Categories
мэдээ цаг-үе

Домбон, Зээрэнгийн говиор үргэлжлэх Сантын тал

Өвөрхангай аймгийн Сант сумын өнгөрсөн болоод өнөөдрийн талаар энэ удаа өгүүлье. Олон түмний анхааралд тэр бүр өртөөд байдаггүй ч тийм унж дорой газар биш л дээ, Сант нутаг. Түүхийн зузаан хуудсаас, төв Халхын өнгөрснөөс шүүн харахад Түшээт хан аймагт ч, Сайн ноён хан аймагт ч харьяалагдаж явжээ. Анх 1580-аад онд Халхын Автай сайн хан Илдэн бэйлийн хошууг байгуулж байсан бөгөөд түүний үр удам нь цаашид үе залгамжилсаар ирсэн нутаг юм. Товчхондоо Түшээт хан аймагт Сант хуучнаар Илдэн бэйлийн хошуу харьяалагддаг байж. Харин 1725 онд Халхын гурван аймгийг 75 хошуу бүхий дөрвөн аймаг болгоход, Түшээт хан аймгаас 19 хошуу тасдаж Сайн ноён хан аймагт шилжүүлсний нэг нь Илдэн бэйлийн хошуу гэдгийг эрдэмтэд өнөөдөр гэрчилдэг. Ингээд хүн бүрийн мэдэхээр нутаг дэвсгэр, засаг захиргааны шинэ хуваарь гарахад 1931 онд Сант сум байгуулагдсан товч түүх ийм. Илдэн бэйлийн хошуу нь Сант сумын Домбон, Зээрэнгийн говиос Орхоны хөндий, Өндөрсант уул хүртэлх тал хээр, хангайн бүсийг хамардаг байсан нь тухайн үеийн газрын зурагт Монгол гутлын дүрс хэлбэр шигээр тэмдэглэгддэг байжээ. Харин Монгол орон шинэ зохион байгуулалтад орсноор тус хошууны хангайн бүс нь Хархорин, Хужирт, хээрийн бүс нь, Өлзийт, говийн бүс нь Сант сум болон байгуулагдан хөгжиж ирсэн нь энэ.

Домбон, Зээрэнгийн говь, Зодохын нурууны энгэр бэл, өвөр жалгаар нь амьдран буй сантчуудын үе үеийн түүхийг таанын айраггүйгээр төсөөлөхийн аргагүй. Гурван сар гарч, цас ханзрахтай зэрэг­­цээд үндэслэсэн таана зуны турш гүн ногоон өнгө­тэй байх ч алсаас ажихад цэв цэнхэр өнгийг шингээн харагддаг. Намар, наймдугаар сарын дундуур нэг л өглөө сэрэхэд Сантын тал цас орсон мэт цавцайсан цагаан болж хувирдаг юм. Таана цэцэглэсэн нь тэр. Гэвч долоо­хон хоног үргэлжилнэ. Яг энэ мөчөөс эхлэн зуны турш хуйх салгам гашуурсан айрагнаас ёстой л бал бурам амтагдаж шимийн охь лугаа үнэр сэнгэнэж эхэлнэ дээ. Ямар сайндаа төр нийгмийн зүтгэлтэн Ц.Лоохууз гуай сүүлд нутаг заагдаж Сантад очихдоо таанын айраг хэтрүүлэн хэрэглэж мансуураад хонь хариулж явахдаа унтаж ажил цалгардуулж, нийгмийн өмч хайрлаагүй хэрэгт унаж байхав. Мань хүн өглөө өлөн дээрээ хоёр хул айраг уугаад хониндоо гарсан гэдэг. Хээр очоод говийн намрын наранд цохиулж унтаад нэгдлийн хонийг заазлах сүрэгтэй нийлүүлж хэрэг тарьсан нь тэр.

Тэрээр нутаг заагдаж нэгдлээс тавьж өгсөн нормын гэрт тун зутруухан Сантад өнгөрүүлсэн амьдралаа эхэлсэн гэдэг. Аварга малчин Ёндон гуайн туршлага сэхээ­тэн Ц.Лоохуузын ажлын шинэ­лэг арга хоёрыг нэгтгэсэн Мандах нэгдэл ч тэр жилүүдэд мал мах, ноос, ноолуурын бүтээгдэхүүний өндөр ашигтай үдсэн байдаг юм. Лоохууз гуай зах зээлийн нийгмээс ч өмнө сантчуудыг зах зээлд хөтөлсөн хүн. Нэгдлийн өмчийн хаягдал төмрийг зуух яндан болгохоос эхлээд тэмээний ноосон хантааз, Сантын цагаан эсгий гутал (одоогийнхоор памбагар цагаан) гэдгийг 1980-аад оны дундуур аймагтаа брэнд болж байсны ард цөллөгөөр очсон эл эрхэм байсныг нутгийнхан одоо ч ам уралдан ярьдаг юм. Энэ брэнд бүтээгдэхүүнүүдээр ойролцоох сумдаа хангаж аймагтаа аваргалж байсан түүхтэй. Ер нь ширхэг хадаасыг ч бү­тээгдэхүүн болгож болд­гийг нутгийн ардууд тэр үед ухаарч үйлдвэрлэлээрээ аймаг­таа хошуучилж байсан нь тэр. Түүнийг явснаас хойш ч, зах зээлийн хүнд үед ч нутгийн иргэд нэг их туйлдаагүй. Тэмээний ноосон оймс, майк, эсгий малгай хийхээс эхлээд нутгийн уран оёдолч, нэхмэлчид нутгийнхаа иргэдийн мөрөнд хятад хувцас хүргэлгүй хүнд үеийг давсан байдаг даа.

Сант сум нь түүхийн үнэт олдвор болоод уул уурхайн баялаг жаахан багатай. Занарын жижиг ордууд, зосон будгаас өөр гавьтай баялаг одоохондоо илрээгүй байна. Түүхийн дурсгалт газар гэвэл Зээрэнгийн хийд, Олон хөшөө, Цагаан дэлийн дөрвөлжин булш, Хөшөөний энгэрийн Түрэгийн бичээс гэх мэтээр түүх соёлын цөөн хэдэн дурсгалт газар бий. Зээрэнгийн хийд нь Улаан-Овоо багийн нутагт орших ард түмний шүтээн болж байсан томоохон хийд байжээ. Зарим эх сурвалжид “Цахирын хийд” хэмээн тэмдэглэгдсэн нь бий. 1767-1780 оны орчим байгуулагдсан. Голдоо хурал номын том сүмтэй, хоёр талдаа жижиг дугантай 300 гаруй лам нар ном хурдаг, ардууд эд хогшлоо хадгалдаг жижиг байшингуудтай хэдэн зууны тэртээд нэг ёсны суурин болж байсан гэдгийг малтлагаар тодорхойлсон. Тус хийдийн гол шүтээн нь Лхам бурхан, Арван хангал байсан гэдэг бүдэг бадагхан яриа нутгийн зоны дунд үлджээ. Хийд нь 1937-1938 оны үед нураагдсан байна. Мөн уг хийдийг Бээжингээс Ховдын хязгаар хүртэл өртөө улаа нэхэж байсан харчин овгийн хүмүүсийн шүтэж дээдэлж ирсэн газар гэж үзэх нь ч бий. Мөн Эрдэнэ-Овооны чулуун суварга гэж бий. Тус чулуун суварга нь хуучны намхан хиргисүүр булшин дээр хавтгай чулуугаар өрж босгосон байдаг бөгөөд 1600-аад оны үед хамааралтай болохыг түүхчид арваад жилийн өмнөөс тогтоогоод байгаа. Ерөнхийдөө өндөр Гэгээн Занабазар сүм хийд босгож эхлэхтэй зэрэгцэн уг хийдийг нутгийн лам хуврагууд босгосон гэж үздэг.

Сант нутгийнхан 1900-гаад оноос хойш Монгол Улсын түүхэнд нэр, мөрөө үлдээсэн сэхээтэн, хүчтэнүүдээ сайн мэднэ. Одоогоос 90-ээд жилийн тэртээд 1920 оны сүүлчээр Монгол орон даяар их үймээнтэй байсан үе гэдэг. Улсдаа нэртэй баяд ноёд Өвөр халх руу дүрвэхээр сэм үгсч, сахил санваар хүртсэн хэсэг нь шамбалын дайн руу хошуурч байсан үе. Илдэн бэйлийн хошууны урд зах өнөөгийн Сант сумыг ч энэ аюул тойроогүй. Хэдий тийм ч нутгийн буурьтай өвгөд хонхортоо сайн барилддаг гэсэн 20-30 орчим насны арав гаруй залууг улсын баярт барилдуулахаар Зодохын нуруунаас туувар дагуулан хөдөлгөжээ. Хүмүүсийн ярианаас сонсоход 1928 оны хавьцаа бололтой. Наадамд явсан бөхчүүд ч бараг хоёр сар сураггүй болж хүмүүс намрын ажил, хадлан тариа, өвөлжилтийн бэлтгэлээ базааж эхлээд байсан үед 20 гаруйхан настай О.Аюур улсын наадамд үзүүрлэжээ гэсэн яриа, бараг наймдугаар сард таржээ. Нутгийн иргэд ёстой л цаг төрийн хүндийг умартан баярлалдсан гэдэг. Хүрээ хүрэхэд 400 орчим километр хол учраас ийнхүү аян замдаа уддаг байж. Дээхнэ үеийн хүмүүс ч хэт хэнэггүй байсан юм уу замдаа айраг цагаа эргүүлсэн шигээ, хошуу наадам хэссээр намартаа л гэрийн бараа хардаг байсан бололтой. О.Аюур арслан дараа жил нь улсад 10 даван түрүүлэхэд ч нутагт нэг их урт зун, намар болсон шиг санагддаг хэмээн хөгшид санаа алдан хуучилдаг байж билээ. Энэ үеэр улсын начин О.Сосор гэх бөхийн нэр халх даяар мөн л дуулдаж эхэлсэн нь О.Аюур арслангийн дүү одоогийн аймгийн арслан Ж.Наранбаатарын өвөг юм. Сантын толгодоос төрсөн улсын хэмжээнд нэр нь түгсэн эдгээр бөхчүүд хожим 1949 оны өвөл хэдхэн хоногийн зайтай бурхны оронд одсон нь харамсмаар ч мөн л нутгийн ардуудын дунд гайхам яриа болон үлдсэн байдаг. Цаг төр тайван ч цас зуд ихтэй хүнд өвөл байж. Одоогийнх шиг машин тэрэг элбэг, харилцаа холбоо сайн байсангүй. Зудтай өвлийн араншин юм хойно нутгийн иргэд олноороо цуглаж чадалгүй айл саахалтын хэдэн өрх салах ёс гүйцэтгэжээ. Ах дүү бөхийн шарилыг бие гүйцсэн атан тэмээнд тэнчээлэн ачаад Зодохын нурууг давахад тэн ачаа ихэдсэн жингийн тэмээ лугаа шээс алдаад урагш хөдөлж явж өгөхгүй байсан гэдэг. Тэнхээт бөхчүүдийг үе залгамжлан Сант нутгаас Дашзэвэгийн Эрдэнэбат, Нэргүйн Түмэннаст нар ардын хувьсгалын ойн барилдаануудад улсын заан, начин цолонд хүрч барилдаж явсан.

Энэ нутгийн сэхээтнүүдийг эрт цагийн лам хуврагууд, ноёд тайж тэргүүлэх нь мэдээж. Монголын тухайн үеийн нийгмийн жишгээр Өнөцаг хайрханаас олон ч эрдэмтэй лам нар төрж нутгийнхандаа гэгээнтэн хэмээн хүндлэгдэж явсан байдаг. Тэд хүрээ орон ном хаялцаж Богдын таалалд ивгээгдэж байсан баримтыг сумын архив хадгалж үлджээ. Сайн ноён хан Намнансүрэнтэй хамтран 1911 оны эрх чөлөөний хувьс­галд ч Дугар тайж тэргүүтэй нутгийн ноёд албат цэргүүдээ дагуулан оролцож явсныг нутгийн өвгөд ярилцдаг байлаа. Одоогийн Баянгол, Төгрөг, Дундговь аймгийн Сайхан-Овоо сумаас 1930 оны эхээр олон ч баячууд, ноёд, тайж нар албат ардаа дагуулан дүрвэж Өвөрхалхын нутагт хүрсэн байдаг. Тэгэхэд Сант сумын тухайн үеийн сэхээтнүүд болох Дугар тайж тэргүүтэн “Галдангийн үе шиг гараасаа хөтлөх үргүй л болчихгүй бол хонхортоо ясаа тавина, Хар хятадууд холдож шар хятадууд (Орос хүмүүсийг тухайн үед тэгж нэрлэдэг байсан) тусалж эхэл­сэн байна. Энэ үйл хэргийн эцсийг үзнэ” хэмээн үлдээд 1930 оны сүүлчээр яг энэ хэргээр ял асуулгаж хилсээр хороогдсон түүхийг ч олонтаа хөндөж ярилцсаар байдаг юм.Харин шинэ эрин эхэлс­нээр доктор Н.Хавх, Гэгээрлийн сайд, ЮНЕСКО-ийн нарийн бичгийн дарга асан, док­тор Н.Уртнасан, Болор цомын эзэн яруу найрагч Л.Моломжамц, аж үйлдвэрийн гавьяат ажилтан Д.Дашзэвэг, Багануурын уурхайг анх бай­гуулалцаж явсан, дэд сайд асан Д.Дондов, Уртын дууч Сумъяа, генерал Ц.Тогоо нарын олон ч хүн хойч үеэ хошуучлан явна.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Р.Гончигдорж: Ерөнхийлөгчийн УИХ, Засгийн газартайгаа хуваалцаж байсан гүйцэтгэх болон хууль тогтоох эрх мэдлийн оролцоог хумьж байгаа

-ЖИШЭЭ НЬ ЕРӨНХИЙЛӨГЧИЙН ЗҮГЭЭС ХУУЛЬ САНААЧЛАХЫГ БОЛИУЛСАН-

УИХ-ын дэд дарга Р.Гончигдоржтой Үндсэн хуулийн өөрчлөлтийн талаар ярилцлаа.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг ажлын хэсэг боловсруулаад бараг дууссан гэсэн. Эцэг хуулиа ямар хэмжээнд өөрчлөхөөр болов?

-Гурван багц асуудал дээр өөрчлөлт хийхээр яригдаж байна. Тодруулбал, манайх парламентын бүгд найрамдах улс. Өнөөдрийг хүртэл явж ирсэн зарим сорилтуудыг парламентын бүгд найрамдах улсын хувьд авч үзэхэд холимог шинжтэй байгаа. Үндсэн хуулийн онолчид ч тэгж хэлдэг. “УИХ, Засгийн газрын эрх мэдлийн хуваарилалт, Ерөнхийлөгч Засгийн газар, Ерөнхийлөгч УИХ-ын эрх мэдлийн хуваарилалт нь өнөөдөр дэлхийн сонгодог жишгээс өөр зарчимтай байна. Энэ нь явцын дунд тодорхой бэрхшээлүүдийг үүсгэж болдог” гэдэг. Тийм тохиолдлууд ч өнгөрсөн хугацаанд ажиглагдлаа. Нөгөө талдаа нутаг дэвсгэр, засаг захиргааны хувьд асуудлууд байдаг. Жишээ нь Эрдэнэт, Дархан, Улаанбаатар нь хот уу, нутаг дэвсгэрийн тусгай бүтэц үү. Хар хорин, Зүүн хараа, аймгийн төвийн хот Засаг захиргааны нэгж байх уу, үүнд харьяалагдахгүй юм бол Хот тосгоны эрх зүйн байдлын тухай хуулиар явмаар байна гэдэг яриа олон жил гарсан. Эсвэл орон нутгийн сонгуульд улс төрийн намууд оролцож анхан шатандаа хүртэл намаар талцдаг гэсэн асуудлууд байдаг. Тиймээс УИХ-аас ажлын хэсэг гарч ажиллаад тодорхой саналуудыг гарган ажилласан. Ерөнхийдөө Үндсэн хуульд нутаг дэвсгэр, засаг захиргааны удирдлага нь төрийн удирдлагыг өөрийн удирдлагатай хослуулна гэж тунхагласан нь хатуу зарчим хэвээрээ байна. Үүнийг хэрэгжүүлэх хэлбэр нь ямар байх вэ гэх зэргээр өөрчлөлтүүд нь орж байгаа.

-Үндсэн хуулийг үндсээр нь өөрчилж байгаа юм уу. Яг хэдэн зүйл заалт, дагалдаж хэдэн хуульд өөрчлөлт орох вэ?

-Тоо ярихаар хүмүүс их том өөрчлөлт орох нь гээд шүүмжлээд эхэлдэг юм. УИХ-тай холбоотой асуудлуудыг яривал парламент хэдэн гишүүнтэй байх вэ гэдэг тухай яриа байгаа. Монгол Улс өнөөдөр гурван сая гаруй хүн амтай болчихлоо. Үндсэн хууль батлагдаж байх үед хоёр сая орчим хүн амтай байж. Нөгөө хүчин зүйл нь ижил төстэй хүн амтай, нутаг дэвсгэртэй бусад орнуудын парламентад 100 гаруй гишүүн суудаг юм байна. Тийм учраас уг асуудлыг хөндөж байгаа. Гэхдээ тодорхой санал орж ирээгүй байна. Ер нь бол үүнийг хажуугийн асуудал гэж ойлгож болно.

-Тэгвэл гол өөрчлөлт нь юу юм бэ?

