Categories
редакцийн-нийтлэл

Цагдаагийн ахлагч Оюунбаатарыг гэмт этгээд хийн буугаар сүрдүүлэн барьцаалжээ

Цагдаагийн алба хаагчийг эндээс барьцаалжээ

– НАРАНЦЭЦЭГИЙН
БОЛОР-ЭРДЭНЭ ЗАЛИЛЛАНГИЙН ХЭРГЭЭР ШАЛГАГДАЖ БАЙГААД ШҮҮХ ХУРЛЫН ҮЕЭР ОРГОСОН БАЙЖЭЭ-

Сүхбаатар дүүргийн III хорооны нутаг дэвсгэр Авлигатай тэмцэх газрын
замын эсрэг талын 24 дүгээр байрны хүүхдийн тоглоомын талбайд буутай гэмт этгээд
цагдаагийн алба хаагчийг  барьцаалсан хэрэг
гарсан. Цагдаагийн алба хаагчийг барьцаалсан хэрэг энэ сарын 14-ний өдөр буюу уржигдар
15:30 цагийн орчимд гарчээ. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр Дамдинсүрэн гэж
өөрийгөө танилцуулсан иргэн Нийслэлийн шуурхай удирдлагын төвийн 102 тоот утсанд
холбогдож, дуудлага өгсөн байна. Тэрбээр “Надаас их хэмжээний мөнгө залилсан этгээдтэй
тааралдлаа. Орос гуравдугаар сургуулийн баруун талд байдаг 24 дүгээр байрны үүдэнд
нэг хүүхэнтэй уулзаж байна. Залилан хийсэн энэ нөхрийг улс даяар эрэн сурвалжилж
байгаа юм. Шүүх хурлын үеэр оргон зайлсан” хэмээн дуудлага өгсөн гэнэ. Дуудлага
ирсэн даруйд Нийслэлийн шуурхай удирдлагын төвөөс Сүхбаатар дүүргийн цагдаагийн
хэлтсийн Хэв журмын цагдаа ахлах дэслэгч Өсөхбаярт уг мэдээллийг шалгах үүрэг өгчээ.
Улмаар ахлах дэслэгч н.Өсөхбаяр ахлагч н.Оюунбаатарыг дагуулан дуудлага өгсөн газар
руу явжээ.

Тэднийг дуудлага өгсөн газарт очих үед хохирогч Дамдинсүрэн гэх залуу
цагдаа нарыг тосч уулзсан байна. Тэгээд 24 дүгээр байрны хүүхдийн тоглоом бүхий
талбайн урд хэсэгт зогсож буй өндөр нуруутай, шил зүүсэн залууг зааж “Тэр зогсож
байна” хэмээн зааж өгсөн гэнэ. Уг газар олны хөлийн газар тул иргэд олон байсан
аж.

Энэ талаар сурвалжлахаар Сүхбаатар дүүргийн нутаг дэвсгэр 24 дүгээр
байрны хүүхдийн тоглоомын талбайд очлоо. Биднийг очих үед тэр хавийн өндөр настай
оршин суугчид нарлаж байв. Тэд хоорондоо цагдаа барьцаалсан хэргийн талаар ярьж
байлаа. “15:30 цагийн орчимд хоёр цагдаа өндөр биетэй залууг хоёр талаас нь сугадаад
аваад явсан гэнэ. Гэтэл нөгөө залуу хар өнгийн буу гаргаж ирээд нөгөө хоёр цагдаагийн
өөдөөс чиглүүлсэн. Тэгсэн хоёр цагдаа гараа өргөн зогсож байхад “Ойртвол буудна
шүү” хэмээн хашгирч, ухарч явснаа байшин тойроод зугтаачихсан. Нэг цагдаа араас
нь хөөгөөд гүйсэн. Харин  нөгөө цагдаа машинаа
асаагаад явсан” хэмээн ярьж байв. Удалгүй олон цагдаа ирж тэр хавиар байсан хүмүүсийн
нэр хаягийг бүртгэж эхэлсэн байна. Хэргийн газарт ийм үйл явдал болж өнгөрчээ. Сүхбаатар
дүүргийн цагдаагийн хэлтсийнхэн  хэрэг гарах
үед байсан арав гаруй иргэнээс мэдүүлэг авсан байна.

“ЗУГТААВАЛ ШУУД БУУДНА” ГЭЖ ГЭМТ ЭТГЭЭД СҮРДҮҮЛСЭН
ГЭВ

Өөр нэг эх сурвалжаас авсан мэдээллээр ахлах дэслэгч н.Өсөхбаяр,
ахлагч н.Оюунбаатар нарт цагдаагийн гавнаас өөр ямар нэгэн багаж хэрэгсэл байгаагүй
гэнэ. Бүр барьцаалагдсан цагдаад гар утас ч байхгүй явжээ. Машиндаа гар утсаа үлдээчихсэн
байсан гэж мэдүүлээд байгаа юм байна. Буу гаргасан залуу зугтааж байшин тойрох үед
ахлагч Оюунбаатар араас нь хөөсөн аж. Ахлагч Оюунбаатарыг байшин тойроод гарч ирэх
үед буу тулган “Зугтаах юм бол шууд буудна шүү. Ална шүү” гэж хэлээд дагуулаад явсан
байна. Тэрээр хотын төвийн гудамжаар явахдаа цамцныхаа халаасанд буугаа хийчихээд
яваад байсан юм байна. Цагдаатай хамт явж байхдаа “Чамайг зугтаах юм бол буудна.
Хажууд юу ч болоогүй юм шиг тайван яв” гэж хэлээд дагуулаад алхаад байжээ.

Харин энэ хооронд ахлах дэслэгч Өсөхбаяр нэмэлт хүч дуудсан байна.
Цагдаагийн ерөнхий газрын харьяа Гэмт хэрэгтэй тэмцэх газар, Нийслэлийн цагдаагийн
газар, Сүхбаатар дүүргийн цагдаагийн хэлтсийн алба хаагчид нийслэлийн хэмжээнд самналт
хийж эхэлжээ. Цагдаа нар гэмт этгээдэд барьцаалагдсан цагдааг Гандантэгчинлэн хийдийн
хажуу талын гэр хороололд байгааг төд удалгүй тогтоосон байна. Тэгээд араас нь дагах
ажиллагааг эхлүүлсэн байна. Ийн явсаар Баянгол дүүргийн нутаг дэвсгэр 77 дугаар
сургуулийн ойролцоо явж байхад нь хэдэн талаас нь бүсэлж саатуулжээ. Цагдаагийн
ерөнхий газрын  харьяа Гэмт хэрэгтэй тэмцэх
газрын хоёр албан хаагч дөхөж ирэх үед барьцаалагдсан ахлагч Оюунбаатар гэмт этгээдэд
өчих мэх хийж унагасан гэнэ. Цагдаа нар зургаан цаг гаруй хэрэгтний араас хөөцөлдөж
саатуулжээ.

Хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс үргэлжлүүлэн
шалгаж байна. Барьцаалагдсан цагдаа “Буу гаргаад ирэхээр нь эхлээд айсан. Дараа
нь хамт дагаад явж байхдаа яаж бууг нь булааж авах вэ гэж бодоод л хамт яваад байсан.
Хэрэв зугтаачих юм бол араас буудчихаж магадгүй гэж бодсон. Гэмт хэрэгтэн “Зугтаах
гэж оролдвол нам буудна шүү. Би угаасаа өнгөрсөн хүн” гэж хэд хэдэн удаа хэлсэн”
хэмээн мэдүүлжээ. Хэргийг шалгаж байгаа цагдаа нар гэмт этгээдийн бууг шинжилгээнд
явуулсан байна. Цагдааг барьцаалсан буу нь хийн гар буу байсан гэнэ. Найзаасаа худалдаж
авсан хэмээн мэдүүлжээ.

ЦАГДАА БАРЬЦААЛСАН ГЭМТ ЭТГЭЭД ХЭН БЭ
Цагдаа барьцаалсан этгээд Чингэлтэй дүүргийн
VIII хорооны нутаг дэвсгэр Зүүн тасганы 6-74 тоотод оршин суудаг гэх албан ёсны
хаягтай юм байна. Эрхэлсэн тодорхой ажилгүй Наранцэцэгийн Болор-Эрдэнэ 1985 онд
төрсөн 29 настай аж. Н.Болор-Эрдэнэ нь 2013 онд н.Дамдинсүрэн гэх залууг залилж,  их хэмжээний мөнгийг нь хуурч авсан байна. Хэргийг
шалгаж байх үед батлан даалтад гарч, дахин залилангийн гэмт хэрэг үйлдсэн байна.
Залилангийн гэмт хэрэг үйлдээд 2013 онд хоригдож байгаад батлан даалтад гарчээ.
Шүүх хурал болох үед оргон зайлсан юм байна. Тэрбээр Эрүүгийн хуулийн 148 дугаар
зүйл буюу бусдын эд хөрөнгийг залилан мэхэлж авсан гэмт хэрэг хийсний улмаас эрэн
сурвалжлагдаж байжээ.  

 ЦАГДАА НАРТ ТУСГАЙ  ХЭРЭГСЭЛ ХЭРЭГТЭЙ БАЙНА ГЭВ
Сүүлийн үед боломжийн амьдралтай залуус галт зэвсэг  худалдан авах нь их болсон. Байлдааны бууг ангийн
буу хэмээн дэлгүүрүүдэд худалдаалж байгаа. Мөн залуусын дунд өөрийгөө удирдах чадваргүй
болтлоо архидан согтуурсан, мансууруулах төрлийн бодис хэрэглэн мансуурсан залуус
олширч байгаа гэдгийг цагдаагийнхан ярьсан. Мөн гэмт хэрэгтнүүд галт зэвсгээр зэвсэглэн
машин унаж давхиж байгаа гэдгийг цагдаагийн алба хаагчид хэлж байна. Эдгээр хүмүүстэй
тэмцэж буй цагдаагийн алба хаагчид гав, бороохойноос өөр тусгай багаж хэрэгсэлгүй
байгаа гэдгийг онцлон хэлж байна лээ. Тэдэнд амьсгал боогдуулагч, нулимс асгаруулагч
гээд тусгай багаж, хэрэгсэл байхгүй олон жилийн нүүр үзэж байгаа юм байна. Тусгай
багаж хэрэгсэл байхгүйгээс үүдэн өнгөрсөн жил Ховд аймгийн Булган суманд цагдаагийн
алба хаагч гэмт этгээдүүдэд буудуулж амиа алдсан хэрэг гарч байсан билээ.  

Цагдаагийн ерөнхий газрын Хэвлэл мэдээллийн төв  болон Нийслэлийн цагдаагийн газраас “Гэмт этгээд
цагдаагийн алба хаагчид буу тулгасан нь үнэн. Гэхдээ барьцаалаагүй” хэмээн өчигдөр
мэдэгдсэн юм. Хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийгдэж байгаа аж. Н.Болор-Эрдэнэ
цагдааг барьцаалах үедээ согтууруулах ундааны зүйл хэрэглээгүй байсан нь тогтоогдсон
байна. Түүнийг  сэтгэцийн ямар нэгэн эмгэгтэй
эсэхийг шалгуулахаар Шүүх эмнэлгийн шинжээч томилжээ.

Э.ХҮРЭЛБААТАР

Гэрэл зургийг
Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
редакцийн-нийтлэл

Н.Гаравсүрэн: Гэмт хэрэгтэн буудсан хүнийхээ зургийг зураад гэртээ сууж байхад нь баривчилж байв

Нийслэлийн цагдаагийн газ­рын дарга, Цагдаагийн ерөнхий
газрын тэргүүн дэд дарга асан хурандаа Н.Гаравсүрэнтэй хий­сэн ярилцлагынхаа
үргэлж­лэлийг хүргэж байна.

 
-1989-1990 оны жагсаал цуг­лааныг цагдаагийн байгууллага
амжилттай даван туулсан гэдэг­тэй хүн бүр санал нэгдэх байх. Харин 2008 оны
долдугаар сарын 1-нд болсон жагсаал үймээний үеэр цагдааг муу ажилласан гэдэг.
Энэ талаар ямар санаа бодолтой явдаг вэ?

-Цагдаа
1990 оны жагсаал цуглааны үеэр их сайн ажилласан. Тэгж хэлэх ч эрхтэй. 2008 оны
долдугаар сарын 1-ний үйл явдал хуулиа биелүүлээгүйгээс болоод хохирол их
амссан. Энэ талаар яримаар юм олон л байна. 1993 онд батлагдсан Цагдаагийн
бай­гуул­лагын тухай хуулийн 42 ду­­гаар зүйлийн 2-т олон хүнд нөлөөлөх тусгай
хэрэгсэлд да­раахь хэрэгсэл хамаарна гэж заа­сан байдаг. Нэгдүгээрт, олон хүнд
нэг зэрэг нөлөөлөх нулимс асгаруулагч, амьсгал боогдуулагч, хоёрдугаарт, усан
хөөрөг, гурав­дугаарт утаан хөшиг зэргийг ний­тийн эмх замбараагүй байдлыг
таслан зогсоох, нийгмийн хэв журмыг бүлэглэн зөрчиж байгааг таслан зогсоох,
байгууллага иргэдийн мэдэлд байгаа барилга байгууламж, орон байрыг эзлэн авсан,
гудамж замын хөдөлгөөнийг бүслэн хаасныг чөлөөлөх, хориглон эсэр­гүүцэж байгаа
сэжигтэн, яллаг­дагч, шүүгдэгч, ялтныг баривчлах үед цагдаагийн алба хаагч олон
хүнд нөлөөлөх тусгай хэрэгслийг хэрэглэж болно” гэж маш тодорхой заагаад
олон жил болж байсан. Гэтэл хуульд заасан олон хүнд нөлөөлөх тусгай хэрэгслээр
цаг­даа хангагдаагүй, гар хоосон байсны гайгаар долдугаар сарын 1-нд болсон үймээний
үед таван хүний алтан амь үрэгдэж, олон хүн эрүүл мэндээрээ хохирч, улс,
нийтийн байгууллагуудад их хэмжээний эд хөрөнгийн хохирол учирч, хүмүүсийг
бөөнөөр нь барьж шийтгэсэн зэргээр тоочоод баршгүй хохирол гарч, нийт ард түмэн
одоо ч сэтгэл санааны дарамттай байна. Цагдаагийн байгууллагын тухай хууль
гараад арав гаруй жил өнгөрсөн байхад энэ хуулийн дээр дурдсан олон хүнд
нөлөөлөх тусгай хэрэгслээр Цагдаагийн байгууллага хангагдаагүй, хангахыг
хүсээгүй байснаас бүх зүйл болсон гэж бид үздэг. Хэрвээ хуульд заасан тусгай
хэрэгслүүдээр цагдаагийн байгууллага хангагдсан байсан бол долоон сарын 1-ний
гэх тэр хүнд гарз хохирлуудыг амсахгүй байж болохоор урьдчилан сэр­гий­лэх
боломж байсан гэж бод­дог. Хуулиа биелүүлдэггүй, хуу­лиа эргэж хардаггүй байсаар
иргэ­дээ хохироодог үзэгдэл ахин бүү гараасай гэж бодох юм. Долоон сарын 1-ний
үймээний үед цагдаагийн байгууллагын хамгаалалт, хэв журам сахиулах ажлыг
удирдан зохион байгуулах ажлыг нэг гараар удирдаагүй, олон хүн тал талаас
тушаал өгч, самгардуулснаас байгаа хүчээ зөв, оновчтой ажиллуулж чадаагүй, хэв
журам сахиулах ажлыг хяналтаасаа гаргасан нь гашуун сургамж болсон байх.

-Өдгөө цагдаагийн байгуул­лага иргэдийн дунд нэр хүнд
муутай байгаа. Энэ юутай холбоотой вэ?

-Цагдаагийн
байгууллагын ажил иргэдийн нүдэн дээр ил тод явагддаг. Энэ ч утгаараа олон
санал гомдол дагаж байдаг. Цагдаагийн нэр хүнд муу байгаа нь үнэн. Эрүүлжүүлэх
байранд гэхэд нийслэлийн хэмжээнд хоногт зуу гаруй хүн хонодог. Дээрх тоог
жилээр нь авч үзэх юм бол их тоо гарна. Эрүүлжүүлэх байранд хоноод явсан
хүн  “Миний цагдаа намайг сайхан
эрүүлжүүлж өгөөд гаргалаа” гэж хэлдэггүй л байхгүй юу.”Тэр мөрдөн байцаагч
надад мөн ч сайхан ял төлөвлөсөн байна” гэж хэлэхгүй. Нэг талаас нь харж үзэх
юм бол ажил мэргэжилтэй холбоотой. Харин нөгөө талаасаа цагдаа их өндөр ёс
суртахуунтай, тэсвэр тэвчээртэй байх ёстой. Хамгийн гол дутагдаж байгаа зүйл нь
энэ. Ёс суртахуун гэдэг нийгмийг эрүүлжүүлэх дархлаа. Цагдаагийн албан хаагч
бусадтай харилцах чадвар эзэмшсэн байхаас бүх зүйл эхэлдэг. Цагдаа нээлттэй,
өөрийгөө танил­цуулдаг байхаас ёс зүй эхэлж байгаа юм. Тиймээс цагдаа нарт
сургалт сайн хийх хэрэгтэй. Харилцаа, мэргэжлийн өндөр түвшин гэх мэт зорилтод
сургалтыг явуулах хэрэгтэй юм шиг харагдаад байна. Тухайлбал, ууртай цагдааг
яах вэ гэдэг ч юм уу. Цагдаагийн албан хаагч юу юугүй уурлаад байдаггүй. Дандаа
цагдаагийн зөв байна гэж бас байхгүй. Тиймээс иргэддээ талархаж чаддаг. Буруу
зүйл хийсэн бол эргээд уучлалт гуйдаг байх нь чухал. Дараагийн нэг том зүйл нь
цагдаагийн иргэншлийн асуудал. Би саяхан нэг хуралд сууж байлаа. Тэгсэн Булган
аймгийн ИТХ-ын дарга “Манай аймгийн цагдаа иргэншиж байгаа” гэж ярих юм. Дараа
нь Шүүхийн дарга, бас жирийн нэг иргэн “Манай аймгийн цагдаа нар иргэншиж
байгаа” гэж байна. Тэгэхээр нь  хуралд
оролцож байсан иргэнээс цагдаа иргэнших гэж юу гэж байгаа юм гэж асуулаа. Тэр
хүн “Би согтуу явж байгаад эрүүлжүүлэх байранд хоночихдог байсан юм. Саяхан
согтуу явж байгаад  цагдаатай таартал
гэрт хүргэж өгсөн” гэж ярьсан. Иргэд ийм л зүйл цагдаагаас хүлээж байна.
Тиймээс энэ талаар бодох, иргэддээ үйлчилж тусалдаг байвал болно. Энийг  иргэнших явдал гээд байгаа юм.

