Categories
мэдээ цаг-үе

Ц.Дэлгэрням: “Говь повер” компани Г.Дэнзэн болон түүний эхнэртэй хамааралгүй гэдэг нь хангалттай тогтоогдсон

Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дэд дарга асан Г.Дэнзэн, “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн захирал асан Я.Батсуурь нарын таван хүнд холбогдох хэргийг хэлэлцэх шүүх хурал өнгөрсөн долоо хоногт таван өдөр үргэлжлэн, Чингэлтэй дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Г.Дэнзэнд 3.6 жил, Я.Батсуурьт хоёр жилийн хорих ялыг жирийн дэглэмтэй эрэгтэйчүүдийн хорих ангид биечлэн эдлүүлэх, Г.Дэнзэн, “Говь повер” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Баярмаа нараас 5.5 тэрбум төгрөгийг хувь тэнцүүлэн төлүүлэх шийдвэр гаргасан. Энэ талаар Г.Дэнзэнгийн өмгөөлөгч Ц.Дэлгэрнямтай ярилцлаа.


-Анх 17 тэрбум төгрөг хувьдаа завшсан гэх үндэслэлээр Г.Дэнзэн нарыг шалгаж эхэлсэн байдаг. Шүүхийн гаргасан шийдвэрийн талаар ярилцлагаа эхлэх үү?

-Улс орон даяар 17 тэрбум төгрөгийн гэх тодотголтойгоор Засгийн газрын Хэрэг эрхлэх газрын дарга, “Эрдэнэс-Таван толгой” ХК-ийн ТУЗ-ийн дарга Г.Дэнзэнг өөрийн эхнэр Г.Уянгын нэр дээр “Говь повер” гэх ХХК-ийн хувьцааны зарим хэсгийг шилжүүлж, улмаар “гаалийн хяналтын бүс шалгаруулах тендер”-т хууль бусаар шалгарч, онц их хэмжээний мөнгө завшсан … гэх мэдээлэл олон нийтийн хэрэгслээр нэлээд дуулиан шуугиан болсон гэдгийг та бүхэн санаж байгаа байх. Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Г.Дэнзэн нарт холбогдох хэргийг хэлэлцэх шүүх хуралдаан таван өдрийн турш үргэлжилж, миний үйлчлүүлэгч Г.Дэнзэнг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 150 дугаар зүйлийн 150.3, мөн хуулийн 263 дугаар зүйлийн 263.2 дахь хэсэгт заасан гэмт хэрэг үйлдсэн гэм буруутайд тооцож, дээр дурдсан ял шийтгэл оногдуулсан. Шүүх бүрэлдэхүүний гаргасан шийдвэр нь шүүхийн бүрэн эрхийн асуудал гэдгийг хэлэх нь зүйтэй болов уу. Нэгэнт энэхүү шүүх хуралдаан олон нийтэд нээлттэй буюу шүүхийн нээлттэй танхимаар шууд дамжуулагдсан. Тус шүүх хуралдааныг хэвлэл мэдээллийнхэн хангалттай ажиглаж, бичлэг хийж байгаа харагдсан. Миний үйлчлүүлэгч Г.Дэнзэнг дараахь хоёр асуудлаар буруутгасан байдаг. Эхнийх нь 2010 онд Тэргүүн шадар сайдын ахлах зөвлөхөөр ажиллаж байхдаа Тэргүүн шадар сайдын тушаалаар “Замын-Үүд” Эдийн засгийн чөлөөт бүсийн хил, гаалийн шалган нэвтрүүлэх боомтод авто тээврийн хэрэгслийг жинлэх 150 тоннын даацтай хэмжилтийн пүүг худалдан авах ажлын гүйцэтгэгчийг сонгон шалгаруулах үнэлгээний хорооны даргаар томилогдож, албан тушаал, эрх мэдлээ албаны эрх ашгийн эсрэг буюу хувийн ашиг сонирхлоо гүйцэлдүүлэх зорилгод ашиглан, өөрийн хамаарал бүхий “NIDB” ХХК-ийг хууль бусаар сонгон шалгаруулсан гэж.

Дараагийнх нь Г.Дэнзэнд ямар ч хамааралгүй, Д.Баярмаа гэх эзэнтэй “Говь повер” ХХК-ийн хувьцааны зарим хэсгийг өөрийн эхнэрийн нэр дээр шилжүүлж, тендерт хууль бусаар шалгаруулан, улсад онц их хэмжээний хохирол учруулсан гэж тус тус буруутгасан. Эхнийх нь үйлдлийн хувьд Г.Дэнзэнгийн гэм буруутай гэх үйлдэл огт тогтоогдоогүй. Хэргийн мөрдөн байцаалтын ажиллагааг явуулахдаа хэт нэг талыг барьсанд өмгөөлөгчийн зүгээс гомдолтой байгаагаа илэрхийлэх нь зүйтэй. Жишээ нь, Монгол Улсын Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 45 дугаар зүйлд “Хэргийн талаар ач холбогдол бүхий нөхцөл байдлыг мэдэж байгаа, тухайн хэрэгт холбогдолгүй хүнийг гэрч гэнэ” гэж хуульчилсан байдаг байтал улсын яллагчаас тус хэрэгт холбогдон, сэжигтнээр шалгагдаж байсан Н.Э гэх хүнээс авсан гэрчийн мэдүүлэг болон түүний сэжигтнээр өгсөн мэдүүлгийг яллах дүгнэлтдээ Г.Дэнзэнг буруутгах эх сурвалжаа болгосон нь дээрх хуулийг зөрчсөн үйлдэл болсон. Мөн Замын-Үүд чөлөөт бүсэд “ГХ” ХХК-иас 179 сая төгрөгөөр буюу үнийн хувьд илтэд зөрүүгүйгээр нийлүүлэгдсэн адил чанар, стандарт бүхий пүү байсаар байтал зөвхөн Г.Дэнзэнг буруутгаад байгаа нь ойлгомжгүй байсан.Хоёрдугаар буруутгаад буй үйлдлийн хувьд, хамгийн гол нь Г.Дэнзэнгийн гэм буруугүй, “Говь повер” ХХК-тай харилцаа холбоогүй, хэн нэгнээс ямар нэгэн мөнгө, хөрөнгийг хувьдаа авч ашиглаагүй гэдгийг нотлох баримтууд хавтаст хэрэгт хангалттай авагдсан байдаг. Жишээ нь, бид бүгдийн маш сайн мэддэг нэг зүйл бол “Нотлох баримт эх хувиараа эсвэл эх хувийг нотариатаар гэрчлүүлсэн тохиолдолд л нотлох баримтын шаадлагаа хангадаг” гэх процесс юм. Гэтэл яг л энэхүү шаардлагыг хангаагүй, хаана, хэнээс хуулбарласан нь тодорхойгүй “Компанийн эрх шилжүүлэх гэрээ”-г мөн л Г.Дэнзэнг буруутгах гол нотлох баримт болгосон нь ЭБШ хуулийн 79 дүгээр зүйлийн 79.4-т заасан “Нотлох баримт цуглуулах, бэхжүүлэх талаар хуульд заасан журмыг баримтлаагүй буюу зөрчсөн бол эдгээр нь нотлох чадвараа алдах бөгөөд шүүхийн шийдвэрийн үндэслэл болохгүй” гэх заалтыг зөрчиж, тус нотлох баримтын шаардлага хангаагүй гэрээний хуулбарыг нотлох баримтандаа шинжлэн судалсан.

-“Говь повер” компанийн захирал эмэгтэй Г.Дэнзэнг өөрийн компанитай холбоогүй гэдгийг хэлсэн байдаг юм уу?

-“Говь повер” ХХК-ийн албан ёсны эзэн, хөрөнгө оруулагч бөгөөд тус ХХК-ийн гүйцэтгэх захирлаар өнөөдрийг хүртэл ажиллаж буй Д.Баярмаа гэх эмэгтэй “Говь Повер” ХХК нь миний компани, би энэ компаниа өөрийн төрсөн дүү Баярхүү, мөн өөрийн төрсөн дүүгийн эхнэр Ч.Уянгаагийн нэр дээр анх нэг тэрбум төгрөгөөр Хятад улсын иргэнээс худалдаж авсан, тендерт албан ёсоор зохих журмын дагуу оролцсон, “ЭТТ” ХК-иас өөрсдийн үйл ажиллагаагаа өргөтгөх болсонтой холбогдуулж, манай компаниар гурван тэрбум гаруй төгрөгийн ажил хийлгэсэн, тус ажлыг би өөрийнхөө 47 ажилчин, албан хаагчтай хамтран дээр нь мэргэжлийн чадвартай байгууллагуудаар туслан гүйцэтгүүлж байсан, Монгол Улсад ганцхан байдаг 40 метрийн урттай пүү болон түүнээс гадна 200 тоннын даацтай хоёр пүү, 150 тоннын даацтай хоёр пүү, нийт таван пүү суурилуулж, тусгай захиалгаар угсруулсан найман ширхэг цоо шинэ ковш маркийн хүнд даацын машиныг захиалан авсан, газар маань өөрөө онцгой сайхан байршил бүхий 13,5 га газар байсан бөгөөд тойруулаад өндөр төмөр хашаа, салхины хаалт, газрын доод уландаа нүүрсээр ул дэвссэн байсан. Мөн замын сайжруулалтыг өндөр түвшинд хийсэн, ажилчдын болон гаалийн ажилтан, алба хаагчдын байр, оффисын байр болон тоног төхөөрөмжүүдийг бүгдийг нь чанарын өндөр түвшинд бэлтгэсэн талаараа өнгөт фото зургийн үзүүлэлтүүд болон тэдгээрт зарцуулсан мөнгийг зөвхөн банкаар шилжүүлсэн албан ёсны нотлох баримтуудаа гарган өгсөн. Гэтэл ийм их ажил, үйлчилгээг өчнөөн сарын турш “Говь повер” ХХК-иар “Эрдэнэс Таван толгой” ХК хийлгэчихээд, дараа нь “танайхтай хамтран ажиллах гэрээгээ цуцаллаа” гэсэн утга бүхий мэдэгдэл хүргүүлсэн байдаг. Байгаа бүхнээ “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн үйл ажиллагаагаа өргөтгөх зорилгынх нь төлөө зориулсан. Байхгүйгээ бусдаас зээл тавьж, хоёргүй сэтгэлээ зориулсан “Говь повер” ХХК-ийнхан энэ аймшигт гэнэтийн мэдэгдлийг хүлээж аваад, дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг болж, “Эрдэнэс Таван толгой” ХК-ийн гүйцэтгэх захирлаар ажиллаж байсан Я.Батсуурийн өрөөнд Д.Баярмаа уйлаад орсон байдаг. Захирал Я.Батсуурь “Та шүүхэд хандсан нь дээр биз дээ, бид танай компанийн гаргасан мөнгө, хөрөнгийг гаргаж өгч чадахгүй” гэж луу унжсан байдаг. Иймээс өчнөөн хүний амьдрал хувь заяаг нуруундаа үүрч, Монгол Улсдаа хангалттай татвараа төлж, эх орондоо ихийг хийж бүтээж явна гэсэн дэврүүн хүсэлтэй явсан энэ компанийн захирал эмэгтэй арга буюу иргэний шүүхэд хандаж, нэхэмжлэл гаргасан байдаг. Тус нэхэмжлэл нь Иргэний хууль болон бусад хуульд заасан нэхэмжлэлийн шаардлагыг хангасан байсан тул шүүгч захирамж гаргаж, Иргэний хэрэг үүсгэн, улмаар хариуцагч тал болох “Эрдэнэс Таван толгой” ХК-иас хүсэлт гарган, шүүх хүсэлтийг хүлээн авч, шинжээч томилж, үнэлгээ хийлгэж, тус үнэлгээг Шүүхийн шинжилгээний үндэсний хүрээлэн гэх эрх бүхий байгууллагаар албан ёсны дүгнэлтээ гаргуулсан байдаг. Түүний дараа шүүх хуралдаан болж, тус хурлын сүүл хэсэгт талууд ойлголцож, “Говь Повер” ХХК-иас нэхэмжилсэн үнийн дүнг хасуулж, эвлэрлийн гэрээ байгуулсан байдаг. Тус эвлэрлийн гэрээг шүүх баталж, ийнхүү асуудал хуулийн дагуу болж өрнөсөн байдаг. Гэтэл “Эрдэнэс Таван толгой” ХК нь эвлэрлийн гэрээгээр төлөх төлбөрөө төлөлгүй гурван сар болсон тул арга буюу “Говь повер” ХХК-иас Шүүхийн шийдвэр гүйцэтгэх байгууллагад хандан, шүүхийн шийдвэр гүйцэтгэлийн ажиллагаа дөрвөн удаа явагдаж, тус мөнгөө “Говь повер” ХХК авсан болох нь хавтаст хэргийн материал болон бусад баримтаар хангалттай нотлогддог. Шүүх хуралд оролцоод эвлэрлийн гэрээ байгуулж байгаа хоёр компанийн хувьд мөнгөн дээрээ тохиролцоод эвлэрэх эрх нь нээлттэй. Цаашилбал, компанийн актив хөрөнгийн 25 хувиас доош үнийн дүнтэй хэлцэл болон маргааныг заавал ТУЗ-д мэдэгдэж, зөвшөөрөл авах шаардлага байхгүй болох нь компанийн тухай хууль, “Эрдэнэс Таван толгой” компанийн дүрэм гэх мэт олон төрлийн эрх зүйн актуудад тусгагдсан байдаг.

-Тэгэхээр улсад учруулсан хохирол гэгдээд байгаа 5.5 тэрбум төгрөг чинь шүүхийн шийдвэрийн дагуу “Говь повер” ХХК-ийн дансанд шилжсэн мөнгө болж таарч байна уу?

-Тийм ээ. “Говь повер” ХХК-ийн захирал Д.Баярмаа гэх эмэгтэй “Эрдэнэс Таван толгой” компаниас шүүхийн шийдвэрийн дагуу орж ирсэн мөнгөө хаана хаана, ямар гүйцэтгэлд төлсөн тухайгаа маш дэлгэрэнгүй тайлан гаргасан, дансаар мөнгөө шилжүүлсэн байдаг. Үүнийгээ АТГ-д гаргаж өгсөн. Энэ мөнгөн гүйлгээн дотор Г.Дэнзэнд нэг төгрөг ч шилжүүлсэн зүйл байхгүй. “Эрүүгийн хэргийг хавтаст хэрэгт авагдсан нотлох баримтын хүрээнд шийдвэрлэнэ” гэх заалт ч байдаг. Иймээс Г.Дэнзэнгийн гэм буруутай үйлдэл хангалттай тогтоогдоогүй байхад гэм буруутайд тооцож, ял шийтгэл ногдуулсанд гомдолтой байгаа. Давж заалдах гомдлоо гаргах болно. Мөн “Говь повер” ХХК шүүхийн шийдвэрийн дагуу өөрийнхөө дансаар мөнгөө шилжүүлээд авчихсан. Г.Дэнзэн нэг ч төгрөг аваагүй нь тодорхой байхад “Говь повер” ХХК-тай хувааж төл гэсэн шийдвэр гаргаад байгаа нь ойлгомжгүй байна.

-Г.Дэнзэнгийн эхнэр “Говь повер” ХХК-д хувьцаа эзэмшиж байгаа гэх нотлох баримт байдаг гэсэн биз дээ. Гол буруутгаад байгаа зүйл нь энэ гэж яригдаж байсан?

-Ямар ч нотлох баримт байхгүй. Нэг канондчихсон гэрээ гэх зүйл үзүүлээд байдаг. Канондчихсон гэрээ хууль ёсны дагуу нотлох баримтын шаардлага хангахгүй гэдгийг хууль хяналтын байгууллагад ажиллаж байгаа хуульчид битгий хэл жирийн иргэн ч мэднэ. Үгүй ядахдаа нотариатаар батлуулах ёстой. Гэтэл огт тийм биш. Канондсон цаасыг техник, тоног төхөөрөмж хөгжсөн өнөө цагт хэн дуртай нь хийх боломжтой байх. Өөрөөр хэлбэл, Г.Дэнзэнгийн эхнэр Г.Уянгыг “Говь повер” ХХК-ийн эрх шилжүүлсэн гэрээ хийсэн гэж үзээд, буруутгаад байгаа гэрээ нь өөрөө албан ёсны нотлох баримтын шаардлага хангаагүй, хуулбар юм.

