Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ядуурлыг зөвхөн ядууст үүрүүлэх гэсэн харийн хар харгис бодлого

ОУВС-гаас манайд тодорхой шаардлагууд тавьж, өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөртөө хамруулахаар тохирсон. Энэ шаардлагын дагуу Засгийн газар долоон төрлийн татварыг Төсвийн тодотголдоо тусган, УИХ-аар хэлэлцүүлж байна. МАН-ынхны санааны мухарт байсан татвар нэмэх, халамж багасгах санаа бүгд л энд багтсан нь Валютын сангийн шаардлагатай тун төстэй байгаа юм. Эрх баригчид засаг авсан даруйдаа л татвар нэмэх ийм юм яриад эхэлсэн шүү дээ. Энэ долоон төрлийн татвар нь зөвхөн дундаж, дунджаас доош орлоготой, ядуу хэсэгт ачаа үүрүүлээд эдийн засгийн хямралаас гарах гэсэн амиа аргацаасан арга харагдаад байна. Тэтгэврийн насыг нэмж, хүүхдийн мөнгийг танаж, хадгаламжийн хүү авах, архи, тамхины онцгой албан татвар нэмэх, приусын татвар, хүн амын орлогын албан татвар, ниймгийн даатгалын шимтгэл, хадгаламжийн татвар гээд дунд давхаргын нуруун дээр хамгийг үүрүүлж хямралыг давах гэсэн ОУВС, МАН хоёрын санаа яв цав ингэж нийцээд байна. Сангийн яам гэж том толгойлсон биеэ даасан институци байна уу ч гэж хардахаар зүйл их ярих юм. Сайд нь Олон улсын валютын сангийн төлөөлөгч юм уу, Монгол Улсын Сангийн сайд уу гэдэг нь ч мэдэгдэхээ байлаа. Ам л ангайвал “Валютын сан ингэ гэсэн болохоор болохгүй” гэх юм. Энэ татварын нэмэлтүүд хөрөнгөтэй, мөнгөтэй баячууд, гадны хөрөнгө оруулалттай уул уурхайн компаниудад бол юу ч халгаахгүй юм байна. Монголын том баячууд, эрх мэдэл, эд баялагтай хүмүүст дарамт болох юу ч энэ төсөлд алга. Эрх баригчид шаталсан татварт шилжье гэдгийг авч хэлэлцсэнгүй. Алтны роялти буюу ашигт малтмалын нөөц ашигласны татвар нэмэгдүүлэх гэхэд тоосонгүй. Сангийн яам нь ч тэр, Валютын сан нь ч тэр , МАН ч тэр авч хэлэлцсэнгүй. УИХ-д цөөнх болсон АН-ын бүлгийнхэн эрхбиш нэг дуугаравч олонхийн багцалсан саналыг сарниулж чадахгүй нь тодорхой байна. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат төсвийн тодотголын талаар “Энэ төсвийн тодотгол Валютын сангийн шаардлагаар гэж байгаа. Оруулж ирсэн санал тэр чигээрээ батлагдах нь. Олонхиороо кнопдоод шийдэгдэх шиг байна. Эдийн засаг төсвийн нөхцөл байдал, төсвийн орлогыг нэмэгдүүлэх нэрийн дор бүх төрлийн татварыг нэмсэн. Гэхдээ Засгийн газар нь зарлагаа нэмээд оруулж ирж. Төр өөрөө бүсээ сайн суллаж өгөөд ард иргэд рүүгээ бүх татварын дарамтыг хийж байгаагаараа асуудал буруу тийшээ явж байна. Бид Сангийн сайд, Нийгмийн хамгааллын сайдтай уулзсан. Валютын сантай нэгэнт тохирсон учир нэг ч зүйл хасч болохгүй гэж байна лээ. Олон улсын валютын сангийн суурин төлөөлөгчийг уулзалтад урьсан боловч ирээгүй. Ирэхгүй байна гэдэг бол өөрсдийнхөө хөтөлбөрийг тулган шаардаж байгаа юм байна. Сангийн сайд нь үнэн яриад байгаа юм уу. Валютын сан ингэж хүчтэй шахаад байгаа юм уу. Эцсийн нөхцөл байдал дээр харахад хүүхдийн мөнгийг жаран хувь дээр байсныг дөчин хувьд өгөхөөр болголоо. Мөн хамгийн түрүүнд иргэний халаастай холбоотой, хэрэглээтэй холбоотой бүх зүйлийг танасан. Бусдын гарт санхүүгийн эрх мэдлээ өгөхдөө хүүхдийнхээ эрх мэдлийг хасч байгааг бид эсэргүүцэж байна. Тэтгэврийн насны асуудлаар дэлхийн жишиг 65 нас байна гэсэн. Монгол орон дэлхийн жишигт байна уу гэдгээ харах ёстой. Дэлхийн дундаж наслалтаас монголчуудынх доогуур. Манай улсын хүн амын дундаж наслалт 65 байдаг. Гэтэл 65 насаар тэтгэвэр тогтооно гэдэг бол өнөөдрийн нөхцөлд нийцэхгүй гэж бодож байна. Эрх баригчид гадныхантай хамтарсан шокийн бодлого руу явж орсон. Архи, тамхи, автомашины татварыг байж болно гэхэд жирийн иргэдийн унадаг хос тэжээлтэй машины татварыг хулгайн аргаар нэмэх гэлээ. Нийт иргэдийн 70 гаруй хувь нь приус унадаг. Онцгой албан татварыг нэмснээр далд эдийн засгийг өдөөх анхны суурийг тавилаа. Нийгмийн даатгалын шимтгэл бол эдийн засгийн хүндрэлтэй энэ үед аж ахуйн нэгжүүдэд асар том дарамт болно. Валютын сангийн гол шаардлага нь орлогоо нэмэгдүүл, зарлагаа багасга, алдагдлаа бууруул гэсэн үндсэн гурван шаардлага. Гэвч энэ бүхний эсрэг явж байна. Орлого нэмэгдсэн зардал нэмэгдсэн, алдагдал нэмэгдсэн. Буурсан юм нэг ч алга. Та нар жилд өгдөг хүүхдийн 200 тэрбум төгрөгийг 90 орчим тэрбум болгочихоод сайд нарын багцыг дөрвөн зуун дөрвөн тэрбумаар нэмлээ. Орлого нэмэгдүүлэх хэд хэдэн боломж бий. Өмч хувьчлалаар зуун далан тэрбумаа оруулж ирж болох байв. Ханшийн зөрүүгээр зардлаа бууруулж болох байв. Дэлхийн зах зээл дээр түүхий эдийн үнийн өсөлтийг зөв ашиглах хэрэгтэй. Энэ өссөн мөнгийг нууж эхлэх юм руугаа явж байна” гэх зэргээр байр сууриа илэрхийлсэн. МАН-ын буурьтай гишүүн Ч.Хүрэлбаатар, Ж.Энхбаяр нар ч байнгын хороо, чуулганы хуралдаан дээр төсвийн тодотголд иргэдийн татварыг нэмж байгаа хэрнээ өөрсдийнхөө зардлыг нэмж оруулж ирснийг шүүмжилж байсан.

Ингэж татварын дарамтанд ард түмнээ оруулсны үр дүнд баячууд улам л баяжих юм байна. Харин дундаж, бага орлоготой хэсгийнхэн орвонгоороо сөнөхөөр байна. Энэ чигээрээ батлагдвал дундаж, дунджаас доош ядуу давхаргынхныг тэр чигт нь сөнөөнө. Яг ийм дүр зураг сүүлийн үеийн эдийн засгийн байдлын талаар авч байгаа арга хэмжээнээс харагдлаа. Татвараар ингэж иргэдээ дарамтлахгүй байж болох бололцоо байхгүй биш байгаад байна. Зардал нь хамгийн их нэмэгдсэн хоёр сайдын багцыг багасгахад л ард түмний ачаа ингэтэл нэмэгдэхгүй байж болохоор. Эрх баригчид зүгээр л хүсэхгүй байна. Нэг жижигхэн үсчний газар, цайны газар, дэлгүүр ажиллуулаад таван хүн ажлын байраар хангаад Монголын нийгмийн амьдралыг авч явдаг байсан дундаж давхаргынхны бүх бизнес байхгүй болно. Энэ бүгд дундаж давхаргыг устгах гэсэн харийн бодлого яваад байна уу. МАН намын муйхар бодлого яваад байна уу. Манай сонин “Эх орончдын нам”-д эх орныхоо төлөө “харакири” хийх зориг зүрх бий эсэхийг шалгах цаг ирлээ” гэж бичиж байсан л даа. Гэтэл МАН баячуудын төлөө, гадаадын хөрөнгө оруулагчтай уул уурхайн төлөө харакири хийчихжээ. Тэд иргэдээ ядуурлаас аварч эдийн засгаа хямралаас гаргаж, эх орноо өрнөөс салгаж, хүчирхэг баян улс болгоно гэсэн амлалт өгсөн. Яг одоо хийж байгаа үйлдлүүд нь өнөөх амлалтуудынхаа эсрэг байгаа гэдгийг та ч харж, би ч харж байна. Дундаж давхарга устахад хэдэн баячууд ноёрхоно. Түүнээс үүдээд МАН устана. МАН бол Монголд байгаа зохион байгуулалттай, буурь суурьтай, тулхтай цор ганц нам гэж хэлэхээр институци юм. Сүүлийн хорин жилд дахиж ийм дайны нэг намтай болох гээд бид чадахгүй л байгаа. МАН төрд байхгүй үед ямар юм хүмүүс оронд нь гарч ирдгийг бид мэднэ. Тэд хонзон авдаг, дур дураараа улсын өмчийг шамшигдуулж, тарааж , эв эеэ олохгүй талцан муудалцаж, улс орноор тоглочих гээд байдаг. Иймээс тулхтай ганц намд найдаж ард түмэн олонхиос олонхи болгож, зөв шийдвэр гаргах боломж олгосон. Одоо явуулж байгаа бодлогыг нь харахаар энэ нам өөрсдийгөө үгүй хийх нь. Ингэвэл төр засагт хоосон орон зай буюу хаос үүсдэг. Энэ хоосон орон зай дээр гадаадын шуналтнууд хөрөнгө оруулалт нэрээр орж ирж, улс орных нь баялгийг хоосолдог. Яагаад энэ бүхэнд МАН нүд сохор, чих дүлий мэт сууна вэ. Чонотой нийлсэн нохой гэгчээр гадныхантай нийлж, дундаж давхаргынхныг устгана гэдэг гол сонгогчдоо үгүй хийлээ гэсэн үг. Сонгогчгүй болсон нам устана. Ингээд МАН гэдэг нам уствал эзгүй, эзэнгүй мэт улс орны толгойд ойворгон попчин, лам, бөө, зөнч мэргэд хэмээх сайн дурын баатрууд гарч ирж дураараа дургин туйлдуулж, буцаад хөлөө олох гэж улс орноороо манарч байх хооронд гадныхан аль хэдийнэ уул уурхай ашигт малтмалыг ухаж төнхөөд гараад явчихдаг. Бид Африкийн орнуудын жишээг дурдах дуртай. Давилуун зантай монголчууд тэдний буруу явсан замыг биднээс хол юм шиг ярьцгаасаар ирсэн. Зарим нь анхааруулж хэлдэг. “Ийм болох вий. Эд нар шиг болчихгүй юмсан” гэж. Гэвч одоо тэдний байдал хол биш санагдах боллоо. Эквадорын төр засаг манайд ажиглагдаж байгаа шиг татвар нэмэх иймэрхүү арга хэрэглэж байгаад хүндхэн байдалд орж байсан. Аргаа бараад төр засаг нь хувийн компаниуд руугаа орж, нефть импортлогч, газын компаниудаа нийгэмчилж эхэлсэн. Хувийн өмч рүү төр ингэж дайрахаар бизнес эрхлэгчид улсаасаа зугтаацгаалаа. Гэтэл төр нь зугтаалгахгүй арга хэмжээ авч хил дээрээ цэрэг зогсоосон. Ингээд хүн төрөлхтний түүхэнд алдартай дарангуйлагч төрсөн. Бас нэг жишээ Зимбабве. Бас ингэж явсаар байгаад гадаадын жаахан ч гэсэн хөрөнгө оруулалттай компани байвал нийгэмчилнэ гээд сууж байгаа.

Ийм улс орнууд шиг дундаж давхарга, хувийн жижигхэн компани, энгийн иргэдийнхээ аж амьдрал руу дайраад байвал тэд зугтана. Эсвэл босно. Гадаадын ашиг малтмал уул уурхайн чигийн лоббигоор, Монголын том олигархиудын шахаасаар улс орноо нуруун дээрээ авч явдаг дундаж давхаргынхныг үгүй хийж тэрнийхээ горыг амсч улс төрийн тавцангаас МАН өөрөө байхгүй болох юм биш биз. Уул уурхайн баялагтай ядуу, тэнэг удирдагчтай орнуудын хамгийн зохион байгуулалттай, хүчтэй улс төрийн хүчнийг нь гадаад, дотоодын олигархиуд эхлэн онилж, үгүй хийдэг. Түүний дараа өнөөх попчин, луйварчин, хуурамч эх орончид оодорч эхэлдэг. Төрд гарч ирсэн толгойтой болгон шантааж нэхдэг. Гадны хөрөнгө оруулагчид хэр таарсан юм оффшорт нь хийгээд өгчихнө. Нэг гайгүй хэл ам нь хөгжсөн попчинд сая доллар шидэх бол хэдэн тэрбумаар нь залгидаг гадны шулаачдад тийм ч их санагдахгүй. Яг ингэж өгснийхөө дараа дансанд нь мөнгө хийсэн гадаадынхан буцаагаад шантаажилж эхэлнэ. Орчин үеийн колонийн бодлого ийм байдаг. Тиймээс МАН-ынхаан, сонгуулиар амлаж байсан зүйлийнхээ эсрэг, үзэл санааныхаа үнэт зүйлийг өөрийн гараар үгүй хийх гээд байна шүү, та нар. Энэ бол Монголын хувь заяатай холбоотой асуудал. Ам ангайх бүртээ “Гадныхан тэгж хэлсэн, тэрнээс өөрөөр өөрчилж болохгүй” гэх Сангийн сайдын үг нэг л биш байна. Дундаж давхаргынхнаа дарж аваад улс орноо сэргээнэ гэж байхгүй. Санал болгосон болгоныг нь хүлээж аваад байна уу, эсвэл өөрсдийн санааг гүйцэлдүүлэх гэж тэдний шаардлагыг заавал ингэж иргэдийнхээ нуруун дээр ачаа үүрүүлснээр шийдэх гээд байна уу. Юу юугүй Валютын санг хөөгөөд явуулчих гэж байгаа юм биш. Долоон өөрчлөлтөө өөрсдийнхөө зардлаас хасаад шийдчих боломж байгаагүй хэрэг үү. Валютын сангийн суурин төлөөлөгч Нийл Сакер “Ямар зардлаа танах нь Засгийн газрын өөрийнх нь асуудал” гэж хэвлэлд өгсөн ярилцлагадаа хэлсэн байна лээ. Тэрнээс харахад Засгийн газар зардлаа танаж болох байсан шиг. Валютын санг хөөгөөд хүндхэн байдалд орсон Вэнэсуэль шиг байх албагүй. Гэхдээ иргэдийнхээ, тэр дундаа дундаж, тэрнээс доош орлоготой иргэдийнхээ татварыг ингэтэл нэмэлгүй, өөрсдийн зардлаас хасч болмоор юм. МАН ядуурлыг зөвхөн ядууст үүрүүлэх гэсэн харийн хар харгис бодлогыг хэрэгжүүлэгч болж байгаа юм биш биз. Иргэдийнхээ найдварыг ингээд тасалбал эргээд унахдаа дэндүү чанга газардана шүү.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Эрх баригчид идүүрээ томсгож, ард түмэн аягаа багасгах уу

Хаврын чуулган ирэх лхагва гаригт эхэлнэ. Чуулганаар нэн яаралтай хэлэлцэх асуудал бол Төсвийн тодотгол. Төсвийн тодотгол анх баталсан төсвөөс зардал нь 220.7 тэрбумаар өссөн байна. Олон улсын валютын сан төсвийн алдагдлаа багасгаж, үе шаттай бууруулах шаардлагыг тавьж байгаа. Төсвийн тодотголд нэмэгдэж орж ирсэн зардал бүтээн байгуулалтад зориулагдаж нэмэгдээгүй юм байна. Харин сайд, дарга, эрх баригчдын зардал нэмэгдээд ороод ирсэн байх юм. Тэгсэн мөртлөө зургаан төрлийн татвар нэмжээ. Архи, тамхины онцгой албан татвар, импортын тамхины гаалийн албан татвар, автобензин, дизелийн түлшний онцгой албан татвар, суудлын автомашины онцгой албан татвар, хувь хүний орлогын албан татвар, хадгаламжийн хүүгийн орлогын татвар, нийгмийн даатгалын сангийн шимтгэл зэргийг нэмэгдүүлжээ. Халамж таналаа. Хүүхдийн мөнгийг зорилтот бүлгээс бусдыг хаслаа. Тэтгэврийн насыг хойшлууллаа. Төсвийн зарлагаа танаагүй байж татвар нэмчихсэн ийм л тодотгол болж. Татвар нэмсэн ачаалал нь иргэдийн нуруун дээр бууна.