-Гол өөрчлөлт нь УИХ болоод Засгийн газар хоорондын харилцаа юм. Тиймээс одоо засаг нь Засгийн газар шиг, Ерөнхий сайд нь Ерөнхий сайд шигээ байг. Өнөөдрийнх шиг Засгийн газар нь УИХ-аасаа хэт их хамааралтай, Ерөнхий сайд кабинетаараа шийдчих зүйлд УИХ оролцоод яваад байж болохгүй. Томоохон төслүүдийг хэлэлцэж байгаа өнөөдрийн жишээ ч ийм байна. Хэдэн сайдыг нь огцруулна гэж хэлэхэд л улс төрийн тогтворгүй байдал үүсдэг. Энэ нь гадна талд итгэлцлийн итгэлцүүрийг бууруулах сөрөг нөлөөтэй. Ингэж Засгийн газрын оршин тогтнох байдал нь хэврэг байгаа учраас энэ заагийг илүү тодорхой гаргаж өгөх ёстой гэж үзэж байгаа юм. Тиймдээ ч олонхиос Ерөнхий сайдад нэр дэвшүүлэн санал болгосон хүнийг Ерөнхийлөгч шууд УИХ руу оруулж ирж танилцуулдаг болох хэрэгтэй гэж үзэж байна. Энэ нь Ерөнхий сайдыг томилсон шийдвэр болж гардаг байх ёстой. Нэг ёсондоо олонхи шийдчихээд оруулж ирж байхад УИХ дээр дахиад л санал хурааж улс төрийн асуудал үүсгэдгийг больё гэж байгаа хэрэг. Товчхондоо олонхи бүрдлээ, Ерөнхий сайдаа тодрууллаа түүнийг нь Ерөнхийлөгч харна, өөрчилнө гэлгүйгээр батламжилдаг болох санал орсон.

-Засгийн газар тогтвортой байх асуудалд хамгийн их анхаарч Үндсэн хуулийн өөрчлөлтийг боловсруулсан гээд байгаа. Үүнийг ямар заалтаар яаж хангах юм бэ?

-Олонхи гэж юу байдаг юм бэ гэдгийг тодорхой болгож Үндсэн хуулийн заалтуудаа тодотгож байгаа. Жишээ нь УИХ-д нэг нам дангаараа 50 ба түүнээс дээш хувийн санал авсан бол олонхи байна. Тийм биш бол хамгийн олон суудал авсан нам нь бусад нам, эвслүүдтэйгээ олонхийг бүрдүүлнэ. Ингэж чадахгүй бол УИХ-д суудал авсан нам эвслүүд бүгдээрээ хамтраад олонхийг бүрдүүлнэ гэж тодорхой зааж өгье гэж байгаа. Энэ заалтыг Үндсэн хуульд оруулж өгөхгүй бол тухайн үеийн улс төрийн намуудын хоорондын зөвшилцлийн гол бай болчихоод байна. Арай гэж нэг олонхийг бүрдүүлээд ажиллаж эхлэхэд дараагийн олонхи бүрдэж гарч ирээд байдаг. Ерөөсөө олонхи гэдэг ойлголт тогтвортой байж тэндээс байгуулагдсан Засгийн газар тогтвортой ажиллана гэж үзэж байгаа юм.

-Засгийн газар бүрдэх гэж уддаг. Нам эвслүүд, фракц бүлэглэлийн хоорондын яриа хэлэлцээрээр шийдэгддэг гэж болно. Үүнийг Үндсэн хуулийн өөрчлөлтөөр ямар түвшинд авч үзсэн бэ?

-Ерөнхий сайд кабинетын гишүүдээ Ерөнхийлөгч болоод УИХ-д танилцуулснаар томилсон шийдвэр шууд гарна. “Ерөнхий сайд та элдэв шантааж, яриа хэлэлцээрт татагдалгүйгээр кабинетаа бүрдүүл. Түүнийг чинь УИХ батламжлаад томилгоог шууд хийнэ” гэж байгаа юм. Өнөөдөр бол Ерөнхий сайд нь сайхан кабинет бүрдүүлчихээд ирэхэд зөвшөөрнө, зөвшөөрөхгүй гээд цөмлөөд байдаг. Бас УИХ, Ерөнхийлөгчөөс хамааралтай, аргадаж гуйдаг, тэднээс тавьсан шаардлагыг биелүүлэх үүрэг хүлээдэг. Энэ байдал л бидний өнөөдрийн алдаа. Тэгээд ч Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүн Үндсэн хуульдаа байвал зүгээр юм биш үү гээд есөн яам, сайдтай байхаар зааж өгч байгаа. Харин тухайн нөхцөл байдлаасаа хамаараад Ерөнхий сайд нь гурав хүртэл сайдыг нэмж томилуулж болно. Яамгүй сайд томилогдвол Засгийн газар хамгийн ихдээ 13 гишүүнтэйгээр үйл ажиллагаагаа явуулна гэсэн үг. Харин хамгийн цөөндөө 10 сайдаас кабинет бүрдэнэ.

-Засаг ямар бүтэцтэй байхыг тодорхой болгочихсон гэсэн үг үү?

-Сангийн яам, Дотоод хэрэг, Хууль зүйн яам, Гадаад хэргийн яам, Байгаль орчин, хөгжлийн яам, Батлан хамгаалахын яам, Гэгээрлийн яам, Эрүүл мэнд нийгмийн хамгааллын яам, хөдөө аж ахуйн яам, Дэд бүтцийн яам гэсэн бүтэц, бүрэлдэхүүнтэй байна. Тодорхой асуудал эрхэлсэн гурваас илүүгүй сайдтай байж болно гэж үзсэн нь энэ.

-Ерөнхий сайд, Засгийн газар, зарим сайдад хариуцлага тооцох асуудлыг яаж зохицуулах юм бол?

-Ерөнхий сайдыг огцруулах асуудал тийм ч хэврэг байхгүй. Өнөөдөр хэдэн гишүүн өргөн бариад асуудал улс төр болдог, шантаажны хэлбэрт шилждэг гэж шүүмжлүүлээд байгаа. Нэг Ерөнхий сайдаа огцруулчихаад дараагийн Ерөнхий сайд нь тодрохгүй баахан хугацаа алддаг гашуун түүхийг ч бид хангалттай л амслаа. Тийм ч учраас УИХ-ын нийт гишүүдийн 50-иас дээш хувь нь Ерөнхий сайдыг огцруулъя, дараагийн Ерөнхий сайдаар энэ хүнийг тодруулж байна гээд хамтатгаад оруулж ирдэг болох ёстой гэж үзсэн. Түүний эцэст УИХ Ерөнхий сайдыг огцруулах, томилох асуудлыг нэгэн зэрэг шийдээд явна. Товчхондоо Ерөнхий сайдыг огцруулах орны хүнийг нь сонгох асуудал хөндөгдвөл дундаа ямар ч завсар зай гарахгүй болно. Харин Засгийн газрын гишүүдийг Ерөнхий сайд бүрэн хариуцна. Хариуцлага тооцох асуудлаа ч өөрөө УИХ-д оруулна.

-Дан давхар дээлний асуудлыг яаж зохицуулах вэ?

-Ерөнхий сайд ба Засгийн газрын гишүүдийн гуравны нэг хувь хүртэлх сайд нь УИХ-аас томилогдож болно гэсэн байдлаар яригдаж байна. Бүр тодруулбал Ерөнхий сайд дээр нэмэх нь гурав нийлээд Засгийн газрын дөрвөн гишүүнийг УИХ-аас томилон ажиллуулах боломж бүрдэх байх.

-Үндсэн хууль өөрчлөгдвөл Ерөнхийлөгчийн эрх мэдэл ихээхэн хумигдана гэсэн үү?

-Ийм тохиолдолд Ерөнхийлөгчийн УИХ, Засгийн газартайгаа хуваалцаж байсангүйцэтгэх болон хууль тогтоох эрх мэдлийн зарим оролцоог хумих хэрэгтэй гэж үзсэн. Жишээ нь хууль санаачлах эрх УИХ, Засгийн газарт байна гэж үзээд Ерөнхийлөгчийн зүгээс хууль санаачлахыг болиулахаар ярилцаж байна. Мөн Ерөнхийлөгчийн сонгуулийг өөрчилье гэж ярилцсан. Сонгохдоо 21 аймаг, Дархан, Эрдэнэт, Улаанбаатар хотын ИТХ-ын дарга нарыг оролцуулан Ерөнхийлөгчийг сонгох зөвлөл байгуулагдана. Мэдээж УИХ-ын гишүүд бүрэн бүрэлдэхүүнээрээ оролцож УИХ-аас тогтоолоо гаргадаг болох уу гэсэн санал байгаа.

-Олонхиос Ерөнхийлөгчийг сонгодог болно гэсэн үг үү?

-УИХ-ын 76 гишүүн дээр нэмдэг нь 21 аймаг, гурван хотын ИТХ-ын дарга буюу 100 хүнээс Ерөнхийлөгч сонгогдоно. Хэрвээ УИХ-ын гишүүдийн тоо нэмэгдэх юм бол тэр хэрээрээ Ерөнхийлөгчийг сонгох кноп нэмэгдэнэ гэсэн үг. Ингэж л Ерөнхийлөгчөөс Засгийн газрын хийх ажил руу үүрэг чиглэл өгдөг зэрэг оролцоог халъя гэж байгаа.

-Ерөнхийлөгчийн нас хүйс, хариуцлага тооцох гэх мэт бусад асуудалд ямар заалт боловсруулсан бол?

-Тэр бол жижиг асуудлууд нь учраас бусад хуулиараа зохицуулаад явчихна. Хариуцлагын тухайд одооны Үндсэн хуульд ч тусгайлан заагдсан байдаг. Үндсэн хууль зөрчсөн болон бусад шалтгаанаар Ерөнхийлөгчийг огцруулах асуудлыг УИХ шийдэх эрх мэдэлтэй байгаа шүү дээ.

-Ерөнхийлөгчийн эрх хумигдаж, Ерөнхий сайдын эрх, үүрэг нэмэгдэнэ гэнэ. Үүнтэй холбоотой зохицуулалтыг УИХ хийх нь. Харин УИХ-ын түвшинд ямар өөрчлөлт орох бол?

-УИХ-д бүлэг бүрээс дэд даргатай байсныг зөвхөн нэг дэд даргатай байхаар тусгахаар болсон. Тэгээд нууц саналд хураалтаар нэг л хүнийг УИХ-ын дэд даргаар сонгоно. Бас УИХ-ын хэлэлцэх асуудлыг нь зааж өгөх үү гэх мэтээр саналууд бий. Компанитай холбоотой асуудлыг УИХ биш, Засгийн газар, бүр компани нь өөрөө шийдээд явчих боломжтой учраас үүнд УИХ хутгалддаг байж болох уу. Асуудлыг шийдэх эрх нь Засгийн газарт байдаг. Тиймээс энэ заагийг л Үндсэн хуулийн өөрчлөлтөөр илүү тодорхой болгож өгөх санал байгаа юм. Үндсэн хуульд ерөнхийдөө гурван үндсэн чиглэлээр өөрчлөлт оруулъя гэж байгаагаас үлдсэн нь нутаг дэвсгэр, засаг захиргааны нэгжтэй холбоотой. Нутаг дэвсгэрийн тухайд Монгол Улс нь Улаанбаатар, Дархан, Эрдэнэт болон аймгуудад, аймаг нь сумдад, хот нь хороодод, сум нь багт хуваагдана. Улаанбаатар, Дархан, Эрдэнэт нь засаг захиргааны тусгай нэгж байна. Тэгээд удирдлагын эрх хэмжээ, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн зохион байгуулалтыг хуулиар журамлая гэж байгаа. Энэ гурван хот дүүрэгтэй байх уу, зөвхөн хороодтой байх юм уу. Дүүрэг нь ямар байх юм гэдгийг тусгайлсан хууль гаргаж зохицуулахаар яригдаж байгаа гэсэн үг. Ингэснээр одоогийн аймгууд хот, сумдад хуваагдана. Архангай аймгийн төв л гэхэд Цэцэрлэг хот болж сумтайгаа адилтгасан засаг захиргааны нэгж болно.

-Орон нутгийн сонгуулийг яаж явуулдаг болох вэ?

-Улаанбаатар, Дархан, Эрдэнэт гэх нутаг дэвсгэрийн тусгай нэгж болон аймгуудын ИТХ-ын дөрвөн жилийн хугацаатайгаар хот, сумын ИТХ-ыг гурван жилийн хугацаатайгаар сонгоно. Сонгохдоо сумын ИТХ-ын гишүүнийг багийн нийтийн хурлаас нэр дэвшүүлээд сонгочихно. Аймгийнхаа ИТХ-ын гишүүдийг сумын ИТХ нь нэр дэвшүүлээд сонгоно. Энд улс төрийн намууд нэр дэвшүүлж оролцохгүй. Харин Засаг даргыг нь шууд томилгоогоор шийдэх боломжтой гэж үзсэн. Ерөнхий сайд Дархан, Эрдэнэт, Улаанбаатар болон аймгийн Засаг даргыг дөрвөн жилийн хугацаатайгаар томилоод баг, хорооны Засаг даргыг сум, хотын Засаг дарга нь томилно. Сум, хотын Засаг даргыг нийт ард иргэдээс сонгоё гэсэн саналд ажлын хэсэг санал нэгдсэн.

-Тэгвэл хариуцлагаа яаж тооцох юм?

-Баг, хорооны Засаг даргыг сум хотынх нь, сум хотын Засаг даргыг аймгийн Засаг дарга нь 21 аймаг болон Улаанбаатар, Дархан, Эрдэнэтийн Засаг даргыг Ерөнхий сайд нь огцруулах болон чөлөөлөх асуудлыг хариуцна. Хэтэрхий эрх дархтай Засаг даргатай болох нь гэсэн шүүмжлэл байгаа ч дээд шатныхаа Засаг даргын шууд удирдлага дор байна. Тийм учраас огцруулах, чөлөөлөх асуудлыг дээд шатны Засаг дарга шийдэх боломжийг олгох нь зүйтэй гэж үзэж байгаа юм. Үндсэн өөрчлөлтүүд гэвэл ердөө энэ. Ийм хэмжээний өөрчлөлт хийгдэж байгаа учраас бусад заалт, бусад хуулиудад жижиг өөрчлөлт орох нь ойлгомжтой. Товчхондоо парламентын бүгд найрамдах улсын хувьд Засгийн газар, УИХ-ын эрх мэдлийн хуваарилалтуудыг ойлгомжтой болгож, кабинетыг УИХ-ын өмнө Ерөнхий сайд нь хариуцдаг учраас байх ёстой бүх эрх мэдлийг нь өгнө. Засгийн газар нь тогтвортой ажиллах, тогтвортой олонхи байх боломжийг олгохоор улс төрийн үүднээс үүсдэг хүндрэл арилна гэж үзэж байгаа. Яг үүнтэйгээ холбогдуулаад Ерөнхийлөгчийн сонгууль, бүрэн эрх зэргийг холбогдох хуулиараа зохицуулаад өгчихнө. Тэгээд Засаг захиргааны нэгж дээрээ хот, засаг захиргааны нэгж байх тухай асуудлыг нь шийдэж өгөөд сонгуулийг нь доороосоо дээшээ улс төрийн намуудын оролцоогүйгээр сонгогддог болгох ийм л санаа байгаа.

-Тэгвэл дордуулсан гэх долоон өөрчлөлтийн тухайд ямар нэгэн санал бий юу. Лав хоёрыг нь цэгцлэхээр болсон юм байна?

-Би дордуулсан долоон өөрчлөлт гэж үздэггүй. Юмыг эхнээс нь тэгээд нэрлэчихээр цаашаа тийм ойлголтыг өгөөд явчихдаг юм. Тэр долоон өөрчлөлт яагаад орсон юм, ямар учир холбогдолтой, ямар сорилтууд тулгараад хийсэн юм. Эсвэл өөрсдөдөө амар хялбар болгох гэж ийм өөрчлөлт оруулсан юм уу гэдэг асуултууд гарна. Үндсэн хууль өөрөө хөгжөөд явж байх ёстой. Тэр долоон өөрчлөлтийн нэгийг нь сая өөрчиллөө. Бүлэг бүрээс дэд даргатай байна, саналыг нь ил хураадаг болно гэж. Ийм өөрчлөлт орохын өмнө 1996 онд Ардчилсан холбоо эвсэл анх удаа олонхи болоод УИХ-ын даргаар намайг сонгосны дараа дэд даргын асуудал босоход манайх дэд даргаа авна гээд тэр үеийн МАХН УИХ-ын чуулганыг бүтэн сар зогсоосон. Яах ч аргагүй олонхиороо асуудлыг шийддэг учраас тэр өөрчлөлтийг оруулсан. Мөн олонхиос Ерөнхий сайдаар томилуулахаар нэр оруулж ирсэн бол Ерөнхийлөгч тав хоногийн дотор хариугаа өгнө. Өгөхгүй бол шууд УИХ руу оруулна гэсэн өөрчлөлт тэгэхэд орсон байдаг. Энэ асуудал яагаад босов гэхээр тэр үед манайх Ерөнхий сайдаа томилуулахын тулд хугацаа их алдсан байдаг. Ц.Элбэгдорж Ерөнхий сайд л гэхэд удаан хугацаанд үүрэг гүйцэтгэгч гэж явсан. Дараагийн Ерөнхий сайдыг нь тодруулахаар санал өгөхөд болохгүй, тэр хүмүүсийн нэг байвал болж байна гээд. Өөрөөр хэлбэл олонхи эрх мэдэлгүй болчихоод байсан хэрэг.

Олонхи хариуцлагаа хүлээгээд энэ хүнээр Ерөнхий сайдаар сонгоно гээд ажиллах боломжгүй байсан. Үндсэн хуулийн заалтыг тэгж хэрэглэсэн түүхтэй. Ойлгомжтой болгохын тулд тэр өөрчлөлтийг оруулсан. Ирцийн тухай асуудал байна. Гуравны хоёр нь бүрдэж байж чуулган хуралддаг байсныг ердийн олонхи болгосон ш дээ.

Ардчилсан холбоо эвсэл 50 гишүүнтэй байсан үе шүү дээ. МАХН 25 нэмэх нь О.Дашбалбар гишүүн. Тэр 26 гишүүн ирээгүй тохиолдолд чуулган хуралдах боломжгүй болдог. УИХ ийм шалтгаанаар хичнээн удаан хуралдаж чадалгүй бойкотонд орж байв. Тухайн өөрчлөлтүүдийг хийгээгүй бол өнөөдөр ч олонхи эрх мэдэлгүй хэвээрээ л байна гэсэн үг. Ер нь хүмүүс яваагүй замаа гоё гэж хараад байдаг тал бий.

Л.Мөнхтөр

Categories
мэдээ улс-төр

А.Бакей: Ажлын хэсэг Таван толгойн гэрээний дүгнэлтийг энэ долоо хоногтоо гаргах байх

УИХ-ын гишүүн А.Бакейтай ярилцлаа.

-Таван толгойн гэрээг хэлэлцүүлэгт бэлтгэх ажлын хэсэг УИХ-аас байгуулагдсанаас хойш бараг хоёр сар боллоо. Ажлын хэсэг асуудлыг аль түвшинд хэлэлцэж байна?

