Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Гантулга: Нотолгоонд суурилсан бясалгалд суралцсанаар стресс, уур бухимдлаа тайлах боломжтой DNN.mn

СЭМҮТ-ийн сэтгэл засалч эмч Ж.Гантулгатай ярилцлаа.


-Нийгэм маань стрестэй байна гэж яригддаг. Удахгүй хичээл сургууль орж, хөл хөдөлгөөн нэмэгдэхээр нийгмийн стресс дагаад өсдөг үү?

-Стресс нь англиар хүчдэл гэсэн утгатай үг юм. Нэг талаасаа хүн стрессдэнэ гэдэг нь булчин чангарлын байдалд орохыг хэлж буй юм. Хүнд хоёр төрлийн булчин байдаг. Эхнийх нь хүний ухамсарт хөл гарын хэл яриа, хүзүү толгойн булчингууд шууд удирдагддаг. Мөн автомат мэдрэлийн систем гэж бий. Энэ нь зүрхний цохилт амьсгалын хэмнэл, хоол боловсруулах эрхтний тогтолцоо зэрэг юм. Маш олон төрлийн булчингаас хүн бүрддэг. Стресс хүн, амьтанд хоёуланд нь байдаг зүйл. Стрессийг тухайн тааламжгүй нөхцөл байдалд үзүүлж байгаа ерөнхий хариу урвал гэж үзэж болно. Стресс үүсгэж байгаа хүчин зүйлийг нь стрессор гэж нэрлэдэг. Стресс үүсгэх хүчин зүйлүүд нь тухайн хүнээс өөрөөс нь, нийгмээс, цаг уураас шалтгаалан олон янз байдаг. Цаг уурын эрс тэс уур амьсгал, хэт халах, хүйтрэх, үер, ус гамшиг, нийгмээс шалтгаалах нь утаа, замын түгжрэл, хүмүүсийн хоорондын харилцааны зөрчил, дэд бүтэцтэй холбоотой асуудлууд яригддаг. Мөн ажлын байрны ачаалал, бүтэц зохион байгуулалт, соёл, багаар хэр ажилладаг вэ зэргийг хамааруулдаг. Стресс үүсгэж байгаа хүчин зүйлүүдийг нэг хэсгийг нь хүн удирдаж чадах ч зарим хэсгийг нь удирдаж чадахгүй. Стресс бол амьдралын нэг салшгүй хэсэг. Үүнээс ангид амьдарна гэж байхгүй. Стресс хүнийг амьд байгааг, шинэлэг алхам хийх санааг өгч байдаг. Энэ нь хэт их байж болохгүй. Стресс ихэдвэл эмгэг, өвчин болно. Огт стрессгүй амьдрах хэцүү. Тохиолдож байгаа стрессийг яаж зохицуулах, даван туулах вэ гэдэг аргачлалд суралцах нь илүү бодитой болох юм. Бас зохиомол стрессүүд байдаг.

Ерөөсөө бүх юм болохгүй байна гээд л стресстдээд байвал тийм л дүр зураг харагдана. Аливаа зүйлийн сайхныг олж харж чадахгүй л гэсэн үг.

-Замын хөдөлгөөнд оролцож буй жолооч нар хоорондоо маш зохисгүй, ямаан омогтой харилцах юм. Тухайн хүнийг стресс ихтэй байна гэж үзэх үү, эсвэл соёлгүй, бүдүүлэг байгаагийн илрэл үү?

-Бид байгаа орчиндоо дасан зохицох ёстой. Түгжрэлээс болоод уурлаж, бухимдаж, стрессдээд явах юм бол тухайн хүмүүсийн эрүүл мэндэд хортой, ахиад өөр бусад хүний сэтгэлийг тавгүйтүүлэх шалтгаан болно. Мэдээж замын хөдөлгөөнд оролцож түгжирснээр цаг зав, бинзен тосоо үр дүн муутайгаар зарцуулж байгаа нь үнэн. Уурлаад энэ асуудалд хувь нэмрээ оруулах нь маш бага юм. Түгжрэлтэй үед яаж асуудлуудаа шийдэх вэ гэдгийг бодох хэрэгтэй. Дулааны улиралд менежмент хийж, автобусанд суух, дугуй, скүүтер унах, алхах зэргээр шийдэж болж байна. Нийгмийн бухимдал их байгаа учраас хүмүүс хоорондоо ойлголцоход хэцүү болж буй. Мөн хүмүүс тайвширч, стрессээ бүрэн зохицуулж сураагүйтэй ч холбоотой.

Суурин амьдралын хэв маягаар амьдарч буй нөхцөлд тухайн газрынхаа соёл, амьдралын хэв маягт суралцах. Нэг хүний хүссэнээр болохгүй учир олныхоо жишгийг дагаж, улам соёлжиж, аливаад хүлээцтэй хандаж сурах хэрэгтэй. Хүн юунаас болж стрессдээд байгаагаа өөрөө мэдэхгүй байх нь элбэг. Тиймээс өөрийнхөө стрессдээд байгаа шалтгаануудыг олсноор стресст өртөхгүй байх гаргалгааг хайж болох юм. Хүн шууд бодсон санаснаа шүүлтүүргүйгээр хэлнэ гэдэг сэтгэл зүйгээ удирдаж чадахгүй байгаагийн нэг илрэл. Хүн стрессдэж болно, түүнийгээ хэн нэгэнд гаргана гэдэг тийм оновчтой зүйл биш. Уурласан хүнээс зөв шийдэл гарах нь бага. Стресс, уур бухимдал нь богино хугацаанд үүсэхэд сэтгэлийн хүчтэй цочролыг өгөөд хэлэхгүй үгээ хэлэх, хийх ёсгүй үйлдлээ хийхэд хүргэдэг. Стресс, уур бухимдал удаан үргэлжилбэл мэдээж эрүүл мэндэд сөрөг нөлөө үзүүлдэг. Сэтгэл зүй тайван байх нь нийгмийн хөгжил, тухайн газрын зан заншил, хүмүүсийн амьдралын хэв маяг, үзэл бодол гээд маш олон зүйлийн бүрдлээс үүсдэг.

Төр засгаас монгол хүний сэтгэл санааг яаж илүү тайван байлгах, аз жаргалын индексийг нэмэгдүүлэх вэ, тавьсан замаас эхлээд хүний хэрэглэж байгаа бүхэн ээлтэй байх бодлого үгүйлэгдэж байна.

-Нэг хүний стресс нийгмийнх болж хувирдаг. Хүний эрүүл мэндэд стресс хэрхэн нөлөө үзүүлэх вэ?

Ер нь тийм. Асуудал байгаа тохиолдолд битгий стрессд гэж хэлэхэд хэцүү. Өдөр бүр өндөр стресстэй явах нь эрсдэлтэй. Зүрх судасны болон сэтгэцийн эмгэг үүсэх гээд олон өвчний үндэс болдог. Стресстсэнээс тамхи татах, архи дарс хэрэглэх гээд сөрөг үр дагавар нь дундаж наслалтад, аз жаргалтай амьдрах амьдарлын чанарт ч нөлөө үзүүлдэг.

Стресс, уур бухимдлаа удирдаж сураагүй бол Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төв болон мэргэжлийн хүмүүст хандах нь зүйтэй. Манай төвийн 1800-2000 гэдэг дугаар руу холбогдож, өөрт хэрэгтэй зөвлөгөө авч болно. Бусдад болон өөртөө хор хөнөөлгүйгээр зөв аргаар стрессээ гадагшлуулах шинэ аргад суралцах хэрэгтэй. Нийгэм хөгжихийн хэрээр сэтгэл зүйн эрүүл мэндийн боловсрол зайлшгүй байх ёстой. Насан туршийн боловсрол олгох гэдэгтэй адилхан бүх түвшний хүмүүст сэтгэл зүйн эрүүл мэндийн боловсрол олгох шаардлага зүй ёсоор тулгарч байна.

Оюун санаагаа тайвшруулах бясалгалтай холбоотой аргууд буюу энгийн иогийн дасгал хийж болно.

-Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд стресстэй хүмүүс хэр олон ирдэг вэ?

-Стресс их байвал эмнэлэгт хандах ёстой гэдгээ хүмүүс харьцангуй мэддэг болсон. Манайд стрессийн шалтгаант сэтгэцийн эрүүл мэндийн клиникийн тасаг гэж бий. Стресс, архаг ядаргаа, нойртой холбоотойгоор энэ тасагт хэвтэн эмчлүүлэх хүсэлтэй хүмүүсийн урт дараалал байнга үүсдэг. Эдгээр нь хүнд эмгэг биш ч тоохгүй орхивол алсдаа амьдралын чанарт сөргөөр нөлөөлдөг. Жишээ нь, тамирчдын хувьд аваад үзье л дээ. Сэтгэл зүй ямар чухал вэ гэдгийг тэдний амжилтаас шууд харуулчихаж байна. Сүүлийн үед сургуулиуд сэтгэл зүйчтэй болж буй нь давуу тал юм. Сэтгэл зүйчид хандах хүмүүсийн тоо нэмэгдэж байгаа. Амьдралын зөв хэв маягтай байх нь чухал. Сэтгэл зүйн зөвлөгөөг хүн авахад амар хялбар, ойр байхаар шийдэж, эрүүл мэндийн даатгалд оруулж өгөх хэрэгтэй. Стресстэй холбоотой эмгэгийн тасаг маань төлбөртэй. Харин архины асуудалтай хүн ямар ч төлбөр төлөхгүйгээр хэвтэн эмчлүүлэх боломжтой болсон. Сэтгэл зүй гэдэг төрөхөөс үхэх хүртэлх хугацаанд хүний чухал хэсэг байдаг. Гарц шийдэл хайж, санаачлагатай байх хэрэгтэй.

-Стрессээ тайлах энгийн аргуудаас дурдвал?

-Хүн бүр өөрийнхөө туршлагаар стрессээ зохицуулдаг. Дуртай зүйлдээ цаг зав гаргах. Стрессдэж бухимдаад хэцүү байгаа үедээ тэр үүсээд байгаа мэдрэмжээ ойр дотны хүндээ илэрхийлдэг байх. Мэргэжлийн хүнд хандах. Шинэ зүйлийг сурч мэдэх нь эрч хүчийг өгч, цэнэглэдэг. Ой мод, гол ус, цэвэр агаарт алхах нь хүнд тайвшралыг өгдөг. Дэлхийн олон оронд богино хугацааны бясалгалын аргачлалыг их ашиглах болсон. Английн 400 гаруй сургуулийн бага ангид богино хугацааны бясалгалын аргачлалыг заагаад эхэлсэн. Энэ стресс гэдэг зүйл эмх цэгцгүй бодлын урсгал. Хүн өөрөө ч мэдэлгүй түүндээ түүртээд яваад байдаг. Хүн богино хугацаанд сайн төвлөрөөд байхаар маш том стрессээ тайлах багаж зэвсэгтэй болж буй юм. Нотолгоонд суурилсан бясалгалд суралцана гэдэг стресс бухимдал асуудлаа маш сайн шийдвэрлэх, дотогшоогоо хөгжих, цоо шинээр юмыг харах боломжийг хүмүүст олгож байгаа. Наад захын стресс тайлах арга нь булчин суллах, амьсгалын дасгалууд байдаг. Үүнийг цахим ертөнцөөс харж болно. Энгийн гээд түүнийг тоохгүй орхиж болохгүй. Мөн аливаад төлөвлөгөөтэй хандаж сурах нь зөв. Аз жаргалтай байхын тулд хариуцлагатай байх хэрэгтэй.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Багш Б.Тунгалаг: Иог бол өөрийгөө таних хамгийн том гарц юм DNN.mn

Йогийн багш Б.Тунгалагтай ярилцлаа.


-Та анх яагаад йогоор хичээллэх болов. Йогийг та хэрхэн илэрхийлэх вэ?

Би 2016 оноос анх эрүүл мэндийн шалтгааны улмаас йогоор хичээллэх болсон. Савны гадуур жирэмсэн болоод, шарлаад, зүрх, нуруунд асуудлууд үүссэн. Би залуу хүн, тухайн үедээ яаж эрүүл, өвдөхгүй байх вэ гээд эрэл хайгуул хийж эхэлсэн л дээ. Мэс засалд ороод гарсныхаа дараа г эрийнхээ ойролцоох йогт очсон юм. Мэс засал хийлгэснээс хойш гурваас зургаан сарын дараа йогоор хичээллэж болно гэж багш маань хэлсэн. Гурван сар хүлээхдээ өөрийгөө бэлдсэн. Нуруу, хүзүүний гээд шаардлагатай бүх зургаа авахуулж, арав хоног бариа заслаар явсан. Мөн Гуравдугаар эмнэлэгт зүрхний мэс засалд орох гээд гурван удаа хэвтэж байсан ч ороогүй. Тэр үед н.Батбаатар гээд эмч маш үнэтэй зөвлөгөө өгсөн. “Чи зүгээр л уурлахаа боль, зүрхээ амраа” гэж хэлсэн нь йогоор хичээллэхэд дөхөм болсон. Би яаж уурлахгүй байх шалтгааныг өөртөө бүрдүүлэх вэ гэж их бодсон. Өөрийнхөө сэтгэлийг тайван байлгахын тулд би йогт явах болсноос хойш өдийг хүртэл нэг ч өдөр йогоо тасалж байгаагүй. Жирэмсэн байхдаа ч йогоо хийсээр л байсан. Биеийн булчин нь сулраад ирэхээр хүний бие цэгцрээд ирдэг. Өөрийнхөө жишээгээр харахад нэлээд олон жилийн дадал, зуршил, сахилга баттай байсны үр шим нь таваас дээш жилд илүү мэдрэгддэг юм билээ. Цаашлаад насан туршдаа йогоор хичээллэх нь маш үр дүнтэй гэж боддог. Өөртөө эерэг нөлөө үзүүлээд зогсохгүй бусдад түгээх нь зүйтэй юмаа гэж бодож, гурав дахь жилдээ йогийн багш хийж байна.