Эрх баригчид сонгуулийн маргаашаас л данс нь улайсан хүндхэн хэцүү байгаа, өнөө маргаашгүй энэ улс орон сүйрэх нь гэж гонгинож эхэлсэн. Ингээд юу юугүй л хямралд оруулчихсан. Өр зээлэндээ баригдаад улс орон минь хүнд байгаа юм байна гэж бодсон уу татвар нэмнэ гэж ярьж эхлэхэд иргэд тэгтлээ айхтар эсэргүүцэн шаагьсангүй. Харин саяхан өргөн барьсан Төсвийн тодотголоор хэдэн сайд дарга нар идүүрээ томсгож, ард түмэн аягаа багасгахаар болсныг харлаа. Угтаа бид төсвийн алдагдлыг бууруулах гэж Олон улсын валютын сангийн хөтөлбөрт орох гэж байгаа биз дээ.

Эрх баригчид өөрсдөө зардлаа нэмсэн энэ удаагийн Төсвийн тодотголыг дөрөвдүгээр сарын 10 гэхэд хэлэлцэж баталсан байх ёстой. Олон улсын валютын сан төсвийн тодотголоо батлаад гэрээгээ байгуулахыг шаардаж байгаа. Ингэснээр Олон улсын валютын сангийн Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрт хамрагдах юм. Дэгийн хуулиараа пүрэв, баасан гаригт чуулган хуралдана. Гэтэл Төсвийн тодотголын байнгын хороогоор хуралдахаас эхлээд нэлээдгүй хугацаа шаардах ёстой. Мөн анхны хэлэлцүүлгээс эцсийн хэлэлцүүлэг хүртэл хэд хэдэн удаа хэлэлцэнэ. Яаж ч яараад энэ хугацаа дэндүү давчуу байгаа юм. Ингэж давчуу цаг хугацаанд хэлэлцэж батлуулах гэж байгаа нь оруулж ирсэн төслийг тэр чигээр нь батлуулах гэж байгаатай холбоотой байх магадлал өндөр. Ингээд ард түмний халаасыг нимгэлж, нуруун дээр нь ачаа нэмсэн, өөрсдийн тансаглалаа танаагүй энэ удаагийн Төсвийн тодотголыг задалж үзье.

Өмнө нь хөргөгч, угаалгын машинтайг нь баян гэж үзээд хүүхдэд нь мөнгө өгөхгүй болсон. Тэр нь жаран хувь байсан бол одоо дөчин хувьд нь мөнгө олгохоор болжээ. Үлдсэн хорин хувьд нь хүнсний талон өгөх юм гэнэ. Хүүхдийн мөнгийг ингэж ялгаварлаж өгч байгааг эцэг, эхчүүд эсэргүүцээд эхэлсэн байна лээ. Учир нь эрх баригчид өөрсдөө зардлаа нэмж оруулж ирчихээд хүүхдийн мөнгөнөөс багаар бодоход 28.8 тэрбумыг хэмнэж байгаа шүү дээ. Гэтэл төрийн бараа үйлчилгээний зардлаа 49.1 тэрбумаар нэмэгдүүлэхээр оруулж ирэх жишээтэй.

Эрх баригчид ажлаа аваад төрийн албан хаагчдыг хуйгаар нь халлаа. Ардчилсан нам эрх барьж байхад ажил алба хашиж байсан л бол өршөөлгүй халж байна. Дараа нь татвар нэмлээ. Бидэнд юу үлдэж байна. Татвар нэмэгдэхээр татвар төлдөг байгууллагуудын нуруун дээр мөн ачаа нэмэгдэнэ. Нэмэгдсэн ачаагаа хөнгөлөхийн тулд ажилчдаа цомхотгоно. Ажилгүйдэл улам нэмэгдэнэ. Амьдрал улам хэцүү болно.

МАН нь ялахаараа АН-ын хүн гээд ад үзэж, АН нь гараад ирэхээрээ МАН-ын хүн гэж ад үзээд ард түмнээ өөд нар үзүүлэхгүй. Мэргэжилдээ эзэн болсон чадалтай хүн байсан ч хамаагүй. Ах дүү хамаатан садан нь ажилд орж орж байвал бусад хүн, улс орон ч яамай юм шиг байна. Иргэдээ намаар нь ангилан ялгаварлаж, өөд нар үзүүлэхгүй. Монголын иргэн, монгол хүн гэдэг ойлголт алга. Манай намын хүн, танай намын хүн гэж алагчилсаар олон төрийн нүүр үзлээ. Манай эрх баригчид харийн түрэмгийлэгчид хүний нутагт дайрч улс орон, ард иргэдийг нь тонож дээрэмдэж байгаа аятай л хүнийрхүү хүйтэн сэтгэлээр ард түмэндээ хандах юм. Эцэстээ зарим хүн амин зуулгаас нь салгаж, ажлаас нь халснаас болж өөрийгөө шатаалаа. Зээлтэй, зээлээ төлж чадахгүй, цаашид яаж амьдрах аргаа олохгүй арга ядахдаа л өөрийгөө шатаахдаа тулаа биз.

Биднийг гадныхан зовоогоод байгаа юм алга. Монголчууд монголчуудыгаа зовоож тарчлааж байна. Хэдэн монголоо намаар нь ялгаж, өөр намын хүн бол дайсан мэт үзэх болоод удлаа. Гэтэл өрнөөс гарлаа гэж мишээл тодруулж, алга нижигнүүлсэн дарга нар энэ удаагийн төсвийн тодотголоор дахиад л ард түмнээсээ нүүр буруулжээ. Монголчуудыг монголчуудаас хэн аврах вэ.

Олон улсын валютын сан 440 сая ам.доллар өгөхийн тулд манайд тодорхой нөхцөлүүд тавьсан. Үүнтэй уялдуулж татвар нэмж байгаа. Мэдээж хэрэг хөшигний ард Засгийн газар валютын сангийн хооронд яриа хөөрөө өрнөсөн байж таарна. Валютын сан тэрийгээ тана, энийгээ хас гэж уртаас урт жагсаалт манайханд харуулсан нь тодорхой. Манай хэд урт шаардлагаас нь өөрсдөдөө ашиггүйгээс нь бултаж, өөрсдөд нь хамаагүй эгэл жирийн иргэд, нийгэм, улсынхаа эдийн засагт ачаа өгөх нөхцөлүүдийг нь аваад үлдчихжээ гэдгийг та бид хараад сууж байна. Засгийн газар “Өмнөх засаг биднийг өрөнд оруулж явсан. Тийм болохоор дампуурахгүйн тулд Валютын санд хандахаас өөр арга алга. Валютын сан ийм нөхцөлүүд л тавьж байна. Биелүүлэхээс өөр арга алга” гэж гэмгүй царайлан тайлбарлаж байсан даа. Та бидэнд тодорхой болсон нөхцөлүүдийг харахад зарим барааны онцгой албан татварыг нэмэх, нийгмийн даатгалын шимтгэлийг эргэж харах, хувь хүний орлогын албан татварт нэмэх, төрийн албан хаагчийг цөөлөх, бүтцийг багасгах, цалин тэтгэвэр ойрын хугацаанд нэмэхгүй байх гэх мэт дандаа иргэдэд халтай нөхцөл шаардлагууд байна. Төрийн албан хаагчийг хална гэдэг нь жирийн иргэн Дулмаа, Дорж ажилгүй болно гэсэн үг. Байрны лизингтэй тэд яаж амьдрах нь төрд хамаагүй. Харин тансаг амьдралтай өчнөөн хангамж авдаг дарга нар ажлаа өгөөд явахгүй нь тодорхой. Жишээ нь дэд сайдын орон тоог хасахгүй л байгаа шүү дээ. Өмнөх эрх баригчдын үед өнөөгийн эрх баригчид дэд сайдын албан тушаал хэрэггүй гэж яаж эсэргүүцэж байлаа даа. Үнэхээр хүнд байгаа бол одоо л тэр албан тушаалаа байхгүй болгочихмоор.

Шатахуун бүх юмны үнийн суурь болдгийг бид өнгөрсөн он жилүүдэд мэдэхээрээ нэг боллоо. Шатахууны үнэ нэмэгдлээ бол бүх төрлийн үйлчилгээ бүгд нэмэгдэнэ. Уг нь шатахууны татварыг тэглэсэн байсныг тэглэхээ боль гэсэн шаардлага мөн л өнөөх нөхцөлүүд дотор тавьсан гэсэн. Гэтэл дэлхийн зах зээл дээр шатахууны үнэ урьд жилүүдээс өсчихсөн байгаа. Энэ жил өсөх таамаг голлож байна. Тэгэхээр өссөн үнэ дээр татвар нэмэгдэхээр юу болох нь тодорхой.

Өнөөдөр авч байгаа хэд нь амьдралд чадан ядан хүрч байхад энэнээс илүү багасгавал яаж амьдрах юм. Шатахууны үнэ дагаад зардал өсөхөөр бизнес эрхлэгчид ч өндөр өртөгтэйгөөр бүтээгдэхүүнээ үйлдвэрлэж эхэлнэ. Тэр бүтээгдэхүүнийг худалдаж авах чадал ард түмэнд байхгүй. Тэгээд өнөөх бизнес нь унана. Валютын сан олон нөхцөл тавьсан гэж дээр дурдсан. Мэдээж ард түмнээ ядууруул гэж тэд шаардлага тавиагүй нь тодорхой. Улс төрчдийн шахаасны хүмүүсээр дүүрэн хэдэн тэрбумаар ганц дугуй худалдаж авдаг төрийн өмчийн хэрэггүй олон компаниа цэгцэл гэж хэлсэн л байж таараа. Манай хэд ганц мөнгө олдог суваг нь хаагдчих вий гэж айхдаа одоогоор цаг нь болоогүй гэж өчнөөн шалтаг шалтгаан тайлбарласан байх магадлал тун өндөр. Угтаа сайд, дарга нарын тансаг зардлыг хасчихвал иргэдийн нуруун дээр ингэтлээ ачаа нэмэхгүй байж болно. 2017 онд батлагдсан төсөв дээр 220.7 тэрбум төгрөгийн зардал нэмэгдүүлэхээр өргөн барьсан Төсвийн тодотгол оруулжээ. Ерөнхий сайдынх хоёр тэрбум 512 сая, Хэрэг эрхлэх газрын дарга нэг тэрбум 275 сая, Байгаль орчин, аялал жуулчлалын сайд нэг тэрбум 937 сая, Батлан хамгаалахын сайд гурван тэрбум 850 сая, Боловсролын сайд 5 тэрбум 319 сая, Гадаад харилцааны сайд дөрвөн тэрбум 493 сая, Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайд хоёр тэрбум 560 сая, Хууль зүй, дотоод хэргийн сайд найман тэрбум, Сангийн сайд есөн тэрбум, Уул уурхайн сайд 240 сая 300 мянга, Зам тээврийн сайдын 160 тэрбум 439 сая 200 мянга, нэмэгдсэн бол Хүнс, хөдөө аж ахуй, хөнгөн үйлдвэрийн сайдынх 89 тэрбум, Барилга, хот байгуулалтын сайдынх 68 тэрбум 941 сая, Эрчим хүчний сайдынх 39 тэрбум 387 сая, Эрүүл мэнд, спортын сайдынх 20 тэрбум 560 сая төгрөгөөр тус тус нэмэгджээ. Манай эрх баригчид ийнхүү идүүрээ томсгож, ард түмэн аягаа багасгах нь ээ. Өөрсдийнхөө тансаглалаас, өчүүхнийг ч хассангүй. Биднийг харин аягаа багасга гэж татвар нэмлээ. Угаас бага аяганд л идэж байсан ард түмэн энэ тодотгол батлагдвал алган дээрээ л хоол идэх нь. Харин алган дээрхийг олдог ажлаас нь халчихвал яадгийг өөрийгөө шатаасан хүний жишээнээс харсан л биз дээ. Ийм л байдалд ард түмнээ хүргэхдээ туллаа шүү дээ, эрх баригчид аа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ай хөөрхий Дүүриймаа

дүүриймаа зурган илэрцүүд

Хөдөө томилолтоор очсон дарга нарыг угтаж, үддэг нэг тийм заншил маягийн зүйл тогтоод удаж байна. Төөрсөн хүнд замчлах гэж байгаа юм уу гэлтэй сайд, дарга, албан тушаалтнуудыг очихоор малийтал инээсэн аймаг, сумын дарга нар нутгийн хилийн дээсэн дээр сүр бараатай угтаж авдаг. Бас болоогүй ээ, нутгийн хамгийн сор болсон сайхан бүсгүй нүүрэндээ мишээл тодруулан ирсэн дарга нарт хадаг, сүү барина. Ингэж угтаж, үдэх ёслол хийхгүй байхыг саяхны Засгийн газрын хуралдаанаар шийдэж, аймаг, сумын Засаг дарга нарт үүрэг болгожээ. Зөв шийдвэр байна.

Бензин тос, цаг зав гарздан хорь, гучуулаа хотоос ирсэн дарга, эрх мэдэлтнийг тосох ямар хэрэг байдаг байна аа. Ямар гадаад айлчлал биш дээ. Дотооддоо, түм буман дагуултай, тавь жаран машинтай очиж байхад нь бас нэг жижиг дарга төдий тооны дагуул бараа бологчтойгоо угтаж, улаан хивсний ёслол шиг юм хийх ямар ч хэрэг байхгүй.

Иймэрхүү дүр зураг харахаар “Ховор хүмүүс” кино санаанд буудаг. Киноны гол дүр Дүүриймаа бүсгүй хотоос ирсэн төлөөлөгчийг уяраах үүрэг авч, ирэхэд нь жоготой инээмсэглэлээр угтдаг даа. Одоо цагийн “Дүүриймаа”-нууд яг адилхан.

