Categories
мэдээ цаг-үе

Б.Мөнгөнтуяа: Улстөрчдийн хэлмэгдүүлэлт миний бүх сайн сайхан бүхнийг үгүй хийсэн

Ерөнхий сайд асан Н.Алтанхуягийн ахлах зөвлөх Л.Гансүхийн гэх тодотголтой “Нүүрс” хөтөлбөртэй холбоотой хэрэгт холбогдож, зургаан сар гаруй хугацаанд хоригдсон Б.Мөнгөнтуяа манай сонинд анх удаа дэлгэрэнгүй ярилцлага өгсөн юм. Хэрэгт холбогдож эхэлсэн цагаас хойш түүний амьдрал хар дарсан зүүд шиг өнгөрч байгааг, мөрдөн байцаагч нарт дарамтлуулж, зургаан сар гаруй хугацаанд шоронд хоригдсон талаараа ярив. Хууль хяналтынхан зургаан сар хорьсны дараа хорих үндэслэл болж байсан зүйл ангийг нь хэрэгсэхгүй болгосон талаар болоод шүүхээс түүнд оноосон шийдвэрийн талаар ярилаа. Шүүхээс Б.Мөнгөнтуяад “Багануур” ТӨХК-д 800 гаруй сая төгрөг төлж, хохиролгүй болгох шийдвэр гаргасан билээ. Тэрбээр “Дээрх мөнгийг энэ насандаа өндөр цалинтай ажил хийсэн ч төлж чадахгүй. Сая төгрөгийн цалин аваад 60 гаруй жил ажиллаад ч дуусахгүй” хэмээн ярив. Шинэчлэлийн Засгийн газраас хэрэгжүүлсэн “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явцад албан тушаалаа урвуулан ашиглаж, улсад 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан хэрэгт хэрхэн холбогдсон талаар бидний ярилцлага эхэлсэн юм.

-“Эм Жи Эл Эс Би” компанийн ерөнхий нягтлан бодогчоор хэзээ орсон бэ?

-Анх 2012 оны арваннэгдүгээр сард ажилд орсон. Тухайн үед гүйцэтгэх захирал Эрдэнэбулган ажлын санал тавьсан юм. “Залуу хүмүүс нийлээд том хөтөлбөр хэрэгжүүлэх гэж байгаа юм. Бидэнд нягтлан бодогч хэрэгтэй байгаа. Чи сонирхож байвал ирээд уулзах боломж байна уу” гэсэн. Тэгээд л сарын 700 мянган төгрөгийн цалинтай ажилд орсон. Ерөнхий нягтлангийн хувьд сар бүр хэлтсийнхэнтэйгээ нийлж тайлан гаргах, “Багануур” ТӨХК-ийнхантай хамтран ажиллаж буй гэрээг хэрэгжүүлэх, биелүүлэх ёстой. “Багануур” компанитай сар бүр тооцоо нийлэх үүрэгтэй байсан. Сар бүр тогтсон хугацаанд мөнгийг нь хоцрогдолгүй шилжүүлэх, хоёр компанийн гаргасан тайлан хоорондоо нийлж байна уу гэдгийг шалгадаг байсан. Хөтөлбөр хэрэгжсэн хоёр жилийн хугацаанд “Багануур” компаниас нэг л хүнтэй харилцдаг байсан. “Нүүрс” хөтөлбөрийг хэрэгжүүлэх гэрээнд “Багануур” компанийн таван захирал эхлээд гарын үсэг зурсан. Дараа нь манай компанийн гүйцэтгэх захирал зурсан. Хамгийн сүүлд би гарын үсгээ зурж баталгаажуулсан байдаг. Миний гэрээнд оролцож байгаа гол үүрэг хэдэн төгрөгөөр нүүрс худалдан авч байгааг хянах, тооцоо яаж нийлж байгааг компанийнхаа зүгээс хянах үүрэг хүлээж л гарын үсэг зурсан. Үүнээс өөрөөр гэрээнд оролцох үүрэг надад огт байхгүй. Хоёр жилийн хугацаанд Багануур компанийнхны өөрсдийн боловсруулж гаргасан гэрээнд тусгагдсан мөнгөн дүнгээр нүүрс худалдаж аваад мөнгийг нь цаг тухайн үед нь шилжүүлээд явж байсан. “Нүүрс” хөтөлбөр хэрэгжсэн хоёр жилийн хугацаанд “Багануур” компанитай хийсэн гэрээнд тусгагдсан төлбөр тооцоонд нэг ч удаа асуудал гарч байгаагүй. Шаардлагатай гэсэн баримтаа хоёр талаас нийлүүлж байгаад тулгалт хийдэг. Тэр нь таардаг байсан. Хоёр тал үүнийгээ баталгаажуулаад актаа үйлдээд нэхэмжлэхээ бичээд явдаг. Нэхэмжлэхийн дагуу мөнгийг нь шилжүүлдэг байсан. Хоёр жилийн хугацаанд “Багануур” компанийн зүгээс манай компани руу хандаж төлбөр тооцооны асуудал гарлаа гэж нэг ч хүн ярьж байгаагүй.

ЗУРГААН САР ХОРЬСОН ЗҮЙЛ ЗААЛТЫН ГЭМТ ХЭРГИЙГ ХЭРЭГСЭХГҮЙ БОЛСОН”

-“Нүүрс” хөтөлбөр дуусахаас гурав хоногийн өмнө АТГ-аас таныг баривчилсан байдаг байх аа?

-“Нүүрс” хөтөлбөрийн гэрээ дуусч, хоёр талаасаа хэрэгжүүлсэн гэрээгээ дүгнэхэд гурав хоног дутуу байсан. 2014 оны дөрөвдүгээр сарын 28-ны өдөр ажил дээрээ сууж байтал гэнэт АТГ-аас явж байна гээд том биетэй арав гаруй залуу ороод ирсэн. Надад 265.2, 150.3 дугаар зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгэн хэрэгт сэжиглэн шалгаж байгаа талаар танилцуулсан. Тэгээд танилцсан гэдэг дээр гарын үсэг зуруулсан. Ямар учиртай, юунд буруутгаж байгаа талаар асуухаар “Чамд тайлбарлах шаардлага байхгүй. Тэгж байгаад ямар хэрэгт холбогдоод байгаагаа мэднэ биз. Бичиг, үсэг мэддэг юм бол наад цаасаа унш” гэсэн. Тэнд байсан хүмүүс бүгд л загнасан, зандарсан байдалтай байсан. Ажлын байранд нэгжлэг хийж байна гээд орвонгоор нь эргүүлсэн. Тэгээд АТГ руу аваад явсан. Гурван цаг гаруй хугацаанд хүлээлгэж суулгаж байгаад гэр нэгжих зөвшөөрөл үзүүлсэн. Ингээд манай гэр рүү аваад явсан. АТГ-ынхан гэрт очоод юу хайгаад байгаа нь мэдэгдэхгүй хамаг зүйлсийг ухаж гаргаад байсан. Муухайгаар хэлэх юм бол орон байрны хулгайч шиг соёлгүй, бүдүүлэг загнасан. Хамаг хувцас шалан дээр гаргаж шидээд, ор эргүүлж хаяад гэрийн бүх зүйлийг бусниулсан. Юу ч аваагүй. Тэгээд дулаан хувцсаа өмс гэсэн. Хувцсаа солиод өмсөж байхад хүртэл бүгд хараад зогсож байсан. АТГ руу эргүүлээд аваад явсан. Ямар хэргээр шалгаж байгааг асуухаар огт хариулаагүй. Уг нь учир шалтгаанаар хорих гэж байгаа талаар албан ёсоор мэдэгдэх ёстой биз дээ. Чи ийм хуулийн зөвлөгөө авах эрхтэй ч гэдэг юм уу хэлдэг баймаар юм. Огт тийм юм байхгүй. Эрүүгийн хуулийн ном уншуулчихаад л хорьсон. 01:00 цагийн орчимд Цагдан хорих 461 дүгээр ангид аваачиж хорьсон.

Тэгэхэд анх удаа шоронд хоригдож үзсэн үү?

-Тийм ээ. Хаашаа авч явж байгаа нь мэдэгдэхгүй, хар теньтэй машинд суулгаад аваад явсан. Тэгж байгаад нэг газар аваад ирсэн нь Цагдан хорих төв байсан. Шоронд хоригдохгүй гэж зөндөө эсэргүүцсэн. Мөрдөн байцаагч “Чамайг яахыг харна аа” гэж заналхийлээд байсан. Кинон дээрээс хардаг байсан шорон гэдэг аймаар газарт очсон. Камерт хоригдоод арай гэж нэг хоносон. Маргааш нь гэрийнхэн нэг өмгөөлөгч авчихсан ирсэн. Өмгөөлөгч ирээд “72 цаг л саатуулах байх. Одоо хоёр хоног тэсчих. Аргалж байгаад л гаргаж авна” гэж хэлээд явсан. Гэтэл 14 хоног хорих шийдвэр гарчихсан байсан. Өмгөөлөгчтэй л уулзана. Өөр хүмүүстэй уулзуулахгүй. Ингээд сар хоригдож байтал АТГ-ын мөрдөн байцаагч ирсэн. Ирээд өөд уруугүй загнаж байгаад явсан. Эхлээд “Юу байна даа. Эндээ дасаж байна уу. Бие хаа нь дажгүй юу” гэж байснаа сүүлдээ “Идэж ууснаа ярь” гээд л загнаад байсан. Өмгөөлөгчгүй байцаалт өгөхгүй гэсэн яваад өгсөн. Ингээд сар гаруйн дараа дахиж ирж байцаалт авсан. Зургаан сар найм хоног хорихдоо ердөө тавхан удаа л байцаалт авч байгаа юм. Байцаалт авахдаа бараг юм асуухгүй. Ажил юу хийдэг. Ажил дээрээ юу хийж байсан. Мөнгө гаргах эрх хэн хэнд байсан талаарх ойр зуурын юм асуудаг. Дорвитой ямар ч байцаалт аваагүй. Хавтаст хэрэгт хийгдсэн надаас авсан мөрдөн байцаалтад уншихаар юм юу ч байхгүй. Нэг ч удаа тоо асуугаагүй ойр зуурын анхан шатны мэдэгдэхүүний зүйлс л асуусан юм чинь. Ер нь шүүх хурал болтол юунд яллагдаад хоригдоод байгаагаа ч ойлгоогүй. Шүүх хурал дээр ямар хэрэгт холбогдоод байгаагаа ойлгож эхэлсэн гэхэд болно. Намайг зургаан сар хоригдож байх хугацаанд аав, ээж, нөхөр маань маш хүнд байдалтай байсан. Манай аав дээд боловсролтой сэхээтэн хүн байдаг юм. Охиноо хоригдож эхэлсэн цагаас хойш Монгол Улсын хууль хяналтын бүх байгууллагад өргөдөл гомдол гаргасан байдаг. АТГ-ын шат шатны дарга нар, Хууль зүйн яам, сайд, прокурорын газрын шат шатны дарга нарт, Ерөнхий сайд, Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид хүртэл намайг хууль бусаар хоригдож байгаа үндэслэлүүдийг хууль зүйн тайлбартай нь хүргүүлж, хууль бусаар цагдан хоригдож байгаа учир суллаж өгөх хүсэлтийг өгсөн байдаг. Харамсалтай нь хаашаа ч хандах боломжгүй болсон байсан. Ямар ч арга зам байхгүй. Өөрөө гарахын тулд худлаа ярилтай нь биш гүрийгээд л зургаан сар найм хоносон. Яах гээд байгаа нь мэдэгдэхгүй хоригдож байгаад Шинэчлэлийн Засгийн газар огцорсон шөнө буюу арваннэгдүгээр сарын 5-ны шөнө ажлын цаг дуусчихсан байхад сулласан. Цагдан хорих төвөөс гарсны дараа найм хоног хэтрүүлж хорьсон байсан. Хоригдож байх хугацаанд ходоодны шарх сэдэрч, биеийн байдал муудсан. Олон удаа хүсэлт гаргаж байж эмнэлэгт хэвтсэн. Маш олон килограмм турж, хараа муудаж, арьсны өвчин туссан. Дөрвөн хананы дунд ямар хэрэгт орооцолдсон гэдгээ мэдэж чадахгүй шаналж байх хэцүү юм байна лээ. Аав, ээж минь эргэх болгонд нүдэн дээр хөгширч байгаа нь харагддаг байсан. Шоронд хоригдож байсан талаар одоо бодохоор нуруугаар хүйт оргиж, айдас төрдөг. Зургаан сар үйлийг минь үзэж хорьчихоод энэ хэрэгт чи хамаагүй юм байна гээд надад эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж байсан 265.2, 150.3 дугаар зүйл ангийг хэрэгсэхгүй болгочихсон. Тэгснээ шал өөр хоёр зүйл ангиар эрүүгийн хэрэг үүсгээд шалгаад эхэлсэн.

Гэр бүлийн хүний чинь хувьд үнэхээр хүнд байсан нь ойлгомжтой. Гэхдээ сэтгэл санаагаар тусалж, дэмжиж байсан биз дээ.

-Үнэхээр хэцүү байсан нь тодорхой. Ханилсан хань нь үл мэдэгдэх хэрэгт шалгагдаж байгаа болохоор маш хэцүү байсан гэж ярьж байна лээ. Гэхдээ намайг буруу зүйл хийх хүн биш гэдгийг мэдэж байсан болохоор миний талд баттай зогсож чадаж байсан. АТГ-аас Хэвлэл мэдээллийн хэрэгслээр улсад онц их хэмжээний мөнгөний хохирол учруулсан гээд удаа дараа мэдээлэл хийж байсан шүү дээ. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр нэг бол 3,6 тэрбум төгрөгийн хохирол эсвэл 13 тэрбум төгрөг гээд хоёр янзаар бичээд байсан. Тэрийг хараад маш их гайхсан. Л.Гансүхийн хамаатан Мөнгөнтуяа гэж бичээд л гэрээсээ гарахаас ч айдаг болсон. Хамаатны хүмүүс ч гэсэн мөнгө идчихсэн юм шиг ойлголттой болчихсон байсан. АТГ шүүх хурал болохоос өмнө намайг гэмт хэрэгтэн болгож нийгэмд ойлгуулчихсан. Монголын хууль хяналтынхан хүний эрхийг ингэж зөрчиж хэлмэгдүүлж байгаа юм байна гэдгийг мэдсэн. Гэхдээ шүүх үнэн зөвөөр шийднэ гэдэгт бүрэн итгэж байсан. Хэн ч харсан мөнгө идээгүй нь тодорхой байсан. Тиймээс шүүх үнэн зөвөөр хэргийг шийдээд өгнө гэж найдсан.

Хэрэгтэйгээ хэдийд танилцсан бэ?

-Мөрдөн байцаагч нарт байцаалт өгөхгүй гээд шинжээч нарын гаргасан тайланг хармаар байна гэж маш олон удаа хүсэлт тавьсан. Гэвч зөвшөөрөхгүй байсан. Долдугаар сарын 31-нд гаргасан шинжээчийн дүгнэлтийг аравдугаар сард арай гэж Цагдан хорих төвд үзсэн. Шинжээч нарын гаргасан дүгнэлтийг хараад гайхсан. Нягтлан бодогчийн ямар ч мэдэгдэхүүн байхгүй хүн шинжээчээр ажилласан нь тодорхой байсан. Та бүхний хэвлэл мэдээллийн хэрэгслээр зарлаад байсан 13 тэрбум төгрөгийн хохирол учруулсан гээд байгаа дүгнэлт байна уу гэхээр мөрдөн байцаагч нь би тэрийг мэдэхгүй гэдэг. Тэгвэл 3.6 тэрбум төгрөгийн хохирол учруулсан, татвараас зайлсан гээд байгаа шинжээчийн дүгнэлтэд татварын газраас шалгалт хийлгэе, хөндлөнгийн газраар дахиж шалгуулъя гэхээр зөвшөөрөхгүй байсан. Аргаа бараад ядахдаа тайлан тооцоогоо хамгаалж тайлбар өгье гээд ч авч хэлэлцээгүй. Шинжээчийн дүгнэлт байхад хангалттай гэж АТГ, Прокурор үзсэн. АТГ-аас шинжээч нараас асуулт асуусан. Шинжээч нар тэдний асуусан асуултад хариулсан байдаг. Түүнээс хөндлөнгийн аудитын шалгалт огт хийгээгүй байсан. Зөвхөн асуултад хариулсан нь шууд харагдаж байсан юм. Нарантуяа мөрдөн байцаагчид “Энэ дүгнэлтэд буруу гаргасан байна. Үүнд тайлбар өгмөөр байна” гэж хэлэхээр “Би мэдэхгүй. Шинжээч нарын гаргасан дүгнэлт” гээд байдаг. “Санхүүгийн баримтыг дутуу үзсэн байна. Яах арга байхгүй санхүүгийн баримт байгаа” гэхээр мөрдөн байцаагч “Баримтыг нь дутуу үзсэн юм байлгүй дээ” гэж хариулдаг байсан. Бие бие рүүгээ чихээд асуултад хариулахгүй бултаад байдаг. Шинжээчийн тайлангийн талаар олон хоног бодож үзсэн. Үнэхээр учир нь ойлгогдохгүй байсан. Хаанаас нь юу гаргаад ирсэн нь тодорхойгүй. Дөрвөн аргын тоогоор нэмж хасаад хаячихсан. Зөвхөн баримт байхгүй учраас буруу байна гээд байдаг. Ямар ч компани хоёр жилийн хугацаанд гурван тэрбум төгрөгийг санхүүгийн ямар ч баримтгүй гүйлгээ хийнэ гэж байхгүй нь тодорхой шүү дээ. Шүүх хурал дээр ч гэсэн ямар ч баримт байгаагүй. Санхүүгийн баримт нь уг нь прокурор дээр байх ёстой байтал АТГ-т байгаад байдаг. Шүүх хурлын үеэр ч баримт авчраагүй. Одоо хүртэл АТГ-т санхүүгийн баримтууд байгаа. Шинжээч нар ямар учраас ийм дүгнэлт гаргачихсан юм бэ гэхээр АТГ-ын гаргаж өгсөн баримтыг үндэслээд гаргасан гээд байдаг. Хавтаст хэргийн тэддүгээр хуудаст авагдсан баримтыг үндэслэж гээд байдаг. Хуудсанд баримт байна гэж байхгүй биз дээ. Тэгэхээр шинжээч нарыг би санхүүгийн баримт дээр огт суугаагүй гэж бодож байна. Санхүүгийн баримтыг үзэх нь битгий хэл манай компанийг ямар чиглэлээр үйл ажиллагаа явуулдаг, нүүрсийг хэдэн төгрөгөөр худалдаж авсан, хаана ачдаг, яаж тараагддаг вэ гэдгийг огт мэдэхгүй байсан. Нүүрсийг яаж шигшиж байсан, шигшиж байгаа тоног төхөөрөмж “Багануур” компанийнх юм уу, манай компанийнх юм уу гэдгийг ч мэдэхгүй сууж байсан шүү дээ.

ШИНЖЭЭ Ч НАР ӨӨРСДИЙНХӨӨ ГАРГАСАН ДҮГНЭЛТЙИГ ХАМГААЛЖ ЧАДДАГГҮЙ

Шинжээч нарын гаргасан дүгнэлтийн талаар та шүүх хурал дээр нэлээд шүүмжлэлттэй хандсан. Нягтлан бодогч нарын ёс зүй гэж байхгүй байгаа талаар ярьж байсан?

-Цацрал, Баярсайхан, Мөнхзул, Үндэсний аудитын газрын шинжээч Ичинхорлоо нар шинжилгээ хийсэн байдаг. Аливаа шинжилгээг хэний ч оролцоогүйгээр хөндлөнгөөс хараат бусаар хийх ёстой. Шууд санхүүгийн баримт тайлан дээр ажиллаж дүн шинжилгээ гаргадаг. Үүнээсээ өмнө тухайн байгууллагын онцлогийг судалж, яаж үйл ажиллагаа явуулдаг вэ гэдгийг судалж үзээд бэлэн мөнгөөр гүйлгээ хийсэн байна уу, эсвэл харилцахаар дамжуулсан байна уу гэдгийг хүртэл тогтоох ёстой. Ямар журмын дагуу санхүүгийн баримт үйлдсэн талаар гаргасан хүмүүсээс тайлбар авдаг. Ингэж санхүүгийн тайланд шинжилгээ хийж дүгнэлт гаргах ёстой. Гэтэл огт тийм зүйл байхгүй. Хүний гаргасан баримтан дээр шинжилгээ хийж тэрэнд нь хариулсан. Тухайлбал, надаас асууж тайлбар авч болно. Хариултаа шинжээчийн дүгнэлт гэж үзээд байдаг. Дүгнэлтээр гаргаж ирсэн тоог хаанаас гаргаж ирсэн тоо вэ гэхээр хариулж мэдэхгүй. 30 жил нягтлан хийсэн, гурвуулаа мэргэшсэн нягтлан бодогч гээд байгаа юм. Тэгсэн мөртлөө хэдхэн жил ажиллаж байгаа надаас долоон дор юм хийсэн. Асуухаар түгдэрч гацаад зогсоод байдаг. Би тэр гурван хүнийг манай салбарын нэр хүндийг шороотой нь хутгасан хүмүүс гэдгийг шуудхан хэлмээр байна. Нягтлан мөнгө иддэг гэсэн хардлагыг тэд уг нь няцаахын төлөө байх ёстой хүмүүс шүү дээ. Гэтэл ийм улайм цайм худлаа дүгнэлт гаргачихаад ичихгүй зогсоод байдаг. Эрүүгийн хэрэгт шалгагдаж байгаа санхүүгийн баримтад ингэж худлаа дүгнэлт гаргаж болохгүй биз дээ. Тэдний худлаа гаргасан дүгнэлтийн цаана хүн байгаа. Хүний хувь тавилан байгаа гэдгийг ухаарахгүй байсан. Нягтлан бодогч хүн хэзээ ч гэрээн дээр шинжилгээ хийх ёсгүй. Гэтэл гэрээн дээр шинжилгээ хийгээд байдаг. Шинжилсэн гэрээн дээрээ асар олон тэрбум төгрөгийн хохирол гаргаж ирээд байгаа нь гайхмаар байсан. Үндэсний аудитын газрын Ичинхорлоогийн гаргасан дүгнэлт нь ердөө нэг хуудас байгаа юм. Хуулийн тайлбар авахаар дүгнэлтээ хамгаалж чадахгүй зогсоод байдаг. Мөнгө авчихаад ийм дүгнэлт гаргаж өгч байгаа юм. Дээрх хүмүүсийг Сангийн яаманд шалгуулахаар өргөдлөө өгчихсөн байгаа. Тэднийг санхүүгийн баримтан шинжилгээ хийж дүгнэлт гаргах эрхгүй хүмүүс гэж үзэж байгаа. Дараа дараагийн удаад над шиг л хүний хувь тавилангаар тоглож хэлмэгдүүлнэ гэсэн үг шүү дээ.

