Categories
мэдээ цаг-үе

Б.Гантулга алдарт уулчин Стивен Эдвард Нейшийг морь аргамждаг гадсаар хөнөөжээ


Эдвард Нейш Хангай сумынТэрх
баг, Хайрханы эхийн хөндийд амиа алджээ

Архангай аймгийн Хангай сумын Тэрх баг, Хайрханы эхийн хөндий Цагаан чулуутын өвөлжөөний баруун талд Их Британийн иргэн 53 настай Стивен Эдвард Нейш бусдын гарт харамсалтайгаар амь насаа алдсан хэрэг өнгөрсөн сарын 31-нд гарсан билээ. Стивен Эдвард Нейш гэх иргэнийг хэвлийн тус газарт нь хоёр удаа шовх үзүүртэй зүйлээр нэвт хатгаж амь насыг нь хөнөөсөн болохыг Шүүх шинжилгээний алба хаагчдын гаргасан урьдчилсан дүгнэлтээр тогтоосон. Талийгаач их хэмжээний цус алдаж, 500 орчим метр алхаж яваад амь насаа алдсан гэдгийг албаны эх сурвалж хэлж байгаа.

Эдвард Нейш дээрх айлуудын гадаа
хоносон

Тэгвэл Их Британийн уулчин, парапланы нисэгч 53 настай Стивен Эдвард Нейшийг хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт цагдаагийнхан Хангай сумын Тэрх багийн малчин Батсүхийн Гантулга гэх 34 настай залууг сэжиглэн шалгаж байна. Мөн хэрэгт холбоотой байж магадгүй хэмээн Тэрх багийн малчин Н.Доржпалам, Г. Баярсайхан нарыг Архангай аймгийн цагдан хорих ангид саатуулан шалгаж байгаа аж. Хангайн нуруунд гарсан хүн амины ноцтой хэргийн мөрөөр явж сурвалжлага бэлтгэсэн юм. Нутгийн иргэд, албаныхантай уулзаж, тухайн үед юу болсон талаар дараахь мэдээллийг авлаа.

Наймдугаар сарын 30-ны орой нар баруун тийш хэвийж байх үед Урд тэрхийн голыг уруудаад үүргэвч үүрсэн хоёр аялагч Бүлээн хясаанд намаржиж байсан Батсүх, Адъяасүрэнгийнх зэрэг таван айлыг чиглэн иржээ. Өндөр биетэй, европ төрхтэй хоёр аялагч айлын гадаа ирсэн байна. Нутгийнхан ч монгол ёс заншлаар нохойгоо хорьж, гэртээ оруулан цай хоол болжээ. Тэд монгол хэл мэдэхгүй ч дохио зангаа ашиглан аялж яваагаа хэлжээ. Мөн хамт яваа нэгнийх нь нуруу өвчтэй байгаа. Бэртэж гэмтсэн болохоор утсаар ярьж, дуудлага өгөх шаардлагатай гэдгээ ч ойлгуулсан байна. Гадаадын иргэд Адъяасүрэнгийн суурин утсаар аялал зохион байгуулдаг нэгэн компанийн ажилтнуудтай холбогдож, удаан ярьсан байна. Тус компанийн мэргэжилтэнд хоёр аялагч хаана, хэн гэх айлд ирсэн гэдгийг хэлж өгсөн байна. Удалгүй унаа явуулж нуруу нь өвдөөд байгаа аялагчийг авах гэж байгаа талаар ч утсаар хэлжээ. Хот айлынхан тэднийг Их Британийн уулчин, парапланы нисэгч болон Гарет Астон гэх хүмүүс болохыг мэджээ. Тэд Завхан аймгаас эхлэн явганаар аялж, Хангайн нурууны өндөр уулсын оргилуудаас нисэлт хийснийг ч ойлгосон аж. Аялагчид “Гадаа чинь майхнаа барьж хонож болох уу” гэж айлын эздээс асуусан байна. Хот айлынхан ч хоноод яв гэж. Үдшийн бүрий болсон хойно сумын төвөөс машин ирсэн нь Хангай сумын иргэн Ганбаатар гэх байжээ. Аймгийн төвөөс нэгэн танил нь утасдаж, нуруундаа бэртэл авсан нэг аялагчийг эмнэлэг бараадуулах гэж яваагаа хэлжээ. Ингээд тэр шөнөдөө хоёр аялагч майхандаа хоносон байна.

Гэмт хэрэгт сэжиглэгдэж байгаа Б.Гантулгын аав БатсҮхтэй найз болж байгаагаа талийгаа Ч дохиогоор хэлж байсан гэв

Наймдугаар сарын 31-ний өглөө болж, Стивен Эдвард Нейш хоносон айлаас холгүйхэн байх Хясаан хонх гэх өндөр хавцалтай уулнаас нисэлт хийхээр төлөвлөж байгаагаа газрын зурагт зааж, гэрийн эздэд ойлгуулсан байна. Энэ үеэр аяллын компанийн хөтөч Адъяасүрэнгийнхэнтэй утсаар холбогдож, “Уулын спортын дүрмээр хоёр аялагч явж байгаад нэг нь бэртэж гэмтсэн тохиолдолд гэмтсэн хүнээ эмнэлэг рүү явуулчихаад аяллаа ганцаараа үргэлжлүүлж дуусгадаг ёстой. Ноён Нейш Хангайн нуруугаар аялна гэж олон жил мөрөөдөж байгаа болохоор аяллаа үргэлжлүүлэх болно” гэж хэлсэн байна.

Ингээд аялагч, уулчин Гарет Астон жолооч Ганбаатартай аймгийн төв рүү явах болж, гэрийн эздэд найртай сайхнаар хүлээн авч, хоол унд хийж өгч, гэрийнхээ гадаа аюулгүй хонуулсанд баярлаж талархаж байгаагаа илэрхийлж, гэрэл зурагаа авахуулжээ. Тэр тусмаа хүн амины хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа Б.Гантулгын аав Батсүхтэй талийгаач Стивен Эдвард Нейш зургаа авахуулж, найз болсон гэж дохиогоор хэлжээ. Гарет Астон үүргэвчээ аваад машинд суужээ. Харин Стивен Эдвард Нейш урд зүг рүү алхахаар болсон байна. Тэд хоёр тийшээ хөдлөх гэж байхад нь Гарет Астон халааснаасаа 20 мянгатын хэдэн дэвсгэрт гаргаж ирэн найз Стивен Эдвард Нейшт өгсөн байна. Мөнгө өгөлцөж авалцаж байгааг Батсүхийн ууган хүү Б.Гантулга хараад зогсож байжээ.

Хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа
Б.Гантулгын аав Батсүх жолооч Ганбаатар нарын хамт амиа алдахынхаа өмнө авахуулсан
зураг

Стивен Эдвард Нейш алхсаар Дөрөлж Нарийны гол дээр ирсэн байна. Тэнд Хангай сумын малчин Гэлэгжунай болон хоёр хүүгийнх нь намаржиж байсан гэнэ. Гэлэгжунайн хоёр хүү болох Баярсайхан, Баярбилэг нар гадаадын жуулчин явж байгааг эхэлж харжээ. Тэд Дөрөлж Нарийны гол ус ихтэй учир явган аялагч эрийг гол гаргаж өгчээ. Аялагч эрийг гол гаргаж өгөх үед 13:00 цаг болж байсан гэх. Аялагч Хангайн нурууны догшин газар гэгдэх Хясаан хонх уулын орой руу мацахаар явсан байна. Түүнийг хамгийн сүүлд амьд явж байхыг харсан гэрч нь Баярсайхан, Баярбилэг гэх ах, дүү хоёр юм. Тэд нутгийнхандаа “Бид хоёрыг очиж гол гаргаж өгөх үед ямар ч бэртэж гэмтсэн зүйл байгаагүй. Гол гаргаад өгсний дараа өөрөө ганцаараа явна гээд байсан” хэмээн ярьж байжээ.

Талийгаа Ч хамгийн ойрхон айл руу тусламж гуйхаар явах замдаа амьсгал хураажээ

Харин талийгаачийг нас барсныг харсан малчин Доржпалам хэргийг шалгаж байгаа цагдаа нарт “Нар баруун тийш хэвийж байх үед гэрийнхээ доохно талд бэлчээрлэж байгаа үхрээ эргүүлэхээр явсан. Манай үхэр Цагаанчулуутын өвөлжөөний баруун хавтгайд байсан юм. Мотоцикльтойгоо давхиж явтал том үүргэвч харагдсан. Яваад очтол үл таних гадаад эр дээшээ хараад хэвтсэн чигтээ амьсгал хураасан байсан. Мотоцикльтойгоо гурван удаа эргэж хашгирч үзээд явсан. Амьд байж магадгүй гэж хашгирсан юм. Биед нь огт хүрээгүй. Гадаадын иргэн нас барсан байсныг харсан даруйдаа багийн Засаг дарга Б.Олзвойд мэдэгдсэн” гэж мэдүүлжээ.

Харин багийн дарга Б.Олзвой сумын цагдаа Н.Сандуйд энэ талаар хэлсэн байна. Төд удалгүй Хангай сумын цагдаа Н.Сандуй, багийн Засаг дарга Б.Олзвойн хамтаар хэргийн газарт иржээ. Талийгаач Стивен Эдвард Нейш дээшээ хараад хэвтсэн, хажуудаа үүргэвчтэй цүнхээ босгож тавиад, баруун гартаа ноосон хар цамцаа барьсан чигтээ амьсгал хураасан байжээ. Гаднаас нь харахад ил шарх сорви харагдаагүй байна. Харин хэвтсэн газрын доохно цус тунарч, газарт шингэсэн байжээ. Сумын цагдаа Сандуй, Тэрх багийн Засаг дарга Б.Олзвой нар амь насаа алдсан гадаад эрийн цогцсыг манаж хоножээ. Өглөө үүрээр буюу есдүгээр сарын 1-нд Архангай аймгийн цагдаа нар ирсэн байна. Хэргийн газарт хийсэн үзлэгээр талийгаачийн хэвлийн тус газарт хоёр утаа үзүүртэй зүйлээр нэвт хатгаж, цус алдаж амь насаа алдсан нь тодорхой болжээ. Цагдаа нарыг ирэх үед талийгаачийн сансрын холбооны байршил тогтоогч нэг доороо удаад байгааг ар гэрийнхэн нь анзаарч, Монголын аяллын компани руу мэдэгдэж байсан аж.

Б.Гантулга морьтойгоо дагаж яваад хөнөөсөн бололтой

Урд тэрхийн голоор гэмт хэрэгтнийг эрэн хайх ажлыг аймгийн цагдаагийн албан хаагчид УМБГ-ын Онц хүнд гэмт хэрэгтэй тэмцэх хэлтсийнхэнтэй хамтарсан Ажлын хэсэг хийж эхэлсэн байна. Талийгаачийг хамгийн сүүлд харсан ах, дүү хоёр болоод, анх амиа алдсан байгааг харсан Доржпалам, хоносон айлын гэрийн эзэд зэрэг арав гаруй хүнийг саатуулжээ. Тэрх багийнхан айдаст автсан аж. Тэрх багийн малчин Б энэ талаар “Шөнөөр гэмт хэрэгтэн ирээд сүйд хийж магадгүй. Босуул, шоронгоос оргосон хүн байж магадгүй.

Тэр өндөр биетэй хүний амь насыг хөнөөчихсөн юм чинь их айхтар хүн байх гэсэн яриа голын айл болгонд гарсан. Айл болгон хаалга үүдээ түгжиж, буу, хутга зэрэг зэвсгээ ойрхон тавиад гурав хоносон. Өмнө нь хүн амины учир битүүлэг хэрэг гарч байгаагүй болохоор нутгийнханд хүнд туссан байх. Цагдаа нар байсхийгээд л нутгийн залуусыг машиндаа ачаад явах нь сүрдмээр байсан. 1937 оны хэлмэгдүүлэлт болж байгаа юм шиг л дүр зураг харагдсан. Цагдаа нар айл болгоноор орж мэдүүлэг авах, бүр хэвэнд хийсэн ааруул болгоныг дундуур нь хугалж үзэн бэлэн мөнгөний карт хайгаад байсан. Үнэхээр аймаар байсан” хэмээн ярив.

Өөр нэг эх сурвалжаас авсан мэдээллээр цагдаа нарын саатуулсан хүмүүсийн нэг нь Б.Гантулга байжээ. Түүнд саяхан гэмтэл авсан болов уу гэмээр дух, толгой халцарсан шарх сорви байсан аж. Цагдаа нар Б.Гантулгыг өмнө нь хулгайн гэмт хэрэг үйлдэж байсан гэдгийг мэдээд баривчилсан юм байна. Өөр нэг хардах шалтгаан нь талийгаач найзынхаа хамт тэдний гэрийн гадаа хоносон байв. Мөн өөр нэг мэдээлэл иржээ. Б.Гантулга наймдугаар сарын 31-нд морьтойгоо сумын төв орсон байна. Сумын эмнэлэгт очоод “Мориноос унаад толгойгоо хагалчихлаа. Оёдол тавиад өгөх үү” гэж асуусан байна. Энэ сэжүүр хэргийг шалгаж байгаа цагдаа нарт сэжигтэй санагдсан учир Б.Гантулгыг ганцаарчлан байцааж, айл намаржиж байгаа хүмүүсээс Б.Гантулга Стивен Эдвард Нейшийг уулын ам өгсөөд ганцаараа явах үед хаана байсан талаар тодруулжээ. Гэрчүүд Б.Гантулга аргамжаатай морио унаад явсан. Тэгээд шөнө болсон хойно ирсэн гэж мэдүүлжээ. Удалгүй Б.Гантулга Их Британийн иргэн 53 настай Стивен Эдвард Нейшийг аргамжааны гадсаар хөнөөсөн гэдгээ хүлээжээ. Мөн талийгаачийн өмсөж явсан олон халаастай хантаазыг авч, 200 гаруй мянган төгрөг, 150 ам.долларыг авсан гэдгээ ч хүлээн зөвшөөрчээ. Тэрбээр “Манайх цөөн малтай ядуу. Бэлэн мөнгө байхгүйгээс болж гадаадын иргэнийг дээрэмдсэн” гэх утга бүхий мэдүүлгийг өгсөн гэдгийг эх сурвалж онцолж байв. Албаны эх сурвалжаас авсан мэдээллээр талийгаач Стивен Эдвард Нейшийг Хясаан хонх гэх газарт явж байхад нь араас нь очиж, дээрэмдэхийг оролдсон байна. Гэвч талийгаач мөчөөгөө өгөөгүй тул гэнэдүүлэн үзүүртэй гадсаар хэвлий рүү нь бүлж, хоорондоо багагүй хугацаанд ноцолдсон бололтой. Талийгаач хамаг эд зүйлсээ дээрэмдүүлээд айл бараадахаар явж байхдаа амьсгал хураасан байна.

Гэмт хэрэгтэн дээрэмдсэн эд зүйлсээ Хамар өтгийн бууцны хаданд нуусан байжээ

Талийгаач Стивен Эдвард Нейш нь манай оронд хоёр дахь удаагаа ирсэн аж. Түүний нэг мөрөөдөл нь Хангайн нуруунаас нисэх байжээ. Гэвч мөрөөдлөө биелүүлэхээс хэдхэн километрийн өмнө бусдын гарт харамсалтайгаар амиа алдсан юм. Бид уулын спортын хамгийн хүнд төрөлд тооцогддог парапланы спортын нэрт тамирчин Стивен Эдвард Нейшийн аминд хүрсэн байж болзошгүй хэмээн сэжиглэгдэн шалгагдаж буй Б.Гантулгын ар гэрийнхэнтэй уулзаж, ярилцсаныг маргаашийн дугаартаа хүргэх болно.