-Таныг Хотын цагдаагийн газрын даргаар ажиллаж байхад
гэмт хэргийн илрүүлэлт  сайн байсан
гэсэн. Хан-Уул дүүрэгт гарсан хүн амины хэрэг дээр ажиллаж байсан гэдэг байх аа?

-Намайг
Нийслэлийн цагдаа­гийн газрын даргын ажлыг авс­ны дараа хэрэг илрүүлэлт сайн
байсан гэж хэлж болно. Бүр Ар­дын хурлын депутат хурлын үеэр “Хотын цагдаагийн
газар их сайн ажиллаж байна. Хөдөө, орон нутагт хүн хүч болон техник, хэрэгсэл
дутуугаас ажлын үзүүлэлт муу гарч байна” гэж ярьж байлаа. Баянзүрх дүүргийн
Уламбадрах даргатай хэлтэс, Баянгол дүүргийн Сайнбаяр даргатай хэлтэс гээд сайн
ажиллаж хэлтэс нэлээд бий.  1991 оны
арваннэгдүгээр сард Яармагт гудамжинд нэг хүнийг буудаж, аминд нь хүрсэн хэрэг
гарсан. Өглөө ажилдаа явж байсан хүнийг буудаад аминд нь хүрчихсэн байсан.
Хан-Уул дүүргийн Сангарагчаа даргатай 
хэлтсийнхэн хэргийг илрүүлэхээр ажиллаж байв. Би ажил дээрээ сууж байсан
утас дуугарлаа. Аваад ярьсан чинь өөдөөс нэг эрэгтэй “Гудамжинд хүн
буудуулчихаад байхад чи юу хийж байна вэ” гэж асуучихаад утсаа салгачихсан.
Тэгээд хэрэг юу болж байгааг тодруулахаар Хан-Уул дүүргийн цагдаагийн хэлтэс
орлоо. Улмаар хэргийн араас шалгах ажилд оролцсон хэрэг. Удалгүй хэрэг ч
илэрсэн. Талийгаачийг таньдаг хүн нь буудчихсан байсан. Түүнийг баривчлахаар
очиход буудсан хүнийхээ зургийг зураад сууж байсан. Буугаа гэрийнхээ гадаах
нүүрсэнд булчихсан байсан.

-Депутат гэснээс та Сүхбаа­тарын районоос Ардын хурлын
депутатаар сонгогдож байсан гэдэг. Энэ талаараа ярихгүй юу?

-Сүхбаатарын
районоос Ардын хурлын депутатаар сонгогдож байсан. Шинэ үндсэн хууль бат­лалцах
ховорхон завшаан ол­дож байсан юм. Цагдаагийн байгууллагаас Р.Ёндондэмбэрэл
хурандаа бид хоёр оролцож байлаа. Одоо УИХ-д цагдаагаас хүн сонгогдоно гэвэл
хэцүү байх байлгүй. Тэр үед ямар ч байсан иргэдийн сонголтоор гарч ирсэн юм.
Тэгээд үндсэн хуулийн 11 дүгээр зүйлд нийгмийн дэг журмыг хангах нь төрийн
үүрэг мөн гэсэн өгүүлбэрийг оруулж байсан.

-Цагдаагийн ерөнхий газрын тэргүүн дэд даргаар ажиллаж байхдаа
цагдаа нарын хувцсыг сольж байсан. Тэр үед одоогийнх шиг цагдаагийн хувцастай
хол­боотой шүүмжлэл байсан уу?

-Байлгүй
яахав. 1993 онд цаг­даа­г­ийн хувцсыг сольж байлаа. Сая хуучин гээд солигдсон
хувцас шүү дээ. Хар өнгөтэй хувцас, савхин куртик, үстэй дотортой дээл, ажлын
маягийн түрийтэй хар гутал гээд бүгдийг нь өөрчилсөн. Мөнгө төгрөг муутай
байсан боло­хоор санаандаа тултал сайн хувцас бэлдэж чадсангүй гэж бодож
байлаа. Цагдаа нар ч шинэ хувцсаа өмслөө. Тэгсэн цагдаа нарт ял хувцас өмсгөлөө
гээд шүүмжлэх хүмүүс олон гарч ирсэн. Беретекэн малгай, савхин куртик, түрийтэй
гутал өмссөн цагдаа тухайн үед шоронгийн хоригдолтой адилхан харагдаад байна
гээд л шүүмжилж гарсан. Одоо тэр  хувцсаа
санагалзаад байна. Энэ бол сэтгэл зүйн асуудал шүү дээ.  Биед эвтэйхэн, хөнгөн нимгэн байвал ямар ч
хувцас хамаагүй шүү дээ. Зөвхөн ажлаа сайн хийж чаддаг байх нь чухал. 

-Тантай хамт ажиллаж байсан хүмүүсээс  хэрэг хурдан илрүүлдэг, үлгэр жишээ ямар  хүмүүс байв?

-Цагдаагийн
байгууллагаас олон сайхан хүмүүс төрсөн байдаг. Тэдгээр хүмүүс дундаас Гавьяат
хуульч Рэнцэнхорлоо гэж хүн байна. Энэ хүн цагдаагийн байгууллагын дарга,
орлогчоор 22 жил ажилласан.  Орчин цагийн
цагдаагийн байгууллагын түүхийг авч үзэх бол заавал энэ хүнтэй холбогдоно.
Хэрэг илрүүлэхдээ дайчин шуурхай ажилладаг байлаа. Гавьяат хуульч, хүн амины
хэргийн Дамдинсүрэн, мөн гавьяат  хуульч
Дамдин, Толгойдоо сумтай Гончигдорж гэх хүмүүсийг нэрлэж болж байна.
Гончигдоржийн хувьд толгойдоо буудуулаад сум толгойд нь байгааг мэдэлгүй олон
жил явсан байдаг. Гавьяат хуульч Р.Өлзийбуян гэмт хэргийг сайн мөрддөг мөн
П.Баасанжалбаа, Эрүүгийн цагдаагийн даргаар ажиллаж байсан Д.Чулуунбаатар,
Д.Мөрөн, А.Дулаанжаргал гээд тухайн цаг үедээ шижигнэж, бусдадаа зөв үлгэр
дуурайлал болж байсан залуус олон бий. Эдгээр хүмүүс улсын хэмжээнд гайхагдаж
явсан хүмүүс шүү.

-Та одоо цагдаагийн ахмадын даргын албан тушаал хашиж
байна уу?

-Энэ
ажлыг хийгээд арав гаруй жил болж байна. 
Монгол Улсын хэмжээнд цагдаад ажиллаж байсан гурван мянга гаруй ахмад
бий. Тэдгээр хүмүүсийн эрх ашгийг хамгаалах гачигдал, зовлон гарлаа гэхэд
ажиллаж байсан газартай нь холбож өгөх гээд л хүмүүнлэгийн чиглэлийн голдуу
ажил хийж байна даа. Цагдаад ажиллаж байсан 12 хүнийг шинэ байранд оруулж
өгчихөөд л сууж байна. Цагдаа гэх энэ том айлын хашаанаас гараагүй ойролцоохон,
бараадаад байж л байна.

Бид хоёрын яриа энд хүрээд өндөрлөсөн юм. Эл эрхэм
цаг­даагийн байгууллагын амьд архи­вуудын нэг. Тэрбээр Нийслэлийн цагдаагийн
газрын нэгэн өрөөг 1970 оны үед ашиглаж байсан гэх утас, ширээ, цайны данх
зэргийг тохижуулан ахмад цагдаа нараа хүлээн авч уулзаад, элдвийг хуучлан,
инээлдэн суух ажээ.

 

Э.ХҮРЭЛБААТАР    

Categories
редакцийн-нийтлэл

Д.Базаргүр: Манайхан хүн чанараасаа болоод л спиртний хэрэгт нэр холбогдчихсон

-НӨХЦӨЛ НЬ БҮРДСЭН БОЛ ОДОО ЦАГДААД ХИЙЖ БАЙГАА ШИНЭЧЛЭЛИЙГ  2000 ОНД ХИЙЧИХ БАЙСАН. ОДОО ЦАГ НЬ БОЛСОН- 

  Цагдаагийн
ерөнхий газрын дэд дарга асан, хурандаа Д.Базаргүртэй хийсэн ярилцлагаа уншигч та
бүхэнд үргэлжлүүлэн хүргэж байна.

 
-Танаас хоёр зүйлийг асуумаар санагдаад байх юм. Олон жилийн
хугацаа өнгөрсөн болохоор нуугаад байх зүйлгүй байх.  “Центрпойнт”-ын гэх хэрэг, 17 чингэлэг спиртний
хэрэгт таны нэр холбогдож байсан. Энэ талаараа хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярьж
байгаагүй. Хүмүүсээс сонсоод байхад та дээрх хоёр хэрэгтэй холбоогүй юм биш үү?

-Үнэн
юм үнэнээрээ сайхан байдаг. Энэ талаар ярилгүй олон жил чимээгүй явлаа. Ямар учраас
“Центрпойнт”-ын болон спиртний хэрэгт нэр холбогдох болсон талаараа ярьж болж байна.
Үнэндээ бол огт холбоогүй юм шүү дээ. Зарим нэр бүхий хүмүүсийн миний нэр хүндэд
халдсан явуулга байсан. Спиртний хэргийн талаар эхлээд ярих хэрэгтэй байх. Тухайн
үед тийм хэрэг мандсан. Манай албаныхан хэрэг мөрдөж яваад айлын хашаанаас цэнхэр
поошигтой спирт машины тэвшин дээр ачаатай байгааг илрүүлсэн юм билээ. Тэгээд нөгөө
машины жолоочийг саатуулаад хэргийг шалгах ажил эхэлдэг юм байгаа биз дээ. Тэгсэн
Ховд аймгийн хоёр цагдаа манайхантай ирж уулзсан байдаг. Хамаг зовлонгоо яриад,
банкнаас зээл авчихсан чинь төлөх хугацаа нь болоод, төлж чадахгүй байна. Тавиад
явуулчих гээд гуйсан байдаг. Тэр үед үнэхээр л цагдаа нарын амьдрал хүнд байсан
үе. Цагдаа цагдаадаа амьдралаа яриад ороод ирсэн юм билээ. Тэгээд л тавиад явуулчихсан.
Хүн чанараасаа болоод л явуулсан. Үүнийг хүмүүс мушгиад надтай холбож ярьсан байдаг.
Нөгөө спирт авч явсан хоёр цагдаа сайхан л явж байна. Хоёулаа хурандаа цолтой болчихсон
байна лээ. Хэрэв тэр үед манайхан хүн чанартай зан гаргаагүй байсан бол нөгөө хоёр
яах байсан бол. Тасгийнхаа залууст тухайн үед та нар тэр хоёр нөхрийг яагаад тавьж
явуулж байгаа юм гэж загнахгүй. Бас хүн чанартай зан гаргалаа гэж магтахгүй гэж
л хэлсэн. Өөр зүйл хэлээгүй ээ. “Центрпойнт”-ын гэх хэрэгт намайг холбогдсон гэж
өдөр тутмын нэг сонин дээр гарсан байдаг. Тэр хэрэг гарах үед би гэртээ л байсан
байхгүй юу. Намайг гүтгэж бичсэн сонин удалгүй “Д.Базаргүр хурандаа “Центрпойнт”-ын
хэрэгт холбоогүй юм байна” гэсэн залруулга гаргасан.Тухайн үед дээрх хэрэгтэй намайг
холбож бичүүлэх болсон шалтгаан нь том эрх ашиг байсан юм билээ. Чи асуусан болохоор
нууж хаалгүй ярилаа шүү.

-Б.Пүрэв генерал танай тасгийн залуусыг дэмждэг байсан гэдэг.
Тэр ч утгаараа хийж байгаа ажилдаа хоёргүй сэтгэлээр ханддаг байсан байх?

-Доороо
бат суурьтай дээрээ түшигтэй байхаар ажилд ахиц гарч ирдэг юм билээ.  Б.Пүрэв генерал манайхантай уулзаад “Та нар бол
цагдаагийн ассууд буюу шилдгүүд юм шүү. Монголын цагдаагийн нүүр царай” гэж хэлж
байсан. Мөн “Хэрэг мөрдөөд хөдөө, орон нутагт байнга явна. Мэдэхгүй газрынхаа өвс
ургамал, рашаан усыг хамаагүй идэж,  ууж болохгүй
шүү” гэж захидаг байсан. Генерал бидэнд үнэн үг хэлж байсныг удалгүй мэдсэн. Манай
нэг ажилтан Завхан аймагт явж байгаад рашаан ууснаас болж амиа алдаж байсан. З.Төрмандахыг
Эрүүгийн цагдаагийн даргаар томилох болсон шалтгааныг хүн бүр гайхдаг байсан.
24-хөн настай мөрдөгчийг шууд томилж байгаа юм. Б.Пүрэв генерал цаг үеэ мэдэрч байсан
байгаа биз. Тэр үед “Морин жилтэй залуус улс орныг удирдахаар гарч ирж байна. Тиймээс
эдгээр залуустай хөл нийлэх залуу хүн хэрэгтэй. Цагдааг удирдах хүнийг одооноос
бэлтгэх хэрэгтэй” гээд томилж байсан. Энэ юуг хэлж байна гэхээр маш алсыг харж байсан
байгаа юм. Одоо Монголын цагдаагийн байгууллагад Б.Пүрэв генерал шиг алсын бодолтой
хүн хэрэгтэй байна.  1990 оны жагсаалын үед
Монголын цагдаа жагсагч нарын өөдөөс ямар нэгэн эсэргүүцэл үзүүлж байгаагүй. Хэрэв
байдал эвгүйдсэн бол цагдаа нарыг хөдөлгөх боломж байсан.  Б.Пүрэв генерал ардчиллыг дэмжиж байсан хүн байгаа
юм. Намайг анх Дорнодоос хот руу шилжүүлж байсан Цагдаагийн ерөнхий газрын дарга  Дамдинсүрэн генералын итгэлийг алдаагүй ажилласан.

-Цагдаа нар хэргийн үнэнийг олохын тулд л мөрддөг.  Хэргийн нарийн учгийг тайлж чадаагүйгээс болж
гэм буруугүй хүн хохирох тохиолдол гардаг. Завханд гарсан хүн амины хэргийг та үнэн
зөв илрүүлж олон жилийн ял авах гэж байсан залууг суллаж байсан гэдэг?

-Завханд
нэг залуу амиа алдсан хэрэг гардаг юм. Дамбий гэх өвгөн хоёр хүүтэй. Хэрэг гардаг
өглөө эрт том хүү нь зүүн тийшээ адуундаа мордсон байгаа юм. Харин нөгөө хүү нь  баруун тийшээ үхэртээ явсан байдаг. Гэтэл үхэрт
явсан хүү нь хутгалуулсан байдалтай амиа алдсан байдаг. Дамбий гэх айлын ойролцоо
хоёр айл байдаг. Нэг хөгшин охинтойгоо амьдардаг. Хажууханд нь бас нэг айл. Тэр
айлд хэрэг гардаг өглөө идшээ авах гээд  Эрдэнэ-Очир
гэх залуу ирсэн. Тэгсэн гэрийн эзэн танай хоёр хонь эргүүтсэн байгаа. Энүүхэнд бий,
Чи мордоод олоод ир. Тэрийг идшиндээ хэрэглэ гээд явуулсан байгаа юм. Эрдэнэ-Очир
ч малаа тавьсан айлаасаа мордож яваад дурандаж байгаад нэг хүн хээр хэвтэж байхыг
харсан. Тэгээд яваад очтол талийгаач амиа алдсан байдаг. Ингээд гэрийнхэнд нь дуулгасан
юм. Талийгаачийн ар гэрийнхэн Эрдэнэ-Очирыг буруутгаад байгаа. Жил гаруйн өмнө гутлынхаа
түрийнд  тонгорго хутгатай явсан. Тэр хутгаараа
хүүг минь хутгалсан гэж аав нь мэдүүлээд байгаа. Ингээд Эрдэнэ-Очир хүн амины хэрэгт
шалгагдаж эхэллээ. Миний олж тогтоосноор Дамбийгийн ойролцоо байсан айлын охин нь
урд энгэр рүү адуугаа тууж явсан хоёр хүнийг харсан байдаг юм. Тэд жалга руу орсноос
хойш удалгүй цулбуураа чирсэн морь үргээд гараад ирсэн гэдэг. Араас нь явган хүн
гарч ирсэн. Тэгээд нутгийнхан цулбуураа чирсэн морийг барьж авах үед жолоогоо эмээлийнхээ
бүүргэнд сойчихсон байсан байдаг юм. Явган гарч ирсэн хүн талийгаач залуугийн ах
нь.  Морио үргээгээд алдчихлаа гэж хэлсэн
юм билээ. Улмаар ах нь энэ хэргийг үйлдсэн болох нь цаг хугацааны хувьд таардаг.
Тэр үед Эрдэнэ-Очир хутгаа айлд үлдээгээд явсан байсан. Энэ мэт зүйлээс Эрдэнэ-Очир
гэх залуу хэрэгт хамааралгүй гэдгийг тогтоосон. Улсын дээд шүүхийн дарга Ганбат,
шүүгч  Батсайхан нар зөв хүлээж авсан. Тэгээд
хуралдаад Эрдэнэ-Очирыг хэргээс чөлөөлж байсан.

-Таны илрүүлж чадаагүй хэрэг гэж бий юү?