-Таван толгойн гэрээг судлах дэд ажлын хэсэг олон удаа хуралдсан бол үндсэн ажлын хэсэг байгуулагдсанаасаа хойш хоёр удаа хуралдсан байна. Өнөөдөр (өчигдөр) гурав дахь хурлаа хийх байсан ч хараахан ирц бүрдсэнгүй. Ерөнхий явцын хувьд гэвэл удирдамжаар 14 асуудалд дүгнэлт гаргах даалгавартай. Тэр бүхнийг судалсны эцэст дүгнэлтээ гаргана. Одоохондоо бэлэн болоогүй байна. Зарим мэдээлэл нь Засгийн газраас ирээгүй байгаа юм билээ. Энэ хугацаанд УИХ, Засгийн газар, нам эвслүүд асуудлыг ярилцаж байгаа байх. Тэгээд ч зөвхөн ажлын хэсгийн гаргасан дүгнэлтээр гарцыг тодорхойлно гэхгүй байх. Учир нь том төслийн хувь заяаг ажлын хэсгийн хэдэн гишүүн тодорхойлоод бусад нь дагана гэж би хувьдаа үзэхгүй байгаа. Тийм ч учраас асуудлыг тал талаасаа нухацтай ярих ёстой байна. Үндэсний аюулгүй байдлын гишүүд, УИХ дахь нам эвсэл, гишүүдийн байр суурийг тодорхойлон судлаад аль болох зөв гарцыг олох шаардлага байгаа.

-Анхаарал татсан ямар асуудал байна вэ. Ажлын хэсэг энэ хугацаанд яг юу амжуулсан юм?

-Анхаарал татсан асуудал гэвэл нэмэлт хайгуул явуулах замаар ордын хэмжээг тэлэх асуудал хэр зохимжтой вэ, “Энержи ресурс” компани нь Цанхийн зөвшөөрөл бүхий газрыг барьцаалан зээл авч болох уу гэдэг асуудал бий. Мөн борлуулалтын орлогыг гадаадын компанид байршуулах нь зөв үү, төсөл нь хэр богино хугацаанд үр ашгаа өгөх вэ гэдэг тухай ч яригдаж байна.

Эсвэл урт хугацааны дараа ашиг хүртэж эхлэх юм бол ард түмний, улс эх орны ашигт нийцэжбайна уу гэдгээс гадна хамгийн ихээр яригдаж байгаа хувьцааны асуудал байгаа. Иргэдийн 1072 хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг гэрээний хүрээнд яаж авч үзэх юм. Монголын талаас хувьцаа эзэмшиж байгаа аж ахуй нэгжүүдийн эрх ашгийг яаж тусгах вэ гэх мэтээр анхаарал татсан олон асуудал байна. Ажлын хэсгийн эцсийн дүгнэлт гараагүй учраас тэрийг нь тэгж шийднэ гэж хэлэхэд эрт байгаа. Гэхдээ эдийн засаг хүндрэлтэй байгаа энэ үед Таван толгойг аль болох хурдан хугацаанд шийдээд эргэлтэд оруулах нь хамгийн чухал. Нөгөө талаар эдийн засаг, цаг хугацаандаа хавчигдаад буруу шийдвэр гаргачих юм бол алсдаа амаа барих асуудал болно. Тиймдээ ч асуудалд болгоомжтой хандаж байгаа. Гэрээний төслийг уншихад өнөөдөртөө үр ашгаа өгөх заалтууд байна. Урьдчилгаа хоёр зуун сая ам.доллар авах, төмөр замын ажлын нөхөн төлбөрт 280 сая ам.доллар,Чалкогийн өрийн 140 сая ам.долларыг төлөх гэх мэтээр. Мөн эхний таван жилийн хугацаанд гурван тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт хийгдэнэ, дээд тал нь 12 мянган монгол хүн ажлын байраар хангагдана гэдэг ч юм уу ийм чухал тоон үзүүлэлтүүд харагдаж байгаа. Энэ бүхнийг хэр бодитой байх бол, Монгол Улсын холбогдох хууль тогтоомжуудад хэр нийцэж байгааг судлах нь чухал болж байгаа. Энэ бүхнийг ажлын хэсэг судалж л байна. Ашигт малтмалын тухай хууль, Газрын гээд бусад хуулиудтай хэр нийцэж байгааг дэд ажлын хэсэг судлан ажиллаж байгаа. Дахин хэлэхэд ажлын хэсгийн дүгнэлтээр гарц гаргалгааг тодорхойлолгүйгээр ухаан бодлоо уралдуулж байж шийдвэрээ гаргах хэрэгтэй. Асуудлын ард улс төр, өөр бусад эрх ашиг байгаа нь нууц биш байх. Тэглээ ч бүх талын эрх ашгийн огтлолцоог зөв хараад бүх талын оролцоотойгоор асуудлыг шийдэх хэрэгтэй байгаа юм.

-УИХ гэрээг хэлэлцэх шаардлагагүй. Засгийн газар төслөө эргүүлэн татах ёстой гэж Л.Эрдэнэчимэг гишүүн мэдэгдсэн. Ямар шалтгаантай юм бол?

-Ажлын хэсгийн ахлагч биднээс илүү мэдээлэлтэй байгаа байх. Монгол Улсын холбогдох хууль тогтоомжтой уг гэрээ зөрчилдөж байгаа гэдэг нь танилцуулгын үед яригдаж байгаа. Газрын тухай, Ашигт малтмалын тухай гэх мэтээр. Тийм учраас ажлын хэсгийн ахлагч байр сууриа илэрхийлсэн нь тэр байх. Гэхдээ бидэнд өгсөн үүрэг тус бүрээр ажлын хэсэг дээр санал хураалт явагдана. Түүний дараа л бодит мэдээллийг гаргах нь зүйтэй байх. Ер нь Засгийн газраас өргөн барьсан төслийг хэлэлцэх явц удаашраад, улс төр орж сунжраад байвал Засгийн газар буцаан татах эрх нь нээлттэй байгаа. Энэ боломжийг ашиглахыг үгүйсгэхгүй. Нөгөө талаас илүү оновчтой хувилбарыг гаргаж ирэх боломж ч бий. Ер нь бүхий л хувилбарыг барьж аван давхар ажиллаад явах ёстой.

-Ажлын хэсгийнхэн Засгийн газраас төслөө буцаан татахыг л хүлээж байгаа юм биш үү?

-Тэр нь ч юу юм. Ер нь ийм боломжууд бий. Байгаа бүх боломжийг судалж ашиглах л хэрэгтэй.

-Ажлын хэсэг сая орж ирсэн төслийг ямар ч нөхцөлд явуулахгүй учраас ийм саналыг Засгийн газарт тавьж байна гэж ойлгож болох уу?

-Эцсийн байдлаар тийм дүгнэлт гарчихаагүй. Гэхдээ дэд ажлын хэсгийн бидэнд бэлдэж өгсөн материалыг харахад яах аргагүй эргэж харах шаардлагатай асуудлууд байна.

-Энэ гэрээг буцаачихвал дараа нь ямар хувилбар орж ирнэ гэсэн үг вэ?

-Яригдаж байгаа бүх оролцогчдын эрх ашгийг шингээсэн хувилбар гарч ирэхийг үгүйсгэхгүй. Ялангуяа үндэсний томоохон аж ахуйн нэгжүүдийн оролцоог хангах эрхийн тухай асуудал байгаа. Мөн хувьцаа эзэмшигч 553 аж ахуйн нэгжийг дагалдсан олон бүтээн байгуулалтын ажилд оролцоог нь хангах заалтыг гэрээнд тусгаж ч болох. Энэ мэтээр олон л асуудал байгаа.

-Л.Эрдэнэчимэг гишүүн консерциумыг дахин тендер зарлаж сонгох шаардлагатай, Орос, Солонгосын компаниудыг ч оролцуулах ёстой гэсэн. Үнэхээр эхнээс нь явуулах гээд байна уу?

-Дахиад л хугацаа алдана. Ямар ч нөхцөл байдалд хүрлээ гэсэн Засгийн газраас оруулж ирсэн төслийг сайжруулаад явна. Үүнийг нь консерциум зөвшөөрөх үү үгүй юу гэдэг нь бас асуудал. Хүлээн зөвшөөрөхгүй бол өөр хөрөнгө оруулагчийг хайх шаардлага гарна. Түүнээс биш гэрээг нь ярьж эхлээгүй байж “Та бүхнийг оролцуулахаа болилоо” гэж хэлж болохгүй байх. Сайжруулсны эцэст санал болгоход тэд оролцож болно шүү дээ. Тэр дундаа Монголоос гадны хөрөнгө оруулалт дайжсан энэ үед гэрээ байгуулахдаа ч болгоомжтой л хандах ёстой.

-Энержи ресурс, Шинхуа, Таван толгой компанийн төлөөлөлтэй ажлын хэсгийнхэн уулзсан уу. Тэд ямар саналтай байгаа вэ?

-Уулзаагүй. Ажлын хэсэгт би санал тавьсан. Эрдэс баялгийн мэргэжлийн зөвлөл гэж бий. Тэр зөвлөл төрийн төлөөлөл, эрдэс баялгийн бизнес эрхлэгчийн, иргэний нийгмийн төлөөллийн тэгш оролцоотой ажиллаж байгаа. Тэд эрдэс баялагтай холбоотой ямар нэгэн шийдвэр гаргахад зөвлөх эрхтэйгээр оролцох ёстойг Төрөөс эрдэс баялгийн салбарт баримтлах бодлогод тусгасан. Мэргэжлийн зөвлөлөөс санал авъя гэдгийг би хэлээд байгаа. Одоохондоо энэ саналд хариу ирээгүй байна.

-Тэгвэл асуудлыг яг хэзээ УИХ руу оруулах юм?

-Дэд ажлын хэсгийн танилцуулснаар Засгийн газраас ирэх ёстой гурваас дөрвөн албан бичигтэй танилцаагүй байгаа юм байна. Тэр бичиг нь ирчихвэл дүгнэлтүүдээ хумьж эхлэх боломж бүрдэнэ. Дутуу бичиг баримтуудыг өнөө маргаашгүй ирүүлнэ гэдгээ ч мэдэгдсэн байна лээ. Тэгээд энэ долоо хоногтоо багтаагаад дүгнэлтээ гаргачих байх гэж найдаж байна.

-Ер нь энэ чуулганаар цаашлаад энэ УИХ асуудлыг шийдэж чадах юм уу?

-Энэ хавартаа амжих байх. Өнөөдөр (өчигдөр) АН-ын бүлгийн хурлаар чуулган завсарлахаас өмнө шийдвэрлэх ёстой асуудлуудыг хэлэлцлээ. Тодруулбал, эдийн засагтай холбоотой хуулиудыг баталж гаргана гэсэн нэгдсэн ойлголтод хүрсэн. Тэр ч үүднээсээ Засгийн газарт ажиллах боломжийг нь олгоё гэж байгаа. Амжуулъя гэвэл амжуулж л таарна.

-Ажлын хэсэгт Таван толгойг явуулахгүй гэж эсэргүүцэж байсан гишүүд бүгдээрээ орчихсон гэдэг шүүмжлэл бий. Та бүхний шийдвэр хэр оновчтой гарах юм бол доо?

-Дэд ажлын хэсгийн ахлагч шийдвэр гаргахад оролцохгүй. Зөвхөн мэдээллээр хангана. Тэгээд бүрэлдэхүүнд байгаа УИХ-ын гишүүд өөр өөрсдийнхөө итгэл үнэмшлээр саналаа өгөх учиртай. Миний хувьд тийм л бодолтой байна. Гэхдээ гарцаагүй хууль зөрчсөн тохиолдол байх юм бол “Явуулах л ёстой” гээд гүрийгээд байж болохгүй. Тиймээс эрүүл ухаанаар хандах шаардлага гарч байгаа юм. Ажлын хэсгийн ахлагч ч гэлээ нэг л саналын эрхтэйгээр оролцоно шүү дээ. Тэр хүн эсэргүүцэж байсан, ажлын хэсэг ахалж байгаа гээд давуу эрхтэйгээр оролцохгүй.

Л.Мөнхтөр

Categories
мэдээ улс-төр цаг-үе

Ч.Сайханбилэг: Ипотекийн зээлийн урьдчилгаа 20 хувьд Засгийн газраас баталгаа гаргана

УИХ-ын чуулганы үдээс хойших хуралдаан Ерөнхий сайдын цагаар үргэлжиллээ. Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ удаа иргэдийг орон сууцжуулах бодлогын хүрээнд авч буй арга хэмжээний талаар мэдээлэл өгсөн юм. Тэрээр “Засгийн газар 2003 оноос эхлэн орон сууцны төсөл, хөтөлбөрүүдийг хэрэгжүүлж ипотекийн зээлийг олгож эхэлснээс хойш нийт 67 мянга 612 иргэнд хоёрих наяд 957,85 тэрбум төгрөгийн ипотекийн зээл олгожээ. 1657 иргэнд 57,75 тэрбум төгрөгийн буцалтгүй тусламж үзүүлэхийн зэрэгцээ ахмадын байрны асуудлыг шийдээд явж байна. Мөн Хөгжлийн банкны “Чингэс” бондоос салбарыг дэмжиж хийсэн хөрөнгө оруулалт амжилттай хэрэгжиж байгаа. Тиймээс Засгийн газар энэ арга хэмжээний эхлэл болгон ипотекийн зээлийг тогтвортой, урт хугацаанд үргэлжлүүлэхийн тулд “Нийгмийн даатгалын сангийн тухай” хуульд нийгмийн даатгалын санг дотоодын институциональ хөрөнгө оруулагч болгон ашиглах, тус сангийн хуримтлал хөрөнгөөр баталгаажсан үнэт цаас худалдан авахтай холбогдсон нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийн төслийг боловсруулж, Засгийн газрын хуралдаанаар хэлэлцэн, УИХ-д өргөн мэдүүлсэн. Засгийн газрын “Орон сууцны ипотекийн зээлийн ерөнхий журам”-д урьдчилгаа төлбөрийн хэмжээг 10-30 хувь байхаар тусгасан ч 2013-2014 онд 30 хувиар хангагдаж ирсэн.

Энэ төлбөрийн 20 хүртэл хувьд нь Засгийн газар баталгаа гаргаснаар банкны хувьд эрсдэлгүй бөгөөд иргэд 10 хувийг төлөөд урт хугацаанд үлдсэн 20 хувийг төлөх боломж бүрдэнэ. УИХ бодлогын түвшинд дэмжлэг үзүүлбэл Засгийн газар урьдчилгаа төлбөрийг бууруулах бололцоотой арга хэмжээг авч хэрэгжүүлнэ. Одоогоор ТОСК-ийн үйл ажиллагааныхаа хүрээнд 2014 онд Архангай, Увс, Сэлэнгэ, Дархан-Уул, Ховд, Хэнтий зэрэг аймагт, мөн Улаанбаатар хотод “Буянт-Ухаа I” хороолол, “Буянт-Ухаа II“ хорооллын нэгдүгээр хэсэг нийт 5156 айлын орон сууцны 297 тэрбум төгрөгийн төслийг эхлүүлж 197 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалт хийгээд байна. Мөнэнэ онд “Буянт-Ухаа II” хорооллын хоёрдугаархэсэг, VII хороолол, гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд “Эко-Яармаг” төсөл, Багануур дүүрэг, Говь-Алтай, Хөвсгөл, Орхон аймагт нийт 10 мянга 709 айлын орон сууцны 814 тэрбум төгрөгийн төслийг эхлүүлэхээр төлөвлөн ажиллаж байна. Нийслэлийн хувьд гэр хорооллын дахин төлөвлөлтийн инженерийн дэд бүтцийн барилга байгууламж, шугам сүлжээний угсралтын ажлыг улс, нийслэлийн төсвийн хөрөнгө оруулалтаар 14 байршлын 27 хэсэгчилсэн талбайд гүйцэтгэж байгаа бөгөөд найман байршлын14 хэсэгчилсэн талбайд орон сууцны хорооллын цахилгаан, дулаан, цэвэр, бохир ус ариутгах татуурга, холбооны иж бүрэн ажлын зургийг боловсруулсан. Хан-Уул дүүргийн наймдугаар хорооны нутаг дэвсгэрт “Шинэ Яармаг” төслийг хэрэгжүүлэхээр Хөгжлийн банкны “Чингэс” бондоос ТОСК-аар дамжуулан 50 сая ам.долларын хөрөнгө оруулалтын асуудлыг шийдвэрлэсэн байна. Мөн 1680 айлын орон сууцны “Эко-Яармаг” төслийн санхүүжилтийгБНТУ-ын “EYG Групп” компани өөрийн хөрөнгөөр барихаар тохиролцож Хөрөнгө оруулалтын хамтын ажиллагааны гэрээ байгуулан ажиллаж байна” гэлээ.

Түүнийг ийнхүү мэдээлэл хийсний дараа УИХ-ын гишүүд асуулт асууж хариулт авлаа. Тухайлбал, УИХ-ын гишүүн О.Баасанхүү “Барилгын салбарт, иргэдийг орон сууцаар хангахын тулд төр хувийн хэвшлийнхэн хамтран зүтгэж байгаа. Гэтэл үүнтэй зэрэгцээд төрийн зарим байгууллага ажилчдаа орон сууцаар хангахаар газар авч, байшин барьж байна. Тэгээд нөгөө барилгаа ажилчдадаа арилжиж нэг талын бизнес хийж байна. Жишээ нь Гадаадын иргэн харьяатын газар. Тэдний үйл ажиллагааг ажилчдаа орон сууцаар хангах нь гээд дэмжиж болох ч яам, агентлаг хүртэл барилгын салбарт өрсөлдөж байгаа юм биш үү. Мөн Засгийн газар зээлийн урьдчилгааны 20 хувийг төлнө гээд байгаа. Яг ямар учиртай асуудал байна вэ. Дэлгэрэнгүй мэдээлэл өгөхгүй юу” хэмээн асуулаа. Асуултад Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “Яам агентлагууд барилга барьдаг асуудлыг нэг тийш болгоно. Бүгдийг ипотекийн хүрээнд хамруулахаар ажил эхэлсэн. Төрийн байгууллагууд ажилчдаа орон сууцанд ороход нь дэмжихээр болбол урьдчилгаа төлбөрийг нь шийдэхээс эхлээд гарц хайж байгаа. Харин ипотекийн зээлийн урьдчилгаа 30 хувийг 10 болгож үлдсэн 20 хувьд Засгийн газар баталгаа гаргана гэдэг нь эдийн засаг хямарсантай холбоотой асуудал. Засгийн газар 20 хувийн санхүүгийн дэмжлэгтэй оролцох уу эсвэл 20 хувьд нь баталгаа гаргаж оролцох уу гэдэг удахгүй тодорхой болно” гэж хариулав. Тэгэхэд УИХ-ын гишүүн Д.Ганхуяг “Хотын захаар газрын үнэ арван сая ч хүрэхгүй байхад хотын төвд 200-300 сая төгрөгөөр үнэлэгдэж байна. Захын хорооллын газрыг яаж үнэд оруулах вэ” хэмээн асуухад Д.Цогтбаатар сайд “Зах зээл нь ийм байгаа. Дэд бүтцэд холбогдсон газар үнэтэй байгаа учир цаашид дэд бүтцийг шийдэхийн тулд түлхүү ажиллах хэрэгтэй” гэв.

