Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Твиттер, фэйсбүүк, вэб сайт, TV, сошиал мэдээллийн ачаар цаасан хэвлэл өндийж эхэллээ

Одоо бол сошиал мэдээллийн эринд амьдарч байна. Өнөөдрийн мэдээллийн урсгал бол хаалт нь сэтэрсэн үерийн ус шиг сад тавьж, зах замбараагаа алдсан. Энэ эх захгүй мэдээлэл дотор хүн төрөлхтөн мэдээллийн төөрөгдөл гэдэгт орчихлоо. Ийм төөрөгдөлд орохоороо мэдээллийн аль нь үнэн, аль нь худал болохыг мэдэхээ байдаг. Ганцхан Монголд болж буй үйл явц биш юм. Хүн төрөлхтний 70 хувь нь ийм болчихлоо гэсэн ОУ-ын байгууллагын судалгаа бий. Нэг зүйлийг нэг нь хар, нөгөө нь цагаан гэж хэлээд, түүнийгээ яах аргагүй хоёр талаас нь батлаад, мэдээлээд байхаар мэдээллийн хоосон орон зай буюу хаос үүсдэг. Маш олон улс орны нийгэмд ийм хаос үүсчихлээ. Нэг үгээр бол ямар ч мэдээлэлд итгэхээ байчихсан гэсэн үг. Үнэн байсан ч худлаа, худлаа байсан ч худлаа. Ийм мэдээллийн хямрал энэ дэлхийд бий болчихлоо.

Үүнээс гарах, урьдчилан сэргийлэх арга хэмжээнүүдийг зарим улс орнууд авч эхэлсний ойрын жишээ бол ОХУ юм. Тус улсын хууль, шүүхийн байгууллагууд сошиал дахь мэдээллийн сувгууд дээр гарсан мэдээ, материал, нийтлэлүүдийг албан ёсны эх сурвалж, баримт нотолгоо гэж үзэхгүй гэдгээ мэдэгдлээ. Иргэн, хуулийн этгээд нь хууль, шүүхийн байгууллагад хандахдаа зөвхөн цаасан хэвлэл, сонин сэтгүүлд гарсныг баримт, хэрэг үүсгэх нотолгоо болгоно гэдгийг албан ёсоор мэдэгджээ. Ингээд цахим хэвлэлүүдтэй харьцахгүй гэдгээ мэдэгдсэнийг манайхан сонсож мэдсэн байх. Үүгээр ч зогсохгүй барууны хөрөнгө оруулалттай, Америк зэрэг улс орны санхүүгийн дэмжлэгтэй вэб сайт, TV-үүдийг албан ёсоор хааж эхлээд дөрвөн сар орчим болж байна. Ганц ОХУ-д ийм юм болж байгаа юм биш, манайтай ойролцоо хөгжилтэй Непал зэрэг улсад мөн л сошиал дахь мэдээллийн бүх сувгуудыг хуулийн өмнө албан ёсоор хариуцлага хүлээх чадваргүй, зөвхөн сонин сэтгүүл, цаасан хэвлэл л Шүүхийн өмнө баримт болно гэдгийг албан ёсоор зарлалаа. Энэ хандлага Европ тив рүү хүрээгээ тэлж байна. Манайхан хэл ус сайтай болсон нь уншиж мэдэж л байгаа байх.

Дэлхийн мэдээллийн урсгалын чиг хандлага, үнэлэмж ингэж өөрчлөгдөж байна. Хамгийн сайн цахимжсан улс орны нэг болох Хонконгт өдөр тутмын тав дахь сонин өнгөрсөн жил шинээр мэндэлж, Япон, Солонгос… зэрэг Азийн өндөр хөгжилтэй орны иргэдийн өдөр тутмын амьдралынх нь салшгүй нэг хэсэг сонин хэвлэл байсаар байгаагийн цаад утга учир юу вэ. Бид анзаарч мэдрэх л ёстой. Дэлхийн хоёр дахь том эдийн засаг Хятад улс албан ёсны бүх мэдээлэл, байр сууриа зөвхөн цаасан хэвлэлээр нийгэмдээ эхэлж хүргэж байна. Сонин хэвлэлээс телевиз болон цахим хэвлэлүүд нь эх сурвалжаа авдаг. Эндээс харахад эдгээр улс орны олон сая иргэд цахим мэдээллийг цагийн зугаа, TV-ийн шоу нэвтрүүлгүүдэд хөнгөн зуушны төдий байр сууринаас хандаж эхэллээ.

Үүнээс зайлсхийхийн тулд дэлхийн нэр хүндтэй цахим мэдээллийн хэрэгслүүд баталгаатай мэдээллийн эрэлд хатаж, томоохон сонин сэтгүүлүүдтэй хамтарч ажиллахыг эрмэлзэх болов. Тэд тухайн улс орныхоо томоохон сонин хэвлэлүүд болох “Нью-Йорк таймс”, “Вашингтон пост”, Японы “Аsahi Shimbun”, Хятадын “China Daily”, Английн “Daily Mail”, “The Times”, Францын “Le Monde” гэхчлэн олон сониныг албан ёсны эх сурвалж болгодог болжээ. Үүгээр ч зогсохгүй фэйсбүүк хүртэл тухайн орны хамгийн баталгаатай эх сурвалжаас мэдээллээ цуглуулахыг мэдэгдэж, youtube ч гэсэн баталгаагүй мэдээллийг авахаа больж, сошиал дахь хуурамч мэдээллийг таньдаг шинжлэх ухааны дэвшил нэвтэрч эхэллээ. Худал мэдээллийг хянах программчлалыг ашиглах боллоо. Эдгээр дотор яагаад телевизийг оруулж байна гэхээр тэд буурь суурьтай, нийгэмд нөлөөлөх хэмжээний контент үйлдвэрлэж чадахаа больж, оронд нь үзэгчдээ алдахаас айсандаа элдэв шоу нэвтрүүлэг, интертаймент тал руугаа түлхүү яваад өгсөнийг мөнөөх л ОУ-ын байгууллагуудын судалгаанаас харж болно.

Энэ бүгдийн буянаар дэлхийд цаасан хэвлэлийн үнэ цэнэ, нэр хүнд өсөж, нийгмийн хандлага эрс өөрчлөгдөж, сонин дээрээс л зөвхөн үнэнийг мэднэ гэх үзэл санаа газар авч эхлэв. Мэргэжлийн хүрээндээ “Сэтгүүл зүй гэж өдөр тутмын сонины редакцийг хэлнэ. Мэргэжлийн сэтгүүлч гэж өдөр тутмын сонины гал тогоонд буцалж үзсэн хүнийг хэлнэ” гэсэн нэр томьёо хүртэл гарч байна.

Дэлхийн энэ хандлага Монгол Улсад ч ялгаагүй мэдрэгдэж эхэллээ. Монголын нийгэмд цаасан хэвлэлүүд буюу буурь суурьтай гол хэдэн сонинд итгэх итгэл сэргэж байна. Наад захын нэг жишээ хэлье. Отгонтэнгэр хайрханд 17 уулчин осолдлоо гэх мэдээлэл сошиалд битүү явсан. Ийм олноороо, нэг дор яаж байх юм бэ… худлаа байхаа гэсэн эргэлзээ бас битүү байсан. Ийм л эргэлзээн дунд үнэн худлыг ялгахаа больсон. Харин “Өдрийн сонин”-ы сэтгүүлчдийн баг газар дээрээс нь, цаг алдалгүй сурвалжлагаа хүргэж эхлэхэд нийгэм сая итгэж “Өдрийн сонин”-д гарчихаж үнэн байжээ” хэмээн сонины редакци руу шуурч, монгол даяар шуугьж эхэлсэн билээ. Мэргэжлийн сэтгүүл зүй, мэргэжлийн редакци гэж үүнийг хэлнэ. Ийм л мэргэжлийн редакцид хүмүүсийн итгэх итгэл сэргэж, үүнийгээ дагаад нийгмийн сэтгэл зүй цаасан хэвлэл, сонин руу хошуурч байна. Тэд үүнийгээ юу гэж тайлбарлаж байна гэхээр “Цахим хэвлэлд итгэж үнэмших арга алга, тавьсан мэдээллээрээ яаж ч хуурч болдог, яаж ч өөрчлөн сольж болдог, баримт, зураг, дүрс бичлэг, үг үсэг, утга санаа… бүгдийг минут секунд тутам өөрчилж, дуурайлгаж, сольж болдогоороо аймшигтай байна” гэж. Үнэн л дээ, дэлхийн улс оронд цахим мэдээллийн ийм хуурамч аюул занал нүүрлэчихээд байхад монголынхоо цахим мэдээлэлд яаж итгэх билээ. Монголд бүр цахим хэвлэл илүү замбараагүй болж, хуурамч мэдээллийн цунами үүслээ хэмээн иргэд ярьж байна. Монголчуудын цахим сүлжээнд, цахим мэдээллийн сувгуудад итгэх итгэл нэгэнт алдарсан нь эргээд цаасан хэвлэл, сонинд итгэх итгэлийг сэргээж, “Өдрийн сонин”-д л эхлээд гаргачихмаар байна, хүмүүс итгэнэ, түүний дараа сайтуудад өгье, сошиалд тавья гэх болжээ. Нийгмийн энэ хандлага заримдаа бидэнд эрсдэл авчрах гэдэг. Гэвч бид мэргэжлийн ёс зүй, зарчмаараа заавал хоёр талын эх сурвалжийг авдаг нь “Өдрийн сонин”-д итгэх нэг үзүүлэлт болдог юм.

Ийм эх захаа алдсан мэдээллийн аян дайнд дэлхий ертөнц живж байна. Тийм болохоор зарим улс орны боловсролын сургалтын программд “Мэдээлэл гэж юу вэ?”, “Ямар мэдээлэл үнэн байдаг вэ?” “Сонин-Сошиал хоёрын ялгаа ба сонины мэдээлэл яагаад үнэн бодитой байдаг вэ?” гэсэн тусгай сэдэвчилсэн хөтөлбөр, хичээл ордог болжээ. Тэгэхээр үнэн бодит мэдээлэл гэдэг, түүнд итгэх итгэл үнэмшил гэдэг улс орны хувь заяанд ямар чухал болохыг эндээс харж болно. Сонин гэдэг нь үнэн бодитой мэдээлэл нийгэмд түгээнэ гэж төрөөс лиценз авсан албан ёсны газар. Дээр нь мэргэжлийн редакци бүхий толгой байгууллагатай, мэргэжлийн сэтгүүлчидтэй, гаргасан мэдээлэлдээ хуулийн өмнө хариуцлага хүлээнэ хэмээн тодорхой нэр хаягаа тавьдаг тийм л байгууллага. Ийм л мэргэжлийн байгууллагад ард түмэн итгэхээс өөр аргагүй болж байна даа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Дуулсан дуундаа уяраад уйлж суух хойгуур чинь…

Монголын телевизүүдээр урлаг соёлын шоу дэндүү гэмээр их байна. “Авьяаслаг монголчууд”, “Яг түүн шиг”, “Тhe Voice of Mongolia”, “Per­fect dance”, “Чи бүжиглэж чадах уу”, “Mongolian best dance crew”, “Universe best songs”, “My voice”, “Гэгээн алсын одод”… өөр юу юу ч байна. Хойшид ч шинэ шинэ хэлбэр агуулгаар үргэлжлэх бололтой. Юу дутахав гэж байгаа юм шиг “Улс төрчид дуулж бүжиглэж байна”, “Уяачид дуулж байна”, “Бөхчүүд дуулж байна” гэсэн цэнгэн хөгжилтүүд зэрэгцэх аж. Дээр нь Солонгос кино байна. Энэ бүхэн арай хэтрээд байгаа юм шиг мэдрэмж төрөхгүй байна уу, монголчуудаа. Монголын нийгмийн сэтгэл зүй энэ бүхэнд живлээ.

Монголын баячууд гэх хүмүүс бүгдээрээ TV нээсэн. Уул уурхайгаас олдог асар их ашгийн багахан хэсгээрээ шоу нэвтрүүлгүүд хийж байна. Одоо бүр ихсэх юм гэсэн. Эдгээр шоунуудыг дэлгэрүүлж буй эрхмүүдийн гол бизнес ямар аймаар луйвар, тонон дээрэмдэлт, байгаль орчны сүйтгэл, авлига хээл хахууль байдгийг, түүнийгээ шоу болон бусад зүйлсээр хэрхэн өнгөлөн далдалдгийг ард түмэн үнэндээ мэдэхгүй. Энэ бол манай хэдэн компанийн хамгийн увайгүй үйлдэл юм. Олон улсын хар практикт тухайн улсын олигархууд, компаниуд энэхүү өөдгүй онолоо юу гэж ярьдаг гэхээр “Тэнэгүүдийн оюун санааг шар хэвлэл, кино сериалууд, TV-ийн элдэв шоугаар барих” гэж томьёолсон байдаг юм. Дээр нь орчин үед сошиал ертөнц айхтар нэмэгдлээ.

Улс орноо хуваан идэж буй улс төрчид, олигархуудын бодлогоор монголын ард түмнийг шоунаас шоуны хооронд, киноноос киноны хооронд амьдруулж байна. Ийм хөнгөн нимгэн үзүүлбэрүүдэд бүрэн автсан ард түмэн өөр юуг ч нийгмээс олж хардаггүй, анзаардаггүй, мэдэрдэггүй болчихдогийг бид наад зах нь Эрдэнэтээс харж байна. Монголчууд ийм тэнэгэрсэн ард түмэн байж болохгүй. Урдаас чинь хараад “Болиод өгөөч ээ та нар” гэж орилмоор байна шүү дээ. Дээр нь энэ олон гадаад дотоодод болж буй бөхийн тэмцээнүүдийг нийгэмд сурталчилахаа больё. Улс орны хөгжил цэцэглэлтэд ямар нэмэртэй юм. Яг үнэндээ дуучин ч тэр, бөхчин ч тэр, амжилт нь тухайн хувь хүндээ л ашигтай. Улс орны хөгжилд бол падлий ч байхгүй. Монголын ард түмнийг харанхуй бүдүүлэг, санаж сэрэх зүйлгүй барьж байх гол технологи энэ болж дээ. Энэ технологи хэрэгжиж буй улс орны нийгэмд баян, хоосны ялгаа туйлдаа хүрдэг дэлхийн практик байна. Африкийн орнууд, өмнөд Америкийн ядуу буурай орнуудыг хар. Зүүн өмнөд Азийн орнууд байна. Жишээ нь Энэтхэг улс. Яг л энэ технологи нийгэмд нь бүтэн 40 жил үргэлжилсний эцэст одоо ямар болсон гээч. Баян, ядуугийн зааг ялгаа нь хэтийдсэн. Дундаж давхарга бол бараг байхгүйтэй адил улс орон шүү дээ. Харин нэг онцлог нь баячууд нь улсдаа өгөхөө өгсөн шиг өгч чаддаг өгөөмөр болж төлөвшсөн баячуудтай улс юм. Түүгээр нь ард түмнээ өлсгөөд алчихгүй, өнөө нэг их дуулж, уйлдаг олон киногоороо нийгмийн сэтгэл зүйгээ удирдаад явж байна. Доод давхаргад нь төрсөн бол тэр хүн дэлхийн хэмжээний сод авьяас билэгтэй, гайхамшигтай мэдлэг боловсролтой байгаад ч, өдөр шөнөгүй хөдөлмөрлөөд ч амжилтад хүрэхгүй, дээшээ гарахгүй, мөнхөд доошоо байсаар насаа дуусгаж байгаа нь энэ улсын эмгэнэл юм. Өнөөдөр Монголд хэрэгжиж буй хар технологи лав л 40 жил Энэтхэгт хэрэгжихдээ ийм л өөдгүй, ёс бус нийгмийг бий болгожээ. Монгол Улс яг л энэхүү онол, арга механизмаар нь өнөөдөр явж байна. Монголчуудын 70 хувь нь ядуу хоосон, ажилгүй, орлогогүй болчихлоо. Энэ бол наад захын нотлогдож буй баримт.

Үүнийг дэмий гэдгийг “Өдрийн сонин” байнга сануулдаг, одоо ч сануулж байна. Мексик, Бразилд хөл бөмбөг, хар тамхи, янхан гурав нийгмийг нь нөмөрсөн байдаг. Энэ гурав дотроосоо хэзээ ч гарч чадахгүй болчихсон ард түмнийхээ ар шил дээр хэдэн тооны улс төрч, баячууд нь юу дуртайгаа хийж байдаг. Энэтхэгийг сая хэллээ, дуулж, уйлдаг киногоороо нийгмээ барьж байгаад хэдэн хүн айл гэр болж тоглодог гэж. Монгол Улс яг ийм зам дээр гарчихсан, гурван саяулаа дуулж, бүжиглэж байна. Залуу хэсэг нь бөх барилдаж байна. Нийслэлийн гэр хороолол бол тэр чигээрээ Солонгос кино үзэн амьдардаг. Цөөн хэсэг нь зах дээр тэрэг түрж, ойр зуурын юм зарж, зарим нь гудамжныхаа захад нүүрс, түлээ борлуулж талхны мөнгөө олдог. Гэр хорооллын 80 хувь нь хөдөөнөөс ирсэн малчид. Гэр бүлийнхнийхээ хагасыг хөдөө таван мал дээрээ үлдээхээ бас мэдсэн байгаа юм. Тэр хүмүүс нь хоолны махаар хотын хэдээ таслахгүй. Тэгэхээр тэд өлсөхгүй. Өлсөж үзээгүй хүн ажил хийх үү, “Хоолтой хүн ажил хийх дургүй байдаг” гэсэн үг бий. Приус машин хямдхан зарагдах юм. Хэдэн малнаасаа зарж байгаад бүгдээрээ шахуу приустэй болчихож. Өдөртөө ойр зуурын талхны мөнгөний ажлаа амжуулаад орой хүүхдээ сургууль, цэцэрлэгээс нь аваад харина. Тэгээд л шоугаа, киногоо үзээд, уйлалдаад, дуулалдаад, ийм тийм, яг бидэн шиг гэж яриад, хөдөөнөөс ирсэн махаа идээд суучихна, дараа нь унтана. Маргааш нь амьдрал яг л нэг хэмнэлээр үргэлжилнэ. Улс оронд нь юу болж байгааг мэдрэхгүй, өөрсдөө ямар зорилго тэмүүлэлтэй, түүнийхээ төлөө хэрхэн хөдөлмөрлөх нь тодорхойгүй. Ийм мангар болчихсон нийгмийн сэтгэл зүй дээр мэдээлэлд ойр, эрх мэдэлтэй, арай боловсролтой хэсэг нь ямар эх оронч бус, өөдгүй, гадны луйварчид нийлж улс орноо тонон дээрэмддэгийг харж байна. Үүнийг дахин давтан улиглан бичихээсээ залхахгүй шүү.

Удахгүй ус гэсэж, урь унаж, хүүхдийн сургууль тарна. Энэхүү цаг тавирсан цөөн хэдэн сардаа монголчууд юу хийх вэ. Бүгдээрээ очиж сүйтгэцгээ гэж байгаа юм шиг улсынхаа хамгийн үзэсгэлэнтэй газар бүхэн рүү хамгийн өндөр өртгөөр засмал зам тавьсан. Зургаадугаар сар гараад л гэр бүлээрээ, отог омгоороо, ажлын хамт олноороо, ангиараа, FC групээрээ хүртэл нэгдэж нийлээд, өнөө приустээ чихэлдэж суугаад хотоос гарч алга болцгооно. Энд гоё байна гэж сельфидээд, Хөвсгөл, Буйр, Увс нуур, Хархираа, Ёлын ам… дөрвөн зүг найман зовхист биесээ уриалан дуудацгаана. Түүн рүү нь гараад бөөн бөөнөөрөө давхилдана. Ганц ажил хийх, баялаг бүтээх урин дулаан цагтаа ийнхүү тараад алга болдог. Хот хоосорч үлддэг. Дээр нь Шинэ жил, Цагаан сар, Наадам, Улс тунхагласан, Чингисийн төрсөн өдөр, Мартын 8, Эх үрсийн баяр, Цэргийн баяр… ёооё, энэ олон баярыг хэрхэн давж туулах вэ. Зах замбараагүй шоу цэнгэл, баяр ёслолын үр дүнд үр хүүхдүүд нь боловсролгүй, өөрсдөө таргалалт ихтэй, хавдрын өвчлөл хавтгайрч, насгүй болж байна шүү дээ. Тэсээд 50 нас гараад өнхрөөд өгөх тийм аюултай амьдралын хэмнэл рүү бид орчихлоо. Хийж бүтээж, хөдөлмөрлөж, зарж борлуулж, ашиг орлого олж байгаа юм Монголд алга.

