Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

МАН-ынхан ард түмнээ бус намаа бодож, 2016 оны сонгуулийг харж байжээ

Ардын намынхан Н.Алтанхуягийн Засгийн газрыг огцруулсан нь, саяхан. Тэд ард түмний төлөө бус Ардын намынхаа эрх ашгийн төлөө байснаа хэдхэн хоногийн дотор нотоллоо. Н.Алтанхуяг засгаа тэргүүлж, монгол төр тогтвортой байхад буюу хагас сарын өмнө М.Энхболд, С.Бямбацогт, Я.Содбаатар, Ч.Хүрэлбаатар гээд цааш үргэлжлэх МАН-ын гэсэн тодотголтой УИХ-ын гишүүд “Н.Алтанхуягийн Засгийн газар л солигдвол бүх гацаа арилна” гэж амаа цангатал ярьж байв. Гэтэл тэд өнгөрсөнд хэлж ярьж байснаа өнөөдөрт умартан улс төрийн давамгай байдлын төлөө санхүүгийн эрх мэдлийн төлөө улайрч шинэ Засгийн газрыг эмхлэх шинжгүй байна. МАН-ынхны нүдэнд зөвхөн 2016 оны сонгууль л харагдаж байгаа бололтой. Ирэх сонгуульд ороход АН-ын тэргүүлсэн Засгийн газар хийсэн ажил, хэлэх үггүй зогсч байвал МАН илүү оноо авна. Улс орон уруудан доройтож, эдийн засаг ойрын арван жилдээ сэхэл авахааргүй болох аваас иргэд МАН-ыг сонгоно. Ийм л шалтгааныг зорилгоо болгож байжээ гэдэг нь энэ өдрүүдэд харагдаж байна. Тиймдээ ч МАН-ынхан улс төрийн энэ тогтворгүй байдлыг хэдэн өдөр, сараар ч хамаагүй уяж ард иргэдийг туйлдуулан, тэвчээрийг нь барах цаад санаатай байгаа бололтой. Энэ бодлогоо хэрэгжүүлж ард түмнийг туйлдуулах ту­сам МАН хүчирхэгжинэ гэ­сэн ганцхан логик үйлчилж эхэлжээ.

Үнэн хэрэгтээ Засгийн газрыг огцруулснаар юу ч дээрд­сэнгүй. Бүх зүйл эс­рэ­гээрээ төрийн ажил цалгар­даж, төрийн албан хаагчид назгайрч сууна. Засгийн газар түүний харьяа агентлаг, УИХ дээр сүүлийн сар илүү хугацаанд ямар ч ажил хийгдсэнгүй. Саарал ордонд өрнөх зөвшилцөл нь үл ойлголцол болж, улс төрийн энэ нөхцөл байдал удах тусам МАН-ынхны хүслээр болох өнгөтэй. Товчхондоо шинэ засаг бүрдэхээс эхлээд улс оронд хийгдэх бүх ажилд МАН тээг тавьж байна. Ерөнхий сайдыг огцруулах гэж яарсан шигээ одоо томилох гэж яарахгүй байгаа нь энэ бүхний нотолгоо юм.

Ер нь МАН-ынхан Засгийн газрыг огцрохын өмнө “Улс орон, ард түмнээ” хэмээн юу ярьж, ямар байр суурь илэрхийлж байсныг эргэн саная . МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболд ар­ваннэгдүгээр сарын 4-нд “Иргэд жижиглэнгээс жижиглэсэн байдлаар худалдан авалт хийж байна. Хонины тал элэг эсвэл хоёр хавирга ч юм уу, ийм байдлаар худалдан авалт хийдэг болчихож. Энэ байдлыг засах талаар эрх баригчид тодорхой арга хэмжээ авах ёстой. Бид Засгийн газарт орох гээд ч юм уу эсвэл Засгийн газарт оруулаагүй учраас өс өвөрлөж асуудалд хандаж байгаа юм биш. Нийт сонгогчдын 40 орчим хувь нь МАН-ыг сонгосон. Бид хяналтын үүргээ бүр илүү гүйцэтгэх ёстой гэж үзэж байгаа” гэж ярьсан байдаг бол УИХ дахь МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт аравдугаар сарын 20-нд “МАН-ын бүлэг төрийн ажлыг гацаахын тулд Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг оруулж ирлээ гэж эрх баригчид мушгиж байна. 100 хоногийн хугацаанд алдаагаа засч, бүтцийн өөрчлөлтөөрөө давхар дээлээ тайлчих юм болов уу, 2015 оны төсвийн хуулиараа цалин тэтгэврээ нэмж, аж ахуйн нэгжүүдээ дэмжих юм болов уу гэж хангалттай харлаа. Гэтэл юу болов. 100 хоногийн дотор эдийн засаг улам хүндэрлээ. Өнгөрсөн зун ямар ч бүтээн байгуулалт хийгдсэнгүй. Долларын ханшаа тавиад туучихлаа. Төсвийн орлого 1.4 их наяд төгрөгөөр тасарлаа. Цалинтай иргэдийн 40 хувь, тэтгэврийн насныхны 80 хувь нь зээлтэй байна. Монгол Улсын иргэн бүрт таван сая төгрөгийн өр оногддог болсон. Гадуур яваад үзээрэй. Орон сууцны худалдаалалт тэг болж зогссон. Өргөн хэрэглээний барааны үнэ 30-40 хувиар өссөн. Эдийн засгийг ийм хүнд байдалд оруулсны хариуцлагыг хэн хүлээх ёстой юм бэ. Хэн ч ямар ч хариуцлага хүлээхгүй болж байна уу. Цаашдаа цалин, тэтгэврээ тавьж чадах нь уу гэдэгт хүрэх нь. Тиймээс энэ байдлаар яваад байж болохгүй. Ажил хийж чадах хүнээр нь Засгийн газраа удирдуулах нь зөв. Н.Алтанхуягаас илүү сайн удирдагч АН-д олон бий. Энэ хүн улс орныг бүх салбарт нь унагалаа. Тиймээс илүү сайн хүнээр удирдуулаасай, эдийн засгийн хүндрэлээсээ салаасай гэж бид хүсч байна. Дараагийн Засгийн газар нь ойлголцож зөвшилцөөд сөрөг хүчнээ сонсч, асуудал нь үнэхээр зөв байвал бид дэмжээд л явна” гэж байжээ.

Мөн УИХ-ын гишүүн Д.Хаянхярваа арваннэгдүгээр сарын 5-нд өгсөн ярилцлагадаа “Өнгөрсөн засгийн үед Д.Зоригт сайдыг огцруул гэж дөрвөн удаа оруулж ирж байсан. Ажлаа хийж чадахгүй хэнийг ч бид огцруул гэж шаардах эрхтэй. Хэрэв чадаж байгаа юм бол энэ Ерөнхий сайдынхаа асуудлыг яагаад УИХ-аар хэлэлцэхгүй хууль зөрчөөд байгаа юм бэ. Баахан завсарлага аваад засаг ч үгүй, төр ч үгүй яваад байна” гэсэн бол УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн арваннэгдүгээр сарын 3-нд “Ерөнхий сайдыг огцруулах нь тийм ч чухал асуудал биш. Бодлогын алдаагаа л засчих. МАН-ынхан бүх хүнд тааруулж ажилласан гэж өөрсдийгөө өмөөрмөөргүй байна. Гэхдээ Ардын нам ингэж нурааж яваагүй. Ардын нам тэмцэж чаддаггүй, АН засаглаж чаддаггүй гэсэн хэлц үг хүртэл гарчихаад байгаа биз дээ. Эрх баригчид эдийн засгийн тал дээр барьж буй чиглэлээ өөрчлөхгүй бол амаргүй байна. Энэ байдлаараа цаашаа эдийн засаг улам л хүндэрнэ” гэсэн байдаг. УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр ч гэлээ аравдугаар сарын 31-нд “Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг Төрийн байгуулалтын байнгын хороо хэлэлцэлгүй хуулиа зөрчөөд хоёр хонолоо. Өмнө нь хэний ч үзүүлж байгаагүй зүйлийг энэ Их хурал, байнгын хороо харуулж байна. Одоо хууль зөрчилгүй, хугацаа алдалгүй Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг нэг тийш болгох хэрэгтэй. Түүний цаана өвөлжилтийн бэлтгэл, төсөв, мөнгөний бодлого, хөрөнгө оруулалтын гээд шил шилээ дарсан асуудлууд бий. АН-ынхны дотоод маргаанаас болж бид долоо хоног ажилгүй сууж байна. Засгийн газрын тэргүүний асуудал шийдээгүйгээс болж кабинетын гишүүдийг сонгох ажил таг зогсчихлоо” гэж ярилцлага өгсөн удаатай.

Тухайн үед МАН-ынхныг ингэж хэлэхэд үнэний ортой мэт сонсогдсон байж магадгүй. Гэхдээ өнөөдрөөс эргээд харахад төрөө бусниулж, түмэн олноо туйлдуулах зорилгыг өвөрлөж байсан нь харамсалтай. Үнэхээр улс орны эдийн засаг, өвөлжилт, төсөв мөнгө, ард түмний хоногийн хоол, орон сууц, өр зээлэн гээд Монголын Улсын хэтэд санаа зовниж байсан нь үнэн бол Засгийн газрыг байгуулахын эсрэг ажиллахгүй л байсан байх. МАН-ынхан “Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг хуулийн хугацаанд нь хэлэлцэх”-ийг шаардаж хэлэлцэхэд нь дуун дээр дэмжсэн шигээ “Ерөнхий сайдаа хуулийн хугацаанд нь томил” гэж шаардаж бас дэмжиж чадвал ард түмнээ бодсон хэрэг болох биз.

Л.МӨНХТӨР

Categories
мэдээ цаг-үе

З.Энхболд: Ч.Сайханбилэгийг УИХ-аар дэмжсэн тохиолдолд кабинетаа байгуулах эрхийг өөрт нь өгнө

Монгол Улсын Их Хурлын дарга Зандаахүүгийн Энх­болдтой ярилцлаа. Түүнийг өнгөрсөн бямба гаригт хуралдсан ҮЗХ-ны хурлаар Ардчилсан намын даргаар сонгосон. Ардчилсан намын даргын эхний ажил нь намын дүрэмд өөрчлөлт оруулах аж.

Нийгмийн анхаарал АН-ын дотоод асуудал дээр төвлөрсөн үед ирэх жилийн төсвийг УИХ баталлаа. Төсөв ямар хэмжээнд батлагдав?

– Энэ жилийн төсөв онцгой цаг үед батлагдлаа. Ерөнхий сайдгүй, Сангийн сайдгүй хэрнээ УИХ дахь намууд хэл амаа ололцоод төсвийг хугацаанаас нь нэг хоногийн өмнө баталсан. Мэдээж шинэ Засгийн газар байгуулагдсаны дараа зохих өөрчлөлтүүдийг хийх байх. Орж ирсэн төсвийн урсгал зардлаас 118 тэрбум төгрөгийн хасалт хийлээ. Сүүлийн 10 жилд ингэж хасалт хийгээгүй. Засгийн газрын оруулж ирсэн төсвийн орлого, зарлагыг нэмээд баталчихдаг. Тэр нь хэрэгждэггүй. Мөнгө­гүй байж, мөнгөтэй юм шиг аашилдаг байсныг анх удаа зассан нь энэ. Ер нь орлого орохоо байсан учраас зардлаа багасгая гэж үзсэн. Ерөнхий сайд, Сангийн сайдгүй үед УИХ-д суудалтай намууд ойлголцоод төсвөө батална гэдэг УИХ Үндсэн хуулиар олгогдсон төсөв мөнгөний, санхүүгийн бодлогоо барих үүргээ биелүүлж байна гэсэн үг. Он гаргаад цагаан сарын өмнө тодотгол хийхийг даалгасан. Ер нь сая дурдсан 118 тэрбум төгрөгийн хасалт юу ч биш. Хэрэггүй байгууллагууд байна. Хэрэггүй аж ахуйн нэгж, улсын үйлдвэрийн газрууд байна.Энэ болгоноосоо сал. Төсвийн хэмнэлтийг бодитойгоор, төсвийн зарлагын реформоо оруулж ир гэдэг үүргийг шинэ Засгийн газарт өгч байгаа. Он дуустал шинэ Засгийн газарт энэ бүх илүүдэл “өөхнөөсөө” салах боломж байна. Тэр нь өөрөө олон арван хуулийн өөрчлөлтийг шаардах учраас сая амжуулах техникийн боломж байсангүй.

Иргэдийн халаасны мөнгө нэмэгдэх үү гэдэг хүлээлт мөнхөд байдаг?

-УИХ иргэдийн гар дээр очих мөнгийг мэдэхгүй. 180 мянган төрийн албан хаагч, 200 гаруй мянган тэтгэвэр авагчийнхаа асуудлыг мэднэ. Бусад нь хувийн хэвшлийн ажилтан. Төр мэддэг хүмүү­сийн­хээ цалин, тэтгэвэрт зориулж 500 тэрбум төгрөг төсөвлөсөн байгаа. Засгийн газар ямар үе шаттайгаар, хэзээ хэнийх нь цалинг нэмэх вэ гэдгийг мэдэх учиртай.

Ам.долларын ханш хамгийн тулгамдсан асуудал болчихоод байгаа. Энэ нь ч иргэдийн гар дээрх мөнгийг гадагш нь урсгаж байгаа нэг хэлбэр болж байна?

-Ам.доллар гэдэг зүйл Монгол Улсын импорт, экс­пор­тын зөрүүгээр тодор­хой­лог­доно. Бид гадаадад зарагддаг бараа үйлдвэрлэлийнхээ хэмжээг нь нэмтэл ханш сайжрахгүй. Таван толгойн нүүрсийг хуучнаасаа илүү ихээр гаргаж байгаа. Гэтэл ханш нь хоёр дахин унасан учраас орж ирдэг валютын урсгал багабайна. Тэгэхээр ган хайлуулах, зэс хайлуулах, гээд экспортын бараа үйлдвэрлэдэг үйлдвэрлэлүүдийг ашиглалтад оруулж тэр нь хийсэн бүтээгдэхүүнээ гадагш зарж валютын урсгалыг татахгүй бол ханш сайжрахгүй.

Сүүлийн жилүүдэд төсвийн орлого тасардаг болчихлоо. Ирэх жил уул уурхай, бусад орлого ямар түвшинд байгаа юм бол?

-Манай эдийн зас­гийн гажуудал нь ганц сал­ба­раас буюу уул уурхайн боловс­руулаагүй бүтээгдэхүүнээс хамаардаг болчихлоо. Тэгээд үнэ нь унахаар нь унаж, босохоор нь дагаад босдог. Ийм эмзэг эдийн засагтай байгаа болохоор үйлдвэрлэлүүдийн боловсруулалтын түвшинг өсгөх тусам энэ эмзэг байдлаас гарах болно.

Эдийн засгийн энэ нөхцөл байдлыг дагаад улс төр хямарч байна. Засгийн газар нь огцорсон. УИХ нь намрын чуулган нээснээс хойш төсвөөс өөрийг хэлэл­цэлгүй, Засгийн газрын өөрч­лөлтөөс өөрийг яриагүй гэх шүүмжлэлд өртөөд байгаа?

-Төсөв хэлэлцдэг 45 хоногт өөр асуудлыг төдийлөн тавьдаггүй. Төсөвтөө бүх анхаарлаа хандуулдаг. Мөн Мөнгөний бодлого байна. Гаргах ёстой чухал асуудлууд нь энэ. Одоо төсөв батлагдсан учраас бусад асуудлууд руугаа орно.

Улс төрийн хямралын тухайд?

-Засгийн газар огцорлоо. Намын дарга өргөдлөө өглөө. Шинэ сонголтууд тулгарч байна. Дараагийн Ерөнхий сайдад нэр дэвшигч тодорлоо. Долоо хоногийн хугацаанд АН энэ бүх өөрчлөлтүүдийг хийх гэж байдаг хурдаараа ажилласан. Үүний төлөө 10-аад хоног зарцууллаа.

Таны хувьд АН-ын дарга боллоо. Нам дээр ямар ямар ажлуудыг эхний ээлжинд хийхээр төлөвлөж байна?

-Эхний ажил бол дүрмийн өөрчлөлт хийх. Сүүлийн гурван жилийн турш АН-ын шинэ дүрэм хэлэлцүүлгийн шатанд явж байгаа.АН-ын шинэ дүрмээр нам дотроо эрх мэдлийн төлөө тэмцэлддэг явдлыг арилгахаар зорьсон. Их энгийн дүрэмтэй болохоор бүх шатандаа хэлэлцсэн гэсэн үг. Одоо арванхоёрдугаар сарын 8-нд үүнийг батлах төлөвлөгөөтэй байна.

Дүрэмд юуг чухалчилж байгаа юм бол?

