Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Алтан Туул, алтан Туул” хэмээн сүсэглэх гол маань алттай арваадхан айлын Туул болжээ (II)

Түрүүч нь №006 (5573) дугаарт

-МОНГОЛЫН ЭРХ МЭДЭЛТЭЙ, ТОЛГОЙ БАЯЧУУД ТУУЛЫГ БҮХЭЛД НЬ АВЧ, ЖИРИЙН ИРГЭД ТУУЛ ГОЛ ДЭЭРЭЭ ОЧИЖ ЧАДАХГҮЙД ХҮРСЭН БАЙНА-


“АПУ”-гийн Г.Батхүүгийн Туул голын эрэг дагуу барьсан хашаа

“Оюуны Ундраа групп” Туул голын эрэг дээр яг тулгаад шилэн барилга дүнхийтэл нь барьчихжээ. Шилэн барилгын зүүн талаар Туул голын эрэг рүү очих санаатай зурагчнаа дагуулаад явлаа. Тэгсэн хоёр хамгаалагч бид хоёр руу хар хурдаараа гүйсээр хүрээд ирэв. “Юун хүмүүс яах гэж яваа юм. Ямар зорилготой энэ хавиар эргэлдээд байна. Манай компанийн эзэмшлийн талбайгаас яг одоо гар. Гарахгүй гэвэл цагдаад барьж өгнө” гээд л сүйд болдог юм байна. Бид хоёр ч Туул голын эрэг орох санаатай явж байгаагаа учирлаж хэлсэн юм. Тэгсэн өөдөөс “Газар мундсан биш энэ хавиар ордог нь яаж байгаа юм. Үхлийн шугуй хавиар орохгүй юу. Намхан цагаан хашаан дээгүүр нь даваад ор. Энэ газар та нарын ордог газар биш” гээд хөөлөө. Энэ мэтээр Туулын эрэг рүү энгийн иргэн орж чадахааргүй болжээ. “Оюуны Ундраа групп” худалдааны төв, өндөр зэрэглэлийн ресторан гээд л олон чиглэлээр үйл ажиллагаа явуулж байна. MCS группийн барьсан “Bella vista” хотхон шиг л ерөөсөө усны, энгийн, тусгай хамгаалалттай газар нутаг, барилгын гээд Монгол Улсад хүчин төгөлдөр мөрдөгдөж байгаа хуулийн заалт бүрийг зөрчөөд барилга барьчихсан байх юм. Хэн, ямар замаар зөвшөөрөл өгсөн. Хууль хяналтын байгууллагын хяналт шалгалтыг хэрхэн аргалж, Туулын эрэг дээр барилга барих болов гэдгийг мэдэх хүн алга. Гэхдээ энэ газрын зөвшөөрлийг БОАЖЯ-ны газрын дарга аялал жуулчлалын чиглэлээр өгсөн нь тодорхой байгаа юм.

“Оюуны Ундраа групп” шилэн барилгаа залгуулаад мөн л Туул голын эргийг хэдэн зуун метрээр хашаалчихжээ. Өндөр цэнхэр, төмөр хашаагаар бүхэлд нь Туул голын тэр хавийн эргийг хашаалаад авчихсан байна лээ. Цаг агаар дулаарахаар барилгын ажил хийгдэх нь тодорхой харагдаж байв. “Оюуны Ундраа групп” Зайсан толгой дээр ёнхийсон том шилэн барилга барьсан. Зайсан толгойн гэрэлт хөшөөг тэр чигт нь халхалж, шилэн барилгаа сүндэрлүүлсэн байгаа. Мөн “Оюуны Ундраа групп” Зайсан толгойд тэр хавийн хамгийн том соёл амралтын бүтээн байгуулалт болох “Зайсан Хилл” төсөл хэрэгжүүлж буй. Зайсан-Соёл Амралтын Цогцолбор”, Худалдаа Үйлчилгээний “Зайсан Скуэр Төв”, нийтийн тээврийн тусгай үйлчилгээний “Air-360 Улаанбаатар”, тансаг зэрэглэлийн орон сууцны “Скуэр Резидэнс” зэрэг бүтээн байгуулалтуудыг хийж байгаа. Богдхан уул, Зайсан толгой, Хатан Туул голыг хамгийн их эрх дархтайгаар эзэмшиж, байна. “Оюуны Ундраа групп” хууль журмыг уландаа гишгэж, эрх мэдэл, хөрөнгө мөнгөөр бүгдийг шийдэж болдог гэдгийг тод харуулж байна. Усны тухай хуулийн гуравдугаар бүлгийн 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”, Онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” хэмээн заасан байдаг. Мөн тус хуулийн 22.3-т “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно” гэж заасан байдгийг “Оюуны Ундраа групп”-ийн эзэд болох С.Отгонбаяр, С.Амарсайхан нарт сануулаад өгөх төрийн байгууллага, хууль хяналтын газрын эрх бүхий албан тушаалтан Монголд байхгүй аж.


“Оюуны ундраа” групп Туул голын эрэгт тулган ийм барилга барьжээ

ТУУЛ ГОЛЫН ЭРГИЙГ ҮХЛИЙН ШУГУЙТАЙ ХАМТ ХАШААЛСАН НУУЦ НОЁНТОН ХЭН БЭ

“Оюуны Ундраа групп”-т Туул голын эргийг хашаалсан төмөр, цэнхэр хашааны цаад талд солонгос ресторан үйл ажиллагаа явуулж байна. Солонгосын Элчин сайд, бизнесмэнүүд гээд л солонгосчууд энд ирдэг гэнэ. Анх “Ноёд” группийн захирал Ц.Буяндорж Туул голын эрэг тулгаад аялал жуулчлалын чиглэлээр зөвшөөрөл авч, түүнийгээ солонгосчуудад өндөр үнээр худалдсан гэх мэдээлэл байна. Солонгос ресторан өнгөрөөд өндөр, саарал төмөр хашаагаар Туул голын шугуйн бургас, эргийг тэр чигт нь хашаалаад авчихжээ. Энэ хашааны эзэн хэн бэ гэдгийг хууль хяналтын байгууллага, Богдхан уулын захиргаа тогтоож чадаагүй байна. Мөн Туул голоос барилгын компаниуд хайрга олборлож, маш том хэмжээтэй нүх гаргачихаж. Улмаар тэр нь цүнхээл болж, сүүлийн жилүүдэд иргэд тэнд хэдэн арваараа живж үхсэн баримт бий. Зундаа 15-20 орчим хүн цүнхээлд живж харамсалтайгаар амь насаа алддаг. Иргэд голын захын гүехэн усанд алхаж байгаад гэнэтхэн цүнхээл ус руу хөл алдаад живдэг аж. Үүнээс үүдэн тэр орчмыг “Үхлийн шугуй” хэмээн нэрлэх болжээ. Үхлийн шугуйгаас бөөгийн овоо өнгөртөл 500 гаруй метр урттай газрыг мөн л нэр нь үл мэдэгдэх хүн хашаалжээ. Энэ Богдхан уулын захиргаа, Хан-Уул дүүргийн газрын алба, Мэргэжлийн хяналтынхан энэ хашаанд огт хүрдэггүй байна. БОАЖЯ-наас хүртэл хэн энд хашаа хатгасан бэ гэдэг асуултад мэдэхгүй гэх хариултыг өгч байна. Тэгсэн мөртлөө хашааг нь хэн ч буулгаж зүрхэлдэггүй. Туул голын эргийг цагаан өнгөтэй төмөр хайсаар хашаалсан УИХ-ын эрхэм гишүүн байдаг гэх мэдээлэл ч байна. Мөн УИХ-ын дарга М.Энхболдын газар гэх мэдээлэл ч бидэнд ирж байлаа. Газрын эзэн нууц ноёнтон хэзээ ил гарах вэ гэдэг нь тодорхойгүй байгаа ч нэг л өдөр харуул хамгаалалт гаргаж, голын эрэг дээр байшин барилга сүндэрлэн босох нь тодорхой юм.


БАГА ТЭНГЭРИЙН АМНААС БӨӨГИЙН ОВОО ХҮРТЭЛХ ТОМ ХАШАА АПУ-ГИЙН Г.БАТХҮҮГИЙНХ

Хурдны замын урд талд, Туул голын эргээс 30 гаруй метрийн зайтай том, саарал төмөр хашааг битүү барьжээ. Энэ саарал хашааг бөөгийн овоо хүртэл барьсан байх аж. Хурдны замтай тулгаж барилга барихаар төлөвлөж байгаа юм байх. Хашааны зүүн талд дөрвөн давхар хаусны барилга барих гээд бетон цутгалтыг нь хийчихсэн байна лээ. Ингээд бөөгийн овооны 20 хүрэхгүй метр газрыг үлдээгээд дараагийн том өндөр төмөр хашаа угтах аж. Нэг захаас нөгөө зах нь харагдахүй тийм урт саарал хашаа байх юм. Яагаад хурдны замтай тулгаад голын эргээс 50 метр хүрэхгүй зайд хашаа барьсан гэдэг нь мөн л тодорхойгүй юм билээ. Холбогдох газрынхан “Зөвшөөрөлгүй баригдсан хашаа. Хэн хашаа барьчихаад байгааг бид мэдэхгүй байна” гэж хариулж байна лээ. Мөн тэр хавьд амьдардаг иргэд ч дээрх хоёр том хашаа хэний хашаа болохыг огт мэдэхгүй байв. Иргэд “Нэг шөнийн дотор Туул голын эрэг дагуух замыг бүрэн хаасан. Тэгээд л хашаагаа ачиж ирээд хэдэн залуус шөнөжин бариад хоносон. Маргааш өглөө нь хашааг бүрэн босгож дуусаад л яваад өгсөн. Хэн ч эсэргүүцэл үзүүлээгүй. Цагдаа нар ирээд хөдөлгөөнийг нь зохицуулж, замыг хааж өгсөн шүү дээ” хэмээн ярьж байсан юм. Дээрх хоёр компани бөөгийн овооны хэсэгхэн газрыг үлдээгээд бусад газрыг тэр чигт нь хашаалчихсан байлаа. Гэхдээ албаны эх сурвалжаас авсан мэдээллээр дээрх хашаа АПУ-гийн захирал, УИХ-ын гишүүн асан Г.Батхүүгийнх гэнэ. Тэрбээр энд мөн л байшин барилга барихаар төлөвлөөд байгаа аж.

“Сод Монгол” группийн Ц.Анандбазар Бага тэнгэрийн аманд зочид буудал, хаус хууль зөрчин барьж байна.

БАГА ТЭНГЭРИЙН АМАНД СОД МОНГОЛ ГРУППИЙН Ц.АНАНДБАЗАР ЭЗЭН СУУЖЭЭ

Туул голын эрэг дээр Бага тэнгэрийн амны газрыг УИХ-ын гишүүд, үе үеийн сайд нар хуваагаад авчихсан байдаг. С.Баяр, Н.Баганбанди, “Жаст” группийн Ш.Батхүү, Л.Гансүх, Ерөнхий сайд асан С.Батболд, Н.Энхболд зэрэг улс төр, бизнесийн салбарынхан аж төрдөг. Мөн “Сод Монгол” групп эзэн суужээ. 2008 онд Бага тэнгэрийн аманд “Зүүнбаян рэйфанери” ХХК-д дөрвөн га газар аялал жуулчлалын зориулалтаар өгсөн ч энд барилга сүндэрлэжээ. 2008 онд Бага тэнгэрийн аманд “Их Ончууд” ХХК 1.54 га газар “Монгол аутдор” ХХК 1.5 га авсан байдаг. Гэтэл өнгөрсөн жилээс эхлэн “Сод Монгол” группийн захирал Ц.Анандбазар тэр чигт нь эзэмших болжээ. Бүр “Бага тэнгэрийн ам” гэх аялал жуулчлалын цогцолбор барих төсөл хэрэгжүүлж эхэлжээ. Ингээд ч зогсохгүй улсын хөрөнгөөр дулааны шугам Бага тэнгэрийн ам руу татсан байна. Туул голын эрэг, хурдны зам дагаад хэдэн тэрбум төгрөгөөр дулааны магистрал шугам тавьсан байна лээ. Өндөр зэрэглэлийн зочид буудал, хувийн хаус, амралтын цогцолбор гээд л хэдэн зуун тэрбум төгрөгийн хөрөнгө тэнд босч байна. Гэхдээ төрийн тусгай хамгаалалттай газар нутгийн тухай бүх хуулийг зөрчин төсөл хэрэгжиж байна. Бага тэнгэрийн ам руу татсан дулааны шугам тавьсан зардлаар Долоон буудлын гэр хороолол руу дулааны шугам тавьсан бол Нийслэл хотыг утаанаас салгах боломж байсан. Долоон буудлын зам дагуу шугам тавиад өгөхөд л айл болгон мөнгө гаргаад дулааны шугам татаад нүүрс түлэхгүй суух боломжтой. Гэвч төрийн томоохон албан тушаалтан, бизнесийн салбарынханд зориулж Бага тэнгэрийн ам руу дулааны шугам хэдэн тэрбум төгрөг улсаас гаргаж тавьжээ.

Бага тэнгэрийн амнаас хөдөлж ойролцоо нь байх “Болор туул”, “Хүрхрээ” амралтын газарт хүрч очлоо. Мөн л Туул голыг битүү хашаалжээ. Манаач нь “Дотогш хүн оруулахгүй. Зураг авч болохгүй” гээд хавьтуулахгүй байна лээ. Тэндээсээ бид хөдөлж Их тэнгэрийн аманд очсон юм. Төрийн гурван өндөрлөг аж төрдөг Төрийн тусгай хамгаалалтын алба хаагчдаар хамгаалуулсан Их тэнгэрийн аманд өнгөрсөн жил газар зарсан асуудал үүссэн. Их тэнгэрийн аман дахь төрийн тусгай хамгаалалттай газрын 7.4 га газрыг “Шинэхэн” группт хууль зөрчин олгосон байдаг.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Үргэлжлэл бий

Categories
мэдээ цаг-үе

“Алтан Туул, алтан Туул” хэмээн сүсэглэх гол маань алттай арваадхан айлын Туул болжээ (I)

-МОНГОЛЫН ЭРХ МЭДЭЛТЭЙ, ТОЛГОЙ БАЯЧУУД ТУУЛЫГ БҮХЭЛД НЬ АВЧ, ЖИРИЙН ИРГЭД ТУУЛ ГОЛ ДЭЭРЭЭ ОЧИЖ ЧАДАХГҮЙД ХҮРСЭН БАЙНА-

Хан-Уул дүүргийн нутаг дэвсгэр Яармагийн гүүрнээс Баянзүрх дүүргийн Гачуурт тосгоны дээд эх хүртэлх Туул голын эрэг даган хэдэн өдөр явж, сурвалжлага бэлтгэлээ. Үнэндээ жирийн иргэд бид Туул гол руу шууд яваад орох ямар ч боломжгүй болжээ. Голын эрэг дагаад битүү төмөр хашаа татсан байлаа. Нэг хашаа дуусахад дараагийн хашааг яг залгуулаад барьчихсан байх аж. Мөн Туул голын эргийг тэгшилж, шороо овоолж нягтаршуулаад хөл гишгэх зайгүй орон сууцны барилга, хаус, худалдааны газар, баар, ресторан барьжээ. Шуудхан хэлэхэд, Алтан тэвшийн хөндий хэмээн нэрлэгдэх болсон Туул гол Монголын хэдхэн эрх мэдэл, өндөр албан тушаалтай толгой баячуудын мэдэлд очжээ.