Багш болгон өөр. Йог гэдэг зүйл маш өргөн утгатай. Хүмүүс тал талаас нь харж, сайн зүйлийг нь бусдад түгээдэг. Хүн бүр өөр, өөрийн өнцгөөр хүлээж авдаг нь хүний давтагдашгүй шинж чанартай холбоотой. Миний авсан энэ сайхан мэдрэмжийг бусад нь ч гэсэн аваасай гэж хичээлээ заадаг.

Йогийн маш олон тодорхойлолт бий. Анхан, дунд гэхчлэн йог олон түвшинтэй. Хүмүүс зураг хараад л йог гэхээр хөдөлгөөн гэж ойлгож ирдэг. Хамгийн энгийнээр йогийг амьсгал, хөдөлгөөн, сэтгэл гурвын нэгдэл гэж ойлгож болно. Булчин шөрмөс нь чангарсан үед нэг асана буюу хөдөлгөөнд бариад амьсгалаа аваарай, гаргаарай гэхэд л амьсгалаа түгжчихээд байдаг. Энэ нь алдаатай хийж байна, дахин хийх шаардлагатай л гэсэн үг. Хөдөлгөөн хийж байхдаа амьсгалаа ажиглана. Уурласан үед хүний амьсгал дээр буюу хоолойд байгаад байдаг. Амьсгалаа тайван байлгах тусам булчин, шөрмөс сулардаг.

-Йог хийснээр хүний бие болоод сэтгэл зүйд ямар өөрчлөлт гарах вэ?

Хүн бүр өөр, өөрөөр тайлбарлах байх. Хүний бие организмд цусан хангамж нь сайн, чөлөөтэй урсаж байж гэмээнэ бие болоод сэтгэл санаа нь эрүүл байдаг. Йогийг тууштай буюу удаан хийснээр хүний цусан хангамж зөв урсгалдаа орох бүрэн боломжтой. Бидний амьдралын буруу хэвшил хэдхэн сар йог хийснээр арилахгүй. Йог хийж, өөрийн болгож, уян налархай болсныхоо хэрээр цусны урсгал сайжирч, дор хаяж хөл гарах дулаацах, толгой өвдөхөө больдог. Хүлээлтээ багасгаад тасралтгүй өдөр бүр йог хийх нь зүйтэй. Йог бол өөрийгөө таних хамгийн том гарц юм. Хүмүүсийг заавал йог гэлтгүй насан туршдаа хөдөлгөөнтэй байгаасай гэж хүсдэг.

-Йог хийхэд амьсгалаа хөдөлгөөнтэйгээ хослуулна гэлээ. Тодруулж хэлж өгөөч?

Зөв амьсгал авахад хүчилтөрөгч хамраар ороод хоолой, цээжний хөндий, хэвлий рүү буюу таван цулд очих юм. Өмнө нь хэвлийд орсон хүчилтөрөгч нь нүүрсхүчлийн хий болж, амьсгал гаргахад хэвлийгээс шахагдаад цээжний хөндий, хоолой, хамрын нүхээр буцаж гарах ёстой. Бид йог хийснээр амьсгалын энэ орж, гарч байгаа замыг ажиглах буюу хэвлийн хөндий рүүгээ гүн амьсгалж чадаж байна уу гэдгээ анзаарч, хөдөлгөөнөө хийхдээ бүрэн амьсгалаа авч, гаргаж чаддаг болох хүртлээ суралцана гэсэн үг. Эхний ээлжинд хамраараа амьсгалаа аваад амаараа гаргаж байгаад, дараа нь хамраараа буцаж гаргадаг болох нь чухал. Үүнийг хөдөлгөөнтэйгээ хослуулж, тухайн булчиндаа анхаарлаа хандуулах юм. Анхаарал хаана байна, түүн дээр эрчим энерги урсдаг гэж үздэг. Амьсгалаа мэдэрч сурах нь хамгийн чухал. Товчхондоо амьсгалаа зөв авч, хөдөлгөөнөө зөв хийснээр хүн эрүүлждэг. Олон хөдөлгөөнөөс илүү нарны мөргөл ч юмуу тогтмол нэг хөдөлгөөнөө хийх нь илүү үр дүн үзүүлэх боломжтой.

-Та ихэвчлэн өглөөний йог хичээллүүлдэг. Өглөөний йог хийх нь юугаараа онцлогтой вэ?

Өглөөний йог бүр илүү гайхамшигтай. Яагаад гэвэл хүнийг амьтан гэдэг талаас нь авч үзвэл хоол ундаа урд өдөр нь идлээ. Урд өдөр нь идсэн зүйл нь өнөөдрийн хоол хүнсийг олж идэх нөөц буюу өөх хэлбэрээр хүний биед хуримтлагдаж таргалалт үүсгэдэг юм байна. Тиймээс тэр өөхийг өглөө йог хийснээр шатааж, таргалахгүй, эрүүл байх боломжтой. Уг нь хүн гэдэг амьтан өглөө босоод хөргөгчнөөсөө юм авч иддэг биш хөдөлгөөн хийдэг байсан бөгөөд өвчлөөд байгаагийн цаад шалтгааны нэг нь энэ гэж хэлж болно. Хүн өглөө 05.40-07.40-ийн хооронд босоод биеэсээ бохирдлоо гаргах шаардлагатай. Бохирдол бол шингэн хэлбэртэй шээс, нус цэр, шүлс, нулимс гэх мэт. Эдгээр бохирдлуудыг гаргаснаар өвчний шалтгаан үүсэх нь бага байдаг. Энэ үед бүдүүн, шулуун гэдэс ч эрчимтэй үйл ажиллагаагаа явуулж, өтгөн буюу бохирдлыг гаргахад бэлэн байдаг. Өглөө бүр бохирдлоо гаргаад сурчихаар өтгөн ч хатах нь багасдаг. Өглөө эрт босох зорилгоо ойлгох нь мэдээж чухал. Энэ цагт дасгал хөдөлгөөн хийдэггүй юмаа гэхэд унтаа, хэвтээ биш сэрүүн, босоо байрлалд ядаж байх хэрэгтэй.

Цаг болгоны йог өөр, өөрийн гэсэн онцлог шинжтэй. Өглөөний йог нь илүү хүнд үр дүнгээ өгдөг. Хүн унтаж амарсан учраас өглөө булчин нь илүү суларсан байдаг. Хүн өглөө сайхан тайван байхдаа бохирдлоо гаргасныхаа дараа йогоор нэг цагийн турш хичээллэхэд тэр үеийнхээ эрчим энергиэ өөрийн биедээ илүү шингээж авдаг. Тиймээс хүн өдрийн турш эрч хүчтэй, бүтээлч байдаг.

Оройны йогт явахад биеийнхээ булчинг суллаж, ядаргаагаа тайлах онцлогтой. Ядаргаагаа тайлахаар өөртөө эрчим энерги нэмж чадахгүй байх талтай. Өглөөний йогт явснаар илүү эрүүл болно. Хүний эрүүл байх тулгын гурван чулуу бол нойр, хөдөлгөөн, хооллолт сэтгэл зүй. Эдгээрийг тэнцвэртэй байлгаж, зэрэг хөрөнгө оруулалт хийж явснаар эрүүл саруул, эрч хүчтэй, баяр баясгалантай байх боломжтой.

-Йогоор хичээллэхэд ямар нэг хоолны дэглэм барих уу?

Хүн эхлээд өөрийгөө ажиглаж сурах хэрэгтэй. Хийн, шар, бадганын аль төрлийнх нь хүн бэ гэдгээ мэдэх юм. Өөрийнхөө хувьд тэнцвэртэй хооллолт гэдэг юу вэ гэдгийг мэдэж, хэвшүүлэх хэрэгтэй.

-Хүүхдийн йогийн талаар тодруулахгүй юу?

Хүүхдийн йог гэхээр мөн л амьсгал, хөдөлгөөн хоёрын нэгдлийг хэлнэ. Хүүхдүүд томчуудыг бодвол сэтгэл зүйн хувьд харьцангуй тайван. Хүүхдэд багаас нь амьсгалыг нь зөв дадуулахаар тархины цусан хангамж нь сайжраад илүү юмыг ойлгодог, бүтээлч болдог. Өөрийгөө илүү анзаардаг. Мөн өөрийгөө мэдэрч сурахыг багаас нь хүүхдүүдэд сургах шаардлага бий. Йогийн холбоо, Боловсролын яам хамтарч ажиллах талаар ярилцаж байгаа. Хүүхдүүд йог хийхэд одоохондоо мэдэгдэхгүй ч гэсэн цаашдаа маш үр өгөөж өндөртэй зүйл юм. Йогийг хүүхдэд зориулан тоглоомын аргаар явуулж болдог. Йогийн үеэр нэг хүүхэд маш их унтсан тохиолдол гарч байсан. Дэлгэцийн хамаарлаас үүдээд томчуудаас дутахаар гүй стресстэй хүүхдүүд ч байдаг. Йог хийгээд байхаар хүүхэд сайн унтаж, амарч чаддаг болдог. Йогт насны хязгаар байхгүй. Учир нь бүх насны хүнд хөдөлгөөн маш чухал шүү дээ.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл туслах-ангилал

Эмч Б.Бямбабаяр: Хүүхдүүд давсагны үрэвслээр өвдөх нь ихэсч байна DNN.mn

Хүүхдийн дүрс оношилгооны эмч Б.Бямбабаяртай ярилцлаа.


-Бөөр, давсагны үрэвсэл буюу циститийг эмэгтэйчүүдэд ихэвчлэн тохиолддог гэдэг. Цистит хүүхдүүдэд элбэг тохиолдож байгаа нь юутай холбоотой вэ?

-Цистит буюу давсагны үрэвсэл нь бөөр, шээсний замын өвчин юм. Давсагны үрэвсэл дан ганц эмэгтэй хүнд ч тохиолддог юм биш. Эрэгтэйчүүд ч гэсэн давсагны үрэвслээр өвддөг. Өгсөх замын халдвар, доороосоо даарах зэрэг нь давсагны үрэвсэл үүсэх үндсэн шалтгаануудын нэг юм. Хүүхдийн давсагны үрэвсэлд гол нөлөө үзүүлж байгаа нь шингэний дутуу хэрэглээтэй шууд холбоотой. Хүмүүс шингэн гэдгийг ундаа, цай, бүх төрлийн уух юмнуудыг ойлгодог. Шингэнийг зөвхөн ус л нөхдөг. Хүүхдүүд усны хэрэглээ багатай. Мөн сүүлийн үеийн хүүхдүүдэд шээсээ тэвчих гэдэг зүйл ажиглагдах болсон. Ялангуяа хүлээн авахаар хандаж, үзүүлж байгаа хүүхдүүдийн дунд хоол боловсруулах, бөөр шээсний замын эмгэгүүд түгээмэл зонхилж байгаа. Хүүхдийн өвчлөл дундаа давсагны үрэвсэл ихэсч байна.

-Бөөр шээсний замын өвчлөлөөр хүүхдүүд өвчилж байгаагийн цаад шалтгааныг тодруулбал?

-Хүүхэд шээсээ тэвчих, шингэн юм уухгүй, бодисын солилцоо явагдахгүй байгаагаас үүдэлтэй. Бодисын солилцоо гэдэг нь бие махбодид хэрэгцээт бодисыг үүсгэн шингээх, хэрэггүйг задлан зайлуулах эсрэг, тэсрэг хоёр үйл ажиллагаа тасралтгүй явагдаж байх бөгөөд тэдгээрийн нэгдлийг хэлдэг. Хүн биеэсээ хороо гадагшлуулах ёстой. Шээс бол эцсийн бүтээгдэхүүн. Түүнийг биеэс гаргах ёстой байтал барина гэдэг дараагийн хүндрэлийг үүсгэх эрсдэлтэй.

-Хүүхдүүд шээсээ тэвчих болсон шалтгааныг та сургуулийн завсарлагааны цаг хангалттгүй, ариун цэврийн өрөө бохир байдаг зэрэгтэй холбон тайлбарласан байсан. Энэ талаар тодруулбал?

-Биднийг хүүхэд байхад хичээлийн их завсарлагаа 10 минут, бусад нь тав, таван минут байлаа. Тэр таван минутад ангийн бүх хүүхэд ариун цэврийн өрөө орж амждаггүй байсан. Эрэгтэй хүүхдүүд харьцангуй гайгүй. Ялангуяа эмэгтэй хүүхдүүдэд шээсээ тэвчих асуудал илүү үүснэ. Хэдий цэвэрлэдэг ч гэсэн олон хүүхэд нэг дор бие засахаар үнэр танар, ариун цэвэр талаасаа горим алдагддаг. Их завсарлагаанаар ариун цэврийн өрөө  орж чадахгүй бол хичээл тартлаа шээсээ тэвчиж байх жишээний. Ихэнх хүүхдүүд ялангуяа өсвөр насны охид шээсээ маш их тэвчдэг юм билээ. Шээсээ тэвчээд байгаагийн шалтгааныг асуухаар багш гаргадаггүй, уурладаг, завсарлагаа хүрэлцдэггүй, ариун цэврийн өрөө заваан байдаг гэх шалтгаануудыг хэлдэг. Зарим үед ариун цэврийн өрөө нь цоожтой байх нь бий. Үйлчлэгч нарын зарим нь ааштай, ялангуяа бага насны хүүхдийг ариун цэврийн өрөө оруулахгүй уурладаг. Энэ мэтчилэн ариун цэврийн өрөөний хүрэлцээ муу, завсарлагааны цаг богино зэрэг нь сургуулиас хамааралтай асуудал юм. Хүүхдүүдийн хувьд өөрсдөөс, эцэг эхээс нь хамаарах зүйл мэдээж маш их. Өглөө бослоо. Өглөөний цай битгий хэл бүр балга ус ч уухгүй гэрээсээ гарч байгаа хүүхдүүд их байна. Эцэг, эх нь өөрсдөө өглөөний цай ууж хэвшиж, дадаагүй бол хүүхдүүддээ өглөөний цай уулгана гэж байхгүй. Өглөө бүр тойрч суугаад цайгаа уугаад, хүүхдэдээ ус уухыг зөвлөж байвал тэр эрүүл гэр бүл юм. Өөрсдөөс болон сургуулиас шалтгаалах зүйлүүдээ шийдээд явахгүй бол алсдаа бөөр шээсний замын эмгэгүүд үүсэх нөхцөл нь амьдралын хэвшлээс үүдэж байна.

