Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Ц.Төвшинтөгс: А.Цэрэндэндэв гуай Арслан тайжийн дүрийг бүтээгээд зогсохгүй “Халхын сайхан Юндэн” байлаа гэдгийг залуус мэдэх хэрэгтэй DNN.mn

Улсын Дуурь бүжгийн эрдмийн театрын захирал, Монгол Улсын гавьяат жүжигчин, дуучин Ц.Төвшинтөгстэй ярилцлаа.


-Бидний сайн мэдэхээр “Цогт тайж” МУСК-д Арслан тайжийн дүрийг бүтээсэн Бүгд Найрамдах Монгол Ард Улсын гавьяат жүжигчин Аюурын Цэрэндэндэвийн тухай тантай хуучлахаар зорин ирлээ. Таны хувьд А.Цэрэндэндэв гуайг хэр сайн мэдэх вэ?

-Юун түрүүнд Аюурын Цэрэндэндэв гэдэг хүний тухай асууж ирж байгаад туйлын их баяртай байна. Энэ хүн бол Монголын дуурь, дэлгэц, тайзны урлагт маш их алдар гавьяатай хүн юм билээ. Би хамтарч ажиллаж үзээгүй хэдий ч үлгэр дуурайлал авч явдаг. 1942 оны “Учиртай гурван толгой” дуурийн хамгийн анхны тавилт дээр Юндэнг дуулсан хүн. Симфони найрал хөгжимд анхны хөгжмөөс хөрвүүлж шинэчлэн тоглосон үе. “Халхын хамгийн сайхан Юндэн” гэгддэг үлгэр жишээ уран бүтээлч хүн байсан юм билээ. Энэ жил А.Цэрэндэндэв гуайн мэндэлсний 110 жилийн ой тохиож байна. Ойг тохиолдуулан Төв аймгийн Алтанбулаг сумынхан соёлын төвөө А.Цэрэндэндэв гуайн нэрэмжит болгосон. Би нээлтэд очиж оролцсон. Дуучин хүний хувьд эл хүний дуулж байсан дууг сонсож, үлгэр авдаг. Монгол Улсын Ардын жүжигчин, хөдөлмөрийн баатар Л.Цогзолмаа гуайтай дуулсан бичлэг нь ч байдаг юм. Л.Цогзолмаа гуай ч “Халхын хамгийн сайхан Юндэн” гэвэл Цэрэндэндэв гуайг л хэлнэ” гэж хэлсэн байдаг. Гайхамшигтай мэдрэмжтэй хүн байсан гэдэг. Энэ хүний талаар олон сайхан аман дурсамж байдаг. Мөн бид “Халхын сайхан Юндэн” гэсэн цомог гаргахаар ажиллаж байна. Цомог авранхоёрдугаар сарын эх гэхэд бэлэн болчих байх.

-А.Цэрэндэндэв гуайг 1940 оны нэгдүгээр сараас Улсын төв театрт шилжин “Учиртай гурван толгой” аялгуут жүжгийн Юндэн, “Мандухай цэцэн хатан” жүжгийн Баянмөнх жонон, “Хонины булаг” жүжгийн Ван Родриго, “Талын баатар” жүжгийн жанжин Сүхбаатар гэх мэт олон уран бүтээлд ажиллаж байсан гэж уншсан. Тухайн үед хамт ажиллаж байсан хүмүүсээс одоо байдаг юм болов уу?

-Одоо Монгол Улсын Ардын жүжигчин Л.Цогзолмаа гуай л байна. “Учиртай гурван толгой”-н Нансалмаа шүү дээ. В.Сүрэнхорлоо гуай байлаа. А.Цэрэндэндэв гуай нэг өргөмөл хүүтэй. Хүүгийнх нь хань манай Дуурь бүжгийн эрдмийн театрын найрал дуучин н.Эрдэнэчимэг гэж хүн бий. Бид нэг байранд өөд өөдөөсөө харсан хаалганд амьдардаг байлаа. Хүүтэй нь найз нөхөд, ах дүү болж уулздаг, аавынх нь тухай яриулж байсан. А.Цэрэндэндэв гуайг 60 нас гарсан хойноо цэргээс халагдаад ирсэн залуутай уралдахад түрүүлээд л ирдэг их хөнгөн шингэн хүн байсан гэдэг. Ер нь сайхан монгол эр хүний дүр төрхтэй байна гэдэг эрүүл саруул хүнийг хэлнэ. Олон хүнээс “Цэрэндэндэв гуайн Юндэнгийн дүр бол түүхэнд үлдэх дүр” гэж сонсож байсан. “Учиртай гурван толгой” бол монгол хүний сүлд болсон, ардын түүхийг цөм багтаасан гайхалтай дуурь. Бид үүгээрээ ондоошиж ялгардаг. Энэ том дуурийн гол дүрд анх тоглохдоо хойч үеийн залууст үлгэрлэж “Цэрэндэндэв гуай шиг” гэдэг тамгыг дарчихсан. “Учиртай гурван толгой” дуурийн дүрийн уралдаан 1990-ээд оноос зохиогдож эхэлсэн. Анхны дүрийн уралдааны Юндэнгийн тэргүүн байр Монгол Улсын гавьяат жүжигчин Ц.Гантөмөр ах байдаг. Хоёрдахь уралдаанд нь миний бие оролцож түрүүлж байсан. Энэ уралдаанд оролцсон хүн бүрийн амнаас Цэрэндэндэв гуайн хөдөлгөөн донж, дуулах арга техник нь их сайхан байсан гэсэн гэж гардаг. Л.Цогзолмаа гуайг гүйгээд гараад иртэл А.Цэрэндэндэв гуай “Ингэж гүйхгүй ээ, орос соёлтой гүйгээд байна. Монгол эмэгтэй ингэж гүйнэ шүү” гэж хэлж үзүүлж байсан гэдэг. Та бүхэн мэднэ дээ, дэлгэцнээ мөнхөлсөн сайхан дүрүүд бий шүү дээ. Цөөн юм шиг мөртлөө хүний сэтгэлд мөнхөрсөн. “Цогт тайж” киноны Арслан тайжийг гэхэд монгол хүн бүхэн мэднэ шүү дээ.

-Хүү нь урлагийн хүн байдаг уу, ямар салбарын хүн бэ?

-Бурхан болсон, цэргийн хүн байсан юм. Бэр нь байдаг. Хадам аавынхаа бүх зүйлд санаа тавьж явдаг. Алтанбулаг сумын соёлын төвийг А.Цэрэндэндэв гуайн нэрэмжит болгоход гол үүрэг гүйцэтгэсэн. Энэ сарын 22-ны өдөр Театрын музейд А.Цэрэндэндэв гуайн хөрөг, намтар гээд бүх зүйл нь тавигдах юм. Түүнийхээ материалыг цуглуулаад, өнөөдөр хүртэл над руу ярьж байлаа.

-А.Цэрэндэндэв гуайн аав, ээж нь урлагийн хүн байсан юм болов уу, та энэ талаар мэдэх үү?

-А.Цэрэндэндэв нь 1912 онд хуучнаар Богд хан уулын аймаг Наваан гүний хошуу, одоогийн Төв аймгийн Алтанбулаг сумын нутаг Ар гандан хэмээх газар төрсөн гэдэг. Эрийн цээнд хүртлээ мал хариулах, аргамж сур элдэх, аян жинд явах зэргээр эцэг эхдээ туслан амьдарч байсан. Тэрбээр 1933 онд цэргийн албанд татагдаж Хэнтий аймаг дахь VII дивизийн их бууны хороонд алба хааж байсан. Цэргийн бага даргын сургуульд элсэн суралцаж төгсөөд I дивизийн пулемёт сумангийн жагсаалын дарга, 1934 оны эцсээр Цэргийн төв клубийн дуучин, бага дарга, 1935 оноос дуучин-жүжигчин, жагсаалын даргаар дэвшин ажиллаж, энэ хугацаанд “Их жанжны уран ялалт” жүжгийн жанжин Сүхбаатар, “Партизан Батхүү” жүжгийн Батхүү, “Тэнэг засаг, сохор чавганц” жүжгийн хүү зэрэг арваад жүжгийн гол дүрд тоглосон ба хүндэтгэлийн концертод гоцлол дуучнаар дуулж байсан. Мөн ардын хувьсгалын XV жилийн ойгоор зарласан дуучдын уралдаанд оролцож, Улсын III зэргийн дуучин цол, үнэмлэхээр шагнагдаж байв гэдэг мэдээг л би мэднэ. Ам дамжсан яриагаар аав нь их номтой, лам хүн байсан юм гэнэ лээ л гэж дуулсан. Үүнээс цааш нь эл хүнийг судлах, судалгааны ажлыг өргөн явуулах ёстой. Тийм учраас “Халхын сайхан Юндэн” гэдэг энэ цомгийг гаргах гээд байгаа юм. Энэ цомог бол залуу судлаач, урлагийнханд гарын авлага болно гэж бодож байна. Надад А.Цэрэндэндэв гуайн хөөрөг нь дамжиж ирсэн байдаг. Би их бэлгэшээж явдаг.

-Тэр хүний хөөрөг яаж танд ирэв?

-Хүүгээс нь авсан юм. Нэг л өргөмөл хүүтэй, өөр хүүхэдгүй хүн л дээ.

-Та сая хэд хэдэн удаа хэлж байна л даа. “Халхын хамгийн сайхан Юндэн” гээд. 1944 онд “Халхын хамгийн сайхан Юндэн” гэж өргөмжлөгдөж ч байсан юм билээ...

-Тийм ээ, 1936 оны аравдугаар сард гачигдлаар цэргээс халагдан орон нутагтаа буцаж очоод сонгуулиар Төв аймгийн Бор-Өндөр суманд багийн дарга, 1938 оны тавдугаар сард Төв аймгийн захиргааны шийдвэрээр аймгийн Улаан гэрийн эрхлэгчээр ажиллаж байсан. 1938 оны есдүгээр сард Амгаланбаатар хотын Сүхбаатарын нэрэмжит Ардын үлгэр жишээ клубт өөрийн сайн дураар ирж ажилласан. Клубт ажиллаж байхдаа “Учиртай гурван толгой” дуулалт жүжгийн Юндэнгийн дүрийг бүтээсний зэрэгцээ “Цэнд комиссар”, “Хэрмэл”, “Ардын зориг” зэрэг 20 гаруй жүжиг болон баярын концертод оролцон тоглосон. Дараа нь 1944 онд “Учиртай гурван толгой” аялгуут жүжгийн Юндэнд тоглохдоо сайхан монгол эрийн намба төрх, шинжийг дүрслэн үзүүлж, жүжгийн эхэнд дуулдаг бэсрэг уртын дууг гайхалтай сайхан дуулдаг байсан гэдэг. Түүний бүтээсэн Юндэн нь дахин давтагдашгүй шилдэг дүр болсон агаад тухайн үеийн үзэгчдийг байлдан дагуулж, тэднээс “Халхын сайхан Юндэн” хэмээх өргөмжлөлийг хүртэж байсан юм билээ. Сая 110 жилийн ойгоор Алтанбулагт очиход үнэхээрийн байхгүй ч гэсэн байгаа юм шиг хүн гэж байдаг даа гэх мэдрэмж төрж байлаа.

