Categories
мэдээ цаг-үе

Их нүүдэл

Зөвлөлтийн зохиолч Анатолий Буйловын “Их нүүдэл” хэмээх роман бий. Түүний бичсэн “Их нүүдэл” романы ялгарах онцлог нь дэлхий дээр дэндүү цөөхүүлээ оршин буй цаатан иргэдийн тухай өгүүлснийх. Тэр дундаа тундрын хатуу ширүүн цаг уур дор Ази гарвалт цаатнууд хэрхэн аж төрдөг, социализмын үед цааны аж ахуй ямар байсныг тодоор тусгасан. Тодруулбал, 3өвлөлтийн үеийн хамгийн сайхан, хамгийн догшин нутгийн нэг Алс Дорнодод номын үйл явдал өрнөнө. Ер нь А.Буйлов тус номыг бичихээсээ өмнө “Лениний туг” хамтралд долоон жил цаа маллан, ан гөрөө хөөж явсан нэгэн гэдэг. Тэрээр Монгол угсааны хүн гэдгээрээ Зөвлөлтийн үед бардамнадаг байсныг өгүүлэх хүн цөөнгүй. “Их нүүдэл” роман А.Буйловын төрсөн хот болох Хабаровскийн комсомолын шагнал, Бүх Холбоотны уран зохиолын М.Горькийн нэрэмжит уралдааны нэгдүгээр зэргийн шагналыг хүртсэн байдаг.

Ингээд бараг мянган хуудас үргэлжлэх “Их нүүдэл” романы тухай товч өгүүлье. Гол дүрийн баатар болох Николка цаатан иргэд, тундрыг зорьж байгаагаар эхэлнэ. Энэ тухай зохиолч “Онгоцны цонхонд Николка наалдан доошоо хүчлэн харваас цасанд хучаастай байшингийн дөрвөлжин цагаан дээврүүд далавчин доогуур жирэлзэн өнгөрч байна. Мотор чих дөжрөм нүргэлж хөнгөхөн онгоц үл мэдэг чичирхийлэн, Николкаг энэ л номин хөх тэнгэр мэт уудам бөгөөд үл таних ертөнц рүү төрсөн гэрээс нь салган одох бүлгээ.

Тариалангийн талбай дэвтрийн хуудас мэт жижигхэн болж тэртээ ард цайран хоцроход Николка өөрийнхөө байшинг ялгах битгий хэл бүхэл тосгоноо арай ядан олж харав. Хэсэгхэн зуурын дараа тэрхүү бараа ч цэнхэр униарт уусан хараанаас алдрахуйяа мань хүн ганцаараа, ор ганцаараа үлдэнэ дээ” хэмээн дүрсэлжээ.

Николка цаатан иргэдийг зорих болсон нь ийм шалтгаантай. Хойт эцэгтэйгээ таарч тохирохоо больсон тэрээр хүнд өвчтэй эхийнхээ эмчилгээний мөнгийг цуглуулахын тулд ийнхүү хамтралд элсч бүр алс хол цаатан иргэдийг зорьсон. Арав гаруйхан настай ч хойд эцгийн чанга гараар хүмүүжиж аль хэдийнэ том хүний төрх суусан нь эл номонд бичигдэж уншихад дэргэд байгаа мэт дүрслэгдэнэ.

Харин Николка хэмээх Орос эр цаатнууд гэх тэс өөр соёл иргэншилд хөл тавьж буйг нь зохиолч “Цайвалзах шовх уулсын цаанаас хараа алдаж нүд гялбам уудам цагаан цөл мэлтийн гарч ирлээ. Тундр, жинхэнэ тундр ч лав энэ мөн гэж Николка таамаглав. Тэрээр энэ цаст хөндийгөөс бугын сүрэг, нохойн хөсөг эсвэл үгүй ядахдаа мал амьтны ямар нэг мөр олж үзэх санаатай сэтгэл догдлон сониучирхаж, орчныг эргүүлж тойруулж харсан боловч цэлгэр уудам тундр цэвэрхэн цагаан цаас шиг гялалзан цайраад мань хүн хурц хараагаа дэмий хүчлэн ядрааснаас цаашгүй. Хориод минутын дараа ганц нэг өнчин мод арзайн үзэгдэж эхэлснээ цаашлаад хэсэг бусаг, төгөл төглөөрөө нэмэгдэн тодорсоор төдөлгүй цагааран туузрах голоор хоёр хуваагдсан өтгөн ойн өргөн зурвас тодорлоо. Тэгтэл ч газар тэнгэрийн савслагад тэнгисийн ус бараантан гялалзлаа. Онгоц алгуурхнаа доошлоход зорчигчид суудал дээрээ яаран өндөлзөв. Николкагийн зүрх догдлон дэлсэж эхэллээ. Онгоц улам улам доошилсоор. Цана чарганы мөр сүлжилдсэн урт эгц дэнжийн дээгүүр өнгөртөл онгоцны далавчин дороос сүрэг бор шувуу дүрхийн нисэв үү гэлтэй бяцхан суурин гараад ирэх нь тэр. Онгоцны далавч далбилзан нэг огцом эргээд газардахаар шулуудлаа. Жижигхэн талбайн захад төмөр торхнуудын ойролцоо хүмүүс бужигналдах агаад тэднээс холгүйхэн чарга хөллөсөн хул морь зогсоно. Цаахантай нь нарийхан урт чарга, хөллөгөөний сахлаг ноход цасан дээр хэвтэнэ. Хүмүүсийн нэг хэсэг нь угтах хүнээ угтчихаад тосгоны зүг хэдийнэ хөдөлсөн байхад олонх нь Николкаг сониучирхан харж тэндээ зогссон хэвээр ажээ. Мань хүн ичингүйрэн зогтусаж, тэднийг яахаа мэдэхгүй тойруулан харна” хэмээн дүрсэлжээ.

Эндээс л мянган хуудаст “Их нүүдэл” роман эхэлж цааш хөвөрнө. Тэрээр Дархадын хонхорын Тува цаатан иргэдийнх лугаа амьдралд эргэлт буцалтгүйгээр хөл тавьж тэрхүү амьдралд улам бүр шунан дурлаж байгаа нь гарна. Цаатан иргэдийн хамгийн ахмад Аханя бөгөөд Костя, Шумков гэх мэтээр 20 гаруй хүний дүр номонд бууна. Цаатнууд орос хэлэндээ тун маруухан учраас номын орчуулагч ч үүнийг монгол хэлнээ яг байгаагаар нь буулгасан нь улам ч сонирхолтой болгосон мэт. Ер нь бол тундрын цаатан иргэдийн амьдрал монголчуудынхтай их төстэй гэдэг нь эдэлгээний сур элдэх, баавгай агнах, ангийн мөрөөр мөшгих гэх мэтээр номонд гарч буй олон зүйлээс ажиглагдана. Ер нь бол хатуу ширүүн уур амьсгалтай орчинд хэрхэн аж төрөхийг заасан гарын авлага роман гээд нэрэлчихсэн ч болно. Өөрөөр эшилбэл эл романыг уншсанаар тундр, тундрын цаатан иргэдийн дунд аялаад ирснээс ч тод сэтгэгдэлтэй үлдэж болох. Эл роман дэлхийн хүмүүсийн заавал унших номын нэгд зүй ёсоор орсон байдаг юм билээ. Энэ роман шуургатай үед толгой хоргодох оромж босгохоос эхлээд тогоогүй үед цай чанах, шүдэнзгүй үед гал гаргах, хоолгүй газраас идэш нөөцлөх гэх мэтээр олон зүйлийг зааж сургана. Энэ бүх зүйлийг номын адал явдалд буулган гол дүрүүдийн дүрслэлтэйгээр хүргэсэн нь уншигч та бүхнийг уйдаахгүй буй за.

Л.МӨНХТӨР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Дэмбэрэл: Өрийн дефолт болох өндөр эрсдэлтэй 14 орны наймдугаарт Монгол Улс жагсч байна

УИХ-ын гишүүн С.Дэмбэрэлтэй эдийн засгийн асуудлууд, сүүлийн үеийн нөхцөл байдлын талаар ярилцлаа.

-Хүн бүр улс төрд анхаарч эдийн засгийн хүндрэл, тулгараад буй нөхцөл байдлын талаар ярьж дуугарах нь ховордсон байна. Ер нь эдийн засгийн үзүүлэлтүүд сүүлийн үед хэрхэн өөрчлөгдөж байгаа бол. Шинэ мэдээллүүд байна уу?

-Монголд хэн ч байсан өөрийн эрхгүй нэг л хүрээнд ярихаар болчихоод байна. Тэр нь улс төрийн эдийн засгийн ухаан. Улс төрийн орчин нь эдийн засагтаа нөлөөлдөг, нөлөөлөхдөө сөргөөр нөлөөлдөг орчинтой болчихоод байна. Үүнийг хамгийн түрүүнд хэлэх ёстой байх. Саяхан Үндэсний статистикийн хорооны эхний хагас жилийн болон долдугаар сарын тооцоолол гарлаа. Эндээс харахад макро эдийн засгийн нөхцөл байдал муудсаар байна. Үргэлжлүүлэн муудах хандлагатай байна. Мөн зарим судалгаанууд хийгдсэнийг харлаа. Тэдгээр судалгаанаас үзэхэд өрийн дефолт болох өндөр эрсдэлтэй 14 орны наймдугаарт Монгол Улс орчихож. Тэдгээр орнуудыг харахад Бутан, Кабоверде, Доминикан, Этиоп, Гана, Лаос, Маоритан, Монгол, Мозамбик, Самоа, Сенегал, Танзани, Уганда зэрэг улс орж байгаа юм. Тэр хэмжээнд л манайх оччихсон байна даа. Шууд хэлбэл тэр судалгаа өрийн хямралд орчихсон орнууд гээд 20 гаруй улсыг нэрлэсэн байгаа юм. Дараа нь өрийн дефолт болох өндөр эрсдэлтэй орнууд гээд гаргатал манайх орчихож. Тэгээд өрийн эрсдэлтэй орнууд, хувийн хэвшлийн өрийн эрсдэлтэй орнууд гэх мэтээр дөрөв хуваасан тайлан мэдээллийг Лондонд байрладаг олон улсын судалгааны байгууллагаас долдугаар сарын 5-нд гаргажээ.

-Энэ судалгааны дүн үнэн үү?

-УИХ-аас Өрийн удирдлагын тухай хуулийг баталсан. Мөн Өрийн стратегийн дунд хугацааны хөтөлбөрийг боловсруулсан байгаа. Бидэнд мэдэгдэхгүй байгаа ч одоо Засгийн газраас Өрийн удирдлагын төлөвлөгөөг батлаад хэрэг­жүүлж байх ёстой. Үндэсний статистикийн хорооноос дээр хэлсэн тоонууд гарахгүй ч гэлээ үүнийг манай эдийн засгийн гүйцэтгэл баталж байгаа.

ДНБ доошилсон, төсвийн орлого 640-650 тэрбум болсон. Ингээд эдийн засгийн идэвхжил ажиглагдахгүй байгаагийн дээр амралт нь улам ихэсч, даншиг нь хэт олширсон дүр зураг л ажиглагдаж байна. Даншиг ба эдийн засаг гэсэн сэдвээр ярьсан ч болохоор болчихож. Тэгэхээр эдийн засгийн ерөнхий төлөв ийм байгаа нөхцөлд макро эдийн засгийн үзүүлэлтүүд болох хөрөнгө оруулалтууд, төлбөрийн балансад анхаарах хэрэгтэй. Хэдийгээр урсгал данс нэмэх тэмдэгтэй гарч байгаа ч макро эдийн засаг сайжирсны үр дүн биш. Хөрөнгө оруулалт, импорт хумигдсан, экспортын түүхий эдийн үнэ унаснаас үүдэн манай улсын худалдааны нөхцөлүүд олон жилийн турш улам бүр муудчихсан учраас валютын ханш сулрах үзэгдэл гарч ирж байгаа. Мэдээж АНУ, Европын холбооны орнуудад болж байгаа үйл явц, түүний дотор зээлийнх нь хүүгийн хандлага нөлөөлөх ч гэлээ манай дотоодын хүчин зүйл бүр их сөрөг хамааралтай. Манай экспорт тоо хэмжээгээр нэмэгдэж байгаа ч гэсэн үнэ ханш нь буурч валютийн дотогшлох урсгал 100 хүрэхгүй сая ам.доллартай тэнцэж байх жишээтэй.

-Уг нь Өрийн удирдлагын тухай хуулиар гадаад, дотоод өрийн асуудлаа нэг тийш болгож шат дараатай барагдуулах график гарчихаад байгаа биз дээ?

