Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Б.Сувданзаяа: Би “Дэлхийн оюутны мисс”-ийн цахим санал хураалтыг одоогоор тэргүүлж байгаа DNN.mn


“Miss Mongolia-2022” тэмцээний “Sec­ond winner up”, бикини мисс Баянмөнхийн Сувданзаяатай ярилцлаа. Тэрбээр удахгүй болох Дэлхийн оюутны миссийн тэмцээнд оролцохоор бэлтгэж байгаа юм.


-“Дэлхийн Оюутны Мисс-2022” тэмцээнд эх орноо төлөөлөн оролцох болсон. Тэмцээний бэлтгэл хангагдаж байна уу?

-Дэлхийн оюутны мисс буюу “World Miss University-2022” тэмцээн Сөүл хотод арваннэгдүгээр сарын 30-ны өдрөөс арванхоёрдугаар сарын 21-нийг хүртэл үргэлжилнэ. Тэмцээний бэлтгэл ерөнхийдөө хангагдаж байна. Тэмцээнд оролцоход тусалж байгаа гэр бүлийнхэн, Өмнөговь аймгийн Иргэдийн төлөөлөгчдийн хурлынхан, “Андра” академи, “Photohub”-ийн хамт олондоо маш их баярлалаа.

-Миссийн тэмцээний өмнөх бэлтгэлийн өдрүүд хэрхэн өнгөрдөг вэ?

-Одоогоор Ч.Энхтуяа багшийнхаа зөвлөснөөр биеэ чангалахаар бассейнд явж, агентлаг дээрээ хэл яриа, хоолойн дасгал хийж байгаа. Өнгөрсөн зун ярианы англи хэлний сургалтаа дүүргэсэн, одоо танхимын сургалтад хамрагдахаар бэлтгэж байна.

-“Miss Mongolia-2022” тэмцээнд анхны жилээ амжилттай оролцож “Second winner up”-аар шалгарсан. Энэ удаагийн тэмцээндээ өөртөө хэр итгэлтэй байгаа вэ?

-Есдүгээр сарын 21-ний өдрөөс тэмцээний цахим санал хураалт эхэлсэн. Цахим санал хураалтаар одоогоор нэгдүгээр байранд явж байна. Энэ нь надад өөртөө итгэх итгэлийг маш их өгч байна. Цахим санал хураалт финалийн шатанд чухал нөлөөтэй.

-Цахим санал хураалтад яаж оролцох вэ?

-Цахим санал хураалт хүн бүрд нээлттэй. Гар утсандаа “Anystory” аппликэйшнийг суулгаад утасны дугаар эсвэл и-мэйл хаягаараа бүртгүүлнэ. Нэр, зургаа оруулаад баруун дээд буланд байгаа “register” хэсэгт дарж “Mongolia” гэж хайж “Vote” хэсэгт дарж санал хураалтад оролцоно.

-Оюутны миссийн тэмцээний онцлог юу вэ. Улс бүрээс нэг оюутан оролцох уу?

-Оюутны миссийн тэмцээнд дэлхийн 89 орны мисс оролцоно. Солонгос улсаас гурав, бусад улсаас нэг мисс оролцох юм. Тэмцээний 21 хоногийн турш сайн үйлсийн аян, загварын шоунд оролцох гэх мэт өдөр тутмын үйл ажиллагаатай. Мөн форум дээр илтгэл хэлэлцүүлнэ, илүү хандлага, мэдлэгээрээ өрсөлдөнө.

-“Miss Mongolia-2022” тэмцээний авьяас үзүүлбэрт элсээр зураг зурсан. Энэ удаагийн тэмцээнд авьяас үзүүлбэр бэлтгэж байгаа юу?

-Оюутны тэмцээнд авьяас үзүүлбэр байхгүй. Тэр үед нутгийнхаа онцлогийг харуулах гэж элсэн зураг зурсан. Зурагт тэмээ, гэр зэргийг зэрэглээтэж буйгаар харуулсан. Би Өмнөговь аймгийн Ноён суманд төрсөн л дөө.

-Одоо аль сургуульд ямар мэргэжлээр суралцдаг вэ?

-Монгол Улсын Боловсролын их сургуульд сэтгүүл зүйн гуравдугаар дамжаанд суралцдаг. Дашрамд хэлэхэд, тэмцээнд оролцоод хичээлээ хойш тавих үе олон гардаг. Тэр бүрт ойлгож дэмждэг тэнхимийн багш нартаа баярлалаа.

-“Miss Mongolia” тэмцээнд амжилттай оролцоход таны ямар чанар танд тус болсон гэж бодож байна?

-Мисс хүнд байх чанаруудыг өөртөө суулгасан юм болов уу гэж боддог. Төлөв, хүмүүст нөлөөлж чаддаг, хүмүүс намайг хараад үлгэр дуурайл авдаг байх ёстой. Ур чадваруудыг өөртөө суулгаснаар тайзан дээр өөрийгөө зөв илэрхийлж, хүчирхэг харагдаж, инээмсэглэлээрээ хүнд аз жаргал бэлэглэж чадна.

-Хэдэн настайдаа миссийн тайзан дээр хөл тавьж байв?

-Дунд ангиасаа Өмнөговь аймагт сургуулийнхаа “Үнсгэлжин” тэмцээнд оролцож эхэлсэн. Түүнээс хойш “Андра” академид суралцаж мэргэжлийн модель болсон. Мисс болоход шаардлагатай ур чадваруудыг “Андра” академиас суралцсан. Хамгийн анхны том тэмцээн маань “Miss Mongoliа-2022” байсан.

-Яагаад энэ салбарыг сонирхох болсон бэ?

-Гэрийнхэн маань намайг Монголын мисс болно гэж өхөөрддөг байсан. Түүнийг сонсож өссөн болохоор ч юм уу багаасаа загварын салбарт сонирхолтой байсан. Арваннэгдүгээр ангидаа “Андра” академийнхаа анхан, гүнзгий шатны сургалтад суусан. Оюутан болсон цагаасаа хойш “Андра” академидаа гэрээт моделиор, “Miss Mongolia-2022” тэмцээн дууссанаас хойш алхааны дадлагажигч багшаар ажиллаж байна. Мөрөөдлийн маань нэгээхэн хэсэг биелсэн. “Андра” академид орохоос өмнө Х.Бадамгэрэл багшийг шүтдэг, зургийг нь хараад “Энэ эгч шиг л болно” гэж боддог байсан. Гэр бүлийнхэн маань намайг маш их дэмждэг. Дунд сургуулийн “Үнсгэлжин”-ээс “Дэлхийн оюутны мисс” тэмцээн хүртэл ээж минь үргэлж тайзны ард дэмжиж байгаа.

-Таны биеийн өндөр, жинг сонирхож болох уу?

-Миний биеийн өндөр 174 см, жин 54 кг.

-Гоо сайхандаа баримталдаг зарчим тань юу вэ?

-Орой бүр нүүрээ бүрэн цэвэрлээд арьсаа арчилна, чийгшүүлэх маск тавьж унтдаг маань л юм болов уу (инээв).


Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Оюунчимэг: Анх удаа нарийн сүлжмэл даавуу үйлдвэрлэж эхэлж байна DNN.mn

“Батзүү” ХХК-ийн ерөнхий захирал, Монголын оёдлын салбарын мэргэжлийн зөвлөлийн дарга Ж.Оюунчимэгтэй ярилцлаа.


-Танай компани Монгол Улсад анх удаа нарийн сүлжмэл даавуу үйлдвэрлэж эхэлжээ. Нарийн сүлжмэл даавуугаар ямар хувцас эдлэл хийх, ямар давуу талтай вэ?

-Манай “Батзүү” ХХК 26 жилийн түүхтэй. Зөөлөн оёдлын чиглэлээр үйл ажиллагаа явуулж байгаад Монгол Улсаа үйлдвэрлэгч орон болоход тодорхой хэмжээний хувь нэмэр оруулж нүцгэн биен дээр шууд өмсдөг подволк, ретуз, дотуур хувцсаа эко даавуугаар үйлдвэрлэхийг зорьсон. Анхны даавуугаа үйлдвэрлээд Монголын оёдлын холбоотой ярилцаад 60 гаруй оёдлын компани нэгдэж кластерын системээр цэцэрлэгийн хүүхдийн подволк, шортыг үйлдвэрлэх санал гаргаж одоогоор 10 мянга орчмыг үйлдвэрлэсэн. Эцэг эхчүүд маш сэтгэл хангалуун байна. Өмнө нь бид нүцгэн биен дээр өмсдөг хувцсыг зах зээлээс авдаг, эрүүл мэндэд ямар хор нөлөөтэйг мэддэггүй байснаа ч илэрхийлж байна.

-Кластерын үйлдвэр гэж яг ямар үйлдвэрлэлийг хэлж байна вэ?

-Энэ нь нэг оёдлын компани даавуугаа, нөгөө нь эсгэнэ, нөгөө нь оёно гэх мэт гурвалсан, дөрвөлсөн сүлжээг хэлж байгаа юм. Манай компани зөвхөн даавуугаа үйлдвэрлэнэ, өөр компани эсгэнэ, өөр компани оёно. Нэг үйл ажиллагаагаараа дагнана гэсэн үг. Энэ бол Монголдоо хийж байгаа бас нэг шилдэг инноваци гэж харж байгаа.

-Ямар төхөөрөмж ашиглаж байна вэ?

-Цар тахал гарахаас өмнө Герман улсад хандаж дэлхийд гуравхан гарсан хамгийн сүүлийн үеийн ухаалаг төхөөрөмжийн нэгийг Монгол Улсад оруулж ирсэн. Цар тахлын үед тоног төхөөрөмж маань ирээд өнгөрсөн долдугаар сарын 20-доор Германаас мэргэжилтнүүд ирж 14 хоног сургалт орж төхөөрөмжөө угсарсан. Наймдугаар сарын дундаас нарийн сүлжмэл даавуугаа үйлдвэрлэж эхэлсэн. Монгол Улс түүхэндээ анх удаа сүлжмэл нарийн даавууг үйлдвэрлэж эхэлж байна.

-Төхөөрөмж хэдэн хувийн механик ажиллагаатай вэ?