-Тэр үед яагаад энэ хүн “Учиртай гурван толгой”-н Юндэнд тоглох болсон юм бол?

-Тухайн үеийн шалгуур бол маш өндөр. Л.Цогзолмаа гуайн ярианд “Үнэхээр сайхан хоолойтой” гэж байдаг юм. В.Сүрэнхорлоо гуай “Ардын урт, богино аль ч дууг үнэхээр сайхан дуулдаг” гэж хэлдэг. Тэгэхээр тэр хүн бол арай л өөр авьяастан байсан гэдэг нь мэдэгдэж байгаа юм. Одоо Юндэн, Нансалмаа хоёрын бичлэгээс өөр үлдсэн зүйл ховор. 1938 оны есдүгээр сард Амгаланбаатар хотын Сүхбаатарын нэрэмжит Ардын үлгэр жишээ клубт өөрийн сайн дураар ирж ажилласан гэж байгаа биз. Тэр үед Бөмбөгөр ногоон театрт сайн дурын уран сайханч, ардын авьяастнуудыг олноор нь татдаг байсан. Тэнд урлаг, уран сайхны ажилчдыг бэлтгэсэн. Өдөр нь үйлдвэрт ажиллаж байгаад оройн цагаар ирж урлаг, уран сайхандаа хичээллэчихээд явдаг байсан. Тэр цаг үед өөрийн авьяасаараа тухайн үеийн найруулагчдын нүдэнд туссан байх. Тухайн үед ардын дуунаас сэдэвлэж аялгуут жүжиг хийхэд хамгийн сайн дуулаачид л оролцсон байх. Тэр үед шинэ соёлын үрийг тарих зайлшгүй шаардлагатай байсан. Үүнийхээ хүрээнд Бөмбөгөр ногоон театрыг байгуулсан. 1950 оны арванхоёрдугаар сарын 30-нд “Учиртай гурван толгой”-н 1000 дахь удаагийн тоглолтоор УДБЭТ нээлтээ хийсэн. Дуурь, Драмын театр нэг байгаад 1963 оноос тусдаа болж нүүсэн. Энэ бүхний суурийг тэр Ардын цэнгэлдэх хүрээлэнгийхэн тавьж өгсөн.

-Дэлгэцийн уран бүтээлийн тухайд А.Цэрэндэндэв гуай таван бүтээлд ажилласан юм билээ. 1945 онд “Цогт тайж” МУСК-д ажиллаад 20 жилийн дараа 1965 онд “Хүний мөр” МУСК-д ажилласан. Дахиад 20 орчим жилийн дараа 1983 онд “Ингэх гээд байсан юм” МУСК-д ойн цагдаагийн дүр бүтээсэн. Энэ хоорондын 40 орчим жил яагаад дэлгэцийн уран бүтээлд ажиллаагүй юм бол гэсэн бодол төрж байлаа...

-Тийм, энэ тал дээр тухайн үед кино найруулагчдын сонголт явж байгаа. Энэ л мундаг гээд бүх уран бүтээлд авч очиж наадаггүй байсан юм болов уу. Өөрөө ч гэсэн өөрт таарах дүрээ л сонгож ажилладаг байсан байх.

-Тэр үеийн дэлгэцийн уран бүтээлд ямар арга барил, үзэл суртал давамгайлдаг байсан юм бол?

-Намын л үзэл явж байгаа. Тухайн үеийн уран бүтээлчид маш их судалгаатай ажилладаг байсан нь харагддаг. Бүх л зүйл эхэлж байсан үе. А.Цэрэндэндэв гуайн хувьд 1942 онд “Сүхбаатар” кинонд жанжны дүрийг бүтээсэн Л.Свердлиний орлон тоглогчоор ажилласан. Тус кинонд онц зүтгэлтэй оролцсоны учир 1942 онд Улсын гавьяат жүжигчин цол олгож, Алтан гадас одонгоор шагнасан. 1945 онд “Цогт тайж” киноны Арслан тайжийн дүрийг бүтээсэн бөгөөд “хувиа бодогч, цэргийн албан тушаал булаацалдагч болохыг хэдхэн хэсэгт маш тодорхой дүрслэн харуулж чадсан” хэмээн урлаг судлаачид өндрөөр үнэлсэн байдаг юм. 1940-1960 онд Улсын төв театрт жүжигчин, 1960-1961 онд Улаанбаатар хотын Төв клубт жүжигчин, 1961-1964 онд Үйлдвэр хоршооллын клубт найруулагч, 1964-1972 онд Улсын хүүхэд, залуучуудын театрт жүжигчнээр ажиллаж байсан. Ерөнхий намтар түүх бол маш бүдэг. Энэ хүнийг ярихын тулд “Учиртай гурван толгой” дуурийн тухай ярихаас өөр аргагүй. А.Цэрэндэндэв гуайн тухай яруу найрагч Долгорын Цэнджав “Бөмбөгөр ногоон” гэж роман бичсэн. Романд А.Цэрэндэндэв гуайг хувь хүн талаас нь их сайхан бичсэн байдаг. Бидний хувьд “Учиртай гурван толгой”-н түүхэн тэмдэглэлийн товчоон гээд хоёр боть ном гаргах гэж байгаа.

-“Учиртай гурван толгойн түүхэн товчоон” гэх хоёр боть номынхоо тухай ярихгүй юу?

-Архивын баримтад тулгуурласан эмхэтгэл. Энд худал хуурмаг мэдээлэл огт байхгүй. “Учиртай гурван толгой”-н тухай бүх хүмүүсийн яриа, дурсамж, санамж, шүүмжүүд багтсан. Анх 1934 онд Д.Нацагдорж гуай дээр энэ зохиолыг захиалж очиж байсан. Тэндээс энэ бүтээл хэрхэн ургаж гарсан, ямар цаг хугацааг дамжиж бидний гар дээр ирснийг багтаасан. Нэг нь 700 гаруй, нийт 1500 орчим хуудастай, хоёр боть бэлэн болж байна. Энэ эмхэтгэлийг хийж байхад А.Цэрэндэндэв гуайн “Халхын сайхан Юндэн” гэсэн цомгийг гаргах зайлшгүй шаардлага гарсан. Юмны анхдагч байна гэдэг их өөр юм байна. А.Цэрэндэндэв гуайнхаа Юндэнгийн дүрийг бүтээхдээ хүмүүсийн ам дамжиж ирсэн хөрөглөл, дуулах ур дүй, чадварыг нь бид өөр өөрсдийнхөөрөө ойлгодог.

-А.Цэрэндэндэв гуайг 1942 онд “Сүхбаатар” УСК-ны дүрээр гавьяат жүжигчин, алтан гадас одонгоор шагнуулсан гэж уншсан...

-Тийм, тэр үеийн шагналуудыг харахаар эхлээд гавьяат дараа нь алтан гадас, хөдөлмөрийн гавьяаны улаан тугийн одонгоор шагнадаг байсан юм билээ. Ажиллаж байсан бүтээлүүдээр нь шагнадаг байсан. А.Цэрэндэндэв гуай Ардын хувьсгалын 15 жилийн ойгоор болсон дуучдын уралдаанд оролцож Улсын гуравдугаар зэргийн дуучин цол тэмдгээр шагнагдаж байсан.

Ер нь энэ хүнийг хувь хүний болон дүрийн талаас нь илүү их судалгаа явуулаасай гэж хүсч байгаа. 110 жилийн ойг нь тохиолдуулан танай сониноор дамжуулаад А.Цэрэндэндэв гэж Арслан тайжийн дүрийг бүтээхээс гадна “Халхын сайхан Юндэн” байлаа гэдгийг залуус мэдээсэй гэж хүсч байна. Нөгөө талаар “Учиртай гурван толгой” дуурийн түүхэн тэмдэглэлийн судалгааг хийхэд эл хүний нэр олон гардаг.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

М.Гантулга: Жүжигчин Б.Барслхагвыг шүтэж, Young Mo’G-г сонсдог DNN.mn


Өнөөдрийн 15 настнууд юу хийж байгаа талаар “Аварга” ахлах сургуулийн 10А ангийн сурагч М.Гантулгатай ярилцлаа.


-М.Гантулгын сурагчийн нэг өдөр хэрхэн эхэлдэг вэ?

-Манай сургууль 19-ийн үйлчилгээний төвийн ойролцоо байдаг. Хичээл маань өглөө 08:00 цагт ордог. Гэр Яармагт болохоор өглөө 5:00 цаг өнгөрөөж босч цайгаа ууж, өөрийгөө бэлдээд 6:20 цагт гэрээсээ гардаг. Хааяа 5, 10 минут хэтрээд унтчихвал хичээлээсээ хоцорно. Ер нь түгжрээд хоцорчих гээд байдаг талтай /инээв/.

-Хичээлээ тараад шууд гэртээ харьдаг уу?

-Үгүй ээ, өдөр бүр хичээлээ 12:00 цагт тараад 13:00 цагт жүдо бөхийн бэлтгэлдээ ордог. Энэ завсар жаахан хоол идэж амжина. Бэлтгэл 17-18 цагийн хооронд тардаг. Гэртээ ирэх гэсээр байтал 20:00 цаг болдог. Гэртээ ирж хоолоо идчихээд л унтдаг. Зарим өдөр замдаа найзуудтайгаа уулздана. Найзуудтайгаа уулзвал 21:00 цаг болчихно.

-Танай сургуулийн бэлтгэлд жүдогийн тамирчин болох зорилготой хүүхдүүд л хамрагддаг уу. Тамирчин болохгүй ч эрүүл бие, бялдартай болохын тулд жүдогийн бэлтгэлд хамрагддаг хүүхдүүд бий юү?

-“Аварга” сургуулийн жүдогийн бэлтгэлд зөвхөн манай сургуулийн хүүхдүүд явдаг. Манай ангийн багш жүдогийн бэлтгэлийг хариуцдаг юм. Манай ангийнхан бараг бүгд бэлтгэлд хамрагддаг. Бүгд л шилдэг нь болох зорилготой хичээллэдэг. Биеэ эрүүл чийрэг болгох зорилготой хүүхэд байдаг юм уу, үгүй юм уу сайн мэдэхгүй байна.

-Хэзээнээс “Аварга” сургуулийн лицейд элссэн бэ, ангидаа олуулаа сурдаг уу?