Ингэж идээ ундаа амсуулж, мэндийн хэдэн үг хэлэхийн төлөө тэгж олон машин хөлөглөж, тийм олуулаа хамаг ажлаа орхиод очдог нь сонин. Угтах, үдэх бараг л адилхан. Машин тэрэг, инээсэн дарга, санаа алдан үлдэх хадаг, сүүтэй сайхан бүсгүй.

Цаашид энэ байдал үгүй болох нь ээ. Нутаг, нутгийн үзэсгэлэн гоо Дүүриймаанууд минь угтаж, үдэх ажилгүй боллоо. Ай хөөрхий Дүүриймаа. Ажилгүй болсон Дүүриймаа…


Categories
мэдээ нийгэм

​Адуугаа амьдаар нь гаргадаггүй эх орончид ард түмнээ хэдэн мянгаар нь илгээх гэж байхад яагаад тоодоггүй юм бэ

Манай эх орончид адуугаа амьдаар нь гаргахгүй гэдэг. Алтаа ухлаа гэж уурсдаг. Нүүрсээ зөөх төмөр замыг барихгүй гэнэ. Тэр байтугай хадсан өвс хятадууд авч байна гэж бөөн хэрүүл хийнэ.

Шадар сайд У.Хүрэлсүх адууг хилээр амьдаар нь гаргахыг өнгөрөгч оны сүүлээр хориглосон. Энэ захирамж гарсны дараа Сүхбаатар аймгийн хил дээр амьдаар нь гаргахаар зэхэж байсан олон адуу өлдөж, хөлдөж үхсэн талаар манай сурвалжлагч газар дээр нь очиж сурвалжлаад ирж байсан. Шадар сайд өөрийнхөө шийдвэртэй холбоотой “Мал амьдаар нь гаргах бол монгол төрийн бодлого биш гэж би боддог. Сүлдэндээ залсан монгол адуугаа хүний нутагт нүдийг нь сохлуулж, шөрмөсийг таслуулахыг тэвчихгүй. Намайг сайдаар ажиллаж байх үед адууг амьдаар нь гаргана гэж саналтгүй” гэж хэлж байлаа. Эндээс харахад Монголын төр адуундаа хайртай. Шадар сайд нь алба хаших хугацаандаа хилээр амьд адуу гаргахгүй нь тодорхой боллоо.
Цагаан сарын баяр дөнгөж дуусаад дүүрэг болгоны гадаа уртаас урт дугаарт олон мянган залуу нойр хугаслан зогсов. Нөхөн үржихүйн насны, эрүүл чийрэг 1840тэй залуус Солонгос гарах гэж алаан болж байна. Бүртгэл нь эхэлсэн цагаас хойш нойргүй дугаарлаж байгаа гэнэ. Найман мянган хүн бүртгэж, 1500г нь шалгаруулах юм гэсэн. Хориод жилийн өмнө анх Солонгос руу явах гэж ингэж дугаарлаж байсан. Цаг хэцүү байж. Сүүлдээ Солонгос руу явах залуусын тоо хамаагүй цөөрсөн л дөө. Тэр үед явсан идэр насны залуусын ихэнх нь гэр бүлээсээ салж, мөн цөөнгүй нь эрүүл мэндээрээ хохирсон. Тэр ч байтугай амь насаа ч алдсан нь олон. Мэдээж тэдэн дунд хэдэн төгрөг хурааж амьдралдаа нэмэр болгосон залуусыг ч үгүйсгэхгүй л дээ.
Нэг хэсэг эдийн засаг сайжирч, уул уурхайн компаниуд хүчээ авч, ажлын байр ч төдий чинээ ихсэв. Солонгос явах шаардлагагүй болж, боломжийн цалин авах болсон. Гадагшаа явах залуусын урсгал багасч, явсан нь ирж эхэлсэн. Ундуй, сундуй эх орон нь тэднийг тийм ч удаан тогтоосонгүй. Дахиад л хэдэн мянгаараа хар ажил хийхээр бүртгүүлээд эхэлснийг бид харж байна.
Монголын ирээдүй болсон залуу үе өнөөх хэдэн адуунаас чинь үнэ цэнэтэй биш гэж үү. Хамгийн эрүүл, хамгийн залуу, бас боловсролтойг нь шилээд хар ажил хийлгэнэ. Идэр насны залуу хос хоёулаа шалгуурт нь тэнцээд визээ гаргуулаад явах нь тийм ч олон биш. Хэн нэгэнд нь боломж олдоход өр зээл хийгээд явдаг. Харамсалтай нь хол газар тусдаа удахаар залуу хос салах нь элбэг. Эрүүл саруул бие нь өвчтэй болоод ирдэг. Монгол төрийн бодлого хүнээ ингэж олноор нь гаргахыг эсэргүүцэх биш дэмжээд сууж байна. Жилийн дараа хатаж хорчийгоод шороо болох өвснөөс энэ хэдэн залуус чинь үнэ цэнэгүй хэрэг үү.
“Эх орны минь өвсийг хүний нутгийн мал идэх гээд байна” гээд уур омог болоод байсан. Эх орны чинь хөвгүүд, охид хүний нутаг руу хэдэн мянгаараа ажиллахаар явах гэж алаан болж байгаад эмзэглэх хүн хэд байгаа юм бэ. Хүн гэдэг Монголд ямар үнэ цэнтэй юм бэ. Энэ олон монгол залуус чинь хүний нутагт ажиллахаар явах гэж байхад дуугарч байгаа эх оронч алга. Харин ч төр засаг нь төдийгөөс өдий хүртэл дэмжиж л ирсэн. Хөдөлмөрийн яам нь гадагшаа Солонгос яваа залуусаа дэмжээд сургалт семинар хийгээд байна гэх юм. Эх орондоо хэрэгтэй зүйлийн эсрэг хэнтэй ч хамаагүй нууцхан хуйвалдаж, эсэргүүцэн тэмцсээр болиулсан олон жишээ бий.
Яг хэрэгтэй үед, хэрэгтэй цагтаа дуугарах, тэмцэх ёстой үедээ амандаа ус балгачихдаг нь гачлантай. Өөрийгөө эх оронч хэмээн цээжээ дэлдэгчид хилээр хэдэн мянгаар нь залуусыг гаргаж байгааг эсэргүүцэн дуугараач, ямар нэг зүйл хийгээч. Дуугараач гэхээр Солонгос явах гэж дугаарлан зогсоо залуусын эсрэг тэмцээд, тэднийг хөөж тууж тараана гэсэн үг биш шүү. Гадагшаа ингэж олноороо гарах шалтгааныг нь үгүй болгооч, ард түмнээ битгий ингэтэл нь дор оруулаач, үүний төлөө ямар нэг зүйл хийж, өнөөх хатуу чанга шийдвэрээ гаргаж байгаач гэж уриалж байна. “Намайг сайд байхад, намайг дарга байхад монгол залуусыг ингэж олноор нь хар ажил хийлгэхээр явуулахгүй” гэж хэлэх хүн алга уу. Хоосон ядуу, хийх ажил олдохгүйгээс болж явж байгаа залуусыг шууд буруутгах хэцүү. Эх орондоо сайхан амьдрах боломж байхгүй учраас аргаа бараад л явж байгаа. Энэ залууст эх орон нь муухай санагдаад, ээж аав нь, эхнэр хүүхэд нь гологдоогүй гэдгийг хэн хүнгүй мэдэж байгаа. Солонгос руу зүглэсэн идэр насны монгол залуусын их нүүдлийг төрийн бодлогоороо зохицуулж, эх оронч гэдгээ одоо л харуулах хэрэгтэй байна.
Энэ залуусаа ажилтай, орлоготой болгоё. Энэ үед л та нарын дуу хоолой, тэмцэл хэрэгтэй байгаа. Гэтэл яагаад чимээгүй байна. Төр засгийнхан та нарын харалган бодлогын үр дүн Солонгос руу явах монгол залуусын нүүдэл юм.
Адуугаан хил гаргаагүйн чинь, хадсан өвсөө худалдаагүйн чинь, төмөр замаа бариагүйн чинь гор ингэж л гарч байна шүү дээ. Ард түмнээсээ адуугаан илүү хайрлаж, хүний нялх үрсийг хүйтэнд адгуус зайдлуулж уралдаад тэрнээсээ цэнгэл эдэлдэг, Монголын үнэт баялаг хүн капиталаа алдахдаа сэтгэл огт өвддөггүй төртэй улс шүү дээ, бид. Хөрөнгө оруулагчид Монголоос нүүр буруулж, залуус нь хүний нутагт хар ажил хийхээр нойргүй дугаарлах нь бүгд Монголын эмгэнэл шүү. Таван толгой, тавдугаар цахилгаан станц, төмөр зам, Гацуурт төсөл, энэ бүгд яагаад зогсдог вэ. Эх орон гэж хэлэх дуртай эх оронч бус хүмүүсийн балгаас л болсон. Тавдугаар цахилгаан станцыг яаран барих шаардлага одоогоор алга гэж тайлбарлаад энэ төсөл тодорхойгүй хугацаагаар зогссон. Сонсох нь ээ япончуудаас мөнгө нэхсэн гэх юм. Хөрөнгө оруулаад, бүтээж босгоод өгье гэхээр авлига нэхдэг хүмүүстэй харьцахыг хэн хүсэх билээ. Монголын топ бизнес эрхлэгчдийн нэгтэй хөрөнгө оруулалтын асуудлаар хэдэн япон уулзахдаа өнөөх л яс тас, судалгаа шинжилгээтэй саналаа хэлж. Гэтэл яаж хөөцөлдөх арга замыг нь өнөөх бизнесмэн хэлж л дээ. Манай төр засгийнхан наад саналыг чинь сонсоод ийм юм нэхнэ. Тэрийг нь зохицуулахгүй бол наад гоё санал чинь бүтэхгүй” гэжээ. Япончууд мэл гайхаж толгой сэгсрээд буцаж. Хичнээн хөрөнгө оруулагч энэ мэтээр нүүр буруулсан билээ дээ. Төр засгийнхан маань хэн нь илүү их идэх вэ гэдэг тэмцлээс болж л улсаа сүйтгэж байгаа. Ерөнхий сайд асан нэг хүн одоо гацчихаад байгаа томоохон төслийн багийнханд “Хэрэв тэр хувьцаа эзэмшигчээ зайлуулж чадах юм бол энийг чинь дэмжье” гэж. Гол хувьцаа эзэмшигчээ түүний хэлснээр зайлуулаагүйгээс болж тэр төсөл бас л зогссон. Ажиллах хүч байж эдийн засаг тэлдэг. Гэтэл баялаг бүтээдэг ажиллах хүчээ мянга мянгаар нь гаргахдаа огтхон ч санаа зовохгүй байгаа төр засгийг яалтай билээ.
Энэтхэгт инженерийн мэргэжил эзэмшсэн залуу ажил олдохгүй, Солонгос явахаар бүртгүүлж байна. Англи, орос, солонгос хэлтэй залуус тэдний дунд зөндөө байна. Ихэнх нь дээд боловсрол эзэмшжээ. Ажиллаж байгаа газар нь цалингаа тавьж чадахгүйд хүрч. Хачирхалтай нь монгол залуус ажил хийж чаддаггүйдээ биш улсад нь ажлын байр байхгүй, авдаг цалин нь амьдралд нь хүрэхгүй байна. Хүн л юм хойно хүн шиг л амьдрахыг хүсч байгаа тэр залуусыг буруутгах арга алга.
Адуу малаасаа илүү амьд хүнээ анхаарч нэг үзээч. Адуугаа амьдаар нь гаргахгүй гэж тэмцээд байдаг эх орончид минь ард түмэн чинь дайн болсон улсаас дутахгүй олон мянгаараа дүрвэж байхад яагаад ингэж үл тоомсорлоно вэ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ирээдүй хойч үед минь эх орон нь гологдож эхэллээ

И.Жаргалсайхан гэх монгол хүүг албадан гаргахыг эсэргүүцэн Шведийн Стокгольм хотод гурван ахлах сургуулийн 1500 сурагч өнгөрсөн долоо хоногт хичээл хаялт зарлан, эсэргүүцлийн жагсаал хийлээ. Тэд “Жагаа үлдэх ёстой” гэсэн лоозон барьж. Чухам юу болсон талаар өгүүлье. Арван нэгэн настайдаа Шведэд очсон И.Жаргалсайхан хүү 18 нас хүртлээ тэндээ амьдарчээ. Түүний эцэг, эх 2006 онд Шведэд очсон бөгөөд 2010 онд хүүгээ Швед рүү татаж авчээ. Тэдний гэр бүлийнхэн визнийхээ хугацааг сунгуулсаар Шведэд өдийг хүрч. Харин энэ удаа оршин суух эрхээ дахин сунгуулахаар бичиг баримтаа бүрдүүлж өгсөн ч, татгалзсан хариу авсан байна. Хүүгийн эцэг, эх оршин суух эрхээ хөөцөлдөх зуур И.Жаргалсайхан 18 нас хүрч түүний оршин суух эрх нь эцэг, эхээс нь тусдаа яригдах нөхцөл байдал үүсчээ. Энэ улсад арван найман нас хүрвэл насанд хүрсэнд тооцдог учраас хүүг Шведэд оршин суух эрхийг цагаачлалын алба өгсөнгүй. Ингээд хамт суралцдаг найз нар нь монгол хүүгийн төлөө тэмцэл өрнүүлж эхэлсэн байна.

Энэ хооронд И.Жаргалсайхан Монголд сургуульд сурч байсан үеийнхээ таагүй явдлыг дэлгэсэн нь шуугиан тарих нь тэр. “Монголд сурагчдад хатуу даалгавар өгч, хүүхдүүдийг ядраадаг. Даалгавар хийгээгүй бол шийтгэдэг. Нэг удаа хичээл хийгээгүйгээс болж багш нь төмөр шугамаар гарыг минь цохьсон. Хүүхдүүдэд багш нар ялгавартай ханддаг. Хүн амын 3/1 нь ядууралд өртсөн энэ улс хүүхдүүд сургуульд сурахад ихээхэн хүндрэлтэй байдаг. Багш нар сурагчдадаа ялгаварлаж ханддаг. Мөнгөтэй баян айлын хүүхдэд даалгавраа хийгээгүй байсан ч гайгүй дүн тавьдаг. Монголд дунд сургуульд хүртэл авлига хээл хахууль нүүрлэсэн. Энэ бүхний эцэст шударга бус явдал гэдэг энгийн зүйл юм байна гэж би ойлгосон” гэж цахим хуудастаа бичсэн нь байдлыг хурцатгаж үе тэнгийн найз нөхөд нь түүний эрхийн төлөө тэмцэхэд улам нэмэр болжээ.

Энэ бол Монголд дунд сургуулийн боловсрол эзэмшихэд ямар бэрхшээл байдгийн энгийн л нэг жишээ. Монголын боловсролын салбарын нүүр царай. Цэцэрлэгийн учир мэдэхгүй жаалыг хоолоо идсэнгүй хэмээн зодож байсан багшийн бичлэгийг бид харсан шүү дээ. Хүүхдийн эрхийг хамгийн эхэнд тавьж, багш шугамаар цохих байтугай элдэв доромж үг хэлбэл багшлах эрхээ хасуулж, бүр цаашилбал шоронгийн хаалга татдаг улсад хүүгийн бичсэн нь аймшигтай харгислал шиг санагдах нь мэдээж. Тиймээс ч хүүхдүүд хүртэл сортхийн тэмцэж байна. Тэд найзынхаа төлөө тэмцэж байгаа ч манай боловсролын системийн бурангуйг энэ тэмцэл нь бас шүүмжилж байгаа хэрэг шүү дээ.