Categories
мэдээ цаг-үе

Бат-Өлзий сумынхан самар түүж олсон мөнгөөрөө хүүхдийн цэцэрлэг барьж байна (III)

320 хүүхдийн сургуулийн шинэ байр

Түрүүч нь “Өдрийн сонин”-ы №200 (5465), 201 (5466) дугаарт

Өнөө жил Бат-Өлзий сумын нутаг ой хөвчид боргоцой их ургажээ. Атгасан гар шиг том том боргоцой байгаа гэнэ. Бороо их орсон жилийн боргоцой том, амт шимтийн хувьд ярилтгүй сайхан байдаг гэж нутгийнхан ярьж байна. Өнгөрсөн жилийнх шигээ самар хураалтын ажилд сумаараа явах байх гэсэн хүмүүс Бат-Өлзийгөөр дүүрэн байгаа харагдлаа. Тиймдээ ч Засаг даргын Тамгын газраас анхааруулга бичиг наасан байна лээ. Анхааруулгад “Самар түүх хориг тавигдаагүй байна. Гадны хүмүүс ирж самар түүх гэвэл Засаг даргын Тамгын газар, байгаль орчны байцаагч болоод нөхөрлөлийн гишүүдэд яаралтай мэдэгдэнэ үү” гэжээ. Бат-Өлзий сумын иргэд “Байгаль орчны сайд Д.Оюунхорол үйлдвэрлэлийн зориулалтаар самар түүх зөвшөөрөл хурдхан олгоосой билээ” гэж ярих. Ууланд явах багаж хэрэгсэл, майхан, өмсөх хувцас, модон муна, хийх шуудайгаа бэлдэж, машин тэргээ хүртэл засч янзалж байна. Нөхөрлөлүүд цайруулсан самраа хураах байшин саваа султгаж бэлтгэжээ. Бүр гэрийн мод хийж зах зээлд борлуулдаг нөхөрлөлийн гишүүд ажлаа зогсоож самар түүхээр ярилцаад байгаа аж. Ингэж л намрын самар хураалтын ажлаа эхлүүлэхээр сум даяараа тэсч яадан хүлээж байна.

Сумынхан өөрсдөөсамар түүдэг болсноор байгалиа хамгаалж чадаж байгаа

Бат-Өлзий сумын Засаг дарга Н.Баттулгатай сүүлийн үед сум орон нутагт хийгдэж байгаа томоохон ажлууд болон боргоцой хураалтын ажлын талаар ярилцлаа.

-Самар түүх ажлыг энэ жил дахин хийх үү?

-Өнгөрсөн жил бид самар түүх ажлыг амжилттай хэрэгжүүлж чадсан. Хэн хэндээ ашигтай ажиллаж иргэд ч гар дээрээ бэлэн мөнгөтэй болж, нөхөрлөлүүд мөнгөн хуримтлалтай болж, цаашид хийхээр төлөвлөж байгаа томоохон ажлуудаа хийж гүйцэтгэж байна. Мөн өнгөрсөн жилийн хураасан самрыг худалдаж авсан компаниуд ч бүрэн гүйцэд боловсорсон, эрүүл ахуйн шаардлага хангасан самар нийслэлийн иргэдэд худалдан борлуулж байна. Энэ бүгдээс гадна манай сумын Засаг даргын Тамгын газар, ИХТ хамт олон зөв зохистой санааг дэмжиж, амжилттай хэрэгжүүлж чадсан. Үүнийхээ үр шимээр 820 сая төгрөгтэй болж чадсан. Хүүхдийн цэцэрлэг баригдаад дуусах шатандаа орж байна. Мөн Бат-Өлзий сумын байгаль орчин хүний буруутай үйлдлээс болж хогондоо дарагдах, ургаа мод хугарах, ойд гал түймэр гарах хэцүү нөхцөл байдлыг бүрэн зогсоож чадсан. Өмнө нь самар түүхээр ирсэн гадны иргэд энд тэндгүй хог тариад явдаг байлаа. Тэдний отоглож байсан газар хүн харахын аргагүй болно. Мод хугалж, байгаль сүйтгээд мөнгө олж болох юм болгоныг аваад явна. Үүнийг бид бүрэн зогсоож чадсан. Нутгийн иргэд нутагтаа хар буруу санаж, харгис хандана гэж байхгүй. Өнгөрсөн жил самар хураах ажил хийгдэж байхад Засаг даргын Тамгын газар хяналт тавьж ажилласан. Хэний отоглож байгаа газар хог тарьсан байна. Цайруулсан самрын хогийг хаана хаясан байна. Мод хугалж байна уу. Мод руу авирч самар түүж байна уу гээд л хяналт шалгалт байнга хийсэн. Зөрчил, дутагдал мэдээж гарсан. Газар дээр нь хариуцлага тооцож, тарьсан хогийг нь түүлгэчихэж байгаа юм. Гадны иргэд ирээд самар түүгээд явдаг. Тэд гал алдаад ой шатдаг. Сумаараа ойд гарсан галыг унтраах гээд хүн хүч, хөрөнгө мөнгө гээд л олон асуудал гардаг юм. Энэ жил бид Байгаль орчны яаманд есдүгээр сарын 15 буюу хуулийн хугацаанаас сарын өмнө самар түүх зөвшөөрөл хүссэн байгаа. Нарны тусгал байнга тусдаг газрын самар болц нь гүйцсэн байна лээ. Одоо зөвхөн сайдын шийдвэрийг хүлээж байна. Тэгвэл өнгөрсөн жил хэрхэн ажиллаж байсан туршлага дээрээ нэмж бүр боловсронгуй болгосон шийдлээр ажиллахаар төлөвлөөд байна. Хамгийн гол нь түүж байгаа иргэд түүлгэж байгаа бид хариуцлагатай байх нь нэн чухал асуудал.

Улаан” багийн төв дээр баригдсан 30 хүүхдийн гэр цэцэрлэг

-Энэ жил самар түүж олсон мөнгөөрөө юу хийхээр төлөвлөж байгаа вэ?

-Одоогоор яг тэгнэ, тийм зүйлд зарцуулна гэсэн зүйл алга. Ямар ч байсан самраа хураах дээр анхаарлаа хандуулж байна даа. Үүнийхээ дараа л шийднэ. Манай суманд Ерөнхий боловсролын сургуулийнхаас өөр спорт заал байхгүй. Тэгэхээр сайхан спорт заалтай болох юмсан гэсэн хүсэл нутгийн залууст байна. Залуус спортоор хичээллэж, цагийг зөв зохистой өнгөрүүлэх нь юу юунаас илүү чухал. Энэ талаар бид ярилцаж байгаа. Ирэх аравдугаар сард цэцэрлэг маань ашиглалтад орно. Байгалийн дагалдах баялгийг зөв зохистой ашиглаж,танай сумынхан шиг улсад хэрэгтэй зүйл хийсэн сум Монгол Улсад байхгүй гээд л ирсэн хүн болгон сайшааж байна. Сум орон нутгаа яаж хөгжүүлэх вэ гэж хүн бүр бодож байна. Улсын төсвөөс асуудлыг бүрэн шийдэж өгнө гэж байхгүй. Нэг жил цэцэрлэг барьсан бол дараа жил нь суманд нэн хэрэгтэй байгаа зүйлсийг шийдэж өгөөд явна. Тэгэхээр яах ёстой вэ. Сумынхан өөрт байгаа боломжоо ашиглах хэрэгтэй. Ингэж л сумаа хөгжүүлж, иргэд сумандаа сайхан амьдарна гэж боддог.

-Танай сумын хувьд сүүлийн жилүүдэд хөгжиж байгаа нь харагдаж байна. Суманд хийгдсэн томоохон бүтээн байгуулалтын ажлуудын талаар ярихгүй юу?

-Манай сум арван жилийн өмнө гурван мянган хүн амтай жижиг сум байлаа. Одоо арван мянга хол давсан хүн амтай сум болчихлоо. Уул уурхай, ашигт малтмал гээд байх зүйлгүй газар. Нутгийнхан байгалиа түшиглэж амьдарна. Бат-Өлзий сум гэрийн мод хийж худалдаалдаг олон аж ахуйн нэгжтэй. Монгол Улсын гэрийн хэрэгцээний тодорхой хувийг хангаж байна гэсэн тооцоо гарсан. Мөн 25 мянган сарлагтай.Сарлагаа өсгөж, сүү цагаан идээ боловсруулж амьдралаа залгуулж байна. Мөн манай сум аялал жуулчлалын бүс нутаг. Улаанцутгалан, Төвхөн хийд, галт уулын тогоонууд болох Тогоо хад, Үүртийн тохой, Хүйсийн шанага нуур гээд үзэж харах зүйл ихтэй. Иймд зундаа гадаад, дотоодын аялагчдад үйлчилдэг айл өрх олон бий. Бат-Өлзий сумын төвд айлууд хашаа хороо, байшингаа засч янзалж өнгө үзэмжтэй хоёр давхар байшинд амьдардаг болоод байна. Дэлгүүр худалдааны төв гэхэд 60 гаруй байгаа. Жил бүр “Сарлагийн фестиваль” зохион байгуулж, өвөлдөө Улаан цутгалангийн хөлдсөн мөсөн дээр улсын аварга шалгаруулах мөсөнд авиралтын тэмцээн хийж байна. Суманд улсын төсвөөр Эрүүл мэндийн төв барьсан. Хуучин эмнэлгээ засч янзлаад ахмадын өргөө байгуулаад байна. Ахмадын өргөөнд өндөр настай иргэд сувилуулж, чөлөөт цагаа шатар тоглох зэргээр өнгөрөөж байна. Мөн нэг өрөөг нь архинаас гаргах эмчилгээ хийлгэх, сэтгэл зүйн зөвлөгөө өгдөг болгосон. Сургуулийн өргөтгөлийн 320 хүүхдийн шинэ барилга ашиглалтад оруулсан. Цэцэрлэгийн 75 хүүхдийн өргөтгөл хийсэн, сумын төвөөр сайжруулсан зам тавьж, гэрэлтүүлэгтэй болсон гээд бүтээн байгуулалт, хөгжлийн талаар олон зүйл хэлж болохоор байна. Нэг үеэ бодвол Бат-Өлзий сум хөгжиж байна. Сум хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөг бид бүрэн гаргасан. Энэ дагуу хийгдэх олон ажил биднийг хүлээж байна даа гэв.

ГЭР ЦЭЦЭРЛЭГ АШИГЛАЛТАД ОРЖЭЭ

Бат-Өлзий сумын “Улаан” багийн төвд 30 хүүхдийн гэр цэцэрлэг өнгөрсөн сард ашиглалтад оруулжээ. Тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн сургалтын менежер У.Долгормаа гэр цэцэрлэг барих ажлыг анх санаачилж, гадаадын иргэдийн хөрөнгө оруулалтаар барьсан гэнэ. Анх аялал жуулчлалын чиглэлээр ажиллаж байхдаа таньж мэддэг хүмүүстээ “Улаан” багийн төв дээр цэцэрлэг байгуулах шаардлагатай байгаа талаар хэлдэг байсан аж. Түүний энэ санааг “Ди Эн Ди” компанийн захирал н.Соёлмаа дэмжиж, гадаадын иргэдтэй холбож өгчээ. Ингээд Франц улсын иргэн Алион гэх эрэгтэй мэдээллийн сайт байгуулж, түүгээрээ Бат-Өлзий сумын “Улаан” багт цэцэрлэг барих хөрөнгө мөнгийг босгожээ. Ингээд таван ханатай хоёр гэрийн дунд жижигхэн байшин барьж холбоод 30 хүүхдийн цэцэрлэг барьсан байна. Халбага, сэрээнээс эхлээд унтах ор, тоглох тоглоом, багш нарын гарын авлага гээд бүхий л зүйлсийг гадаадын иргэд бэлдэж өгчээ. Ийнхүү олон жил ярьсан гэр цэцэрлэг бага сургуулийнхаа дэргэд ашиглалтад оржээ.

БАТ-ӨЛЗИЙ СУМЫН ТӨВ ТЭЛДЭГГҮЙ ШАЛТГААН

Бат-Өлзий сум хэдэн уулын дунд орших аж. Хавтгай жижиг дэвсэг дээр чихэлдэж багширсан байдалтай харагдах юм. Улаанбаатар хот шиг л хүн амын нягтаршил их ажээ. Яагаад тэлдэггүй шалтгаан нь дараахь учиртай гэнэ. Баруун талдаа том уултай болохоор тийшээ тэлэх боломж байхгүй. Зүүн тийшээ сунгаж барих гэхээр битүү намагтай. Хашаа барих ямар ч боломж байхгүй. Харин Могойн голоос хойш улаан эрэг дагаад доод үзүүр хүртэл тавиу сайхан газартай. Даанч тусгай хамгаалалтын бүсэд орчихсон болохоор ашиглах боломж байхгүй гэнэ. Газар байхгүйн зовлон Бат-Өлзий сумын төвийг тэлэх боломжийг хаажээ. Тиймээс Бат-Өлзий сумынхан хурдан морь уралдуулдаг хэсэгхэн тал газартаа сумаа тэлэх хүсэлтэй байгаа аж. Ингэхийн тулд тэр газрыг тусгай хамгаалалтаас гаргах ёстой юм байна. Энэ асуудлыг шийдэж өгнө гэж тус тойргоос сонгогдсон УИХ-ын гишүүн болгон амладаг боловч өнөөдрийг хүртэл шийдэгдээгүй хэвээрээ байгаа гэнэ.

Categories
мэдээ цаг-үе

Бат-Өлзий сумынхан самар түүж олсон мөнгөөрөө хүүхдийн цэцэрлэг барьж байна (II)

Түрүүч нь №200 (5466) дугаарт

Хангайн нурууны зүүн урд хэсэг Өвт хайрхан, Их булаг, Баянхайрхан, Бат-Өлзий, Ар цэгээн уул гээд л Бат-Өлзий суманд сүүлийн арван жил ургаагүй их хэмжээний боргоцой өнгөрсөн жил ургажээ. Хуш мод болгоны мөчирт атгасан гар шиг том том боргоцой ургаж, ойн гүнд үхрийн нүд, аньс, гүзээлзгэнэ тэргүүт жимс хөл гишгэх зайгүй ургажээ. Хуш модны мөчир боргоцойгоо дааж ядан бөхөлзөж, сагсгар сүүлтэй хэрэм модноос мод дамжиж дэлгэр сайхан намар болж байна. Нарны гэрэл илүү туссан газрын боргоцой найман сарын сүүлчээр бүрэн боловсорсон байна. Хуш модыг багахан доргиоход л боргоцойн бороо нирхийтэл бууж байсан гэж нутгийнхан ярьж байна лээ. Байгаль дэлхий ингэж үр өгөөжөө харамгүй өгч байхад яах ёстой вэ. Газар газрын самарчид ирээд ой модоор тэнэж, байгалийн баялгийг нь хуу хамаад аваад явахыг хараад сууж байх уу. Байгаль орчны хэдэн байцаагчаа өдөр, шөнөгүй эргүүлд гаргалаа ч гэсэн хэдэн мянгаараа ирэх самарчдыг яаж ч чадахгүй нь тодорхой. Самар түүхээр ирсэн хүмүүс ой хөвчөөр гэр хийж олон хононо. Байгаль орчин бохирдуулж, хог новш тарина. Гал түлсэн газраа цог нурмыг нь унтраахгүй явчихна. Хэнэггүй нэг нь тамхины ишээ хаяхад л хуурай өвсөнд гал авалцаж, ой мод бүхэлдээ шатна. Ийм л ар араасаа цуварсан асуудал шүдний өвчин болж байжээ, Бат-өлзий сумынханд.

ТОЛГОЙ ӨВТГӨСӨН АСУУДЛЫГ СУМАНД АШИГТАЙГААР ЭРГҮҮЛСЭН АРГА

Сумын Засаг даргын Тамгын газар, ИТХ-ынхан хэд хэдэн удаа хуралджээ. Ингээд сумын Засаг дарга Н.Баттулга нарын удирдлагууд ийм санаа олсон байна. Нэн түрүүнд байгаль орчноо хамгаалах нь зүйтэй. Ингэхийн тулд байгаль хамгаалагчид яагаад ч дангаараа дийлэхгүй.