-Есдүгээр ангиа төгсөөд энд шилжиж ирсэн. Манай анги 33 сурагчтай. Төсөөлж байснаас энд өөр юм. Тогтмол бэлтгэл сургуулилт хийнэ. Бараг хагас цэрэгжилтийн нөхцөл байдалд байдаг. Эхлээд амар биш байсан ч одоо дассан. Өмнөхөөсөө илүү хатуужиж, чийрэг биетэй болсон. Зан төлөвийн хувьд ч хүлээцтэй, даруухан болж байгаа талаар гэр бүлийнхэн маань хэлдэг юм.

-Шинэ орчинд найзуудтай болж амжсан уу. Найзуудтайгаа уулзахаараа юу хийж байна вэ?

-Арван хэдүүлээ найзалдаг. Бид уулзахаар нэгнийхээ тухай яриад байдаггүй. Турникт зүүгдэж, цасаар байлддаг. Хааяа хоорондоо барилдаж хөгжилдөнө. Хэдэн төгрөгтэй бол заал авч тоглодог. Харин бид компьютер тоглоомын газраар яваад байдаггүй. Багш маань ч орох хэрэггүй талаар өдөр бүр хэлдэг юм. Тэрний оронд зааланд тоглохыг зөвлөдөг. Өмнө нь бид театрт кино үздэг байсан. Сүүлийн үед бол теарт кино үзэх боломжгүй болсон. Кино үзэхийн оронд аяга хоол идсэн нь дээр. Зурагтаар ярьдаг эдийн засгийн уналт бидэнд ч нөлөөлж байна. Сургууль орчмын гуанзнуудад хоолны үнэ нэмэгдсэн. Хоолны мөнгөтэй хүүхдүүд ховор болсон шүү. Зарим нь гэрээсээ хоол авч ирнэ. Найзуудаараа хуваагаад идчихдэг.

-Та нар ямар кино үзэж, ямар дуу сонирхдог вэ?

-Зодоонтой кинонд дуртай. Хамгийн сүүлд “Зура 2: Цурам ажиллагаа” МУСК-г үзсэн. Жүжигчин Барсаа (Б.Барслхагва)-гийн бүтээсэн дүр илүү таалагддаг. Анх “37 дугаар точка” кинонд тоглоход нь шүтэж байлаа. Бүх насныханд зориулсан кино шиг санагдсан. Бусад кинонуудын тухайд бидний насныхан үзэхэд тохиромжгүй байдаг юм. Young Mo’G-н болон “Долоон тэрбумд ганц” гэх мэт даруухан дуунуудад дуртай. Автобусанд явахдаа иймэрхүү дуу л сонсдог.

-Та нарын дунд ямар асуудал тулгардаг вэ?

-Миний хувьд бол түгжрэл, эдийн засгийн хүнд байдал. Хичээл эхлэхээс бараг хоёр цагийн өмнө гэрээсээ гарах шаардлагатай. Хоёрдугаарт, манайх ам бүл долуулаа. Бараа бүтээгдэхүүний үнийн өсөлт амьдралд шууд нөлөөлж байгааг анзаардаг.

-Амралтын өдөр, чөлөөт цагаараа юу хийдэг вэ?

-Шувуун фабрикт манай үхэр байдаг. Манай гэр бүлийнхэн амралтын өдөр бүр фермер рүү явна. Би бямба гаригт жүдогийн бэлтгэлтэй болохоор сард 2-3 удаа л очдог.

-Ирээдүйгээ ямраар төсөөлж байна?

-Баян цатгалан биш ч гэсэн бусдын адил хүний дайтай л амьдрахыг хүсдэг. Хэрэв бололцоо нь бүрдвэл өөрийн гэсэн бизнес эрхэлж ажлын байр бий болгохыг мөрөөддөг. Одоо бол ажлын байр л чухал шаардлагатай санагддаг.

-Мэргэжлээ сонгож амжсан уу?

-Яг бүрэн шийдээгүй байгаа. Би өмнө нь инженер болно гэж боддог байсан, одоо өөрчлөгдсөн. Биеийн тамир, биологи, технологийн хичээлдээ дуртай. Дуртай хичээлүүддээ суурилаад л мэргэжлээ сонгоно гэж боддог.

-Зуны амралтаараа юу хийдэг вэ?

-Үхрийн фермер рүүгээ явна, эсвэл өөрийнхөө дуртай зүйлийг хийдэг. Барилгын дотоод засалд ажиллаж байсан. Гэхдээ насанд хүрээгүй болохоор томчууд шоглож харилцах, ёс бусаар хэлэх нь сонин санагдсан. Би анхнаасаа долоо хоног ажиллана гэж тохироод ажиллаж дууссаны дараа сар ажиллахгүй бол цалинг чинь өгөхгүй гээд өгөөгүй. Манай найзууд дунд ч ийм асуудал олон гардаг. Тэрнээс хойш дахиж цалинтай ажил хийгээгүй.


Б.Мөнххулан: Өөрийгөө сайн боловсруулаад, сайхан амьдрал бүтээж олон улсаар аялах зорилготой


Дархан-Уул аймгийн Оюуны ирээдүйцогцолбор сургуулийн аравдугаар ангийн сурагч Б.Мөнххулантай ярилцлаа.


-Нэг өдөр нь хэрхэн өнгөрдөг вэ?

-Өглөө 6:30 цагт босоод 08:00 цагт хичээлдээ явдаг. Долоо хоногийн гурван өдөр нь есөн цагийн хичээлтэй, 15:00 цагт тардаг. Хичээлээ тараад англи хэлний сургалтандаа сууж, 16:00 цаг өнгөрөөж тараад дүүгээ аваад гэртээ ирдэг. Гэртээ ирж хоол унд, хичээлээ хийгээд 23:00 цаг өнгөрөөгөөд л унтдаг.

-Хичээлдээ явахад хэдэн минут зарцуулдаг вэ?

-10 минут яваад л сургуульдаа очдог. Таксигаар явбал км нь 1000 төгрөгийн үнэтэй. Сургуулийн автобусанд суувал үнэгүй.

-Ямар кино үзэж, ямар дуу сонсдог вэ?

-Монголоос гэвэл сүүлийн үеийн Vandebo, AM-C, Seryoja гэх мэт артистуудыг сонсдог. Солонгосын к-поп хамтлагуудыг сонсож, амралтын өдрөөр цаг гарвал албан ёсны сайтаас нь солонгос сериал үздэг. Монголоос жүжигчин О.Дөлгөөнд дуртай.

-Өдөрт хэдэн цагийг сошиалд, кино үзэхэд зарцуулж байна?

-Хичээлтэй өдрүүдэд огт кино үздэггүй. Амралтын өдрүүдэд чөлөөт цаг гарвал 1-2 цаг кино үздэг, найзуудтайгаа уулздаг. Чөлөөт цаг бараг гардаггүй. Гурвуулаа найзалдаг. Найзуудтайгаа уулзахаар хааяа кофе шоп орж хичээлээ хийдэг, сонин сайхнаа ярьдаг. Өөр цаг өнгөрөөх гоё газар байдаггүй. Улирлын амралтаар зарим найзууд маань цалинтай ажил хийдэг. Би гэртээ дүү нараа хараад, хүмүүсийн хумс буддаг. Өнгөрсөн зуны амралтаараа сургалтанд сууж маникюр хийж сурсан. Эхлээд ээж, эгчдээ, дараа нь байрныхан, орцныхон, найзууддаа маникюр хийсэн. Энгийн будалт 15 мянган төгрөгөөр хийдэг. Би математик, физикийн хичээлдээ дуртай, эдийн засагч болно.

-Ямар мөрөөдөлтэй вэ?

-Өөрийгөө сайн боловсруулаад, сайхан амьдрал бүтээж олон улсаар аялах зорилготой. Одооноос англи, солонгос хэлний ур чадвартаа анхаарч байгаа. Арванхоёрдугаар ангиа төгсөөд Солонгост сурна гэж боддог. ЭЕШ-ын бэлтгэл эхэлсэн. Сүүлийн үед шалгалтдаа л их санаа зовж байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Гантулга: Компьютер тоглоом, гар утасны хэрэглээний талаар тусламж үйлчилгээ үзүүлдэг нөхөн сэргээх төв байгуулах зайлшгүй шаардлага үүсч байна DNN.mn


СЭМҮТийн төсөл хөтөлбөр хариуцсан мэргэжилтэн, сэтгэцийн эмч Ж.Гантулгатай ярилцлаа.


-Сүүлийн үед хүүхдүүдийн дунд ямар донтох эмгэг давамгайлж байна вэ?

-Үүнийг зөвхөн манай эмнэлгээр үйлчлүүлэгсдээр тооцоход хязгаарлагдмал. Учир нь Сэтгэцийн эрүүл мэндийн үндэсний төвд 15 ортой хүүхдийн тасаг ажиллаж байгаа. Тасагт хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой бүх чиглэлээр хандаж, үйлчилгээ авдаг. Бидний амьдралын хэв маяг их өөрчлөгдөж ухаалаг утасгүйгээр амьдралаа төсөөлөхөд хэцүү болж байна. Ялангуяа цар тахалтай хоёр жил дэлхий даяар амьдралын хэв маяг өөрчлөгдөж цахим хэрэглээ рүү эргэлт буцалтгүй шилжлээ. Цахим хэрэглээний сөрөг үр дагавар хамгийн наад зах нь хүүхдүүдийн анхаарал төвлөрүүлэх, ойлгох чадвар сулрах, гар утсанд донтох эмгэгээр илэрч байна. Яг үүн рүү чиглэсэн судалгаа одоогоор хийгдээгүй ч хүн бүрд тулгамдаж байгаа асуудал бол хүүхдийн болон өөрийн дэлгэцийн хэрэглээ.

-Хүүхдүүд гар утаснаас өөр ямар төрлийн донтох эмгэгт өртөж байна вэ?

-Хүүхдийн зан үйлийн хүрээнд хамгийн түгээмэл донтолт бол гар утас, компьютер тоглоом. Учир нь хүүхэд, өсвөр насныхны дунд мансууруулах бодисын хэрэглээ харьцангуй бага. Хүүхэд хамгааллын чиглэлээр хэд хэдэн хууль яригдаж байгаа. Гэр бүл хүүхэд залуучуудын хөгжлийн газар, сургуулийн нийгмийн ажилчдын хүүхдэд хандуулах анхаарал өмнөх үеэсээ нэмэгдсэн. Энэ утгаараа ноцтой тохиолдлууд харьцангуй цөөрсөн. Мэргэжлийн хүний хувьд дэлгэцийн хэрэглээ хэдий их байна, төдий чинээ тархи ядарна. Ингэснээр сурах үйл явц, эрүүл мэндэд сөргөөр нөлөөлнө. Хүүхдүүд өөрийн гэсэн үздэг юм, тоглодог тоглоом, онлайн найзууд хүрээлэлтэй болоод эргэн тойронд юу болж байгаагаас тасарчихдаг. Цаашилбал, цахим орчноос хүүхдүүд рүү ирж байгаа эрсдэл нэмэгдэж байна. Чухал мэдээллээ алдаад дарамтад орох, сэтгэл санаагаар унах, айдас, түгшүүрт автах зэрэг олон асуудалд өртөх сөрөг үр дагаварууд илт нэмэгдэж байгаад хамгийн их санаа зовж байна.