-Төхөөрөмжийн давуу тал бол зүү нь утасны чанар таньдаг. Хуучин бараа материалаа заавал лабораторийн шинжилгээнд өгдөг байсан бол одоо тэгэх шаардлагагүй. Чанарын шаардлага хангахгүй утсаар даавуу үйлдвэрлэж болохгүй, төхөөрөмж ажиллахгүй. Төхөөрөмж хоногт 4500 метр даавуу үйлдвэрлэх хүчин чадалтай. Захиалга илүү нэмэгдэж хүчин чадлаа бүрэн ашиглавал цаана нь гурван машины тоног төхөөрөмж нь дутуу байгаа.

Түүнийгээ шийдчихвэл хүчин чадлаа бүрэн ашиглаж Монгол Улсынхаа биеийн тамирын хувцас, подволкны зах зээлийн 90 хувийг хангах боломжтой. Төхөөрөмж 30-50 жилийн баталгаатай. Төхөөрөмж өөрөө лабораторитой. Лабораториор материалын агшилт, суналт, хөлс шингээлт гэх мэт бүгдийг шинжилдэг.

-Техниктэй ажиллахад монгол инженерүүдээс ихээхэн чадвар шаардаж байна уу?

-Герман мэргэжилтэн Монголд ирээд төхөөрөмжөө задлаад 7-10 хоногт угсрах байх гээд орхисон. Гэтэл манай хоёр инженер 300 гаруй зүү, хамгаалалт гээд бүх зүйлийг.дөрөв хоногт угсарсан. Тэр герман инженер монгол инженерийн чадварыг биширсэн. Ийм инженерүүд байхад ийм тоног төхөөрөмжийг авч ажиллуулахад ямар ч асуудалгүй, цөөхүүлээ ард түмэн эко бүтээгдэхүүн хүсээд авч байгаад маш талархалтай байсан.

-Лаборатори болон даавууны үйлдвэрт хэдэн хүн ажиллаж байна?

-Энэ тал дээр ШУТИС-ийн мэргэжлийн багтай хамтарч ажиллаж байгаа. Одоогоор ШУТИС-ийн мэргэжлийн IV дамжааны оюутан, багштайгаа лабораторийн бүх үйл ажиллагааг хянаж, хариуцаж ажиллаж байна. Даавуу үйлдвэрлэхэд ямар ч хүний оролцоо байхгүй, 100 хувь ухаалаг. Жишээлбэл, нэг машинд 200 гаруй утас ордог. Тэдний нэг нь л чанарын шаардлагагүй утас байвал зүү нь хөдлөхгүй. Хянагч компьютертээ анхааруулга өгдөг. Хүмүүс үйл явц, компьютерээ л хянах үүрэгтэй. Үйлдвэрт одоогоор зургаан хүн ажиллаж байна

-Түүхий эдээ хаанаас авдаг вэ?

-Хамгийн чанартай утсыг Турк, Энэтхэг, Хятадад үйлдвэрлэдэг. Төхөөрөмжийнхөө кодоор утас, хөвөн холионуудаа Туркээс захиалж авсан. Бэлэн утас биш холиогоо тааруулаад захиалдаг.

-Даавуундаа яаж өнгө оруулдаг вэ, хэдэн сонголттой байгаа вэ?

-Дэлхийд 900 гаруй нэр төрлийн өнгө байдаг. Бид дуртай өнгөө кодоор нь захиалдаг. Одоогоор түгээмэл 15 төрлийн өнгөөр үйлдвэрлэж байна. Тухайлбал, цэцэрлэгийн хүүхдийн подволк бүдэг номин цэнхэр өнгө сонгосон нь зах зээлд энэ өнгө харааахан байхгүй учраас хуурамчаар дуурайлган үйлдвэрлэх боломжгүй. Захиалагч өнгөө сонгоход бид тэр өнгөөр нь нэхэж өгнө.

-Цаашид гадны орон руу экспортлох боломж бий юү?

-АНУ-ын хоёр эрдэмтэн ирээд АНУ руу экспортлох боломжтой гэсэн. Тэдний шалгуур нь Монголд үйлдвэрлэл явагддаг, 100 хувь эко байх ёстой. Эхлээд бид дотоодын хэрэгцээгээ хангаад дараа нь гадны орон руу экспортлох зорилготой. Эхний хоёр жилдээ улсынхаа хэрэгцээг хангасны дараа малын гаралтай түүхий эд буюу ноос ноолуураас утсандаа оруулж хүйтэн орон руу дулаан бүтээгдэхүүн экспортлох зорилготой.

-Даавуу бөөсрөх, сунах гэх мэт хэрэглээний хувьд ямар вэ?

-Чанарыг нэгдүгээрт зүү, хоёрдугаар чанарыг лаборатори шинжилж байгаа. Хамгийн дээд зэргийн даавуугаар хийж байна л гэсэн үг.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Мөнгөнтулга: Яаж ажиллахыг нь заахын оронд ажилчдынхаа цалинг танах, орон тоогоо цөөлөх нь буруу шийдэл DNN.mn

Сэтгүүлч, “NSF” олон улсын байгууллагын Азийн бүс хариуцсан олон улсын хоол хүнсний аюулгүй байдлын аудитер Б.Мөнгөнтулгатай ярилцлаа.


-Таныг 70 гаруй жилийн түүхтэй олон улсын байгууллагын анхны бөгөөд цорын ганц монгол ажилтан гэж сонссон. Танай байгууллага болоод таны ажлын тухай тодруулмаар байна?

-Манай байгууллага 70 гаруй жилийн өмнө АНУ-д Сансар судлалын агентлагтай нийлж байгуулагдсан “NSF” International. Хүний эрүүл, аюулгүй байдалтай холбоотой олон төрлийн үйл ажиллагаа явуулдаг. Тухайлбал, бүтээгдэхүүн болон тоног төхөөрөмжид баталгаажуулалт хийдэг. Манай байгууллагаар баталгаажсан хүнсний бүтээгдэхүүнийг олон улсын брэндүүд авч хэрэглэдэг.

Олон оронд үйлчилгээ явуулдаг байгууллагууд тухайн оронд үйлчилгээ хэрхэн явагдаж, стандартыг мөрдөж байгаа эсэхийг мэдэх боломжгүй. Түүнийгээ мэдэхийн тулд хөндлөнгийн байгууллагыг хөлсөлж гэнэтийн шалгалт хийлгэдэг. Тус байгууллагын монгол дахь аудитерээр тав дахь жилдээ ажиллаж байна. Монголд “KFC”, “Burger King”, “Little sheep”, “Godiva” гэх мэт байгууллагуудад гэнэтийн шалгалт хийдэг.

Хоол үйлдвэрлэлийн салбарт 13 жил ажиллаж байна. АНУ болон Европын орнуудад рестораны ерөнхий менежер, ахлахаар ажиллах эрхтэй, ОУ-ын гэрчилгээтэй. Үндсэн ажлаас гадна үйлчилгээний газруудад зөвлөх үйлчилгээ, сургалт ордог. Хамгийн сүүлд хийсэн ажил гэвэл Монголд дөрвөн салбартай ресторанд санхүүгийн, үйл ажиллагааны, хүний нөөцийн аудит хийсэн. Шалгалт хийсний дараа дүгнэлт гаргаж, зөвлөгөө өгдөг. Тухайн газар зөвшөөрвөл үргэлжлүүлж шаардлагатай ажлуудыг хийж чиглүүлж өгдөг. Хүмүүсийг нь сургаж өгөөд сар яаж ажиллаж байгааг нь хянадаг. 2017 онд CU-д гурван сар зөвлөгөө өгч ажилласан. Олон улсын брэндүүд сургалт авч холбоотой ажилладаг.

-Таны үндсэн мэргэжил сэтгүүлч гэсэн үү?

-2006 онд Радио телевизийн дээд сургуульд элсэж гурван жил сураад АНУ-руу тэтгэлгээр сургуульд явсан. Өмнөд Калифорнийн их сургуульд орсон. Тэнд тэтгэлэгтэй байсан ч сургалтын төлбөр маш өндөр. Аав, ээж маань багш, манайх дундаж айл. Төлбөрийн хувьд асуудалтай байсан учраас визээ хадгалаад англи хэл суръя, мөнгө хураая гэж шийдсэн. АНУ-д таван жил орчим болохдоо хэл сурч, ажил хийж сурсан, санхүүгийн хувьд боломжтой хэмжээний болоод ирсэн. Ирснийхээ дараа РТДС-даа суралцаж төгсөөд Хүнсний технологийн коллежид хүнсний технологич, эрүүл ахуйч мэргэжлээр сурсан. Сүүлд 2019 онд Хүмүүнлэгийн Ухааны их сургуулийг бизнесийн удирдлагаар мастер хамгаалсан. Сурсан нь гэвэл ийм л байна даа (инээв).

-Мэргэжлээрээ ажиллахгүй яагаад энэ салбар руу орсон юм бэ?

-АНУ-д байхдаа голдуу ресторанд ажилласан. Тэндхийн рестораны зөөгч, үйлчилгээний ажилчид Монгол шиг тогтмол цалингүй. Гарын мөнгө буюу та хүнд яаж үйлчилнэ тэр хүн танд хэр талархаж буйгаар цалинждаг. Гурваас дөрвөн төрлийн ресторанд ажилласан. Хамгийн сүүлд ажиллаж байсан газраа зөөгчөөс ерөнхий менежер хүртэл ажилласан. Сүүлдээ үйлчилгээний байгууллагад ажиллах үнэхээр дуртай болсон.

-Ажиллах арга барилаа олсон болохоор ажилдаа дуртай болсон уу?

