Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын сууж явсан машин осол гаргаж, хүний амь хохирсон хэргийн мөрөөр (II)

Түрүүч нь №217(5784) дугаарт


Талийгаач С.Чулуунхүү

С.ЧУЛУУНБАТ: Н.НОМТОЙБАЯР САЙДЫН ОЙРТОЙРНЫ ХҮМҮҮС ХУДЛАА ЯРЬСНААС БОЛЖ АХТАЙГАА УУЛЗАЖ ЧАДСАНГҮЙ

Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Номтойбаярын машинд мөргүүлсэн С.Чулуунхүү харамсалтайгаар амь насаа алдсан билээ. Хэргийн газарт Булган аймгийн Замын цагдаа, Прокурорын газар, Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн алба хаагчид ажиллажээ. Хэргийн газарт хийсэн шинжээчдийн дүгнэлт одоогоор гараагүй байна. Талийгаач С.Чулуунхүүтэй сүүлийн хоёр жил гаруй хугацаанд хамт амьдарсан Г.Хуягбаатар, эхнэр н.Заяа нартай уулзлаа. Тэд “Талийгаач С.Чулуунхүү хүнд ямар ч гэм хоргүй хүн байсан. Манай нутгийн олон айлд тус хүргэж байсан ачтан байгаа юм.

Айл саахалтынхныхаа хонь, ямааг хариулж өгдөг. Өвс хадлан бэлтгэхэд нь тус дэм болдог. Уг нь эгч дүү тавуулаа юм билээ. Гэхдээ ар гэрийнхэндээ гай болохгүй гээд манай энэ хавийн айлуудаар хоноод яваад байдаг байсан. Тогтсон амьдрал, гэр орон, эхнэр хүүхэд байгаагүй. Манайд сүүлийн хоёр жил гаруй хугацаанд амьдарсан. “Та гэртээ харихгүй юм уу. Дүү чинь таныг гэртээ авчрах гээд эрээд явсан гэх юм” гэхээр юм хэлэхгүй дуугүй суугаад байдаг байсан. Манайд амьдарч байх хугацаандаа нэг ч удаа ямар нэгэн муухай авир гаргаж байгаагүй. Бид ч хэдэн төгрөг илүүчилж, цалин хөлс өгдөг байсан. Эгч дээрээ сүүлийн хоёр жил очсонгүй. Гэхдээ “Энэ жил эгч, дүү нараа бараадаад Эрдэнэт хот орж дулаан газар өвөлждөг юм билүү” гэж бидэнд ярьж байсан. Хэрэг гардаг өдрийн өглөө жаахан халамцуухан явсан. Тэгэхдээ ухаан мэдрэлээ алдах хүртлээ согтуу байгаагүй. Хурдтай ирж байгаа машины урдуур амжиж орох гэж яваад л мөргүүлчих шиг боллоо. Даанч харамсалтай зүйл боллоо. Сайд нь байна уу, жолооч нь байна уу хамаагүй. Бидний зүгээс хэргийг үнэн зөвөөр шийдэж өгөөсэй гэж хүсч байна. Хүний амь шүү дээ” гэв.

Талийгаач С.Чулуунхүүгийн унаж явсан мотоцикль ийм болжээ

С.ЧУЛУУНХҮҮГИЙН ГОЛ СУДАС ТАСАРСНААС БОЛЖ ДОТУУР ЦУСАЛДАН АМИА АЛДЖЭЭ

Бид Хутаг-Өндөр сумын “Дондогийн булаг” буюу хэрэг гарсан газраас Булган аймгийн төв рүү хөдөллөө.Талийгаач С.Чулуунхүү тус аймгийн нэгдсэн эмнэлэгт нэг хоноод амиа алдсан юм. Тиймээс Булган аймгийн цагдаагийн хэлтэст түүнд хамаарах хэргийг шалгаж байгаа. Биднийг Булган аймгийн төв орох үед нутгийн иргэд “Н.Номтойбаяр сайд мэдээлэл хийж байна. Бүр дайрч амь насыг нь хөнөөсөн хүнээ гэр оронгүй архичин, гуйлгачин байсан гэнэ. Жолооны үнэмлэх байхгүй ч гэх шиг зүйл яриад байна. Хэзээ байтлаа мотоцикль жолоодох эрх бүхий үнэмлэх манай улсад байсан юм. Үхсэн хүн үг хэлж чадахгүй гээд нас барсан хүнийг доромжилж байгаа юм байх даа. Нийгмийн хамгааллын сайд хүн иргэнээ ингэж доромжилж, дорд үзэх гэж дээ” хэмээн уурлаж, дургүйцлээ илэрхийлж байв.Түүнчлэн “Машинаа өөрөө жолоодож явсан байж өөр хүнд хэргийг үүрүүлэх гэж байна” гэх яриа ч гарсан байв.

Талийгаач 2017 оны есдүгээр сарын 28-ны 16:00 цагийн орчимд Булган аймгийн нэгдсэн эмнэлэгт хүргэгдэн иржээ. С.Чулуунхүү эмнэлэгт ирэхдээ хагас ухаан алдсан байдалтай байсан гэдгийг тус эмнэлгийн яаралтай хүлээн авах тасгийн эмч нар хэлж байв. Тэрбээр машинд хүчтэй мөргүүлсний улмаас эгэм, баруун гарын шууны яс нь хугарсан байжээ. Анхан шатны үзлэгээр талийгаач хэвлийдээ дотуур цус алдаад байгаа шинж тэмдэг илэрсэн байна. Аймгийн эмч нар яг хаанаа гэмтэл авч, аль хэсгээрээ цус алдаад байгааг тогтоож чадаагүй байна. Тус эмнэлэгт рентген аппарат, эхо аппаратнаас өөр сүүлийн үеийн тоног төхөөрөмж байхгүй гэнэ. Хэрэв компьютер оношлогоо, томографик зэрэг тоног төхөөрөмж байсан бол бүрэн оношлогоо хийлгэх боломжтой байжээ. Ингээд аймгийн эмч нар яаралтай мэс засалд орж, хэвлийг нь нээсэн байна. Мэс засал хийхдээ эмч нар ар гэрийнхнээс нь заавал зөвшөөрөл авч, гарын үсэг зуруулах ёстой байдаг. Гэвч талийгаачийн ар гэрийнхнийг хөдөөнөөс дуудаж ирээд мэс засал хийх зөвшөөрөл авах гэсээр байтал цаг хугацаа алдах учраас яаралтайгаар мэс засалд оруулжээ.

Энэ талаар тус эмнэлгийн эмчилгээ эрхэлсэн орлогч дарга Ц.Энхмаагаас цөөн асуултад хариулт авсан юм.

-Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч н.номтойбаярын машинд мөргүүлсэн С.Чулуунхүүгийн амь насыг аврах боломж байгаагүй юм уу?

-Манай эмнэлгийнхэн талийгаач С.Чулуунхүүд шаардлагатай бүх эмчилгээг хийсэн. Манай эмнэлэгт хүргэгдэж ирэхдээ их хүнд бэртэл гэмтэл авсан байсан. Аарцагны яс нь хугарснаас болж гол судас нь тасарсан. Гол судас тасарснаас болж дотуур цус алдаж харамсалтайгаар амь насаа алдсан. Манай эмнэлэг хоёрдугаар шатлалын эмнэлэг. Бид мэс засал хийж, эрчимт эмчилгээний яаралтай эмчилгээг цаг алдалгүй хийсэн. Төвийн хойд бүсийн нэгдсэн төв буюу Орхон аймгийн эмч нарын багийг дуудаж, ажиллуулсан. Талийгаач нэлээд хэмжээгээр согтууруулах ундаа уусан байсан. Бид гурван цаг гаруй мэс ажилбар хийсэн. Ингээд биеийн байдал нь тогтворжиж, хэвийн болсон. Зүрх судас болон даралт, пульс нь хэвийн цохилж эхэлсэн. Бид хоёр ээлжээр сувилагч гаргаж, талийгаачийг байнга хяналтдаа байлгасан. Ингээд маргааш нь биеийн байдал тогтвортой болж ухаан орж, эмч сувилагч нартай ярьж байсан. Гэхдээ нарийвчилсан шинжилгээг бүрэн өгөх шаардлагатай байсан нь мэдээж. Ингээд гуравдугаар шатлалын эмнэлэг рүү буюу Эрдэнэт хот руу явуулахаар болсон юм. Талийгаачийг эмнэлгийн үүдний түргэн тусламжийн машин руу оруулах үед даралт нь унаж, зүрхний хэм алдаж эхэлсэн. Ингээд буцааж оруулаад аппаратанд шууд залгасан. Харамсалтай нь тусламж авч чадалгүй амьсгал хураасан. Энд нэг зүйлийг онцолж хэлмээр байгаа юм. Бид сайд ч бай, жирийн иргэн ч бай ялгалгүй эрдэнэт хүний амь аврахын төлөө л хоёргүй сэтгэлээр зүтгэдэг. Гэхдээ тоног төхөөрөмж, багаж хэрэгсэл байхгүйн зовлон их байна. Бид өөрсдийн олон жилийн туршлага, мэдрэмжээр оношлогоо хийж байна шүү дээ. Хэдий болтол иймэрхүү байдалтай байхыг мэдэхгүй. Хэрэв компьютер оношлогоо, томографикийн эмнэлгийн тоног төхөөрөмж байсан бол өөр асуудал.

-Талийгаачийн ар гэрийнхэн биднээс мэс засал хийх зөвшөөрөл авалгүй шууд мэс засал хийсэн гээд гомдолтой байна гэсэн. энэ талаар та бүхэнд хэлсэн үү?

-Бид цаг хугацаатай уралдаж, хүний амь нас аварч үлдэх гэж ажилладаг гэдгээ дээр хэлсэн шүү дээ. Бид ар гэрийнхэнд нь нөхцөл байдлын талаар бүгдийг хэлж ойлгуулсан.

-Компьютер оношлогоо, томографикийн тоног төхөөрөмж байхгүй гэдгийг эрүүл мэндийн яам, холбогдох газрууд мэдэж байгаа юу?

-Мэдэж байгаа. Бид компьютер оношлогоо, томографикийн аппарат шаардлагатай гэдгээ байнга хэлдэг. Сүүлийн жилүүдэд зам тээврийн осол маш их гарч байна. Бид 400 гаруй километр газарт эмнэлгийн тусламж үйлчилгээ үзүүлж байна гэв.

ОСОЛ ГАРГАСАН “ЖИ КЛАСС” МАРКИЙН ЖИЙПИЙГ ХЭН БАРЬЖ ЯВСАН НЬ ТОДОРХОЙГҮЙ БАЙНА

Бид хэргийг шалгаж байгаа цагдаа нартай уулзаж мэдээлэл авах гэсэн боловч “Прокурор зөвшөөрөл өгөөгүй учир ямар нэгэн мэдээлэл өгөх боломж алга байна” гэв. Харин албаны эх сурвалжаас дээрх хэрэгтэй холбоотой хэд хэдэн ноцтой мэдээлэл авсан юм. Тэрбээр “Цагдаа нар ослын газарт дарга нартайгаа очсон байна лээ. Аймгийн прокурорын дарга нь хүртэл алба хаагчдаа ахалж очсон байсан. Жирийн нэг осол гарсан бол хууль хүчний дарга нар ингэж сүр дуулиантай ирэхгүй нь тодорхой. Сайд даргатай холбоотой болохоор хөл алдаж байгаа юм. Мэдээж үүний цаана хэргийг үнэн зөв шийдэх үү гэсэн эргэлзээ гол асуудал болж байгаа. Мөн хэргийн газарт үзлэг хийсэн шинжээчид сайдын машинд үзлэг хийгээгүй юм шиг байна лээ. Осол гаргасан 70-77 гэсэн улсын дугаартай “Жи Класс” маркийн жийп нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын нэр дээр байдаг гэсэн. Уг нь Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулиар осол гаргасан машиныг заавал журмын хашаанд саатуулж, лацдаж байгаад шинжилгээ хийдэг. Машины хүрдэн дээрээс осол гарах үед хэн жолоодож явсан бэ гэдгийг тогтоохын тулд заавал хурууны хээ авдаг. Гэтэл хэргийг шалгаж байгаа цагдаа, хянаж байгаа прокурор энэ шинжилгээг хийлгүй явуулчихсан гэсэн. Н.Номтойбаяр сайдын машины урд талын хөндлөн төмөр хэдхэн сантиметр ханзарч, нүүрний хэсгийн гоёл цөмөрсөн байсан. Тэр зургийг нь авчихаад явуулсан байна лээ. Тэгсэн хэрнээ талийгаачийн мотоциклийг аваачаад журмын хашаандаа хийчихсэн байгаа юм. Үүнийгээ аймгийн цагдаа, прокурор “Осол гаргасан 70-77 гэсэн улсын дугаартай “Жи Класс” маркийн жийп нь УИХ-ын гишүүн Н.Номтойбаярын нэр дээр байдаг. УИХ-ын гишүүний халдашгүй дархан эрхээр машиныг нь саатуулж, журмын хашаанд хийж болохгүй. Хууль зөрчсөн асуудал болно” гээд явуулчихсан байдаг. Хүний амь нас хохирчихоод байхад УИХ-ын гишүүний эрх дарх хэнд хамаатай юм бэ. Энэ бүгдээс болж машиныг сайд Н.Номтойбаяр барьж явсан уу, жолооч залуу барьж явсан уу гэдэг нь тодорхойгүй байгаа юм. Хуулиндаа УИХ-ын гишүүн авлига авсан, хүн амины хэрэгт холбогдсон бол шууд цагдан хорьдог. Гэтэл Булганы цагдаа, прокурор сайдаас айгаад шууд явуулчихсан байна лээ. Талийгаачийг урсгал сөрж, замын хөдөлгөөний аюулгүй байдлын дүрэм зөрчсөн гэж хэмжилтээр гарч ирсэн гэж манай цагдаа нар ярьж байна лээ” гэв. Булган аймгийн цагдаагийн хэлтэс Хөдөлмөр, нийгмийн хамгааллын сайдын үүрэг гүйцэтгэгч Н.Номтойбаярын жолоочид эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлсэн байна. Мөн Н.Номтойбаяраас гэрчийн мэдүүлэг авсан гэдгийг эх сурвалж онцолж байлаа.

Бид Булган аймгийн замын цагдаагийн харьяа журмын хашаа орсон юм. Осол гаргасан машин хашаагаар нь дүүрэн байв. Талийгаач С.Чулуунхүү ганц хөрөнгөтэй байсан нь “Мустанг 5” гэх мотоцикль. Бид журмын хашаанд байх мотоциклийн сэг дээр очсон юм. Хөндлөнгөөр нь харуулаад хэвтүүлсэн байв. Моторноос бусад бүх эд анги нь эвдэрчээ. Урд тэнхлэг хэсгээрээ хойшоо цөмөрч, дугуйны обуд нь хагарчээ. Гар, их гэрэл, хянах самбар нь юу ч үгүй болтлоо хагарсан байна. Шатахууны банк нь тэр чигтээ чихэгдэж базсан цаас шиг болжээ. Суудал нь дундуураа хугарч, хойд дугуйны хайлшин обуд ч хагарсан байлаа.

“Н.НОМТОЙБАЯР САЙДЫН ХИЙСЭН МЭДЭГДЛИЙГ ҮЗСЭН. ЯДАРСАН БОРЧУУД БИДНИЙГЭЭ ИХ МУУХАЙГААР ХЭЛЖ БАЙНА ЛЭЭ”

Талийгаач С.Чулуунхүүг энэ сарын 4-нд хөдөөлүүлж, буяны ажлыг нь хийжээ. Эрдэнэт хотод ар гэрийнхэн нь байна гэх мэдээлэл ирсэн учир бид Булган аймгаас Орхон аймгийг зорьсон юм. Орхон аймгийн Шанд багт байх талийгаачийн эгч С.Чулуунцэцэгтэй уулзлаа.

Тэрбээр хэвлэл мэдээллийн хэрэгслээр ямар нэгэн мэдээлэл өгөхгүй гэсэн юм. Харин дүү С.Чулуунбат цөөн асуултад хариулт авлаа.


-Талийгаач С.Чулуунхүү осолд орсон гэдгийг анх хэзээ мэдсэн бэ?

-Ахыгаа харамсалтайгаар алдчихаад сууж байна даа. Миний зулай дээр гишгэж төрсөн ганц ах минь юм шүү дээ. Хамгийн сүүлд ахтайгаа уулзахад “Айлын хадлан бэлдэж өгчихөөд очно. Хэдэн төгрөг олчихвол надад хэрэгтэй. Би яах вэ, та нартаа гай болохгүй энд амьдарч болоод байна. Нутгийнхан тусалж дэмжээд болж л байна” гэж ярьж байсан даа. Ах минь надаас хоёр ах. Бид тэрсхэн өссөн болохоор их ойр байдаг байлаа. Есдүгээр сарын 28-ны орой аймгийн цагдаагаас холбогдож “Ах чинь осолд орсон байна. Цагдаагийн газарт яаралтай ир” гэсэн. Бидэнд гэхдээ “Гарынх нь яс хугарсан. Биеийнх нь байдал зүгээр байгаа” гэж хэлсэн. Би ч тэр үгэнд нь итгээд тайвшраад гэртээ хоносон. Маргааш нь эмнэлэгт очиход ухаангүй, аль хэдийнэ мэс засалд оруулчихсан байсан. Н.Номтойбаярын хүмүүс бидэнд “Биеийнх нь байдал сайн байгаа” гэж худлаа хэлээгүй байсан бол би ахыгаа ухаан ороход нь уулзчих боломж байсан. Даанч худлаа ярьснаас болоод ахтайгаа уулзаж чадалгүй алдчихлаа. Бид худлаа ярьсанд нь үнэхээр их гомдолтой байгаа.

-Ослын талаар сонссон уу. Талийгаачийг согтуу байсан гэж яригдаад байгаа?

-Миний ах уух нь уучихдаг байсан нь үнэн. Гэхдээ ухаанаа алдтал ууж байгаагүй. Осол гардаг өдөр пиво уусан гэж хүмүүс ярьж байна лээ. Тэгэхээр согтоогүй байсан гэсэн үг. Би ослын хажууд байгаагүй болохоор хэнийх нь буруу вэ гэдгийг хэлж мэдэхгүй байна. Гэхдээ ах минь төрийн сайдын машинд дайруулаад амь насаа алдчихлаа шүү дээ. Хэргийг Булган аймгийн цагдаа, прокурор үнэн зөв шийдэж өгнө гэдэгт итгэж байна. Н.Номтойбаяр сайдын хийсэн мэдэгдлийг үзсэн. Ядарсан борчууд биднийгээ их муухайгаар хэлж байна лээ. Төрийн сайд хүн жирийн иргэнээ тэгж доромжилж болохгүй л дээ. Ахыг минь үг хэлж чадахгүй гэж бодож байгаа бол ах, дүүс нь амьд сэрүүн байгаа шүү гэж хэлье.


Categories
мэдээ нийгэм

Төрийн цагдаа руу салаавч гаргаж нохой шиг доромжилсон Ц.Баярцогт гэж хэн бэ

Замын цагдаагийн өөдөөс Ц.Баярцогт гэх залуу салаавч гаргаж, хэл амаар доромжилж байгаа бичлэг олон нийтийн сүлжээнд тавигдснаас хойш шуугиан тариад байгаа. Өнгөрсөн сарын 21-ны өдөр 17-93 УБҮ улсын дугаартай “Ланд-200” маркийн машин урсгал сөрж явахад нь цагдаагийн албан хаагч зогсоосон гэнэ. Цагдаа бичиг баримтыг нь шалгаж эхэлсэн байдаг. Гэтэл тус машинд зорчиж явсан иргэн Ц.Баярцогт бууж ирэн цагдааг доромжилж эхэлсэн байна. Ингээд цагдаа руу салаавч гаргаж доромжилсон юм. Ц.Баярцогт цагдаагийн хажууд хэн нэгэн рүү утсаар ярин “Амрыг эрье” хэмээн мэнд мэдэнгээ, танай цагдаа бичлэг хийгээд байна, та ярьдаа” хэмээн цагдаагийн томоохон албан тушаал бүхий дарга руу гар утсаараа ярьсан билээ.

