Categories
булангууд мэдээ танайд-өнжье цаг-үе

Улсын тэргүүний тариаланч Ц.ДАМБЫНД өнжлөө

Төв аймгийн Борнуур сумын иргэн Цэрэндоржийн Дамбынх сүүлийн хэдэн өдөр нутаг нугын иргэдийн хөлд дарагджээ. Ц.Дамбыг өнгөрсөн даваа гаригт Засгийн газрын хуралдаанаар улсын тэргүүний тариаланч хэмээн өргөмжилсөн. Мэдээг олны мэдэхээр Урьхан зоогийн газрын эзэн Ганбаа анх интернетээс уншаад, утасдаж дуулгаснаас хойш бурханч лам Г.Пүрэвбатын садангийн хүмүүс гээд нутгийн олон баярын мэнд тээн орж гарсаар. Өнгөрсөн бямба гаригт л гэхэд сайхан мэдээг анх дуулгасан Ганбаа ирж хүндэтгэлийн хүлээн авалтыг зоогийн газартаа хийх тухай хөөрөлдөөд буцав.

Ц.Дамбынх ам бүл дөрвүүл. Хүү Энхбат, охин Гэрэлмаа нар нь Их сургуульд элссэнээс хойш гэрийн эзэн, эзэгтэй хоёр Борнууртаа өвөлжиж буй нь энэ. Тэднийх Борнуур сумын төвийн малчдын хороололд суурьшаад 20 гаруй жилийг үджээ. Хашаандаа тариалан, ногооныхоо техникийг эгнүүлж, зоорь пиндээ төмс, нарийн ногоогоо хадгалсан энгийн л нэгэн өрх. Хашаанд нь томоохон гурван ч байшин байх агаад суудлын, ачааны автомашин, пад пад, 82 трактортоо сууцнаас ч дутахааргүй тохилог гарааш барьжээ. Саалийн гурван үнээтэйн дээр хашаанд нь 20 орчим хонь байна. Намартаа хэдэн хонь худалдаж аваад өвлийн турш тэжээж хавар, зун, намрын их ажлын үеэр гаргаж хэрэглэдэг ажээ. Ц.Дамба ямар замналаар улсын тэргүүний тариаланч цолны болзлыг хангасан тухайг өгүүлэхийн тулд тэдний бүхий л амьдралыг хүүрнэх нь зайлшгүй. Анх 1957 онд Борнуур сангийн аж ахуйг байгуулахаар Ховд аймгийн Дарви сумаас 100 гаруй өрхийг илгээлтээр авчирсны дунд Дамбын аав Цэрэндорж, ээж Чулуунхүү нар багтжээ. Тэднийх Борнуурт хэсэг ажиллаад 1960-аад оны дундуур Улаанбаатарт шилжиж, аав нь Гандантэгчинлэн хийдийн нярвын албанд томилогдсон байна. Ер нь өнөөдөр Борнуур сумын нийт өрхийн 70 орчим хувь нь Ховд аймгийн Дарви сумын гарвалтай байдаг бол үлдсэн 30 хувь нь нутаг заагдсан хятадуудаас бүрддэг байжээ. Эндэхийн хятадууд аль хэдийнэ монголжсон агаад өнөөдөр хэн нь хэн бэ гэдэг нь ч бараг ялгагдахаа больсон байна.

Ц.Дамба 1970 оны дунд үед Борнуур сумандаа эргэн очиж дунд сургууль дүүргэсэн байна. Тэндээсээ Герман улсад хүнсний чиглэлээр гурван жил суралцаад, нутагтаа илгээлтээр ажиллажээ. Тухайн үед Сүжигт уулын алтны уурхайд хийгээд Борнуур сангийн аж ахуйд Герман технологи хэрэглэгддэг, тус улсын мэргэжилтнүүд олноор ажилладаг байсан учир Ц.Дамба орчуулагч, сангийн аж ахуйнхаа ус, усалгааны гээд хэд хэдэн ч ажлыг давхар хийсээр 1980-аад оныг баржээ. Тухайн үед наадмын үеэр нэгдлийн хоёр ажилчны дунд нэг хонь өгдөг байж. 1988 оны зун хонь хуваарилалт болоход Ц.Дамба, Ч.Отгонхишиг нарын дунд нэг хонь оногдсон нь тэдний нэг насны амьдралыг холбох эхлэл болжээ. Ингэж танилцсан залуус нэгэндээ тустай явсаар 1990 он гарч нийгэм эдийн засаг хүндрэхэд сум суурин бүр задарч халаалт, цахилгаанаа түгээж дийлэхээ больсон нь 25 жилийн тэртээх үйл явдал ч гэлээ Ц.Дамбын гэр бүлийн түүхтэй салшгүй холбоотой. 1990 оны өвөл Ч.Отгонхишигийн амьдарч байсан орон сууц халаалтгүй болж хүндрээд байсан тэр үед залуус гэр бүл болж өрх тусгаарласан байна. Ч.Отгонхишиг нь Завхан аймгийн гаралтай бөгөөд Монгол Улсын гарьд Ц.Цэрэнпунцагийн хадмын талын хүн.

Газар тариалан эрхлэх болсны хувьд нутгийн олны жишгийг дагасан гэдэг. Хамгийн анх буюу 1991 онд хашаандаа төмс, лууван нарийн ногоо тариалж эхэлсэн байна. Хоёр гурван ч жил багахан хэмжээний ургац авчээ. Хүн бүр л байдаг бүхнээ зарж, ганзагын наймаанд гарч байхад Ц.Дамба, Ч.Отгонхишиг нар тэгсэнгүй. Бороо голын хөвөө бараадан нэг га газар хашаалж тариалангийн үйл ажиллагаагаа тэлсэн байна. Дөрвөн жил морин тэргээр ус зөөн байцаа, лууван, төмсөө усалсан түүх тэднийх. Морин тэрэг дээрээ хоёр тонн хүрэхгүй шахам ган тавин голоос ус зөөн арван литрийн хоёр бедоноор өдөр шөнөгүй усалдаг байж. Нэг байцаа руу арван литр ус хийдэг бөгөөд 1990 оны дундуур тэд бараг дөрвөн мянган байцаа тариалдаг байжээ. Энэ хооронд хүү, охинтой болж амьдралаас илүү ихийг шүүрэх шаардлагатай болсон гэдгийг тэд хүүрнэнэ.

Морин тэрэгтээ дөрвүүлээ суугаад өглөө ногооныхоо талбай руу хөдөлж үдшийн бүрийгээр гэрийн бараа хардаг байснаа энэ гэр бүлийнхэн өдгөө хамгийн аз жаргалтай үе хэмээн тодотгоно. Талбайд очсон даруйдаа хүү, охин хоёр нь байцааны талбай руу орж олдохоо болино. Ингээд их үд хэвийх үед тоглоомондоо улайрч шороотой хутгалдсан хоёр нөхөр гарч ирдэг байжээ. Залуус жилээс жилд дэвшин дээшилсээр амьдралаа төвхнүүлж авсан байна. Олон хүн 82 трактороос эхлээд тариа, тариалалтын техникээ Орос руу гаргаж зарж байхад 1994 оны зун тэднийх трактор худалдаж авсан нь өнөөдөр ч гол ажлыг нь нугалсаар. Тэр жил таван сая төгрөгөөр зориг гарган ганц трактортой болсондоо залуус ёстой л урамшин хурцлагджээ. Талбайгаа бүр томсгож, трактороороо газраа хагалж, уринш хийж, үрээ булах, услах, зэрлэг устгах зэргээр бүхий л ажлыг техникийн тусламжтай хийдэг болсон тул хадгалах, борлуулах гээд асуудал ар араасаа ундарч эхэлжээ. Тиймээс 1997 оны хавьцаа хашаандаа 250 орчим тонн ногоо агуулах зоорь барьж, Баянгол дүүргийн 38 цэцэрлэгийг тус бүр хангах гэрээг ч байгуулжээ. Тэрээр трактор авснаасаа хойш газар тариаланд хүний гар ажиллагааг багасгах механик ажиллагааг түлхүү ашиглах арга туршлагыг боловсруулж улам чанаржуулсаар өнөөдөр хэд хэдэн ч нээлт хийгээд байгаа аж. Хураасан төмсөө үр болоод боловсорсноор нь ангилах шигшүүр, зоориос машины тэвш рүү шууд ачих манавил, зэрлэг ногооны үндсийг хөрсөн дээр гаргаж дахиж ургахааргүй болгох соёо, хагалсан газрын чийгийг алдахгүйн тулд салхин талаас нь манадаг малтуур гээд олон зүйл сэдэж өөрийнхөө ажил дээр туршин тус нэмэртэй байвал нутаг усныхандаа зааж, хувилж өгснөө дурсан ярьж байлаа. Энэ бүхэн нь ногоонд ямар нэгэн байдлаар механик гэмтэл учруулдаггүй хэмээн өөрийнхөө бүтээлийг сайшаана.

Харин өнөөдөр Ц.Дамбынх УИХ-ын гишүүн Су.Батболдын ногооны талбайн хажууд 37 га газарт төмс, нэг га газарт нарийн ногоо дагнан тариалах болж. Төмсний талбай нь Борнуурын эрэг дээр юм байна. Талбай тийшээ өндөр хүчдэлийн шон хүргэж, гүний хоёр ч худаг гарган усалгааны асуудлаа шийдсэн байна. Төмснийхөө талбайг дөрвөн ч хэсэг болгон хашиж сэлгэн тариалалт хийдэг ажээ. Ингэснээр хөрсний чанар алдагддаггүйн дээр үр суулгасан л бол 100 хувь ургац хураана гэсэн үг бололтой. Борнуурын эргийг бараадан тариалангийн талбайтай болсон учраас хур муутай жил ч усаар дутаад байдаггүй, тэр бүр услах шаардлагагүй болсныг ч тэргүүний тариаланч хүүрнэж байлаа. Нэг хэсэг төмс, хүнсний ногооноос шавьжны хор амтагддаг байсныг тэрээр хүмүүсийн шуналтай холбон тайлбарлана. Хүмүүс илүү том, илүү олон төмс авахын тулд шавьж, зэрлэг устгах хорыг байх ёстой хэмжээнээс хэд дахин ихээр хэрэглэж эхэлсэн нь ийм үр дүнд хүргэсэн байдаг. Ингээд Мэргэжлийн хяналт, шалгалт эхэлж, хэрэглэгчдийн зүгээс шүүмжлэл дагуулахад уг хорыг судалж үзжээ. Тэгэхэд Хятадад цаашид амьдрах эрхгүй болсон юм уу үр удмаа төрүүлсэн, нас ахимаг хүмүүсийн хөдөлмөрөөр үйлдвэрлэгддэг болох нь илэрч. Учир нь генийн том өөрчлөлтөд хүргэх аюултай бодис ажээ. Угаасаа хорыг цацахад л хүний хоёр нүднээс нулимс асгарч, хамар нармай нь хатаж сүйд болох шахдаг байж. Тиймээс өнөөдөр ийм зүйл хэрэглэхээ больсон учраас “Иргэдэд айх зүйл үгүй” гэдгийг 100 хувийн баталгаатай хэлмээр байна гэж байсан.

Газар тариалан, мал аж ахуй хоёр нэг дор хэзээ ч байж болохгүй гэдэгт гарах гарц олон байгааг тэрээр өгүүлж байлаа. Хамгийн гол нь хүн бүр өөр өөрийнхөө хөрөнгөнд эзэн байж, нэгнийхээ хөдөлмөрийг хүндэлж чадваас эл асуудал амархан шийдэгддэг гэв. Тодруулбал, үрсэлгээ хийснээс хойш Ц.Дамба гуай мотоциклио унан талбайгаа бүтэн харагдах өндөрлөгт гараад өдрийн турш дурандаад суучихдаг гэнэ. Ийнхүү үхэр мал талбай руу нь, Бор нуурын усанд орохоор ойртоход тууж услаад буцаагаад бэлчээрт гаргачихдаг аж. Талбай руу олон орж, хүнсний ногооны амтанд орсон үхэр ямар ч хашаа байсан эвдэж дөнгөдөг учраас барьж аваад уячихдаг гэнэ. Эзэн нь “Өнөө жил заазалчихъя” хэмээгээд аваад явдаг бөгөөд малчид хэлсэндээ хүрч тариаланчдын талбай, хашааг сүйтгэдэг малаа идэшний үеэр “зохицуулдаг” ажээ. Ер нь бол Ц.Дамба хавар, зун, намрын турш ногооны талбайгаа ч арчилж, малчдын малыг ч адгуулж явсаар 20 гаруй жилийг үдсэн байна.

Мэдээж тэр том талбайд ажиллах хүч ихээр шаардагдана. Дээхнэ үед бол сумын төвөөр трактортойгоо нэг тойроход хүүхэд багачуудаас эхлээд тэтгэврийн насныхан ч гарч чиргүүл дүүрэн хүмүүс талбайд нь очиж ажилладаг байж. Харин өнөөдөр Сүжигт уулын алтны орд руу сумын ихэнх иргэн “нинжа” хийхээр явсан учир ногооны талбайд ажиллах хүн олдохоо больжээ. Өдрийн 30-40 мянган төгрөг амласан ч тоож ажиллах хүн тун ховор гэнэ. Тиймээс Батлан хамгаалах яамтай гэрээ хийжээ. Хавар, намартаа 25 цэрэг гэрээгээр авч ажиллуулдаг байна. Жирийн иргэдэд өгдөг цалингийн хувиар тооцоог нь хийж, хоол хүнсээр нь хангадаг аж. Батлан хамгаалах яамны зүгээс тавих ганц шаардлага бол хоолоор хангалуун байлгаж зодохгүй байх. Яагаад гэвэл зарим авир муутай хүмүүс хөлсөлсөн цэргүүдийг зодож, хүч хэрэглэж, илжиг шиг ажиллуулах тохиолдол гардаг аж. Харин өнөө жилийн тэргүүний тариаланч Ц.Дамба чихэр, боорцог, тамхи гээд дуртай зүйлээр урамшуулж, шагнал амлаж, хооронд нь уралдуулж ажиллуулдаг гэдгээ өгүүлж байв.

Тэрээр шударга хөдөлмөрөөрөө ажиллаж сайхан амьдрах боломж байхад шуналаасаа болж олдох олдохгүй алттай хөөцөлдөж хамаг амьдралаа барж байгаа хүмүүсийг хараад сэтгэл дундуур явдаг аж. Уг нь 1980-аад оны дундуур Герман ажилчдад орчуулагчийн ажил хийдэг байхад Ц.Дамбад “Энд асар их алт бий. Дэлхийн хоёрдугаар дайны төлбөрийг энэ уулаас авсан алтаар хийж барагдуулж байгаа” гэх мэтээр ярьдаг байж. Тэгээд германчууд 1990 онд буцахдаа “Чи энэ газрыг хувьчилж авбал Монголын тэргүүн зэргийн баян хүн болно. Нөөц нь дуусах болоогүй” гэж байжээ. Тэгээд шинэ УАЗ 469 машинаа өгөх гэхэд нь эмээгээд авч чадаагүйгээ тэрээр хүүрнэж байлаа. Ер нь Борнуур сумын иргэд уушгины өвчнөөр нас барах нь ихэсчээ. Арваад жил Сүжигтийн алтны ордод ажилласан сумын иргэд ингэж олноороо бурхан болж байгааг хараад “Тариа ногоогоо л тарьж суухгүй дээ” хэмээн халаглаж, шинээр нинжагийн эгнээнд шилжиж буй хүмүүст “боль” гэж байнга хэлдэг гэнэ.

Борнуур суманд өнөөдөр НҮБ-ын 4.5 тэрбум төгрөгийн санхүүжилттэй Усалгаатай газар тариаланг дэмжих төсөл хэрэгжиж байна. Төсөл дөрвөн үе шаттай явагдаж социализмын үед байгуулж байсан хиймэл нуурын суурин дээр нийт нэг сая 450 куб метр ус багтах санг байгуулсан байна. Усан санд хуримтлагдсан усыг Бороо голоор дамжуулан ногооны талбай руу хүргэх бүхий л суваг шуудуу, хаалт хийгдэж бэлэн болсон байна. Сүүлийн гурван жилийн турш Ус хэрэглэгчдийн холбооны тэргүүнээр сонгогдон ажиллаж эхэлжээ. Өнөө жилээс тариаланчид хэр их ус хэрэглэж байгааг хянахын тулд хөвөгч туухай зохион бүтээснээ тэрээр танилцуулав. Ингээд ирэх зунаас ус хэрэглэсний төлбөрийг авч эхлэх юм байна. Олсон орлогоо аж ахуйн үйл ажиллагаандаа хэрэглэж илүү гарвал сумынхаа шаардлагатай бүтээн байгуулалтад зарцуулах төлөвлөгөөтэй байгаагаа танилцуулж байв.

Ийнхүү энэ жилийн улсын тэргүүний тариаланчийн болзлыг хангаад буй Ц.Дамбынд өнжиж хөөрөлдөхөд ийм түүх хөвөрлөө. Тэрээр Борнуур сумаас төрсөн найм дахь улсын тэргүүний тариаланч болсон байна. Тэдний хүү нь Бурханч лам Г.Пүрэвбатын дүүгийн охинтой дотносож тийшээ гүйдэлтэй болсонд ихэд олзуурхаж байгаа ажээ.

Л.МӨНХТӨР

Гэрэл зургуудыг

Г.ЛХАГВАДОРЖ

Categories
булангууд мэдээ нэг-ангийнхан цаг-үе

Г.Мэнд-Ооёо, До.Цэнджав тэргүүтэй Багшийн дээдийн “ХЭНХЭГҮҮД”

Монгол Улсын хамгийн их хөгжиж, цэцэглэж байсан үед 1970-аад он зүй ёсоор ордог. Юм бүхэн цэгцэрч, улс орны хэмжээнд шинжлэх ухаан, барилга, мал аж ахуйгаас эхлээд бусад бүхий л салбарт хөгжил, дэвшил ирж нийгэм шинэ шатанд алхаад байсан үе. Иргэд, ард түмний амьдрал ч айвуу тайвуу, нийгмийн бухимдалгүй байж. Тэр цагийн оюутнууд, өнөөгийн нийгэмд голлох байр суурь эзлэх болсон нэг ангийнхныг энэ удаа онцолж байна. Тодруулбал, 1974-1978 оны Багшийн дээд сургуулийн Монгол хэл, уран зохиолын ангийнхан. Тэгэхэд 70-80 оюутан энэ ангийг бүр­дүүлж байсан бөгөөд А,Б,В гэсэн гурван бүлэгтэй. Ангийнхнаасаа цойлж, ний­гэмд танигдсан эрхмүүд бол Соёлын гавьяат зүтгэлтэн До.Цэнджав, Г.Мэнд-Ооёо нар юм.