-Америк яваад хоёр жил хагасын дараа аав маань өөд болсон. “Явах замынхаа талд нь ирчихлээ” гэж аавтайгаа утсаар ярьснаас хоёр хоногийн дараа аав өнгөрчихсөн байсан. Ирж аавыгаа нутаглуулаад ээжтэйгээ сар хамт амьдраад АНУ руу буцсан. Тэнд надад хамгийн их хань болж байсан зүйл бол миний ажил. Тийм хүнд сэтгэл зүйтэй үедээ хүнтэй инээгээд харилцана гэдэг маш хэцүү. Удалгүй нэг өглөө ажил дээрээ иртэл буурал толгойтой аавтай маш адилхан хүн 100 гр архи захиалж уусан, дахиад 100 граммыг ч захиалсан. Зүгээр хүн яасан ч өглөө эрт ингэж архи уухгүй гэж бодоод тэр хүнд шинэ талх, өглөөний цай бэлтгэж очоод жаахан юм ярьтал “Чи ямар сайхан сэтгэлтэй охин бэ. Эхнэрээ нутаглуулаад хоёр долоо хонож байна. Өглөө хүнтэй юм ярихгүй байх надад маш хэцүү байдаг. Чамтай ярилцах сайхан байна” гэж хэлсэн. Тэр үед надад ресторанд үйлчлүүлж байгаа хүмүүстэй өөрийнхөө аав, ээж, ах дүү шиг харилцах юм бол надад ч тэр үйлчлүүлэгчид ч гоё байх юм байна гэдгийг ойлгосон. Тэрнээс хойш орж ирсэн хүн бүртэй маш гоё харилцсан. Ингэснээр ажил урагшлахад, сэтгэл зүйд ч амархан болсон. Ажилдаа дуртай болохоор ажил маш амжилттай явж Монгол руу явах гээд үйлчлүүлэгчдийн үдэлтийн үдэшлэг хийхэд 250 гаруй үйлчлүүлэгч ирсэн.

-Монголд ирээд мэргэжлээрээ ажилласан уу?

-Мэргэжлээрээ ажиллах гээд одоогоор томоохон хэд хэдэн телевизэд очсон. Гэтэл нэгт, хүлээж авсан хандлага нь их сонин. Хамгийн түгээмэл нь “Дипломгүй байж ажил хийх гэж байгаа юм уу”. Хоёрт, цалин үнэхээр бага. Тэр үед “Bluefin” ресторан нээгдэж байсан. Тэдний менежер телевизийн цалингаас хоёр дахин өндөр цалин, уян хатан цагийн хуваарь санал болгосон. Хичээлийнхээ хажуугаар ээлж хариуцсан менежерээр ажилласан. АНУ-д үйлчилгээний салбарт нэлээд сайн бэлтгэгдээд ирэхэд үйлчилгээний салбарт үйлчилгээ гэж бараг байгаагүй. Ээлжээ хариуцаад хоёр долоо хоног ажилласны дараа манай захирал “Чиний хариуцдаг ээлжинд ажил сайн яваад нөгөө ээлжин дээр үйлчилгээ унаад байна. Чи манай үйл ажиллагаа хариуцсан менежер болох уу” гэсэн. Тэгээд цалингаа нэмүүлээд үйл ажиллагаа хариуцсан менежер болсон.

Зөөгч гэдэг бол зүгээр захиалга аваад явдаг хүн биш. Үйлчлүүлэгчид үйлчилгээ үзүүлэх, юу зарж байгаагаа мэдэж байх ёстой гэх мэт агуулгатай сургалтын материал боловсруулаад ажилчиддаа сургалт орсон. Монгол хүүхдүүдийг бэлтгэж ажиллуулах бага зэрэг хэцүү байсан. Гэхдээ 3-4 сарын дараагаас ажлын үр дүн гарч эхэлсэн. Түүнээс хойш тасралтгүй үйлчилгээний байгууллагад ажилласан. 2015 онд “Макс групп”, “Max center”-ийн анхны ерөнхий менежерээр орсон. Манай компани гурван захирлаас өөр ажилтангүй, дөрөв дэх ажилтан нь болсон. Тэр үед “Burger King”-г Монголд оруулж ирэх гэж байсан. Багаа бүрдүүлж Бээжинд хоёр сар сургалтад суугаад “Burger King”-ийн эхний таван салбарыг нээсэн.

-Одоо ажилладаг байгууллагатайгаа хэрхэн холбогдсон бэ?

-“Burger King” нээгдэж байх үед Цэцэг төвийн салбар хариуцсан менежер байсан. Одоо миний ажиллаж байгаа “NSF” “Burger King”-тэй хөндлөнгийн шалгалт хийх гэрээтэй. “NSF”-ээс мэргэжилтэн ирж шалгадаг байлаа, нэг ёсондоо би ажлаа шалгуулдаг.

Хоёр жил орчмын дараа “NSF”-н Азийн бүс хариуцсан Солонгос дахь захирлаас “Монголд байдаг шалгалт хийдэг ажилтантай болмоор байна, чи ажлын анкетаа явуулаач” гэсэн ажлын саналын мэйл ирсэн. Тэгээд анкетаа явуулж, онлайнаар ярилцлагад ороод сарын дараагаас “NSF”-н ажилтан болсон. Цар тахлаас өмнө Япон, Малайз, Солонгос, Сингапур гээд Азийн англи хэлтэй орнуудад шалгалт хийдэг байсан. Одоогоор Монголдоо ажиллаж байна.

-Монголд үйл ажиллагаа явуулж байгаа олон улсын сүлжээ ресторан, түргэн хоолны газрууд стандартаа ямар түвшинд баримталж ажилладаг вэ?

-Ер нь бол сайн. Тэр тусмаа хүнсний аюулгүй байдал тал дээр стандартыг маш сайн мөрддөг. Брэндийн стандарт буюу үйлчилгээний хурд, бүтээгдэхүүний харагдах байдал, хүргэлт, хурд гэх мэт хүн идээд хордохооргүй, гэхдээ үзэмж талын алдаанууд гаргадаг.

-Хүнсний эрүүл ахуй стандарт яг юугаар хэмжигддэг юм бэ?

-Хүнсийг аюулгүй байлгахын тулд нэгт, хүнстэй харьцаж байгаа ажилтны хувийн ариун цэвэр. Хоёрт, хүнстэй харьцаж байгаа гадаргуу буюу гал тогооны орчин. Гуравт, бүтээгдэхүүнийг агуулахаас хүлээж авах, хадгалах, боловсруулах, бэлтгэх, үйлчлүүлэгчид хүргэх үйл явцад баримтлах ёстой цаг хугацааны болон температурын хяналт чухал.

-Таны ажлын нэг өдөр хэрхэн өнгөрдөг вэ?

-Одоохондоо Монголд байгаа учраас цөөн салбартай ажиллаж байна. Жилд гурван удаа шалгадаг. Хэрвээ шалгалтад хангалтгүй үнэлгээ авбал тодорхой хугацааны дараа дахин шалгана. 40 хүрэхээсээ өмнө дөрвөн хэл сурах зорилготой шинэ хэл сурч байгаа. Өглөө хүүгээ цэцэрлэгт нь хүргэж өгөөд хэлний хичээлдээ яваад хуваарьтай байвал нэг шалгалт хийгээд орой хүүгээ цэцэрлэгээс нь аваад гэртээ ирдэг. Миний хувьд хүүгээ гэртээ байх үед нь ажил хийхгүй, өөр ямар нэг зүйлд сатаарахгүй утсаа ч оролдохгүй анхаарлаа 100 хувь хүүхдэдээ зориулахыг хичээдэг. Гэр рүүгээ ажлаа авч ордоггүй.

-Монголчуудын хоолонд хандах хандлага, мэдлэг, үйлчилгээний соёл ямар байна вэ?

-Тухайн хүний сард олох орлогын хэмжээнээс идэх хоол хүнс ялгаатай байна. Зөв, буруу гэж хэлж болохгүй. Жишээлбэл, зарим хүмүүсийн баяраар иддэг хоол зарим хүний энгийн хэрэглээ байна. Харин үйлчилгээний ялгаатай байдал харагддаг. Үйлчилгээ гэдэг эмзэг, маш сайн явагдах ёстой. Үйлчлүүлэгчдээ анхааруулж, сэтгэл ханамжтай байлгахын тулд ажилчдаа анхаарах ёстой. Зөөгч, тогооч гээд ажилчдаа яагаад тэр хүнд сайхан хандах ёстойг зааж өгөх хэрэгтэй. Яаж ажиллахыг нь зааж өгөхийн оронд ажилчдынхаа цалинг танах, орон тоогоо цөөлөх нь буруу шийдэл.

-Танд мэдлэг, туршлагадаа тулгуурлан өөрийн гэсэн үйлчилгээний байгууллагтай болох төлөвлөгөө бий юү?

-Он гараад үйлчилгээ үргэлж ийм сайхан байх, үйлчилгээний салбарт хангалттай цалинтай ажиллах боломжтойг харуулсан өөрийн үйлчилгээний байгууллагаа нээхээр төлөвлөж байна. Монголд найман хүний ажил хийчихээд таван хүний цалин авах тохиолдол олон учраас ажилчид ажлын байрандаа сэтгэл ханамжгүй байна. Ажлаа сайн хийлгэхийн тулд шударга байх ёстой. Нэг хүний ажлыг нэг л хүн сэтгэл ханамжтай хийж хангалттай үнэлүүлж болдог. Үүнийг компаниуд зардал гэж хардаг. Бүтэн хоёр жил ажиллахдаа нэг минутын хоцролтгүй, эргэлзээгүй сэтгэл ханамжтай ажиллаж болдог. Ажиллуулж байгаа хүмүүстээ яагаад чин сэтгэлээсээ хийх ёстойг ойлгуулах нь чухал.

А.ГАНТУЯА

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал улс-төр

Б.Мөнхбаатар: Олимпизм хариуцсан сайд Б.Бат-Эрдэнэ даруйхан ажлаа хийхгүй бол бид 2024 оны олимпийг өнжих нь DNN.mn

Хоёр жил хүрэхгүй хугацааны дараа Францын нийслэл Парис хотод зуны олимпийн наадам болно. Эв санааны бэлгэдэл олимпийн наадамд энэ удаа Монголын шигшээ баг оролцохгүй байх бодит эрсдэл нүүрлээд байгааг спортын салбарынхан онцолж байгаа юм. Энэ асуудлын хүрээнд Багануур дүүргийн Биеийн тамир спортын газрын пауэрлифтингийн багш, дасгалжуулагч Б.Мөнхбаатартай ярилцлаа.


-1964 оноос эхэлж зуны олимпийн наадамд оролцож ирсэн Монголын шигшээ багийн тамирчид Парисийн олимпийг өнжих магадлалтай байна гэх юм. Шалтгаан нь юу вэ?

