулсаар зам гаргав. Ингээд ээлж солигдох цаг болов. Дараагийн ээлжийн эцэг, эхчүүдэд анхаарах ёстой зүйсийг хэлж, мөн тэмдэглэлээ хөтөлчихөөд ажил ч өндөрлөлөө. Сэтгэл өег гэж жигтэйхэн. “Хонины ээлж” жилд нэг л удаа таарах учраас цааргалах хэрэггүй юм билээ. Ядаж л хүүхдээ ямар эрсдэл дундуур явааг мэдэж байх хэрэгтэй шүү дээ. Хэрэв та сургуулийн насны хүүхэдтэй бол энэ үүрэг нэг өдөр ирэх л болно. Ямар нэг шалтаг шалтгаан тоочихгүйгээр заавал очоорой. Учир нь хүн нүдээр харж байж л итгэхээс нааш тэрхүү эрсдэл, осол аюул, дээрэм, хүчирхийлэл ердөө таны хүүхдээ буулгасан замын хажууд хэдхэн секунд, хэдхэн минутын цаана л байдаг юм шүү. Танд сургуулийн цагдаагаар ажиллах ээлж ирвэл ажлаас тань цалинтай чөлөө өгөх ёстой. Чөлөө өгөхгүй бол байгууллага чинь хариуцлага хүлээх учиртай. Харин өөрөө татгалзвал торгуулийн арга хэмжээ авна. Үүнийг санаачилсан хүмүүст талархууштай. School police буюу ерөнхий боловсролын сургууль орчмын аюулгүй байдлыг сахиулах сургуулийн цагдаа гурав дахь жилдээ ажиллаж байна. Энэ хугацаанд гурван зуун мянга гаруй эцэг, эх үүрэг гүйцэтгэжээ. Энэ арга хэмжээ эхэлснээс хойш сургууль орчимд үйлдэгддэг гэмт хэрэг 25 гаруй хувиар буурчээ.

Жилдээ ганцхан удаа үүргээ биелүүлэхээс бүү татгалзаарай, эцэг, эхчүүд ээ. Хариуцлагатай боловч буянтай, сайхан ажил. Хүүхдийн төлөө нэг өдөр цаг зав гаргасан сайн үйлсийн тань үр заавал танд болон таны хүүхдэд ирнэ гэдэгт итгэж байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төр барих чуулган төрийн тухай ярих зөвлөгөөн болох шахав

Ардчилсан нийгэмд сонгууль болоход нэгийгээ зуун хувь ялна гэж байхгүй юм байна. Хуучин цагт манай сонгуулийн үр дүн зуун хувийн нэг талын ялалтаар өндөрлөдөг байсан. Одоо ч зарим улсад нэг нам, нэг хүнийг ялуулах гэж л сонгууль болдог. Тэрнийх нь төлөө иргэд нь саналаа өгдөг. Олон намтай, олон өрсөлдөгчтэй ч ялсан нам, эрх баригчид нь ялагдсанаа ялладаг нь ч бий. Ялагдсан нь бөөн уй гуниг болно. Ялсан нь ялагдсаныгаа хядаад дуусдаг жишээ олон. Эсвэл амьдралгүй болгоно. Шалгана, хянана, хамаатан садан ах дүү үр хүүхдийг нь зүгээр суулгахгүй. Арай гайгүй нь шоронд суулгаж таарах юм.

Манайд ч бас л 1990 оноос өмнө сонгууль одоогийнхоос өөр байсан. Зуугаас доош хувиар ялна гэж байхгүй. Ганц хүнийг сонгох гэж наадамд явах гэж байгаа мэт баяр бахдалтайгаар гоё дээлээ өмсөж очоод зуун хувь саналаа өгдөг байсан шүү дээ.