Тэгэхээр хамгийн оновчтой бөгөөд нутгийн иргэд болон суманд ашигтай нь нөхөрлөл байгуулах гэсэн зөвшилцөлд хүрчээ. Ингээд сумын баг болгонд нөхөрлөл байгуулах хэрэгтэй юм байна. Хамгийн багадаа 20 гаруй гишүүнтэй 20 гаруй нөхөрлөл байгуулна. Үүнийхээ дараа нөхөрлөл болгонд самар ургасан уулын ам бүрийг хэсэгчилж хариуцуулж, гишүүдэд байгаль орчны байцаагчийн үнэмлэх тэмдэг өгнө. Ингээд гаднаас ирж байгаа хүмүүсийг самар түүх хуулийн хугацаа буюу аравдугаар сарын 15-ны өдрийг хүртэл оруулахгүй байх хэрэгтэй. Ингэж бид нутгаа хариуцах эзэнтэй байлгаж, гал гарах, байгальд хог хаях гээд толгой өвтгөсөн олон асуудлыг бүрэн шийдвэрлэх боломж байна. Ой модоо, самраа хамгаалсны дараа яах вэ. Нөхөрлөл болгоныг хариуцаж авсан газраасаа боргоцой түүж, цайруулах зөвшөөрөл олгоё. Нөхөрлөлүүдийг нийслэлээс цайруулсан самар худалдаж авч, борлуулдаг компаниудтай хамтран ажиллах гэрээ хийлгэж, түүж цайруулсан самраа зах зээлийн үнээр худалдах боломжийг нээж өгье гэсэн шийдвэрийг гаргажээ. Бат-Өлзий сум даяар нөхөрлөл байгуулах, нутгийн иргэд элсэх, аль аль хэсгийг хариуцаж хамгаалах, хотоос ирэх хүмүүсийг хөөж явуулах гээд нөр их ажил эхлүүлжээ. Нутгийн иргэд түүхий самар түүх нь ямар сөрөг үр дагавартай талаар мэдээлэл түгээж, эрүүл ахуй болон бусад сөрөг зүйлсийн талаар яриа ухуулга хийж, хуулийн заалтыг тараасан байна.

Үүнийхээ дараа Сум дундын Ойн ангиар Бат-Өлзий сумын газар нутгаас хэдэн тонн самар түүх боломжтой талаарх дүгнэлт гаргуулсан гэнэ. Бат-Өлзий сумын ойн анги 1.2 тонн цайруулсан самар хурааж авах бүрэн боломж байна гэсэн дүгнэлт гаргаж. Эргүүлд гарсан нөхөрлөлийн гишүүд “Боргоцой бүрэн гүйцэд болчихлоо. Хоног хугацаа алдах юм бол унаж, чөмөг нь хатчих гээд байна” гэж Засаг даргад хэл дуулгах болжээ. Хоног хугацаа алдах тусам самар хурааж авах байдал хүндэрч мэдэхээр байсан аж. Ингээд байгалийн дагалдах баялаг болох боргоцойгоо түүхээс өөр сонголтгүй болсон байна.

АЙМГИЙН ДАРГА НАР ДЭМЖИЖ, БАЙГАЛЬ ОРЧНЫ САЙД САМАР ТҮҮХ ЗӨВШӨӨРӨЛ ОЛГОВ

Ингээд Өвөрхангай аймгийн Засаг даргаар ажиллаж байсан УИХ-ын гишүүн Г.Тогтохсүрэн, одоогийн Засаг дарга Н.Баттулга нартай уулзаж, самар түүх талаараа танилцуулжээ. Бүр Байгаль орчны сайдын А166 дугаар тушаалд үйлдвэрлэлийн зориулалтаар самар түүвэл цайруулсан самрын килограмм тутмаас 800 төгрөг, ахуйн хэрэгцээнд түүвэл 500 төгрөг авахаар заасан байдаг. Үүнийг баримталж ажиллан улсад орлого оруулах боломж байгаа талаар танилцуулжээ. Мөн байгаль орчинд ээлтэй, нутгийн иргэдийн амьжиргаанд тус нэмэр болох давуу тал байгааг хэлж ойлгуулсан байна. Өвөрхангай аймгийн Засаг дарга нар дэмжиж, есдүгээр сарын 15-наас эхлэн үйлдвэрлэлийн зориулалтаар самар түүх зөвшөөрлийг өгөх, Бат-Өлзий суманд өрнөж байгаа их ажлын талаар танилцуулга бүхий албан бичиг хүргүүлжээ. Байгаль орчны сайд энэ талаар бусад яам, Тамгын газрынхантай хуралдаж есдүгээр сарын 15-наас самар түүх зөвшөөрөл олгосон байна.

СУМАНД БОЛОН ИРГЭДЭД АШИГТАЙ АЖИЛ БУЮУ 820 САЯ ТӨГРӨГ

Тариалангийн бүс нутагт жил болгоны намар өрнөдөг ургац хураалтын ажил шиг Бат-Өлзий суманд боргоцой хураалтын ажил 2015 оны есдүгээр сарын 15-ны өдөр эхэлжээ. Нутгийн иргэд боргоцой унагаах модон муна, самар цайруулах багаж хэрэгсэл хийж, майхан, хоол ундаа бэлтгэж аваад л уул руугаа явжээ. Ойн гүнд хуш модыг түн хийтэл цохих, пирхийтэл боргоцой унах, мод тойрон зогсох хүүхэд, эмэгтэйчүүд унасан самрыг шуудайндаа хийж, нэг газраа овоолох, овоолсон боргоцойгоо эрчүүд нь нэг газраа бөөгнүүлээд цайруулах гээд л нөхөрлөл дотроо өөр өөрийнхөө ажлын чиг шугамтай баг бүрдүүлэн ажиллажээ. Сумын Засаг даргын Тамгын газраас хөдөлмөрийн аюулгүй байдлын хяналт тавихаа ч мартсангүй. Ингэж 20 гаруй хоног Бат-өлзий сумынхан уул хангайдаа пижигнэж, самар хураалтын ажлаа хийж дуусгасан байна. Цайруулсан самраа гэрээ хийсэн компанийнхаа агуулахад аваачиж өгөх, жинлээд сумын Засаг даргын Тамгын газраас баталгаажуулж бичилт хийлгэж, гоожин түүх зөвшөөрлийн бичиг гэдэг шиг самар түүх зөвшөөрлийн бичгээ сунгуулаад уул руугаа дахин явсан их ажил хангайн буйдхан суманд өрнөжээ. Самар түүх зөвшөөрөл тавигдах үе буюу аравдугаар сарын 15-нд Бат-өлзий сумынхан самраа түүгээд дуусчихсан байжээ. Нийтдээ тонн гаруй цайруулсан самар түүсэн тооцоо гарсан байна. Үүний үр дүнд Бат-өлзий сумын төсөвт 820 сая төгрөг төвлөрүүлжээ.

Харин нөхөрлөлийн гишүүд хамгийн багадаа л сая төгрөгийн ашиг орлоготой болсон байна. Бүр нэг гишүүндээ таван сая төгрөг өгсөн нөхөрлөл ч байжээ. Энэ талаар Бат-Өлзий сумын “Өвт хайрхан” нөхөрлөлийн гишүүн Г.Батмөнхтэй ярилцаа.

-Та самар түүгээд хэдэн сая төгрөгийн орлого олсон бэ?

-Гурван сая гаруй төгрөгийн ашигтай ажилласан. Биднийг уулнаас цайруулсан самраа аваад ирэхэд гэрээт компани килограммыг нь 2500 төгрөгөөр худалдаж авч байсан. Харин сүүлдээ үнэ нь нэмэгдээд 7500 төгрөгөөр килограмм тутмыг нь худалдаж авсан. Олсон мөнгөөрөө оюутан хүүхдийнхээ төлбөрийг төлж, өвлийн хувцсыг нь бүрэн бэлдэж чадсан. Манай сумын их олон айл өрхийн амьдралд “Боргоцой” төсөл хэрэг болсон. Манай ах дүү хамаатан садангууд өвлийн идэш, цагаан сарынхаа хэрэгцээг хүртэл хангасан. Банкны зээлээ төлж, дэлгүүрт өртэй байсан нь өрөө дараад, дэлгүүр худалдааны төвүүдийн эдийн засаг сэргэж, бараа бүтээгдэхүүн эргэлтэд ороод сайхан байсан.

-Энэ жил та нар самар түүнэ биз дээ?

-Сумынхан Байгаль орчны сайд руу хугацаанаасаа өмнө түүх зөвшөөрөл хүсэж байгаа гэсэн. Тэр зөвшөөрөл гарч хорио тавигдах юм бол түүнэ. Энэ жил самар их ургасан байна лээ. Өнгөрсөн жилийнх шигээ байгалиасаа ашиг хүртэж амьдралдаа тус нэмэр болгох боломжийг нээж өгч байгаад баяртай байна. Манай Бат-Өлзий суманд ургадаг самар ширхэг том, чөмөг ихтэй тул хүмүүс ам сайтай байдаг юм. Хотынхон булаацалдаад л манай нутгийн самрыг авдаг гэсэн. Боргоцой ургаад л байх юм бол Бат-Өлзий сум хөгжөөд л байх боломж харагдаад байна. Сум самарнаас олсон мөнгөөрөө цэцэрлэг барьж байна. Нутгийнхан боргоцойн ашгаар олсон мөнгөөрөө цэцэрлэг бариулж байгаа гээд бүгд л баяртай, сэтгэл дүүрэн байгаа гэв.

Тонн самарнаас байгаль орчны байцаагчийн гаргасан тушаалыг мөрдөж 820 сая төгрөгтэй болжээ. Улсын сан хөмрөгт хадгалж байгаад 100 гаруй сая төгрөгийг нь аймгаас өмнө нь авч байсан татаас мөнгөндөө өгчээ. Мөн залгаа сум болох Хархорин сумын нутгаас самар түүсэн байна гээд мөн л 100 гаруй сая төгрөгийг нь өгсөн гэнэ. Ингээд энэ мөнгөөр иргэдэд тустай юу хийх вэ гэж сумын удирдлага хуралджээ. Иргэдээс ч санал авсан байна. Сумын соёлын төвийг шинээр барих гэхээр 1.2 тэрбум төгрөг шаардлагатай, харин Орхоны модон гүүрийг бетонон болгох гэхээр 1.6 тэрбум төгрөг хэрэгтэй. Ингээд тулгамдаж буй асуудлын нэг болох цэцэрлэгийн хүрэлцээг нэмэгдүүлэхийн тулд шинээр цэцэрлэг барихаар шийдвэр гаргажээ. Өнгөрсөн зургаан сараас эхэлсэн цэцэрлэгийн барилгын ажил удахгүй дуусах гэж байна.

Үргэлжлэл бий

Categories
мэдээ цаг-үе

Бат-Өлзий сумынхан самар түүж олсон мөнгөөрөө хүүхдийн цэцэрлэг барьж байна

Бат-Өлзий суманд баригдаж байгаа хоёр давхар 75 хүүхдийн
цэцэрлэг

“Өдрийн сонин”-ы №200 (5465) дугаараас авч нийтлэв

Өвөрхангай аймгийн Бат-Өлзий суманд 400 гаруй сая төгрөгийн өртөгтэй, 75 хүүхдийн цэцэрлэг шинээр ашиглалтад орох гэж байна. Цэцэрлэгийн барилгын 70 гаруй хувийг гүйцэтгэгч компани бариад байна. Аравдугаар сарын 1-нд шинэ цэцэрлэг бүрэн ашиглалтад орох гэнэ. Барилгын ажилтнууд цэцэрлэгийн барилгыг гэрээнд заасан хугацаанаас өмнө ашиглалтад өгөхөөр өглөөний нарнаас үдшийн бүрий болтол тасралтгүй ажиллаж байна лээ. Бат-Өлзий сумын хүн ам арван мянга хол давчихсан. Үүнийгээ дагаад төрөлт сүүлийн хэдэн жил хэд дахин нэмэгджээ. Иймээс сургууль цэцэрлэгийн хүрэлцээ толгой өвтгөсөн асуудал болж. Цэцэрлэгийн насны 700 гаруй хүүхэд Бат-Өлзий суманд бий. Хуучин болоод шинээр баригдсан хоёр цэцэрлэг уг нь 150 хүүхэд хүлээн авах хүчин чадалтай. Гэвч нөхцөл байдалдаа тааруулаад 360 хүүхэд хүлээн авдаг байна. Гэсэн ч 400 хүүхэд цэцэрлэгт хамрагдаж чадахгүй үлддэг аж. “Дахиад шинээр цэцэрлэг барьж өгөөч” гэж улсад асуудал тавихаар “Танай суманд 450 сая төгрөгөөр 75 хүүхдийн цэцэрлэг барьж өгсөн биз дээ. Бусад суманд цэцэрлэгийн хүрэлцээгүй хэцүү байхад юун дахиж цэцэрлэг барьж өгөх вэ” гээд тас загнаад буцаадаг байна. Сумын Засаг даргын Тамгын газрынхан өнгөрсөн жил нэгэн мэргэн санаа олжээ. Түүнийгээ амжилттай хэрэгжүүлж, хуш модны самарнаас 800 гаруй сая төгрөг босгож чаджээ. Самарнаас олсон мөнгөөрөө хүүхдийн цэцэрлэг барьж буй нь энэ аж. Энэ талаар сурвалжлага бэлтгэхээр Бат-Өлзий сумыг өнгөрсөн долоо хоногт зорьсон юм. Замд хэдэн залуустай тааралдаж, самрын болц өнөө жил ямар байгаа талаар асууж тодрууллаа. Тэд хотоос Бат-Өлзий суманд самар түүхээр зорин ирээд гар хоосон буцаж байгаа талаараа ярив. Мөнгөншагай гэх залуу “Бат-Өлзий сумынхан самар түүх гээд ирсэн хүмүүсийг хавьтуулахгүй байна.

Замд тосч ирээд л “Төр нөхөрлөлийн байгаль хамгаалагч байна” гээд үнэмлэх тэмдэг үзүүлээд “Энд самар түүх хориотой. Байгаль орчны тухай хуульд аравдугаар сарын 15-наас эхлэн хуш модны самар түүхийг зөвшөөрдөг” гэсэн хуулийн заалт үзүүлээд хөөж туугаад байх юм. Хэдэн хоног хулгайгаар самар түүх гэж оролдлоо. Нутгийнхан нь газар нутгаа сайн мэддэг болохоор гаргаахгүй бариад авах юм. Сумын цагдаа нарт баригдаад явж байна. Архангай аймаг руу явж самар түүхээс” гэж ярив.

Хангайн нурууны зүүн урд хэсэг Орхон голын ай сав газарт Өвөрхангай аймгийн Бат-Өлзий сум оршино. Уул ус, ургамал тэгширсэн байгалийн өвөрмөц тогтоц бүхий сайхан нутаг ажээ. Сумын төвийн баруун урд хэсгийн айлуудын хашааны цаанаас эхлээд л хуш модон ой нүргэлэн, өнгө өнгийн цэцэгс алаглан ургасан ногоон дэнж угтах юм. Сумын төвийн дундуур урсах Хүйтний булгийн эргээр хэдэн зуун сарлаг бэлчиж, айлууд гэрийнхээ гадаа утаа май тавьжээ. Харин сумын төвийн хойгуур эмжин мяралзан урсах Могойн голын эрэг дагаад адуу мал багширна. Айлуудын хашаанаас банз хадах, хөрөө раамны нүргэлсэн дуу тасралтгүй сонсогдох юм. Бат-Өлзий сум сүүлийн жилүүдэд эрчимтэй хөгжиж байгаа сумдын нэг. Айл болгон хашаандаа хоёр давхар байшин бариад шинэхэн зүссэн шаргал банзаар хашаагаа барьж, өнгө үзэмж дараад байсан хашааныхаа хаалгыг хээ угалзтай төмөр хаалгаар сольжээ. Бүр хашаандаа явган хүний зам тавиад, спортын талбай хийсэн айл ч олон байна лээ. Жаргаж буй нарны гэрэлд шинээр барьсан байшингуудын улаан, ногоон, цэнхэр дээвэр тодорч, айл болгоны амьдрал илтэд сайжирсан нь энэ бүгдээс тод харагдах ажээ. Засаг даргын Тамгын газрын намхан цагаан байшин, соёлын төвийн хөндлөн дүнзэн хүрэн байшингаас бусдыг шинээр барьсан байна лээ. Хоёр давхар эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн шинэ өргөтгөл баригдаж ашиглалтад орсон байна. 2004 онд гурван мянга хүрэхгүй хүн амтай байсан Бат-Өлзий сумын иргэд өнөөдрийн байдлаар арван мянга хол давжээ. Сумын төвийнхөн нийслэл рүү нүүдэг байсан бол сүүлийн хэдэн жил нийслэл, ойр хавийн сумдаас айлууд нүүж ирэх болсон гэнэ.

