Categories
арын-нүүр булангууд мэдээ

Одоо УИХ-ын даргаар Д.Сумьяабазарыг тавимаар байна

Тэгэхээр ийм байна нөхөд өө, сая Ерөнхийлөгчийн сонгууль болж монголчууд сонголтоо хийсэн. Үүнийг нь харахад манай ард түмний дийлэнх нь булчинлаг, бялдаржуулах урлагаар хичээллэдэг, эр хүнлэг байдлаа их илэрхийлдэг эрчүүдийг сонгодог болчихсон юм байна. Үүнийг нь бид ер нь ойлгоогүй явсан байна шүү. Жишээ нь манай шинэ Ерөнхийлөгч маань жүдоч, дэлхийд данстай тамирчин хүн. Өнөөдөр ч спортлог байдлаа хадгалдаг, гүйж харайдаг, хэвтээгээс 300 кг шахдаг гэж сонссон. Ийм булчинлаг хүнийг бид Ерөнхийлөгчөөр сонгож, төрийн тэргүүний сэнтийд залжээ. Тэгвэл өчигдөр Монгол Улсын Ерөнхий сайдад нэр дэвшигчээр У.Хүрэлсүхийг тодруулсан байна. МАН-ын бага хурлын гишүүн 331 хүний эмэгтэй төлөөлөгчид нь бүгдээрээ У.Хүрэлсүх рүү сонин сонин харж байгаад түүнд саналаа өгчихсөн гэж дуулдлаа. Үүнээс үзвэл У.Хүрэлсүхийн ялалтад түүний булчин шөрмөслөг бие, фитнесст хичээллэж, боксын бээлийтэй мишок нүдэж байгаа бичлэг зэрэг нь их нөлөөлжээ. Үүнтэй маргашгүй, учир нь У.Хүрэлсүх чинь мөн л хэвтээ шахалтаас 300 кг-ыг өргөдөг гэж байна. Ийм хоёр бяртай амьтны дэргэд бусад нь яах болж байна вэ. Өнөөдрийн УИХ-ын гишүүд дотор энэ хоёр шиг 300 кг-ыг өргөх нь байтугай 30 кг даах нөхөд цөөхөн. Ингээд юу бодогдож эхлэв гэхээр энэ хоёр булчин шөрмөстэй нөхөртэй эн тэнцэхүйц Их Хурлын дарга сонгох зайлшгүй шаардлагатай болжээ. Их хуралд байгаа эрэмбээрээ бол Баагий аварга зүтгэж болно. Гэвч нөхөр эсрэг ажиллачихсан учраас бүтэхгүй. Ингэхээр Д.Сумьяабазарыг л УИХ-ын даргаар тавья. Бөхийн аварга цолтой мань эр ядаж 200 кг-ыг өргөх байх. Ингэж л баланслахгүй бол жинхэнэ утгаараа Монголд засаглалын тэнцвэр алдагдана гээч болох гээд байна. Ээдээ, засаглалын тэнцвэрт байдал чухал шүү. Төрийн гурван өндөрлөг гурвуулаа л булчинтай байхгүй бол…





Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Багш, эмч нарыг авлига авдаг гэж донгосох нь дэмий хэрэг

Багш нарын ажил хаяна гэж гомдоод байгаа нь зөв. Эмч нарыг ч энд орхих хэрэггүй. Энэ хоёр мэргэжлийн хүмүүсийг нэг үгээр тодорхойлъё гэвэл тэд буянтнууд юм. Хүний хүүхдийг хүн болгохын төлөө багш нар цаг наргүй хөдөлмөрлөдөг бол хүний амь насыг аврах, ачлахын төлөө эмч нар өдөр шөнөгүй зүтгэдэг. Олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, нийгэмд хамгийн үнэ хүндтэй гурван мэргэжил байдаг юм. Тэр нь багш, эмч, цагдаа. Монголд эсрэгээрээ энэ гурван мэргэжлийн хүмүүсийг зүхдэг, бүр төрөөс нь цалин хөлс хасах танах болохоороо эдгээр мэргэжлүүд рүү эхлээд дайрдаг. Одоо сургууль, цэцэрлэгийн улирал эхэлж байна. Хүн бүрийн амнаас хүүхдийн сургууль, цэцэрлэг гэсэн үгс гарч байна. Зунжингаа хорхог боодгон дунд биеэ гамгүй эдэлсэн монголчууд эмчийн үүдэнд дугаарлаж эхэллээ. Хүүхдийн чинь сургуулийн өмнөх зам дээр цагдаа зогсож байвал жаахан санаа амардагаа монгол хүн та өөрөө анзаардаг уу. Цэцэрлэгийнх нь хажуугийн замын хөдөлгөөнийг зохицуулж зогсоо замын цагдаа нүдэнд дулаахан харагддагийг мэдэрдэг үү, мэдрэхийг хүсдэггүй юу. Энэ бүгдтэй монголчууд минь одоо эвлэр. Олны дунд цөөн хэсэг нь саар байдаг нь хорвоогийн жам. Тэр бүгдийг бусдад нь битгий нялзаа. Ер нь бол нялуурч байгаа юм биш эмч, багш, цагдаа гурвыг хүндэтгэж амьдаръя. Амьдрах гэдэг тийм сайхан зүйл биш. Хэзээ нэг өдөр хэцүү хатууг үзүүлдэг хорвоо. Тэр үед та эмчид л очно. Хүн үр хүүхдийнхээ төлөө л амьдардаг. Тэднийг чинь сайн сайхан амьдралын замд хөтөлдөг ганц хүн нь багш нар. Ардчилсан нийгэм ард түмэндээ ганцхан л баталгаа өгдөг. Тэр нь аюулгүй орчинд ажиллаж амьдруулах. Түүний баталгаа нь хууль сахиулагчид. Ийм л юм.

Өнөөдрөөс эхлэн багш нар цалин хөлсөө нэмэгдүүлж, нийгмийн баталгаагаа шаардан жагсах тухай мэдээлэл хүчтэй цацагдаж эхэллээ. Эмч нар ч жагсах хэрэгтэй. Энэ хэдэн эмч, багш нар чинь ингэж л тэмцэхгүй бол үнэндээ тартагтаа туллаа шүү дээ. Салбарынх нь хоёр яамны байж байгаа царайг хар. Монголын Засгийн газрын бүтэц дэх хамгийн шоовдорлогдсон, сүүлд хаягддаг яамдууд.

Үнэнийг хэлэхэд багш, эмч нар бол өнөөдрийн монголын нийгмийн хамгийн ядуу хүмүүс. Тэгсэн хэрнээ ямар ч завгүй хүмүүс. Амьдралынхаа ихэнх цагийг тэд дөрвөлжин байшин дотроо, цайных нь газраас хуушуур, бууз зээлж идэн хөдөлмөрлөж өнгөрөөдөг. Эд нар маань зөвхөн өөрсдийгөө золиосолж байгаа хүмүүс бас биш нь харамсалтай. Өөрсөд дээрээ ар гэр, үр хүүхдээ давхар золиослодог. Хамгийн сурлага тааруу, хувцас хунартаа анхаарах боломжгүй хүүхдүүд багш, эмч нарын үрс байх нь элбэг. Энэ бол амьдралын үнэн шүү. Яагаад гэвэл таван завгүй байдаг багш, эмч ээж аавууд маань өглөөнөөс шөнө хүртэл бусдын хүүхдийн төлөө, бусдын эрүүл мэндийн төлөө зүтгэдэг учраас тэр. Харин ар гэрт нь хүүхдүүд нь дүү нараа хараад, хоолыг нь бэлдэж, хувцсыг нь угааж аав ээжээ орлон байдаг. Тэднийг хичээлээ хий гэж хэлэх хүн байдаггүй, хэн ч тэднийг анхаардаггүй. Ингээд л байж байдаг тэднийг эмч, багш ээж аавынхаа золиос болсон үрс гэхгүй өөр юу гэх юм. Үнэхээр харамсалтай.

Ийм л орчин нөхцөлд, ажил дээрээ амьдралынхаа дийлэнх цагийг өнгөрөөж, ухамсарт амьдралаа зориулж байгаа багш, эмч нарт зарим нэг эцэг эх баярласан сэтгэлээ илэрхийлэн ганц шоколад өгөх, эмч нарт ганц халуун савтай цай дөхүүлэх, өндөр настай ээжийнх нь хагалгааг амжилттай болгох гэж бүтэн дөрвөн цаг халуун цус үнэрлэн чилийтэл зогсож, хүн мэс хоёрыг эвцэлдүүлэн амийг нь аварсны төлөө “Та таксидаад харьчихаарай, замдаа сүү аваад ороорой” гээд таван төгрөг сэтгэлээсээ өгөх нь тэгээд авлига юм уу. Иймхэн юмны төлөө тэднийг авлига авлаа, муусайн авлигачид гэж орилоод байх шаардлагагүй. Ингэж байгаа хүмүүст битгий донгос гэж хэлмээр байна. Эмч, багш гэж хоёр хүн байхгүй бол хүний нийгэм яаж урагшлах юм. Эдгээр хүмүүс байхгүй бол энэ хорвоо ирж яваа цаг хугацаанд юу болж хувирах вэ. Энэ талаас нь хармаар байна, тэднийг ойлгож тусламаар байна, хүмүүсээ. Янз бүрийн авлигын судалгаа хийж хамгийн эхэнд нь эмч, багш нарыг оруулдагаа больчихмоор байна. Тийм судалгааг шууд урж хаях хэрэгтэй.

Багш, эмч нарын тоог маш олноор нэмэх хэрэгтэй байна. Бүгдийг нь ээлжтэй болгоё, цалинг нь маш өндөр болгоё, ажиллах орчныг нь онцгой сайжруулъя, эмч нарт лиценз олгох гэж махыг нь зулгаадагаа болъё. Эрх биш номын дууг нь арваад жил сонсож, цаашид энэ мэргэжлээрээ эргэлт буцалтгүй ажиллая гэж шийдсэн хүмүүс эмчийн ажилдаа үнэнч үлддэг гэж ойлгодог. Чадахгүйнүүд нь тэгсгээд өөр зам хайдаг юм билээ. Дээр нь тэд чинь тангараг өргөсөн хүмүүс шүү дээ. Тангараг өргөсөн эмч хүн хүний амь насаар тоглохгүй нь тодорхой байлгүй. Мөн багш нарт “Зөвлөх багш” энэ тэр гэхчилэн бас л лицензийн хэлбэртэй олон янзын эрх олгодог асуудлууд бас байна. Тэдэнд ажлынх нь үр дүнгээр шууд л олго. Олгодог сайн стандарт хуулийн хүрээнд тогтоож өг. Ямарч багш хүн хүүхдүүдэд “Та нар бол Монголын ирээдүй шүү” гэсэн үзэл санааг оюун санаанд нь ягштал суулгаж өгдөг. Энэ бол гайхамшигтай үнэ цэнтэй зүйл. Зөвхөн үүнийх нь төлөө монголын мянга мянган сурган хүмүүжүүлэгч багш нартаа монголчууд мэхийн талархах ёстой, монголын төр гүн хүндэтгэлтэй хандах ёстой. Ингэхэд л болно.

Стандарт гэснээс эмч, багш нарын алинд ч байсан тэдний хувь хүнийх нь зан араншин, төлөвшил, ёс суртахуунд найдах бус хуулиар зааж өгсөн сайн стандартыг л тэдний ажлын байранд бий болгочих хэрэгтэй. Тэр стандартын дагуу тэд ажиллаж хөдөлмөрлөх ёстой. Олон улсын жишиг ч ийм байдаг. Өндөр хөгжилтэй, ардчилсан улс орнууд ямар байдаг гэхээр нийгмийн бүх салбартаа, бүх шатандаа хамгийн сайн стандартыг тогтоож чадсан стандарт улс орнуудад байдаг. Ягштал мөрдөж буй стандартын дагуу л эмч, багш нарт тэр лицензүүдийг нь саадгүй олгож, нийгмийн баталгааг нь хангаж, цалин хөлс, нэмэгдэл … өөр юу байдаг юм, бүгдийг нь стандартын дагуу хийгээд явахад эмч, багш нарын маань нийгмийн баталгаа бүрэн хангагдана.

Эмч хүн цаг үргэлж сэтгэл санаа нь түгшүүртэй, дарамттай явдаг. Ийм нөхцөлд 32 жил ажилласан эмч өнөөдөр 540 000 төгрөгийн цалин авч байгаа нь эмгэнэл юм. Хүний амьдралын ээдрээтэй цаг мөчид зөв бурууг дэнсэлдэг шүүх, прокурорын цалин хэдэн сая болчихоод байхад хүний үхэл амьдралын зааг дээр ажилладаг эмч нарын цалин 500 мянга байх нь шударга ёсонд нийцэх үү. Хүний амьдралын утга учир болсон үр хүүхдийнх нь ирээдүйг гэрэлтүүлж өгдөг багш нарын цалин 500 мянга хүрэхгүй, үгүйтэй байх нь зөв үү. Энэ үгийг Монголын төр засагт зориулан чангаар хэлж байна. Багш нар маань ажил хаях юм байна. Дэмжиж байна. Та нарын цалинг нэмэх нь зөв өө, зөв. Өнөөдрийн төр засгийн хамгийн зөв шийдвэр энэ болно.

Categories
мэдээ нийгэм

Сонгуулийг үл тоодог, их зант гэгээнтнүүд муу улстөрчдийг төрүүлдэг

Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит сонгууль энэ сарын 26-нд болно. Маргааш оройны 22.00 цагт бүх пиар, сурталчилгаа хаагдана. Сонгогчдын нэрсийн жагсаалтыг баталгаажуулж дуусч байх шиг байна. Гадаадын 33 улсад байгаа иргэд маань энэ сарын 10, 11-ний өдрүүдэд санал өгөх иргэний үүргээ биелүүлсэн. Гадны улс орнуудад санал өгөх эрхтэй 130 мянган монгол хүн байгаагаас ердөө тавхан хувь нь сонгуульд оролцох урьдчилсан дүн гарсан нь тэд ямар эх оронч бус сэтгэлтэйг манай сонин сая бичсэн юм.