-Концесс гэж сүүлийн үед ярих болсон. Би нэг дүгнэлт хийчихээд байгаа. Энэ бол нуугдсан өр юм байна. Өөрөөр хэлбэл концессыг хэтэрхий их задгай тавибал төсөвт тодорхой хугацааны дараа ачаалал болж ирнэ. Энэ талаас нь харах ёстой юм билээ. Дээр нь татварын шударга байдал гэдэг асуудал өрөнд хамаатай. Нэг ёсондоо бидний хийж байгаа, хийх гэж оролдож байгаа реформ бүхэн өрийн удирдлагад хамааралтай. Энэ өргөн утгаар нь харсан төлөвлөгөө гаргах ёстой болчихоод байна. Уг нь хуулиараа өрийн тогтвортой байдлын дүгнэлтийг хийх ёстой. Үүнийг Дэлхийн банк, Олон улсын валютын сангаас улс орнуудад хийж өгдөг юм байна билээ. Манайд бас хийж өгсөн. Энэхүү дүгнэлтээ УИХ, олон нийтэд ил, нээлттэй болгох шаардлага байгаа. Өрөн дээр суурилсан амьдрал явагдаж байгаа учраас ойрын таван жилдээ тогтвортой байлгах ажлыг хэрэгжүүл. Өнөөдөр хувийн хэвшлийн концессоор авсан өрийн үнийн дүн, хамрагдсан компаниуд, хувийн хэвшлийн өр зэрэгт шинжилгээ хийж тэгээд өрийн удирдлагыг буулгаж хэрэгжүүлэх ёстой. Үлдсэн саруудад ийм ажлууд хийх ёстой. Үүний дараа эдийн засаг гайгүй болж ирнэ.

-Аж ахуйн нэгжүүдийн хувьд асуудал ямар байгаа бол?

-Бодит сектор дээрх том, жижиг, дунд гээд бүх компаниудын эдийн засгийн идэвхжил саарчихсан. Сааралт улам бүр газар авсаар байна. Нэг ёсондоо эерэг тэмдэглэгээ ажиглагдахгүй байна. Мөн банкны секторын зарим тохиолдол нь хөеөгөө хураасантай ижил байгаа. Өөрийн хөрөнгөө дарж, зээл олгохоо больж эрсдэлээ арилгахын тулд Засгийн газрын үнэт цаасан дээр төвлөрөн ажиллаж байх жишээтэй. Ийм тохиолдолд улс төрийнхөө орчинд эерэг, тогтвортой үйлдэл хийх ёстой байтал явж байсан реформууд гацалтын байдалтай харагдаад эхэллээ. Бид ээлжит бус чуулганаар Эдийн засгийн ил тод байдлын тухай хуулийг баталсан. Намрын чуулганаар Татварын хэд хэдэн хуулиуд орж ирэх ёстой. Түүнчлэн Эрүүгийн болон Зөрчлийн хуулийг хэлэлцэх байх. Өөрөөр хэлбэл өршөөл гэж нэрлээгүй ч үүнтэй холбогдсон тав зургаан хуулийг гаргах ёстой. Нэг ёсондоо бид нэг удаагийн өршөөлөөр орчноо цэгцэлчихээд дараа нь эрүүгийн шинэ үеийг үүсгэх ёстой. Гэтэл зарим нь батлагдаагүй, хэлэлцэгдээгүй. Иймэрхүү байдалтайгаар л намрын чуулганыг угтах нь дээ.

-Тэгвэл манайхны мөнгөтэй болох ганц арга нь Эдийн засгийн ил тод байдлын тухай хууль гэсэн үг үү. Үүнд л төр баригчид найдаад байгаа юм уу?

-Үнэнийг хэлэхэд Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульд л найдаж байна. Гэхдээ хүсч байгаачлан 100 хувь гарч ирэхгүй. Тэгэхээр найдаж болохгүй гэсэн үг. Миний бодлоор мал аж ахуйн салбарт малчдын сектор их олон байгаа. Бүртгэлд орсон нь, ороогүй нь ч мэдэгддэггүй. Тэгэхээр хөдөө аж ахуйгаас нэг их юм гарч ирэхгүй байх. Өнгөрсөн удаа бөөний болон жижиглэнгийн худалдаан дээрээс ихээр гарч ирж байсан. Гэтэл одоо бөөний болон жижиглэнгийн худалдааны идэвхжил нь тэг түвшинд байгаа. Энэ зун нэг хэсэг нь даншгаар цөөхөн хэдэн хуушуур зарах шиг боллоо. Одоо хичээл цуглаж дүрэмт хувцас, дэвтэр, цүнх жаахан зарагдаж хөдөлгөөнд орно. Барилгын салбарыг харахаар ямар ч хөдөлгөөн алга. Моргейжийн талын асуудлууд нь олигтой шийдэгдээгүй байна. Д.Цогтбаатар сайд “Би бүх зүйлийг хийчихсэн, бэлэн” гээд байгаа ч үүнийг санхүүжүүлдэг банкууд, банкаа удирддаг Монголбанкных нь байр суурь нэгдмэл биш байна. Энэ тохиолдолд бид юунд найдах ёстой вэ гэвэл бөөний болон жижиглэнгийн худалдаа идэвхжих ёстой. Мөн Үйлдвэрлэлийг дэмжих хууль сая гарсан. Бас валютын ханш суларч байгаа энэ нөхцөлд экспортлогч үйлдвэрүүдэд тодорхой ашиг ирдэг. Гэхдээ экспортын үйлдвэрүүд нь дотроо ялгаатай. Экспортын бүтээгдэхүүнд нь импортын орц ихээр орсон байх юм бол ашиг олно гэдэг бараг худлаа. Дээр нь импорттой өрсөлддөг үйлдвэрүүд гэж байна. Энэ нь импортыг орлох бүтээгдэхүүн биш. Тодорхой хэмжээний бүтээгдэхүүнүүдийг дотооддоо нийлүүлэхийн тулд түүхий эдээ импортоор авдаг үйлдвэрүүд гэсэн үг. Гэхдээ сая Үйлдвэрлэлийг дэмжих хуульд тодорхой хөшүүргүүдийг хийж өгсөн. Тэр нь зээлийн хүүгийн зөрүүг буцаан олгоё гэдэг асуудал. Энэ нь багахан эерэг нөлөө үзүүлэх байх. Дээр нь газар тариалангийн салбарт цаг агаараас гадна институцийн хямрал нүүрлэлээ. Газар тариалангийн асуудал хариуцсан яам хувийн хэвшил хоорондоо ойлголцохоо больсон. Энэ нь төрөөс газар тариалангийн салбарт явуулж буй бодлого тогтвортой байж чадаж байна уу үгүй юу гэдгийг харуулж байгаа юм. Энэ бүхэн зөвхөн Сангийн яам, Төв банкны хийх ажил, анхаарах асуудал биш. Хувийн хэвшилд хүртэл хамаатай.

-Орлогоо яаж нэмэгдүүлэх ёстой юм бол?

-Ямар ч гэсэн ил тод байдлын тухай хуулиар тодорхой орлого орж ирнэ. Энэ нь нэмэх тэмдэгтэй нөлөөлөл үзүүлнэ. Яг өнөөдрийн хувьд шавхаад, дайчлаад байх юу ч байхгүй. Их хэцүү байгаа. Нэг ёсондоо өнөөдрийн асуудлыг шийдэхийн тулд татварынхаа суурийг нэмэгдүүлэх замаар орлогоо нэмэгдүүлэх боломж бий. Түүнээс биш одоо байгаа татвар төлдөг компаниудаасаа илүү орлого хүлээнэ гэдэг худлаа. Тодруулбал, зардлыг шилжүүлэх, зардлыг хорогдуулах бодлогын хослол байх ёстой. Бас сүүлийн үед үйлдвэрлэл ба худалдааг хооронд нь сөргөлдүүлж тавьдаг сонин зүйл ажиглагдаад байгаа. Өнөөдөр бөөний болон жижиглэнгийн худалдааны орчин ямар байгааг судалж үзэх ёстой. Яагаад хүмүүс гуанз нээхэд их удаж байж анхны үйлчлүүлэгчээ авч байгаа юм. Бизнесийн эхлэх цэгийн шинэчлэл огт хийгдэхгүй байна. Зохицуулсан хууль нь УИХ дээр хоёр жил дарагдлаа. Тусгай зөвшөөрлийг 1200-гаас 300 болгоно гэдэг яасан. Үүнийг УИХ гурван удаа буцаалаа. Мөн Хяналтын тухай хууль байна. Бас л хүлээлт. Ерөнхийдөө тал бүрээс нь харсан бодлогоор асуудлуудад хандахгүй бол болохоо байчихаад байна. Барилгын салбарыг хар. Зарах бүтээгдэхүүн нь хэт тансаг хэрэглээнд зориулсан байдаг ч авах хүмүүсийнх нь потенциал дундаас доош орлоготой. Үүнийг яах юм. Уг нь бол энэ талынх нь бодлогын чиглэл өгөгдчихөөд байгаа. Сүүлд 10 хувийн урьдчилгаа гээд яриад эхэллээ. Энэ нь моргейжийн дампууралд орох эрсдэлийг өөртөө агуулж байгаа. Өрхийн сарын орлого 1,1-1,2 сая төгрөг. Ихэнх иргэд цалингаас цалингийн хооронд амьдарч байна. Яг энэ тохиолдолд банкуудад ашигтай ч жирийн иргэдийн төсвийн тогтвортой байдалд асар их сөрөг нөлөөтэй. Тиймээс эл асуудалд нэлээд нухацтай хандах ёстой. Тиймдээ ч би Ерөнхий сайдад боломжийн орон сууцын нөхцөлийн индексийг гаргаач гэсэн.

-Уналтаас уналт руу явж байгаа эдийн засгийн нөхцөл байдлын үргэлжлэх хугацааг урьдчилан тодорхойлж болох уу. Хэзээ эдийн засаг сэргэх вэ?

-Бүх насаараа үргэлжилнэ. Сэргэлт ба уналт гэсэн цикл л явж байгаа. Дэлхийн санхүүгийн сэргэлт нь дараагийн хямралдаа бэлдэж байдаг гэдэг. Энэ утгаараа ойрын таван жилдээ өөрчлөлт орж чадахгүй. Дэлхийн банкнаас ч гэсэн ойрын 50 жилийн судалгааг гаргадаг. Энэ бүхнээс харахад ийм байна. Азаар манай улс хоёр том зах зээлийн дунд оршдог юм. Энэ зах зээлүүд рүү хандсан ялангуяа уул уурхайн бус экспортыг хийх хэрэгтэй. Уул уурхайн бус экспортынхоо тоог нэмэх ёстой.

-Ам.доллар хоёр мянган төгрөгт хүрчихлээ. Одоо яах вэ?

-Монголбанк мөнгөнийхөө хэмжээгээр л интервенц хийнэ. Өнгөрсөн жилүүдийн валютын ханшийн хөдөлгөөнийг харж байхад нэрлэсэн ба бодит ханшийг хүмүүс тэр бүр анхаардаггүй. Манай улсын валютын бодит ханш нэлээд олон сар чангараад байсан. Эсрэгээрээ нэрлэсэн ханш нь сулраад байв. Бодит ханш гэдэг нь валютын нэрлэсэн ханш инфляцийн зөрүүг хэлдэг. Тэгэхээр энэ талаас нь харвал нэрлэсэн ханш нь суларч байна. Дээр нь арилжааны банкууд хөөрөгддөг эрэлт байна уу үгүй юу гэдгийг харах ёстой. Үүнд төв банк онцгойлон анхаарах ёстой. Нэг нэр хүндтэй хүн ам.доллар хоёр мянган төгрөгт хүрнэ гээд хэлчихвэл тэр рүү хүмүүс их явж авир төрх нь өөрчлөгддөг ш дээ. Үүн дээр тоглож байдаг тоглогчид олон бий. Өөртөө, өөрийнхөө тойрон хүрээлэлд ашиг авна. Нийт зах зээлд хохиролтой. Энэ талаас нь бас их бодож байх ёстой. Үүнийг бодлоо гээд учир зүггүй хяналт шалгалт хийгээд бай гэсэн үг бас биш л дээ.

-Жилийн төсвийн алдагдал ДНБ-ий хоёр хувиас хэтрэх ёсгүй. Гэтэл Өрийн удирдлагын хуулиар таван хувиар тогтоож шат дараатай бууруулж явах графикийг гаргасан. 2016 оны төсвийг хэлэлцэхэд графикийн дагуу төсвийн алдагдлыг барьж чадах уу?