Багшийн дээд сургуулийг 1974-1978 онд дүүргэсэн оюут­нуудын хэнтэй нь ч уулзсан багш, сурган хүмүүжүүлэгчдээ дурсана. Тэр үед Багшийн дээд сургуулийн багш нарын эрдэм, чадал, нөөц бололцоо гайхагдаж байсан гэдгийг оюутнууд нь одоо ч ярьсаар. Академич н.Төмөртогоо, Гадаадын уран зохиолын багш Р.Болд, утга зохиолын судлаач, шүүмжлэгч багш Цэнд, “Хайрхан уулын бараа”, “Урсгал тунгалаг Тамирын гол” гээд олон сайхан дууг зохиож, амилуулсан яруу найрагч Д.Отгонсүрэн гээд олон арван эрдэмтэд хойч үеэ сурган хүмүүжүүлж байжээ. Ш.Надмид багш авиа зүй хэмээх уйтгарт хичээлийг яруу найраг шиг болгож, Дашдорж багшардын уран зохиолыг ёстой л “тос амтагдтал” заана даа хэмээн нэрт зохиолч До.Цэнджавын ангийнхан хүүрнэн байна. Монгол бичгийн багш Б.Шаравын самбар дээрх сийлсэн мэт бичээсийг оюутнууд хараад арчиж, арилгаж чаддаггүй байсан гэдэг. Тэд ангийн багш Ж.Санжаагаа “Бидний үе тэнгийн шахуу. Мэдлэг, мэдээлэл, сурган хүмүүжүүлэх тал дээр биднээсээ нэгэн зууны түрүүнд явдаг хүн” хэмээн сайшаана. Эдгээр багш нарын үгийг дуулж явсан оюутнууд эрдэмтэд шиг, шинжлэх ухаан, ном зохиолд хөтлөгдсөн тийм л нэг давалгааг үүсгэж байж.

Харин энэ ангийнхнаас онцолбол Соёлын гавьяат зүтгэлтэн Г.Мэнд-Ооёо эмэгтэй хүн бүр дурлам тийм залуу байсан байна. Г.Мэнд-Ооёо хичээл дээр ч шүлэг тэрлэж суудаг нэгэн байжээ. Багш нар нь хүртэл дүн тавихаасаа цааргалж, хичээлд шимтэхгүй байгааг нь шүүмжилнэ. Тиймдээ ч Утга зохиолын нэгдлийг оюутан ахуйдаа удирдаж явсан түүхтэй гэнэ. Тодруулж өгүүлэхэд До.Цэнджав зохиолчтой нэг анги гэх ч нөгөө бүлэгт нь харьяалагддаг байжээ. Харин Соёлын гавьяат зүтгэлтэн До.Цэнджав зохиолчийн хувьд Оюутны зөвлөлийн дарга хийж, нэртэй зохиолч болно гэж байнга ярьдаг байсан нь амьдралд биеллээ олж энэ цагийн нийгмийг соён гэгээрүүлэх олон арван ном туурвих түүчээ болсон бололтой. Бас хожмоо доктор хамгаалсан Б.Явуухулангийн ойрын хамаатан Я.Баатар нь ангийн нөлөө бүхий хүүхдүүдийн нэг. Өдгөө АНУ-д амьдарч буй аж. Доктор Ч.Жачин тэр үеийн жинхэнэ улаан онцын эзэн. Хэн ч Ч.Жачингийн хэмжээнд хүрч хичээлийн төлөө хэнхэглэдэггүй байсан гэдэг. Д.Нацагдоржийн шагналт оюутан болж сардаа 400 орчим төгрөгийн стипенд авдаг байсан нь оюутнуудын дунд шагшигдаж байсан түүх тэднийх.Ангийнхныг муудалцсан үед нь эвлүүлж, муугүй үед нь хөгжөөдөг гол хүмүүс бол Д.Даваа, А.Борхүү нар. Д.Даваа нэгдлийн дарга болно гэж байнга шахам ярина. Ангийнхан нь ч “Чам шиг хүн нэгдэл удирдвал Монгол Улс дампуурна” гэж “цаашлуулдаг” байж. Гэтэл төгсөөд дөрвөн жилийн дотор сум нэгдлийн дарга болон дэвшиж тухайн үеийн нийгэмд ангийнхнаасаа амжилт үзүүлсэн хамгийн эхний хүн болж байжээ. Эмэгтэйчүүдийн тухайд олон жил нэгдүгээр сургуульд багшилж байгаад өдгөө Улаанбаатарын их сургуулийн Монгол хэл, уран зохиолын багшаар ажиллаж буй доктор Д.Дэнсмаа, 33 дугаар сургуулийн захирал асан З.Янжмаа, Д.Шатар, Цогтчимэг, Ц.Должин гээд олон манлайлагч бий. Ер нь тэд нэгэн жигд сурлагатай, багш нарын хайрыг татсан анги, хамт олныг бүрдүүлж байжээ. Ангийг Ховдын гарвалтай Лут-Очир даргална. Лут-Очир нь насаар ахмад, ажиллаж байгаад ирсэн учраас бүх зүйлийг ном ёсоор нь, ямар ч гажуудалгүй хийхийг эрмэлздэг нэгэн. Оюутнууд багш нараасаа бус ангийн даргаасаа айна. Учир нь хичээлийн тасыг арилгуулах гэж оролдсоны ч хэрэггүй. Харин ангийнхан нь хариу авах ганцхан аргатай гэж байгаа. Тэрээр орос хэлний дуудлага, сонсголгүй учраас шинэ багш ирэхэд ангийн дарга “ах нар”-ын хэлээр хамгийн сайн ярьдаг гэж хэлээд яриулаад байна. Ард нь ангийнхан нь ёстой л шавайгаа ханатал инээлддэг байжээ.

Мэдээж дөрвөн жилийн хугацаанд есөн зүйлийн л юм болно. Тэр үеийн семинар бол одооны эрдэм шинжилгээний ажилтай дүйхүйц хэмжээнд хийгддэг байсан гэж байгаа. Дор хаяж 20 түүнээс дээш ном уншиж, судалж байж илтгэнэ. Семинарт оролцохгүй оюутан сайн, онц гэсэн дүнг мөрөөдөөд ч хэрэггүй.Гадаадын уран зохиолын багш Р.Болд нэг удаагийн семинар дээр “Обломов гэж хэн бэ” гэж А.Борхүүгээс асуусан байна. Обломов гэдэг нь тухайн нийгэмд залхуугийн хамгийн сонгодог жишээ болсон номын баатар. Тэгэхэд А.Борхүү “Их муухай хүн” хэмээн хариулсан нь хэзээнээс ёгт Р.Болд багшийн анхааралд өртөж ярьсаар байгаад нөхөр А.Борхүү нь обломов болж ангийн нөхөд нь ярьж, инээх зүйлтэй хоцорсон байдаг. Ингэсээр Р.Болд багш А.Борхүүгээ гадаадын уран зохиолын номоос салахгүй, шимтэн уншдаг оюутан болгосон байна. Бас нэг удаа семинар дээр “Гульсар минь баяртай” номыг даалгаварт өгснөө асуужээ. Мөн л А.Борхүүг босгон асууж. Уг ном нь өвгөн, морь хоёрын тухай. Гэтэл нөхөр “Өндөр цагаан хүүхэн байсан юм” гээд хариулж гэнэ. Багш нь ч явуулаад, асуугаад эхэлсэн байна. Оюутан нь “Тэр өндөр цагаан хүүхэн явсаар нэгэн залуутай танилцан сайхан амьдарсан гэдэг” гээд төгсгөсөн нь бүтэн жилийн инээд болсныг одоо ч дурсана.

Мөнгөн ээмэг, монгол дээлтэй бол Багшийн дээдийн монгол хэлний ангийнхан гэж Улаанбаатарын хэмжээнд хошигнодог байсан бол анги дотроо ой, төгөл гэсэн нэршлийг хэрэглэдэг байжээ. Ой нь онц сурлагатнууд урд эгнээг дүүргэж хичээлдээ тааруу нэг нь төгөл болон араар нуугддаг байж. Төгөл бүлэгт өндөр биетэй олон ч хүүхэд багтдаг бөгөөд нэг цаг 30 минутын хичээл дуустал хамаг биеэ хураан суух гэж ихээхэн том зүйл болдог байсан байна.

Г.Мэнд-Ооёогийн удирддаг утга зохиолын дугуйланд нийгэмд нэр нөлөө бүхий томоохон зохиол ч ирнэ гэвэл оюутнуудын ёстой амны хужир нь болдог байжээ. Ц.Гайтав гуай халамцуухан ирээд утга, уран зохиолын тухай, Ц.Дамдинсүрэн гуай судалгааны ажил хийх арга барилын тухай ярина. “Эрдэм шинжилгээний ажил хийхэд шогол ашиглах ёстой. Шогол гэдэг нь дөрвөлжин нүдтэй хайрцганд уншсан зүйлээ толгой үсгийн дарааллаар оруулна” гээд сургана. Тэрээр бид амьдралд бас хөгжилтэй зүйлийг ярьж байх ёстой гээд “Би энд тэнд явж байхдаа. Хүүхэд, хүүхнүүд шаваад ирэхээр Эрээн алаг барсыг элдэв аргаар номхруулж болно. Эхнэр гэдэг гэзэгтэй барыг эрхлүүлэх тусам толгой дээр гарна гэж уншдаг юм” гээд ёстой л шүлс гоожтол ярьдаг байжээ. Харин П.Бадарч гуай офицер цолтой сэлэм шиг залуу байсан гэнэ. “Буун сумны дуунд булганы үс унана” гээд эхлэхэд Багшийн дээдийн эмэгтэй оюутнууд шүүрс алддаг байж. Яг энэ үед Ү.Хүрэлбаатар, Ш.Гүрбазар дээд ангиас нь, үе тэнгийнхнээс нь Ж.Саруулбуян, шар Мийгаа нар тус сургуульд бэлтгэгдэж байсан бол Б.Лхагвасүрэнгийн, О.Дашбалбарын шүлэг яригдаж байсан гэнэ.

Мэдээж оюутан ахуй цагийг намрын ажил, цайны газар, хоол ундтай холбоотой хөгжилтэй явдалгүйгээр төсөөлөх аргагүй. Хөдөөний голдуу оюутан байранд ирнэ. Байранд орох гэж уртаас урт дараалал үүсэх бөгөөд тасгаа сонгоод авбал дараа дараагийн асуудал юу ч биш. Тэр үед 240 төгрөгийн стипенд авдаг учраас гачигдал бараг байхгүй. Гэхдээ ар гэрээсээ холдож үзээгүй хүүхдүүд дөрвөн жилийн хугацаатай ирж байгаа учир сэтгэл цадна гэж үгүй. Нийтийн хоолонд хоолшихгүй. Байрныхаа ний­тийн гал тогоонд өөрсдөө хоол хийлээ ч ихэвчлэн гоймонтой шөл идэх учраас сэтгэл нэг л дундуур. Хэрвээ нийтийн гал тогоонд оюутнууд зэрэгцээд хоол хийж байхад нэг нь цуйван бэлдвэл анаж байгаад хулгайлна. Охидын байраар явахад олуу­лаа бол хоолоо нуугаад өгөхгүй болохоор ихэвчлэн ганцаарчилсан тоглолт хийж тасаг, байраар нь хэсч тэднээр дайлуулна. Дайлуулахдаа амаа ангатал ярьж, тэднийг хөгжөөх зарчимтай.

Тэр цагийн гоёл драпан пальто, тарфицан өмд. Эмэгтэйчүүдийн хувьд импор­тын хийгээд гар хийцийн юбка, өндөр ултай оймсон түрийт гутлаар гангарна. Гэхдээ намрын ажил эхлэхэд юун гоёж, гоодох. Хөвөнтэй куртка, шар вааран өмд, орос бакиалаар эр, эмгүй жигдэрнэ. Эмэгтэйчүүдийн хувьд нүүр, нүдний будаг хомс ч олж аваад будна. Тэгээд багш нараа орж ирэхээс өмнө буцаагаад арилгана. Ер нь Хөдөөгийн баясгалан, Мартагдашгүй намар кинонууд тухайн үед хийгдсэн бөгөөд тэр үеийн оюутнуудын намрын ажил, зуны ажлыг яг тусгасан байдаг байна. Монгол хэл уран зохиолын энэ ангийнхан л гэхэд Дундговь аймгийн Дэрэн сумын сургуулийн барилгыг 1976 онд барьсан түүхтэй. Тэгэхэд тус сумын баяр наадам нь таарч эрхэм До.Цэнджав шөвгөрч байсан юм байна. Тэд тэр л цагийнхаа жамаар хичээл номын төлөө хэнхэглэж, хэн нэгнээс өрсч унших, олж мэдэхийн тулд шамдаж явсан байна. Намар, зуны ажилд, хөлдүү газар ухахад ч эр, эм гэж жендер ярилгүй бүгд хүрз, лоом барин хөдөлмөрлөж, бүтээж босгож асан нь өдгөө 40 жилийн өмнөх түүх болон дурсагдаж буй нь энэ.

Монголын нийгмийн нэгэн үеийн төлөөлөл Багшийн дээд сургуулийн Монгол хэл, уран зохиолын ангийнхны түүхээс багахан өгүүлэхэд ийм. Тэдний тухай, оюутан ахуй үеийг нь өгүүлэхэд сонины энэхэн зай багадна. Харин тэр цагийн хийгээд энэ цагийн оюутнуудын сурч боловсрох, эдэлж хэрэглэхийн хооронд, олж мэдсэн нь ч өдөр шөнө шиг ялгаатай байгаа нь харагдаж байлаа.

Л.МӨНХТӨР

Categories
мэдээ цаг-үе

Ц.Оюунгэрэл: Иргэд хардах эрхээ эдэлснийх нь төлөө төрийн албан хаагчийн хүсэлтээр шийтгэхгүй гэж байгаа

УИХ-ын гишүүн Ц.Оюун­гэрэлтэй ярилцлаа. Тэрээр Шүүмжлэгчийг хамгаалах тухай хуулийг боловсруулаад байгаа юм.

Шүүмжлэгчийг хам­гаа­­лах тухай хуулийг боловсруулжээ. Хууль ямар хэм хэмжээнд мөрдөгдөнө гэсэн үг вэ?

-Монгол Улсын Үндсэн хуульд хүн үгээ хэлэх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхтэй гэж заасан байдаг. Хүний энэ эрхийг баталгаатай хадгалахын тулд шүүмжлэгчийг хамгаалж байж 100 хувь хангадаг юм байна. Уг ойлголтыг улс орон бүр өөр өөрөөр нэрлэдэг. Шүгэл үлээгч, бузарыг илчлэгч гэх мэтээр. Тэгэхээр аливаа салбарт бугшиж буй муу муухайг салбар дотроосоо илчилнэ гэдэг тухайн шүүмжлэгч ажлаасаа халагдах, цалингүй болох гээд олон эрсдэлтэй тулгардаг. Тиймээс бусдын атганд бай­гаа хэрнээ шүүмжилж ча­даж байгаа иргэдээ хамгаалах механизмыг Монголд нутагшуулъя гэж байгаа юм. Монгол оронд хэн бүхэн үг хэлэх, үзэл бодлоо илэрхийлэх, эрх чөлөөтэй орон. Хэвлэлийн эрх чөлөөгөө 20-иод жилийн өмнө хуулиар баталгаажуулсан хэрнээ хэвлэлээр гардаг мэдээллийг гаргаж өгдөг хүмүүсээ хуу­­лиар хамгаалаагүй. Тиймээс мэдээлэгчийг хамгаалах хуулийн төслийг боловсруулсан. Одоогийн байдлаар УИХ-ын 17 гишүүн дэмжиж гарын үсгээ зураад байна.

Мэдээж хуулийн үйлч­лэлийн хүрээ гэж байгаа байх. Шууд хэлбэл шүүмжлэгчээс гадна хэнд хамаатай вэ?

-Бусдаас хараат бус хүмүүс чөлөөтэй шүүмжилдэг. Жишээ нь АНУ, Канадад амьдарч байгаа Монголын иргэн эсвэл гадаадын иргэн Монголын тухай, Монголын зарим салбарыг шүүмжлэхэд чөлөөтэй. Эргээд үр дагавар нь сөрөг бус байдаг. Харин Монголдоо, салбар дотроосоо шүүмжлэхээр нэг бол шоронд эсвэл их хэмжээний мөнгөн дүнгээр торгуулж байна. Тэгэхээр хаана байгаа хүмүүсээ хамгаалах вэ гэдэг асуудал үүссэн. Тэгээд эрх мэдэлтний удирдлага дор ажиллаж байгаа шүүмжлэгчийг буюу шүүмжлэгчийн хүрээ, шүүмжлэлийг хүлээж авах үүрэгтэй хүмүүсийн хүрээг тус бүрээр нь хуульд зааж өгсөн.

Шүүмжлэгч нь хэн, шүүмжлүүлэгч нь хэн байх юм?

-Ер нь олон нийтийн ашиг сонирхлыг хөндсөн ажил хийдэг эрх мэдэлтэнгүүд шүүмжлүүлэх үүрэгтэй. Монгол Улсын Ерөнхийлөгчөөс эхлээд УИХ, Засгийн газ­рын гишүүд, төсвийн мөн­гийг захиран зарцуулж буй албан тушаалтнууд хамаарна. Хувийн хэвшлээс нийтийн эрүүл мэнд, байгаль орчин, аюулгүй байдалд хамааралтай байгууллагууд бас орно. Тэрчлэн хийж байсан ажилтай нь холбогдуулж асуудал тавьж, шүүмжилсэн бол гэдэг асуудал ч хуулийн хэрэгжилтийн хүрээнд орж байгаа. Харин шүүмжлэгч нь тухайн шүүмжлүүлэгчээ арьс өнгө, нас хүйс, шашин шүтлэг, гэр бүл гээд Үндсэн хуульд заасан хувийн язгуур эрхэнд нь халдах ёсгүй.

Хэвлэл мэдээллийн байгууллагад хэр хамаатай вэ. Нийгэмд тулгараад буй асуудлуудын томоохон шүүмжлэгч нь сонин хэвлэл шүү дээ?

-Хэвлэл мэдээллийн хэрэг­сэл нэгдүгээрт шүүмжлэгч байна. Хоёрдугаарт шүүмжлэгчийг хамгаалагч байж болно. Шууд хэлбэл хэвлэл мэдээллийнхэн эх сурвалжаа энэ хуулийн хүрээнд нууцалж, хамгаалж чадна гэсэн үг. Хууль батлагдвал хуулийнхан мэдээллийн эх сурвалжаа илчил гэхгүй. Илчлээгүй тохиолдолд өмнөөс нь шоронд ордог байдал алга болох учиртай.

Хуулийг гажуудуулсан нөхдөд ямар хариуцлага хүлээлгэх бол. Өнөөдөр бол шүүмжлэгч торгуулж, яллуулж байгаа?

-Манайд үг сонсч чаддаггүй хэдэн даргатай болсон гаж үзэгдэл яваад байгааг л цэгцлэх юм. Өнөөдөр хэн нэгэн үг хэлээд шүүмжилбэл шууд цагдаагийн байгууллагад өгчихдөг болж. Тиймээс хуулийнхаа гол философийг иргэд хардах эрхтэй.