-Манай шигшээ баг 1964 он Токиогийн олимпийн наадамд анх оролцож байлаа Тэр цагаас хойш зөвхөн 1984 онд АНУ-д болсон олимпийн наадмыг өнжиж оронд нь хамтын нөхөрлөлийн орнуудын тэмцээнд оролцож байсан юм. Тэгвэл энэ удаа олимпийн наадмыг хоёр дахь удаагаа өнжих эрсдэлтэй байна. Шалтгаан нь манайх “WADA” буюу дэлхийн допингийн эсрэг агентлагийн гишүүн орон. Энэ нь допингийн эсрэг агентлагийн журмыг дагаж мөрдөнө, допингийн хууль тогтоомжтой байна гэсэн үг л дээ. Манайд өнөөдөр энэ нь алга. Допингийн эсрэг үндэсний журам гэж зүйлийг батална гэж байсан ч энэ ажил хэрэгжсэнгүй. Өнгөрсөн онд Олон улсын олимпийн хорооноос үүнийгээ энэ оны аравдугаар сарын 27-ны өдрийн дотор баталж, мэдээллээ ирүүлэхгүй бол 2024 оны олимпод Монгол Улсыг оролцуулахгүй байх зэрэг гурван шатны арга хэмжээ авах тухай сануулга ирсэн юм билээ. Ийм ноцтой асуудал үүсээд байхад юу ч болоогүй мэт чив чимээгүй байгааг нь ойлгохгүй байна.

-Допингийн эсрэг үндэсний журам гэж зүйл хаана дарагдаад байна вэ. Батлуулахгүй байх ашиг сонирхол хэн нэгэнд байна уу?

-Өнөөдөо спортын салбар хамгийн тулгамдсан, нэн яаралтай шийдэх асуудал нь энэ болчихоод байна. Б.Бат-Эрдэнэ гэж бөх спорт, олимпизм хариуцсан сайдаар сая томилогдсон. Энэ хүн Допингийн эсрэг журмыг яг одоо батлуулахгүй бол эв санааны бэлгэдэл олимпийн наадмыг монголчууд өнжих бодит аюул нүүрлээд байна. Энэ асуудалд хойрго хандвал хойд хөрш ОХУ шиг бүх төрлийн тэмцээн уралдаанаас хасагдах эрсдэл ойрхон шүү. Магадгүй хэн нэгэн албан тушаалтан хойд хөршийн гар хөл болж үүнийг батлуулахад чагт тавиад сууж байж мэднэ. Олимпийн сайдын тухайд хойд хөршийн албаны улстай сүжрээд яваад байсан. Ямар харилцаа үүсгэснийг нь тодорхой хэлж мэдэхгүй юм. Үүний оронд допингийн эсрэг үндэсний журмаа яаралтай батлах хэрэгтэй. Энэ мэт ажлыг хийлгэх гэж л тэр хүнийг олимпизм хариуцсан сайдаар томилсон байх. Уул нь энэ алба олон улсын туршлагатай дипломат хүний л хийх ажил. Манайхан дархан аваргаа хүндлээд Засгийн газрын гишүүн болгосон. Цаашид хэрхэхийг ёстой хэлж мэдэхгүй юм даа.

-Энэ асуудал цааш үргэлжилбэл өөр ямар эрсдэл үүсэх вэ?

-1984 оных шиг Оростой хамтдаа жижиг тэмцээн хийж таарах болов уу. Олон улсын спортын тэмцээнд хориг тавиулна. Яг л өнөөрийн Орос шиг хувь заяа биднийг угтана. Оросын бүх тамирчид ямар ч тэмцээнд орж чадахгүй байгаа шүү дээ. Бид ч Допингийн эсрэг үндэсний журмаа баталж олон улсын допингийн эсрэг агаентлагт нэгдсэн үүргээ хүлээхгүй бол Оросын яг араас орно.

-Оросын тамирчид нийтээрээ допингийн асуудалд орсон. Энд Камила Валиевагийн жишээг дурдаж болох юм. Дэлхийн допингийн эсрэг агентлагаас журмаа яаралтай батлахыг гэнэт шаардаж байгаа нь ямар учиртай юм бэ. Манай тамирчид допингийн асуудалд ороод байна уу, оросууд шиг?

-Нэг талдаа тийм байж болно. Энд онцлоход, жүдо бөхийн хэдэн гавьяат допингийн асуудалд ороод чимээгүйхэн зодог тайлсан асуудал байгаа. Өөрөөр хэлбэл, допинг хэрэглэсэн хэргийг нь дараад тэр чигт нь зодог тайлуулсан асуудал бий. 2015 оны дэлхийн аварга шалгаруулах тэмцээний эрэгтэйчүүдийн 73 кг-д зодоглож хүрэл медаль хүртсэн гавьяат тамирчин 2016 оны олимпийн наадамд оролгүй тэр чигтээ алга болсон байдаг. Энэ асуудал нэгийг хэлж байгаа биз. Гэхдээ ямар ч асуудал байсан допингийн эсрэг үндэсний журмыг нэн яаралтай баталж, тамирчдын эрх ашгийг хамгаалах ажил хоолойд тулчихсан байна. Олимпизм хариуцсан сайд үүнийг маш сайн ойлгож байгаа ч хөдөлж өгөхгүй хөшилдөөд байгаа нь хачирхалтай санагдаж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Батмөнх: Бидний судалгаагаар дотоодын койн, токенууд нийт 970 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө татсан DNN.mn

Санхүүгийн зохицуулах хорооны Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч хэлтсийн хянан шалгагч Б.Батмөнхтэй ярилцлаа.


-Дотоодын койнуудыг шалгаж байна. Иргэдийн дунд дотоодын койнууд луйвар байсан юм уу гэх хардалт үүсээд байна. Энэ тал дээр танай зүгээс ямар тайлбар өгөх вэ?

-Санхүүгийн зохицуулах хороо зөвхөн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийг зохицуулдаг байгууллага. Үүнтэй холбоотойгоор шалгалт явагдаж байна гэх мэдээлэл олон нийтийн мэдээллийн хэрэгслээр явж байгаа боловч албан ёсны хууль сахиулах байгууллагуудаас ямар нэг мэдээлэл ирүүлээгүй байна.

-Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хууль бий. Түүний дагуу одоогоор хэдэн биржид виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэх эрх олгосон бэ?

-Виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчийн тухай хуулийн 17 дугаар зүйлийн шилжилтийн үеийн зохицуулалт гэж байгаа. Хууль хүчин төгөлдөр мөрдөгдөж эхлэхээс өмнө үйл ажиллагаа явуулж байсан байгууллагат мөрдөгдөх ёстой. Энэ байгууллагуудаас одоогийн байдлаар есөн байгууллага албан ёсны бүртгэл хийлгэж үйл ажиллагаа явуулж байна.

-Дотоодын токенуудад ойролцоогоор хэд орчим төгрөг төвлөрсөн гэх тооцоо байна вэ?

-Албан бус тоогоор бол Монгол Улсад 2021 оноос хойш нийт 60-70 орчим койн, токенууд анхдагч зах зээл дээр арилжаа хийгдсэн. Бидний судалгаагаар нийт 970 орчим тэрбум төгрөгийн хөрөнгө татсан.

-Хэрэв дотоодын койнууд луйвар байсан нь тогтоогдвол хохиролыг хэрхэн барагдуулах зохицуулалттай вэ?

-Санхүүгийн зохицуулах хороо хуулиараа зөвхөн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдийг бүртгэх, хяналт тавих чиг үүрэгтэй. Харин виртуал хөрөнгө болох койн токены луйврын шинжтэй асуудал хууль сахиулах байгууллага шалгах үүрэгтэй. Хэрэв тухайн виртуал хөрөнгө гэмт хэргийн шинжтэй гэж үзвэл цаашид хэрхэхийг шүүхээр шийдвэрлүүлэх боломжтой юм.

-Дотоодын койнуудыг “White paper” буюу мөрдөх дүрмээ зөрчсөн гэж үзэж байна. Үүнийг мөрдүүлэх тал дээр танай зүгээс ямар арга хэмжээ авч ажилладаг юм бол…

-Өмнө нь ямарч хяналтгүй байсан. Одоо бол СЗХ-д бүртгэлтэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид өөрсдийн боловсруулсан дүрэм, журмын дагуу өөрийн платформ дээр шинэ койнууд эсвэл хуучин койнуудыг листлэх, түүнд хяналт тавих журмуудыг баталсан байгаа. Үүгээр тухайн виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчид койн, токен гаргагчиддаа холбогдох хяналтыг тавьж “White paper”-т байгаа үйл ажиллагааны дагуу явж байна уу гэдэгт хяналт тавина. Хэрэв үүнээс болж ямар нэг хохирол үүсвэл түүнтэй холбоотой асуудал нь ВХҮҮ-чид хариуцах зохицуулалттай.

-Хоёр дахь зах зээл дээр нууцаар их хэмжээний токенуудаа биржээр дамжуулж арилжаалсан гэх яриа гарч байна. Үүнд ямар тайлбар өгөх вэ?

-Хэд хэдэн төрлийн үзэгдэл өнгөрсөн хугацаанд гарсан. ICO, IEO, IDO зэрэг. ICO нь ямар нэг солилцоон дээр гарахгүйгээр анхдагч зах зээлийн хөрөнгө босгох, ямар нэг вэб сайтаар хувь хүний данс тавьж байсан. Үүнтэй холбоотойгоор зарим виртуал хөрөнгө гаргагчид хоёр дахь арилжаа нэр бүхий виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдээр гаргасан тохиолдол байсан. Энэ нь мөн адил тухайн виртуал хөрөнгө, виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгч хоорондын гэрээний асуудал. Цаашид зөвхөн Санхүүгийн зохицуулах хороонд бүртгэлтэй виртуал хөрөнгийн үйлчилгээ үзүүлэгчдээр олон нийтээс хөрөнгө оруулалт татах үйл ажиллагаа явагдана гэсэн заалт бий.

-Дэлхийн крипто зах зээлийн одоогийн нөхцөл байдал болон ирээдүйн чиг хандлага ямар байна?