Венесуэлийн Ерөнхийлөгч агсан Уго Чавес сөрөг хүчнээ хэрхэн дарж жагсаал цуглаан хийхэд нь хүч хэрэглэн дарж байсан. Тайландын Ерөнхий сайд асан Таксин Чиноватыг яасныг санаж байгаа биз. Эх орноосоо зугтахад хүргэж, дараа нь дүү Ингланк Чиноватад ч мөн ял сонсгоод байгаа билээ. Зимбабвегийн Ерөнхийлөгч Роберт Мугабе 35 жил төр барихдаа сөрөг хүчнээ өөд гаргахгүй дарж ирлээ. Өөртөө тааруулж Үндсэн хуульд өөрчлөлт оруулж өрсөлдөгчөө, сөрөг хүчнээ нь өөд гаргахгүй, өрсөлдөгчөө нэрээ татах хүртэл нь дарамталж ирсэн. Ийм улсад сөрөг хүчин болно гэдэг нь ял сонссонтой адилхан.

Одоо манайд зуун хувь ялах, үнэмлэхүй олонх болох ойлголт бараг л үгүй болж байгаа нь сүүлийн сонгуулийн үр дүнгүүдээс харагдаад байна. Нэгэнт аль нэг нам нь хол тасархай олон суудал авч олонх болж чадахгүй байгаагаас хойш төр барихдаа зөвшилцөх хэрэгтэй байна. Аль нэг нам нь цөөн хэдэн хүнээр л илүү гарч байгааг эс тооцвол нэг их зөрөө алга. Тиймээс ч сүүлийн сонгуулийн үр дүнгээс үүдэлтэй эвсэж, хамтарч засаг барьсаар ирэв. Нэгэнт ард түмэн тийм сонголт хийсэн бол өөрөөр засаг барих боломж ч алга.

Тэгэхээр МАН бид цөөнх болчихлоо. Гэдийж байгаад ажлыг нь гацаагаад дараа олонх болно гэж бодоод байх хэрэг алга. УИХ төрийн эрх барих дээд байгууллага. Чуулган гэдэг чинь АН-ын өмч биш, МАН-ынхны шантаажилж, тоглоом тохуу хийдэг газар ч биш, монгол төрийн ажил. Монгол төрийг өнөөдөр АН, МАН, эвсэлтэй, бие даагчтайгаа бүрдүүлж байгаа.

Өнгөрсөн долоо хоногт ээлжит бус чуулган зарлагдлаа. Шударга ёс эвсэл, МАН-ынхан хуралдаа орж ирдэггүй. Эвслийнхэн нь Н.Энхбаярыг шадар сайд болгохгүй бол хуралд суухгүй гэж шантаажлаад МАН-ынхан Цэцийн даргын асуудлыг хэлэлцэхгүй байж байгаад УИХ-ын даргыг огцруулна шүү гэж айлган тохиролцоо хийхийг санаархан ажил тасалцгаав. Бүгд л нэг барьцаа, шантааж хийгээд чуулган хуралдахгүй өнжлөө. Сүүлдээ нөгөө чуулган нь жуулган болж төр барих дээд байгууллага биш төрийн тухай ярих зөвлөгөөн болж хувирахаа шахав. Ардчилсан намын гишүүд нь дангаараа суучихсан зөвлөгөөн хийж, хэр барагтай үг дуугарахыг нь үзээгүй Наранхүү гишүүн хүртэл энэ сиймхийгээр дуу оров. Хүрд эргүүлэх боломж олдлоо гэсэн шиг хүн болгон л нэг юм хэлж сууна лээ. Гэхдээ энэ нь чуулганы хуралдаан биш байсан л даа. Ямар ч хууль хэлэлцээгүй, ямар ч асуудал шийдээгүй. Ирц хүрээгүй учраас УИХ-ын дарга үүнийг чуулганы хуралдаан биш зөвлөгөөн гэж тодотгож байв. Харин өнгөрсөн баасан гаригт өнөөх зарлагдсан ээлжит бус хурал дахин болоход Шударга ёс эвслийн зарим гишүүн ирж ирц хүрснээр чуулган хуралдлаа. МАН-гүй л асуудал шийдэгдчихсэн. Тэгэхээр МАН-ынхаан та нартай, та наргүй асуудлаа шийдчихэж болж байгааг харсан л биз дээ. Төрийн эрхийг зөвшилцөж барилцахаас өөр аргагүй гэдгийг МАН эрхбиш эндээс ойлгомоор юм. Энэ чуулган анх бүрдэх эхний хурлуудаас л МАН-ынхан эрх хүүхэд шиг аяглаж, хуралдаа суухгүй байсан. Ялагдлын шокноосоо гараагүй тэд Ардчилсан намтай хамтарч эрх барина гэж найдаж байсан ч санаснаар нь болоогүй учраас хурал хаяж, үүнийхээ гороор аль ч үгүй болох шахсан даа. Тэднийг хуралдаа суухгүй байсан ч дэгийн дагуу бүх процедур явчихсан. Ингээд МАН бүлэг ч үгүй, байнгын хороонд ч багтахгүй, хэдэн сул гишүүн болох дөхсөнөө ийм амархан мартаагүй байлгүй. Харин ч АН-ынхан тэр үед зөвшилцөж, хуульд өөрчлөлт оруулж байж бүлэгтэй болгосон. Одоо юу байхав. Зургаан сарын л хугацаа үлдэж. Ингэж их зан гаргаж хурал чуулгандаа суухгүй байлаа гээд алдах нь их үү гэхээс онох юм байхгүй. “Чамтай чамгүй болов оо” гэгчээр нөгөөдүүл нь нийлээд хуралдаад явчихаж болж байна. Үлдсэн багахан хугацаанд хуралдаа суухгүй хатуурхлаа гэхэд тэр хатуугийн буулга нь МАН-ынхан та нар дээр л буух гээд байна. Энэ нь харамсалтай, гунигтай юм. Нэгэнт төр барилцах эрх ард түмэн та бүхэнд олгосон. Төлөөллөө болгоод сонгоод явууллаа. Гэтэл та наргүйгээр шийдвэр гараад байна гэдэг чинь ард түмний нэг хэсгийн хүсэл санаа хүрэхгүй, бүтэхгүй, биелэхгүй болчихож байна. Мөн та нар хуралдаа суухгүй байгаагаараа ард түмний сонголтыг хүндэтгэхгүй байна гэсэн үг. Дараагийн сонгуулиар ядаж чуулгандаа суудаг гишүүн сонгоё гэлцэх боллоо, иргэд. Хэлэлцэж, батлаагүй өчнөөн олон хууль хүлээж байна. Барьцааны улс төр хийхээ одоо зогсоо. Цаашид үлдсэн бага хугацаандаа бүгдээрээ хуралдаж монгол төрийг бүтэн ажиллуулах хэрэгтэй байна. Улстөржилтөөс илүү улс орны эрх ашиг гэж бий шүү.