Мөн энэ үеэр УИХ-ын гишүүн А.Тлейхан “Баригдаад борлогдохгүй байгаа орон сууц хэд байгаа вэ” гэдгийг тодруулж Д.Цогтбаатар “36 мянган орон сууц борлогдоогүй” хэмээн хариулсан. Мөн Ж.Батзандан гишүүн “ТОСК барилгын зах зээлд яаж нөлөөлж байгаа вэ. Дээхнэ үед баригдсан барилгуудыг шинэчлэх асуудал төрийн бодлогын аль хэсэгт яваа вэ” хэмээн асуув. Тэгэхэд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “ТОСК зах зээлийн боломжит үнийг тогтоох зорилгоор ажиллаж байгаа. Харин барилгууд чанар муудаагүй байхад насжилт өндөр гээд шууд барьж аваад шинэчлээд явчих боломж байхгүй” гэсэн юм. УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар “Гэр хорооллын дахин төлөвлөлтийн хүрээнд хүний эрх хамгийн ихээр зөрчигдөж байгааг Засгийн газар анхааралдаа аваарай. Ер нь энэ асуудалд ямар хариулт хэлэх юм” гэж асуухад нийслэлийн Засаг даргыг төлөөлж ирсэн мэргэжилтнүүд “Бид хүний эрх зөрчигдсөн үү гэдэг тайлбарыг авсан. Ямар нэгэн байдлаар хүний эрхэд халдсан тохиолдол байхгүй. Бидний эрх зөрчигдлөө гээд хэвлэлийн бага хурал хийгээд байсан хүмүүсийг шалгахад тэдний нэг нь ч дахин төлөвлөлтөд хамрагдсан бүсэд амьдардаггүй нь тогтоогдсон” гэдэг хариултыг хэлсэн. А.Бакей гишүүн “Барилгын үнэ бууж байгаа юу” хэмээн асууж ТОСК-ын захирал А.Гантулга “Метр квадрат нь дор хаяж 500 мянган төгрөгөөр буусан” гэдгийг ч хэлж байлаа. Мөн Ц.Нямдорж гишүүн “Хотын Засаг дарга Э.Бат-Үүл хаана байна. Гэр хорооллын иргэдийг халуун хүйтэн усаар хангана гэсэн юу болов. Тэгээд дахин төлөвлөлт гэж хачин юм эхлүүлчихээд байгаа. Иргэд газраа албадлагаар өгчихсөн. Гэтэл ажил нь ядаггүй. Газрыг нь хүчээр авчихаад гадас ч зоогоогүй байна. Энэ хүмүүс хэдэн жил гэр оронгүй явах вэ. Орон сууцны найман хувийг зарлаж асуудалд төр оролцож эхэлснээс хойш байрны үнэ хоёр дахин нэмэгдсэн. Одоо 10 хувь болгоно гээд хэдэн хувь болгож өсгөх бол доо. Газраа өгөхгүй гэсэн иргэний усыг нь, цахилгааныг нь тасалдаг асуудал хавтгайрлаа” гэхэд Ерөнхий сайд Ч.Сайханбилэг “УИХ-аас нийгэм, зах зээлд цацаж буй мэдээлэлдээ болгоомжтой хандах хэрэгтэй байна. Түрүүн Д.Цогтбаатар сайд 36 мянган орон сууц зарагдаагүй гэлээ. Яг үнэндээ арав хүрэхгүй мянган орон сууц өнгөрсөн жил үлдсэн. Өнөө жил баригдах барилга нэмэгдээд 36 мянгад хүрнэ” хэмээн хариулснаар Ерөнхий сайдын мэдээллийн цаг дууссан юм.

Харин энэ өдрийн чуулганы үдээс өмнөх хуралдаанаар “Төрөөс аж үйлдвэрийн талаар баримтлах бодлого батлах тухай” УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийсэн юм. Бодлогын баримт бичгийн зорилгыг товчхон сонирхуулъя. Аж үйлдвэрийн салбарыг дэвшилтэт техник, өндөр технологи, өрсөлдөх чадвар бүхий үйлдвэрлэл, үйлчилгээг бий болгож, Монгол Улсын тогтвортой хөгжлийг хангах тэргүүлэх салбар болгон хөгжүүлэхэд чиглэж байгаа юм. Үүнийг хэрэгжүүлэхийн тулд долоон зорилт дэвшүүлжээ. Тухайлбал, Аж үйлдвэрийн салбарын эрх зүйн орчинг боловсронгуй болгож, үйлдвэрлэл эрхлэх таатай орчин бүрдүүлнэ. Аж үйлдвэрийн хөгжлийн бүсийг тодорхойлон “Монгол Улсын аж үйлдвэрийн нэгдсэн төлөвлөлт, зураглал”-ыг экосистем, хүн амын нутагшил, суурьшил, түүхий эдийн нөөц, дэд бүтцийн бодлоготой уялдуулан боловсруулна. Үлдвэрлэлийн тэргүүлэх чиглэлүүдийг тодорхойлж, үйлдвэрлэлийн кластер, чөлөөт бүс, үйлдвэрлэл, технологийн парк, тээвэр логистикийн сүлжээг цогцоор нь төлөвлөн хэрэгжүүлнэ. Дэвшилтэт техник, өндөр технологи, инновацид суурилсан, нийгэм, эдийн засгийн үр ашиг бүхий боловсруулах үйлдвэрлэлийг хөрөнгө оруулалт, санхүүгийн бодлогоор дэмжинэ. Аж үйлдвэрийн салбарт төр, шинжлэх ухаан, хувийн хэвшлийн үр ашигтай хамтын ажиллагааг дэмжих, хүний нөөцийг чадавхижуулах, бэлтгэх, худалдааны таатай орчин бүрдүүлэх, экспортыг төрөлжүүлэх асуудлууд багтаж байна. Дээрх зорилтуудыг гурван үе шаттайгаар тус бүр таван жилийн хугацаатай 2015-2030 онд хэрэгжүүлэхээр төлөвлөжээ.

Бодлогын бичиг баримтыг хэрэгжүүлснээр боловсруулах аж үйлдвэрийн салбарын дотоодын нийт бүтээгдэхүүнд эзлэх хувийн жин нэмэгдэж, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүн, үйлчилгээгээр дотоодын хэрэгцээгээ хангах юм байна. Дэлхийн болон бүс нутгийн хэмжээнд өрсөлдөх чадвартай эцсийн бүтээгдэхүүн экспортлогч орон болно гэж салбарынхан үзэж байгаа. Байнгын хороон дээр 40 зарчмын зөрүүтэй санал гарсан тул санал бүр дээр гишүүд асуулт асууж байлаа. Энэ үеэр гишүүдээс асуудал ихтэй бодлогын баримт бичгийг эргүүлэн татаж, зарчмын зөрүүтэй саналуудаа нэгтгээд оруулж ирэх санал ч гарч байсан юм. Гишүүд Эдийн засгийн байнгын хорооны даргаас асуулт асууж, хариулт авлаа.

УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцан: -Дорноговь аймагт Аж үйлдвэрийн парк байгуулна гэж хэдэн жил ярьсан юу болсон бэ. Хөнгөн, хүнсний үйлдвэрийн бодлого, аж үйлдвэрийн кабинет байсан газрыг сэргээж байгуулах асуудал хэлэлцүүлгийн явцад хэр зэрэг тодорч гарав.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь: -Яам байгуулагдаад зургаан сар болж байгаа. Харьцангуй богино хугацаанд бодлогын баримт бичгээ боловсруулж оруулж ирсэн. Байнгын хороон дээр зарчмын зөрүүтэй санал орж ирсэн. Зам тээврийн яам, Х.Баттулга сайдыг ажиллаж байх явцад яригдаж байсан асуудал. Дараа дараагийн үйлдвэрүүд түүхий эдээ дагаж байгуулагдана. Бодлого батлагдвал хөнгөн, хүнсний үйлдвэр байгуулагдана гэж ойлгож байгаа.

УИХ-ын гишүүн Ё.Отгонбаяр: -Ажлын хэсгийн саналуудыг харж байхад зарим асуудал үлдчихсэн юм шиг байна. Салбарын бодлогыг гаргахдаа аль салбараа түлхүү хөгжүүлэх вэ гэдгийг чухалчлах хэрэгтэй. Баримт бичгийг харж байхад бүх л салбараа хөгжүүлчих юм шиг ойлгогдоод байна. Ийм олон санал хураалттай бодлого орж ирэхээр унах магадлал өндөр байдаг. Тэгэхээр эргэж татаад, дахиж оруулж ирж болдоггүй юмуу.

Эдийн засгийн байнгын хорооны дарга Ж.Батсуурь: -Олон нөхөөстэй гэдэг асуудал яригдсан. Татаж аваад дахиж боловсруулах асуудал байнгын хороон дээр дэмжигдээгүй хэмээн хариулж байлаа. Ийнхүү зарчмын зөрүүтэй саналын томъёоллоор санал хураалт явуулж дууссан.

Л.Мөнхөө

М.МӨНХ

Categories
мэдээ цаг-үе

Монголын түүхийн харанхуй зуунд цэг тавьж чадсан Занабазарын талаар эрдэмтэд ном хаялцав

“Өндөр гэгээн Занабазарын мэндэлсний 380 жилийн ой” өнөө жил тохиож байгаа. Ойг тэмдэглэн өнгөрүүлэх үндэсний хорооноос өнгөрсөн баасан гаригт “Өндөр гэгээн Занабазар, амьдрал өв” эрдэм шинжилгээний хурлыг зохион байгуулав. Эрдэм шинжилгээний хуралд оролцогчдод Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж мэндчилгээ дэвшүүлсэн бол УИХ-ын дарга З.Энхболд, УИХ-ын дэд дарга Р.Гончигдорж, гишүүн Д.Лүндээжанцан, Шинжлэх ухааны академийн ерөнхийлөгч Б.Энхтүвшин нар үг хэлэв. Мөн ШУА-ийн Ж.Болдбаатар, С.Чулуун, Эрмитаж музейн захирал Елихана, Бурханч лам Г.Пүрэвбат, Хэл зохиолын хүрээлэнгийн Р.Отгобаатар зэрэг Монгол Улсаас Занабазар судлалын чиглэлээр ажилладаг 20 гаруй, ОХУ зэрэг зургаан орны монголч 14 эрдэмтэн оролцож судалгааныхаа ажлын сүүлийн арван жилийн ололт амжилтыг хуваалцав. Энэ өдрийн эрдэм шинжилгээний хуралд нийт 600 гаруй эрдэмтэн судлаач оролцсон бөгөөд “Өндөр гэгээн Занабазар судлалыг шинээр авч үзэх нь”, “Өндөр гэгээн Занабазар ба Оросын харилцаа “, “ОХУ-ын Эрмитажийн цуглуулгад буй Монголын буддын шашинтай холбоотой уран баримал ба уран зураг”, “Өндөр гэгээний хувилгаан урлал”, “Соёмбо дөрвөлжин үсгийн судлалын зарим асуудал” зэрэг үндсэн илтгэлүүдээр үргэлжиллээ. Эрдэм шинжилгээний хурлаар дээрх сэдвүүдээс гадна түүний бүтээл туурвил болох нийслэл хот, зургаан хийдийг үүсгэн байгуулснаас эхлээд бурхны шашин, соён гэгээрлийн талаарх бүхий л туурвилыг түлхүү хөндөж байв. Түүний уран бүтээлийн талаар энэ өдөр эрдэмтэд тодорхой түвшинд ярилцсан. Мөн түүний намтар, нийгэм, улс төрийн үйл хэргийн тухай илтгэлүүд ч тавигдсан бөгөөдэнэ талаар эрдэмтэн судлаачдаас асууж тодруулснаа хүргэе.

Халхын Өндөр гэгээн Занабазар нь 1635 оны аравдугаар сарын 4-нд Түшээт хан Гомбодорж, Ханджамц хатан нарын хөвүүн болж одоогийн Өвөрхангай аймгийн Есөн зүйл хэмээх газар төрснийг Ишдорж хэмээн нэрийджээ. Түүнийг таван настай байхад буюу 1640 онд Далай лам, Банчин Богдоос Жавзундарнатын хувилгаанаар тодруулсан. Ийнхүү өнөөгийн Өвөрхангай аймгийн Бүрд сумын нутаг Ширээт цагаан нуур буюу Их Монгол уулын өвөрт анхдугаар Богд Жавзандамба хутагтын ширээнд залж Халх Монголын шарын шашны тэргүүнд өргөмжилсөн нь анхны нийслэл хотын үүсэн байгуулагдах үйл явц болсон гэдэг. Ишдорж нь улмаар 1649 онд Цастын оронд хүрч Банчин Чойжилжанцан богдод шавилж гэгээрснээс хойш Халх дөрвөн аймгийн харьяат ардуудаас эхлээд Монгол угсаатнууд түүнийг Өндөр гэгээн Занабазар хэмээн өргөмжилсөөр ирсэн түүх бий. Түүнийг таван настайд Халхын шарын шашны тэргүүн болгосон нь улс төрийн том зорилгын дор зохиогдсон ажил байжээ. Тухайлбал, 1636 онд Өвөр Монгол Манжид дагаар орсны дараа урд хөршийн цэрэг арми тав Халхад тулж ирэв. Тиймээс л халхын ноёд 1639 онд Ширээт цагаан нуурт чуулж Түшээт хан Гомбодоржийн таван настай хүүг шашин номын тэргүүнээр өргөмжилсөн нь энэ аж. Занабазар (жнана) нь аянгат, (важра) нь цэцэн билэг гэсэн утга бүхий Санскрит үг ажээ.

Урд зүгээс ийм дайралт ирэхийн зэрэгцээ Зүүн гар улс буюу Дөрвөн Ойрадын Галдан бошигт ч үе үе үлэмж хэмжээний хохирлыг Халх түмэнд учруулж байсан гэдэг. Дөрвөн Ойрад үүссэн түүх нь 1400 оноос эхтэй аж. Тэр үед арван түмэн Монголын дөрвөн түмтийг нь Мөнхтөмөр ноён салган хант улс болсноо зарлажээ. Улмаар 1393 онд Мөнхтөмөрийг бие барахад гурван хүү нь болох Махмуд, Тайчин, Батболд нар Монголын хаанд хэзээ ч захирагдахгүй гэдгээ зарлажээ. Тэд Мин улсын хаанаас 1409 онд цол хэргэм хүртсэнээсээ хойш мөнхөд дайн өдүүлж ирсэн байдаг. Улмаар монголчуудын их цэргийг хиар цохисон ч, өөрсдөө хүч хавсран дайтаж явсан Мин улсын цэрэгт ялагдсанаар Монголын түүхийн хамгийн харанхуй үе эхэлсэн түүхтэй. Товчхондоо 14-16-р зууны үеийн Монгол ном, эх сурвалж хийчихээр бичиг цаас байдаггүй, 1640 он хүртэл нийслэл хүрээгүй явж ирсэн нь ийм учиртай. Дөрвөн Ойрадын уршгаар эхэлсэн хамгийн харанхуй үе 16 дугаар зууны дунд үед Өндөр гэгээн Занабазар Халхын шарын шашны тэргүүн болоход эцэслэгдсэн. Бичиг ном, соён гэгээрлийн замаас хоёр зуун дамжин хол байсан монголчууд нэгэн жарны хойно буюу 1691 онд мөн л Ойрадын ноёдын уршгаар дахин хоёр зууны турш Манжид дарлагдах эхлэл тавигдсан ажээ. Учрыг тодруулбал Өндөр гэгээн Занабазарыг Соёмбо үсэг зохион, уран зураг, уран баримал, гадаад хэл бичиг харилцаанд боловсорч, уран бүтээлээ туурвиж эхэлсэн тэр мөчид Ойрадын Эрдэнэбаатар хунтайж бие барж зургаан эхнэрийн арав орчим хөвгүүд нь ширээг нь залгамжлахаар өөр хоорондоо тэмцэлдэж эхэлсэн түүхтэй. Тэдний нэг нь Галдан бошигт хаан. Уг нь тэрээр Занабазар гэгээний адилаар Зонховын шавь Дүлжин Дагважалцангийн хувилгаанаар өргөмжлөгдөн Цастын оронд бурхны шавь болон эрдэм номд шамдсан байдаг. Харамсалтай нь түүний ар гэрт их аллага эхэлснээр хувраг хувцсаа тайлан Бошигт хүртсэн. Тэрээр гэр доторх бүх дайсагналаа цэрэг зэвсгийн хүчээр шийдсэн нь цаашдын улс төрийн зорилгоо ч цэргийн хүчээр шийдэхийг зорьдог болгосон гэж зарим түүхчид үздэг юм байна.

Ийн нэгэн цаг үед тодорсон хоёр хувилгаан баруун, зүүн Монголын шашин төрийн үйл хэрэгт голлох үүрэг гүйцэтгэж эхэлсэн бөгөөд тэд хэн хэндээ захирагдахыг хүсээгүй. Захирагдах нь бүү хэл өөр хоорондоо илч илгээж, уулзаж ярилцаж байсан удаа ч түүхэнд тэмдэглэгдсэн нь ховор. Галданбошигт Зүүн гар улсаас баруун тийших нутагт хил залгаа зарим сул дорой орныг эзлэн хүчирхэгжиж эхэлсэн. Тодруулбал, хасаг, уйгур, туркмэн, киргизүүдийн дотоодын эв муудсаныг ашиглан Самарканд, Ургенч, Хами зэрэг олон хотыг дайран эзэлж байв. Мөн Хаант Оростой харилцаа тогтоон зэр зэвсгийн туслалцаа авч эхэлсэн гэдэг.Харин Халх Монголын хувьд Хаант оросууд Сибирт нэвтэрч, урдаас Манж, баруунаас Зүүн гар улсын өдөөн хатгалга эхэлжээ.