Ер нь “Шүүхийн тогтоол нь хууль ёсны ба үндэслэлтэй байна. 284.2.Хуулийн бүх шаардлагад нийцүүлэн, хуульд үндэслэн гаргасан тогтоолыг хууль ёсны гэж үзнэ. 284.3.Шүүхэд гаргасан нотлох баримтыг шүүх хуралдаанд тал бүрээс нь бүрэн, бодитой шинжилсний үндсэн дээр гаргасан тогтоолыг үндэслэлтэй гэж үзнэ” гэх Эрүүгийн хуулийн 284 дүгээр зүйлд заасан заалтын шаардлагыг хангаагүй шийдвэр гэж өмгөөлөгчийн зүгээс үзэж байгаа.

-Шүүх хурлын үеэр Шүүх шинжилгээний хүрээлэнгийн гаргасан дүгнэлтийг биш хувийн үнэлгээний компанийн гаргасан дүгнэлтийг шийдвэр гаргах гол үндэслэл болгосон. Тэр газрын үнэлгээчин өөрсдийн гаргасан үнэлгээ бүхий дүгнэлтээ хамгаалж чадахгүй байсан гэх мэдээлэл гараад байсан. Энэ талаар?

-АТГ-аас Шүүх шинжилгээний хүрээлэнгээс гаргасан дүгнэлтийг “хууль бус дүгнэлт” гэж үзээд ашгийн төлөө байгууллага болох “Хөрөнгийн үнэлгээний төв” нэртэй хувийн байгууллагаар гаргасан дүгнэлтээр үнэлгээ тогтоолгож, түүнийг туйлын үнэн гэж үзсэн нь харамсалтай. Дээрх ашгийн төлөө хуулийн этгээдийг төлөөлж, үнэлгээ гаргасан үнэлгээчин н.Соёлмаа гэх эмэгтэй нь сүүний технологич мэргэжилтэй, эд хөрөнгийн үнэлгээчин гэх мэргэжлээ курсээр эзэмшсэн гэх, тэрээр 2015.06.24-ний өдөр үнэлгээ хийсэн боловч, тусгай зөвшөөрлөө үнэлгээ хийснээс хойш буюу 2015.12.18-ны өдөр авсан, өөрөөр хэлбэл үнэлгээ хийх үедээ албан ёсны эрхгүй этгээд байсан нь хавтаст хэрэгт авагдсан баримтаар тогтоогдсон. Мөн хөрөнгийн үнэлгээчин н.Соёлмаа “Говь повер” компанитай холбоотой асуудлаар үнэлгээ, дүгнэлт хийхдээ Шүүхийн шинжилгээний хүрээлэнгийн тухай хуулиа огт уншаагүй гэдгээ өөрөө мэдүүлсэн. Хоёрдугаарт, үнэлгээ гаргахдаа зах зээлийн үнэлгээгээр тогтоосон гэж мэдүүлсэн боловч хэрхэн, ямар аргачлалаар үнэлгээ тогтоосон нь тодорхойгүй. Үүнийгээ өөрөө хамгаалж чадаагүй. Мөн “Та үнэлгээ гаргахдаа хаана хаанаас үнэ аваад, дундаж үнийг нь гаргасан юм бэ” гэх асуултад хариулж чадахгүй байсан. АТГ-ын мөрдөн байцаагч “Та үнэлгээндээ оруулаарай” гээд холбогдох бичиг баримт өгсөн байдаг. Гэтэл дур мэдээд тэр жагсаалтын заримыг нь хасаад үнэлгээ хийгээгүй орхигдуулсан. Хэрэв энэ үнэлгээчин зөв зүйтэй “Эд хөрөнгийн үнэлгээ” тогтоосон байсан бол Эрүүгийн хуулийн 80 дугаар зүйлийн хэргийн талаар нотолбол зохих асуудлууд гэж байдаг. Энэ хуулийн хамгийн гол зүйл заалт буюу 80.1.5-т заасан гэмт хэргийн улмаас хохирсон хохирлын хэмжээг зөв тогтоох боломжтой байсан боловч харамсалтай нь тэгж бодитой үнэлгээ тогтоож чадаагүй.

-“Эрдэнэс Таван толгой” компанийн тендер шалгаруулах комиссын таван гишүүн байсан. Зөвхөн нэг хүнийг нь буруутгаж, дөрвөн гишүүний хэргийг хэрэгсэхгүй болгосон гэсэн үү?

-“Эрдэнэс Таван толгой” хувьцаат компани өөрөө ашгийн төлөө компани. Тус компани нь Компанийн тухай хууль, өөрсдийн компанийн дүрмийн дагуу үйл ажиллагаа явуулдаг. Гэтэл миний үйлчлүүлэгчийг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263 дугаар зүйл анги руу оруулж, гэм буруутайд тооцоод байгаа нь Эрүүгийн хуулийг буруу хэрэглэсэн гэж үзэх үндэслэл болоод байгаа юм. Үүгээрээ миний үйлчлүүлэгчийн эрх зүйн байдлыг дордуулаад байгаа үйлдэл болсон гэж үзэж байгаа. Эрүүгийн байцаан шийтгэх хуулийн 13 дугаар зүйлийн 13.2-т заасан “Эрүүгийн хэрэгт хамааралтай бүхий л нотлох баримтыг шалгасан боловч сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчийн гэм буруутай эсэхэд түүнчлэн Эрүүгийн хууль болон энэ хуулийг тайлбарлах, хэрэглэхэд эргэлзээ гарвал түүнийг сэжигтэн, яллагдагч, шүүгдэгчид ашигтайгаар шийдвэрлэнэ” гэх заалтыг шүүх хэрэглээгүйг дурдмаар байна. Шүүхээс гаргасан шийдвэр болон бусад нотлох баримтуудын талаар санал бодлоо солилцож байгаа нь зөвхөн өмгөөлөгч миний хувийн бодол, дүгнэлт гэдгийг хэлэх нь зүйтэй байх.


Categories
арын-нүүр булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал

Гурван минутын дүрэлзсэн их уур хилэн

Ид хийж бүтээх насан дээрээ залуус гэмт хэрэг үйлдэж, олон жилийн эрх чөлөөгөө хасуулдаг. Тэр тусмаа залуус хүн амины хэрэг үйлдэж, 15-20 жилийн хорих ялаар шийтгүүлж буй гэмт хэрэг жил ирэх тусам өсч байгаа нь харамсалтай. Тэдний ноцтой хэрэг үйлдсэн шалтгаан нь ердөө л хэдхэн минутын дүрэлзсэн их уур, омог, хийж байгаа үйлдлээ хянаж чадаагүйгээс болсон байдаг. Залуус найз нөхөдтэйгөө нийлж архи, согтууруулах ундаа хэрэглэж, баар цэнгээнийн газар ордог. Ингэхдээ хэн нэгэнтэй ялихгүй зүйлээс болж маргалдан улмаар зодолддог. Ямар ч зодоон ердөө 3-5 минутын хооронд л болж өнгөрдгийг мэргэжлийнхэн тогтоосон байдаг. Гурван минутын уур хилэнгээ барьж дийлээгүйгээс хүн амины хэрэгтэн болж, амьдралдаа хэзээ ч арилшгүй хар толботой болж үлддэг.

Мөн ид хийж бүтээх, хайрлаж дурлаж, эхнэр, үр хүүхэдтэй болох хугацаагаа төмөр торны цаана өнгөрүүлэх болдог. Гэмт хэрэгтэн болж эрх чөлөөгөө хасуулсан залуусын олонхи нь “Талийгаач намайг янз бүрээр хэлж, доромжилсон. Үүнээс болоод гэнэт уур хүрч, зодолдож эхэлсэн. Маш богинохон хугацаанд бүх зүйл болоод өнгөрсөн” хэмээн мэдүүлэг өгсөн байдаг. Саяхан Хууль зүйн үндэсний хүрээлэнгээс хүний амь насыг хөнөөсөн мянга орчим гэмт хэрэгтнээс судалгаа авсан байна лээ. Судалгаанд хамрагдсан хоригдлуудын 90 гаруй хувь нь хэдхэн минутын уур хилэнгээ тэсвэрлэж чадаагүйгээс болж хүний амь нас хөнөөсөн талаараа ярьсан байна. Саяхан гэхэд цэргийн баяр тэмдэглэж явсан найзууд хоорондоо зодолдож байгаад нэгнийхээ амь насыг хөнөөсөн хэрэг Сүхбаатар дүүрэгт гарсан. Гэмт этгээд уураа барьж дийлээгүйгээс болоод талийгаачийг ширээний тавцангаар цохиж аминд нь хүрсэн байдаг. Энэ мэт хоромхон зуурын уураасаа болж олон мянган залуус гэмт хэрэгтэн болж байна. Тиймээс ялангуяа залуус найз нөхдөө харж онгирч, хэт дэрвэх, мөн хэдхэн минутын дүрэлзсэн их уур, омгоо дараад сурчихвал өөрийнхөө эрх чөлөөг болоод бусдын аз жаргалыг ч бүрэн хамгаалж, хадгалж үлдэх юм шүү.


Categories
мэдээ цаг-үе

Хар тамхи хэрэглэсэн хүн эцэстээ нэг ч эрүүл эрхтэнгүй болдог нь хамгийн аюултай

Хүүхэд, залуус хар тамхи хэрэглэж мансуурах, бусдад худалдан борлуулах гэмт хэрэг жил бүр нэмэгдэж байгааг Эрүүгийн цагдаагийн албаны Хар тамхитай тэмцэх газрын алба хаагчид онцолж байна. Мөн мансууруулах, сэтгэцэд нөлөөт бодисыг хууль бусаар хил нэвтрүүлэх, дамжин өнгөрүүлэх, зарж борлуулах, олон улсын хил дамнуулан тээвэрлэх, хэрэглэгчдийн зохион байгуулалттай бүлэг сүлжээ үүсч, энэ төрлийн гэмт хэрэг, түүнд холбогдогчид жил бүр өсөн нэмэгдэж байна гэдгийг “Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх ажилд төрийн бус байгууллагын оролцоо” сэдэвт хэлэлцүүлгийн үеэр онцолж байв.

Хүүхэд, залуусын хар тамхины хэрэглээ жил ирэх тусам нэмэгдэж байгаа шалтгаан нь энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх дорвитой ажил өнөөдрийг хүртэл хийхгүй байгаатай холбоотой гэдгийг ТББ-ын гишүүд хэлж байлаа.

Олны танил дуучид мансууруулах төрлийн бодис хэрэглэж, худалдан борлуулж байгаад хууль хяналтын байгууллагад баригддаг. Шүүхээс тэдэнд 3-5 жилийн хорих ял оногдуулдаг. Тэд жил хүрэхгүй хугацаанд хоригдоод суллагддаг. Суллагдаад удаагүй эргээд уран бүтээлээ туурвиж, урлагийн томоохон арга хэмжээнд оролцоод явчихдаг. Энэ нь хүүхэд, залууст “Хар тамхи хэрэглэж болдог юм байна, гоё юм байна. Мансууруулах төрлийн бодис хэрэглээд явах юм бол энэ дуучин шиг сайн уран бүтээл хийх юм байна. Хэрэглэсэн ч амьдралд ямар нэгэн муу зүйл болохгүй юм байна” гэсэн ойлголт өгч байгааг хэлэлцүүлэгт оролцогчид онцолж байсан юм.

“ДӨРВӨН ЖИЛИЙН ХУГАЦААТАЙГААР ХАР ТАМХИНААСУРЬДЧИЛАН СЭРГИЙЛЭХ ХӨТӨЛБӨР ХЭРЭГЖҮҮЛНЭ”

Эрүүгийн цагдаагийн газрын Гэмт хэргээс урьдчилан сэргийлэх тасгийн дарга, хошууч С.Ариунболороос цөөн асуултад хариулт авлаа.

-Мансууруулах төрлийн бодис хэрэглэх хүүхэд, залуусын тоо жил бүр нэмэгдэж байна. Үүнтэй холбоотойгоор дөрвөн жилийн хугацаанд мансууруулах бодистой холбоотой үндэсний хөтөлбөр хэрэгжүүлнэ гэж байна. Ямар ажлууд хийгдэх гэж байна вэ?

-Дэлхий нийтээр цагаан тахал гэгдсэн хар тамхины асуудал Монгол Улсад аюулын харанга дэлдэж эхэлсэнтэй холбогдуулан энэ чиглэлээр ажиллах төрийн болон бусад байгууллагын хамтын ажиллагааг сайжруулах, нэгдсэн бодлоготой тэмцэх үүднээс “Хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх үндэсний хөтөлбөр”-ийг энэ оны гуравдугаар сарын 7-нд Засгийн газрын хуралдаанаар баталсан. Мөн үндэсний хөтөлбөрийн хүрээнд цагдаагийн байгууллагаас энэ төрлийн гэмт хэрэгтэй

тэмцэх тэмцлийг эрчимжүүлэх зорилгоор Хар тамхитай тэмцэх хэлтсийг өргөтгөн Хар тамхитай тэмцэх газар болгон зохион байгуулсан. Өнөөдрийн зохион байгуулж буй тус хэлэлцүүлгээр энэ төрлийн гэмт хэргийн өнөөгийн нөхцөл байдал, хар тамхи, мансууруулах бодистой тэмцэх ажилд төрийн бус байгууллагуудын оролцоог хэрхэн нэмэгдүүлэх, цаашид хамтран ажиллах арга замын тухай ярилцаж байна. Хар тамхитай тэмцэх үйл ажиллагаа зөвхөн цагдаагийн байгууллагын үйл ажиллагаа биш. Олон улсын жишгээр төрийн бус байгууллагын оролцоо, эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажилласнаар урьдчилан сэргийлэх эхлэл тавигдана. Батлагдсан хөтөлбөрт урьдчилан сэргийлэх ажлуудын талаар нарийвчилж тусгасан байгаа. Судалгаа шинжилгээ хийж, эмчлэх, нийгэмшүүлэх ямар түвшинд яаж хэрэгжүүлэх вэ гэдэг нь маш тодорхой байгаа. Мансууруулах төрлийн бодис байнга хэрэглэж донтож байгаа хүмүүсийг олон улсын стандартаар эмчилгээ хийдэг. Энэ жишгээр эрүүл мэндийн байгууллагатай хамтран ажиллах юм. Мөн хууль, эрх зүйн орчинг сайжруулах ажил хийгдэнэ.

-Сүүлийн жилүүдэд хар тамхины хэрэгт хэдэн хүнийг шалгаж байгаа талаар тоон мэдээлэл өгөхгүй юү?

-2014 онд нийт 61 хэрэгт 53 хүнийг холбогдуулан шалгасан. Харин 2015 онд 79 хэрэгт 168 хүн, 2016 онд 109 хэрэгт 224 хүн мансууруулах төрлийн гэмт хэрэгт шалгагдсан байна. Одоогоос арван жилийн өмнө хар тамхитай холбоотой хэрэгт 20 орчим хүнийг жилдээ шалгадаг байсан. Тэгвэл арван жилийн дараа дээрх тоо арав дахин өссөн байна.

-Олны танил дуучид, урлагийнхан хар тамхины хэрэгт холбогдож байна. Урьдчилан сэргийлэх ажлын хүрээнд хар тамхи хэрэглэсэн дуучдыг тайзан дээр гарах, уран бүтээл хийх эрхийг нь хасдаг болмоор байна. Энэ талаар ямар нэгэн ажил хийгдэх үү?

-Хар тамхи, мансууруулах төрлийн бодис сурталчилсан аливаа үйл ажиллагаа, мэдээлэл олон нийтийн хэрэгслээр цацахыг батлагдсан хөтөлбөрийн хүрээнд хориглож байгаа. Цаашид энэ төрлийн гэмт хэргээс урьдчилан сэргийлэх ажил тасралтгүй явагдана. Олны танил хүн мансууруулах төрлийн гэмт хэрэгт холбогдож, шүүхээр гэм буруутай нь тогтоогдож хорих ялаар шийтгүүлсэн тохиолдол гардаг. Гэвч тухайн хүн уран бүтээл хийх нь тухайн хүний эрхийн асуудал болдог. Үндсэн хуулиар олгогдсон эрхийг зөрчиж болохгүй. Манай улсын хувьд мансууруулах буюу сэтгэцэд нөлөөлөх эм, бэлдмэл, бодисыг хууль бусаар бэлтгэсэн, олж авсан, хадгалсан, зарж борлуулсан тохиолдолд таваас дээш найман жил хүртэл хугацаагаар хорих ял оногдуулдаг байна. Хууль бусаар Монгол Улсын хил нэвтрүүлсэн бол таваас дээш арван жил хүртэл хугацаагаар хорих ялаар, энэ хэргийг давтан буюу бүлэглэж, урьдчилан үгсэж тохиролцсон бүлэг, эсхүл их хэмжээтэйгээр, түүнчлэн албан тушаалтан албан тушаалынхаа байдлыг ашиглаж үйлдсэн бол арваас дээш хорин жил хүртэл хугацаагаар хорих ялаар тус тус шийтгэдэг.