-Байлгүй
яахав. Илрүүлж чадахгүй хэрэг байна шүү дээ. Би хөдөө, малтай ойр өсөөгүй болохоор
тэгдэг юм уу малын хулгайн хэргийг тааруу илрүүлдэг байсан. Малын зүс, тамга надаас
хол санагддаг байсан. Халаасны хулгайн хэрэг дээр ч гэсэн сайн ажиллаж чадахгүй
байдаг байсан. Илрүүлэх тал дээрээ тааруу гэж хэлж болно.

-Авдрантад гарсан аймшигт хэргийн талаар асуух зүйл байна.
Хоригдлууд болон хорих ангийн хянагч нарыг амийг хөнөөсөн Ч.Чулуунбаатар нарыг тусгайгийнхан
болон цагдаа нар эсэргүүцэл үзүүлэлгүй буудсан гэдэг. Энэ талаар ярихгүй юу?

-Онгорхой
хочит Ч.Чулуунбаатар, Н.Төртогтох гэх хоригдлууд олон хүнийг онц хэрцгийгээр хөнөөгөөд
оргосон. Нийгмийг айдаст автуулсан хэрэг юм. Бид хэрэгтнүүдийн араас нэхэн хөөж  Хүүлэйхан уулын энгэрт байгааг тогтоосон. Тэгээд
баривчлах ажиллагаа эхлэх гэж байхад тэд гал нээсэн. Унаж явсан машиныг хэд хэдэн
удаа оносон байсан. Тэгээд л буудалцаан гарсан. Гэхдээ Ч.Чулуунбаатар нар амьд байсан.
Замдаа шархаа даалгүй амиа алдсан.  Үнэхээр
тэд  яахаас ч буцахгүй байдалтай байсан.  

-Цагдаагийн байгуул­лагад шинэчлэл хийгдэж байна. Энэ талаар  юу гэж бодож байна вэ?

-Энэ
тогтолцоо руу орох ёстой гэж бодож байна. Бид 1990 оны дундаас 2000 онд миний бие
Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байх үед энэ талаар  яригдаж байсан. Тэр үед энэ тогтолцоо руу орчихвол
яах бол гэж  ярьдаг, судалдаг байсан. Бүр
ийм тогтолцоо руу орно гэж байсан.  Хэрэг
илрүүлэх алба тусдаа байх хэрэгтэй юм байна гэдгийг судалсан. Гэвч шинэчлэлийг хараахан
хийж чадаагүй юм. Тухайлбал, сумдад нэмж ажилтан тавих гэхээр боловсон хүчний хувьд
дутмаг байсан. Улс, орны эдийн засгийн чадавхи сул байсан. Тиймээс одоогийн яригдаж
байгаа тогтолцоог тэр үед хийж чадаагүй юм. Харин энэ талаар хэлчихмээр зүйл ганц
нэг харагдаад байгаа. Шинэ тогтолцоонд орно гэдэг шинэ горимоор ажиллана гэсэн үг.
Тиймээс албан хаагч нараа сургалтад хамруулах хэрэгтэй. Бүсчилсэн байдлаар сургалтыг
зохион байгуулах хэрэгтэй юм. Цагдаа нарын дунд яригдаж байгаа гол зүйл нь цолны
асуудал. Одоогийн яригдаж байгаа хуулиар хурандаа цолтой хүн дэд хурандаа болж буух.
Хошууч байсан хүн хурандаа болж дэвших болж байх шиг байна. Би Эрүүгийн албаны хүн.
Гэмт хэрэг илрүүлэх албанд байсан. Бага цолтой албан тушаал дээр олон жил ажиллаж
байсан мөртлөө өндөр цол авч байсан. Хурандааг тасгийн даргаар ажиллуулах гэхээр
дэд хурандаа болоод буучихна. Тиймээс хурандаа нарыг өөр газар дарга болох ажилд
явуулах хэрэгтэй болно. Ингээд ирэхээр  мөрдөх
алба чинь сулраад ирнэ шүү дээ. Миний удирдаж байсан тасгийн  мундаг залуусыг тогтоохын тулд бид чиглэлийн ахлах
гэх албан тушаалыг гаргаж байсан. Тэгсний хүчинд  З.Төрмандах, Д.Мөрөн, А.Дулаанжаргал, Б.Болдбаатар,
С.Эзэннай­рам­дах гэсэн ааг нь багтаж ядсан мундаг залуусыг найман жил тогтоосон
байхгүй юу. Ингэж л гэмт хэрэг илрүүлэх алба тогтвортой ажиллаж байсан. Харин одоо
ахлах ажилтан гэсэн хамгаалалт байхгүй болчихлоо. Дарга бол олдоно. Гэмт хэрэг илрүүлэх
ажлыг хүссэн хүн бүхэн хийдэггүй юм. Гэмт хэрэгтнээс илүү ухаан гаргаж, давж бодож
байж л гэмт хэргийг илрүүлнэ шүү дээ. Өөр нэг зүйл нь цагдаагийн томилгоонд нөлөөлж
боло­хуйц улстөрчид өөрсдөө нуруутай байх хэрэгтэй. Нэг улстөрч гарч ирээд цагдаагийн
удирдлага бүрэлдэхүүнд дураараа өөрчлөлт хийдэг. Тэгээд ирэхээр замбараагаа алдана.
Тиймээс  шинэчлэл, тогтолцоонд орж байгаа
энэ үед  улс төрчид шинэ ухамсар, төлөвшил
хэрэгтэй байна. Ингээд хэлээд байвал олон зүйл бий. Гэхдээ гол санаа нь энэ.

-Мөрдөх албаны тухай таны бодол?

-Мөрдөх
алба гэдэг маань ерөөсөө глобалчилсон хэргүүд буюу гадаадын улс, орнуудтай харилцах,
хамтарч ажиллахаас өөр арга замгүй хэргүүдийг илрүүлэх алба шүү дээ.  Монгол Улсад 
ман­сууруулах бодис, хүний наймаа, эд эрхтний наймаа, улс дамнасан мөнгө
угаах,  зэвсгийн наймааны хэргүүд харанга
дэлдэж байна. Саяхан гарсан “Цахлай нисэх гэж төрдөг” гэсэн кинон дээр яг харагдаж
байна лээ. Хар тамхины хувьд манай улс бүүр идэвхтэй тээвэрлэгч хэмжээнд хүрсэн
байгаа юм. Монгол Улс энэ төрлийн гэмт хэрэгтэй дорвитойхон тэмцэхээс өөр арга замгүй.
“Ингээд байгаад байж болохгүй ээ” гэж гарч буй хэргүүд хэлээд байна. Уг нь энэ хэргүүдийг
хуулиар тагнуулын байгууллага илрүүлэх ёстой. Харамсалтай нь тагнуул одоохондоо
энэ үүргээ биелүүлж чадахгүй байна. Эрүүгийн шинжтэй хэргүүдийг илрүүлэх чадамж
муу байна. Үүнээс болж хэргүүдийг гараасаа алдчихаад байна. Нөхцөл байдал ийм байхад
Мөрдөх алба байгуулах ёстой. Харин байгуулахаасаа өмнө одооноос боловсон хүчнээ
бэлтгэж эхлэх хэрэгтэй байна. Хэд хэдэн хэлтэй, хэрэг илрүүлэх чадвартай, сүүлийн
үеийн тоног төхөөрөмж ашиглах мэдлэгтэй, техник тоног төхөөрөмжөө бүрэн ашиглах
хэмжээний бүх чиглэлийн боловсон хүчнийг бэлтгэх хэрэгтэй. Одоо байгаа техник, технологио
бүрэн шинэчлэх хэрэгтэй. Тагнуулын газар тааралдсан болгоноо авах юм бол мөрдөх
алба ажиллаж чадахгүй. Өндөр шаардлага бол цагдаагийн байгууллагын гол зарчим байх
ёстой.

-Өөр нэг зүйл нь гаднын орнуудын тагнуул болон холбогдох байгууллагатай
шинэ түвшинд нягт ажиллах хэрэгтэй байх?

-Ер
нь гаднын орнуудын тагнуулын байгууллага бусад улсын тагнуултай харилцах сонирхол
өндөр биш байдаг. Аль ч орны тагнуулын байгууллага нягт ажилладаггүй гэхэд болно.
Харин Олон улсын цагдаа буюу интерполын салбаруудтай хамтарч, нягт ажиллах боломж
бүрэн бий. Юуны төлөө вэ гэхээр мэдээлэлтэй байхын тулд. Ялангуяа Зүүн өмнөд Азийн
орнуудад хар тамхи, хүний наймаа, мөнгө угаах зэрэг гэмт хэрэг ихээр гарч байна.
Иймээс тус бүсийн Олон улсын цагдаатай хамтын ажиллагааг даруй идэвхжүүлж, хамтрах
хэрэгтэй. Бидэнд мэдээлэл л хамгийн чухал. Жишээ нь, Монгол Улсын нэг иргэн хар
тамхины хэргээр баривчлагдах эсвэл хэн нэг бүсгүй хүний наймааны золиос боллоо гэхэд
бидэнд тэр талаарх мэдээлэл байх хэрэгтэй. Тухайлбал, тус бүс нутагт хар тамхи,
хүний наймаатай холбоотой ямар ямар гэмт бүлэглэлүүд байдаг. Тэдний алинтай нь манай
улсын хэн гэгч холбоотой байдаг вэ гэдэг талаарх мэдээллийг бид мэдэж байх ёстой.
Одоогоор манайд тийм мэдээлэл хомс байна. Бид одоогоор хэнтэй ч нягт холбоотой ажиллаж
чадахгүй байгаа. Энэ мэтээр л сургалтад бэлтгэж, харилцаа холбоог шинэ түвшинд гаргах
замаар өөрчлөлт, шинэчлэл хийх ёстой.

-Энэ бүхний эхлэл тавигдаж байна гэж ойлгож болох уу?

-Хаврын
чуулганаар уг хуулийн төслийг хэлэлцэхээр болж байх шиг байна. Гэхдээ хамгийн гол
нь энэ хуулийг батлуулахгүй байх лобби гадуур явагдаад байна. Лоббиг зөв ашиглавал
улс, оронд хэрэгтэй, буруу ашиглавал хохиролтой. Тиймээс бид маш зөв, цэгцтэйгээр
алхмаа эхлүүлэх хэрэгтэй. 

Э.ХҮРЭЛБААТАР

  

 

Categories
редакцийн-нийтлэл

З.Төрмандах: Бид Д.Төмөр-Очирын хэргийг илрүүлэхэд их ойртсон шүү

-МОНГОЛ УЛС
ЦАХИМ ГАВЫГ АШИГЛАХ ЦАГ НЬ БОЛСОН-

Түрүүч нь ¹
079 (4719) дугаарт

Цагдаагийн ерөн­хий газрын харьяа Эрүүгийн цагдаагийн дарга асан
хурандаа З.Төрмандахтай хийсэн ярилцлагаа үргэлжлүүлэн хүргэж байна.

-Эрүүгийн
цагдаа­гийн газрын даргаар очоод олон онц ноцтой хэрэг илрүүлж байсан байх. Тэр
дундаас төр нийгмийн зүтгэлтэн Төмөр-Очирын хэргийг илрүүлэхийн тулд нэлээд хичээл
зүтгэл гаргасан гэдэг байх аа?

-Хэрэг илрүүлнэ гэдэг тухайн цаг үеийн үнэнийг гэрчилж байгаа юм.
Мөрдөгчид бол түүхийн үнэнийг тогтоодог улсууд. Төр, нийгмийн зүтгэлтэн Д.Төмөр-Очирын
хэргийг олон жилийн дараа нэхэн шалгасан. Талийгаачийн ар гэрийнхнийг  байл­цуулан эд зүйлийг нь бүртгүүлэхэд бусдын
гарт амиа алдах үед гэрээс нь хөөрөг алга болсон нь тогтоогдсон. Улмаар хөөрөг хайх
ажлыг эрчимжүүлж, хөөргөө ч олоод авлаа. Энэ мэтээр нэлээд хэдэн ажиллагаа зохион
байгуулж, илрүү­лэхэд ойртсон ч бидэнд нотлох баримт олдоогүйгээс албан ёсоор илрүүлж
чадаагүй. 

-Дуучин
Х.Төмөрийг хөнөөсөн хэрэг илэрсэн. Гэвч одоог хүртэл хэрэг хаагдаагүй байдаг юм
билээ?

-Дуучин Х.Төмөрийг онц хэрцгийгээр хөнөөсөн  хэрэг илэрсэн үү гэвэл илэрсэн. Батсүх гэдэг залуу
хэргийг үйлдсэн гэдгийг баримттайгаар тогтоосон. Гурван шатны шүүхээр орж, хэрэг
нь таслагдаж, хэрэгтэн ял авсан. Гэвч үүнийг илэрсэн гэж одоо хүртэл үзэхгүй байгаа
юм. Энэ нь магадгүй хуулийн цоорхойтой холбоотой байж мэдэх юм. Хуульчид энэ хэрэг
дээр маргаантай ханддаг.
-Эрүүгийн
цагдаагийн газрын даргын албан тушаалаа өгснийхөө дараа хэсэг хугацаанд суралцсан
гэсэн үү?

-Эрүүгийн цагдаагийн газрын даргаар ажиллаж байх­даа Удирдлагын академид
шалгалт өгөөд тэнцсэн. Тэ­гээд өөрийн хүсэлтээр ажлаа өгч, академид сурал­цаад,
Баянгол дүүргийн Цаг­даагийн хэлтэст дэд даргаар томилогдож ажилласан. Баянгол дүүрэгт
ажиллаж байхдаа нэг хэргийг илрүүлсэн маань санаанд тодхон бай­на. Баянгол дүүргийн
гэр хороололд нэг өрхийн тэргүүн сураггүй болчихсон. “Өргөө” кино театрын хойд талын
гэр хороололд юм. Ор сураггүй алга болсон залуу хүнд алуулсан гэдэг нь тодорхой
болоод ирлээ. Шалгалтын үеэр тэр айл шинэхэн жорлонгийн нүх ухаад эргүүлээд булчихсаныг
нь ажигласан. Хуучин бие засах газар нь дүүрчихсэн атал шинээр ухсаныгаа эргүүлэн
булсан нь сэжигтэй байсан. Тэгээд нөгөө нүхийг ухаж үзэхэд талийгаач залуугийн цогцос
гараад ирсэн. Уг хэргийг эхнэр нь үйлдсэнийг тогтоогоод шүүхэд шилжүүлсэн. Шүүхийн
шийдвэр гарч, гэрийн эзэгтэй, хүү хоёр хоригдож, бага хүү нь асрамжийн газарт очсон.
Сүүлд гэмт хэрэгтнүүд нас барж, бага хүү нь гудамжинд гарсан байсан. Бид нас барсан
этгээдийн хувийн байдлыг тогтоох ажиллагааг тухайн үед хийсэн. Гэтэл талийгаач үргэлж
хүүхдүүдээ зодож, тамладаг, эхнэрээ зовоодог, эрүүгийн гэмт хэрэгтэн маягаар биеэ
авч явдаг нэгэн байсан байдаг.

-Төр,
нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амийг хөнөөсөн хэрэг дээр та ажиллаж байсан. Энэ хэрэг
хэзээ илрэх бол гэсэн хүлээлт нийгэмд байсаар байна?

-Би хэрэг гарснаас хойш хоёр жилийн дараа энэ хэрэг дээр ажилласан.
Бид хийх юмаа хийгээд л яваад байсан. Ямар нэгэн ажиллагаа хийгдэх явцад алдаа гардаг.
С.Зоригийн хэрэг дээр мэргэжлийн хэд хэдэн алдаа гарсан байсан. Хэрэг юунаас болоод
илрэхгүй байна вэ. Хэрэг шалгах явцад гарсан ажиллагааны алдаанаас болоод байна
уу. Эсвэл өөр зүйлээс болоод байна уу гэдэг сонин байгаа юм. Магадгүй хэрэг хөөн
хэлэлцэх хугацаа дуусахаар ярих юм зөндөө гарч ирэх байх. Хоёулаа хэргүүдийн талаарх
яриагаа үүгээр дуусгая. Илрүүлсэн хэргүүдийг яриад байвал дуусахгүй юм болно. 

-Тэгье.
Гэмт хэргийн гаралт жил ирэх тусам нэмэгдээд байх юм. Цагдаагийн байгууллага ямар
ажил хийдэг нь тодорхой бус байна гэх хүн олон байна?

-Гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх ажил нь манай улсад хэлбэр
төдий л яригдаж, явагдаж байна. Тухайлбал, хэчнээн гэмт хэрэг үйлдэгдэхээс, ямар
хохирол учрахаас урьдчилан сэргийлж байна вэ гэдэг нь тодорхой байх шаардлагатай
байна. Мөн урьдчилан сэргийлэх ажлын үр дүнг үнэлэх асуудал дээр ч анхаарах цаг
болсон. Сүүлийн үед гэмт хэрэг, зөрчил үйлдэгдэх нь өсөн нэмэгдэж, нийгэм, улс оронд
болон ард иргэдэд ихээхэн хэмжээний хор хохирол учруулах, айдас бий болгох явдал
өсөх хандлагатай байна. Үүний эсрэг хамгийн оновчтой арга нь гэмт хэрэг үйлдэж болзошгүй
этгээдийг байнгын хяналтад байлгаж, гэмт хэрэг үйлдэхээс урьдчилан сэргийлэх, нэгэнт
үйлдэгдсэн тохиолдолд илрүүлэх, эрэн сурвалжлах зорилгоор ашиглах зориулалт бүхий
цахим гавыг хэрэглэх явдал.

-Цахим
гавны талаар хүмүүс тэр бүр мэддэггүй. Одоо хэрхэн ашигладаг юм бэ?