-Дэлхий нийтийн крипто валютын зах зээл уналттай байна. Үүнийг олон улсад крипто өвөл гэж ярьдаг. Энэ уналтаас шалтгаалан монгол токен, койн, виртуал хөрөнгүүд ч уналттай байна. Хэрэглээний үүднээс энэ нь блокчейн технологийн нэг хэрэглэгдэхүүн хэсэг. Дэлхий нийт блокчейн технологи руу шилжих нь цаг хугацааны асуудал бөгөөд үүнд гол хэрэглэгдэх хэрэглэгдэхүүн нь койн, токен юм. Алсуураа бол өөрчлөлтийн эхлэл хэсэг нь явагдаж байна. Гэхдээ Монгол Улсын хувьд өнгөрсөн хугацаанд маш их хэмжээний ашиг олох зорилгоор койн, токен гаргасан. Тодорхой үйл ажиллагааны чиглэлтэй, чиглэлгүйгээр гарсан нь удахгүй ил болох байх.

-Санхүүгийн зохицуулах хорооны зүгээс энэ тал дээр хүмүүст ямар зөвлөгөө өгөх вэ?

-Блокчейн технологи цаашид хөгжих асуудал нь цаг хугацааны асуудал бөгөөд СЗХ олон нийтээс хөрөнгө татаж байгаа хэсэгт л холбогдох хяналтыг тавьж ажиллана. Олон нийтээс хөрөнгө татаж байгаа асуудалд хөрөнгө оруулагчид хохирохгүй байх ёстой. Тэдний эрх ашиг хамгаалагдах ёстой учраас СЗХ үндсэн үүргийнхээ дагуу үүнд хяналт тавин ажиллана. Түүнээс биш энэ технологийг ямар нэг байдлаар хяналт тавихгүй.

Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

Дэлхийн аварга Ц.Цогтбаатарын багш Ш.Чинсанаа: Шавь минь аваргыг ялж аварга боллоо DNN.mn


Узбекистан улсын Ташкент хотод жүдо барилдааны насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээн энэ өдрүүдэд үргэлжилж байна. Монголын тамирчдаас эрэгтэйчүүдийн 73 кг-ын жинд зодоглосон олон улсын хэмжээний мастер Ц.Цогтбаатар Дэлхийн аварга Соочи Хашимотог ялж алтан медалийн болзол биелүүлээд байгаа юм. Мөн олон улсын хэмжээний мастер Л.Энхрийлэн энэ удаагийн тэмцээнээс хүрэл медаль зүүгээд байна. Тэдний багш “One team” спорт клубийн дасгалжуулагч, спортын мастер Ш.Чинсанаатай ярилцлаа.


-Бэлтгэсэн шавь тань дэлхийн аварга боллоо. Ц.Цогтбаатар тан дээр ямар хүүхэд ирж байв?

-Гавьяат дасгалжуулагч Ц.Шийрэв, Л.Алтанзул бидний хамтарч бэлтгэсэн шавь минь дэлхийн аварга боллоо. Анх 2007 онд Шийрэв багш Бөхийн өргөөний сандал дээр уйлаад сууж байсан жаахан хүүг Спортын төв ордон руу дагуулж жүдо бөхийн бэлтгэлд оруулсан нь өнөөдрийн дэлхийн аварга Ц.Цогтбаатар. Өсвөр бөхийн барилдааны бүртгэлээс хоцорчихоод уйлж суусан нь тэр юм билээ. Бэлтгэлд ирэхэд нь 11-хэн настай хүүгээс жүдо бөхөд чин сэтгэлээсээ дуртайг нь анзаарч байлаа. Өглөөний бэлтгэл 09:00 цагт эхэлнэ. Цогоо хаа холын Толгойтоос бэлтгэлдээ ирдэг ч огт хоцрохгүй. Шалтгаан хэлж чөлөө авч байсан удаагүй. Нэлээн сахилгагүй, хөдөлгөөнтэй ч бэлтгэлийг сэтгэлээсээ хийдэг хүүхэд байлаа. Миний хувьд Цогоогийн энэ чанарыг их үнэлдэг байсан юм. 2007 оноос хойш жүдо бөхөөр хичээллэсэн гэж тооцохоор 15 жилийн хөдөлмөрийн үр дүнд дэлхийн аварга болж байна.

-Дэлхийн аварга Ц.Цогтбаатар бөх барилдах авьяастай хүүхэд байсан уу?

-Жаахан байхад нь авьяасыг нь анзаарч байсангүй. “Монгол Улс олимпийн аваргатай болчихлоо. Хоёр дахь аварга нь би болно” гээд л том ярьдаг жаахан хүү байсан юм. Тэмцээнд орж ялагдсан ч нэг их харамсаад байхгүй. Тамирчин хүний том давуу тал нь энэ. Ялагдлаа мартаж байж л дараагийн ялалт ирдэг. Цогоогийн тухайд гол онцлог нь энэ юм даа.


-Энэ жил шавийгаа Дэлхийн аварга болно гэж төсөөлж байв уу?

-Цогтбаатар одоо үндэсний шигшээ багт бэлтгэл хийдэг. Дэлхийн аваргын өмнө шигшээ багийн дасгалжуулагч Б.Хишигбаяртай уулзахад бэлтгэлийн үеэрх дайралтад ороход өндөр үзүүлэлт гаргасныг нь хэлж байлаа. Зургаан минутын дайралтад ороход л 60 орчим мэх хийсний 33 нь амжилттай болсон байна лээ. Ийм үзүүлэлттэй тамирчин дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд медалийн төлөө л өрсөлддөг. Энэ утгаараа медаль авах болов уу гэж харж байсан. Харин Соичи Хашимотой аваргын төлөө барилдахаар гарч ирэхэд нь огт эргэлзээгүй.

-Дэлхийн аварга Соичи Хашимотог Ц.Цогтбаатар ялна гэдэгт нь итгэлтэй байсан хэрэг үү?

-Тийм. Тэмцээний үеэр Хашимотогийн барилдааныг анзаарахад мэхээ дутуу хийгээд өөртөө итгэлгүй байсан. Хоёрдугаар тойрогт барилдах үеэрээ толгойгоо хагалсандаа эмзэглээд ч юм уу, барилдаанаа бүрэн гаргаж чадахгүй байсан. Харин нөгөө талд Ц.Цогтбаатар тайван, өөртөө итгэлтэй барилдаан үзүүлж шигшээд шалгарсан. Яг л тооцоолж байснаар Хашимото дутуу мэх хийхэд нь Цогоо голлож дайраад ялалтын үнэлгээ авсан. Шавь минь аваргыг ялж аварга боллоо. Хүүхэд байхдаа л давтдаг байсан солгой этэх мэхээрээ Хашимотог унагахад нь их баярласан. Хэдэн мянган удаа давтсан. Уйгагүй давтсан мэх нь л тулсан газар аминд нь орлоо гэж харлаа. Ер нь Ц.Шийрэв багшийн шавь бөхчүүд этэх мэхийг гаргууд эзэмшсэн байдаг. Тод жишээ нь улсын заан Б.Серик байна. Этэх мэхээр өндөр амжилт үзүүлсэн бөх бол Серик заан шүү дээ.

-Ц.Цогтбаатар 2016 оны олимпийн наадамд Г.Болдбаатар, Д.Амартүвшин нарын гавьяатуудыг үлдээгээд явсан ч ялагдаж байлаа. Тухайн үед мөн ч их хэл аманд орсон шүү дээ.

-Тийм, амтай бүхэн л шүүмжилж байлаа. Тухайн үед жүдо бөхийн холбооны ерөнхийлөгч Х.Баттулга илүү холыг харж ийм шийдвэр гаргасан юм болов уу гэж ойлгодог. Цогтбаатар 2016 оны олимпийн наадамд оролцсон тулдаа л олимп, дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс медаль зүүлээ гэж ойлгож байгаа. Риогийн олимпийн дараа шүүмжлэлд мөн ч их өртсөн. Жүдо барилдана гэсэн чин сэтгэлтэйдээ л тэр олон хүний хэл амыг давж гарсан байх. Сүүлийн хоёр жилийн хугацаанд л гэхэд Цогоо маань том хагацал амссан. Гэсэн ч хатуужилтай байж Дэлхийн аварга болж, олимпийн наадмаас хүрэл медаль зүүлээ. Хүнд үед нь эхнэр нь түшиж сэтгэл санаагаар дэмжээд өгөхөд л манай хүн дорхноо сэргээд ирдэг. Бага байхдаа л холыг харсан хүний сэтгэл зүй өөр. Ямар ч саад бэрхшээлийг даваад л гарна.

-Ц.Цогтбаатарын суурийг багш нар нь зөв тавьж өгч дээ…

-Тухайн үед Л.Алтанзул багш Японд сургууль төгсөөд дөнгөж ирчихсэн. Би БНСУ-д сургууль төгсөж ирээд удаагүй байлаа. Л.Алтанзул багш хүүхдүүдэд япон техник сургана, би Солонгос техник, гол төлөв үүрээ мэхийг хүүхдүүдэд заадаг. Харин Ц.Шийрэв багш монгол бөхөөр барилдаж байсан хүний хувьд хүүхдүүдийн хөл мэхний техникт анхаарна. Ингээд харахад дугуйлангийн хүүхдүүддээ орон орны жүдо школын захаас л сургадаг байж. Миний бие Ц.Цогтбаатарын үүрэх мэхэн дээр их ажилласан. Цогтбаатар ч олон шилдэг тамирчдыг үүрч унагасан.

-Сая хүрэл медаль хүртсэн Л.Энхрийлэн Ц.Цогтбаатар нар хамт бэлтгэл хийдэг байв уу?

-Тийм, Л.Энхрийлэн маань 17 настайдаа Улаанбаатарын Гран при тэмцээнд түрүүлж байлаа. Дараа жил нь залуучуудын дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс мөнгөн медаль зүүсэн. Их хүчтэй гарч ирсэн ч хүнд бэртэл авч амжилт нь буурсан. Гэсэн ч бэртлээ бүрэн илааршуулж формдоо орсон нь сая харагдлаа. Украины Дариа Билодид, Канадын Кристиа Дегучи гээд дэлхийн аваргуудыг ялж хүрэл медаль хүртлээ. Ирэх олимпийн наадмаар манайхны урдаа барих бөхчүүдийн нэг нь Л.Энхрийлэн байх болно. Барилдаануудыг нь анхааралтай ажиглахад алдаа огт гаргахгүй байна лээ.

-Олимп гэснээс нэг мэдэхэд л Парисын олимп хаяанд ирнэ. Ц.Цогтбаатараас ямар амжилт хүлээж байна вэ?

