Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Мод тариад орхих нь хүүхэд төрүүлээд орцонд хаяхтай адил

Мод тарих өдөр өнгөрлөө. Сүүлийн үед монголчууд модыг бүхий л төрөл зүйлээр нь, хэдэн саяар нь тарьж байна. Энэ сайн хэрэг. Бүр тодруулбал арван жилийн өмнөөс мод тарих их ажлыг эхлүүлж, таван жилийн өмнө тухайлсан өдөр зааж өгсөн. Тиймдээ ч хавар, намрын мод тарих өдрүүдэд гурван саяулаа л тарьц, суулгац болж бужигнацгаах болжээ. Энэ өдөр хувь хүмүүс, байгаль орчны төлөөх байгууллага гэхээсээ илүүтэй төрийн байгууллагууд, улс төрийн бүлэглэлүүд энэ үйлсэд ихээр хамрагдах нь бий. Мод тарихдаа хүртэл улстөржиж уулын ар, амыг нам намаараа хуваан авч байгаа ч буянтай үйлс болохоор сайхан л харагдах юм. Харин нэг зүйлийг асуухад жилд тарьж буй хоёр сая орчим модноос ургасан нь хэд байна вэ. Ойн төгөл болж ургасан нь хаана байна вэ.

Сүүлийн жилүүдийн тарьц, суулгацын дүн мэдээг харвал том тоо гарах нь мэдээж. Тухайлбал, 2010 онд нэг сая 754 мянган ширхэг суулгацыг тарихад дөрвөн мянган албан газар, 220 мянган иргэн оролцжээ. Дараа жил нь сая 476 мянган ширхэг модыг 4669 аж ахуйн нэгж,156 мянган иргэдийн оролцоотой тарьсан бол хойтон жилд нь сая 562 мянган суулгацыг мөн тарьжээ. Ингээд 2013 онтой золгохдоо дахин хоёр сая 200 мянган суулгацыг тарьж нийтнайман сая гаруй мянган мод, бут, сөөгийн суулгацыг Улаанбаатар, 21 аймаг түүний ойролцоох газруудад дөрөвхөн жилд тарьсан. Бүр 2013 онд Улаанбаатар хотоос гадагш гарах дөрвөн чиглэлд авто замын дагуу 10 км ойн зурвас байгуулах ажлыг БОНХЯ-аас хэрэгжүүлж эхэлсэн тохиолдол ч бий. Ямартаа ч мод тарьж эхэлснээс хойших арван жилийн хугацаанд буюу өнөөдрийг хүртэл монголчууд маань шинээр 20 гаруй сая ширхэг зулзаган мод газарт шигтгэжээ. Нэг ширхэг суулгац төрөл зүйлээсээ хамааран мянган төгрөгөөс 200 мянган төгрөгийн үнэтэй байдаг. Нийт 20 гаруй сая модны өөрийнх нь үнийг бодоход л том тоо гарна. Харамсалтай нь бидний сүүлийн 10 жилийн энэ хөдөлмөр, хөрөнгө зарс­ны үр дүн хаана байна вэ. Мод тарьсны ул мөр, ухсан нүх ч үлдэхгүй байна. Бидний тарьсан мод бүхэн арчилгаагүйн улмаас борц болон хатаж, хог хаягдал болж байна.

Ингэж их мод тарьж бай­гаа ч өнөөдөр хотын гудамжинд 1960-1970 оны тэртээд тарьсан хэдэн хөгшин улиас л хүглийлдэж байгаа. Хөгширч харлаад, үндэс нь хөөж байшин барилгад халтай болсон гэдэг шалтгаанаар байгаа хэдийгээ харин ч тайрч, тасдах, авч хаях тохиолдол ихсээд байгаа. Олон мянган мод тарьж байгаа ч хаврын хаварт зулзаган моддын нахиалах, намрын намарт хагдрахыг харж чадахгүй байна. Уг нь модоо тарьчихаад араас нь арчилж торддог байсан бол Улаанбаатар аль хэдийнэ ногоон хот болчих байлаа. Зайсан уулаас, Долоон буудал хүртэлх зам дагуу 10 жилийн өмнө мод тарьсныг олигтойхон тордоод аваад ирсэн бол өнөөдөр хот үнэхээр өнгө засах байсан. Л.Амгалан Баянгол дүүргийн Засаг дарга байхдаа III, IV хороололд арван мянган саваа мод тарьж 2008 оны онцлох хүн болж байсныг хэвлэлийн шар хуудас гэрчилнэ. Харамсалтай нь нэг ч ширхэг саваа мод ургаж, нахиагаа дэлгэсэнгүй. Одоо бүр суулгасан нүх нь хүртэл аньж эдгэжээ. Мод тарьсны үр дүн гэвэл ийм л байгаа.

Бас ойд ургаж ядан байсан хичнээн мянган зулзаган нарсыг суга татан авчирч үгүй хийв. Зургаан жилийн өмнөх хавар билээ. Хотын гудамжаар дүүрэн шинэхэн, залуу нарс ногоорч байсан. Бүр тодруулбал, Гандангийн урд талбай, Баруун дөрвөн замаас, Таван шар, Зүүн дөрвөн замаас Офицеруудын ордон хүртэл бараг арван мянган нарс суулгаж байлаа. Гэтэл хойтон жил нь тэр моддын доорх дэд бүтцийг шинэчилнэ гээд бүгдийг нь Улаанчулуутын хогийн цэг рүү ачуулж түүх харамсалтайгаар төгссөн юм. Дараа жил нь тухайн хэсэгт дахиад л шилжүүлэн суулгалт хийсэн. “Моддын ургалт 98 хувьтай байна” гэж дүүргийн удирдлагууд нь зуны турш шоу хийсэн ч улирал тойрч хойтон хавар нь болоход нахиалах бус хатаж хорчийсоор 2011 онд ТҮК-ийнхан цэвэрлэх гэж нэлээд ажил болсон гэдэг. Бидний мод тарьж, үхүүлсэн түүх ингээд дуусчихгүй, уртаас урт жагсаалт гарна. Си Жинпинийг ирэхэд, Эх нялхсын хашаанд, ХӨСҮТ-ийн хашаанд гээд хаа сайгүй, жилийн жилд, дахин дахин тарьдаг ч харамсалтай нь бүгд борц болон хатдаг. Дараа жил нь дахиад л нөгөө нүхэндээ мод авчирч суулгана. Ийм л цикльтэй болчихлоо. Ямар ч орчинд ургадаг улиасыг хүртэл тарьчихаад ургуулж чадахгүй үхүүлчих юм. Бас улиасны унгирлаас сэжиглэж эхлэх шинжтэй. Ямар ч харшилгүй учраас илүү олноор нь тарих шаардлага байна. Учир нь улиас хоногт 25 килограмм тоосыг өөртөө татаж шингээдэг Монголын унаган мод гэгддэг.

Иргэдийн ингэж их бужиг­наж, хөдөлмөрлөж, хөрөнгөө зарж суулгасан модыг хэн арчилж, хамгаалах вэ гэдэг нь өнөөдөр ямар ч хуулиар зохицуулагдаагүй учраас ийнхүү өнгөрсөн хугацаанд тарьсан 20 гаруй сая зулзаган мод борц болон хатжээ. Байгаль орчны холбогдолтой хуулиудад “Аймаг, нийслэлийн Засаг дарга, Байгаль орчны газар, сум, дүүргийн Засаг дарга, ИТХ өөрийн эрх, мэдлийн хүрээнд суулгацын санхүүжилтийг шийдвэрлэж, мод тарих, ногоон байгууламжийг бий болгох, тэдгээрийг услан, арчилж хамгаалан ургуулах ажлыг хариуцах ёстой” гэсэн ганцхан заалт байх жишээтэй. “Байгаль орчин минь” хэмээн цээжээ дэлддэг, буу барин Төрийн ордон руу дайрдаг төрийн бус байгууллагынхан ч асуудлыг үнэндээ тоодоггүй бололтой. Тэд зөвхөн мөнгөтэй газруудыг онилж, байгаль орчноороо бизнес хийдэг нь энэ. Яагаад гэвэл хүмүүсийн тарьсан модыг усалж тордсоноор тэдэнд ажлын хөлс гэж хэн ч, юу ч өгөхгүй.

Мод тариад орхих нь хүүхдээ төрүүлээд орцонд хаяхтай утга нэг. Мод тарина гэдэг нүд хуурсан, мөнгө гарзадсан ажил болж байна. Тэгэхээр хүмүүсийн мод тарих чин сэтгэлийн ажлын үр дүнг харах хуулийн багахан зохицуулалт хэрэгтэй бололтой. Мод арчлахад зориулж гаргасан төсөв мөнгө ч аймаг, дүүргийн санхүүгийн тайланд байдаг л юм байна. Гэхдээ үр дүн нь энэ. Тэгэхээр уг нь нэг га мод, буттай ногоон талбай 18 сая шоо метр агаарыг цэвэршүүлж, утаа униарын 30 хувийг өөртөө шингээдэг шидтэй. Дэлхийн том хотуудад нэг хүнд ойролцоогоор 24-32 ам.метр талбай бүхий ногоон цэцэрлэг оногддог гэж байгаа. Харин манайд 20 гаруй сая ширхэг мод тарьчихаад байхад энэ нэг хүнд ердөө 4.5 ам метр ногоон байгууламж оногдож байна.

Тэгэхээр шинээр мод суул­гахын зэрэгцээ хуучнаа тордох, арчилж сэргээдэг болбол энэ их ажил хөдөлмөрийн үр дүн нэмэгдэх биз ээ.

Л.МӨНХТӨР

Categories
мэдээ нийгэм

С.Боргил: Бидэнтэй улс төрийн хүчнүүд, УИХ-ын гишүүд ч ирж уулзаж байна

Хөдөлмөрийн үндэсний намын дарга С.Боргилоос дараахь тодруулгыг авлаа.

-Хөдөлмөрийн үндэсний намыг шинэчлэн зохион байгуулж, улс төрийн чиглэлээр үйл ажиллагаа явуулах болсноо зарлалаа. Ямар бодлого, үйл ажиллагаагаа явуулах вэ?

-Хөдөлмөрийн үндэсний нам ээлжит бус Их хурлаа тавдугаар сарын 4-нд хийсэн. Яагаад вэ гэвэл хоёрдугаар сарын 13-нд “Хөгжил хүн” клубээс “Үндэсний хөгжил Монгол хүн” сэдэвт чуулганыг зохион байгуулахдаа бид улс төрийн хүчин болохоо зарласан. Дараа нь дөрөвдүгээр сарын 28-нд “Үндэсний хөгжил Монгол зорилго” чуулганыг хийхдээ улс төрийн нам болно гэдгээ бас мэдэгдсэн. Бидэнтэй хамтарч ажиллах улстөрчид, улс төрийн нам байвал үйл ажиллагаа, зорилгоо нэгтгэх боломжтой гэдэг уриалгаа ч гаргасан. Энэ уриалгын дагуу зарим нэг улс төрийн хүчин холбогдсон. Хөдөлмөрийн үндэсний намынхантай холбогдож “Та бүхэн энэ намыг үргэлжлүүлээд цааш нь аваад яваач ээ. Та бүхний бодлого зорилго бидэнд таалагдаж байна” гэсэн санал тавьсан. Үүний дагуу бид Хөдөлмөрийн үндэсний намын Их хурлыг хийж шинэчлэн зохион байгуулахаар шийдвэрлэсэн.

-Та нар яг юунд найдаж улс төрд орж байгаа юм. Баруун, зүүний аль үзэлтэй байх вэ?

-Өнөөгийн нөхцөл байдал, хүндрэл, мухардлаас гарах гарцыг бид олсон гэж харж байгаа. Хоёр ч удаа салбар салбарын мэргэжилтнүүдийг хамарсан томоохон чуулган зохион байгуулсан. Эндээс бид бодлого, шийдэлд тодорхой байр суурьтай байж чадахуйц баг бүрдүүлсэн. Салбар салбараас нийт 200 орчим хүн байна. Талаас илүү хувь нь шинжлэх ухааны докторууд байгаа. Ер нь салбартаа танигдсан, гадаад дотоодод явж мэргэжил эзэмшсэн хүмүүс байгаа. Ер нь 25 жил явж ирсэн энэ тогтолцоо хүнээ орхичихсон. Бид хүн төвтэй “Хүн дээд” гэсэн бодлого, үзэл баримтлалтай байна. Тэгэхээр хүндээ хандсан үйл ажиллагаа явуулна гэдэг маань илүү зүүний чигтэй байна. Монголын нийгэм маань ч зүүний чигтэй байхаас аргагүй жижиг.

-“Хүн дээд” үзэлд ямар заалтууд орох вэ. Хүнээ яаж дээдлэх юм?

-“Хүн дээд” үзэлд таван багц асуудал орно. Нэгдүгээрт хоол хүнс, хоёрдугаарт орон байр, гуравдугаарт эрүүл мэнд, дөрөвдүгээрт боловсрол, тавдугаарт орлого яригдана. Хүн дээд үзлийн дараагийн хэсэг нь нийгэмд чиглэнэ. Нийгмийн асуудал бас таван багц болно. Бид дандаа нийгэм болон хүний асуудлыг хольдог. Тодруулбал, нэгдүгээрт хүрээлэн буй орчин, хоёрдугаарт эрх зүйн шударга орчин, гуравдугаарт баялаг бүтээгчдийг дэмжих, дөрөвдүгээрт баялгийн тэгш хуваарилалт, тавдугаарт үндэсний оршихуй гэсэн ийм үндсэн хүрээнд асуудлууд яригдана. Манай бүх үзлийн төвд хүн яригдана.

-Та бүхний ярьж байгаа энэ асуудлыг шийднэ гэж бүх улс төрийн хүчин ярьдаг. Хийдэг хэсэг ч байгаа л биз дээ?

-Улаанбаатарын хүн амын хэдэн хувь нь орон сууцанд, хэдэн хувь нь бохирын системгүй орчинд амьдарч байгаа вэ. Хэдэн хувь нь цэвэр агаарт амьдарч чадаж байгаа юм. Өнөөдөр аймгийн төвүүдэд агаарын бохирдол яригдаж эхэлж байна. Стрессийн түвшингээрээ бид дэлхийд дөрөвт, бөөрний өвчлөлөөрөө гуравт орж байна, ер нь бүхий л өвчлөл, осол эндэгдлээр тэргүүлж байна. Бусдын жишгээр амьдарч чадаж байна уу гэвэл үгүй л гэж хэлнэ.

-Тэгвэл энэ хүндрэлүүдийг яаж алга болгох вэ. Мөнгө санхүү, төрийн эрх та бүхэнд хэрэг болох байх?

-Өнөөгийн хүндрэлийг яаж давах вэ гэж ярьдаг. Манайхан цаг зуурын ажил хийсээр байгаад өнөөдөр хүндрэлээс гарахааргүй болтлоо шигдчихлээ. Тиймээс бид энэ зорилгоо яаж тодорхойлж байгаа вэ гэвэл 2025, 2035, 2050 он хүртэл гэж харж байгаа. Бид 2025 онд иргэншсэн нийгмийнхээ анхны суурийг тавина. 2035 онд чинээлэг нийгэм болох эхлэл тавигдана. 2050 онд манайхан чинээлэг, аз жаргалтай Монгол орныг бүрдүүлсэн байна гэж харж байгаа. Өнөөдөр ийм зүйл хийнэ гэхээсээ илүү цаг хугацааны холыг харж байгаа хэрэг.

-Тэгээд АН, МАН-ыг яаж ялж энэ ажлаа хийх эрх мэдлийг олж авах юм. Гуравдагч хүчнийг ард түмэн сонгоно гэж найдаад байгаа юм биш биз?

-Гуравдагч хүчний орон зайг харахаас илүүтэйгээр бид энэ бүхнийг заавал хийх ёстой үүргээ гэж ойлгож хүлээж авч байгаа. Бид өөрсдийгөө улсынхаа гаргаж чадах, бэлтгэгдсэн, мэргэшсэн хүмүүс гэж боддог. Улс эх орон биднийг ямар нэгэн хэлбэрээр бэлтгэсэн, боловсруулсан учраас бидний үүрэг одоо ирлээ. Тиймээс бид үүргээ биелүүлэх ёстой гэж харж байгаа болохоос сул орон зайг ашиглах гээгүй. Мэдээж сонгуульд оролцоно.

-УИХ-ын гишүүн С.Ганбаатар та бүхний ард байгаа нь үнэн үү?

-Байгаа гэдэгтэй санал нийлэхгүй байна. Бидэнтэй их ч олон хүн ирж уулзлаа. Улс төрийн хүчнүүд, УИХ-ын гишүүдээс ч хүмүүс ирж уулзаж байна. Бидний ард бид өөрсдөө л байгаа.

-Та бүхнийг байгуулагдаж амжаагүй шахам байж фракц болж хуваагдлаа гэж байгаа?

-Юун фракц байх вэ. Тийм зүйл ёстой байхгүй. Ойлголцлын түвшин өндөр­тэй, боловсрол, мэдлэг, ажлын туршлага гээд биднийг нэгтгэдэг зүйл их байгаа. Дээр ньзорилго маань биднийг хамгийн сайн баг болгож байгаа.

Л.МӨНХӨӨ

Categories
нийгэм редакцийн-нийтлэл

Н.Жуков: Эверестэд авирахын тулд Зайсан толгой руу алхаж бэлтгэлээ базаадаг байлаа

Уулчин Н.Жуковтой ярилцлаа.

-Таныг Эверестэд авирсан анхны Монгол хүн гэдгийг хүмүүс мэднэ. Уулчин гэдэг таны эзэмшсэн мэргэжил үү эсвэл тохиолдлоор холбогдож байв уу?

-Би Баян-Өлгий аймгийн Алтай сумын Урианхай хүн. Эцэг минь насаараа сум, нэгдэлд даргаар ажиллаж ээж 15 хүүхдээ өсгөхөөр ёстой л өглөөн нарнаас үдшийн бүрий болтол борви бохисхийдэггүй байлаа. Шууд хэлбэл 15 хүүхэдтэй айлын нэг нь би. Ер нь би уулчин болж төрөөгүй хүн юм. Яагаад гэвэл би 1983 онд сургуулиа төгсөөд хилийн 0165 дугаар ангид биеийн тамирын офицероор ирсэн ухаантай. Тухайн үед НАХЯ-ны харьяанд Хүч нийгэмлэг байлаа. Хүч нийгэмлэгийн уулчид байнга манай ангид ирнэ. Магванноров гэж Хүч нийгэмлэгийн Уулчдын хорооны дарга, хурандаа хүн байсан. Т.Гүррагчаа хэмээх 74 настай хүн Эверестэд авирах гэж байна гэж яригдаад байсан даа. Тэр хүн уулын ахлах дасгалжуулагч хийдэг байв. Би ийм замаар л уулчидтай холбогдож Хүч нийгэмлэгийнхэнтэй анх удаа Мөнххайрхан, Цамбагаравт авирсан түүхтэй. Гэтэл Магванноров хурандаа “Чамайг хүч нийгэмлэгт авлаа. Чи ууланд шууд гарч, асуудалгүй бууж ирлээ” гээд уулын спортын хоёрдугаар зэрэг олгочихсон юм. Түүнээс хойш жил бүр Хүч нийгэмлэгийнхэн ирнэ. Таванбогд, Цэнгэл, Отгонтэнгэр, Дэглий цагаан гээд Монголынхоо уул бүрт л авирах болсон доо. Ер нь зөвхөн “Хүч” нийгэмлэг бус “Алдар”, “Хөдөлмөр” нийгэмлэгээс уулын клубийнхэн бүгд ирнэ.