-Өнөөдөр дэлхийг тойрон ажиллаж буй 27 ширхэг хиймэл дагуулаас 24
хиймэл дагуул нь идэвхтэй горимд ажиллаж, СРS төхөөрөмжийг дэлхийн хаана байгааг
хянаж байдаг. Цахим гав гэдэг нь GPS системд суурилсан хяналтад авах шаардлагатай
хүний гарт болон хөлд зүүх зориулалт бүхий бугуйвч хэлбэрийн төхөөрөмж бөгөөд хяналт
тавих шаардлагатай хүмүүст зүүлгэснээр уг этгээдийг байнгын хяналтдаа авна. Цахим
гав нь байршлыг тодорхойлох, аюулын буюу тусламж хүссэн дуудлага хийх, бодит байдалд
хяналт тавих, явахыг хориглосон газрыг тэмдэглэх, зай дууссан, хэрэглэгч хөдөлгөөнгүй
болсон үед нэмэлт дохиог төв рүү илгээх ба Сооglе map хэрэглэж болно. Мөн нууцлалын
программтай, өнгө үзэмж сайтай, бусад хүмүүст ил харагдахгүй байх боломжтой, гэмт
этгээд уг төхөөрөмжийг тайлах болон тайлахыг оролдох үед хяналтын цагдаагийн байгууллагад
түгшүүрийн дохиог мэдээлдэг учраас энэ тал дээр асуудалгүй. Одоо хоригдож байгаа
6911 ялтны 3414 нь давтан гэмт хэрэг үйлдэж, дахин ял шийтгүүлсэн байх ба хэрэв
эдгээр давтан гэмт хэрэг үйлдсэн 3414 хүн, дээр дурдсан 161 хүнд цахим гавыг хэрэглэж
хяналт тогтоосон бол 70-80 хувь нь, түүнээс ч илүүгээр гэмт хэрэгт холбогдохгүй
байх, цаашлаад иргэд, байгууллагад тэр хэмжээгээр хохирол учрахгүй байх бололцоотой
байжээ гэж үзэж болохоор байгаа. 2012 онд 2794 ялтан Ерөнхийлөгчийн зарлиг болон
өршөөлөөр, хугацаа дуусч суллагдсан ба захиргааны   хяналтад  
нийт  2573   хүн,  
382   хүүхэд  хорих  ял   шийтгүүлж 
хойшлогдсон   гэсэн шалтгаанаар Цаг­даа­гийн
байгууллагын хяналтад байна. Эдгээр тоо баримтуудаас нэгтгэн дүгнэж нийт эрүүгийн
гэмт хэрэгт холбогдогчдын болон давтан гэмт хэрэг үйлдэгчдийн тоо, захиргааны хяналтад  авагдах этгээдүүдийн тоог  гар­гас­ны үндсэн дээр ца­хим гавыг байнгын хэрэг­лэх
субьектуудын тоог тодорхойлж болохоор байгааг харж болно. Монгол Улс цахим гавыг
ашиглах цаг нь болсон. 

-Ерөнхийдөө
гэмт хэрэг үйлдсэн, үйлдэх магадлалтай хүмүүст цахим гав хэрэглэх хэрэгтэй гэсэн
үг үү?

-Захиргааны хяналтад авагдах ёстой этгээд хэсгийн байцаагчид анх
бүртгүүлснээс хойш сард нэгээс доошгүй удаа биеэр очиж бүртгүүлэх үүрэгтэй гэж Цагдаагийн
байгууллагын үйл ажиллагааны журамд заасан байдаг нь тэднийг бусад бүхий л хугацаанд
хяналтгүйгээр, сул чөлөөтэй байх, цаашлаад гэмт хэрэг үйлдэх боломжийг олгож байна
гэхэд хилсдэхгүй. Захиргааны хяналтыг үр дүнтэй авч хэрэгжүүлж, хяналтад байх ёстой
хүн бүрт цахим гавыг хэрэглэж байнгын хяналтад байлгах шаардлагатай. Ингэснээр хяналтад
бүрэн аваад зогсохгүй уг этгээдийн зүгээс 
гэмт хэрэг үйлдэх гэсэн санаа сэдлийг бууруулах ач холбогдолтой.

-Хүний
эрхийг ноцтой зөрсөн асуудал болохгүй юу?

-Цахим гавыг дэлхийн олон оронд ашиглаж байна шүү дээ.  

-Сүүлийн
үед цагдаагийн байгууллагад өөрчлөлт хийгдэж эхлээд байна. Энэ өөрчлөлтийг та хэрхэн
харж байна вэ?

-Шинэчлэл, өөрчлөлт хийнэ гэдэг сайн. Өнөөдрийн байдлаар хууль нь
батлагдаагүй байна. Удахгүй яригдах бололтой. Бид гадны юмыг хуулж, үзэж харж болно.
Гэхдээ хөрсөн дээрээ хэрхэн буулгах вэ гэдгээ сайн бодох ёстой. Өөрчлөлт Монголынхоо
нийгэм соёл, хөгжилтэй эн зэрэгцээд явж байх хэрэгтэй. Хөгжлөөрөө арав, хорин жил
түрүүлчихсэн хөгжилтэй  улс орныг хуулбарлачих
юм бол бас болохгүй. Гол нь Монголын өнөөгийн цаг үетэй хэрхэн уялдаж байгааг харах
нь чухал. Цагдаагийн байгууллагад би 29 жил ажиллалаа. Энэ хугацаанд хэн хаана байх
ёстой, ямар хүчээр, бүтцээр ажиллах вэ. Гэмт хэрэгтэй тэмцэхийн тулд ямар мэргэжилтнүүд
байх ёстой юм гээд зохион байгуулалтын олон ажил хийж байсан. Гаднын орнуудын туршлага
хийгээд өөрийн орны өв уламжлалыг судалж, хэмжээг нь тааруулж тусгах нь л хамгийн
чухал.

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
редакцийн-нийтлэл

З.Төрмандах: 24 насандаа Эрүүгийн цагдаагийн дарга болж, Монголын цагдаагийн байгууллагыг Интерполд элсүүлж явлаа

-ТАМХИНЫ ҮНСИЙГ НУНТАГЛААД ХУРУУНЫ ХЭЭ ГАРСАН ГАЗАРТ
АСГАЖ, ТУУЛАЙН СҮҮЛЭЭР ШҮҮРДЭЭД, ГАРЫН ХЭЭГ НЬ СКОЧООР АВЧ ХҮРТЭЛ ҮЗСЭН-

Цагдаагийн ерөнхий газрын харьяа Эрүү­гийн цагдаагийн
дарга асан хурандаа З.Төр­мандахтай ярилц­лаа. Эл эрхэм  цэл залуухан 24 настай дэслэгч байх­даа
Эрүүгийн цаг­даагийн газрыг удир­даж явсан билээ. Бид хоёрын хөөрөлдөөн ингэж
эхэлсэн юм.

 
-Цагдаагийн бай­гуул­лагад анх хэрхэн орж байсан талаар
яриагаа эхлэх үү?

-Би
хотод төрж өссөн, хотын унаган хүүхэд. Нийслэлийн 33 дугаар дунд сургуулийг
1983 онд төгсөж байлаа. Намайг дунд сургуулиа төгсөх үед тухайн үеийн
НАХЯ-ныхан боловсон хүчнээ бэлтгэхийн тулд сурагчдаас санал авдаг байсан юм. Би
компьютерийн чиглэлээр суръя гээд өргөдөл гаргачихдаг юм. Гэтэл ирсэн урилгаар
нь нэг даргын хүүхэд явчихаж. Оронд нь ЗХУ-ын Дотоод явдлын яамны Академид
сурахаар боллоо. Ямар чиглэлээр сурах гэж байгаагаа ч мэдэхгүй амьтан байсан.
Бүр төгсөөд юу хийдэг, яадаг хүн болохыгоо ч мэдэхгүй. Ямар ч байсан Орос руу
сургуульд явна гээд л яваад байгаа. Тэр үед үзэл суртлаас болдог байсан уу
гадаадад сургуульд явах гэж бай­гаа залуус цэргийн бэлтгэл сургууль хаасан байх
шаардлагатай гэсэн шалгуур тавьдаг байсан. Түүний дагуу Дорнод айм­гийн Авдар
хараатын заставт зургаан сар алба хаахаар болсон. Ингээд улсынхаа хил дээр
зургаан сар гаруй алба хаагаад, эргээд хотод ирж байгаа юм. Хотод ирээд зургаан
сар орос хэлний бэлтгэлд хамрагдсаны эцэст Орос руу явсан даа.  Ингэж л миний цаг­даа­гийн байгууллагад
ажиллах зам нээгдэж байсан түүхтэй.

13 ХҮНИЙГ ХУТГАЛСАН ХЭРГИЙГ ШУУРХАЙ ИЛРҮҮЛСЭН

-Оюутан цагийн сайхан дурсамжууд байдаг байх. Таныг гар
бөмбөг сайн тоглодог гэж хүмүүс ярьдаг юм билээ. Сургуулийнхаа шигшээ багт
тоглодог байсан гэсэн үү?

-Монголд
арван жилд байхдаа тоглодог байсан. Насанд хүрэгчийн тэмцээнд нэг л удаа орж
үзсэн. Тэгээд л сургууль соёл гэж яваад Монголдоо тоглох зав олдоогүй. Харин
Орост очоод тоглох боломж олдсон. ЗХУ-ын Дотоод явдлын яамны Академийн шигшээ
багийн тамирчин байлаа. Багийнхаа холбогч хийдэг байв. Манай багийнхан
“Динамо”-гийн аварга шалгаруулах тэмцээнд оролцож байсан.
“Динамо”-гийн нийгэмлэг нь гар бөмбөгөөрөө алдартай. Их олон жил Орос
улсыг тэргүүлсэн. ЗХУ-ын номер нэг баг байсан. Тэр нийгэмлэгээс зохион
байгуулсан тэмцээнд оролцож байлаа. 
Өөрөөр хэлбэл, хойд хөршийн улсын аварга шалгаруулах тэмцээн гэсэн үг
юм. Магадгүй ЗХУ-ын Дотоод явдлын яамны Академийн гар бөмбөгийн багт
легионероор тоглосон цорын ганц монгол тоглогч ч байж мэднэ. Хичээл сургууль,
бөмбөг хөөж явсаар сургуулиа төгссөн. Сургуулиа их сайн дүнтэй төгслөө. Бас
хажуугаар нь урлаг, спортын чамгүй амжилт гаргачихсан. Эрдэм шинжилгээний ажилд
идэвх санаачилгатай оролцсон. Хэд хэдэн баярын бичигтэй. Мэргэн буудлагын курс,
жолооны курс гээд шаардлагатай курсийг нь төгссөн хүн Монголдоо ирлээ дээ.
Ёстой л нэг будаг нь ханхалсан шинэхэн цагдаагийн офицер байлаа.

-Таныг ирэх үед нийгэм өөрчлөгдөх гээд замбараагүй
байдалтай байсан. Үүнийгээ дагаад олныг цочирдуулсан онц ноцтой гэмт хэрэг олон
гарсан байдаг. Ажлынхаа гарааг хаанаас эхэлж байв даа?

-Энэ
их маапаантай зүйл болж байсан юм аа. Хамгийн эхлээд Төмөр замын цагдаагийн
хэлтэст хуваариллаа. Гэтэл миний оронд өөр хүн танил талаараа дамжуулаад миний
хуваарийг авчихсан байв. Ингээд Говь-Алтай руу эрүүгийн төлөөлөгчөөр
томилогдоод өнөө маргаашгүй явах юм болов. Амгаланд байх хангалтаас хувцас
формоо авчихлаа. Бусад хэрэгтэй зүйлээ бэлдээд байж байтал боловсон хүчин
дууддаг юм байна. Миний талаар матаас очсон байж л дээ. Чи сургуулиа төгсөж
чадаагүй хөөгдөх шахаад ирсэн юм уу. Орост байхдаа архи ууж, болж бүтэхгүй
хүмүүстэй их нийлдэг байсан гэнэ гээд л баахан загнав. Миний талаар ямар нэгэн матаас
орчихоод байгааг тэр үед мэдээд байгаа юм. Хүнд худлаа гүтгүүлчихсэн хэрэг.
Очих гэж байгаа газарт ажлын байрны тодорхойлолт мэдээлэл гүтгэгдсэн гэж
бодохоор тэнд ажиллана гэж сэтгэлд бууж өгөхгүй байв. Тэгэхээр нь тэр үед хотын
Цагдаагийн газрын дарга байсан Ж.Хурцгэрэл хурандаатай уулзлаа. Өөрийгөө
танилцуулаад, сургуулиа хэрхэн төгссөн гээд бүх зүйлийг хэлсэн юм. Ж.Хурцгэрэл
хурандаа их шударга хүн байсан. Тэгээд л намайг Сүхбаатар дүүргийн Эрүүгийн
төлөөлөгчөөр ажиллуулсан. Ингэж л ажлын гараагаа эхэлж байлаа. Тэр үед жагсаал
цуглаан аль хэдийнэ эхэлчихсэн. Нийгэм замбараагүй байдалд орчихсон байсан.
Гэмт хэргийн гаралт тоймоо алдаж байсан үе. Гэр рүүгээ харих ч завгүй ажил
маань тэгж эхэлж байлаа.

-Таны тухай нэг яриа байдаг юм билээ. Жил гаруй хугацаанд
гурван удаа гэртээ харьж хоносон гэдэг бил үү ?

-Хүмүүс
үүнийг бу­руугаар ойлгоод байдаг юм. Үнэндээ тухайн үед ажиллаж байсан
цаг­даагийн албан хаагчид тийм л байсан. Бид гэртээ харих ямар ч цаг зав
байгаагүй. Шөнө нь жижүүртэй хононо. Жижүүртэй хононо гэхээр дуудлагад явж
байгаа юм. Шөнөжин дуудлагаар яваад өглөө болгоно. Ажил дээрээ нүднийхээ хорыг
гаргаад хэрэг бүртгэл хийнэ. Бүртгэлээ хийгээд хэргийн мөрдөн шалгах ажил эхэлж
байгаа юм. Мөрдөн шалгаж эзэн холбогдогчийг нь тогтооно. Эзэн холбогдогчийг нь
тогтоогоод мөрдөн байцаалт хийнэ гээд их ажилтай. Бас дээрээс нь өргөдөл,
гомдол хүлээж авна. Энэ бүгдийг нэг хүн л хийдэг байлаа. Одоо бол бүх зүйл нь
тусдаа, цаг зав ихтэй болчихсон. Бас энд тэндгүй жагсаал цуглаан болж эмх
замбараагүй байдал үүснэ. Талбай дээр жагсаал болж байхад хүнсний төвүүд дээр
хүмүүс мөн л мах, хүнсэнд дугаарлаад, эмх замбараагүй байдал үүсгэнэ. Сүхбаатар
дүүргийн цагдаагийн хэлтэст жил ажиллахдаа гуравхан өдөр гэртээ хоносон байдаг
юм. Зөөлөн орон дээр унтахаар нуруу хөшиж өвдөнө. Ширээ, шалан дээр унтаад
сурчихдаг юм билээ. Харин энэ хугацаанд хүүхдүүд маань их хурдан том болсон
шүү. Нэг ирэхэд л зөндөө том болчихсон байдаг байлаа. Ийм л завгүй ажиллаж
байлаа.

-Таныг ажиллаж байхад нэг өдрийн дотор 13 хүн хутгалуулсан
хэрэг гарсан  байдаг. Энэ хэргийг хэрхэн
илрүүлж байсан бэ?

-“Улаанбаатарыг
донсолгосон шөнө” гэсэн нийтлэл төвийн хэвлэлд гарч байсныг зарим хүн санаж
байгаа байх. Нэг өдрийн дотор 13 хүн хутгалсан хэрэг гарсан юм. Гэмт
этгээдүүдийг олж, саатуулах үүрэг авлаа. Миний хариуцаж байсан хэсэгт буюу
Дэнжийн 1000-д байх нэг хашаанд сэжиг бүхий гурван залуу орчихдог юм. Тэр үед
богино долгионы станц байсангүй. Нэмэлт хүч дуудаж чаддаггүй. Согтуу гурван
залуу таарсан хүн бүрээ шахуу  хутгалаад
яваад байсан байдаг юм. Шийдчихсэн гурван залуу руу яваад орох зориг хүрдэггүй.
Тэгээд гаднаас нь ажиглалт хийх боллоо. Ацтай шонгийн мод налаад нөгөө хэдийг
ажиглаад байгаа. Нэг мэдсэн унтчихаж, нөгөөдүүл ч тэр хойгуур гараад явчихсан.
Олон шөнө нойргүй ажилласан болохоор өөрийн мэдэлгүй ядраад унтчихсан байсан.
Үүрээр Хотын цагдаагийн даргаас тэднийг өдөртөө багтааж баривчлах тушаал авлаа.
Тэгээд мэдээлэл цуглуулаад хэрэгтнүүдийн халуун мөрөөр орлоо. Хэрэгтнүүдийг XI
хороололд байхад нь саатуулсан. Маш богино хугацаанд хэргийг илрүүлсэн гэж
болно. Шоронгоор олон жил явсан нэг этгээд хоёр залуугийн хамт хайчны гуяыг
салгаж барьчихаад, таарсан хүн болгоныг хутгалсан байдаг. Тэр хэрэг дээр
ажилласан хүн бүр цол ахисан.

-Тэр үед хэргийн газарт ажиллахад гутлын мөр, хурууны
хээг олигтойхон бэх­жүүлээд авах зүйл­гүй байсан. Багаж хэрэгсэлгүй цагдаа нар
зөвхөн мэдрэмжээрээ ажилладаг байсан гэдэг?

-Хүнд
хэцүү үед цаг­даагийн албыг нураалгүй авч явсан хүн бол Б.Пүрэв генерал юм.
Тоног төхөөрөмж битгий хэл хувцасны хангалт ирэхгүй хүнд үе байсан. Солих
хувцас байхгүй, бичгийн цаас, үзэгнээс өөр юмгүй ажиллаж байлаа. Хуучны үеэс
үлдсэн хурууны хээ авдаг жаахан нунтагтай. Гэхдээ тэр нь хүрэлцээ муу. Хурууны
хээг гарын доорх материалаар бэхжүүлж авдаг байлаа. Тамхины үнсийг нунтаглаж байгаад
хурууны хээ гарсан газраа асгаад туулайн сүүлээр шүүрдээд скочоор авч хүртэл
үзсэн. Багаж хэрэгсэл ч байхгүй болохоор хэргийн газарт мэдрэмжээрээ ажиллана
шүү дээ. Тийм хүнд хэцүү үе байсан ч гэсэн хэрэг илрүүлэлт их сайн байсан.
Яагаад гэхээр тэр үед шоронгоос гарч ирсэн хүмүүс бүгд цагдаагийн хяналтад
бүрэн байдаг байлаа. Болж бүтэхгүй байгаа хүмүүсийг хаана, юу хийж явааг хянаж
чаддаг байсан. Тийм болохоор хэрэг гарахад л илрүүлдэг байсан.