-Тухайлбал, АН-ын удирдах албанд оръё гэвэл сонгуульд өрсөлдөөд ялаад хүрээд ир. “Чи сумын АН-ын хорооны гишүүн болмоор байна уу. Тэгвэл сумын ИТХ-ын гишүүн бол. Эсвэл ядаж багийн Иргэдийн нийтийн хурлаар нэрээ дэвшүүлээд багийн Засаг дарга бол. Аймгийн АН-ын удирдлагад оръё гэвэл аймгийн ИТХ-ын гишүүн бол. Улсыг удирдъя гэвэл УИХ-ын гишүүн бол”. Тэгэх юм бол бүх шатны байгууллагууд дөрвөн жилийн турш тогтвортой ажиллана. Учир нь УИХ, орон нутгийн сонгууль нэг өдөр явагддаг учраас ганцхан удаа АН сонгуулийн жилд дотооддоо сунгаа явуулна. Бүх шатны сонгуульд нэр дэвшигчээ тодруулах сунгааг АН-ын аппарат зохион байгуулж аль нэг фракцид тал тохой таталгүйгээрүүргээ биелүүлэх ёстой. Сонгуульд ялсан хүмүүс бүгд нийлээд АН-ын Их хурлын гишүүн байна. Одоогийн байдлаар гурван мянган хүн бий. Энэ гурван мянган хүнийг ирэх сарын 8-нд цуглуулж их хурлаа хийх бодолтой байгаа. Шууд хэлбэл АН-ын Их хурлын гишүүнийг сонгоно гээд сумандаа хоёр тал болчихоод үзээд байхгүй. АН-ын Их хурлын гишүүд гэдэг бол ард түмнээс мандатаа авсан хүмүүсийн цуглуулга байна. Ийм хялбар дүрэм батлах гэж байгаа учраас Дүрмийн хороо, Хяналтын хороо, “Казино” Л.Байгал гарч ирээд “Энэ нь зөв, энэ нь буруу” гэдэг утгагүй, намын доторх фракцийн зөрчил алга болох юм.

ҮЗХ-ны гишүүдээ яах юм. Ротац хийсэнгүй гээд хэл ам болоод байдаг?

-Өнөөдөр үйлчилж буй намын дүрэмд ротацын тухай заалт байхгүй. Ротацын оронд сунгаа гэдэг зүйл оруулж ирнэ. Гэхдээ тэр нь дөрвөн жилд нэг л удаа болно. Дөрвөн жилийн турш намын сонгогдсон удирдлагууд нь сумынхаа, аймгийнхаа, дүүргийн, хотын түвшинд, улсын түвшинд тогтвортой ажилладаг болж байгаа.

Засгийн газраа унагасан гишүүдтэйгээ хариуцлага ярих уу. Шинэ дүрэмд асуудал яаж тусч байгаа бол?

-АН-ын дүрэмд туссан гишүүн хөөдөг заалт байх ёсгүй гэж бодож байгаа. Арванхоёрдугаар сарын 8-нд болох АН-ын Их хурлаар энэ заалтыг авч хаясан шинэ дүрэмтэй болно. Яагаад гэвэл Үндсэн хуульд УИХ-ын гишүүн санал өгөхдөө нийт ард түмний эрх ашгийн төлөө байна гэж заасан болохоос биш нэг намын төлөө ажиллах ёсгүй. Зөвхөн манай нам ч бус бүх намын дүрмэнд энэ заалт алга болох ёстой. Одоо бол хойдохоо мартаад урагшаа хурдан явах цаг үе ирж байгаа. Хэн, хаана кноп дарсан гээд байх юм бол дуусахгүй маргаан болно. Намаас хасахаас гадна дараагийн сонгуульд нэрийг нь дэвшүүлэхгүй гээд олон арга байдаг учраас ашиглах боломжтойг нь сонгоно.

Намын дарга нь Ерөнхий сайд болно гэж АН-ын дүрэмд бий юу. Ийм маргаан байх шиг?

-Намын дарга Ерөнхий сайд байна гэж Улс төрийн намуудын тухай хуульд байдаг. Гэхдээ Үндсэн хууль, Улс төрийн намуудын тухай хууль болон Засгийн газрын тухай хуульбүгд олонхитой үед хийгдсэн байдаг. Нэг үгээр хэлбэл, УИХ-д олонхи, цөөнх байна гээд оруулчихсан. Олонхигүй үед буюу Үндсэн хуулийн 33.2 дахь заалт 2000 онд өөрчлөлтөөр орсон байгаа. Тэгэхээр манай бүх хуульд УИХ-д олонхи байна, цөөнх байна гэж тооцоолж хийсэн. Гэтэл олонхигүй парламент сүүлийн 24 жилийн хугацаанд хоёр дахь удаагаа гарсан. Өнөөдрийн энэ тохиолдолд Засгийн газарт улс төрийн намуудын дарга нь орохгүй байх нь зүйтэй гэж үзэж байгаа. Яагаад гэвэл Засгийн газар бол гүйцэтгэх засаглалын шуурхай удирдлага хэрэгжүүлдэг байгууллага. Тэр дотор олон намын дарга орчихоод “Манай нам ингэж үзэж байгаа. Танай нам ингээд байх юм” гэдэг асуудал яригдаж болохгүй. Үндсэн хуулиар Засгийн газар нь тийм байгууллага биш. Тэгэхээр намуудын дарга засагт оролгүйгээр ирэх хоёр жилд туршилт хийе. Энэ нь Үндсэн хуулийн агуулга, үг үсэгт ч нийцэх юм байна гэж үзсэн.

Засгийн газар кабинетаа бүрдүүлэхэд ямар бодлого барих юм бол оо?

-Засгийн газрын бүрэлдэхүүнийг ярихад эрт байгаа. Засгийн газар Ерөнхий сайд, гишүүдээс бүрддэг. Тэгэхээр ирэх даваа гариг (өнөөдөр)-өөс эхлэн Ч.Сайханбилэг намуудтай зөвшилцөж Ерөнхий сайд болох ажил эхэлнэ. Түүний дараа хамтрах эсэхээ шийднэ. Үндсэн хуулийн 33.2-ын дагуу аль ч нам олонхи болоогүй учраас хамгийн олон суудал авсан нам буюу АН Ерөнхий сайдаа дэмжүүлэхээр бусад намын бүлгүүдтэй яриа хэлэлцээр хийнэ гэсэн үг. Ингээд мягмар гаригт Ерөнхий сайдыг УИХ-ын чуулганаар баталсны дараа ажлын хэсэг гарч нарийн асуудлаа ярих байх.

АН-ын бүлгийн 27 гишүүн Ч.Сайханбилэг нэр дэвшигчийг дэмжээгүй. УИХ дээр дэмжлэг авч чадах юм уу?

-Бүлэг дэмжих үү, үгүй юу гэдэг асуулт зүй ёсоор гарах болов уу гэж бодож байна. Бүлэг Р.Амаржаргалыг ҮЗХ-нд нэр дэвшүүлж оруулж ирсэн. Харин одоо шинэ нөхцөл байдал үүсч байгаа. АН-ын бүлэг ҮЗХ-ныхоо шийдвэрийг харгалзан үзэх ёстой. ҮЗХ нь олуулаа болсон АН-ын дээд байгууллага нь учраас. Зөвхөн АН-ын бүлэг ч бус нөгөө намуудын бүлгээр оруулж хэлэлцүүлнэ. Яагаад гэвэл бид дангаараа Ерөнхий сайдаа томилох боломжгүй учраас бусад намуудын бүлгээр хэлэлцүүлнэ гэсэн үг. Тэгээд ч бүлэг дээр дэмжээгүй гэдэг нь Ч.Сайханбилэг хуралдаа ирж танилцуулгаа хийгээгүй. Дээр нь өөрийнхөө дэмжигчдийг хуралд суулгаагүйгээс болсон. Яг ҮЗХ дээр болсон шиг санал хураалт явагдсан бол үр дүн яаж гарахыг мэдэхгүй. Тийм техникийн талын асуудлууд байгаа юм.

Мэргэжлийн Засгийн газар байх ёстой гэдгийг Ерөнхийлөгч хэлээд байгаа?

-Ерөнхийлөгч энэ үзэл санаагаа сүүлийн хоёр жил илэрхийлж байгаа.

Гэхдээ хуулиар бүх асуудал нээлттэй байгаа. Түрүүчийн Ерөнхий сайдыг ингэж ажилла, дан дээлтэй бай эсвэл энэ фракцийн хүнийг ажилд ав гэж шахсаар байгаад ажлыг нь нэг утгатай хийлгэж чадаагүй. Хуулиар гаднаас ч тэр дот­роо­соо ч кабинетаа бүр­дүүлж болно. Аль болох гад­наас кабинетаа бүрдүүлж мэр­гэжлийн Засгийн газар байгуулбал сайн. АН-ын гишүүдэд бус, АН-ын даргад, Ерөнхийлөгчид ч бус Ерөнхий сайдад бүх эрх нь бий. Тэгэхээр бид хуульдаа нийцсэн байх ёстойгоос өөр шалгуур ярих нь утгагүй.

Засгийн газрыг Алтанга­дас фракц удирдсан хэвээ­рээ байна. Өөрчлөлт болж чадаж байгаа юм уу?

-Ч.Сайханбилэг гишүүн бол Алтан гадас фракцийн хүн биш. Энэ хүн бол АН-аас Ерөнхий сайдад нэр дэвшигч. Цаашид фракциа, намаа хойш тавьж улс орны төлөөх хариуцлагатай албан тушаалд очих гэж байгаа хүн. Тийм тохиолдолд фракц гэж жижиг зүйл ярилгүйгээр ажлаа бодох хэрэгтэй.

Өчигдрийг хүртэл Р.Амаржаргал гишүүнийг Ерөнхий сайд, таныг АНын дарга болох юм байна гэсэн ойлголт нийгэмд байсан. ҮЗХ өөр шийдвэр гаргалаа. Үүнээс болж АН доторх зөрчил хурцдах вий гэсэн болгоомжлол байх шиг?

-Н.Алтанхуяг “Р.Амар­жаргалыг ҮЗХ-ны хурал руу оруулах­гүй. Яагаад гэвэл энэ хүн миний Засгийн газрыг унага­сан учраас” гэж хэлээд Гүйцэтгэх зөвлөл түүнтэй нь санал нийлээгүй учраас өргөдлөө өгч бай­на. “Би зарчмаа бариад хэлэл­цүүлэхээр оруулахгүй. Дараагийн дарга нь шийдээд яв” гээд өргөдлөө өгсөн. Үүний дагуу сонгууль явуулж, ҮЗХ-ны гишүүд шинэ намын даргыг сонгосон. Тиймээс би энэ зөрчлийг дэвэргэх бус харин ч эвлэрүүлэхийг бодож хоёр нэр дэвшигчийг хоёуланг нь нэр дэвшүүлж, олонхийн саналаар эдийн засгийн хямрал­тай тэмцэх Ерөнхий сайдаа сонго гэсэн. Хоёр нэр дэвшигч мөрийн хөтөлбөрөө танилцуулж, нэр дэвшигчид нээлттэй хэлэлцүүлэг өрнүүл­сэн. Үүний дараа ҮЗХ-ны гишүүд саналаа өгсөн. Одоо гомдолтой хүн үлдээгүй. Хоёр нэр дэвшигч хоёулаа ҮЗХ-ны гаргасан шийдвэрийг хүлээн зөвшөөрнө гэж хэлсэн. Тэгэхээр хоорондоо санал нийлэхгүй байгаа асуудлыг олонхийн саналаар шийдээд явахаас өөр аргыг хүн төрөлхтөн бодож олсонгүй. Гарсан шийдвэрээ бүгдээрээ дагадаг сахилга бат байх ёстой. Тэгээд ч хоёр нэр дэвшигчид өөрийгөө харуулах боломжийг олгож, тэд нэг асуултад өөр өөрийнхөөрөө хариулт өгч байсан. Гарсан дүн нь 12-хон хүнээр зөрж байна. Хоёр нэр дэвшигчийн асуултад хариулсан байдлаас улбаалж шийдвэрээ гаргалгүй хөвж байсан хэсэг сонголтоо хийсэн байхыг үгүйсгэхгүй. Тэгэхээр зөрчлийг шийдэх аргыг олонхиороо шийдэх гэж үзсэн. Түүнээс биш АН-ыг Ерөнхий сайдад нэр дэвшигчээ тодруулахыг УИХ удаан хуга­цаа­гаар хүлээж чадахгүй. Төрийн ажил хүлээгдэж байгаа учраас.

Та АНын даргынхаа үүднээс Засгийн газрыг байгуулах үйл ажиллагаанд оролцоно. Яригдаж байгаа­гаар АН зургаа, МАН тав, Шудар­га ёс эвсэл гур­ван суу­дал авна. Ерөнхийлөгчийн зөвлөх Л.Дашдорж Сангийн сайд болно гээд нэр устайгаа яригдаад эхэллээ?

-Ерөнхий сайд УИХ-аас дэмжигдээд гараад ирэх юм бол кабинетаа яаж байгуулах эрхийг нь өөрт нь өгөх ёстой гэж үзэж байгаа. Түрүүчийн Ерөнхий сайдыг “Чи энэ фракцийн сайдыг ч, тэрийг ч ав. Давхар дээлтэй байна, дан дээлтэй бол” хэмээн шахаж ажлаа хийх бололцоог нь бүрэн өгөөгүй гэдгийг УИХ бүрэн ухамсарлах ёстой. Мэдээж дан дээлтэй байвал сайн. УИХ-ын ирцээс эхлээд эерэг нөлөөлөл их. Ерөнхий сайд өөрөө энэ бүх асуудлаа шийдэг. УИХ-аас, намын бусад фракциудаас оролцох оролцоогоо хязгаарлая. Сонгуулийн дараа байгуулж байгаа Засгийн газар биш, нүүрлэсэн хямралаас монголчууд нийтээрээ хохирол багатай гарахын тулд байгуулж байгаа Засгийн газар. Улс төрөөс ангид байх ёстой. Энэ бол зарчмын асуудал.

Гэхдээ л АНын фрак­циуд зоргоороо. Хорьж дийлэх үү?

-Тийм л дээ. Гэхдээ одоо ухамсарлах хэрэгтэй. Онцгой үед онцгой ажилладаг болохоос хуучин шигээ байж болохгүй. Л.Дашдоржийн нэр яригдаж байгааг би мэдэхгүй. Шинэ Ерөнхий сайдын мэдэх асуудал.

Одоо байгуулагдах Зас­гийн газар хэврэг суурин дээр бай­гуулагдаж байгаа тухайд?

-Бидэнд зөрчил байсангүй. Зөрчилтэй юм шиг харагдуулж байсан нэг хэсэг байсан байх. Ер нь фракциуд гэж бий. Гэхдээ рамандаа байх ёстой. Миний хувьд ч тэр “Шонхор” гэдэг фракц бусадтайгаа ижилхэн хэмжээнд очиж байгаа. Ардчилсан хүчний холбооны ерөнхийлөгчөөсөө ч татгалзаж байгаа. Тэгэхээр энэ олон фракц байгаа нь нам эрүүл байгааг харуулж байгаагаас бус зөрчлийн эх үүсвэр болох ёсгүй. Фракциудын дээр нам, намын дээр төр байна. Тэгэхээр төрийн ажлаа чухалчилж явах үүрэгтэй. Хэн нь хэнтэйгээ яаж тохирсныг яриад байх сэдэв биш. Ардчилсан нам анх удаа фракциа, намаа бодолгүйгээр төрийн ажлыг бодож, эдийн засгийн хямралтай тэмцэж чадах хүнээ гаргаж байгаа.

Засгийн газрын тухай ярих гэхээр Ерөнхий сайд нь томилогдсоны дараа асуудал шийдэгдэнэ гэдэг хариултаар таглагдаж байгаа ч МАН засагт орж ирэх үү?

-МАН Засгийн газарт орох эсэхийг Ерөнхий сайдыг томилсны дараа хэлэлцээр хийж байгаад шийднэ гэдэг байр суурьтай байгаа юм билээ. Одооноос тааж ярихад хэцүү.

Тэгвэл та хувь хүнийхээ үүднээс шинэ Засгийн газар ямар бүтэцтэй байх ёстой гэж үзэж байгаа бол. Ямар байвал ирэх хоёр жил бал­буу­лалгүй, тэсч гарах бол?

