Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэг иргэний саналыг ч ажил болгоно, 100-аас дээш бол онцгой анхаарна

УИХын Өргөдлийн байнгын хорооны дарга О.Баасанхүүтэй ярилцлаа.

Өргөдлийн байнгын хороо 100-аас дээш өргөдлийг онцгой анхаарна гэсэн. Яг яаж ажиллах юм бол?

-УИХ-ын Өргөдлийн байнгын хороонд нэг сонгуулийн тойргийн иргэдээс нэг сарын хугацаанд 100-аас дээш өргөдөл ирүүлсэн тохиолдолд тухайн тойргоос УИХ-д сонгогдсон гишүүдэд иргэдийн саналыг танилцуулан тухайн асуудалд дүн шинжилгээ хийн саналыг авч ажиллахаар боллоо. Харин нэг аймаг, дүүргээс 500-аас дээш өргөдөл ирүүлсэн тохиолдолд Байнгын хорооны гишүүд газар дээр нь очиж танилцах, 900-аас дээш иргэний гарын үсэг цуглуулсан өргөдөл ирүүлсэн тохиолдолд Байнгын хорооны хуралдаанаар шуудавч хэлэлцэх болно. Гэхдээ энэ нь Байнгын хороогоор асуудал хэлэлцэхэд хэдэн иргэний санал ирсэн байх гэсэн тоон шаардлага тавихгүй бөгөөд чухал асуудал байвал нэг хүний өргөдлөөр ч Байнгын хороо хуралдана. 2015 оны нэгдүгээр сард Архангай, Баянхонгор аймгийн иргэдээс 100 давсан тооны өргөдөл ирүүлснийг УИХ-ын гишүүн Н.Батбаяр, Б.Болор, Х.Баттулга, Д.Ганбат нарт мэдээлэл болгох үүднээс тоймлон хүргүүллээ. Тойргоос сонгогдсон гишүүн нь Өргөдлийн байнгын хороонд иргэдийнхээ ирүүлсэн санал хүсэлтийн талаар мэдэж байх нь зүйтэй бөгөөд шийдвэрлэхэд саналаа өгөх, хамтран ажиллах боломжийг нь хангаж өгч байгаа юм.

Иргэдийн өргөдлийг саналын хайрцгаар авна гэж байна. Өөр ямар сувгаар иргэд санал хүсэлтээ гаргаж болох вэ?

-Өргөдлийн байнгын хорооны саналын хайрцгийг 21 аймаг, нийслэлийн дүүргүүд дэх иргэний танхимуудад байршуулж байна. Өргөдлөө бичээд шууд саналын хайрцагт хийснээр 14 хоног тутамд хариуцсан ажилтан манай байнгын хороонд нууцлалыг хангаж, тогтмол хүргүүлж байхаар журамлагдсан. Мөн он гарсаар манай байнгын хороо www.urgudul.mn цахим хуудсыг ажиллуулж эхлээд байна. Энэ цахим хуудсанд бүртгүүлснээр өргөдлөө ирүүлж болно. Хариуг цахимаар болон цаасан хэлбэрээр шуудангаар буцаан хүлээж авна. УИХ-ын бусад гишүүд, Байнгын хороод манай Байнгын хороо руу шилжүүлэн шийдвэрлүүлэхээр өөрт хаяглагдсан өргөдлөө шилжүүлж болдог. Энэ утгаараа тэдгээрт хэрхэн шийдвэрлэсэн талаар мэдээлэл өгч, саналыг тусгаж ажилладаг. УИХ-д суудалтай намын бүлгүүд, бие даан нэр дэвшиж сонгогдсон гишүүдийн зөвлөлд Өргөдлийн байнгын хороотой төлөөлөн харилцах нэг гишүүнийг томилуулан хамтран ажиллаж эхэллээ. Энэ хүрээнд иргэдээс ирүүлж буй өргөдлийг тоймлон долоо хоног тутам мэдээлэл өгч, Байнгын хороогоор хэлэлцэх асуудалтай холбогдуулан саналыг нь авч байхаар боллоо. Ийнхүү намын бүлэг, зөвлөлүүдтэй мэдээлэл солилцон хамтран ажилласнаар ард иргэдийн маань санал намын бүлэг, зөвлөлийн хуралд хүрэх боломжтой болсон.

Өргөдлийн байнгын хороо ард иргэдийн ямар санал хүсэлтүүд дээр ажиллаж байна вэ?

-УИХ-д 2015 оны нэгдүгээр сард440 өргөдөл ирүүлсэн байна. Үүнээс 109 буюу 24 хувь нь иргэдийн санал, долоо буюу нэг хувь нь гомдол, 324 буюу 73 хувь нь ахуйн шинжтэй хувийн асуудлаар хандсан байна. Нийтийн эрх ашгийг хөндсөн асуудлуудыг судалж, лавлагаа мэдээлэл авах, хэлэлцүүлэгт бэлтгэх, шаардлагатай зарим газарт хяналт шалгалт хийлгэх асуудлаар судлан ажиллаж байна. Дийлэнх өргөдлийг гол, мөрний урсац бүрэлдэх эх, усны сан бүхий газрын хамгаалалтын бүс, ойн сан бүхий газарт ашигт малтмал хайх, ашиглахыг хориглох тухай хуулийг өөрчлөхгүй байх, ашигт малтмалын хайгуул, ашиглалтын тусгай зөвшөөрөл олгоход нутгийн малчид, багийн нийтийн хурлын саналыг авдаг зохицуулалт бий болгох, газар, орон нутгаа унаган төрхөөр нь үлдээх, хариуцлагагүй уул уурхайг хязгаарлах, байгаль орчныг хамгаалах, нөхөн сэргээх, шалгалт хийлгэх асуудлаар хандсан байна. Тухайлбал, Архангай аймгийн Өндөр-Улаан сумын Азарга багийн Шаргачины голын ай сав газарт явуулж буй ураны хайгуул, Их тамир сумын Мөнгөт, Баянхонгор аймгийн Баянлиг сумын нутагт Таван-Уулд явуулж буй ашигт малтмалын хайгуулын үйл ажиллагааг зогсоох, зөвшөөрлийг цуцлах, тусгай хамгаалалтад авах тухай асуудлуудыг тавьсан байна. Нэр бүхий 21 иргэн бэлчээр доройтож байгааг анхаарах, бэлчээрийн менежментийг сайжруулах, бэлчээрийг ихээр сүйтгэж буй үлийн цагаан оготныг устгах ажлыг зохион байгуулах, мөн орон нутагт ус, худаг гаргах асуудлыг давхар шийдвэрлэх, бэлчээрийг хувьчлахгүй байх, бэлчээрийн тухай хуулийн төслийг санаачлах асуудлаар хандсан бол нэр бүхий найман иргэн малын хөлийн татварыг авсан тохиолдолд уг татварыг орон нутагт нь захиран зарцуулах зохицуулалт бий болгож, бэлчээрийн даацыг нэмэгдүүлэх, үлийн цагаан оготнотой тэмцэх, малыг эрүүл мэнд, үржил шимийг сайжруулах зэрэгт зарцуулах, нэр бүхий таван иргэн малчдын өндөр насны тэтгэвэр тогтоолгох насыг урагшлуулж, эмэгтэй 50, эрэгтэй 55 нас болгож өөрчлөх, залуу малчдыг дэмжих бодлогыг төрөөс явуулах, цалин, тэтгэврийг нэмэгдүүлэх, малчдын зургаан настай хүүхдийн хичээлийн хуваарийг өөрчлөх, алдарт эхийн одонгийн мөнгөн тусламж, хүүхдэд олгодог мөнгөн тусламжийг хэвээр үлдээх, хариуцлага алдсан, хуралдаа суудаггүй УИХ-ын гишүүнийг эргүүлэн татдаг байх зэрэг асуудлаар хандаад байна. Байнгын хороо энэ бүхнийг судалж шийдвэрлүүлэхээр ажиллаж байна. Үлийн цагаан оготнын асуудлаар судлаач эрдэмтэд, мэргэжилтнүүдийг оролцуулан хэлэлцүүлэг хийж, ХХААЯ, Ногоон алт төсөлтэй хамтран аргачлал, төлөвлөгөө боловсруулж хүргүүллээ.

Л.МӨНХ

Categories
булангууд мэдээ томилолт

Алс баруун хязгаар Алтай Таван богдын Даян нуурын застав дахь цэргийн баяр

Алтай Таван богдод эх орны баруун хил дагуу явахад нүд баясам, айдас төрүүлэм, сэтгэл татам олон сайхантай таарах ажээ. Өвөл зунгүй урсдаг 30 гаруй гол, ёроол нь нэвт харагдах 20 гаруй нууртай бөгөөд битүү хад асга эсвэл ой хөвчөөр бүрхэгдсэн мөнх цаст сарьдгийн тоог гаргах аргагүй шахам. Байга­лийн энэхүү нэн сайханд харуу­лын цувааг тэргүүлэн яваа Я.Гансүх нь Ховд аймгийн гарвалтай бөгөөд 2012 онд хугацаат цэргийн албанд татагдан ирээд улмаар гэрээт цэргээр үлдэж гэрээт түрүүч, харуулын дарга болон дэвшсэн тухайгаа хамт гурван цаг гаруй явсны эцэст ярилаа. Нэгэнт л тангараг өргөсөн хүн, эх орныхоо дархан хилд амь биеэ зориулахаар шийдсэнээ ч өгүүлэв. Харин өнгөрсөн зун харьж ирэхэд эхнэр нь оройтож, хүүхэд хэнзэдлээ гэцгээсэн тухай дурсаад сэмхэн шүүрс алдав. Харамсалтай нь гэрээт хилчин эхнэртэй байж болохгүй. Энэ дүрмээр Я.Гансүх эхнэрийн асуудлыг хойш тавьж яг гурван жилийн турш манаанд зогсчээ. Ар гэрийн амьдралаас ярианы сэдэв хальж хилчдийн хөгтэй явдал руу хөтлөв. Хэдхэн жилийн өмнө адууны ширээр хийсэн цанатай цэргүүд манаа хийж явтал 20 орчим метрийн эгц уруу буух шаардлага тулгарч. Эхнээсээ буусаар хамгийн сүүлд Цээеэ гэх цэрэг үлдсэн байна. Доор буусан нөхөд нь ч түүнийг буух үед “Таягаа хавчуулаарай” хэмээн хашгирахад мөнөөх эр хоёр таягаа суганыхаа завсар хавчуулж орхиж гэнэ. Уг нь хөлийнхөө завсарт хавчуулж хурдаа саах ёстой. Ингэж 20 метрийн эгц уруу хурд мэдэн буусан цэрэг эр цасны гүнд бараг гурван метр шигдсэн нь онигоо болж цэргүүдийн дунд одоо ч яригдсаар. Бас цасны мотоцикльтой хоёр цэрэг манаанд явж байтал урдах газар нь гэнэт алга болчихож. Арай гэж мотоциклио зогсоон буутал айлын зуслангийн байшингийн дээвэр дээр гар­­чих­­сан мотоцикль нь дэнжиг­нэж байжээ. Энэ мэтээр баруун хилийн цэрэг эрсийн онигоо дандаа байгалийн шалгуурын өмнө барьц алд­сантай холбоотой байдаг аж.

Хилийн морьд хэдий туршлагатай ч хэнхдэгнээс дээгүүр татсан цасанд оруутаа хөдөлж ч чадахаа болих юм. Хамар нь сарталзан хөдөлж чадахгүй, хий л бүлтэгнэнэ. Цэргүүд буулаа ч яг л морьтойгоо ижил бэлхүүсээ хүртэл шигдэж гараа сарвалзуулан инээлдэхээс илүүг хийж чадахгүй. Элдвээр оролдож мориныхоо цулбуурыг авч ойролцоох мод руу цалам хаяж үзлээ. Цас самардан ганц хоёр метр газар зүтгэх ч хоногтоо гарамгүй. Эцэстээ цалмаа нэгэн рүүгээ шидэж нэг дороо бөөгнөрсний хүчээр тэр их хунгар цаснаас гарч байх жишээтэй. Энэ үед Ямаат голын баруун уулын энгэрээр 20 гаруй марал буга урагшилж үзэгдэв. Харуулын дарга ч “Тор таслаад урагшаа гарчих вий” хэмээгээд хэдэнтээ хүүглэхэд мөнөөх амьтад хэсэг зогссоноо алгуурхан эргэж Ямаат голын эх рүү цувж одлоо. Хилчид эх нутгийн хилийн цаад руу буга гөрөөс бүү хэл хэнд ч үл захирагдах махчин араатанг хүртэл оруулахыг цээрлэн, харамлана. Харагдаж л байвал аль болох нутгийн зүг эргүүлэх цаад санааг агуулж явдаг ажээ. Хилийн торны завсар олон ч амьтан орж үхсэн байхтай таардаг байна. Шуургатай өдөр бүр ч урт зайд эргүүл хийж айл хотлын адуу малыг хариулж, манаж эздэд нь эргүүлэн өгөх нь тэдний үүрэг. Өнгөрсөн өвөл болсон шуурганаар аймгийн хэмжээнд бараг 700 орчим адууг хилээр давахын өмнө буцаан татсан бөгөөд энэ нь нэг ч адуу Шинжааны тал руу алдаагүй гавьяа болсон.

Даянгийн заставын хувьд 2014 онд хилийн нэг, хил орчмын дэглэмийн гурван зөрчлийг илрүүлсэн бол нийт анги бүрэлдэхүүн Хятадын иргэн хил зөрчсөн таван тохиолдлыг илрүүлжээ. Хил зөрчигчдийг барьж саатуулаад хуулийн дагуу мэдүүлэг авна. Нутагтаа байж суух газаргүй болж дүрвэн орж ирсэн тохиолдол ч байдаг аж. Тэр нутгийн мөнгө хүүлэгчид “Чи мөнгө зээлж болно. Хүүгүй шахам” гэж өгчихөөд хэсэг хугацааны дараа их хэмжээний хүү нэмж, мөнгөө нэхдэг. Түүнийг нь төлж чадахгүй бол хүүхдийг нь хүчээр эмнэлэгт үзүүлээд “Тэр эрхтэн нь эрүүл байна дараагийн удаа мөнгөө төлөлгүй зугтвал уу… гэж занаж, сүрдүүлснээс зугтаж хил давлаа” гэж мэдүүлэх хүн ч гардаг ажээ. Зарим нь “Өвгөний чинь хоёр хонь хилийн цаана гарчихаад авахгүй бол хэдэн төгрөг нь хайран санагдаад” гэх жишээний юм ярин маасайж зогсдог аж. Эзнийг нь барьсны ард хоёр хонийг нь илрүүлж, барих гэж хилчид тэр их хад асга, битүү ойгоор өвч бүрхэгдсэн ян сарьдаг ууланд ёстой л ухаанаа зарсан явдал болжээ. Өмнө нь хоёр талаас хил зөрчилт их байдаг байсан бол өнөө цагт манайхаас Хятад руу зөвшөөрөлгүй хил давах тохиолдол нэг ч гарахаа больсон байна. Харин олзны хойноос хөөцөлдсөн хятадууд байгалийн баялаг, бугын эвэр, эмийн ургамал, мансууруулах өвс хүртэл хайж бэдчин хил зөрчих явдал байсаар байгаа бололтой. Тэр дундаа “Алтайн хүн орхоодой” хэмээх монголчууд үзэж ашиглах нь бүү хэл нэрийг нь ч ховор сонссон ургамал олз хайгчдын анхаарлын төвд байдаг бололтой.

Хилийн 17 дугаар тэмдэгт багана хүрэхийн наахна, Даянгийн боомтын харалдаа түр саатан ажиглалт хийлээ. Тор тасарчээ. Хилийн зөрчил мөнөөсөө мөн. Гэхдээ хэн таслав. Хятадын талын тор учраас очиж учрыг мэдэх боломжгүй. Яах вэ гэлцэн дахин дахин нүдээ арчин дурандсаар. Харуулын дарга гурван жил манаанд зогссоны зангараг заан “Бугын мөр байна. Ийм нарийхан байдаг юм. Морьтой хүнийх андашгүй чигээрээ явсан байдаг. Сул адуу байсан бол идээшилж тэр хавьдаа удаан эргэцэж тойрсон байх учиртай. Хүн бол тэр гэхийн тэмдэггүй мурийж сарийсан өргөн мөр үлдээнэ. Явган хүн ийм зузаан цастай хэсгээр явж ч чадахгүй” гэлээ. Бүр цаанаасаа нааш орж ирсэн байна гэдгийг ч олж тогтоолоо. Буга, баавгай зэрэг бие товир амьтад нэг зүтгээд л торны төмөр утсыг тас татан хилийн наана, цаана дуртай үедээ гарчихдаг байна. Ийнхүү амьтны хилийн зөрчил илрүүлж хэдэн буга нутаг өөдөө эргүүлж цаашилсаар хилийн 17 дугаар тэмдэгт, сүлдэт багана хүрч хүндэтгэл үзүүлсэн явдал Даянгийн застав, Бүргэдийн харуулын цэргүүдийн баярын өдрийн гол зорилго. Ухаандаа хилчид цэргийн баяраар сүлдэт баганад хүндэтгэл үзүүлэхийг “баярын нэмэгдэл бууз, хуушуураа” идэхээс ч эн тэргүүнд тавьж энэ чиглэлийн манааны бүрэлдэхүүнд багтахыг эрмэлздэг ажээ. Хилийн тэмдэгт бүх багана дээр төрийн сүлд байдаггүй бөгөөд 17 дугаар тэмдэгт багана сүлдтэй. Чингэсийн хэмээх төв талбайгаас төрийн сүлдэт энэ багана хүртэл хоёр мянган километр хол. Монгол Алтайн нуруу, Алтай Таван богдын энэ бүс нь алсын ажиглалт муутай, ой, бартаа саад, цас их манаа гүйцэтгэхэд хилчдийн шөрмөсийг шалгах газар мөн ч нөгөө талаас хэн хүссэн нь халдан түрэмгийлээд байх газар биш бололтой. Байгалийн энэхүү өвөрмөц тогтоц нь өөрөө өөрийгөө хамгаалдгаараа давуу талтай мэт. Тэр дундаа нутаг орныг төдийлэн мэдэхгүй, ой тайга, эгц цавчим гуу, ян сарьдагт явж сураагүй нөхөд орсон даруйдаа л баримжаагаа алддаг ажээ. Түүхэнд тагнуул хийхээр ирээд төөрч будлихдаа баригдаж, олзлогдохоосоо ч айлгүйгээр Монгол цэргүүд дээр тусламж эрэн ирж байсан тохиолдол ч тэмдэглэгдсэн байдаг аж. Түүхийн хуудас сөхвөл хилийн энэ хэсгээр 1900 оны эхээр Цагаантны дээрэмчид нэвтэрч явсаар Толбо нуурын тулгаралтыг бий болгож байж. Бас 1800 оны дунд үеэс казах иргэдийн Монгол руу хийсэн нүүдлийн цуваа мөн л үүгээр өнгөрч Монгол Алтайн зүүн бэлд суурьшсан. Харин 1700 оны дундуур Цэрэн тайж хар Хятадын цэрэгтэй Алтай таван богдын уг бартаанд түшиглэн дайтаж ялжээ. Ялагдал хүлээсэн цэргүүд Монгол Улсын гүн рүү зугтсан бөгөөд Хархорин ортол үлдэн хөөж хиар цохисон удаатай гэнэ. Ийм л түүхтэй газар, 1933 онд Даянгийн болон хилийн бусад заставуудыг байгуулж байжээ.

Хилийн манаанд гарч сүлдэт баганад хүндэтгэл үзүүлэхийн тулд цаснаа явагчаар нийт 50-иад, мориор хориод километр зам туулан өдрийн хугасыг үджээ. Даянгийн заставт эргэж ирэхэд цэргийн үдийн хоол болж таарлаа. Хуваарьт ёсоор хөц будааны шөл, талх, цай, гуляш өгөх байсан ч баярын нэмэгдэлтэй. Тогооч Б.Отгонцэцэг, Ш.Тумархан нар 140 километрээс нааш нэг ч дэлгүүр байхгүй гэхэд тун ч тансаг ширээ засчээ. Ээлжийн манаанд явсан, ирэх байсан ч ирж амжаагүй цэргүүдээ хасаад заставт буй хоёр салаа цэрэгт зориулан чацарганын ундаа найруулан, өөрсдөө үзэмтэй кекс хийж, талх, нарийн боов, орос чихрээр чимэглэн бэлтгэсэн байв. Үүний зэрэгцээ таваг дүүрэн өөх мах нь алагласан гоймонтой шөл, бас дүүргэж овоолсон төмсний хучмал. Нэмэгдлээ идэж баярлах гэсэн цэргүүд цуваагаар орж ирчихээд дуу ч гаргахгүй комманд өгөхийг хүлээсээр. “Малгайгаа аваад, чөлөөтэй байцгаа” гэсэн ч “Суу. Хоолондоо” комманд сонсдтол илүү хөдөлгөөн үл хийнэ. Чөлөөтэй байлгахыг оролдож удаж ядсаны эцэст энгийн үе шигээр командалж баярын ширээний ард суулган халбага, сэрээг нь бариуллаа. Үүнээс цааш тушаал үгүй учир баярын нэмэгдэл, тансаг ширээн дээрх амттан бүхэн цэргүүдийн мэдэлд. Шөлтэй хоолны амт ч хүмүүсийн хэлдгээр “ванлий”. Удтал богшоож буцалган өтгөрүүлсэн шөлөнд тарган мах хөшиглөн гоймон хийжээ. Төмсний хучмалын жигнэлт нь бага зэрэг ихэдсэнийх үү жаахан аргуу болсон байв. Ахмад Б.Бямбадорж, хошууч Х.Ержет, ахлах дэслэгч А.Ахтанбек нартай цэргийн хангалтын талаар хөөрөлдөхөд “Хоол ямар байна, гоё их. Талх ямар байна, гоё том гэсэн яриа цэргийн хүрээнд нийцэхээ болиод удаж байна. Хангалт сайн болсон. Цэргийн хүнсэнд цувдай ч байхаа больсон” гэдгийг өгүүлж байлаа. Цэргүүд хооллохдоо цагтай уралддаг учир баярын ширээ ч 15 орчим минутын дараа нэлээд нимгэрнэ билээ. Хилийн тоот цэгт явж манаа хийхийг цэргүүд илүүд үздэг гэнэ. Яагаад гэвэл тэнд нормын хүнсээрээ өөрсдөө хүссэн хоолоо хийж иддэг, застав нэгдэл, цэргийн сургуулилт байдаггүй. Бас хил зөрчилт илрүүлж, хариад ярих баатарлаг адал явдалтай тулгарахыг цэргүүд нууцхан мөрөөддөг учир хилийн манаанд байнга явахыг хүсдэг ажээ.