Тэгснийх нь төлөө төрийн албан хаагчийн хүсэлтээр шийтгэхгүй гэж байгаа. Шинэ хуулийн зарчмаар явбал саяхнаас босоод буй Даваапилийн асуудал байна. Даваапил бүх тоо баримтаа хуулийнханд өөрөө гаргаж өгөхгүйгээр харин ч шалгаж өгөөч гэсэн хүсэлтийг хяналтынханд тавибал ёсоор болгодог заалт орж байгаа. Шууд хэлбэл шүүмжлэгч хүн шүүмжлэлийнхээ дагуу муу зүйлийг шалгуулах эрхтэй. Өнөөдөр Монголд эрх, үүргийн эрэмбэ алдагдчихсан байгаа. Бүх мэдээллийг атгаад сууж байгаа хүн юуг ч тайлагнадаггүй хэрнээ бусдыг асуудлынх нь тухай сураглахаар, мэдэхгүйгээсээ болж хардахаар тухайн этгээдийг эрүүдүүлээд эхэлж байгаа юм. Ийм буруу жишгийг Зам, тээврийн сайд асан А.Гансүх тогтоож байна. Салбарынх нь мэргэжилтнүүдийн санаа зовнил нийгэмд хамгийн их хэрэгтэй байдаг. Нийгэм энэ салбарт юу болоод байгааг мэргэжлийн хүмүүсийн мэдээлэлгүйгээр мэдэхгүй. Хардалтыг арилгахын тулд сайд нь бүх мэдээллээ нийгэмд гаргах ёстой байтал хувь хүн дээрээ тусгаж аваад заргалдаад явчихаж байгаа юм. Ингэснээрээ олон нийт мэдээлэлгүй үлддэг. Товчхондоо олон нийт Даваапилийн гаргасан эр зоригийн үр дүнг хүртээгүй. Харин ч Даваапил хохирч олон нийт айдастай үлдлээ. Үүнийг л таслан зогсоох хууль.

Бусдын нэр хүндэд халдагчид гаарах юм биш биз. Нууц нэрээр бусдыг доромжлох гээд сөрөг тал бас байдаг?

-Нэгнээ үнэхээр хохироосон бол заргалддаг журмаараа явна. Харин эрх мэдэлтэй, албан тушаалтай олны өмнө үүрэг хүлээсэн хүмүүс тийм ч амар бусдыг шүүхэд өгөх эрхгүй болно. Тэдний өмнө шүүхдэхээсээ өмнө олон нийтийг мэдээлэлжүүлэх үүрэг тавигдаж байгаа юм. Хэрвээ хэн нэгэн шүүмжлээд түүнд нь нийгэм хариулт нэхэж байвал эхлээд бодит байдлыг мэдээл, дараа нь шүүмжлэгч ор үндэсгүй зүйл ярьсан байвал хувийнхаа асуудлыг тавь гэсэн үг. Ингэхдээ шүүмжилж байна гээд нэр төрд нь халдах тохиолдлыг хамгаалаагүй. Бид хамгийн түрүүнд эрсдэлд өртөх магадлалтай тэр тойргийг л хамгаалах хуулийг боловсрууллаа. Хамгаалахдаа шүүмжилснийх нь төлөө цалинг нь хасч, ажлаас нь хөөн зайлуулж болохгүй гэсэн заалтыг оруулж байгаа.

Ер нь шүүмжлэгчид заналхийлэх тохиолдол манайд ямар хэмжээнд байдаг юм бол. Тоон судалгаа хийв үү?

-Хуулийн төслийг боловсруулахын тулд олон орны энэ төрлийн хуулийг судалсан. Бас олон улсаас манайд уг чиглэлээр өгч байсан зөвлөмжийг судалж, бусад тооцооллыг хийсэн. Хэргийн үр дагаврыг ч судалж үзсэн. Тэгэхэд Монголд гарч байгаа нэр төрөө сэргээлгэнэ гэж Эрүүгийн цагдаагийн газарт хандсан нийт хүсэлтийн 90 хувь нь албан тушаалтных байсан. Эндээс харахад жирийн иргэд нэр төрөө сэргээлгэнэ гэж бусдад эрүү үүсгүүлдэггүй юм байна. Энэ нь албан тушаалтан хүчнийхэнтэй хавсарч эрх мэдлээр далайлгадаг юм байна гэсэн дүгнэлтэд хүргэж байгаа. Үүнийг засах Шүүмжлэгчийг хамгаалах хуулийн төслийг ирэх долоо хоногт өргөн барих төлөвлөгөөтэй байгаа.

Л.МӨНХТӨР

Categories
мэдээ цаг-үе

Ч.Хүрэлбаатар: АН 2012 онд яаж халаа сэлгээ хийсэн, түүнийг нь хийж л таарна

УИХ-ын гишүүн Ч.Хүрбаатартай ярилцлаа.

-Та нарын гишүүд МАН засагт хамтрахыг эсэргүүцэж байсан ч намын тань олонхи шийдвэрээ гаргасан. Тухайн үед зарим нь намаасаа гарах тухай ч сонстож байлаа?

-Би Ардын нам засагт хамтрах шаардлагагүй. Сөрөг хүчний үүргээ гүйцэтгэж явах нь улс төр, эдийн засаг, нийгэмдээ хэрэгтэй гэсэн байр суурьтай байсан. Намын Бага хурал дээр энэ байр суурийнхаа дагуу эсрэг санал өгсөн. Намын олонхийн гаргасан шийдвэрийг хэрэгжүүлж явах дүрэмтэй. Нэгэнт Бага хурлаас “Хамтрах нь зүйтэй” гэж үзсэн учраас асуудал шийдэгдсэн. Би өөрөө НАМ-ын Удирдах зөвлөлийн гишүүн, намын нарийн бичгийн дарга хүн. Бид Н.Алтанхуягийн Засгийн газрын алдаатай бодлогыг хэлж шүүмжилж байсан. Гэхдээ хамтрахын үүднээс шүүмжлээгүй.

-МАН засагт хамтарснаар ямар гавьяа байгуулах юм?

-Анзаарсан бол манайх үндсэн чиг үүргийн буюу бодлогын яамдыг УИХ-ын гишүүн хавсарч хийж болно. Засгийн кабинетийн бусад гишүүн гаднаас томилогдох ёстой гэж байсан. Яг тэр зарчмаараа манайх зургаан сайдаа томиллоо. Өөрөөр хэлбэл УИХ нь УИХ шиг, Засгийн газар нь засаг шиг ажиллах ёстой гэсэн байр суурь дээрээ хатуу байгаа. Ингэснээр Засгийн газрын алдаатай бодлогыг УИХ-ын гишүүд нь хэлж, засч явах болно гэсэн үг.

-МАН засагт орж улс төрийн нөхцөл байдал өөрчлөгдсөн учраас эдийн засаг дээрдэх үү гэдгийг л асуугаад байна?

-Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаар томилогдсоноосоо хойш 14 хоногийн дараа кабинетаа бүрдүүллээ. Миний эхний хүлээж байсан асуудал бол Төсвийн тодотголыг их хариуцлагатай оруулж ирэх байх гэж үзэж байсан. Гэтэл төсвийн тодотгол хамгийн хариуцлагагүй орж ирж байна. Яагаад гэвэл тэнд байгаа тооны ихэнх нь худлаа. Төсвийн орлого нэг их наяд 19 тэрбум төгрөгөөр тасарна гээд бичсэн байна. Өөрөөр хэлбэл нэг их наяд 19 тэрбум төгрөг огт орж ирэхгүй мөнгө. Тэгсэн хэрнээ төсвийн зардал хэвээрээ байгаа юм. Орлого хасагдвал зардал хасагдах ёстой. Ингээд нэг их наяд төгрөгийн зардлыг санхүүжүүлэхгүй бол 2015 онд өр болон шилжээд нөгөө эдийн засгийн хүндрэлийг шийднэ гэдэг маань алга болчихно гэсэн үг. Туйлын хариуцлагагүй оруулж ирснийг нь хэлж, шүүмжилж байгаа. Өөрөөр хэлбэл худлаа төсөв баталдаг байсан, хэвээрээ үргэлжлэх юм байна.

-Төсвийн тодотголыг МАН-аас томилогдсон Ж.Эрдэнэбат гишүүн өргөн барьсан шүү дээ?

-Ж.Эрдэнэбат Сангийн сайдаар томилогдоод нэг хоноод өргөн барилаа. Тэгэхээр Ж.Эрдэнэбат сайд ямар санхүүтэй төсөв авчихав. Эдийн засаг ямар байгаа гэх зэрэг тодорхой мэдээллйиг ирэх баасан гаригт өгөх байх. Тодорхой, бодит мэдээллийг өгөөрэй ч гэж захисан. Хамгийн гол нь одоогийн нөхцөл тийм амар биш байгаа. Өмнө нь хамаг зүйлээ нуугаад хэлдэггүй байсан ш дээ. Одоо эдийн засгийн олон бодит үзүүлэлт гарч ирэх байх гэж найдаж байгаа.

-Тэгвэл одоо эдийн засгаа сэргээхийн тулд яах ёстой вэ?

-Эдийн засагт гаргасан алдаануудаа засах ёстой. Төсвийн бодлого, мөнгөний бодлогын алдаагаа засах ёстой гэсэн үг. Яамдууд нь яам шиг ажилладаг болох ёстой. Өмнө нь яам төрийн байгууллагын түвшинд хэвийн ажиллаж чадахаа больчихсон байсан. Энэ мэтээр алдаагаа яаралтай засаад явбал байдал дээрдэх боломж бий. Нэмээд хэлэхэд Олон улсын валютын сангийнхан ирсэн байгаа. Бид уулзсан. Ингээд Олон улсын валютын сантай хамтарсан хөтөлбөр хэрэгжүүлэх ёстой. З.Энхболд Ч.Сайханбилэгийг Ерөнхий сайд болгох гээд бүлэг дээр орж ирэхд нь энэ саналыг хэлж байсан. “Эдийн засгийн алдаа гаргачихлаа. Алдаагаа хамгийн хурдан засах арга бол Олон улсын валютын сантай хамтарч хөтөлбөр хэрэгжүүлэх. Энэ тохиолдолд хөрөнгө оруулагчдын дунд эдийн засаг бага зэрэг дээшилж магадгүй юм байна гэсэн итгэл нэмэгдэнэ. Өөр аргагүй” гэж хэлсэн.

-Валютын ханшийг бууруулах ажлыг МАН-ын зүгээс хийх болов уу?

-Валютын ханшийг хүмүүс их энгийнээр хүлээж аваад байгаа юм. Үүний ард Монгол Улсын эдийн засгийн суурь үзүүлэлтүүд нөлөөлнө. Хөрөнгө оруулагчид “АН, МАН нэгдчихлээ, одоо оръё” гээд ороод ирнэ гэсэн ойлголт биш гэдгийг ухаарах ёстой. Монгол Улсын эдийн засгийн суурь үзүүлэлтүүд ямар байна. Эдийн засагтаа хэрэгжүүлж байгаа бодлого ямар байна. Цаашид ямар байх нь вэ гэдгийг их харна. Хамгийн прогматик хүмүүс чинь хөрөнгө оруулагчид. Тэгэхээр төсвийн бодлого, мөнгөний бодлогоо засах замаар эдийн засгийнхаа суурь үзүүлэлтүүдийг сайжруулах ёстой. Хөрөнгө оруулагчдын итгэлийг нэмэгдүүлэх ёстой. Төрийн байгууллагууд ажиллах ёстой. Энэ ажлуудыг хийвэл жил зургаан сарын дараа эдийн засгийн хүрээгээ тэлэх боломж бий. Харин ам.долларын ханш бараг буухгүй дээ. Эдийн засгийн суурь үзүүлэлтүүд засагдах хүртэл асуудал шийдэгдэхгүй. Дээр нь Монгол Улсын валютын нөөц хэр байна гэдэг хамаарна. Бас Монгол руу оруулж ирж байгаа хөрөнгө оруулалт байхгүй, 2015 он хувийн хэвшлийн гаднаас авсан зээлийн эргэн төлөлтийн оргил үе бол 2017 он Засгийн газрын зээлийн эргэн төлөлтийн оргил үе болно. Эрдэс баялгийн үнэ өсөх магадлал тун бага. Ийм ийм нөлөөллүүд бий.

-Таны хэлээд байгаа бүхнийг хийчихвэл монголчууд бага зэрэг мөнгөтэй болж магадгүй гэсэн үг үү?

-Төсвийн бодлого, мөнгөний бодлогынхоо алдааг хэр зэрэг засах гэсэн хүсэл эрмэлзэл байна. Хэр зэрэг тууштай ажиллаж чадах нь вэ гэдгээс л хамаарна. Хэлж ярьж байснаасаа эргэж буцаад байвал хэзээ ч бүтэхгүй. Үнэндээ баахан мөнгөтэй болчихоор эдийн засаг сайжирчихна гэж үзээд байж бас болохгүй. 2012 оны дараа хамгийн их мөнгөтэй байсандаа. Нийтдээ 10 гаруй их наяд төгрөгийг зарцуулсан. Үр дүн нь өнөөдрийн нөхцөл байдалд хүргэлээ. Асуудал мөнгөндөө байгаа юм биш гэдгийг харуулж байгаа хэрэг.

-Ажил хийх хүсэл эрмэлзэл гэхээсээ илүү төр засагт ажиллаж буй хүмүүсийг хөрөнгө оруулагчид хардаг юм шиг ээ. Засгийн газрын бүрэлдэхүүн итгэл төрөхүйц байж чадаж байна уу?

-Би МАН-аас сонгогдсон сайд нартаа 100 хувь итгэж байгаа. Нөгөө талаас сонгогдсон сайд нарыг би мэдэхгүй. Бусад намынхан маань сайн ажиллах байлгүй дээ. Тэд хоёр жил гаруй эрх баригч байсан. Үлдэж байгаа хугацаанд хариуцлагатай хандах байх гэсэн бодолтой байна.

-“Шударга ёс” эвсэл, ИЗНН-ыг засагт хамтарсанд ямар байр суурьтай байгаа вэ. Танай намынхан эсэргүүцэж байх шиг байсан?

-Санаачлага гаргах эрх нь АН-д бий. Өөрөөр хэлбэл олон суудал авсан нам нь Ерөнхий сайдаа томилсон. Ерөнхий сайд нь УИХ-д суудалтай бүх намыг оруулна гээд заралчихсан. Тэгэхээр хэн завийг жолоодож явна тэр хүний үг хүчтэй. Завинд нь суучихаад ингэх ёстой гэж олон зүйл шаардах нь утгагүй.

-Одоо МАН 11 агентлаг, долоон дэд сайд, мөн хэмжээний Төрийн нарийн бичгийн дарга, улсын үйлдвэрийн газруудын 40 хувьд нь хүнээ томилно. Энэ томилгоо МАН-ын засаг унагах зорилго байсан юм биш үү?

-Дэд сайд, агентлагийг угаасаа авах ёстой. Авж л таарна. 2012 онд яаж халаа сэлгээ хийсэн бэ. Түүнийг нь хийж л таарна. Хийсэн арга замаар нь буцаагаад л ажиллана ш дээ. Ойлгомжтой асуудал.

-Өшөө авна гэж үү?

-Өшөө авалт биш. Нэгэнт л сайд нар нь тухайн салбарынхаа ажлыг сайжруулахаар очиж байгаа юм бол боловсон хүчинтэйгээ хамт ажлаа хийх ёстой. Шаардлага хангахгүй байгаа боловсон хүчин, улс төрийн томилгоогоор ирсэн төрийн албан хаагчдыг солих ёстой. Өшөө авалтдаа биш. Тэр нь эрүүл бөгөөд зөв шаардлага.

-Төрийн ажлын шаардлага хангахгүй гэдгийг яаж мэдэж, тодорхойлох юм?

-Хамтраад ажиллаад үзэхэд мэдэгддэг юм. Тиймээс энэ бүхэн хийгдээд явах ёстой. Н.Алтанхуягийг унагах зорилго байсан уу гэвэл байсан. Яагаад гэвэл улс орны эдийн засгийг ямар нөхцөлд авчрав гэдгээр нь бид тэр хүнд хариуцлага тооцсон. Түүний дараагийн асуудал нь тухайн үеийн улс төр АН-ын санаачлага байсан. Түүнээс биш хүнийг зорилгогүй огцруулна гэж байхгүй. Огцруулах үндэслэлээ бид хэлсэн. Харин тэр дунд бид хамтармаар байна гэсэн үг, үсэг ороогүй. Бид бодлогын алдаа байгааг олон хэлсэн. Засах үйлдэл огт хийгээгүй. 2013 оноос бодлогоо цэгцэл гэж билд ярьж эхэлсэндээ. “Цаасан мөнгө хэвлээд үнэ тогтворжуулна гэж байдаггүй юм. Чингэс бонд, самурай бонд бүхнээ төсөвтөө оруулаад ир. Тэгээд төсвийнхөө тэнцлийг хуульдаа нийцүүлээд өргөн бариач ээ” гэсэн.

-Оюу толгой, Таван толгойд танайхаас хүн тавигдах болов уу?

-Би тавигдаасай гэж хүсч байгаа. Яагаад гэвэл мэдээлэл олж авч чадахгүй байна ш дээ. Тэнд ямар асуудал болоод байна, аль нь үнэн бэ гэдэг нь бүгд хаалттай. Эрх биш манайх хамтарч байгаа учраас мэдээлэл нь одоо ил тод болох байх гэж бодож байна.

-Засгийн газрын гишүүдийг томилоход та “Дэлхийн зах зээлд нефтийн үнэ буурчихаад байхад Монголд яагаад буурахгүй байна вэ” гэж асууж байсан. Яагаад Монголд энэ бүтээгдэхүүний үнэ буурахгүй байна?

-Би Ерөнхий сайдын өгсөн хийгээд шинээр Уул уурхайн сайд болсон Р.Жигжидийн өгсөн хариултад сэтгэл дундуур байгаа. Яагаад гэвэл зургаан сарын өмнөхтэй харьцуулахад газрын тосны үнэ 50 хувь буурчихлаа. Зургаан сарын өмнө нэг баррель нь 117 ам.доллар байсан. Өнөөдөр 58 ам.доллар болж хоёр дахин унасан. Хоёрдугаарт нефть импортолдог компаниуд нэг ам.долларыг 1443 төгрөгөөр тооцож авдаг. Нэг ам.долларыг 1443 төгрөгөөр тооцож авна гэдэг бусад аж ахуйн нэгжээсээ даруй 400 төгрөгөөр бага буюу литр тутамдаа 400 төгрөгийн наана худалдан авалт хийж байсан юм. Эндээс эрүүлээр бодоход нефтийн төрөл зүйлийн үнэ тодорхой хэмжээгээр буурчихсан байх ёстой.

-Үнийг буулгахгүй байлгах шалтгаан нь юу юм бол?

-Шалтгаан нь бид онцгой албан татвар тавих эрхтэй. Татвар тавьж төсөвтөө мөнгө төвлөрүүлье гэсэн арга байх гэж бодож байгаа.

-Одоо нефтийн бүтээгдэхүүнээс татвар авдаггүй биздээ?

-Одоо нэмж эхлэх байх. Татвар авах үүднээс үнийг нь буулгахгүй гэсэн үг. Би эдний тархинд орчихоогүй учраас сайн мэдэхгүй байна. Гэхдээ ийм л зүйл сэдэж байгаа болов уу.

