Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эмч нарын буруугаас гэдсэндээ мэс заслын хайч 13 жил “тээж” явсан Г.Амгаланбаатар харамсалтайгаар амь насаа алджээ

-ТАЛИЙГААЧИЙН ГЭДСЭНД ХАЙЧАА “МАРТСАН” ЭМЧ ХҮНИЙ ГАВЬЯАТ БОЛСОН ГЭВ-

Эмч нарын ажилдаа хариуцлагагүй, хайнга ханддаг алдаанаас болж хэвлийдээ 13 жил мэс заслын хайч тээж явсан Т.Амгаланбаатар гэх залуу өнгөрсөн оны аравдугаар сарын 15-нд амь насаа алджээ. Тэрээр 13 жил өвчин намдаах эм тариа хэрэглэж, турж эцэж, эмнэлгээс эмнэлгийн хооронд явсан байдаг. Сүүлдээ онош нь тодорхойгүй гэх шалтгаантайгаар өвчиндөө шаналсаар нартаас буцжээ. Хэнтий аймгийн харьяат Т.Амгаланбаатар гэх залуу 2004 онд Дорнод аймгийн Бүсийн оношлогооны эрүүл мэндийн төвд түгжрэл гэх оноштойгоор хэвтэн эмчлүүлжээ. Өөх, тостой хоол идээд хүйтэн ус ууснаас болоод түгжирч яаралтайгаар мэс засалд орсон байна. Тухайн үед Дорнод аймгийн мэс заслын их эмч Г.Хүрэлбаатар нарын баг түүнд мэс засал хийсэн байдаг аж. Ингэхдээ талийгаачийн хэвлийд мэс заслын хайчаа мартаад, гэдсийг нь оёчихсон байна.

Т.Амгаланбаатар эмнэлгээс гараад биеийн байдал нь сайжраагүйн дээр байнга л гэдэс нь дүүрч өвдөх, суулгах, цустай шингэн гарах, өндөр хэмтэй халуурах зэрэг шинж тэмдэг илрэх болжээ. Эмнэлэгт очоод үзүүлэхээр шинжилгээний хариу ямар нэгэн өөрчлөлтгүй гардаг байжээ. Гэсэн ч өдөр өдрөөр бие нь сульдаж, турж эцэн байнгын зовиуртай, илүү нэг хөдөлгөөн хийж чаддаггүй нэгэн болсон байна. Ийн явсаар өнгөрсөн есдүгээр сард УКТЭ-т үзүүлсэн байна. Энэ үеэр томографикийн зураг авахуулахад эмч нь “Хэвлийд чинь мэс заслын хайч нурууг нь дагасан байдалтайгаар үзүүр нь дээшээ хараад байрлаж байна. Энэ ямар учиртай юм бэ” хэмээн асуусан байна. Эндээс Т.Амгаланбаатарын байнгын өвчин зовиур, биеийн дархлаа нь мууддагийн шалтгаан тодорч, яаралтай мэс засалд оруулсан байна. Гэвч маш их цус алдаж, харамсалтайгаар амь насаа алдсан байдаг. Дээрх хэргийг Дорнод аймгийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид Эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Одоогоор мөрдөн байцаалтын ажиллагаа хийгдэж байгаа гэнэ. Тухайн үед мэс засал хийсэн эмч нарт эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа аж. Энэ талаар талийгаачийн эхнэрийнх нь дүү Т.Болорсолонготой холбогдож ярилцлаа.


-Танай эгчийн нөхөр хэвлийдээ 13 жил мэс заслын хайч тээж яваад үүнээсээ болоод амь насаа алдсан гэсэн. Энэ талаар танаас тодруулах гэсэн юм?

-Үнэхээр харамсалтай зүйл болсон. Хүргэн ах маань 2007 онд манай эгчтэй айл гэр болж хамтдаа амьдарсан. Манай эгч тухайн үед хоёр хүүхэдтэйгээ талийгаачтай амьдралаа холбосон юм. Харин тэр хоёрын дундаас дөрвөн хүүхэд төрсөн. Хүүхдүүд нь 2-8 настай. Эмч нарын буруутай үйлдлээс болоод дөрвөн хүүхэд аавгүй болж, эгч маань зургаан өнчин хүүхэдтэй үлдчихлээ. Үнэндээ амьдрал нь маш хүнд байна. Талийгаач ах манайд хүргэн болж ирэхдээ “2004 онд гэдэсний түгжрэл болоод аймгийн эмнэлэгт хагалгаа хийлгэсэн. Тэр хагалгаанаас хойш бие дээрдэхээ больж, байнга бие нь өвддөг болсон” гэж ярьж байсан. Эгчтэй анх сууж байхдаа ходоод, гэдэс өвдөөд байна гээд эм уугаад байдаг байсан юм. Эхлээд эмнэлгээр явж бүх төрлийн шинжилгээ өгдөг байсан. Шинжилгээний хариу нь биед нь ямар нэгэн өөрчлөлт гараагүй байна гэж гардаг. Тэгсэн мөртлөө байнга суулгадаг, цустай өтгөн гардаг. Халуурч, толгой нь эргэдэг, хэвлийгээр нь маш хүчтэй өвдөлт өгдөг байсан. Өвчнөөсөө болоод турж эцсэн, байнга л өвчин намдаах эм уудаг, тариа хийлгэдэг байсан. Сүүлийн хоёр жилийн хугацаанд бие нь дордож эхэлсэн. Мөн л эмнэлгээр явж шинжилгээ өгнө. Өнгөрсөн жил ар гэрийнхэн нь Улаанбаатар хотод очиж шинжилгээ хийлгэсэн. Тэгсэн томографик хийлгэх үеэр хэвлийд нь хайч байгааг мэдсэн байна лээ.

“ЭМЧ НАРЫН БУРУУГААС БОЛЖ ЗУРГААН ХҮҮХЭД ӨНЧИРЧИХЛӨӨ ШҮҮ ДЭЭ” ГЭВ

– Гэдсэнд нь байгаа хайчийг авахын тулд мэс засал хийсэн гэсэн. Эмч нар амь насыг нь аврах ямар ч боломж байгаагүй юм уу?

-Би дээр Улаанбаатарт ирэхээсээ өмнөх сүүлийн хоёр сар биеийнх нь байдал тааруу, ажил төрөл ч хийж чадахгүй гэртээ хэвтэж байсан гэдгийг хэлсэн. Аймгийн эмнэлэгт хэвтэн эмчлүүлж байхад нь асрагч эмэгтэй хайхрамжгүй байдлаасаа болж шат руу талийгаач ахыг маань унагачихсан байдаг. Асрагч эмэгтэй шатнаас унагаснаас болоод биеийнх нь байдал бүр муудсан. Тэгээд Улаанбаатар хот орж, Улсын төв эмнэлэг буюу нэгдүгээр эмнэлэгт очсон юм. Тэнд бүх төрлийн шинжилгээ хийсэн. Түүний нэг нь томографик хийлгэх байсан юм билээ. Зураг авахуулахаар орон дээр нь хэвттэл үзлэг хийж байсан эмч нь “Наад хүний чинь доор хайч байна. Тэр хайчийг ав” гэж эгчид хэлсэн байгаа юм. Орон дээр нь хайч байгаа юм байх гэж бодоод ах босоод хартал ямар ч хайж байгаагүй. Ингээд дахиад лавшруулаад хартал хэвлийн хэсэг нурууг нь дагаад босоо байрлалтай мэс заслын үзүүртэй хайч байсан гэсэн. Ингэж л 13 жил нойргүй хонож өвчиндөө шаналсан ах маань аймгийн эмч нарын буруутай үйлдлээс болж гэдсэндээ хайч тээж явснаа мэдсэн. Юу гэсэн үг вэ. Бүхэл бүтэн хүний биед эмч нар хайч үлдээчихээд эргүүлээд оёчихсон байсан гээд бод л доо. Эмч нарын хариуцлагагүй үйлдлээс болж ах маань энэ олон жил өвчиндөө шаналж, тарчилсаар амь насаа алдсан. ямар олон хоног нойргүй хонож, юунд бие нь өвдөөд байгааг мэдэхгүй, эм тариандаа олсон мөнгө төгрөгөө зарцуулж, хүргэх гэж яаж зовж байсан гэж санана. Манаач хийгээд хэдэн төгрөг олдог. Тэр мөнгөө эм тарианд зарцуулаад бурхан болох хүртлээ өөрийн гэсэн гэр оронгүй амьдарч байсан. Одоо зургаан хүүхэдтэй эгч маань орох оронгүй, амьдрал нь маш хүнд байна. Манаач хийж байсан газрынхаа байшингийн буланд олуулаа чихэлдэж амьдардаг байсан. Одоо ах бурхан болчихсон болохоор эгчийг тэр ажлаас нь гар гэх юм бол миний эгч зургаан хүүхдээ дагуулаад гудамжинд гарна. Том хүүхэд нь төрөлхийн саажилттай, одоо байнга хэвтрийн байдалтай байдаг. Хэрэв эмч нар талийгаач ахын минь хэвлийд мэс заслын хайчаа мартаагүй байсан бол өнөөдөр долоон хүн өнчирч, гудамжинд гарах дээрээ тулахгүй байсан. Бид 2004 онд мэс засал хийсэн эмч нарт гомдолтой байгаа. Эмч нар ажилдаа хайнга хандсанаас болж тэр хүн амь насаа алдсан шүү дээ.

-Дорнод аймгийн цагдаагийн хэлтсийнхэн дээрх хэргийг шалгаж байгаа гэсэн. Тухайн үед мэс засал хийсэн эмч нар одоо аймагтаа амьдарч байгаа биз дээ?

-Хүргэн ахын гэдсэнд хайчаа мартсан эмч нар аймагтаа амьдарч, ажиллаж байгаа. Бүр сая шинэ оны босгон дээр мэс заслыг гардаж хийсэн эмч нь гавьяат эмч болж Монгол Улсын Ерөнхийлөгчөөс шагнал авсан шүү дээ. Аймгийн цагдаа эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байгаа. Удахгүй энэ асуудал шийдэгдэж, гэм буруутай эмч нарт хариуцлага тооцох байх гэж найдаж байна.

-Талийгаач гэдсэндээ хайч байгааг мэдээд та бүхэнд юу гэж хэлсэн бэ?

-“Эмч нарын буруугаас болж мөн ч олон жил шаналж явлаа. Хэрэв эмч нар миний гэдсэнд мэс заслын хайчаа мартаагүй байсан бол өдийд би хүн шиг гэр оронтой, сайхан ажилтай, амьдралаа товхийлгээд зургаан хүүхдээ хэнээс ч дутахгүй авч явах байсан даа” гэж хэлээд уйлсан. Үнэндээ 13 жил тарчилж, эрүүл саруул болчих юмсан, юунаас болоод бие өвдөөд байгаа юм бол гээд л сэтгэл, санааны маш их хүнд дарамтанд өдөр хоногийг өнгөрүүлж ирснийг нь бид харж, мэдэрч байсан шүү дээ. Эмч нарт бид маш их гомдолтой байгаа.


Categories
мэдээ цаг-үе

500 саяын азтан Ж.Алтанзул: Хэдэн үеэрээ бусдад гэм хоргүй, зөв зам мөртэй явсны шагнал ингэж ирдэг юм байна

НӨАТ-ын урамшууллын сугалааны 500 сая төгрөгийн супер азтангаар “BSB” сервис компанийн Хүний нөөцийн менежер Ж.Алтанзул гэх эмэгтэй тодорсон билээ. Түүнд 500 сая төгрөгийн батламжийг энэ сарын 22-нд Сангийн дэд сайд Х.Булгантуяа, ТЕГ-ын удирдлагууд гардуулан өгсөн. Гэрийнхээ ойролцоох дэлгүүрээс 3450 төгрөгөөр зайрмаг зэргийг худалдан аваад азтан болсон Ж.Алтанзултай уншигч та бүхнийг уулзуулж байна. Түүний дансанд 500 сая төгрөг дөнгөж ороод 30 минут болж байхад нь ярилцахаар очиж таарсан байв.

-Юуны өмнө 500 сая төгрөгийн азтан болсонд баяр хүргэе. Анх өөрийгөө супер азтан болсон гэдгээ хэрхэн мэдсэн бэ?

-Би болоод манай гэр бүлийнхэн сүүлийн сар гаруйн хугацаанд хөл нь газар хүрэхгүй баярлаж, хөөрч, догдолсон хүмүүс байна. Гэнэт л их хэмжээний мөнгө сугалаагаар хожсон болохоор итгэж өгөхгүй явлаа. НӨАТ-ын урамшууллын сугалааны азтан болсондоо маш их баярлаж байгаа. Өнгөрсөн есдүгээр сарын 15-ны өдөр гэрийнхээ ойролцоох дэлгүүрээс орой 22:00 цагийн үед ундаа, зайрмаг авсан. Гэртээ сууж байснаа гэнэт зайрмаг идмээр ч юм шиг, эсвэл ундаа уумаар ч юм шиг цаанаасаа амттай зүйл идмээр санагдаад хувцсаа өмсөөд хүүгээ дагуулаад гарснаа тод санаж байна. Тэр дэлгүүрээс хүү маань зайрмаг аваад, би ундаа авсан. “DNTS” гэсэн нэртэй жижиг дэлгүүр байдаг юм. Тэгээд НӨАТ-ын баримтаа аваад гарсан. Би НӨАТ-ын баримтаа заавал нэхэж авдаг. Ер нь эмэгтэйчүүд тийм байдаг юм биш үү. НӨАТ-ын баримтыг үзэж байгаад тухайн үедээ “Зайрмаг нь ямар үнэтэй юм бэ” гэж бодогдож байсан. Торхтой зайрмаг 1650 төгрөгийн үнэтэй санагдсан л даа. Нийтдээ 3450 төгрөгийн үнэтэй зүйл авсан юм. Манай гэр бүлийнхний хувьд баримтаа цуглуулж байгаад бөөнд нь бүртгүүлдэг. Тухайн үед баримтаа хэд хоногийн дараа бүртгүүлсэн санагдаж байна. Өнгөрсөн жил НӨАТ-ын буцаалтаар 100 мянга арай хүрэхгүй мөнгө эргүүлэн авч байлаа. Тэр үед шатахуун авчихаад баримтаа авахгүй яваад өгдөг ч юм уу, орон сууцны төлбөр төлсөн баримтаа огт хийдэггүй байсан байдаг. Бид хоёр жилийн өмнө хүүтэй болсон. Хоёр жил гаруйн хугацаанд гэртээ хүүхдээ харж байгаад ажилдаа ороод удаагүй байна. Манай ажлынхан ер нь НАӨТ-ын сугалаанд их азтай байдаг. Үүнээсээ болоод НӨАТ-ын сугалаанд ач холбогдол нэлээд өгнө. Манай хэлтсийнхэн 20-500 мянган төгрөгийн азтан болсон хоёр гурван ч хүн бий. Манай ажлын нэг залуу байдаг юм. Маш идэвхтэй баримтаа цуглуулж бүртгүүлдэг. Тэр залуу хоёр гурван ч удаа азтан болсон. Тэгээд би нөхөртөө “НӨАТ-ын баримтаар манай ажлын залуу азтан болсон байна” гээд хэд хэдэн удаа ярьсан. Өнгөрсөн аравдугаар сард НӨАТ-ын азтан шалгаруулах тохирол болсон. Тэр үеэр манай нөхөр залгаад “Сая тохирол болсон гэнэ. Чи бүртгэл рүүгээ ор. Ямар нэгэн зүйл хожсон байна уу” гэсэн. Би орсон чинь ямар нэгэн зүйл хожсон мэдээлэл байгаагүй. Маргааш нь ажил дээрээ ирээд ажлынхнаасаа “Сугалаанд мөнгө хожсон уу” гээд асуулаа. Үгүй ээ гээд л урам муутайхан хариулж байна. Тэгээд ажил дээрээ сууж байгаад нөгөө бүртгэл рүүгээ дахиад орж үзмээр санагдаад болдоггүй. Орсон чинь “Та 20 мянган төгрөг хожсон байна” гээд гараад ирсэн. Анх удаагаа сугалаанд мөнгө хожиж байгаа болохоор бөөн баяр болсон.

Ажлынхандаа “Би сугалаанд 20 мянга төгрөг хожсон байна” гэж хэлээд л манайхан намайг дагаж баярлаад хэсэгхэн зуур нэлээд бужигнаад авсан. Манайхны зарим нэг нь “Нэг хожсон бол дахиж сугалаанд хожихгүй юм байна лээ” гээд л хэлж байгаа нь сонсогдсон. Яг тэр мөчид надад “Энэ 20 мянган төгрөгийн сугалаа миний дахин азтан болох эхлэл ч юм бил үү” гэж зурсхийгээд бодогдсон. Гэртээ хариад нөхөртөө орой нь хэлсэн “Өө чи 500 саяыг хожоогүй байсан юм уу” гээд шоолоод инээгээд байсан. Би ч бас мөчөөгүй өгөхгүй “Хүн сугалаанд анх удаа хожоод байхад” гээд л тунирхаад манай хүн намайг аргадаад духан дээр үнсээд, инээж хөгжилдөж байгаад унтацгаасан. Маргааш өглөө нь ажилдаа очлоо. 11:00 цаг өнгөрч байтал гар утас руу танихгүй дугаараас залгадаг юм байна. Утсаа авсан нэг хүн залгаад “Гааль, татварын газраас ярьж байна. Та өөрийнхөө НӨАТ-ын баримтын бүртгэл рүү нэг ороод үзэхгүй юү. Та орж үзчихээд над руу залгаарай” гэж хэлсэн. Тэр үед их сонин юм бодогдсон. Эхлээд 20 мянган төгрөг хожчихоод харж байхад ойролцоогоор 11 мянган хүн хожсон байгаа харагдсан. Тэгээд “20 мянган төгрөг хожсоны төлөө залгаж байгаа юм байх даа. Энэ байгууллага их олон ажилтантай юм байх даа. Сугалаанд хожсон хүн болгон руу ярьдаг юм байхдаа” гээд л бодсон. Тэгээд бүртгэл рүүгээ ортол 500.020.000 төгрөг хожсон байна гэсэн бичиг гараад ирсэн. Эхлээд хараад итгээгүй. 5-ын тооны ард баахан тэгийн тоо байснаа 20 гээд бичсэн байдаг юм. Би ч өрөөндөө байдаг хоёр хүнд үзүүлсэн. Надад итгэхгүй “Та худлаа тоглоод байгаарай. Зурган файл байна шүү дээ. Наанаасаа гар” гэцгээсэн. Би ч гараад дахиад орлоо. “Та сугалаагаа идэвхижүүлнэ үү” гэсэн бичиг гараад ирсэн. Тэрэн дээр нь дарахаар дахиад л нөгөө олон тоо чинь ярайтал гараад ирсэн. Нөгөө дугаар руу залгаад “Надаар тоглоод байгаа юм уу” гэсэн. Тэгсэн нөгөө хүн “Юу гэж тоглодог юм бэ. Та манай ажил дээр яваад ир” гэж хэлсэн. Ингэж л анх 500 сая төгрөгийн азтан болсон.

-Тэгээд юу болсон бэ. 500 сая төгрөг сугалаагаар хожсон гэдгээ хамгийн түрүүнд хэнд хэлсэн бэ?