Саяхан ЕБС-д сэтгэцийн эрүүл мэндийн тусламж үйлчилгээг тандах зорилгоор туршилтаар ажиллалаа. Фокус бүлгийн ярилцлага хийхэд өдөрт хамгийн багадаа 3 ба 4-өөс дээш 10 орчим цагийг хүүхдүүд ухаалаг утас үзэж өнгөрүүлж байна. Тиймээс багш, эцэг эх, хүүхдүүдээс олон улсын сэтгэл хөдлөл, зан үйлийг илрүүлэх асуумжийг хийж байгаа. Энэ нь бүх хүүхдийг хангалттай төлөөлөх олон хүүхэд биш л дээ. Гэхдээ нэг ангиас гурван сурагч гээд нийт 15 хүүхэдтэй ажиллахад дэлгэцийн хэрэглээний тулгамдсан асуудалгүй хүүхэд байсангүй. Энэ хэрэглээг хэрхэн зохицуулах вэ гэдэг зөвлөмжийг энэ судалгаанд үндэслэн гаргана. Бусад сургууль руу чиглэсэн арга хэмжээнүүд явагдана.

-СЭМҮТ-д хэд орчим хүүхэд хэвтэн эмчлүүлж байна вэ?

-Цахим тоглоомонд донтож 2017 онд 7-19 насны 99 хүүхэд, 2018 онд 57, 2019 онд 52, 2020 онд 16, 2021 онд гурван хүүхэд хэвтэн эмчлүүлсэн гэсэн статистик байна. 2020 оноос хойш буурсан нь цар тахлын хөл хориотой холбоотой. Манай эмнэлэгт хандаж, ирж эмчлүүлж байгаа хүүхдийн тоо өдрөөс өдөрт нэмэгдэж байна. СЭМҮТ-ийн 1800-2000 гэж зөвлөгөө өгдөг утас байдаг. Энэ утсаар холбогдож зөвлөгөө авдаг эцэг эхчүүд олширсоор байна. Бид сардаа нэг удаа ээлжилж тусгай дугаар дээрх утсаар зөвлөгөө өгч жижүүрлэж хонодог. Сүүлчийн жижүүр хийж хонодог өдөр хамгийн сүүлд холбогдсон дуудлагыг сайн санаж байна. Орой унтах үед орж ирсэн дуудлага “Манай хүүхэд унтах цаг боллоо гэхэд утсаа үзэхээ болихгүй уурлаад байхаар нь WiFi төхөөрөмжөө унтраатал орилоод хана руу утсаа шидчихлээ. Орилж хашхираад уурлаад бөөн юм болж байна, одоо яах вэ” гэсэн ээж холбогдсон. Энэ бол тэр хүүхэд үнэхээр дэлгэцийн хамааралтай болчихсон, шаардлагыг хүлээж авахгүй түрэмгий авир гаргаж байгаа буюу эсэргүүцэн тэмцэж байна. Энэ бол хэвтүүлэн эмчлүүлэх шаардлагатай нөхцөл байдалд хүрсэн тохиолдол. Энэ мэтчилэн хандаж байгаа тохиолдол олон ч ирж хэвтэн эмчлүүлж байгаа нь хэд вэ гэдэг эргэлзээтэй, цөөхөн ч ортой. Цаашид компьютер тоглоом, гар утасны хэрэглээний талаар тусламж үйлчилгээ үзүүлдэг нөхөн сэргээх төв байгуулах зайлшгүй шаардлага үүсч байна. Тэнд олон хүүхэд хүлээн авч дэлгэцийн хэрэглээ хориотой хүүхдүүдийн утасгүй амьдралын хэв маягт зориулсан нөхөн сэргээх төв хэрэгтэй. Энэ бол эмнэлэг гэхээс илүү тулгамдсан асуудалтай хүүхдүүд байгаа юм. Гар утас руу анхаарлаа төвлөрүүлчихээр гадна орчинд юу болж байгааг анзаардаггүй.

-Цар тахлаас хойш хандах хүүхдүүдийн тоо хэдэн хувиар нэмэгдсэн бэ. Цар тахлын хөл хориотой хоёр жилийн хугацаанд нэмэгдсэн дэлгэцийн хэрэглээний үр дагавар одоо гарч байх шиг?

-Цар тахлаас өмнө сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой асуудлаар хүүхдүүд хандахад эмнэлэгт ирж цаг аваад 2-3 хүүхдийн дараа ороод үзүүлчихдэг байсан. Одоо утсаар цаг авахад наанадаж 14-21 хоногийн дараа үзлэгийн цаг авдаг болсон. Энэ нь аутизм, сэтгэл зүй, гар утас, компьютер гэх мэт хүүхдийн сэтгэцийн эрүүл мэндтэй холбоотой бүхий л асуудлын тоо нэмэгдэж байгаагийн шинж. Цар тахлын хоёр жил хөл хориотой хүссэн хүсээгүй эмчлүүлэгчдийн тоо цөөрсөн. Ковидоос өмнө 30 ортой хүүхдийн тасаг байсан, одоо 15 болсон. Үлдсэн 15 оронд ковидын дараах сэтгэл зүйн тулгамдсан асуудалтай насанд хүрэгчдийн тасаг ажилладаг болсон. Одоо манай СЭМҮТ-д сэтгэцийн эмгэгийн сэргээн засах төв баригдах ажил яригдаж байгаа. Үүний нэг хэсэг бол хүүхдүүдэд зориулсан ажил хэрэгжиж эхэлж байна. Компьютер, дэлгэцийн тоглоомын асуудалтай хүүхдүүдэд зориулсан хэсэг бий болно.

-Эцэг эхчүүд хүүхдээ гар утсанд донтох эмгэггүй байгааг хэрхэн мэдэх вэ?

-Хүүхэд унтах цагтаа унтаж, хичээлээ хийх цагтаа хийж, аав, ээждээ туслах цагтаа тусалж, гар утсаараа тоглох цагтаа тоглож байвал эрүүл. Гэрт гар утаснаас өөр тоглоом байх ёстой. Бүх тоглоомын бага хувийг гар утасны тоглоом эзлэх ёстой. Олон зуун хүүхэд донтох эмгэгтэй болсны дараа тэдэнтэй ажиллах хэцүү. Хэвийн байдалд оруулахын тулд цаг хугацаа, хөрөнгө мөнгө шаардана. Тулгамдсан асуудал байгаа үед нь зөв менежмэнт, арга хэмжээг зохион байгуулж чадвал хүүхдүүдийн дэлгэцийн хэрэглээг зохистой түвшинд нь барих боломжтой. Тиймээс сургуулиудаар дамжуулж үйл ажиллагаа явуулах шаардлагатай.

-Сүүлийн жилүүдээс ЕБС-иудад сэтгэл зүйч ажиллах болсон…

-Тийм ээ, сургууль бүрт сэтгэл зүйч ажиллуулах эрх зүйн орчин бүрдэж байна. Сэтгэл зүйч бол тулгамдсан асуудалтай хүүхдүүдтэй ажиллах хүн. Тиймээс бид ЕБС-иудад ямар үйл ажиллагаа явуулах нь зөв бэ гэдэг дээр ажиллаж байна.

-Эцэг эхчүүд хүүхдээ дэлгэцийн хамааралтай болж байгааг анзаарсан бол хамгийн түрүүнд ямар арга хэмжээ авах вэ?

-Гэр бүлийн орчинд утасгүй, цахим орчингүй цагтай болох хэрэгтэй. Хэцүү байж болох ч таны гэр бүлдээ зарцуулж байгаа чанартай 30 минутын хугацаа олон арван хүүхдийг цахим донтолтоос сэргийлж чадна. Дэлгэцийн хэрэглээ бол ганцхан хүүхэд биш эцэг эхчүүдтэй ч холбоотой асуудал. Жишээлбэл, орой 30 минутыг утасгүй, телевизгүй гэр бүлээрээ тойрч суугаад тоглоом тоглох, ярилцах. Ингэснээр хүүхдүүд “Аав, ээжтэйгээ тоглох, ярилцах ямар гоё байдаг юм бэ. Аав, ээж маань миний найз шиг надтай тоглох үнэхээр сайхан юм байна” гэдгийг мэддэг болно. Өөрөө фэйсбүүк үзэж байж хүүхдээ боль, чи болохгүй гэдэг бол шударга бус. Хүүхдэдээ тавьдаг шаардлагыг өөртөө тавьж гэр бүлээрээ, хамт олноороо ухаалаг утасгүй цаг гаргаж хэвших хэрэгтэй. Хэрэв ухаалаг утасгүй, цаг гаргах гэтэл хүүхдүүд нь уурлах, дургүйцвэл мэргэжлийн байгууллагад хандах шаардлагатай. Миний хувьд хүүхэд бүр донтсон, асуудалтай болсон байгаа гэж бодохгүй байна. Мэдээж тулгамдсан асуудал болчихсон. Хэтрээгүй, тулгамдсан асуудал байгаа үед нь л энэ энгийн зөвлөгөөг хэрэгжүүлээрэй.

-Ер нь дэлгэцийн хэрэглээ хэдэн цагаас хэтэрвэл анхаарах шаардлагатай вэ?

-“Screen time” буюу утасны цагаар шууд үнэлгээ хийхэд хэцүү л дээ. Сошиалд юмуу тоглоомонд зарцуулж байгаа үр ашиггүй цаг тань хоёроос хэтэрвэл анхаарах хэрэгтэй. Жишээлбэл, би сурагч, хичээлээ дөрвөн цаг хийх ёстой байхад хоёр цагийг нь үр ашиггүй сошиалд өнгөрүүлж байвал анхаарах, өөртөө шаардлага тавих хэрэгтэй болж байна. Би хичээлээ хийх ёстой гэдгээ мэдсээр байж тавхан минут утсаа үзчихье гэчээд 30 минут үзэж байвал асуудал үүсч байгаагийн шинж. Харин компьютер тоглоомонд донтох эмгэгийг олон улсад DSM-5 оношилгооны есөн шалгуур шинжийг тодорхойлсон байдаг.

-Ямар шинжүүд илэрвэл компьютер тоглоомонд донтсон гэж үздэг юм бэ?