-Бас Д.Дорлигжав нэр дэвшигчийг сайд болгохоор хэлэлцэж байхад та “Увсын Засаг дарга таны нэрийг барьж аймгийн ард түмнийг айлгаж байна” гэсэн. Энэ үнэн юм уу?

-Байгаа юм нь хэр хэмжээнээсээ хэтэрсэн. Олон нийтийн мэдэж байгаагаар Увс аймгийн дарга байсан хоёр хүн ял авсан ш дээ, тэр хүний матаасаар. Тэр хүн байнга матаж манай намынхныг хэлдэг, шалгуулдаг. Бизнес эрхэлж байгаа улстөрийн хүмүүсийг хэрэгт холбогдуулж ярьдаг. Тэр бүхэндээ сая Хууль зүйн сайд болсон Д.Дорлигжавын нэрийг барьдаг. Тиймч учраас хүмүүс аймгийн ард түмний дунд болгоомжлол бий болчихсон. Үүнийг нь сайд болоход нь анхааруулж хэлье л гэж бодсон юм. Дахиад тэр Засаг дарга Увс аймагт Хууль зүйн сайдын ажлыг, Цагдаагийн ерөнхий газрын даргын ажлыг, Мөрдөн байцаах газрын даргын ажлыг хамтад нь битгий хийгээд байгаасай л гэж хүссэн юм.

Л.МӨНХТӨР

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

П.Алтан-Од: Казиногийн тусгай зөвшөөрөл ямар үнэтэй байх, дүрмийн сан нь хэд байхыг УИХ шийднэ

Хуучнаар ССАЖ-ын яамны Стратегийн бодлого төлөвлөлтийн газрын дарга П.Алтан-Одтой ярилцлаа. Тэрээр Бооцоот морин уралдааны тухай, Казиногийн тухай хуулийг боловсруулсан хүмүүсийн нэг.

Казиногийн тухай хуулийг боловсруулах ажлыг хуучин ССАЖ яамныхан хийсэн. Хуулийн төслийн боловсруулалт ямар шатанд байгаа бол?

-Эдийн засгийг эрчимжүүлэх 100 хоногийн аяны хүрээнд хоёр хуулийн төслийг боловсруулах үүргийг манай яаманд өгсөн. Нэг нь Бооцоот морин уралдааны тухай хууль, нөгөө нь Казиногийн тухай хууль. Ингээд ажлын хэсэг гарч ажилласан. Одоогийн байдлаар Казиногийн тухай хуулийн үзэл баримтлал бэлэн болсон гэж ойлгож болно. Улс татварыг ямар механизмаар тооцож авдаг болох вэ гэдэг асуудлаар эргэж ярилцаад УИХ-д саналаа нэгтгэж өргөн барихаар ярилцаж байна. Бооцоот морин уралдааны хуулийн үзэл баримтлал нь батлагдсан. Засгийн газраас дэмжиж төрийн бус байгууллагуудын саналыг тусгаадУИХ-д өргөн барихаар болоод байгаа. Хоёр хуулийн төслийн боловсруулалт ийм хэмжээнд байгаа.

Казиногийн хууль мөрийтэй тоглоомыг хэрхэн зохицуулах бол. Жишээ нь казиног хэн, хаана байгуулах вэ?

-Энэ хуулийг яагаад боловсруулах болсон бэ гэсэн шалтгааныг нь хэлэх хэрэгтэй байх. Улс оронд валют оруулж ирдэг тодорхой суваг бий болно. Эдийн засгаа солонгоруулах ёстой гээд олон хүчин зүйлүүдийг ярьж байгаа ч гэсэн яг үйлдэл дээрээ хэн валют авчирдаг вэ. Хөрөнгө оруулагчид уу, аялагчид уу гээд ярихаар дэлхий дээр валютын хэдхэн урсгал байгаа. Казиног Монголд хөгжүүлэхэд тохиромжтой бүс нутаг гэж үздэг юм билээ. Яагаад гэвэл уламжлалт харилцаа, соёл, зан заншил, аялал жуулчлал дагаж хөгжих боломжтой. Ер нь цаашид Ази руу аялал жуулчлал өсөх хандлагатай байна. Хууль эрх зүйгээ сайн хийчихсэн тохиолдолд хөрөнгө оруулагчид өөрсдөө бэлтгэл ажлаа базаагаад ороод ирнэ. Казиног хаана байгуулах вэ гэдгээ УИХ шийдэж байхаар оруулж байгаа. Бас тоглогч гэж хэн байх юм монгол хүн үү, гадаад иргэд үү гэдгийг ч УИХ, Засгийн газрын бүрэн эрх хэмжээнд шийдэж байх заалттай байна.

Тэгээд Засгийн газар тоглогч дээр ямар байр суурьтай байгаа юм бол. Монголчууд гадагшаа гарч тоглоод байгаа учраас дотооддоо тоглох эрхийг нь олгочихвол зүгээр биш үү?

-Ер нь бол Засгийн газраас эхний ээлжинд Монгол хүн тоглодоггүй байх ёстой гэж үзэж байгаа. Бид 90-ээд оны дундуур мөрийтэй тоглоом ажиллуулж үзсэн. Алдаа оноо сургамж байгаа учраас монгол хүн тоглуулдаггүй байхаар эхний ээлжинд хуулиа боловсруулъя гэж байгаа. Гэхдээ бүрэн эрх нь УИХ-д байгаа учраас УИХ-ын гишүүд асуудлыг мэднэ. Хууль батлагдахдаа бидний боловсруулснаас яаж ч өөрчлөгдөж мэднэ.Казиног монголчууд гадагшаа явж тоглох урсгал байна. Гэхдээ Үндэсний аюулгүй байдалд хохирол учруулах хэмжээнд асуудалгүй яригдахгүй нь ойлгомжтой. Ер нь бид Солонгосын туршлагыг сайн туршлага гэж үзэж байгаа. Жишээ нь Солонгос Сөүл орчимдоо өөрсдийнхөө иргэнийг тоглуулдаггүй. Бас тодорхой хэмжээний төрийн оролцоотой төрийн бус байгууллагуудын оролцоотой гэсэн казино байна. Бидний хувьд төрийн оролцоо байхгүй, хяналтын үүрэгтэй байхаар хуулийн төслөө боловсруулсан.

Казино байгуулчихлаа гэж үзье. Тоглогчоо яаж татах юм?

-Хөрөнгө оруулагчид хүнээ дагуулаад ирдэг. Тэгээд ч Монгол Улс 2016 он гэхэд нэг сая жуулчин хүлээн авна гэсэн зорилттой. Энэ үндэслэл, тооцоо судалгааг 2000 оны эхээр боловсруулж байхдаа бид дутуу тооцоолж байж. Аялал жуулчлалын дэд бүтцийг л гэхэд хөгжүүлж амжаагүй байна. Он гаргаад “It Be Berlin”-нд түнш орноор оролцох гэж байгаа. Үүний бэлтгэл ажил гээд маш их ажил хийгдэж байгаа. Тэгэхээр энэ бүгд Монгол Улсыг гадагшаа сурталчлах хэлбэр болно. Харин жуулчид Монголд ирээд юу үзэх вэ, юу тоглох вэ, юу харах вэ, юу авч буцах вэ гэдэг нь хангалттай түвшинд биш байна. Нэг жуулчин ирчихээд дахиж ирэхгүй байгаа асуудал бидний шийдэх ажил. Тэгэхээр цаашид тусгай сонирхлоор аялал жуулчлалыг хөгжүүлэх ёстой болж таарч байгаа. Амьтан, ургамал судалдаг ч юмуу. Үлэг гүрвэл, эртний олдвор, казино гээд тусгай аялал жуулчлалыг хөгжүүлэх нь зүйтэй. Аялал жуулчлалын тухай хуулийн шинэчилсэн найруулгаа боловсруулаад Засгийн газарт өргөн барьсан байгаа.

Казино байгуулах болом­жит газрыг тодорхойлж, судлав уу?

-Казиног хаана байгуулах вэ гэдгийг УИХ-аар шийдүүлнэ. Ер нь чөлөөт бүсүүдэд байгуулах ёстой гэсэн олон улсын зөвлөмжүүд байна. Олон улсын туршлага ч тийм. Монголчууд зах зээл багатай, гурван сая хүн амтай. Тэгэхээр бид өөрсдөө тоглоно гэхээсээ илүүтэй Замын-Үүд юм уу, Дорнод аймгийн Халх гол сум руу гэдэг ч юмуу хил орчмыг эхэлж хөгжүүлэх нь зүйтэй гэж харж байгаа. Саналыг ажлын хэсэг гаргана. Онгоц буудаг байх уу, шууд хил гардаг байх уу гэдэгт Үндэсний аюулгүй байдлын зөвлөл шийдвэрээ гаргадаг болно. Бас ОХУ-тай визгүй зорчдог болчихлоо. Тэгэхээр Сэлэнгийн Алтанбулаг дээр хөгжүүлэхэд ч болохгүй юм байхгүй юм билээ.

Яагаад Улаанбаатарт казино байгуулна гэхгүй байгаа юм бэ?

-Ер нь бол чөлөөт бүсэд казино байгуулах нь зүйтэй юм билээ. Улаанбаатарт түгжрэл ихтэй. Яг хүмүүсийн тоглохоор явдаг цагт буюу 16 цагаас оройн 20 цагийн хооронд Улаанбаатар түгжрэлтэй байдаг. Тэгэхэд Солонгост хурдны, энгийн гээд хэд хэдэн замыг казино руугаа тавьчихсан. Метро хүртэл шууд очдог. Тийм замаар явж, түгжрэлгүй хүрсэн хүмүүс ямар ч стрессгүй тоглоно биз дээ. Гэтэл манайд яах вэ гэвэл замын түгжрэлд орж бухимдсаар очвол тоглолт ямар байх нь ойлгомжтой. Тийм хүн казино тоглоно, мөнгөө алдана улам л уур нь хүрнэ.

Казинод хөрөнгө оруулах, эзэмших тухайд?

-Монголын талаас 51-ээс доошгүй хувийг нь эзэмшинэ гээд заачихсан байгаа. Гэхдээ бас ийм заалт оруулчихаар хөрөнгө оруулалтын шаардлагыг давах, хөрөнгө оруулалт хийх нь эргэлзээтэй болчихно. Тиймээс энэ заалтыг авах нь зүйтэй юм байна, эсвэл хувь хэмжээг нь багасгах хэрэгтэй юм уу гээд ярьж байгаа.

Дэлхийн жишигт төрийн өмчийн казино байдаг гэсэн. Монголын тухайд төр казино байгуулах эрхтэй байх болов уу. Татварын хувь хэмжээ ямар байх вэ?

-Монголын төр хөрөнгө оруулалтад ерөөсөө оролцохгүй. Төр энэ бүхнээс хол байх ёстой. Харин эсрэгээрээ хяналт нь ойрхон байхаар хуульчлах ёстой юм билээ. Казино дээр 40-өөс доошгүй хувийн татвар авахаар тооцоолж байгаа. Макаогийн туршлагаас харахад 39 хувийн татвар авдаг юм билээ. Шууд хэлбэл казиногоос нэг удаагийн тэмдэгтийн хураамж гэж авна. Улсын тэмдэгтийн хураамжнь арван жилийн хугацаатай байж болно. Хоёрдугаарт казиногийн үйл ажиллагаа эрхэлснээрээ аль нэг салбарын асуудлыг шийдэх юмуу, хандив өгөх сан төвлөрүүлдэг юм байна, ихэнх улсад. Тийм нэг удаагийн тусламж нь 10 сая ам.даллор байх ч юм уу дүнг УИХ-аас зааж өгнө. Энэ хоёр татварыг тодорхой хугацаанд нэг удаа авах юм. Мөн аж ахуйн нэгжийн орлогын албан татвараа хөрөнгө оруулагч компани төлөх ёстой. Энэ нь гурван тэрбум төгрөгөөс дээш 25 хувийн татвар авдаг байхаар орох болов уу. Мэдээж НӨАТ төлнө. Онцгой албан татвар гэж төлнө. Ийм тооцооллыг хийсэн байгаа.

Казиногийн стандарт ямар байдаг юм бол?

-Казино гэж рулетны машинуудын иж бүрдэл бүхий зориулалтын өрөө тасалгааг хэлнэ гээд тодорхойлолтоор заагаад өгчихнө.

Түүнчлэн ширээгээ тоо ширхгээр зааж өгнө. Тэгэхгүй бол 50 ширээтэй үйл ажиллагаа явуулдаг байж 10 ширээтэй гэдэг ч юмуу татвараас бултах магадлалтай. Бас ганц ширээ, рулет тавьчихсан үйл ажиллагаа явуулж байвал казино гэж үзэхгүй. Жуулчин ирчихээд нэг ширээн дээр дугаарлаж тоглоно гэж байхгүй ш дээ. Тэрчлэн олон улсын туршлагаас харахад нэг дор олон казино байгуулах нь сайн зүйл биш гэж үздэг юм билээ. Жишээ нь Макао бол эдийн засгаа казино руу чиглүүлсэн ихэнх хувь хэмжээг казиногийн орлогоосоо бүрдүүлдэг учраас арай өөр бодлоготой. Солонгос болон бусад орнуудыг харж байхад нэг дор олон казино байх нь өрсөлдөөнийг хязгаарласан ашиг орлого бууруулсан дампууруулдаг тогтолцоо бий болох юм билээ. Тиймээс нэг дор олон тусгай зөвшөөрлийг өгөхгүй байх гэж бодож байгаа.

Тусгай зөвшөөрлийг авахын тулд хэдэн төгрөг төлөх вэ?

-Энэ бол судалгааны тоо шүү. Улсын тэмдэгтийн хураамж гэж бий. Үүнийг арван жилийн хугацаатай өгөх боломжтой. Ер нь батлагдаагүй тоо баримт урчаас яг тэд гэж хэлэхэд эрт байна. Ер нь бол 10 сая ам.даллор байх болов уу. Энэ бол ажлын хэсгээс хамаарахгүйгээр яригдах асуудал. Мэдээж сунгах болгондоо 10 сая ам.доллараа төлж байя гэдэг ч юмуу энэ дүнг мөн л УИХ тогтооно.

Казиног дагаж ямар бизнес үйлчилгээ түлхүү хийгдэх бол?

-Казино нэг бүсэд дангаараа үйлчилгээ явуулахад хүндрэлтэй. Тэгэхээр аялал жуулчлал, зочид буудал, ресторан үйлчилгээний газар энд ажиллах шаардлагатай болно. Тийм учраас казино бүхий энэ цогцолбор газрын 70 орчим хувь нь аялал жуулчлалын бүс байдаг. Давхар болгондоо казинотой байна гэж байхгүй ш дээ. Амралтын өрөө байна спа центер буюу массажны газар гэх мэт жуулчдын хүсдэг, таалдаг бүх үйлчилгээг казиногийн цогцолборт төвлөрүүлэх ёстой. Тухайн барилгыг 100 хувь гэж үзвэл 10 орчим хувь нь казино байж бусад нь дагасан үйлчилгээ байх ёстой.

Тэгэхээр нэг ийм цогцолборт нийт хичнээн хүн ажиллах боломжтой гэж харж байгаа вэ. Монголчуудын хувьд ажиллах боломж хэр байх бол?

-Ер нь ажилчдын дийлэнх хувийг Монгол талаас бүрдүүлнэ гэж хуулиндаа оруулж байгаа. Эхлээд гадны баг ирж монгол ажилчдаа бэлдэх ёстой. Зуун хувь хөрөнгө оруулалт хийчихээд олсон хөрөнгөө буцаагаад авч гараад байж болохгүй. Тэгэхээр бодлогоор тийм заалт хийж өгөх ёстой юм билээ. Хамтарсан компани ч юмуу энэ асуудлаар бид сангийн яамтай зөвшилцөнө.

Казино дагасан эрсдэл гэж гарах байх. Энэ бүхнээсээ яаж урьдчилан сэргийлдэг болох юм?

-Олон улсын гэмт хэрэгтэн, мөнгө угаах гэмт хэрэг, донтож тоглодог тоглогчдоос сэргийлэх тэдний эрхийг хэрхэн хязгаарлах талаар бүх зүйлийг тусгаж өгөхучиртай. Мөнгө угаах гэмт хэргийг яаж илрүүлэх, их хэмжээний мөнгөтэй болж байгаа тоглогчийг хэрхэн бүртгэх, насанд хүрээгүй хүүхдийг нэвтрүүлэхгүй байх гэх мэтээр асуудал дээр олон улсын туршлагыг судалж байгаад заалтуудыг оруулсан.

Дүрмийн сан гэж байх уу. Мэдээж их мөнгөтэй хүмүүс л энэ салбарт хөрөнгө оруулна?

-Банкны дүрмийн сан шигээр төсөөлж байгаа. Банкны дүрмийн сан 16 тэрбум байгаа ш дээ. Урьдчилсан ТЭЗҮ гээд олон ажил хийгдээгүй учраас банкныхнаас өөр дүн тавьж болохгүй байгаа. Товчхондоо бүх судалгаа хийгдээгүй байгаа учраас тэр дүнг харанхуйгаар тавьж хөрөнгө оруулагчдыг үргээх үү, инээлгэх үү гэдгээ хэлж мэдэхгүй байна. Одоогоор манайд хамгийн том дүрмийнх сантай байгууллага нь банк. Ер нь энэ салбар, энэ хуулийг нэг удаа яриад ойлгуулчихна байхгүй юм билээ. Хуулийн төсөл өргөн бариад олон хэлэлцээд эхлэхээр илүү тодорхой болох байх.

Л.МӨНХТӨР

Categories
мэдээ цаг-үе

Д.Дэмбэрэл: Удахгүй намын дарга нь Ерөнхийлөгч болно гэх байх аа

УИХ-ын гишүүн Д.Дэмбэрэлтэй Улс төрийн намуудын тухай хуулийн өөрчлөлтийн талаар ярилцлаа.

-УИХ-д суудалтай намууд Улс төрийн намуудын тухай хуулийг өөрчлөхөөр ажиллаж байгаа. Өмнөх хуулиудыг нь боловсруулан батлалцаж байсан хүний хувьд одоо ямар өөрчлөлт хийх шаардлагатай гэж үзэж байна?

-Анх 1990 онд Улс төрийн намуудын тухай хуулийг баталсан. Дараа нь 2005 онд томоохон өөрчлөлт оруулахад ажлын хэсгийн ахлагчаар би ажилласан. Түүнээс хойш нэлээд хугацаа өнгөрсөн учраас одоо анхаарах зүйл олон байна. Нийгэмд тавигдаад байгаа өнөөгийн шаардлагыг улс төрийн намууд хангахтай холбогдсон заалтууд нэмж орох ёстой юм. Ер нь сүүлийн үед улс төрийн намуудад иргэдийн итгэх итгэл буурах болсон нь тодорхой ажиглагдаж байна. Намууд боловсон хүчнийг томилох, сонгох замаар төрд оролцох оролцооны хувьд ихээхэн учир дутагдалтай байна. Тиймээс “Намгүйжих байдал буюу нам хэрэггүй”. “Бие даасан нэр дэвшигчид байвал яасан юм. Зөвхөн иргэний төлөөлөл байдлаар төрийг барих зүй тогтлоор УИХ-ын гишүүдийг сонговол ямар вэ” гээд шүүмжилдэг болсон. Энэ нь парламентад суудалтай намуудын үйл ажиллагааны дутагдалтай холбоотой. Бас намууд санхүүгийн хувьд мөнгөний эрхшээлд орчихсон байна. Эдгээрээс улбаатай ноцтой гажуудлууд ч бий болох нь. Үүнийг юуны өмнө засах ёстой.