 
ЦАГДААГИЙН ЕРӨНХИЙ ГАЗРЫН ХААЛГЫГ ТАТАЖ ҮЗЭЭГҮЙ
ТӨЛӨӨЛӨГЧИЙГ 1700 ХҮНИЙГ УДИРДУУЛАХ ШИЙДВЭР ГАРСАН

-Таныг Монголын цагдааг Интерполд элсүүлэх ажлыг гардаж
хийсэн гэдэг. Энэ талаар ярихгүй юу.

-Та­лий­гаач
Ц.Жамьян­­­сэнгээ хуран­даа Монголын цагдааг олон улсын байгууллагад элсүүлэх
шаардлагатайг анзаарсан. Тухайн үеийн эрүүгийн нөхцөл Интерполд элсэх зайлш­гүй
шаардлагатайг ха­руулж байсан. Мөн олон улсын цагдаагийн байгууллагаас туршлага
хуримтлуулах шаардлага байлаа. 1991 онд ЦЕГ-ын дарга Б.Пүрэв ге­не­рал бид хоёр
Урагвай улсад болсон Интерполын нэгдсэн хуралдаанд оролцож, тус байгууллагад
Монголын цагдааг элсүүлсэн юм. Бусад орон Монголыг Оросын дагавар улс гэсэн
ойлголттой байсан үе. Асуудал шийдэгдэхийн урд шөнө төлөөлөгч нартай нэг
бүрчлэн биечлэн уулзаад, Монголынхоо талаар ойлголт өгсөн. Тэгээд  маргааш нь Интерполд элсүүлж байлаа.

 -Таныг 24
настайдаа Эрүүгийн цагдаагийн газрын даргын албан тушаалд томилогдож байсан.
Энэ тухай яриач?

-Тийм
ээ. Ажилд ороод жил гаруйн хугацаа өнгөрч байсан юм.  Гэтэл гэнэтхэн Эрүүгийн цагдаагийн газрын
даргын ажилд томилсон. Зах зээл бий болоод нийгмийг аюулаас хамгаалах яамнаас
Цагдаагийн ерөнхий газар биеэ дааж гарсан үе. Шинэ, залуу хүнийг энэ албан
тушаал дээр тавина гэсэн бодлого дээрээс явсан юм билээ. Сүүлд сонсоод байхад
олон залуусаас намайг сонгосон юм билээ. Тэр үед Эрүүгийн цагдаагийн газар юу
хийдэг. Дарга нь ямар албан тушаал хашдаг зэргийг би мэддэггүй шахуу байлаа.
Цагдаагийн ерөнхий газрын  удирдлагын
түвшинд таних нэг ч хүн байхгүй. Цагдаагийн ерөнхий газраар орж байгаагүй.
Дүүргийн эрүүгийн төлөөлөгч залууг шууд томилсон юм даа. Уг нь бол хурандаа
цолтой хүн ажиллах ёстой юм билээ. Улсын хэмжээний хэмжээний гарч буй бүх гэмт
хэргийг хариуцдаг, доороо 1700 хүнийг шууд удирддаг байлаа. Сумын цагдаагаас
эхлээд хэсгийн төлөөлөгч бүрийг удирдана. Тухайн үеийн аз байх гэж бодож явдаг
юм. Юу ч мэдэхгүй залуу байхад мөн ч том албан тушаал дээр томилогдож байжээ.
Гэхдээ ухарч, няцалгүйгээр зүтгэсэн. Ажлаа ч хийж чадсан гэж боддог юм. -Миний
хувьд хугацаагаар цол авч үзээгүй. Дандаа шагналаар авч байсан. Би илрүүлсэн хэрэг
бүрээ бүртгэдэг байсан юм. Өнгөрсөн хугацаанд би бие даан бусдыг санаатай
хөнөөсөн 28 хэрэг илрүүлсэн байгаа юм. 1990-2000 он хүртэл Монгол Улсын
хэмжээнд үйлдэгдсэн хүнийг санаатай алах бүхий л гэмт хэрэг дээр бусадтай
хамтран ажиллалаа. Төр нийгмийн зүтгэлтэн С.Төмөр-Очирын хэргээс эхлээд дуучин
Төмөрийг хөнөөсөн гээд л бараг бүгдэд нь ажиллаж байлаа. Тухайн үед хэрэг
илрүүлэлт сайн байсан. Жилийн эцсийн тайлангаар илрүүлэлт 98 хувьтай байсан үе
ч бий намайг Эрүүгийн цагдаагийн дарга байх хугацаанд.   

Үргэлжлэл
бий

  Э.ХҮРЭЛБААТАР

Categories
редакцийн-нийтлэл

Монголын нүүрс хятадын зах зээлд өрсөлдөж чадахгүй байна гэв

Шивээхүрэн, Сэхээ боомтын хооронд нүүрс тээвэрлэх конвейер хоорондоо 300 метр зайтай харагдах ажээ.

ТӨР, ЗАСАГ АЖЛАА САЙН ХИЙВЭЛ НҮҮРСНИЙ САЛБАР ХҮНД ҮЕЭСЭЭ ГАРНА

Хятадууд нүүрс авахгүй биш авна гэж Сэхээ боомтод үйл ажиллагаа явуулж байгаа  нүүрсний  компаниудын эзэд хэлж байна. Мөн тэд “Манай улс ногоон эдийн засгийн бодлого барьж байгаа ч гэсэн  нүүрс худалдаж авна. Нүүрсний үнэ хэд хэдэн удаа буураад байгаа. Гэхдээ нүүрсний хэрэглээ оны дунд үеэс нэмэгдэх байх. Нүүрсний үнэ буурахаар Монголын нүүрсний салбар хүнд байдалд ороод байна. Бид ч гэсэн дагаад эвгүй байдалд ордог юм. Нүүрсний үнэ багахан тоогоор буурахад нөлөө нь хүнд байгаагийн шалтгаан нь тээвэрлэлтийн асуудал. Танай улс тээвэрлэлтдээ анхаарах хэрэгтэй. Манай улсын төмөр зам хилд тулсан. Одоо зөвхөн танай улс төмөр замаа тавих юм бол болох гээд байна. Уг нь МАК компани төмөр зам тавих гэж байгаа гэсэн” хэмээн ярив.  Тэдний яриа үнэний ортой аж. Уул уурхайн компаниуд уурхайгаас нүүрс олборлодог. Түүнийгээ тээврийн компаниу­дын хүнд даацын машинуудад  ачдаг. Тээврийн компаниуд уурхайгаас хил хүртэл явдаг. Зуун тонн нүүрс ачсан машин шатахууныг ёстой залгилдаг гэнэ. Тэгээд татвар төлдөг. Бас хил гаалийн, Мэргэжлийн хяналтын гээд арав гаруй төрлийн хураамжийн мөнгө төлдөг. Ийнхүү баахан зарлага гаргаж байж сая нэг юм хилээр гаргадаг ажээ. Харин улсын хилээр нэвтэрч хилийн цаана байрлах хашаанд буусан нүүр­сийг Хятадын компаниуд дахин ачдаг. Ачаад 600-700 километр авч яваад мөн л зам ашигласны төлбөрөөс авахуулаад олон төрлийн татвар хураамж төлсний эцэст сая нэг юм коксын үйлдвэрт очдог юм байна. Энэ олон дамжлага бүхий татвар, ху­раамж, тээвэрлэлтийн үнэ Монголоос гарч буй нүүрсэнд шингээд үйлдвэрт өндөр үнээр очдог гэнэ. Иймээс л Монголын сайн чанарын коксжсон нүүрс Хятадын зах зээлд өрсөлдөж чадахгүй байгаа аж. Манай улс  2010, 2011
он цаашлаад 2012 оны эхний хагаст Хятадын зах зээл дээр нүүрсээ сайн борлуулсан нь өрсөлдөгч цөө­хөн байсантай холбоотой гэнэ. Хятадын гол нийлүүлэгч, Зүүн өмнөд Азийг нүүрсээр хангадаг Австрали байгалийн гамшигт өртсөн нь манай улсыг нүүрсний зах зээл дээр гол тоглогч байхад нөлөөлсөн юм байна. Харин одоо манай улс байгалийн баялаг болох нүүрсээ Хятадын зах зээлд нийлүүлэх цаашид ямар нэгэн асуудалгүйгээр тогтвортой байлгахын тулд тээвэрлэлтийн асуудалд анхаарах хэрэгтэй гэдгийг энэ салбарт үйл ажиллагаа эрхэлж байгаа бүхэн ярьж байна.

МОНГОЛЫН ТАЛ ЗӨВШӨӨРВӨЛ ХЯТАДУУД КОНВЕЙЕР, ТӨМӨР ЗАМААР НҮҮРС ТЭЭВЭРЛЭХЭД БЭЛЭН ГЭНЭ

Гангийн үйлдвэрүүд манай нүүрсийг худалдаж авахгүй байгаагаас үүдэн хөгжлийн эх тавигдсан Сэхээ боомт ажин түжин байдалд ороод байгаа. Энэ асуудлаас гарах гарц нь төмөр зам болоод конвейерийн арга гэнэ. Сэхээ боомтын цаахна нүүрс тээвэрлэх төмөр зам тулаад зогсчээ. Хэрэв Монголын талаас төмөр зам тавиад ороод ирэх юм бол олон мянган хүнд даацын машин хил гаалиар нэвтрэх гэж цаг хугацаа алдахгүй. Уурхайгаас шууд олон улсын тээврээр гангийн үйлдвэрт очих гэнэ. Ингэхээр цаг хугацаа алдахгүй сайн талтайгаас гадна тээвэрлэлтийн зардал өндөр гарахгүй гэнэ. Мөн Сэхээ боомт дээр хоёр жилийн өмнөөс эхлэн “Wansey” компани конвейероор дамжуулан нүүрс хилээр нэвтрүүлэхээр тоног төхөөрөмжийг нь бүрэн угсарсан байна. Хэрэв хоёр улсын хилээр нүүрсийг туузан дамжуургаар тээвэрлэх
нь аль аль талдаа
ашигтай гэнэ. Дээрх компанийнхан
Монголын тал конвейероор нүүрсээ
дамжуулахыг болоод гангийн үйлдвэрүүд
Монголоос ирсэн нүүрсийг худалдаж
авах эсэхийг хүлээж байгаа
гэнэ.

НЭГ МАШИН НҮҮРС ХИЛЭЭР ГАРГАХАД 22 ТӨРЛИЙН ТАТВАР, ХУРААМЖ ТӨЛДӨГ БАЙНА

Сэхээ боомт дээрээс Шивээ­хүрэнгийн боомт руу хөдөллөө. Биднийг очих үед 120 гаруй машин нүүрс хилээр гарсан байв. Шивээхүрэнгийн боомт дээр төрийн байгууллагуудаас гадна томоохон арилжааны банкууд салбараа нээжээ. “ХААН”, “Голомт”, “Хадгаламж” гээд хэд хэдэн банк байгаа харагдана. Мянган машин өдөрт гардаг байх үед заримдаа мөнгөний нөөц нь дуусдаг байсан бол одоо үйлчлүүлж байгаа хүнгүй л сууцгааж байна. Нүүрс экспортолдог компаниуд 22 төрлийн татвар, хураамж төлдөг гэнэ. Тал нь хуулийн дагуу, үлдсэн нь орон нутаг, төрийн байгууллагын нэрээр авдаг хураамж. Мэргэжлийн хяналтын байцаагч гэхэд ариутгалын төлбөрт 1500 төгрөг авах юм. Тэгсэн мөртлөө ариутгах газар алга байна лээ. Зун болохоор хлораминтай ус туулуулаад гаргадаг гэсэн. Өвөл, хавар, намрын улиралд зүгээр л мөнгө авдаг юм байна. Гаалийн хураамж буюу үйлчилгээ үзүүлсний хураамж гэж бий. Гэтэл нүүрсэн дээр нэг тонноос 1500 төгрөг гээд авчихдаг байна. Ингэчихээр гаалийн үйлчилгээний ху­раамж биш, гаргаж байгаа бүтээгдэхүүний хэмжээнд оногдуулсан татвар болчихож байгаа аж. Тэгсэн мөртлөө татвар гэж тусад нь авдаг. Нүүрс экспортолдог компаниуд нийт олж байгаа мөнгөнийхөө
44-55 хувийг татвар, хураамжид өгсөн байна гэх тооцоо гарчээ. Нүүрсний компаниуд хаалгаа барих дээрээ тулаад байгаад татвар, хураамж ч нэлээдгүй нөлөөлж байгаа гэнэ. Иймд  хил гааль дээр төлдөг хураамжийг багасгах хэрэгтэйг уул уурхайн компаниуд онцлон  хэлж байна лээ.

БИД ГААЛИЙН БҮРДҮҮЛЭЛТЭЭ ЦАХИМ ХЭЛБЭРТ ШИЛЖҮҮЛНЭ” ГЭВ

Шивээхүрэнгийн боомтын Гаалийн дарга Ё.Батцэнгэлтэй уулзлаа. Тэрбээр “Манай Ши­вээхүрэнгийн боомт нэг үеэ бодвол боловсронгуй болоод байна. Анх хүнд хэцүү нөхцөлд ажиллаж байсан бол өдөө гэрэлтүүлэгтэй болсон. Гаалийн талбайг засаж, янзлаад сайхан болгосон. Бид 24 цагаар ч ажиллах нөхцөл боломжтой болсон. Гэвч сүүлийн үед нүүрс тээвэрлэлт зогсонги байдалтай байна. Уурхайгаас гарч байгаа нүүрс шинэ зам ашиглалтад орсноор цаг гаруйхан давхиад ирэх тооцоо гарсан. Бид шинээр ашиглалтад орох гэж байгаа бетонон зам дээр хэд хэдэн хяналтын камер тавихаар төлөвлөж байна. Хэрэв камер ажиллуулаад эхэлбэл жолооч нар ямар нэгэн зүйл нүүрсэн дор нууж хилээр гаргах ойлголт байхгүй болно. Ирэх сараас бид гаалийн бүрдүүлэлтийг цахим хэлбэрт шилжүүлэх гэж байгаа. Цаасыг халж цахим хэлбэрт шилжүүлэх ажлын бэлтгэл үндсэндээ хангагдаад дуусч байна. Манай хилээр нэвтэрч байгаа машиныг бид цахим хэлбэрээр бүртгээд Сэхээ боомтынхон руу сүл­жээгээр явуулах юм. Сэхээ боомтынхон бидний явуулсан мэдээлэл дээр түшиглээд шал­галт хийгээд хилээр хурдан нэвтрүүлэх арга хэмжээ авах юм” гэв. Шивээрхүрэнгийн боомт дээр “SUNTRANS” компани хилээр туузан конвейер нэвтрүүлэхээр хашаагаа барь­сан байна лээ. Өндөр гэгчийн цэнхэр хашаа улсын хилд тулгаад барьчихсан байв. Засгийн газраас зөвшөөрлийг нь өгөх юм бол хилээр нүүрс тээвэрлэх гэнэ. Мөн “Монголын алт” компанийнхан уурхай дээ­рээс конвейероор шууд хил хүртэл нүүрс тээвэрлэх гээд ажлаа эхлүүлсэн байна лээ. Мөн төмөр зам барих ажлын техник, эдийн засгийн үнэлгээ болоод зураг төслийг нь бэлэн болгожээ. Одоо зөвхөн УИХ-аар асуудлыг шийдэх дутуу байгаа аж. Нүүрсний экспорт зогсонги байдалд орсноор манай уул уурхайн компаниуд болон хилийн цаадах бүс орчимд иргэдийн аж амьдрал хийгээд эдийн засгийн эргэлт ийнхүү “зогсонги” өрнөж байна. Уул уурхайн компанын удирдлагууд  “Төр, засгийн удирдлагууд нүүрсний экспортыг сайж­руулах, үнийг тогтвортой ба­рих, тээвэрлэлтийн зарим бэрхшээлтэй асуудлыг шийд­вэрлэх зэрэгт анхаарлаа хан­дуулж, шаардлагатай арга хэмжээнүүдийг даруй авахгүй бол зөвхөн хил орчмын иргэд, худалдаа үйлчилгээний тө­вүүд ч биш улсын эдийн засагт сөргөөр нөлөөлөх юм. Нүүрсний салбарыг одоо л хүнд байдлаас нь гаргах ажлыг эхлүүлэхгүй бол энэ жилийн төсвийн тодорхой хувь, бусад хөрөнгө оруулалтууд, шаардлагатай зардлууд талаар өнгөрнө. Тиймээс харьяа яам болоод холбогдох удирдлагууд тодорхой ажил хийж эхлэх хэрэгтэй байна”  гэх аж.