“Намар хүүхдээ цэцэрлэгт оруулах гэж бөөнюм болно шүү дээ”

Бат-Өлзий сумынхан самрын мөнгөөр баригдаж байгаа цэцэрлэгээ “Боргоцой” цэцэрлэг гээд хэдийнэ нэрлэчихсэн байх ажээ. Сумын төвд явж байгаа 50 эргэм насны эмэгтэйгээс “Шинээр баригдаж байгаа цэцэрлэгийн барилга хаана байгаа вэ” гэж асуухаар “Боргоцой” цэцэрлэгийг хэлээд байна уу. Сумын Засаг даргын Тамгын газрын хойно байгаа. Манай сумын удирдлагууд сумын иргэдээр самар түүлгэж, компаниудад худалдаж, дундаас нь мөнгө олсон юм. Тэр мөнгөөрөө цэцэрлэг барьж байгаа. Өвөрхангай даяар Бат-Өлзийн самарчид гэж нэр авчихсан шүү дээ” гээд л инээд алдан ярих. Тэгснээ манай суманд хүүхдээ цэцэрлэгт оруулах гэсэн эцэг, эхчүүд намар болохоор бөөн юм болно. Хотын цэцэрлэгүүд шиг л хэрүүл тэмцэл, уур бухимдал болно. Танил тал, авлига хээл хахууль хүртэл яригдана. Үнэхээр 700 хүүхдээс 300 хүүхэд авч байгаа болохоор яах юм бэ. Хүн бүр л хүүхдээ цэцэрлэгт явуулахыг хүснэ. Тэгээд л сугалаа сугалж азаа үзнэ шүү дээ. Харин шинээр цэцэрлэг баригдаж байгаад их баяртай байна. Манай сум энэ жил цэцэрлэгийн асуудлыг бүрэн шийдэж байгаа гэж дарга нар хэлсэн. Шинэ цэцэрлэг ашиглалтад ороод багийн төв дээр бага сургуулийн хажууд гэр цэцэрлэг гадаадын төслөөр баригдаж байгаа” гэв.

Бид чанартай барилга барихаар хичээж байна гэв”

Ингээд “Боргоцой” цэцэрлэгийн барилгын ажил хэрхэн явагдаж байгаа талаар тодруулахаар очлоо. Өвөрхангай аймгийн “Эрч хүч хөгжил” ХХК цэцэрлэгийн барилгын ажлыг хийж гүйцэтгэж байгаа аж. Компанийн захирал В.Самданцоодол угтаж авлаа. Тэрбээр “Орон нутгийн 450 сая төгрөгийн хөрөнгө оруулалтаар 75 хүүхдийн цэцэрлэг барьж байна. Өнгөрсөн зургадугаар сарын 25-нд болсон тендерт манай компани шалгарсан. Тэгээд шууд ажилдаа орсон. Одоогоор барилгын ажлын 30 орчим хувь нь үлдээд байна. Дотоод засал чимэглэл, дээвэр, цонх, гадаад тохижилтын ажил үлдээд байна. Хоёр давхрын өрлөгийн ажил дөнгөж саяхан дууслаа. Шавар, сантехник, цахилгаан, инженерийн шугам сүлжээний ажлыг өнгөрсөн долоо хоногт бүрэн дууссан. Цэцэрлэгийн гадна талын хашаагаа гагнуулаад аваад ирсэн. Хашаагаа угсарч дуусаад гадаад тохижилт, явган хүний зам, хүүхдийн тоглоомын талбай зэргийг хийж гүйцэтгэнэ. Аравдугаар сарын 1 гэхэд улсын комисст бүрэн хүлээлгэж өгнө. Ажилд саад болсон зүйл огт байхгүй. Манай компанийн хувьд сумын удирдлагуудын зөв зохистой шийдвэрээр байгалийн дагалдах баялаг болох самарнаас мөнгө босгож хүүхдийн цэцэрлэг барьж байгааг дэмжиж байгаа. Монголд самраар цэцэрлэг барьсан сум хаана ч байхгүй. Бидний зүгээс цэцэрлэгийн барилгыг олон жилийн настай, сайн барилга барьж өгөх гэж хичээж байна. Тэр ч утгаараа бүх зүйлд хянамгай хандаж, барилгын материалын чанартайг нь сонгож авч байна. Сумын төвийнхөн “Боргоцой” цэцэрлэгийн ажил юу болж байна гээд л хүрч ирээд бидний ажилтай танилцаад явна. Шинэ цэцэрлэгт хүүхдээ явуулах нь гэж олон эцэг, эх баярлаж байгаа” гэв.

Бат-Өлзий суманд 2006 оноос хойш самар огт ургаагүй гэнэ. 2006 онд самар түүхээр ирсэн хүмүүсийн балгаар ой шатаж, сумын иргэд сар гаруй түймэр унтраах гэж ноцолджээ. Бороо, цастай нийлж арай гэж унтрааж авсан байна. Харин өнгөрсөн жил самар ургаж эхэлж. Мод болгонд боргоцой ургажээ. Болц, амт шимт “тасархай” гоё байсан гэнэ. Байгалийн баялаг болсон энэ их боргоцойг яах вэ. Хууль бусаар самар түүгчид ирээд хуу хаман авч, ой модоор дүүрэн хог новш тарихыг хараад сууж байх уу гэх асуудал тулгарсан байна. Ингээд хоорондоо ярилцаж байгаад ой модоо хамгаалах, ашиг олох боломж гарцыг олжээ. Ингээд сумынхан 800 сая төгрөг боргоцойноос олж чаджээ.

Үргэлжлэл бий

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Аялагчдад олигтойхон үйлчилгээ үзүүлчих газар Монголын хөдөөд алга

Наадмын олон хоногийн амралттай залгуулаад амралтаа авчихлаа. Зуны дэлгэр цагт Монгол орноо хөндлөн гулд туулж, аялах зорилготой. Өвөрхангай, Баянхонгор, Говь-Алтай, Архангай, Хөвсгөл, Булган, Орхон, Сэлэнгэ аймгаар сар гаруй явлаа. Монголын аялал жуучлалын бүс нутгаар явж байгаа минь энэ. Өвөрхангай аймгаас үзэж харах зүйл эхэлж байгаа юм. Монголын эртний хот Хархорин, Эрдэнэзуу хийд, Орхоны цэлгэр хөндий угтана. Зуншлага энэ жил хаа сайгүй сайхан байгаа. Байгалийн сайхны талаар ярихаас илүүтэй аялал жуулчлалын бүс нутгаар юу дутагдаж байсныг хэлэх нь зүйтэй байх.

Өвөрхангай аймгийнхан энэ жил гүүгээ эрт барьж, айраг эрт гарсан. Замд “Айраг зарна”, “Хонь зарна” гээд зэвэрсэн төмөр, нимгэн банзан дээр эв хавгүй бичсэн байх нь олонтаа. Замын хажууд гүүгээ бариад айраг зарж байгаа газруудаар орлоо. Манай хөдөөнийхний хэнэггүй зан хэвээрээ л байна. “Нарантуул” захаас худалдаж авсан метрийн өнгө өнгийн бүрээсээр сүүдрэвч барьсан байх. Төмөр, мод оролцуулаад сүүдрэвч болгожээ. Яажийсан модон сандал, ширээ тавьчихсан, тоос шороо пургиад хэрэг алга. Ийм сүүдрэвчинд тавтайхан суугаад айраг уух аргагүй. Хултай айргаа хурдхан залгилаад хөдлөх, эсвэл ундаа, цэвэр усны саванд хийлгүүлж аваад явна. Ундааныхаа савыг хаанаас авсан юм бэ гэж асуух хэрэг байхгүй. Замын хажуугаар хүүхдээ мотоцикльтой явуулаад түүлгэчихдэг юм гээд хэнэг ч үгүй хариулна. Айрагны газруудаас “Хэдэн жил энд айраг зарж байна даа” гэж асуухаар олонх нь “Хамгийн багадаа найман жил айраг зарж байна” гэж байна лээ. Тэгсэн мөртлөө олигтойхон сүүдрэвч бариад, томхон ширээ, вааранд айргаа хийж тавих зэргээр тав тухтай орчин бүрдүүлчих ухаан, сэтгэл төрдөггүй бололтой. Замд тааралдах цайны газрууд ч ялгаагүй. Арав гаруй жилийн өмнө ямар байсан яг тэр хэвээрээ. Орчин, үйлчилгээ, хоолны чанар гээд бүр ч дордсон дүр зураг харагдана. Цагаан бүрээс нь пад хар болж, яажийсан гэр ч таарна. “Гэр гуанз, бүх төрлийн хоол хийж өгнө” гээд хулдаасан хэвлэлд бичээд самбар тавьчихсан харагдана. Ороод хоол идэхээр амт муутай, порц бага. Хэдхэн мах, будаа тавган дээр тавьчихаад 6000 төгрөгөөр зарна. Цайны газрын эзэд, тогооч нарын сэтгэлгээнд “Хотынхон хэдхэн ма х , будаанд цадчихна. Тэрийгээ үнэтэй зардаг юм байна лээ. Бид ч юу дутах вэ” гэх буруу ойлголт суусан гэж бодмоор бараг бүгд ижил үнээр үйлчилж байв. Гэвч мөн л тав тухтайхан суугаад хооллочих боломж муу юм, хаа сайгүй. Говь-Алтай , Баянхонгор аймагт явахад хоолны чанар, орчны талаар бүр яриад ч хэрэггүй гэмээр.

Эргээд Архангай аймгийн нутгаар явлаа. Тамирын голын хөндий, Тайхар чулуу, Чулуутын хавцал, Хоргын тогоо, Шар нохойн там, Тэрхийн цагаан нуур гээд үзэх газар зөндөө. Гэвч мөн л ялгаа байхгүй зэлүүд тал, аялагч, жуулчдад зориулсан юу ч алга. Байгалийн тогтоц, хээр тал л угтана. Хоргын тогоо орчим хог новшиндоо дарагдчихсан. Тэнд нь хэдэн хүн хуушуур, бууз, банштай цай, цай, ус, ундаа гэх мэтийг зараад зогсож байх. Тэгсэн атлаа нутаг орон Хоргын тогооны үүх түүхийн талаар хүүхдүүдэд сонирхуулчих хүн ч байхгүй юм. Тэрхийн цагаан нуур орчимд хонож таарав. Дүнзэн байшин, шавар байшинтай амралтын газрууд байх юм. Модон ор, хоёр сандал ширээ. Хоногийн 60 мянган төгрөгийн үнэтэй, харин гэр буудал нь 40 мянган төгрөг. Бороо орохоор үнэ нь бүр ч нэмэгддэг юм байна лээ. Дотоодын амрагчид газрын баримжаа асуусаар байгаад төв зам дагуух айлуудын гэрийн эзэд бүгд залхчихсан байдалтай.Ярвайсан амьтан гарч ирээд “Хөвсгөл явах гэж байгаа бол тод замаа дагаад л давхиад бай. Хоргын тогоо ч ялгаа байхгүй тод замаа дагаад л давхи” гэж хэлчихээд гэр рүүгээ орчихно. Сум болгонд замын тэмдэглэгээ, километр заасан самбарыг нэн тэргүүнд байршуулах хэрэгтэй санагдсан. Жолооч нар замын самбар дагаад л давхичихна. Айлуудаар орж зам асууж, гэрийн эздийн уур цухлыг бараад байхгүй. Гэсэн ч аялал жуулчлалын бүс нутгийн ядаж зүг чиг тодорхой, эвдэрсэн замын тэмдэглэгээ хийх нь аялагчдын нэн тэргүүнд хүсэх зүйл байв. Хөвсгөл аймаг Монгол Улсын аялал жуучлалын хамгийн том бүс нутаг. Зуны улиралд жилдээ хэдэн мянган жуулчин Хөвсгөл далайг зорьдог. Энэ зун ч ялгаагүй аялагч, амрагчдын хөл хөдөлгөөн ихтэй байжээ. Байгалийн сайхныг мэдрэхээр Хөвсгөл далайг зоригсдын олонх Хатгал сумын төвөөр дайрч, далайн эрэг хүртэлх замдаа л аялал жуулчлалын гол газруудын нэг атлаа хөгжил муу, дүнсгэр хэдэн байшингийн олонх нь дэлгүүр болсныг харна. Ийн явсаар далайн эрэг орчмын жуулчны бааз, гэр баазуудтай залгана. Хүмүүс хоноглож л байвал болно гэх шиг үзэмж муутай, эсгий, чийгний үнэр хамар цоргисон гэрүүд, тавилгагүй, цонх нь халтартсан байшингууд аялагчдыг хүлээж байна. Бааз ажиллуулагчид зорин ирэгсдийг угтан гэр болон байшин буудлуудаа санал болгож, үнэ танилцуулна. Гэсэн ч гэр, байшин буудлын аль аль нь орны цагаан хэрэглэлгүй, хэрэглэлтэй нь бохир, ор нь эвдэрсэн, хоол цайгаа идэж, уух сандал ширээгүй байх нь олон. Аялал жуулчлалын бүс гэдэг дамжин өнгөрөх цэг биш. Аялагчдыг дахин дахин иртэл нь сайхан сэтгэгдэл үлдээснээрээ хөгждөг гэдэг. Үүнд хамгийн наад захын хоноглох газрын тав тух орно. Хатгалын байшин баазуудын хамгийн түрүүнд хийх зүйл нь дотоод тохижилтоо сайжруулах, эвдэрч хэмхрээгүй ор, сандал ширээтэй болох. Хөвсгөл далайн онцлогийг харуулсан фото хийгээд уран зургийг ханандаа өлгөж, шалаа аль болох модон эсвэл өнгөлөг хулдаасаар гоёж яагаад болохгүй гэж. Үүнээс гадна зөвхөн Хөвсгөлд ч бус нийт аймагт тулгамддаг ариун цэврийн өрөө, жорлонгийн асуудал ч далайн эрэгт байна. Жуулчны баазууд хашаандаа 5-20 гэр барьж, 3-10 модон байшинтай ч дунд нь ганц жорлонтой. Эрэгтэй, эмэгтэй гэж ялгах тухай яриад ч хэрэггүй. Бохир, завааны тухай хэлэх ч багадна. Үүнээс гадна далайн эрэг, модны захад амрагчдад зориулсан элдэв загвар хийцтэй сандал байрлуулвал тав тух эрэгчдэд нэн хэрэгтэй. Үүнээс гадна хүүхэд, багачуудад зориулсан тоглоомын талбай, элдэв чимэглэл, сэтгэлд нь хоногшиж үлдэх зүйл алга. Гаднын орнууд далайн эрэг, жуулчлалын бүс орчмоороо байгалийн чулууг будаж, давхарлан элдэв дүрс гарган байршуулж, тохижуулсан байдаг нь хүмүүсийн сэтгэлд илүүтэй үлддэг гэмээр. Мөн хамгийн чухал зүйл нь амрагч, аялагчдад зориулан усанд орж болох хэсгийг тэмдэглэн, эргийн гүн, цүнхээл хэсэгт анхааруулах тэмдэглэгээ хийх хэрэгтэй. Үгүй бол иргэд дуртай газраа орж, амь насаа алдах тохиолдол гардаг юм билээ. Энэ мэт жижиг сажиг зүйлсийг бий болгох нь Хөвсгөл далай хийгээд бусад аялал жуулчлалын бүсэд зочлох дараа дараагийн аялагчдад хэрэгтэй шүү.

Манай хан гараа хумхиад зүгээр суугаад байвал амьдралаа өөрчилж чадахгүй. Ямар нэгэн байдлаар хөдөлж, өөртөө байгаа хүч боломжоороо ажиллаж байж амжилтад хүрнэ гэдгийг мэддэг болсон нь аяллын замд таарах ард иргэдээс мэдрэгдэж байв. Гэхдээ зах зээлийг манайхан зөвхөн мөнгө гэж хараад байх шиг. Мэдээж мөнгө байлгүй яах вэ. Ашиг олохоос гадна дэг журам, стандарт, шударга ёс байх ёстой. Тав тух, сэтгэл ханамж бий болгож байж л хэрэглэгч, үйлчлүүлэгч нарыг татдаг алтан дүрэм бий. Хэрэглэгчийг сэтгэл ханамжтай үдэж чадаагүй мөртлөө мөнгө авахыг урьтал болгодог байдал газар авчээ.