Шүүх бүрэлдэхүүний гаргасан шийдвэрийг та юу гэж бодож байна вэ?

-Шүүх шийдвэрээ гаргасан. Надад торгуулийн ял өгсөн. Төрийн албан хаагчийн эрх мэдлээ урвуулан ашигласан гэсэн үндэслэлээр ял өгсөн. Гэтэл би төрийн алба хаагч биш шүү дээ. Хувийн компанийн жирийн нэг нягтлан хүн. Тийм хүнийг ийм зүйл ангиар яллана гэж бодоогүй. Ой тоонд ч багтахгүй байсан. Үнэхээр хэлэх ч үг олдохгүй байна. 19 сая 200 мянган төгрөгөөр торгох ялаар шийтгэсэн. Үүнийг 203 хоног цагдан хоригдсон хугацааг мөнгөн хэлбэрт шилжүүлж, торгох ялыг эдэлсэнд тооцсон. Мөн хоёр тэрбум 539 сая 730 мянга 860 төгрөгийг хувь тэнцүүлэн гаргуулж, “Багануур” ТӨХК-д олгох шийдвэрийг Шүүх бүрэлдэхүүн гаргасан. Өөрөөр хэлбэл би “Багануур” компанид 800 гаруй сая төгрөг төлөх өртэй болсон.

-”Багануур” компанийнхан өөрсдөө ямар ч хохиролгүй гэж мэдэгдсэн шүү дээ?

-Манай компанийн “Багануур” компанитай байгуулсан гэрээний талаар яримаар байна. “Багануур” компанийн тонн нүүрсийг 27500 төгрөгөөр өгөх өөрсдийн хийсэн гэрээ шүү дээ. Бүх зүйлсээ өөрсдөө хийсэн. Гэрээнд тусгагдсан зүйл заалт, хэдэн төгрөгөөр худалдах үнийн санал гээд бүгдийг нь хийсэн. Бидний зүгээс тусгайлан бэлдэж хэвлэсэн гэрээн дээр очиж гарын үсэг зурсан байдаг юм. Тэр гэрээн дээр “Багануур” компанийн захирлаас эхлээд удирдах таван албан тушаалтан гарын үсгээ түрүүлээд зурчихсан байсан. Өөрсдөө боловсруулсан, гэрээг бид хүлээн зөвшөөрөөд гарын үсэг зурсан. Эхний жил тэгж явсан. Хоёр дахь жилдээ мөн л ялгаа байхгүй анх “Багануур” компанийн боловсруулсан гэрээн дээр гарын үсэг зурсан. “Багануур” компанийнхан өөрсдөө 27500 төгрөгөөр худалдаалах шийдвэр гаргасан. “Багануур” компанийнхан шүүх хурлын үеэр бид хохироогүй гэдгээ хангалттай хэлсэн. “Бид хохироогүй, ашигтай ажилласан” гээд байхад шүүгчид үүнийг огт авч хэлэлцээгүй.

БАГАНУУР” КОМПАНИЙН ДАРГА НАРЫН ГАРГАСАН ШИЙДВЭРТ БИ БУРУУТАЙ ГЭЖ ШҮҮХ ҮЗСЭН

Жингийн зөрүүнээс хохирол үүссэн гээд байдаг юм билээ?

-“Багануур” компани яаж хохирсон юм бэ гэдэг асуулт гарч ирдэг. Хоёр тэрбум 539 сая 730 мянга 860 төгрөгийн хохирол яаж гарч ирсэн юм бэ. “Багануур” компанид 20-30 жил ажилласан удирдах, шийдвэр гаргах эрхтэй албан тушаалтнуудын хийсэн гэрээ. Тэд өөрсдөө нүүрс худалдаалах үнээ гаргасан мөртлөө хариуцлага хүлээхгүй хохирогч болдог. Ямар ч эрх мэдэлгүй нягтлан нь буруутай гээд байдаг. “Багануур” компанийнхан 27500 төгрөгөөр нүүрс худалдаалж байгаагаа хорогдлоо тооцоолж л өгсөн байж таараа. Тэдний гаргасан үнээр л бид нүүрс худалдаж авсан. Гэтэл шүүгч нар “Багануур”-ын дарга нарын гаргасан үнэ буюу 27500 төгрөгөөр тонн нүүрсийг худалдаж авсан нь чиний буруу. Чи 27500 төгрөгөөр авах ёсгүй байсан юм. Гэрээнд огт тусгагдаагүй ч гэсэн өөрөө дур мэдэн үнийг нь 39500 төгрөг болгон нэмж авах ёстой байсан. Тиймээс тонн тутамд 11500 төгрөгийг Мөнгөнтуяа төлөх нь зөв гэж үзсэн. Юу гэсэн үг вэ. Би дэлгүүрээс хувцас 27500 төгрөгөөр худалдаж авчихаад байж байтал худалдагч нь хоёр жилийн дараа хүрч ирээд би чамд хувцсаа 27500 төгрөгөөр зарсан нь буруу байжээ. 39500 төгрөгөөр зарах байсан юм. Одоо надад зөрүү мөнгө өг гэж нэхэж байгаатай адилхан байгаа биз дээ. “Чи буруу гэрээ байгуулчихсан байна. Хоёр заалтыг буруу оруулсан байна” гээд ял өгөөд байгаад гайхаж байна. Би өөрөө юмаа зарсан бол өөр шүү дээ. Гэтэл эзэд нь өөрөө худалдах үнээ гаргасан зүйлийг худалдан авагчийн буруу гэж шүүх үзэж байна. Үнэхээр улсад хохирол учруулсан гэж хууль хяналтынхан үзээд байгаа бол тонн нүүрсийг 27500 төгрөгөөр худалдах шийдвэг гаргасан “Багануур” компанийн удирдлагууд буруутай. Хувийн компанийн ямар ч эрх мэдэлгүй нягтлан “Багануур” компанийн дарга нарын гаргасан шийдвэрээс хэлмэгдэж, буруутан болж онц их хэмжээний мөнгөний өрөнд орж байгааг ерөөсөө ойлгохгүй юм. Намайг өөр нэг буруутгаж байгаа зүйл бий. Ямар ч байгалийн баялгийг газрын гүнээс олборлох явцад чулуу гарч ирдэг. Нүүрстэй хамт гарч ирсэн чулууг “Багануур” компанийнхан огт ангилан ялгалт хийдэггүй. Тэгсэн байгалийн чулуу гарч ирсэн нь миний буруу болж хувирсан. Нунтаг нүүрсийг шигшиж иргэдэд өгсөн нь, уурхайгаас ирэх замдаа нүүрс унасан, хөлдүү нүүрс жиндээ хүрддэггүй, замдаа хулгайд алдсан, нойтон нүүрс ууршаад жин нь хөнгөрсөнд Мөнгөнтуяа буруутай гэж шүүгч нар үзсэн. Өвөл нойтон нүүрс өртөөн дээр авчирчихаад хавар нар гараад ууршиж жин нь хөнгөрсөнд яагаад надад буруу өгөөд байгаа юм. Нойтон хувцас наранд хатахаараа хүртэл жин нь хөнгөрдөг биз дээ. Ямар ч эдийн засгийн судалгаа шинжилгээ байхгүй жингийн зөрүүг нүүрсний үнээр үржүүлээд хохирол гэдэг зүйл гаргаад ирсэн. “Багануур” компанийнхан өөрсдөө хорогдол гардаг гэдгийг мэдэж байгаа. 30 жилийн түүхтэй төрийн өмчит компани өөрсдөө хорогдлоо тооцож явдаггүй. Манайхаас бусад нүүрс худалдаалсан газартаа хорогдлын тооцоогоо хуваагаад хариуцлагаа хүлээдэг. Манай компани дээр огт тэгээгүй байсан. Шүүгч нарын гаргасан шийдвэрийг сонсоод чихэндээ ч итгээгүй. Бүр шоконд орчихсон.

-800 сая төгрөгөө яаж өгөх юм бэ. Шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс өөр арга байхгүй биз дээ ?

-Идэхгүй, уухгүй, ямар ч хувцас худалдаж авахгүй агаар дээр жингүүдэж явлаа гэж бодоход би 70 жилийн хугацаанд төлж дуусах мөнгө. Хоёр жил ажиллах эрхийг хасчихсан. Шуудхан хэлэхэд намайг чи үх гэсэн шийдвэр гаргасан шүү дээ. Ажил хийх эрхийг хасчихаад яаж хохирол гээд байгаа мөнгөө төлүүлэх гээд байгаа юм бэ. Би амьдрал зохиож болохгүй, хүүхэд гаргаж болохгүй. Намайг ажилд авах газар одоо хаана ч байхгүй болчихсон. Бүгд надаас айна шүү дээ. Би өөрөө мэргэжлээрээ ажиллахаас ч айж байна. Миний бүх сайн сайхан бүхнийг үгүй хийсэн. Ямар ч эд хөрөнгө байхгүй. Дөнгөж амьдралаа босгох гээд цалингаас цалингийн хооронд амьдарч байгаа жирийн нэг нягтланг яаж 800 сая төгрөг ол гээд байгааг ойлгохгүй байна. Тэр нэхээд байгаа мөнгийг нь идэж уусан бол хамаа алга гэхсэн. Гэтэл юу ч хувьдаа завшиж идэж уугаагүй хүн нүүрсний жингийн зөрүү болсон мөнгийг яаж төлөх болж байна вэ. Манай компани улсаас мөнгө аваад ийм асуудалд орсон бол ондоо хэрэг. Улсаас нэг ч төгрөг гараагүй. Хаана ч байхгүй мөнгийг босгож ирээд гурван хүнээр төлүүлэх гэж байгаад гомдолтой байна. Хэрэв шүүх хурлыг телевизээр шууд дамжуулаагүй байсан бол өдийд би гудамжаар ч тайван явж чадахгүй байсан. Шүүх хурал болохоос өмнө үнэхээр айдастай байсан. Хүнийг гэм буруутай нь тогтоогдоогүй байхад хэвлэл мэдээллийн хэрэгслээр ялтан болгочихсон. Улсаас онц их хэмжээний мөнгө идсэн хүн гээд нийгэм даяар ойлгуулчихсан. Азаар шүүх хурал телевизээр шууд явсан болохоор иргэд намайг мөнгө огт идээгүй юм байна гэдгийг ойлгосон. Тэгж байж хүний нүүр рүү эгцэлж хардаг болсон.

Улс төрчдийн хоорондын тэмцлээс болж та бүхнийг хэлмэгдүүлж байна гэж ярих хүмүүс олон байна. Энэ талаар юу гэж бодож байна вэ?

-Үнэхээр намайг хэлмэгдүүлж байна. Улс төрөөс болоод хэлмэгдэж байна. Би “Нүүрс” хөтөлбөртэй холбоотой хэргээр хамгийн удаан хоригдсон. Хамгийн залуу, ганц эмэгтэй нь би. Улс төрчид намайг хэлмэгдүүлж байна. Жирийн ажлаа хийж яваа залуу хүнийг хэлмэгдүүлж, амьдралгүй болгож, сайхан амьдрах гэсэн мөрөөдлийг нь үгүй хийж ирээдүйг нь харанхуй болгож мухардалд оруулж байна. Би хариуцлага хүлээх хуулийн этгээд биш шүү дээ. Үнэхээр нүүрсний хог, наранд хатсан жин, чулуунаас болж “Багануур” компани хохирлоо гэж байгаа бол гэрээ байгуулсан компани хариуцлага хүлээх ёстой. Гэтэл компани нь хохирох ёстой зүйлд яагаад жирийн ажилтан нь хариуцлага хүлээх ёстой юм бэ. Яагаад хувь хүнээс энэ мөнгийг нэхээд байгааг шат шатны хуулийн байгууллагаас асуугаад хариуг олохгүй байна. Хоёр компанийн хамтарч ажиллахаар байгуулсан гэрээнд нягтлан огт буруугүй баймаар. Яагаад хувь хүнээр тэр хохирол гээд байгаа мөнгийг төлүүлэх гээд байгааг ойлгохгүй байна. Би шийдвэр гаргадаг албан тушаалтан биш. Зөвхөн ажлаа л хийсэн хүн. Давж заалдах шатны шүүх хэргийг үнэн зөвөөр шийднэ гэдэгт итгэж байгаа.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Хошууч генерал О.Отгонжаргалынд хууч хөөрч өнжлөө

“Буурал ах нь мөрдэстэй хувцаснаасаа салахгүй явсаар нэг л мэдэхэд 72 жил болчихсон байна. Цаг хугацаа мөн ч хурдан өнгөрсөн байна шүү. Ард түмнийхээ аюулгүй байдлын төлөө энэ биеэ сэтгэл зүрхнээсээ зориулж чадсан хүн гэж өөрийгөө боддог. Төрийн хайр хишгийг ч харамгүй хүртлээ. Хүн болгонд олдоод байдаггүй генерал цолоо Ю.Цэдэнбал даргаас авсан минь өндөр их хувь тавилан юм шүү” гэж хошууч генерал О.Отгонжаргал гуай ярьж байна лээ. Өдгөө 90 насны босгыг шүргэж яваа Монголын хууль хяналтын байгууллагын амьд түүх буурал генералын гэрт энэ удаад өнжлөө. Отгоо генералынх Чингэлтэй дүүргийн “Тэнгис” кино театрын ардхан талын таван давхар цагаан байранд энгийн сайхан аж төрдөг юм байна. Генерал цол авах үед нь улсаас гурван өрөө байраар шагнаж байжээ. Тэр байрандаа өнөөг хүртэл амьдарч байна.

О.Отгонжаргал генерал биднийг очих үед том өрөөнийхөө буйдан дээр зээнцрүүдээ тойруулаад суучихсан Токиогийн жүдо бөхийн “Их дуулга” тэмцээнийг үзэж байв. Биднийг бямба гаригт очно гэсэн болохоор хүлээгээд сууж байгаа нь энэ аж. Отгоо генерал зээ охин Ш.Золжаргалдаа “Сэтгүүлчид ирж манай өнжинө гэсэн шүү. Хоол унд бэлдээрэй” гэж биднийг ирэхээс цаг гаруйн өмнө гэнэт хэлсэн гэнэ. Үүнээс болоод гэрийнхэн нь сандралдаж гүйлдээд хоол цай бэлтгэх, хоёр хүүхдийнхээ өрөөгөөр нэлэнхүйд нь тарааж орхисон тоглоомыг эмхэлж цэгцлэх гээд хэрэндээ л сандралдан гүйлдсэн гэнэ. Өнжиж буй айлын гэрийн эзэн аль нутгийн уугуул вэ гэдгээс сурвалжлага маань эхэлсэн юм.

Нийслэл хүрээг зорьсон түүх

О.Отгонжаргал генерал тэр үеийн засаг захиргааны нэршлээр Түшээтхан аймгийн Дарханчин вангийн хошуу Хүүхэн хутагтийн нутагт төрсөн гэнэ. Одоогийн Төв аймгийн Эрдэнэ сумын зургадугаар багийн нутаг Галтай булнайн Ташгайт хэмээх газарт 1928 онд төрсөн аж. Түүнийг дөрвөн настай байхад ээж М.Лхам нь бага дүү О.Цэрэндондовыг нь төрүүлэхдээ төрөхийн хүндрэлээр амь насаа алдсан байна. Аав нь Осор гэж лам байгаад дүүг нь гарахаас өмнө нас барсан байж. Ингээд эгч О.Түмэндэлэг, ах О.Сэрдарь, дүү О.Шагдаррагчаа, ээжээсээ төрөөд удаагүй байгаа улаан нялзрай дүү О.Цэрэндондов гээд таван хүүхэд гэртээ өнчин хоцорсон байна. Азаар Мөнгөнморьт сумын дархан Даржаа гэх үр хүүхэдгүй буриад айл тэднийг өргөж авч гарыг нь ганзаганд хөлийг нь дөрөөнд хүргэсэн байна. Дархан Даржаагийнд бага дүүгээ үлдээгээд 11 настай О.Отгонжаргал ах О.Сэрдарийнхаа араас нийслэл хүрээ буюу Улаанбаатар хотыг 1939 онд зорьжээ. Ах нь дүүгээ үлгэр жишээ III бага сургуульд оруулсан байна. Тэр үед III бага сургууль одоогийн хуримын ордны суурин дээр хөндлөн дүнзэн байшинд байрлаж байжээ. Тэрбээр дөрвөн жил эрдэм номын мөр хөөж бага сургуулиа амжилттай төгсчээ. Сургуулиа төгөөд удаагүй байтал “Маршал Х.Чойбалсангийн санаачилгаар байгуулсан Д.Сүхбаатарын нэрэмжит Офицерийн сургуульд хүүхэд элсүүлэн авч байна. Гэхдээ малчин, цэргийн хүүхдүүдийг авч байгаа гэнэ” гэж хүнээс сонсчээ. Тэгээд хотын захиргааны байр руу ангийнхаа хүүхэдтэй хамт очиж Цэргийн хэлтсийн даргын өрөө рүү шууд яваад орсон гэнэ. Цэргийн хэлтсийн дарга тэднээс шалгалт авч, зохион бичлэг бичүүлж, хэл найруулгыг нь үзээд шууд тэнцүүлчихсэн байна. Ингээд Офицерийн сургуульд орж газар газраас ирсэн олон хүүхэдтэй нэг ангид орж, бүгд л цэргийн дарга болох мөрөөдөлтэй байж. Гэтэл өнөөх том мөрөөдөлтэй хүүхдүүдээр ногоо ялгуулж, ойр зуурын юухан хээхэн хийлгээд эхэлж. Хүүхдүүд ч эхнээсээ шантарч зарим нь гэрээ санаад уйлж байсан аж. Багш нар нь нэг өдөр “Манай сургууль дээр Маршал Х.Чойбалсан тэргүүтэй нам, засгийн удирдлагууд хүрэлцэн ирэхээр болсон” гэж хэлжээ. Х.Чойбалсан тэргүүтэй дарга нарыг угтан авах ажил хийгдэж сургуулийн ойр орчмын замыг засч, чулууг нь түүж, жалга гуу газрыг чулуу, шороогоор дүүргэж машиныг нь донслуулахгүйгээр явуулах арга хэмжээ авсан байна. Удалгүй Х.Чойбалсан, жанжин Д.Сүхбаатарын гэргий Янжмаа, Ю.Цэдэнбал, Бумцэнд нар ирцгээжээ. Маршал Х.Чойбалсан “Монголд цэргийн дарга бэлтгэж байгаа. Та нар энэ сургуульд өөрсдийн хүсэл сонирхлоор орсон биз дээ. Та нар Монголын цэргийн морьт салааны дарга нар болно” гэж хэлчихээд яваад өгсөн. Ингэж л цэргийн хүн болж байсан түүхтэй хэмээн тэрбээр бахдангуй ярив.

Жанжин Д.Сүхбаатарын нэрэмжит Офицерийн сургуульд дөрвөн жил суралцаж төгсөөд байж байтал ах О.Сэрдарь нь ирээд “Чи ер нь Дотоод явдлын яаманд ажилд ор” гээд ажилд оруулчихсан гэнэ. Ингээд Дотоод явдлын яамны Засан хүмүүжүүлэх лагерууд ба Хорих ангиудын удирдах газрын Санхүүгийн хэлтэст данс хөтлөгчөөр 1947 онд орж, ажлын гараагаа эхлүүлсэн байна. Ингээд 1950 онд Бороогийн алтны уурхай буюу мянга гаруй хоригдолтой алтны лагерт томилогдон очсон гэнэ. Алтны онцгой лагерийн Улс төрийн орлогч гэсэн албан тушаал дээр 22 настай залуу очиж байжээ. Тэнд хоригдлуудыг хүчээр хүдэр ухуулж, алт гаргаж авдаг байсан аж. Мянга гаруй хоригдол дунд улс төрийн хэрэгтэй, Японы тагнуул байсан, яс цоожинд сууж байсан гээд дандаа хүнд хэрэгтэй хүмүүс байсан гэнэ. Тэнд ажилласан гурван жилийн хугацаандаа улсад их хэмжээний алт тушааж байсан нь түүний ажлын бас нэгэн үр дүн гэнэ. Алтны онцгой лагерийн удирдах ажилтнуудыг генерал Дүйнхоржав хүлээж авч “Та бүхэн алт олборлох ажлыг 304 хувиар биелүүлсэн байна. Тиймээс төлөвлөгөөний биелэлтээс илүү гарсан алтаа маршал Х.Чойбалсанд өөрсдөө үзүүл гэжээ. Ингээд 50 килограмм сорьц өндөр шижир алтыг гулдмай болгоод Х.Чойбалсанд үзүүлж байжээ. Маршал тэдэнд “Хэдийгээр ЗХУ-д дайн дуусаад удаагүй байгаа ч та бүхний төлөвлөгөөгөө давуулан биелүүлсэн 50 килограмм алтаар 500 машин авч болох юм байна” гэж хэлээд улсын фондод тушаалгаж байжээ. Алтны лагераасаа Дотоод яамны Эвлэлийн хорооны дарга болж албан тушаал дэвшээд эргэж Улаанбаатар хотод ирсэн байна. Ажилдаа томилогдоод удаагүй байтал Жанчив сайд түүнийг дуудаж уулзаад Цэрэг ба нийгмийн аюулаас хамгаалах яамны Гал түймрээс сэргийлэх хэлтсийн орлогч даргаар гэнэт томилсон байна. Тэндээсээ 1956 онд Ленинград явжээ. Тэндээ галын сургуульд суралцаж, төгссөн байна. Сургуулиа төгсөж ирээд Төв гал командын даргаар томилогдон ажиллажээ. 1964 он хүртэл Галын хэлтсийн даргаар ажиллаж байтал Ж.Авхиа генерал түүнийг Цагдаагийн сургуульд алтан Москва руу явуулах шийд гаргачихсан байсан гэнэ. ЗХУ-д мөн л дөрвөн жил Цагдаагийн сургуульд суралцаад эх орондоо иржээ. Сургуулиа төгсөж ирээд долоо хоноогүй байтал түүнийг Ю.Цэдэнбал гэнэт дуудуулсан гэнэ. Ингээд Ю.Цэдэнбал даргын өрөөнд яваад ортол улс төрийн товчооныхон бүгд сууцгааж байж. Ю.Цэдэнбал “Нөхөр минь, чамайг хөдөө, орон нутагт томилохоор болсон” гээд Хэнтий аймаг дахь НАХЯ-ны хэлтсийн дарга болгон томилжээ. Ингээд Цагдаагийн сургууль төгссөн хүн тагнуулч болоод Хэнтий аймаг руу явсан байна.