Э.ХҮРЭЛБААТАР 

Categories
редакцийн-нийтлэл

Өдөрт мянган машин нүүрс гаргадаг байсан ШИВЭЭХҮРЭНГИЙН БООМТООР өдгөө зуун машин гарч байна

Шивээхүрэнгийн боомтоор өмнө нь өдөрт нүүрс ачсан мянга гаруй машин гардаг байжээ. Үүрийн гэгээнээс үдэш бүрий болж, хил хаах хүртэл хүнд даацын нүүрс ачсан машины цуваа тасардаггүй байсан гэнэ. Хил гаалийнхан мянган машин нүүрсийг хилээр гаргахын
тулд хэрэндээ л хичээдэг байсан аж. 80-90 тонн нүүрс ачсан машиныг улсын хилээр нэвтрүүлэхийн тулд хоёр минут зарцуулдаг байсан гэнэ. Хоёр минутын дотор шаардагдах бүх бичиг баримтыг нь шалгаад хил гаалиар нэвтр эх  зөвшөөрлийг
 нь олгодог байжээ. Харин одоо
Шивээхүрэнгийн боомтоор өдөрт
100-120 машин нүүрс л гарч байна. Монголын  нүүрсний 
зах  зээл  цаашл а а д дэлхийн нүүрсний зах зээл
хүнд байдалд орсныг  Шивээхүрэнгийн боомтоор гарч байгаа нүүрснээс харж болохоор. Өмнөговь аймгийн Гурва нт эс  сум ын  нутагт уул уурхайн гурван том компани болох “Чинхуа Мак – Нарийн  сухайт ” , “Монголын алт”, “Саус гоби сэндс”
компаниуд үйл ажиллагаагаа явуулж байна. Дээрх гурван компанийн үйл ажиллагаа зогсонги байдалтай байна. “МАК” компанийн уурхайгаас хил рүү бага хэмжээний нүүрс гарч байгаагаас өөр нүүрсний худалд а а  бараг
 үгүй байна. “Саус гоби сэндс”, ” Чинхуа-Мак – Нарийн сухайт” компаниуд хөрс хуулалтаа үргэлжлүүлж байгаа бөгөөд хэрэв урд хөршийнхөн экспортоо өмнөх жилүүд шиг сэргээх юм бол нүүрсээ олборлоход бэлэн байдалтай байна лээ. Дээрх компаниудын ажилчдын 80 гаруй хувь нь амралтын байдалд шилжжээ. Үйл ажиллагаагаа
зогсоочихгүйн тулд цөөн хэдэн хүнийг
ажиллуулж байгаагэдгийг уурхайн дарга нар онцолж байв. Олон сараар амарсан ажилчид сул зогсолтын хэдэн төгрөгөөр амьдралаа
болгож байгаа гэсэн.

НҮҮРС  ХИЛЭЭР ХУРДАН
ГАРГАХЫН ТУЛД БЭЛТГЭЛЭЭ САЙН БАЗААЖЭЭ

Бид
Овоотын нисэх онгоцны буудлаас Шивээхүрэнгийн боомт руу явлаа. Замд нүүрс ачсан
цөөн тооны машин тоос татуулан өнгөрөв. Говийн хөндийд их бүтээн байгуулалт хийгдээд
дуусах шатандаа орсон байгаа харагдлаа. “Чинхуа-Мак-Нарийн сухайт” компани хатуу
хучилттай нүүрсний зам тавьсан байна. Хүнд даацын машин хил гарч нүүрсээ буулгачихаад
эргэж уурхай руугаа явахдаа энэ замаар явдаг байна. Харин  уурхайгаас нүүрс ачаад хил рүү тусгайлан зассан
шороон замаар явдаг байна. Уурхайгаас нүүрс ачаад хоёр цаг гаруйхан давхиад улсын
хил орчихдог  юм билээ.  “Саусгоби сэндс” компани хүнд даацын машин явуулах
зориулалт бүхий бетонон зам тавьжээ. Ирэх зургаан сард ашиглалтад орох гэнэ. Бетонон
замыг арматур, карказан төмрөөр зангидаад даацын сайн чанарын цемент бүхий бетоноор
цутгаж барьсан гэнэ. Энэ замаар нүүрсний тээвэр хийгээд эхлэхээр байгаль орчинд
хор хөнөөл багатай байхыг хүн бүр ярих ажээ. Ядахдаа тэнгэр баганадсан шороо тоос
босоод байхгүй болж байгаа юм байна. Мөн уурхайгаас урд хөрш рүү их хэмжээний нүүрс
гаргахад цаг хугацаа хожих давуу талтай болжээ. Өдөрт нэг машин 2-3 удаа нүүрс зөөх
боломжтой гэнэ. Энэ нь нүүрсний тээврийн компаниуд болоод жолооч нарт их ашигтай
гэнэ. Түрээсийн жолооч нар тонн тутмыг нь 24 юаниар  тээвэрлэдэг бол цалинтай жолооч нар нэг машин
нүүрс гаргаад 400 юань авдаг байна.

Харин
“МАК”-ынхан Гурвантэс суман дээр цахилгаан станц  барихаар зураг төслийг нь бэлэн болгоод байгаа
аж. Бүр хөрөнгө оруулалт хийгдэж эхэлсэн байна. Гурвантэс сумын уурхайнуудаас эхлээд
хэд хэдэн сум урд хөршөөс цахилгаан авдаг. Заримдаа урд хөршийнхөн цахилгаанаар
хангахгүй үе гардаг гэнэ. Үүнээс үүдэн уурхайн ажил хэдэн хоногоор ч зогсож байсан
удаатай гэнэ. Иймд баруун талын сум болоод уурхайнуудыг цахилгаанаар хангах хүчин
чадал бүхий цахилгаан станц барихаар ажиллаж байгаа нь энэ. Мөн конвероор нүүрс
шууд хил рүү гаргахаар судалгааны ажлаа хийж эхэлжээ. Хэрэв туузан конвероор урд
хөршийн компаниудтай холбогдох юм бол нүүрс тээвэрлэх асуудал ч хумигдах сайн талтай
юм байна. Мөн урд хөршийн төмөр зам Шивээхүрэнгийн боомт дээр тулж иржээ. Хэрэв
Шивээхүрэнгийн боомтоор төмөр зам холбогдох юм бол  галт тэргээр нүүрс тээвэрлэх давуу талтай гэнэ.
Уул уурхайн компаниуд баруун урд талын хилийн боомт дээр ийм л ажлуудыг хийж эхлээд
байгаа ажээ. Мөн Гурвантэс сумыг хөгжүүлэх үүднээс спорт заал, сургууль гээд л олон
бүтээн байгуулалтыг хийсэн байна. Компаниуд өөр өөрсдийн олборлож байгаа талбайн  техник эдийн засгийн үнэлгээгээр 30-40 жил нүүрс
олборлох тооцоо судалгаатай юм байна. Мөн судалгааны ажил дуусах юм бол дээрх тоо
хэд дахин нэмэгдэж 60 жил нүүрс олборлох хэмжээний нүүрсний орд байж ч магадгүй
гэнэ. Иймд нүүрс олборлож буй гурван компани их бүтээн байгуулалт хийхээр ханцуй
шамлан орцгоосон юм байна. Гэтэл урд хөршийн нүүрс худалдан авдаг компаниуд нүүрсээ
авахгүй болсон нь уул уурхайтай холбогдож байгаа хүн бүрт хүнд тусч байгааг холбогдох
албаныхан болоод нутгийн иргэд ярьж байна. 

 
НҮҮРСНИЙ ЭКСПОРТ ЗОГСОНГИ БАЙДАЛД ОРСОНТОЙ ХОЛБООТОЙ ХУДАЛДАА,
ҮЙЛЧИЛГЭЭ Ч ХУМИГДЖЭЭ

Шивээхүрэнгийн
боомт орохоор явж байгаад замдаа найман нэрийн хүнсний дэлгүүрээр орлоо. Дэлгүүрийн
худалдагч “Хятадууд нүүрс авахгүй болсноос хойш ямар ч ашиггүй болчихлоо. Нүүрс
зөөдөг жолооч нар энүүгээр дайрч өнгөрөхдөө байнга ордог байлаа. Ундаа, уснаас авахуулаад
дэлгүүрийн барааны борлуулалт их байсан. Одоо манай дэлгүүрт өдөрт хоёроос гурван
хүн л үйлчлүүлж байна шүү дээ. Нүүрс борлогдохгүй сар болох юм бол манай дэлгүүр
ч дампуурах шинжтэй байна даа. Худалдаа, үйлчилгээ эрхэлдэг хүн бүхэн л ингэж ярьж
байна” хэмээн ярив. Дэлгүүрээс гараад 20 гаруй километр давхиад гэр цайны газруудаар
орлоо. Мөн л ялгаа байхгүй “Хоол идэх хүнгүй болчихлоо. Өдөрт гурван хониор хоол
хийгээд л дуусдаг байсан бол одоо нэг хонины мах долоо хонож байна” хэмээн ярих
ажээ. Нүүрсний борлуулалтыг дагаад сум орон нутгийн иргэдийн амьжиргаа сайжирч,
дугуй засварын газар хүртэл ашигтай байсан гэнэ.

Ингээд
Шивээхүрэнгийн боомт орлоо. Хилийн боомт дээр нүүрс ачсан 20 гаруй машин зогсож
байлаа. Ачааллын үед нүүрс ачсан машин энэ хөндийгөөр дүүрдэг байжээ. Бүгд л өдөртөө
багтаж хилээр гарах гэж зүтгэдэг байж. Зарим нь эндээ хонодог байсан гэнэ. Нүүрс
дөнгөж гарч эхлээд байхад Шивээхүрэнгийн боомт болоод Хятадын Сэхээ боомт ямар ч
хөгжил дэвшилгүй таг харанхуй орчин байсан гэнэ. Монголын хилээс Хятадын хил хүртэл
300 орчим метр газар нарийн ширхэгтэй шороо бужигнасан  ганцхан замтай. Тэр зам дээрээ  нүүрсний машин болоод суудлын машинууд дугаарлаж
зогсоод боомт ачааллаа дийлэхгүй хэцүүддэг байсан аж. Олон хүмүүс хил дээр бөөгнөрөөд  бие засах газар ч байхгүй, буутай цэргүүд манаж
зогссон тийм дүр зурагтайгаар үйл ажиллагаа явуулдаг байжээ. Харин нүүрс гардаг
болсноос хойш боомтын байдал эрс өөрчлөгджээ. Хатуу хучилттай замтай болсон байна.
Нүүрс тээвэр, хүн тээвэр хоёрыг салгаж өөр өөр хаалгаар нэвтрүүлдэг болсон байна.
Найман эгнээ зам тавиад нүүрсний машинуудыг хурдан гаргах ажил хийгдэж эхэлжээ.
Гэтэл нүүрсний тээвэр нам зогсчихсон байна. Хил хамгаалах газар, Гаалийн ажилтнууд,
Хилийн мэргэжлийн хяналтынхан ажлын ачаалалгүй болцгоосон гэнэ. Нүүрс тээвэрлэлтийн
их урсгал үргэлж явагдана гэж үзээд улсын төсвөөс ч их хэмжээний мөнгө гаргаж, тэр
хавийг тохижуулжээ.  Уул уурхайн компаниуд
хүртэл чадах чинээгээр мөнгө гаргаж гэрэлтүүлгээс эхлээд тохижилт хийсэн байна.
Өөрөөр хэлбэл, Монгол  Улсаас дэлхийн зах
зээлийг нүүрсээр хангахын тулд шаардлагатай бүх ажлыг хийгээд байна. Одоо л нэг
юм зөв голдрилдоо орж нүүрсний экспортоор улсын төсвийн ихэнх хувийг бүрдүүлэх нь
хэмээж байтал хятадууд нүүрс авахгүй болоод байгаа юм байна.

 
ЖОЛООЧ НАРЫН АМЬДРАЛ БАС ХЭЦҮҮДЖЭЭ

Нүүрсний
зах зээл зогсонги байдалд орсноор нүүрс тээвэрлэдэг жолооч нарт хүртэл хүндээр тус
эхэлжээ. Тэр дундаа түрээсийн машины жолооч нар хэцүү байдалд оржээ. Нүүрс тээвэрлэдэг
жолооч нарыг цалингийн, түрээсийн гэж хоёр ангилах аж. Цалинтай жолооч нарт өдөрт
хоёр удаа нүүрс хилээр гаргачих юм бол 800 юань авчихдаг гэнэ. Нүүрсний тээвэр зогссоноос
хойш цалинтай жолооч нар олонх нь харьцгаажээ. Харин түрээсийн жолооч нар үлдэж,
машин түрээсэлдэг юм байна. Машины өртөг монгол мөнгөөр зуу гаруй сая төгрөг бөгөөд
үүнийгээ цувуулж өгөх гэрээ хийдэг байна. 
Сард 3500 юаниас дээш төлбөрийг машины түрээст өгдөг аж. Тарифын дагуу төлөөд
нүүрсний машинаа өөрийн болгодог байна. Түрээсийн жолооч нарын ихэнх нь зургаан
сар нүүрс тээвэрлээд машинаа өөрийн болгож авах хэмжээнд хүрсэн байна. Гэтэл нүүрс
тээвэрлэлт зогсонги байдалд орчихсон байна. Үүнээс болж өөрийн болгох дээрээ тулаад
байгаа тэнгэрт тулсан үнэтэй машинаа гэрээ байгуулсан компаниуддаа эргүүлэн өгөх
дээрээ хүртэл тулжээ. Мөн ажил байхгүй дээр нь цалингүй, мөнгө төлөх хугацаа нь
болсон жолооч нар ч цөөнгүй таарав. Тэдний зарим нь “Бүхэл бүтэн гурван жил зүтгээд
арай гэж машинаа өөрийн болгох дээрээ тулж ирчихээд эргүүлээд алдах юм гэж үү. Бид
яах ёстой вэ” гэж байв. Тэд цагаан сараас хойш огт ажилгүй өдий хүрч байгаа гэсэн.
Зарим  жолооч машинаа хаяад явж чадахгүй байдалд
орж идэх хоолгүй хоосон хүртэл хонож байгаа гэдгийг хилээр нүүрс тээвэрлэн гарах
гэж байгаа жолооч нар хэлж байв. Мөн жолооч нар хил дээр олон татвар өгдөг юм байна.
Лацны төлбөрөөс эхлээд хил гаалийн бүрдүүлэлт, гарал үүслийн гэрчилгээ, тохирлын
гэрчилгээ гээд л зургаан удаагийн  тамгатай
цаас авч байж хилээр гардаг юм байна. Дээрх арав гаруй бичиг баримт болгон хэвлэлтийн
зардлаас эхлээд тус бүртээ 2000-3500 төгрөгийн өртөгтэй юм байна. Улсын төсөвт оруулж
байгаа татвараас гадна машин хилээр нэг  удаа
гарахдаа арав гаруй мянган төгрөг төлдөг байна. Энэ нь Хил, гаалийнхны халаасанд
ордог уу эсвэл улсын төсвийн мөнгөнд ордог эсэх нь эргэлзээтэй байдаг гэдгийг жолооч
нар хэлж байна лээ. Биднийг Шивээхүрэнгийн боомт дээр байх хугацаанд зуу гаруй нүүрс
ачсан машиныг цаг гаруйн хугацаанд хилээр гарлаа. Гаалын байцаагч нар уурхайнуудын
замд ирж буй нүүрсийг пүүн дээр жинлээд шаардагдах бичиг баримтыг нь бүрдүүлээд  явуулдаг юм билээ. 
 

ШИВЭЭХҮРЭНГИЙН БООМТЫН НҮҮРСНИЙ ЭКСПОРТ БАРАГ 80 ХУВИАР
ЗОГСЧЭЭ

2011
онд Шивээхүрэнгийн боомтоор 9.8 сая тонн нүүрс гарсан байх юм. Харин 2012 онд
8.4 сая тонн, 2013 онд  долоон сая тонн нүүрс
гарчээ. Энэ оны хувьд 34 сая тонн нүүрс экспортлохоор улсын төсөвт урьдчилан “суулгасан”.
Гэвч дээрх дүр зургаас энэ төлөвлөгөө үлгэр болж мэдэхээр байгаа нь харагдаж байна.
Учир нь, Монголын нүүрсний экспортын хамгийн гол найдвар БНХАУ эхний улирлаас эхлэн
нүүрсний нийлүүлэлтийг бараг 80 хувиар хязгаарлаад байна. Энэ хязгаарлалт хилийн
боомт орчимд хэрхэн нөлөөлж, эдийн засгийн хийгээд бусад талаар нөлөөлж байгааг
бид хүргэхийг зорилоо. Дараагийн дугаарт 
нүүрсний экспорт юунаас болж зогсонги байдалд хүрээд байгааг хүргэх юм.

Монголын
нүүрс чанартай, хямд боловч Хятадын жилд импортлох нүүрсний тийм ч их хувийг эзэлдэггүй.
2013 онд БНХАУ 8015.8 мянган тонн нүүрс импортолжээ. Тус импортыг голлох зургаан
орны нүүрс бүрдүүлж байгаа юм. Нийт импортын хамгийн их буюу 42 орчим хувийг  Австралийн нүүрс эзэлж байна. Түүний дараа Монгол
бичигдэж байгаа ч импортлосон хэмжээ нь ердөө 26 хувь. Бидний араас Канад, Орос,
Америк, Индонез зэрэг орнууд жагсаж байна. Эдгээр орнууд Хятадаас алслагдсан, хязгаар
нутагтай боловч өмнөд хөршийн гаднаас авсан нүүрсний 30 гаруй хувийг бүрдүүлж байна.

Үргэлжлэл
бий
.

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
редакцийн-нийтлэл

“Авар” компани чөлөөт зах зээлийн өрсөлдөөнөөр Япон улсаас “амбаар” худалдаж авсан нь буруу юу

“Авар” ХХК-ийн 5.1 тэрбум иенээр худалдаж авсан барилга

Япон улсын Токио хотын шүүх “Авар”
компанийн тус хотын төв Чиёдо дүүрэгт байр­ладаг Хойд Солонгосын иргэдийн нийгэмлэг
(Chong­ryon)-ийн байрыг 5.1 тэрбум иенээр өнгөрсөн жил худал­дан авсныг хүчингүйд
тооц­сон шийдвэрийг энэ сарын 23-ны өдөр гаргасан байна. Тус улсын шүүх Монголын
“Авар” ХХК нь бодитоор үйл ажиллагаа эрхлэн явуулдаг эсэх нь батлагдаагүй, шалгал­тын
явцад ирүүлсэн баримт, бичгүүд нь тамга, тэмдэг дутуу, хуурамч байх магадлалтай
гэсэн үндэслэлээр дээрх шийдвэрийг гаргасан гэнэ. Тус объект нь Токио хотын төв
болох Чиёдо дүүрэгт байр­ла­даг, газар доор хоёр давхар, дээшээ арван давхар бүхий
өндөртэй, 12 000 ам метр талбайтай, нийт 2400 ам метр газрын өмчлөх эрхтэй барил­га
юм. Мөн Япон дахь Хойд Солонгосын иргэдийг дэмжин ажиллаж байсан банк бус санхүүгийн
байгууллагын зээлийн барьцаанд байсан ба тус санхүүгийн байгуулла­га 2007 онд дампуурснаар
шүүхийн өр барагдуулах албанд хураагдсан байдаг. Улмаар Япон улсын шүүхээр хэлэлцэж,
Япон дахь Хойд Солонгосын оршин суугчдын нийгэмлэгийн өмч болохыг нь тогтоосон тул
өнгөрсөн онд дуудлагаар худалдах эрх зүйн нөхцөл бүрдсэн ажээ. Дуудлага худалдааны
үеэр Монгол Улсад бүртгэлтэй “Авар” компани хамгийн өндөр үнэ хэлж, тус барилгыг
газрын хамт худалдаж авсан байдаг.