Үнэхээр ч Монголын боловсролын салбар дампуу, хүүхэд хар багаасаа л шударга бустай эвлэрэхээс өөр аргагүйд хүргэдэг. И.Жаргалсайханы бичсэнийг манай сошиалчид өлгөж аваад элдвээр л хэлж байна. Зарим нь ийм шударга бус авлига нүүрлэсэн, боловсролын систем нь дампуу газарт ирэхгүй гэж байгаа хүүгийн зөв гэж байхад нэг хэсэг нь хүний газар үлдэхийн тулд эх орноо мууллаа гэлцэв. Үнэн хэрэгтээ И.Жаргалсайхан хүү “Хаан нүцгэн байна” гэж дуугарснаараа л буруутдаггүй юм бол түүнийг бид яагаад буруутгах ёстой юм. Монголын боловсролын өнөөгийн үнэн төрхийг илчилсний төлөө юунд түүнийг эх орноо бодсонгүй гэж цээжээ дэлднэм. Эх орноо шүүмжлээд Монголд хайргүй болчихдог юм биш. Эх орноо магтаад эх оронч болчихдог юм биш. Хүүгийн бичсэн үгэнд худал зүйл нэг ч алга. Бидний өдөр тутамд тохиолддог, сонсдог, мэддэг л зүйлийг бичиж.

Яг энэ И.Жаргалсайхан хүү шиг гадаадад төрсөн, гадаадад өссөн хүүхдүүдэд Монголын боловсрол гологдож байна. Монголын төр, Монголын нийгэм гологдож байна. Ганц энэ хүү биш өчнөөн олон залуус, бүхэл бүтэн нэг үе ийм байдалд байгаа. Монголын сургууль ямар билээ. Хуучин цагт төрийн дайсны хүүхэд гэж түмний өмнө чичилж, бүгд түүнийг ад шоо үздэг, арай сүүлдээ бөөс, хуурстай, бохир заваан гэж өмд хувцсыг нь тайлуулж анги хэсүүлж, бүгдээрээ түүнийг үзэн ядахад хүргэнэ. Хичээлдээ муу, ариун цэвэр нь муу байвал сургуулийн үүдэнд нэр устай нь томоос том гахай зурна. Эсвэл ширээн дээр нь гахай, нохой зураад тавьчихдаг л байсан шүү дээ. Энэ нь өнөөх хүүхдэд насан туршид дагадаг хор хөнөөлтэй. Тэгээд болоогүй ээ, хаа газрын сурлага тааруу хүүхдүүд голдуу багш болчихдог. Өөрөө чичлүүлж зүхүүлж, гахай, нохойгоороо дуудуулж явсан хүн бусдын хүүхдээс өшөө авч байгаа мэт өмнөх үеийнхнийхээ бурангуй үйлдлийг давтана.

Төр нь эрүүл, мэнд боловсролын салбараа хамгийн сүүлд тавьж, улс төр болгож, хамтарч засаг барьсан намынхаа хэр тааруухан нэгэнд бэлэг болгоод өгчихнө. Өнөөх нь эдгээр салбарыг ёстой л баллаж тавина. Багш нар нь цалин бага, мэдлэг бага, хүүхдүүдэд харгис. Дээр нь үндсэн хичээлээ заахгүй хүүхдэд шашин сурталддаг багш нар ч байна. Нэг жаалхүү “Манай түүхийн багш буруу номтон юм байна лээ” гэж ярьж байхыг сонслоо. Учрыг асуутал хичээлээ зааж байгаад болж л өгвөл Ертөнцийн эзэн энэ бүхнийг бүтээсэн гээд яриад эхэлдэг гэж байна лээ. Нэг ёсондоо хүүхдийн тархийг мухар сүсгээр угаагаад сууж байдаг багш хүн байдаг юм байна. Тэр ч бүү хэл боловсролын салбарт ажилладаг мүүний шашинтнуудын талаар манайхан чамгүй сонссон шүү дээ. Эцэг, эх нь багш нарын болохгүй, бүтэхгүй байгааг хэлбэл хүүхдийнх нь дүнд нөлөөлчихнө гээд тэр бүр хэлдэггүй. Хаа нэг хэлсэн нь үнэхээр ч тэгж хохирдог юм чинь. Хүүхдээ бодоод ихэнх нь дуугүй өнгөрдөг. И.Жаргалсайхан хүү шиг олон хүүхдүүд шугамдуулж үзсэн. Багшийн зодуурын амтыг, элдэв доромжлолыг олон хүүхэд, эцэг, эх тэвчээд өнгөрдөг. Сурагчдынхаа нүдэн дээр архи ууж, тэднийг архи авч ир гэж дэлгүүр гүйлгэдэг багш нар ч байна. Байнга элдэв арга саам хэрэглэж мөнгө нэхнэ. Үүнийг бид хаа нэг шүүмжлэхээс хэтрэхгүй эвлэрсээр өнөөдрийг хүрсэн.

Цэцэрлэг, бага ангийн хүүхдүүдэд зориулсан үлгэрийн ном нь аллага хядлага, хүчирхийлэлтэй. Сурах бичиг нь тэр чигээрээ үсгийн алдаатай. Утга, агуулга нь ойлгохын эцэсгүй. Боловсролын яам нь дунд сургуульд хүүхдийн хүмүүжил төлөвшилд хамгийн их нөлөөлдөг уран зохиолын хичээлийг үндсэн хичээлээс хасч, сонгон суралцах хичээлд оруулчихна. Тийм болохоор дээд сургуулийн дипломтой хэрнээ сурах бичгээсээ өөр ном уншиж үзээгүй хүн ажлын талбарт орж ирж байна. Тавдугаар анги хүртэл нь гадаад хэл заахгүй гэсэн атлаа бүгдийг хуучин монгол бичгээр бичихийг хуульчилдаг, хууль боловсруулагчидтай. Монголд ингэж ухралт хийж байх зуур Казахстаны Ерөнхийлөгч бүх хичээлээ англи хэл дээр явуулахыг үүрэгдсэн шүү дээ.

Ийм төртэй, ийм яамтай, ийм сурган хүмүүжүүлэгчтэй салбарыг тийм газар сурч байгаа И.Жаргалсайхан шүүмжлэхгүй яахав дээ. Үр хүүхэдтэй эцэг, эх болгон боломж олдвол гадаадад хүүхдээ сургахыг хичээх болж. Монголын сургууль чанартай бол юу гэж ингэхэв. Нэгэнт гадаадад боловсрол эзэмшсэн бол Монголд суралцахыг юу гэж хүсэх билээ дээ.

Өмнөх сайд нь арай гэж Кембрижийн боловсролын системийг Монголд нутагшуулах гэж мэрийхээр дараагийнх нь гарч ирээд үгүйсгээд байдаг залгамж халаагүй, бодлогогүй төрийг яах билээ. Боловсролын сайд нь хэдэн жилийн өмнө аймгийн Засаг дарга байхдаа яаж хөглөж байсныг манай нийтлэлч өмнө нь бичиж байсан даа. Аймгийн төвөөсөө хориод км-ийн цаана төрийн албан хаагчдын тайллага, тахилга гээчийг хийж, хүмүүсийг хорин кг ноос, зуун мянган төгрөгтэй ирэхийг үүрэгдээд аймгийн төвийн дарга цэрэг, ямбатан тушаалтан бүгдийг ирүүлж өнөөх аваачсан ноосыг нь шатааж тэрэн дээгүүрээ харайлгаж жигтэй юм болсон гэдэг. Энэ зохион байгуулсан хачирхмаар арга хэмжээндээ өөрөө хаан шиг хувцаслаж очоод удирдсан гэх юм билээ. Ийм хүн боловсролын салбар удирдаад бөөгийн зан үйл, мухар сүсэгт итгээд, энэнийхээ хүчинд сайд болсон гэж бодоод сууж байхад энэ салбараас шинжлэх ухаан талын юм гарах уу.

Энэ бүхнийг хүсээгүй монгол хүүг элдвээр хэлээд яах юм. Ирээдүй хойч үед маань эх орон нь гологдож эхэлсэн байна шүү дээ. Хүн гэдэг сайн сайханд тэмүүлдэг. Сайхан амьдрахыг л хүсдэг. Тэр хүү сайхан газар амьдарч, сайн сургуульд сурахыг хүсч. Монголын боловсролын салбарын үнэн нүүр царайг илчилж. Монголын төр улс орноо ямар байдалтай байлгаж байгааг л харуулж байна. Шударга бустай эвлэрч эх оронч нэр зүүгээд тэр хүү яах ч билээ. Дампуу боловсролын системтэй атлаа 50, 60, 90 сая хүн амтай улс оронд байдгаас хэд дахин олон их, дээд сургуультай. Боловсролыг хэрхэн бизнес болгосон нь эндээс харагдана. 190 гаруй их, дээд сургууль нь баахан чанаргүй төгсөгчид үйлдвэрлэнэ. Мэргэжлээрээ ажиллаж байгаа нь хуруу дарам цөөн. Иймээс боловсролын системээ тэр чигээр нь өөрчлөх цаг болсон. Финляндад гэхэд сайн сурагч гэсэн ойлголт байдаггүй. Сурагч бүр онцгой, эцэг, эх бүр ижилхэн. Сонгоны анги гэж тэнд байхгүй. Аль нэг чухал хичээл гэж байхгүй. Бүх хичээл чухал. Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд нь бусадтайгаа хамт сурдаг. Багш болгон адилхан. Багш нарыг хэн нэгэнд илүү хандахыг аль нэгэн ангид өөриймсөг хандахыг хориглодог. Тэд сурагчдад эрх, үүргийг нь сайтар ойлгуулж, хүн болохыг эхлээд заадаг. Эрх нь зөрчигдвөл хэнд хандахыг сургадаг. Хүүхдийг гутааж, доромжлохыг хориглодог бөгөөд багш нар нь хөдөлмөрийн гэрээгээ ганц жилээр хийж, жил жилээр сунгадаг. Гэрээгээ сунгахын тулд багш нар алдаа гаргахгүй байхыг хичээнэ.

Манайд нам солигдохоор сургуулийн захирал багш нар нь солигдоно. Ирээдүйн хүүхдүүдийн төлөө ажиллаж чадах боловсролтой, чадалтай хүн гэхээсээ аль намыг дэмждэг, хэний хамаатан бэ гэдгээр үнэлж дүгнэж, ажил олгодог. Засаг солигдохоор сургуулийн захирал бас солигддог. Боловсролын систем нь зөв байх нь улс орон зөв хөгжихийн эхлэл. Хуучин ЗХУ-ын боловсролын системээр л Монгол Улс өнөөдрийг хүртэл явсаар ирлээ. Дэлхийгээс олон алхамаар ард хоцорлоо. Японы дунд сургуулиуд долдугаар ангиас л шалгалт авч эхэлдэг бөгөөд муу сурдаг сурагч гэж бараг байдаггүй. Цэцэрлэг, бага ангид нь тэднийг хүн болоход сургаж байна. Дунд ангид орохдоо тэд хэнээр ч хэлүүлэлтгүй хичээлдээ шамдахын чухлыг ойлгочихсон байдаг. Монголын боловсролын систем дампуу тиймдээ ч 122 орноос 115-д бичигдэж байгаа юм. Өөрөөсөө том цүнх үүрч, насандаа томдсон хариуцлага үүрсэн хэрнээ өдөр шөнөгүй багшийн дарамт, шалгалтаар нүдүүлж, доромжлол, зодуурыг тэвчин өсч буй ирээдүй үеийн олон, олон Жагаа хүү эх орноо голсоор л байх болно шүү.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Сайхаан сайхан

Алтан унжлагат хэмээх гал тахиа жил өнгөтэй өөдтэй, сайхан эхэлж байна. Цаг наашилж байгааг мэдрүүлж шинийн өдрүүдэд налгар сайхан. Хүн бүрийн нүдэнд цог гэрэлтэн, жаргалтай инээмсэглэж, билэгтэй сайхан үгийг хэлэлцэнэ. Энэ өдрүүдэд амнаасаа муу үг унагах хүн нэгээхэн ч алга. Сошиалаар улстөржиж, шүүмжилж суудаг нөхөд ч дээл хувцас гоёл чимгээ зүүсэн зургаа тавьжээ. Амнаас нь гоё сайхан үгс гардаг юм байна шүү. Дандаа ийм байгаасай. Хамаг л билгэ дэмбэрэлтэй сайхан үгс урсч байна. Бусад өдрүүдэд залуус ихэвчлэн Юу байна, юмгүй дээ гэж мэндэлж байгаа харагддаг. Цагаан сарын энэ өдрүүдэд мэнд мэдэн мэндлэх нь хүртэл сайхан. Ах дүү хамаатан садан өнөр өтгөн болж байгаа гэж жигтэйхэн. Жилээс жилд Монголын үрс маш олон болж байгааг өөрийн хамаатан саднаасаа л мэдчихэж болж байна. Жилээс жилд хамаатан маань улам олон болох чинь монголчууд бид улам олж байгаагийн л хэрэг шүү дээ.

Цагаан сар улам л утга төгөлдөр болоод байх шиг. Үндэсний хувцас гоёл чимэг бол ёстой л нүд хужирлам загварлаг болж. Залуус охид хөвгүүд хичнээн өнгөлөг, жавхаалаг харагдана вэ. Мөн согтуу хүн нэгийг ч харсангүй. Ширээ дүүрэн үнэтэй архи өрдөг бсан айлд зочиллоо. Нэг ч шил архи харагдсангүй. Гэрийн эзэн зочид архи уухгүй болохоор энэ жилээс ширээн дээрээсээ архийг халлаа гэж байна. Хамаатан садан зочдоо архиар шахахаа ч байж, зочид ч архи уухаа байж, сайхаан сайхан.

Бас нэг зүйлс анзаарлаа. Айл бүрийн уламжлалт зүйлс өрөөтэй байна. Ууц, өвчүү, тавгийн идээ бууз гээд л. Харин ширээн дээр жил ирэх бүр салатны нэр төрөл олширч байна. Зочид жимс ногоог эрүүл мэндэд тустай гэж илүү хэрэглэх болж. Цаг үеэ дагаж, ширээн дээрх хүнс ч бас эрүүл болоод байна шүү.

Хэдийгээр хойшоо чиглэсэн замын урсгал цагаан сарын өдрүүдэд их болж, ялангуяа гэр хорооллын зам их түгжээтэй болдог. Гэвч зам тэр чигтээ түгжирчихгүй юм. Удаан ч гэсэн явсаар зорьсон айл, ахмад настандаа очоод золгочихож бна, өнөө хэдэн замын цагдаа нарын минь ач шүү дээ, тэд маань замын хөдөлгөөнөө зохицуулж байгаагийн л хэрэг гарч байна. Тэдний ажлын үр дүн бидэнд хичнээн сайн үр дүн хүргэдгийг бид тэр бүр анзаардаггүй. Харин хотын төвийн зам бол сэлүүхэн байна лээ. Ингэхэд замын цагдаа нартаа баярлалаа. Жил бүр, баяр болгоноор хүн ардынхаа төлөө ажиллаж, халуунд халж, хүйтэнд хөрч, өөрсдөө ч баярлаж чаддаггүй юм билээ шүү, тэд маань. Телевизээр замын цагдаа залуу ярьж байна лээ. 18 жил аав, ээждээ шинийн нэгэнд очиж золгоогүй ээ гэж. Шинийн гурвандаа багтаад очоод золгоно доо л гэж байсан. Тэд ингэж л цаг, завгүй ажиллаж байна.