Чөлөөт цаг гэхээс нааш цэрэг бүр даалгавар биелүүлж явдаг. Ахуйн цэвэрлэгээнээс эхлээд бие бялдрын дасгал сургуулилт хийгдэнэ. Тархиа цэнэглэж, хэвлэл уншин мэдээлэл авах нь хүртэл тэдний биелүүлэх ёстой даалгавар. “Өдрийн сонин” тэргүүтэй төвийн хэвлэл “DDSH” үзэж мэдээлэл авна. Цэргийн баярын өдөр учраас эдгээр ажлыг эртхэн амжуулаад уралдаант тэмцээнээ хийлээ. Буу угсрах тэмцээнд байлдагч Ховд аймгийн харьяат Б.Магсаржав 20 секундэд гүйцэтгэсэн бол сонс эргэлтээр Увс аймгийн харьяат А.Ганбат тэргүүллээ. Урлагийн авьяасаараа байлдагч Х.Батбаяр, Содномцэрэн, О.Серикбол нар шалгарав. Урлагийн танхимдаа 1980-1990 оны шилдэг эстрадын түүвэртэй бөгөөд “Абба” хамтлагийн аяыг тавьж байгаад, тогооч, угаагч гурван бүсгүйгээ дундаа хийж аваад ёстой л шавиагаа ханатал чөлөөт бүжиг бүжицгээв. Тэд цэрэгт татагдахаасаа өмнө сум, аймгийнхаа шаггүй бүжигчид байсан бололтой. Таазны эргэлт, гарын хөдөлгөөн, нэгнээ халз бүжигт дуудах зэрэг нь мэргэжлийн хэмжээнд яригдахуйц. Гэхдээ энэ бүхэн цаг минуттай, дээрээс тогтоосон хугацаатай учраас урлагийн өрөөний багахан талбайд хөлсөө бурзайтал бүжиглэсэн цэргүүд бэлэн байдлын комманд сонсуутаа л хувцсаа цэгцэлж биеэ зэхэн дараагийн тушаал хүлээнэ.

Алтай Таван богдын өвөр Даян нуур, Даянгийн заставт цэргийн баярын өдрөөр нэг ийм адал явдалтай. Тэдний баярын өдөр ч гэсэн үүрэг даалгавраа гүйцэтгэн хилийн манаандаа зогссоор. Азтай бас азгүй цөөн хэдэн цэрэг л энэ өдөр ээлжгүй таарч баярын нэмэгдэл хүртэж багахан цэнгэв бололтой. Ер нь энэ өдрийг Улаанбаатарын цэргүүд л тэмдэглэсэн шиг тэмдэглэдэг бололтой. Эх орноо манах үүрэг авсан хэдэн бор цэрэг нь өгсөн тушаалын дагуу хилийн манаандаа зогссоор өнжлөө.

-Баян-Өлгийнхөн үндэсний уламжлалаа сэргээн наадлаа-

Казах үндэстний наурызын баяр орчин үеийн хэв шинжид нэлээд шилжжээ. Ёс заншилдаа уг баярыг нэг л өдөр тэмдэглэдэг байсан бол өдгөө цагаан сар шиг битүүн, наурызын нэг, хоёр, гурван өдрийг тэмдэглэн өнгөрүүлэх болж. Тэр дундаа Баян-Өлгий аймагт наурызын баярыг угтсан соёл, спортын арга хэмжээ хэдэн өдрөөр үргэлжлэн сүүлийн өдрүүдэд ёстой л цэнгэцгээлээ. Хурдан морь уралдуулж, казах курес бөх барилдан тулам булаалдах, морины давхил дунд зоосон мөнгө шүүрэх зэрэг тэмцээнүүд наурызын баярын битүүний өдөр буюу энэ сарын 21-нд Баян-Өлгий аймагт зохиогдлоо. Эхлээд морь уралдуулж, үндэсний цэнгэл, уламжлалт тоглоомоороо наадан өдрийн үдээс хойш курес бөхийн барилдаан явагдсан юм.

Өлгий аймгийн морины уралдаан олон түмний мэддэгчлэн төв нутгийнхаас арай өөр. Тэд морьдынхоо дэлийг сумалж засна гэсэн ойлголт үгүй. Азарга, гүү, морьдыг хараад ялгаж танихын аргагүй бүгд л хур дэлээ сагсалзуулан байна. Хурдан морьдынхоо сүүлийг 18-тай охид бүсгүйчүүд лугаа хоёр салаа болгож сүлжин шар шувууны өд уяж бэхлэх юм. Хоёр салаа сүлжих ёс нь эрт дээрээс уламжлагдан ирсэн бөгөөд энэ цагт морины давхил дунд хойд хөлийг нь ороож хурдлахад нь тээр болдог учраас уг ёсыг одоо бараг халжээ. Ихэнх нь энгийн сүүлний боолтоор шууж боох бол уралдаж буй морьдын дунд уламжлалт аргаар сүлжсэн цөөн хэдхэн морь явна. Шар шувууны өд сүүлэнд нь бөхлөх тухайд гэвэл коран судрын бичиг өдний хээ хоёр ижил учраас дээдлэн шүтдэг ажээ. Ийм өнгө төрхийн дор хурдан морьдын уралдаан боллоо. Өнгөрсөн бямба гаригт азарга, их нас, соёолон морьдын уралдаан болсон. Нутгийн иргэд өвлийн уралдаан гэж үзээд азарга, соёолонг 14 километр, их насыг 16 километрээс гаргаж байна. Гэхдээ барианаас гараа руу тууж буцаан уралдуулахгүй. Гарааны зурхай дээр бүртгэж шүдлээд шууд бариа руу хөдөлгөчихнө. Ингээд барианд хүрэхэд уралдааны зул дөнгөж задарч таарах нь ч байна. Увс, Ховд, Завхан аймгаас ч уяачид ирж уралдсан бөгөөд азарганы түрүүг Увс аймгийн Ховд сумын харьяат, аймгийн алдарт уяач Ц.Алтай, их насны түрүүг Завхан аймгийн уяач Бямбажав, соёолонгийн түрүүг Баян-Өлгий аймгийн уяач Т.Батсүх нарын морьд авлаа. Хаврын уралдаан учраас нэг насанд 30-50 орчим хурдан хүлэг уралдаж байна. Ер нь энэ нутаг, Монгол орны баруун бүс рүү Сүхбаатар, Дорнод буюу зүүн чигийн хурд зарагдаж цус сэлбэлт эхэлжээ. Хурдалсан морьдын ихэнх нь зүүн бүсийн угшилтай бөгөөд гурван насны түрүү морьд бүгд Сүхбаатар аймгаас зарагдсан унага аж.

Ийнхүү морьдоо уралдуулсан зон үндэсний тэмцээнээ үргэлжлүүлэн хийв. Кыз хуар, тенге илу, кекпар гэсэн гурван төрлийн тэмцээн явуулж байна. Кыз хуар гэдэг тоглоомын хэлбэр нь өөр болохоос төв нутгийн цүү хаяхтай утга нэг. Эрэгтэй эмэгтэй нийлсэн олон залуус оролцох бөгөөд тэнд хайр сэтгэлийн асуудал хөндөгдөнө гэсэн үг. Эрэгтэй нь эмэгтэйгээ өдөж, хоргоосны эцэст морьтой зугтана. Тэгэхэд эмэгтэй нь гүйцэж малиа буюу ташуураар хэдэнтээ гөвшиж орхино. Ингэж л нэг дор цугларсан залуус танилцдаг байжээ. Ер нь жаахан хатуу тоглоом юм. Хөмсгөө яз цохиулах, нүдээ таглуулах тохиолдол өчнөөн гардаг тухай ахмадууд ярилцаж байв. Гэхдээ энэ удаа үзүүлэх тоглолт хийсэн учраас нэгнээ арай зөөлөн цохино билээ. Харин тенге илу гэдэг морины хурдаар явуут дунд зоосон мөнгө шүүрэх учиртай. Дээхнэ үед тэмцээнийг зохион явуулагч зоосон мөнгө шидэж оролцогчид унасан газраас нь шүүрдэг байсан бол дүрэм нь өдгөө мөн л бага зэрэг өөрчлөгджээ. Мөнгөний оронд тод өнгийн даавуу зангидаад шидэж байна. Тэгээд тэмцээний аваргыг шалгаруулахын тулд цаг харах болж. Хамгийн бага хугацаанд шүүрсэн хүн нь хамгийн их хурдтай давхиж шүүрсэн гэсэн үг тул тэр нь ялагч. Энэ үеэр цөөнгүй жуулчид ч тэнд явж таарсан бөгөөд тоглоомын даалгаврыг биелүүлсэн гэхээсээ илүүтэй морьтойгоо давхар унасан оролцогчдыг ихээр сонирхож байлаа.

Тэгвэл тулам булаалдахыг кекпар гэнэ. Энэ тоглоомын дүрэм ч нэлээд өөрчлөгдсөн гэнэ. Хамгийн эхлээд ямааны толгойг тасдах хэрэгтэй. Тэр нь дотроо, яс махтайгаа байх шаардлагатай аж. Тэгээд хэсэг залуус хоёр баг болж хуваагддаг байжээ. Тоглоомын талбайн хоёр захад тус бүр нэг айл байх ёстой бөгөөд тэр гэрийн дээр тулмыг шидсэн тал нь ялагч. Гэр дээр нь тулам ойчсон айл бүтэн хоног найр хийж, хүн ардыг дайлах ёстой. Хар ухаанаар ойлговол сагсан бөмбөгийн тоглолт гэсэн үг. Харин оролцогчдоо харгалзан дүрмийг өөрчилж хоёр морьтой хүний хооронд тулмыг хаяж булаацалдуулж байна, өнөөдөр. Гэхдээ хол шидсэн тулам руу оролцогчид ухасхийн эхэлж хүрсэн нь өөрийн гарын зөв талаар тулмыг барих эрхийг авна. Ингээд л морьтой хоёр тийш нь татсаар алдалгүй авч үлдсэн нь дараагийн шатанд ахина. Тулмаасаа тавиагүй ч мориноосоо унасан бол бас л ялагдал хүлээнэ. Тулам булаалдах уг тэмцээнд нэг булхайтай нөхөр орох аваас тэр хавиар нэг хэрүүл тарих юм. Үндэсний бөхийн барьц сонгоод барьцаа аваагүй байхад нь хаяж баахан хэрэлддэг шиг нөгөө оролцогч нь тулмын шийр хэсгээс мөчигхөн атгах төдийд ухасхийн авч зугтсан тохиолдол хэд хэд гарлаа. Үзэгчид ч дүрмээ мэддэггүй новш гээд л тэмцээний талбар руу бүгд дайран орно. Булхайцсан этгээдээс тулмыг булааж, морьтой нь татаж унагаад шударга ёсыг сахиулах, тэмцээний дүрмийг заах ажлыг хүн бүр хийж хоолой мэдэн сургана. Оролцогч ч шаралхана гэж жигтэйхэн. Дээрээс нь булхайцсан нөхрийн сумынхан нийлээд хоёр тал болж эцэс төгсгөлгүй маргаан болж хувирах юм.

Өдөржин морь давхиулж, үндэсний тоглоомоор наадсан Баян-Өлгий аймгийнхан үдээс хойхно бөхийн өргөөндөө цугларлаа. Курес бөхийн барилдаан болж жин жингийн бөхчүүд зодоглолоо. Өмсгөл нь чөлөөтийн кимонотой төстэй хүрэм бол доогуураа богино өмдтэй төстэй. Гэхдээ өмсгөлдөө үндэснийхээ хээ, угалзыг урласан байх жишээтэй. Дүрэм нь чөлөөт бас Өвөрмонголын бөхтэй адил. Хөл нь хөлтэйгөө, гар нь гартайгаа барилдана. Зөвхөн далаар нь тавих бөгөөд хөл, гар газарт хүрэх, далнаасаа бусад хэсгээр унахад оноо алддаг ажээ. тэд зонхилон үүрч шидэх, халз хутгах мэхийг хийж байна билээ. Дээрх тэмцээнүүдийн дүн нь өдөртөө бус наурызын баярын нэгний өдөр гарч шагналыг гардуулсан учраас хэн тэргүүлсэн нь тодорхойгүй байлаа.

Харин дэлхийд өдөр, шөнө тэнцдэг өдөр буюу наурызын баярт төвөөс Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга С.Баярцогт хүрэлцэн очжээ. Тэрээр аймгийн төв талбайд казах үндэстний баярын парадыг үзэж сонирхон төрийн өндөрлөгүүдийн мэндчилгээг уламжилсан. Наурызын нэгэн буюу гуравдугаар сарын 22-нд Баян-Өлгийн иргэд төв талбайдаа үндэсний хувцсаараа жигдрэн хүндэтгэлийн жагсаалыг өглөөний 10-11 цагийн хооронд хийгээд тарж одоцгоосон юм. Өнөө жилийн баярын парадын онцлог нь өвлийн өвгөн байлаа. Тэмээ унасан цав цагаан хувцас өмсч, сахал зүүсэн өвлийн өвгөн хаврын энэ баярт хүрэлцэн сургааль айлдаж буйгаар зохиомжилжээ.

Наурызын баяр ийнхүү болж өнгөрлөө. Харин энэ нутгаас сонгогдсон УИХ-ын хоёр, гишүүн хоёул баяртаа очсонгүй. А.Бакей гишүүн наурызын Улаанбаатар дахь үйл ажиллагааг удирдаж буй бол А.Тлейхан гишүүний талаар яригдсангүй.

Наурызын баярын арга хэмжээнд Баян-Өлгий аймгаас сонгогдсон гишүүд очсонгүй. Харин Засгийн газрын хэрэг эрхлэх газрын дарга, Монгол Улсын сайд С.Баярцогт хүрэлцэн ирж иргэдэд мэндчилгээ дэвшүүлэн, Монгол Улсын Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, УИХ-ын даргын мэндчилгээг давхар уламжилсан юм.

Л.МӨНХТӨР

Categories
мэдээ цаг-үе

Алс баруун хязгаар Алтай Таванбогдын Даян нуурын застав дахь цэргийн баяр

Улсын нийслэл Улаан­баатар хотод Монгол цэргийн бахархлын өдөр эхэлж Чингэсийн талбай цэргийн сүр хүчээр бялхаж байхад эх орны баруун хилд халдсан дайсангүй амар тайван байлаа. Баян-Өлгий аймаг дахь хилийн цэргийн 0165 дугаар ангийн харьяа Сагсай сумын Ямаат багт байрлах Д.Намнан баатрын нэрэмжит Даян нуурын заставт үүрийн гэгээ задрахтай зэрэгцээд урт өдрийн ажил эхэлнэ. Энэ өдөр гуравдугаар сарын 18, баярын өдөр ч гэлээ хил, хүн ард, Монгол Улсыг хамгаалах тангараг өргөсөн хэдэн бор цэрэг зөвхөн үүргээ л гүйцэтгэх учиртай.

Бүрээн дуунаар бужигнаж эхэлсэн застав нэгдлээ. Хэдхэн хормын өмнө нойрноосоо хөндийрсөн цэргүүд ариун цэврийн асуудлаа шийдэж, кител, шинелээ өмсөн жавхаажсан байна. Хэдийд нь ч юм бор ходоодоо хар цай, “гурван сайхан”-аараа тордоод амжжээ. Даян нуурын жавар, уулын цасны хүйтэнтэй нэгдэн хацар, чих тас хайран байвч хилийн манаанд зогсоо цэргүүд үүнийг үл ажирна. Заставын төвд Монгол төрийн далбаа мандаж, “Даян нуур орчим, улсын хилд онцын аюулгүй, амгалан хонолоо” гэх рапорт нам гүмийг эвдэн цуурайтна. Үүнээс цааш төрийн сүлд дууг хоолой мэдэн дуулцгааж залгаад “Зээрэгц дундаа, ноомхон, баруун тийш” хэмээх командлал тас хадаж нэгэн зэрэг ярсхийх цэргүүдийн хөдөлгөөнөөр тиф таф хийх дуу гарах нь бөмбөрийн хэмнэл мэт улам ч цогтой.

Даян нуурын заставын командлал өдөртөө багтаж хилийн манаанд гарсан цэргүүдээ эргэх ээлжтэй. Цэргүүд заставаасаа цааш жил, улирал, сар, хоногоор хилийн онцгой бүс рүү тоот цэгийг хамгаалах үүрэг хүлээн явдаг. Тэднийхээ хангалтыг хүргэж, төрийн сүлдэт хилийн баганад хүндэтгэл үзүүлэх ажил өнөөдрийн гол зорилго.

Ийнхүү 0165 дугаар ангийн захирагч хурандаа Б.Мөнхбатын үүрэгдсэнээр Заставын дарга, хошууч Х.Ержет хэд хэдэн чиглэлд бүрэлдэхүүн хөдөлгөсний нэг нь Бүргэдийн харуулын чиглэл байв. Заставаас цааш харуул руу морь, цасны мотоциклиос өөр унаа хүрнэ гэж үгүй. Тиймдээ ч 0165 дугаар отрядын орлогч дарга Н.Гансүх, ахлах ахлагч С.Байвитхан нартай хамт цаснаа явагч хөлөглөн хил эргэнгээ Бүргэд уулын харуулын цэг хүрэхээр хөдөллөө.

Цасны мотоциклиор хилийн дагуу 30 орчим километр замыг туулахад казах айлын монгол банхар дайрч нэлээд тэвдүүлсэн, бас нэг айлын гурван тэмээ биднээс үргэж хулжиж одсоныг эс тооцвол гойд зүйлгүй. Ер нь малчид бэлчээрээ дагаж Таван богдын тусгай хамгаалалттай газар руу өвөлжөөлөх болсон нь байгаль талаасаа баахан сөрөг үр дагавартай байгаа бололтой. Тэнд буга, баавгай, чоно, нохой зээх, ирвэс гээд олон төрлийн амьтан байдаг бөгөөд хүмүүсээс дайжин хил давах болжээ. Хил давсан амьтад харийн нутгийн гүн рүү явчихвал эргэж ирнэ гэдэг найдлага тун бага. Шинжаан Уйгарын өөртөө засах орны амьдрал ээдрээтэй учир хил давж, нутгийн гүн рүү орсон бүхнийг “унагах” анчдын отоо бишгүй байдаг тухай яриа байдаг аж. Бас эмийн ховор ургамал энд ёоз ёозоороо ургадаг гэнэ лээ. Харамсалтай нь малын хөл, хүний нөлөөллөөр энэ бүхний амьдрах орон зай улам л хумигдсаар байгаа бололтой. Ер нь л дэлхийд ховордсон онгон дагшин байгаль, зэрлэг ан амьтад энд байна. Ховор шавьжнаас эхлээд дэлхийд өөр хаана ч байдаггүй улаан загас Ямаатын голд бий. Энэ загасыг дэгээдэн гаргаж ирэхэд барилгын салбарт хэрэглэдэг улаан оохроор будсан юм шиг харагддаг байна. Хуучин цагт ЗХУ-ын томоохон албаны дарга нар уг загасны онцгой амтыг таашаан тусгайлан захиалж авдаг байсан ажээ. ЗХУ-ын дээд албаныхан Монгол Улсын Ямаатын голын эл загасаар гадаад дотоодын томоохон төлөөлөгчид, айлчид гийчдийг дайлдаг байсан тухай түүхээс харж болно. Малчдын хил рүү түрж нутаглах болсны нөгөө нэг сөрөг үр дагавар нь хил зөрчигчдийн мөр малын хөлөөр балрах хандлага ажиглагдах болжээ. Дээхнэ үед усны урсгалаар адууны шинэхэн хомоол урсан орж ирэхэд хил зөрчигчид, дээрэмчид нэвтэрснийг мэдэж байлдааны бэлэн байдалд шилжин олон ч дээрэмчдийг буцаан тонилгож байсан түүхтэй. Харин өнөөдөр ардуудын адуу олон болсон учраас хил зөрчигчийнх үү, ардын адууны хомоол усанд хөвж явна уу гэдгийг ялгаж танихын аргагүй болсон байна. Уг нь Хил хамгаалахынхан мэдэлтэйхэн бол Таван богдын тусгай хамгаалалттай эл газрыг Дархан цаазат болговол ирээдүйд учирч болох аюулыг таслан зогсоох боломжтой тухай ч яригдаж байв.

Энэ тэрийг хүүрнэн цас манарган давхисаар нэг л мэдэхэд Бүргэдтэй уулын ам, Бүргэдийн харуулын цэгт ойртож иржээ. Цасанд боогдсон өндөр давааг цасны мотоцикль ч туулж давахгүй тохиолдол олон. Хоёр ч том давааны өөд Оросын “Бурен” цасны мотоцикль бахардаж түрэх газар нь түрж мацсаар давлаа. Арай гэж нэг даваан дээр гарахад цаана нь өндрөөс хоёр уул завсраар нь бүр ч өндөр сарьдаг нүдний өмнө тулна. Битүү ян сарьдаг, ой тайгатай учир алсын ажиглалт хийнэ гэсэн асуудал үгүй ажээ. Далайн түвшнээс дээш дөрвөн мянга хүртэл өргөгдсөн өндөрлөг энэ газрыг хамгаалж, хил зөрчигчдийг илрүүлэн аюулаас сэрэмжлэхийн тулд өдөр шөнөгүй явж булан тохой бүрийг нь нэгжих шаардлагатай байна. Бүргэдийн харуулын цэгт хүрэхэд цаснаа явагч цааш ахих аргагүй боллоо. Энэ хэсэгт 50 см-ээс дээш цасан хунгартай учир шигдэж ороод явган явснаас ч тээртэй. Цасны нүүдэл эхэлчихэж. Өвөлжин орж зузаарсан цас хаврын энэ цагт мөнхийн хөдөлгөөнд ордог байна. Ямар ч салхигүй байсан ч байнгын явган шуурга шуурч нэг цагийн дотор гэхэд л явсан мөр мэдэгдэхээ болино. Ингэж уулын ирмэг хошуугаар цас зузаарсаар дөрөвдүгээр сарын дундуур цасны нуранги үүсдэг ажээ. Чангахан хашгирах, сарлагийн хойноос шидсэн дүүгүүрийн чулууны исгэрэлтээр л цасан нуранги эхэлнэ. Энэ нь хилчид төдийгүй малчид, мал сүрэг, зэрлэг ан амьтдад ихээхэн халгаатай.

Бүргэдийн харуулын байр гэж хоёр том байшин, тэгшлэн зассан цэргийн сургуулилтын талбай, морьдын уяа зэрэг байх агаад их л цомхон. Бараг бүх цэрэг нь баярын өдрийг умартан өглөө эрт манаанд явжээ. Хонуутаар манаанд яваад ирээгүй хэсэг нь ч байна. Ховд аймгийн Мөнхайрханы Б.Мөнхбаатар, Жаргалант сумын Ц.Батбаяр, Б.Маргад-Эрдэнэ, Булган сумын Г.Төгөлдөр нарын хилчид харуулын ахлагч Я.Гансүхийн хамт угтлаа. Хилчин хувцсаар жигдэрч, буу агссан шавилхан залуус 18-23 настай бөгөөд тавдугаар сард халагдах хал цэргүүд гэнэ. Цэргүүдтэй харьцахад тун төвөгтэй. “Тийм, үгүй. Би байлдагч тэр” гэхээс өөр үгээр асуултад хариулна гэж үгүй. “Сайн байна уу” гэхэд “Тийм” л гэнэ. Гэрээ санаж байна уу “Үгүй”. “Цэргийн алба сайхан уу” “Тийм” гэх зэргээр баахан юм асуусны эцэст тийм эсвэл үгүй гэсэн ганцхан хариулт л сонсоно. Сайхь дөрвөн цэрэг энэ өдөр баярын нэмэгдэл бууз, хуушуур хийх үүргийг хүлээж үлджээ.Цэргийн баярыг хилчид “баярын нэмэгдэл” нэрээр ахиухан бууз, хуушуур хийж идээд үдэш цуглахаараа багахан наадаад л өнгөрөөдөг байна. Харуулын ахлагч Я.Гансүх бэлчээрээс ирсэн хоёр азарга шахам адуунаас гурван морь шилж бугуйл шидэн барив. Тэрээр Даянгийн боомт орчим хилийн 16-17 дугаар тэмдэгт баганын зүг манаа хийх ажилтай. Ийнхүү Я.Гүнсүхийн хамт цааш хөдлөхөд цэргүүд татаж бэлтгэсэн түмпэн дүүрэн махыг гал тогоо руугаа барин гүйж ажиглагдав.