Сайд Г.Мөнхбаярын гэгдээд байгаа “Элеганс” хотхоны барилга

САЙД Г.МӨНХБАЯР ТУУЛ ГОЛЫН ЭРЭГДЭЭР НАРАН ШАРЛАГЫН ГАЗАРТАЙ, ХОТХОН БАРЬЖ БАЙНА

Сонсголонгийн гүүрний хажууханд “Тулгат өргөө” компанийн захиалгаар “Хас дөл” компанийн гүйцэтгэж байгаа “Элеганс” тансаг зэрэглэлийн хотхоны барилгууд дүнхийн харагдах ажээ. Хотхоны барилгыг голын эрэг дээр яг тулгаад барьчихсан байх юм. Зах зээлийн үнээс хэд дахин өндөр үнээр борлогдох “Элеганс” тансаг зэрэглэлийн хотхоны цонхоор Туул гол мэлтэлзэж, шугуйнх нь бургас алган дээр тавьчихсан мэт ойрхон харагдахаар цэлгэр цонхтойгоор зохион байгуулалтыг нь хийсэн байна. Ирэх хавар гэхэд барилгын ажил бүрэн дуусч, ашиглалтад орох юм гэнэ. Зурагчинтайгаа хамт баригдаж байгаа барилгын тэр хавиар хэсэг явж үзлээ. Туул гол руу орох газар битгий хэл нүх сүв үнэндээ байсангүй. Аргаа бараад барилга манаж байгаа харуул хамгаалалтын залуутай уулзлаа. “Энэ хавиар Туул гол руу орох газар байна уу. Танай компанийн хашаа тулчихаад гол руу орж болохгүй юм” хэмээн асуулаа. Тэгсэн өөдөөс гайхсан байдалтайгаар харж байснаа “Та нар энэ хавиар Туул гол руу орно гэж байхгүй. Хүний хувийн эзэмшилд шууд халдсан болно. Уг нь манай хашаагаар дамжаад орж болдог юм. Гэхдээ та нарыг бид оруулж болохгүй. Дарга нарт толгойгоо хяргуулна. Төв цэвэрлэх байгууламжийн доод талаас орж болно. Эсвэл Яармагийн гүүрний тэр хавиас ордог газар байгаа” хэмээн гараараа занган зааж өгөв. Туул гол руу тулгаад баригдсан “Элеганс” хотхоны газрыг хэдэн жилийн өмнө дуудлага худалдаанд оролцож, хоёр тэрбум төгрөгөөр авсан гэнэ. Голынхоо эрэг дээр наран шарлагын газартай, “Элеганс” цогцолбор нь 1080 айлын орон сууц, 145 айлын хаус, орчин үеийн төлөвлөлттэй 150 хүүхдийн цэцэрлэг, 350 хүүхдийн сургууль, үйлчилгээний төв бүхий томоохон хороолол байхаар төлөвлөгдсөн байна. Үүнд, 15 давхар барилга хоёр ширхэг, 12 давхар барилга 15 ширхэг, нийт 17 блок бүхий 1080 айлын орон сууц нь бүрэн цутгамал хийцтэй байх гэнэ.Дээрх барилгын цаад эзэн нь хотын Засаг дарга асан, одоо Барилга, хот байгуулалтын сайд Г.Мөнхбаяр гэдгийг албаны эх сурвалж онцолж байлаа. Эндээс эхлээд л голоо өгсөөд баячууд Туулыг эзэгнэж байна. Сонсголонгийн гүүрнээс доош Туул голыг арьс, ширний үйлдвэрүүд бохирдуулдаг. Мөн Төв цэвэрлэх байгууламжийн бохиртой холилдон урсдаг болохоор тоож газар авах хүн байхгүй. Харин түүнээс дээших тунгалаг ус урссан Туул голын хөвөөг хэдхэн хүн эзэмшиж байна.

Сайд асан Р.Бурмаагийн дүүгийнх нь уурын зуух, Туул голын эрэг дээр барилга барих гэж байгаа газар

Р.БУРМАА САЙДЫН ДҮҮ БОГИНЫН АМЫГ ТЭРЧИГТ НЬ ЭЗЭМШИЖ, ТУУЛ ГОЛЫН ЭРЭГ ДЭЭР БАРИЛГА БАРИХ ГЭЖ БАЙНА

Туул голоо өгсөөд явлаа. Яармагийн гүүр өнгөрч, Богинын ам арай хүрэлгүй шинээр тавигдсан хурдны замын хажууханд дунд оврын уурын зуух баригдсан байлаа. Туул голоос 30 метр хүрэхгүй зайтай юм. Мөн голын өндөрлөсөн эргийн шороог тэгшилж, дээрээс нь шороо нэмж асгаад газрыг нь тэгшилжээ. Энэ газрын эзэн нь нийслэлчүүд өвлийн улиралд олон жилийн турш гулгадаг байсан Богинын амыг бүхэлд нь авчихаад байгаа Р.Бадрал гэгч гэнэ. Р.Бадрал нь УИХ-ын гишүүн, сайд асан Р.Бурмаагийн төрсөн дүү юм байна. Өндөр настай иргэдийн тарьсан 200 гаруй модыг бүгдийг нь сүйдэлж барилга барьсан байдаг. Богинын амны газрыг Р.Бадрал дамлан наймаалдаг талаар нэгэн эх сурвалж бидэнд мэдээлэл өгсөн юм. Тэрбээр “Сайд асан Р.Бурмаагийн дүү Богинын аманд эзэн суугаад хэдэн жил болж байна. Бүхэл бүтэн 30 га газар нэг хүний мэдэлд очсон байдаг. Ямар замаар энэ амыг бүхэлд нь авсан нь тодорхойгүй байна. Нэлээд мөнгөтэй компаниудад “Та нар энд барилга бариад өгвөл би газраа өгнө” гэж наймаа хийдэг гэсэн. Ардчилсан намын ахмад гишүүдийн суулгасан модыг бүгдийг нь сүйтгэж, газар дээр нь барилга барьсныг нь харж байгаа биз дээ” гэв.


“Бөхбат” компани Туул голын эрэг дээр хотхон барьжээ

ЗАЙСАНГИЙН ГҮҮРНЭЭС МАРШАЛЫН ГҮҮР ХҮРТЭЛХ ТУУЛ ГОЛЫН ХОЙД ЭРГИЙГ ЭЗЭМШИГЧ “СТАНДАРТ ГРУПП”

Туул голын ай сав газарт 30 гаруй айл тог цахилгаангүй амьдарч байна. Дээрх айлуудад газрын гэрчилгээ, хаягжуулалт огт хийгдээгүй байна. Тэр битгий хэл цахилгаангүй гурван жил болж байгаа аж. Ингээд голоо өгсөж явсаар Зайсангийн гүүрний баруун талд хүрээд ирэв. Зайсангийн аманд барилга барьж, газрын маргаанаас болж оршин суугчидтай тэмцэлдэж байсан “Бөхбат” компанийн барьсан орон сууцны хотхон яг Туул голын эрэг дээр тулаад сүндэрлэжээ. Хэдэн жилийн өмнө баригдаж дуусаад, хэдийнэ иргэд худалдаж аваад дууссан байв. Ингээд зогсохгүй Зайсангийн гүүрнээс эхлээд Туул голын хойд эрэг дагуу битүү барилга, орон сууц баригдсан байна лээ. Мөн л голын эрэг рүү хүн очих ямар ч боломжгүй. Өндөр зэрэглэлийн харуул хамгаалалттай. Хэрэв гадны хүн орох бол хотхоны хашаагаар дамжих шаардлагатай болно. Гэхдээ харуул хамгаалалтын ажилтнууд хаашаа, хэн гэдэг айл руу орох гэж байгааг камерын тусламжтайгаар бүрэн хяналтдаа байлгадаг. Хэрэв Туул голын эрэг рүү шууд явах юм бол хамгаалалтын ажилтнууд барьж аваад цагдаа дуудаад өгчихнө. Цагдаа нар бусдын хувийн өмчид халдсан гэх үндэслэлээр саатуулан шалгаад голын эрэг орж салхилах биш шоронгийн хаалга татах дээрээ тулна. Голын хойд талын эргийг тэр чигт нь эзэмшиж, хөл гишгэх зайгүй хотхон барьсан дөрвөн компани байдаг. Эрүүгийн цагдаа, Мэргэжлийн хяналтын ерөнхий газар, дүүргийн Засаг даргын Тамгын газар, Богдхан уулын захиргаа, Туул голын сав газрын захиргаа зэрэг байгууллагууд нийлээд ч дийлдэхээ байсан “Стандарт групп”-ийн барилгууд энд сүндэрлэнэ. Зайсангийн гүүрнээс Маршалын гүүр хүртэл дээрх группийн газар бий.

Нийслэлийн Засаг даргын 1997 оны есдүгээр сарын 20-ны өдрийн А/183 дугаар захирамжаар “Найман нуур” компанид анх Хан-Уул дүүргийн I хорооны нутагт Их тэнгэрийн амны гүүрний баруун талд амралт, зугаалгын зориулалтаар зургаан га газрыг эзэмшүүлсэн байна. Энэхүү газрыг “Стандарт групп”-д шилжүүлэх шийдвэрийг 2001 онд тухайн үеийн нийслэлийн Засаг дарга гаргаж байсан аж. “Стандарт групп” газраа зориулалтаар нь ашиглалгүй хадгалж байгаад 2004 онд дахин томруулсан гэнэ. Нийслэлийн Засаг даргын 2004 оны наймдугаар сарын 5-ны өдрийн 360 дугаар захирамжаар зургаан га газрын хэмжээг 90034 ам метрээр нэмэгдүүлсэн байдаг аж. Энэ мэт явсаар 23.3 га болгосон байна. Анх амралт, зугаалгын зориулалтаар эзэмшүүлсэн газар орон сууц, үйлчилгээний зориулалтынх болж хувирчээ. 15 жилийн хугацаатай энэхүү гэрчилгээг тухайн үеийн хотын дарга Ц.Батбаяр олгосон байдаг аж. “Стандарт групп” өөрийн охин компани болох “Могулимбиз”, “Жививентури”, “Идэр-Интернэшнл” –ийн нэр дээр газраа хуваан эзэмшүүлэх болжээ. “Стандарт групп”-ийн барилгын үйл ажиллагааг мэргэжлийн байгууллагуудаас гурван ч удаа зогсоож, акт тавьсан байна. Туул голын эргийн бургасыг огтолж, дээр нь барилга барьсан гэдгийг мэргэжлийн хяналтын байгууллага тогтоож, Эрүүгийн цагдаагийн газраас эрүүгийн хэрэг үүсгэн шалгасан байдаг. Гэвч хууль хэрэгжиж “чадалгүй” барилгууд сүндэрлэжээ. “Стандарт групп”-ийн захирал нь Д.Батаа гэж хүн байдаг гэнэ. Энэ хүний ард талд Ерөнхийлөгч асан Н.Энхбаяр байдаг гэх мэдээллийг хэд хэдэн эх сурвалж өгч байсан юм.

МОНГОЛЫН ТОЛГОЙ БАЯЧУУД ХУУЛЬ ЗӨРЧИН ТУУЛ ГОЛЫГ ЭЗЭГНЭЖ БАЙНА

“Номин Констракшн Девелопмент групп” ХХК-тай “River Garden” төсөл хамтран Богдхан уулын бэл, Хатан Туул голын хөвөөнд үзэсгэлэнт байгаль дунд нийт 7.5 га газарт 360 айлын экстерьер, интерьерийн өвөрмөц шийдэлтэй таун хаус, пент хаус, 6-15 давхар орон сууцны барилга барьжээ. Мөн “Маршал таун” хотхон, Сангийн сайд Б.Чойжилсүрэнгийн “Хүннү хурд” хотхоны барилгууд энд сүндэрлэнэ. Эдгээр хотхон бүгд Туул голын эрэг дээр хууль зөрчин баригдсан гэдгийг хууль хяналтынхан мэднэ.

Мөн Туул голын урд талын эрэг дээр Зайсангийн гүүрний зүүн талд бурхантай хөшөөний эсрэг талд Монголын топ компанийн нэг болох MCS группийн “Bel­la vista” гэх тансаг хотхон сүндэрлэнэ. Туул голын онцгой болоод энгийн бүсээс 50, 200 метрийн зайд байх ёстой хуулийг дээр дурдсан бүх барилга, орон сууц, хотхон илтэд зөрчжээ. Усны тухай хуулийн гуравдугаар бүлгийн 22.2-т “Усны сан бүхий газрын эргээс 50 метрээс доошгүй зайд болон гол мөрний татамд онцгой хамгаалалтын бүс тогтооно”, “Онцгой хамгаалалтын бүсэд барилга, байгууламж барих, газар хагалах, тэсэлгээ хийх, газар тариалан эрхлэх, ашигт малтмал хайх, олборлох, зэгс, шагшуурга, мод огтлох, элс, хайрга, чулуу авах, байгалийн ургамлыг үйлдвэрлэлийн зориулалтаар түүж бэлтгэх, мал угаах болон хөдөө аж ахуйн бүтээгдэхүүн үйлдвэрлэх цэг байгуулахыг хориглоно” хэмээн заасан байдаг. Мөн тус хуулийн 22.3-т “Усны сан бүхий газрын эргээс 200 метрээс доошгүй зайд энгийн хамгаалалтын бүс, ус хангамжийн эх үүсвэрээс 100 метрээс доошгүй зайд эрүүл ахуйн бүс тогтооно” хэмээн тодорхой заажээ. Гэвч дээрх барилгууд эдгээр заалтыг бүгдийг зөрчсөн ч тэдэнд хэн ч хариуцлага тооцож, үйл ажиллагааг нь зогсоож дийлэлгүй өдгөөг хүрчээ. Үүнд хяналт тавьсан хууль хяналтын байгууллага гэж огт байхгүй. Монголын топ компанийн нэг болох MCS группийн “Bella vista” хотхоныг гэхэд л Туул голын эргийг шороогоор дүүргэж, тэгшилж байгаад л барьсан байдаг. Цэлгэр том цонхоор нь зуны цагт голын ус мэлтэлзэнэ. Энэ хотхонд Ерөнхийлөгч асан Н.Багабанди амьдарч, УИХ-ын дэд дарга Ц.Нямдорж байр түрээсэлж, ЭБЭХ-ний сайд асан Д.Зоригт, УИХ-ын гишүүн Ч.Хүрэлбаатар, БСШУ-ы сайд асан Ё.Отгонбаяр, УИХ-ын гишүүн, Гадаад хэргийн сайд Ц.Мөнх-Оргил нар амьдарч байгаа билээ. MCS группийн “Bella vista” гэх тансаг хотхонтой хаяа дэрлэн “Оюуны ундраа” группийн барилга сүндэрлэж, голын эргийг дагаад өндөр хашаа барьжээ.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Үргэлжлэл бий

Categories
мэдээ цаг-үе

Төрийн тусгай хамгаалалттай газрын орлогч дарга П.Батаа, ахлах ажилтан Т.Батбилэг нар цагдаа нарыг зодож, албаны машинаар дайрах гэж оролджээ

-ТЭД ЦАГДАА НАРЫГ ЗОДОЖ, ХУВЦСЫГ НЬ УРЖ, ГАР УТСЫГ НЬ ЭВДЭЛЖ ТАНХАЙРЧЭЭ-

Чингэлтэй дүүргийн I хорооны нутаг дэвсгэрт “Төрийн тусгай хамгаалалтын газрын алба хаагчид танхайрч, агсам тавиад байна” гэх дуудлага Нийслэлийн шуурхай удирдлагын төвд ирсэн байна. Дуудлагын дагуу Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн алба хаагчид очиж шалгажээ. Тэднийг очиход “Фейс” гэх бааранд хоёр согтуу этгээд агсам тавьж, иргэдийн амар тайван байдлыг алдагдуулж, хүмүүсийг элдвээр хэлж, доромжилж байсан гэнэ. Хүмүүсийн ая тухыг алдагдуулахгүй байх шаардлага тавихад тэд цагдаа нарыг мөн л хэл амаар доромжилж, зодсон гэнэ. Дээрх хэргийн талаар тухайн үед бааранд үйлчлүүлж байсан нэгэн иргэнээс цөөн асуултад хариулт авлаа.