-Чадахгүй. Гэхдээ төсвийн хэмнэх мэдрэмж дутуу, идэвхгүй байгаа тохиолдолд тэр босгод тааруулаад л оруулчихдаг. Гишүүд Засгийн газрын оруулж ирсэн тоог хэт өөрчлөөд бариулаад баталж байсан тохиолдол олон бий. Төсвийн алдагдал, төлбөрийн тэнцлийн алдагдал гэдэг нэг зоосны хоёр тал. Тэгэхээр төсвийн алдагдлаа багасгаж бүр чадвал нэмэх нэг болгох ёстой. Намрын чуулганаар энэ асуудал дээр эргэлт хийх ёстой. Тэр дундаа 2016 оны эдийн засаг нь сонгуулийн эдийн засаг болно. Хариуцлагагүй болдог. Өөрийн эрхгүй нийгэмд хөөрөлт үүсдэг энэ үед нэлээд хатуу бодлого явуулах шаардлагатай.

-Өрийн дефолтод орж магадгүй гээд байна. Өрийн дефолтод орлоо гэхэд юу болдог юм. Грекийн дампуурлаас ялгаатай юу?

-Уг нь Грекийн ДНБ ба өрийн харьцаа 170 хувь байгаа байх. Гэтэл Японых 220 хувьтай байдаг. Тэгсэн хэрнээ Япон орон яах ч үгүй байгаа биз. Яагаад гэвэл өрийн удирдлага нь маш мундаг гэсэн үг. Өөрөөр хэлбэл тэр тоог хөөвөл Япон аль хэдийнэ дампуурчихсан байх ёстой. Тэгэхээр өрийн удирдлага гэдэг зүйлд байн байн анхаарлыг хандуулж яриад байгаа минь энэ. Зөвхөн Төв банк, Сангийн яамны асуудал биш. УИХ-ын дарга, Ерөнхий сайдад цаг ямагт анхааруулж байх ёстой. Өрийн асуудал тун удахгүй дараагийн Засгийн газрын асуудал болно.

Л.Мөнхтөр

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Бичин жилийн өвлийг малын хорогдолгүй давахад тариаланчид тусална

Нар ихдэж, хур багадсан зун шувтарлаа. Зун адаг сардаа бороотой байгаа ч зарим нутагт газрын гарц дорвитой сайжрахгүй байгаа нь айсуй өвлийн талаарх таамаг яриа дэлгэрэхэд хүргэжээ. Ядахад сонгууль дөхсөн учраас улстөрч сэтэртэй бүхэн ард түмэндээ хандаж үг хэлэх нь олширсон байна. Тэд “Ард түмэн минь ээ. Ган болсон. Бичин жилийн зуд ирлээ” хэмээн саймшрах, шоудахыг зэрэгцүүлэн тоть лугаа дахин давтан үглэж байгаа нь малчин ард түмнийг айдаст автуулах болж. Энэ нь эдийн засагтай холбогдож, гурил будаа, мал махны үнэ ч нэмэгдэх хандлага ажиглагдан нийслэлчүүдийг, суурин газрын оршин суугчдыг түгшээж эхэлсэн. Үнэндээ өвөлжилтөд бэлтгэх цаг ирсэн нь үнэн ч хүнд өвлийн талаар ярихад эрт байна. Хэдэн зуун зудыг ажралгүй давсан монголчуудын хувьд урт намар болвол айх зүйл байхгүй гэдгийг мэдэж байгаа ч улстөрчдийн, цаг уурчдын сэрэмжлүүлэг тогтворгүй байдал үүсгэх шинжтэй. Тиймдээ ч өвөлжилтөд бэлэн үү гэх асуулт урд жилүүдээс арай эрт тавигдаж байгаа нь энэ.

Хөдөө аж ахуйн хийгээд Аж үйлдвэрийн яамнаас авсан мэдээгээр бэлтгэл ажил хэвийн эхэлж байгаа аж. Асуудал байгаа ч шийдэж болох гэнэ. Тодруулбал, тариалалт эхлэхэд 500.2 мянган тонн үр тариа авах зорилгоор 400.8 мянган га талбайд тариалалт хийсэн. Бороо, бордоо, усалгаанаас хамааран 40 орчим хувийн ургац алдах албан бус тооцоолол байгаа юм байна. Энэ нь тариалалт хийсэн аж ахуйн нэгжүүдэд төдийлэн дарамт учруулахгүй гэдгийг саяхан Д.Эрдэнэбат сайдыг бүс нутагт ажиллахад эзэд нь ярьжээ. Яагаад гэвэл тариаланчид нэг жил ашигтай ажилласан бол хоёр жил дараалан алдагдал хүлээх чадвартай байх ёстой гэж үздэг аж. Харин чанар муутай ч болц нь гүйцэж ургасан улаан буудайг спирт болголгүй гурилын үйлдвэрүүдэд тээрэмдвэл нэг жил идэх гурил хангалттай үйлдвэрлэгдэнэ гэдгийг ч албаны хүн мэдээлж байгаа. Тэгэхээр чанар нь багахан муудсан гурил үнэд орох нь бүү хэл эсрэгээрээ ханш нь унана. Өнөөдрийн үүсээд байгаа гурилын үнийн өсөлт хэзээ ч тохиолдох ёсгүй зүйл ажээ. Нөхцөл байдлыг хэрэглэгч ард түмэн л хүлээн зөвшөөрч, дэмжээд өгвөл гарц нь энэ гэнэ. Үүний зэрэгцээ зуд болох сургаар малчид урьд өмнөх жилүүдээс ч олон мал заазлах магадлалтай учраас махны ханш бага зэрэг буурах тооцоолол гарч байна. Эндээс харахад монголчууд өмнөх жилүүдээс хямд мах, бага зэрэг чанар муутай гурил өвлийн идшиндээ нөөцлөх сонголт байна. Гэхдээ дамын наймаачид буюу ченжүүдийг хэрхэн зохицуулахаас бүх зүйл хамааралтай аж.

Тэгвэл яриад байгаачлан зуд тохиовол хэрхэх вэ гэдэг асуултад бас л гарц байна. Нэгдүгээрт, Монгол тэр чигээрээ гандаагүй учраас тодорхой бүс нутгууд өвлөөс айхгүй байгаа. Хоёрдугаарт, тариаланчдын алдсан гэх болц гүйцээгүй улаан буудайг бүгдийг нь малын тэжээл болгох санаа яамдын дунд яригдаж эхэлсэн байна. Монголчууд жилд арав гаруй мянган га талбайд малын тэжээл тарьж мөн хэмжээний газраас хадлан бэлтгэдэг аж. Харин улаан буудайн ургац алдагдсанаар энэ тоо өнөө жил хэд дахин нэмэгдэж байгаа нь “тэжээл хангалттай” гэж олон дахин хэлүүлэх хэмжээний асуудал биш биз. Тэгэхээр хэдий хүнд өвөл тохиосон ч малд өгөх өвс, тэжээл хангалттай гарна гэж мэргэжилтнүүд тооцоолон ажиллаж эхэлсэн сурагтай. Тодруулбал, улстөрчдийн иргэддээ хандан сүрдүүлээд байгаа бичин жилийн зудаас малын хорогдол багатай гарахад ургац алдсан тариаланчид туслах нь гэсэн үг. ОБЕГ-ын нөөцөд өмнөх жилүүдээс хэд дахин тэжээл нөөцлөгдөх нь тодорхой болоод байгаа нь энэ. Харин төмс, хүнсний ногооны хувьд ихэнх талбай нь усалгаатай учраас асуудал болгож ярих хэмжээний зүйл биш бололтой.

Идшээ ингээд зохицуул­чихаж чадах юм бол дараагийн санаа зовоох зүйл нь мэдээж нийслэлчүүдийн түлш, тог цахилгаан, зам харилцааны асуудал. Хот бэлтгэлээ хангалттай базаасан гэж ам бардам байна. Учир нь энэ зунжин цахилгааны хязгаарлалт хийж хүчин чадал, шугамын шинэчлэл явуулсан учраас энэ жил битгий хэл ирэх жилүүдэд цахилгаанаар дутаж дүн өвлөөр лаа барих хэмжээнд орж доголдохгүй ажээ. Дулааны хувьд ч ялгаагүй. Хамгийн их асуудал дагуулаад байсан Энхтайваны өргөн чөлөө, Зайсангийн ам, 13 дугаар хорооллын дулааны магистрал шугамыг шинэчлээд дуусч байгаа нь сайн мэдээ болон ирж байна. Үүний зэрэгцээ хүлээлт үүсгээд байсан Амгалангийн дулааны станц ирэх есдүгээр сарын 15-нд ашиглалтад орохоор болжээ. Бүр энэ өдөр түлхүүрийг гардуулан өгч, хэвийн горимоор ажиллаж эхлэхийг албан ёсоор мэдэгдлээ. Ингэснээр хотын зүүн бүсийн 50 мянган өрх дулаанаар хангагдаж ачаалал тэнцвэржих юм байна. Зам засварын хувьд нийслэлийн хэмжээнд аравдугаар сарын 30 гэхэд дуусгах төлөвлөгөөтэй байгааг нийслэлийн орлогч Н.Гантөмөр албан ёсоор мэдэгдэж байгаа юм. Харин Төв аймаг хүртэлх замын засварын ажил хийгдээгүйг анхааралгүй өнгөрч болохгүй байна. Дулаан цагт явж болохгүй байгаа уг замаар өвлийн хальтиргаатай үед иргэд зорчвол ямар хэмжээний эрсдэл хүлээх нь ойлгомжтой. Гэхдээ яамнаас нь санаачилга гарган ажил болгох нь бүү хэл сайдгүй байгаа нь энэ жилдээ асуудал шийдэгдэхгүйн шинж бололтой.

Энэ мэтээр өвөлжилтийн бэлтгэлийг хангах график гарч, бэлтгэл базаах ажил дөнгөж эхэлж байгаа үед багахан зохицуулалт хийгээд л асуудлыг шийдчихнэ гэдгийг албаны эх сурвалжууд ам бардам мэдээлж байгаа. Өвөлжилтөд бэлтгэх түүхий эдийн нөөц, түүнийг тойрсон асуудлуудыг ийн шийдэх юм байна. Харин одоо иргэд үүргээ ухамсарлан хүн бүр өвөлжилтийн хувийн бэлтгэлээ базаах л үлдэж байгаа аж. Гэхдээ түүхий эдийг бүтээгдэхүүн болгогч үйлдвэрлэгчид, түүнийг түгээгчид л асуудалд ул суурьтай хандаж ард түмнээ бодвол хонин жилийн сүүл бичин жилийн өвлийн өнгө өнөөдөр яригдаж байгаагаас өөрөөр буюу өөдрөгөөр зурагдаж байна. Ер нь сүүлийн жилүүдэд өвөлдөө цас бага унаж байгаа, өвлийн ихэнх хугацаанд дулаан өдрүүд зонхилох болсон зэрэг байгаль цаг уурын өөрчлөлттэй холбоотойгоор бичин жилийн зуд гэх ойлголт өөрчлөгдөж ч магадгүй байгаа юм. Гэлээ гэхдээ зуд болохгүй байж магадгүй, төр өвөлжилтөд онцгойлон анхаарч байгаа гээд иргэд гар хумхиад суух нь хамгийн том эрсдэл гэдгийг цаг ямагт санах учиртай.

Л.МӨНХТӨР

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Автобусаар үйлчлүүлэгчид хүн чанараа гээжээ

Ууртай, харилцааны
соёл­гүй, үйлчлүүлэгчидтэй зүй бусаар харилцдаг кондуктор хэмээх ажлын байр устаж,
хүнээс ч ухаалаг, нягт нарийн тооцоо хийдэг цахим карт нийтийн тээвэрт нэвтрээд
хэд хонолоо. Дэлхийн жишигт нийцсэн, дэвшил болж байгаа байх. Гэхдээ өнгөрсөн хэд
хоногт энэ шинэчлэлийг да­гаад хүний мөс, мөн чанартай холбоотой доголдол гарсан
нь ажиглагдаж байна. Тод­руулбал, цахим карттай иргэд бууж, суух бүртээ картаа ун­шуулж
үйлчилгээ авсных нь хөлс данснаас нь цахим тооцоолуураар тооцогдон хийгдэж байгаа.