Монголын хуваагдал үүсэхэд байгаль, газарзүйн орчны нөлөө багагүй байсныг өгүүлэх эрдэмтэд ч цөөнгүй бий. Өмнөд ба Халх монгол их говиор зааглагдаж, Халх ба Ойрад Монголын нутгийн зах Алтай, Хангайн уулсын завсрын нуур, гол, мөрний дагуу буюу одоогийнхоор Их нууруудын хотгор, орчмоор тэмдэглэгдсэн байжээ. Харин Сибирийн нутагт мал аж ахуй эрхлэхэд таагүй учир хүн ард шигүү суурьшаагүй, эзэнгүй шахам байжээ.

Ийм л үед Өндөр гэгээн Занабазар бурхан шашны, ном соёлын бүтээлийг ихээр хийж байсан нь өдгөө хэдэн тэрбум ам.доллараар үнэлэгдэх өв болоод байгаа. Энэ цаг үед дэлхий нийт түүхээ сударт мөнхөлж өдгөө ч оршин буй их хотуудыг барьж байгуулах ажил ид өрнөсний адилаар Өндөр гэгээн Занабазар ч нийслэл хүрээ хэмээгчийг тунхаглаж зургаан ч хийд байгуулан монголчуудыг хагас суурин иргэншил рүү татаж байв. Харин Хаант орос, Зүүн гар, Манж Чин гүрнүүд Халх Монголыг эзлэх мөнхийн хүслээ үл нуун өөр хоорондоо сэм сүлбэлдэн Халх Монголын хилийг улам хумисаар байжээ. Тэр үед улс төрийн өө хайх явдал хэрээс хэтэрсэн бөгөөд үүнийг Галдан бошигтын нэгэн захидал гэрчилдэг гэнэ. Тухайн цагт Хүрэн бэлчирийн чуулган гэж хийсэн байдаг. Тэгэхэд далай ламын элч, Занабaзар хоёрын сэнтий чацуу байсанд Галдан бошигт дургүйцэн энэ тухай Манжийн хаанд захидал бичиж гомдол мэдүүлж байжээ. Чингэхэд Манжийн хаан элчээ цэргээр хамгаалуулан Халхад илгээн сүрдүүлж, тухайн элч нь Монголоор бэдчин дээрэм тонуул хийж байсан тухай аман яриа үлджээ.

Энэ мэтээр Халхыг эзлэх хөрш орнуудын мөнхийн санаархалд 1691 онд цэг тавигджээ. Тодруулбал, Байгал нуур нь 1690-ээд оныг хүртэл Халхын Түшээт ханы харьяа нутаг байжээ. Халхын түшээт хан буюу Занабазарын ах Чахундорж 14 дүгээр зуунаас хойш өнгөлзөх болсон Хаант Оросын цэргийг цохиж Омск, Томск хотуудыг өнгөртөл нь хөөсөн байдаг. Чахундоржийг Орос улстай дайтах зуур Зүүнгарын Галдан бошгот зүгээр суусангүй. Халхад нэг бус удаа цөмөрч Хар хоринг эзлэн түрэмгийлсэн. Галданд ялагдсан Халх ноёд ч Өвөрлөгчдийг даган Манжийн нутагт 1691 оноос амь хоргоож монголчуудын өөр хоорондоо хийсэн дайн дахиад олон жилээр сунжирч 1900 оны эхэн үетэй залгажээ.

Өндөр гэгээн Занабазар 1723.02.18-нд Бээжингийн Шар сүмд нас барсан байдаг. Энэхүү дайн самууны уршгаар түүний бүтээл, туурвилууд олноороо устаж үгүй болохын зэрэгцээ, оюун санаа, соён гэгээрлийн зам мөр нь таслагдсан. Хэрэв тухайн үед дайн самуун үүсээгүй, Өндөр гэгээн Занбазарын тарьсан соёлын үр өнөөг хүртэл тасраагүй бол Монгол Улс дор хаяж таван зууны боловсролын системтэй, түүхийн хөдөлшгүй баримт цуглуулга олонтой байх байжээ. Францын нэрт урлаг судлаач Нийл Бегин “Г.Занабазар бол дорно дахины дүрслэх урлагийн аугаа их мастер мөн” хэмээн дуу алдаж Леонарда Да Винчи, Х.Рембрант, Микельанжилогийн уран баримал уран зургаас үл дутах олон бүтээл туурвисныг хэлсэн байдаг ажээ.

Л.МӨНХӨӨ

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Геологичдын алхны чимээ Алтайн хязгаараас сонстож эхэллээ

Монгол, Чехийн хамтарсан геологичид Баянхонгор, Говь-Алтай, Ховд аймгийн нутгийг судлахаар ажилдаа гараад тав хонож байна. Тэд зах зээлийн нийгэмд шилжсэнээс хойш мартагдах шахаад байсан геологичийн алх цүүний хангинах чимээг дахин сэрээж 1:50000-ны масштабтай геологийн зураглал, геохимийн эрлийн ажлыг гүйцэтгэх зорилготой. Мөн Монгол Алтай-50 талбайд ерөнхий эрэл хийж Монголын мэргэжилтнүүдийн мэргэжил, мэргэшлийг дээшлүүлэх ажлыг ч зохион байгуулах гэнэ. Өмнө нь геологичид цэг тус бүрдээ таван километрийн зайтай судалдаг байсан бол энэ жилээс эхлэн таван зуун метрийн зайтай торлолоор судалгааг явуулахаар болжээ. Ингэснээр газрын гүнд байгаа ганц ч орд орхигдож үлддэггүй сайн талтай. “Уул ус ухаж төнхлөө, лус савдаг сэрээлээ” гэж нэг хэсэг хийрхсээр хөгжлөө сааруулж, эдийн засаг нь мөнхийн хасах руу гүйх болсон монголчуудад энэ ажил сайн мэдээ болон ирж байна. Өмнө нь буюу 1957 оноос хоёр орны хамтарсан экспедиц Монгол орны зүүн, төв, хангайн бүсийг судалж Эрдэнэтийн зэсийн, Хэнтийн хүдрийн, Онгон хайрханы гянт болдын, “Чулуут цагаан дэл”-ийн жоншны гэх мэт олон ордыг нээн илрүүлсэн нь өнөө ч ард түмний бор хоногийг залгуулан сайхан түүх болон үргэлжилж байгаа.

Харамсалтай нь 1990 оноос хойш зах зээлийн нийгэмд шилжиж юм бүхэн чөлөөтэй тавигдахад шинжлэх ухаан хумигдаж, бурангуй ёс дийлэн энэ салбар уналтад ороод байв. Үүн дээр нэмэх нь улс төр орж хайгуулын лицензийг ч хэрүүлийн бай болгон дайсан шиг үзэх болсон. Үүний үр дүн гэвэл “Хангай дэлхийн минь сахиусыг шар толгойтой бэдрээчүүд хөндчихлөө” хэмээн залбирч байгаа улс үндэстэн 21 дүгээр зуунд монголчуудаас өөр хаана ч байхгүй болж хоцров. Монгол, Чехийн хамтарсан экспедицийнхний араас ч ийм үг чулуудаж очсон нутаг орных нь ард иргэд янз муутай угтах хандлага өнгөрсөн тавхан өдөрт цухалзаж эхэлжээ. Хайгуулын өрөм тавих нь уяаны шон босгохтой, алх цүү хангинуулах нь аргамжааны гадас зоохтой дүйхүйц уршиг дагуулдаг. Харин хүртэх ашиг нь тэнгэр газар шиг ялгаатай байдаг. Уяаны шон дээр унааны морио сойхоос өөрийг хийдэггүй бол өрөм тавиад олсон орд улс орны хувь заяаг шийддэгийг хүн бүр л мэднэ. Зөвхөн нэг судалгаанд амьдралынхаа 10-20 жилийг зарцуулж үр дүнг нь улс үндэстэн тэр аяараа хүртдэг геологийн салбарынхныг бид л ойлгохгүй үлдэх шинжтэй. Геологичид Монгол орныг ухаж төнхөөд, монголчуудыг муриад голын цаана гарчихсан тохиолдол нэгээхэн ч үгүй. Тэдний гишгэсэн газар бүр хөгжин цэцэглэж байдгийг Дархан, Эрдэнэтийн жишээнээс бэлхнээ харж болно. Бид геологичдын тусаар Эрдэнэтийг нэг жаранд, Оюу толгойг нэг зуунд идэхээр үүцэлж ашиг шимийг хүртэж эхэлчихээд байна.

Уг нь монголчууд ийм байгаагүй. Монгол оронд 80-аад жилийн өмнө геологи хэмээх шинэ нэршил дуулдаж геологичид гэх хүмүүс анх хөл тавихад бидний өвөг дээдэс халуун цай, тавгийн идээгээ бариад угтаж байсан нь түүхэнд тэмдэглэгдэн үлдсэн. Хамгийн бүдүүлэг харанхуй гэж цоллогдож байсан Монгол түмнийг геологичид, палентологичид, археологичид соён гэгээрүүлсэн гээд хэлчихэд нэг их хол зөрөхгүй л байх. Хот айлын ойролцоохон хайгуулын экспедиц буудаллаад явахад аав нь ангийн буу, алсын дуран, үр хүүхэд нь үсэг нүдэлж, унших номтой, гэрийн эзэгтэй аятайхан хоолны жортой, улс орон алт зэсийн том ордтой үлддэг байсан гэдэг. Хот айлын хүүхэд багачууд ч геологичидтой уулзаж ярилцахын тулд, дэлхий нийтийн сонин сайхныг сонсохын тулд цурам хийлгүй хоноод өглөө эрт хонио эргүүлэнгээ алхны дуу хангинан буй тэр л газарт давхиж хүрдэг байлаа. Монголын нэр хүндтэй олон ч зохиолчийн хүүрнэл, ном зохиолд хонь хариулж байгаагаа умартан геологийн экспидец дээр өнжөөд аавдаа загнуулж байсан тухай дурдагдсан байдаг даа. Шинэ сонин юм бүр геологичдын богцноос Монгол айлд үлддэг байж. Хүн төрөлхтөн бодож, сэтгэж эхэлсэн тэр л цагаасаа байгаа орчноо танин мэдэхийг эрмэлзэж геологич гэх мэргэжлийг бий болгосон учраас хавь ойрын хүмүүс ч тэдний хийж байгаа ажлыг хамгийн ихээр сонирхох нь зүй ёсны хэрэг биз. Тэд дэлхийн үүсэл, газрын давхарга, царцдас, хурдас чулуулгийн гарал үүсэл, бүтэц, тогтоц, физик, химийн шинж чанар тэдгээрийн хувьсал өөрчлөлт, эрдэс бодис, сариналыг судалж хүмүүсийн гайхширч байгаа бүх зүйлд хариулт хайж явсаар өнөөгийн хөгжилд хөтөлж ирсэн.

Харин манай улс нэг хэсэгтээ хайгуул, геологи гэдэг нэрийг хэлэхээс аль болох цэрвэж, хийж бүтээх, судалж шинжлэхийг хойш тавьж явлаа.Харин одоо хуучны сайхан үеийг санагдуулж, том ордуудын тоог нэмэхээр Монгол Чехийн геологичид баруун аймгуудад очоод байгаа нь энэ ажээ. Алтайн хязгаарын айл өрхүүд энэ зун хайгуулын алхны чимээнд хөгжил дэвшил, шинэ техник технологиудтай танилцсан шигээ зусах бололтой. Чех, Монголын хамтарсан экспедицийнхний ажил сонгууль дөхсөн үеийн улс төрөөс хол байж, эх орноороо популизм хийгсдийн хараанаас ангид үргэлжлэн үр дүнд хүрээсэй.

Л.Мөнхтөр

Categories
мэдээ цаг-үе

М.Сономпил: Үндсэн хуулийн өөрчлөлтөө хийж сайхан наадчихаад ирэх намар ээлжит сонгууль зарлачих хэрэгтэй

УИХ-ын гишүүн М.Сономпил­тэй ярилцлаа.

-Оюу толгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалтын асуудлыг шийдлээ, одоо хөрөнгө оруулалт нэмэгдэнэ гээд яриад эхэллээ. Нөхцөл байдал яаж өөрчлөгдөх вэ?

-Эдийн засгийн нөхцөл байдал хүнд байна. Зөвхөн Таван толгой, Оюу толгойн асуудал удааширснаас болоод ийм байдалд хүрчихээгүй. Оюу толгойн тухайд 2010 онд ашиглах гэрээ байгуулснаас хойш дэлхий нийтийн анхааралд орсон. Уул уурхайн салбар тэр дундаа зэс олборлогчдын сонирхлыг татаж байгаа томоохон орд, бүтээн байгуулалт гэсэн үг. Зөвхөн насжилтыг нь аваад үзэхэд л 90 жил ашиглана. Бусад орнуудын томоохон ордууд 40-50 жилийн насжилттай байдаг. Эрдэнэтэд 30 жилийн нөөц үлдсэн гэж ярьдгаас үзэхэд үнэхээр том. Бусдын анхаарлыг эрхгүй татсан ийм ордод дэлхийг дамнасан зэс, алт, уул уурхайн Рио Тинто ашиглахаар орсныг хүн бүр мэдэж байгаа. Дэлхий нийтэд үйл ажиллагаа явуулдаг энэ компанийн салбар Монголд байгуулагдчихаад байгаа нь энэ. Тэд хариуцлага, үйл ажиллагааны хувьд өндөр стандарттай. Тиймдээ ч тухайн бүс нутаг дахь энэ компанийн салбар үйлдвэрлэлийн үйл ажиллагаа доголдож байвал бусад компаниуд хөрөнгө оруулалт зэрэг үйл ажиллагаагаа удаашруулж асуудал яаж эргэхийг хардаг. Товчхондоо Рио Тинто Монгол Улстай хэл амаа ололцохгүй байхад бид тэрбум ам.доллар оруулаад ашиг олохгүй юм байна гэж бусад нь айдаг. Рио Тинто нь нэг талаасаа уул уурхайн компаниудыг араасаа дагуулж, хөтлөгч. Яг үүнтэй холбоотойгоор сүүлийн хоёр жил Рио Тинтогийн үйл ажиллагаатай холбоотой дэлхий дахинд их муу мессеж түгсэн. Ялангуяа хөрөнгийн бирж, уул уурхайн хөрөнгө оруулалтын томоохон компаниудын дунд ийм байдал үүсчихээд байна. Монгол Улс Рио Тинтотой хэл амаа ололцохгүй байна, хэлсэн ярьснаасаа буцаж байна гэх зэргээр хөрөнгө оруулагчдын дунд хүлээлт үүсчихээд байсан. Хүлээс нь одоо тавигдах биз.

Ер нь УИХ дахь бүх намууд хамтарсны үр дүн гэж харж болох уу. Шууд хэлбэл таны ажиллаж байсан Н.Алтанхуягийн Засгийн газар асуудлыг шийдэж чадаагүй шүү дээ?

-Оюу толгойн 2010 онд хийсэн гэрээг шинэчлэлийн Засгийн газар өөрчлөх гэж их үзсэн. Н.Алтанхуяг сайд, Д.Ганхуяг сайд гээд хэн хүнгүй л ажилласан. Сайн гэрээ болсон гэдэгтэй санал нийлэх нэг ч хүн байдаггүй. Тиймээс зохих өөрчлөлтийг хийе гэж бид нэлээд ажилласан ч амжилт олоогүй юм. Амжилтад хүрэх нөхцөл ч байгаагүй. Яагаад гэвэл Рио Тинто компанийн хамгийн том захирал нь ирээд ч асуудлыг шийдчих боломжгүй. Мэдээллээс харж байхад Оюу толгойн хувьцааг 300 гаруй мянган хүн эзэмшдэг юм билээ. Товчхондоо 300 мянган хүнээс асууж байж гэрээнд өөрчлөлт оруулах уу, үгүй юу гэдэг шийдвэр гарна. Ийм л хэцүү асуудал байсан.

-Гэхдээ гэрээг танай бүлэг эсэргүүцээд байгаа?

-Оюу толгойн хоёр дахь шатны хөрөнгө оруулалтыг хийхээс өөр арга байхгүй. Хөдлөх нь зөв. Хөдлөхгүй байвал улс төрийн гэхээсээ илүүтэй эдийн засгийн асар их хохирол амсана. Эвсэл үүнтэй санал нэгдэж Ерөнхий сайдын мэдээллийг сонсохдоо “сайн байна” гэдгийг нь ч хэлсэн. Явуулахгүй байх нь хэнд ч хэрэггүй, тэр дундаа Монгол Улсад, тэр компанид бүр ч ашиггүй. Гэхдээ гэрээнд улс орны эрх ашигт хохиролтой заалт байна гэдгийг нь бүлэг дээр онцолж ярьсан. Жишээлбэл, борлуулалтаас орсон орлогыг яагаад Монголоор дамжуулж болохгүй байгааг хөндсөн. Гэтэл Ерөнхий сайд “Гэрээнд өөрчлөлт оруулах боломжгүй. Гарын үсэг зурагдсан. Дахиж асуудал яригдахгүй” гэснээс болж нэлээд эсэргүүцэлтэй тулгарч, маргаан үүссэн. Тиймэрхүү үл ойлголцолтой байгаа.

-Шударга ёс эвсэл засгаас гарна, Ерөнхий сайдыг огцруулна гэж шийдсэн юм биш үү?

-Зарим гишүүн ийм үг хэлсэн. “Ийм ойлгомжгүй Засгийн газартай эвсэл хамтрах шаардлага байгаа юм уу, үгүй юу” гэдгийг ганц, хоёр гишүүн хэлж байна билээ. Нэрийг нь онцолж дурдаад яах юм.

-Ер нь одоо яах ёстой вэ. Нэг асуудал шийдэхээр араас нь гурван саяулаа улстөржих юм?