-Цагдаа нарыг зодож танхайрсан хэрэг гарсан байна лээ. Тухайн үед юу болсон юм бэ?

-50 орчим настай болов уу гэмээр нэг хүн энэ сарын 18-нд бааранд агсам тавьж, ойр хавийн хүмүүсийг элдвээр хэлж доромжилж эхэлсэн. Баарны ажилчид, хамгаалалтын албаныхан тэр хүнийг болиулах гэж оролдсон боловч чадаагүй. Мөн 40 орчим настай хамт явсан залуу нь ч гэсэн агсам тавьж эхэлсэн. Баарны хамгаалагч нарт “Та нар миний биед хүрэх юм бол шууд дуусна шүү. Хэн гэдгийг мэдэж байна уу” гээд ажлынхаа үнэмлэх бололтой бичиг баримт харуулаад байсан. Баарны хамгаалагч нар цагдаад дуудлага өгсөн. Цагдаа нар ч удалгүй хүрээд ирсэн. Гэсэн ч ирсэн цагдаа нарыг газар унагаж өшиглөж, зодож эхэлсэн.

-Ямар шалтгаанаар зодсон юм бол?

-“Та нар намайг хорих юм уу. Муусайн хувцасны голнууд аа. Чи хэн юм бэ. Надад шаардлага тавьдаг” гэх мэтээр агсам тавьж байгаад гарсан. Бид ч тэдний араас дагаад гарсан юм. Нэг цагдааг түлхэж унагаад, цээж рүү нь цохиод байсан. Ахлах ахлагч цолтой цагдаагийн хувцсыг урж, тасдаад л гар утсыг нь газар авч шидээд л бөөн юм болсон. Бүр унаж явсан машинаа асаагаад цагдаа нарыг дайрч ална гээд мөргөчих шахсан. Гэхдээ цагдаа нар агсан тавиад байгаа хоёр нөхрийг гавлаад л аваад явсан.

-Ямар хүмүүс байсан юм бэ?

-Төрийн өндөр албан тушаал хашдаг хүмүүс юм шиг байна лээ. Төрийн тусгай албаны томоохон албан тушаалтан гэж баарны хамгаалагч нар хоорондоо ярьж байхыг сонссон. Жирийн иргэд бид цагдаа нарын өөдөөс агсам тавих нь битгий хэл том дуугарч ч чадахгүй шүү дээ” гэв.

Төрийнтусгай хамгаалалтынгазрынорлогч даргаП.Батаа, ахлахажилтанТ.Батбилэгнарыгшалгаж байна

Энэ талаар албаны эх сурвалжаас авсан мэдээллээр “Энэ сарын 18-ны 01:42 цагт цагдаагийн байгууллагад “Бааранд согтуу хүн агсам тавиад байна” гэсэн мэдээлэл ирсэн. Цагдаа нар очиж шалгахад Баянгол дүүргийн XIX хороонд суух Төрийн тусгай хамгаалалтын газрын орлогч дарга Пүрэвжавын Батаа, мөн тус газарт ахлах ажилтан Сүхбаатар дүүргийн I хороонд оршин суух Тойвонгийн Батбилэг нар согтуурсан үедээ бүлэглэн танхайрсан хэрэг гарсан. Хэргийг Чингэлтэй дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтсийн Мөрдөн байцаах тасаг шалгаж байна. Мөрдөн байцаалт, гэрчүүдийн мэдүүлгээр Төрийн тусгай хамгаалалтын газрын орлогч дарга Пүрэвжавын Батаа, мөн тус газарт ахлах ажилтан Тойвонгийн Батбилэг нар согтуурсан үед олон нийтийн газарт танхайрсан. Мөн цагдаагийн ажилтны хууль ёсны шаардлага биелүүлээгүй. Төрийн тусгай хамгаалалтын газрын албаны /00-11 УНҮ/ автомашинаар цагдаа нарыг мөргөхийг завдан түрсэн. П.Батаа нь цагдаа П.Эрдэнэцогтыг түлхэж унагаан цээжинд нь хоёр удаа, хэвлийн зүүн хэсэгт нь нэг удаа цохиж, ахлах ахлагч Б.Ганбаатарын дүрэмт хувцсыг урж, Б.Ганжаргалын гар утсыг шидэж эвдэн эрх чөлөөнд нь халдсан гэх үндэслэлээр шалгаж байна” гэв.

Төрийн тусгай хамгаалалтын албаныхан сүүлийн үед гэмт хэрэгт холбогдох, танхайн хэрэг үйлдэх нь олширсон. Өнгөрсөн жил тус газрын дэд дарга, дэд хурандаа Я.Нэргүйбаатар амиа хорлосон хэрэг гарч байсан. Тэрээр Цэргийн сургууль төгссөн, хошууч цолтой бэлтгэл офицер Б гэгчтэй ам мурийж, зодолдсон байдаг. Улмаар Б нь ГССҮТ-д хүргэгдэн эмчлүүлж байгаад нас барсан юм байна. Үүнээс болж Төрийн тусгай хамгаалалтын газрын дэд дарга, дэд хурандаа Я.Нэргүйбаатар харуулын байран дээрээ ирж, АКМ загварын буугаар өөрийгөө буудсан байдаг. Энэ мэтээр Төрийн тусгай хамгаалалтын газрын алба хаагчид танхайрсан, бусдыг зодсон хэрэг удаа дараа гарч байсан билээ.


Categories
мэдээ цаг-үе

Бичигтийн боомт дээр цэвдэг сэтгэлтэй монголчуудын гарт адуун сүрэг маань өлдөж, хөлдөж тарчилсаар үхэж байна (II)

Түрүүч нь №288 (5553) дугаарт

Бичигтийн боомт дээр 1200 гаруй адуу 24 хоног өвс, тэжээл, ус, цас идэж уулгүй хоригдсон юм байна. 700 орчим нь хашаанд, 500 гаруй нь ачааны машины тэвшин дээр байсан гэнэ. Машины хөлдүү тэвшин дээр байсан адууны ихэнх нь хөлдөж үхжээ. Огт хөдөлгөөнгүй 20 гаруй хоног шээс, хомоол нь барьцалдаад дош болчихсон тэвшин дээр хүлээтэй зогссон адууны хөлд нь цус буучихдаг аж. Үүний дараа туурай, сагага, нарийн шилбэ нь хөлдөж эхэлжээ. Ингээд олон хоног өвс, тэжээлгүй байсан адуу илчээ алдаж, тал нутгийн тачигнасан жаварт жиндэж, бүх бие нь битүү цагаан цан болоод хонодог байна. Өглөөний нар дөнгөж гарсны дараахь их хүйтэнд бөмбөгнөтөл чичирч байгаад л хөлдөөд үхчихдэг гэнэ.

Их хүйтэнд жолооч нар машинаа бүтээчихээд, ээлжээр гарч ирэн машинаа асааж халааж байжээ. Жолооч нар өөрийнхөө эд хөрөнгө болсон машиныг амьд амьтнаас дээрд үзэж, анхаардаг байсан гэнэ. Тэгсэн мөртлөө тэвшийг нь битүү ороох бүтээлэг байсаар байтал “Дараа нь өөр ачаа ачихаар муухай үнэр нь шингэчихдэг юм байна лээ. Цасан шуурганаар бүтээж үзсэн. Дараа нь муухай үнэртээд байсан. Адууны шээсний үнэр нэвт шингэчихдэг юм” гээд л сууцгаагаад байсан гэдгийг Бичигтийн боомт дээр амьдардаг иргэд хэлж байв. Хашаанд байсан адуунууд нэгнийхээ сүүл, дэлийг юу ч үгүй болтол нь идчихсэн байна. Мөн хашааны банзыг шүдээрээ эмтэлж хазаад идчихсэн байлаа. Мөн салхинд хийсч ирсэн гялгар цаасыг ч идчих юм. Нэгнийхээ сүүл, дэлийг идсэн адууны ходоодонд үс хялгас бөөгнөрч, бөөнтөж үхсэн аж. Бас өлдөж үхжээ.

Бичигтийн боомт дээр хоёр зүйлийг хилээр гаргаж болохгүй гэсэн хориг тавигдсан байна. Үүний нэг нь адуу, нөгөөх нь өвс. Өнгөрсөн зуны адаг сараас эхлэн Сүхбаатар, Дорнод аймгийн нутгаар өвс хадаж эхэлсэн. Хэдэн сая тонн өвс дорнын цэлгэр талаас хадсан байна. Ингээд арваннэгдүгээр сард ХХААХҮ-ийн сайд П.Сэргэлэн өвс хилээр гаргахгүй байх шийдвэрийг гаргасан. Бичигтийн боомтын ойролцоо хэдэн сая тонн өвс нуруулдаад хураагдсан байв. Эрдэнэцагаан, Асгат сумын зааг дээр хятадууд хадсан өвсөө авалгүй орхисон нь мөн л хэдэн сая боодол өвс хэнд ч хэрэггүй хог болоод л хэвтэж байна. Хараа хяналт огт байхгүй учир хүмүүс ачааны том оврын машинаар өдөр шөнөгүй нийслэл рүү зөөж байна лээ. Ааг нь ханхалсан ногоон өвс хэдэн сая тонноороо боомт тойроод нуруулдсан хэвтэж байхад наана нь мянга гаруй адуу өвсгүй өлдөж үхэж байжээ. Мөн хилийн боомтын орчимд сүүлийн жилүүдэд огт түймэр гараагүй. Багсарсан их өвс найган ганхаж, бодын хар туруу цастай байна. Ёстой л адуу өвөлжиж баймаар сайхан байна лээ. Ийм л газар 1200 монгол адуу 20 гаруй хоног өлгүй хоосон байжээ.

“НУТГИЙНХАА ЗҮГ ХАНГИНАТАЛ ЯНЦГААЖ, ҮҮРСЭЭД Л ТУНГАЛАГ ХАР НҮДНЭЭС НЬ НУЛИМС УРСААД ДААНЧ ӨРӨВДӨЛТЭЙ БАЙНА ЛЭЭ” ГЭВ

Эрдэнэцагаан сумын иргэн Г.Батсүх бидэнд цөөн асуултад хариулт өглөө.


-1200 гаруй адуу өвс тэжээлгүй олон хоносон гэдгийг та хэзээ мэдсэн бэ?

-Манайх хэдэн үеэрээ адуу маллаж өдий хүрч байна даа. Монголчууд бидний дэлхийд гайхагдсан түүх ерөөсөө л адуутай холбоотой шүү дээ. Монгол адуу байгаагүй бол бид дэлхийн талыг эзэлж чадахгүй байсан гэж бодож явдаг. Сүхбаатар аймаг тэр дундаа Эрдэнэцагаан сум хурдан адууны өлгий нутаг шүү дээ. Энэ их тал нутагт босоо төрсөн унага шандастай болж, салхинд гүйцэгдэхгүй хурдан болдог юм. Ийм л хурдан адууны өлгий нутагт мянга гаруй адуу 20 хоног өвс, усгүй хоригдсон шүү дээ. Турж үхэж байгаа адууг харахаар нүдний нулимс урсаж, гол зураад үнэхээр хэцүүдсэн. 20 хоног юу ч идээгүй мөртлөө амьд байна гэдэг монгол адуу ямар тэсвэр тэвчээртэй юм бэ гэдгийг харуулж байгаа юм. Хашаанд хоригдож байгаа адуу хүний гар дагуулж хараад л дайраад байсан. Бүгд баруун тийшээ нутгийнхаа зүг хараад л санаа алдаад зогсчихдог. Үе үе нутгийнхаа зүг хангинатал янцгааж, үүрсээд л тунгалаг хар нүднээс нь нулмис урсаад даанч өрөвдөлтэй байна лээ. Сүлдэнд мөнхөрсөн монгол адуугаа монголчууд бид ингэж тамлаж байх гэж. Ерөөсөө л энэ их хүйтэнд хөлдөөгөөд, өлсгөж, тураагаад алчихаж байна. Амьд амьтныг ингэж тамлаж, зовоож, тарчлааж байна. Хэрэв сэтгэл байвал адууг өлсгөж алахгүй байсан.

-Хилээр адуу гаргах гэж байгаа компанийн ажилтнууд, жолооч нар монгол адуу эмнэг болчихсон, ачиж буулгаж чадахгүйгээс болоод л хориод байсан гэж байна лээ?

-Энэ бол зүгээр л бусдын амыг таглах гэсэн худлаа үг байна. Бид чинь монгол хүмүүс биз дээ. Хэдэн адуунаас юунаас нь айдаг юм. Эрдэнэцагаан суманд адуунд эрэмгий олон залуу байгаа. ихэнх нь сумын төв дээр ажилгүй хэвтэж байна. Манай энд тариа ногоо тарих биш. Адуутай л ноцолдох ажил бий. Тэднийг цалинжуулаад л адуугаа харуулаад байж болно. Машины тэвшин дээр өдий цагийн ядарсан битгий хэл зуны өвсөндөө бүрэн цадаад махалчихсан эмнэг хангалыг нь номхруулаад ачиж болдог юм. Ачаатай адуугаа ингээд л машинаас буулгачихна. Манай энд цас байна. Өвс өндөр ургасан, адуу оторлож байхаар сайхан нутаг шүү дээ. У.Хүрэлсүх сайдын тушаал гартал энэ хэдэн адуунд хүний ёсоор хандаж, бэлчээрт гаргачих боломж бүрэн байсан. Боомт дээр том цэлгэр хашаатай олон айл бий. Тэнд шөнө нь хашиж хоноод өдөр нь эргүүлээд бэлчээрт гаргаад байж болно.

-Хилийн ойр бүсэд адуу мал байлгаж болохгүй гэдэг биз дээ?

-Харин ч эсрэгээрээ шүү. Энд адуу өлдөж үхэж байна гэдгийг Хилийн цэргийнхэн сонсоод адууны эздэд хэлсэн байсан. Адууг ингэж өлсгөж алж байхаар хил орчмын бүс нутагт хариулаад байж болно. Энд өвс их ургасан байгаа. Хилээр цаашаа гарах энэ тэр асуудлыг бид хариуцна. Та нар энэ хавьд хариулаад байж болно шүү. Бидний зүгээс татгалзаад байх зүйл байхгүй гээд хэлсэн байсан. Даанч тэдний үгийг огт тоогоогүй. Хэдэн үдээр үхэж байгаа нь чамд ямар хамаа байна гэж хэлсэн гэсэн. Хятадуудын өвс энд сая сая тонноороо байна. Өвс харж байгаа манаач залуу хятадууд өвсөө бүрэн бүртгэж аваагүй байгаа. Хэдэн шил архиар өвс солино шүү гээд л ханхалзаад л яваад байсан. Хилээр гаргахгүй болсон өвсийг улсын орлого болгож, онцгой комисс авах шийдвэр гарсан гэдгийг сонсоод хятадууд яваад өгсөн. Тэндээс сумын Засаг даргад хэлээд хямд үнээр худалдаж авах боломж хүртэл байсан. Гэвч тэд амьтныг хамгийн зэрлэгээр тамлах замыг сонгосон. Монгол хүний буян заяа, сүлд хийморь гэж байдаг шүү. Амьтан тамлаж алж байгаа эдгээр хүмүүсийн ажил амьдрал яаж өөдтэй байх вэ гэв.