Харин карт аваагүй
ир­гэд тусгай хайрцагт нэг удаа­гийн төлбөр болох 500 төгрөгийг хийсний дараа үйл­чилгээ
авна. Энэ байдлыг далимдуулсан иргэд ч 500 төгрөг төлөх байтал улаан цагаан 100
төгрөг шургуулсан болоод зорчих болж. Бүр мөнгө төлөлгүй дайран орж хэдэн буудлын
дараа хээвнэг бууж одох тохиолдол ч ихэсчээ. Картгүй иргэд бүг­дээрээ л ийм араншин
гаргаж байгаа бололтой юм. Үнэндээ ахмад настнуудад л цахим үнэмлэхийг тараасан
учраас нийслэлийн нийтийн тээврээр зорчигчдын 80 ор­чим хувь нь мөн чанараа ийн
харуулж байгаа бололтой. Харин тасалбар тасалдаг бай­хад мөнгөө өгөөгүй хү­нийг
өшигчиж, нүдсээр авто­буснаас хөөж буулгадаг бай­сан кондукторууд үүнийг ёстой л хараагүй мэт өнгө­рүүлэх болсон
гэлцэнэ. Яагаад гэвэл тэдэнд ашиггүй болж, халаасанд нь мөнгө орохоо байсан учраас
тэр. Үйлчлүүлэгчид хийгээд кон­дук­торуудын мөн чанар ийм байна. Асуудалд анхаарахгүй удвал салбар санхүүгийн алдагдал
хүлээж нийтийн тээврийн үйлчилгээ доголдож ч мэдэх. Өнгөрсөн өдрүүдэд Лондонгийн
метро буюу ний­тийн тээвэрт доголдол гарч тус хотын дөрвөн сая иргэн өнөөдөр ч ажилдаа
ирж, бу­цаж чадахгүй байгаа нь асуу­дал хүндэрвэл нөхцөл байдал хэрхдэгийн жишээ
биз.

Л.МӨНХТӨР

Categories
мэдээ цаг-үе

Тэр жил шарга үрээгээ унаад түрүүлэх дөхөж билээ

“Өдрийн сонин”-нд хэвлэгдэж байсан “Тэр жил шарга үрээгээ унаад түрүүлэх дөхөж билээ” нийтлэлийг хүргэж байна. Энэ бол манай сонин үндэсний их баяр наадмыг тохиолдуулан гаргадаг наадмын тухай олон сайхан нийтлэл, тэмдэглэл, дурсамжийн нэг юм.

1998 оны зун амралтаараа хөдөө гэртээ очлоо. Тэгэхэд би Өвөрхангай аймгийн Сант сумын арван жилийн сургуулийн тавдугаар ангийг төгсөөд байсан үе. Тэр жил цаг эрт тавьж, ногоо амссанмал хөллөж, бүр үс, хөөврөө хаяад эхэлчихсэн байв. Одоо бодоход тавдугаар сар шувтарч байсан санагдана. Хөдөөний хүүхдүүдийн хийх ажил мундах биш. Хонь мал хариулж, худаг усаа янзалж, эцэг эхдээ тусалж байсаар арав гаруй хонов. Зургадугаар сар ч гарлаа. Хаврын тарчиг цагийг ардаа орхисон малчид зуны эхэн, дунд сарын тэр өдрүүдэд л нэг амарч, жинхэнэ налайж суудагсан. Ийм л өдрүүд үргэлжилж наадам ойртсоор байлаа. Гэтэл яг миний зулайг гишгэж төрсөн ах Энхтөр өнөө жил морь уяна гээд л ярьж эхэллээ дээ. Аав тэг ч гэсэнгүй, бас хориглосон ч үгүй. Өдөр судар харж хүлээсээр зургадугаар сарын аравдаар морь барьдаг бар дөр таарчээ. Тухайн үед манайх “хуушуур” Даш гэдэг хүнээс сумандаа долоо түрүүлсэн хөгшин хүрэн азаргыг нь аваад дөрвөн жил болж байсан юм. Тэр хурдан буяны төл гээд шаггүй ухасхийчихдэг хэд хэдэн үрээ байв. Тэр үрээн үүдээс нэгийг сойх нь ойлгомжтой. Аав бас ч үгүй залуу халуун асандаа сумынхаа наадамд нэгдлийн морь уяж уралдуулдаг моринд нүдтэй нэгэн байв. Тэгээд хурдан хүрэн азарганы анхны төл халтар шарга үрээг барьж авлаа. Ах хүүгийн морь уях гэж юу байхав. Аавын хий гэснийг нь л хийнэ. Тарла гэвэл тарлана. Хөлс ав гэвэл хөлслөнө.

Тиймэрхүү байдлаар шарга үрээгээ уяж сойсоор нэг л мэдэхэд долдугаар сарын арван болжээ. Тэр жил Сант сум наадмаа долдугаар сарын 10, 11-нд хийсэн юм. Хязаалан нас 11-нд уралдана. Тиймд бид морио хөтлөөд нутгийн залуустай 10-ны өглөө сумын төв рүү хөдөллөө. Манайх сумын төвөөс 30 гаруй км. Өдрийн хагас яваад л орчихно. Сумын төв рүү орж иртэл наадам эхэлчихэж. Өнгө өнгийн дээл өмсөж, адууныхаа сор болсон морьдыг насан хүмүүс энэ тэрүүгээр давхиад л ид бужигнаж байна. Азарга давхиад ирчихэж. Түрүүг нь Дундговь аймгийн Майхан-Овоо сумын хэвлүү Ойдов гэх уяачийн хар азарга авсан бололтой дуулдав. Бид ч өөрсдийнхөө уяаны морьдод анхаарал тавиад тэр энийг ч нэг их сонирхсонгүй. Ингээд 11-ний өдөр болж бидний ажил жинхэнэ эхэллээ дээ. Хоол хош нь таарсан болов уу. Яаж давхих бол. Хэний үрээ өнгөтэй байна гээд л яриа их. Би ч бас шарга үрээндээ багазэрэг горьдлого тавьсаар.Ийн манай багаас арав гаруй, сумын хэмжээнд 60 орчим хязаалан мордсон байдаг юм. Хурдны морьдоо бүртгүүлж, шүдлүүлээд зогсож байтал, морины комиссын машины цаана манайхан зодолдоод явчихлаа. Уг нь хамт явсан хэд маань архи тамхи хэрэглээгүй, түрүүхэн л биесээрээ тоглож наадаад л явсан хүмүүс. Гэнэт зодолдож эхлэхэд нь хэн ч гайхна биз дээ. Би юу гэж дутахав, чавхдаад л очлоо. Зодолдож буй ах нарын наахна нэг сангийн бойпор хэвтэж байна. Мөнх-Эрдэнэ гэх залуу л бөөн уур байгаа бололтой. Энд юу болсон гэхээр бидэн дунд нутгийн нэг номтой ламын хүү Мөнх-Эрдэнэ хамт явсан юм. Мөнх-Эрдэнийг наадмын зүг морио хөтлөөд гарахад лам аав нь утлага, ариутгалын арц, рашаан өгч л дээ. Тэгээд мань нөхөр бусдаасаа нууж буурал үрээгээ арцаараа утаж байсан бололтой юм. Түүнийг нь манай ах харчихаад сэм очин тохой руу нь ёворчихож. Гэтэл нөгөө утлага, арц мориных нь хамар ам руу орж, үргэж, зулраад алдуурах шахжээ. Тэгээд л биенийхээ тоглоом нь шоглоом болоод хоорондоо зодолдсон хэрэг. Гарааны зүг явахад ангийн хоёр гурван ч хүүхэд хамт явж таарав. нэг нь эмэгтэй. Лхагваагийн Цэрмаа 4 гэдэг охин. Нөгөө хоёр нь Өлзийбаяр, Гансүх нар. Тэд биеэр жижиг учир долдугаар анги төгстөлөө морь унасан даа. Хөдөө сумын наадамд ихэнх хүүхэд морио зайдан унана. Учир нь олон ил морь унасан хүүхдүүд эмээлтэй хүүхдийн хажуугаар гүүгэлж орохдоо жирмийг нь татаж олмыг нь султгах аюултай. лон ч хүүхэд энэ мэт халдлагад өртөн, унаж гэмтсэн дээ. Түүнээс гадна урт ташууртай хүүхдээс мөн л болгоомжлохг үй бол болохгүй. Жаахан л ойртох аваас өөрийнхөө морийг гуядаж байгаа мэтээр элдэвлэж морины толгой, хүүхдийн биеийг гүвдрүүттэл ороолгож орхино. Ингэж ороолгуулсан хүүхэд болоод морины зүрх нь үхчихдэг юм билээ. Гарааны зүг явахдаа бид дөрөв ч нэг иймэрхүүг ярьж, бага гэлтгүй хор найруулж явлаа. Ингэж тохиров. Хоёр, хоёроороо баруун зүүн жигүүрээс нь гарна. Тэгээд гадны сумдын хэд хэдэн морьтой ээлжилж холбож уралдан тэднийг суулгах зорилготой. Тэгээд эмээлтэй уралдаж байгаа болоод ойртож ирсэн хүүхдийг дээрхийн ижил аргаар хашраана. Тэгсэн цагт бид дөрөв түрүүлэхгүй юм аа гэхэд эхний аравт очих учиртай. Ийн гангар гунгар хийж бид дөрөв гарааны зүг бусдыгаа хошуучлан зөөлхөн цогиулсаар. Гарааны зурхай хараахан хүрээгүй байтал морьд ч эргэлээ. Нөгөө гадны сумын хүүхдүүд гэнэт гүүглэн эргэсэн юм байх. Бид дөрөв ч яахаа мэдэхээ больчихов. Тэдэнтэй уралдвал барианы зурхай дээр очиход барихгүй. Тэндээ зогсоод байвал хоцрох аюул бий. Энэ үед морь дагаж явсан хүмүүс эргэсэн морьдыг тогтоож чадалгүй хийн буугаа дуугаргаж орхив бололтой. Бид дөрөв нэлээд хойно зогсоод байдаг. Эргэсэн морьд хуйлран давхиж, бөөн тоос хадаасаар. Бид ч уралдахаас өөр аргагүй болсон учир ухасхийв. Нөгөө найруулсан хор ч өнгөрөв бололтой. Гэхдээ ярьснаараа баруун зүүн хоёр жигүүрээр салж давхилаа. Манай шарга үрээ гараа сайтай, хөлийн хурд их. Тиймд ангийнхаа Цэрмаа охиныг орхиод урагш зүтгүүлэв. Эхний ээлжинд морьдын цээжинд гарах ёстой. Цээжинд нь гараад ирвэл нөгөө найруулсан хороо ганцаараа байсан ч хийж чадна. Ганц аюултай зүйл нь гэвэл бусад морьдтой холбож уралдвал миний морь амархан суух магадлал өндөр. Эргэж харлаа Цэрмаа алга. Зүүн жигүүрт ч нөгөө хоёр бас байдаггүй. Хэсэг зүтгүүллээ. Хэд хэдэн морь барьж ардаа орхив. Гэхдээ цээжинд гарах яагаа ч үгүй. Давхих газар тун хол. Уг нь би урагшлаад л байгаа юм. Хэд хэдээр нь барьж ардаа орхисоор. Зарим нэг холбож уралдах гээд байгаа долоо, найм орчим насны хүүхдүүдийг ахын зангараг гаргаж хол давхи гэж загнасаар. Ингээд багцаагаар арав гаруй км явлаа. Сумын урд талын Шар ухаа ч нэлээд ойртоод ирж. Урдаа яваа морьдыг тоолбол арав орчим л юм харагдана. Тэр дунд азарга нь түрүүлээд байгаа хэвлүү Ойдовын зээрд үрээ байна. Мөн манай багийн тавалгаа Болдын хүрэн үрээ танихаас байгаа бололтой. Тэр үрээг Энхжаргалгээд манай хамаатны хүүхэд унаж байсан юм. Түүн рүү дөхөхийг бодлоо. Араас нь гүүглээд орохоор эргэж харалгүй урагшлачихаад болдоггүй. Тиймд чимээгүйхэн дөхлөө. Мориных нь сүүлийг дэрлүүлж байгаад Энкээрэй гээд хашхирч орхитол эргэж хараад муухан инээж байна аа. Бараг л гуйж байж зэрэгцэж

очив. Урд арваад морь пижигнээд байдаг. Бариа ортол бараг л арваад км үлдсэн. Тэгээд л нөгөөдэхтэйгээ ярилаа. Түрүүнд ангийнхантайгаа хэлэлцсэн зүйлээ бүгдийг нь хэллээ. Нөгөөх чинь зөвшөөрч байна. Урд найман морь байна, тав нь манай сумынх, үлдсэн нь Дундговийн Сайхан-Овоо, Өвөрхангайн Баян-Өндөр сумынх. Тэгэхээр хоёулаа түрүүлдэггүй юм аа гэхэд гадны гурван морийг л суулгая гэж тохирлоо. Тэгээд нөгөө хүүхдээ урагш нь зүтгүүллээ. Би ард нь айлын хэртэй дагаастай. Нөгөөх маань ч ганц нэг морьдыг идэж урагшилсаар. Би гэдэг хүн нөгөө хэдийг нь гүйцэж нутгийн хүүхэд бол юм ярьж Шар-Ухаа өнгөртөл тааваараа цогиул гэж зөвлөж байгаа юм. Харин гадны сумын хүүхэд таарвал нэг, хоёр ташуурдчихаад л урагшлаад байв.