-Таванбогдод уулчдыг авахаар ярьсан нисдэг тэрэг унасан тохиолдол бий. Тэнд таны нэр нэлээд тод яригддаг байх шүү. Хэдэн он билээ?

-Польш, Герман, Чех улсын цэргийн уулчид ирээд байсан юм. Сүүлд Онцгой байдлынхантай гал түймэр унтраахаар явж байгаад амь эрсэдсэн гавьяат Т.Сугар нисгэгч нь байсан юм. Тэгэхэд Ш.Арвай генерал, НАХЯ-ны хэлтсийн дарга Авирмэд, дэд хурандаа Ганболд гээд бүгд тэнд байсан. Цаг агаарын таагүй нөхцөл үүсээд бид Таванбогдод гарч чадалгүй гурав хоног саатчихаад байлаа. Нэг хоноод эргэхээр товлож зэхсэн хүнсгүй явчихсан учраас бараг л өлсгөлөн, тэр их хүйтэн шуурганд гурав хоног нүдүүлсэн дээ. Тэгэхэд нисгэгч Т.Сугар агаараас багахан хоол, шатахуун өгч бидэнд тус болж байсан. 1988 ны наймдугаар сарын 20-доор болсон асуудал л даа. Шуурга арилж Таванбогдод гарчихаад буцах үед бидэнтэй станцаар холбогдож вертолётоор авах болсноо хэлсэн. Бид ч заасан цэгт ирээд байтал нисдэг тэрэг ойртож бидний дээгүүр эргэлдэн буух газраа хайж байсан юм. Тийм осол ёстой л хормын дотор болдог юм билээ. Яг газардах нь гэж бодоод би бөхөлгөө засахаар тонгойх хооронд миний хажууд зогсч байсан дэд хурандаа Ганболд “Вертолёт” гээд хашхирахгүй юу. Өндийтөл нисдэг тэрэгний сүүл хэсэг нь шидэгдэж харагдсан. Ахиулаад хартал Хоног толгойд нисдэг тэрэгний их бие аль хэдийнэ зоогдчихсон байх жишээтэй. Бид гүйлдээд очиход нисгэгч Чулуунбаатар, Т.Сугар хоёр бэхэлгээтэй учраас ил бэртэлгүй ухаан алдчихсан байсан. Ахмад цолтой цэргийн эр вертолётийн цонхоор 20 гаруй метрт шидэгдчихсэн бас л ухаангүй. Т.Гүррагчаагийн эхнэр Хумбаа, “Эх орны манаа” сонины сурвалжлагч Цэндэв, Герман эмэгтэй Сузана тэгэхэд явж байсан. Вертолёт мөсөн уулыг мөргөөд инерциэрээ дээшээ 100 орчим метр шидэгдсэн юм билээ. Дээшээ хөөрөхөд хаалга, сүүл нь салсан байдаг. Буцаад унах явцад Сузана Хумбааг тэврээд цас руу үсэрчихсэн байгаа юм. Сурвалжлагч Цэндэв за энэ хүний дараа үсэрье гэж хулгасаар байгаад яг үсрэх гэж байхад нь вертолётийн сандал салж ирээд хөлийг нь хуга цохьчихсон юм билээ. Өндөр уулын салхинд цохиулаад арваадхан секундын дотор тийм айхтар сүйрэл болчихсон. Золоор хүний амь эрсдээгүй. Т.Сугар нисгэгч чадварлаг хүн тулдаа тогтоож чадахгүйгээ мэдсэн даруйдаа бүх цахилгааныг салгаж амжсан байдаг юм. Тэгээгүй бол дотор сууж явсан хүмүүс, эргэн тойрон 100 метрт байсан бид бүгд сүйдэх байсан байх.

-Гадны уулчид, цэргийн дарга нар тэгэхэд явсан. Уулнаас буулгах гэж бөөн асуудал үүссэн биз дээ?

-Оросын геодезийн вер­толёт гэж байсан. Холбоогоор дуудахад л хүрээд ирнэ. Ш.Арвай генерал, Авирмэд, Ганболд гээд бүгдээрээ ботинктой. Буух гэхээр цасан дунд явж чаддаггүй. Тэдний хажууд нэг өндөр герман эрийн хавирга, Сузанагийн гар, Цэндэвийн хөл хугарсан байсан. Майхнаараа дам­нуурга хийж дамжлаад л зүтгэцгээсэн. Гэмтэлтэй хүмүүсээ авч явж байгаад эргээд ботинктой дарга нараа дамнуурга дээрээ суулгаж зөөнө. Бараг замынхаа талд орж байхад Оросын вертолёт ирж үндсэн баазад хүргэж ирсэн. Гадныхан тийм зүйлийг ёстой тоодоггүй юм билээ. Бид л айж, мэгдээд сүйд болж байгаа юм.

-Таны амьдралын торгон үе Гималайн нуруу, Эверестэд авирсан өдрүүд байх. Та чинь тийшээ хоёр удаа явсан гэдэг бил үү?

-Анх 1994 Гималайн нурууны Жонли оргилд буюу далайн түвшнээс дээш 6632 метр өндөрт гарсан. Манай баг нийт 10 хүнтэй явсан юм. Эмэгтэйчүүд нь Балбын талд очиж таван мянга гаруй метрийн өндөрт авирсан байдаг. Биднийг ахалж УИХ-ын гишүүн асан Алтайн аав Р.Зориг багш явж байгаа юм. Р.Зориг гуайн санаачилгаар бид Хөх тэнгэр холбоо байгуулсны үндсэн дээр гадаадын уулчдыг эх орондоо урьж, гадныхны урилгаар бид дэлхийн нэртэй оргилуудад авиралт хийдэг байлаа. Ингэж явахад буудлагын О.Гүндэгмаагийн аав Д.Отрядын бие тун муудсан. Тэр хүн чинь бас л эхнээсээ уулын спортын бус шүхэрчин хүн байсан юм. Тэгэхэд таван мянган метрт хүрээд гэнэт уулын өвчинд нэрвэгдсэн. Тэр өвчин их аюултай. Хүнийг ерөөсөө л суумал бурхан болгочихдог. Хоёр нүд харж байна, толгой зүгээр гэх мэтээр ил мэдэгдэх зүйлгүй. Тэгсэн хэрнээ ярьж чадахгүй, хөдөлж чадахгүй болгочихдог. Үг хэлэхээр сонсохгүй. Энэтхэгийн эмч явсан учраас анхан шатны тусламж үзүүлж гуурсаар шээлгэх гэх мэт тусалсан. Нэг удаа шээлгэхэд л гурван литр шингэн гарч байх жишээтэй. Нэн даруй доош буулгахгүй бол тархины үйл ажиллагаа зогсоод нас бардаг. Бидний нэг хэсэг маань доош нь гурван мянган метрт буулгаж Энэтхэгийн нисдэг тэрэг дуудсан. Тэгээд хэд хоногийн дараа бид бууж ирлээ. Ирээд эмнэлгээр ортол нөхөр маань босоод явж байна. Юм асуухаар хариу байхгүй. Уулын өвчин их удаж байж гардаг. Зүгээр болчихсон хэрнээ л гарах хаалгаа олохгүй нөгөө тийшээ явчихдаг юм билээ. Улаанбаатарт ирэн иртлээ түүнийг ээлжээр хөтөлж явсан. Бүхэл бүтэн 14 хоночихоод байхад тийм байсан юм шүү. Элчин сайдын яаманд байсан Р.Зориг багш, Чимэддорж, Очиржав, одоогийн УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр нар их тус болсон доо.

-Энэ удаагийн авиралт Эверест рүү дайрах томоо­хон бэлтгэл болж таарсан уу?

-Намайг Эверестэд авирахад буюу 1996 онд Монгол мөнгөгүй байсан. Р.Зориг багш Энэтхэгийн талаас “Гурван хүн явуулаач” гэж хүссээр байгаад нэг л хүний квот зөвшөөрүүлж чадсан. Дараа нь сонсоход намайг зөвхөн хувцаслахад 28 мянган ам.доллар болсон байсан. Тэгээд 300 сарлаг хэрэглэнэ, нэг сар бэлтгэл хийхдээ буудалд байрлана, ачааны машины зардал гээд мөнгөний хэрэглээ асар их. Машинаар Түвдийн өндөрлөгт хүрэхэд л 30 хоног явдаг байсан юм. Машин таван мянган метрт хүрнэ. Зардал их гардаг учраас л нэг хүний квот олгосон юм билээ. Би тун эвгүй нөхцөлд явсан л даа. Монгол Улсаас анх удаа Эверестийн оргилыг очиж үзэх гэж байж өмнө нь явсан ямар ч туршлага байхгүй. Маршрутын, хоол хүнсний, хэл мэдэхгүйн зовлон их. Тэдний хоолыг амандаа ч ойртуулахын эцэсгүй. Товчхондоо хоолгүй, ганцаардлын дунд 9О хоног байлаа.

-Яагаад хоолгүй гэж?

-Би хоёрдугаар сарын эхээр явсан юм. Тэгэхэд намар идэшний үеэр хийсэн борц хатаагүй байсан учраас жил өнжсөн жаахан борц олж авсан. Бас жаахан арвайн гурилтай. Авч явсан ачааныхаа ихэнхийг уулын хэрэгсэл, төмөр чирээд явчихсан. Нөгөө төмөрнүүд нь очоод ямар ч шаардлага хангахгүй учраас хог болж байгаа юм. Түүний оронд жаахан ч болов борц нэмээд авчихгүй дээ гэж тэсгэл алдрах өдрүүд ч байсан. Очсон өдрөө л байдал бишдэж арвайн гурилаа, борцоо буцах өдрөө хүртэл тэнцүү хувааж хуваарилалт хийсэн. Тэгээд өглөө эрхий хурууны хэрийн зуурсан арвайн гурил идэж цай ууна. Өдөр борц үнэртүүлсэн нэг аяга шөл ууна. Оройн хоол гэж байхгүй. Би Гималайн нурууны 6500 метрт хоёр сар болохдоо ийм л хоол идэж байсан. Бас 6500 метрт оччихоор үс өвс шиг болчихдог. Гар хүрэхэд л хугарч унадаг. Тийм байдалд орохоороо хүн үхлээс айхаа больчихдог юм билээ. АН-24 онгоц 6500 метрийн өндөрт нисдэг байсан юм шүү. Тэр өндөрт ийм хоолтой байна гэдэг үнэхээр шөрмөс шалгаж байлаа. 6500 метрээс дээш бид замаа өөрсдөө тавих ажилтай. Байнга 30 килограмм ачаа үүрч явна. Энэтхэг-Монголын багт 35 хүн эхлээд байсан бол явцын дунд 24 нь үлдэж найм наймаараа гурван баг болж хуваагдсан. Эхний ээлжинд бид яваад нэг хэсэг газар олс тавиад ирэхэд маргааш нь нөгөө баг явж жаахан цаашлуулаад ирэх жишээтэй. Ингэж 6500 метрийн өндрөөс дээш бид гурван лагер байгуулах ёстой. Хамгийн сүүлийн лагерийг 8300 метрийн өндөрт байгуулдаг. Шууд хэлбэл 8300 метрт лагер байгуулахын тулд байнга 6500 метрийн өндөр дэх лагераас дээшээ явж жаахан ажиллачихаад эргэж ирнэ гэсэн үг. Бид бүтэн өдрийн турш дээшээ явж явж рельефээ харахад байсан түвшингээсээ ганцхан метрээр л дээшээ ахисан байх жишээтэй. Лагер гэдэг нь найман хүн унтах майхан, идэх хоол, амьсгалах хүчитөрөгч гээд бүхнийг аваачиж байрлуулна гэсэн үг. Ингээд лагер байгуулах ажил дуусч эхний найман хүн 8300 метрт өдрийн 12 цагт очсон юм. Очингуутаа даргалж явсан нөхөр нь уулын өвчинд нэрвэгдсэн. Баг хоёр хуваагдаж хоёр гишүүн нь даргаа доош буулгаж үлдсэн тавыг нь авиралтаа эхлүүл гэсэн команд өгсөн байдаг. Командаар дөрвөн уулчин авиралтаа эхлүүлж нэг нь 8300-гийн кэмпдээ үлдсэн байдаг. Ер нь 6500 метрийн өндрөөс 11 хүн уулын өвчинд нэрвэгдэж доош буусан түүхтэй.

-Амжилтгүй болсон бил үү?

-Өндөр ууланд хамгийн аюултай зүйл нь нар жаргасан л бол харанхуй болдог. Тэр орой Японы уулчид 8300 метрт очиж таарсан. Би хоёр дахь ээлжинд орчихсон хүлээгээд байгаа. Харамсалтай нь хамгийн түрүүлж оргилд гарсан дөрвөн хүн маань бүгд нас барсан. Эхний дөрөв маань яг нар жаргах үеэр оргилд гарч амжсан. Бид оргилыг бусад 14 орны уулчдаас хамгийн түрүүнд эзлээд бөөн баяр болсон ч шөнө болж байгаа учраас хамгийн их айцгааж байсан. Харанхуй болсон ч оргил дээр удаан байж, хонож чадахгүй учраас эргээд буух ёстой. Доошоо буухад тэд гурван цаг зарцуулах ёстой ч ирээгүй. Хүчилтөрөгчийн аппарат нь долоон цаг л барьдаг. Майханд үлдсэн нөхөртэй станцаар байнга холбогдож асууна. Ирээгүй гэсэн ганцхан хариу л өгнө. Тэгээд л шөнө дунд болоход ойлгомжтой боллоо гээд нөгөө их баяр хөөр, бүх зүйл алга болж байгаа юм. Өглөө Японы уулчид авиралтаа эхлүүлж оргил руу давшсан. Тэгээд станцаар танай уулчид 100 метрийн зайтай олсондоо нас барсан байна гэж мэдэгдсэн. Бөөн асуудал үүсч 8300 метрт үлдсэн хүнээ татаж, түрүүлж доошилсон хүмүүс ч хөл гараа хөлдөөчихсөн эргэж ирсэн.

-Заавал орой болсон хойно оргил руу дайрах шаардлага байсан юм уу?

-Удирдлагууд ийш тийшээ яриад л байсан. Шуурга ч ихэсч, цасан нуранги ч ихээр үүсч эхэлсэн. Бидэнтэй параллель авиралт хийсэн Японы дөрөв, Английн гурван уулчин цасан нурангид дарагдаж амиа алдсан мэдээ ч бас ирлээ. Тэр өдөр 11 хүн нас барж авиралт хийж байсан 14 орны багийн удирдлагууд хуралдаад бүх авиралтыг зогсоох команд өгсөн. Би 7850 метрийн өндөрт байгуулсан лагерт дайралт хийхээр зэхэж байсан ч буух команд ирсэн. Биднийг 1996 онд явахад 320 хүн нас барсан байсан юм. Бидэнтэй цуг авиралт хийгээд амиа алдсан 11 хүнийг нэмээд тэр тоо шууд 331 болж байсан, тийм л аюултай газар. Яагаад тэр дөрвөн хүн нас барсан бэ гэвэл тэнд байсан 14 орны уулчид хоорондоо өрсөлдсөн хэрэг. Тэгээд л нэгнээсээ түрүүлж оргилыг эзлэхээр улайрцгааж боломжгүй тохиолдлуудад ч гэсэн команд өгсөөр байсан юм. Эцсийн үр дүнд нь 11 хүн нас барж үлдсэн хүмүүс нь дэлхийн дээвэрт гарах мөрөөдлөө орхиод бууцгаасан байдаг. Ийм л зүйл болсон. Гэхдээ би 8300-гийн кэмп байгуулахаар удаа дараа явж тийм өндөрт хүрч үзсэн. Оргилд хүрэхэд гуравхан цаг, 500-хан метр газар л үлдчихээд байсан юмсан.

-Тэр газар чинь оршуулгын газар шиг байдаг юм гэсэн биз дээ?

-Нас барсан хүнийг авах ямар ч боломж байхгүй. Хүмүүс өөрсдөө 30 килограмм ачаатай явна. Тэр их өндөрт чинь хүн хөдлөх ч тэнхэлгүй болчихдог юм билээ. Унагасан бээлийгээ ч авч чадахгүй тийм тэнхэлгүй болдог.

-Гурван сар шахам хугацаанд 6500 метрээс өндөр газар амьдарчихаад нам дор газар бууж ирэхээр ямархуу байдаг юм байна?

-Тэр нөхцөлд хоёр сар болоход үнэхээр дасан зохицчихдог юм билээ. Машинд явж чадахгүй, амь тэмцээд л байна. Таван мянган метрт бууж ирэхэд л амь тэмцэж эхэлнэ. Эхний шөнө нэг секунд ч унтаж чадаагүй. Хоёрдугаар сарын 25-нааставдугаар сарын 25-ны өдөр хүртэл явсан минь энэ. Ерөөсөө л тэр цасны хүн буюу алмас гэдэг шиг болчихсон байна билээ. Би 14 килограмм турсан. Хилийн цэргийн Даш генерал, ах дүүс минь намайг тосохдоо “Огт зүс үзээгүй хүн шиг болчихсон байна” гээд нулимс унагаж байсан юм.

-Ер нь та ямар шалгуураар Монголоос Эверестэд авирах анхны Монгол хүнээр сонгогдож байсан юм бэ?

-Нийт 100 уулчнаас 10-ыг нь шигшиж тэр арваас Б.Ганбаатар, П.Болдсайхан бид гурвыг үлдээсэн бид нэг сарын турш бэлтгэл хийгээд эмчийн үзлэгээр орж би явсан. Бид гурвуулаа Оргил рашаан сувилалд байрлаж Зайсан толгой руу байнга алхаж дасгал хийнэ. Эверестийн оргил гэдгийг анх очиж харсан түүх минь ингэж л эхэлсэн. Сүүлийн үед 120 сая төгрөгтэй болчихвол эрсдэл багатай авиралт хийдэг болчихсон байна. Г.Өсөхбаяр миний шавь. Л.Готовдорж хэмээх спортын мастер хүн бол түүний аав нь. Бас уулчин хүн. Би ийм зүйлийг авч явах ёстой, үүнийг анхаар гээд анх явахад нь мэддэг бүхнээ л хэлж өгөхийг хичээсэн дээ. Гэхдээ тэр үеэс өнөөдөр тэс өөр болчихсон юм билээ. Г.Өсөхбаяр маань “6500 метрийн өндөрт очлоо. Энд ирэхэд миний майхны дөрвөн буланд цэцэг хатгасан байна” гээд ярьж байсан. Би хоёр сар шахам өлөн явсны зэрэгцээ өөрөө очиж майхнаа барьдаг байсан бол одоо бүх зүйл нь бэлэн болчихсон юм билээ. Цаг үе ингэж сайхан өөрчлөгджээ. Компаниуд ивээн тэтгэдэг болчихож. Одоо хүн төрөлхтөн дэлхийн дээвэрт гарах бус харь холын гаригт хөл тавих нь хамгийн сонирхолтой зүйл болсон бололтой. 20 жилийн дотор л хүн төрөлхтөн ингээд өөрчлөгдчихөж байна.