-Бөөр, шээсний замын өвчлөлөөс урьдчилан сэргийлэхийн тулд юун дээр анхаарах вэ?

-Шингэний хэрэглээ маш чухал. Хэдэн зуун мянган хүүхэд дотроос уух усаа бариад явдаг нь ховор. Ээж аав нь ч уугаарай гээд ус өгөөд явуулах нь ч тийм их биш. Сургуулийн орчинд хүүхдүүдэд ус уух боломжоор хангах, бодисын солилцоо явагдаад шингэн гадагшлах нөхцөлийг мөн бүрдүүлж өгөх хэрэгтэй. Хүүхдээс эхлээд эцэг, эх, багш, сургуулийн захиргаа, Боловсролын яам гээд бүхий л хүмүүс энэ асуудалд анхаарал хандуулах нь зөв юм. Эхний ээлжинд нэг ангийн түвшинд ярилцаад эмч, багш эцэг, эхчүүд хамтран туршилт хийж үзэж болно. Хүүхдүүдийн шингэний хэрэгцээ бүрэн хангагдсанаар анхаарал төвлөрөх, хичээлдээ оролцох байдалд нь ямар өөрчлөлт, үр дүн гарч байгааг судалж үзэх хэрэгтэй.

Хэрвээ та хүүхдийнхээ бөөрийг өвтгөхгүй байя гэвэл бодисын солилцоог нь сайжруул, доороос нь дааруулахгүй байх. Бөөр бол ялгаруулдаг эрхтэн. Шингэний хэрэгцээ бага байх тусам өвчлөх магадлал өндөртэй. Бусад эрхтнүүдээс бөөр рүү дамждаг өвчнүүд ч бий. Усаа л сайн уух хэрэгтэй. Шүд өвдсөнөөс болоод шууд бөөр өвдлөө гэж үзэхгүй. Гэхдээ хүний биеийн эрүүл байх тогтолцооны хамгийн гол чухал зүйл нь амны хөндий эрүүл байх явдал юм.

-Давсагны үрэвслээр өвдсөн хүүхдүүдэд ямар шинж тэмдэг илрэх вэ?

-Хамгийн эхэнд дутуу шээнэ. Шээсний дараа дутуу шээсэн мэдрэмж төрнө. Ойр, ойрхон дүлж шээнэ, давсаг руу шархирч, шээхэд хорсож өвдөнө. Шээсний өнгө, үнэр өөрчлөгдөнө. Бага насны хүүхдүүдийн хувьд шээж чадахгүй уйлдаг. Энэ үед нь шээсний шинжилгээ өгч, давсгандаа дүүрэн шээстэй эход үзүүлэх хэрэгтэй. Эхогоор юу үзэх вэ гэхээр давсагны бүтцийг хардаг. Давсагны доторх хана, шээс нь шингэн эсвэл өтгөн байна уу гэж үздэг. Шээсний шинжилгээгээр бактер, үрэвсэл зэрэг нь илэрдэг. Ер нь бактерын шалтгаант үрэвсэл их бий. Шээсний сүвээр бактер ороод л өгсөх замын халдвар үүсч байгаа юм. Хүүхдийн эмчдээ үзүүлж, шинжилгээний хариунд үндэслэн эмчилгээ хийлгэнэ. Шээсээ хүрэхээр л шээх хэрэгтэй. Бид ч гэсэн ажлаасаа болоод шээсээ хүрч байсныг мартчихдаг. Хүүхдүүд тоглож байгаад л шээхээ мартчихдаг. Тиймээс бага насны хүүхдийн шээс хүрэх бүрд нь эцэг, эхчүүд шээлгэж сургамаар байна. Хувийн ариун цэврийн асуудал ч яригдана.

-Цэцэрлэгийн нэг багш “Эмэгтэй хүүхдийг бие засаад, арчиж байхыг харснаас эрэгтэй хүүхдийг арчихыг харж байгаагүй ч энэ удаа харлаа” гэж ярьж байсан. Ер нь яах ёстой вэ?

-Эмэгтэйчүүд ч гэсэн эрэгтэй хүмүүсийг хараад гайхах хандлага гаргадаг л даа. Яагаад энэ нь зөв бэ гэхээр умайн хүзүүн хорт хавдар үүсгэгч папиллома вирусыг тээгч нь эрэгтэй хүн. Тэр вирус нь эрэгтэй хүний бэлэг эрхтний шодойны малгайн ар талд байж байдаг. Эрэгтэй хүүхдүүдэд сууж бие засахыг зөвлөх хэрэгтэй. Зогсож, суух нь ялгаагүй ч гэлээ сууж байгаад шээх нь түрүү булчирхайд илүү үр дүнтэй. Ариун цэврийн хувьд ч сайн талтай. Тиймээс эрэгтэй, эмэгтэй гэлтгүй хүүхдүүдийг багаас нь шээснийхээ дараа бэлэг эрхтнээ угааж, арчиж байхыг зааж, зөвлөх нь зүйтэй.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Б.Наранбаатар: Орон нутгийн нислэгийн асуудлаас болж, зарим аяллууд цуцлагдаж байна DNN.mn

Засгийн газар 2023-2025 оныг “Монголд зочлох жил” хэмээн албан ёсоор зарласан билээ. Өнгөрсөн онд манай улсад 651.061 жуулчин ирснээр 1.2 тэрбум ам.долларын орлогыг аялал жуулчлалын салбарт оруулжээ. Энэ нь нэг сая жуулчин хүлээн авах зорилгодоо хүрээгүй ч Цар тахлын үетэй харьцуулахад өндөр үзүүлэлт байв. Энэ он гарсаар одоогийн байдлаар 528 мянган жуулчин Монголд ирээд буй аж. 2024 онд монгол Улс 1.3 сая жуулчин хүлээн авна гэж төлөвлөжээ.

Аялал жуулчлалын салбарын өнөөгийн нөхцөл байдлын талаар энэ салбарын төлөөлөл “Монголиан Байкинг Экспертс” ХХК-ийн захирал Б.Наранбаатартай ярилцлаа.


-Танай компанийн хувьд аялал жуулчлал дундаа аль чиглэлээр нь түлхүү үйл ажиллагаагаа явуулдаг вэ?

-Миний хувьд 2005 оноос аялал жуулчлалын салбарт ороод өдийг хүрч байгаа. Өөрийн компанийг байгуулаад ихэвчлэн тусгай сонирхлын унадаг дугуйн аяллын чиглэлээр хоёр дахь жилдээ үйл ажиллагаагаа явуулж байна. Тогтмол дугуйн аялал зохион байгуулж буй тав хүрэхгүй цөөхөн компани бий. Тусгай зориулалтын аялагчдын тоо өндөр биш л дээ. Манай компанийн хувьд дугуйн аяллаар 90 гаруй хүнд үйлчлээд байна. Энэ жилийн хувьд 130 орчим дугуй сонирхогч аялагчдад үйлчлэхээр төлөвтэй байгаа.

Дугуйн аялал ихэвчлэн дулааны улиралд явагддаг ч бидний хувьд жилийн дөрвөн улиралд дугуйн аяллыг хийдэг. Өвлийн дугуйн аялал гэхэд Туул голын мөсөн дээр болдог. Хоёрдугаар сарын сүүлээр “Мөсний баяр” дээр Хөвсгөл нууранд хойд зүгээс урд зүг хүртэл хоёр өдрийн дугуйн аялал зохион байгуулдаг. Өвөл мөсөн дээр дугуй унаж байгаа учир дугуй нь зориулалтын буюу хадаастай, гадарга нь хальтирдаггүй байх юм.

Мөн жийптэй, өндөр уул болон хадны авиралт, цанаар аялах зэрэг тусгай зориулалтын болон явган, морин гээд бүх л төрлийн аяллыг аялагч нартаа санал болгодог.

-Монголд энэ жил хэр олон жуулчин ирэхээр байна. Таны харж буйгаар 1,3 сая жуулчин хүлээж авах зорилтод хүрэх болов уу?

-Одоогийн байдлаар 500 гаруй мянган жуулчин Монголд ирсэн байна гэх статистик тоо. Он гартал дөрвөн сарын хугацаа бий. Энэ хугацаанд хэдэн зуугаар жуулчдын тоо нэмэгдэх байх. Жуулчдын тоо нэг саяд хүрэх эсэхийг мэдэхгүй. Уг нь манай улс нэг жилийн хугацаанд нэг сая жуулчин хүлээж авах боломжтой. Зуны гурван сарын хугацаанд нэг сая жуулчин хүлээж авна гэвэл хүндрэлтэй. Говиор аяллаа гэхэд амрах баазуудын ор хоногийн тоо хэд билээ, хүрэлцээ муутай.

-Таны харж байгаагаар аялал жуулчлалын салбарт ямар, ямар асуудлууд байна вэ?

-Тусгай сонирхлын аяллыг хобби руугаа чиглэсэн, дурласан хүмүүс илүү сонгодог. Ерөнхий аяллыг сонирхогчид маш өндөр байгаа. Зүүн өмнөд Азийнхан болон хонконгчууд, солонгосчууд маш ихээр Монголд ирж байна. Европуудын хувьд сүүлийн хоёр жил манайд ирэх нь эрс багассан. Оросоос хамааралтай байж ч болно. Монголд ирэх нислэгийн үнэ нь энд ирээд 10 хоног аялах үнэтэйгээ адилхан болсон нь нөлөөлж буй.

Зарим үед жуулчид маш богино хугацаанд олноор ирж, бөөгнөрөл үүсгэж байна. Амралтын газар, баазууд дээр очиход ор хоногийн тоо хүрэлцэхгүй. Аялал жуулчлалын компаниуд стандартаа мөрдөхгүй байна. Өдөрт туулах киломертийг заасан байдаг. Тухайн жолооч өдөрт 500 километроос дээш явахгүй гэдэг ч түүнээс илүү хол зайнд явуулж байна. Азиуд бага хугацаанд их юм үзэхийг хүсч, тухайн баг хамт олны хүмүүсийг хайрлахгүй байгаа юм. Аялал жуулчлалын холбоо, удирдлагууд хөтөч, хүний нөөц рүүгээ чиглэсэн ажлуудыг хийхгүй бол чадавх муугаас гадна хүн хүчний хомсдолд маш их орж байна. Тээврийн хэрэгслийн бүрэн бүтэн байдал, стандартыг мөрдөж ажиллахгүй байх зөрчлүүд ч ажиглагдаж байгаа. Тусгай сонирхогчдын аяллын хөтөч бүр ховор.

Жил бүр хамгийн хэцүү нь ариун цэврийн асуудал байсаар ирсэн. Бидний хувьд замд явахад хоёр цаг тутамд жуулчдаа бие засуулах ёстой байдаг ч зогсоход маш хүндрэлтэй, Ариун цэврийн газар олдохгүй. Шатахуун түгээх станцуудын ариун цэврийн өрөөг ашигладаг. Ариун цэврийн өрөө их бохир, зарим нь цоожтой. Дугуйн аяллын хувьд зөөврийн душ, ариун цэврийн өрөөг ашиглаад явчихдаг.

-Наадмын үеэр жуулчдад тасалбар олдохгүй байна гэх асуудал гарч байсан даа.

– Наадмын тасалбар жил бүр тулгамддаг асуудлын нэг. Стадион 12 мянган суудалтай. Жуулчдаас наадмын нээлт үзэх 8000 гаруй хүсэлт ирсэн. Аялал жуулчлал руугаа чиглэсэн 2000 тасалбар гаргасан байдаг. Наадмаас хоёр, гуравхан хоногийн өмнө орой нь дахин тоглоно гэж хэлж байгаа юм. Энэ нь бүр жилийн өмнө яригдах асуудал юм. Наадмаар жуулчиндаа тоглолтуудаа зориулж, давхар тоглох хэрэгтэй. Ирэх жилийн борлуулалт арав, арваннэгдүгээр сард хийгддэг. Эрийн гурван наадмыг дэлхий даяараа сонирхож ирж байна. Даанч тасалбар нь олдохгүй. Шагийн билетийн үнэ нь өссөн. Нэг билетийг 300-400 мянгаар авсан. Билетийн асуудлыг маш эрт тодорхой болгох шаардлага тулгарч байна.