Ц.БАЯРЦОГТЫГ ШАЛГАЖ ЭХЭЛЖЭЭ

Энэ талаар Цагдаагийн ерөнхий газрын хэвлэл мэдээллийн төвөөс тодруулахад “Олон нийтийн сүлжээгээр хууль сахиулагчийг албан үүргээ гүйцэтгэж байхад нь түүний хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн бичлэг цацагдсан. Энэ үйл явдал нь 2017 оны есдүгээр сарын 21-ний өдөр 16:00 цагийн орчимд болсон. Дээрх үйлдэлд эрүүгийн хэрэг үүсгэхээр цагдаагийн байгууллага шалгаж байна. Тухайн үед 17-93 УБҮ улсын дугаартай, “Ланд-200” маркийн автомашинд зорчиж явсан, цагдаагийн албан хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн Ц.Б гэгчийн гаргасан хууль бус үйлдэлд нь Зөрчлийн тухай хуулийн 15.2 дугаар зүйлийн 2.3 дахь хэсэгт төрийн албан хаагчийг хүч хэрэглэхгүйгээр эсэргүүцсэн, эсхүл доромжилсон бол хүнийг 250 мянган төгрөгөөр торгоно, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл зургаан сараас гурван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ гэж заасны дагуу цагдаагийн байгууллага шалгалтын ажиллагаа хийж байна. Мөн 17-93 УБҮ улсын дугаартай, “Ланд-200” маркийн тээврийн хэрэгслийг жолоодож явсан Ц.Б-д тээврийн хэрэгслийн тусгай дуут дохиог зөвшөөрөлгүй ашигласан зөрчилд хуулийн дагуу Жолоочийн зөрчлийн бүртгэлийн арван онооноос гурвыг хасаж, Зөрчлийн тухай хуулиар 80 мянган төгрөгөөр торгох арга хэмжээ авсан. Цагдаагийн алба хаагчийн хууль ёсны шаардлагыг эсэргүүцсэн Б гэгч нь төрийн өндөр албан тушаалтан, улстөрчтэй хамаарал бүхий этгээд биш бөгөөд төрийн албанд ажилладаггүй гэдэг нь шалгалтын явцад тогтоогдсон” гэв. Өөр нэг эх сурвалжаас авсан мэдээллээр Ц.Баярцогт нь прокурор, цагдаад их танилтай нэгэн гэнэ. Тэрбээр өмнө нь хэд хэдэн хэрэгт шалгагдаж байсан ч танил талаараа дамжуулан ял завшиж байсан аж. Мөн замын цагдаа руу салаавч өгсний дараа цагдаагийн нэгэн хурандаа руу гар утсаараа залгаж ярьсан нь тодорхой болоод байгааг онцолж байв.

Ц.БАЯРЦОГТОД ЗАЛИЛУУЛСАН ГЭХ Д.БАТБАЯР ПРОКУРОРЫН ХУУЛЬ БУС ШИЙДВЭРИЙГ ЭСЭРГҮҮЦЭЖ СУДСАА ХАНАЖЭЭ

Төрийн цагдаа руу салаавч гаргаж, түмний дургүйцлийг хүргээд байгаа иргэнийг Ц.Баярцогт гэдэг юм байна. Тэрбээр хэдэн жилийн өмнө нэр, овгоо сольж, Чимгээ овогтой Баяртогтох болсон байна. “Саранфинанс” ББСБ-ын захирлаар ажилладаг байна. Тэрбээр Сэлэнгэ аймгийн Ерөө сумын Хуст нарийны амны алтыг хууль бусаар олборлодог аж. Хууль бусаар алт олборлож байхад нь цагдаагийнхан зогсоогоод эрүүгийн хэрэг үүсгэжээ. Мөн техникийг нь лацдаж битүүмжилжээ. Гэвч Ц.Баярцогт цагдаа нарын тавьсан лацыг нь таслаад үргэлжлүүлэн газраа ухсан гэнэ. Түүнийг хууль бусаар алт олборлосон, 160 гаруй сая төгрөг бусдаас залилсан хэргээр ирэх лхагва гаригт Сэлэнгэ аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээр гэм буруутай эсэхийг хэлэлцэх юм байна. Энэ талаар албаны эх сурвалжаас авсан мэдээллээр Сэлэнгэ аймгийн Мандал сумын Ялбаг багийн нутаг, Ерөөгийн байгалийн цогцолбор газарт хууль бусаар алт олборлосон хэрэгт “Баян суут” компанийн захирал Ц.Баярцогтыг шалгажээ. Тус компани нь нөхөн сэргээлт хийх нэрийдлээр Хуст нарийны голд алт олборлосноос болж гол ширгэн, ухсан нүхэнд нь мал унаж үхэх болжээ. Ц.Баярцогт нь иргэн Д.Батбаярт “Лицензтэй талбай байгаа” гэж итгүүлэн 115 сая төгрөгийг залилан мэхэлж авсан байдаг аж. Иргэн Д.Батбаяр цагдаад Ц.Баярцогтод залилуулчихлаа гэх утга бүхий өргөдөл өгчээ. Мөрдөн байцаалтаар Ц.Баярцогт иргэн Д.Батбаяраас ашиглалтын лицензийн талбайтай хэмээн итгүүлж, их хэмжээний хөрөнгө оруулалт хийлгэсэн байна. Д.Батбаяр өөрийнхөө болон ах, дүү хамаатан садангийнхаа орон сууцыг барьцаалан “Баян суут” компани руу 115 сая төгрөгийн хөрөнгө оруулалт хийсэн аж. Гэтэл тус компани хууль бус аргаар алт олборлож байгаа нь тогтоогдсон байна. Ингээд гаргасан мөнгөө авах гэсэн боловч чадаагүй байна. Арга буюу цагдаад хандаж, шалгуулжээ. Хэргийг шалгаж байсан мөрдөн байцаагчийг ямар нэгэн үндэслэлгүйгээр хэд хэдэн удаа сольжээ. Мөрдөн байцаах газарт шалгагдаж байсан хэргийг Нийслэлийн прокурорын газрын Нямдорж, Сандагсүрэн нар хэрэгсэхгүй болгох шийдвэрийг гаргажээ. Бүр хавтаст хэргийг нь архивт хийчихсэн байна. Үүнээс болоод иргэн Д.Батбаяр “Миний үхэлд Нийслэлийн прокурорын Сандагсүрэн, Нямдорж нар буруутай” гэсэн гэрээслэл бичиж амиа хорлох оролдлого хийж, судсаа ханасан байна. Иргэн Д.Батбаяр амиа хорлох үйлдэл гаргасантай холбоотойгоор хэрэгсэхгүй болсон дээрх хэргийг Прокурорын байгууллагаас дахин сэргээж, Эрүүгийн хуулийн 148.4, 214.2-т заасан бусдын онц их хэмжээний хөрөнгийг залилсан, хууль бусаар ашигт малтмал олборлосон гэсэн үндэслэлээр яллах дүгнэлт үйлдэн Сэлэнгэ аймаг дахь Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд шилжүүлжээ. Шүүх хурал ирэх лхагва гаригт болно. Түүнийг 148, 214 дүгээр зүйл ангиар буруутган шүүх гэнэ.

Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбатыг албан тушаалаа урвуулан ашиглаж хууль бус шийдвэр гаргаж, 2013 онд Ц.Баярцогтыг хууль бусаар алт олборлох эрх өгсөн гэх үндэслэлээр АТГ-аас шалгасан байна. Ж.Эрдэнэбат Сэлэнгэ аймгийн Засаг даргаар ажиллаж байхдаа Дөтлүүрийн ам гэх газарт Ц.Баярцогтын компаниар нөхөн сэргээлт хийлгэх нэрийдлээр алт ухуулсан байна. Дээрх хэргийг хэрэгсэхгүй болсон байсныг мөн л сэргээн шалгаж дээрх хэрэгтэй нэгтгэн шүүх юм байна. Сэлэнгэ аймаг дахь эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Ерөнхий сайдын үүрэг гүйцэтгэгч Ж.Эрдэнэбатыг шүүх хуралд яллагдагчаар оролцуулах шийдвэр гаргасан гэдгийг эх сурвалж онцолж байв.

Categories
мэдээ цаг-үе

Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн захирал Г.Төмөрбаатар 20 сая төгрөгийн үнэтэй сэлбэгийг 49 сая төгрөгөөр худалдан авдаг байжээ

Конветор хувиргуур

Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн захирал Г.Төмөрбаатар төрийн албан тушаалыг урамшуулал нэрээр наймаалцдаг, хямд үнэтэй сэлбэгийг хэд дахин өндөр үнээр худалдан авч, дундаас нь ашиг хүртэж байж болзошгүй ноцтой баримтыг дэлгэж байна. Г.Төмөрбаатар захирлын хууль бус үйлдлийн талаарх ноцтой баримтын зах зухаас Монголын Тээвэр, Холбоо, Газрын Тосны Үйлдвэрчний Эвлэлийн холбооноос сэтгүүлчдэд мэдээлэл хийж, олон нийтэд хүргэсэн. НЗТН-ийн II баазын Үйлдвэрчний Холбооны тэргүүлэгч Г.Болорсүх хэвлэлийн бага хурлын үеэр Контактын шунт 100 айл барилгын материалын захад 35 мянган төгрөгийн үнэтэй зарагддаг. Гэтэл дээрх сэлбэгийг Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэл 280 мянган төгрөгөөр худалдан авч байна. Мөн БНХАУ-аас 2.5 сая төгрөгөөр худалдаалагддаг цахилгаан аккумуляторыг 6.8 сая төгрөгөөр худалдан авч байгаа талаар мэдэгдсэн. Энэ талаар бид нэхэн сурвалжиллаа. Үнэхээр төрийн өмчит компанийн захирал улсын төсвийн мөнгийг хувьдаа завшиж, 20 сая төгрөгөөр худалдаж авах сэлбэгийг 49 сая төгрөгөөр худалдаж авсан уу гэх асуултын хариултыг олохыг зорьсон юм.

МӨНГӨН ТЭТГЭМЖ НЭРИЙДЛЭЭР ТӨРИЙН АЛБЫГ НАЙМААЛЦСАН УУ

Г.Төмөрбаатар гэгч Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн захирлаар томилогдож ирсэн даруйдаа өөрийнхөө багийг бүрдүүлж эхэлсэн байна. Дэд захирал, ерөнхий нягтлан, баазын дарга, хангамжийн албаны дарга, албаны дарга зэрэг удирдах алба тушаалд өөрийнхөө хүмүүсийг тавьж чадсан гэнэ. Г.Төмөрбаатар дээрх албан тушаалд өөрийнхөө ойр дотны хүмүүсийг тавихын тулд төрийн албыг наймаалцсан байж болзошгүй байгаа гэх мэдээлэл байна. Тодруулбал, Г.Төмөрбаатар Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн захирлаар томилогдож ирээд хоёр сар болоход дэд захирлаасаа эхлээд бүх удирдах албаны дарга өөрийн хүсэлтээр ажлаасаа халагдах өргөдөлөө өгсөн байх юм. Өргөдөлдөө эрүүл мэндийн шалтгааны улмаас ажлаасаа чөлөөлөгдөх хүсэлт өгч байна гэх утга бүхий зүйлсийг бичсэн байжээ. Тэгвэл Г.Төмөрбаатар өөрийн хүсэлтээр ажлаасаа халагдсан дэд захирал М.ЦэвээнОчирт 14 сая төгрөгийн тэтгэмж олгосон аж. Ерөнхий нягтлан Д.Юнгэрт дөрвөн жил ажиллаад халагдах өргөдөл өгсөн даруйд нь 13 сая төгрөг өгсөн байна. Хангамжийн албаны дарга Г.Насанбат нэг жил ажиллаад гарахдаа 7.8 сая төгрөгийн тэтгэмж аваад гарчээ.

Гэтэл 20 гаруй жил ажилласан гурван хүн өндөр насны тэтгэвэрт гарцгаажээ. Тэдэнд тус бүр таван сая төгрөгийн тэтгэмж өгсөн байна. Өөрөөр хэлбэл, нэг жил ажиллаад өөрийн хүсэлтээр гарсан хэлтсийн дарга 7.8 сая төгрөг авч байхад 20 жил ажилласан хүнд таван сая төгрөгийн тэтгэлэг олгох нь зүйд нийцэх болов уу. Энэ талаар автобус баазын ажилчид дунд дарга нар ажлаасаа гарч байгаа шалтгаан нь Г.Төмөрбаатар “Өөрийнхөө хүсэлтээр ажлаасаа гарах юм бол чамд өндөр хувьтай тэтгэлэг олгоно. Чи ажлаа өгчих” гэсэн санал тавьсан юм гэнэ лээ. Тэгээд л ажлаасаа өөрийн хүсэлтээр халагдаад байгаа юм” гэх яриа гарсан гэнэ. Энэ нь ч олон зүйлсээр нотлогдож байгаа аж. Ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөж байгаа хүмүүст мөнгөн тэтгэмж олгох ямар нэгэн хууль, тогтоол, захирамж байдаггүй аж. Хэрэв ямар нэгэн мөнгөн тэтгэмж олгох бол үйлдвэрчний эвлэлтэйгээ харилцан тохиролцож гэрээ байгуулсны үндсэн дээр олгох ёстой байдаг гэнэ. Гэтэл Г.Төмөрбаатар захирал шууд тэтгэмж олгоод эхэлжээ.

ТАВАН МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ СЭЛБЭГ 280 ТӨГРӨГ БОЛСОН НЬ

Цахилгаан тээвэр буюу троллейбусны сэлбэгийг манай улс ОХУаас худалдан авдаг байсан аж. Гэхдээ ОХУ-аас авч буй сэлбэг нэлээд өндөр үнэтэй. Мөн олдоц муутай, яаралтай сэлбэг хэрэгтэй болоход хэдэн сар хүлээгдэж байж ирдэг байсан аж. Харин урд хөршийн компаниудын үйлдвэрлэж байгаа троллейбусны сэлбэг хямд үнэтэй, захиалга өгөхөд түргэн шуурхай ирдэг байна. Ингээд “Смест” гэх нэртэй компаниас троллейбусны сэлбэг худалдан авдаг болжээ. Цахилгаан тээврийнхэн олон жилийн турш “Смест” компаниас худалдан авч байгаа аж. Өөр компанийн үйлдвэрлэж байгаа сэлбэг, монголд зорчигч тээврийн үйлчилгээнд явж байгаа троллейбусанд таардаггүй байна. Зөвхөн “Смест” компанийнх таардаг гэдгийг эх сурвалж онцолж байв. “Смест” компанийн хувьд байгуулагдсан цагаасаа хойш үйлдвэрлэж байгаа сэлбэгнийхээ үнийг нэмж байгаагүй аж. Валютын үнэ ханшны зөрүүгээс үүдэн үнэ нь бага зэргийн дээш доошоо хэлбэлзэл байдаг гэнэ. Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлд үе үеийн захирал ирдэг. Захирлууд өөр өөрийнхөө танил тал компаниудаар сэлбэг нийлүүлдэг. Ингэхдээ БНХАУын “Смест” компаниас худалдан авдаг байна. Гэтэл Г.Төмөрбаатар томилогдож ирсэн цагаасаа хэт өндөр үнэтэй сэлбэг худалдан авдаг болжээ. Тухайлбал, троллейбусны чоперыг 2013 онд 20 сая төгрөгөөр худалдан авдаг байжээ. Энэ оны эхэн сард 19.6 сая төгрөгөөр “Смест” компани худалдаалдаг байсан гэнэ. Гэтэл Г.Төмөрбаатар захирлын үед 19 сая төгрөгийн үнэтэй чоперийг 49.5 сая төгрөгөөр худалдан авах болжээ.

Гэтэл 30 мянган төгрөгийн үнэ бүхий мөнгөн контакт 150 мянга, хэдхэн сарын өмнө цахилгаан аккумлятор 2.6 сая төгрөгөөр худалдаж авдаг байсан бол 6.8 сая төгрөг болон нэмэгджээ. Уг нь таван мянган төгрөгийн үнэтэй байдаг гэнэ. Цахилгаан тээврийнхэн таван мянган төгрөгөөр 100 айл барилгын материалын зах дээрээс худалдаж аваад троллейбусандаа тавьдаг байсан аж. Гэтэл таван мянган төгрөгийн үнэтэй сэлбэгийг 280 мянган төгрөгөөр Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийнхэн худалдан авчээ. Энэ мэт 20 гаруй сэлбэг, тоног төхөөрөмжийг хэд дахин өндөр үнээр худалдан авсан байх юм.

Нийслэлийн Өмчийн харилцааны газраас хийсэн шалгалтын тайлан

НИЙСЛЭЛИЙН ӨМЧИЙН ХАРИЛЦААНЫ ГАЗРЫН ХИЙСЭН ШАЛГАЛТААР ХУУЛЬ ЗӨРЧСӨН НОЦТОЙ ЗӨРЧИЛ ИЛЭРСЭН БАЙНА

Г.Төмөрбаатар захирал троллейбусны сэлбэгийг зах зээлийн үнээс хэд дахин өндөр үнээр худалдан авсан гэх нэрийдлээр төрийн мөнгийг хэдэн компаниудын дансаар дамжуулан авч, хувьдаа завшиж байсан уу. Эсвэл БНХАУын “Смест” гэх компани сэлбэгийн үнээ хэд дахин нэмэгдүүлсэн үү гэдгийг олж тогтоох ёстой болжээ. Энэ талаар албаны эх сурвалжуудаас авсан мэдээллийг та бүхэндээ хүргэе. Троллейбусны сэлбэг үйлдвэрлэдэг “Смест” компани үнээ нэмсэн гэдгийг олж тогтоожээ. Гэтэл тус компанийн албан ёсны цахим хуудаст сэлбэгийн үнийн дүн огт өөрчлөгдөөгүй байсан гэнэ. Мөн тус компанийн захиралтай манай улсын зорчигч тээврийн нэгэн компанийн захирал уулзаж, Монголын троллейбусанд ашиглагдаж байгаа сэлбэгийн үнийн талаарх тамга тэмдэг бүхий саналыг гаргуулан авчээ. Мөн л хэдэн жилийн өмнөх үнээрээ зарагдаж байсан гэнэ.

Нийслэлийн өмчийн харилцааны газрын даргын тушаалаар ажлын хэсэг байгуулагдаж шалгахад Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн газарт шалгалтаар ноцтой хэд хэдэн зөрчил илэрсэн байна. Санхүүгийн шалгалтаар Нийслэлийн зорчигч тээврийн нэгтгэлийн цахилгаан тээвэрт сэлбэг нийлүүлсэн “Хул хүж”, “Тэнүүн цацрал”, Их орд финанс”, “Их орд” эко лайн, “Намуун мандал”, “Зууны булаг” компаниуд зах зээлийн ханшнаас хэт их өндөр үнээр сэлбэг нийлүүлсэн нь тогтоогджээ. “Төрийн болон орон нутгийн өмчийн хөрөнгөөр бараа, ажил үйлчилгээ, худалдан авах тухай хуулийн хэд хэдэн заалтыг ноцтой зөрчсөн болохыг ажлын хэсгийнхэн тогтоожээ. Г.Төмөрбаатар захирал ингэж л төрийн мөнгөөр “туйлж” байгааг олон баримт нотолж байгааг эх сурвалж онцолж байв.

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
мэдээ цаг-үе

Угтаалцайдам сумын кварцын чулуун ордыг ашиглах зөвшөөрлийг Засаг дарга Н.Гантулга, ИТХ-ын дарга Р.Батбаяр нар хууль зөрчин олгосон уу

Төв аймгийн Угтаалцайдам сумын Хар чулуут багийн нутаг дэвсгэр Бор өндөр уулын өвөр бэлээс кварцын чулууны орд илэрсэн. Кварцын чулуу нь дэлхийн зах зээлд маш их эрэлттэй, өндөр үнээр худалдаалагддаг байна. Өнгөрсөн долдугаар сарын сүүлчээр “Бор өндрийн хишиг” гэх нэртэй бичил уурхайн нөхөрлөл дээрх орд газрыг ухаж эхэлсэн аж. Үүнийг Угтаалцайдам сумын иргэд эсэргүүцээд байгаа. Иргэд тус сумын Засаг дарга Н.Гантулга, ИТХ-ын дарга Р.Батбаяр нар хууль бус шийдвэр гаргаж, байгаль орчинд их хэмжээний хохирол учруулж байгаа талаар мэдэгдсэн.

Угтаалцайдам сумын удирдлагууд болон иргэдийн дунд үл ойлголцох байдал бий болж, холбогдох хууль хяналтын байгууллагууд хяналт, шалгалтын ажлууд хийж эхэлжээ. Дэлхийд нэн ховор чулуу гэгдэх кварцын чулуун орд газрыг ухах зөвшөөрлийг сумын Засаг дарга Н.Гантулга, ИТХ-ын дарга Р.Батбаяр нар хууль зөрчин олгосон гэх мэдээллийн мөрөөр манай сонины сурвалжлах баг Угтаалцайдам сумыг энэ сарын 11-нд зорилоо. Угтаалцайдам сумын иргэд хоёр талцсан байдалтай байна лээ. “Манай сумын дарга нар газар нутгаа худалдаж, авлига авч байна. Засаг дарга Н.Гантулга, ИТХ-ын дарга Р.Батбаяр нар манай сумын хүүхдүүд. Гэтэл мөнгөний төлөө газар нутгаа ухаж сэндийчин, овоолсон шороо болгож, зэргэлдээх Заамар сумын эмгэнэлийг давтаж байна.

Тэр чулууны орд газрын доор Заамар сумын их алтны судал таарч байгаа гэнэ. Алтны судлыг ухах гэж л улайрч байна” гээд л сумынхаа дарга нарыг муу хэлж байна. Харин нөгөө хэсэг нь “Манай сумынхан сүржигнээд байгаа болохоос гурван га газрыг ухах юм байна лээ. Бүр ил уурхай ч биш далд уурхай. Төв аймгийн Баянчандмань сумын далд уурхай шиг л уурхай юм гэсэн. Кварцын чулууг ухаад Европын улс орнуудад худалдаалах юм бол маш их хэмжээний ашиг олох аж. “Бор өндрийн хишиг” нөхөрлөл манай суманд сургууль, эмнэлэг, Засаг даргын тамгын газрын их засвар хийж, шинээр гурилын үйлдвэр, цэцэрлэг, Баянцогт сумтай 45 километр зам тавих гээд улсын шийдэж өгөлгүй өдий хүрч байгаа зүйлсийг хоёр жилийн дотор шийдэж өгөх гэрээ хийсэн.