Шар-Ухааг ч даваад ороод ирлээ. Эндээс сумын төв харагддаг юм. Бариа хүртэл нийт найман км л үлдсэн гэсэн үг. Яг урд дөрвөн морь давхиад байдаг. Харвал хэвлүү Ойдовын зээрд, тавлагаа Болдын хүрэн үрээ. Нөгөө хоёр нь мөн л бараан зүсмийн морьд байв. Хоёрыг нь гүйцэж очлоо. Нэг нь дотуур байранд суудаг Дарам гэх хүүхэд. Нөгөөхийг нь таньж амжсангүй. Урд байгаа хоёр хойно урдаа орж уралдсаар. Би араас нь бага багаар дөхсөөр байв. Дахиад хэсэг давхитал зэрэгцээд ирлээ. Манай хамаатны хүүхэд ч морио амрааж байгаа бололтой, амыг нь хэсэг татлаа. Гэтэл нөгөө хэвлүү Ойдовын зээрд үрээг унаж буй хүүхэд ч мориныхоо амыг мөн татав бололтой. Би гэдэг хүн урагшаа сугараад гараад явчих нь тэр. Бор хошуу тойроод эргээд хартал нөгөө хоёр саахалтын хэртэй хойно явна. Бариа хүртэл дөрөв, таван л км.

Би ч өөртөө урамшлаа. Баараггүй түрүүлсэн гэж итгэж эхэллээ. Бүр бай шагналыг нь төсөөлж үзлээ. Юу өгөх бол гэж бодсоор. Хэрвээ энэ эрчээрээ түрүүлчихвэл асарт орж цоллуулна гэхээс сэтгэл тогтож өгдөггүй. Ерөөсөө л аль хэдийнэ түрүүлчихсэн юм шиг тэр цоллуулж байгаа, бай шагналыг нь авч байгаагаа төсөөлсөөр. Гэхдээ түрүүлээд оччихвол солгой хоолойтой, олигтой гийнгоолж чадахгүй яана аа гэж бас бодоод амжив. Гэтэл арын хоёр дөхөөд иржээ. Би шарга үрээгээ ороолгосон ч нэг л урагшилж өгдөггүй. Сууж буй бололтой. Нөгөө хоёр ч зэрэгцэж ирэн давхилдлаа. Бид гурав ч хоорондоо ташуурдалцсаар явтал замд гэнэт хөндлөн шуудуу таарчээ. Хэвлүү Ойдов гуайн хүүхэд ч морио зог тусахад нь унаад өглөө. Тавалгаа Болдын хүрэн үрээ зүгээр харайгаад гарчихаж. Харин би тэр харайлтнаас болоод морьныхоо буруу тал руу хазайчихлаа. Дэлнээс нь зуурчихаад л давхиад байдаг. Миний унжсан тал руу морь эргэж барианы зүг биш зүүн зүгийг барин давхилаа. Дэлнээс нь татаад дээшээ гарч чаддаггүй. Яг унадгийн даваан дээр хазаарын жолоо морины урд хөлд орооцолдож ашгүй нэг юм зогслоо. Гялс бууж жолоо, цулбуураа янзалж дахин мордох гэсээр байтал хэд хэдэн морь давхиад өнгөрчээ. Би ч барианы зүг ухасхийлээ. Шарга үрээ маань ч сульдаж сууж эхэлсэн байв. Ийн цогиулсаар барианы зурхай дээр хүрэхэд миний өмнө хэдүйн 13 морь оржээ. Тэр жил манай суманд зургаан нас уралдсанаас нэг түрүүг нь л нутгийн уяач авч байсан. Тэр нь тавалгаа Болд буюу манай хамаатны хүүхдийн унаж уралдсан хүрэн үрээ. Хэрвээ би ингэж уралдаагүй бол манай сум зургаан насныхаа түрүүг бүгдийг нь гадныханд алдах магадлал тун их байсан шүү. Нэр нь дурдагдаад байгаа Сайхан-Овоо сумын уяач хэвлүү Ойдов гэх хүн л гэхэд гурван түрүү аваад буцаж байсан юм. Энэ бол миний уралдсан хамгийн сүүлчийн наадам байж дээ. Тэр жилээс хойш морь унахад дэнхийгээд томддог болсон учир наадмаа үзэж л баярладаг болсон доо. Би долоон настайгаасаа эхлээд тавдугаар ангиа төгстөл ийн морь унаж уралдсан байдаг юм. Тэдгээр уралдаануудаас сэтгэлд хамгийн тод үлдсэн нь энэ уралдаан юм уу даа.

Л.МӨНХТӨР

Categories
арын-нүүр булангууд мэдээ

Хотод түгжирснээс хөдөө явцгаая

Наадмын үеийн асуудлууд үүсч, Улаанбаатар хотынхон ид оволзож
байна. Хотын төв, зуслангийн замууд түгжирч, хуушуур, бууз, мах, борцны ханш нэмэгдэж,
наадмын тасалбар үнэд ороод бухимдуулах үе ч тохиох болжээ. Тэр дундаа
өнөө жил нийслэлийнхний хошуурдаг зуслангийн зам засвартай, эдийн засаг хямралтай,
зарим нутаг гантай гээд олны яриа жаахан тийм байна. Гэхдээ хөдөө нутаг дэлгэр сайхан,
айраг цагаа элбэг хэвээр гэдгийг зорчоод ирсэн хүн бүхэн ярьж, хөдөө явахыг уриалж
байгаа. Явах газраа л зөв сонгох хэрэгтэйг зөвлөх болсон байна. Цаг уурчдын мэдээлж
байгаагаар Монголын баруун аймаг, төвийн бүсийн баруун хэсэг, зүүн зүгийн зарим
нутагт бороо хуртай, дэлгэр сайхан байгаа аж. Саяхан Сэлэнгэ, Туулын сав газраар
бороо орж ган тайллаа. Улмаар ирэх өдрүүдэд нар шарахдаа шарж, бороо орж, солигдмол
үүлтэй таатай сайхан байна гэж цаг уурын урьдчилсан төлөвт буужээ. Ер нь хотоос
холгүй, төвийн бүсийн үзэсгэлэнт газруудад зун ирэхийн зэрэгцээ энэ өдрүүдэд орон
нутгийн баяр, ойн даншигууд, морины баяр тохиогоод үзэж харах зүйл ихтэй байгааг
хөтөлбөрөөс харж болохоор байгаа. Дөрвөн ч том даншиг наадам долдугаар сард багтаж
байгаа юм байна. Баярын амралтаараа нийслэлдээ түгжирч, үзсэн харсан зүйлгүй өнгөрч
байснаас ойрхон ухасхийчихээд ирвэл алдах зүйлгүй мэт.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Заавал хууль хүлээлгүй редакциуд рекламныхаа цаг, талбайг зохицуулцгаая

Манай улсын анхны ардчилсан, чөлөөт хэвлэлүүд өнөөдөр нийгмийн нэг хэсэг, нэгэн өнгө нь болж бойжжээ. Тухайлбал, анхны чөлөөт хэвлэл 25 дугаар суваг телевиз, ТВ-5 гэх мэтээр хэвлэл мэдээллийн салбарын ноён нуруу болж яваа нэг хэсэг байна. Орон даяар ганцхан Монголын үндэсний телевиз цацагддаг байхад “Улаанбаатар” суваг гэж тусдаа байлаа. Сүүлд хувьд шилжиж одоо Монгол Улсын тулхтай хэвлэлийн байгууллага хэмээгдэн олны талархлыг хүлээн ажиллах болжээ. Мөн барууны стандартыг анх нэвтрүүлсэн “Ийгл” телевизийг энд дурдалгүй өнгөрч болохгүй. “Ийгл” телевизийн нэвтрүүлсэн технологийн шинэчлэл, стандарт Монголын хэвлэл мэдээллийн салбарт шинийг авчирсан нь саяхан мэт ч нэгэнт салбарын түүх болон үлджээ. Бас ТВ-9 телевиз байна. Монголдоо мэдээ, мэдээллийг чанартай хүргэж ирсэн салбарын тэргүүлэгч байгууллагын нэг хэвээр байгаа. Бүгд л ардчилсан, чөлөөт хэвлэлийн хөгжилд гол тулгуур нь болж явна. Салбарын түүчээ, акулууд гэж хэлсэн ч хилсдэхээргүй хэмжээнд хүрч хийж бүтээсэн, бас ирээдүйтэй байгууллагууд. Ер нь өнөөдөр Монгол Улсын хэвлэл мэдээллийн байгууллагуудыг эдгээр телевизүүдгүйгээр төсөөлөхийн аргагүй болчихоод байгаа.

Гэхдээ “Хүн сайн ч хэлэхээс нааш ухаарахгүй, цаас нимгэн ч чичихээс нааш цоорохгүй” гэдэг. Та бүхний нэг дутагдлыг энд шүүмжилмээр байгааг минь өршөөнө үү. Яагаад гэвэл чөлөөт, ардчилсан хэвлэлийн салбарын хөгжилд хор болох хамгийн их магадлалтай асуудал байгаа юм. Тиймээс та бүхний төлөө үүнийг хэллээ. Та бүхний төлөө хэлнэ гэдэг салбарынхаа сайн сайхны төлөө дуугарч байгаа хэрэг юм шүү. Манай байгууллага ч хувийн, ардчилсан чөлөөт хэвлэлийн нэг мөн.

Гол асуудал нь нэг нэвтрүүлэг доторх реклам, зар сурталчилгааны тухай. Нэвтрүүлгийн цагаас арай л их хугацааг зар, сурталчилгаа, реклам эзэлж байна. Нэгэн алдартай кино гарлаа гэж бодоход гуравны хоёрт нь реклам, сурталчилгаа гардаг жишиг тогтчихоод багагүй хугацааг ардаа орхижээ. Жишээ нь “Том эгч” гэдэг солонгос кино сүүлийн үед үзэгчдийг хамгийн ихээр татаж байгаа. Тэгтэл кино гарахыг сануулсан шторк явж, бүтээлийн гарчгийг дөнгөж гаргаад л дуусдаггүй реклам эхэлнэ.

Реклам дуусахыг хүлээж цөхсөн хүмүүс эцэстээ хэвлэлийн салбарыг зүхэх болжээ. Зөвхөн кино үзэхийн тулд иргэд хамаг л муу муухай үгээ энэ салбар руу шидэлж байгаа нь худлаа биш. Киноны хэсгээс аравхан минут гаргаад араас нь арван минут реклам явуулаад байхаар аргагүй биз. Үүнээс улбаалаад “рекламны дундаас кино олж үзэх гэж зовох боллоо” гэсэн шог гэмээр яриаг ч хүмүүс гаргаад амжсан. Энэ нь нэг ёсны шүүмжлэл байх. Уг нь уран бүтээлчид иргэдийн телевиз үзэх хэвшилд зориулан зөвхөн нэг цаг гарахаар тооцоолж бүтээсэн киног Монголын телевизүүдээр үзэж дуусгахад бүтэн оройг зарцуулж байна. Иргэд ч хэвлэлийг яаядаа гэтэл нь муулж, муу үгээр зүхэн байж киногоо үзэж дуусгадаг болсоор удлаа. Иргэд дуртай киногоо үзэхийн төлөө орой бүрийг телевизийн өмнө барж байгааг юу гэх вэ.

Та бүхнээс энэ асуудалд ухаалаг хандаж асуудлыг авч үзэж хэлэлцэн шийдвэрлээч гэж хүсэх байна. Асуудал үнэхээр хүндэрч, төвөгтэй болчихоод байгаа нь үнэн. Даамжирсаар бүр сүүлдээ рекламдуулагчдад ч муугаар тусч эхлэх хандлага ажиглагдаж эхэлснийг нуух аргагүй. Иргэд аливаа нэвтрүүлгийг хөтөлбөрийн цаг өнгөрсний хойно гүйлгэж үзэх болсон нь үүний нотолгоо. Бас интернетийг түлхүү сонгож хэрэглэх болсон нь ч хамааралтай л байх. Салбарт учирч болох хамгийн муу нөлөөлөл гэвэл үүнийг нэрлэнэ. Иргэд реклам үзэхээ байчихвал рекламдуулагч гэж байгаад яах билээ. Мөн асуудлыг шийдэхгүй бол ард түмнийг төлөөлөн төрд суугаа нөхдүүд нэг мэдэхэд л Зар сурталчилгаа, рекламны хуулийг гаргаад ирнэ гэдэгт мөрийцсөн ч алдахгүй байх. Ингээд л “… нэг нэвтрүүлгийн гуравны нэгээс илүүгүй хугацаанд реклам цацна” гэдэг ч юм уу нэг заалт оруулаад та, бидний гал тогоонд оролцоод эхэлбэл яана. Үнэхээр хохиролтой асуудал энэ байх болно.