-Эхлээд нөхөр рүүгээ залгасан. Тэгсэн утас нь ярьж байгаа дохио өгөөд байв. Тэгэхээр нь ээж рүүгээ залгаад “Ээжээ охин нь НӨАТ-ын сугалаанаас 500 сая төгрөг хожсон байна” гэж хэлээд л, ээж ч дуу алдаад бөөн баяр хөөр болсон доо. Гааль, татварын газраас намайг бичиг баримт, бүртгүүлсэн талоноо аваад хүрээд ир гэсэн. Тэгээд нөхөртөө хэлсэн. Ингээд гэр рүүгээ такси барьж яваад баримтаа аваад очсон. Гэр хүрэх хооронд нөхөр маань над руу хэд хэдэн удаа утсаараа залгаад “Чи тоглоод байгаа юм уу. Би ажлаасаа гараад очлоо шүү” гээд л итгэхгүй байсан. Ингээд Гааль, татварын газрын үүдээр яваад ортол хүмүүс “Азтан хүрээд ирлээ. Танд баяр хүргэе” гээд л гар бариад эхэлсэн. Энэ үеэс л өөрийгөө 500 сая төгрөг хожсон гэдэгтээ итгэж эхэлсэн дээ. Миний бичиг баримтыг маш нарийн судалж үзээд куор тоотой баримтыг баталгаажуулсан. Ингээд “Шаардлагатай бүх баримт нь бүрэн байна” гэж хэлсэн. Азтан болсон гээд өнгөрсөн долоо хоногийн баасан гариг хүртэл хүлээсэн. Тэгсэн Сангийн яамны дэд сайд батламж гардуулж баталгаажуулсан даа.Манай гэр бүлийн хүн Сэргээн засал, сургалт үйлдвэрийн төвийн Санхүүгийн албаны дарга ажилтай, Ууганбаяр гэж сайхан хүн бий. Би мөнгөө авчихаад тэгнэ, ингэнэ гэж ярихаар “Чи мөнгөө гар дээрээ авсныхаа дараа л тийм зүйл авна, тэгнэ гэж ярь” гэнэ. Гэсэн ч дахиад л би ярьчихсан, төлөвлөчихсөн сууж байна. Гэхдээ нэн түрүүнд хоёр талынхаа ээжүүдийг баярлуулна. Манай нөхрийн ажиллаж байгаа Сэргээн засал, сургалт үйлдвэрийн төвд дандаа хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүд ирдэг. Эдгээр эмзэг давхаргын гэж хэлж болох хөгжлийн бэрхшээлтэй хүүхдүүдэд чадах чинээгээрээ тусална гэж бодож байгаа.

-Та аль нутаг усны хүн бэ. Өөрийнхөө удам судрыг танилцуулахгүй юу?

-Миний аавын аав нь Завхан аймгийн Дөрвөлжин сумын уугуул Натархүү гэж хоёр дайнд оролцож байсан сайхан буурай байсан даа. Төмөр замын архивын эрхлэгчээр олон жил ажилласан хүн. Өвөө минь энгэрээрээ дүүрэн одон медаль гялалзуулсан хүн байсныг би санадаг юм. Бага залуудаа лам байсан гэж аав минь надад ярьдаг байсан. Миний аавыг бага байхад нь ээж нь бурхан болчихсон юм байна лээ. Өвөө минь дөрвөн хүүгээ хэнээс ч дутахааргүй өсгөж хүмүүжүүлсэн. Бас хүүхдүүддээ хойд ээжийн бараа харуулахгүй гээд эмээгээс минь хойш хүнтэй суугаагүй ачтай буянтай хүн байсан. Харин аав минь айлын бага хүү, Төмөр замын XX сургуулийг төгссөн Н.Жанчивдорж гэж хүн байсан юм даа. Аавыг минь хүмүүс “цоорхой” гэж хочилдог байлаа. Дөрвөн жил хичээлдээ тааруу сурч байгаад гэнэт сайжирч, онц сурлагатан болчихсон юм байна лээ. Үүнээс болоод ангийнхан нь “цоорхой” гэдэг хоч өгсөн гэдэг. Харин миний ээж Булган аймгийн Баян-Агт сумын гарвалтай хүн. Ээжийн аав буюу миний өвөөг Бадарч гэж хүн байсан. Бас л бага насандаа Улаанбаатар хотод ирээд суурьшсан хүн. “Буурал Бааяа” гэж хүмүүс авгайлдаг. 11 хүүхэдтэй, мөн л эхнэр нь хамгийн бага хүүхдээ гаргаад бурхан болчихсон. Хүүхдүүдээ ганцаараа өсгөсөн хүн бий. Миний ээж дүү нараа яг л ээжийн хайраар өсгөж хүмүүжүүлсэн байдаг. Ийм л удам судартай хүн дээ. Миний аав, ээж хоёр нэг байрны, нэг сургуулийн, нэг үеийнхэн байсан. Тэгээд л бие биедээ дасаж, гэр бүл болсон юм гэнэ лээ. Миний ээжийг Б.Эрдэнэцэцэг гэдэг. Миний өмөг түшиг, тулгуур багана минь болсон хүн. Ээж 12 настайгаасаа л улсын циркийн жүжигчин хийсэн. Авсан цалингаараа өвөөтэй минь хамт дүү нартаа зарцуулдаг. Монголын хамгийн залуудаа буюу 32 настайдаа тэтгэвэрт гарсан хүн бий. Ээж одоо ч цирк, уран нугаралтаа орхиогүй. Олон шавь бэлтгэн гаргаж байгаа буянтан даа. Харин би Улаанбаатар хотын унаган хүүхэд. Миний хүүхэд нас Төмөр замд өнгөрсөн. 1980 онд аав, ээжийнхээ ууган хүүхэд нь болж мэндэлсэн. Доороо нэг эмэгтэй дүүтэй. Төмөр замын сургуулиа төгсөөд “Боловсрол” гэдэг нэртэй их сургуулийг сэтгэл судлаач мэргэжлээр төгссөн.

-“BSB” сервис компанийн хүний нөөцийн менежер хийдэг юм байна лээ. Өмнө нь хаана ажиллаж байсан бэ?

-Дээд сургуулиа төгсөөд хүүхдийн Найрамдал төвд ажилд орсон. Хүүхдүүдийн гэгээн орчинд амьдралынхаа гурван жилийг өнгөрүүлсэндээ маш их баярлаж явдаг. Бүлгийн удирдагч, эрхзүйч гээд “Нарамдал”-д олон ажил хийсэн. Ажлаасаа сурах гээд гарч байсан даа. Хэрэв мэргэжлээ солих талаар бодож, КТМС-д сураагүй байсан бол би одоо ч хүүхдүүд дунд байх байсан гэж боддог. Хүний нөөцийн менежерийн мэргэжлээр 2007 онд төгссөн. Тэгээд 2010 оноос эндээ ажилд орсон доо.

-Нөхөртэйгөө анх хэзээ танилцаж байсан бэ. Нэлээд хожуу гэрлэсэн гэж түрүүнд уулзахад ярьж байсан?

-Тийм ээ. Бид хоёр нэлээд хожуу ханилсан хоёр байгаа юм. Манай дээд ангид сурч байсан. Бид хоёр адилхан сэтгэлзүйч мэргэжилтэй юм. 2013 онд манай оюутан ангийнхан уулзсан. Тэр үед нөхөртэйгөө дахин уулзсан. Манай ангийн охидоор дуудуулж байгаад л надтай уулздаг байсан. Тэгээд л хамтдаа амьдарч, хоёр жилийн өмнө бид хоёр анхныхаа хүүхдийг гаргаад байна даа.

-Та гурван сая хүнтэй монголчуудаас азтан болж 500 сая төгрөгийн эзэн боллоо. Азтан болсонд таны юу нөлөөлсөн гэж бодож байна вэ?

-Олон л шалтгаан байна. Хоёр өвөөгийн минь удмын буян заяа ирсэн байх. Нэг өвөө маань эрэлхэгээр эх орноо хамгаалж явсан. Харин нөгөө өвөө минь галт тэрэгний зүтгүүрийн депод насаараа ажиллаж, аюулгүй байдлыг хамгаалж, олон хүний амь нас эрсдэх аюулаас хамгаалж явсан. Нөгөө талаасаа ээжтэйгээ холбож үзэж байгаа. Дүү нараа ээжийн хайраар дутаалгүй өсгөсөн. Одоо “Цэцэгс” гээд уран нугаралтын дугуйлантай. Олон хүүхдийг циркийн алтан тайз руу хөтлөн гаргах, ажил амьдралд зүг чиг болгох гэгээн үйлс бүтээж яваа хүн шүү дээ. Бас сайн ханийн буян заяа ч харж байгаа биз ээ. Миний гэр бүл хэдэн үеэрээ бусдад гэм хоргүй, зөв зам мөртэй амьдралыг туулж яваа эгэл жирийн л айл. Үүний шагнал ингэж ирдэг юм байна. Энэ болгон надад азтан болох гол нөлөө үзүүлсэн болов уу гэж бодож байна даа.

-Та 500 сая төгрөгөө аваад хэдхэн минут болж байна гэсэн.Яг одоо юу гэж хэлмээр байна вэ?

-Би энэ сугалааны журмыг боловсруулж, төслийг хэрэгжүүлсэн хүмүүст баярлалаа гэж хэлмээр байна. Бид өмнө нь улс татвараа иргэд, аж ахуйн нэгжээс авахад татварын хоёр хувийн буцаан олголтыг авч чаддагүй байсан. Тэгвэл НӨАТ-ын буцаан олголт хийгдэж авч чаддаг болчихлоо. Маш их хэл аманд өртөж байгаач ард иргэдэд сугалаагаар дамжуулж амьдралд нь тус нэмэр болж байгаа татварынхандаа баярлаж талархаж байгаагаа хэлмээр байна.

Бас Монголын ард түмэнд баярлалаа гэж хэлмээр санагдаж байна. Яагаад гэвэл монголчуудын татварт төлсөн мөнгийг би авчихсан байгаа шүү дээ. Би энэ мөнгийг улс эх орондоо хэрэгтэй зүйлд зарцуулж, эргээд татвараа төлдөг болохыг мөрөөдөж байгаа. Тэр мөрөөдөлдөө хүрэх байх.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Отгонтэнгэрийн ослоос амьд үлдсэн уулчид одоо хүртэл “шок”-ноосоо гараагүй байна

-17 УУЛЧИН АМИА АЛДСАН ХЭРГИЙН МӨРДӨН БАЙЦААЛТ ДУУСЧ, ХЭРГИЙГ ПРОКУРОРТ ШИЛЖҮҮЛЭХЭЭР БОЛЖЭЭ-

Завхан аймгийн Отгон сумын нутаг Отгонтэнгэр хайрханд авирсан 17 уулчин осолдож, харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг энэ оны аравдугаар сарын 21-нд гарсан билээ. Тухайн үед нийт 27 уулчин Отгонтэнгэр уул руу авирсан байдаг. Үүнээс арван уулчин ослоос эсэн мэнд үлдсэн юм. Амьд үлдсэн арван уулчин одоог хүртэл ослын талаар ямар нэгэн зүйл яриагүй байгаа. Хэргийг улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс шалгаж байгаа. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр 17 уулчин харамсалтайгаар амь насаа алдсан хэргийн мөрдөн байцаалтын ажиллагаа дуусах шатандаа орсон гэнэ. Хэргийн газарт үзлэг хийсэн шинжээчид “Мөсөн хавтангийн нуралт үүссэнээс болж 17 уулчин амь насаа алдсан. Уулчид Отгонтэнгэр уулын орой дээрээс буухдаа хадтай хавцалын ирмэг хэсгээр явсан нь осолдох гол шалтгаан болсон байна. Талийгаач нар хавцал руу шидэгдэж амь насаа алдсан. Ослоос хүн амьд гарах ямар ч боломж байхгүй” гэх утга бүхий дүгнэлт гаргажээ.

Амьд үлдсэн арван уулчныг Улаанбаатар хотод авчирсны дараа шууд Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд сэтгэл сэргээн засах эмчилгээ хийлгэсэн байдаг. Одоогоор тэд бүгд тус тусынхаа ажлыг хийж байгаа аж. СЭМҮТ-ийн эмч нарын хэлж байгаагаар “Манай эмнэлгээр эмчлүүлсэн уулчид сэтгэл санааны гүн хямралд орсон байсан. Бид сэтгэл санааны сэргээн засах эмчилгээ хийсэн. Гэхдээ эмчлүүлэгчид шөнө нойргүйдэх, хар дарж зүүдлэх, өдөр нь сэтгэл санаагаар унаж, ослын талаар байнга бодох гээд маш хүнд байсан.Эмнэлгийн зүгээс шаардлагатай эмчилгээг хийсэн. цаашид арван уулчны сэтгэл хямралын асуудал өөрсдөөс нь шалтгаална” хэмээн хэлж байна лээ. Бид Отгонтэнгэр ууланд гарсан ослын талаар амьд үлдсэн уулчидтай уулзаж, заримтай нь холбогдсон боловч ямар нэгэн мэдээлэл өгөхөөс эрс татгалзаж байв. Мөн “Сэтгэл санааны хувьд одоо ч хүнд байгаа. Энэ талаар ярьмааргүй байна”гэх хариулт өгч байв. Амьд үлдсэн уулчдаас ослын талаар асуух үед царай нь хувирч, гар хөл нь салгалж байсан юм. Мөн тайвшруулах эм бэлдмэл ч ууж байгаа гэдгээ бидэнд хэлж байлаа. Уулчдын ар гэрийнхэн “Бидэнд ослын талаар одоо хүртэл ярихгүй байгаа. Юунаас болж осол гарсан гэдгээ ярихыг хүсдэггүй. Эмч нар ч энэ талаар битгий асууж шалгаагаарай гэж хэлсэн. Отгонтэнгэрт явж байх үеийн зургийг хүртэл үзүүлэхгүй байгаа” хэмээн ярьсан юм. өөрөөр хэлбэл, уулчид шокноосоо одоо хүртэл гараагүй байна лээ. Амьд үлдсэн арван уулчныг Отгон сумаас Улаанбаатар хотод авчирч арав гаруй хоног эмчилгээ хийсэн гэдгийг дээр дурдсан. Тэд эмнэлгээс гараад хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээллийг уншаад мөн л “шок”-нд орсон гэх мэдээлэл байсан юм. Мөн талийгаачдын ар гэрийнхэн амьд гарсан уулчид руу утсаар ярих, мессэж бичиж “Чамаас болж миний хань амиа алдсан. Та нар яах гэж ууланд авирах гэж явсан юм бэ. болж би хайртай хань, хүүхдээ алдчихлаа. Та нар яагаад сэтгэл гаргахгүй байгаа юм бэ” гэх зүйлсийг бичсэн тохиолдол ч цөөнгүй гэнэ.

“БИД ОТГОНТЭНГЭР УУЛАН ДЭЭР ГАРЧИХААД МАШ ИХ БАЯРЛАЖ ХӨӨРСӨН”

Хэргийг шалгаж байгаа Улсын мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагч нарт ослоос амьд үлдсэн арван уулчид хэргийн талаар мэдүүлэг өгсөн байдаг. Энэ талаар бид сурвалжилснаа эргэн сануулахад “Оргил өөд”, “Хамтдаа алхацгаая”, “Хайрхан”, “DCI hiking” уулын клубынхан хоорондоо ярилцаж байгаад Отгонтэнгэр хайрханд авиралт хийхээр болжээ. Тэд жил бүрийн намар Монгол орны өндөрлөг ууланд бөөнөөрөө авирч байхаар тохиролцсон гэнэ. Мөн тус тусдаа ууланд авирч байхаар олуулаа явж ууланд авирах нь илүү үр дүнтэй хэмээн үзжээ. Ингээд аравдугаар сарын 17-ны өглөө Сүхбаатарын талбайгаас хөдөлцгөөсөн байна. Тэд Баянхонгор аймагт хоноглоод Завхан аймгийн Отгон сумын нутаг байгаль хамгаалагчийн гэрт аравдугаар сарын 2-ны орой ирцгээжээ. Байгаль хамгаалагчийн гэрт зарим нь хоноглож, гэрийнх нь гадаа майхан, машиндаа үлдсэн нь унтаад өглөө 07:00 цагт Бадархундага нуурын эхэнд машин, жолооч нараа үлдээгээд уул руу авирсан байна. Тэд орой 16:00 цагийн орчимд уулын орой дээр гарч зураг хөргөө авахуулжээ. Энэ талаар уулчид “Бид уулын орой дээр гараад маш их баярлаж хөөрсөн. Үнэхээр сайхан хайрхан юм аа. Ёстой сайхан байна. Алив миний зургийг дараарай. Ажлынхаа туг далбаатай зургаа авахуулна шүү. Бөөнөөрөө зургаа авахуулъя” гээд л аз жаргалаар дүүрэн байсан. Зорьсон хэргээ бүтээгээд үнэхээр гайхамшигтай сайхан мэдрэмж төрж байлаа. Бүр зарим нь уулан дээр гараад уйлсан шүү. ингээд бид цаг гаруй болсны дараа гурван олсонд ороод буухаар болсон. Ахлагч Сүрэнжавын ахалсан багийнхан эхлээд буусан. Араас нь найман хүний бүрэлдэхүүнтэй баг уулын уруу цасан дээгүүр буусан. Бид ч араас нь буусан. Манай багийн ахлагч аппаратаа далд хийх гээд хэдхэн секунд зогссон. Гэнэт л тэнгэр нүргэлж байгаа юм шиг дуу чимээ гараад тас хийгээд л явчихсан. цагаан манан татаад л хүмүүсийн хашгирах дуу сонсогдсон. Хоёр олсны 17 хүн бүгд нүдний өмнө цас мөстэй хамт хашгиралдаад л уулын хавцал руу унасан. Хүмүүсийн хашгирч орилж байгаа дуу одоо хүртэл надад сонсогдох шиг болдог. Тэр дундаа талийгаач Б гэх эмэгтэйн ээжээ гээд маш чангаар хашгирсан дуу дандаа бодогдоод зүрх зүсэгдэх шиг болдог юм. Хэдхэн секунд “шок”-нд орсон. Яг үнэндээ бүгд хавцал руу нисэж хашгирч байгаад чив чимээгүй болсон. Хашгирах дуу дахиж ерөөсөө сонсогдоогүй. Бидний урд явсан хүн урагшаа аажуухан алхаад хавцал руу тонгойж харсан. Гэтэл дахиад мөс цөмөрч хавцал руу унасан. Хавцал руу хүчтэй татагдаж бүгдээрээ унах шахсан. “Хавцал руу унасан хүн хашгираад бид ч дагаж хашгираад хойшоо зүтгэсэн. Ёстой л өөрт байгаа бүх хүчээ шавхаад л зүтгэсэн. Хэн нэг нь л буруу хөдөлбөл бүгд хадан хавцал руу нисэх аюул байсан. Бага багаар арагшаа цахалж татсаар арай гэж унасан нэгнээ гаргаж ирсэн. Бид маш их айж сандарсан. Шөнөжин зогсоогоороо хоносон. “Амьд л гардаг юм шүү. Тэсээрэй” гэж бие биенийгээ зоригжуулж байсан. Гар, хөл эхнээсээ хөшиж, хайрагдсан. арай гэж л үүр цайлгасан. Амьд үлдсэн уулчид гар, нүүрнээсээ эхлээд маш олон газраа хайрагдаж, бэртэл гэмтэл авсан. Амьд гарахын төлөө, амьдрахын төлөө тэмцэлдэж үүр цайлгасан даа. Арай гэж уулнаас буусан. өгсөж ирсэн замаараа бууцгаасан. тусламж дуудаж, хоёр туршлагатай уулчин маань эргээд Отгонтэнгэр рүү явсан. цасан нурангинд нэг ч хүн амьд үлдээгүй гэдгийг бид анхнаасаа мэдэж байсан. Хайран сайхан хүмүүс харамсалтайгаар амь насаа алдсан. Тэд амь насаа алдахаас хэдхэн минутын өмнө бүгд инээлдээд л аз жаргалтай байсан” гэх утга бүхий мэдүүлэг өгсөн байна лээ. Тэд мөн “Байгаль орчны байцаагч биднийг уул руу битгий гар гэж хориглосон. Дөрвөн эмэгтэйгээ машинд нуусан байсан” гэх зэргээр худлаа ярьсан байна лээ. Биднийг уул руу гарахад хэн ч хориглоогүй гэж цагдаа нарт мэдүүлсэн аж.