Ажлын гараагаа эхэлсэн газраас амьдралын ханиа олжээ

Биднийг ийн ярилцаж байх зуур Отгоо генералын зээ охины хүүхдүүд болох Н.Чинхүслэн, Н.Анударь нар өрөөнөөс өрөө дамжин гүйлдэж тоглоно. Ээж, аав нь тэднийг томоотой бай гэж байгааг ойлгож байгаа шинж алга. Дүү нь ахынхаа тоглож байгаа тоглоомыг заавал авна гэж уурлаад, тэр хавьд багахан дайн дэгдэх ажээ.

Гэрийн эзэд үхрийн мах чанажээ. О.Отгонжаргал генералын зээ охины нөхөр Ж.Наранбаатар Архангай аймгийнх гэнэ. Саяхан өвлийн идшээ нутгаасаа бэлдээд иржээ. Биднийг ийн хуучилж суутал хүний их эмч Туваан гуай орж ирэв. Туваан эмч Дархан хотын Эргүүл хамгааллын газрын даргаар ажиллаж байхдаа О.Отгонжаргал генералтай танилцаж байсан гэнэ. Хан-Уул дүүрэг XIX хороололд олон жил нэг байранд амьдарч байжээ. Туваан эмч сардаа нэг тэднийхээр зочилж хуучилж байгаад явдаг байна.

.Отгонжаргал генералын эхнэр Н.Долгорсүрэн Говь-Алтай аймгийн Эрдэнэ сумынх гэнэ. Дотоод явдлын яамны Засан хүмүүжүүлэх лагерт ажилд ороод удаагүй байхдаа тэд танилцаж байжээ. 20 настай, үсээ хоёр салаа самнасан охин Бороогийн алтны уурхайн засан хүмүүжүүлэх газрын бичээчээр томилогдон ирж байсан аж. Ажлынхаа гарааг Бороогийн алтны уурхайгаас эхлүүлж байсан тэд насан туршийн амьдралын хань болсон бие биенээ олсон байна. О.Отгонжаргал, Н.Долгорсүрэн нар 1950 онд гал голомтоо бадрааж байжээ. Том охин О.Энхтуяа нь 1955 онд төрсөн байна. Харин бага охин О.Эрдэнэцэцэг нь 1962 онд төржээ. Тэд амьдралынхаа 60 орчим жилийг хамтдаа өнгөрүүлсэн байна. Одоогоос есөн жилийн өмнө гэрийн эзэгтэй Н.Долгорсүрэн бурхан болсон гэнэ. О.Отгонжаргал генерал “Миний хань төрийн олон байгууллагад ажиллаж байсан. Бороогийн алтны уурхай, Эрүүгийн цагдаагийн хэлтэс, Үйлдвэрлэл хоршооны даргын нарийн бичиг, Намын төв хорооны бичиг хэргийн ажилтан, Хэнтий аймгийн намын хорооны нэгдүгээр даргын туслах, Барилгын яамны сайд О.Телейханы туслахаар арван жил ажилласан байдаг юм. Олон жил амьдралын минь ар талд баттай зогсож байсан. Ажил гэж хэнхэглэж явах үед амьдралыг минь авч явж байсан юм шүү дээ” хэмээн ярьж байна лээ.

БНХАУ-ын маршал Лянь Бяогийн онгоцны сүйрлийн ажлын хэсгийг ахалсан гэнэ

О.Отгонжаргал генералыг Хэнтий аймаг дахь НАХЯ-ны хэлтсийн даргаар томилогдож очоод удаагүй байхад БНХАУ-ын Батлан хамгаалах яамны сайд, Маршал Лянь Бяогийн сууж явсан “Трайдент” онгоц сүйрч байсан билээ. 1971 онд сүйрсэн онгоцны ослын талаар хөөрөлдлөө. О.Отгонжаргал “Би амралтаа авчихсан Хэнтий аймгийн Дадал сумын гурван нуурын амралтад амарч байсан. Орой унтах гээд амралтын газрын дээгүүр тэнгэрт улаан ногоон гэрэл анивчаад моторч дугуй шиг ёнгиносон дуутай онгоц нисч явсан. Тухайн үед ямар сонин дуутай онгоц вэ” гэж бодогдоод ороод унтсан гэнэ. Өглөө эрт Дадал сумын зар хүргэгч ирээд “Аймгаас онгоц ирж байгаа. Таныг онгоцны буудал дээр ирээд хүлээж бай гэж байна” гэсэн. Тэгээд онгоцны буудал дээр ирэхэд нисэгч Жигжид гуай ирчихсэн, “Бэрхийн уурхайгаас холгүй нэг онгоц сүйрсэн бололтой. Таныг аваад ир” гэсэн гэнэ. Бид сүйрэл болсон газар дээгүүр нисч байдлыг харчихаад хотоос ирж буй улсын комиссынхныг тосохоор аймгийн онгоцны буудал руу нисч хүрсэн. Хоёр талдаа мотортой “ИЛ-14” онгоцоор гадаад яамны орлогч сайд Эрдэнэбилэгээр даргалуулсан улсын комиссынхон ирэв. Би ч “Сая сүйрсэн онгоцон дээгүүр эргээд ирлээ. Өндөрхаанаас 70 гаруй километрт, Бэрхийн уурхайгаас 14 километрт Суваргын хөндийд онгоц сүйрчихсэн байна” гэж илтгэхэд нөгөөдүүл чинь “Бид газар дээр нь үзнэ. Тэр газарт онгоц буудаг уу?” л гэж байна. Нисэгч Жигжид гуайгаас асуухад өмнө нь онгоц бууж байгаагүй газар гэнэ. Тэгсэн Эрдэнэбилэг дарга “Чи өөрөө дахиж яв. Амьд мэнд хүрээд ирвэл бид тэр онгоцоор ниснэ” гэсэн утгатай юм хэлж байна. Би ч цэргийн хүн учраас “Гүйцэтгэе” гээд л Жигжид гуайтай ниссэн. Жигжид гуай бол Халхын голд байлдаж явсан, олон жил онгоц барьсан туршлагатай хүн учраас нөгөө газраа очиж хэд эргээд л төд удалгүй газардчихлаа. Осолгүй буусан учраас улсын комиссынхныг авахаар буцаад аймаг руу нисч, нөгөөдүүл ч очиход хүлээж ядсан байртай уралдаж гүйх нь холгүй онгоцонд чихэж суугаад хэргийн газар ирсэн. Найман эрэгтэй, нэг эмэгтэй нийт есөн хүнтэй онгоц сүйрсэн байсан. Чухам ямар хүмүүс гэдгийг бүү мэд. Цэргийн ногоон өнгийн дүрэмт хувцас, Хятадын далбаа болон бусад эд мөрийн баримтаас Хятадын цэргийн онгоц байна гэдгийг ойлгосон. Мөн автомат болон гар буунууд олсон. Уг нь онгоц зургаан хүний суудалтай ч есөн хүн байсан. Амаараа дүүрэн алтан шүдтэй, хөх цэнхэр чисчүүн торгомсог костьюмтой эмэгтэй байсан. Тухайн үед хэн гэдгийг мэдээгүй. Сүүлд л бүх зүйл тодорхой болоход Хятадын сайд Лин Бяо, эхнэр, хүүгийн хамт мөн жолооч нь явсан гэж мэдсэн” хэмээн ярив. Онгоц сүйрсэн газарт үзлэг шинжилгээ хийж дуусаад цогцоснуудыг тэнд нь оршуулж байсан гэнэ. ЗХУ-ын шинжээч нар онгоцны хайрцаг болон БНХАУ-ын Батлан хамгаалах яамны сайд, Маршал Лянь Бяогийн толгойг тасдаж аваад явж байсан гэнэ. Онгоцны хар хайрцагт онгоц юунаас болж осолдсон талаарх баримт байдаг ч одоог хүртэл хойд хөршийнхөн ослын талаар ямар нэгэн мэдээлэл хийгээгүй байна. Маршал Линь Бяо төрийн эргэлт хийхийг оролдсон, зэвсэгт үймээн зохион байгуулсан, өөрийн Төв хороо бий болгохыг хүсч хуйвалдаан бүтэлгүй болсны дараа ЗХУ руу нисч яваад Монголд унаж сүйрсэн хэмээн түүхэнд тэмдэглэсэн байдаг. Онгоц юуны учир сүйрсэн болох нь одоо хүртэл тодорхойгүй байдаг аж. Хэргийн газарт ажилласан О.Отгонжаргал генералаар ахлуулсан багийнхан онгоц газардах гэж байгаад зүүн далавчаараа газарт мөргөж тэндээсээ гал авалцан сүйрсэн байж магадгүй гэж үздэг аж.

Энгийн хувцастай очоод генерал цолоо авчээ

Хэнтий аймгаас Улсын цагдан сэргийлэх ерөнхий газрын орлогч бөгөөд Улаанбаатар хотын Цагдан сэргийлэх ерөнхий газрын дарга болон дэвшжээ. Тэр үед нийгэм тайван байсан болохоор хүн амины хэрэг жилдээ гарын таван хуруунд багтахаар цөөн тоотой гардаг байсан гэнэ. Хулгайн гэмт хэрэг зонхилж гардаг байсан аж. Улаанбаатар хотын Цагдаагийн ерөнхий газрын дэд даргаар ажиллаж байх үед Далай лам Монголд ирэх болжээ. О.Отгонжаргал генерал ч Далай ламын аюулгүй байдлыг хангах ажлыг бүрэн хариуцсан байна. Төрийн талаас хамгаалалт хийх үүрэг авчээ. Тэр үед Хятад, Түвдийн харилцаа таагүй байсан болохоор янз бүрийн халдлага ирж магадгүй хэмээн далай ламыг хамгаалах ажилд улсаас онцгой анхаарсан байна. Далай ламыг ирэх сургаар иргэд мөргөж адис авах ёстой. Сүсэгтэн олон далай ламд мөргөхөөр дугаарлаж зогсохдоо үймээн дэгдээж магадгүй учир О.Отгонжаргал ийм арга сүвэгчилжээ. “Сүсэгтэн олныг мөргүүлнэ гэвэл хэдэн мянган хүн дугаарлаж зогсоно. Тиймээс энэ ажил бүтэхгүй. Тэгэхээр далай ламыг Гандангийн төв хаалганы тэнд зогсоож дун бүрээ үлээдэг өндөр дээрээс үг хэлүүлсэн нь дээр” гэх санааг гаргаж хэрэгжүүлжээ. Далай ламыг Гандан дээр ирж үг хэлж арвай будаа цацах үед сүсэгтэн олон ширхэг будаа олж авахын тулд бужигнаан болж байсан аж. Далай ламын ах Норов гэж хүн АНУ-аас дүүтэйгээ уулзахаар Монголд ирээд байхад нь хүртэл “Гадны хүнтэй уулзуулахгүй” гээд оруулалгүй буцааж байсан гэнэ. Далай ламын ах оройны хүлээн авалтан дээр дүүтэйгээ уулзаад цагдаа нар “Чиний аюулгүй байдлыг сайтар хангаж ажиллаж байгаа” хэмээн онцлон хэлж байжээ. Далай лам 1979 оны тавдугаар сард Монголд ирчихээд буцаад хоёр сар болоогүй байсан үе гэнэ. Цагдан сэргийлэх газрын үүдний жижүүрт “Отгонжаргал хурандааг Ю.Цэдэнбал даргын өрөөнд яаралтай дуудаж байна” гэсэн хэл иржээ. Тухайн үед энгийн хувцастай явж байсан гэнэ. Ямар учиртай дуудаж байгааг мэдэх боломжгүй. Гэртээ хариад хувцсаа солиод өмсөх гэхээр төрийн тэргүүн хүлээлгэчих болоод байхаар нь энгийн хувцастайгаа шууд яваад очжээ. Жигжид сайд Ю.Цэдэнбал даргын үүдэн дээр зогсчихсон их л ууртай байна гэнэ. “Ямар их хүлээлгэдэг юм бэ, чи. Чамайг дарга нар зөндөө хүлээлээ” гээд л загнаж гарсан байна. Ингээд Ю.Цэдэнбал даргын өрөөнд яваад ортол улс төрийн товчооныхон бүгд сууцгааж байж. Тэгсэн Ю.Цэдэнбал “Нөхөр хурандаа О.Отгонжаргалд хошуу генерал цол олгосугай” гээд шууд генерал цолыг нь өгчихсөн гэнэ. Ямар учиртай дуудсаныг мэдээгүй энгийн хувцастай очсон О.Отгонжаргал хурандаа 1979 онд БНМАУ-ын 68 дахь хурандаа болж байсан түүх ийм ажээ.

Дандар баатар тарианаас айж, 100 грамм коньякаар Нянтайсүрэн баатрын зүрхийг эмчилж явсан тухай

Халх гол болон Чөлөөлөх дайны үед онцгой гавьяа байгуулж байсан БНМАУ-ын баатруудтай нүүр тулж явсан хүмүүсийн нэг нь О.Отгонжаргал генерал юм. Тэрбээр нэгэн хөгжилтэй түүх бидэнд ярьж өглөө. Хэнтий аймгийн Аюулаас хамгаалах хэлтсийн даргаар ажиллаж байсан үед буюу 1973 онд Цэрэг арми сурталчлах ажилд Дандар баатар, “Улаан-Од” сонины эрхлэгч Ж.Ядмаа нартай хамт явах үүрэг ирсэн гэнэ. Дандар баатар наймдугаар дивизийн XVII хороонд хамт байлдаж явсан Доржханд гэх найзыгаа эргэж очихоор явж байгаа нь энэ аж. Аймгийн төвөөс гарч яваад нэг хонож байтал Дандар баатрын бие гэнэт муудаж, хатгаа тусчихсан байна. Хүчтэй ханиалгах бүрт цустай цэр гарч, өндөр хэмтэй халуурсан байна. Ингээд Баян-Адарга суманд иржээ. Эмчид үзүүлтэл “Хатгаа нь хүндэрсэн байна, тариа хийнэ” гэжээ. Гэтэл Дандар баатар ухасхийж босоод “Тариа хийлгэхгүй. Тариа хийлгэхээс үхтлээ айдаг” гээд хавьтуулахгүй байна гэнэ. Гэтэл “Улаан-Од” сонины эрхлэгч Ядмаа “Баатар хүн байж тарианаас айгаад байхдаа яах вэ дээ. Ийм аймхай байж яаж баатар болсон юм бэ” гэж шоолж байсан гэнэ. Дандар баатартай ингэж хөглөж явсны дараахан Халх голын ялалтын 45 жилийн ойгоор Л.Дандар, Д.Нянтайсүрэн, С.Төмөрбаатар Ч.Олзвой, Н.Жамбаа нарын баатруудтай ойн баярын арга хэмжээнд явж байжээ. О.Отгонжаргал генерал баатруудын аюулгүй байдлыг хангаж явсан байна. Баатруудад тусгайлан гэр барьж өгсөн байжээ. Тэгсэн баярын хуралд оролцчихоод гэртээ ирж амарч байтал Нянтайсүрэн баатрын зүрх гэнэт өвдсөн байна. Царай нь хөхрөөд босч чадахгүй болжээ. Хотоос онгоцоор эмч дуудах гэсэнд цааргалаад байсан аж. Яах учраа олохгүй гэрийн гадаа зогсож байтал “Зүрх өвдсөн үед архи уух юм бол судасны хана тэлж зүгээр болдог” гэж оросуудын ярьж байсан нь санаанд оржээ. Ингээд архины эрэлд гарсан гэнэ. Халх голын ойн баяр гээд дэлгүүрт байсан бүх архийг ойн баярт хэрэглэх гээд аваад явчихсан байжээ. Дандар баатрыг таньдаг Халхгол сумынхан дэлгүүрт байсан нэг шил коньякийг аваад ирсэн байжээ. Нянтайсүрэн баатрын бие өвдөөд хэцүүдэж байхад Дандар баатар “Чи Халх голын байлдаанд үргэлж миний дээр албан тушаал хашиж, намайг даргалж байсан. Энд байлдаж гавьяа байгуулсан газартаа тайван нойрс. Ажил явдлыг чинь сайхан хийнэ. Санаа зовох зүйлгүй” гэж хатуухан тоглож байсан аж. Коньяк зуун граммыг өгтөл Нянтайсүрэн баатрын бие зүгээр болж, хорин минутын дараа босоод ирсэн гэнэ. Дандар, Нянтайсүрэн баатрууд Дивизийн дарга байсан Ч.Шаарийбууг эх орноосоо урваагүй талаар ойн баяр болгон дээр хуучлан ярьдаг байсан аж. Дайнд хэрхэн орж байсан хөгжилтэй болон хэцүү үеүдийн талаар дурсан ярьж байсныг О.Отгонжаргал генерал ийн хуучилсан юм.

Бид өдрийг гэрийн эзэнтэй хууч хөөрч өнгөрүүлэв. Биднийг ийн ярилцаж байхад генерал С.Дамдинсүрэн, С.Гомбосүрэн, Хурандаа Өлзийсүрэн, доктор Жамбалсүрэн нар утсаар ярьж байсан юм. Нар баруун тийш хэвийж гадаа бүрэнхий болжээ. Бид ч сурвалжлагаа дуусгаад тэднийхээс гарлаа. О.Отгонжаргал генерал болж өнгөрсөн түүхийг он сар өдөр, цаг минуттай нь ярих нь түүний нас өндөр ч ой ухаан нь гайхалтай саруулыг илтгэнэ.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ нийгэм

Ц.Мөнхбаяр: Эх орныхоо төлөө тэмцээд ялтан болж үзлээ, одоо алдах, зорьсон зүйлээсээ ухрах эрхгүй болсон

“Гал үндэстэн”, “Онги голынхон” хөдөлгөөний тэргүүн Ц.Мөнхбаярын хэрэг Өршөөлийн хуульд хамрагдаж энэ сарын эхээр Өвөрхангай аймгийн Хархорин сумын Цагдан хорих төвөөс суллагдсан. Тэрбээр суллагдсан даруйдаа өөрийн төрсөн нутаг болох Дундговь аймгийн Цагаан-Овоо сумыг зорьсон юм. Ц.Мөнхбаяр хоригдож байхдаа нэр төрөө сэргээлгэхээр шүүхэд гомдол гаргаад байсан юм. Харин түүний гомдлыг өчигдөр Дүүргийн анхан шатны шүүхийн Иргэний хэргийн II шүүхэд хэлэлцэж, нэр төрийг нь сэргээлгэх шийдвэр гарчээ. Энэ талаар түүнтэй ярилцлаа.

-Таныг суллагдсан даруйдаа төрж өссөн нутаг руугаа явсан гэж ойр тойрны чинь хүмүүс хэлж байсан. Цагаан-Овоо сум, Онги голын ай сав газар өвөлжилт ямар байна вэ?

-Тийм ээ. Шууд л нутаг руугаа явсан. Төрж өссөн нутгийнхаа уул ус, газар шороо, ус агаарыг маш их санасан байна. Онги голынхоо хөвөө Харганын гол, Алтантэвш, Жадамба говийнхоо бор толгод дунд очиж цээж дүүрэн амьсгалж зогсмоор санагдаад л нутаг руугаа явлаа. Манай гэр, хэдэн мал минь тэнд бий шүү дээ. Өнөө жил манай нутагт зуншлага сайхан болжээ. Бороо хур элбэгтэй, өвс ногоо сайхан ургасан байна. Өвлийн тэргүүн сар гарчихсан, малын тарга хүч сайтай, сайхан өвөл болж байна. Өвсний сортойг бараадаж отрын айлууд ирж байна даа, манай нутагт.

-Хоёр жил гаруй хугацаанд хоригдоод гарч ирсэн байх шүү. Хоригдож байхдаа шүүхээс оноосон ялын талаар юу гэж бодож байсан бэ?

-Хоёр жил гурван сар орчим хоригдоод Өршөөлийн хуульд хамрагдаж суллагдлаа. Гурван шатны шүүхээс надад ял оноосон. Давж заалдсан Улсын дээд шүүх дээр ялын хэмжээг хөнгөлсөн асуудал байгаа. Ингээд шүүгчийн гаргасан шийдвэрийн дагуу ялтан Ц.Мөнхбаяр болж хувирсан. Ард түмэн шүүхийн шийдвэрийг хүлээн зөвшөөрч, үнэхээр л гэмт хэрэг үйлдсэн юм байна гэсэн ойлголттой болсон.