Categories
мэдээ цаг-үе

Өөртөө цаг гаргаж ном унш

“Ном унших дадал гэдэг нь Харвардын дипломоос ч чухал” хэмээн Билл Гейтс хэлжээ. Манай сонин ч ном унших дадал суулгах, номонд шимтэхийг залууст уриалдаг. Хүмүүс мөнгөөр гачигдаж байгаа тухайгаа л байнга улиглаж санаа зовдог ч ухаанаар гачигдаж байгаагаа ярьдаггүй. Угтаа ухаанаар гачигдаж байгаадаа анхаарал хандуулбал мөнгөөр гачигдахгүй болох юм. Залуус бид алдаа гаргадаг. Гэвч алдаа гаргахаас үргэлж айж явдаг хүмүүс амжилт ололтын тухай мөрөөдөөд ч хэрэггүй. Ахмад хүмүүс өөрсдийгөө туршлагатай гэж бидэнд хэлдэг ч тэр хүмүүсийн гаргасан алдаа л байдаг шүү дээ. Нэг үгээр хэлбэл хүмүүс өөрийн гаргаж байсан алдаагаа туршлага гэж нэрлэдэг. Алдахаас бүү ай. Дэлхийд нэрээ гаргасан хүмүүс алдахаас айсан бол мөн олонтаа алдаа гаргаагүй бол амжилтад хүрэхгүй байсан. Гэвч амжилтад хүрсэн хүн болгон олон диплом цуглуулсандаа биш олон зүйл мэдэж, ихийг уншсан байдаг.