Л.Мөнхтөр

Categories
мэдээ цаг-үе

Д.Батцогт: Бид баялаг бүтээгчдэдээ нэг удаа боломж олгох ёстой

УИХ-ын гишүүн Д.Бат­цогт­той ярилцлаа.

Сүүлийн хоёр жил шахам УИХ-ын чуулганаар эдийн засагтай холбоотой асуудлуудыг хэлэлцлээ. Хүндрэлийг даван туулах дараагийн хуулиуд ч УИХ-д өргөн баригдсаар байна. Та энэ бүхэнд ямар дүгнэлт хийж байгаа вэ?

-Эдийн засагт гарч байгаа үзүүлэлтүүдийг онолоор нь аваад үзвэл хүндрэл гэж тодорхойлогдоно. Хүндрэл нь юунаас болж үүсч байна вэ гэвэл ашигт малтмалын үнэ унаснаас үүдэлтэй. Хуучин ашигт малтмалын үнэ өндөр байхад их орлого олж хэт их тансагласны гор одоо гарч байна. Хөдөө орон нутгаар явахад нэг л зүйлийг хэлдэг. “Бараа бүтээгдэхүүний үнэ өсч, төгрөг сулраад хүндрэл байх шиг байна. Гэхдээ тартагтаа тулчихсан зүйл алга. Харин эдийн засгийн гэхээсээ илүү улс төрийн хямрал үүсчихээд байгаа юм биш үү. Та нар өөрсдөө хямраад байгаа юм биш үү” гэж. Энэ нь үнэний ортой. Төсвийн орлогын бүрдэлт муу байгаа нь үнэн. Манайхан мөнгө ихтэй жилдээ төсвөө хэт их тэлж төсвөө хийгээд сурчихсан. Харин өнөөдөр орлого буурсан ч тэр эрч, энерциэ буулгахгүй байна. Өөрөөр хэлбэл төсвөө томоор төлөвлөдөг ч орлого нь бүрдэхгүй байна. Тиймдээ ч УИХ эдийн засгийг сэргээх, эрчимжүүлэх олон хуулийг хийлээ. Хөрөнгө оруулалтын таатай орчныг бүрдүүлэхийн тулд олон алхмыг хийлээ. Хууль нь ч боломжийн болсон гэдэг дүгнэлтийг гадны хөрөнгө оруулагчид хэлж байгаа. Түрүүчээсээ хөрөнгө оруулалтаа сэргээх магадлал яригдаж байна. Нөгөөтэйгүүр дотоодын аж ахуйн нэгжүүд бизнесийн орчинд нэлээд саатал гарч эхэлсэн. Үүнийг эрүүлжүүлэх тал дээр УИХ ихээхэн анхаарах ёстой байгаа.

Ямар саатлууд гарсныг яаж засч сайжруулах ёстой гэж?

-Татварын асуудалтай холбоотойгоор аж ахуйн нэгжүүдийг хууль хяналтын байгууллагууд шалгадаг, дарамталдаг үзэгдэл ихэслээ гэсэн гомдол их ирж байгаа. Татвартай холбоотой дуулиан тарьсан хэргээс улбаалаад хууль хяналтын байгууллагууд их олон аж ахуйн нэгжийг тухайлан татварын асуудлаар шалгасан мэдээ бий. Энд том тоо яригдаж байгаа гэсэн үг. Ингэснээрээ бизнест тодорхой хэмжээний чөдөр тушаа болж байна. Миний мэдэхээр шударга татвар төлөгчид байгаа л байх. Гэхдээ ямар нэгэн хэмжээгээр татварын асуудалгүй аж ахуйн нэгж бий юу гэвэл тун ховор. Энэ алдаан дээр нь ажиллаж шалгаж, дарамталдаг нь бизнесийн орчныг доройтуулж байна л гэж үзэж байгаа. Тэгэхээр Эдийн засгийн ил тод байдлын тухай, Татварын өршөөлийн тухай хуулийг гаргах ёстой гэж үзэж байгаа. Би ямар нэг сонирхлын зөрчилгүй хүнийхээ хувьд шулуухан хэлэхэд бид баялаг бүтээгчдэдээ нэг удаа боломж олгох ёстой. Энэ олон аж ахуйн нэгжийг дарамтаас нь гаргах хэрэгтэй байна.

Татварын өршөөлийг ямар хэлбэрээр үзүүлнэ гэж байгаа юм бол?

-Эрүүгийн өршөөлийн хуулийг гаргах тухай яриа бий. Ингэхдээ уялдуулаад тооцоо судалгаатайгаар Татварын өршөөлийн хуулийг гаргах шаардлагатай болох болов уу. Хамгийн эн тэргүүний ээлжинд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг гаргах нь Монголын эдийн засагт бөглөрчихөөд байгаа мөнгөний урсгалыг сэргээхэд нэн хэрэгтэй юм. Дараагийн асуудал нь Ирээдүйн өв сангийн тухай хуулийг Ерөнхийлөгч өргөн барьж байна. Энэ хууль хамгийн чухал нь. Баялагтай оронд ийм төрлийн сан их байдаг. Төсвийн орлогоос давсан мөнгөний тодорхой хэсгийг нь ирээдүй хойч үедээ зориулан үлдээх хуримтлалын сан гэсэн үг. Ийм сан өмнө нь байсан уу гэвэл байсан. Гэхдээ улс төрийн намуудын сонгуулийн амлалтыг биелүүлдэг, мөнгө тараадаг болж хувирсан. Хүний хөгжил сангийн үйл ажиллагаанд би энэ үүднээс нь шүүмжлэлтэй ханддаг. Казахстан улс яг манай оронтой ижилхэн ашигт малтмал, газрын баялаг ихтэй. Өнгөрсөн жилүүдэд нефтийн үнэ дэлхийн ах зээлд нэлээд өндөр байсан. Их орлоготой үедээ тодорхой хувийг нь цааш нь хадгалсаар байгаад 147 тэрбум ам.долларыг хуримтлуулж чадсан байгаа юм. Харин өнөөдөр дэлхийн зах зээл дээр нефтийн үнэ уначихлаа. Тэгэхэд “Алдагдал гарч эхэллээ. Яг ийм үед хэрэглэх гэж энэ мөнгийг цааш нь хураажээ. Тиймээс 25 тэрбум ам.долларыг гаргая” гээд Ерөнхийлөгч нь зарлигдаж эдийн засгаа сэргээх асуудалд анхаарч байна. Тэнд бодлого зөв байсных нь ач тус гарч байгаа хэрэг. Харин бид өнгөрсөн хугацаанд гэнэтийн их ашиг олсон уу гэвэл олсон. Олсныхоо хэрээр зардаг, тансагладаг, баруун солгойгүй амладаг, цацдаг мөнхийн юм шиг эндүүрч явжээ. Тэгээд түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлд унахаар эдийн засаг уначихлаа гэж өөрсдөө хямраад байна. Тэгэхээр Ирээдүйн өв сангийн тухай хуулийг яг ийм төсвийн орлого бага, мөнгө төгрөг хомс үед баталж авах нь чухал. Мөнгө их, орлого их үед улстөрчдийн мөнгө үрэх хобби маш их байдаг. Тэгэхээр одоо л баталж авах хэрэгтэй. Хэлэлцүүлгийн шатандаа сайн анхаараад хуулийг батлах нь зөв. Энэ бүгд батлагдвал эдийн засагтай холбоотой томоохон асуудлуудаа УИХ шийдэж чадлаа гэж болно.

Татварын өршөөлийн, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг 2012 оноос хойш ярилаа. Ярьсаар байтал хөрөнгө оруулагчид нь зугтаж араас нь дотоодын баялаг бүтээгчид явчихлаа гэх шүүмжлэл гарч байна?

-Хэрвээ хуулийг батлах бол их хурдтай шийдэх ёстой. Үүнийг дагаад сөрөг үр дагавар гарах нь их байдаг. УИХ дээр ийм хууль өргөн баригджээ гээд батлагдах эсэх нь тодорхойгүй олон жил болчихоор бусдын тэсгэл алдардаг. Тэгэхээр УИХ яаж шийдсэнээ яаралтай ард түмэндээ мэдэгдэх ёстой. Би бол хурдхан батлах ёстой л гэж үзэж байгаа. Дахиад нэг Казахстаны жишээг дурдъя. Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг миний сонссоноор дөрвөн удаа гаргасан байдаг. Тэр бүрт нь эдийн засаг нь сэргэсэн, амжилттай хэрэгжсэн. Тэгэхээр гишүүд өөрсдийнхөө татварыг чөлөөлөх гэж байна гэж нэгнээ харддаг зангаа л татах хэрэгтэй. Бас нэгэнт сонгууль дөхсөн учраас нэг нь ажил хийх гэж нөгөө нь гацаах гэж оролддог дүр зураг дахиад л ажиглагдаж эхэлсэн байна.

Том төслүүдийн тухайд?

-Ард иргэд том төслүүдээ улиг домог болтол ярихын орондалдаа мадгийг нь засаад явуулаасай билээ гэж л хүсч байгаа. Гэтэл дахиад л улстөржсөн, талцсан чиг хандлага ажиглагдаж эхэллээ. “Оюу толгойн гэрээ урагшлах бололцоотой боллоо. Нэг алхам хийлээ” гэж Ерөнхий сайд мэдэгдсэн. Тэгвэл тэр асуудлуудаа хурдхан танилцуулаад явуулаасай. Ямар алдаа, ямар дэвшилд хүрсэн бэ гэдгээ бид ард иргэддээ тайлагнаж ярих хэрэгтэй. Оюу толгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалт орж ирээд, төсөл яваад эхэлбэл Монгол Улсад үр дүнгээ харамгүй өгнө. Шүүмжлэлүүд бий. Оюу толгойн гэрээ сайн болоогүй гэдэгт хүн бүр санал нийлнэ. Гэхдээ гадны хөрөнгө оруулагчид гэдэг тийм ч амархан бидэнд бууж өгөөд байдаг юм биш байна. Тэгэхээр Засгийн газраас тавьж байгаа саналуудаа зарим хэсгийг нь хүлээн зөвшөөрүүлж чадсан, нааштай үр дүн гарсан бол хурдхан явуулах хэрэгтэй. Таван толгойн гэрээ ч бас л их шүүмжлэл дагуулж байгаа. Нийт монголчууд хувь хүртээд явах ёстой. Энэ тохиолдолд гэрээг УИХ хуульд нийцүүлэх үүрэгтэй. Ямар зүйл нь хуульд нийцэж, харшилж байна вэ гэдэг зааг ялгааг нь хурдхан шиг асууж тодруулаад үнэхээр үндэсний эрх ашигт харшилсан зүйл байвал засч янзлаад явуулах ёстой. Мэдээж дандаа ийм байхгүй. Дэлхийн зах зээлд уул уурхайн түүхий эдийн үнэ сэргэнэ. Тэр цагт Монгол Улс дахиад мөнгөтэй болно. Тэгэхэд нь олсон орлогоо зөв удирдах, төсвийн сахилга баттай байх зөв сууриа бид тавьж чадлаа. Сонгууль дөхсөн учраас бүх зүйлийг харлуулах өнгө аяс харагдаж байна. Бид ухаантай байх ёстой. Сонгууль болдгоороо болоод л дуусна. Амьдрал үргэлжлэх учраас асуудалд ултай суурьтай хандах ёстой байна.

Таван толгойн төслийг энэ УИХ явуулж чадах уу. Улстөрчдийн зөрчил нь тээг тавьчихлаа гэсэн шүүмжлэл гарч байна. Захирлыг нь хүртэл хорьж цагдаад хуулийн байгууллагууд хүртэл хутгалдчихав уу?

-Хоёр толгойн төслийг явуулаасай гэдгийг Монголын бүх ард түмэн л хүсч байгаа. Алдааг нь засах эрхийг нь УИХ, ард иргэд нь Засгийн газартаа өгөөд сонголтоо хийчихсэн. Тийм учраас ажиллах эрхтэй хүмүүс нь улстөржиж талцалгүйгээр ажиллах ёстой. Хуульд нийцсэн байдлаар гэрээг нь гаргаад аль болох хурдан явуулах хэрэгтэй. Асуудлыг тойроод олон өөр хэл ам байна. Эрдэнэс Таван толгойнгүйцэтгэх захирлыг шалгаж байгаа асуудлыг Таван толгойн хэлэлцээртэй холбож үзмээргүй байгаа юм. Ийм газарт ажилладаг улсуудад янз бүрийн хөрөнгө идэж уусан байж магадгүй гэсэн хардлага байнга л байдаг. Угаасаа ажилласан газар нь тийм хэл амтай. Шалгах шаардлага байгаад хууль хяналтынхан шалгасан байх. Гэхдээ манай хууль хяналтын байгууллагууд хүнийг хорьж цагдаад залхаан цээрлүүлэх ажиллагаа явуулдаг арга барилаасаа салах хэрэгтэй. Нотлох баримтууд бүрдүүлээд түүндээ түшиглээд хэргийг шийдэж байх ёстой. Тэгэхгүйгээр нэг газарт хорьчихоод асуух ч үгүй, байцаах ч үгүй байна гэдэг шүүмжлэл сүүлийн үед маш их гарч байгаа. Энд хүний эрх зөрчиж байгаа тохиолдол олон бий. Монгол ардчилсан, хүний эрхийг дээдэлдэг орон. Тиймээс хүний эрхийг дээдлэх тал дээр УИХ, Засгийн газар нь ч, хууль хяналтынхан ч анхаарч хичээх шаардлагатай.

Төрийн өмчит компанийн гэрээг заавал УИХ хэлэлцэх шаардлагатай юм уу. Эрдэнэт, Оюу толгойн зэрэг олон гэрээг хэлэлцээгүй байж яагаад заавал Таван толгойнa гэрээг УИХ руу татаж оруулах ёстой гэж?

-Өргөн баригдсан гэрээтэй танилцаагүй учраас шулуухан хэлэхэд хэцүү. Гэрээтэй танилцсан гишүүн ч алга. Дандаа сургаар л ажиллаж байна. Тэгэхээр нарийн тодорхой зүйлийг хэлж мэдэхгүй нь. Гэхдээ УИХ бүх зүйлийн чөдөр тушаа гэж харж болохгүй. Ер нь энэ бүхний хариуцлагыг явж явж УИХ-ын гишүүд тойрогтоо очиж тайлан тавьж, хүлээдэг. Тийм учраас ярих ёстой. Ярихдаа асуудлыг гацаах бус явуулахын тулд ажиллаж чиглэлийг Засгийн газарт өгөх ёстой. Гэхдээ УИХ-ын гишүүд аж ахуйн нэгжийн гэдэс дотор руу өнгийж харахдаа тун бодолтой байх ёстой.

Л.МӨНХТӨР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголын төр, улстөрчид ард түмнийхээ өлсгөлөн ходоодоор популизм хийж эхэллээ

УИХ-ын хаврын чуулган нээлтээ хийгээд удаагүй байна. Эдийн засгийн хямрал, хүндрэл, ам.доллар, валютын хомсдол, үнийн өсөлт дээд цэгтээ хүрсэн энэ үед иргэд төрөөс их зүйлийг харж байгаа. Гэтэл өмнө нь улс орны амин чухал асуудлуудыг хэлэлцэж шийдвэрлэдэг улиг болсон тэр л жишгээрээ УИХ-ын хаврын чуулган үргэлжлэх нь. Таван толгой дээрээ хүчтэй талцаж таг зогсоож аваад, тийм ч өндөр насалдаггүй иргэдийнхээ тэтгэврийн насыг нэмэх бодлого гаргаж, Олон улсын конвенцид нэгдэн орох тухай, Соёрхон батлах тухай хэд хэдэн ч төслийг ярилцаад ёстой л жижиг сажиг зүйлээр зугаагаа гаргасан шигээ хаврын чуулганы өдөр, хоногийг өнгөрүүлж буй. Засгийн газар нь ч ийм л төсөл, иймхэн л санал санаачилгуудыг оруулан хэлэлцүүлж байна. Хямрал, хүндрэлийг даван туулах бодитой ажил санаачлах нь бүү хэл энэ талаар дуугарахаа ч байлаа.

Эрхбиш сонгууль дөхсөн болохоор гишүүд нь сүүлийн гурван жил очоогүй тойрогтоо очиж иргэд, сонгогчдыг энд тэнд цуглуулж баахан бужигнуулаад ирцгээсэн бололтой. “Ард түмэн минь хэзээ ингэтэл ядуурчихав аа. Тал талх, ширхэг төмсөөр голоо зогоож байгаа юм байна. Дорж гуайн тэтгэвэр нь амин зуулгадаа ёстой хүрдэггүйг мэдлээ. Одоо яах вэ” хэмээн шуугилдаж эхэллээ. Ард түмэн өлөн зэлмүүн байгаа нь үнэн. Энэ үнэнийг УИХ-ын гишүүд сая чуулганы завсарлагаар л олж харсан бололтой. Тэгээд одоо л ярьж эхлэх шинжтэй. Ярихдаа шийдвэртэй нэг ч үг дуугарахгүй нөгөө л популизмынхаа арга барилаар хашгичих төлөвтэй. Ирэх жилийн сонгуульдаа бэлдэж иргэдэд таалагдахын тулд өмнөөс нь өлсөхөд ч бэлэн байгаа мэтээр аяглаж байна. Хэдийгээр улстөрчдийн ярианд популизм, хийрхэл байгаа ч өлсгөлөн, гуйланчлалтай нүүр тулж, байдал хэцүүхэн байгаад санаа зовниж эхэлжээ.

Тухайлбал өнгөрсөн долоо хоногт УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэг чуулганы индэрээс ингэж ярьсан юм. “Улсын хэмжээнд 238 мянга 400 ахмад бий. Түүнээс 96 мянга 900 ахмад нь 230 мянган төгрөг буюу хамгийн доод тэтгэвэр авч байгаа. Саяхан шийдвэрлэсэн тэтгэврийн нэмэгдэл 22 мянган төгрөгийг нэмээд 230 мянгыг авч байгаа юм шүү. Ахмадууд тэтгэвэр аваад эхний арав хоногт нь махтай хоолоо иддэг. Сүүлийн 20 хоногт өлсч үхэхгүйн тулд цувдай, шар будаагаар голоо зогоож байна” хэмээн ярьж байсан.