Ард түмнийг ийнхүү дуулсан дуундаа уяраад уйлж суухад улс төр-бизнесийнхэн, сортоотой цөөхөн хэсэг нь хагартлаа баяжиж, улс орныг цөлмөөд дуусч байна. Тэд мөрөөрөө баяжихгүй байна. Монголын ард түмний өмч гэх хөрсөн доорхи уул уурхайн баялгийг хэдхэн хүн дэлхийд зарж идэж байна. Биднийг дуулсан дуундаа уяраад уйлж суух хойгуур Эрдэнэт үйлдвэрийг яасныг хардаа. 49, 51 хувиар нь МАН, АН-ын олигархууд хуваагаад авчихсан байгаа биздээ. Нам нь бишээ, намын толгойд нь байдаг хэдхэн олигарх хуваагаад авчихаж. Зүй нь ардчилсан нийгэмд ард түмэн энэ бүхнийг хянаж байх ёстой юм. Ядаж л нээлттэй хувьцаат компани болгочиход л хянагдаад явчих өмч шүү дээ. Гэтэл ингэж хянах зав ч алга, ингэж хянах боловсрол ч ард түмэнд байхгүй байна. Соргог, боловсролтой, ухаалга ард түмэн бол Эрдэнэтээс хувь хүртэнэ гээд төв талбай дүүрэн тайван жагсаал хийж байх ёстой. Ганц нэг жагсаалыг нь эргээд саная. Дэмий юманд жагсаал хийж Иргэний хөдөлгөөний нэр хүндийг гутааж байна. Жагсаал хийнэ гээд цуглахаар л хувьсгал хийнэ болоод явчихдаг. Ийм буруу сурталтай болчихсон. Хувьсгал гэдгийг чинь хүссэнээрээ хийчихдэг юм уу. Гурван сая ард түмэн гурван жил болоод нэг хувьсгал хийдэг гэж дэлхийн түүхэнд байхгүй. Жагссан түүхүүд, Иргэний хөдөлгөөнүүдийн дэвшүүлсэн зорилтыг харахад хувьсгал хийх, МАН-ыг устгах, ордныг орж түйвээх, ийм сүртэй глобал хэмжээний хөөрөл бүтэхгүй нь онолоор батлагдсан. Харин үүний оронд Эрдэнэт үйлдвэрийг нээлттэй хувьчил гээд талбай дүүрэн жагсаад байхад бүтнэ. Бүтэхээр, тодорхой асуудлыг шийдүүлэх гэж л нийгэмд тайван жагсаал хиймээр байна. Ингэж л төрийн дээрэмчдийг хянамаар байна. Үнэндээ Баасан гуайн мөрдөс хуулалт, Мөнхбар гуайн буутай гэтэлт, долоодугаар сарын 1-ний хэрэг явдал… гээд цөөнгүй үйл явдлууд Иргэний хөдөлгөөний нэр хүндийг унагаж, ард түмнээс дэмжлэг авахгүйд хүргэсэн. 1989 оны 100 мянга гаруй хүний жагсаал тодорхой асуудлуудыг шийдүүлэх гэсэн учраас бүтэлтэй болсон. Дэмжлэг аварга том байлаа. Түүн шиг ядаж Норвегийн сан шиг байгалийн баялгийн орлогоос бүрдсэн том сантай больё гэдэг ч юм уу. Хүндээр өвдсөн үедээ эмчилгээндээ мөнгө авдаг сантай болъё гэдэг ч юм уу наад захын ийм тодорхой асуудлууд дээр жагсаал хийвэл үр дүнд хүрнэ.

Тийм болохоор одоо энэ олон шоунуудаа хориглоё. Дуу хуураа цөөлье. Ямар ч ашиггүй гадаадын тэмцээн уралдаанд цөөхөн оролцъё. Энэ бүгдээр улс хөгждөггүйг харлаа. Харин хөгжсөн хойноо энэ мэт салбараа тултал нь дэмждэг юм байна.

Эдгээрийн оронд зүгээр л хийж бүтээе, технологийн дэвшил гаргая. Иргэдээ зөв хандлагатай хүмүүс болгоё. Ядаж гэрийн эзэгтэй нарт үр хүүхдээ хэрхэн зөв хүмүүжүүлэх тухай заая. Тийм хөдөлгөөн өрнүүлье. Амьдралд ойр, хүнд хэрэгтэй, улс оронд хэрэгтэй ийм нэвтрүүлгүүдийг гаргадаг болъё. Харж байхад дууны шоунд түрүүлсэн хүн нь цаашаа явдаг юм байгаа биз. Түрүүлээгүйг нь “Чи авьяастай, манай урлагийн хүн байна” гэж шүүгч нар нь худлаа залдгаа боль. Цаад хүн нь нээрэн би дуучин болох юм байна гэж итгээд ирээдүйгээ алж байна шүү дээ. Тэр сайн гагнуурчин байгаад өөрийгөө, гэр бүлээ хангалттай сайхан аваад явчих, энэ хэрээрээ улс орныхоо бүтээн байгуулалтад хувь нэмэр оруулах хүн байж болно шүү дээ. Энэ олон шоуны шүүгчид гэж хүмүүсийг ингэж өөрсөндөө уяж, өөрсдийнхөө үзэгчдийг бэлддэг юм биш үү гэж сүүлдээ хардах боллоо. Худлаа хөөргөж, хүний ирээдүйгээр тоглож байгаад нь зэвүү хүрэх юм. Чи зүгээр яв, өөрийгөө ол гээд залуусыг явуулчихаж байгаа ч, шүүгч нар аа. Гурван сая хүнд 30-хан хүн л урлагаар амьдарна. Үлдсэн 30 мянган хүн нь золиос болно. Спорт ч ялгаагүй, утга зохиол ч мөн адил. Зах зээл нь байхгүй улсад гуйлгачин л болно.

Монгол Улсад ажил хийх хүн улам байхгүй болж байна. Өнөөдөр Гаити гэж улс яг ийм байдалд орж сүйрэл, мөхлийг нь судлаачид ОУ-д ярьж бичээд эхэллээ. Дэлхийн шившиг болж байна. Энэ улсын замаар манайх явах бий гэж эмзэглэж байна. Монголд хайртай улс төрч Монгол Улсад байхгүй ч юм шиг. Өөртөө хайртай, нууц амрагтаа байгаагаа бардаг улстөрчдөөр энэ улс дүүрчээ. Монголд хэдхэн төрлийн эрх чөлөө л байна. Сошиалд солиорох эрх чөлөө байна. Шоудаж цэнгэн хөгжилдөх эрх чөлөө байна. Архи пиво эргүүлэх эрх чөлөө байна. Хонь алж идэх эрх чөлөө байна. Харин бизнес хийх, баялаг бүтээх эрх чөлөөг төрд байгаа хэдэн луйварчин булааж авчихаад боломж олгохгүй байна. Орон зайг нь улам хумьж байна. Оронд нь ард түмний сэтгэл зүйг шоунд хөтөлж, солонгос кинонд төвлөрүүлж, ар хударгаар нь улс орноо тонон дээрэмдэж байна. Ард түмэн минь үүнийг ойлгож ухаараач.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Монголын төр харласан, харлаагүй бүх иргэдээ нэгийг ч үлдээлгүй бүртгэж, хариуцлагатай аяллыг хөгжүүлье

Монгол улс хүн амын нарийвчилсан тооллогоо 2020 оны нэгдүгээр сард хийнэ. Долоо хоног үргэлжилнэ. Жил бүрийнх бол бүртгэл л юм. Бас завсрын тооллого гэж таван жил тутамд хийдэг. Харин 2020 оны хүн амын тооллого бол эд эс, ширхэг бүрээр нь бүртгэж авна гэсэн үг. Дэлхийн улс орнуудад арван жилийн давтамжтай томоохон тооллого явуулаад дараа нь түүвэр маягаар явуулдаг тогтолцоотой. Тэр л жишгээр гэсэн үг.

Тэгэхээр монголын төр энэ удаагийн чухал тооллогоороо гадаадад байгаа монголчуудаа л онцгой сайн тоолж, бүртгэж авмаар байна. Өнгөрсөн хугацаанд бол гадаадад байгаа хэдийгээ тэгж ингээд тоолсон болдог байлаа. Тооллогын дараа ГХЯ-наас заавал “Энэхүү тоонд албан ёсны зөвшөөрөлтэй болон хууль бусаар (хараар) оршин сууж буй нийт иргэдийг багтаасан учраас нэг бүрчлэн нарийн тоо гарах боломжгүй байна” гэсэн мэдэгдэл заавал дагалддаг байлаа. Харин 2020 онд л ингэмээргүй байна даа.

Учир нь өнөөдөр монгол хүн гадаадад явах нь төрийн хэрэг болжээ. Дээр нь эдийн засгийн үр дүн ч яригдана. Манайхан гадагшаа их ч явах болсон. Хүн амын маань арав гаруй хувьтай тэнцэх буюу 200 гаруй мянган монгол хүн дэлхийн өнцөг булан бүрт ажиллаж, сурч байна. За ер нь сурч байгаа нь их цөөхөн дөө. Бараг 90 хувь нь ажил хөдөлмөр эрхэлж байгаа байх. Үүнийг юугаар батлах вэ гэвэл гадаадад байгаа монголчуудаас эх орон руугаа ирүүлж буй мөнгөн урсгал өнгөрсөн жилийн дүнгээр 220 сая ам.долларт хүрсэн статистик байгаа юм. Сурч байгаа хүн мөнгө явуулах уу. 220 сая ам.доллар гэдэг бол 600 тэрбум орчим төгрөг. Манай улсын төсвийн 1/7 гэсэн шахуу үг. Энэ том хөрөнгө оруулалтыг анзаардаг хүн цөөн. Бүр сүртэйгээр ярьвал өнөөдөр Монгол улсад орж ирж буй гадаадын бодит мөнгөн хөрөнгө оруулалт гэвэл нэгдүгээрт, Оюутолгой орно. Хоёрдугаарт, Бороогоулд гэж ойлгож байгаа. Тэгээд гадаадад махаа зулгаан хөдөлмөрлөж буй хэдэн монголчуудын минь ар гэр рүүгээ явуулж буй 220 сая ам.доллар орно доо. Үүнийг анзаарч буй дурак саарал ордон дотор байхгүй байгаад гол харлах юм. Монгол хүн гадагшаа явах нь улс төр-эдийн засгийн ямар том ач холбогдолтой болохыг эндээс ойлгох цаг болсон.

Бодит байдал нэгэнт ийм байгаа хойно монголчуудыг гадагш нь явуул. Тэртэй тэргүй ажлын байраар хангаж чадахгүй байна. Аж ахуй эрхэлж баялаг бүтээе гэсэн нь авлига, хүнд сурталыг давж хүчрэхгүй байна. Эх орондоо турж үхэх юм уу. Монголчуудад хамгийн их таатай ханддаг улсууд болох Америк, Солонгос, Япон, Швед, Чех, Канад, Герман, Франц, Англи, Турк, Австрали, Испани, Унгар, Бельги… бүгд рүү нь монголын иргэд гарч ажиллах хэрэгтэй байна. Тэд бүгдээр мөнгө олох гэж явдаг. Хамгийн бахархмаар нь олсон мөнгөө эх орон руугаа шууд явуулдаг зүрх сэтгэл. Тэр 220 сая ам.долларыг нэг тэрбум болгоё л доо. Тэр мөнгийг нь харин өнөөдрийн засаглагчид хуваагаад идчихгүй, Эрээний бараа болгочихгүй байх бодлого дээр нь ажлаад сууж бай.

Гэхдээ энэ бүхэнд ганцхан асуудал бий. Мэдээж визний асуудал. Үүн дээр л төр онцгой анхаарч ажилламаар байна. Монгол хүн гадаадад явах нь төрийн хэрэг болсон гээд байгаагийн учир энэ. Төр бол ард түмнээ амар тайван байлгаж сайн сайхан амьдруулах л үүрэгтэй. Төрийн хэрэг гээд байгаагийн бас нэг учир нь дээрх Америк, Солонгос нарын улс орнууд манайд маш нааштай, таатай ханддаг. Тийм болохоор визний асуудлыг нааштайгаар шийдэх бүрэн боломжтой. Визгүй болох, визний хөнгөлөлт эдлэх. Гэтэл саад болдог зүйл нь хууль бусаар буюу хараар ажиллаж буй монголчууд. Харласан нөхдүүд хулгай зэлгий хийж, элдэв хэрэг түвэгт орооцолддог. Дээрх улс орнууд монголын төрд ганцхан шаардлага тавьж байгаа. Ямар шаардлага гэвэл харласан хүмүүсээ эргүүлж тат, ядаж цөөл, бүр харласан иргэнгүй болго гэж. Энэхүү тавьж байгаа шаардлага нь үндсэндээ хариуцлагатай аялж, ажил гэсэн үг. Үүнийг л Америк, Солонгос, Япон, Швед нарын бусад улс орнууд хүсээд байна даа. Энэ шаардлагыг нь биелүүлбэл эдгээр улсуудад визгүй болно. Ердөө л энэ.

Ийм учраас монголын төр гадаадад ажиллаж амьдарч байгаа хүмүүстэйгээ тулж ажиллах хэрэгтэй байгаа юм. Үүний үндэс нь монголын төр гадаадад байгаа монголчуудаа харласан, “шүдний өвчин” болтол нарийн зохион байгуулалтад орчихсон байна. Тэр бүү хэл Европын орнуудад аялал зохион байгуулдаг манай жуулчны зарим компанийн хөтөлбөрт “Парисын тэр гудамжны тэр газраас дэлхийн брэндийн бараануудыг 50 хувийн хямдралтай авч болно” гэж бичсэн нь монголчуудын хулгай хийж хураасан агуулахууд юм. Тэр агуулахуудад нь үнэхээр дэлхийд нэртэй брэндүүдийг манайхан хулгай хийгээд овоолчихсон, очсон монголчууддаа худалддаг сүлжээ. Энэ бол шившиг. Хууль бусаар амьдарч буй монголчуудын ил цагаандаа гарсан үйлдэл учраас дээрх хөгжилтэй орнууд болгоомжилж байна шүү дээ. Юун визгүй болгох. Ийм л учраас Америк, Солонгос, Япон, Швед, Англичүүд “Эхлээд иргэдээ эмхэлж цэгцлээдэх. Тэгээд визний асуудал ярья” гэсэн шаардлага тавиад байгаа юм.

Шаардлага ийм тодорхой. Манай Элчин сайдууд ямар эдийн засгийн том гэрээ хэлцэл хийж чадах биш. Тэдний ч буруу биш, жижиг орны Элчин сайдын зовлон. Ямар геополитикийн улс төрийн тоглолтод оролцох хэмжээнд байгаа биш. Тийм болохоор байгаа, байгаа улс орондоо хар, цагаан бүх иргэдээ нэг бүрчлэн тоолж, бүртгэлжүүлэх ажлыг л онцгой сайн хийж харалсан, харлаагүй бүгдийг нь алган дээрээ тавьсан юм шиг харж байх ажлыг хийх цаг нэгэнт болж дээ. Хүн нэг бүрээ олж авч, харласныг нь эх орон руу нь буцааж, зөрчилтэй нэгнийг нь хууль ёсны болгож, бүгдийг эмхэлж цэгцэлж авах ийм л ажлын гол дүн нуруу нь өөрөө 2020 онд хийгдэх Монгол улсын хүн амын тооллого боллоо. Одоо та нарын хийх хамгийн гол, чухал ажил энэ шүү. Ард түмэн ч үүнийг л хүсч байгаа. Энэ ажлыг 100 хувь хийж чадах аваас монголчуудын хүслэн болсон Америк, Англи, Солонгос, Япон… гэх мэт мөнгө олж болдог улс орон бүрд визгүй зорчих цаг хугацаа тун ойрхон байна. Монголчуудын маань амьдрал сэв хийгээд л явчихна шүү дээ.

Categories
их-уншсан мэдээ туслах-ангилал цаг-үе

Солонгосоос утаагүй зуух гуйснаас визгүй зорчихыг гуйхгүй дээ

Ерөнхий сайд У.Хүрэлсүх БНСУ-д анхны гадаад айлчлалаа хийлээ. Түүний энэ айлчлалыг амжилттай боллоо гэж байгаа. Айлчлалын бүрэлдэхүүнд Засгийн газрын долоон сайд, УИХ-ын долоон гишүүн багтсан. Манай 60 гаруй бизнесийн төлөөлөл оролцсон. Айлчлалын хүрээнд хэд хэдэн бичиг баримтад гарын үсэг зурснаас ОУВС-гийн хөтөлбөрийн хүрээнд тус улсаас 700 сая ам.долларын хөнгөлөлттэй зээлийн хэлэлцээг шийджээ. Энэхүү зээлийг төсвийн дэмжлэг гэхээсээ илүү агаарын бохирдлын эсрэг төслүүдэд 500 сая ам.долларыг нь зарцуулна гэдгээ мэдэгдэв.

Тэгэхээр нийслэлийг утаанаас нь салгая гэвэл 220 мянган өрхийг орон сууцтай болгох шаардлага гарна. Үүнийг шийдэхэд дор хаяж 20 жилийн ажил байгааг судлаачид хэлсэн. Эдийн засгийн тооцоогоор бол 9.8 их наяд төгрөгийн зардал гарна гэдэг. Ямартай ч далайд дусал гэгчээр 500 саяыг ОУВС-гийн хөтөлбөрт дулдуйдан авч байх шиг байна. Валютын сангийн хөтөлбөрт хамрагдаагүй бол өгөх ч үгүй л дээ. Ирэх гуравдугаар сард Солонгосын мэргэжилтнүүд ирж энэ мөнгийг ямар чиглэлд хөрөнгө оруулахаа шийднэ. Урьдчилсан байдлаар хот төлөвлөлт, барилгын салбарт оруулна. Мөн дулаалга, шинэ технологиудад зориулна гэжээ.

Ерөнхий сайдыг айлчилж явах үед БОАЖ-ын сайд Н.Цэрэнбат “Утааг багасгахын тулд зуух тараахаас өөр аргагүй” гэж мэдээлсэн юм. Үүнээс нь үүдэн иргэд “500 сая долларыг зуух тараахад зориулах юм байна” гэж ойлгосон. Гэтэл Ерөнхий сайд У.Хүрэлсүх бөөн уур хилэн болж, өөрийн твиттер хуудсаараа дамжуулан “БОАЖ-ын сайд Н.Цэрэнбатад анхааруулъя. Зуух тараах тухай бодлогогүй яриагаа зогсоо. Манай Засгийн газар утааны эсрэг эрчим хүчээр хангах, орон сууцжуулах, нүүрс боловсруулах үйлдвэр барих зэрэг олон үе шаттай арга хэмжээ хэрэгжүүлэх ёстой. Асуудалд ухарч биш урагшаа харж ханд” хэмээн загнасан билээ. У.Хүрэлсүхийн танхим нэг иймэрхүү далийж дуугарсан сайд нартай л байгаа. Нэг сайд нь зуух тараана гэж зөрүүдэлж байхад нөгөө нэг дэд сайд нь “Оюутолгойг хөөж явуулна” хэмээн хашгирах жишээтэй. Араас нь Ерөнхий сайд нь, салбарын сайд нь “Аятайхан байгаарай, Засгийн газрын бодлогодоо захирагдаж ажиллаарай, чадахгүй бол зайлаарай…” гэж заналхийлсэн маягтай л байцгаана даа.