“БИД АДУУ АЛААГҮЙ. У.ХҮРЭЛСҮХЗУУ ГАРУЙ АДУУНЫ АМИНД ХҮРЭХ ШИЙДВЭР ГАРГАСАН”

Биднийг бичигтийн боомт дээр сурвалжлага хийгээд явж байтал хар өнгийн “Ланд круйсер 200” маркийн автомашин давхиад ирлээ. БНХАУ-ын Шилийн гол аймаг, Улиастай хотоос ирсэн хятадууд гэнэ. Тэд адуу худалдаж авдаг юм байна. Адуу худалдаж авсан ченжүүдтэй уулзаад явцгаажээ. Адуу хилээр гаргаж өндөр үнээр хятадуудад худалдаалдаг ченжүүд Шадар сайд У.Хүрэлсүхийн гаргасан шийдвэрийг хэлсэн байна. Харин хятадууд Монголын ченжүүдэд нэг л шаардлага тавьжээ. “Та нар биднээс авсан урьдчилгаа мөнгөө эргүүлж өгөөрэй” гэж хэлчихээд яваад өгч. Өнгөрсөн намар ченжүүд зүүн гурван аймаг, Дундговь, Дорноговийн нутгаар явж соёолонгоос дээш насны адууг 500 мянган төгрөгөөр малчдаас худалдаж авсан юм байна. Ингээд хилээр гаргаж эхэлжээ. Хятадууд амьд адууг монгол мөнгөөр 1.4 сая төгрөгөөр худалдаж авсан байна. Адууг жолооч нар БНХАУ-ын Улиастай хот хүртэл тээвэрлээд нэг адуу тутмаас 70 мянган төгрөг авдаг байжээ. Хятадууд адууны махыг үйлдвэрийн аргаар боловсруулаад дулааны бүс нутгийн иргэдэд өндөр үнээр худалдаалдаг сүлжээ бүхий шинэ зах зээл нээгдсэн байна. Хайнан, Нанжин, Гуанжоу гээд халуун уур амьсгалтай бүс нутагт адууны махыг булаацалдаад л авдаг гэсэн. Адууны эзэд, жолооч нар “Засгийн газраас монгол малын махыг дэлхийн зах зээлд гаргана. Эрүүл монгол мал гээд л төрөөс хэдэн тэрбум төгрөг гаргаж төсөл хэрэгжүүлж байгаа. Энэ хүрээнд адуу БНХАУ руу гаргаад эхлэхээр бөөн асуудал яриад эсэргүүцээд байх юм. Адууны мах Монголдоо хамгийн эргэлт багатай байдаг. Адууны мах иддэг хүн цөөхөн. Өвлийн улиралд л иддэг. Адууны мах удаан хадгалахаар урь идээд хуршчихдаг биз дээ. У.Хүрэлсүх ямар ч мэдээлэл судалгаагүй, сэтгэлийн хөөрлөөр, юугаа ч мэдэхгүй байж адуу гаргахыг хориглох шийдвэр гаргачихсан. Тэрнээс болоод бид төлж дийлэхгүй бөөн өрөнд орчихлоо. Тураалдаа орж, яс нь горзойчихсон хэдэн адууг Улаанбаатар хотод хэн авах юм бэ. Бид энэ хэдэн адууг өлсгөж алсан юм биш. У.Хүрэлсүхийн гаргасан шийдвэр алсан юм. Малчид бид гээд олон хүний амьдралд гай болж байна, У.Хүрэлсүхийн гаргасан шийдвэр” гээд л ярьцгаах ажээ.

НУТГИЙН ЗҮГ ҮҮРСЭЖ, НУЛИМС ДУСЛУУЛАХ АДУУН СҮРЭГ

Нар баруун тийш хэвийжээ. Хашаатай байгаа 400 гаруй адуу нутгийнхаа зүг хараад л хангинатал янцгаах юм. Мөн хээр алаг гүү газар тэрийгээд хэвтчихсэн байв. Адуу харж байгаа залуус үхэж амжаагүй байгаа хээр алаг гүүг дэл, сүүлнээс нь чирээд л хашаанаас гаргачих юм. Хээр алаг гүүний нүднээс тасралтгүй том том нулимс бөн бөн урсаад байх нь өр өвтгөж, сэтгэл сэмлэх аж. Шороо пургитал урт урт амьсгаа авч, толгойгоо баруун тийш арай гэж өндийлгөж үүрсэж байгаад л амьсгаагаа татчихав. Байгалийн давшгүй хүчин зүйл болсон зуданд биш хүмүүсийн буянт малаа хайрлахаа байсан хүйтэн хөндий цэвдэг сэтгэлийн гайгаар адуун сүрэг хэдэн зуугаараа ингэж тарчилж үхэж байна лээ, Бичигтийн боомт дээр. Хээр алаг гүү үхээд удаагүй байтал сурвалжлага хийхээр ирэх үед таарсан нөгөө зээрд морь чинь 1.50 гаруй метр өндөртэй хашаан дээгүүр харайгаад гарчихлаа. Энэ удаад хойд хоёр хөлөө зөөж авч чадалгүй хашааны банз хуу татаж гараад л нутгийнхаа зүг бөг бөг хийн шогшууллаа. Хашаанд байсан адуунууд бүгд л зээрд морины араас хангинатал янцгааж хоцорлоо.

“Муу п…..-гийн нугасанд нь хутга шаана даа. Яасан зэвүүн үдээр вэ” гээд хараалаа урсгасаар Эрдэнэмөнх гэж өөрийгөө танилцуулсан өндөр бор залуу мотоциклио пар хийтэл асаагаад зээрд морины араас давхилаа.

Үргэлжлэл бий

Categories
арын-нүүр булангууд мэдээ нийгэм

Ахан дүүсээ санадаг арваннэгдүгээр сар

Хөдөөгийн малчид өвлийн тэргүүн сар буюу арваннэгдүгээр сарыг ингэж нэрлэдэг болоод удаж байна. Хавар, намар, зуны улиралд хэл чимээгүй алга болсон хамаатан садан, ах, дүү нар нь өвлийн идэш хийх цаг дөхөөд ирэхээр гэнэт л санаж санааширсан амьтад ярьж, холбоо барьж эхэлнэ. Ихэвчлэн “За өвөлжөөндөө буусан уу. Та хэд минь сайн уу. Малын тарга тэвээрэг ямар байна. Бид хэд идшээ бэлтгэхээр очно шүү. Хотын бид ажил гэр гэж явсаар идэш хийх цагтайгаа тулчих юм байна шүү дээ” гээд л ярьдаг байна. Харин цагийн алинд ч нэг л янзаараа малчид “Тэгнэ ээ, хотын та нар нарны голтойд гэрт орох биш. Хүүхдүүдийнхээ хоолыг ирж аваарай” гэнэ. Нам гүмхэн байсан хөдөөд машин цувж, өвлийн идэш бэлтгэх ажил ийн эхэлдэг билээ.

Энэ жил өмнөх жилүүдтэй харьцуулахад эрт хүйтэрч байгаа болохоор хөдөөд өвлийн идшээ бэлтгээд эхэлжээ. Энд тэндгүй даага, шүдлэнгээс эхлээд сувайрсан гүү, бяруу, шүдлэн, хязаалан гуна, сувайрсан үнээ, нас биед хүрсэн шар ямар үнэтэй байгаа талаар таньж мэддэг хөдөөний хүмүүсээс асууж сураглах ажээ. Хөдөөг зорих машины цуваа ч нэмэгдэж эхэлж.

Бичин жил сүүлээ шарвана, зуд болно гэсэн яриа гарсантай холбоотойгоор малаа цөөлж байгаа малчид цөөнгүй байгаа бололтой. Үүнийг дагаад хот, хөдөөд махны үнэ ч овоо хямдарсан. Идэш муут жилийн гачлан, эхнэр муут насны гачлан гэсэн үг байдаг. Идшээ сайтар бэлтгээд авчихвал өвлийн тэсгим хүйтэн, хаврын урт өдрүүдийг ажрахгүй давж, зуны эхэн сартай золгодог доо.

Categories
мэдээ цаг-үе

А.Гансүх, Б.Батзаяа нарт холбогдох “Монголын төмөр зам”-ын хэргийг прокурорт шилжүүлжээ

А.Гансүх, зурган илэрцүүд

УИХ-ын гишүүн Х.Баттулга, Зам тээврийн сайд А.Гансүх, Төрийн нарийн бичгийн дарга, “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга асан Б.Батзаяа, Ухаахудаг-Гашуунсухайтын чиглэлийн төмөр замын ажлыг гүйцэтгэж байсан Өмнөд Солонгосын “Самсунг СТ” компанийн захирал Ли Жон Гёл нарт холбогдох хэргийг АТГ-ын Мөрдөн байцаах хэлтсээс шалгаж дуусчээ. Энэ сарын 15-нд буюу өнгөрсөн мягмар гаригт Нийслэлийн прокурорын газарт хэргийг яллах дүгнэлт үйлдүүлэхээр шилжүүлсэн байна. Харин гадаадын улс руу зугтаасан гэгдэх “Либерти партнерс”-ийн захирал Ч.Ганбат, “МТЗ” ТӨХК-ийн дэд захирал П.Бат-Эрдэнэ нарын холбогдох үйлдлийг тусгаарласан гэнэ. Энэ талаар АТГ-ын нэгэн эх сурвалж “Монголын төмөр зам”-аас онц их хэмжээний мөнгө завшсан хэргээр анх Б.Батзаяа, Өмнөд Солонгосын “Самсунг СТ” компанийн захирал Ли Жон Гёл нарыг 2015 оны аравдугаар сарын 30-нд баривчилсан. Мөн Ухаахудаг-Гашуунсухайт чиглэлийн 267 км төмөр зам тавих төслийн хөрөнгөөс онц их хэмжээгээр залилсан, завшсан, Хонгконгоор дамжуулан угаасан байж болзошгүй хэмээн УИХ-ын гишүүн асан Х.Баттулга, Зам тээврийн сайдаар ажиллаж байсан А.Гансүх нарыг шалгасан. Өнгөрсөн долдугаар сарын 20-нд яллагдагчаар тооцсон. Мөн хилийн хориг тавьсан байгаа. Нийслэлийн прокурорын газраас хавтаст хэрэгтэй танилцаад, яллах дүгнэлт үйлдэж шүүхэд шилжүүлэх байх” гэв.

Тэднийг Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 263.3 дугаар зүйл ангид зааснаар төрийн албан тушаалтан албаны эрх мэдлээ хэтрүүлэн ашиглаж, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэх хэрэгт холбогдуулан шалгасан байдаг. Хэргийн талаар сануулахад, Сайншандын аж үйлдвэрийн цогцолбор босгох ажилд төсвөөс 24 тэрбум төгрөг өгсний 22 тэрбумыг нь судалгааны ажил гэх нэрийн дор шамшигдуулсан байж болзошгүй хэмээн уг хэргийг анх шалгаж эхэлсэн байдаг. Тодруулбал, уг ажлыг хийх компанийг тендергүйгээр шалгаруулж, Чингис бондын мөнгөнөөс 5.8 сая ам.доллар олгох эрх олгосон эзэн өнөөг хүртэл тодроогүй байгаа юм. Нэг үгээр хэлбэл, хууль хяналтынханд төрийн томоохон төслийг эхлүүлэх явцад өөрсдийн танил тал, багийн хүмүүсээ албан тушаалд томилж, тэднээр дамжуулж төрөөс их хэмжээний мөнгө шамшигдуулж улсыг хохироосон гэх үндэслэл гарч иржээ. Уг хэрэгт холбогдсон Б.Батзаяа болон “Самсунг СТ” компанийн захирал Ли Жон Гёл нар ч буруугаа хүлээж, мэдүүлэгт гарын үсэг зурсан байдаг. Тэд дээрх ажлуудыг хийхдээ дээрх албан тушаалтнуудын заавар, зөвлөмжийн дагуу хийсэн гэж хэлсэн аж. Энэ нь дээрх албан тушаалтнуудыг хэрэгт татан шалгах нөхцөл бүрдсэн байна. Мөн хоригдож буй хүмүүсийн ярьж байгаачлан Б.Батзаяа нарт үүрэг өгсөн байж болох баримт ч олдсон гэх мэдээлэл байна. Энэ мэтээр УИХ-ын гишүүн Х.Баттулга, А.Гансүх нарт хамаарах, тэднийг холбогдуулан шалгах үндэслэлүүд гарчээ. Мөрдөн байцаалтын явцад УИХ-ын гишүүн Х.Баттулга, А.Гансүх нарын өгсөн чиглэлийн дагуу “Монголын төмөр зам” ТӨХК-ийн ТУЗ-ийн дарга Б.Батзаяа 2013 оны тавдугаар сарын 6-нд “Самсунг СТ” компанитай эрх шилжүүлэх гэрээ байгуулан тендергүй сонгон шалгаруулалт хийж, мөнгө угаах боломжийг нээн өгсөн гэж үзэж буй талаар эх сурвалж хэлэв. Цагдаагийнхан чухам энэ баримтуудыг эх сурвалжаа болгон хөөн сурвалжилсны эцэст нотлох баримтуудыг цуглуулаад байгаа гэнэ.

Түүнчлэн энэ хэрэгтэй холбоотой гол анхаарал татсан зүйл нь 91 дүгээр тушаал юм байна. Тодруулбал, 2012 оны арваннэгдүгээр сарын 3-нд Засгийн газрын 121 дүгээр тогтоол гарч “Төрөөс төмөр замын тээврийн талаар баримтлах бодлогын хэрэгжилтийг эрчимжүүлэх талаар авах зарим арга хэмжээ”-ний тухай тогтоол гарч А.Гансүх нар гарын үсэг зурснаар “Энержи ресурс” ХХК-тай байгуулсан Ухаа худаг-Гашуун сухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтын концессын гэрээг цуцалсан юм. Улмаар 2013 оны дөрөвдүгээр сарын 12-нд “Шинэ Төмөр зам төслийн ажлыг эрчимжүүлэх” Зам тээврийн сайд А.Гансүх, Төрийн өмчийн хорооны дарга Д.Цогтбаатар нарын хамтарсан 91 дүгээр тушаал гарч эрх байгуулах чиглэл өгсөн байдаг аж. Тухайн үед ТӨХ Үйлдвэр хөдөө аж ахуйн яаманд харьяалагддаг байсан бөгөөд сайдаар Х.Баттулга ажиллаж байжээ. Х.Баттулга, А.Гансүх хоёрыг шалгаж буй үндсэн баримт бол энэхүү 91 дүгээр хамтарсан тушаал гэнэ. Төмөр замын ажлыг тооцоо судалгаагүй эхлүүлж улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэдэг зүйлчлэлээр шалгаж буй тул түүнийг нотлох бичиг баримт нь энэхүү тушаал болсон байна. Зам тээврийн сайд А.Гансүх 2013 онд Авлигатай тэмцэх газраар сайн дураараа шалгуулах үеэр Засгийн газрын 121 дүгээр тогтоолыг шалгуулсан байдаг. Харин хамтарсан 91 дүгээр тушаал нь шалгагдаж байгаагүй гэдэг.