Ер нь 2012 оноос хойш Засгийн газар хоёр удаа тэтгэвэр нэмлээ. Тэтгэвэр нэмчихлээ гээд ам таглаад байгаа боловч 2012 оноосоо ч буурчихсан байна гэж би харж байгаа. 2012 онд тэтгэврийн доод хэмжээ 180 мянга 300 төгрөг байсан. Үүнийг тэр үеийн ам.долларын ханшаар шилжүүлбэл 129 ам.доллар болдог байсан. Харин өнөөдөр 230 мянган төгрөгийн тэтгэвэр авч байгаа. Энэ нь 116 ам.доллартай тэнцэж байна. Талхаар тооцоод үзэхэд л ямархан хэмжээнд буурсныг харж болно. Одоогоос гурван жилийн өмнө буюу 2012 онд талх 600 төгрөг байж. Харин одоо талх 1100 төгрөгт аль хэдийнэ хүрчихэж. Ахмадууд 180 мянган төгрөгөөрөө 2012 онд 300 ширхэг талх авч болдог байсан юм. Гэтэл одоо 230 мянган төгрөгөөр 200 ширхэг талх худалдан авч байна. Гурван жилийн өмнөхөөсөө 100 талх дутуу идэж байна, тэд. Бас цэргийн албан хаагчдын тэтгэвэрт цолны нэмэгдэл ордог юм байна. Гэхдээ насаараа хурандаа цолтой цалин өндөр, хангамж сайтай явсан хүмүүст л тэтгэвэрт гарахад нь цэргийн албан хаагчийн цолны нэмэгдэл гэж өгдөг. Бусдыг нь хохь чинь гээд үлдээдэг” хэмээж байв. Зөвхөн талх ч бус бүхий л бараа бүтээгдэхүүний үнэ өсч иргэдийн худалдан авах чадвар ингэтэл буурчихаад байгаа. Л.Эрдэнэчимэг гишүүний яриагаар гурван жилийн дотор тэтгэврийн насныхны идэх хоолноос 100 талх сох дутжээ. Энэ бол төр барьж буй хүмүүсийн чанар ямар байгааг илэрхийлж байгаа хэрэг.

УИХ-ын гишүүдийг ингэж ярихтай зэрэгцээд импортлогч, үйлдвэрлэгч эзэд ч сурталчилгааны хэлбэрээ өөрчлөөд байгаа. Өмнө нь хүнсний чанарыг дээд зэргээр хангасан гэж бүтээгдэхүүнээ рекламддаг байсан бол одоо чанарын тухай дурсахаа ч больжээ. Энэ талх өмнөхөөсөө илүү том хэрнээ арай хямд гэх мэтээр хүмүүсийн тархинд хүргэх бус ходоодоор нь даллах сурталчилгаа давамгайлж эхэлсэн байна. Амттай чанартай гэхийн оронд та бүхэн цадна гэдэг болчихож. Хүнсний бүтээгдэхүүний зөв хадгалалт, аюулгүй байдал ч бүр орхигдож гүйцлээ. Ирэх долоо хоногт үйлдвэрлэсэн огноотой талх, нарийн боов, боловсруулсан махан бүтээгдэхүүнүүд өнөөдөр зарагдаж байх нь байдаг л зүйл болчихож. Хугацаа нь дууссан хүнсний бүтээгдэхүүнийг ч хямд л гэвэл хүмүүс булаацалдаад л авч байна.

Дээрээ суудлаа олохгүй бол доороо гүйдлээ олохгүй гэдэг шиг төрийг бүрдүүлэгч нам хүчин, улстөрчдийн энэ их талцал дунд иргэдийн амьдрал ингэж хохирч, сүйрчихээд байна. Шийдэл харагдахгүй байгаа учраас иргэд өмнө нь хэзээ ч ярьдаггүй байсан зүйлсээ ярьж эхэлжээ. “Энэ УИХ-ыг тарааж ээлжит бус сонгууль явуулъя” хэмээн 1990 оноос хойш сонсогдоогүй үгс ч чих дэлсч эхэллээ. Ямар ч үнээр хамаагүй төрд гарахын тулд уул уурхайгаас хүн бүрт ашиг, ногдол өгнө гэсэн популизмынхаа балгийг баллуурдах тухай огт ярихгүй байгаа учраас эцэст нь ийм арга хэмжээ байдгийг иргэд сануулж эхэлсэн нь энэ байх.

Одоо ард түмнийхээ өлсгөлөн ходоодоор нь популизм хийгээд орхилгүй арга хэмжээ аваасай. Хүмүүс гэдэс цатгалан, мөр бүтэн байж л улсдаа юу хийж өгч чадах вэ гэдгээ бодож сэтгэдэг юм гэсэн.

Л.МӨНХТӨР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

З.Энхболд: Нам өмчгүй байх нь зүйтэй, хууль гарвал байраа хүлээлгэж өгнө

УИХ-ын дарга, АН-ын дарга З.Энхболд өчигдөр төвийн хэвлэл мэдээллийн байгууллагуудын сэтгүүл­чидтэй зангиагүй уулалт хийлээ. Уулзалтад “Өдрийн сонин”, “Ардчилал сонин”, “Ньюс.мн”, “Мэдээ.мн”, “Ikon.mn”, “Тв-5”, “Ийгл”, “UBS”, МҮОНРТ-ийн сэт­гүүлчид оролцлоо. УИХ-ын дарга З.Энхболдын ярилцлагыг хүргэе.

-Хамгийн сүүлийн үеийн үйл явдал АН фракцгүй болох тухай байлаа. Яагаад гэнэт ийм шийдвэр гаргав?

-Фракц гэдэг бол хэсэг гэсэн үг. Нам намаараа л нэг хэсэг болж байгаа юм. Түүнээс Германы Социал демократ нам дотор, Христийн ардчилсан нам дотор янз бүрийн фракц байх нь утгагүй.Тиймээс бид дэлхийн улс төрийн жишгийг дагаж явах хэрэгтэй болчихоод байна. Хамгийн том зорилго нь намын жирийн гишүүдийн захиалга байсан. Тэгээд фракцгүй болсон. Цаашид би асуудалд фракцийн арга барилаар хандахгүй. Жилийн дараа нэр дэвших 76 хүнээ ҮЗХ томилох ёстой. Тэгэхэд намын жирийн гишүүдээсээ хамгийн их санал авсан хүнийг л гаргана. Аль фракцийнх вэ гэдгийг нь огтхон ч сонирхохгүй. Хамгийн их амжилт гаргах хүнээ олж сонгохын тулд фракцгүй болж байгаа.

-АН-ыг фракцгүй болсон гэж итгэлтэй хэлээд байна. Нэг удаагийн уулзалтаар энэ асуудлыг шийдчихсэн гэхээр итгэл төрөхгүй байна?

-Фракцуудыг урамшуулсан тог­толцоог Н.Алтанхуяг дар­гын үед явуулсан. Намайг дарга болох хүртэл фракцууд чөлөөтэй байж түүнийг ажлаа явуулах арга гэж үздэг байлаа. Намын дүрэмд фракцтай байна гэсэн зүйл байхгүй. Та бүхэн санаж байгаа бол 2006 онд Ц.Элбэгдорж Ерөнхий сайдаас огцорч АН-ын дарга болж фракцгүй болно гээд сонгуульд тодорхой амжилт гаргаж байсан. Сонгууль дөх­сөн үед фракцаараа ялгарч болохгүй. Сонгууль сахилга батыг шаарддаг. Гэтэл тав, зургаан групп болчихоод өөр өөр зүйл яриад байхаар сонгуульд амжилт олохгүй нь тодорхой. Фракцийг дуртай нь байгуулаад дуртай үедээ салгачихаж болдоггүй зүйл болохоор үүнийг дэмжихээ больё гэж байгаа юм.

-Та “Толгой компаниу­даас хамааралтай намуу­дын санхүүжилтийн асууд­­лыг цэгцэлнэ” гэж ярьдаг. Тэгэхээр 2016 оны сонгуулийн санхүүжилтээ яаж бүрдүүлэх вэ. Улс төрийн намын, Сонгуулийн тухай хуульд яаж тусгах бол?

-Намын санхүүжилтийг шийдэхээс өөр аргагүй бай­далд хүрсэн. Намын дарга нар хамгийн их мэдэрч байна. Би урьд нь намын дарга байгаагүй учраас асуудал хол байжээ. УИХ-д суудалтай намуудын даргатай яриад “Нам шилэн данстай байхгүй бол намуудад итгэх итгэл алдагдаад байна. Том компа­ниудын халаасанд орсон байна гэж шүүмжлээд байна. Энэ үнэн” гэдгийг ерөнхийдөө тохирсон. Үүнтэй холбоотой гурван хуулийн төсөл бэлдчихээд жил боллоо. Намын тухай, Намын санхүүжилтийн тухай, Улс төрийн сонгуулийн тухай гэж. Энэ гурван хуулиа ярьсаар эцэст нь нийлүүлж нэг болгох нь зүйтэй юм байна. Улс төрийн намын тухай хуулиа хүчингүй болгож, санхүүжилт нь тодорхой байлгах. Тэгээд улсын төсвөөс авдаг хэсгээ нэмье гэж байгаа. Тэгж байж том компаниудын халаа­санд орохгүй байх бодлого хэрэгжинэ. Гэхдээ нам 100 хувь улсын төсөв дээр сууж болохгүй. Гишүү­дийнхээ нуруун дээр ачаа үүрүүлэх ёстой юм байна. Санхүүжилтийнхээ 50 хувийг гишүүдээсээ авах нөхцөлийг тавьдаг юм билээ, Герман. 50 хувиа аваагүй бол улсаас өгөх мөнгийг багасгачихдаг.

-Нэр дэвшигчдээс мөнгө авах уу?

-Нэр дэвшигчдээс мөнгө авахыг тэглэх гэж байгаа. Урьд нь авдаг байсан 50 сая төгрөгийг чинь авахаа болино. Чи тойргийнхоо сонгогчдод наад мөнгөө зарцуул гэнэ. Намуудын гол бэрхшээл сон­гуулийн үед гардаг. Тэрбумаар яригдах хөрөнгөөр сонгуульд ордог. АН хамгийн сүүлд хоёр тэрбум төгрөгийн тайлан СЕХ-нд бичиж өгсөн. Ирэх сонгуулиар ийм хэмжээний мөнгө гарах байх. Тиймд Сонгуулийн хуулиа мөнгө бага зарцуулахаар бодож өөрчлөлтүүдийг хийнэ. Миний ярьж байгаа яриа бүхэн удахгүй УИХ-аар хэлэлцэгдэж гарах гэж байгаа Сонгуулийн тухай, Улс төрийн намын тухай, Намуудын санхүүжилтийн тухай хууль дээр тусгалаа олоод гарна.

-Энэ санаачилгатай зэрэгцээд АН-ынхан өрх тусгаарлах тухай яриа гарах боллоо. Фракцгүй болно гэдгээс дайжсан үйлдэл байж болох уу?

-Л.Гүндалайг хэлж байгаа бол байнга орж гарч байдаг болохоор сонин биш. Миний мэдэхээр хоёр дахиа АН-д орж, хоёр дахиа шинэ нам байгуулж байна уу. Тэгэхээр Л.Гүндалай шиг тогтворгүй хүмүүсээр АН дутахгүй. Л.Гүндалай “Шинэ засагт сайд болгохгүй бол АН-аас гарлаа” гэсэн. Тэгэхэд нь “Чамайг сайд болгохгүй ээ. Намаа байгуулна уу, өөрөө мэд” гэсэн. Ийм шантаажчингуудаар АН дутахгүй. Өөр хүмүүс нам байгуулна гэж байгаа тухай сонсоогүй.

-ҮЗХ-ны ротаци, Их хурлын тухай яриа их байдаг. Энэ асуудлыг яаж шийдэх вэ?

-Улс төрийн намуудын тухай хууль гарахаар бүх намуудыг дүрмээ солихыг шаардана. Одоо намууд олон янзын бүтэцтэй байна. Ганц хүний нам хүртэл бий. Тэгэхээр улс төрийн гэрчилгээтэй л бол нэг дүрмээр, нэг хуулийн дагуу явъя. Бүх зүйлээ хуульдаа нийцүүл гэдэг үүрэг өгөх гээд байгаа юм. Жишээ нь УИХ-д нэр дэвшигчдээ бүх нам жирийн гишүүдээсээ асууж, дотоод санал явуулах миний санал дэмжигдвэл ҮЗХ нь эцсийн шийдвэрийг гаргаж СЕХ-нд бичиг явуулна. Гэхдээ жирийн гишүүдээс хамгийн их санал авсан хүнийг сонгоно. Сүүлийн зургаан жил юу болсон бэ гэхээр намынхаа эв нэгдлийг хадгална гэдэг нэрээр дотоод бүх сонгуулиа зогсоочихоод байгаа. Сая дөрөвдүгээр сарын 7-ны баярын хурал дээр лоозон барьсан баахан залуус орж ирсэн. Тэд “Зургаан жил хаасан намынхаа хаалга цонхыг онгойлго. Бид ормоор байна” гэсэн. Тэднийг байж л байг гэхэд хэдэн гишүүн очоод хөөчихсөн. УИХ-ын сонгууль, аймгийн ИТХ, нийслэлийн ИТХ-д дэвших гэсэн олон сайн боловсон хүчин байна. Гэтэл бид хаалга, цонхоо хаагаад байсан нь буруу байсан юм. Сая намын дарга болоод төрийн албанд шилжсэн хүмүүсийн оронд нөхөн сонгуулийг зөвшөөрсөн. Зөвшөөрөнгүүт сонгуульд ялагдсан гомдогсод нь суулт хийгээд эхэлсэн. Энэ л намын төлөвшилд нөлөөлөөд байгаа юм. Ийм улс төрийн соёл манай намд аяндаа төлөвшинө, бид хаалга, цонхоо нээж шинэ сайн хүмүүс орж ирэх замыг засах ажлаас ухрахгүй. Тэр лоозон барьсан Мөнх-Эрдэнэ гэж залуутай ганцаарчилж уулзаад гар бариад тохироод салсан юм. Мөнх-Эрдэнэ Баянхонгор аймгийн уяачдын холбооны дарга. Өөрийгөө дараагийн УИХ-ын гишүүн гээд бодчихсон нөхөр. “Баянхонгор аймагт Д.Ганбат, Х.Баттулга гэдэг хоёр гишүүнтэй, чамд боломж байхгүй” гэж хэлсэн. Одоогийн УИХ-ын 35 гишүүн өрсөлдөгчгүй нэр дэвших эрхтэй. Энэ бол манай намын уламжлал. Тэгсэн “за, ойлголоо” гээд гарсан. Гарангуутаа “АН-ын дарга огцор, би нэр дэвшинэ” гээд байгаа. Намын доторхи сахилга батаа барьж амбийцаа дарах ёстой. Монгол Улсын хаана ч очоод нэр дэвших эрх Мөнх-Эрдэнэд байгаа юм. Гэтэл заавал Баянхонгор аймагт нэр дэвшинэ гээд яваад байгаа учраас үгүй гэж хэлэхээс өөр арга байхгүй.

-Намын төсвийг нэмнэ гэдэг татвараас авна гэсэн үг. Үүнийг ард түмнээс асуух уу. Томоохон төслийг урагшлуулах, машины жолоог шийдэх гээд санал асуулга давамгайлдаг болсон байна?

-Ч.Сайханбилэг Ерөнхий сайдын асуулга явуулсныг зөв, буруу гээд ярьж байгаа. Гэхдээ тэр асуулгын дүнд итгэхэд хэцүү. 10 жилийн сурагч хүүхдүүд баахан санал өгчихөж байгаа. Тэр утасны цаана хэн байгааг мэдэхгүйгээр асуух нь мөнгөний гарз болоод байгаа юм. Үнэхээр сонгогч бүхэн утасныхаа номерыг хэлж, албан ёсны бүртгэлтэй гэдгээ тодорхойлоод санал бодлоо чөлөөтэй илэрхийлсэн тийм байдлаар асууж болно. Харин Намын санхүүжилтийн тухай та бүхэнд ярьж байгаа нь өөрөө “Та бүхнийг цааш нь түгээгээд өгөөч ээ” гэж байгаа хэрэг. Тэгээд УИХ-аар хэлэлцэх үеэр хэн дуртай нь саналаа хэлж, цаасаар ирүүлж болно.

-Танаас өмнө намын дарга хүн Ерөнхий сайдын албыг давхар хашиж ирсэн. Харин та УИХ-ын дарга. Үүнийг яаж хардаг вэ?

-Яагаад Ерөнхий сайд болоогүй вэгэвэл намын дүрмээр АН 39 ба түүнээс дээш суудал авсан тохиолдолд дарга нь Ерөнхий сайд болох ёстой. Гэтэл өнгөрсөн сонгуулиар 31 суудал авсан. Явцын дундД.Батцогт, Д.Арвин Өвөрхангайн хоёр нэмэгдэж 35 суудалтай болсон. Тэгэхээр намын дарга Ерөнхий сайд болох дүрмийн шаардлага хангагдахгүй байгаа юм. Хоёрдугаар онцлог нь Засгийн газрыг байгуулахдаа эдийн засгийн хямралтай тэмцэх гэж байгуулсан. Аль ч нам олонх, цөөнх болоогүй тохиолдолд намын дарга нь Ерөнхий сайд болох нь зохимжгүй гэж үзсэн. Мөн улстөржилтөөс эдийн засгаа хол байлгая гэсэн зорилгоор Ерөнхий сайдад аль нэг намын дарга бус хүнийг томилсон. Асуудалд улстөрийн өнцгөөр хандаж хийх ажлаа УИХ-ынхаа танхимд хязгаарлая, гүйцэтгэх засаглалд олон намын дарга орчихоор ажлаа хийхийн оронд манай нам илүү гэдэг байдлаар асуудалд хандахад хүргэдэг. Та бүхэн санаж байгаа бол С.Баяр Ерөнхий сайдын үед манай намын дарга Тэргүүн Шадар сайд байлаа. Сү.Батболд Ерөнхий сайдын үед бас байсан. Тэр үед С.Баяр нь Сү.Батболд нь Н.Алтанхуягт үүрэг өгөхөд олон суудалтай намын дарга нь цөөн суудалтай намын даргадаа үүрэг даалгавар өгч байгаа юм шиг зохимжгүй зүйлүүд ажиглагдсан учраас бүх намын дарга нь УИХ-даа орцгоо гэсэн. МАХН, МҮАН-аас бусад бүх намын дарга нар УИХ-д байгаа.

-Сонгуулийн тогтолцоогоо асууна гээд байгаа. АН ямар байр суурьтай байгаа вэ?

-Би үүнийг мөнгөний гарз гэж үзэж байгаа. Яагаад гэвэл жижиг 76 байх уу, 48:28 байх уу гэдэг нь зургаан тэрбум төгрөгийн үнэтэй асуулт биш. Бас Монголын ард түмний тусгаар тогтнолтой тэнцэхээр том асуудал уу гэдэг асуулт гарч ирж байгаа. 1945 оны анхны ард нийтийн санал асуулгаас өөрөөр монголчууд санал асуулга явуулж байгаагүй. Дөрвөн жил тутам явдаг сонгууль нь өөрөө хамгийн том санал асуулга. Үүгээр Монголын ард түмэн байр сууриа илэрхийлэх ёстой. Бидэнд сонгуулийн тухай хууль байна. Тиймээс АН дэмжихгүй.