За, энэ яахав, 500 сая доллар руугаа оръё. Гэр хорооллын иргэдээ орон сууцжуулж байж л утаанаас сална шүү дээ. Хамгийн энгийн үнэн ердөө энэ. Одоо монголчууд өөрсдөө байшин үйлдвэрлэж үнэхээр чадна. Жишээ нь, “Эрэл” компани байна. Энэ компанийн бүтээн байгуулалтыг яана гээд байгаа юм. “Эрэл” ХХК-ийн БҮК-1 төслийн хүрээнд ашиглалтад орж байгаа шинэ үйлдвэрийн техник, тоног төхөөрөмж нь ХБНГУ-ын хамгийн сүүлийн үеийн технологиор шинэчлэгдэж, бүх дамжлагыг компьютерээр хянадаг бүрэн автомат үйлдвэр боллоо. Тус угсармал бетон хавтангийн үйлдвэр нь 1963 онд анх байгуулагдаж өнгөрсөн зуунд Улаанбаатар хотын барилгын 80 хувийг барьж байгуулснаараа алдартай. Тус үйлдвэр нь жилд 250 мянган кв.м орон сууц, сургууль, цэцэрлэг, бусад барилга, байгууламжийг жилийн дөрвөн улиралд барих хүчин чадалтай. “Эрэл” компанийн захирал Б.Эрдэнэбат “Манай улс дулаахан байдаг таван сар дотроо барилга, байшин барьдаг. Өвөл зогссоны улмаас банкны зээл, хүү нь нэмэгддэг. Харин манай үйлдвэр шинэчлэгдсэнээр жилийн дөрвөн улиралд 24 цагаар барилгын бүх төрлийн материал үйлдвэрлэж, барилгаа газар дээр нь угсарна. Ийм үйлдвэр 200 мянган өрхийг утаанаас хялбар салгах боломжтой. Мөн шавар, цемент, шохойн чулуу, арматур зэрэг барилгын бүх түүхий эдээ 100 хувь дотоодын үйлдвэрлэгчдээс авч ашиглана” гэж хэлсэн юм. Тус үйлдвэр нь шууд эцсийн бүтээгдэхүүн гаргаж байгаа учраас барилга барих явцад хийгддэг цагаан хөөс, шавар, замаск зэрэг нэмүү өртгүүдийг хэмнэхээс гадна зураг төсөл, барилгын материалын үнэ хавар нэмэгддэг байдлыг зогсоох боломжтой. Ингэснээр нэг метр квадратыг 1-1.2 сая төгрөгөөр зарж, борлуулах юм билээ. Ингээд зогсохгүй бөөнөөр нь үйлдвэрлэж эхэлбэл, одоогийн тооцоолж байгаа үнэ буурахыг үйлдвэрийн удирдлагууд хэлж ярьсаар байгаа. Ийм бэлэн үйлдвэр нь утаатай Улаанбаатарт ашиглалтад орчихсон байхад солонгосчуудаас юун зуух гуйх вэ. Бид солонгосчуудаас гуйхгүйгээр өөрсдөө байшингаа барьчихна.

Хамгийн гол нь Монголын ард түмэн одоо ажил хийх, мөнгө олох хэрэгтэй байна. Тэгэхийн тулд дотооддоо хийх ажил нь олддоггүй юм бол ядаж гадаадад гарч ажиллах хэрэгтэй байна. Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд ажлын байр нэмэгдсэнгүй, ажилгүй иргэдийн тоо улам өслөө. Хийх ажилгүй, орлогогүй монголчуудыг хараад арга барсандаа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга гурван жилийн барилгын цэргийг сэргээх тухай ярилаа.

Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр Ерөнхий сайд У.Хүрэлсүх Солонгосоос утаагүй зуух, дулаалгын үйлдвэр гуйхын оронд визгүй зорчихыг л мөргөж сөгдөөд ч хамаагүй гуйх байсан юм. Монголчууд БНСУ-д визгүй гарах хэрэгтэй байна. Тэндээс монголчууд ажил хийж, мөнгө олж эх орон руугаа явуулдаг. Дээр нь ажил хийж сурна. Ахиулаад бүр ноу хау, технологийг нь авчирна. Хүнтэй ажиллаж сурна. Ингэж Солонгост олноороо очиж ажиллаж байж гэр хороололд амьдарч буй ар гэрийнхнээ орон сууцанд оруулна. Монголд борлогдохгүй байгаа 40 000 орон сууц зарагдаж дуусна. 220 000 гэр хорооллын айлын 40 мянган яндан алга болно. Эдийн засгийн цусны эргэлт гэдэг бол энэ. Солонгост бүр “Монгол таун” байгуулах ёстой. Монголын хууль үйлчилдэг хороололтой болох ёстой. Тэгж байж харлахгүй, гэмт хэрэгт орооцолдож байгаа эсэхийг сайн хянана. Бүр цаашлаад Монгол Улсад Солонгосын алдарт Самсунг, Хьюндай… гэхчлэн дөрвөн том компанийн салбарыг нээмээр байна. Тэнд нь монгол мэргэжилтнүүдийг олноор нь бэлдэе. Ийм том ажлуудыг эрх баригчид эхлүүлмээр байна. “Ёооё, бас л гуйлга” гэж Ерөнхий сайдаа зүхэх хэрэггүй, зүгээр л Монголын удирдагчид том ярьж, том сэтгэх цаг болсон. Манайхаас бусад орны удирдагчид гадагшаа айлчлахдаа үр дүнг нь юу гэж ярьдаг гээч, “Манайх Европт 20 боинг онгоц зарахаар гэрээ хэлцэл хийж чадлаа” гэж эх орондоо буунгуутаа гайхуулдаг юм. Манай дарга нар тиймгүй юмаа гэхэд өөрт байгаагаа тэдний зах зээлд бага ч болтугай зарах, хөрөнгө оруулалт татах, гадаад худалдааны тэнцвэрээ ярих ёстой. 2017 оны байдлаар хоёр улсын худалдааны хэмжээ 209 сая ам.доллар байгаагаас экспорт 12 сая, импорт 198 сая ам.долларт хүрч, худалдааны нийт эргэлт 1.4-хөн хувиар өссөн төдий байгаа юм билээ. Энэ бүхэн үнэхээр чамлалтай санагдаж байна.

Ингээд бичихээр өөдөөс сөрөх хүн гарах байх. Сошиал сүлжээнд “Сүүлийн хүн Солонгос явахдаа гэрлээ унтраагаад яваарай” гэх утгатай үг хэлсэн байна лээ. Тийм юм байхгүй ээ, эргээд ирнэ. Манай улсын иргэд гадаадад олноор ажиллаж байгаа нь улс орны эдийн засагтай л холбоотой. Эдийн засаг сэргэж, хөрөнгө орлого нэмэгдэж, ажлын байр бий болохоор гадаадад ажиллаж, амьдарч буй хүмүүс эх орондоо ирдэг юм. 2011 онд Монголын эдийн засгийн өсөлт 17 хувьд хүрэхэд Солонгост ажиллаж байсан иргэдийн 50 орчим хувь нь Монголдоо буцаж ирж ажилласан. Үүнийг бид нүдээрээ харсан. Нэг хэсэг Солонгос явах сонин биш болчихсон байсан биз дээ. Одоо эдийн засгийн нөхцөл хүнд байгаа үед хүмүүс явж ажиллах сонирхолтой байна. Энэ хүсэл сонирхолд нь Монголын төр тусалж, амьдралд нь нэмэр болмоор байна.

Айлчлалын том үр дүн гээд байгаа 500 сая ам.долларыг ухаалаг, алсын хараатай, авлига, албан тушаалтнаас хол, зөв зүйлд нь зарцуулбал бас үр дүн гарна. Өнөөдрийн байдлаар ипотекийн зээлд 4.3 их наяд төгрөгийн эх үүсвэр гаргаж 93.147 иргэн орон сууцанд орсны 80 орчим хувь нь нийслэлд байгаа юм. Энэхүү 500 сая ам.долларыг ипотекийн зээлд оруулахад 30 мянга гаруй өрхийн орон сууцын асуудлыг шийднэ гэж муйхарлаж болох л юм. Солонгосын тал тэгэх ч үгүй байх л даа. Харин энэ мөнгийг гэр хорооллын дулааны шугамын дэд бүтцэд зарцуулж болно. Нийслэлийн гэр хорооллын 70 хувь нь байшинд. Дулааны хоолой татахад иргэдээс мэргэжил огт шаардахгүй ганц ажил. Хэдэн гагнуурчин л хэрэг болно. Дийлэнх нь газар шорооны ажил. Энэ бол Монгол дахь томоохон ажлын байр, иргэдийн орлого юм.

Өнөөдөр Монголд ажилгүй, орлогогүй иргэд маш их байгаа болохоор энэ мэт ажил сэтгэж, цалин орлоготой болох тухай л санаа юм шүү дээ. Эрх баригчид өөрсдөө сайхан амьдрах тухай бодох бус ард түмнээ сайхан амьдруулах тухай боддог болсон тэр цагт л улс орон урагшлах байх. Ийм удирдагчидтай болсон үедээ урагшилж хөгжсөн дэлхийн түүх бэлээхэн байна. Биднийг сайхан амьдруулах байх гэсэндээ өнөөдрийн төр засгийн удирдагчдыг сонгосон. Сонгож төрийн өндөр сэнтийд суулгасан учраас та нараас шаардах эрхтэй. Тийм болохоор давын өмнө БНСУ-д визгүй зорчих ажлыг хий. Үүний төлөө ажилла. Юун утааг бууруулах 500 сая ам.долларын зээл вэ. Ойрын жилдээ орлого олж болох ганц гарц байгаа нь Солонгост очиж ажил хийж, мөнгө олох. Олсон мөнгөө ерэн оноос хойших хүнд он жилүүдэд Монгол руу явуулж байсан шиг валютын урсгалыг бий болгох. Ийм л арга зам руугаа орохгүй бол ард түмэн туйлдаа хүрэх нь байна шүү дээ.

Categories
мэдээ цаг-үе

Хөдөлмөр хийх хүсэлтэй хүнд гурван жилийн цэрэг бол амьдралын их сургууль мөн

Гурван жилийн цэргийн алба хаах тухай яригдлаа. Эр эмгүй хааж болох тухай энэ санаа хүмүүсийг сүрхий өдөөв бололтой. Нийгэм даяараа шахуу асар их эсэргүүцэж буй мэт харагдав. Үнэндээ Монголын насанд хүрсэн хүн бүр үүнийг эсэргүүцэж байгаа юм уу. Сүүлийн судалгаагаар бол фэйсбүүкт 900 орчим хүн л өдөр бүр идэвхтэй гэсэн тоо гарсан. Энэ хэдхэн хүнээр жишээ авахад гурван жилийн цэрэг дээр хоёр хуваагдчихсан байна лээ. Технологийн хурд гүйцэгдэхээ байсан, шинэ үеийнхний хандлага, амьдралын хэмнэл нь огт өөр болсон өнөөдрийн цаг үед гурван жилийн цэргийн асуудал хүлээж авахад хэцүү мэт нэг хэсэгт нь ойлгогдож байгаа байх. Ялангуяа хиймэл оюун ухаан яригдаж буй энэ цаг үед цэрэг, хүрз, хар ажлын тухай ярих нь ядруухан сэдэв гэж цөөн хэсэг нь үзэх бололтой. Тэгвэл аль ч улс оронд хиймэл оюун, технологитой ноцолддог хэсэг нь нийт хүн амын үсрээд 10 хувь нь л байдаг юм. Тэр байтугай хөгжсөн орны нийт хүн амын 30 хувь нь л дээд боловсролтой байдаг юм. Тэд л техник технологи ярьдаг, дээд боловсролынхоо ид шидийг үздэг, хөгжлийг урагшлуулдаг хэсэг нь. Ийм хэсэгт цэрэг дэмий байх нь тодорхой. Харин үлдсэн 80 хувь нь зүгээр л нийгэмд ажил хийх гэж яралзуулдаг хэсэг юм. Тэдэнд тэр технологи, хиймэл оюун энэ тэр бол падлий ч байхгүй. Дэлхийн жишиг ийм л байгаа.

Өнөөдөр монголд хүн бүр хүүхдээ дээд боловсролтой болгох гэсэн хийрхэл хэмжээ хязгаараасаа хэтэрсэн. Түүний илрэл нь энэхүү гурван жилийн цэргийг нэг хэсэг нь зүхэж, үзэн ядаж, маргааш хүүхдийг нь гурван жилийн цэрэгт явуулах гэж байгаа мэт аяг ааш юм. Гурван жилийн цэргийг зүхэж буй хүн бүрийн дийлэнх нь хүүхдээ яаж хөдөлмөрч болгох вэ, яаж гар утас, компьютераас холдуулах вэ, яаж хүнээс хатуу үг сонсож сургах вэ, яаж сэтгэлийн тэнхээтэй хүн болгох вэ, ядаж л яаж өглөө эрт гозосхийтэл босдог хүн болгох уу гэсэн асуудалтай байдаг. Эцэг эхийн ийм яриаг ажлынхаа орчноос эхлээд автобусны буудал дээр ч сонсдог. Ирээдүй үеийнхний маань тухай хүнд яриа, хүнд сэдэв бол энэ. Тэгээд яаж шийдэх гээд байгаа юм. Гурван жил бол хүүхдүүдийн минь хувьд сурч боловсрох хайран цаг хугацаа гэж хийрхэхээ больцгоох хэрэгтэй. Боловсролоос өмнө хүнд чинь хүн болж төлөвших, хөдөлмөрч болж төлөвших, хүмүүсийн дунд биеэ зөв авч явах дадал хэмнэл гэж хаанаас ч олж мэдэж, сурч болдоггүй өндөр дээд боловсрол гэж байдаг. Ажлын 12 цагт бүтэн хөдөлмөр хийж чадахгүй нялцанхайнууддаа, өдөр шөнөгүй хөдөлмөрлөж босгосон аж ахуйгаа өвлүүлэх тухай яаж бодож чадаж байна. Тэр залхуу, тэсвэргүй, ачаалал авч сураагүй нялцанхайнуудынхаа юунд нь итгэж найдаад байна. Монголын 80 хувь нь хөдөлмөрлөхгүй, баялаг бүтээхгүй байгааг бид харж байна шүү дээ. Монголын нийт залуучуудын 66,8 хувийг 35 хүртэлх насны залуучууд эзэлж байна. Тэгэхээр хүн амын бараг 70 орчим хувийг 16-35 хүртэлх насны залуучууд эзэлж байна гэсэн үг. Хүн амын 66.8 хувийг эзэлж буй залуучуудын 67,3 хувь нь гэр хороолол, орон нутагт амьдарч байна. Хөдөлмөр эрхэлж буй залуучуудын сарын дундаж орлого 94-180 мянган төгрөг гэсэн статистик сая гарлаа. Залуусын маань байгаа царай ийм л байна шүү дээ. Тэдэнд юу дутаж байна гэхээр англи хэлний боловсрол дутаагүй. Амьдрал дээр тэвчээртэй, хөдөлмөрч байх тэр чанар л дутаж байна. Монголын хүн амын ийм хэсэг нь 80 хувь байгаа юм. Тэгэхээр тэдэнд цэрэг хамгийн чухал. Өөх ч биш, булчирхай ч биш болчихсон Монголын залуу үеийнхэн хөдөлмөрийн амт шимтийг өчүүхэн ч мэдрээгүй байна. Хөдөлмөрлөх, ажил хийх амьдралын тийм дадал хэмнэлд арми, цэрэг л сургана.

Та бүхэнд Зэвсэгт хүчний 013 дугаар ангид алба хааж буй Ч.Мэндсайхан гэж залуугийн өнгөрсөн долоо хоногт хэвлэлд ярьсныг хүргэе. Тэрбээр “Цэрэгт ирснээс хойш би уургүй болчихсон. Айлын ганц хүү болоод тэр үү дураараа байсан. Харин энд ирээд өөр болсон. Зургаан сар болоход их зүйл бодсон. “Тиймхэн зүйлд яагаад уурладаг байсан юм бол” гэж үе үе боддог. Халагдахдаа уур гэдгийг мартаад явах байх (инээв). Үүнээс гадна хариуцлагатай байхыг сургадаг. Би алдаа гаргавал салааныхан маань буруутдаг. Миний өмнөөс бусад маань шийтгүүлж байгааг харах үнэхээр муухай. Тийм болохоор аливаа зүйлд хариуцлагатай байх ёстойг сайн ойлгож байгаа” гэж. 19 настай айлын ганц эрх хүүгийн үзэл бодолд арми ингэж нөлөөлсөн байна. Аав ээж та хоёр хүүхдээ ийм эерэг хандлагатай болгож чадах уу. Мөн тус ангийн байлдагч Ц.Мөнхсайханы яриа байна. “Би хотын унаган хүүхэд. Сүүлийн 21 хоног нүүрс буулгах, савлах ажлын дайчилгаанд байгаа. Огт хийж байгаагүй ажил. Гэхдээ өдрөөс өдөрт бие чангараад өөртөө итгэлтэй болж байгаагаа мэдрэх гоё байна. Бид цэргийн эрдэмд суралцахаас гадна хүсвэл хөнгөлөлттэй үнээр жолооны курст сурах боломжтой. Мөн хөдөлмөрийн биржээс хүмүүс ирж ажлын байрны тухай танилцуулдаг болсон” гэж ярьсан нь хөдөлмөрийн амтыг үнэртүүлж байгаа юм. Эдгээр нь хар, борог яриа байж болно, гэхдээ энэ бол хүний нийгэм, хүнийг хөдөлмөр, тэвчээрт сургаж буй бодит амьдрал юм. Ийм юмыг их сургуулиас сурдаггүй юм гэдгийг л гурван жилийн цэргийг зүхэж буй хүмүүс ойлгох хэрэгтэй.

Ажилгүй иргэдийн 45.0 хувийг бүрэн дунд, 32.5 хувийг дипломын болон бакалаврын дээд, 6.7 хувийг техникийн болон мэргэжлийн, 5.8 хувийг суурь, 5.3 хувийг тусгай мэргэжлийн дунд, 2.0 хувийг бага, 1.4 хувийг боловсролгүй залуучууд эзэлж байна. Эдгээр залууст ажил яагаад олдохгүй байна. Гэтэл зарын сонинууд дээр элдэв төрлийн ажлын санал битүү байна. Шалтгаан нь сая хэлсэн хөдөлмөрч чанаргүй залуу үеийн өнгө төрх.