Гадаадад байгаа монголчууд ийм. Харин эх орондоо байгаа иргэд маань үүргээ өндрөөр ухамсарлах цаг ирлээ. Сонгуульд саналаа өгөх нь эрүүл саруул иргэн бүрийн үүрэг. Эх орныхоо өмнө хүлээсэн хариуцлага мөн. Монгол Улсын Ерөнхийлөгчийн өмнөх хоёр сонгуулийн ирцийн дүнг харъя. 2009 оны сонгуулийн ирц 73.59 хувьтай байсан бол 2013 оных чүүтэй чайтай 50.23 хувьтай байсан. Дахин сонгууль явагдах бараг шахсан гэсэн үг. Одоо энэ удаагийн Ерөнхийлөгчийн сонгууль ямар байх нь монголчууд та биднээс шалтгаална. Олон улсад бол ирц өндөр байгаа. Иргэд амьдралаа улам сайжруулах гэж саналаа идэвхтэй өгдөгтэй холбоотой гэж шинжээчид дүгнэсэн. Сая болсон Францын Ерөнхийлөгчийн хоёр дахь шатны сонгуулийн нийт ирц 74.62 хувьтай байжээ. Энэ бол олон улсад өндөр хувь. Үүгээрээ дэлхийн улс орнуудад саналын ирц өсөлттэй байгааг илтгэнэ. Ийм байдлаар дэлхийн хандлагыг харж болно.

Манай улсад хандлага хаашаа байна. 2012 оны УИХ-ын сонгуулийн ирц 65.2 хувь байсан нь Монгол Улс ардчилалд шилжсэн 22 жилийн хугацаан дахь хамгийн бага үзүүлэлт байв. Уналт мэдрэгдэж эхэлсэн. Ер нь бүх л шатны сонгууль бүрийн өмнө “Өдрийн сонин”-ы зүгээс сонгуульдаа өргөнөөр оролцохыг уриалдаг. Иргэн нэг бүрийн эх орныхоо өмнө хүлээсэн үүрэг хариуцлага шүү гэдгийг онцгойлон анхааруулдаг. Энэ удаа ч мөн адил монголчуудаа сонгуульд өргөнөөр оролцохыг уриалж байна. Ингэх олон шалтгаан байгааг хүмүүс мэдэж байгаа. “Ухаантнууд нь улс төрд орохгүй бол тэнэгүүд нь гарч ирж удирдддаг” гэсэн манай сонины нийтлэл шуугиан тарьсныг уншигчид маань санаж байгаа байх. Ер нь тэгээд муу улс төрчдийг хэн гаргаж ирдэг вэ гэдэг талаар ярьцгаая. Сүүлийн үед аль ч нэр дэвшигч нь санаанд хүрэхгүй байна, би лав саналаа өгөхгүй, улс төрд оролцохгүй гэх хүмүүс цөөнгүй байх болжээ. Ийм хүмүүс бодвол бүх зүйлд гэгээрсэн, их мэддэг, өөрсдийгөө сүрхий боловсролтой гэж боддог биз. Усан нүдтэй, цусан зүрхтэй мань мэтийн хүмүүс бол аль нэгийг нь сонгох зайлшгүй шаардлагатай байдаг. Яг амьдрал үзсэн, нийгмээ мэдэрдэг хүмүүс бол огт өөр зүрх сэтгэлтэй байдаг. Өвөрхангай аймгийн нэгэн малчин эрийн ярихыг саяхан сонссон юм байна. “Би 35 км газар мотоциклоор давхиж очиж саналаа өгнө. Социалист нийгмийн үед нэгдлийн малын төлөө өдөр шөнөгүй зүтгэсээр 50-хан насандаа нас барсан аавынхаа тухай би боддог. Хэрэв зээ өнөөдрийн нийгэм байсан бол миний аав амьд байх байлаа. Төр засгаа, Ерөнхийлөгчөө би өөрөө сонгож, гар бие оролцох ёстой гэдгийг туулсан амьдралаараа ингэж харж ойлгодог, би өөрийнхөө төлөө, үр хүүхдийнхээ төлөө саналаа өгч байгаа юм. Хөгшнөө хойноо сундалж аваад багийнхаа төв рүү жирийлгэнэ дээ” гэж. Энэ малчин эрийн иргэний ухамсар, эх оронч сэтгэлийг би ямарч өндөр боловсролтой, “гэгээрсэн” хүмүүсийнхээс дээгүүр тавьж хүндэлнэ.

Их зант гэгээнтнүүд голоод саналаа өгөхгүй бол таны голсон улс төрч ялах саналаа нэгээр нэмлээ гэсэн үг. Ялахад нэг алхам урагшиллаа гэсэн үг. Нэгээс мянга, мянгаас сая эхэлдэг. Үндсэндээ аль ч улс оронд төрд нь муу улс төрч гарах нь их мэддэг, “гэгээрсэн” хүмүүсээс нь болдог. Тэд саналаа очиж өгөхгүй байгаагаараа тэдэнд тус болдог. Ингэж маяглаж байхаар та бүхэн очиж саналаа өг. Аль дээр гэсэн улс төрчөө сонго. Тэгвэл буян заяа чинь түших болно. Учир нь улс эх орныхоо төр засагт муу улс төрчдийг орохоос сэргийлсэн таны ажил энэ болно. Эх орондоо хүргэж буй ач тус чинь энэ болог. Монгол хүн болсны чинь гол утга учир бол Та Монгол төрийг байгуулалцах, Монгол Улсыг тусгаар байлгахын төлөөх сонголт чинь юм шүү.

Үүн дээр нэмж хийх ажил бол иргэн бүрийг санал өгүүлэх эх оронч санаачилгыг нийгмийн аль ч хэсгээс гаргаж болмоор байгаа юм. Олон улсын жишиг ч байна. Тухайлбал манай томоохон үйлчилгээний төвүүд санал өгсөн хуудсаа авчирсан, тэмдэглэгээгээ баталгаажуулсан иргэнд хөнгөлөлттэй үйлчилж яагаад болохгүй гэж. Наад зах нь Оргил, Номин, Миний дэлгүүр, АПУ… бүгдээрээ тодорхой бараанууддаа 30 хувийн хямдрал зарлаж болно шүү дээ. Томоохон брэндүүд 50 хувь хямдарч болно. Үүн дээр олон нийтийн хяналтыг сайжруулах ёстой. Төрийн бус байгууллагууд сайн ажиллах ёстой. Иргэний нийгмийн байгууллагуудын иргэд рүү хандсан ажил үр дүнтэй байх ёстой, иргэдийг идэвхжүүлэхэд тэд онцгой үүрэг рольтой оролцож, төрийн ажлаас үүрэлцэх ёстой юм.

Тийм болохоор хаа хаанаа бүгдээрээ сонгуульдаа сэтгэл зүтгэлээрээ оролцож, элдэв муу самуунгүй, үймээн бужигнаангүй, ялсан хүнээ хүлээн зөвшөөрч сонгуульдаа оролцохыг “Өдрийн сонин”-ы зүгээс уриалж байна. Бид сонгуулийн сурталчилгааны хугацаанд, бүх нэр дэвшигчдэд адил тэнцүү үйлчилж, хууль дүрмийг яс тас баримталж, нэр дэвшигч нэг бүрийн нэр төр, алдар хүндийг ихэд эрхэмлэн ажиллалаа. Монголын хамгийн олон уншигчидтай, хамгийн нэр нөлөө бүхий сонины хувьд нийгмийн өмнө хүлээсэн үүргээ нэр төртэй, нүүр бардам биелүүлсэн учир санал хураалт явагдах гэж буй энэхүү хариуцлагатай цаг мөчид монголчуудаа ийнхүү уриалан дуудах, төр бариад явчих хүнийг нь сонгоорой гэж хэлэх эрхтэй гэж бодож байна. Та саналаа өгөхгүй бол таны голсон хүн ялах алхамаа нэгээр урагшлууллаа гэдгийг л тогтож сайн бодоорой. Бүгдээрээ сонгуулиа тогтуун сайхан өгөөд маргаашаас нь наадмаа ярьж жаргацгаая аа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголчуудын эх оронч гэдэг нь худлаа хийрхэл юм биш үү

Нийтлэлийг маань Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчидтэй холбочих бий дээ. Огт хамаагүй юм шүү. Тэгэхээр бидний монголчууд өөрсдийгөө дэлхийд байхгүй мундаг эх орончид гэдэг. Түүхээ харвал жинхэнэ эх орончид олон бий. Манжийн 200 жилийн дарлалыг төгсгөл болгосон Сайн ноён хан Намнансүрэн, Да лам Цэрэнчимэд, Чин ван Ханддорж, Хайсан гүн, харчин гүн Бавуужав, Манлай ван Дамдинсүрэн… гээд олон хүмүүсийг хойч үеийнхэн эх орончид гэж хүлээн зөвшөөрдөг. 1921 оны хувьсгалын удирдагчид Данзан, Бодоо, Чагдаржав… тэдний туслахууд болох түүхэнд нэр нь үлдсэн Сүхбаатар, Догсом, Лосол эд нар ч бас эх орончид. Монгол Улсыг ЗХУд дагаар орохыг хүссэн албан бичигт гарын үсгээ огт зураагүй Чойбалсан, Бумцэнд хоёрыг ч жинхэнэ эх орончид гэж хойч үеийнхэн бахархах болсон. Ийм үе үеийн халуун эх орончид монголын төрт ёсны 2000 жилийн түүхэнд олноор төрж байсныг бид мэднэ. Ийм эх орончдын үр сад гэдгээрээ ч бид онгирох эрхтэй хүмүүс.

Үүнийг дурсах болсон шалтгаан бол өнөөдөр бидний монголчууд эх оронч сэтгэлтэй байгаа юм уу. Өнөөдөр эх орныхоо үнэ цэнийг хамгийн их мэдэрдэг хүмүүс бол гадаадад байгаа монголчууд гэдэг. Эх орондоо байгаанууд нь бол төдийлөн анзаардаггүй ч гэдэг. Энэ бол тогтсон ойлголт. Тогтсон ойлголт учраас гадаадад ажиллаж амьдарч, сурч боловсорч байгаа монгол хүмүүсээр эх оронч сэтгэлийг төсөөлөх болсон юм. Тэд эх оронч биш бол монголчууд бүгдээрээ эх оронч биш гэсэн ойлголт ч гэж болно. Тэгвэл амралтын өдрүүдээр гадаадад байгаа монголчууд саналаа өглөө. Монгол Улсынхаа Ерөнхийлөгчийг тэд сонголоо. Санал өгсөн хүмүүсийн тоо харамсмаар цөөн. Албан мэдээг нь хүргэе л дээ. “Гадаад улсад байгаа иргэд салбар комиссын тогтоосон санал авах байранд энэ сарын 10,11-ний өдөр очиж тухайн улсын орон нутгийн цагаар өглөөний 07.00 цагаас 22.00 цаг хүртэл хугацаанд саналаа өглөө. Гадаад улсад байгаа иргэдээс санал авах хуудас хуульд заасан хугацаанд бүрэн хүргэгдсэн, санал авах байр бэлтгэгдсэн, саналаа өгөхөөр ирсэн монголын иргэнийг тухайн улсын зүгээс ямар нэг байдлаар хянах, баривчлах, оршин суух эрхэнд нь халдахгүй байх бүх боломжийг бүрдүүлжээ. Ингээд Монгол Улсын дипломат төлөөлөгчийн газар байрладаг 33 улсад 45 салбар комисс ажиллаж 7209 иргэн саналаа өглөө” гэж. Ямар урам хугармаар цөөхөн, ямар эх оронч бус, ямар эх орныхоо төлөө санаа тавьдаггүй хүмүүс вэ гэж тэднийг бодлоо. Албан ёсоор санал өгөх эрхтэй 140 000 монголчуудаас ердөө 7000 хүн санал өгчээ. Ердөө 5 хувь нь. Үүнийг сонсоод л бид эх оронч сэтгэлтэй хүмүүс мөн үү гэж эргэлзэхэд хүрсэн юм. Тэд очиж саналаа өгөхөд ердөө автобусанд, за үсрээд таксины тав арван төгрөг л гарна. Эх орных нь эрх ашигтай зүйрлэхэд энэ юу юм бэ. Бид үнэхээр эх орноо гэсэн сэтгэлтэй байсан бол 140 мянгуулаа саналаа өгнө. Тэгэхээр тэдний сэтгэлд эх орноо, монгол үндэстнээ гэх санаа зовнил өчүүхэн ч байдаггүй юм байна. Эх орноо гэдэг нь худлаа юм байна.

Гадаадад байгаа монголчуудын зүгээс дуулддаг мэдээллийн дийлэнх нь тэнд дэлгүүрээс хулгай хийж гэнэ, энд ингэж архидаж гэнэ, хар тамхитай холбогджээ, хамт ажиллаж байсан хүнээ хутгалжээ гэсэн бараан мэдээ дуулддаг. Энд байгаа монголчууд нь аль болох өнгөтэй өөдтэй яваа монголчуудаа эх оронд нь сайнаар сурталчлахын төлөө чармайдаг. Нэг жижигхэн шоунд орсон ч, нэг киноны орлон тоглогчоор ажилласан ч, ач холбогдол багатай жижиг программ зохиосон ч, коллеж дээрээ жижиг илтгэл тавьсан ч бүгдийг нь монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүд шүүрч аван баруунд од болсон мэт, дэлхийн шинжлэх ухаанд нээлт хийсэн мэт тэнгэрт тултал магтаж, монгол даяараа шуугиан болгодог. Гэтэл тэдний эх орондоо хандаж буй хандлага ийм өчүүхэн. Эх оронд нь юу ч болж байсан тэдэнд ямарч падлийгүй байгаад нь харамсаж байна.

Та бүхэн хэдүй гадаадад ажиллаж, амьдарч байгаа ч эх орныхоо өмнө үүрэг хүлээсэн иргэд шүү. Яагаад гэвэл танд Монгол Улсын иргэн гэсэн албан ёсны үнэмлэх байгаа. Та эх оронгүй цагаач, дэлхийд ад үзэгдсэн сири хүн биш шүү. Ядарлаа гэхэд буцаж ирээд хаана нь ч хамаагүй хэвтээд өгөх эх оронтой, газар нутагтай, санаа тавих үндэстэн нэгтэй хүмүүс. Ийм нандин эх орныхоо төлөө гадаадад байгаа монголчууд нийтээрээ хариуцлага хүлээх чадвар муутай байна. Ийм байж болохгүй нь гэж бодох цаг та бүхэнд иржээ. Та бүхэн дэлхийн бусад улс орны иргэд эх орноосоо гадна ямар байдгийг хар. Монголчууд бидэн шиг байна уу. Бүгдээрээ улс үндэстнээ хайрладаг, эх орныхоо ирээдүйн төлөө санаа тавьдаг юм байна. Үүний хамгийн ойрын жишээ бол Турк улс, туркчууд байна.