Categories
мэдээ цаг-үе

Ц.Нарангэрэл: Галчийн буруугаас болж эмнэлэг дэлбэрч хүний амь үрэгдсэн гэсэн дүгнэлт гарсан

Төв аймгийн Архуст сумын эмнэлэгт өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-ны орой нам даралтын зуух дэлбэрсэн хэрэг гарсан билээ. Дэлбэрэлтийн улмаас хүүхдээ сахиж байсан 24 настай М.Одсүрэн гэх эмэгтэй харамсалтайгаар амь насаа алдаж, түүний есөн сартай хүү тархиндаа хүнд гэмтэл авсан юм. Нам даралтын зуух юунаас болж дэлбэрч, хүний амь насанд хүрсэн талаар шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан байна. Төв аймгийн цагдаагийн хэлтэс хэргийг шалгаж дуусаад прокурорт шилжүүлжээ. Гэвч “Мөрдөн байцаалт дутуу хийгдсэн байна” гэх үндэслэлээр нэмэлт мөрдөн байцаалтад буцаасан байна. Сумын төвийн эмнэлэг дэлбэрсэн хэргийг шалгах үйл явцад Архуст сумын удирдлагууд нөлөөлөх болсон гэнэ. Энэ талаар талийгаач эмэгтэйн хадам эгч Ц.Нарангэрэлтэй ярилцлаа.

-Нурангид дарагдсан хүүгийн биеийн байдал ямар байгаа вэ. Өнгөрсөн хавар тархиндаа хүнд гэмтэл авсан гэж байсан?

-Дүү минь нурангид дарагдсанаас хойш сайжрахгүй л байна. Дэлбэрэлт болсны дараа хүүг шууд ГССҮТ-д аваачиж Эрчимт эмчилгээний тасагт хэвтүүлж эмчилгээ хийлгэсэн. Эмч нар “Хүүгийн гавлын яс зүүн талаасаа цуурсан. Нүдний ухархай нь хугарсан, эрүү, нуруундаа гэмтэл авсан” гэж онош тавьсан. Мөөмнөөсөө ч гараагүй нялх амьтан өнчирч хоцорсон юм шүү дээ. Одоо ой гарантай болсон. Гэвч хөлд орохгүй, өсөлт, бойжилт нь үеийнхнээсээ хоцроод байна. Мөн дэлбэрэлтийн үед хүчтэй доргилтоос болоод хоол боловсруулах эрхтэн нь гэмтэл авчихсан бололтой. Ямар ч хоол идсэн тэр дороо гүйлгээд гаргачих юм. Төмс идлээ гэхэд огт боловсруулахгүй, бүхлээрээ гарч ирээд байгаа. Бид санхүүгийн боломжтой болохоороо эмнэлэгт нарийн шинжилгээ өгнө гэж ярилцаж байгаа. Үнэндээ амьдралын боломж тааруу болохоор хот руу явж шинжилгээ өгч чадахгүй байна. Том хүүхэд нь одоо гурван настай болсон. Харсан эгч, хамаатан саднаа “Ээж ээ” гэж дуудаад л явж байна. Насан туршдаа ээжийн хайр энхрийлэл мэдэрч чадахгүй өнчин өснө гэдэг хамгийн хэцүү зүйл биз дээ. Бидний амьдрал эмнэлэг дэлбэрснээс хойш орвонгоороо эргэж, хүүхдүүд нь өнчирч, бид дүүгүй боллоо.

-Шүүх эмнэлгийн дүгнэлт юу гэж гарсан бэ. Шүүх эмнэлгийн дүгнэлтээс бүх зүйл тодорхой болно гэж байсан?

-Шүүх эмнэлгийн дүгнэлт гарсан. Мөн Мэргэжлийн хяналтын газрын дүгнэлт ч гарсан. Эмнэлгийн нам даралтын зуухны тогооны ус байхгүй байхад галласнаас болж тогоо нь улайсч, дэлбэрсэн байна. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны дүрэм зөрчигдсөнөөс болж эмнэлэгт дэлбэрэлт болжээ. Бүр тодруулбал, тухайн өдрийн галчаар ажиллаж байсан М.Алтанхуяг гэх залуугийн буруугаас болж манай дүү харамсалтайгаар амь насаа алджээ гэдэг нь Шүүх эмнэлгийн дүгнэлтээр тодорхой болсон. Миний бие Архуст сумын Соёлын төвийн эрхлэгчээр долоо дахь жилдээ ажиллаж байна. Манай байгууллага мөн л нам даралтын зуухаар халдаг. Дөрвөн галч ээлжээр ажилладаг. Би галч нартаа хэд хэдэн зүйлийг байнга сануулж хэлж, ажлын хамгийн чухал мөрдлөг болгосон. “Та нар ажилд гарах болгондоо нам даралтын зуухны тогоогоо дүүрэн устай байлга. Галлагаа хийхдээ 60-70 хэмийн дулаантай байлга. Халууныг 60 хэмээс доош буулгах юм бол өвлийн улиралд шугам, паар хөлдөнө. Харин 70-аас дээш хэмийн халуунтай байлгах юм бол нам даралтын зуухны тогоо улайсаад дэлбэрнэ. Үүнийг анхаарч ажилла” гэсэн үүрэг даалгавар байнга өгсөөр ирсэн. Өөрөөр хэлбэл, хөдөлмөрийн аюулгүй байдлын зааварчилгаа байнга өгдөг. Мөн ажлын ээлж хүлээлцэх болгондоо хэдэн хэмийн халуунтай байсан. Хаанаас хий авсан талаараа тэмдэглэл хөтөлж ажил хүлээлцэж гарын үсэг зурж баталгаажуулдаг. Гэтэл манай сумын эмнэлгийн галч нар тухайн өдөр хэдэн удаа тогоондоо ус нэмсэн. Хэдэн хэмийн халууны заалт байсан зэргийг огт тэмдэглэж, хөтлөөгүй байсан. Дэлбэрэлт болдог өдрийн урьд орой галчаар гарсан хүн тогооны усаа сэлбэж дүүргээгүй юм билээ. Тэгээд тухайн өдөр гарах байсан Т.Алтанхуяг ажилдаа ирэхгүй байсаар 16:00 цагийн орчимд ирсэн юм билээ. Ээлж хүлээж аваад ус нэмэлгүй шууд их хэмжээний гал өрдчихөөд гараад явчихсан байсан. Тэгээд л дэлбэрсэн байна лээ. Бид хавтаст хэрэгтэй нь танилцсан. Хоёр галч мэдүүлэг өгөхдөө худлаа ярьсан байсан. Харин тухайн өдөр гараатай байсан бага эмч, үйлчлэгч нарын мэдүүлгээр энэ бүхэн тодорхой болсон. Галч залуугийн буруугаас болоод л дүү маань харамсалтайгаар амь насаа алдсан. Гэтэл эмнэлэг дэлбэрсэн асуудлыг улс төртэй хутгаад одоо хүртэл шийдэхгүй байгаад харамсаж байна.

-Яагаад улс төртэй хутгасан гэж үзэж байгаа юм бэ. Энэ талаар тодорхой мэдээлэл өгөхгүй юү?

-Дэлбэрэлт өнгөрсөн дөрөвдүгээр сарын 27-нд гарсан. Гэтэл огт шийдэгдэхгүй байсаар өдий хүрч байна. Шүүх эмнэлгийн дүгнэлт зургаан сарын эхээр гарсан юм билээ. Гэтэл сумын Засаг дарга Шүүх эмнэлгийн дүгнэлтийг биднээс нууж байгаад УИХ болон ИТХ-ын сонгууль дууссаны дараа гаргаж өгсөн. Бид “Дүгнэлт гарсан уу” гээд очихоор “Гараагүй байна. Бидэнд ирээгүй” гээд буцаагаад байсан. Тэгтэл зургадугаар сарын 8-нд дүгнэлт нь гарчихсан байна лээ. Дүгнэлтийг биднээс нуугаад байсан шалтгаан нь сумын дарга нар намын нэр хүнд уначих байх гэж айсандаа л болсон гэж бид үзэж байгаа. Хэргийн мөрдөн байцаалт яагаад ийм удаан байгааг ч асуусан. Мөн л орон нутгийн сонгуулиар энэ хэргээс болоод нэр хүнд нь уначих байх гээд л ингэсэн юм байна лээ. Төв аймаг дээр “Орон нутгийн сонгууль өнгөртөл энэ хэргийг шийдэж болохгүй. Намын нэр хүнд унана” гээд ярьж явсан гэсэн. Үүнийг бид үнэний ортой гэж бодож байна. Дэлбэрэлт болсноос хойш одоог хүртэл сумын удирдлага, эмнэлгийн дарга нарын хэн нь ч бидэнтэй уулзаагүй. Бид энэ хэрэгт сумын дарга оролцоод байна гэж хардаж байгаа. Эмнэлгийн дарга, галч нарт холбогдох хэргийг орон нутгийн сонгуулийн дараа хэрэгсэхгүй болгох гэж байгаа гэсэн яриа манай сумаар гараад байна. Бид энэ хэргийг үнэн зөв шийдээсэй. Ажлын хариуцлага алдсан хүмүүс зохих ял шийтгэлээ аваасай гэсэн байр сууринаас хандаж байгаа. Эрдэнэт хүний амь үрэгдэж, хоёр хүүхэд өнчирч үлдээд байна шүү дээ. Энэ хэргээс болоод бидэнд дарамт шахалт их ирж байгаа.

-Эмнэлгийн дарга болон галч Т.Алтанхуяг нарыг эрүүгийн хуулийн ямар зүйл заалтаар шалгаж байгаа вэ?

-Эмнэлгийн эрхлэгч, галч нарт Эрүүгийн хуулийн 38 дугаар зүйл заалтын хоёрт зааснаар хэрэг үүсгэн шалгаж байгаа юм билээ. Тус заалтад “Хөдөлмөрийн аюулгүй ажиллагааны заавар зөвлөмж өгөөгүй, хөдөлмөрийн аюулгүй байдлыг хангаагүйн улмаас хүний амь нас хохирсон бол тав хүртэлх жилээр хорих, эсвэл тухайн мэргэжлээр ажиллах эрхийг нь гурван жилээр хасч, хөдөлмөрийн хөлсний доод хэмжээг 25-50 дахин нэмэгдүүлсэнтэй тэнцэх мөнгөн торгууль оногдуулна” гэж заасан байна лээ. Хэд хэдэн хуульч бидэнд ийм тохиолдолд тэнсэн харгалзах ялаар шийтгүүлээд өнгөрдөг нь бий гэж байсан.

-Дарамт шахалт байгаа гэж дээр хэлсэн. Энэ талаар дэлгэрүүлэхгүй юү?

-Дэлбэрэлт болох үед эмнэлгийн эрхлэгч эмэгтэй хүнд өвчтэй ээжийгээ аваад Энэтхэг рүү эмчилгээ хийлгэхээр явчихсан байсан. Тэр хойгуур нь дэлбэрэлт болоод дүү маань нас барж, хүү нь хүнд гэмтсэн. Эмнэлэгтнь дэлбэрэлт болсон гэдгийг эмнэлгийн эрхлэгчийн ээж сонсоод цочролд орсон. Үүнээсээ болоод амь насаа алдсан гэж ар гэрийнхэн нь үзэж байгаа гэсэн. “Та нар хэвлэл мэдээллийн хэрэгслээр ярилцлага өгснөөс болж эхнэр маань амь насаа алдсан” гэж эмнэлгийн эрхлэгчийн аав биднийг загнаж дарамталсан. Сэтгэл санааны хувьд маш хүнд байдалд байна даа. Хэргийг хууль хяналтын байгууллага үнэн зөвөөр нь шийдэж өгөөсэй гэж хүсч байна. Өвдөж зовсон ч гэлээ дүү минь амьд байсан бол хоёр нялх хүүхдээ арчлаад, эхийн хайраар дутаахгүй өсгөх байсан шүү дээ. Тэгэхэд энэ хэргийг сонгуультай хутгалдуулж, сонгууль дуустал дүгнэлтүүдийг нууж, сүүлдээ хэрэгсэхгүй болгоно гэх мэт яриа гарч байгаа нь биднийг түгшээж байна.

Categories
мэдээ цаг-үе

Цахир сумын хоёр ламын занданшуулсан шарилын эргэн тойронд

Архангай аймгийн Цахир сумын Содномдаржаа уулын оройд байх Өвгөн гэсэр лам Цэвээнрашийн Чүлтэмжамц, аграмба Равсалын Санжайжав нарын занданшуулсан шарилыг ямар учраас өнөөг хүртэл насан эцэслэхдээ байсан биеэ алдалгүй байсаар буйг эрдэмтэд тайлбарлаж чадахгүй байгаа гэнэ. Мөн бурхан шашны зүтгэлтнүүд ч тайлбарлаж чадаагүй байна. Итгэлт хамбын шарилыг амьсгал хураасны дараа хүйтэн газар байлгаж, бүх биеийг нь давсаар хучиж олон жил болгосон гэдэг.

Харин Чойжин ламын шарилыг улсын сан хөмрөгөөс 100 лан мөнгөний зардал гаргаж занданшуулсан байдаг юм байна. Монголчууд эрт дээр үед ихэс дээдсийн шарилыг тусгайлсан өрөөнд бүтэн жилийн хугацаанд хадгалж, дотроос нь хамаг бохирыг нь гаргаж, биеийг аажмаар хатааж занданшуулдаг байсан аж. Монголын найман Богд гэгээнийг ингэж оршуулсан бөгөөд занданшуулж хатаасны дараа нүүр царайг нь эм, шавраар засаад суварган дотор залж шүтээн болгодог. Эсвэл бүүр онголон бунхалж, ахин хүн нээж орохгүй болгож хадгалдаг байна. Ихэвчлэн амьсгал хураасан талийгаачийн гэдэс дотрыг авч цэвэрлэж занданшуулдаг байжээ. Цас, бороо чийг үзүүлэлгүй олон жилийн турш битүү газарт хадгалж хатаадаг байна.

Гэтэл Архангай аймгийн Цахир сумын Содномдаржаа уулын оройд байх Өвгөн гэсэр лам Цэвээнрашийн Чүлтэмжамц, аграмба Равсалын Санжайжав нарын занданшуулсан шарил нь уулын оройд салхи, бороо, цасыг үл ажран зуу гаруй жил болсон ч тэр янзаараа байгаа нь олны анхаарлыг татаж байгаа гэнэ. Таван цул эрхтэн нь бүтэн. Тархи нь хатаагүй хэвээрээ байсан юм байна. Цахир сумын иргэдийн хэлж буйгаар хоёр ламын занданшуулсан шарилыг хуш модоор авдар зангидан суулгаад гадуур нь мод зангидаж пүнзэрхүү дөрвөлжин байшин хийсэн гэнэ.

Нутгийн иргэдийн ярьж буйгаар Гэсэр ламын шарил ил гарчихсан үс, сахал нь хийсдэг байсан гэх мэдээлэл байна. 1937 оны хэлмэгдүүлэлтийн он жилүүдэд нутгийн иргэдийн нууцаар шүтдэг хоёр ламын шарилыг хүмүүс устгаж үгүй хийх гэж оролдож байжээ.

Гэвч нутгийнхан занданшуулсан шарилын гадуур углуурга гаргаж хийсэн модон пүнзийг гадуур бүхэлд нь чулуугаар далдалж орхисон байна. Ингээд 1937 оноос хойш өнгөрсөн жил хүртэл нэг ч хүн хоёр ламын занданшуулсан шарилд хүрээгүй юм аж.

“МАНАЙ НУТГИЙН АРД ИРГЭДИЙГ ХАМГААЛЖ БАЙДАГ ЮМ” ГЭВ

Ингээд өнгөрсөн жилээс хос оршил буюу чулуун бунхан барьжээ. Аграмба Равсалын Санжайжавын шарилыг хулгана мэрэх гэж оролдсон ором байсан гэнэ. Түүнээс өөр ямар ч сэв байхгүй байж. Харин Гэсэр багшийн шарил анх хадгалагдаж байсан хэвээрээ байгаа гэсэн. Энэ талаар болон нутгийн иргэд хэрхэн шүтдэг талаар Цахир сумын Засаг даргаар ажиллаж байсан Л.Өлзийбатаас цөөн асуултад хариулт авсан юм.