-Хамгийн гол нь бэртэл гэмтлээс хол байх хэрэгтэй. Тэгж гэмээнэ аварга болох бүрэн нөөцтэйгөө сая харууллаа. Жаахан хүү байхдаа л “Монголчууд олимпийн аваргатай боллоо. Хоёр дахь алтан медалийг нь би авна” гэж шууд хэлдэг байлаа. Олимпийн аварга болохыг үгүйсгэх арга байхгүй. Ямартаа ч олон тэмцээнд биднийг баярлуулах болно.

-Бид шинэ дэлхийн аваргатай боллоо. Олон хүүхэд жүдо спортод хөл тавьж байгаа болов уу. Энэхүү спорт амьдралд хэрэгтэй ямар чанарыг хүүхдэд суулгадаг юм бэ?

-Би сүүлийн 10 гаруй жил өсвөрийн хүүхдүүдтэй тулж ажиллаж байна. Өсвөр насны хүүхдийг ямар нэг спортоор хичээллүүлэх хэрэгтэй. Эрүүл мэнд талаасаа ч тэр, төлөвшил талаасаа ч чухал ач холбогдолтой. Эрүүл, чийрэг бие бялдартай болоход төгс сонголт бол жүдо урлаг. Мөн хүүхдэд ёс суртахуун, тэвчээр суулгана. Энэ чанарууд амьдрал дээр гарахад нь маш чухал.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Л.Ариунмөрөн: Монголчууд сошиал медиаг мөнгө олох бус зөвхөн хэрэглэгч талаас л ашиглах юм DNN.mn

Lumos гэрэл зургийн студийн үүсгэн байгуулагч, сошиал медиа маркетингийн мэргэжилтэн Л.Ариунмөрөнтэй ярилцлаа.


-Дэлхий нийтэд сошиал медиа хөгжиж, гар утастай хүн бүр мөнгө олох боломжтой болжээ. Монголд энэ боломж хэр хүртээмжтэй байна вэ?

-Сошиал медиа маш хурдацтай хөгжиж байгаа энэ үед Монгол Улсад ч мөн адил хүн бүхний амьдралд том орон зай эзэлдэг болсон байна. Мэдээлэл авдаг, бусдад хүргэдэг арга зам болжээ. Ямар нэг бизнес эрхэлж, чаддаг зүйлээрээ бусдад үйлчилгээ үзүүлдэг хүмүүс, эсвэл өөрийгөө ойлгомжтойгоор бусдад илэрхийлэн мэдээлэл хүргэж чаддаг, сонирхолтой зураг авдаг, бичлэг хийдэг гээд төрөл бүрийн чадвартай хүмүүс цахим ертөнцийг хэрэгсэл гэж харна. Үүнийг тактик, стратегитэй хэрэглэсний үр дүнд орлогоо нэмэх боломжтой. Дэлхий дахинд аль хэдийнэ сошиал медиагаар орлого олдог болсон бол Монголд дөнгөж үүнийг ойлгож эхэлж байна. Дэлгэрч эхэлж байгаа энэ үед эхлэх нь маш зөв. Учир нь оройтвол олон өрсөлдөгчтэй болно.

-Энэ оноос инстаграмд рийлс гэх шинэ зүйл нэмэгдлээ. Энэ нь хэрэглэгчдэд том давуу тал үүсч байна гэж та хэлж байсан. Ямар давуу талтай, рийлсийг хэрхэн ашиглах боломжтой вэ?

-2020 оноос “Тик ток” платформ хурдацтайгаар хөгжиж эхэлсэн. 30 секундын бичлэгт суурилсан энэхүү платформ нь богино хугацаанд мэдээллийг сонирхолтойгоор дамжуулах арга зам болсон. Ихэнхдээ бага болон өсвөр насны хүүхдүүд бүжиг даган дуурайж хийдэг байсан бол түүнийгээ дагаад брэндүүд нэгдэх болсон. Брэндүүд нэгдэж сонирхсоны үндсэнд 20-30 насны контент бүтээгчид тик ток ордог боллоо. Иймээс инстаграм хоцрогдож эхэлсэн. Инстаграм нь хүмүүсийн анхаарал хандаад буй зүйлийг ажиглан өөрсдийн цэсийг нэмсэн нь рийлс юм. Мэдээж инстаграм өөрийнхөө шинэ цэсийг олонд танигдуулж, хүртээмжтэй болгож хүмүүсийг татахын тулд “Reels’’ хамгийн түрүүнд хийж буй хүмүүсийг дэмжиж байгаа. Тэдгээр хүмүүст хамгийн түрүүнд олон дагагчтай болох боломж нэмэгдэж байгаа юм. Гэхдээ энэ боломж хэзээ дуусахыг бид мэдэхгүй.

-Монголчууд хувийн сошиал хаягтаа хэр анхаарч байна, ихэвчлэн юун дээр алддаг вэ?

-Монголд цахим ертөнцийг мөнгө олох талаас хэрхэн ашиглах мэдээлэл ховор учраас ихэнхдээ хэрэглэгч талаас ашиглаж байна. Тэр нь хүмүүсийг дагаж мэдээ мэдээлэл үзэх, эсвэл албан ёсны хуудастай бол мөнгө өгөн реклам, фэйсбүүк, инстаграмаас худалдан авч хэрэглэгч талаас ашиглах юм. Харин контент бүтээгч хүмүүс бол маш цөөн. Өөрийн стратегийн дагуу давуу талаа харуулсан контент бүтээн түүнийгээ гоёор хөгжүүлж хүмүүсийн анхаарлыг татсанаар олон дагагч цуглуулж, тэдэнд ямар нэг үйлчилгээ, бүтээгдэхүүн санал болгон мөнгө олдог хүн цөөн байна. Цахим ертөнц нь зах хязгааргүй зүйл учир дэлхийн бүх хүнд хүрч чаддаг. Зөвхөн монгол хүнд зориулж ямар нэгэн контент хийе гэж сэтгэхээсээ илүү тэрийгээ давж харж сэтгэх нь олон байгаасай гэж хүсдэг. Монголдоо л зориулж бүтээвэл дөрвөөс таван саяын үзэлттэй байж чадна. Тэгвэл дэлхийн бүх хүмүүст чиглэсэн зүйл хийвэл олон саяын үзэлттэй болоод түүгээрээ таны цалин, орлого илүү нэмэгдэх боломжтой. Өөр нэг дутагдал нь судалгаа хийхгүйгээр яарч эхэлдэг. Албан ёсны пэйж хаягуудыг хөгжүүлэх нь амархан юм шиг харагдаж байгаа боловч цаанаа маш их ажил ордог.

-Та сошиал медиа маркетингийн зөвлөгөө өгдөг. Танаас хүмүүс ихэвчлэн ямар зөвлөгөөг авч байна?

-Би компани, брэндийн маркетинг үйлчилгээнээс илүү хувь хүний үйлчилгээн дээр анхаарч ажилладаг. Хувь хүний үйлчилгээ үзүүлэх нь сонирхолтой байдаг. Энэ нь нэгдүгээрт, влоггер нөлөөлөгч буюу олон дагагчтай, алхам тутамдаа амьдралаа харуулж, зан чанар харизмаараа олныг татан тэдэнд үйлчилгээ үзүүлдэг, эсвэл брэнд санал болгон брэндүүдтэй хамтарч ажилладаг. Хоёрдугаарт, эксперт буюу амьдралаа харуулахгүй зөвхөн өөрийн мэдлэгийг харуулна. Жишээлбэл эмч, хуульч, багш, салон ажилуулдаг хүмүүс буюу эксперт мэдлэгээ харуулж тэрүүгээрээ олныг татдаг төрөл бий.

-Анх инстаграм хөгжүүлэлтийг хүмүүст хүргэх санаа хэрхэн бий болсон бэ?

-2018 оны сүүлээр найзтайгаа хамтарч студи нээсэн. Олон брэндтэй хамтран ажиллаж, зураг авалт хийж байсан. Зураг авалт бол маш их ажил ордог, модель зурагчнаас гадна арын албаны олон ажилчин хамтран ажиллаж нэг зургийг бүтээдэг. Тэгээд ажиглаж байхад бидэнтэй хамтарсан зарим газрууд авсан зургаа буруу стратегиар цахим орчинд ашигласан харагддаг. Тухайлбал, хэн ч харахгүй үе буюу шөнө дунд нийтлэх ч юм уу. Маш их хөрөнгө, хүч зарцуулж авсан зургаа буруу ашиглаж байгаа нь надад олон зүйл бодогдуулж байсан. Миний хувьд энэ оны нэгдүгээр сард 2600 дагагчтай эхэлж байлаа. Одоо 25 мянга орчим дагагчтай. Тухайлбал, эхний 90 хоногт boost (бүүст) хийлгүй хэт хувийн амьдралаа харуулалгүй, задгай зураг нийтлэхгүй, зөвхөн эксперт мэдлэгээ харуулж, зөв стратегитай зорилтот 10 мянган дагагч цуглуулсан. Үүний хамгийн чухал зүйл нь эхлээд зорилгоо тодорхойлох, урт хугацаанд өдөр бүр цаг гаргаж ажиллах, хувийн амьдралаасаа салгах юм. Өөр нэг чухал зүйл нь дагагчдаа үргэлж хүндэлж, хуулбарлаагүй оригнал контент хүргэх ёстой. Хуулсан контент хийх тусам инстаграм алгоритм үнэлэхээ больж эхэлдэг.

-Цаашид инстаграмаа хэрхэн хөгжүүлэх, хэдэн хүнд хүрэх төлөвлөгөөтэй байна?

-Миний инстаграм хаягны хувьд олон дагагчтай болохоос илүү, үйлчилгээг маань авах сонирхолтой, надаас юм сурах хүсэлтэй өөрийн зорилтот хэрэглэгчдээ цуглуулахыг хүсдэг. Намайг сая хүн дагадаг байлаа гээд 500 мянга нь миний юу яриад байгааг ойлгохгүй, цаашлаад 1000 хүн л надтай харилцахыг хүсдэг, зөвлөгөө авахыг хүсдэг байвал сая дагагч байгаад хэрэггүй. Миний хөгжүүлж байгаа хаяг бол эксперт хаяг учир олон дагагчаас илүү өөрийнхөө зорилтот хэрэглэгчдийг л олохыг хүсдэг.

-Чанартай дагагчтай, борлуулалт хийдэг аккаунтыг хүн бүр бүтээж чадах уу?