Өнгөрсөн дөрөвдүгээр сард Туркийн Үндсэн хуулинд өөрчлөлт оруулах бүх нийтийн санал асуулга явагдсан. Нийт турк үндэстнүүд гадаад, дотоод гэлтгүй идэвхтэй оролцсон. Эх орондоо болон, гадаадад амьдран суугаа нийт 55 сая турк иргэн санал өгөх эрхтэйгээс 86 хувийн ирцтэй байсан нь туркчууд гайхамшигтай эх оронч хүмүүс болохыг баталж байгаа юм. Тэд эх орныхоо хувь заяаны төлөө ингэж санаа тавьдаг юм байна. Тэдний 51 орчим хувь нь Үндсэн хуулийнхаа өөрчлөлтийг дэмжсэн юм билээ. АНУ, ОХУ, Их Британийн туркчууд санал асуулгыг дэмжжээ. Эдгээр орнуудад нэг сая орчим турк хүмүүс ерөнхийдөө тайван амгаланаар ирж саналаа өгсөн байна. Гэхдээ л эдгээр орны гудамжинд нэг сая орчим турк иргэн гарч ирээд эх орондоо болж буй санал асуулгад оролцоно хэмээн хөдөлж эхлэхэд нь тухайн улс орнууд өндөржүүлсэн бэлэн байдал зарласан байгаа юм. Эх орныхоо Үндсэн хуулийн өөрчлөлтөд санал өгөх гэж сая саяараа Элчин сайдынхаа яам руу алхацгаасан нь амьдарч буй орныхоо нийгмийг хөдөлгөөнд оруулах хэмжээнд хүрчээ. Улмаар Төв Европын орнуудад ажиллаж амьдарч байгаа туркийн олон зуун мянган иргэн санал асуулгыг дэмжихгүй хэмээн гудманд гарч ирсэн нь төв Европыг сандаргасан үйл явдал болов. Тэнд байгаа туркчууд санал асуулгын эсрэг жагсаал цуглаан хийх зөвшөөрөл хүсч, тухайн улс нь сурталчилгаа хийлгэнэ, хийлгэхгүйдээ хүрсэн нь Европт сонгууль болж буй аятай юм болж, бас айлгаж. Дэлхийн улс орны иргэд эх орныхоо төлөө ингэтлээ санаа тавьдаг юм байна. Эх орондоо ийм их хайртай байдаг юм байна.

Ер нь энэ байдлаараа бол Монгол эх орноосоо гадагш гарсан хүмүүс ирээдүйд эх орондоо ямарч хамаагүй хүмүүс болох юм байна гэсэн харуусал төрлөө. Олон шалтгаантай байх. Манайх шиг байгаль цаг уурын хувьд хатуу ширүүн улс орон дэлхийд хуруу дарам цөөн юм шиг байна.Монголоос бусад нь бараг сайхан цаг агаартай юм даа. Дээр нь монголын нийгмийн байгаа царай, улс орон, ард түмнээ удирдан залж байгаа улс төрчдийн байгаа байдал, ард түмэн рүүгээ чиглүүлэн хэрэгжүүлж буй төр засгийн бодлого шийдвэр… үнэндээ монголчуудыг монголоосоо зугтаахад хүргэж байна. Цаашлаад монголчуудыг монголдоо хайргүй болгож байна. Монгол үндэстнээ боддоггүй, төр засгаа үзэн яддаг болгочихлоо. Үзэн ядахаас ч өөр аргагүй юм. Сүүлийн 20 гаруй жил хэдхэн хүнийг хязгааргүй их баяжиж, хөрөнгөжүүлэхэд төр засгийн бодлого чиглэж, бодитой хэрэгжиж ирлээ.

Ийм эмгэнэлтэй байхад эргэж ирэх монгол хүн байхгүй ээ. Эх орноо гэсэн сэтгэлгүй иргэнтэй эх орон гэж байдаг юм уу, байсан юм уу, түүхэнд. Хот руу орж ирсэн хөдөөний хүн буцдаггүйтэй адил юм болж байна. Тэд “Хөдөө ч мөн сайхан байгаа даа, хөх ногооны униар суунаглаад л…” гэж ярьсан хэрнээ үнэндээ хөдөө рүү явдаггүй шиг гадаадад байгаа монголчууд “Монгол эх орон минь мөн ч сайхан даа, наадмаар хуушуур идээд л…” гэж яриад л эх орондоо ирэхгүй байна.

Монголчууд минь ээ! Бид эх орон, монгол үндэстнийхээ талаар оюун санааны эргэлт хийх цаг нэгэнт болжээ. Монгол эх орныг, монголчуудыг монгол хүмүүс бид л хайрлана. Биднээс өөр хэн ч хайрлахгүй. Бид бүх зүйлд хариуцлагатай хандаж сурмаар байна. Энэ бүхэн монгол хүн нэг бүрийн хариуцлагын асуудал. Эх орныхоо өмнө, бие биенийхээ өмнө хариуцлага хүлээх ёстой шүү гэдгээ бүгдээрээ ухамсарлая. Гадаадад байгаа 140 мянган монгол хүнээс ердөө 7000хан нь санал өгнө гэдэг бол монгол хүн Монгол Улсынхаа төлөө санаа зовохгүй байна гэсэн үг шүү дээ. Метроны мөнгө төлж очоод саналаа өгч чадахгүй горойж байна гэдэг эмгэнэл юм. Та эх оронгүй хүн болжээ гэсэн үг юм. Эх оронгүй хүнд ямар юмных нь эх оронч сэтгэл байхав дээ. Амьдарч буй улс орныхоо нийгмийн илүүдэл болсон гэдгээ та Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд саналаа өгөхгүй байгаагаараа баталлаа гэсэн үг. Нийгмийн илүүдэл байх, үхсэн хүн хоёр ялгаагүй гэж нэг суут хүн хэлсэн байдаг юм шүү.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Валютын сангийн өргөтгөсөн хөтөлбөрт хамрагдахын сайн ба муу тал

Цагаа олж хэрэгжиж байгаа хөтөлбөр мөн. Валютын сан нааш гээгүй бол Монгол улс дефольт зарлах байсан байх аа. Дефольт зарлачихвал гадаадын хөрөнгө оруулалт баяртай. Тийм болохоор бидний хүсэн хүлээсэн үйл явц юм. ОУВС-гийн захирлуудын зөвлөл энэ сарын 24-ний өдөр, Монголын цагаар 04:00 цагт хуралдаж гурван жилийн хугацаатай өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөрийг баталлаа. Ингэснээр Засгийн газрын эдийн засгийн шинэчлэлийн хөтөлбөрийг 434.3 сая ам. долларын санхүүжилтээр дэмжих нь. Энэ хөтөлбөрийн хүрээнд Азийн хөгжлийн банк, Дэлхийн банк, Япон улс, БНСУ-ын зүгээс чамлахааргүй дэмжлэг үзүүлэхээ амласан. Үүн дээр Хятадын Ардын банк, Монгол банктай байгуулсан своп шугамын хугацааг сунгахыг зөвшөөрснөөр нийтдээ 5.5 тэрбум ам.долларын санхүүжилтийн багц бүрджээ. Эхний ээлжийн 38.6 сая ам.доллар Монголбанкины дансанд өчигдөр үдийн хойно байршлаа гэсэн мэдээлэл цацагдав.

Ингээд ажил эхэллээ дээ. Ер нь бол эхний ээлжинд 100 сая ам.доллар орж ирнэ хэмээн яригдаж байсан юм. Гэвч 38.6 сая боллоо. Нөхдүүд эхлээд жоол жоолхоноор биднийг түншихээр шийдэж. Тэдний зөвлөмжөөр явбал дараагийн мөнгөө өгөөд явна. Үгэнд нь орохгүй, тэдэнтэй ярилцахгүй, өөрсдийнхөөрөө даналзвал эвгүйтнэ гэсэн үг.

Мөнгө эхнээсээ ороод ирэхээр монголчууд бүгдээрээ “Одоо тэгээд юунд эхлээд зарцуулах вэ” гээд асуух бололтой. Шууд Монгол банкны валютын нөөцөд энэ мөнгийг авах нь. Мэдээлэл хийсэн хүмүүс “ОУВС-гаас олгож байгаа ямар ч зээл нь төсвийн алдагдлыг санхүүжүүлэхэд биш төлбөрийг тэнцвэржүүлэхэд зарцуулагддаг. Тийм учраас эхний санхүүжилт болох 38.6 сая ам.доллар Монгол банкинд байршина“ гэж албан ёсоор мэдэгдлээ. Үүний эхний үр дүн нь монгол төгрөг чангарч, долларын ханш бууж эхэлнэ гэсэн үг байх. Эхний нэг сарын дотор ам.долларын ханш 2300 руу орно гэсэн өөдрөг таамаглалыг мэргэжилтнүүд өчигдрөөс бичээд эхэллээ. Үнэн бол ирэх намар гэхэд хэд болсон байх вэ. Иймэрхүү эерэг мессежүүдээр Валютын сангийн өргөтгөсөн хөтөлбөрийн сайн талуудыг бүгдээрээ эхлээд харъя.

Өчигдрөөс эхлэн гадны хөрөнгө оруулагчид “За монголд валютын сангийн хөтөлбөр хэрэгжээд эхэллээ” хэмээн нааштай хандлагаар хараад эхэллээ. Хэдийгээр зарим нэг хүн “Монголын төр засаг гадны мэдэлд орлоо, өр зээл нэмэгдлээ” гэж байгаа ч бодит үнэн бол төсөв, санхүүгийн сахилга бат чангарч, Монгол Улс эмхэрч эхэллээ гэсэн үг. Хар үгээр бол ОУВС нь “Төрийн сангийн их сургууль” гэж монголчилж болох юм. Учир нь ОУВС нь аливаа улсын төсөв ямар байх ёстойг, яаж бүрдүүлэх, яаж зарцуулах, орлого, ашиг, баланс ямар зөв зарчмаар явахыг л зааж зөвлөж, дэмжлэг үзүүлж буй хөтөлбөр шүү дээ. Монгол Улс ОУВС-гийн хөтөлбөрийг дөрөв дэхээ авч байна. Урьд гуравт нь амжилттай хэрэгжсэн гэж болно. Хамгийн сүүлд 2009 онд энэ хөтөлбөрт хамрагдахдаа ердөө 1.5 жилийн дотор хүндрэлээс гарсан юм. Зарим улс орон энэ хөтөлбөрт хамрагдаад сайнаа үзээгүй жишээ олонтой сонсогддог. Тэр нь ОУВС-тай тэдгээр улсууд хамтарч ажиллаагүй, нэг үгээр бол тэдний санал зөвлөмжөөр ажиллаагүй байдаг юм шиг билээ. Тэгээд дампуурсныг олон улсын мэдээллийн сувгуудаас харж болно. Бид өмнө нь амжилттай хэрэгжүүлсэн туршлагадаа найдаж байгаа. Энэ талаар албан ёсоор өчигдөр мэдэгдэхдээ “Засгийн газар бол ОУВС-гаас боловсруулсан хөтөлбөрийг дэмжиж байгаа. Хөтөлбөрийн нөхцөл хүнд ч амжилттай хэрэгжүүлнэ гэдэгт итгэлтэй байна. Төсвийн алдагдлыг бууруулна. Монгол Улсын нийт өр маш өндөр түвшинд байгаа учраас төсвийн алдагдлыг бууруулж байж, өрийн дарамтаас салах боломж бүрдэнэ. Засгийн газар шат шатандаа хэмнэлтийн тогтолцоог бүрдүүлнэ. Цаашид түүхий эдийн үнэ ханш дахин сэргэснээс Монгол Улсад маш их хэмжээний орлого төвлөрнө. Ингэхдээ өмнөх жилийн алдааг давтаж болохгүй. Хүнд хэцүү үед нийгмийн эмзэг бүлгийн баталгааг, амьжиргааг бууруулахгүй байхад анхаарч байна. Татварын нэмэгдлийн ачааллыг тэдэнд тусгахгүй байх хэрэгтэй. Монгол Улсын эдийн засгийн өрсөлдөх чадавхийг сайжруулж, уул уурхайгаас хараат байхыг салгаж, эдийн засгийг солонгоруулахад анхаарсан. Ингэхдээ аялал жуулчлалыг хөгжүүлэхэд түлхүү анхаарсан. Энэ бүх нөөц бололцоондоо хүрэхийн тулд Засгийн газраас бас тохирсон хөтөлбөрийг тууштай, бүрэн хэрэгжүүлэх нь чухал байна” гэсэн юм.

Хөтөлбөрийн бас нэг сайн тал нь бидэнд хямд эх үүсвэртэй хөрөнгө оруулалт ирж байна гэсэн үг. Учир нь Монгол Улс шиг зээлжих зэрэглэл буурсан оронд олон улсын хөрөнгийн зах зээлээс мөнгө босгоход хүндрэлтэй. Валютын сангийн тавьж буй нөхцлүүд дунд цагаа олсон, хийх ёстой зөв шаардлагууд цөөнгүй байгаа. Тансаг барааны татварыг нэмэх нь зөв. Том мотортой машин, архи тамхины татвар нэмэгдлээ гээд ард түмэнд айхавтар сөрөг нөлөө үзүүлэхгүй. Цадигаа алдсан төсвийн тэлэлтийг танахаас өөр яах юм. Сонгуультай холбоотой хавтгайрсан халамжуудыг ч цэгцлэх цаг нь болсон. Улсын төсөв бол угжтай сүү биш шүү дээ. Тэтгэвэр, цалингийн нэмэгдэл дээр тодорхой хугацаанд бүсээ чангалахаас өөр аргагүй. Валютийн сангийн хяналт дор л төсөв, халамжаа цэгцэлж авахгүй бол хувиа хичээсэн энэ хэдэн улстөрч яг цэгцэлж харагдаач. Ийм хүнд цаг үед, ийм эерэг, хийхээс өөр гарцгүй нөхцлийг тулгаж буй валютын санд зарим нэг хүмүүс талархахгүй юмаа гэхэд муухай харах хэрэггүй.