Монголчуудыг ганц нааш гэж байгаа Азийн бар БНСУ-ын иргэдийн 80 хувь нь ажил хийдэг. Үлдсэн 20 хувь нь хиймэл оюун ухаантай ноцолддог хэсэг юм. Үүнийг дэлхий мэднэ. Тус улсын цэргийн насны бүх эрчүүд гурван жилийн алба хаах хуультай, түүнийгээ бүгд биелүүлдэг. Биелүүлээгүй хүнийг эх орноосоо урвасан гэж үзэж, хуулийн дагуу хариуцлага хүлээлгэдэг. Дэлхийн хэмжээний од нь хүртэл алба хаадгийг бүгд мэднэ. Дэлхийн хамгийн өндөр хөгжилтэй энэ улсын иргэд нийтээрээ тэнэг болчихсондоо гурван жилийн цэргийн алба хаадаг юм уу. Тэднээс монголчууд илүү ухаантайдаа өнөөдөр ийм амьдарч байгаа юм уу. Үүнийг өөрсдөөсөө асууя. Шулуухан л хэлье, өнөөдрийн Монгол Улсад, өнөөдрийн монголчуудад хүрз, шороо, далангийн ажил амин чухал байна. Бид нийгмийнхээ бодит үнэнтэй эвлэрмээр байна. Эсэргүүцээд, их зантай юм яриад байгаа хүмүүс нь хүүхдээ цэрэгт явуулахгүй л байна биз. Бид их дээгүүр, ноён зантай байдгаа болимоор байгаа юм. “Би ч лам, чи ч лам хэн нь морио тэжээх вэ” гэдэг үг бий. Бид яг ийм болчихоод байна. Өнөөдөр монголд хөдөлмөрлөдөг, ажил хийдэг хүмүүс л хэрэгтэй байна. Тийм ирээдүй хойч үе бүр ч хэрэгтэй байна. Хөгжсөн, хөгжиж буй бүх улс орон, ер нь хүн төрөлхтөн бүгдээрээ бидэн шиг зунжингаа тэнэдэггүй юм. Наад зах нь гурвуулаа нийлж нарийн боовны супер цех байгуулаад түүнийгээ гурван үеэрээ ажиллуулдаг юм. Гэтэл манайхан хамгийн их ажил хийж, амжуулж байх тааламжтай зуны хэдэн сардаа ард түмнээрээ шахуу өнөө муу приустээ чихэлдэж суугаад Хөвсгөл рүү тэнээд явчихдаг. Айраг цагаа, хорхог боодогондоо хордтол тэнэдэг. Амьдралын ийм л буруу хэвшил хэмнэлтэй явж ирсэн нь төрт ёсны 2000 жилийн түүхтэй Монгол Улсыг өнөөдөр ийм дорой буурай харагдуулж байна. Уг нь бол оюунлаг, сэхээтэнлэг цөөн хэсэг нь хөдөлмөрлөсөн шиг хөдөлмөрлөөд, үлдсэн 80 хувь нь нийгэмд ажил хийж, хөдөлмөрлөж чадвал хөгжил хол биш. Сэхээтнүүд нь гурван жилийн цэргийг өөрсөн шигээ бодож, түүнийгээ нийгэмд тулгах хэрэггүй. Ард түмний чинь 80 хувь нь үнэхээр борог дорой, залхуу амьдарч байгааг бүгд мэдэж байгаа шүү дээ. Энэ хүмүүст чинь цэрэг чухал байна. Энэхүү хэсгийн чинь үзэл бодол, бие бялдар, амьдралд хандах хандлага, хамгийн гол нь хөдөлмөрч хүн болж төлөвших хамгийн чухал процесст цэргийн он жилүүд бурхнаас илүү тусыг өгөх гээд байна. Цэргээс халагдсан залуу хүн ядаж л өглөө эрт босоод ажил хийх тухай, хөдөлмөрлөх тухай боддог болно. Та нарын чадахгүй байгаа тэр хүмүүжлийг цэрэг үр хүүхдэд чинь олгоно.

Энэ дэлхийн 200 гаруй улс орны дунд цэрэг армийг зүхдэг, тэр хэрээр олон улсад байр суурь муутай, ард иргэд нь сул дорой, хөдөлмөрлөдөггүй, дэлхийд эзлэх хувь жин өчүүхэн, сургийг нь ч сонсоогүй хэдхэн улс орон байдаг юм. Тэдгээр нь Гаити, Гренада, Кирибати, Коста-Рика, Лихтэнштейн, Мавритан, Мальдив, Науру, Самао, Сан-Марино, Санта-Лючи, Сэнт-Винсэнт ба Гренадин, Сэнт-Китс ба Невис, Тувалу… гэх мэт. Ийм улсууд энэ дэлхийд байдаг гэж сонссон уу, монголчууд аа. Тэгвэл эдгээрийн нэг байхыг хүсээ юу, их Монголын үр сад. Ийм өчүүхэн байх, байлгах сонирхол Монголын сэхээтнүүдэд байгаа юм уу. Тиймгүй л юм бол гурван жилийн цэргийн талаар сөрж хуцах хэрэггүй. Ядаж дуугүй бай. Монголын ирээдүй хойч ажил хийж чаддаггүй, хөдөлмөрлөх чадваргүй, үхээнц дорой баймааргүй байна. Монгол Улсад ажил хийдэг хүн хамгийн амин чухал байна. Та хөдөлмөрлөж сураагүй, чөлөөт иргэн яваа хүүхдээ тодорхой хугацаанд төрийн мэдлийн субьект болгоод нэг үзээч. Үр дүн нь гарна даа. Хөдөлмөр хийх хүсэлтэй хүнд гурван жилийн цэрэг бол амьдралын их сургууль үнэхээр мөн юм шүү.

Categories
мэдээ цаг-үе

Монголыг бүтээлцсэн эрхмүүд: Х.Чойбалсан (II)

“Монгол тусгаар тогтносон улс” ард түмний санал асуулгын үеэр. 1946 оны 10 дугаар сарын 20-ны өдөр

Сайнаасаа мууг их үзсэн нь улс төрд тэсч үлддэгийн сонгодог жишээ бол Х.Чойбалсан юм. 1930-аад оны эхээр Мал, тариалангийн яамны сайд байсан Х.Чойбалсан “Лхүмбийн хэрэг”-т сэжиглэгдэн Москва руу ачигджээ. Тэнд очоод нэлээн хэдэн сар сураггүй болсон байдаг. Тэгснээ гэнэт гарч ирээд Москвад тухайн үеийн Дотоодын хамгаалах газрын дарга байсан Гиваапил, Бадрах нарыг өөрийн биеэр байцаасан баримт Оросын архиваас олдсон байдаг юм. Гиваапилын байцаалтын протокол дотор “Чойбалсаан, та ноднин энд, миний адил Лхүмбийн хэрэгт холбогдоод сууж байсан биздээ…” хэмээн ярьсан нь мэдүүлэгт үлджээ. Энэ нь түүнийг бас баригдаж, байцаагдаж байсныг гэрчилдэг. Ингэж үйлээ үзэхдээ оросын чекистүүдийн шалгуурыг давж, сураггүй байх хугацаандаа нууцаар бэлтгэгдэж, эргээд хамт хоригдож байсан нөхдөө байцаан үнэнчээ оросуудад баталснаар Кремлийн итгэлт хүн болох замаа засч эхэлсэн бололтой.

Эндээс хойших түүний замнал их удирдагч, чимэг болон хайрлагдсан Чойбалсан болтлоо өндрөө авч, их хэлмэгдүүлэлт дундуур туучсан болой. Энэ хүн яагаад Монголыг бүтээлцсэн байхав. Хүний төлөвших, үнэнийг ойлгох, хүнд байдлаас өөрийгөө авч гарах гээд олон процесс болсон нь мэдээж. Өөртөө баараггүй үнэнч хүнийг олох Москвагийн болзлыг нэгэнт хангасан түүнд Сталин талтай буйгаа илтгэсэн нэгэн үйл явдал болсон нь нэр нөлөөгөө төдийлөн тогтоож чадаагүй Монголын жижигхэн дарга нарын нэг Х.Чойбалсангийн нэр дээр олон тооны “Газ” суудлын машиныг хойноос ирүүлсэн явдал байлаа. Түүнийг нь мань эр баруун солгойгүй тарааж байсан нь тухайн үеийн төрийн удирдлагад нэр нөлөөгөө тэлэх нэг хэлбэр нь болж байлаа. Энэ мэтээр Х.Чойбалсан нөлөөгөө тэлсээр “Монголын Сталин” болсон. Тэрээр 1940 онд Лениний одонгоор шагнуулах хүртлээ юу эсийг хийснийг энд дурдах нь илүүц биз. Нэртэй зарим нэг судлаачид, түүхчдийн их гэгээнээр харснаар бол Монголын тусгаар тогтнолыг авч гарахын тулд гэж дүгнэсэн байдаг. Түүний энэ хүртэлх замналд сайн муу бүхэн холилдон байсныг үгүйсгэх аргагүй билээ. Эцсийн дүндээ 1941 он гэхэд ардын хувьсгалын анхны долоогоос ердөө Х.Чойбалсан л цор ганцаараа үлдсэн байлаа.

Шинээр тавигдсан төмөр замын шугамыг хүлээн авах комисс явж байгаа нь. Зүүн гар талаас гурав дахь нь маршал Чойбалсан.

Гар дотроо хумьж атгасан Монголыг Х.Чойбалсан хэрхэн авч явав. Ав хомрог бүхэн дуусах шатандаа орсон үед тэрбээр Москва руу нүүр бардам очжээ. Тэр үнэнчээ нэгэнт баталсан болохоор “юм” гуйх нүүртэй байлаа. Хамгийн эхэнд Улаанбаатар хүртэлх төмөр замыг тавиулах, Мах комбинаттай болох, Цементийн завод байгуулах… гэхчлэн улс орны нийгэм эдийн засагт дорвитой өөрчлөлт авчрах өчнөөн бүтээн байгуулалт хийж өгөхийг Сталинаас гуйсан юм. Энэ үед Монгол нь 65 сая рублийн бараа ЗХУ-д гаргаж, 75 сая рублийн бараа худалдаж авдаг байсан баримт бий. Өнөөх алдарт “Малаа 200 саяд хүргэ” гэсэн Сталины захиас энэ айлчлалын үеэр болжээ. 1940 онд монголчууд 30 мянган тонн хонины ноос, мянган тонн тэмээний ноос, мянган тонн ямааны ноолуур бэлтгэж ЗХУ-д худалдахыг Сталин, Молотов нарын зүгээс хүсчээ. Энэ бүхэн бол Монгол Улсын хувьд төр засгийнх нь зүгээс албан ёсоор анх удаа хийсэн эдийн засгийн томоохон гэрээ хэлэлцээрүүд байлаа. Эндээс их зүйл эхэлсэн юм. Мөн Х.Чойбалсангийн оролцоо, зүтгэлээр Монгол улс үндэсний армитай, цэргийн мэргэжилтнүүд, зэвсэг техниктэй болох эхлэл тавигдсан нь том үйл хэрэг байлаа. Мэдээж үүнд Зөвлөлтийн мэргэжилтнүүдийн үүрэг оролцоо их. Монголын армийг улс төрийн талаас нь Воронин бэлтгэв. И.А.Плиев боловсон хүчнийг хариуцав. Алдарт Рокоссовский анхны морин хороог дасгалжуулав, В.А.Судец монголын армийн анхны нисэх хүчнийг байгуулав. Нийт цэргийн зардлыг хоёр дахин нэмж, цэргийн тоог 30 хувиар өсгөв. Зэвсэг техник 40 хувиар нэмэгдэж, цэргийн албыг гурван жил болгожээ. Энэ бүхэн бол үнэндээ цэрэг армийн стратегийн хувьд дэвшил, Монгол гэж тусгаар орон, олон улсад хүлээн зөвшөөрөгдөх эсэх торгон цаг үед том үйл явц байсныг өнөөдрийн бид хүлээн зөвшөөрөх ёстой юм. Яалт ч үгүй хорьдугаар зуунд Монголыг бүтээлцэхэд орсон хувь нэмрийн нэг мөн.

Дэлхийн хоёрдугаар дайн, Ялтын хэлэлцээр, Хятад-Оросын харилцаа, дэлхийн томчуудын ойлголцолд хүрсэн алдарт уулзалтууд… тэр бүгд дээр Гадаад Монголын тусгаар тогтнолын асуудлыг Сталин ярьж, сануулж байсныг Х.Чойбалсантай холбож ойлгох ёстой. Тэр том акулуудын дэргэд жижигхэн Монголын удирдагч яаж ч харагдах билээ. Гэхдээ тэрбээр Монголын тусгаар тогтнолын асуудалд үргэлж санаа тавьсаар байсан нь түүхэн үнэн. Х.Чойбалсан хэзээ ч Оросод дагаар орох асуудлыг Ю.Цэдэнбал шиг босгож байгаагүй. 1945 оны зургадугаар сард Сталин, Хятадын талд Гадаад Монголын тусгаар тогтнолын ээлжит асуудлыг дахин тавихад тэд үхтлээ айжээ. Энэ мөчид сахалтай удирдагч Ялтын гэрээг тэдэнд сануулж, хэрэвзээ Гадаад Монголын тусгаар тогтнолыг хүлээн зөвшөөрөхгүй бол СССР нь японд дайн зарлахгүй гэдгээ мэдэгдэж, шантааж хийсэн нь юм. Мэдээж Сталины хувьд Монгол нь түүний цэрэг стратегийн жийргэвч байх эрх ашиг нь бидний тусгаар тогтносон байх статусыг дэмжих шалтгаан байсан ч эцсийн үр дүндээ өнөөдөр Монгол Улсад ашигтайгаар л туссан байдаг. Үүнийг тэр үеийн Монголын удирдагч Х.Чойбалсантай холбож үзэхгүй өөр хэнтэй холбох юм. Үүгээрээ тэрбээр Монголыг бүтээлцсэн хүний нэг мөн. Энэ олон үйл явдлын эцэст Сталины зүгээс Х.Чойбалсанг долдугаар сарын 4-нд Москвад дуудаж, угтаж авахдаа хүндэт харуул жагсаан, бүх томчууд нь тосч, олон улсад тусгаар тогтносон Монгол Улсын удирдагчийг хүлээн авч харагдсан нь дэлхийд Монголыг зөв, бие даасан харуулах үнэ цэнтэй үйл хэрэг болжээ. Улмаар 1945 оны чөлөөлөх дайнд Х.Чойбалсан Монголын 21 мянган залууг армид элсүүлэн дайнд оруулж, хятадыг японы түрэмгийлэгчдээс чөлөөлөх үйл хэрэгт оролцсон нь тусгаар улс гэдгээ их хятадад харуулж чадсан онцгой хэрэг болсон юм. 1945 оны чөлөөлөх дайн дууссаны дараа Оросын дотоодын цэргийн төмөр замын ангиудыг оруулж Монголд төмөр замын ажлыг цаг алдалгүй эхлүүлсэн нь ч онцгой. Үүгээрээ тэрбээр улсынхаа энх цагийн бүтээн байгуулалтын ажлыг эхлүүлсэн билээ. Энэ үеэс Х.Чойбалсан эх орныхоо улс ардын аж ахуйн салбар, боловсрол, эрүүл мэнд, нийгмийн хөгжилд онцгойлон анхаарч, удирдагчийнхаа хоёр дахь үеийг эхлүүлжээ гэж хардаг.

Х.Чойбалсангийн шийдвэрээр Монголын арми 1945 онд Хятадыг Японы түрэмгийлэгчдээс чөлөөлөх дайнд оролцож Жэхэ хот хүрсэн нь Монголыг тусгаар тогтносон улс хэмээн Хятад хүлээн зөвшөөрөхөд онцгой нөлөө үзүүлсэн юм. 1945 оны наймдугаар сар. Цагаан хэрэм. Маршал Х.Чойбалсан Орос, Монголын цэргийн дарга нарын хамт

Х.Чойбалсангийн удирдлагад байсан энэ цаг үеийн хамгийн том, хамгийн гайхамшигтай үйл хэрэг бол 1945 оны аравдугаар сарын 20-ны өдөр “Гадаад Монгол тусгаар тогтнолынхоо төлөө байна” гэсэн ард түмний санал асуулга байв. Мэдээж Монголын ард түмний 98,4 хувь нь тусгаар тогтнолынхоо төлөө санал өгсөн юм. Чан Кайшигийн хувьд ийм тодорхой зүйлээр болзол тавьсан нь хожмоо хятадуудад бэлэн тайлбар хийх бололцоо гаргах үүднээс л хийсэн зүйл болов уу. Зэрэгцээд Сталингийн хувьд хятадуудын шаардлагаар “Ирээдүйд Гадаад Монголыг СССР-ын бүрэлдэхүүнд оруулахгүй” гэсэн үүрэг авсан юм билээ. Энэ бүхэн бол нийт монголчуудын хувьд үнэхээр түүхэн үйл явдал билээ.

Санал асуулгын дүнг үндэслэн Хятадын зүгээс БНМАУ-ыг 1946 оны нэгдүгээр сарын 6-нд албан ёсоор хүлээн зөвшөөрлөө. Үүнээс хоёр сарын дараа Москвад Монгол-Зөвлөлтийн найрамдал, харилцан туслалцах гэрээг байгуулсан нь Зөвлөлт Оросоос үнэндээ анх удаа тусгаар тогтнолыг маань хүлээн зөвшөөрсөн албан гэрээ байлаа. Залгуулаад Монгол дахь Зөвлөлт Оросын төлөөлөгчийн газрыг Онц бөгөөд Бүрэн Эрхт Элчин сайдын яам нэртэй болгов. Энэ жишгээр 1950 он гэхэд манайтай Хойд Солонгос, Хойд Вьетнам, Польш, Чех, Унгар, Румын… зэрэг орнууд дипломат харилцаа анхлан тогтоолоо. Ийнхүү нийт монголчуудын 250 жилийн туршид хүсч мөрөөдсөн зүйл Х.Чойбалсангийн үед биелэлээ олж Тусгаар тогтносон бүрэн эрхт улс боллоо. Ээдрээ түвэгтэй хорьдугаар зуунд Хорлоогийн Чойбалсан гал усны гашуун зовлон дундуур туучин байж Монголыг үүнээс илүү хэрхэн бүтээлцэх билээ.

Өнөөдөр бидний үеийнхэн Х.Чойбалсангийн үед олж авсан тусгаар тогтнол, хил хязгаар дотроо бор гэртээ богд, хар гэртээ хаан царайлан, будаагаа булаацалдан, хоорондоо хэмлэлдэн, өөрсдийн эрхээр уйлж, өөрсдийн эрхээр дуулан, монгол хэмээх нэрийг сайн муугаар дуудуулан амьдарч байна. Ингэж амьдран буй нь өөрөө аз жаргал юм. Энэ эрх дураар амьдрах боломжийг үлдээх гэж эх орончид их хядлага, уй гашуу, доромжлол, жижиг улс байхын зовлонг үзэж, тэмцэн сөрж, шүд зуун зүтгэжээ. Түүний нэгэн тусгал бол яах аргагүй Хорлоогийн Чойбалсан юм. Тэрбээр түүхэнд арилшгүй мөрөө үлдээсэн удирдагч мөн билээ.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Монголыг бүтээлцсэн эрхмүүд: Х.Чойбалсан

Х.Чойбалсан, маршал Г.К.Жуковын хамт

Монголыг бүтээлцсэн эрхмүүдийг тоочвол хэдэн зууныг дамнан нэрлэх нь тодорхой. Энэ удаад хорьдугаар зууны эхнээс өнөөдрийг хүртэлх Монголыг бүтээлцсэн эрхмүүдээс онцолъё. Улс төр, эдийн засаг, оюун санааны олон удирдагчид, нөлөө үзүүлсэн олон хүн төрж гарсан байна. Тэднээс “Өдрийн сонин”-ы редакци Хорлоогийн Чойбалсанг онцолж байна. Хорьдугаар зуунд Монгол Улсыг авч явахын тулд Х.Чойбалсан гэдэг хүн ямархан замнал туулж, ямар үүрэг гүйцэтгэснийг уншигчдадаа хүргэхийг зорилоо.

Х.Чойбалсан ямар ч алдаа дутагдалтай байсан хорьдугаар зуунд Монголыг бүтээлцсэн, дараагийн үедээ авчралцсан хүний нэг бол мөн. Түүний төрж өссөн орчин, хүүхэд насны адал явдал, зөнгөрдүүхэн өссөн өсвөр нас, хувьсгалын үйл хэрэгт дагалдан орсон залуу халуун нас бүгдийг нэг өгүүлбэрээр хүргэе гэвэл, “Х.Чойбалсан хүүхэд насандаа нэг их сайн сайхныг үзээгүй, хатуу хөтүүг туулсан, залуудаа эмх цэгц муутай, овоо муу гар байжээ” л гэж хэлэх юм.