ХАР ТАМХИ ХЭРЭГЛЭЖ БАЙСАН ДУУЧИД НИЙГЭМД “ХАР ТАМХИ БИТГИЙ ХЭРЭГЛЭ, ХҮМҮҮСЭЭ” ГЭЖ УРИАЛГА ХИЙХ ЦАГ НЬ БОЛСОН

Хар тамхи, мансууруулах бодисоос иргэдийг хамгаалах нийгэмлэгийн захирал Ш.Лхагвасүрэнгээс хэлэлцүүлгийн үеэр цөөн асуултад хариулт авсан юм.

-Хар тамхи хэрэглэж байгаа хүмүүс эрүүл мэндээрээ хэрхэн хохирч байгаа талаар та олон нийтэд үнэн бодит мэдээлэл өгөхгүй юү?

-Хар тамхи хэрэглэсэн хүнд эрүүл мэндийн хувьд маш хүнд байдалд ордог. Нөлөөлөхгүй эрхтэн гэж байдаггүй юм. Хамгийн эхлээд мансууруулах төрлийн бодис хэрэглэж эхлэхээр нүдэнд буюу хүүхэн хараанд өөрчлөлт өгнө. Дараа нь сэтгэцийн өөрчлөлттэй болдог. Сэтгэц нь хар тамхи хэрэглэхийг үгүйлж эхэлдэг. Дараа нь бие нь хамааралд ордог. Манай нэг үйлчлүүлэгч гэхэд хичээлдээ удаан цагаар сууж чадахгүй болчихсон. Тэр бодисоо хэрэглэхгүй л бол уналт, таталт өгөөд байдаг болчихсон байсан. Мансуурдаг зүйлээ хэрэглэхгүй л бол амьсгалын зам нь боогддог болчихсон. Дон гэдэг өвчин ингэж эхэлж байгаа юм. Тархинд нөлөөлнө. Сэтгэцийн олон төрлийн өвчин тусдаг. Үүнийхээ дараа хар тамхи хэрэглэсэн хэрэглээгүй аль ч цаг үед тухайн хүн тэнцвэрээ алддаг болчихсон. Яг л согтуу хүн шиг гуйвж дайвж явдаг болчихдог. Эндээсээ таван цул эрхтэнд нь нөлөөлж эхэлдэг. Маш хортой бодис хэрэглэж байгаа болохоор элэг цэвэршүүлж чадахгүй болчихдог. Ингээд элэгний хорт хавдар, церозтой болж байна. Зүрхэнд ачаалал өгч, зүрхний шигдээс болох, шууд хаагдах хорт үр дагавартай. Мөн арьсан дээр янз бүрийн толбо гардаг. Тэр нь огт арилахгүй. Ямар ч тос түрхэж, эм уугаад арилдаггүй.

-Бэлгийн замын халдварт өвчин тусах өндөр эрсдэлтэй байдаг гэж эмч мэргэжилтнүүд ярьж байна лээ?

-Хар тамхи хэрэглээд мансуурсан үедээ хамгаалалтгүйгээр бэлгийн хавьталд ордог. Үүнээс болоод бэлгийн замын халдварт өвчин тусч байна. ДОХ халдварлах магадлал маш өндөр байна. Өөрөөр хэлбэл, судсаар тарьж хэрэглэхдээ нэг зүү тариурыг олуулаа хэрэглэдэг. Энэ бүгдээс болоод бэлгийн замын халдварт өвчин тусч байна. Мөн төвөнх цагаан хоолой, амьсгалын замын салстууд гэмтдэг. Үүнээс болоод улаан хоолойн хорт хавдартай болж байна. Энэ бүгдийг нэгтгээд хэлэхэд мансууруулах төрлийн бодис хэрэглэсэн хүн эцэстээ нэг ч эрүүл эрхтэнгүй болдог нь хамгийн аюултай, харамсалтай байна. Мансууруулах төрлийн бодис хэрэглэж байгаад эрүүл мэндээрээ хохирч, насан туршдаа шаналж яваа залуус олон байна.

-Та бүхэн саяхан ерөнхий боловсролын сургуулиудын дунд мансууруулах төрлийн бодисны хэрэглээтэй холбоотой судалгаа хийсэн гэсэн үү?

-Бид хөтөлбөр гарсанд баяртай байгаа. 18 жилийн турш хөөцөлдөж байж гаргасан. Ерөнхий боловсролын сургуулиудын эрүүл мэндийн хичээлд хар тамхи мансууруулах бодисын хор хөнөөлийн талаар хичээл оруулмаар байна. Энэ талаар сургагч багш нар бэлдэх нэн шаардлагатай байна. Бид сүүлд судалгаа хийж үзсэн. Бүр ангиараа мансууруулах төрлийн бодис хэрэглэж байгаа анги хүртэл байсан. Энэ бүгдийг нэртэй, сургуультай нь гаргах гэхээр бөөн асуудал гарч байна. Хар тамхи хэрэглэж байгаа хүүхэд, залууст судалгаа хийж үзсэн. Монголын маш олон хүүхэд, залуус олны танил хүмүүсийн үлгэр дуурайлаас болж мансууруулах төрлийн бодис хэрэглэж эхэлсэн гэж хариулсан байна лээ. Тэгэхээр хар тамхи мансууруулах бодистой холбоотой хэрэгт орсон олны танил дуучид одоо мансууруулах бодисын хор хөнөөлийн талаар хүүхэд, залууст сурталчилгаа хиймээр байна. Тэд нийгэмд маш хортой зүйл хийж, хүүхэд, залуусыг уруу татаж оруулсныхаа төлөө олон нийтийн өмнө гарч ирээд “Хар тамхи битгий хэрэглэ, хүмүүс ээ” гэж хэлэх цаг нь болсон гэв.


Categories
мэдээ цаг-үе

С.Зориг агсны амь насыг хөнөөсөн гэмт хэрэгтнүүдийг шууд таньсан гэх гэрчүүд хэн, хэн байсан бэ

Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн давж заалдах шатны шүүх хурал энэ сарын 14-нд болсон билээ. Шүүгч нар Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарын анхан шатны шүүхээс өгсөн ялыг хэвээр баталсан. Анхан шатны шүүх Ц.Амгаланбаатарт оноосон 25 жилийн 20-ыг гянданд, үлдсэнийг нь онцгой дэглэмтэй хорих ангид, Б.Содномдаржаад оноосон 25 жилийн 23-ыг нь гянданд, үлдсэнийг нь онцгой дэглэмтэй хорих ангид, Т.Чимгээгийн 24 жилийн ялыг чанга дэглэмтэй хорих ангид тус тус эдлүүлэхээр шийдвэрлэсэн билээ. С.Зориг агсны амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэргийн анхан шатны шүүх хурлын дараа Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарыг хэргээ нуухын тулд дөрвөн хүнийг шатааж амь насыг нь хөнөөсөн гэх мэдээлэл цацагдсан. Тэгвэл давж заалдах шатны шүүх хурлын үеэр гэмт хэрэгтнүүдийг хэргийн газарт байсан гэрчүүд шууд таньсан гэдгийг шүүгч С.Соёмбо-Эрдэнэ магадлалыг танилцуулахын өмнө хэлсэн байдаг. Тэрбээр “Анхан шатны шүүхийн шийтгэх тогтоол нь ЭБШХ-ийн 284 дүгээр зүйлийн 284.1 дэх хэсэгт заасан хууль ёсны бөгөөд үндэслэл бүхий байх хуулийн шаардлагыг хангаж байна гэж Давж заалдах шатны шүүх үзлээ. Ялтан Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарын үйлдсэн гэмт хэргийн үйлдэл баримтыг анхан шатны шүүхээс хавтаст хэрэгт цугларсан нотлох баримтуудад тулгуурлан тогтоосон хэргийн жинхэнэ байдалтай нийцсэн гэж үзлээ. Хэргийн үйл баримтыг тогтоосон нотлох баримтууд нь хуульд заасан үндэслэл, журмын дагуу авагдсан, дээрх нотлох баримтуудыг цуглуулахад оролцогчдын хуулиар хамгаалсан эрхийг хязгаарлаагүй. Шүүхээс хууль ёсны үндэслэл бүхий тогтоол гарахад сөргөөр нөлөөлж болохуйцаар Эрүүгийн байцаан шийтгэх хуульд заасан журмыг зөрчиж нотлох баримт цуглуулсан, бэхжүүлсэн гэж үзэх үндэслэл алга байна. Ялтан нарыг тухайн үед гэмт хэргийн газарт байсныг нэр бүхий гэрч нар шууд таньсан. Мөн гүйцэтгэх ажиллагааны материалаар давхар нотлогдож байна гэж Давж заалдах шатны шүүх үзэж байна” гэсэн юм. Үүнээс үүдэлтэйгээр гэрч нар хэн, хэн байсан бэ гэсэн асуулт хариулт нэхэж байгаа юм. Энэ талаар албаны эх сурвалжаас авсан мэдээллээр С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэргийн амьд гэрч болох эхнэр Б.Булган болон бусад гурван гэрчид хэрэгт сэжиглэгдэн шалгагдаж байгаа Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарын зургийг үзүүлж, таниулах арга хэмжээ авсан гэнэ. Ингэхдээ дээрх гурван хүний зургийг өөр олон хүний зургийн хамт үзүүлсэн байна. Харин гэрчүүд Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар, Т.Чимгээ нарыг шууд заасан гэнэ.

ХЭРГИЙН ГАЗАРТ БАЙСАН ГЭРЧ БУЮУ ТАЛИЙГААЧИЙН ЭХНЭР Б.БУЛГАН

УИХ-ын гишүүн, Дэд бүтцийн сайд асан Санжаасүрэнгийн Зоригийг 1998 оны аравдугаар сарын 2-ны шөнө амь насыг нь онц хэрцгийгээр хөнөөсөн. Хэргийн амьд гэрч болох Б.Булган “1998 оны аравдугаар сарын 2-ны орой талийгаач ажлаа тараад гэртээ очихоосоо өмнө утастаж, очих гэж байгаагаа хэлсэн. Нөхрөө ирэхээс өмнө хоолоо хийж байтал хаалга тогших чимээ гарсан. Хаалгаа тайлж өгөхөд сүх, хутгаар зэвсэглэсэн үл таних эрэгтэй, эмэгтэй хоёр хүн орж ирээд айлган сүрдүүлж, цохиж унагасан. Ингээд хүлж, угаалгын өрөөнд орхисон. Талийгаачийг хаалганы тэнд отож байгаад гэртээ орж ирэнгүүт амь насыг нь хөнөөсөн. Гэмт хэрэгтнүүд нэгнийгээ Батаа, Оюунаа гэж дуудаж байсан” гэх утга бүхий мэдүүлэг өгсөн байдаг. Энэ талаар хэвлэл мэдээллийн хэрэгслээр дэлгэрэнгүй мэдээлэл гарч байсан. Тэгвэл Б.Булган Б.Содномдаржаа, Т.Чимгээ нарыг нөхрийнх нь амь насыг хөнөөсөн гэмт хэрэгтнүүд мөн гэдгийг зургийг нь хараад таньсан.

С.ЗОРИГ АГСНЫ ЭХНЭР Б.БУЛГАН, ГЭРИЙН ОЙРОЛЦООХ БАЙРНЫ ЭМИЙН САНЧ ЭМЭГТЭЙ, ЭСРЭГ ТАЛЫН БАЙРАНД АМЬДАРДАГ ЗАЛУУГААСЖИЛ ГАРУЙН ӨМНӨ ГЭМТ ХЭРЭГТНИЙГ ТАНИУЛАХ ТУСГАЙ АЖИЛЛАГАА ХИЙЖЭЭ

Гэмт хэрэгтнүүд С.Зориг агсны амь насыг онц хэрцгийгээр хөнөөчихөөд гэрээс нь гараад шатаар уруудаж явахад тус байрны орцонд амьдардаг хоёр залуу харсан байдаг. Гэвч тэр хоёр залуу амь насаа алдсан гэх мэдээлэл бий. Тэд гэмт хэрэгтнүүдийн талаар хэргийг шалгаж байгаа цагдаа нарт мэдүүлэг өгсөн байдаг. Гэмт хэрэг гарсантай холбоотойгоор талийгаач С.Зориг агсны амьдарч байсан байрны ойр хавийн хүмүүсээс гэрчийн мэдүүлэг авсан байдаг. С.Зориг агсны байрны зүүн талд байрлах 33 дугаар байранд оршин суудаг 50 гаруй насны нэгэн эмэгтэй байсан. Тэрээр “1998.09.29-ны мягмар гаригийн өглөө нэг залуу гуравдугаар давхарт хана налчихсан, давхар хоорондын цонхоор гадагшаа хараад зогсож байхыг харсан. Эхний удаа нэг их анзаараагүй ч үдээс хойш ач хүүгээ сургууль руу нь гаргаж өгөхөөр гарч ирэхэд мөн л зогсож байсан. Орой хүүгээ тосохоор гарахад нь ч зогссон хэвээр л байсан гэх. Тиймээс гайхсан эмээ яагаад энд өдөржин зогсоод байгааг нь асуухад “Би хүн харж байна аа” гэж хэлсэн. Маргааш нь буюу 1998.09.30-ны орой 18:00 цагийн үед нөгөө залуу эмийн сангийн үүдэнд зогсож байсан гэнэ. Гэмт хэрэгтнүүдийн ам зургийг хараад хоёр хоногийн өмнөөс байрны ойр хавьд эргэлдээд байсан залуу мөн байна гэж таньсан гэнэ. Дараагийн гэрч нь талийгаач агсны байрны хойд талд байрлах тавдугаар байрны оршин суугч залуу юм. Тэр залуугийн амьдардаг байрны орцны хоёрдугаар давхрын цонхоор С.Зориг агсны байрны цонх маш тод харагддаг гэсэн мэдээлэл бий. Үл таних залуу орцны хоёр давхарт гараад хойшоогоо нэгдүгээр сургуулийн тийшээ зам руу, эсвэл орцны үүдэнд гадагшаа хараад, гараа халаасандаа хийгээд зогсдог байсан гэх бөгөөд “Хэнийг хүлээгээд байгаа юм бэ, би орцныхоо бүх айлыг мэднэ, онц хэрэггүй бол эндээс гар” гэж хэд хэдэн удаа загнахад “Би хүн хүлээж байна, хэнийхийг мэдэхээ байчихаад байна” гэж хэлсэн гэдэг. Тэрээр ам зургийг хараад “Манай орцонд зогсоод байсан залуутай их адилхан зураг байна” хэмээн хэргийг шалгаж байгаа ажлын хэсгийнхэнд гэрчийн мэдүүлэг өгсөн гэнэ. Дараагийн гэрч буюу тавдугаар байрны зүүн буланд байрлах эмийн сангийн худалдагч эмэгтэй гэмт хэрэгтнийг таньсан байдаг аж. Тэрээр “Эмийн сангаа нээх үед үл таних залуу зогсож байсан. Өдөржин зогсоод байсан. Мөн тэр хавиар гэмт хэрэг гардаг өдөр буюу 1998 оны аравдугаар сарын 2-нд өдөржин эргэлдсэн” хэмээн гэрчийн мэдүүлэг өгсөн гэнэ.

Тэгвэл албаны эх сурвалжаас авсан мэдээллээр дээрх гэрч нараас болон Б.Булган, эмийн санч эмэгтэй, С.Зориг агсны амьдарч байсан байрны эсрэг талын орон сууцанд амьдарч байсан залуугаас гэрчийн мэдүүлэг авсан юм. Тэд Б.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нарын зургийг хараад шууд таньсан байна. Мөн гэрчийг гадна талаас нь хардаг тусгай өрөөнд оруулан таниулах ажил хийсэн гэнэ. Гэрчүүд “1998 онд харсан хүмүүс мөн байна” хэмээн шууд таньсан байна.