-Төрөөс 100 хувь санхүүждэг болох ёстой гэдгийг хэлээд байна уу?

-Намуудын санхүүжих боломжийг хуулиар бий болгож хэмжээг нь тогтоож өгсөн. Тэр хэмжээг нэмэх шаардлага бий. Ард түмэн “Юун намд мөнгө өгөх” гэж ярьдаг л даа. Одоо олгож байгаа нь бага мөнгө. Бага зардлын цаана их хохирол нуугдаж байна. Их хохиролд хүрэхгүйн тулд бага зардлаа нэмэх нь ач холбогдолтой. Намууд парламентад суудал авч улс орны улс төрийн удирдлагыг хангах үүрэгтэй. Төрөөс зуун хувь санхүүжүүл гэхгүй.

Гишүүд дэмжигчдийн татвар, хуулийн этгээдийн хязгаартай хандив бийг бодолцох ёстой.

-Ингэснээр Монголын улс төр бизнес бүлэглэлээс бүрэн ангижирч чадах уу. Хуульд яг яаж заавал зохилтой вэ?

-Парламентад суудал авсан намуудын гишүүний татвар, хандивыг тооцон оролцуулж үйл ажиллагааны зайлшгүй санхүүжилтийг төр хариуцах нь зүйтэй. Эс тэгвээс намууд том пүүс компаниуд юм уу мөнгөтэй хүмүүсийг саах байдлаар санхүүжиж байна. Товчхондоо төр зардлыг нь хариуцаагүй тохиолдолд намууд пүүс компаниудын эрхшээлд, мөнгөтэй хүмүүсийн атганд ордог. Энэ байдлаас болж цаагуураа төрд өөрийнхөө бодлогыг тулгах, том албан тушаалуудыг авах байдалд хүргэдэг. Эцэстээ намд өгсөн мөнгөө авлига, хээл хахууль, хууль бус үйлдлээр эргүүлэн авахад түлхэнэ. Дээр миний хэлсэн ноцтой хохирол гээд байгаа нь ингэж гарч ирдэг. Тиймээс парламентад суудалтай намуудад төр санхүүгийн дэмжлэг үзүүлж, түүндээ хатуу хяналт тавихыг хуульчлах шаардлагатай. Пүүс компани, хувь хүмүүсээс өгч буй хандив, санхүүжилтэд хуулиар тавих хяналтыг чангатгах хэрэгтэй.

-Иргэд намуудын санхүүжилтийг хянах боломжийг яаж бүрдүүлж өгөх ёстой вэ?

-Жишээлбэл, төрийн санхүүгийн дэмжлэгийг жил бүр намууд санхүүгийн тайланд тусган намын гишүүд, нийтэд ил тод мэдээлэх хэрэгтэй болно. Дээд шүүхэд тайлангаа өгснөөр Сангийн яам хянах болно. Нам дүрмийн зорилгоо биелүүлэхийн тулд санхүүжилтийг зөв ашиглах ёстойг хуулиар тодруулан зааж болно. Ийм байдлаар санхүүгийн асуудлыг хуулиар бүрэн шийдэж өгөх хэрэгтэй. Шаардлага өндөржин, намууд санхүүгийн хувьд эрүүлжсэн хэмжээгээрээ энэ төрийг авч явбал эдийн засгийг бэхжүүлж, иргэдийн орлогыг нэмэгдүүлж улс орноо хөгжүүлэх боломж байна. Энэ асуудалд гар татсан ядмаг сэтгэлээр хандаад байвал намуудын цаана авлига, хээл хахууль, сонирхлын зөрчил үүсэж, нийгэмд хохирол дагуулж мэднэ. Ер нь намуудын санхүүжилтийн бие даасан хуультай болох хэрэгтэй.

-Мэргэжилтэй, чадвартай хүмүүс нь бус мөнгөтэй хүмүүс намаар дамжин төрийн эрхийг авч байгаа тухайд хэрхэх хэрэгтэй юм бол?

-Санхүүгийн асуудлаас үүдээд ч тэр, бас бус шалтгаанаас төрд намуудын илгээж буй хүмүүст ихээхэн эргэлзээ төрөх болов. Улс төрийн болон удирдах ажилд боловсон хүчнийг шилж, сонгох, томилох зарим асуудлыг хуульд нэмж тусгах шаардлага байна. Нам гэдэг байгууллага төрийн удирдлагын улс төрийн гол тулгуур учраас намын үйл хэрэг нь төрийн үйл хэрэг. Энэ үүднээс намуудын боловсон хүчний асуудалд өөрөөр хандах биз. Намуудын төрд илгээх боловсон хүчний хариуцлагыг хуулиар тодорхойлж болно. Шалгуур механизмыг нь зааж болно. Одоо бол намын дарга нарын түвшинд яригдаад асуудал шийдэгдэх хандлага зонхилж байна. Нэг үгээр хэлбэл, боловсон хүчний сонголт цөөн хүний хүрээнд хөшигний цаана хийгдээд байгааг л иргэд зөвшөөрөхгүй байна. Тэгвэл зааг тогтоох хэрэгтэй. Намуудын нэрээр халхавчлан танил тал, өөрийгөө дэмжигчид, мөнгө санхүүгээр туслагчид гэх зэргийн үзүүлэлтээр сонголт хийж төрд шургуулах нь төрийн боловсон хүчнийг улам доройтуулахад хүргэж байгаа. Улс төрийн албан хаагчдаас бусад төрийн жинхэнэ албан хаагчид намын гишүүнчлэлээс түдгэлзсэн. Хуулийн энэ заалт эс хэрэгжин намын харьяаллын мэтээр ажиллах боллоо. Энэ нь улс төрийн бүх намд хамаарна.

-Тойргийг худалдан авдаг тал бий?

-Ёс зүйн хувьд нэр цэвэр, зан суртахууны доройтолгүй, өмчийн болон ашиг сонирхлын зөрчилд автаагүй байхыг нэг гол шалгуур болгох ёстой. Өндөр боловсролтой, чадвартай, шударга, хэнээс ч хараат бусаар ажиллах, мэргэжлийн боловсон хүчнээ сонгож чадахгүй л байна. Бас УИХ-ын гишүүд сонгогдсоны дараа иргэдээс ихээхэн шүүмжлэл дагадаг боллоо. Ард түмний сонголт буруудаа биш, намууд дөрвөн жилийг даахгүй, зохисгүй нөхдийг нэр дэвшүүлж оруулсантай холбоотой. Тухайлбал, “Чи үүнийг идвэл ид, байвал бай” гэж шахах адил арга буюу нэгийг нь сонгоход хүргэхээр нэр дэвшүүлдэгтэй холбоотой. Ийм болохоор хариуцлагын асуудлыг намуудын хуульд зааж өгөх нь чухал. Асуудалтай холбоотойгоор сонгуулийн хуульд авлига, сонирхлын зөрчлийн асуудлыг тод томруун тусгасан. Авлига өгч болох бүх нүх сүвийг Сонгуулийн хуулиар хаасан гэж ойлгож байсан. Гэтэл хуулийг хэрэгжүүлэхэд мөнгө тараасан, нэр дэвшигч мөнгөөр дэвшлээ, тойргийг худалдсан, худалдан авсан яриа тархдаг. Засах л хэрэгтэй болно.

-Тэгэхээр үүнийг зохицуулсан хуульчлалыг яаж чангаруулж өгөх хэрэгтэй юм бол?

-Авлига, хээл хахуулийн асуудал тусгай хуультай. Гэхдээ улс төрийн авлигын тодорхой хэсгийг намуудын хуульд арай өөр өнцөг, хариуцлагын үүднээс тусгаж болно. Авлигын хуулийг анх 1996 онд санаачилж батлалцсан хүмүүсийн нэг нь би. Хуулийг нь гаргана гэдэг том ололт. Улс бүр Авлигын эсрэг хуулийг амархан гаргачихдаг юм биш. Яагаад гэвэл төрийн дээд удирдлагуудын сонирхлын зөрчил, авлига, танил тал, тал тохой татах, гэр бүлсэг байдал гаргах зохисгүй бүх зүйлийг хуулиар хаана гэдэг удирдлагад буй хүн бүрийн гар өргөдөг зүйл биш. Харин бид бүгдийг нь гаргаад хэрэгжүүлж байгаа. Өнгөрсөн парламентаас сонирхлын зөрчлөөс сэргийлсэн хуулийг бид гаргасан. Улс төрийн өндөр албан тушаалтны Ёс зүйн дүрмийг парламент гаргачихсан л байна. Энэ бүхэн давахад амаргүй даваанууд. Одоо дараагийн шат буюу намуудын хуульд үүнийг заах хэрэгтэй. Ингэхдээ төрд сонгуулсан, томилуулсан хүн нь авлигатай холбогдвол нам нь татах саналаа УИХ-д оруулдаг үүрэгтэй болгох хэрэгтэй. Одоо ийм байдлыг нам нь бүр хамгаалдаг жишиг тогтжээ. Ер нь энэ ёс зүйгүй байдал төрийн ч, намын ч нэр хүндийг гутааж байгаа шүү дээ. Тэр нь юутай холбоотой вэ гэвэл төрийн ажлыг хийхээс илүүтэй амин хувийн ашиг сонирхлоо илүүд үздэг, ашиг сонирхлын төлөө ажилладагтай л холбоотой.

-Намын дотоод асуудал гэдгээр олон зүйл халхлагддаг?

-Намуудын хуулийг дутуу хэрэгжүүлж буй тал бий. Намын нэрийн асуудлаас болж нийгэмд томоохон маргаан үүсчихээд байж л байна. Жишээ нь, МАН-ын МАХН гэсэн нэрийг буруугаар ашиглах болсон. Намын хэрэглэж байсан нэрийг дахин өөр улс төрийн субъект өмчлөх эрхгүй гэсэн хуулийн заалт хөсөрдсөн. Бидний бодож оруулсан тэр зүйлийг Дээд шүүх хэрэгжүүлэхдээ ноцтой гажуудалд оруулснаар улс төрийн маргаан үүсгэсэн. Нам дотоод ардчилалтай байхыг зарчим болгосон одоогийн хуулийн заалтуудаа эргэн сайтар харах хэрэгтэй.

-Намын гишүүнчлэлийн тухайд?

-Намын гишүүнчлэл дотоод асуудал нь мөн. Гэхдээ үүнийг тодруулж заах шаардлага байгаа. Хатуу гишүүнчлэл гэдгийг манай орон хуулиар, намууд дүрмээрээ аль хэдийнэ зөөллөсөн. Яагаад гэвэл намд элсэх, гарах асуудал чөлөөтэй гээд 1990 оноос хойш төлөвшүүлж байгаа. Харин энгийн гишүүнчлэлтэй байх нь манай бодит байдалд илүү ойртох биз. Энд анхаарах асуудал бол гишүүнчлэлийг албан тушаалын шат болгон ашиглах болсон нь муу нөлөөтэй. Төрд ажилладаг гишүүддээ нам хатуу хяналт тавих, боловсон хүчнийг сонгох, томилох, өөрчлөхийг нам бүхэлд нь мэддэг юм шиг байдалд орсон. Төрд ажиллая гэсэн хүн нам дагаж аппаратад нь ажиллавал бүтдэг юм шигээр ажилладаг болсон буруу ажиллагаатай холбоотой зүйл ч байгааг засах хэрэгтэй байгаа.

-Фракцгүй болно гээд ярьдаг. Хуулиар яаж хаах ёстой юм?

-Сүүлийн үеийн намуудын дотор болон нам хоорондын зохисгүй үзэгдлийн нэг энэ. Уг нь аливаа фракц намын дотоодод их хортой гэж үздэг. Ардчилсан тогтолцоонд үзэл бодлоо уралдуулах нэг механизм байх л даа. Нам хоорондын бүлэглэлийн анхны муу суурийг 1998 оноос “Алтан гадас” тавьсан. МАХН-ын болон АН, Социалдемократ намын удирдлагын дундаас ч гарсан. АН-ынхан фракцаасаа болоод төрийн эрхийг авчихаад барьж чадахгүйд хүрсэн нь шинэхэн сургамж. Энэ нь намууд төрд сайн хүнээ сонгож оруулах биш фракцийн нэг нөхөр л байж байвал ёстой “бор халзан хонь” байлаа ч сонгоно гэдэгтэй адил. Нам дотор фракц байж болно. Тэр нь бодлого, үзэл бодлынхоо асуудлыг намын дотоодод ярьдаг байна биз. Төрийн албан тушаалд сонгох, томилогдох асуудлын тухайд зохистой хязгаарлалтыг хуулиар хийж болох юм.

-Намын төлөө байсангүй гээд УИХ-ын гишүүнийг эргүүлэн татах асуудал хөндөгддөг?

-Саяхан маргаан гарсан даа. АН-ынхан зарим гишүүдээ Засгийн газрын эсрэг хандсан гэнэ үү нэг юм болов оо. Хэдийгээр намын жагсаалтаар орсон ч гэлээ хуулиас нам давуу эрх эдлэхгүй. Ард түмэнд нэр дэвшигчдээ танилцуулж ард түмний саналыг намдаа авч байж квотоор орсон болохоор тэнд ард түмний сонголт хийгдчихсэн байна гэсэн үг. Тэгэхээр ард түмний сонголтыг хүндэтгээд хуульдаа захирагдаад яах ч аргагүйд хүрсэн. Мажоритар системээр бол намуудын хуульд энэ тухайд оруулах гээд байх шаардлага бага. Харин пропорционал болон түүний элемент орсонтой холбогдон тодорхой заалт хуульд нэмж оруулах нь зүйтэй.

-УИХ-д намаа солих, урвах үзэгдэл бий. Энэ тохиолдлыг?

-Үндсэн хуульд хамаатай, ноцтой асуудал. Яагаад гэвэл ойролцоо суудал аваад ялчихсан намын гишүүд урвах юм бол ард түмний өгсөн засаглалын эрхийг барих боломжийг алдагдуулах гэм үүснэ. Энэ тохиолдолд бид намуудын хуульд юм уу, сонгуулийн хуульд заавал нэмэлт тодотгол хийх учиртай. Одоо чөлөөт байдлыг далимдуулан зарим нь нам хооронд явж байна. Гэхдээ урвахгүй шүү гэх нь хаашаа юм тойргоо түүнээс авч дахин сонгууль явуулах, жагсаалтаас дараачийн хүнээ оруулах эрх намд нь хадгалагдахаар хуульчлах нь зүйтэй. Шууд хэлбэл намаа өөрчилж байгаа бол их хурлын суудлаа чөлөөл гэдэг хуулийн шаардлага тавигдана гэсэн үг.

-Намын бүлэг нь байнгын хороо, УИХ-ын чуулганаас ч дээгүүрт байх шиг. Энэ асуудлыг хэрхэн тусгах ёстой юм?

-Одоогийн намын бүлгүүдийн хэмжээнд анхаарууштай зүйл цөөнгүй гарах болсон. Анх намын бүлэг их даруу байсан юм. Би 1992-1996 онд олонхийн бүлгийн ахлагч хийж байсан. Тэгэхэд намын бүлгийн ахлагч, ахлагчийн орлогч гэдэг нэртэй удирдлага байлаа. Одоо дарга болцгоосон. Намын бүлгүүд өнөөдөр УИХ дахь байнгын хороодын дээгүүр тавигдах болов. Уг нь УИХ-ын байнгын хороод Үндсэн хуулийн байгууллага юм. Одоо намын бүлгүүд байнгын хорооны хуралдааны танхимд хуралдаж байна. Өмнө нь УИХ-ын чуулганы танхим, байнгын хороодын хуралдааны танхимд бүлэг хуралддаггүй байсан. 1990-ээд оны үйл явдлын дараа нам, түүний бүлэг их даруу, төрөө дээдлэх зарчим дээр түшиглэн ажиллаж байв. Одоо бол намыг дээдлэх зарчим руу орж явна.

-Тэгвэл энэ парламентыг намын дарга нар удирдаж байгаа явдал байж болох хувилбар уу?

-Намууд дэндүү даварч байна уу даа. Урьд нь гүйцэтгэх засаглалд намын дарга нар ажиллаж байлаа. Гүйцэтгэх засаглалаа парламент хянадаг тогтолцоо болох л хувилбар. Өнөөдрийнх шиг намын дарга нар УИХ руу давхиад ирнэ гэдэг ихээхэн зохисгүй хандлагын эхлэл. Тогтолцоог нь хараад байвал бүлгийн ахлагч нь дээшлээд байнгын хорооны дээд талд, намын дарга нар нь УИХ-ын дарга болоод байна. Удахгүй байтлаа намын дарга нь Ерөнхийлөгч болно гэх байх аа. Энэ бүхэн намуудын нэр хүндийг өсгөж буй биш унагаж байгаа нөлөөлөл. Тиймээс намын дарга гүйцэтгэх засаглалыг удирдаж болно, УИХ-ын дээр байхгүй гэдгийг аль нэг хуулиараа заах хэрэгтэй. Нам захиргаадалтын шинжтэй байдал руу, Монгол нам төвтэй төрийн хэлбэр рүү гулсаж байна. Засч залруулах ёстой.

-Өмчийн тухайд?

-Өмч байх ёсгүй гэсэн буруу хандлага үндсэн хуулийн гадуур яваад байна. Өмчийн эрх чөлөө гэж ганцхан хувийн өмчийг яриагүй шүү. Төрийн өмч, олон нийтийн, төр хувийн хэвшлийн өмч ч байна. Одоо хувийн өмч бүхнийг шийддэг гэсэн асар хүчтэй туйлшрал явагдаж бусад өмчийг дураараа булааж авах оролдлого хийгдэж байна. Энэ нь намуудын тухай хуулийн заалт тодорхой бустай холбоотой юм болов уу даа. Болохоо байгаад ирэхээрээ нэгнийхээ өмчийг дээрэмдэх гэсэн улс төр, сурталчилгаа асар их хийдэг. Тэрний цаана нэг нам нь нөгөө намынхаа өмчийг булааж авах байдлаар нэр хүндийг нь унагах гэсэн оролдлого л явж байна.

-Засгийн газрыг эрх баригч, сөрөг хүчин хамтарч байгуулж байя гэсэн хуулийн төсөл санаачлагдаж байгаа гэсэн. Энэ зөв үү?

