Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Шүүгч Н.Хангал: Хадгаламж дахь мөнгө минийх биш. Шалгуулахад бэлэн

Сая долларын хадгаламжтай шүүгчийн сэдэв олны анхаарлыг татсаар байна. Шүүхийн ерөнхий зөвлөлөөс нийтэд ил болгосон Монгол Улсын бүх шүүгчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг үзэхэд тэрбумаас дээш төгрөгийн хадгаламжтай шүүгч нэг байгаа юм. Хөрөнгө орлогын мэдүүлэгтээ тэрбумаас дээш төгрөгтэй хадгаламж мэдүүлсэн Н.Хангал шүүгчтэй ярилцлаа.


-Шүүгч болоод удаагүй хүн хадгаламждаа тэрбум гаруй төгрөгтэй байгаа талаар олон нийтийн ярианы сэдэв болж байна. Хэзээний, ямар учиртай хадгаламж вэ. Энэ талаараа тодорхой хариулт өгөхгүй юу?

-Шүүгчийн албан тушаалд томилогдоход хуулийн дагуу тодорхой шаардлага хангадаг, томилогдсоны дараа өндөр хариуцлага хүлээдэг. Хуулиар хүлээсэн энэ үүргийнхээ дагуу миний бие хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өөрийн болон хамаарал бүхий этгээдтэй холбоотой хөрөнгө орлогыг дэлгэрэнгүй мэдүүлсэн. Зарим хүний яриад байгаа хадгаламжийг тайлбарлахын тулд амьдралаа ярихаас аргагүй болж байх шиг байна.

-Шүүгч хүний хувийн амьдрал руу өнгийх эвгүй байгаа ч нийгмийн зүгээс ирж буй хяналт гэдэг талаас миний асуулт танд чиглэж байгааг ойлгоорой.

-2008 онд Нийслэлийн давж заалдах шатны шүүхэд шүүгчийн туслах, шүүх хуралдааны нарийн бичгийн даргаар ажиллаж байхад миний охин төрсөн. Охиноо төрсний дараахан Улсын Дээд шүүхэд шүүгчийн туслахаар дэвшин ажиллаж эхэлсэн. Охин маань долоон сартай дутуу төрсөн бөгөөд хүндрэлээс шалтгаалж хараагүй төрсөн болохыг нь сүүлд мэдсэн юм. Үр хүүхэд нь өвчтэй байхад ямар ч эцэг, эх эмчлүүлэхийн төлөө бүх аргаа хэрэглэнэ. Бид ч банкнаас зээл аваад Энэтхэг, Тайланд гэх зэргээр эмчилж магадгүй гэсэн бүх улсын аль гайгүй эмнэлгүүд рүү оношийг нь явуулж, эрэл сурал болсон. Эмчилгээ хийлгэхээр явахад банкнаас зээл авсан ч хүрэлцэхгүй үе байсан. Гэр бүлийнхэн, найз нөхөд ч тусалж байлаа. Солонгос, Япон, Орос гээд маш олон улс руу өвчний түүхийг нь явуулсан. Гэвч очсон, өвчний түүхийг нь судлуулсан бүх эмнэлэг мэс засал хийхгүй, найдваргүй гэдэг хариу өгсөн.

Миний хоёр эгч Америкт амьдардаг. Америк руу өвчний түүхийг явуултал “Мэс засал хийнэ. 30 хувийн магадлалтай. Гэрэл мэдэрдэг болно” гэсэн хариу ирсэн нь цорын ганц найдвар төрүүлсэн. Үр хүүхдэдээ ядаж гэрэл мэдрүүлье гээд Америк явахаар хөөцөлдөж эхэлсэн. Ингээд эхнэр, охин хоёр маань Америкт очсон. Охины минь мэс засал амжилттай болж гэрэл мэдэрдэг болсон тухай сайхан мэдээ дуулдсан. Гэхдээ “30 хувийн гэрэл мэдэрдэг болсноо хамгаалахын тулд байнгын эмчилгээ хэрэгтэй” гэсэн. Өөрөөр хэлбэл, охиныхоо төлөө гэр бүлээрээ Америк руу байнга явах зайлшгүй шаардлагын үүднээс тэндээ багагүй хугацаанд суурьшихаас аргагүй болсон. Яг эндээс нөгөө хадгаламж эхлэлтэй. Америкийн визэнд ороход банкны баталгаа, буцаж эргэж ирэх баталгаа шаарддаг шүү дээ. Төрийн албан хаагч надад банкны баталгаа үнэндээ байгаагүй. Энэ үед хадам эгч “Миний хадгаламж дээр хамтран эзэмшигч болоод банкны баталгаагаа гаргуул” гэсэн. Ингэж л одоогийн дуулиан болоод байгаа хадгаламжийн эхлэл тавигдсан. Энэ бол 2011 он буюу одоогоос долоон жилийн өмнөх үйл явдал. Нэг сая долларын хадгаламжийн хамтран эзэмшигч, Дээд шүүхэд шүүгчийн туслах хийж байсан болохоор АНУ-ын виз түвэггүй гарсан. Америкт охин байнгын эмчилгээтэй учраас байн байн нисэж, ирж очоод байх зардал мөнгө хэцүү байсан. Тиймээс би тэнд сурч, гэр бүлээрээ амьдарсан. Америкт сурахын хажуугаар ажил хийгээд, олсноороо охиноо эмчлүүлээд гадаадад байгаа монголчууд яаж амьдардаг билээ, тэр л жишгээр дөрвөн жил амьдарсан. Хуулийн чиглэлээр суралцаж төгсөөд 2015 оны дөрөвдүгээр сард Монголдоо ирсэн. Америкт байхад бага хүү маань төрсөн. Эхнэр охин хоёр тэнд, хүү бид хоёр Монголдоо ирсэн.

-Буцаад шүүхдээ ажилласан уу?

-Нэгэнт мэргэжлээрээ суралцаад төгссөн учраас шүүхийн байгууллагадаа ажиллах, цаашлаад шүүгч болох хүсэл байсан. Улсын Дээд шүүхэд очтол ажилдаа эргэж орохыг зөвшөөрсөн. Ингээд шүүхдээ дахин ажиллаж эхэлсэн.

-Хадам эгчийнхээ хадгаламжаас нэрээ чөлөөлөөгүй юу?

-Эхнэр, охин хоёр маань Америкт үлдсэн. Учир нь манай охин Америкт хараагүй хүүхдийн тусгай сургуульд явж байсан. Охины сургууль дуусаагүй, мөн гэр бүлийн хүн сургуульд сурч байсан зэрэг шалтгаануудаас болоод дахиж визэнд орох шаардлагатай байсан. Тиймээс хадгаламжийн хамтран эзэмших эрхийг цуцлуулаагүй. Ажилдаа ороод байтал шүүгчийн сонгон шалгаруулалт зарлагдсан. Шалгалт өгөөд тэнцсэн. Ингээд Ерөнхийлөгчийн зарлиг гарахыг хүлээж, Америк явахаа хойшлуулсан. Шүүгч болсныхоо дараа ажлаасаа чөлөө авч, АНУ яваад ирсэн.

-Шүүгч болохоос өмнөх, хамтран эзэмшигчтэй хадгаламж гэсэн үг үү?

-Шүүгч болохоос өмнөх асуудал. Тэр хадгаламжид байгаа мөнгө минийх биш. Тусдаа бизнестэй, тусдаа амьдралтай хүнийх болохоор тэр бүр санаад байдаггүй. Хадам эгч надад хадгаламжийнхаа баталгааг л өгсөн болохоос тэр мөнгөө хуваахгүй нь ойлгомжтой. Хадгаламжид нь орлого, зарлага хийгдсэн л байх. Түүнийг би мэдэхгүй. Шалгаад үзвэл миний гарын үсгээр хийгдсэн нэг ч гүйлгээ байхгүй.

-Та тэр хадгаламжид орлого нэмэх, зарлага гаргах эрхтэй юү?

-Ямар ч боломж байхгүй. Гүйлгээ хийх эрх зөвхөн хадгаламжийн эзэнд бий.

-Гэр бүлийнхнийгээ Америкаас авчирсныхаа дараа хадгаламжаас нь нэрээ хасуулчихаж болоогүй юм уу. Шүүгч хүний хувьд ийм хэл ам гарна гэх болгоомжлол төрөөгүй юү?

-Хасуулах гэж банкинд очсон. Заавал үндсэн эзэмшигчтэйгээ хамт очих ёстой юм билээ. Тэр үед эгч эзгүй байсан. Тэгээд л орхисон. Нэгэнт миний мөнгө биш болохоор ямар нэгэн болгоомжлол, айдас үнэндээ байсангүй. Хуулийн дагуу хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бол бүртгүүлэх ёстой.

-Бизнес эрхэлдэг хадам эгчийнхээ тухай ярих боломж бий юу?

-Тэр хүнд бизнесийн нэр хүнд гэж бий. Тиймээс дэлгэрэнгүй ярих боломж алга. Шалгаж, тодруулах бол эрх бүхий байгууллагад нэр усыг нь хэлээд тайлбарлахад бэлэн.

-Их хэмжээний хөрөнгө, орлоготой шүүгчийг орлогоо нотолж чадахгүй бол огцруулж, хуулийн хариуцлага хүлээлгэнэ гэдгийг Монгол Улсын Ерөнхийлөгч мэдэгдсэн. Танд болгоомжлол байна уу?

-Хуулийн дагуу шалгуулахад бэлэн байна.Хөрөнгө, орлогын мэдүүлгийн дэлгэрэнгүй дээр бүх тайлбар нь байгаа. Хуульч хүний хувьд шүүгч болох нь миний мөрөөдөл байсан. Би мөрөөдөлдөө хүрэхийн тулд шүүхийн жижүүр, бичиг хүргэгч, архивч, шүүх хуралдааны нарийн бичгийн дарга, шүүгчийн туслах зэрэг байж болох бүх шат дамжлагыг дамжсан. МУИС-ийн Хууль зүйн сургууль төгсөөд, Хан-Уул дүүргийн шүүх, Нийслэлийн шүүх, Улсын Дээд шүүхэд ажиллаж байгаад шүүгчийн сонгон шалгаруулалтад оролцож тэнцээд, шүүгч болсон. Шүүгч хүн байж яагаад ийм байгаа юм гэх байдлаар ажил мэргэжлийн минь нэр төр сэвтэж байгаад хамгийн их харамсаж байна.

-Нууц биш бол гэр бүлийн чинь хүн ямар ажил хийдэг вэ. Гэр бүлийнхнийхээ хөрөнгийг мэдүүлдэг учраас тодруулж байгаа юм?

-Намайг шүүгч болохоос ч өмнө Хан-Уул дүүрэгт фитнесс клуб ажиллуулдаг байсан. Тэр нь үл хөдлөх хөрөнгөтэй. Ээжийнхээ гурван өрөө байрыг зарж банкны урьдчилгаанд өгөөд зээлээр орон сууц авсан. Байр зараад, дахин байр авсан нь хөрөнгө орлогын мэдүүлгийн их хэмжээний өөрчлөлт гэдэгт ордог. Энэ мэтчилэн бүх тайлбар хөрөнгө, орлогын мэдүүлгийн дэлгэрэнгүй хэсэгт бий.

-Энэ асуудлаарх иргэдийн сөрөг хандлага, шүүмжийг та мэдэрч байгаа байх.

-Шүүгч хүн тангараг өргөсөн. Хэрэг хүлээж аваад шийдэх үүрэгтэй. Хэргийн оролцогчид хардаж байгаа бол татгалзах, шүүгчийг шалгуулах бүрэн эрхтэй. Энэ бүхнийг яриад, шуугиан болгоод байгаа хүн тун цөөн байх. Өдөр тутмын ажлаа хийгээд явж байгаа, завгүй хүмүүс ийм юм ярихгүй.Ажлаас гадна амьдрал бий. Гэр бүлийнхээ аюулгүй байдалд санаа зовж байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Эртхэн харь лүднүүд минь, миний бүх зүйлийг яриулна гэвэл хол оо хэвтэнэ

Жигжидийн Мөнхбат зурган илэрцүүдМонгол Улсын хөдөлмөрийн баатар, гавьяат тамирчин, чөлөөт бөхийн олимпийн наадмын мөнгө, ДАШТ-ний хүрэл медальт, үндэсний баяр наадамд зургаан удаа түрүүлсэн Төв аймгийн Эрдэнэсант сумын харьяат даяар дуурсагдах далай даян дархан аварга Жигжидийн Мөнхбат 77 насандаа энэ сарын 9нд бурхны оронд заларсан. Өдрийн сонины архиваас Ж.Мөнхбат аваргынд өнжиж байсан тэмдэглэлийг уншигч та бүхэнд товчлон хүргэж байна.


Мөөеө аварга руу өнгөрсөн амралтын өдрийн өглөө эрт гэгч нь утасдлаа. “За сайхан амарсан уу. Би одоо очлоо. Та босч байгаа биз дээ” хэмээн асуулаа. Тэгсэн өөдөөс “Хувхай лүд чинь хар эрт залгаад байхдаа яадаг юм. Тамир та нарыг ирнэ гээд энэ хавиар гүйгээд л байна. Би одоо л босч байна. Чамайг одоо ирэх үгүйг чинь хэн мэддэг юм” гэж хэлээд утсаа салгаж байна. Аварга өөдөөс аашилж ярина гэдгийг мэдэж байсан болохоор 50 мянгатынх нь байр руу явлаа. Их дэлгүүрийн урдхан талд Ерөнхий сайд асан Б.Цэрэндорж гуайн хөшөөний зүүн талын байрны хоёр давхарт их аварга аж төрнө. Ингээд Мөөеө аваргын гэр рүү яваад орлоо. Гэрийн эзэгтэй Тамир хаалгаа онгойлгож өгч байна. Бид ч гэрийн эзэдтэй мэнд усаа мэдэлцээд зочны өрөө рүү нь яваад орлоо.

Бөхийн удамт монголчуудын бахархал болсон Даяар дуурсагдах далай даян дархан аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, Мехикогийн олимпийн мөнгөн медальт, Жигжидийн Мөнхбатынд өнжсөн юм. Гэрийн эзэгтэй “Манайд та нар орой болтол байх юм уу. За та нар урдаа байгаа цайгаа уугаарай. Би одоохон шөл хийлээ” гээд гал тогооны өрөө рүүгээ яваад орлоо. Харин гэрийн эзэн бурхан тахилынхаа өөдөөс харсан буйдан дээр суучихаад надтай хуучилж гарлаа. Ж.Мөнхбат аваргынх 50 мянгатын гурван өрөө байрандаа олон жил амьдарч байгаа гэнэ. Том өрөөний ханаар жаазтай зураг дүүрэн өлгөөтэй. Аваргын засуулынхаа мөрийг түшээд бага зэрэг ярвайчихсан дэвж байгаа зурагнаас эхлээд зодог шуудгаа бүсэлчихсэн зураг гээд ёстой ид барилдаж, олныг шуугиулж явсан цэл залуухан үеийн зураг олон байна. Мөн аваргын отгон хүү Япон улсын мэргэжлийн сумо бөхийн 69 дэх Их аварга Хакухо М.Даваажаргалын зургууд өлгөөтэй байх. Мөн Японы эзэн хааны өгсөн сэлэм бурхны хоёр талын хананд байршжээ.

Булчин шөрмөс нь зангирсан бие дээрээ Олимпийн анхны мөнгөн медаль, ДАШТ-ээс Монголоос анх удаагаа хүрэл медаль зүүж авахуулсан зургаа ихэд нандигнадаг бололтой. Томоо гэгч нь жаазанд хийгээд хоёр медалиа хажууд нь тавьсан харагдана.

ЖИГЖИДИЙН НҮДНИЙ БУЛАЙ ИХ АВАРГА БОЛСОН ТҮҮХ

Мөөеө аваргын төрсөн нутгийг мэдэхгүй хүн ховор биз ээ. Улаанбаатар хотоос баруун тийш 200 гаруй километр давхиад хүрэх Төв аймгийн Эрдэнэсант сум. 1941 онд онд тус сумын Хадан хошуу хэмээх газар Д.Чанцал гэх хүний арав дахь хүүхэд болон мэндэлсэн гэдэг. 11 хүүхэдтэй айлын долоон хүүгийн отгон хүү. Аваргыг төрүүлэхдээ түүний ээж Д.Хажид их ядруу байж, хүүхдээ ч хөхүүлэх тэнхэлгүй байсан гэнэ. Тэгтэл ээжийнх нь гурав дахь ах Жигжид дүүгээ төрөөд ядруу байна гэдгийг дуулаад давхиж ирсэн гэнэ. Гэр орны байдал, ахуй амьдрал, нярайлаад удаагүй байгаа дүүгийнх нь байдал хүндхэн байсан учир дөнгөж төрсөн хүүг өвөртлөөд явчихсан байна. Тэр үед аваргын ээж ахдаа хандан “Ах минь ядарсан цагтаа хүүгээр минь морио ойртуулж байгаарай” гэж захиад үхрийн эврэн угж өгөөд явуулсан гэдэг. Үүнээс эхлэн ээжийнхээ ахынд өргүүлсэн Мөнхбат айлын эрх танхил ганц хүү болсон түүхтэй гэнэ. Хүүхэд насныхаа талаар аварга ингэж ярьж байна. “Би дөрөв, таван настай байсан юм шиг байгаа юм. Үнээ тугалж байсан юм. Өргөмөл ээж үнээгээ сааж дуусаад тугалыг нь тавиад хөхүүлж байхад нь нөгөө үнээнийх нь хөхийг хөхөх гэж байгаад чацга алдатлаа мөргүүлж байсан санаанаас ер гардаггүй юм. Азаар тэр үнээ мухар байсан болохоор би амьд гарахгүй юу. Эвэртэй үнээ байж таараад эврээрээ сэжсэн бол гэдсээ хүү татуу-лахгүй юу” хэмээн ярьж байна. Тэгэхээр нь таныг чинь “Жигжидийн нүдний булай хүн болохгүй” гэдэг байсан гээ биз дээ гэтэл өөдөөс “Хэн тэгж байгаа юм. Чи мэдэх юм уу” гээд инээд алдаж байна. Тэгснээ “Миний аав надад ерөөсөө үг хэлдэггүй. их эрхлүүлдэг хүн байсан юм. Ямар сайндаа авдрын араар байсан архийг арван нас хүрээгүй байхдаа ууж согтоод бууцан дээр өнхөрч ойчоод байхад юу ч хэлэхгүй хараад зогсож байдаг байсан юм. Би хүүхэд байхдаа нүгэлтэй амьтан байсан юм. Унаж яваа морио өдөрт хэдээр нь эцээгээд хаячихна. Морь унасан үедээ алхана гэж байхгүй. Улаан тоостойгоо л давхиж явна. Хонины бэлчээр дээр яваа айлын хүүхдүүдийг шоглоно. Ах нартай байнга барилдана. Үүнийг харсан нутгийнхан “Энэ Жигжидийн нүдний булай хүн болохгүй’ гэнэ. Харин аав маань намайг өмөөрөөд “Хүн болоогүй, юу болчихсон байгаа юм” гэдэг байсан юм билээ” гэж хуучлав.