Categories
мэдээ цаг-үе

Хувиараа таксинд явдаг жолооч ба гэмт хэргийн үүр уурхай

Таксины жолоочид эд зүйлсээ дээрэмдүүлсэн онц ноцтой хэргүүд ар араасаа цувран гарах болжээ. Тэр тусмаа хувийн машинаар таксинд явдаг жолооч нар эмэгтэйчүүдийг дээрэмдэх, зодох зэрэг хүний санаанд оромгүй үйлдэл гаргах болсон байна. Эрүүгийн цагдаагийн газар, Мөрдөн байцаах газар, дүүргүүдийн цагдаагийн хэлтэстэй хамтран “Такси” гүйцэтгэх ажиллагаа хийсэн байна.

“ХОС ТАКСИ” БУЮУ ҮЙЛЧЛҮҮЛЭГЧ ДЭЭРЭМДЭХ АРГА

Нийслэлийн шуурхай удирдлагын төвд Г.Батсүмбэр гэх иргэнээс өнгөрсөн оны арванхоёрдугаар сард дуудлага ирсэн гэнэ. Тэрбээр “Такси бариад гэр рүүгээ явж байтал гэнэт өөр машин урдуур орж зогсоод мөнгө, эд зүйлс дээрэмдчихлээ” гэсэн байна. Ингээд Сонгинохайрхан дүүргийн цагдаа нар дуудлагын дагуу очиж хэргийг шалгаж эхэлжээ. Таксины жолооч болон хохирогч нар “Машинтай явж байтал гэнэт цагаан өнгийн автомашин урдуур дарж орж ирээд зогсоосон. Машинаас баг өмссөн гурван залуу гарч ирээд зодож эхэлсэн. Биднийг зодож байгаад цүнх, гар утас, тухайн өдрийн орлого мөнгийг аваад явсан. Айж сандраад машины улсын дугаарыг нь харж чадаагүй” хэмээн мэдүүлжээ. Хохирогч Г.Батсүмбэр түрүүвчтэй мөнгө, гар утас, алтан бөгж зэргээ дээрэмдүүлсэн байна. Цагдаа нар хэргийг шалгасан боловч дээрэмчдийн талаар тодорхой мэдээлэл олдоогүй байжээ. Гэтэл үүний дараа нийслэлийн хэмжээнд таксины жолооч болон зорчигчдыг дээрэмддэг хэрэг ар араасаа цувран гарчээ. Энэ хэрэг гарахаас өмнө ч дээрхтэй ижил үйлдлээр дээрэмдүүлсэн хэд хэдэн иргэн гомдол гаргаж байсан аж. Гэхдээ дээрх хэрэг хотын төвөөс зайдуу, хяналтын камер байхгүй, гэр хорооллын гудамжинд гарсан байжээ. Мөн таксины жолоочийг дээрэмчид зодсон гэх боловч ямар нэгэн гэмтэл огт учруулаагүй байсан аж. Харин таксигаар үйлчлүүлж байгаа зорчигчийг хүнд гэмтэл учруулан зодож, зүүж явсан гинж, гартаа зүүсэн бөгж, халаасанд нь байсан мөнгийг хүртэл авсан байна. Эндээс цагдаа нарт хэргийн зангилаа тайлагдаж эхэлсэн байна. Таксины жолооч нар хос таксигаар явж дээрэм хийдэг болохыг тогтоожээ. Таксины жолооч хотын төвөөс зайдуу газраас хүн авдаг. Жолооч үйлчлүүлэгчийн байр байдлыг харж байгаад нөгөө машиндаа мэдэгддэг. Ингээд аль боломжтой газрыг хүлээж байгаад гэмт хэргээ үйлддэг байна. Таксины жолооч нарыг бусадтай бүлэглэн гэмт хэргээ үйлдэж байгааг цагдаа нар гүйцэтгэх ажиллагаа хийж барьж авсан аж.

“НОХОЙТОЙ ТАКСИ”

Нийслэлийн хэмжээнд хэрэгжүүлсэн“Такси” арга хэмжээний үеэр таксины жолооч нарын өөр хууль бус үйлдлүүдийг илрүүлжээ. Баянгол дүүргийн Их Наран руу хүргүүлсэн үйлчлүүлэгч эмэгтэйг таксины жолооч айлган сүрдүүлсэн хэрэг гарсан байна. Хорооллын автобусны эцсийн буудлаас “Өргөө” кино театраар хойш явж гэрийнхээ ойролцоо хүргүүлжээ. Ажлаасаа гэртээ хүргүүлэхдээ 3500 төгрөг гардаг аж. Тэгсэн таксины жолооч “10 мянган төгрөг гарсан байна. Шөнө өндөр тарифаар явж байгаа” гэжээ. Үүнээс болж тэд хоорондоо муудалцсан гэнэ. Зорчигч эмэгтэй 3500 төгрөг өгчихөөд буух гэсэн аж. Гэтэл жолооч машиныхаа багаажийг онгойлгосон байна. Гэтэл багаажнаас нохой үсрэн бууж ирж, зорчигч эмэгтэй рүү дайрч эхэлжээ. Нохойд хазуулахгүйн тулд арга буюу нэхсэн 10 мянган төгрөгийг нь өгсөн аж. Таксины жолооч машинаасаа бууж нохойгоо багаажны савандаа хийгээд хөдөлсөн гэнэ. Энэ мэт сургуулилттай нохой машиндаа авч явдаг таксины арав гаруй жолооч баригджээ. Тэднийг бусдыг айлган сүрдүүлсэн гэх үндэслэлээр шалгасан байна. Гэвч үйлчилгээнд авсан мөнгө нь 10-20 мянган төгрөгийн хооронд байсан учир эрүүгийн хэрэг үүсгэж шалгаж чадаагүй байна. Нохойтой жолооч нар цагдаа нарт “Шөнө орой явахаар хүмүүс мөнгөө өгөхгүй тохиолдол их гардаг. Мөн биднийг зодох, дээрэлхэх тохиолдол байнга гарч байна. Тиймээс гөлөг байхаас нь нохойтойгоо явж байгаа. Гомдол гаргасан хүн мөнгөө дутуу өгөөд байсан. Мөн хэл амаар доромжилж айлган сүрдүүлсэн. Тиймээс нохойгоо гаргаж ирсэн” хэмээн мэдүүлэг өгсөн байна.

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙНХЭЭ АМЬ НАСЫГ ХӨНӨӨСӨН ХЭРГҮҮД

Таксины жолооч нар үйлчлүүлэгчээ зодож дээрэмдсэн хэрэг байнга гардаг. Мөн эмэгтэйчүүдийг хүчирхийлсэн, амь насыг нь хохироосон хэрэг ч цөөнгүй. Баянгол дүүргийн VII хороо “Тэнгис” кинотеатрын орчмоос такси барин үйлчлүүлсэн иргэн Б нь таксины жолоочид зодуулж, дээрэмдүүлсэн хэрэг өнгөрсөн сард гарсан юм. Таксины жолооч 23 настай эрэгтэй Ө нь согтуу байсан бөгөөд иргэн Б-г зодож гар цүнх түрийвч, гар утсыг нь дээрэмдэн авсан байна. Хэргийг тус дүүргийн цагдаагийн II хэлтэст шалгаж байгаа. Түүнчлэн таксины жолооч үйлчлүүлэгч эмэгтэйг Чингэлтэй дүүргийн нутаг дэвсгэр Даландавхар буюу оршуулгын газарт аваачин хүчиндэхийг завдаж, эсэргүүцэл үзүүлснийх нь төлөө зодож амь насыг нь хөнөөсөн ноцтой хэрэг хоёр жилийн өмнө гарч байсан. Талийгаач эмэгтэйн цогцсыг цагдаа нар Даландавхарынойролцоох жалганаас олсон байдаг.Үүнээс гадна Сонгинохайрхан дүүрэгт таксины жолооч үйлчлүүлэгч эмэгтэйгээ зэрэмдэглэж хутгалсан хэрэг 2015 онд гарсан. Төлбөр мөнгөний асуудлаас болж эмэгтэйн цээж, гаранд нь хутгалсан байдаг. Мөн ганцаараа такси барьсан эмэгтэйг хотоос зайдуу аваачиж мөнгийг нь дээрэмдсэн хэрэг ч хэд хэдэн удаа гарсан. Таксины жолооч согтууруулах ундаа хэрэглэсэн үйлчлүүлэгчийг зодож, хоолойг нь боож ухаан алдуулаад эд зүйлсийг нь дээрэмдсэн хэрэг өдөр бүр гарч байгаа гэдгийг Цагдаагийн ерөнхий газрын албаны эх сурвалж мэдэгдэж байна лээ.

ҮЙЛЧЛҮҮЛЭГЧИЙГ ЗАЛИЛСАН НЕОН ГЭРЭЛ

Хувиараа таксинд явдаг жолооч нарын олонх нь машиндаа неон гэрэл суулгасан байдаг аж. Учир нь уг гэрлийн тусламжтайгаар жолооч нар зорчигчдоос илүү мөнгө авах боломжтой байдаг гэнэ. Неон гэрэлд аливаа юм сайн анзаарахгүй бол өнгө нь хувирч харагдах нь элбэг. Тиймээс ийм гэрэлтэй машинаар үйлчлүүлэгчид дунд хэдэн төгрөг өгч байгаагаа анзаарч сайн хардаггүй хүн цөөнгүй байдаг аж. Үүнийг таксины жолооч нар овжин ашигладаг гэнэ. Үүнээс гадна үйлчлүүлэгч жолоочид бүхэл мөнгө өгдөг байна. Жолооч мөнгийг нь солиод “Та мянган төгрөг өгсөн байна шүү дээ” гэдэг аж. Үйлчлүүлэгч тухайн үедээ өнгө нь сайн тодорч харагдахгүй байсан ч сандарч, мянган төгрөг буцааж аваад өөр бүхэл мөнгө өгчихдөг байна. Мөн гэрээсээ мөнгө авч гарч ирэх гээд барьцаанд нь эд зүйлсээ үлдээгээд явдаг. Таксины жолооч түүнийг нь аваад явчихсан тохиолдол их гардаг аж. Тухайлбал, өнгөрсөн цагаан сарын өмнөхөн нэгэн иргэноёдолчноос шинэ дээлээ авчихаал такси бариад гэртээ харьсан байгаа юм. Тэгсэн мөнгө нь дутаад гэртээ орох болж, дээлээ үлдээчихээд ороод гараад ирэхийнх нь хооронд таксины жолооч яваад өгсөн байж. Тэгсэн цагаан сар болж, өнөөх эр нэгэн хамаатныдаа очиж золготол нөгөө таксины жолооч дээлийг нь өмсчихсөн хэнэг ч үгүй сууж таарсан гэнэ. Энэ мэт хувиараа таксинд явдаг жолооч нар гэмт хэргийн үүр уурхай болж байгааг албаны эх сурвалж онцолж, сонор сэрэмжтэй байхыг, аль болох албан ёсны эрхтэй такси компаниар үйлчлүүлж байхыг уриалж байна.


Categories
мэдээ цаг-үе

Хөдөлмөрийн баатар Бавуугийн ЛХАГВАСҮРЭН: Би чинь уул, аав хоёроороо овоглодог юм байна гэж бодогдоод хязгааргүй их баярласан даа

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

Бавуугийн Лхагвасүрэн гуайн гэрт шинийн тавны өдөр яваад орлоо. Гэрээр нь дүүрэн хүн сууцгааж байна. Орчуулагч Ж.Нэргүй гуай босоод зогсчихсон саяхан Дорнод аймагт болж өнгөрсөн “Болор цом”-ын сонин сайхныг ярьж байв. Мань эр “Энэ жилийн “Болор цом”-ын тэргүүн шүлэг болбоос дадайст шүлэг гэж Б.Батсайхан өөрөө хэлж байна. Дадайзм гэдэг нь гэнэн хүүхдийн сэтгэлээр ертөнцийг хардаг модернист урсгал юм байх” гээд л гар хуруугаа гозгонуулаад ярьж өгч байна. МУЗН-ийн ерөнхий нарийн бичгийн даргаар олон жил ажиллаж байсан Р.Самдандовжид ярианд нь оролцон “Болор цом”-ын эргэн тойрныг ярьж байв. Харин Алтан унжлагат хэмээх тахиа жилийн босгон дээр Монгол Улсын Хөдөлмөрийн баатар хэмээх эрхэм цол хүртсэн яруу найрагч Б.Лхагвасүрэн гуай гэрийнхээ хойморт тамхиа цэнхэр утаа суунаглатал баагиулан суух аж. Гэргий С.Баасан нь ирсэн зочид гийчдэд үйлчлээд тун завгүй. Ингээд Монгол Улсын Хөдөлмөрийн баатар, БНМАУ-ын Төрийн шагналт, Соёлын гавьяат зүтгэлтэн, Монгол Улсын Ардын уран зохиолч, яруу найрагч Бавуугийн Лхагвасүрэнтэй ярилцсанаа хүргэе.


-Хөдөлмөрийн баатар болсонд юуны өмнө баяр хүргэе. Хөдөлмөрийн баатар болж байгаа гэдгээ хэдийд мэдсэн бэ. Эндээс хоёулаа ярилцлагаа эхлэх үү?

-Одоогоос найман жилийн өмнө намайг Нийслэлийн иргэдийн хурлаас хөдөлмөрийн баатарт зөвшөөрсөн бичиг гарч байна гэж сонсогдсон. Тэгээд л сураггүй болчихсон. Болоогүй л юм байлгүй гэсэн юм бодоод өнгөрсөн. Тэгсэн цагаан сарын өмнө Монголын төр Хөдөлмөрийн баатар болголоо. Шагнал авахаас хоёр хоногийн өмнө Ерөнхийлөгчийн Тамгын газрын Ц.Баярсайхан ярьсан. Ямар шагнал өгөх гэж байгаа гэдгээ тодорхой хэлээгүй. “Та хүрээд ирээрэй” гэж хэлсэн. Тэгээд л яваад очсон. Шагнал авахаас өмнө хүмүүс мэдчихээд баяр хүргээд эхэлсэн. Ингээд яваад очтол Хөдөлмөрийн баатар болж байгаа Ерөнхийлөгчийн зарлигийг хамгийн түрүүнд уншсан. Монголын уран зохиолд оруулж байгаа хувь нэмэр гээд л маш тодорхой хэлсэн. Үүнийхээ дараа Өнжүүл сумын харьяат Бавуугийн Лхагвасүрэнд хөдөлмөрийн баатар цол олголоо гэсэн. Өнжүүл сумын гэж хэлэнгүүт хачин их баярласан. Дээшээ нэг юм огшоод л ирж байгаа юм. Нутаг гэдэг яасан ч хүчтэй зүйл байдаг юм бэ. Би чинь уул, аав хоёроороо овоглодог юм байна гэж бодогдоод хязгааргүй их баярласан даа.

-Таны хамгийн их баярлаж байсан цаг мөч хэдийд вэ. Анх сэтгүүлд хоёр шүлгээ хэвлүүлчихээд баярлаж байсан. Дараа нь төрийн шагнал авч байхдаа их баярлаж байсан гэж ярьсан байдаг?

-Тийм ээ. Төрийн шагнал авахдаа үнэндээ маш их баярлаж байлаа. Лүнгийн сургуулийн тавдугаар ангид байхад утга зохиолын дугуйлан хичээллэдэг байлаа. Аймгийн Туул гээд сэтгүүл гардаг байсан юм. Тэр сэтгүүлд хэдэн шүлгээ явуулсан. Тэгсэн Хоолонд, Оргил гэсэн нэртэй хоёр шүлгийг минь хэвлэчихсэн байсан. Аав минь миний хоёр шүлэг аймгийн “Туул” сэтгүүлд хэвлэгдсэн байсныг уншаад сүрхий баярлаж билээ. “Миний хүү шүлгээ бичээд бай. Миний хүүгийн шүлэг аймгийн “Туул” сэтгүүлд гарсан байна” гээд л их баярлаж байлаа. Ингээд долдугаар ангиа төгсөөд хот орсон. Шүлгээ бичээд л, зургаа зураад л яваад байсан. 1962 оны намар Зохиолчдын хороон дээр шүлгээ бариад очлоо. “Намар цагийн сар”, “Багийн шархнаас асгарсан дурьдатгал”, “Миний хэлний зүй” гэсэн аар саархан хэдэн шүлэг байсан юм.