Бидний хэт их сүржигнэж хийрхэж байгаагаас болоод сум орон нутаг хөгжихгүй байгаа юм” хэмээн ярьцгааж байв. Намрын их ажил өрнөсөн Угтаалцайдам суманд “Уурхайг ухуулах нь зөв, ухуулахгүй байсан нь дээр” гэсэн зүйлс хүн бүрийн ярианы гол сэдэв болжээ.

ОРОСУУД АНХ КВАРЦЫН ЧУЛУУН ОРД ГАЗРЫГ ИЛРҮҮЛСЭН ГЭНЭ

Кварцын чулуун орд илрээд байгаа Угтаалцайдам сумын Хар чулуут багийн нутаг дэвсгэр Бор өндөр ууланд очлоо. “Бор өндрийн хишиг” нөхөрлөлийнхөн нутгийн иргэдийн эсэргүүцэл, тэмцэлтэй тулгарч, хөрс хуулалтаа эхлүүлээд ажлаа зогсоосон байдалтай байв. Техник, тоног төхөөрөмжүүдээ эргүүлэн Улаанбаатар хот руу татжээ. Хамгаалалтын албаны хоёр залуу дөрвөн гэр манаж байв. Тэд “Бид ажлаа хийж байна. Энэ газрыг ухах үгүйг мэдэхгүй байна. Нутгийн иргэд эсэргүүцснээс болоод үйл ажиллагааг нь зогсоочихсон юм билээ. Бид дөрвөн гэр харах ажилтай сууцгааж байна” гэхээс өөр зүйл ярьсангүй. Бор өндөр гэх хад ихтэй уулын орой хэсгийг эмтэлж ухжээ. Уулын оройг ухаж хуулсан шороогоор зам зассан байв. Кварцын чулуун орд нь ухсан газраас 20 гаруй метрийн гүнд байгаа гэнэ. Одоогоос 30 гаруй жилийн өмнө Оросын геологичид дээрх газарт болор, кварцын чулууны орд газар байгааг олж илрүүлсэн гэнэ. Ингэхдээ энэ уул доошоо 100 метр хүртэл бүхэлдээ кварцын орд чулуу байна. Маш их баялаг орд газар хэмээн тогтоосон байдаг аж. Бор өндөр уул бүхэлдээ өөхөн цагаан чулуутай аж. Нутгийн иргэд цагаан чулууг дундуур нь хага цохиж үзэхээр гялтганасан шаргал судал байдаг гэж нутгийнхан ярьж байв.

Дээрх орд газрыг цаашид ухах үгүйг Төв аймгийн Засаг дарга, ИТХ-ын хурлаар шийдэхээр болжээ. Хурлын шийдвэр гартал “Бор өндрийн хишиг” нөхөрлөлийн ажлыг зогсоосон байна. Хэрэв дээрх газрыг ухуулахгүй гэх шийдвэр гарвал, нөхөн сэргээлтийн ажлыг хийгдэх асуудал яригдах ажээ. Тус сумын иргэдийн төлөөлөл нийслэлд очиж “Дарга нараа хууль зөрчиж байгаа талаар болон тус орд газарт алт олборлох гэж байна гэх мэдээлэл хийсэн. Дээрх мэдээлэлтэй холбоотойгоор Төв, Дархан-Уул, Сэлэнгэ, Орхон, Улаанбаатар хотоос алтны нинжа нар ирцгээсэн байна. Нинжа нар хүрз, лоом, жоотуугаар энд тэнд газар ухах гэж оролдсон байна. Алт гарсан газар байхгүй болохоор нинжа нар хоёр өдөр зогсож байгаад явцгаажээ.

Г.АЛТАНГЭРЭЛ: “БОР ӨНДРИЙН ХИШИГ” НӨХӨРЛӨЛД ЗАСАГ ДАРГА Н.ГАНТУЛГЫН ҮЕЭЛ, ИТХ-ЫН ДАРГА Р.БАТБАЯРЫН ЭХНЭРИЙН ДҮҮ НЬ БАЙГАА

Угтаалцайдам сумын иргэдийн төлөөлөл “Эх нутгаа хамгаалъя” гэх нэртэй төрийн бус байгууллага байгуулжээ. Дээрх төрийн бус байгууллагын тэргүүнээр сумын Ерөнхий боловсролын сургуулийн захирлаар ажиллаж байсан Г.Алтангэрэлийг сонгожээ. “Эх нутгаа хамгаалъя” гэх нэртэй төрийн бус байгууллагын гишүүд Засаг дарга Н.Гантулга, ИТХ-ын дарга Р.Батбаяр нарын хууль зөрчсөн. “Бор өндрийн хишиг” нөхөрлөлийнхөн дарга нарт авлига өгсөн байж болзошгүй хэмээн үзэж, АТГ, Ашигт малтмалын ерөнхий газар, Төв аймгийн Засаг даргын тамгын газарт өргөдөл гомдол гаргасан байна.

Энэ талаар “Эх нутгаа хамгаалъя” төрийн бус байгууллагын тэргүүн Г.Алтангэрэлтэй ярилцлаа.


-Та бүхэн ямар шалтгаанаар Хар чулуут багийн нутаг дэвсгэр Бор өндөр ууланд кварцын чулуу олборлож байгааг эсэргүүцэж байгаа юм бэ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Угтаалцайдам сумын иргэдийн зүгээс кварцын чулуун орд газарт олборлолт хийж байгаа “Бор өндрийн хишиг” нөхөрлөлийн үйл ажиллагааг эсэргүүцэж байгаа нь тодорхой хэдхэн шалтгаан бий. Засаг дарга Н.Гантулга, ИТХ-ын дарга Р.Батбаяр нарт дургүйдээ ингэж ярьж байгаа юм биш. Хууль зөрчсөн асуудал байгаа болохоор бид эсэргүүцэж байгаа юм. Нутгийн иргэд яагаад кварцын чулуун орд газрыг ашиглах гэж байгаа “Бор өндрийн хишиг” нөхөрлөлийн уурхайг эсэргүүцээд байгаа талаар тодорхой мэдээлэл өгч болно. “Бор өндрийн хишиг” нөхөрлөл манай сумын нутаг дэвсгэрт бичил уурхай эрхлэх гэж байгааг хэн ч мэдээгүй байсан. Гэтэл манай сумын Засаг дарга Н.Гантулга ИХТ-дийг огт хуралдуулахгүйгээр тогтоол гаргасан байдаг. Нутгийн иргэдэд бичил уурхай эрхлэх гэж байгаа талаар огт танилцуулаагүй. Тэгсэн мөртлөө ИТХ-ыг 2017 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр хуралдаж, бичил уурхай явуулахыг зөвшөөрсөн шийдвэр гарсан мэтээр тогтоол гаргасан байдаг. Өөрөөр хэлбэл ИТХ-аар огт яригдаагүй зүйлсийг ярьж, хэлэлцэн зөвшөөрч, дэмжсэн гэх утга бүхий 02 дугаартай хуурамч тогтоол үйлдэж гаргасан байдаг. Хуурамч тогтоолоо Ашигт малтмал, газрын тосны газарт өгсөн байдаг.

Дээрх газраас хариу ирэхгүй болохоор зургадугаар сард Төв аймгийн Засаг дарга Ж.Батжаргалаар Ашигт малтмал, газрын тосны газарт хүсэлт гаргуулж өгсөн байдаг юм билээ. Зургаан сарын сүүлчээр Ашигт малтмал, газрын тосны газрын Кадастрын хэлтсийн дарга н.Мөнх-Очир гэдэг хүний гарын үсэг тамгатай, бичил уурхай ашиглах боломжтой гэсэн дүгнэлт гаргуулсан байдаг. Энэ бүгдийг зөвхөн манай сумын дарга нар мэдэж байсан болохоос жирийн иргэд бид огт мэдээгүй явж байсан. Тэгсэн өнгөрсөн долдугаар сарын 17-нд сумын ИТХ-ын гуравдугаар хуралдаан болсон. Дээрх хуралдааны төгсгөлд гэнэтхэн бусад асуудал хэлэлцэнэ гэсэн байдаг. Бусад гэсэн асуудалд бичил уурхайн талаар санал оруулж ирсэн гэсэн. Н.Гантулга дарга “Бор өндрийн хишиг” нөхөрлөлийнхөн манай суманд бичил уурхай эрхлэхээр шийдвэр гарсан. Аймгийн Засаг дарга, Ашигт малтмал, газрын тосны газар зөвшөөрсөн. Та бүхэн одоо энэ хурлаар дэмжээд, зөвшөөр” гэх утгатай зүйлсийг ярьсан байдаг. Манай суманд маш олон бүтээн байгуулалтыг хийнэ гэж хэлсэн байна лээ. Таван жилийн хугацаанд олборлолт хийгдэнэ. Сум орон нутаг хөгжих гээд байна гэж хэлсэн байдаг. Ингээд сумын ИТХ-аар дэмжих шийдвэр гаргасан. Үүний дагуу Засаг дарга Н.Гантулга, “Бор өндрийн хишиг” нөхөрлөлийн тэргүүн М.Төгсболд гэх хүнтэй хамтран ажиллах нийгмийн хариуцлагын гэрээ хийсэн байдаг. Гэрээ хийгдсэний дараа Бор өндөр уулыг ухаж эхэлсэн. Ийм зүйл болж өнгөрсөн байдаг. Бичил уурхай ашиглах зөвшөөрөл олгохдоо хууль зөрчсөн байдаг. Яагаад зөвшөөрөл олгосон талаар лавшруулаад сонирхох юм бол ашиг сонирхлын маш тод зөрчилтэй нь тодорхой болсон.

-Ашиг сонирхлын ямар зөрчилтэй юм бэ. Энэ талаар дэлгэрэнгүй ярихгүй юу?

-Уурхай эрхлэх ашигт малтмалын тухай хуулийн дөрөвдүгээр заалтын 4.1 гэх заалтыг зөрчсөн байдаг. “Бор өндрийн хишиг” бичил уурхай эрхлэх нөхөрлөл нь таван хүний бүрэлдэхүүнтэй байгууллагдсан. Бичил уурхайн нөхөрлөл гэдэг нь онгон дагшин байгаль огт ухаж, олборлолт хийдэггүй. Хуулиараа ч хориглосон байдаг. Нөхөрлөл бичил уурхайчид уурхайн ашиглаж байсан үлдэц бүхий эдийн засгийн үлдэц багатай газрыг ашиглах ёстой. Хэрэв шинэ газарт бичил уурхай ажиллуулах гэж байгаа бол Засгийн газрын 151 дүгээр тогтоолоор аймгийн удирдлага шийдвэр гаргаж уурхайн олборлолт хийж болно гэсэн заалт бий. Энэ заалтыг шууд зөрчсөн байгаа юм. Өөрөөр хэлбэл Н.Гантулга өөрийнхөө албан тушаалыг хэтрүүлэн ашиглаж хууль бус зүйл хийж байна гэж бид бүхэн үзэж байгаа. Өөр нэг ноцтой асуудал нь “Бор өндрийн хишиг” бичил уурхайн нөхөрлөлд таван гишүүн бий. Хоёр хүн нь энэ оны долдугаар сард манай суманд шилжиж ирсэн байдаг. М.Төгсболд гээд “Бор өндрийн хишиг” бичил уурхайн дарга нь Улаанбаатар хотод амьдардаг. Манай суманд нэг ч хамаатан садан байхгүй хүн. Э.Энхбаяр гэж хүн мөн л Улаанбаатар хотынх. Гурав хүн нь Засаг дарга Н.Гантулгын үеэл Б.Ганбат гэж хүн байгаа. Харин дөрөв дэх хүн нь ИТХ-ын дарга Р.Батбаярын эхнэрийн дүү Д.Нямлхагва байна. Мөн малчин Ш.Бямбасүрэн гэж залуугийн бүрэлдэхүүнтэй нөхөрлөл. Нөхөрлөлийн гишүүдээс л бүх зүйлс тодорхой харагдаж байгаа биз дээ. Ашиг сонирхлын зөрчилтэй гээд яриад байгаа минь ч үүнтэй холбоотой.

Та бүхэн АТГЗасаг дарга Н.Гантулга, ИТХ-ын дарга Р.Батбаяр нарыг ямар үндэслэлээр шалгуулж байгаа юм бэ?

-Угтаалцайдам сумын иргэдийн дунд Засаг дарга Н.Гантулга, ИТХ-ын дарга Р.Батбаяр “Бор өндрийн хишиг” бичил уурхайн нөхөрлөлөөс маш их хэмжээний мөнгө авсан гэх яриа гараад байгаа. Үүнийг бид шалгуулах хүсэлтээ өгсөн. Мөн бичил уурхай манай сумыг хөгжүүлж маш их бүтээн байгуулалт хийнэ гэдэгт иргэд бид эргэлзэж байгаа. Монголын топ компаниуд уул уурхай олборлолт хийж байгаа сумандаа “Бор өндрийн хишиг” бичил уурхайн нөхөрлөлийн амлаад байгаа зүйлсийг хийж өгөөгүй байдаг. Гэтэл жижигхэн бичил уурхайн нөхөрлөл 45 километр зам тавьж, цэцэрлэг барьж, гурилын үйлдвэр барьж өгнө гээд байгаа нь худлаа гэж үзэж байна. Нутгийн иргэдийг хуурч мэхлэн хамаг баялгийг нь цөлмөж аваад зугтаах гэж байна гэв.

Төв аймгийн Угтаалцайдам суманд гараад байгаа кварцын чулуун ордын нөөцийн судалгааг гаргасан байдаг аж. Одоогоор 20 орчим мянган тонн кварцын чулуу олборлох боломжтой байгаа гэнэ. Тэгвэл кварцын чулууг дэлхийн зах зээлд өндөр үнээр худалдаалдаг аж. Кварцыг радио, хэт богино дууны техник, гоёлд өргөн хэрэглэдэг байна. Тонн кварц дэлхийн зах зээл дээр 2000-2500 ам.долларын үнэд хүрдэг байна. Тэгвэл Угтаалцайдам сумын Бор өндрийн уулын бэлээс гарч байгаа кварц нь тунгалаг кварц аж. Тунгалаг кварц ховор чулуунд тооцогддог. “Бор өндрийн хишиг” бичил уурхайн нөхөрлөлийн нутгийн иргэдэд өгсөн мэдээллээр кварцын болор чулууг газар дээр нь 3-3.5 сая төгрөгөөр худалдаалах юм. 20 мянган тонн чулуу олборлоход нэлээд ашиг хүртэх боломж байна. Тиймээс манай нөхөрлөл өөрсдөө ашиг хүртэхээс гадна нийт орлогынхоо 60 хувийг Угтаалцайдам сумын хөгжил дэвшилд бодит хувь нэмрээ оруулж, иргэдэд хувь хүртээнэ хэмээн мэдэгджээ.

Р.БАТБАЯР: БИД СУМАА ХӨГЖҮҮЛЭХ ГЭЖ БИЧИЛ УУРХАЙГ ДЭМЖСЭН. ХУУЛЬ ЗӨРЧСӨН ЗҮЙЛ ОГТ БАЙХГҮЙ

“Бор өндрийн хишиг” бичил уурхайд кварцын чулуу олборлох зөвшөөрлийг Угтаалцайдам сумын Засаг даргын Тамгын газар, Иргэдийн хурлын төлөөлөгчид олгож байгаа. Хууль зөрчиж зөвшөөрөл олгосон уу гэдгийг тус сумын ИТХ-ын дарга Р.Батбаяраас тодрууллаа.

-Угтаалцайдам сумын Засаг дарга Н.Гантулга, ИТХ-ын дарга Р.Батбаяр нар хууль зөрчин “Бор өндрийн хишиг” бичил уурхайг дэмжсэн гэх асуудал яригдаад байгаа. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?

-Сүүлийн үед манай сумын нэр бүхий иргэд хэвлэл мэдээллийн хэрэгслээр буруу ташаа мэдээлэл өгч байна. Ор үндэсгүй худлаа мэдээлэлд бид бүхэн өнөөдрийг хүртэл ямар нэгэн албан ёсны хариулт өгөөгүй. Учир нь хууль хяналтын байгууллага үнэн зөвийг олж тогтоосны дараа албан ёсны тайлбар өгөх нь зүйтэй болов уу гэж үзсэн юм. Угтаалцайдам сумын Хар чулуут багийн нутаг дэвсгэр Бор өндөр ууланд кварцын чулууны орд хэрхэн илэрсэн, “Бор өндрийн хишиг” бичил уурхайн нөхөрлөлд олборлолт хийх зөвшөөрлийг ямар шалтгаанаар олгосон бэ гэдгийг одоо хэлмээр байна. Манай сумын ИТХ-ын ээлжит хурал 2017 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр болсон. Хуралдаанаар “Бор өндрийн хишиг” бичил уурхай манай суманд үйл ажиллагаа явуулснаар 2017 онд сумын Засаг даргын Тамгын газрын барилгын засвар, Эрүүл мэндийн төвийн өргөтгөл барих, Ерөнхий боловсролын сургуульд их засвар хийж, ахмадын өргөө барьж өгнө гэсэн. Мөн 2018-2020 онд Гурилын үйлдвэр барих, шинээр цэцэрлэг, малчдад зориулж баг бүрт жилд нэг худаг гаргаж өгөх, хуучин 12 айлын орон сууцыг засварлах, спорт цогцолбор барьж өгөх, Баянхангай сумаас Угтаалцайдам хүртэл 45 километр хатуу хучилттай зам тавих, цэвэр, бохир, усны нэгдсэн шугамтай болгох гээд маш олон бүтээн байгуулалт хийж өгье. Дээрээс нь нийт орлогынхоо 25 хувийг нутгийн иргэдэд хишиг болгон жилдээ иргэн бүрт 500 мянган төгрөг, ашиг хүртээд эхлэхээр сая төгрөг бэлэн тарааж байх эдийн засгийн үндэслэл бүхий судалгаа, шинжилгээг танилцуулсан. Энэ бүгдийг ИТХ-аар хэлэлцээд улсын төсвөөр хийгдэж чадахгүй байгаа томоохон ажлуудыг хийж өгнө гэдэг зүйл дээр тогтож хуралдсан. Ингээд бичил уурхайг сум орон нутгийн зүгээс дэмжиж ажиллах нь зүйтэй гэдэг дээр санал нэгдсэн. Биднийг хуралдаан огт хийгээгүй. Бүр хуурамч тогтоол үйлдэж хууль зөрчсөн гэж яриад байгаа. Энэ асуудалд албан ёсоор хариулт өгөхөд хууль зөрчсөн зүйл огт байхгүй. Бүх зүйл хуулийн дагуу болж өнгөрсөн гэдгийг хэлмээр байна. Хуралдаанаар төлөөлөгчид холбогдох хүмүүсээс кварцын чулууны үнэ ханш, хэдэн га газарт уул уурхайн олборлолт хийх гэж байгааг нэн түрүүнд асууж тодруулсан. 3.5 га газарт эзэмшил талбайгаар авч, 0.5 га газарт олборлолт хийж, ухах юм байна. Газар ухах хэмжээ бага байсан учир эргээд нөхөн сэргээлт хийх бүрэн боломжтой юм байна гэж үзээд бид дэмжсэн. Ерөөсөө л болж өнгөрсөн асуудал ийм. Өнгөрсөн долдугаар сарын 17-нд сумын ИТХ-ын гуравдугаар хуралдаан болсон. Энэ хуралдаан дээр мөн л “Бор өндрийн хишиг” бичил уурхайн асуудал яригдсан. Засгийн газрын 151 дүгээр тогтоолтой холбоотойгоор гаргасан шийдвэрээ дахин нягталж харсан. Бидний зүгээс сум орон нутгийг хөгжүүлж, иргэдээ амар тайван амьдруулахын төлөө иргэдээсээ санал авч сонгогдсон хүмүүс. Тиймээс нутгаа хөгжүүлэх гарцыг үргэлж хайж эрэлхийлж байгаа. Энэ үндсэн дээр бид бүхэн зөвшилцөлд хүрч чадсан. Энэ шийдвэрээ буруу зүйл гэж огт бодохгүй байна. Гол нь нутгийн иргэд буруу мэдээлэлтэй байгаагаас үүдэн үл ойлголцох байдал бий болоод байна.

-Иргэд бичил уурхай суманд хэзээ ч ийм их хөрөнгө оруулалт хийж чадахгүй гэж үзээд байгаа. Өмнө нь бичил уурхай суманд их хэмжээний хөрөнгө оруулалт хийсэн тохиолдол байхгүй юм билээ?

-Гол нь тооцоо судалгаа чухал шүү дээ. Угтаалцайдам суманд нийт орлогынхоо 60 хувийг өгдөг жишиг уурхай бий болгохыг зорьж байгаа юм. Энэ дагуу ч Засаг дарга Н.Гантулга, ““Бор өндрийн хишиг” бичил уурхайн захирал М.Төгсболд нар хамтран ажиллах гэрээ хийсэн байдаг. Ашигт малтмалын газар, Төв аймгийн Засаг даргын Тамгын газраас олборлолт хийхийг зөвшөөрсөн. Ингээд л үйл ажиллагаагаа эхлүүлсэн байдаг. Гэтэл нутгийн иргэд олборлолт хийж эхлэх үед эсэргүүцлээ илэрхийлж эхэлсэн. Нутгийн зөвлөл албан шаардлага өгсний дагуу сумын Засаг дарга Н.Гантулга “Бор өндрийн хишиг” бичил уурхайн үйл ажиллагааг зогсоох шийдвэр гаргасан. Ийм л зүйл болсон. Миний бие төрж өссөн нутгаа, байгалийн баялгаа зарж, борлуулсан зүйл огт байхгүй. Зөвхөн нутгаа хөгжүүлэхийн төлөө ийм шийдвэр гаргасан гэв.