-Үүнийг намуудын хуулиар юм уу, сонгуулийн хуулиндаа тусгах ёстой. 2008 онд сонгуулийн дараа хамтарсан Засгийн газар байгуулсан. Үүнийг би аргагүй нөхцөл байдлын дүнд бий болсон гэж үздэг. Хэрвээ сонгуулийн дүнг 2008 оны долдугаар сарын 1-нд иргэд эсэргүүцсэн байдал цаашаа үргэлжилбэл юун төрийг дөрвөн жил авч явах. Нэг бол дахин сонгууль явах, үгүй бол жилийн дараа УИХ, Засгийн газар унах нөхцөл үүсэж болох байсан гэж боддог. Ингээд хамтран засаглах нь боломжит хувилбар гэж үзсэн. Гэтэл өнөөдөр сонгуулийн явцын дунд сөрөг хүчин засагт орлоо. Цаг үеийн, түр гээд л бодчихъё. Ер нь сөрөг хүчин гэдгийг нийгэмд их муухайгаар харагдуулах боллоо. Сөрөг хүчин сөрж дайрч байдгийн нэр юм шиг, сөрөг хүчин үндэсний эв нэгдэлд харшлаад байгаа юм шиг нийгэмд ойлгуулаад байна. Үүнийг далимдуулаад үндэсний эрх ашгийн төлөө хамтарна гэх. Сүүлдээ сөрөг хүчинтэйгээ эрх баригч нь хамтраад засаглаж байя гэсэн хууль санаачлаад явж байна. Тийм зүйл байхгүй. Уг нь АН цөөнхтэйгөө нийлж засагласан хувилбар хамгийн зөв юм. Тэгэхээр сөрөг хүчин өөрийн байр сууриа дөрвөн жилдээ хадгалж байхыг хуульчилж өгөх хэрэгтэй. Сөрөг хүчин гэдэг бол дараагийн Засгийн газрыг байгуулах хамгийн боломжтой нам нь. Тухайн нөхцөлд төрд хяналтын чухал үүргээ гүйцэтгэх нь юу юунаас илүү хэрэгтэй, ард түмний нэгэнт хуваарилсан эрх мэдэл рүү дайраад байх нь нэн зохисгүй зүйл.

-УИХ-ын гишүүдийг эргүүлэн татах асуудлыг яаж тусгах шаардлагатай бол?

-Хээл хахууль, идэж уусан, гэмт хэрэг үйлдсэн тохиолдолд нам гишүүнээ эгүүлэн татах үүрэгтэй байхаар заах нь зүйд нийцнэ. Одоо бол нам үүрэг хүлээхгүй, харин ч бурууг хамгаалах байр сууринд ордог. Кноп дарсан, дараагүй, зөв, буруу гээд эргүүлэн татна гэсэн юм байхгүй. Байж таарах ч үгүй. Энэ мэтээр бүх асуудлыг намуудаас томилогдсон ажлын хэсгүүд зөвшилцөж нягт, нарийн ярилцаад хуулиа гаргах шаардлага байна.

Л.МӨНХТӨР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төр засгийг ийм л хүмүүс гутааж байгаа бус уу

Ирэх оны нэгдүгээр сарын 1-нээс Шилэн дансны хууль хэрэгжинэ. Хууль хэрэгжиж эхлэхтэй холбоотойгоортанилцуулга, зөвлөгөөнийг өчигдөр зохион байгуулж, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж хүнд сурталтнуудад хандаж үг хэллээ. Тэрээр “Энэ хууль хариуцлагыг улам чангатгаж дээшлүүлэх хууль. Энэ хууль төрийн ажлыг улам хариуцлагажуулна. Өнөөдөр төрийн албанд хүнд сурталтан олон байна. Тэд ард түмний татвараар цалинждаг, хүнд суртал гаргах эрхгүй хэрнээ хамгийн их хүнд суртал гаргадаг. Нөхдүүд минь ээ, нэгдүгээр сарын 1-нээс энэ хууль хэрэгжиж эхэлнэ гэдгийг санаж хүнд суртлаа орхин ажилла. Ирэх оны өдийд ийм зохисгүй байдал гаргаснаасаа болоод тэдэн хүн ажлаасаа халагдсан гэсэн тоо, мэдээтэй сууж байвал хууль хэрэгжсэний илэрхийлэл болно. Хуулийг зөрчин хүнд суртал гаргасан бол төрд дахин ажиллах эрхийг бүрмөсөн хасна” хэмээлээ.

Ерөнхийлөгчийн хэлсэн үг цаг үеэ олох шиг боллоо. Төрийн хүнд суртал энгийн иргэдийг хөлдөө чирч, нийгмийг туйлдуулах хэмжээнд хүрчээ. Манай сонин ч хүнд суртал ямар байдгийг ёстой л яс махаараа мэдэрч байна. Төрийн байгууллагуудын ажлыг нь хийлгэж нийгэмд тулгараад байгаа асуудлыг шийдэхийн тулд асар их хөөцөлдлөг, тэсвэр тэвчээр шаарддаг юм байна. Өнгөрсөн зунаас хойш “Өдрийн сонин”-ны байрны цонхыг таглаж, барилгын салбарт мөрддөг хууль дүрмийг зөрчин “Астра буйлдинг” офиссын барилга баригдаж эхэлсэн. Бид эрүүл, аюулгүй орчинд хөдөлмөрлөх эрхийнхээ төлөө “Цонхоо нээе” хөдөлгөөнийг өрнүүлж есдүгээр сараас хойш тэмцлээ. Тэмцлийн үр дүнд ямар ч асуудал шийдэгдсэнгүй. Ердөө хоёрхон тамгатай цаас бидний гарт үлджээ.

Уг нь есдүгээр сарын 26-нд Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт анх хандаж, гомдол гаргасан юм. Бидний өргөдөл шийдлээ хүлээн Ганбат байцаагчийн ширээн дээр сар гаруй хэвтсэн байна билээ. Ийн хүлээлгэж ядсаны эцэст хэмжилт, шалгалт хийж бидний тавиад байгаа асуудлыг үнэн эсэхийг төрийн албаныхан ирж шалгав. Ингэснээр “Өдрийн сонин”-ыхны эрх ноцтой зөрчигдсөн, “Астра буйлдинг”-ийг зөвшөөрлийн дагуу бус, хууль зөрчин барьж байгаагил болгов. Харамсалтай нь бүх зүйл тогтоогдчихоод байхад Мэргэжлийн хяналтынхан асуудлыг шийдэхийг хүсээгүй. Тогтоол шийдвэрээ гаргахын оронд хамааралгүй шахам байгууллагыг асуудалд татан оруулж хугацаа алдаж байгаа юм. Товчхондоо арваннэгдүгээр сарын 14-ний өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын дэд дарга П.Бат-Эрдэнэ албан тоотоор Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт хандсан. Тэрээр “Өдрийн сонин”-оос ирүүлсэн мэдээллийг үндэслэн шалгахад Астра буйлдинг офисс, 64 айлын орон сууцны барилга нь “Өдрийн сонин”-ы байрнаас 8.4 метрийн зайтай байгаа нь …Хот тосгоны төлөвлөлт, барилгажилтын норм ба дүрмийг зөрчсөн байна. Иймд танай байгууллага зураг төслийг дахин хянаж дээрх зөрчлийг арилган 2014 оны арваннэгдүгээр сарын 31-ний өдөр хариуг ирүүлнэ үү” гэжээ. Үүнийг ойлгох гэвэл “14 хоногийн дотор “Астра буйлдинг” гэх 13 давхар барилгыг нураагаад дахин хуульд заасан норм дүрмийг мөрдүүлэн бариул” гэсэн утгатай юм шиг байна.

Гаргасан алдаа дутагд­лыг арилгуулах албан тоот Нийслэлийн ерөнхий төлөвлөгөөний газарт очсоноос хойш хууль бус барилгын ажил улам эрчтэй хийгдээд байдаг. Харин хууль дүрмийг биелүүлэх үүрэгтэй төрийн албаны ажил албан тоотын ард таг гацсан хэвээрээ. Нэг асуухад “хариуцсан мэргэжилтэн нь солигдсон” л гэнэ. Дараа нь “Дарга асуудалтай чинь танилцаж байгаа” л гэнэ. Ингэсээр дөрвөн сар өнгөрөхөд Нийслэлийн Мэргэжлийн хяналт ямар ч шийдвэр гаргасангүй. Хууль бус барилгын ажил одоо ч үргэлжлэн хийгдсээр байгаа.

Тэд саяхан дахиад нэг тамгатай цаас үйлдэв. Нийс­лэлийн ерөнхий төлөв­лөгөөний газрын орлогч дарга Ш.Уртнасан энэ сарын 12-ны өдөр Нийслэлийн мэргэжлийн хяналтын газарт албан тоотод хариу илгээв. Тэрээр “Астра буйлдинг” барилгын захиалагч Л.Зундуй гүйцэтгэгч “Тэлмэн констракшн” бидний өгсөн зөвшөөрлийг дур мэдэн өөрчилж хууль бусаар барилгын ажлыг явуулж байгааг тогтоолоо” хэмээгээд асуудлыг засахыг Мэргэжлийн хяналтаас хүсчээ. Тэдний үйлдсэн албан бичгийг уншвал бүгдээрээ хууль бус зүйлийг илрүүлээд, нэгэндээ арга хэмжээ авах үүргийг өгөөд байгаа мэт.

Бүх зүйл тодорхой, Астра буйлдинг компани хууль зөрчиж барилга барьсан нь, “Өдрийн сонин”-ы сэтгүүлч, хамт олны эрүүл аюулгүй орчинд ажиллах эрх ноцтойгоор зөрчигдсөн нь ил тодорхой байхад асуудал улам л удааширсаар байна. Дөрвөн сарын хугацаанд хүчинтэй эсэх нь эргэлзээтэй албан бичиг нэгэндээ илгээсээр ямар ч асуудал шийдэгдсэнгүй. Одоо аль газарт албан би­чиг илгээж хэдэн сарыг авах нь тодорхойгүй бай­на. Бид төрийн албан хаагч, мэргэжилтнүүдийн хойноос хөөцөлдөөд асар их хүнд суртал, өөр юу ч олж долоосонгүй. Тэдний нэгэндээ өгч байгаа бичгийн найруулга зүйгээс эхлээд ойлгож авах зүйл огт алга. Нэмж хэлэхэд инээд хүрэм нэг зүйл байсан нь энэ дэлхийн цаг тоололд арваннэгдүгээр сарын 31 гэдэг өдөр хэзээ ч байдаггүй. Тэгэхэд “арваннэгдүгээр сарын 31-ний өдөр хариуг ирүүлнэ үү” гээд бичиж байгааг юу гэж ойлгох вэ. Төрийн албан хаагчдын дүр төрх ийм байна. Тэд ажилдаа ингэж хүйтэн хөндий цэвдэг сэтгэлээр хандаж байна. Иргэдийг ингэж даапаалж, шоглож болохгүй.

Энэ бүхний талаар Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өчигдөр ярилаа. Ерөнхий­лөгчийн хэлснээр одоо л “Бөхийсөн ард түмэн гэдийж, гэдийсэн авлигачид бөхийх” бололтой. Хууль хэрэгжиж эхэлснээр буюу нэгдүгээр сарын 1-нээс манай энэ асуудал ч шийдэгдэх дүр зураг харагдаж байна. Ер нь төрийн албан хаагчдын дунд иргэдээс ирсэн гомдол, санал, асуудлыг ингэж удааж унтраах арга байдгийг сонслоо. Төрийн албан хаагчид асуудал хөөцөлдөгч иргэнийг хий дэмий албан байгууллагууд руу илгээж, албан тушаалтны хаалгыг нь сахиулж залхаадаг ажээ. Эцэстээ иргэн туйлдаж хөөцөлдөж байгаа асуудлаа орхидог гэнэ. Гэхдээ манай сонин хэзээ ч залхахгүй, орхихгүй. Бид нийгмийн шударга ёсны төлөө, хүнд суртлын эсрэг цаг ямагт тэмцэж байдаг. Энэ асуудлыг төрийн байгууллагуудын суганд халууны шил мэт хавчуулах болно. Тэгээд төрийн байгууллагуудын хүнд суртал, түшмэдийн ялзрал ямар байгааг өдөр бүр эл асуудлаар шалгаж мэдэж байх болно.

Цаашид манай сонин төрийн хүнд суртлын тухай Шилэн дансны хуулийн бу­лан нээн ажиллуулах зорил­готой байгаа. Хүнд суртлыг арилгахад хэвлэл мэдээллийн хэрэгсэл амин чухал үүргийг гүйцэтгэдэг. Түүн дотроо сонин нэн чухал нь юм. Яагаад гэвэл сонины хуудаснаа тэр бүхэн баримт болон үлддэг.

Л.МӨНХТӨР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Засгийн газрын сайд нарыг томилов

МАН-ЫНХАН ЗАСГИЙН ГАЗРААС ГАРНА ГЭСЭЭР ЗУРГААН ГИШҮҮНЭЭ САЙДААР ТОМИЛЛОО

УИХ-ын өчигдрийн хуралдаанаар Засгийн газрын гишүүдийг томилох асуудлыг үргэлжлүүлэн хэлэлцлээ. Өнгөрсөн баасан гаригт УИХ-ын гишүүн С.Баярцогтыг Монгол Улсын сайд, Засгийн газрын хэрэг эрхлэх газрын даргаар томилох асуудлыг хэлэлцэж байгаад завсарласан. Ийн С.Баярцогтыг ЗГХЭГ-ын даргаар томилоход гишүүд “С.Баярцогт таван удаа УИХ-ын гишүүнээр сонгогдсон, бэлтгэгдсэн боловсон хүчин. Гэхдээ оффшор бүсэд нэг сая ам.долларыг Хятадын Монгол гэсэн бүртгэлээр хадгалуулж байсан нь эргэлзээ төрүүлээд байгаа юм” гэцгээж байв. Тухайлбал, УИХ-ын гишүүн Г.Уянга “Ийм хариуцлагагүй хүнээр ЗГХЭГ-ын даргын албыг хашуулах болсон нь харамсалтай байна. Энэ албан тушаал байнга чухал бичиг баримтад гарын үсэг зурж байдаг. Харин оффшор бүсэд С.Баярцогт мөнгөө хадгалуулахдаа Хятадын Монгол гэж бичсэн байсныг нь анзаараагүй гэсэн тайлбарыг хийгээд байгаа. Ийм хариуцлагатай асуудалд гарын үсэг зурахдаа анзааргагүй байсан нь энэ албан тушаалыг хашиж чадах уу гэдэгт эргэлзэхэд хүргэж байна. Бас С.Баярцогт Оюу толгойн гэрээг хамгийн муу хэлбэрээр боловсруулж, үзэглэсэн хүн” хэмээж байв. Тэгэхэд УИХ-ын гишүүн Д.Арвин ЗГХЭГ-ын даргад нэр дэвшигчийг өмөөрч байлаа. Тэрээр “С.Баярцогт таван удаа УИХ-д сонгогдсон. Шүүмжлэлийг хэлэхдээ шударга байх ёстой. Оюу толгойн гэрээг Ардын намын үед үзэглэсэн. Сү.Батболд, С.Баяр нар хамтдаа байсан. Зөвхөн Оюу толгойн гэрээг байгуулахын тулд нөхөн сонгуулиар Д.Зоригтыг оруулж ирж байсныг санах хэрэгтэй” гэж байв. Ийнхүү УИХ-ын гишүүд асуудалтай холбогдуулан магтаал, шүүмжлэл хэлсний дараа санал хураалт явуулахад УИХ-ын гишүүн С.Баярцогт 75 хувийн саналаар ЗГХЭГ-ын даргаар томилогдсон. Энэ өдөр Засгийн газрын гишүүнд нэр дэвшигчдээс хамгийн бага хувиар сайд болсон хүн нь С.Баярцогт гишүүн байлаа.

Дараа нь УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилох асуудлыг хэлэлцлээ. МАН, АН, “Шударга ёс” эвслийн бүлгээс онцолж шүүмжлэх хүн гараагүй. Гэхдээ УИХ-ын гишүүн А.Бакей “Чуулган эхэлснээс хойш УИХ дээр ажил явсангүй. Хүн бүр сандал ширээтэй хөөцөлдсөөр өдийг хүрлээ.

Д.Оюунхоролыг бүлгийн дэд даргын хувьд асуухад хамтарсан Засгийн газар байгуулагдаагүй байхад л МАН-ынхан асуудлаас бултаж эхэллээ. Өнгөрсөн даваа гаригаас хойш МАН-ын бүлгийн дарга нар Засгийн газрын бүрэлдэхүүн ингэж бүрдсэн нь манай намын байр суурь биш гээд ярьж эхэлж. Хэрвээ тийм юм бол та нар хамтрахаа больчихооч” хэмээсэн. Тэгэхэд МАН-ын бүлгийн дарга “Бид гуйгаагүй” гэсэн бол УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “Одоо тэгвэл энэ засгаас чинь гарчихъя л даа” хэмээж МАН-ын гишүүд баруун жигүүрээс түрж байв. АН, МАН-ынхан ингэж талцсан ч эцсийн шийдэлд хүрэлгүйгээр хуралдаан энгийн горимоор үргэлжлэв. А.Бакей гишүүний асуултад ч Д.Оюунхорол нэр дэвшигч дорвитой хариулт өгөөгүй юм. Харин УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшин “АН-ынхан зөвшилцлийн үед ярьж байсан зүйлээсээ ухраад эхэллээ. Хэрвээ асуудал ингэж эргэвэл…” хэмээгээд цааш ярих гэтэл УИХ-ын дарга З.Энхболд асуудалтай холбогдолтой зүйл ярьсангүй гэж үзээд үг хэлэх эрхийг Г.Баярсайхан гишүүнд шилжүүлэв. Тэрээр ярьж эхлэхэд Ө.Энхтүвшин гишүүн “бас л хэлэлцэж буй сэдэвтэй холбогдолгүй зүйл ярилаа” хэмээн заргалдаж үг хэлэх эрх дараагийн хүнд шилжив.

Ийн УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг Байгаль орчин, аялал жуулчлалын сайдаар томилж Гадаад харилцааны сайдад нэр дэвшигч Л.Пүрэвсүрэнг томилох тухай асуудлаар ярилцлаа. Тэгэхэд УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа “Гадаад харилцаа, эдийн засгийн яамны аппаратад сайдын хүн, дэд сайд, төрийн нарийн бичгийн даргын талын хүн гэсэн талцал байгаа. Энэ бол том асуудал. Бас сайдад нэр дэвшигч таныг Европын холбооноос тааламжтай бус хүн гэж тодорхойлсон. Тамхи тээвэрлэдэг гэх мэтийн асуудлууд дуулддаг. Тэгэхээр Европын холбоотой хамтарч ажиллах арга барилаа тодорхойлох нь чухал” гэсэн бол УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр “Шинээр Элчин сайдын яам битгий байгуул, мөнгө байхгүй. Тэрчлэн өнгөрсөн хугацаанд энэ яаманд ажилд авсан мэргэжлийн бус, чадваргүй хүмүүсээ цэгцлээрэй” хэмээн захиж байв. Ийнхүү Гадаад харилцааны сайдад нэр дэвшигч Л.Пүрэвсүрэнгтомилсноор УИХ-ын чуулганы үдээс өмнөх хуралдаан завсарласан. Энэ үед сэтгүүлчид Д.Хаянхярваа гишүүнээс “Та ямар браимт үндэслэлээр Л.Пүрэвсүрэнг Европын холбооноос тааламжтай бус хүн гэж тодорхойлсон гэж байна вэ” гэхэд “2005 оны хавьцаа нэг тийм асуудал үүссэн юм билээ. Олон жилийн өмнөх асуудал л даа. Зүгээр л сануулж хэллээ” гэж байв.