Түүний төрж өссөн Санбэйсийн хүрээ буюу одоогийн Чойбалсан хот бол тухайн үедээ Монголын зүүн хязгаарын хилийн боомт, өнөөдрийнхөөр бол Замын-Үүд гэж болно. Залгаа Манжуур, Хайлаар, Харбин, бүр цаашлаад урт хөлийн хүмүүст Мүгдэн хүртэл нээлттэй. Хойшоо Алс Дорнодын Бүгд найрамдах улстай хил залгаж байв (Хорьдугаар зууны эхэн үеийнхээр шүү дээ). Санбэйсийн хүрээнд тухайн үед Оросын зургаан пүүс байсан гээд бод. Энэ бол тэр үедээ их тоо. Хятадын пүүс бол түүнээс их. Ийм их хөлийн газарт эсэн бусын үйл явдал олон хүнд хэрэгтэй бүх үйлчилгээ байсан. Биеэ үнэлэгчид ч байсныг зарим эх сурвалжууд бичжээ.

Ийм их хөлийн газрын захад Х.Чойбалсан төрсөн байдаг юм. Энэ үеийнх нь талаар Баабарын бүтээлд бий. Санбэйсийн хүрээнд шавилж суух маягтай байсан Х.Чойбалсан гэртээ нэг удаа очиж ирээд нэг ч хонолгүй Нийслэл хүрээ рүү сургаар төдий, баруун тийш гэсэн чиг баримжаатай, өөрөөсөө ялимгүй ах Яринпил гэж найзтайгаа нийлж аван тэмээ жин бараадан явган нүцгэн дүрвэсэн хүн юм. Энд нэг зүйлийг онцлоход түүний эх Хорлоо бол Санбэйсийн хүрээгээр ирж очсон хөдөлгөөнтэй эмэгтэй байсан талаар нутгийнхны хууч ярианууд бий.

Энэ тухай их тухлан бичвээс буруудаж, мушгих баримтууд үлдсэн байдаг болохоор ээжийнх нь, ах дүү нарынх нь талаар судлаачдын бичиж үлдээснээс хэтрэх хэрэггүй бизээ. Ёс зүйгүй хэрэг болно. Шулуухан хэлэхэд Х.Чойбалсан ингээд дүрвээд явчих хэмжээний хэнэггүй, айх эмээх хүнгүй, ар гэрийн анхаарал сайнгүй, “хүнд гар” өсч байсан нь үнэн юм. Арван хэдтэй хүүхэд алс зүүн хязгаараас Хүрээ рүү гараад алхана гэдэг нэлээн том толгой байсны наад захын нотолгоо юм. Өнөөдрийн ойлголтоор бол хараа хяналтгүй гудамжны хүүхдүүдийн үйлдэл.

Д.Сүхбаатар, Х.Чойбалсан нар

Түүнд Хүрээ хотод таних хүн байтугай, төсөөлөл ч байгаагүй. Түүний Хүрээнд хүртэл явсан аялал бол тэр чигээрээ адал явдал. Дөхөж ирэнгүүтээ мань эр дагаж явсан тэмээн жингийнхээ нөхдөөс бултчихсан байдаг юм. Мэдээж нөгөө Яринпилтэйгээ. Огт өөр зүгээс Нийслэл хүрээнд орж ирээд хэсэгтээ тэнэмлээр амьдарсныг та бүхэн уншсан байх. Уншаагүй бол уншаарай. Бага насных нь энэхүү зөнгөр амьдралын зах зухаас дурдсанаар юу хэлэх гээд байна гэхээр Монголын нэгэн үеийн удирдагч Х.Чойбалсан бол ийм л хүнд нөхцөлд хүүхэд насаа үдсэн, баргын зүйлд сэтгэл санаагаар унаад байхааргүй болчихсон нөхөр юмаа гэдгийг л хэлэх гэсэн юм. Сонирхуулахад Х.Чойбалсан чинь басчиг хоншоортой эр. Зүүн хязгаараас явган нүцгэн хамтдаа ирсэн Яринпилээ сүүлд сүрхий өөд нь татаж, 1940-өөд оны үед өнөө Яринпил нь Хоршоодын төв зөвлөлийн орлогч дарга хүртэл хийж байсан байдаг юм. Энэ маягаараа мань эр хуучин нөхдөө хаядаггүй шинжтэй байж. Яринпил түүний талаар сүүлд юу ярьдаг байсныг саяхан хүртэл амьд байсан УТТ-ны гишүүн Рагчаа гуай надад ярьж өгнө гэсээр амжилгүй өөд болсонд одоо харамсаж явах юм даа. Учир нь Рагчаа дарга нэг хэсэг тэр Хоршоодын төв зөвлөл гэдэгт нь Яринпилтэй хамт ажиллаж байсан юм билээ. Х.Чойбалсангийн хүүхэд нас, тэнэмэл борог амьдралыг ганц мэдэх хүн нь Яринпил л байсан байх. Бод л доо, тэр хоёр өнөөдрийн Дорнод аймгаас Улаанбаатар хот хүртэл 700 км замыг явган туулсан, өлссөн, цангасан, айсан… юу эсийг үзсэн байхав. Нэг цагийн монголчуудад эцэг болон хайрлагдсан гэх энэ хүний юу ярьдаг хүүхэд байсныг хэлэх ганц гэрч нь Яринпил байсан болов уу. Мань хоёр хамтдаа дүрвэхээсээ өмнө Санбэйсийн хүрээнд ном үзэж байхдаа гадуур тэнэж, зодоон хийж, хулигаан царайлсан, холбоотой хоёр бяруу шиг юмнууд явсан гэдэг юм. Өнөөдөр Яринпилийн үр сад гэж байх л ёстой.

Нийслэл хүрээний гудманд ирсэн Х.Чойбалсан, түүний өөр нэр хаяг, сургуульд хэрхэн хамрагдсан… гээд олон олон намтрыг та бүхэн Баабарын бүтээлээс олоод үзчих боломжтой. Тийм болохоор энэ үеийг нь алгасаад хувьсгалын үйл хэрэг рүү нь ойртуулж ярья. Тухайн үед Монголд ирж, буцаж байсан гадны эх сурвалжуудын Оросод, Европт, тэр бүү хэл Америкт хүртэл хэвлүүлсэн ном, товхимлуудаас харахад тэдний дийлэнх нь Данзангийн туслах Сүхбаатар, Бодоогийн шавь Чойбалсан /зарим эх сурвалжид Бодоогийн дүү ч гэсэн байдаг юм/ гэж л дурдагдаад байдгийг одоо олон хүн мэдэх болжээ. Ер нь бол гол дүрүүд нь Бодоо, Данзан хоёр л байдаг юм. Манай хоёр сайн эр бол ерөнхийдөө гар хөлийнх нь үзүүрт зарагддаг ч юм уу, Сүхбаатар бол хар багаасаа дайн тулаан үзчихсэн учраас Данзангийн бие хамгаалагч гэж хүртэл бичигдсэн. Ардын хувьсгалын үйл хэрэгт оролцож эхэлсэн үеэс Х.Чойбалсангийн гарцаагүй дотны найз нь Д.Сүхбаатар байсан бололтой. Хувьсгалч нөхөд нь бүгдээрээ тэр хоёроос хамаагүй ах хүмүүс. Юун дээр ч байсан хамгийн түрүүнд тэднийг “Алив та хоёр” гэдэг байсан бололтой. Мэдээж сүүлдээ хувьсгалын үйл явц хүчээ авч 1921 он гарахад тэдэн дундаа залуу халуун Х.Чойбалсан, Д.Сүхбаатар хоёрын үүрэг оролцоо нэмэгдэж, цөөхүүлээ байсан хоёр бүлгэмийн нөхөд тэр хоёрт ажил оноож эхэлсэн. Энэ хэрээр нөхдүүд дуу хоолойгоо гаргаж эхэлсэн нь лавтай. Гэхдээ энэ хоёрын хэн нь ч Бодоо, Данзан хоёрыг амьд байх хүртэл тэдний нөлөөнөөс гараагүй юм. Юу хэлнэ түүнийг нь л дагаж байсан. Ардын хувьсгалын толгойлогчдын явж суух бүрт Д.Сүхбаатар, Х.Чойбалсан хоёр бараа болж байсны нэг явалтаар мань хоёр Эрхүүд үлдэж нэлээн хэдэн сар хамтдаа амьдарсан нь тэднийг ихэд дотно болгосон байдаг. Хувьсгал ялснаас хойш тэдний харилцаа холдоогүй, харинчиг нийслэл хүрээндээ бяцхан “од” болчихсон тэр хоёрыг аль ч зээл дээр хүмүүс таньдаг, аль ч ший янгуу, хятад хоолны газарт ширээ засдаг болчихсон байлаа. Хорин хэдхэн насандаа таван замын байлдаанд цөс ихтэй оролцож, алдар нэрийг олчихсон Д.Сүхбаатар нь сүрхий давилуун, хурц тод нэгэн байсныг тэдэнтэй ойр явсан партизан өвгөд нэлээн ярьж үлдээсэн нь монголын радиогийн фондод бохир бичлэгээрээ хадгалагдан буй гэж төрийн шагналт зохиолч З.Дорж өнгөрөхийнхөө өмнөхөн ярьж байсан билээ. Тэдгээр ардын хувьсгалын партизануудын дуртгал яриа нь 100 хувь үзэл суртлын засвартайгаар нийгэмд хүрсэн нь тодорхой. Тэрнээс яг бодитой ярианы хуурцгуудад бол Д.Сүхбаатар, Х.Чойбалсан хоёр хувьсгалд яаж оролцож байсан, ямар яриа, үйлдэлтэй хүмүүс байсныг партизан өвгөд хээ шаагүй ярьсан гэж Зундуйн Дорж ярьсан юм. Зохиолчийн ярианаас Дарьзав гэж партизаны Х.Чойбалсан, Д.Сүхбаатар хоёрын талаар их сонин зүйлс ярьсныг тэр чигээр нь радиогийн фондод хадгалуулжээ. Түүнийг олж сонсвол их сонин юм байдаг гэсэн. Зах зухаас нь хүргэхэд партизан Дарьзав гуай хэсэгтээ Д.Сүхбаатарын морин жолооч хийж, нэг хашаанд айл хүртэл байсан юм билээ. Түүний ярьснаар “Нэг удаа Сүхбаатар, Чойбалсан хоёр хэдэн өдөр шөнө Хүрээгээр галгиулж, архи дарс, авгай хүүхэн эргүүлж, Сүх нь баахан мөрийтэй тоглоом эргүүлсэн юм шиг байна. Чойбалсан нь Сүхийнхээ дэргэд тоглоом наадгайнаас хол хөндий, харин ууж идэх, хүүхэн эргүүлэх талдаа явсан юмдагуудаа. Ингэж хэсэгтээ гэрээсээ гадуур таваргасан мань хоёр Сүхбаатарын гэрт давхиад иржээ. Сүхийн архи сайн гараагүй. Гэртээ ортол Янжмаа хүүгээ тэвэрчихсэн /хүү нь одоо энэ Галсан/ тачигнаад угтжээ. Тэгсэн Сүх өөдөөс нь сөрж элдэв үг хэлэн Янжмаа руу сандал авч шидээд, Чойбалсан бид хоёр хорьж зогсоосон юм. Тэр оройдоо Янжмаа хүүгээ аваад Амгалан руу хэдэн саалийн үнээтэй намаржиж байсан аавынх руугаа явчихсан. Чойбалсан хойноос нь очиж гуйгаад нэмэр болсонгүй хэд хонолоо. Сүүлдээ Сүхбаатар намайг аавынх руу нь явуулдаг болсон. Нэлээн хэд хоносны дараа Сүхбаатар, Чойбалсан бид гурав хамт очиж буулт хийж байж Янжмааг хүүтэй нь гэрт нь буцааж авчирч байлаа. Сүхийнхээ дэргэд Чойбалсан дөлгөөн хүн, түүнийхээ аяыг харах талдаа явдаг байсан” хэмээн ярьсан нь өнөөдөр архивт бий ажээ. Энэ мэтчилэн хөндлөнгийн, түүнтэй хамт 1921 оны үеийн үйл хэрэгт мөр зэрэгцэж явсан партизануудын эх бичлэгүүдийг одоо радиогийн фондоос эрж хайвал Х.Чойбалсангийн судалгаанд нэг ахиц гарч мэдэх юм билээ.

Ингэж бантагнуулж явсан хоёр залуугийн амьдралд ах нарынх нь хооронд бий болсон толхилцоон хүчтэй нөлөөлж эхэлсэн юм. Бодоо, Данзан хоёрын тэмцэл нь хурцдаж улмаар Бодоо Ерөнхий сайдаасаа огцрон хөдөө мал маллах болжээ. Ийм нөхцөлд Х.Чойбалсан хүнд байдалд оров. Данзангийн зүгээс Бодоог үнэнхүү буланд аваачсан байдаг. Х.Чойбалсангийн хувьд ганц итгэл найдвар нь Данзангийн итгэлт хүн, Бүх цэргийн жанжин Д.Сүхбаатар анд нь байжээ. Яг л өнөөдрийн улс төрийн явуурга ялгаагүй 100 жилийн өмнөх тэр өдрүүдэд болсон. Хүнд байдалд орсон анд нөхөр Х.Чойбалсандаа томилолт өгч тухайн үеийн Цэргийн яамны түшмэл Хувагийн хамт Зөвлөлт Орос улсын Гадаад явдлын ардын комиссариаттай уулзаж ажил хөөцөлдөх үүргийг Д.Сүхбаатар санаачлан гүйцэлдүүлжээ. Ер нь бол тэр үед Д.Сүхбаатар түүний аминд орсоор байгаад дууссан юм. Х.Чойбалсан буцаж ирээд хэн ч биш болж хөдөө гарсан багш Бодоогийндоо очиж хоносон нь бас л өөртөө “гай” дуудсан байдаг. Удалгүй Бодоо, түүний дотны нөхөр Чагдаржав, Дотоод явдлын яамны сайд асан Пунцагдорж нарыг баривчлан цаазлан хороов. Чойбалсангийн амь нас дахиад л дээсэн дөрөөн дээр очлоо. Түүнийг Бүх цэргийн жанжны орлогчоос хусч, намын орлогч гишүүн болгов. Ахиад нэг барьцаа чангаруулахад түүнийг үхлийн ял хүлээж байсан юм. Ийм ээдрээтэй үед Данзангийн баруун гар, ихээхэн эрх мэдэл бүхий байсан Д.Сүхбаатар амжиж анд нөхөр Х.Чойбалсангаа алс зүүн хязгаар, өөрийнх нь төрсөн нутаг Дорнодод Хязгаарын ба орон нутгийн цэргийг байцаах түшмэлийн орон тоо буй болгон томилжээ. Тэгж явуулахдаа Д.Сүхбаатар “Чи тэнд хэсэгтээ нам гүм сууж бай” гэж захьсан байдаг. Энэ мэтээс харахад Х.Чойбалсан сүүлд энэ улсын “хаан” болохдоо Д.Сүхбаатарын ар гэр болох эхнэр Янжмаа, хүү Галсан хоёрыг нь байнга халамжилж, анхаарч, Янжмааг өндөр албан тушаалд тавьж байсан нь хүнд үед амийг нь аварч байсан анд нөхрийнхөө ачийг санаж явсантай холбоотой бизээ. Х.Чойбалсан амралтынхаа зарим өдрөөр Янжмаагийнд очиж цай ууж, хууч хөөрөлддөг байсныг олон хүн гэрчилдэг юм.

Х.Чойбалсангийн өргөмөл хүү Нэргүй нь үнэн хэрэгтээ түүний жинхэнэ хүүхэд байсан гэдэг нь энэхүү Д.Сүхбаатарын амийг нь аварсан томилгоотой холбож зүүн хязгаарт нэгэн эмэгтэйтэй холбоотой байгаад үлдсэн хүүхэд гэж ярьдаг. Зарим эх сурвалжууд бол бүр сүүлд Монголын удирдагч болсон хойноо Дорнодод ажлаар очихдоо нэг шөнө Дорнодын дотоод хамгаалах газрын даргын эхнэртэй явдал ургуулснаас үлдсэн хүүхэд, түүнийгээ хожим мэдээд өөр дээрээ өргөж авсан ч гэдэг юм. Аль нь ч байсан түүний өргөмөл ганц хүү Нэргүй бол Х.Чойбалсангийн мах цусны тасархай мөн байх өндөр магадлалтай юм билээ.

Ийнхүү зүүн хязгаарт цэргийн түшмэл төдий амиа хоохойлж байсан Х.Чойбалсан удалгүй ирээд дараа нь Оросод сургуульд жил орчим явжээ. Түүний хувьд 1924 оны орчим бол өнөөдрийн хэллэгээр их улс төрдөө эргэн ирэх боломж нээгдсэн гэж болно. Тухайн онд Данзанг дайсан болгох ажилд дуртайяа идэвхийлж, багшийнхаа өшөөг авсан гэж шулуухан хэлж болно. Ингээд цааш гангараад явчих юм бодтол санасандаа хүртэл эрх мэдэл, нөлөөтэй байж чадаагүй юм. Бүх цэргийн жанжны алба нь сонсоход сүртэй ч симбол шинжтэй, байж байгаа бараа нь сайхан төдий байсан нь түүний хувь зан чанар, амьдралын буруу зуршил, лидер байх хэмжээнд өөрийгөө харуулж чадахгүй байсантай холбоотой болов уу гэж харагддаг.

Ер нь бол түүний Монголын нийгэмд гүйцэтгэсэн үүрэг, эхэнд хэлснээр Монголыг сайнтай, муутай нь бүтээлцсэн замналыг 1929 оны феодалын хөрөнгө хураах комиссын даргаар ажилласнаас эхлэн түүчээлж хармаар санагддаг. Ардын хувьсгалын анхны долоогийн нэг хэмээн хүссэн хүсээгүй оноон нэрлэгдсэн түүнийг нэгэнт л Д.Бодоотой нь хамт цаазлаагүйгээс хойш төр засгийн тогоонд зохих ажил, үүрэгтэй явуулж байхаас өөр арга байгаагүй юм шиг байна. Тэгээд ч 1929 он хүртэлх хугацаанд Монгол улс нь Зөвлөлт Орос улсын нөлөөнд харьцангуй бага автсан, өөрсдийнхөөрөө шийдвэр гаргаж байсан үе болохоор тэрбээр өгсөн албыг нь мөрөөрөө хашаад явж байх боломжтой байсан юм билээ. Х.Чойбалсангийн хэн болохыг харьцангуй сайн гадарлах тэр үеийн монголын удирдагчид түүнийг богинохон хугацаанд УБХ-ын дарга болгож нэг туршаад, боломгүй болохоор нь ГЯЯ-ны сайдаар хэдэн сар тавьж үзээд, тэгснээ бүр доош нь хийж музейн эрхлэгч ч болгож байх шиг. Тэгснээ Мал, тариалангийн яамны сайд болгоод. Энэ бүх өдрүүдэд тэрбээр хувь амьдралдаа өөдтэй байгаагүй юм. Архи ууж, авгай хүүхэнтэй орооцолдож, гэхдээ хөл алдчихгүй явсаар л байв. Ер нь тэрбээр 1930-аад он хүртэл тийм нэг дампуу эр л амьдарсан юм. Гэвч түүнийг их юм хүлээж байсан юм билээ…


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Баярмагнай: Улс төрийн ажил юуны өмнө олон түмний дэмжлэгээр дүүрэн байх ёстой

МАН-ын бага хурлын гишүүн Б.Баярмагнайтай ярилцлаа.