Тиймээс унш, бас дахиад унш. Өдөр бүр өөртөө цаг гаргаж унших дадалд суралц. Ном унших нь кино үзэх, хөгжим сонсох, дасгал хийхээс ч илүү тайвшруулдаг гэсэн судалгаа бас гарсан байсан. Сошиалд олон цагийг дэмий шахуу чатлан өнгөрөөж буй залуус ном унших завгүй байгаагаа бичсэнийг олж харлаа. Сошиалд гаргаж байгаа цагаа багасгаад ном уншихад зориул. Нэг л мэдэхэд та энэ дадалдаа дуртай болно. Номонд чи автаж, номоос чи олон зүйл мэдэх болно. Ном унших бүрт чинь эрдмийн мод толгойд чинь цэцэглэж байна гээд бод доо. Ухаантай гэж боддог хүн болгон чинь чамаас илүү уншсан байгаа. Ном уншина гэдэг өөрийгөө хөгжүүлэх хамгийн оновчтой арга. “Сайн ном унших нь ухаантай хүнтэй ярилцах мэт. Уншигч түүнээс мэдлэг, юмсын учир шалтгаан, амьдралын сургамжийг олж авдаг” гэж Л.Н.Толстой хэлсэн байна лээ шүү.


Categories
мэдээ нийгэм

“ӨДРИЙН СОНИН”-Ы АРХИВ: Амталж үзээгүй шоколад

Тэр жилийн цагаан сар санаанаас огт гардаггүй юм. Битүүний өдөр хашааны хэдэн айлын дунд нас бага гэж гологдохгүй баахан зарагдсан хүн чинь маргааш шинийн нэгэн болно гэж л хөл хөөр болж наснаасаа ахадсан ажлын хүндийг барахдаа түүртээгүй. Нөгөө муу оодгор дээлний ханцуй нь богинодоод гар хайрч байсан ч данх өнгөлөх ажил өмнөхөөс хялбар санагдаж байлаа. Хэд хоногийн өмнө бууз хийх үеэр надад эгнүүлж тавих үүрэг л оногдсон юм. Хотны хэдэн айлын эмэгтэйчүүд л бие биенийхээ гэрт ороод буузыг нь элбээд чимхэлцдэг юм. Миний мэдэх мэдэхгүй зүйлийг ам хуурайгүй ярина. Тэр болгонд хөрш айлын Алтаа эгч том цагаан шүдээ яралзуулаад нуруугаа хотойлгож ирээд л чанга чанга инээнэ. Бууз хийж өндөрлөх үед лхов жив шиг, хол ойрын сонин шигэмх цэгцгүй яриа дуусна. Хааяа нэг эмээгхоолой засах үед тэд жолоогоо татна уу гэхээс бууз хэрхэн гоё сайхан чимхэх тухай яриа эхлээд л Монхоон гуайн охин гэрлэх гэж байгаа талаар яриад явчихна.Тэгснээхаа байсан хадам ээж болох хүнийх нь талаар ярьж байснаа нэг л мэдэхэд үнээ тугал, хувцас гутал, сувдан даруулга болчихсон явж байна. Тэд бүтэн жил хураасан зүйлээ бууз хийх үеэр л ингэж нэгмөсөн гадагшлуулдаг байх. Бууз чимхэх гарын хөдөлгөөн ярианы өнгө аястай яг давхцаад байх шиг санагдана. Мань мэтэд харин ганц үг дуугарах боломж олдохгүй. Хэрэв илүү үглэж элдэв юм шалгаавал, томчуудын ярианд орлоо гээд баахан загнуулах учир тэдний элдэв яриа нэгэнт сонирхлыг минь татаж байгаа болохоор чимээгүйхэн шиг сонсох л таатай байлаа.

Ажилд зарагдахах, эгч хашааны айлуудаар олон л доо. Тэдэнд ч өөр өөрийн оногдсон ажил их. Гэхдээ нохой сүүлээ, сүүл сангарцагаа гэгчээр байс хийгээд л ийш тийш зараалаар явуулах болохоор хөнгөн хөлтэйгээр нь намайг сонгоно. Хэдэн айлын дунд шууданч маягийн үүрэг гүйцэтгэж байгаа юм. Хувин сав нааш цааш нь болгохоос эхлээд, жигнүүр байна уу, хивс гөвөгчөө өгөөч гэнээ, аяганы алчуур илүү байна уу гэж зарлага хий жайл хооронд явах ажил мундахгүй. Ингэж гүйхдээ би залхаагүй, харин жигтэйхэн хөл хөнгөн, сэтгэлд айсуй баярын амт амтагдаад л жирийгээд байсан. Айл хооронд олон удаа ингээд гүйгээд байхаар заримдаа мартаад өөр зүйл авч очих юм уу, эсвэл дахиж очиж асуух хэрэг гарна. Ханжаагийнхаас жижиг сандал аваад ир гэхээр нь тэднийх хүртэл дэгдэх зуураа “жижиг сандлаа өгөөч, жижиг сандлаа өгөөч” гэж амандаа бувтнасаар очихдоо үүдэнд нь ирээд л мартчихна. Дахиад л очиж асууна. Мэдээж зэмлүүлнэ. Буцаад л “Жижиг сандлаа өгөөч, жижиг сандлаа өгөөч” гээд гүйсээр очдогсон.