-Дараах есөн шинжээс сүүлийн 12 сарын хугацаанд таваас дээш шинж илэрч байвал компьютер тоглоомонд донтох эмгэгтэй гэж үзнэ. Үүний нэгдүгээрт, интернэт ашиглаагүй үедээ ч интернэт тоглоомын талаар бодолд автах. Хоёрдугаарт, интернэт тоглоом тоглохыг хоригловол уурлаж цухалдах, айж түгших, санаа зовних, сэтгэлээр унах. Гуравдугаарт, интернэт тоглоом тоглох хугацаа улам уртсах. Дөрөвдүгээрт, интернэт тоглоом тоглохоо багасгах эсвэл болих оролдлого хийж байсан. Тавдугаарт, интернэт тоглоомоос бусад зүйлд сонирхол буурах. Зургадугаарт, интернэт тоглоом тоглох олон сөрөг үр дагавартайг мэдсээр байж удаан хугацаагаар тоглосоор байх. Долдугаарт, интернэт тоглоом тоглодгоо гэр бүл, найз нөхөд, эмч, багш бусад хүнээс нууж, цагаа багасгаж хэлэх. Наймдугаарт, сэтгэл санааны таагүй байдлаасаа гарахын тулд тоглоом тоглож асуудлыг түр зуур аргацаах. Есдүгээрт, интернэт тоглоомоос болж хичээлээ таслах, сурлагын амжилт буурах болон гэр бүл, найз нөхдийн харилцаанд асуудал үүснэ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

​Д.Үзмээ: Нутаг орон, цаашлаад улс эх орныг хөгжүүлэх хүмүүс математикийн ангиас л төрдөг DNN.mn


-Математикгүйгээр ямар ч мэргэжлийн хүн амжилтанд хүрэхэд хэцүү-

Ардын Боловсролын тэргүүний ажилтан, тэргүүлэх багш Д.Үзмээтэй ярилцлаа.


-Математикийн шинжлэх ухаан ямар ач холбогдолтой вэ?

-Математикийг судалж, суралцсанаар хүн аливаа зүйлд зөв оновчтой хандлагатай болно. Хүүхдүүд математик сонгон судалснаар ой тогтоол, сэтгэн бодох чадвар сайжирч бусад хичээлд ч амжилттай сайн суралцдаг. Математикийг судлах нь тархины хөгжилд ихээхэн ач холбогдолтой. Үүнийг өдөр тутамдаа ашигласнаар аливаа учир шалтгааныг олох, тунгаан бодох чадвараа сайжруулах, түргэн хугацаанд шийдвэр гаргах, аливааг бодитоор харах чадвар нэмэгдэх зэрэг давуу талтай. Мөн цогц асуудалтай тулгарахад хүнийг гүн рүү нь ухаж тунгаан бодоход тусалдаг. Бидний амьдрал сонголт хийх, арга барил, учир шалтгаанаа олох, асуудалтай тулгарах, эргээд түүндээ шийдэл олох гэсэн нөхцөл байдлуудаас бүрддэг. Энэ бүхэнд математик биднийг өргөн хүрээгээр харах, тухайн асуудлыг шийдэх арга зам бий гэдгийг ойлгоход тусалдаг. Асуудлыг ухаж хөөсөөр эцэст нь зөв гаргалгаа гаргахад тустай.

-Инженерүүд улс орныг хөгжилд хөтөлдөг. Өнөөдрийн нийгэм уруудаж байгаа нь математикийн шинжлэх ухаан орхигдсонтой холбоотой юу?

-“Математик бүх шинжлэх ухааны хаан” гэдэг. Хүмүүсийн ихэнх нь математикийн тухай бараг юу ч мэдэхгүй, үндсэн дөрвөн үйлдлээр л хязгаарлагдаж байна гэхэд буруудахгүй байх. Үүнээс болж өнөөгийн нийгэмд математикийн ач холбогдлыг тийм ч сайн ойлгож хүлээж авахгүй байна.Сансар судлал, хувьслын онол хүн төрөлхтний хөгжилд чухал нөлөө үзүүлсний адилаар геометрийн тусламжтай бид огторгуйн тухай, математикийн логик теоремын тухай шинэ өнцгөөс харах боломжтой болсон.

Үүнээс гадна урлагт үзүүлэх математикийн нөлөө их. Алдарт математикч Пифагор хөгжмийн хэмнэлийг анх математикаар илэрхийлснээс хойш урлаг, математик хоёр салшгүй холбоотой болсон гэж үздэг. Математикийн ийм үзүүлэлтүүд нь хүн төрөлхтөн болон шинжлэх ухааны хооронд гүүр, соёл хоорондын холбоос болсон шүү дээ.

Математикгүйгээр ямар ч мэргэжлийн хүн амжилтад хүрэхэд хэцүү л байх. Өнөөдөр математик уруудаж байна гэж би боддоггүй, харин нийгэм уруудаж байна. Сүүлийн үед олон хүүхэд олон улсын математикийн олимпиадаас медаль авч шагналт байр эзэлсээр байна.

-Манай улс математикийн шинжлэх ухаанаа илүү хөгжүүлж үр шимийг нь хүртэхийн тулд юу хэрэгтэй вэ?

-Математикт сонирхолтой, авьяас чадвартай сурагчдыг сонгон шалгаруулж чадварлаг багш нараар тэднийг хөгжүүлэх, одоогийн сонгон, гүнзгий анги гэдгийг би дэмждэг. Нутаг орон, цаашлаад улс эх орныг хөгжүүлэх хүмүүс математикийн сонгоны ангиас л төрөх учиртай гэж боддог. Бусад салбарт ч мөн адил.

-Хүүхдийг математикт яаж дуртай болгох вэ. Сүүлийн үед хүүхдүүд хичээлээс халшраад байх шиг ажиглагддаг?

-Том болсон хүүхдийг дуртай болгоно гэдэг хэцүү. Бүр бага цэцэрлэгийн наснаас нь эхлэн тоглоомоор нь энэ чиглэлд анхаарах хэрэгтэй. Ийм байдлаар олон салбарт нийгмийн болон эрдэм шинжилгээний сайн хөгжлийг бий болгодог. Учир нь математикийн үндсэн чиг үүрэг бол логик сэтгэлгээгээр бодит байдлыг илүү сайн ойлгоход туслах юм. Тиймээс өөрөөр нь бүтээлгэх, хийлгэх түүнд нь урмын үг хэлж чиглүүлж явах чухал.

Өсөөд ирэхээр ямар нэг чиг ажиглагдах ба тэр л чиглэлд түлхүү анхаарах хэрэгтэй. Урлаг, зураг урлан, сэтгэх чадвар, биеийн тамир гэх мэт. Тиймээс хүүхэд болгон математикт сайн байх албагүй шүү дээ. Сайн байвал нийгэмд тустай л хэрэг.

-Математик хувь хүний хөгжилд яаж нөлөөлдөг юм бэ?

-Хүний үйл ажиллагааны аливаа талбарт тухайн мэргэшсэн мэдлэгээс гадна логик дэс дараалалтай, цэгцтэй сэтгэх, учир шалтгааныг зөв, уялдаа холбоотойгоор томьёолох, өөрийн үзэл бодол, санаагаа тод, ойлгомжтой илэрхийлэх чадвар, нэгэнт тохиолдсон үйл явдлыг нягтлан дэнсэлж үнэлэх, нөхцөл байдлыг задлан шинжлэх, ач холбогдол багатайг чухлаас ялгах, гадаад байдлаараа бие биенээсээ холбогдолгүй юмс, нөхцөл байдлын уялдаа холбоог илрүүлэх чадвар, аливаа юмс, үзэгдлийг цаас, самбар, дэлгэц төдийгүй орон зайд төвөггүй дүрслэх ур дүй гарцаагүй шаардлагатай байдаг. Хамгийн гол нь, энэ бүх чадварууд болон өөр бусад ач тустай чанарууд математикт суралцах явцад л төлөвшиж суурьшдаг юм.

-Та хэдэн жил багшилж байна вэ. Анх таныг багшилж эхэлж байх үед хүүхдүүд математикт хэр дуртай байв?

-Би 34 жил багшилж энэ оны гуравдугаар сард тэтгэвэртээ гарсан. Хүүхэд бүр математикт дуртай байдаггүй. Нэг ангид дунджаар 2-3 хүүхэд л математикт сонирхолтой байдаг.

-Математик дэлхийн соёлын бүрэлдэхүүн хэсэг гэдэг шүү дээ?

-Дэлхийн хамтын нийгэмлэгт сүүлийн жилүүдэд зарим нэгэн тодорхой өөрчлөлтүүд гарч, шинэ үзэгдэл, үйл явцууд үүсэн хөгжиж байна. Аль нэг улсаас нөгөө рүү чиглэсэн шилдэг мэргэжилтнүүдийн нүүдэл, ялангуяа шилдэг математикчдын дүрвэлт, олон улс орнуудын математикчдын онол болон хэрэглээний чухал асуудлыг шийдэхийн тулд үүссэн, эрдэм шинжилгээний хамтрал, судалгааны багуудын хамтын ажиллагаа, оюутан, докторант, залуу эрдэмтдийн гадаад, дотоодын бусад их, дээд сургуулиуд дахь сургалт-судалгааны чиглэлээрх тэтгэлэг, оюутан-солилцоо, дэлхийн тэргүүлэх их, дээд сургуулиудын чансааг тогтоох янз бүрийн тогтолцоо. Математик боловсролын Монголын тогтолцоо энэ бүх хандлагыг анзаарч тооцоондоо авах учиртай бөгөөд дэлхийн математик соёлд амжилттай нэгдэх чадвартай байх ёстой.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

С.Бадрал: Эгүнэ виртуал туслах компьютерээр хийдэг бүх үйлдлийг хийнэ DNN.mn


“Эгүнэ” виртуал туслахын талаар “Болорсофт” ХХК-ийн гүйцэтгэх захирал С.Бадралаас тодрууллаа.


-Өнгөрсөн долоо хоногт Монгол Улсын анхны виртуал иргэн Эгүнэг олон нийтэд танилцууллаа. Эгүнэ виртуал туслах ямар зорилго, зориулалттай вэ?

– Бид Эгүнэ виртуал туслахыг албан ёсоор танилцуулах хараахан болоогүй. Өнгөрсөн долоо хоногт нийслэлийн 383 жилийн өдөрлөгт виртуал туслахаа ямархуу явж байгааг үзүүлээч гэсэн хүсэлтийн дагуу туршиж үзүүлсэн юм. Эгүнэ нь хувь хүмүүсийн хувьд амьдралыг нь амар тухтай болгож, монгол хүнийг аз жаргалтай амьдрахад туслах зорилготой. Харин нөгөө талаас бизнесийн болон төрийн байгууллагуудад виртуал ажилтантай болох асар том боломжийг олгож байна.