-Балбуулах эсэх нь Засгийн газрын өөрийнх нь үйл ажиллагаанаас хамаарна. Гэхдээ манай Үндсэн хууль, УИХ, Засгийн газрын хууль, Улс төрийн намуудын тухай хууль хэн нэгэн олонхи болж нөгөө талд нь цөөнх байдаг сценариар бичигдсэн байна. Ямар сайндаа 2000 онд аль ч нам нь олонхи болоогүй бол гэдэг Үндсэн хуулийн 33.2-ын нэмэлт заалтыг оруулж байж “Олонхигүй парламент байх юм байна. Тэр тохиолдолд Засгийн газрыг хэрхэн байгуулах вэ” гэдгийг зааж өгсөн байх вэ дээ. Тэгсэн хэрнээ Үндсэн хуулиас цааш энэ өөрчлөлтийг хийгээгүй явчихаж. Энэ өөрчлөлтийг хийх зайлшгүй шаардлага байна гэдгийг харж байгаа. Яагаад гэвэл намын дарга нь Ерөнхий сайд байна, байхгүй гээд сүүлийн сар маргалаа шүү дээ. Гэтэл намын дарга Ерөнхий сайд байж болно гэдэг заалттай Улс төрийн намын тухай хуулиас эхлээд юуг тооцоогүй вэ гэвэл хэн нь ч олонхи болоогүй тохиолдолд яах вэ гэдэг асуудал. Сая олонхигүй Засгийн газар байгуулж Ардчилсан намын дарга Ерөнхий сайдаар нь ажиллаж үзлээ. Тэгсэн хэрнээ доороо МАХН-ын дэд дарга Д.Тэрбишдагвыг ажиллуулж байлаа. Гэтэл гүйцэтгэх засаглал Үндсэн хуулийн дагуу олонхи, цөөнхөөрөө ялгарах ёсгүй. “Би АН-ынх” гэж Н.Алтанхуяг үүрэг өгөөд нөгөөх нь “Би МАХН-ынх” гэж Д.Тэрбишдагва хэлж болохгүй босоо удирдлагатай. Ерөнхий сайдын хуулийн дагуу гаргасан шийдвэр А гэж гарсан л бол тэр чигээрээ сумын Засаг дарга дээр хүрч хэрэгждэг. Дундаа Б, В, Г гэж өөрчлөгддөггүй байхаар Үндсэн хууль бичигдсэн. Гэтэл 2008 оны Засгийн газарт бүх намуудын дарга нар орж ажиллана гээд орсон. Тэр нь Үндсэн хуулийг зөрчөөд байгаа юм. Засгийн газрын шуурхай удирдлага нь бүх улс даяар Монгол Улсын хууль нэгэн утгатай, хэлбэрэлтгүй хэрэгжих зарчмыг зөрчөөд эхэлж байгаа юм. “Би тийм намын дарга учраас ингэж бодож байна” гээд Ерөнхий сайдынхаа өдөөс үг хэлдэг сайд нартай байгаа тохиолдолд Засгийн газраа Үндсэн хуулийн дагуу байгуулаагүй байна гэсэн үг. Энэ удаагийн буюу Ч.Сайханбилэг Ерөнхий сайдаас эхлээд зөвхөн Засгийн газар өдөр тутмынхаа хуулийг хэрэгжүүлдэг, УИХ-аас өгсөн үүргийг биелүүлдэг энэ функцтэйгээ ажиллая. Улстөржилтийг Засгийн газар руу оруулахаа больё. Намуудын дарга нь Засгийн газарт байхаа больё. Яагаад гэвэл олонхи болоогүй учраас. Олонхи болсон тохиол­долд Үндсэн хууль, бусад хуулийнхаа дагуу явна. Тэгэхээр одоо УИХ-ын тухай, Засгийн газрын тухай хуульд “Аль нэг нам олонхи болоогүй бол” гэдэг Үндсэн хуулийн 33.2-ын үргэлжлэлийг хийж өгөх ёстой юм байна.

Намын генсек солигдох уу?

-Солигдохгүй.

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягт ямар нэгэн ажил албан тушаал амлах болов уу?

-УИХ-ын гишүүн Н.Алтан­хуяг гишүүнээрээ нэг хэсэгтээ ажиллах бодолтой байгаа.

Р.Амаржаргал гишүүн шинэ засагт орж ажиллах боломж хэр вэ?

-Энэ бол Ерөнхий сайдын асуудал.

Олон фракцтай намд байнгын зөрчил байдаг. Намын эв нэгдлийг та яаж хангаж ажиллах вэ?

-1990 онд бид ухамсартай сонголт хийж улс төрийн нам нь төр засгийнхаа дээр байдгаас татгалзсан. Тэгэхээр нам бол төрийг бүрдүүлж өгдөг байгууллагынхаа хувьд, төрийг бүрдүүлснийхээ дараа өдөр тутмынх нь ажилд орж, зааж зааварлаад явж болохгүй. Төрийн ажил тусдаа, намын ажил тусдаа. Намын доторх эв нэгдэлгүй байдал нь төрд нөлөөлж болохгүй. Тиймээс нам Үндсэн хуульд заагдсан боловч төрийн бус байгууллага л юм. Олон хүмүүсийг нэгтгэж бодлогоо гаргадаг, бодлогоо олон түмнээрээ дэмжүүлдэг. Тэр нь сонгууль гэж нэрлэгддэг. Хэрвээ дэмжигдсэн бол эрхээ аваад бодлогоо хэрэгжүүлдэг тусгай статустай төрийн бус бай­гууллага л даа. Тийм боло­хоор нам, төрийнхөө заагийг үргэлж ойлгомжтой байлгахгүй бол 1990 оноос өмнөх шигээ “УИХ-ын чуулган дээр эсрэг кноп дарсан учраас гишүүнийг намаас хаслаа” гэдэг байж болохгүй.

Тэгэхээр ирэх хоёр жилд УИХд цөөнх байх шаард­лагатай юу. Эсвэл бүгд засагтаа хамтраад УИХ дээрээ ч нэгдмэл байх ёстой юм уу?

-УИХ дээр олонхи, цөөнх байх ёстой. Энэ бол сонгуулийн дүн. Гэхдээ олонхи цөөнх болдог энэ маргаанаа УИХ-ын хүрээнээс гаргахгүй байя. Гүйцэтгэх засаглал бол УИХ-аас өгсөн үүргийг нэг л утгаар биелүүлдэг нэг байгууллага. Тэнд олонхи цөөнх болж, санал хурааж шийдвэр гардаггүйг хүмүүс мэдэх байх. Ерөнхий сайд, салбарын сайд хоёр санал нэгдлээ бусад нь эсэргүүцсэн ч шийдвэр нь гараад л явна. Парламент дээр олонхи цөөнхөөрөө асуудлаа тал талаас нь хэлэлцэж, олонхийнхоо гаргасан шийдвэрийг дагадаг. Тэгэхээр бид Засгийн газраа олон жил чадваргүй болгож явсан байна.

Л.МӨНХТӨР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ирэх оны төсвийг баталлаа

УИХ өчигдөр улсын төсвийг хэлэлцэж баталлаа. Нэгдсэн хуралдааны ирц бүрдэж 59 хувьд хүрснээр 12.10 цагт чуулган эхлэв. УИХ-ын чуулганы хуралдааны дэгийн тухай хуульд заасны дагуу З.Энхболд дарга 2015 оны төсвийн тухай хуулийн төслийн зүйл, заалт бүрийг гишүүдэд уншиж сонсгон тус бүрээр нь санал хураалгасан юм. Түүний уншсаныг гишүүдийн олонх нь дэмжсэн бөгөөд чуулган нэг цаг гаруйн хугацаанд үргэлжлээд өндөрлөсөн. Ийнхүү Монгол Улсын 2015 оны төсвийн тухай болон Нийгмийн даатгалын сангийн 2015 оны төсвийн тухай, Хүний хөгжил сангийн 2015 оны төсвийн тухай хуулийн төслүүдийг гишүүд хуулийн хугацаандаа амжиж шуурхайлан баталсан нь энэ. Хэрэв арваннэгдүгээр сарын 15-ны дотор төсвөө баталж чадахгүй бол парламент тарах учиртай. Ямартай ч хуулийн хугацаатай уралдаж, нэг хоногийн өмнө улсын төсвийг гишүүд батлахын хувьд баталчихлаа. Иймд хэлэлцүүлгийн шатанд чуулганы нэгдсэн хуралдааныг сунжруулахгүйг хүсээгүй бололтой, төсвийн төсөлтэй холбоотой санал, асуулттай хүн Д.Дэмбэрэл гишүүнээс өөр байсангүй.

Ирэх оны төсвийн төслийн хоёр дахь хэлэлцүүлгийг пүрэв гаригийн нэгдсэн хуралдаанаар хийсэн. Харин гурав, дөрөвдүгээр хэлэлцүүлгийг өчигдөр зэрэг явуулжбаталлаа.Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийн анхны хэлэлцүүлгийг хийлээ. Тогтоолын төсөл нь ажлын хэсгээс гаргасан саналуудыг ямар хүрээнд, хэрхэн шийдэх талаар Засгийн газарт үүрэг, чиглэл болох юм байна. Ингээд тогтоолын төслийг анхны хэлэлцүүлгээр нь батлах горимын саналыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 87.5 хувь нь дэмжив. Улмаар Монгол Улсын 2015 оны төсвийн тухай хууль батлагдсантай холбогдуулан авах зарим арга хэмжээний тухай УИХ-ын тогтоолын төслийг батлахыг чуулганы нэгдсэн хуралдаанд оролцсон гишүүдийн 83.9 хувь нь дэмжлээ.

УИХ-ын дарга З.Энхболд УИХ-ын нийт гишүүд болон ажлын хэсэгт талархал илэр­хийлснээр чуулганы нэгдсэн хуралдаан өндөрлөсөн юм. Чуулганы танхимаас Ч.Улаан, Н.Энхболд, Д.Зоригт нарын гишүүнд түрүүнд гарч ирэв. Д.Зоригт гишүүн Ч.Улаан гишүүнд хандан, “Ханатай төсөв болов уу, ямар санагдаж байна” гээд баяр хүргэж байгаа бололтой гар барив. Хариуд нь Ч.Улаан гишүүн “Ямар УИХ байна, тийм л төсөв болдог юм ш дээ” гэж ёжтойхон хэлээд цааш алхана лээ.

УИХ-ын чуулганаар 2015 оны нэгдсэн төсвийг баталсан даруйд УИХ-ын дарга З.Энхболд, МАН-ын бүлгийн дарга С.Бямбацогт, АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат, “Шударга ёс” эвслийн бүлгийн дарга Н.Батцэрэг, Төсвийн байнгын хорооны дарга Ц.Даваасүрэн нар хэвлэлийн бага хурал хийж, сэтгүүлчдэд дараахь мэдээллийг өгсөн юм.

УИХ-ЫН ДАРГА З.ЭНХБОЛД: ТӨРИЙН АЛБАНЫ ОРОН ТООГ ЦӨӨЛСӨН

УИХ-аар 2015 оны төсвийг хугацаанд нь баталлаа. Ирэх оны төсвийг анх өргөн барьснаас хойш маргаан дагуулсан. Өргөн барьж, эргүүлэн татаад. Тэгээд ямар ч л гэлээ УИХ цаг хугацаандаа амжсан. УИХ дахь гурван намын бүлэг идэвхтэй оролцож, ажлын хэсэг шөнийн гурав, дөрвөн цаг хүртэл ажиллаж байсан. Энэ жилийн төсвийн гол онцлог нь ирэх онд тохиож болзошгүй байгаа эдийн засгийн хямралтай холбогдуулан урсгал зардлыг 118.8 тэрбум төгрөгөөр бууруулж баталсан. Үүнд төрийн байгууллагын бараа, ажил үйлчилгээний зардал 5-30, Засгийн газрын тусгай сангууд, төрийн байгууллагын шаардлагагүй орон тоо, урсгал болоних засварын ажлуудыг 50 хүртэл, эрүүл мэнд боловсролын их засварын зардлыг 30 хувиар зарим хэсгийг нь тэглэх зарчмаар баталсан байна. Урьд өмнө нь урсгал зардлыг 100 гаруй тэрбум төгрөгөөр бууруулсан түүх байхгүй. Өнөө жил онцгой нөхцөл байдалд байгаа учраас ийм арга хэмжээ авсан. Энэ хүрээнд 1000-гаад орон тоо буурсан. Баахан орлогч, зөвлөх, шаардлагагүй байгууллагын орон тоог цөөлсөн.

С.БЯМБАЦОГТ: ИРЭХ ЖИЛ ШИНЭЭР БҮТЭЭН БАЙГУУЛАЛТ ХИЙГДЭХГҮЙ

Улс орны нийгэм, эдийн засгийн байдал амаргүй байгаа үед 2015 оны төсвийг УИХ баталлаа. УИХ дахь МАН-ын бүлэг төсвийг аравдугаар сарын 1-ний өдөр УИХ-д өргөн барьснаас хойш найман удаа хуралдлаа. Ингэхдээ төсвийн орлого, зарлагыг тооцсон үндэслэл, эдийн засгийн хэмнэлтийгтооцсон. Мөн мөнгөний бодлоготой уялдсан байх зэрэг зарчмыг баримталж ажилласан. Засгийн газраас оруулж ирсэн төсөв Монголын түүхэнд байхгүй замбараагүй, олон хууль зөрчсөн, ард иргэд, аж ахуйн нэгжид дарамт учруулахуйц, үндэслэл тооцоогбодитой хийгээгүйтөсөворуулж ирсэн. Төсвийн хүрээний мэдэгдлийн есөн шаардлагад нийцсэн байх ёстойгоос таван шаардлагад нь нийцээгүй байсан. МАН-ын бүлгээстатварын дөрвөн хуулийг буцааж, гаднаас зээл авахгүй байх, 2011 оноос эхлэн царцаагдсан барилгыг 2015 онд дуусгах саналоруулсныг баталлаа. УИХ-ын хяналтаас гадуур мөнгө зарцуулах, Үндэсний аюулгүй байдлын зөвлөмжийг зөрчсөн нь хэвээрээ үлдлээ. Харин эдийн засгийн нөхцөл байдлаас үүдэн шинээр хөрөнгө оруулалтын ажил хийгдэхгүй. Өнгөрсөн онд төсвийн бүрдүүлэлт нэг их наяд, энэ онд 800 гаруй тэрбум төгрөгөөр тасарсан. Төсвийн алдагдлаа бодитоор тооцоогүй гээд олон зөрчил байсныг УИХ дахь нам, эвслийн бүлгүүд хэлэлцэн баталлаа. Хамгийн аюултай нь 2011 онд зээлийн үйлчилгээнд 31 тэрбум төгрөг зарцуулж байсан бол үүнээс 20 дахин их буюу 708 тэрбум төгрөгийн зээлийн үйлчилгээний зардлыг барагдуулахаар оруулж ирсэн.

Ц.ДАВААСҮРЭН: ТӨРИЙН АЛБАН ХААГЧДЫН ОРОН ТООГ ЦӨӨЛӨХ АЖИЛ ҮРГЭЛЖИЛНЭ

Ирэх оны төсвийг цаг хугацаанд нь батлахад ажлын хэсгүүд идэвхтэй ажиллалаа. Сүүлийн дөрвөн жилийн хугацаанд ийм хэмжээний буурсан төсөв баталжбайсангүй. Мөн улс төрийн нөхцөл байдлын хувьд Засгийн газар огцорсон,Сангийн сайдгүй хүнд үе таарлаа. Хоёр зүйлийг онцолж хэлмээр байна. Өмнөх жилүүдэд 20-30 хувиар өсч байсан үр ашиггүй зардлуудыг бууруулсан. Тухайлбал дэд, орлогч, зөвлөх гэх шинээр үүссэнорон тоон дээрх 345 хүнийг цомхотгосноор гурван тэрбум, төрийн байгууллагын 540 орон тоо бууруулснаар дөрвөн тэрбум, бараа ажил үйлчилгээний зардлыг 32тэрбум төгрөгөөр бууруулжээ.Гэхдээ боловсрол, эрүүл мэндийн байгууллагын зардлыг хөндөөгүй. Цаашдаа төрийн албан хаагчдын орон тоог бууруулах ажлыг үргэлжлүүлнэ. 2010-2013 онд ажил нь эхэлсэн 400 гаруй обьектын санхүүжилтийг шийдэж, арилжааны банкуудын чанаргүй зээлийн асуудлыгнэг тийш болголоо. Гэхдээ УИХ-ын 30 дугаар тогтоолыг эргэж харах хэрэгтэй. Хөгжлийн банкинд 302 тэрбум төгрөгийн обьектыг шилжүүлсэн.

Төрийн албан хаагчдын орон тоог цөөлж, бууруулах арга хэмжээ үргэлжилнэ. Он гарангуут Төсвийн зарлагын хяналтын дэд хороогоор асуудлыг дахин хэлэлцээд хэмнэлттэй үр ашигтай бүтцэд шилжих ажлыг хийнэ. Эцэст нь хэлэхэд Монголын төсвийн тэнцвэржүүлсэн орлого 7.1 тэрбум төгрөг буюу ДНБ-ий 29.8 хувь байж хязгаартаа багтсан. Мөн нэгдсэн төсвийн нийт зарлага 7.5 их наяд төгрөг буюу ДНБ-ий 31 хувь бол төсвийн алдагдал 439.2 тэрбум буюу хязгаараас 0.2 хувиар сайжирч батлагдлаа.