Дөрөө дарсан цастай газарт морин эргүүл хийнэ гэдэг тийм ч амар ажил биш бололтой. Хориодхон километр газрыг бараг таван цагт туулж байна. Битүү ой, эгц цавчим гуу жалга, гол нууртай газрын унаган адуу цаанаа л сурамгай юм. Харуулын ахлагч Я.Гансүхийн унаж явсан улаан хээр морь цэлийсэн их цасан дундуур зугуухан урагшилж байгаад гэнэт зогтуслаа. Бүр залаагүй байхад эргэж уулын эгц уруу яваад дахин эргэж өгссөн нь хөлгүй цасан хунгарыг тойрсных ажээ. Морьд мөсөн дээр гарахдаа арав, хорин метрийн цаанаас дөрвөн мөчөө чангалан бүжиглэх гэж байгаа балетчин шиг туурайныхаа үзүүрээр зөөлхөн зөөлхөн гишгэн цомцгононо. Цөмрөх дөхсөн, харзалсан ч дээгүүр нь мөстөж цасаар хучигдсан газрыг ч төвөггүй таньж мөн л жолоо залаагүй байхад тойрч гарах жишээтэй. Я.Гансүх ахлагч ч “Хилийн цэргийн морьд маань шинэковуудаас хавьгүй илүү” хэмээн магтана. Өндөр уулын хяраар морьтой шогшиж байгаад гүн ангал руу харж огтхон ч болохгүй гэдгийг захиж сургасаар. Хэрэв хэдэн зуугаас мянган метрийн тэр гүн рүү харвал толгой эргэж унах тохиолдол гардаг учраас ийн сэрэмжлүүлжээ. Ийм бартаат газраар хэсэг туучаад Ямаат голын бэлчир рүү буулаа. Голын ихэнх хэсэг хөлдсөн ч мөнхийн харз голын эхээс адаг хүртэл урсдаг ажээ. Я.Гансүх ахлагч ч мориноосоо буун эрэгт хүрч элгээрээ тэгнэн хэвтээд голын уснаас баахан залгиллаа. Түүний ганзаганд түрүүнээс хойш түнтэгнэсэн богцтой зүйл бол баярын нэмэгдэл хээрийн хоол байжээ. “Хэдүүлээ баяраа тэмдэглэж нэмэгдлээ хүртье” хэмээн инээмсэглэж богцоо уудалж бог малын мах, жигнэсэн гурил зэргийг гаргаж морьтнуудыг бууж суухыг урилаа.

Үргэлжлэл бий.

Л.МӨНХТӨР

Categories
мэдээ цаг-үе

Т.Хасбаатар: Тусгаар тогтнолын ордон бүү хэл МАН-ын шатдаг байрны санхүүжилт ч асуудалтай

АН-ын гишүүд дэм­жигч­дийн холбооны тэргүүн Т.Хасбаатартай ярилцлаа.

Ард түмний өмнөөс танай холбоо МАН-д хандан 11 тэрбум төгрөг нэхэмжиллээ. МАН Тусгаар тогтнолын ордонг барихад төсвөөс 11 тэрбум төгрөг гаргуулан авсан ч энэ өнгөрсөн явдал юм биш үү?

-Одоогоос долоон жилийн өмнө буюу 2008 оны долдугаар сарын 1-нд сонгуулийн үр дүнг ард түмэн эсэргүүцэж үймээн болсон. Нэг ёсондоо ард түмний сонголтын үр дүн өөр гарсан учраас дургүйцэж тухайн үеийн эрх баригчид буюу МАХН өнөөгийн МАН-ын байрны өмнө тайван жагсаал эхлүүлсэн байдаг. Гэтэл энэ тайван жагсаал нь эмх замбараагүй байдал болон өргөжиж МАН-ын байр шатсан. Ер нь Үндсэн хуулиар нэг л зүйлийг хүндлэн дээдэлж явах ёстой. Энэ нь Монгол хүн. Гэтэл 2008 оны долдугаар сарын 1-ний өдрийн үймээнээр таван хүн амиа алдсан хэрэгт одоо болтол эцсийн шийдэл гараагүй. Ард түмний энэ хүлээлтэд шүүх засаглал, төрийн байгууллагууд тодорхой хариу гаргаж өгөөгүй гэсэн үг. Шууд хэлбэл тэр үед сонгуулийг булхайтай явуулсан, ард иргэдийн бухимдлыг өдүүлсэн эх булгийг олж тогтоож хариуцлага тооцох ёстой. Харамсалтай нь цагдаагийн цөөн албан тушаалтнууд жинхэнэ гэмт этгээдүүдийн өмнөөс хариуцлага хүлээгээд хэрэг замхарсан. Үүнээс улбаатай асуудал учраас МАН-ын байрыг татвар төлөгчдийн мөнгөөр барьсныг эсэргүүцэж байгаа юм.

Тэр үед төсвөөс мөнгө гаргах эрхийг олгосон УИХ солигдсон. Мөн МАН-ыг удирдаж байсан хүмүүс ч өөрчлөгдсөн учраас хариуцлага хүлээх хүн олдох уу?

-Энэ бол нэг, хоёр хүнтэй холбоотой асуудал биш. Тэгээд ч Монгол төрийн залгамж чанар хадгалагдаж байгаа учраас тэр хууль бус үйлдлийг энэ төр таслан зогсоох ёстой. Нэг ёсондоо татвар төлөгчдийн мөнгийг намын байр барих гэх зэрэг зүйлд зарцуулж болохгүй. Бас Улс төрийн намын тухай хуульд нэг л заалт бий. УИХ-д суудал авсан тоогоор нь улсын төсвөөс мөнгө олгоно гэж. Түүнээс биш ямар нэгэн байр барих, хэн нэгнийг хувцаслах зорилгоор улсын төсвөөс мөнгө гаргах эрхгүй. Энэ бол алтан зарчим нь бөгөөд цаасан дээр хараар бичээд баталчихсан зүйл.

МАН-ын зүгээс таны энэ асуудалд ямар тайлбар хийв?

-Энэ тухай мэдээллийн хэрэгслээс харлаа. МАН-ын генсек Ж.Мөнхбат мэдээлэл хийж Өршөөлийн хууль нөхөн төлбөр олгох журмын дагуу 11 тэрбум төгрөг авсан гэж ярьсан байна. Үнэндээ Ж.Мөнхбатын яриад байгаа энэ бүхэн худлаа. МАН бол хохирогч бус хохироогч.

Тэгвэл МАН-аас 11 тэрбум гаргуулан авах уу, Тусгаар тогтнолын ордонг нийтийн өмч болгох хэрэг­тэй гэж үзэж байна уу?

-Улс төрийн намыг бизнесийн үйл ажиллагаа явуулах, ашиг орлого олохыг хориглож байдаг. Тэр байрыг харахад фитнесс клуб, ресторан, супер маркетаас эхлээд олон компани түрээс төлж, МАН ашиг олж байна. Нэгэнт олон нийтийн үйл ажиллагаа явуулж байгаа учраас Монголынхоо ирээдүй болсон залууст байраа хүлээлгэж өгөх ёстой. Миний хувьд Тусгаар тогтнолын ордонг Төв номын сан болгох хэрэгтэй гэж боддог. Хотынхоо төвд сайхан цагаан, дэлгэсэн ном шиг, номын сантай болъё. Ард түмний амьдралыг сайнгүй, ядуу буурай байхад хурал хийж байгаа нэрээр зааландаа очиж унтдаг асуудлаа зогсоох ёстой, МАН-ынхан. Энэ шаардлагыг өнөөдрийн эрх барьж байгаа нам, төрийн өндөрлөгүүдэд хүргүүлсэн. Үүнийг цагаан дээр хараар бичсэн хуулийн дагуу шийдвэрлүүлэхийн тулд Монгол Улсын төрд шаардлага хүргүүлсэн гэж ойлгож болно.

Тэгэхээр байрыг нь авах хэрэгтэй гэж үзэж байгаа гэсэн үг үү?

-Хоёр асуудал байгаа юм. Зөв, бурууг нь хуулиар тогтоох ёстой. Нэг бол улсын төсвөөс авсан 11 тэрбум төгрөгийг буцааж төлөх. Эс чадвал энэ байрыг хурааж аваад олон нийтийн өмч болгох. Эс үйлдлээрээ асуудлыг шийдэхгүй байвал МАН-ын үйл ажиллагаа явуулах эрхийг нь хойшид зогсоох, УИХ, орон нутгийн сонгуульд оруулахгүй байх бүх эрхийг нь хаах ёстой.

Таны ярьж буй хариуцлагыг тооцох хууль эрх зүйн орчин бий юу?

-Улс төрийн намын тухай хууль гэж бий. Энэ хуульд бүх зүйл заалт бий. Би Үндсэн хууль, Улс төрийн намуудын тухай хуулийн зарчим, зүйл заалтыг барьж энэ шаардлагыг тавьж байгаа.

МАН-ынхан 11 тэрбум төгрөгийг хуулийн дагуу авсан гээд мэдэгдчихлээ шүү дээ?

-Ямар замаар 11 тэрбум төгрөгийг гаргуулан авсныг тогтоосон байдаг. МАН-ынхан хохирогч хэмээн заль хэрэглээд байгаа юм. Уг нь МАН-ынхан 2008 оны долдугаар сарын 1-ний хэргийг өдөөн хатгасан, сонгуулийг луйвардсан гэдгээрээ хохирогч бус хохироогч нам. Гэтэл эд нар хохирогчдын дүрд тоглож, байшин шатсан нэрээр татвар төлөгчдийн мөнгийг авсан ийм л асуудал. Ер нь бол Монголын түүх бичигдэж байгаа. Цаг үе ингэж өнгөрч байгаа учраас бид дандаа ирээдүйн сайн сайхны төлөө хууль эрх зүйн орчингоо боловсронгуй болгох шаардлагатай байна. Энэ хаврын чуулганаар л гэхэд томоохон хуулиудыг авч хэлэлцэх гэж байна. Үндсэн хууль, Намын тухай, Сонгуулийн нэгдсэн хууль зэрэг томоохон хуулиудыг батлах учраас хойшид энэ мэт бусармаг үйлдэл гарах цоорхойгүй зохицуулалтыг хийх ёстой. Тиймээс хууль гарахаас өмнө Монголын ард түмэнд үүрүүлсэн үйл лайг нь өөрсдөд нь үүрүүлэх ёстой гэж үзэж байгаа. Ер нь улс төрийн намуудын санхүүжилтийг ил тод байлгах асуудлыг хуульчилж өгөх ёстой байна. Үе үеийн улстөрчид авлигын эсрэг тэмцэнэ гэж байгаа ч үр дүн муутай байна. Харин авлигын эх булаг нь хаана байна вэ гэвэл сонгуулийн авлига дээр очиж холбогддог. Олон жил үргэлжилж буй энэ процессийг эргээд харахад бизнес эрхлэгчид, томоохон компаниудаасаа илүү чинээлэг улстөрчдийг бий болгочихож. Тиймээс сонгуулийн авлигыг тасалж санхүүжилтийг ил болгох хэрэгтэй. Энэ асуудлыг шилэн дансны тухай хуулиар зохицуулж байж авлигагүй Монголыг бий болгох суурь тавигдана.Эс бөгөөс тодорхой хүрээнд авлигын асуудлыг хөндөж тавьсаар байх юм бол төр засаг солигдох бүрт Авлигын эсрэг хуулийг өшөө авдаг хэрэгсэл болгож ашиглах засаршгүй байдал руу яваад байна.

Тэгвэл МАН-ын шатдаг байр ямар замаар тэдэнд очсоныг судалж үзэв үү?

-Одоогоос 20 гаруй жилийн өмнөх үйл явдал. Тэр үеийн санхүүжилтийг хөндөхөд олон юм гарна. ЗХУ-ын буцалтгүй тусламжаар Соёлын төв өргөөний комплексийг барихад бүрэлдэхүүнд нь МАН-ын шатдаг байр орсон юм билээ. Энэ талаар Ерөнхий сайд асан Д.Бямбасүрэн гуай олон удаа хөндсөн байдаг. Тэгэхээр шатаагдсан байр нь хүртэл асуудалтай. Энэ нам байнга ард түмний халааснаас мөнгө авч орон байраа бэлддэг. Тэгэхээр одоо байгаа байрны асуудлаас гадна өмнөх байрны асуудлыг ч хөндөнө.

МАН хууль зөрчөөгүй гэсэн тайлбар хийж байна. Тэгэхээр цаашид хэрхэх вэ?

-Бид Монгол төрийн хууль дээдлэх зарчмын дагуу бид явж байгаа. Тэгэхээр энэ нам алдаагаа засах ямар үйлдэл хийхээс хамаарч бидний дараагийн шат тодорхой болно. Ер нь бол МАН алдаагаа ухамсарлаж ард түмний халааснаас суйлсан мөнгөө буцааж хийх хэрэгтэй. Тэгээд ч ардын гэсэн нэр зээлчихээд ардын мөнгийг хулгайлдаг, суйлдгаа зогсоо гэж давхар шаардаж байгаа.

Л.ТӨР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

З.Энхболд: Оюу толгой оны сүүлчээр шийдэгдэх байх, Таван толгой тодорхойгүй байгаа

УИХ-ын дарга З.Энхболд­той өнгөрсөн намрын чуулганы үр дүн, эдийн засгийг сэргээх бодлого шийдвэрийн талаар ярилцлаа.

УИХ-ын намрын чуулга­наар ямар бодлого шийдвэрийг гаргав. Иргэд эдийн засагтай холбоотой шийдвэрүүдэд зонхилон анхаарлаа хандуулж байгаа бололтой?

-Нэлээд эртнээс ашигт малтмалын үнэтэй холбоотойгоор Монгол Улс санхүүгийн сахилга батгүй явж эхэлсэн. 2006 онд 68 хувийн татвар тавьсан. Тэр үед зэсийн үнэ өндөр, өмнө нь байгаагүй нүүрс гэж шинэ экспорт гарч ирсэн. Бараг тэрбум ам.долларын нүүрс зарж эхэлсэн байх. Зэсээс тэрбум ам.доллар гээд ашигт малтмалын өндөр үнийн нөлөөгөөр төгрөг чангарсан байдаг. Ингээд гэнэт орлого олсон учраас зарцуулж эхэлсэн. АН хүүхдийн мөнгө өгөнгүүт МАН шинэ гэр бүлийн мөнгө өгөөд сүүлдээ “Эх орны хишиг” гээд хэзээ ч мөнгөөр тасрахгүй юм шиг найрласан. Найрласан гэдэг нь бүгдээрээ, ард түмэнтэйгээ нийлж “байгалийн баялгаас хүн бүр хувь хүртэх ёстой” гээд 2008, 2012 оны сонгууль дамжин мөнгө цацсан. Үндсэндээ 2004 оны сонгуулиар эхэлсэн энэ үзэгдэл тэр парламентын дунд үеэс буюу 2006 оноос идэвхижсэн байдаг. “Шинэ баян цээж өвчтэй” гэдэг шиг явж байтал 2012 оны сонгуулийн дараа уул уурхайн түүхий эдийн үнэ гэнэт унасан. Нүүрс зарагдахаа байж зэс, алтны үнэ унасан. Үүний зэрэгцээ Оюу толгойн эхний ээлжийн хөрөнгө оруулалт дууссан. Шууд хэлбэл Оюу толгойн үйлдвэр нь байгуулагдаад ажиллаж эхэлсэн учраас дахиж хөрөнгө оруулах шаардлагагүй. Ер нь гадны шууд хөрөнгө оруулалтыг 1992 оноос хойш график гаргаж үзвэл дунджаар 500 орчим сая ам.долларт баригддаг. Гэтэл Оюу толгой баригдаж байх ид үе 2011 он, 2012 оны эхний хагас хүртэл 500 орчим сая ам.доллар 4.5 тэрбум ам.доллар болсон юм. Тэр үеийн Их хурал, Засгийн газар Оюу толгой шиг том төслүүдээс хөрөнгө оруулалт ихээр орж ирдэг юм байна гэж ойлгосон. Тэр үед бүр “Дэлхийн хүн ам өсч байна. Байгалийн баялаг дуусдаг. Дуусдаг баялгийн үнэ хэзээ ч унахгүй юм байна” гэж ярьж байлаа. Ийм өөдрөг төсөөллөөр бид олж ирсэн бүх мөнгөө зарж эхэлсэн. 1996-2000 онд нийт төсвийн хөрөнгө оруулалт ердөө 20-30-хан тэрбум төгрөг байлаа. Сүүлдээ хоёр их наяд төгрөг боллоо. Ингэж янз бүрийн байшин барьж санхүүгийн сахилга батгүй явж эхэлсэн. Тэр эрчээрээ 2013 оны төсвийг нэг их наяд төгрөгийн орлого илүү төлөвлөсөн ч тэр нь ороогүй.

Түүнтэй холбогдсон зарлага сайн гүйцэтгэгдэж чадаагүй. 2014 оны төсвийг ч ялгаагүй тэгж төлөвлөсөн. Харин 2015 оны төсөв дээр анх удаа “Ерөөсөө больё” гэдэгт санал нэгдэж төсвийнхөө орлого, зарлагыг буурууллаа. Хөрсөн дээрээ буух санхүүгийн шийдвэрийг, төсвийн бодлогыг УИХ сая тодотголоороо гаргалаа. Төсвийн тодотгол мөнгийг хамаагүй зарж болохгүй, түүхий эдийн үнэ үргэлж өсөхгүй, ашигт малтмалаас хамаарсан эдийн засагтай байж болохгүй юм байна. Солонгорсон эдийн засагтай байх ёстой юм байна гэж шийдлээ. Солонгорсон эдийн засгийн талаар олон хүн ярьдаг ч, хийсэн зүйл байхгүй байна. 2012 оны дундаас бодитой төлбөрийн балансын хомсдол гарч эхэлсэн. 2013 онд энэ нь хурцаар мэдрэгдсэн. Үүнтэй холбоотойгоор төгрөгийн ам.доллартай харьцах ханш суларч 1800 хүрлээ. Одоо 1900 хүрчихлээ. Энэ бүхэн эдийн засагт нөлөөгөө үзүүлсээр л байна. Мэдээж төгрөгийн ханшийг ойлгодоггүй хүмүүсийн “УИХ, Засгийн газар, Монгол банк муу ажиллаж байна. Эргээд 1400 болгочихож болдог л байхгүй юу” гэсэн яриа байдаг. Ханш гэдэг олж, зарж байгаа ам.долларын зөрүүн дээр тогтдог. Тэр дотроо гадаадын шууд хөрөнгө оруулалтаас хамаардаг ийм л хэмжигдэхүүн ш дээ. Үүнийг ямар байхыг Монгол банк, УИХ, Засгийн газар мэдэхгүй. Нэрмээс болж байгаа юм шиг зэс, алтны үнэ уначихаар хуучин шигээ нүүрс гаргаж, хуучнаасаа хоёр дахин их зэс гаргаад байхад оргил үеийнх шиг орлого орж ирэхгүй байна. Ингээд дисбаланс үүсэхэд ханш өсөөд байгаа. Энэ бүх зүйл хөрсөндөө буутал хоёр жилийг зарцуулсан байна. Тэгээд анх удаа бодит байдал руу дөхсөн төсвийг энэ жил баталлаа.

Энэ асуудлыг шийдэ­хийн тулд иргэдийн нуруунд татварын ачаалал үүсгэлээ гэсэн шүүмжлэл бий?

-Ор үндэсгүй. Яагаад гэвэл татвар нэмлээ гэхэд ирэх жилдээ үйлчилдэг төсвийн хуультай. Тиймээс татвар нэмж орлого олоод түүгээрээ төсвийнхөө хүндрэлийг даван туулах зорилго Засгийн газраас өргөн барьсан хуульд ч байхгүй, УИХ ч тэгж батлахгүй. Ер нь мөнгөтэй жилүүд буюу 2006-2012 он хүртэлх хугацаанд “Ер нь татваргүй улс болбол яасан юм. Энэ хэдэн уурхайгаа мөлжөөд байвал яасан юм” гэж мөнгө нь ихэдсэн хүний яриа гарч байсан. Татвар нь төсөв бүрдүүлэхээс гадна өөр зорилготой. Жишээ нь “Бэлчээр сүйдлээ. Малын тоо их болж байна. Тооноос илүү чанарт анхааръя” гэж яриад байгаа боловч бэлчээрийг үнэгүй байлгадаг. Дээр нь хэдэн ч малтай байсан тэр хүнээс юу ч гардаггүй учраас энэ яриа хэзээ ч биелэхгүй. Тэгсэн хэрнээ нөгөө талд нь худаг ус гаргах, малаа эрүүлжүүлэхэд нь улсын төсвөөс хөрөнгө гаргадаг нь хэвээрээ байгаа. Тиймээс малын хөлийн татварыг нэг хонин толгойд оногдохоор тэгээс зуун төгрөгөөр тогтоох эрхийг сумын ИТХ-д өгөөд сумын ИТХ нь 200 хоньтой хүнийг чөлөөлөөд авсан мөнгөө сумандаа зарцуулах эрхтэй. Энэ мэтээр малын хөлийн татварыг шинээр оруулж ирж байгаа нь бэлчээрийн даац хэтрэлттэй тэмцэх, малыг тооноос чанарт шилжүүлэх гэх мэт татварын олон үүргийн дагуу оруулж ирсэн. Бас Улаанбаатар хот, Дархан-Уул, Орхонд автомашины тоо хурдацтай өсч байна. Агаар бохирдуулж, түгжрэл үүсч байгаа учраас татварынхаа хувь хэмжээг өсгөе гэдэг асуудлыг оруулж ирсэн. Бусад нутаг дэвсгэрт байгаа автомашин хуучин хувь хэмжээгээрээ төлнө. Зорилго нь түгжрэлийг бууруулах, олсон жаахан орлогоороо бохирдсон агаарыг сайжруулах зэргээр татварын орлого гэхээсээ илүү байгаль экологио хамгаалах зорилготой байх жишээтэй. Мөн орон сууцнаас үл хөдлөх хөрөнгийн татвар авч байгаагүй. Сүүлийн үед зарим иргэд нэг биш, нилээн хэдэн орон сууцтай болж байна. Арван байртай хүн орон сууцаа түрээслүүлж ашиг олоод түүнээсээ нэг ч төгрөгийн татвар төлөхгүй байна. Тиймээс нэг айлын нэг байр, зуслангийн нэг байрыг хасаад гурав дахиас нь татвар авъя. Хотын төвийн сайн байршилтай хөрөнгийн татварыг нэмэгдүүлье гэх зэргээр Хөрөнгийн татварын тухай асуудлыг оруулж ирсэн. Гэхдээ эдгээрийн алийг нь ч УИХ шийдээгүй. Ирэх хаврын чуулган руу шилжүүлсэн. Яагаад гэвэл аль ч шатны төсөвт нэг ч төгрөг тавиагүй. Тэгэхээр татварын орлогыг харсан бус харин хоёр дахь хүчин зүйлсийг тооцоолсон зохицуулалт гэж ойлгох хэрэгтэй.