Энэ цагаан сараар бас нэг шинэлэг зүйл нэвтэрчээ. Зав чөлөө багатай амьдралын урсгалд тэр бүр уулзаж, хэдэн үгс сольж суух нь цөөрсөн энэ үед Цагаан сарын баяр л биднийг уулзуулж, ах дүүтэйгээ хуучилж суух боломж өгдөг шүү дээ. Тийм болохоор чамгүй олон айл хэсч, ах дүү хамаатан садантайгаа уулзалдана. Мэдээж ах дүүгийнхээ бэлтгэсэн, идээ ундаа, бууз шүүснээс амсахгүй байж болохгүй. Ингээд энгийн өдрүүдийг бодвол нэлээдгүй жин нэмдэг. Харин баярлууштай нь баярын энэ өдрүүдэд дасгалын газрууд ажиллаж байна. Үйлчлүүлэгч дүүрэн байна. Эрүүл мэндээ боддог болжээ, манайхан. Бас үүнийг нь соргог мэдэрч баярын өдрүүд гэлтгүй хаалгаа нээлттэй, ажиллуулж байгаа тэр байгууллага, хамт олонд баярлалаа. Жирийн өдрүүдээс олон үйлчлүүлэгчтэй байна гэсэн шүү. Болж л байна. Бизнесээ бодсон ч, хүмүүсийн эрүүл мэндийг бодсон ч тэр нь зөв. Энэ өдрүүдэд хүн ардынхаа эрүүл энхийн манаанд цаг наргүй ажиллаж байгаа эмч, сувилагч асрагч нарт, амгалан тайван байдлыг минь хангаж ажиллаж байгаа цагдаа, онцгойгийнхонд баярлалаа. Ямар ч үед мэдээлэх үүргээ марталгүй ажиллаж байгаа хэвлэл мэдээллийнхэн маань бас л завгүй байдаг юм. Хаа очиж цагаан сарын өдрүүдэд гэмт хэрэг зөрчил бага гардаг юм шүү. Бүгд л сайныг хэлэлцэн, сайхныг билгэдэх цагаан сарын баяр сайхаан сайхан. Алтан унжлагат тахиа жил бидэнд ээл ивээлээ өгнөө. Амны билгээс ашдын билэг гэдэг шүү дээ. Эдийн засаг ч сэргэх сайхан мэдээллүүд бичин жилийн сүүлээр сонсогдоод эхэлсэн. Цаг наашилж байна. Амьдрал үргэлжилж байна. Бүх зүйл сайхан болно. Бэрхшээл тулгарсан ч түүнийг даван туулж чаддаг ард түмэн шүү дээ бид. Сайхаан сайхан, амьдрах сайхан. Амьдрал өөрөө сайхан.

Categories
мэдээ цаг-үе

Түвдэнгийн Борыг нөхдийнх нь хамт хорооход нэг нь амьд үлдсэн байдаг

“Түвдэнгийн Бор баатар маань зөвдсөн үү, буруутсан уу” нийтлэл “Өдрийн сонин”-д гарсныг уншаад Н.Банди гуай бидэнд хандсан юм. Тэр үеийн үйл явдлын гэрч болох хүмүүстэй уулзаж явсны хувьд Улсын баатар Т.Борын талаар сонсч дуулснаа Н.Банди гуай бидэнтэй хуваалцлаа. Хустайн цогцолборт газар төвийн захирал байсан түүнтэй ярилцсанаа хүргэе.