Д.ЭРДЭНЭБАТ: ТӨСӨВТ СУУЛГАСАН 500 ТЭРБУМ ТӨГРӨГ ИРГЭДИЙН АМЬДРАЛЫН БАТАЛГАА БОЛЖ ЧАДАХГҮЙ

Энэ оны төсөв УИХ-д суудалтай намуудын харилцан ойлголцол дээр явсан гэдгийг тэмдэглэх хэрэгтэй. Гэхдээ бүлгүүдийн хооронд, ажлын хэсгийн хооронд зарчмын зөрүүтэй санал гарсан. Өнөөдөр төсөв чамбай болж чадсан ч гэсэн эргэж харах ёстой хэд хэдэн заалт шийдэгдээгүй үлдсэн. Энэ асуудлаар бид сая төсөв ойлголцсон шигээ хамтрах нь зүйтэй гэж үзэж байна. Ялангуяа төсөвтэй холбоотой асуудал дээр 2015 онд гүйцээж чадах уу үгүй юү гэдэг баталгаа төсөв дээр байхгүй. Энэ тал дээр улс төрийн намуудтай зөвшилцсөн боловч хараахан үр дүнд хүрээгүй. Тодруулбал, Чингэс, Самурай бондыг төсөвт тусгах, үгүйэсэх дээр нэг үл ойлголцол үүссэнийг арилгах ёстой хэмээн АН-ын бүлэг санал нэг байгаа. Чингэс, Самурай бондыг төсөвт тусгах ёстой. Тэгэх юм бол Төсвийн тогтвортой байдлын хууль, Өрийн удирдлагын тухай хуулиа эргэж харах ёстой гэсэн байр суурин дээр АН байна. Хоёр дахь асуудал нь төсвийн орлогыг бүрдүүлэхийн тулд, эдийн засгийн чадамжаа дээшлүүлэхийн тулд Монгол Улс хөрөнгө оруулалт, зээл, Зас­гийн газрын батал­гааныхаа асуудлыг шийдэх­гүйгээр бизнесийг тэлэх боломж бага байна. Зөвхөн зардлыг багасгаснаар эдийн засгаа эрүүлжүүлнэ гэвэл өрөөсгөл ойлголт болно гэдгийг улс төрийн намууд хаа хаанаа ойлгох ёстой. Төсвийн зардалтай холбоотой асуудлаар хэд хэдэн зүйлийг онцолж хэлмээр байна. Өмнө нь улстөрчдийн лоббигоор явуулж ирсэн энэ олон барилгабайгууламжийн асуудлаар бид нэгдмэл саналд хүрлээ. Жилийн юмыг жилд нь дуусгадаг зарчмыг оролдоод үзье гэсэн маш том амжилтад хүрлээ гэж бодож байна. Жишээлбэл, энэ жил нийгмийн шинж чанартай 141 обьектууд шинээр ашиглалтад орно. Энэ дотор эмнэлэг 36, сургууль 63, цэцэрлэг 24, дотуур байр 18, соёлын төв 15 ашиглалтад орох юм. Энэ бол сүүлийн жилүүдэд манай улсад хийгдэж байгаагүй томоохон бүтээн байгуулалтын ажил болох юм. Хоёр дахь асуудал нь урьд хожид байгаагүйгээр цалин тэтгэврийг 500 тэрбум төгрөгөөр нэмэгдүүлэхээрболсон. Гэхдэээнэ бүхэн төрийн алба хаагч, өндөр настны нийгмийн баталгаа болж чадахгүй учир төсвийн тодот­гол зайлшгүй хийх шаард­лагатай гэж үзэж байгаа.

Н.БАТЦЭРЭГ: ТОДОТГОЛ ХИЙХ ХҮЛЭЭЛТТЭЙГЭЭР БАТАЛЛАА

Төсвийг өргөн барихад УИХ-ын нам эвслийн бүлгүүд ойлголцож, анхаарч ажиллаж чадлаа. Ер нь Засгийн газрын өргөн барьсан 2015 оны төсөвт учир дутагдалтай зүйл олон байсан. Тухайлбал төсвийн орлого, зарлагыг тооцсон үндэслэл нь бодитой бус байсан. Учирч болзошгүй эдийн засгийн хүндрэлийг ямар арга замаар даван туулах талаар тодорхой санал болгох зүйл байгаагүй зэрэг шүүмжлэх юм цөөнгүй байсан. УИХ дээр энэ учир дутагдалтай зүйлүүдийг хамтран засаж чадлаа. Гэхдээ эдийн засгийнямар ч хүндрэл биднийг хүлээж байгааг хэлж мэдэхгүй. Тиймээс 2015 оны эхний улиралд төсөвт тодотгол орж ирнэ гэсэн хүлээлттэйгээр “Шударга ёс” эвсэл ирэх жилийн төсвийг баталлаа. Засгийн газар 7.1 хувиар эдийн засгаа өсгөнө гэсэн төлөвлөлттэй орж ирсэн ч одоо 10 хувиар өсгөхөөр хуульчлагдсан тоо байгаа. Энэ баталсан төсвөөр эдийн засгаа ингэж өсгөж чадахгүй гэв.

Ийнхүү УИХ-ын дарга З.Энхболд, УИХ дахь бүлгийн дарга, Төсвийн байнгын хорооны даргыг мэдээлэл өгсний дараа сэтгүүлчид АН дотор өрнөж буй асуудлын талаар УИХ-ын даргаас тодруулсан юм.

ҮЗХ өнөөдөр хуралдаад Ерөнхий сайдад нэр дэвшсэн Р.Амаржаргалыг дэмжих эсэхээ шийднэ. Энэ утгаараа Ерөнхий сайдаар сонгогдсон хүн автоматаар намын дарга болох уу, эсвэл намын дүрмээ өөрчлөх үү?

-Үндсэн хуулиар Засгийн газар гүйцэтгэх удирдлагын байгууллага. Тэнд олон намын дарга орж суучихаад, олон тийшээ хараад байхболомжгүй. Нэг хүний удирдлагаар явдаг гүйцэтгэх эрх мэдлийн байгууллага юм. Хуулийг МАН, АН, Шударга ёс эвслийнхээр биелүүлнэ гэдэг ойлголт байхгүй шүү дээ.Тийм учраас олонхигүй тохиолдолд одоогийнх шиг Засгийн газарт намын удирдлага орох нь буруу гэж үзэж байгаа. Одоо Ерөнхий сайдад нэр дэвшигчийн хувьд”Засгийн газарт хийх ажил хангалттай их байна, зөвхөнөмнөх ажлаа хийе” гэдгээ бүлэг дээр хэлсэн. Тиймээсүүнээс цааш Үндсэн хуулийнхаа дагуу олонхигүй болсон тохиолдолд намуудын удирдлагууд танхимаасаа гарахгүй байх санаа дэвшүүлж байгаа. Гүйцэтгэх удирдлага улс төрөөс хол, захиргааны байгууллага байх ёстой. Харин одоо бол олон намын дарга өөр өөр юм ярьдаг, Ерөнхий сайддаа захирагддаггүй байдал байна. Үүнийгхалъя гэж байгаахэрэг.

Шинэ Засгийн газар давхар дээлээ тайлсан Засгийн газар байх уу?

-Ямар Засгийн газар байгуулах нь Ерөнхий сайдын хийх ажил. Бид Ерөнхий сайдаа баахан дарамталж, эцэст нь ажил хийх боломжгүй болгоод огцрууллаа. Ямар Засгийн газар байгуулах ньЕрөнхий сайдын ажил болохоос бидний ажил биш.

М.МӨНХ, Л.ТӨР

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Бактери хүртэл шинэ үеэ 20 минут тутамд төрүүлж байна

Олон улс, дэлхийн хэмжээнд судалгаа явуулж, сонирхолтой дүгнэлт гаргадаг хүмүүс байх юм. Саяхны нэгэн жишээг дурдахад дэлхий дээрх амьд организмуудын хөгжлийг авч үзжээ. Дэлхийн сээр нуруутан хийгээд хөхтөн, өвсөн тэжээлтэн болоод махан идэштэн амьтад байгалийнхаа хуулиар шинэ үеэ төрүүлж хувьсч байдаг гэсэн судалгаа гарч. Товчхондоо эдгээр амьтад дэлхийн уур амьсгалын өөрчлөлт явагдах бүрт дасан зохицсон шинэ үеэ байнга төрүүлдэг гэжээ.

Мөн нян бактериудыг устгахын тулд хүн төрөлхтөн жил, хагас жилд нэг нээлт хийдэг бол нян бактер нь 20 минут тутамд шинэ үеэ төрүүлэн гаргадаг байна. Энэ нь хүний биеийг идэгч, эд эрхтэнг устгагч бактертай тэмцэхээр бид хагас жилийн турш ажиллаж нэг эм гарган авлаа гэхэд 20 минутын дараа үр дүнгүй болж тэр эмэнд дасалтай бактерийн шинэ үе төрдөг гэсэн үг юм.

Харин улс орны буюу угсаатны шинэ үе, хөгжлийг судлахад харьцангуй өөр өөр хугацаа гарсан байна. Сонгуулиас сонгуулийн хооронд хөгжин өөрчлөгдөж байдаг улс орон энэ цагт бий болсон бол мянган жилийн турш өөрчлөгдөөгүй угсаатан ч байгаа гэнэ. Бас нэг зуун, нэг жаран гээд өөр өөр хугацаанд шинэчлэгдэн өөрчлөгддөг тухай ч сонстож байна. Манай улсын хувьд “хувьсан өөрчлөгдөх, шинэ үе төрж хөгжлийн дараагийн шатанд гарах үйл явц хэт удаан өрнөдөг” орнуудын жагсаалтад орсон бололтой. Гвинейн хүний махан идэштэн, төв Азийн малын махан идэштэн гээд урагшилж өөдөлдөггүй орнууд нэг мянганд шинэ үеэ төрүүлдэг гэж тодотгосон бололтой.

Л.МӨНХТӨР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Энхболд: Бид өс өвөрлөж асуудалд хандаагүй

УИХ-ын дэд дарга, МАН-ын дарга М.Энхболд, УИХ-ын гишүүн Д.Сумъяабазар, Ж.Сүхбаатар нар өчиг­дөр Сонгинохайрхан дүү­рэгт ажил­лалаа. Тэд Сонгинохайрхан дүүргийн 23, 24 дүгээр хорооны “Тумбааш” худалдааны төв, 127 дугаар цэцэрлэг, шинээр баригдаж буй сургуулийн барилгын ажилтай танилцаж, иргэдтэй уулзсан.

МАН-ын удирдлага, УИХ-ын гишүүдэд хандан иргэд амьдралын боломж тааруу болсоор байгааг өгүүлж байв. Зам дагуу дэлгүүр, гуанз гээд худалдааны бизнес эрхлэгч иргэд сүүлийн хэдэн сар орлого муу, худалдан авагчгүй болсноо ярьж байлаа. Учир нь зам дээр машинаа орхиод дэлгүүр ороод гарахад ачаад явчихдаг болсноос хойш тэр хавийн худалдааны төвөөр үйлчлүүлэх хүн цөөрсөн гэнэ. Тэгээд ч иргэдийн худалдан авах чадвар эрс муудсан, 1500 төгрөгөөр зарагддаг хонины элгийг гурав, дөрөв хуваан авдаг болсныг ч өгүүлж байсан. Бас өөрийгөө элэгний церрозтой хэмээн тодорхойлсон нэгэн эмэгтэй группийн мөнгөө жил бүр зээлээр авч эмчилгээндээ хэрэглэдэг тухайгаа өгүүлж байв. Ингээд МАН-ын дарга, УИХ-ын дэд дарга М.Энхболдоос дараахь тодруулгыг авлаа.

-Та Сонгинохайрхан дүүр­гийн иргэдтэй уулзлаа. Иргэдийн амьдралд ямар дүгнэлт өгөв?

-УИХ дахь МАН-ын бүлгийн гишүүд сүүлийн нэг сарын хугацаанд буюу чуулган эхэлснээс хойш орон нутаг, үндсэн нэгжид ажиллалаа. Иргэдийн амьдрал ямар байгаатай танилцаж аж байдлыг нь сонслоо. Хөдөө орон нутгийн хувьд Сүхбаатар, Говьсүмбэр, Дорноговь аймагт ажилласан бол Улаан­баатар хотод Баянзүрх, Сүхбаатар, Сонгинохайрхан дүүрэгт явж иргэдийг сонслоо. Хүмүүсийг сонсоход амьдрал хэцүү болж байгааг л ярьж байна. Бараа бүтээгдэхүүний үнэ өсч, ядуурал өмнөх жилүү­дээс нэмэгдчихэж. Өмнөх жилүүдтэй харьцуул­бал хүнс­ний захуудад худал­даалагдаж байгаа бараа бүтээгдэхүүний тоо хэмжээ багасчээ. Бас нэг онцлог нь жижиглэнгээс жижиглэсэн байдлаар худалдан авалт хийж байна. Хонины тал элэг эсвэл хоёр ширхэг хавирга ч юм уу ийм байдлаар худалдан авдаг болчихож. Энэ бүгд цаанаа юуг илэрхийлж байна вэ гэвэл ерөнхийдөө хүмүүсийн амьдрал муудаж, Монгол орны амьжиргаа дордож байгаа­гийн илэрхийлэл гэж ойлгож бай­гаа. Энэ байдлыг засах, өөрч­лөлт хийх талаар засгийн эрх баригчид тодорхой арга хэмжээ авах ёстой гэж үзэж байгаа. Харамсалтай нь өнөө­гийн засгийн эрх барьж буй нөхдүүд ард иргэдийн амьдралд ямар нөхцөл бий болсныг судалж үзэхээсээ урь­таж өөрсдийнхөө хийж байгааг л сайн, зөв гэсэн байдлаар хүмүүст ойлгуулахаар зүтгэдэг болсон. Тэгээд бусдыг буруу, өмнөх хийгдэж байсан бүх зүйл буруу, алдаатай байсан гэж ойлгуулахаар ажиллаж байна. Газар дээрээ олон түмэн тэгж дүгнэхгүй байгааг бид харлаа. Өнөөгийн Засгийн газрыг муу ажиллаж байна гэдгийг уулзалт хийсэн газар бүрт хэлж байсан. Бас улс орны өр, төсвийн байдалд санаа зовних иргэн ч олон байна.

-Жишээлбэл?

-Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар баригдаж байгаад зогссон объектууд, өнөөдөр 150 хүүхдийн хүчин чадал­тай цэцэрлэгт 250 хүүхэд хүмүүжиж байгаа, цэцэр­­лэг нэмж барих шаард­лага­тай байгаа гэх мэт зүйлүү­дийг ярьж байна. Мөн өр ихэсч байгаад харуусах хүн цөөнгүй таарсан. Монголын Засгийн газрын гадаад өрийн хэмжээ их хурдацтай өслөө. Үндсэндээ 1990 оноос хойших 20 гаруй жилийн дотор тавьсан зээлтэй тэнцэхүйц өрийг хоёрхон жилийн хугацаанд хийлээ. Тэгээд тавьсан өрийн мөнгөөр үр дүнтэй бүтээн байгуулалт хийгдэж байна уу гэвэл үгүй. Өнөөдөр “Чингэс” бондын 40 хувийг жил гаруй ашиглаагүй. 100 гаруй тэрбум төгрөгийг Чингэс бондын хүү, зээлийн үйлчилгээний төлбөрт төлсөн байх жишээтэй. Энэ мэтээр орж ирж байгаа мөнгийг үр дүнгүй ашиглаж, төсвийн бүр­дүү­­лэлтэд анхаарал тавихгүй бол цаашид эдийн засаг санхүүгийн байдал улам хүндрэх нь. Энэ асуудалд эрх баригчид нэгийг бодож тодорхой арга хэмжээ авах ёстой гэж үзэж байгаа. Сөрөг хүчний хэлж, ярьж байгааг ажил болгохгүй байгааг иргэд ярьж байна. Бид сүүлийн хоёр жилд 30 гаруй хууль санаачилж өргөн барьснаас хоёр, гурван хуулийг л хэлэлц­сэн байгаа. Ер нь сөрөг хүчний хэлж, ярьсныг анхаарч үздэггүйгээс төр засгийн ажил алдаатай болж байгааг эрх баригчид ойлгоосой. Иргэд ингэж л ойлгож байна.

-Ирэх оны төсвийн чана­рын тухайд ямар ойлголттой байна вэ. Иргэдэд хэр наал­даж, үр өгөөжөө өгөх бол?

-Төсвийн байдал нэлээд хүндхэн байгаа. Орж ирэхдээ л ийм байсан. Төсвийн эрх мэдлийг орон нутагт шилжүүлж байна гэдэг нэрийдлээр орон нутагт баригдах бүтээн байгуулалтын нэрсийг бичээд шаардагдах хөрөнгийнх нь арван хувьд ч хүрэхгүй мөнгийг тавьчихаж байгаа юм. Ингээд аль ажлаа явуулах вэ гэдгээ өөрсдөө шийд гээд орхиж байна. Орон нутагт эрх мэдлийг өгч байна гэдэг нэрийдлээр төв Засгийн газар хариуцлагаас зайлсхийсэн ийм төсвийг оруулж ирсэн. Үүнд бид ихээхэн шүүмжлэлтэй хандаж байгаа. Нөгөөтэйгүүр анхны буюу аравдугаар сарын 1-нд өргөн барьсан төсөв бол дөрвөн төрлийн татварыг нэмэхээр хуулийн төсөл оруулж ирснийг бид эсэргүүцсэн. Сая төсвийг татаж аваад дахин өргөн барих­даа энэ алдаагаа зассан байна билээ. Хямралтай үед татварыг нэмнэ гэдэг байж боломгүй үйлдэл. Мөн төсвийн эх үүсвэрүүдийг бүрэн дүүрэн дайчлах, зардлаа танах талаар Засгийн газар ямар ч арга хэмжээ авахгүй байна. 2012 онд 147 мянган төрийн албан хаагчтай байсан Монгол Улс өнөөдөр 180 мянган төрийн албан хаагчтай болчихлоо. Хоёр жилийн дотор 30 гаруй мянгаар төрийн албан хаагчийн тоо нэмэгдсэн. Энэ хэмжээгээр төрийн албаны зардал өсч байна. Төрийн албыг цөөн, хөнгөн шуурхай бүрэлдэхүүнээр хийх тал дээр санал санаачилга гаргаагүй нь 2015 оны төсөв, улс орны аж байдалтай нийцээгүй.

-Ерөнхий сайдыг огцруу­лах асуудлыг МАН өргөн барь­­сан ч хэлэлцээгүй байна?