Тухайн үед авч явсан хэдэн шүлгээ С.Дашдооров гуайд уншуулахаар өглөө. Тэгсэн удалгүй шүлэг маань хэвлэгдээд гарчихдаг юм байна. Тэгсэн “Нэг их авьяастай хүүхэд гарч ирж байна” гээд л утга зохиол, яруу найргийн хүрээнийхэн шуугиад эхэлсэн. Тэрийг дагаад алдар, хүнд ч ирсэн. Эрт ирсэн магтаалаас болоод би 1982 он хүртэл номоо гаргаж чадаагүй. Тэгсэн Монголын зохиолчдын эвлэлийн нарийн бичгийн дарга нарын хурал дээр Явуу багш “Энэ хүүхдийн номыг гаргачих юмсан” гэж хэлсэн. Тэгээд л “Уянгын тойрог” гэх нэртэй жижигхэн номоо анх гаргаж байлаа. Анхныхаа номыг гаргаад хоёр жилийн дараа “Цагаан тэнхлэг” номоо гаргасан. Анхны номыг бодвол арай зузаан. Гэхдээ жижигхэн ном байсан даа. Ингэж л шүлгийн түүвэр бэсрэгхэн хоёр номоо гаргаж байсан түүхтэй. Тэгсэн 1990 онд хоёрхон ном гаргасны төлөө надад Төрийн шагнал өгсөн юм. Төрийн шагнал авч байгаа гэдгээ сонсоод гайхах баярлах тэгэхэд л их зэрэгцэж байсан. Тэр үед баярлахаасаа илүүтэй гайхах нь давуу байсан. Өөрөөр хэлбэл, би шагналд бэлтгэгдсэн хүн биш. Шагнал хүссэн хүн биш байсан болохоор хязгааргүй их баярлаж байсан даа.

-Төрийн шагнал авч байгаа гэдгээ яаж мэдсэн бэ. Зохиолчдын хорооны үүдний өрөөнд анх мэдсэн гэдэг байх аа?

-Төрийн шагнал авах гэж байгаагаа мэддэг өдрийн өглөө Зохиолчдын хорооны жижүүрийн хажууд сууж байсан юм. Тэгсэн зохиолч Д.Мягмар гуай “Төрийн шагналын хуралд явлаа. Чи хүлээж байгаарай” гэж хэлчихээд гараад явсан. Тэр жил төрийн шагналыг ард түмнээс захидал авч байж өгсөн юм. Хэр олон хүсэлт захидал авсан хүнд шагнал өгсөн байдаг. Би өөрийгөө төрийн шагналд нэр дэвшчихсэн гэдгийг мэдчихсэн байсан. Тийм болохоор хороон дээр хүлээгээд сууж байтал 10:00 цаг өнгөрч байхад Д.Мягмар гуай ороод ирсэн. Тэгснээ “За би чамайг нэг үнсчихье. Чи төрийн шагнал хүртлээ” гэж хэлж билээ. Зохиолчдын хорооны жижүүрээр Нанзадын Надмид гэж зохиолч ажиллаж байлаа. Ингэж л төрийн шагнал авсан гэдгээ зохиолчдын хорооны жижүүрийн ширээний хажууд сонсож байлаа. Түүн шиг сайхан эгшин байгаагүй. Одоо болтол миний санаанаас ер гардаггүй юм. Тэр жил Р.Чойном, Ш.Гаадамба гуайд нэхэн олгож, Хөгжмийн зохиолч Хангал бид дөрөв авч байлаа. Намайг авах үед аав минь амьд сэрүүн байсан юм шүү дээ. Аавдаа төрийн шагнал авлаа гэдгээ хэлсэн. Ганц хүү нь шагнал авч байхад миний аав баярлалгүй яах вэ. Жигтэйхэн өмөлзөөд л үнсээд л сүйд болж байсан даа. Аавдаа би төрийн шагнал авснаа үзүүлсэн. УИХ-ын гишүүн байснаа ч үзүүлсэн. Миний хүү ийм багцааны амьдрах юм байна гэдгийг ойлгоод л бурхны оронд одсон байх даа. Харин ижий минь намайг зураач л болох болов уу гэж бодож байсан байх.

Ижийгээ амьд ахуйд номын зураг зураад л явдаг байсан. Би найзуудынхаа, үеийнхнийхээ бүгдийнх нь номны зургийг зурж өгсөн хүн шүү дээ. Зураачийн амьдралаар л явдаг байсан цаг үе юм. Ижий минь амьддаа миний бичсэн ганцхан юмыг уншсан. Тэр үед миний гэргий нисэх клуб төгсөөд шүхрийн спортоор хичээллэж байлаа. Тэгээд “Шүхэр цэцэг” гээд найраглал бичээд “Улаан од” сонинд тавьсан. Тэр шүлгийг ижий минь хүнээр уншуулсан байсан. Тэгээд л их баярласан байх. Хүүгийнхээ талаар зураг зурах юм байна. Шүлэг ч бичих байх гэсэн тоймтойхон бодолтой л 44 –хөн насандаа өөд болсон. Ижийдээ ямар хүү болохоо үзүүлж чадаагүй азгүй л үрийн нэг дээ гэж одоо бодож явдаг. Гэхдээ яах вэ элдвийн хэл аманд орж ижийнхээ ясыг өндөлзүүлээгүй. Үүндээ баярлаж явдаг хүн дээ, би. Хоёрхон номоор төрийн шагнал авна гэдэг санаанд багтахгүй л зүйл байсан. Бусад хүний санаанд ч ороогүй байх. Алдар хүнд надад эрт ирсэн. Тэрнээс хойш Ардын уран зохиолч, Соёлын гавьяат зүтгэлтэн болсон. Тамгагүй төр жүжгийг Монгол Улсын Ерөнхийлөгч үзээд маргааш нь надад Соёлын гавьяат өгч байсан. Шагналуудыг ч авсан даа. Сая монгол одонгийн дээд Сүхбаатарын одон хүртлээ. Амьд байх гэдэг яасан ч сайхан юм бэ гэж бодож сууна даа, ах нь.

-Хөдөлмөрийн баатар болчихоод гэртээ ирэхэд юу бодогдож байсан бэ. Унасан газар, угаасан ус, аав, ээжийнхээ тухай илүү их бодсон байх?

-Миний хүүгийн зурсан аавын минь хөрөг байдаг юм. Хаана ч очсон нүд нь дагуулж хараад байгаа юм шиг зурсан зураг бий. Тэгээд л аавынхаа зурагны өмнө удаан зогссон. Тэр үед миний аав “Шагнал авдаг сайн хүү шүү” гэж баярлаагүй байх. “Яахав дээ, миний ганц хүү хүний дайтай яваа юм байна” гэж баярласан байх гэж бодогдож байна лээ. Намайг алдартай том хүн байхаас илүү амьд, эрүүл саруул байхад минь илүү их баярладаг хүн байсан. Хүний эцэг, эхэд энгэртээ одонтой ч бай одонгүй ч бай үрээ харж л байвал хамгийн үнэтэй байдаг байх гэж л ойлгосон. Миний аав тийм л хүн байгаа юм. Ижий минь ч гэсэн тэгэх л байсан байх. Ганцхан хүүтэй хүн чинь хүүгээ амьд байхыг л юу юунаас илүү чухалчилдаг болохоос хүний дээр яваасай гэж боддоггүй байх.

-Таны хүүхэд насны талаар асуумаар байна. Мэдээж Монголын төрт ёсны баяр цагаан сарын баяр болж байна. Таны хүүхэд ахуйн цагаан сар хэрхэн болдог байв?

-Аав минь улсын хянан шалгах газарт ажиллаж байсан юм. Тэгсэн ижийгийн бие өвдөөд тааруу байсан. Намайг долоон настай байхад ээж хагалгаанд орсон юм. Ингээд агаар салхинд гаргана гээд намын илгээлт аваад хөдөө гарсан байдаг. Аав Төв аймгийн Лүн сумын Сум нэгдлийн даргаар очсон. Тэнд л би долдугаар анги төгстөлөө байсан. Лүн сум миний хоёр дахь нутаг. Лүн миний өссөн нутаг, ухаарсан газар. Тийм болохоор би их хайртай байдаг юм. Туул гол сумын төвийн урдуур тохойрч урсаад л даанч сайхан нутаг. Хуучнаар Хүнцэлцавчидхан уулын хошуу Мэргэн Алтгантайн сум гэж байсан юм билээ. Да лам Цэрэнчимэд, улс төрийн зүтгэлтэн агуу Төмөр-Очир гуайн төрсөн нутаг шүү дээ. Ном эрдмийн судалтай газар. Сайхан уул усан дунд өссөн дөө. Намайг бага байхад цагаан сарыг малчдын баяр гэж тэмдэглэдэг байсан. Одоог бодвол хөдөө юм болохоор идээ цагаа элбэг дэлбэг байсан. Гэхдээ одоогийнх шиг идээ цагаа нь эрээн алаг биш байлаа. Сумын төвийн хүүхдүүд айл болгоноор орж бэлэг авна. Намайг хүүхэд байхад цагаан сар дутуу юмгүй сүлэлдсэн сайхан баяр болдог байлаа. Нутгийнхаа хүүхдүүдтэй нийлээд л сумын төвийнхөө айл болгоноор ордог байж. Нэг зүйлийг яримаар санагдаж байна. Гэхдээ цагаан сартай холбож байгаа юм биш шүү. Намайг багад нялуундуу яриатай айлын эгч нар байдаг юм. “Хөөрхий Бавуу даргын ганц хүү. Хөөрхий минь гэж” гээд л чихэр атгаад өгч байгаа эгчийн чихэр цөөхөн байдаг.

Тэгэхэд “За нусаа гоожуулсан золиг зүггүйтээд л байгаарай чи” гээд загнаад өгч байгаа айлын эгчийн чихэр их элбэг байдаг байсан. Загнаж байгаа эгчийн өгсөн чихэр атга дүүрдэг. Нялуурч аргадаж өгсөн эгчийн чихэр цөөхөн юм шиг санагддаг байлаа. Хүүхэд байхдаа үүнийг их мэдэрдэг байсан даа. Хүмүүний зан чанарын орчлон тэндээс эхэлдэг юм болов уу даа. Миний хүн танихын орчлон тэндээс эхэлсэн юм болов уу гэж боддог. Ширүүн дуугарсан, зандарсан болгон хайр байдаг юм байна гэдгийг л тэндээс ойлгосон. Одоо үед хүн муу хэлүүлэх дургүй, дандаа магтуулж байх санаатай болжээ. Гэхдээ хүн ямар ч том хүн боллоо, ямар ч өндөр албан тушаалд очлоо ч гэсэн алдаагаа хэлүүлэхээс айдаггүй байх ёстой. Чиний алдааг хэлж байгаа, чиний бурууг ярьж байгаа хүн чамд хязгааргүй элэгтэй хүн гэдгийг ойлгож аваасай гэж боддог юм. Миний зан чанарын орчлон таних зүйл өчүүхэн юмнаас л эхэлсэн нь энэ дээ.

-Та өөрийнхөө утга уран зохиолд оруулсан багш нарынхаа талаар дурсан ярих уу. Б.Явуухулан багшийнхаа талаар бичсэн дурдатгал байдаг?

-Миний анхны номыг өлгийдөж авсан хүн гэвэл Бэгзийн Явуухулан. Миний номыг редакторлосон хүн. Багшийнхаа талаар бичсэн “Хөөрхий” гээд дурдатгал байдаг. Намайг шүлэг яруу найраг бичиж эхэлсэн тэр үед сайд нарын зөвлөлийн 312 дугаар тогтоол гэж уран бүтээлийн тогтоол гээд маш тодорхой бичсэн тогтоол байдаг байв. Нэг мөр шүлэг хэвлүүлэхэд 1-5 төгрөг. Нэг хэвлэлийн нүүр бол 8001100 төгрөг гээд үнэлгээг нь тогтоочихсон. Маш сайхан тогтоол байсан. Хэвлэгдсэн шүлэгнүүд дээр редактор үнэлгээг нь тавина. Тогтоолын дагуу миний хэвлэгдсэн шүлэгнүүд дээр Явуу багш минь дүн тавьсан. Багш дандаа тав тавьсан байсан. Ганцхан “Жаргалын мянган татлага” найраглал дээр дөрөв тавьсан байсан. С.Баасан бид хоёр анхныхаа номыг хэвлүүлээд 7000 мянга гаруй төгрөг авсан. Гар дээрээ тавьж үзээгүй их мөнгө тухайн үедээ авч байлаа. Гэртээ зурагт, хөргөгч аваад л сайхан байж билээ. Уран бүтээлийн үнэлгээ тийм хатуу чанга. Спорт гээд жижигхэн клише бичихэд л 17 төгрөг авна. Над шиг олон хүүхэдтэй хүнд хоёр өдрийн хоолны мөнгө болдог байлаа. Социализмын үед хийсэн хүндээ тэгж сайхан өгдөг байжээ. Явуу багш миний “Элий” гэдэг шүлэгний ард ганцхан “Хөөрхий” гэдэг үгийг тавьсан байсан.

Уулын хэцийн салхинд сүүлний ширэлдээ задалж

Усан дээр буусан саранг тэнцүү хуваан залгилж

Адуу ингэж нэгэн гүүний унага мэт явав ч

Овоон дээр тавьсан алиныхаа яснаас түрүүлж үргэж явах бол доо гэж дууссан юм. Тэгсэн Явуу багш “Бол доо хөөрхий” гэж тавьсан байсан. Нэмж бичсэн үгийнхээ талаар надад юу гэж хэлсэн бэ гэвэл “Нөхөр минь бол доо гэхээр хараал байна шүү дээ. Тавлаад байна шүү дээ чи. Хөөрхий гэж хэлэхгүй бол болохгүй” гэж хэлсэн. Агуу их мэдрэмж гэдэг чинь энэ байхгүй юу. Тэр үед толгой руу цохиод авах шиг л болсон доо. Тэгж л редакторлож өгсөн. Миний анхны номны оршилд их сайхан зүйл бичсэн. Явуу багш надад их сайн байсан. Үүнийг мэдэх хүмүүс байгаа л байх. Дурдатгал, дурсамж худлаа болсон өнөө цагт мэдэхгүй нэг нь алдартай хүний нэрийг бурхан болсон хойно нь сайхан ашиглаж байна даа гэж хэлэх байх.

-Таны зарим нэг зан байдлыг харахаар аархуу хүн юм уу гэж харагддаг. Дархан аварга “Хаях би яараагүй байхад унах чи юунд нь яардаг юм” гэж наадмын талбай дээр аархаж явсан шиг шүүгч нь зөв шүүдэг юм бол энэ жилийн “Болор цомд” би түрүүлнэ гэж хэлж явсан удаатай?

-Хүн хаанаас эхэлдэг вэ гэхээр эцэг, эхээс гадна өөрийгөө танихаас эхэлдэг юм гэдгийг би эрт анзаарсан хүн. Би өөрийнхөө дотогшоо чимээлдэг. Залуу цагт өөрийгөө тоосон хүн байгаагүй юмаа. Өөрийгөө харин хүндэтгэдэг байсан. Яагаад ч юм бэ өөрийгөө яруу найрагч болчих юм шиг боддог байлаа. Зураач болно гэдгээ аль эрт мэдэрсэн. Яагаад гэвэл удамшил байдаг юм. Миний дөрвөн хүүхэд зураач, миний ач нар хүртэл зураач, гарын дүйтэй юм. Яруу найраг гэдэг чинь өөрөө омголон зан нэхдэг. Яруу найрагчдын онгирч байгаа, сагаж байгаа алдаагаар хүмүүс хооллож, муу хэлж байгаад би дургүй. Тэр их тааруу хоол байх гэж боддог. Тэд онгирохоос, дарвихаас, огшихоос өөр арга байхгүй улсууд. Яруу найрагчид согтуу байсан ч заавал үнэтэй үг хэлдэг юм шүү.

-Таны Монголын утга зохиолын салбарт хийж бүтээсэн зүйлсийн талаар асуумаар байна. Та өөрийгөө юу хийж, бүтээсэн гэж боддог вэ?