“Монголын хөдөө 1980, 1990 онд ийм л ба йс а н . Өөрчлөгдсөн зүйл огт алга. Бусдыг үл хүндэтгэсэн ямар ч стандарт дүрэм журамгүйгээр хэдий олон жил явах билээ. Цайны газрууд аяга таваг, халбага сэрээгээ олигтой угааж заримыг нь шинэчлэх хэрэгтэй” гэх хүнтэй ч таарч байв. “ Т эр цайны газар амттай сайхан хоолтой байдаг” гэх яриа олны дунд гартал нь үйлчилж чадах юм бол ашиг орлого нэмэгдэнэ. Айраг зарж байгаа малчид сайхан гэр бариад, хаяаг нь цэлийтэл шуучихаад, хананд нь Монголын алдартнууд айраг ууж байгаа зураг, адууны зураг өлгөөд, ширээ сандалнаас эхлээд монгол ахуйг мэдрүүлсэн орчин бүрдүүлчих юм бол хүмүүс тавтай тухтай удаан сууна. Үүнийхээ хэрээр орлого ч нэмэгдэнэ. Эсвэл айрагны сүүдрэвчиндээ томхон сандал ширээ хийлгээд, айрагны аяга саваа өөрчилж, хогийн цэг хүртэл байршуулж, ойр хавиа шороо тоос босохгүй болтол услаад зогсож байвал хэн бүхэнд сайхан сэтгэгдэл төрүүлнэ. Ядахдаа хог хаях цэг ойрхон байхгүйгээс болоод Монголын хөдөө, аялал жуучлалын бүс нутаг хогондоо дарагдчихаад байна шүү дээ. Аялагчдын олонх нь байгалийн сайхныг харах гэж хаа байсан холоос зорьж ирээд хог новш харж уур цухлаа барж байгааг аян замын хаанаас ч харж болно. Энэ бүгдийг өөрчлөх цаг нь хэдийнэ болжээ. Зам харгуй сайжрахын хэрээр дотоодын аялал хөгжиж байна шүү дээ.

Categories
мэдээ цаг-үе

Зам дээрх хядлага

Нэг зуун далан найм. Энэ бол сүүлийн гурван жил зам тээврийн ослын улмаас амиа алдсан хүүхдүүдийн тоо. 2016 он гарсаар зургаан сарын дотор 29 хүүхэд зам тээврийн осолд өртөж, харамсалтайгаар амиа алдсан байна. Ердөө л 2.6 жилийн хугацаанд 178 айл хагацал үзжээ. Зөвхөн зам тээврийн ослын улмаас шүү.

Өглөө хичээлдээ явах гээд цүнхээ үүрээд гарсан хүүхэд хэдхэн хормын дараа замын голд амьсгал хураасан хэвтэж байх. Хичээлдээ онц авсан дэвтрүүд, зурагт ном нь замаар нэг тарчихсан, цүнх, өмсч явсан гутал нь тээр хол шидэгдчихсэн, дайрсан машины цонх нь дотогшоо цөмөрч, хамар, куперний төмөр нь тэр чигтээ хонхойчихсон сэтгэл эмзэглэм дүр зураг харагдах. Машинд дайруулж амь насаа алдсан охины ээж “Тэр жаахан бие нь машинд дайруулчихаад яаж өвдөж, шаналж байсан бол. Охины минь бүх яс хугарч, үйрээд тархи нь бяцарчихсан байсан. Амьсгал хурааж байхдаа яаж зовсон бол гэж бодохоор гол зураад хэцүү байдаг. Хүүхдээ сургуульд нь хүргээд өгөх минь яалаа даа гэж дандаа харамсч, өөрийгөө зүхэж сууна. Аав нь ч ялгаагүй. Охиноо бурхан болсноос хойш манай гэрт аз жаргал, инээд гэж байхаа больсон. Би гэртээ өдөржин уйлж суугаад, нөхөр архи уугаад явдаг болсон доо” гэж ярьж байсан. Мөн Баянзүрх дүүрэгт нэгэн харамсалтай осол хоёр жилийн өмнө гарч байсан. Замын эсрэг талд явж байсан ангийн найзууд руугаа гүйж явсан хүү машинд мөргүүлж амиа алдсан байдаг. Хүү найзуудынхаа нүдэн дээр машинд хүчтэй мөргүүлээд хол шидэгдэж амиа алдсан юм. Энэ мэт олон баримт хэлж болохоор байна.

2246. Энэ бол хоёр жилийн хугацаанд автомашины осолд өртсөн хүүхдийн тоо. Жилд мянга гаруй хүүхэд зам тээврийн осолд өртдөг юм байна. Хэдийгээр амь насаа алдаагүй ч байнгын хэвтэрт орсон, хөлгүй, гаргүй болсон олон хүүхэд байгаа аж. Бүр тархиндаа хүнд гэмтэл авч, сэтгэцийн өөрчлөлттэй болсон хүүхэд олон байгааг ГССҮТ-ийн эмч нар хэлж байна лээ. Хүүхдүүд юунаас болоод авто тээврийн осолд өртөж, амь насаа алдаад байна вэ. Энэ асуултын хариултыг холбогдох албаныхан маш амархан өгөх аж. “Улаанбаатар хотод автомашины тоо сүүлийн жилүүдэд хэд дахин нэмэгдсэн. Үүнээс болоод авто тээврийн осол эндэгдэл буурахгүй байна. Түүнээс хүүхэд авто тээврийн осолд орохоос урьдчилан сэргийлж олон ажил хийж байгаа. Үр дүнгээ ч өгсөн” гэх хариултыг өгөх ажээ.

“БАТЛАГДСАН ХУУЛЬ ХЭРЭГЖИХГҮЙ БАЙНА”

Замын цагдаагийн газрын Урьдчилан сэргийлэх хэлтсийн ахлах мэргэжилтэн, цагдаагийн хошууч Л.Амаржаргалаас хүүхдүүд юунаас болж автомашины осолд өртөөд байгаа талаар тодрууллаа.

-Хүүхдүүд юунаас болоод автомашины осолд өртөөд байна. Энэ талаар Замын цагдаагийн газраас судалгаа хийж үзсэн үү?

-Хүүхдүүд автомашины осолд орох, амь насаа алдах тоо буурахгүй байна. Хүүхэд гэр, сургуулийн хооронд явж байхдаа аваарт өртөж байна. Мөн томчуудын анхаарал болгоомжгүй байдлаас ихэнх осол гарч байна. Замын хөдөлгөөний аюулгүй байдлын тухай хуульд 0-10 насны хүүхдийг асран хамгаалагч, бүх шатны боловсролын байгууллагын албан тушаалтан харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулахгүй байх. Хэрэв хүүхдийг харгалзах хүнгүйгээр замын хөдөлгөөнд оролцуулбал асран хамгаалагчид хариуцлага тооцохоор заасан байдаг. Гэтэл өнөөдөр дээрх хуулийн хэрэгжилт хангалтгүй байна. Хүүхдээ харгалзах том хүнгүйгээр явуулдаг. Үүнээс болоод ослууд ар араасаа гараад байна. Таны хүүхдийг та л хамгаалахгүй юм бол хэн ч хамгаалж чадахгүй гэдгийг эцэг, эхчүүд ойлгохгүй байна. Хүүхэд нь осолд өртөж байж л ухаардаг. Энэ тогтолцоог үгүй хийх гэж хичээж байна. Замын цагдаагийн газраас хүүхэд автомашины ослоос урьдчилан сэргийлсэн олон ажлыг хийж байгаа. Гэхдээ энэ бол дан ганц Замын цагдаагийн газрын хийдэг ажил биш. Холбогдох яам тамгын газар, ТББ-ууд болоод эцэг, эхчүүд хамтран ажиллах ёстой. Нэг хүүхэд зам тээврийн осолд өртлөө гэхэд бүгд хэдэн талаас шинжилж үзээд юу нөлөөлж энэ хүүхэд машинд мөргүүлсэн бэ гэдгийг тогтоох, үнэлэлт дүгнэлт хийх ёстой. Үүний дагуу ажиллаж хүүхдийг зам тээврийн осолд өртөхөөс урьдчилан сэргийлэх учиртай.

-Жолооч нар хүүхэд дайрч байгаа шалтгаан юу вэ?

-Жолооч нар тээврийн хэрэгсэл жолоодож, замын хөдөлгөөнд оролцохдоо ямар ч анхаарал болгоомжгүй оролцож байна. Бага насны хүүхэд олон байгаа газраар явахдаа хурдаа сааруулдаггүй. Хүүхэд аль нэг газраас гэнэтхэн гараад ирнэ гэдгийг огт тооцоолохгүй явдаг. Ингээд гэнэтхэн хүүхэд урдуур нь орж ирээд мөргүүлдэг. Жолооч нар ч гэсэн өөрсдөө аав, ээжүүд. Таны хүүхэд ч гэсэн замын хөдөлгөөнд оролцоод явж байгаа. Иймд хурдаа тохируулж явах хэрэгтэй гэв.

ХОЛБОГДОХ ГАЗРУУДЫН ГАЗРУУДЫН АЛДАА БУЮУ ХҮҮХЭД ЗАМ ТЭЭВРИЙН ОСЛООР АМИА АЛДАЖ БАЙГААГ ОГТ ТООДОГГҮЙ

Монголд хүүхдийн эрх ашгийг хамгаалсан 200 гаруй байгууллага байдаг ажээ. Дурдвал, Хүн амын хөгжил, нийгмийн хамгааллын яам, Хүүхдийн төлөө газар, Нийслэлийн гэр бүл хөгжлийн газар, аймаг, дүүрэг сумдын гэр бүл хөгжлийн төв гээд улсын байгууллага, Хүүхдийн эрх ашгийг хамгаалах төв гээд хувийн маш олон хүүхдийн төлөөх байгууллага байх аж. Гэвч өнөөдөр хүүхэд зам тээврийн осолд өртөж, жилд 112 хүүхэд амиа алдаж, мянга гаруй хүүхэд осол аваарт өртөж байгааг хэн ч, ямар ч албан тушаалтан юман чинээ тоодоггүй бололтой. Тэд гадны аль нэг байгууллагаас төсөл хөтөлбөр хэрэгжүүлэхийн тулд хүнд хөдөлмөр эрхэлж байгаа хүүхэд, гэр оронгүй хүүхэд, асрах газар гээд цөөн хэдэн газарт л тодорхой хэмжээний ажлуудыг хийдэг байна. Харин хүүхэд амь насаа алдаж байгааг авто ослын талаар судалгаа шинжилгээ хийдэг нэг ч байгууллага байдаггүй ажээ. Мөн энэ чиглэлээр мэргэшсэн хуульч ч байхгүй байна лээ. Хүүхдийн төлөө үндэсний газраас хүүхэд осолд өртөж амь насаа алдах тоо яагаад буурахгүй байгаа талаар асууж, энэ талаар ямар ажил хийж байгаа талаар мэдээлэл байна уу гэхээр “Хариуцсан ганцхан мэргэжилтэн байгаа. Тэр хүн хөдөө явчихсан. Энэ талаар өөр мэдэх хүн байхгүй” гэх хариулт өгч байв. Нийслэлийн хүүхэд, гэр бүл хөгжлийн төвийнхөнд ч энэ талаар мэдээлэл өгөх хүн олдсонгүй. Яам, холбогдох тамгын газар, төв энэ талаар огт ажил хийж байгаагүй гэдгийг Замын цагдаагийн газрынхан онцолж байна лээ. Эх сурвалжийн хэлж буйгаар “Хүүхэд зам тээврийн ослоор амь насаа алдаж байгаа нь бидэнд огт хамаагүй” гэх утга бүхий зүйлсийг хэлдэг гэсэн. Уг нь сургууль орчимд авто осол гарч байгаа бол Нийслэлийн боловсролын газар, сурагчдын холбоо хамтраад ажиллах ёстой аж. Энэ сургуулийн тэр хавьд хүүхэд автомашины осолд өртөх аюул маш өндөр гээд анхааруулга тэмдэг болоод гэрлэн дохио, явган хүний гарц хийж, эцэг, эхүүдийн төлөөллийг зогсоох ёстой байдаг. Гэтэл энэ талаар хийсэн тодорхой ажил огт байхгүй аж. Мөн эцэг, эхчүүдийн буруугаас болж хүүхэд осолд өртөж байгааг Хүүхдийн төлөө үндэсний газар, Хүүхэд гэр бүл хөгжлийн төвийнхөн анхаарч ажиллах хэрэгтэй аж. Харин жолооч нарын буруугаас болж гарч буй ослуудыг Замын цагдаагийн газар анхаарч ажиллах ёстой. Гэвч төрийн байгууллагууд энэ дээр огт анхаарал хандуулахгүй байгаагаас болж хүүхдүүд зам дээр “хядуулж”, хэдэн зуугаараа амь насаа алдаж байна.

ЭЦЭГ, ЭХЧҮҮДИЙН АЛДАА

Эцэг, эхчүүд хүүхдээ харгалзах хүнгүй дэлгүүр рүү хүнс авахуулахаар, эсвэл хичээлд нь ганцааранг нь явуулчихдаг. “Манай хүүхэд ганцаараа яваад сурчихсан юм. Би арван нас хүрэх гэж байхдаа ганцаараа явдаг байсан” хэмээн сайрхана. Тэгсэн мөртлөө энэ гудамжнаас гэнэтхэн машин гараад ирдэг юм. Энэ замаар гарч болохгүй. Машин байнга хурдтай явдаг. Явган хүний замтай, гэрлэн дохиотой газраар зам хөндлөн гарч бай. Зам хөндлөн гарахдаа гүйж болохгүй. Хоёр талаа сайн харж байгаад гараа алдалж гарах ёстой. Мөн нэгдүгээр эгнээний машин зогсож зам тавьж өгсөн ч гэсэн хоёр, гуравдугаар эгнээгээр явж байгаа машин дайрах аюултай. Машин ирж байвал өнгөрөөж гар. Зам хөндлөн гарахдаа яарч тэвдэж, гүйж огт болохгүй гээд наад захын энгийн жишээг тайлбарлаж өгөхгүй. Тэгсэн мөртлөө есөн настай хүүхдээ дүүгээ цэцэрлэгт нь хүргээд өг” гээд явуулчихдаг. Үүнээс болоод өнгөрсөн лхагва гаригт нэг айлын хоёр хүүхэд машинд дайруулж, хүнд гэмтсэн юм. Хүүхдүүд зам хөндлөн гарахдаа ирж байгаа машины хурдыг тооцоолон бодож чаддаггүйн улмаас машины урдуур дүүгээ дагуулж гүйгээд мөргүүлжээ. Эцэг, эхчүүд хэнэггүй байдлаасаа болоод нялх үрсээ харамсалтайгаар алдах, насан туршдаа сэтгэлийн зовлон гунигтай явах хувь тавилан хүлээж байгаа юм.

Дайн байлдаантай улс оронд ч амь насаа алдаж байгаа хүүхдийн тоо хэмжээ хязгаартай байна. Гэтэл бид энх амгалан аж төрж байгаа мөртлөө үр хүүхдээ хайр найргүй хядуулж байна. Та бидний хойч ирээдүй болсон танхилхан үрс минь хэнэггүй эцэг эх, дур зоргоороо дүрэмгүй мэт аашилж хааз нэмэн давхисан жолооч нарт мянгаараа хядуулж, хэдэн зуугаараа амь насаа алдах ёстой юу. Салхи татуулан давхих автомашинд бидний ирээдүй болсон хүүхдүүд өөдөсхөн биеэ “тас татуулж”, цардмал зам дээр бүлээн цус нь тунарч, сүүлчийн амьсгалаа татах хувь тавилантай юм гэж үү.

Биенээс нь бие болон ургасан алаг үрээсээ хагацсан ээжийн нулимс, ангаахай бяцхан хүү, охиноо харамсалтайгаар алдах аавын гунигт эмзэглэл, өөрсдийгөө насан туршдаа буруутгах зовлонт гашуун амьдралыг Монголын олон мянган гэр бүл амссаар байх уу. Зам дээрх хүүхдүүдийг минь дайрч хядсан их хядлага хэзээ зогсох вэ.

Автомашинд мөргүүлж гэмтэл аваад хөлөндөө том хадаас нэвт өрөмдүүлсэн олон хүүхэд эмнэлгийн орон дээр өвчиндөө шаналж, тарчилж хэвтэж байна шүү дээ. Тэд амьдрах гэж, амьд байх гэж үхэлтэй тэмцэлдэж байна. Харин томчууд бид тэднийг ингэж тамалж, ингэж хядахгүй байж чадна.