Отгонтэнгэр ууланд гарсан ослоос амьд гарсан арван уулчин хэзээ нэгэн цагт ослын талаар ярих биз ээ. Олон асуултын хариултыг тэд хэлж, тухайн үед болсон зүйлсийг нарийвчлан олон нийтэд ярих байх. Одоогоор сэтгэл санааны гүн хямрал нь гараагүй, өдөр хоногуудыг хар дарсан зүүд шиг л өнгөрүүлж байгаа гэсэн. цасан шуурганы дараа тэнгэр цэлмэдэг шиг удахгүй бүх зүйл сайхан болох биз ээ. Сэтгэлд үлдсэн гүн шархыг цаг хугацаа л анагаадаг билээ.

Categories
мэдээ цаг-үе

“АСЕМ”-ын гэх хэрэг бий болж, томоохон албан тушаалтнуудыг АТГ, цагдаагийнхан шалгаж эхлэх бололтой

-АУДИТЫН ШАЛГАЛТААР 14.8 ТЭРБУМ ТӨГРӨГИЙН ЗӨРЧИЛ ИЛЭРЧ, ЭРСДЭЛИЙН ҮНЭЛГЭЭ ХИЙХЭЭР БОЛЖЭЭ-

Аудитын шалгалтын дүнгийн талаар албан эх сурвалжаас авсан мэдээллээр “АСЕМ”-ын уулзалтыг зохион байгуулсан хүмүүс хувьдаа их хэмжээний мөнгө завшсан байж болзошгүй ноцтой баримт шалгалтын явцад тогтоогдсон гэдгийг онцолж байв. Ирсэн зочид буух буудал, цагаан хэрэглэлээс эхлээд хоол унд, унаа тэрэг, хуралд оролцож байгаа орнуудын туг далбаа, үзэг бал, бэлэг дурсгалын зүйлс, зөөгч, жолооч нарын хувцас, хамгаалагч нарт тусгайлан хийсэн хувцас гээд бүх зүйлийг зах зээлийн үнээс хэд дахин өндөр үнээр худалдан авсан гэх ноцтой зөрчил шалгалтын явцад илэрсэн байдаг аж. Үүнийг холбогдох газрууд нэлээд нууцалж байгаа гэх мэдээлэл байна. “АСЕМ”-ыг зохион байгуулсан Ерөнхийлөгчийн Тамгын газрын ажилтнууд, Гадаад харилцааны яамны дарга нар хамгийн их “шахаа” хийсэн байдаг гэнэ. Зөвхөн “АСЕМ”-ын лого бүхий арьсан цүнх, үзэгний гэрийг гэхэд нэг хүн нь хариуцсан байдаг аж. Гэхдээ маш өндөр үнээр захиалга өгч хийлгэсэн хэмээн тайландаа дурдсан байна. Харин хурлын танхимд ашиглагдах ширээ сандал, дэлгэц, бусад шаардлагатай чихэвч, микрафон зэрэг тоног төхөөрөмжийг нэг хүн нь хариуцсан байгаа гэнэ. “АСЕМ”-ыг ерөнхий том зургаар нь харвал Ерөнхийлөгчийн Тамгын газар, Гадаад харилцааны яамны цөөн хэдэн удирдах албан тушаалтан бүхий алба хаагчид бараа бүтээгдэхүүн нийлүүлэх нэрийн дор бүх ажлуудыг нь хувааж аваад дундаас нь онц их хэмжээний мөнгө “идсэн” байж болзошгүй гэмт хэргийн шинжтэй үйлдэл харагдаад байгаа аж. Ямар ч хүн харсан шууд л улсын мөнгийг хувьдаа завшсан байх гэсэн хардлага төрөхөөр санхүүгийн тайлан тооцоог компани аж ахуйн нэгжүүд гаргажээ. Дээрх зүйлсийг батлах мэт ноцтой зүйл нь АСЕМ-д шаардлагатай зүйлс худалдан авахдаа бараа, ажил, үйлчилгээг нээлттэй тендер шалгаруулалтын журмыг зөрчиж шууд худалдан авалт хийсэн гэдгийг Үндэсний аудитын газраас мэдэгдсэн юм.

НЭГ АВТОБУСЫГ 302 САЯ ТӨГРӨГӨӨР ХУДАЛДАН АВЧЭЭ

АСЕМ-д зориулж, БНСУ-аас 45 хүний суудалтай 43 автобус худалдан авсан байдаг. Өнөөдрийн ханшаар 13.7 тэрбум төгрөгийн өртөг бүхий 43 автобусыг БНСУ-ын “Хьюндай” компаниас тусгай захиалга өгч, худалдан авсан байдаг. Автобусуудыг Солонгосын “Экзим” банкны хөнгөлөлттэй зээлийн хөрөнгөөр худалдан авах гэрээ хэлэлцээр хийсэн гэнэ. “Экзим” банкнаас 5.5 сая ам.долларын зээл авчээ. Санхүүгийн шалгалтаар автобус тус бүрийг 302 сая төгрөгөөр худалдаж авсан нь тогтоогдсон байна. Шуудхан хэлэхэд, дэлхийд хаана ч байхгүй хэт өндөр үнээр автобус худалдаж авсан болох нь шалгалтын явцад тогтоогджээ. Хэдэн жилийн өмнө нийтийн тээврийн салбарт шинэчлэл хийж 400 гаруй автобус шинээр худалдан авч байсан. Тухайн үед 400 гаруй автобусыг 38 тэрбум төгрөгөөр буюу нэг автобусыг 65 сая төгрөгөөр худалдан авсан байдаг. Гэтэл “АСЕМ”-д зориулж, БНСУ-аас 45 хүний суудалтай 43 автобусыг дээрх автобуснаас хэд дахин өндөр үнээр худалдаж авсан байгаа нь холбогдох албан тушаалтнууд үүнээс онц их хэмжээний мөнгө хувьдаа завшсан байж болзошгүй гэх ноцтой санхүүгийн баримт илрээд байгаа гэдгийг албаны эх сурвалж онцолж байсан юм. БНСУ-ын “Хьюндай” компани сүүлийн арав гаруй жилд худалдаанд гаргасан автобусныхаа үнийг нэмээгүй гэх мэдээлэл байгаа аж. Тиймээс “АСЕМ”-д зориулж БНСУ-аас 43 автобус авахдаа есөн тэрбум төгрөг хувьдаа завшсан байж болзошгүй нөхцөл байдал бий болоод байгаа гэнэ. Үүнийг батлах нэг зүйл нь “АСЕМ”-д хэрэглэсэн 43 автобус Засгийн газрын автобаазын хашаанд хоёр жил гаруйн хугацаанд ашиглагдаагүй, тоос шороондоо дарагдаад “хэвтэж” байгаа юм. Уг нь нийтийн тээврийн компаниудад хөнгөлөлттэй үнээр өгөх асуудал яригдсан байна. Гэвч нийтийн тээврийн компаниуд “Тэнгэрт тулсан үнэтэй автобус манай компани худалдан авч чадахгүй. 65 сая төгрөгөөр худалдан авах автобусыг 300 гаруй сая төгрөгөөр худалдаж аваад яах юм. Ашиг гарахгүй шүү дээ. Алт, мөнгөөр тоног төхөөрөмжийг нь хийгээгүй юм бол яахаараа ийм өндөр үнэтэй байдаг юм бэ. Тэгж насан туршдаа өрөнд орохоо больё” гэх хариуг өгөөд шинэ автобусыг зээлээр авахаас бүгд татгалзжээ. Үүнээс болоод Сангийн яам “гологдсон” 43 автобусыг хааш нь ч өгч чадахгүй гацаанд орсон гэнэ.

БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР ИРСЭН ТАВИЛГЫГ ТАРААЖ, О.ЗАЯАМАНДАХ ОРЧУУЛГЫН ТОНОГ ТӨХӨӨРӨМЖИЙГ “НЬЮ ТЕРРАВОКС” КОМПАНИД БЭЛЭГЛЭВ

“Ази, Европын дээд түвшний арваннэгдүгээр уулзалт “АСЕМ”-ын хурал дуусч, ирсэн зочид төлөөлөгч буцсан. Их юмны том хаялга гэдэг шиг л зочид, төлөөлөгчдийн хэрэглэж байсан бүх зүйл хэвээрээ шахуу үлдсэн нь тодорхой. Үүнийг Гадаад харилцааны яамныхан сайдаасаа эхлээд эрх мэдэл албан тушаалаа урвуулан ашиглаж үрэн таран хийжээ. Үндэсний аудитын газраас шалгалтаар илэрсэн зөрчлөөс дурдвал Ази, Европын дээд түвшний арваннэгдүгээр уулзалт “АСЕМ”-ыг зохион байгуулах үйл ажиллагаанд зориулж БНХАУ-ын буцалтгүй тусламжаар ирсэн 578 иж бүрдэл зочид буудлын тавилга, цагаан хэрэглэлийг Гадаад харилцааны яамныхан гурван аж ахуйн нэгж, 21 иргэнд бэлэн мөнгөөр болон зээлээр худалджээ. Мөн 4787 ширхэг албан тасалгааны тавилга, тоног төхөөрөмж /сандал, ширээ, буйдан, хурлын танхимын иж бүрдэл/-ийг 33 төрийн байгууллагад шилжүүлсэн байна. Дипломат байгууллагын үйлчилгээ эрхлэх газрын захирал О.Заяамандах нь 2016 оны долдугаар сарын 19-ний өдөр “НЬЮ ТЕРРАВОКС” ХХК-тай БНХАУ-ын буцалтгүй тусламжаар ирсэн 6955 нэгж орчуулгын тоног төхөөрөмжийг түрээслүүлэхээр гурван жилийн хугацаатай “Тоног төхөөрөмж түрээслэх, түрээслүүлэх гэрээ” байгуулсан байна. Тус гэрээнд түрээслэгч тал нь гэрээний хугацаанд түрээслүүлэгч талаас зохион байгуулах арга хэмжээг өөрийн зардлаар үнэ төлбөргүйгээр хариуцан ажиллаж, гэрээний хугацаа дуусснаар тоног төхөөрөмж түрээслэгч талд үнэ төлбөргүйгээр шилжихээр түрээсийн төлбөрийг тусгасан байна. Өөрөөр хэлбэл, О.Заяамандах “НЬЮ ТЕРРАВОКС” ХХК-нд 6955 нэгж орчуулгын тоног төхөөрөмжийг түрээс нэрийн дор шууд бэлгэнд өгчихсөн байх юм.

785 ШИРХЭГ ТАВИЛГЫГ 103.0 САЯ ТӨГРӨГӨӨР ХУДАЛДСНААС ЗУРГААН САЯ ТӨГРӨГ Л ЭРГҮҮЛЭН АВЧЭЭ

БНХАУ-ын буцалтгүй тусламжаар ирсэн 5572 нэгж ширхэг албан тасалгааны тавилга, тоног төхөөрөмж /сандал, ширээ, буйдан, хурлын танхимын иж бүрдэл/-өөс 4787 ширхэгийг 33 төрийн байгууллагуудад тэдний хүсэлт болон Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын даргын албан бус шийдвэр /цохолт/-ээр үнэ төлбөргүй шилжүүлсэн, иргэд, аж ахуйн нэгжүүдэд 785 ширхэг тавилгыг 103.0 сая төгрөгөөр худалдснаас 97.3 сая төгрөгийн төлбөрийг аваагүй байна.Өөрөөр хэлбэл, 785 ширхэг сүүлийн үеийн загвар бүхий үнэтэй тавилгыг ийн тараачихсан хэрэг. Худалдан борлуулсан гэх боловч ердөө зургаан сая гаруй төгрөг авсан байдалтай байгааг илрүүлжээ. “АСЕМ”-ын үйл ажиллагаанд зарцуулахаар батлагдсан төсвөөс 70.4 сая төгрөгийг ГХЯ-ны сайд, ажилтнуудын тус үйл ажиллагааг зохион байгуулахтай холбогдолгүй гадаад томилолтын арга хэмжээнд, 117.9 сая төгрөгийг ГХЯ-ны байр болон гаднах талбайн засварт зарцуулсан зөрчил ч мөн илэрчээ.

ТЕНДЕР ЗАРЛАЛГҮЙ ХУДАЛДАН АВАЛТ ХИЙЖ, БУЦАЛТГҮЙ ТУСЛАМЖААР ИРСЭН ЗҮЙЛСИЙГ ТАРААСАН ЗӨРЧИЛД ЭРСДЭЛИЙН ШАЛГАЛТ ХИЙНЭ

Монгол Улсын Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн 2014 оны арванхоёрдугаар сарын 22-ны өдрийн 63/37 дугаар зөвлөмж, 2016 оны гуравдугаар сарын 10-ны өдрийн 4/77 дугаар албан бичгээр ГХЯ-д ирүүлсэн чиглэлийн дагуу “АСЕМ”-ын үйл ажиллагаанд зарцуулахаар батлагдсан төсвөөс 12.429.6 сая төгрөгийн бараа, ажил, үйлчилгээний ханган нийлүүлэгч, гүйцэтгэгчтэй “шууд” худалдан авах гэрээ байгуулан ажилласан байна.Гадаад харилцааны яам “АСЕМ”-ыг зохион байгуулах үйл ажиллагаанд зориулж БНХАУ-ын буцалтгүй тусламжаар ирсэн хөрөнгөөс Төрийн өмчийн бодлого, зохицуулалтын газрын шийдвэргүй хувь хүн, аж ахуйн нэгж, байгууллагуудад 1.2 тэрбум төгрөгөөр худалдсан, 1.9 тэрбум төгрөгийн /гаалийн үнэлгээгээр/ орчуулгын тоног төхөөрөмжийг түрээслүүлсэн, 12.4 тэрбум төгрөгийн бараа, ажил, үйлчилгээг нээлттэй тендер шалгаруулалтын журмыг зөрчиж шууд худалдан авалт хийсэн нь хамгийн ноцтой зөрчил гэдгийг эх сурвалж онцолж байв.

ЭРСДЭЛИЙН АУДИТ ХИЙСНИЙ ДАРАА “АСЕМ”-ЫНХУРЛЫГ ЗОХИОН БАЙГУУЛСАН ХҮМҮҮСИЙГ АТГ, ЦАГДАА НАР ХЭРЭГ ҮҮСГЭН ШАЛГАЖ ЭХЛЭХ БОЛОЛТОЙ

Санхүүгийн тайлангийн болон гүйцэтгэлийн аудитаар АСЕМ-ийн үйл ажиллагааг зохион байгуулж явуулсантай холбоотой зөрчлүүд илэрч байгаа учраас Үндэсний аудитын газраас эрсдэлийн аудит хийхээр болжээ. Эрсдэлийн аудитын шалгалтаар дээрх зөрчлүүдийг дахин баталсан тохиолдолд хууль хяналтын байгууллага холбогдох хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн шалгах юм байна. Өөрөөр хэлбэл, Мөрдөн байцаах газрын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, АТГ-ын мөрдөн байцаах албаныхан “АСЕМ”-ын хурлыг зохион байгуулсан тухайн үеийн Ерөнхийлөгчийн Тамгын газрын томоохон албан тушаалтнууд, Гадаад харилцааны сайд болоод бусад томоохон албан тушаалтнуудыг шалгах, дээрх үйл ажиллагаатай холбоотой баримт бүрдүүлэх нөхцөл байдал бүрдээд байгаа гэдгийг албаны эх сурвалж онцолж байсан юм. “АСЕМ” хурлын үеэр Ерөнхийлөгчийн тамгын газрын гэрэл зурагчнаас эхлээд бүх дарга, мэргэжилтнүүд нь тэрбумтан болсон гэх мэдээлэл ч цацагдаад байгаа. Хэрэв АТГ-аас Ерөнхийлөгчийн тамгын газар, Гадаад харилцааны яамны хүмүүст эрүүгийн хэрэг үүсгэн шалгавал араасаа маш олон хүн, компани аж ахуй нэгж шалгагдах нь тодорхой юм.


Categories
мэдээ цаг-үе

Замын-Үүдээр зэрлэг адуу мэт чихэлдэн дайрах монголчуудын нэг өдөр

07:20 цаг: Замын-Үүд өртөөн дээр галт тэрэг дуут дохиогоо хангинуулсаар ирлээ.Цас бургасан өглөөний часхийсэн жаварт даарч, гутлын улыг товшиж зогссон хүмүүс ямар нэгэн юмнаас үргэсэн мэт гүйлдэж эхлэв. Төд удалгүй галт тэрэгний хаалга онгойж,яарч сандарсан хүмүүс цувна. Ачаатай нь ачаагаа үүрээд, авч яваа цүнхтэй зүйлээ даахгүй нэгэн нь газарт чирч гулдарсаар Замын-Үүд өртөөний урд талын талбай руу гүйлдэнэ. Нам гүмхэн байсан Замын-Үүд сумын төв галт тэрэг ирэхтэй зэрэгцэн амь орж, энд тэндгүй автомашин давхилдаж гарлаа. Өртөөний урд талын талбай дээр “Яг одоо Эрээн гарна. Нэг хүн аваад явлаа. Одоо шууд явна. Алив наашаа хүрээд ир. Миний машинд суучих” хэмээн эмэгтэйчүүд голдуу хашгиралдах. Мөн навсгар “УАЗ 469” машин энд тэндгүй хаазалж, ян хийтэл тормос гишгэх нь тэндхийнхэнд байдаг л үзэгдэл гэлтэй. Хүн дүүртэл суулгасан “УАЗ 469”, том оврын автобуснууд өмнө хойноо ороод зорчигчдын хүрэх зүг рүү уралдаж гарлаа. Ёстой л автомашины уралдаанд орж байгаа юм шиг л улаан галзуу “амьтад” давхилдаж эхлэв. Зам дээр нэгнийгээ шахаж зогсоох, засмал замын хажуугийн шороон замаар тоос татуулан давхилдана. Засмал зам дээр зэрэгцээд “уралдаж” байсан хоёр 69 мөргөлдчихдөг юм байна. Тар няр хийгээд л явчихлаа. Бор өнгийн ногоон “бартак”-тай УАЗ 469 машины жолооч замын хашлага руу дарчихав. Хурдтай явж байсан болоод ч тэрүү гуйвж дайваад замын урд талын овгор шороонд тулаад зогслоо. Хэрэв тэр овгор шороо байж таараагүй байсан бол арав гаруй хүн чихээд суулгачихсан бор ногоон өнгийн “69” замын хажуу руу онхолдож, олон хүний амь нас эрсдэлд орох байв. Харин нөгөө цагаан саарал өнгийн “супер” УАЗ 469 машины жолооч бууж ирээд “Яасан бэ. Зүгээр үү” гэж жолооч руу хашгирлаа. Нөгөө жолооч “Замын хажуу руу орчих шахлаа ш дээ. Таны баруун талын толь байхгүй хэвээрээ байгаа юм уу.