-Борлуулалт болон ямар нэг үйлчилгээ үзүүлдэг хүн болгон заавал цахим ертөнцөд бүх юмыг мэддэг, өөрийгөө хөгжүүлдэг байх албагүй. Яагаад гэвэл сошиал медиа маш их цаг авдаг. Өдөрт үр бүтээлтэй 3-4 цагийг авдаг, түүнээс ихийг ч авч магадгүй. Тэгэхээр танд цаана нь ажиллах цаг үлдэж байна уу гэдгийг сайн бодох хэрэгтэй. Зөвхөн борлуулалтаа ихэсгэхийг хүсч буй буюу бага зэргийн тусламж хэрэгтэй байгаа хүмүүс мэргэжлийн үйлчилгээ авах нь амар гэдгийг зөвлөж байна. Учир нь өөр зүйлд санаа зовох шаардлагагүй бүх зүйл нь бэлэн байна. Түүнийгээ стратегийнхээ дагуу хийгээд явахад асуудалгүй.

-Та саяхан Reel guide­book’’ цахим номоо /E-Book/ гаргасан. Ямар мэдээллүүд багтсан бэ?

-Яг одоо үед “Рийл’’ хийж сурах нь хамгийн чухал байгаа учраас өөрийн номыг гаргасан. Үүнд “Рийл”-ийн анхан шатны мэдлэгүүдийг багтаасан. Ихэнх хүмүүс рийл хийж байгаа боловч яах гэж хийгээд байгаагаа мэддэггүй. Энэ номон дээр тэр алдаануудыг засах зөвлөгөө мэдээллүүд багтсан.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Б.Баярцэнгэл: Хүмүүс амархан залилуулж буй нь боловсролгүй, сэтгэл зүйн асуудалтай байгааг илтгэнэ DNN.mn

Сэтгэл зүйч Б.Баярцэнгэлтэй ярилцлаа.


-Монголчуудын гэнэн зан байдлын шалтгаан юу вэ. Үүний захын жишээг хэлэхэд чатаар танилцаад зүсийг нь ч хараагүй хүн рүүгээ л хэдэн арван сая төгрөг шилжүүлээд залилуулчих юм…

-Нэгдүгээрт, энэ бол яахын аргагүй боловсролын түвшинтэй холбоотой асуудал. Миний анзаарснаар ямар нэг байдлаар бусдад залилуулсан хүмүүсийн боловсрол дундуур байдаг. Мөн амьдралын хувьд биеэ авч явах байдал, бусдын харилцаа, хандлагыг нэгтгэн дүгнэх чадвар сул байгаагийн шинж. Хоёрдугаарт, өөрийг нь гоё сайхан үгээр магтах, хүн гэж хүндэтгэх, өөрөөр нь амьсгалах, өөрийг нь эрж хайх хэрэгцээ нийгэмд нийтлэг байна. Энэ хэрэгцээний улмаас өөрт нь ирж буй хуурамч таатай харилцааг ямар ч шүүлтүүргүй хүлээж авдаг. Гэр бүл, найз нөхөд буюу анхдагч орчноос авдаггүй сайхан харилцааг хөндлөнгийн танихгүй хүнээс хүлээж авахад их таатай байдаг. Энэ хүн намайг чухалчилж байна гэсэн итгэл, ойлголт шууд төрдөг. Энэ нь сэтгэл зүйн үйл явцаараа нийгэмд хүмүүсийн дунд худлаа ч хамаагүй гоё сайхан үг, сайхан энерги, өөрийгөө чухалд тооцуулах эрэлт үүссэн.

-Анзаарахад нас тогтсон хүмүүс ч залилуулж байна. Аливааг хүлээн авах байдал нь наснаас шалтгаалдаг уу?

-50-иас дээш буюу хижээл насныхан ч тэтгэврийн мөнгөө залилуулах тохиолдол их байна. Тэдний харилцааны хоосон орон зайг олж харж ашиглаж байна. Арай залуу үеийнхний хувьд зүс хараагүй хүндээ итгэж романс залиланд өртөх нь түгээмэл. Энэ нь гэр бүлдээ ярьдаггүй чухал асуудлаа огт танихгүй хүнтэй хуваалцдаг. Мэдээж залилж байгаа хүмүүс маш эелдэгээр харилцдаг. Мөн л дутагдаж байгаа сайхан үг, хүндлэлийг үзүүлж итгэлийг нь олж аваад залилж байна.

-Өнөөгийн нийгмийн сэтгэцэд ямар нэгэн асуудал байна уу?

-Манай улс бол сэтгэцийн эрүүл мэнддээ анхаардаггүй орон. Нийгмийн байр байдал, хотын соёлоос шалтгаалан гэр бүлтэйгээ өнгөрүүлэх цаг, гэр бүлийн хайр хомс болсон. Энэ тэнцвэргүй, завгүй амьдралаас болж залуус маш ихээр хэт сайнсайхны дууллаар дутдаг болжээ. Үүний үр дүнд нас харгалзахгүй романс залилан болон өөр олон төрлийн залиланд өртөж хохирч байна. Шууд хэлэхэд, амархан итгэж залилуулж байгаа нь боловсролгүй, сэтгэл зүйн асуудалтай байгааг илтгэнэ.

-Асуудлын гол нь гэр бүлийн хөндий харилцаанд байна гэж та хэлж байна уу?

-Тийм ээ, гэр бүлийн харилцаа доголдолтой байгаа нь боловсролын байгууллагад хүртэл ажиглагддаг. Жишээлбэл, эцэг эхийн хурлыг тасалдаг, хүүхдийн боловсрол бол эцэг эхээс огт хамаагүй, 100 хувь багшийн үүрэг гэж ойлгодог хүмүүс ч бий. Гэтэл хүүхдийн төлөвшил боловсролд гэр бүл, багш, сургууль, хамт олон гээд олон хүний оролцоо чухал. Бид үүнийг ойлгодоггүй нийгэм, эцэг эхийг бүтээжээ.

-Тэгвэл гэнэн итгэмтгий зан байдлын эсрэг хэрсүү зангийн тухайд?

-Сургуулийн өмнөх боловсрол, ЕБС, Их дээд сургууль гээд шат шатандаа хувь хүний хандлага, ур чадвар, бусадтай нийцэх, нийгэмших сургалт дутагдалтай байна. Жишээлбэл, Японы цэцэрлэгийн насны хүүхдүүд бусдад төвөг уддаггүй, бусдын тав тухыг боддог, тэгснээр эргээд өөрийнх нь тав тух ч хөндөгддөг харилцааны гинжин холбоо гэдгийг ойлгодог. Тиймээс манай улс шат шатны боловсролын системдээ сэтгэцийн эрүүл мэнд талаасаа хүн байх, нийгмийн хүн байх тухай оруулж өгөхгүй л бол ямар нэг байдлаар доголдолтой хүмүүсийг бүтээсээр байна.

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Хооллох үедээ утсаа битгий оролдоорой DNN.mn

Хооллох үедээ зурагт үзэх, утсаараа оролдох, ямар нэгэн зүйлд яарах зэрэг нь таныг зохих хэмжээнээс илүү их хэмжээгээр хооллох шалтгаан болдог гэдгийг судалгаагаар тогтоожээ.

Их Британийн Бирмингемийн их сургуулийн судалгааны багийн хамт олон анхаарал болон ой тогтоолт нь бидний хоол хүнсний хэрэглээнд хэрхэн нөлөөлдөг талаар судалсан байна.

Тэд судалгаанд оролцсон хүмүүсийг хоёр бүлэгт хуваан, эхний бүлгийн хүмүүсийг хоол идэж байхад нь зурагт үзүүлсэн бол нөгөө бүлгийн хүмүүсийг хоол идэж байхад нь юу ч үзүүлээгүй аж.

Тэд судалгаанаас хооллох үедээ өөр зүйлд сатаарах нь хэт их хэмжээгээр идэхэд хүргэдэг, хоолондоо анхаарал хандуулах нь дараа нь таныг бага хэмжээгээр хооллоход тусалдаг гэсэн хоёр үр дүнд хүрчээ.

Мөн хооллож байхдаа өөр зүйлд сатаарснаар бодисын солилцоо удаашрах, гэр бүлийн харилцаанд өөрчлөлт орох, сэтгэл ханамжгүй болох, ходоодны үйл ажиллагаанд сөргөөр нөлөөлөл зэрэг сул талтай.

Та эрүүл, зөв хооллохын тулд ямар хүнсний бүтээгдэхүүн сонгохоос гадна хоолоо хэрхэн идэж байгаадаа ч анхаарал хандуулах хэрэгтэй. Хооллох үеэр зурагт үзэх, утсаа оролдох, ном унших зэргээр өөрийгөө сатааруулахын оронд идэж байгаа хоолныхоо өнгө, үнэр, амт, хэлбэрийг ажигла, мэдэрч хооллохыг хичээгээрэй.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Э.Энхболд: Олон жилийн өмнөөс мөрөөдлийн байшингийнхаа хуримтлалыг үүсгэж эхэлсэн DNN.mn


Загвар өмсөгч Э.Энхболдтой ярилцлаа.


-Танай гэр гэр бүлийн шинэ байшин сошиал ертөнцөд олны анхаарлыг татаж байна. Та “Аавын байшин” гээд фэйсбүүк групп ч нээгээд амжжээ. Байшингаа хэдий хугацаанд төлөвлөж барьсан бэ?

-Нийт уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. “Аавын байшин” гээд мөрөөдлийн байшингаа барьсан. Арван жилийн өмнө хүүхэдтэй болоод мөрөөдлийн зуслангийн байшингаа өөрийн гараар барья гэж эхнэртээ санал тавьж байсан. Амьдралын мөчлөг арван жил байдаг юм байна гэж харж байна. Арван жилийн дараа л байшингаа барьж чадлаа. Сүүлийн гурван жил байшингаа барья гэсэн шийдвэр гаргаад маш идэвхтэй бэлдэж эхэлсэн. Цар тахал болон барилгын салбарт үүссэн материалын хомсдол зэрэг олон асуудал үүслээ. Тэгээд энэ оны хоёрдугаар сарын сүүлээр барилгын ажлаа эхлээд яг хагас жил буюу зургаан сарын хугацаанд байшингаа барьж дуусгалаа.