-УИХ-ын 28 гишүүн Засгийн газрын тэргүүнийг огцруулъя гэдэг тогтоолын төслийг өргөн бариад 17-18 хонож байна. Уг нь Монголд мөрдөгдөж байгаа хуулиар энэ асуудал 14 хоногийн дотор шийдэгддэг. Гэтэл байнгын хороогоороо ч хэлэлцээгүй байх жишээтэй. Хоёр удаагийн байнгын хорооны хурал дээр завсарлага авсан, хойш нь тавьсан. Энэ нь ямар нэгэн сайн зүйлийг авчрахгүй. Өнөө­дөр улс орны эдийн засгийг ийм нөхцөлд оруулсан хүмүүс өөрсдөө засч чадахгүй. Заавал чадалтай, чадвартай улс орныг илүү томоор харж чадах хүн гарч ирж байж л асууд­лыг урагшлуулна. Ингэж цаг хугацаа хожиж байгаа явдал бол улсын эдийн засгийг, улсын сан хөрөнгийг улам доройтоход нэрмээс болж байгаа үйлдэл. Эрх баригчид өөртөө дүгнэлт хийж ойрын хугацаанд асуудлыг шийдэх ёстой. Бид байнгын хороо, УИХ-ын даргын зөвлөлийн хурал бүр дээр энэ асуудлыг ярьсаар байгаа.

-МАН засагт хамтрах сонир­­холтой байгаа гэдэг үнэн үү?

-Бид Засгийн газарт орох гээд ч юм уу эсвэл Засгийн газарт оруулаагүй учраас өс өвөрлөж асуудалд хандаж байгаа юм биш. Монгол Улсын нийт сонгогчдын 40 орчим хувь МАН-д саналаа өгсөн. Бид Засгийн эрх бариагүй ч хяналт тавьж ажилла гэдэг үүд­нээс сонгогчид ийм хэмжээний санал өгсөн байх. Бид хяналтын үүргээ бүр илүү гүйцэтгэх ёстой гэж үзэж байгаа.

Л.МӨНХТӨР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Содном гуайг ингэвэл галзуурчээ гэх байх, Д.Сосорбарамыг болохоор гялалзуулчихлаа гэх юм

Төрийн соёрхолт, гавьяат жүжигчин Д.Сосорбарам саяхан зурагтаар өөрийнхөө тухай бас энэ засгийн тухай ярилаа. Түүний ярьсныг ца­хим орчинд байршуулсан нь шуугиан тарьж, аанай л магтаал дагуулж байна. Тэрээр ардчиллын эхнээс нь оролцож өнөөдөр АН-ын голлох, өмнөө барьдаг зүтгэлтний нэг болсон. Одоо­гоос 20 гаруй жилийн тэртээ буюу 1990 оноос ард­чилагчдын бэлдсэн илтгэлийг уран тодоор уншин нийгэмд хүргэсэн нь түүний улс төрийн замнал. Жүжигчин, найруулагчийн хувьд түүнтэй эгнэх хэн байх билээ. Тэгээд ч энд тэр тухай ярих гээгүй байна.

Харин зурагтаар ярьсан яриаг нь тойрон бичих гэсэн юм. Тэрбээр ярихдаа улс төрийн талаар айхтар ширүүн өнгөөр ярьж, нэр бүхий улстөрчдийг хурц шүүмжилж байгаа харагдлаа. Сэтгүүлчийн асуултад “Н.Алтанхуягийг би огцруулах л болно. Бид огцруулж чадах ч ёстой. Х.Тэмүүжинг би дэмжсэн, харин одоо яг тэрэн шигээ түлхэн унагаж бас чадна. Х.Тэмүүжин сайдыг би огцруулна” гэх зэргээр хариулж айхтар “туйлж бас тургиж” байх нь гарав. Түүнийг ингэж зөөлөн хэлбэл ширүүн ярьснаар хүмүүсийн бах үнэн ханаж байх шиг байна. Ер нь бол нийгэм нэлээд хөөрхөн бужигнав. Энэ нь ч Ардчилсан нам болон Сосорбарамын нийгэмд ямар нөлөөтэй байгааг харуулсан зүйл юм. Тэд “Манай Со ёстой буулгаж тавилаа. Хэлсэн шиг хэллээ. Эрх баригчдыг ингэж л хэлэх ёстой байсан байхгүй юу. Эрх баригчдад ийм үг хэлэх дутаад байсан юм. Н.Алтанхуяг яв зайл, далд ор” гэх зэргээр Ерөнхий сайдыг үгийн муугаар муулж Со гавьяатыг амаа олохгүй магтаад эхэлжээ. Үзэгчдийн сэтгэгдэл Сосорбарам гавьяатад ийн урам хайрлаж, улс төрийн нэгэн туйлшрал, хийрхэл өрнөдгөөрөө өрнөж байна.

Гэхдээ үүнийг арай өөр байдлаар хараад төсөөлөөд үз дээ. АН-ын гишүүний ийн өгүүлснийг Монголын улс төрд хамгийн тулхтай нам болох МАН-тай жишээд үзье. За Сосорбарам гавьяатыг МАН-ын ямар зиндааны зүтгэлтэнтэй харьцуулах вэ гэвэл тэрээр АН-даа МАН-ын Д.Содном гуайн дайны, түүнтэй дүйхүйц хүн. Ерөнхий сайдын албыг л хашаагүй болохоос биш АН дотроо Д.Содном гуайн хэмжээнд зиндаархана. Тэгэхээр одоо зурагтаар Д.Содном гуай ярьж байна гээд бод. Сү.Батболд Ерөнхий сайд, Засгийн газрын тэргүүнээр, Я.Содбаатар гишүүн Хууль зүйн сайдаар ажиллаж байна гэж төсөөлцгөөе. Ийм нөхцөлд Д.Содном гуай Д.Сосорбарам гавьяатын хэлснийг хэлж байгаагаар харьцуулъя. “Би Сү.Батболдын Засгийн газрыг унагана. Бид огцруулж чадах ёстой. Хууль зүйн сайд Я.Содбаатарыг унагах л болно. Би Я.Содбаатарыг яаж гаргаж ирсэн, яг түүн шигээ татаж унагаж чадна” гээд хэлчихлээ гэж төсөөлөхөд бэрх сонсогдохоор байгаа биз. Энэ тохиолдолд нийгэмд юу болох бол. “Пээ пүү” болж “Энэ Содном гуай чинь яачих нь энэ вэ. Юу болоод байна аа. Мэдрэл нь бүрэн үү. Галзуурсан юм биш биз. Ийм юм ярьж байгаа нөхрийг ахин хэвлэл мэдээлэл рүү бүү ойртуул” гэж ирээд л шуугицгаана. Үнэндээ энэ бол төсөөлөл, Д.Содном гуай хэзээ ч ингэж хэлэхгүй, тулхтай, ноён нуруутай улс төрийн зүтгэлтэн билээ.

Тэгвэл Со гавьяатыг ин­гэж ярихаар яагаад “Гялалзуулчихлаа. Хэлсэн шиг хэллээ. Хэлснийг нь сонсоод тайвширлаа” гэцгээгээд байгаа юм бэ. Шууд хэлбэл хоёр намын нэг ижил үзэгдэлд нийгэм яагаад ийм өөр, өөр үнэлэлт өгнө вэ. Яагаад АН-ынхан ингэж улс төрийн жишиг, стандартаас гадуур авирлаж болдог, МАН-ынхан стандарт хэмжээнд ярих ёстой гэж. Нийгмийн нэг л хэсэг, ижил эрх үүрэгтэй хоёр намаас адилхан стандарт, авир, үйл хөдлөлийг шаардаж баймаар юм. Энэ үзэгдэл эрүүл үү. Энэ талаар та бүхэн бодож үзсэн үү.

Зүй нь намын ажлыг шүүмжлэх бол нам дотроо байвал зөв биз дээ. МАН-ынхан ч ингэдэг. Тэд намын асуудлыг нийгэмд гаргаж тавьдаггүй. Яагаад гэвэл намын нэр төр олон түмний дунд хугарна гэж үзсэнээс тэгдэг. Түүнээс хэн нэгнээс айгаад бас шударга бусдаа юмаа нуугаад байдаг юм биш. Намын нэр хүнд олон түмэнд унавал тэр нам ялалт байгуулж чаддаггүй. Нам ялж байж намын гишүүд нь сайн сайхан явдаг. Харин Ардчилсан намын нөхөд намын нэр төр огтхон ч бодож үздэггүй хүмүүс байдаг. Тэд өөрсдөө л нийгэмд тодрон гарч ирэх гэж ингэж намын хэрүүлийг нийгэмд цацдаг. Энэ айхтар хэрүүл шуугиан хийгээд байгаа хүмүүс хоорондоо утсаар ч болтугай үг зөрж үзсэн болов уу. Аягүй бол тэгээгүй дээ. Шууд л хэвлэл мэдээлэл радио телевиз гээд гүйгээд хамаг нарийн нандин зүйлээ олон түмэнд дэлгэж хаяад байх нь нийгэм төлөвшихөд бас нам төлөвшин хүчирхэг болоход их саадтай байна.

Тиймдээ ч манай сонин АН-ынханд хандан байнга уриалж байдаг даа. “Дотооддоо асуудлаа ярилцаж байгаач. Ойлголцож, зөвшилцөх асуудлаа тэрүүхэндээ шийдчихээд олны өмнө гарч бай” гэж. Тэгэлгүйгээр манай намын ардчилал хэмээн ханхалзаж ганц үгний солионоос болоод л уур цухал болж хэвлэл, зурагт, радио, нийгэм рүү хэл амаа билүүдэхээ яарах юм. Өглөө тэврэлдээд сүйд байсан нөхдүүд орой тангараг тасарчихсан хэвлэлээр хэрэл­дээд сууж байх нь энүүхэнд

Ер нь 1990 оны тэртээд гурван цуглаан хийж, нэг өлсгөлөн зарласан нөхөд одоо ч АН-ын толгойд байгаад асуудал оршиж байгаа мэт ойлгогдох болж. Тэд тэр үеийнхээ арга барилаас огт гарахгүй, өөрөөр ажиллаж чадахгүй байна. Юм л бол “огцруулна, нураана” гэнэ. Болгоно бүтээнэ гэх хүмүүс энэ намд маш цөөхөн. Улс орондоо ганц байшин ч барьж үзээгүй юм чинь арга ч үгүй юм даа гэж хүртэл бодох боллоо. Үнэндээ АН-ынхны ганц хийж чаддаг огцруулж, хольж солих асуудал бол Монгол төрийг л нурааж байгаа хэрэг. Тэгэхээр АН Их хурлаа хуралдуулж шинэ хүмүүсээ гаргаж ирэн цус сэлбэх цаг нь болоогүй юу. Намаа шинэ үеэр удирдуулах болоогүй юу. 1990 оны хувьсгалын толгойлогчид биш энх цагийн удирдагчид, бүтээн босгогчид энэ нийгэмд бас Ардчилсан намд хэрэгтэй байна. Алийн болгон партизаны дайн хийж ойд байгаа партизаны байгууллага шиг явах болж байна даа, энэ Ардчилсан нам.

Дашрамд хэлэхэд Ерөнхий сайдын шийдвэрээр Баян­хонгорын Засаг даргаас сая­хан чөлөөлөгдсөн Д.Жаргал­сайханыг Д.Сосорбарам гавьяатын дүү гэцгээх юм. Үнэн худлыг хэн мэдлээ. Энэ үнэн бол Со гавьяатын ярьсан бүхэн эрх ашгийн зөрчилтэй болж харагдах нь түүний хэлсэн ярьсныг хүчгүйдүүлж байна. Түүн шиг шу­дарга үнэний элч хэ­мээг­дэн хүндлэгдэх болсон хүний хувьд эвгүй л санагдах юм. Гэвч сайн хүний нэрийг шороонд хутгах гэсэн “золбин”-гууд “хуцаж ” л байгаа биз дээ.

Л.МӨНХТӨР

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Гишүүд мессежний асуудалд ийм байр суурьтай байна

УИХын гишүүдийн дугаараас иргэд рүү илгээгдсэн эзэнгүй гэх мессежний талаар УИХын гишүүдийн байр суурийг сонирхлоо.

О.Баасанхүү: НААД МЕССЕЖИЙГ ЧИНЬ НЭГ ИХ ТООХГҮЙ БАЙГАА

УИХын гишүүдээс иргэдийн утсанд мессеж ирээд байна л даа. Яагаад ингэж ард түмнээрээ тохуурхаад байгаа юм бол оо?

-Наад мессежийг чинь нэг их тоохгүй байгаа шүү дээ. Үүнээс илүү Ерөнхий сайдын гарын үсгийг хуурамчаар үйлдсэн явдлыг л тоогоод байна. Тэр чинь гэмт хэрэг шүү дээ. Өнөөдөр Ерөнхийлөгч, УИХ-ын даргын гарын үсгийг хуурамчаар үйлдвэл яах вэ. Түүнээс биш тэр мессеж яадаг юм. Хэвлэлүүдээр гарч байгаагаас нь харвал мессежийг хамаагүй явуулчихаж болдог юм биш үү.

Мессеж бичиж ард түмнээр тохуурхаж болохгүй байх аа?

-Би лав ач холбогдол өгөхгүй байна.

ТЕГаас УИХын гишүүд дотроос энэ мессежийг явуулсан гэдэг мэдээлэл өгөөд байгаа.Энэ нь үнэн учраас та жишээлбэл энэ асуудлыг тоохгүй өнгөрөөх гээд байгаа юм уу?

-Мэдэхгүй. Би үнэн гэж хэлээгүй шүү. Шалгадаг газар нь шалгаад тогтоох л учиртай. Зүгээр агуулгынх нь талаас харахад тийм аймшигтай юм харагдахгүй байна гэж үзсэн хэрэг. Гэхдээ ер нь хуулийн байгууллага магадлалтай гэдэг үгийг нэг их хэрэглээд байх шаардлагагүй юм билээ. Нотлох үүрэгтэй байгууллага шүү дээ. Жирийн иргэнийхээ хувиар битаамаглаж болох юм. Тэглээ гээд надад ямар ч ач холбогдолгүй.

С.Дэмбэрэл: ОДОО ТЭГЭЭД СҮРЖИГНЭЭД БАЙХ ХЭРЭГ ЮУ БАЙНА

УИХын гишүүдээс иргэдийн утсанд мессеж ирээд байна л даа. Яагаад ингэж ард түмнээрээ тохуурхаад байгаа юм бол оо?

-Би яаж мэддэг юм. Тэгээд ч наадахыг чинь холбогдох газар нь шалгаж байгаа байлгүй. Иймэрхүү зүйлийг яасан их ярьдаг юм. Өөр ярих сэдэв байдаггүй юм уу.

УИХын гишүүд та нар өөрсдөө ийм юм гаргаж ирчихээд асуудал үүсгээд байгаа юм биш үү. ТЕГынхан тийм хандлагатай мэдээлэл өгөөд байна л даа?

-Мэдэхгүй ээ. ТЕГ нь мэддэг юм байгаа биз. Холбогдох газар нь шалгасан биш юм уу. Одоо тэгээд сүржигнээд байх хэрэг юу байна.

Гэмт хэрэг биш үү?

-Мэдэхгүй.

Түмний төлөөлөл болж УИХд орж ирсэн та нарыг учрыг нь мэдэж байх ёстойгэж ойлгоод байгаа

-Би мэдэхгүй л байна.

Тэгэхээр яах гэж сонгогдсон юм гэдэг асуулт гарах байх л даа?

-УИХ-ын гишүүн ард түмний элч гэж Үндсэн хуульд заасан байдаг юм. Ард түмний элч болсон хүмүүсийн эрхийг хуулиар заагаад өгчихсөн байдаг юм. Гэтэл тодорхой асуудлууд дээр байр сууриа илэрхийлэх гэж байхад нь ямар нэгэн байдлаар утсаар нөлөөлнө гэдэг зохистой хэрэг биш.

Я.Содбаатар: ЗАСГИЙН ГАЗАР РУУ ГАЛ ЧИГЛЭСЭН УЧРААС ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ ИЙМ ЗҮЙЛ ХИЙЧИХЭВ ҮҮ ДЭЭ

УИХын гишүүдээс иргэдийн утсанд мессеж ирээд байна л даа. Яагаад ингэж ард түмнээрээ тохуурхаад байгаа юм бол оо?

-Өнгөрсөн долоо хоногийн баасан гаригт УИХ-ын гишүүдийн утаснаас өөрт нь болоод сонгогчид руумессеж очсон. Үүнийг УИХ-ын гишүүд өөрсдөө бичээгүй.Энэ бол хоёр талтай. Монгол Улсад кибер аюулгүй байдлын асуудалд анхаарах шаардлагатай болжээ. Дэлхий нийтэд ийм маягаархувьсгал хийдэг тохиолдол ч байгаа. Тиймээс бид анхаарах ёстой юм байна. Хоёрдугаарт энэ үйл явдлыг Засгийн газартай холбож ойлгож байгаа. Засгийн газар руу гал чиглэсэн учраас зохион байгуулалттай ийм зүйл хийчихэв үү дээ. Нийгмийн анхаарлыг өөр зүйлд хандуулах зорилготой байж магадгүй. Гэтэл нэг аж ахуйн нэгж эвсэл ганц хоёр хүн Монгол Улсын ийм том сүлжээнд халдсан зүйл хийхгүй болов уу. Тиймээс холбогдох байгууллага шалгах ёстой.

ТЕГ бол энэ асуудлын эзэн УИХын гишүүд дунд байгаа гэх утгатай мэдээлэл хийгээд байгаа л даа?