Мөн орон нутгийн нислэгийн асуудлыг дурдахгүй өнгөрч боломгүй. “Айра Монголиа” ХХК дотооддоо нислэг үйлддэг байсан ч болилоо. Одоо “Хүннү эйр” ХХК нислэг үйлдэж байна. Бүргэдийн баяр аравдугаар сард болно. Билет олдохгүй, баларч байна. Цөөхөн компаниуд нислэгийн суудал авсан байна. Автобусаар жуулчдаа аваад явалтай биш. Хэдэн компани нийлж чартер нислэгээр явахаар болоод байна. Чартер нислэг нь энгийн нислэгээс хамгаагүй үнэтэй. Энгийн нислэг нь ирэх, очих 800 мянган төгрөг, чартер нь хоёр талдаа 2,2 сая. Томоохон эвентүүд дээр төр бодлогоор дэмжээд хэд хэдэн орон нутгийн нислэгийг үйлддэг болгомоор байна. Олон жуулчин очлоо гэхэд байрлуулах орон байрын асуудлыг ч бодох ёстой. Бүргэдийн баярт хэдэн мянган жуулчид очих боломж байгаа ч даанч нислэг байхгүй. Нислэгийн асуудлаас болж, зарим аяллууд цуцлагдаж байна. Өвөл тайгын аяллууд эхэлдэг. Нислэгүүд бас л дутагдалтай. Нислэгээ нэмээд өгвөл аялал жуулчлалын компаниуд борлуулж чадна. Монгол Улсыг зорих жуулчдын тоо хэзээ ч буурахгүй. Аялал жуулчлалын компаниуд стандартаа мөрдөж, хариуцлагатай хандаж, жуулчдынхаа сэтгэл ханамжид анхаарч, үйлчилгээгээ тултал үзүүлж, хүний нөөцөө маш сайн чадавхжуулах хэрэгтэй. Нэг асуудал гарахад тухайн компани биш Монголын нэр гарна. Гадныханд үйлчилж байгаа хүмүүс сэтгэлтэй, мэргэшсэн баймаар байна.

Д.Пүрэвдорж: Гадаадын жуулчдын хувьд Монголын говь, хангайг үзэхээс гадна бүхий л газрыг үзэх сонирхолтой ирдэг


“Одко трэйвэл” аялал жуулчлалын компанийн жолооч Д.Пүрэвдоржоос зарим зүйлийг тодрууллаа.


-Та хэд дэх жилдээ жуулчлалын компанид жолооч хийж байна вэ?

-Би “Одко трэйвэл” аялал жуулчлалын компанид хоёр дахь жилдээ жолоочоор ажиллаж байна.

-Та одоо хаашаа, аль улсын жуулчинтай явж байна?

-Би Герман улсын гурван жуулчинтай хотоос гараад 13 хоног аялж байна. Говийн нутгаар тойроод яг одоо Хөвсгөл рүү аяллаа үргэлжлүүлж явна. Маршрутын дагуу өнөөдөр (өчигдөр) Тэрхийн цагаан нууран дээр, маргааш (өнөөдөр) Хөвсгөлийн Шинэ- Идэр сумын “Зүүн нуур” гэдэг газар, жуулчны баазад хононо.

-Гадаадын жуулчдаа аялуулаад явж байхад танд болон аялагчдад тулгарч буй ямар асуудлууд байна вэ?

-Янз бүрийн асуудал тулгардаг. Замын шалгалт, авто тээврүүд хэцүү. Хавар зөвшөөрлөө өгөхдөө удаж, хүлээлгэдэг. Танил талтай хүнд амархан зөвшөөрлөө өгчихдөг. Зөвшөөрлөө авахгүй явсан тохиолдолд торгууль их оногдуулдаг. Хөдөө орон нутаг тэр дундаа говийн сумдад бензин олддоггүй, олдсон ч үнэтэй. Амралт, жуулчны бааз, түр хоноглох газруудын хоол, хүнс, үйлчилгээ, ариун цэвэр дээр анхаарах, хөдөө зам дагуу бие засах газрууд, хогийн цэг дутагдалтай байна.

-Солонгосын “JTBC” телевизийн “Монгол дахь шуудан зөөгч” шоу нэвтрүүлгийн оролцогч тус улсын одуудыг аялуулах жолооч нарын бүрэлдэхүүнд та явж байсан гэсэн. Тухайн үеийн сэтгэгдлээсээ хуваалцахгүй юу?

-Ноднин Солонгосын жүжигчид, телевизийнхнийг Монголд ирж, нэвтрүүлгийн зураг авахад тав хоног хамт явж, аялуулсан. Миний хувьд мэдээж сайхан, сэтгэгдэл өндөр байсан. Монголынхоо үзэсгэлэнт байгаль, онгон дагшин байдлыг гадаадын жуулчдад үзүүлээд, тэдний харж, баясаж байгааг харах бахархалтай сайхан юм билээ.

-Монголд аль улсын жуулчид түлхүү ирж байна. Тэд Монголын ямар газрыг илүү үзэхийг хүсч байна вэ?

-Энэ оныг Монгол Улс “Аялал жуулчлалын жил” болгон зарласан болохоор дэлхийн бүх улсын иргэд манайд жуулчилж ирж байна. Аялал жуулчлалын үйл ажиллагаа явуулдаг их олон компани бий. Европ аялал жуулчлалын 430, Солонгос аялал жуулчлал хүлээн авдаг 128 компани байна гэх мэт судалгаа байна лээ.

Гадаадын жуулчдын хувьд Монголын говь, хангайг үзэхээс гадна бүхий л газрыг үзэх сонирхолтой ирдэг. Монгол орны байгалийн бүхий л онгон дагшин газрууд үзэсгэлэнтэй. Өөрсдийнх нь сонирхсон газар руу хүссэнээр нь явдаг. Нас, насны хүмүүс аялахаар ирдэг. Бүр жаахан хүүхдээ дагуулсан хүн, 70, 80 настай ахмад хүмүүс ч ирдэг. Зам дагуу цайны газрууд элбэг болж, орон, орны хоол хийдэг болсон нь давуу талтай.

-Монголоор аялаад буцаж байгаа жуулчдын сэтгэгдэл хэр байна вэ?

-Сэтгэгдэл өндөр байх шиг байна. Аялж дуусахаараа сэтгэгдлээ илэрхийлдэг. Манайх хавар дөрөвдүгээр сараас эхлэн аравдугаар сар хүртэл жуулчдаа Монгол орноороо тойрон авч явдаг. Миний жуулчин аваад гарах хугацаа харилцан адилгүй. Доод тал долоо хоног, нэг, хоёр хүнтэй ч явах тохиолдол бий. Энэ жилийн хувьд би 30 орчим жуулчин аялуулаад байна.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

“Саруул” төвд хонины ястай мах кг нь 19800, “Хүчит шонхор“ захад 11000-13000 төгрөгийн үнэтэй байна DNN.mn

Дэнжийн мянгад байрлах “Нарантуул-2” болон “Бөмбөгөр”, “Саруул” худалдааны төвүүдээс мах болон өргөн хэрэглээний хүнсний бүтээгдэхүүний үнэ ханшийг сурвалжиллаа. “Нарантуул-2” худалдааны төвийг эхлээд зорилоо. Гадна талбай дахь махны мухлагуудад хонины гулууз нэг кг нь 9.000-9.500 төгрөгийн үнэтэй. Хонины цул болон ястай мах нь хоёулаа кг нь ижил үнэтэй буюу 12.500 төгрөгөөр худалдаж байв. Хонины махыг гулуузаар зарах мухлагуудаас жижиглэнгийн худалдааны лангуунд хүмүүсийн хөл хөдөлгөөн их байлаа. Ямааны мах гулуузаараа кг нь 6.800, ястай нь 8.500, цул нь 8.8- 9.500 төгрөг. Тэмээний мах кг нь 10 мянган төгрөг байлаа.

Бод малын лангуунуудад үхрийн цул мах кг нь 14.5-17 мянган төгрөгийн хооронд байна. Үхрийн ястай мах кг нь 13 мянган төгрөг. Үхрийн хаа, гуя гээд махнаасаа шалтгаалаад үнэ нь өөр. Адууны махны хувьд ястай, цул нь адилхан нэг кг нь 10 мянган төгрөг.

Мөн 25 кг-ын гурилны хувьд “Улаанбаатар” нэгдүгээр зэрэг нь 55 мянга, “Өег” 48 мянга, “Хурх” 54 мянга, “Ургац” 45 мянга, орос нь 44 мянга. “Улаанбаатар” гурилын дээд зэрэг 25 кг нь 68000 төгрөг. Будаа 25 кг нь 72-95 мянга байна. Будааны нэг кг тутамд “бээжин” 3.000, “лидер” 3.500, шар будаа 2.500 төгрөг. Элсэн чихэр нэг кг нь 4.000 төгрөгийн үнэтэй байв.

Шинэ ургацын ногоог захын гаднах мухлаг болон доторх лангуунд харилцан адилгүй үнээр худалдаалж байсан юм. Захын гаднах мухлагууд нь арай хямд үнээр төмс, хүнсний ногоог худалдан борлуулж байв. Тодруулбал, зах дотор монгол, шинэ ургацын лууван кг нь 3.000, манжин, сонгино кг нь 3.500 байхад гадна мухлагуудад манжин, лууван, сонгино кг нь 2.500. Төмс дотор кг нь 1.800 бол гадна талд кг нь 1.500. Түүнчлэн гаднах мухлагуудад урт өргөст хэмх кг нь 3500, жижиг өргөст хэмх кг нь 1.000, улаан лооль кг нь 6000, тарвас кг нь 2.000 төгрөгөөр худалдаалж байсан юм.

Дараа нь “Саруул” худалдааны төвөөр орлоо. Махны лангуун дээр зүүн аймгаас ирсэн хонины ястай мах 19.800. Үхрийн цул болон татсан мах нь ижилхэн кг нь 26.500, ястай нь 24.500, үхрийн хэл кг нь 25.000 төгрөгөөр худалдаж байв.

Шинэ ургацын өргөст хэмх кг нь 5500, гурван янз болох улаан лооль үрлэн жижиг кг нь 15.000, дунд кг нь 13.000, том кг нь 9.500, төмс кг нь 2500, лууван, манжин, байцаа кг нь 3.500, сармис нэг ширхэг нь 1.800 төгрөг.

Худалдагч “Улаанбаатар нэгдүгээр гурил кг нь 2800, таван кг нь 14.800, 10 кг нь 28.000 төгрөг. “Улаанбаатар” дээд гурил дууссан. “Дорнод”-ын дээд гурил хоёр кг нь 6600. “Алтан тариа” нэгдүгээр гурил таван кг нь 13.700. “Хурх” 10 кг нь 41.000. Будаа таван кг нь 21 мянгаас дээш үнэтэй. “Sun­rice” будаа гурван кг нь 35 мянга гэх мэт янз бүр үнэтэй байгаа” гэв.

“Бөмбөгөр” худалдааны төвд гурил 25 кг нь 50 мянган төгрөгөөс дээш үнэтэй аж. “Улаанбаатар” нэгдүгээр гурил 10 кг нь 25 мянга, кг нь 2.600. “Алтан тариа” дээд кг нь 3.000, “Алтан тариа” нэгдүгээр гурил кг нь 2.400, “Хурх” нэгдүгээр гурил кг нь 2.700, цагаан будаа кг нь доод тал нь 3.400, гурвалжин будаа 4.500, шар будаа 3.000, элсэн чихэр кг нь 4.500 төгрөгийн үнэтэй байлаа.

Үхрийн цул мах кг нь 19.500, ястай нь 16.500, хонины ястай, цул махны үнэ адилхан кг нь 13 мянга. Адууны ястай мах кг нь 12.500 төгрөгөөр зарагдаж байв. “Саруул” болон “Бөмбөгөр” худалдааны төвүүдэд тэмээ болон ямааны махны лангуу ажиглагдсангүй.

Хүнсний ногооны лангуунд өргөст хэмх кг нь 8.000, улаан лооль кг нь 12.000, төмс кг нь 2.000, лууван, манжин, сонгино кг нь 4.000, байцаа кг нь 2.500 төгрөг байв.

Дээрх гурван захаас “Саруул” худалдааны төвд мах болон улаан лоолийн үнэ арай өндөр байлаа. Худалдан авагч эмэгтэй “Бусад захаас “Саруул” захын юмны үнэ арай илүү байдаг” гэсэн юм.

Мөн “Малчин лавлах-109” мэдээллийн төвийн мэдээгээр нийслэлийн “Хүчит шонхор” Дэнжийн мянга захад өнгөрсөн баасан гаригийн байдлаар:

Ямааны мах: Малчдаас авах үнэ кг нь 5.500-7.000, жижиглэнгийн үнэ нь 10.000-11.000

Хонины мах: Малчдаас авах үнэ кг нь 8.000-9.500, жижиглэнгийн үнэ нь 11.000-13.000

Үхрийн мах: Малчдаас авах үнэ кг нь 8.000-11.000, жижиглэнгийн үнэ нь 14.500-19.500

Тэмээний мах: Малчдаас

авах үнэ кг нь 6.500-7.500, жижиглэнгийн үнэ нь 10.000

Адууны мах: Малчдаас авах үнэ кг нь 6.000-7.000, жижиглэнгийн үнэ нь 9.500-10.500 төгрөгийн ханштай байна.

Түүнчлэн даваа гариг буюу энэ сарын 19-ны “Малчин лавлах-109” мэдээллийн төвийн “Эмээлт” амьд малын захын үнэ ханшийн мэдээг хүргэе.

Хонь: 100-250 мянга

Ямаа: 80-140 мянга

Үхэр: 1.2-2.3 сая

Тэмээ: 1.3-1.8 сая

Сарлаг: 900 мянгаас 1.5 сая

Адуу: 700 мянгаас 1.4 саяар худалдаж байгаа аж.