-Та Т.Борын тухай юу ярих гээд биднийг зориод ирэв ээ?
-Би Өмнөговийн Ханбогд гээд Цогтцэций сумын залгаа сумын хүн л дээ. Цэрэгт байхдаа Түвдэнгийн Борыг хорооход оролцсон хүнтэй уулзаж явсан юм. Тэгээд л танай сонинд Түвдэнгийн Борын тухай нийтлэл гарахаар олзуурхаад хүрээд ирлээ.
-Тэр хүмүүс нь одоо байдаг уу?
-Байхгүй болсоон. Т.Борын амь үрэгдсэн талаар барин тавим мэдэх хүмүүстэй тавь гаруй жилийн өмнө уулзаж, асууж, шалгааж явсан болохоор чиний бичсэнийг би сониноос уншаад энэ талаар хүмүүст ойлгуулах нь зөв болов уу гэж бодоод хүрээд ирлээ. Би 1960-аад оны сүүлээр Өмнөговь аймгийн Цогтцэций суманд цэргийн алба хааж байхдаа Т.Бор болон түүний нөхдийг егүүтгэхэд оролцсон нэгэнтэй уулзаж, чухам юу болсныг яриулсан юм. Тэр хүнийг Пагамын Гөлөгөө гэдэг байсан. Намайг уулзах үед тэр хүн Цогтцэций сумын Билгэх бригадад хоньчин байсан. Гөлөгөө гэдэг хүн Түвдэнгийн Борыг алахад оролцсон Лувсандорж гэдэг хүний төрсөн дүү.
-Тэр хүн энэ тухайгаа танд бүгдийг ярьсан хэрэг үү?
-Тэгсэн юм аа. 1932 оны хавар тэднийх Заарагийн уснаас баруун өмнө гурван гэрээр хаваржиж байжээ. Тэгэхэд Гөлөгөө хэдий 22 нас хүрсэн том эр ч гэрийнхнийхээ үгнээс гардаггүй, адуунаасаа унаагаа солиод уначих мэдэлгүй, бүрэг ноомой нэгэн байж. Тэр нэг өдөр Гөлөгөө хоньтойгоо хамт хээлтэй үнээгээ хариулаад гэрээсээ холгүйхэн явж байтал хургалсан хоньд нь төлдөө тэмүүлж, гэр рүүгээ явах гээд нар баруунаа ташсан ч хонио хотлуулах болоогүй болохоор хониныхоо өмнө гарч арайхийн тогтоож байтал тэднийхээс нэг бараан морьтой хүн Заарагийн усыг чиглэн хар хурдаараа давхиж, хойноос нь хоёр гурван морьтой хүн хар хурдаараа элдэж харагдсан гэдэг. Түрүүчийн хүн Заарагийн усны хонхор руу далдарч, түр азнаснаа хэдүүл болон гарч ирэн араас нь хөөж яваа улсуудыг тосч очсон гэдэг. Тэр бүхнийг харж зогссон Гөлөгөө захалсан хонинуудаа эргүүлчихээд довон дээр гарч хартал нөгөө хүмүүс бүгд мориноосоо буучихсан харагдаж. Тэднээс нэг хүн мориндоо мордон Гөлөгөө рүү ирсэн нь түүний ах Лувсандорж байсан юм билээ.
-Та тэртээ тавиад жилийн өмнө сонссон зүйлсийг яасан тод санаж байх юм.
-Өө, элдэвт дуртай хүн шүү дээ. Би ер нь бага залуудаа сэтгүүлч болох хүсэлтэй байсан юм. Сонин содон түүх, адармаатай сонирхолтой зүйлийг их сонирхож, хүн хартай уулзан, бичиж тэмдэглэж явдаг. Тэгээд ч тэр яриа миний сонирхлыг ихэд татсан болохоор санаанаас огт гардаггүй юм. Мөн Гөлөгөөгийн хувьд ч тэр хэзээ ч санаанаас нь гараагүй үйл явдал болохоор та нарын хэлдгээр надад өнгөтөөр нь ярьж өгсөн хэрэг шүү дээ.
-За хоёул түрүүчийн яриа руу оръё. Ах нь ирээд юу болсон бэ?
-Ах нь Гөлөгөөд “Чи наад хонь, үхрээ орхи. Өөрсдөө гаднаа очно биз. Чи надтай хамт яв” гэж хэлж. Өнөөх залуу яахав дээ. Ахынхаа үгнээс зөрөх биш, араас нь давхиж. Нөгөө хүмүүс ч тэр хоёртой зэрэг шахуу тэдний гэрийн гадаа ирэв. Очиход нь хэсэг хүн хүлээстэй байсны дотор цэнхэр дээлтэй, дунд зэргийн нуруутай, хорь орчим насны шавилхан бүсгүй байж. Гэрээс хоёр хүн гарч ирснийг тэд хамжин барьж хүлжээ. Гэрт ортол Гөлөгөөгийн таних, тэдний нутгийн ногооны Сандаг, бартаг Лут, их толгой Лувсандорж гурав хүлээтэй байсныг суллажээ. Ингээд нар жаргахаас өмнө тэд Лүнгийн хийд рүү явсан байгаа юм. Ах нь мөн л дүүгээ хамт яв гэж. Шөнө Лүнгийн хийд дээр очиж, хүлээтэй хүмүүс буюу Түвдэнгийн Бор тэргүүтэй хүмүүсийг нэг муу шавар тагзанд хорьж л дээ. Гөлөгөө юу болж байгааг нарийн ойлгоогүй гэсэн. Ахаасаа асуухаас айж чимээгүй л дагаад явж. Энэ хүмүүсийг яагаад хүлж байгаа юм бол гэж бодон жасын гэрт орж унтахаар хэвттэл Сэрээ тайжийн жонгиносон дуу хадаж, хэн нэгнийг зодож занчиж байгаа чимээ гарч. Өдөр нь Сэрээ тайж өнөөх цэнхэр дээлтэй бүсгүйг “Улааны муу өлөгчин чи хаачиж яваа вэ. Биднийг барих гэж яваа юу. Аз чинь дутаж дээ. Хойд насандаа бариарай гэж хорсон хэлэхэд бүсгүй “Тийм ээ, бид эсэргүү та нарыг барих гэж явсан” гэж хачин тайвнаар хэлж байсан аж. Гөлөгөө тэр үед Сэрээ тайжийг яагаад эсэргүү гэж байгаа юм бол. Энэ танихгүй хүмүүс юун хүмүүс юм бол гэж гайхширсаар нам унтчихсан гэдэг. Өглөө ах нь сэрээгээд “Морьд бариад ир” гэж. Холдоогүй хоносон чөдөртэй морьдоо бариад ирэхэд нь өнөөх хүлээстэй хүмүүсийг шавар тагзнаас гаргаж байжээ. Үдэш таван хүн байсан өглөө зургаан хүн болчихож. Бүгдийнх нь нүүр ам булуу болтол хавдаж, цус нөж наалдаад хатчихсан байв. Өнөө хэдийг зайдан моринд мордуулж, хөлийг нь доогуур нь холбон уяж, хүлээг нь тайлаад дээлийнх нь ханцуйгаар унийн мод оруулан тэлж, цааш авч яван Тугийн цохионы зүүхэн талын жалганд ирж, мориноосоо бууцгаан, нөгөө авч явсан хүмүүсээ мориноос буулган, дахин хүлж, чирч гулдран аваад явав.
-Өнөөх Т.Бор нарын хэдэн залуусыг тэр цохион дээрээс түлхэж алсан гэдэг байх аа…
-Аан тийм, тэр цохио мөн, мөн. Сэрээ тайж Гөлөгөөг “Морьд харж бай” гэж. Нэлээд удаж байтал буун дуу гарсан гэдэг.
-Нөгөө хэдийг буудчихсан хэрэг үү?
-Гөлөгөөгийн ярьснаар эсэргүү гэгдэх өөрийнх нь ах болон хамт явсан хүмүүс буцаж ирэхэд хүлээстэй байсан хэдэн нөхдөөс хэн ч байгаагүй гэдэг. Их толгой Лувсандорж нь “Яасан адтай өлөгчин бэ” гэсээр ирэхэд нь Сэрээ тайж “Тэр сүрхий залуучуудын эвлэл гэдэг нь одоо үхсэн хүүрийг нь босгоод ирэхийг харах юмсан” гэж ярилцаж байсан гэх юм билээ. Ингээд Гөлөгөө гэртээ ирэхэд гэрт байсан эмэгтэйчүүд “Юу болов“ гэлцэн асуухад “Бүгдийг нь алчих шиг боллоо” гэж л дээ. Хүүхнүүд “Бурхан гончигсум минь” гэлцээд зул өргөн залбирцгааж.
-Танд ярьсан тэр Гөлөгөө гэдэг хүн жаахан давс хужир нэмж ярьсан юм биш биз дээ. Яг л кино шиг яриад байх чинь….
-Би чамд ярьсныг нь л дамжуулж байгаа. Тэр үед тийм л юм болж.
-За тэгээд цааш нь юу болсон юм?
-Хэд хоногийн дараа ах Лувсандорж нь давхиж ирээд “Одоо хоёулаа явахгүй бол болохгүй. Хонь малаа орхи” гээд ойрхон байсан адуунаасаа урьд нь огт унуулдаггүй хоёр сайхан морь барьж өгчээ. Хаашаа явж байгааг ч мэдэлгүй ахыгаа дагаад Гөлөгөө явж. Замд нь тэдэнтэй ногооны Сандаг, үеийнх нь залуу Гомбодорж хоёр нийлжээ. Тэд өдөр нь ууланд бүгж, шөнөөр явдаг байв. Гөлөгөө бол эхэндээ хаашаа явааг ч мэдээгүй гэдэг. Гэтэл хил давахаар явж байж л дээ. Үүнийг мэдээд нөгөө Гомбодорж хэмээх үеийн залуутайгаа ярилцан “Хоёул сэмхэн буцъя” гэлцэн зугтах гэж яваад нөгөө хэддээ буцаад баригдчихаж. Ингээд гурав дахь хоногтоо тэд хил давсан байдаг. Хоёр залууг зугтаж магадгүй гээд морийг нь цулбуурдан хөтөлж хил гарсан гэдэг.
-Тэр үед зарим айл хил давчихсан л байсан байлгүй дээ. Эсэргүү гэгдээд нутаг хошуугаа орхиж их олон өрх айл нүүсэн гэдэг биз дээ.
-Хилийн цаана ар Монголоос баян голдуу айл нүүж гарсан байсан хэрэг. Тэгээд өнөөх Гөлөгөө маань Содномынх гэдэг баян айлын тэмээ хариулж, гэдэс тэжээх болсон юм билээ. Хүн алсан хэргээр баригдана гэж л ах нь болон нөгөө хүмүүс тэгэж дайжиж явсан хэрэг л дээ. Хил давж ирсэн улсын зарим нь өдөр шөнөгүй архидаж, даалуудан, хамаг хөрөнгө мөнгөө мөрийтэй тоглоомд өгч, зарим нь буцаж хил даван хулай дээрэм хийдэг нь ч байж.
-Өнөөх хамт хил гарсан Гөлөгөөгийн ах Лувсандорж, бусад хүмүүс хаачсан юм бол?
-Хил даваад амьдрах гэж янз янз болцгоосон биз. Сүүлд ахыгаа нас барсан л гэж дуулсан юм билээ. Ингэж зүдэрч явахдаа гэр орноо их санаж, нутгийн зүг харахаар буцаад явмаар санагддаг байсан гэж Гөлөгөө хэлж байсан. Нөгөө айлд хэсэг зарагдаад унаж очсон морьд нь ч үхэж, Содном гэдэг айл ажлын хөлсөнд нэг үрээ өгсөн нь ч бас үхэж. Сүүлд нь хүнээс хавх гуйж, үхсэн малын сэг дээр зүүж, үнэг авлаж, түүгээрээ ганц дээлийн даалимба худалдаж аваад түүнийгээ бааданд бүсэлчихээд явж байхад гэр оронтой болсон юм шиг сайхан санагдаж билээ гэж Гөлөгөө надад дурсаж байсан. Тэгээд бага сага наймаа хийдэг болж, азаар баян Хорол гэдэг хүний охин Дэмбэрэлтэй дотносон, ханилсан юм билээ.
-Тантай уулзсаныг бодоход нутагтаа буцаж иржээ дээ..
-1945 онд Монгол-Зөвлөлтийн цэрэг Хятадыг чөлөөлж, элгээ бэтгэртэл санаж явсан нутаг руугаа очих боломж олдсон юм билээ. Гэхдээ төрсөн нутагтаа шууд очвол баригдаж магадгүй гээд Дорноговь аймгийн нутгаар хил даван Монголдоо ирж, Хатанбулаг суманд хэсэг амьдарсан юм билээ. 1953 оны тавдугаар сарын нэгэнд хоёр буутай хүн ирж баривчлаад аваад явж. Тэгээд өнөөх хэргийн учир хорин жил хоригдох ял сонсчээ. Гэвч таван жил хоригдож, таван жилийн ажлын хоног авч, 1958 онд суллагдсан юм билээ. Гөлөгөө хэлэхдээ “Миний дүйнгэ маанагаас тэр хүмүүсийн амь үрэгдсэн. Тэр шөнө би мордож давхиад Шанхайн цэргийн ангид хэл хүргэсэн бол тэд амь аврагдах л байсан байх. Надад тийм ухаан төрөөгүй. Тэр бүү хэл юу болж байгааг ухаарах сөхөө ч байгаагүй” гэж ярьсан.
-За их сонин түүх байна. Харин танд Т.Борын тухай өөр сонссон зүйл хэр байна. Түвдэнгийн Бор үнэхээр түүхэнд байдаг шиг алдартай, гавьяатай хүн мөн үү. Эсвэл цаг үеийн шаардлагаар ухуулга хийж яваад, золгүй үхлээр хорвоог орхисон нь түүнийг баатар болгочихов уу?
-Түвдэнгийн Бор 1932 онд 19 настай байсан юм. Би Борыг тийм гавьяатай хүн гэж хэлж мэдэхгүй. Ямар ч байсан хил давуулаад айл нүүлгэхийн эсрэг ухуулга хийж явсан хүн юм билээ. Тэр үед 19 настай эмэгтэй Эвлэлийн үүрийн дарга болно гэдэг нэлээд сэргэлэн, галтай цогтой хүн байсан байж таарна. Эндээс эргүүлээд бодоход тэр амь гуйж байгаагүй. “Залуучуудын эвлэл мандтугай” ч юм уу нэг тийм юм хэлсэн шиг байгаа юм.
-Үзэл сурталд хэт автчихсан, жаахан бүсгүй л байсан юм биш үү. Эх орныхоо төлөө ямар баатарлаг гавьяа байгуулсан юм бол. Харин ч тэр ухуулганд оролгүй хил давж чадсан хүмүүс нь амьд мэнд үлдсэн нь одоо харахад зол юм шиг. Хэрэв Т.Бор нар шиг хүмүүс ухуулж сэнхрүүлэн хил давж явахыг нь хориглоогүй бол илүү олон хүн амьд мэнд үлдэх ч байсан юм бил үү?
-Би тэрийг дүгнэж цэгнээд яахав. Т.Борын үхлийн тухай би нэлээд зүйл бас сонссон. Цогтцэций сумын Их Шанхай нэгдлийн дарга байсан Д.Норовдорж (Нутгийнхан нь Момоо гэж авгайлдаг) гуай Т.Борын алагдсан талаар надад нэлээд зүйл ярьсан. Т.Борд Улсын баатар цол нэхэн олгох үед Өмнөговь аймгийн ХЗЭ-ийн хорооноос олон арга хэмжээ зохион байгуулахдаа Т.Бортой хамт эсэргүү нарт баригдсан ч азаар амьд гарсан Сайнбаяр гэдэг хүнийг Дундговь аймгийн Өлзийт сумаас урьж ирүүлэн, тэр аллага болсон Тугийн цохион дээр аваачиж яриулсан юм билээ. Сайнбаярын ярьсныг Норовдорж гуай надад ярьж өгсөн юм. Архангай, Хөвсгөл аймагт “Хувьсгалын эсэргүү хөдөлгөөн” ид өрнөж байх үед Өмнөговь аймагт бас үймээн самуун дэгдэж, Дэл хөнжил уулаар нутагтай Дэлэгсамба гэгч хамсаатнуудынхаа хамтаар Монголд шинээр тогтсон ардын засгийг эсэргүүцэн айлуудыг хил давуулах гэж бужигнуулж өгч дээ. Зарим айл нь ч бас нүүж суух дургүй байсан л гэсэн. Тэр үед аймаг, сумын албаны хүмүүс айл хэсч ард иргэдэд ухуулан сэнхрүүлж, нүүж болохгүй гэж явж. Т.Бор ч бас тэгж үүрэг аван ухуулга хийж явж л дээ. Тэгж явахдаа л эсэргүү нарын хамсаатан гэх үү, эсэргүү гэх үү өнөөх ногоон Сандаг, бартаг Лут, нарыг бариад Гөлөгөөгийн ах Лувсандоржийг барихаар очиход цаадах нь морьтой зугтаж. Хувьсгалт залуучуудын эвлэлийн залуусын хоёр нь барьсан улсаа харж үлдээд гурав нь Лувсандоржийн араас явж л дээ. Лувсандорж зугтаж явахдаа Заарагийн усан дээр байсан Сэрээ тайж нарын хүмүүст хэл хүргэж, тэд Гөлөгөөгийн дээр өгүүлснээр араас нь хөөж явсан гурвыг тосч очин барьж, гэртээ ирж, тэнд үлдсэн хоёрыг бас барьж, өөрийнхөө гурван хүнийг сулласан юм байна. Сайнбаярын ярьснаар тэд тавуул эсэргүү нарт баригдсан ч Лүнгийн хийд дээр хоносон шөнө сумын дарга Мөнхөөг нэмж барьж иржээ. Гөлөгөөгийн хэлснээр өглөө нэг хүн нэмэгдчихсэн байсан гэдэг нь тэр юм.
-Бусад үйл явдлыг та түрүүнд ярьчихсан болохоор Тугийн цохион дээр юу болсон нь сонин байна л даа.
-Өглөө нь тэднийг Тугийн цохион дээр авчраад цохионы өврийн том чулуун дээр сумын дарга Мөнхөөг хонь мэт өрлөн алж, бусдыг нь овооны орой руу чирч гулдран гарчээ. Тугийн цохио нь араасаа налуу, өвөр энгэр нь эгц цавчим, 5-6 метр өндөр цохио.
-Киноноос харахад айхтар өндөр цохио хаднаас л уначихдаг биз дээ…
-Орой дээрээс нь хүнийг түлхчихэд бэртэж гэмтэнэ үү гэхээс үхэж үрэгдэхээр өндөр халил биш. Эсэргүүнүүд ганц цахиур буутай, тэр нь ганцхан пан гээд л дуусаа. Дахиж цэнэглэх зав ч байгаагүй юм байлгүй, хүлээстэй хүмүүсийг нэг нэгээр нь цохион дээр дамжилж аваачин, толгойгоор нь хад саваад доош хаяж байжээ. Сайнбаярын хар багаасаа өвөр түрийдээ орж тоглож өссөн Ёндон гэгч тэдгээр эсэргүүнүүдийн нэг байж. Ёндон тэр үед харуул хийж ойролцоох толгой дээр сууж байж. Хүмүүсийг алсны дараа Сайнбаярыг хамгийн сүүлд үлдээн өнөөх найз нөхөр явсан Ёндонгоос “Энийг алах уу, яах уу” гэж асуухад “Ал, ал” гэж хашгирч. Тэгээд нэгнийх нь найз учраас тарчлаахгүй алах гээд дээлийг нь толгой дээгүүр нь нөмөргөн цааш харуулан суулгаж байгаад цахиур буугаараа бууджээ. Сайнбаяр түрүүлгээ харан унасан ч толгой нь дээлээр тунтраастай, ухаан алдаагүй байж. Нөгөө эсэргүү гэгдэх хүмүүсийн нэг нь ирж, үхсэн эсэхийг шалгаж байгаа бололтой хөл рүү нь өшиглөж үзсэнээ “Энэнээс авах юм юу байдаг билээ” гэж асуухад нөгөө нь “Гаансыг нь ав” гэж. Гутлын түрийнээс нь гаансыг нь аваад тэд явцгаажээ. Буцаад ирж магадгүй гээд Сайнбаяр хөдөлгөөнгүй удаан хэвтэж. Босоод хартал эргэн тойронд хэн ч байхгүй болохоор нь уулнаас бууж, хөндий уруудан сажилжээ. Сум хөндий цээжээр нь нэвт гарч цус их алдсан тул тамир тасарч явж чадахаа болиод сүүлдээ мөлхжээ. Хэсэг хэвтээд өндийж хартал ойролцоо тэмээтэй хүн явах нь харагдаж. Хамаг чадлаараа хашгирч, даллатал хүрээд иржээ. Нэлээд настай хөгшин хүн байж. Сайнбаяр ч чадахаараа л тайлбарласан юм байх. Хөгшин ойртсон ч үгүй, дуугарсан ч үгүй, хэсэг харж байснаа яваад өгч гэнэ. Гэтэл төд удалгүй өнөөх хөгшин буцаж ирэхдээ нэг домботой юм, модон тагштай үлдээгээд явжээ. Хамаг чадлаа шавхан өнөөх домбонд мөлхөн хүртэл ингэний шар тос самарсан, шар будаатай цай байж. Түүнийг ууж тэнхэл ороод босч сажилсаар айлын бараа харж амь аврагдсан юм билээ. Сайнбаярын сүүлд ярьснаар Т.Бор тэр хоёр хайр сэтгэлийн холбоотой, ханилж суухаар ярилцсан байжээ. Сумын захиргаанаас үүрэг аваад хөдөө явчихаар санаа нь зовоод очиж, хамт явж байгаад баригдсан нь тэр.
-Тэдгээр хүмүүсийг алсан зарим нь хил гарч, бусад нь баригдсан уу. Тэр тухай та юм сонсч байв уу?
-Би Цогтцэцийд цэргийн алба хааж байхдаа Лүнгийн хийдэд шавилан сууж байсан бас нэг хүнтэй уулзаж байсан юм. Одоо нэрийг нь мартжээ. Тэр хүн тэгэхэд арваад насны л хүүхэд байсан гэсэн. Аллагын урьд өдөр Т.Бор өөр нэг хүний хамт Лүнгийн хийд дээр ирж, тэднийд унд цай ууж, явахдаа Заарагийн ус орно гээд явсан байдаг. Хэдийд, хаана тэр эсэргүүнүүдийг бариад Жигмэд тойны Лувсандоржийнд очсон юм бол, мэдэхгүй. Эсэргүүнүүд тэднийг Лүнгийн хийд дээр авчирч хонодгийн маргааш өглөө айгаад хөдөө гэр рүүгээ явган гүйчихсэн, дахиж хийд рүүгээ очоогүй гэж ярьж байсан. Харин намайг Цогтцэцийд байхад мөнөөх үст Ёндон сумын төвд амьдарч байсан юмдаг. Гэвч нутгийн хүмүүс түүнийг тэр үеийн тухай огт ам ангайдаггүй, маш зожиг, түгжигдмэл хүн гэцгээдэг тул би түүнтэй уулзаагүй юм.
-Та энэ бүх түүхийг сонссон хүн. Борыг баатар байх ёстой хүн гэж бодож байна уу?
-Би бодсон л доо. Баатар гэж хэнийг хэлэх вэ гэж. Хамгийн аймшигтай юм бол үхэл. Тэгээд үхлээс айдаггүй хүнийг л баатар гэдэг юм бол энэ хүн баатар хүн. Бас үхлээс айхгүйдээ хүн ардад хэрэгтэй юм хийж явсан. Тэр ухуулга хийгээд үлдээсэн хэсэг улс байж л таарна. Гэхдээ буруудсан гэх нь хаашаа юм. Хил гарсан олон хүн нь буцаж ирсэн. Төрсөн нутаг үнэ цэнэтэй шүү дээ. Энэ хэрэг 80 гаруй жилийн өмнө болсон байна. Би одоо ийм, тийм гэж хэлэх зүйл алга. Ямар ч байсан л Бор гэдэг хүн үхлээс айдаггүй хүн байж гэдгийг л хэлэх гэсэн юм.
Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Эх орондоо хайртай байх эсэхийг минь Ж.Эрдэнэбат мэддэг болсон юм уу

“Эрвийх дэрвийхээрээ хөдөлж эх орноо өрнөөс гаргахыг “Өдрийн сонин” уриалж байна” нийтлэлийг манай нийтлэлч Н.Гантулга өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 27ны дугаарт бичсэн билээ. Нийтлэл гарсны маргаашаас редакцийн утас завсаргүй хангинаж, сонины редакц олон хүний хөлд дарагдан, дэмжсэн захидал ирсээр байна. Хүмүүс “Юу байгаагаа хандивлая, сайхан санаачилга байна, дэмжиж байна, энийгээ ч өгнө, тэрийгээ ч хандивлана” гэлцэв. “Өдрийн сонин”ы редакцид Монгол Улсын гавьяат багш Л.Дамбадорж, түүхийн ухааны доктор Н.Цэрэн, Н.Баатар, Ч.Цээпил, Ц.Баасанжаваас эхлээд тэтгэврийн хөгшид, идэр залуусын захидал тасарсангүй. Зарим нь алтан аягаа өгнө гэчихсэн, нэг хэсэг нь агт морьд, ээмэг бөгж, мөнгө төгрөг, ер юу байгаагаа өгье гэв.

Түүнчлэн гавьяат эдийн засагч Осоргарав хэвлэлийн хурал зарлан “Эх орноо эдийн засгийн хүндрэлээс гаргая” хэмээн арван сая төгрөг, арван адуу, алтан бөгж хандивлаж байгаагаа мэдэгдсэн. УИХын гишүүн Б.Дэлгэрсайхан, Н.Оюундарь, ”Моннис” группийн захирал Б.Чулуунбаатар, “Ажнай” группийн ерөнхийлөгч Д.БатЭрдэнэ нар хорь гуч, зуун саяар нь хандивлахаа зарлаж, байгууллагууд өдрийн цалингаа хандивлая гэв. Энэ аянд олон хүн нэмэгдэж нэгдэх нь тодорхой байна. Мэдээж зарим нэг хүн улстөржүүлж шүүмж үг хэлж байсан ч ихэнх нь дэмжиж байгаа юм. Мэдээж улстөрчид энэ уриалгыг дэмжиж мөнгө хандивлахаар зарим хартай хүмүүс “Тэдний буруугаас төлж чадахгүй байгаа өрийг бид яагаад төлөх ёстой юм” гэлцсэн. Өнөөдөр хэн өр тавьсан тухай биш эх орон өрөнд орчихоод тэрийг нь хандиваар дарчихъя гэж л байгаа юм. Дараа нь тэр авсан зээлээ буруу зүйлд зарцуулсан, идсэн уусан гэх хүмүүстэй хариуцлага тооцох бол тусдаа асуудал. Үүнийг хольж хутгаж ойлгох хэрэггүй.

“Өдрийн сонин”ы эхлүүлсэн өнөөх уриалга нийгмийг хамарсан эх орноо гэсэн иргэдийн сайхан сэтгэлийн өглөгөөр дороо л давалгаалав. Энэ янзаараа тэр өрийг бид өлхөн дарчих юм байна. Чадах юм байна.