-Сүүлийн үед тагнуулын байгууллага нэг хүний хувийн мөрдөх товчоо маягаар ажиллаж байна. Улс төрийн намын өмч рүү халддаг. Янз бүрийн батлагдсан, батлагдаагүй мэдээллийг шууд гаргаж тавьдаг. Уг нь ТЕГ Монголын аюулгүй байдлыг хангаж, гадаад тагнуулын үйл ажиллагаа руу анхаарах ёстой. Гэтэл дотоодын тэр дундаа улс төрийн үйл ажиллагаа руу хэтэрхий оролцоод ирэх нь аюултай.

Гэрээний нууц хавсралтыг Ардын намынхан зохиомлоор гаргасан гэдэг зүйл яригдаад эхэллээ. Үүн шиг мессежний асуудлыг танай намынхантай холбож хардах хүмүүс байна л даа?

-Ардын намд ингэх ямар ч шаардлага байхгүй. Ийм асуудлуудыг гаргаж, нийгмийн анхаарлыг өөр тийш нь хандуулах шаардлага Н.Алтанхуяг тэргүүтэй Засгийн газарт л байгаа.

Ч.Хүрэлбаатар: ТАГНУУЛЫН ЕРӨНХИЙ ГАЗАРТ ИТГЭХГҮЙ БАЙГАА

УИХын гишүүдээс иргэдийн утсанд мессеж ирээд байна л даа. Яагаад ингэж ард түмнээрээ тохуурхаад байгаа юм бол оо?

-Надад миний өөрийн утаснаас мессеж ирсэн. Бусдын утаснаас хүмүүс рүү хичнээн мессеж явсныг мэдэхгүй. Миний утаснаас ч хичнээн хүн рүү тийм мессеж явсныг ч мэдэхгүй байгаа. Тэгэхээр холбогдох байгууллагууд шалгаад тодорхой хариуг олох байх. Үүнийг сургамж болгох шаардлагатай. Ний нуугүй хэлэхэд гар утасны оператор компаниуд өөрсдөө хариуцлагатай байх ёстой. Тэгэхгүйгээр “Тэндээс л мессеж ирсэн бололтой” гэж хэлчихээд хариуцлагаас бултаад үлдэж болохгүй. Тиймээс төрийн байгууллагууд биш гар утасны оператор компаниуд чанга хяналт тавьж ажиллах ёстой. Гарах үр дүнг нь гар утасны компаниуд хариуцах хэрэгтэй. Дахиад ийм зүйл болбол тэдний үйл ажиллагааг хаах ёстой. Яагаад гэвэл олон түмэн Тагнуулын байгууллагыг харсан байх. Тагнуулын ерөнхий газар улс төрийн сөрөг хүчний байранд шөнөөр нэвтэрч, хаалга үүдийг нь эвдэж шалгалаа. Ийм зүйл аль ч оронд байхгүй. Тэгэхээр ийм төрлийн чанга хяналтыг төрийн нэг байгууллагад хариуцуулчихвал сонгуулийн үеэр “Уучлаарай. Андуурсан байна” гэж хэлээд л өнгөрнө. Сонгуулийн үеэр УИХ-ын гишүүний, нэр дэвшигчийн утаснаас сонгогчид руу баахан мессеж илгээгдвэл улс төрийн тогтворгүй, ойлгомжгүй байдал руу хүргэнэ гэсэн үг. Тэгэхээр гар утасны оператор компаниуд хяналтаа өөрсдөө тавьж хариуцлагаа ч хүлээдэг байх ёстой.

Хамгийн гол нь та бүхний дотор буюу УИХд захиалагч нь байгааг тагнуулаас мэдэгдсэн?

-Тагнуулын ерөнхий газарт би итгэхээ больсон. Энэ мэдэгдэлд нь ч огт итгэхгүй байгаа. Яагаад вэ гэвэл сөрөг хүчний хаалга үүдийг прокурорын зөвшөөрөлгүй эвдэж ороод гүйцэтгэх ажиллагаа явуулж буй нөхдүүд юу ч ярьж болно. Тэгэхээр гар утасны компаниуд мэдэгдэл хийгээсэй гэж хүсч байгаа.

Д.Ганхуяг: ЮУ БОЛООД БАЙНА ВЭ ГЭДГИЙГ ХАРАХ ХЭРЭГТЭЙ

УИХын гишүүдээс иргэдийн утсанд мессеж ирээд байна л даа. Яагаад ингэж ард түмнээрээ тохуурхаад байгаа юм бол оо?

-Хууль хяналтын байгууллага үүнийг тогтоох ёстой. Асуулгын агуулга нь Монгол Улсын иргэн, хэний ч дургүйцлийг төрүүлэхээр байсан. Жишээ нь газраа 100 жилээр гадны иргэнд өмчлүүлнэ гэх мэтээр. Тийм хуулийн төсөл УИХ-аар хэлэлцэгдэж, батлагдсан зүйл лав байхгүй. Тэгэхээр энэ юу болоод байна вэ гэдгийг харах хэрэгтэй байх. Нийгмийг тогтворгүй байдалд ч хүргэж болзошгүй учраас оператор компаниуд хийгээд холбогдох байгууллагууд нь үнэн зөв мэдээллийг ард түмэнд ойлгуулах хэрэгтэй. Дараагийн асуудал нь төлбөрөө төлж үйлчилгээ авч байгаа учраас гар утасны тухайн дугаар нь хувийн өмч болох болов уу. Тэгэхээр хүний, иргэний эрхийн асуудал болно. Улмаар УИХ-ын гишүүн гэдэг хүн сонгогчдоор баталгаажиж бүрэн эрх эдэлдэг. Түүнд халдсан тохиолдол байж ч магадгүй гэж харж байгаа.

Ийм мессеж илгээх сонирхол хэнд байж таарах вэ. Та нарыг ийм зүйл хийсэн гээд байгаа?

-Энэ тухай мэдээлэлгүй байна. Өчигдөр АН-ын бүлгийн хурлаар яригдсан. Үүнийгээ тодорхой болго, судалж тогтоо гэсэн чиглэлийг өгсөн.

Тагнуулаас УИХ дотор мессеж явуулсан эзэн нь байгаа гэж байгаа бол сөрөг хүчин Засгийн газарт бий гэж байна?

-Би яаж мэдэх вэ.

Я.МӨНГӨНЦЭЦЭГ

Л.МӨНХТӨР

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

Ц.Оюундарь: МАН-ын тавьсан үндэслэлээр засгаа огцруулахыг нам хэзээ ч зөвшөөрөхгүй

АНын ерөнхий нарийн бичгийн дарга Ц.Оюундарьтай ярилцлаа.

Засгийн газрыг огцруулах асуудал бослоо. Уг нь Н.Алтанхуяг сайд Засгийн газарт цомхотгол хийгээд үргэлжлүүлэн ажиллахаар төлөвлөж байсан.Улс төр ундарч байгаад АН ямар байр суурьтай байгаа бол?

-Засгийн газрын бүтэц бүрэлдэхүүнийг баталсан. Түүний дагуу яамдыг ямар сайдаар толгойлуулж ажиллуулах вэ гэдэг асуудал яригдаж байтал МАН-аас Ерөнхий сайдыг огцруулъя гэсэн нь өнгөрсөн баасан гаригийн асуудал. Энэ нь АН дотооддоо бий болгосон зөрчил биш. МАН-аас босгочихоод буй зөрчил. Бид буюу АН Засгийн газрыг тогтвортой ажиллуулах хэрэгтэй гэсэн байр суурьтай байгаа. Хэрвээ Н.Алтанхуяг сайдын ажил муу, урагшлахгүй, буруу байвал үндэслэлийг нь манай намын гишүүд өөрсдөө дэвшүүлээд огцруулж болно. Түүнээс биш МАН-ын тавьсан үндэслэлээр засгаа огцруулахыг нам хэзээ ч зөвшөөрөхгүй. Шууд хэлбэл МАН-ынхны гаргасан бланк дээр АН-ын хүн гарын үсэг зураад тэр нь хэрэгжиж Засгийн газар огцорвол намын дүрэмд харш. “Байгуулсан Засгийн газраа унагах аваас намаас хөөнө” гэсэн АН-ын дүрэм байгаа. Дүрмийн дагуу энэ асуудал шийдэгдэх ёстой. Болохгүй байгаа зүйлээ дотооддоо намынхаа хурлаар ярих ёстой. Одоогийн байдлаар дүрмээ бүрэн уншаагүй хүмүүс алдаа гаргаад байна. Намынхаа гишүүдэд “Байгуулсан засгаа унагах юм бол та өөрөө буруудна шүү” гэдгийг хэлж байгаа.

Ж.Батзандан гишүүн АНаас хөөгдөх хэмжээнд хүрч асуудал босгосон гэсэн үг үү. Тэрээр МАНынхантай хүч хавсарсан?

-Дүрмээр Засгийн газраа огцруулахад оролцсон нь тогтоогдвол гэж байдаг. Тэр гарын үсгээр Засгийн газар унавал Ж.Батзандан асуудалд орно. Одоогоор Засгийн газар унаагүй байгаа учраас энэ нөхөр дүрмээ мэддэггүй, ёс зүйгүй нөхөр гэж цоллогдоод л дуусах байх. Хүний тоглоомд давхиж ороод байгаа нь буруу.

Ерөнхий сайдыг огцруулах олон хүн АНд байгаа бололтой. Та МоАХны хүн. МоАХ фракц үүнд хамгийн их хамаатай. М.Батчимэг, Р.Амаржаргал гишүүний нэр ч дуулдаж эхэлсэн?

-Би МоАХ-ны квотоор орсон ч энэ л намын хүн. Бидний саналын хуудсын ард МоАХ гэж бус АН гэж бичигдэнэ. М.Батчимэгийн нэрийн ард ч гэлээ Нэг ардчилал гэж бус АН л гэж бичигддэг. Үндсэн эрх ашгийн эрэмбэ чинь нам байхгүй юу. С.Зориг агсны үг бий дээ. Нэгдүгээрт улс эх орон, нам, бүлэглэл тэгээд хувь хүний эрх ашиг байх ёстой гэж. Гэтэл хувийн хийгээд фракцийн эрх ашгаа намаас дээгүүр эрэмбэлээд байгаа юм. МоАХ-ны хүмүүст би сануулж л байсан. Гэхдээ тэд улс төрийн хуйвалдаан хийх гээд байгаа юм биш. Үндэслэлийг нь би ихээр хүндэтгэж байгаа.

МАНын гаргаж тавьсан Ерөнхий сайдыг огцруулах үндэслэлүүдийг ямар түвшинд хүлээж авч байгаа юм бол?

-Алдаа хийгээгүй гэж огт хэлэхгүй байгаа. Гэхдээ олон муу сонголтоос аль нь арай дээр вэ гэдэг чинь өнөөгийн Засгийн газар. Бид дангаараа ажиллаж чадахгүй. МАН-тай нийлж болохгүй байсан. Тэгэхээр сонголт нь “Шударга ёс” эвсэл хийгээд ИЗНН байсан. Энэ нь сайн нөхцөл байгаагүй гэсэн үг. Муу нөхцөл байдалд байгаа хүнийг ажил хийсэнгүй гэж нүдээд байх нь ёс зүйгүй асуудал. Дээрээс нь түүнийг муу болгох гэж, энд тэндхийн олон зүйлийг авчирч наагаад байх юм. Тэр хүн өөрөө л хэрэг хийгээгүй бол ойр тойрных нь хүмүүсийн хэрэг ямар хамаа байна аа.

МАХНтай гэрээ хийсэн нь асуудлыг хурцатгах шиг боллоо?

-Их том нөлөө болж байна. Ер нь АН-аас нэр дэвшиж хоёр удаа сонгогдсон Ерөнхийлөгчийн барьж байгаа томоохон бодлогын нэг нь авлигын эсрэг үйл ажиллагаа юм. Авлига гэдэг байнга өндөр албан тушаалтнуудыг онилдог. Тэр утгаараа хамгийн өндөр албан тушаалтай Н.Энхбаяр гэдэг хүнийг тухайн үедээ бариад шийтгэж байсан. Ял нь дууссан эсвэл өршөөгдсөн тохиолдолд төр төмөр нүүрээ үргэлж үзүүлээд байж болдоггүй л байх. Ямартай ч одоо энэ хүнийг МАХН-ын дарга гэдгийг хэн ч үгүйсгээгүй байгаа. Тэгэхээр бид МАХН-тай хамтран ажиллаад засгаа байгуулаад явж байгаа учраас тэр намыг төлөөлөх даргатай нь хамтран ажиллахаар гарын үсэг зурж таарна. Тэр утгаараа бид эв зүйгээ олж ажиллах нь ёс зүйн хэрэг. Гэхдээ ийм гэрээ байгуулахаа олонд зарлаж ҮЗХ-ныхоо хурлаар хэлэлцүүлэх байтал Н.Алтанхуяг дарга өөрийг нь огцруулах асуудлыг өргөн барингуут хариу арга хэмжээг дур мэдэж, яаран авсан нь алдаа байсан.

Намын тань шат шатны байгууллагаас Н.Алтанхуяг сайдад хариуцлага тооцохыг шаардаж эхэлсэн. Яаж шийдэх вэ?

-Үүнийг намын бүх түвшнийхэн хэлж байна. Зарим нь хэвлэлээр, зарим нь журмаараа хэлж байна. Журмаараа хэлж байгаа нөхдийнхөө үгийг аваад “Алдаа хийчихжээ. Алдаагаа засах хэрэгтэй юм байна” гээд залруулж байна. Бид 40 жил хүчтэй удирдагчтай байсан. Хүнийг тахин шүтэж үзсэн. Дараа нь дахиад нэг хүнийг тахин шүтсэн. “Монголчуудад энэ байдал зохихгүй юм байна” гэж үзэн “Нэг хүн төгс биш учраас бусад нь дутуугаа нөхөж явъя” гээд багийн тоглолтын системийг сонгосон биз дээ. Тийм байтал Н.Алтанхуяг гэдэг хүнийг төгс байлгах гээд шаардаад, “зодоод” байх юм. Гэтэл бид өөрсдөө оролцож төгс болгох ёстой байдаг. Намын гурван удирдлагын нэг нь Э.Бат-Үүл дарга. Тэр хүн ирээд асуудлаа ярьдаггүй. Гүйцэтгэх зөвлөлийнхөө хуралд нэг ч суудаггүй. Тэгсэн хэрнээ асуудал ундрахад шууд босч ирээд мэдэгдэл гаргана гэдэг таатай зүйл биш. Намаасаа хэр холдож, хөндийрснөө харуулж байгаа юм.

Дур мэдэн шийдвэр гаргасанд нь намын даргадаа ямар хариуцлага үүрүүлэх ёстой байдаг юм. Хэлхэлдчихээд буй Н.Энхбаяр, Н.Алтанхуяг даргыг салгахын тулд Ерөнхий сайдыг огцруулах кнопыг дар гэж гишүүддээ уриалах нь ч байна?

-Э.Бат-Үүл дарга өөрийнхөө үзэл санааг илэрхийлж байгаа хэрэг.

Харин миний үзэл санаа юу вэ гэвэл Н.Алтанхуягийг огцруулах кнопыг дар гэдэг буруу аргумент. Нэг л зүйл тодорхой байх ёстой. Н.Алтанхуяг гэдэг хүн болохгүй байвал өөрсдөө үндэслэлээ тавиад, унага. Бухимдаад байгаа асуудлаа өөрсдөө хөндөөд дүрмээрээ тогло. 19 хүнийхээ гарын үсгийг цуглуулаад ороод ир. Тэгсэн тохиолдолд асуудлыг нам хэлэлцэнэ. Тэгээд ч өнөөдөр Н.Алтанхуяг гэдэг хүн рүү бус АН руу дайрсан маш олон зүйл байна. Энэ нь намын эрх ашигт хохиролтой. Үндсэн хууль зөрчсөн, хүнийг гэм буруутай нь тогтоогдоогүй байхад ял үүрүүлэх гэсэн ноцтой асуудлууд байгаа учраас ийм байдлаар намын нүүр царайг харлуулж болохгүй гэдгийг л хэлээд байгаа юм.

Удахгүй нийслэлийн АН хуралдаж таны гаргаж ирэхийг шаардаад байгаа асуудлуудыг хөндөх юм гэсэн. ҮЗХ хуралдах боломж одоогийн нөхцөлд хэр ойрхон байна вэ. АНын дарга Н.Алтанхуяг гэдэг хүний сонгуульт хугацаа хоёр жилээр хэтрээд байгаа?

-Гэрээг Гүйцэтгэх зөвлө­лийн хурлаар өнгөрсөн тавдугаар сард хэлэлцсэн юм. Ганцаараа гарч ирээд хийчихсэн зүйл ч бас биш. Гүйцэтгэх зөвлөлийн хурлаар “Ийм гэрээг МАХН санал болгож байна. Бид дэмжих хэрэгтэй байна. Яагаад гэ­вэл засагт нэгдсэн намууд хамтын ажиллагааны нарийн заалтгүйн улмаас Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг өргөн барьж байна” гэж үзэж байсан. О.Баасанхүү гишүүн Х.Тэмүүжин сайдыг огцруулах төслийг оруулж ирсэн үед гэсэн үг. Энэ утгагүй асуудлыг таслан зогсоогооч гэхээр хамтын ажиллагааны гэрээнд нарийн заагаагүй учраас бид хүмүүсээ барьж дийлэхгүй нь гэдэг асуудал яригдаж байсан. Тэгэхэд би эсрэг саналтай байсан. Учир нь АН эвсэлтэй гэрээ хийсэн атал нэг намыг нь салгаж гэрээ байгуулахаар нөгөө нам нь гомдох юм биш үү. Үүнийгээ тунгааж бодооч гэдэг саналыг хэлсэн. Ерөнхий сайдын алдаа нь бүрэн хэмжээнд асуудлыг шийдээгүй байхад гэрээ байгуулсан явдал. Өнөөдөр үүнийгээ засч залруулах ажлыг хурдан хийлээ гэж бодож байна. Хэрвээ энэ гэрээг үргэлжлүүлнэ гэвэл ҮЗХ хуралдана.