-АН ямар тогтолцоог дэмжиж байгаа гэсэн үг вэ?

-Жижиг 76-н тойргоор яагаад сүүлийн хоёр сонгуулийг явуулаагүй юм бэ гэдгийг ярих ёстой. 2000 онд жижиг 76-н тойргоор явуулсан. Үүний хамгийн том дутагдал бол 2000 онд МАХНнийт ард иргэдийн 51 хувийн санал авч чадаагүй. Бүх саналыг тоолоод үзвэл. 51 хувийн санал авч чадаагүй байж УИХ-ын 76 суудлын 72-ыг авсан. Үндсэндээ Монголын ард түмний 50 хувь нь МАХН-д санал өгөөгүй байхад парламентын суудлын 90 гаруй хувийг авч болж байна. Ийм учраас 2008, 2012 онд тойрог томсгож явуулсан юм. Жагсаалт бол хүмүүсийн саналыг байгаагаар нь тусгадаг арга. Намын нэрээр санал авбал АН-д 50 хувь нь, МАН-д 40 хувь нь ч юм уу саналаа өглөө гэж бодъё. Гэтэл тэр өгсөн саналаар парламентын суудлын 40, 50 хувь гээд хувааж авна. Ард түмний өгсөн санал тэр чигээрээ УИХ-д тусах ёстой болохоос намын жагсаалтын ард хэдэн хүн нуугдаад гишүүн болохыг хэлээгүй юм. Жижиг 76 руу оръё гэдэг нь улам муутгах гээд байгаа учраас зөвшөөрөхгүй байгаа юм. Жишээ нь, АН-ын дүрмээр бол 76*3=228 гэж тооцож ҮЗХ-ны гишүүдээ сонгодог. Нэг суудалд гурван хүн бэлтгэж байгаа гэсэн зорилгоор энэ тоог гаргасан. Тэр гурвын хамгийн сайн нь 76-д өрсөлдөнө. Дүрмээр 228 хүн бүгд нэр дэвших эрхтэй. Гэтэл 2012 онд намын жагсаалтыг гаргахдаа ямар алдаа хийсэн гэхээр хэзээ ч УИХ-ын гишүүн байгаагүй хүнийг жагсаалтад оруулсан. Тэр нь атаархал дагуулсан. Өмнө нь УИХ-ын гишүүн байгаагүй Р.Бурмаа, М.Батчимэг, Ш.Түвдэндорж, Д.Эрдэнэбат жагсаалтадороод гишүүн болсон. Харин энэ удаагийн жагсаалтад УИХ-ын гишүүн байгаагүй хүнийг оруулахгүй. Зарчмуудаа 228 гишүүнтэй яриад эхэлсэн. Нэг хүн дахиад жагсаалтад орохгүй. Жишээ нь, би дахиад жагсаалтад орохгүй, аль нэг тойрогт өрсөлдөнө. Жагсаалтаа хариуцлагатай болгочихвол ард түмний намд итгэх итгэл сайжирна. Чи жагсаалтад ормоор байвал УИХ-ын гишүүн байж үз. УИХ-д нэр дэвших бол дор хаяж сумын хурал, цаашлаад аймгийн, дүүргийн нийслэлийн хуралд төлөөлөгч бай. Ингэж шат дамжлагаа хийхгүй болохоор Баянхонгорын уяачдын холбооны тэргүүн шиг хаана ч сонгогдож үзээгүй мөртлөө шууд УИХ-ын гишүүн болохыг мөрөөдөөд байгаа. Ийм засаг захиргаагүй байдал хаана ч байж болохгүй.

-Тэгэхээр АН залуучууддаа улам л хаалттай болоод байгаа юм биш үү. 20-25 жилийн өмнө АН-ын удирдлагад байсан хүмүүс өнөөдөр хэвээрээ яваа?

-Залуу хүн эхлээд өөрийгөө засах хэрэгтэй. Жишээ нь, Мөнх-Эрдэнийг УИХ-ын гишүүн болох яагаа ч үгүй байна гэж харж байгаа. Эхлээд аймгийн ИТХ-ын төлөөлөгч болох хэрэгтэй. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, АН-ын дарга З.Энхболд хоёр 1990 оны ардчилсан хувьсгалын тэргүүн эгнээнд байгаагүй. Бид Э.Бат-Үүл, Ц.Элбэгдоржийн дараа гарч ирсэн шинэ үе. Тэгэхээр АН үеэ шинэчлээд явж байна. Үе солигдож байгаа үед оочер дайрах гэснийг зөвшөөрөхгүй. АН-ын дотоод ажилд хэрхэн оролцсон гээд оноо өгдөг тогтолцоо бий. Улс төрийн албан тушаал бол 1600-1700 багийн Засаг дарга, 330 сумын Засаг дарга, түүний орлогч, сайд, дэд сайд нар. АН 2016 оны сонгуульд бүтэн яллаа гэхэд бид ихдээ л 3000 орчим хүн солих эрхтэй. Үүнээс цааш Төрийн албаны хуулиар хориотой. Энэ 3000 дотор орсон байвал АН-ын үнэ цэн бүхий гишүүн. Түүнээс биш ирэх сонгуулиар 1950-аад онд төрсөн нь болиод 1960-аад онд төрсөн хүмүүс орно шүү гэж механик аргаар зохицуулж болохгүй.

-Сонгууль дөхөж намуудын рейтингийн судалгаа гарч эхэллээ. АН-ын рейтинг нэлээд унасан байна. Ирэх жилийн хугацаанд намынхаа нэр хүндийг сэргээх боломж байгаа гэж харж байна уу?

-Рейтинг гэдэг харьцангуй ойлголт. Өнөөдөр асуухад нэг өөр, маргааш асуухад бас өөр гардаг. Глобалчлал гэдэг зүйл явагдсанаас хойш дэлхий нийтэд төрд итгэх итгэл, улс төрийн намд итгэх итгэл тогтмол бууж байна. Рейтинг яригдаад байдаг учраас 1960 оноос 2015 он хүртэлх Америкийн ард түмний төрдөө итгэх итгэлийн судалгааг та нарт үзүүлэхээр авч ирсэн. Кеннедиг Ерөнхийлөгч байхад буюу 1960 онд ард түмний 80 хувь нь төрдөө итгэдэг байсан бол 2015 онд 24 хувь болтлоо буурсан байгаа юм. Гэхдээ л энэ нь төр барьдаг хоёр намыг орхиж шинэ намыг гаргаж ирэх хүчин зүйл бас л болохгүй байдаг. Ингэж 55 жилийн турш төр, төрийг бүрдүүлдэг улс төрийн намын үүрэг роль өөрчлөгдөөд байна. Санаж байгаа бол 1990 онд намуудын нийлбэр рейтинг бараг 99 хувьтай байсан. Саяын судалгаагаар 50 хувьтай байна. Манайд 2012 оны сонгуульд “Шударга ёс” эвсэл бүлгийн босго давснаас хойш гурав дахь намын үүрэг гарч ирсэн. Энэ нь зөвхөн АН-ын асуудал биш бүх намууд ард иргэдийнхээ төрд, улстөрд итгэх итгэлийг сэргээх тал дээр шинийг бодох шаардлага гарч ирснийг харуулж байгаа. Тийм учраас хуулиудад өөрчлөлт оруулж дансаа шилэн, хэнээс хандив авснаа ил болго гэж байна. Намынхаа гишүүдээр шийдвэр гаргуул. Магадгүй зовлонтой байх ч үүнээс өөр сайн арга бодож олоогүй.

-Боловсон хүчний тухайд ямар бодолтой байдаг вэ. Сонгуулиар хурган даргын цүнх барьж гүйгээд яаманд алба, хэлтэс удирддаг жишиг тогтчихлоо?

-Төрийн албаны тухай хуулийг та бүхэн мэднэ. Төрийн алба намаас хамаардаггүй. Гэхдээ намууд сонгуулиар ажилласан хүмүүсээ урамшуулахын тулд Төрийн албаны хуулийг зөрчдөг. Сая би чуулганы нээлтэд үг хэлэхдээ С.Чинзориг сайдын тушаалыг буруу, залруулах хэрэгтэй гэдгийг Ерөнхий сайдад хэлсэн. Яагаад буруу вэ гэвэл сайд болуутаа өөрийнхөө намын хүнийг ажилд авах гэдэг өвчин бол зөвхөн С.Чинзоригийнх биш.

Манай намынхан ч ийм. Хуучин Хөдөлмөрийн сайд ажилтнуудаа үүрэг гүйцэтгэгчээр ажиллуулсан алдаа бий. Тэр нь С.Чинзоригийн ажилтнуудаа халах үндэслэл байж болохгүй. МАН засагт орсон гэдгээрээ өөрийнхөө хүмүүсийг ажилд оруулах бодлогыг үүнээс хойш зогсооё. Төрийн алба намуудад хөтлөгдөж явдгийг буруу гэж үздэг. Ингээд биелүүлэхгүй бол сайдын ажилтай л ярина.

-Шантааж хийдэгУИХ-ын гишүүд ч байгаа. Асуудлаас гарч чадна гэж та бодож байна уу?

-Намын санхүүжилт, хэн ямар албан тушаалд дэвшиж байгаа гээд бүгдийг ил болгочих. Жирийн гишүүд, олон түмнээр шийдүүлсэн зүйл бол хэзээ ч алдахгүй. Хэдхэн хүн шийдсэн асуудалд алдаа мадаг гаргах аюултай. Тиймээс хаалга, цонхоо нээж өгье, гишүүдэд чөлөөтэй өрсөлдөх боломж олгоё, ард түмнээс ямар оноо авснаар чинь үнэлье. Ард түмнээс оноо авч чадаагүй бол АН-д үнэлэгдэхгүй. Улаанбаатарын нэг хорооны дарга болсон АН-ын гишүүн Дорж надад УИХ-ын хоёр гишүүнийг мөргөөд оронд нь дэвших гэж байгаа уяачдын холбооны даргаас илүү үнэлгээ авна.

-Намын өмчийг юу гэж үзэж байгаа вэ?

-Нам өмчгүй байх нь зүйтэй. Хууль гарвал намынхаа энэ байшинг хүлээлгэж өгнө. Улсаас үнэгүй авсан учир буцаагаад өгнө. Нам гэдэг компаниудтай адил өмч хөрөнгөтэй биш. Улс орныг авч явах бодлого боловсруулдаг, сонгуулиар бодлогоо тайлбарлаж ард түмнээс санал авдаг байгууллага. Хуучин шилэн байшингаа зарчихсан. Тэнд барих гэж байгаа байшинд манайд нэг давхар ирнэ. Бидэнд өөр өмч хөрөнгө байхгүй.

-Засгийн газрын хэд хэдэн сайдыг Таван толгойн гэрээнд гарын үсэг зурвал огцруулна гэж мэдэгдсэн. Өмнө нь илэрхийлж байсан таны байр суурьтай зөрчилдсөн мэт харагдаад байна?

-1960 оноос эхлээд 15 жил улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийгээд тэр үед ашиглах гэж оролдоод хэд хэдэн шалтгаанаар чадаагүй орхисон. 1996 оны Ашигт малтмалын хуулиар хэн дуртай нь хүссэн лицензээ авч Сү.Батболдын компани Таван толгойн лицензийг нь авсан. Тэгээд Сү.Батболдын авсан лицензийг улс хурааж аваад тэр үед төлсөн мөнгөнд нь Ухаа худагийг өгсөн. Нэг толгой болох Ухаа худагийг “Эм Си Эс” аваад явж байна. Үлдсэн дөрвөн толгойд хувьцаанаас тав орчим хувийг компаниудад өгсөн. Гурван сая хүнд хувьцаа өгснөөс одоо 2.1 сая орчим хувьцаа эзэмшигч байна. Энд байгаа бүх хүн, би ч гэсэн хувьцаа эзэмшигч. Оюутнууд, ахмад настнууд хувьцаагаа авсан. 2006 оны арванхоёрдугаар сарын 13-нд “Ард түмнийхээ Таван толгойг ард түмэндээ өгье” гэж “Өдрийн сонин”-д бичиж байсан. Тэр үед манай намын дарга Ц.Элбэгдорж ийм санаачилга гаргаад Сү.Батболдоос лицензийг аваад Ухаа худагийг өгсөн. Нийтдээ 6.5 тэрбум тонн, тав хуваахаар 800-900 мянган тонноор бараг тэгш хуваагддаг. Үлдсэн нөөцийн 85 хувь нь төрийн өмчийн компанийн, таван хувь нь компаниуд нь, 10 орчим хувь нь ард түмний өмч. Тэгээд ажиллуулах гээд Л.Энэбиш, Я.Батсуурь гээд захирал байсан ч шоронд ордог бүтэл муутай компани болчихоод байгаа юм. Би тэгж зогсоохоос өөр арга үлдсэнгүй. УИХ-ын вэб сайтад тавигдсан Таван толгойн гэрээг зурах гэж байна гэж албан ёсоор санал авахаар явуулсан байгаа юм. УИХ-ын чуулганы нээлтэд хэлэхээр бэлтгэсэн үгээ Таван толгойн асуудалгүйгээр бэлэн болгочихсон байсан. Өглөө нь гэрээг аваад үзэхэд Монголын ард түмний эрх ашиг, хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг уландаа гишгэсэн байсан. Нүүрсний үнэ одоогийн ханшаар байна гэж үзэхээр Таван толгой жилдээ 25 сая ам.доллар авахаар, түүнийхээ хариуд хоёр хувийн тусгай роялти авахаар байгаа. Бүх эрх мэдлээ өгөөд лиценз гэж цааснаас өөр юмгүй үлдэхээр болгочихсон. Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийн хэлснээр ард түмний Таван толгойн 51 хувь нь “Энержи ресурс”-т 49 хувь нь Хятадын төрийн өмчийн “Шинхуа” -д очихоор 30 жилдээ нэмээд 20+20 гээд 70 жилээр очихоор болсон байсан. Энэ 70 жилдээ “Эрдэнэс Таван толгой” компани хоёр хувиас илүү татвар авахгүй, яахав үнэ өсвөл энэ нь 3-4 хувь болохоор гэрээнд байгаа. Гэхдээ маш олон хууль зөрчсөн. Өөрийнхөө талбай руу орох эрхгүй, Монголын талын оролцоогүйгээр нөгөө тал чөлөөтэй арилжиж, зарах, бие биедээ шилжүүлэх боломжтой. Хувьцаа эзэмшигчдийн эрх ашгийг уландаа гишгэсэн гэрээг гарын үсэг зурахад бэлэн болгосон байсан учраас би тэгж зогсоохоос өөр арга байгаагүй. Төрийн гурван өндөрлөг эв найртай байна гэдэг нийлээд хууль зөрчихийг хэлэхгүй. Бүх зүйл хуулийн дагуу явахыг шаардаж байгаа юм. 2006 оноос хойш ард түмний Таван толгойг яаж үр ашигтай ажиллуулах вэ гэж УИХ, Засгийн газар ч хангалттай олон шийдвэр гаргасан. Гэтэл М.Энхсайханы нууцаар байгуулах гэж байсан гэрээ тэр бүх шийдвэрүүдийг байхгүй юм шиг шийдсэн. УИХ-ын 39 дүгээр тогтоолд УИХ-аар оруулж шийдүүл гэсэн. Тэгвэл М.Энхсайханы баахан хууль зөрчиж байгуулсан гэрээг УИХ-аар оруулахгүйгээр явуулбал би өөрөө хэрэгт орно. Ийм учраас заавал оруулахаар бүгд тохиролцсон. Дараа нь энэ чинь хуурамч гэрээ, жинхэнэ нь өөр гэж ярьсан. УИХ-ын албан ёсны цахим хуудаст хаврын чуулганы нээлтийн өглөө Гадаад хэргийн яам, Хууль зүйн яам руу санал авахаар явуулсан албан ёсны гэрээг оруулсан. Энэ гэрээг би төсөл гэж үзэхгүй. Дараа нь одоо яг энэ хувилбараар зурна гэсэн гэрээг бас оруулсан. Би хоёр сая иргэний хувьцааг хэрхэх вэ гэдэгт хариуцлага хүлээсэн хүн учраас УИХ-д сонгогдоогүй, ард түмнээс мандат аваагүй М.Энхсайхан гэдэг нэг сайдаар хоёр сая хувьцаа эзэмшигчдийн хувь заяаг 70 жилээр өгөөд явуулчихмааргүй байна. Том төслүүдээ явуулъя гэж байгаа ч хуулийн дагуу л байх ёстой.

-Асуудлыг 14 хоногт шийдэж амжих уу. Ер нь энэ төсөл явах уу?

-Орж ирээгүй байгаа учраас ярьж болохгүй байна. Хамгийн сүүлд Ерөнхийлөгч, Ерөнхий сайд бид гурав ингэж ярьсан. Оюу толгой дээр гаргасан алдааг гаргах гэж байна. Олон мянган хуудастай гэрээ байгуулаад одоо заалт болгоноор нь ороогдоод байгаа. Тэгэхээр дахиж ийм алдаа гаргахгүйгээр Хөрөнгө оруулалтын хуулиар том хөрөнгө оруулагчтай гэрээ байгуулахдаа үндсэн дөрвөн татвараа тогтворжуулах эрх Засгийн газарт байгаа. Маш ноцтой заалтууд гэрээний хоёр хувилбарт бий. А.Гансүх зөвлөхөөр гэрээний заалтуудыг шүүлгэж байгаа учир тэр талаар өөрөөс нь асууж болно. Хэнд зарах, ямар өртгөөр тээвэрлэх энэ болгоноо өөрөө тогтооно гэсэн. Гэтэл манай бусад хуулиар заавал зах зээлийн үнээр зарна, үгүй бол лицензийг хураадаг, 90 хувьд заавал монголчуудыг ажиллуулна энэ мэт хуулийн заалтыг мөрдөхгүй гээд өөрөөр тохирсон нь аюултай. Дараа нь энэ бүх хуулиудыг мөрдөхгүй гэвэл дараагийн УИХ-аар шаардлага тавихаар Лондонгийн Арбитрын шүүхээр миний олох байсан ашгийг өг гэх ийм балай гэрээ байсан учраас яагаад ч зөвшөөрч болохгүй. Ерөнхийлөгч, УИХ-ын дарга, Ерөнхий сайд гурав муудалцаад байна гэж гадуур яриад байна. Тэгж юмыг хялбаршуулж ойлгож болохгүй. Бүх зүйл хуулийн дагуу байх ёстой. Хуулиас гадуур явъя гэж байгаа бол эхлээд хуулиа өөрчлүүлэх ёстой.

-Эдийн засаг ийм хүнд байхад ямар ч үнэ цэнээр хамаагүй мөнгө олох Засгийн газрын арга гэж байна. Баялгаа зарж мөнгө олохоос өөр боломж бидэнд алга уу?