Баруун талаар чинь орохоор шахаад байх юм. Хаалганы будаг халцраад уначихсан байна. Замасктай байсан юмаа. За за хөдөллөө шүү” гээд эргэв. Цагаан саарал УАЗ 469 машины жолооч машинаа асаагаад хөдөллөө. Тэд бие биенийгээ шахаж, онхолдуулах шахснаа юман чинээ санаж байгаа юм алга. Зөвхөн хэдэн машины урд гарч зогсоод хилээр эрт гарахыг л бодож байгаа нь тэр гэнэ. Багцаагаар 300-400 орчим УАЗ 469 маркийн автомашин, найман том оврын автобус болон бусад төрлийн автомашинууд эгнээд зогсчихжээ. Хилийн боомтын хаалганаас хоёр километр орчим газарт түгжрэл үүсчээ.Замын-Үүд сумын өглөөний буцалсан их амьдрал ингэж л эхэлдэг юм байна.

Хилийн цэргийн алба хаагчид зохицуулалт хийж, “Та нар яагаад үхэх гэж байгаа юм шиг дайраад байгаа юм бэ. Эгнээндээ ороод яв. Чи дээр бас яг ингэж дайрч байгаад л орсон биз дээ. Одоо чамайг оруулахгүй. Харж байгаарай чи” хэмээн жолооч нарыг загнах. Замын эсрэг урсгалыг хүртэл хаагаад зогсчихсон машинуудыг 08:00 цагаас эхлэн арав арваар нь хилийн бүс, боомтын хашаа руу нэвтрүүллээ.

Арван УАЗ 469 боомтын хашаанд зогслоо. Дотроос нь хүмүүс хил рүү штамб даруулахаар гүйлдэнэ. Машины жолооч мөн л хар гүйхээрээ гүйгээд явах юм. Мэргэжлийн хяналт, гаалийн байцаагч нар урт төмөр барьчихсан машин бүрийг хэдэн талаас нь тогшиж үзээд л яваад байх ажээ. “Чи эртээр баахан чулуу ачсан байсан. Одоо юугаар машинаа “цэнэг”-лэчихээд зогсож байгаа бол. Бас болоогүй ээ. Судар ном, модон авдар, бурхан тахил хүртэл гаргадаг шүү” гээд л машиныг нь хайр найргүй саваа төмрөөр будгийг нь халцартал тоншоод байх. Жолооч нь толгойгоо илээд “Өнөөдөр юу ч байхгүй ээ. Зүгээр л ачаа ачаад гарна” гэж хариулах ажээ. Замын-Үүд хилийн боомт дээр хамгийн их зөрчил гардаг. Байгалийн баялаг үнэт чулуу, амьтны эд эрхтэн, арьс үс, хөлдөөсөн чоно, үнэг, соёлын хосгүй үнэт зүйлс, малын мах, алт, самар, ховор ургамал гээд л байж болох бүхнийг БНХАУ руу хууль зөрчин хилээр гаргаж, худалдан борлуулдаг сүлжээ хэд хэдэн бүлэглэл бий гэгддэг. Гэхдээ эдгээр зүйлсийн ихэнх нь Замын-Үүд Эрээний дунд явах эрхтэй навсгар “69”-т ачигдаад хилээр гардаг байна. Мөн энэ хэрээр хил гаалийнхан ч зөрчил илрүүлдэг. Монголын хилийн урд үүд хаалга болсон Замын-Үүд хилийн боомт үдийн 13:00 цаг хүртэл чөлөө завгүй ажиллах ажээ. Хил гаалийнхны хэлж байгаагаар Замын-Үүдийн хилээр өдөрт 5-7 мянган хүн орж гардаг юм байна. Мөн хоёр улсын хилээр зорчих эрхтэй УАЗ 469 маркийн 1248 авто машин бүртгэлтэй байдаг аж. Үүнээс өдөр бүр 800 гаруй нь өглөө Монгол Улсын хилээр гардаг. Орой нь дүүрэн ачаатай буцаад орж ирдэг байна.

ХИЛЭЭР ГАРЧ БАЙГАА БҮХ УАЗ 469 “ЦЭНЭГТЭЙ” БАЙДАГ

Бид улсын хилээр зорчигч тээвэрлэж, бараа ачдаг машины жолооч нартай уулзлаа. Хилээр нэвтрэх ээлжээ хүлээн сэлгүүцэн зогсож байгаа жолооч нар ийн ярьсан юм. Хил гаалийнхан байсхийгээд л жолооч нараас мөнгө татдаг байна. Жишээ нь “Хилийн боомт дээр бие засах газар барина. Энд тэндгүй өтгөн, шингэн болчихоод байна” гээд л мөнгө хураасан аж. Гэвч жолооч нараас хураасан 140 гаруй сая төгрөгөөр барьсан хэмээн яригдаж байгаа бие засах газар нь 20 сая ч хүрэхгүй өртөг зардлаар баригдсан гэнэ.Энэ тухай “Хилийн цэргийн алба хаагчид нүхийг нь ухаж өгсөн. Тэр нүхэн дээр нь Эрээний хамгийн хямдхан бараа зардаг чанаргүй газраас эд материал авчирч тавиад л болоо. Ингээд үлдсэн мөнгийг нь хил гаалийн дарга нар хуваагаад идсэн байх” хэмээн хардацгааж байлаа. Бид жолооч нараас машиндаа хууль бусаар эд зүйлс хэрхэн авч хилээр нэвтрүүлдэг талаар асууж тодрууллаа. Олон жолооч энэ асуултад хариулт өгөхийг хүссэнгүй. Харин Ч.Д гэх жолооч энэ талаар цөөн асуултад хариулт өгсөн юм.

-Өнгө үзэмжгүй УАЗ 469 машинаар хүн, ачаа зөөгөөд олон жил болж байна уу. Машинаа сольж, болдоггүй юм уу?

-Мэдээж боломж гарвал хуучны навсгар машинаа солиод ая тухтай, паар хэвийн ажилладаг машинтай болмоор л байна. Гэхдээ машинаа солихгүй байгаа хэд хэдэн шалтаг шалтгаан байна шүү дээ. Нэгдүгээрт, орос ах нарын үйлдвэрлэсэн УАЗ 469 шиг ачаа даадаг бөх машин хаана ч байхгүй. Япон, Солонгос ачааны машин хилээр бараа зөөж байна. Гэхдээ хоёр, гурван сар болоод л эвдэрчихдэг. Харин 69-д бол орж л байвал пиг дүүргээд бараа ачаад ирдэг. Ёстой юу л бол юуг ачна. Тэр болгонд ганцхан “69” л гарын ая дааж байна. Мөн хилийн наана цаана гарахдаа хоорондоо уралддаг. Бүр мөргөлдөж, шүргэлцэх ч тохиолдол байна. Тэр болгонд өөр машин бол тараад уначихна. Бидний унаж байгаа машин ерөөсөө л чулуу шиг бөх. Хэдэн талаасаа мөргүүлчихсэн байхад хонхойж цөмөрчихсөн газрыг нь алх, лантуугаар цохиж гаргаад болчихдог. Гаднаас нь харахад навсайсан, өнгө үзэмжгүй, хэзээ мөдгүй тараад унах гэж байгаа юм шиг л харагдаж байгаа байх. Үнэн хэрэгтээ бидний амьдралыг залгуулж байгаа ганц унаа шүү дээ.

-УАЗ 469 машины энд тэнд гагнуур хийгээд ховор ургамал, чулуу гээд л олон зүйлийг хийгээд хилээр гаргадаг гэсэн. Үнэн юмуу. Таны машин гэхэд хаанаа тоноглол хийчихсэн байгаа вэ?

-Нуугаад байх зүйл байхгүй. УАЗ 469 машиныг цэнэглэдэг хэдхэн арга байгаа. Миний машин гэхэд үндсэн шалан дээр нь нимгэн төмөр тавиад давхар шал хийчихсэн. Багцаагаар 15 см хэмжээний зай гаргаад дахиж шинэ шал хийгээд дээр нь резин тавьчихсан. Гаднаас нь харахад хэн ч анзаархааргүй байгаа биз ээ. Мөн машиныхаа дотор талын доторлогоог боолтоор нь тайлаад авчихдаг юм. Тэгээд ерөөсөө л юм орж болох бүх газар руу нь чихээд хийчихдэг. Ховор ургамал болох дэрэвгэр жирэвгэр, таван салаа, эгүүшин, үнэт үзмэн мана, гартаам, халтар мана гэх мэт чулуу, ховор амьтны арьс үс гээд л хилээр гаргаж болох бүх зүйлсийг энэ хэдэн УАЗ 469 машин гаргадаг юм.

Саяхан гэхэд хэдэн мянган судар хилээр гаргасан. Тэр үед жолооч нар уймраа ногоон хувцас бүгд өмссөн. Судараа халаас болгон руу нь хийсэн. Машиныхаа орж болох бүх зүйл рүү хуйлсан цаасан судар хийгээд гарсан даа. Машинаа дүүргээд хилээр гарвал бидэнд монгол мөнгөөр 250 мянган төгрөг өгнө гэсэн. Арван удаа хилээр зөөгөөд 2.5 сая төгрөг авсан. Жолооч нарын зөөсөн судар эрээн хотын нэг өрөө байрыг тэр чигт нь дүүргэсэн. Бүр манайхны хүмүүсээр урагдсан урагдаагүйгээр нь нөгөө судраа ялгуулсан шүү дээ.

-Эрээнээс бараа ачаад ирэхдээ гаалийнханд худлаа мэдүүлэг өгдөг гэсэн. нэг нэгээр нь шалгах боломж байхгүй болохоор нь багаар хэлдэг юм уу?

-Хаа хаанаа л амьдрал шүү дээ. Жижиг гарын бараа бүтээгдэхүүн зарж байгаа хүмүүс Эрээнээс бараа татаж байна. Тэд хайрцаг болгонд янз бүрийн бараа хольж хийгээд скочоор битүү наачихдаг. Орой болоод хил хаах үеэр хэдэн зуун машин ороод ирдэг. Нэг бүрчлэн шалгах ямар ч боломж байхгүй. Гаалийн байцаагч нар бүх барааг шалгах боломж байхгүй. Наймаачид гаалийн татварт бага мөнгө өгөхийн тулд худлаа мэдүүлэг өгдөг. Тэгээд газар дээр нь хянаж байгаа гаалийн байцаагчид хэдэн төгрөг гарт нь атгуулдаг. Тэгээд л юмаа хилээр оруулна. Атгуулахгүй бол оруулахгүй цаашлаад устгуулах ч эрсдэлтэй. Олон жил иймэрхүү байдалтай байна шүү дээ” гэв.

14:00 цаг: Замын-Үүд хилийн боомт нам гүмхэн болов. Өглөөнөөс дугаарлан зогсож байсан бүх машиныг хилээр гаргаж дуусав. БНХАУ-ын талаас хүнд даацын, бараа ачсан машин хоёр гурваараа орж ирж, гаалийн мэдүүлгээ өгөх ажээ. Нэг машинд барилгын материал, сав суулга, цахилгааны утас гээд л олон төрлийн зүйлс ачсан болохоор нэг бүрчлэн шалгаж гаалийн мэдүүлэг өгөх боломж үнэндээ гаалийнханд алга байна. Тиймээс гаалийн байцаагч ачааны машины нэг талын тэвшийг дээш нь сөхөж байгаад нүдэн баримжаагаар бүртгэл хийдэг юм байна. Ингээд ачааны эзний хэлснээр бүртгэл хийгээд явуулчихдаг ажээ. Өглөөнөөс хойш чөлөө завгүй ажилласан хил, гаалийнхан хоорондоо ярьж инээж хөхрөлдөн элдвийг ярилцан суух юм. Экспортын хяналт дээр илэрсэн зөрчлийн талаар өөр хоорондоо ярилцаж байлаа. Бүр “Одоо тэр машиныг сайтар шалгаарай. Хятадаас гарал үүслийн бичиг байхгүй алим оруулж ирнэ гэсэн шүү. Мөн хачигтай алим, өттэй жимс орж ирнэ. Үүнийг лабораторийн шинжилгээгээр тогтоогоорой” гээд л үүрэг чиглэл өгөн ажиллаж байлаа. Сүүлийн жилүүдэд хүний эрүүл мэндэд хор хөнөөлтэй улаан хачигт алим, химийн бодис их хэмжээгээр агуулагдсан жимс зэрэг зүйлс орж ирэх нь ихэсч тэр бүрт илрүүлэхийг хичээж, илрүүлж байгаагаа онцолж байсан. Мөн БНХАУ-ын хилээр их хэмжээний хар тамхи оруулж ирэх зөрчил байнга гарч байгаа гэсэн. Хамгийн сүүлд гэхэд хар тамхи их хэмжээгээр хилээр нэвтрүүлэх гэж оролдсон бүлэг залуусыг манай хил гаалийнхан илрүүлсэн байна. БНХАУ-ын хилийнхэн манай улс руу гарч байгаа их хэмжээний хар тамхи мансууруулах төрлийн бодисыг илрүүлэхгүй атлаа манайхаас гарч байгаа хар тамхийг бол шууд илрүүлдэг тухай ярьж байлаа.

16:00: Нар баруун уулын цаагуур орж харуй бүрий болох үеэр БНХАУ-ын Эрээн хотын хилийн боомтоор хэдэн зуун ачаа дүүртэл ачсан УАЗ 469 маркийн автомашин давхилдсаар улсын хил дээр тулж ирлээ. Ямар нэгэн зүйлд хөөгдөж байгаа юм шиг л улаан галзуу давхисаар ирцгээх юм. Төд удалгүй хилийн хаалга онгойж, боомтын хашаа дүүрэн машин болох аж. Энд тэндгүй хар утаа суунаглуулан паржигнан хаазлах машины дуу хадаж байлаа. Жолооч нь өөрөө арай гэж багтаж, бусад зай талбай бүртээ битүү бараа ачсан машин хаашаагаар дүүрчээ. Бүр хайрцагтай бараа нь бардаакаа түрээд овойчихсон “69” зогсож байх аж. Хэн нэгнийхээ урдуур орохын тулд хашлага цөм дайрах, явган хүний зам, авто пүүний жижигхэн зай гээд л бүх газарт эмх замбараагүй чихэн орох аж. “Хурдан бүртгээд гаргаачээ. Галт тэрэгнээсээ хоцорлоо. Яасан их уддаг юм бэ. Битгий ингэж хүнд суртал гаргаж бай. Чи юуг нь шалгадаг юм. Мөнгөө аваад л бүртгэл хийсэн болоод гарга” гээд л уурлаж уцаарласан жолооч, наймаачид хэрүүл тэмцэл хийн хашгиралдах ажээ. Машин нь асахгүй байгаа нэгнийхээ машиныг шууд араас нь мөргөөд түрээд давхихыг оролдож байгаа нь ч байв. Урд машинаа мөргөөд дөрөв таван машин ар араасаа мөргөлдөх осол Замын-Үүд дээр жирийн үзэгдэл болжээ. Монгол Улсын хамгийн том хил иймэрхүү л дүр төрхтэй, эмх замбараагүй байдалтай байна.

ЗАМЫН-ҮҮДИЙН ХИЛИЙН БООМТЫГ АВЛИГА АВАХЫН ТУЛД ӨРГӨТГӨЛ ХИЙДЭГГҮЙ

Замын-Үүдийн хилийн боомтыг өргөтгөх шаардлага нэгэнт бий болжээ. Хоёр эгнээгээр хэдэн зуун машин чихэлдэн орж байгааг таслан зогсоох шаардлага байна. Гэсэн ч хил гаалийнхан авлига хээл хахууль авахын тулд боомтын хашааг тэлж, орж, гарах гарцыг нэмэгдүүлдэггүй гэх олны яриа байсан юм. Хэрэв нэгэн зэрэг олон машин орж, гардаг гарц хаалгыг нэмэгдүүлэх юм бол авлига хээл хахууль алга болно. Харин одоо бол чихэлдэж, түгжирч байгаа машинуудад хурдан үйлчилж байгаа нэрийн дор төрийн алба хаагчид авлига авдаг юм байна. Олон машиныг зэрэг шалгах цаг хугацаа, хүн хүчгүй учраас шалгалт муу хийгдэж байна гэх тайлбарыг дээд газартаа өгдөг. Харин хөрсөн дээрээ хилээр бараа ачаад орж ирж байгаа машин бүрээс “Чи бараагаа нуулаа. Одоо энд бүх барааг чинь дэлгэж шалгана” хэмээн ууртай хэлж, тэгж ажил болохгүйн тулд наймаачид мөнгө өгдөг тогтолцоо Замын-Үүдийн гааль дээр “нутагшжээ”.Өнгөрсөн жил гэхэд АТГ-ынхан гаалийн 20 гаруй байцаагч авлига авч байгааг илрүүлсэн. Уг нь 100 сая хүрэхгүй өртөгөөр л хилийн боомтыг бүрэн өргөтгөл хийж, олон машинд зэрэг үйлчлэх гарцыг нээх бүрэн боломжтойг албаныхан хэлж байгаа юм.

Монголын хамгийн олон хүн үйлчлүүлж байгаа Замын-Үүдийн зах замбараагүй нэгэн өдрийн ажил 21:00 цагт дуусч, хилээ хаадаг юм байна лээ. Маргааш өглөө дахиад л хэдэн зуун машин улаан галзуу хилийн зүг давхилдсаар ирцгээнэ.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

З.Баасанням: АТГ гэдэг дайсан илрүүлчихсэн, түүнтэй тэмцье гээд байгааг ойлгохгүй байна

АТГ-ын Тамгын хэлтсийн дарга, эрхэлсэн комиссар З.Баасаннямтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

-Хоёулаа сүүлийн үед АТГ-тай холбоотой асуудлаар ярилцлагаа эхэлье. Үнэхээр АТГ, Олон нийтийн зөвлөлийн дарга Г.Баасанг шалгаж байгаа юм уу?

-АТГ-т иргэнээс гомдол мэдээлэл ирсэн юм билээ. Урьд өмнө эрхэлж байсан ажил албатай нь холбоотой асуудлаар гомдол мэдээлэл ирсэн. Мэдээллийг хянан шалгаж шийдвэрлэх ёстой. Манай ОНЗ-ийн дарга юм шүү гээд ирсэн гомдлыг хав дараад өнгөрвөл жинхэнэ хууль завхруулсан явдал болно. Прокурорын хяналтад байцаан шийтгэх ажиллагаа явагдаж байгаа болохоор гомдол мэдээлэлд ямар асуудлыг шалгуулахаар ирүүлсэн байгаа талаар мэдээлэл өгөх боломжгүй юм. Авлигатай тэмцэх газрыг шүүмжилснийх нь төлөө ч гэдэг юм уу Г. Баасан даргыг зориуд шалгаж байгаа асуудал байхгүй. Олон нийтийн зөвлөлийн дарга биш байсан ч энэ өргөдөл гомдол нь шалгагдахаар ирэх л байсан байлгүй дээ.