ЗАСАГ ДАРГА Н.ГАНТУЛГА ӨӨРИЙН ХҮСЭЛТЭЭР АЖЛАА ХҮЛЭЭЛГЭН ӨГЧЭЭ

Угтаалцайдам сумын Засаг дарга Н.Гантулга өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн байна. Энэ талаар сумын Засаг даргын орлогч Б.Мөнхбаяр “Засаг дарга Н.Гантулга өөрийн хүсэлтээр ажлаа хүлээлгэн өгсөн байгаа. Тэрбээр ажлаа өгөх шалтгаанаа 2016 он гарснаас хойш өнөөдрийг хүртэл сумынхаа төвийн сайжруулсан замыг хусч индүүдэж, засварлах, үйлчилгээний төвүүд дунд 400 метр урт бетонон зам, БНСУ-ын Сөүл хотын Сүншил их сургуулийн оюутнууд хоёр жил дарааллан нарны эрчим хүчээр асдаг гэрэлтүүлгийг үнэ төлбөргүй тавьж суурилуулсан, Соёлын төвийн өргөтгөлийг сэргээн засварлах, 75 хүүхдийн “Сонинхангайн багачууд” цэцэрлэгийг ашиглалтад оруулж 80 гаруй хүүхэд хүлээн авч байгаа. “Элсэн цагаан” ХХК хувьдаа хууль бусаар дур мэдэн ашиглаж байсан төрийн өмчийн барилгыг эргүүлэн авч халуун ус, саун, үсчний зориулалтаар орон нутгийн хөгжлийн сангаас санхүүжүүлэн ашиглалтад оруулсан. Мөн 2017 онд газрын дуудлага худалдаа зохион байгуулж 130 гаруй сая төгрөг төвлөрүүлж сумын төвийн бүрэн гэрэлтүүлэг, нийтэд үйлчилдэг ковш 920 трактор, 30×60 харьцаатай хөл бөмбөгийн талбай, 400м2 гүйлтийн зам талбай, Соёлын төвийн худалдааны зах лангуу, эрүүл мэндийн төвийн тоног төхөөрөмжийг шинэчлэх, УИХ-ын гишүүнтэй хамтран Талын уул баг дээр 0-тоЫ1е-ийн сүлжээ станцыг тавьж сумын иргэдийг бүхэлд нь үүрэн телефоноор хангах ажлыг хийж байна мөн хувийн хэвшилтэй хамтран шинээр шатахуун түгээх станц барьсан зэрэг ажлуудыг зохион байгуулан ажиллалаа. Гэтэл миний хийсэн ажлуудыг үгүйсгэж намайг харлуулах үйл ажиллагаа удаа дараа явагдаж байна. Урьд нь 2016 оны УИХ-ын сонгуулийн үеэр мөн 2016 орон нутгийн сонгуулийн сурталчилгаа хаах өдөр ингэж миний нэр төрд халдах, гүтгэх доромжлох ажлуудыг зохион байгуулалттай хийж байгаад харамсаж байна. Энэ удаад ч мөн давтагдаж байна. Энэ болгоныг хууль хяналтын байгууллагаар өөрийн хүсэлтээр шалгуулан үнэн зөвийг тогтоолгон нэр төрөө сэргээлгэх ажлыг явуулах болно. Иймд өнөөдрөөс эхлэн албан ёсоор үүрэгт ажлаасаа өөрийн хүсэлтээр чөлөөлөгдөх хүсэлтэй байна” гэж мэдэгдээд ажлаа өгсөн. Угтаалцайдам сумын Засаг даргын Тамгын газраас бичил уурхайд ямар нэгэн хувийн эрх ашгийн үүднээс чулуу олборлох зөвшөөрөл олгосон зүйл байхгүй” гэв.

Төв аймгийн Угтаалцайдам суманд намрын их ажил ундарсан өдрүүдэд ийм л асуудал босч ирээд байна. Нутгийн иргэд кварцын чулуу ухуулах нь зөв буруу, орон нутагт хөрөнгө оруулалт, бүтээн байгуулалт хийх худал амлалтаар иргэдийг төөрөгдүүлж, байгалийн баялгийг цөлмөх гэж байна хэмээн хоорондоо талцаж, сумынхаа дарга нарыг хууль хяналтын байгууллагад шалгуулж эхлээд байна. Хууль хяналтын байгууллага Засаг дарга Н.Гантулга, ИТХ-ын дарга Р.Батбаяр нар хууль зөрчсөн үү, үгүй юү гэдгийг удахгүй эцэслэн тогтоох биз ээ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Төсвөөс тэтгүүлдэг Төрийн өмчит компанийн захирлуудын цалин ба багш нарын цалин

Төрийн өмчийн компанийн захирлын сард авч байгаа цалинг эгэл жирийн багш нар хоёр жил нойр хоолоо хасч, илүү цагаар ажиллаад ч авч чадахгүй байна. Ерөнхий боловсролын сургуулийн багш сардаа 650 мянган төгрөгийн цалин авдаг. Тэгэхээр жилд 7.8 сая төгрөгийг арай чүү авч байна. Тэгвэл төрийн өмчит компанийн захирлууд сард хэдэн төгрөгийн цалин авч байна вэ. Энэ талаар дэлгэрэнгүй мэдээлэл хүргэе.

Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын дарга Ц.Ням-Осор өнгөрсөн жил “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Х.Бадамсүрэн сард 10 мянган ам.долларын цалин авч байгаа талаар олон нийтэд мэдэгдэж шуугиан дэгдээж байв. Улмаар Уулын баяжуулах “Эрдэнэт үйлдвэр”-ийн захирал Х.Бадамсүрэн сард 25 сая төгрөгийн цалин авдаг нь тодорхой болсон. Үүний дараа Засгийн газраас гаргасан мэдэгдлээр “Хөгжлийн банк” ХХК-ийн Гүйцэтгэх захирал 10 сая төгрөг, “Монголын цахилгаан холбоо” ХК-ийн Гүйцэтгэх захирал 4.8 мянган ам.доллар, “МИАТ” ХК-ийн Гүйцэтгэх захирал долоон сая төгрөг, ХАА-н бирж ХХК-ийн Гүйцэтгэх захирал 9.5 сая төгрөг, “Эрдэнэс Монгол” ХХК-ийн Гүйцэтгэх захирал зургаан сая төгрөг, “Төрийн орон сууцны корпораци” ТӨҮГ-ын Гүйцэтгэх захирал 5.5 сая төгрөг, “Авто тээврийн үндэсний төв” ТӨҮГ-ын Гүйцэтгэх захирал 3.5 сая төгрөгийн цалин авч байгааг албан ёсоор мэдэгдэж байлаа. Энэ тоо цаашид үргэлжилнэ. Зүгээр л зах зухаас нь дурдахад ийм байна. Эдгээр олон захирлууд авч байгаа цалин дээрээ нэмээд 150-200 сая төгрөгийн үнэтэй машин унана. Доод тал нь таван сая төгрөгийн үнэтэй утас барьдаг. Наад зах нь 70 сая төгрөгийн тавилга өрөөндөө тавьдаг гээд үргэлжлүүлбэл Төрийн өмчийн нэг компанийн захирлын хэрэглээний зардал 500-гаас нэг тэрбум төгрөгт эргэлдэх жишээтэй. Түүнчлэн “Эрдэнэс Таван толгой”-н гүйцэтгэх захирал гэхэд сард 10 мянган ам.долларын цалин авдаг гэнэ. Гэхдээ энэ юу ч биш бололтой. Учир нь Монгол Улсын хамгийн олон захиралтай байгууллага болох Төрийн банкны захирал, орлогч захирлууд хэдэн төгрөгийн цалин авдаг талаарх мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр цацагдаж эхэллээ. Тодруулбал, Төрийн банкны ерөнхий захирал Д.Баярсайханы сарын цалин 18 сая, жилд 216 сая төгрөг,гүйцэтгэх захирал Б.Цэндсүрэнгийн сарын цалин 15 сая, жилд 180 сая төгрөг, гүйцэтгэх захирлын тэргүүн орлогч Д.Ганбаатарын сарын цалин 12 сая, жилд 144 сая төгрөг авдаг гэнэ. Түүнчлэн сард 8-12 сая төгрөгийн цалин авдаг гурван ч орлогч захирал байдаг аж. Эндээс харвал УИХ-ын гишүүн Д.Лүндээжанцангийн авга дүү Д.Баярсайхан захирлын сарын цалин нь Монгол Улсын хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс даруй 75 дахин их байгаа. Бас УИХ-ын гишүүн асан Р.Содхүүгийн охин, УИХ-ын гишүүн Я.Содбаатарын төрсөн дүү гэхчлэн бүгдээрээ энэхүү Төрийн банкинд захирлын албууд хашиж хэдэн арван сая төгрөгийн цалин авч байна.

ТЭД ИЙМ ӨНДӨР ЦАЛИН АВАХААР ХЭМЖЭЭНД АЖИЛ ХИЙДЭГ ҮҮ

Төрийн өмчийн компанийн захирлууд хөдөлмөрийн хөлсний доод хэмжээнээс 50-80 дахин их цалин авч байна. Дээр нь унаа тэрэг, хоол унд гээд тэдний хэрэглэж болох бүхнийг улсаас өгч буй. Өөрөөр хэлбэл, төрийн өмчийн компани, банкны захирлууд тухайн газрынхаа хаан мэт авирлаж, бүх хэрэгцээгээ хангуулж байна. Тэгсэн атлаа тэд төрийн мөнгийг баруун солгойгүй зарцуулж, шатахуун тос хэмнэхгүйгээр хувийн болон хувьсгалын ажлаа амжуулдаг баримт мундахгүй. Гэтэл тэд үнэхээр авч байгаа өндөр цалингийнхаа хэмжээний ажил хийж байгаа юу. Баримт, тайлан баланс, улирлын дүн мэдээнүүдээс нь харахад төрийн өмчит компаниудын олонх нь он дамнасан алдагдалтай ажиллаж байгаа нь харагддаг. Өөрсдөө бүр үүнийгээ тодотгож ирээд хэвлэлд ярилцлага өгдөг. Өдгөө Монгол Улсад төрийн өмчит 80 орчим компани, банк бий. Үүнээс гарын арван хуруунд багтахаар цөөхөн нь ашигтай ажиллаж байгаа. Бусад нь алдагдалтай ажиллаж байна. Жилдээ багаар бодоход хэдэн тэрбум төгрөгийн алдагдал хүлээдэг байгууллага ч олон.Гэсэн ч дарга нарын цалин жил ирэх тусам өснө үү гэхээс буурч байсан тохиолдол үгүй. Дарга солигдох бүрт цалин нь нэмэгдэнэ. Томилогдож ирсэн дарга нь алдагдалтай ажиллаж байгааг нь мэдсээр байж огт тоодоггүй. Ажил нь бүр зогсчихгүй үлгэн салган явж л байвал болно гэсэн бодолтой байдаг нь нууц биш юм. Үүнээс гадна цалингаа огт ашигладаггүй, улсын мөнгөөр амьдралынхаа хэрэгцээг бүрэн хангадаг захирлуудын талаарх ноцтой мэдээлэл байдаг. Төрийн банк гэхэд чанаргүй зээл их хэмжээгээр өгсөн асуудал босч ирээд байгаа. Компанийн дарга нар өөрсдийнхөө ойр дотны хүмүүст өндөр мөнгөн дүнтэй зээл олноор нь олгосон ноцтой баримт дэлгэгдсэн. Гэсэн ч хууль хяналтынхан дорвитой арга хэмжээ авсан юм алга. Олонх нь хяналтын шатанд хэрэгсэхгүй болж байсан жишээ цөөнгүй. Үүний цаана төрийн компанийг алдагдалтай ажиллуулж, хууль бус шийдвэр үйлдвэрлэснийхээ төлөө сард 3.5-25 сая төгрөгийн цалин авч байна, захирлууд.

АРДЫН ХҮҮХДИЙГ СОЁН ГЭГЭЭРҮҮЛСЭН БАГШ ОРОЙ ГЭР РҮҮГЭЭ АЛХАЖ ХАРЬДАГ

Багш нарын 90 орчим хувь нь банкнаас цалингийн зээл авсан байна гэж өнгөрсөн сард цалингаа нэмүүлэхээр ажил хаялт зарлах үеэрээ багш нар мэдэгдэж байв. Үнэхээр багш нарын цалин амьдралын хаана нь ч хүрдэггүй нь тодорхой. Улс эдийн засгийн хямралд орсонтой холбоотойгоор төрийн алба хаагч нарын нэмэгдэл урамшууллыг хассан. Үүнээс болоод багш нар илүү цаг, анги удирдсан, дэвтэр зассан урамшууллаа авч чадахгүйд хүрсэн. Зөвхөн 650 мянган төгрөгийг сард хоёр хуваагаад, шимтгэл, суутгалаа хасуулаад авч байна. Авч байгаа цалингийнхаа ихэнх хувийг цалингийн, орон сууцны, хэрэглээний зээлэндээ төлдөг. Олонх нь 100 гаруй мянган төгрөгөөр дараагийн цалиндаа хүрэх болдог. Хоол хүнс, үр хүүхдийнхээ хувцас, өдөр тутмын хэрэглээний мөнгө зэргийг өгсөөр байгаад багш нар өдөр цайндаа орох, орой гэр рүүгээ харих автобусны мөнгөгүй өдөр хоногийг өнгөрөөж байгаа нь үнэн. Улсын сургуулийн бага ангийн багш гэхэд өдөр болгон 40 гаруй хүүхдэд хичээл зааж байна. Хүүхдүүдийн үймүүлж хашгирах чимээг үл анзааран хүүхэд бүрт хүрч ажиллах гэж үйлээ үздэг. Өглөө 07:00 цагт гэрээсээ гараад орой 20:00 цагт гартаа барьсан цүнхээ дааж ядсан хүн харьдаг. Гэртээ хоол, цайгаа идэж, уучихаад хүүхдүүдийн дэвтэр засаж суусаар шөнө хагаслаад унтдаг. Тэд “Цалин бага юм чинь би гарын амрыг харж ажиллана” гэж хойш суулгүй шавь нараа сурлагатай, сайн хүн болгохын төлөө сэтгэл зүрхээ зориулдаг. Өдөржин зогсож, хүүхдүүдэд хичээл заасан олон мянган багш нар ийм л борог амьдралыг туулж байна. Тэд зээлээс зээлийн хооронд, байхаас байхгүйн хооронд Монголын боловсролын салбарыг нуруундаа үүрч байгаа юм. Гэтэл төрийн өмчит компанийг дампуурлын ирмэгт авчирсныхаа төлөө дарга, захирлууд ард түмний татварын мөнгөөр халаасаа дүүргэж байна. Төрийн банк хийгээд өдгөө дэлгэгдээд байгаа дарга, захирлуудын цалингийн хэмжээ бол зөвхөн нийтэд илэрсэн нь. Үүний цаана өөрийнхөө бус түмний хүүхдийг Монголын боловсролтой, мундаг сэхээтэн болгохын төлөө цаг наргүй ажиллаж байгаа эгэл багш, ажилчдын мөрөөдөөд ч, хэдэн арван жил зүтгээд ч авахгүй их мөнгийг урамшуулал, сарын цалиндаа авчихаад сэтгэл нь ханахгүй суугаа зуу зуун дарга, захирал бий.


Categories
мэдээ цаг-үе

“Альтайр гоулд” компани Сүмбэр сумын хаяанд, өвөлжөө, тариалангийн талбай дунд алт ухах гэж байна

“Өдрийн сонин”-ы 2017.08.21-ний даваа гаригийн 177(5744) дугаараас авч нийтлэв.

Төв аймгийн Сүмбэр сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэр Баруун тахилгат уулын энгэр гэх газарт “Альтайр гоулд” компани алт олборлохоор үйл ажиллагаагаа эхлүүлжээ. “Альтайр гоулд” компанийн алт олборлох уурхайн талбайгаас Сүмбэр сумын төв хүртэл ердөө таван километрийн зайтай. Мөн тус уурхайн ашиглалтын лицензийн талбайд тариалангийн талбай, малчдын өвөлжөө хүртэл хамрагдаад байгаа гэнэ. “Альтайр гоулд” компани хоёр метр өндөртэй төмөр хашаа барьж, малчид өвөлжөөндөө очиж чадахгүй, тариалангийн компани тарьсан улаан буудайгаа хураан авч чадахгүй байдалд оржээ. Энэ талаар сурвалжлахаар өнгөрсөн амралтын өдрөөр Төв аймгийн Сүмбэр сумыг зорилоо. Сүмбэр сумын II багийн нутаг Баруун тахилгат уулын энгэрт байрлах “Альтайр гоулд” гэх алтны компанийн ашиглалтын лиценз эзэмшиж байгаа талбай дээр очлоо. Алтны компанийн хашааны гаднаас Сүмбэр сум тэр чигтээ харагдах аж. Сүмбэр сумын баруун хойд талын уулын энгэрийг тэр чигт нь хашаалжээ.Мөн “Өгөөж сүмбэр” компанийн тариалангийн талбайн дундуур өндөр хашаа барьсан байв. Хашаалсан байдлаас харахад мянга гаруй га газарт олборлолт хийх нь тодорхой харагдаж байв. Өнгөрсөн сарын сүүлчээр тус компанийнхан техник, тоног төхөөрөмжүүдээ авчирсан гэнэ. Хэзээ мөдгүй газар шороог хөндөж, олборлолтоо хийхээр зэхжээ. Компанийн ажилтнуудтай уулзах гэсэн боловч, хамгаалалтын албаныхан “Манай захирал хашаа руу гадны хүн оруулж болохгүй гэсэн. Энд та нартай уулзаад байх хүн байхгүй. Компанийн ажилтнууд техник засварын ажил хийж байгаа” гэв.

“АЛЬТАЙР ГОУЛД” КОМПАНИ АЛТ ОЛБОРЛОХ ЛИЦЕНЗИЙГ ХУУЛЬ БУСААР ОЛЖ АВСАН УУ

“Альтайр гоулд” компани 2009 онд Сүмбэр сумын хоёрдугаар багийн нутаг дэвсгэр Баруун тахилгат уулын энгэр гэх газарт хайгуулын лиценз авсан байна. Ашигт малтмалын газрын дарга Д.Батхуяг үүний дагуу хайгуул хийх зөвшөөрөл өгсөн байна. Дээрх компани сумын Засаг даргын Тамгын газар, ИТХ-ын шийдвэрээр хайгуулалтын лиценз эзэмших эрхээ авсан гэх мэдээлэл байдаг. Ашигт малтмалын газарт “Сүмбэр суманд хурал хийсэн. Иргэд тус компанийг үйл ажиллагаа явуулахыг зөвшөөрсөн” гэх хурлын протокол, Засаг дарга, ИТХ-ын дарга нарын гарын үсэг тамга тэмдэг бүхий бичиг баримтыг бүрдүүлээд өгсөн байдаг. Үүнийх нь дагуу Ашигт малтмалын газар хайгуул хийх зөвшөөрөл өгсөн. Мөн ашиглалтын лиценз эзэмших зөвшөөрлийг ч дээрх бичиг баримтыг үндэслэн өгсөн байдаг аж. Гэтэл Сүмбэр суманд “Альтайр гоулд” компанид хайгуулын лиценз олгох ямар нэгэн хурал 2009 онд болж байгаагүй гэнэ. Дээрх компани хайгуулын лиценз эзэмшиж байгааг огт мэдээгүй аж. Одоогоос гурван жилийн өмнө “Сүмбэр суманд алт гарч байна. Хүрз шорооноос бараг атга алт гарч байна. Алтны маш их судал Сүмбэр сумын нутагт байна” гэх яриа нинжа нарын дунд тархсан байдаг. Улаанбаатар, Эрдэнэт, Дархан, Зүүнхараа, Баруунхараа, Шарын гол, Орхон аймгаас мянга гаруй хүн хэдэн өдрийн турш бужигнаж байгаад явжээ. Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газраас шалгалт хийж ирэхдээ “Альтайр гоулд” компанийн лицензтэй талбай байна хэмээн мэдэгдсэн аж. Ингээд л сумынхан гэнэт хаанаас ямар компани нутгийн иргэдэд огт мэдэгдэлгүй лиценз эзэмших болов гэдгийг бие биенээсээ асууж тодруулжээ. Ингээд ОХУ-ын 100 хувийн хөрөнгө оруулалттай “Альтайр гоулд” компани 2009 оны тавдугаар сарын 9-нд 999 га газрын лиценз авсан байжээ. Тиймээс иргэд тус компанийн удирдлагуудтай холбогдох гэсэн боловч албан байр, шуудангийн хаяггүй, хэн эзэмшдэг нь ч тодорхойгүй байсан аж. Ийн байсаар арай гэж тус компанийн төлөөлөгчтэй холбогдсон байна. Виктор гэх хүн ирээд “Хүмүүс энд газар ухаж л байг” гэж хэлчихээд яваад өгсөн аж. Эх сурвалжийн хэлж байгаагаар “Альтайр гоулд” компанийнхан өөрсдөө нинжа нарт их алт гарч байна гэсэн худал мэдээлэл тараасан. Ингээд нинжа нар бага хэмжээний алт олборлож, тэр хавийн газрыг сүйтгэсэн. Үүний дараа компанийнхан өөрсдөө ухаж байгаа юм. Сүүлийн жилүүдэд их хэмжээний алтны нөөцтэй газруудад компаниуд эхлээд нинжа оруулж ухуулдаг. Нинжа нар газрыг орвонгоор нь эргүүлж ухсаны дараа компаниуд өөрсдөө ордог жишиг тогтоод байгаа. Нутгийн иргэдэд нинжа нар ухсан газрыг би ашиглаж байгаа. Нинжа нар суманд ямар ч мөнгө өгөхгүй. Бид мөнгө өгнө гээд хууль бус үйлдлүүдээ нуун дарагдуулдаг. “Альтайр гоулд” компани ч гэсэн энэ технологиор явж байна” гэв.