Гэтэл шүүхийн шийдвэр худлаа байж болно. Шүүхэд болон шүүгчид шийдвэр гаргахад нь нөлөөлсөн байж болно. Шүүх худлаа шийдвэр гаргаж болдог юм байна гэдгийг энэ замыг туулсан хүмүүс л мэднэ. Бидний хийсэн үйлдэл болгон хууль ёсны байсан. Яагаад хууль ёсны үйлдэл хууль бус болчихсон юм бэ гэдэг талаар ярих ёстой болно. Энэ бүгдийг эхнээс нь ярих хэрэгтэй болно. 2006 оноос зарим газар нутагт ашигт малтмал хайх олборлох тухай УИХ-ын тогтоолын төсөл боловсруулсан. Тогтоолын төслөө батлуулах гэсэн боловч чадаагүй. Ингээд 2008 онд тогтоолын төслөө хуулийн төсөл болгон өөрчлөөд гол мөрний хамгаалалтын бүс, ойн бүсэд ашигт малтмалыг хайх, ашиглахыг хориглох тухай батлуулахаар хөөцөлдөж эхэлсэн. Тухайн үед сонгуулийн жил байсан. УИХ-ын гишүүдтэй уулзах санал хүргүүлсэн. Мөн Ерөнхийлөгч, Ерөнхий сайд нарт хуулийн төслийнхөө талаар танилцуулахаар уулзах санал тавьсан. Биднийг УИХ-ын 35 гишүүн хүлээж авч уулзсан. Хуулийн төсөл, хууль батлагдвал дагаж мөрдөгдөх журам, өөрчлөгдөх хуулийн заалт зэргийг танилцуулж уншуулдаг. Үүний дараа та үүнийг дэмжиж байна уу гэж асуудаг. Бидний уулзсан УИХ-ын гишүүн болгон үүнийг дэмжинэ гэж хариулдаг байсан. УИХ-ын зургаан гишүүн уулзаж амжихгүй байна гэсэн хариу өгсөн. Хуулийн төслөө туслахаар нь дамжуулан өгч танилцуулсан. Бас л “Энэ хуулийн төслийг дэмжиж байна” гэж хариу мэдэгдсэн. Дэмжиж байгаа гарын үсгээ зураад өгсөн. УИХ-д бидний хийсэн хуулийн төслийг хэн өргөн барих вэ гэсэн асуудал гарч ирсэн. УИХ-ын гишүүд уралдаад эхэлсэн. Ингэж байгаад УИХ-ын гишүүн Б.Бат-Эрдэнэ 2008 оны арваннэгдүгээр сард өргөн барьсан. Гэтэл бидний хийсэн хуулийн төслийн зарим зүйл заалтад ноцтой өөрчлөлт оруулчихсан байсан. Хуулийг харахаар хэвээрээ юм шиг боловч ноцтой өөрчлөлт хийчихсэн байсан. Тухайлбал, нөхөн сэргээлт хийж мод тарьсан бол дээрх хуулийн заалт хамаарагдахгүй гэх мэт. Бид дотор гэдэг үгийг гадна болгож зассан. Ингээд хууль ч батлагдсан. Төрийн бодлогыг өөрчиллөө, ашигт малтмалыг голын эх, ойн сав газраас олборлохгүй болох нь гэж бодож тайвширсан. Гэтэл нөгөө хууль чинь хэрэгжихгүй байсаар жил гаруйн хугацаа өнгөрсөн. Хуулийг батлуулах гэж байхад хассан хэд хэдэн заалт бий. Хасагдсан хуулийн заалтаас нэгийг нь заавал эргэж сэргээе гэж шийдвэр гаргаад ажиллаж эхэлсэн юм. Байгаль орчинд учруулсан хохирлыг барагдуулахаар иргэн болон төрийн бус байгууллага шүүхэд гомдол гаргаж болно гэдгийг Байгаль орчны тухай хуульд нэмэлт өөрчлөлтөд оруулж, тухайн үеийн УИХ-ын гишүүн П.Алтангэрэл УИХ-д өргөн барьж батлуулсан. Энэ нь хууль хэрэгжүүлэхгүй байгаа бол жирийн иргэн, дурын төрийн бус байгууллага Засгийн газрыг шүүхэд өгөх боломжийг нээж өгсөн юм. Бид ч батлагдсан хуулиа хэрэгжүүлэхгүй байна гээд Засгийн газрыг 2010 онд шүүхэд өгсөн. Шүүх дээр энэ асуудал жил гаруйн хугацаа өнгөрч, 2011 онд Засгийн газрыг бид гурван шатны шүүхээр ялсан. Шүүхийн шийдвэр гарчихсан юм чинь одоо хууль хэрэгжиж эхлэх байх гэж бодсон. Хуулийг Засгийн газраас хэрэгжүүлээгүй. Бидний зүгээс Засгийн газарт болон Ерөнхийлөгчид маш олон удаа хандаж хууль хэрэгжүүлэхийг сануулсан. Тэгсэн УИХ-ын гишүүд бидний санаачилж батлуулсан гол мөрний тухай хуулийг өөрчлөх асуудлыг хурцаар ярьж эхэлсэн. Тэр бүгдийг бид зогсоож чадсан. Алтны компаниудын тоног төхөөрөмж рүү буудсан шүү дээ. Дараа нь Чингисийн талбай дээр морьтой жагсаал хийсэн. Үүний дараа нутаг чөлөөлөх ажиллагаа хийж, янз бүрийн хэл аманд өртсөн. Гол мөрний тухай хуулийг өөрчлөх санаархал гарч, УИХ-ын гишүүд, бүлэглэл төсөл боловсруулаад өргөн барих болгонд бид цаг тухайн үед нь зогсоож байсан юм. Биднийг яагаад ингэж тэмцэл өрнүүлээд байгаа цаад санааг хүмүүс төдийлөн сайн ойлгохгүй өнгөрсөн юм байна лээ.

-Тэмцэл хийчихээд та нутаг руугаа нүүгээд явчихсан биз дээ?

-Хуулийн зүйл заалтыг өөрчлөх хуулийн төслийг УИХ-д өргөн бариагүй. 2004 онд Цагаан-Овоо сумаасаа гарахдаа нутгийнхаа ард түмэн болон уул усандаа “Би энэ нутгаа бүрэн бүтэн болгоод эргэж ирнэ. Бүтэн болгохоос нааш эргэж ирэхгүй” гэж андгай тангараг өргөөд явж байсан юм. Есөн жилийн дараа бүх зүйлс цэгцэрлээ, хуулиас нь эхлээд бүх талаар нь явсаар нутгаа бүрэн бүтэн авч үлдэж чадлаа гэж бодсон. Ингээд төрж өссөн нутагтаа эргэж очсон. Онги гол минь ирчихсэн, нуурандаа цутгаад жаргалтай тэнүүн болчихсон байсан. Хэдэн малтайгаа нутагтаа сайхан амьдарна гэж бодож байлаа. Долоон сард нүүж очоод хөдөө байж байтал хэрэг бишдээд явчихсан. Найман сарын үед урт нэртэй хуульд өөрчлөлт оруулахаар ээлжит бус чуулган зарлаж байгаа талаар МҮОНР-гийн мэдээнээс сонссон. Ингээд хүмүүсээс асууж сураглаад байсан үнэн болох нь тодорхой болсон. Хот руу эргэж найман сарын сүүлээр орж ирсэн. УИХ-ын гишүүдтэй уулзсан. Д.Ганхуяг гишүүнтэй уулзтал “Урт нэртэй хуульд өөрчлөлт оруулах гэж байгаа. Үүнээс өөр арга байхгүй” гэж хэлсэн. Ингэж болохгүй гэдгийг сануулаад мэдээлэл солилцсон. Шинээр батлагдах хуулийн төслийг бидэнд өгсөн. Бид ч “Дээд шүүхийн шийдвэр бидэнд байгаа, үүнийг өөрчилж болохгүй” гэдгийг хэлсэн. Гэвч хэн ч биднийг хүлээж авч уулзалгүй зугтааж, батлах гэж улайрч эхэлсэн. Бид хуулийн төслийг УИХ-аар хэлэлцэхээс долоо хоногийн өмнө нэгэн төвөгтэй шийдвэрт ярилцаж байгаад хүрсэн юм.

-Тэр шийдвэр чинь Төрийн ордны хашаанд буудсан асуудал мөн биз дээ?

-2013 оны есдүгээр сарын 16-нд болсон үйл явдлыг хийе гэсэн шийдвэр гаргасан. Бид аргагүй байдалд орлоо шүү гэдгээ ойлгуулж харуулах ажиллагаа хийе гэж шийдсэн. Буугаа цэнэгтэй байлгая, байгаа хэдэн тэсрэх бөмбөгөө байрлуулъя, гэхдээ цэнэггүй байлгая гэж тохирсон. Тэсрэх бөмбөгөө цэнэггүй байлгах хэрэгтэй, аюулгүй ажиллагаа чухал гэж үзсэн. Тэр үед нэг л зүйлийг шийдсэн байсан. Төрийн тусгай хамгаалалттай бүсэд буутай нэвтэрсэн болохоор буудах байх. Амь нас хамаагүй, газар нутгийнхаа бүрэн бүтэн байдлын төлөө амиа хайрлахгүй шүү гэж бодож байсан юм. Ингээд л үйл явдал болж өнгөрсөн.

-Та өөрийнхөө Төрийн ордны хашаанд буун дуу гаргасныг хууль зөрчөөгүй гэж ярьж байсан. Энэ талаар тодруулахгүй юу?

-Эрүүгийн хуулиар хамгаалагдсан эрх ашгийг гэмт хэрэгт тооцохгүй гэж Эрүүгийн хуулийн 40.1.2 –т заасан байдаг. Тэгэхээр эрүүгийн хуулийн зорилт нь болохоор Монгол Улсын тусгаар тогтнол, аюулгүй байдал газар нутгийн бүрэн бүтэн байдал, хүний эрх чөлөө, шударга ёс, байгалийн эсрэг тэмцэл, хүн төрөлхтний эсрэг гэмт хэрэг гээд заачихсан байдаг. Тэгэхээр урт нэртэй хуульд өөрчлөлт оруулах хуулийн төслийг Засгийн газар өргөн барьж байгаа, УИХ түүнийг хэлэлцэж байгаа зүйл нь өөрөө хууль бус үйлдэл, гэмт хэрэг. Эрүүгийн хуульд байгаа шүүхийн шийдвэрийг биелүүлэхээс санаатай зайлсхийсэн, санаатай саад учруулсан үйлдэл юм. Бүр Монгол Улсын эсрэг хийж байгаа гэмт хэрэг. Гадны нөхдүүдийн захиалгаар хуульд өөрчлөлт оруулах гэж байсан зүйл. Бидэнд үүнээс өөр сонголт олдоогүй. Бидний үгийг хэн ч хүлээж аваагүй. Хэн ч тоохгүй байсан шүү дээ.

-Ингээд хорих ялаар шийтгүүлсэн. Та бүхний гаргасан үйлдлийг буруутгах хүн олон байсан?

-Бүх үйл явдал болж өнгөрсөн. Эрх чөлөөгөө хасуулаад шоронд хоригдож байгаа хүн юу эсийг бодох билээ. Болж өнгөрсөн зүйлийг эхнээс нь дуустал нь олон хоног бодож тунгаасан. Энэ үед нэг л зүйл тод бодогдож мэдрэгдэж байсан. Тэр нь юу вэ гэхээр ямар ч байсан амь насаа алдаагүй ч гэсэн хорих ялаар шийтгүүлэн байж хамгаалах ёстой зүйлээ хамгаалж хийх ёстой ажлаа хийж чадлаа гэж бодогдсон. Надад ямар ч эрх ашиг байгаагүй. Зөвхөн Монгол Улсынхаа сайн сайхны төлөө хийсэн зүйл. Түүнээс биш өөрийнхөө эрх ашиг хэн нэгний төлөө ийм зүйл хийгээгүй. Миний бие олон тэмцэл өрнүүлж байхдаа аль болох гэмт хэргийн шинжтэй зүйл хийхгүй юмсан гэж хичээж, хэрэгжүүлж ажиллаж байсан.

-Тантай хамт тэмцэл өрнүүлсэн зарим хүн өвчний улмаас амь насаа харамсалтайгаар алдсан. Энэ бүгдийг хэрхэн хүлээн авч байсан бэ?

-Хамгийн хүнд зүйл нь энэ. Өөрийгөө бодох, миний амь нас дүүрчээ гэж бодох нэг өөр. Яагаад гэвэл би ингээд өнгөрсөн хүн гээд өөрийгөө золионд гаргачихсан байдалтай байсан. Харин мөр зэрэгцээд нэгэн цагт Монголынхоо газар шороог бүрэн бүтэн байлгах гэж зорьж явж байсан, нөхдүүд минь харамсалтайгаар амь насаа алдсан талаар бодохоор одоо ч хэцүү байдаг. Ар гэрийнхний байдал хүндрэх, өвчин зовлон тусах асуудал гарч ирсэн. Энэ бүгдийг харах, сонсч дуулах үнэндээ хэцүү юм байна лээ. Гэхдээ тэмцэл хийсний үр дүн ямар нэгэн төлбөргүйгээр амар амгалан, сайн сайхан болдоггүй. Улс эх орныхоо төлөө тэмцсэн сайн нөхдөө алдах, бусдад гүтгүүлж доромжлуулах, ялтан болж шоронд хоригдож байгаа нь тэмцлийн төлбөрт өгч байгаа зүйл юм байх даа гэж бодож суусан.

-Та бүхний Төрийн ордонд буун дуу гаргасан үйлдлийг Украин, Сирид болж байгаа мөргөлдөөн шиг зүйл рүү турхирсан гэж буруутгаж байсан?

-Бидэнд улс эх орондоо дайн дажин гаргая гэсэн санаа бодол огт байгаагүй. Биднийг ингэж харагдуулах гэсэн гүтгэлэг ар араасаа гарсан. Нэр хүндэд халдаж гутаахын тулд төрийн томоохон албан тушаалтан хүртэл мэдэгдэл хийсэн байдаг. Олон нийтийг төөрөгдүүлсэн маш олон мэдээлэл хийсэн. Буруу зүйл хийсэн гэмтнүүд дандаа айж явдаг. Буруу зүйл хийсэн зүйлдээ хариуцлага хүлээ гээд нүүр тулаад байхаар “Үргэсэн адуу аргал хөдөлгөнө, Ичсэн хүн хүн ална” гэдэг шиг зүйл болсон.

-Шоронд хоригдож байхад олон хүн эргэж тойрч байв уу. Зовох цагт нөхрийн чанар танигдана гэдэг?

-Ер нь бол нэгнийгээ муулах хэцүү. Гэхдээ шоронд хоригдож ялтан болсноор алдсан зүйл байгаа. Сайн муугаар сав дүүрдэг. Сайн хүн шиг байсан хүн муу байдаг ч юм уу. Надад муу хандаж байна гэж бодож байсан нь сайхан сэтгэл гаргаад хүрээд ирдэг. Шоронд орсноор найз нөхдийнхөө сайн мууг ялгаад авсан шүү. Энэ нь ч сайн юм болсон. Цаашид хэнтэй яаж хамтрах вэ гэдгээ эрт мэдэж авсан.

-Таныг бусдыг дарамталж их хэмжээний мөнгө авсан гэх мэдээлэл их гарсан. Энэ талаараа та шүүхэд хандсан байна лээ. Шүүх таны нэр төрийг сэргээх шийдвэр гаргасан байна лээ?

-Шоронд байхдаа нэг зүйлийг бодсон. Миний араас худал гүтгэсэн мэдээлэл гаргаж олон нийтийг төөрөгдүүлсэн асуудлыг нэг мөр болгоё гэж шийдсэн. Намайг орон нутагт алт олборлодог компаниудад дарамт шахалт үзүүлж, мөнгө нэхэмжилж авдаг байсан гэх мэдээллийг олон нийтэд зарласан “АУМ алт” ХХК-ийн захирал Ц.Мягмардорж гэдэг хүнийг хариуцагчаар татсан. Намайг гүтгэж, нэр хүндэд халдсан энэ асуудлаар би дөрвөн сард итгэмжлэгдсэн төлөөлөгчөөр дамжуулан шүүхэд гомдол гаргасан. Өнгөрсөн дөрөвдүгээр сард гаргасан нэхэмжлэл шүүх дээр ужгирч шүүх, шүүгчид нь өөрчлөгдөж явсаар Хан-Уул, Сонгинохайрхан, Баянгол дүүргийн иргэний хэргийн шүүх дээр ирсэн нь өчигдөр хуралдаж, шийдвэрээ гаргалаа. “Нэр хугарахаар яс хугар, алдар гутахаар амь тасар” гэж үг байдаг. Хувь хүнийхээ хувьд ч тэр хамтран ажиллаж байгаа аж ахуйн нэгж, иргэдэд ч гэсэн гүтгэсэн худлаа зүйлийг залруулъя гэж бодоод шүүхэд хандсан юм. Шүүх миний талд шийдвэр гаргаж, 80 сая төгрөгийн нөхөн олговор өгөх шийдвэр гаргасан.

-Цаашид та юу хийхээр төлөвлөж байна вэ?

-Эрх чөлөөгөө хасуулсан хоёр жил гаруйн хугацааг их үр дүнтэй өнгөрөөлөө гэж хэлж болно. Бүх зүйлийг эргүүлэн бодож, дүгнэлт хийсэн. Яавал буруутан болж юу хийвэл аливаа зүйлийг зөвөөр хийж болдог гээд алдаа оноогоо бүгдийг нь цэгцэлж бодож нягталсан. Өөрийгөө дутуу боловсорсон байна шүү гэдгээ мэдэрч өөрийгөө хөгжүүлэх тал дээр анхаарсан. Дээдэс маань түүхийг хэрхэн бүтээж байсан тэмцэл яаж хийсэн бэ зэргийг уншиж судалж ойлгож тунгааж авсан. Одоо бүх зүйл ойлгомжтой болсон. Цаашид хийх ажил тодорхой болсон. Юу хийх вэ, яаж ажиллах вэ гэдгийг сайн боловсруулсан. Эх орныхоо сайн сайнхны төлөө тэмцээд ялтан болж шоронд хүртэл хоригдож үзлээ. Энэ миний хувь тавилан юм байна. Одоо алдах эрхгүй, зорьсон зүйлээсээ ухрах эрхгүй болсон. Анх нутгаа бүтэн болгох гэж гурван аймгийн найман сумын иргэдийг цуглуулж эхэлсэн ажил минь одоо хүртэл үргэлжилж байгаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Эрдэнэтуул: Б.Булган талийгаач нөхрийнхөө талаар дандаа сайн сайхнаар л дурсан ярьдаг

“С.Зориг агсныг онц ноцтойгоор хөнөөсөн гэмт хэрэгтнүүдийг 17 жилийн дараа цагдаа нар Эрдэнэт хотоос баривчилжээ. Түүний эхнэр Б.Булганыг цагдаа нарт худал мэдээлэл өгч чулуу хөөлгөсөн гэх хэргээр цагдан хорив” гэсэн содон мэдээлэл хэвлэл мэдээллийн хэрэгслээр гарах болсон. Цагдаагийн ерөнхий газраас Б.Булганыг шалгаж байгаа гэх мэдээллийг албан ёсоор өгсөн. Гэхдээ ямар хэргээр шалгаж байгаа талаар огт ам нээхгүй байгаа. Мөн “С.Зориг агсныг хөнөөсөн гэмт хэрэгтнүүдийг барьсан. Түүний эхнэр Б.Булган энэ хэрэгтэй холбоотойгоор шалгагдаж байна” гэсэн мэдээлэлд цагдаа нарын зүгээс ямар нэгэн няцаалт хийсэн мэдээлэл өгөхгүй байгаа билээ. Б.Булган хаана амьдарч байгаа, ямар ажил хөдөлмөр эрхэлдэг, сүүлийн жилүүдэд хэн хэнтэй уулзаж байсан талаар мэдээлэл огт байдаггүй. Энэ талаар Б.Булганы ойр дотнын найз улс төр судлаач Л.Эрдэнэтуултай ярилцлаа.

-С.Зориг агсныг хөнөөсөн гэмт хэрэгтнүүдийг цагдаа нар баривчилсан талаар сонссон байх. Олон жил илрэхгүй байсан хэргийг цагдаа нар гэнэт илрүүлчихсэн гээд байгааг та хэрхэн хүлээн авч байна вэ?

-Хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим ертөнцөөр гарснаас өөр ямар нэгэн илүү мэдээлэлгүй л сууж байна. Өнөөдрийн байдлаар цагдаа, хууль хяналтын байгууллагаас С.Зориг агсныг хөнөөсөн гэмт хэрэгтнүүдийг барилаа гэсэн албан ёсны мэдээлэл өгөөгүй байна. Б.Булганыг ч гэсэн ямар үндэслэлээр цагдан хорьсон нь тодорхойгүй. Б.Булганыг ямар зүйл ангиар буруутгаж шалгаж байгаа гэдэг нь ч маш нууц байна. Ямар нэгэн мэдээлэл байхгүй байгаа нь нийгэмд энэ хэргийг илрүүлчихсэн гэдэгт эргэлзээ төрүүлээд байна. Мөрдөн байцаалтын нууц гэж байлгүй яах вэ. Гэхдээ ямар зүйл ангид хамаарах гэмт хэргээр сэжиглэж байгаа талаар мэдээлэл өгөхөд нууцын зүйлд хамаарагдахгүй. Сэжигтэн гэдэг гэмт хэрэгтэн гэсэн үг биш үү дээ. Мэдээлэл ийм л учир битүүлэг байна. Б.Булган болоод ар гэрийнхэн, өмгөөлөгч нарыг хэрэгтэй холбоотой ямар нэгэн мэдээллийн нууцыг задруулахгүй байх гарын үсэг зуруулсан байна лээ. Ийм хаалттай байхад хэргийг үнэн зөвөөр илрүүлж чадах уу, үгүй юү гэдэг нь эргэлзээтэй байгаа. Шулуухан хэлэхэд энэ хэргийг үнэхээр илрүүлчихлээ гэсэн итгэл алга байна. Яагаад вэ гэхээр хэн нэгэн гэмт хэрэг үйлдсэн өөрөө хэргээ хүлээнэ гэдэг хуулийн өмнө нотолгоо болж чадахгүй. Б.Булган болон баригдсан гээд байгаа хоёр хүн ямар нэгэн дарамт шахалтад ороод хэргийг хүлээлээ гэхэд шүүхийн түвшинд нотолгоо баримт болж чадахгүй. Яаж ч тулгаад, ямар нэгэн аргаар хэргийг хүлээлгэчихэж болно. Хамгийн гол нотолгоо нь хавтаст хэрэгт авагдсан байгаа нотлох баримт, хэргийн газарт хийсэн үзлэгээс олдсон эд зүйлс, ул мөр юм. Гэтэл хавтаст хэрэг 17 жилийн өмнөх байдлаараа хэвээрээ өнөөг хүртэл хадгалагдаастай юу, үгүй юү гэдэг нь бас л эргэлзээтэй. Үнэхээр хэргийн эд мөрийн баримтуудыг баталгаажуулж, сольж хольж өөрчлөлгүй хадгалж чадсан уу гэдэг бас л асуултын тэмдэг. Үүнийг эхлээд нягтлах хэрэгтэй. Хавтаст хэрэгт авагдсан гарын хээ, цусны толбо яг анхныхаараа байна уу. Нотлох баримтыг сольчихсон, энэ хоёр нөхөр гэмт хэргийг үйлдсэн юм байна гээд зогсож байхыг үгүйсгэх аргагүй. С.Зориг агсныг онц ноцтойгоор хөнөөсөн хэргийг мөрдөх ажиллагаанд олон хүн орж гарсан байдаг. Анхнаасаа тууштайгаар энэ хэргийг илрүүлэх ажилд оролцож, хавтас хэрэгт авагдсан эд мөрийн баримтын бүрэн бүтэн байдлыг хариуцаж байгаа эзэн нь энэ хүн юм гэсэн бодлого баримтлаагүй. Өнөөдөр хэн хариуцаж байгаа юм. Ажлын хэсэг нь байгаа ч юм уу, үгүй ч юм уу гэсэн эргэлзэх зүйл гарцаагүй бий болсон. Үнэнийг хэлэхэд холион бантан шиг зүйл болсон. Төр засаг солигдох болгонд цагдаагийн дарга солигддог. Үүнийг дагаад хэргийг мөрдөж байгаа ажлын хэсэг ч солигддог байсан. Энэ хэргийг шалгах Ажил 2000 оноос эмх замбараагүй байдалтай болчихсон.