-Би зохиолчдын хорооны даргаар гурван жил ажилласан. 13 хүүхдийг Багшийн дээдэд утга зохиолын анги байгуулаад оруулж байлаа. Миний оруулсан шавь нар Монголын уран зохиол, яруу найргийн салбарын өнгөнд нь явж байна. Зохиолчдын хорооны даргаар ажиллаж байхдаа нэг удаагийн хурлаар 36 зохиолчийг шагнуулж байлаа. Бадраа, Нямдорж нартаа байшин авч өгч байсан юм. Хүн хийсэн юмаа ярих сайн ч юм биш. Гэхдээ асуусан болохоор хариулъя. Монголын уран зохиол, театр урлагийн салбарт өөрийгөө булган сүүлтэй байсан гэж бодож явдаг. Яагаад ингэж бардам хэлж байгаа юм бэ гэхээр миний “Илдэн уулсын цуурай”, “Зүүдний говь” бүтээлээр хөгжлийн зохиолч Ц.Чинзориг төрийн шагнал авсан. Миний “Ламбугайн нулмис” дууриар Х.Билэгжаргал төрийн шагнал, найруулагч Б.Баатар “Атга нөж” жүжиг найруулсныхаа төлөө, Д.Сосорбарам Чингис хааны дүрд тоглосныхоо төлөө төрийн шагнал хүртэж байлаа. Тэгэхээр би булган сүүлтэй байсан гэж бардам хэлж, бодож явдаг. Би найман хүүхэлдэйн жүжиг бичсэн байна. Драмын жүжиг арав гаруй, дуулалт жүжиг есийг, кино тавыг, дуурь нэгийг, ард түмэн амандаа хүлхэж явдаг 60 гаруй дууны шүлэг бичсэн. Энэ мэтээр тоог нь нийлүүлээд байх юм бол нэлээд юм болдог юм байна. Германд миний “Тэнгэрийн цоорхой” гээд ном хэвлэгдэж гарсан. Солонгост хоёр ч шүлгийн түүвэр гарсан. Хятадад мөн л шүлгийн түүвэр хятад хэлээр гарсан байна лээ. Миний шүлгийн түүврийг орчуулсан орчуулагч тэр жилийнхээ орчуулагчдын дээд шагнал хүртсэн. Жижиг сажиг шүлгүүд олон оронд орчуулагдаж хүмүүст хүрсэн байдаг. Солонгосын хоёр том сургууль дээр очиж уулзалт хийсэн. Германы зургаан хотод уулзалт хийсэн гээд яриад байвал хийсэн ажил их бий. Хүмүүс намайг юу ч хийгээгүй хүн гээд ярьдаг л юм байна лээ. Гэхдээ энэ болгонд гомдох юм байхгүй. Дэлхий шигээ алаг амьдрал, өдөр шөнө болдог шиг сайн муугаар хэлүүлж яваад дуусдаг юм.

-Сүүлийн үед ямар уран бүтээл хийж байна даа?

-Би жил бүр ижийдээ зориулаад нэг дуу хийчихдэг юм. “Сүүгээр бүтсэн бурхан ээж”, “Ижий минь дэргэд байвал” гээд л ээжийнхээ тухайн хийсэн дуу олон бий. Саяхан ижийнхээ тухай бичсэн нэг шүлэгт ая хийлгэхээр хөгжмийн зохиолч Б.Бямбабаярт өгчихсөн. Удахгүй сайхан дуу төрөх байх. Монголд танго их цөөхөн юм гээд Л.Балхжавт “Үзэсгэлэнт минь” гээд дууны шүлэг өгсөн. Л. Балхжавын төгөлдөр хууран дээр миний шүлэг байж байгаад дуу болсон бололтой. “Харанга” хамтлагийн Х.Лхагвасүрэн дуулаад л байна. “Угтаалцайдамын Хадаа” гээд миний бичсэн шүлгээр хөгжмийн зохиолч Эрдэнэчулуун ая хийсэн. Дуучин Л. Банзрагч дуулж магадгүй гэсэн сураг гарч байна. Миний хувьд ижийгээ бодож хийсэн бүтээл их үнэтэй болдог. Ижийгээ бодож гарсан өглөө зорьсон ажил минь сайхан бүтдэг. Ижий минь сонсохгүй ч гэсэн дуу хийе гэж бодоод л хийдэг юм.

-Та “Монгол тулгатны зуун эрхэм” нэвтрүүлэгт орохдоо ардын дуу шиг дууны шүлэг бичих юмсан гэж дандаа боддог гэж ярьж байсан?

-Өдөрт би мөр тавихгүй өнжиж чаддаггүй. Өвчнөөр ярих юм бол шүлэг бичих дон минь хүнд үедээ орчихсон. Миний шүлэг бичих дон архаг. Үүнийг үхэл л эдгээх болов уу гэж бодож байгаа. Ардын дууны шүлэгтэй дүйх сайхан шүлэг бичиж чадахгүй юм байна лээ. Хүн чадахгүй юмаа шуудхан хэлчих хэрэгтэй. Ардын дууны шүлэгтэй дүйх шүлэг бичдэгсэн бол дээлэндээ битгий хэл дэлхийд багтахгүй явмаар байна. Ийм ухаантай ард түмний хэчнээн жил билүүдчихсэн хоёр талдаа иртэй хутга шиг тийм дуу хийж үзэхсэн гэж дандаа боддог. Монголын ардын дууны яруу найраг гэдэг агуу. Хүн сөгдөх юмандаа сөгдөж, чадахгүй юмаа чадахгүй гэдгээ хэлэх ёстой.

-Хүмүүс таны тухай ярих бүртээ таны нэрний өмнө дандаа аавын тань нэрийг байнга хэлдэг. Танд ямар санагддаг вэ?

-Эцгийн минь нэрийг өдөрт миний нэрнээс илүү хэлэх юм даа. Уулзсан хүн бүр эцгийн минь нэрийг маани шиг л хэлдэг. Аавынхаа нэрийг хэлүүлэх их сайхан байдаг. Аавыг минь таньдаг байсан хүн тааралдаасай, ижийг таньдаг хүн тааралдаасай гэж боддог. Жоохон хүүхэд хүртэл Бавуугийн Лхагвасүрэн гээд л хэлдэг. Үүнд их баяртай байдаг.

-Яруу найрагч, зохиолчоос гадна аав хүнийхээ хувьд та ямар хүн бэ?

-Хэдэн хүүхдэдээ нэг их сайн эцэг байгаагүй байх. Гэхдээ айхын бараа байсан. Хүүхдүүдээ нэг их загнаад байдаггүй. Бүр муухай ч харж чаддаггүй хүн шүү дээ. Ганц хүний хүүхэд байсан болоод ч тэрүү олон хүүхэдтэй байх сайхан. Айлын ганц хүү гэдэг бол баярлах гуних хоёрт л ганцаарддаг. Ганцаар газар дүүрнэ гэж ярьдаг. Одоо олон сайхан үр хүүхэдтэй болсон. Ач нар маань хүүхэд гаргаж байна шүү дээ. Олон гучтай болж байна. Хасар Францаас ярьж байна. “Аав аа, хүн чинь хүүхэд дээрээ давтагддаггүй юм байна” гэж хэлсэн. Тэгснээ “Ач дээрээ их давтагддаг юм байна. Миний хүү яг та. Ааш араншин бүх юм нь таныг дуурайчихсан байх юм” гэж ярьж байна лээ.

-Та Монгол орныхоо талаар юу гэж бодож явдаг вэ. Энэ талаар асуугаад энэ удаагийн ярилцлагыг өндөрлөж байна.

-Аль ч газар нь ямар ч цэцэг ургадаг шиг хаанаас нь ч суут ухаантан төрдөг дэлхийн магнай газар гэж Монгол орноо боддог.


Categories
мэдээ цаг-үе

Х.Цогтбаатар: Палеонтологи, геологийн хүрээлэнгийн байрыг прокурорт өгвөл манай эрдэмтэд гудамжинд гарна

-ШУА-ИЙН ПАЛЕОНТОЛОГИ , ГЕОЛОГИЙН ХҮРЭЭЛЭН “АЖЛЫН БАЙРЫГ МИНЬ БУЦААЖ ӨГӨЧ” УРИАТАЙ ТАЙВАН ЖАГСАЛ ХИЙВ-

Гэрэл зургийг Ц.МЯГМАРСҮРЭН

ШУА-ийн Палеонтологи, геологийн хүрээлэнгийн ажилтнууд өчигдөр “Ажлын байрыг минь буцааж өгөөч” гэсэн уриатай тайван жагсаал зохион байгууллаа. Палеонтологи, геологийн хүрээлэнгийн байрыг Засгийн газрын 2016 оны тавдугаар сарын 23-ны 270 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн Прокурорын газарт шилжүүлэх шийдвэрийг гаргасан байна. Дээрх тушаалыг хүчингүй болгож, Палеонтологи, геологийн хүрээлэнгийн ажилтнуудыг тайван ажлаа хийлгэхийг шаардаж жагсаал хийж байгаа нь энэ аж. Тус хүрээлэнгийн ажилтнууд тайван жагсаалын үеэр “Өнгөрсөн оны хавраас эхлэн ажлаа тайван хийж чадахаа байсан. Эрдэм шинжилгээний ажил хийхийн тулд сэтгэл санаа тайван байх ёстой. Гэтэл байраа Баянзүрх дүүргийн прокурорын газарт алдаж байгаа гэдгийг сонссон цагаас хойш ажлаа тайван хийж чадахгүй болсон. 50 гаруй жилийн түүхтэй Монголын Палеонтологи, геологийн хүрээлэнгийн ажилтнуудыг гудамжинд хөөж гаргаад прокурорын байгууллагыг оруулах гэж байгаа нь байж болзошгүй асуудал” гэв. “Ажлын байрыг минь буцааж өгөөч” гэсэн уриатай тайван жагсаалыг ШУА-ийн харьяа хүрээлэнгүүдийн хоёр мянга гаруй эрдэмтэн, судлаач дэмжиж буйгаа илэрхийлж, гарын үсэг зурсан байна. Мөн Засгийн газар Палеонтологи, геологийн хүрээлэнгийн байрыг Баянзүрх дүүргийн прокурорын газар төгөх шийдвэрээ цуцлахгүй бол Шинжлэх ухааны байгууллагуудын Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооноос ирэх сарын 10-нд “Үлэг гүрвэлийн цурхираан” жагсаалыг төв талбайд зохион байгуулах гэнэ.

“ЭРДЭМТЭД МААНЬ БАЙРАНДАА САНАА ЗОВООД ХЭЗЭЭ ГУДАМЖИНД ГАРЧИХ ЮМ БОЛ ГЭСЭН АЙДАСТАЙ СУУЖ БАЙНА” ГЭВ

Өмнөх Засгийн газар ямар учир шалтгааны улмаас шинжлэх ухааны салбарын байрыг прокурорын газарт өгөх шийдвэр гаргасан талаар Палеонтологи, геологийн хүрээлэнгийн захирал Х.Цогтбаатартай ярилцлаа.


-Ямар учраас танай хүрээлэнгийн байрыг прокурорын газарт өгөхөөр болсон юм бэ. Энэ талаар ярилцлагаа эхлэх үү?

-Манай хүрээлэнгийн байрыг Засгийн газрын 2016 оны тавдугаар сарын 23-ны 270 дугаар тогтоолоор Баянзүрх дүүргийн прокурорын газарт өгөхөөр болсон байсан. Энэ тогтоолыг бид судалж үзсэн. Ямар нэгэн тогтоол гаргахад судалгаа явуулж, яам тамгын газраас заавал асууж, саналыг ёстой байдаг. Засгийн газрын бусд бүх тогтоол ингэж л хийгддэг. Гэтэл тухайн үеийн Боловсролын сайдаар ажиллаж байсан Л.Гантөмөр бидэнд энэ талаар огт мэдээгүй юм шиг зүйл ярьж байсан. УИХ-ын сонгууль болох гэж байсан болохоор өмнөх Засгийн газар янз бүрийн асуудал хийсэн байдаг юм байна лээ. Яагаад гэнэт Палеонтологи, геологийн хүрээлэнгийн байрыг прокурын газарт өгөх болсон талаар хэд хэдэн тухайн үеийн Засгийн газрын томоохон албан тушаалтнуудтай уулзсан. Тэдгээр хүмүүс “Танай хүрээлэнгийн байр их том зүйлийн өрөнд явчихлаа даа” гэж хэлж байсан. Энэ бүгдээс харахад манай хүрээлэнгийн байрыг прокурор төгсөн асуудал огт судалгаагүй. Хуйвалдааны маягтайгаар тухайн үеийн Засгийн газар прокурорын газарт байр олж өгөх гэж их сандарч байсан зүйл харагдаж байгаа юм. Өнөөдрийг нөгөөтэйгүүр хүний хэрэгцээний хамгийн чухал зүйл болох орон байраар оролдож эхлэнэ гэдэг дэндүү даварсан хэрэг гэж бид үзэж байгаа.

– Та бүх өнгөрсөн жилийн зургадугаар сард Засгийн газрын тогтоолыг эсэргүүцэж байсан байх аа?

-Бид ч байраа булаалгаж байгаатай холбоотойгоор нэлээд эсэргүүцэл үзүүлсэн. Засгийн газрын хэрэг эрхлэх газраас энэ тогтоолоо татаж авлаа. Энэ тогтоолыг хэрэгжүүлэх ажлын хэсгийг татан буулгаж байна гэж албан ёсоор мэдэгдсэн. Бүр албан тоот бичиг хүртэл манай хүрээлэнд хүргүүлсэн юм. Бид ч асуудал нэг тийшээ шийдэгдлээ гэж үзсэн. Гэтэл дараагийн Засгийн газар гарч ирээд Засгийн газрын 270 дугаар тогтоол хүчингүй болоогүй байна. Засгийн газраас хэрэгжүүлэх ёстой ажлууд дунд явж байна. Үүнийг хэрэгжүүлнэ гэж мэдэгдсэн. Ингээд өнгөрсөн жилийн арваннэгдүгээр сараас тогтоолыг хүчингүй болгох үндэслэлүүдийг Засгийн газарт тавьж эхэлсэн.

-Засгийн газарт танай хүрээлэнгээс ямар үндэслэлүүд тавьсан байдаг юм бэ. Энэ талаар тодруулахгүй юу?

-Монгол Улс дэлхийд газар нутгийнхаа хэмжээгээр эхний 20-т ордог орон. Үүнийгээ дагаад манай улсын газар нутгийн геологийн бүтэц, тогтоц гээд бүх зүйл дээр дэлхийн геологийн шинжлэх ухаанд бодитой томоохон байр суурь эзэлдэг. Хэдэн жилийн өмнө гадаадын судлаач нар манай улсад ирээд шинжилгээ хийгээд хэрэгтэй зүйлсээ аваад явдаг байсан. Өөрөөр хэлбэл, манай орны геологийн салбарт хоноцын сэтгэлгээгээр ханддаг байсан. Харин одоо бүх зүйл өөр болсон. Үндэсний эрдэмтэд бий болж, онолын талаас шинжилгээ хийдэг болсон. Геологийн шинжлэх ухааны талаар ярих юм бол олон салбартай. Түүний жижигхэн хэсэг нь суурь судалгаа хийдэг асуудал юм. Мөн байр байшингаас гадна их чухал асуудал нь эрдэмтдийг бэлтгэх асуудал. Одоо л энэ салбар учраа олдог болж байна. 40-50 жил гэдэг нэг хүний л амьдрах нас шүү дээ. Өнөөдөр манай хүрээлэн 200-300 жилийн түүхтэй геологийн хүрээлэнгүүдээс дутахааргүй судалгаа шинжилгээ хийдэг болсон. Санхүүжилтийн асуудлаас эхлээд олон саад бэрхшээлийг даван туулж, өнөөдрийг хүртэл хөгжиж байгаа шинжлэх ухааны газарт халдаж байгаа нь харамсалтай байна.

-Засгийн газар тогтоолоо хэрэгжүүллээ гэхэд Палеонтологи, геологийн хүрээлэнгийн ажилтнууд хаашаа явах вэ?

-Шууд л гудамжинд гарна шүү дээ. Бидэнд очих газар үнэндээ байхгүй Палеонтологи, геологийн хоёр хүрээлэн нийлсэн. Ингээд хоёр байртай юм. Нэг байр нь лаборатори шүү дээ. Тэр лабораторийг Засгийн газар ч бариад өгсөн юм биш. Бид өөрсдөө төсөл хөтөлбөр хэрэгжүүлж байж гадаадын хөрөнгө оруулалтаар бариулсан юм. Засгийн газраас нэг ч төгрөг гаргаагүй. Тэр газарт Монгол Улсын эртний амьтан ургамлын сан хөмрөг хадгалаатай байгаа. Зай гаргах ямар ч боломж байхгүй. Анхнаасаа хэдхэн хүнс уух зориулалттай байр. Дээр нь тэр болгон олон хүн байх боломжгүй. Палеонтологийн олдворуудыг хүний эрүүл мэндэд хортой химийн элемент ашиглаж янзалдаг. Өөрөөр хэлбэл, хортой нөхцөлд үйл ажиллагаа явуулдаг. Үе үеийн Засгийн газар тэр лабораторийг өргөтгөж өгнө гэж төсөвтөө оруулдаг. Гэвч өнөөдрийг хүртэл өргөтгөлийн барилгын төсвийг батлаагүй л байна. Олдворуудаар дүүрчихсэн байдалтай л байна. Гэтэл манай хүрээлэн 80 гаруй ажилтантай шүү дээ.