-Ямар ч үнэ цэнээр мөнгө олж болохгүй. Хуульд заагдсан хэмжээндээ байх ёстой. Эдийн засаг хүнд байхад Таван толгойгоо ямар ч мөнгө авахгүйгээр хоёр хувийн роялтигаар бэлэглэчих гэвэл би лав тэгэхгүй. Баялгаа зарахгүйгээр амьдарч болно шүү дээ. Ам.доллараар юм авахаа болих хэрэгтэй. Ингээд ам.доллараар юм аваад л байвал ханш 10.000 төгрөг болно. Бүх зүйлээ дотооддоо хийгээд явах арга зам байна. Гэхдээ 2012 онд Монголын ард түмэнд байгалийн баялгаа ашиглаад улс орноо хөгжилд хүргэе гэж санал өгсөн. Тэр бодлогоосоо УИХ буцахгүй. Энэ төсөл явдгаараа явна. Гэхдээ буланд шахуулж байгаад 70 жилээр ашиггүй наймаа хийж болохгүй. Дараа нь биднийг бүгд хараана. Хамгийн ноцтой нь “Энержи ресурс” авангуутаа маргааш нь “Шинхуа” 100 хувь шилжүүлж авах бүх зам нь нээгдсэн байгаа. Олон мянган хуудастай гэрээгээ боль гэдэг зөвлөгөө Ерөнхийлөгч бид хоёр Ерөнхий сайдад өгсөн. Шүүх дээр очиход Монголын Засгийн газар хүлээсэн үүрэггүй л байх ёстой. Аж ахуйн нэгжүүд нь нүүрсээ зараад бизнесээ хийгээд явна л биз. Ер нь Засгийн газар нь яахаараа зах зээлийн биш үнээр зарахыг зөвшөөрдөг юм. Оюу толгой дээр шүүмжилдэг шиг бүх мөнгөө гадаадад байршуулах нь байна шүү дээ.

-УИХ-аар хэлэлцэхээр ямар үр дүнд хүрнэ гэж үзэж байгаа юм бэ?

-УИХ хууль зөрчсөн зүйлүүдийг хүчингүй болгоно. Хувьцаа эзэмшигч хоёр сая иргэдийн эрх ашгийг хамгаалах газар УИХ. Засгийн газар лав биш юм байна.

-УИХ-аар оруулахаар улстөрчдийн өгөөш болох гээд байна гэж тайлбарлах нь бий?

-УИХ-аар оруулахгүй явж байгаа зүйлийг уншаад хоёр сая иргэн хувьцаагаа хогийн цаас болгохыг зөвшөөрвөл тэр чигээр нь оруулж болно. Ямар ч асуудалгүй. Зүгээр л сонголтын асуудал. Таван толгойгоо үнэ төлбөргүйгээр “Энержи ресурс”, “Шинхуа” хоёрт өгөөд явуулъя гэвэл явуулъя. Үгүй ээ, үнэ цэнтэй эд, арай ингэж явж болохгүй гэвэл тэр шийдвэрээ гаргана. Тэгэхээр УИХ нийт сонгогчдынхоо өмнө тайлбарлах боломжтой л байх ёстой.

Л.МӨНХТӨР

Categories
мэдээ цаг-үе

Б.Бат-Эрдэнэ: Н.Номтойбаяр гурван удаа “НАМЗХ-ны ерөнхий нарийн бичгийн даргын суудлаа өг” гэж шахсан

МАН-ын НАМЗХ-ны Ерөнхий нарийн бичгийн дарга Б.Бат-Эрдэнэтэй ярилцлаа.

-НАМЗХ-ны Удирдах зөвлөл хуралдлаа. Яагаад бужигнаад эхлэв?

-Би хуралд оролцоогүй. Хурлын протокол одоо болтол миний гар дээр ирээгүй байна. Тэгэхээр яг ямар асуудлаар хуралдаж, юу шийдсэнийг мэдэхгүй. Зарим нэг сураг л сонссон.

-Яагаад хуралдаа оролцоогүй юм бэ?

-Болж байгаа процессийн тухайд гэвэл НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ саяхан ирээд буцсан. Тэрээр сар хүрэхгүй хугацааны дараа сургуулиа төгсөнө. Тэгээд эх орондоо ирж НАМЗХ-ны Удирдах зөвлөл, Бага, Их хурлыг хийе гэсэн төлөвлөгөөтэй ажиллаж байгаа. Л.Оюун-Эрдэнийг ирэхээс өмнө НАМЗХ-г хөдөлгөе гэсэн бүлэглэл байна. БиЕрөнхий нарийн бичгийн даргын хувьд нэгдүгээрт дүрэм, хоёрдугаарт зарчим барихын зэрэгцээ нэгэнт холбооны дарга удахгүй ирэх учраас холбооны хурлыг хойшлуулъя гэсэн саналыг өнөөдрийг хүртэл баримталсаар ирсэн. Мөн тэр өдөр Н.Номтойбаяр, Ж.Мөнхбат даргын өрөөнд намайг гүтгэсэн. Тиймээс би Л.Оюун-Эрдэнэ ерөнхийлөгчийг иртэл нэг ч хуралд оролцохгүй гэдгээ хэлээд гараад явчихсан.

-Та тэгвэл сая болсон НАМЗХ-ны Удирдах зөвлөлийн хурлыг юу гэж тайлбарлах вэ?

-НАМЗХ дүрэмдээ Удирдах зөвлөлийн гишүүдийн олонх нь хүрэлцэн ирснээр, хуралд оролцсон гишүүдийн олонх нь аливаа асуудлыг дэмжиж тогтоол гаргаснаар тухайн асуудал баталгааждаг. Саяын хуралд нийт 19 хүн оролцож 20 гишүүн ирээгүй. Мөн хурлын ирцийг хүргэхийн тулд дөрвөн жил нэг ч удаа хуралдаа ирээгүй хүнийг хүртэл авчирч гар өргүүлсэн процесс ч өрнөлөө. Бас зарим нэг хүнийг маань албан тушаал өгье гэж дуудаж ирүүлээд гар өргүүлсэн тохиолдол ч гарсан. Ингэж л хэт улайрсан үйл явдал өрнөж байна. Ирээдүйд Монголын төрийг зөв хүмүүс авч явахаас бус аливаа бүлэглэл авч явна гэж байхгүй.

-Бүлэглэл гэж УИХ-ын гишүүн Н.Номтойбаяр, О.Содбилэг тэргүүтэй хүмүүсийг нэрлээд байна уу. НАМЗХ-ны тэргүүний суудлыг Л.Оюун-Эрдэнийг эзгүйд Н.Номтойбаяр авах гэснээс асуудал өрнөөд байгаа хэрэг үү?

-НАМЗХ-ны дүрмээр Их хурлаасаа холбооныхоо ерөнхийлөгчийг сонгодог. Шууд хэлбэл НАМЗХ-ны Их хуралд Намын даргын зүгээс ерөнхийлөгчид нэр дэвшигчийг танилцуулж чөлөөт сонгууль явуулснаар сонгогддог. Үүний дагуу сонгогдсон ерөнхийлөгч нь Л.Оюун-Эрдэнэ. Ерөнхийлөгчийн үүргийг түр орлон гүйцэтгэгч нь Н.Номтойбаяр. Гэхдээ НАМЗХ-ны дүрэмд үүрэг гүйцэтгэгч гэсэн албан тушаал байдаггүй. Тодруулбал, ерөнхийлөгчийг эзгүйд ерөнхий нарийн бичгийн дарга үүрэг гүйцэтгэнэ гэсэн заалттай. Тэгэхээр бас л дүрмийн зөрчил явж байгаа гэсэн үг. О.Содбилэг гишүүн үүнд ямар ч хамаагүй ээ. Тэгээд ч өнөөдрийн энэ үйл явдлыг Н.Номтойбаяр, Л.Оюун-Эрдэнэ нарын хоорондын асуудал гэж харахгүй байгаа. Илүү том үйлдэл ард талд нь нуугдаад байна. Л.Оюун-Эрдэнийн хувьд НАМЗХ-ны ерөнхийлөгч хийж байхдаа давхар МАН-ын ерөнхий нарийн бичгийн даргын үүргийг гүйцэтгэж байсан. Тэр үед МАН-ын удирдлагууд Харвардын улс төрийн удирдлагын сургуульд даалгавар өгч явуулсан. Түүнээс биш өөрийнхөө дураар явчихсан юм биш. Тиймдээ ч саяхан ирэхдээ намын удирдлагуудтай уулзаж “Намын даалгавраар явсан. Төгсөхөд ганцхан сар үлдлээ. Ирээд холбооныхоо хурлуудыг хийнэ” гэсэн. Сүүлийн шалгалтууд нь эхэлчихсэн байгаа. Ийм цаг үеийг тааруулж байгаа нь жудаггүй, увайгүй үйлдэл.

-Асуудал яригдаж эхэлснээс хойш Н.Номтойбаяртай уулзаж ярилцав уу. Юу гэж байх юм?

-“Н.Номтойбаярыг НАМЗХ-ны ерөнхийлөгч боллоо”, “Н.Номтойбаяр ерөнхийлөгчийн үүргийг гүйцэтгэж эхэллээ” гээд л мэдээ цацсан байсан. Энэ нь Н.Номтойбаяр НАМЗХ-г удирдаж авч ирлээ гэж хэлээд байх шиг байна. Өнгөрсөн хугацаанд Н.Номтойбаяр гишүүн УИХ дахь МАН-ын бүлэг дээр л ажиллаж байсан. Өнөөдөр манай залуучуудаас энэ тухай асуухад бүгд үнэнийг нь л хэлнэ. Яг үнэндээ ерөнхий нарийн бичгийн даргын удирдлага дор үйл ажиллагаа нь зохион байгуулагдаж байсан. Санхүү мөнгөний хувьд ч гэлээ асуудал бий. Олон нийт хөрөнгөтэй хүн энэ холбоог авлаа. Залуучуудын холбоо одоо л хүчирхэгжинэ гэж ярьж байсныг ч сонсож л байлаа. Үнэндээ Л.Оюун-Эрдэнэ даргын үеэс ч долоон дор санхүүтэй бид ажилласан шүү. Бидний үйл ажиллагааг илүү хүчтэй болгохын тулд хөрөнгө мөнгө зарсан уу гэвэл үгүй.

-НАМЗХ хоёр хуваагдсан нь нотлогдоод байх шиг?

-Нийгэм тэгж харж байх шиг байна. Би үүнийг хуваагдал гэхээсээ илүүтэй ялалт, ялагдал гэж байхгүй тоглолт гэдгийг л хэлнэ. У.Хүрэлсүх гэдэг хүн энэ холбоог анх үүсгэн байгуулж анхны ерөнхийлөгчөөр нь ажиллаж байлаа. Дараа нь талийгаач Уламбаяр ерөнхийлөгч удирдаж байсан нь бас нэг үе. Тэгээд Г.Занданшатар дарга өөрийнхөө үеийнхнийг толгойлж байсан бол Л.Оюун-Эрдэнэ өнөөдөр бас л нэг үеийг толгойлон гарч ирсэн. У.Хүрэлсүх, Г.Занданшатарын үеийн хүмүүс бүгдээрээ л хамт явж байна. Бидний хувьд Н.Номтойбаяр, Л.Оюун-Эрдэнэ, Б.Бат-Эрдэнэ бид нэг л үед цуг явна. Тэгэхээр энэ байдлыг бид их ухаалгаар харах ёстой. Миний хувьд Н.Номтойбаярын гэдэг юм уу Л.Оюун-Эрдэнийн тал гэж хуваагдчихлаа гэж залуусаа харахгүй байгаа. Дүрэм зөрчигдөж байна уу, үгүй юу гэдгийг харах ёстой хүн нь би.

НАМЗХ бол хувь хүний компани биш. Манай байгууллага 18 жил оршин тогтносон магадгүй ирээдүйд 100 жил явахдаа л дүрмээрээ явах ёстой. Үүний төлөө манай үе үеийн гишүүд, залуучууд бат зогсч чадна гэдэгт итгэж байна. Ер нь НАМЗХ өнгөрсөн 20 шахам жилийн хугацаанд дүрмээ л барьж ирсэн. Дүрмийн байгууллага. НАМЗХ-ны залуучуудын хувьд дүрэм гэдэг бол Үндсэн хууль. Үүнийг хэн нэгэн зөрчихийн эсрэг хатуу зогсоно.

-Л.Оюун-Эрдэнэ дарга бас дүрмийн бус юм биш үү. НАМЗХ-ны ээлжит Их хурал өнгөрсөн 2014 онд болох байсан гэдэг утгаараа?

-Манай холбооны Их хурал 2014 оны есдүгээр сард болох ёстой байсан. Үүнээс нэг сарын өмнө би Бага хурлыг зарлаж Их хурлаа зарлая гэсэн саналыг хэлж байсан. Тэгэхэд намаас үүрэг даалгавар аваад явсан холбооны ерөнхийлөгч гадаадад байгаа, ирэх хугацаа нь ойртсон учраас өөрөө ирээд Их хурлаа зарлаад яваг гэсэн зарчмын үндсэн дээр л өнөөдрийг хүртэл хүлээж байгаа. Тэр үед хүлээн зөвшөөрч байсан хүмүүс өнөөдөр Их хурлаа зарлах ёстой гээд чичирч, дайрч байгааг ойлгохгүй байгаа.

-НАМЗХ-г Н.Номтойбаяр удирдлаа гээд яах юм. Л.Оюун-Эрдэнэ улирч сонгогдоод юу болох юм?

-Улс төрийн бас нэг гишгүүрийн асуудал. Үндсэн хуульд олонх болсон нам нь засаглана гэсэн заалттай. Тэгэхээр энэ залуус яагаад заавал намд орох гээд, заавал залуучуудын байгууллага руу орж удирдлагыг нь гартаа авах гээд байгаа юм гэвэл ирээдүйн улс төрийн зураглалтай нь холбоотой. Өнөөдөр улс төрийн намуудын төлөвшил гэдгийг хүн бүр ярьж байгаа. Гэхдээ ямар хүмүүс улс төрд явах ёстой вэ гэдгийг ярихгүй байна. Бизнесийн бүлэглэлүүд орж ирж, бизнесээ хамгаалахын тулд хуульд хүртэл гар дүрдэг боллоо. Ийм байхад яаж улс төрийн төлөвшил ярих юм. Бизнесийнхэн нь бизнесээ хийж, урлагийнхан нь дуугаа дуулж, улстөрчид нь улстөржих цаг болсон. Мөн цаг хугацааны хувьд яагаад өнөөдөр ийм асуудал үүсч байна вэ гэвэл 2016 оны сонгуулиар их олон тойрог суларч байгаа. Спортынхон дотор үе шилжилт явчихлаа гэдэг шиг улс төр дотор үе солигдох том мөчлөг ирсэн. Үүнийг бүгд мэдэж байгаа. Энэ цаг хугацаан дээр цэвэр улстөрчид нь улс төрийг авч явах уу эсвэл тодорхой бүлэглэлүүд улс төрөөр дамжуулж төрийг барих нь уу гэдэг систем яригдаж байгаа. Үүний л эхлэл өнөөдөр эрчимжиж байна. Шууд хэлбэл 2016-2024 он хүртэлх тэр дундаа МАН доторх улс төрийг хэн барих вэ гэдэг тэмцлийн эхлэл бий боллоо гэж би харж байгаа. Түүнээс биш Н.Номтойбаяр, Б.Бат-Эрдэнэ, Л.Оюун-Эрдэнэ нар бол жижиг зүйл. Үүнийг ойлгож гаднаас шидсэн чулуунд бутрахааргүй зангидсан гар шиг л байх ёстой.

-Зангидсан гар шиг байх хөг ингээд өнгөрч байгаа юм биш үү?

-Асуудал дөнгөж эхэлж байна. Мэдээж хэвлэл мэдээллээр, АН бусад намын зүгээс НАМЗХ-г эвдрэлцүүлснээр 2016 онд МАН-ыг унагах, нам доторх хагарлыг үүсгэх гэх мэт улс төрийн олон өнцгийг харж байгаа байх. Яагаад би сая хуралд ороогүй хэрнээ Хяналтын хороондоо хандаж саяын хурал дүрмийн бус гэж зарлаагүй вэ гэвэл эцэс төгсгөлгүй үл ойлголцсон байдалд нэг удаа ч болов цэг тавиад олонхиороо шийдэх хэрэгтэй гэж үзсэн. Бид хэрэлдлээ гээд НАМЗХ хохирохгүй. Яагаад гэвэл НАМЗХ бус МАН сонгуульд ордог учраас нам л хохирно. Тиймээс ч би жил гаруйн өмнөөс МАН-ын удирдлагуудад “Ийм асуудал үүсч байгаа. Өрнөөд явж байна” гэдгийг хэлж байсан. Энэ нь өнөөдөр туйлдаа хүрнэ гэдэг шиг эцсийнхээ цэг рүү явж байх шиг байна. Бид олонхиороо шийдээд цаашаа алхах л ёстой.

-Н.Номтойбаярынхан та бүхний яриад байгааг хүлээн зөвшөөрөх юм уу. Ер нь НАМЗХ-ны удирдлагыг тэд гартаа авчихаж байгаа нь энэ юм биш үү?

-Удирдлагыг гартаа авсан гэсэн ойлголт байхгүй. Яагаад гэвэл Н.Номтойбаяр дүрэм зөрчиж өөрийгөө ерөнхийлөгчийн үүрэг гүйцэтгэгчээр томилуулсан хүн. Тэгээд ч бид өнөөдөр энэ үеийнхнийхээ асуудлыг яриагүй. Өнгөрсөн дөрөв таван үе, ирээдүйд бий болох олон үеийн асуудлыг ярьж байгаа. Тиймээс үе үеийн удирдагчид болох У.Хүрэлсүх, Г.Занданшатар, Л.Оюун-Эрдэнэ нар залуучуудын байгууллагыг өнгө мөнгөөр худалдаж авч болдоггүй юм гэдгийг харуулна байх гэж бодож байгаа. “Та бол хууль бус” гэдгийг нь Н.Номтойбаярт өөрт нь олон удаа хэлж байсан. Намайг гурван ч удаа “НАМЗХ-ны ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаалыг өгчих” гэж шахаж байсан. Би өнөөдрийг болтол энэ тухай хэнд ч ам нээгээгүй ирсэн. Уг нь Н.Номтойбаярын маань хувьд улс төр хийх талбар нь их л том байгаа юм даа. УИХ-ын бүлгийн дэд дарга Дорнод аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн. Харин бидний хувьд НАМЗХ гэдэг байгууллагадаа л ажиллаж байгаа.

-Өнгөрсөн хугацаанд НАМЗХ-г Н.Номтойбаяраар тэжээлгэчихээд одоо мурьж байгаа юм биш үү?

-Гадуур тийм ойлголт төрүүлсэн юм шиг байна лээ. “Би Оюун-Эрдэнийг байхгүй хойгуур НАМЗХ-г бүрэн дүүрэн санхүүжүүлсэн. Гэтэл одоо Оюун-Эрдэнэ ирээд намайг явуулах гэж байна” гэж. Ялангуяа намын удирдлагуудад энэ ойлголтыг өгсөн байна. Буруу ойлголт яваад байна. Санхүүгийн хувьд л гэхэд ажлын албаны бүтэн жил гарангийн нийгмийн даатгал төлөөгүй, ажилчдын гурван сарын цалин төлөгдөөгүй байна. Гэхдээ НАМЗХ бол дүрмээр явдаг байгууллага болохоос хэн нэгний халаасаар хөдөлдөг, хэн нэгний компани юм шиг дур зоргоор авирладаг газар биш.