Маргааш цагаан сар. Үнэн хэрэгтээ хамгийн сайхан нь бэлэг. Айл болгон бууз банштай болохоор хүүхэд бидэнд нэг их сонин биш. Яг л ойрын ах дүү биш бол хамаагүй айлаар орвол олигтой юм өгөхгүй. Зарим хүүхдүүд танихгүй ч хамаагүй айлаар орно. Тэр олон хүүхдэд бүгдэд таалагдах бэлэг өгнө гэж байхгүй л дээ. Миний мэдэхийн ээжийн ээжийнд баахан танихгүй хүүхдүүд ороод ирэхээр нь эмээ маань дэвтэр, нэг төгрөгтэй өгөөд л гаргаад байсан. Дараа нь нөгөө жаалууд дэвтрийг нь гэрийнх нь гадаа хаяад явчихсан байхыг би олоод эмээгээс нуугаад түүж авч байтал эмээ харчихдаг юм байна. Уг нь бэлэг голсон айлын хүүхдүүдийн хийсэн гэмийг л би эмээгээ харчих вий гэж түүж авч байсан хэрэг. Харин эмээ гараад ирлээ. Тэгэхэд эмээ ихэд гомдонгуй “Хөгшин надаас юу авна гэж бодсон золигнууд вэ. Дараа нь хичээл сургуульдаа явахаар хэрэг болдоггүй юм байх даа” гэж байж билээ. Тэгэхэд эмээгээ нэг их өрөвдөж билээ.

Шинийн нэгний өглөө боллоо. Шөнө нойр хүрэхгүй өглөө болтол унтахгүй дээ гэж бодож байтал нам унтаж орхиж. Томчууд аль хэдийнээ босчихож. Бүх юм нэг л сайхан болчихсон. Өнгөлөг. Хүн бүхэн сайхан ааштай. Хатуу чанга, сургамжтай үгтэй эмээ дандаа ч сайхан ааштай байдаггүй юм. Цагаан сараар эмээ огт загнахгүй. Эмээ “За миний хүүхдүүд босоорой, нар мандахаас өмнө босдог юм шүү, сар шинэдээр билэггүй муу үг хэлдэггүй юм, дандаа сайн сайхан үг хэлдэг юм” гээд л байн байн сануулна. Өвөө, эмээ хоёр жил бүрийн цагаан сараар тэгж хэлдэг юм. Тэдний хувьд ёс дэгийг ягштал барих бөгөөд тэд үйлдэл болгоноо тайлбарлах нь хожмоо бидэнд хэрэгтэй гэснийх биз. Бид ахмадууддаа золгоод байж байтал төд удалгүй ах дүү айл саахалтынхан жигтэйхэн гоё болоод орж ирнэ. Бүгд л сайхан зантай. Битүүний орой бэлэг хуваарилж айл болгоны хүн тус бүрээр бэлдчихнэ. Миний санаанд шар гялгар цаастай дугуй шоколад өгөхөөр бэлдсэн бэр эгчийн бэлэг л гоё санагдаад байлаа.