Ингээд өр төлөх боллоо. Гэтэл гэнэт Ерөнхий сайд Засгийн газрын хуралдаанаар энэ талаар лхагва гаригт хэлэлцэж, дараа нь байр сууриа илэрхийлж сүйд болов. Энэ сайхан санаачилгыг дэмжээд байгаа юм байх гэтэл хандив хүлээж авах тодорхой хугацаа тогтоож, энэ хугацаанд ирсэн хандивыг олон нийтэд мэдээлэхийг Сангийн сайдад үүрэгдэв. За тэр мэдээлэх ч яахав. Мэдээлдэг л юм байгаа биз. Анх хандив цугласан зорилгыг өөрчилж, “Монголын төр, Засгийн газар хандивын мөнгөнөөс нэг ч төгрөг бондын өрөнд төлөхгүй” гэдэг байгаа. “Бондын өр төлөх шийдлээ Засгийн газар олсон. Хугацаанд нь төлнө. Иргэдээс цугласан хандивыг эрүүл мэнд, боловсролын салбарт, нийслэлийн утааг бууруулах, дэд бүтцийн шинэчлэл зэрэгт зарцуулна” гэдэг юм байна. Нэг үгээр хэлбэл, “Өр та нараар төлүүлэхдээ тулаагүй. Би өөрөө төлнө” гээд хэлчихлээ. Бидний өгч байгааг өрөнд өгөхгүй гэнэ. Хандивын мөнгийг яаж зарцуулахыг тэд мэдэх юм болоод явчихлаа. Бүр хугацаа зааж байна. Хандив өгсөн хүмүүст дурсгалын бичиг, батламж өгнө гэнэ ээ. Тийм юм авах гэж байдгаа бариад бид гүйгээгүй. Хэн нэгнээс хариу нэхээгүй, бас илүүдээ гартал баяжчихаад алт мөнгө, агт морьдоо өгөөд байгаа юм биш. Эх орондоо хайртай учраас л эрвийх дэрвийхээрээ туслах гэж сайхан сэтгэлийн гараа сунгаж байгаа юм. Гэтэл эх орондоо хайртай байх эсэхийг минь Ж.Эрдэнэбат мэддэг болсон юм уу. Цалингаа, тэтгэврээ буутал хүлээгээд хандив өгөх гээд хэдэн төгрөг бариад очвол хугацаанд нь өгсөнгүй гээд хөөгөөд явуулах юм байна л даа. Дэлхийгээр нэг эх орон минь шившиг битгий болоосой гэж өгсөн хандивыг өөрсдийн бизнес болгож идэж уудаг салбаруудад зориулна гэнэ. Байтлаа ард түмэн өөрсдөө өр дарсан баатарлаг үйл хийсэн болох нь гэж айж, уурлаад байгаа юм шиг байна. Өрөнд өгөх мөнгийг сургууль, цэцэрлэг барих нэрээр хувааж идэх юм гэнэ. Өчнөөн цэцэрлэг, сургууль барьж болохоор байтал тендер зарлаж байгаа нэрээр танилдаа өгчихөөд өнөөх нь хугацаанд нь хүлээлгэж өгөхгүй, эсвэл стандартаар нь барихгүй бөөн хэл ам гардгийг биднийг мэдэхгүй гэж бодоо юу. Бид цэцэрлэг, сургууль барья гэж мөнгө цуглуулаагүй. Монгол эх орондоо зориулж, нэр хүндэд нь санаа зовж, “Өдрийн сонин” анх уриалга гаргасан юм. Бид монголчуудыгаа эх орондоо хайртай байлгах гэж, эх орноо хайрладаг байгаасай гэсэндээ ийм нийтлэл бичиж уриалсан юм. Дандаа хэрэлдэж, дандаа буруутгаж, тэмцэлдэж байснаас нэг юман дээр ч гэсэн нэгдээсэй гэсэндээ бичсэн юм. Монгол хүн болгон эх орондоо хайртай учраас эх орныхоо нэрэн дээр нэгдээд цаашид эвтэй яваасай гэж үүнийг анх уриалсан. Тэрнээс Ж.Эрдэнэбат ба түүний нөхдийг идэж уулгах боломж өгөх гэж уриалга гаргаагүй. Уриалга гарсны маргааш нь ард түмэн улсынхаа төлөө байгаагаа өгье гэлээ. Монголчууд эх орондоо хайртай юм байна. Байгаагаа бариад ирдэг юм байна гэдгийг бид харлаа. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын ажлаа авснаас хойш хагас жил ганганаж, гасалж, Монгол Улс мөхөх гэж байгаа аятай ярьсан тэр өрийг чинь ард түмэн хормын дотор төлөх юм шиг байна. Хэрвээ ингээд ард түмэн хормын дотор өр төлчихвөл Ж.Эрдэнэбат ичгүүртэй байдалд орох нь гэж айчихлаа л даа. Ийм амархан юмыг хийж чадахгүй гэдэг нь мэдэгдчих гээд. Монгол Улс хүнд хэцүү, сүйрэх мөхөхийн ирмэг дээр байгаа гэж ямар их улиглалаа. Тийм хүнд хэцүү болсон гэж сандаргаад Монгол Улсаа аврах гэж байгаа мэт жүжиг тавьсан нь ил боллоо гэж яасан их айж сандарна вэ. Ард түмэн төлье гэж байхад төлүүлэхгүй байж Хятадаас зээл аваад үзээрэй. Өмнөд хөршийнхөө үгнээс зөрөхгүй байна гэж хөлд нь сууж гуйж зээл хүссэнийг чинь бид мэднэ. Хувааж идэж, улсаа худалдаж л тэр зээлийг авах гээгүй юм бол зээлээр өр дарах шаардлагагүйг саяын хэдхэн хоногт болсон үйл явдал харууллаа. Одоо байтал эх орноо хайрлахыг маань хүртэл Ж.Эрдэнэбат хориглох болох нь. “Ард Аюуш” кинонд Богдын түшмэл “Үнэн билэгтэй, худал балагтай” гэж хэлдэгчлэн худал пиардсан нь баригдах дээрээ тулахаар айж сандарч байгааг нь ээ. Монгол Улс сүйртлээ хол. Сүйрэх тухай ярих байтугай бодох ч хориотой. Монголын ард түмэн хүчирхэг.

Зах зээлийн эдийн засаг Монголын ард түмэнд өгөөжөө өгсөн нь харагдаж байна. Айлаас эрэхээр авдраа ухвал эрхбиш нэг арга нь олддог. Ардчиллын буянаар хураасан хэдэн төгрөгөө улс орондоо өгөхдөө харамлахгүй байна, Монголын ард түмэн. Айл болгон л эх орныхоо төлөө авдарт маань юу байгаа билээ гэж ухаж үзэж байна. Бондын өрийг төлөх эх үүсвэр нь тодорхойгүй байгаа гэж саяхан л ярьцгааж байсан. Өр дарах аргаа олсон гээд гэнэт яасан том дуугарах болов. Зээлээс өөр ямар л арга байв гэж. Алийн болгон хөршийн дарамт, дэлхийн орны шившиг болох юм. Туурга тусгаар улсын иргэд бид дахин нэг өрийн дарамт болох зээл авахгүйгээр улсынхаа өрийг дарчихна. Бусад улсын иргэд эх орноо хайрлахдаа бөгж ээмэг, хэдэн төгрөгөө өгөхдөө харам байгаагүй. Тэд чадсан. Бид чадна. Харин ийм сэтгэлээ, ийм итгэлээ бид эх орондоо зориулж байгаа юм, танд болон таны тойрон хүрээлэгч, танай намын нөхдөд биш юм

Categories
мэдээ цаг-үе

Түвдэнгийн Бор баатар маань зөвдсөн үү, буруутсан уу

Цаг үе үймж, дайн дажин болоход хүн гэдэг амьд үлдэхийг л хүсдэг. Хэцүү хүндхэн дайн дажинтай улс орны хүмүүс хэдэн мянга, хэдэн саяараа дүрвэж гэнэ гэж бид зөндөө л сонсдог болсон. Сири улс дайны өмнөх тооллогоор 22 сая гаруй хүн амтай гэж тоологдож байсан бол одоо 17.8 сая гэсэн тоон дүн гарсан байна лээ. Сирийн дайн улс төрийн хоригдлыг суллах, шинэчлэл хэрэгтэй байна гэсэн дотоодын тэмцлээр эхэлж, сүүлдээ Башар Асадыг унагах улс төр болж, энэ дотоодоосоо хальж, гадаадаас тусламж хүсч даамжирсан. Дайнаас болж олон сая хүн дүрвэсэн бөгөөд зарим нь улс дотроо нүүж, зарим нь гадаад руу дүрвэлээ. Арай гэж дүрвэж чадсан нь ойрын улс болох Иордан, Ливан, Туркийн хил дээр элсэн цөлд дүрвэгсдийн хуаран гэх майханд өдөр хоногийг өнгөрөөж байна. Зарим нь цааш Европыг зорьсоор. Сирийн дүрвэгсдийн цуваа өнөө ч үргэлжилж байгаа. Амь дүйн амар тайван амьдралыг эрэн яваа дүрвэгсдийн урт зам дардан байдаггүй. Тэд дэндүү олон саад бэрхшээлийг туулна. Энэ замаа дуусгаж чадахгүй нь олон. Аз таарч хүссэн газартаа хүрсэн ч цагаачлалын виз гарахыг хүлээж мөн л чамгүй хугацааг үднэ. Европ тэр чигээрээ цагаачдыг хүлээж авахад нааштай хандсан юм биш. Зарим улс орон авахгүй гэж зарим нь авна гэж маргасан. Зарим улс эдийн засгийн хүнд ачаа гэж үзсэн. Мөн иргэд нь дургүйцэж жагсаал цуглаандаа хүрсэн. Герман улс дүрвэгсдэд нааштай хандаж хэт олноор нь хүлээж авснаар канцлер Меркель хэл аманд ороод байгаа шүү дээ.

Хүнд бэрх амьдрал, дайн дажин л хүнийг эх орноосоо дүрвэхэд хүргэдгийг Сирийн жишээ бэлхнээ харуулж байгаа. Түүнээс биш өөрийн босгосон амьдрал эх орноо нэг л өдөр орхиж явмаар санагдаад л яваад өгчихдөг юм биш. Тэр тусмаа амь насаа эрсдэлд оруулан байж, эх орон элгэн саднаа орхиж хүний нутагт амьдрахаар явна гэж юу байхав. Арга ядахдаа л тэд ийм замыг сонгосон. Тэдний зам ямар адармаатай байсан тухай бид байсхийгээд л дэлхийн мэдээллийн сувгуудаас олж хардаг. Дөрөвхөн настай Сири хүүгийн далайн эрэгт амиа алдсан аймшигт дүр зураг сэтгэл өвтгөж, Унгар, Сербийн хилийн орчим цагдаа хилийн хамгаалалтыг сэтлэн ам өрсөн хилийн зурвас давахаар гүйж яваа дүрвэгсдийг дэгээдэж унагасан зураглаач эмэгтэйд гурван жилийн тэнсэн харгалзах ял саяхан оноосон байна лээ.

Хаа холын Сирийн дүрвэгсэд иймэрхүү бол Монголын жишээг авъя. 1930-аад онд цаг төр үймэхэд Монголоос Өмнөд Монгол руу 600 гаруй айл дүрвэн гарсан байдаг. Тэднээс 502 өрх айл эх орондоо буцаж иржээ. Яг тэр үеийн амьд гэрчүүд цөөхөн үлдэж. Тэдний нэг 86 настай Гэлэгжамц дүрвэж явсан үеийнхээ тухай хачин сонин түүхийг манай сэтгүүлч Л.Батцэнгэлд ярьсан нь “Өдрийн сонин”-д нийтлэгдсэн билээ. Өмнөговь, Дундговь, Баянхонгор, Говь-Алтай зэрэг аймгийн олон айл харгислалаас болж Хятадын Шинжан нутагт, мөн зүүн хилээр Дарьганга чиглэлээр цөөн тооны айл дүрвэсэн юм билээ. Баянхонгор аймгийн Баянлиг, Баянговь сумын Их Богдын өврөөс Өврийн лам Жамбалзундуйгаар ахлуулсан Ламын гэгээнийхэн, Өмнөговиос Очирдара лам тэргүүтэй Балдан засгийнхан, Дундговиос Ганжуурваа ламаар тэргүүлүүлсэн Түшээ гүнийхэн мөн л Өмнөд Монголд цагаачлан амьдарч. Ар халхаас урд зүгт дүрвэн гарсан их хутагт Дилов Жамсранжав дүрвэсэн халхуудтай уулзан ингэж тархай бутархай зовж явснаас гээд нэгтгэн бөөгнүүлж цагаач 600 гаруй айлыг Муумянган хошуунд бөөгнүүлсэн юм билээ. Сүүлдээ Дилов аймаг хэмээх засаг захиргааны нэгж байгуулагдаж. Гэхдээ л тэд дүрвэснээрээ ямар ч байсан амьд үлдэж. Үр хойч нь амьд сэрүүн өдгөө байна. Гучаад мянган ламыг цаазалсан 1937 оны их хэлмэгдүүлэлтийг санахуйяа хэрэв тэд дээрх хүмүүс шиг хаа нэгтээ дүрвэн гарсан бол өдийд Америкт бүхэл бүтэн Монгол таун үүсчихсэн ч байх байсан юм бил үү. Монгол угсаатай баахан хүмүүс дэлхийн хаа нэгтээ амьдарч явах байж. Дүрвэгсэд гэдэг бол амьд явахын төлөө, амьдрахын төлөө амар тайван амьдрал эрж бэдэрсэн хүмүүс. Гэснээс энэ сонин түүхийг сонсох нь ээ дүрвэгсдийг битгий нутгаасаа яваач гэж ухуулан сэнхрүүлж явсан Түвдэнгийн Бор хэмээх түүхт эмэгтэйн тухай санаанд буув. Тэр олон хүнийг дүрвэхийг болиулаагүй бол… Тэр тэгж тэмцэж гүйгээгүй бол гэсэн бодол хөвөрнө. Хэдэн монгол хүн амьд байхсан бол. Тугийн цохион дээрээс баатарлагаар амиа алдсан гэх тэр хорь хүрээгүй залуу бүсгүйн тухай дуу хүртэл байдаг шүү дээ.

Тугийн цохион дээрээс

Тугийн зэв шиг эгцээрээ

Арван наймтай бүсгүй

Алтан нар луу үсэрсэн юм …..

Хувьсгалын залуу шувуу

Хурмаст тэнгэрт ниссэн юм

Хайртай эх орон нь түүндээ

Хатан жигүүр өгсөн юм гээд л нэгэн үеийнхэн дуулж, сонсч өссөн байна шүү дээ. Дүрвүүлэхгүй гэж тэмцсэн гэх түүнд баатар цол олгосон бол дүрвэгчдийг дэгээдэж унагасан эмэгтэй орчин үед ял сонсч байна.