-Байраа прокурорт өгөх гэж байгаатай холбоотойгоор судалгааны ажлуудад нөлөөлж байна уу?

-Шинжлэх ухааны ажлыг маш тайван орчинд хийх ёстой байдаг. Ямар нэгэн хууль дүрэм бусад зүйлээр барилгүй чөлөөтэй сэтгүүлж байж шинжлэх ухааны сод бүтээлүүд гардаг шүү дээ. Гэвч өнөөдөр эрдэмтэд маань байрандаа санаад зовоод хэзээ гудамжид гарчих бол гэсэн айдастай сууж байна. Засгийн газрын 270 дугаар тогтоолоос болж палеонтологийн шинжлэх ухааны салбар ухралтад орох нөхцөл байдал үүсээд байна. Гэтэл бид энэ салбарынхаа судалгаа шинжилгээгээр дэлхийд гуравт ордог хүрээлэн шүү дээ. Дэлхийд хүлээн зөвшөөрөгдсөн хүрээлэн байр савны асуудал яриад сууж байх үнэндээ хүнд байна. Энэ удаагийн тайван жагсаалыг ШУА-аас зохион байгуулж байгаа зүйл биш. Шинжлэх ухааны байгууллагуудын Үйлдвэрчний эвлэлийн нэгдсэн хорооноос хийж байгаа гэдгийг онцолж хэлмээр байна. Өмнөх Засгийн газрын гаргасан тогтоолыг одоогийн Засгийн газраас хүчингүй болгож өгөөсэй гэж олон эрдэмтэн хүсч байна.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Цагаан сар болгоноор хүргэн, бэрүүд нь солигдоод

цагаан сар 2017 зурган илэрцүүд

Монгол хүн бүр л билэг дэмбэрэлтэй сайн сайхан болгоноо ярьж хэлэлцэж, ахмад настай азай буурлуудаа хүндлэн дээдэлсэн төрт ёсны баяр өнөө маргаашгүй болох гэж байна.

Жил бүрийн цагаан сараар айл хотол, ураг удмаараа уулзаж золгодог.

Цагаан сараар инээд хөөр хөгжилтэй дурсамж ар араасаа хөвөрнө. Жил бүрийн цагаан сараар нутгийнхаа Батчулуун гуайнд очиж золгоно. Өнгөрсөн жил очиж золготол эхнэр нь “Манай хамаатны залуус, охид ирж золгох юм. Миний эхнэр, нөхөр болох хүн гээд л хүн танилцуулах. Бид ч шинэ хүргэн, бэрдээ хайртай гэж жигтэйхэн. Нэр ус, нутаг орон, аав, ээжийг нь асууж шалгаагаад л явуулна. Гэхдээ царай зүсийг нь бүрэн гүйцэд нүдэлж чадахгүй байсаар явуулчихдаг. Тэгсэн муусайн туучийнууд чинь жил болгон нөхөр, эхнэрээ сольчихоод ирэх юм. Саяхан дүүгийн хүүхэд эхнэртэйгээ хүрээд ирдэг юм байна. Би ч өнгөрсөн жилийн танилцуулсан охин гэж бодоод “Мөнгөнцэцэг ээ миний охин” гээд жигтэйхэн танимхайрч, аав, ээжийнх нь тухай асуулаа. Тэгсэн өнгөрсөн жилийн цагаан сараар ирсэн охин биш болж таараад баларлаа” гээд сууж байв.

Нээрээ л сүүлийн үед залуус “Энэ хүнтэй л насан туршдаа амьдарна, миний хайр” гээд л нэг хүн дагуулаад аав, ээж, хамаатан садныдаа оччихоод төд удалгүй өнөөхөөсөө салчихсан явах нь түгээмэл анзаарагддаг шүү.


Categories
мэдээ нийгэм

Нэг өдрийн зээл буюу мөнгө хүүлэгчдийн луйвар

Мөнгө хүүлэгчдээс нэг өдрийн зээл аваад эргүүлэн төлж чадахгүй хохирсон иргэдийн тоо хэд дахин нэмэгдээд байгаа гэнэ. Авсан зээлээ өдөр бүр эргүүлэн өгч чадахгүй байгаагаас болж хүүгийн хүү бодогдож их хэмжээний өрөнд ордог байна. Өр зээлэнд орсноос болоод орон гэр, хашаа байшин, мөнгө болох бүх зүйлээ алддаг. Ингээд зогсохгүй амиа егүүтгэсэн, архинд орсон, гэр оронгүй болсон олон мянган хүн байгаа аж. Дөрвөн сая төгрөг анх зээлээд өдөр бүр өгөх мөнгө байхгүйгээс хүүгийн хүү хоёр дахин бодогдож явсаар хэдхэн сарын дараа 80 сая төгрөгийн байраа өгсөн тохиолдол ч гарч байж. Сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор нэг өдрийн зээл авах хүмүүсийн тоо хэд дахин нэмэгдсэн байна. Энэ талаар сурвалжиллаа.

Мөнгө хүүлэгчид буюу нэг өдрийн зээл олгогчид жижиг, дунд бизнес эрхлэгчид буюу худалдааны төвд лангуу түрээсэлдэг хүмүүсийг ихэвчлэн сонгож зээлээ өгдөг. Гэхдээ сүүлийн үед хөдөө орон нутагт дэлгүүр ажиллуулдаг хүмүүст мөнгө зээлдэг болсон байна. Өөрөөр хэлбэл, өдөр болгон бэлэн мөнгөний орлоготой хүн бүр нэг өдрийн зээл авах боломжтой байдаг аж. Үүнээс улбаалан уг зээлийг авах хүний тоо ч өдөр ирэх тусам нэмэгддэг гэнэ.

“Хархорин”, “Нарантуул” “Сандэй” худалдааны төв, III, IV хорооллын бэлэн хувцасны төрөлжсөн дэлгүүрээр явж, худалдагчидтай нь уулзсан юм. Бүгд л “Мөнгө хүүлэгчээс мөнгө зээлж үзсэн. Өдөр бүр олсон орлогоо зээлийн хүүнд өгөөд байхаар дампуурдаг юм байна лээ. Бага хэмжээний мөнгө зээлсэн болохоор арай гэж төлж дууссан” хэмээн ярьж байв. Мөн сар шинийн баяр болох гэж байгаатай холбоотойгоор бараа, бүтээгдэхүүний худалдан авалт сайжирч байгаа гэнэ. Үүнийг дагаад мөнгө хүүлэгчид “ажилдаа” орсон гэдгийг уулзсан хүмүүс хэлж байв.

“ХОНОГТ 400 МЯНГАН ТӨГРӨГИЙН ӨРТЭЙ БОЛООД Л СЭРДЭГ БАЙСАН”

“Хархорин” худалдааны төвд лангуу түрээсэлж, бэлэг дурсгалын зүйлс зардаг байсан Г.Мягмарцэндтэй уулзаж цөөн асуултад хариут авсан юм.


-Та нэг өдрийн зээл авч байсан гэсэн үү. Зээлээ төлж чадахгүй хүүгийн хүү төлж байсан гэж сонслоо?

-Хоёр жилийн өмнө ажил дээр нэлээд мөнгөтэй байрын хоёр хүн хүрээд ирсэн. Банк бус санхүүгийн байгууллагынхаа талаар бидэнд танилцуулсан. Тухайн үед лангууныхаа түрээсийг зургаан сараар хийчихсэн. Бэлэг дурсгалын зүйл маань ч зарагдаад дуусчихсан. Хүнээс яаралтай мөнгө зээлээд бараа худалдаж авах бодолтой сууж байсан юм. Ингээд нэг өдрийн зээлийн талаар танилцуулгыг сонссон. Тэд “Сая төгрөгийн зээлээ 22 хоногт багтаан өгөх ёстой. Өдөр бүр олсон орлогоноосоо 50 мянган төгрөг төлөөд байх боломжтой. Ингээд сард 1.1 сая төгрөг өгнө гэсэн үг. Сард ердөө л зуун мянган төгрөгийн хүү төлж байна гэсэн үг. Банкнаас зээл авахад шаарддаг бичиг баримт, барьцаа хөрөнгө юу ч авахгүй. Зөвхөн та надтай гэрээ байгуулаад түүнийгээ нотариатаар батлуулаад л боллоо. Гэрээнд тусгасан нэг заалтыг тогтоод харчих. Хэрэв өдөр бүр 50 мянган төгрөгөө хийхгүй бол 50 мянган төгрөгөө 100 мянга болгож төлөх ёстой. Өдөр бүр орлоготой байдаг хүмүүст нэг өдрийн зээл авлаа гэхэд юу ч өөрчлөгдөхгүй. Харин ч ашигтай ажиллаж бизнесээ өргөжүүлэх боломжтой. Хүмүүс ингэж л амьдарч байна шүү дээ” гээд л ятгаж гарсан. Хэд хоног бодож явсан. Тэгээд ер нь мөнгө хүүлэгчээс мөнгө зээлэх боломжтой юм байна. Өдөрт 70-200 мянган төгрөг тогтмол олдог юм чинь болно гэж бодоод л хоёр сая төгрөгийн зээл авсан. Зээл ч хэдхэн минутын дотор бүтээд сайхан байсан даа.

-Тэгээд юу болсон бэ?

-Зээлсэн мөнгөөрөө бэлэг дурсгалын олон төрлийн бараа худалдаж авсан. Гэвч зарагддаггүй. Эхний хэд хоногтоо арай гэж 100 мянган төгрөг хийгээд л яваад байсан. Сүүлдээ хийж чадахгүй болоод нэг өдөр өнжих тохиолдол гарсан. Бие өвдөөд нэг өдөр ажилдаа очоогүй. Ямар ч орлого байхгүй байхад 100 мянган төгрөг хийх ёстой. Ингээд хэдэн өдөр хийж чадаагүй. Өдөр бүр 200 мянган төгрөгийн өрөнд ороод л яваад байсан. Сүүлдээ хүүгийн хүү бодогдсоор байгаад нэг мэдсэн гурван сая төгрөг төлөхөөр болчихсон байсан. Зээл авсан хоёр хүнээс гуйсан. Ядахдаа хоёр сая төгрөг өгчихмөөр байна. Гурван сая төгрөг яагаад ч өгч чадахгүй нь гэж гуйсан. “Та гэрээгээ зөрчиж байна. Шүүхэд өгвөл таныг хохирлоо барагдуул” гэсэн шийдвэр гаргана. Яагаад гэвэл та гэрээгээ зөрчиж байна” гэж хэлсэн. Тэгээд дахиад мөнгө хүүлэгчээс мөнгө зээлэхээс өөр арга байгаагүй. Дахиад л хоёр сая төгрөгийн зээл авсан. Ингэж урд хормойгоо авч хойд хормойгоо нөхөж явсаар байтал их хэмжээний мөнгөний өртэй болсон. Унтаад сэрэхэд л 400 мянган төгрөгийн өрөнд ороод байсан. Ядаж байхад хашаа байшин худалдаж авах хүн байхгүй хэцүүдсэн. Яах арга байхгүй өөрөө гэрээний заалтыг хүлээн зөвшөөрөөд гарын үсгээ зурчихсан. Хууль хяналтын байгууллагад хандана гэхээр юу ч гэж хандах билээ. Ингээд л хоёр сая төгрөгийн зээл аваад 27 сая төгрөг болгож өгсөн юм даа. Үүнээс болоод 20 жил босгосон амьдралаараа тоглоод өнгөрсөн. Аргаа бараад хуульч Х.Бат-Ялалтын хохирогчдын холбоонд элсэж үзсэн. Тэнд дөрвөн сая төгрөг зээлээд 80 сая төгрөгийн үнэтэй байраа алдсан. Эхнэр нь, нөхөр нь амиа хорлосон олон хүн цугларсан байдаг юм байна лээ. Бүгд л мөнгө хүүлэгчдээс болж хохирсон байсан” гэв.

ББСБ-ААР ДАМЖУУЛАН ИРГЭДЭЭС МӨНГӨ ХҮҮЛДЭГ БОЛЖЭЭ

УИХ-аас 2015 онд Иргэний хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг баталсан. 2016 оны есдүгээр сарын 1-нээс Эрүүгийн шинэтгэлийн хуулийн хамтаар хэрэгжиж эхэлсэн. Хуулийн шинэчлэлээр Иргэний хуулийн 281 дүгээр зүйлийн хоёр дахь хэсэгт “Мөнгө буюу эд хөрөнгийг зээлдэгчид шилжүүлэн өгснөөр зээлийн гэрээ байгуулагдсанд тооцно”, гурав дахь хэсэгт “Зээлийн гэрээ нь хариу төлбөргүй байна” гэсэн заалтыг нэмэлтээр оруулсан байдаг. Мөн хуулийн 282 дугаар зүйл, 283 дугаар зүйлийн 283.2, 283.3, 283.4 дэх хэсгийг хүчингүй болгожээ. Өөрөөр хэлбэл, иргэд хоорондоо хүүтэй мөнгө зээлэхийг тус хуулиар хориглосон байна. Дээрх хууль батлагдсантай холбоотойгоор иргэд гар дээрээсээ хүүтэй мөнгө зээлэх нь хуулиар хориотой болсон байна. Харин мөнгө хүүлэгчид банк бус санхүүгийн байгууллагаар дамжуулан нэг өдрийн зээл гэх нэрийн дор мөнгө хүүлдэг болжээ. Япон, Солонгос, Хятадын мөнгө хүүлэгчид монголчуудаар дамжуулан ББСБ байгуулж, зарим нь гар дээрээс зээл олгодог байна. “Нарантуул” олон улсын худалдааны төв, “Да Хүрээ” техникийн зах, хорооллын дэлгүүрүүдийн худалдагчид, “Хүчит Шонхор” захынхан гээд лангууны наймаа эрхэлж байгаа иргэдийн ихэнх нь “Өдрийн зээл”-д хамрагдаж, мөнгө хүүлэгчдийн золиос болсон байна. Бүр “Нарантуул” захын лангуу, барааг нь барьцаанд авчихсан ББСБ бий гэнэ. Нэг өдрийн зээлээ төлж чадаагүй хүмүүсийн лангуун дээр ББСБ-ын залуус хүрч ирээд хурдан борлогдох барааг нь булаан авч явсан хэд хэдэн тохиолдол гарч, цагдаагийн байгууллагад бүртгэгджээ.

Шүүхэд гэрээгээ биелүүлж, зээлээ төлөөгүй гэх ББСБ-ын маш олон гомдол ирсэн байна. Шүүгчид гэрээний биелэлтээ зөрчсөн хэмээн үзэж, мөнгө хүүлэгчдийн талд шийдвэр гаргадаг байна. Өнгөрсөн жил мөнгө хүүлэгчтэй холбоотой хэдэн өргөдөл гомдол ирсэн бэ гэдгийг гаргасан судалгаа тоон мэдээлэл байдаггүй аж.


Categories
мэдээ цаг-үе

С.Бямбасүрэн: С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт эхнэр маань ямар үндэслэлээр буруутгагдаж байгааг олон түмэнд мэдүүлмээр байна

-ЭХНЭР ХОРИГДОЖ БАЙХАД ОХИН МИНЬ АВТОМАШИНЫ ОСЛООР АМИА АЛДСАН. ОДОО БОЛТОЛ ОСЛЫН ШАЛТГААНЫГ МЭДЭЖ ЧАДААГҮЙ ЯВНА-

“30 жил ханилсан эхнэр минь төр, нийгмийн зүтгэлтэн С.Зоригийн амь насыг хөнөөсөн хэрэгт хилсээр гүтгэгдэж 24 жилийн хорих ял авчихлаа. Ээж нь хоригдоод удаагүй байхад том охин авто машины ослоор амиа алдчихсан. Дээшээ тэнгэр хол, доошоо газар хатуу гэдэг нь болчихоод явж байна даа. Бага хүүхдээ төрүүлээд удаагүй нялх биетэй, бие тааруу эмээгээ асарч, гурван хүүхдээ хараад Дорноговь аймагт сууж байсан хүнийг хилс хэрэгт тохож, амьдралаар нь тоглож байна шүү дээ” гэж Төр, нийгмийн зүтгэлтэн С.Зориг агсны амь насыг онц хэрцгийгээр хөнөөсөн хэрэгт буруутгагдан 24 жилийн хорих ялаар шийтгүүлсэн Т.Чимгээгийн нөхөр С.Бямбасүрэн ярьж байна лээ. Түүнтэй С.Зориг агсны амь насыг хохироосон хэргийн талаар ярилцлаа.