Аливаа шийдвэр бүхэн хоёр талтай. Мэдээж энэхүү санхүүгийн өргөтгөсөн хөтөлбөр нийгэмд “өвдөлт” авчрах байх. Өнөөдөр ярьж байгаагаар бол хүн амын дийлэнхийг бүрдүүлдэг дундаж, дунджаас доош давхаргынханд хүнд тусна гэх. Маш их хэмжээний татварын дарамт ирнэ гэх мэт. Манай улс 2008-2009 онд “Стэнд бай” хөтөлбөрт хамрагдахад хамгийн их ажлын байр бий болгосон барилга, жижиглэн худалдааны салбараа хэвтүүлэх шахсан гэдэг юм билээ. Гадны жишээ ч байна. Украин улсад ОУВС-гаас тавьсан шаардлагууд тэднийг сөхрөөх шахсан гэдэг. Улсаас татаас авдаг эрчим хүчний салбарт үнэ чөлөөлөлтийг огцом хийснээс иргэд нь эрх баригчдынхаа өмнөөс босоход бэлэн болжээ. ОУВС-гийн нөхдүүд улирал тутамд 25 хувиар нэмсээр яах ийхийн зуургүй иргэдийн амьдрах итгэлийг алдуулсан гэж шинжээчид үздэг юм билээ. Манайд ч ийм зүйл болохыг үгүйсгэх аргагүй. Ер нь бол дундаж ангийг мөхөөдөг гэж судлаачид бичээд л байгаа. Бодох л асуудал. ОУВС хасч болох бүх зардлыг хасахыг хичээдэг. Төрийн өмчийг хувьчлах гэх мэт тухайн улсын дотоодын асуудалд оролцохоос гадна цалин, тэтгэвэр тэтгэмж, эрүүл мэнд, нийгмийн хамгаалал, боловсрол, байгаль хамгааллын зардлыг хасч, тэр ч байтугай үгүй болгохыг шаарддаг. Тэгээд нийтийн тээвэр, эрчим хүч гэхчлэн стратегийн салбарын үнэ тарифийг нэмэхийг тулгадаг. Дундаж давхаргынхны цалинг хасч, өндөр татвараар дарамтлах гэдэг нь тэдний зарчим. Энэ бүхэн хэт мэдрэмжгүйгээр цааш үргэлжилж, хэрээс хэтэрвэл төр, ард түмний хооронд үл ойлголцох шалтгаан болдог ч гэх юм билээ. Гэвч түрүүн хэлснээр Монгол Улс өмнө нь ОУВС-гийн хөтөлбөрийг хэрэгжүүлсэн туршлагатай болохоор эцсийн үр дүн эерэг байх бизээ.

Нэгэнт хөтөлбөр хэрэгжиж эхэлсэн болохоор ийм цаг үед монголчууд бид ямар байх ёстой, Монголын төр засаг, улс төрчид яаж ажиллах ёстой вэ гэсэн асуудал гарч ирнэ. Улсаа сөнөөчих шахаж буй популист улс төрчдийнхөө үнэн нүүр царайг иргэд маань таньж авах хэрэгтэй. Тэдний поп улс төржилт эх орны эдийн засаг, нийгмийн амьдралд гай тарьж ирсэн. Тэд дэлхийгээр нэг Монгол орноо шившиглэж, хөрөнгө оруулагчдыг нүүр буруулахад хүргэсэн. Монгол Улс одоо л нэр төрөө олон улсад эрхэмлэх цаг. Дахин сонгогдохоо бодсон улс төрийн намуудын хоосон амлалт, авлига, биесээ хэмэлсэн, биедээ хорссон, эв нэгдэлгүй байдал улс орныг туйлдуулж, дампуурлаа зарлах эсэхэд хүргэв. Сая нэг амь тариатай залгалаа. Одоо л хичээцгээе. Бид энэ л нутагтаа ясаа тавьж, үр хүүхэд минь цаашид амьдарна. Тэднийхээ сайхан ирээдүйг бодоцгооё.

“Өргөтгөсөн санхүүжилтийн хөтөлбөр” хэрэгжсэнээр дор хаяж зургаан тэрбум ам.доллар Монгол руу орж ирэх нь тодорхой болсон. Бид энэ их мөнгөөр хамгийн түрүүнд юу хийх ёстой вэ. Богино хугацаанд ашгаа өгөх төслүүдээ санхүүжүүлэх ёстой. Нефть нэрэх үйлдвэрээ барья. Зэс хайлуулах үйлдвэрээ байгуулъя. Дарханы төмөрлөгийн үйлдвэрээ ган хайлуулах үйлдвэр болгоё. Занараа цаг алдалгүй боловсруулж дэлхийн зах зээлд гаргая. Хэрэв ингэж чадвал хоёрхон жилийн дараа ам.доллар 1000 төгрөгөөс доош бууж болно. Энэ бол үлгэр биш юм шүү. Бидний хүсч мөрөөдөж буй үсрэнгүй хөгжил юм.

Categories
мэдээ цаг-үе

Я.Санжмятав: Хуулийн шинэ төслөөр бол улстөрчид төрийн албаны томилгоонд улам нөлөөлөх нь

“Өдрийн сонин”-ы №110 (5677) дугаараас авч нийтлэв

Төрийн албаны тухай хуулийн нэмэлт өөрчлөлт болон шинэчилсэн найруулгын төсөлд санал дүгнэлт гаргах үүрэг бүхий УИХ дахь АН-ын бүлгийн ажлын хэсгийн ахлагч, УИХ-ын дэд дарга Я.Санжмятавтай ярилцлаа.


-Ардчилсан намын бүлэг сая (өчигдөр) хуралдлаа. Бүлэг дээр Төрийн албаны тухай хуулийн шинэчлэлийн талаар чухам юу яригдав. гишүүд ямар байр суурьтай байна. Тухайлбал таны байр суурь ямар байгааг сонсмоор байна?

-Шулуухан хэлэхэд АН-ын бүлгийн гишүүд энэ хуулийн шинэчлэл дээр сэтгэл дундуур байгаа. Хуулийн шинэчлэлийн хоёр төсөл явж байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан Төрийн албаны тухай хуулинд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл. Нөгөө нь УИХын гишүүн Д.Тогтохсүрэн нарын 12 гишүүний санаачилсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсан найруулгын төсөл гэж. Эдгээрийг УИХаар хэлэлцэх нь. Уг хуулийн төсөлд санал дүгнэлт өгөх үүрэг бүхий АН-ын ажлын хэсгийг миний бие ахлан ажиллаж байгаа юм.

Хоёр хуулийн төсөлд агуулга, үзэл баримтлал, зарчмын хувьд адил төстэй зүйл нэлээд тусгагдсан тул хуулийн хоёр төслийг нэгтгэж хэлэлцээд явах боломжтой юм байна гэдэгтэй санал нийлсэн. Гэвч хуулийн төслүүдэд зайлшгүй анхаарах шаардлагатай зүйлүүд олон байна.

-Тухайлбал юу байна. Төрийн алба үнэхээр чадваргүй, дорой болчихсон учраас хуулийн шинэчлэл хийх гээд байна уу?

-Тэгж нэг талдаа хэт туйлширч болохгүй. Мэдээж сайнтай муутай байгаа. Одоо мөрдөгдөж байгаа Төрийн албаны тухай хууль бол долоон бүлэгтэй, 41 заалттай, цөөхөн бүлэг, зүйл заалттай хууль л даа. Гэхдээ л батлагдсан цагаасаа хойш өнөөдрийг хүртэл монгол төрийн үйл ажиллагаа, төрийн албаны зөвлөлийн хараат бус байдлыг зохих хэмжээгээр хангаж ирсэн. Би хувьдаа боломжийн хууль гэж үздэг. Өнөөдөр оруулж ирж байгаа хуулийн төслүүдтэй харьцуулахад боломжийн гэдэг нь бүр ч мэдрэгдэж байгаа. Мэдээж өнгөрсөн практикаас дүгнэлт хийж засаж өөрчлөх, сайжруулах, зохицуулалт хийхээр байгаа нь ойлгомжтой. Гэхдээ наана нь бид нэг зүйлийг хүлээн зөвшөөрөх ёстой. Монгол Улсад баталсан хууль нь муудаа биш юм, шат шатандаа хэрэгжүүлэхгүй байгаад л гол асуудал нь байгаа. Сонгуулиар олонх болж гарч ирсэн намууд хэм хэмжээнээсээ хэтэрсэн улстөржилтийг хийж байна. Гүйцэтгэх засаглал нь тэр чигээрээ улстөржиж, төрийн албыг хавтгайд нь бужигнуулаад байна. Үүнтэй их олон хүн санал нийлнэ. Тэрнээс биш Төрийн албаны зөвлөл дэндүү муу ажиллаж байна гэж дүгнэж болохгүй. Төрийн албан хаагчид муу ажиллаж байна гэвэл өрөөсгөл дүгнэлт болно. Би бөөрөнхийлж байгаа юм биш. Монгол төрийн төлөө эрвийх дэрвийхээрээ ажиллаж байгаа том фронт бий шүү дээ. Тэднийгээ бид үгүйсгэж болохгүй. Харин төрийн албан дахь улстөржилтийг үгүйсгэж, алга болгох хэрэгтэй.

-Хуулийн төсөлд амьдралд нийцэхгүй ямар зүйл заалтууд тусгагдсан байна. Тодорхой хэлж өгөөч?

-УИХ-ын нэр бүхий гишүүдийн санаачилсан Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын төсөл нь долоон хэсэг, 33 бүлэг, 109 зүйлтэй байна. Энэ нь өмнөх хуулиас бүлэг, зүйлийн тоо нь 3-5 дахин нэмэгдэж маш том хууль болжээ. Зүйл заалтын тоо ихэсч хуудасны тоо олон болсноор хууль сайн болохгүй. Энэ бол амьдралаар батлагдсан үнэн. Миний байр суурь бол өмнөх хуулийнхаа суурин дээр сайжруулах, зохицуулах, өөрчлөх шаардлагатай зүйл хэсгээ тусгаад явах ёстой гэж бодож байгаа. Тухайлбал, Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлал, үндсэн зарчим, заалтуудтай хуулийн шинэчилсэн найруулгын төсөлд тусгагдсан заалт, нэр томьёо хэрхэн нийцэж байгааг сайтар шүүж нягталмаар байна. Хуулийн шинэ төсөлд тусгаснаар бол улс төрийн намын гишүүн төрийн албанд ажиллахаар бол намын гишүүнээсээ татгалзах заалт байна. Уг санаа нь зөв л дөө. Гэвч Үндсэн хуульд зарим төрлийн албан хаагчийг намын гишүүнээс түдгэлзүүлж болно л гэж байгаа. Тэрнээс татгалзана гэсэн заалт байхгүй. Мөн Төрийн албаны зөвлөлийн шийдвэрийг заавал биелүүлнэ, Шүүхэд гомдол гаргаж болохгүй гэсэн агуулга байна. Энэ нь Үндсэн хууль дахь хүний эрх, эрх чөлөө нь зөрчигдсөн тохиолдолд Шүүхэд гомдол гаргах эрхийг хөндсөн ноцтой асуудал болох нь. Ийм илэрхий бүдүүлэг, бярдсан агуулга, үзэл санааг хавчуулж болохгүй л дээ. Энэ нь ямар зорилготой юм гээд цааш ярина. Тэгээд ч Үндсэн хуулийн өөрчлөлтийн асуудлыг хөндөн ярьж байгаа өнөөдрийн цаг үед төрийн албаны тухай хуулийн шинэчлэлээ эцэг хуультайгаа сайтар уялдуулсан зохицуулалт оруулах нь чухал гэж харж байгаа.

-Төрийн албан хаагчийн шалгалт гэж том босго, шалгуур бий болсон. Энэ үнэ цэнэ хуулийн шинэ төсөлд хадгалагдаж байгаа биз дээ. Бас л өөрчлөлт орсон уу?

-Наана чинь асуудал үүсэхээр байгаа. Тухайлбал шинэ хуулийн төсөлд төрийн албаны шалгалтад хамгийн өндөр оноо авсан тав хүртэлх төрийн албан хаагчаас нэгийг нь сонгож, томилно гэж тусгасан байна. Тэгэхээр тухай албан тушаалд таван хүн өрсөлдөхөд онооны жагсаалтаар хамгийн сүүлд нь буюу тавдугаарт орсон хүнийг ч томилох боломжтой болох нь. Ер нь шалгаруулалтад орж байгаа иргэн яах гэж шалгалт өгч, оноо дүн авч, шалгуур шаардлага давж байгаа юм. Одоо бол шалгалтад хамгийн өндөр оноо авсан хүн нь томилогдож байгаа нь шударга зарчим. Хууль ингэж өөрчлөгдвөл Төрийн албаны шалгалт тэгсгээд утгаа алдах биз дээ. Хуулийг ингэж муутгаж болохгүй.

-Энэ хуулиар сургууль төгссөн залуучууд төрийн албанд орж ажиллах боломж хэр нээлттэй байгаа вэ?

-Төрийн албанд шинэ хүмүүс орж ажиллах боломж зарим талаасаа хязгаарлагдмал байхаар байна. Жилд нэг удаа шалгалт авч нөөцөд бүртгэнэ, дараа нь сул ажлын байр гарсан тохиолдолд эхлээд төрийн албанд ажиллаж байгаа хүмүүсээс уг ажлын байрыг нөхнө. Ингэсний дараа л нөөцөд байгаа хүмүүсээс дахин тусгай шалгалт авч сая дурдсан зарчмаар эхний таван хүнээс алийг нь ч сонгож мэдэхээр төсөлд тусгагдсан байна лээ. Мөн төрийн албаны нөөцөд байх хугацаа гурван жил байхаар төсөлд тусгагдсаныг ч бодолцох хэрэгтэй. Хууль бол төрийн албыг тогтвортой, чадварлаг, цомхон байлгах, төрийн албаны нэр хүндийг өргөж, хариуцлагатай ажиллуулахад зориулагдсан байдаг. Тухайлбал, тодорхой хугацааны дараа түвшин тогтоох, мэдлэг ур чадварын шалгалтыг Төрийн албаны зөвлөлөөс авдаг байх нь зөв гэж ойлгож байгаа.

-Хуулийн шинэчилсэн найруулгаар одоо байгаа Төрийн албаны зөвлөлийн ажил үүргээс зарим төрийн байгууллага хуваалцахаар тусгагдсан байна гэж сонссон?