Манай сониныг ч их рекламтай, унших материал бага нийтэлдэг гэж иргэд уншигчид шүүмжилдэг тал бий. Гэхдээ бид асуудлыг аль болох ухаалгаар шийдэж хэдий хохиролтой байсан ч нийтлэлийн нүүр талбайгаа нэмж, хэрэглэгчдийнхээ сэтгэл ханамжийг дээдлэх болсон. Тэгэхээр та бүхэн реклам сурталчилгааныхаа тарифыг нэмээд ч хамаагүй асуудлыг цэгцлээч. Шууд хэлбэл зарынхаа цагийг багасгаач. Нэгэнт хууль гарчихвал хэзээ ч засч, залруулшгүй зүйл тэр байх болно. Хичнээн гуйсан ч төрд нөлөөлж болдоггүйг та, бид мэдэх. Ямар сонгууль угтсан нэг жилийн настай телевизүүд биш дээ. Үүрд байж, Монголын түүхийн нэг хэсэг бас ирээдүйн эзэд байсаар байх нь гарцаагүй учраас энэ мэт асуудалд анхаарч байх хэрэгтэй байна.

Тэгэхээр хэдүүлээ өөрсдөө яриад асуудлаа шийддэг байя. Ингэж үзэгчдээ бодох хэрэгтэй байна. Бид ч бас уншигчдаа бодъё. Заавал хууль гарахыг хүлээлгүйгээр, асуудлыг хуульчлуулалгүйгээр редакц бүр үзэгчдийн сэтгэл ханамжийг судалж, зөвхөн энэ л асуудлыг дотооддоо ярилцдаг, шийддэг болмоор байна. Нийтэд тустай, редакцид ашигтай зам нь энэ мэт харагдаад байгаа юм.

Ингэж байж л ардчилсан чөлөөт хэвлэл цаашид оршин тогтнох билээ. Хэрвээ хуулиар асуудлыг шийднэ гэвэл үр дүнд нь редакциуд дампуурах өндөр магадлалтай. Адаглаад мөнгө, санхүүгийн хомсдол нүүрлэж үүнийг дагаад редакцийн чадвар суларна гэх мэтээр өч төчнөөн асуудал босох нь дамжиггүй. Тэгэхээр асуудалд эртнээс ухаалгаар хандаж өөрсдөө, дотооддоо ярилцаад бэрхшээлээ шийдчихвэл хэвлэл мэдээллийн байгууллага, рекламдуулагч, үзэгчид бүгд сэтгэл ханамжтай үлдэх бус уу. Заавал хууль хүлээлгүй редакциуд рекламныхаа цаг, талбайг зохицуулцгаая.

Categories
мэдээ улс-төр цаг-үе

“Хар юмнаасаа” болж төрхөмдөө гүйсэн хүүхэн шиг Хаянхярваад шаралхсан эмэгтэй гишүүд хурлаа хаялаа

Монголын хөдөөд зун бүр л залуу хосууд битгий хэл нас тогтож намба суусан эхнэр нөхрийн дунд тохиолддог нэг явдал бий. Ид ажлын үеэр хосууд муудалцаж эхнэр нь авчирсан инжээ чирэн төрхөм рүүгээ гүйдэг дээ. Ингээд хот айл эзэнгүй шахам үлдэж эл хуль оргин зуны дэлгэр цагт тэднийх л хэд хоногийг дүнсгэрээс дүнсгэр өнгөрүүлдэг. Хавь ойрын ахан дүүс бууж мордоход аяга цай, тавагтай идээ дөхүүлэх хүнгүй, ээзгий, ааруул нь шувууны сангастай холилдож, охь нэрмэлийн сав хоосорч, айраг цэгээний бүлэлт муудаад амны зугаа болдог тал бий. Хот нь, хонины унгасаар дүүрч, үнээ тугал нь нийлж, сүү нь ихэдсэн хурга, ишиг чацга алдаж ажил цалгардаад таван ханатад багтаад байсан амьдрал талын нэг тардгийг хүн бүр мэдэх.

Хонхорын хөгшид “Яагаад явчихаав дээ, юунаас болж салж сарнихдаа тулаа вэ. Хөөрхий” гэж хаа нэг асууж лавлана. Явахаас ч аргагүй байдалд орсон яриа энэ үеэр сонстдог. Нөхөр нь гэж нэг панзчин хар юм гадуур гавихгүй наймаа хөөж гөлөгний чив шиг чулуун соруултай мод толгой олж ирчихээд түүнийгээ “Гаанс авчихлаа” гэж орсон, гарсанд гайхуулж сайрхан, салбагнасан байдаг. Наймаанд одгүй шигээ морь уяна. Уяад хурдалдаггүй нь гаажтай. Наадам болгон руу морио хөтөлж хүүгээ дагуулна. Ингээд л эх, үр хоёрын нулимсыг барна. “Эр хүн хө” гэж хүүгээ хөөргөж байгаад эмнэг шахам адгуусны нуруун дээр дарцаглуулж хатаана. Хүүгээ амьд ирээсэй гэсэн эхийн сэтгэл гансарч шар махтайгаа хатна. Шөнө нойргүй хоносон эх хүүгээ уралдаад түрүүлснийг сонсвол амьдралаа бүр ч үзэн ядна. Хүү нь түрүүлсэн бол морь нь хурдан гэсэн үг. Үүнд урамшсан эр тэр зундаа л гэрийн бараа харна гэж байхгүй. Тэр хэрээрээ хүүгийн амь хүлгийн нуруун дээр дэнжигнэнэ. Тэгээд болоогүй уяад хурдалдаггүй адсагаа авсан гаансныхаа өрөнд өгөлгүй амьжиргаа залгуулдаг сүүний ганц үнээгээ зүсэлж гэргийгээ давчдуулна. Энэ бүхнийг тэвчиж чадаагүй эхнэр хүн хөнжил, гудас, хэдэн тэрлэгээ морин тэрэг дээрээ ачаалаад төрхөмдөө очдог нь тэр. Жилийн жилд нөхөр нь ийнхүү савсагнаж эхнэр нь сурсан зангаараа хамаг ажлаа хаяад харьж, туньдаг нь энэ.

Монголын хөдөөд биш Монголын парламентад энэ үзэгдэл тавигдаж асуудал хурцадлаа. Сонгууль дөхөөд ч тэр үү эрэгтэй гишүүд дээрэлхэж бялхалзаад эмэгтэйчүүд нь харин гомдож туниад Төрийн ордонд сүйд болцгоож байна. Манай хэдэн эмэгтэй гишүүд амины ганц үнээгээ арчлах лугаа “Хүүхэд асрах үйлчилгээний тухай хуулийг батална. Эх, хүүхдийн ирээдүйн сайн сайхны баталгааг хангана” хэмээн ам тангаргаа өгсөөр энэ парламентийг элээж байгаа. Тэдний сүүлийн гурван жил ярьсан, араас нь хөөцөлдсөн ганц ажил болох энэ чухал хуулийг УИХ-аар хэлэлцэж эхэлсэн юм, уг нь. Гэтэл тэд чуулганы хуралдаанд суухаа больжээ.

Ийм эгзэгтэй үед эмэгтэй гишүүд яагаад төрхөмөө санагалзаж, чуулганыг орхив гэдгийг лавлахад гол нь “муусайн” эрэгтэй гишүүд “Бид хуулийг чинь дэмжихгүй. Та нар дураараа бол” гэсэн байна. Бүр завсарлага авч савсагнасан байх юм, МАН. Дээр дурдсанчлан өрөндөө морио өгөхгүй үнээгээ өгнө гэгчээр Д.Хаянхярваа гишүүн “Хүүхэд харах үйлчилгээнд өгөх 60 тэрбум төгрөг чинь хаа байна. Төсөв бүрдэхгүй хүнд, эдийн засаг эргэлтгүй муу байна. Улс орноо боддоггүй яачихсан улс вэ” гэж хүүхдийн асуудлыг хойш тавьж зад загнан өрхийн тэргүүний зангараг заажээ.Ийнхүү “Хар юмнаасаа” болж төрхөмдөө гүйсэн хүүхэн шиг Хаянхярваа гишүүнд шаралхсан эмэгтэй гишүүд хурлаа хаялаа. “Ширээн дээр тавихаар шороон дээр унав” гэдэг шиг асуудал үүсчихээд байхад эмэгтэй гишүүдийн тэвчээр алдарч чуулганы хурлыг орхих нь бүү хэл тойрог хэмээх төрхөмдөө гүйж очин гоморхсон ч багадах биз. Ингэж л хөдөө айлын эхнэр хөнжил, гудсаа баглаад явчихсан юм шиг Их хурлын чуулганы хуралдаан эл хуль хэд хонох янзтай байна.

Уг нь асуудлыг нарийн ярих дээрээ тулбал 60 тэрбум төгрөг гэдэг наадмын үеэр урьж авчрах гээд байгаа гадны, хэлийг нь мэдэхгүй нүцгэн шахам дуучны хоногт олдог мөнгөнд ч дүйхээ больсон цаг. Энэ зэргийн мөнгө Монголын төрд байж л байгаа. Ийм хэмжээний мөнгийг босгоё гэвэл босгож чаддагийг Их хурлын ги­шүү­дийн гаргасан олон ч шийдвэрээс харж бол­но. Уг мөнгийг өөр зүйлд зар­цуулахаар болж хэрхэн хуваах вэ гэдгийг ярьсан бол эрэгтэй гишүүд жинхэнэ панзчины араншингаа гаргаж яаравчлан хэлэлцээд эхэлдгийг олон түмэн өдөр бүр л харж байдаг.

Харин эмэгтэй гишүүд шийд­сэн чигтээ хатуу байж, аргадахад нь чуулганы танхим руу эргээд орчихгүй л бол хүлээлт үүсгээд байгаа асуудал нэг тийш болох юм гэсэн. Хууль батлагдсанаар гэртээ ганцаараа цоожлогддог 56 мянган хүүхдийн асуудал шийдэгдэх гэнэ билээ. Эмэгтэйчүүд ч хүүхдээ тө­рүүлчихээд гэртээ сууж байхдаа нэг гэр барьчихаад сардаа 250-350 мянган төгрөгийн цалин авч нөх­рийнхөө гарыг харахгүй, “саа­лийн үнээгээ өгөх гэлээ” гэж хэрэлдэхгүй байх хэмжээнд хүрч асуудал шийдэгдэнэ гэж тооцоолсон юм байна. Гудамж бүрт хүүхэд харах төвүүд байгуулагдаж бүтэн өдрийн турш эцэг эх нь таван ханатад багтдаг амьдралаа талын энгээр тараачихгүй ажил, хөдөлмөрөө эрхлээд явах боломж бүрдэх аж. Төрийн зүгээс ч шахалт дарамт учруулахгүй, хянахгүй, стандарт тогтоохгүй гэсэн заалтууд уг хуульд байгаа нь авууштай гэдгийг УИХ-ын эмэгтэй гишүүд уйлах шахам ярьж байгаа. Гэтэл үр дүнд УИХ дүнсийж орхилоо.

Categories
мэдээ нийгэм

Монголын ард түмэнд бороохой цөөдөөгүй

УИХ-ын гишүүд Эрүүгийн байцаан шийтгэх болон Прокурорын байгууллагын тухай хуульд нэмэлт оруулах тухай хуулийн төслийг санаачлан УИХ хэлэлцэж эхэллээ. Тодруулбал, хүмүүсийн хэлж заншсанаар АТГ-аас Прокурорын мөрдөнг салгах тухай асуудлыг УИХ хэлэлцэж эхэллээ гэсэн үг. Үүнийг олон түмэн талархан хүлээн авч, дэмжиж байна. Ер нь АТГ-ыг анх юу гэж ярьж байгуулсныг хүмүүс мартаагүй байх. Хээл хахуулийн эсрэг сурталчилгаа явуулж, соён гэгээрүүлэх ажлыг зохион байгуулна. Үүний зэрэгцээ төрд байгаа хээл хахууль өгсөн, авсан, зуучилсан хүмүүст арга хэмжээ авна гэсэн нэрийн дор энэ байгууллагын шав тавигдсан. Гэтэл АТГ алхам алхамаар томорсоор иржээ. Одоо харахад мөрдөн байцаах бүх эрхийг өөртөө авсан байна. Улстөрчид, гүйцэтгэх болон шүүх засаглал, цагдаа, прокурорын байгууллагыг харцаараа хөдөлгөх хэмжээнд хүрч бойжжээ. Түүнээс гадна Монголын эрх баригчдын хэн хүчтэйд нь үйлчилдэг, өрсөлдөгчийг нь захиалгаар намнадаг болчихож. Хамгийн харамсалтай нь нам доторх өрсөлдөгчийг нь захиалгаар нам дарж байгаа явдал.