-Анх эхнэртэйгээ хэдэн онд танилцаж байсан бэ. Эндээс ярилцлагаа эхлэх үү?

-Эхнэртэйгээ анх 1986 онд танилцаж байсан юм. 1989 оны тавдугаар сард албан ёсоор гэр бүл болж байлаа. Амьдралаа холбоод 30 гаруй жил болж байна. Би Эрдэнэтийн хивсний үйлдвэрт ажиллаж байсан. Сүүлийн жилүүдэд хувийн компаниудад ажиллаж байна. Бид гурван хүүхэдтэй, хэнээс ч дутахгүй сайхан амьдарч байсан. Эхнэртэйгээ хамт гурван хүүхдээ хүний дайтай хүн болгох гэж, сайхан амьдралыг бүтээн босгох гэж хичээж ирсэн. Гэвч гайтай хилс хэрэгт эхнэр маань холбогдсоноос болж манай гэр бүлийн амьдралд гай зовлон, хүнд хэцүү болгон нүүрлээд байна. Жирийн иргэд бидэнд хууль хяналтын байгууллага ямар хатуу ширүүн ханддаг. Ардчилсан оронд хүний эрх ямар аймшигтайгаар зөрчигдөж байгааг, хэн ч итгэхийн аргагүй аймшигт хэрэгт гэм зэмгүй хүнийг яаж буруутан болгож чаддаг вэ гэдгийг нүдээрээ үзээд л зогсож байна даа. Үнэндээ зовлон шаналал бүрийг яс махаараа мэдэрч байна шүү дээ. Амьдралынхаа 30 жилийг хамтдаа өнгөрөөсөн, гурван сайхан хүүхдийнхээ ээжийг хилс хэргээр шоронд суулгачихаад байж байна гэдэг маш хэцүү.

-Та бүхэн анх Ц.Амгаланбаатараас ирсэн мессежийг хууль хяналтын байгууллагад шалгуулахаар өгсөн гэдэг бил үү?

-Манай эхнэр рүү үл таних дугаараас мессэж ирдэг болсон. Манай нагац эгч Цэвэлмаагийн өргөж авсан хүүхэд Ц.Амгаланбаатараас дарамталсан, хэл амаар доромжилсон, С.Зоригийн амь насыг чи хөнөөсөн гэх утга бүхий мессэж ирдэг болсон. Намайг Оюу толгойд ажиллаж байхад эхнэр над руу ярьсан. “Амгаагаас мессэж ирээд байна. Намайг дарамтлах яах вэ. Чи тийм хувцастай тэр замын уулзвараас тийшээ явж байна. Миний гар урт шүү” гэсэн мессэж ирээд байна. Үр хүүхдэд минь гай болчих вий дээ гэж” хэлсэн. Бид хоёр хэд хэдэн удаа мессэж ирэхээр нь ярилцаж байгаад Эрдэнэт хотын цагдаагийн хэлтэст шалгуулахаар өөрсдөө очиж өргөдөл өгсөн. Хорих ангиас ирсэн мессэж болохоор цагдаагийн байгууллага Шүүхийн шийдвэр гүйцэтгэх ерөнхий газарт өгсөн байдаг. Ингээд 2015 оны наймдугаар сарын 30-нд гудамжинд явж байхад нь манай эхнэрийг баривчилсан юм. Бид хоригдсоноос хойш нөгөө Ц.Амгаланбаатарын манай эхнэр рүү дарамталсан мессэжийг өгсөн Мөнхзул гээд хурандаагаас мессэжийг нь авах гэсэн байхгүй гэсэн. Цагдаа дээрээс мөн авах гэсэн боловч байхгүй гэсэн. Бидний энэ дэлгээд байгаа мессэж бол О.Содномдаржаагийнд байсан мессэж юм. Эхнэрийг 2015 оны наймдугаар сарын 31-нд ажилдаа явж байхад нь баривчилсан байдаг. Олон хар машин гэрийн гадаа хүрээд ирсэн. 20 гаруй залуус гэнэтхэн гэрт ороод ирсэн. Тэд надад гэрт үзлэг хийх зөвшөөрөл бүхий хуудас танилцуулсан. Танай эхнэрийг улс төрийн хэргээр шалгаж байна гэж хэлсэн. Ингээд нэгжлэг хийсэн. Тэгээд бид Эрдэнэтийн тагнуулын газарт очиж эхнэрээ хаана хорьж байгааг асуусан. Надад “Хаана байгааг бид мэдэхгүй” гэсэн хариулт өгдөг байсан. Бид араас нь явсаар цагдан хорих 461 дүгээр ангид хоригдож байгааг мэдсэн дээ.

-19 жилийн өмнө буюу С.Зориг агсны амь насыг хөнөөсөн хэрэг гарах үед танай эхнэр хаана байсан юм бэ. Энэ хэргийн гол зангилаа болоод байна шүү дээ?

-Анх эхнэрийг баривчлаад аваад явсны дараа нэг л асуулт хариулт нэхэж байлаа. 1998 оны аравдугаар сард бид хаана байлаа. Юу хийж байсан билээ гээд л бодсон. 18 жилийн өмнөх зүйлийг санахад хэцүү байсан. Эхнэртэйгээ уулзахад ч надаас асууж байсан. “Чи бид хоёр 1998 оны аравдугаар сарын 2-ны өдөр хаана байсан юм бэ” гэж асуусан. Тэгээд бодоод байсан чинь манай дунд хүүхэд 1998 онд сургуульд орж байсан байдаг. Манай эхнэрийн эмээгийн бие тааруу байсан. Ингээд 1997 оны өвөл гэр бүлээрээ эхнэрийнхээ эмээг асрахаар Дорноговь аймаг явсан юм. Тэр үед би ойр зуурын ажил хийгээд өглөө гараад орой ирдэг. Манай эхнэр хоёр ой хүрч байгаа болон нэг, гуравдугаар ангийн хүүхдүүдээ хардаг, 82 настай эмээгээ асардаг байсан. Хоёр хүүхдээ байнга сургуульд нь хүргэж өгдөг байсан. Ямар нэгэн ажил хийгээгүй. Бид хоёр хамт амьдарсан 30 жилийн хугацаанд бие биенээсээ хол байж үзээгүй юм байна лээ. Бүх л зүйлд хамт явж, хамтдаа байсан байдаг. Манай эхнэр аалзнаас айдаг хүн шүү дээ. гурван хүүхдэдээ гар хүрч үзээгүй уяхан, сайхан сэтгэлтэй хүн.

-Тантай уулзахдаа хэргийн талаар ямар нэгэн зүйл ярьсан уу?

-Бид хоёр уулзахад хэргийн талаар ярих ямар ч боломж байдаггүй. Энэ талаар асуухаар уулзалтыг шууд зогсоодог. Хэргийн талаар ямар ч зүйл ярьж болохгүй гэх шаардлага тавьдаг. “Намайг эндээс гаргаад ав л даа. Би хүн алаагүй. Хийгээгүй хэргийг надад тохоод байна” гээд л уйлдаг. Сүүлдээ уулзахаасаа эмээдэг болоод байна. Уулзах болгонд тасралтгүй уйлж байгаад л ордог. Ямар нэгэн зүйл хэлэх сөхөөгүй л уйлчихдаг. Гучин жил хамтдаа амьдарсан хүнээ хамгийн сайн мэднэ шүү дээ. Хэрэв хүний амь нас хөнөөсөн бол сэтгэл санааны хувьд тогтворгүй байдаг ч юм уу, ямар нэгэн байдлаар мэднэ шүү дээ. Нэг биений тал болсон хүнээсээ 18 жил нуугаад юу ч болоогүй юм шиг амьдарна гэж байхгүй. Бидний амьдралд нууц зүйл гэж байгаагүй. Амьдралд тохиолдсон бүх зүйлээ л ярьдаг байсан.

-Танай эхнэр Ц.Амгаланбаатар, О.Содномдаржаа нарыг хэзээнээс таньдаг болсон юм бэ?

-Миний нагац эгч Цэвэлмаа гэж эмэгтэй байсан. Өөрөөс нь хүүхэд гараагүй. Тэр хүн манай дүү гансүрэнг өргөж авсан юм. Ингээд 1982 онд хүү гансүрэндээ хань хийхээр Ц.Амгаланбаатарыг өргөж авсан. Харин О.Содномдаржаагийнх 1981-1989 он хүртэл нагац эгч Цэвэлмаагийн хамар хашаанд амьдарч байсан байдаг. Бид 1989 онд Дорноговиос Эрдэнэтэд нүүж ирсэн. Манай эхнэр О.Содномдаржааг огт танихгүй. Таних үндэслэл ч байхгүй. Би харин О.Содномдаржааг бага байхыг нь мэднэ. Намайг цэргээс халагдаад ирэхэд ТМС-т байсан юм. Эхлээд энд тэнд таарахаар огт мэндлэхгүй өнгөрдөг байсан. Сүүлдээ эхнэр хүүхэд авсны дараа л мэнд устай байдаг болсон. Зах дээр зогсож бараа зардаг байсан. Эхнэртэйгээ зах дээр явж байгаад анх О.Содномдаржаатай танилцуулж байсан юм.

-Таны эхнэрийг шалгагдаж байхад том охин тань автомашины ослоор амь насаа алдсан гэсэн үү. Ослын дүгнэлт юу гэж гарсан байдаг вэ?

-Ээжийгээ хоригдсоноос хойш талийгаач охин маань их хөөцөлдөж явдаг байсан. Охиноо дагуулаад л хүмүүстэй уулзаад явдаг байсан юм. Сэлэнгэ аймагт сайн мэддэг мэргэн хүн байна гэж сонсоод ээжийгээ үзүүлэх гээд явсан. Сэлэнгэ аймаг руу ордог эргэх хэсэгт замын хажуу руу уначихсан байсан. Гүнзгий эрэг рүү ойчсон байна лээ. Охин минь газар дээрээ л амьсгал хураасан. Осол юунаас болж гарсан бэ гэдгийг одоо болтол мэдээгүй л явж байна. Осолд орсон уу, эсвэл оруулсан уу гэдэг нь маш эргэлзээтэй. Хурдтай явж байсан гэх зүйл яригддаг. Охин минь өөд болоод бид ажил явдал гээд завгүй байсан. Тэгсэн тагнуулынхан хоригдож байгаа ээжид нь энэ талаар мэдээлэл өгчихсөн байдаг. Уг нь бид энэ хэргийг дуустал хэлэхгүй л гэж бодож байсан юм.

-Хэргийг шалгаж байгаа тагнуулын ажилтнууд ээжид нь охин чинь осолд ороод амиа алдчихлаа гэдгийг анх хэлсэн юм уу?

-Тийм ээ. Бид прокурорт өргөдөл өгсөн юм. Охин нь амиа алдчихлаа. Буяны ажилд нь ээжийг нь оролцуулах гэсэн юм. Буяны ажлыг өнгөртөл батлан даалтад гаргаад өгөөч гэсэн хүсэлтийг тавьсан. Тэгсэн бидэнд боломжгүй гэсэн хариу өгсөн. Охиныг бурхан болохоос өмнө огт уулзуулахгүй байсан. Тэгсэн охин бурхан болоод гурав хонож байтал тагнуулын ажилтан гэнэт гар утас руу залгаж “Хүрээд ир” гэсэн. Яваад очтол уулзуулах бичиг өгсөн. Уг нь 15 минут уулзаад л гаргадаг байсан. Тэр өдөр надаар охин чинь нас барсан гэдгийг хэлүүлэхийн тулд тагнуулынхан хоёр цаг 30 минут уулзуулсан. Бид хоёрыг уулзаж байхад гаднаас хянагч нар орж ирээд “Танай аль хүүхэд чинь өнгөрчихсөн юм бэ” гээд асуугаад эхэлсэн. Эхнэр юу яриад байгаа юм бэ. Хэн өнгөрчихсөн юм бэ гээд л асуугаад байсан. Би ч хэлээгүй. Хоригдож байхдаа өмсөж байсан хувцаснуудыг огт гаргаж бидэнд өгдөггүй байсан юм. Тэгсэн хянагч “Чи нөгөө ар гэрийнхэндээ өгч явуулна гээд байсан хувцсаа нөхөртөө өгөөд явуул” гэж хэлээд дагуулаад гарсан. Хоригдож байгаа өрөөнд нь очих замдаа “Танай нэг хүүхэд автомашины ослоор амь насаа алдсан байна” гээд хэлчихсэн байна лээ. Ингээд л эргэж орж ирээд “Хэний тухай яриад байгаа юм бэ. Надад хэл л дээ. Миний хүүхдүүд зүгээр биз дээ” гээд л чанга хашгираад уйлсан. Тухайн үед би энэ бүгдийг хэлэхгүй бол энд байгаа хүмүүс юу гэж худлаа хэлэх юм билээ гэж бодоод арга буюу хэлсэн. Хэлээд л дууссан шууд уулзалтыг зогсоогоод гаргасан. Ерөөсөө л ээжид нь охин чинь амиа алдсан гэдгийг хэлүүлэх гэж тэр уулзалтыг зөвшөөрсөн юм байна гэдгийг сүүлд нь мэдсэн.

-Танай эхнэр Т.Чимгээ 1998 онд 29 настай байсан юм байна лээ. Харин Ц.Амгаланбаатар 16, О.Содномдаржаа 19 настай байсан гэдэг. Энэ нь Т.Чимгээ, О.Содномдаржаа, Ц.Амгаланбаатар нар хэргийг үйлдсэн гэхэд эргэлзээ төрүүлж байна. Гэтэл Ерөнхий прокурор М.Энх-Амгалан хэргийг нуун далдлахын тулд дөрвөн хүнийг гэрт нь шатааж амь насыг нь хөнөөсөн гэж мэдэгдсэн. Энэ талаар?

-Хаанаас нь яаж ч бодсон хэргийг үйлдээгүй гэдэг нь тодорхой. Миний хань хүн алах нь битгий хэл мал нядалж байгааг ч харж чаддаггүй хүн. Улаанбаатар хотыг огт мэдэхгүй. Ганцаараа нэг ч удаа хотод орж ирж байгаагүй. Үнэхээр тэр аймшигт хэргийг манай эхнэр хийчихсэн бол ингээд яваад байхгүй. Энэ хэргийг Ш.Отгонбилэг гэдэг хүнтэй холбож яриад байна. Үнэндээ бид Ш.Отгонбилэг гэдэг хүнийг телевизээр л харж байсан. Нэг ч уулзаж үзээгүй. Бид ядахдаа Эрдэнэтийн гОК-т ажилд орно биз дээ. Ерөнхий прокурор М.Энх-Амгалан гэх хүн маш хариуцлагагүй худал мэдээлэл цацаж байна лээ. Б.Отгонбаатар гэр бүлийн хамт шатаж амь насаа алдсан байдаг. гал гарсан шалтгааныг галын шинжээчид тогтоосон. гэтэл үүнийг мушгин гуйвуулж байгаад харамсалтай байна.

-Давж заалдах шатны шүүх хурлыг та бүхэн нээлттэй хийх хүсэлт гаргасан гэсэн үү?

-Тэгсэн. Шүүх бүрэлдэхүүн нь энэ хэргийг ийм үндэслэлээр буруутган яллаж байна гэдгээ ил гаргаж чадахгүйгээр явуулж байна гэдэг нотлох баримт байхгүй гэсэн үг. Нөгөө талаасаа гурван хүүхэдтэй айлын эхнэр улс төрийн зүтгэлтнийг хөнөөх үү. Гурван хүүхэдтэй хүнээр хүн алуулах захиалга өгдөг ямар хүн байх вэ. Бид шүүх хурлыг олон нийтэд ил яваасай гэж хүсэлт гаргасан. Бидэнд айгаад байх зүйл байхгүй. С.Зориг агсныг хөнөөсөн хэрэгт хорих ял авсан хүмүүс ямар баримт мэдээллээр буруутгагдаж байгааг бүх хүмүүст мэдэгдмээр байна. Шүүх олон нийтэд нээлттэй болсон гэдэг. Тэгэхээр давж заалдах шатны шүүх хурлыг олон нийтэд нээлттэй явуулахыг хүсч байна.