-МАн-ын хувьд 2016 оны сонгуульд ялснаасаа хойш савалгаа ихтэй байх боллоо. нэг нам байтлаа эвслийн Засгийн газар байгууллаа гэж хүртэл улстөр судлаачид бичиж байна. Энэ бүгдэд та ямар байр суурьтай байгаа вэ?

-МАН-ын хувьд амаргүй цаг хугацаа, хүндэвтэр нөхцөл байдалтай нүүр тулж байна. Манай нам өнгөрсөн хугацаанд нэг биш удаа хүнд нөхцөлд орж байсан ч түүнийгээ даван туулаад өнөөг хүрсэн. Тиймээс одоогийн үүсээд буй хүндрэлийг ч даван туулаад гарах чадвар байгаа гэдэгт би эргэлзэхгүй байна. Ийм үед ухаантай, тэвчээртэй байж харилцан ойлголцоод явах нь чухал л даа.

Ингэж ойлголцож буй хэлбэр нь өөрөө нийгэмд эвслийн ч гэнэ үү, нэр өгөхөөр харагдаж байгаа байх. Удахгүй 100 жилийнхээ ойг тэмдэглэх намд тодорхой сорилт тулгарч байгаа нь бодитой учир эрх мэдэл бүхий зарим нөхдүүд маань хор шар, атаа хорслоор аливаад хандахаас илүүтэйгээр эрүүл саруулаар, том зургаар нь харж асуудалд хандах хэрэгтэй байна. Намын их хурал удахгүй болно. Саяхан бид 21 аймгаар тойроод ирлээ. Намын гишүүд, дэмжигчид маань намын их хурлаас их зүйлийг хүлээж байгаа нь мэдрэгдлээ. Тэр их хүлээлтэд жинтэй хариу өгөх хэмжээнд шийдэл гарах ёстой. Ерөнхийдөө гишүүдийн маань итгэл тодорхой хэмжээнд суларч байгаа нь ажиглагдлаа.

-Танай намын их хурлаас ихийг хүлээх хэрэггүй бололтой гэсэн өнгө аяс нийгэмд тодорхой хэмжээнд байх шиг. Таны хувьд?

-Удирдлага солигдох байх. Өнөөгийн манай дүрэм, журам өнгөрсөн хугацаанд хэрхэн хэрэгжиж түүнийгээ гишүүд маань хэр дагаж мөрдөж ажилласан талаарх үнэлэлт дүгнэлтийг энэ их хурлаар хэлэлцэх ёстой. Бид чинь дүрэм журмаа мөрдөж ажиллах тал дээрээ жаахан маруухандуу байсныхаа горыг хангалттай амслаа. Тиймээс цаашид дүрэм журмынхаа хүрээнд тоглодог байх хөшүүргүүдийг намынхаа дүрэмд суулгах ёстой. Энэ чиглэлээр бидний хэсэг нөхөд саналаа боловсруулж намынхаа их хуралд танилцуулах бодолтой байгаа. Олон мянган гишүүдийн маань зүгээс ч ихээр хөндөж байгаа хэд хэдэн асуудал бий.

-Тухайлбал ямар асуудлууд байна?

-Тогоон дотроо ярих асуудлыг тэр бүр тоочоод байх нь зохимжгүй. Зах зухаас нь хэлбэл төрийн болон намын боловсон хүчний бодлого зарим түвшиндээ алдагдаж байгаа тухай, намаас нэр дэвшиж төр, засгийн болон орон нутгийн тодорхой албанд сонгогдож, томилогдсон хүмүүсийн байр суурь, харилцаа хандлага, ёс зүй, үйл ажиллагаанд нь үнэлэлт, дүгнэлт өгөх зайлшгүй шаардлага бий болсон тухай мөн түүнчлэн шат шатны намын байгууллагуудад эв зүйг баримталж ажиллах, нам дотроо асуудлаа нээлттэй яриад шийдлээ гаргадаг зарчим алдагдсан гэх зэрэг олон асуудалд намын гишүүд маань санаа зовниж байна. Цаашлаад намын санхүүжилтийг тодорхой болгох асуудал ч хүчтэй яригдаж байна…

-Наад асуудал чинь танай намыг хэл амны “бай” болгож байгаа. “60 тэрбум”-ыг бүгд л ярих юм. Харин гарц шийдлийг нь хэлж буй гишүүн харагдахгүй байна л даа?

-Улс төрийн нам дахь мөнгөний нөлөөлөл, санхүүгийн хэрүүл, гүтгэлэг доромжлолын давалгаа эцэс төгсгөлгүй маргаан болж байна.

Жилээс жилд сонгуулийн болон улс төрийн намын үйл ажиллагааны зардал өссөөр байгаа судалгаа бий. Хэрхэн яаж хөрөнгө мөнгөө босгож байгаа нь ний нуугүй хэлэхэд нэлээд бүрхэгдүү байсаар өнөөдрийг хүрлээ. Улс төрийн намууд санхүүжилтээ хаанаас хэрхэн босгох, юунд зарцуулахыг нь хууль эрх зүйн орчноор нь дамжуулж тодорхой болгож өгөхгүй бол дараа дараагийн сонгуулиар магадгүй 600 тэрбумын асуудал яригдаад эхлэхийг ч үгүйсгэхгүй. Бид аливаа үүсч болзошгүй буруу хандлагуудыг цаг алдалгүй засч залруулж явах ёстой. Ер нь бол тодорхой хугацаанд улс төрийн намын санхүүжилтийг зөвхөн гишүүдийн татвар болон төрөөс олгох санхүүжилтээр бүрдүүлж байх нь оновчтой шийдэл болов уу гэж харж байна. Ихэнх судлаачид энэхүү шийдэл нь зөв гэж дүгнэсэн байна лээ. Асар их байгалийн баялагтай улс орны хувьд улс төрийн намыг болон шийдвэр гаргагчдыг хэт их мөнгөний нөлөөлөлд автуулах нь улс орны хөгжилд сайнгүй үр дагавар авчирдгийг гадны болон дотоодын нөхцөл байдал өнгөрсөн хугацаанд олон нийтэд чамгүй л мэдрүүлсэн байх.

-Та 21 аймгаар явсан тухайгаа түрүүн цухас дурдсан. Ер нь намын чинь гишүүд дэмжигчид, иргэдийн санаа бодол хэр байна даа?

-Намын гишүүд үнэндээ олон зүйлийг шаардахгүй байна. Сонгуулийн үед сонгогчдод амалсан амлалтаа бүхий л шатандаа хийж, хэрэгжүүлж үр дүнд хүргэхийг хүсч хүлээж байна. Зарим аймгийн удирдлага намын гишүүд, дэмжигч, сонгогчдынхоо итгэл дэмжлэгээр гарч ирснээ умартаад, харин ч эсрэгээрээ эрх мэдлээрээ далайлган иргэдийг, гишүүдээ дарамтлах өнгө аястай болчихлоо гэдэгт дургүйцээд байна. Цаашлаад манай намын гишүүд дотооддоо хуваагдах байдал хэр хэмжээнээсээ хэтрэх хандлага нэлээд хүчтэй ажиглагдаж байна. Улс төрийн ажил уг нь харилцан ойлголцож хамтын шийдвэр гаргаж чаддаг, алдсан ч оносон ч ял, ямба хоёроо хамтдаа үүрэлцэж чаддаг зарчимтай байх ёстой л доо. Гэтэл намын маань зарим нөхөд ямбыг нь их эдлэх гэж зүтгээд, хариуцлагыг бусдад үүрүүлэх хандлагатай болчихсон бололтой. Нам өөрөө үзэл баримтлал, үнэт зүйл, зарчим дээр суурилсан хүмүүсийн нэгдэл байхаас илүүтэй өнгө мөнгө, ашиг хонжоо хайсан, эрх мэдэлд дулдуйдсан бүлэглэлүүдийн нэгдэл болох тал руугаа орчихлоо гэсэн эмзэглэл ч гишүүдийн маань дунд их байна. Үүнтэй би ч бас санал нэг байгаа. Энэ байдал нь намын эв нэгдэл төдийгүй нийгмийн тогтвортой байдалд хар сүүдэр тусгаж, сөрөг үр дагавар дагуулахаар хэмжээнд очлоо. Иймээс намынхаа бүтэц зохион байгуулалтыг сайжруулах асуудлыг энэ их хурлаар бас яримаар байна. Сүүлийн жилүүдэд манай нам гишүүдээ сонгуулийн сурталчилгааны ажил эхлэх үетэй давхцуулан санадаг, тэднийгээ ажиллуулдаг, ашигладаг хандлага руу орчихсон байна. Сонгууль болохоор л намынхаа гишүүдийг санаж сэрж, тэдэн рүү очиж “Та нар минь шүү” гэдэг. Тэгээд сонгуулийн дараа үндсэндээ мартдаг. Зүй нь ялж, ялагдсан аль ч үед гишүүдтэйгээ эргэж уулзан санаа бодлыг нь сонсдог, хийх гэж байгаа ажлаа ярилцаж зөвлөлддөг байх ёстой. Ингэхгүй явж ирснээс болж намын гишүүдийн итгэл суларсан байна. Намын гишүүд бол намын хамгийн үнэт баялаг мөн. Үүн дотроосоо намын бодлогыг гардан гүйцэтгэгч 150 гаруй хороо, 1815 үүрийн дарга, идэвхтэн сонгуультнуудын үүрэг оролцоог ч бодитойгоор үнэлэх ёстой. Ний нуугүй хэлэхэд олон жил намынхаа төлөө явсан хэдэн муу бор гишүүд, ахмадуудынхаа нуруун дээр МАН оршин тогтнож ирсэн. Намын үндсэн шинж алдагдаад ирэхээр өнөөдрийн энэ үүсээд байгаа талцал хагарал улам гүнзгийрч, оршин тогтнох уу, үгүй юу гэдэгтээ тулах нь. Энэ удаагийн 28 дугаар их хурал маань баяр ёслолын шинжээ багасгаж, ажил хэрэгч, бүтээлч, үр дүнтэй болоосой гэж хүсч байгаа.

-Толгойноосоо өөр болчихсон нам Их хурлаараа хичнээн бүтэц зохион байгуулалт хийж, хүн солиод өөрчлөгдөх үү. УИХ, Засгийн Газрын үйл ажиллагаанаас их зүйл шалтгаална шүү дээ?

-Өнөөдөртөө манай намын хувь заяа, Монгол Улсын хөгжлийн хувь заяатай салшгүй холбоотой. Шинээр бүрдсэн Засгийн газрыг үүсээд буй хүндрэлүүдийг цэгцэнд нь оруулаад, хариуцлага тооцоод явчих болов уу гэсэн олон түмний найдлага байх шиг байна. Иргэдийн итгэл найдвар тасарчихаагүй байна гэдэг бол нэг талаасаа сайн зүйл. Ард түмний энэ их хүлээлтэд хариулт өгөхийн тулд УИХ, Засгийн газар хурдтай ажиллах хэрэгтэй.

-Засгийн газар хурдтай ажиллах талаар Ж.Эрдэнэбатын Засгийн газрын үед та бид хоёр ярьж байсан. Удаандуу байна уу даа гэж. Жилийн дараа У.Хүрэлсүхийн Засгийн үед бас л хурдын тухай яриад сууж байх юм?

-Та бид хоёр нэг жилийн өмнө “Засгийн газар хийх ажлаа маш тодорхой томьёолоод, олон ажил хийнэ гэхээсээ илүүтэйгээр нийгэмд тулгамдаж буй асуудлуудаа зөв эрэмбэлээд, гарц шийдлээ олон нийтийн оролцоо, дэмжлэг дээр тулгуурлан хэрэгжүүлэх нь бодит үр дүнд хүрэх, цаашлаад аливаа томоохон төсөл хөтөлбөрүүдийг урагшлуулахдаа хэт хийрхэдэг улс төрчдөө бага оролцуулах, өмнөө тавьсан зорилт, зорилгодоо бид ийм хугацааны дараа хүрнэ гэсэн итгэл үнэмшилтэй, хурдтай ажиллах хэрэгтэй” талаар ярьж байсан. Одоогийн Засгийн газар хэлбэр хөөсөн, тухайн үедээ цаг зуурын шинжтэй олны сэтгэл санааг татах зорилготой ажлуудыг бага хийж, олон түмнийг алсуур нь зөв зүйл рүү чиглүүлсэн ажлыг их хийгээсэй гэж хүсч байгаа. Өнөөгийн нийгэм элдэв шуугианд хөтлөгдөж хуйлрах аястай болчихсон байна. Нийгмийг хэт савлуулсан зорилготой болон зорилгогүй шуугианд хөтлөгдсөн ажлыг төр засгийн зүгээс бага хийх ёстой. Аливаа зүйлд ул суурьтай, бодлоготой, төлөвлөлттэй хандмаар байна.

-Энэ бүгдийг хийж чадах нөөц, потенциал энэ төр засагт, танай намын боловсон хүчний бодлогод байна уу. Ер нь 2020 оны сонгуулийн дүр зураг хэр харагдаж байна?

-Ямартай ч Засгийн газар бүрдэж ажлаа эхэллээ. Шинэ сэргэг, хурдтай ажиллах, олон түмний хүлээлтэд бодит ажлаар хэрхэн хариулт өгөхийг цаг хугацаа л харуулах байх. Засгийн газар ажлаа сайн, муу хийхээс хамаарч МАН цаашдаа олон түмний итгэлийг дааж чадах уу, үгүй юу гэсэн асуудал хөндөгдөнө. Ирэх сонгуульд яах бол гэсэн намын гишүүдийн болгоомжлол их байгаа. Сонгууль болдогоороо л болно. Ажил хийж, амалснаа биелүүлж гэмээнэ бид 2020 онд амжилт гаргана. Тэрнээс биш одоо ирэх сонгуулийн үр дүнг урьдчилж яриад байх нь илүүц асуудал. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлж чадах нөөц Засгийн газарт байгаа гэдэгт итгэж найдахаас өөр яах юм.

-Өнгөрсөн хавар улс төрийн том үйл явдал болж өнгөрлөө. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сонгуульд танай нам цэвэр тавиуллаа. 21 аймгаар явж байхад олон түмэн, гишүүд дэмжигчид сонгуулийн үр дүнг хэрхэн дүгнэж байна. Нам дотроо алдаа оноогоо ярилцаж, дүгнэсэн үү?

-Уг нь бол нам бүх шатандаа юунаас болж сонгуульд амжилтгүй оролцов, ямар хүчин зүйлүүд нөлөөлөв, намын гишүүдийн бодол санаа юу байна гэхчлэн хэлэлцүүлэг өрнүүлж алдаа оноогоо нээлттэй ярилцах ёстой. Ялангуяа сонгуульд амжилт муутай оролцсон үедээ манай нам өөр хоорондоо нэлээд нухацтай тал бүрээсээ ярилцаж, үнэлэлт дүгнэлт өгч чаддаг байсан он жилүүд бий. Намын зүгээс Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнгийн талаар бодитой үнэлэлт дүгнэлтийг нийгэмд болоод гишүүддээ төдийлөн хүргэсэнгүй. Тийм нэг унтаа хэлбэрт л орчихсон тал бий.

-Та жишээ нь Ерөнхийлөгчийн сонгуульд ямар үүрэг, хариуцлагатай оролцов. Сонгуулийн кампанит ажлын ямар бүтэцэд ажиллав?

-Намын гишүүний хувьд сонгуульд оролцолгүй яахав. Нийслэлд, зарим дүүрэг дээр залуучуудтайгаа хамтран боломжийнхоо хэмжээнд ажиллалаа. Өөрсдийн баг дотроо алдаа оноогоо ярилцсан. Ерөнхийдөө том зургаараа МАН энэ сонгуульд нүсэр бүтэцдээ хэт найдчихвуу даа. Нөгөө талаасаа эрх барьж байгаа намын нэг зовлон байдаг бололтой. Тодорхой ажил албатай нөлөө бүхий хэсэг нь “Надтай, надгүй болох байлгүй дээ” гэж алгуурласан хандлага их ажиглагдлаа. Бүгд ч биш л дээ. Манай намын мэдээлэл, сурталчилгаа олон түмэнд зөв нөлөөлж чадсангүй. Дээр нь бидний ажигласнаар сонгуулийн сурталчилгааны ажлыг удирдан чиглүүлж байгаа бүтэц маань их олон толгойтой, удирдлагатай байх шиг байсан. Сонгуульд их олон толгой оролцоод ирэхээр бүгд хариуцлагаас зугтсан, ажлаас бултсан, бие бие рүүгээ ажлаа түлхсэн шинжтэй болчихдог. Ийм тохиолдолд их хүнд л дээ. Алдсан ч оносон ч хариуцлагаа хамтдаа хүлээдэг баг бүрдэж байж ажиллах учиртай. Энэ удаагийн сонгуулийн дараа ямар хүмүүс хариуцлага хүлээх нь ойлгомжгүй болоод үлдэж байх шиг байна.

-Ерөнхийлөгчийн сонгуулийн үр дүнг Засгийн газрын үйл ажиллагаатай холбон тайлбарлах хэсэг байна лээ?

-Шууд утгаараа Засгийн газрын үйл ажиллагаатай холбож харах нь учир дутагдалтай л даа. Засгийн газрын үйл ажиллагаа уг нь дөрвөн жилээр хэмжигдэж дүнгээ ард түмнээр үнэлүүлдэг. Тиймээс УИХ-ын сонгууль бол Засгийн газрын үйл ажиллагаатай шууд хамаарал бүхий болдог. Ерөнхийлөгчийн сонгуулийн хувьд Засгийн газрын бодлого шийдвэр тодорхой хэмжээнд нөлөөлдөг хэдий ч үндсэндээ намынх нь өөрийн үйл ажиллагаа, зохион байгуулалт тухайн нэр дэвшигчийн багийн үйл ажиллагаа, хувь нэр дэвшигч ч өөрөө их хамааралтай. Сая бол 100 хувь засаг руу бурууг өгөх хандлага ажиглагдсан. Энэ бол буруу.

-Сая Засгийн Газар огцорсон үйл явдлыг иргэд, гишүүд дэмжигчид чинь юу гэж дүгнэж байна?

-Ойрхон болсон процесс учраас Засгийн газар огцорсон асуудлаар намын гишүүд байр сууриа их илэрхийлсэн. Ж.Эрдэнэбатын Засгийн газрыг бүрэн бүрэлдэхүүнээр нь огцруулсан нь буруу гэх хандлага нэлээдгүй байна. Ерөнхийлөгчийн сонгууль ч тэр, сая Засгийн газар огцорсон байдал ч тэр ерөөсөө манай нам эхлээд асуудлаа олонхоороо сайн ярьж хэлэлцээгүйн алдаа бололтой. Намынхаа бүлэг дээр, нам дээрээ, нээлттэй сайн ярилцаж шийдвэр гаргаж байсан бол ийм алдаанууд бага гарах байсан байх. Ер нь манай намын удирдлагууд маань өөр хоорондоо аливаа асуудлаа “сайн” ярилцахаа больчихсон юм шиг байна. Энэ нь цаашлаад намын ажилд гишүүдийн оролцоог нэмэгдүүлэх, санаа бодлыг тусгадаг тогтолцоог зайлшгүй бий болгох шаардлагатай болсны илрэл юм. Үзэл бодол, үйл ажиллагааны зөрүү байж болно. Шийдвэрээ л олонхынхоо санал дээр тулгуурлаж гаргадаг, цөөнхөө хүндэлдэг тэр зарчим МАН-д алдагдсанаас энэ бүх сөрөг үр дагавар гарч байна. Бусдыгаа сайн сонсох хэрэгтэй. Сайн муу үг сонсож байж намын ажлыг, төрийг ажлыг явуулна, илүү ус нь шахагдаж гардаг. Тиймгүй болохоор ингэж их донслоод байх шиг. Тааламжгүй үг хэлсэн нэгнээ буланд шахдаг. Тааламжтай үг хэлснээ тэнгэрт тултал хөөргөж, өргөмжилдөг байдал энэ намд “гай” болж эхэлсэн дүр зураг хаа сайгүй л ажиглагдаж байна. МАН бол хэн нэг хүний юм уу, хэсэг бүлэг хүний хувийн өмч биш. Эрх мэдлээ хадгалж үлдэхийг хичээдэг оромж нь бүр ч биш. Олны дэмээр гарч ирсэн бол буцаад тэдэнтэйгээ хүн шиг харьцаатай байх ёстой гэсэн наад захын зарчим, ёс зүй байх ёстой.