-Өвгөн гэсэр лам Цэвээнрашийн Чүлтэмжамц, аграмба, Равсалын Санжайжав нарын занданшуулсан шарилыг яагаад Содномдаржаа уулын оройд залсан байдаг юм бэ?

-Хоёр багшийн шарилыг Халх төдийгүй, Түвд жагарын орноо нэр нь алдаршсан их маарамба Лүнирэг Дандар занданшуулсан гэж нутгийнхан ярьдаг. Өвгөн Гэсэр лам Цэвээнрашийн Чүлтэмжамцын гарын долоон шавийн хоёр нь Аграмба Равсалын Санжайжав, их маарамба Лүнирэг Дандар байсан юм билээ. Их маарамба Лүнирэг Дандар маарамба нь Дорно дахины анагаах ухааныг төгс эзэмшсэн хүн байсан төдийгүй, хоёр ч ном гаргасан байдаг. Түүний бичсэн ном одоо хүртэл уламжлалт анагаах ухааны суурь болон ашиглагдаж байгаа. Яагаад Содномдаржаа ууланд хоёр багшийн шарил байдаг талаар манай нутгийн настай хүмүүс ингэж ярьдаг. Өвгөн Гэсэр ламыг жанч халсны дараа шарилыг нь өөрийнх нь гэрээслэн заасан газар болох Тарвагатай нурууны салбар уулсын нэг Содномдаржаа хайрхны салбар Хөх нуурын зүүн урдахь гурван оньсны дунд сэтэрхий дээр суугаа дүрээр нь бунхлан нутаглуулж, хожим өөрийн гарын шавь эрдэм номтой аграмба Санжайжав ламтныг ойролцоо бунхалсан байдаг. Гэсэр лам нутаг ус, ард иргэдээ аюулт өвчин, халдлагаас хамгаалж насан үүрдийн энэ газарт оршин байгаа юм. Чойжамц хамба эрдэм шинжилгээний хурлын үеэр “Энэ агуу их шүтээнийг өнөөдрийг хүртэл хадгалж байсан нь Цахир сумын иргэдийн ач буян” гэж хэлж байсан. Манай нутгийнхан хоёр багшийн шарилыг хүүхдээс чихэр нууж байгаа юм шиг сайн хадгалж хамгаалж байсан байдаг. Хүүхэд байхад биднийг холоос мөргүүлээд л аваад явдаг болохоос ойр аваачиж байгаагүй шүү.

-Таныг 2001 онд Цахир сумын Засаг даргаар ажиллаж байх хугацаанд Тарвагатайн нуруунд их гал түймэр гараад Содномдаржаа ууланд тулж ирээд унтарсан гэж ярьдаг юм байна лээ?

-Манай нутагт 2001 оны хавар маш өргөн хүрээг хамарсан түймэр Завхан аймгаас орж ирсэн юм. Хөвсгөл аймгийн Жаргалант, Завхан аймгийн Их-Уул, Тосонцэнгэл сумын газар нутгийг хамарсан түймэр гарсан. Олон аймгийн Онцгой байдлын алба хаагчид жирийн иргэдтэй нийлж унтраах гэж оролдсон. Тэгтэл унтрааж чадахгүй байсаар алдчихсан. Ингээд арай гэж Содномдаржаа ууланд хүрч ирсэн. Хоёр багшийн шүтээн шатчихсан юм биш байгаа гэж бодоод ирж байгаа юм. Тэгсэн түймэр хоёр багшийн занданшуулсан шарил байгаа хөшөөнөөс ердөө хоёр метр хүрэхгүй зайд унтарсан байсан. Түймэр унтрах ямар ч боломж байхгүй, салхитай өдөр байсан юм. Мөн тэр хавьд битүү өвс ургачихсан. Тэгтэл яг хоёр багшийн бунхан байгаа газарт ирээд л соруулаад унтарсан байсан. Бид ч яах арга байхгүй эрдэм чадалтай болохоор галыг унтраасан байна даа гэж ярилцаад буцсан. Хэдийгээр шинжлэх ухаан талаас өөрөөр харагдах боловч “Манай нутгийн ард иргэдийн муу болгоныг дарж байдаг юм байна даа” гэж үргэлж бодож, шүтэж явдаг. Тэр түймэр орсон бол модонд гал авалцаад л шүтээн шатах байсан байх.

Өмнө нь ийм байжээ

-Цахир сумаас есөн хутагт төрөн гарсан байдаг байх аа?

-Тийм ээ. Манай нутаг есөн хутагтын эх өлгий газар. Хамбын гэгээний гурван ч хойд дүр Цахир сумаас тодорсон байдаг. Ялгасан гэгээний хоёр дүр, Сэнгээ хувилгаан, Өвгөн гэсэр лам, аграмба Равсалын Санжайжав, Лүнирэг Дандар маарамба гэсэн есөн хувилгаан төрсөн байдаг. Мөн ЗХУ-аас Монгол орны ард түмнийг судалж, Монголын оюун ухааны төв нь Цахир сум юм байна гэсэн судалгаа, дүгнэлт хүртэл хийсэн байдаг. Хоёр багшийн занданшуулсан шарил байгаа газрын хажууханд байх Хөх нуурын дээд эхэнд төрсөн хүн болгон сүүлийн жилүүдэд дандаа УИХ-ын гишүүн, төр нийгмийн зүтгэлтэн болж байгаа. Зөвхөн нэг уулын аманд төрсөн хүмүүс л аймгийн удирдах албан тушаал хашиж, төрийн сайд болж байна шүү дээ гэв.

Цахир сумын иргэдийн дунд Өвгөн гэсэр лам Цэвээнрашийн Чүлтэмжамц Аграмба Равсалын Санжайжав нарын эдэлж хэрэглэж байсан бурхан тахил, хүрд эрих, цөгц зэрэг нь хадгалагдаж байдаг юм билээ. Цахир сумынхан “Хэдхэн жилийн дараа Содномдаржаа уул бурхан шашны эргэл мөргөлийн газар болно. Монголд битгий хэл дэлхийд хоёр багшийнх шиг бүрэн бүтэн биеэрээ байгаа занданшуулсан шарил олдохгүй. Номд бүрэн гэгээрч бурхан болсон хүн л ингэж чулуу шиг занданшиж үлддэг юм гэнэ лээ” гээд л ярьж байна лээ.

Т.ГАЛБААТАР: ХОЁР БАГШИЙГ ЖИЛД НЭГ УДАА ГАДААЛУУЛЖ СҮСЭГТЭН ОЛОНД МӨРГҮҮЛЖ БАЙХААР ЯРИЛЦАЖ БАЙГАА

Цахир сумын Засаг дарга Т.Галбаатартай Өвгөн гэсэр лам Цэвээнрашийн Чүлтэмжамц, аграмба Равсалын Санжайжав нарын шарил байгаа Содномдаржаа ууланд сүсэгтэн олонд зориулж ямар бүтээн байгуулалт хийх гэж байгаа талаар ярилцлаа.


-Хоёр ламын шарил байгаа газарт ямар нэгэн бүтээн байгуулалт бий болгох уу. Сүсэгтэн олон их ирдэг болсон байна лээ?

-Өнгөрсөн жилээс хоёр гэгээнтэн багшийн байгаа газарт очиж мөргөх хүмүүсийн тоо өмнөх жилүүдийнхээс хэд дахин нэмэгдсэн. Одоогоор томоохон ажлууд хийгдээгүй байна. Засгийн газрын хөрөнгөөр бунхан оршил барьсан байгаа. Ямар ч байсан хүн хулгайлж авч явахааргүй болсон. Цахир сумын Засаг даргын Тамгын газрын зүгээс тусгай хамгаалалтын бүс тогтоож, хамгаалалтын ажилтнуудтай болсон. Нийтийн хүртээл болгох, аялал жуучлал хөгжүүлэх талаар төлөвлөж байгаа зүйл бий. Эхний ээлжинд нутгийн зөвлөл, нутгийн иргэдийн санаа бодлыг сонсож, хэрэгжүүлэхээр ярьж байна. Засгийн газраас энэ асуудалд онцгой анхаарахгүй бол сум дангаараа томоохон бүтээн байгуулалт хийж чадахгүй. Ойрын хугацаанд их бүтээн байгуулалтын ажил эхлэх байх. Орон нутгийн захиргаа 51 хувийг эзэмшиж, иргэд 49 хувийг эзэмшдэг хувьцаатай аж ахуйн нэгжийн үйл ажиллагаа явуулахаар төлөвлөөд байна. Үүнээс гадна манай нутгийн зарим иргэн өөр чиглэлээр үйл ажиллагаа явуулах төсөл хэрэгжүүлээд явж байна лээ. Гэхдээ сумын Засаг даргын Тамгын газрын зүгээс хоёр гэгээнтний энэ үйлсийг аж ахуйн нэгж, компанийн мэдэлд өгөх сонирхолгүй байгаа.

-Хувийн компани өөрсдийнхөө хөрөнгө мөнгийг гаргаж байж илүү хөгжиж, танай сум аялал жуулчлалын бүс болох юм биш үү?

-Төр засгаас хөрөнгө мөнгө гаргаад бунхан барьчихсан асуудлыг цааш нь өргөжүүлэн хөгжүүлэх нь Цахир сумын мэдлийн асуудал. Мөн Монгол Улсын соёлын биет өв. Үүнийг хамгаалах, хариуцах эзэн нь орон нутгийн захиргаа гэж хуульд заачихсан байдаг. Бид хоёр багшийг жилд нэг удаа гадаалуулж, сүсэгтэн олонд мөргүүлж байхаар ярилцаж байгаа. Хүмүүс Өвгөн гэсэр лам Цэвээнрашийн Чүлтэмжамц, аграмба Равсалын Санжайжав гэгээнтнүүдийг ойроос харж, мөргөж залбирах биз” гэв.

Бунхан барьж байгаа нь. 2015 он.

Архангай аймгийн Цахир суманд хийсэн сурвалжлагаа дуусгаад нийслэл хотын зүг хөдөлсөн юм. Жаргаж буй нарны туяанд буйдхан сумын төвийн хэдэн барилга тод харагдах ажээ. Засмал зам тавигдсанаас хойш нутгийн иргэд хашаа, байшингаа өөрчилж эхэлжээ.

Мөн цагаан идээ боловсруулдаг үйлдвэрүүдэд нутгийн малчид сарлагийн сүүгээ худалдаж байх гэрээ байгуулж, ашиг олохоор болсон гэсэн.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН

Categories
мэдээ цаг-үе

Хамгийн олон хил зөрчигч барьсан домогт хурандаа

“Ёлтын ам, Сонгинотын бэлчир гэж уул, ус, ургамал тэгширсэн сайхан нутаг байдаг юм. Зэрлэг ан амьтны диваажин болсон газар. Хаашаа л харна халиун буга сүргээрээ бэлчиж, хэрэм, туулай, зэрлэг гахай тэргүүтэн хаа сайгүй гүйлдэнэ. Жалга судаг болгоноор булаг шанд оргилон ундарч, голын ус шаагин урсдаг тийм л жаргалын орон баруун хязгаар нутагт байдаг юм аа. Бүр тодруулж хэлэх юм бол, Алтай Таван Богдын мөнх цаст оргилуудыг давж арай гэж хүрдэг буйд холын газар. Тэнд л хил манах хэцүүхэн бөгөөд хүндтэй үүрэг хариуцлагыг үүрч явсан хилчин хүн дээ, ах нь” гэж Монгол Улсын гавьяат барилгачин, хилийн цэргийн хурандаа С.Самдандовжид ярив. Туулж өнгөрүүлсэн амьдралынхаа ихэнх хугацааг Монгол Улсын торгон хилийн шугам дээр өнгөрүүлсэн нэгэн. Тэрбээр хамгийн олон хил зөрчигч барьсан гэдгээрээ хилийн цэргийн түүхэнд тод мөрөө үлдээсэн онц хилчин.

Хурандаагийнд өнжихөөр хотын захад байх гэрт нь очлоо. Тэр хавьдаа л хамгийн хөдөлмөрч айл гэдэг нь барьсан хашаа, хорооноос нь бэлхнээ мэдэгдэнэ. Цэлийсэн том хашаатай юм байна. Хашаагаараа дүүрэн мод тарьжээ

Зүүн урд захад нь хэдэн жилийн өмнө чацарганы мод тарьсан юм байна. Чацарганы жимс багсайтал ургачихсан байх аж. Харин хашааныхаа урдуур үхрийн нүдний мод суулгажээ. Өнгөрсөн долоо хоногт жимсийг нь түүчихсэн гэнэ. Харин хашааныхаа баруун урд захад улаан лооль, өргөст хэмх, байцай зэрэг нарийн ногоо тарьсан байна. Мөн хүлэмжиндээ энэ өвөл хаврынхаа хэрэгцээг бүрэн хангах хүнсний ногоо тариалжээ. Сүүдрэвч барьж, амрах сандал ширээ, явган хүний зам, нарны толиор цэнэглэж асдаг гэрэл гээд л тэр хашаанд байхгүй юм алга. Гоёл чимэглэлийн зорилгоор ногоон, цагаан судалтай хаш чулуу ч тавьжээ. Гурван машины гарааш, хоёр давхар байшин, цэцгийн мандал гээд л хурандаагийн хашаанд юм бүхэн байна. Чөлөөндөө гарсан цагаасаа хойш өөрийнхөө гараар энэ бүгдийг хийсэн гэнэ. Хүүхдээрээ байхаасаа эхлээд хилийн отряд, застав дамжиж тогтсон гэр оронгүй явсан цаг хугацаагаа нөхөх гэж зүтгэсэн нь биеллээ олсон уу гэлтэй болжээ.

ТУУЛЖ ӨНГӨРҮҮЛСЭН АМЬДРАЛ БУЮУ ХИЛЧИН БОЛСОН ТҮҮХ

Ингээд С.Самдандовжид хурандаагийн гэрт орлоо. Гэрийн эзэгтэй “Дээшээ суу. Цай уу” гээд л сандарч байгаа бололтой. Сэтгүүлчид ирэх гэж байна гэж сонсоод хоол, цай бэлдсэн гэнэ. Хоёр давхар байшиндаа хоёр хөгшин хоёулхнаа амьдардаг юм байна. Хүүхдүүд нь амралтын өдрүүдээр аав, ээж дээрээ ирдэг аж. Ингээд бид хаана төрж өссөн, хилийн цэрэгт анх хэрхэн орж байсан талаар хөөрөлдөж эхэлсэн юм. Гэрийн эзэн Завхан аймгийн Сонгино сумын Баян-Айраг бригад Хангайн нуруу, Ханхөхийн нурууны дунд төрж өссөн нэгэн. Хэдэн үеэрээ малчин байсан айлын үр удам гэнэ. Тэрбээр эцэг, эхээс арвуулаа аж. Аав Самбуу нь өөрөө оролдож байгаад бичиг үсгийн боловсролтой болж бригадын агент, сургуулийн нярав зэрэг ажил хийдэг байсан аж. Харин С.Самдандовжид гуай Завхан аймгийн Нөмрөг сумын дунд сургуульд долдугаар анги төгсөөд хот руу Барилгын техникумд суралцжээ. 1971 оны ардын хувьсгалын 50 жилийн ойгоор сантехникийн техникч гэсэн мэргэжлээр төгсөөд Завхан аймагтаа очсон байна. Ардын хувьсгалын 50 жилийн ой болж байгаатай холбоотойгоор ЗХУ-аас найман иж бүрэн ерөнхий боловсролын сургуулийн барилга барьж өгсөн гэнэ. Завхан аймагт ангийнхаа гурван хүүхэдтэй очиж, уурын зуух хариуцсан механикчаар ажиллаж эхэлжээ. Сургуулийн уурын зууханд ажиллаж байхдаа долдугаар ангийн охинд сэтгэл алдарсан юм байна. Тэр охин нь эхнэр Ч.Шура нь гэнэ. Тэдний хайрын түүх ингэж л эхэлсэн байдаг ажээ. Дунд сургуулийн охинд сэтгэл алдарсан С.Самдандовжидыг хоёр жил ажиллаж байтал цэрэгт явуулчихсан байна. Шууд Өмнөговь аймгийн хилийн хамгийн урд цэг рүү алба хаалгахаар явуулчихжээ. Дархан хилээ манахын сайхныг тэнд л анх мэдэрсэн хэмээн бахархангуй ярьж суув. Эндээс л түүний амьдрал хилийн цэрэгтэй холбогдсон байна. Хилийн цэрэгт алба хааж байх хугацаа нь хүйтэн дайны он жилүүд байжээ. Монгол, Хятад гэх хоёр улс хэзээ мөдгүй дайтах гэж байна гэх яриа гарчихсан. Монголын арми урд хилээрээ цэргүүдээ байршуулчихсан байв. Хятадууд дайрах гэж байна гээд л байнга сургуулилт хийлгэж байжээ. Тухайн үед манай улс социалист нийгэмтэй улсын хамгийн эхнийх нь байсан. Хилийн цэргийг татан буулгаж олон жил болсны дараа буюу 1967 онд эргүүлэн сэргээсэн байдаг. Хилийн цэрэгт боловсон хүчин дутагталтай болчихсон үе байв. Ингээд 100 шижигнэсэн залууг 1973-1976 онд ЗХУ-д Хилийн цэргийн дунд сургуульд явуулсан байна. Тэднийг нэг нь С.Самдандовжид гэнэ. 1976 онд сургуулиа төгсөж ирээд Сулинхээрийн отрядад хуваарилагдсан байна.