Дотоодын үйлдвэрлэл, жижиг дунд үйлдвэрлэлийг дэмжиж эдийн засгаа солонгоруулна гээд байгаа. Яг ямар бодлого гаргав?

-Сүүлийн 20 жил энэ сэдвээр ярьж мэтгэлцлээ. Гэхдээ сүүлийн хоёр жилээс л дотоодын үйлдвэрлэл бага зэрэг нэмэгдэж, бүтээгдэхүүний чанар сайжирч байна. Яагаад сүүлийн хоёр жил нэмэгдэв гэхээр өмнө нь Эрээнээс очоод оймс авчих нь илүү хямдхан байлаа. Ханш өөрөө тийм урамшууллыг өгч байсан. Төгрөгийн ам.доллартай харьцах ханш 1400 төгрөг байхад дотооддоо үйлдвэрлэх нь ямар ч утгагүй. Харин 1800 болоход “Янмал” оймсны үйлдвэр зах зээлд илүү амжилт олж байгаа юм. Дотооддоо оймс үйлдвэрлэх нь илүү утгатай болж, Эрээний оймс “Янмал” оймстой өрсөлдөж чадахаа больж байна. Энэ мэтээр дотоодын үйлдвэрлэл сэргэж байгаа. Энэ бол гадаад худалдааны алдагдал алга болж хасахаас нэмэх рүү орсны эерэг тал. Мэдээж ам.долларын үнэ өсөхөд экспортлогчид баярладаг. Би Өмнөговь аймагт өчигдөр ажиллаад, Оюу толгойд 320 тонн хүнд даацын автомашин барьдаг жолооч эмэгтэйн ажилтай танилцлаа. Түүний цалин 1500 ам.доллар гэж байсан. Гэхдээ ам.доллараар цалинг нь бодоод төгрөгөөр олгодог юм байна. Тэгэхээр тэр эмэгтэй жолооч Солонгоод ханш өсөх нь ашигтай. Энэ нь экспортыг урамшуулдаг схем юм. Харин ханш өсөхөд импортлогчид бухимддаг. Оймс импортолдог хүн гаднаас оймсоо авч чадахаа больж, импорт нь хаагдана. Түүний оронд “Янмал” оймсны үйлдвэр гарч ирсэн нь импортыг орлосон бүтээгдэхүүн болж буй хэлбэр. Үнэндээ энэ нь хоёр талтай зүйл. Судалгаанаас харж байхад, манай улсын ихэнх компани импортлогч байдаг. Импортлогчид бол юм бүтээдэггүй, нэгээс авч нөгөөд үнэ нэмж зардаг. Нэг нь Эрээнээс авч Нарантуул дээр, нөгөө нь Нарантуулаас авч аймагтаа зардаг. Энэ бол баялаг бүтээх процесс биш, цэвэр худалдааны бизнес эрхлэх үйл ажиллагаа. Ийнхүү үргэлж худалдааны бизнес эрхэлж болохгүй гэдгийг бид 25 жилийн дараа ойлгож эхэлж байна. Дотоодын хүнсний үйлдвэрлэлийг жишээ болгоход гадаадаас импорт хийхгүйгээр, дотооддоо печень, чихэр, сүү, тараг үйлдвэрлэж зах зээлд өрсөлдөж болохоор байна. Валютын ханш нь эдийн засгийн асуудал гэдгийг ойлгохгүй хүмүүс “Валютын ханш өсөх нь муу” гэж ярьдаг. Харин Японы шинэ Ерөнхий сайд Шинзо Абэ “80 байсан нэг ам.доллартай харьцах иенийг 120 болгоно” гэж амласан. Одоо 120 болгочихлоо. Уг нь ханш өсөхөд Японы ард түмэн дүргүйцэх байтал тэгсэнгүй. Учир нь япончууд гадаадаас бага зүйл авч ихийг гадаад орнууд руу экспортолдог учраас ханшаа өсгөхийг дэмжээд байна. Эдийн засаг бол нэг утгатайгаар тодорхойлоход хэцүү ойлголт. Үүнийг сайн тайлбарлаж байхгүй бол популистууд ихээр ашигладаг. Ханш өслөө гээд л орилоод байдаг. Гэтэл тэр нь дотоодын экспортлогчдыг дэмжиж байгаагаараа давуу талтай. Зөвхөн уул уурхай ярьдаг байсан бол уул уурхайн бус экспортын талаар олон хүн ярьж эхэлсэн. Бодитойгоор хийж эхэллээ. Энэ нь дахиад л гадаад худалдааны алдагдал эерэг болсны шинж.

Уул уурхайн бүтээгдэ­хүүний ханшийн уналт 50 жилийн циклтэй байна гэж ярих болсон. Энэ үнэн үү?

-50 жил гэдэг худлаа. Ер нь таван жилийн дотор асар хурдтайгаар дээшилж, доошилж байна. Сайн байсан таван жилд нь МАН УИХ-д гарч таараад муу байсан таван жил нь бидний үед тохиочихоод байна. Гэхдээ үүгээрээ ямар нэгэн гомдол гаргах гэсэнгүй. Харин ч үүнийг ашиглаж монголчууд эдийн засгаа солонгоруулаад амжих хэрэгтэй. Нүүрсний, зэсийн, алтны үнэ ямар байхаас үл хамаараад бид гурвалжин будаагаа Японд экспортолъё. Дэлхийн түүхий ноолуурын 40 хувийг үйлдвэрлэдэг бол үүгээрээ цамц хийгээд зардаг болъё. Энэ л биднийг аварна. Ноолуур жил бүр ургадаг баялаг. Нүүрс, алт, зэс нэг удаа ачигдаад л баяртай, юу ч үлдэхгүй.

Гадны хөрөнгө оруулал­тыг сэргээхийн тулд эрх зүйн олон зохицуулалт хийхээр ярьж заримыг нь эхлүүлсэн. Гэхдээ Оюу толгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт, Таван толгой, Гацууртын ордыг ашиглах асуудал маргаантай хэвээр байна?

-Гацуурт нэг их том орд биш, 70 орчим тонн алттай. Зах зээлийн өнөөдрийн ханшаар 2.1 тэрбум ам.доллар. Оюу толгойн хоёр жилийн үйлдвэрлэлтэй тэнцэх хэмжээтэй алт Гацууртад байна гэсэн үг. Таван толгой бол Хятад улсын нүүрсний бодлогоос хамаараад зарагдахад хэцүү болсон. Урд хөрш маань дотоодынхоо нүүрс олборлогчдыг дэмжих үүднээс гадаадаас орж ирдэг коксжих болон эрчим хүчний нүүрс дээр татвар тавьж байна. Ялангуяа эрчим хүчний нүүрсийг гаднаас авахгүй байхыг бодож байна, тэд. Таван толгойгоос бид зөвхөн коксжих нүүрсийг нь зараад эрчим хүчний нүүрсийг нь овоолоод үлдэж болохгүй. Нүүрсийг хураачихаар өөрөө шатчихдаг учраас экологийн аюул болно. Тэгэхээр бид Таван толгойн нүүрсийг Номхон далайн боомт руу хүргэж чадвал борлогдох боломжтой. Ирээдүйгээ тэгж харах хэрэгтэй болсон. Оюу толгойн хувьд далд уурхайд нь нийт баялгийнх нь 80 хувь байдаг. Энэ 80 хувийг авахын тулд 1280 метр гүнд байгаа далд уурхайг ажиллуулах хэрэгтэй. Түүнийг ажиллуулахад Монголын талаас хүлээх үүрэг байхгүй. Рио Тинтогийн үүрэг учраас бид гэрээгээ биелүүлэхийг шаардаж байгаа. Оюу толгойн хоёр дахь шат оны эцэст хөдөлнө гэсэн хүлээлт бий. Үнэ бага байгаагаар шалтаглаад хойш суух тал нөгөө талд бий. Уг нь үнэ ямар байхаас хамааралгүй далд уурхайг ашиглах хөрөнгийг тэд олж ирэх үүрэгтэй. Тэгэхийн тулд бид ямар нэгэн барьцаа тавих үүрэггүй. Монголын тал 2010 онд хүлээсэн үүргээ бүгдийг нь биелүүлсэн.

Таван толгой дээр яг ямар асуудал байгаа юм бол?

-Таван толгой бол зүгээр нэг компани биш. 10 хувийг нь иргэддээ үнэгүй өгсөн. 10 хувийг нь аж ахуйн нэгжүүдэд зарсан. Хувьцаа авсан иргэдээс мөнгө авсан цөөхөн хэсэг байгаа. Үндсэндээ гурван сая хувьцаа эзэмшигчтэй 80 хувь нь төрд байгаа ийм л компани. Тэгэхээр одоогийн Засгийн газрын бодож байгаа хувилбараар Таван толгой цаашид явахад хэцүү юм билээ. Үүнийг УИХ дээр би хэлж байсан. Юу вэ гэвэл чамд ч надад ч Таван толгойн гээд 1072 хувьцаа бичээд өгчихсөн. Түүнийгээ “сая төгрөгийн үнэтэй юм шүү” гээд зарлачихсан. Хэрвээ чи сая төгрөгтэй байвал түүнийгээ банкинд хадгалуулаад 150 орчим мянган төгрөг авна. Таван толгойн өгөөж нь жилдээ 150 мянган төгрөгийн ногдол ашиг хуваарилахгүй бол болохгүй болчихож байгаа юм. Одоогийн 30 сая тонн нүүрс олборлоод, тээвэрлээд, борлуулаад тэгээд түүнээс Эрдэнэс таван толгой компанид өгөх хувь тусгай роялтиг гурван сая хүний хувьцаанд хуваахад найм орчим ам.доллар болно. Үндсэндээ 150 сая ам.доллар жилдээ олж байж гурван сая хүний хувьцаа үнэ цэнтэй болох юм. Жилийн 25 сая ам.долларын тусгай роялтиг өгснөөс өгөөгүй нь дээр гэдгийг би Их хурал дээр хэлсэн. Тэгэхээр одоогийн гэрээ хэлэлцээрээр явах боломжгүй.

Энэ асуудал сонгуулиас өмнө шийдэгдэхгүй байж магадгүй гэсэн үг үү?

-Ер нь нүүрсний зах зээлийн үнийг харах юм бол энэ асуудал ойрын нэгээс хоёр жилд шийдэгдэх боломжгүй. Дээр нь бид нэг жилийн мөнгөгүйгээсээ болоод үнэтэйг нь урагш нь гаргаад үнэгүй эрчим хүчний нүүрс нь шатаад том машин явснаас илүү экологийн гамшиг болох асуудал байгаа. Эрчим хүчний хийгээд коксжих нүүрс үе үеэрээ давхарга үүсгэж байдаг учраас коксжих нүүрсийг авахын тулд эрчим хүчний нүүрсийг нь ил гаргаж тавихаас өөр аргагүй болдог.

Гацууртын ордод тө­рийн эзэмших хувь хэмжээг тогтоох асуудлыг Засгийн газарт буцаасан. Асуудал яаж шийдэгдэх бол?

-Буцаасан анхны тохиол­дол энэ биш. Оюу толгойн 34 хувийг зээлээр аваад сар бүр зээлийн хүү төлөөд байна гэж их шүүмжлүүлсэн учраас Засгийн газраас оруулж ирсэн стратегийн ордод хувь тогтоох хоёр асуудалд УИХ “Үгүй” гэж хэлсэн. Тэгэхээр цаашид стратегийн ордод төр хувь авч түүнийхээ төлөө мөнгө, хүү төлөөд явах нь буруу юм байна гэдэг бол УИХ-ын байр суурь. Нэгэнт хувь эзэмшихгүй гэж байгаа бол Засгийн газар дахиад нэг сонголтыг оруулж ирсэн. Тэр нь хувь эзэмшихийн оронд тусгай роялти буюу Ашигт малтмалын нөөц ашигласны татвар тавья. Тусгай роялти нь жинхэнэ роялтитай адилхан буюу тав хүртэл хувь байж болно. Хэд байхыг Засгийн газар яриа хэлэлцээрийн үед тогтооно. Яагаад гэвэл орд бүхэн өөр юм байна гэсэн ийм хуулийг цагаан сарын өмнө батлуулж авсан. Энэ хууль Оюу толгой, Таван толгойд эргэж үйлчлэхгүй. Цаашид гарч байгаа Гацуурт шиг ордод хэрэглэнэ. Ер нь Ашигт малтмалын нөөц ашигласны татвар бол хамгийн харгис татвар. Аж ахуйн нэгж алт, зэс, нүүрс олборлоход нь үүдэнд нь пүү тавьж байгаад зах зээлийн үнийн дүнгийнх нь таван хувийг аваад явчихдаг. Тэр нүүрсийг олборлоход ямар зардал гаргасан, ашигтай ажилласан үгүйг сонирхдоггүй. Шууд хэлбэл таван хувийн Ашигт малтмалын нөөц ашигласны татвар гэдэг бол бараг 20 ба түүнээс дээш ашгийн татвартай тэнцдэг зүйл.

Гацууртын ордыг стратегийн ордод ашиглах шийдвэрийг хэсэг бүлэг хүмүүс эсэргүүцэж байгаа тухайд. Д.Эрдэнэбат сайд хүртэл тэмцэгчидтэй нэгдэж байгаа бололтой?

-Гацууртыг тойрсон улстөржилт их явагдаж байгаа. Ноён уулыг ухах гэлээ гэж байна. Үнэндээ Ноён уулаас холгүйхэн олборлолт явуулаад 15 жил болж байгаа юм. Д.Эрдэнэбат “Манай компани Ноён гэдэг нэртэй” гээд байна билээ. Тэр бол асуудал биш. Асуудал нь археологийн хүрээлэнгээс Гацууртын орд Ноён уулын булш хүртэл зургаан км зайтай гэдгийг тогтоосон. Ноён уулын булшны дор бас алт байгаа. Тэнд Монголын “Гүнбилэг трейд” компани лиценз эзэмшдэг. Гацууртын олборлолтыг хийх гээд байгаа тэр газарт түүхийн ямар ч олдвор байхгүй.

Дээр нь байгаа шороон ордыг нь сүүлийн 15 жил ухаж олборлоод одоо газар дор байгаа үндсэн ордыг нь ашиглах тухай ярьж байна. Ноён уулын алтыг ухуулахгүй, булшийг ухуулахгүй гэж ярьж байгаа хүмүүс үнэн хэрэгтээ хууль ёсны лицензтэй компанийг хөөж явуулах хүсэлтэй байгаа. Явмагц нь орж алтыг нь, булшийг нь ухаж гадаад руу хууль бусаар зарах гэж байгаа хүмүүс.

Тэр 70 тонн алтанд бид манаач тавьж чадахгүй. Хүннү­гийн булшийг одоохондоо “Гүн­би­лэг трейд” компани хамгаалж байгаа байх. Мөн нэг зүйлийг тодотгож хэлэхэд Гацууртын ордыг ашиглах компани роялтын хувь буурс­ныг ашиглаж олборлосон алтаа 100 хувь Монгол банкинд тушааж мөнгө авах юм. Ер нь бол төр лиценз өгсөн л бол хууль ёсны үйл ажиллагаа явуулдаг хариуцлагатай ком­па­ниу­дын эрхийг хамгаалах ёстой. Тиймдээ ч бид нинжадах гэж байгаа, хэн нь мэдэгдэхгүй, улсад татвар төлдөггүй, байгаль орчин сүйтгэсэн хэрнээ нөхөн сэргээлт хийдэггүй тийм хүмүүсийн хууль бус үйлдлийн эсрэг хатуу зогсох хэрэгтэй.

-“Гүнбилэг трейд” компани Хүннүгийн булшны дор байгаа алтыг хэзээ нэгэн цагт авна гэсэн үг үү?

-Авахын тулд хуульд заасан нөхцөлүүдээ биелүүлэх үүрэгтэй. Тэр компани мөнгөтэй байна уу. Тэр бүх археологийн олдворыг гаргаж ирэх чадвар байна уу. Хэрвээ чадвар байхгүй бол алт олборлох зөвшөөрлийг нь өгөхгүй.

Оюу толгойн 34 хувийг зарах уу, гэрээнд өөрчлөлт оруулах уу гэж нэг хэсэг ярьсан?

-Нэгдүгээрт би зарахын эсрэг байгаа. Ийм их зовлон туулж ирсэн, бас нэг үе 25 ам.доллар болсон зүйлийг одоо дөнгөн данган гурван ам.доллар хүрч байхад нь зарвал утгагүй. Бирж дээр зарагддаг бодитой хувьцаа болгож хувиргая гэж байгаа. Одоо ялгаагүй хувьцаа ч бирж дээр зарагддаггүй амьгүй хувь­цаа. Тиймээс амьтай хувьцаа болгоё. Ийм болгосны дараа зарах зарахгүйг УИХ шийднэ.

Ерөнхий сайд Японд очиж Эдийн засгийн түнш­лэлийн гэрээг байгууллаа. Та саяхан очсон. Гэрээний хэрэгжилт үр дүнгийн талаар мэдээж ярилцсан байх. Энэ тухайд?

-Хэзээ Монголын компаниуд дэлхийд зарагдах бараа үйлдвэрлэнэ тэр үед л хэрэг болно. Манайх сүүлийн 35 жил ямаагаа өсгөөд ноолуураар нь цамц хийж зараад амжилттай байгаа. Гэхдээ бидний зарж байгаа хэмжээ бага байна. Нэг өдөр гэрээ байгуулагдахад маргааш нь баяжина гэж байхгүй. Яагаад заавал Японтой энэ гэрээг байгуулав гэсэн асуулт бий. Яагаад гэвэл Монгол Япон улсуудын эдийн засаг нь нэг нэгнээ нөхөх шинж чанартай. Японд байгалийн баялаг байхгүй бол тэр нь Монголд байна. Монгол Улс БНХАУ-тай транзит тээврийн гэрээ байгуулсан. Удахгүй хойд хөрштэй байгуулна. Тэгэхээр манай байгалийн баялаг Японд хүрнэ гэсэн үг. Тэр улсын том эдийн засгийг олон арван жилээр хөдөлгөх нөөц манайд байна. Харин манайд юу байхгүй байна гэхээр Японд байдаг өндөр технологи болон худалдааны сүлжээ байхгүй. Тиймээс дэлхийн зах зээл дээр гарч аль болох олон зүйлийг зарахгүй бол монголчуудын хэрэглээ өндөр шаардлагатай болж байна. Хуучин шигээ лавшаа идэж, морь унадаг монголчууд биш болсон. “Iphone”-оос эхлээд олон зүйлийг хэрэглэж байна. Энэ бүхнийг бид валютаар авна. Валютыг төлөхийн тулд ямар нэгэн зүйлийг валютаар зарж таарна. Тэр нь зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүн байвал үнэ унахаар гацаад байна. Тэгэхээр бид бүтээгдэхүүн хийж таарна. Гэтэл дэлхийн зах зээл тэр чигээрээ эзлэгдсэн. Хэн нэгэнтэй хамтрахгүй бол биднийг оруулахгүй. Тиймээс л дэлхийн зах зээлд байр сууриа олчихсон, бүх оронд өөрийнхөө барааг зарж чаддаг сүлжээтэй, технологитой ийм улстай хамтарч ажиллая гэдэг үүднээс Эдийн засгийн түншлэлийн гэрээг Япон улстай байгуулсан. Үүнийг гэнэт нэг өдөр хийгээгүй. 2009 онд С.Баяр Ерөнхий сайдын айлчлалын үеэр Японы талд санал тавьж зургаан жилийн дараа гэрээ байгуулагдаж байна. Японтой гэрээ байгуулсан 15 дахь улс нь Монгол. Харин манай улсын хувьд анхны хэлэлцээр болж байна.

Ер нь тэргүүн ээлжинд ямар салбар хөгжих бол?

-Ноолуураар жишээ авч тайлбарлая. Дэлхийн түүхий ноолуурын 40 хувийг Монгол, 48 хувийг Хятад, 12 хувийг Пакистан зэрэг жижиг орнууд үйлдвэрлэдэг. Гэтэл бид үйлдвэрлэсэн түүхий ноолуурынхаа 90 хувийг боловсруулалгүй гаргаж 10 хувиар нь цамц хийж байгаа. Харин Хятад бараг дэлхийн бүх түүхий ноолуураар бэлэн бүтээгдэхүүн хийж байна гэвэл хилсдэхгүй. Хятадад өвөр монгол малчнаас эхлээд худалдагч хүртэлх бүх шатандаа цалинтай байгаа бол бид 140 мянган малчнаас бусад хүнд ноолуурын аш­гийг хүртээж чадахгүй байна. Энд дутагдаж буй хоёр зүйл бий. Нэгдүгээрт, бид 7000 тонн ноолуураа утас болгож чадахгүй байна. Энэ нь цамц хийж чадахгүй гэсэн үг. Утас болон цамц үйлдвэрлэх автомат машиныг Японы Шимасики компани үйлдвэрлэдэг. Өвөр Монголын Ордосын ноолуурын үйлдвэрт гэхэд арван мянган ийм машин бий. Гэтэл манай Говь компанид 300-хан байдаг. Тэгэхээр манайх 10 мянган Шимасики машинтай болж байж долоон мянган тонн ноолуур маань цамц болно. Хоёрдугаарт, бид үйлдвэрлэсэн цамцыг нь дэлхийд гаргах сүлжээ, туршлага байхгүй. Түүнийг нь даах санхүүгийн капитал байхгүй. Цамц аваачаад жи­лийн дараа зарагдах хооронд зээлийн хүү нь гүйцэж дахиад алдагдалд орно. Тэгэхээр үүнийг хийдэг Японы Иточу­тай нөхөрлөх ёстой. Иточу бол II дайны дараа Японы нэхмэлийн аж үйлдвэрийг хөгжүүлж ирсэн. Япончууд эхлээд Сониг үйлдвэрлэдэггүй өмд, цамц үйлдвэрлэж дэлхийд гарсан. Тиймээс Шимасики, Иточутай хамтарч түүхий ноолуураараа бэлэн бүтээгдэхүүн хийвэл гурван саяулаа биш гэхэд 500 мянган монгол хүний ажлын байр гараад ирж байгаа юм. Дэлхийд ноолуураар том гүрэн болох бүрэн боломж байна. Одоо болтол хийж чадаагүйгээ Эдийн засгийн түншлэлийн гэрээгээр нөхье. Жишээ нь Шимасики машиныг авахад Японы ЖБИК туслахад бэлэн байгаа. Энэ мэтээр хамтраад дэлхийн зах зээлд өрсөлдье гэдэг санаанаас саяын гэрээ гарсан. Одоо бодит ажил хэрэг болж байна.

Гэрээ байгуулагдсанаар бүх харилцаа зохицуу­лагдана гэж байхгүй байх. Виз, Японы компаниудтай танилцах гэх мэт асуудал бий?

-Манайхан асуудлыг их хялбаршуулж ойлгодог тал бий. Гэрээ байгуулагдсан, бүх зүйл сайхан болно гэж. Үгүй. Үүнийг ажил хэрэг болго­хын төлөө Засгийн газрын байгууллагуудаас эхлээд хувийн байгууллагууд ажиллах ёстой. Хувийн байгууллагуудын ажиллах нөхцөлийг Засгийн газар бүрдүүлж өгч байгаа болохоор үүнээс цааших нь цэвэр бизнесийн асуудал. Виз­ний асуудлыг хөндөж эхэлсэн. Удахгүй шийдэгдэх байх.