“НУТГИЙН ИРГЭДИЙГ ИНГЭЖ ДОРОМЖИЛЖ БОЛОХГҮЙ. СУМЫН ТӨВИЙНХӨӨ ХАЯАНД АЛТ УХУУЛААД ДУУГҮЙ СУУНА ГЭЖ БАЙХГҮЙ”

Өнгөрсөн сард Төв аймгийн Сүмбэр сумын 40 жилийн ой болжээ. Сумынхан ойн баяр наадамдаа бэлдээд завгүй байсан гэнэ. Ойн баярын арга хэмжээ дуусаад удаагүй байхад “Альтайр гоулд” компанийнхан гэнэт өндөр хашаа авчраад “Манай компани ашиглалтын лицензээ авчихсан. Удахгүй олборлолтоо хийнэ. Манай компанийн хашаа руу нутгийн иргэд огт орж болохгүй” гээд л хашаа барьчихсан байна. Энэ талаар Сүмбэр сумын хоёрдугаар багийн малчин Г.Батбаяртай уулзаж ярилцлаа.


-Танай сумаас таван километрийн зайд алтны компани үйл ажиллагаа явуулах гэж байна. үүнийг нутгийн иргэд эсэргүүцэж байгаа гэсэн?

-Сумын төвөөс таван километр биш ээ. Автомашин гол гатлаад тойрч явдаг болохоор таван километр байгаа юм. Сумын төвөөс тойролгүй шууд явах юм бол гурван километр ч хүрэхгүй газарт “Альтайр гоулд” компани алт олборлох гэж байна. Монгол Улсын төр засаг уул уурхайг бодлогоор дэмжиж байгааг бид бүхэн мэднэ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр энэ талаар маш тодорхой мэдээлэл гарч байгаа. Гэхдээ арай дэндсэн асуудал болж байна. Сумын төвийн иргэдийн нүдэн дээр, гэрийнх нь хаяанд уулыг нь нураагаад алт ухаж болохгүй биз дээ. Нутгийн иргэдийг ингэж басаж доромжилж болохгүй. Сумын төвийнхөө хаяанд алт ухуулаад дуугүй сууна гэж байхгүй биз дээ. Өөр нэг шалтгаан байна. Манай сумын араар Хар эргийн гол урсдаг. Хүмүүс Загдалын гол ч гэж нэрлээд байдаг юм. Энэ голоос манай нутгийн хүн, мал бүгд уудаг. Ундны усны гол эх үүсвэр. Голын эх ундарга энүүхэн дээр байгаа. Гэтэл компани алтаа угаахын тулд гүний таван худаг барьчихлаа. Алтаа угаахын тулд хэдэн мянган метр куб ус зарцуулна. Манай сумын энэ гол шууд ширгэнэ шүү дээ. Гантай жил ус нь эрс багасчихдаг юм чинь алтны компанийн аяыг дааж чадахгүй. Хүн, малгүй усгүй болох аюултай болоод байна.

-Нутгийн малчдын таван ч өвөлжөө компанийн лицензийн талбайд орсон байна лээ. мөн тариалангийн талбайг хашаалчихсан байна. Малчдын өвөлжөө байхгүй болж байгаа гэсэн үү?

-Хууль бусаар үйл ажиллагаа эхлэх гэж байгаа мөртлөө нутгийн иргэдийг хэл амаар доромжилж, айлган сүрдүүлж байна. Сумын төвийн хаяанд хүн оршуулдаг газраас 800 метр газарт алт ухна гээд байж байна шүү дээ, тэд. Нутгийн иргэд бид хайртай дотны хүмүүсээ нутаглуулсан газраа алтны компаниар хөндүүлж чадахгүй. Таван айлын өвөлжөө лицензийн талбайд орчихсон нь үнэн. Малчид та нарт өвөлжөөгөө өгөхгүй. Хэдэн үеэрээ энд өвөлжиж ирсэн гэж хэлэхээр компанийн дэд дарга нь “Чи шүүхдээд аваарай. Танайх энд өвөлжиж байсан нь ямар хамаа байна. 2009 онд манай компани газрын зөвшөөрөл авсан” гэж хэлдэг. Нутгийн иргэд өвөлжөөний газрын гэрчилгээгээ ихэвчлэн 2010 онд авсан байдаг. Малчид энэ жил өвөлжөөндөө ч бууж чадахгүй болоод байна. Буусан ч гэсэн алт ухаж байгаа газарт мал бэлчиж болохгүй. Сүмбэр сум тариалангийн гол бүс нутаг. Манай сумын иргэдийн ихэнх хувь нь газар тариалантай амьдралаа холбосон хүмүүс байдаг. Гэтэл “Өгөөж сүмбэр” компанийн тариалангийн талбайг хашаалчихлаа. Энэ жил ган ихтэй байсан. Тариа ч муу ургаж тариалангийн компаниуд их хэмжээний өр зээлэнд ороод байна. Үүнийг далимдуулаад компанийн удирдлагуудтай газраа өгчих гээд яваад байгаа сураг дуулдсан. Сүмбэр сумынхныг ингэж дээрэлхэж, доромжилж болохгүй. Манай сумынхныг уух усгүй, өвөлжих газаргүй, тариа тарих талбайгүй болгож байна. Дээр нь өвөг дээдэс, ахан дүүсийнх нь алтан шарилыг хөндөх гэж байна. Сүмбэр сум маш бага газар нутагтай шүү дээ гэв.

МЭРГЭЖЛИЙН ХЯНАЛТЫНХАН ШАЛГАЛТ ХИЙДЭГ Ч ДҮГНЭЛТ ГАРГАДАГГҮЙ ГЭНЭ

“Альтайр гоулд” компанийн лицензийн талбайд одоогоор 300 гаруй тонн алт байгаа гэсэн урьдчилсан тоо гарчээ. Стратегийн орд газар биш ч улсад томоохон хэмжээнд орох алтны нөөцтэй газар гэнэ. Тус компанийн анхны эзэн нь ОХУ-ын иргэн байжээ. Гэвч цагдаагийн нөлөө бүхий хурандаа нар компанийн эзнийг нутаг буцаасан гэх мэдээлэл байна. “Альтайр гоулд” компанийн дэд захирлаар Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байсан хурандаа байдаг аж. Тэрбээр нутгийн иргэд, сумын удирдлагуудад “Компанийнхаа талаар ямар нэгэн мэдээлэл өгөхгүй. Тэр та бүхэнд хамаагүй” хэмээн загнадаг гэнэ. Төв аймгийн Мэргэжлийн хяналтын хэлтсээс байцаагчид удаа дараа шалгалтаар ирсэн боловч тус компанийн талаар ямар нэгэн дүгнэлт огт гаргахгүй байгаа гэнэ. Сүмбэр сумын Иргэдийн төлөөлөгчдийн хурлын дарга н.Батбилэг “Сумын ойн баяр болж өнгөрсөн. Одоогоор амралтаа авсан байна. Гэхдээ “Альтайр гоулд” компанийн талаар сумынхаа иргэдтэй уулзаж, хуралдана. Иргэдийнхээ саналаар цаашид тус компанитай хамтран ажиллах уу, үгүй юү гэдгээ шийднэ. Одоогоор Сүмбэр сумын ИТХ-тай ирж уулзаагүй байна. Төрийн ажлыг үл хүндэтгэсэн байдалтай хандах зүйл ажиглагдсан. Ийм байдлаар хандаж байгаа компанитай хамтран ажиллаж, нутгийнхаа газар шороог ухуулахгүй” гэв. Төв аймгийн Сүмбэр суманд “Альтайр гоулд” компани ийнхүү хууль бусаар үйл ажиллагаа явуулж эхэлжээ. Малчны өвөлжөө, тариалангийн талбай сүйтгэж, Сүмбэр сумын хаяанд алт ухах гэж байгаа компанийн удирдлагууд эрх мэдэл, хууль хяналтын байгууллагаар иргэдийг нь далайлгаж байгааг тус нутгийнхан ярьж байлаа.


Categories
мэдээ цаг-үе

Т.Сүхбаатар: Ю.Цэдэнбал даргатай хамгийн сүүлд уулзаж, хэргийг нь хэрэгсэхгүй болгох шийдвэр гаргаж байлаа

Хууль цаазын итгэмжит зөвлөх, ахмад прокурор Т.Сүхбаатартай ярилцлаа. Тэрбээр Монголын прокурорын байгууллагад тасралтгүй 36 жил ажиллахдаа Прокурорын тухай хуулийг батлалцахаас эхлээд Монголын онц ноцтой, дуулиан шуугиантай олон хэрэг дээр ажиллаж байсан нэгэн юм.


-Прокурорын байгууллагын 87 жилийн ой энэ онд тохиож байгаа. Прокурорын байгууллагад ажиллаж эхэлсэн дурсамжаас тань ярилцлагаа эхлэх үү?

-Би Сүхбаатар аймгийн Мөнххаан сумын хүн. Миний аав Тогоонтөмөр гэж хүн байсан. Насаараа прокурорын байгууллагад ажилласан. Би ч аавынхаа хийж байсан ажлыг үргэлжлүүлж прокурор болсон хүн. Гурван үеэрээ прокурорын байгууллагад ажиллаж байна. Миний хүү мөн л аавынхаа мэргэжлийг өвлөж авсан. Би ЗХУ-ын Эрхүүгийн их сургуулийн хуулийн ангид 1973-1979 онд суралцаж төгссөн. Тухайн үед таван залууг сонгон авсны нэг нь би юм. Сургуулиа төгсөж ирээд Улсын ерөнхий прокурорын газрын шүүхийн хяналтын хэлтэст ажилласнаар ажлынхаа гарааг эхэлсэн. Тэнд хоёр жил ажиллаад Сүхбаатар аймгийн прокурорын орлогчоор томилогдож байлаа. Тэр үед манай гэр бүлийн хүн тухайн үеийн ЗХУ-аас сургуулиа төгсөөд ирсэн. Гэтэл “Танай гэр бүлийн хүн Увс аймгийнх юм байна. Чи Увс аймагт очиж ажилла” гэдэг юм байна. Ингээд аймгийн прокурорын газрын туслахаар хэсэг хугацаанд ажиллаж байгаад сүүлдээ орлогч дарга болсон. 1985 онд аймгийн прокурорын даргаар томилогдож, Увс аймагт нийтдээ арван жил ажилласандаа. Мөн Нийслэлийн прокурор, Хан-Уул дүүргийн прокурор, УЕПГ-ын Онцгой хэргийн мөрдөн байцаах тасгийн дарга, Хэрэг бүртгэх, мөрдөн байцаах ажилд хяналт тавих хэлтсийн дарга, Шүүхэд төрийн төлөөлөх газрын дарга, Захиргааны зөрчлийн хэрэг бүртгэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга, УЕПГ-ын Хэвлэл, мэдээлэл, олон нийттэй харилцах албаны дарга гээд л нэр хүндтэй, сайхан албуудад 36 жил ажиллаж дээ, ах нь.

-Увс аймагт ажиллаж байх үед чинь хил дамнасан малын хулгай их гардаг байв уу?

-Увс, Завхан аймгийн хувьд Туватай хил залгаа. Малын хулгайн гэмт хэрэг маш их гарна. Нутгийн иргэд малаа алдчихна. Гэмт хэрэгтнүүд хил даван орж ирээд нутгийн иргэдийн малыг туугаад явчихдаг байсан. Үүнийг таслан зогсоох, иргэдийн малыг эргүүлэн авчирч өгөхөөр бид бүх чадлаараа чармайдаг байсан. 1989 онд ОХУ манай улсын хооронд эрүүгийн болон иргэний хэрэгт харилцан туслалцаа үзүүлэх гэрээтэй байлаа. Тэр гэрээний дагуу Монголын талаас малаа алдсан тохиолдолд Оросын нутаг руу 30 километр явж эрэл хайгуул хийх, мөр хөөх эрхтэй байсан. Бид Бүгд найрамдах Тува улсын шүүх, прокурор, улсын аюулгүй байдлын газартай ярилцан тохиролцсоны дүнд 50 километрт эрлийн групп явдаг болсон. Тухайн үед хийж чадсан чухал ажлуудын нэг нь энэ. Тува улсын хуулийн байгууллагад манай ангийнхан болон найз нөхдүүд байсан нь энэ ажлыг хийхэд нэлээд түлхэц болсон шүү. Мөн тухайн үед гарч байсан хил дамнасан малын хулгайн хэрэг болгоныг илрүүлж чадаж байсан даа.

-Та улсын дээд шүүхээс цаазаар авах ял оноосон хэргийг дахин мөрдөн шалгаад хэрэгсэхгүй болгож байсан гэдэг. Тодруулж хэлэх юм бол сэтгүүлч, зохиолч Ж.Барамсайн бичиж байсан “Шорон дотроос өшөө авагчид байдаг юм биш байгаа” гэсэн эрэн сурвалжлах нийтлэл бичиж байсан хэргийг шалгасан байдаг байх аа?

-Ээдрээ маргаантай олон хэрэг дээр ажиллаж байсан. Түүний нэг нь таны асуугаад байгаа хэрэг. 1990 онд Увс аймагт ажиллаж байх үед Улсын ерөнхий прокурор Г.Бахдал “Чамайг Улсын ерөнхий прокурорын газрын Чухал хэргийг мөрдөх тасгийн даргаар тавих тушаал гарсан. Долоо хоногийн дотор ирж ажлаа ав” гэдэг юм байна. Ингээд шинэ ажилдаа томилогдож ирлээ. Тэгсэн Эрдэнэт хотод Дугархорлоо гэх хүн бусдын гарт амь насаа алдсан хэрэг гарсан. Тэр хүний амь насыг зургаан хүн бүрэлгэсэн гээд дөрвөн хүнд нь цаазаар авах ял оноочихсон байлаа. Хэрэг нь Улсын дээд шүүхээр хоёр удаа ороод хэрэг нь таслагдчихсан байв. Дуулиан шуугиантай энэ хэргийн талаар зохиолч, сэтгүүлч Ж.Барамсай сурвалжилж “Шорон дотроос өшөө авагчид байдаг юм биш байгаа” гэсэн нийтлэл “Үнэн” сонин дээр бичсэн. Үүний дагуу манай тасаг хэргийг дахин шалгаж эхэлсэн юм. Хэрэгт хууль хяналтынхан оролцоотой байсан учир Улсын ерөнхий прокурорын газрын Чухал хэргийг мөрдөх тасаг шалгасан юм. Хэргийг шалгахад маш хүнд байсан. 25 мянган хуудас 120 гаруй хавтаст хэргийг шалгаж дууссан даа. Манай тасагт Монголын шилдэг мөрдөн байцаагч Догсом, Дэрэм гээд мундаг сайн мөрдөн байцаагчид байлаа. Бид Архангай, Булган, Орхон аймагт олон хоног ажилласан. 25 мянган хуудас хэргийг гурван сар гаруй хугацаанд уншиж, түүвэр судалгаа хийж, тэмдэглэж авсан. Тэр үед гараараа л тэмдэглэл бичдэг байлаа шүү дээ. Ингээд хэргийг мөрдөн шалгаж дуусаад Улсын дээд шүүхэд хэргийн талаар дүгнэлт бичиж өгсөн. Бид хэрэгт авагдсан мөчид баримтаар гэм зэмгүй хүмүүсийг шийтгэсэн байгааг мөрдөн байцаалтаар тогтоосон. 12 өдөр шүүх хурал болж байсан. Улсын ерөнхий прокурорын туслах, ял эдлүүлэх ажиллагаанд хяналт тавих хэлтсийн дарга н.Отгонбаяр гэх эмэгтэй байсан. Түүний гэмт үйлдлийг мөрдөн шалгаж шийтгэсэн. Хилс хэрэгт шийтгэгдэж цаазаар авахуулах болчихсон хэргийн үнэн зөвийг манай хамт олон олж тогтоосон доо. Хуулийн байгууллага энэ хэрэгт ямар алдаа гаргасан байдаг вэ гэхээр Мягмар гэх хүн худал мэдээлэл өгсөн байдаг. Нуугдмал хэргийг илрүүлнэ гээд хорих ангиудад судалгаа хийж явахдаа Эрүүгийн цагдаагийнхан Мягмарын хэлсэн үгэнд хэт их итгэж, ийм алдаа гаргасан байдаг. Үнэхээр нийгэм даяар дуулиан шуугиан болсон хэрэг байлаа.

-Тойрон хүрээлэгч нарын хэргийг та шалгаж байсан. Монголын төрийг 44 жил удирдаж байсан Ю.Цэдэнбал дарга холбогдсон хэргийг ч мөн шалгасан байдаг. Улс төрийн товчооны гишүүдийг бүгдийг нь шалгасан гэдэг шүү дээ?

-Тойрон хүрээлэгчдийн хэрэг гэж үнэхээр дуулиан шуугиан болсон зүйл 1990 онд ид мандаж байлаа. Тухайн үеийн МАХН-ын Улс төрийн товчооны гишүүдтэй холбоотой хэрэг юм. Улс төрийн товчооныхон тусгай хангамж хэрэглэж байна гээд Сангийн яам шалгалт хийсэн. Шалгалт хийсэн дүгнэлттэй холбоотойгоор Намын төв хороо, Улс төрийн товчооны бүх хүнийг шалгасан юм. Бүр Ю.Цэдэнбал дарга болон түүний гэргий Филатоваг шалгасан. Монголд ардчилсан хувьсгал ид мандчихсан цаг үе. Улс төрийн товчооны дарга гишүүдийг ажлаас нь буулгаж, шоронд хий гэж олон хүмүүс шахаж шаардсан. Намайг шинээр ажилд томилогдоод ирэх үед тойрон хүрээлэгчдийн хэрэгт Ю.Цэдэнбал түүний гэргий нарт хэрэг үүсгэчихсэн байсан. Хэргийг хурдан шийдвэрлэхийг шаардсан утга бүхий нийтлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр удаа дараа гарах болсон. Тухайн үед улсын ерөнхий прокуророор ажиллаж байсан Г.Бахдал Ерөнхийлөгч П.Очирбаттай уулзаж “Тойрон хүрээлэгчдийн хэргийн учрыг олмоор байна” гэж хүсэлт өгсөн байдаг. Ард түмэн Монголын хамаг хөрөнгийг Орос руу аваад явчихсан юм шиг ойлголттой байсан юм. Хэргийг шалгаж байгаа бид хэргийг хэрхэн шалгах талаар олон удаа хуралдаж ярилцсан. Ингээд Ю.Цэдэнбал дарга ОХУ-д хүнд өвчний улмаас гэрийн хорионд байдаг юм байна. Тэгэхээр ажлын хэсэг гаргаж Москва явъя. Эрүүл мэндийн хувьд хэрэгт шалгах боломжтой эсэхийг нэг мөр болгоё гэсэн шийдвэр гаргасан. Ингээд Улсын бага хуралд танилцуулга бичээд Орос руу явж эрүүл мэндийн хувьд ямар байгааг тогтоох дүгнэлт гаргуулахаар болсон доо. Ерөнхийлөгч П.Очирбат ОХУ-ын Ерөнхийлөгч Михаил Сергеевич Горбачёвт “Манай хүмүүс Ю.Цэдэнбал нарт холбогдох хэргийг зайлшгүй шийдвэрлэх шаардлагатай байгаа. Тиймээс эдгээр хүмүүсийг Ю.Цэдэнбалтай уулзуулж өгнө үү” гэх утгатай албан бичиг явуулсан. Албан бичгийн хариу удахгүй ирж, биднийг очиж уулзахыг зөвшөөрсөн. Бид Ю.Цэдэнбал даргын биеийн байдлыг ямар байгаа. Хэрэг хүлээх чадвартай юу гэдгийг эхний ээлжинд тогтоох ёстой байлаа. ОХУ руу явж Ю.Цэдэнбал дарга дээр очиж хэргийн талаар асууж тодруулж болохгүй. Өөрөөр хэлбэл, олон улсын хууль тогтоомжоор болохгүй асуудал. Өөр орны нутаг дэвсгэрт очиж мөрдөн байцаалт явуулж болохгүй. Ингээд Монголын урдаа барьдаг нэртэй, шилдэг эмч нарыг дагуулаад нууцаар шахуу ОХУ-ын Москва хотыг зорьсон. Эмч нарын багт анагаахын шинжлэх ухааны доктор, профессор А.Өлзийхутаг, мэдрэлийн шилдэг эмч Г.Доржжадамба, хүний гавьяат эмч Г.Цагаанхүү нарын таван хүн явсан. Бид Москва хотод очоод ажил маш хурдан шуурхай бүтнэ гэж ойлгож байсан. Яагаад гэхээр ОХУ-ын Ерөнхий прокурорын мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэст миний сайн таньдаг хүн байсан юм. Тэр хүний туслалцааг авна гэж тооцоолчихсон. Мөн ОХУ-ын Ерөнхийлөгч Михаил Сергеевич Горбачёвын уулзахыг зөвшөөрсөн бичиг байгаа гээд ярилцаж байлаа. Гэвч зорьсон ажил бүтэхгүй, Ю.Цэдэнбал даргатай уулзаж чадахгүй долоо хоносон. Уулзуулах үгүй нь тодорхойгүй байгаад байсан. Тухайн үед Монгол Улсаас ОХУ-д суугаа бүрэн эрхэт элчин сайд Н.Мишигдорж гуайг Ю.Цэдэнбал даргатай уулзуулж өгөх ажлыг шуурхайлж өг гэж шахаж байсан. Уулзаж чадахгүй хүлээх хугацаандаа өдөр бүр эмч нарт янз бүрийн сорилго даалгавар өгнө. Энэ мэтээр долоо хонож байтал гэнэтхэн биднийг Ю.Цэдэнбал даргатай уулзахыг зөвшөөрлөө гэж мэдэгдсэн. Москва хотын төв гудамж “Горький 36” байшингийн хоёр давхарт байгаа гэж хэлсэн. Эмч нараа дагуулаад очсон. Биднийг яваад ороход Ю.Цэдэнбал даргын бие нь их тааруу, ядарчихсан байсан. Хүнтэй юм ярихад хүндрэлтэй байсан. Гэсэн хэдий ч нутаг орныхоо талаар асуугаад л байсан даа. Эмч нар уулзаж, даралт гэх мэт зүйлсийг үзсэн. Ингээд эмч нар эрүүл мэндийн хувьд ял шийтгэл хүлээх боломжгүй гэсэн дүгнэлт гаргасан. Хэргийг шалгаж байгаа прокурорын хувьд Ю.Цэдэнбалд хэрэг хүлээлгэх боломжгүй гэх дүгнэлтийг гаргаж холбогдох хэргийг нь хэрэгсэхгүй болгож байлаа. Манай багийнхан уулзахаас өмнө хоёр ч удаа Монголоос хүмүүс ирж уулзсан байдаг. Бид Ю.Цэдэнбал даргатай хамгийн сүүлд уулзсан нь тэр юм билээ. Биднийг уулзаад удалгүй бурхан болсон доо, хөөрхий.