Харин Эмээлтийн амьд малын зах дээр хонь 200-450 мянган төгрөгийн үнэтэй байгаа гэж тус захын лавлах утасны оператор хариуллаа.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

О.Дашпагам: Хүний папиллома вирусийн халдварын эсрэг товлолт вакцинд 11 настай охид, хөвгүүдийг үнэгүй хамруулна DNN.mn

Хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакцинжуулалтын талаар ХӨСҮТ-ийн Дархлаажуулалтын албаны дарга О.Дашпагамтай ярилцлаа.


-Хүний папиллома вирусийн халдвар нь хүнд ямар хор нөлөөтэй вэ?

-Хүний папиллома вирусийн халдварыг авснаар эмэгтэйчүүдэд умайн хүзүүний хавдар үүсэх шалтгаан болдог. Эрэгтэйчүүдийн хувьд энэ вирусийн халдварыг авснаар ерөнхийдөө умайн хүзүүний хавдартай харьцуулахад тооны хувьд бага ч гэсэн зарим төрлийн хавдруудыг үүсгэдэг. Үүнд нь анус, шодойн хавдруудыг нэрлэж болно. Зарим улс оронд хүзүү толгойн хавдар бүртгэгдсэн тохиолдол бий.

-Энэхүү вирусийн халдварын эсрэг вакцин манайд хэзээнээс хийгдэж эхэлсэн бэ?

-Энэ хавдрын эсрэг вакцин нь манай улсад өмнө нь өвчлөл өндөртэй аймаг, дүүргүүдэд хийгдэж байсан.

Сайн дурын дархлаажуулалт гэж Дархлаажуулалтын хуульд зааснаар иргэн өөрөө төлбөрөө төлөөд хийлгэх зохицуулалтаар 2020 оноос эхлэн хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакциныг хийж ирсэн. Үүнээс гадна манай улс 2023 онд Дархлаажуулалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулж, заавал хийх товлолт вакцинд хүний папиллома вирусийн эсрэг тарилгыг багтаасан. Тус хуулийн 10.1-т “Заавал хийх дархлаажуулалтад сүрьеэ, халдварт саа, В вируст гепатит, пневмококк, хүний папиллома вирусийн халдвар, гахайн хавдар, улаануудын эсрэг сэргийлэх тарилга орно” гэж заасан.

2024 оноос эхлэн 11 настай охид, хөвгүүдээ энэ вирусийн халдварын эсрэг вакцинаар дархлаажуулах Үндэсний товлолт батлагдаж, хэрэгжиж эхлэх гээд бэлтгэл ажил хангаад явж байна.

Хүний папиллома вирусийн халдварын эсрэг товлолт вакцин гэдэг утгаараа үнэ төлбөргүй болсон гэсэн үг үү?

-Тийм. Монгол Улс бие даасан Дархлаажуулалтын тухай хуультай. Заавал хийх Үндэсний товлолт вакцинаар хүүхдүүдийг вакцинжуулснаар ирээдүйд үүсч болох халдвар, хавдруудаас сэргийлж байгаа юм. Үндэсний товлолт гэж хүүхдийг хэдэн настайд нь ямар төрлийн халдварт өвчнөөс сэргийлэх вакциныг хэдэн удаагийн тунгаар хийх вэ гэдгийг хэлж байгаа бөгөөд Монгол Улсын Засгийн газрын тогтоолоор баталдаг. Уг тогтоолыг 2023 онд шинэчлэн баталсан. Энэ тогтоолын дагуу Үндэсний товлолтоор 11 настайд нь хүний папиллома вирусийн халдвараас сэргийлэх вакцинаар дархлаажуулснаар ирээдүйд хүүхдүүд маань хавдраар өвдөх эрсдлээс сэргийлж буй юм.

-Тус товлолтын вакцин хэзээнээс хаана хийгдэж эхлэх вэ?

-Бэлтгэл ажил хангагдаж байгаа гэж түрүүн хэлсэн. Вакцинжуулалтыг эхлэхийн өмнө мэргэжлийн сургалтууд зохион байгуулагдана. Энэ оны гурав, дөрөвдүгээр улиралд хүний папиллома вирусийн халдварын эсрэг товлолт вакцинжуулалтын ажлыг зохион байгуулна. Дархлаажуулалтын нэгж болох сум, өрхийн Эрүүл мэндийн төвүүд дээр түшиглэж товлолт дархлаажуулалт маань явагддаг. Товлолт дархлаажуулалтыг харьяалал харгалзахгүйгээр сум, өрхийн эрүүл мэндийн төвүүд дээрээ хүүхдүүдээ дагуулж очоод үнэ төлбөргүй хийлгэдэгтэй яг адилхан зохион байгуулагдана. Үндэсний товлолтын хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакцин нэг удаагийн тунгаар хийгдэнэ.

Мөн энэ онд Дархлаажуулалтын зөвлөх хорооноос олон улсад өгсөн зөвлөмжид энэ вакциныг нэг, хоёр тунгаар хийх нь тухайн улс орнуудын шийдвэрээс хамаарна. Нэг, хоёр тунгийн хооронд нэг их ялгаа байхгүй гэж тусгасан байдаг.

-Үндэсний товлолтод заасан 11-ээс дээш насны хүүхдүүд уг вакцинд хамрагдах боломжтой юу?

-Вакцин үйлдвэрлэгчийн заавар бол их чухал байдаг. Энэ вакциныг есөн настайгаас хийж болно гэсэн үйлдвэрлэгчийн заавартай. Гэхдээ улс орон бүр өөрсдийн Үндэсний товлолтоор аль насныхнаа уг вакцинд хамруулах вэ гэдгээ шийддэг. 11-ээс дээш насны хүүхдүүд ХӨСҮТ-ийн Сайн дурын дархлаажуулалтын кабинетад төлбөрөө төлөөд вакцинд хамрагдах боломжтой.

-Насанд хүрэгчдийн хувьд хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакцинд хэрхэн хамрагдах вэ?

-Үндсэн товлолтод хамрагдахаас бусад 18 хүртэлх насны хүүхдүүдийг насны ангиллаас нь хамааруулан хоёроос гурван тунгаар үйлдвэрлэгчийн зааврын дагуу ямар нэг шинжилгээ шаардахгүйгээр сайн дурын дархлаажуулалтад хамруулж байгаа.

18-аас дээш насныхны хувьд хүний папиллома вирусийн халдвар авсан эсэхээ шинжлүүлэх шаардлагатай. Шинжилгээгээр уг вирусийн халдваргүй тохиолдолд сайн дурын вакцинжуулалтад хамрагдана. Ихэвчлэн 26 хүртэлх насанд энэхүү вакциныг хийлгэхийг зөвлөдөг.

-Вакциныг биеийн аль хэсэгт тарих вэ. Вакцин хийлгэсний дараа ямар шинж тэмдэг, зовуурь илрэх вэ?

-Вакцины дараахь ерөнхий хариу урвалууд гэж бий. Вакцин хийсний дараа тарьсан хэсэгт хавдах, халуурах шинж тэмдгүүд илэрдэг. Энэ нь хариу урвал багатай гарын булчинд тарьдаг вакцин юм.

Тухайн үед хүүхэд маань халдварт өвчнөөр өвдсөн, архаг хууч өвчин нь сэдэрсэн, халуурч байвал уг вакциныг хойшлуулах заалттай. Вакциныг өмнө нь хийлгээд өндөр хариу урвал буюу хүндрэл өгч байсан бол мөн вакцины эсрэг заалттай гэсэн үг.

Олон улсын судалгаанаас харахад урт хугацааны дархлаа тогтоно гэж үздэг. Гэхдээ тухайн хүний дархлааны системээс шалтгаалж дархлаа тогтох хугацаа нь харилцан адилгүй байдаг.

-Иргэд хүний папиллома вирусийн халдварын эсрэг вакцины тал дээр хэр ойлголттой байна вэ?

-Энэ вакциныг хүлээсэн, хийлгэх хүсэлтэй хүмүүс их бий. Иргэд мэдээлэл сайтай байна. Нэг ч гэсэн хүн хавдраас сэргийлэгдэх нь их ач холбогдолтой шүү дээ. Хүний папиллома вирусийн эсрэг вакцин нь хавдраас урьдчилан сэргийлэх зорилгоор хийж байгаа хоёр дахь тарилга юм. Нэгдүгээрт, В вируст гепатитын эсрэг вакцинд ордог.

 

Categories
мэдээ нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл утга-зоxиол

Дэндэвийн Амгаа: “Маргалдаж байж ганц давснаас зүгээр сайхан тахимаа өгчихсөн нь дээр” гэж Д.Мягмар заан хэлдэг байсан DNN.mn

Холоос харахад жанжин асар

Хондлой зоо нь уулын цар

Хэзээ ч гүндүүгүй монгол эр

Хэрж зогссон орооны буур хэмээн Тангадын Галсан нэгэнтээ Монгол Улсын заан, Самбо, жүдо бөхийн олон улсын хэмжээний мастер, Монгол Улсын гавьяат тамирчин, дасгалжуулагч Өрлүүд овгийн Дэндэвийн Амгаад зориулж шүлэглэсэн байдаг. Дэндэвийн Амгаа нь Булган аймгийн Дашинчилэн сумын уугуул бөгөөд 1980 оны Москвагийн олимпод жүдо бөхийн төрлөөр эх орноо төлөөлөн өрсөлдөж явсан юм. Улсын Цогт-Идэр, хичээнгүй нягт, үнэн хүчит, өрнөн дэлгэрэх, өсөн нэмэх, улам нэмэх, үлэмж бадрах, бат нягт заан Дэндэвийн Амгаатай ярилцсанаа хүргэе.


-Таны төрсөн нутаг Булган аймгийн Дашинчилэн сумын түүхт 100 жилийн ой саяхан тохиолоо. Та сайхан наадсан уу?

-Сайхаан, сайхан наадлаа. Энэ жил манай сумын түүхт 100 жилийн ой боллоо. Нар хур тэгширсэн, газрын гарц сайтай цагт наадам их сайхан болж, ард түмний сэтгэл их өндөр байна.

-Их ойн наадамдаа хэчнээн хурдан хүлгээ сойсон бэ. Та хэд дэх жилдээ морь уяж байна вэ?

-Хоёр насны морь уясан. Азарга найм, есөөр давхилаа. Сумаасаа уралдсан азарганууд дотроо эхний гуравт нь орсон. Хязаалан үрээ нь дундуур давхилаа. Миний хувьд багадаа хурдан морь унаж байсан. Сүүлдээ сургуульд сурах болон хот руу барилдах гэж яваад морь уялгүй хэсэг завсарласан. Би 2000 оноос хойш морь уяж байна. Нэлээд хэдэн бүсийн болон янз янзын том, жижиг наадмуудаас олон айраг түрүү авч байсан. Би аймгийн алдарт уяач цолтой.

-Та ажлынхаа гарааг тээврийн жолоочоор эхэлжээ. Бөхийн спортод хөл тавьсан түүхээсээ хуваалцахгүй юу?

-Хүний амьдрал дэндүү богинохон юм. Би одоо 70 гаруй настай болж байна. Амьдралынхаа чамгүй хугацааг буюу 60-аад жилийг хөдөлмөрлөж өнгөрүүлжээ гэж боддог. Би арваа төгсөөд анх тээврийн жолооч болсон. 18 насандаа цэрэгт явах ёстой байсан ч намайг нэгдэлд жолоочоор үлдээж байсан л даа. Хэрэв би 18 насандаа цэрэгт яваад “Алдар” нийгэмлэгт очсон бол нэгдэлд тэрэг барихын оронд арай эрт бөхийн бэлтгэлээ хийж эхлэх байсан байх. Би таван жил нэгдлийн жолооч хийсэн. Тиймдээ ч би үеийнхнээсээ арай хожуу бөхийн спортоор хичээллэж эхэлсэн. Ид юм сурдаг насаа тээврийн жолооч хийж өнгөрөөсөндөө жаахан харамсдаг. Энэ хугацаанд спортоо хөөсөн бол илүү амжилт гаргах байсан болов уу гэж бодогддог.

Намайг бөхийн спортод оруулсан хүн тухайн үед Соёлын яамны орлогчоор ажиллаж байсан П.Даваасамбуу гэж бөхөд их элэгтэй хүн байлаа. Намайг аймаг дээр барилдаж байхад дуудаж уулзаж байсан. “Чи хотод очиж бэлтгэл сургууль хийсэн нь дээр байх аа” гэж надад зөвлөсөн. Мөн “Үнэн” сонинд “Булган аймгийн Дашинчилэн суманд бөх болох сайн хүү байна”, Улсын шигшээ багт хот руу татъя гэдэг санаагаар П.Даваасамбуу гуай миний тухай бичсэн байдаг. Тэр үеийн “Үнэн” сонинд бичигдэнэ гэдэг ховор зүйл төдийгүй нэр хүндийн хэрэг байлаа. Манай сумын Намын дарга тэр үед н.Лувсанчоймбол гуай байсан. “Улсын шигшээ багийн тамирчнаар чамайг хот руу явуулах боллоо” гээд миний бичиг баримтыг бүрдүүлж өгснөөр би хотод ирж, энэ их бөхийн спортоор хичээллэх зам мөр маань нээгдсэн.

-Та Улсын баяр наадамд хоёрхон удаа зодоглоод начин цол хүртсэн бөх. Монгол улсын заан цолыг хүртэж байсан үеэ дурсвал?