МАН-аас төрд ажиллаж байсан хүмүүсийн үйлийг үзэж дуусаад АН руу орлоо. АТГ гэдэг аймшигтай байгууллага гарч ирлээ гэж шүүмжлэх болсон?

-Ер нь АТГ-ыг байхгүй байхад “Авлигатайгаа яагаад тэмцдэггүй юм. Төрөөс төрсөн тэрбумтангууд. Насаараа төрд ажиллачихаад унаж яваа машин, сууж байгаа хаусыг нь хар” гэдэг байсан. Тэгээд 2006 оны үед тухайн үеийн хуулийн байгууллага авлигатайгаа тэмцэж чадахгүй юм байна гээд АТГ-ыг байгуулсан. Түүнээс хойш 40 орчим мянган хүний хөрөнгө орлогын мэдүүлгийг авдаг, шалгадаг. Алдаа гарвал ажлаас нь халдаг нэг үүрэгтэй ажиллаж байгаа. Нөгөө талаас авлига өгсөн, авсан байвал мөрдөн байцаалт явуулж ял өгч болдог. Тэгээд байгуулагдсанаасаа хойш хэдэн мянган хүнийг аваачаад шоронд хийгээд байгаа юм уу гэхээр үгүй. Бараг гарын арван хуруунд багтах хэдхэн хүнийг барьсан, хорьсон. Ер нь авлигатай тэмцэж л таарна. Тэр тэмцэл нь таалагдахгүй байж болно. Түүгээр улс төр хийж болно. Түүнийг хуулийн хүрээнд авч үзэхээс биш зөв бурууг нь хэлдэг байгууллага УИХ биш. Энэ байгууллага нь өөрөө хүн хэлмэгдүүлж, хууль зөрчиж байна уу гэдгийг шалгадаг газар нь бас байгаа.

Тэгвэл ирэх хаврын чуул­га­наар ямар асуудлуудад шийдвэр гаргах гэж байна вэ?

-Сонгуулийн, намын, намын санхүүжилтийн, эрүүгийн, зөрчлийн, эрүүгийн байцаан шийтгэх, өмч хувьчлалын, Үндсэн хуулийн өөрчлөлтийн гэх мэт хуулиуд яригдах байх. Ерөнхийдөө эдийн засагтай холбоотой шийдвэрүүдээ гаргачихсан. Одоо Засгийн газрын хэрэгжүүлэх үүрэг нь үлдсэн.

Казиногийн, Бооцоот морин уралдааны, Эдийн засгийн өршөөлийн хуулийг хэрхэх юм бол?

-Бүгд өргөн баригдсан. Заримынх нь хэлэлцүүлэг эхэлсэн, зарим нь эхлээгүй. Энэ завсарлагааны хугацаанд ажлын хэсгүүд үргэлжлүүлэн ажиллаж байгаа. Одоо сонин үзэгдэл гарах болж. Хэвлэл, сошиал медиагаар нэг сэдвийг шүүрч аваад хэдэн талаас нь ярьдаг. Гэр бүлийн хүчирхийллийг өнөөдөр батлахгүй бол маргааш хүүхэд үхлээ гээд шуугиан тарьж туйлширдаг. Гэтэл гэр бүлийн хүчирхийллийн эсрэг хууль хүчин төгөлдөр үйлчилж байгаа. Түүнийг чангаруулж захиргааны хариуцлага тооцдогийг нь эрүү үүсгэдэг болгох уу үгүй юу гэдэг бодлого байгаа. Түүнээс биш манайх хүүхдээ зодож болдог тэр нь хуульгүй байгаад хууль гаргачихвал маргааш хүүхдээ зодохоо болино гэж ярих болж. Хууль нь байсаар байна, хүүхдээ зодож болохгүйг бүгд мэднэ. Ийм байхад дөрвөн настай хүүхдийнхээ амь насанд хүрлээ. Ийм тохиолдлыг заавал эрүүгээр яллах ёстой. Гэхдээ үүгээр гэр бүлийн хүчирхийллийн хуулийг маргааш гаргахыг шаардаж болохгүй. Хүмүүсийн шаардаж байгаачлан одоо байгаа хуулиа чангаруулаад маргааш баталчихаж болно. Тэглээ гээд ийм үзэгдэл зогсохгүй. Хуульгүйгээс гэмт хэрэг гарч байгаа юм биш. Хуулиа хэрэгжүүлдэг олон дэд бүтцийг Монгол хийхгүй байгаагаас гэмт хэрэг гараад байгаа юм.

Сонгуулийн хууль, Үндсэн хуулийн өөрчлөлтөд намууд санал нэгдэж чадаж байна уу?

-Нэгдсэн ойлголцолд хүрээгүй учраас хэлэлцүүлэг хийж болохгүй байна.

Сонгууль дөхөж байгаа нь хямралыг дэвэргэх, гарсан шийдвэрүүдийн үр дүнг үзэхгүйд хүрэх юм биш биз гэсэн болгоомжлол бас байгаа?

-Ер нь сонгуулийн үеэр эдийн засаг байтугай л зүйл болдог. Баахан худлаа уриа лоозон гаргана. Популизм ярина. Ер нь бол жил зургаан сарын дараа болох сонгуулийн дараа одоо ярих хэтэрхий эрт байна. Болох юм болох цагтаа л болно.Гэхдээ хэн юу яриад байгааг Монголын ард түмэн ойлгодог болсон. “Сонгууль дөхсөн учраас бусдад таалагдаж гэж өнөөх худлаа зүйлээ яриад эхэллээ” гэж мэддэг болсон учраас гайгүй байх. Сонгууль болсон болоогүй үйлдвэрүүд ажиллах ёстой. Бараа зарагдах ёстой. Ажилчид цалингаа авах ёстой.

Л.МӨНХТӨР

Categories
мэдээ цаг-үе

Н.Номтойбаяр: Хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхийн тулд эхлээд ард түмнийхээ итгэлийг олж авах хэрэгтэй

УИХ-ын гишүүн Н.Ном­тойбаяртай ярилцлаа.

УИХ-ын намрын чуул­ганд та ямар дүн тавьж байгаа вэ. Эдийн засаг хүндэрлээ хэмээгээд УИХ тогтоол шийдвэрүүд гаргасан. Хэр оновчтой шийдвэр гаргасан бол?

-Өнгөрсөн намрын чуулганаар хууль зөрчин, хариуцлагагүй ажиллаж байсан Засгийн газрын бодлого, үйл ажиллагаанд цэг тавьж чадсан. Энэ бол гол зүйл. Нөгөө талаасаа ололттой зүйл нь бодит өр ямар хэмжээнд хүрсэн бэ гэдгийг тогтоож чадлаа. Манай намыг засагт орохын өмнө өрийн хэмжээ 49.3 хувьтай байна гэж Сангийн яамнаас мэдээлж байсан. Ингээд МАН засагт орж Сангийн яамыг бид удирдаж өрийг уудлаад үзэхэд 58.3 хувьд хүрсэн байх жишээтэй. Ер нь ямар ч болсон бай УИХ хууль тогтоодог байгууллага. Хуулийг яах гэж гаргадаг вэ гэвэл хууль хөгжлийг авч ирэх ёстой. Хууль аливаад хэм хэмжээ тогтоодог. Хууль хариуцлага тооцдог. Ингээд дүгнэхэд хөгжил авч ирэх хэмжээнд нь ажил хийж чадсангүй. Хөрөнгө оруулалтын тухай хуулийг баталсан. Гэхдээ хуулийг нь баталлаа гээд хөрөнгө оруулалт нэмэгдсэнгүй. Гадны хөрөнгө оруулалт найм дахин буурлаа. Энэ мэт тодорхой тоон үзүүлэлтүүд өнгөрсөн намар УИХ, Засгийн газар ямар ажиллав гэдгийг дүгнэчихэж байгаа юм. Өргөн хэрэглээний бараа бүтээгдэхүүний үнэ, гадны хөрөнгө оруулалт, төсвийн захиран зарцуулалтыг хар. Утгаа алдсан. Нэг ёсондоо иргэдийн хүсэн хүлээгээд байгаа хөгжлийг 2012 оноос хойш УИХ, Засгийн газар хийж чадав уу гэвэл үгүй.

Эдийн засгийн хүнд­рэлийг даван туулах тог­тоолын төсөл батлагдсан. Тогтоолыг нь баталчихлаа. Одоо яаж хүндрэлээс гарах юм?

-Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тогтоолыг сая баталсан. Хөтөлбөрийг баталдаг л юм. Жишээ нь УИХ-ын 34 дүгээр тогтоол гэж мундаг л хөтөлбөр баталсан. Тансаглалыг таслан зогсооно гээд. Эзэн 100 гээд сүртэй нэртэй тогтоолыг бас л баталж байлаа. Гэхдээ үр дүнг тооцох механизмыг огт суулгаж өгөхгүй байна. Зүгээр л ярьдаг. Сэтгүүлчид шүүмжилдэг. “Чи муу ажиллалаа” гээд хувийн аж ахуйн нэгжүүд хариуцлага тооцож чаддаг байхад төр засгийн хэмжээнд энэ механизм алга. Одоо Эдийн засгийн хүндрэлийг даван туулах арга хэмжээний тогтоолдоо өдөр, цаг тутамд салхи оруулж, сайд нар нь УИХ-ын өмнө ямар хариуцлага хүлээлээ гэдгээ байнга харж байх ёстой. Бас нэг жишээг дурдахад 2003 онд Төрөөс хүнс, хөдөө аж ахуйн салбарт баримтлах бодлогыг баталсан байна. Төрийн энэ бодлогыг хэрэгжүүлж жил бүр дүгнэж байсан уу гэвэл үгүй. Эндээс дүгнэхэд төр хэмээх байгууллага цаас үйлдвэрлэгч болчихоод байна. Төрийн тогтолцоонд хяналт тавьж үр дүнг тооцох аргачлал, хяналт тавих тогтолцоогоо сайжруулах шаардлагатай болсон байна. Үндсэн хуульд өөрчлөлт оруулбал аль аль талдаа хяналт, хариуцлагатай байх тэр заалтыг оруулна гэсэн бодолтой байгаа.

Одоо хүндрэлийг даван туулах тогтоолын хөтөлбөрийг гаргана. Үүнд МАН-аас ямар санал хүргүүлж байгаа юм?

-Олон санал гаргасан. Гэтэл нийгмийн хамгааллын хүрээнд өгсөн саналуудыг унагачихлаа. АН-ын гишүүд бусдын мэдэхгүйг далимдуулаад худлаа ярьсаар цалин тэтгэврийн хүүг бууруулах арга хэмжээг унагасан. Цалин, тэтгэврийн зээлийн хүүг бууруулна гэхээр банкны дотоод асуудалд орлоо гэнэ. Дотоод асуудалд нь орох зүйл огт байхгүй. АН-ынхан зөвхөн банкуудын эрх ашгийг л хамгаалж байгаа хэрэг. Монгол банкнаас өгсөн мэдээгээр хамгийн бага хадгаламжийн хүү 15.3 хувь байна. Гэтэл бидний бүрдүүлсэн Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөний үлдэгдэл 622 тэрбум төгрөгт хүрсэн. Энэ мөнгө 10 хувийн хүүтэйгээр арилжааны банкуудад байршчихсан байна. Бидний эрх ашигт тийм хайртай л юм бол хамгийн багадаа 15.3 хувиар нь байршуул л даа. 622 тэрбум төгрөгийн таван хувь гээд бодоод үз. Жилийн 30 тэрбум төгрөг байхгүй юу. Жишээ нь Капитал банкинд 190 тэрбум төгрөг байршуулсан. Дүрмээрээ бол тухайн банкны активын 25 хувиас хэтрүүлэлгүйгээр хадгаламж хэлбэрээр мөнгө байршуулдаг. Гэтэл тухайн банкны 36.8 хувьтай тэнцэхүйц хэмжээнд хүргэчихсэн. Тэр банк дампуурвал бидний хуримтлуулсан 190 тэрбум төгрөг байхгүй болно. Тэгээд яасан бэ гэвэл нийгмийн даатгалын байцаагч нарт их хямд найман хувьд ч хүрэхгүй моргейжийн зээл олгочихсон байна. Энэ мөнгө бидэнд л зориулагдах ёстой биз дээ.

Нийгмийн даатгалын сангийн мөнгийг яаж захи­ран зарцуулах ёстой гэж?

-Өнөөдөр төр нь хариуц­лагагүй, түмэн олон нь хүлцэнгүй байна. Иргэд төлөх ёстой гэж ойлгоод л шимтгэл, татвараа төлдөг. Ирэх хаврын чуулганаар татварын шинэчлэлийг ярих юм гэсэн. Тэгэхээр татварын талаарх ойлголтоосоо бүхнийг эхэлмээр байгаа юм. Жишээ нь чи бид бүгдээрээ татвар төлөгч. Татвараа төлчихөөд үр шимийг нь хүртье гэж араас нь хөөцөлддөг байх хэрэгтэй. Төрд мөнгөө төлсөн л бол төрөөс үйлчилгээгээ үзүүлэхийг шаарддаг байх ёстой. Ямар үйлчилгээ вэ гэвэл эрүүл мэнд, батлан хамгаалах, төрийн үйлчилгээ, дэд бүтэц. Иргэд нь төлсөн татвараа хянадаггүй ийм нөхцөлд төр нь төсвийн мөнгийг ямар ч хэрэггүй зүйлд зарцуулж байна. Хувийн аж ахуйн нэгж нь ажиллаад өртөг зардлаа нөхчих боломжтой зүйлд төсвөөс мөнгө өгөөд байна. 50 тэрбум төгрөгөөр зах барьж яах гээд байгаа юм. Ш.Сайхансамбуугийн дүү нар нь барина биз. Эсвэл УИХ-ын гишүүн Б.Наранхүүгийн дүү нар л хийчихнэ ш дээ. Гэтэл татвар төлөгчдийн есөн тэрбум төгрөгөөр төр зах барина гэдэг тэнэглэл. Дээрээс нь барилгын компаниуд байна. Бас л татвар төлөгчдийн асар их мөнгийг инженерийнх нь шугам сүлжээнд өгдөг. Энэ нь буцалтгүй тусламж хэлбэрээр. Товчхондоо татвар төлөгч бидний мөнгө төр, төсвөөр дамжаад хувийн барилгын компанийн шугам сүлжээ болж байна. Тэгтэл хувийн компани шугам сүлжээний мөнгийг өөрөөсөө гаргачихсан юм шиг нэгж квадрат метрийн үнэдээ оруулаад тооцдог л байхгүй юу. Төр энийг шийдэх учиртай. Гэхдээ үүнийг хоёр хуваамаар байгаа юм. Магистрал шугам, дулаан төв шугам, эрчим хүч гээд. Тэндээс салаалж гарч байгааг нь өртгөөр нь тооцох ёстой. Төрөөс инженерийн шугам сүлжээг нь үнэгүй тавьж өгөх бус мөнгөн дүнтэй нь дүйхүүц хэмжээний орон сууцыг авч байх ёстой. Тэр байраа орлого багатай иргэддээ нэг ч төгрөгийн хөнгөлөлт эдлүүлэлгүйгээр цаг хугацааны хувьд уян хатан өгч байх хэрэгтэй. Татвар төлөгчдийн мөнгөөр хаа хамаагүй юм хийдэг социализмын тэнэглэлээсээ бид салах хэрэгтэй. Соц үед хувийн хэвшил гэж байгаагүй учраас бүгдийг төр хийдэг байсан. Одоо бол уучлаарай гээд татвар, дэд бүтцийн, хууль эрх зүйн орчноор нь л дэмжээд өгөх асуудал.

Өмнө нь яагаад энэ асуудал яригддаггүй байсан юм. Танай нам олон жил эрх барьж байсан шүү дээ?

-Өмнө нь яагаад энэ асуудал босдоггүй байсан бэ гэвэл цалингийн, тэтгэврийн зээлийг иргэдийн 30 хувь нь л авдаг байсан. Харин өнөөдөр 100 хувьд хүрчээ. Зээлд 100 хувь хамрагдаж байна гэдэг авч байгаа цалин, тэтгэвэр нь худалдан авах чадварыг нь бүрэн хангаж чадахгүй байна гэсэн үг. Зээл авах нь эргээд бүр их хохироодог. Нэг дор мөнгөө авч хүү төлнө. Авсан мөнгө нь ойр зуурын гал унтраагаад л дуусна. Тэгээд гурав дахь сараасаа авах цалин, тэтгэвэр нь зээлийнхээ үйлчилгээнд явчихдаг. Тиймээс миний санаа юу байсан бэ гэвэл “Энэ бол бидний бүрдүүлсэн мөнгө. Энэ эрх ашгийг Нийгмийн даатгалын сангийн үндэсний зөвлөл хамгаалах ёстой. Хамгаалъя гэвэл хадгаламжийн хүүний хамгийн бага түвшинд хүргэ. Эсвэл гол бодлогоо бариад нийгмийн баримжаатай хөрөнгө оруулалтыг хий. Тэгэхийн тулд бидний бүрдүүлсэн энэ мөнгийг маш бага эх үүсвэртэй банкинд байршуулчих. Тэгээд банктайгаа гэрээ байгуулахдаа энэ мөнгөний тодорхой хувийг нь цалин, тэтгэврийн зээлд зориулаарай” гэнэ. Банк өөрсдөд нь ашигтай бол гарын үсэг зурж л таарна. Ер нь яаж ч маневрлаж болно. Өнөөдөр хадгаламжийн зориулалтаар 10 хувийн хүүтэй хадгалж байгааг нь болиулаад нийгмийн чиг баримжаатай үйл ажиллагааг санхүүжүүлэхийн тулд зургаан хувийн хүүтэй болговол 20 хэдхэн тэрбум төгрөгийн л хүүний зөрүү гарна.

Энэ бол хэрэгжүүлсэн ажил, хөтөлбөрийнхөө дэргэд том тоо биш. Үүнийг хийлгэхгүй байгаад би юу гэж хардаж байгаа юм бэ гэвэл банкинд хямд эх үүсвэртэй мөнгө байршуулсныхаа шагналыг зарим хүн аваад байгаа юм биш үү. Бас нэг зүйлийг хэлэхэд намайг Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн дарга болоход арилжааны банкны захирлууд надтай уулзах хүсэлтийг байнга тавих болсон. Яагаад би моодонд оров гэтэл Нийгмийн даатгалын үндэсний зөвлөлийн даргыг лоббидож хямд эх үүсвэртэй мөнгө авах цаад санаатай л байгаа юм. Тэгэхэд би Нийгмийн даатгалын үндэсний зөвлөл, яамыг хуралдуулаад “Үгүй. Хөндлөнгийн аудит оруулж эрсдэлийн үнэлгээ хийсний дараа иргэдийн хуримтлуулсан энэ мөнгийг байршуулах уу үгүй юу гэдгээ шийднэ” гэсэн. Тэр үед Анод, Хадгаламж, Зоос банк эрсдэлтэй шалгагдаж байсан үе.

Дотоодод ийм асуудал байна. Тэгвэл гаднаас яаж мөнгө олж ирэх вэ. Хөрөнгө оруулагчдын итгэлийг хэрхэн сэргээх вэ гэдэг асуулт бий?

-Айлаас ирэхээр авдраа уудал гэдэг дээ. Дотоодын мөнгөний асуудал дээр нэг зүйлийг нэмээд хэлчихье. Хүний биеийн хурууны өндөг хүртэл бүх эрхтэн судсаар холбогддог. Судсаар нь цус гүйж байна. Үүнийг мөнгөний урсгал гэж бодъё. Гэтэл нэн чухал хэсгийнх судсаар цус нь гүйхээ больчихоод байна. Эсвэл урсгал нь өөрчлөгдөөд байна. Банк руу сайн, муу маш их юм орж байна. Тэгээд хариуцлагагүй албан тушаалтан руу маш их мөнгө урсч байна. Далд эдийн засаг руу хамаг мөнгө ороод байна. Цус гүйхээ больсон эмзэг хэсэг нь хатаж хорчийгоод эхэллээ, өнөөдөр. Эхлээд үүнийг яаж зөв оношилж ханах вэ гэдэг асуудал бий. Шууд хэлбэл татвар төлөгчдийн мөнгийг яаж зөв оновчтой зарцуулах вэ. Үр дүнд нь хөгжил л ирэх ёстой. Сүүлийн арван жилд Монголын төсөв гурав дахин нэмэгдсэн. Харин хүн ам нь 200 мянгаар л өссөн ш дээ. Ингээд эцэст нь гадны хөрөнгө оруулалтдаа анхаарах хэрэгтэй. Хөрөнгө оруулалтын, татварын таатай орчинг бүрдүүл. Тэглээ гээд гадныхан Монголын төрд итгэхгүй байна. Гадныхан битгий хэл бид өөрсдөө итгэхээ больчихсон биз дээ. Тэгэхээр итгэлийг яаж олж авах вэ. Монголд шинийг санаачилж хийж байгаа хүмүүс үнэндээ гутарч байгаа. Баахан ажил хийгээд дуусахад муусайн олигархиуд гэдэг. Үүнийг улстөрчид л зохион байгуулдаг. Улстөрчдийн шийдэж чадахгүй байгаа сургууль, цэцэрлэгийг хувийн хэвшил л барьдаг. Харин өөрсдийнхөө халаасанд хийчихсэн хэдэн цаас нь шөнө ч нойрыг нь хүргэдэггүй л байхгүй юу. Ний нуугүй хэлэхэд улстөрчид өөрсдөө цагаан гартай болохын тулд нийгэмд компанийн захирлууд л хамаг бүхнийг хамж шимээд байна гэдэг ойлголтыг тараагаад байгаа юм. Бид өөрсдөө төрдөө итгэхгүй байгаа цагт гадныхан огт итгэхгүй ээ. Жишээ нь Жастин Каплаг өршөөлөө. Яагаад ингэж байгаа юм. Тэгвэл одоо эдийн засгийн өршөөлийн тухай хуулийг батлах шаардлагагүй болчихлоо ш дээ. Түүнийг өршөөх л байсан юм бол яах гэж хорьсон юм. Зүгээр л нэг татварын маргаан юм байна билээ. Одоо тэгээд Америктай эдийн засгийн ил тод байдлын гэрээ байгууллаа л гэж байна. Үүнийг бүлгийн хаалттай хуралдаан дээр хөндөхөд цаг 30 минутын дараа над руу залгаж байх жишээтэй. Өөрөөр хэлбэл тэр Эдийн засгийн ил тод байдлын гэрээн дээр аливаа санхүү эдийн засгийн холбогдолтой хууль санаачлах болбол тогтоолынхоо төслийг англи хэл дээр орчуулаад 60 хоногийн өмнө Америкт өгөөд санал авах боломжийг нь гаргаж өгнө гэж байгаа. Ингэх л юм бол УИХ-ын 77 дахь суудлаа Америкийн Засгийн газарт тавиад өгчих. Хоёр хөрш ижилхэн нөхцөл тавиад эхэлбэл яах вэ гэх мэтээр хор уршиг ихтэй. Ер нь хөрөнгө оруулагчдын итгэлийг сэргээхийн тулд эхлээд ард түмнийхээ төрд итгэх итгэлийг олж авах хэрэгтэй.

Чуулган завсарласнаас хойш АТГ-ынхан нэлээд эрчтэй ажиллаж эхлэх шиг боллоо. Я.Батсуурь захирлыг хорьж Н.Энхбаяр даргад зарлан дуудах хүргүүллээ. Н.Алтанхуяг гишүүнийг ч шалгах бололтой?