Жигжидийн Мөнхбат зурган илэрцүүдЦЭЭЖ ЭНХТАЙВНЫ ГҮҮР ДАВЖ, БӨГС НЬ АР ТАЛД НЬ ҮЛДЧИХЭЭД БАЙГАА ЮМ, ТА НАР УНАХАА МЭД, УНАНА ГЭЖ ЮУ БАЙДАГ ЮМ БЭ

Мөөеө аварга 1960 онд Эрдэнэсант сумандаа түрүүлж, сумын заан цол хүртсэн байдаг. Тэр үед 18 настай байж. Харин түүний дараа жил буюу 1961 онд Монголын бүх ард түмний анхдугаар спартакиадын үндэсний бөхийн тойргийн барилдаанд босоо түрүүлж 19 насандаа Монгол Улсын заан хэмээх цолыг хүртсэн билээ. Харин 1963 он түүний хувьд үндэсний бөх төдийгүй чөлөөт бөхөд амжилт гаргасан жил байв. Цагаан сарын барилдаанд түрүүлж тэр зундаа Ардын хувьсгалын 42 жилийн ойн их баяр наадамд босоо түрүүлж Монгол Улсын арслан цол хүртсэн билээ. Тэр жил Төв аймаг байгуулагдсаны 40 жилийн ойд мөн л түрүүлж байсан үе. Төв аймагт түрүүлчихээд бөхчүүдтэй тойрч суугаад айраг ууж байхдаа “Богдхан уулын ард нь ч, өвөрт нь ч түрүүллээ. Намайг унагах амьтан гарч ирээсэй, сүүлийн үед унаж үзсэнгүй унаж үзэх юмсан. Унана гэж яадаг юм бэ” хэмээн аархаж байсан гэдэг. Аваргын ааг, омог амжилт, ухаарал авчирсан зүйл байсан гэдгийг дурсч байна лээ. Ж.Мөнхбат аварга улсын цол хүртсэний дараа нэг үе дээлээ хөөргөчихөөд ханхалзаж явдаг байсан гэнэ. Түүнийг хараад дургүйцсэн бөхчүүд “Чи наад дээлээ жаахан учиртай өмсөөч” гэдэг байж. Харин хариуд нь “Та нарын бяр их сайндаа атга атгаар ордог бол минийх хормой хормойгоор орж байгаагаас цээж Энхтайвны гүүр давж, бөгс нь ар талд нь үлдчихээд байгаа юм. Та нар унахаа мэд, унана гэж юу байдаг юм бэ” гээд л аархах. Засуулчид хажууд нь зогсох тээртэй санагдаад “Малгай тэгшхэн шиг бариад туг руу дөхөж бай. Энэ мууг нутгийнх нь зүг шидчихээд очлоо” гэх. Түүний бяр амтагдсан аархаж явсан үе дундаас Хөвсгөл аймгийн Цагаан-Үүр сумын харьяат Дархан аварга Д.Дамдинд хэлсэн үг содон. Ардын хувьсгалын 45 жилийн ойн баяраар Туул гол үерлээд наадам хэд хоног хойшилж, Спортын төв ордонд бөхийн барилдааныг үргэлжлүүлж дуусгасан гэнэ. Аварга дөрвийн давааны ам авчихаад хэзээ барилдахыг хүлээж байж. Сүхбаатар аймгийн харьяат аймгийн арслан С.Бат-Өлзийг амлаж аваад дагуулаад яваад байсан гэнэ. Өөрт нь “Чамайг авсан” гэж хэлээгүй энд тэнд хүмүүстэй уулзаад яваад байж. Тэгсэн Мөөеө аваргаас болж дөрвийн даваа эхлэхгүй их хүлээлгэсэн юм байх. Бөх, дарга цэрэггүй ууртай байж. Д.Дамдин аварга ч хүртэл уурлаж байжээ. Тэгэхээр Д.Дамдин аваргын өмнөөс “Хаях би яараагүй байхад унах чи юундаа яардаг юм” гэж аархжээ. Аварга аархсан үгэндээ хүрч үерийн жилийн баяр наадмын үзүүр, түрүүг Д.Дамдин аваргатай булаацалдаж дөрөв дэх удаагаа түрүүлж “Монгол Улсын дархан аварга гэх эрхэм цолыг хүртэж байсан түүхтэй. Наадмын зүлэг ногоон дэвжээн дээр үе үеийн аваргууд эгнээд суучихсан байх үед “За муусайн борог өвснүүд юу байна даа. Ургаж яваа ногоог амлаад унагачих чадал байна уу. Сачий чинь хүрвэл амлаад хаячих” гэж хэлснээс авахуулаад ид барилдаж явах үедээ ам хэлээрээ төдийгүй барилдаанаараа аархаж явсан үе түүнд олон бий. Түүний ааг омогтой үгнүүдийн талаар бичээд байвал барагдахгүй олон. Гурван удаа түрүүлж байж Аварга хэмээх цолыг гуйж биш гуядаж авсан. Таван жил засваргүй түрүүлсэн их аваргын ид барилдаж явсан талаар бид хөөрөлдсөөр байсан юм.

Жигжидийн Мөнхбат зурган илэрцүүдУЛСЫН АРСЛАН Л.СОСОРБАРАМ, ИРАНЫ БӨХ, ДЭЛХИЙН АВАРГА МАХТИЗИДЭГЭЭС ҮХТЛЭЭ АЙСАН

Таны айж бэргэж байсан ямар бөхчүүд байдаг вэ. Х.Баянмөнх аваргаас айж байсан уу гэж асуусан чинь “Үхсэн нохой Баянмөнхөөс хэзээ ч айж үзээгүй. Би тэрнээс айна гэвэл хол оо хэвтэнэ. Харин яаж унагах вэ гэж л бодож байлаа” гэв. Аваргын ид барилдаж байхдаа айж байсан хоёр л бөх байдаг гэнэ. Үндэсний бөхөөс Улсын арслан Л.Сосорбарамаас учиргүй их айж байсан аж. Харин чөлөөт бөхөөр бол Ираны бөх, дэлхийн аварга Махтизидэгээс жийрхсэн аж. Сооёо арслан Мөөёө аваргатай Ардын хувьсгалын 42 жилийн ойн баяр наадамд таарч барилдсан гэж байгаа. Барилдах гээд өртөл аваргын зүрх дэлсээд хөх мах нь чичрээд болж өгдөггүй бэргээд байж. Түүнийгээ Сооёо арсланд мэдэгдэхгүй гээд л хоёр гуяа гөвдрүү гартал алгадаад тойрч алхаад байж. Тэгж байж арай гэж унагаж авсан гэнэ. Харин Ираны бөх, дэлхийн аварга Махтизидэгээс 1966 онд Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн АНУ-д болох үед учиргүй их айсан гэнэ. Эхний тойрогтоо сугалаа таарч барилдах болжээ. Ингээд барилдаж гарсан байна. Хар хөлс нь цуваад ёстой айж байгаагүйгээрээ айсан гэнэ.

Ийн ярилцаад Ж.Мөнхбат аварга 12:00 цагийн алдад биднийг дагуулаад гэрээсээ гарлаа. Нартай дулаахан өдөр болж байв. Аварга энэ хавийн орон сууцнуудын манаач нартай их найз юм. Тэд нартай өдрийг өнгөрөөдөг болжээ. Хөл тааруу болсноос хойш энэ хавиар эргэлдэх болсон гэнэ. Булганы Могод сумын 50 гаруй насны жижигхэн биетэй ах байна. Түүний манаачийн өрөөнд ороод суулаа. “Энэ муу манай Түшээт хааны хошууных. Бид хэд сайхан найзална. Миний утсыг цэнэглэж өгдөг юм” гэж танилцуулав. Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн санаачилгаар олимп дэлхийн медальтай тамирчдад сар бүр мөнгөн тэтгэлэг өгдөг болсноос хойш бага охиных нь хүүхэд Мөнх-Идэртээ энэ мөнгөө зарцуулдаг гэж ярив. Харин үлдсэн мөнгөө гэргий Ө.Тамиртаа хадгалуулчихдаг байна. Тэр хавийнхан манаачийн жижигхэн өрөөгөөр орж ирээд гарахдаа “Та яасан орой гарч ирдэг юм бэ” гэх. Даваажаргал өнгөрсөн хавар эх орондоо ирээд байж байхдаа энэ хавийн хүмүүст “аавд хань болж байгаарай” гэж захиад явсан гэнэ. Өдөрт гэртээ хийх ажилгүй болохоор энэ хавийн хүмүүстэй уулзаж, элдвийг ярьсаар өдрийг өнгөрөөдөг болжээ. Өвлийн цагт бүрэнхий болтол гэртээ ордоггүй гэж байгаа. Харин зуны цагт Төв аймгийн бөхчүүдтэй бэлтгэлд хамт гарах, нутаг руугаа явах зэргээр өдрийг өнгөрөөдөг гэсэн. Түүний гар утас дуугарлаа. Монгол Улсын аварга Г.Эрхэмбаяр багш руугаа залгаж мэнд мэдэж байна. Мань эр шавьтайгаа ингэж ярьж байна. “Чи тэгээд бэлтгэлээ хийгээд л байна уу. Үхсэн тэр яадаг юм. За за тэгж байгаад ярина биз. Би завгүй байна” гээд утсаа салгав. Тэгснээ “Сэлэнгийнхэн хөвөөнийхөө морьдыг хурдан гэнэ. Боохой Данзангаа аварга гэнэ. Чи олигтойхон л байгаарай. Аварга гэдэг цол чинь тийм амар олддог эд биш” гэж Эрхэмбаярт хэлсэн хэмээн ярьж байна. Үүний дараа мөн л Монгол Улсын далай аварга Г.Өсөхбаяр залгаж байх жишээтэй. Ийн байтал өнжиж байгаа айлын эзэгтэй над руу залгаж байна. “Та нар ороод ир” гэж. Ингээд буцаад гэр рүү нь орлоо.

Би дотроо Мөнхбатыг боддог хэрнээ дургүй дүр эсгэж гүйлгэдэг байж. Эмэгтэй хүн бардам байх нь бас ч буруу биш. Би чинь их муухай ааштай, тэгээд ер нь царай өгдөггүй болохоор эргүүлэх санаатай залуус тэгсхийгээд цөхөрдөг байсан биз. Мөнхбатыг бас цөхөрвөл цөхрөхөөр гүйлгэсэн. Үнэн сэтгэлгүй бол цөхрөлтгүй тэгж хөөцөлдөхгүй шүү дээ. Өөртөө дасгаж, өөрийгөө дасгуулж байж суухыг хүсдэг байсан юм болов уу. Сэтгэлээсээ хайрласан хүний хайр харцнаас нь хүртэл мэдрэгддэг. Тэгж гүйсээр намайг ч өөртөө дасгасаар, өөрөө ч надад улам дассаар суучихсан хоёр. Хувь тавилангийн эрх жамаар учирсан юм даа” хэмээн ярив. Харин Мөөеө аварга “Наадах чинь аварга хүн эргүүлж байхад мэдэж байгаа юм алга. Араасаа их гүйлгэсэн. Сайхан л амьтан байсан. Одоо чавганц болчихоод байгаа юм” гээд инээх ажээ. Тэднийх таван хүүхэдтэй. Ууган хүү Батхуяг нь 1969 онд том охин Батцэрэн нь 1971 онд, дунд охин Батгэрэл нь 1977 онд, бага охин Баасанжаргал нь 1982 онд, отгон хүү Даваажаргал нь 1985 онд төрсөн. Одоо харин үр хүүхдүүд нийлээд 20 гараад явчихсан өнөр өтгөн айл болжээ. Даваажаргал, Баасанжаргал хоёрынх гурав гурван хүүхэдтэй гэнэ. Эндээс Даваажаргалын талаарх яриа эхэлж байгаа юм. Япон бэрдээ хэр байна даа гэж асуулаа. Тэгсэн хоёр хөгшин миний өөдөөс их том харж байна шүү. Тэгсэн аварга “Ямар байх нь чамд ямар хамаатай юм” гээд ундууцаж байна. Манай зурагчин миний өөдөөс том хараад гэрийн эздийг уурлуулчихав гэж байгаа бололтой байна шүү. Ер нь Мөөеө аваргын занг мэдэхгүй хүнд бол их сонин ааштай хүн шиг санагдана. Харин түүний ойр тойрны хүмүүс гаднаа хатуу боловч зөөлөн буулттай хүн гэдгийг мэднэ.

Жигжидийн Мөнхбат зурган илэрцүүдЭнэ айлын амьдрал шулуун дардан замаар туулж өнгөрөөгүй тухай бас хуучлаад амжив. 1990 оноос 2000 он хүртэл амьдрал хүнд байсан үе бий гэнэ. Аварга тогтсон ажилгүй. Цалин байхгүй, хүүхдүүд нь эхнээсээ оюутан болж сургалтын төлбөрийг нь төлөх гээд л олон асуудал тулгарч байжээ. Тамир эгч Мөнхбат аваргыг барилдахаас өөр зүйл огт анхаарал хандуулахгүй өдий хүрч байгааг хэлж байна лээ. Мөөеө аваргад ямар нэгэн эдийн шунал огт байхгүй гэнэ.

Мөнхбат аварга “Би олж долоохдоо тааруу. Наймаа ч хийж үзээгүй. Тамир л наана цаана гэж явсаар хэдэн хүүхдээ өсгөсөн хүн” гэж байна. Үнэхээр л түүнийг ямар нэгэн эдийн шуналгүй гэдгийг гэрт байгаа эд зүйлс хэлээд өгөх шиг. Харин бөхийн өмсгөл, дээл, малгай гээд бүгдийг нандигнан хадгалдаг юм билээ. Цэрэн аварга Мөөеө аваргын зодог шуудгийг ширж өгдөг байжээ. Хөлс үнэртсэн улаан өнгийн дугуй хээтэй зодог, шуудаг байна. Ид барилдаж явах үедээ мөн ч олон зодог шуудаг сольж байсан гэсэн.

Ингээд гэрийн эзэгтэй бидэнд зургийн цомог авчирч өглөө. Ж.Мөнхбат аварга гэрийн эзэгтэй хоёрын залуухан байхдаа морьтой авахуулсан сайхан зураг байна. Мөн гэр бүлээрээ авахуулсан зураг ч байх. Тэр дундаас Монгол Улсын аварга Д.Хадбаатарын цэл залуухан байхдаа авахуулсан зураг дурайтал гараад ирэх. Хадаа аварга Мөөеө аваргад шавиар орж тэднийд байдаг байсан гэнэ. Тамир эгчийг ажилдаа яваад ирэх үед гэр орныг нь цэмбийтэл цэвэрлээд хоол, цай хийчихсэн сууж байдаг байсан гэнэ. Тамир гуай Мөөеө аваргын араас хөөцөлдөхөөс гадна Хадаа аваргын эхнэр нь юм шиг хаана явааг нь цагдаж “Хамаагүй хүүхэнтэй уулзаж болохгүй шүү” гэж хүртэл загнаж явсан байна. “Ёстой л нэг хүүхэд шиг гэнэн цайлган явсан даа. Сайрга хөлтэй, өндөр цагаан хүүхэд шавь болж ирснээс хойш Монгол бөхийн дэвжээн дээр багш шавь болсон түүх бий. Хад айхтар газраас гарч ирчихээд хэсэг манайд байсан. Тэр үед Хулгаруудын уудаг цай гээд баавар цай их чанаж өгнө” хэмээн гэрийн эзэгтэй ярьж байна лээ.

Үнээ саалгадаггүй хоёр Мөнх гэх хоч хүртэл авч монгол бөхийн зүлэг ногоон дэвжээн дээр уран мэхийг уралдуулан хийж барилддаг байсан түүний өрсөлдөгч нь их аварга Н.Баянмөнх. Баянаа аварга нэгэнтээ “Миний хөлстэй нүцгэн биеэрээ уулзсан хоёр хүний нэг нь Мөнхбат аварга” хэмээн хэлсэн байдаг. Харин аварга маань Баянаа аваргын талаар “Манай Баянаа ерөөсөө агуу л даа. Агуу бөх хүн” гэж л хэлж байна лээ. Баянаа аваргын талаар өөр зүйл асуусангүй. Тэрээр Ж.Мөнхбат аваргынд ирэлгүй удаж байгаа гэнэ лээ. Харин хааяа утсаар ярьдаг гэсэн шүү.

Нар баруун тийш хэвийжээ. Цонхны цаана бүрэнхий болж байгаа харагдана. Цагийг эзлэн төрсөн домогт их аварга бидэнтэй хуучилсаар суув.

Өнөөгийн бөхчүүд их хүнд жинтэй, мэх муутай, хувхай төлөгнүүд болж. Барилдаж байгаа бөхчүүдийг харахаар хааяа уур хүрэх юм. Нэг л их зантай, өөхөн бөмбөгнүүд болж. Би ид барилдаж явах үед 73 килограмм л байсан шүү” хэмээн ярив. Гадаа ч бүрэнхий болжээ. Бид ч явах цаг болж хоёр хөгшин биднийг үдэн гаргаж өгсөн юм. Монгол бөхийн оноо дансанд “Аат” хэмээн олны хайр, хүндэтгэлийг хүлээсэн Ж.Мөнхбат аваргын бүтээсэн олон амжилт тодоос тод үлджээ. Тэр яах аргагүй бөхийн спортын анхдагчдын нэг.

Жигжидийн Мөнхбат зурган илэрцүүдБиднийг гарах үед “Аварга хүнээс аварга хүү төрлөө. Энэ бол төр түмний минь хишиг буян юм даа. Миний хүүхдүүдийн алба Туулын ус шиг тунгалаг, урт байг” гэж ерөөсөөр үдсэн юм. Даяар дуурсагдах, далай даян, дархан аварга, Монгол Улсын Хөдөлмөрийн баатар Ж.Мөнхбатынхаас гарч явахдаа “Аварга хүн аваргаараа төрдөг” гэсэн үг санаанд буух. Түүний “Эртхэн харь лүднүүд минь. Миний бүх зүйлийг яриулна гэвэл хол оо хэвтэнэ” гэж инээж суусан дотно дүр нүдэнд харагдана.


Categories
мэдээ цаг-үе

Дархан цаазтай бугыг төрийн тусгай хамгаалалттай газарт агнасаар байх уу

Төв аймгийн Алтанбулаг, Аргалант сумын нутаг дэвсгэр төрийн тусгай хамгаалалттай “Хустайн байгалийн цогцолбор газар”-т есөн халиун буга агнасан хэрэг гарчээ. Хууль бус анчид есөн бугыг мотоцикль, мориор хэдэн талаас нь шахаж хөөсөөр бахардуулсан байна. Үүний дараа эврийг нь хөрөөдөж, лантуугаар хуга цохиж авсан ул мөр үлджээ. Дээрх хэргийг Төв аймгийн цагдаагийн хэлтсийн мөрдөн байцаах тасаг, УМБГ-ын Байгалийн эсрэг гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийн хамтарсан ажлын хэсэг шалгаж байгаа гэнэ. Дархан цаазат амьтныг эврийг нь авахын төлөө бахардуулж алсан гэмт хэргийг сурвалжлахаар “Хустайн байгалийн цогцолбор” газрыг энэ сарын 3-нд зорьсон юм. Биднийг очих үед “Хустайн байгалийн цогцолбор газар”-ын дарга нар нийслэл хотыг зорьсон байв.

Есөн бугыг Хустайн нурууны Эхэн усны ам гэх газарт агнажээ. Хэргийн газарт очиход цогцолбор газрын байгаль хамгаалагчид, аймгийн цагдаагийн хэлтсийн гэх хүмүүс ирсэн бололтой олон машины мөр ийш тийш зурайн гарчээ. Байгаль хамгаалагчдын хэлж байгаагаар мотоцикл, морьтой хүмүүс есөн бугыг сүргээс нь тасалж хөөсөн байсан гэнэ. Багцаагаар 4-6 километр газарт хэдэн талаас нь шахаж хөөсөн бололтой гэж байв.

Хустайн нуруу орчимд өнгөрсөн жилийн наймдугаар сарын 10-ныг хүртэл улаан гантай байсан гэнэ. Оройтож орсон бороонд өвс дөрвөн хуруу ч хүрэхгүй ургасан аж. Ган ихтэй байснаас Хустайн нурууны зэрлэг амьтад олигтой тарга тэвээрэг авч чадалгүй өвөлтэй золгожээ. Гэтэл арваннэгдүгээр сараас сүүлийн арав гаруй жилийн хугацаанд ороогүй их цас орсон гэнэ. Гуу жалганд 4-5 метрийн цас хунгарлаж, тэгшхэн газраа морины дөрөөлөхөөр татсан цастай өвөл болжээ. Цогцолбор газрынхан өвс, тэжээл өгч байж арай гэж хэдэн буга, тахь зэрэг амьтдаа онд мэнд оруулжээ. Гэтэл өнгөрсөн хоёрдугаар сараас эхлэн Хустайн нурууны ойр хавиар бугын эвэрт шунасан хууль бус анчид эргэлдэх болсон байна.