-МАН-ын удирдлагууд юу гэж байх юм. Намын удирдлагууд чинь бас талцаад байгаа юм биш үү гэсэн яриа сонсдсон…

-Л.Оюун-Эрдэнэ ерөнхийлөгч ирэхдээ бидэнтэй, Н.Номтойбаяр, намын удирдлагуудтай ч уулзсан. “Тавдугаар сарын дундуур Бага хурлаа, зургадугаар сарын дундуур Их хурлаа хийе. Нэгэнт төгсөөд ирж байгаа учраас залуучуудын байгууллагын дараа дараагийн үйл ажиллагааг удирдаад сонгууль руу орох” тухай бүх асуудлыг ярьж тохироод л явсан. Намын удирдлагууд “за” гээд хүлээж авсан гэж ойлгосон. Ерөнхий нарийн бичгийн дарга Ж.Мөнхбат, бусад нарийн бичгийн даргатай уулзахад ч хэлж байсан. Ийм байхад хүч түрж асуудал үүсгээд байгааг би сайн ойлгохгүй байна. Нийгэм үүнийг МАН-ын хагарал гээд яриад эхэлчихэж. Асуудлыг тийм түвшинд аваачихыг хүсэж буйхүмүүс ч байх шиг байна. Яагаад гэхээр албан тушаал аваагүй гомдогсод намаар дүүрэн байгаа. Сонгуулийн дараа зугтсан хэрнээ сая хамтрахад “Би энэ намын гишүүн тэнд ажилладаг юм. Ажилтайгаа үлдмээр байна” гээд ирсэн хүмүүсийн тоо ч маш их байна. Олон хүн намд байдал хэрхэн өрнөж байгааг ажиглан харж байна. Үүнээс шалтгаалаад намын хагарал эхэлнэ гэж юу байх билээ. Гэхдээ дүрмийн бус тоглолтыг, өнгө мөнгөөр хүч түрсэн байдлыг хараад суух, хүлцэнгүй аялдагч шударга бус хүмүүс манайд олон гэдэгт би итгэхгүй байна.

Л.МӨНХТӨР

Categories
мэдээ цаг-үе

Р.Бурмаа: Чанга дуугарснаас нь, муулж гүтгэснээс нь айж төрийн ажлыг явуулахгүй

УИХ-ын гишүүн, Хүнс хөдөө аж ахуйн сайд Р.Бурмаатай ярилцлаа?

-Та хөдөө аж ахуйн салбарыг удирдаад багагүй хугацаа өнгөрлөө. Засгийн газрын 100 хоногийн ажлын тайлан ч гарсан. Энэ хооронд газар тариалангийн талбарт юу амжуулж, ямар бодлого гаргав?

-Бидний нэн тэргүүнд анхаарах асуудал бол тариалангийн газрын хөрсний үржил шимийг хамгаалах, улмаарсайжруулж га-гаас авах буудайг нэмэгдүүлэх. Таван жил тутам хөрсний үржил шимийн судалгаа явуулах хуультай. Таван жилийн өмнө хийсэн судалгаагаар нийт тариалангийн талбайн 50 орчим хувь нь хөрсний үржил шимийн доройтолтай гэж гарсан. Энэ жил уг судалгааг Мэргэжлийн хяналтын байгууллагатай хамтарч хийнэ. Хөрсний үржил шимийг дээшлүүлэх асуудлаар хөрөнгө мөнгө шийдүүлэхээр холбогдох байгууллагатай ярилцаж байна. Мөн сүүлийн үеийн дэвшилтэд техник, технологийг газар тариалангийн салбартнэвтрүүлэх үүднээс удаан хугацааны техникийн лизингийн үйлчилгээ эхлүүлэхээр ажиллаж байна. Энэ асуудал шийдвэрлэгдвэл хөрс хамгаалагдана, га-гаас авах ургац нэмэгдэнэ, уринш хийх шаардлаггүй болно. Үүнээс гадна Хөдлөх хөрөнгийг барьцаалан зээл авах хуулийн төсөл УИХ дээр хэлэлцэгдэж байгаа. Батлагдвал эрх зүйн орчин таатай болж тариалан эрхлэгчдэд зээл авахад хялбар болно. Түүнчлэн Хятадын хөнгөлөлттэй зээлийн хүрээнд 125 морины хүчтэй трактор 90 ширхэг, 165 морины хүчтэй трактор 42 ширхэг, комбайн 48 ширхэг удахгүй орж ирнэ. Тариаланчдад хөнгөлттэй нөхцөлөөр, 20-30 хувийн урьдчилгаатай, үлдсэн хувийг таван жилийн хугацаатай зээлээр олгоно. Энэ долоо хоног, ирэх долоо хоногт тариаланчдын зөвөлгөөнийг орон нутагт нь хийнэ. Энэ үеэр л амин зүйл, тулгамдсан асуудал, газар тариалангийн өнөөгийн нөхцөл, цаг агаар, технологийн дэвшил, зах зээлийн зарчимд нийцсэн газар тариалангийн бодлогын талаар ярилцаж салбарынхны саналыг авна. Үүн дээр үндэслээд УИХ-д Хүнс хөдөө аж ахуйн талаар төрөөс баримтлах бодлогыг, Засгийн газарт Газар тариалангын тогтвортой хөгжил хөтөлбөрийг энэ хавартаа багтаан оруулж шийдвэрлүүлнэ.

-Хаврын тариалалт эхэллээ. Нөхцөл байдал ямар байна вэ. Тариаланчид өнөө жил тариа тарих эсэхээ мэдэхгүй байна гэцгээж байгаа?

-Өнөө жил улсын хэмжээнд 328.6 мянган га-д тариалалт хийхээс 300 мянган га талбайд үр тариа тариална. Ирэх намартаа 320 мянган тонн улаан буудайг тарилан эрхлэх сан болон гурилын үйлдвэрүүдэд нийлүүлнэ гэсэн тооцоо гарсан. Хаврын тариалалттай холбогдуулан Тариалан эрхлэлтийг дэмжих сангаас тариаланчдад дэмжлэг үзүүлж ажилдаг. Энэ ажил үргэлжилнэ. Хариндэмжлэг үзүүлэхдээ шалгуур тавихаар болсон. Байгуулсан гэрээнийхээ дагуу зээлийн эргэн төлөлтөө графикийн дагуу хийдэг аж ахуйн нэгжүүдэд урьдчилгаагүй, бага урьдчилгаатай зээл олгох, бусад дэмжлэг үзүүлэх гэх мэтээр ажиллана. Харин зээлээ цаг тухайд нь буцаан төлдөггүй, буудай тарина гэж төрөөс дэмжлэг авчихаад рапс тарьж асуудал үүсгэдэг аж ахуйн нэгжид тодорхой шалгуур тавина.

-Л.Цандэлэг Монгол Улс ирэх намар гурил үйлдвэрлэхгүй гээд мэдэгдчихлээ?

-Өнгөрсөн хугацаанд тариаланч гэх нэг, хоёр хүн маргаан гаргасан. Нэг нь чанаргүй будаа тарьсан, нөгөө нь тарьсан будаагаа зах зээлийн үнээс 250 мянган төгрөгөөр илүү үнэлсэн. Харин жирийн тариаланчдын зүгээс хөрс усаа хамгаална, тосны ургамал тарихгүй, хүнсний улаан буудайгаа тариална гэж байгаа.

Дээрхи асуудлаар хэн нь хэн бэ гэдгийг мэдэгдээ. Жинхэнэ тариаланч бол энэ салбарт зүрх сэтгэлээ өгсөн байдаг юм байна. Гэтэл зарим нэг нь ашиг багатай улаан буудай тарихгүй, хөрсний үржил шимд халтай байсан ч хамаагүй рапс тарина гэх мэтээр сүрдүүлж байна. Урьд найзан дундаа ажилладаг байсныг нь болиулж харилцагчийн түүх, бүтээгдэхүүний чанарт үндэслэж гэрээнд заасан үзүүлэлтүүдийг шаардаад эхлэхээр ХХАА-н яам бус Хууль зүйн яам боллоо гэж яриад эхэлж байна. Үүнийг би сайн гэсэн үнэлгээ гэж харж байгаа. Яагаад гэвэл аль ч яам хуулийн хүрээнд ажиллаж, хуулийн дагуу шаардлага тавих ёстой. Тариалангийн бизнес эрхлэгчдийн хоёр ч холбоо байна. Л.Цандэлэгийн, Ч.Пэрэнлэйнтэргүүлдэг.Тэдэнтэй уулзахад нийт тариаланчдын нийтлэг эрх ашгийг хамгаалсан гэхээсээ илүү өөрсдийн аж ахуйн нэгжүүдийн эрх ашгийг хамгаалсан асуудал яриад байгаа ньч анзаарагдлаа.

-Нөөц үр хангалттай, намар болтол гурилаар дутагдахгүй юу?

-Аж ахуйн нэгж, иргэд 45 мянган тонн үр нөөцөлсөн байгаа. Дээрээс нь Тариалан эрхлэлтийг дэмжих санд 2400 тонн, Онцгой байдлын газарт 4мянган тонн хадгалагдаж байгаа. Улсын хэмжээнд 48 мянга орчим тонн үрийн буудай шаардлагатай. Шаардлагатай тохиолдолд нэмэлт үрийг импортоор оруулж ирэх бүрэн боломжтой.Гурил, буудайны нөөц аравдугаар сар хүртэл хангалттай.

-Дотооддоо хангалттай буудай тарьчихаад байхад тэдний хөдөлмөрийг үнэгүйдүүлж импортоор буудай авсан нь асуудал үүсгэсэн юм биш үү?

-“Тариаланчдын гар дээр борлогдолгүй үлдсэн буудай байхад импортоор буудай оруулж ирлээ” гэж нэлээд шуугисан. Засгийн газар хүлээцтэй байж, удаан сонсч хоёр ч удаа шалгалт явууллаа. “Шалгалтын дүнг нь нийтлэхгүй байна” гэж намайг бас л шүүмжиллээ. Шалгалтын ажлын хэсэгт тариалан эрхлэгчид болон гурил үйлдвэрлэгчдээс хүмүүс оролцсон. Тодруулбал, Монголын үр тариа эрхлэгчдийн “Газар тариалан” холбооноос “Зургаан компанид үлдэгдэл буудай байна” гэсэн. Нийт 30 орчим мянган тонн буудайн үлдэгдэлтэй байгаа юм байна. Гэхдээ энэ нь зарагдаагүй бус Тариалан эрхлэлтийг дэмжих сангаар орж гурилын үйлдвэрүүдэд гэрээгээр зарагдчихсан юм билээ. Ингээд цавуулагийнх нь хэмжээг шалгахад хамгийн их хэл ам хийгээд байгаа Л.Цандэлэгийн Ургац хүдэр компанийн буудай л гэхэд дунджаар 18 хувийн цавуулагтай гэж гарсан. Шууд хэлбэл өнгөрсөн намар стандартад тэнцсэн гэж гурилын үйлдвэрүүдтэй гэрээ байгуулж тариалан эрхлэлтийн сангаас урамшууллын мөнгөө авчихсан байдаг. Гэтэл цавуулагийнх нь хэмжээ стандартад хүрэхгүй байгаа.

-Ц.Баатарсайхан, Л.Цандэлэг яам гурвын дунд одоо яг ямар асуудал байгаа юм?

-Яамны зүгээс ямар нэг асуудал байхгүй. Тэдгээр хувь хүмүүс хооронд ямар асуудал байгаа нь яаманд хамааралгүй.

-Гахайн хоолонд өгдөг улаан буудайг импортолсон гэх мэдээлэл бий?

-Мэргэжлийн хяналт, Гаалийнхан үүний хариуг өгөх байх. Манайх зөвшөөрөл өгөхдөө цавуулаг өндөртэй байх нөхцөлөө тавьсан.Хэрвээ тийм асуудал байвал гомдол гаргаж торгууль тавиулахаас эхлээд арга хэмжээ авах олон боломж бий. Одоо тариаланчдаас авсан буудайныхаа мөнгийг өгч чадахгүй байгаа гурилын үйлдвэрүүд бид гурилаа экспортолъё гэж байна. Энэ бол хамгийн их сэтгэл зовоосон асуудал. Одоо 36 тэрбум төгрөгийн ийм өр, авлаг байна. Хүн бусдыг өөр шигээ боддог. Тэгж яриж байгаа хүн оөрөө тийм зүйл хийдэг байсан юм байлгүй дээ.

-Улаанбаатар гурилын ах дүү нартай таныг 10 сая ам.доллар хувааж идсэн гэж бас мэдэгдээд байгаа?

-Чанаржуулах зорилгоор 20 мянган тонн буудай импортлох зөвшөөрөл олгосон. Оросоос Монголд орж ирэх улаан буудайны үнэ өвөл тонн нь 280 ам доллар байсан. 20 мянган тонн ньойролцоогоор 5.4 сая ам доллар болж байгаа. Гүтгэлээ гэхэд тоогоо зөв бодож баймаар юм. Яриж байгаа зүйлээ ч сайн ойлгохгүй ийм хүн 10 сая ам.доллар хувааж идсэн гэсэн ноцтой гүтгэлгийг хийлээ. Тиймээс миний зүгээс энэ асуудлыг хуулийн байгууллагаар шалгуулна. Төрөөс хамгийн их дэмжлэг авч байсан, монголын хамгийн том талбайд тариалалт хийдэг компаниудын эзэд л хуучнаа санагалзаад байх шиг байна.

-Хуучнаа санагалзана гэдэг нь юу гэсэн үг вэ?

-Хэн чанга дуугарсан, хэн телевизтэй нь орой бүхэн муулж гүтгэсэн гэдгээс нь айж ажил хэргээ явуулахгүй. Өмнө нь найзын дундаа явж байсан тэр хэлбэрээ үргэлжлүүлэх гэж оролдсон. Тиймдээ ч над дээр ирээд “Намайг газар тариалангийн зөвлөхөө болго. Миний энэ хүнийг Газар тариалангийн газрын даргаа болго. Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн чинь 70 хувийг би хувьчилж авна” гэсэн шаардлагыг тавьсан. “Тийм зүйл байхгүй” гэхэд “Тэгвэл чи хараарай” гэсэн. Энэ жагсаал, цуглаан, нийт тариаланчдын нэрийг бариад байгаагийн цаана нь ийм л юм бий. Мөн үндэсний бүтээн байгуулалтын гэрэгэ гэх шагналыг авч байгаа Гачуурт компани бол төрөөс маш их дэмжлэг авсан байдаг. Хамгийн сүүлийн жишээ л гэхэд гурван тэрбум төгрөгийн сайн үүлдэрийн үхэр оруулж ирэхдээ бүх дэмжлэгийг авсан байгаа. Гэхдээ гэрээнийхээ үүргийг биелүүлэхгүй луу унжсаар яваа. Уг нь төрөөс дэмжлаг авч том компани болон үйл ажиллагаагаа өргөжүүлсэн бизнесмэнүүд төлбөрөө цаг хугацаанд нь өгч байвал дараа дараагийн хүмүүст нь боломж олдож үйлдвэрлэгч компани олон төрөх боломжтой. Гэтэл ганцаараа монополь байхыг эрмэлзэж бусдынхаа дэвжихэд нь саад болж яаманд нөлөөлж ажиллана гэвэл болохгүй. Магадгүй бусдыгаа тариа битгий тариасай, ургац бага үнийг нь өсгөж байгаад хонжоо олно гэж бодож байж ч магад.Миний бие хатуу байр суурьтай байгаа учраас гүтгэлэг, дайралтыг хийж байна. Өөрсдийнх нь хүссэнээр байгаагүй учир өөрийнхөө телевизээр орой бүр гүтгэх нь хэрээс хэтэрлээ.

-Харилцагч компанийн түүхийг бичиж эхэлсэн гэсэн. Л.Цандэлэгийн компанийнх ямар байгаа юм бол?

-Шууд хэлэхэд муу. Зээл аваад зээлээ өгөлгүй он дамнуулдаг. Төр зарим авлагаа сая урамшууллын мөнгөнөөс нь суутгуулсан. Тэгэхэд уурлаж, дургүйцэж байна лээ. Тэглээ ч гэсэн одоо 300 орчим сая төгрөгийн өрийн үлдэгдэлтэй байгаа. Уурласан уурлаагүй бид мөнгөө авч дараагийн хүмүүст нь дэмжлэг үзүүлэх ёстой. Эргэлтэд оруулж дараа жилийн эрсдэлээс урьдчилан сэргийлэхийн тулд тэднээсдэмжиж өгсөн мөнгийг авахаас өөр ямар ч арга байхгүй. Өмнө нь чийгтэй хөгцөрсөн буудайгаа танил тал, дарга нарын нэр барьж өгөх гэдэг, сүрдүүлдэг, загнадаг гээд энэ хүний талаар олон л мэдээлэл байна. Ер нь ном ёсоороо чанартай буудайгаа нийлүүлээд, гэрээнийхээ заалтын дагуу ажиллаад байвал тухайн компани том, жижиг гэлтгүй улсаас үзүүлэх дэмжлэгт нэг ижил зарчим л үйлчилнэ.Өнгөрсөн долоон жилийн хугацаанд нийт 460 орчим тэрбум төгрөгийн урамшуулал олгосон байдаг.

-Үнийг чөлөөлж, зах зээлийн боломж олго гэж шаардаж байгаа. Үнийг чөлөөлчихөж болдоггүй юм уу?

-Өмнө нь бас л жагсаал цуглаан хийж байгаад нэг тонныг нь 550 мянган төгрөг болгоё гэсэн юм билээ. Үнэ тогтоож өгсөн энэ асуудал дээр Аудитын дүгнэлт гарсан. Үнийг зарлах нь хууль зөрчсөн гэж. Тэгэхээр зах зээлийнхээ зарчмаар үнэ нь чөлөөтэй болно. Ер нь бол буудайны үнэ чөлөөтэй байдаг ба харин Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн авдаг буудайн үнийг салбарын сайд тогтоох журамтай. Энэ жилээс улаан буудайг Хөдөө аж ахуйн биржээр худалдаална. Туршилтын худалдааг хийнэ. Тэр хүн илүү гарсан буудайгаа хаана, хэдэн төгрөгөөр зарах нь хувийн асуудал. Ер нь бол стандартад тэнцсэн буудайг хэн ч л авна.

-Үнэ чөлөөлөхөөр урамшуулал өгөхөө болих уу?