-Төрийн албаны зөвлөлийн хараат бус байх үндсэн зарчим алдагдах агуулга бүхий заалт шинэ төсөлд байна. ЗГХЭГ нь дангаараа болон хамтран оролцоотойгоор удирдах албан тушаалын жагсаалт, нөөцийн бүртгэл, ажлын байрны тодорхойлолт гаргах нь. Тэр байтугай, төрийн албан хаагчийн мэргэжлийн сургалтын агуулга, хөтөлбөр, төрийн албан хаагчийн шалгалтын агуулга, хэлбэр болон бүр шалгалтыг нь авна гэхчилэн Төрийн албаны зөвлөлийн зуун хувь хариуцан гүйцэтгэх ажилд оролцохоор байна. Энэ нь Төрийн албаны зөвлөл үйл ажиллагаагаа УИХ-д тайлагнана гэсэн заалттай ч зөрчилдөж байгаа юм. Шулуухан хэлэхэд улстөрчид төрийн албаны томилгоонд улам гүнзгий орох нөхцөл үүснэ.

-Ингэхэд энэхүү хуулийн шинэчлэлд мэргэжлийн байгууллагуудын оролцоо, мэргэжлийн хүмүүсийн зөвлөмж, дүгнэлт хэр туссан бэ?

-Хуулийн төслийг боловсруулахдаа Мэргэжлийн байгууллага болох Төрийн албаны зөвлөл болон энэ чиглэлийн туршлага бүхий хүмүүсийг оролцуулах тал дээр хууль санаачлагчид дутуу ажилласан юм уу гэж харагдаж байгаа. Эсвэл санал авсан ч хуулийн төсөлд тусгаагүй байх. Төрийн албаны зөвлөлийн даргаар болон гишүүнээр ажиллаж байсан, төрийн байгууллагуудад ялангуяа төрийн яамд, агентлагт ажиллаж байсан онолын болон амьдралын туршлагатай олон ахмадууд байгаа. Тухайлбал, Норовсамбуу, Зүмбэрэллхам, Чадраабал, Өнөбаатар гуай нар шиг олон арван төрийн зүтгэлтнүүдийн санал бодлыг сонсож, хуульд тусгах шаардлагатай юм. Хуулийн ажлын хэсгүүдэд ч тэднийг заавал оролцуулж санал бодлыг нь авах хэрэгтэй байсан байх. Ингэж байж л үр дүн нь сайн гарч, олон жилийн настай, амьдралд хэрэгжихүйц хууль батлагдана биз дээ.

-АН-ын бүлгээс хэлэлцүүлэг хийх гэж байгаа нь ийм үзэл санаатай юм байна?

-Ерөөсөө л тийм. Манай намын бүлгээс Төрийн албаны тухай хуулийн шинэчилсэн найруулгын болон нэмэлт өөрчлөлтийн төслөөр дээрх хүмүүс болон салбар бүрийн төлөөлөл, мэргэжилтнүүд, төрийн бус байгууллагын төлөөллийг оролцуулсан олон нийтийн хэлэлцүүлэг явуулахаар төлөвлөж байна.

-Ингэхэд Төрийн албаны зөвлөлийн гишүүдийн ажиллах хугацааны тухайд та ямар бодолтой байгаа вэ?

-Төрийн албаны зөвлөлийн гишүүний тоо, ажиллах хугацааг дахин сайтар нягталмаар юм билээ. Одоо бол орон тооны гурав, орон тооны бус дөрөв, нийт долоон гишүүнтэй ажиллаж байгаа. Гэтэл шинэ хуулийн төсөлд тусгагдсанаар ердөө гурван гишүүнтэй ажиллахаар байна. Энэ нь тус зөвлөлийн тогтвортой, хараат бус ажиллах боломжид сөргөөр нөлөөлөхүйц заалт. Харин ч төрийн албаны зөвлөлийн гишүүдийн тоог нэмэх ёстой. Гурван гишүүнтэй байх нь хамтын шийдвэр гаргахад нөлөөлнө. Хүний амьдрал баян болохоор янз бүрийн шалтгаанаар нэг гишүүн нь л байхгүй байхад шийдвэр гаргах боломжгүй болохоор байгаа юм. Мөн Төрийн албаны зөвлөлийн гишүүнийг хугацаагүйгээр томилохоор байгаа нь хэдийд ч чөлөөлөх, өөрчлөх боломжийг олгохоор байна. Үүний оронд харин эсрэгээрээ тодорхой хугацаатай томилдог, ажлын үр дүнг нь харгалзан улируулан ажиллуулах эсэхийг шийддэг байхаар хуульд тусгах нь зөв л дөө.

-Өнөөдөр төрийн албан дахь халаа сэлгээ замаа алдаж байх шиг байна. Энэ хуулийг эрх баригчид өөрсдөдөө зориулсан гэж зарим судлаачид үзэж байгаа юм билээ?

-Улс төрийн сонгууль бүрийн дараа төрийн албан хаагчийг орон тооны бүтэц зохион байгуулалт нэрээр ажлаас нь ямар нэг аргаар халах, чөлөөлөх үйл ажиллагаа явагдаж байна. Энэ удаагийн Их хурлын сонгуулийн дараа 23 мянга гаруй төрийн албан хаагч төрийн албанаас халагдсан, чөлөөлөгдсөн тухай Төрийн албаны зөвлөлийн тайланд дурдагдсан байна лээ. Тодорхой хэсэг нь хуулийн дагуу тэтгэвэрт гарсан байх. Харин дийлэнх нь намын харъяаллаар ажлаас чөлөөлөгдсөн нь бодит үнэн. Үүнийг худлаа гэж хэлэх хүн байхгүй. Өнөөдөр эрх барьж байгаа нам нь өөрсдийнхөө эрх ашигт илүү нийцүүлсэн нэг хууль гаргана. Маргааш нөгөө нам нь та нар өөрсдөдөө тохируулж хийсэн гээд дахин өөрчилнө. Ийм байхаар Төрийн албаны тогтвортой байдал, улс төрөөс хараат бус байх зарчим алдагдсаар л байна. Тэгэхээр энэ хуулийг олуулаа олон талаас нь ярьж, олон жилийн настай хууль баталмаар байна. Хуулийг хэтэрхий яарч өөрчлөн батлах гээд хэрэггүй. Бушуу туулай борвиндоо баастай гэдэг шиг хэтэрхий гоомой хууль гарчих вий гэдэг болгоомжлол үндсэндээ аль аль талдаа байгаа гэдэгт эргэлзэхгүй байна. Миний зүгээс ингэж л харж байгаа. Тэрнээс “Тогтохсүрээн, чи ингэхгүй шүү” гээд дайрах шалтгаан хэнд ч байхгүй шүү дээ.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Бээжингээс ямар “бараа дарж” ирнэ гэж бид хүлээх ёстой вэ

“Өдрийн сонин”-ы 2017.05.12-ны Баасан гаригийн №107 (5674) дугаараас авч нийтлэв

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат өнөөдрөөс эхлэн 15-ныг хүртэл анх удаа БНХАУ-д албан ёсны айлчлал хийнэ. Бээжин хотноо болох “Бүс ба зам” Олон улсын хамтын ажиллагааны дээд түвшний чуулга уулзалтад оролцох юм. Айлчлалынхаа үеэр Хятадын дарга Си Жиньпинд бараалхана. Мөн тус улсын Ерөнхий сайд Ли Көцянтай хэлэлцээ хийх тухай айлчлалын албан ёсны хөтөлбөрт дурджээ.

Өнгөрсөн өвөл Монголд зочилсон Далай ламын айлчлалаас болж урд хөрштэй харилцаа хүйтэрсэн үед Ерөнхий сайд айлчилж байгаа нь онцлох асуудал мөн. Урд хөршийн удирдагчид Монголын Ерөнхий сайдад хэрхэн хандах бол гэдгийг гадны хөрөнгө оруулагчид, олон улсын судлаачид анзаарч байгаа нь тодорхой. Хамгийн ойрын хөрш Монголдоо хятадууд юу өгөхнөв, ямар боломж олгохнов гэж дэлхий харж байгаа гэдгийг хэлэх байна. Дэлхийн хэмжээний эрдэс баялгийн нөөцтэй Монголын их хээр тал, говь манхныг, дэргэд нь байгаа дэлхийн хоёр дахь том эдийн засаг, зах зээлийг дэлхийн улс орнууд үргэлж харж анзаарч байлгүй яах юм бэ. Тэр дундаа Ерөнхий сайдынх нь айлчлалыг. Монголдоо царай өгөөгүй байж бидэнд юм өгөх үү гэсэн утгатай нийтлэлүүд барууны хэвлэлүүдэд гарч байсан юм шүү дээ.

Монголын Ерөнхий сайдын айлчлах цаг хугацаа өнөөдөр яг мөн. Дэлхийн бүх улс Хятадад бараагаа зарах гээд уралдаж байна. Орос хаа байсан Кузбассын нүүрсийг төмөр замаараа тээвэрлээд Хятадад өгч эхэллээ. Орос Хятадын хил дээр нарийн төмөр зам тавьчихсан нүүрс нь чанарын өндөр түвшинд, үнэ нь хямд байна. Дээр нь Далай ламын айлчлалын түвэг бэрхшээл хэвээрээ байна. Ийм хүнд цаг үед Ж.Эрдэнэбат элгээ тэврээд эх орондоо суугаад байж болохгүй. Очъё, оролцъё, уулзъя, ойлголцъё, болохоосоо болохгүйг нь хүртэл явъя гэсэн бодол нөхөрт байх шиг байна. Энэ бол их сайн чанар. Миний ойлгож байгаагаар Ерөнхий сайдыг УИХ-ын дарга М.Энхболдын aйлчлалын хүрээнд яригдсан хоёр хүртэл хувийн хүүтэй, 20-иос дээш жилийн хугацаатай 4.2 тэрбум ам.долларын хөгжлийн зээлийн асуудлыг шийдэхээр явж байна гэж бодохгүй байгаа. Айлчлалын гол бодлого, зорилго энэ биш байх. Тэрбээр урд хөршид байх 48 цагийн хугацаандаа Монголоос зарагддаг уул уурхайн бүтээгдэхүүнээ өндөрхөн үнээр зарах, том төслүүдээ хөдөлгөх тухай л ярилцах болов уу. Ер нь бол Олон улсын валютын сангийн өргөтгөсөн хөтөлбөрт Монгол хамрагдах нь тодорхой. Монгол Улс бүх нөхцөлийг нь хүлээн авсан болохоор эргэлзэх хэрэггүй юм. Тэгэхээр 5.5 тэрбум доллар Монголд орж ирнэ гэсэн үг. Энэ мөнгө бол манайд хангалттай. Хангалттай өр зээл гэж ч болно. Н.Алтанхуягийн Засгийн газар 1.5 тэрбум доллараар Монголын эдийн засгийг боломжийн хөдөлгөсөн. 5.5 тэрбум доллараар хэд дахин илүү хөдөлгөнө биз дээ. Ийм байхад Хятадаас 4.2 тэрбум долларын зээл нэмж авахгүй л дээ. Тэнэг л хүмүүс төрийн толгойд суучихаагүй бол. Тийм болохоор Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын ямар “бараа дарж” ирэх нь их сонин байгаа юм. Эхний удаад тэрээр нүүрсээ, төмрийн хүдрээ урд хөршийн зах зээлд боломжийн үнээр зарах асуудлыг шийдэх байх. Удаад нь урд хөрш рүү цахилгаан экспортлох алхмыг хийх байх. Яагаад гэвэл хятадууд нүүрснээс илүүтэй эрчим хүч дээр илүү эрх ашгийн сонирхолтой байгаа нь сүүлийн үед их мэдрэгдэх болсон. Үндсэндээ бол энэ бүх асуудал 2010 оноос хойш гацалтын байдалд орсон шүү дээ. М.Энхсайханы сүүлд барьж, хэрэгжүүлэх гэж оролдож байсан эрдэс баялаг, эрчим хүч дээр барьж байсан бодлого тун сайн санагддаг. Үүнийг л Ж.Эрдэнэбатын Засгийн газар улам сайжруулаад явбал бэлэн загвар юм.

Энэ бүгд дээр нэмж Монголын эрх ашигт нийцсэн нэг том асуудал байгаа нь БНХАУ-ын Засгийн газрын “Нэг бүс нэг зам” санаачилга юм. “Нэг бүс нэг зам” нь авто зам, төмөр зам болон далайн тээврийн чиглэлд хөрөнгө оруулснаар Ази-Европ тивийг худалдааны дэд бүтцээр холбох үндсэн үзэл санаа, зорилготой юм. Нөгөө талаас “Нэг бүс-Нэг зам”-ыг дэлхийн эрх мэдлийн хүчийг өөрчилж, шинэ стандарт журамлалтыг авчрах гэсэн Бээжингийн оролдлого гэж үзэх судлаачид ч бий. Уг санаачилга Хятадын компаниудыг гадаад зах зээл дээр улам хүчирхэгжих, Хятадын үндэсний мөнгөн тэмдэгтийн үнэ цэнийг улам өргөтгөх зорилготой гэж үзэж байгаа. Ямар нь ч байсан монголчуудад хамаагүй. Бид тэдний бодлогод өчүүхэн ч нөлөө үзүүлж чадахгүйгээс хойш. Зүгээр л энэхүү “Бүс ба зам” гэсэн аварга төсөлд ямар сэжмээр холбогдож, ямар ашиг авах вэ гэдэг л чухал. Ийм цаг үед бид мөрөөрөө, ухаалаг байх ёстой. Өнөөдөр Монголын ард түмний амьдралд Далай лам чухал уу, долоон тэрбум доллар чухал уу гэдгийг эрүүл саруул оюун ухаанаар харах ёстой.

Хятадын Засгийн газраас гаргасан төсөл хэрэгжүүлэх маршрутыг харвал энэ их бүтээн байгуулалт Монгол Улсыг тойрон өрнөхөөр ч байгаа юм шиг. Гэсэн ч Монгол-Орос-Хятад гурван улсыг холбосон эдийн засгийн коридор бий болгохоор ярьж байгаа нь энэхүү том төсөлтэй холбогдох шижим гэж болно. Гурван улсыг холбосон эдийн засгийн коридор байгуулах яриа хэлэлцээ сүүлийн хоёр жил буюу 2014, 2015 онд зохиогдсон Монгол-Орос-Хятад гурван улсын төрийн тэргүүн нарын уулзалтын болон хоёр улсын хоорондох өндөр дээд хэмжээний айлчлалын үеэр яригддаг гол сэдвийн нэг болоод байгаа.