-Ю.Цэдэнбал даргатай уулзаад гарч явахдаа та юу гэж бодож байсан бэ?

-Мэдээж би ажлаа хийж яваа төрийн хүн. Гэвч хувь хүнийхээ хувьд үнэхээр хэцүү байсан. Монголын төрийг 44 жил удирдсан хүн иймэрхүү байдалтай амьдарч байх гэж гэж бодогдоод, хоолой дээр хатуу зүйл тээглээд байгаа юм шиг болж, сэтгэл зүрх өмөрч байсан даа. Улсын дээд шүүхээс улс төрийн товчооныхон холбогдсон гэх хэргийг хэрэгсэхгүй болгох шийдвэрийг гаргаж байсан. Тойрон хүрээлэгчдийн хэргээс гадна Худалдааны ажилчдын хэрэг бас л дуулиантай хэрэг байлаа. Дорнод аймгийн худалдааны 32 ажилтанд холбогдох хэрэг байв. Таван жил хэргийг мөрдөн шалгаад дуусгаж чадаагүй хэргийг манай тасгийнхан шалгасан. Хуурамч падаан бичээд мөнгө төгрөгөө өгч авалцдаг сая гаруй төгрөгийн хохиролтой хэрэг юм. Тэр үеийн сая төгрөгний хохирол маш их мөнгөний асуудал байлаа. Хэрэгт холбогдсон эмэгтэй хүмүүс хэргийг шалгах явцад хоёр удаа хүүхэд төрүүлчихсэн байлаа. Манай хоёр мөрдөн байцаагч гурван сар орчим шалгасан. Би очиж ялын төлөвлөгөөг нь хийсэн юм. Мөн ОХУ-аас хил зөрчиж ирсэн хэрэгтнүүд дөрвөн хилчинг онц хэрцгийгээр хөнөөж, их биеийг нь дундуур нь хуваасан хэргийг мөн л шалгах ажлын хэсэгт багтаж байсан. Спиртний хэргүүдийг ч шалгаж явсан юм. Чингэлэг дүүрэн спирт хил даваад ирэхдээ ус болж солигдож байсан тохиолдол манайд бий шүү дээ.

-Таныг Прокурорын хууль батлах ажилд гар бие оролцож явсан гэдэг?

-1992 онд Үндсэн хууль батлагдсан. Энэ хууль батлагдсаны дараа прокурорын байгууллагын хууль байх ёстой юм байна гэж үзсэн. Ёстой л цагаан цаас ширээн дээр тавиад шинэ хуулийн судалгааны ажлыг хийсэн. Бид дэлхийн хэдэн оронд прокурорын байгууллага байдаг. Ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна вэ гээд л судалж гарсан. Орос хэлтэй нь орос хэл дээр, англи хэлтэй нь англи дээр гээд л маш олон орны прокурорын байгууллагын хуулийг судалсан. Бүр гавьяат хуульч Б.Чимид гуайгаас асууж зөвлөгөө авч байлаа. Ингээд УБХ-д прокурорын байгууллагын тухай хуулийг 1993 онд танилцуулж батлуулсан. 1930 онд улсын VI их хурал хуралдсан байдаг. Тэр хурлаар прокурорыг шүүхийн харьяанаас гаргах шийдвэр гаргасан юм билээ. Улсын бага хурлын тэргүүлэгчдийн наймдугаар сарын 30-ны өдрийн 25 дугаар тогтоолоор тусдаа бие даасан нэгж болгосон. Ингээд аймгуудад прокурор байгуулж эхэлсэн түүхтэй.

-Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэст ажиллаж байхдаа хэлмэгдсэн иргэдийг цагаатгах ажлыг тавуулаа хийсэн гэж сонссон. Энэ талаар тодруулахгүй юу?

-Прокурорын байгууллага хэлмэгдсэн иргэдийг цагаатгах ажлыг мөрдөн байцаах ажлын шугамаар хийж байсан. Мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих хэлтэст дөрвөн прокурор ажиллаж байлаа. Манай хэлтэс 1937 онд хилсээр шийтгэгдсэн хүмүүсийн хэрэгт прокурор шинэ нөхцөл байдлаар дахин шалгаад Дээд шүүхэд дүгнэлт бичиж өгдөг. Түүнийг нь дээд шүүх хянаад цагаатгах ажлыг хийдэг байсан. Энэ их хариуцлагатай ажлыг ахмад прокурор Гомбодорж, Шийрэвдорж, Цэдэн-Иш, Бадарч гэсэн бүрэлдэхүүнтэйгээр хийсэн. Бид 2000-2005 оны хугацаанд 28 мянган хүнийг цагаатгах ажлыг хийсэн. Улс төрийн хэлмэгдэлтэд 40 гаруй мянган хүн хэлмэгдсэн гэдэг. Одоо ч хэлмэгдсэн хүмүүсийг цагаатгах ажлыг зохион байгуулж байгаа. Тагнуулын ерөнхий газрын архивт байгаа хуучин монгол бичгээр бичсэн хэргийг кириллд буулгаж бичнэ. Ингээд хэргийн нөхцөл байдалтай танилцаж дүгнэлт бичих гээд маш тэвчээр, цаг хугацаа шаардсан ажил байсан шүү. 36 жилийн хугацаанд прокурорын байгууллагад ажиллахдаа найман хүний дор ажилласан байдаг юм. Тэр дундаа мөрдөн байцаах ажиллагаанд хяналт тавих чиглэлээр олон жил ажиллаж байлаа. Би Улсын ерөнхий прокурорын туслахаар 12 жил ажилласан. Улсын мөрдөн байцаах газрын зургаан даргатай хамтран ажиллаж байлаа. Прокурорт их шударга, ажил мэргэжлийн ур чадвартай, хохирогчийн талд ажиллаж эрхийг хамгаалдаг зарчимч хүн ажиллах ёстой гэж бодож явдаг даа. Мөн Монголын прокурорын байгууллага үйл ажиллагаагаа олон нийтэд нээлттэй явуулах шаардлагатай. Сүүлийн үед нээлттэй болж байгааг энд онцлон тэмдэглэж хэлмээр байна.

Categories
мэдээ цаг-үе

“Хулгар шар” хууль бус анчдын гарт устаж үгүй болох нь

Тарвага устаж үгүй болж байна. Тарвага агнахыг хуулиар хориглосон байдаг ч энэ хууль огт хэрэгжихгүй байсаар олон жилийн нүүр үзэж байгаа. 1990 оноос хойш тарвага маш ихээр агнаж, арьсыг нь ОХУ руу хэдэн саяар нь гаргаж байсан. Үүнээс болж тарваганы тоо толгой хэд дахин багасч, устаж байгаа амьтны тоонд орох болсон. Лондоны амьтан судлалын нийгэмлэгийн Монгол дахь төслийнхөн “Монгол тарвага огцом хорогдож байна. Сүүлийн 12 жилийн хугацаанд тоо толгой нь 75 хувиар цөөрсөн болох нь бидний хийсэн судалгаагаар тодорхой болсон” хэмээн мэдэгдсэн байна лээ. Мөн тарвага ихтэй гэгддэг Баянхонгор аймагт 45, Дорнодод 60, Төв аймагт 78 хувиар тоо толгой нь буурсан гэх хэсэгчилсэн судалгааны дүн мэдээ байна. Тарвагыг ангийн зориулалтаар арьс үсийг нь үйлдвэрлэлтийн зориулалтаар агнахыг хориглосон. Гэвч Говь-Алтай, Баянхонгор, Архангай, Баян-Өлгий, Завхан, Увс аймагт “хулгар шар” агнах гэмт хэргийн тоо буурахгүй байна. Нийслэлчүүдэд нэг тулам 40-60 мянган төгрөгийн үнэтэй зарагдаж байна. Баруун аймгуудаас тарвага хэдэн мянгаараа нийслэлд ирдэг. Түүнийг нь худалдан борлуулдаг сүлжээ гэмт хэрэг бий болсон. Жишээлбэл, Сонгинохайрхан дүүрэгт хууль бусаар их хэмжээний тарваганы тулам тээвэрлэж явсан этгээдийг Нийслэлийн мэргэжлийн хяналтын байцаагчид өнгөрсөн жил илрүүлжээ. Мөн Говь-Алтай аймгийн иргэн 47 настай М гэх эмэгтэй “Istana” маркийн автомашинд 90 ширхэг тарваганы тулам хууль бусаар тээвэрлэж явсныг байцаагчид илрүүлэн хураасан байдаг.

Б.Ганболд: Мотоцикль, машинаа дааж ядтал нь тарвага ачаад явж байхад сумын Засаг дарга, цагдаа нар нь юу ч хараагүй юм шиг л өнгөрүүлж байна

Хөдөө орон нутагт тарвага агнаж байгаа хууль бус ангийн хэргээр Тарвага хамгаалах нийгэмлэгийн удирдах зөвлөлийн гишүүн Б.Ганболдтой ярилцлаа.


Тарвага агнахыг хуулиар хориглосон байдаг. Гэвч хөдөө орон нутагт хууль бусаар агнах гэмт хэрэг нэмэгдээд байна гэх мэдээлэл байна?

-1990 оноос хойш монголчууд тарвагаа агнаад дуусч байна шүү дээ. Төв, Булган, говийн аймгуудад тарвага огт байхгүй болчихсон гэж хэлж болно. Өмнө нь тарвага шороо шиг бужигнаж байсан газар одоо нэг ч тарвага байхгүй болоод байна. Бүр сүүлдээ аргаа барахдаа тарвага нутагшуулж байна шүү дээ. 2000 оноос эхлэн тарвага хууль бусаар агнахыг журмаар, хуулиар хориглож ирсэн. Гэвч зөвхөн цаасан дээр хууль байдаг. Амьдрал дээр огт хэрэгжихгүй байсаар өдий хүрч байна. Сүүлийн жилүүдэд Баянхонгор аймгийн хойд талын сумын иргэд тарвага агнадаг. Түүнийг нийслэл рүү оруулж ирдэг болоод байгаа. Хөдөө хээр мотоцикль, машинаа дааж ядтал нь тарвага ачаад явж байхад сумын Засаг дарга, цагдаа нар нь юу ч хараагүй юм шиг л өнгөрөөж байна. Архангай аймгийн Хар тарвагатайн нурууны тарвага сүүлийн жилүүдэд цөөрч байна. Хэн дуртай нь хэдэн арваар нь агнаж байна шүү дээ. Солонготын даваан дээр хүмүүс 20 гаруй жил тарваганы боодог зарж байна. Хөлийг нь сарвайлгаад л өргөөд ирдэг. Баруун аймаг руу явж байгаа хүмүүс худалдаж аваад л идэж байна. Хууль хяналтын байгууллагын дарга нараас эхлээд хүн бүр үүнийг мэднэ. Архангай аймгийн Тариат сум Тэрхийн цагаан нуураар тарвага зарсан хүмүүс л байна.

-Ховд, Говь-Аалтай, Увс аймагт тарваганы арьс хэдэн төгрөгөөр худалдаж авч байна вэ?

-Ховд аймагт өнгөрсөн жил хавх иргэдээс худалдаж авсан. Хэдэн мянган хавх хураагдсан байна лээ. Баруун аймгуудад тарваганы арьс 13 мянган төгрөгний үнэтэй байна. Бүр жилдээ 400 тарвага агнаад арьсыг нь ченжүүдэд өгдөг хүмүүс ч байна. Амьдралынхаа мөнгө олох эх үүсвэр болгосон маш олон айл өрх баруун аймгуудад байна. Үүнийг таслан зогсоох цаг нь хэдийнэ болсон.

-Тарвага хууль бусаар агнаж байгаа нь ямар сөрөг дагавартай байна вэ?

-Монголын тарваганы нөөцийг зүй зохистой эдийн засгийн үр ашигтай ашиглах, агнах ёстой гэдэг асуудлыг Засгийн газар болон эрдэм шинжилгээний байгуулагуудад тавьж тодорхой саналыг хүргүүлж байсан. Монгол орны байгаль экологийн байдал хэдхэн жилийн өмнө өнөөгийнхөөс хавьгүй сайхан байлаа.Тарвага бол бусад амьтадтай харьцуулахад эрүүл мэнд, байгаль экологи, нийгэм эдийн засгийн маш онцлогтой амьтан. Энэ амьтан хөрсний үржил шимийг сайжруулахад маш чухал нөлөөтэй. Тарваганых шиг нүхийг мөнгө төлөөд хүнээр ухуулна гэвэл маш их хөдөлмөр, хөрөнгө зарцуулна. Гурван метр гүн, олон салаа нүх ухдаг юм шүү дээ. Энэ нь хөрсийг холих үйл явц болдог бөгөөд газрын гүнд байсан ургамлыг хөрсөн дээр гаргаж ирж, тэр нь үр болж ургадаг юм. Эдийн засгийн талаас нь тарвага эгэл бор ардуудын хувьд амьжиргаанд нь асар их нэмэр болдог амьтан байлаа.

-Жишээлбэл?

-Хоол хүнс болохоос гадна намар хүүхдээ сургууль соёлд явуулахад хүртэл орлогын эх үүсвэрээ болгодог байсан. Тэр ч бүү хэл өнөөдөр амжилттай бизнес эрхэлж байгаа хүмүүс, УИХ-ын гишүүд, дарга сайд болсон зарим эрхмүүдийн хувьд ч гэсэн өнөөгийн энэ өндөрлөгт хүрэх эдийн засгийн эх суурь нь тарвага болж байсан гэдгийг хэн хүнгүй л мэднэ. Нөгөө талаасаа тарвага өөрөө манай ойт хээрийн экосистемийн гол түлхүүр зүйл. Тарвага олон амьтны үүрлэх орон байрыг бэлтгэж өгдөг. Хөрсний агаарын солилцоог хангаж, ургамалжилт болон ургамал нөхөн сэргэхэд хамгийн чухал үүргийг гүйцэтгэдэг. Мөн эрүүл мэндийн ач холбогдолтой. Хэрвээ тарвага устаж үгүй болвол байгалийн голомтот халдварт өвчин тарваган тахал зурманд болон гэрийн Төр үүнийгээ хойшлуулалгүй хийх ёстой.

-ТАРВАГАНЫ АРЬСЫГ ХУУЛЬ БУСААР ХИЛЭЭР ГАРГАЖ БАЙНА-

Тарваганы арьс хөдөө орон нутгаас худалдан авдаг. Түүнийг хил давуулан худалдаалдаг гэмт хэрэг жилээс жилд нэмэгдэж байна. Тухайлбал, 2015 онд Баянгол дүүргийн XI хорооны нутаг дэвсгэрт иргэн Э нь өөрийн гэрийн хашаандаа 3100 ширхэг тарваганы арьс хууль бусаар хадгалж байсныг Цагдаагийн байгууллагаас олж илрүүлж байсан. Улмаар иргэн Э-д эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж, байгалийн эсрэг гэмт хэрэг үйлдэж онц их хэмжээний хохирол учруулсан хэмээн торгуулийн арга хэмжээ авсан. Дорнод аймгийн Эрээнцавын автозамын боомтоор 500 боодол буюу 6000 ширхэг тарваганы арьс нэвтрүүлэхээр завдсан хэргийг хилчид 2015 онд илрүүлсэн. Тус аймгийн Чулуунхороот сумын гуравдугаар багийн иргэн Ч эдгээр арьсыг ОХУ руу авч гарахаар оролдсон байдаг. Түүний байгаль орчинд учруулсан хохирлыг нөхөн тооцуулж, хууль бусаар ан хийсэн, ангийн арьс үс олж авч хадгалсан асуудлыг шалгуулж, хоёр жилийн хорих ялаар шийтгэсэн. Гаалийн ерөнхий газрын харьяа Замын-Үүд дэх Гаалийн газрын гаалийн улсын байцаагч нар гаалийн хяналт, шалгалтаар илрүүллээ. БНХАУ-ын иргэд 1800 тарваганы арьс хилээр гаргах гэж байсныг илрүүлсэн. Мөн БНХАУ-аас ирсэн чингэлгийн ачааг буулгаж, дахин шалгаад буцаадаг. Гэтэл буцаах гэж байсан чингэлэгт их хэмжээний тарваганы арьс нуусныг Замын-Үүд дэх Гаалийн газрын Гаалийн зөрчлөөс урьдчилан сэргийлэх алба, Цагдаагийн хэлтсийн ажилтнууд хамтран илрүүлжээ. Тэд 94510401 дугаарын вагонд ачсан чингэлгээс битүүмжилсэн зүйл олж байв. Хил давах гэж байсан чингэлгийг түр саатуулан шалгахад 1905 ширхэг тарваганы арьс илрүүлсэн. Өнгөрсөн онд гурван удаагийн үйлдлээр 14 мянган тарваганы арьс хил давуулсан иргэдийг Эрүүгийн цагдаагийн газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс үргэлжлүүлэн шалгаж байгаа юм байна. Ачаа бараагаа буулгасан хоосон чингэлгийг тарваганы арьсаар дүүргэж хил давуулахад Замын-Үүд боомтын ажилчид тусласан гэдгийг эх сурвалж онцолж байв. Эдгээр баримтаас харахад тарвага агнах гэмт хэрэг жилээс жилд нэмэгдэж, арьс нь хэдэн мянгаараа хилээр гарч байгааг харж болно. Тарвага зурган илэрцүүд

Амьтны тухай хууль тогтоомж, тушаал шийдвэрийг зөрчин тарвага агнах, барихыг завдсан, агнасан, барьсан, түүний гаралтай түүхий эдийг худалдсан, худалдан авсан этгээдэд зөрчлийн агуулгыг харгалзан энэ хуульд зааснаар иргэнийг хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 1-3 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх, хуулийн этгээдийг 3-45 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх, албан тушаалтанг 4-15 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр тус тус торгож, амьтны аймагт учруулсан хохирлыг Засгийн газрын 2011 оны 23 тоот тогтоолоор батлагдсан “Ан амьтны экологи-эдийн засгийн үнэлгээ”-г хоёр дахин өсгөн нөхөн төлүүлж, эрүүгийн хариуцлага хүлээлгэнэ хэмээн заасан байдаг. 2011 онд ан амьтны экологи, эдийн засгийн үнэлгээг шинэчлэн тогтоосон. Уг үнэлгээгээр эр тарвагыг 170 мянга, эмийг нь 200 мянган төгрөгөөр үнэлсэн билээ. Мөн хууль бусаар тарвага агнасан хүний хавх, буу, сум, машин техникийг хураах талаар хуулийн заалт бий. Гэвч энэ нь хулгайн анчдад дохио өгөхүйц шийтгэл болж чадахгүй, ялангуяа хавхаар мэргэшсэн малчдад үйлчлэхгүй байгаа нь монгол тарвага тун богино хугацаанд ховордож, эцэстээ устах аюулд хүрч болзошгүй байдалд ороод байгаа юм. Хөдөө орон нутагт иргэд хууль бусаар тарвага агнаж байгааг огт тоохгүй байгаагаас болж ийнхүү устаж байна. Мөн ДЭМБ-ын судалгаагаар жил бүр 2000 орчим хүн тарваган тахал өвчнөөр өвчилж, 5-15 хувь нь нас бардаг нь тогтоогджээ. Монгол Улсын хувьд Төв Азийн тарваган тахлын байгалийн голомтын зонхилох хэсэг бөгөөд 17 аймгийн 137 сум байгалийн голомттой бүсэд хамаардаг байна. Тарвага хууль бусаар агнаж байгаа нь тарваган тахал өвчинд нэрвэгдэх магадлал өндөр байгаа юм.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

А.Гансүх: Төмөр замын гэх хэрэгт Х.Баттулгатай хамааруулсан нотлох баримт огт байхгүй. Тийм мөрдөн байцаалтын үйл ажиллагаа ч болоогүй

Зам, тээврийн сайд, УИХ-ын даргын хуулийн бодлогын зөвлөхөөр ажиллахдаа төмөр зам, Тавантолгойн орд гээд олон дуулианы гол дүрийн нэг болж байсан А.Гансүхтэй ярилцсанаа хүргэж байна.