Тэрбээр цэрэгт байхдаа, хилийн цэрэгт татагдсанаасаа хойш ч Ч.Шуратайгаа захиагаар байнга харилцдаг байжээ. Ингээд ууган хүү С.Золбоо нь Сулинхээрийн отрядад төрсөн байна. Сулинхээрийн отрядад томилогдож очсоноос хоёр жил өнгөрч байтал нийслэл хот руу 05 дугаар ангид ротын захирагч болгон томилжээ. Тухайн үедээ хилийн цэргийн зодоон цохион хийдэг, архи уудаг гээд ер нь л болж бүтэхгүй залуус цугласан ротын захирагч болсон байна. Сахилгагүй залуусыг зөв чиглэлд оруулан хүмүүжүүлж байтал 182 дугаар ангийн ротын дарга болгочихжээ. Тус ангид тухайн үед хүн амины хэрэг гарчихсан. Цэрэг нь дарга нарынхаа үгийг тоохоо байчихсан үе байсан гэнэ. Тэрбээр хүнтэй хэрхэн харилцаж, яавал арга эвийг нь олох вэ, ямар хүнд зөөлөн хандвал чих нь улам зөөлөрч, ямарт нь ширүүлхвэл номхон дөлгөөн болдог вэ гэдгийг тэр ангид байхдаа хамгийн сайн мэдэрсэн аж. Ингээд 182 дугаар ангийнхаа ажлыг сайжруулж, эмх цэгцэнд нь оруулаад ЗХУ руу дээд курст сурахаар явжээ. Дээд курсээсээ ирээд тавдугаар отряд буюу Ховдын Булганд Боловсон хүчний офицероор томилогдон очиж Булган суманд очсон жил буюу 1983 онд охин С.Солонго нь мэндэлсэн байна.

Хилийн цэргийн боловсон хүчний офицеруудын дунд болсон тэмцээнд гурван жил дараалан түрүүлжээ. ЗХУ-ын Цэргийн академи руу шалгалт өгөх эрх нь ингэж нээгдсэн байна. Ингээд цэргийн академи руу явах шалгалт өгчээ. Тэгсэн арын хаалга ороод явж чадаагүй байна. Шалгалт өгсөн нэг офицер Б.Дэжид генаралын ойрын хамаатан байсан гэнэ. Түүнийг Цэргийн академи руу явуулахаар болжээ. Ингээд Б.Дэжид генералд өргөдөл бичсэн байна. Тэрбээр “С.Самдандовжид намайг МАХН-аас хөөгөөд хилийн цэргээс халаад, нутаг усанд нь буцааж өгнө үү. Шударга зүйл энэ намд алга” гээд бичээд явуулчихжээ. Уулзсан хүн болгон “Чи ч ингээд дууслаа даа. Нам засгийн удирдлага руу ийм өргөдөл бичдэг бөх зүрхтэй хүн чамаас өөр байхгүй” гэж л байж гэнэ. Тэгсэн төд удалгүй Б.Дэжид генаралаас өргөдөлийн хариу иржээ. Хариуд “Таны өргөдлийг намын төв хороо шалгаж үзлээ. Таны зөв байжээ. Ирэх жил шалгалтгүйгээр Цэргийн академид явах эрх олгож байна” гэжээ. Ирэх жил нь ЗХУ-ын Москва хотод М.В.Фрунзийн нэрэмжит Цэргийн академи руу явах гэтэл П.Даш генаралыг явуулахаар болсон байв. Тэрбээр дарга нарын хаалганд хүчин мөхөстөж ар талын академи руу явжээ.

Гэр бүлийн хамт

БАЯН-ӨЛГИЙ АЙМГИЙН 62 МЯНГАН ИРГЭН НҮҮХ ҮЕИЙН ОТРЯДЫН ДАРГА

Сургуулиа төгсөөд эргэж ирээд нэг жил болж байтал 1990 оны Ардчилсан хувьсгал болж нийгэм даяараа эмх замбараагүй байдал бий болжээ. Ардчилсан хувьсгалтай зэрэгцээд Баян-Өлгий аймагт үндэстний хувьсгал гарч, их үймээн болсон үед отрядын даргаар түүнийг томилон явуулжээ. Баян-Өлгийчүүд төв талбай дээрээ өлсгөлөн зарлаад “Баян-Өлгий аймгийг бүх салбарт казах хүн дарга болох ёстой. Үүний төлөө тэмцэнэ” гээд цагдаагийн даргаасаа эхлээд бүх албан тушаалтныг казах хүн болгочихсон байж. Мөн “Баян-Өлгий аймгийн өөртөө засах орон болгоно. Энд байгаа монголчуудыг бүгдийг хөөж явуулаад Казахстаны нэг аймаг болгоно” гэсэн яриаг хэт их үндсэрхэг үзэлтнүүд гаргаж, түүнийг нь жирийн иргэд дэмжиж байсан үе гэнэ. Мөн тус аймгийнхан Казахстан руу хэдэн мянгаараа нүүдэллэж байжээ. Тэр үед төрийн албанд ганц монгол дарга байсан нь отрядын дарга С.Самдандовжид байжээ. Баян-Өлгий аймагт “Мориндоо мордоцгооё”, “Атаныхан”, “Хаж мөргөлийнхөн” гээд хэд хэдэн бүлэглэл бий болсон гэнэ. Монгол Улсаас Казахстан руу нүүх эрхийг нь чөлөөтэй олгочихсон. Казахстанаас өдөрт 12 онгоц ирээд буцдаг. Айлууд гэр орон байшингаа нураагаад явж байсан гэнэ. Тэрбээр 62 мянган казах иргэнийг нүүлгэх ажлыг Монгол Улс талаас хийсэн хүн юм байна. Баян-Өлгий аймгийн зарим иргэн дээш нь янз бүрийн байдлаар матаас бичиж, цэргийн шүүх рүү явуулах гэж оролдоно. Гэрийнх нь хаалга, цонхыг эвдэж сэтгэл зүйн дайралт хийх гэж оролддог үе ч цөөнгүй байжээ. Төрж өссөн нутаг руугаа явах гэж сэтгэл нь цаашаа болчихсон хүмүүсийн гаргаж буй ааш авир, үйлдэл маш хэцүү байсан тухай онцлон ярьсан юм. Үндэстний хувьсгал хийгдэх дээрээ тулж, иргэд нь Казахстан руу нүүж, Монголын төр засгийн хүч суларсан ийм хүнд цаг үед С.Самдандовжид хурандаа Баян-Өлгий аймагт ажиллаж байжээ. Баян-Өлгий аймгийн урианхай айлууд түүнийг цагаан эсгий дэвсэж гэртээ оруулж, Баян-Өлгий аймагт ирж болохгүй дөрвөн хүний нэг хэмээн яригдаж байсан ажээ. “Хилийн цэрэгт ажиллаж байсан он жилүүдийн хамгийн хүнд хэцүү нь Баян-Өлгий аймгийн нүүдэл хийгдэж байсан цаг” гэж С.Самдандовжид хурандаа тодотгож байна лээ.

Гэрийн эзэгтэй Ч.Шура бидний яриан дундуур орж ирэн ийн ярив. “Эгч нь хар бага наснаасаа л энэ хүнийг дагаж хилийн застав, отрядаар явсан хүн. Хэцүү бэрх болгоныг хамтдаа туулж өнгөрүүллээ. Манай хүн хүнд өндөр шаардлага тавьж хатуу үг хэлнэ. Үүнээсээ болоод зарим хүний дургүйг хүргэдэг муу зантай хүн дээ” гээд инээв. Биднийг ийн ярилцаж байтал хурандаагийн утас дуугарав. Хилийн цэргийн найз хурандаа нар нь ярьж, хилийн цэрэгт сүүлийн үед хийгдэж байгаа томилгооны асуудлаар санал солилцох ажээ. “Тэр уг нь хилийн цэргээ сайн мэдэх залуу байгаа юм. Тэр бүтэхгүй ээ. Тэрний оронд өөр хүн тавих ёстой юм” гээд л ярих. Мөн амралтын өдрүүдэд дүүгийнхээ хэдэн хүүхдийг олж ирэх талаар ч ярилцав. Гэрийн эзэгтэй “Манай хоёр хүүхэд хүнтэй суухгүй юм. Бид хоёр ач, зээ мөрөөдөөд байдаг. Гадаадад их олон жил сургуульд сураад тэндээ амьдарч байгаад ирсэн. Манай хүү С.Золбоо буудлагын олон улсын хэмжээний мастер цолтой. Охин нэг компанид ажиллаж байна даа. Бид хоёр хүүхдийн мөрөөсөл болсон хүмүүс ах, дүү нараасаа хүүхдүүдийг нь гуйгаад л сууж байдаг юм” гэв.

Хил зөрчин орж ирж байгаа БНХАУ-ын иргэдийн барьж байгаа нь

ДӨРВӨН МЯНГАН МЕТРИЙН ӨНДӨР УУЛЫГ ДАВЖ ХИЛ ЗӨРЧИГЧ БАРЬДАГ БАЙЖЭЭ

Бидний яриа Хилийн цэрэгт ажиллаж байсан үе рүү эргээд оров. С.Самдандовжид хурандаа хилийн цэргийн түүхэнд хамгийн олон хил зөрчигч барьсан гавьяатай нэгэн. “Ёлтын ам, Сонгинотын бэлчир газар манай улсын баруун хойд захын нутаг. Цэнгэл хайрхан уулын цаад дор дөрвөн мянган метр өндөр мөнх цаст уулын цаана байдаг нэн ховор амьтад, байгалийн баялаг бүрдсэн газар. Хил хамгаалах албаныхан гурван сар л тэнд хамгаалалт хийх боломжтой. Бусад үед нь дөрвөн мянган метр өндөртэй цаст даваа хаагдаад явах боломжгүй. Хамгаалах эзэнгүй болоод есөн сарын хугацаанд хятадууд орж ирэн амьтныг нь агнаж, алтыг нь ухаж, бугын эвэр түүж дураараа аашилдаг байжээ. Хятадын талаас ямар ч саадгүй Ёлтын аманд хүрээд очдог байна. С.Самдандовжид хурандаа хилчин залуусаа дүн өвлийн хүйтэнд цаст уулсыг давуулах эхлэлийг тавьжээ. Отрядын дарга хүн дөрвөн мянган метрийн өндөрт мацаж зам гаргаад цэргүүдээ оруулж, хил зөрчсөн хятадуудыг бариулдаг байжээ. Жилд нэг, хоёрхон хил зөрчигч барьдаг байсан Баян-Өлгий аймгийн хилийн отряд жилд 70 гаруй жил зөрчигч барьж байж. Хилийн цэргийн түүхэнд С.Самдандовжид гуай 168 хил зөрчигч барьснаараа тэргүүлж, уулчин Жуков 90 гаруй зөрчигч барьснаар удаалдаг байна. Хил зөрчигчдийг бариад байхаар Хил хамгаалах ерөнхий газраас сурвалжлагч, зурагчин хамт явуулж хил зөрчигчийг хэрхэн барьж байгааг сурвалжлуулах үүрэг өгдөг болсон байна. Сурвалжлагч, гэрэл зургийн сурвалжлагч очсон үед нь хил зөрчигчид таарч, хэн хэн нь олзтой буцдаг байсан талаар ч ярьсан юм. С.Самдандовжид хурандаагийн чиглэлээр Даянгийн заставынхан бүгд онц хилчин болж байсан түүхтэй аж. Түүний хил зөрчигч барьдаг арга их сонин гэнэ. Хил зөрчигчийг балмагдуулж байгаад барьж авдаг байж. Хэдэн талаас нь бүсэлж байгаад толгой дээгүүр нь буудахаар ямар ч хүн толгойгоо дараад хэвтээд өгдөг байна. Тэгээд гараа өргөөд зогсох үед нь барьж авдаг гэнэ. Хоёр, гуравхан минутад амжиж барихгүй бол алдчихдаг ажээ.

Гэрийн эзэгтэй Ч.Шура 1974 оноос хойш нөхөртэйгөө үзсэн кино, тоглолтын бүх тасалбараа хадгалжээ. Цуглуулга нь мянга гарсан байна лээ. Завхан аймгийн соёлын төвд болсон урлагийн наадам гээд л сүүлийн үеийн тоглолтуудын билет хүртэл хадгалаатай байна лээ. Гэрийн эзэгтэй сайхан дуулдаг гэнэ. Бүх ард түмний наадмаас мөнгөн медаль хүртэж байсан аж. Мөн сүүлийн жилүүдэд өөрийнхөө мөрөөдлийг биелүүлж, гэртээ төрөл бүрийн цэцэг тарьсан байна лээ. Мөн хоёр давхрынхаа шилэн хаалт бүхий тагтан дээр хамтдаа сууж өөрдийнхөө тарьж ургуулсан ногоон байгууламжийг харах дуртай гэж бидэнд ярьсан юм. С.Самдандовжид хурандаа жилийн өмнө Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржоос Монгол Улсын Гавьяат барилгачин цол тэмдгээ гардан авсан. Ерөнхийлөгч шагнал гардуулахдаа “Монгол Улсын дархан хилийг хамгаалах, бэхжүүлэх, үндэсний аюулгүй байдлыг хангах үйлсэд ухамсарт амьдралаа бүрэн зориулж, хилийн найман отряд, 25 застав, 40 гаруй харуулын байр барих ажлыг гардан удирдсан хурандаа” гэж цохон тэмдэглэсэн байдаг. Тэрбээр баруун хилийн ихэнх отряд, заставыг барьсан гэсэн. Түүнийг хамт ажиллаж байсан хилийнхэн нь “Зүгээр сууж чаддаггүй хүн” гэж тодотгон хэлдэг юм билээ.