-Эгүнэ виртуал туслахын хөгжүүлэлтийн ажил хэдэн хувьтай явж байна?

-Яг тэд эдэн хувь гэж хэлэхэд хэцүү. Ямар ч гэсэн хүнтэй чөлөөтэй харилцдаг болох тун ойртож байна.

– Одоогоор виртуал туслах ямар үйлдлүүлийг хийж байна?

– Ер нь компьютер ээр хийдэг бүхий л үйлдлүүдийг хийх боломжтой. Интернэтээс хайлт хийх, гэрэл, хөшиг, цонх, агааржуулагч гэх мэт ухаалаг төхөөрөмжүүдээ удирдах, цаг агаар, агаарын чанар, түгжрэлийн мэдээлэл өгөх, онигоо ярилцах зэрэг.

-Хөгжүүлэлт хэзээнээс эхэлсэн, хэзээ бэлэн болох вэ?

-Суурь технологиудаа олон жилийн турш хөгжүүлж байна. Ирэх жилдээ багтаад эхний хувилбараа гаргахаар чармайж байна. 100 хувь дуусна гэж байхгүй, байнга сайжраад л явна.

Иргэд Эгүнэ виртуал туслахыг хэрхэн ашиглах вэ?

-Бид “Alexa”, “Siri” гэх мэт виртуал туслахуудыг мэднэ. Гэвч хэлний саадаас болоод монгол хүн бүр хэрэглэж чаддаггүй. Эгүнэ бол монгол хэлийг ойлгодог ийм виртуал туслах. Манай компани монголчуудад өмнө нь хаалттай байсан технологиудыг нээж өгөх замаар хүмүүсийн амьдралыг илүү аз жаргалтай болгох зорилготой. Ийм ч учраас энэ зорилгынхоо хүрээнд Чимэгэ технологи дээрээ суурилан Болорсофт Эгүнэг хөгжүүлж байна.

-Эгүнэ виртуал туслахыг Чимэгэ технологид суурилсан гэсэн. Цаашид Чимэгэ суурь технологи бидний амьдралд ямар өөрчлөлтүүдийг авч ирэх боломжтой вэ?

-Тэгэлгүй яахав. Чимэгэ нь хүний яриаг бичвэрт буулгаж, буцааж бичвэрийг яриулж байгаа түлхүүр технологи. Тэгэхээр Эгүнэгийн хамгийн чухал суурь нь болж байгаа юм. Чимэгэ технологи бүх салбарт инноваци хийх боломжийг олгоно. Бид Чимэгэ суурь технологи API-аа технологийн компаниудад нээж өгч байгаа. Өөрөөр хэлбэл, технологийн компаниуд, хөгжүүлэгчид манай суурь технологийг ашиглан бүтээгдэхүүн үйлчилгээгээ хөгжүүлж, шинэ апп, программ бий болгон хэрэглэгчдэд санал болгох боломжтой. Тухайлбал, манай API-г ашиглаад электрон худалдааны компани цахим хуудсандаа, эсвэл банк өөрийн апп-даа дуу хоолойн туслах нэмж болно. Үл хөдлөх хөрөнгө хөгжүүлэгчид дуу хоолойгоор удирддаг ухаалаг гэр, автомашин борлуулагчид автомашины виртуал туслах хэрэглэгчдэдээ санал болгож болно. Гэхдээ энэ бол энгийн хэрэглэгчдэд харагдаж , мэдрэгдэх үйлчилгээнүүд. Үүний цаана технологийн илүү том өөрчлөлт явагдана.

Хүн төрөлхтөн өмнө нь байгаагүй их мэдээлэл дунд амьдарч байна. Энэ их мэдээллээс хэрэгтэйгээ олж авах, эсвэл бүтэцгүй мэдээллийг ашиглах хэрэгцээ шаардлага улам нэмэгдэж байна. Тэгэхээр машин хүний хэл яриа, бичиг үсэг ойлгодог болохын хэрээр энэ их мэдээллийг ангилж, ялгаж мэдлэг болгох боломжтой болно.

– Тэгвэл эдгээр үйлчилгээнүүдийн гол давуу тал нь юу вэ?

-Орчин үед байгууллага хэрэглэгчид, иргэдтэй маш олон сувгаар холбогддог болжээ. Өмнөн ь албан байгууллагын утас, дуудлагын төв л гэж байлаа. Тэгвэл өнөөдөр хэрэглэгч и-мэйл, олон нийтийн сүлжээ, мессенжер, вайбер зэрэг харилцаа холбооны аппликэйшнүүд ашиглаж байгууллагад санал хүсэлтээ илгээж байна. Энэ олон харилцааны сувгийг хүний хүчээр нэгтгэж удирдаж, хэрэглэгчийн хандалт бүрд хариу өгөх нь бараг л боломжгүй, эсвэл маш их нөөц шаардсан үйл явц гэдгийг байгууллагууд мэдэж байгаа. Тэгвэл войс бот болон чат бот нь энэ асуудлыг шийдэж байгаа юм. Тухайлбал, хэрэглэгч аль нэг компанийн дуудлагын төвд холбогдоход урьдчилан бичиж, бэлдсэн мэдээллийг сонсож, тэр бүрийн араас товч дарж сонголтоо хийх болдог. Оператортой холбогдох боллоо гэхэд шугам завгүйгээс хүлээх тохиолдол цөөнгүй. Жишээ нь, войс бот нь шууд хэрэглэгчийн асуусан асуултад хариу өгөх, зарим тохиолдолд энгийн хялбар үйлчилгээ үзүүлэх шаардлагатай тохиолдолд л оператор, эсвэл хариуцсан мэргэжилтэнтэй холбодог, чатботын хувьд мөн адил. Бичвэрээр хэрэглэгч байгууллагатай холбогдож буй бүх платформ дээр хэрэглэгчид хариу өгч, үйлчилгээ үзүүлнэ.

Categories
мэдээ онцлох-нийтлэл спорт туслах-ангилал

Э.Ариунболд: Өөртөө итгэлтэй байсан ч дэлхийн аваргын медаль “халаас”-нд ороод ирэхэд итгэж өгдөггүй юм билээ DNN.mn

Бөхийн жүдо барилдааны насанд хүрэгчдийн Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний мөнгөн медальт, “Алдар” спорт хорооны тамирчин олон улсын хэмжээний мастер Энхтайваны Ариунболдтой ярилцлаа.


-Одоогоос найман жилийн өмнө гавьяат тамирчин Г.Болдбаатар Дэлхийн аварга болж байсан. Тэр цагаас хойш Монголын жүдогийн 60 кг үндсэндээ уналтад орчихоод байлаа. Том тэмцээнүүдээс медаль тасарчихаад байсан шүү дээ. Харин энэ жилийн дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс та мөнгөн медаль хүртлээ. Санасандаа хүртэл барилдаж чадав уу?

-Монголоос нисэхдээ Дэлхийн аварга болох зорилготой байлаа. Бэлтгэлийн үеийн үзүүлэлтүүд маань өндөр байсан юм. Алтан медаль зүүж хараахан чадсангүй. Гэхдээ орон орны шилдгүүд чуулсан том наадамд сайн барилдаж шигшээд шалгарлаа, баяртай байна. Жүдогийн татамид анх 13 жилийн өмнө хөл тавьж байж.Өнөөдрийн амжилт бусдад өндөр мэт санагдавч туулж өнгөрүүлсэн замналаа эргээд харвал гайхахаар зүйл биш болов уу. Ийм хэмжээнд хүрч барилдахын тулд боловсрол, ар гэрээс авахуулаад олон зүйлийг золиосолсон. Өдөр бүрийн ачаалалтай бэлтгэл үр дүн гарлаа. Гэхдээ зориод зүтгэснийх эх орон, ээж аавынхаа нэрийг дэлхийд дуурсгалаа. Тамирчин хүний баяр баясгалан энэ.

-Энэ ДАШТ-ий үеэр хийсэн барилдаануудын талаар асуумаар байна. Тэр дундаа хоёрдугаар тойрогт хүнд барилдаан хийх шиг санагдсан. Таныг барилдахад гавьяат тамирчин Ганбатын Болдбаатар буланд сууж зөвлөгөө өгч байлаа. Барилдаанууд ямар болов?

-Бэлтгэл сайн байсныг дээр дурдсан. Тэмцээний үеэр маш тайван байлаа. Тэр ч утгаараа хэнтэй ч таарсан ялна гэсэн бүрэн итгэлтэй байсан. Боломжийн хялбар сугалаа татсан. Үүнийгээ ч бүрэн ашиглаж шигшээд шалгарсан. Мөнгөн медалийн төлөө эзэн орны Баратов гэж залуутай барилдах үеэр ордон шуугиад өмнөх барилдаандаа төвлөрөхөд амаргүй байлаа. Ордон дүүрэн цугласан олон мянган хүн чих дөжиртөл хашхиралдах зуурт өмнөх өрсөлдөгчтэйгөө тулна гэдэг хэцүү юм билээ. Гэсэн ч Дэлхийн аварга Ганбатын Болдбаатар ах руугаа нүднийхээ булангаар нэг хараад тайвширчихсан. Болдоо ах маань нэгэн арванд дэлхийн топ зэрэглэлд өрсөлдөж явсан бөхийн хувьд шавийнхаа сэтгэл зүйг хурцлах тал дээр мэргэшсэн хүн. Ингээд л өмнөх барилдаандаа төвлөрч алдаа гаргах эрхгүй гэдгээ ухамсарлаж ялсан. Хэдийгээр өөртөө итгэлтэй байсан ч дэлхийн аваргын медаль “халаас”-нд ороод ирэхэд итгэж өгдөггүй юм билээ. Татамигаас буугаад Болдбаатар ах руугаа гүйж очоод үсрээд тэврэх гэсэн өнөөх маань тоодоггүй. Юу ч болоогүй юм шиг яваад өгсөн. “Дахиад барилдаан байна, болоогүй шүү” гэж хэлээд амралтын өрөө рүү дагуулаад алхчихсан. Үзэгчдийн суудалд манайхан шуугилдаад л сэтгэл хөөргөчихсөн. Өнөөх төвлөрсөн сэтгэл зүй тэрхэн хоромд л сарничихсан. Амралтын өрөөнд Болдоо ахтай хоёулхнаа сууж байтал жүдод хөтөлж оруулсан н.Батсайхан багш маань ороод ирдэг юм. Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Х.Болдбаатар багш ч ороод ирсэн. Ингээд л олимп, дэлхийн аварга Нахисо Такатотой барилдах хувилбараа боловсруулсан.

-Такато аваргатай ямар хувилбар боловсруулж гарав?