Мэдээж би зөвхөн байшингаа бариад сайхан амьдрахаас илүүтэй маш олон залуучуудад урам зориг өгье гэж бодсон. Манай монголчууд ямар ч судалгаагүйгээр тодорхой хэмжээний мэдлэг мэдээлэлгүйгээр зуслан дээрээ шууд байшин бариад цаг хугацаа эд хөрөнгө, сэтгэл санаа гээд олон зүйлээр хохирдог. Бид зуслангийн газар луугаа явахад маш олон хана нь цуурчихсан нурж унаж байгаа тиймэрхүү байшин хардаг. Үүний цаана бас нэгэн гэр бүлийн том асуудал явж байгаа шүү дээ. Тиймээс би надтай адил байшингаа барих гэж байгаа, барьж байгаа аавуудад хэрэгтэй мэдээллийг хүргэх үүднээс “Аавын байшин” гэдэг фэйсбүүк группийг нээсэн. Тэнд би болон олон аавууд туршлагаа хуваалцах орон зайг бий болгосон. Мөн “Аавын байшин” нэртэй дөрвөн дугаар цуврал влог бэлдсэн. Влог маань аравдугаар сарын эхээр цацагдаж эхэлнэ.

-Таныг өөрөө байшингаа барилцсан гэж дуулсан. Хэр олон хүн оролцож бүтэв…

-Байшингийн сууринаас эхлээд гадна тохижилт, доторх тохижилт зэрэг бүх ажилд өөрөө оролцож барьсан. Миний төрсөн дүү болон манай эхнэрийн төрсөн ах хоёр гээд дөрвүүлээ үндсэн бригадаа бий болгоод ажилдаа орсон. Манай эхнэрийн ах мундаг инженер хүн байдаг. Үндсэн байшингийн хийц нь “Сиб” технологиор барьсан. Энэ “Сиб”-ийн технологийг нэлээн удаан хугацааны турш судалсан. Монгол шиг хүйтний улиралтай газар яг тохиромтой. Дулаан алдагдал, зардал багатай. Бидэн дээр нэмээд 20, 30-аад хүн гүйцэтгэгчээр оролцсон. “Аавын байшин” гэх залуучууддаа урам зориг өгсөн контент хэрэгжүүлэх саналыг ойлгож дэмжсэн “Хангал констракшн ХХК”, “Атмор ХХК”, “Тэнүүн өлзий ХХК”, “Харгана арцат ХХК” гээд хамтрагч компаниуддаа маш их баярлалаа.

-Залуу гэр бүлүүдийн хувьд өрх тусгаарлах, шинэ байшинтай болоход санхүүгийн сахилга бат чухал. Танай гэр бүлийн хувьд санхүүгээ хэрхэн хуваарилж, зарцуулдаг вэ?

-Тэгэлгүй яахав, залуу гэр бүлүүдийн хувьд өрх тусгаарлана гэдэг хамгийн чухал ажил байдаг. Санхүүгийн сахилга баттай байвал өрх тусгаарлахад илүү амар. Манай гэр бүлийн хувьд хоёулаа ажилладаг болохоор авуу талтай байдаг. Мөн аав, ээжүүд маань хүүхдүүдийг минь харж их тус болдог байсан. Тэр ч утгаараа хоёулаа зэрэг хөдөлмөрлөөд ажилладаг. Мэдээж бид хоёр маш олон жилийн өмнөөс мөрөөдлийн байшингийнхаа хуримтлалыг үүсгэж эхэлсэн.

-Танай гэр бүлийн санхүүгийн хамгийн чухал зарчим юу вэ?

-Манай гэр бүлийн хувьд зарим үед төсөөлснөөсөө их орлого олох нь их гоё санагдсан. Ажлаа сайн хийж чадах юм бол үүнийгээ дагаад санхүүгийн урсгал орж ирнэ гэдгийг маш сайн ойлгодог учраас бид хоёр хийж байгаа ажилдаа чин сэтгэлээсээ ханддаг. Мэдээж хамгийн чухал зүйл нь тууштай, тогтвортой, урт хугацааны байх ёстой. Та бүхэн бас мэдэх байх, манай “O’Couture” гээд үндэсний брэнд бүтээгдэхүүн бий. Миний хувьд урлагийн чиглэлээр олон жил ажиллаж байна. Жишээлбэл, “Говь кашмер”-т 10 жил гэрээт моделиор ажилласан. Ингээд бодохоор аливаа зүйлд тууштай, зөв хандлагатай, ёс зүйтэй байх юм бол ямар ч ажил сайн явдаг гэж боддог.

-Та байшинтай болох төлөвлөгөөг хэзээнээс гаргасан бэ, урт хугацааны өмнөөс төлөвлөж бага багаар хэрэгжүүлсэн үү?

-Байшинтай болох төлөвлөгөөгөө 10 жилийн өмнөөс бодож зорьж эхэлсэн. Эхний гурваас таван жилд яг мөрөөдөл шиг л байсан. Тэгээд сүүлийн таван жилд яг эрчимтэйгээр бага багаар төлөвлөж эхэлсэн. Хамгийн түрүүнд санхүүгийн хуримтлалаа бий болгосон. Дараа нь байшин барих газар маш чухал учраас яг мөрөөдлийн төсөөллийн газраа олж хайж авах нь нэлээн ажил болсон. Улаанбаатарын хэмжээнд гоё зуслангийн газрууд цөөн болчихсон. Төсөөлөлдөө буулгадаг модтой, устай, уултай яг тийм гоё газар байхаа больчихсон. Тийм газруудыг хоёрдогч буюу худалдан авах байдлаар авах боломжтой юм байна лээ. Олон хүнээс зөвлөгөө авч яг ном журмаар нь хийхийг хичээсэн. Хөрсний шинжилгээ хийлгэх, дэд бүтэцүүдээ шийдэх болон ямар суурь хийх суурин дээрээ тохирсон ямар технологиор байшингаа барих вэ зэрэг мөн ямар дизайнаар барих болон архитектураа шийдэх гэх мэтчилэн бүгдийг шат дарааллаар хийсэн. Энэ байшиндаа гурван үеэрээ амьдарна гэж бодож төсөөлж барьсан.

-Төлөвлөгөөгөө хэрхэн гаргадаг вэ. Хаанаас эхлэхээ мэдэхгүй байгаа залууст юу гэж зөвлөх вэ?

-Би төлөвлөгөөгөө цаасан дээр буулгах дуртай. Цаасан дээр бууж байж бодож төлөвлөсөн зүйл маань биеллээ олох боломжтой гэж боддог. Эхлээд цаасан дээр буулгаад яг өөрийнхөө төсөөлж байгаагаар зураг зурахад болно. Хоёр дахь чухал алхам нь чиглэлээр мэргэшсэн дадлага туршлагатай хүмүүсээс үгийг нь сонсох. Тэгээд санхүүгийн сахилга баттай байж хуримтлалаа бий болгоорой гэж зөвлөмөөр байна.

-“Танайд хоноё” нэвтрүүлгээс таныг гэрийнхээ зарим тавилгыг өөрөө хийдгийг харж байсан. Энэ удаад шинэ байшиндаа тавилгаа өөрөө хийсэн үү?

-“Танайд хоноё” нэвтрүүлгээс маш олон хүнд урам зоригийг өгсөн байна лээ. Би багаасаа л нэг тоглоом байлаа гэхэд энийг яаж хийдэг юм бол, энэ машин юугаар хөдөлдөг юм бол гэж аливаа зүйлийн мөн чанарыг сонирхож өөрийн гараар хийж туршиж үзэх дуртай байсан. Тэр ч утгаараа гэр бүл зохиогоод залуу гэр бүл санхүүгийн асуудалтай л байсан учраас боломжийн зүйл байвал өөрөө хийчихье гэсэн бодолтой байсан. Энэ удаад тавилгыг өөрөө хийж чадаагүй хэд хэдэн хүчин зүйл нөлөөлсөн. Цаг хугацаа уртсах тусам зардал ихэсч байсан учраас цаг хугацаагаа хэмнэхийн тулд туршлагатай хүмүүсээс санаанд нийцсэн тавилгуудаа авсан. Мөн хоёр дахь хүчин зүйл нь маш их ядарсан (инээв). Яг зураг төсөөллөөс эхлүүлээд бодит болтол нь байшингаа барьсан учраас их ядарсан (инээв).

-Танай гэр бүлийн ажиглалтаар хувийн байшинд амьдрах нь орон сууцнаас ямар давуу талтай байна вэ?

-Удаан бодож хүсэж хийсэн учраас сэтгэгдэл өндөр, маш гоё байна. Байшингийн давуу тал үнэхээр олон. Хүүхдүүд байгальтай ойрхон болж өсч байна. Орон сууцанд амьдардаг хүүхдүүдээс илүүтэй аж ахуйч амьдралд ойр хүмүүжиж өснө. Ядаж хашаа хороо цэвэрлэх, ус цахилгаан зэрэг хувийн байшин арчилгаа тордолт ихтэй юм байна. Тийм учраас тэр болгонд багаасаа суралцаж байгальтайгаа ойр, техник технологи хариуцлага гэдэг зүйлийг мэдэрч ухаарж өсдөг санагдсан. Дээрээс нь цэвэр агаарт тав тухтай, амар тайван байх гэдэг юугаар ч сольшгүй чухал зүйл болчихоод байна шүү дээ.

-Та загвараас гадна өөр ямар ажил эрхэлдэг вэ?

-Яг миний үндсэн ажил гэвэл “O’Couture брэндийнхээ ерөнхий захирлаар ажилладаг. Мөн Монголын загвар урлалын холбооны тэргүүнээр ажилладаг. “Хөрөнгө” гээд групп байгаа, шинэ бизнес л дээ. Хөрөнгө групп маань үл хөдлөх хөрөнгийн портал сайт, санхүү, үл хөдлөх хөрөнгийн хөрөнгө оруулалт, үл хөдлөх хөрөнгө борлуулдаг компанид хөрөнгө оруулагч үүсгэн байгуулагчаар явж байгаа. Мөн сүүлд “In­digo warm house” гээд компани байгуулсан. Энэ нь дулааны алдагдалгүй ашиглалтын зардал багатай ийм пассив хаус чиглэлээр “Сиб” технологийн үйлдвэрийг ашиглалтад оруулаад ажиллаж байна.