Categories
мэдээ цаг-үе

Ж.Сүх-Очир: Зэвсэглэсэн этгээдүүд тасралтгүй буудаж, НҮБ-ын энгийн ажилчдын байр руу гранат шидэж дэлбэлэх гэж оролдсон

Монголын Зэвсэгт хүчний ахлагч Э.Энхээ, ахлагч С.Эрдэнэбилэг нар алан хядагчид зэр зэвсэг булж байгааг олж хараагүй байсан бол дэлхийн хамгийн олон буюу 120 мянган дүрвэгч амьдарч байгаа хуаран үнсэн товрого болох байж. Мөн олон мянган хүн амь насаа алдах аюул маш ойрхон байжээ. БНӨСУ-ын UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монголын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны тавдугаар ээлжийн энхийг сахиулагч Э.Энхээ, С.Эрдэнэбилэг нар энхийг сахиулагчийн үүргээ сэтгэл зүрхээ зориулан гүйцэтгэж чадсанаар олон мянган хүний амь нас аврагджээ. Мөн манай улсын батальоны энхийг сахиулагчид өнгөрсөн сарын 25-нд галт зэвсэгтэй халдлагыг таслан зогсоож чадсан байна. Монгол цэргүүдийн байгуулсан гавьяат үйлсийн талаар Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт Хүчний мотобуудлагын батальоны тавдугаар ээлжийн цэргийн багийн Штабын дарга, дэд хурандаа Ж.Сүх-Очиртой холбогдож ярилцлаа.

-Та бүхний удирдаж байгаа мотобуудлагын батальоны ахлагчид олон хүний амь аварсан гэсэн. Энэ талаар тодруулахгүй юу?

-Энд цагийн байдал тогтвортой байгаа хэдий ч БНӨСУ-ын дэд ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Засгийн газрын эсрэг хүчний удирдагч Риека Машар 2016 оны дөрөвдүгээр сарын 26-ны өдөр бидний байрлаж байгаа Жубо хотод ирэх гэж байгаатай холбогдуулан өндөржүүлсэн бэлэн байдалд ажиллаж байна. Манай ахлагчид ажил үүргээ сайн гүйцэтгэж олон мянган хүний амь насанд халдах гэж оролдсон байдлыг таслан зогсоож чадсан. Өнгөрсөн сарын 25- ны шөнө харуулын цэг дээр гуравдугаар мотобуудлагын батальоны ахлагч Э.Энхээ, С.Эрдэнэбилэг нар ажил үүргийнхээ дагуу шөнийн харуулд гарч байсан юм. Хол, ойрын зүйл харагдахгүй харанхуй байсан гэсэн. Харуулынхаа цэг дээрээс ойр хавьд сэжигтэй ямар нэгэн хөдөлгөөн болж байна уу гэж хяналт тавьж байсан юм байна лээ. Тэгтэл орон нутгийн дүрвэгчдийн хуарангийн ойролцоох газарт хөдөлгөөн илэрсэн байдаг. Шөнө болохоор сайн харагдахгүй байсан юм билээ. Ямар ч байсан хэсэг хүмүүс газар ухаж ямар нэгэн зүйл нууж байгаа бололтой харагдсан гэсэн. Ингээд дээд удирдлагуудад шууд мэдээлэл өгсөн. Бид ч харуулын цэгээс ирсэн мэдээллийн дагуу шуурхай арга хэмжээ авч, маш богино хугацаанд бэлэн байдалд шилжиж, хүчээ зузаатгасан. Нөгөө хүмүүс ч ямар нэгэн зүйлээ булж дуусгаад сандарсан байдалтай яваад өгсөн байсан. Ингээд НҮБ-ын болон орон нутгийн дүрвэгчдийн хуарангийн ойролцоох газарт шалгалт, үзлэг хийсэн юм. Шалгалтаар их хэмжээний галт зэвсэг зэрэг зүйлс илэрсэн юм.

-Галт зэвсэг нуусан хүмүүсийг олж илрүүлсэн үү?

-Холбогдох байгууллага нь тогтоох байх. Ер нь албаны хүмүүст янз бүрийн таамаглал байгаа. БНӨСУ-ын дэд ерөнхийлөгчөөр дахин сонгогдсон Риека Машар ирэхийн урьд өдөр 120 мянга гаруй хүн амьдарч байгаа дүрвэгчдийн хуарангийн ойролцоо зэр зэвсэг нуусан нь ямар нэгэн алан хядагч бүлэглэлийн хийсэн зүйл гэж таамаглаж байгаа гэсэн. Бүлэглэл БНӨСУ-ын дэд ерөнхийлөгч Риека Машар төдийгүй маш олон энгийн иргэний амь насыг хохироох үйлдэл хийхээр төлөвлөж байсан байх гэж таамаглаж байна. Олон мянган хүний амь насыг хөнөөх гэж байсан үйлдлийг БНӨСУ-ын UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж буй Монголын Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны алба хаагчид таслан зогсоож чадсан. Одоогоор зэвсэг булсан гэмт хэрэгтнүүд баригдаагүй гэж дуулдсан.

-Ахлагч Э.Энхээ, С.Эрдэнэбилэг нар энэ талаар юу гэж ярьж байна вэ?

-Үүрээр харуулын цэг дээр ажиглалт хийж байтал хүмүүсийн бүртэлзэж байгаа нь харагдсан гэсэн. Хурдан хөдлөөд, сандарсан байдалтай байгаа нь сэжигтэй харагдсан байгаа юм.

Энэ хоёр ахлагчийн тухайд, Энхмаагийн Энхээ 150 дугаар ангид ажилладаг. Дорноговь аймгийн Зүүнбаян суманд төрсөн. Эхнэр, охиныхоо хамт хамт амьдардаг. Э.Энхээгийн ээж нь Зэвсэгт хүчинд олон жил ажиллаж байгаа хүн. Ахлах ахлагч цолтойгоор одоо ч гэсэн ажиллаж байгаа. Харин С.Эрдэнэбилэг Онцгой байдлын аврах тусгай ангид аврагч усчингаар ажилладаг. Зэвсэгт хүчин, Онцгой байдлын алба хаагчид маань хамтарч олон хүний амь насыг аварлаа.

-Үүнээс гадна өнгөрсөн сарын 25-ны орой халдлага болсон гэсэн үү. Үүнийг бас л манай цэрэг эрс маш аюултай нөхцөлд зогсоож чадлаа?

-Тийм ээ. Бэнтью хотод 2016 оны дөрөвдүгээр сарын 25-ны өдөр 20:40 цагаас эхлэн НҮБ-ын бааз болон дотоодын дүрвэгсдийн хуаранд халдсан халдлагыг манай бие бүрэлдэхүүн амжилттай няцааж чадсан. НҮБ-ын баазын зүүн өмнө зүгт 250 орчим метрийн зайнаас ойролцоогоор 40 гаруй сумаар чиглэсэн болон үргэлжилсэн буудлага хийсэн. Бид харуулын цэгүүдийг хүч нэмэгдүүлж, шуурхай бүлгийн бүрэлдэхүүнээр хуягт техникүүдийг гаргаж, хүчжүүлсэн хамгаалалтыг богино хугацаанд зохион байгуулсан. Зэвсэглэсэн этгээдүүд 30 гаруй удаа буудахын зэрэгцээ гар гранатомётоор дахин буудлага явуулсан. Түүгээр зогсохгүй НҮБ-ын энгийн ажилчдын байрлал руу буудаж, НҮБ-ын бааз руу гар гранатомёт (РПГ-7)-оор буудсан юм. Азаар гранат нь НҮБ-ын энгийн ажилчдын байрлал болон нисдэг тэрэгний зогсоолын ойролцоо унаж, тэсрээгүй өнгөрсөн. Гранатыг НҮБ-ын мина хайгуул устгалын бүлгийн бүрэлдэхүүнтэй хамтран аюулгүй болгосон байгаа. Буудлагын үеэр манай цэргийн баг болон НҮБ-ын ажилтнуудын хувьд ямар нэгэн хохирол амсаагүй. Олон арван хүнийг аймшигт эрсдэлд орох, амь насаа алдахаас урьдчилан сэргийлж чадсандаа баяртай байгаа. Энэ нь манай цэргийн багийн захирагч, удирдлагаас богино хугацаанд шийдвэр гаргаж, удирдах, хамгаалалтыг зохион байгуулах болоод шуурхай бүлэгт томилогдсон бүрэлдэхүүн, цагийн манаачдын үүрэг гүйцэтгэх ур чадвар өндөр байгаагийн нэг илрэл гэж хэлж болно.

-Монгол Улсаас БНӨСУ-ын UNMISS ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа та бүхэнд олон газраас баяр хүргэсэн гэж байна лээ?

-Монголын Зэвсэгт хүчний 2002 оноос эхлэн НҮБ-ын энхийг дэмжих ажиллагаанд оролцож эхэлсэн байдаг юм. Үүнээс хойш Монгол Улсын зэвсэгт хүчний үе үеийн алба хаагчид маш өндөр чадвартайгаар үүргээ гүйцэтгэж ирсэн. Мэргэжлийн маш өндөр түвшинд үүргээ гүйцэтгэдэг гэж хэлж болно. Зэвсэгт хүчний мотобуудлагын батальоны хувьд ч гэсэн нэр төртэйгөөр үүргээ гүйцэтгэж байна. Бидэнд маш олон газраас баяр хүргэж байгаа. Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон бидэнд дөнгөж сая талархал ирүүлсэн. Талархалдаа “Даян дэлхийн энх тайван аюулгүй байдлыг сахин хамгаалах, бэхжүүлэх ариун үйлсэд эх орон, ард түмнээ төлөөлөн оролцохдоо сонор сэрэмжээ алдалгүй үүргээ нэр төртэй гүйцэтгэж Монгол Улс, Зэвсэгт хүчнийхээ нэр хүндийг дэлхийн тавцанд мандуулж байгаад Батлан хамгаалах яамны удирдлагын зүгээс болон хувиасаа чин сэтгэлийн талархал дэвшүүлж байна. Аюулыг холдуулж олон мянган хүний амь насыг аварсан цэрэг эрсдээ тусгайлан баяр хүргэе” гэсэн байсан. Мөн БНӨСУ-ын UNMISS ажиллагааны удирдлага, хойд секторын командлал, батальоны удирдлагууд баяр хүргэсэн байгаа. Мөн олон орны энхийг сахиулах ажиллагаанд оролцож байгаа цэргүүд баяр хүргэж байна. Энгийн иргэд ч баярлаж талархаж байгаагаа илэрхийлсэн. Гэхдээ халдлага болгоныг таслан зогсоох нь бидний үүрэг. Хийх ёстой ажил шүү дээ гэв.

Дашрамд дурдахад, Бүгд Найрамдах Өмнөд Судан Улсад НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд үүрэг гүйцэтгэж байгаа Монгол Улсын Зэвсэгт Хүчний мотобуудлагын батальоны тавдугаар ээлжид 850 цэргийн алба хаагч үүрэг гүйцэтгэж байна. Алба хаагчдын 40 гаруй хувь нь олон улсын болон НҮБ-ын мандаттай энхийг дэмжих ажиллагаанд оролцсон туршлагатай бөгөөд цэргийн багийн захирагчаар хурандаа Б.Баатар ажиллаж байгаа аж. Энэ цэргийн багт Зэвсэгт хүчний 40 гаруй анги байгууллага, Үндэсний аюулгүй байдлыг хангах тусгайлсан чиг үүрэг бүхий байгууллагын алба хаагч үүрэг гүйцэтгэж байгаа бөгөөд тэдний 38 буюу нийт бүрэлдэхүүний дөрвөн хувийг эмэгтэй цэргийн алба хаагчид эзэлж байгаа гэнэ.

Categories
мэдээ цаг-үе

Архустын эмнэлгийн нам даралтын зуух дэлбэрч, хүүгээ сахиж байсан ээж амиа алдлаа (II)

-ХОЁР ГАЛЧИЙН БУРУУГААС БОЛЖ ЭМНЭЛЭГ ДЭЛБЭРСЭН ГЭВ-

Түрүүч нь 103, 104 (5368, 5369) дугаарт

Халгамаар хэцүү байна лээ, Ц.Ням-Оргилын гэрт очиход. Гурван настай хүү нь “Би ээж дээрээ очмоор байна” гээд өдөр бүр ааваасаа ээжийгээ нэхээд уйлах юм. Амьдралын хатуу хөтүүг ойлгох нь битгий хэл дөнгөж хэлд орсон ангаахай бяцхан хүүдээ ээжийнх нь талаар юу гэж хэлэх учраа олохгүй доошоо хараад суух аавд нь бүр ч хэцүү байгаа. Ц.Ням-Оргил “Сумын эмнэлэг нам даралтын зуухаа дотроо байрлуулаагүй байсан бол өдийд сайхан хань минь амьд мэнд байх байсан юм. Хүүхдээ эрүүл саруул болгох гэж эмнэлэгт хэвтүүлсэн болохоос ээжийг нь байшингийн нурангид даруулах гэж явуулаагүй. Би гомдолтой байна” гэж хоолой зангируулан ярьсан. Эхнэрээ харамсалтайгаар алдсан түүнээс бид ослын талаар асууж зүрхэлсэнгүй.

“Эмнэлгийн ажилтнууд дэлбэрэлт болох үед бүгд ажлынхаа байран дээр байгаагүй”

Харин эгч Ц.Нарангэрэлээс дэлбэрэлтийн талаар цөөн асуултад хариулт авлаа.

-Хүүхдийн биеийн байдал ямар байгаа вэ?

-Хүнд байгаа. Гавлын яс зүүн талаасаа цуурсан. Нүдний ухархай хугарсан, эрүү, нуруундаа гэмтэл авсан байна лээ. Ээжийнхээ мөөмнөөс ч гараагүй байсан юм. Бэр дүү маань төрөөд удаагүй байгаа. Эмнэлэгт очоод дүүг маань сахиж байна. Удахгүй бие нь сайжирч, эрүүл саруул болох байх гэж найдаад л сууж байна.

-Эмнэлгийн нам даралтын зуух юунаас болж дэлбэрсэн юм бол. Танд энэ талаар мэдээлэл өгөх боломж байна уу?

-Аав, ээж минь биднийг хар бага байхаас шударга бай гэж захиж сургаж, хүмүүжүүлж ирсэн. Тиймээс болж өнгөрсөн бүгдийг үнэн шударгаар хэлнэ. Миний бие Архуст сумын Соёлын төвийн эрхлэгчээр ажилладаг. Сумынхаа соёлын төвд ажилд ороод долоон жил болж байгаа. Манай байгууллага мөн л нам даралтын зухаар халдаг. Дөрвөн галч ээлж ээлжээр гардаг юм. Би галч нартаа хэд хэдэн зүйлийг байнга сануулж хэлж, ажлын хамгийн чухал мөрдлөг болгосон. “Та нар ажил дээрээ гарах болгондоо нам даралтын зуухны тогоогоо дүүрэн устай байлга. Галлагаа хийхдээ 60-70 хэмийн дулаантай байлга. Халууныг 60 хэмээс доош буулгах юм бол өвлийн улиралд шугам, паар хөлдөнө. Харин 70-аас дээш хэмийн халуунтай байлгах юм бол нам даралтын зуухны тогоо улайсаад дэлбэрнэ. Үүнийг анхаарч ажилла” гэсэн үүрэг даалгавар байнга өгсөөр ирсэн. Өөрөөр хэлбэл хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа байнга өгдөг юм. Мөн ажлын ээлж хүлээлцэх болгондоо хэдэн хэмийн халуунтай байсан. Хаанаас хий авсан талаараа тэмдэглэл хөтөлж ажил хүлээлцэж гарын үсэг зурж баталгаажуулдаг. . Хэрэв тэнд эвдрэл гарсан гэвэл нийлээд засч янзалдаг. Манай сумын эмнэлгийн үйл ажиллагаа сүүлийн үед илтэд сайжирсан. Хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгааг ажилтнууддаа надтай адилхан л өгдөг байсан. Нам даралтын зуухны тогоонд эвдрэл гарлаа гэхэд сигнал, дуут дохио өгдөг. Усны халуун дулааны хэмжүүр хүртэл байдаг. Юунаас болж дэлбэрэлт болсон бэ гэдэг нь тодорхой байгаа. Тухайн үед нам даралтын зуухны чайяны ус нь дундарчихсан байсан юм байна лээ. Чайяны ус нь дундарч, бага устай болохоор тогоонд байгаа ус гүйцэд эргэхгүй, даралтаар ирэх ус дутуу шахагдаад байхаар аль нэг шугамын хэсэгт хий хуримтлагдчихдаг. Шугамын ихэнх нь хийгээр дүүрэхээр дэлбэрэлт үүсдэг юм. Шуудхан хэлэхэд миний дүүгийн үхэлд дэлбэрэлт болохын өмнөх орой гарсан галч, тухайн үед гарч байсан галч залуу шууд буруутай. Яагаад тэгж хэлж байна вэ гэхээр Т.Алтанхуяг гэх галч залуу ажил хүлээж авахдаа тогоонд байгаа ус ямар хэмжээтэй байсан, хэдэн хэмтэй байсан бэ гэдгийг огт мэдээгүй байна лээ. Эмнэлгийн дарга нь хүндэтгэн үзэх шалтгааны улмаас чөлөө аваад гадаад руу явснаас хойш ажил хүлээлцэх тэмдэглэл огт хөтлөөгүй байсан. Халаах тогоонд хэр ус байгааг огт мэдэхгүй Т.Алтанхуяг зуухандаа их хэмжээний нүүрс хийчихээд гараад явчихсан байсан. Тэгээд ус багатайгаас болж хийгээр дүүрээд дэлбэрэлт болсны дараа ажил дээрээ эргэж ирсэн байгаа юм. Энэ бүгдэд хоёр галч буруутай гэж үзэж байна. Тэдний ажилдаа хайнга хандаж, аюулгүй ажиллагааны дүрэм зөрчсөнөөс болж дэлбэрэлт болж, дүү маань амиа алдсан гэдгийг дахин хэлмээр байна.