Сүргээсээ тасарсан есөн буга хууль бус анчдад хөөгдөж явсаар гүн жалганд ороод бахардаж унасан нь тодорхой байгаа аж. Гэмт хэрэгтнүүд хүч чадал нь барагдаж хөл дээрээ босч чадахгүй тийчилж хэвтэх бугануудыг алаад эврийг нь хөрөөджээ. Бүр заримынх нь дагзыг цөм цохиж, эврийг нь мулт татжээ. Хэргийг шалгаж байгаа цагдаа нарын үзэж байгаагаар гэмт хэрэгтнүүд гэмт хэргээ бүрэнхий болж байхад үйлдсэн бололтой байгаа гэнэ. Эврийг нь авсан буганыхаа дэргэд тамхи татаж, сууж, хэвтэж амарсан ул мөр хэргийн газарт үлджээ. Ингээд зогсохгүй шар айраг уусан бололтой тайрсан сав, бөглөө зэрэг зүйлс байсан аж. Өөрөөр хэлбэл, гэмт хэрэг үйлдэхдээ ямар нэгэн зүйлд яарч сандраагүй, тайван сууж байгаад явсан байжээ. Үүнээс гадна гэмт хэрэгтнүүд Хустайн цогцолбор газрынхны дотоод үйл ажиллагааны талаар мэдээлэлтэй байсан байж болзошгүй аж. Тодруулбал, гэмт хэрэг гарах үед тус цогцолбор газрын удирдлагууд нийслэл рүү ажлаар явсан, байгаль хамгаалагчдын эргүүл, хамгаалалт суларсан үе таарсан гэнэ. Үүнийг хууль бус анчид овжин ашигласан байна. Анх тус цогцолбор газарт 150 гаруй буга тоологдож байсанбол өнөө жил мянга гаруй буга бүртгэжээ. Хэдийгээр бугын тоо жилээс жилд өсөж байгаа ч энэ мэт хууль бус ан тус цогцолбор газарт удаа дараа гарсаар байгаа юм. Сануулбал, тус цогцолбор газрын бүсэд 2012 онд 13 буга агнасан хэрэг гарсан билээ. Тухайн үед гэмт хэрэгтнүүд бугын цусан эвэр, чив зэргийг авахаас гадна хэзээ мөдгүй янзагалах дөхсөн согооны гэдсийг хүү татаж, савыг нь аваад явсан байсан билээ. Цагдаагийн ерөнхий газраас дээрх хэрэгт эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан. Гэвч өнөөдрийг хүртэл уг хэрэг илрээгүй. Энэ мэт ховор амьтан агнасан хууль бус ангийн хэргүүд цагдаа нарын сейфэнд хэдэн жил дарагдаж байгаад хэрэгсэхгүй болдог байдал энэ хэрэг дээр ч давтагдахгүй гэх баталгаа байхгүй юм.

“БУГЫН ЭВЭР КИЛОГРАММ НЬ 80 МЯНГАН ТӨГРӨГИЙН ҮНЭТЭЙ БАЙГАА НЬ ХУУЛЬ БУС АНЧДЫГ ГЭМТ ХЭРЭГ ҮЙЛДЭХ СЭДЭЛ ӨГЧ БАЙНА” ГЭВ

Есөн буга агнасан хэргийн талаар “Хустайн байгалийн цогцолбор газар”-ын дарга Ц.Дашпүрэв “Хустайн нуруунд 1200 халиун буга болон бусад төрлийн амьтад нутаглаж байна. Монгол Улсын хэмжээнд ойролцоогоор 6000 гаруй буга байдаг гэсэн тоо баримт бий. Нэг дор хамгийн олон буга төвлөрч нутагладаг нь Хустайн нуруу юм. Тиймээс жил бүрийн өдийд хулгайн анчид бугын ясан эвэр авахын тулд энэ амьтныг хэдэн цагаар ч хамаагүй машин, мориор хөөж бахардаж унасных дараа эврийг нь хөрөөдөж, ямар нэгэн хүнд мохоо зүйлээр мулт цохиж авдаг гэмт хэрэг гарах болсон. “Хустайн цогцолбор” газрынхан бүх хүч бололцоогоор хулгайн анчидтай тэмцэж байгаа. Гэвч өнөөдрийг хүртэл тодорхой үр дүнд хүрч чадахгүй байна. Бид өдөрт 20-30 хүнийг хамгаалалттай бүсээс гаргадаг. Ойр хавийн малчид болон залгаа сумдын иргэд мал хайх нэрийдлээр тусгай хамгаалалттын бүсэд нэвтэрдэг. Байгалийн цогцолбор газар урт 40 километр бол өргөн нь 20 километр юм. Бас санамсаргүй байдлаар, тарвага агнах гэсэн хүмүүс ч ирдэг. Зөвшөөрөлгүй ирсэн иргэн болгоныг зөрчлийн хуулиар торгох хуулийн заалттай болсон. Өнгөрсөн жилийн долдугаар сарын 1-нээс хэрэгжиж эхэлсэн Зөрчлийн тухай хуулиар хууль бусаар ан амьтан агнасан иргэдэд ногдуулах хариуцлага чангарч, торгууль шийтгэл нь ч тодорхой болсон. Тусгай хамгаалалтын газар нутгийн тухай хуулийн дүрэм журмыг зөрчиж зөвшөөрөлгүй нэвтэрсэн тохиолдолд иргэнийг 500 мянган төгрөгөөр торгоно. Харин албан байгууллага компанийг 30 хүртэлх сая төгрөгөөр торгохоор заагаад өгчихсөн байгаа. Бид одоогоор зөвшөөрөлгүй нэвтэрсэн иргэдийг торгохоос илүүтэй сануулах арга хэмжээ авч байна. Бид бугын эвэр авдаг газрууд ямар үнэтэй авч байгаа талаар хүмүүсээс сураг сонссон. Килограмм нь 80 мянган төгрөгийн үнэтэй байгаа гэсэн. Бугын нэг эвэр дунджаар 2-3 килограмм л болдог. Өөрөөр хэлбэл, хэдхэн төгрөгөөс болж дархан цаазат амьтныг олноор нь хядаж байгаа нь харамсалтай. 2012 онд гарсан хэрэгтэй холбоотойгоор цогцолбор газрын хэмжээнд арав гаруй хяналтын камер суурилуулсан байгаа. Гэсэн хэдий ч гэмт хэрэгтнүүд камергүй газраар нэвтэрч орсон байна лээ. Бүх газрыг камержуулна гэхээр хөрөнгө санхүүгийн хувьд маш өндөр зардал гараад байгаа. Эргүүл хамгаалалтаа чангатгаж, гэмт хэрэг гарахаас урьдчилан сэргийлэх олон ажил хийж байна” гэв.

“ЦАГДАА, ПРОКУРОРЫНХОН ХУУЛЬ БУС АНЧДЫН ТОЛГОЙГ ИЛЖ ЭРХЛҮҮЛЭЭД БАЙНА” ГЭВ

Төрийн тусгай хамгаалалттай газарт дархан цаазат бугыг агнасан хэрэг гарсан талаар Хустайн нурууны ойролцоо амьдардаг нэгэн эх сурвалжтай уулзаж ярилцлаа. Тэрбээр нэрээ нууцалж, хэргийн талаар мэдээлэл өгсөн юм.


-Саяхан есөн буга агнасан хэрэг гарсан байна. Гэмт хэрэгтнүүд бугыг бахардуулж агнасан байсан. Энэ талаар танд мэдээлэл байна уу?

-Хууль бус ангийн хэрэг гарсан гэдгийг мэдсэн. Хэргийн газарт очиж үзсэн. Энэ хэргийг бугын эвэр хууль бусаар худалдаалдаг сүлжээ гэмт хэрэгтнүүд үйлдсэн байна гэж үзэж байгаа. Хэрэг гарах үед харуул хамгаалалт суларсан байсныг гэмт хэрэгтнүүд мэдэж байсан байгаа юм. Шуудхан хэлэхэд байгаль хамгаалагчдын зарим нь, энэ хавийн малчид хууль бус ангийн гэмт хэрэгтний бүлэглэлд орчихсон гэдгийг онцолж хэлмээр байна. Цогцолбор газрынхан хэдийд эргүүл хийх гэж байгаа, хаана ямар камер суурилуулсан гээд бүх нарийн мэдээлэл алдагдаад байгаа юм. Үүнээс болоод тусгай хамгаалттай газарт хууль бус ангийн хэрэг гараад байна. Жил болгоныг хавар бугын эвэр түүгчид ирдэг. Бүр бугын эвэр түүгээд их хэмжээний мөнгөтэй болдог бүлэглэл бий болчихоод байна шүү дээ. Байгаль хамгаалагч нартай уулздаг, гэрт нь ирээд архи дарс уудаг, малчдын гэрээр байнга ирж очдог хэдэн хүн бий. Тэднийг шалгах хэрэгтэй байна. Энэ сүлжээг илрүүлэхгүй юм бол Хустайн нуруунд олон амьтан жам бусаар үхэж үрэгдэнэ. Шунахай сэдэлтнүүдийн буу дуу, бусармаг үйлдэл гарсаар байх болно.

-Цагдаа нар хэргийг шалгаж байгаа биз дээ. Өмнө нь хэд хэдэн буга агнасан хэрэг илрүүлж байсан санагдаж байна?

-Хустайн нурууны цогцолбор газрын байцаагчид одоогоос жил согоо бууд-сан хоёр иргэнийг барьж, Төв аймгийн цагдаад өгсөн байдаг. Тэднийг шүүх хурал болж Хустайн нурууны цогцолбор газрын байгаль хамгаалагч гэрчээр оролцсон юм. Гэтэл шүүгч нь хэрэгтнийг биш манай байгаль хамгаалагчийг яллах шахуу юм болж, “Чи байгаль хамгаалагч юм бол амьтнаа алуулахгүй хамгаалах үүрэгтэй. Үүргээ биелүүлээгүй байна” хэмээн буруутгаж байсан. Хэргийн холбогдогч сэтгэцийн өвчтэй болж, хэрэг хариуцах чадваргүй гээд уг хэргийг хэрэгсэхгүй болгосон байна лээ. Тэр үед ах, дүү хоёул явсан. Хэргийн газарт тэр дор нь цагдаагийнхан очсон. Гэтэл тэд сүүлд нь “Бид согоо алаагүй, цагдаагийнхан шуудайтай мах машинд авчирч тавиад, биднийг алсан болгож, зодож хүчээр хийгээгүй хэрэг хүлээлгэсэн” гэх мэт худал зүйл ярьсан байсан. Хэрэгт холбогдсон нөхрийн дүү нь нэг дээд сургуулийн захирал юм байна лээ. Ахыг нь хэрэг хүлээх чадваргүй, дүүг нь согоо алаагүй, зүгээр л машин барьж явсан” гээд тэднийг ямар ч шийтгэлгүй гаргасан. 2012 онд 13 буга агнасан хэрэг гарсан. Тэр хэргийг Мөнххөхий гэж хүн үйлдсэн гээд л байсан. Хустайн нуруунд гарсан хэрэгтэй холбоотойгоор баахан хүн барьсан. Бүгд ял зэмгүй л хэргээ прокурорт “сэгсэр”-чихээд явсан. Цагдаа, прокурор үнэндээ хууль бус анчдын толгой илж, эрхлүүлээд байна. Би нэг зүйлийг хэлэх үү есөн буга агнасах хэрэг хэзээ ч илрэхгүй. Цагдаа нар хэргийн газарт үзлэг хийсэн болчихоод л яваад өгсөн. Энэ хавийн ганц хоёр хүнээс байцаалт авсан байх.

БУГА АГНАСАН НЬ ТОГТООГДВОЛ 7.5 САЯ ТӨГРӨГӨӨР ТОРГОНО

Экологи, эдийн засгийн үнэлгээгээр хууль бусаар буга агнасан нь тогтоогдвол 7.5 сая төгрөгийн торгууль ногдуулах хуультай. Хохирлыг төлүүлэхдээ энэ тоог гэмт этгээдээр хоёр дахин үржүүлж төлүүлдэг журамтай. Өнгөрсөн жил батлагдсан амьтны тухай хууль өмнө нь мөрдөж байсан хуулиас арай дээр болсон ч учир дутагдал их байгааг хуульчид хэлж байв. Гэхдээ энд Хүрээлэн байгаа орчны эсрэг гэмт хэргийн тухай хуулийн 24.5 дугаар зүйлд заасан хууль бусаар ан агнах гэсэн зүйл заалтыг танилцуулъя. Нэгдүгээрт, Улсын тусгай хамгаалалттай газар нутагт зөвшөөрөлгүйгээр амьтан агнасан, барьсан, эсхүл ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүйгээр агнасан, барьсан, зориудаар тэжээж гаршуулсан, үржүүлсэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн зүйлийг хадгалсан, худалдсан, худалдан авсан, тээвэрлэсэн, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, эд, эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол таван мянга дөрвөн зуун нэгжээс хорин долоон мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар зорчих эрхийг хязгаарлах, эсхүл нэг жилээс таван жил хүртэл хугацаагаар хорих ял шийтгэнэ” гэж заасан байдаг. Хоёрдугаарт, нэн ховор амьтныг тусгай зөвшөөрөлгүй агнасан, барьсан, зориудаар гаршуулан тэжээсэн, амьдрах орчныг алдагдуулсан тэдгээрийн түүхий эдийг бэлтгэсэн, тээвэрлэсэн, хадгалсан, худалдсан, худалдан авсан, гадаад улсад гаргасан, ховор амьтны чихмэл, түүхий эд, эд эрхтэн, тэдгээрийн гаралтай түүхий эдийн цуглуулга хийсэн бол арван мянган нэгжээс дөчин мянган нэгжтэй тэнцэх хэмжээний төгрөгөөр торгох, эсхүл хоёр жилээс найман жил хүртэлх хугацаагаар хорих ял шийтгэнэ” хэмээн заажээ.


Categories
мэдээ цаг-үе

Байгаль орчин, амьтан хамгаалах үйлсийн их эзэн С.Дамдинсүрэнгийнд зочиллоо

“Ерөнхийлөгч Х.Баттулгаас Монгол Улсын Байгаль орчны гавьяат ажилтан” цол тэмдгээ гардаж аваад магнай хагартал баярласан. Гавьяатын тэмдгээ авсныхаа маргааш эхнэрийгээ дагуулаад нутаг руугаа давхичихсан даа. Хэрлэн голынхоо хөвөөн дээр баяан хөгжмөө тоглоод

“Санаанд нэг л уяа

Саа мөнгөн хэрлэн минь

Саруул уудам талаасаа

Салж ядан мяралзана” гээд л сэнгэнэтэл сайхан дуулаад хэсэг суусан. Тэндээсээ Сүхбаатар аймгийн Мөнххаан суманд очсон. Миний хүн болж хүй цөглөсөн газар Мөнххаан. Нутгийнхаа шүтээн ууландаа очиж байгаа нь тэр.

Одод ярайтал түгсэн өвлийн цэлмэг шөнө ганцаараа зогсоод туулж өнгөрүүлсэн амьдралаа дурсан бодсон. Би байгаль орчны салбарт амьдралынхаа 38 жилийг зориулж байгаа хүн шүү дээ. Сайн, муу хэлэгдэж 38 жил болохдоо ерөөсөө л байгаль, ан амьтан хамгаалсан хүн юм. Адуу янцгаахаас өөр аниргүй, дөрөөн таваг зурсан, шаргал хялгана найгасан талдаа тийм баяр тээгээд очих үнэхээр сайхан байсан. Маргааш нь Монгол төрийн гал голомт Хэрлэнгийн хөдөө арал дээр очлоо. Эзэн чингис хааны нутгийн газрын баялгийг ух гээд төр засаг гаднынханд лиценз өгчихсөн. Газрыг нь хөндөөд эхэлчихсэн үеэр “Хөдөө арал хөдөлгөөн”-ийг байгуулж тэмцсэн. Олон нөхдийнхөө хамт уйгагүй тэмцэл өрнүүлж байж ухуулалгүй авч үлдсэн газар минь юм. Олон жил тэмцэл хийж онгон байгалиар нь авч үлдсэн газартаа хүрээд сэтгэл дотроо ихэд бахтай, баяраа хуваалцах гээд очих сайхан байсан. Хэн нэгэнд яриад, тэмдгээ үзүүлээд суухаас илүү сэтгэл дүүрэх шиг санагдсан” хэмээн “Амьтны эрх хамгаалах нийгэмлэг”-ийн тэргүүн С.Дамдинсүрэн ярив. Хотын төвд уулзсан бид ийн ярилцсаар Баянгол дүүргийн III хороололд байх гэрт нь өнжихөөр очсон юм. Тэдний гэр Хотгойдын Чингүнжавын морьт хөшөөний зүүн талын угсармал цагаан байранд байдаг ажээ. С.Дамдинсүрэн гуай “Чингүнжав баатрын “Төр, үр хоёр минь мөнх оршиг” гэсэн энэ үгэнд би их хайртай. Өглөө болгон хажуугаар нь гарахдаа энэ үгсийг хардаг юм” гэсээр бид гэрт нь орлоо. Гэрийн эзэгтэй С.Оюунцэцэг “Та нарыг өглөө эрт ирнэ гэж бодоод хоол, цай бэлдчихээд хүлээгээд байлаа. Манай хүн ажил амжуулж байна гэсээр баахан хүлээлгэчихэв үү” гэсээр угтав. Хоёр ач нь өвөөгөө хаалгаар ороод ирэнгүүт л энгэрт нь асаад сүйд болж байна. Бага ач М.Сүмбэр нь “Би сая ахыг цохьчихсон. Эмээ намайг ахыгаа зодлоо гээд загнасан” гээд л хов хүргэж байна. Өвөө ч ач хүү рүүгээ ирмээд том өрөө рүү яваад орлоо. Том өрөөнийхөө ханын тавилгаар дүүрэн амьтдын баримал өрчихжээ. Бас ач, зээ нарынх нь тоглоом ч гэсэн тарвага, туулайнаас эхлээд төрөл бүрийн амьтан байх аж. Хойморт нь гэрийн эздийн 20 нас хүрээгүй цэл залуухан насыг нь авч үлдсэн гэрэл зураг өлгөөтэй байна. Бид ч үндсэн ажилдаа орж “За, Даймаа ах өөрийнхөө удам судрыг ярьж өгнө дөө. Манайд өнжье булан ийм асуултаас эхэлдэг юм” гэв.

С.Дамдинсүрэн ахын өвөг дээдэс Сүхбаатар аймгийн Уулбаян сумын гаралтай хүмүүс гэнэ. Аав Б.Содномжамцынх нь өвөг эцэг даншиг наадмын заан хүн байсан аж. Нутаг хошуундаа “Агтны банзар Раш заан” гэж хүндлэгдэн дуудагдсан сайхан гүдэс эр хүн байсан гэдгийг түүний аав хүүдээ хуучлан ярьдаг байсан ажээ. Банзар заан Богд хааны өндгөн сүргийг хариулдаг байж. Харин С.Дамдинсүрэнгийн өвөө нь Шагдарсүрэн гэж гавьж хүн байсан аж. Харин түүний аав Б.Содномжамц нутаг усандаа гайхагдсан зураач, барималч хүн аж. Сүхбаатар, Хэнтий аймгийн олон хөшөө дурсгалыг түүний аав бүтээжээ. Түүнийг зургаан настай байхад тэднийх Сүхбаатар аймгийн Мөнххаан сумаас Хэнтий аймгийн Өндөрхаан хотод шилжин ирсэн байна. Энэ талаар тэрбээр ярихдаа “Би Сүхбаатар аймгийн хүн. Гэхдээ хүмүүс намайг “Хэнтийн Даймаа” гэдгээр андахгүй мэддэг” гэв. Түүний эхнэр С.Оюунцэцэг Хэнтий аймгийн Батноров сумын гарвалтай. Тэд арван жилийн нэг ангийн хоёр юм байна. Насан туршийн амьдралаа арван жилийн сурагч байхаас эхлүүлжээ. Тэдний амьдралын эхлэл нэлээд дурсамжтайгаар эхэлж байсан гэнэ. Даймаа ах сурагч байхдаа зураг зурах авьяастай, ханын самбар хийдэг, аавынхаа мэргэжлийг өвлөж сургуулийнхаа үүдэнд сүрлэг сайхан бугын баримал хийчихсэн. Бас болоогүй цахилгаан хөгжмийн хамтлагтай, урлагийн үзлэгт ангиа төлөөлж ордог цөөн хүүхдийн нэг болчихсон, Зүүн бүсийн чөлөөт бөхийн аварга шалгаруулах тэмцээнд 57 килограммд завсаргүй хэд түрүүлчихсэн, УАШТ-д барилдаад хоёр ч хүрэл медалийн эзэн болчихсон гээд ёстой л од байсан гэнэ. Гэтэл есдүгээр ангид ордог жил нь Хэнтий аймгийн Бэрх тосгоноос хэдэн хүүхэд сургуульд нь шилжин иржээ. Тэдний дундаас дүрлэгэр алаг нүдтэй хөөрхөн охин нүдэнд нь тусаад байж. Сэтгэлийг нь татсан охинтойгоо удалгүй үерхэж, өглөө гэрийнх нь үүднээс авдаг, орой хүргэж өгдөг болжээ. Ингэж явсаар аравдугаар ангид ороод удаагүй байхдаа С.Оюунцэцэг жирэмсэн болчихсон байна. Үзэл сурталгүй, хүмүүжил байхгүй гээд л олон хүний өмнө хамтдаа загнуулж, тухайн үедээ олон хүний дургүйцлийг хүргээд авч. Мөн багш нарын хурлаар оруулахад эхнэр нь уйлж, хэргийн эзэн шилэн хүзүүгээ маажихаас өөр зүйл хийж чадахгүй зогсож байсан гэнэ. Энэ үед аав Б.Содномжамц нь хуралд ирж “Миний хүү насан туршийнхаа ханийг олсон нь буруу юм уу. Танай сургуулийн нэр хүндийг манай хүү авч явдаг. Ингэлээ гээд сургуулиас хөөх ёстой юм уу” гэж хэлжээ. Ингэж байж С.Дамдинсүрэн сургуультайгаа үлдэж, эхнэр нь амаржсан байна. Ингэснээр манай хүн өглөө эрт хүүгийнхээ даавууг угаачихаад хичээл рүүгээ гүйсээр аравдугаар ангиа төгссөн түүхтэй юм байна. Тэдний амьдрал ингэж л хүнд хэцүү цаг үеэ туулж, өдгөө хоёр сайхан хүүхэдтэй, таван ач, зээтэй болжээ.