-Ийм цаг мөчид та намынхаа мянга мянган гишүүд рүү очиж, уулзаж ярилцлаа. “Мартагдах учиргүй маргааш” гэсэн томоохон лекц уншлаа. Ингэснээр нам-гишүүд хоёрынхоо дунд гүүр боллоо гэж харж байгаа?

-Та их хөөргөж байх шиг байна. Сүрхий гүүр болоод байх нь ч юу юм \инээв\. Монголынхоо өргөн уудам нутгаар хөндлөн гулд явж олон мянган хүнтэй уулзсандаа баяртай байгаа. Ард түмний маань амьдрал сайнтай муутай л байна. Төрийн сүлдэндээ залбиран, өглөө бүр цайны дээжээ өргөсөөр байгаа ээжүүдийг харах сайхан байлаа. Бас цөөнгүй хэсэг нь “За эд нарын хэн нь ч адилхан юм даа” гэсэн цөхрөлтэй болчихсныг ч олж харлаа. Бидний уншсан лекцийг орон нутгийн иргэд маань олноороо ирж сонсож бас урмын үгийг ч харамгүй хайрлаж байсан. Дахиад ер нь олон сэдвээр ард түмэнтэйгээ ярилцах хэмжээний энергиэр цэнэглэгдээд ирсэн шүү.

-Ганзага дүүрэн иржээ, та. Олон түмний чамгүй их захиасыг намынхаа нөхдүүдэд хэрхэн хүргэе гэж бодож байна?

-Бүх аймгийн иргэдийнхээ үзэл бодол, дуу хоолой, намынхаа гишүүдийн санал хүсэлтийг сайтар тусгасан нийтлэл, нэвтрүүлгийг бэлтгэж төр засгийн удирдлагуудад болон намынхаа нөхдөд хүргэнэ. Тодорхой хэсгийг нь олон нийтийн мэдээллийн хэрэгслээр нийгэмд түгээнэ. Намын жирийн гишүүд маань “Бид намынхаа их хуралд очоод үзэл бодлоо сайн илэрхийлж чаддаггүй юм. Үг хэлэхээр “намын нэр хүнд…” гэсэн зүйлээр халхалж үг хэлүүлэхгүй байх ажлыг зохион байгуулдаг” гэж их ярьж байна. Тийм учраас миний хувьд олон мянган гишүүдийнхээ үзэл бодол, үгийг нийгэмд болон намынхаа удирдлагуудад элдэв хачиргүйгээр хүргэхийг зорьж байгаа. Мөн бичгээр олон мянган саналыг авсан. Тэр бүгдийг багцлан илтгэл бэлдэж байна. Боломж олдвол намынхаа их хуралд танилцуулна гэсэн бодолтой байгаа.

-Таны энэ бүх ажлыг танай намын удирдлагууд хэр хүлээж авах юм бол. Үр дүн гарах уу?

-Хүлээж авна гэдэгт эргэлзэхгүй байна. Намынхаа гишүүдийн санаа бодлыг сонсож үйл ажиллагаандаа тусгаж ажиллах нь намыг удирдан чиглүүлж байгаа хүмүүсийн үндсэн үүрэг. Үр дүн гаргахын төлөө ажиллах нь миний үүрэг. Ер нь олон нийт, гишүүддээ өөрийгөө танилцуулж, цаашид юу хийхээр зорьж байгаа, өнгөрсөн хугацаанд ямар зүйлсийг хийж бүтээснээ ойлгуулж улмаар тэднийхээ дэмжлэгийг авах замаар бодсон санаснаа хэрэгжүүлдэг тогтолцоог бүрдүүлэх нь бидний зорилго. Хүн бүхэнд төрөл бүрийн эрх ашиг бий. Эрх ашгийнхаа эрэмбийг зөв тодорхойлоод, үндсэн зорилго дээрээ бүгд нэгддэг хандлага руу нам явчихвал хэн нэгэн “том” даргаас хамаарч хувь заяа нь шийдэгддэг байдал буурна. Энэ мэт ээдрээтэй асуудлуудыг санаачилгатай, зоригтой ярьж хэлэлцэн, гарцаа зөв тодорхойлж чадвал энэ удаагийн их хурал зорилгодоо хүрнэ гэж бодож байна.

-Том дарга нар чинь намын их хурлын 1300 төлөөлөгчийг багцалж орж ирээд харцаараа санал өгүүлнэ. Бага хурлыг чинь харахад тийм л юм болсон?

-Хувь хүн болгон өөрийн бодолтой байгаа байх. Төлөөлөгчид маань зөв зүйлийг дэмжье гэсэн ч чадахгүй байх тийм зүйл рүү очиж магадгүй. Гэхдээ өнөөдөр та бид хоёр энэ асуудлыг ярьж байгаа нь өөрөө хэн нэгэнд санаа сэдэл, зөв бодлыг өгч л байгаа. Улс төрийн ажлын үр дүн урт хугацаанд гардаг. Хэлж байгаа маань зөв, хийж байгаа үйл маань зөв байхад хэзээ нэгэн цагт биелэлээ олох л болно. Ер нь улс төрийн ажил юуны өмнө олон түмний дэмжлэгээр дүүрэн байх ёстой. Намын шат шатны удирдлагуудын дийлэнх нь гишүүдийнхээ олонхын санаа сэтгэлд нийцсэн хүн байх учиртай. Намын дүрэм журам, бүтэц зохион байгуулалт нь ийм хүмүүсийг олноор гаргаж ирэхэд хөшүүрэг дэмжлэг болох ёстой. Ийм өөрчлөлтийг энэ удаагийн хурлаар хийж амжихгүй тохиолдолд дараагийн удаад хийлгэхийн төлөө ажилласаар байх болно.

-Монголчууд ямарч ажилд цаг хугацаа их алдаж байна л даа?

-Цаг хугацааг наашлуулахын төлөө л ярьж байна. Дуугарахгүй байх тусам улам цаашилна. Хүсч мөрөөдсөн нийгэмдээ бид амьдармаар байна. Тийм болохоор дуугараад л явж байна шүү дээ.

-Дуугараад явахаар “За энэ хэний хүн бэ, Миеэгийн хүн үү, Хү-гийн хүн үү, С.Баяр-ын хүн үү” гээд ярина. Тэгэхээр та хэнийх нь хүн болж таарах уу?

-/инээв/ Өөрийнхөө баримталдаг зарчим, намынхаа жанжин шугамаа алдагдуулахгүйн төлөө өнөөг хүртэл зүтгэж байна. Хэний хүн бэ гэж та асуулаа. Олон жил тодорхой хугацаанд аль алинтай нь хамтран ажиллаж байлаа, хүндлэлгүй яахав. Төрд, намд өөрсдийн орон зайгаа бий болгосон хүмүүс. Цаашдаа ч хамтран ажиллах боломж олон удаа тохиолдоно гэдэгт би эргэлзэхгүй байна. Улс төрд миний бие багийн тоглогч байх зарчмыг урьтал болгодог. Аливаад зорилго нэгтэй нөхөдтэйгөө хамтран цаашид олон зовлон бэрхшээлийг даван туулна гэж боддог. Ер нь улс төр лидер дагасан хэлбэртэйгээр явах нь зайлшгүй байх. Гэхдээ дагуулж байгаа хүн нь ноён нуруутай, аливаад хор нь гарсан, түмний төлөө гэсэн сэтгэлтэй баймаар. Ханцуйн дотроо бүгдийг наймаалцдаг, тохирдог, намын гишүүн бүрийг миний, чиний гэж хардаг хүмүүс олноор үржээд байвал намын цаашдын хувь заяанд сайнаар нөлөөлөхгүй. Хийх ажил, хүрэх зорилгоо тодорхойлчихсон удирдагчийн нүдэнд “Тэр хэний хүн бэ” гэж харахаас илүүтэй, энэ ажлыг хэн нь илүү хийж чадах вэ гэсэн сонголт харагддаг гэж би боддог. Тийм хүмүүстэй ч би хамтарч ажиллаж байсан.

-Та төрд удирдах ажлыг багаасаа хийсэн. Монголын хүн амын бараг 20 хувьтай тэнцэх хэмжээний иргэдтэй Чингэлтэй, Сүхбаатар дүүргийг удирдаж байсан. Тэр албан тушаалд хэн нэгний дэмжлэгээр очиж байв уу, намдаа хүлээн зөвшөөрөгдөөд л очсон хүн үү?

-Хийж ирсэн ажлын маань үр дүн, олон нөхдийн минь дэмжлэг байна. Дээр нь тодорхой эрх мэдэлтэй, шийдвэр гаргах түвшний хүмүүс дэмжилгүй яахав. Аль алиных нь дэмжлэг байсан. Тал талын нөхцөл бүрдэж байж төрийн ажлыг хийх боломж надад олдсон. Тодорхой хэмжээнд нэр төртэйгөөр хийж гүйцэтгэхийг, олны итгэлийг алдахгүйгээр ажиллахыг хичээсэн. Олон сайхан нөхдийн минь дэмжлэг цаг ямагт миний дэргэд байдаг болохоор сайн үр дүнгүүд гарсанд баярладаг.

– Төрийн болон намын ажлын чамгүй туршлагатай хүний хувьд та одоо хаана явж байна вэ. 60 тэрбумд хандивлах мөнгө танд байсангүй юу, татаас дэмжлэг дутав уу. Үүнийг би асууж байгаа юм биш, таны үеийн, таныг дэмждэг цөөнгүй залуусын дунд болдог ярианы сэдэв учраас асууж байна л даа?

-Жилийн өмнө танд би ярилцлага өгөхдөө “Бялуу хийхэд нь төдийлөн оролцоогүй байж, бялуу хүртэхэд нь оройлон гүйгээд яах вэ” гэж хэлж байсан. Сонгуулийн ажил эхлэх үетэй давхцаад би дөнгөж сургуулиа төгсөөд ирсэн. Тиймээс сонгуулийн болоод намын ажилд төдийлөн идэвхтэй оролцож чадаагүй юм. Сонгуулийн жилийн хариуцлагатай, зовлон ихтэй цаг хугацаанд хамт яваагүй мөртлөө албан тушаал хуваарилах үед “Би дарга болох ёстой” гээд гараад ирэх нь миний баримталдаг зарчим бишийг та мэднэ. Ажлыг болохоос нь болохгүйг нь хүртэл хийж, ард нь гарсны дараа хэний ч өмнө нүүр бардам “Би одоо ахиад ийм ажил хиймээр байна” гээд зогсохыг л зорилгоо болгосоор ирсэн. Бидний үеийнхэнд нийгмийнхээ өмнө “гавьяа” байгуулах асар том боломж байна. Тийм учраас гараа хумхиад сууж огтхон ч болохгүй цаг үед бид амьдарч байна. Улс төрийн ажлыг бохир заваан гэж ярьдаг. Тэгээд цэнгэг болгох ажлыг хэн хийх вэ? Бид хамтдаа хийж гүйцэтгэхээс өөр гарц байхгүй. Улс төрийн ажил уг нь хийж бүтээе гээд зүтгэж байгаа хүнд бол нэр хүндтэй сайхан ажил байгаа юм. За ингэсгээд яриагаа өндөрлөх үү дээ.

Ярилцсан танд баярлалаа.

Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

“Үхэрнүүдэд” тэжээл өгч байхад урдаас сэждэг нь юу вэ

Төрийн албан хаагчдад 300 мянган төгрөгийн тусламж өгөхөөр боллоо. Энэ нь эмч, багш нар цалингаа нэмүүлэхээр тэмцэсний үр дүн юм. Мэдээж гал унтраах арга. Үүнийг нь эсэргүүцэж багш нар мэдэгдэл хийж байна. Тэд 50-иад тэрбум төгрөг дэмий үрэх нь гэлээ. Иргэдийн зүгээс ч ийм байр суурьтай хэсэг байгаа бололтой. Ингэхээр энэхүү 50 тэрбумыг тараахад нийгмийн тодорхой хэсэг дургүй байгаа бололтой .

Үүнтэй зэрэгцэн БСШУС-ын сайд Ц.Цогзолмаа твиттер хуудсандаа, “Үхэр тэжээл өгөхөд дургүйцдэггүй шиг багш нар 300 мянган төгрөг тараахад татгалзахгүй” гэж жиргэлээ. Монгол Улсын Боловсролын сайд Ц.Цогзолмаа үзэл бодол, үнэлэмж зүйрлэлээрээ Монголын багш нар бүгдээрээ үхэрнүүд юм байна гэж ажлаа авсан анхныхаа өдөр дүгнэв. Монголын ирээдүй хойч, залуу үе “үхэрнүүд”-ээр хичээл заалгаж байгаа бололтой. Сайд нь тэгж дүгнэснийг бичлээ шүү, тэрнээс манай сонин бол тэгж үздэггүй. Салбарынх нь сайд ингэж үнэлж жишиж байгаа юм чинь бусад сайд дарга нь “Энэ муу багш нар бол малнууд” гэж хэлэх байх л даа. Ингэхэд энэ төр засгийн албанд чинь ямар янзын хүмүүс очдог юм бэ. Тэнэг юм шиг яриатай, хаашаа хүмүүсийн бүрдэл вэ. Аль эсвэл ийм хэвийн бус хүмүүс байж байгаад төрийн өндөр албанд очихоороо өнөөх нь илэрч, мэдрэгдээд байна уу. Яаж ч бодсон бүхэл бүтэн улс орны Боловсрол, Шинжлэх ухааны сайд нь энэ салбарын гол цөм болсон, гол армийнхаа дайчдыг, бүр номер нэгдүгээрт байдаг хүмүүсээ “үхэрнүүд” гэж цоллох нь, зүйрлэж жиших нь эрүүл үзэгдэл мөн үү. Монголчууд эртнээсээ “Үхэр шиг тэнэг хог вэ” гэж ойгүй ухаан муутай амьтдыг хэлж ирсэн. Тэгэхээр тэнэг хүмүүс бол Монголын мянга мянган багш нар болж таарлаа. Мянга мянган “үхэрнүүд”-ийг маллах үүрэг Ц.Цогзолмаад оноогджээ. Зун болохоор орой таргалдаг, зуд болохоор хамгийн эхэнд ойчдог мал бол үхэр байгаа юм. Нийгэм эдийн засгийн хямралын үед нийгмийн “үхэрнүүд” /Боловсролын сайд Ц.Цогзолмаагийн жишиж зүйрлэснээр бичив.сурв/ хамгийн түрүүнд ширвэгдэнэ. Их эмгэнэлтэй байна, яагаад гэвэл удирдсан салбараа ингэтэл нь дорд үзсэн сайдтай болсон нь. Яахаараа Монголын төр сүүлийн үед хамгийн чухал салбартаа ийм сонин, сонин хүмүүсийг шилж сайдаар тавьдаг болсон юм бол, ерөөсөө ойлгохгүй байна.

Ц.Цогзолмаа нь гол армиа доромжилчихоод, устгачихаад, тэгээд яаж энэ салбарт ажил хийж, ахиж урагшлуулах гэсэн жанжин юм бол. Цэрэггүй жанжин фронтод давшдаг юм уу. Дуулаагүй л юм байна. Үндсэн армиа үхэр сүрэг гэж үзсэн энэ эмэгтэй энэ салбарт яагаад ч тэнцэхгүй юм байна. Одоо бол Монголын багш нар энэ хүний үгийг тоохгүй. Нохой хуцсан дайны ч бодохгүй. Тийм болохоор Ц.Цогзолмааг даруйхан солих хэрэгтэй болсон байна. Энэ хүн ч ингэж хэлсэндээ ичиж байгаа байлгүй дээ. Урдаас нь мянга мянган багш нар хараад зогсож байхад бүгдийг нь “үхэрнүүд” гээд хэлчихсэн байдаг. Мань хүүхэн Багш нарын баярын өдрөөр мэндчилгээ дэвшүүлэхдээ “Үхэрнүүд мэт багш нартаа…” гэж ирээд үгээ эхлэх үү. Үнэндээ өөдгүй үгээр Боловсролын сайд Ц.Цогзолмаа ажлаа эхэлж байна. Монголын боловсролын салбар ирэх хоёр жилдээ нар харахгүй байхаа.

Ер нь өнгөрсөн долоо хоногийн улс төр тэнэгрэлийнхээ дээд цэгт хүрлээ. ТЕГ-ын дарга Б.Хурц, ХЗДХ-ийн сайдынхаа эсрэг мэдэгдэл хийж, анх удаа олны өмнө ил гарч гийгүүллээ. Иймэрхүү дуу хоолойтой, өнгө хэмнэлтэй залуу байсан юм байна. Мөрдөн байцаах хэлтсийн дарга нь гэж бас нэг залуу ил гарч ирж “юм” ярилаа. Залуу дарга нар заазуур мэт ажиллаж иржээ. Улс төрчдийг ер нь гаргаахгүй хянаж байсан бололтой. Тусгаар тогтносон улс оронд Тагнуулын ерөнхий газар /ТЕГ/-ын дарга нь ийнхүү ил гарч ирж, ийм мэдэгдэл хийх нь тухайн улсад онц ноцтой байдал үүссэний илрэл байдаг дэлхийн практик бий. Аль ч улсын ТЕГ-ын дарга нь улс төрийн талаар гоомой мэдэгдэл хэзээ ч хийдэггүй. Нийгмийн сэтгэл зүй дэх хамгийн том итгэл үнэмшил, найдвар бол ТЕГ нь байдаг учраас энэ байгууллагадаа төр засгаас эхлээд энгийн иргэн нь хүртэл итгэдэг. Үүгээр юу хэлэх гээд байна гэхээр ТЕГ-ын дарга Б.Хурцын мэдэгдэл нь сая томилогдсон ХЗДХ-ийн сайдыг юу хийсэн нөхөр вэ гэж эргэлзэхэд хүргэлээ. Ц.Нямдоржийг шалгах хэрэгтэй юм байна. Б.Хурц түүнийг бүлэглэлийн толгойлогч гэж хэлсэн. Улс төр-эдийн засгийн бүлэглэл үнэхээр бодитой байгаад Ц.Нямдорж оролцдог бол ардчилсан нийгэмд байж болохгүй зүйл. Гэтэл зөрүүлээд Ц.Нямдорж бас эсрэг мэдээлэл хийсэн. Б.Хурцыг бүлэглэлийн гол зохион байгуулагч гэж нэрлэлээ. Эрдэнэтийн 49 хувиас эхлээд Д.Энхбатыг Францаас хулгайлж авчирсан хүн бол Б.Хурц гэж хэллээ. Ц.Нямдоржийн ярьж байгаагаар бол Д.Энхбатыг европоос хулгайлж авчран шоронд хатааж, амь насаа алдсан асуудалд дэслэгч генерал Б.Хурцыг холбогдуулан шалгах хууль ёсны шаардлагатай болох нь. Энэ цаг мөчөөс эхлээд Б.Хурцыг ТЕГ-ын даргаар нэг минут ч ажиллуулж болохгүй юм байна. Сайдын баталж байгаагаар нөхөр бол улс төр-бизнесийн гэмт хэрэг хийж ирсэн хүн болж таарах нь.