-Тэгвэл Г.Баасан гуай АТГ-ын үйл ажиллагааг шүүмжилсэн. Үүнээс болж намайг шалгаж байна гэх утгатай мэдээлэл хийсэн шүү дээ?

-Г.Баасан гуай сүүлд хийлгэсэн хэвлэлийн хурлаараа АТГ-ын үйл ажиллагааны талаар үндэслэлгүй, баримтгүй, судалгаагүй зүйл ярьсан байна лээ. Түүний ярьсныг бид шүүмжлэл гэж ойлгохгүй байгаа. Аливаа нэг улс төрийн зорилгогүй, үнэн зөв үндэслэлтэй, ажилд хэрэгтэй эрүүл шүүмжлэлийг бол хүлээн зөвшөөрнө, бүрэн хүлээн авна.

-Танай үйл ажиллагаанд шүүмжлэлтэй хандаж байгаагаа мэдэгдээд зөвлөмж гаргасан гэдгээ сэтгүүлч нарт танилцуулсан байна лээ. АТГ-т тэр зөвлөмжөө өгсөн биз дээ?

-Үнэн хэрэгтээ тэр зөвлөмжөө бидэнд одоо хүртэл өгөөгүй байна. Хэнд хандсан зөвлөмж гэдэг нь ойлгомжгүй. АТГ-ын үйл ажиллагаанд зөвлөж байгаа бол бидэнд зайлшгүй өгөх ёстой байх. Одоогоор ирүүлсэн зүйл алга. Хэвлэлд гарсан мэдээллийг уншсан.Та тэр асуудалтай холбогдуулан үнэхээр ярилцлага авах гэж байгаа бол миний өгөх хариулт хариу хэрүүл хийж байгаа юм шиг болчих байх, учир нь зөвлөмжид дурдсан асуудлууд нь өөрөө үндэслэлгүй зүйлс байгаа болохоор. Г.Баасан даргатай ОНЗ дур зоргоороо ярьж байна. Хэвлэлд хандаж байгаа асуудлаараа олон нийтэд мэдээлэхээс өмнө бидэнд хандаж, асууж тодруулах нь хэзээд нээлттэй шүү дээ.

-АТГшилэн дансны хуулийг хэрэгжүүлдэггүй гэж дүгнэсэн. Үүнд Та ямар тайлбар өгөх вэ?

-Жирийн иргэн учрыг нь ухаж ойлголгүй өнгөц хараад байгууллагын талаар ийм зүйл ярьжээ гэвэл бас ойлгож болох юм. Харин хуульч хүн, тэр тусмаа олон нийтэд танигдсан хүн өөрөө үзэж харж танилцсан мөртлөө нийгмийн сэтгэл зүйд сөрөг нөлөөтэй, буруу ташаа мэдээллийг зориуд тараана гэдэг бол байж болохгүй л асуудал. АТГ төсөв санхүүгийн мэдээллээ өөрийн цахим хуудсандаа, шилэн дансны цэсэндээ сар тутмаар хуулийн хүрээнд шаардлагатай бүхий л мэдээллийг байнга байршуулж байгаа. Хүссэн хүн нь хэзээ дуртай цагтаа ороод үзэж болно. Нээлттэй байдаг. Тэнд төсөв, гүйцэтгэл, хөрөнгө оруулалт, тендер, худалдан авалт болон бусад мэдээллүүд сар бүр нэмэгдэж, шинэчлэгдэж ордог. Хамгийн сүүлд аравдугаар сарын мэдээлэл нь орсон байгаа. Бас “Ил тод байдал” гээд тусдаа үндсэн цэс байгаа. Энд мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрхийн тухай хуульд заасан мэдээллүүдийг мөн сар, улирал тутмаар байршуулсан байгаа. Төлөвлөгөө, тайлан, хэрэгжүүлж буй төсвийн төсөл, санхүүгийн ил тод байдал, худалдан авах ажиллагааны ил тод байдал, нийгмийн даатгалын сангаас олгосон тэтгэвэр, тэтгэмж, төлбөрийн талаарх мэдээлэл гээд бүх талын мэдээллийг шинэчлэн байршуулдаг. Шилэн дансны тухай хуулийн 8 дугаар зүйлийн 8.1-д байгууллагын “…шилэн дансны үйл ажиллагаанд тавих хөндлөнгийн хяналтыг ….төрийн аудитын байгууллага хэрэгжүүлнэ.” гэж заасны дагуу жил бүр манай байгууллагын санхүүгийн үйл ажиллагаа, түүний дотор шилэн дансны үйл ажиллагаанд аудитын шалгалт хийж байгаа. Аудитын дүгнэлтээр дээрх үйл ажиллагаанд ямар нэг зөрчил дутагдал заагдаагүй, зохих журмын дагуу хөтөлж байгааг дүгнэсэн байдаг. Шилэн дансны мэдээлэлтэй сонирхсон хэн боловч танилцах бүрэн боломжтой байгаа.Иймд Олон нийтийн зөвлөлөөс байгууллагын шилэн дансны мэдээлэлтэй холбогдуулан үндэслэлгүйгээр АТГ хууль хэрэгжүүлэхгүй, зөрчиж байна гэсэн мэдээлэл тарааж байгаад харамсч байна.

– ОНЗ-ийн дарга Г.Баасан АТГ ил тод бус, хаалттай, хүнд суртал ихтэй газар гэж хэлээд байгаа шүү дээ?

-Ил тод бус, хаалттай гэдгийг Г.Баасан дарга юугаар яаж дүгнэж байгаа нь сонин байна. Хуулиар үзүүлж танилцуулж болохгүй хориглосон асуудлыг өөрт нь үзүүлээгүй, танилцуулаагүй гээд ингэж дүгнэж байгаа бол өрөөсгөл дүгнэлт болох байх. ОНЗ-ийн даргаар томилогдож ирээд тавьсан хүсэлтийнх нь дагуу байгууллагын иргэдийг хүлээн авч уулздаг уулзалтын өрөөг өөрт нь албаны өрөө болгон тохижуулан өгч, ОНЗ-ийн дарга, гишүүдийг байгууллагын үйл ажиллагаа, хэлтэс албадын чиг үүрэг, хэрэгжүүлж буй ажилтай нэг бүрчлэн танилцуулан, албан хаагчидтай уулзуулж, хүссэн мэдээллүүдийг нь гаргуулан өгч, үндсэндээ бүх талын ажиллах боломж бололцоог нь бүрдүүлсэн. Хүссэн мэдээллийг нь бичгээр хуулийн хүрээнд, хугацаанд нь шуурхай гарган өгч байгаа.Газрын удирдлагатай уулзах хүсэлтийг нь хүлээн авч, гурван удаагийн уулзалт хийсэн. Иргэдтэй уулзахад ямар нэгэн хориг байхгүй, чөлөөтэй уулзаж байгаа. Иргэдээс энэ талаар манайд ямар нэгэн гомдол гаргасан зүйл байхгүй. Бодит байдал ийм л байгаа.

-АТГ-ын даргатай жирийн иргэн уулзахын тулд дааж давшгүй олон хүнд сурталтай тулгардаг, дарга нь өрөөгөө нууцын зэрэглэлд оруулсан, ОНЗ-ийн гишүүд ч нэвтрэх боломжгүй гэх мэдээлэл байдаг. Үүнд хариулт өгөх үү?

-АТГ-ын дарга, дэд дарга болон бусад хэлтэс, албадын дарга нар иргэд, олон нийтийг шаардлагатай тохиолдолд хүлээж авах дотоод журамтай, тогтсон өдөртэй. АТГ анх байгуулагдсан цагаас энэ журам үйлчилж байгаа. Яг хэн гэдэг иргэнийг хүлээж аваагүй вэ гэдэг талаар мөн л тодорхой нэр устай, цаг минуттай нь яривал ажилд тустай байна. АТГ-ын дарга албан өрөөгөө нууцын зэрэглэлд оруулах ямар ч боломжгүй. Тэгээд ч нууцын зэрэглэл гэдэг бол огт өөр ойлголт. ОНЗ-ийн гишүүд АТГ-ын даргын өрөөнд орж, газрын дарга тэднийг албан өрөөндөө хүлээн авч уулзсан. Тэр өдөр хийгдсэн мөрдөн шалгах ажиллагааны улмаас газрын даргад ажил танилцуулах мөрдөгч, гүйцэтгэх ажилтнууд олон байсан. Энэ шалтгаанаар ОНЗ-ийн гишүүдийг жаахан хүлээлгэсэн тал бий, урьдчилаад уулзах өдөр, цагийн мэдээллээ ирүүлсэн байсан бол бусад ажилтай давхцаж хүлээх асуудал гаргахааргүй байсан. Тэгээд өрөөндөө хүлээн авч уулзсан, өрөөгөө танилцуулсан, асуудлаа ярилцсан. ОНЗ-ийн гишүүд гарахдаа байдаг л нэг ажлын өрөө байна гэж хэлээд гарсан. Үүнийг мушгин гуйвуулж хэвлэлд ярьсанд харамсч байна. Ер нь бол өдөр болгон ОНЗ-ийн дарга, гишүүдийг хүлээн авч уулзаад байх цаг зав, ажлын бололцоо байхгүй, хийж хэрэгжүүлэх шийдвэрлэх ажил их байдаг. ОНЗ-ийн гишүүдийг анх хүлээн авч уулзахдаа мөрдөгч, гүйцэтгэх ажилтнууд болон мөрдөн байцаалтын ажиллагаанд хамаарах өрөө танхимд орох шаардлагагүй гэдгийг АТГ-ын дарга хэлсэн. АТГ-ын байр бол хуулийн дагуу төрийн тусгай хамгаалалтад байдаг, хараат бус байгууллагын хувьд байгууллагад нэвтрэхэд дотооддоо дагаж мөрдөх журамтай. Урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх, Тамгын хэлтсийн болон Хяналт шалгалт дүн шинжилгээний хэлтсийн албан хаагчид ч мөрдөгч, гүйцэтгэх ажилтнуудын өрөөнд дуртай үедээ ороод байдаггүй.

-Шуурхай хяналт шалгалт явуулахаас зайлсхийдэг. Үүнээс болж гомдол гаргагч нарыг албан тушаалтнууд дарамталж байна гэж ОНЗ-өөс мэдэгдсэн. Энэ талаар?

-Яг ямар гомдол, мэдээллийн тухайд ярьж байна вэ. Түүнийгээ бидэнд хэлчих хэрэгтэй юм л даа. Баримттай, үндэслэлтэй ярихыг л хүсч байна. АТГ иргэн, аж ахуйн нэгж, байгууллагаас ирүүлсэн гэмт хэргийн шинжтэй өргөдөл, гомдол, мэдээллийг тав хоногийн дотор хянан шийдвэрлэдэг. Иргэдээс ирүүлсэн өргөдөл, гомдол, мэдээллийг хэрхэн хянаж шийдвэрлэж байгааг прокурор хянадаг. Энэ дунд хийдэл, завхрал үүсгэх ямар ч боломжгүй. Гэмт хэргийн шинжгүй ашиг сонирхлын зөрчлийн талаарх гомдол мэдээллийг иргэдээс төрийн байгууллага, албан тушаалтанд гаргасан өргөдөл, гомдлыг хянан шийдвэрлэх тухай хууль, холбогдох бусад журмын дагуу 30-60 хоногийн хугацаанд хянан шийдвэрлэж байна.

-АТГ-ыг улс төрийн зарим бүлэглэлд үйлчилдэг гэж олон хүн шүүмжилдэг болсон. Улс төрчдийн гар хөл болж, их хэлмэгдүүлэлт хийдэг газар нь АТГ болсон гэдэг. Үүнд та ямар тайлбар өгөх вэ?

-АТГ-ыг улс төрийн хүчнүүдийн ч гэдэг юм уу бүлэглэлүүдийн гар хөл болсон мэтээр чичилдэг. Үнэн хэрэгтээ АТГ өөрөө улс төрийн хүчнүүдийн, бүлэглэлүүдийн бохир явуулгад маш их өртөж байнга хараалгадаг. Авлига, албан тушаалын гэмт хэрэгт нэр холбогдсон тодорхой хүн, хүчний зүгээс АТГ руу чиглэсэн дайралт өргөн хүрээтэй ирдэг. Тэдэнд мэдээж өөрсдийг нь шалгаж байгаа АТГ таалагдахгүй шүү дээ. Шалгагдаж байгаа улстөрч болгон хэвлэлээр өөрийг нь улс төрийн зорилгоор шалгаж байна гэж мэдэгддэг. Тэдэнд эрх мэдэл байна. Халдашгүй дархан эрх, нэр нөлөө, мөнгө, хэвлэл мэдээллийн хэрэгсэл, өмгөөлөгч нар байна. Тэдний өөдөөс хуулиа барьсан АТГ ганцаараа л байна гэхэд болно. Иймээс л бид Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөрийг батлуулж, улсын хэмжээнд төрийн бүх байгууллагын үйл ажиллагааг иргэд, олон нийтийн хяналтад өгсөн хэрэг. Нэг, хоёр жилийн дараа энэ ажлын нааштай үр дүн гарч эхэлнэ.

-АТГ байгуулагдаад арван жил болсон. Энэ хугацаанд та бүхний шалгасан нийт хэргээс ердөө л 127 хэргийг шүүхээр шийдсэн гэсэн. Үүнийг амжилт гэх үү, үр дүн гэх үү. АТГ-ын төсөв, хүнд суртал нэмэгдэх тусам авлигын индекс бүх үзүүлэлтээр ухарсаар байгаа. Бүр АТГ-ынхан авлигын индекст орсон тоог нааш цааш нь ухраадаг гээд байгаа шүү дээ?

-АТГ-ын ажлын үр дүнг хэмжье гэвэл шүүхээр шийдэгдсэн хэргийн тоог биш харин АТГ-ын тухайн жилд шалгаж прокурорын хяналтад шилжүүлсэн, мөн шүүхээр шийдвэрлүүлэхээр шилжүүлсэн хэргийн тоог харах ёстой болов уу. Энэ тооноос харахад сар болгон авлига албан тушаалын нэг хэрэг шүүхээр шийдвэрлэгдэж байсан байх нь. АТГ-аас эрүүгийн хэрэгхянан шийдвэрлэх хууль тогтоомжоор олгогдсон эрх мэдлийн хүрээнд, хуульд заасан үндэслэл, журмын дагуу шалгаж шийдвэрлэсэн хэргийн тоо, чанар, хүрээ, далайцыг жил тутмаар нь гаргаж үзэх хэрэгтэй. АТГ-ын шалгасан эрүүгийн хэрэг нэг бүрийг прокурор хянадаг. Хяналтын шатанд шийдвэр янз бүр гардаг. Дараа нь шүүхийн шатанд хэлэлцдэг. Тэнд мөн шийдвэр харилцан адилгүй. Энэ бол прокурор, шүүгчийн бүрэн эрх хэмжээний асуудал. Тиймээс дан ганц шүүхээр шийдэгдсэн хэргийн тоогоор АТГ-ын ажлын үр дүнг дүгнэх боломжгүй. Нийгмийн хөгжил дэвшил, эрх зүйн орчин ижил бүхий гадаад улсуудын тоо баримттай үүнийг бас харьцуулаад үзэх хэрэгтэй болов уу. Манай статистик мэдээгээр 200 орчим хэргийг шүүхээр эцэслэн шийдвэрлэсэн байдаг юм билээ. Авлигын индекс өслөө, буурлаа гэдэг мэдээллийг АТГ-т шууд хамаатуулж ойлгох буруу ойлголт нийгэмд байдаг. Нийгэмд байдаг ч юу байх вэ, зориуд тэгж ойлгуулахыг хүсдэг хүмүүс бий. Нөгөө л хэрэгт холбогдож АТГ-ын хаалга үүдээр орж, гарсан хүмүүсийн тараасан цуу яриа шүү дээ. Авлигын индекс гэдэг болон улсын “Транспарэнси Интернэшнл” гэдэг байгууллагаас дэлхийн 200 гаруй улс орныг хамруулан улс төр, эдийн засаг, нийгмийн салбарт мэргэшсэн тусгай шинжээчдийг оролцуулан жил бүр 8-9 үзүүлэлтээр дүгнэж байр эзлүүлдэг ажил. Тэр 8-9 үзүүлэлт нь бүгд тухайн улсын төр, засгийн бодлого, шийдвэр, үйл ажиллагаа, өндөр албан тушаалтнуудынх нь авлигатай тэмцэх хүсэл зориг, төрийн албан хаагчдынх нь ёс зүйд хийсэн үнэлэлт, дүгнэлт байдаг юм. Тухайлбал, 2015 онд УИХ Өршөөлийн хууль, Эдийн засгийн ил тод байдлын тухай хуульбатлахад манай улсын авлигын индекс тэр жил 72-оос 87 болж 15 байр ухарсан. Энэ хуулиар авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдон шийтгэгдсэн болон шалгагдаж байгаа хүмүүсийг өршөөсөн. Тэгэхээр Монгол Улсын тухайн үеийн төр, засгийн бодлого, шийдвэрийг олон улсын шинжээчид ингэж үнэлсэн явдал. Түүнээс тэр жилдээ АТГ нь сайн ажиллаад, энэ жилдээ муу ажилласан гэдэг үнэлгээ, дүгнэлт биш юм л даа. Авлигын төсөөллийн индексийг жил бүр тус тусдаа бие даан хийсэн 13 төрлийн судалгааны үр дүнг нэгтгэн гаргадаг.

-АТГ нь арван жилийн хугацаанд хүлээн авсан ХОМ-т чанарын задлан шинжилгээ огт хийж байгаагүй. Одоо болтол төрд ажиллангаа үндэслэлгүй хөрөнгөжсөн “төрөөс төрсөн тэрбумтан” нэг ч хүнийг тогтоож чадаагүй байгаа гэсэн. Энэ үнэн юм уу?

-Хөрөнгө орлогын мэдүүлэгт огт дүн шинжилгээ хийж байгаагүй гэж хэлж болохгүй л дээ. Энэ чинь манай Хяналт шалгалт, дүн шинжилгээний хэлтсийн хийдэг үндсэн ажлуудын нэг нь. Нийтэд тэр болгон шууд зарлаад байж болдоггүй ажлуудын хүрээ энд бас хамаарч л байдаг. Жишээ нь та бүхэн мэдэж байгаа. Татварын ерөнхий газрын удирдах зарим албан тушаалтнуудын хэрэг шүүхээр шийдвэрлэгдсэн. Тэр хэрэгт холбогдсон төрийн албан хаагчид хэдий хэмжээний хөрөнгө мөнгөтэй холбоотой асуудлаар шүүхээр шийдвэрлэгдсэн байдаг билээ. Үүнийг эргээд нэг харчих хэрэгтэй л байх. Энэ хэргийг анх хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналт шалгалтаар л үндэс суурийг нь гаргаж ирж байсан. Тэглээ гээд ийм зүйлийг олон нийтэд тэр болгон мэдээлээд байж болдоггүй, зохистой ч юм биш. Хөрөнгө, орлогын мэдүүлгийн хяналт шалгалтын хүрээнд Авлигын эсрэг хууль тогтоомжийг зөрчсөн, мөн хөрөнгө, орлогоо зөрчилтэй мэдүүлсэн нийт 1260 албан тушаалтанд сахилгын шийтгэл тооцуулсан дүн байдаг. Авлигатай тэмцэх газар хууль тогтоомж зөрчсөн албан тушаалтанд өөрөө шууд хариуцлага тооцох эрх зүйн зохицуулалт байхгүй, хариуцлага тооцуулах, зөрчлийг арилгах, хууль тогтоомжийн хэрэгжилтийг хангах талаар тухайн байгууллагын удирдах албан тушаалтанд албан бичгээр шаардлага хүргүүлж, хяналт тавьж ажилладаг.