“ЦАХИЛГААН ДАЙМАА”

С.Дамдинсүрэн чөлөөт бөхөөр чамгүй барилддаг байжээ. Зүүн бүсдээ 57 килограммд дийлдэхээ больсон байна. Түүний жинд хөдөөнөөс намхан биетэй бор хүү ирж барилдаад мөнгөн медаль авдаг байсан аж. С.Дамдинсүрэнтэй барилдаад ялагддаг байсан бор хүү Монголын Үндэсний Олимпийн Хорооны дэд ерөнхийлөгч, Москва хотноо зохион байгуулагдсан Зуны XXII Олимпийн наадмын жүдо бөхийн төрлөөр анхны мөнгөн медалийг эх орондоо авчирч, Испани Улсын Барселона хотноо 1979 онд явагдсан самбо бөхийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс насанд хүрэгчдийн болон залуучуудын дэлхийн хошой аварга цол хүртсэн, Монгол Улсын өсөх идэр начин, Ардын багш, гавьяат тамирчин, профессор Цэндийн Дамдин байсан аж. 1970 оны үед “Хэнтийн цахилгаан Даймаа” гэж нэр алдар нь түгж, өрсөлдөгч хүүхдээ хэдхэн секунтэд нам дарчихдаг овсгоотой, хөдөлгөөнтэй хүү байж. Гэсэн ч гурван жил Зүүн бүсийн аварга болсон С.Дамдинсүрэн нэг жинд барилддаг Ц.Дамдиндаа ялагдаж, Ц.Дамдин аймагтаа түрүүлж улсад барилдаад шууд улсын шигшээ багт орсон байна. Саяхан бурхны оронд одсон найзынхаа тухай тэрбээр “Миний найз надтай уулзахаараа чи бөхийн спортоо орхихгүй байх байсан юм. Чамд тив, дэлхийд амжилт гаргах боломж байсан”гэж ярьдаг байсан. Дамдин маань яах аргагүй монгол эр хүний ноён нуруу, андын түшигтэй, уул шиг сайхан эр байсан даа. Бид олон жил гэмгүй сайхан нөхөрлөсөн болохоор одоо ч сэтгэлд амьд сэрүүнээрээ инээж харагддаг юм” гэв. Түүнээс аравдугаар ангиа төгсөөд хэрхсэн тухай нь сонирхоход “Эр хүний дотор эмээлтэй хазаартай морь багтана гэдэг шиг би Барилга архитектурын ангид орж, эхнэрээ сувилагчийн сургуульд элсүүлээд авсан” гэсэн юм. Тэрбээр эхнэрээ сургуульд оруулахын тулд нэгэн танилаараа дамжуулж, багшийнх нь зуслангийн байшингийн дээврийг хар цаасалж, хонины гулууз мах өгч байсан гэнэ. Гэхдээ эхнэрээ сургуулиа төгсөх болоход мань эр сургуулиа солиод МУБИС-ийн зургийн ангид орчихжээ. Ангиа сольсон шалтгаан нь эхнэртэйгээ хамт төгсөх байсан аж. МУБИС-д сурч байх үеэс биологийн хичээлийг илтэд сонирхох болжээ. Бүр амьтдын төрөл зүйлээс эхлээд судалгаа хийж, ном, сурах бичиг унших болсон байна. Өөрөөр хэлбэл, зураач хэмээх уран бүтээлчид олддог сайхан цаг зав түүнийг амьтны ертөнцийг тухтай судлах, мэдрэхэд хамгийн их түлхэц болсон ажээ.

ХЭНТИЙ АЙМАГТ АРДЧИЛСАН ХУВЬСГАЛЫГ АНХЭХЛҮҮЛЖ 24 ЖИЛ МОАХ-ЫН ДАРГААР АЖИЛЛАЖЭЭ

Тэрбээр их сургуульд байхдаа Эвлэлийн хорооны оюутны зөвлөлийн даргаар ажиллаж байсан гэнэ. Улмаар сургуулиа төгсөөд Хэнтий аймгийн Эвлэлийн хороонд ажилд томилогдон очжээ. Ингээд Хэнтий, Сүхбаатар аймгийн Эвлэлийн хорооны Залуучуудын байгууллагын хоёрдугаар нарийн бичгийн даргаар ажиллаж байсан аж. Иргэдийн дунд явуулах үзэл суртлын ажил хийдэг байсан тухайгаа “Сайхан он жилүүд өнгөрсөн дөө, тэр үед. Эвлэлийн ажил гэдэг чинь тухайн үедээ нэр хүндтэй, бүхнээ зориулдаг сайхан ажил байлаа. Ялангуяа сэтгэл, гар нийлдэг нөхөдтэйгөө хамт ажиллана гэдэг юуг ч бүтээж болох боломж” хэмээн дурссан юм. Тэрбээр удалгүй Германд сургуульд явсан байна. Тэр үед түүний дотны найз, одоогийн “Их засаг” сургуулийн захирал Н.Ням-Осор ч мөн ЗХУ-д Консомолын дээд сургуульд явсан байна. Тэр хоёр Хэнтий аймгийн Эвлэлийн байгууллагад арав гаруй жил хамт ажиллажээ. Тэд хүүхэд, залуусыг байгаль орчны чиглэлээр үйл ажиллагаа явуулах гол ажлуудыг зохион байгуулж, байгальд ээлтэй, сэтгэлтэй залуучуудын хүрээг өргөжүүлэхийн төлөө ажиллаж байж.

Ардчилсан хувьсгалтай золгох үед С.Дамдинсүрэн Эвлэлийн хорооны нэгдүгээр дарга, Н.Ням-Осор хоёрдугаар нарийн бичгийн даргаар ажиллаж байсан гэнэ. Монгол орон даяар ардчилсан хувьсгалын шинэ салхи сэвэлзэж байх үед хоёр найз Эвлэлийн хороогоо тараагаад өрөөндөө нууцаар хурал хийж, МОАХ, МҮДХ-ийг анх байгуулсан түүхтэй юм байна. Ингээд анхны цуглаанаа хийхэд нь аймгийн залуучууд дэмжээд л бөөн сүр дуулиан болжээ. Гэсэн ч удалгүй Эвлэлийн төв хороо хуралдаж,орон нутагт МОАХ, МҮДХ-ийг үүсгэн байгуулж, хөдөлгөөн удирдсан хоёрыг ажлаас нь халчихсан байна. Гэсэн ч хоёр найз Ардчилсан хувьсгалын анхдугаар хуралд оролцож, Хэнтий аймгийн сум болгонд МОАХ-ны салбарыг байгуулж, С.Дамдинсүрэн Хэнтий аймагт анх МОАХ-ны даргаар тасралтгүй 24 жил ажилласан байна. Түүн шиг 24 жил тасралтгүй МОАХ-ны даргаар ажилласан хүн нэг ч байдаггүй гэнэ. Өөрөөр хэлбэл, тэр Монголын ардчилагчдын анхдагч төдийгүй энэ үйл хэрэгт залуу нас, амьдралаа зориулсан нэгэн юм. Одоо дурсахад ийм дурсамж задлах ч тухайн үедээ бас л хэцүүдсэн гэнэ. Энэ тухайгаа “Хэнтий аймагт Ардчилсан хувьсгал хийсэн эсэргүү хэрэгтэн С.Дамдинсүрэн, Н.Ням-Осор нар ажилгүй боллоо. Үүнээс болоод Н.Ням-Осор маань эхнэр хүүхдээ аваад Улаанбаатар хотыг зорьсон. Харин би танил талаараа яриулж байж арай гэж аймгийнхаа Ойн ангийн хэлтэст Ан хариуцсан мэргэжилтнээр ажилд ороод авлаа. Тэндээ хоёр жил ажиллаж байгаад 1993 онд “Төв жуулчин” компанитай хамтран “Хэрлэнгийн хөдөө арал” жуулчны баазыг анх Хэнтий аймагт байгуулсан. Энэ үеэс л овоо болоод ирлээ шүү” гэв. Өдгөө тус жуулчны баазад дэлхийн маш олон орны жуулчин байнга ирдэг, морин болон дугуйн аялал зохион байгуулдаг, ан агнуурын отогтой, Монголдоо дээгүүрт жишигдэх бааз болсон билээ. Тус баазыг анх байгуулж байсан тухайгаа “Би жуулчны бааз байгуулаад мандаж явлаа. Өдөр шөнөгүй гадаадын жуулчид ирнэ. Надтай хамт ардчилсан хувсгал хийж явсан гурван ч найз байлаа. Тэднийгээ ажилд авчихсан. Бид найзуудын гар хэрхэн нийлж болдгийг бусдад үлгэрлэж байлаа. Тэгсэн найзууд маань жуулчдын өгсөн архийг ууснаас болсон уу, бие нь өвдөөд ээлж дараагаараа бурхан болчихлоо. Нэг өдөр эхнэр “Чи энд байгаад байвал архичин болох юм байна. Ерөөсөө жуулчны баазаа зараад хотод очиж амьдаръя. Биеэ бодох хэрэгтэй” гэж хэлсэн. Ингээд л одоогийн “Их засаг” сургуулийн захирал Н.Ням-Осор найздаа жуулчны баазынхаа 50 хувийг зараад хотод ирсэн дээ” гэв.

ХЭРЛЭНГИЙН ХӨДӨӨ АРЛЫГ УХАХААС АВАРСАН ГАВЬЯАТАН

С.Дамдинсүрэнг хотод орж ирээд удаагүй байхад нь Эзэн чингис хааны өлгий нутаг, Монголын түүх, соёлын өв болсон Хэрлэнгийн хөдөө арал тэр чигтээ Хятадын компаниудын эзэмшлийнх болсон гэнэ. Хэзээ мөдгүй эзэн хааны нутгаа сэндийчих дээрээ тулсан байжээ.

Ардын Их хурлын тогтоолын дагуу Сайд нарын зөвлөлийн 541 дүгээр тогтоолоор Байгаль орчны яам 1987 онд байгуулагдахаас бүр өмнө байгаль хамгаалалд олон нийтийн байгууллагаар дамжуулж, иргэдийг өргөнөөр оролцуулах зорилгоор 1974 онд Монголын Байгаль Орчныг Хамгаалах Нийгэмлэг (МБОХН) байгуулсан байдаг. Тэрбээр тухайн үед уг нийгэмлэгт элсэн орж байгаль орчны чиглэлийн олон ажил хийж эхэлсэн байна. Энэ туршлага дээрээ тулгуурлан Хэрлэнгийн хөдөө арлыг аврахаар сэтгэл шулуудсан гэдэг. Улмаар “Хөдөө арал хөдөлгөөн”-ийг байгуулж тэмцэл хийж эхэлжээ. Түүнийг лиценз цуцлах хөдөлгөөн өрнүүлж, компаниудтай тэмцэлдэх үеэр олон саад бэрхшээл тулгарч байсан аж. Тухайлбал, лиценз эзэмшиж байгаа компаниуд шоронд олон жил хоригдсон хүмүүсээр дарамтлуулах гэж оролдох, их хэмжээний мөнгө амлах, хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэр төрд нь халдаж, элдэв худал гүтгэлэг явуулах зэргээр түүний үйл хэргийг зогсоохыг багагүй хичээсэн байна. Гэвч тэрбээр УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ нарын олон хүнтэй нийлж, Хэрлэнгийн хөдөө арлын байгалийн баялгийг ховх сорох гэж байсан гадаадын компаниудыг зогсоож, лицензийг нь цуцлуулж чаджээ. Үүнийгээ тэр “Тэр бол миний уул усныхаа төлөө хийх л ёстой зүйлийн маань нэг” хэмээн ярьсан юм.

Монгол тарвага сэргээн нутагшуулах төсөл. Хэнтий аймаг. Дэлгэрхаан сум. 2017 он.

ХУУЛЬ БУС АНТАЙ ТЭМЦЭГЧ

С.Дамдинсүрэнгийнх хүү, охинтой. Хүү Д.Мөнхсайхан, бэр Д.Май-Эрдэнэ хоёр нь хуулийн байгууллагад ажилладаг юм байна. Харин хүргэн О.Цацралтөр нь хувиараа бизнес эрхэлж, охин Д.Мөнхдэлгэр нь Гаалийн ерөнхий газарт ажилладаг ажээ. Д.Дамдинсүрэн “Би ганц бэрдээ их хайртай. Миний төрсөн охиноос ялгаагүй байдаг юм. Аавдаа эрхэлж, бүхнээ ярьдаг, зөвлөдөг. Бас миний хуурай дүү З.Эрдэнэбат гэж залуу бий. Надтай тасралтгүй 20 гаруй жил байгаль орчны чиглэлээр ажиллаж байна. Төрсөн дүүгээс минь ялгаагүй ижил дасал болсон. Хүн ер нь сайн хүмүүстэй учрах, ханьсах нь их хувь заяа гэж боддог шүү. Би хувь заяа сайтай хүний нэг” гэв. С.Дамдинсүрэнгийнхэн үе үе халуун ам бүлээрээ нэг дороо цуглаж, цагийг хамт өнгөрүүлдэг байна. Тэрбээр хүүхдүүдээ тойруулчихаад гитар тоглож, дуулангаа гэр бүлийнхнээ жаргалтай байхыг харах дуртай гэсэн юм. Бас ач зээ нараа эрүүл чийрэг болгож өсгөх өвөөгийн үүргээ сайн биелүүлэхийн тулд хамт дугуй унах, гүйх, амьтан хайрлах ухаан суулгахыг хичээдгээ ярьж байсан юм.

Тэрбээр огт зүгээр сууддагүй нэгэн юм. Үүнийх нь хажуугаар утсанд нь дуудлага ч их ирэх юм. Жишээ нь, “Чойрын богдод тавьсан хэдэн тарвага ичээнээс гарч байна гэнэ. Хэнтийн Галшар суманд нутагшуулсан тарвага юу болж байгаа бол. Энэ зун Алтай Таванбогдоос хэдэн тарвага авчирна. Хэдэн суманд нутагшуулна” гээд “Монгол тарвага” төслийнхөө талаар хэн нэгэнтэй ярих юм. Бас “Амьтны эрх хамгаалах” нийгэмлэгээрээ дамжуулан хууль бус антай тэмцэх, таслан зогсоох олон ажил санаачлан хийж, хэрэгжүүлсээр ирсэн билээ. Энд дурдахгүй өнгөрч болохгүй нэг зүйл нь тэрбээр Байгаль орчны багц 18 хуулийг шинэчлэн батлах багт ажилласан. Энэ тухайгаа “Олон эрдэмтэн судлаачтай хамтран боловсруулсан уг хууль Монголын олон зуун мянган амьтны амийг хамгаалж, аварч байгаагаараа ихээхэн онцлогтой. Би БОАЖЯ-ны Л.Гансүх, С.Оюун, Д.Оюунхорол, Н.Батцэрэг гээд үе үеийн сайдын зөвлөлд ажилласан. Үүнийгээ би бас л хийх ёстой ажлаа л хийж ирсэн гэж боддог. Мөн “Ногоон хөгжлийн бодлого”, Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” гээд л УИХ-аас баталсан байгаль орчин руу чиглэсэн олон асуудалд гар бие оролцож явна. Үүний хажуугаар хөдөө орон нутаг, байгаль хамгаалагч нарт сургалт, амьтан хамгаалах талаар мэдлэг олгох, иргэний нөхөрлөлүүдээр дамжуулж зэрлэг амьтан өсгөн үржүүлэх гээд завгүй их ажилтай” гэсэн юм. Үнэхээр л тэрбээр байгаль орчин, ан амьтныг үнэн голоосоо хайрлаж, хамгаалах хүсэл зорилготой нэгэн. Тэр өөрийнхөө энэ хүсэл зорилго өөд үргэлж тэмүүлж явдаг юм байна лээ. Эхнэрийнхээ цалин, гэрийнхээ үнэт эдэлийг барьцаанд тавиад, мөнгөөр нь шатахуун хийгээд байгаль, амьтнаа хамгаалахаар сэтгэл шулуудан гардаг түүний сэтгэлийг Монголын төр үнэлсэнд ойр дотны хүмүүс нь их л баяр хөөртэй байна лээ. Ач, зээгээ эрхлүүлж, үр хүүхдүүдээ хүний зэрэгтэй авч яваа С.Дамдинсүрэнгийнд ийнхүү нэгэн өдөр хууч хөөрч өнжив. Тэрбээр “Байгаль орчин, ан амьтан хамгаална гэдэг хүнээс их тэсвэр тэвчээр шаардах хатуу салбар. Байгалиа, амьтнаа хайрлаж чаддаг хүн хамгаалахын төлөө юу ч хийхээс буцахааргүй болчихдог юм байна” хэмээн ярьж байна лээ. Ороод гарахад зочломтгой, инээд цалгисан,аз, жаргал, хайр халамж дүүрэн эгэл даруухан айл байдаг даа. Олны дунд “Амьтны Даймаа” хэмээн дуудагддаг С.Дамдинсүрэнгийнх тийм л айл ажээ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Биткойн худалдаж аваад мөнгөө алдвал таны хохь болно

-ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГА БИТКОЙНЫГ ОЛОН УЛС ДАМНАСАН ЗАЛИЛАНГИЙН ЦАХИМ ГЭМТ ХЭРЭГ ХЭМЭЭН ҮЗЭЖ БАЙНА-

Сүлжээний бизнес нэрээр хэдэн тэрбум төгрөг иргэдээс залилдаг онц ноцтой гэмт хэрэг дэлхий нийтэд төдийгүй Монголд түгээмэл гарах болсон. Пирамид зарчмаар явагддаг сүлжээний гэмт хэргээс эхлээд цахим төрлийн гэмт хэргүүд шил шилээ даран гарсаар байна. Одоогоос дөрвөн жилийн өмнө “Эрүүл амьдралын төлөө хөгжлийн хөтөч” төрийн бус байгууллага нэрийн дор “Иргэдийг автомашинтай болгоно, орон сууцжуулна” гэж залилан, 200 гаруй иргэнээс 574 сая 750 мянган төгрөг авсан хэрэг гарсан. Энэ хэргийн хохирогчид УМБГ-ын үүдээр дүүрч, гэмт хэрэгтнүүдээс мөнгөө авах гэж хэд хоног зогсож байв. Харин өнгөрсөн жил Казакстан улсаас ядуурлыг бууруулах зорилготой Монголд орж ирсэн “Жи Тайм” сүлжээ гэгдэх гэмт хэрэг гарсан. Уг сүлжээний улмаас 500 гаруй хүн дөрвөн тэрбум төгрөгөөр хохирсон билээ. “Жи Тайм” корпорацийн Монгол дахь албан ёсны салбарын ерөнхий захирал Ж.Маратыг өнгөрсөн 2016 оны хоёрдугаар сарын 12-нд “Чингис хаан” Олон улсын нисэх онгоцны буудлаас хил гарах гэж байхад нь Эрүүгийн цагдаагийнхан баривчилсан байдаг. Харин түүний эхнэр их хэмжээний мөнгөө аваад хил даван зугтаасан билээ. Ах, дүү хамаатан садан, ажлын найз нөхдөөс эхлээд маш олон хүн энэ хэргийн хохирогч болж, хүн тус бүр 130 мянгаас 190 сая хүртэл төгрөг өгсөн гэдгээ хууль хяналтынханд мэдүүлсэн байдаг.