-Үүний өдөөлт нь улс төр байгаа юм. Энэ нь буруу. Харин хуулийн дагуу хууль хүчний байгууллагууд хэн нэгний захиалгагүйгээр ажиллаж байвал хамаа алга. Манай нам, өрсөлдөгч нам байх нь ч падгүй. Зарчмын асуудал. Үнэхээр эрх мэдлээ урвуулан ашиглаад мөнгө идчихсэн бол ялаа эдлэх ёстой. Энэ тохиолдолд УИХ-ын гишүүн байлаа ч толгойг нь илэх шаардлагагүй. Харин улс төрийн захиалгаар хэн нэгнийг торны цаана хийж байгаа бол байж болохгүй үйлдэл.

Засагт орсон учраас МАН-ынхан хууль санаачилж батлуулах боломжтой болсон биз дээ?

-Надад үнэндээ хувийн ашиг сонирхол алга. Баярхаж байгаа юм биш, онгирч байгаа юм биш, аль нэг суудал дээр очоод идэж ууя гэсэн санаа алга. Нийгмийн харилцаа зөв голдрилдоо байх ёстой гэсэн санаа өвөрлөж орсон юм. Сүүлийн үед хамтарсан гэдэг нэрийн дор олон зүйл болохоо байж байна. “Хамтарчихаад чимээгүй бай, улс төрөө бод л доо” гээд. Ийм хандлага их гарах болсон. “Нийгмийн даатгалын сангийн чөлөөт мөнгөн үлдэгдлийг зөв захиран зарцуулахгүй бол би хоёр дахь Дэнзэнг тодруулна шүү” гэж чуулган тарахын өмнөхөн хэлсэн. Тэгэхэд АН-ын удирдлагууд С.Бямбацогт даргыг дуудаж “Наад Номтойбаяртаа хэлээч. Юу яриад байгаа юм” гэсэн байна билээ.

МАН засагт орсон нь буруу гэсэн үг үү?

-Би зөв гэж үзэж байгаа. Яагаад гэвэл засагт ороогүй байсан бол хяналт тавих, дотроос нь мэдээлэл авах боломж олдохгүй байсан. Өрийн зохистой хэмжээ 58.3 хувьд хүрснийг мэдэх байсан уу. Бид засагт орсноороо энэ идээ бээр нь хаана байна түүнийг нь шахаж байна. Нөгөө талдаа аливааг санаачлаад хийх боломж нь бүрдэж байгаа юм.

Засгаас гарсан ч яахав гэж дуугарах гишүүн ч байгаа?

-Болж бүтэхгүй бол гарна. Ер нь манай намаас ч сайдын суудалд суусан зарим нэг хүн бусдыг танихаа байгаад байна. Ямар хурдан сэхдэг юм.

Л.МӨНХТӨР

Categories
мэдээ цаг-үе

Л.Гантөмөр: Япон гэдэг шинэ зах зээлийг гаргаж ирж байгаа учраас хөрөнгө оруулагчид жинхэнэ утгаараа ирнэ

Боловсрол, соёл, шинжлэх ухааны сайд Л.Гантөмөртэй ярилцлаа.

-Монгол Японы хооронд эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулагдлаа. Та тус улсад сурч байсан хүний хувьд гэрээг хэрхэн дүгнэж байна. Гэрээний хүрээнд ямар дэвшил гарах юм?

-Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрт худалдааг чөлөөлөх, хөрөнгө оруулалтыг дэмжих таатай нөхцөлийг харилцан олгоё гэсэн бодлого баримталж байгаа. Манай улсын гадаад худалдаа 11 тэрбум ам.доллар. Үүнээс 4.7 хувь буюу 520 сая ам.долларын худалдааг Японтой хийдэг. Харин манай улсаас Япон руу хийж байгаа худалдаа дөнгөж 24 сая ам.долларт хүрдэг бол Японоос орж ирж байгаа бараа худалдаалалт 500 сая ам.доллар. Ийм хол зөрүүтэй байна. Тэгэхээр манай улсын гол зорилго бол Японы зах зээлд бараа бүтээгдэхүүнээ борлуулах. Тэнд бүтээгдэхүүнээ борлуулахын тулд Японд хүлээн зөвшөөрөгдсөн техник, технологиор бараагаа үйлдвэрлэх асуудал нэн тэргүүнд тавигдана. Өөрөөр хэлбэл түншлэлийн хэлэлцээрийн үр дүнд үйлдвэрлэл нь худалдаанаас эхэлнэ. Тиймдээ ч худалдах барааг л үйлдвэрлэнэ гэсэн ойлголт бий болж эхэллээ. Худалдахгүй барааг үйлдвэрлээд нэмэргүй учраас ямар барааг Японы зах зээлд Монголын нэрээр арилжаалж болох вэ гэдэг судалгааны ажилд манай бизнесийн салбарынхан орж байна. Үүнд сая байгуулсан гэрээ дэмжлэг болно. Магадгүй энэ гэрээний үр дүнд Япон руу худалдаа эрхэлдэг, хамтарсан үйл ажиллагаа явуулдаг бизнесменүүдэд визийн хөнгөлөлт, чөлөөлөлт олгох гэх мэтээр ар араасаа хамтын ажиллагаа хөгжих учиртай.

-Гэрээг сүүлийн хоёр жил ярьж байгаад сая үзэглэлээ. Гэрээ зурагдсанаас хойш эхний ээлжинд ямар ажлууд идэвхижиж, ажил хэрэг болж байна?

-Эхний ээлжинд мянган инженер сургах төсөл хэрэгжүүлж байна. Суралцагчидтэнд ямар барааг худалдах вэ, яаж үйлдвэрлээд хэнтэй хамтрах вэ гэдгийг сурахын хажуугаар судлах даалгавартай. Нэг үгээр хэлбэл Японоос манайх руу 500 сая ам.долларын бараа арилжаалж байгаа юм бол манайх тийшээ 500 сая ам.долларын барааг зардаг болъё. Япон улстай хийдэг худалдаанаас 480 сая ам.долларын алдагдал хүлээдгийг харилцан ашигтай болгох нь гол зорилго. Нөгөө талдаа бид гадны хөрөнгө оруулалтыг татъя гэж байнга ярьдаг. Гурван сая хүнд зориулж хөрөнгө оруулалт хийж ашиг олох нь харьцангуй ойлголт. Эдийн засаг хэтэрхий жижигхэн. Нэг жишээ өгүүлэхэд Монголын жилийн ДНБ-ийг Япон улс 16 цагт үйлдвэрлэж байна. Хоёр орны эдийн засгийн чадавхи ийм ялгаатай үед тэр орон руу бараа бүтээгдэхүүнээ татваргүй нийлүүлэх эрхийг олж авч байгаа нь нөгөө талд хөрөнгө оруулагчдын сонирхлыг татна. Нэг ёсондоо Монголд шинэ технологи нэвтрүүлж, шинжлэх ухаанд хөрөнгө оруулж, дээр нь үйлдвэр барьснаас гарсан бүтээгдэхүүнийг Японы зах зээлд худалдаалж ашиг олъё гэсэн хөрөнгө оруулагчдын цуваа эхэлнэ. Хамаг учир нь энд л байгаа юм.

-Хөрөнгө оруулагчид нь хэн байх юм?

-Хөрөнгө оруулагчид нь барууны, хоёр хөршийн гээд байна. Тэр дундаа Японы жижиг дунд үйлдвэрлэл Монгол руу шилжих шилжилт эхэлж байна уу гэж харагдаж байгаа. Яагаад гэвэл Монгол орон өөрөө натурал, органик брэнд. Тиймээс бид одоо хөдөө аж ахуй, хүнсний салбар органик байх хамгаалалтуудыг хийнэ. Товчхондоо бид зорилготой болж эхэлсэн. Их хэмжээний ургац хурааж авна, их хэмжээний бараа үйлдвэрлэнэ гэхээсээ илүү яаж Японы зах зээлд үнэтэй бараа зарахав. Монгол гэдэг брэндийг яаж үнэд хүргэх вэ гэдэг бодлого руу шилжилт хийнэ. Дүгнээд хэлэхэд хэдэн том ач холбогдол байгаа юм. Нэгдүгээрт, гадаад худалдааны тэнцлийг бий болгох юм байна. Хоёрдугаарт, жинхэнэ утгаараа Монголд үйлдвэрлэл хөгжинө. Энэ нь Японы ард түмэнд бараа зарна гэдэг үнэхээр өндөр түвшний бараа үйлдвэрлэх шаардлага тулгарч байгаагаар илэрнэ. Гуравдугаарт, худалдахын тулд үйлдвэрлэл рүү шилжиж байна. Зөвхөн зарах зүйлээ үйлдвэрлэе. Зарахгүй зүйлээ үйлдвэрлэвэл дампуурна. Дараа нь энэ үйлдвэрлэлийг хийх хөрөнгө оруулалт орж ирнэ. Бидний гаслаад, хөрөнгө оруулагчид зугтаалаа гээд байгаа үндсэн шалтгаан юу байсан бэ гэвэл дэлхийн зах зээлд бараагаа борлуулж тэндээс ашиг олохын тулд хөрөнгө оруулагчид ирдэг юм. Манай түүхий эдийн үнэ уначихаад байхад гадаадад зарж чадахгүй зүйлийг Монголд үйлдвэрлэхийн тулд хөрөнгө оруулагч ирэхгүй. Харин одоо Япон гэдэг шинэ зах зээлийг гаргаж ирж байгаа учраас хөрөнгө оруулагчид жинхэнэ утгаараа ирнэ.

-Бид юу зарах вэ гэдэг асуулт гарч байгаа. Нүүрс, зэс, мах, ноолуур, арьс шир өөр юу байх юм?

-Хамгийн түрүүнд сүүн бүтээгдэхүүнээ зарж болно. Махаа органик хэлбэрээр боловсруулаад, хүнсний ногоогоо органикаар тариална. Эмийн ургамал, эмийн ургамлаас гаргаж авсан уламжлалт эм бэлдмэлүүдийг Монголд үйлдвэрлэж Японы зах зээлд нийлүүлж болно. Би эмийн үйлдвэрүүд хамгийн түрүүнд орж ирнэ гэж харж байгаа. Яагаад гэвэл Монголд тарьсан эмийн ургамал тэр органик ургамлаас гаргаж авсан эм гэдэг асар үнэ цэнтэй. Дараа нь ноолуурын үйлдвэрлэлийг олон төрлийн боловсруулалт руу шилжүүлэх боломж бүрдэж байгаа. Японы технологийн давуу талыг ашигласнаар өнөөдөр 100 ам.долларын үнэтэй байгаа цамцны үнэ арав дахин өсөх бололцоо нээгдлээ. Дээр нь уул уурхайн бүтээгдэхүүн дээрээ нэмүү өртөг шингээж болно. Зэс, магни, цахиур, литиум гэх зэргээр дэлхий дээр олдохгүй байгаа ховор бүтээгдэхүүндээ нэмүү өртөг шингээж Японы зах зээл рүү нийлүүлж болж байна. Тэр нэмүү өртөг шингээх технологи Японоос орж ирэх бололцоо бүрдчихсэн. Зарах бараа хэдэн мянгаараа байна. Хүний хэрэглээ улам л нэмэгдэхийн зэрэгцээ органик гэдэг зүйл хүн төрөлхтний мөрөөдөл болж байна. Энэ тохиолдолд манай газар нутгийн гуравхан хувьд уул уурхайн олборлолт явагддаг. Үлдсэн 97 хувь, онгон зэлүүдээрээ байгаа газартаа хөдөө аж ахуйн, хүнсний бүтээгдэхүүний ямар ч үйлдвэрлэл эрхлэх боломж бий. Харин органик байдлыг хадгалах эрх зүйг яаралтай хийх хэрэгтэй. Жишээ нь химийн бордоо хэрэглэхийг, химийн тариа тарихыг нэгмөр хориглох хэрэгтэй. Бүх төрлийн мал, амьтны өвчнийг биотехнологийн аргаар эмчилдэг болж бүх төрлийн ургамлыг био технологийн аргаар ургуулдаг болох шаардлага байна. Товчхондоо энэ дэвшлийг дагаад шинжлэх ухаанч байдлаар асуудалд хандъя. Химийн аргаар арвин ургац авдаг бус өөрсдийнхөө органик бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг гэдгээ яаралтай баталцгаая. Тэгж чадвал Швейцариас шилтэй сүүг онгоцоор Бээжин рүү зөөж худалдаалж буйтай өрсөлдөж чадна. Яагаад гэвэл органик учраас тэр.

-Энэ мэт ажлыг хийхэд нарийн судалгаа шаардлагатай байх?

-Жишээ нь дэлхийн хүүхдүүд хөхөөр хооллохоо больж байна. Энэ нь хавтгайрч энгийн үзэгдэл болчихлоо. Эх нь ихдээ л гурван сар хооллодог болсон. Гэтэл хүүхдийн сүүн дотор ямааны сүү ноёлж байгаа. Монголд тоо толгойгоороо хонины дараа ямаа орно. Тэгэхээр ямааныхаа сүүг сум, багт, айлд шууд боловсруулдаг жижиг оврын технологи нэвтрүүлбэл асуудал шийдэгдэнэ. Үүнийгээ Япон гэлтгүй дэлхийн зах зээлд нийлүүлэх боломжтой. Ямааны сүүг дахин боловсруулаад гаргаад ирэхэд нэг килограмм тутамд гурван литр шингэн сүү ордог. Тэгээд 50 мянган төгрөгөөр худалдах боломжтой. Ингэж байж л мэдлэг шингэсэн үйлдвэрлэл гэдэг эхэлнэ.

Монгол гэдэг органик брэндтэй Японы чанар брэндийг нийлүүлээд дэлхийн зах зээл рүү гарах үүд хаалга нээгдлээ гэж харж байгаа.

-Гэрээ хийчихлээ гээд компаниуд мөнгөө бариад, технологио чирээд орж ирэх үү. Гэрээнд энэ талаарх нөхцөл, шаардлага тусгагдсан юм уу?

-Хөрөнгө оруулагчдад бүх талын дэмжлэг үзүүлэхээр гэрээнд тусгагдаж байгаа. Хөрөнгийн татварыг давхардуулж авахгүй. Үйлдвэрлэсэн бараагаа экспортлоход боломжийг нь олгоно. Монголд олсон ашгаа шилжүүлэхэд нь дарамт шахалт үзүүлэхгүй. Монголд үйлдвэрлэсэн бараагаа Япон руу аваад ороход нь гаалийн татвараас чөлөөлнө. Бусад орон руу экспортлоход ч гэсэн бүх хаалгыг нь нээж өгнө. Дээр нь Японы Засгийн газрын хөрөнгө оруулалтыг хийдэг банкууд нь Монголд байгуулагдсан салбараараа дамжуулж хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлнэ гэх мэтчилэнгээр салбарууд хөрөнгө оруулалтаа нэмэгдүүлэх боломжийг нээж байна. Дээр нь Япон улс эрдэм шинжилгээ судалгааны ажилд маш их хөрөнгө зардаг орон. Органик бүтээгдэхүүнийг биотехнологийн аргаар яаж ихийг үйлдвэрлэх вэ гэдэг хамтарсан судалгааг хийж таарна. Ганц жишээ өгүүлэхэд л Тоёота компани жилд 17 тэрбум ам.доллар олдог. Үүнийхээ таван тэрбумыг нь судалгаанд зарцуулдаг. Бид тийм ашиг олбол хуваагаад идчихэж байгаа биз. Тэгэхээр шинэ зах зээлийг, шинэ технологийг эрэлхийлдэг, шинэ бүтээгдэхүүн олохыг хүсдэг давуу тал Японд бэлэн байна. Бид угтах нөхцөлүүдээ нэн даруй хийгээд хамтын гэрээгээ таниулах ажлыг сайн зохион байгуулах хэрэгтэй. Дараагийн асуудал нь Монголд үйл ажиллагаа явуулах Японы хөрөнгө оруулагчдыг дэмжих төвүүдийг бас л яаралтай байгуулах шаардлага байгаа нь харагдаж байна.

-Монголчууд жалга бүртээ тарж суурьшсан. Тэгэхээр өрх бүрээс нэг арьс, хоёр гулууз, арван литр сүүг муутгалгүйгээр тээж нэг цэгт төвлөрүүлэх нь хамгийн том асуудал болох байх?

-Бичил оврын технологийг нэвтрүүлж хот айл тэндээ сүүгээ боловсруулна. Усыг нь шүүнэ л гэсэн үг. Хоёрдугаарт тээврийн асуудал. Тиймээс нисгэгчгүй тээврийн асуудлыг зохицуулахаар судалгааг эхлүүлсэн. Онгоц, нисдэг тэргийн аль нь ч байж болно. Манай агаарын орон зай таван мянган метрээс доош ямар ч эзэнгүй байна. Энэ орон зайг ашигласан тээврийн нэгдсэн ложистикийг бид хийнэ. Энд Японы Нагокагийн их сургуультай хамтарсан судалгааны ажлаа эхлүүлсэн. Одоо Токиогийн Их сургууль нэмэгдэж орж ирнэ. Ингэснээр Монгол машин хэрэглэхгүйгээр, хүн оролцохгүйгээр тээвэрлэх асуудлаа шийднэ. Амазон компанийн дөрвөн сэнстэй нисгэгчгүй нисдэг тэргийг хүмүүс үзсэн байх. Очих кординатаараа очоод буцаад ирдэг.

-Японы компаниуд нь юу гэж байна. Тэдний саналыг сонссон л байх?

-Япончууд ч гэлээ ашиг олохын төлөө л байгаа хүмүүс. Илүү сайхан, илүү их зүйлийг үйлдвэрлэж компаниа хүчирхэг болгох сонирхолтой байж таарна. Тэр хүмүүс бидэнд эрхлэнэ гэсэн ойлголт огт байхгүй. Бидэнтэй сайн хамтрагч болох л асуудал бий. Ердөө хоёр зүйл л яригдаж байгаа. Хөгжсөн ч бай, хөгжөөгүй ч бай дэлхийн улсууд химийн бүтээгдэхүүнээс татгалзлаа. Энэ нь юуг хэлж байна вэ гэвэл цоо шинэ, уламжлалт бүтээгдэхүүн үнэ цэнтэй болох нь. Энэ үнэ цэнтэй бүтээгдэхүүнийг сайн нано технологи ашиглаад боловсруулалтыг нь хүчтэй болгоё. Түүнийгээ үнэтэй худалдаа эрхлэх чадвартай орон руу нийлүүлье. Манайхан ямаа, үхрийн сүүнээс ааруул гарган авч байна. Гэтэл ааруул гэдэг маань хорвоод хосгүй, хамгийн үнэтэй хүнс болчихоод байна. Энэ мэтээр орчин цагийн хүмүүсийн хэрэглээнд шаардагдсан уламжлалт хүнс гарган авах мэдлэг нь бидэнд байна. Бидний энэ мэдлэгээр бүтээгдсэн барааг органик гэдгийг нь нотлоод зах зээл рүүгээ гаргасан Япон компаниуд ашиг олно. Тиймээс бид Япон хүнд зориулаад ордон барьж, Япон компанид зориулаад тусдаа хууль гаргаж өгнө гэсэн асуудал байхгүй. Бид худалдаан дээрээ татвараа чөлөөлж, харилцан дэмжлэг үзүүлэх заалтуудаа оруулчихсан. Энэ нь цаашаа хөгжөөд явах ёстой. Монголын уламжлалт анагаах ухааныг Японд тү­гээж чадвал арван тэрбум ам.долларын зах зээл бэлэн хүлээж л байна. Уламжлалт анагаахын бүтээгдэхүүн дот­роо хүнсний нэмэлт бүтээг­дэхүүний хэрэглээ жилд 50 тэрбум ам.доллараар нэмэг­дэж байна. Ингэж дэлхийн долоон тэрбум хүнд бараагаа худалдаж чадахгүй юм бол үйлдвэрлэх тухай яриад ч хэрэггүй. Дэлхийн хүмүүс бидний ямар барааг худалдаж авах вэ гэдэг энэ мэдлэг л бидэнд чухал байгаа юм.

-Тэгэхээр эхний ээлжинд тэдэн компани орж ирнэ гэсэн яриа байна уу. Жишээ нь Тоёота орж ирэх үү?

-Нагайогийн болон Нагокагийн Их сургууль Монголд оффисоо байгуулж байгаа. Япончууд боловсрол, хүний мэдлэгээр дамжуулж үйлдвэрлэл, худалдаа эрхэлдэгийг ойлгодог. Тиймээс Япон хүнтэй хамтарч ажиллаж чадах боловсон хүчнийг бэлдэх асуудлыг аль аль талдаа тавина. Энэ ажил нь дараа дараагийн хөрөнгө оруулалтыг ярихад хүргэнэ. Тэгээд хамтарсан технологийн судалгааны үр дүнд сэлбэг, тоноглол үйлдвэрлэх үйлдвэрүүд орж ирнэ. Залгаад уул уурхайн бүтээгдэхүүнийг дахин боловсруулах үйлдвэрүүд орж ирнэ. Гэхдээ юу үйлдвэрлэх вэ гэдэг нь асуулт байна. Сэргээгдэх эрчим хүч, баттерей боловсруулах үйлдвэр ч гэдэг юм уу. Одоо устөрөгч Японд моодонд орж байна. Устөрөгчөөр явдаг машин бүтээгдэж гурван минутад цэнэглээд 650 км зам туулах Мирая машин гарлаа. Энэ нь дэлхийн эрчим хүчийг өөрчилнө. 10-15 жилийн дотор газрын тосны уламжлалт үйлдвэрүүд алга болох юм байна. Цахилгаан станцууд нүүрсээр ажиллахаа болих юм байна. Энэ нь салбарынхаа үйлдвэрлэлийг цоо шинэ нөхцөл рүү хөтөлж байгаа хэрэг. Жишээ нь ус төрөгчийн машиныг үйлдвэрлэхийн тулд Тоёота компани 300 хүний багийг 20 жил ажиллуулсан байгаа юм. Ингээд устөрөгчийн машин амжилттай болоход цахилгаан машиныхаа таван мянган патентийг дэлхий даяар үнэгүй цацаж байна ш дээ. Тэгэхээр бид дараа үеийн технологиудыг Японтой хамтарч хийх нь байна. Мирая гэдэг машин дэлхийг удахгүй нөмөрнө. Тэр машинд хэрэглэгддэг эд ангийг Монголд яаж үйлдвэрлэх вэ гэх мэтээр олон зүйл байна.

-Ер нь багагүй хүлээсний эцэст амжилтад хүрч эерэгнөлөөлөл үзүүлэх гэрээ гэж ойлгож болох уу. Бүх судалгаа хийгдсэний дараа л асуудал шийдэгдэж эхлэх нь ээ?

-Компаниудынх, их сургуулиудынх нь судалгаа шийдэхээс гадна манай талын нөлөөлөл ч их хамаарна. Бид одоо өөрсдийнхөө ид шидийг л гаргаж харуулах хэрэгтэй. Цаг хугацаа гэдэг харьцангуй. Мирая машиныг гаргаж ирэхийн тулд, үр дүнд хүрэхийг нь мэдэхгүй байж 300 хүнийг 20 жил хоолложээ. Тэгэхээр 20 жил гэдэг ямар хугацаа вэ гэдгийг бид бодох цаг нь болчихож. Хүн амьд байх үеэ өнөөдөр л гэж ойлгох хэрэгтэй болж байна. Одоо 50 настай хүн 80 хүрнэ гэж тооцоолвол ирэх 30 жил нь өнөөдөр. Өнгөрсөн 40 жил өнөөдөр юм байна. Тэгэхээр өнөөдрийн энэ гэрээг хэрэгжүүлэхийн тулд бид ирэх 20-30 жилийг өнөөдөр гэж харах хэрэгтэй болж байна.