-АТГ иргэдээс өргөдөл, гомдол, мэдээлэл авахдаа хойрго ханддаг, зарим мэдээллийг хүлээж авдаггүй, иргэдэд айдас үүсгэдэг, дарамталдаг, ноцтой хэргийн гэрчийг хамгаалдаггүй гэсэн дүгнэлтийг ОНЗ-өөс хийсэн байна лээ?

-Иргэдийн өргөдөл, гомдол, мэдээллийг АТГ бүх сувгаар нээлттэй хүлээн авдаг талаар дээр дурдсан. Иргэд ямар нэгэн айдас, дарамтгүйгээр гомдол, мэдээллээ өгдөг. Биеэр ирж өгдөг, бичгээр өгдөг. Цахим шуудангаар ирүүлдэг. Утсаар бас гомдол, мэдээллээ өгдөг. Аль ч тохиолдолд бид өргөдөл, гомдол, мэдээллийг шуурхай хүлээн авч, бүртгэж, тусгай программд оруулж, холбогдох хэлтэс, албанд нь шилжүүлэн, хянан шалгаж шийдвэрлэдэг. Энэ бол манай байгууллагад бүхэл бүтэн тогтолцоо болж тогтсон нэг томоохон механизм. Ямар нэгэн хойрго хандсан, хүлээж аваагүй, айдас үүсгэсэн, дарамталсан асуудал байгаа бол тодорхой баримттай, нэр устай, цаг хугацаатай нь хэлэх хэрэгтэй. Гомдол мэдээллийг хянан шалгах бүхий л ажиллагаа прокурорын хяналттай явагддаг, шалгах явцдаа ямар нэгэн хууль зөрчсөн үйлдэл гаргасан тохиолдолд мөрдөн шалгах хэлтсийн даргад болон прокурорт гомдол хүсэлтээ гаргаад шийдвэрлүүлэх бүрэн боломжтой, хохирогч, холбогдогч бүгд л өмгөөлөгчтэй байцаан шийтгэх ажиллагаанд оролцдог болохоор айлгах, дарамтлах ямар ч боломжгүй гэдгийг одоо хэн ч мэддэг болсон доо. Гэхдээ энд нэг тодотгох зүйл байна. АТГ-аас олон нийт дуулиантай гэмт хэргийн талаарх мэдээллийг илүү сонирхдог. Хэвлэл мэдээллийн байгууллага болохоор шалгагдаж байгаа хэрэг, хэрэгт холбогдсон хүмүүсийн талаар дэлгэрэнгүй мэдээлэл өгсөнгүй, хуйвалдаад дараад байна. Ил тод биш хаалттай байна гэж буруутгадаг. Гэтэл энэ талын мэдээллийг АТГ тэр бүр өгөх боломжгүй. Энэ нь Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 29 дүгээр зүйлийн 29.3.5-д зааснаар хориотой. Шалгагдаж байгаа хэргийн талаарх мэдээллийг прокурорын зөвшөөрөлгүйгээр өгөх эрхгүй. Бусад улс орнуудын практикаас харж байхад авлига, албан тушаалын гэмт хэрэгт холбогдогчдын талаар тодорхой мэдээлдэг юм билээ. Бидний хувьд авлигын гэмт хэргийн талаар олон нийтэд мэдээлэл өгмөөр байдаг боловч дээрх хуулийн хориглолтоос болоод мэдээлэх боломжгүй байдаг юм.

-АТГ-ын дарга Х.Энхжаргалын талаар сүүлийн үед таагүй мэдээлэл цацагдаад байгаа. Түүний хуулийн байгууллагад ажилласан түүх нь бохир, хувийн ашиг сонирхолтой, улс төрийн бүлэглэлд хамаардаг, албан хаагчидтайгаа дарангуйллын хэлбэрээр харьцдаг. Бүр ажлаа таваас дээш хоногоор тасалдаг гэх мэдээлэл гарсан?

-АТГ-ын даргын хувь хүн рүү чиглэсэн мэдээлэл учраас би өмнөөс нь тайлбар хэлэх нь утгагүй. Хамтран ажиллаж байгаагийн хувьд ажил таслах нь битгий хэл ээлжийн амралтаа ч эдэлж чадахгүй ирэн очин ажлаа хийж л байсан гэдгийг хэлэх хэрэгтэй байх. Ер нь АТГ-ын дарга гэлтгүй төрд алба хааж байгаа төрийн албан хаагч бүр энэ мэт болсон болоогүй сөрөг мэдээллүүдийг элдэв тайлбаргүйгээр дааж, давах ёстой ч юм шиг. Худал ташаа мэдээлэл болгонд төрийн алба, албан хаагч хариу тайлбар мэдээлэл гаргаад байх нь зохимжгүй гэж би хувьдаа үздэг. Гэвч хувь хүний нэр төрд халдсан илт худал ташаа мэдээллийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр зориудаар тарааж байгаа үйлдлээ хэзээ зогсоох юм бол доо. Х.Энхжаргал АТГ-ын дарга болсноос хойших хугацаанд Авлигатай тэмцэх үндэсний хөтөлбөр УИХ-аар батлагдсан. Авлигатай тэмцэх зургаан жилийн хугацаатай бодлого, стратеги үндэсний хэмжээнд хэрэгжиж эхэлсэн. Стратегиа дагаад түүнийг хэрэгжүүлэх төсөв сая бас батлагдлаа. Үндэсний хөтөлбөрийг үр дүнтэй хэрэгжүүлэх хүрээнд АТГ шинэ зохион байгуулалтад орж төрийн бүх шатны байгууллагад авлигын эрсдэлийг тогтоож ажилласан. Хөтөлбөр хэрэгжсэн нэг жилийн хугацаанд төв болон орон нутгийн төрийн байгууллагуудад хоёр ч удаа очиж ажиллалаа.Төрийн байгууллага, албан тушаалтнуудын үйл ажиллагааг иргэд, олон нийтийн хяналтад өглөө. “Олон нийтийн төв”-ийг байгуулж, үүнийгээ цаашид Зүүн өмнөд Азийн хэмжээний олон улсын сургалтын төв болгохоор Авлигын эсрэг олон улсын академи болон бусад гадаадын байгууллагуудтай хамтран ажиллаж байна. Хөтөлбөрийг хэрэгжүүлэх хүрээнд харьцангуй богино хугацаанд нэлээд олон ажлыг амжууллаа. Уг нь бол АТГ-ын дэргэдэх ОНЗ нь АТГ-тай хүчээ нийлүүлээд авлигын эсрэг тэмцэх, урьдчилан сэргийлэх соён гэгээрүүлэх чиглэлээр зөвлөмж өгөөд, дэмжлэг үзүүлэх ёстой юм шүү дээ, хуулиараа бол. Бидний дайсан бол зөвхөн авлига юм. Гэтэл АТГ гэдэг дайсан илрүүлчихсэн, түүнтэйгээ тэмцье гээд байгааг ерөөсөө ойлгохгүй байна. Ажил хэрэгчээр хандаж, хойшдын ажил албанд хэрэг болох санал, шүүмжлэл тавьж байгаа бол бид хүлээж авна.


Categories
мэдээ цаг-үе

Ц.Бат-Өлзий: Долоон хүний амиа алдсан хэргийг үнэн зөвөөр нь шийдүүлэхийн төлөө голоо тасартал тэмцэнэ

Төв аймгийн Аргалант сум, Эмээлт орчимд зам тээврийн ослоор гэр бүлийн долоон хүн амь насаа алдсан харамсалтай хэрэг 2016 оны наймдугаар сарын 5-ны өдөр гарсан. Ослын улмаас “Приус-20” маркийн автомашинд зорчиж явсан гурван хүүхэд, дөрвөн том хүн амиа алдсан билээ. Долоон хүний амь насыг нэг дор авч одон сэтгэл сэрдхийлгэсэн онц ноцтой осол юунаас болж гарсан нь тодорхой байдаг. “Приус-20” маркийн автомашины жолоочийг бор шаргал өнгийн жийп маркийн машинтай жолооч зам дээр шахсанаас болж эсрэг талын замаар явж байсан “Ланд 200” маркийн автомашинтай мөргөлдөж, улмаар замын хажуу руу шидэгдсэн байдаг. Ослын талаарх гэрчтэй, гэм буруутан нь тодорхой дээрх хэргийг хууль хяналтынхан хэрэгсэхгүй болгож, хаасан байдаг. Энэ талаар хохирогч Ц.Бат-Өлзий гуайтай ярилцлаа.

-Төв аймгийн Аргалант сум, Эмээлт орчимд 2016 оны наймдугаар сарын 5-ны өдөр осол яг юунаас болж гарсан байдаг вэ?

-Би хоёр охинтой. Миний охин Архангай аймгийн Хашаат сумаас Улаанбаатар хот руу гурван хүүхэд, хадмуудаа аваад явсан байдаг. Харамсалтай нь бүгд ослын улмаас амь насаа алдсан. Осол болохыг харсан гэрчийн хэлснээр манай охины барьж явсан машиныг нэг машин шахсаны улмаас эсрэг урсгалд явж байсан “Тоёота Ланд-200” маркийн автомашинтай мөргөлдөж, замын хажуу руу шидэгдсэн. Ингээд 10-20 минутын дараа машинд гал гарсны улмаас зорчигчид бүгд шатаж амиа алдсан юм билээ. Тэнд байсан бүх машины жолооч, зорчигчид туслах гэж хичээсэн байдаг. Дээрх хэргийг харсан гэрчүүд зөндөө бий. Охины минь жолоодож явсан машиныг шахсан шаргал өнгөтэй машин хэргийн газраас зугтсан. Гэрчүүд сандарсан учраас машины дугаар, маркийг харж амжаагүй байдаг. Бор шаргал өнгийн машины жолооч миний охины машиныг шахаагүй байсан бол долоон хүн амь насаа алдахгүй байсан. Шуудхан хэлэхэд бор шаргал өнгийн жийп унасан хүн долоон хүний амь насыг хөнөөчихөөд зугтсан гэсэн үг.

-Осол болохыг харсан гэрч нар хэргийг шалгаж байгаа цагдаа нарт юу гэж ярьсан байдаг вэ?

-Ослыг харсан олон гэрч байгаа. Эмээлтэд арьс, шир авдаг нэг иргэн ослыг яг хараад зогсож байсан юм байна лээ. Тэр гэрчийн хэлснээр охины минь жолоодож явсан машины хажуугаас шаргал өнгийн том оврын жийп машин шахаж, аргагүй байдалд оруулсан гэсэн. Охины машиныг ингэж шахсаны улмаас эсрэг урсгалд явж байсан “Ланд-200” маркийн автомашинтай мөргөлдөж, замын хажуу руу шидэгдсэн гэдэг.Тэр даруйдаа шаргал өнгийн машины жолооч бууж ирэхэд нь гэрч жолоочийн цээж рүү нь цохиод “Та яаж байгаа юм” гэж хэлсэн гэсэн байдаг. Шаргал өнгөтэй машины жолооч “Би аварна” гээд сүх бариад замын хажууд дээшээ хараад уначихсан машин руу явсан. Гэвч тэр хүнийг очихоор явж байхад машин дэлбэрсэн юм байна лээ. Миний охины машин шатаж байхад хэргийн газарт хоёр жолооч хоёулаа байсныг гэрч нотолдог. Гэтэл машин шатаж дууссаны дараа хартал шаргал өнгөтэй машин уул өөд өгсөөд явсан гэсэн.Удалгүй 5-10 минутын дараа цагдаа нар ирээд араас нь хөөсөн байдаг.Тэгээд удалгүй шаргал өнгийн машин авчраад мөн үү гэж гэрчээс асуусан гэж ярьдаг юм. Гэвч энэ бүгдийг хэргийн материалд огт хавсаргаагүй үлдээчихсэн байсан. Мөн хэргийн газрын гэрчүүд шаргал өнгийн машинд сургуульд орох насны охин хүүхэд, мөрнөөс дээгүүр тайрмал үстэй эмэгтэй сууж явсан. Тэр эмэгтэй жолоочийг “Битгий гээд байхад яаж байгаа юм бэ” гэж загнаж байсан гэсэн.

-“Ланд 200” маркийн машины жолооч танай ахыг зодож хүнд гэмтэл учруулсан гэсэн үү?

-Тийм ээ. Осол гарсны дараа хэргийн газарт миний төрсөн ах дуудагдаж очсон юм. Миний охины машинтай мөргөлдсөн Ланд 200-гийн жолооч хэргийн газарт байсан гэсэн. Ах маань тэр жолоочид нь “ Чи яаж байгаа юм бэ. Олон хүний амь нас чамаас болж хохирлоо. Хурдаа тааруулж явахгүй яасан юм бэ” гэж хэлсэн байдаг. Гэтэл “Ланд 200” маркийн автомашины жолооч ах руу маань дайраад “Өчнөөн хүнийг нь алчихсан юм, одоо чамайг алчихъя” гэж хэлээд зодсон байдаг. Бүр толгой руу нь дугуйны төмрөөр цохиж гэмтэл учруулсан. Үүнээс болж ах эмнэлэгт хүргэгдэж, толгойндоо арав гаруй оёдол тавиулсан. “Ланд 200” маркийн автомашины жолооч ахыг минь зодож байх үед хэргийн газарт цагдаа, аврах анги, эмнэлэг, шүүхийн шинжилгээ, гэрэлтүүлэг, гал унтраах ангийн албан хаагчид бүгд байсан.

-Хэргийг шалгасан цагдаа, прокурор нь осол гарахад гол нөлөө үзүүлсэн бор шаргал өнгийн жийпний эзнийг ололгүй хэргийг хаасан байдаг. Энэ талаар тодруулахгүй юу?

-Долоон хүний амь нас хохирсон хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагчид өөрийнхөө үүрэгт ажлыг сайн хийхгүй, сэтгэл гаргахгүй байсан нь олон зүйлээр харагддаг. Буяны ажил явдал дууссаны дараа ослын газраас зугтсан машинтай төстэй машин будганд орсон мэдээллийг олж авсан. Энэ талаар хэргийг шалгаж байсан цагдаад өргөдөл бичээд өгсөн. Гэтэл мөрдөн байцаагч Ууганцэцэг “Хэргийг Төв аймаг руу шилжүүлсэн” гэсэн.Төв аймгийн цагдаагийн газарт хэргийг шилжүүлж байна гэж ярьсаар 20 хоног болсон. Дараа нь,Төв аймгийн хэрэг хариуцсан прокурор руу залгаж хэргийг мөрдөн шалгах ажлын талаар асуухаар “Улаанбаатарт явж байна, хэргийн баримт бүрдсэн зүйл одоогоор алга байна. Энэ хэргийг бид шалгаж байна” гэх хариу өгдөг. Мөн хэргийг хянаж байгаа прокурор хэргийн материалтай танилцсаны дараа уулзана гээд арав гаруй хоногийн хугацаа алдсан. Энэ мэт байдлаар цагдаа, прокурор ямар нэгэн тайлбар хэлж байсаар хэргийг шалгаагүй хоёр сар болсон юм. Бүр тэгснээ хэрэгт холбоотой баримт байхгүй, гол холбогдогч нь нас барсан учраас хэргийг хэрэгсэхгүй болгож хаана гэсэн.Гэтэл мөрдөгч, прокурорууд “Хэргийг шилжүүлж байна. Хэргийн материалтай танилцаж байна” гээд цаг алдсан.Эндээс надад хэргийн буруутай хүмүүсийн хууль бус үйлдлийг нуух гэж баг бүрэлдэхүүнээрээ ажиллаж байгаа юм байна гэх хардлага төрсөн. Сүүлд нь судлаад үзэхээр хэргийн материалыг хот болон хөдөө орон нутаг руу шилжүүлэхэд хоёр сар биш долоо хоногийн хугацаа л ордог юм байна лээ.

Энэ хэрэг хоёр удаа хаагдаж, дөрвөн прокурорын нүүр үзээд байгаад л гайхаж сэжиглэж байгаа юм. Осол гарсан замд камер байгаагүй. Цагдаа нар ойр орчмынх нь камерыг огт шалгаагүй.Төв аймгийн Лүн сумын камерыг шүүлгэх гэсэн боловч тухайн үед ажиллаж байсан мөрдөн байцаагч хойшлуулсны улмаас шүүлгэж чадаагүй. Бид хувиараа очиж шүүх гэсэн боловч хэд хоногийн өмнө хүмүүс ирж шүүгээд кодолсон байна гэсэн.Камерын бичлэгийг устсан байх гэж би бодож байна.

-Өнгөрсөн есдүгээр сард та бүхэн дээрх хэрэгтэй холбоотойгоор АТГ-т хандсан байдаг. АТГ таны гомдлыг шалгаад ямар хариу өгсөн бэ?

-АТГ-т ямар шалтгаанаар хэргийг шалгаж байгаа цагдаа, прокуроруудыг шалгуулахаар өргөдөл өгсөн үндэслэлээ ярих нь зүйтэй болов уу. Аймшигт осол гараад жил болж байхад энэ хэргийн шалгалтад ямар ч ахиц гараагүй. Бүр хоёр удаа хэргийг хаасан. Ослын гол буруутан гэж үзээд байгаа том оврын жийп машины жолоочийг хайж олоогүй мөртлөө хэргийг хаагаад байгаа нь цаанаа ямар нэгэн зүйл байгаа мэт харагдсан. Миний охины машинтай мөргөлдсөн “Ланд 200” маркийн машины жолоочийг энэ хэрэгт буруугүй гэж үзээд явуулсан. Ёстой л амьд гарсан хүний зол гэгчээр асуудалд хандсан. Дөрвөн урсгалтай, ямар ч машины ачаалал байгаагүй зам дээр гүйцэж түрүүлсэн, хурд хэтрүүлсэн үйлдэл гарсан нь гарцаагүй байдаг. Миний хувьд шахаад зугтсан машиныг олох ёстой гэж үзсэн. Замын эсрэг талаас ирж явсан Ланд 200-гийн жолооч хурд хэтрүүлсэн, аюулыг зайлуулах гэж оролдоогүй, зогсох арга хэмжээ огт аваагүй байхад Монгол Улсын замын хөдөлгөөний дүрэм зөрчөөгүй гэж гаргасан.Үхсэн хүн үг хэлэхгүй гэгчээр бүгдийг талийгаач охины минь буруу болгож байна. Энэ бүхнээс “Ланд 200” маркийн автомашины жолооч их мөнгөтэй, эрх мэдэлтэй учир хэргийг хаах гэж улайрч байна уу даа гэж харагдаад байсан. Хэргийг шалгаж байгаа мөрдөн байцаагчид, прокурорууд хуулийн дагуу ажлаа хийхгүй. Тэгсэн мөртлөө ямар нэгэн байдлаар миний охины буруу болгохын төлөө ажиллаж байж болзошгүй ноцтой зүйлс гарч ирсэн.Тиймээс бид хоорондоо ярилцаж байгаад АТГ-т хандсан. АТГ-аас миний өгсөн гомдолд бичгээр хариу өгсөн. АТГ-ын Мөрдөн байцаах хэлтсийн дарга “Мөрдөн байцаагч, хэргийн баг бүрэлдэхүүн хэрэг дээр бүрэн ажиллаагүй нь харагдаж байна. Гэхдээ энэ хэрэгт авлигын шинж, хээл хахууль авсныг нотлох баримт байхгүй учраас авлига авсан гэж үзэх боломжгүй. Харин энэ хэрэг дээр ажиллаж байгаа мөрдөн байцаагчийг шалгахыг ЦЕГ-т хүргүүлж байна” гэсэн хариу өгсөн.