Дуудлага худалдаа болж өнгөрсний дараа
хэвлэл мэдээл­лийн хэрэгслээр “Авар” компанийн тухай янз бүрээр бичиж эхэлсэн. Тухайл­бал,
“Авар” компанийн захирал Ч.Эрдэнэбат нь УИХ-ын гишүүн Д.Сумъяа­базарын гэргий Ч.Мичид­маагийн
ах. Үүний цаана сумо бөхийн их аварга Д.Дагва­дорж байгаа. Ямар ч орлогогүй компани
ийм үнэтэй барилга худалдаж авна гэж байхгүй. Их аварга Д.Дагвадорж, УИХ-ын гишүүн
Д.Сумъяабазар нар холбоо­той. Японы Засгийн газрын шахалтаар Хойд Солонгос­чууд­тай
хэл амаа амархан ололцдог монголчуудыг ашиг­лаж байна” гэх зэрэг мэдээлэл цацагдаж
байсан. Энэ үед тус компанийн захирал Ч.Эрдэнэбат “Аль ч улсын Засгийн газрын орол­цоо
байхгүй. Цэвэр бизне­сийн зарчмаар явж байгаа асуудал. Миний дүү Ч.Мичид­маагийн
нөхөр нь Д.Сумъяа­базар гишүүн болохоор тэгж хардаж байгаа байх” хэмээн тайлбар
өгч байв. Дээрх мэдээллүүд Япон, болоод манай улсын хэвлэл мэдээл­лийн хэрэгслээр
нэлээдгүй гарсан. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарсан мэдээл­лийн дагуу Япон улсын
шүүх “Авар” компанийг шалгаж эхэлсэн тухай тус улсын хэвлэлүүд бичжээ. Бүр манай
улсын нутаг дэвсгэрт ирж “Авар” компанийн талаар судалгаа хийгээд буцсан гэх мэдээлэл
ч байна. Улмаар “Авар” компанийн хэдэн жил ашиглаагүй “амбаар”-ыг худалдан авсныг
хүчингүй болгох шийдвэр гаргасан гэжээ. Тухайлбал, Япон улсын шүүх “”Авар” гэх компани
нь өөрийн гэсэн хөрөнгөгүй. Уг барилгыг худалдан авахдаа хууль бусаар мөнгө босгосон
байх магадлалтай” гэсэн таамаглал дэвшүүлэн уг шийдвэрийг гаргасан тухай ч гаднын
хэвлэлүүдэд байна.

 Дээрхээс харахад Япон улс монголчуудыг дорой, гаднын
орнуудад барилга худалдаад авчих чадалгүй хэмээн үзэж байгаа болол­той. Тэгвэл Монголын
бизне­сийн салбарт хүч үзэж байгаа залуус Япон улсын хүн ашиглахгүй удаж байгаа
хэд хэдэн амбаарыг худалдаад авчих мөнгөтэй болсон гэдгийг хэлэх хүн олон байна.
Европын өндөр хөгжилтэй орны хамгийн дээд зэрэглэл бүхий зочид буудлыг худал­даж
авсан хүн ч манайд бий. Монголдоо хувийн эмнэлэг ажиллуулдаг нэг нөхөр АНУ-ын томоохон
хотуудад хэд хэдэн барилга худалдаад авч байна. Энэ нь 5.1 тэрбум иенээр арван давхар
барил­гыг захын нэг компани худал­даад авчих чадал бий гэсэн үг. “Авар” компанийн  хувьд хуулиас гадуурх зүйл илрээ­гүй байхад Японы
шүүх ийм шийдвэр гаргасан нь хэт нэг талыг барьсан шийдвэр гэж харагдаж байгааг
ч хэвлэлүүд онцолжээ. Яагаад Монголын компани дэлхийн чөлөөт зах зээлийн өрсөлдөөнөөр
худал­даж авсан барилгаа эргүүлэн өгөх болж байна вэ.

Түүнчлэн хэвлэлүүд “Авар” ХХК-ийн
тухай хэт их сүржигнэсэн өнгө аястай мэдээлэл гарснаас болж чөлөөт зах зээлийн өрсөл­дөөнөөр
худалдаж авсан барилгаа эргүүлэн өгөх болж байна гэжээ.

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
редакцийн-нийтлэл

Дэлгэр суманд алт гарч, аймаг аймгийн нинжа нар цуглажээ

-НИНЖА НАРЫН ХЭД ХЭДЭН УДААГИЙН ДАЙРАЛТ БОЛСНООС ҮҮДЭН АЛТ УХАХЫГ АЛБАН
ЁСООР ЗӨВШӨӨРӨВ –

Түрүүч нь ¹ 018 (4658) дугаарт

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумаас бусад бүх суманд
алтны орд илэр­сэн байдаг. Харин энэ сарын эхээр Дэлгэр су­мын Улаан толгойд алт­ны
шороон орд илэрс­нээр Говь-Алтай аймгийн бүх сумын  нутгаас алтны орд илрээд байна. Сүү­лийн хоёр
жилд гар ар­гаар алт олборлох иргэд буюу нинжа нарын тоо эрс буурсан. Аль нэг газарт
их хэмжээний алт гарсан талаар огт яриг­даагүй аж. Тиймээс алт ухаж амьдралаа залгуул­даг
байсан иргэд хоёр жил гаруй “ажилгүй” гэр­тээ сууцгаажээ. Тэд хаана хэн алт илрүүлэх
бол  гэж чих тавин суусан. Хийх ажилгүй нинжа
болоод алтны ченжүүд  металл хайгчаар энд
тэдгүй эрэл хайгуул хийж алтны нөөц­тэй газрууд хаана байгааг суваг сувгаараа  дамжуулан судалж байсан гэнэ.

Дэлгэр суманд алт гарлаа гэх мэдээлэл га­рангуут нинжа нар Улаан­толгойд
ирцгээсэн байна. Дэлгэр сумын За­саг даргын Тамгын газ­рын ажилтнууд болоод Говь-Алтай
аймгийн цаг­даагийн хэлтсийн албан хаагчидтай алт ухахын төлөө нинжа нар хэрхэн
тэмцэлдэж байгаа та­лаар та бүхэнд хүргэж байна. Улаантолгой
гэх газраас 30 гаруй километрийн зайд орших Үнээн усны цайны газар байсан нинжа
нар шөнө дунд алт ухахаар дайрлаа. 20 гаруй машинтай бөөн залуус бүгд алт ухах гэж
дайрах аж. Цагдаа нар тэднийг тосч очоод цагаан хоолойгоор “Эндээс буц. Алт ухуулахгүй.
Цагдаа нар бүрэн хамгаалалтад байгаа. Унаж яваа машины чинь улсын дугаарыг бүртгэж
авсан шүү” хэмээн  зарлаад яваад байлаа. Гэвч
нинжа нар шийдсэн бололтой юм. Алт байгаа газар руу нэгэн жигдийн хурдаар явсаар
байлаа. Тэгснээ машинаас зэрэг бууж том том чулуу бариад л эгнээд зогсчих ажээ.  Ихэнх нь нүүрэндээ маск зүүж малгайтай цамц өмссөн
болохоор ямар царай зүстэй гэдгийг харах боломж байсангүй. Тэд алт байгаа газрыг
хамгаалж байгаа хүмүүст “Ороод л гарна. Цаг болохгүй эргээд гарна.

Алт хэрхэн гарч байгааг үзээд л болно. Хэрэв их
хэмжээний алт гарах юм бол компани газрыг нь худалдаад авна” гэх ажээ.  Хэрэв тэдэнтэй эвгүй ярих юм бол чулуун мөндөр
буулгахад бэлэн зогсож байгаа юм. Нинжа нарт бууж өгөхөөс өөр аргагүй юм байна даа
гэсэн бодол төрөх ажээ.

Эгнээд зогсчихсон согтуу залуус яахаас ч буцахгүй
нь лавтай. Харин аймгийн цагдаа нар Бигэр суманд нинжа нарыг хөөж байхдаа  ийм байдалд өдөр бүр орж байсан болохоор  аргалаад явуулна гэнэ. Тэд нөгөө залуустай адилхан
чулуу бариад зогсчихсон цахилгаан бороохойг манал­зуулан чад пад хийлгэн дуугаргаад
байх. Тэгсэн мөртлөө “Та нарыг толгойлж бидэнтэй уулзах хүн байна уу яг дундаа хэлэлцээр
хийе” гэх саналыг тавилаа. Өндөр биетэй залуу хүрээд ирдэг юм байна. Цагдаагийн
хурандаа цолтой нөхөр өөдөөс нь яваад очлоо. Тэд хэсэг уулзаж байснаа эргээд хүрээд
ирэв. Нөгөө залуу “Бид нар үнэхээр хүнд амьдралтай хүмүүс. Цагаан сараа хийх  мөнгөтэй болоод л бүгд буцна. Харин та нар биднийг
оруул. Тэртэй тэргүй ухах нь тодорхой юм чинь бид сонгуулийн өдөр ирнэ. Та нар сонгуулиа
өгөх гээд явах байлгүй” гэжээ. Харин цагдаа нар сум орон нутгийнхан энэ талаар хурал
хийх гэж байгаа. Удахгүй асуудал нэг тийшээ болох байх. Асуудлыг хүндрүүлэлгүй буц.
Асуудал нэг тийшээ болтол ямар ч хүн оруулахгүй” гэсэн гэнэ.

Олон залуусыг арай гэж явууллаа. Ер нь дайн байлдаанд
оролцох гэж байгаа юм шиг л дүр зураг тэндээс харагдана.  Залуус “Цагдаа нартай сөргөөцөлдөх хэрэггүй. Тэртэй
тэргүй алт байгаа газар руу орж л таарна” гээд яваад өглөө. Мотоцикльтой  залуус ч хэд хэдээрээ ирээд буцлаа. Шөнө­жингөө
хөөлгө, туулга хийсээр үүр хаяарч байхад гэртээ эргэн орсон юм.

 

ЧУЛУУГААР БАЙЛДАХ ДӨХЛӨӨ 

 

Цагдаа нараас нинжа нартай чулуугаар байлддаг
байсан талаар асуулаа.  Бигэр суманд хөөлгө
хийж эхлээд байхад өдөр болгон чулуун байлдаан болдог байсан гэнэ. Нинжа нартай
хууль ёсны дагуу яриа ухуулга хийж эндээс явахыг сануулаад ямар ч хэрэг байхгүй
гэнэ. Хэрэв зөөлөн дуугаар харьцах юм бол шууд л “Ална. Энд алаад булна” гэж ирээд
л авирлаж гардаг байна. Тиймээс бороохойдохгүй л бол дийлдэхгүй гэнэ. Мөн цагдаа
нар нинжа нартай уулзахдаа  олуулаа явахгүй
бол олон залуус чулуу бариад хүрээд ирэх юм бол шууд л амиа бодоод зугтаах хэрэгтэй
гэнэ. Бигэр суманд ажиллаж байсан арав гаруй цагдаа толгойгоо хагалуулж, нэг цагдаа
нуруундаа хүнд гэмтэл авч, бас нэг цагдаа гарынхаа шууны ясыг үйртэл цохиулсан гэнэ.
Нинжа нартай чулуугаар байлдаж байхад газрынхаа дээр гарах гэж хэн хэн нь зүтгэдэг
гэнэ. Аль нэг нь газрын дээр гараад авах юм бол чулуун байлдаант тулааны ялагч болдог
байна.

Алт гарсан Улаан толгойн хавиар энд тэндгүй машинтай
хүмүүс хоножээ. Тэдэнтэй уулзахаар явлаа. Зургаан машин эгнүүлээд тавьсан залуус
дээр очлоо.

Шөнө алт гарсан орд газрыг хамгаалж байгаа хүмүүс
рүү дайрсан залуус бололтой. Эхний очсон газарт архи, пивоны шил хөглөрөх аж. Залуус
газар туурга дэвсэж байгаад дээгүүрээ эсгийгээр хулдаж хучаад унтацгааж байна. Амнаас
нь уур савсаад л хүн ирж байгааг мэдэх сөхөөгүй л унтаж байна.

Харин Өвөрхангай аймгийн улсын дугаартай  “фронтиер” маркийн автомашин алт гэх газраас холгүйхэн
зогсож байлаа. Тэд машиных нь хоёр дугуйны хий гарчихжээ. Запас дугуй мөн л байхгүй
гэнэ. Бас шатахуун нь дуусчихсан. Мөнгө байхгүй болохоор эндээс явах ямар ч арга
байхгүй гэнэ. Мөн тэдгээр “фронтиер”-той хүмүүсийн цаана мөн л УАЗ пургон маркийн
Баянхонгор аймгийн улсын дугаартай машин “хрооп” нь эвдэрсэн гээд задлаад хаячихсан
зогсож байна. Ер нь тэв хавиар байгаа машинуудын бензин дууссан, дугуйнаас авахуулаад
машиных нь эд анги бүгд эвдэрчээ. Машин нь хөдлөхгүй болсон учир хоол, ундаа хийж
идэж уугаад сууршиж эхэлжээ. 

МАШИНАА НИНЖА НАР ӨӨРСДӨӨ ЭВДДЭГ ГЭНЭ 

Нинжа нар “Монголд ажилгүй залуус олон байна.
Ажилгүй бид алт ухахгүй юм бол яаж амьдрах юм бэ. Ядарсан бид хэд хоног ухаад л
аль компани нь энэ хавийн газрыг худалдаад авна. Ямар ч байсан шороо ухна. Алт гарч
л таараа. Бид эндээс явж чадахгүй. Хоол унд, наашаа ирэх замын зардлаа хүнээс зээлээд
ирчихсэн. Мөнгөтэй болоод л харина” хэмээн ярьж байна. Нинжа нартай уулзаад явж
байх зуур цагдаагийн эргүүлийн машин давхиж ирээд л нэг залууг нь машин тойруулаад
элдээд байгаа бололтой харагдлаа. Удалгүй нөгөө дугуй нь хагарсан гээд зогсож байсан
“фронтиер” маркийн автомашин чинь шороо манаруулаад хөдлөөд давхидаг байна. Биднийг
хөдөлж байхад машиныхаа хойд дугуйг тайлаад зогсчихсон байсан тэд хэдийд нь амжуулдаг
юм гэмээр хагарсан дугуй нь хийтэй болчихсон давхиж явна лээ.

Нинжа нарын нэг арга нь “Машин эвдэрчихлээ” гэж
цагдаа нарт худлаа хэлж машиныхаа хамаг эд ангийг жиргээд тавьчихдаг гэнэ. Аргаар
гуйхаар ямар ч боломжгүй гээд суугаад байдаг гэнэ. Харин хатуухан аргаар “хэлэхээр”
хэдийд нь амжуулдаг юм гэмээр машиныхаа тараачихсан эд ангийг угсраад давхиад явчихдаг
байна.

Нинжа нар энд тэндээс нэмэгдэж ирсээр байсан юм.
Дэлгэр сумынхан ч нинжа нарыг гурав хоног алт гарсан газарт оруулах шийдвэр гаргасан
юм. Хэрэв алт бага гарвал цугларсан хүмүүс дороо яваад өгнө. Харин алт их гараад
байвал нинжа нарын вант улс болох нь тодорхой. Нинжа нар арван хүрз шорооноос
40 мянган төгрөгийн алт гарч байгаа хэмээн бие биендээ хэлэх ажээ. Мөн “бух” олдсон
талаарх худал мэдээлэл тархжээ. Энэ нь тал талаас хүн цуглуулах арга гэнэ. Олон
хүн цугларах юм бол ашигтай гэнэ. Хүний хөлөөр алт ундардаг гэж нинжа нар үздэг
байна.

 ДЭЛГЭР СУМЫН УЛААН ТОЛГОЙ РУУ ГОВЬ-АЛТАЙ АЙМГИЙН ТӨВӨӨС  АРХИ, ХООЛ, УС АЧСАН МАШИНЫ ЦУВАА ХӨВӨРЛӨӨ 

Аймгийн
төвөөс үнэтэй машин унасан алтны ченжүүд ирж яваа сураг дуулдав.

Биднийг тус газраас аймгийн төв рүү явах замд
гэр цайны газар байгуулах гэж байгаа хүмүүс тааралдлаа. Тэд “Хүмүүс цугларч байна
уу. Цуйван долоон мянган төгрөгийн үнэтэй шүү” гээд л 20 литрийн бидон дүүрэн цуйван
харуулж байна. Бидоны гадуур элдсэн нэхийгээр битүү ороосон байгаа харагдлаа. Тэдний
араас хүнсний дэлгүүр ажиллуулах гэж байгаа гэх дөрвөн залуутай тааралдав. Авч яваа
барааны ихэнх нь архи байна лээ. Тэд мөн л олон хүн цугларч байна уу гэж асууж байсан
юм. Нинжа нар цугларсан газар литр ус зуун төгрөгт хүрдэг гэнэ. Бараа бүтээгдэхүүний
үнэ ч хэд дахин нэмэгддэг байна. Тэр дундаа тамхи, архины үнэ бүр ч их нэмэгддэг
ажээ.

Хэдхэн цагийн дараа улаан толгойд  алт ухаж байгаа нинжа нарын майхан, овоохойнууд
үзэгдэнэ. Монгол Улсын иргэн бүр хуулийн хүрээнд амьдрах ёстой гэдэг ч нинжа цугларсан
газарт хууль үйл­чилдэггүй шиг санагдаж явлаа. Баялгийн хараал тусч, алтны дон шүглэчихсэн
гэмээр хүмүүс энд тэндгүй тааралдана. Сайхан машин тэрэгтэй, байр орон сууцтай болсон
хэрнээ алт ухах гэдэг хүмүүс олон. Нинжа нарын дунд ядарсан туйлдаа ортол ядуурсан
хүмүүс тун ховор. Бүгд л “Бух” мөрөөдөж энд ирсэн нь тодорхой.