-Монголд оффис суларч, хөрөнгө оруулагчид гарч байна гэж яриад байгаа. Энэ үнэн. Таатай орчныг бий болгохгүй байна. Дээрээс нь улстөрчид худлаа эх оронч царайлж яриад байгаа нь хөрөнгө оруулагчдад айдас төрүүлээд байна. “Монголчууд хэлсэн ярьснаасаа буцдаг юм байна. Засгийн газар солигдоход хэрэгжүүлж байсан ажил зогсдог юм байна. Монголоос ашиг олно гэдэг нь худлаа юм байна” гэсэн ойлголт төрүүлээд байна. Тэгээд ч аль хэдийнэ “Төр засаг нь шийдвэр гаргаж чаддаггүй юм байна, тогтвортой байдалд хүрэхгүй юм байна” гэж гадна талаас харах болсон. Аливаа бизнес олон жилээр явдаг. Хамгийн багадаа арваас 100 жилээр төлөвлөж байж хөрөнгө оруулалт хийгдэнэ. Ингэж төлөвлөж байж хөрөнгөө босгодог. Хүн бүр тэрбум ам.доллар халаасалчихсан явж байдаггүй учраас заавал зах зээлд хөрөнгө босгох ажил хийгддэг. Бүх төрлийн хөрөнгө оруулалтыг хийхийн тулд төслөө бичиж банк санхүүгийн байгууллагаас зээлээ авч эцэст нь даатгал дээр очдог. Даатгал эрсдэлийн үнэлгээ хийнэ. Тэгэхэд Монгол ямар орон бэ гэсэн асуулт гардаг. “Ардчилсан орон учраас тэр тал нь эерэг ч улс төрийн хувьд тун найдваргүй” гээд даатгалаа хийж өгөхгүй. Хийлээ гэхэд бусад орнуудынхаас харьцангуй өндөр хувь бодно. Ийм байдлаас болж Монголын хөрөнгө оруулалтын орчны төлбөр өсчихөөд байна.

-Хүмүүс гаднын компаниас болгоомжилдог байдал байсаар л байна?

-Гадаадынхан боломж хайж л орж ирж байгаа учраас буруутгах аргагүй. Эдийн засгийн, хууль эрх зүйн гээд бүх зүйл нь тооцоотой явдаг. Гадныхан ямар манай хууль эрхзүйн орчинг бүрдүүлсэн биш. Сүүлийн үед зарим улстөрчдийг гадны захиалгаар хууль боловсруулж, батлуулсан гэсэн шүүмжлэл гарах болсон. Гэхдээ гаднаас бус дотроосоо буруугаа хайх ёстой. Дотоодоосоо буруу хайхдаа хувь хүн, улстөрчид, нам, фракциудад буруу өгч болохгүй. Тогтолцооны буруу л болчихоод байгаа юм. Тогтолцоо ийм байгаа учраас хувийн эрх ашгаа нэгдүгээрт тавьж, фракц болж тоглохоос өөр арга байхгүй. Улс төрийн очков авахын тулд популист болж тоглоно. Үүнээс цаашаа явахгүй учраас хүнтэй зууралдах хэрэг байхгүй. Тийм ч учраас би УИХ-ын гишүүдтэйгээ энгэр заамаа зулгаахдаа тулж муудалцахыг хүсдэггүй. Хүн бүр өөр өөрийн бодол, нөхцөл байдалд тохируулж улс төр хийж байгаа учраас буруутгах юу байх билээ.

-Тэгээд тогтолцоогоо өөрчилж болдоггүй юм уу. Ярих бус хий гэж УИХ-ын гишүүдийг сонгодог биз дээ?

-Тогтолцоогоо хурдан өөрчлөх шаардлагатай. Эс тэгвээс хөгжил удааширч, Монгол маш муухай харагдаж эхэлж байна. Манай улстөрчид Үндсэн хуулийнхаа өөрчлөлтийг зоригтой шийдчих л хэрэгтэй. Ирээдүйн Монгол Улс, ард иргэдийнхээ, өөрсдийнхөө төлөө. Болдогсон бол шинэ Үндсэн хуулиа энэ хавар баталж сайхан наадчихаад ирэх намар ээлжит сонгуулиа зарлачих хэрэгтэй.

-Тийм зориг гаргаж чадах уу?

-Тийм зориг гаргаж чадахгүй юм бол шинэ жилийн өмнө Үндсэн хуулиа өөрчлөөд 2016 онд сонгуулиа урьдчилаад зарлачих хэрэгтэй. Ингээд явчихаасай гэж олон ч гишүүнтэй санаа бодлоо солилцдог. Бүгдээрээ л санал нэг байгаа. “УИХ-д нэг л жил дутуу сууна биз, ямар хамаатай юм. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр болж байгаа болохоос энэ парламент муудаа татан буугдаагүй” гэж ойлгох ёстой. Ингэж түүхэнд үлдэх шийдвэрийг гаргаж, түүхэнд тэмдэглэгдэх парламент болох шаардлага байна. Асуудлыг хэлэлцэхээр намын Их, Бага хурал гээд баахан л хугацаа хожих байх. МАН-ын Их хурлаар шийднэ, ард нийтийн санал асуулга явуулна гэх мэтээр Монгол Улсын гурван сая иргэнийг татан оролцуулбал хөгийн юм болох нь ойлгомжтой. Гэхдээ зөв л шийдэлд хүрээсэй. Үүнийг хийхгүй бол өнөөдөр мухардалд орчихоод байна. Төрийн гурван өндөрлөг нь зөрчилтэй гэдэг нь илт харагдаж л байна. Хуучин өөр өөр намаас төрийн өндөрлөгт сонгогдож, алба хашиж байсан учраас зөрчлийг нь улс төр гэж хардаг байлаа. Харин өнөөдөр нэг нам ч гэлээ эрх мэдэл, албан тушаал гээд бүх хуваарилалт нь өөр болохоор яалт ч үгүй зөрчил үүсч эхэлж байгаа. Энэ нь хүнээсээ шалтгаалаад байгаа юм биш. Тогтолцоо нь зөрчил рүү авчраад байна.

-Үндсэн хуулийн өөрчлөлтийг хэзээ УИХ-аар хэлэлцэж эхлэх вэ. Үндсэн хуулиа, тогтолцоогоо өөрчилнө гэвэл ямар засаглалтай байх вэ гэдгээс эхлээд асуудал ундарна даа?

-Олон асуудал бий. Ажлын хэсгийг Н.Батбаяр гишүүн ахалж байгаа. Ажлын хэсэг долоо хоногт хоёроос доошгүй хуралдаж байна. Тэд зургадугаар сарын эхээр буюу удахгүй УИХ-д оруулж ирнэ гэж байна билээ. Бүх намуудын төлөөлөл орж, байнга мэдээлэл солилцож байгаа. Тэгээд юу болохыг нь харна даа.

-Тэгвэл таныг Таван толгойн ажлын хэсгээс гарлаа эргээд орлоо гээд мэдээлээд байсан. Юу болсон юм бэ. Таван толгойн асуудал ямар шатандаа явна?

-Ажлын хэсэгт нь орсон. Таван толгойг явуулахгүй гэж шүүмжилж байсан хүмүүс тэр ажлын хэсэгт орсон учраас “Би ганцаараа эсрэг байр суурьтай юм чинь энд байх шаардлагагүй биз дээ” гэдгээ хэлээд гарсан. Л.Эрдэнэчимэг гишүүн, А.Гансүхээс эхлээд байнга эсэргүүцэж зогсоохыг шаардаж байсан хүмүүс Таван толгойг явуулах ажлын хэсэгт орсон гэсэн үг. Түүнээс хойш ажлын хэсэг хэд хэд хуралдсан. Яахав, ойлголцлын шатанд хүрч байна. Миний бодлоор төслийг 268 дугаар тогтоолын дагуу хийсэн. Үүнд М.Энхсайхан гэдэг хүнийг буруутгах шаардлага байхгүй. Ийм байхад УИХ л олон санаа бодол гаргаад байгаа юм. Нэг хэсэг гэрээний зүйл заалтуудыг үндсээр нь өөрчлөх яриа орж ирсэн ч одоо овоо илааширчихсан байна. Ер нь УИХ гэрээ дүгнэж, шалгаж байдаг байгууллага биш. Хуулийн хүрээнд УИХ нь Засгийн газартаа чиглэл, тогтоол гаргаад өгчих хэрэгтэй. Засгийн газарт ч оролцоод байх шаардлага байхгүй. УИХ-аас гаргасан тогтоолыг мөрдөж хоёр компани нь гэрээгээ байгуулаад Засгийн газар нь хяналтаа тавиад л явах ёстой. Ер нь төр төртэйгөө, компани компанитайгаа л хамтарч ажиллах хэрэгтэй. Аль ч улсын компанитай Монгол Улсын сайд гэрээ байгуулаад байх шаардлага байхгүй. Монголын төрийг тэгж гутаан доромжилж болохгүй.

-Таван толгойн гэрээний аль заалтуудыг нь хэрхэн өөрчилж байгаа бол?

-Эцэслэн шийдээгүй байхад нь задалчихвал эргээд л улстөр орчихдог гэмтэй учраас энэ талаар дэлгэрэнгүй яриад яах вэ. Гэхдээ нааштай шийдвэр гарна гэдгийг баталж хэлмээр байна.

Л.МӨНХТӨР

Categories
мэдээ цаг-үе

Ц.Оюунгэрэл: Манайх хүний эрхийг зөрчдөг учраас хөрөнгө оруулагчид зугтаж байна

УИХ-ын гишүүн Ц.Оюун­гэрэлтэй ярилцлаа.

-Хүний эрх зөрчигдөж байгаа талаар та сүүлийн үед шүүмжлэх болсон. Хүний эрх, эрх чөлөөний тогтолцоо, хуульд томоохон өөрчлөлт хийх нь гэж ойлгож болох уу?

-Хүний эрх гэдэг бүх цаг үед хэзээ ч, ямар ч хэлбэрээр зөрчигдөж магадгүй эмзэг зүйл учраас өндөр сонор сэрэмжийг шаарддаг. Зөрчигч нь тухайн цаг үеийн төр, Засгийн газар байдаг. Ойрын үед яагаад хүний эрхийг ярьж эхэлсэн бэ гэвэл УИХ-д орж ирж байгаа хуулиудтай холбоотой. УИХ дээр Гэр бүлийн хүчирхийлэлтэй тэмцэх тухай, Эрүүгийн, Эрүүгийн хэргийг хянан шийдвэрлэх тухай гээд хүний эрх, эрх чөлөөтэй холбоотой хуулиуд яригдаж байна. Тиймээс чанартай, хүнээ дээдэлсэн, цоорхойгүй хууль батлалцахын тулд судлах, ярих, иргэдтэй уулзалт зөвлөгөөн хийх зайлшгүй шаардлага гарч байна. Ялангуяа гэр бүлийн хүчирхийлэлд илүү их анхаарал хандуулж байгаа. Эдийн засгийг дордуулж байгаа бас нэг хүчин зүйл нь хүний эрхийг зөрчих явдал болж байгаа.

-Хүний эрхийн зөрчил, эдийн засгийн доройтол хоёр ямар замаар холбогдоно гэж?

-Эдийн засгийн хүнд­рэлийг судлаад үзэхэд яалт ч үгүй хүний эрхийн зөрчил дээр очиж байна. Бид хөрөнгө оруулагчдын, бизнесийнхний эрхэнд асар ихээр халдах болжээ. Бүр хүний эрхийг зөрчихдөө шүүхийн шийдвэргүйгээр халддаг зэрэг Монголд байгаа хавтгайрсан зөрчил нь эдийн засгийг доройтуулж байна гэж үзэх үндэслэлтэй байгаа. Асуудалд анхаарах цаг нь болсон.

-Яаж…

-Шүүхийн шийдвэргүйгээр хорих, данс, өмчид нь халдахын зэрэгцээ зорчих эрхийг нь хасчихдаг. Сүүлийн хоёр жил энэ үзүүлэлтүүдээр дэлхийн хэвлэлээр Монгол Улс шүүмжлүүллээ. Дэлхий нийтэд хүний эрхийг хоёр чиглэлээр хамгийн ноцтой зөрчих явдал байдаг. Нэг нь цаазаар авах ялыг хэрэгжүүлэх бол нөгөө нь хэвлэн нийтлэх, үгээ хэлэх эрхээ эдэлснийх нь төлөө шоронд хорих. Хүний эрхийг ингэж зөрчсөн гэж Монгол Улс өмнө нь шүүмжлүүлдэг байсан бол одоо Hotel Mongolia гэдэг боллоо. “Hotel California” гэж сайхан дуу байдаг. “Eagles” хамтлагийн 1960-аад онд дуулж хит болсон тэр дуунд“Калифорни хот үнэхээр гайхалтай юм. Энд нэг л ирсэн бол үүрд үлдэхийг хүсмээр сэтгэл татам, сайхан” гэсэн утгатай. Гэтэл гадныхан ёгтолж “Монгол Улс бол хатуу ширүүн уур амьсгалтай, хатуу ширүүн орон юм. Төр нь, нийгэм нь хатуу юм. Тэнд очсон л бол буцаад явъя гэсэн ч гаргахгүй” гэдэг утгаар шүүмжилж тийм хоч өгчихөөд байгаа. Энэ хоч хөрөнгө оруулагчдыг Монголоос шууд үргээж, тойроход хүргэж байгаа. Яагаад гэвэл “Та Монголд очно. Очиход хөрөнгийг чинь хурааж аваад дансыг чинь хаана. Тэгээд өөрийг чинь эх орон руу чинь буцааж гаргахгүй, эцэг эх чинь нас барж байсан ч хамаагүй” гэж гадаадын хэвлэл мэдээллээр бичсэн учраас. Хөрөнгө оруулагчид эхлээд биднийг гуйдаг байсан бол муу муухай нэр хочтой болсноор бид тэднийг царай алдан гуйхад хүрсэн. Эдийн засгийг, улс орноо ийм байдалд оруулсан нь хүний эрхэнд хайхрамжгүй хандсантай холбоотой. Тэгэхээр хүний эрхээ хаа сайгүй сайтар манаж чадвал эдийн засаг, бусад асуудлууд аяндаа шийдэгдчихнэ. Уг нь Үндсэн хуулиар олгогдсон хүний эдлэх эрх тун олон. Гэхдээ бид үүнийг харж, хамгаалж, хууль бүртээ бэхжүүлж чадахгүй байна.

-Хуулийг хэрэгжүүлэгч байгууллагууд л үүнд буруу­тай биз дээ?

-Би Калифорни мужийнманай АТГ шиг үүрэг бүхий байгууллага дээр очиж ажиллаж байсан. Муж улсынхаа хамгийн нээлттэй байгууллага юм билээ. Дуртай иргэн нь очоод хэний ч хөрөнгө орлогын мэдүүлэгтэй танилцаж болно. Хүссэн үедээ зөвлөгөө авна. Улстөрчид бизнесийнхэн нь ч очиж зөвлөгөө авдаг. Нэг үгээр хэлбэл соён гэгээрүүлэх ажлыг хийж иргэдээ аль болох авлигаас ангид байлгахын тулд урьдчилан сэргийлэх арга хэмжээ авдаг гэсэн үг. “Та ийм шийдвэр гаргавал хэрэгт орно. Ингэж шийдвэл таны эрх ашиг нийтийн эрх ашгийг хохироохгүй” гэх мэтээр. Эсвэл “Та ийм зөрчил гаргачихаад залруулалгүй удсан учраас одоохон арга хэмжээ авахгүй бол Эрүүгийн хэрэг болох нь” гэж зөвлөөд хүнээ хэрэгт оруулахгүйн тулд хойноос нь хөөцөлддөг. Мөн албан тушаалтнуудыг тушаал шийдвэр гаргах бол “Энэ заалт нь нийтийн эрх ашигт хохирол учруулж цаашдаа авлига өгч авах сэдэлд хүр­гэх магадлалтай учраас өөрөөр шийдэх ийм боломж байна” гэдэг. Манайх ч АТГ байгуулахдаа улс төрийг цэ­вэр болгоно гэж хуулийг нь баталж өгч байсан. Гэтэл энэ байгууллага өнөөдөр улс төрийг цэвэр байлгах бус улс орны хэмжээнд гар хүрч болох бүхнээ нухчин дарах ёстой. Хорьж цагдах хүн бүрийг, хааж болох бүх дансыг хаах ёстой гэдэг байдлаар ажиллаад эхэлчихлээ. Ингэж л ажил үүргийнх нь чиглэл өөрчлөгдөж улс төрийг, улс орныг айдаст автуулчихаж байгаа юм. Дээр нь эдийн засгийг хамгийн ихээр хорлож байна. Тэгэхээр аливаа гүй­цэтгэх ажиллагаа явуулах байгууллагын эрх хэмжээний тухай хуулийг хамгийн сайн хийж өгөлгүй хаях нь аюултай. Үүнийг АТГ-ын жишээ харуулж байгаа.

-Прокурорын мөрдөнг АТГ-т нэгтгэснээс хойш тэд хэрээс хэтэрсэн үйл ажиллагаа явуулах болсон гэдэг. Хуулийг яам нь санаа­чилж гишүүд дэмжсэн биз дээ?

-УИХ-ын гишүүдэд бүрэн ойлголт өгөх хугацаагүйгээр буюу их хурдан батлагдчихсан хууль. Би ч өөрөө буруутай этгээдүүдийн нэг. Яагаад гэвэл Мөрдөн байцаах албыг АТГ руу оруулах нь зөв юм байна гэдэг шийдвэрийг гаргахдаа ганц мэдэгдлийн дагуу кноп даралцсан. Энэ шийдвэрээ одоо засалцах ёстой гэж бодож байгаа. Учир нь улсын хамгийн том мөрдөн шалгах үүрэг бүхий байгууллагад өөрийг нь хянах, шалгах ганц байгууллагаа харьяалуулсан нь АТГ-ыг 15 толгойтой мангас болгосон. Тиймээс бид үүнийг засах л ёстой.

-Яаж засах вэ?