-ЦЕГ-аас ажлын хэсэг гарч хэргийг шалгаж эхэлсэн гэсэн. Хэргийг шалгаж байсан мөрдөн байцаагчийг цалингаар торгож шийтгэсэн гэсэн үү?

-ЦЕГ-аас ажлын хэсэг гарч шалгасан. Одоо хэргийг нэлээд ахицтай шалгаж байгаа гэж ойлгож байна. Миний охины машиныг шахсан бор шаргал өнгийн жийп унаж явсан хүнийг цагдаа нар илрүүлсэн байна лээ. Одоогоор мөрдөн шалгах ажил хийгдэж байгаа гэсэн. Миний охины унаж явсан машиныг шахсан хүн компанийн захирал гэж сонссон. Хэргийг шалгаж байсан Ууганцэцэг гэх цагдаад ажлын хариуцлага алдсан учраас сахилгын хариуцлага тооцно гэж надад мэдэгдсэн.Хийх ёстой зүйлээ хийгээгүй, шалгаагүй, камерын бичлэг шалгаагүй, зугтаад явсан авто машины мөрийг бэхжүүлж шалгаагүй, ижилхэн шаргал өнгөтэй машин авчраад тэрийгээ хэргийн материалд оруулаагүй гэж би гомдол гаргасан юм. Харин Ууганцэцэг байцаагчийг сахилгын арга хэмжээ авч байна гээд хоёр сарын цалингийн 20 хувиар торгосон гэсэн. Би есдүгээр сарын 18-нд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгад өргөдөл бичиж, энэ хэрэгт анхаарлаа хандуулж өгөөч гэж хүссэн. Одоо Ерөнхийлөгчөөс хариу ирэхийг хүлээж байна.Бас Улсын ерөнхий прокурорт энэ хэрэгт анхаарч, үнэн мөнийг тогтоож өгөөч гэдэг хүсэлтээ өгсөн.Мөн АТГ-аас шилжүүлсэн ЦЕГ-ын мөрдөн байцаах газрын шийдвэрийг харж байна. Энэ хэрэг үнэн зөв шийдвэрлэгдэж буруутай этгээд зохих ял шийтгэл амсахгүй бол би өлсгөлөн зарлана. Хуулийн өмнө хүчгүйдэж аргаа барж байна шүү дээ. Хайртай охиноо, зээ нараа, худуудаа харамсалтайгаар алдсан надад маш хүнд байна.

Би хэргийг үнэн зөв шийдвэрлүүлэхийн төлөө голоо тасартал тэмцэж, хөлөө хүрэх газраа хүртэл явна. Эрдэнэт долоон хүн амиа алдчихаад байна шүү дээ. Хэрэв бид хэргийн араас хөөцөлдөж хэвлэл мэдээллийн хэрэгслээр бүх зүйлийг нийтэд гаргаагүй байсан бол долоон хүний амь нас хохирсон хэрэг хэрэгсэхгүй болох байсан. Хууль хяналтын байгууллагад ажиллаж байгаа алба хаагчид чинь адилхан л хүн биз дээ. Мөргөлдсөн “Ланд 200” маркийн машины жолооч, охиныг минь замын эсрэг тал руу шахсан компанийн захирал ч гэсэн адилхан хүн биз дээ. Тэдэнд хүний мөс чанар байгаасай. Үрээ алдсан надаас тэд монгол хүний ёсоор уучлалт гуйх ёстой. Хагацал зовлон гэдэг чинь үнэхээр хэцүү юм байна. Аргаа бараад уйлахаас өөрийг хийж чадахгүй л сууж байна даа.

Categories
мэдээ нийгэм

Шинээр томилогдсон цагдаагийн дарга нар хэн бэ

Засгийн газрын өнгөрсөн долоо хоногийн хуралдаанаар ЦЕГ-ын даргаар Тэргүүн комиссар С.Баатаржавыг томилсон билээ. Хууль сахиулах их сургуулийн захирлаар ажиллаж байсан тэрбээр цагдаагийн байгууллагад 30 гаруй жил ажиллаж байгаа юм. Түүнчлэн Хууль Сахиулах Их сургуулийн дэд дарга, хурандаа Д.Ядамдоржийг Цагдаагийн Ерөнхий газрын дэд бөгөөд Нийслэлийн цагдаагийн газрын даргаар, ЦEГ-ын тэргүүн дэд даргаар цагдаагийн хурандаа Р.Отгонжаргалыг, Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга асан цагдаагийн хурандаа З.Дашдавааг ЦEГ-ын дэд даргаар томилсон. Харин Нийслэлийн Цагдаагийн газрын дарга асан цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболдыг ЦEГ-ын Санхүү аж ахуйн газрын даргаар, ЦEГ-ын тэргүүн дэд дарга асан цагдаагийн хурандаа П.Батбаатарыг Улсын мөрдөн байцаах газрын дарга болгоод буй. Мөн Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн дарга, дэд хурандаа П.Энхбаярыг Эрүүгийн цагдаагийн газрын даргаар тус тус томилсон билээ. Тэгвэл Монголын цагдааг удирдахаар болсон дарга нарыг хэн бэ гэдгийг уншигч та бүхэнд танилцуулж байна.

ЦЕГ-ЫН ДАРГА С.БААТАРЖАВ

Тэргүүн комиссар С.Баатаржавын хувьд 1985 оноос Монголын цагдаагийн байгууллагад ажилласан туршлагатай. Жирийн мөрдөгчөөс агентлагийн дарга болтлоо тасралтгүй ажилласан гэдгийг эх сурвалжууд хэлж байв. Тэрбээр ОХУ-ын Дотоод явдлын яамны сургуулийг төгсч ирээд анх Төв аймгийн Цагдаагийн газарт мөрдөн байцаагчаар ажлынхаа гарааг эхэлж байсан түүхтэй. Удалгүй Төв аймагтаа эрүүгийн төлөөлөгч, ахлах эрүүгийн төлөөлөгчөөр хэдэн жил ажилласан юм. С.Баатаржав Дархан-Уул аймгийн Засаг даргын дэргэдэх Цагдаагийн газрын дэд даргаар ажиллаж байсан. Үүнээсээ албан тушаал ахиж Цагдаагийн ерөнхий газрын Дотоод хяналт, шалгалтны хэлтсийн даргаар томилогдож Улаанбаатарт ирсэн байдаг. Мөн эргээд Дархан-Уул аймгийн цагдаагийн даргаар очсон юм. Үүний дараа Нийслэлийн засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын дарга, Улсын мөрдөн байцаах газрын дарга, Сэлэнгэ аймгийн Засаг даргын дэргэдэх цагдаагийн газрын дарга, Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд дарга, Цагдаагийн ерөнхий газрын дарга, Хууль сахиулахын их сургуулийн захирлаар тус тус ажиллаж байсан билээ. С.Баатаржавыг Хууль зүйн сайд Ц.Нямдоржын ойрын хүн гэх мэдээлэл байдаг. Гэхдээ эгэл жирийн цагдаа нарын ажлыг ойлгож, зовлон бэрхшээлийг мэдэх хүн гэдгийг уулзсан хүн бүр хэлж байв. С.Баатаржав өмнө нь ЦЕГ-ын даргаар ажиллаж байхдаа олон зуун цагдааг орон сууцанд хямд үнээр оруулж байсан гэдгээрээ бусдынхаа дунд нэлээд ам сайтай байдаг юм байна лээ.

НИЙСЛЭЛИЙН ЦАГДААГИЙН ДАРГА Д.ЯДАМДОРЖ

Д.Ядамдорж дэд комиссар Өвөрхангай аймгийн Баян-Өндөр суманд төрсөн.Аймгийнхаа нэгдүгээр арван жилийг 1982 онд төгсч, 1983-1987 онд Нийгмийг аюулаас хамгаалах яамны Цэргийн дээд сургууль төгссөн юм. Сургуулиа төгсөөд Өвөрхангай аймагтаа хэсгийн төлөөлөгчөөр ажлынхаа гарааг эхэлж байсан аж. Д.Ядамдорж ахлах төлөөлөгчөөр есөн жил ажиллаад Булган аймгийн цагдаагийн хэлтэст эрүүгийн ажил эрхэлсэн дэд дарга, Сэлэнгэ аймгийн Мандал суманд сум дундын цагдаагийн хэлтсийн даргаар тус тус ажиллаж байжээ. Тэндээсээ Дорнод аймгийн цагдаагиин хэлтсийн даргаар томилогдож очсон байна. Дараа нь ОХУ-ын Дотоод явдлын яамны академид гурван жил суралцсан. Тэндээсээ Замын цагдаагийн дарга болон дэвшиж байсан. Замын цагдаагийн хэлтэст ажиллаж байхдаа эмх замбараагаа алдаад байсан нийтийн тээврийн салбарыг эмх журманд нь оруулж өгсөн. Мөн байнга дүрэм зөрчдөг жолооч нарт хатуухан арга хэмжээ авч байсан билээ. Д.Ядамдорж ЦЕГ-ын дэд даргаар ажиллаж байсан туршлагатай нэгэн юм. Сүүлд ШШГЕГ-ын даргаар томилогдож ажилласан. Тэрбээр ажлаа өгөх болсон шалтгаан нь цагдан хорих төвд Ашигт малтмал газрын тосны газрын дарга Д.Амарсайхан амь насаа алдсан. Үүнтэй холбоотойгоор “Хэн нэгэн хариуцлага хүлээх бол би хариуцлага хүлээхэд бэлэн байна” хэмээн мэдэгдэж байсан.

Үүний дагуу түүнийг ШШГЕГ-ын даргын албан тушаалаас буулгаж байсан. Үүний дараа Баянзүрх дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн даргаар ажиллаж байгаад ХСИС-ийн дэд захирал болсон билээ. Д.Ядамдорж мөн л насаараа цагдаагийн байгууллагад ажиллаж байсан нэгэн. Тэрбээр Замын цагдаа, ЦЕГ-т ажиллаж байхдаа “Сандлаасаа босдоггүй, өрөөнөөсөө гардаггүй дарга нарыг ажлыг нь хийлгэдэг болно” хэмээн мэдэгдэж шуугиан тарьж байсан билээ.

ЦЕГ-ЫН ДЭД ДАРГА Р.ОТГОНЖАРГАЛ

ЦEГ-ын тэргүүн дэд даргаар томилогдсон цагдаагийн хурандаа Р.Отгонжаргалын хувьд Говь-Алтай аймгийн Чандмань сумынх. Монголын үндэсний бөхийн холбооны тэргүүн Р.Нямдоржийн дүү гэдгээр нь хүмүүс андахгүй. Улсын мөрдөн байцаах газарт Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ажиллаж байхдаа нэлээд хэл аманд өртөж байсан. 2008 оны долдугаар сарын 1-ний хэрэгтэй холбоотойгоор О.Магнай, Б.Жаргалсайхан нарыг цагдан хорьж, мөрдөн байцаалт хийж байсан юм. О.Магнай ганц худагт хоригдож байгаад биеийнх нь байдал муудаж, эмнэлэгт хүргэгдэж байсан. Үүнээс үүдэлтэйгээр Иргэний хөдөлгөөний гишүүд Р.Отгонжаргалд нэлээд таагүй ханддаг. Мөн “Дедиктив” гэх нэртэй нэвтрүүлэг гарсантай холбоотойгоор прокурорт гомдол гаргаж, нэр төрөө сэргээлгэж байсан түүхтэй. Р.Отгонжаргал “Улаанбаатар” хэвлэх үйлдвэрийн хувьчлалтай холбоотой хэрэгт мөрдөн байцаагчаар ажиллаж байсан. Н.Энхбаяр болон, дэд сайд М.Тулга нарт холбогдох хэргийг шалгаж байсан юм. Ер нь УМБГ-ын эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст ажиллаж байхдаа монголын томоохон гэгдэх эдийн засгийн гэмт хэргийг шалгаж байсан. ЦЕГ-ын тусгай ажиллагааны газрын даргаар ажиллаж байгаад ийнхүү дээшээ албан тушаал ахиад байгаа юм.

УДАМ ДАМЖСАН ЦАГДАА Ж.ЭРДЭНЭБОЛД

ЦEГ-ын Санхүү аж ахуйн газрын даргаар томилогдож байгаа хурандаа Ж.Эрдэнэболд удам дамжсан цагдаа. Түүний аав Эрүүгийн цагдаагийн газрын дарга, Улсын ерөнхий прокурорын орлогчоор ажиллаж байсан Ц.Жамъянсэнгээ агсны хүү. Цагдаагийн анхан шатны нэгжээс эхлээд ЭЦГ-ын Эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, ЦЕГ-ын Гадаад харилцааны хэлтэс, Баянгол дүүргийн Цагдаагийн I хэлтэс, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын Гэмт хэрэгтэй тэмцэх асуудал хариуцсан дэд дарга, Улаанбаатар хотын Цагдаагийн газрын даргаар ажиллаж байгаа залуухан хурандаа нарын нэг.

МӨРДӨН БАЙЦААХ ГАЗРЫН ДАРГА П.БАТБААТАР

Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байгаад Мөрдөн байцаах газрын даргаар томилогдон ажиллаж байгаа хурандаа П.Батбаатар 1974 онд төрсөн, дээд боловсролтой, хуульч мэргэжилтэй нэгэн. Нийслэлийн 24 дүгээр сургуулийг төгссөн тэрбээр 1993-1996 онд Цагдаагийн дээд сургуулийг төгссөн юм. Сонгинохайрхан дүүрэг дэх цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасагт Мөрдөн байцаагч, Мөрдөн байцаах газрын Онц хүнд гэмт хэрэг мөрдөх хэлтэст ахлах мөрдөн байцаагчаар ажиллаж байсан. Мөн Сүхбаатар дүүргийн Цагдаагийн хэлтсийн Мөрдөн байцаах тасгийн дарга, Мөрдөн байцаах газрын Эрэн сурвалжлах, хулгайн гэмт хэрэг мөрдөх хэлтсийн дарга болон дэвшиж байсан. 2012-2014 онд Замын цагдаагийн газрын Дэд бөгөөд, Гэмт хэрэгтэй тэмцэх газрын даргаар ажиллаж байгаад Чингэлтэй дүүрэг дэх цагдаагийн нэгдүгээр хэлтсийн дарга болсон байдаг. Үүний дараа 2016 оны есдүгээр сараас ЦЕГ-н Тэргүүн дэд даргаар томилогдон ажилласан. П.Батбаатар онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэс, эдийн засгийн гэмт хэрэгтэй тэмцэх хэлтэст байхдаа олон ноцтой хэргийг илрүүлж байсан гэдгийг эх сурвалж онцолж байсан юм.

ЭРҮҮГИЙН ЦАГДААГИЙН ХЭЛТСИЙН ДАРГА П.ЭНХБАЯР

Дэд хурандаа П.Энхбаяр нь Цагдаагийн сургуулийг 1996 онд төгсөөд Сэлэнгэ аймагт хэсгийн төлөөлөгчөөр ажлынхаа гарааг эхэлж байсан гэнэ. Цагдаагийн байгууллагын анхан шатнаас эхэлж дээшээ дэвшин ажиллаж байгаа цөөн хүмүүсийн нэг нь П.Энхбаяр аж. 2002 онд Эрүүгийн цагдаагийн газарт ажиллаж байгаад Налайх дүүргийн цагдаагийн хэлтсийн дарга болсон байдаг. Налайх дүүргийн цагдаагийн даргаар ажиллаж байхдаа “Хаан” банкинд гурван хүн рүү буудсан А.Бат-Ялалтын хэргийг шуурхай илрүүлж байсан түүхтэй.

2014 онд Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын даргаар ажиллаж байгаад Булган аймгийн цагдаагийн хэлтсийн дарга болсон. Мөн Орхон аймаг, Сэлэнгэ аймагт цагдаагийн хэлтсийн даргаар ажиллаж байсан юм. Хөдөө орон нутагт ажиллаж байсан тэрбээр өнгөрсөн жил Баянгол дүүргийн цагдаагийн хоёрдугаар хэлтсийн даргаар томилогдож ирээд ажиллаж байсан билээ. Дэд хурандаа П.Энхбаяр Сэлэнгэ аймагт хүн шатаасан хэрэг, Хүдэр суманд нэгэн иргэнийг онц хэрцгий аргаар амь насыг нь хөнөөсөн хэргийг хурдан шуурхай илрүүлж байсан нь тухайн үедээ шуугиан тарьж байсан юм.

Categories
мэдээ цаг-үе

Хилээр хавх оруулахыг хориглоё

Ховд, Говь-Алтай, Баян-Өлгий, Увс, Завхан аймагт хууль бус ангийн гэмт хэрэг их гарч байгааг Мөрдөн байцаах газрын Байгалийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид онцолж байна. Тэр тусмаа баруун аймгийн иргэд хавхаар ан хийх нь жирийн үзэгдэл болжээ.

ЦООХОР ИРВЭСИЙГ ХАВХААР АГНАДАГ БОЛСОН УУ

Ховд аймгийн Дарви сумын нутаг дэвсгэрт 2013 оны арванхоёрдугаар сард иргэн Н.Т, Э.Б, М.А нар цоохор ирвэс агнасан хэрэг гарсныг хууль, хяналтынхан илрүүлсэн байна. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр “Бугат халиун” зоогийн газарт Х гэгч цоохор ирвэсийн арьс бусдад худалдаалах гэж байсныг цагдаагийн алба хаагчид илрүүлсэн. Сүхбаатар аймгийн Эрдэнэцагаан сумын Бичигтийн боомтоор 2014 оны аравдугаар сард Сэлэнгэ аймгийн харьяат Ч ирвэсийн хоёр ширхэг арьс хууль бусаар хилээр гаргах гэж байгаад хил гаалийнханд баригдсан байна. Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр ШШГЕГ-ын харьяа Зайсангийн хорих ангийн ойролцоо Б.Л гэгч цоохор ирвэсийн арьс худалдаалахаар авч явах үед нь Эрүүгийн цагдаагийнхан илрүүлсэн. Говь-Алтай аймгаас мөн ирвэсийн арьс, эд эрхтнийг машинаар тээвэрлэн Улаанбаатарт авчирсан бүлэг залуусыг ЦЕГ-ын Зохион байгуулалттай гэмт хэрэгтэй тэмцэх газрын Байгаль хамгаалах журмын эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн алба хаагчид илрүүлсэн байна. Энэ мэт сүүлийн гурван жилийн дотор цоохор ирвэс хууль бусаар агнасан, эд эрхтнийг нь өндөр үнээр худалдаалах гэж байсан, хил давуулан цоохор ирвэсийн арьс өндөр үнээр худалдаж авдаг БНХАУ-ын сүлжээ гэмт этгээдүүдтэй холбоотой арав гаруй хэргийг цагдаагийн байгууллагаас илрүүлсэн байх юм. Дээрх хэргийг мөрдөн шалгахад Ховд, Говь-Алтай аймгийн нутгийн иргэд ууланд хавх тавьж агнасан нь тогтоогджээ.