-Эмнэлгийн ажилтнууд дэлбэрэлт болох үед ажлынхаа байран дээр байгаагүй гэх мэдээлэл байна лээ. Энэ талаар сонссон уу?

-Эмнэлгийн галч залуу ажлынхаа байран дээр байгаагүй нь бүх зүйлээр тодорхой байгаа. Нам даралтын зуухны чайяны ус дундарч багасах үед ёнгинож дуугардаг. Дуут дохио маш чанга дуугардаг. Үүний дараа паарнуудад чичрэлт өгч байгаад дэлбэрдэг. Тэгэхээр галч ажлынхаа байран дээр байгаагүй. Хэрэв ажил дээрээ байсан бол нам даралтын зуух дэлбэрэх гээд дуут дохио өгч байхад сонсохгүй байна гэж байхгүй. Мөн албан газруудад осол аваарын үед хэрхэн ажиллах нарийн заавар зөвлөгөө бүхий төлөвлөгөө гаргадаг. Үүнийг нь сумын Засаг дарга гарын үсэг зурж баталгаажуулдаг. Галч ажлын байрандаа байсан бол дэлбэрэлт болох шинж тэмдэг илэрсэн үед бүх хүнийг эмнэлгээс гаргах арга хэмжээ авах ёстой. Гэтэл үүнийг огт мөрдөөгүй нь шууд харагдаж байгаа. Мөн тухайн өдрийн ээлжийн ахлах сувилагч, асрагч нар байгаагүй. Дэлбэрэлт болсны дараа “Ойрхон явчихаад ирэхэд ийм зүйл болчихлоо” гээд зогсож байсан гэсэн. Галч залуу дүүгийн маань хүүхдийн амь насыг аварсан гэж сумаар яригдаж байгаа юм байна лээ. Тэр худлаа шүү гэдгийг хэлмээр байна. Тэр үед эмнэлэгт явж байсан жирэмсэн эмэгтэй хүүхдийн амь насыг аварсан байсан. Эмнэлгийн зүүн захаас баруун захад очиж аварсан гэсэн. Эхний тэсрэлтийн дуунаар очиж хүүхдийг аварсан. Дахиж тэсрэх үед барилгын таазны хавтан доош тэр чигтээ нурсан байсан. Тэгээд талийгаач маань дарагдчихсан юм билээ. Нам даралтын зуух дэлбэрч, гурван өрөөний ханыг бүхэлд нь цөм цохиж нураасан байсан. Тэгэхээр ямар хүчтэй дэлбэрсэн нь харагдаж байна.

-Та нарт дэлбэрэлт болсон гэдгийг анх хэн хэлсэн бэ?

-Эмнэлгийн эх баригч над руу утасдаж хэлсэн. Тэр үед 21:05 цаг болж байсан. “Та эмнэлэг дээр яаралтай хүрээд ир. Ням-Оргил, Мөнхтүшиг эгч нарыг дуудаарай гэж хэлээд л утсаа салгасан. Нөхөр бид хоёр “Хүүхдийнх нь бие муудлаа гэж хоорондоо ярилцаад ирсэн. Тэгсэн эмнэлгийн гадаа бөөн машин болчихсон, цагдаа нар хамгаалалтад авчихсан байсан. Бидэнд “Дэлбэрэлт болсон. Хүүхэд нь зүгээр байгаа. Ээж нь нас барчихлаа” гэж хэлсэн. Тэнд байсан хүмүүс дэлбэрсэн газарт талийгаач дүүг маань дараатай байгаа гэсэн ойлголтыг өгсөн. Гэтэл аль хэдийнэ талийгаач дүүгийн маань цогцсыг гаргаад ирчихсэн. Хүлээн авахын өрөөнд аваачиж цус, шороог нь бүрэн цэвэрлээд тавьчихсан байсан. Маш богино хугацаанд энэ ажлыг эмнэлгийн ажилтнууд хийсэн байгаа юм. Бидэнд яагаад цогцос нь барилга доор дараатай байгаа гэж ойлгуулсан, цаг алдаж мэдээлэл өгсөн гэдгийг ойлгохгүй байна гэв.

Архуст сумын цэцэрлэг, сургууль, дотуур байр нам даралтын зуухаа барилга дотроо байрлуулжээ

Архуст сумын цэцэрлэг, сургууль, Засаг даргын тамгын газар гээд бүх төрийн байгууллага барилга дотроо нам даралтын зуухыг суурилуулсан байх аж. 50 гаруй хүүхэдтэй цэцэрлэгийн нэгдүгээр давхарт нам даралтын зуух байрлаж байх жишээтэй. Гэтэл хоёрдугаар давхарт буюу яг дээд талд ахлах ангийн арав гаруй хүүхэдтэй анги байх юм. Ерөнхий боловсролын дунд сургууль гэхэд спорт заалтайгаа залгаад нам даралтын зуух байршуулаад олон жил болж байгаа гэнэ. Сургуулийн дотуур байрны хөндлөн модон барилга мөн л нэг өрөөндөө нам даралтын зуухтай юм байна. Засаг даргын Тамгын газар ч ялгаагүй, байшингийнхаа урд талд наалдуулаад жижигхэн амбаар бариад уурын зуухаа барьчихсан байна. Нам даралтын зуух дэлбэрч, олон хүн амиа алдахгүй гэсэн баталгаа байхгүй юм билээ. Зөвхөн Архуст сум гэлтгүй Монгол Улсын 300 гаруй сум, нийслэлийн хэдэн мянган айл өрх нам даралтын зуухаа ингэж байршуулчихсан байдаг юм байна. “Тэсрэх бөмбөг” байршуулчихаад юу ч болоогүй юм шиг олон жилийн нүүрийг үзжээ. Нийслэлд олон айлын нам даралтын зуух дэлбэрч, хүний амь нас нь хохирсон байдаг юм байна. Холбогдох газрууд үүнд огт анхаарлаа хандуулахгүй байсаар өдий хүрчээ. Нам даралтын зуух гэх “тэсрэх бөмбөг”-ийг ямар нэгэн хяналтгүйгээр энд тэдгүй байршуулчихсан. Хаана ч хэдийд ч тэсэрч дэлбэрч, хүний аминд хүрэхийг мэдэхгүй байгааг Онцгой байдал, мэргэжлийн хяналтын эх сурвалжууд хэлж байв. Нам даралтын зуухыг стандартыг баталж, албан газруудаас тусад нь барилга барьж байршуулах шаардлагатай байгааг ч онцолж байсан.

Ц.Ням-Оргил гэх 24 настай залуу гурван жилийн өмнө ногоон дэнж дээр шинэ гэрээ барьж, айл гэр болсон гэнэ. Тэд сайхан амьдралыг цогцлоон бүтээх гэж зорьж, тэмүүлж байжээ. Гараасаа хөтлөх хоёр ч сайхан хүүтэй болсон байна. Гэвч сумын эмнэлгийн зуух дэлбэрч, эхнэр нь харамсалтайгаар амиа алджээ. Жаахан хоёр хүү ээжгүй болон өнчирч, эр нөхөр нь залуухан эхнэрээсээ хагацсан байна. Талийгаач М.Отгонсүрэн хамгийн сүүлд эмнэлэгт хэвтэхээр гэрээсээ гарахдаа том хүүгээ үнсээд нөхөртөө “Удахгүй хүүгээ эрүүл болгочихоод эргээд ирнэ. Чи харин хүүгээ сайн харж байгаарай. Сумын төвийнхөн бид хоёрт хоол цай зөөж өгнө байх. Санаа битгий зовоорой ” гэж хэлээд гарсан гэсэн.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хүн үзэл бодлоо сонгуулийн үеэр илэрхийлэх нь чухал, бусад үед нь үр дүнгүй шүү дээ

Ойрын үед Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөөх газар /ШӨХТГ/-аас сүрхий, сүртэй мэдээлэл хийдэг боллоо. Тэр нь сонгуультай холбоотой. Иргэн хүн хэвлэл мэдээллийн хэрэгслээр үзэл бодлоо илэрхийлж, үг хэлж, үнэлэлт дүгнэлт өгвөл тэр нь Сонгуулийн тухай хуулийг ноцтой зөрчсөн үйлдэл болох гэнэ. Харин иргэд тэгж үзэхгүй байгаа юм байна. Харин ч эсрэгээрээ Үндсэн хуульд заасан “Хүн итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх” эрхийг маань ноцтой зөрчиж байна гэж үзжээ. Иргэд сонгогчдын байр суурь ийм байтал ШӨХТГ-аас бүр цааш ахиж Сонгуулийн хууль зөрчиж иргэдийн үзэл бодол, үнэлэлт дүгнэлтийг дамжуулбал хэвлэл мэдээллийн байгууллагуудад хуулийн хатуу хариуцлага хүлээлгэнэ гэж заналхийлжээ. Хэвлэл мэдээллийн байгууллагын үйл ажиллагаа явуулах тусгай зөвшөөрлийг цуцлах юм байна. Одоогоор хэвлэл мэдээлийн зургаан ч байгууллага үйл ажиллагаагаа зогсоох нөхцөлийг хангасан гэнэ. Дахиад нэг л зөрчил гаргавал эдгээр байгууллагуудын амийг тэр дор нь тасална гэдгээ тус газраас албан ёсоор мэдэгдлээ.

Сонгуулийн тухай хуулийн 70 дугаар зүйл, 70.1,6-д ээлжит сонгуулийн жил эхэлснээс хойш санал хурааж дуустал аливаа этгээд сонгогчдын саналыг татах зорилгоор “хэвлэл мэдээллийн хэрэгсэл, цахим орон зай, мессэж ашиглан улс төрийн чансаа тогтоох зорилго бүхий аливаа хэлбэрийн шалгаруулалт зохион байгуулах, бусдыг гүтгэн доромжлох, хуурамч мэдээлэл тараахыг хориглоно”, 70 дугаар зүйл, 70.7-д “аливаа хэвлэл мэдээллийн байгууллага сонгуулийн сурталчилгааны үеэр сонгуульд оролцогч аль нэг талын талаар бүх төрлийн мэдээ, мэдээлэл гаргах, гаргахгүй байхаар амлалт авах, гэрээ байгуулахыг хориглоно” гэж заажээ. Тэгэхээр ийм заалтууд байх нь байна. Үүнийг юунаас үндэслэж шалгаж тогтоох, баталгаажуулах вэ гэвэл Сонгуулийн ерөнхий хороо болон иргэдээс ирсэн гомдол, санал ШӨХТГ-т хандах бүрт шалгаж тогтоох юм байна. Хэн нэгэн Бат юм уу, Дорж гуай сонин, телевизээр наад зах нь дэмжиж явдаг улстөрчийнхөө тухай ярих, хийсэн ажлыг нь бусдад үлгэр болгон ярих зэргээр санаандгүй үйлдэл хийхэд тэр нь Сонгуулийн хууль зөрчсөн болох нь. Дамжуулсан хэвлэл мэдээллийн байгууллага нь хаалгаа барих нь. Батын ярьсныг бас нэг сайн дурын уран сайхан ч Дулмаа Сонгуулийн ерөнхий хороонд матахад тэгээд л хууль зөрчсөн болох нь. Ийм л үр дагавартай, урхагтай хуулийн заалтыг ШӨХТГ-аас сүрхий хэрэгжүүлэх гээд байгаа юм байна.

Гэтэл энэ нь Үндсэн хууль болон Хүний эрхийн түгээмэл тунхаглалыг зөрчсөн үйлдэл болчихоод байгаа юм биш үү. Монгол улсын Үндсэн хуулийн 16.16-д “Итгэл үнэмшилтэй байх, үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх, үг хэлэх, хэвлэн нийтлэх” эрхийг хүний эрх, эрх чөлөөний гол цөм нь гэж үзнэ. Итгэл үнэмшилтэй байж үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх үндсэн арга нь үг хэлэх, хэвлэн нийтлэх, тайван жагсаал цуглаан хийх эрх чөлөө юм гэж тодорхой заажээ. Ингэхээр Сонгуулийн тухай хуулийн 70.7 дахь заалт нь Үндсэн хуулийн 16.16 дахь суурь заалтыг давсан болчихож байгаа юм. Монголд хуулиасаа давсан зарим нэг дүрэм журам үйлчилж байсан шиг Үндсэн хуулиасаа давсан хууль гаргаж, түүнийг нь хэрэгжүүлэх гээд ШӨХТГ-ын хүүхдүүд гүйлдэж, учраа мэдэхгүй хэвлэлийн бага хурал зарлаж сүржигнээд байгаа юм биш биз. Угтаа өнөөдөр ШӨХТГ-ын заналхийллээр бол хууль зөрчсөн гэх хэвлэл мэдээллийн хэрэгслийнхэн шорон гянданд хоригдож, үйл ажиллагааныхаа лицензийг цуцлуулж, сөнөх болчихоод байгаа юм. Тэгэхээр энэ заалт нь үнэхээр хуульд байгаад, түүгээр нь хэн нэг иргэн Үндсэн хуулийн Цэцэд хандахад Сонгуулийн хууль тэгээд дуусах юм байна лээ.

Ер нь тэгээд хувь хүний үзэл бодлоо илэрхийлэх, зайлшгүй шаардлагатай цаг үе нь хэзээ тохиодог юм бэ? Тэгвэл тийм боломжит, ухамсартай цаг үе нь сонгуулийн үе шүү дээ. Ардчилсан нийгмийн хувь хүнд олгож байгаа хамгийн дээд эрх бол сонгох сонгогдох эрх, сонгуулийн үеэр үгээ хэлж, үзэл бодлоо илэрхийлж, хэвлэн нийтэлж, хэн нэгнийг дэмжиж, тэр бүхнээ түгээн дэлгэрүүлэх үйл явц юм. Дөрвөн жилд нэг удаа улс орноо, ард түмнээ удирдан чиглүүлэх төр засгаа сонгох түүхэн мөч бол сонгуулийн үе юм. Ийм л үед иргэн хүн үзэл бодлоо нийгэмд хүргэх нь хамгийн чухал юм. Бусад үед нь хэчнээн хашгираад яах юм бэ. Ямар ч үр дүн, ач холбогдолгүй шүү дээ. Сонгуулийн бус үед бол зүгээр л өмнөх ажлаа амжуулаад, үүрэгт ажлаа хийгээд явж байх цаг хугацаа. Тэртээ тэргүй бидний сонгосон хүмүүс төр улсаа засаглаад явна, төлөөллийн ардчилал ажиллана. Ийм хариуцлагатай сонголт хийх, хүн бүр үзэл бодлоо хэлэх, хэвлэн нийтлэх, итгэл үнэмшлээ түгээн дэлгэрүүлэх ёстой сонгуулийн цаг мөчид бид бүгдийн амыг барьж, хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг хуулийн заалтаар заналхийлж, ШӨХТГ хэмээх нийгэмд шударга харилцаа тогтоох ёстой байгууллагаар байсхийгээд л сүртэй мэдээлэл хийлгэж байгаа нь дэндүү утгагүй байна.