БИТКОЙНЫ ГҮЙЛГЭЭГ ХУУЛЬ ХЯНАЛТЫН БАЙГУУЛЛАГЫНХАН ШАЛГАЖ БАЙГАА ГЭВ

Тэгвэл өөр төрлийн сүлжээний хэлбэрийн нэгэн гэмт хэрэг Монголд ид хүчээ авч, эхэлсэн бололтой. Одоогоор хохирогч байхгүй гэгдэж байгаа ч гадаадын томоохон бүлэглэл бүхий гэмт хэрэгтнүүдийн оролцоотой биткойн хэмээн нэрлэгдээд байгаа цахим мөнгө нэлээд дэлгэрээд байгаа. Энэ талаар хууль хяналтын байгууллагынхан “Биткойн гэх цахим мөнгө гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй. Манай улсын томоохон эдийн засагчид болон улстөрч, бизнемэнүүд уг мөнгийг Монголд оруулж ирж, зарим төрлийн гүйлгээнд нэвтрүүлж эхлээд байна. Сүүлийн үед хэвлэл мэдээллийн хэрэгслээр дамжуулан ард иргэдэд биткойны талаар маш их мэдээлэл зохион байгуулалттайгаар тарааж байна. Эндээс эхлээд хууль хяналтын байгууллагад хяналт шалгалт хийж байгаа. Одоогоор манай улсын амьдралын боломж дээгүүр түвшний олон хүн биткойны хувьцаа худалдан авч, ашиглаж байгаа. Гэхдээ амар хялбар аргаар мөнгө олох боломж байна гэдэг нь цаанаа гэмт хэрэг, хууль зөрчсөн үйлдлийг дагуулж байдаг. Монголчууд сүлжээний бизнест өөрсдөө элсэн орж хохирчихоод дараа нь цагдаа ажлаа хийсэнгүй гэх зүйл ярьдаг. Энэ удаад ч гэсэн биткойнд болгоомжтой сэрэмжтэй байхыг анхааруулж байна. Хэн нэгэн их хэмжээний мөнгөөрөө биткойн худалдаж аваад алдлаа гэхэд хариуцлага хүлээлгэх боломж байхгүй гэдгийг сануулж байна. Өөрөөр хэлбэл биткойн худалдаж аваад мөнгөө алдсан бол таны хохь болно. Хууль хяналтын байгууллага хэргийг шалгасан ч мухардалд орно гэдгийг онцолж байв. Хууль хяналтын байгууллагынхны хэлж байгаагаар биткойн гэдэг нь цахим гэмт хэргийн шинжтэй байгаа ” гэв.

1500 ХҮН БИТКОЙНЫ ДАНС НЭЭЖЭЭ

монголчууд биткойныг сонирхож эхлээд гурван жил болж байгаа ч өдгөө 1500 хүн цахим мөнгөний бирж болох trade.mn-д данстай болж, арилжаанд оролцож байгаа аж. Биткойн цахим мөнгөний талаар Монголд энэ үйлчилгээг эхлүүлж буй www.trade.mn цахим мөнгөний биржийн төслийн зохицуулагч Г.Лхамсүрэн “Биткойн бол блокчейн технологи дээр үндэслэгдсэн цахим мөнгө. Блокчейн технологи нь ил тод, аюулгүй, нууцлалын зэрэглэл өндөр технологи. Биткойн бол санхүүгийн хэрэгсэл, пирамид биш. цэвэр технологи дээр суурилсан хөрөнгө оруулалтын хэрэгсэл” хэмээн ярьсан. Харин Биткойн.ком сайтын захирал Стерлин Луяан “Биткойноос мөнгөө алдсан тохиолдолд хариуцлага үүрэх ганц этгээд нь тэр хүн өөрөө. ямар нэгэн хандах байгууллага байхгүй. Монголчуудад хандаж хэлэхэд маш их боломж байна. Биткойн хүн бүхэнд зориулагдсан зүйл. Биткойнд том хэмжээний хөрөнгө оруулалт хийж, алдагдал хүлээх хэмжээнд очиж болохгүй. Харин өдөр тутмын амьдралдаа санхүүгийн хувьд эрх чөлөөтэй байх талаас нь ашиглавал зүгээр болов уу. Биткойнд тухайн улсаас нь хууль, эрх зүйгээр зохицуулж, хянах шаардлага байхгүй. Биткойн бол нууцлалын маш өндөр зэрэглэлтэйгээрээ бусад цахим мөнгөнөөс ялгаатай. Иймээс та биткойныхоо нууц үгээ санамсаргүй байдлаар алдах, мартах, хэн нэгэнд харуулсан тохиолдолд эргэн сэргээх эсвэл биткойноо эргүүлэн олж авах боломж байхгүй. Өөрөөр хэлбэл, нууц үгээ алдсан тохиолдолд ямар ч найдвар байхгүй гэсэн үг” гэсэн удаатай.

АРВАН МЯНГАН ТӨХӨӨРӨМЖ НИЙСЛЭЛД СУУРИЛУУЛЖЭЭ

Монголын хилээр биткойн олборлох зориулалттай 2500 төхөөрөмж өнгөрсөн онд оруулж иржээ. Өнгөрсөн нэгдүгээр сард арван мянга орчим төхөөрөмж нэмж авчирсан гэдгийг холбогдох хүмүүс хэлж байгаа. Монголд интернет, эрчим хүчний үнэ хямд байгаа нь биткойн олборлох гол давуу тал болно хэмээн албаныхан тооцоолж байгаа аж. Биткойн олборлогч АТМ нь сард дунджаар 200 гаруй мянган төгрөгийн цахилгаан зарцуулдаг байна. Уг тоног төхөөрөмжүүдийг ТЭц IV станцын ойр хавьд байршуулж эхэлсэн гэх мэдээлэл байна. Өөрөөр хэлбэл, цахилгаан доголдож, тасардаггүй газарт тоног төхөөрөмжөө байршуулах ёстой гэнэ. Иймд хилээр оруулж ирж байгаа компани цахилгаан станц бараадуулж байгаа аж. Гарт баригдаж нүдэнд харагдахгүй цахим мөнгө гэгч зүйл монголчуудын сонирхлыг нэлээд татаж байна. Дэлхий дээр өдгөө 200 мянга гаруй үйлчилгээний байгууллага биткойноор үйлчилж байгаа аж. Ард санхүүгийн нэгдлийн гүйцэтгэх захирал Ч.Ганхуяг, Криптовалютын цахим бирж болох www.trade.mn-ийн ТУЗ-ийн гишүүн Г.Лхамсүрэн нар биткойны талаарх мэдээллийг иргэд төдийгүй хэвлэл мэдээллийнхэнд илүүтэй хүргэхийг хичээж буй. Гэхдээ цахим мөнгөө алдсан тохиолдолд бид хариуцлага хүлээхгүй гэдгээ ч давхар хэлж байна лээ. Өөрөөр хэлбэл, “Биткойноор гүйлгээ хийх нь эрсдэлтэй, хариуцлага нэхэх компани, аж ахуйн нэгж, байгууллага байхгүй. Гэхдээ л хэрэглэ” гэж байгаа нь өөрөө асар их эрсдэл дагуулж байгааг мартаж болохгүй. Учир нь сүлжээний луйврууд яг ийм хэлбэрээр, илүү олон хүн элсүүлж, илүү их мөнгө амлаж байгаад нэг л өдөр бүгдийг нь хамж аваад ор сураггүй оддог билээ.


Categories
мэдээ цаг-үе

Хамгийн их хөрөнгө, орлоготой шүүгчдийн нэрс тодорлоо

-ӨНДӨР ЦАЛИНТАЙ ШҮҮГЧИД БАНКНААС ЗЭЭЛ АВЧ, ГАР УТАС ЛИЗИНГЭЭР АВЧЭЭ-

“Цензургүй яриа” нэвтрүүлгийн ээлжит дугаарт УИХ-ын гишүүн Х.Нямбаатар оролцсон билээ. Тэрбээр “Таван настай хүүхдийнхээ дансанд 500 сая төгрөг, өөрийнхөө дансанд нэг сая ам.доллартай шүүгч бий. Намайг ингэж хэлсний дараа Шүүхийн ерөнхий зөвлөлөөс мэдэгдэл гаргах байх. Тэглээ гээд би зогсохгүй. Цаг нь болохоор АТГ-т шалгагдаж байсан энэ асуудлыг баримттай нь ил болгоно. Захиргааны хэргийн шүүхийн шүүгч нар хөрөнгөжсөн. Анхан шатны шүүх дээр 50 мянган ам.доллар, давж заалдах шатны шүүх дээр 100 мянган ам.доллар, хяналтын шатны шүүх дээр 200 мянган ам.долларын авлига авдаг яриа явчихлаа” гэсэн юм. УИХ-ын гишүүний хийсэн ноцтой мэдэгдэлтэй холбоотойгоор Шүүхийн ерөнхий зөвлөл шүүгчдийнхээ хөрөнгө, орлогын мэдүүлгийг олон нийтэд ил болгосон юм. Шүүхийн ерөнхий зөвлөлийн www.judcouncil.mn цахим хуудасны http://judcouncil.mn/hashom2016.html хэсэгт Монгол Улсын бүх шатны шүүхийн шүүгчийн хөрөнгө, орлогын мэдүүлгийг өчигдөр байршуулжээ. Монголын бүх шүүгч ямар эд хөрөнгөтэй, шүүгчдийн хамгийн их хөрөнгөтэй нь хэн болох, мөн хөрөнгө мөнгө тааруу, нэр дээрээ ямар нэгэн эд хөрөнгө байхгүй хэн гэдэг шүүгч байгааг олон нийтийн өмнө ил гаргасан юм. Шүүх засаглалыг шударга, хараат бус байлгах зорилгоор одоогоос хэдэн жилийн өмнө шүүгч нарын цалинг нэмсэн билээ. Өдгөө шүүгчид сард 3.5-4 сая төгрөгийн цалин авч байгаа билээ.

АТГ-т 2017 онд шүүгч нарын өгсөн хөрөнгө орлогын мэдүүлгээс дараахь ажиглалтыг хийж үзэв. Тэнд байгаа мэдээллээр Монголын ихэнх шүүгч өрнөөс өр, зээлнээс зээлийн хооронд амьдардаг юм байна. Цалингийн зээлнээс эхлээд орон сууц, гар утас, банк бус санхүүгийн байгууллагад өр тавьдаг юм байна. Ер нь өр зээлгүй шүүгч гарын арван хуруунд багтахаар цөөхөн байна лээ. Шүүгчдийн хөрөнгөө мэдүүлсэн байдлаас харахад ихэнх нь 0.7 га газартай, суудлын машинтай байх юм. үүнээс өөр хөрөнгө байхгүй шүүгч олон байна лээ. Мөн ихэнх шүүгч малтай. Тэр тусмаа хот, хөдөө гэлтгүй хурдан удмын адуу 21 аймаг, есөн дүүргийн шүүгчдийн нэр дээр байх юм. Хурдан адуутай байгаа нь хэн нэгнээс бэлгэнд авсан байж магадгүй байна. бүр цаашилбал, авлига авсан байж ч магадгүй гэх хардлага төрөхөөр байв. Шүүгчид хөрөнгө орлогын мэдүүлэгтээ бурхан тахил, алт монетон эдлэл, хөөрөг, мөнгөн аяга тэргүүтэй эд зүйлсээ мэдүүлжээ.

УЛСЫН ДЭЭД ШҮҮХИЙН ШҮҮГЧ Ч.ХОСБАЯР ОРЛОГООРОО ТЭРГҮҮЛЖ, Д.ГАНЗОРИГ БУУНЫ ЦУГЛУУЛГАТАЙ ГЭДГЭЭ МЭДҮҮЛЖЭЭ

Ингээд уншигч та бүхэнд хамгийн олон малтай, хамгийн их үнэт эдлэлтэй, их хөрөнгө мөнгөтэй, өр зээлтэй шүүгчдийг танилцуулж байна. Тодруулахад, энэ жагсаалтыг зөвхөн АТГ-т өгсөн хөрөнгө орлогын мэдүүлгээс харж хийсэн болно. Улсын дээд шүүхийн хамгийн их орлогтой шүүгчээр ч.Хосбаяр тодорчээ. Түүний өөрийнх нь жилийн орлого гэхэд 248392.08 сая төгрөг хэмээн мэдүүлжээ. Харин гэр бүлийн орлого нь 75759.04 төгрөг гэжээ. Тэрбээр “даянпан” ХХк, “үнэн итгэл” ббсб-т хувьцаа эзэмшдэг юм байна. Хөрөнгө орлого ихтэй шүүгчийг толгойлж байгаа мөртлөө “бичил санхүүгийн хөгжлийн сан”, “Таван богд” ХХк, “Хаан” банкид өр зээлтэй хэмээн мэдүүлжээ.

Сүүлийн хэдэн жил хөрөнгө орлогын мэдүүлгээр хамгийн их орлоготой төдийгүй хамгийн их хадгаламжтай шүүгчээр Ц.Амарсайхан тодорч байсан. Тэгвэл өдгөө ч.Хосбаяр нэгдүгээрт болсон бөгөөд түүний араас Д.Цолмон, б.Цогт нарын ерөнхий шүүгч их хэмжээний хөрөнгө орлогоороо удаах байруудад оржээ. Түүнчлэн Улсын дээд шүүхийн ерөнхий шүүгч Ц.Зориг ямар нэгэн өр зээл тавиагүй гэдгээрээ сондгойрч байв. Түүний жилийн орлого 79133.3 төгрөг бол 182 хоньтой, 64 адуутай, 36 үхэртэй юм байна. Мөн мөнгөн эмээл, мана, хаш хөөрөгтэй юм байна. үүний дараа олны анхаарлыг татахаар эд хөрөнгөтэй шүүгч гэвэл Д.Ганзориг шүүгч юм. Монголын шүүхийн байгууллагад олон жил ажиллаж байгаа тэрбээр 48316.03 сая төгрөгийн жилийн орлоготой бол Лexus 470, ланд 80, приус, дээр үеийн Газ 66 машинтай юм байна. Мөн калибр, вепрь, ТТ, чех карбин гээд бууны бүрэн цуглуулгатайгаа мэдүүлжээ. Харин Х.эрдэнэсувд шүүгч шүрэн толгойтой хаш, манан, гартаам гэсэн гурван ч үнэтэй хөөрөгтэй аж.

Н.ХОНИНХҮҮ АЛМААЗАН ШИГТГЭЭТЭЙ ЭЭМЭГТЭЙ БОЛ ХАМГИЙН ИХ ХУВЬЦАА ЭЗЭМШДЭГ ШҮҮГЧЭЭР Д.БААТАРХҮҮ ТОДОРЧЭЭ

Захиргааны хэргийн давж заалдах шатны шүүгчид эд хөрөнгө, орлого мөнгө ихтэй аж. Н.Хонинхүү шүүгч гэхэд бенз Жи 500 машинтай, чун манан хөөрөгнөөс гадна японы микото брэндийн алзмаазан шигтгээтэй сувдан ээмэгтэй гэнэ. энэ ээмэг Монголын шүүгч эмэгтэйчүүд төдийгүй үнэтэй ээмэг бөгж сонирхдог хүрээнийхэн дунд нэр алдар нь түгсэн гэсэн. Д.Баатархүү шүүгч хуучны гурван баатрын үнэ бүхий уран зурагтай, гаанс, сүүжин ээмэг, хаш хөөрөгтэй бол “эрдэнэс таван толгой”, “Ай түүлс”, “АПУ”, “Женко тур”, “Говь”, “сүү” гэх мэт Монголын толгой компаниудад хувь эзэмшдэг, хамгийн олон хувьцаатай шүүгч юм байна. Шүүгч Ц.Мөнхзул хурдан удмын есөн адуутай гэнэ. Мөн Захиргааны хэргийн Д.Оюумаа шүүгч алтадсан бурхнаа хөрөнгө орлогын мэдүүлэгтээ өгчээ.

ХАН-УУЛ ДҮҮРГИЙН ШҮҮГЧ Д.МӨНГӨНТУУЛ 500 ҮХЭРТЭЙ

Дүүргийн шүүгчдийн хөрөнгө орлогын мэдүүлгээс харахад баянзүрх дүүргийн иргэний хэргийн анхан шатны шүүхийн ерөнхий шүүгч С.Амардэлгэр Төрийн банк, Улаанбаатар банк, Хаан банк, Хас банк, кредит банк, “Газар капитал”, Партнерс ББСБеаас зээл авчээ. Өөрөөр хэлбэл, хамгийн их зээл авсан шүүгч болоод байгаа юм. Харин Хан-Уул дүүргийн шүүгч Д.Мөнгөнтуул хамгийн олон малтай, бүр таван хошуу малтай шүүгч юм байна. Тэрбээр хурдан удмын арван адуутай, бог мал 150, 100 адуутай, 500 үхэртэй юм байна лээ. Монголын олон үхэртэй хүмүүсийн нэг нь Д.Мөнгөнтуул шүүгч байх боломжтой ажээ. Түүнчлэн Сонгинохайрхан дүүргийн шүүгч Г.Нямсүрэн дүүрэгтээ хамгийн их эд хөрөнгөтэй, хувьцаа эзэмшдэгээ нуулгүй мэдүүлжээ. Харин Баянзүрэх дүүргийн шүүгч Ц.Мөнх-Ардэнэ алтан бөгж, гинж, бүрберрий брэндийн бугуйн цагаа хөрөнгөндөө мэдүүлжээ.

АРХАНГАЙ АЙМГИЙН ШҮҮГЧ Т.БАДРАХ ОЛОН КОМПАНИЙН ХУВЬЦАА ЭЗЭМШИГЧ

Хөдөө орон нутгийн шүүгчид төв суурингийнхныг бодвол газар, мал ихтэй юм байна. Орхон аймгийн ерөнхий шүүгч С.Отгонцэцэг гэхэд нэр дээрээ 3500 м2, 500 м2, 641, м2, 750 м2 тус тус газартай юм байна. Өөрөөр хэлбэл, хамгийн их хэмжээний газар нутаг эзэмшиж байгаа шүүгчээр С.Отгонцэцэг шүүгчийг нэрлэж болох юм. Харин Төв аймгийн шүүгч Ч.Одсүрэн, Д.Зоригтбаатар нар хамгийн олон үхэр, адуутай нь гэж болохоор юм. Мөн Өвөрхангай аймгийн захиргааны хэргийн шүүгч Б.Батчимэг 2500 гаруй м2 газар эзэмшиж байсан. Харин хөдөө орон нутгийн шүүгчдээс Арханхангай аймгийн шүүгч Т.бадрах “багануур” Хк, “Их дэлгүүр” Хк, “Женко” тур бюро, “Герменс центр”, АПУ гэх газруудад хувьцаа эзэмшдэг юм байна. Хөдөө орон нутгийн шүүгчид дунд газаргүй, мал байхгүй, машин ч байхгүй 20 гаруй шүүгчийн нэр харагдав.Сүүлийн жилүүдэд АТГ-т хөдөө орон нутгийн иргэдээс “Шүүгчид иргэдээс мал, газар зэргийн авлига авч байна” гэх гомдол тасрахгүй ирдэг болсон. Гэхдээ шийдэгдсэн нэг ч хэрэг байдаггүй юм байна лээ. Монголын шүүгчид эд хөрөнгө, үл хөдлөх хөрөнгө ихтэй, жилийн орлого өндөр гэдэг нь өөрсдийнх нь өгсөн мэдүүлгээс бэлхнээ харагдаж байв. Гэхдээ УИХ-ын гишүүн Х.Нямбаатарын хэлээд байгаа шиг хэдэн сая ам.долларын орлогоо мэдүүлсэн шүүгч алга байна лээ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Г.Эрдэнэбат: С.Зориг агсныг хөнөөсөн хэргийг илрүүлсэн нь зарим хүнд тааламжгүй байх шиг байна

-ЭНЭ ХЭРГИЙГ ҮРГЭЛЖЛҮҮЛЭН ШАЛГУУЛАХГҮЙ БАЙХ СОНИРХОЛТОЙ ӨНДӨР ЗОХИОН БАЙГУУЛАЛТТАЙ, УЛС ТӨРИЙН ИХ ХҮЧТЭЙ БҮЛЭГЛЭЛ БАЙНА –

Г.Эрдэнэбат зурган илэрцүүдТөр нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийг УЕПГ, ТЕГ, ЦЕГ-ын хамтарсан ажлын хэсэг шалгаж, захиалагчаас бусдыг илрүүлээд байгаа билээ. Тодруулбал, Улсын дээд шүүхээс Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт гэм буруутай хэмээн үзэж, хүнд дэглэмтэй хорих ангид тус бүр 20 жил хорих ял оноогоод байгаа. Хууль хяналтын байгууллагын хамтарсан ажлын хэсгийнхэн дээрх хэргийн захиалагч, дамжуулагч нарыг мөрдөн шалгах ажиллагааг үргэлжлүүлэн шалгаж байна. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн гүйцэтгэгчийг илрүүлэхэд ажлын хэсгийн ахлагчаар ажилласан Улсын ерөнхий прокурорын орлогч, Төрийн хууль цаазын Шадар зөвлөх Г.Эрдэнэбаттай ярилцлаа. Түүнээс С.Зориг агсны хэргийг хэрхэн илрүүлсэн тухай болон нийгэм даяар эргэлзээ төрүүлээд байгаа олон асуудалд хариулт авсан юм.