Ийм дарангуйлагч байгууллагын гашуун түүх Монголын өнгөрсөнд олон бий. До яам гэж байв. Тэд АТГ-ын нэгэн адилаар ард түмнийг дарлаж болох бүхий л эрх мэдлийг эдэлснээр ямар гашуун мөрийг түүхэнд үлдээсэн билээ. Тэд байгаа онилсон л бол барьж цагдаж, шалтгаангүй байсан ч гүйцэтгэх ажиллагаа явуулж эх орны дайсан гэж зарлаад эцэст нь амь насыг нь авч салдаг байсан. Гоо төгөлдөр эхнэрийг нь авахын тулд жирийн албан хаагчийг хэрэгт гүтгэн ялд унагаж халуун сумаар асуудлыг шийдсэн түүх хэдэн зуугаараа тоологдоно. Одоо АТГ ийм болж эхэлсэн байна.

Хээл хахууль, малын хулгай гэх зэргээр нэг хэргийг тусгайлан сонгож түүнд гүйцэтгэх ажиллагаа явуулдаг байгууллагатай болохоор ийм болдог бололтой. Уг нь хээл хахууль гэдэг гэмт хэрэг мөн юм бол шүүх, цагдаа нь шийднэ биз. АТГ байх ёстой гэж үзвэл соён гэгээрүүлэх ажлаа л хийг. Хээл хахуультай тэмцэхийн тулд ийм хүчирхэг байлгаж яах гээд байгаа юм. Монголын ард түмнийг дарлах бороохой цөөдөөгүй л байлтай. До яамнаас эхлэлтэй цагдаа, шүүх, тахар, ШШГЕГ хэн нь ч ард түмнийг бороохойдох эрхтэй. Үүн дээр АТГ хэмээх аймшигтай газар байгууллага бас бий болчихоод байгаа нь энэ. Нэг жилийн дотор 300 орчим хүнд хилийн хорио тавихад 20 орчим хувь нь АТГ-ын хүсэлтийн дагуу шийдэгдсэн байдаг. Энэ жилийн эхний хагаст 286 иргэнийг шалгаж 100 гаруй хүнийг гэмт хэргийн шинжтэй үйлдэл хийсэн гэж баахан шалгаж байцаасны эцэст 24-д нь эрүүгийн хэрэг үүсгэжээ. Ер нь жилийн жилд тав зургаан зуун жирийн иргэн, аж ахуйн нэгжийг шалгаж, байцааж зовоодог юм байна. АТГ-ынхан зүгээр байцааж, шалгана гэж байхгүй. Прокурорын мөрдөн АТГ-т очсоноор эрүүдэн шүүлт 20, 30 хувиар нэмэгдсэн судалгааг Хүний эрхийн комисс гаргачихаад байна. Эрүүдэн шүүлтийн явцад амь насаараа хохирсон тохиолдол ч бий. Газрын тосны газрын дарга асан Д.Амарсайхан АТГ-ынхны тамлалыг даалгүй шоронд бие барсан нь саяхан. Ер нь АТГ хүнийг тарчлааж тамлах ажлаа гүтгэж гүжирдэхээс эхэлдэг. Үүний нэг жишээ нь УИХ-ын гишүүн Ё.Отгонбаярын гэргий О.Эрдэнэсолонгын гэх хэрэг нотолно. Түүнийг мөнгө угаасан, авлига өгч авсан гээд АТГ зарлаж нийгэм нэг хэсэг шуугиж байлаа. Олон ч улстөрч, бизнесмен, төрийн албан хаагч ийм гүжирдлэгт автаж хохирсон доо. Эцэст нь АТГ-ынхан “Худлаа байжээ” хэмээн сулхан дуугардаг нь эхэлж шуугисан шигээ олны анхааралд оролгүй үлддэг.

Монгол Улс ийм аймаар байгууллагатай байх хэрэг байгаа юм уу. Байх ёстой гэж үзвэл араа шүдгүй болгох шаардлага байна. Анх шавыг нь тавьсанчлан хээл хахуулийн эсрэг сурталчилгаа явуулж, соён гэгээрүүлэх ажлыг хийдэг болгож байранд нь буцаамаар байна. АТГ анх байгуулагдсан хүрээнээсээ хальж өнөөдөр хээл хахууль өгсөн, авсан, зуучилсан, төрийн албан тушаалтан албан тушаалаа хэтрүүлэх, урвуулах, төрийн бус нэгжийн албан тушаалтан албан тушаалаа хэтрүүлэх, урвуулах, төсвийн хөрөнгийг зориулалтын бусаар зарцуулах, үндэслэлгүй хөрөнгөжих, мөнгө угаах зэрэг гэмт хэрэг гэж хэлж болох бүхий л зүйлчлэлээр гүйцэтгэх ажиллагаа явуулж байгааг зогсооё.

Ер нь УИХ л ийм араатан шинжтэй байгууллагыг бий болгосон. Эхлээд АТГ-ыг байгуулахдаа тэдэнд хуулийг яаж ч гажуудуулж байсан хариуцлага тооцдоггүй эрх зүйн системийг нь хийж өгсөн. Дараа нь улстөрчид, гүйцэтгэх болон шүүх засаглал, цагдаа, прокурорын байгууллага, юм бүхнийг хянах эрхийг олгосон. Эцэст нь өөрийг нь хянах ёстой байгууллагыг өөрт нь харьяалуулж хамгаас хүчирхэг болгоодхов. Энэ алдаагаа УИХ даруйхан засч, залруулах цаг аль хэдийнэ болчихож. Эхний ээлжинд зарим УИХ-ын гишүүдийн санаачилсны дагуу Прокурорын мөрдөнг АТГ-аас салгаж араас нь алхам тутамдаа сайжруулах, соён гэгээрлийн чиглэлээр ажилладаг болгох шаардлага байна. Эс тэгвээс Монгол Улс ардчилсан улс байхаа болилоо.

Л.Мөнхтөр

Categories
мэдээ цаг-үе

Л.Эрдэнэчимэг: Биднийг тогтоолын төслөө оруулахаар Засгийн газраас Таван толгойн гэрээг татаж авах юм шиг байна лээ

УИХ-ын гишүүн Л.Эрдэнэчимэгтэй ярилцлаа.

-Таван толгойн ажлын хэсэг өчигдөр хуралдлаа. Ямар шийдвэр гаргав. Ер нь ажлын хэсэг дээр асуудал удлаа. Юун дээр гацаад байгаа юм бол?

-Ажлын хэсгийн хуралдаанаар Засгийн газраас хэд хэдэн материал ирэхгүй байгаагярилаа. Бид Засгийн газраас дөрвөн материал нэхсэн ч өнөөдрийг хүртэл ирэхгүй байна. Бидний нэхээд байгаа материалуудын эхнийх нь Засгийн газрын 268 дугаар тогтоолын хурлын протокол. Уг тогтоолоор Таван толгой дээр тендер зарлах долоон заалттай шалгуур үзүүлэлтийг баталсан байдаг. Дотор нь Энержи ресурст зориулан оруулсан хэд хэдэн заалт байдаг. Ялангуяа “… Таваас доошгүй жил олборлох, тээвэрлэх, борлуулах, үйл ажиллагаа эрхэлсэн хяналтын багцыг Монголоос эзэмшиж байгаа компани” гэж заасан байгаа нь бусад компаниудын оролцох эрх хаагдсан гэсэн үг. Тиймээс тогтоолыг хэлэлцсэн хурлын протоколоос хэний ямар саналаар ийм заалт орсныг мэдсэний эцэст тодорхой дүгнэлт гаргах ёстой гэж ажлын хэсгийнхэн үзсэн. Хоёрдугаарт “Энержи ресурс” компани болон “Шинхуа” группын хооронд хамтарсан компани байгуулах гэрээг Засгийн газраас ирүүлэхийг хүссэн. С.Баярцогт сайд хэлэхдээ “Хувийн компаниудын хоорондоо хийж байгаа гэрээ учраас Засгийн газарт хамаагүй. Ажлын хэсэг тухайн компаниудаас нь энэ гэрээг авах шаардлагатай” гэсэн байна. Монгол Улсын бүх иргэдийн эзэмшиж байгаа томоохон ордыг хамтран эзэмших гэж байгаа гэдэг утгаар нь уг гэрээг зайлшгүй үзэх ёстой болсон. Учир нь хамтарсан компани байгуулах гэрээндээ “Энержи ресурс” компани нь Таван толгойг “Шинхуа”-д өгчих юм биш биз гэх мэтээр ноцтой заалт байхыг үгүйсгэхгүй. Тиймээс л ажлын хэсэг гэрээг үзье гэсэн юм. Ер нь бид нэхэмжлэх бус Засгийн газар гэрээг дүгнэсэн байх ёстой. Гуравдугаарт “Сумитома” компани Таван толгойн нүүрсийг гуравдагч зах зээлд нийлүүлэх үүргийг гэрээгээр хүлээж байгаа. Тэгвэл “Гуравдагч зах зээлд гаргах ямар үүргийг тус компани хүлээж байгаа юм бэ” гэдгийг бид сонирхсон. Ер нь Сумитоматай гэрээ байгуулсан эсэх нь өнгөрсөн хугацаанд тодорхой болсонгүй. Дөрөвдүгээрт “Энержи ресурс” компани Таван толгой компанийн хооронд эрх шилжүүлэх гэрээ гэж хийгдсэн байх ёстой. Шууд хэлбэл Эрдэнэс Таван толгойн бүх эрх 100 хувь “Энержи ресурс” компани руу шилжиж байгаа. Үүнийг үзсэний эцэст дүгнэлтээ гаргах ёстой гэж байгаа юм.

-Энэ гэрээнүүд хийгдчихсэн байх ёстой юу. Ажлын хэсэг өө олохын тулд хувийн компаниудын дотоод асуудалд оролцож байна гэх шүүмжлэл гарч эхэллээ?

-Ажлын хэсэг “тийм тийм 14 асуудал дээр дүгнэлт гарга” гэсэн даалгаврыг авсан. Тэр дүгнэлтийг гаргахын тулд тун ч олон материал нэхэгдэж байна. Жишээ нь “Гуравдагч зах зээлд нийлүүлнэ” гэдэг “Сумитома”-гийн худалдааны гэрээг үзэх зайлшгүй шаардлага бидэнд тулгарч байгаа. “Үнэхээр гуравдагч зах зээлд Таван толгойн нүүрсийг нийлүүлэх гээд байна уу, Хятадын зах зээлд борлуулах гээд байна уу” гэдэг нь өнөөдрийг хүртэл тодорч өгөхгүй байна. Хэрвээ Хятадын нутаг дэвсгэрт нүүрсээ зарахаар байвал бид үүнийг гуравдагч зах зээлд гаргаж байна гэж үзэх боломжгүй.

-Гэрээний англи эхийг шалгасан гэсэн. Алдаа байна уу?

-Англи, Монгол эх үнэхээр ялгаатай байгаа. Яг энэ асуудал дээр Оюу толгой компанийн хуульч ажиллаж байна. Бид сүүлийн гурван сар Монгол хэл дээрх материалтай зууралдаад, түүнд үндэслэн дүгнэлт хийж хэрэлдээд байгаа. Гэтэл гэрээний англи хувилбар дээр Монгол эхээс зөрүүтэй олон зүйл заалт байна. Асуудал үүслээ гэхэд оролцогч тал гэрээний англи хэл дээрх эхийг аваад Арбитрийн шүүхэд хандахад өнөөдрийн бидний яриад байгаа Монгол эхээс хол зөрүүтэй, ялагдал хүлээх магадлалтай заалтууд байна гэж үзэж байгаа.

-Яг ямар заалтууд өөр байгаа гэж?

-Гурав хоногийн өмнө ажлын дэд хэсгээс мэдээлэл авахад арав гаруй хуудас зүйл заалтын зөрүү байгааг ил болгож, бэлдсэн гэж байсан. Тэгэхээр гэрээг англи хэл дээр хийгээд Монгол хэл рүү орчуулсан юм байна гэж үзэж байгаа. Бас үүнийг хэн гардаж хийсэн нь тодорхойгүй байна. Уг нь Гадаад харилцааны яам англи хэл дээрх хувилбарыг баталгаажуулсан байх ёстой. Албан ёсны орчуулгыг Гадаад харилцааны яам л хийдэг журамтай ч энэ талаарх мэдээлэл тэдэнд огт байхгүй байх юм.

-УИХ энэ долоо хоногт асуудлыг хэлэлцэхээр жагсаалтад оруулсан байна. Та бүхэн дүгнэлтээ бэлэн болгож амжих уу?