-Та Б.Булгантай ойр дотно байдаг гэдэг. Хамгийн сүүлд хэзээ уулзсан бэ?

-Сүүлийн хоёр гурван жилийн дотор цөөн хэд уулзсан. Нэгнийхээ мэндийг мэдэж утсаар ярьдаг байсан. Миний хувьд энэ хэрэгтэй холбоотойгоор Б.Булганыг хардаж сэрдээд зайгаа барьсан зүйл байхгүй. Өнгөрсөн зун намайг ач охинтой болсон гэдгийг сонсоод манайд ирж баяр хүргэсэн. Бид уулзалдахдаа цай, кофе уугаад л энгийн яриа дэлгэж байгаад л салцгаадаг.

-Хэрэг гарснаас хойш Б.Булганы талаарх мэдээлэл байхгүй болсон. Юу хийж байгаа, ямар ажил хөдөлмөр хийж хэрхэн амьдарч байгаа гээд бүх л мэдээлэл хаалттай байсан. Хэрэг гарснаас хойш Б.Булган хэрхэн амьдарч байсан талаар ярихгүй юу?

-Б.Булган хэргийн талаар надад ямар нэгэн зүйл ярьж байгаагүй. Хэргийн талаарх нууцлалыг чанд баримталж байсан шиг байгаа юм. Одоо бодоод байхад Б.Булганаас холбогдох байгууллагууд хэргийн талаар ямар нэгэн зүйл ярихгүй байхыг анхааруулж гарын үсэг зуруулчихсан байж болзошгүй. Амьдрал ахуйн хувьд дундаж амьдралтай монголчууд яаж амьдарч байна, тэр л жишгээр амьдарч байсан. Бусдаас илүү гарсан зүйлгүй, дорд орсон ч юмгүй байсан. “Оюун түлхүүр сан” гээд төрийн бус байгууллагад ажиллаж байсан. Бас найз нөхөдтэйгөө хамтарч бизнес гэж хэлэх нь хаашаа юм, хувийн ойр зуурын ажил хийж амьдралаа болгож байсан. Одоо харин тэтгэвэрт гарчихсан. Тэтгэврээ тогтоолгочихсон гэдгээ манайд ирэхдээ хэлж байсан. Мөн ганцаараа амьдарч байгаа болохоор тэтгэврийн мөнгө маань надад хүрээд л байдаг юм гэж ярьсан. С.Зориг бусдын гарт амь насаа алдсан хэрэг гарснаас хойш өнөөг хүртэл хугацаанд Б.Булган хэн нэгэнтэй хамт амьдарч байна уу гэх мэтээр хүмүүс сонирхож асуугаад байдаг юм. Би энэ талаар ёстой мэдэхгүй. Ямар ч байсан хуучин байрандаа одоог хүртэл ганцаараа амьдарч байгаа. Өнгөрсөн сайхан дурсамжаараа сэтгэлээ тэтгээд л амьдардаг юм болов уу даа гэж боддог. Талийгаач нөхрийнхөө талаар сайн сайхнаар л дурсан ярьдаг. Гэрэл зургийн цомгоо үзээд л дурсамж дэлгэдэг. Бидэнтэй хамт байхдаа хөгжилдөж байсан дурсамжтай зүйлээ их ярьдаг. Анх яаж танилцаж байсан. Хамт байхдаа ярьдаг байсан сэтгэлд хоногшиж үлдсэн дотно зүйлсийнхээ талаар ярина. Б.Булган талийгаач С.Зоригийг их халамжилдаг байсныг тэдэнтэй ойрхон байсан хүмүүс сайн мэднэ. Талийгаачийг ажил дээрээ байхад заавал утасдаж ямар хоол идэх вэ гэж асуудаг байсан. Тусгайлсан хоолны цэс гаргачихсан. Нэг өдөр нь борш хийсэн байхад маргааш нь ази хоол хийдэг ч юм уу. С.Зориг ч гэсэн эхнэрээ их магтана. Манай Б.Булган хоол, цай сайтай. Рестораны хоолноос дутахааргүй амттай хоол хийнэ. Халамжтай, нөмөр нөөлөгтэй гэж бусдад ярьдаг байсан юм. С.Зориг Б.Булгантай амьдарч байх хугацаандаа эмэгтэй хүний хайр халамжаар ерөөсөө дутаагүй.

-С.Зориг, Б.Булган нарыг анх танилцаж байхад таныг хамт байсан гэж ярьдаг юм байна лээ?

-1992 оны наадмаар Ц.Ганхуяг биднийг зугаалганд урьдаг юм. Ц.Ганхуяг гэдэг нь одоогийн Иргэний зориг намын дарга шүү дээ. Талийгаач С.Зориг, туслах Баярмаа гээд олуулаа өглөө эрт замаасаа хонь, айраг худалдаж авчихаад Тэрэлж рүү Зил 130 машины тэвшин дээр суугаад явж байгаа юм. Өдөр дундын алдад Монголын Социал Демократ намын гишүүн, УИХ-ын гишүүн асан Р.Нарангэрэл машинтайгаа хүрээд ирсэн. Тэгэхдээ манай найз гээд Б.Булганыг дагуулж ирж байсан. Тэрэлжид анх танилцсан.

-С.Зоригтой хамт мөр зэрэгцэж явсан найз нөхөд нь хэрэг гарснаас хойш Б.Булгантай уулзаж байсан болов уу?

-Уулзсан хүн бараг байхгүй байх. Бүгд л зайгаа барьсан. Гэхдээ С.Зориг намын болон бусад төрлийн ямар нэгэн арга хэмжээ болох үед эхнэрээ дагуулж огт очиж байгаагүй. Эхнэрээ ажилдаа хутгаж байгаагүй юм. Сүүлд УИХ-ын гишүүн болсны дараа төрийн томоохон хүлээн авалтад хамт очиж байсан байх. Бүр ойртож дотно танилцсан хүн цөөн байх.

-Та 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр С.Зоригтой төрийн ордонд уулзаж байсан гэдэг байх аа?

-Тийм ээ. Тэр өдөр уулзаж байсан. Байнга үүдэнд нь суудаг байсан үе. Гэхдээ тогтож удаан сууж ярилцаж чадаагүй юм. Яагаад вэ гэхээр С.Зориг Ерөнхий сайдад нэр дэвших гээд С.Баярын өрөө рүү ордог ч юм уу. Өдөржин л хүмүүстэй уулзаж явсан юм. Өрөөний үүдэнд нь уулзах гэсэн хүмүүс зогсчихсон байсан. Өрөөндөө дөнгөж ороод ганцаараа байхад нь орж уулзсан. Манай эгч талийгаачтай нэг анги байсан. Тэр өдөр манай эгч Эрдэнэт рүү явж ажиллах болсон гэдгийг хэлээд эртхэн харьж эгчийгээ гаргаж өгөх талаар хэлэхэд “Өө тийм үү. Эгчдээ мэнд дамжуулаарай. Чи эртхэн харихгүй юу” гэсэн. Би ч хэл амыг нь сугалчих шахаад Ерөнхий сайд болох асуудал юу болж байна. Ерөнхийлөгчтэй уулзсан уу, С.Баяртай уулзсан уу гээд асуусан. Тэгээд л явсан.

-Тэгээд С.Зоригийг бусдын гарт амь насаа алдсан гэдгийг хэдийд мэдсэн бэ?

-Маргааш нь өглөө эрт “өндөр” Урнаа гэрийн утас руу залгаж надад анх хэлсэн. Эхлээд итгээгүй. Тэгж л мэдсэн. Энэ талаар мэдчихээд С.Баяр, Хулан хоёроос лавлаж асуух гээд утасдсан. Тэдний утас байнга яриад байсан. Тэгээд л үнэн юм байна гэж ойлгосон. Удалгүй Хулан залгаад “С.Баяр бид хоёр танай гэрт очиж байна” гэсэн. Ингээд бид гурав уулзалдсан. “Талийгаачийн гэрт очоод яах вэ. Цагдаагийн хамгаалалт авчихсан байгаа биз” гэж хоорондоо ярилцаад талийгаачийн ээжийнд очсон. Бид хэрэг гарсан газрыг цагдаагийн хамгаалалтад байгаа юм байх гэж бодсон юм. Биднийг очих үед хүмүүс очсон байсан. Доржпалам гуайг жаахан тайвшруулж байгаад л гарсан. Гарч явах үед Б.Булган Гандан орчихоод ирж таарсан юм. Нүүрний тэр хавьд нь хөхөрчихсөн байсан. Юу болсон талаар Б.Булганаас асуусан. Хэргийн талаар ярьж чадахгүй уйлаад байсан. Бид “Талийгаачийн ээжийнд орно биз дээ” гэсэн “Үгүй, гэртээ орно” гэж хэлсэн. Тэгэхэд л хэргийн газрыг цагдаагийн хамгаалалтад аваагүй гэдгийг мэдсэн. Төрийн ордон ороод хэргийн газрыг хамгаалалтад аваагүй, маш олон хүн орж гарсныг мэдсэн. Тухайн үед хэргийн газарт үзлэг хийж байхад өчнөөн хүн орж болдог юм уу гэж уурлаад л өнгөрсөн. Эрүүгийн гэмт хэрэг үйлдэгдсэн газарт Хандгайтаас хүртэл хүн зорьж очиж сонирхсон байсан. Хэргийн газарт 60 гаруй хүн орсон гэсэн.

Categories
мэдээ цаг-үе

“Ганц мод“-нд монголын бүх төрлийн бичиг баримтыг хуурамчаар хийдэг

>>Түрүүч нь “Өдрийн сонин”-ы 276 (5228), 278 (5230) дугаарт>>

Ганц модны боомтоор нэвтэрч, Гашуунсухайтын хилийн боомт руу өглөө эрт орж ирэв. 300 гаруй нүүрс тээврийн хүнд даацын шалаанз хилээр орох гээд дараалал үүсгэн зогсож байлаа. Харин Монголын талаас Ганц модны боомт руу нүүрс оруулахаар 600 гаруй хүнд даацын машин дугаарлан зогсжээ. 20 гаруй километр үргэлжилсэн цуваа үүсгэн зогсож байв. Хоёр улсын хил ням гаригт амардаг юм байна. Цувааны эхэнд зогсож байгаа машинууд баасан гаригийн өглөө уурхайгаас нүүрсээ ачуулаад гарсан гэнэ. Уурхайгаас нүүрсээ ачиж дуусаад арав гаруй цаг давхисаар Гашуун сухайтын хилийн боомтын наахна ирээд ийн дугаарладаг аж. Цувааны хамгийн сүүл хэсэгт зогсож байх үед хил хаачихдаг байна. Ингээд ням гаригт амардаг болохоор бүтэн хоёр өдөр гурван шөнө зогсоод даваа гаригийн өглөө эртлэн хил нэвтэрдэг гэнэ. Урд хөршийнхөн нүүрс худалдаж авахгүй байгаагаас ихэнх уурхай хаалгаа бариад байгаа. Эрдэнэс Тавантолгой, Тавантолгойн уурхайгаас л нүүрс урд хөрш рүү гаргаж байна. Гашуунсухайтын хилийн боомтоор гараад машиныхаа хажууд зогсож байгаа жолооч нартай уулзлаа. Тэд Эрдэнэс Тавантолгойн уурхайгаас нүүрсээ ачуулах гэж хоёр өдөр дугаарлан зогссоноо ярьж байв. Тус уурхайд ачигчаар хоёр хүн шинээр ажилд орсон гэнэ. Тэд ажилдаа гаршаагүйгээс цагийн дотор ачиж дүүргэдэг тэвшийг гурван цаг гаруй хугацаанд арай гэж дүүргэдэг. Үүнээс болоод уурхай дээр хэдэн зуун машин хонон өнжин дугаарлаж, хоол ундгүй зогсох болжээ. Уурхайн орчимд хоол, цай идэж уухаар цайны газар байхгүй болохоор жолооч нар хэдэн өдөр нойр, хоолгүй зогсож байгаагаа хэлж байв. Энэ талаар компанийн удирдлагуудад гомдол гаргахаар “Бидэнд та нарын асуудал хамаагүй. Өөр уурхайгаас нүүрсээ ачихгүй юу” гээд тоохгүй өнгөрөөдөг гэнэ.

Гашуунсухайтын хилийн боомтоос Эрдэнэс Тавантолгойн уурхай руу Б.Гансүх гэх жолоочийн машинд суугаад хөдөллөө. Тэрбээр “Шадар сайд асан У.Хүрэлсүхийн гаргасан шийдвэрээр бүх машин засмал замаар явдаг болсон. “Энержи Ресурс” компани барьсан замаа улсын мэдэлд өгсөн. “Гашуунсухайт” компанийнхан нүүрс ачсан машинаас зам ашигласны төлбөр авч байгаа” хэмээн ярив. Уурхай руу явж байгаа том оврын машин бүрээс зам ашигласны төлбөр гээд 60 мянган төгрөг авдаг байна. Мөн уурхайгаас нүүрс ачаад Гашуунсухайтын боомт дээр ирэх бүрт тонн тутмаас нэг ам.долларын татвар авч байгаа гэнэ. 60 тонн нүүрс ачсан машин зам ашигласны татварт 60 ам.долларын татвар өгч байгаа аж.

Хүнд даацын машин хоорондоо тохой хүрэхгүй зайтай зөрөх юм. Жолооч Б.Гансүх “Энд зам тээврийн осол өдөр болгон гардаг. Олон хоног нойргүй явж, уурхай дээр дугаарлаад зогсчихсон машины жолооч нүүрсээ ачаад эргээд хил рүү гардаг. Толь шиг засмал замаар арав гаруй цаг давхина. Машиныхаа паарыг тавьчихаар ядарч яваа жолоочийн нойр хүрнэ. Ингээд үүрэглээд машины араас орно. Эсвэл үүрэглэж яваад эсрэг урсгалын машинтай халз мөргөлдөнө. Хэдэн зуун жолооч энэ замаар явж байна. Согтуу жолооч ч таарна. Эсрэг урсгалын замаар явж байгаа машинтай мөргөлдөх магадлал өндөр байдаг болохоор суудлын ар руугаа үсрээд ороход бэлэн явдаг. Машинтай мөргөлдөх болоод ирэхээр суудлын ар тал руу үсрээд л орчихно. Ингэж л амьд гарна шүү дээ” хэмээн ярив.

Нүүрсний замд замынхөдөлгөөний шинэ хууль үйлчилдэггүй

Ханбогд, Цогтцэций суманд Замын цагдаагийн тасаг үйл ажиллагаа явуулж байна. Дээрх хоёр сумын замын цагдаа нар Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуулийг хэрэгжүүлэх гэж үйлээ үзэж байгаа юм байна. Хамгийн наад зах нь шинээр батлагдсан хуульд заасан жолооч зургаан цагаас дээш хугацаагаар замын хөдөлгөөнд оролцож болохгүй. Хэт ядарсан үедээ тээврийн хэрэгсэл жолоодвол торгоно гээд заачихсан байдаг. Энэ хуулиар бол мянга гаруй машины жолоочийг торгох болж байгаа юм. Хамгийн багадаа 12, бүр 100 гаруй цаг нойргүй явчихсан, нүд нь хэт их ядарснаас болоод улайчихсан байдаг. Сумын цагдаа нар мянга орчим машиныг нэг бүрчлэн зогсоогоод жолооч нь ядарсан байна уу, үгүй юу гэдгийг шалгаад байх боломжгүй. Хууль хэрэгжүүлэх гэж байгаа бол хилийн наана гурван өдөр дугаарлан зогсож байгаа 600 гаруй жолоочийг бүгдийг торгох болж байгаа юм. Мөн бүх тээврийн хэрэгсэл даатгалд хамрагдсан байх ёстой байдаг. Монголын компанийн нэр дээр тээврийн хэрэгсэл байдаг боловч хятадууд даатгалд хамрагдах дургүй байдаг гэнэ. Хуулиараа даатгалд хамрагдаагүй тээврийн хэрэгслийг журамлах ёстой. Гэвч зуу гаруй тонн нүүрс ачсан машиныг суманд журамлах газар байхгүй. Бүр жолооч нар нь хүртэл Жолоочийн хариуцлагын даатгалд хамрагдаагүй байдаг аж. Согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодож яваад цагдаа нарт баригддаг гэнэ. Хуульдаа согтуу жолоочийг 384 мянган төгрөгөөр торгоод эрүүлжүүлэх ёстой. Жолоочийг нь эрүүлжүүлэх гэхээр нүүрс ачсан машиныг нь авч явах болдог. Машиныг нь замын хажуу руу гаргаж орхиод явах гэхээр хулгайч нар хамаг эд зүйлсийг нь тоночихдог. Монгол компанийн эздэд “Танай компанийн машин энд байна. Жолооч нь согтуу байгаа болохоор ирээд ав” гэж мэдэгдэхээр “Бид мэдэхгүй. Хятад эзэд нь мэднэ” гэж хариулдаг байна. Хятад эздэд нь мэдэгдэх боломж байдаггүй аж. Ингээд бичиг баримтыг нь хурааж авдаг гэсэн. Эргээд жолооч нар бичиг баримтаа авдаггүй байна. Учир нь хятад эзэд нь машиныхаа жинхэнэ бичиг баримтыг жолооч нарт хэзээ ч өгч явуулдаггүй байна. Ганц модонд Монгол Улсын тээврийн хэрэгслийн гэрчилгээг хуурамчаар үйлдвэрлэдэг газраар хийлгэсэн хуурамч бичиг баримтаа цагдаад өгөөд явуулчихдаг байна. Мөн тэнд Монгол Улсын иргэний үнэмлэх, жолооны үнэмлэх гээд бүх төрлийн бичиг баримтыг хуурамчаар хийдэг олон газар байдаг юм билээ. Жолооч нар 120 юаниар хуурамч бичиг баримт хэвлүүлээд авчихдаг. Үүнийгээ цагдаа нарт хураалгачихдаг. Гаднаас нь харахад хуурамч эсэхийг мэдэх ямар ч боломж байхгүй. Өмнөговь аймагт замын цагдаа нарт торгуулийн машин өгсөн гэнэ. Гэвч сүлжээ нэвтрээгүй болохоор торгуулийн машин хэрэглэх боломж байхгүй. Бэлэн мөнгөөр торгох гэхээр хууль зөрчсөн болдог. Торголоо гэж бодоход жолооч нарт мөнгө байхгүй. Ингээд хуурамч бичиг баримтыг нь хурааж аваад үлддэг байна.

Хятадуудаас цалингаа авч чадахгүй байгаа жолооч нар гэмт хэрэгтэн болж байна

“Янхан” хочтой, хятадуудын хүнд даацын машиныг барьдаг жолооч нар сүүлийн жилүүдэд гэмт хэрэгтэн болж, их хэмжээний мөнгөний өрөнд орох болжээ. Хятадууд нүүрс тээвэрлүүлчихээд ажлын хөлсийг нь өгдөггүй гэнэ. “Чи машины тэр эд ангийг эвдсэн байна лээ. Дугуй буудуулсан байна” гэх мэтээр шалтаг хэлж ажлын хөлсийг нь өгдөггүй гэнэ. Хятадын цагдаад хэлж өргөдөл гомдол өгөхөөр тоохгүй өнгөрөөдөг гэнэ. Өдөр болгон цалингаа нэхэж очихоор хятадууд нийлж байгаад хэвтэрт ортол зодчихдог. Ингээд аргаа барсан жолооч нар цалингаа өгөхгүй байгаа хятадуудын машиныг аргалж, “Нүүрс зөөж өгье” гэж худлаа хэлээд хил давуулчихдаг байна. Ингээд тэр дор нь мөнгө болох эд ангийг нь зарчихаад Цагаан хадан дээр хаяад явчихдаг. Эсвэл хотод авчраад хямд үнээр зарчихдаг гэнэ. Хятад эзэд нь тээврийн хэрэгсэл нь нэр дээр нь байдаг компанид руу ханддаг. Нөгөө компани нь “Манай компанийн эзэмшлийн машиныг тэр хулгайлчихлаа. Олж өгнө үү” гээд өргөдөл гаргаад өгчихдөг байна. Цагдаа нар гомдлын дагуу жолооч нарыг саатуулдаг. Жолооч нар цагдаад “Миний цалинг өгөхгүй байхаар нь зарчихсан юм” гэж мэдүүлдэг байна. Мөнгө болох эд зүйлсийг нь аваад Цагаан хадан дээр хаяад явсан машиныг өөр хулгайч нар тоноод юу ч байхгүй болгочихно. Ингээд зах зээлийн үнээр 50 гаруй сая төгрөгийн өрөнд орж, гэмт хэрэгтэн болдог байна. Ингэж бусдын эд хөрөнгийг хулгайлсан хэргээр олон жолооч гэмт хэрэгтэн болж байгааг Цогтцэций болон Ханбогд сумын цагдаа нар онцолж байсан юм.