-С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг хэрхэн илрүүлсэн тухайгаас ярилцлагаа эхэлмээр байна. Олон нийт хүний амь нас онц хэрцгийгээр хөнөөгөөд гянданд хоригдож байсан Ц.Амгаланбаатар гэх эрэгтэй хууль хяналтынханд анх мэдээлэл өгснөөр энэ хэрэг илэрсэн гэсэн ойлголт, мэдээлэлтэй байгаа?

-С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг 1998 онд гарсан. Энэ хэрэг 2018 онд эцэслэн шийдэгдэх эсэх дээрээ тулж ирээд байна. Гэхдээ нэг ялтан хууль хяналтын байгууллагад мэдээлэл өгснөөр сүүлийн үед болж байгаа үйл явдал өрнөсөн юм огт биш. Хэргийг шалгаж байсан ажлын хэсгийн ажлын арга барил, хэргийг шалгаж, ажиллагаанд ач холбогдол өгсөн байдлаас гол асуудал эхэлсэн байдаг юм. Өнөөдөр хүмүүс энэ хэргийг илэрсэн шалтгаан нь нэг ялтан мэдээлэл өгөнгүүт бүх зүйл ар араасаа ундарсан юм шиг ташаа ойлгоод байгаа юм. Тийм биш гэдгийг онцолж хэлмээр байна. Зарим мэдээлэлд ач холбогдол өгч шалгасан үеэс асуудлыг ярих нь зүйтэй юм. С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг шалгасан, шалгаж байсан нөхцөл байдал өөрчлөгдсөн. Энэ хэрэгт нэлээд хүч анхаарал тавьж ажилласан үеэс хэрэг шалгах ажиллагаанд өөрчлөлт гарч, хэрэг илрэхэд ахиц гарсан.Ажлын хэсгийнхэн энэ хэрэгт олон жил, сарын турш цаг зав, сэтгэл зүрхээ зориулж, байдгаараа хичээсэн. Асар олон хүний хүч хөдөлмөр итгэл үнэмшил зүтгэл орсон. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг шалгаж байгаа ажлын хэсэгт төрөөс анхаарал хандуулж, хэргийг шалгахад шаардлагатай хөрөнгөний асуудлыг бүрэн шийдвэрлэж өгсөн. Хэргийг шалгаж байгаа мөрдөгчид хөдөө томилолтоор явж, шаардлагатай хүнээс тайлбар авах гэхээр зардал мөнгө, унаа тэрэгний асуудал хүнд байсаар ирсэн. Харин хөрөнгө мөнгөний асуудал шийдэгдсэн болохоор хөдөө орон нутаг төдийгүй гадаадын улс орон руу шинжилгээ явуулсан. Сэжигтэй хүмүүсээс гадаадад очиж тайлбар мэдүүлэг авсан гээд олон ажиллагаа хийгдсэн. 1998 оноос өгөгдсөн мэдээлэл болгоны араас явж шалгасан. 65 хавтаст хэргийг ямар зүйлээр дүүргэсэн байх вэ. Энэ болгоныг нарийвчилж шалгасан. Сэжиг бүхий нэг хүний мэдээлэл нотлогдсон. Эндээс хэргийн зангилаа тайлагдаж, баримт болгон нь нотлогдсоор хэргийн гүйцэтгэгчдийн үйлдсэн хэрэг илэрсэн.

-Гэхдээ нийгэмд эргэлзээ төрүүлээд байгаа зүйл нь бага насны хүүхэдтэй эмэгтэй, 16 настай хүү, малчин залууд С.Зоригийн амь насыг хөнөөх захиалга өгдөг тэнэг хүн байхгүй гэх олны яриа, ойлголт. Иймэрхүү утгатай эргэлзээ төрүүлсэн мэдээлэл ч байнга гарч байна?

-Өнөөдөр энэ хэрэг их төвөгтэй нөхцөл байдалд байна. Хүмүүс С.Зоригийн хэргийг ил болголоо гэж ярьж байна. Гэвч зарим хэсгийг нь л ил болгоод байгаа шүү дээ. Хэрэгт холбоотой зарим хэсгийг хэн ч ярих боломжгүй болгоод нууцын зэрэглэлд үлдээсэн. Зарим улстөрчид С.Зоригийн хэргийг ил болголоо гээд буруутгаад яриад байна. Гэтэл эдгээр улстөрчийн ярьж байснаас хэсэгхэн хугацааны өмнө өөр нэг төрийн өндөр албан тушаалтны шийдвэрээр ил болгосон юмыг дахин шинээр ил болгож байгаа ч юм шиг ойлгомжгүй үйл явдал өрнөсөн. Гэвч аль ч үед нь яаж ч болохгүй төрийн нууцтай холбоотой, төр цаашдаа хүч чадалтай, тусгаар тогтнолоо хамгаалж ажиллах зүйлээ авч үлдэхийн тулд нууцлахаас өөр аргагүй байдаг тэр хэсэг дахиад л нууцын зэрэглэлд үлдсэн. Үүгээр дамжуулж юу хэлэх гэсэн юм бэ гэхээр энэ хэргийн талаар ярьж байгаа хүмүүс өөр өөрийн өнцгөөс асуудлыг тайлбарлаж яриад байна.

Энэ нь прокурорыг нэг өнцгөөс асуудалд хандаад байгаа юм шиг харагдуулах гээд байна. Өөр нэг хэсэг нь нөгөө өнцгөөс яриад байгаа юм шиг. Эсвэл хэрэгтэй холбоотой ямар нэгэн эргэлзээ гараад байгаа юм шиг яриад байна. Хамгийн харамсалтай нь хэргийн талаар бүгдийг нь ярьж болохгүй. Бүрэн дэлгэж харуулж чадаагүй байна. Гэхдээ энэ хэрэг хэзээ нэгэн цагт эцэслэн шийдэгдэнэ. Хүмүүсийн шаардаад байгаа хэргийн захиалагчийн асуудлыг шийдвэрлээд дуусахад энэ хэрэг эцэслэгдэнэ. Тэр үед хэрэгтэй холбоотой олон зүйлийг дэлгэн харуулж, ярьж болох байх. Саяхнаас хэрэгтэй холбоотой нотлох баримтыг цогц байдлаар харуулахыг хичээсэн нэвтрүүлэг хийж, олон түмэнд цацаж эхлээд байна. Эндээс хүмүүс хэрэгтэй холбоотой олон зүйлийг ойлгож авах байх. Хэн нэгэн хүн энэ хэргийн талаар гэнэт юм ярьж эхлээд түүн дээр тулгуурлаад илрүүлэх ажиллагаа нэг чиг рүү явчихаагүй гэдгийг дахин онцолж хэлмээр байна. С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийг бүх талаас нь асуудлыг харж шалгах ёстой байтал зарим зүйлийг зориуд орхигдуулж ирсэнтэй холбоотойгоор илрэхгүй байсан юм байна лээ. Харин бид бүх сэжүүр таамгийг орхихгүй цогцоор нь шалгасан болохоор энэ хэрэг илэрсэн юм.

-Ц.Амгаланбаатар, Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг гэмт хэрэг үйлдсэн гэдгийг олон баримтаар нотолсон байдаг уу?

-Гүйцэтгэх ажиллагааны арга хэрэгслээр энэ хэрэг нотлогдсон гээд л яриад байгаа. Энэ хэргийн нотлох баримт дотор ил байдлаар нотлогдож байгаа олон зүйл бий. “1998 оны аравдугаар сарын 1-ний өдөр ийм хүнийг харсан. Ийм зүс царайтай хүн С.Зоригийн гэрийг асууж, сураглаад явж байсан. Гэрийнх нь гадуур сэжигтэйгээр олон удаа эргэлдсэн. Ийм зүс царайтай хүн байсан” гээд 1998 онд мэдүүлэг өгсөн гэрчээс хуулийн дагуу дахин гэрчийн мэдүүлэг авсан. Гэрчүүдээс өөр өөр орон зай, цаг хугацаанд “Таны ярьж байсан хүн эдгээр хүмүүс дунд байна уу” гэхээр олон хүний дундаас гэмт этгээдүүдийг эргэлзэх юмгүй зааж байсан. Хуульд заасан аргуудын нэг энэ л дээ. Зарим хүн “18 жилийн өмнөх юмыг энэ яахаараа тийм тод санадаг юм. Хэлмэгдүүлж байна” гээд байгаа. Гэтэл их дуулиантай, олныг сэрдхийлгэсэн хэрэг болсон болохоор хүн сэтгэлдээ хадгалаад үлдчихсэн байна шүү дээ. Энэ баримтыг ганц нэг хүнээс бус гэрчүүдээс авч нотолж, баталдаг гэдгийг мартаж болохгүй. Энэ мэт хэрэгт нотлох баримт маш олон байна. Нэвтрүүлгээр тодорхой гарах байх. Хэрэгт холбогдсон Б.Содномдаржаа гэдэг хүн санамсаргүй байдлаар энэ хэрэгт холбогдсон гэдгээ хуулийн байгууллагад бичгээр тайлбар хийж өгсөн. Хэрэг үйлдсэн хүнээс өөр мэдэх боломжгүй зүйлийг тэр мэдүүлсэн байдаг. Тэр хүн хэрэг гарах үед тэнд байгаагүй юм бол хэргийн талаарх тийм нарийн зүйлийг яаж мэдэх юм бэ. Хэргийг шалгаж байгаа мөрдөгч хянаж байгаа прокурор, шүүгчид тус тусдаа өөрийн гэсэн үүрэгтэй. Бие биеэ хянаж цагдаж байдаг гурван байгууллага. Гэтэл хуулийн гурван байгууллага нийлж байгаад нэг хэргийг асар будлиантайгаар шийднэ гэж байхгүй биз дээ. Монгол Улсад шийдэгдсэн хэдэн зуун мянган хэргийг огт яриагүй мөртлөө энэ хэргийн тухай тодорхой сонирхолтой хүмүүс маш хүчтэй яриад байгаа нь хүмүүсийг төөрөгдүүлж байх шиг байна. Хорих ялаар шийтгүүлээд байгаа гурван хүний ар гэрийнхэн нь “Тэднийг хэлмэгдүүлж байна” гээд л удаа дараа яриад байгаа. Хэрэг гарах үед Т.Чимгээ Дорноговь аймагт эмээгээ хараад хүүхдүүдтэйгээ байсан гэж ярьдаг. Гэтэл Т.Чимгээ тэнд байгаагүй. Харин хүүхдүүд нь тэнд байсан нь тогтоогддог. Мөн Б.Содномдаржаа цэрэгт явчихсан байсан гэх асуудал гарч ирсэн. Цэрэг татлагын комисст түүний нэр байдаггүй. Хөдөө хадлан дээр байсан гэж яриад байгаа. Энэ нь юугаар ч нотлогдоогүй. Харин эсрэгээрээ Улаанбаатар хотод байсан нь нотлох баримтаар тогтоогдсон.

-Ц.Амгаланбаатар шоронд хоригдож байхдаа Б.Содномдаржаа, Т.Чимгээ рүү энэ хэргийн талаар мессэж бичиж байсан. Үүнийг хуулийнхан тухайн он цагт нь огт шалгаагүй гэсэн зүйл яригддаг. Энэ талаар?

-Олон удаагийн яриан дээр Ц.Амгаланбаатар гэгч Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг сүрдүүлсэн гэсэн мэдээлэл гарсан. Б.Содномдаржаа гэдэг хүн өөрөө нэг удаагийн ярилцлага дээрээ энэ мессэжийг аль 2003 оноос эхлээд бичиж эхэлсэн гэж хэлсэн байдаг. Тухайн үед нь Ц.Амгаланбаатарын бичсэн мессэжтэй холбоотойгоор хуулийн байгууллагад шалгуулахаар өгсөн гэдэг. Гэтэл хууль хяналтын байгууллага Ц.Амгаланбаатар гэдэг хүн яагаад ингэж ярих болов гэдгийг тухайн үед яагаад шалгаагүй юм бэ гэж яагаад хэн ч бодохгүй байгаа юм. Энэ мэт олон асуудлыг бид мухарлаж шалгасан. Тэндээс сэжүүр нотлох баримт олдсон байна. Ингээд өнөөдрийн үр дүнд хүрсэн.

-УЕПГ-ын дарга Ц.Амгаланбаатар Б.Содномдаржаа, Т.Чимгээ нар хамтран гэмт хэрэг үйлдсэн О гэх хүнийг гэр бүлийнх нь хамт хөнөөсөн гэж мэдэгдэл хийсэн. Гэтэл цахилгааны утаснаас үүдэлтэйгээр гал гарч, байшин шатсан гэсэн дүгнэлт байдаг юм байна лээ?

-Хэргийг нарийн шинжилж үзээд тасарчихсан байсан цахилгааны утаснаас гал гарах үндэсгүй гэсэн эргэлзээнээс энэ хэргийг дахин шалгасан байдаг. Цахилгааны утаснаас гал гарсан гэсэн дүгнэлтийг зөвтгөж ярьж байгаа хүмүүс цахилгааны утас тасарчихсан байсан гэдгийг огт ярихгүй, оруулахгүйгээр “Цахилгааны утаснаас болж гал гарсан” гээд л чанга дуугаар ярьцгаагаад байгаа юм. Хэргийн газарт үзлэг хийсэн шинжээчийн дүгнэлтээр гал гарч, нэг гэр бүлийн дөрвөн хүн амь насаа алдсан айлын цахилгааны утас гэрээс нь хэдэн метрийн цаана тасарчихсан хэвтэж байсан байдаг. Тасархай цахилгааны утаснаас гал гарахгүй биз дээ. Гэр бүлийн дөрвөн хүний амь насыг хөнөөсөн гэдгээ гэмт хэрэгтнүүдийн зарим нь хүлээдэг. Зарим нь үгүйсгэж ярьдаг.

– С.Зориг агсны эхнэр Б.Булганыг энэ хэрэгт гэрч биш, хэрэгтэн ч биш болгосон гээд байгаа?

-Энэ хэргийг шалгаж дуусаагүй байна.Тодорхой хэсгийг эцэслэн шалгаж дуусахаар юу болох нь вэ гэдэг нь чухал. Зарим хүн энэ хэрэгт ямар оролцоотой байсан бэ гэдэг нь хэргийг шалгах ажиллагаа дуусахаар эцэслэн шийдэгдэх байх.

-Хэргийн захиалагч нь илрээгүй байхад гүйцэтгэгч нарыг шийтгэсэн шалтгааныг тодруулмаар байна. Бүлэглэн зохион байгуулалттайгаар үйлдсэн хэргийг нэгтгэж шалгадаг биз дээ?

-Би хууль зүйн талаас нь энэ асуудлыг тайлбарлая. Гурван хүнтэй холбоотой асуудлыг тусгаарлалгүй, захиалагчтай нь хамт шийтгэх ёстой гэсэн асуудал яригдаад байгаа. Энэ нь зөв буруу гээд маргаан үүсээд байна. Өмнө нь ийм захиалагчтай хэргийг Монголд хэрхэн шийдэж байсан юм бэ. Дэлхий нийтэд ийм асуудлыг хэрхэн шийддэг юм бэ. Гурван хүн хүний амь нас хөнөөчихсөн үйлдлийг шалгаад дуусахад тэрний цаана болсон олон асуудлыг илрүүлэхэд саад болох уу, үгүй юү гэсэн хууль зүйн асуудал байгаа. Олон хүн захиалагчийн асуудлыг шийдвэрлээгүй байж гүйцэтгэгчийн хэргийг шийдвэрлэсэн нь буруу гэж яриад байна. Аль хуулийг барьж, ямар хууль зүйн үндэслэлээр ийм дүгнэлт хийж яриад, бусдад ойлгуулаад байгаа вэ гэдэг нь өөрөө эргэлзээтэй асуудал. Дэлхий нийтийн туршлагыг харах юм бол захиалагчийг олохын тулд гүйцэтгэгч нарт холбогдох хэргийг нь түрүүлээд шүүхээр шийддэг тохиолдол дэлхийгээр дүүрэн байна. Захиалагчийг нь өнөөдрийг хүртэл олоогүй, хэрэг мөрдөн шалгах ажлаа үргэлжлүүлж байгаа олон хэрэг бий. Саяхан манай хойд хөршид нэгэн улстөрчийг хөнөөсөн хэргийн гэмт хэрэгтнүүдийг бариад л хэргийг шийдвэрлэчихсэн. Хэргийн захиалагчийг одоо хүртэл олоогүй байна. Зарим хүн “Захиалагчийг нь олоогүй юм бол энэ гурван хүнийг суллаж тавь” гэсэн. Суллаж болно. Хэргийг шалгах хугацаа хоногтой. Энэ хүмүүс хэрэг хэрхэн үйлдсэн гэдэг нь ил тодорхой болчихлоо. Гэхдээ энэ хэргийг захиалсан хүнтэй, бусад зохион байгуулсан хүнтэй холбоотой асуудлыг шалгах хүртэл хууль зүйн хувьд ямар арга, боломж байдаг вэ гэдгийг хүмүүс мэдэхгүй, мэдэхийг ч хүсэхгүй байх шиг. Хүмүүсийн яриад байгаагаар бид гэмт этгээдийг “Чи хэрэг хийсэн шүү. Гэхдээ гэртээ очоод байж бай. Хэргийн захиалагчийг олох хүртлээ чамайг эрх чөлөөтэй амьдруулах болно” гээд явуулах юм уу. Хуульд тийм зүйл заалт огт байхгүй шүү дээ. Өнөөдөр С. Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн захиалагч хэн бэ гэсэн эцсийн хариултад ажлын хэсгийнхэн хариулж арай дуусаагүй байна. Өнөөдөр ч гэсэн энэ хэргийн мөрдөлт үргэлжилж байгаа. Бид эхний ээлжинд энэ гурван хүн энэ хэргийг үйлдсэн юм байна гэдгийг тогтоочихсон. Энэ гурван хүн хэргийн захиалагчаа мэдэхгүй ч байж магадгүй. Голын дамжуулагчаас цаашаа гарахгүй ч байж мэднэ. Бид үүнийг шалгаж байна.

-“С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэргийг илрүүлэхдээ хууль хяналтынхан гурван хүнийг хэлмэгдүүлж байна” гэж ар гэрийнхэн төдийгүй зарим улстөрч эсэргүүцээд байгаа шүү дээ?

-Сүүлийн үед энэ хэрэгтэй холбоотойгоор өрнөж байгаа үйл явдлууд, улс төрийн бүлэглэлүүд маш идэвхитэй реакц, хариу үйлдэл үзүүлж байгаа нь хэргийг шалгаж дуусах үр дүн рүү дөхүүлж байж магадгүй. Энэ хэргийг хууль хяналтынхан илрүүлээд шийдвэрлэж байгаа нь зарим хүнд тааламжгүй байх шиг байна. Гэм буруутай нь тогтоогдож, хорих ялаар шийтгүүлсэн гурван хүний ар гэрийнхэн ойр дотны хүнээ өмөөрч, хэлмэгдүүлж байна гэж ярих нь зүй ёсны асуудал. Гэр бүлийн хэн нэгнийгээ гэмт хэрэг үйлдээд ял сонсоход эсэргүүцдэггүй, сэтгэл тайван үлддэг нэг ч хүн байдаггүй. Үүнийг буруутгах аргагүй юм. Монголын ард түмэн энэ хэргийг илрээсэй гэж олон жил хүлээсэн. Үе үеийн төр барьж байсан улстөрчид энэ хэргийг илрүүлэх ёстой гэж ярьж ирсэн биз дээ. Гэтэл одоо хэргийг илрүүлчихлээ гээд уурлаад бачимдаад байгаа хүмүүс байна. Мэдээж хууль хяналтын байгууллага энэ хэрэг дээр ямар нэгэн алдаа завхрал гаргаж, зарим зүйлийг дутуу орхичих вий гэж шахаж шаардаж байгаа нь зүйтэй юм. Харин нөгөө талаараа энэ хэргийг цааш нь явуулмааргүй, үргэлжлүүлэн шалгуулмааргүй байгаа өндөр зохион байгуулалттай маш холоос захиалгатай, их хүчтэй сонирхлын бүлэглэл байгаа нь мэдрэгдэж байгааг хэлчихье.