Ямартай ч Түвдэнгийн Бор хэмээх нэгэн бүсгүй байж. Түшээт хан аймгийн Түшээт гүний хошуу буюу одоогийн Дундговь аймгийн Өлзийт сумын нутагт 1913 онд төрж, мал маллахын зэрэгцээ хошуу тамгын газарт түр сургуульд орж, 17 насандаа Хувьсгалт залуучуудын эвлэлийн дарга болж, 1932 онд үймээн самуунаас дайжин дүрвэхээр зэхэж байсан ард иргэдийг ухуулан сэнхрүүлж явсан гэж түүний тухай бичсэнийг уншсан. Энэ бүсгүйг хувьсгалын эсэргүү нар Тугийн цохио гэх өндөр цавчим хадан цохион дээрээс буудаж хороосон гэж бичигдэн үлджээ. 1971 онд түүнийг Улсын баатар цолоор нэхэн шагнасан. Шинэ эргэлтийн бодлого гээчийг хэрэгжүүлж яваад Тугийн цохио хэмээх газар амь эрсэдсэн гэх Түвдэнгийн Бор хэмээх энэ бүсгүй маань одоо цагийн өндөрлөгөөс харахад буруутаж байгаа юм биш биз. Яг жинхэнэ баатар мөн үү, үзэл суртлын баатар уу. Социализмын үеийн залуус бол Т.Борын тухай дууг сонсч бахархаад л түүн шиг хүн болохсон гэж мөрөөдлөөр жигүүрлэж байсан тухайгаа хуучилдаг. Ардчиллын үеийнхэн харин хөрөнгөтэй хүмүүсийн эсрэг талд зогсч, дүрвэгсдийг явуулахгүй гэж байсныг юу гэж үзэхэв. Одоо учир мэдэх хүмүүсээс сонсч, үзэл сурталжаагүй гадны хэвлэл энэ тэрээс харах нь ээ, хэдэн учир мэдэхгүй 18, 19-тэй хүүхдүүдийг үсийг нь тайрч, хувцсыг нь солиод таван хошуутай малгай өмсгөөд тухайн үеийн хөрөнгөтэй улсуудыг “Нударган баян, лам нарыг шар хувалзууд. Эд бол ангийн дайсан” гэж ойлгуулаад л “сумлаад” явуулчихсан юм шиг байгаа юм. Нэг ёсондоо шинэ эргэлтийн бодлого гээч Сталины бодлогоор манай төр засгийн удирдлагууд үндэсний хөрөнгөтөн, оюун санааны удирдагчдыг бичиг үсэгт төдийлөн суралцаагүй жаахан залуусын тархийг угаагаад л эсрэг нь босгосон юм шиг байгаа юм. Хөвсгөлийн Бадам баатар ч үүнд хамаарах байх. Яг л Т.Бор шиг хувьсгалын эсэргүү нартай тэмцэж, үзэж тарсан гэдэг.

Бид одоо үзэл суртлын баатар, жинхэнэ баатраа ялгаж салгаж ойлгох хэрэгтэй болж. Бидэнд баатар гэж ойлгуулсан тэр хүмүүс үнэхээр баатар байсан уу, үзэл сурталжсан домгийн баатрууд уу. Барууны ном хэвлэлд манай түүхийн талаар бичихдээ Д.Сүхбаатарыг Данзангийн бие хамгаалагч, Чойбалсанг Бодоогийн дүү гэж л зурвас дурдсанаас биш гол баатрууд нь Данзан, Бодоо, Шагдаржав гэж бичсэн байх юм билээ. Гучаад оноос хойш харин энэ баатруудын нэрс эсрэгээрээ дурдагдах болсон шүү дээ, Монголын түүхэнд.

Тиймээс түүхээ үнэн болгомоор байна. Түвдэнгийн Бор маань зөвдсөн үү, буруутсан уу, үнэхээр баатарлаг үйлстэн мөн үү, эсвэл… Энэ бүхний үнэнийг нэг тийш нь болгоё.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Эрдэмтдэдээ найдах нь савдагтаа даатгахаас дээр

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат утаанаас салах аргыг ол гэж эрдэмтдэдээ даалгавар өгсөн. Шинжлэх ухаанд найдаж байгаа нь авууштай юм. Төр засаг сүүлийн 30 жил ингэж шинжлэх ухаандаа найдаж байсан тохиолдол гараагүй. Шинжлэх ухааны академи, эрдэмтэд нь тэрүүхэндээ л эрдмийн ажил хийж сууна уу гэхээс улс орондоо хэрэгтэй зүйл хийдэггүй, дэмий л төсвийн мөнгө үрдэг байгууллага гэж адлагдаад сүүлдээ энэ байгууллагыг татан буулгах дээрээ тулж байлаа шүү дээ. Харин Ерөнхий сайдыг үүрэг өгснөөс хойш манай эрдэмтэд цаг наргүй хуралдаж, гарц гаргалгаа хайж, тооцоо төлөвлөгөө гаргаж эхлэв. Ерөнхий сайд үүрэг өгснөөсөө хойш ирэх оны нэгдүгээр сарын нэгнээс гэр хорооллын цахилгааны шөнийн тарифыг тэглэхээ зарлачихлаа. Хэрэв гуравдугаар цахилгаан станцын өргөтгөл баригдаж, хатуу түлшний үйлдвэрээ барьчихвал түүхий нүүрс түлж, айл болгон утаа үйлдвэрлэхгүй байх боломжтой. Тэр ч бүү хэл Ерөнхий сайд ирэх намар гэхэд Улаанбаатарт түүхий нүүрс оруулахгүй болох юм гэсэн. Мэдээж үүний өмнө нүүрс түлэхгүйгээр дулаан байх бололцоог бүрдүүлэхээр ажиллаж байна.

Бусад улс орон эрдэмтдэдээ түшиглэж, шинэ нээлтээр нь урагшилж хөгжиж байна. Шинжлэх ухаанаа шүтэж байна. Гэтэл манайд Ерөнхий сайдыг эрдэмтдэд хандсаныг шоолж тохуурхах, ялангуяа, сошиалаар баалж, доромжилж байна. Цаг алдана, удна гэлцэв. Утаа бидэнд шинээр гарч ирсэн асуудал биш. Энэ талаар ярьж, бас тэмцэх гэж оролдож, утаагүй зуух, утаагүй түлшинд 60 тэрбумыг зарж, гэр хорооллыг барилгажуулах оролдлого хийсэн. Олон тэрбумаар нь мөнгө гаргасан. Цэвэр агаар сан гэж байгуулж үзлээ. Аль нь ч үр дүнд хүрсэнгүй.

Утаа дэлхийд ганцхан Монголд тулгарсан асуудал биш. Ийм асуудалтай тулсан, одоо ч тулж буй орнууд байна. Улс орнуудын утаатай тэмцсэн жишээ, утаанаас салах технологи зөндөө байгаа. 1952 онд Лондонд нүүрснээс голлон үүдсэн агаарын бохирдлоос болж хэдхэн алхмын цаадахыг харж чадахааргүй утаатай болсон гэдэг. Арван хоёр мянган хүн хорт утааны улмаас амиа алдсан гэдэг тоон судалгаа сүүлд гарсан байдаг. Зарим нь түүнээс олон ч гэж үздэг. Англичууд хамгийн түрүүнд хууль баталж, бохирдол бууруулах гэхээсээ утаанаас бүрэн салах ухаалаг системийг нэвтрүүлж чаджээ. Эрх баригчид нь хатуу түлшний хэрэглээг бууруулж, хот суурин газраас үйлдвэрүүдийг гаргаж, цахилгаан станцуудыг хүн ам багатай дүүргүүд рүү дэс дараатай нүүлгэн, агаарын хяналтын бүсүүдийг бий болгож, зөвхөн угаасан нүүрс, цахилгаан болон байгалийн хий хэрэглэж эхэлж. Бүх айлуудад Засгийн газрын дэмжлэгтэй тог бага зарцуулдаг, халаагч суурилуулан, пийшинг нь хийгээр ажилладаг плиткээр сольсон. Америкийн Пенсильвани мужийн Донора хотод агаарын бохирдлоос болж хөлбөмбөгийн талбайд тоглож байгаа тоглогчдыг үзэгчид нь олж харахааргүй хэмжээнд хүрч байв. Мөн л олон хүн амь эрсдэж, эмнэлэгт олноороо хүргэгдэж, олон мянган хүнд амьсгалын замын хүндрэл үүсч байжээ. Дээрх улсууд хамгийн эхэнд Цэвэр агаарын тухай хууль баталжээ. АНУ гэхэд хууль баталсныхаа дараа тооцоо судалгааны ажил хийж, агаарын бохирдлыг арилгах шинжлэх ухааны судалгаанд үндэслэн Хүрээлэн буй орчныг хамгаалах, агентлаг байгуулжээ. Энэ нь шинжлэх ухаан технологийн ололтод тулгуурлан агаарын чанарын стандартыг хэргжүүлдэг газар юм. Бусад улс орнууд агаарын бохирдлоос салахын тулд шинжлэх ухаанчаар хандан нүүрс шатаахыг багасгаж, салхин цахилгаан үүсгүүр, хосолмол цахилгаан үүсгүүр, нарны эрчим хүч, хэрэглэхийг зорьж байна. Мөн аль болох агаар бохирдуулдаггүй тээврийн хэрэгслийг үйлдвэрлэж, ашиглаж эхэллээ. Тэр ч бүү хэл рекламны самбаруудыг хүртэл хорт утааг идэгч материалаар бүрсэн байна. Нэг самбар нь хорин машины хорт хийг өөртөө шингээж авдаг аж. Урд хөрш Бээжинд л гэхэд агаарын бохирдол гамшгийн хэмжээнд хүрлээ гэж дэлхийгээр нэг зарлаж байгаа ч манайх өнөөх Бээжингээс агаарын чанарын үзүүлэлтээр тав дахин, нарийн ширхэгт тоосонцрын үзүүлэлтээр 80 дахин илүү байгаа аж. Бээжин хотын удирдлагууд агаарын бохирдол бууруулах төлөвлөгөөний хүрээнд хотдоо хэд хэдэн газар утаа сорогч сэнсэн цамхаг болон хүчин чадал сайтай утаа шүүгч тусгай хонгилууд хийжээ. Тэд мэдээж шинжлэх ухаандаа найдсан. Цаашид ч тийм байх нь ойлгомжтой. Илүү олон боломжит хувилбарыг гаргаж ирэх нь дамжиггүй. Төр нь зөв бодлогоор үүнийг нь дэмжиж ажиллаж байна.

Ер нь тэгээд Монгол Улсын Ерөнхий сайд ч утаанаас хамгийн хурдан салах боломж, бололцоог судал гэсэн болохоос шууд л шинэ нээлт хий гэсэнгүй. Нээлт хэрэв хийчихвэл сайн л даа. Гэвч тэр нээлтийг цаг хугацаа хүлээхгүй. Тиймээс шинжлэх ухаан технологийн ололт хаана байна, хэрэгжүүлж болох хугацаа тооцоо судалгааг хий л гэж байгаа биз. Шинжлэх ухаандаа найдах нь яаж ч бодсон эрүүл үзэгдэл. Бөө удган, шашин, 99 тэнгэр, Хан-Уулын алиа цагаан өвгөн, сум харваж хүслээ шивэгнэхээс хамаагүй өөр, бодитой юм. Монголын хувь заяаг ашиг харсан бизнесийн байгууллагууд, мунхаг харанхуй хоёрт даатгаад хэдий болтол явах билээ.

Бөө удганд итгэж, гал, уул ус тахиж, шашинжиж, сум харваж байхад нь инээж шоолох нь яалаа даа, нийтийн сүлжээнийхээн. Тэгээгүй атлаа хэдэн эрдэмтдэдээ үүрэг өгөхөөр инээж шоолж, доромжлох нь харин гайхал төрүүлж байна. Уул ус тахих, ард түмнийг мунхруулах шашинд автах нь ямар хор уршигтайг бидний өнөөдрийн амьдралаас харж болно. Дэлхийн хамгийн баялагтай улсын тоонд орох хэрнээ дэлхийн ядуу орнуудын тэргүүн эгнээнд, хамгийн аз жаргалгүй орны эхний эгнээнд тууж явах юм. Бидний амьдарч байгаа царай ийм л байна. Тэгтэл тахиж шүтэж, шашинжсанаараа сайн болдог бол өдийд Монгол гэдэг диваажин болчихсон байхгүй юу. Мунхаг тэнэг залхуугаасаа л ядуу байгаа биз дээ. Талаар дүүрэн малтай байж, өлсөж үхэж байвал бидний л хохь. Ухаантайхан, хөдөлмөрч байсан бол юу гэж түмэн зовлон тоочсон ард түмэн болж хувирах юм. Сүүлийн үед яригдаж буй нэг жишээг дурдахад Сулинхээрийн отрядыг чөтгөртэй гэж 150 тэрбумаар нүүлгэх юм ярьж байна гэнэ. Энэ юу болж байна. Шинжлэх ухаан дэлхийд хөгжөөд ангараг гариг дээр амьдрал хайж, робот ажиллуулаад, хиймэл дагуулууд оддын дунд ертөнцийн буман сониныг хайж, хүн төрөлхтөн өөр гаригт амьдрах оочер дугаараа авч байна. Тэд шинжлэх ухаанаар энэ бүхнийг нээж байгаа. Генетикийн инженерчлэл хийсэн дархлааны эсүүд хорт хавдрыг эмчилж эхлэв. Ургамлын генийг өөрчилснөөр тухайн ургамал өвчин тусахгүй зуд, ганг тэсвэрлэх чадвартай болж байна. Дахин ашиглах боломжтой пуужин хөөргөв. Роботууд бие биедээ зааж, харилцан мэдлэгээ хуваалцаж эхэллээ. Ди эн эй-ийн программын дэлгүүр нээгдэж, өөрийн эрүүл мэндийн эрсдэл болон онцлог шинжийн талаар шинжлэх ухааны үндэслэлтэй мэдээлэл авах боломжтой болов. Тесла компанийн цахилгаан автомашинууд жолоочгүй явдаг боллоо. Дэлхий ертөнцөд энэ мэтчилэн шинэ, шинэ ололтуудыг нээсээр, бүтээсээр байна. Өнгөрсөн онд гэхэд л татах хүчний долгионы талаар нээлт хийж, хар нүх байдаг гэдгийн нотолгоог олж, сансарт байцаа ургуулж, тэрийгээ хүнсэнд хэрэглэж үзлээ. Бид харин од гаригсыг бурхан гэж эндүүрч, түүнийг танин мэдэхэд биш түүнд ид шид байгаа, сайн цацал өргөн, сайтар залбирвал нүгэл хилэнц арилна гэж бодож байх жишээтэй.

Улс орнууд хөгжиж, урагш тэмүүлж байхад бид ухарч, дундад зуун шигээ амьдрахыг номлож сурталдаад, түүндээ гүн автаж, төрийн хар хүмүүс нь төөрөлдчихсөн ард түмнээ мунхруулж байдаг. Бид савдагтаа найдаж эсвэл бизнесийн ашиг олдог байгууллагуудыг утаанаас салгахыг хүлээвэл тун мөдгүй устах нь. Ашиг хардаг байгууллага ашгаа л боддог юм байна. Утаагүй зуух үйлдвэрлэсэн компани ашиг олсноос Улаанбаатар утаагүй болсонгүй. Тэгэхээр шинжлэх ухаанд найдах нь яалт ч үгүй зөв.

Ерөнхий сайдын энэ алхам бол эхлэл. Цаашид ч олон ажлыг эрдэмтэд дээр төвлөрүүлж, шинжлэх ухаанчаар асуудалд хандаж байя. Эрэл хайгуул хийе. Шоолж шоглож байгаа өнгөрсөн зууны сэтгэхүйтэй хүмүүс минь энэ удаа дуугүй байж үз. Шүүмжлэхийг хэн ч чадна. Олон юм яримаар байвал утаагүй болгохоор ажиллаж буй хүмүүс рүү очиж ухаан санаагаа уралдуулан, бодол саналаа нэмэрлээрэй, харин.