Бэр эгч өмнө нь надад өртэй юм л даа. Учир юу гэвэл нэг удаа зургаахан настай надаар зөндөө ус зөөлгөөд тэр нь 40 литрийн сав дүүрсэн гэхээр наддаа бол их ажил. Эгч шагнана гэсэн ч шагнахаа мартчихсан юм. Би хэдэн өдөр л хүүхдүүдтэй нь хамт ажил тарахыг хүлээж” өнөөдөр л нөгөө шагналаа авчрах байх гэж хүлээдэг байсан. Гэвч эгч огт санаагүй. Эхэндээ тойруугаар хэлдэг байлаа. Маргааш нөгөөдөр гэсээр хоног өдөр ч өнгөрлөө. Эгч бүүр мартсан. Харин би одоо ч мартаагүйг бодоход их л хүлээсэн юм шиг байгаа юм. Мэдээж намайг гомдоож хууръя гэж бодоогүй байх л даа. Зүгээр л мартаж орхисон байх. Тийм болоод ч тэр үү цагаан сараар тэднийхээр орж, бэлгэнд бэлдсэн тэр гоё шоколадыг авчихвал би өр цайрчихаар байлаа. Шинийн нэгний өдөр ч боллоо. Нэг хашаанд байдаг болохоор ядах юмгүй л аавын дүүгийнх рүү гүйгээд орчихлоо. Эгч айлын хүүхдүүдэд бэлэг өгч байна. Нөгөө шар цаастай дугуй шоколадаа бэлгэн дээрээ тавиад өгч байна. Би ч бэлгээ авах гээд л зогсоод байлаа. Олон хүн бужигнаад яаран сандран бэлэг өгч зогссон бэр эгч “Мөнгөө миний дүү дараа бэлгээ авчих, хажууханд юм чинь” гэлээ. Би ч яахав урамгүйхэн гарлаа. Гэхдээ горьдлого тасраагүй. Тэр орой нь, маргааш нь ч эгчийг бэлгээ өгөхийг хүлээсээр л. Хэд ч хоночихов. Би тэднийхээр эргэлддэг ажилтай боллоо. Эгч намайг анзаарах сөхөөгүй, орсон гарсанд үйлчлээд л. Шинэ хуучрах ч дөхөв. Тэссэнгүй. “Эгчээ би цагаан сарын бэлгээ аваагүй, та дараа аваарай гэсэн” гээд л зориглож байгаад хэлчихлээ. Юунд ч юм гомдоод хоолой зангираад байв. Бэр эгч “Өө тэгсэн билүү, алив Мөнгөөдөө цагаан сарын бэлэг өгөлгүй яахав” гээд л ухасхийлээ. Бээлий, нэг төгрөгтэй өглөө. Өөрийн эрхгүй нулимс дүүрээд ирлээ. Надад ямар ч гоё бэлэг байсан сонин биш байсан юм. Яагаад ч юм тэр дугуй шоколадыг л авчихвал сэтгэл амрах гээд байсан хэрэг. Тэр үед юм ховор болоод ч тэр үү, тэгтэл их авах хүсэл төрсөн биз. Өөрийн эрхгүй дүүрээд ирсэн нулимсаа нууж чадсангүй. Эгч аргадлаа. Үнэн хэрэгтээ нөгөө шоколад нь аль хэдийнээ дуусчихсан хэрэг. “Эгч нь дараа авч өгнөө” л гэж байна. Өмнө нь намайг шагнана гээд мартчихсан болохоор энэ удаа би найдсангүй. Ингээд л манайх ч хот руу нүүж, би ч дахиж хөдөө цагаан сар тэмдэглээгүй. Гэхдээ өдий болтол бэр эгчийн өгөх байсан тэр шоколадны амт л амсаж үзээгүй болоод ч тэр үү, өнгөрсөн он жилүүдтэй хамт сэтгэлд үлдчихэж.Түүнээс хойш түмэн янзын амттан идсэн л дээ.Харин амсаж үзээгүй тэр нэгэн шоколадны амт надад хожим хүүхдэд худал амлаж болохгүйг ойлгуулсан тийм л амт байсан юм. Одооболж өгвөл хүүхэд баярлуулах, хүүхдэд амлавал заавал өгөх гэдэг болсон. Мөн настай хүний өгсөн бэлэг юу юунаас үнэтэй санагдаж,эмээгийн гараас авсан мэт сайхан санагддаг болсон доо.Том болж тусдаа цагаан сар тэмдэглэх болсноос хойш хүүхдийн бэлгэн дээр заавал дугуй шоколад тавьж өгдөг болсон. Амталж үзээгүй тэр нэгэн шоколадны амтыг айлын хүүхдүүд амсаг дээ.