-Бусад улс орон яадаг юм гэдгийг судалж байгаа. ОХУ-д л гэхэд Тариалан эрхлэлтийг дэмжих сан гэж байхад тэр нь улсын нөөцөд тариаланчдынхаа буудайг худалдаж авдаг юм билээ. Гурилын үнэ өслөө гэхэд нөөцөөсөө гаргаж интервенц хийгээд явдаг байх жишээтэй. Тэгээд ч буудайг биржээр худалдаад эхэлбэл манайхаас авна гэж гэрээ хийчихээд авахгүй байна гэж гомдоллохоо больж бүх стандартын шаардлага тавигдаж зах зээлийн горимоороо явна. Ер нь бол урамшууллын асуудал УИХ, Засгийн газрын түвшинд шийдэгдэнэ. Бид зах зээлийн жамаараа явахаар асуудал ямар байх нь вэ гэдгийг судалж байна.

-Таныг мэргэжлийн бус хүн учраас салбарыг унагаж байна гэх шүүмжлэл бий. Энэ тал дээр та ямар тайлбар хийх вэ?

-Би энэ салбарт сонирхлын зөрчилгүй хүн. Нэг га талбай, нэг дэлгүүр ч үгүй. УИХ-ын гишүүн болоод Өргөдлийн байнгын хороог даргалсан. Тэгэхэд хамгийн их өргөдөл малчид, тариаланчдаас ирсэн. Эндээс бэлчээрийн, газар тариалангийн хөрсний ашиглалтын асуудал хүндэрсэн нь харагдсан. Бэлчээрийг БОНХ-ийн яам хамгаална, бүртгэлийг нь БХБ-ын яам хөтөлнө, хяналт нь Шадар сайдын эрхлэх асуудалд хамаарна, манай яам ашиглалтыг нь хариуцаж явна. Газар тариалангийн салбар ч ялгаагүй ийм. Гэхдээ ашиглаж байгаа хүмүүс талбайгаа хайрлаж, хамгаалж, арчлах ёстой. Энэ дагуу ХХААЯ хөдөө аж ахуйнхаа эдэлбэр газрыг анхаарах цаг нь болчихож. Тиймээс хууль эрхзүйн орчинг нь боловсронгуй болгож ангилах ёстой юм байна. Газар тариалан, бэлчээр, уул уурхайн гэх мэтээр. Энэ тохиолдолд гадныхан уул уурхайд хөрөнгө оруулахдаа ч дуртай байх болно. Асуудлыг 2016 оноос өмнө хуульчилахаар ажиллаж байгаа. УИХ-ын гишүүнээр давхар ажиллах гол шалтгаан маань ч энэ болж байна.

Л.Мөнхтөр

Categories
мэдээ цаг-үе

Залаархаг хавраг буюу чийрийн давирхай

Чийрийн давирхай боловсорч буй үе

Шүхэр цэцгийн (Umbellifarae) овогт хамаарах олон наст өвслөг, модлог ургамал сүүлийн 20 гаруй жилд дэлхийн ургамал судлаачид болон анагаах ухааны салбарынхны анхаарлын төвд ороод байна. Харамсалтай нь дэлхийн хэмжээнд “дэндүү бага” гэмээр талбайд нэн цөөн тоогоор ургадаг ажээ. Үүнийг шинжлэх ухааны хэлэнд Залаархаг хавраг, Хавиргана хэмээн тэмдэглэдэг бол монголчууд Чийрийн давирхай гэж нэрлэнэ. Дэлхий дээр ердөө 100 гаруйхан га талбайг уг ургамал бүрхдэг бөгөөд Баруун Сибирь, Каспийн болон Газар дундын тэнгисийн орчимд ургадгаараа “Улаан ном”-д орсон ажээ. Энэхүү нэн ховор өвслөг, модлог ургамал нь Монгол Улсын баруун хязгаар Ховд аймгийн Булган сум, Ярантын боомт орчимд байна.

Манай орны хувьд 1954 онд анх бүртгэсэн байдаг ч 1980 оны сүүлч үеийг хүртэл нутгийн иргэдээс өөр хүн мэддэггүй байж. Ийнхүү анх тэмдэглэснээс 30 гаруй жилийн дараа МУИС-ийн багш нар зонхилон судалж нэн ховор гэдгийг нь тогтоон 1997 онд “Улаан ном”-д оруулсан байдаг. Учир нь энэ ховор ургамал амьдрах хугацаандаа ганцхан удаа буюу хагдарч унахаасаа жилийн өмнө цэцэглэж, үрээ гөвдөг гэж байгаа. Тодруулбал, 9-12 жил болоод нэг удаа цэцэглэдэг нь насны тоог нь заах бөгөөд бас үр удмаа үлдээж буй хэлбэр. Яагаад дэлхийд алаг цоог, дэндүү багахан талбайд байна вэ гэвэл олон жилд нэг удаа үрээ гөвж, тодорхой хугацааны дараа үрсэлж ургадагтай нь холбоотой. Ховд аймгийн Булган сумын хувьд Ярантын боомт хүрэх замаас 30 гаруй километрт Хоёр цэргийн агуйн орчимд элсэрхэг уулын нэг аманд л бий. Тэр бүс газрыг тодорхойлбол, Монгол Алтайн нурууны өвөр хэсэг, Төв Азийн цөлийн зааг. Тухайлбал, Зүүн, Баруун Хаац уулаас баруун тийш Монцогийн улаан гол, Ярантын уул орчмын нутагт голын гаралтай, салхины нөлөөнд хэт автсан элсэн хуримтлал бүхий нутаг. Энэ хэсгийн уур амьсгал нь Монголын бусад бүсээс тэс өөр бөгөөд Булган гол тэжээдэг. Булган гол эрт үед одоогийн Үенч, Бодонч голын адил Бор цонжийн говь руу урсдаг байснаа хожим нь баруун тийш урсах болсон нь чийр хэмээх ургамлынхаа адил эрдэмтдийн сонирхлыг татдаг. Ер нь эндхийн ан амьтан, өвс ургамал бүр нь онцлогтой.

Ийм онцлог бүс нутагт ургадаг чийрийн давирхай хэмээх энэ ургамлыг дэлхийн эрдэмтэд өвс, мод хэмээн өнөөг хүртэл мэтгэлцсээр одоо ч нэгдсэн ойлголтод хүрээгүй байна. Өвс гэхэд бургасны хэрийн бүдүүнтэй хүний биеийн бэлхүүс орчимд хүрэх буюу нэг метр орчим өндөртэй байж өвсний үзүүлэлтийг давна. Харин дээрх хэмжээ нь моддын үзүүлэлтийг хангахгүй учраас маргаан өнөөдөр ч үргэлжилдэг гэсэн. Бас хаврын цагт чийрийн давирхайн төгөлд очиход газарт хатгаад орхисон хувхай саваа мэт харагддаг бол зундаа дэлгэрч мөчир салаатай болж жил ирэх тусам мөчир нь уртасдаг. Гэхдээ нахиалж, дэлгэрч сүйд болохгүй байсаар 9-12 жилийн дараа л дээр хэлсэнчлэн цэцэглэнэ. Цэцэглэснийх нь дараа буюу хагдрах үед нь хөрснөөс сугалж үзэхэд үндэс нь адууны шийр лугаа бахим өргөн байдаг аж. Үндэс нь эндээсээ зэллэж хялгас мэт болж нарийссаар газрын гүн рүү хоёр метрт хүрдэгийг ч тогтоогоод байна. Харин яагаад дулаан уур амьсгалтай Газар дундын тэнгис, жилийн хоёр улирал ноёлдог Каспийн тэнгис, эрс тэс жилийн дөрвөн улирал зонхилдог Ховд аймаг, мөнхийн сэрүүн, мөнх цэвдэгт Сибирт бага багахан хэмжээгээр ургаж байгааг нь одоо ч ойлгож томъёолсон эрдэмтэн алга. Зарим эрдэмтдийн хэлж байгаагаар Чийрийн давирхай ургаж байгаа бүс нутгууд нь дэлхийн цаг агаараас харилцан хамааралгүй орон нутгийн онцлог уур амьсгалтай гэж үздэг байна.

Намартаа цөөн хэдэн хоног давирхай нь гадагшилна. Давирхай нь саарал, цагаан өнгөтэй учраас монголчууд сүү хэмээн нэрлэх болжээ. Энэ үед бүс нутгийн энгээр сүрчиг мэт анхилуун сайхан үнэр ханхалдаг нь давирхайгаас ялгардаг. Сүрчиг, хүдрийн заар зэргийг эрэмбэлвэл давирхайн үнэр бараг нэгдүгээрт жагсана гэж үзэх хүн ч цөөнгүй байдаг гэсэн. Нутгийн ардууд эрт дээр үеэс аян замд мордохдоо эмээлийнхээ хавтас эсвэл дөрөөний тавганд давирхайлаг бодисыг нь шавдаг байжээ. Гоё тансаг үнэрт нь элдвийн нян устахаас гадна ханиад шуухинаа хүрвэл түүнээсээ авч хэрэглэх зориулалттай. Чийрийн давирхайн төгөлд очоод нэг өдөр саатахад л хүний ядаргаа тайлагдаж, цусны даралт буурдаг тустай. Ер нь эл ургамлыг анагаах ухааны салбарт түлхүү ашиглах болсон бөгөөд өдгөө дэлхийн арав гаруй орны лабораторид үрслүүлэн ургуулж, судлан, анагаах ухааны салбарт ашиглаж байгаа гэнэ. Өнөөдрийн байдлаар чийрийн давирхай нь 110 орчим эмийн жор болон ордог болжээ. Хамгийн гол нь амьсгалын замын өвчин, ханиад, томуу болон цусны даралт, ил задгай шарх зэрэгт онцгой нөлөө үзүүлдэг. Эмч, эмнэлгийн салбараар олон жил яваад эмчилж чадаагүй төрөл бүрийн харшлыг ч шидтэн мэт анагаадаг байна. Энэ ургамлын газрын дээр ил гарсан хэсэг нь малын тарга хүчийг нэмэгдүүлдэг, тэжээллэг чанартай бөгөөд үнээний сүүний гарцыг нэмэгдүүлдэг тухай судлаачид тэмдэглэсэн байна. Дэлхийн эрдэмтэд амьсгалын замын өвчнөөс гадна үе мөчний үрэвсэл сапаген, диатез, лимфийн булчирхай, дунд чих ба ходоодны үрэвсэл, ядаргаа зэрэг өвчний үед болон тайвшруулах зорилгоор ийнхүү 110 орчим нэр төрлийн эм гарган аваад байгаа бол монголын уламжлалт ардын эмнэлгийн жороор зүрх судасны үйл ажиллагааг сайжруулах, хооллох дур нэмэгдүүлэх, нянгийн эсрэг үйлчлэлд өргөн ашигладаг байжээ. Мөн мөөгөнцөрийн эсрэг, ферментийн идэвхийг бууруулах, хавдрын эсрэг, азотын оксидийн нийлэгжилтийг бууруулах, хумхаан эсрэг, арьсны янз бүрийн өвчнийг эмчилж, хорт хавдрын эсрэг ашигладаг байсан нь зарим сударт үлдсэн байна. Элэгний хорт хавдар тусаад “ямар ч эмчилгээгүй” гэсэн оноштой хүн Ховд аймгийн Булган суманд очиж чийрийн давирхайг хэрэглэснээр 85 насныхаа найрыг хийсэн тохиолдол ч бүртгэгдээд байгаа юм. Ийм сонирхолтой хэрнээ шидтэй ургамал дэлхий дээр өчүүхэн зайд байдаг ч Монголд багагүй хувь нь бүртгэджээ. Газар дундын болон Каспийн тэнгис, Сибирь, Ховд аймгийн Булган суманд байдаг залаархаг хавраг буюу чийрийн давирхай нь ийм сонирхол татам болохоос энэ төрлийн 100 орчим нэршил бүхий ургамал байдгийг бас мартаж болохгүй ажээ. Гэхдээ л тус бүрдээ нэн ховорт тооцогддог байна.

Л.МӨНХТӨР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Нэг иргэн 68 байртай байх нь гэмт хэрэг юм уу

Улаанбаатарт нэг хүн хувьдаа 68 байртай байдгаараа бусдыгаа тэргүүлдэг гэнэ. Саяхан үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг хийдэг Улсын бүртгэлийн ерөнхий газраас энэ мэдээг тараав бололтой. Үүнийг сонссон зарим хүмүүс ёстой атаархаж үхэх нь ээ. “Пээ, пүү. Би ганц ч байргүй байхад энэ нөхөр 68 байртай байдаг. Баян тарган, олигархи хаанаас гараад ирэв. Жаран найман байрандаа жаргахыг чинь харна аа. Аваад яваарай чи. Ханадаггүй хар толгой вэ” гэх зэргээр түүнийг хүний нийгэмд байж боломгүй гэмт хэрэг үйлдчихсэн юм шигээр адаллаа. Хүмүүс түүнд атаархсандаа адалж, зүхэж байгаа бололтой. Хүний хөрөнгийн тоог сонсчихоод унтаж ч чадахгүй бачуурч байдаг хүн нийт массын дийлэнхийг эзэлж байгаа нь үүгээр илэрлээ.

Үнэндээ үүнд атаархаж үхчих гээд байх шаардлага огт байхгүй. Бидний байгуулж байгаа нийгэм л ийм. Тэр ч утгаараа зах зээлийн нийгэмд хөрөнгийн дээд хэмжээг заагаагүй байдаг. Хүмүүс олох, чадах хэмжээгээрээ хөрөнгө цуглуулах эрхтэй. Хөрөнгө цуглуулах ч хэрэгтэй. Өнөөдөр адлагдаад байгаа 68 байртай тэр эрхмийн хөрөнгийг зах зээлийн дундаж ханшаар бодож гаргахад ердөө таван тэрбум гаруйхан төгрөгтэй хүн болж таарч байгаа юм. Дунджаар хоёр өрөө байр 80 орчим сая төгрөгийн ханштай гэж үзвэл ийм тоо гарч байна. Энэ нь хоёр сая орчим ам.доллартай тэнцэнэ.

Тэгвэл энэ хүний хажууд уул уурхайн бизнес эрхлэгчид аль хэдийнэ ам.долларын тэрбумтан болчихсон байдгийг хүн бүр мэднэ. Мянгат малчны хотонд л гэхэд хөнгөхөн тэрбум, хоёр тэрбум хүрэх хөрөнгө багширч буй нь нүдэнд ил цагаан харагдаж л байдаг. Эдгээртэй харьцуулаад харахаар 68 байртай хүн бусдад байдаг л хөрөнгөтэй нэгэн болж таараад байна. Ердөө баригдсан байшингийн нэг орцыг худалдаж авсан эсвэл нэг блок байшин бариулаад түүнийгээ бусдад түрээслүүлж байгаа хэлбэр нь тэр. Бусад орон, дэлхийн жишигт орон сууцны барилга барьсан хүн түүнийгээ хэр барагтай худалдаж зараад байдаггүй юм билээ. Аль болох түрээслэж ашиг олохыг эн тэргүүнд тавьж, амьдралынхаа баталгааг хангадаг гэсэн. Ийм өчүүхэн зүйлд манайхан атаархаад ёстой “чацга харваж” байгаа нь саяын хэд хоногт харагдлаа. Тэгээд ч нэг хүн 68 байртай байна гэдэг хүн аймаар гэмт хэрэг юм уу.

Ер нь манайхан зах зээлд шилжсэн ч тэр нийгэмдээ нэг л их ялархаж, тунирхдаг болчихож. “Надад байр байхгүй. Машин байхгүй. Би дэлгүүр, ТҮЦ ч ажиллуулдаггүй. Би бага мөнгөтэй, юу ч үгүй хоосон байхад тэрэнд юм бүхэн байна. Хонхортоо адлагдсан ядуу юм л явсан яахаараа ийм их мөнгөтэй болдог юм” гээд л түрүүлж хөдөлмөрлөж эхэлсэн, тэр хэрээрээ хөдөлмөрийнхөө үр шимийг хүртэж жаргалтай яваа нэгнээ адалцгаана. Эцсийн эцэст ингэж ялархаж, тунирхсан нь л хоосон үлддэг. Ялархаж суухын оронд яагаад хөдөлж, хөдөлмөрлөөд бусад шиг 68 байртай, ам.долларын тэрбумтан болохын төлөө явахгүй байгаа юм. Өөрөө өөртөө хөрөнгө оруулалт хийж, хөдөлмөрлөхийг чинь хэн боль гээд байгаа юм. Хөдөлмөрийн үр шим, хөрөнгө мөнгөний үнэ цэнийг мэдэрсэн нэгэн боломжийг түрүүлж ашиглаад бусдыгаа атаархтал амьдарч байгаа нь энэ биздээ. Энэ тухай сошиал ертөнц болон хэвлэл мэдээллээр дамжуулж байгаа өнгө аясыг харахад “Бид ийм муухай нийгэм байгуулж байна. Яасан муухай юм” гэцгээлээ. Эгээтэй л “Мөнгөтэй хүн ийм муухай, тийм муухай” гэж баримт дэлгэсэнгүй.

Тэгвэл өнөөдөртөө зах зээлээс илүү ихээр хувь хүнд бололцоо олгодог, санхүүгийн эрх чөлөөтэй нийгмийг хүн төрөлхтөн дэлхийн хаана ч бодож олчихоогүй байгааг ойлгох хэрэгтэй. Социализмын үед хоёр өрөө байртай, сүүлийн үеийн технологи ашигладаг, унаад явах машинтай айлыг соёлч гэж улсаас өргөмжилдөг хэрнээ хөрөнгөтөн хэмээн хавчин гадуурхдаг байсан жишиг бий. Зах зээлийн нийгэмд шилжээд 25 жилийн нүүрийг үзчихээд байхад нийтийн өмчтэй байх социализмын үеийн энэ үзэл суртал бидний дунд улам л батажсаар байна. Одоо төр нь биш улс орон нь, ард нийт нь тэр чигээрээ хөрөнгөтэй хүнийг үзэн ядаж, үзэж ч чадахаа байчихсан мэт.

Уг нь таны амьдрал танаас л шалтгаална. Хүн бүр ялгаатай байдаг шигээ хувь заяа бүр өөр. Үүнийг заавал тэгшитгэж тайрах гэж орилолдох шаардлага ч байхгүй. Хамгийн гол, санаа зовоох нэг л асуудал энд байна. Мэдээллийг мэдээж үл хөдлөх хөрөнгийн бүртгэлийг хийдэг газраас тараасан байх. Тэгэхээр хувь хүний нууц, хөрөнгө, мөнгөтэй холбоотой энэхүү мэдээллийг задруулсан төрийн албан хаагчид хатуу хариуцлага тооцох хэрэгтэй. Төрийн нэрийн өмнөөс хувь хүний нууцтай холбоотой зүйлийг нь бүртгэж авчихаад дараа нь нийгэмд цацаж шуугиан тарин улс орныг талцуулна гэдэг заавал хариуцлага тооцох асуудал мөн. Энэ нь нийгмийн захиалга болчихоод байна. Иргэн төрдөө итгэж хөрөнгөө бүртгүүлж, татвараа төлж байхад ийм асуудал үүсгэсэн нь төрийн албан хаагчийн ёс зүй, хувь хүний нууц, зарим хуулийн гээд олон зүйлтэй зөрчилдөж, харшилж байгаа юм.

Л.МӨНХТӨР