-Гэрээний араас гэнэтийн өсөлтийг ард түмэн маш ихээр хүлээж байна?

-Монголоос Япон руу мянган ам.долларын бараа оруулж зардаг хүмүүс байсан. Тэд бараагаа зарах гэхээр асар өндөр татвар төлдөг учраас тав, арваар нь авч явдаг байж. Харин одоо хэдэн зуугаар нь аваачих боломж нээгдсэн. Ингээд л өнөөдрөөс эерэг нөлөөлөл нь мэдрэгдэж байгаа. Энэ нь заавал 20-30 жил харна гэсэн үг биш. Гэхдээ бид 20-30 жилээр харахгүй л юм бол жинхэнэ үр шимийг нь хүртэж чадахгүй. Бас огцом өсөлтийг бид хүсэх хэрэггүй. Огцом үсрэлтийг нийгэм авч явж чадахгүй. Манайх ардчилсан, социалист, коммунист нийгэм гэсэн ойлголтыг туулсан. Харин өнөөдөр дэлхий нийтээрээ мэдлэгт суурилсан нийгэм гэдэг ганцхан ойлголт руу шилжиж байна. Тэгэхээр бид мэдлэгт суурилсан нийгмийнхээ суурь, дэд бүтцийг хийлгүйгээр асар их мөнгөтэй болчихвол аюултай. Японы Жайкагийн ерөнхийлөгч манайд ирээд лекц уншихдаа нэг үгийг хэлсэн юм. “Хөгжиж байгаа орнуудын өмнө аюултай нэг урхи байдаг. Тэр нь мөнгө. Мөнгө харахаараа хүмүүс боловсрол, шинжлэх ухаанаа хаядаг юм. Үүнийг хаясан мөнгөтэй хүн маргааш нь гуйлгачин болдог. Тэгэхээр энэ урхинд орохгүйн тулд хүн ухаантай байх хэрэгтэй” гэж. Тэгэхээр би салбарын сайдын хувьд мөнгөтэй болно гэхээсээ илүү боловсрол, шинжлэх ухаандаа анхаарах цаг хугацааг өгөөсэй гэж хүсч байгаа. Мөнгөтэй болоод яаж найрласнаа мартаагүй байгаа. Их мөнгөтэй айлын хүүхдүүд боловсролоос хол яаж тансаглаж байгааг ч харж л байна. Тийм учраас бид энэ урхинд орохгүй байхыг хичээх хэрэгтэй. Бидний яриад байгаа баялгийн хараал гэдэг чинь энэ юм байна.

-Монголчууд хамтарч үйлдвэр барина гэхээсээ түрүүнд Японы барааг нааш нь ганзагаар зөөх гэх байх. Тэгвэл компаниуд харилцан танилцах ажлыг яаж зохион байгуулах юм?

-Манай Засгийн га­зар Монголынхоо үйлдвэрлэгчдийг дэмжих хамгийн том бодлого нь Япон руу худалдаа хийх. Засгийн газар бодлого гаргаж дэмжиж өгнө гэсэн үг. Японы тал ч ялгаагүй ийм ажил хийнэ. Японы Засгийн газар компаниудаа Монголд ирж үйл ажиллагаа явуулах, салбараа нээхэд нь дэмжлэг үзүүлэх учиртай. Мөн Япончууд өөрсдийнхөө барааг Монголд зарах энэ өрсөлдөөн рүү орж ирэх учиртай. Дэлгүүрээс ундаа авах гээд ороход Польш, Герман, Солонгосын ундаа ихэвчлэн байдаг. Тэгэхээр энэ дунд тэнцвэрээрээ орж ирэх шаардлага байгаа. Хоёр орны Засгийн газарт ямар даалгавар байгаа вэ гэвэл үйлдвэрлээд бай гэхээсээ илүүтэй худалдахад чинь ямар дэмжлэг үзүүлэх вэ гэдэг. Тэгэхээр манай Засгийн газар, Гадаад хэргийн яам, Элчин сайдын нэн тэргүүнд хийх ажил нь Монголд үйлдвэрлэсэн барааг яавал Японы зах зээлд нэвтрүүлэх вэ гэдэг. Түүнээс гадна бид Япончуудтай бараагаа хамтарч үйлдвэрлээд бусад оронд гаргах асуудал яригдах учиртай.

Л.МӨНХТӨР

Categories
мэдээ цаг-үе

С.Дэмбэрэл: Хөрөнгө оруулалтыг татъя гэвэл хүний эрхийг зөрчсөн, халдашгүй байдал, дансны нууцад халдсан олон заалтыг арилгах ёстой

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлтэй ярилцлаа.

-Цагаан сар болж, чуулган завсарлалаа. Төрийн ордон эзэнгүй шахам байна. Таны хувьд өнгөрсөн чуулганд ямар дүн тавьж энэ завсарлагаар ажлын ямар төлөвлөгөөгаргав?

-Их хурал завсарлахад тойрогтой гишүүд нь тойрог руугаа явсан байх. Харин Монгол Улс гэх нэг тойргоос гарсан гишүүд нь үлдээд ажлаа хийж байгаа. Төлөвлөгөөт ажил гэвэл гурван байнгын хороонд харьяалагддагийн дагуу аймгуудаар явж хууль сурталчилна. Мэдээж хажуугаар нь хуулиуд дээр ажиллана. Сая хаврын чуулганаар батлах хуулийн жагсаалтыг гаргасан. Намрын чуулганы төгсгөлд нэлээд олон чухал хуулийг баталсан ч гэлээ эдийн засгийн холбогдолтой хуулиуд хэлэлцүүлгийн шатанд байна. Хамгийн гол нь 2015 он гарлаа, согтууруулагч хэмээх хонин жил орлоо. Энэ жилийн өнгө ямар байх юм бэ гэдэг нь сонин байгаа. Зурхай уншихад өнөө жилийг өнтэй сайхан байна гээд бичдэгээрээ бичиж. Эдийн засгийн талаас нь харвал хүндрэлтэй байгаа учраас үүнийг даван туулах тогтоолын төслийг УИХ-аар баталсан. Одоо яг ямар төлөвлөгөө гаргаж хөтөлбөр хэрэгжүүлэх вэ гэдгээ ярих ёстой. Тиймээс Засгийн газарт хүргүүлэх санал боловсруулаад сууж байна.

-Энэ хүндрэлтэй цаг үеийг ямар замаар даван туулах ёстой гэж та үзэж байгаа юм?

-Миний санал гэвэл хамгийн эхэнд Татварын ерөнхий хууль болон холбогдох бусад хуулиа авч хэлэлцээч гэж байгаа. Ингэснээр татвар төлөгч ба төрийн хооронд тэгш байдал үүснэ гэж үзсэн. Өнөөдөр татвар төлөгчийн үүрэг нь хэт их, эрх нь тун бага хувьтай байгаа дутагдал арилах ёстой.

Татварын маргаан шийдвэрлэхэд ёс төдий ханддагаа болих хэрэгтэй. Татварын маргааныг эрүүгийн хэрэг болгож явдаггүй байх эрх зүйн орчин үүсэх ёстой. Өөрөөр хэлбэл Татварын хуулийн 74.1, 74.2 гэх мэтээр олон заалт асуудлыг эрүүгийн хэрэг болгочих гээд байдаг. Эс бөгөөс дурын байцаагч данс хааж байна шүү дээ. Тиймээс хаврын чуулганаар Гэмт хэрэг ба зөрчлийн тухай хуулиудыг батлах ёстой. Дараа нь аж ахуйн орлогын, хүн амын албан, НӨАТ-ын тухай хуулиудад хувь хэмжээний тухай асуудлыг хөндөх ёстой. Эдийн засгийн хүндрэлтэй энэ үед татварын хувь хэмжээг нэмж биш бууруулах бодлогыг зоригтой хийх ёстой.

-Ер нь дэлхийн жишигт нийцсэн бодлого явуулж чадаж байгаа юм уу. Энэ тал дээр ямар санал нэмэрлэх вэ?

-Ер нь өнгөрсөн 20 жил Монгол Улсын эдийн засаг мөчлөг дагасан шинж чанартай явж ирсэн.

Харин 2000 оноос хойш хөгжиж буй орнуудын сангийн бодлогод өөрчлөлт гарсан. Энэ нь мөчлөг сөрсөн бодлого. Монгол Улсын хувьд мөчлөг сөрсөн бодлогод бүрэн шилжиж чадахгүй байна. Тиймээс энэ онд мөчлөг сөрсөн бодлогыг тууштай хэрэгжүүлэх шаардлагатай. Өрийн хуулийг баталлаа. Баталчихаад зүгээр орхиж болохгүй. Тиймээс өрийн тогтвортой байдлын анализыг хийх ёстой. Өр ба ДНБ, өр ба гадаад валют, өр ба экспорт өр ба төсвийн орлого ч гэдэг юм уу 6-8 үзүүлэлт дотор улирал бүр анализ хийгээд төсвийнхөө үзүүлэлтийг сайжруулж байдаг практик руу орох хэрэгтэй байна. Дээр нь 2015 оны төсөвт тойргийн сонирхол нэлээд орсон. Тиймдээ ч төсөв оновчтой болж чадаагүй. Тэгэхээр төсвийн зарлага, санхүүжүүлэлт дээрээ ач холбогдол өгч анхаарах хэрэгтэй. Төсвийн тэргүүлчлэл гэж ярьдаг ойлголтыг тууштай хэрэгжүүлэх шаардлагатай. Одоо бас “Үнэ тогтворжуулах хөтөлбөрийг зогсоо” гэж яриад эхэлж. Зогсоож болно. Үнэ тогтворжуулах хөтөлбөрт олон алдаа дутагдал гарсан ч гэсэн гол ач холбогдол нь юу вэ гэдгийг бас харах ёстой. Бензин, гол нэрийн барааны үнийг тогтвортой барьж чадсан уу, чадсан. Үүний үр дүнд нийлүүлэлтийн гаралтай инфляц 32 хувийг эзэлдэг байсан бол 2010-2013 оны хугацаанд таван хувь болсон. Харин энэ байдал цаашид өсөх хандлагатай болчихсон байна. Тэгэхээр “үнэ тогтворжуулах хөтөлбөр”-ийн оронд юу хийх вэ гэхээр Монголбанк Засгийн газар хоёр хамтран ажиллах ёстой. Мөн нийгмийн халамжийг яаж хүртээх вэ гэдэг асуудал бий. Засгийн газар сая хүн амыг амьжиргааных нь түвшингээр 20 хуваасан. Энэ шалгуур үзүүлэлтээ бариад нийгмийн хамгааллын арга хэмжээг зорилтот бүлэгт нь чиглүүлэх ажлыг няцалгүйгээр хийх ёстой. Сая Ч.Сайханбилэгийн Засгийн газар хүүхдийн мөнгийг хасах гэх мэтээр эвгүй сонсогдохуйц халамжийг яг зорилтот бүлэгт нь өгье гэсэн. Гэтэл АН, МАН-ынхан ард түмэнд таалагдахын тулд асуудлаас няцаж УИХ ухарч баталсан. Ийм байж болохгүй.

-Хөрөнгө оруулалтыг татах тухайд яаж ажилла гэж байгаа юм?

-Монгол Улсын нэр хүнд навсайтал унасан. Одоо Hotel Mongolia гэж нэрлэх боллоо. Зөвхөн гадаадын гэлтгүй дотоодын тэр олон компанийн эздийг оргон зайлж болзошгүй гэдгээр зорчих эрхийг нь хаасан. Монгол Улс зөвхөн Хөрөнгө оруулалтын хуулиа баталчихаар хүрээд ирэх бус хүний эрхийг энэ улс яаж хангадаг юм. Хуулийн засаглал яаж хэрэгждэг юм. Чөлөөтэй явах эрх нь хэр байдаг вэ гэдэг талаас нь хардаг учраас саяын муухай нэрийг дуулж байгаа юм. Тиймээс хөрөнгө оруулалтын идэвхжлийг сэргээхийн тулд Дэлхийн банкны бизнес эрхлэлтийн индекс, авлигын төсөөллийн индекс, хуулийн засаглалын индекс, эрх чөлөөний индекс гэх мэт үзүүлэлтүүд өнөөдөр ямар байгаа юм. Ирэх жилүүдэд ямар болох юм гэдгийг гаргаад ажиллах хэрэгтэй. Мөн донор орнуудын зөвлөгөөн гэж хийдэг байсан. Түүнийг сэргээж Монгол Улсын талаарх зөв төсөөллийг өгөхийн тулд эхний хагас жилдээ багтаан хийх ёстой байна. Тэрчлэн улс бүрт аялал жуулчлалын уриа үг гэж бий. “Итгэж үнэмшихийн аргагүй сайхан байгаль-Итгэл дааж чадах ард түмэн” гэсэн утгатай уриа гаргаад үүнийхээ дагуу 2015 оны аялал жуулчлалыг зохион байгуулах саналыг мөн Засгийн газарт хүргүүлж байгаа. Үүнээс гадна Элчин сайд нарын ажлыг эдийн засагжуулах хэрэгтэй. Нэг элчин сайд нэг экспорт, нэжгээд технологийг эх орондоо нэвтрүүлэх ажлыг дааж авдаг болно гэсэн үг. Ядаж хивс гэдэг бүтээгдэхүүнийг сонгож аваад Элчин сайдаар очсон орондоо нэвтрүүлэх ажлыг хий гэсэн даалгаврыг өгдөг болох хэрэгтэй. Дээрээс нь Гэмт хэргийн, Зөрчлийн, АТГ-ын, шүүх, Прокурор, цагдаагийн, Хүний эрхийн, иргэний, Банкны тухай хуулиудад өөрчлөлт оруулах шаардлагатай. Энд хүний эрхийг зөрчсөн, халдашгүй байдал болон, дансны нууцад халдсан олон заалт бий. Үнэхээр хөрөнгө оруулалтыг татъя, хуулийн засаглалыг бэхжүүлье гэж бодож байвал энэ бүх заалтуудыг арилгах хэрэгтэй. Зөвхөн уул уурхайн бүтээгдэхүүн гэлтгүй уул уурхайн бус экспортыг хөгжүүлэх, солонгоруулах хөтөлбөр зайлшгүй хэрэгтэй. Санхүүгийн зах зээлийг хөгжүүлэх дунд хугацааны хөтөлбөр орхигдсон байна. Хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах үйлчилгээг нэвтрүүлэх шаардлага бас байна. Хөгжлийн банк сүүлдээ хогийн сав шиг болчихлоо. Энэ банкийг дампууруулахгүйн тулд иж бүрэн арга хэмжээ авч, өрийн тогтвортой байдлын дүн шинжилгээ хийдэг болох шаардлага бий. Ийм ажил хийвэл өнөө жилийн эдийн засгийн өнгө сайжирна гэж үзээд саналаа Засгийн газарт хэлж байгаа.

-Ер нь дэлхий ямар байгаа юм. Монгол л зөвхөн хямраад байна уу?

-Эдийн засгийн өсөлт өндөр түвшинд хүрч чадахгүй. Тэр сайхан цаг өнгөрсөн. Өөрөөр хэлбэл дэлхий даяар хөгжилтэй орнуудын эдийн засгийн өсөлт 2-3, хөгжиж буй орнуудынх 3-5 хувьтай байна. Хятадынх долоо орчим хувьтай, ОХУ-ынх их бага гарах байх. Инфляц нь 22 хувьд хүрсэн прогноз байна. Гадаад орчин тааруу байх энэ нөхцөлд Засгийн газар дээр хэлсэн санаануудыг шингээгээд тууштай ажиллавал 2015 оныг манайх гайгүй давчихна.

-Уул уурхайн түүхий эдийн үнэ хэрхэх тооцоолол гарч байна уу?

-Дэлхийн банк, Олон улсын валютын сан гээд байгууллагуудын судалгаа гарсан. Дэлхий дээр уул уурхайн түүхий эдийн уналт учир зүггүй доошоо уруудахгүй. Өнгөрсөн жилийн балансаа барина. Харин түүхий эдийн үнэ өснө гэсэн ойлголт байхгүй. Хатуурч байгаа санхүүгийн орчинд бонд гаргана гэдэг утгагүй болох учраас дундаас доош орлоготой ангилалд үлдэхийг хичээх ёстой.

-Уул уурхайн томоохон төслүүд Монголд ямар үр өгөөжтэй байх юм, 2015 онд?

-Эдийн засагт мөнгө хэрэгтэй л байна. Бид 20 жил өрийн удирдлагагүй явж байгаад сая өрийн удирдлагатай боллоо. Энэ нь зөв цагт нь зөв гараас зөв нөхцөлтэй зээл авах боломж гарч байна гэсэн үг. Одоо Таван толгой, Оюу толгойн хоёрдугаар ээлж, бусад обьектын ард хөрөнгө оруулалт, мөнгө босгох шаардлага гарна. Нэг хэсгийг нь концессийн хэлбэрээр барьж байгуулах, үйл ажиллагаа явуулах, шилжүүлэх гэсэн хэлбэрээр явна. Таван толгойд хөрөнгө оруулагчдыг урьчихсан. Төлбөрийн балансаа эерэг болгоё гэхэд 1.1 их наяд төгрөг хэрэгтэй байна. Тийм учраас хөрөнгө оруулалтын итгэлийг сэргээх гэх мэт арга хэмжээ төрийн бодлого байх ёстой.

-Битүүний өдөр ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт орууллаа. Урт нэртэй хуулийг дагаж мөрдөх журмын тухай хуулийг баталлаа. Ингэснээр эдийн засагт өөрчлөлт мэдрэгдэх үү?

-Тодорхой бус байдалд байсан компаниуд хөдөлнө. Тэд маш өндөр хяналт дор олборлолт явуулна. Өөрөөр хэлбэл Эрдэс баялгийн талаар төрөөс баримтлах бодлогыг бид өмнө нь баталчихсан. Сая Ашигт малтмалын тухай хуульд өөрчлөлт орууллаа. Одоо Ашигт малтмалын салбарт ил тод байдлыг хангах тухай хууль нь ороод ирлээ. Мөн батлагдчихаад олон жил болсон, тэгсэн хэрнээ байгаль орчин нь муудаад байдаг, нинжа нар нь сүйтгээд байдаг Урт нэртэй хуулийг гацаанаас гаргалаа. Энэ бол эерэг, зөв алхам. Нийгэм үүнийг олон янзаар хүлээж авна. Гэхдээ л үүний үр дүн гарна.

-Ам.доллар 1970-1980 төгрөгт хүрлээ. Энэ хамгийн том асуудал биз?

-Валютын ханш гэдэг хүмүүсийн бодлоос, хүлээлтээс үүсдэг. Тэр дундаа психологийн сэтгэлзүйн түвшин гэж байдаг. Мянга, мянга 500 гэдэг ч юм уу дандаа тэгш тоотой. Манай улсын бүх тооцоолол мянга гэж өнөөдрийн байгаа бүх түвшнээр түүнээс ч доогуур хийгдсэн. Энэ нь хамгийн зөв. Ерөнхийдөө валютын ханшийн гол нөлөөлөл бол инфляцаар дамжиж ирдэг. Энэ нөлөөлөл манайд байсан. 2013 онд инфляцийн 11.5 хувийн өсөлтийн 30-35 хувь нь ам.долларын ханшийн нөлөөлөл байлаа. Өөрөөр хэлбэл валютын ханш байнгын хөдөлгөөнтэй байдаг. Энэ хөдөлгөөнтэй байгаа ханшийг инфляцийн хувьтайгаа харьцуулаад үзэхээр нэрлэсэн ханш биш бодит ханшийн хэмжээ гарна. Энэ ханш сулраад байвал Монголбанк, Санхүүгийн тогтвортой байдлын зөвлөл арга хэмжээ авах ёстой. Миний бодлоор Монгол Улс 2015 онд валютын ханшийг удирдана. Нэг ёсондоо 2015 оны төсвийн санхүүжүүлэлтэд анхаарч мөчлөг сөрсөн төсөв байлгаж чадвал тодорхой хэмжээнд валютын ханшийг удирдах боломж бүрдэнэ.

-Өрийн тааз нэмэгдэнэ гээд зээл авч болохоо байсан тухайд. Зээл авалгүйгээр яаж эдийн засгаа сэргээх юм бол?

-Өрийн менежмент дотор хөнгөлөлттэй элемент гэсэн ойлголт бий. Тэр нь нийт өрийнх нь 30-35 хувьд хөнгөлөлттэй зээл байвал зохино. Аль болох арилжааны бус хөнгөлөлттэй зээл байвал улс оронд ашигтай. Урт хугацааны хүү багатай зээлийг л ихээр авах ёстой. Тэгэхээр миний яриад байгаа донор орнуудын түншлэлийн уулзалтыг энэ оны эхний хагас жилд хийх хэрэгтэй. Энд өрийн тухай, 2015-2016 оныхоо төлөв байдлыг ярьцгаая. Санхүүгийн хэрэгцээ, төлбөрийн балансаа ярихад бусад орнууд санхүүгийн болон технологийн тусламж үзүүлнэ. Монгол орон учир зүггүй муудчихаад үүнийг хийх гэж байгаа юм биш. Олон улсын жишиг ийм.

-Эцэст нь асуухад Эдийн засгийн түншлэлийн гэрээг Япон улстай байгууллаа. Харилцан хийж байгаа бүх наймаа татваргүй явагдах бололтой. Бусад үр дүн нь юу байх вэ?

-Түншлэлийн гэрээний гол зорилго бол эдийн засгийн утгаараа биш Монгол Улс Японы онцгойлон үздэг түншийн хувьд Монголд өгч байгаа улс төрийн бэлэг. Энэ нь Монголын эдийн засаг тэлэхэд Япон зах зээлээ нээж өгч байгаа хэрэг. Японоос бид өнөөдөр юу авдаг юм. Хэдхэн жилийн өмнөх Монголын машиныг харахад бүгд Солонгосын үйлдвэрийнх байдаг байлаа. Харин одоо Солонгосын машинууд ховордсон. Японоос дан ганц машин авалгүйгээр технологийг нь авна. Монголын зах зээлд шинэ элемент оруулж ирэх, ноу хау авах, Японы хөрөнгө оруулалтыг авах боломж нээгдэж байгаа юм. Бараа нь татваргүй орж ирнэ. Тодорхой бараан дээр тодорхой нөхцөлүүд заасан. Тиймдээ ч энэ түншлэлийн гэрээ Монголын эдийн засгийг солонгоруулах учиртай. Япончууд Монголын уул уурхайн баялгийг татваргүй авах хэрэг угаасаа байхгүй. Хамгийн гол нь Японы эдийн засгийн ололт, чанартай үйлчилгээ, сайн бүтээгдэхүүн энэ бүгдийг Монголын зах зээлд оруулж ирэх боломж нь манай талд илүү ашигтай. Үүнээс нь ядаж суралцах боломж гарна. Гэхдээ гэрээ байгуулагдсанаар манай бүтээгдэхүүн Япон руу урсана гэж ойлгож болохгүй. Яагаад гэвэл тэдний зах зээлийн шаардлага өндөр.