Гурван улсыг холбосон эдийн засгийн коридор байгуулах нь мөнхийн хөрш манай гурвын аль алины эрх ашигт нийцэж буйг л Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат ярих ёстой. Том харж, том ярьж, харилцан ашигтайг нь хувь, хувьсгалын яриа хөөрөөгөөр ойлгуулж байж л бид энэхүү эдийн засгийн коридорт орно. Ерөнхий сайд маань ОХУ, БНХАУ, Монгол гурван улсын хувьд харьцангуй буурай хөгжилтэй, дэд бүтцийг хөгжүүлэх шаардлагатай, зах хязгаар бүс нутгууд маань энэхүү эдийн засгийн коридорт хамрагдах юм байна гэдгийг эхнээс нь ач холбогдол өгч, цаг алдалгүй ярилцаж баймаар байгаа юм. Тухайлбал, БНХАУ-ын хувьд Өмнөд Монголыг хөгжүүлэх стратегийн ач холбогдолтой гэж үзэж буйгаа албан ёсоор мэдэгдчихсэн байгаа. ОХУ-ын хувьд дэлхийн байгалийн баялгийн 25 хувийг агуулж байдаг Сибир нь хөгжлийн хамгийн буурай хязгаар байсаар байгааг бас ярьсаар байгаа. Энэхүү “Бүс ба зам” төсөлд эдийн засгийн зургаан том коридор байгуулахаар байгаагийн нэг нь Хятад-Монгол-Оросыг холбосон төмөр зам, авто замын коридор байгаа юм. Энэхүү коридор дотор бидний төдийлөн анзаарахгүй байгаа, эсвэл анзаарахыг хүсэхгүй байгаа нэг боломж бий. Тэр нь Лондон-Хятадыг холбосон төмөр замын транзит байна. Манай улсын урд хилийн цаахнуур явчихаж байгаа. Энэхүү Европтой Хятадыг холбосон төмөр зам нь Замын-Үүдээс ердөө 400 км-ийн зайд байгаа (ерөнхий зургийг харна уу). Монгол Улсын Ерөнхий сайдын хувьд энэхүү 400-хан км-т байгаа Бээжин-Лондонгийн төмөр замтай холбогдох асуудлыг анхаарлынхаа төвд аваасай. “Өдрийн сонин” энэ асуудлаар урьд нь бичиж байсан. Цаашид ч бичих болно. Биднээс хол сонсогдох Европ тив рүү Замын-Үүдийнхээ вокзал дээрээс суугаад 400 км яваад л Лондон хүрэх олон улсын төмөр замын сүлжээнд орчихно гэсэн үг. Бид нэг их том төсөл, том мөнгө ярьж сүржигнэлгүй ердөө 400-хан км-ийн дэд бүтцийн асуудлыг шийдээд л эдийн засгийн ийм том интеграцид нэгдлээ гэсэн үг. Ингэж чадах юм бол Монгол их олон улс оронтой айлсан буулаа гэсэн үг. Хятадаас гадна 50 улс уг “Бүс болон зам”-д багтаж байгаа юм. Азид гэхэд Филиппин, Вьетнам, Камбож, Тайланд, Малайз, Сингапур, Бруней, Индонези, Мьянмар, Непал, Бангладеш, Энэтхэг, Пакистан, Шри-Ланк, Монгол, Молдав, Казахстан, Киргизстан, Тажикстан, Узбекстан, Иран, Кувейт, Бахрейн, АНЭУ, Катар, Саудын Араб, Израйль, Хонгконг, Тайвань багтах бол Европын цөөнгүй орнууд орж байгаа. Африкаас гэхэд л Кени, Судан, Египет… гээд нэлээн улс орнууд энэхүү “Нэг бүс-Нэг зам”-д нэгдэх юм.

Одоо болох “Бүс ба зам” дээд түвшний чуулга уулзалтад дэлхийн 28 орны төр, засгийн тэргүүн, НҮБ, Дэлхийн банк, ОУВС зэрэг олон улсын байгууллагын удирдлага урилгаар оролцож байгаа юм билээ. Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат дээд түвшний дугуй ширээний уулзалтад оролцож, “Түншлэлийн төлөө бодлогоо уялдуулах нь”, “Хөгжлийн төлөө дэд бүтцийн хамтын ажиллагааг хөгжүүлэх нь” сэдвээр үг хэлэх юм гэсэн. Мөн тус чуулга уулзалтад оролцож буй зарим орны төр, засгийн тэргүүнтэй хоёр талын уулзалт хийхээр төлөвлөжээ. Гадаад харилцааны сайд Ц.Мөнх-Оргилын ярьснаар бол айлчлалын үеэр 20 гаруй баримт бичигт гарын үсэг зурна. Төмөр замын коридор байгуулах, урд хойд хил дээр барих төмөр замын барилгын ажлыг эхлүүлэх талаар шийдвэр гаргах. “Бүс ба зам” санаачилгад албан ёсоор нэгдэх талаар ч багтаж байгаа” гэсэн нь их л зөв сонсогдож байна.

Тэгэхээр Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатын айлчлалаас монголчууд хожих ёстой. Дэлхийн хамгийн хүчирхэг эдийн засагтай хөрш орныхоо дэмжлэгийг авч, зөв бодлогоор ашиглаж, эдийн засгийн хүндрэлээ даван туулах нь чухал байгаа учраас нэн тэргүүнд Хятадтай хамтран хэрэгжүүлж эхэлсэн ч гацаанд орсон томоохон төслүүдээ хөдөлгөж, Таван толгойгоо эргэлтэд оруулан, ажлын байраа нэмэгдүүлж, эдийн засгийг сэргээнэ л гэж харж байна. Эдийн засаг сэргэнэ гэдэг бол угтаа өрхийн эдийн засаг сэргэхийг л хэлнэ. Тийм болохоор захын нэг наймаачин хүртэл Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат Бээжингээс ямар “бараа дарж” ирэх бол хэмээн ярьж, харж, хүлээж сууна даа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Э.Бат-Үүлийн санаачилсан Хэвлэлийн эрх чөлөөний хуулийг давах гэсэн оролдлого бүр балардаг

Э.Бат-Үүлийн санаачлан батлуулсан 1998 оноос мөрдөгдөж буй Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хууль

Сонгуулиар аль нэг нам ялж гарч ирэх бүртээ Монголын хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийг дарамтлах гэж оролддог. Энэ нь юунаас эхтэй вэ гэхээр эрх баригчид хэвлэл мэдээллийг үл тоомсорлодогоос үүдэлтэй. Шинэ парламент бүрдээд удаагүй байна. Шинэ тутам эрх баригчдын бяр нь амтагддаг үе. Дургүйг нь хүргэсэн бүхнийг хууль гаргаад л дарна гэсэн бодолтой. Дээр нь хонзон гэхэд хаашаа юм, гэхдээ хэвлэл мэдээллээр бичүүлээгүй улстөрч байхгүй учраас тэд бүгдээр хэвлэл мэдээллийн байгууллагад сөрөг хандлагатай. Бас улстөрч бүхэн хэвлэл мэдээллийн ачаар нийгэмд танигдсан байдаг учраас ямар хүчтэй вэ гэдгийг мэддэг. Мэддэг учраас улстөрч бүхэн ямар нэг хэмжээгээр айдастай байдаг. Ийм учраас л УИХ-ын гишүүд шинэ хууль батлаад тэднийг дор нь атгаад авна гэсэн бодолтой байдаг юм аа.

Тэртээх 2000 онд үнэмлэхүй олонхи болсон МАН /тухайн үеийн МАХН/-ынхан үнэмлэхүй олонхи буюу 71-үүлээ байхдаа, Садар самуунтай тэмцэх нэрээр хууль гаргаж хэвлэл мэдээллийг хааж байсан юм. Тэгээд хэвлэл мэдээллийн байгууллагууд нийтээрээ тэмцэл өрнүүлсэн. Ер нь амьдралгүй хууль гэдэг амьдралд хэрэгждэг ч үгүй юм билээ. Тэр хуулийн зүйл заалтыг хэвлэл мэдээллийн байгууллагууд дагаагүй, тэгсгээд хөөрхий тэр хууль “нүд аньсан”-даа.

Тэр явдлаас хойш УИХ-д хүчний харьцаа тэнцүүхэн явсаар 2012 он болоход АН арай олонхи болсон билээ. Ардчиллынхан олонх болсон парламентад тус намд шинээр элссэн гэх М.Батчимэг нарын гишүүд гарч ирж Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний хуулийг шинээр санаачлаад бужигнуулж эхэлсэн. Энэ хууль бүр ч аюултай. Хэвлэл мэдээллийн байгууллагад хөрөнгө оруулсан эздийг нь ойртуулж огт болохгүй гэсэн үзэл санаатай. Хамаг хөрөнгө мөнгөө тийш нь оруулсан хүн хамар даваан дээрээс “Юу болж байна” гэж дурандаж суухыг тулгасан, дэлхийн хаана ч байхгүй тийм хуулийн төсөл байсан юм. М.Батчимэгийн хуулийг чуулганаар хэлэлцэж эхэллээ, С.Дэмбэрэл гишүүн шиг санагдана, “Энэ муусайн сэтгүүлчдэд буруу байхгүй, эзэд нь л ард нь турхираад байдаг юм…” гэхчилэн гишүүд эхнээсээ саналаа хэлээд эхэлтэл Их хурлын дарга З.Энхболд “Энэ ерөөсөө хэлэлцэх шаардлагагүй хууль байна” гээд шууд хуулийг буцаан татаж байлаа.

Хэвлэл мэдээллийн байгууллага руу хуулиар далайлган дайрдаг энэ түүх өнөөдөр дахиад л давтагдаж байна. Өнөөдөр МАН үнэмлэхүй олонхи байна. Эдгээр 65 нөхөр Эрүүгийн хуулиасаа аймаар Зөрчлийн хууль гаргаж анхны хэлэлцүүлэг нь өнөөдөр ид явж байна. Монголын сэтгүүл зүйг шууд хөмрөх Зөрчлийн хууль дахь “…facebook, twitter болон хэвлэл мэдээллийн хэрэгслээр гүтгэсэн тохиолдолд хувь хүнийг 10 сая, ААН-ийг 100 сая төгрөгөөр торгох” заалтын эсрэг хэвлэл мэдээллийнхэн бүгд хөдөлж байх шиг байна. Монгол Улсын Ерөнхийлөгч ч санаа тавьж байгаа бололтой. Парламентын түүхэн дэх хэвлэл мэдээлэл рүү чиглэсэн хууль бүхэн чөлөөт хэвлэлийг боомилох гэсэн үзэл санаатай байдаг. Ер нь Монголын сэтгүүл зүй хуульгүй салбар юм уу, үгүй ээ хуультай. Э.Бат-Үүлийн санаачлан УИХ-аар 1998 онд батлуулсан дөрвөн заалт бүхий Хэвлэл, мэдээллийн эрх чөлөөний тухай хууль байна. Энэ хууль бол Монголын хэвлэл мэдээллийн Үндсэн хууль. Тус хуулийн хоёрдугаар заалтын шууд утга нь “Хэвлэл мэдээллийн байгууллагын эсрэг хууль гаргахыг хориглоно” л гэсэн утгатай. Нэг үгээр бол тус хуульд аливаа хэлбэрийн цензурыг хуулиар хориглосон байдаг. Эдийн засгийн болон улс төрийн цагдан хяналт байж болохгүй л гэсэн үг. “Үнийн дүн заасан торгууль шийтгэлийг хуульд суулгаж өгнө гэдэг нь эдийн засгийн цензур хэрэгжиж байна гэсэн үг” хэмээн МСНЭ-ийн ерөнхийлөгч Б.Галаарид хэлсэн байна лээ. Тэгэхээр өнөөдөр Монголын сэтгүүл зүйн дагаж мөрдөж байгаа суурь хуулийг зөрчсөн хуулийг батлах гээд ажиллаж байгаа УИХ-д ардчиллын үнэр ч байхгүй байна гэсэн үг. УИХ-ын гишүүн Л.Оюун-Эрдэнэ ч хэлсэн байна лээ. “Ардчилал бол иргэний нийгэм. Иргэний нийгэм бол чөлөөт хэвлэл. Чөлөөт хэвлэл рүү бид хуулиар далайлган дайрч болохгүй” гэж.

Энд ганц хэвлэл мэдээллийн байгууллагыг 100 саяын цаазын тавцанд аваачсан тухай яриад байгаа юм биш. Нийгмийн сэтгэл зүйн хамгийн чөлөөт ертөнц болсон facebook, twitter-ийн тухай чухалчлан ярьж байна. Жиргээчид та бүхэн 10 саяар торгуулна. Энэ бол ард түмний индэр. Ард түмэн юу ярих нь тэдний л эрх чөлөө. Тэгэхээр сошиалынхан хэвлэл мэдээллийнхэнтэй нэгдэж тэмцэхийг цаг үе шаардаж байна.

Хүнийг гүтгэж огт болохгүй. Нэр төр бол хувь хүний нандин эрх чөлөө байдаг. Гэхдээ бас энэ дэлхийн хаана ч хүний нэр хүндийг төрийн нэрээр хамгаалах боломжгүй байдаг. Нийгмийг зөвхөн хуулиар удирддаггүй гэдгийг л өнөөдрийн парламентчид сайн ойлгох хэрэгтэй. Яахав, та өнөөдөр бяр чинь амтагдаж болно. Алх барьсан хүнд юм бүхэн хадаас шиг харагддаг үе дээрээ явж байж болно. Гэхдээ ямар ч нийгэмд хэвлэл мэдээллийн хэрэгсэл нь цохиод оруулдаг хадаас биш гэдгийг сана. Гүтгэвэл 10-100 сая төгрөгөөр торгоод амьтан болгочихъё гэж байгаа тэрхүү компанийн захирал эмэгтэй бээр үүнийг санаачилж байна гэдэг маань маш их хүсч байна гэсэн үг. Маш их хүсч байна гэдэг нь маш их хорсол, гоморхлын илэрхийлэл гэсэн логик. Үүнийг ойлгож болох хэдий ч өнөөдөр та компанийн захирал биш, монгол төрийн түшээ шүү дээ. Үүнийгээ л сайн ойлгох хэрэгтэй. Хэрэвзээ өнөөдрийн төр түшилцэж байгаа нөхөд хувь хорсол гомдлоо хууль баталж, түүгээрээ далайлган тайлах гэж байгаа бол улстөрчийнхөө хувьд тэгээд л сөнөнө. Ялангуяа хэвлэл мэдээллийн байгууллага руу хандсан сөрөг хууль дээр хэлгүй, дүлий хүн шиг байсан нь зөв. Басамжилсан мэт боловч улстөрчийн замналаар явж буй хүн хүлээж авахаас өөр аргагүй хамгийн үнэн үг бол энэ. Бод л доо, “Чи гишүүн муулдаг” гээд парламентын үнэмлэх хураадаг хууль гарчихвал Монголын сэтгүүлчдийг бүгдийг шоронд хийж, Монголын хэвлэл мэдээллийн бүх байгууллагыг дампууруулна. Ийм байдалд орохгүйн төлөө Монголын бүх хэвлэл мэдээлэл хөдөлнө. Юу болох уу. Хамгийн аймаар нь ингэж тэмцэхгүй бол Монголын чөлөөт хэвлэл устана. Чөлөөт хэвлэлгүй ардчилсан нийгэм гэж өнөөдрийн дэлхийд сонссон хүн байна уу. Ардчилсан нийгмийн ганц үнэт зүйл бол чөлөөт хэвлэл. Чөлөөт хэвлэлийг, сэтгүүлчдийг хүмүүс зүхдэг ч тэд байхгүй бол … гэж бодож үзсэн хүн байна уу. Бурхны авралаар байгаа бол тэр хүн бодлоосоо айх шиг болох байх.