-Засгийн газар шаардлагатай материалуудаа бидэнд өгчихвөл дүгнэлтээ гаргаж УИХ-д оруулна. УИХ дээр, тэр дундаа Д.Ганхуяг гишүүн нэг зүйлийг тодотгосон. Тэр нь 2010 оны 39 дүгээр тогтоол. Тус тогтоолд Таван толгойн ордыг яаж ашиглах вэ гэсэн олон заалт байдаг. Тогтоолын олон заалт энэ гэрээнд зөрчигдчихсөн явж байгаа. УИХ-ын 39 дүгээр тогтоолыг зөрчсөн Засгийн газрын олон тогтоол бас гарсан байдаг. Уг нь Засгийн газар УИХ-ын гаргасан тогтоолыг заавал хэрэгжүүлэх ёстой байгууллага. Тийм учраас “УИХ-ын 39 дүгээр тогтоолыг хэрэгжүүлээгүй шүү” гэдэг дээр гол дүгнэлтээ гаргаж өгөх ёстой гэсэн саналыг хэлж байсан.

-Гэрээг урьдчилсан байдлаар ингэж дүгнэж байгаа гэсэн үг үү?

-Гэрээ орж ирсэн, тэр чигээрээ явж болохгүй. Нийт 60 жилийн хугацаанд 60 тэрбум ам.долларыг улсын төсөвт оруулж болохуйц ийм том орд байтал борлуулалтын зөвхөн хоёр хувийг авах гэрээ орж ирчихээд байна. Мөн ард түмний төлөөлөл, хууль тогтоох дээд байгууллагын гаргасан олон тогтоолыг зөрчсөн. Шууд хэлбэл УИХ гэдэг хэн ч биш юм гэсэн байдлаар хийгдсэн гэрээ. Ард түмний өмчлөлтэй энэ том ордыг бусдад зүгээр л бэлэглэчихэж болохгүй.

-Ер нь энэ гэрээг явуулахгүй байх ажлын хэсэг ажиллаад юм биш үү?

-Өнгөрсөн долоо хоногоос Засгийн газар болоод зарим УИХ-ын гишүүд “Таван толгойн асуудлыг явуулахад ажлын хэсэг гацаа үүсгэлээ” гэсэн худал PR-ыг хүчтэй явуулсан. Энэ асуудалд ажлын хэсгийн гишүүд нэлээд дургүйцэж байгаа. Яг үнэндээ ажлын хэсэг гацааж байгаа юм биш. Засгийн газар материалаа ажлын хэсэгт ирүүлэхгүй өөрсдөө гацааж байгаа. Бид ямар ч л гэсэн энэ материалуудыг авч байж, түүндээ тулгуурласан зохих ёсны дүгнэлтүүдийг хийгээд гаргаж өгнө. Тэгээд ч би санал, бодлоо байнга хэлж байгаа. Тэндээс Л.Эрдэнэчимэг гишүүн “Энэ гэрээг явуулахгүй гэсэн байр суурьтай байгаа юм байна” гэж л ойлгогдож байгаа байх. Энэ олон мэдээллүүдтэй танилцаж гэрээг бүтэн уншсан ямар ч гишүүн явуулж болохгүй юм байна гэдгийг ойлгох байх. Харин явуулах ёстой гэж хэлээд байгаа хэсэг лоббид автсан гэдгээ харуулж байна гэж харж байгаа.

-Тэгвэл ямар үндэслэлээр Засгийн газар гэрээгээ буцаан татах ёстой гэж та мэдэгдээд байна вэ. Ер нь улс орны тодорхой асуудлыг шийдэх ажлыг та ахалж байгаа гэсэн үг биз дээ?

-Миний харж байгаагаар гэрээ нэгэнт Ашигт малтмалын тухай, Газрын тухай, Концессийн гэрээний тухай хууль болон УИХ, Засгийн газрын хэд хэдэн тогтоолыг зөрччихсөн байгаа юм. Тиймээс хууль, тогтоол зөрчсөн гэрээ УИХ-аар хэлэлцэгдэх ёсгүй гэж бид харж байгаа. Энэ утгаараа гэрээгээ Засгийн газар татаж авах ёстой.

Эцэст нь хуульд нийцүүлээд, сайжруулаад оруулж ирэх шаардлагатай. Дээрээс нь ажлын хэсэг тогтоолын төсөл гаргахаар ажиллаж байгаа. Тогтоолын төслөөр Засгийн газарт үүрэг өгнө. Ингэхдээ Таван толгойг түшиглэн урагшаа хил хүртэлх, зүүн тийш Оросын хил хүртэлх төмөр замыг хамтад нь шийдэх ёстой гэдэг заалтыг оруулж өгч байгаа. Дээрээс нь гэрээнд огт тусгагдаагүй иргэдийн 1072 болон аж ахуйн нэгжүүдийн хувьцааг эдийн засгийн эргэлтэд оруулах асуудлыг тусгаж өг гэж байгаа юм. Ийм ажлууд ажлын хэсэг дээр бэлэн болчихоод байна. “Хувьцаа гэдэг бол үлгэр” гэж М.Энхсайхан сайд ярьж гарч ирж байсан.

Харин иргэд сайтаар нь ороод шалгавал таны нэрийн дансанд хувьцаа чинь хадгалагдаж байгаа. Хувьцааг эргэлтэд оруулж болдгийг жижиг Таван толгой харуулж байна. 1996 оноос жижиг Таван толгой хувьцаа гаргасан байдаг. Анх гурван төгрөгийн үнэтэй байсан бол хамгийн сүүлд сая гаруй төгрөгт хүрсэн байх жишээтэй. Тэгвэл жижиг Таван толгойгоос хэд дахин том энэ орд дээр хувьцааг эргэлтэд оруулах бүрэн боломжтой. Асуудлыг ард түмэндээ ашигтайгаар шийдье гэсэн байр суурьтай байна. Ер нь биднийг тогтоолын төслөө оруулахаар Засгийн газраас гэрээгээ татаж авах юм шиг байна лээ.

-Энэ хооронд Чалкод төлөх ёстой өр юу болж байгаа вэ. Монголын тал алдагдал хүлээж өр өдөр ирэх тусам нэмэгдэж байгаа гэх юм?

-Ажлын дэд хэсэг хоёр хоногийн хугацаатай Эрдэнэс Таван толгой компани дээр ажиллаад өнөөдөр (өчигдөр) ирсэн. Тэдний өгсөн мэдээллээр Эрдэнэс Таван толгой компанийн агуулахад 2.3 сая тонн нүүрс хадгалагдаж байгаа бол хоёр сая тонн нүүрсийг олборлоход зориулж хөрсний хуулалт хийж бэлтгэсэн байна. Нийтдээ олборлох бүх зардал нь шингэчихсэн 4.3 сая тонн нүүрс бэлэн байгаа гэсэн үг. Хэрэв гэрээ байгуулагдвал Чалкод төлөх ёстой өрийг “Энержи ресурс” компани төлөх заалттай. Гэтэл Чалкогийн өрийг төлөх нүүрс нь аль хэдийнэ олборлогдоод бэлэн болчихсон байгаа юм. Тэгэхээр гэрээнд туссан шигээр “Энержи ресурс” компани үүрэг хүлээх нөхцөл харагдахгүй байгаа юм. Энэ нь хулхидах заалт бололтой. Дээрээс ньЭрдэнэс Таван толгой компани хэвийн ажиллаж байна. Компанийн 200 орчим, туслан гүйцэтгэх 150 гаруй хүнээс гадна Чалко компани нүүрсээ авахдаа уурхайн аман дээрээс тээвэрлэлтээ хийдэг. Энд Хятад, Монголын мянга гаруй жолооч, тээвэрлэгчид ажилладаг юм байна. Нийтдээ 1400 орчим хүн 24 цагаар хөрс хуулалт, тээвэрлэлтийн ажил хийгээд Чалко компани сард 500-600 мянган тонн нүүрсийг өрөндөө авдгаараа авч л байгаа. Нэг ёсондоо өнөөдрийг хүртэл Чалкогийн өртэй холбоотой ямар ч асуудал үүсээгүй, цаашид ч үүсэхээргүй байна гэсэн үг. Мөн Эрдэнэс Таван толгой компани нэгэнт олборлосон нүүрсээ Хятадын бусад компанид зарахад бэлэн байгаа юм билээ. Хэдий тийм ч М.Энхсайхан сайд цаашаа борлуулалт хийж болохгүй гэсэн үүрэг өгсөн учраас зарж чадахгүй байгаа гэсэн.

-Асуудал хэзээ шийдэгдэх юм бол. Нийгэмд хүлээлт үүсгэчихээд ажлын хэсэг сар гаруй хугацаанд дөнгөж гурав дахиа хуралдаж байна?

-Оюу толгой өнөө, маргаашгүй хөдөлгөөнд орно. Гацууртын ордын асуудлыг бараг шийдсэн. Цагаан суваргыг ч явуулсан. Харин Таван толгойгоо төр барих хэрэгтэй. Яагаад гэвэл Монголын бүх ард иргэд хувьцааг нь эзэмшиж байгаа. Хоёрдугаарт энэ орд 60-100 жилийн ашиглалтын настай. Өнөөдөр нүүрсний үнэ унасныг нь далимдуулаад Таван толгойг булаах гэрээ орж ирчихээд байгааг хүн бүхэн ойлгоосой гэж хүсч байна. Тийм учраас яараад байх шаардлага байхгүй. Төсөв бүрдэлт муу байгаа гэж хэсэг хугацаанд ярих л байх. Энэ нь бэлэг боох далим байж болохгүй.

-Тэгвэл яагаад дахин сонгон шалгаруулалт явуулах гэж?

-Энэ бүх мэдэгдлүүдийг ажлын хэсгийн ахлагчаар ажиллаж байгаа хувь гишүүнийхээ байр сууринаас хийж байгаа. Түүнээс биш ажлын хэсэг дээр дахин тендер зарлая гэж огт яриагүй шүү. Ажлын хэсгийнхэн хууль, тогтоол зөрчсөн учраас энэ гэрээг УИХ-аар хэлэлцүүлэх шаардлага алга л гэж байгаа. Миний харж байгаагаар хөндлөн болон урагшаа явах төмөр замын асуудлаа хамтад нь шийдүүлье гэсэн байр суурьтай байна. Албан бус мэдээллээр “хөндлөн төмөр замыг тавихад Японы Засгийн газраас хөрөнгө оруулалт хийх боломжтой байна. Наймдугаар сард Абэ Ерөнхий сайд ирэхдээ гэрээг үзэглэх юм байна” гэсэн мэдээлэл бий. Эндээс харахад төмөр замын бүтээн байгуулалтад Японы талыг ч юм уу, гуравдагч этгээдийг оролцуулахын тулд гэрээнд оролцогч талууд нэмэгдэж оролцох байх.

-Орос, Япон, Солонгос орнууд Таван толгойн нүүрсийг сонирхож байгаа юм уу. Гуравдагч тал гэж хэнийг хэлээд байгаа юм?

-Ер нь асуудал нь Таван толгойдоо биш, төмөр замд байна. Төмөр зам гэдэг бол Азийн хамгийн том гео политикийн үзүүлэлт болчихоод байгаа. Хятад улс Азийн дэд бүтцийг хөгжүүлэхэд 100 тэрбум төгрөгийн хөрөнгө оруулалттай банк байгуулчихаад байгаа. Энэ нь Азийн дэд бүтцийн салбар руу асар хүчтэйгээр орж ирэхийг харуулж байна. Үүнтэй зэрэгцээд Ц.Элбэгдорж Ерөнхийлөгчийг Японд айлчлахад Азийн хөгжлийн банкаар дамжуулан Японы талаас “110 тэрбум ам.долларыг Азийн дэд бүтэц рүү” орууллаа гэдгээ зарласан. Тэгэхээр Хятад, Япон хэмээх хоёр том гүрэн Азийн дэд бүтцэд асар их хөрөнгө оруулалт хийж өөрсдийнхөө ноёрхлыг тогтоох бодлоготой байгаа нь ил байна. Хоёр гүрний аль аль нь Монголыг сонирхож байгаа. Гурван жилийн өмнөхөөс байдал тэс өөр болчихоод байна. Геополитикийн таатай нөхцөл байдалтай болсон учраас Таван толгойд бус эхэлж төмөр замдаа анхаарлаа хандуулж, төмөр замын асуудлыг шийдсэн тэр орнуудад Таван толгойгоо өгөх нь ашигтай болсон нь харагдаад байгаа юм.

-Тэгэхээр орж ирсэн гэрээг буцааж, бүхнийг шинээр эхэл гэж үү?

-Гэрээг эхнээс нь хийх үү, бусад талыг татаж оролцуулах уу гэдэг нь Засгийн газрын хийх ажил. Би бол зөвхөн саналаа хэлж байгаа гишүүн.

Л.Мөнхтөр