Биднийг уурхай хүрэх замд хэд хэдэн осол гарсан байв. Эхний осол Цагаан хадны сондгой гурван байшингийн тэнд гарчээ. Жолооч нь үүрэглэж яваад машины араас орчихжээ. Салхины урд шил хагарч, урд хэсэгт дотогшоо чихэгдсэн байв. Азаар жолооч нь бэртэж гэмтэлгүй үлджээ. Мөн Цагаан хадны суурин хүрч амжаагүй явах үед хоёр хүнд даацын машин мөргөлдчихсөн байв. Жолооч нар нь хүнд гэмтэл авч, Цогтцэций сумын эмнэлэг рүү явжээ. Машины толгой нь шатаж байхад нь галын хор цацаж арай гэж унтраасан юм. Осол гаргасан жолооч нар мөн л хятадуудад их хэмжээний өрөнд оржээ. Осол гаргаж машины эд ангийг нь эвдээд их хэмжээний өрөнд барьцаалагдсан олон жолооч байдаг гэсэн.

Хятадуудын урьдчилгаа болгож өгсөн мөнгөөр хоол идээд нар жаргах гэж байхад уурхайн аманд ирэв. Нар хэдийнэ жаргаж бүрэнхий болсон үед уурхай дээр очиж таарлаа. Уурхайн үүдэнд олон зуун машин дугаарлан зогсож байв. “Янхан” хочтой жолооч нарт бага хэмжээний мөнгө өгч, нэн ховор амьтны эд эрхтэн, хөлдөөсөн чоно, ховор ургамал, мах, үнэт чулуу, түүхийн хосгүй үнэт олдворууд нүүрсэн дор гаргадаг гэнэ. Жолооч нар дээрх гэмт хэрэгтнүүдийн гар хөл болдог байна. Цоохор ирвэсийн арьс хилээр гаргасан жолооч Хятадад баригдаад таван жилийн хорих ялаар шийтгүүлсэн гэнэ. Мөн динозаврын яс нүүрсэн дор хийгээд гаргадаг гэдгийг ч жолооч нар хэлж байлаа.

Өмнөговьд төрийн байгууллага огт ажлаа хийдэггүй юм байна. Жолооч нарын хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангах ёстой Хөдөлмөрийн хэлтэс, үүнийг хянах ёстой Мэргэжлийн хяналтынхан огт ажлаа хийхгүй байгаагаас монгол залуус иймэрхүү байдалтай ажиллаж, амьдарч байна. Жолооч нарын энэ асуудалд холбогдох яам, төр засаг анхаарах цаг нь болсныг “Янхан” хочтой жолооч нарын бараан амьдрал харуулж байна. Бүрэнхий болсон хойно бид уурхай дээрээс нийслэл хот руу хөдөлсөн юм. Нүүрс ачуулах гэсэн машины цуваа бараантан ард хоцров.

Categories
мэдээ цаг-үе

“Янхан” хочтой жолооч нарын бараан амьдрал (II)

Ганц модны боомт орчимд олны хөл татарчээ. Шинэ, хуучин барилгатай гудамжаар хоёр гурван хүн бүртийтэл алхаж яваа харагдав. Гудамжаар алхах хүмүүсийг харахад монгол жолооч нар болох нь төвөггүй танигдана. Хятад эздийн нүдэнд өртөж чадалгүй, нүүрс тээвэрлэлтэд явж чадаагүй “янхан” хочтой жолооч нарын олонхи нь архины мухлаг барааджээ. Градус өндөртэй архи худалдаж аваад ууж суух аж. Нүүрс тээвэрлэлтэд яваад ажлынхаа хөлсийг авсан нэгнээсээ архины мөнгө зээлж ууж байлаа. Мөн зарим нь зочид буудал барааджээ. Халаасандаа ямар ч мөнгөгүй жолооч нар нэгнийхээ гадаад паспортыг зочид буудлын барьцаанд үлдээж хоног төөрүүлж байв. “Анд” гэсэн нэртэй зочид буудалд 200 гаруй жолооч хоноглож байгаа гэлээ. 2006 оны үед Ганц модны боомт дээр хэдэн шавар тагзнаас өөр юу ч байхгүй, шар элс шуурсан эзгүй газар байсан гэнэ. Харин манай улсын нүүрс олборлолт нэмэгдэж, урд хөршид худалдаалах болсноос хойш хүний хөл хөдөлгөөн хэдэн зуу дахин нэмэгдсэн гэнэ. Үүнээс үүдэн Ганц модны боомт дээр арав хүрэхгүй жилийн дотор том хот сүндэрлэн боссон аж. Хятадын бизнесмэнүүд Ганц модны боомтод ирж, хоёр гуравхан жилийн дотор зочид буудал, цайны газар, ресторан, пааб, улаан дэнлүүний гудамж, худалдааны төв, авто засвар, машин угаалга гэх мэт олон байгууламж барьжээ. Одоо харин нүүрс тээвэрлэлт хэд дахин буурчихсан болохоор Ганц модны боомтын бүх байшин барилга хоосорч, эзэнгүйдэж. 500 орчим монгол жолооч Ганц модны боомтод үйл ажиллагаа явуулж байгаа зочид буудал болон цайны газруудын үйлчлүүлэгчид.

337 мянган төгрөгийн төлөө тэмцэж байна

Ажил олдоогүй жолооч нар архи ууж согтоод хотын гудамжинд агсан согтуу тавих аж. Мөнгө байхгүй мөртлөө такси бариад жолоочид нь зодуулах, эсвэл гудамжинд “тасарч” унаад унтаад өгөх. Архины мухлагийн эзэнд хөөгдөх, архи ууж согтоод “Хятадууд аа бүгдээрээ гараад ир. Намайг барах хүн байна уу” гэж агсам тавьж хашгираад эргүүлийн цагдаад баригдаж эрүүлжүүлэх байранд хонох зэргээр Ганц модны боомтын шөнийн амьдрал иймэрхүү дүр зурагтайгаар эхлэх юм. “Анд” зочид буудалд яваад очлоо. Зочид буудлын эзэн “30-60 юанийн буудал байна. Та хэдэн юанийн буудалд буумаар байна. Паспортоор үйлчлэхгүй шүү. Янхан жолооч нараар буудал дүүрчихлээ” гэсээр угтав. Тэгснээ сейфээ онгойлгож гадаад паспорт тэвхийтэл өрсөн байгаагаа үзүүлэв. Жолооч нартай уулзах гэж яваагаа хэллээ. Тэгсэн “Хэнтэй нь уулзах гээд байгаа юм. Өрөөнд ороод архи уугаад ядаргаа болно” гэж үглэв. Ингээд “Анд” зочид буудлын монгол жолооч нар байрлаж байгаа хэд хэдэн өрөөгөөр орлоо. Бидний эхний орсон өрөөнд Хөвсгөл аймгаас ирсэн Г.Ганзориг, Л.Түвшинтөр нар байв. Мэнд мэдэлцээд хятадуудын машиныг барьж өгч амьдралаа залгуулж байгаа жолооч нарын талаар ярилцлаа.

Монгол жолооч нар хятадуудад дээрэлхүүлээд хэцүү байдаг гэсэн. Нутагтаа очоод ажил хийж болохгүй байна уу?

-Хэдэн төгрөг олж гэр бүлээ тэжээхийн төлөө хятадуудад дээрэлхүүлээд явж байна. Хятадуудад дээрэлхүүлж энд ингэж тарчилж байхаар гэртээ очоод амьдар гэж хэлэх байх. Үнэндээ хотод очоод ажил олдохгүй байна шүү дээ. Барилга дээр ажиллаж үзсэн. Сар гаруйн хугацаанд ажиллуулаад цалин өгөхгүй. Цалингаа авах гэхээр “Эдийн засаг хямарсан гээд захиалагч компани мөнгөө өгөхгүй байна” гээд л янз бүрээр зовлон тоочдог. Өөр газар ажилд орохоор бас л адилхан. Энд нүүрс тээвэрлэлтэд явж байгаа жолооч нарын ихэнх нь дунд боловсролтой, их, дээд сургууль төгсч мэргэжил боловсрол эзэмшиж чадаагүй хүмүүс. Тийм болохоор хар бор ажил хийж байна. Аргаа бараад л энд ирж хятадуудыг царай алдаж байна. Өөрөөр мөнгө олох боломж үнэндээ алга. Энд гэр бүлээ тэжээх гэж ирсэн жолооч нар нэг зочид буудлаас нөгөө рүү дамжин амьдардаг.

Зочид буудлын үнэ хямдхан байдаг гэсэн. Мөнгө байхгүй бол хаана хонодог вэ?

-Энэ зочид буудал хямд үнэтэй байдаг нь үнэн. 400 гаруй мянган төгрөг өгөөд л жил байж болох зочид буудал олон байгаа. Хоногт 30 юань төлөөд хонодог энэ зочид буудал арай тав тухтай байдаг юм. Таван юань төлөөд хонож болдог шавар тагзан байшин бий. Цаанаасаа гал түлээд өгчихдөг болохоор их дулаахан. Гэхдээ нөхцөл байдлын хувьд хэцүү. Бүр ямар ч мөнгө байхгүй болсон үед нүүрсний машины эздээс машиныг чинь харж өгөөд хоноё гэж гуйдаг. Хөнжил гудсаа барьж очоод аль дуртай машиндаа хонож болдог юм. Өнөөдөр зочид буудлын мөнгө байхгүй олон жолооч тэнд хонож байгаа. Машин хараад хоноход аюултай, амь насаа ч алдаж магадгүй байдаг юм. Шөнө хятад жолооч нар ирээд машинд хонож байгаа монгол жолооч нарыг зоддог. Машиных нь цонхыг хагалж, хаалгыг нь онгойлгож ороод л ямар ч өчиггүй зоддог. Харанхуй шөнөөр хэн ирээд зодож байгааг мэдэх боломж байхгүй. Мод, төмөр, чулуугаар хүн гэж хайрлахгүй зодно. Гэхдээ шөнө болгон хятад жолооч нар ирж зодоод байхгүй. Нүүрс тээвэрлэлтэд явдаг цөөхөн хятадууд бий. Тэднийг Монголд явж байхад нь зам тавьж өгөлгүй шахах, урдуур нь дайрч орж нүүрсээ ачуулснаас болдог юм. Зам шахуулсан, урдуур нь дайрч ороод нүүрс ачсан жолоочид уурласан уураа машинд хонож байгаа мөнгө байхгүй монгол жолооч нарт гаргадаг юм.

Хоёр жилийн өмнө хятадуудад хоёр жолооч зодуулж амь насаа алдсан гэсэн үү?

-Хоёр жилийн өмнө гурван жолооч амь насаа алдсан. Нэгийг нь машинд унтаж байхад нь зодоод амь насыг нь хөнөөсөн байна лээ. Харин нөгөө залууг ажлын хөлс нэхлээ гээд зодож амь насыг нь хөнөөчихөөд нүүрс буулгадаг жалганд хаячихсан байсан. Харин монголчуудын нүдэн дээр Булганы Мөнхөө гэдэг залууг зодож хөнөөсөн. Түүний амь насыг хөнөөсөн хятадууд шоронд суулгүй гараад ирсэн байна лээ. Хятадын хууль их сонин. Олон хүн нэг хүнийг элбэж зодоод амь насыг нь хөнөөчих юм бол олон хүний дургүйг хүргэсэн байна гээд ял нь хөнгөрчихдөг юм билээ. Мөнхөөг зодож хөнөөсөн хятадууд тэгээд л шоронд оролгүй гарсан гэсэн. Хятадуудад зодуулах бол энд энгийн байдаг л зүйл шиг болчихсон. Цайны газрын эзэн хүүхнээс эхлээд машины эзэд, бидэнд ажил олж өгдөг өмнөд монгол гээд дээрэлхэж зодох хүмүүс мундахгүй.

Хятадуудыг гуйж, зодуулан байж нүүрс тээвэрлэлтэд яваад хэдэн төгрөг авдаг юм бэ?

-Шороон замаар явдаг байхад сая орчим төгрөг нэг удаагийн явалтаар авчихдаг байсан. Өнгөрсөн хавар УИХ-ын гишүүн асан У.Хүрэлсүх Шадар сайд байхдаа энд ирсэн. Тэгээд “Энержи Ресурс”-ийн тавьсан хар замаар бүх тээврийн машиныг явуулах шийдвэр гаргасан. Үүнээс болоод засмал замаар явсан тээврийн хэрэгслийн татвар нэмэгдээд бидэнд өгдөг мөнгө бага болчихсон. Нэг удаа уурхайгаас нүүрс зөөгөөд ирэх юм бол 337 мянган төгрөг авдаг гэв.

Зочид буудлаасаа хөөгдсөн жолооч нар машины бүхээгт хонов

Биднийг ийн ярилцаж байтал зочид буудлын эзэн Далайхүүгийн дуу тэр хавиар хадаад явчихлаа. Бэлэн мөнгөтэй жолооч нар ирсэн гэнэ. Тиймээс гадаад паспортоо барьцаанд тавьж зочид буудалд хоноглож байгаа жолооч нарыг өрөөнөөс нь хөөж гаргаж байв. “Чи надад зоос өгөөгүй. Эндээс зайл” гээд л хамаг хувцсыг нь зочид буудлын хаалгаар гарган шидэж, ямар ч тайлбар хэлэх боломж олгохгүй юм. Найман жолоочийг бидний нүдэн дээр хөөж гаргав. Өрөөнөөсөө хөөгдсөн залуус коридорт гаргаж хаясан хувцсаа өмсөөд гарцгаалаа. Дааганы хашаанд очиж, эзэнгүй машины бүхээгт хонох гэнэ. Тэдэнтэй хамт дааганы хашаа орохоор явцгаасан юм. Хөөгдсөн жолооч нар дааганы хашаа орох замдаа “Муу, сайн хятадууд мөнгөтэй болохоор өмнө сөхөрчих шахдаг юм. Маргааш ажил олдож, нүүрс тээвэрт явах юм бол “Анд” буудалд мөнгөтэй болж очоод тарааж хаяна” хэмээн ярьсаар явав. Ингээд Дааганы хашаанд очиж дотор нь хүн хоноогүй машины хаалгыг эвдэж ороод унтахаар болов. Нэг машины хаалгыг эвдээд ортол машины суудлын араар нуугдаж байсан жолооч “Өө монгол хүн байсан юм уу. Хятадууд байна гэж үхтлээ айлаа. Гараад зугтаах гэж байлаа” гэсээр угтав. Дааганы хашаанд машины бүхээгт хонож байгаа жолооч нар “Шөнө хятадууд битгий ирээсэй” гэж үнэн сэтгэлээсээ хүсэх ажээ. Өвлийн эхэн сар гарчихаад байхад жолооч нар нимгэн хувцастай, нөмөрч унтах зүйлгүй шахам машины бүхээгт хоног төөрүүлцгээж байв.

Үргэлжлэл бий

Categories
мэдээ цаг-үе

“Янхан” хочтой жолооч нарын бараан амьдрал

Гялалзсан хар өнгөтэй суудлын тэрэг адууны хашаа­ны хажуугаар давхин дааганы хашаанд орж ирээд зогслоо. Машинаас 40 эргэм насны болов уу гэмээр өмнөд монгол эрэгтэй бууж ирээд дөрвөлжин цементэн хавтан дээр гарч зогсоод “Янхнууд аа” гэж чангаар хашгирав. Тэгсэн өглөөний жаварт бээрсэн болжмор шиг хэд хэдээрээ бөөцийгөөд зогсож байсан монгол залуус юу болов гэмээр пирхийтэл гүйлдээд нөгөө эрийг хэдэн талаас нь бүчээд авлаа. Тэгснээ “Хэдэн жолооч авах юм бэ. Та намайг авна гэсэн биз дээ. Хэдэн өдөр машин олдсонгүй. Би явмаар байна шүү дээ. Хөгжилт ах аа, намайг сонгоод авчих” гээд л шуугилдаж гарлаа. “Өнөөдөр ердөө 40 жолооч авна. Хойно уурхай дээр ачаалал ихтэй байгаа гэнэ. Надад 40 янхан л хэрэгтэй шүү. Бусад нь хэрэггүй” гэж дээрэнгүй дуугаар хэлээд, хүмүүсээ сонгож эхлэв. 30 гаруй насны Батсүх гэх залуу ажил олгогч өмнөд монгол нөхрийг царай алдаад л гуйгаад байх. Нөгөөх нь “Чи муу дараа нь цалингаа нэхээд үхчих гээд байдаг биз дээ. Эндээс зайл. Чамайг авахгүй. Дараа нь зодуулж, нүдүүлээд гай болно” гэж загнах. Батсүх тэрийг нь тоож байгаа шинж алга. Тасралтгүй гуйж байна. Бүр нөгөө машинд сууж байгаа хятад эрийн өмнө хүр­тэл очоод сөгдөх нь хол­гүй гуйж гарлаа. Гэвч түүнд ажил олдоогүй юм. Батсүхтэй адилхан 400 гаруй жолоочид мөн машин олдсонгүй. Хэн нэгэн ирж машинаа өгч магад­гүй хэмээн горьдож, баргар царайлан үлдлээ.

Монгол залуус “Янхан жолооч” гэх нэртэй болсон түүх

Хятад, өмнөд монгол эздийн нүдэнд өртөж, машины түлхүүр гардан авсан залуус бөөн баяр хөөр болчихсон зогсож байлаа. Энд тэндгүй хүнд даацын машины асч байгаа дуу чимээ хадаж, тэр хавиар нэг хар утаа суунаг­лав. Ингээд эхнээсээ дааганы хашаанаас адууны хашаа руу хөдөллөө. Машины нүргэл­сэн дуу хадаж, юу болов гэмээр хөл хөдөлгөөнд орох ажээ. Ганц модны боомт дээр нүүрс тээврийн хүнд даацын машины хоёр том зогсоол байна. Мянга орчим машин багтахаар хэмжээтэй, улаан шар өнгийн төмрөөр хашаалсан талбайг дааганы хашаа гэж нэрийджээ. Харин гурван мянга орчим машин эгнүүлээд зогсооход өлхөн багтдаг нүүрсний хөө тортог бужигнасан цэлийсэн том хашааг адууны хашаа гэнэ. Яагаад ингэж нэрлэх болсныг дорвитой тайлбарлаад өгөх хүн алга. Эрчүүд цуглардаг газар болохоор тэгж нэрийдсэн бололтой юм. Хятадууд адуу болон дааганы хашааг машин зогсоох талбай болгон засч тохижуулсан нь энэ аж.

Гурав, дөрвөн жилийн өмнө өдөрт гурван мянган машин нүүрс гардаг байсан хилийн боомтын хөл хөдөлгөөн өдгөө эрс татарчээ. Одоо өдөрт мянга орчим машин нүүрс Монгол Улсын хил даван БНХАУ-ын Ганц модны боом­тоор нэвтэрч байна. Нүүрсний тээвэрлэлт багасаж байгаа­тай холбоотойгоор жолооч нарын тоо цөөрчээ. Гэхдээ Ганц модны боомт дээр огт гэрээ хэлэлцээр хийлгүйгээр хятадуудын нүүрсийг нь тээвэр­лэдэг, хүнд даацын машиныг нь хөлсөөр барьж өгдөг 500 гаруй монгол залуу байна. Монгол жолооч нарыг хятадууд “янхан жолооч” гэж нэрлэх болжээ. Яагаад ингэж нэрлэх болсон шалтгаан нь дараахь учиртай юм байна. Манай улс анх байгалийн баялаг болох нүүрсээ олбор­лож хятадуудад зарж эхлэх үед нэг ч монгол жолооч нүүрс тээвэрлэлтэд явж байгаагүй гэнэ. Урд хөршийн улсын дугаар­тай хүнд даацын машин унасан хэдэн зуун хятад жолооч өмнийн говийг хөндлөн туулж уурхайгаас нүүрс ачдаг байж. Удалгүй Хятад руу нүүрс зөөх тээвэрлэлтийн ажилд монгол компаниуд орж иржээ. Монгол Улсын бүртгэл бүхий тээврийн хэрэгслийн дугаартай, төрийн далбаа бүхий наалтыг салхины шилэн дээрээ наасан арав гаруй машин нүүрс тээвэрлэж эхэлсэн гэнэ. Хил гаалийн байцаагч нар Монголын төрийн далбаатай машин хараад уйлж байсан тухай жолооч нар ярьж байв. Удалгүй салбарын сайд нь “Монгол Улсын нутаг дэвсгэрт нүүрс тээвэрлээд явж байгаа тээврийн хэрэгсэл Монголд бүртгэлтэй байх ёстой. БНХАУ-ын дугаартай машинаар нүүрс тээвэрлэж болохгүй” гэсэн тушаал гаргажээ. Дээрх тушаал ч амжилттай хэрэгжсэн байна. Хятадын нүүрс тээврийн компаниуд шахагдаж эхэлсэн байна.Тэгэхээр нь хятадууд нүүрсний машинаа бүгдийг нь манай улсын компанийн нэр дээр шилжүүлчихжээ. Монголын тээврийн чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаа компаниуд дээр хятадууд очиж уулзаад “Бид танай компанийн нэр дээр 300-500 машин шилжүүлнэ. Та бүхэнд нэрийг чинь ашиглаж байгаа хөлсөнд монгол мөнгөөр 50-80 орчим сая төгрөгийн үнэтэй арван машин өгнө. Тэр машинаар нүүрс зөөгөөд та бүхэн ашгаа хүртэж болно. Бид танай компанийн нэр дээр байгаа машинаа яаж ашиглах вэ гэдгээ өөрсдөө мэднэ. Нүүрсээ тээвэрлэх зөвшөөрлийг хэдэн төгрөгөөр хахуульдаад ч хамаагүй авчихаж болно. Нүүрсээ зарж байгаа уурхай, худалдаж авч байгаа хятад компани хоёрыг зөвшөөрүүлж чадна” гэж тохироо хийжээ. Монголын тээвэрлэлтийн компаниуд ч зөвшөөрчээ. Ингээд хятадууд нүүрс тээвэрлэх гарцаа дахиад олжээ. Гэхдээ энэ удаад аваар осол болоод бусад хууль зөрчсөн асуудал гарлаа гэхэд өөрсдөө хариуцлагаас мултарсан аргыг олсон нь энэ аж. Монголд үйл ажиллагаа явуулдаг компанийн нэр дээр бүртгэлтэй хятадуудын машин нүүрс тээвэрлэлтэд явж эхэлсэн байна. Ингэхдээ дандаа хятад жолооч нар машиныг нь унадаг байжээ. Тэгтэл хууль бусаар барил­га дээр ажиллаж бай­сан хятадуудаас болж хөдөл­мөрийн виз манай улсаас цөөн тоогоор олгох болжээ. Үүнээс үүдэн хятад жолооч нар шахагдаж, монгол жолооч нарт ажлын байрны сул орон зай гараад ирсэн аж. Нүүрс тээвэрлэдэг хятадууд монгол жолооч нараар маши­наа унуулж эхэлсэн бай­на. Ингэхдээ жолооч нар­тай цаасан дээр огт гэрээ хэлэлцээр хийхгүй. Зөвхөн аман гэрээ хийж, “Уурхайгаас нүүрс ачаад хил давуулаад ирэх юм бол 800 юань буюу монгол төгрөгөөр 230 мянган төгрөг өгье. Эхлээд 80 мянган төгрөгийг бэлнээр ав. Нүүрсээ буулгасны дараа үлдсэн мөн­гийг нь өгнө” гээд машинаа унуулаад явуулчихдаг байна. Нэг өдөр машинаа унуулсан бол маргааш нь өөр хүнд өгдөг байна. Ингэж л хятад хүмүүсийн мэдлийн машиныг ээлж ээлжээр унаж, нүүрс тээвэрлэлтэд явсаар байгаад монгол эрчүүд янхан жолооч гэсэн нэртэй болсон аж. Жолооч нар ч энэ нэрэндээ ижил дасал болжээ. Бараг л аав, ээжийнхээ өгсөн нэрийг мартсан гэлтэй. Хэн нэгэн “Хөөе янхан жолооч оо” гэж дуудахад эргэж хараад “яасан бэ хө” гэж хариулах юм.