-Аливаа байгууллагын ажиллах хүрээ нь хамгийнтодорхой байх ёстой. Авлига гэж юуг хэлэх вэ гэдэг ч тодорхой байх ёстой. Манай хууль нэг тийм ерөнхий, нэгэндээ тал засвал түүнийг авлига гэнэ гээд тодорхойлчихсон. Бараг цагаан сараар хадаг барьж золговол авлига болчих гээд байгаа. Тэгэхээр одоо үнэхээр материаллаг зүйлээр нотлогдож чадах, ашиг хонжооны төлөө хийсэн үйлдлийг нь авлига гэж үзээд түүнийгээ нотол гэдэг хүрээнд оруулж өгөхгүй бол энэ байгууллага дөрвөн зүг найман зовхис руу тэлж, дэлж болдог хэмжээлшгүй эрхтэй болчихоод байна. Ийм хэмжээ хязгааргүй эрх мэдлийг өгчихсөн юм бай­на гэдгээ хэмжээ хязгааргүй эрх мэдлийг хэрэгжүүлэх, гүй­цэтгэхийг хүссэн, шунасан удирдлага гарч ирсний дараа л мэдэж байна. Сая их өргөн хүрээнд гүйцэтгэл явлаа. Биз­нес, хөрөнгө оруулагч, улстөрчдийн гээд хамраагүй хүрээ алга. Сүүлдээ бүх хүнийг хамруулахыг хүсч, хуулиа нэмж чангаруулах хөтөлбөр хүртэл явж байсан.

-Одоо тэгэхээр энэ газрыг яах ёстой юм. Татан буулгах уу?

-Гишүүд хүний эрхээ хам­гаал­даг болохын тулд хэмжээ хязгааргүй эрх мэдлийг нэг байгууллагад өгөхөө больё гэдэгт санал нэгдчихээд байгаа. Харин АТГ-ыг татан буулгахыг би дэмжихгүй. Ямар шийдлийг дэмжих вэ гэвэл авлига гэдгийг маш тодорхой томьёолоод авлигатай тэмцэх хүрээг нь хамгийн чанд хашиж өгсөн эрх мэдлийн тодорхой хуваарилалтад оруулахыг дэмжинэ. Хэт туйлшраад авлигатай тэмцэхийг зогсоож огт болохгүй.

-Та сайд асан Л.Гансүхийн ярилцлагыг уншсан уу. Шүүхийн шийдвэргүйгээр хорихгүй, шөнийн цагаар баривчилгаа явуулахгүй зэрэг бүхий заалтыг зөрчин хүмүүсийг торны цаана суул­гаж байгааг ярьсан байсан?

-Л.Гансүхийн хэрэг баривчилгаанаасаа эхлээд хүний эрхийн ноцтой олон зөрчлийг агуулж байгаа. Гэтэл АТГ ямар ч зөрчил гаргаж байсан шийтгэх нэг ч заалт байхгүй. Төсвийг нь хасах эрх ч УИХ-д байдаггүй. Бид одоо хуульдаа өөрчлөлт оруулж та бүхэн авлигатай энэ хүрээнд тэмц. Эрх мэдлээ хэтрүүлэн хүний эрхийг зөрчвөл төсвийг чинь танана гэдэг болох ёстой. Өнөөдрийн хувьд АТГ-т бүх хүнийг цагдах эрхийг нь өгчихөөд дээрээс нь УИХ өөрийнхөө эрх мэдлийг хүртэл өгчихсөн байгаа юм. Ямар вэ гэвэл төсвийг нь хянах ч боломжгүйгээр буюу АТГ-ын хөрөнгийг хэн ч танаж, хасч болохгүй гэсэн заалттай. Арай л хэтэрхий хуультай.

-Тэгвэл авлигатай тэмцэх хүрээгээ яаж тодорхойлох ёстой юм?

-Улс төрийн хүрээг л шалгах ёстой. Улс төрийн, төрийн хүрээнд буруу гарын мөнгө орж ирвэл гаднаас л байж таарна. Улстөрчид нэгэндээ мөнгө өгөөд гүйгээд байхгүй байх. Уг нь энэ хүрээг цэвэрхэн байлгах үүрэгтэй л байгууллага ш дээ, АТГ.

-Хүний эрхийн 14 дэх илтгэлд юу гэж туссан байна. Ер нь ямар хэлбэрээр хүний эрх зөрчигдөж байгааг тусгаж уу?

-Эрүүдэн шүүх аргаар ялыг бусдад тохох, хүнтэй зүй бусаар харьцах байдал эрс нэмэгдсэн гэж гарсан. Хамгийн түгшүүртэй үзүүлэлт нь энэ. Нөлөөлж буй хамгийн том зүйл нь гүйцэтгэх ажлын практикт байгаа бололтой. Германы жишээ гэвэл шоронд гүйцэтгэх ажил явуулахыг хориглодог. Яагаад гэвэл төр хүний үндсэн эрх чөлөөг нь хасчихаж байгаа учраас нэмж эрүүдэн шүүж, тагнаж болохгүй. Тийм учраас Германд Деррик кинонд гардаг шигээр хэрэг илрүүлэлт явагддаг. Харин Монголын Деррикүүд хаана байна гэвэл гадуур л лав ганц ч алга. Тэд аль болох л миний хэрэгтнүүдийг хориод өг, тагнаад, чагнаад өг гэж байна. Тэр бүхний эцэст би хэргээ бичье гээд зохион бичлэгийн хэлбэр рүү орчихсон. Толгойгоо ажиллуулах бус аль болох л хүнээ тагнаж байгаад хорьж аваад тамлах ажлаа хийх гээд байдаг болчихсон.

-Бас л хуулийн өөрчлөлт шаардлагатай гэсэн үг үү?

-Тийм. Гүйцэтгэх ажлыг явуулах хэмжээ хязгаарыг нь тогтоож өгөх ёстой. Гүйцэтгэх ажлыг нь хийхдээ хүний эрхийг зөрчихгүй гэх мэтээр. Би цагдан хорих газарт очиж үзсэн. Тэнд тэр чигээрээ мөрдөн байцаах ажиллагаанд үйлчилж байгаа юм. Сэжигтнийг аль болох л өмгөөлөгчтэй нь уулзуулахгүй байх санаатай. Уулзуулбал бас л хооронд нь бичиг цаас дамжуулах боломжийг нь хязгаарлах, юу ярьж байгааг нь сонсох зорилготой. Гэсэн атлаа мөрдөн байцаагч нартай аль болох олон уулзуулж, саруул цэлгэр өрөөнд зодож нүдсэн ч болохоор гүйцэтгэх ажиллагаа явуулах орчинг бэлдэж өгсөн байдаг.

Тийм зүйл байгаа гэдэг ч батлаад ярьсан хүн байдаггүй. ШШГЕГ, цагдаа гээд хууль хүчнийхэн бүгд л үүнийг үгүйсгэдэг биз дээ?

-Цагдан хорих байгууллага тагнаж, чагнадаг гэдгээ олон удаа нотолсон. Жишээ нь МАХН-ын дарга Н.Энхбаярыг хоригдож байхад бичлэг хийчихсэн түүнийгээ цацаад байсан биз. Тэр үйлдлээрээ “Бид цагдан хоригдсон хүнийг нууцаар бичиж, тагнаж байна. Эрүүдэн шүүлтийг ингэж хийдэг юм” гэдгээ шууд хэлээд өгчихсөн явдал. Мөн Л.Гансүх өмгөөлөгчтэйгөө цагдан хорих байгууллагад уулзаад хоорондоо ярилцахдаа цаасан дээр тэмдэглэж байсныг нь олж авсан. Тэгээд өмгөөлөгчийг нь сүрдүүлж, сөрөг хэрэг үүсгэх оролдого хийсэн. Дахиад л “Цагдан хорих байгууллагад гүйцэтгэх ажиллагаа явуулж байна. Гүйцэтгэх ажиллагаа явуулж олсон материалаа хэргийг шийдвэрлэх нотлох баримт болгодог” гэдгээ хэлээд өгчихөж байгаа хэрэг. Гэтэл хүн өөрийнхөө эсрэг мэдүүлэг ч өгөх шаардлагагүй.

-Тэгэхээр өнөөдөр үйлчилж байгаа бүх хууль ёс зүйгүй. Бүгдийг нь шинэчлэх ёстой гэсэн үг үү?

-Хууль эрх зүйгээ хамгийн дээд шатанд гаргаж шинэчлэх ёстой. Хоёрдугаарт тогтолцоо буюу хуулийг хэрэгжүүлж байгаа хүмүүсийн хүний эрхийг дээдлэх мэдрэмж, мэдлэгийг дээшлүүлэх ёстой. Гуравдугаарт улстөрчид нь хүний эрх зөрчигдөж байхад улам өөгшүүлээд байж болохгүй. Нэг ёсондоо асуудлыг цэгцлэх улс төрийн хүсэл сонирхол байх ёстой.

Л.Мөнхтөр

Categories
мэдээ цаг-үе

О.Бум-Ялагч: Байгаа хуулиудаа хэрэгждэг болоход анхаарна

Монголын Ногоон нам үүсэн байгуулагдсаны 25 жилийн ой өчигдөр тохиолоо. Ойн өдрөөр ногоон орчны ирээдүй, ногоон бодлого төлөвлөлт зэрэг асуудлуудыг хөндөж тус намынхан баярын хурал хийлээ. Энэ үеэртус намын дарга О.Бум-Ялагчаас дараахь тодруулгыг авсан юм.

Намын тань ой боллоо. Монголын Ногоон нам үүсэн байгуулагдсан түүхийг дурсаач. Дэлхийн ногоонтнуудын Монгол дахь гар хөл гэж ч яригдах болж?

-Бид 25 жилийн өмнөх гуравдугаар сарын 9-нд Монголын Ногоон нам байгуулагдаж байгааг тунхаглан тавдугаар сарын энэ өдөр үүсгэн байгуулах хурлаа хийж байсан түүхтэй. Бүр анхдагчдын тухай яривал 1988, 1989 онуудад Ногоон зам, Монголын ногоонтнууд гэх мэт хөдөлгөөнүүд байгуулж байгаль дэлхийг идэвхтэй хамгаалж эхэлсэн байдаг. Тухайлбал, Хөвсгөл нуураа хамгаалж фосфоридын ордыг эсэргүүцэж, Мардайн асуудлыг тухайн үеийн сэхээтэн залуус дэвшүүлэн тавьж байсан. Энэ хүмүүс МоАХ-г үүсгэн байгуулахад ч гар бие оролцож байж. Ингээд Монгол Улсад олон намын тогтолцоог хүлээн зөвшөөрөхөд байгаль экологио гэсэн сэтгэлтэй хүмүүс эвлэлдэн Монголын Ногоон намыг байгуулан өнөөг хүртэл авч ирсэн түүхтэй. Ногоон үзэл баримтлал гэдэг бусад намынхаас нэг л зүйлээрээ ялгардаг. Даян дэлхийд байгаа бүх нам хүний амьдралыг сайжруулах туйлын зорилготой. Ногоонтнууд бол даян дэлхийгээ хамгаалж үлдэнэ гэсэн үзэлтэй. Эх дэлхийгээ хамгаалах замаар хүн төрөлхтнийг урт удаан хугацаанд эрүүл, аюулгүй орчинд амьдрах нөхцөлийг бүрдүүлэх. Тиймдээ ч бид бусад намууд шиг хүчирхийллийн аргаар бүхнийг шийдэхгүй, энхтайвны, зөвшилцлийн аргаар явах ёстой гэсэн туйлын итгэл үнэмшилтэй байдаг. Эдийн засгийн тухайд өрсөлдөөн дээр тулгуурласан эдийн засаг явуургүй юм. Эв, хамтын буюу бүх талуудын эрх ашгийг тусгасан замаар асуудлуудаа шийдэж байх ёстой гэж үздэг.

Улс төрийн ууган хүчнүүдийн нэг ч гэлээ парламентад суудалгүй, гишүүнчлэл цөөтэй гэх мэтээр үр дүн багатай байна уу?

-Монголын Ногоон нам анх байгуулагдахдаа гурван мянган гишүүнтэй, 12 мянган дэмжигчтэй байсан байна. Хамгийн их санал авсан тохиолдол нь 2008 онд 65 мянган сонгогч манай намыг дэмжсэн байдаг. Харин өнгөрсөн сонгуулиар 15 мянган хүний санал авсан. Өнөөдрийн тухайд хоёр мянга гаруй хатуу гишүүнчлэлтэй байна. Гишүүнчлэл нэмэгдэх хандлагатай байгаа.

Та бүхэн өнгөрсөн хугацаанд иргэдийнхээ төлөө ямар үр дүнтэй ажил хийсэн байна вэ?

-Шинэ Үндсэн хуулийг батлагдахад Монголын Ногоон нам 1992 онд 16.2 дахь заалтыг оруулсан нь бидний бахархал болсон үйл явдал байсан. Хүн эрүүл, аюулгүй орчинд амьдрах ёстой гэж. Энэ заалтаас үндэслээд хүний амьдралын баталгаа бүрдэх ёстой. Агаарын бохирдол, усны бохирдол, эрүүл аюулгүй хүнсээр хангах, хөрсний бохирдолгүй орчинд амьдрах гэх мэт эрүүл аюулгүй орчинд тав тухтай амьдрах эрх зүйн зохицуулалт байх ёстой. Тодорхой хэмжээнд асуудал явагдаж байна.

Өнөөгийн ногоон үзэл, бодлогын хэрэгжилтийн тухайд?

-Яахав байгаль орчны хууль эрх зүй үнэхээр сайн гэж дүгнэдэг. Гэхдээ тодорхой хуулиуд дээр ухралт гарчихаад байгаа. Та бүхэн мэднэ. Цацрагийн идэвхийг зохицуулах тухай хуулийг 2009 онд улс төрийн шийдлээр С.Баярын Засгийн газар хүчингүй болгож байсан. Үндсэн хуульд зааснаар хүний аюулгүй орчинд амьдрах таван чиглэл хуулийг гаргах ёстой ч гурвыг нь гаргачихаад байна. Гэхдээ манай нийгмийн сул тал нь сайн хууль баталж гаргаад байгаа ч огт хэрэгждэггүй. Хуулийг хэрэгжүүлэх хүсэл эрмэлзэл улс төрийн хүрээнд байдаггүйтэй энэ бүхэн холбоотой. Үүнийг Урт нэртэй хуулийн хэрэгжилтээс харж болно. Хэрэгжихгүй байсаар Дагаж мөрдөх журмын тухай хуулийг гаргаад маш их мөнгөн ус, цианит натрийг импортоор оруулж ирчихээд сууж байна. Байгаль дэлхийтэйгээ зарлаагүй дайн хийж байгаа хэрэг. Энэ хууль хүчингүй болсноос хойш Улаанбадрахын асуудал босч их хэмжээний уран олборлоход бэлэн болчихоод байх шиг байна.

Ногоон үзэл, эко орчин гээд уул уурхайгаас 100 хувь татгалзчихвал эдийн засаг юу болох билээ?

-Олборлоно. Олборлохдоо байгаль орчинд, хүний амьдрах орчинд халгүй, ээлтэй байна. Даян дэлхийн ногоонтнууд энэ дэлхийгээ хамгаалж авч үлдэх үүрэгтэй хүмүүс. Уран олборловол дэлхий сөнөдөг. Зөвхөн хүн гэлтгүй амьтан ургамалд хамгийн их халтай зүйл. Ураныг хүн анагааж, эмчлэхэд огт ашигладаггүй юм. Ердөө хоёр зүйлд л ашигладаг. Цөмийн цахилгаан станц, цөмийн зэвсэг үйлдвэрлэлд зориулж гарган авдаг. Хоёулаа хүний аюулгүй амьдрах баталгаанд сөрөг нөлөөтэй. Үүнийг Чернобыл, Фүкүшима нотолдог. Хоёр долоо хоногийн өмнө Нью-Йорк хотын ойролцоох цөмийн станцад гал гарч ихээхэн хохирол учрууллаа. Хичнээн хүн үрэгдсэн, юу болсон нь тодорхойгүй байна. Францад маш их хэмжээний цөмийн хог хаягдлыг булсан нь ил болж байна. Цөмийн технологийн сул тал нь эцсийн шийдлээ олоогүй. Харин нөгөө талдаа үүнийг орлуулах боломж хэд хэдэн хувилбараар нээгдчихсэн байдаг. Нарны энерги, салхины хүч, газрын гүний энергийг ашиглах технологийг бид нээгээд авчихсан. Япончууд ус төрөгчөөр ажилладаг машин бүтээчихээд патентаа үнэгүй аваач ээ гээд уриалан дуудаж байх жишээтэй. Тэгэхээр хүн төрөлхтөн аюултай технологиос татгалзах бүрэн боломжтой болчихсон. Өнөөдөр хөгжил нь их хурдацтай явагдаад энергийн эх үүсвэрийн дутагдалд орчихсон орнууд олборлоод байгаа юм. Бас хөгжөөд задралдаа ойртчихсон орнууд цөмийн зэвсэг хийж байна. Манай улс бол уран олборлох шаардлагагүй. Уранаа зараад мөнгө олох санаа байж болох байх. Гэхдээ уран зарвал хог шаарыг нь заавал өөрийн нутаг дэвсгэртээ булах, эсвэл их хямд үнээр уранаа зарах сонголтын өмнө очдог.

Байгаль орчны төлөө нэгдсэн хүмүүс зорилгоо хэрэгжүүлэх байгаль орчноор бизнес хийдэг болсон гэх шүүмжлэл гардаг. Асуудлыг яаж шийдэх ёстой юм бэ?

-Зургаан мянга гаруй байгаль орчныг хамгаалах төрийн бус байгууллагууд байна. Түүний 90 хувь нь цаг үеийнх. Юу гэсэн үг вэ гэвэл сонгууль болж эрх баригчид өөрчлөгдөхөд намд ойр байсан хэсэг нь санхүүжээд эхэлдэг. Бас уул уурхайн үйл ажиллагаа явуулж буй компаниудаас мөнгө шаарддаг хэсэг ч бий гэж дуулддаг. Ийм нөхцөл тогтчихлоо. Юунаас болсон бэ гэвэл Төрийн бус байгууллагын тухай хуулийн зарим зохицуулалт учир дутагдалтай байгаагийн илэрхийлэл. Төрийн бус байгууллагыг хэн санхүүжүүлэх вэ гэдгийг шийдээгүй. Герман компаниудаас авч байгаа татварынхаа бага хувийг аль нэг төрийн бус байгууллагад өгөхийг хуулиар зөвшөөрчихсөн байдаг. Төрийн бус байгууллагуудын санхүүжилт найдвартай болоод ирэхэд нийгмийнхээ төлөө л ажиллана гэсэн үг.