-Би 1972, 1973 онд сумандаа хоёр түрүүлсэн юм. Дараа жил нь Улсын наадамд барилдаж, гурав давснаар том цолтой бөхчүүдтэй барилдаж болох юм гэсэн урам орсон л доо. Би 1975 онд улсын баяр наадамд 23 настайдаа улсын арслан У.Мижиддоржоор тав давж, начин цолны болзол хангасан. Миний хувьд хоёр жил улсад барилдаад улсын цолонд хүрсэн бөхчүүдийн нэг. 1981 онд Улсын аварга шалгаруулах барилдаан гэж болсон. Тэр барилдаанд би түрүүлж, улсын заан цол авсан. Тэр жил нь Ардын хувьсгалын 60 жилийн ой тохиож байв. Зун нь Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, дархан аварга Х.Баянмөнх нарын олон бөхтэй бэлтгэлд гарсан юм. Бэлтгэл ч сайн хангагдсан. УАШТ-ээс заан цол хүртсэн болохоор улсын баяр наадмаар амжилтаа ахиулах, цолоо ядаж батлах зорилготой байлаа. Гэвч Ч.Гочоосүрэн намайг зургаагийн даваанд өвдөг шороодуулж, улсын заан цол хүртсэн. Би дараа жил нь улсын наадамд шөвгийн дөрөвт үлдэж, заан цолоо баталсан.

-Мөн тань шиг улсын баяр наадамд 10 удаа шөвгөрсөн бөх хэр олон бэ?

-Би самбо, жүдогийн улсын 10 удаагийн аварга, үндэсний бөхөөр 10 удаа улсад шөвгөрсөн заан. Манай бөх дотор улсад 10 удаа шөвгөрсөн заан Д.Долгорсүрэн, Ц.Мягмарсүрэн, З.Дүвчин, би гээд дөрөв, тавхан хүн бий. Үндэсний бөхөөр барилдсан баярын бичгүүдээ харахад 60-аад түрүүлсэн, үзүүрлэсэн 50 гаруй гэхээр 120-иод шахуу улсын болоод том, жижиг наадамд үзүүр, түрүүнд барилджээ.

Би Улсын шигшээ багт байхдаа ХААИС-д эчнээгээр суралцсан. Дараа нь МУБИС-ийг дасгалжуулагч багшаар төгссөн. Улсын шигшээ багт 1975 оноос 1990 он хүртэл 15 жил тасралтгүй хичээллэсэн. Дараа нь ХААИС-даа дасгалжуулагч багшаар арваад жил ажилласан юм. Энэ бүхнийг минь төр засгаас үнэлж, гавьяат тамирчин гэх эрхэм цолыг надад өгсөнд баярладаг.

-Таны нутгаас улсын цолтой бөх хэр олон төрсөн байдаг вэ?

-Манай нутгаас төрсөн улсын цолтой бөх цөөхөн бий. Б.Товуу заан, Д.Раднаабазар, Д.Галдандагва, С.Ганхуяг гэсэн гурван начин гээд бид тав байна. Аймгийн цолтой бөх гэвэл Очиржав, Чөөдөг, Лхагвасүрэн арслан гээд зөндөө бий.

-Та 1980 оны олимпод улсаа төлөөлөн жүдо бөхөөр оролцож байсан түүхтэй. Энэ жилийн “Парис-2024” зуны XXXIII олимпод жүдо бөхөөр Б.Баасанхүү мөнгөн медаль хүртлээ. Тамирчин хүн бүр олимпод эх орноо төлөөлөн оролцох их хүсэл өвөртөлж явдаг болов уу?

-Ядаж олимпод оролцож үзэх юмсан гэж мөрөөдөлгүй яахав. Олимпийн медаль гэдэг маш том зүйл. Олимп бол дэлхийн том тэмцээн юм. Би олон улсын том тэмцээнд оролцож, түрүүлдэг л байсан. Одоогоос 24 жилийн өмнө Монгол Улсын хөдөлмөрийн баатар, Монгол Улсын гавьяат тамирчин УГТ З.Ойдов, Монгол Улсын Ардын багш, дасгалжуулагч З.Дүвчин, Зууны манлай бөх, дархан аварга Х.Баянмөнх, Ц.Сэрээтэр, Д.Цэнд-Аюуш заан, МУГТ Цэндийн Дамдин, миний бие гээд бүрэн бүрэлдэхүүнтэй баг олимпод явж байлаа. Олимп ойрхон, Москвад болсон болоод ч тэр үү бокс, чөлөөт, хөнгөн гээд бүх л төрөлд нэлээд олуулаа оролцсон.Тухайн үедээ би олимпод өөдтэй барилдаж чадаагүй.Тус олимпоос чөлөөт болон жүдо бөхийн тамирчид болох Ж.Даваажав, Ц.Дамдин нар мөнгө, Д.Оюунболд, Р.Даваадалай хоёр хүрэл медаль хүртэж байсан.

Энэ жилийн Парист болж буй олимпоос Б.Баасанхүү гэж тэр жаахан годгор охин мөнгөн медаль аваад монголчуудыг хэчнээн их огшоож, баярлуулав. Б.Баасанхүүг хараад миний нүдний нулимс гарч байлаа. Эрэмгий байна. Олимпийн аварга болох дөхлөө.

-Сүүлийн үед бөхийн жудаг гэж хүмүүс их ярих боллоо. Энэ жилийн баяр наадмаар дархан аварга төрлөө. Иргэд дархан аваргадаа их шүүмжлэлтэй хандах шиг болсон. Таны М.Мөнгөн арслантай барилдаж байсан үетэй адил төстэй ч юм шиг.

-Би улсын наадамд 1982 онд шөвгийн дөрөвт үлдээд байсан юм. Х.Баянмөнх аварга Долгорсүрэн зааныг амлаад, би М.Мөнгөн арслантай тунасан юм. Бид хоёр өмнө нь их л барилддаг, гэмгүй л байсан. Тэр үед удаан ч барилдлаа. Баруун золгоод шуудагдаад, засуул барилд гээд яг би барьцаа аваад хаях гэсэн чинь М.Мөнгөн барьцаа тавьчихсан юм. Тэгэхээр нь би хүн барьцаа тавьж байхад дайралтай биш гэж бодоод мөн барьцаа задалсан. Намайг засч байсан н.Пүрэвсүрэн гэж хүн байлаа. “Намайг тэр чигтээ яваад хаяна биз дээ. Яах гэж барьцаа тавьж байгаа юм, хүний барьц тавих ямар хамаа байна. Бид барьцаа тавь гэж хэлээгүй байхад” гээд намайг загнаж байсан. Ахиж бид барилдаад би унасан юм. Би дараа нь М.Мөнгөнд хэлсэн л дээ. “Засуул барьцаа тавь гээгүй байхад яагаад барьцаа тавьсан юм. Би чамайг хаячихаад явчихвал яах юм” гэхэд М.Мөнгөн “Би хаашдаа унах юм байна. Барьцаа тавиад үзье гэж бодсон. Намайг барьцаа тавихад Д.Амгаа арай ч хаячихгүй байлгүй гээд хүн чанарт чинь найдсан юм. Эр хүний замын хүзүү урт, найздаа баярладаг шүү” гэж хэлж байсан.

Энэ жилийн улсын баяр наадмын үзүүр, түрүүний барилдаан арай өөр л дөө. Н.Батсуурь аваргын хувьд Б.Орхонбаяр арсланг барьцаа тавихад л хавирч байгаа юм. Эцсийн эцэст хүнд юу үлдэхэв гэхээр хэн байсан бэ, ямар чанартай хүн байв гэдэг л үлдэнэ. Бусад нь юу ч үлдэхгүй. Манай дээхнэ үеийн бөхчүүд чинь их сайхан чанартай. Хоёулаа зэрэг уналаа гэхэд чи давсан, чи дэв гэж бие биендээ хэлдэг байлаа. Одоо бол хоёулаа дэвж давхиад л байна. Хүн амжилт, нэр алдрын төлөө явж болно. Гэхдээ хүн чанарыг түүний дараа тавьж болохгүй гэж санадаг. Дархан аварга гэдэг үндэсний бөхийн хамгийн том цол. Үүнийг авахын тулд тэр хүн хамаг л юмаа гаргаж байгаа юм. Зуун хувь буруутгах аргагүй юм. Гэхдээ л жудаг гэдэг юмыг бодох л ёстой.

Монгол бөхийн хөгжил сайхан явагдаж байна. Бөхчүүд бие биенээ хүндэлж, хоорондоо маргадаггүй, үнэнч шударгаар барилддаг байх ёстой. Даваа, унаан дээр маргадаггүй сайхан бөхчүүд зөндөө бий. Манай И.Доржсамбуу гарьд мундаг сайхан жудагтай бөх. “Маргалдаж байж ганц давснаас зүгээр сайхан тахимаа өгчихсөн нь дээр” гэж Д.Мягмар заан ч хэлдэг байсан. Зориудаар юмыг яаж мэдэхэв гэж маргаан үүсгээд байгаа болохоос биш. Ер нь хүн унасан, хаяснаа мэддэг юм шүү дээ.

-“Гарьд магнай” кинонд та дүр бүтээхээс гадна өөр кинонд ч тоглосон байдаг. Кинонд дүр бүтээх болсон түүхээсээ сонирхуулахгүй юу?

-Урлагийн гавьяат зүтгэлтэн Ж.Бунтар агсан л “Чи энэ дүрд тогловол тохирох хүн” гээд намайг сонгосон. “Гарьд магнай” киноны Дэлэг зааны дүрд тоглосон. Туслах дүр л дээ. Мөн үзэгчид гайгүй мэдэх нь Түшээт хан аймгийн Дайчин вангийн хошууны бөх, олон түмэндээ “хулгар” хэмээн алдаршсан Нацагийн дүр юм. Түүнчлэн“Морин хуурын домог” киноны Хөхөө намжилын дүр байна. Тэр үед “Хөхөө Намжил”-д тоглох нэг хүн хэрэгтэй байна гээд л бөхчүүдийг жагсааж байгаад л энэ хүнийг тоглуулъя гэж намайг сонгож байсан. Би 20 гаруй настай ч байсан. Энэ гурван дүрээс хамгийн хэцүү нь “хулгар” Нацагийн дүр. Тус кинонд “хулгар” Нацаг нь гол дүр бөгөөд бяр чадал ихтэй бөх байсан.

-Ээж тань таныг бүх зүйлд сургасан гэдэг. Зодог, шуудгаа хүртэл өөрөө оёод өмсчихдөг байсан гэж сонссон?

-Жилдээ л нэг далбаа урагддаг тул би улсын наадмын бэлтгэлд гарахдаа нэг далбаа эсгээд гардаг байсан. Миний ээж яасан ч ухаантай хүн байсан юм бэ дээ гэж би одоо боддог. Ээж минь “Би хүүгээ миний отгон хүү гээд эрхлүүлээд байвал бололгүй яахав. Ээж нь дандаа цуг байх биш дээ. Сайн яваасай гэсэндээ жаахан чангахан хандаж ирсэн. Хайртай морио хазаартай нь усалж сурга гэдэг юм” гэж хэлж байсан. Намайг жаахан байхад өглөө эрт босгоно, үнээ ивэлгүүлж, саалгадаг байлаа. Ээжтэйгээ хоёулаа хөдөө байхад дээл оёулж, ширдэг ширүүлэх зэргээр юм бүхнийг хийлгэдэг. “Ажил хүнийг голно гэхээс хүн ажлыг голохгүй” гэж ээж минь их захидаг байсан.

“Мал ядрахаараа усаа, хүн ядрахаараа нутгаа” гэдэг шиг нутгаа бараадаж, гэхдээ зүгээр суусангүй. Нутагтаа ирээд “Үржил” станц гээд балгас болсон газрыг би өөд нь татаж, “Заан” цогцолбор гэж газар байгуулаад ажиллуулаад явж байна.

-Таны хүү А.Өнөболд сумод барилдаж байгаад зодог тайлсан. Таны ач, зээ нараас бөхийн спортоор хичээллэж байгаа хүн бий юу?

-Хүү маань сумодоо барилдаж байхдаа гэмтэл аваад барилдахаа больсон. Миний хүү 10 гаруй жил сумогоор барилдсан. Миний охин МУГЖ Д.Ширмэнтуяагийн нэг хүү мэргэжлийн сумод барилдахаар бэлтгэл хийж байгаа.

-Бөхийн спортоор хичээллэж буй залуустаа та юу гэж захих вэ?

-Дээхнэ үед самбо, жүдогоор барилддаг хүн үндэсний бөхөөрөө ч бэлтгэл хийдэг байлаа. Чөлөөт, жүдо хоёр л холилдож бэлтгэл хийж болдоггүй талтай. Чөлөөт нүцгэн, жүдо нь хувцастай барилддаг гээд барьцтай, барьцгүй барилдахад стиль нь өөр юм. Сургалт нь ч өөр болж ирнэ. Үндэсний бөх бусад барилдаануудын суурь нь болж өгдөг. Барилдах гэдэг залуу насных юм.

Тамирчин хүн нэг удаа бэлтгэл хийхэд доод тал нь хоёр килограмм хөлс гардаг. Тамирчдыг бэлтгэл хийхийн өмнө, хойно жинлэдэг. Олон жилийн хөлс хөдөлмөр хэдэн тонн болох бол доо гэж би боддог.