-Шигшээ багийн ахлах дасгалжуулагч Халиуны Болдбаатар багш шигшээд шалгарчихаад ороод ирэхэд “Чи энд аварга болохоор ирсэн шүү” гэж хэлээд амрахыг зөвлөсөн. Барилдаан хүртэл цаг орчим унтах гэж үзсэн болоогүй. Сэтгэл хөөрчихсөн хүн унтана гэдэг боломжгүй юм билээ. Ингээд л Такатотой яаж барилдах талаараа багштайгаа зөвлөсөн. Зүүн гарыг нь салгаж дараад тулгуур хөл рүү нь өшиглөх тактик боловсруулаад гарсан. Такатогийн бүх Японы аварга шалгаруулах тэмцээний үеэр хийсэн барилдааныг нь хараад тийм хий зайг нь бид олж харсан юм. Тулгуур хөл рүү өшиглөөд үнэлгээ авчихаж болмоор санагдаад л гарсан. Дэлхийн дөрвөн удаагийн аварга, олимпийн аварга хүн өөр юм билээ. Миний барьцыг түрүүлж халаад барилдааныг маань гаргаагүй. Арай гэж барьцаа аваад өшиглөж үзсэн ч бичлэгээ үзээд алдаагаа засчихсан байна лээ. Ингээд л Такатогийн барилдааны “хайрцагт” орчихсон. Өөрийнхөө барилдааныг гаргаж чадалгүй ялагдсан.

-Та шигшээ барилдааны өмнөх бие халаалтаа дэлхийн аварга Ц.Цогтбаатартай хийсэн шүү дээ. Та хоёр юу зөвлөв?

-Барилдааны төлөвлөгөөг бол багш нар зөвлөөд гаргасан. Цогтбаатар маань намайг илүү хурцалж өгсөн. “Такатогийн үе мултарчихсан. Одоо чиний цаг. Миний найз гараад юу ч битий бод. Галзуу хүн шиг юу ч хамаагүй хийгээд барилд. Өнөөдөр чиний өдөр” гэх тоймтой хэдхэн үг хэлсэн. Цогоо маань өөрөө татамид юм бодож нервтдэггүй, өөрийнхөөрөө гоё барилддаг бөх. Мөн шигшээ барилдааны өмнө Г.Алтанбагана маань зааланд ирчихсэн гүйж байлаа. Над руу хармагцаа “Одоо л наадахыгаа дарж авна ш дээ” гэж хэлж байгаа юм. Баг хамт олон гэдэг нэгнийхээ төлөө ийм л халуун сэтгэлтэй сайхан улс байдаг. Ялагдвал сэтгэл зүйгээр дэмжээд өгнө. Хамт олныхоо халуун сэтгэлийг сая илүү мэдэрлээ. Шигшээ барилдааны дараа ч хамт олноо дэмжээд л бие халаалтыг нь хийлгээд суучихсан. Миний хувьд дэлхийн аваргын хамгийн эхний өдөр барилдсан. Медаль авсны дараа гэр рүүгээ бага зэрэг яарч байснаа энд нуугаад яах вэ. Монголдоо ирчихээд онгоц газардах 20 хон минут 20 хоног шиг л удаан санагдсан. Онгоцны буудалд буугаад гараад ирэхэд “Алдар” спорт хорооны удирдлагууд, ивээн тэтгэдэг компанийн хамт олон гэр бүлийнхэн гээд бүх дотны улс маань ирчихсэн байхад гайхалтай мэдрэмж төрсөн. Хэлэх ч үг олдохгүй инээгээд л байлаа. Ер нь мөнгөн медаль зүүснээс хойш инээгээд л баймаар санагдах болсон шүү. Одоо ч инээд алдаад л явж байна.

-Та Дэлхийн бүх шилдгүүд чуулдаг наадмын шигшээ барилдаанд шалгарсан. Олимп, Дэлхийн аваргатай алтан медалийн төлөө барилдахаар гарахын өмнөх мэдрэмж ямар байв?

-Тайван байсан шүү. Яг гарахын өмнө барилдааныхаа талаар нэг их бодоогүй. Миний нэр улаан пайз дээр бичигдвэл гоё юм даа л гэж санагдаж байлаа (Дэлхийн аварга тамирчны нэр улаан пайзад бичигддэг). Одоо бодоход Такато аваргатай Цогтбаатарынхаа зөвлөснөөр галзуу, солиотой хүн шиг дайраадюу ч хамаагүй хийгээд барилдчих байсан юм билээ. Дэлхийн аваргын медаль “халаас”-нд ороод ирчихсэн юм чинь алдах юм надад байхгүй шүү дээ. Хүлээж барилдсан маань алдаа байж.

-Та 13 жилийн турш жүдо бөхөөр хичээллэж энэ амжилтын ард гарсан талаараа хэллээ. Энэ бага хугацаа биш. Жүдо бөхийн спортод тууштай байх хөшүүрэг нь юу байв?

-Энэ хугацаанд бэлтгэл бүрийн цагаас хоцролгүй очих шалтгаан нь миний аав юм даа. Аав минь амьдралын боломжтой баян хүн биш л дээ. Гэсэн ч гадагшаа тэмцээнд явах болоход хүүгийнхээ бүх асуудлыг зохицуулчихсан л байдаг. Хүүгийнхээ төлөө гаргаж буй энэ их зүтгэлийнх нь хариуд урмыг нь хугалахгүй юм шүү гэх бодол амжилтын гол хөшүүрэг болсон юм уу даа.

Сая бага боловч баярлуулсан болов уу гэж санахаар сэтгэл дүүрэн сайхан байна. Миний аав энэ насны амьдралаа миний л төлөө зориулж яваа хүн.

-Орон орны аваргууд авхаалж самбаагаа сорьдог том наадмаас мөнгөн медаль зүүлээ. Ингэснээс та өөртөө ямар боломж нээв?

-Амьдралд маань өөрчлөлт гарлаа. Нуугаад яах вэ, би түрээсийн байранд л амьдардаг байсан. Одоо сар бүр медалийн тэтгэмж авахаар боллоо. Ар амьдрал руугаа санаа чилээлгүй зөвхөн спортдоо бүрэн анхаарлаа чиглүүлээд явах боломж нээгдлээ. Хамгийн чухал нь өөрийнхөө нөөц бололцоог мэдэрлээ. Дэлхийн шилдгүүдийн хэнтэй ч тулсан хол дутах юм надад алга. Өөртөө итгэх итгэлийг дэлхийн аварга шалгаруулах тэмцээнээс олж авлаа. Тамирчин хүний хамгийн чухал зүйл энэ байдаг. Парисын олимпийн өмнө ийм итгэлийг олж авсан нь маш сайн хэрэг. Дэлхийн аварга шалгаруулах тэмцээний шигшээ барилдаанд шалгарсан юм чинь дараагийн удаа аварга болно л гэж дайрна. Ийм амжилтын араас олимпийн наадамд яагаад финальдаж болохгүй гэж. Алдаа бүрээсээ суралцаад цааш алхана даа. Миний ард бат зогсдог багш нар, сайхан хамт олон

минь итгэж байна. Сүүлд нь онцлоход, энэ амжилтын ард том баг ажилладаг юм шүү. “Алдар” спорт хороо, Жүдо бөхийн холбооны нийт хамт олон, шигшээ

багийн багш дасгалжуулагч, цэвэр орчинд бэлтгэл хийх боломжоор хангадаг үйлчлэгч нартаа талархал илэрхийлье. Аавдаа, аавын минь найз н.Энхболд ахдаа баярлаж байна. Намайг жүдод анх хөтөлж оруулсан юм. Миний төлөө сэтгэл чилээдэг олон багш бий. Намайг дэмждэг “Талын хишиг” групп болон “Мөнхийн үсэг” компанийн хамт олонд талархъя. Та бүхний итгэлийг амжилтаараа хариулах болно.

-Ингэхэд та ямар мэргэжилтэй билээ?

-Дунд сургуулиа төгсөөд ЭЕШ өгч Монгол Улсын Их сургуулийн Физикийн ангид элсэж байлаа. Гэсэн ч бэлтгэл, хичээлийн цаг давхцаад нэгийг нь сонгох шаардлага гарсан. Ингээд спортоо сонгоод сургуулиа орхисон. Одоо би Монгол Улсын Боловсролын их сургуульд суралцдаг.

-Тамирчдын төлөөллийн тухайд байр сууриа илэрхийлэхгүй юү. Өнөөдрийн нийгэм, тэр дундаа “Gen­eration Z” гэж нэрлэгдэх залуусын талаар ямар бодолтой явдаг вэ?

-Зөвхөн залуус ч гэлтгүй нийгмээрээ шүүмжлэгчид болсон санагддаг. Бүх

зүйлийг шүүмжилнэ. Юуг ч утасны цаанаас үгийн муугаар хэлээд л хэвтэж байдаг. Орон зайдаа бага ч болов гэрэл түгээж эерэг байгаасай гэж боддог юм. Хувийн байр сууриа илэрхийлэхэд өмнөө тавьсан зорилготой түүнийхээ төлөө тэмцэж яваа хүнд бусдыг шүүмжлээд суух зав гарахгүй дээ. Өглөө сэрэхдээ л зорилгодоо хүрэхийн тулд тухайн өдөр юу хийх талаараа төлөвлөөд гарна. Юун бусдыг шүүмжлэх. Залуусыг өмнөө тавьсан зорилготой хөдөлмөрч байгаасай л гэж хүсдэг. Зарим тамирчид хүний төлөө зааланд ирчихсэн юм шиг бэлтгэл хийхдээ ялархаж байгаа харагддаг. Ийм хандлагатай бол амжилт гаргах хэцүү. Ажил дээр ч адилхан болов уу. Өөрийнхөө төлөө л ажиллаж байгаагаа ухамсарлаж, жаахан ч болов сэтгэл гаргах хэрэгтэй.

Categories
булангууд мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал шинжлэх-ухаан-технологи

Д.Дашпүрэв: Цахимжсан нийгэмд хүн өөрийгөө зөв авч явах чадварт бүх талаар суралцана DNN.mn

Монгол Улсын гавьяат багш, философийн шинжлэх ухааны доктор, профессор Д.Дашпүрэвтэй ярилцлаа.


-Бидний амьдрал цахим руу улам л гүн нэвчиж, шилжиж байна. Бидний өдөр тутам хийх үйлдэл, хэлэх үг ил тод. Хүссэн нь л бичлэг хийгээд олон нийтэд дэлгэх боломжтой болжээ. Ийм нөхцөл байдалд бид өөрийгөө хэрхэн авч явбал зохистой вэ?