МАНАЙ НУТГИЙН АЙЛ БОЛГОНД 15-20 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ ХАВХ БАЙДАГ

Малчид сүүлийн жилүүдэд хавхаар ан хийх, ашиг орлого олж амьдралынхаа эх үүсвэрийг болгодог болжээ.Хавхны хууль бус ангийн талаар Ховд аймгийн иргэн Б. Гэндэнсүрэнтэй холбогдож цөөн асуултад хариулт авлаа.


-Танай аймагт хавхаар ан хийх гэмт хэрэг байнга гарч байгаа гэсэн. Бүр хавхаар тарвага агнаад жилдээ 600 гаруй арьс зардаг айл ч байгаа гэж цагдаа нар ярьж байна лээ?

-Хавхаар ан хийдэг байдал сүүлийн жилүүдэд хэрээс хэтрээд байна. Манай аймагт гэхэд зүгээр л зах дээр нь хавх зарж байна. Ширхэг нь 15-25 мянган төгрөгийн үнэтэй байгаа. Хэн дуртай нь аймгийн зах дээр очоод хавх худалдаад авч байна. Манай аймгийнхан хавхаар ихэвчлэн тарвага, зурам агнадаг. Зурамны арьс 15 мянган төгрөгийн үнэтэй байдаг. Харин тарваганы арьс 25 мянган төгрөгийн үнэтэй байгаа. Увс, Говь-Алтай, манай аймагт тарвага хавхаар агнадаг айлууд цөөнгүй бий болсон. Зундаа нэг айл 600 гаруй тарвага агнаж, арьсыг нь худалдаалсан гэх яриа ч байдаг.

Нэг айлд 3-5 хавх лавтай бий. Тарвагыг баруун аймгийн иргэд хавхаар чимээгүйхэн хядаад дуусч байна. Ховд аймагт гэхэд Монгол Алтайн нурууны ойр хавьд амьдардаг ихэнх айл тарвага агнаж, арьсыг нь ченжүүдэд өгч, амьдралаа болгож байна. Хүүхдийнхээ сургалтын төлбөр, хоол хүнсийг тарвага агнаж болгож байгаа айл олон байна даа.

-Хавх хураах аян баруун аймгуудад өрнүүлсэн биз дээ?

-Хэдэн жилийн өмнө Ховд аймгийн Манхан сумын хүүхдүүд тухайн үеийн Байгаль орчин, ногоон хөгжил, аялал жуулчлалын сайдаар ажиллаж байсан Н.Батцэрэгт захиа бичиж байсан. Хүүхдүүд Жаргалантхайрханд хавхны эсрэг аян өрнүүлсэн байдаг. Хүүхдүүдийн гаргасан судалгаагаар зөвхөн Жаргалантхайрхан уулын ойр хавийн айлуудад 500 гаруй хавх байгаа гэх судалгааг гаргаж байсан. Хавхыг малчдын хэрэгцээтэй бүтээгдэхүүн болох хувин, сав, бидон зэргээр сольж авна гэвэл малчид зөвшөөрөх байх гэж тохироод энэ талын дэмжлэг үзүүлэхийг байгаль хамгаалах байгууллагуудаас хүссэн байгаа юм.

Дэмжлэг авсан хүүхдүүд хувин, бидоноо ачаад Жаргалантхайрханд очсон. Ингээд “Хавх булаагүй ууланд хамаг амьтан жаргалтай” гэсэн аян өрнүүлэхэд хоёр сарын хугацаанд 151 хавх цуглуулж чадсан байсан. Бүр нэг айл 22 хавх өгсөн тохиолдол гарсан байна лээ. Сүүлийн гурван жилийн хугацаанд хавх хураах аян эхлүүлж, Увс, Ховд, Говь-Алтай аймгаас хоёр мянга орчим хавх хураасан байна. Нэг хавхаар хамгийн багадаа 10-20 амьтан агнадаг гэхээр маш их хор хөнөөлтэй байгаа биз. Жилдээ олон мянган амьтны амь үрэгддэг байсан гэсэн үг. Бас тарваганы хавханд дэлхийд нэн ховор цоохор ирвэс өртсөн цөөнгүй тохиолдол байна. Хоёр мянган хавх нийт хавхны 30 хувьд ч хүрэхгүй байж магадгүй гэв.

ХИЛИЙН ЦААНА ХЯМД ҮНЭЭР ХАВХ ЗАРЖ БАЙНА

Хавхаар ан хийх нь буу зэрэг бусад ангийн хэрэгслээс хор уршиг, хөнөөл нь их байдаг. Хавхаар ан хийснээс болж ан амьтад хэрхэн тарчилж, зовж үхдэг тухай олон гашуун түүх бий. Баруун аймгууд болон, Сэлэнгэ, Хөвсгөл аймаг, “Нарантуул” зах дээр хаанаас ирсэн хавх худалдаалагдаж байна вэ. БНХАУ болон ОХУ-аас хавхыг хэдэн мянгаар нь оруулж ирдэг гэнэ. Ховд аймгийн Булган хилийн боомтоор БНХАУ руу хил гарахад хамгийн ойр байх зах дээр нь хэдэн мянган хавх овоолоостой байдаг талаар иргэд ярьдаг. Монгол мөнгөөр 5-7 мянган төгрөгөөр борлуулж байдаг гэх бөгөөд олныг авах тусам үнэ нь хямдардаг гэнэ. Манай улсын иргэд хавхыг хэдэн зуугаар нь худалдаж авдаг байна. Ингээд хилээр ямар нэгэн тусгай зөвшөөрөл авалгүйгээр шууд оруулж ирдэг аж. Хилээр хавх оруулж ирж байгаагаас үүдэн хэдэн мянган амьтан зовж тарчилж үхэх зам нээгдэж байна.

Хавхаар амьтан агнахыг монголчууд хэзээнээс цээрлэж ирсэн. Хавханд орсон амьтан хамгийн ихээр зовж тарчилж үхдэг. Тиймээс хилээр хавх оруулж ирж, худалдан борлуулахыг хориглох нь хамгийн зөв гарц юм. Энэ асуудалд Байгаль орчин,аялал жуулчлалын яам, ялангуяа Гаалийн ерөнхий газар онцгой анхаарах хэрэгтэй байна.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Улстөрчид нүүрс тээвэрлэлтийг гартаа атгаж байхад төмөр замаар нүүрс гаргана гэж горьдоод ч хэрэггүй

-Б.ЧОЙЖИЛСҮРЭН, Д.БАТ-ЭРДЭНЭ, Ц.НЯМДОРЖ, Д.ЗОРИГТ НАРЫН КОМПАНИ НҮҮРС ТЭЭВЭРЛЭЖ БАЙНА-

Улстөрчид нүүрсний талаар мөн ч сайхан зүйлс ярьдаг байв. одоо ч гэсэн ярьсаар байна. “Монголчууд газрын баялаг болсон нүүрсээ “идээд” хэдэн зуун жил болж чадна. Дэлхийд гайхагдсан сайн чанарын нүүрсний орд баялаг хаа сайгүй байна. Ёстой хүрз бариад ухсан газар болгоноос нүүрс гарч байна. Бид нүүрсээ хятадуудад зарна. Маш том зах зээл биднийг хүлээж байна. Нүүрсээ л олигтой зарж чадвал иргэн бүр баяжина” хэмээн ярьдаг байсан.

Бүр уриа лоозон болгож байсан даа. Гэтэл өнөөдөр монголчууд нүүрс тойрсон хэрүүлээ хийж, дэлхийн зах зээлд хамгийн хямд үнээр борлуулж байна. Бас болоогүй ээ, яст мэлхий шиг тээврээр нүүрсээ хилээр гаргаж байна. Хэдэн ч жил нүүрсээ төмөр замаар гаргана гаргахгүй гэж хэрэлдэв. Нарийн цариг, бүдүүн цариг гээд л бие биенийхээ гаргасан шийдвэрийг үгүйсгэж , ажлыг нь зогсоосоор байгаа. Гэтэл цаана чинь Монголыг тэжээх газрын баялаг нүүрсээ хэдэн улстөрчийн компанийн автомашинаар л зөөж байна. Монголын нэр нөлөө бүхий улстөрчид нүүрс тээврийн салбарт гар хөлөө оруулж, дундаас нь их хэмжээний ашиг хүртэж байна. Үүний золионд хэдэн зуун залуус автотээврийн ослоор амь насаа алдаж, эрэмдэг зэрэмдэг болж, эрүүл мэндээрээ хохирч байна. Мөн өмнийн шаргал говьд үнсэн саарал тоос газар тэнгэртэй нийлж, байгаль орчин сүйдэж байна. Нүүрсний зам энд тэндгүй утсан хэрээс шиг болж, ан амьтан, хүн малгүй дайжиж буй.

УЛСТӨРЧИД, ХЯТАДУУД МОНГОЛЫН НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТИЙГ ГАРТАА АТГАЖ БАЙНА

Таван толгойгоос Гашуун сухайт хүртэлх 239 километр замд нүүрс ачсан машины цуваа өчигдрийн байдлаар хэдэн километрт хүрээд байгаа талаар жолооч С.Сүххуягаас утсаар тодрууллаа.


-Тавантолгойгоос хэдэн километр яваад нүүрсний зам түгжирч байна вэ. Та яг одоо гашуунсухайтын хилээс хэдэн километрийн зайд байна вэ?

-Би Гашуунсухайтын хилийн боомтоос 20 гаруй километрийн наана зогсож байна. Тав хоног түгжирч зогссоор энд ирээд байна. Хоёр юм уу гурав хоногийн дараа хил гарах байх. Хятадын хил дээр хоёр хоног найдвартай зогсоно. Би Тавантолгойн уурхайгаас гараад 100 километр яваад зогсчихсон. Түгжрэл 130 гаруй километрээс эхэлж байна. Хэдэн мянган жолооч замын түгжрэлд ороод хэцүүдэж байна. Хоолтой, хоолгүй, нойртой нойргүй л зам дээр өдөр шөнийг өнгөрөөж байна.

-Яагаад ингэж түгжрэл үүсээд байгаа юм бэ. Хятадууд нүүрс багаар худалдаж аваад байгаа юм уу?

-Энэ түгжрэл хятадуудаас болоод байгаа юм. Ялихгүй шалтгаан хэлээд л өдөрт 500 машин хилээрээ оруулж байна. Бас манай жолооч нарын буруу байгаа. Ганц модны хилийн боомтоор өдөрт 1500-2000 орчихдог байсан. Хятадын хил дөрвөн хаалгаар нүүрсний машинуудыг оруулдаг байлаа. Нэг машиныг хоёр минут хүрэхгүй хугацаанд шалгаад нэвтрэх эрх олгож, штамп дарчихдаг байсан юм. Тэгсэн одоо нэг машиныг 15 минут шалгаж байна. Гурван хаалгаа бариад нэг л хаалгаар оруулж байна. Үүнийгээ Монголын жолооч нар хууль бус зүйлс их хэмжээгээр хилээр нэвтрүүлж байгаатай холбон тайлбарлаад байгаа, Хятадын тал. Үүнээс болоод түгжрэл үүссэн. Манай хоёр жолооч хятадын хил рүү буу зэвсэг машиндаа нуугаад орчихсон юм билээ. Тэгээд хил дээр баригдчихсан гэсэн. Түүнээс хятадын хил үнэт чулуу, амьтны эд эрхтэн гээд мөнгө болгож болох бүх зүйлсийг ямар ч асуудалгүйгээр хил нэвтрүүлчихдэг юм. Хятадуудад нүүрс авах сонирхол байсан бол хилээ хааж олон мянган жолоочийг зовоохгүй байсан. Нүүрснийхээ үнийг буулгах гээд л ингээд байна гэж хардаж байгаа.

-Төмөр замаар нүүрс гаргана гэж яригдаж байна уу. Нүүрс тээвэрлэж байгаа жолооч нар амиа алдаж, эрүүл мэндээрээ хохирсоор байна шүү дээ?

-Хятадын тал хэдэн жилийн өмнө төмөр зам бариад Монголын хилд тулгачихсан. Манай талаас төмөр зам барьчих юм бол төмөр зам шууд ажилд орно гэсэн үг. Хэдэн жилийн өмнө нүүрс анх тээвэрлэж эхлэх үед дандаа БНХАУ-ын машин, хятад жолооч нар явдаг байсан. Засмал зам тавигдаагүй байсан болохоор шороон замаар явдаг байлаа. Тэгсэн гурван жилийн өмнө Зам тээврийн сайд тушаал гаргаж, “Монголын газар нутагт хятад номертой машин явуулахгүй. Хятадын компаниар нүүрсээ зөөлгөхгүй” гэсэн шийдвэр гарсан. Ингээд Монголын компаниуд нүүрс тээвэрлэж ашиг олох боломж гарч ирсэн.

Хамгийн түрүүнд мөнгөтэй гэх улстөрчид нүүрс тээврийн зах зээл рүү ороод ирсэн. Гэтэл Хятадын нүүрс тээврийн компаниудад мөнгө өгөөд өөрсдийнхөө машиныг явуулах болсон. Өөрөөр хэлбэл, монгол эзэнтэй, хятадын эрх мэдлийн машин нүүрс тээвэрлэж эхэлсэн. Компанийнх нь нэр дээр байгаа машин нь хятадуудын эд хөрөнгө байдаг. Тээвэрлэлт хийх зөвшөөрөлтэй компанийн захирал сард нүүрс тээврээс бага хэмжээний ашиг хүртээд сууж байдаг. Машины жинхэнэ эзэд болох хятадууд монгол жолооч нарыг хөлсөлж тээвэртээ явуулж байна.

-Зам нарийхан байгаагаас болж осол аваар гараад байдаг гэсэн үнэн үү?

-Тийм ээ. Өнөөдрийн байдлаар тус авто замаар зорчдог тээвэр хийх эрх авсан 92 аж ахуйн нэгжийн 5877 тээврийн хэрэгсэл байна гэсэн бүртгэл бий. Тогтмол явж байгаа нь 82 аж ахуйн нэгжийн 5600 гаруй тээврийн хэрэгсэл байна. Нэг бүр нь 85-95 тонны жинтэй, ийм олон тээврийн хэрэгсэл тэр зам дээр 24 цагаар явдаг. Энержи ресурс” ХХК-ийн хөрөнгөөр барьж, ашиглалтад оруулсан энэ зам үнэхээр нарийхан. Хоёр том машин энэ замаар 50 сантиметр буюу дэлэм хүрэхгүй зайтай зөрдөг. Нэг нь замаа шахах юм бол эсрэг урсгалын машинаа шууд мөргөнө. Хурдтай явах үед машины тал шүргэлцээд л өнгөрдөг гэв.

Тэгвэл нүүрс тээврийн салбарыг гартаа атгасан улстөрч, эрх мэдэлтнүүд байгаа цагт Монголын нүүрс хэзээ ч төмөр замаар гарахгүй юм байна гэдгийг олж мэдсэн юм. Хэн хэн гэгч эрх мэдэлтнүүд монголын нүүрс тээвэрлэлтийн салбарыг гартаа атгасан байдаг вэ гэдгийг уншигч та бүхэнд хүргэж байна. Галт тэргээр бус 120 тоннын даацтай автомашинаар нүүрсээ өдөр шөнөгүй зөөж байна. Тээврийн бизнес дээр УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэнгийн “Хурд” компани хүчтэй гэнэ. Түүний эрх мэдлийн хэдэн зуун машин нүүрс тээвэрлэж байгааг эх сурвалж онцолж байв. Мөн УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнийн “Таван толгой транс” хэмээх хоёр ч охин компани бий. Д.Бат-Эрдэнэ гишүүн нүүрс тээврийг гартаа атгасан хамгийн том улстөрч гэнэ. Таван мянга гаруй машины 30 гаруй хувийг Д.Бат-Эрдэнийн том даацын машин эзэлж байгаа аж. Түүний дараа “Монгол шуудан” банкны ТУЗ-ийн дарга асан УИХ-ын гишүүн Д.Зоригт нүүрс тээвэрлэх компанитай аж. Эдгээр нөхдөөс гадна “Монгол банк”-ны ерөнхийлөгч Л.Пүрэвдоржийн хүү П.Хангал ч энэ төрлийн бизнест хүч үздэг гэсэн яриа бий. Нүүрс тээвэрлэх бизнест гурван машинтай ч хүн байна. Гурван зуун машинтай компани ч бий. УИХ-ын гишүүн Б.Чойжилсүрэн л гэхэд 170 гаруй машинтай. Голдуу Увс аймгийн гаралтай залуус ажиллаж байдаг гэх мэдээлэл байна. Мөн УИХ-ын гишүүн Ц.Нямдорж 300 гаруй машинтай, “Модун” группын захирал Д.Хишигжаргал нэлээд машин эзэмшдэг гэх мэт нэр нөлөө бүхий хүмүүс Монголын нүүрс тээврийг гартаа атгажээ. Гэхдээ эдгээр хүмүүс Монголын нүүрс тээвэрлэлтийг эзэгнэж байхад хэзээ ч төмөр зам тавигдахгүй нь тодорхой. Төмөр замын талаар ямар нэгэн шийдэл яригдахаар өөрсдөө болон өөр хүмүүсээр хамгийн их эсэргүүцэл үзүүлдэг.

Мөн гаргалгаатай, боломжгүй мэт зүйлсийг хэвлэл мэдээллийн хэрэгслээр гаргаж, нарийн бүдүүн цариг, үндэсний аюулгүй байдал яриад эхэлдэг. Ингээд л хэдэн тийшээ талцан хуваагдаж, эцэс төгсгөлгүй хэрүүл маргаан болдог.Хоорондоо хэрэлдсэний сөрөг үр дагавраар дэлхийд монголчууд бид л хүнд даацын машинаар нүүрсээ яст мэлхий шиг удаан зөөж байна. Хэрүүл гаргаж байгаа улстөрчид нүүрс тээврээс жилдээ хамгийн багадаа 60 гаруй тэрбум төгрөгийн ашиг олдог юм байна лээ. Тиймээс өөрийнхөө эрх ашгийг нэн түрүүнд тавьж, улс эх орны эрх ашгийг сүүлд нь тавьж байна. Гарын арван хуруунд багтахаар улс төрчид нүүрс тээврийг гартаа атгаж байгаа цагт хэзээ ч төмөр замаар бид нүүрсээ зарж чадахгүй. Хэдэн зуун километр түгжирч зогсох нь гарцаагүй үнэн юм.