Бэлтгэлээ сайн хий. Бяр чадал гэдэг чинь хүний юмыг хэрэглэж байгаад өгсөн юм шиг гэнэт л алга болдог. Чадалтай байх үедээ хүнд бууж өгөлгүй, шударгаар цолоо авахын төлөө тууштай барилдаарай гэж захья.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Хуульч Л.Галбаатар: Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн шүүх хурал хаалттай болсон нь өөрөө асуудал дагуулж байна DNN.mn

Сэтгүүлч Н.Өнөрцэцэгт Анхан шатны шүүхээс 4.9 жилийн хорих ял оногдуулсан. Тиймээс сэтгүүлч Н.Өнөрцэцэг өчигдөр Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргаж, Анхан шатны шүүхийн шийдвэрийг эсэргүүцэж байгаагаа дурджээ. Тэрбээр өмнө нь Анхан шатны шүүх хурлыг нээлттэй явуулж өгөх талаар хүсэлт гаргаж байсан ч хүсэлтийг нь шүүх хүлээн авч байгаагүй юм. Давж заалдах шатны шүүх хурлыг нээлттэй явуулж өгөх хүсэлтийг тэрээр дахин гаргасан байна. Мөн шүүх хурлыг ил тод нээлттэй явуулахыг дэмжиж өгөхийг олон нийтээсээ хүсчээ. Түүнийг Эрүүгийн хуулийн 13.11 дүгээр зүйлд заасан “Хувь хүний нууцыг задруулах, 13.14 дүгээр зүйлд заасан “Худал мэдээлэл тараах” 18.3 дугаар зүйлд заасан “Татвар төлөхөөс зайлсхийх”, 18.6 дугаар зүйлд заасан “Мөнгө угаах”, 19.11 дүгээр зүйлд заасан “Төрийн нууцыг хууль бусаар олж авах” гэх таван зүйл ангиар буруутгасан юм. Н.Өнөрцэцэгийн зүгээс “Шүүх хурлыг өмгөөлөгчгүйгээр, хаалттай явуулж намайг хэлмэгдүүллээ” гэж үзэж байгаа аж.

Энэ талаар “Глоб интернэшнл” төвийн хуульч Л.Галбаатартай ярилцлаа.


-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг Эрүүгийн хуулийн таван зүйл ангиар буруутгаж 4.9 жилийн ял оногдуулан 461 дүгээр хорих ангид хориод байгаа. Буруутгагдсан зүйл ангиуд нь хэр үндэслэлтэй вэ?

-Н.Өнөрцэцэг сэтгүүлчийн Анхан шатны шүүхийн шийдвэрт дүн шинжилгээ хийж, бүрэн дүгнэлт хийхэд төвөгтэй байгаа.

Хурал нь хаалттай явсан учраас зөвхөн Шүүхийн товч мэдээллээр баримжаа авах боломжгүй. Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийн үүх хурал нь хаалттай болсон нь өөрөө асуудал болж байна. Буруутгаж байгаа зүйл заалтуудаас харахад хоёр нь асуудалтай гэж үзэж болно. “Төрийн нууцыг хууль бусаар олж авах” энэ нь Эрүүгийн хуульд байх ёсгүй заалт гэж олон улсын байгууллага болон манайхаас ч тайлан мэдээндээ дурдсан. Яагаад гэвэл албан ёсоор төрийн нууц хариуцдаггүй хүнийг нууцад хамаарах баримт бичиг олж авсан, задруулсан гэдэг байдлаар Эрүүгийн хуулийн зүйл заалтаар буруутгах нь буруу гэж хүний эрхийн олон улсын байгууллагаас зөвлөмж гаргасан байдаг. Дараагийнх нь Эрүүгийн хуулийн 13.14 дэх “Худал мэдээлэл тараах” зүйл заалтыг мөн байх ёсгүй гэж үзэж байгаа. НҮБ-ын хүний эрхийн зөвлөлөөс ч 2015, 2020 онд хоёр ч удаа “хүний нэр төрд хамаарсан өргөн хүрээтэй урвуулан ашиглах боломжтой ийм зүйл заалтыг эрүүгийн хуулиас халах ёстой” гэсэн зөвлөмжийг Монгол Улсад өгсөн байдаг. Зөвлөмжийг хэрэгжүүлээгүйтэй холбоотойгоор энэ нь сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг буруутгах нэг зүйл заалт болж хувираад байна. Энэхүү зүйл заалт нь Үндсэн хуульд нийцэхгүй учраас шүүх энэ хоёр заалтыг хэрэглэхгүйгээр, бүр түдгэлзүүлэх ёстой байсан. Хууль тогтоогчид энэ хоёр зүйл заалтыг хүчингүй болгох ёстой. Н.Өнөрцэцэгт хамааруулсан Эрүүгийн хуулийн зүйл заалтууд болон шүүхийн шийдвэр нь сэтгүүлчид өөрсдийгөө цензурдэх, чөлөөтэй зоригтойгоор мэдээлэл бэлтгэхээс айдаг болох сөрөг үр дагаврыг дагуулж байна.

-Н.Өнөрцэцэгийн өмгөөлөгчийнх нь гаргасан шүүх хурлыг хойшлуулах хүсэлтийг шүүх хүлээн аваагүй. Түүнийг хаалттай бөгөөд өмгөөлөгчгүйгээр шүүсэн асуудал хүний эрхийн ноцтой зөрчил гэж үзэх хүмүүс олон байна.

-Шүүхийн товч мэдээллийг харахад манай Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуульд заавал өмгөөлөгчтэй оролцох хэргүүдийг жагсаасан байдаг. Н.Өнөрцэцэгийнх заавал өмгөөлөгчтэй оролцох хэргийн жагсаалтад байхгүй буюу өмгөөлөгчгүйгээр оролцож болох зүйл заалтуудаар зохицуулаад өгсөн. Үндсэн хуульд өмгөөлөгч авахаас гадна өөрийгөө өмгөөлөх эрхтэй гэж заасан байдаг. Хүний эрхийг хамгаалахад өмгөөлөгчид чухал үүрэгтэй. Өмгөөлөгчөөсөө татгалзчихаад огт өмгөөлөгчгүй болсон ч гэсэн шүүх хурал цааш үргэлжилж болохыг хуульд мөн заагаад өгчихсөн. Тэгэхээр хууль муу, дутуу байгаа нь өөрөө шүүхийг буруутгахад хэцүү болж байгаа юм. Энэ асуудал дээр хууль тогтоомжийг боловсронгуй болгох шаардлагатай.

Олон нийтийн мэдэх эрхийн төлөө ажилладаг сэтгүүлчийг хаалттай хуралдаанаар яллаж байгаа нь буруу жишиг. Шүүх хуралдааныг хэсэгчлэн нээлттэй явуулах боломжийг хуульчилсан байдаг. Төрийн нууцад хамаарахаас бусад хэсэг дээр хэсэгчлэн нээх боломж байсан.

-Сэтгүүлч Н.Өнөрцэцэг Давж заалдах шатны шүүхэд гомдол гаргасан. Шүүх хурлыг нь нээлттэй явуулах боломж хэр байгаа вэ?

-Түүнийг шүүх бүрэлдэхүүн дүгнэнэ. Өмнөх шүүх хурал нь хаалттай болсон. Шийдвэр нь нууцын заалттай тэр хэсгийг судлах мэтгэлцэх учраас Давж заалдах шатны шүүх хурал нь нээлттэй болох боломж хязгаарлагдмал байгаа. Энэ удаа ялын хэмжээ хүндрэхгүй болов уу. Хууль зүйн хувьд ялын хэмжээ нь хүндэрч болно. Энэ тал дээр өмгөөлөгчид нь хэр сайн мэтгэлцэх, онцлогийг нь хэрхэн гаргаж чадах вэ гэдгээс хамаарна.

-Сэтгүүлч Н.Өнөрцэцэгийг өмнө нь хэсэг хугацаанд цагдан хорьсны дараа гэрийн хорионд байлган, хэвлэн нийтлэх эрхийг нь хязгаарласан байдаг.

-Таслан сэргийлэх арга хэмжээ гэдэг зүйлийг лицензийн хуульд заасан байдаг. 2017 онд шинээр орсон зүйл заалтаар тодорхой үйлдэл хийхийг хязгаарлах гэж байгаа. Энэ нь агуулгын хувьд эмч, хуульчид хамаатай. Эдгээр нь тусгай зөвшөөрлийн дагуу явуулдаг мэргэжлийн үйл ажиллагааг хязгаарлах юм. Тиймээс олон хүнийг хохироох эрсдэлтэй гэж үзээд ажил үүргийг нь болиулах агуулгатай. Сэтгүүлчийн мэргэжлийн үйл ажиллагаанд тусгай зөвшөөрөл гэж байдаггүй. Үндсэн хуулийн олон улсын гэрээнд зааснаар сэтгүүлчийн хувьд мэдээлэл хайх, түгээх, хүлээж авах нь мэргэжлийн ажлынх нь онцлог юм.

Үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх эрхийг хязгаарлаж болох тохиолдлууд байдаг. Гэхдээ “Хэрэг хянан шийдвэрлэх ажиллагаанд саад учруулах” гэсэн заалт бол байхгүй. Манай эрүүгийн процесс олон улсын гэрээнд нийцэхгүй байгааг харуулж байна.

Шүүх Үндсэн хууль, олон улсын гэрээний хууль тогтоомждоо нийцүүлэх шаардлага байна. Гэмт хэрэгтэн болохоосоо өмнө буруутгагдаж байгаа гэмт хэргийн төрөл зүйлтэйгээ хамаарал багатайгаар эрх чөлөөгөө хязгаарлуулж байгаа нь олон улсын гэрээний ноцтой зөрчил юм.

-Хуульд ямар өөрчлөлтүүдийг зайлшгүй хийх шаардлагатай байна вэ?

-Шинээр бүрдсэн УИХ-ын гишүүдэд хийх ажил нь маш тодорхой байгаа. Ямар зүйл заалт ямар үр дагавартай байна, ямар хууль батлах вэ гэдгийг “Глоб интернэшнл” сүүлд гаргасан хэвлэлийн эрх чөлөөний тайландаа оруулсан байдаг.

Буруутгагдсан хэргээс нь хамаарч таслан сэргийлэх арга хэмжээг авдаг байх. Нөгөө талаар сургалтын хүрээнд ч гэсэн мөрдөгч, прокурор, шүүгчийг хууль тогтоомжийг хүний эрх талаас нь зөв оновчтой хэрэглэдэг болгох тал дээр хариуцсан байгууллагууд нь анхааралдаа авах шаардлагатай. Шүүх хурлыг хэсэгчлэн нээлттэй, хаалттай явуулахыг Шүүхийн удирдах зөвлөл, шүүгчдэд зориулсан сургалтандаа тусгаж, анхаарах нь зүйтэй.

Сэтгүүл зүйн хувьд мэргэжлийн үйл ажиллагааг нь хязгаарлах зэргээр хууль боловсронгуй биш байгаад тэр хуулийг хэрэглэж байгаа хүмүүсийг шууд буруутгахад хэцүү.

Сэтгүүл зүйн мэргэжлийн үйл ажиллагаа явуулсныхаа төлөө Эрүүгийн хуулийн зүйл заалтуудаар буруутгагдаж байна. Тиймд энэхүү хуульд яаралтай өөрчлөлт оруулахгүй бол энэ нь зөвхөн Н.Өнөрцэцэг сэтгүүлчийн асуудлаар дуусахгүй. Эрүүгийн хуульд яллагдагчаар татагдан шалгагдаж, Шүүхээс ял сонсоход ойрхон сэтгүүлчид олон бий. Энэ нь зөвхөн тоогоор хэмжигдэхгүй.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Эмч Х.Хонгорзул: Үзлэгт хамрагдсан 52 хүн дотор шарласан, элэгний вирустэй хүмүүс байсан DNN.mn

Хэнтий аймгийн Биндэр суманд солонгос эмч нар ирж үнэгүй үзлэг, эмчилгээ хийх нэрийн дор ямар ч эрүүл ахуйн шаардлага хангахгүй, ариутгал халдваргүйжүүлэлтгүй багажаар иргэдэд үйлчилж халдвар тараах эрсдэл үүсгэж буй талаар тус сумын Эрүүл мэндийн төвийн гэрээт шүдний эмч Х.Хонгорзул өөрийн цахим хуудаснаа анх мэдээлж байсан. Мөн ЭМЯ, Нүүр ам судлалын мэргэжлийн салбар зөвлөлд гаргасан Х.Хонгорзул эмчийн өргөдлийн дагуу хамтарсан баг тус суманд хоёр өдөр ажилласан юм. Түүнчлэн Хэнтий аймгийн Биндэр суманд үүссэн нөхцөл байдалтай холбогдуулан Х.Хонгорзул эмчтэй ярилцсанаа өмнө нь хүргэж байсан.

Мөн Хэнтий аймгийн Биндэр сумын иргэдэд шүдний эмчилгээ үзүүлэхдээ солонгос эмч нар ариутгал халдваргүйтгэлийн дэглэм сахиагүй. Дээрх эмч нартай хамтран ажилласан “Агапе Христ”-ийн эмнэлгийн тусгай зөвшөөрлийг цуцалсан. Мөн холбогдох албаны эрх бүхий албан тушаалтнуудад зөрчил арилгуулах хугацаатай үүргийг ЭМЯ-наас өгсөн билээ.

Энэ талаар Х.Хонгорзул эмчтэй дахин ярилцлаа.


-Солонгос эмч нарын шүдний үзлэг, эмчилгээнд хамрагдсан 50 гаруй хүнийг энэ сарын сүүлээр давтан шинжилгээнд хамруулна гэж сонссон. Энэ талаар тодруулахгүй юу?

-Элэгний В,С вирус, ДОХ, тэмбүү гээд цусаар дамжих өвчнүүд бүгд нууц үетэй байдаг. Ямар өвчнөөсөө хамаараад нэг, гурав, зургаан сар, жилийн дараа ч илрэх тохиолдол бий. Тэр бүрд нь үе шаттай шинжилгээ авна гэсэн үг. Үзлэгт хамрагдсан 52 хүн дотор шарласан, элэгний халдвартай, вирустэй хүмүүс байсан.

-Таны хувьд солонгос эмч нарын асуудлаас хойш 14 хоногийн дараа шүдний үзлэг, эмчилгээгээ хийж эхэлсэн гэсэн үү?