Энд гэхдээ нэг зүйлийг хэлэх ёстой. Парламентын 76 гишүүн бүгдээрээ нийлж суугаад “Биднийг гүтгэсэн хүнийг 10 саяар, харин хэвлэл мэдээллийн хэрэгслийг 100 саяар торгодог хууль гаргачихъя” гэж үгсээгүй байх. Яагаад гэвэл УИХ-ын гишүүн Д.Сарангэрэл “Бид нэг дуугаар торгуулийг өсгөхөөр ажилласан гэж бодохгүй байна. Дөрөв, таван гишүүн төгөлдөр хуур дарсан, бусад нь мэдээ ч үгүй шүү” гэж хэлнэ лээ. Тэгэхээр Ц.Гарамжавын хар хуулийг ингээд орхиж болохгүй, нийгмээрээ нэг сайн бодож үзэх ёстой. Гүтгэсэн бол 100 сая гэдэг нь шууд төрийн дарангуйлал мөн. Иргэн Дорж та ч санаандгүй хэлсэн үгнээсээ болж энэ дарамтанд, шоронд орж болно. Ганц хэвлэл мэдээлэл, сэтгүүлчдэд хамаатай юм биш. Хүн бүрт хамаатай 100 сая.

Өнөөдрийн засаглагчдад хэлье. Монголын хэвлэл мэдээллийн салбарыг, Монголын чөлөөт хэвлэлийг тайван орхи. Зарим салбарт шинэ хууль гаргаад улам сайжирдаг. Харин зарим нь улам муужирдаг. Тэрхүү муужирдаг, муугаар тусдаг салбар бол Монголын хэвлэл мэдээлэл, чөлөөт хэвлэлийн салбар. 1998 онд Э.Бат-Үүлийн санаачлан батлуулсан Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулийг давж хийх гэсэн хуулийн оролдлого бүр балардаг гэдгийг ойрын 17 жилийн түүх харуулдаг юм.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Хамгийн чухал үгийг Гималай давж хэлдэг нь ямар учиртай юм бэ

УИХ-ын дарга М.Энхболд Олон улсын парламентын холбооны ассамблейн 136 дугаар чуулганд Гималайн нуруу давж очин оролцлоо. Тэрбээр тэнд ингэж ярилаа. “…Тогтвортой хөгжлийн зорилтуудыг хэрэгжүүлэхэд бодлогын тогтвортой байдал юу юунаас чухал билээ. Тиймээс Монгол Улсын парламент 2015 онд Хөгжлийн бодлого, төлөвлөлтийн тухай хууль, 2016 онд “Монгол Улсын Тогтвортой хөгжлийн үзэл баримтлал 2030” бодлогын баримт бичгийг баталсан. Бид эдгээр баримт бичигт ядуурлын бүх төрлийг эцэс болгох, хөдөлмөр эрхлэлтийг дэмжиж, ажилгүйдлийн түвшинг бууруулах зорилт дэвшүүлсэн. Манай улс Мянганы хөгжлийн зорилтуудыг амжилттай хэрэгжүүлж, 38.7 хувьтай байсан ядуурлын түвшинг 21.6 хүртэл бууруулсан. Улмаар 2020 онд 18 хувьд, 2025 онд нэг оронтой тоонд хүргэж, 2030 онд ядуурлыг эцэс болгох томоохон зорилт дэвшүүлсэн юм. Ядуурлыг эцэс болгоход бичил, жижиг, дунд бизнесийг бодлогоор дэмжих нь ихээхэн чухал тул жилийн борлуулалтын орлого нь 1.5 тэрбум төгрөгөөс ихгүй, зарим төрлийн үйлдвэрлэл эрхлэгчдийн албан татварыг 1.0 хувь болгох хуулийг саяхан гаргасан. Жижиг, дунд үйлдвэрийн зориулалт бүхий тоног төхөөрөмж, сэлбэг хэрэгслийг 2018 он хүртэл гаалийн албан татвараас чөлөөлөхөөр шийдвэрлэлээ. 2030 он гэхэд манай улсад орлогын тэгш бус байдал дорвитой багасч, нийт хүн амын 80 хувь нь дундаж болон чинээлэг дундаж давхаргын ангилалд орно…” гэж.

М.Энхболд даргын Гималайн нурууны өвөр бэл дэх Бангладешийн Дака хотод энэ сарын 2-ны өдөр хэлсэн энэ үг чихэнд үнэхээр чимэгтэй мэдээ юм. Энэхүү чихэнд наалдацтай үгийг Монголын ард түмэн эхлээд эх орондоо яагаад сонссонгүй вэ гэх гайхшрал бас төрлөө. Ямартай ч УИХ-ын даргын зүгээс “Монголын нийт хүн амын 80 хувь нь 2030 он гэхэд дундаж давхаргад шилжсэн байна” гэсэн тодорхой үр дүнг, цаг хугацаатай нь хэллээ.

Үнэндээ өнөөдөр нийгмийн тэгш бус байдал, орлогын тэгш бус хуваарилалт, цөөн хэдэн хөрөнгөтэй хүний зах хязгааргүй бизнесийн тэлэлт, иргэдийн бухимдал, дундаж давхарга улам багассаар байгаа байдал нь энэ үгийг сэртэс сортосхийн хүлээж авахад хүргэлээ. “Өдрийн сонин” сүүлийн үед нийгмийн дундаж давхаргын төлөө нийтлэлийн бодлогоо онцгой хандуулах болсон. Сая гэхэд “Монголын дундаж давхаргыг манай 200-гаадхан олигархи хувааж идсэн” нэртэй нийтлэл гарч шуугиан тарьсан байгаа. Энэ сэдвээр цаашид ч томоохон нийтлэлүүд манай сонинд бичигдэх болно. Монголын хөрөнгө чинээтэй 200 гаруй гэр бүл бүх зах зээлийг хамж, бизнесийн бүх орон зайг эзэлж, өөрсдийн хяналтдаа оруулж байгаа нь дундаж давхаргыг устгаж байгаа юм. Шулуухан хэлэхэд Монголын нийгмийн дундаж давхаргыг тэд багалзуурдаж, хөгжлийг нь зогсоож байна.

Ингээд Монголын бүх бизнесийг тоотой хэдэн баячуул авлаа. Гэхдээ бид тэдний хөрөнгө чинээг тоолоогүй. Бизнесийнх нь нэр төрд огтхон ч халдаагүй, халдах ч үгүй. Гагцхүү бизнес эрхэлж буй салбартаа л эзэн шиг эзэн байгаачээ гэж байгаа юм. Тэгээд бусад орон зайг жижиг дунд бизнес эрхлэгчдэдээ өг гэсэн үзэл санаа юм. Та нарыг дагаж, та нарын бий болгож өгсөн бусад орон зайд чинь дунджууд аж ахуйгаа өөд нь татаж, амьдрал ахуйгаа дээшлүүлэх тэр боломжийг, тийм чөлөөт зах зээлийн соёлыг 200 гэр бүлээс хүсч байгаа юм. Дэлхийн жишиг өөрөө тийм байна. Тэрнээс Өмнөговийн нүүрсний уурхайгаас олсон хангалттай ашгаараа нүүрс угаах, боловсруулах үйлдвэрээ барьж, дэд бүтэцдээ хөрөнгө оруулах байтал ашгаа хотод авчирч зочид буудал ажиллуулж байгаа хүмүүстэй бизнесийг нь булаацалдах ямар хэрэг байгаа юм бэ. Ядаж нүүрсний хий ашиглах төсөлд хөрөнгө оруулаач, түүхий эд нь хангалттай байгаа юм чинь Азидаа өрсөлдөөч, дэлхийд гараач. Том сэтгэж, том хөдлөөч. Барилгын бизнес эрхэлж байгаа бол түүнээ дагна. Барьсан орон сууцныхаа хороолол доторх дэлгүүрийг, сургуулийг, цэцэрлэгийг бусдад өг. “Эмийн санг бусдад өгмөөргүй байна, эхнэрийнхээ дүүд хариуцуулдаг юм бил үү” гээд зогсож байгаа барилгын том компанийн захирлыг хараад хэлэх үг олдохгүй юм байна шүү дээ. Хяналтын камерын чиглэлээр Германд дажгүй сайн мэргэшиж, стандартыг нь мэдээд ирсэн хоёр залууг мэдэх юм. Одоогоос арван жилийн өмнө тэд эх орондоо ирж томоохон байгууллагууд, гудамж талбайг камержуулах ажлыг эхлүүлсэн. Бизнес нь ч өргөжсөн. Тендерт тэднийхтэй өрсөлдөх компани цөөн байсан. Тэд олсон ашгаараа Европын орнуудаас илүү чанартай, сүүлийн үеийн технологийг оруулж ирэх болсон.

Тэр бүү хэл Германы нэг үйлдвэрээр Монголын хүйтний нөхцөлд тохируулсан камерыг захиалан хийлгэж, гялалзуулж байтал нэг өглөө босоод ирэх нь ээ манай нэг нэр хүнд бүхий том компанийн зүгээс камержуулалтын шинэ компани байгуулан хөрөнгө мөнгө, төр засаг дахь нөлөөгөөрөө түрий барин бүх тендерийг нь булааж авсан юм. Гуч гаруй охин компанитай тэр нөхөр амьдрахын төлөө алс холоос нутгаа зориод зүтгэж ирсэн тэр хоёр залуугийн бизнесийг алгасаад явчихаж болно доо. Монгол хүнд байдаг хомхой зан гэж энэ. Манай 200 гаруй гэр бүл өнөөдөр үнэхээр ёозгүй байна. Юм бүгдийг хамж байна. Тэдэнтэй бусад монголчууд нь өрсөлдөх чадваргүй юм. Нэг уул ухаж, нэг жалгыг хүрздэж баяжсан хэдэн хүн Монголын бүх салбарыг худалдаж аваад дунджуудыг сөнөөж байгаад л өнөөдрийн эмгэнэл оршиж байна шүү дээ.

Жишээ нь, сая хөдөлмөрийн баатар болсон Л.Чинбатын “Гачуурт” компани байна. Алт олборлодог компани. Алтнаас олсон асар их мөнгөөрөө Монголын ХАА, газар тариаланг эзэлж авсан. Дараа нь зочид буудал руу орсон. Одоо хэвлэл мэдээллийг ид эзлэн түрэмгийлж байна. Төр үүнийг нь өндрөөр үнэллээ. Түүний байгуулсан “Монгол HD” телевиз өнөөдөр хүсвэл Монголын бүх телевизийг дампууруулж чадна. Учир нь түүний ард асар их мөнгө авчирдаг алтны уурхайнууд нь ажилласаар байгаа. Тэр дэлхийн хэмжээний контентуудыг хэдэн тэрбумаар нь худалдан авчирч телевизээрээ цацаж байна. Бусад телевизүүд яаж өрсөлдөх юм бэ. Телевизийн гайгүй гэж байгаа хамаг боловсон хүчинг тэд бас хамна. Тэр бүү хэл “Монгол телевиз” гэсэн нэрийг хүртэл авчихсан байна шүү дээ. Тус телевизийн уран бүтээлийг харахад хилийн цаанаас хэдэн тэрбумаар авчирсан ганц нэг нэвтрүүлэг, киноноос өөр мэргэжлийн түвшний сайн уран бүтээл гэх юм байхгүй. Алт, уул уурхайгаас асар их ашиг олж, түүгээрээ нийгмийн бусад салбарт утгаар нь монополдоно гэдэг энэ.

Бүх салбарт ийм байдал хэрээс хэтэрлээ. Сүүлдээ хэний хаанахын мөнгө, хаанаас орж гарч байгааг ч мэдэхээ байлаа. Мөнгө хэрхэн угааж байгаа нарийн технологийг ч барьж авахад бэрх боллоо. Багцаалж байгаа зүйл гэвэл дээр дурдсан 200 гаруй олигархи гэр бүлийн хүрээнд л эдгээр их хөрөнгө мөнгөний ихэнх нь эргэлдэж байгаа нь үнэн. Хор хохирол нь Монголд дундаж давхарга байхгүй боллоо.

Үүний эсрэг үгийг л УИХ-ын дарга М.Энхболд сая Гималайн цаана очиж хэллээ гэж олзуурхаад байгаа юм. Гэхдээ манай дарга нарын нэг сонин занг бид ойлгохгүй юм. Монгол Улсыг удирдан чиглүүлж байгаа том дарга нар юу хийх гэж байгаагаа Монголынхоо хэвлэл мэдээллээр тоож хэлдэггүй, ярилцлага өгдөггүй. Тэдний улс орондоо юу хийж хэрэгжүүлэх гэж байгааг ард түмэн нь гадны янз бүрийн мэдээллийн сувгууд, телевизээс олж мэддэг. Урьд нь ч монголчууд төр засгийнхаа олон чухал мэдээллийг гадаадын мэдээллийн сувгуудаас мэдэж байсан удаа олон бий. Үүний нэг илрэл нь сая УИХ-ын дарга М.Энхболдын Бангладешт хэлсэн үг боллоо. “Монголын нийт хүн амын 80 хувь нь 2030 он гэхэд дундаж давхаргынхан болно” гэсэн ийм чухал үгийг Гималай давж хэлдэг нь ямар учиртай юм бол оо. Эх оронд нь дундаж давхаргын талаар ганц нэг эдийн засагчид яриад л байсан. “Өдрийн сонин” өдөр шөнөгүй дуугараад л байсан. Мань дарга түүнийг нэг их мэдрэхгүй байгаад сая гадаадад очтол тэнд нь жинхэнэ энэ талаар яриа хөөрөө өрнөж байхыг анзаараад цочоод хэлчихээгүй байлтай. Тэгээгүй бол Их хурлын даргын ОУПХ-ны чуулган дээр хэлсэн энэ үгийг Монгол даяараа анзаарсан, үр дүнг нь нэхэхээр тийм л нэхэл хатуутай үг боллоо доо. Их хурлын дарга ирээд дундаж давхаргын төлөө, тэднийг хамгаалах, бизнес хийх таатай орчинг бүрдүүлэхийн төлөө хууль эрх зүйн ямар орчинг бүрдүүлэх, хэрхэн ажиллахыг нь та бид харах л үлдлээ.

Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Гарамгайбаатар “Ганц”-д тарчилж, Д.Дамба-Очир депутат болон тарвалзахын учир юу вэ

Монголын улс төрийн орчин алагчилж үзэхийн туйл, шударга бусын жишээ болж байна. Улс төрчдийн нөлөөнд автсан хууль хүчний байгууллагууд аливаад алагчлан хандаж байна. Бид энэ тухай саяхан “Ардын намынхан С.Баярыгаа Англи руу баяртай үдэж, Ардчилсан намынхан Н.Алтанхуягийгаа Ганц худаг руу гавтай илгээлээ” гэж бичсэн. Монголын хамгийн том гэж байгаа хоёр намын гишүүддээ ханддаг хандлага, бас бодлого эндээс харагдана. Гишүүн нь авлига, албан тушаал, хууль бус бүх үйлдэлд орооцолдсон ч намынхаа тогоон дотор байгаа л бол Н.Энхбаярдахгүй авч үлддэг МАН-ыг ард түмэн цаашид дэмжсээр байх уу. Алдарт “Гааль”-ийн хүн гуай өнөөдөр агентлагийн дарга болоод явж байна. Архангайн Засаг дарга байсан нөхрийг чуулганы танхимд суухыг харсан нэгэн бээр “Хэдийдээ шоронгоос гараад, хэдий завандаа Их хурлын гишүүн болчихсон юм бэ” хэмээн дуу алдахав. Хүмүүсийн “Шоронд байгаа даа хөөрхий” гэж бодож явсан олон хүн нэг өдөр харах нь ээ Монголын удирдагчдын нэг болчихсон явж байдаг явдал зөвхөн МАН-д л байдаг байх. АН-ын гишүүн асуудалд орвол “аавынх” руу, ахиад цаашилбал үхэл рүү явдаг биз дээ. Монголын улс төр үнэхээр алагчилсан байдалтай, эрээн бараан байгааг дор дурдая.

Энэ бол баруун тийш зам тавьсан Д.Дамба-Очир, зүүн тийш зам тавьсан Б.Гарамгайбаатар нарын тухай юм. Одоогоос хэдэн жилийн өмнө Улаанбаатар-Лүнгийн чиглэлийн 106.2 километр замын тендерийг Д.Дамба-Очирын “Очир төв” компани авсан. Ингээд тус компанийнхан Лүнгийн замын хатуу хучилтыг хуулж хаясан юм. Эндээс их хэцүү юм эхэлсэн дээ. Замаа тавихгүй хэдэн жилийн нүүр үзэж, иргэдийн хамгийн ихээр зорчдог, жуулчлалын гол чиглэл болсон тус зам тэнгэрт хадсан их тоос шорооны голомт болсноор Монгол улсад дэндүү их хохирол авчирсан. Үүний дотор тус зам дээр аваар ослоор амь насаа алдсан иргэдийн тоо жилд хэдэн арваар нэмэгдэж зүрх шимшрэм болсон. Тэр их тоос шороон дунд, үзэгдэх орчин үүдэн хоймрын зайнд ч харагдахгүй болсон зам дээр мөргөлдөж 31-хэн насандаа амиа алдсан залуугийн эхнэр нь өнөөдөр хоёр хүүхэдтэйгээ “Хархорин” зах дээр гуйлга гуйгаад амьдарч байгааг Өвөрхангайд мэдэх хүмүүс цөөнгүй бий. Ингэж Их хурлын гишүүн Д.Дамба-Очирын компани иргэдийн амь нас, эрүүл мэнд, эд хөрөнгө, экологийн сүйрлийг авчирч, улсад их хэмжээний хохирол авчирсан юм. Ийм нөхцөл байдлыг бий болгосон түүнтэй өнөөдрийг хүртэл өчүүхэн ч хариуцлага АТГ-аас ярьсангүй, бусад хууль хүчний байгууллага ч нүдэн балай, чих нь дүлий байсаар. Харин ч бүр “Даварсаар даварсаар давгийн орон дээр” гэгчээр тухайн үедээ Лүнгийн замыг барих өртгийг хэд дахин нэмэн, татвар төлөгчдийн мөнгөөр улс төр хийсээр өдгөө өндөр сэнтийд залран “Өөдгүй муу АН-ынхан улсын мөнгө идсэн байна” гэх шиг юм яриад төрийн ордонд сууж байна. Тухайн үед МАН-ын Засгийн газар, УИХ-ын зүгээс түүний хугацаанд нь ашиглалтад оруулж чадаагүй замыг хурдлуулахын тулд, тэр замд хэдэн зуун хүнийг аваар ослоор ахиж үхүүлэхгүйн тулд бонд гаргаж “Очир төв” компанид 7.5 тэрбум төгрөг олгохоор шийдвэрлэж байв. Ингээд зогссонгүй, алдагдалтай төсөв батлуулсан тухайн үеийн МАН-ын Засгийн газар Д.Дамба-Очирын ямар шантаажинд орсон юм мэдэхгүй дээр нь нэмж 22 тэрбум төгрөгийг тэдний компанид шилжүүлсэн байдаг. Энэ бүх үйл явдлын гэрч баримт болох төсөв хэлэлцэж байх үеэр Эдийн засгийн байнгын хорооны зарим гишүүд Д.Дамба-Очирын улсын төсвөөс уут уутаар нь авч байгаа их мөнгийг шүүмжилсэн хурлын бичлэг, протокол өнөөдөр УИХ-ын архивт хадгалаастай байгаа. Ямар сайндаа түүнийг монголчууд Там-Очир гэж нэрлэж байхав дээ. Ингэж гурван жилийн дотор дуусгах гэрээтэй замаа долоон жилийн дараа улсын төсвөөс тэрбум тэрбумаар нь шимэн сорон байж дуусгасан нь нэг жил ч наслалгүй цөмөрч, хэлтэрч унасан нь түүнийг бас Молиго-Очир хэмээх алдарт хүргэсэн юм. Ийм аймаар хулхидалт, их зардал, аваар ослын эцэст нэр бүхий иргэдийн зүгээс Сүхбаатар дүүргийн шүүхэд Д.Дамба-Очир гишүүнд хаягласан гомдол гаргасан ч бүтэлтэй юм болоогүй юм. Нам жим дарсан. Лав л Б.Гарамгайбаатар шиг шүүрч аван хүүе хаая, яав ийв болон шоронд хийгээгүй. Харин ч бүр УИХ-ын гишүүн болсон нь үнэхээр Монголын ард түмнийг доромжилсон, Монголын улс төрчдийн үнэн төрхийг харуулсан, Монголын хууль хүчнийхний алагчилж үздэгийн тод жишээг харуулсан хэрэг явдал болжээ.

Замаар яаж мөнгө хийж болдгийг, улс төрд хэрхэн ашигладгийг, бас дээр нь замыг хэрхэн там болгож хүмүүсийн амь насаар тоглож, байгалийг сөнөөж болдгийг утгаар нь харуулсан УИХ-ын гишүүн Д.Дамба-Очирын “Очир төв” компани нь дампуурсан “Анод” банкны чанаргүй зээлийн жагсаалтын нэгдүгээрт бичигдсэн байдгийг хүмүүс мартаагүй л дээ.

Тэгвэл өнөөдөр УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатарын хүү Г.Тэнгисийн “Монроуд” компанийг Халзан бүргэдэй, Солонготын давааны чиглэлийн 100 км замыг барихдаа 37.2 тэрбум төгрөгийн тендерээ 46.3 тэрбум болгож нэмэгдүүлсэн хэргээр АТГ-аас шалгаж “Ганц худаг”-т хориод авлаа. Тус замын ажлыг 2013 онд шинээр барих замын жагсаалтад хууль бусаар оруулсан хэрэгт буруутгаж байгаа бололтой. Тиймээс тус компанийн удирдлагуудад Эрүүгийн хуулийн тусгай ангийн 263.2, 150.3-т зааснаар эрүүгийн хэрэг үүсгэжээ. Ер нь бол “Монроуд” компани нь 2012 оны дөрөвдүгээр сарын 27-нд Зам, тээвэр, барилга, хот байгуулалтын яамнаас Халзан бүргэдэй-Солонготын даваа чиглэлийн хатуу хучилттай авто замын барилгын ажлын тендер шалгаруулахад материалаа ирүүлж 37.2 тэрбум төгрөгөөр замын ажлыг гүйцэтгэх боломжтойгоо мэдэгдсэн байдаг юм. Ингээд тендерт шалгарсан тус компанийн материалыг Засгийн газрын хуралдаанаар оруулж, Хөгжлийн банкны санхүүжилтээр гүйцэтгүүлэхээр болжээ. Үүнээс жилийн дараа буюу 2013 онд Хөгжлийн банк санхүүжилт хийх төслийнхөө талаар Эдийн засгийн хөгжлийн яаманд танилцуулахдаа “Монроуд” компани дээрх ажлыг анх тогтсон үнээрээ гүйцэтгэх боломжгүй болсныг мэдэгд-сэн байна. Ингээд Халзан бүргэдэйгээс Солонготын даваа хүртэлх замыг шинээр тавих талаар танилцуулж, санхүүжилт хийх хөрөнгө нь 46 тэрбум 354 сая 400 мянган төгрөг байх тооцоо гаргажээ. Энэ тооцоог Эдийн засгийн хөгжлийн яам Засгийн газрын хуралдаанд оруулж 124 дүгээр тогтоолыг батлуулсан байдаг юм. Энэ тогтоолын дагуу Хөгжлийн банкнаас 43.6 тэрбум төгрөгийг гүйцэтгэгч болох “Монроуд” компанид шилжүүлсэн нь өнөөдөр тодорхой болоод байгаа. Харин өнөөдөр замын экспертүүд энэ замын талаар ямар дүгнэлт хийж байна гэхээр нэгдүгээрт Монголд алдартай хамгийн өндөр, бартаа саад ихтэй даваанууд. Анхлан байгуулсан зардлаар тэнд стандарт хангасан зам тавих ямар ч боломжгүй болсон. Гэвч “Монроуд” компани нь нэгэнт авсан ажлаа гүйцээхийн тулд хуулийн дагуу нэмэлт санхүүжилтийг Засгийн газраас хүсчээ гэж дүгнэсэн. Өнөөдөр болж буй үйл явдлыг товчхон хийгээд маш энгийнээр ойлгуулахад ийм л процесс дунд өрнөжээ.

Эндээс харахад УИХ-ын гишүүн Д.Дамба-Очир, УИХ-ын гишүүн асан Б.Гарамгайбаатар хоёрын асуудал яг адилхан. Хоёулаа замын тендер. Хоёулангийнх нь 100 км зам. Харин зам барилгын ажил хийгдэж буй орчин нөхцөл гэвэл Д.Дамба-Очирынх тал хээрийн бүсэд, ямар ч тээг саадгүй газарт тавигдсан. Б.Гарамгайбаатарынх нь Хангайн нурууны хамгийн өндөр, уул хяр хэцэд, хүнд нөхцөлд тавигдсан. Хоёулангийнх нь нэмэлт санхүүжилт авсан нөхцөл нь бас адилхан ч тоон дүнгийн хувьд Д.Дамба-Очирын компани Засгийн газраас 22 тэрбумыг нэмж авсан бол Б.Гарамгайбаатарынх 37.2 тэрбум төгрөг дээрээ нэмэлтээр 9.1 тэрбумыг Хөгжлийн банкнаас авчээ.

Эдгээр хоёр компанийн нэмэлт санхүүжилт авах болсон шалтгаан, хувь бизнесменүүдийн үзэл санаа, зарчмыг харах юм бол Б.Гарамгайбаатарын “Монроуд” компани сайн, чанартай зам тавья, дараа нь хариуцлага хүлээнэ гэсэн байр сууринаас хандсан. Д.Дамба-Очирын “Очир төв” компани бол муу сайн нь хамаагүй, асар хэмнэлттэй, асар хямд зардлаар ямар ч байсан нэг зам тавьчихья хэмээн зүтгэснээр долоон жил сунжирсан үйл явдал болсны эцэст нэмэлт санхүүжилт авахаас өөр аргагүйд хүрсэн нь тодорхой харагдаж байгаа юм. “Монроуд”-ын тавьсан замын чанар ямар байгааг, “Очир төв”-ийн тавьсан замын насжилт ямар байгааг ард түмэн мэдэж байгаа. Өнөөдөр тэгэхээр яах ёстой вэ гэхээр авто замын чанар, стандартыг шалгах техник, технологи маш хялбар, найдвартай болсон. Энэ хоёр компанийн тавьсан зам тус бүр дээр багажаа байрлуулаад шинжлэхэд нягтаршил, чанар, стандарт, хэдий хэрийн өртөг зардлаар тавигдсан болох нь дороо гараад ирнэ. Ердөө л энэ.

Б.Гарамгайбаатарыг гэмт хэрэгт сэжигтнээр татаж байгаа юм бол Д.Дамба-Очирыг ч сэжигтнээр татах ёстой. Гэтэл өнөөдөр нэг нь депутат, нөгөөх нь шоронд байгаа нь шударга явдал мөн үү. Ийм л шударга бус, алагчилж үзсэн үйл явц нийгэмд газар авсанаар өнөөдөр Монголын нийгэмд хэрүүл уруул их болж, ард түмэн бухимдаж, тогтворгүй, итгэл найдваргүй иргэд олноор бий болов. Үүнээс үүдэлтэйгээр Монголд шударга бус байдал улам ноёрхох хандлагатай боллоо. Ийм тал руугаа явж байгааг бид бэлхэнээ харж байна шүү дээ.