Мөн буурал хурандаа төр нийгмийн зүтгэлтэн, яруу найрагч О.Дашбалбарын ойрын найз явсан талаараа ярив. Уламжлалын нэгдсэн намд элсэж, хэсэг улс төржөөд авсан гэнэ. Завхан аймагт хоёр ч удаа УИХ-д нэр дэвшиж явсан аж. Тэрбээр “О.Дашбалбар найз маань “Амьддаа бие биенээ хайрла, хүмүүс ээ” гэх алдарт шүлгээ чамд энэ шүлгээ зориулж бичсэн юм шүү гээд гарын үсгээ зураад өгч байсан юм. Одоо ч бичгийн машинаар шивсэн гарын үсэгтэй шүлэг нь манайд байгаа. Сүүлийн үед их л олон хүн надад зориулж бичсэн гээд ярьж байгаа харагддаг юм. Би ч тэдэн дунд орохгүй гээд чимээгүй л байдаг даа. Олон ч аавын хүүхдүүдтэй найзалж явна даа. О.Дашбалбар шиг гэнэн томоогүй мөртлөө цог хийморьтой хүн ховор шүү” гэв. Намрын усархаг бороо шаагин орох ажээ. Цонхоор харахад бүрий болж нар хэдийнэ жаргасан байв. Бид ч өнжиж буй айлаасаа явсан юм. Хилчин хурандаагийн “Монголынхоо торгон хил дээрээс нар мандахыг харж зогсоод “Миний ард эх орон минь байгаа шүү” гэж бодох даанч сайхан байдаг даа” хэмээн хэлсэн үг сэтгэлд тодхон үлдэв.

Categories
мэдээ цаг-үе

Б.Гантулга алдарт уулчин Стивен Эдвард Нейшийг морь аргамждаг гадсаар хөнөөжээ (II)

Түрүүч нь “Өдрийн сонин”-ы №218(5483) дугаарт

Б.Гантулга шунахайн сэдэлтэйгээр Их Британийн иргэн 53 настай Стивен Эдвард Нейшийн амь насыг хөнөөсөн гэж цагдаа нарт мэдүүлжээ. Б.Гантулга 158 сантиметр өндөр нуруутай, туранхай биетэй гэнэ. Хүний амь нас хөнөөх хүч чадалтай нэгэн биш гэж Тэрх багийн ард иргэд ярьж байна лээ. Бүр хоёр метр өндөр нуруутай, гадаадын тамирчинг хөнөөсөнд бүгд гайхаж, эргэлзэж байсан. Гэхдээ амьдралын тарчиг байдлаас болж хүний аминд хүрсэн байхыг үгүйсгэх аргагүй гэдгийг ч хэлж байв. Учир нь тэр сүүлийн жилүүдэд Тэрх баг, Хангай сумын дэлгүүр, айлын эд хөрөнгө, мал зэргийг удаа дараа хулгайлж байжээ.

ТАЛИЙГААЧИЙН ЦУСТАЙ ФУТВОЛК, ХАНТААЗ, БИЧИГ БАРИМТ, БЭЛЭН МӨНГӨНИЙ КАРТЫГ ХАМАР ӨТӨГИЙН ӨВӨЛЖӨӨНИЙ ХАДАНД НУУСАН БАЙЖЭЭ

Цагдаа нар өнгөрсөн долоо хоногт Б.Гантулгыг хэргийн газарт авчирсан байна. Хоёр гарт нь гав зүүж, хоёр цагдаагаар харгалзуулан Хайрханы эхийн хөндийд авчирчээ. Цагдаа нарт Б.Гантулга талийгаач Стивен Эдвард Нейшийн хөнөөсөн газрыг зааж өгчээ. Мөн Хамар өтөгийн өвөлжөөний хаданд очсон байна. Түүний зааж өгсөн газраас мөнгө болон бичиг баримтаа хийдэг байсан олон халаастай хантааз олджээ. Мөн цустай футволк, цамц байгаа газрыг ч зааж өгсөн байна. Бэлэн мөнгөний карт, бичиг баримт, газрын зураг зэргийг тэндээс холгүйхэн газар нуусан байснаа ч зааж өгсөн гэнэ. Б.Гантулга Хамар өтөгийн өвөлжөөний ойр хавийн хад асганд энэ бүгдийг нуусан байсан гэдгийг эх сурвалж хэлсэн юм. Мөн зөвхөн халаасанд нь байсан 200 орчим мянган төгрөг, 150 ам.долларыг авсан бөгөөд цүнхэнд нь байсан хоёр мянга орчим ам. долларыг аваагүй байжээ. Одоогоор мөрдөн байцаалт хийгдэж байгаа гэнэ. Б.Гантулга гэгч Стивен Эдвард Нейшийн амь насыг хөнөөсний дараа цустай хувцсыг нь тайлж, өөр хувцас өмсгөсөн байсан гэнэ. Тайлж авсан футволкоор нь цус болсон хэсгийг арчиж, цэвэрлэж, хэргийн газрын ул мөрийг баллах ажлыг хийсэн бололтой. Талийгаачийн цогцос дээшээ хараад хэвтчихсэн. Хөл гарыг нь засаж янзалж, шарх сорвийг нь цэвэрлээд орхисон байж магадгүй байгаа гэсэн. Үүргэвчийг нь хүртэл хажууд нь босгож тавьсан байжээ. Стивен Эдвард Нейшийн цогцос байсан газраас хэн нэгний гутлын мөр огт олдоогүй байна. Бүр талийгаач эрийн гутлын мөр ч байхгүй байжээ. Цагдаа нар цус маш ихээр алдсан байсан. Хэрэв айл руу цус алдсан чигтээ тусламж дуудахаар явсан бол мөр нь гарах ёстой. Тийм зүйл огт байхгүй байгаа. Тэгэхээр цогцсыг хэргийн газраас зөөвөрлөж ойролцоо авчраад хөл нүцгэн үүрч авчран тавьсан байж магадгүй. Ил цагаан зам дээр, ойр хавьд нь айлтай газарт шууд амийг нь хөнөөнө гэж байхгүй хэмээн цагдаа нар үзэж байгааг албаны эх сурвалж онцолж байв. Энэ бүгдийг үйлдэхдээ хэн нэгнээс туслалцаа авсан байж магадгүй гэнэ.

Хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа Б.Гантулгын Хангай суман дахь гэр. Эхнэр хүүхдээ явсанаас хойш Б.Гантулга гэртээ ирэхээ больсон гэнэ

Хэргийн газраас холгүйхэн хоёр километрийн зайд намаржиж байсан Гэлэгжунайн хүү Г.Баярсайханыг шалгаж байгаа үндэслэл нь ийм учиртай юм байна. Г.Баярсайхан талийгаачийг амьд явахад нь харсан хамгийн сүүлчийн гэрч, цагдаа нар гэрийг нь шалгаж байхдаа “Танайд буу байгаа юу” гэж асуужээ. Тэгтэл “Манайд буу байхгүй, ан хийдэггүй гэж хариулсан байна. Харин цагдаа нар гэрийнхээ ойролцоох өвсөнд хоёр ч буу нуусан байсныг илрүүлжээ. Харин малчин Н.Доржпалам талийгаачийн цогцсыг харах үедээ буутай явж байсан юм байна. Иймд дээрх хоёр иргэний хэн нэг нь Б.Гантулгатай нийлж гэмт хэргийг үйлдсэн байж магадгүй хэмээн хэргийг шалгаж байгаа аж. Өөрөөр хэлбэл, талийгаачийг нэг нь буугаар сүрдүүлж байхад нь нөгөөх нь морь аргамждаг гадсаар дүрсэн байх боломжтой гэнэ. Хангайн нуруунд гарсан хүн амины ноцтой хэргийг цагдаа нар үргэлжлүүлэн шалгаж байна.

“ЦАГДАА НАР ХҮҮГ МИНЬ БУРХАНД НЬ МӨРГҮҮЛЧИХЭЭД Л АВААД ГАРСАН”

Бид талийгаачийг гэрийнхээ гадаа хонуулсан Б.Адъяасүрэн болон гэмт хэрэгт сэжиглэн шалгаж байгаа Б.Гантулгын гэрт очлоо. Хот айлынхан бүгд л айдастай, сэтгэлийн дарамттай байна лээ. “Энэ хэргээс болоод нутгийнхаа хүмүүсийн царайг ч харж чадахгүй хэцүү байна. Цагдаа нар ирж шалгалт хийж, байцаалт авч байгаа” хэмээн ярьж байв. Харин Тэрх багийн малчин Б.Адъяасүрэн хэргийн талаар “Манай энд айхтар хэрэг гараад хэцүү байна. Талийгаач манай хотонд ирж хоносон. Их найрсаг, сайхан зантай хүн байсан. Манай гэрт хоол цай идэж уучихаад майхандаа унтсан. Бидэнд баярлаж талархаж байгаагаа илэрхийлж зураг хүртэл авахуулсан. Хэргийн талаар тодорхой мэдэх зүйл алга ” гэв. Харин гэмт хэрэгт шалгагдаж байгаа Б.Гантулгын ээж хэцүүхэн байдалтай угтсан юм. Гэмт хэрэг гарсан гэдгийг сонссон цагаас хойш сэтгэл санаа нь хямарч, ухаан алдах болжээ. Б.Гантулгын аав Батсүх, ээж, Р.Чимэгээ нар “Хүүгээ ийм хэрэг үйлдсэн гэдэгт итгэхгүй байгаа. Манай хүү тархи толгойны өвчтэй. Бага байхаасаа л ухаан алдаж унадаг өвчтэй байсан. Сургуульд оруулсан боловч биеийнх нь байдал хүндэрч, ухаан алдаж унаад байсан болохоор гаргачихсан юм. Багаасаа мал дээр гарсан. Эхнэр, хоёр хүүхэдтэй. Эхнэр нь өнгөрсөн хавар ажил хийнэ гээд хот явсан. Хэргийн талаар мэдэх юм алга. Уг нь манай хүүхэд их тусч, сайхан сэтгэлтэй. Сүүлийн үед л хулгай хийгээд эхэлсэн. Тархи толгойн өвчин сэдэрсэн байх гэж бид яриад байгаа. Цагдаа нар аймгийн хорих ангид саатуулан шалгаж байгаад энд авчирсан. Гэрээр нь оруулаад гаргасан. Цагдаа нар “Ойрын хэдэн жилдээ гэртээ ирж чадахгүй байх. Бурхандаа мөргөөд, ээж аавдаа үнсүүлчихээд яв” гэж хэлж байсан.

Тэрх багийн төв

Цагдаа нар гэрт оруулж ирээд бурханд нь мөргүүлчихээд л аваад гарсан. Надад үнсүүлэхдээ “Хүүгээ уучлаарай, ээж ээ. Биеэ сайн бодож байгаарай” гэж хэлээд л уйлаад байсан” гэв. Б.Гантулгын ээжийн талынханд өнгөрсөн зунаас эхлэн уй гашуу тохиолдсон байна. Р.Чимэгээгийн ээж өнгөрсөн гурван сард өөд болсон байна. Мөн долоон сард эгч нь цус харваж нас баржээ. Харин гэмт хэрэг гарах үед нагац ах нь хотод мөн л өвчний улмаас өөд болсон байна. Ээжийгээ буяны ажилд явсан хойгуур нь гэмт хэрэг үйлдсэн бололтой.

ГЭМТХЭРЭГТСЭЖИГЛЭГДЭН ШАЛГАГДАЖ БАЙГАА Б.ГАНТУЛГА ГЭГЧ ХЭН БЭ

Б.Гантулга 1981 онд Хангай суманд төрсөн байна. Тэрх багийн иргэдийн хэлж буйгаар хүүхэд байхдаа хүнд байнга тусалж явдаг тусч хүү байсан. Найз, нөхөд олонтой байсан. Зан харилцааны хувьд энгийн, даруухан нэгэн гэнэ. Найман жилийн өмнө эхнэртэй болж, айл гэр болсон юм байна. Хоёр хүүхэдтэй гэнэ. Хөдөө амьдарч байгаад өнгөрсөн жил сумын төв оржээ. Хадмынхаа хашаанд гэрээ барьж амьдарсан гэнэ. Хоёрдугаар ангийн боловсролтой аж. Гэхдээ гарын үсгээ ч зурж чаддаггүй, эхнэр нь өмнөөс нь гарын үсэг зурдаг байсан гэж нутгийнхан нь ярьж байв. Хоёр жилийн өмнөөс Б.Гантулгын зан ааш нь хувирч, эвдэрч эхэлсэн байна. Хулгайн гэмт хэрэг удаа дараа үйлдэх болжээ. Хангай сумын Мөнхбат гэх хүний дэлгүүрээс гүйлгээний мөнгө хулгайлсан байна. Мөн Бат-Оргихын дэлгүүрээс ч бараа хулгайлсныг хүмүүс ярьж байв. Түүнийг хулгайн гэмт хэрэг үйлдэх болсноос хойш нутгийнхан нь зайгаа барих болжээ. Түүнтэй нийлдэг найз нөхөд нь ч холдсон гэнэ.

Б.ОЛЗВОЙ: АЯЛЛЫН КОМПАНИУД ГАДААДЫН ИРГЭД ТАНАЙ СУМАНД АЯЛАХ ГЭЖ БАЙГАА ГЭДГИЙГ ХЭЛЖ БАЙМААР БАЙНА

Тэрх багийн Засаг дарга Б.Олзвой “Гадаадын иргэн амь насаа алдсан гэдгийг нутгийн малчин анх хэлсэн. Сумын цагдаатай хамт цогцсыг нь манаж хоносон. Манай Хангай сумынхан найрсаг, хүнд тусархуу, сайхан сэтгэлтэй хүмүүс байдаг. Өмнө нь гадаадын иргэдийн амь насыг хөнөөсөн хэрэг гарах нь битгий хэл нутгийнхан хоорондоо муудалцаж, зодолдсон асуудал ч гарч байгаагүй. Гэвч харамсалтай зүйл болчихлоо. Талийгаачийн ар гэрийнхэнд хэцүү байгаа байх. Танай сониноор дамжуулан эмгэнэл илэрхийлж байна. Цаашид гадаадын иргэд аль нэг сум, орон нутгаар аялах гэж байгаа бол зуучлагч аяллын компанийнхан сумын Засаг даргын Тамгын газарт мэдэгдэж баймаар байна. Бидэнд аялал жуулчлалын компаниуд мэдэгдчих юм бол аюулгүй байдлыг нь хангах талаар илүү их анхаарна шүү дээ. Хэн, хэзээ, хэдийд ирэх нь тодорхой бус байхаар энэ талаар тодорхой ажил хийж болохгүй байгаа юм. Бидэнд аялагчид ирэх гэж байгаа талаар мэдэгдчих юм бол ядахдаа л зам харгуй, бартаа саад заагаад өгнө. Нутгийн иргэдэд ч гэсэн аялагчид Монгол Улсад хөрөнгө оруулалт хийж байгааг хэлж ярьж ойлгуулна шүү дээ” гэв.

Талийгаач Стивен Эдвэрд Нейшийг энэ ууланд амь насыг нь хөнөөсөн гэж цагдаа нар үзэж байна

Хангайн нуруунд гарсан хүн амины хэргийн зангилаа ийнхүү тайлагдаж байна. Дараа нь үүсэх муу үр дагаврыг огт бодолгүйгээр хэдхэн төгрөгөөс болж амь насыг нь хөнөөсөн бололтой. Хэн нэгний болчимгүй үйлдлээс болж нэгэн эрдэнэт хүний амь сүйдэж, Монголын үзэсгэлэнт байгалийн сайхныг үзэх гэж зорин ирдэг аялагчид болон бусад оронд манай улсын нэр хүнд уналаа хэмээн нутгийн иргэд ярьж байв.

Гэрэл зургуудыг Ц.МЯГМАРСҮРЭН