-Зургадугаар сарын 29-нд төмөр замын хэргийн шүүх хурал болж, хэргийг мөрдөн байцаалтад буцаалаа. Дуулиан шуугиантай хоёр жил шалгасан хэргийг шүүх шийдвэрлэх боломжгүй гэж үзжээ. Яагаад?

-Эхлээд тайлбар хэлье. Энэ хэргийг энэ оны тавдугаар сард шүүхэд шилжүүлсэн. Сүхбаатар дүүргийн эрүүгийн анхан шатны шүүх дээр хянаж үзээд мөрдөн байцаалт явуулсан энэ хэргийг шүүхээр шийдвэрлэх хууль ёсны шаардлага хангаагүй гэж үзэж нэмэлт мөрдөн байцаалтад буцаахаар шийдвэрлэж, шүүгчийн захирамж гарсан. Энэ захирамжийг Нийслэлийн прокурор эсэргүүцэж эсэргүүцэл бичсэнийг Нийслэлийн давж заалдах шатны шүүх зургадугаар сарын 29-ний өдөр хэлэлцээд нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж шийдвэрлэж, прокурорын эсэргүүцлийг хүлээж аваагүй. Шүүх дээр болсон процесс нь энэ.

-Шүүх хэргийг буцаах ямар үндэслэл байсан бэ?

-Олон үндэслэл байсан. Товчлоод хэлье. Шүүгчийн захирамжид “…а.гансүх нарт холбогдох хэрэгт Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 80 дугаар зүйлд заасан хэргийн талаар нотолбол зохих асуудлуудыг бүрэн гүйцэд нотлоогүй, мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн бөгөөд түүнийг шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй, мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахад Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн байх тул хэргийг нэмэлт мөрдөн байцаалтад буцаах нь зүйтэй гэж үзлээ” гэсэн.

-Цагдаа нар хэргийг тогтоосон гээд хэвлэл мэдээллээр зарлаад байсан биш үү. Гэтэл нотолбол зохих асуудлыг бүрэн нотлоогүй, мөрдөн байцаалтын ажиллагааг бүрэн биш хийсэн, Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн, Эрүүгийн байцаан шийтгэх хуулийг ноцтой зөрчсөн гэж шүүх үзлээ. Тэгвэл УИХ-ын гишүүн асан Х. Баттулгатай холбоотой ямар шийдвэр гарав. Тэр хүн ч энэ хэрэгт нэр холбогдоо биз дээ?

-Дахиад л шүүгчийн захирамжаас иш татаж хариулъя. Шинэ төмөр замын гэх хэргийг буцаасан шүүхийн захирамжид УИХ-ын гишүүн Х. Баттулгын талаар ингэж дүгнэсэн. “Үүнээс гадна Зам, тээврийн сайдаар ажиллаж байсан А. Гансүхийг “Зам, тээврийн сайдаар ажиллаж байхдаа тухайн үед “УИХ-ын гишүүн Х. Баттулгатай бүлэглэн” гэж Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн 35 дугаар зүйлийн 35.5-д заасныг журамлан Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт зааснаар ял өөрчлөн сонсгосон байна. Гэтэл А. Гансүх нь Х.Баттулгатай ямар хэлбэрээр, хэрхэн бүлэглэсэн болохыг тогтоох талаар мөрдөн байцаалтын ажиллагаа огт хийгдээгүй, бүлэглэн, үгсэн хуйвалдсан болон гэмт хэрэгт оролцсон оролцоог тогтоосон нотлох баримт хавтаст хэрэг байхгүй байгааг тэмдэглэх нь зүйтэй” гэсэн болно.

-Тэгээд Х.Баттулгатай холбоотой мөрдөн байцаалтын ажиллагаа хийгээгүй, бүлэглэн гэмт хэрэг хийсэн гэдэг нотлох баримт байхгүй байж яахаараа цагдаагийн байгууллага мөрдөөд тогтоолоо гэж зарлаад байсан юм бол?

-Өөрсдөө л дүгнэлтээ хийцгээ. Угаасаа Х. Баттулгатай холбогдох боломжгүй хэрэг. Энэ шалгаад байгаа Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын далангийн ажил хийгдэж байх үед Х.Баттулга нь Үйлдвэр, хөдөө аж ахуйн сайд байсан. Зам, тээврийн сайд биш.

-Өөр ямар үндэслэл байгаа вэ?

-Шүүхээс хэргийг буцаасан үндэслэл нь 10 гаруй хуудас болж байна. Бүгдийг нь танай сонинд яривал багтахгүй л дээ. Би өөрийн цахим хуудсаар дамжуулж цувралаар олон нийтэд хүргэе гэж бодож байгаа.

-Сонгуулийн өмнө шоу болголоо гэж харах хүмүүс ч байна. Яг сонгуулийн үеэр шүүх ийм шийдвэр гаргасан болохоор тэгэж харж байгаа байх л даа…

-Шүүх дээр байгаа хэргээр би яаж шоу хийх вэ дээ. Тэгээд ч ингэж шоу хийж болох уу. Хэргийг шийдвэрлэх хуулийн хугацаа гэж байдаг. Хуулийнхаа хугацаагаар тэгж таарсан. Энэ сэдвээр сонгуулийн шоу болгох сонирхол улстөрчдөд байгаа байх. Аль нам төрийн эрхийг барьж байгаа билээ. Бид бол одоо эрх мэдэлтэй албан тушаалтнууд биш, шалгуулж байгаа энгийн иргэд. Ер нь энэ хэрэг бол атаач, матаач хүмүүсийн гүтгэлгээр анх үүссэн. Түүнд улстөрчид итгэж дагаж намираад, одоо бол улс төрийн зорилгод ашигладаг сэдэв болоод байна.

-Шүүх хурлаас сэдвээ арай өөрчилье. Ч.Сайханбилэгийн Засгийн газар Тавантолгойн ордыг “MMС”–д яг өгч шампанскаа буудуулах гэж байсан торгон мөчид УИХ–ын дарга З.Энхболд болиулсан шүү дээ. Та хуулийн бодлогын зөвлөх нь байсан. Таны зөвлөгөө байсан уу?

-УИХ-ын дарга надаас асуух юмаа асуусан. УИХ-ын дарга, АН-ын дарга байсан З. Энхболд улс эх орон, ард түмний өмнө түүхэн гавьяа байгуулсан. Тэр бол ард түмэн, эх орноо гэсэн төрийн түшээ хүний алхам байсан. Мөн УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, Л.Эрдэнэчимэг болон нэр бүхий 40 гишүүн Тавантолгойн ордыг хамгаалсан. Бүгдийнх нь нэрийг дурдмаар л байна. Олон нийтийн мэдээллийн хэрэгслээр хангалттай нэрлэгдсэн. Одоо ч интернэт ороод харж болно. Тэднийг үнэлэх цаг удахгүй ирнэ. Тэгээд ч тэр хувилбар чинь явахгүй байсан л даа.

-Яагаад?

-Монгол Улсын Өмнөговь аймгийн Тавантолгойн ордыг газар нутагтай нь хамт хашаа татаж тусгаарлаад 60 жилээр (дахин 60 жил сунгах нөхцөлтэй) Хятадын компанид өгнө гэж байсан. Улс дотор улс байгуулах гэсэн гэрээ байсан. Миний ойлгож байгаагаар ямар ч тэнэг хүн ийм зүйлийг хүлээн зөвшөөрөх ёсгүй.

-Таныхаар бол яах ёстой байсан гэж?

-Гуравдагч хөрш гэдэг орнууд руу экспорт хийх хэрэгтэй. 1911 оны тусгаар тогтнол, 1921 оны ардын хувьсгалаас хойшхи бүх цаг хугацаанд манай төр засгийн бодлого бол улс төр, эдийн засгийн гуравдахь хамтрагчийг хайж байсан. 2010 онд УИХ-аар батлуулсан Төмөр замын бодлого маань энэ гарцыг нээхэд чиглэж байсан юм. Улс орныхоо нүүрсний экспортыг ганцхан улсаас хараат байлгахгүйн тулд төмөр замын өөр гарц нээсэн бодлогыг 2010 онд УИХ баталж байлаа шүү дээ.

-Тэр өөр гарц нь юу байсан юм бэ?

-Хөндлөн шугамаа эхэлж барих ёстой. Сайншандын аж үйлдвэрийн цогцолбороос бүтээгдэхүүнээ аваад Чойбалсан чиглэлээр ОХУ-ын Алс Дорнодын төмөр замд холбогдож аж үйлдвэр өндөр хөгжсөн Япон, Солонгос, Энэтхэг, Тайвань руу гаргах бодлого байсан юм. Хятадаас эдийн засгийн хараат байдлаа тэнцвэржүүлж байгаа хэрэг шүү дээ.

-Тавхан алхамын цаана байгаа Хятад руу нүүрсээ шууд гаргачих юмыг бараг дэлхий тойруулж Чойбалсангаар Япон, Солонгос руу зөөнө гэдэг зөв бодлого байсан гэж үү?

-Хүмүүс түүхий нүүрсээ тэгж тойруулж зөөнө гэж ойлгосон, одоо ч тэгж ойлгосоор байгаа. Нүүрс болон төмрийн хүдрээ Сайншандын аж үйлдвэрийн цогцолбортоо боловсруулаад нэмүү өртөг шингэсэн бүтээгдэхүүнээ Япон, Солонгос, Европын холбоо гэх мэтийн бусад зах зээлд зарах бодлого байсан юм аа. Монголчууд аж үйлдвэртэй болж нэмүү өртөг шингээж бүтээгдэхүүнээ арай илүү үнэтэйгээр зарах, бас гуравдагч хөрштэй эдийн засгийн харилцаанд орохыг дэмждэггүй хүмүүс үүнийг зориуд үлгэр гэж ярьдаг. Иймэрхүү энгийн зүйлийг ойлгохгүй баахан гавьяат эдийн засагчид байна гэж байхгүй. Тэдгээр нөхдийг цуглуулаад хийсэн судалгаагаа танилцуулахаар огт дуугардаггүй. 2010 онд УИХ-аар батлуулсан “Шинэ төмөр зам” төслийг одоо болтол хийлгэхгүй байна гэдэг чинь Монгол Улсыг хөгжүүлэх сонирхол манай улстөрчдөд үнэхээр байхгүй гэдгийн нотолгоо мөн биз.

-Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн төмөр замын далан нэрээр шороо овоолсон гэдэг?

-Би нэг л юм хэлье. Төмөр замын даланг шороо овоолж хийдэг. Гэхдээ тусгай технологиор… Олон улсын нэр хүнд бүхий мэддэг, чаддаг компани ирээд барьсан. Солонгосын “Samsung С&T” даланг барьж, түүний ажлыг Германы “DBI” буюу “Германы төмөр зам” компанийн герман инженерүүд газар дээр нь хяналт тавьж ажилласан. Шороо овоолсон эсэхийг дэлхийд алдартай энэ хоёр компаниас асуу. Бас мянга сонсохоор нэг үз гэдэг. Очоод үзэх хэрэгтэй л дээ. Нэмж хэлэхэд тэр шороо овоолсон гээд байгаа “Samsung С&T” компани чинь Хөшигийн хөндийд ОУ-ын Шинэ нисэх буудлыг, MCS-ийн “Шангри Ла” зочид буудлыг барьсан гэдгийг мэдэх үү.

-Тийм үү? “Samsung С &T” гэдэг чинь хуурамч компани юм биш үү?

-Дэлхийд нэртэй жинхэнэ компаниуд. “Samsung С&T” нь Солонгосын барилгын хамгийн том компани. Энэ компани төмөр замын ажлыг хийхээр олон улсын тендерээр шалгарсан байдаг. Тендерийг би шалгаруулаагүй, “Энержи Ресурс” компани өөрөө шалгаруулсан. Би хуурамчаар “Samsung С&T” гэдэг компани байгуулаад Монголд 3 том төсөл дээр ажилласан байх уу? Тэгээд жинхэнэ “Samsung С &T” нь энэ бүх хугацаанд нэрийг нь ашиглаж байгааг мэдэхгүй байх уу?

-Миний санахаар “McK­enzie” гэж бас нэг хуурамч компани байгуулж мөнгө угаасан гэдэг?

-АНУ-ын “McKenzie” компанийг хуурамч гэсэн цуурхал тараасан. Гэтэл тэр компани нь албан ёсоор эсэргүүцэл илэрхийлсэн. Түүний дараа энэ хар пиар таг болсон. “McKenzie” гэдэг чинь Монголын цагдаагийн тоглоом биш, АНУ-ын дэлхийд нэртэй глобал компани. Монголын цагдаа ховоор ажлаа хийсний хор уршиг. Дараа нь Германы төрийн өмчит “DBI” компанийг төмөр зам дээр хяналт тавиагүй гэж гүтгэсэн. Хэтэрсэн гэхэд арай хэтэрсэн гүтгэлэг тараасан. ОУ-ын нэр хүндтэй компаниудыг хуурамч гэж гүтгэсэн дүр төрхтэй л байна даа. Эдгээр компани эсэргүүцэл илэрхийлэхэд л Монголд орох хөрөнгө оруулалт гацна шүү дээ.

-Цагдаагийн байгууллага тэр компаниудаас нь асууж, шалгаагүй юм уу?

-Харин тэгмээр л байна. Гэхдээ тэр компаниуд удаан дуугүй хараад суухгүй байх. Саяхан хяналт хийсэн Германы компани нь Монгол Улсын Гадаад харилцааны яаманд албан ёсоор тайлангаа хүргүүлсэн байна лээ.

Одоогийн Зам, тээврийн хөгжлийн сайд Д.Ганбатын УИХ дээр ярьсан яриаг харсан уу. Д.Ганбат сайд “энэ бол овоолсон шороо биш, 85 хувийн гүйцэтгэлтэй, олон улсын нэгдүгээр зэрэглэлийн зам гэж хэлсэн”

-Харсан. Мэргэжлийн хүн тэгж хэлснийг бодоход бодитой л юм шиг санагдсан. Тэр хүн таныг сайд байх үед “МТЗ” ХК-ийн захирал байсан юм биш үү. Тэгээд л та нарын талд дуугарчихлаа гэж бодсон….

-Үгүй ээ. Би 2014 онд сайдын албан тушаалаа өгсөн. 2014 оны 10 дугаар сард АН, МАН хамтарч Засгийн газар байгуулахад МАН-д Зам, тээврийн яамыг өгч, Н.Төмөрхүү гэдэг сайдтай болсон. Тэгэхэд л МАН-ын талаас сайдаа дагаж “МТЗ” ХК-ийн захирал болсон хүн. Наад хүн чинь АН-ын хүн биш.

-Төмөр замын холболтын цэг зөрсөн гэж яриад эхэллээ? Тайлбар хийх үү?

-Холболтын цэг зөрсөн биш, холболтын цэгээ тохироогүй байгаа юм. Учир нь Хятадын талын санал болгож байгаа цэгээр холболт хийх юм бол 166 сая доллларын өртөгтэй болоод байсан. Газар зүйн байршлаас шалтгаалаад өндөр гүүр барих шаардлага үүсч өртөг ийм өндөр болсон. Манай талаас санал болгож байгаа цэгээр холболт хийвэл 34 сая долларын зардалтай. Ийм л юм. Сүржигнээд байгаа нь бас л улс төр. Дараа хоёр тал хамтарсан ажлын хэсэг гаргаад ажилласан. Тодорхой ойлголтод хүрсэн байгаа.

-Яагаад төмөр замын нарийн өргөн, цариг гэж маргаан үүсгээд байснаа яг одоо шударгаар хэлчих?

-Хятад нарийн царигийн төмөр замтай, Монгол Улс түүнээс өргөн царигийн төмөр замтай. Техникийн хувьд энэ ялгааг яриагүй юм. Хятад улс яагаад заавал Монгол Улс руу өөрийн царигаар төмөр зам барих гээд байгаа бодлогыг нь бид ойлгох хэрэгтэй. Стандарт өөр байгаа нь тухайн улсын бодлого юм. Үүний цаана байгаа улс төрийн бодлогын асуудлаар үүнийг ярих болсон. Х.Баттулга, бид хоёр ил тодоор олон нийтэд ярьсан болохоос олон улстөрч, албан тушаалтан надтай санал нийлдэг. Манай улсын батлан хамгаалах яамныхан, Жанжин штабынхан, армийн офицерүүд, цэргийн тагнуулынхан, Тагнуулын Ерөнхий газар гээд бүгд санал нийлдэг. Энэ асуудлаар бид 2009 оноос Тагнуулын байгууллагатай нягт хамтран ажиллаж ирсэн. Бид олон удаа Тагнуулын ерөнхий газарт очиж ярилцаж, зөвлөж асуудлыг боловсруулж байсан. Тагнуулынхан бүгд л санал нэгтэй дэмжиж байсан. Харамсалтай нь тэд олон нийтэд ил гарч хэлж ярих боломжгүй байдаг юм билээ.

-Орос, Казакстанаар дамжуулаад нарийн цариг тавьсан гэж байна. Тэр нь Лондон хүрч байна гэнэ. Монголоор явуулаагүй нь та нараас л боллоо гэж байна даа?

-Шинэ зүйл биш. Хийгдэж байсан тээвэр. Угаасаа энэ маршрутаар Хятадын галт тэрэг Казакстанаар дамжин Европын холбооны Франкфурт, Хамбург хот хүртэл ачаа тээвэрлэдэг. Хятадын төвийн бүсээс Европ руу явдаг хамгийн дөт зам. Харин энэ удаа цаашаа ахиж Лондон хүрсэн нь анхны удаа юм. Энэ маршрут Монголыг дайрах боломжгүй, тэгвэл тээврийн замын урт нэмэгдэж үр ашиггүй болох учир Казакстанаар дайран явж байгаа. Казакстан дээр дугуй сольж өргөн царигт шилжиж байгаа. Тэгээд ч тэр Орос, Казакстаны төмөр зам өргөн царигтай. Ер нь бол Хятадаас Европ руу төмөр замаар явдаг ачаа Казакстан, ОХУ, Монгол гэсэн гурван улсаар дамжин өнгөрч байна. Хятадаас нарийн царигаар явж байгаа галт тэрэг Казакстаны Хорос, ОХУ-ын Манжуур, Монгол Улсын Замын-Үүд боомтод шилжүүлэн ачилт хийж өргөн төмөр замд шилждэг.

-Хятадгүй бол монголчууд өлсөж үхнэ, тиймээс Хятадтай аятайхан байх хэрэгтэй гэдэг шүү дээ.

-Амьдарч байгаа мөнгөний эх үүсвэр нь Хятадаас ирдэг хэсэгхэн л хүмүүс тэгж ярьж байгаа. Монгол хүн бүр ингэж бодохгүй байх аа. Тийм хүмүүст хэлэхэд өнөөдөр өлсөж үхэхээс айгаад ирээдүйгээ, улс орноо зарж идэх хэрэгтэй юу. 1919 онд яг ийм байдал үүссэн гэдэг. 1911 онд зарласан тусгаар тогтнолыг эсэргүүцэж Хятад эдийн засгийн хориг арга хэмжээ авсан. Бараа таваар хомсдож эдийн засгийн хямрал үүссэн байдаг. Гол нь ноёдын Бээжингээс авдаг сул цалин ирэхээ больсон. Үүнд дүргүйцсэн ноёд нийлж байгаад Хятадад дагаар орох хүсэлт хүргүүлсэн байдаг. Ийм түүх битгий давтагдаасай.

-Гэхдээ мөнгөтэй баян байж эх орноо хамгаална, хоосон эрх оронч сэтгэл хэнд хэрэгтэй юм бэ?

-Хэний мөнгө, хэний төлөө ажиллаж байна гэдгийг бодох хэрэгтэй. Эх орон, газар шороогоо зарж мөнгөтэй бол гэдэг ганцхан л тулгалт бидэнд ирж байна. Тэгээд эх орноо, газар нутгаа зарж баяжаад дараа нь юугаа хөгжүүлэх юм. Газар нутаг бол улсын орших үндэс. Эх оронгүй болчихоод хичнээн баян байгаад яах юм. Өвөрмонголын “Гаадаа мээрэн” кинонд гардаг Дархан ван шиг нутгаа зарчихаад Хонконгод очиж ясаа тавих уу. Баячууд тэгээд мөнгөө аваад тийшээ очих л байх. Би өмнө хэлсэн одоо дахиад хэлье. Ядуу буурай байгаа ч гэсэн түүндээ автаж эх чөлөө, тусгаар тогтнолоо зарахгүйгээр эх орноо баялагтай нь ирээдүй хойчдоо үлдээе. Монголчууд өөрсдөө эзэн болсон эрх чөлөөт эх оронтой байсан цагт хөгжүүлж, баян болох цаг ирнэ.