Үнэндээ энэ хоёр өндөр албан тушаалтны биесээ үгүйсгэсэн мэдэгдлүүд нь тусгаар тогтносон Монгол Улсын хувьд юу болж хувирах нь энэ вэ гэж гаслахад хүргэв. Тэр хоёрын мэдэгдлийн дараагаас эхлээд Монголын Шүүх, Тагнуул, Прокурор, АТГ… гэхчлэн хуулийн байгууллагуудыг хамарсан хоосон орон зай, үл итгэлцэл, хардлага сэрдлэг, хүчгүйдэл бий боллоо. Монголын хууль хүчний салбарт үнэндээ хаос бий боллоо. Энэ нь тэгээд зориудын бодлоготой байна уу, сэтгэлийн хөөрлөөр хийгдэв үү. Тусгаар улсын хувьд хуулийн байгууллагуудад хоосон орон зай үүсэх нь хэнд ашигтай вэ. Ямар хүмүүс өөртөө ашигладаг вэ. Үнэндээ ард түмэн ийм цаг мөчид цагаан цаас баймааргүй байна. Бүгдийг олж харж, мэдэрч, хариуцсан эрх мэдэлтнүүдийг шахаж, эмхэлж цэгцлэх хэрэгтэй. Ингэх эрх үүрэг, том ажлууд Их хуралд, Ерөнхийлөгчид, ҮАБЗ-ийн өмнө байна. Та нар ажлаа хийгээч ээ.

Ганц хуулийн салбарт хий хоосон орон зай, хаос бий болчихоод байгаа юм биш. Салбар бүрт ийм хандлага бий болчихлоо. Өчигдрийн “Өдрийн сонин”-ыг хар. Сангийн сайд, Уул уурхайн сайд хоёр нь хоорондоо эрдэс баялаг, уул уурхай, газрын тосоо “манайх, танайх” гээд булаалцалдаад эхэлчихлээ. Ашигт малтмал, газрын тосны газрыг өөрсдийн мэдэлд байлгах тулаан ийнхүү эхэлсэн нь энэ салбарт хоосон орон зай бас үүслээ гэсэн үг. Энэ булаацалдаан дунд энэ салбар эзэн биегүйднэ. Ингэснээр хэнд ашигтай вэ гэдэг асуудал бас гарч ирнэ. Хаос бий болж буй салбар бүрт аль нэг бүлэглэл хожиж буй. Ингэж хоорондоо тэмцэлдэх нь эрүүл саруул үйлдэл мөн үү, шударга ёсыг тогтоох гэсэн үйл хэрэг мөн үү.

Сая Монгол Улсын 17 иргэн цаг бусаар амь насаа алдчихаад нийгэм даяараа уй гашуу болж, “Өдрийн сонин”-ы редакци л ганцаараа тэрхүү зах хязгаар уул хярд хэдэн сэтгүүлчээ аваачин, бодит мэдээллийг нийгэмд хүргэх гэж махаан зулгааж байхад хэн нь ч гарч ирэхгүй бүгсэн мөртлөө албан тушаал, эрх мэдлийн төлөө бүгд ил гарч ирж Монгол Улсыг хөлдөө чирч байгаа нь ичгэвтэр байна. Энэ бүхэн дээр нэрмээс болж, эхэнд дурдсан Боловсролын сайд Ц.Цогзолмаа Монголын эрдэмт багш нарыг үхэртэй зүйрлэсэн нь өөрийгөө бас нэг онигооны эзнээр нэмлээ. Боловсролын салбар одоо удирдлагагүйтэй адил болсон. Дээр нь Монгол Улсад баялаг бүтээж, мянга мянган хүнийг ажлын байраар хангаж, төсөвт томоохон татвар төлж буй хэдэн компанийн эздээ “Улсын хамаг баялгийг эзэмшсэн 30 гэр бүл” хэмээн нэрлэж, эхнээс нь нэр цохсон нь өнгөрсөн долоо хоногийн бас нэг увайгүйдэл, улстөр дэх тэнэгрэлийн туйл боллоо.

Шулуухан хэлэхэд шинээр байгуулагдсан Засгийн газар гарч ирэнгүүтээ салбар бүрт засаглалын хомсдлыг бий болгов. Заналхийллийг эхлүүллээ. Энэ бүгдэд хэн, хэрхэн цэг тавих вэ. Энэ байдал цааш үргэлжилвэл УИХ-ыг тарааж, дахин сонгууль явуулахад хүрэх үү. Салбар бүрт, шат шатанд засаглал байхгүй болох нь энэ улс орон эзэнгүй, засаг захиргаагүй, хэн дуртай нь юу ч ярьж, юу ч хийж болох хэмжээнд очлоо гэсэн үг. Үүний хамгийн тод жишээ нь Монголын Боловсролын сайд нь нийгмийн хөтөч, түүчээ болсон оюун ухааны салбараа “үхэр”-тэй зүйрлэснээс харагдана. Үүнээс илүү тэнэгрэл гэж юу байх юм бэ. Зөвхөн энэ үгнийх нь эсрэг Монголын багш нар босох, жагсах хэрэгтэй. Суудлаас нь ховх татаж, хөөж явуулах хэрэгтэй. Эндээс л энэ их улс төрийн тэнэгрэлийг эмхэлж цэгцлэх, засч залруулах ажил эхэлнэ.

Categories
мэдээ цаг-үе

Цаг хугацааны хайчин галаас айхгүй ганц хүн бол Ерөнхий сайд У.Хүрэлсүх мөн

Монголын төрд шийдвэр гаргах улс төрийн хүчин байхгүй болчихлоо. Аль бүлэглэл нь хүчтэй вэ гэдэг асуудал л яригдах болох нь. Үүнийг Ерөнхий сайдыг томилсон УИХ-ын чуулганаас тодорхой харлаа. УИХ-д 65 суудал авч үнэмлэхүй ялалт байгуулсан МАН-ын гишүүд дундуураа хоёр хуваагдаж 33 гишүүнтэй У.Хүрэлсүхийн бүлэг, 32 гишүүнтэй М.Энхболдын бүлэглэлүүд албан ёсжив. Үүн дээр АН-ын бүлгийн найман гишүүн, эдэн дээр МАХН-ын Баасанхүү, бие даагч С.Жавхлан нар нэмэгдэж, Д.Эрдэнэбатаар толгойлуулсан АН-ын “10-ын бүлэг” бий боллоо. Ийнхүү Монголын төр засгийн толгойд гурван том бүлэглэл ойлголцож чадахгүй, ойлголцоогүйгээр барахгүй бүр ноцтой байдалд хүрснийг ард түмэн харж байна.

ЕРӨНХИЙ САЙД У.ХҮРЭЛСҮХИЙН ТОЛГОЙЛСОН “33-ЫН БҮЛЭГ”

Эдгээр гурван бүлэглэлийн хамгийн том нь эднийх. Хэн хэн багтдаг тухайд нэрс нь олонтаа гарч, хэн хүнгүй мэддэг болсон. Энэ бүлэглэлд хүч өгсөн фракц бол Сү.Батболдынх юм. Сая Засгийн газар огцруулах үйл хэрэгт эднийхэн томоохон үүрэг рольтой оролцсон. Сү.Батболдын фракцын гишүүн, нэр бүхий 10 орчим хүн УИХ-ын чуулганы танхимд бий. Тэднээс лавтай 2-3 хүн сайдын суудал горилно. Д.Цогтбаатар Барилга хот байгуулалтын, Ч.Хүрэлбаатар Сангийн яам… гэхчлэн. Сая У.Хүрэлсүхэд хүчээ өгсөн энэ фракц нь мөнгөтэй, боловсролтой, бас дээр нь огцорсон Засгийн газрын үед хүмүүсээ төрд нэлээн сайн байршуулж, хөл сайтай болчихсон фракц юм. Ер нь бол Хү-д их л нэмэр боллоо, цаашид ч нэмэр болох байх. Эдэн дээр Ерөнхий сайдын өөрийнх нь хэсэг хүн байгаа. Жишээ нь Ж.Энхбаяр байна. “Алив хэрэг тохиолдвол надад дуулгаарай, жадны чинь үзүүр, сэлэмний чинь ир болж явна” гэж аль эрт Хү-д хэлсэн хүн юм гэнэ лээ. Саяын намын бага хурал дээр харж байхад Ж.Энхбаяр гишүүн өөрийнх нь бүрэн нөлөөнд байдаг Говь-Алтайгаас сонгогдсон бага хурлын гишүүдээ дагуулж гарч ирээд, тэдгээр хүмүүс нь ил цагаан хэнд дугуйлснаа түүнд харуулаад саналын хайрцаг руу хийж байгаа харагдсан гэдэг. Ингэж зүтгэсэн хүн нэг “юм”-тай сална байх. Энэ мэт их багаасаа У.Хүрэлсүхтэй хөтлөлцсөн нэлээн хэдэн гишүүн “33-ын бүлэг”-т бий учраас эднийгээ улам нягтаршуулахаа улс төрийн тогоонд олон жил махаа зулгаасан У.Хүрэлсүх мэдэхгүй өөр хэн мэдэх билээ. Ерөнхий сайд бол Ерөнхийлөн захирагч л байх ёстой. Ерөнхийд нь тэгсгээд явчих нь гэдэг хүн бол унадаг юм шиг байна. Тодорхой хугацааны дараа 33 хүн нь 43 болчихсон явахыг үгүйсгэх аргагүй. Хүнд хувийн эрх ашиг л хамгийн нэгдүгээрт байдгийг бүгд мэднэ. Эхнэрийн чинь дүүг агентлагийн даргаас нь хуслаа гэхэд л салгалаад явчих хүн “32-ын бүлэг”-т идэвхийлж явааг нь харахаар инээд хүрэх юм байна шүү дээ. Тэр хүнд Ард түмний эрх ашиг-Авгайдаа ганжиндуулах хоёрын аль нь илүү жин дарахыг мэдэх хүмүүс нь мэднэ шүү дээ. Үүнээс улбаалаад М.Энхболдын тэргүүлж буй “32-ын бүлэг”-ийн талаар бичье.

М.ЭНХБОЛДЫН ТОЛГОЙЛСОН “32-ЫН БҮЛЭГ”

Уг нь бол энэ бүлэглэл харьцангуй тогтвортой, үнэнч, нягт байх магадлалтай л даа. Өнөөдрийг хүртэл туулж ирсэн замналыг нь харахаар. Гэхдээ эдний бүлэглэлээс Д.Хаянхярваа, Б.Бат-Эрдэнэ нар чуулганы хуралдаанд оролцсон. Цаанаа ямар учиртай нь удахгүй тодорхой болох биз. Энэ бүлэглэлийн гол толгойлогчдын нэг болж хувираад байгаа Ө.Энхтүвшин гишүүний хувьд “У.Хүрэлсүх бидэнтэй зарчмаа тохирч чадсангүй, Эхлээд АН-ын бүлэгтэй уулзсан нь зарчимгүй асуудал. Уг нь бол манай бүлэгтэй эхлээд уулзах ёстой байсан. Тийм учраас бидний 30-аад гишүүн чуулганы хуралдаанд оролцоогүй” гэж төрийн ордонд албан ёсоор мэдэгдлээ. Тэгэхээр эдний бүлэглэлийн яриад байгаа тэр зарчим нь чухам юу юм бэ. Энгийн иргэн Доржид ч сонсогдож байгаа нэгэн мэдээлэл бол “Сайдууд дээрээ тохирч чадаагүй л юм байна ш дээ” гэсэн яриа хөөрөө. Эх сурвалжуудын хэлж байгаагаар эдний бүлэглэлийн зүгээс Засгийн газрын суудлын 50 хувийг манайд өгчих гэж Хү-д хэлсэн, тэр нь үгүй гэжээ. Ингээд л эдний бүлэглэл тэмцэлд мордож байгаа нь энэ юм шиг байна. У.Хүрэлсүхийн Засгийн газрын 14 сайдын талыг нь манайх авъя гэсэн нь л энэ бүлэглэлийн яриад байгаа зарчим бололтой. Энэ бодит үнэнийг л худлаа гэж битгий хэлээрэй дээ.

АН-ЫН БҮЛГИЙН ДАРГА Д.ЭРДЭНЭБАТЫН ТОЛГОЙЛСОН “10-ЫН БҮЛЭГ”

Эх сурвалжуудын мэдээлж байгаагаар бол энэ удаагийн чуулган дээрх тоглолтыг УИХ дахь АН-ын бүлгийн дарга Д.Эрдэнэбат найруулж байгаа бололтой. Учир нь тэрбээр яг нэг жилийн өмнө МАН-ын “65-ын бүлэг”-т хандаж өнөөдрийн болж буй процессыг урьдчилан хэлж, сануулж байсан нь манай сонины хуудаснаа үлджээ. Өнгөрсөн намрын чуулган дээр Д.Хаянхярваа гишүүн “Бурхан чи битгий хуц гэсэн үг байдаг байхаа, энэ үгийг АН-ын та нарт хэлье” гэж чанга дуугарч байж. Түүнийх нь хариуд Д.Эрдэнэбат гишүүн “МАН-ынхаан, та нар өнөөдөр үнэмлэхүй олонх болчихсон АН-ыг баалж байна. Миний үгийг битгий мартаарай, АН-ын явсан замаар МАН хүссэн хүсээгүй явна. Бидний үзсэн зовлонг та нар үзнэ. Та нар татвар нэмэх гэж байгаа юм байна. Ард түмний хоолноос хумслах нь. Оюутны мөнгө, хүүхдийн мөнгийг та нар байхгүй болгох юм байна. Төрийн албан хаагч, багш, эмч нарын цалин хангамжийг та нар танах юм байна. Концессыг та нар бантан болгох юм байна. Энэ бүгдийн чинь хариуг ард түмэн та нарт өгнө. Хаянхярваа гишүүнээ, та АН-ыг хуц гэж хэлж байна. Наад үгийг чинь МАН-ын бүлгийн дарга Хаянхярваа танд болон танай намынханд ард түмэн удахгүй хэлэх болно оо” гэжээ. Эндээс харахад энэ удаагийн Ерөнхий сайдын томилгоонд АН-ын бүлгийн 8 гишүүн идэвхтэй оролцсон нь учиртай юм байна. Тэд улс орны маргаашийг бодож, нэг жилийн өмнө хэлж сануулж байхад олонхоороо хүч түрэн татвар нэмж, төрийн албан хаагчдын нийгмийн асуудлыг дампууруулж, концессыг бантан болгосныг цаашид үргэлжлүүлж болохгүй, өнөөдөр цаг алдаж бүр ч болохгүй гэдэг үүднээс сая УИХ-ын чуулганаар Ерөнхий сайдад У.Хүрэлсүхийг дэмжжээ гэдэг нь харагдаж байна. Жилийн өмнө чуулган дээр МАН-ын 65 гишүүнд доромжлуулан, зүхүүлэн байж түүний хэлсэн “Концессыг та нар бантан болгох нь” гэсэн сануулга бодит хэрэг явдал болж сая огцорсон Засгийн газрын гишүүд өөрсдийн компанидаа 807.5 тэрбум төгрөгийн концесс өгсөн, татвар нэмж ард түмэн, аж ахуй нэгжийн нуруун дээр дааж давшгүй ачаа үүрүүлсэн, оюутны тэтгэлэг, хүүхдийн мөнгийг лөөлөө болгосон, нийгмийн хамгийн том масс болох багш, эмч нарын цалин хангамжаар оролдсон зэрэг нийгмийн суурь бүх үзүүлэлтийг дордуулсан шалтгаанаараа Ж.Эрдэнэбатын Засгийн газар огцорлоо. Ийм цаг мөчид юу бодогдож байна гэхээр У.Черчиллийн “Улс төрч гэдэг бол маргааш юм уу, нэг сар, нэг жилийн дараа юу болохыг урьдчилан хэлж чаддаг байх ёстой. Дараа нь яагаад тэр бүх зүйл болоогүйг тайлбарлаж чаддаг байх ёстой” гэж хэлсэн алдарт үг л санаанд буугаад байна. Ер нь бол УИХ-д суугаа АН-ын гишүүд эрх баригчдын дэргэд ядаж л нэг жилийн дараахийг харж, мэдэрч байгаагаараа ялгарч байна. Тэгж чадаж байгаа учраас тэд Засгийг яаралтай солих хэрэгтэй гэж үзжээ. Тэд төр засаг тогтвортой байхын ач холбогдлыг яс махаараа мэдэрсэн хүмүүс. Тийм болохоор У.Хүрэлсүхийн Засгийн газраар тэд оролдохгүй нь тодорхой. Энэ удаагийн чуулганд АН-ын найман гишүүн ороогүй бол У.Хүрэлсүх унаж юу болж хувирах байв. Монголын төр төгс дампуурлынхаа зам руу орох байсныг ард түмэн анзаарсан байх. Эх орноо ийм л дампууралд оруулах сонирхол энэхүү 32 нөхөрт байгаа юм байх даа. Энэ байдлаараа М.Энхболдын тэргүүлсэн “32-ын бүлэг” шинэ Засгийн газрыг огцруулах үйлдэл хийж мэдэх юм байна. Тийм далд заналхийлэл, хууль бус тулгалт байгаа учраас Ерөнхий сайд У.Хүрэлсүх “Би айхгүй байна. Амь насаа алдахаас ч айхгүй байна” гэсэн аймшигт үгийг төрийн индэр дээрээс хэлсэн байх. Өнгөрсөн түүхэнд төрийн гурван өндөрлөгийн амнаас ийм хатуу үгийг ард түмэн сонсож байгаагүй юм. Энэ хүн ийм үг хэлэхээс өөр аргагүй болтол нь намынх нь “32-ын бүлэг”-ээс дарамталжээ гэж ард түмэн ойлгож байна.

Үнэхээр үүндээ хүрсэн бол “32-ын бүлэг”-ийн зүгээс Ерөнхий сайд У.Хүрэлсүхэд шумуул хазахын төдий ч цочоо үзүүлж чадахгүй. Тэр намын дарга биш учраас намын өмнө ямар ч хариуцлага хүлээхгүй. Засгийн газрын өмнө ч хариуцлага хүлээхгүй. Тийм учраас У.Хүрэлсүхэд алдах зүйл байхгүй. Харин УИХ-ын гишүүн 32 хүнд алдах зүйл аймаар их байна. Үндсэн хуульд зааснаар УИХ нь Засгийн газраа байгуулж чадахгүй 45 хоновол бүрэн бүрэлдэхүүнээрээ тарна. Ерөнхийлөгч ч санал оруулж болох хуулийн зүйл заалт байгааг мэдэж байгаа нь цөөхөн байгаа даа, аягүй бол. Тэгэхээр УИХ тарна гэдгээс энэ 32 гишүүн үхтлээ айж байгаа. Тийм учраас ингэж дөвчигнөж байгаад Ерөнхий сайдтай ямар нэг тохироо хийхийг л зорино. Үүнийгээ л “Бидэнтэй зарчмаа тохирохгүй байна” гэж яриад байгаа юм. Харин У.Хүрэлсүх яг эсрэгээр нь өөрийнхөөрөө танхимаа бүрдүүлэх ёстой. Тийм боломжийг нь УИХ бүрдүүлж өгөх хэрэгтэй байна. Энэ бүгдээс одоо юу харагдаж байна гэхээр хуулийн заалтаар тулгасан 45 хоногийн хайчин гал ажиллаж эхэлжээ. Цаг хугацааны энэ хайчин галаас айхгүй ганц хүн У.Хүрэлсүх мөн байгаа биз. Энэ л У.Хүрэлсүхийн давуу тал. Та 32-ын хувьд тарна гэдэг бол харин аймшгийн зүүд.

Авлигатай айхавтар тэмцэж буй Си Жин Пиний нэг үг бий, “Авлигатай тэмцэх юм бол нам сүйрнэ. Тэмцэхгүй бол эх орон сүйрнэ” гэж. Түүн шиг У.Хүрэлсүхийн хувьд “60 тэрбумтай тэмцэхийн бол нам нь сүйрнэ. Тэмцэхгүй бол төр нь сүйрнэ”. Ийм л нөхцөл байдал дунд байна даа.