Иймэрхүү утгагүй, хүний эрхийг бүдүүлгээр зөрчсөн үйлдлүүд Монголын нийгэмд хэрээс хэтэрч байна. Төрийн зүгээс хийж буй нэг үйлдэл нь нөгөөтэйгөө үргэлж зөрчилдөх болсон. Өнөөдөр сонгуулийн ирцийг яаж бүрдүүлэх, 51 хувьд хүргэх тухай ярьж байна. Учир нь өнгөрсөн хугацаанд явагдсан бүх сонгуулийн ирц дандаа хасах руу явсан. Хамгийн сүүлд буюу 2013 онд болсон Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуулийн ирц санал хаахаас хэдхэн минутын өмнө хүрэхгүй байгаад санал хураалт хаахтай зэрэгцэн чүүтэй чаатай 50,23 хувьд хүрснээр нэг юм хүчинтэйд тооцсон. Энэ хандлага ирэх сонгуулиар ямар байхыг хэлж мэдэхгүй. Ийм байгаагийн үндсэн шалтгаан ч тодорхой харагддаг. Жишээ нь хүүхдийг сонгуульд оролцуулдаггүй, санал өгүүлдэггүй. Сонгуульд санал өгнө гэдэг чинь бузар муу явдал юм уу. Хүүхэд хол байх ёстой халдварт өвчин эмгэг юм уу. Харин ч хар багаас нь төр засгаа сонгох сонгуульд оролцдог дадалд сургах ёстой, ардчилсан нийгэмд амьдарч буй чиний хамгийн үнэт зүйл чинь энэ гэсэн төлөвшлийг суулгаж өгөх ёстой юм. Ингэж төр засгаа дээдэлсэн үзэл суртал, амьдралын хэв маягийг хүүхдэд багаас нь суулгаж өгдөггүйгээс өнөөдөр сонгуулиар саналаа өгдөг залуу үегүй болоод байна. Энэ бол эмгэнэл. Хатуу үнэнийг хэлэхэд өнгөрсөн бүх сонгуулийн саналын ирцийг хуучин нийгэмд төлөвшсөн үеийнхний хариуцлагатай байдал бүрдүүлж ирсэн. Энэ мэт Үндсэн хуультайгаа зөрчилдсөн Сонгуулийн тухай хууль, бүхэл бүтэн нэгэн шинэ үеийнхэн сонгуульд оролцохоо байсан үйл явц гэхчилэн эргэж харах ёстой, зарчмаар нь явуулах ёстой тулгамдсан асуудлууд их байна даа.

Categories
мэдээ цаг-үе

Архустын эмнэлгийн нам даралтын зуух дэлбэрч, хүүгээ сахиж байсан ээж амиа алдлаа

Төв аймгийн Архуст сумын эмнэлэгт нам даралтын зуух өнгөрсөн сарын 27-ны орой дэлбэрсэн хэрэг гарсан билээ. Дэлбэрэлтийн улмаас 24 настай М.Одсүрэн гэх эмэгтэй харамсалтайгаар амь насаа алдаж, түүний есөн сартай хүү тархиндаа хүнд гэмтэл авсан юм. Нам даралтын зуух юунаас болж дэлбэрч, хүний амь насанд хүрсэн талаар сурвалжлахаар Архуст суманд өнгөрсөн долоо хоногийн бямба гаригт очлоо. Тааралдсан сумын иргэд дэлбэрэлт болсон талаар янз бүрээр ярьж, тайлбарлаж байв. Хэн нэгнээс сонсч, дуулсан зүйлсээ ам уралдан ярих аж. “Хятадаас оруулж ирдэг нам даралтын зуух чанарын шаардлага хангахгүй нь тодорхой байгаа. Хоёр жил болоод дэлбэрдэг байна. Хэвлэл мэдээллийн хэрэгслээр “Энд тэнд зуух дэлбэрч, хүн амиа алджээ” гэсэн мэдээ байнга гардаг. Эмнэлгийн зуухны ашиглалтын хугацаа дуусаад дэлбэрсэн” хэмээн ярьцгаах аж. Мөн “Эмнэлгийн галч залуу буруу галлаж байгаад сүйд болгочихлоо. Тогоонд нь ус хийлгүй гал түлчихсэн гэсэн” гэх хүн ч олон байлаа. Архуст сумын дэлбэрэлт болсон газар буюу эмнэлэг дээр яваад очлоо. Сумын цагдаа нар хамгаалалтад гарсан байв. “Эмнэлгийн барилга нурах аюултай байна. Ажлын хэсгийн дүгнэлт гартал хүн оруулж болохгүй” гэж Ажлын хэсгийнхэн үүрэг даалгавар өгсөн гэнэ. Үүний дагуу цагдаа нар хамгаалалтад авчээ. Сумын иргэд эмнэлэг яаж дэлбэрснийг ойроос харах гэж ар араасаа цувж ирээд байгаа гэнэ. Бүр дунд сургуулийн сурагчид хүртэл хашаа давж харах гэж оролдсон байна. Иймд эмнэлгийн жижүүр болон цагдаа нар байнгын хамгаалалтад гарчээ. Нам даралтын зуух дэлбэрч, нурсан сумын эмнэлэг “Г” хэлбэртэйгээр баригдсан, нэг давхар цагаан байшин байв. Эмнэлгийн баруун талд дэлбэрэлт болжээ. Баруун хэсгийн гурван өрөө тэр чигтээ дэлбэрэлтэд өртөж нурсан байлаа. Цонхны шил, хүрээ, болон тоосгонууд нь хол шидэгдэж, хана тааз, дээвэр бүхэлдээ дотогш нуржээ. Барилгын 24-ийн хана ширээний тавцан шиг том том хэмжээгээр нурсан байв. Эмнэлгийн баруун захын өрөөнд уурын зуух байрлаж байжээ. Хажууд нь архивын өрөө, халдварт өвчтэй хүмүүсийг тусгаарлаж эмчилгээ хийдэг өрөө байсан юм байна. Тусгаарлах өрөөний хажууд насанд хүрсэн иргэд хэвтэж эмчлүүлдэг өрөө байрлаж байсан аж. Эмнэлгийн баруун талаас дотогш ордог бүргэд хаалга дэлбэрэлтээс үүдэн базсан цаас шиг хумигдаж, цэвэр усны худаг байрлах модон амбаарын ханыг цөм цохин оржээ. Даацын бетонон хана ч бутарч, нурсан байв. Нам даралтын зуух дэлбэрэх үед Ар хуст сумын айлуудад газар хөдөлж байгаа юм шиг доргилт мэдрэгдэж, байшингуудын цонх дуугарч, эд зүйлс унаж мэдрэгдсэн гэнэ. Мөн Архуст сумын нэгдүгээр баг буюу сумын төвөөс 12 километрийн цаана байх айлуудад дэлбэрэлт сонсогдсон байна. Энэ бүгдээс харахад эмнэлгийн нам даралтын зуух ямар хүчтэй дэлбэрсэн нь тодорхой байгаа юм.

“ЦЭВЭР УСНЫ ХУДАГТ АСГАСАН УСАА АРЧИХ ГЭЭД ГАРСАН ХОЙГУУР ЗУУХ ДЭЛБЭРСЭН” ГЭЖЭЭ

Дэлбэрэлт болох үед юу болсон талаар тодруулахаар эмнэлгийн ажилтнууд болон хэвтэн эмчлүүлж байсан хүмүүстэй уулзсан юм. Энэ сарын 27-ны орой 20:50 цагийн орчимд дэлбэрэлт болсон гэх мэдээллийг хүн өгч байлаа. Ажлын цаг дууссан учир эмнэлэг дээр ээлжийн ахлах сувилагч, жижүүр сувилагч, асрагч, галч нар байсан гэнэ. Галч Т.Алтанхуяг ослын талаар “Нам даралтын зуухандаа цагийн хуваарийн дагуу нүүрсээ хийгээд гарсан юм. Тэр үед бүх зүйл хэвийн байсан. Цэвэр усны худгийн шалан дээр асгасан усаа арчих гээд гарсан. Усаа арчаад зогсож байтал гэнэт хүчтэй дуу чимээ гарсан. Гараад иртэл эмнэлгийн хана нурж, тоос шороо босчихсон байсан. Халдвартын өрөөнд байсан хүүг нурангинаас татаж гаргаж ирсэн. Тэгээд хажуудаа байсан хүнд өгсөн. Эргээд ээжийг нь гаргаж авах гэсэн боловч хэдийнэ дарагдчихсан байсан” гэх утга бүхий зүйлсийг цагдаа нарт мэдүүлсэн гэнэ. Харин талийгаач эмэгтэйн хажуугийн өрөөнд хэвтэн эмчлүүлж байсан Т.Одгэрэл, Г.Нансалмаа, А.Батцэцэг нар дэлбэрэлтийн үеэр өрөөндөө байгаагүй аж. Хоёр нь ар гэрийнхэнтэйгээ эмнэлгийн үүдэнд уулзаж байжээ. Харин нэг нь сувилагчийн өрөөнд даралтаа үзүүлж байсан гэнэ. Дээрх гурван эмчлүүлэгч “Гэнэтхэн л их дуу чимээ гараад, шороо тоос манараад явчихсан. Эхлээд юу болж байгааг мэдээгүй. Их сандарч, айж балмагдсан. Хэрэв бид гурав өрөөндөө хэвтэж байсан бол дарагдаж амь насаа алдах байсан юм байна лээ. Азаар өрөөнөөсөө гарсан байсан болохоор амьд үлдсэн. Бидний хэвтэж байсан өрөөний баруун талын хана тэр чигтээ нурчихсан байсан” хэмээн ярилаа.

“УЛСААС ӨГСӨН ТӨСӨВ МӨНГӨ ХҮРЭХГҮЙГЭЭС БОЛООД ЭМНЭЛЭГ ДОТРОО НАМ ДАРАЛТЫН ЗУУХ БАЙРШУУЛСАН”

Талийгаач эмэгтэй бүх биеэрээ нурангид дарагдаж газар дээрээ амьсгал хураажээ. Харин хүү нь толгойндоо гэмтэл авсан ч амьд гарч чадсан юм. Дэлбэрэлт болж, хүний амь нас хохирсон гэдгийг мэдсэн даруйдаа сумын Засаг даргын Тамгын газрынхан Төв аймгийн Эрүүл мэндийн төв, Цагдаа, Онцгой байдлын газарт яаралтай дуудлага өгсөн байна. Архустын залгаа Эрдэнэ сумын их эмч ирж, дэлбэрэлтэд өртсөн хүүд яаралтай түргэн тусламж үзүүлжээ. Удалгүй аймгийн Эрүүл мэндийн төвөөс эмч нар ирсан байна. Хүүгийн биеийн байдал одоогоор хүндэвтэр байгаа гэсэн. Тархиндаа гэмтэл авсан учир ГССҮТ-д хэвтэн эмчлүүлж байгаа аж.

Ослын талаар Архуст сумын Эрүүл мэндийн төвийн дарга И.Бадамгаравтай уулзаж цөөн асуултад хариулт авсан юм.

-Осол юунаас болж гарсан талаар урьдчилсан дүгнэлт гарсан уу?

-Манай эмнэлэгт үнэхээр харамсалтай осол гарч, эрдэнэт хүний амь нас үрэгдчихлээ шүү дээ. Үнэхээр харамсалтай байна. Манай ээж хүнд өвчтэй, хорт хавдраа авахуулах гээд Энэтхэг рүү явсан юм. Аймгийнхаа Эрүүл мэндийн төвөөс зохих журмын дагуу чөлөө аваад ээжийгээ эмчлүүлэхээр явсан хойгуур ийм харамсалтай осол гарчихлаа. Нам даралтын зуух юунаас болж дэлбэрсэн талаар одоогоор урьдчилсан дүгнэлт гараагүй байна. Тиймээс энэ талаар нарийн мэдээлэл өгөх боломжгүй. Харин манай эмнэлгийн ажилтнуудын хэлж байгаагаар галч залуу хуваарийн дагуу л галлагаа хийсэн гэсэн. Гэтэл зуух нь гэнэт дэлбэрчихсэн гэж ярьсан.

-Сумын эмнэлэгт их засвар хийгээд хэр хугацаа өнгөрсөн бэ. нам даралтын зуухаар халаалтаа шийдээд удаж байна уу?

-Эмнэлгийн барилга 1985 онд ашиглалтад орж байсан. Үүнээс хойш урсгал засвар бараг хийгдээгүй. Элэгдэлд ороод маш хэцүү байдалтайгаар олон жил болсон. Сумын удирдлагууд болон миний бие хөөцөлдөж байгаад 2014 онд урсгал засвар хийлгэх асуудлыг шийдвэрлүүлж, улсын төсвөөс хөрөнгө мөнгө гаргуулсан. Ингээд хоёр жилийн өмнө эмнэлэгт их засвар хийсэн юм. Тэр үед л нам даралтын зуухтай болсон. Нам даралтын зуух тавихаас өмнө эмнэлгийн өрөө болгон зуухтай, зуух болгоныг галч галладаг байсан. Засвар хийлгэх гэж байхдаа нам даралтын зуухийг эмнэлгээс тусад нь барилга бариад байршуулах талаар хөөцөлдсөн. Гэвч улсаас өгсөн мөнгө хаанаа ч хүрээгүй. Зураг төслийн дагуу нам даралтын зуухыг эмнэлгээс тусад нь гаргаж чадаагүй юм. Ингээд л арга буюу эмнэлгийнхээ баруун талын өрөөнд байршуулсан. Бид “Эмнэлэг дотор нам даралтын зуух байршуулах нь эрүүл ахуйд нийцэхгүй байна. Тусад нь барилга бариад өгөх боломж байна уу” гээд олон газраас асуусан. “Өвсний үндэс” төслийнхөнд хүртэл хандаж үзсэн. Гэвч бүтээгүй. Бусад сумын албан газрууд нам даралтын зуухаа байгууллага дотроо байршуулчихсан байдаг. Энэ бүгдээс хараад аюулгүй байх гэж бодож байсан. Сумын эмнэлгийг өөд нь татах гэж олон жил баг хамт олноороо хөдөлмөрлөж, аймгийн Хөдөлмөрийн аварга хамт олон хүртэл болсон. Гэтэл эмнэлэг дотроо тэсрэх бөмбөг байршуулчихаад сууж байжээ. Үнэхээр харамсалтай байна.

-Талийгаач эмэгтэйн хүүхэд улаанбурхан туссан байсан гэж байна лээ?

-Тийм ээ. Сумын эмнэлэгт “Хүүхдийн бие тааруу байна” гээд дуудлага өгсөн байсан. Эмч нар дуудлагаар очиж үзээд халдварт улаанбурхан өвчин туссан, уушги нь хатгаатай байна гээд сумын эмнэлэгт хэвтүүлж, эмчилгээ хийж байсан. Ар гэрийнхний зүгээс “Багануур дүүрэг орж эмнэлэгт хэвтмээр байна” гэсэн санал тавьсан байсан. Хууль журмынхаа дагуу халдварт өвчин туссан хүнийг шууд тусгаарлах өрөөнд хэвтүүлж эмчилгээ хийх ёстой. Өөр эмнэлэг рүү явуулдаггүй юм. Манай эмч нар хууль журмаа барьж ажилласан.

СУРГУУЛИЙН ДОТУУР БАЙРАНД ЭМНЭЛГИЙГ ТҮР БАЙРШУУЛЖЭЭ

Харин Архуст сумын Тамгын газрын дарга А.Амарбаясгалан “Эмнэлэгт нам даралтын зуух дэлбэрсэн даруйд бид аймаг руу мэдэгдсэн. Аймгаас шуурхай арга хэмжээ авч, ажлын хэсэг гарсан байгаа. Юунаас болж нам даралтын зуух дэлбэрсэн гэдгийг удахгүй тогтоох байх. Хүүхдийн биеийн байдал сайжирч, энгийн тасагт шилжсэн гэх мэдээлэл бидэнд өгсөн. Талийгаачийн ар гэрийнхэнтэй Засаг даргын Тамгын газраас байнга уулзаж, сэтгэл санааны дэмжлэг үзүүлж байна. Мөн сумын бусад нам даралтын зуухны галч нарыг сонор сэрэмжтэй байхыг анхааруулж, бэлэн байдалтай ажиллуулж байгаа. Сумын эмнэлгийг сургуулийн дотуур байранд түр хугацаагаар шилжүүлээд байна” гэлээ. Төв аймгийн Мэргэжлийн хяналтын газраас өнөөдөр эмнэлгийн барилгыг цаашид ашиглаж болох, эсвэл барилга бүхэлдээ нурах аюултай эсэхийг эцэслэн тогтоох ажлыг эхлүүлэхээр болжээ. Талийгаач эмэгтэйн буяны ажил даваа гаригт буюу өнөөдөр болж байгаа.