Гэрээний гурван заалт АНд ихээхэн уршиг тарина гэлцэж байгаад?

-Нарийн заалтууд огт хэлэлцэгдээгүй байсан. Тиймдээ ч өнөөдөр ажлын хэсэг байгуулж нэг ойлголттой болно гэдэг тийм учиртай. Н.Алтанхуяг сайдын тайлбар­лаж байгаагаар “Шударга ёс эвслийн харьяанд олон яам, агентлаг газрууд байгаа. Тийм атал манайх л МАХН-ынхан гээд АН-ынхныг өшиглөөд байдаг ч юм уу. Манайхан тэдэнд ийм байдлаар ханддаг гэсэн гомдол гарсан. Тэгэхээр ийм нөхцөлд бид хамтарсан учраас нэгнээ дэмжиж ажиллах шаардлагатай” гэж үзээд энэ заалтыг оруулсан бололтой. Яг заалтыг хийхдээ алдаатай, хоёрдмол утгаар ойлгогдохоор хийсэн байна гэж би дүгнэж байгаа. Ямартай ч энэ гэрээ өнөөдөр хүчин төгөлдөр биш.

Гэрээнд гарын үсэг зурснаар хүчин төгөлдөр болно гэсэн заалт байна билээ. Ингэснээр АНыг МАХНд барьцааллаа гээд байгаа?

-Гэрээнд гарын үсэг зурсан өдрөө­сөө хүчин төгөлдөр гэдэг маань нэр заагдсан хүмүүс гарын үсэг зурснаар хэмжигдэнэ. Одоогийн байдлаар гэрээн дээр найман хүн гарын үсэг зурах шаардлагатай юм билээ. Манай талаас Н.Алтанхуяг даргаас гадна гурван хүн гарын үсэг зурах бололтой байсан. Тэр хүмүүс нь бүгд гарын үсэг зураагүй учраас гэрээ хүчин төгөлдөр бус гэсэн үг.

Гэрээний нууцын зэрэглэлтэй хавсралт гэж байгаа юм уу?

-Цахим ертөнцөд тийм мэдээлэл гарсан байсан. Би гэрээ байгуулахад байгаагүй учраас байлцсан хүмүүсээс нь асуусан. Бүгд мэдээгүй гэдгээ хэлж энэ эвлүүлэг байх гэж байсан. Тэгэхэд нь би худлаа зүйл бол асуудлыг шалгуул гүжирдлэг хэмжээ хязгаартай байх ёстой гэсэн юм.

Энэ асуудал шийдэгд­сэний дараа Шадар сай­даар Ц.Цолмон гишүүн, Бо­ловсрол, шинжлэх ухааны сайдаар Г.Шийлэгдамба гээд дараагийн бужигнаан үүсэхийг хүмүүс хэлж байна?

-Асуудлыг урьдчилж биш, болохоор нь ярьсан дээр байх.

Энэ эгзэгтэй үед АНын дарга болох сонирхолтой хүмүүс ээлжээ хүлээж байгаад бас асуудал буйгаа юм биш үү?

-Улс төрийн намуудын хууль батлагдаж намын дүрэм шинэчлэгдэх аваас хүссэн хүсээгүй АН хуралдана. Бид дүрмээрээ явах гэхээр олон асуудал босоод байгаа юм.

Л.МӨНХТӨР

Categories
нүүр-хуудасны-онцлох туслах-ангилал

МАН-тай хэн, хэн хүч хавсарч Ерөнхий сайдын эсрэг кноп дарах бол?

МАН-ын бүлгээс өргөн барьсан Ерөнхий сайдыг огцруулах төслийг УИХ өнөөдөр хэлэлцэнэ. Засгийн газарт цомхотгол хийж, шинээр эмхлэн байгуулах асуудал бүрэн шийдэгдээгүй байхад Ерөнхий сайдад хариуцлага тооцох төсөл орж ирсэн нь олон таамаглалыг дагуулж буй. Улс төрийн хүрээнд “Ерөнхий сайдыг огцруулж, Засгийн газар татан буугдана” гэж үзэх нэг хэсэг байхад “МАН-ын энэ удаагийн оролдлого урьдын адил бүтэхгүй” гэх хэсэг ч байна.

АН, МАХН ч эл асуудлаар дотооддоо хоёр хуваагдаад байгаа гэх. Шууд хэлбэл улстөрчдийн дунд МАН-ын 26 гишүүний санаачилсан Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг дэмжих үү, үгүй юу гэдэг яриа өнгөрсөн өдрүүдийн гол сэдэв байв. АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат “Ерөнхий сайдыг огцруулахгүй гэж бүлэг үзлээ” гэж мэдэгдсэн ч одоогоор найман гишүүн нь МАН-тай хүч хавсрах нь тодорхой болсон гэгдэж байна. Тэднийг УИХ-ын гишүүн Ж.Батзандан тэргүүлж буй. Огцруулах төсөлд гарын үсгээ зурсан нь үүний баталгаа болж буй бөгөөд тэрээр гадаад томилолтоо бараг хугацаанаас нь өмнө дуусгаж өчигдөр Улаанбаатар хотод ирсэн бололтой. Түүний араас журмын нөхөд нь буюу МоАХ-ны Х.Баттулга гишүүн нарын хүмүүс байгаа аж. Тэд бол УИХ-ын гишүүн Р.Бурмаа, Л.Эрдэнэчимэг, Д.Ганбат, М.Зоригт нар. М.Зоригт гишүүн л гэхэд өчигдөр чуулганы нэгдсэн хуралдаан дээр “Засгийн газраа сольчихоод төсвөө хэлэлцье” хэмээж суусан. МоАХ-ны гэх зургаан гишүүн дээр УИХ-ын гишүүн Р.Амаржаргал нэмэгдэж байгааг хэлэх эх сурвалж байна. Энэ тухайгаа бүлгийнхэндээ ойлгуулсны зэрэгцээ сошиал ертөнцөд “АН-ын Үндэсний Зөвлөлдөх Хороог нэн яаралтай хуралдуулж, цаашид АН-ын шат шатны байгууллагуудад зохих шийдлийг эрэлхийлж, арга хэмжээ авах хэрэгтэй гэж үзэж байна. Намын гишүүд нь намын даргадаа хариуцлага тооцох нь улс төрд байдаг ердийн асуудал” гэж үзэл бодлоо илэрхийлээд амжжээ. Тэдэнтэй УИХ-ын гишүүн М.Батчимэг нэгдсэн гэдгээ бүлгийнхэндээ шууд хэлсэн гэж мэдээлэх нэгэн ч байна.

Ийнхүү МАН-ын 26 дээр нэмэх нь АН-ын найм, нийт Ерөнхий сайдыг огцруулах хүсэлтэй 34 гишүүн байна. Тэдэнтэй хамтрахаа УИХ-ын дэд дарга Л.Цог мэдэгдэж огцруулах төсөлд гарын үсэг зурсан. Гэхдээ түүний байр суурь өнөөдөр өөрчлөгдсөн ч байж болох. Зөвхөн энэ л асуудлаар МАХН-ын дарга Н.Энхбаяр УИХ-ын дэд дарга Л.Цогтой уулзаж ярилцсан удаатай. АН, МАХН-ын хооронд буюу Н.Алтанхуяг сайд, Н.Энхбаяр даргын хооронд байгуулагдсан гэрээнд “Засгийн газарт хамтарсан намын гишүүдээс Засгийн газрын гишүүнийг огцруулах асуудлыг гаргахгүй байх” гэсэн заалт буй. Н.Энхбаяр дарга энэ амлалтаа хэр биелүүлэх зангарагтай намын дарга гэдгээ Л.Цог гишүүнд хэр ойлгуулсан нь өнөөдөр харагдах биз. Л.Цог гишүүний кноп Н.Энхбаяр МАХН-даа “Шүдтэй арслан хэвээрээ юу, эсвэл шүдгүй арслан уу” гэдгийг харуулна. Үндсэндээ “Шударга ёс” эвсэл хийгээд бие даагч гурван гишүүн асуудалд хэрхэн хандах нь энэ бүхний шийдэл болно. “Шударга ёс” эвслээ Н.Энхбаяр дарга базаж, бие даагч гурав ИНЕГ гэх мэт зарим газар, агентлагуудад эрх мэдлээ үргэлжлүүлэх хүсэлтэй бол Н.Алтанхуяг сайдын талд саналаа өгөх нь дамжиггүй. Энэ засаг унах нь бие даагчид хийгээд “Шударга ёс” эвслийн алинд нь ч ашиггүй.

Мэдэгдэж байгаагаар Ерөнхий сайдыг огцруулах хүсэлтэй 35, үргэлжлүүлэн ажиллуулъя гэсэн 41 гишүүн УИХ-д байгаа бололтой. Тэрчлэн чуулганы өнөөдрийн ирц асуудалд мөн л нөлөөлнө. Гадаад, дотоод томилолт, эрүүл мэндийн шалтгаанаар зарим гишүүд чуулгандаа ирж амжихгүй байж огцруулах хүсэлтэй 35 гишүүн дийлэнх олонхи болох аваас асуудал өөрөөр яригдана. Ерөнхий сайд Н.Алтанхуягийн эсрэг хэн, хэн кноп дарах бол?

Л.МӨНХТӨР

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Бямбацогт: “Та нар яв, бид чадна” гэсэн учраас чадах л хэрэгтэй

УИХ дахь МАН-ын бүл­гийн дарга С.Бямба­цогттой ярилцлаа.

-МАН Ерөнхий сайдыг огцруулах төслийг өргөн барилаа. Огцруулах гол үндэслэл, шаардлага нь юу вэ?

-Харин огцруулахгүй байх үндэслэл бий юу гэж асуумаар санагдах юм. МАН-ын бүлэг өнгөрөгч хавраас эхлээд хариуцлагын асуудал ярьж ирсэн. Гэтэл хариуцлагын асуудлыг эдийн засгийн 100 хоногийн аянаар халхавчлаад, 100 хоног нь дуусангуут бүтцийн өөрчлөлтөөр аргацаагаад явах шинжтэй болчихлоо. МАН-ын бүлэг төрийн ажлыг гацаахын тулд энэ асуудлыг оруулж байна гэж эрх баригчид мушгиж байна. 100 хоногийн хугацаанд алдаагаа засаад зөв алхам хийгээд эхлэх юм болов уу, бүтцийн өөрчлөлтөөрөө давхар дээлээ тайлчих юм болов уу, 2015 оны төсвийн хуулиараа цалин тэтгэврээ нэмж, аж ахуйн нэгжүүдээ дэмжих юм болов уу гэж хангалттай харсан. Гадаад бодлогын чухал асуудлаар ч нэгдмэл байр суурьтай байж дэмжлэг үзүүллээ. Гэтэл юу болов 100 хоногийн хугацаанд Монголын эдийн засаг улам хүндэрлээ. Энэ зун ямар ч бүтээн байгуулалтын ажил явагдсангүй. Харин ажлаа хийх ёстой сайд нар зунжингаа сумдын 90 жил тэмдэглэж шоудлаа. Долларын ханшаа тавиад туучихлаа. Улсын төсөв 1.4 их наяд төгрөгөөр тасарлаа. Цалинтай иргэдийн 40 хувь, тэтгэвэртэй ахмадуудын 80 хувь нь зээлтэй байна. Монгол Улсын иргэн бүрт таван сая төгрөгийн өр оногдож байна. Төсвөөс гадуур бонд, үнэ тогтворжуулах хөтөлбөрийн асар их мөнгөөр энэ Засгийн газар тоглож дуусгалаа. Гадуур яваад үзээрэй, орон сууцны худалдаа тэг зогссон. Байр авдаг хүн байхгүй болсон. Орон сууцны үнэ бараг хоёр дахин өссөн. Өргөн хэрэглээний үнэ 30-40 хувиар мөн өссөн. Эдийн засгийг ийм хүнд байдалд оруулсны хариуцлагыг хэн хүлээх ёстой юм бэ? Энэ бүх бантанг зуурсан Эдийн засгийн яамаа татан буулгачихлаа. Хэн ч ямар ч хариуцлага хүлээхгүй болж байна уу?. Цаашдаа цалин, тэтгэврээ тавьж чадах уу, хөрөнгө оруулалт хийгдэх үү, үгүй юу гэдэгт хүрэх нь. Тиймээс энэ байдлаараа яваад байж болохгүй, ажил хийж чадах хүнээр нь Засгийн газрыг удирдуулах нь зөв.

-Засгийн газарт цомхотгол хийж буй энэ үед Ерөнхий сайдыг огцруулах асуудлыг өргөн барьж байгаа нь сонин байна. Засгийн газарт орох өөрчлөлтийнх нь үр дүнг битгий хэл нэг өдрийнх нь ажлын бүтээмжийг хараагүй байгаа. Огцруулснаар ямар гэрэл гэгээ харагдаж байгаа юм?

-Н.Алтанхуягаас илүү сайн удирдагч АН-д олон бий. Энэ хүн улс орныг бүх салбарт нь унагалаа. Тиймээс илүү сайн хүнээ гаргаасай, эдийн засгийн хүндрэлээсээ салаасай гэж бид хүсч байна. Данхайлгасан бүтцээ эргэж цомхон болгох нэг асуудал, Ерөнхий сайд нь Засгийн газраа удирдаж чадаж байгаа билүү, мөрийн хөтөлбөр амлалтаа биелүүлж ард түмний амьдрал дээшилж байгаа билүү гэдэг тусдаа асуудал. Улс орноо удирдаад явчих, төрийн зөв бодлого дэвшүүлж, зөв бодлогоо зөв зохион байгуулаад хэрэгжүүлчих чадвартай боловсон хүчин АН-д байгаа байх гэж бодож байна. АН-ынхан өөрсдийгөө хоёр дахь том нам гэж хэлдэг. 1990-1992 онд, 2004-2012 онд Засгийн эрхэнд энэ хоёр нам хамтарсан. Энэ үедээ төлөвшсөн намаас ихийг сурсан байх. Хоёрдугаарт нь, 1996-2000 онд АН дангаараа Засгийн эрхийг барьж байхдаа олон алдаа дутагдлыг гаргаж байсан. Улс орны эдийн засаг, ард иргэдийн амьдралыг хүндрүүлж байсан. Энэ алдаанаасаа сургамж авсан байх. Ийм атал хоёр жилийн хугацаанд Н.Алтанхуяг 1996 он руу аваачиж байна. Цаашаа улам хүндрэх гээд байгаа учраас асуудлыг мэддэг мэдэрдэг, алдаа онооноосоо сургамж авсан, биднээс суралцсан тийм хүн байгаа бол Засгийн газраа бүрдүүлээд ажиллах ёстой. Ингэж улс орны хүндрэлээс хурдан гаргаасай гэж бид хүсч байна.

-Засгийн газраа огцруулбал 1996 оноо давтана гэсэн ойлголт болгоомжлол их байгаа учраас АН-ынхан хөдлөхгүй байгаа юм биш үү?

-Н.Алтанхуяг Ерөнхий сайд АН-ынхаа гишүүдийг нэг л зүйлээр айлгадаг болж. Тэр нь та нар ингээд байвал 1996 оноо давтана шүү гэсэн сурталчилгааг тасралтгүй явуулж байна. Өөрөөр хэлбэл, Алтанхуяг сайдын АН-ын гишүүдээ айлгадаг зүйл нь 1996 он боллоо. Ингэж айлгаад байвал 1996 оноо жинхэнээр нь давтана шүү дээ. Бид хүндрэл бэрхшээлийг давж гарах ёстой байтал 1996 оноор айлгаж, далайлгасаар байгаад улам том нүхэнд унагаж болохгүй шүү дээ. Бид ч бас 1996 оныг давтах сонирхолгүй байна. Бидэнд улс орноо хөгжүүлэх ганцхан сонирхол л бий.

-Шинээр Засгийн газар байгуулагдвал одоо байгаагаас илүү ажиллана гэсэн баталгаа байгаа юм уу?

-Байгаа гэж үзэж байна. Одоо байгаа нөхцөл байдал хэт их улстөржиж байна. Бидний ярьж байгаа зөв зүйтэй зүйлийг дэмжээд явдаггүйтэй холбоотой. Цөөнх ярьж байгаа л бол унагаж, няцаах ёстой гэдэг байдлаар хэт их улстөржиж асуудалд хандсан. Одоо гарч ирэх Засгийн газар нь ойлголцож зөвшилцөөд сөрөг хүчнээ сонсч, асуудал нь үнэхээр зөв байвал бид дэмжээд л явна. Зөв бодлогоор явбал нүүрлээд буй нөхцөл байдлаас хурдан хугацаанд гарч чадна.

-Хүндрэлийн эсрэг МАН яаж ажилласан юм. Огцруулна гэдгээс өөрөөр?