Дэлгэр суманд ийм л үйл явдал өрнөж байна. Дэлгэрийн
хөндий дүүрэн улаан тоос босч, энд тэнгүй шинэ зам гарган давхих машин үзэгдэнэ.

Хэдхэн хоногийн дотор байгаль тэр чигтээ өөрчлөгджээ.
Эндээсээ хойш бүр ч өөрчлөгдөх байх даа.

Э.ХҮРЭЛБААТАР

Categories
редакцийн-нийтлэл

Дэлгэр суманд алт гарч, аймаг аймгийн нинжа нар цуглажээ

-ХОЁР ХОНОГИЙН ДОТОР 500 ГАРУЙ ХҮН ЦУГЛАСАН  БАЙНА-

Говь-Алтай аймгийн Дэлгэр сумын Сэрх Богд уулын хойд өвөр  Хүрэн­тийн амны Улаан толгой гэх газарт сум сумын
нин­жа нар цуглараад байна. Албан бус тоогоор 500 орчим нинжа цуглараад байгаа аж.
Тус аймгийн цагдаагийн хэлтсийнхэн  болон
Дэлгэр сумын За­саг даргын Тамгын газ­рын ажилтнууд алт га­раад байгаа газрыг хам­гаалалтад
авсан боловч нинжа нарын хэд хэдэн удаагийн дайралтад өрт­сөн байна. Нинжа нар ч  Улаантолгойгоос алт ухаж эхэлжээ. Сумын Засаг
даргын тамгын газар алт бага гарвал дороо яваад өгнө хэмээн нинжа нарыг алт ухахыг
зөвшөөрсөн байна.

Энэ талаар сурвалж­ла­хаар
Дэлгэр сумын Улаан­толгой гэх газар руу өнгөрсөн долоо хо­ногт явсан юм. Баянхон­гор
аймаг өнгөрч Хөх эргийн гарам хүрэх үеэс Говь-Алтай аймаг руу явах машины цуваатай
таарч эхлэв. Гэр, зуух, тогоо майхан, овоохой, гэрийн дулаалга, хөнжил гудсаа ачсан
машин Говь-Алтай аймаг руу тоос татуулан давхиж явах. Замд “портер”-той хэдэн залуус
тааралдлаа. Тэд Дэлгэр суманд алт гарсан сураг дуулаад Заамар сумаас наашаа гарсан
гэнэ. 20-40 орчим насны болов уу гэмээр найман залуу явж байна. Тэд хөхөө өвлийн
хүйтэнд машины задгай тэвшин дээр суучихсан явж байх юм. Доогуураа хоёр хө­вөн­­тэй
туурга дэвсээд дээгүүрээ машины бүтээ­лэг нөмрөөд л мянга гаруй километр замыг туулж
яваа аж. Машины хойд талын хоёр дугуй нь ташраараа буудчихсан аж. Запас дугуйгаа
тавих гэсэн хий нь гарчихсан гэнэ. Тэгээд замын жо­лооч нараас насос гуй­гаад зогсож
байгаа нь энэ. Сууж явсан машины жо­лооч тэдэнд насос өглөө. “Надад дугуйны илүү
олгой хаймар байна.  Та хэд мөнгийг нь өгөөд
авахгүй юу” гэв. Тэд ч уухайн тас зөвшөөрч хагарсан дугуйндаа шинэ олгой авч тавих
гэсэн тэдний мөнгө нийлээд дөрвөн мянга гаруй төгрөг л цугларчээ. Баянхонгор аймгийн
төвөөс машин­даа шатахуун хийхдээ  мөнгөө
нийлүүлээд хий­чих­сэн гэнэ. Тэгээд үлдсэн мөнгө нь 4600 төгрөг юм байна. Машин
дээр нь таван шуудай нүүрс, хоол унд байгаа аж. Тэд “Алт гарч байгаа газарт очоод
хоёр цаг болоод л алттай болно.

Алтаа ченжид тушаагаад мөн­гөтэй болно. Алт сайн гарвал ца­гаан
сараар гэртээ харихгүй” хэмээн ярив. Баянхонгор аймгийн УАЗ пургон, Өвөрхангай аймгийн
УАЗ 469, Сэлэнгэ, Дарханы микро ав­тобус гээд л олон машин Говь-Алтай аймгийн Дэлгэр
сумыг зорьж байна. Замд тааралдах машин бүр дүүрэн хүнтэй. Ийн явсаар Дэлгэр сумын
зүүн зах Үнээн ус гэх газарт ирлээ.

 Цайны газрууд нь дүүрэн
хүнтэй байв. 30 гаруй автомашин тэнд зогсож байна. Цайны газрын эзэд алт гарсан
гэх яриа гарснаас хойш цайны газрууд дүүрэн хүнтэй бай­даг болсон талаар ярьж байна.
Сард олдог байсан орлогоо 2-3-хан өдрийн дотор олоод жинхэнэ бур­зайж байгаагаа
ярив. Хэрэв Улаан толгойн жалганд алт ухуулаад эхэл­бэл хоёр гэрээр цайны газар
ба­рина гэж байгаа. Мөн хүнсний дэлгүүр ч ажиллуулах талаар ярьж байна. Г.Хишигжаргал
гэх эр Үнээн ус гэх газарт цайны газар ажил­луулаад арав гаруй жилийн нүүр үзэж
байгаа аж. Хэрэв алт гараад эхэлбэл банкинд бүх эд хөрөнгөө барьцаалж байгаад зээл
авч алтны ченж болох талаар ч ярьж байна. Үнээн уснаас баруун урагш Сэрх Богд уул
хүртэл 30 гаруй километр.  Дэлгэрийн цэлийсэн
талд нуруул­дан байх өндөр хөх уул. Тус сумын шүтээн уул аж.

 

НУТГИЙН ЗАЛУУ ХОНЬ ХАРИУЛЖ ЯВААД АЛТ ОЛСОН ГЭНЭ

Их үдийн алдад Улаан толгой руу явлаа. Энд тэндгүй л машинтай
залуус бөөгнөрчихсөн зогсож бай­на. Мотоцикльтой хоёр залуу цүнх дүүрэн архитай
тэр хавиар зараад яваад байгаа аж. Аймгийн төвөөс хоёр машин дүүрэн цагдаа ирчихсэн
гэнэ.

Дэлгэр сумын Засаг даргын Тамгын газрын ажилтнуудтай гэр бариад
алттай газрыг хам­гаалал­тад авсан талаар таарсан хүн бүр ярих ажээ. Ийн явсаар
алт гараад байгаа гэх Улаан толгойд очлоо. Тэр хавиар шороо ухаж байгаа хүн нэг
ч алга. Дэнж дээр барьсан гэрт яваад очлоо. Аймгийн төвөөс ирсэн хоёр цагдаа Дэлгэр
сумын малын эмч, байгаль орчны байцаагч гээд зур­гаан хүн сууж байна. Мэнд мэдэл­цээд
алт хэрхэн гарч байгаа талаар ярилаа.

Энэ сарын эхээр алт гарсан газраас саахалтын зайтай өвөлжиж байгаа
30 гаруй насны залуу хонио хариулж яваад алтны судлыг анх олсон гэнэ. Тэр өдөр цаг
агаар нэлээд хүйтэн байж. Улаантолгойн зүүн дор хоёр жалга байдаг юм байна. Зүүн
урд талынх нь жалганд морьтойгоо нөмөр бараадаад сууж байгаад хумсын толион чинээ
алт олсон гэнэ. Тэгээд хэсэг хүмүүс дуудаад ухаж үзтэл доошоо тохой хүрэхгүй ухаад
л алттай шороо гарч ирсэн гэнэ. Ингээд алтны судал олдлоо гэх яриа хуурай өвсөнд
тавьсан гал шиг л тархжээ. Хоёр өдрийн дотор Говь-Алтай аймгийн сум бүрээс нинжа
нар цугларч эхэлсэн байна. Тэд хамгаалалт гараагүй байгааг далимдуулан ухаж гарч.
Тэдгээр хүмүүсийн яриа­гаар шуудайны тэн хагас шороо­ноос багаар бодоход 50 мянган
төгрөгийн алт гарч байсан гэнэ. Ямар ч хад чулуу байхгүй зөөлөн бор хөрстэй газраас
л алт гараад байгаа юм байна. Ингээд 200 ор­чим нинжа цуглараад байхад нь цагдаа
нар аймгийн орон нутгийн сонгууль болохоос өмнө тараажээ.

Гурван жилийн өмнө Бигэр сумын Алтан ууланд 20 гаруй мян­ган нинжа
цугларч Говь-Алтай аймагт бараг л дайн болох шахсан. Таван аймгийн цагдаагийн албан
хаагч нар нинжа нартай хэдэн өдөр чулуун байлдаан хийж арай гэж тараасан байдаг.
Тэгвэл одоо алт гараад байгаа газар нь Алтан уулын зүүн дор юм байна. Алтан уул
дамнасан энэ нуруу тэр чигтээ алтны том судалтай гэж хүн бүр ярина. Улаантолгойг
нинжа нар олноор зорих болсон нь алтны том судал тэнд байгаа гэх яриаг сонссоных.
Мөн Алтан уулын их хөөлгөнөөс хойш нинжа нар ажилгүй шахам суусан гэнэ. Бүгд л хаана
алт гарах нь вэ гэж чих тавин хүлээж, бараг л хэрэгтэй гэсэн бүхнээ машиндаа ачаад
сууж байдаг гэнэ. Хэн нэгэн тэнд алт гарлаа гээд утас цохих юм бол бүлэглэл буюу
нэг гал  болсон  залуус машинаа асаагаад л гардаг гэнэ. Тэд энэ
удаад Дэлгэр сумыг ийнхүү зорьж эхэлжээ.

Цагдаа нар орон нутгийн сонгуулиас өмнө  нинжа нарыг тарааснаас хойш шөнө оройгоор эргэж
ирэх болсон байна. Тэнд байсан цагдаа “Замд чинь энд тэндгүй машинтай хүмүүс тааралдаж
байна уу. Шөнө ч дайн болох нь дээ. Бүгд бэлтгэлтэй хонохгүй бол хэдэн талаас бүслээд
ороод ирнэ” хэмээн ярив. Улаан толгойг хамгаалж байгаа хүмүүстэй хамт хонохоор боллоо.
Нар баруун уулын цаагуур орж, цас хялмайлаад ирэв. Зууханд мод, нүүрс дүүртэл чихээд
бөөрийг нь улайстал галласан ч цаанаа л хүйтэн байх аж. Ийм л хүйтнийг нинжа нар
хүлээж байгаа талаар гэрт байгаа хүмүүс ярьж байлаа. Оройн хоолоо идчихээд сумын
мал эмнэлгийн УАЗ маркийн машин дээр бүх зүйлээ бүрэнхий болж байхад ачлаа. Тогоо,
шанаганаас авахуулаад гэрт байгаа  жижиг зүйлсийг
бүгдийг нь ачлаа. Нинжа нар эвгүйтээд дайраад ирэх юм бол гэр барааг машинаар шууд
дайраад гарчихдаг гэнэ. Говь-Алтай аймгийн цагдаа нар Бигэр сумын алтнаас үүдэн
нинжа нартай тулалдаж сурсан гэнэ. Бигэр сумын Алтан ууланд нинжа нарыг хөөгөөд
явж байхад улсын дугаараа авчихсан машин гэрийг нь шууд дайрч дээгүүр нь гараад
явчихдаг байсан гэнэ. Байрлаж байгаа гэрийг дайрч байгааг аймгийн цагдаа нар олон
харсан гэж байна. Мөн гэрийнх нь дээвэр туургыг шөнө хулгайлаад аваад явчихдаг юм
байх. Тиймээс энэ шөнө юу ч болоо билээ гээд бэлтгэлээ базааж байгаа нь энэ.

 

“30 МИНУТ ОРООД Л ГАРНА ТЭГЭХГҮЙ БОЛ АЛНА ШҮҮ”

Улаан толгойд алт гарсан гэх дуулианаар Төв, Сэлэнгэ, Дархан,
Баянхонгор, Өвөрхангай, Увс, Ховд аймгаас нинжа нар цугларсан гэх мэдээг аймгийн
төвөөс өгчээ. Бид бүрэнхий болтол нинжа нарын талаар ярьсаар байлаа.  Алт гэхэд бух, ямаа, од, тоос, сүнс гэх мэт нэр
томъёотой, биеэ үнэлэгчид хүртэл хэдэн цэн, пунгийн үнэтэй гэнэ. Нинжа нарыг супер,
мэлхий, энгийн гэж ангилна.

Супер нь болохоор алт илрүүлэгчтэй, илжгэн чихтэй, шороо үлээлгэдэг
машин, чулуу бутлагч өрөмтэй  гэнэ. Ерөнхийдөө хэний ч хараат бус техникжсэн
нинжаг супер гэж хэлдэг аж. Харин мэлхий нинжа гэдэг нь ногоон түмпэнтэй усаар шороогоо
угаадаг нөхдийг хэлэх жишээтэй. Бигэр суманд алтны төлөө хагас галзуурсан хүмүүс
л байдаг байсан гэнэ. Шорон оронгоор явсан. Ам муруйвал хэнийг ч хутгалчихаас сийхгүй
залуусаар дүүрсэн байжээ. Тэдгээр хүмүүсээс болж бүтэхгүй, хүний санаанд багтахгүй
зүйлс гардаг гэнэ. 80 мянга орчим нинжа цугларсан Алтан ууланд ухаж байгаа нүхнээс
нь алт гарахгүй болохоор нь хэд хэдэн хар дом хэрэглэдэг байсан гэнэ. Нүхний аман
дээр бага насны хүүхдүүдийг зодож уйлуулах, хүний цусаар мялаах гээд л янз бүрийн
арга хэрэглэдэг байсан гэнэ. Мөн нэгнийхээ нүхийг дээрэмдэхдээ дотор нь байгаа хүнийг
утаж гаргаж ирээд зодоод хөөгөөд явуулдаг байна. Утаж нүхнээс нь гаргах аргын талаар
гэрт байсан хүмүүс ам уралдаад л ярих ажээ. Куртик, хүрэм, хөнжил зэрэгт бензин
шингээж байгаа асаагаад нүх рүү нь шидчихдэг байна. Угаартсан хүмүүс ухаж байгаа
нүхнээсээ гараад ирэхээр нь  тал талаас өшиглөөд
хөөгөөд явуулдаг аж. Хэн нэгнийгээ дээрэмдэх, эд зүйлсийг нь хулгайлах архидах,
мансуурах, биеэ үнэлэх гээд л гэмт хэргийн үүр уурхай тэнд жинхэнэ утгаараа бий
болж байсан гэнэ.

Ийн ярилцаж байтал гэрийн янданд машины гэрэл туслаа. Гэрт байсан
хүмүүс “За ирсэн шүү. Болгоомжтой байгаарай” гээд л гэрээс яаран сандралдаад гарлаа.
Тэгсэн хэдэн талд машин алт гарсан гэх жалгыг бүслээд зогсож байна. Явган хүмүүс
хүрз, лоом, жоотуу барьчихсан зогсож байна. Тэд гэрт байсан хүмүүсийг гараад ирэнгүүт
“Бид нарт газар чөлөөлж өг. Тэгэхгүй бол Та нарыг бүгдийг чинь ална. Энд алаад булчихсан
байхад хэн ч мэдэхгүй” гээд хэн нэгэн нь хашгирав. Тэгсэн “Наадуулыг чинь алаад
өгнө өө” гээд л тал талаас дайрлаа. Цагдаа нар гар чийдэн асаагаад “Зугтааж болохгүй
шүү. Зүгээр зогсож бай” гэв. Бид ч яах бол гээд зогсоод байв. Харанхуй шөнө хүрз,
лоом, жоотуугаар зэвсэглэсэн. Дээр нь архи уучихсан согтуу залуус яахаас ч буцахааргүй
харагдаж байна.  Тэгсэн цагдаа нар камераар
бичлэг хийж байгаа шүү. Эвгүй үйлдэл хийвэл 
маргааш бүгд баригдана шүү” гэж хашгирч байна. Тэгсэн нөгөө хар гүйхээрээ
ирж явсан залуус дороо нам зогсов. Тэгсэн мөртлөө л ална хядна гээд хашгираад байх.
Хоорондоо арав гаруй метрийн зайтай зогсчихсон хэлэлцээр хийхээр болов. Залуус
“Бид холоос ирсэн. Машинд шатахуун хийх мөнгө алга байна. 30 минут ороод л гарна”
гэж хашгирав. Цагдаа нар “Одоо оруулахгүй, Өглөө хүрээд ир. Гэгээтэйд нэгдсэн журмаар
оруулъя” гэхэд “Дээрийнх шиг худлаа хэлбэл бид зүгээр байхгүй шүү” гэж байж арай
гэж тохиролцов бололтой. Залуус ч нөгөө алж хядна гээд байснаа дороо номхроод яваад
өглөө.  Тэгсэн жалгын доогуур хүмүүс алт байгаа
газар руу мөлхөж байна гэж нэг нь хэлэв. Гэрэл тусгаад харсан бүгд дөрвөн хөллөөд
алт байгаа зүг рүү мөлхөлдөж байв. Цагдаа нар ч гар чийдэнгийнхээ гэрлийг тусгаад
гүйлдлээ.  Арав гаруй залуу өндийж, хувцас
хунараа засаж, цас, шороогоо гөвцгөөгөөд байрлаж байгаа гэрийн зүг явцгаав. Тэдэнд
Дэлгэр сумын байгаль орчны байцаагч лекц уншив. Тэд Шарга сумын залуус гэнэ. Зүүн
талаас олон машины гэрэл гарлаа. “Үнээн ус”-ны цайны газар байсан нинжа нар ирж
яваа бололтой.

Үргэлжлэл бий

Э.ХҮРЭЛБААТАР