Д.Дорлигжав “Х.ТэмҮҮжин ӨӨрийнхӨӨ хҮрээний хэвлэлҮҮдтэй нийлж намайг гҮтгэсэн”

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан УИХ-ын гишүүн Ж.Эрдэнэбатыг Сангийн сайдаар томилох тухай асуудлаар үргэлжилсэн юм. Нэр дэвшигчийн зүгээс гишүүдийн асуултад хариулахдаа “Монгол Улсын эдийн засаг хямарсан” гэж тодотгов. Үүнийг даван туулах төлөвлөгөө боловсруулна гэдгээ ч хэллээ. УИХ-ын гишүүн Б.Гарамгайбаатар түүнээс “АН биднийг засагт орооч гэж гуйсан гэж танайхан мэдээлсэн. Та гуйлганы үндсэн дээр сайд болохоор шийдэв үү, эсвэл улс орныхоо төлөө ажилла гэв үү” гэж лавлаа.Гишүүн Ж.Эрдэнэбат “Эдийн засаг хүнд байдалд орсон гээд хамтран ажиллах санал гаргасан гэж ойлгож байгаа. Улс орноо бодож хамтран ажиллах нь зүйтэй гэж удирдах байгууллагаас шийдвэр гарсан. Миний хувьд удирдах байгууллагынхаа шийдвэрийг дагах нь зүйтэй гэж үзэж байгаа” гэж хариулсан юм. Тэгвэл “Эдийн засгийн хөгжлийн яам байх нь зүйтэй юу” гэсэн асуултад тэрбээр хариулахдаа “Эдийн засгийн хөгжлийн яам байх нь зүйтэй байсан. Гэвч энэ яам улс орны эдийн засгийн тал руугаа анхаарлаа хандуулаагүй. Гэвч хөрөнгө оруулалт тал руу анхаарлаа хандуулсан нь алдаа болсон” гэв. Гишүүдээс өрийн таазын хувьд ямар байх нь тохиромжтой, хямралын үед эн тэргүүнд ямар асуудлыг шийдэх зорилготой байгаа тухай асуултыг Ж.Эрдэнэбат гишүүнд үргэлжлүүлэн тавив.Үүнд “Хямралаас гарахын тулд эдийн засгаа сэргээх боломжуудыг судална. Юуны өмнө өөрсдийнхөө боломжоор хямралаас гарах гарцыг харна. Цаашид ямар нэгэн байдлаар гадаадын тусламж, төсөл хөтөлбөрүүдийг авах шаардлагатай бол тухайн үед нь шийдэх болно. Өрийн таазын асуудлыг парламентад суудалтай намууд шийдэх байх. Ямартаа ч Төсвийн тогтвортой байдлын хуульд нийцүүлэн ажиллана” гэсэн хариултыг өгч байлаа. Харин Ө.Энхтүвшин гишүүн “Ж.Эрдэнэбат аа тун амаргүй яамыг толгойлохоор болж байна. Бид идэр ес тачигнах гэж буй цагаар явдалтай, түчигнээнтэй айлын хашаанд буулаа даа. Одоо АН-ынхан МАН-аас сонгогдсон Сангийн сайдыг шахаад өрийн таазыг нэмэгдүүлэхээс өөр аргагүй боллоо гэв дээ. Ийм зүйл байхгүй шүү. Энэ яаманд очсон даруйдаа тайлан балансыг нь гаргах хэрэгтэй. Тэгэхгүй бол хожим ийм ч мөнгөтэй яам өгсөн гэж мэднэ шүү цаадуул чинь” гэв. Ингээд санал хураалт явуулж, олонхийн саналаар Ж.Эрдэнэбатыг Сангийн сайдаар томилох тухай асуудлыг дэмжлээ.

Дараагаар нь Хууль зүйн сайдаар Д.Дорлигжавыг томилох тухай асуудлыг хэлэлцсэн юм. Гишүүдийн зүгээс өмнөх сайд Х.Тэмүүжингийн шүүхийн шинэчлэлийн хүрээнд хийсэн ажлуудыг шүүмжилж байсан. Улмаар цагдаагийн байгууллагын томилгоо хурдан эргэлттэй байгааг онцолж, шинэ сайд үүнд хэрхэн анхаарч ажиллахад нь ам авав. Д.Дорлигжав хариулахдаа “Цагдаагийн байгууллагыг үнэхээр дээрээс нь доош хүртэлсамарчээ. Миний хувьд халаа сэлгээний тухайд баримталдаг зарчим бий л дээ. Ажлаа хийж чадахгүй бол өргөдлөө өгөхийг шаардана. Харин ажлаа сайн хийж байвал асуудалгүй” гэв.

Мөн Төрийн ордны баруун талд, төрийн тусгай албан хаагчдад зориулж барьсан эмнэлгийг зориулалтынх нь дагуу ашиглалтад оруулахад анхаарч ажиллахыг сануул­лаа.Ц.Нямдорж гишүүн энэ тухай хэлэхдээ “1990 оноос хойш Монголд нэг ч эмнэлэг бариагүй. Гэтэл төрийн албан хаагчдын эмнэлгийг хоёр жил чангаалаа. Эмнэлэг, албан тасалгааны барилгын өндөр өөр л дөө. Тэгэхээр зориулалтынх нь дагуу ашиглах хэрэгтэй” гэв. Мөн Г.Баярсайхан гишүүн “Ядаж Чингэлтэй дүүргийн иргэдэд үйлчлэх эмнэлэг болгомоор юм” гэсэн саналыг нь шургуулаад авлаа. Ө.Энх­түвшин гишүүний хувьд төрийн тусгай албан хаагчдад зориулж барьсан эмнэлгийн хүүхдийн эмнэлэг болгох саналтай байгаагаа дуулгаад Д.Дорлигжаваас хэд хэдэн зүйлийг тодруулна лээ.

Саяхан УИХ-ын гишүүн Х.Тэмүүжин “Голомт банк”-аар их хэмжээний мөнгөн дүнтэй гүйлгээ хийсэн баримтыг олон нийтэд дэлгэсэн. Тэрбээр үүнийгээ авлигын хэрэг мэтээр тайлбарласан. Дөрвөн сая ам.доллартай холбоотой энэ асуудлын цаана Д.Дорлигжав холбогдсон мэтээр сүүлийн үед зарим хэвлэлээр мэдээлсэн нь ч бий. Энэ тухай Ө.Энхтүвшин гишүүнийг тодруулахад “Х.Тэмүүжин өөрийнхөө хүрээний хэвлэлүүдтэй нийлж намайг гүтгэсэн. Энэ бол гүтгэлэг. Хууль зүйн сайд байсан хүн үүнийг лавлачихгүй дээ. Хэтэрхий хөнгөн хуумгай хандсан даа. Би үүнийг шалгуулна” гэж ярив. Ийнхүү Д.Дорлигжавыг Хууль зүйн сайдаар томилох асуудлыг хэлэлцэж байхад Ч.Хүрэлбаатар гишүүн “Таны нэрийг барьж ажилладагУвсын дарга, тэр аймгийн ард иргэдийг айдаст автууллаа” гэсэн бол Ц.Нямдорж гишүүн “Сүүлийн хоёр жил хуулийн байгууллагуудын үйл ажиллагааны уялдаа алга болсон. Үүнд анхаараасай. Бас хуулийн байгууллагуудыг улс төрийн зэвсэг болгож ажиллахаа зогсоогоорой. 2012 оны сонгуулийн өмнө Ц.Анандбазарыг, 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн өмнө Ё.Отгонбаярын эхнэрийг хууль хүчнийхэн хэлмэгдүүлсэн. Бүр сүүлд нь улс төрийн зорилгоор АТГ, гадаад тагнуулын байгууллага нэг намын байранд шөнө дүлээр нэгжлэг хийж байх жишээтэй. Одоо хуулийн байгууллагууд дахин улс төрийн ажиллагаа хийхийг хатуу хориглох хэрэгтэй” гэж захив. Ингээд санал хураалт явуу­лахад 94.9 хувийн саналаар Д.Дорлигжав Хууль зүйнсайд болохыг дэмжлээ.

Чуулганы танхимд байсан гишүүдээс Ц.Нямдорж ганцаараа эсрэг кноп дарсан юм.

Тэгвэл Д.Эрдэнэбатыг Аж үйлдвэрийн сайд болохыг гишүүд санал нэгтэйгээр дэмжлээ.Түүний асуудлыг хэлэлцэж эхлэхэд УИХ-ын дарга асуулттай гишүүний нэр “нэхэхэд” Ё.Отгонбаяр кнопоо дарлаа. Тэрбээр “Та бол давхар дээлийг эсэргүүцэж байсан намын бүлгийн дарга. Тэгэхээр та давхар дээлээ тайлах уу” хэмээн асуухад Д.Эрдэнэбат “Хуулиа л мөрдөж ажиллана” гэж хариуллаа. Ингээд үг хэлэх саналтай гишүүд байсангүй. Д.Эрдэнэбатыг Аж үйлдвэрийн сайдаар шууд баталлаа. Энэ горимоор Д.Цогтбаатарыг Барилга хот байгуулалтын сайдаар томилов. Үргэлжлүүлэн УИХ-ын гишүүн Ц.Цолмонг Батлан хамгаалахын сайдаар томилох асуудлыг хэлэлцэж эхлэхэд Ц.Даваасүрэн, Ж.Энхбаяр, Д.Арвин нар нэр дэвшигчээс асуулт асуухаар нэрээ өглөө. Ц.Даваасүрэн гишүүний хувьд түргэвчилсэн томилгоог шүүмжилсэн байр сууринаас хандав. Тэрбээр “Бид чинь Засгийн газраа байгуулж байна шүү дээ. Олон түмэн харж байгаа. Хашгиралдаад ногоон гэрлээр явуулаад байх юм уу” гэлээ. Д.Арвин гишүүний хувьд өмнөх сайд Д.Бат-Эрдэнийг “Зэвсэг, техникийн шинэчлэл хийсэн. Ахмадуудад зориулсан сувилал байгуулсан” гэж сайшаав. Харин Ж.Энхбаяр гишүүн “Хилийн цэргийн асуудлыг эргэж харах шаардлага бий. Зэвсэгт хүчний нэгдмэл байдал алдагдаж, бодлогын том алдаа гарч байгаа. 10 тэрбум төгрөгөөр 300 айлын орон сууц барихаар таван жилийн өмнө шийдвэр гарсан ч одоо хүртэл баригдаагүй. Өндөр албан тушаалтай офицерууд салбарын нэр хүндийг унагах явдал гарч байна. Та энэ салбарт ганцаараа очоод ганцаараа буцах ёстой, мэргэжлийн салбар. Та иргэний хяналт л тавих үүрэгтэй” гэж сануулсан. Ц.Цолмон 96.6 хувийн саналаар дэмжигдлээ.

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдад нэр дэвшигч Л.Гантөмөрөөс олон гишүүн асуулт асуув. Тухайлбал, Л.Энх-Амгалан гишүүн “Боловсролын багц хуулийг батлахдаа тэтгэвэрт гарч байгаа багшид 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний урамшуулал олгоно гэсэн заалт оруулсан. Гэтэл Сангийн яаманд 2015 оны төсвийг тодотгох хүрээнд 36 сарын цалинтай тэнцэх хэмжээний тэтгэлгийг 12 сар болгон бууруулах нь. Ийм байдлаар үнэлээд эхлэх юм бол боловсролын салбарт багшлах багш олдохгүй болно. Боловсролын салбарт ажиллаж байгаа багш, мэргэжилтнүүдийн ганц хорогдож байгаа юм нь нэг удаагийн тэтгэмж. Үүнийг хасч болохгүй. Мөн хөдөөгийн сургуулийн багш нарын нийгмийн асуудлыг шийдвэрлэхэд анхаарахгүй бол сургуулийнхаа дотуур байранд амьдардаг багш олон байна” гэлээ. Гишүүдийн олонхийн саналаар Л.Гантөмөр Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайдаар томилогдов.

Чуулганы хуралдаанаар Н.Төмөрхүүг Зам тээврийн сайдад томилох тухай асуудлыг хэлэлцээд 98 хувийн саналаар дэмжлээ. Тэрбээр “Өмнөх сайдын хийсэн ажлын ахицийг бууруулахгүй, нэмэгдүүлж ажиллана” гэж хэлсэн. Гишүүдийн зүгээс “Гудамж” төсөл болоод Төмөр замын ажил гээд салбарын асуудлаар тодруулга авлаа. Тухайлбал, Г.Баярсайхан гишүүн “Зөвхөн хөдөөд зам тавих асуудлыг манай яам хариуцна гэж өмнөх сайд нь хэлдэг байсан. Ийм зүйл байж болохгүй. Хоёрдугаарт, төмөр замын асуудал. Шийдлийн Засгийн газар төмөр замаа түргэвчлэх хэрэгтэй. 2015 онд төмөр замаа багтаан барина хэмээн амлаж, анхаарч байгаад чинь баяртай байна” гэв. Мөн гишүүдээс “Өндөрбуянт” гэх барилга, замын компанитай нь холбоотойгоор ашиг сонирхлын зөрчил үүсгэх вий гэдгийг нь сануулна лээ.

Уул уурхайн сайдаар Р.Жигжидийг томилох саналыг хэлэлцэж, гишүүдийн 86.4 хувь нь дэмжлээ. Хөдөлмөрийн сайдаар С.Чинзоригийг нэр дэвшүүлэн хэлэлцэхэд гишүүдийн зүгээс “Цаашид цалин тэтгэвэр нэмэх тал дээр анхаараарай. Эдийн засаг хүнд байгаа үед албан байгууллагууд ажилтнуудаа цомхотгоно. Энэ тал дээр анхаараарай” гэсэн юм. Харин тэрбээр “Хямралыг давахын тулд ажлын байрыг хадгалах ёстой. Энэ тал дээр анхаарна. Цаашид танхимын зарчмаар ажиллана” гэлээ. Санал хураалтаар түүнийг гишүүдийн 92.7 хувь нь дэмжсэнээр Хөдөлмөрийн сайдаар томилогдлоо. Харин Хүн амын хөгжил, Нийгмийнхамгааллын сайд С.Эрдэнийг дэмжих эсэх асуудлаар хуралдаж хуралдаанд оролцсон гишүүдийн 98 хувийн саналаар дэмжлээ. Түүнээс асуулт асууж, санал хэлэх гишүүн гарсангүй. Тэгвэл Хүнс, хөдөө аж ахуйн сайдад УИХ-ын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга Р.Бурмааг нэр дэвшүүлэн 91.5 хувийн саналаар дэмжлэг хүлээсэн. Түүний дараа Эрүүл мэнд, спортын сайдад Г.Шийлэгдамбыг хэлэлцсэн. Гишүүдийн зүгээс нэлээдгүй шүүмжлэл өрнүүлсний эцэст Г.Шийлэгдамбыг Эрүүл мэнд, спортын сайдад дэмжих үү гэсэн санал хураалтаар 88.3 хувийн дэмжлэг хүлээсэн бол УИХ-ын гишүүн Д.Зоригтыг Эрчим хүчний сайдаар гишүүдийн 93.2 хувийн саналаар дэмсэн юм. Монгол Улсын сайдаар М.Энхсайханыг нэр дэвшүүлэхэд гишүүдийн олонх дэмжсэн тул сайдаар томилогдлоо. Монгол Улсын сайд яг ямар ажил, үүрэгтэй байх вэ гэдгийг гишүүд тодруулсан. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Энэ талаар Засгийн газрын хуралдаанаар шийдвэрлэнэ” гэв. Түүнчлэн гишүүд Монгол Улсын сайд мега төслүүдийг хариуцна гэж байгаа ч бусад салбарын сайд нартайгаа хэрхэн уялдаа, холбоотой ажиллах вэ гэдгийг тодруулсан. Нэр дэвшигч М.Энхсайхан “Монгол Улсын сайд гэдэг нь магадгүй шинэ практик байх. Гэхдээ Монгол Улсын сайд дангаараа шийдвэр гаргаад байх боломжгүй. Гарцаагүй бусад сайд нартайгаа уялдаа холбоотой ажиллана. Ингэж ажиллахаас өөр арга байхгүй юм” гэлээ. Сайд нарыг бүхэлд нь томилох тогтоолын төслийг гишүүдийн олонх дэмжсэнээр дээрх сайдууд албан ёсоор баталгаажсан юм. Ингэснээр өмнөх Засгийн газрын гишүүдийг үүрэгт ажлаас чөлөөлсөн юм. Их хурлын дарга З.Энхболд “Хоёр өдөр дамнуулан завсарлагагүй хуралдууллаа. Цаашид энэ эрчээрээ ажиллаарай” гэснээр чуулганы хуралдаан өндөрлөлөө.

М.МӨНХ

Л.ТӨР

Categories
мэдээ цаг-үе

Д.Бат-Эрдэнэ: Одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржтой “Торгууд” гэсэн нууц үг хэрэглэн ярьдаг байлаа

1989 он арванхоёрдугаар сарын 07, Ховд хот, Ард Аюушийн талбай

Тэртээ 1989 онд ардчилсан хувьсгалын анхны тэсрэлт Ховд хотын Ард Аюушийн талбайд болсон гэж үздэг. Тодруулбал, 1989 оны арванхоёрдугаар сарын 07-ны Ховдын Багшийн дээд сургуулийн оюутан багш нарын жагсаал цуглаан нь ардчилсан хувьсгалын анхны жагсаал болон тэмдэглэгджээ. Ийнхүү тухайн өдөр Улаанбаатар хотоос 1500 километрийн алсад, Ховд хотын Ард Аюушийн талбайд юу болсон талаар тухайн жагсаал цуглаанд идэвхтэй оролцож явсан “Ардчилал-Эв нэгдэл” ТББ-ын тэргүүн Д.Бат-Эрдэнэтэй уулзаж ярилцлаа.

-Та Ховд аймагт болсон анхны улс төрийн жагсаал, цуглаанд идэвхтэй оролцож байж. Тухайн үеийн нөхцөл байдал, тэр өдрүүдийг эргэн дурсахгүй юу?

-Тэртээ 25 жилийн өмнөх өвлийн хүйтэн өдөр буюу 1989 оны арванхоёрдугаар сарын 7-нд Ховд аймгийн Багшийн дээд сургуулийн оюутан багш нар Ард Аюушийн талбайд өөрчлөн байгуулалтыг төрийн дээд удирдлагаас эхлүүлэхийг шаардсан жагсаал, цуглаан зохион байгуулсан юм.