-Би албан ёсоор ажлаа хийгээгүй, яг хэзээ хийх нь тодорхойгүй байгаа. Ажлаа хийхгүй нэлээд хугацаа өнгөрлөө. Тухайн солонгос эмч нарын буруутай үйлдлээс болж 14 хоногийн дараагаас бүр яаралтай, давтан эмчилгээтэй байсан хүмүүсээ л үзэж байна. Эмчилгээ хийх эрхгүй л байна. Гэхдээ болно байх л гэж бодож байна.

Миний хувьд ард түмэнд эрүүл мэндийн боловсрол олгоод, гадны юм болгоныг шүтэх бус сонор сэрэмжтэй, болгоомжтой хандах тал дээр жаахан ч болов анхааруулга өгсөн юм болов уу гэж бодож байна.

-Хэнтий аймгийн Биндэр сум дэд бүтцийг нь шийдсэн шинэ эмнэлэгтэй болсон нь танд ажиллах гол нөхцөл болов уу?

-Ажлын орчин гэдэг маш чухал. Шүдний кабинетад байх ёстой бүх зүйл манай эмнэлэгт бий. Хэнтий, Дорнод аймгийн сумд шүдний иж бүрэн тоног төхөөрөмжтэй болсон. Түүн дээр өөрийн хэрэглэдэг багаж материалуудаа авчраад үзлэг хийхэд ямар ч асуудалгүй. Бүх юм нь орчин үеийн гэсэн үг. Боловсон ариун цэврийн өрөөтэй байх жишээний. Яг л хотод байгаа юм шиг мэдрэмжийг төрүүлдэг. Манай Биндэр сум хотоос 300 гаруй, аймгийн төвөөсөө 200 километрт байдаг. Маш бартаат замтай, олон жижиг голуудыг гаталдаг. Хот орох тээврийн зардал, очсон хойноо шүдний эмчид үзүүлэхэд хэд хэдэн удаа тухайн эмнэлэгтээ очиж, эмчилгээ хийлгэх шаардлага үүсдэг. Хугацаа их ордог учраас хөдөө орон нутгийн иргэд, малчдад маш хэцүү. Суманд шүдний эмнэлэгтэй болсноор иргэд хот оролгүйгээр цаг хугацаа, зардлаа хэмнэх боломж бүрдсэн юм. Энэ суманд ирээд би удаагүй, зарим хүмүүс нь намайг ойлгохгүй ч нэг хэсэг нь сайнаар хүлээж авч байгаа. Би зориглоод хувийн эмнэлэг нээсэн. Өөрийн эмнэлгийн тусгай зөвшөөрөл гараагүй байгаа. Зөвшөөрөл гарсны дараа эрүүл мэндийн даатгалаар үзүүлэх, яавал ард иргэддээ илүү их боломжийг хүртээх чиглэлээр холбогдох байгууллагууддаа санал дэвшүүлж, уялдаа холбоотой ажиллах тал дээр анхаарч байна.

-Залуу хүний хувьд хөдөө орон нутаг, тэр дундаа суманд ирж ажиллах болсон шалтгаан, давуу талыг тодруулбал?

-Сум орон нутагт шүдний эмчийн хэрэгцээ шаардлага их байсан. Шүд нь цооролттой, өвчтэй хүмүүс маш ихтэй. Нэг наснаас эхлээд хүүхдүүдийн шүд нь цооролттой, гэхдээ суманд ямар ч мэргэжлийн эмч байхгүй. Улаанбаатарт байшин бүрд хоёроос гурван шүдний эмнэлэг байдаг. Дээрээс нь утаа, түгжрэл маш ихтэй. Хотод байхад гэр бүлдээ болон өөрийнхөө хоббинд цаг гаргах ямар ч боломжгүй. Хөдөө суманд ажиллахад түгжрэл байхгүй учраас гэр бүлээрээ амьдрахад тэдэндээ гаргах чөлөөт цаг нь их, өөрийнхөө дуртай зүйлийг хийх боломжтой байх жишээний. Ямар ч эмч байхгүй гурван сумын дунд үйл ажиллагаагаа явуулж байгаа болохоор миний хувьд тасралтгүй үйлчлүүлэгчтэй байдаг. Хотод байгаа залуус ч гэсэн өвөө, эмээ аав, ээжийнхээ төрж өссөн суманд очиж, өөрийн зэмшсэн мэргэжлээрээ ашиг орлого олох боломж бий. Сум орон нутаг ч өргөжин тэлж, хөгжинө. Манай улсын хүн амын тал нь хотод төвлөрч байхын оронд 21 аймгийн 300 гаруй суманд залуучууд хэрэгтэй мэргэжлээрээ ажиллах юм бол сум орон нутгийн хөгжил дэвшилд чухал нөлөө үзүүлнэ гэж боддог. Суманд шүдний эмчээс гадна программист, канон, принтер, автомашин засвар, дугуй засвар, гуталчин гээд олон мэргэжлийн хүмүүсийн хэрэгцээ шаардлага их байгаа. Дээд боловсролтой залуучууд суманд маш их хэрэгтэй. Сум орон нутгийн удирдлагууд гадаад, дотоодод сураад ирсэн залуучуудынхаа үгийг сонсоод, тэднийг хавчиж, шахах гэхээсээ илүүтэйгээр хамтарч ажиллах нь зүйтэй.

-Үнэ тарифын хувьд хэр байдаг вэ?

-Улаанбаатарт шүдний үзлэг, эмчилгээний үнэ тариф янз, янз байдаг. Сувгийн эмчилгээ л гэхэд 100 гаруй мянгаас нэг сая гаруй гэх мэт тухайн эмнэлгийн үзүүлж буй үйлчилгээ, эмчийн боловсролын зэргээс хамаарч үнэ нь өөр, өөр байгаа. Миний хувьд эмчилгээ, үзлэгтээ дундаж үнийг барьдаг. 2019 оны үнэ тарифаа өөрчлөөгүй гэсэн үг. Сумын ард иргэд маань шүд тэдэн төгрөгөөр авдаг гээд үнэндээ дасчихсан байдаг тул тэр үнээрээ үйлчлүүлэх илүү сонирхолтой байдаг. Шүдний эмнэлгийн үнэд хэрэглэж байгаа багаж хэрэгсэл, ариутгалын зардал, тэр эмчийн боловсрол зэрэг нөлөөлдөг гэж болно. Дэлхий даяар шүдний эмчилгээ нь өндөр өртөгтэй эмчилгээнд ордог. Би Герман, Япон, Америкийн шилдэг материалуудыг хэрэглэдэг ч гэсэн гадны үнэ тарифтай адилхан байдаггүй. Гадны эмчилгээний зардалтай харьцуулахад 20, 30 хувьд нь ч хүрэхгүй. Хэрэглэж байгаа материал, үйлчилгээний чанарын хувьд яг адилхан. Тийм ч учраас Америк ч юм уу гадны улсад амьдардаг хүмүүс жил бүр над дээр ирж шүдээ эмчлүүлдэг.

-Та хүүхдийн шүдний нарийн мэргэжил эзэмшсэн нь хүүхдийн шүдний өвчлөл их байгаатай холбоотой юу?

-Хүн амын дундах шүдний өвчлөл дотроос хүүхдийн шүдний өвчлөлийн эзлэх хувь маш өндөр. Жилээс жилд хувь нь нэмэгдээд байгаа. Намайг анх Анагаахад ороход хүүхдийн шүдний өвчлөл 87 хувьтай байсан бол одоо 90 гаруй хувьтай болжээ. Манай сумын 0-6 настай хүүхдүүдийн шүдний өвчлөл 98 хувьтай байна.

-Хүүхдийн шүдний өвчлөл жил ирэх тусам ихэсч байгаад юу нөлөөлж байна. Эцэг, эхчүүд хэрхэн хүүхдийнхээ шүдэнд анхаарал хандуулах вэ?

-Хүүхдийн шүдний өвчлөл их байгаагийн гол шалтгаан нь хоол хүнсний асуудал юм. Уламжлалт хоол хүнсээ хэрэглэх нь багассан. Орчин үеийн хоол хүнс болох котлёт, бөөрөнхий мах зэргийг хэрэглэхээс гадна ундаа, чихрийг өдөр бүр хүүхдэдээ авч өгөх болсон. Хүүхдүүдэд шүд угаах дадал хэвшил суулгаагүй. Хамгийн багадаа өглөө, орой буюу өдөрт хоёр удаа шүдээ угаах ёстой ч хүүхдүүд шүдээ угааж сураагүй байдаг. Угаалаа гэж бодоход буруу угааж байгаа нь шүд цооролтын бас нэг шалтгаан болж байна. Шүд нь өвдөөгүй байсан ч урьдчилан сэргийлэх байдлаар гурван сар тутам эмчид үзүүлэх ёстой. Бага насны хүүхдүүдийн сүүн шүдний өвчлөл нь байнгын шүдэнд нөлөөлдөг. Байнгын шүд нь гажигтай, цоорхой, далий мурий ургах нь их бий. Тиймээс эцэг, эхчүүд хүүхдийнхээ шүдийг байнга угааж өгч, өөрөө шүдээ зөв угааж суртал нь хамтран угаах хэрэгтэй. Хүүхдийн шүдийг гаа багатай ургамлын гаралтай оогоор угаах нь зүйтэй.

-Хүмүүс шүд өвдөхөд хацартаа оо түрхэж, өвчин намдаах эм зуудаг. Шүд өвдөж эхэлсэн үед ямар арга хэмжээ авах нь зөв бэ?

-Хүмүүс ихэвчлэн шүд өвдөхөд хацартаа оо түрхдэг нь хамгийн буруу. Оог түрхсэнээр нэг хэсэг хүйтнээр сэнгэнээд, өвчин намдаж байгаа юм шиг хуурамч мэдрэмжийг төрүүлдэг. Эсрэгээрээ хүүхдийн хацарт түрхэхэд арьсыг нь түлж, гэмтээж шархлуулсан тохиолдол бий. Тиймээс оог хацарт түрхэж болохгүй. Мөн шүдэндээ өвчин намдаах эмийг зуудаг. Өвчин намдаах эмийг зуухад амны дотор талын завьж, хэлийг түлэх аюултай. Өвчин намдаах эмийг биеийн жин, насандаа тохируулж зааврын дагуу уух ёстой. Шулуун гэдсээр өвчин намдаах лааг хэрэглэж болно. Өвчин намдаах эм ууна гэдэг нь өвдөлтийг түр намдааж байгаа болохоос тухайн өвчнийг эмчилдэггүй. Тиймээс яаралтай шүдний эмчид хандах нь зүйтэй.

-Шүдний өвчин бүх өвчний суурь гэдэг. Энэ тал дээр таны бодол?

-Хүний биеийн бүх өвчин амны хөндийгөөс эхэлдэг. Амны хөндийн эрүүл ахуйгаас шалтгаалж 280 гаруй бие даасан өвчнийг үүсгэж байдаг. Тодруулбал, хоолойн ангина, зүрх судас, бөөр, үе мөчний өвчин болон хүндэрнэ. Шүдгүй болоход механик үйл ажиллагаа алдагдаж, хоол бүхэл бүхлээрээ ходоод руу орсноор ходоодыг цочроож өвчлүүлдэг, ходоодны шархтай болгодог.

Categories
мэдээ нийгэм нүүр-хуудасны-онцлох онцлох-нийтлэл

Ус, агаар, нараар хүүхдээ чийрэгжүүлье DNN.mn

Урин дулааны улирал үргэлжилсээр. Хүүхдүүдийн хувьд хамгийн олон цагаар гадаа байх боломжтой, дархлаагаа дэмждэг улирал нь мэдээж зун.

“Агаар гэдэг бол хүүхдийн хамгийн сайн эмчилгээ, тархи, зүрх, бүх биеийн өсөлтөд хамгийн сайнаар нөлөөлдөг тул болж өгвөл гадаа сайн гаргаарай. Лагер гарчихаад л байшинд байлгаад, хөдөө оччихоод л гэрт суулгаад байвал ямар ч хэрэг байхгүй” гэж хүүхдийн эмч, Анагаах ухааны доктор, профессор Д.Одонтуяа зөвлөжээ. Түүний зөвлөснөөр бага насны хүүхдийг хэрхэн чийрэгжүүлэх талаарх бяцхан зөвлөгөөг хүргэе. Хүүхдийг усаар чийрэгжүүлэхдээ орой унтахын өмнө бүлээн усанд хөлийг нь дүрчихээд гадаа гаргахдаа эхлээд халуун элс, шороон дээр нүцгэн гүйлгэсний дараа зүлгэн дээр алхуулна. Орой хөлийг нь 20 градустай усанд дүрэхэд хүүхдийн хоолой нь өвдөхгүй байвал голын усанд оруулж болох нь.

Нараар чийрэгжүүлэхийн өмнө модны сүүдэрт гаргаж байх нь их сайн байдаг. Нараар чийрэгжүүлэхдээ нялх хүүхдийг эхлээд өгзөг, гуянаас нь нүцгэлээд өглөө, оройн наранд ээх нь зүйтэй. Өдрийн нар хортой туяатай болохоор энэ үед хүүхдийг гадаа гаргахгүй байх. 07:00-10:00, 16-20 цагийн нар зөөлөн ультрофилет гэдэг туяа ихтэй байдаг учир өглөө, оройн наранд Д витамин их үүсдэг аж. Энэ үед хүүхдийг гадаа гаргах нь агаараар чийрэгжихээс гадна Д витаминаа ч нөхөөд авах боломжтой аж.

Наранд хүүхдээ гаргахдаа биеийн тос, сүүлний тосоор тосолж гаргавал илүү үр дүнтэй.