Гадаад паспортоо хоолны газар, зочид буудалд барьцаанд тавьж байна

Адууны хашаанд багцаа­гаар 300 гаруй машин эгнэн зогсчээ. Хятадууд өөрсдөө монгол жолооч нар­тай харилцаад байдаггүй юм байна. Заавал өмнөд монгол­чуудаар дамжуулж харьцаж, машинаа өгдөг байна. Өмнөд монголчууд хятад эзэд болон монгол жолооч нарыг хооронд нь жуулчилж өгөөд дундаас нь ашиг хүртдэг байна. Хятад нөхрөөс нэг машин тутамд 200 юань, монгол жолоочоос ажил олж өгсөн гээд 20 юань авдаг гэнэ. 100 машины жолооч болж өглөө гэхэд нэг машин тутмаас 400 юанийн ашигтай байдаг аж.

Хятад, монголын хилээр өнөөдөр 300 гаруй машин гарч уурхай руу явахаар болов. Урьдчилгаа мөнгө авсан жолооч нар зочид буу­дал руугаа гүйлдэх аж. Халаа­сандаа ямар ч мөнгө байхгүй учир гадаад паспортоо барьцаанд тавиад 20 юанийн зочид буудалд хоног төөрүүлсэн ажээ. Мөн хоол, унд зээлж идсэн мөнгөө хүртэл өгч байлаа. Урьдчилгаанд авсан юанийг зээлэндээ өгөөд дуусах аж. Ингээд бага үдийн алдад машинууд хилээр гарч эхлэв. Хэдхэн цагийн дотор 300 машиныг хоёр улсын хилээр гаргаж байна лээ. Харин ажилгүй хоцорсон жолооч нар Ганц модны боомтын төв гудамжаар холхилдоно. Ихэнх нь халаасандаа мөнгөгүй болохоор хаана хоол, унд идэж, хонох нь тодорхойгүй. Хий дэмий гудамжаар хэд гурваараа алхаж байлаа. “Хаанахын хоолны газрын эзнийг панаалдаж байгаад хоол олоод иддэг юм билээ” гэж тал бүртээ арга сүвэгчилж, шаналж яваа нь тодорхой. Сү жингийн, Далайсүхийн, Вангийн хоолны газар гээд барилга болгонд цайны газар байх юм. Бүр ресторан ч байна. Бантан 10 юань, гурилтай шөл 16 юань гээд монгол хоолны цэс харагдах. Жолоочид цайны газрын эздийг нь гуйж байгаад нэгнийхээ гадаад паспортыг барьцаанд тавиад хоол идэх аж. Цайны газрын эздээс “Өлсөж үхлээ, хоол зээлээр өгчих” гэж гуйгаад хөөгдөх нэг нь ч таарч байв. Цайны газрын эзэд “Чамд хоол өгөхгүй. Мөнгө байхгүй бол эндээс зайл п… минь” гэж загнаад хөөгөөд гаргах. Хоол олж идэхийн төлөө хүн царай алдаж гуйна гэдэг хэцүү ч гэсэн тэд цөхрөлтгүй цайны газар болгоны хаалга татаж явсаар арай гэж хоолтой золгох юм. Тэр өдөр хоол идэж чадаагүй олон залуу байв. Маргааш аз нь таарч нүүрсний тээвэрт явбал мөнгөтэй болно. Мөнгөтэй болохгүй бол Монгол руу нэвтэрч чадахгүй гэсэн үг.

Их үд өнгөрч байхад дааганы хашаанд дахиад очлоо. Хашааны хаалгаар дөнгөж ортол нүүр нь тэр чигтээ цус болж хувцсаа уруулчихсан залуу өөдөөс хүрч ирэв. Ажлынхаа хөлсийг авахаар очтол хятадууд нийлж байгаад газар унагаад зодчихсон гэнэ. Нэгийг нь газарт унагаад дээрээс нь хятадууд дэвсэлж байхад тэнд байсан монголчууд хараад зогсож байсан гэнэ. Хүний нутагт байгаа болохоор нэгийгээ өмөөрч чадахгүй хараад л зогсож байдаг аж. Түүнийг “Чамд зоос өгөхгүй. Би чамд зоос өгөхгүй гэвэл чи яах юм бэ” гээд зодсон гэнэ. Нүүрс тээвэрлэж ирээд ажлынхаа хөлсийг авч чадаагүй олон жолооч байлаа. Гэрэлт гэх өмнөд монгол нөхрөөс ихэнх нь 500-3000 мянган юань авах ёстой аж. Гэвч Гэрэлт нь ажлын хөлсийг нь огт өгөхгүй алга болчихдог байна. Ганц модны боомт дээрээс хайгаад олдохгүй байгаа гэнэ. Хятадын гүн рүү зугтаачихсан гэсэн сураг гарчээ. Мөн Асралт гэсэн нэртэй өмнөд монгол нөхөр ч гэсэн жолооч нарын ажлын хөлсийг өгөлгүй зугтаачихсан байна. Тэд урьдчилгаа мөн­гийг нь өгөөд жолооч нарыг явуулаад байсан гэнэ. Ажлын­хаа хөлсийг нэхэхээр “Маргааш өгнө, өдөр өгнө. Хятад эзний утас холбогдохгүй байна” гэх зэргээр хуурч бай­гаад алга болчихжээ. Бүр 1500 юань авах ёстой жолоочийг хятадуудтай нийлж хэвтэрт ортол нь зодсон бай­на. Хятадууд монгол залуусыг байнга зоддог гэнэ. Ажлынхаа хөлсийг нэхээд очихоор нь энэ мэтээр зодоод явуулчихдаг байна. Цагдаад хэлэхээр сүйд­тэй арга хэмжээ авч өгдөггүй болохоор тэдний хохь болоод үлддэг аж.

Үргэлжлэл бий

Categories
мэдээ цаг-үе

Галбын говийн хүрэн тэмээд халдварт ботулизм өвчин туссан уу, цианитад хордсон уу гэдэг нь тодорхойгүй байна

>>Түрүүч нь “Өдрийн сонин”-ы №272(5224), 273(5225)
дугаарт>>

Өмнөговь аймгийн Ханбогд сумын
Номгон багт арав гаруй тэмээ, таван үхэр ямар өвчний улмаас үхээд байгаа.
Өнөөдрийг хүртэл холбогдох газрууд тэмээ, үхэр ямар өвчин туссаныг эцэслэн
тогтоож чадаагүй байна. Өнгөрсөн сарын 14-нд Л.Отгондүү А.Буд, Б.Өлзийбүрэн гэх
гурван айлын гэрийн гадаа байсан ингэнүүд үхэж эхэлсэн байдаг. Аравдугаар сарын
16-нд Өмнөговь аймгийн Онцгой байдлын хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Мал
эмнэлгийн газрын хамтарсан ажлын хэсгийнхэн үхсэн тэмээнүүдээс шинжилгээ дээж
авч, Мал эмнэлэг үржлийн газар, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв
лабораторид явуулсан байдаг. Гэтэл Улсын мал эмнэлэг, ариун цэврийн төв
лабораторийн мэргэжилтнүүд “Дээжээс халдварт өвчний ямар нэгэн шинж тэмдэг
илрээгүй” гэх утга бүхий урьдчилсан дүгнэлт гаргасан байна. Өөрөөр хэлбэл,
тэмээ юунаас болж үхээд байгааг өнөөдрийг хүртэл хэн ч тогтоож чадаагүй байна.
Энэ хооронд Номгон багийн айл өрхүүдийн тэмээ, үхрүүд толгой дараалан үхсээр
байна.

Хүн малгүй цианитад
хордсон ю
мбиш биз

Өмнөговь аймгийн Онцгой байдлын
хэлтэс, Мэргэжлийн хяналтын газар, Мал эмнэлгийн газрын хамтарсан ажлын хэсэг
ирж үхсэн тэмээнүүдийн сэг зэмээс дээж авч, Мал эмнэлэг үржлийн газар, Улсын
мал эмнэлэг, ариун цэврийн төв лабораторийнхон тэмээний өвчин гараад байгаа
голомт газрын хөрс, ургамал, ус гээд өвчин тарааж болох бүх зүйлсээс шинжилгээ
авсан. Эх сурвалжийн хэлж буйгаар хөрс, ус, ургамал зэргээс авсан дээжнээс
тэмээ, үхэрт өвчин тараах хэмжээний химийн урвалд орсон зүйл илрээгүй гэнэ.
Тиймээс дахин өөр газраас шинжилгээ хийж байгаа аж. Холбогдох газруудын
мэргэжилтнүүд аргаа бараад сууцгааж байгаа гэсэн. Олон удаагийн сорил шинжилгээгээр
Монгол Улсад 60 гаруй жилийн өмнө гарч байсан ботулизм гэх өвчин үү, эсвэл
газрын хөрсөнд тархсан цианитаар хордсон байж магадгүй гэж таамаглаж эхэлсэн
байна. Ингэж үзэх тодорхой хэдэн шалтгаан байгаа гэнэ. Ханбогд сумын Номгон баг
Л.Отгондүү, А.Буд, Б.Өлзийбүрэн нарын намаржиж буй газраас холгүйхэн хэдэн
жилийн өмнө алтны судал олдож байсан гэнэ. Нинжа нар алт гарч байгаа сургаар
цугларч алт олборлох болжээ. Нинжа нар алт ухахдаа цианит ашиглаж байсан гэнэ.
Хууль бусаар цианит ашиглаж алт олборлож байгааг хууль хяналтынхан огт
анхаардаггүй байсан гэнэ. Үүнээс үүдэн Номгон уулын урд өврөөр цианит хэрэглэж
байгаад үлдээсэн хэд хэдэн шалаам буюу бохирдсон шороо байдаг юм байна. Өнөө
жил Ханбогд суманд сүүлийн арав гаруй жил орж байгаагүй хур бороо элбэгтэй жил
байсан гэнэ. Борооны улмаас газарт булаад орхисон байсан цианиттай бохирдсон
шороо ил гарч, ойр хавийн тэмээ, үхэр хордсон байж магадгүй гэж таамаглаж
байгаа гэнэ. Мөн 2008 оны үед тогтоол устай байх үед нь цианитаар
хордуулчихсан. Хур бороо ороогүйн улмаас ширгээд хатчихсан байсан. Гэтэл энэ
жил бороо их орж, тогтоол ус гарч ирсэн. Цианитаар хордсон усыг тэмээ, үхэр
ууснаас болж үхэж үрэгдээд байж магадгүй хэмээн таамаглаж байгааг эх сурвалж
онцолж байлаа. Гэхдээ эцсийн дүгнэлтийг мэргэжлийн байгууллагууд гаргаж, ард
иргэдэд тодорхой мэдээлэл хүргэх ёстой.

Хэрэв Л.Отгондүү, А.Буд,
Б.Өлзийбүрэн нарын тэмээ, үхэр цианитаар хордсон нь тогтоогдох юм бол нутгийн
иргэд ч гэсэн хордсон гэсэн үг. Хэрэв цианитад тэмээ, үхэр хордож байгаа нь
тогтоогдох юм бол хорны нөлөө маш өндөр байгаа аж. Цианит нь маш хүчтэй химийн
хорт бодис юм. Өөрөө агаарт дэгдэмхий биш бөгөөд устай холилдсон үедээ цианы
хүчлийг үүсгэж, ус, хоол хүнсээр, амьсгалын замаар мөн арьсаар дамжин хүн, мал,
амьтныг хордуулдаг. Эх орны дайны үед фашистууд хоригдлуудыг үй олноор нь
устгахдаа цианы хийг ашиглаж байсан гэдэг. Агаарт байх хэмжээ багажны заалтаар
1ppm-ээс их буюу куб метр агаарыг сая хуваасны нэгтэй тэнцэх хэмжээнээс ихсэх
үеэс хордлогын шинж тэмдгүүд илэрдэг гэж судлаач нар хэлж байна лээ. Хүчтэй
хордлогын үед хүн болон амьтанд илрэх шинж тэмдэг нь амьсгаа бачуурах, хоолой
боох, татаж унах, толгой эргэх, муужрах, улмаар зүрх зогсох зэрэг үхэлд
хүргэдэг байна. Цианит нь өнгөгүй бараг үнэргүй учир таньж ялгахад төвөгтэй.
Мөн хүний биед орсон циан эд эрхтнүүдийг нь гэмтээгээд амархан задарч,
гадагшилдаг учир яг л ид хордлогын үед гэхээс биш дараа нь цус шээсэнд илрүүлэх
боломж тун бага байдаг аж. Гүний усанд ялангуяа худгийн усанд орсон бол цианыг
арилгаж цэвэрлэх боломж тун бага. Хөрсний гадарга, голын усан дахь циан бол
аажимдаа задарч багасч арилж болно. Харин хөрсөнд нэвчиж шингэсэн цианы хагас
задралын үе нь 1-3 жил байдаг аж.

“Манай намаржааны энэ
хавиар нинжа нар цианитаар алт олборлож байсан гэсэн”

Номгон багт алт гарч, нинжа нар
цианит ашиглаж алт олборлож байсан талаар малчин Л.Отгондүүгээс цөөн асуултад
хариулт авсан юм.

-Тэмээ, үхрийг цианитад хордсон
байж магадгүй гэж таамаглаж байгаа юм билээ?

-Манай намаржааны ойролцоо
хэдэн жилийн өмнө алт гарч нинжа нар ирж байсан. Тэд цианит ашиглаж алт
олборлож байгаа талаар хүмүүс ярьдаг байсан. Цианит ашиглаж алт олборлож
байгааг нүдээр үзээгүй болохоор хэлж мэдэхгүй байна. Гэхдээ хэд хэдэн алт
олборлож байсан ул мөр бүхий газар одоо хүртэл байдаг. Найман жил орчим болж
байхад өмнө нь юу ч мэдэгдэхгүй байсан. Хор хөнөөл нь сүүлд илэрдэг гэж хүмүүс
ярьж байна лээ.

-Алт олборлож байсан ул мөр
бүхий газрын талаар холбогдох газруудад мэдэгдсэн үү?

-Энэ талаар хэлсэн. Хөрснөөс нь
дээж аваад л явцгаасан. Шижилгээний хариу нь гараагүй байна гэсэн гэв.

Цианитад хордсон бол Дархан-Уул
аймгийн Хонгор суманд гарсан шиг эмгэнэлт явдал Ханбогд сумынханд давтагдахгүй
гэх баталгаа алга. Мал эмнэлэг үржлийн газар, Улсын мал эмнэлэг, ариун цэврийн
төв лабораторийнхон шинжилгээний хариуг ирэх долоо хоногт багтааж гаргах юм
гэнэ. Үүнээс шалтгаалан дараагийнхаа арга хэмжээг авна хэмээн хүлээж байгаа аж.

“УИХ-ын
гишүүнд тэмээ, үхэрт өвчин гараад байгааг хэлж болохгүй шүү”

Л.Отгондүүгийн 13 тэмээ
үхсэнээс гадна таван үхэр үхсэн гэдгийг холбогдох газрууд мэдээд Ажлын хэсэг
гаргаад байгаа. Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ
Дэмчигийн хийдийн тахилга хийхээр нийслэлээс очоод байхад нь Ажлын хэсэг
томилогдож таарсан юм. Түүнийг дагалдаж Өмнөговь аймгийн Засаг даргын Тамгын
газрынхан болоод Ханбогд сумын удирдлагууд ирцгээжээ. Ханбогд сумынхан “УИХ-ын
гишүүн ирчихээд байхад тэмээний өвчин гарсан нь хэнд хамаатай юм. Галбын говийн
хүрэн тэмээгээ уралдуулж, найр наадам хийгээд явуулах юм шүү. Айлын тэмээ, үхэр
үхээд байгааг УИХ-ын гишүүнд хэлж болохгүй шүү” гэж сумын иргэдэд сануулж
байсан гэнэ. Үүнийг Ханбогд сумын иргэд их дургүйцэн хүлээн авч байснаа дурсаж
байв. Түүнчлэн “Тэмээний халдварт өвчин гарчихаад байхад олон тэмээ цуглуулах
юм. Сумын дарга нарыг тэмээний уралдаан хийж, найр наадам хэсээд явж байх
хооронд бүх тэмээ нь өвчин тусаад үхчих вий дээ” гэж шүүмжлэх хүн олон байлаа.
Тэмээний өвчин гарсантай холбоотойгоор Өмнөговь аймаг даяараа тэмээний мах
борлогдохгүй болсон байв.

Ханбогд суманд гарсан тэмээний
өвчин үхэрт халдаж, холбогдох газрууд ямар өвчин болохыг бараг сарын хугацаанд
тогтоож чадахгүй сандралдаж байна. Бүгд л хотоос ирэх шинжилгээний хариуг
хүлээж байна. Харин лабораторийнхон нь тэмээ, үхэр ямар өвчин тусч үхээд
байгааг тогтоож чадахгүй, олны амыг “Шинжилгээний хариу гараагүй байна” гэх
үгээр тагласаар сууна.

Малд халдварласан өвчнийг
оношилж, тогтоож чадахгүй юм бол аймгийн битгий хэл улсын мал эмнэлгийн газар,
хэдэн зуун малын эмч, шинжилгээ, судалгааны ажилтан, лабораторитой байгаад ч
яах билээ. Шинжилгээний хариу хүлээх зуур Галбын говийн хүрэн тэмээд үл
мэдэгдэх өвчнөөр үхээд дуусах вий.

Categories
мэдээ цаг-үе

Галбын говийн хүрэн тэмээд халдварт” ботулизм өвчин туссан уу

Түрүүч ньӨдрийн сонин”-ы 272 (5224) дугаарт


-20 гаруй тэмээ үл мэдэгдэх өвчнөөр өвчлөөд сар болох гэж байхад мэргэжлийн байгууллагуудын шинжилгээний хариу гараагүй л байна-

Өмнөговь аймгийн”Ханбогд сумын Номгон багийн малчдын тэмээнд туссан үл мэдэгдэх өвчин үхэрт халдаж эхэлсэн. Номгон багийн малчин Л.Отгондүү, А.Буд, Б.Өлзийбүрэн нарын 20 гаруй ингэ салганаж, амнаас нь сэвс, хөөс сахардаг үл мэдэгдэх өвчнөөр өвчилж, өчигдрийн байдлаар 13 тэмээ үхэж, арав гаруй нь өнөө маргаашгүй болоод байна.

Өмнөговь аймгийн Мал эмнэлгийн газар, Мэргэжлийн хяналтынхан болон Ханбогд сумын Засаг даргын Тамгын газар, малын эмч нар тэмээний өвчин гараад байгаа хот айлд өвчин гарсны дараахан очсон байдаг. Тэгсэн мөртлөө өвчин гарсан газарт ямар нэгэн хорио цээрийн дэглэм тогтоож хамгаалалтад авалгүй явж одсон нь өнөөдөр ч хэвээр байна. Хууль журмандаа үл мэдэгдэх шалтгаанаар мал олноор үхэж үрэгдсэн тохиолдолд хамгийн эхний ээлжинд хорио цээрийн дэглэм тогтоодог байна. Өвчний голомт бүхий газраас хүн болон мал гаргахгүй, гаднаас хүн оруулахгүй байлгаж хорих ёстой гэнэ. Гэтэл тийм арга хэмжээ огт авалгүй өдийг хүрчээ. Үүнээс гадна өнөөдрийг хүртэл халдварт өвчин мөн үү, эсвэл өөр зүйлээс болж тэмээ үхээд байна уу гэдгийг мэргэжлийн байгууллагынхан эцэслэн тогтоогоогүй байна.