-С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн хавтаст хэргээс зарим зүйлийг нь улсын нууцаас гаргасан. Тэгвэл улсын нууцад үлдсэн зүйлд энэ хэрэгтэй холбоотой ноцтой баримт хэр олон байгаа вэ. Өөр нэг сонирхолтой зүйл нь, энэ хэргийг шалгасан Ажлын хэсгийг шалгах гэж байгаа гэсэн мэдээлэл байна лээ?

-Нуухаас өөр арга байхгүй. Заавал нуудаг. Төрийн нууцтай холбоотой асуудлыг ил гаргаж ярьж болдоггүй. Үүнээс болоод мөрдөн байцаах газар, прокурор, шүүхийг хүн хэлмэгдүүлээд хуйвалдаж байгаа юм шигээр зарим хүн олон нийтэд харагдуулаад байна. Монголын хуулийн систем өөрөө ийм байгаа нь харамсалтай. Энэ нь системийн гажуудал үүсгээд байна. Хэргийн талаар яримаар олон зүйл байгаа ч ярьж чадахгүй байна шүү дээ. Хуульч хүн хуулиа л дагана биз дээ. Хүмүүст зөв зүйтэй зүйл хийсэн гэдгээ ойлгуулахын тулд, хүн бүрт таалагдахын тулд хууль зөрчиж, улсын нууц задруулаад байж болохгүй. Нууцыг задалж ярьсан хүн буруутан болно. Нэг талаар хуулийн байгууллагын нэр хүндийг унагаж байгаа зүйл нь хаалттай, нууцын зэрэглэлийн зарим асуудал. Үүнээс болоод олон эргэлзээ олон нийтэд төрдөг нь үнэн. Хууль хяналтын байгууллагад итгэх итгэл ч үүнээс болоод алдарч байж мэднэ. Энэ хэргээс авах ёстой том сургамж бол нууцалж, хааж байгаа системийг задлах ёстой юм байна. Энэ маш чухал асуудал гэдгийг онцолж хэлмээр байна.


Categories
мэдээ цаг-үе

БНСУ-ын Элчин сайд У Сун: Хууль ёсны дагуу гурван сарын хугацаатай ажиллах боломж бий болно

БНСУ-аас Монгол Улсад суугаа Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайд У Сунтай цаг үеийн асуудлаар ярилцлаа.


-Сайхан өвөлжиж байна уу? Монголын өвөлд дасаж байна уу?

-Сайн байна уу? Анх ирж байснаа бодвол одоо хүйтэн санагдахаа больсон байна.

-Манай улсад сүүлийн жилүүдэд эдийн засгийн хүндрэл үргэлжилж байна. Энэ хүндрэлээс гарахад гадаад харилцаа ихээхэн чухал. Тэгвэл хоёр орны хөрөнгө оруулалт, худалдаа эдийн засгийн салбар ямар байна вэ?

-Сүүлийн хэдэн жил Монгол Улсын эдийн засаг зогсонги байдалтай байсан учраас Солонгосын аж ахуй нэгж, байгууллагуудаас Монголд орж ирж ажиллах нь багассан. Харин Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар болсонтой холбоотойгоор эдийн засаг сэргэнэ гэсэн хүлээлт үүсч, Солонгосын компаниуд Монголын зах зээлийг анхаарч сонирхох болсон. Хоёр орны хооронд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр(EPA) байгуулах хамтарсан судалгааны ажил дуусч, удахгүй эцсийн тайлангаа хоёр улсын Засгийн газарт хүргүүлнэ. Уг тайланд Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээр нь хоёр улсын эдийн засгийн салбарын хамтын ажиллагаанд чухал хувь нэмэр оруулна гэсэн агуулгатай байгаа юм. Хэлэлцээр байгуулагдвал янз бүрийн татварын хөнгөлөлт, чөлөөлөлт, хөрөнгө оруулагчдыг хуулиар хамгаалсан зүйл заалтуудыг оруулснаар хоёр орны хооронд хийгдэж байгаа худалдаа, хөрөнгө оруулалт нэмэгдэх болно. 2017 оны тавдугаар сард Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдахаар болсон. Энэ хүрээнд БНСУ-ын Засгийн газраас ирэх гурван жилийн хугацаанд Монгол Улсад 700 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийг олгохоор болсон. Энэхүү 700 сая ам.доллараас одоогийн байдлаар Монголын арван аймаг дахь дулааны станцыг сайжруулах төслийг хэрэгжүүлэхээр болсон. Үлдсэн 500 сая орчим ам.долларын хөнгөлөлттэй зээлийг аль салбарт зарцуулах талаар хоёр улсын Засгийн газар хэлэлцэж байна. Эдгээр хамтарсан төслүүд хэрэгжсэнээр Солонгосын аж ахуй нэгжүүд Монголыг сонирхох нь илүү нэмэгдэх байх.

-Хамтарсан төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулахад тулгарч буй бэрхшээл юу байна вэ?

-Шинэ Засгийн газар өнгөрсөн аравдугаар сард ажилдаа орсон. Шинэ Засгийн газар бүрэлдэхтэй холбоотойгоор хоёр улсын хооронд ямар төслүүдийг хэрэгжүүлэх тухай хэлэлцээ нэлээд хойшилсон. Одоо шинэ Засгийн газартай хамтраад ажлуудаа илүү хурдацтай эхлүүлэх боломжтой болж байна.

-Солонгосын бизнес эрхлэгчид манай улсын ямар салбарт хөрөнгө оруулалт хийх талаар тандалт судалгаа хийж байгаа. Тэд ямар салбарыг илүүтэй сонирхож байна вэ. Мөн та дээр EPA хэлэлцээр байгуулах тухай дурдсан. Уг хэлэлцээрийн хүрээнд хийсэн судалгааны дүн хэрхэн гарсан бэ. Хоёр орны хооронд эдийн засгийн харилцааг хөгжүүлэх зураглалууд үүгээр илүү тодорхой болсон байх?

-Солонгосын бизнес эрхлэгчид, хөрөнгө оруулагчид ерөнхийдөө автомашин, сэлбэг хэрэгсэл нийлүүлэх сонирхол их байсан. Улаанбаатар хотод “И март”-ын салбар дэлгүүр байгуулагдсанаар сүүлийн үед хоол хүнсний чиглэлээр эрэлт хэрэгцээ нэмэгдэж байна. Мөн солонгосын олон ангит кино, гоо сайхны бүтээгдэхүүн, амин дэм, эрүүл мэндийн бүтээгдэхүүнүүдийг монголчууд маш их сонирхож байна. Солонгосын зарим компани уул уурхайн салбарт үйл ажиллагаа явуулж байна. Мөн энэ салбарт орохоор сонирхож, судалж байгаа компаниуд ч байна. Түүнчлэн нарны эрчим хүчний чиглэлээр компаниуд их сонирхож байгаа. Одоогийн байдлаар солонгосын нэгэн компаниас Зуун модод нарны эрчим хүчийг ашиглах төслийг хэрэгжүүлээд эхэлсэн. Тэгэхээр олон салбарт хөрөнгө оруулалт хийж, хамтран ажиллах сонирхолтой гэдэг нь харагдаж байна.

EPA хэлэлцээрийн хамтарсан судалгааг Засгийн газраас бус хувийн хэвшил, мэргэжлийн хүмүүс хамтарч хийж байгаа юм. Тэгэхээр эцсийн тайланг Засгийн газарт тайлагнахаас өмнө бид ч тодорхой мэдээлэлгүй байна. Ямар ч байсан Эдийн засгийн түншлэлийн хэлэлцээрийг хийснээр хоёр орны худалдааг нэмэгдүүлэхэд ихээхэн чухал гэсэн ерөнхий үр дүн гараад байгаа юм.

-Монголоос экспортод гаргах бүтээгдэхүүнийг нэмэгдүүлэх боломжтой юу. Солонгосчуудын сонирхол татах бүтээгдэхүүн юу байна вэ?

-Солонгос руу экспортолж байгаа бараа нэлээн нэмэгдсэн. Эдгээрээс хамгийн тэргүүлэх төрөл бол ноолууран бүтээгдэхүүн юм. Монголын ноолууран бүтээгдэхүүн Солонгосын зах зээлд гарч, хөүм шоппингоор хүртэл хэд хэдэн удаа худалдаалагдаж, Сөүлд ноолууран бүтээгдэхүүний дэлгүүр нээгдсэн. Солонгосчууд Монголд ирээд заавал авч явдаг бүтээгдэхүүн нь ноолуур болсон байна. Хоёрдугаарт, чацарганыг дурдаж болно. Солонгосчууд эрүүл мэндэд сайн бүтээгдэхүүн хэрэглэх сонирхол өндөр байдаг учраас чацарганад дуртай болж байна. Ер нь солонгосчуудад Монголын талаар мэдэхгүй зүйл их байдаг. Тиймээс монгол барааг солонгосчуудад аль болох өргөн хүрээтэй танилцуулах ажил их хийгдээсэй гэж боддог. Элчин сайдын яамнаас үүнтэй холбоотойгоор солонгос бизнес эрхлэгчдийг Монголд авчирч,зах зээлийг нь танилцуулах арга хэмжээнүүдийг зохион байгуулж байна.

-Сүүлийн үед Солонгосыг зорих монгол иргэдийн тоо эрс нэмэгдэж байгаа. Виз мэдүүлгийн төвүүдэд дараалал ихтэй байна. Мөн хэл ам ч цөөнгүй гарч байна. Яг хэрэгтэй хүнд виз гарахгүй байна гэх зэргээр хэлж байна?

-Солонгосын визний талаар, тэр дундаа визний материал авч байгаа газруудтай холбоотой гомдлууд их байгаа тухай хэвлэл мэдээллээр бичсэн байсан. Визний материал авч байгаа газрууд маань нэг өдөрт маш олон үйлчлүүлэгч ирж байгаа учир өнөөдөр зөвхөн тэдэн хүн авна гэж хязгаарлаж байгааг сонссон. Энэ бол байж болшгүй зүйл. Бид хүмүүс чөлөөтэй виз мэдүүлж байх ёстой гэж материал авч байгаа газрууддаа анхааруулж байгаа. Визний материал авч байгаа газруудын үйлчилгээг сайжруулах тал дээр бид анхаарч, хянаж ажиллах болно.

2017 онд манай Элчин сайдын яаманд виз мэдүүлж байгаа хүмүүсийн тоо маш их өссөн. Энэ жилийн сүүлч хүртэл 135 мянга орчим хүрэхээр байна. Мэдээж хоёр улсын хооронд иргэд харилцан зорчиж байгаа нь эерэг зүйл юм. Гэхдээ үүний хажуугаар сөрөг үр дүн, жишээ нь хууль бусаар амьдрах, хууль бусаар ажил хөдөлмөр эрхлэх асуудал гарч байна. Манай Элчин сайдын яамнаас ч тэр, Солонгосын Засгийн газраас ч тэр энэ асуудалд ямар арга хэмжээ авах талаар судалж ажиллаж байна. Би Монголын хэвлэл мэдээллийн хэрэгсэлд ярилцлага өгөх бүртээ энэхүү асуудлыг дурдаж байгаа. Хууль бусаар оршин суух, ажиллах асуудлаас болоод нэн яаралтай явах шаардлагатай хүмүүс явж чадахгүй болох бэрхшээл их гарч байна. Эмчилгээнд орох, эсвэл тогтсон хугацаанд очих ёстой хүмүүс хугацаандаа очиж чадахгүй байх тохиолдол байна. Монгол хүмүүс Солонгос улс руу хэзээ визгүй зорчих вэ гэж маш их асуудаг. Тэгвэл хууль бусаар амьдрах, ажиллах асуудал шийдэгдэж байж визгүй зорчих асуудлыг судалж үзэх боломж гарна. Хууль бусаар ажиллаж, амьдарч байгаа хүмүүсийг багасгах тал дээр анхаарах хэрэгтэй байна.

-Хууль бусаар ажиллаж байгаа хүмүүсийг багасгах тал дээр ямар арга хэмжээ авч байна вэ?

-Солонгост улирлын чанартай ажлын байрыг бий болгоод, ажиллах хүч авах системийг ашиглаж байна. Энэ нь юу гэсэн үг вэ гэвэл Солонгост хүн хүч хэрэгтэй, улирлын чанартай ажлууд гардаг. Энэ үед хууль ёсны дагуу ажиллуулах боломжийг олгож байгаа юм. Орон нутгийн засаг захиргаа хамтраад энэ ажлыг хийх бололцоотой. Жишээлбэл, арванхоёрдугаар сард Солонгосын Бурён хотоос төлөөлөгчид ирээд Чингэлтэй дүүрэгтэй санамж бичиг зурсан.Энэ хүрээнд хавар Чингэлтэй дүүргийн 150 хүнийг Солонгост гурван сарын хугацаагаар ажиллуулах боломжийг бий болголоо. Мөн Солонгосын Тэангүн, Ёсү зэрэг хотуудаас Сонгинохайрхан дүүрэгтэй санамж бичиг байгуулаад улирлын чанартай ажиллах хүчийг авахаар болсон. Энэ системийг ашиглаад хууль ёсны дагуу гурван сарын хугацаатай ажиллах боломж бий болно. Үүнээс гадна Монгол Улсын Ерөнхий сайд У.Хүрэлсүх нэгдүгээр сарын 15-17-ны өдөр БНСУ-д айлчиллаа. Ерөнхий сайд У.Хүрэлсүхийн энэ удаагийн айлчлалаар олон удаагийн виз олголтын хүрээг нэмэгдүүлэх талаар албан ёсны хэлэлцээр хийсэн байгаа. Үүнийг хоёр улсын холбогдох байгууллагууд хэлэлцэхээр болсон.

-Та Элчин сайдаар томилогдсоноос хойш юун дээр голлон анхаарч байна вэ?

-Элчин сайд хүний гол ажил үүрэг бол хоёр улсын иргэд хоорондыг холбож өгөх. Монгол хүмүүст Солонгосыг,солонгос хүмүүст Монголыг танилцуулах нь миний гол үүрэг юм. Манай Элчин сайдын яам шинэ байрандаа нүүж ирснээс хойш олон хүмүүсийг яамандаа урьж солонгосын үндэсний хоол, соёлыг танилцуулсан. Элчин сайдын яамны байрнаас гадуур “Солонгосын долоо хоног”, К-поп тоглолт гэх мэт, хоол, соёл, хүнсний бүтээгдэхүүн, эмчилгээний технологи, үйлчилгээ зэргийг танилцуулах үзэсгэлэн, арга хэмжээг зохион байгуулсаар байгаа.

Categories
мэдээ нийгэм

Ганцмодны боомт дээрх жагсагчид тарж, хил нээгджээ

БНХАУ-ын Ганц модны хилийн боомт өчигдөр өглөө нээгдэж, хэвийн үйл ажиллагаандаа оржээ. Хилийн боомт дээр жагсаж байсан иргэдтэй Баяннуур аймгийн Засгийн ордныхон, Ганцмод боомтынхон энэ сарын 17-нд уулзаж, тохиролцоонд хүрчээ. Ингээд урд хөршийн нүүрс тээврийн компанийн ажилтнууд жагсаалаа бүрэн зогсоож, зам хааж тавьсан машинуудаа холдуулжээ. Ингэснээр Монголын нүүрс тээврийн компанийн машинууд БНХАУ-ын хилийн зурвас руу орж эхэлсэн байна. Хилийнхэн гаалиар хяналт шалгалт хийх ажлаа ч эрчимжүүлсэн байна. Хоёр улсын хилийн боомт өчигдөр 10:00-20:00 хүртэл хүнд даацын автомашинуудыг нэвтрүүлжээ. Арав гаруй хоног хөл хөдөлгөөн нь зогсоод байсан Гашуун сухайт хилийн боомтын замаар машины цуваа тасралтгүй хөвөрч байгаа аж. Харин өчигдөр Оюутолгой компани баяжмал тээвэрлэлтийн үйл ажиллагаа зогсоод байгаагаа албан ёсоор мэдэгдсэн юм.

“ВИНСВЭЙ”, “ЧАЛЬКО” КОМПАНИ НҮҮРС ТЭЭВЭРЛЭЛТИЙН ЗАРДЛАА НЭМЭХЭЭР БОЛЖ, ЖАГСАГЧИД ТАРЦГААЛАА

Ганцмодны хилийн боомт дээр зам хааж, жагсаад байсан хятадуудын жагсаалаа зогсоох болсон шалтгааны талаар “Нүүрс тээврийн жолоочдын холбоо” төрийн бус байгууллагын удирдах зөвлөлийн гишүүн Г.Мөчиртэй холбогдож, цөөн асуултад хариулт авсан юм.

-Хилийн зам хааж жагссан хятадууд жагсаалаа зогсоох шийдвэр гаргасан байна лээ. Ямар шалтгаанаар зогсоосон тухай мэдээлэл хэлж өгөөч?

-Ганцмодны хилийн боомт дээрх жагсаал Цагаан сар хүртэл үргэлжилнэ гэсэн мэдээлэл байсан. Жагсагчдын тавьсан шаардлагыг Баяннуур аймгийн Засгийн ордныхон Гадаад хэргийн яамаар дамжуулан Монголын Гадаад харилцааны яаманд хүргүүлсэн. Мөн Монголын Авто тээврийн үндэсний төвд ч шаардах бичиг хүргүүлсэн юм. Шаардах бичгийн хариу сар гаруйн хугацааны дараа ирэх байх гэсэн тооцоолол байсан. Тэгтэл өчигдөр Ганц модны хилийн боомтын захиргаа, хилийн цэрэг, цагдаа, Баяннуур аймгийн удирдлага,“Винсвэй”, “Чалько” компанийн төлөөлөл, нүүрс тээврийн компанийн захирлуудтай уулзаж хэлэлцээр хийсэн.

Хэлэлцээр амжилттай болсон юм байна лээ. “Винсвэй”, “Чалько” компанийн зүгээс нүүрс тээвэрлэлтийн зардлыг нэмэх санал гаргасан байна. Тонн тутамд нь тодорхой хэмжээний юань нэмэх боломж байгаа гэдгээ мэдэгдсэн. Нүүрс тээврийн компанийн захирлууд тооцоолбор хийж үзээд ашигтай гэж үзсэн гэсэн. Ингээд жагсаалаа зогсооё гэсэн шийдвэр гаргасан байна. Дээрх хэлэлцээрийн дагуу өчигдөр өглөө Адууны хашааны замыг хааж тавьсан машинуудаа жагсагчид авсан. Үүний дараа жолооч нар машинаа асааж, хил нэвтэрч эхэлсэн. Энэ үед ямар нэгэн хориг саад байгаагүй. Хилийн орчимд хэд хоног зогссон машинууд чөлөөтэй нэвтэрч эхэллээ.

-Хил дээр жагсаал хийсэн иргэд шаардах бичгийнхээ хариуг авах гэнэ үү?

-Үүнийг хэлж мэдэхгүй байна. Ямар ч байсан хил онгойчихлоо. Шаардлагын хариуг авахгүй гэвэл танай улсын Засгийн газрын 320 дугаар тогтоолыг хэрэгжүүлж, жолооч нарт нийгмийн даатгал төлөх байх. Үндэсний авто тээврийн төвөөс оны өмнө компаниудыг байнгын ажилладаг жолоочтой бол, тэднийхээ бичиг баримтыг бүрдүүлж өгөөд хуулийн дагуу нийгмийн даатгал болон бусад төрлийн татвар төл” гэсэн шаардлага тавьж байсан. Үүнийг хэрэгжүүлэх, Монголын нутаг дэвсгэр Цагаан хадан дээр байнгын хяналтын пост, компанийн бие төлөөлөгч ажиллуулах зэрэг асуудлууд ажил хэрэг болох байх.

“ЖОЛООЧ НАР ЦАГААН САРААР МӨНГӨТЭЙ ХАРИХ НЬ ГЭЭД БАЯРТАЙ БАЙНА” ГЭВ

Өчигдөр 20:00 цагийн байдлаар БНХАУ-ын хилээр 600 гаруй хүнд даацын автомашин нэвтэрч, Монголын хил рүү орж ирсэн байна. Харин Гашуун сухайт хилийн боомтоор манай улсын хоёр мянга гаруй иргэн хил гарч, Ганцмодны боомт оржээ. Энэ талаар Эрдэнэс Тавантолгой компанийн уурхайгаас хувиараа нүүрс тээвэрлэж байгаа Р.Ганбаттай холбогдож цөөн асуултад хариулт авлаа.