-Бид маш олон бодлого, хөтөлбөрийг санал болгосон. Харамсалтай нь цөөнх санал болгож байгаа учраас авч болохгүй гэсэн зарчмаар явж ирлээ. Парламентын цөөнхийн үндсэн үүрэг хяналт тавих, эрх баригчдын алдаатай бодлогыг засч залруулах явдал. Харин эрх баригчид маань биднийг сонсохгүй, МАН-ын хэлснийг няцаах зарчмаар яваад байхаар яах вэ. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд биднийг бүлэггүй, байнгын хороонд оруулалгүй явуулж, бидний санаачилсан хуулийг дэмждэггүй, бидний дуу хоолойг боомилж байсан. Энэ байдлын гор ингэж гарч байна. Эрх баригчдын алдаатай бодлогынх нь золиосонд ард түмнээ баян, ядуу гэсэн хоёр хэсэгт хуваахын эсрэг, нийгмийн дундаж давхаргыг нэмэгдүүлэх үндсэн бодлогынхоо хүрээнд МАН-аас 20 орчим хуулийн төсөл санаачилж өргөн барьсан.

Эдийн засаг болохоо байлаа, хүндрэх нь гэдэг асуудлыг 2013 оны хавраас эхлэн бид анхааруулж, шаардаж байсан ч “амьдрал сайхан байна, галзуу хөгжүүлнэ” гэж явсаар өнөөгийн байдалд авч ирсэн. Цөөнхийн бүлгийг сөрдөг, гацаадаг, ажил хийлгэхгүй байна гэсэн тархи угаалтыг эрх баригчдаас хийж байгаа ч бид буруу бодлогыг нь зогсоохын төлөө хяналтаа ч тавих болно, хариуцлага ч ярих болно.

-Засгийн газар унах магадлалтай, нэлээд эгзэгтэй үе ирлээ гэх хүн ч бий. Гэхдээ МАН хэнтэй хүч хавсарч байгаа юм. Дангаараа асуудал тавиад дийлэхгүй нь ойлгомжтой?

-Ийм байдлаар явж болохгүй, тодорхой өөрчлөлт хийх нь зөв гэсэн бодолтой хүн АН, МАХН, МҮАН, бие даагчдад олон байгаа. Намын дарга, Ерөнхий сайдаа огцруулж болохгүй гэдэг байдлаар асуудалд хандахыг үгүйсгэхгүй. Гэхдээ улс орноо бодох уу, намын дарга, албан тушаал, фракцийн бялуу, сандал ширээтэй зууралдаж хувиа бодох уу гэдэг л эндээс харагдана даа.

-М.Зоригт гишүүн жир­гээн­дээ “МоАХ-ны гишүү­дээс одоо Р.Бурмаа ги­шүү­нийг л урвуулах хэрэгтэй гэж С.Бямбацогт мессеж бичжээ” гэсэн утга бүхий зүйлийг ретвээт хийсэн бай­на. Үнэний ортой асуудал уу?

-М.Зоригт гишүүний твит­терт гаргасан зүйл худлаа.

Надаас хэн нэгэн рүү илгээгдсэн мессеж байдлаар цацсан байна билээ. Ийм жудаггүй, ёс зүйгүй улс төр хийх муухай. М.Зоригт гишүүн хүний бичсэнийг л дамжуулсан байсан. Гэхдээ улс төр хийж болно. Улс орноо хөгжүүлэхийн тулд маргалдаж, мэтгэлцэж, үзэл бодлоороо зөрчилдөж болно. Энэ нь соёлтой, ёс зүйтэй, хэм хэмжээтэй байх ёстой. Үүнээс давсан зүйлийг би хүсдэггүй. Эрх баригчид суудлаа хадгалж үлдэхийн тулд, асуудалд хурцаар хандаж байгаа гишүүдийг мохоохын тулд худлаа, үнэн, баримттай, баримтгүй мэдээллийг гаргаж гүтгэж, гутаан доромжилсон зүйлүүд олон гарах боллоо. Сүүлийн үед гараад байгаа асуудлуудаар Тагнуулын ерөнхий газарт хандаж шалгуулахаар болсон.

-Н.Батбаяр, Ч.Улаан нарыг явуулбал хамаг бүхэн сайжирна гэж өнгөрсөн хугацаанд шаардсаар ирсэн. Та бүхний хүсэн хүлээсэн өөрчлөлт хийгдчихээд байхад заавал Ерөнхий сайдыг огцруулах шаардлага байгаа юм уу?

-Бид өмнө ч Ерөнхий сайдыг огцруулах асуудал тавьж УИХ-аар хэлэлцүүлж байсан шүү дээ. Тэр үед Н.Алтанхуягийг огцруулсан бол улс орон ингэж хүндрэхгүй байх байсан юм. Хариуцлагын асуудлыг бүтцээр халхлаад өнгөрч болохгүй. Энэ Засгийн газар гарснаар Соёл, спорт, аялал жуулчлалын яамтай болсон. Гэтэл орон нутагт соёлын сайд биднийг тоохгүй юм, соёлын салбарынхан ижилхэн л төрийн албан хаагч байж бага цалин авдаг, тэтгэвэрт гарахдаа ч бусдаас гурав дахин бага тэтгэмж авдаг. Спортын салбарыг яривал Инчоны наадамд очиход ихэнх тамирчид нь хувийнхаа зардлаар явж байна. Аймаг бүрт бид спортын ордон барьж өгсөн. Тэндээ дарга нь, ажилчид нь суугаад ажиллах боломжтой байтал АН гарч ирснээр соёлын салбарынхан нь нэмэгдэж очоод нөгөө ордон хэд хуваагдаж үйл ажиллагаа явуулахад ч бэрх болсон. Энэ хэрээрээ спорт, соёлын салбарт гаргаж байсан амжилт ухарч, иргэдэд хүрэх хүртээмж муудаж байна гэж үзэж байгаа. Тиймээс Соёлын сайдынхаа асуудлыг ярь, ийм хариуцлагагүй байж болохгүй гэсэн. Эрүүл мэндийн салбарт ч мөн өнөөдөр ахиц, дэвшил гарсангүй. Гэх мэтээр хариуцлагагүй олон сайдынхаа асуудлыг яриач гэсэн харамсалтай нь “Сайн ажилласан сайд нараа чөлөөлнө. Муу ажиллаж байгааг нь сайн ажилладаг болтол нь байлгана” гэж асуудал оруулж ирснийг ойлгохгүй байна. Ийм зарчмаар асуудалд ханддаг хүн улс орныг удаан хугацаанд удирдаад явж болохгүй.

-Сайд болохоор яригдаж буй АН-ын гурав, МҮАН-ын нэг нэр дэвшигч байна. Энэ хүмүүсийг та нар хэрхэн хүлээн авч байгаа юм?

-Бид хоёр шаардлагыг л тавьж байгаа. Өмнө нь Засгийн газрын бүтэц, бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах хийгээд чөлөөлөх, томилох асуудал цуг орж ирдэг байсан. Гэтэл Н.Алтанхуяг түүхэнд байгаагүй жишгээр буюу бүтцээ, бүрэлдэхүүнээ тусад нь оруулж ирээд араас нь чөлөөлөгдөх сайд нараа зарлачихаад томилох сайд нар дээрээ ч дахиад л цувуулаад эхэлж байгаа юм. Үхрийн баас шиг цувуулж бас л төсөв батлах үед нь өөрөө хариуцлагаас бултчихъя гэсэн санаа. Тиймээс бид асуудлаа бөөнөөр нь оруулж ир, давхар дээлтэй сайд нар оруулж ирж байгаа чинь буруу гэж байгаа. МАН-ын бүлгийн завсарлага авсан гурав дахь шалтгаан бол хариуцлагын асуудлаа яриач гэсэн. Харамсалтай нь хариуцлага ярилгүй өнөөдрийг хүрлээ.

-МАН өнөөдөр хариуцлага нэхэж байна. Тэгвэл өнгөрсөн хугацаанд гарсан алдаа дутагдалд МАН хариуцлага үүрч байсан түүх бий юу?

-МАН асуудал бэрхшээлийн хэцүү, ачааны хүндээс ухарч байгаагүй. Алдаа дутагдлаа хүлээн зөвшөөрдөг. Энэ улс орны өмнө, ард түмнийхээ өмнө бид л хариуцлагаа хүлээнэ гэж зоригтой хэлдэг. Хариуцлагагүй ажилласан хүмүүстэйгээ манай нам илүү хариуцлага тооцож чаддаг. Харин биднээс болоогүй, өмнөхөөс боллоо, тэрнээс энэнээс боллоо гэх мэтээр буруутан хайдаггүй. Бид буруугаа өөрсдөөсөө хайж ирсэн улс төрийн соёлтой. Харин Засгийн газар хариуцлага гэдгийг ор тас мартаж, сайн ажилласан сайд нараа чөлөөлж байгаа гэсэн юм яриад сууж байгаатай бид эвлэрэхгүй. Манай намын 26 нөхрийг ажил гацаагаад байна гээд байх юм. Үнэндээ эрх баригчид буюу олонхийг бүрдүүлж байгаа 50 гишүүн 2012-2013 онд бидэнгүйгээр яваад, хүч түрээд л ирсэн шүү дээ.

-МАН-ын ахмадууд буюу ахиад төрд ажиллахгүй байх магадлалтай хүмүүс Засгийн газарт хамтарч ажиллах хүсэлтэй байна гэдэг мэдээлэл цацагдаж байсан?

-Бид хамтрах ёстой гэж намынхнаа шахаж шаардаад байгаа зүйлгүй. Энд тэнд чих дэлссэн яриа явж байдаг. Бид үүнийг шийддэггүй. Үүнийг МАН-ын Бага хурал төлөөллийн төв байгууллага шийддэг. Гэхдээ манай бүлгийн гишүүдийн хувьд хамтарна гэсэн бодолгүй байгаа. Нэг зүйлийг хэлэхэд 2009 онд С.Баяр дарга ажлаа Сү.Батболд сайдад өгч байсан. Тэр үед Н.Алтанхуяг тэргүүн Шадар сайд байсан. Тэгэхэд би “Албан тушаал, сандал ширээ бүрийг хуваана. Бид хамтарч байгаа учраас талыг нь манай нам авах ёстой гээд байх юм. Үүнтэй ижил 2012 оны сонгуульд хамт орж чадах уу. Сонгууль дөхөхөөр хаяад явчих юм биш биз дээ” гэж асуухад “Албан тушаалаа хуваалцаж байгаа юм чинь хариуцлагаа хамт хүлээнэ. Хөөсөн ч явахгүй” гэж УИХ-ын чуулган дээр хэлж байсан юм шүү. Ингэж хэлж 2004-2012 он хүртэл МАН-ыг олонхи байхад хамтарч ажиллачихаад өнгөрсөн сонгуулиар АН 31, бид 29 суудал авахад “Та нар яв, бид чадна” гэсэн учраас одоо чадах л хэрэгтэй. Чадахгүй бол хариуцлагаа хүлээ.

-Сүүлийн үед АН-ын фракцаас “Энэ засгийг унагаад хамтаръя” гэсэн санал ирэх болсон гэдэг үнэн үү?

-Тийм санал ирж байгаагүй. Н.Алтанхуягийг огцорвол хамтрах уу, үгүй юу гэж албан ёсоор яригдсан зүйл байхгүй.

-Бас та бүхний шаардлагаар төсвийг эргүүлэн татаад дахин өргөн барилаа. Яаж сайжирсан юм бэ. Хугацаа богиносоод байдаг. Төсвийн чанар яригддаг шүү дээ?

-Төсөв татагдаад зарим талдаа сайжирсан, зарим талаараа муудсан. Төсөв дээр тавьсан шаардлага гэвэл нэгдүгээрт Засгийн газрын бүтцийн өөрчлөлтийг оруулж ирээд УИХ баталлаа. 14 яамтай болж байгаа тул төсөв чинь ингэж өөрчлөгдөх ёстой гэдэг шаардлага тавьсан. Хоёрдугаарт малын хөлийн татвар нэмэгдүүлээд малчин өрхөөс хонин толгойд шилжүүлсэн хэлбэрээр татвар авна гэдэг буруу. Улаанбаатар хотод ажилгүй олон иргэн байгаа. Энэ үед нь буюу зээлээр машин аваад халтуур хийгээд явж байгаа хүмүүсийн татварыг хоёр дахин нэмэгдүүлж болохгүй. Мөн Улаанбаатар хотод амьдарч байгаа иргэдийн буюу хотын татвар гэж бий болгох шаардлагагүй. Дараа нь үл хөдлөх хөрөнгийн татвараар хашаа байшингаас хүртэл татвар авч эхэлбэл яаж төлөх вэ. Хямаралтай үед ард иргэдийнхээ халаас руу гар дүрж болохгүй гэсэн үүднээс төсвөө эргүүлэн татахыг манай бүлэг шаардаж татуулсан. Тийм их зээл авчихаад улс орноо хөгжүүлж чадаагүй байж авсан зээлээ эргээд төлөхдөө ард иргэдийн нуруун дээр ачаа үүрүүлэхгүй шүү гэдгийг анхнаасаа эрх баригчдад хэлж анхааруулж ирсэн.

-Тэгвэл дордуулсан зүйл нь юу юм?

-Өнөө өглөө (баасан гариг) өргөн барьсан. Чуулганы танхимд ороход гарт 510 хуудас материал өгсөн. УИХ-ын гишүүд хэлэлцэх асуудлын материалыг багаар бодоход гурав хоногийн өмнө аваад уншиж танилцсан байх ёстой. Дахин өргөн барьсныг нь уншиж амжаагүй байхад хэлэлцүүлэх гээд шахаад байдаг. Юуг дордуулсан бэ гэвэл Төсвийн тогтвортой байдлын тухай хуулийг зөрчсөн байна. Тус хуулиар Монгол нэгдсэн, нэгдмэл улс. Нэгдсэн нэг төсөвтэй байх ёстой гээд заасан байдаг. Гэтэл төсвөөс гадуур Чингэс бонд авч үнэ тогтворжуулах хөтөлбөр хэрэгжүүллээ. Эцэст нь ямар үр дүнтэй үлдэв. Тиймээс хуульд нийцүүлж яв гэж шаардсан. Эхлээд өргөн барьсан хуульдаа энэ бүхнийг нэгтгэсэн байсан. Татаж аваад дахин өргөн барихдаа дахиад салгачихсан. Ийм төсвийг УИХ хэлэлцэх болчихлоо.

-Төсвийн гадуурх мөнгийг төсөвт суулгахгүй оруулж ирж байгаа юм бол төсвийн алдагдал, өр зээлийн хэмжээ ямар байгаа юм бол. Өрийн босгыг нэмэх, төсвийн алдагдлыг тодорхой хугацаанд хоёр хувиас дээш байлгах хуулийн төслүүдийг өргөн барьсан байсныг одоо хэлэлцэх шаардлагагүй болсон гэсэн үг үү?

-Төсвийн алдагдал хоёр хувьдаа, өрийн хязгаарыг даваагүй. Нөгөө талдаа хууль зөрчиж байгаа. Хамт өргөн баригдсан хуулиудыг эргүүлэн татаагүй. Өмнө нь төсвийг цэг, таслал бүрээр нь хэлэлцэж баталдаг байсан. Гэтэл ирэх жилийн төсөв бөөн дүнгээр ороод ирсэн. Нэлээд яриа болох байх.

-Сүүлийн асуулт. Та УИХ дахь цөөнхийн бүлгийн даргын хувьд өчигдөр МАХН, АН хоёр хамтран ажиллах баримт бичигт гарын үсэг зурсныг юу гэж үзэж байна вэ?

-Хоёр намын хамтын ажиллагаан дундуур орж тайлбар хийх зохимжгүй ч МАН, МҮАН, Иргэний зориг зэрэг парламентад суудалтай олон намуудыг үл ойшоосон, хүндэтгээгүй үйлдэл боллоо гэж үзэж байна. Энэ гэрээ олон хүний анхаарлыг татаж АН-ын дотоодод ч асуудал үүсгэх шиг боллоо. Арга ч үгүй юм. “УИХ-д суудалтай намуудад төрөөс байр олгоно”, “Улс төрийн намуудыг өмч хөрөнгөтэй байхыг хориглоно”, “УИХ-д суудалтай намуудын санхүүжилтийг төсвөөс бүрэн олгоно”, “2016 оны сонгуульд нэг эвсэл болж ороогүй тохиолдолд нэг нэгнийхээ саналыг хуваахгүй”, “2016 оны сонгуульд нэг эвсэл болж орно”, “2016, 2020 онд аль ч намууд олонхи болоогүй бол АН, МАХН хоёр хамтарч Засгийн газраа байгуулна” гэх мэтээр ирэх 10 жилд хамтарч ажиллана, сонгуульд ялна, бусдад боломж олгохгүй, бүхнийг шахна гэх мэт анхаарал татах олон заалтаа зарлаад байхад чинь олон түмэн татагдан орох нь гарцаагүй. Бодвол энэ гэрээг байгуулах асуудлаа ҮЗХ, намын бүлэг, кабинетын зарчмаараа хэлэлцүүлж, гишүүдээсээ асуусан л байлгүй дээ. Манай намын хувьд бол үүн шиг бусад намтай урт хугацаанд хамтран ажиллах асуудал байтугай богино хугацааны дотоод асуудлаараа ч Удирдах зөвлөл, Бага хурал, Намын бүлгээрээ ярилцаж хамтын шийдвэр гаргадаг.

Л.МӨНХТӨР