Бид тэмээнд туссан үл мэдэгдэх өвчин үхэрт халдаад байхад нь очиж таарсан юм. Малчин Л.Отгондүүгийн тэмээн сүрэг ус ууж, өвс идэж чадахгүй, урд хоёр хөл нь явж чадахгүй татаж, бүх бие нь нэлэнхүйдээ салганан хамар амнаас нь сэвс, шүлс их хэмжээгээр гоожно. Энэ шинж тэмдэг хэд хэдэн үхэрт нь илэрчээ. Тэмээг хамгийн тэсвэр тэвчээртэй амьтан гэдэг. Дэлхийд тэмээ шиг 60 хоног хоол тэжээлгүй, 40 хоног ус уулгүй амьд байж чаддаг амьтан тун ховор гэж ярьдаг. Энэ ч утгаараа өвчилсөн ингэнүүд хэд хоног зовж, тарчилсны эцэст үхэж байхад халдвар авсан үхэр маш богино хугацаанд үхэж байлаа. “Халдварт өвчин биш бололтой. Өөр малд халдварлахгүй байх шиг байна” гэж итгэж найдаж байсан малчид хэцүү байдалд орж, яах учраа олохгүй сандралдаж байна лээ. Цасан шуурга, хүйтэн бороог үл ажран жилийн дөрвөн улиралд нэг ч хоног хараа салгалгүй малаа өсгөж үржүүлэх гэж үйлээ үзэж байгаа малчид халуун намраар хот нь харлаж байгаад үнэндээ аргаа барж байв. Тэд нүдэндээ нулимстай “Монголд төр засаг байгаад ч нэмэр алга. Жирийн малчин биднийг тоох газар алга бололтой. Та нарын мал халдварт өвчин тусаад үхнэ үү, яана бидэнд хамаагүй гэж гэсэн шиг л байна. Үнэндээ хамаагүй л дээ. Гэсэн ч бид эмч, удирдлагуудыг харахаас өөр аргагүй нөхцөл байдалтай байгааг та нар харж байгаа биз дээ. Өөрсдөө яаж ч хичээж, арчилж, залбираад болохгүй байна. Дуудлагаар ирэх шатахууны мөнгө байхгүй мал эмнэлгийн газар байгаад яах юм бэ. “Шатахууны мөнгийг нь эндээс өгнө. Хүрээд ирэх боломж байна уу” гэхээр шинжилгээний хариу гартал хүлээнэ гэж хариулаад өрөөндөө суугаад байна. Бүр аргаа бараад Монголын нэр алдартай бөө, лам болгон дээр очлоо. Арга чарга бүгдийг нь хэрэглэж байна гээд баахан мөнгө биднээс авсан. Тус нэмэр болж байгаа зүйл алга байна” хэмээн ярьж байна лээ.

Үхэр халдварт өвчин тусаад үхэж байгаа гэдгийг сумын малчын эмчид дуулгав. Сумын малын эмч аймаг руу, аймгаас улсын Мал эмнэлэг рүү хэл хүргэх бололтой. Ямар ч байсан иргэн хүнийхээ үүргийг биелүүлж тэмээний өвчин малд халдварлаад байгааг анхан шатны байгууллагад мэдэгдлээ.

Үл мэдэгдэхөвчин тэмээ, үхрийн мэдрэлд нөлөөлсний улмаас үхэж байгаа нь үнэн

Баянсагалбар хоршооны эмч н.Бадамхандаас тэмээ, үхэрт илрээд байгаа өвчний талаар цөөн асуултад хариулт авлаа.

Тэмээ, үхэрт илрээд байгаа үл мэдэгдэх өвчний илэрч байгаа шинж тэмдгийг тодруулахгүй юу?

-Тэмээ халдварт өвчин тусах эрсдэл маш бага байдаг. Ханбогд суманд малын эмч болж томилогдож ирснээс хойш тэмээ халдварт өвчин тусч байсан тохиолдол гарч байгаагүй. Айлын нэг тэмээ халдваргүй өвчин тусаад үхэж байсан. Бид малчин Л.Отгондүүгийн тэмээ үхээд байна гэсэн мэдээлэл аваад сумын төвөөс гарсан. Илэрч байгаа шинж тэмдэг нь тэмээний төв мэдрэлд нөлөөлөөд байна гэж хэлж болно. Хөл нь татаж, бие нь салганах зэрэг нь төв мэдрэлийн системд нөлөөлсөн үед илэрдэг шинж тэмдгүүд.

Та тэмээ, үхэрт илрээд байгаа үл мэдэгдэх өвчинг халдвартай байх гэж таамаглаж байна уу?

-Шинжилгээний хариу гараагүй байхад халдвартай юу, халдваргүй юү гэдгийг хэлж болохгүй. Ямар ч байсан нэг зэлний 20 гаруй ингэ өвчилсөн. Тэгсэн мөртлөө өвчин гарах үед гэрийн гадаа уяатай байсан хоёр ат, эхийгээ хөхөж байгаа ботгонд өвчин илрэхгүй байгаа. Тэгэхээр халдварт өвчин биш ч юм шиг. Үхэрт ингэнүүдэд илэрсэн өвчний шинж тэмдэг илэрч байгаагаас хараад байхад халдварт өвчин байж магадгүй юм. Гэхдээ эцсийн байдлаар шинжилгээний хариунаас бүх зүйл тодорхой болно.

Говьд өнөө жилхур бороо элбэг байсан гэсэн. Өвс их ургасан жил хортой өвс их ургадаг. Энэ хавиар ургадаг юм биш байгаа?

-Энэ жил бороо олон удаа орж өвс их сайхан гарсан нь үнэн. Гэхдээ говьд хэдхэн төрлийн өвс ургамал ургадаг. Нутгийн малчдад өөр төрлийн, өмнө нь огт үзэгдэж байгаагүй өвс ургамал ургасан зүйл ажиглагдаагүй гэсэн. Гэхдээ өвс ургамал, уснаас дээж авсан байна лээ гэв.

Ботулизм өвчний шинж тэмдэг

Тэмээ болон үхэрт илэрч байгаа үл мэдэгдэх өвчний шинж тэмдэг зэргээс харахад Монгол Улсад 60 гаруй жилийн өмнө гарч байсан ботулизм гэх өвчин байж магадгүй гэдгийг малын эмч нар болон малын халдварт өвчин судлаач эрдэмтэд хэлж байна лээ. Л.Отгондүү А.Буд, Б.Өлзийбүрэн нарын хотод гараад байгаа өвчин дээрх өвчний шинж тэмдэгтэй их төстэй байгаа юм. Ботулизм өвчин нь мал, амьтны хүүр, сэг зэм ялзрах ялангуяа задгай ус, гар худаг зэрэгт мал амьтан унаж үхсэн нөхцөлд буюу малын тэжээл ялзрах үед өвчин үүсгэгч үржин маш хүчтэй хор гаргадаг тул хортой ус, тэжээл ууж идсэн мал амьтанд тусдаг байна. Ингэснээр төв мэдрэлийн систем гэмтэж, залгиур хоолой хэл, доод эрүүний булчингууд саажиж, арьсны мэдрэх чадвар алдагдаж гэнэт үхэх буюу ус ууж, өвс тэжээл идэж чадахгүй хэвтсээр үхдэг. Өвчний оношийг ялзарсан, өмхийрсөн ус тэжээлийн байдал, шинж тэмдгийг нь харгалзан тогтоодог боловч үхсэн мал, амьтны ходоодноос 100-200 мл шингэн авч, лабораторид явуулан туршилтын амьтанд өгч хордох эсэхийг нь харгалзан тогтоодог гэнэ. Залгиур, хэл эрүү саажиж их биеийн булчин чангарал огцом чангарч, огцом сулардаг байна. Өвс, ус ургамал, шавьжинд хор нь агуулагдсан байдаг аж. Энэ өвчин нь адуу, үхэр, тэмээ зэрэг олон төрлийн амьтанд халдварлах боломжтой гэнэ. Хүнд хүртэл энэ өвчин халдварладаг гэнэ. Хүн ботулизм өвчний халдвар авсан тохиолдолд мэдрэлд нөлөөлж, бүх биеийн булчин хэт чангарч, суларч, залгиур эрхтэн гэмтэж амьсгалын зам хаагдаж, өндөр хэмтэй халуурч амь насаа алддаг байна.

Галбын ганган хүрэн тэмээн сүрэгт халдварт өвчин гарч тэр нь үхэрт халдаад байхад Ханбогд сумынхан мэдэж байгаа ч юм алга. Тэмээ, үхэрт халдварт өвчин гарсан нь тус аймгаас сонгогдсон УИХ-гишүүн болоод Хүнс, хөдөө аж ахуйн яамны мэргэжилтэн, сумын удирдлагуудад огт хамаагүй бололтой. Ханбогд сумын Засаг дарга Т.Буян-Өлзий тэргүүтэй сумын удирдлагууд Хүнс, хөдөө аж ахуйн яамны мэргэжилтнүүдтэй “Галбын говийн хүрэн тэмээг Геннесийн номонд бүртгүүлнэ” гээд л малчдыг “Тэмээ цуглуул. Том биетэй, өнгө зүс сайтай бүх тэмээгээ олж ир” гээд хэдэн өдөр Л.Отгондүүгийн гэрийг тойрч давхисан гэнэ. Хүнс, хөдөө аж ахуйн яамны мэргэжилтнүүдтэй хамт тэмээний хүндийн жин, өндөр, ноосны урт, тавхай зэргийг хэмжиж үзэх гэнэ. Галбын говийн хүрэн тэмээг үйлдвэрлэлд бүртгүүлэх ажил хийгдэж байгаа нь энэ аж. Үүний дараа Өмнөговь аймгаас сонгогдсон УИХ-ын гишүүн Д.Бат-Эрдэнэ Ханбогд суманд тэмээний баяр хийх юм байх.

Хэрэв ботулизм гэх өвчин мөн бол говь нутгийн бахархал болсон хүрэн тэмээ тэр чигтээ дуусч, бусад мал, Ханбогд сумын малчдад халдварлах аюул ойрхон байна.

Үргэлжлэл бий

Categories
мэдээ цаг-үе

Ханбогд суманд гарсан тэмээний үл мэдэгдэх өвчин үхэрт халдаж байна

Галбын цэнхэр говийг хөндлөн гулд туулаад Номгон гэх дүнхийсэн хөх уулыг чиглэн давхилаа. Удалгүй говийн намхан бор толгод давж малчин Л.Отгондүү, А.Буд нарын гэрийн гадаа хүрч очлоо. Намрын салхи чөлөө завгүй салхилж, өрхний оосор бүч гэрийн дээврийг балбаж, салхины аясаар гэрийн яндан сэнсрэн дуугарах ажээ. Зорьж очсон айлын гэрийн гадаа арав гаруй ингэ зогсож, хэвтэх нэг нь хэвтсэн байдалтай байв. Эх нь үхсэн ботгонууд чөлөө завгүй буйлж, том том нулимс унагаад зэлээ тойрох нь өрөвдөлтэй. Өмнөговь аймгийн Ханбогд сумын Номгон багт тэмээний үл мэдэгдэх өвчин гарч, айлын арав гаруй тэмээ үхсэн гэх мэдээллийг аваад нийслэлээс хөдөлж, сурвалжлага бэлтгэхээр зорьсон газартаа хүрч ирээд байгаа нь энэ.

Гэрийн эзэдтэй мэнд мэдэлцээд гэрт орцгоолоо. Л.Отгондүү гэх 40 гаруй насны эр “Хэдэн тэмээгээ үхүүлээд л сууж байна. Юунаас болоод яагаад үхээд байгааг тогтоох газар Монголд олдохгүй л юм шиг байна. Сум аймгийн эмч нар ирж үзлэг хийсэн. Бүр задлан хийгээд дээж аваад явсан. Шинжилгээний хариу нь бидэнд албан ёсоор ирээгүй байна. Гэхдээ ямар өвчин бэ гэдгийг тогтоож чадахгүй байгаа гэсэн хариуг аймгийн малын эмч нар өгсөн. Яахаа мэдэхгүй болж аргаа бараад сууж байна.

Манайх гэдэг айл хэдэн үеэрээ тэмээ маллаж ирсэн. Говь нутагт тэмээ ингэж олноороо үхэж байгааг үзээгүй. Энэ талаар сонсож байгаагүй” гэж байлаа. Л.Отгондүү А.Буд, Б.Өлзийбүрэнгийнх гэх гурван хот айл 200 гаруй тэмээтэй юм байна. Намар ингээ саадаг гэнэ. Иймд 30 гаруй ботготой тэмээгээ гэрийнхээ гадаа аваад үлджээ. Харин бусдыг нь хээрээр маллаж байгаа аж. Өнгөрсөн сарын 13-нд хүрэн ингэ нь гэнэт л босч чадахгүй болчихсон гэнэ. Өргөөд босгохоор урд хоёр хөл нь тэнийхгүй. Босоод зогслоо гэхэд хамаг бие нь салгалаад, амнаас нь шүлс асгараад байсан гэнэ. Өндөр хэмтэй халуурч байгаа бололтой шинж тэмдэг илэрч байсан аж. Ингээд эхний тэмээ үхжээ. Нэг зэлний арав гаруй ингэ ийм маягтай өвдсөн гэнэ. Ингэхээр нь сумын мал эмнэлэгт “Манай нэг ингэ үхчихлээ. Урд хоёр хөл нь татаад бүх бие нь салгалж байгаад үхлээ” гээд дуудлага өгчээ.

Шинжилгээний хариу гарсан ч ямар өвчин болохыг тогтоож чадаагүй гэнэ

Сумын эмч нар ч дуудлага өгсөн даруйд ирсэн байна. Ирж үхсэн ингэ болон бусад ингэнд үзлэг хийжээ. Гэхдээ ямар өвчин гэдгийг тогтоож чадахгүй гэдгээ шууд хэлсэн байна. Учир нь тэмээ дээрх шинж тэмдэг бүхий өвчнөөр үхэж үрэгдэж байсан тохиолдол байхгүй гэнэ. Сумын малын эмч нар аймгийн төвд мэдэгджээ. Сумын ИТХ-ын дарга аймагт ажлаар явж таарсан болохоор Өмнөговь аймгийн малын эмч нарыг өвчин гарсан газар аваад очжээ. Аймгийн эмч нарыг ирэх үед таван тэмээ үхээд байсан аж. Бүгд нэг ижил шинж тэмдгээр үхсэн байна. Аймгийн малын эмч нар үхсэн тэмээнүүдэд задлан хийгээд бүгд л шулуун гэдсэнд нь бага зэргийн цус хурсан байгаагаас өөр тодорхой шинж тэмдэг илрээгүй байна гэжээ. Дөрөв хоногийн дотор найман тэмээ нэмж үхсэн гэнэ. Энэ байдлаараа 20 гаруй ингэний урд хоёр хөл нь саажиж, өвс идэж, ус уухаа байжээ. Үхсэн тэмээний эд эсээс дээж авч Улсын мал эмнэлэг ариун цэврийн төв лабораторид явуулсан байна. “Шинжилгээний хариу гарахыг хүлээнэ. Шинжилгээний хариу гарчих юм бол дахиж ирнэ. Ямар өвчин бэ гэдгийг тогтоосны дараа бид ирж дараагийн арга хэмжээг авна. Тэр болтол ямар нэгэн эмчилгээ хийхгүй” гэж хэлээд явжээ. Ингээд ор сураггүй болцгоосон байна. Тэр хооронд тэмээнүүд үхсээр байгаа аж. Сум, хоршооны малын эмч нар ээлжилж А.Отгондүүгийнд байрлаж байгаа гэсэн. Ханбогд сумын Номгон багт тэмээ халдварт өвчний улмаас үхэж үрэгдээд байна уу, эсвэл ямар нэгэн зүйлд хордсон байна уу гэдгийг өнөөдрийг хүртэл бүрэн тогтоож чадаагүй байна. Гэхдээ гэрийн эзэд буянт малаа үл мэдэгдэх өвчнөөр үхэж үрэгдээд байгааг зүгээр хараад сууж чадалгүй сумын төв, аймаг дээрээс эм тариа авчирч хийж эхэлсэн гэнэ.

Их үдийн алдад хоршооны багийн эмч Бадамханд, Л.Отгондүү болон эхнэрийнх нь хамт гарч тэмээнүүдэд тариа тарив. Дөрвөн хөлийг нь тушиж хатуу хийж байгаад унагаж, толгой дээрээс нь дарж байгаад зүрх судасны үйл ажиллагаа сайжруулах эм болон олон төрлийн витамин тарилаа. Ингэнүүдийг бурантагнаас нь татаж хөтлөх гэхээр урд хоёр хөл нь саажилттай болчихсон юм шиг эв хавгүй гишгээд газарт унаад өгөх юм.

Тэгснээ хамаг бие нь татваганаад тийчилж, толгойгоороо газар саваад унав. Нүд хальтирмаар дүр зураг харагдах ажээ. Олон хоног ус ууж, өвс идээгүй ингэнүүдийн гэдэс махийчихсан байна. Ботго нь өвчтэй эхийнхээ сүүгүй мөөмийг хөхөх гэж оролдоод байх юм. Харин эх нь үхсэн ботго эздийнхээ сэтгэлийг сэмэртэл өдөр шөнөгүй буйлах. Хаа нэгтээгээс эх нь гараад ирэх юм шиг алсыг харуулдаж зогсоод буйлах юм. Удалгүй юу болов гэмээр тэмээний зэл, хашааг тойроод л тэшээд байх. Эх нь үхсэн ботго ийм өрөвдөлтэй болдог ажээ. Сар орчим л эздийнхээ сэтгэлийг сэмлэж, зүрхийг шимширтэл буйлж байна. Цаашаа хэдэн хоног өдөр шөнөгүй эхийгээ үгүйлэх ботгоны уйтай буйлах дуу сонсохыг бүү мэд. Арав гаруй ингэнд тариагаа хийж дуусгалаа. Ямар нэгэн зүйлд хордсон юм биш байгаа гээд хордлого тайлах натри бөөнөөр нь хийсэн байна. Гэтэл тусыг эс олж бүр хурдан үхэж эхэлжээ. Тэгэхээр нь зүрх судасны үйл ажиллагааг сайжруулах болон олон төрлийн витамины агууламжтай тариа хийж байна лээ. Биднийг очих үед банкнаас малчны зээл аваад гурван сая орчим төгрөгийн эм, тариа авчээ. Эм, тарианд зүгээр болчих юм болов уу гэж горьдохдоо л хийж байгаа гэсэн. Мөн шар будааны шүүс амаар нь өгч байв.

Л.Отгондүү “Говийн хаан юмсан. Юунаас болдог юм бол доо. Ямар нэгэн шалтгаантай болоод л ингэж үхээд байх шиг байна. Халдварт өвчин байж магадгүй гэж таамаглаж байна. Бие биендээ өвчин нь халдаад байх шиг санагдаад байна. Гэхдээ ботгонууд нь өвчлөхгүй болохоор гайхаад байх юм. Ингэж олноор үхээд байхад улсаас огт анхаарахгүй байгаад гайхаж байна. Уг нь энд тэнд малын өвчин гарлаа гэхэд улс даяар шуугиан болоод, тэр газарт хөл хорио тогтоож, харуул хамгаалалт гаргаад сүйд болдог биз дээ. Гэтэл чиний мал үхэж байгаа нь бидэнд хамаагүй гээд хаяж байгаа юм шиг холбогдох газрууд нь алга болчих юм. Мал чинь төрийн өмч гэдэг биз дээ. Сүүлдээ айх юм. Галбын говийн ганган хүрэн тэмээг устгаж үгүй болгох халдварт өвчин юм биш байгаа. Миний хэдэн тэмээ үхээд дуусдаг л юм байгаа биз. Улсдаа тэмээгээр тэргүүлдэг сум, тэр тусмаа сүүлийн үед ховордоод байгаа Галбын говийн ганган улаан тэмээ тэр чигтээ устаж үгүй болчих вий дээ. Муу ёрлож байгаа юм биш. Ямар өвчин бэ. Халдвартай юу, халдваргүй юу гэдгийг нь бүрэн тогтоох ажлыг хурдан шуурхай хийхгүй удаад байгаад гайхаад байх юм. 20 гаруй хоног гэдэг бага хугацаа биш” гэлээ. Үхсэн арав гаруй тэмээг гүнзгий нүх ухаж байгаад булсан байна.

Тэмээнээс үхэрт халдварлажээ

Өдөржин салхилсан салхи орой нар жаргах үед намдав. Хэдэн үеэрээ мал дагаж өнөөг хүрсэн Л.Отгондүү А.Буд, Б.Өлзийбүрэн нарынх үл мэдэгдэх өвчний улмаас нэг ч тэмээгүй болох вий гэсэн айдастай сууцгааж байна лээ. Айл саахалтынхан нь бүгд тэднээс дайжаад нүүжээ. Сум орон нутаг, аймаг, Хүнс хөдөө аж ахуйн яам, Мал эмнэлгийн газар, хүрээлэн гээд малтай холбоотой төрийн олон газар байх боловч арав гаруй тэмээ үхээд байхад анхаарал огт хандуулахгүй байгаа нь хачирхалтай.

Өнчин ботгоны буйлаан дунд арайхийн нүдний хор гаргаад өглөө эрт босов. Малаас хүнд халдварладаг өвчин байвал энд байгаа найман хүн бүгд амь насаа алдах эрсдэл дунд амьдарч байна.

Зүүн хойд талд бор толгодын цаахна том том шувуу эргэлдээд байлаа. Үл мэдэгдэх өвчин туссан хар ингэ тэндээсээ хөдөлж чадахгүй үхсэн байж магадгүй гэж гэрийн эзэд хэлэв. Шувуу бужигнаад байгаа газарт очлоо. Хар ингэ үхээд хоножээ. Тэмээ үхсэн газраас холгүй мөн л шувуу бужигнаад байгаа харагдлаа. Холоос харахад тэнд хоёр үхэр байв. Нэг нь хэвтчихсэн. Нөгөөх нь зогсож байлаа. Ингээд яваад очтол нэг үхэр нь үхжээ. Л.Отгондүүгийн хээр хоносон үхэр юмсанж. Ирэх жил тугалах гунж нь үхчихсэн байна. Шүдлэн үхэр нь удахгүй үхэх гэж байгаа бололтой. Хамаг бие нь салгалаад амнаас нь шүлс, хөөс сахарчээ. Зогсож байгаа газраас нь холдуулах гэсэн боловч урд хоёр хөл нь хөдөлж чадахгүй болчихсон байлаа.

Үргэлжлэл бий>>