-БНХАУ-ын ганцмодны хил нээгдэж, монгол жолооч нар Хятад руу хил даваад эхэлсэн гэсэн. Хятадын компаниуд та бүхэнд машинаа өгч байна уу?

-Машинаа асуудалгүй өгч байна. Хил нээгдсэнтэй холбоотойгоор Улаанбаатараас наашаа хэдэн зуун жолооч гарсан гэх мэдээлэл байгаа. Зарим нь Ганцмод хилийн боомт дээр ирчихээд байна. Хил хаагдсантай холбоотойгоор хэд хоног нам гүм байсан. Одоо харин хэдэн зуун машин давхилдаж байна. Оюу толгой компанийн ажилтнууд дөнгөж сая бөөнөөрөө энд ирсэн. Маргаашнаас баяжмал нь хил гарахаар болсон гээд явж байна лээ.

-Уурхайнуудын үйл ажиллагаа хэвийн болж, ачилт эхэлсэн үү?

-Эрдэнэс Тавантолгой компанийнхан нүүрс тээврээ зогсоогоод байсан ч өчигдрөөс дахин эхлүүлсэн. Мөн “Энержи Ресурс” ХХК, “Таван Толгой” ХК тэргүүтэй уурхайн нүүрсний ачилт хийгдэж байгаа. Жолооч нар “Цагаан сар болох гэж байхад хил хаагдчихлаа. Мөнгө төгрөг байхгүй хэцүүдэх юм байна” гэж ярьж байлаа. Харин хил нээгдсэнээр Цагаан сараар гэртээ мөнгөтэй очих нь гээд баярлаж байна гэв.

Ийнхүү арав гаруй хоног зогсоод байсан нүүрс тээвэрлэлт хэвийн үргэлжилж, өнөөдрөөс БНХАУ-ын Ганц модны боомтоор нүүрс гарч эхлэх нь бололтой.


Categories
мэдээ цаг-үе

Монголыг нүүрсээр дамжуулан эзэрхийлэх гэсэн хятадуудын дургүйцлийг Засгийн газар хүргэж, Ганцмодны боомтыг хятадууд хааж байна

Хоёр улс дамнасан нүүрс тээврийг Хятадын тал санаатайгаар зогсоож байгаа нь Ганцмодны хилийн боомт дээрх 400 гаруй хятад иргэний жагсаалаас тодорхой харагдаж байна лээ. БНХАУ-ын хууль чанга хатуу, түүнийг даган мөрдүүлэх байгууллага ч ажлаа шуурхай хийдэг гэдгийг дэлхий нийтээрээ мэднэ. Гэтэл хилийн нүүрс тээвэрлэлтийн замыг хааж, тээврийн компанийн ажилтнууд жагсаал хийж, боомт дээр үймээн самуун дэгдээж байхад урд хөршийн хууль хяналтын байгууллага ямар нэгэн арга хэмжээ авалгүй долоо хонож байна. Хэрэв цаанаас нь зохион байгуулаагүй байсан бол нүүрсний компанийнхан ч ингэж улсынхаа хил дээр зоригтойгоор жагсаал хийх зүрх зориг байхгүй нь тодорхой. Монголын нүүрсний салбар хятадын гарт очоод олон жил болж байгаа. Тэд газрын баялаг болсон нүүрсээр дамжуулан Монголын эдийн засгийг эзэгнэх, бүр цаашилбал, эдийн засгаар дамжуулан Монгол орныг өөрсдийн эрхшээл оруулах далд бодлого хийж байгаа нь энэ явдлаар ил болж байна. Монголын төр засаг дэлхийн нүүрсний зах зээлд гарах, цаашилбал, өөр оронд нүүрсээ худалдах гарц гаргалгаа хийж, яриа хэлэлцээр өрнөх болгонд хятадууд нүүрсний тээврийг гацаасаар ирсэн.

Мөн нүүрсний үнэ ханшийг буулгаад эхэлдэг болсон. Өнгөрсөн есдүгээр сард Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-д хийсэн айлчлалын үеэр “Тавантолгой”-н нүүрсийг ОХУ-ын “Восточный” боомтоор дамжуулан зах зээлд гаргах талаар яриа хэлэлцээр хийсэн. Ерөнхийлөгч нүүрсээ зарах асуудал яригдаж эхлэнгүүт урд хөршийнхөн манайхаас өдөрт 200-500 машин нүүрс хилээр нэвтрүүлээд эхэлсэн. Үүнээс болоод Таван толгойн уурхайгаас эхлээд Гашуун сухайт хилийн боомт хүртэл 200 гаруй километр урт дараалал үүсч, жолооч нар 20 гаруй хоног зам дээр хоолтой хоолгүй хонож байсан билээ. Энэ асуудалд манай Засгийн газрын холбогдох сайд, албаныхан арга хэмжээ авч, Засгийн газрын тогтоол батлан нүүрс тээвэрлэлтийн урт дарааллыг арилгах, нүүрс тээвэрлэж байгаа жолооч нарыг тогтвортой ажлын байраар хангах, эрүүл мэнд болон нийгмийн даатгалыг төлөх зэрэг асуудлыг нэг мөр шийдвэрлэсэн. Ингэхдээ уурхайгаас гарсан нүүрсийг Цагаан хадны хилийн ойролцоох томоохон хашаануудад буулгаад богино эргэлтээр нүүрс тээвэрлэх зохицуулалт хийсэн юм. Буулгасан нүүрсийг 20 километр газарт тээвэрлэж хилээр гаргах болсон.

Үүнээс үүдэлтэйгээр урт дараалал үүсэхээ больж, Монголын нүүрс тээвэр Хятадын хилийн боомтынхноос хамаарахгүйгээр эргэлтэд хурдан орсон гэсэн үг. Үүнийг БНХАУ-аас эсэргүүцэж, хэдэн жолоочоор хилээ хаалгаж, Монголын төр засгийг эргүүлэн дарамталж, шахаж шантаажилж байгааг сүүлийн үед өрнөж буй үйл явдлууд тодорхой харуулж байгаа юм.

ЖАГСАГЧИД ӨМНӨГОВЬ АЙМГИЙН ЗАСАГ ДАРГА РУУ ДАЙРЧ, ЗАСГИЙН ОРДНЫХОО ХАШААНД ЛООЗОНТОЙ МАШИН ОРУУЛАВ

2018 оны нэгдүгээр сарын 12-н буюу өнгөрсөн долоо хоногийн баасан гаригийн өглөө Ганцмодны хилийн боомтын замыг хааж, жагсаал хийх 400 гаруй хятад иргэн цугларав. Жолооч нар хоорондоо “Монголын нэг бүдүүн дарга ирэх юм гэнэ. Тэр дарга руу дайрч, Засгийн газрын тогтоолыг эсэргүүцнэ. “Янхан” жолооч нарын нийгмийн даатгалыг төлөхгүй. Засгийн газрын тогтоолоо хүчингүй болго. Тэр болтол чинь зам чөлөөлөхгүй гэж хашгираарай” хэмээн ярилцаж байгаа сонсогдов. Орчуулагч “Энэ хэдэд өглөө дарга нар нь үүрэг чиглэл өгчихсөн юм шиг байна. Өчигдөр орой нүүрс тээврийн компанийн дарга нар Засгийн ордныхонтой уулзсан байна лээ. Тэднээс л үүрэг чиглэл өгсөн байх” хэмээн ярив. Жагсагчид цуглардагаараа цугларч, хашгирдагаараа хашгирлаа. 10:30 цагийн орчимд Засгийн ордон руу бүгдээрээ алхав. Тэд ар араасаа цувран эмх цэгцтэй алхсаар очлоо. Мөн нүүрс тээвэрлэлтэд явдаг бололтой хятад улсын дугаартай хүнд даацын машин хар утаа суунаглуулан пар пар хийн хаазалсаар ирж байгаа харагдав. Тэвшин дээр нь улаан хулдаасан дээр лоозон уячихсан байгаа харагдлаа. Төв замаар хаазлан давхисаар Засгийн ордонг чиглээд ирэх ажээ. Харуул хамгаалалтын албаныхан нөгөө хар утаа хаяж давхих хүнд даацын машиныг ямар ч хяналт шалгалтгүйгээр оруулах нь тэр. Нөгөө машин чигээрээ давхисаар Засгийн газрын ордных нь төв хаалган дээр хөндлөн зогсчихлоо. Харин жагсагчдын 200 гаруй нь бичиг баримтаа үзүүлээд дотогш нэвтэрч байгаа харагдав. Тэгсэн ӨМА 0001 гэсэн улсын дугаартай хар жийп, араас нь “Бидний цөөхөн Монголчууд” төслийн багийнхан, МҮОНРТ, Зам тээврийн сайд асан М.Зоригт нар давхиад ирлээ. Засгийн ордныхоо үүдэнд зогсож байсан, гартаа жижигхэн уриа лоозон барьсан жолооч нар Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатарыг хараад хашгирч, орилж гарлаа. Аймгийн Засаг дарга машинаасаа буулгүйгээр шууд Засгийн ордны хашааг нэвтэрч, ордны хаалган дээрээс дотогш орсон юм. Бид ч аймгийн даргыг дагаад дотогш орцгоолоо. Засгийн ордонд Хилийн боомт, цагдаа тэргүүтэй Баяннуур аймгийн дарга нар эгнээд суучихжээ. Мөн нүүрс тээврийн компанийн захирлууд ширээний урдуур эгнээд суужээ. Тэдний ард жолооч нар суучихсан байлаа.

Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар “Яагаад нүүрс тээвэрлэлтийг зогсоосон. Хятадын нүүрс тээврийн компаниуд ямар учир шалтгаанаар Засгийн газрын 320 дугаар тогтоолыг эсэргүүцэж байгаа талаар холбогдох албан тушаалтнуудаас асууж тодрууллаа. Хариуд нь Баяннуур аймгийн дарга “Хоёр улсаас нүүрс тээвэрлэж байгаа компаниудын эрх ашиг ноцтой зөрчигдөж байгаа талаар бидэнд 12 төрлийн шаардлага, 400 гаруй хүний гарын үсэг болоод хурууны хээтэй бичиг ирсэн. Үүнийг Монголын Засгийн газарт хүргүүлсэн байгаа. Компаниуд болоод жолооч нар ердөө л дөрвөн зүйлийг эсэргүүцэж байгаа юм. “Чалко” болон “Винсвэй” компанийн тээвэр хийдэг машины эзэд нэгдүгээрт, уртын урт тээврийг хуучнаар явуулах, хоёрдугаарт, улс хоорондын тээвэр хийх эрхийг Авто тээврийн үндэсний төвөөс хятад эзэнтэй компаниудад нэмж өгөх, гуравдугаарт, Монгол жолооч нарын нийгмийн даатгалыг төлөхгүй байх. Дөрөвдүгээрт, хятад жолооч тээвэрт явахад визний дэмжлэг үзүүлэх гэсэн асуудлууд байна” гэв.Үүний хариуд Засаг дарга Н.Наранбаатар “Монгол Улсын Засгийн газрын сайд болон холбогдох албаны дарга нар хилийн боомт дээр өнгөрсөн оны арваннэгдүгээр сард ирсэн. Ингээд Засгийн газрын тогтоол гарч, нүүрсний уртын урт тээвэрлэлтийг өөрчилсөн. Бидний хувьд шийдвэр гаргах албан тушаалтан биш болохоор та бүхний тавиад байгаа шаардлагыг хүлээн авах боломжгүй. Харин нүүрс тээврийн үйл ажиллагааг яаралтай эхлүүлэхийг хүсмээр байна” гэв. БНХАУ-ын боомтын удирдлагууд уулзалтын талаар тээврийн компанийн удирдлагуудад танилцуулсан юм. Энэ үеэр жагсаал хийж байсан жолооч нар Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар руу дайрч, хэл амаар доромжилж байв. Мөн “Бидний хүсэлтийг хүлээж автал нүүрсний замыг нээхгүй” гэдгээ ч ам амандаа шаагилдан хэлж байлаа. Ингээд хоёр талын уулзалт олигтой үр дүнд хүрэлгүйгээр тарцгаалаа. Ганцмодны хилийн боомтын замыг ойрын хугацаанд нээхгүй юм байна гэдэг нь хүмүүсийн хэлж байгаа үгнээс тодорхой байна лээ. Мөн Ганцмодны хилийн боомтынхон манайханд “Цагаан сар болтол нүүрс тээврийг гацаана. Зам нээхгүй” гэх яриаг тараалгасан гэсэн. Өмнөговь аймгийн Засаг дарга Н.Наранбаатар уулзалтаас гарах үед хашааны гадна зогсож байсан хүмүүс мөн л хашгирч, “Уртын урт тээврийг хийлгэ. Танай жолооч нарын нийгмийн даатгалыг бид төлөхгүй. Хятад жолооч нар нүүрс тээвэрлэмээр байна” гээд л хашгирч байна лээ.

Өмнөговь аймгийн засаг дарга Н.Наранбаатар тэргүүтэй хүмүүс ганц модны боомт дээр уулзалт хийв 2018.01.12

“МОНГОЛ ЖОЛООЧ НАР БИДНИЙГ ХУЛХИДАЖ МАШИНЫ ЭД АНГИ ХУЛГАЙГААР ЗАРДАГ” ГЭВ

“Эрдэнэс Таван толгой”, “Энержи Ресурс” ХХК, “Таван Толгой” ХК тэргүүтэй уурхайн нүүрсийг худалдан авдаг “Винсвэй” компани, “Чалько” компанитай 400 гаруй тээврийн компани гэрээ хийж нүүрс тээвэрлэж байгаа билээ. Ганцмодны хилийн боомт дээр жагсаал хийж байгаа компаниудын төлөөлөл болсон гурван компанийн захиралтай уулзлаа. Тэд компани болоод өөрсдийнхөө нэрийг хэлбэл амь нас, эрүүл мэндээр хохирох аюултай гэсэн учир нэрийг нь нууцалж, орчуулагчаар дамжуулан ярилцлага авлаа. Ж гэх захирал сүүлийн арав гаруй жил Монголын нүүрс тээврийн салбарт ажиллаж байгаа юм гэнэ.

-Та бүхэн ямар шалтгаанаар ганц модны хилийн боомт дээр жагсаал хийгээд байгаа юм бэ?

-Хэд хэдэн томоохон шалтгаан байна. 2013 онд БНХАУ-ын компаниуд нүүрс тээвэрлэж байсан. Тэр үед хятадын машинуудыг Монголын газар нутагт явуулахгүй гэх шийдвэр гарсан. Бид ч тэр шийдвэрийг дагаад Монголын нүүрс тээвэрлэх зөвшөөрөлтэй компаниудын нэр дээр машинаа шилжүүлсэн. Машины улсын дугаар өөрчлөгдсөн болохоос бидний өмч хэвээрээ байсан. Тэгсэн хятад жолооч нарыг шахаад эхэлсэн. Визний асуудлаас болоод цөөхөн хятад жолооч нүүрс тээвэрт явж байна. Ингээд монгол жолооч нарт машинаа өгөөд нүүрс тээвэрт явуулдаг болсон. Бид урьдчилгаа мөнгөний хамт машинаа өгөөд явуулдаг. Монгол жолооч нар үнэхээр хариуцлага байхгүй. Нүүрс тээвэрлээд явж байгаад машин эвдчихнэ. Хурдтай явж байгаад урд явж байгаагаа мөргөх, замын хажуу руу унагах, 100 тонн нүүрс тээвэрлэж явж байгаа атлаа л хурдтай давхидаг. Тэгээд гэнэт тормос гишгээд дугуйг нь хагалдаг. Эсвэл осол хийнэ. Мөн олон тонн нүүрс ачсан болохоор массаараа түрээд зогсохгүй болохоор хүчээр зогсоодог. Ингээд машины кроп эвдчихдэг. Эвдэрсэн газраа машинаа хаяад өөр машинд суугаад яваад өгдөг. Бид эвдэрсэн машиныг нь Монгол руу очиж арай гэж авчирдаг. Мөн машины эд анги хулгайлна. 60 сая төгрөгийн үнэтэй машиныг бүр жижиглээд 15 сая төгрөгөөр зарсан тохиолдол ч гарсан. Тэгсэн танай Монголын бүдүүн дарга нар ирээд уртын урт тээврийг зогсоочихсон. Үүнээс болоод бид машиндаа хяналт тавьж чадахгүй болчихож байгаа юм. Яагаад гэхээр хил рүү орж ирэлгүй Цагаан хаданд нүүрсээ буулгачихаад эргээд уурхай руугаа явдаг болчихоод байна. Хилийн цаана байгаа бид хяналт тавьж чадахгүй байна. Гол асуудал ийм байгаа юм. Монголчуудад машин өгснөөс танайхны хэлдгээр “Чононд мах хадгалуулсан нь дээр” гэдэг шиг зүйл болно. Бас өөр асуудал нь монгол жолооч нар нэг өдөр нь өөр хүний машин бариад явдаг. Маргааш нь өөр хүний машин дээр очоод “Би нүүрс тээвэрлээд ирье. Тэр надад бага цалин өгсөн” гээд өөр машины эзэн дээр очдог. Тогтвор суурьшил байхгүй. Тийм хүмүүсийн нийгмийн даатгалыг бид яахаараа өгөх юм бэ.

-Та бүхэн хүсвэл Монголын компанид хөрөнгө оруулалт хийгээд ашиг хүртэх боломжтой биз дээ. Тийм компани хэд хэд байдаг юм байна лээ?

-Бизнес хийнэ гэдэг ашиг олно гэсэн үг. Тэгэхээр тэр монгол компанийн эзэнд мөнгө өгнө. Бас татвар нэрийн дор мөнгө төлөх болно шүү дээ.

-Хятадууд монголчуудыг нүүрс тээвэрт явуулчихаад цалин мөнгийг нь өгдөггүй. Бүр зоддож, амь насыг нь хөнөөсөн асуудал гараад байгаа шүү дээ?

-Монгол жолооч нарт учир байдаг юм аа. Тэд зүгээр байвал бид ч зүгээр л цалинг нь өгнө шүү дээ.

-Та бүхэн жагсаалаа хэдий болтол үргэлжлүүлэх юм бэ. хятадын Засгийн газар та бүхнийг хил дээр жагсаал хий гэсэн үүрэг даалгавар өгсөн гэсэн. Энэ үнэн үү?

-Монгол Улсын Засгийн газар бидний тавьсан шаардлагыг хүлээж автал хилийн замыг хаана. Манай Баяннуур аймгийн дарга нар, цагдаа нар биднийг жагсаал хийхийг зөвшөөрсөн. Бид бүх зөвшөөрлийг хуулийн дагуу авсан. Бид ч хил дээр ямар нэгэн үймээн самуун гаргахгүй. Тайван жагсаал хийх юм гэв.

Өмнөговь аймгийн засаг дарга Н.Наранбаатар тэргүүтэй хүмүүс ганц модны боомт дээр уулзалт хийв 2018.01.12

Нүүрс тээвэрлэж байгаа монгол жолооч нар болоод Ганцмодны хилийн боомт дээрх хятадуудын харилцаа сүүлийн жилүүдэд муудаад байгааг уулзсан хүмүүс ярьж байна лээ. Бие биенийгээ муулж, үзэн ядаж байгаа нь уулзсан хүн бүрээс мэдрэгдэж байв. Ганцмодны боомтын хил дээр монголчуудыг хятадууд зодож, доромжлох нь хэвийн үзэгдэл мэт болсон тухай ярих хүн ч цөөнгүй байв. Хэн дуртай нь монголчуудыг дорж үзэж, бүр амь насыг нь хөнөөсөн хэрэг ч удаа дараа гараад байгаа. Өнгөрсөн жил гэхэд манай улсын гурван залуу алга болсон байна. Тэдний хоёрыг нь онц хэрцгийгээр хөнөөж, цогцсыг нь зам дагуу газарт булсан байсныг орон нутгийн цагдаа нар олсон байдаг. Мөн цалингаа авч чадалгүй хохирсон хоёр мянга гаруй иргэн байдаг аж. Манайхан ч боломж гарвал хятад жолооч нарт “шанг” нь хүртээгээд буцаадаг, машин техникт нь хүнийрхүү сэтгэлээр ханддаг, хулгай дээрэм хийдэг асуудал цөөнгүй гаргадаг байна. Өөрөөр хэлбэл, хоёр улсын нүүрс тээврийн компаниуд, ажилчдад хариуцлага, ёс журам, сахилга бат огт үгүй болсон бөгөөд үүнийг цэгцлэх цаг ирсэн нь энэ явдлаар мөн ил болж байгаа юм.

Үргэлжлэл бий