Та бүхэн цаашдынхаа замналыг яаж тодорхойлж байгаа юм?

-Бид байгаа хуулиудаа хэрэгждэг болоход л анхаарал хандуулъя гэж байгаа. Түүнээс биш шинээр гайхамшигтай хууль гаргаад хэрэгжихгүй бол ямар ач холбогдол байх билээ. Тэгээд ч өнгөрсөн 25 жилд Монгол Улс хуулийнхаа үндсэн шаардлагыг базаад гаргачихаж. Бас байгаль орчноор бизнес хийдэг бус чин сэтгэлээсээ ажилладаг болгох үндсийг тавихад анхаарна.

Л.МӨНХӨӨ

Categories
мэдээ цаг-үе

Б.Болор: Хамтарсан нөхдөд Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг биелүүлэх сонирхол тун бага байна

Төсвийн байнгын хорооны дарга Б.Болортой ярилцлаа.

Эдийн засаг, төсөв мөнгөтэй холбоотой таагүй мэдээллүүд улам их түгж байна. Байнгын хорооны даргын хувьд эдийн засгийн нөхцөл байдлыг танилцуулахгүй юу?

-Аливаа улс тухайн жил, ирэх онуудын, сүүлийн жилүүдийн төсөөлөл гээд бүх үзүүлэлтүүдийг тооцож үзэж байж төсвөө баталдаг. Орон бүр л төсвөө өөдрөг гаргадаг. Монгол Улсын хувьд үйлдвэрлэгч орон биш. Тийм учраас түүхий эдийнхээ үнэд тулгуурладаг. Түүхий эдийн үнэ дэлхийн зах зээлд ямар байхаас шалтгаалж Монголын эдийн засаг дээшлэх үү, доошлох уу гэдэг нь шийдэгддэг. Энэ нь манай улсын хамгийн том дутагдал. Үүнийг өөрчлөхийн төлөө бид ажиллах ёстой. Бидний хувьд 2010-2011 оны үед нүүрс, алт, зэсийн үнэ нэмэгдэхэд эдийн засаг сэргэлт авсан. Тэр үеийнхээ дундаж үзүүлэлтийг оруулж фактор болгоод төсвөө баталдаг. Аль ч улсын төсвийн орлого баталснаар нь төвлөрнө гэж байхгүй. Гэхдээ өнөөдрийнх шиг нэг их наяд төгрөгөөр тасарна гэдэг Монгол Улсын эдийн засагт сайнаар нөлөөлөхгүй. Аль болох л бүтээх талаас нь УИХ Засгийн газраа шахаж ажиллаж байна. 2014 оны арваннэгдүгээр сард Н.Алтанхуягийн Засгийн газар байхад баталсан төсөв боломжийн болсон. Үүн дээр Ч.Сайханбилэгийн буюу хамтарсан Засгийн газар тодотгол оруулж ирэхдээ дутагдал гаргасан. Ер нь намууд тэр дундаа АН, би ч гэсэн төсвийн тодотголыг орж ирсэн хэлбэрээр нь батлуулахгүй гэдэг хатуу байр суурьтай байсан. Тиймдээ ч нэлээд сайжруулж баталсан.

Төсвийн тодотгол яагаад муу болсон гэж?

-Засгийн газар тодотголыг оруулж ирэхдээ зардлаа илүү их танах ёстой байсан. Гэхдээ өнөөдөр хямрал гэж хавтгайруулж ярьж байгааг би нэг их ойшоохгүй байгаа. Хямрал гэдгийг тодорхойлдог ажилгүйдлийн тоо өсөх, инфляц 20 хувиас дээш гарах зэрэг эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд бий. Ийм хэмжээнд асуудал хүрээгүй, хүн ам өсч, ажилгүйдлийн тоо буурч, тодорхой ажлууд хийгдэж, аймгуудын эдийн засгийн үндсэн үзүүлэлтүүд өсч байна. Жишээ нь манай Архангай аймагт үзүүлэлтүүд нь дээшилсэн. Тэгэхээр улс төрийн оноо авахын төлөө алхам тутамдаа “хямрал, хямрал, хямрал” гэж яриад байх нь буруу. Орлого тасалдаж байгаа нь зөв зүйл биш ч тартагтаа тулчихаагүй байгаа. Бид Эдийн засгийн өршөөлийн тухай хууль гаргана гэх зэргээр баахан шуум тараачихсан. Үүнтэй холбоотой улс орон даяар хүлээлт үүсчихсэн байдаг. Гэтэл УИХ нь тэр ажил руугаа орохгүй хоёрын хооронд улс төр хийгээд хэрэггүй нэг асуудал дээр ихэнх хугацаагаа авч байна. Жишээ нь Цэцийн дүгнэлт дээр л гэхэд үдээс өмнө гурван цаг боллоо. Ингэж байгаа нь харамсалтай л байдаг юм. Төсвийн тухайд тодотголоо Засгийн газар оруулж ирэх байх. Хэзээ вэ гэдгийг нь мэдэхгүй байна.

Цалингаа тавьж, эм тариагаа авч чадахгүйд хүрлээ гээд байгаа. Үнэн юм уу?

-Цалин, тэтгэвэр тасалдахгүй. Зарим нэг нөхөд оноо авахын тулд ийм зүйлийг завсар чөлөөгүй яриад байгаа юм. Төсвийн орлогын бүрдүүлэлтийг долоо хоног бүрээр нь авч үзэж байгаа. Тэндээс харахад цалин, тэтгэврээ тавьж чадахгүйд хүрэх тухай зүйл огтхон ч харагдахгүй байна. Мөн өрийн дарамт маш их ярьж байна. Тэгвэл зах зээлийн эдийн засгаараа хөгжиж байгаа улс орнууд чинь мөнгө босгож байж л эдийн засгаа тэлдэг. Зарим гишүүд хөрөнгө оруулалт татахын тулд өр тавиад байна гэж ярих юм. Зайлуул Ерөнхий сайд нь энэ хоёрын нэг нь нөгөөгийнхөө оронд явдаг юм биш гэдгийг байн байн л хэлээд байгаа. Тодруулбал, энэ хоёр хамт л явдаг зүйл. Тодорхой хэмжээнд хөрөнгө оруулалтын амыг МАН өөрсдөө 45-уулаа байхдаа 2012 онд хийсэн хуулиараа барьсан. Тэгэхэд Элчин сайдуудыг цуглуулж уулзаад Хөрөнгө оруулалтын тухай хуулийг өөрчилсөн. Тэр шийдвэрээс болж хөрөнгө оруулалт гэдэг зүйл байхгүй болсон байдаг. Ийм байж өнөөдөр гэнэт саран дээрээс буугаад ирчихсэн юм шиг ийм зүйл яриад байж болохгүй л дээ. Хамтарна гэж хамтарчихаад шүү. Бид эдийн засгаа тэлэх тусам ДНБ-д эзлэх өрийн хэмжээ багасаад явдаг зарчимтай. Европын холбоонд сүүлд элссэн зүүн Европын орнуудын өрийн хязгаар 90 хувьтай байх жишээтэй. АНУ-ын тухайд яриад ч хэрэггүй байх. Манай улсын хөгжлийн түвшинд байгаа эсвэл өндөр хөгжчихсөн орнууд манай түвшинд байхдаа ямар байсныг харьцуулаад үзэхээр аль болох л мөнгө босгож тэр хэмжээгээрээ дэд бүтцээ шийдэж, үйлдвэрүүдээ босгосон байдаг. Манайх үйлдвэрлэгч болох ёстой. Гэтэл тэр үйлдвэрүүдийг хэн ч зүгээр бариад өгөхгүй. Тиймээс тодорхой түвшинд зээллэг яригдана. Мэдээж оруулж ирсэн мөнгийг зарцуулахдаа ч сайн менежменттэй байх ёстой. Чингэс, Самурай бондын хөрөнгийг тавиад туучихсан гэж хэсэг бүлэг хүмүүс яриад байгаа юм. Гэтэл зарцуулалтын нэг мөнгө хүртэлх задаргааг УИХ-ын гишүүдэд үзүүлсэн. Дандаа л бүтээн байгуулалт руу орсон юм билээ. Түүнээс биш Чалкогийн өр шиг авангуутаа тараагаад өгчихсөн зүйл байдаггүй юм билээ. Хөрөнгө оруулалтынхаа хуульд өөрсдөө 2012 онд сонгуулийн өмнө популизм хийж өөрчлөлт оруулж хөрөнгө оруулалтаа багасгачихаад, тэгээд сонгуульд ялагдчихаад эргээд зай завсаргүй ийм зүйл яриад улс орныхоо хөгжилд чөдөр тушаа хийгээд яваад байхыг буруу л гэж бодож байгаа.

Одоо МАН-ынхан Н.Алтанхуягийн Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхгүй гээд эхэллээ?

-Засгийн газрын мөрийн хөтөлбөрийг УИХ баталдаг. Баталсан хөтөлбөрийг ямар ч Засгийн газар, хэдэн ч удаа солигдсон бай хэрэгжүүлэх үүрэгтэй. УИХ мөрийн хөтөлбөрийг хэрэгжүүлэхийг л шаардана. Харамсалтай нь хамтарсан нөхдөд мөрийн хөтөлбөрийг биелүүлэх сонирхол тун бага байна. Хамтарсан нөхөд юуг хүсч байгаа вэ гэхээр яаж өөрийнхөө намын хүмүүсийг энд тэндэхийн албан тушаалд аваачиж тавих вэ. Яаж тартагт нь тулгаад гарах вэ гэдэг бодолтой байна. Ярьж байгаа, хэлж байгаа үйлдлүүд нь надад тэгж л харагдаад байна.

МАН засгаас гарах нь тодорхой болчихож байгаа юм биш үү?

-Харин тийм. Гарахдаа хүндрэлтэй байгааг нь улам хүнд болгоод явах санаатай. Нэг юм ч болов Монгол Улсынхаа төлөө хамтраад хийе гэж огт дуугарахгүй юм.

Харин АН, МАН-ынхан Таван толгойг явуулахгүй байх тал дээр сайн нэгдэж байгаа юм биш үү. Таны хувьд ямар санаатай байгаа вэ?

-Таван толгойн талаар сошиал орчинд тодохой байр сууриа илэрхийлчихээд байгаа. Таван толгойг явуулах нь зөв. Гэхдээ саяын оруулж ирсэн гэрээгээр явуулж болохгүй гэдэг хувийн бодолтой байна. Уншаад үзэхэд Монголын эрх ашигт нийцэхээргүй ийм л гэрээ байгаа. Ер нь Оюу толгойн гэрээг өмнөх парламентын үед явуулсан. Бас л асар их учир дутагдалтай гэрээ болсон. Түүнээс дор зүйл оруулаад ирэхээр ойлгомжтой биз дээ. Өнөөгийн болон тэр үеийн нөхцөл байдал өөр ч гэж яриад байна. Гэхдээ өнөөдөр ажиллаж байгаа Засгийн газар нь өөрийнхөө төрийн өмчит Эрдэнэс Таван толгой компанийг байнга доош нь хийж, муулж янз бүрээр яриад байгаа нь сонирхол татам. Гэтэл Эрдэнэс таван толгой компани нь өөрөө тэс өөр мэдээллийг өгч байна. мэдээж ашигтай ажилласан байгаа. Чалкогийн өр болох 300 сая гаруй ам.долларын 200 гаруй саяыг нь олборлосон нүүрсээрээ дарчихсан байгаа биз дээ. Ашигтай ажилласан гэдгээ үүнээс өөрөөр яаж нотлох шаардлагатай юм. Гэтэл ашиггүй ажиллаад бүр их өртэй компанид өгөх гээд байгааг би ойлгохгүй байгаа. Нарийн зүйл рүү нь орвол үнэхээр болохгүй байна. Дөрөвдүгээр сарын эхээр хулгайгаар зурагдах гэж байсан гэрээг УИХ зогсоосноороо түүхэн гавьяа байгуулсан гэж харж байгаа. Зөвхөн өнөөдрийн хүндрэлийг харж энэ гэрээг хийж болохгүй. Би, миний үр хүүхэд, ач, зээ нар Монголдоо амьдарна гэж бодсоны үндсэн дээр гэрээг хийх ёстой. Харин энэ гэрээг хийж байгаа хүмүүс цаашид Монголд амьдрахгүй гэж бодож байж магадгүй. Би айхтар популизм хийгээд байдаггүй ч энэ асуудал дээр дуугүй байж чадаагүй.

Гэрээнд Монголын талын олох орлогыг юу гэж заасан байна?

-Хар ухаанаар яривал Эрдэнэс Таван толгойн бүх зүйлийг Энержи ресурст шинжлүүлэх заалтууд л туссан. Гэтэл хүн бүр Эрдэнэс Таван толгой компанид цөөн хувьцаатай. Иргэдэд байгаа хувьцаа бол хийсвэр зүйл биш. Иргэд Эрдэнэс Таван толгойд хувьцаа эзэмшиж байгаа учраас Энержи ресурс руу үйл ажиллагааг нь шилжүүлэхдээ асуух уу гэх мэтчилэнгээр нарийн асуудлууд байна. Хөрөнгө оруулагч хэн байх нь хамаа алга гэж болно. Бид Хятадын компани гээд байгаа юм биш. Ер нь харилцан ашигтай, хувьцаа эзэмшигч иргэдийн эрхийг хангасан байх ёстой. Ганцхан жишээг дурдахад Блүүмберг дээр “Мongolian mining corporaratian бол энэ жилийн төгсгөл гэхэд дампуурч алга болно. Тэднийг аврах ганц зүйл нь Таван толгойн гэрээг байгуулж өрөө дарах” гэж бичсэн байна. Ийм зүйл рүү бид орох ёсгүй. Дэлхий нийт уншдаг Блүүмберг зүгээр сонсоод биччихдэг хэвлэл биш. Тэгэхээр бид аль болох засч сайжруулаад явуулах ёстой. Ийм л хувийн бодолтой байна.

Эхнээсээ зохион байгуулалттай байсан гэсэн үг үү. Энэ Засгийн газрыг энэ гэрээг байгуулах гэж байгуулагдсан гэдэг үг ч гараад байгаа?

-Энэ бол миний хувийн бодол. Үүнийг өөрөөр харж байгаа УИХ-ын гишүүд, хувь хүн олон байгаа. “Хийх ёстой, манайд ашигтай” гэж тайлбарлах хүн цөөнгүй бий. Тэгэхээр санал зөрөлдөж байна л гэсэн үг.

Тэгвэл гэрээг хэрхэн өөрчлөх вэ. Ямар чиглэлийг Засгийн газарт өгөх ёстой гэж?

-Минийхээр болдог бол Энержи ресурс гэдгийг нь Эрдэнэс таван толгойгоор сольчиход л гэрээ явчихна. Бүр болохгүй бол ийм гэрээг хийж байснаас одоогийнхоор нь орхичихсон нь дээр.

Төмөр зам тавих, нүүрс угаах үйлдвэр барих асуудал нь тусдаа яригдана. Мөнгө төгрөгөөс эхлээд дахиад л бөөн асуудал босно ш дээ?

-Ярьж болохгүй зүйл байхгүй. Олборлож байгаа нь үнэн. Олборлож байгаа үнийн зөрүү нь хүртэл их том ялгаатай байна. Цаад тал нь 50 ам.доллараар олборлуулдаг бол Эрдэнэс таван толгой нь 17 ам.доллараар олборлуулж байна. Ингээд л ялгаа гараад байгаа юм. Ерөнхий зүйлийг ярихад л ийм. Бүр нарийн яривал утгагүй зүйл болно.

Хувьцаанаас хэзээ ногдол ашиг авах вэ гэдэг асуулт бий?

-Саяын гэрээг баталчихсан бол хувьцаа замхарч байгаа юм. Тэгээд л М.Энхсайхан өдөр шөнөгүй “1072 хувьцаа чинь саналын эрхгүй, амьгүй” гэж яриад байгаа. Хувьцаа амилна гэдэг ашиг хүртэж эхлэхийг хэлнэ. Заавал өнөөдөр байх албагүй. 1800 оны үед АНУ-ын томоохон корпорациудын хувьцаа амилахгүй явсаар байгаад сүүлдээ ашиг өгч эхлэхдээ бүх хувьцаа эзэмшигчдээ саятан болгосон жишээтэй. Ийм гэрээг Засгийн газар зөв хийх үүрэгтэй. Тэгээд засах үүргийг нь УИХ өгч байна. гэтэл засахгүй гээд улайраад, муйхарлаад зүтгээд байж болохгүй.

Ер нь сүүлийн үед УИХ, Засгийн газар тодорхой шийдвэр гаргаж чадахаа больчихоод байна уу?

-Монголчууд улс төрөөсөө гарч чадахгүй байна. Орой зурагт үзэхэд цагийн мэдээний 55 минутад нь улс төр гарч байна. Яагаад гэвэл хүн бүр нь улстөрч болчихсон. Тийм ч учраас энэ гишүүд нь хүртэл болж л өгвөл кинопоо дарж дэмий юм ярьж цаг хугацаа авч зурагтаар гарах сонирхолтой. Цэцийн дүгнэлтийг гурван цаг хэлэлцэх ямар шаардлага байдаг юм. Асуулттай гишүүн байна уу гэхэд 20 гишүүн нэрээ өгч байна. Гишүүн тус бүр таван минут асуухад цаг 40 минут хариулт өгөх гэж мөн ийм хугацаа болж байна. Ингээд л үдээс өмнөх чуулганы хуралдаан дуусч байна ш дээ. Та бүхэн хараарай. Уралдаж кноп дардаг нэр бүхий хэдэн л хүн бий. Харагдаж л байвал би сайн гэж боддог юм уу яадаг юм. Тэгсэн хэрнээ хэрэгтэй юм ярихгүй. Ерөнхий сайд ч гэсэн “Би татвар нэмэхгүй” гэж баахан ярьчихаад татвар нэмэх хуулиа татахгүй яваад байдаг нь бас л утгагүй. Улс төрийн бай болж байна. Тэр дундаа энэ удаа олонхигүй байгаа учраас улстөржилт нь дийлдэхгүй байна. Заавал гурван бүлэг зөвшилцөнө гэх мэтээр харамсалтай л байдаг. Одоо тойргийг жижиг болгоно гээд байгаа нь их том ухралт. Жижиг болгочихвол 76 тэрбумтан л худалдаад авчихна.

Л.МӨНХТӨР