Зүүн гар талаас Д.Бат-Эрдэнэ. Жагсаал цуглааныг зохион байгуулагч С.Эрдэнэцогтын хамт 1989 оны намар

Энэ өдөр оюутны хоёрдугаар дотуур байрныхаа дэргэд 13 цаг өнгөрч байхад эхний хүүхдүүд цуглан бусад оюутнуудаа “Сэрцгээе, нэгдэцгээе” хэмээн дуу нийлүүлэн уриалж бүх хүүхдүүдээ хамруулан маш өндөр зохион байгуулалттайгаар жагсаалаа эхлүүлж Ард Аюушийн талбай тийш зүглэсэн. Чингэс хааны хөргийг өөрсдөө зурж, “Алд бие минь алжааваас алжаатугай, Ахуй төр минь бүү алдартугай”, “Өөрчлөн байгуулалт шинэ удирдлага шаардаж байна”, “Оюутнууд ардчиллын төлөө” зэрэг уриа лоозонгууд өргөж бидний зохион байгуулалт эхлэхдээ ч, цуглаан өндөрлөхдөө ч ер нь сулраагүй юм. Манай жагсаал замдаа тухайн үеийн ХАА-н техникумын хүүхдүүдийг жагсаалдаа нэгтгэхээр урьдчилан тохирсон байсан. Гэхдээ багш нар нь тэднийг сургууль, дотуур байрандаа цоожлон хорьсны улмаас тэд гарч ирж чадаагүй юм. Харин талбайн ойрхон Драмын театр, хотын эвлэлийн хороо зэрэг байгууллагын ажилтнууд, замаар явсан иргэд бидний үйлдлийг сонирхсон. Бас тэр өдөр аймгийн Ардын депутатуудын хурлын чуулган хуралдаж нэлээд хөл хөдөлгөөнтэй байсан. Ховдын БДС-ийн оюутан багш нар, иргэд нийлээд 400 орчим хүн оролцсон.

-Анх удаа 400 хүн төр засгаа эсэргүүцэн нэгдэнэ гэдэг тухайн үедээ л цочирдом үйл явдал болсон байх даа?

-Аймгийн НАХ хэлтэс, Цагдаагийн хэлтэс өндөржүүлсэн бэлэн байдалд орсон байсан. Намын төв хорооныхон камераар бичиж ихээхэн сандралдаж байлаа. Ер нь байдал эвгүйтсэн бол нам төр, хууль хяналтынхан бэлэн байдалд, тушаал хүлээж байсан гэж болно. Харин бид илүү хөдөлгөөн хийлгүй Аюушийн талбай хүртэл “Элэг зүрхнээс уяатай энхрий Монгол орон” гээд дуулж байсан бол буцахдаа “Бүргэд цуцам халил хадан дээр буурал тэхүүд сүргээрээ бэлчсэн” гэж дуулалдаж байлаа.

-Мэдээллээс, нэн ялангуяа гадаад орчноос хол Ховд аймгийнхан ардчиллыг нэхэн жагсах болсны учир юу байв?

-1989 оны бүр хавраас эхлээд намар дамжин идэвхтэй, шинэ сэтгэлгээтэй оюутнууд нийгмийн өөрчлөлтийн талаар санал солилцож эцэстээ багш нараа татан оролцуулж албан бус бүлгийн хэмжээнд хүрсэн. Арванхоёрдугаар сарын 3-4 нд цуглаанаар яригдах сэдэв, өргөн барих бичгийн агуулгаа оюутны байрны чөлөөт цагийн танхимд тохирсон. Өргөх бичгийн эцсийн найруулгыг Монгол хэлний багш С.Энхбаярт даалгасан. Цуглаанаа аймгийн Ардын депутатуудын чуулган хуралдах өдөр буюу арванхоёрдугаар сарын 7-нд хийхээр тохирсон. Өргөх бичгийн шаардлага нь МАХН-ын Улс төрийн товчоо, Сайд нарын зөвлөлийг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулах. Цуглаан дээр оюутан, багш, Ховд аймгийн дөрвөн иргэн үг хэлсэн. Цуглааныг оюутны зөвлөлийн дарга С.Эрдэнэцогт нээж оюутнуудаас А.Эрдэнэбаатар, А.Эрдэнэ-Олдох, А.Нэмэхбаатар, О.Энхжаргал, Ц.Мөнхтөр, А.Чинчулуун, П.Батболд, Ч.Бүддорж нарын 10 оюутан, Ц.Мөнхтөр, Ц.Батзангиа, Сарантуяа, Р.Эрдэнэцогт, Ө.Батцоож багш нар үг хэлсэн. Аймгийн төр захиргааны удирдлагууд өөрсдийгөө хамгаалах байдлаар хандсан. Бидний төлөөлөл өргөх бичгээ аймгийн удирдлагаар дамжуулан НТХ-нд хүргүүлсэн.

-Иргэдийн дэмжлэг хэр байсан бол?

-Иргэдийн дэмжлэг тун тааруу. Гэхдээ бидний цуглаанаас хойш хүмүүс идэвхижсэн. Ховд аймгийн Ардчилсан хөдөлгөөний бүтцүүд байгуулагдаж эхэлсэн. Шинэ содон гэхээсээ илүүтэй бүхэл нийгмийг өөрчлөх хувьсгал байлаа шүү дээ. Ийм тохиолдолд 70 жилийн коммунист үзэл сурталд балбуулсан ард түмэн цочирдох нь мэдээж шүү дээ. Цочирдох гэхээсээ айж балмагдсан тохиолдол ч олон байсан байх.

-Тухайн үеийн Ховд нутгийн аж амьдрал ямар байв. Мэдээж амьдарч байсан нийгмээсээ илүү их өөрчлөлт, шинэчлэлтийг хүссэн учраас жагссан байх?

-Ховдын амьдрал тухайн үеийн Монгол Улсын хөгжлийн л нүүр царай шүү дээ. Олон ястны өлгий болохоор ахуй байдал нь ч өөр, өөр. Ер нь Монгол эх орон даяар л саарал өнгө давамгайлсан амьдрал байсан шүү дээ. Үзэх хичээлээ чөлөөтэй сонгох, амьдрах орчноо сайжруулах хүсэл оюутны эрмэлзлэл. Бүр сайхан амьдрал гэвэл тухайн нийгмийг л өөрчлөх байсан.

-Тулгарах бэрхшээл, төр нийгмийн эсэргүүцэл байж л таарна?

-Бэрхшээл их байсан. Үл ойлголцол, үзэн ядалт, дарамт гээд цөөнгүй. Гэхдээ л даваад туулсан. Жагсаал цуглааны дараа манай энэхүү үйл ажиллагааг санаачлан зохион байгуулагч оюутны зөвлөлийн дарга монгол хэлний ангийн оюутан С.Эрдэнэцогт болон цуглаан дээр үг хэлсэн аймгийн театрын жүжигчин Чилгэр нарыг 72 цагийн дотор Ховд аймгийн нутгаас хөөн гаргах тухай хүртэл яригдаж байсан юм.

-Тухайн үед энэ үйл ажиллагааны тухай хэвлэл мэдээллийн хэрэгслээр улс орон даяар олон нийтэд хэр хүрсэн юм бол?

-Тухайн үеийн эрх баригчдын хатуу хяналтаас ангид хэвлэл мэдээллийн хэрэгсэл байгаагүй учир нийтэд тэр бүр хүрээгүй л дээ. Гэхдээ манай цуглаан жагсаалын тухай мэдээлэл монгол зон олонд маань маш хурдан түгж арванхоёрдугаар сарын 09 нд Эрдэнэтэд, 12 сарын 10-нд Улаанбаатар хотод жагсаал цуглаанууд зохион байгуулагдан Ардчиллын буухиа улс орон даяар өрнөсөн. Бид хоорондоо холбоо тогтоон ажиллаагүй ч орон даяар нэгэн зэрэг ардчилсан хувьсгал өрнөсөн нь гайхамшигтай. Хэрэв тэгээгүй бол бид эсэргүү болоод л хоцрох байсан.

-Бусад тэмцэгчидтэйгээ хэрхэн харилцаа тогтоож байсан бол?

-Бид чинь үндсэндээ 1988 оны гуравдугаар сараас эхлэн зохион байгуулалттай ажиллаж байгаад 1989 оны арванхоёрдугаар сард эхний жагсаалаа хийсэн нь тэр. Орон даяар ардчилсан хувьсгалын салхи сэвэлзэж зохион байгуулалтад орж эхэлсэн л дээ. Тийн ирэх хавар нь буюу хоёрдугаар сарын 18-нд МоАХ-г зохион байгуулах хурал Улаанбаатар хотод болсон. Тус хуралд манайхнаас төлөөлөгч явж оролцсон. Ингээд бид Ц.Элбэгдорж гээд МоАХ-г үүсгэн байгуулагч, удирдагчидтай харилцаа тогтоосон. Бид чинь Ц.Элбэгдоржтой “Торгууд” гэсэн нууц нэрээр харилцаж байлаа.

-Та бүхний зорьж хийсэн хувьсгал өнөөдөр бүрэн, суурь зарчмаасаа гажилгүй хэрэгжиж чадаж байна уу. Үндсэн суурь ойлголт, хүсэл тэмүүллээсээ гажсан гэж ярьцгаадаг шүү дээ?

-Хөдөө орон нутагт тухайн үеийн Ховдын Багшийн дээдийн оюутан багш нарын зохион байгуулсан энэхүү жагсаал цуглааныг түүх судлаачид, улстөрчид анхны улс төрийн жагсаал цуглаан гэдгээр нь Ардчилсан Хувьсгалын түүхэнд эзлэх байр суурийг тодотгон баталгаажуулсан байдаг нь талархууштай. 25 жилийн өндөрлөгөөс харахад Монголын нийгэм танигдахгүй болтлоо өөрчлөгдсөн. Хүн төрөлхтний хөгжлийн нийтлэг замд орж чадсан. Та бид хоёрын ингээд ярьж суугаа нь үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, хэвлэн нийтлэх эрхийг хангах чиглэлд олсон амжилт шүү дээ. Засч залруулах зүйл байгааг үгүйсгэхгүй.

Л.МӨНХТӨР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ардын нам сайд нарын суудлыг бөхийн боорцог шиг булаацалдав

Давсан бөхийн гараас боорцог шидэгдэхэд асарт суусан үзэгчид хэдэн арваараа булаацалддаг шиг улс төр МАН дотор өрнөлөө. Бүдүүлгээр хэлэхэд хоёр бөх барилдахдаа нэгнийхээ хонго, зоо, суга, цавийг ухаж ухаж давсан нэг нь хөлсөнд хутгалдсан гараараа хишиг түгээж, түүнийг нь бөхийн хорхойтнууд хүртэхээр тэ­мүүлдэг шигээр тэд өнгөрсөн хэдхэн хоногт, өөрт оногдсон зургаан сайдын суудлаа булаацалдлаа. Арай өөрөөр жишихэд хоёрхон жил эрх мэдлээс хол байсан тэд говийн халуун наранд ангасан үхэр сүрэг худгийн бараа харсан мэт ээлж дараалалгүйгээр дайралдаж байсан сурагтай. Сүүлийн 90 гаруй жил оршин тогтносон том намын аранга, нам доторх эв нэгдэл, ичих нүүр гээд үнэ цэнтэй бүхнээ уландаа гишгэчин улайрч намынхаа удирдлагуудыг хэ­сэгтээ л сандаргаад авлаа.

Сайдын зургаан суудлын төлөөх уралдаанд бараг 50-60 хүн оролцсоныг гадуур ярьж байгаа. Үүнээс шигшмэл 17 хүн мөн л өөр хоорондоо өрсөлдөж шилдгийн шилдгээр шал­­­гарсан эрхмүүд шинэ за­сагт яам тэргүүлэхээр болов бололтой. Бараг Тө­рийн ордон хийгээд түүний ойролцоох зоогийн газруудын хооронд МАН-ынхан машинд дайруулчих нь холгүй хөлхөлдөж, хор найруулж байсан юм байх. Нойр дутуу, нүд нь улайж бүлцийсэн ч эс тоон сайд болох чин хүсэлтэйгээр наадамд ногт ганзагалж ирсэн хүчтэн шиг дарга нарынхаа үүдийг сахиж байж. Ийм л үйл явдлын дараа Шадар сайдад У.Хүрэлсүх, Хөдөлмөрийн сайдад С.Чинзориг, Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдад Д.Оюунхорол, Зам тээврийн сайдад Н.Төмөрхүү, Сангийн сайдад Ж.Эрдэнэбат, Барилга, хот байгуулалтын сайд Д.Цогтбаатар нар нэр дэвшиж уралдаанд оролцсон бусдыгаа орхин цойллоо.

Тусгаар тогтнолын ор­дон сүүлийн 14 хоног хөл хөдөлгөөнтэй байсны үр дүн энэ. Ёстой л хоёр литрийн бидонд арван литр сүү багтаах аргыг МАН-ын удирдлагууд хэрэглэж эцсийн үр дүнгээ ийн гаргажээ. Нам дотроо энэхүү үйл явдлыг элэглэн шоолох нэгэн ч байна. Тухайлбал, “Манайхан шоронд орчихоогүй дээрээ, өлсч үхээгүй дээрээ бушуухан засагт хамтаръя. Мөнгөний үнэр ямар байдаг билээ. Мөнгө барьж үзэх минь гэцгээж байгаа” хэмээн Ардын намын нэлээд нэр нөлөөтэй нэгэн хошигнож байсныг олон ч сэтгүүлч сонссон доо. Шууд хэлбэл Ч.Сайханбилэгийн Засгийн газрыг байгуулах сураг сон­согд­соноос хойшхи МАН-ын улс төр ингэж өрнөлөө. Бусад нам эвслүүдийн дунд ялгаагүй иймэрхүү уралдаан болж байгаа ч МАН-ынхан арай л эрээ цээргүй дайрч нэг нэгнээ нухчин дарахыг оролдож байгаа харагдах юм.

Харин өмнө нь МАН-ынхан юу гэж хэлж Засгийн газрыг унагаж байлаа. Ямар дүгнэлт гаргаж, ямар санал давшүүлж Н.Алтанхуягийг огцруулж кабинетыг нь тараасан билээ. Тэдний өмнө нь хэлсэн үг бүр өнөөдөр худлаа сонстож байна. “Эдийн засаг, уул уурхайн салбарын доголдол, ард түмний өлөн ходоод, тал талх, нэг төмс энэ л Монголын өнөөдөр. Монголчуудын худалдан авах чадвар ийм байна. Монголдоо сайхан амьдарч чадахгүй нь. Бид хяналт тавих эрхтэй сөрөг хүчин учраас энэ бүхнээ засахыг шаардаж байна. Огцор” гэцгээж байсан санагдана. Гэлээ ч өнөөдөр Ардын намынхны ард түмний өмнөөс хэлж байсан эдгээр үг, өгүүлбэрийн аль нь ч сонсогдохоо болив. МАН-ынхан Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулахдаа “Эдийн засаг ойрын арван жилдээ сэргэхгүй. Монгол Улс их өрөнд унаж, дампуурлын ирмэгт ирсэн” гээд хариуцлага нэхэж байсан бол хамтрах шийдвэрийг гаргахдаа “Бид л улсаа хямралаас гаргаж чадах юм байна. Тиймээс АН-тай хамтарна” гэсэн. Харин өчигдөр Засгийн газарт ажиллах сайд нарынхаа нэрсийг зарласан даруйдаа “Бид хамтарснаар болзошгүй хямралаас урьдчилан сэр­гийлэх арга хэмжээ авлаа. Ард түмэн ихийг хүлээх хэрэггүй шүү. Та нар мөнгөтэй болж чадахгүй байх магадлалтай” гэж хаяагаа манаж эхэллээ.

МАН-ын энэ мэхлэлт, эрх мэдлийн төлөөх марафон хэдхэн сайд томилсноор дуусахгүй нь ойлгомжтой. Харин ч эхэлж байна гэж хэлж болохоор байгаа юм. Одоо дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга, газар, агентлагийн дар­га, алба, хэлтсийн даргын төлөөх уралдаан МАН дотор эхэллээ. Энэ нь сайд томилсноос ч илүү их цар хүрээг хамарч, цаг хугацааг авах магадлалтай. Ирэх даваа гаригаас эхлээд МАН долоон дэд сайдын суудалд хүнээ томилох тухай ярьж эхэлнэ. Мөн тооны Төрийн нарийн бичгийн даргын квот оногдож, 11 агентлагийг даргалж, боловсон хүчнээ байршуулах учиртай. Энд мөн л Ардын намын бараг хэдэн зуун хүн шүдээ хүртэл зэвсэглэчихээд жагсч байна. Энэ нь дахиад л өнгөрсөн өдрүүдийг санагдуулам үйл явдал саяынхаас ч урт хугацаанд өрнөнө гэсэн үг.

Долоон дэд сайдын суудалд нь 20 гаруй хүн өрсөлдсөнөөс одоогийн байдлаар 10 нь шалгарч үлдээд байгаа юм байна. Тэдгээрийн дунд гурван ч эмэгтэй байгаа бололтой. Нэрийг нь дурдвал нийслэлийн Засаг даргын орлогч асан Ц.Цогзолмаа, МАН-ын нарийн бичгийн дарга Х.Булгантуяа, “Мон-Уран” тодотголтой Б.Саранчимэг нар эмэгтэйчүүдийн эгнээгээ тэргүүлж байгаа аж. Харин эрчүүдийг нийслэлийн МАН-ын хорооны дарга Ц.Сандуй, МАН-ын бүлгийн зөвлөх Ш.Раднаасэд, Оюу толгойн ТУЗ-ийн гишүүн Г.Тэмүүлэн, МАН-ын бүлгийн зөвлөх Г.Өнөрбаяр, UFC группийн дэд ерөнхийлөгч Цэрэнбат, НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн гишүүн Х.Алтай, Зүүний хүчний Тэнгэр нарын нэр дуулдаж эхэлсэн. Нэр бүхий арван залуугийн долоо нь дэд сайд үлдсэн гурав нь агентлагийн дарга, эсвэл аль нэг яамны Төрийн нарийн бичгийн дарга болно гэсэн амлалтыг ч дарга нараасаа авчихаад байгаа бололтой юм. Дэд сайдын суудал өнгөрсөн өдрүүдийн жишигт хүрч яригдахгүй ч бас л намын удирдлагуудын нухацтай сууж байж шийддэг асуудал. Тэгэхээр хишиг горилон зүтгэх гишүүддээ “Эхийг нь эцээж тугалыг нь тураахгүй байх” зарчмаар албан тушаал хуваарилах их ажил МАН-ын удирдлагуудын өмнө байна.

МАН-ын томилгоо, нам доторх албан тушаалын төлөөх уралдаан дэд сайд, Төрийн нарийн бичгийн дарга томилсноор ч дуусахгүй. Бүр энэ жилдээ ч дуусахгүй байж мэдэх нь. Төрийн өмчит аж ахуйн нэгжүүдийн 40 орчим хувийг МАН мэдэлдээ авахаар Засгийн газарт хамт­рах зөвшилцөл хийж байхдаа тохиролцжээ.

МАН-ын өнөөдрийн гар­гаж байгаа энэ шийдвэрүүд өнгөрсөн хугацаанд хийсэн үйлдлүүдийнхээ эсрэг чиглэс­нийг ийн харж болно.

Л.МӨНХТӨР