-Тэгээд л та нар Тавантолгойг гацаасан юм уу?

-Тавантолгойг гацаагаагүй, аварсан. Удахгүй монголчууд ойлгоно. Тавантолгой ордыг хууль бусаар олон зуун жилээр авах гэж байхад нь зогсоож энэ орд төрдөө, ард түмэндээ үлдсэн. Одоо улс ийм их өртэй байгаа үед энэ орд л улс орныг аварна. Чалкогийн 350 сая долларын өрийг төлөөд дууссан. Хар л даа. Улсын өрийг нүүрсээрээ хаагаад дуусгаж байгаа биз дээ. Бидний зүтгэл үнэлэгдэх цаг нь ирнэ.

-Төмөр замын хувьд?

-Товчхондоо бол Тавантолгойн ордыг төрийн өмчит “Эрдэнэс Тавантолгой” ХК-д, төмөр замыг нь төрийн өмчит “Монголын төмөр зам” ХК-ийн мэдэлд үлдээх л гэж тэмцсэн. Хувьдаа авах гэж биш. Төрийн өмч төрдөө байж, ард түмний ашиг сонирхол, улс орны аюулгүй байдлын төлөө ашиглах хэрэгтэй гэсэн юм.

-Та нар Тавантолгойн ордыг, бас төмөр замыг өөртөө авах гэсэн юм биш үү?

-Гүтгэлэг. Тавантолгойн орд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн мэдэлд байгаа, төмөр зам “Монголын Төмөр зам” ХК-ийн мэдэлд байгаа. Хоёулаа 100 хувь төрийн компани. Төрийн өмч төрдөө л байгаасай, ард түмэндээ өгөөжөө өгөөсэй гэж бодож зүтгэсэн.

-Энийгээ эртхэн хэлэхгүй дээ, би ч гэсэн та нарыг л буруутгаж боддог шүү дээ…

-Хэвлэл мэдээллийнхэн ингэж ойлгохоор бусад нь аргагүй юм байна даа. Гэхдээ 2007 оноос МоАХ болон бид аюул нүүрлэж байгааг анхааруулсан, зүгээр суугаагүй тэмцсэн, эх орон, газар нутгаа худалдаагүй гэдэгтээ би нүүр бардам байх болно. Ард түмнийг ядуурлаар айлгаж, эдийн засаг, хөрөнгө мөнгө гэдэг нэрийн дор бидний хамгийн үнэтэй зүйлийг үнэгүйдүүлж байна. Энэ бол эрх чөлөө, тусгаар тогтнол. Монголчуудад эрх чөлөө, тусгаар тогтнол гэдэг мөнгөөр хэмжихийн аргагүй баялаг байна. Монголчууд баян.


Categories
мэдээ цаг-үе

СУУ АЛДАРТНУУДЫН ӨЛГИЙ: Дэлхийн дуурийн ноён оргилуудын нэг, зууны манлай дуучин Х.Уртнасангийн унаган нутгаар (III)

Түрүүч нь №138(5705), 140(5707), 141(5708) дугаарт

Хангинахын хошуунаас Хунцал зурамтай руу хөдөллөө. Уул ус нь тэгширсэн үнэхээр сайхан газар юм. Шүд хага ташим хүйтэн булаг хоржигнон урсах, торго шиг ногоон зүлгэн дээр хээрийн цэцэгс алаглан ургажээ. Модны захад идээшилж байсан 20 гаруй тооны хээр зүсмийн азаргатай адуу усанд ирж байгаа харагдлаа. Улаан зээрд зүстэй гүү цагаан хонгор эр унага гаргажээ. Эхээс төрөөд удаагүй цагаан хонгор унага эхийнхээ араас ээдрээ нь гараагүй хөлөө энд тэнд гишгэлсээр цогих аж. Х.Уртнасан гуай “Эхийгээ дагаж яваа нялх амьтныг харах болгондоо ээжийгээ маш их санадаг. Би ээжийнхээ хайранд хүн болсон юм шүү дээ. Нас ахих тусам эх хүний үрээ гэх сэтгэл юутай ч зүйрлэмгүй гэдгийг улам ихээр мэдэрч байна даа” гээд л хоолой нь зангирч байна. Хунцал зурамтайд Х.Уртнасан гуайн аав Ц.Хорлоогийнх олон жил зусч байсан гэнэ. Зуны эхэн сар гарч, дэлхий дэлэгнэх дэлгэр цагаар Мандал хайрханы хойд арын хөх бууцнаас ийшээ нүүж ирдэг байжээ. Шинэ нутагт буурь сэлгэж сэргэлэн ногоон дэнж дээр гэрээ барьж байхдаа “Ундаа миний охин булагаас ус аваад ир. Цай чаная” гээд л ээж нь аядуу зөөлнөөр хэлдэг байсан гэнэ. Х.Уртнасан ч хүйтэн булгийн усыг шанага дүүрэн хутгаж залгилсныхаа дараа хувиндаа ус дүүргээд гэр рүүгээ алхдаг байсан талаараа ярилаа. Мөн зуны гурван сар энэ л цэцэгт хөндийгөөр дүү нартайгаа хөл нүцгэн уралддаг байсан, хоржигнон урсах голын эргийн зүлгэн дээр бүртийх ч үүлгүй хөх тэнгэр ширтээд мөрөөдөлдөө умбан хэвтдэг байснаа ч дурсав. Магадгүй тэр нэртэй дуучин болоод аав, ээжийгээ баярлуулна даа гэж хүүхэд насны гэгээн хүслээр жигүүрлэн мөрөөдөж хэвтсэн байх. Тэр мөрөөдөлдөө ч хүрч, дэлхийн шилдэг дуучин болсон биз ээ.

Х.Уртнасанг анх дэлхийн томоохон театруудад дуулахаар очиход “Азийн дуучин сонгодог урлаг, тэр тусмаа дуурийн дууг дуулна гэж юу байх вэ дээ” гээд тоодоггүй байсан гэнэ. Тэгсэн мөртлөө дуулаад эхлэхээр нь бүгд л ангайчихдаг байсан аж. “Юун Азийн нэг муу дуучин. Энэ хүн чинь үнэхээр гайхалтай дуулдаг хүн байна. Хаана сурахаараа сонгодог дуурийн дууг ингэж төгс дуулж чадаж байна вэ” гээд шүтэн биширдэг байсныг нь үеийнхэн нь, багш нар нь ам уралдан ярьдаг билээ. Ингэж л тал нутгийн малчин айлын охин дэлхийн дуурийн урлагт цахиур хагалсан аж. Х.Уртнасанг дэлхийн томоохон театруудад дуулна гэдгийг сонссон үзэгчид түүний инээж, хөхөрч, баярлаж хөөрч, уйлж, гунигтайгаар дуулж байхыг үзэх гэж ирдэг болсон байна. Тоглолт үзэхээр ирсэн үзэгчид Х.Уртнасанг дуулахдаа хоолойн цар хүрээ нь дээшээ аль өнгөн дээр очиж байгаа, харин доод өнгийг хэрхэн авч чихэнд сонсголонтой хүргэж байгааг сонсох гэж л ирдэг болжээ. Х.Уртнасан маш богино хугацаанд “Чио Чио Сан” дуурийн эрвээхэй хатагтайн дүрээрээ дэлхийн шилдэг дуучин болж чадсан байдаг. Сонгодог урлаг тэр тусмаа дуурийн дууг хөгжүүлж байгаа улс орнууд “Чио Чио Сан”-г Монголын Х.Уртнасан шиг дуулуулах гэж, түүнийг үлгэр жишээ болгон ярьдаг болсон гэдгийг урлаг судлаачид онцлон ярьж байна лээ. Хагас зуун жилийн хугацаанд Х.Уртнасан шиг “Чио Чио Сан” дуурийн эрвээхэй хатагтайн дүрийг үзэгчдийн сэтгэл, зүрхэнд хүргэх дуучин төрөхгүй байгаа гэдгийг ч уулзсан хүн бүр ам бардам хэлэх юм.

ТЭР МОНГОЛЫН ДУУРИЙН УРЛАГТ ӨӨРИЙНХӨӨ ЗАЛГАМЖЛАГЧ “ЧИО ЧИО САН”-Г “ТӨРҮҮЛСЭЭР” БАЙНА

Х.Уртнасан 50 настай, хоолой нь цуцаагүй байхдаа гэнэт л тайзнаас буучихсан. Зодог тайлах болсон талаараа Х.Уртнасан гуай “Урлагт нэг бичигдээгүй хууль байдаг юм. Ерөөсөө ид гялалзаж байгаа, сайн байгаа, сайхан байгаа бүтээлчдийг л тайзан дээрээ тогтоож байдаг. За тэгээд жаахан гундаад ирвэл бичигдээгүй хуулиар бага багаар алсарсаар холддог. Тэгвэл миний хувьд тэгж бага багаар алсрах тэвчээр надад хүрээгүй юм. Миний багш, ардын жүжигчин, зууны манлай эмэгтэй Л.Цогзолмаа гуай намайг бүр арван хэдтэй байхад хэлж байсан. “За, жүжигчин байна гэдэг сайхан. Жүжигчин хүн цагаа олж тайзнаас буух явдал бол өөрийнхөө хийсэн бүтээлийг мөнхлөх агуу их ухаан байдаг юм шүү. Тэрэнд сайн суралцдаг юм шүү. Ээ дээ, тайзнаас бууна гэдэг хэцүү шүү” гэж. Тэгж байхад би хүүхэд байсан болохоор юу ч бодохгүй байсан. Гэтэл насны эрхээр миний алтан портнёрууд маань яваад яваад өглөө. Хавлааш маань гэж ардын жүжигчин байлаа, ардчилал эхлээд тэр маань Казахстан явчихлаа. Тэгж байтал Пүрэвдорж гуай маань багш болоод явчихлаа. Хайдав багш маань, Банди маань бас багш болоод явчихлаа. Ингээд ер нь миний портнёр цөөрөөд байнаа. Нэг харсан чинь, өө би гэдэг хүн гавьяат жүжигчин Ганхуяг эд нартай дуулж байна аа. Тэгээд бодсон чинь нэг л биш юмаа. Ганхуяг гэдэг чинь надаас бараг хорь дүү хүн биз дээ. Ингээд л дахиж тайзан дээр гарахгүй байх шийдвэр гэнэт гаргасан даа. Чулуун багшийгаа амьд сэрүүн дээр багштайгаа “Чио Чио сан”-аа нэг дуулаад л буусан. “…Одоо би арван тавтай..” гэж зохиол дээрээ дуулдаг хэсэг дээр “ ..Одоо би яг тавьтай” гээд дуулсан чинь үзэгчид нирхийгээд явчихсан. Тэгснээ чимээгүй болцгоочихсон. Тэгсэн дараа нь Чулуун багш “Үгүй чи юу гэж хэлээд үзэгчид хөхрөлдөөд унав аа” гэж билээ. Түүнээс хойш “Чио чио сан”-д гараагүй. Тэгэхийгээ ч мэдэж би хоёр гурван сайхан “Чио чио сан” бэлдсэн хүн дээ” гэв.

Х.Уртнасан зөвхөн дуулаад яваад байгаагүй. Өөрийнхөө дараагийн үеийг бэлтгэх гэж амьдралынхаа ихэнх цаг хугацааг зарцуулж явна. 1974 оноос хойш дуурийн сайн дуучин бэлтгэж байна. Түүний мундаг шавь нарын нэг нь Ардын жүжигчин Б.Жавзандулам. Х.Уртнасан өөрийн хамгийн хайртай дүрийн нэг “Чио Чио Сан” дуурийн эрвээхэй хатагтайн дүрээ шавьдаа залгамжлуулж өгсөн. Өөрийнхөө мэдэж, чадах бүх зүйлээ шавьдаа зааж өгсөн байдаг. Олон жил гадаадад хүүхдүүдтэйгээ амьдарч байгаад ирснийхээ дараа шавь Б.Жавзандуламыгаа дуулахыг үзэгчийн суудлаас сонсоод уйлж байсан гэдэг. Дорноговийн “Саран хөхөө” театрт ажиллаж байгаа гавьяат жүжигчин Л.Нарантуяа гэж дуучин бий. Сэлэнгэ аймгийн “Сэлэнгийн долгио” чуулгын дуучин гавьяат жүжигчин Д.Дагийсүрэн, гавьяат жүжигчин С.Мөнгөнцэцэг, Дуурь бүжгийн эрдмийн театрын гоцлол дуучин Б.Энхнаран гээд л түүний шавь олон. Залуу дуучин Б.Энхнарантай холбогдож багшийнх нь талаар асуухад “Багш маань их нарийн мэдрэмжтэй хүн шүү дээ. Аливаа зүйлд үргэлжид сэтгэлээсээ ханддаг. Сэтгэлд нь хүрэхгүй зүйлд дургүй. Бүх л зүйлийг хэмжээнд нь тултал гоё байлгах гэж хичээдэг. Тийм болохоор шавь нарыгаа аль ч талаар нь сайхан байлгах гэсэн сэтгэл нь үргэлж явж байдаг. Түүнийг шавь нар нь эхэн үедээ ойлгохгүй ч жил өнгөрөх тусам багшийгаа ихээр мэдэрч, сэтгэлд нь хүрэхээр их баярладаг. “Х.Уртнасан багш дээр чамайг хуваариллаа гэхэд нь би дотроо мундаг том хүн дээр очиж байна даа, одоо яана даа” гэж бодож байсан. Гэвч эхний өдрөөсөө л багшийгаа биширсэн. Багш их сайхан зүйл ярьж, зааж өгнө. Өөрийнх нь дуулсан бичлэгийг нь үзээд хэзээ ингэж дуулдаг болно доо гэж боддог. Багш шигээ дуулдаг болно гэдэг маш том уулын өндөр оргилд хүрэхтэй адил юм. Тиймээс анх багш дээрээ очсон өдрөөс эхлээд л сүр хүчийг нь мэдэрч эхэлсэн. Одоо ч мэдэрч байна. Цаашид ч мэдэрсээр байх болно. Миний багш Дуурийн урлагт маш том оргилыг бий болгосон дуучин. Тэр оргилыг гүйцэж давах дуучин одоогоор байхгүй” хэмээн ярилаа. Х.Уртнасан гуай 1984 онд Б.Ямпилов “Шидэт ваар” жүжгийг, 1991 онд өөрийнхөө гол дүрд нь тоглож дэлхийн шилдэг дуучин болсон “Чио Чио Сан”, 2002 онд Хөдөлмөрийн баатар Д.Лувсаншаравын “Хар Хорум” дууриудыг найруулан тавьсан байдаг.

АРДЧИЛАЛ СОНИНЫ АНХНЫ ЭРХЛЭГЧ С.АДЪЯАХҮҮ БУЮУ Х.УРТНАСАНГИЙН НАСАН ТУРШИЙН ХАНЬ

Х.Уртнасан гуай ээжийгээ дагуулаад дуучин болохоор хөдөөнөөс ирж, Ардын ансамбльд шалгалт өгчээ. Монгол Улсын ардын жүжигчин, урлагийн гавьяат зүтгэлтэн, хөгжмийн зохиолч Д.Мяасүрэн, Хөдөлмөрийн баатар Л.Цогзолмаа нарт шалгуулж байхад нь түүний ирээдүйн нөхөр Сандуйдоржийн Адъяахүү шүүгчдийн дунд сууж байсан гэдэг. Дуучны нөхөр Монголын залуучуудын төв хорооны зааварлагч хийж байгаад одоогийн Драмын театрын буюу Залуучуудын ордны орлогч даргаар ажиллаж байсан аж. Х.Уртнасан өрөөндөө дуучдын хамт сууж байтал Сандуйдоржийн Адъяахүү гуай ороод ирсэн гэнэ. Өрөөнд орж ирснээ “Цаг хэд болж байна вэ” гэж асуухад нь Х.Уртнасан гуай 10:11 цаг болж байна гээд бусдаасаа түрүүлээд хариулчихсан гэнэ. Тэр цагаас хойш тэдний хайр сэтгэлийн сэжим эхэлсэн гэдэг. Гэхдээ Хөдөлмөрийн баатар, ардын жүжигчин Н.Норовбанзад гуай С.Адъяахүү, Х.Уртнасан нарыг хооронд нь ойртуулж, дотно танилцуулж байжээ. Н.Норовбанзад гуайн нөхөр Банзрагч, түүний нөхөр С.Адъяахүү нар МУИС-ийн сэтгүүл зүйн нэг ангийн хоёр аж. Мөн Б.Явуухулангийн гарынх нь хоёр шавь юм байна. С.Адъяахүү, Х.Уртнасан нар хамтдаа нийтийн бүжгэнд явж, бүр чуулгын нийтийн бүжгийн аварга хосоор шалгарч байсан гэнэ. Тэдний хайр сэтгэл насан туршийн хамтын амьдрал ингэж л эхэлж байжээ. Тэд 1964 онд гэрлэж, дараа жил нь том охин А.Дамаа нь төрсөн байна. Мөн А.Гүнжав А.Жавзмаа нар нь хоёр насны зөрүүтэй аж. Түүний нөхөр С.Адъяахүү Өвөрхангай аймгийн Хайрхандулаан сумын хүн. “Ардчилал” сонины анхны эрхлэгч юм байна. 1990 онд Ардчилсан хувьсгал өрнөж байхад “Хонхны дуу”-ны Х.Цогтсайхан, Баасан лам, зураач Тэнгисболд, Д.Сосорбарам нарыг гэртээ цуглуулаад оройжин ярьж суудаг байсан аж. Бүр “Ардчилал” сонинг ганцаараа хийж байсан тохиолдол ч байдаг гэнэ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн бие төлөөлөгчөөр хүртэл ажиллаж байжээ.

Х.Уртнасан гуайг нөхөр С.Адъяахүү нь хайрлаж хүндэтгэж, аав, ээжээс нь дутахааргүй эрх дураар нь байлгадаг байсан гэдэг. Энэ талаар Х.Уртнасан гуай “Норовбанзадын нөхөр Банзрагч бид хоёр шиг тор бариад 20 дугаар дэлгүүрээс салдаггүй хүн алга гээд манай хүн хааяа гомдоллоно. Тэгэхээр нь “Одоо тэгээд яах билээ 45 хоног гадаад явна. 50 хоног бригад явна. Тэгээд гурван хүүхэд маань өлсөөд үхэх юм уу. Адилхан таван цагт тардаг эхнэртэй бол хамтдаа тороо бариад л явахсан” гэхээр чимээгүй болчихдог байсан. Би гурван хүүхдээ тээсэн, төрүүлсэн нь л үнэн. Миний өвгөн чинь их сайн хүн байлаа. Үе тэнгийнхнээсээ сонсдог л байсан. Нөхөр маань хардсан, зодсон гээд л. Миний өвгөнд ёстой тийм юм байгаагүй” гэсэн юм. Хүний амьдралд жаргал, зовлон ээлжилдгийн адилаар Зууны манлай дуурийн эмэгтэй дуучин, Ардын жүжигчин, Төрийн шагналт Х.Уртнасангийн ганц хүү А.Гүнжав, нөхөр С.Адъяахүү нь бурхны оронд очоод олон жил болж байгаа юм билээ. Одоо тэрбээр үр хүүхэд, ач, зээ нараараа хүрээлэгдэн жаргалтай амьдарч байна.

ТӨРСӨН ӨДРИЙН БЭЛГЭНД НОХОЙ АВСАН НЬ

Тэрбээр Узбекстаны дуурийн театрт уригдан “Тоска”, “Чио Чио Сан”, “Евгений Онегин” дуурьт дуулжээ. Хоёр дуурьт дараалан дуулаад дууссаны дараа тус театрын хамт олон төрсөн өдрийн мэнд хүргэсэн байна. Түүний санаанаас тэр төрсөн өдрийн баяр гардаггүй гэнэ. Түүнд театрынхан Чарли нэртэй овчарк бэлэглэж, удамшил болон эрүүл мэндийнх нь бичгийн хамт өгсөн байна. Ингээд Узбекээс Ленинградад очиж, дуулах ёстой байсан учраас нохойгоо Москва руу онгоцоор авч явж, Консулын газарт хүргэж өгсөн гэнэ. Ажлаа дуусгаад Монгол руу буцахдаа Чарлийг галт тэргээр авч явсан байна. Түүнээс хойш Чарли олон жил тэдний гэр бүлийн гишүүн болон амьдарсан тухай тэр дурссан юм.

Нар хэдийнэ жаргаж, бүрэнхий болж байхад бид Батсүмбэр сумаас Улаанбаатар руу хөдөллөө. Хаваржин ороогүй бороо биднийг явж байхад орсон юм. Шившээ зөөлөн бороо хөшиглөн намирч, ангасан хөрсөнд чийг өгч, бороо цайрсаар байлаа. Дэлхийн дуурийн ноён оргилуудын нэг, зууны манлай дуучин Х.Уртнасан “Нутагт минь сайхан бороо орж ган тайлагдлаа. Одоо ч малын зоо тэнийсэн сайхан зун болно доо” гээд л сэтгэл нь сэргэсэн байдалтай инээмсэглэн ярьж явлаа.