Л.МӨНХТӨР

Categories
мэдээ цаг-үе

Б.Сэржав: Японы хэвлэлүүд харилцан татваргүй болсныг онцолж байгаа

ШУА-ийн Олон улсын харилцааны хүрээлэнгийн эрдэм шинжилгээний ажилтан, доктор Б.Сэржавтай ярилцлаа.

Ерөнхий сайд Ч.Сайхан­билэг Япон улсад айлчилж Эдийн засгийн түншлэлийн гэрээ байгууллаа. Энэ талаар гадна, дотны судлаачид ямар байр суурьтай байгаа вэ?

– Монгол Японы өнөөгийн харилцааг ярихын тулд түүхийн хуудас сөхөх шаардлага гарах байх.“Монгол Улсын гадаад бодлогын үзэл баримтлал”-д манай улсын гадаад бодлогын нэг гол чиглэлийг “АНУ, Япон… зэрэг өрнө,дорнын өндөр хөгжилтэй гүрнүүдтэй найрсаг харилцаа хөгжүүлэх явдал” хэмээн заасан байдаг. Ийнхүү өнгөрсөн зууны 90-ээд оноос Япон улс Монголын гурав дахь хөршийн бодлогодчухал байр суурь эзэлж ирсэн. Манай хоёр улсын хооронд 1990 онд Худалдааны хэлэлцээр, 1991 онд Японы далайн чанад дахь залуучуудын сайн дурын байгууллагыг Монгол улсад ажиллуулах хэлэлцээр, 1993 онд Агаарын хамтын ажиллагааны хэлэлцээр байгуулсан. Бас 2001 онд Хөрөнгө оруулалтыг хөхиүлэн дэмжих, харилцан хамгаалах хэлэлцээр, 2003 онд Техникийн хамтын ажиллагааны хэлэлцээр тус тус байгуулагдсан байдаг юм. Харин 1997 оны хоёрдугаар сард Ерөнхий сайд М.Энхсайханы Японд хийсэн албан ёсны айлчлалын үеэр хоёр орны харилцааг XXI зуунд чиглүүлж, улс төр, эдийн засаг, соёл, хүмүүнлэгийн болон худалдаа, хөрөнгө оруулалт зэрэг салбарт Иж бүрэн түншлэлийн харилцааны түвшинд хөгжүүлэхээр харилцан тохиролцсоноор Монгол Японы хооронд Иж бүрэн түншлэлийн харилцаа хөгжүүлэх үе эхэлсэн.

Иж бүрэн түншлэлийн харилцааг шинэ шатанд гаргах, Стратегийн түншлэл байгуулах зарчмаар дэв­шүү­лэн хөгжүүлэх хамтын шийдвэрт 2010 онд Ерөнхий­лөгч Ц.Элбэгдоржийн айлч­лалын үеэр талууд санал нэгдсэн. Мөн 2013 онд Японы Ерөнхий сайд Ш.Абэ, Ерөнхий сайд Н.Алтанхуяг нар харилцан айлчилсан нь хоёр орны харилцааг эрчимжүүлэх, эдийн засгийн хамтын ажиллагааг шинэ шатанд гаргах, хоёр орны хамтын ажиллагааны бодлого, чиглэлийг тодорхойлоход түлхэц болсон.

Хоёр орны түншлэлийн өнөөдрийг хүртэлх хуга­цаанд худалдааны харилцаа ямар байв. Эдийн засгийн түншлэлийн гэрээ байгуулснаар ямар шатанд хүрч ахина гэж тооцоолж байгаа бол?

-2013 онд манай улс экспортынхоо ердөө 0,2 хувийг Японд гаргаж, нийт импортын долоон хувийг Японоос оруулжээ.Өнөөгийн байдлаар манай улсын гадаад худалдаанд Япон Улс нь БНХАУ, ОХУ, БНСУ, АНУ-ын дараа тавдугаарт ордог. Манай экспортод мал аж ахуйн гаралтай бараа бүтээгдэхүүн, тухайлбал ноолууран бүтээгдэхүүн, тэмээний ноосон хөнжил, молибдений хүдэр, зэсийн баяжмал, катодын зэс, хүнсний бүтээгдэхүүнээс байгалийн давс, архи зэрэг орж байна. Японоос автомашин, уул уурхайн болон барилгын машин механизм, цахилгаан бараа, холбооны техник хэрэгсэл, эрүүл мэндийн тоног төхөөрөмж, хүнсний бүтээгдэхүүн, цагаан будаа, эм, архи, тамхи, гэр ахуйн бараа зэргийг импортоор авч байгаа. Импортод суудлын автомашины эзлэх хувь тогтмол өндөр байна. Манайх 2013 онд нийт 372 сая 982 мянган ам.долларын суудлын автомашин импортолсны 77.9 хувийг Японоос оруулсан юм билээ. Харин одоо худалдааны хэмжээ хэр өсөх вэ гэдгийг урьдчилсан байдлаар хэлэхэд хэцүү. Урьдчилан таамаглах аргагүй эерэг нөлөөлөл гарах нь дамжиггүй юм.

Хоёр орон дээрхээс гадна ямар бараа солилцох бол. Худалдаалалт, тээвэр­лэлтийн саад тотгорыг хэрхэх бол?

-Японы тал манайхаас коксжих нүүрсний удаан хуга­цааны тогтвортой нийлүүлэлт хийх, ховор металл, зэсийн хүдэр зэргийг импортлох со­нир­холтой бай­гаа нь ажиглагддаг. Гэвч уул уурхайн баялгийг хөрш орноор дамжин тээ­вэрлэхээс эхлээд энэ хамтын ажиллагаанд элдэв саад бэрхшээл тулгарч ирсэн. Харин БНХАУ-ын дарга Си Жиньпиний манай улсад 2014 онд хийсэн албан ёсны айлчлалын хүрээнд зүүн хойд Хятадын зарим боомтыг ашиглах боломжийг олгохоор болсон нь Японтой хийх худал­дааг урагш ахиулахад бодит нөлөө үзүүлэх бо­ломж гэж үзэж байна. Энэ боломжийг ашиглаж зам тээврийн асууд­лыг зохи­цуулах, улс орны эрх ашигт нийцсэн шийдвэр гаргаж, үйл ажиллагааны зогсонги байдлаас гарах, дотоодын төмөр замын асуудлыг цэгцлэхээс эхлээд, коксжих нүүрсний экспортыг урт хуга­цаанд тогтвортой нийлүү­лэх асуудлаар Японы талтай хамтран ажиллаж, тохиролцоонд хүрэх байх гэж бодож байна.

Өчигдөр үзэглэсэн гэрээгээр хоёр тал ямар үүрэг хүлээж, ямар давуу тал эдлэх юм бол?

– Монгол Улсын Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нар “Эдийн засгийн түншлэлийн тухай Монгол Улс, Япон Улс хоорондын хэлэлцээр”-т гарын үсэг зурлаа. Энэ талаар Монголын талаас дорвитой мэдээлэл гарч, манай хэвлэлээр нийтлэгдээгүй. Харин Японы хэвлэлүүд ялангуяа өнгөрсөн 2014 оны долдугаар сард Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн Япон улсад хийсэн айлчлалын үеэр их өргөн мэдээлсэн. Тэдний хэвлэл мэдээллийн томоохон төлөөллүүд,тухайлбал Асахи сонин “Японд үйлдвэрлэсэн автомашины гаалийнтатвар таван хувийг тэглэх асуудлыг Монголын тал хүлээн авсан нь яриа хэлэлцээ зарчмын тохиролцоонд хүрэх гол нөхцөл болсон”, “автомашины гаалийн татварыг тэглэх тухайд үйлдвэрлэгдээд гурван жил болоогүй автомашины татварыг тэглэх, гурваас дээш жил болсон автомашины татварыг эхний 10 жилд шатлалтайгаар бууруулж, 10 жилийн дараа тэглэх, үйлдвэрлэгдээд 10-аас дээш жил болсон хуучин автомашины гаалийн татварыг хэвээр үлдээхээр болсон” тухай дурдсан. Мөн Санкэй сонин “Энэ хэлэлцээр байгуулагдсанаар гаалийн татвараас гадна Японы худал­дааны компаниуд, түүнчлэн эрчим хүчний салбартай хол­боотой үйлдвэр, компа­ниуд Монголын ховор металл, нүүрс зэрэг ашигт малтмалыг нээн ашиглах үйл ажиллагаанд оролцоход хялбар болох давуу талтай. Учир нь гадаадын хөрөнгө оруулалтын талаар Монголд хэрэгжүүлж буй хязгаарлалт Японы үйлдвэр компаниудад хамаарахгүй болно. Япон Монголоос импортлох уул уурхайн бүтээгдэхүүнийг бараг бүхэлд нь 10 жилийн хугацаанд гаалийн татвараас чөлөөлнө” гэж тэмдэглэсэн. Майничи сонинд ч энэ тухай “Японоос Монгол руу хийж буй экспорт 2013 онд 29 тэрбум 300 сая иен байсны 70 хувийг автомашин эзэлсэн. Японы экспортод цаашид нэмэгдэх төлөвтэй байгаа мисо, япон цуу, жимс зэрэг хөдөө аж ахуйн бараа бүтээгдэхүүний татварыг 10 жилийн хугацаанд тэглэх, эдгээрийн үр дүнд Японоос Монгол руу гаргаж буй нийт экспортын 96 хувь нь татвараас чөлөөлөгдөнө. Япон улс Худалдааны хэлэлцээрээр гаргаж буй цагаан будаа, буудай, элсэн чихэр, гахайн мах, хөргөсөн үхрийн мах зэргийн гаалийн татварыг хэвээр үлдээнэ. Харин Монгол Улс экспортоо нэмэгдүүлэхийг зорьж буй үхрийн борц, боловсруулсан үхрийн махан бүтээгдэхүүн зэргийн тодорхой хэсгийг гаалийн бага татвартай байлгах, ноолууран бүтээг­дэхүүн зэргийг татвараас чөлөөлөхөөр болжээ” гэх мэтээр мэдээлж, сурталчилж байлаа.

Ер нь Эдийн засгийн түншлэлийн гэрээг байгуулсан тухайд юу гэж байх юм?

-Эдийн засгийн түншлэ­лийн хэлэлцээр байгуулахын гол зорилго, эрх ашгийн тухайд эдгээр хэвлэлүүд “Японы хувьд БНАСАУ-тай дипломат харилцаа бүхий Монгол Улстай хамтын ажиллагаагаа гүнзгийрүүлэх, хулгайлагдсан япон иргэдийн асуудлыг шийдвэрлэхэд Монголын талаас дэмжлэг авах зорилт тавьж байгаа”, “Япон улсын эрдэс баялгийн тогтвортой нийлүүлэлтийг хангах, түүний тулд Японы үйлдвэр, компаниудад Монголд хөрөнгө оруулалт хийхэд нь дөхөмтэй нөхцөлийг бий болгох зорилт тавьж байгаа”, “Монгол Улс нь хөгжлийн ирээдүйтэй орон тул Японы үйлдвэрүүд тэнд зах зээлээ тэлэх найдвар бий”, “Японы тал Монголтой хамтын ажиллагаа бэхжүүлэхийн цаад талд Монголтой хил залгадаг Хятад улсыг хязгаарлах зорилго бас бий, харин Монголын хувьд хөрш Хятад, ОХУ-аас хамааралтай эдийн засгийн бүтцээсээ ангижрах гэсэн зорилго энэ хэлэлцээрийн ард бий” гэх мэтээр мэдээлсэн.

Л.МӨНХТӨР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монгол Улс улам бүр Бүгд Найрамдах Ардчилсан Монгол Ард Улс руу яваад байна

Бүгд Найрамдах Ардчилсан Монгол Ард Улс гэж хэлж байгаа нь Бүгд Найрамдах Ардчилсан Солонгос Ард Улстай адилтгаж үзсэн хэрэг. Монголчууд полдгорзалуугийн удирддаг сүртэй нэртэй тэр орныг хойд Солонгос гэдгээр нь мэднэ. Харин БНСУ-ыг өмнөд Солонгос гэж нэрлэдэг. Хойд Солонгос цэрэг арми, дотоодын бололцоондоо тулгуурлан өөрөө өөрийгөө хөгжүүлэх үзэлтэй. Үүнийгээ “чучхе” гэж нэрлэх юм. “Чучхе” үзэл нь гадны соёл, гадаадын хөрөнгө оруулалтыг эх орондоо түгээн дэлгэрүүлэхийг хориглодог. Тэнд гадаад кино гаргах, дэлхийн утга зохиол судлах, гадны орнуудтай харилцаа тогтоох, гадны бичиг үсэг хэрэглэх, гадны хөрөнгө оруулалтыг татах гээд бусад орны юм бүхэн хориотой байдаг юм гэнэ билээ. Тийшээ зорчоод ирсэн хүн бүр энэ тухай л ярьдаг даа. Тэнд мэдээлэл ямар хаалттай байдгийг манай улсын нэгэн настай тамирчны яриа нотолдог юм. Арвааджилийн өмнө тэмцээний үеэр манай тамирчин ариун цэврийн өрөөнд ортол БНАСАУ-ын тамирчинтай тааралдаж. Гэтэл мөнөөх тамирчин эр аль эрт 1988 онд зохиогдсон Сөүлийн олимпийн талаар “Өмнөд Солонгост олимп болсон юм уу” хэмээн шивэгнэн, ихэд нууцлан байж асуусан гэдэг. Ийм хаалттай улсын ард түмэн нь дэлхийн хөгжил, дэлхийн мэдээллээс хол тасарч, төр нь юу гэнэ шууд хүлээж авдаг болсон нь ойлгомжтой.

Яг үүнтэй ижил БНАМАУ болох зам руу зүтгээд байна гэж 2012-2016 оны парламентын гаргаж байгаа хуулиудыг хараад бодох боллоо. Тухайлбал, 2012 оны сонгуульд ороход Монгол Улсын эдийн засаг нь 17 хувиар өссөн, гадаадын хөрөнгө оруулалт газар бүрт хүрсэн байлаа. Хаашаа л харна хар, шар толгойтой хүмүүс хөлхсөн тийм нээлттэй, хөгжих ирээдүйтэй, Давосын чуулга уулзалт Монголын өдрөөр эхэлдэг ийм орныг одоогийн эрх баригчид хүлээж авсан. Гэтэл 2012 оны сонгуулиас нэг сарын өмнө Стратегийн ач холбогдол бүхий салбарт гадны хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хууль батлагдав. Үүнээс өмнө 2009 оны зун, наадмын өмнөхөн Урт нэртэй хууль батлагдан гарсан байдаг. Харин түүнээс өмнө нь “Онцгой албан татвар”-ын хууль буюу алт зэснээс өндөр татвар авах тухай хуульбаталчихсан байв. Ингэж эдийн засгийн тооцоолол, сөрөг үр дагаврын судалгаагүй хууль гаргаж эхэлснээр Монгол Улс уруудаж эхэлсэн түүхтэй. Гадны хөрөнгө оруулалтыг зохицуулах хуулийг батлахдаа хөрөнгө оруулагчид Монголд ажиллах хугацаандаа нэг л үг, үсгийн алдаа гаргавал шоронд хорих заалтыг оруулсан. Урт нэртэй хууль нь үүнээс ч дор. Гаднаас мөнгөө барьж ирээд үйл ажиллагаа явуулж байсан уурхайн эздийг хөөж гаргаад хөрөнгийг нь лацдаж өнөөдрийг хүрсэн. Энэ цагаас хойш УИХ-аар батлан гаргасан хууль бүр нь гадны хөрөнгө оруулалтын эсрэг чиглэчихээд байна.

Тиймдээ ч өнөөгийн Монго­лын эрх баригчдын гаргаж байгаа хуулийн өнгөнд Монгол хүн, Монгол орон ямар байх вэ гэдэг асуулт урган гараад байгаа.Тэдний хуулиудаар манай улсийм улс болно. Та бүхэн анхааралтай харна уу.

УИХ-ын батлан гаргах гэж байгаа болон гаргаж байгаа хуулиарбол гаднаас хөрөнгө оруулахын тулд заавал Засгийн газраас зөвшөөрөл авах хэрэгтэй болжээ. Зөвшөөрөл авахгүй бол шоронд сууна. Зөвшөөрөл аваад бизнес хийвэл бас л шоронд оруулна. (Саус гоби сэндс болон бусад гадаадынхан) Бас тавдугаар анги хүртлээ гадаад хэл сурч болохгүй. Зөрчвөл шоронд орно. Гэхдээ энэ нь тусгай өндөртөлбөртэй сургуулиудад хамаарахгүй. Харин төлбөргүй борцуулын хүүхдүүдэд хамаарна гэж байна лээ. Үүнийг борцуулын хүүхэд гадаад хэл сурах гэж маанаглавал шоронд хийнэ гэж үзэж болно. Гадаад эхнэр, нөхөртэй байж, дээр нь дарга болж болохгүй. Ингэвэл шоронд орно. Гадаад кино 50 хувиас илүү үзэж болохгүй. Үзвэл шоронд орно. Гадаадын архи, тамхи ууж хэрэглэж болохгүй, бас зарж борлуулж болохгүй. Хэрэглэвэл, зарвал шоронд орно. Гадаад бичгээр бичиж болохгүй. Зөвхөн уйгаржин бичгээр бичихгүй бол шоронд орно. Морио уна, гадаадын мотоцикль унавал онхолдож үхнэ. Яваандаа үүнийг хуульчилж зөрчвөл шоронд хорьдог болох юм шиг байна. Гадаадын хувцас өмсч болохгүй, зөвхөн ЮНЕСКО-д бүртгэлтэй дээлээ өмс гэж яриад эхэлсэн учир удахгүй ийм хууль гаргаж зөрчигсдийг шоронд хийх биз. Зөвхөн язгуур урлагийн дуу дуулах юм уу хөөмийлж, бас биелж л болно. Зөрчвөл шоронд суулгах бүүр амархан.Гадаад хэлээр ярьж болохгүй. Зөрчвөл шоронд орно. Шоронд орохоосоо өмнө зодуулна. Саяхан германаар орчуулга хийсэн хүнийг зодсон, хятадаар яривал бүр алах бололтой. Монголчууд хэвлэн нийтлэхдээ хүртэл хэн ч уншдаггүй уйгаржин бичгийг ашигла гэнэ. Хэвлэлийн хуудасны талыг нь хүн уншдаг кириллээр, талыг нь хэн ч уншдаггүй уйгаржин бичээсээр бич, эсвэл шоронд ор гэж байна.

Мөн удахгүй хэвлэл мэдээллийн эзэд улс төрд орж болохгүй, эрхэлж байгаа бизнестээ орж болохгүй. Зөрчвөл шоронд орно гэсэн хууль гарах гэж байгаа. Гадаадын иргэн ч Монголд ажил хийж болохоо байжээ. Вьетнамчуудыг зодож, дээрэмдэж үйлийг нь үзлээ. Дээрээс нь зөрчилтэй гээд бүгдийг нь л барьж хориод албадан гаргаж Монгол орныг харийн хүний хөлөөс цэвэрлэнэ гэх нь. Ингэж л 2012 оноос хойш гадны хүн, хэл, соёл, ном, бараа гээд бүх зүйл Монголд хаалттай болох хуулийг энэ УИХ батлан гаргалаа.

Энэ мэтээр төрийн гаргасан бодлого шийдвэр гадаадын юм бүхний эсрэг чиглэж иргэд, төрийн байгууллагууд ч тэр шийдвэрийг нь шууд тусган авч байна. Ер нь төрийн бодлогын дагуу л амьдарч таарах байх. УИХ нь хойд Солонгос шиг хаалттай болгох хууль баталж, УИХ-ын гишүүдийн гадны хөрөнгө оруулалтыг үзэн ядсан, популист ааш аяг нийгэмд шууд бууж бидний ирээдүйг тодорхойлох боллоо. Орой бүр зурагтаар эх орныхоо төлөө амиа золихоос буцахгүй тэмцэх мэт гишүүдийн жүжиглэлтийг үзэж, дуусдаггүй яриаг сонсч үндсэрхэг үзлийг дэвэргэсэн уул толгод, гал ус тахьсан лам, бөөгийн зурлагаар дэлхийг харж амьдрах нь. Дэлхийн тавцан бидэнд хэрэггүй бололтой. Ингэж л нийгэмд хортой, ийм хориотой орон болохоор тэмүүлээд байна. Сүүлийн хэдэн жил урагшаа биш байнга ухарч гишгэсэн хууль тогтоомжуудыг гаргасны горыг ард түмэн үүрч эхэлсэн нь энэ. Гадны томоохон хэвлэлийн хуудаснаа “Монголд хөрөнгө оруулалт битгий хий. Ямар ч үр дүнгүй” гэж бусдадаа зааж зөвлөсөн мэдээлэл байнга гарч байна. Уг нь бид ийм улс оронд амьдрах гэж ардчилсан нийгэм байгуулаагүй. Өнөөдөр Монголын нийгэм сэтгэгчдэд халтай, социализмаас ч хатуухаргис болж хувирлаа.

Тэгэхээр одоо яах вэ. Давын өмнө толгойд бууж байгаа нэг арга бол элдэв хууль санаачлахыг хориглох. Санаанд орсноо, санаж явсан хонзонгоо хууль болгодгийг зогсоох хэрэгтэй байна. Өөрийгөө дэмждэг хүмүүсийг өөгшүүлэх, өрсөлдөгчөө нухчин дарж өөрийнхөө бизнесийг цэцэглүүлэх хууль санаачлахыг болиулах хэрэгтэй байна. УИХ-ын гишүүдийн өргөн барьж байгаа хуулиуд өнөөдөр нь муудалцаад маргааш нь хонзонгоо авч байгаа мэт харагдах юм. Тиймээс хууль санаачлахад өндөр босго тавих хэрэгтэй юм байна. Хэлэлцэх гэж байгаа хуулийг дор хаяж УИХ-ын гишүүдийн гуравны нэг нь дэмжиж гарын үсгээ зурсан байх шаардлагыг хуулиар тусгаж өгвөл босго өндөрсөнө. Тэгээд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд, Засгийн газар нь саналаа өгч, хуулийн мэргэшсэн институтээсс заавал сөрөг шүүмжлэлийн судалгааг хийдэг болбол төрж байгаа хуулийн чанар сайжирна. Яагаад сөрөг судалгааг хийх шаардлагатай вэ гэвэл өнөөдөр хууль өргөн барихын тулд зөвхөн сайн сайхныг нь дурдаж, энэ хуульгүй бол Монгол Улс дампуурах гэж байгаа мэтээр ярьж, лоббиддог жишиг тогтчихож. Эдгээрнь яг тэр хэлэлцэх гэж байгаа хуулийн улаан панатуудыг, бас тэр хууль гарвал өс хонзон нь тайлагдах хүмүүсийгцуглуулж аваад тал талаас нь магтаж гардаг. Тэгэхээр заавал сөрөг судалгааг хийж түүнийг нь гишүүд нийтээрээ сонсдог болбол хуулийн цоорхой багасна. Ийм шалгуурыг давсан хуулийг УИХ хэлэлцээд баталдаг болбол ямар алдаа гарах билээ. Босго тогтоочихвол УИХ-ын гишүүдийн хууль санаачилж нийгэмд тодрох гэх, бусдаас илүү чухал хүн гэдгээ үүгээр харуулах гэж оролдож хууль бузарлах нь багасах биз.

Л.МӨНХТӨР