-Цахим орчин гэдэг зүйл барууны орнуудад бий болоод сүүлийн 20-иод жил болсон, бараг бүх улс орон цахимжиж байна. Ялангуяа улс төрийн дэглэмээсээ хамаараад дарангуйлагчтай нийгэм, тоталитар, авторитар дэглэмтэй нийгмүүдэд цахимжилт хязгаарлагдмал. Тэдэнд дарангуйлагч бүлэглэл өөрийнхөө эрх ашгийн үүднээс цахимжилтыг өөртөө зохицуулж хийдэг. Нээлттэй нийгэм бүхий биднийхээр ардчилсан хүний эрх, эрх чөлөөг дээдэлж хүлээн зөвшөөрсөн хууль журамтай улс оронд цахимжилт өргөн дэлгэр явагдаж байна. Эрчимтэй цахимжсан нийгэмд энэ эриний хүмүүс амьдарч сурах нь гарцаагүй болоод байна.

-Цахимжилтын давуу болоод сул тал нь юу вэ?

-Цахимжсан нийгэмд сайн, саар тал хоёул бий. Хоёуланг нь жинлээд үзвэл сайн тал нь давамгай байдаг юм. Ийм орчин хууль дээдэлж, цөмөөрөө дагаж мөрддөг, тогтсон хуулийнхаа дагуу амьдардаг түүндээ дадаж заншсан нийгэм цахимжилтад зохицдог. Тэр нийгмийнхээ хууль журмын дагуу өөрийгөө авч явж сурдаг.Цахимжихаар нийгэм улам нээлттэй болж байгаа ю м . Нээлттэй болохоор бүх зүйлийг хуулиар зохицуулагдана. Илүү их нээлттэй учраас тухайн хүний ямар нэг үйлдлийг нийгэмд дэлгэх сонирхолтой байдаг юм. Тийм учраас зарим талаар болгоомжтой байхгүй бол цахим орчны хохирогч болж болно. Эерэг тал нь мэдээлэл нээлттэй, хүртээмжтэй. Хувь хүний засаг захиргаатай харилцах харилцааны хүнд суртал арилдаг. Чөлөөт сонголт бий болно. Хүн өөрөө өөрийгөө зөв авч явах чадварт бүх талаар суралцана.

-Монголчуудын цахим хэрэглээний соёл ямар түвшинд байна вэ?

-Аливааг шинээр сурч байхад болхидуу шүү дээ. Хууль нь ч нарийн дэг журамгүй. Жишээ нь хоёр найз муудаад нэгэндээ муухай үг хэлж байхад нь хэн нэгэн бичлэг хийгээд цахим орчинд “Телевизээр жигтэйхэн гоё юм яриад байсан хүн чинь амьдрал дээрээ ийм л юм байна шүү дээ” гээд л оруулчихвал тэр хүнийг гутааж байгаа юм. Тэгэхээр хүн өөрөө өөрийгөө гутаахгүйн төлөө байх ёстой болчихож байгаа юм. Хуулинд нь тодорхой заагаагүй учраас чи намайг доромжиллоо гэхэд би чиний үнэн төрхийг л харуулсан шүү дээ гэх янзтай. Тиймээс хууль тодорхой, хүн өөрийн үг, үйлдлээ ил тод байгаа гэдгийг бодох хэрэгтэй.

-Хаалттай нийгмээс шилжээд удаагүй учир болхидуу байна аа гэж үү?

-Тиймээ, 1990 оноос өмнө манай нийгэм хаалттай байлаа. 1990 оноос өмнө цөм хатуу дэг журам, хяналтан дор амьдарч байсан. Хувь хүнийг цагдан хянах яамтай байсан. Албан нэрэндээ Нийгмийг аюулаас хамгаалахын яам. Тэр нь хүмүүсийг эрх баригчдын эрхийн үүднээс хянаж цагддаг, тагнадаг байлаа. Ер нь манай нийгэм гурван хүний нэг нь НАХЯ-д матаж бичдэг тийм л нийгэм байсан шүү дээ. Тийм нийгмээс гарсан хүмүүс чинь маш бүдүүлэг байх нь аргагүй. Харин сүүлийн үед соёлжиж, шинэ ертөнцтэй танилцаж байна.

-Бүх зүйл ил тод болчихоор хэн ч дүр эсгэх боломжгүй болж байгаа юм бишүү?

-Жигтэйхэн сайхан дүр үзүүлээд цаана нь муухай байх уу. Дотоод ертөнцөө ил гаргахгүй, нээхгүй байж ч болно л доо. Гэхдээ өөрийгөө хянаж, барьж л явах шаардлага үүсэх юм.

-Хүссэн хүн бүр нь цахим орчинд оролцож байгаа учир бүх мэдээ, мэдээлэл эер эг байх боломжгүй байх…

-Тийм ээ, хичнээн гоо сайхан байлаа ч түүнд сүүдэр, дутагдал байгаа шүү дээ. Хэрэглээний хувьд бүгд л оролцож байна. Болхидуу, бүдүүлэг л хэрэглээ. Ямар ч хүнд хувийн нууц гэж байна шүү дээ. Хувийн нууцийг дэлгэх нь ихэн х хүнд тааламжгүй, харин зарим хүмүүст тааламжтай байдаг. Тиймээс цахим орчин бол үзэн ядаад, хүсч мөрөөдөөд байхаар орчин аль нь биш. Зөв ойлгож ашиглаж чадвал дэвшилттэй зүйл.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Х.Уламбаяр: Шүгэл үлээгчдээ массаараа үзэн яддаг байдал даамжирвал цаашид шүгэл үлээгчгүй болно DNN.mn

MN 25 дугаар суваг телевизийн тоймч, сэтгүүлч Х.Уламбаяртай ярилцлаа.


-Та цахим хуудастаа дуучин Вандангийн Баттулга, охин Баттулгын Дуулим нарын тоглолтын постерын талаар үзэл бодлоо илэрхийлсэн. Энэ нь нийтийг нэлээд талцуулж, шуугиан үүсгэж байна. Та яагаад энэ талаар үзэл бодлоо илэрхийлэх, шүүмжлэх болов?

-Ер нь сүүлийн хэдэн сар, жилийн хугацаанд дуучин В.Баттулга өөрийн охин Б.Дуулимтай олон нийтийн сүлжээнд зураг, дууны клипээ цацах, тоглолтын постер оруулахыг удаа дараа харж байсан. Энэ нь тухайн уран бүтээлчийн менежмэнт байх. Гэхдээ нөгөө талаас урлагт өөрийн ёс зүй гэж байх ёстой. Урьд өмнө нь зургаас нь харахад аав, охин хоёроос илүү амраг хосуудын маяг, утга агуулгатай дүр төрх харагдаж байсан. Хэл ам татлаад байгаа сүүлийн постерын зураг бол үзэл бодлоо хүчтэй илэрхийлэх гол шалтгаан боллоо. Зургийн утга санаа, менежмэнт нь аав, охин хоёрын тоглолт биш өөр ойлголт төрүүлэхээр байсан. “UFC” тулалдааны эсвэл насанд хүрэгчдийн бэлгийн эм бэлдмэлийн сурталчилгаа ч юм шиг харагдсан. Постерын дээд талд “Охин бид хоёр” гэж бичээгүй бол хэн ч ойлгохооргүй байсан шүү дээ.

-Таныг өөрийн цахим хуудаст үзэл бодлоо илэрхийлсний төлөө дуучин В.Баттулга эргээд энэ асуудалтай ямар ч холбоогүй таны ажил мэргэжил, ажлын газар, хувь хүний орон зай, нэр хүнд рүү халдаж лайваар гутаан доромжилж байсан л даа. Энэ тухай тодруулахгүй юу?

-Тийм, би тэр лайвыг яг сайн тогтож үзэж амжаагүй байна. Дуучин тоглолтоо зогсоогоод голоор нь орилж чарлаж, уурлаж үсчиж байна гэж олон хүн надад хэлсэн. Би үзэл бодлоо л илэрхийлсэн төдийд миний ажилладаг байгууллага, албан тушаал, гэр бүл огт хамаагүй. Одоог хүртэл миний утсанд хэдэн зуун чат, мессэж ирсээр байна. Өнөөдөр өглөө (өчигдөр) манай ажлын газрын хамгаалагчид “Танайд Уламбаяр гэдэг залуу ажилладаг биз дээ болгоомжтой, аятайхан яв гэж хэлээрэй” гээд явсан байна лээ. Би цахим хуудаст үзэл бодлоо илэрхийлсний төлөө аюулгүй байдалдаа санаа зовох шаардлага үүсч байгаа юм болов уу. Маргааны гол сэдэвт санаа зовохын оронд ямар ч хамааралгүй зүйлс рүү дайрч байгаа нь дуучин илүү ёс зүйгүй харагдаж байна.

Хэрэв та мартаагүй бол саяхан Хууль зүйн төрийн нарийн бичгийн дарга хошин урлагийн жүжигчдийг алиалагч гэж хэлснээрээ маргааш нь нэр бүхий жүжигчид яамны гадаа жагссан. Үндсэндээ бол нэр бүхий хүмүүсийн хүссэн шиг масс хүлээж аваагүй. Үүнтэй адил нийтийн дуучид өөрсдийнхөө болохгүй, бүтэхгүй байгаа зүйлийг дотроо ярилцдаг байгаасай гэж хүссэн. Түүнээс биш иргэн Х.Уламбаяр нийтийн дууны уран бүтээлч огт биш. Миний үнэт зүйл рүү хэт халдах нь хэр зохимжтой юм бол гэж бодож байна. Би тогоон дотор нь байдаггүй хүн болохоор ингэж хандаж байх шиг. Гэхдээ нэг сонин зүйл нь энэ постыг оруулаад 24 цаг болох гэж байна. Энэ хугацаанд над руу чат, зурвас бичиж утсаар ярьсан хүмүүс ямар ч албан ёсны нэр, зураггүй хаягууд байна. Мөн энэ хугацаанд нэг ч зохиолын дуучин, зохиолын дуутай холбоотой уран бүтээлч над руу хандаагүй. Тэгэхээр энэ маань нийтийн дууны салбар дотроо бас зөрчилдөөнтэй асуудал байсан юм болов уу гэж ойлгосон.

-Сүүлийн үед хүмүүсийн сошиал ертөнц дэх ёс зүйн тал дээр та ямар бодолтой явдаг вэ?

-Толгойтой бүр утас барьдаг гэдэг шиг л байна. Энэ нь хүн төрөлхтний жам л байх. Том, жижиггүй л ухаалаг утастай, хүссэн хүсээгүй цахим орчинд холбогдож байна. Үүнийг хатуу хуульчлах нь цаг хугацааны асуудал. Саяхан Мэдээлэл харилцаа холбооны яамтай болсон. Удахгүй энэ асуудал жигдрэх байх. Би өөрөө хэвлэл мэдээллийн байгууллагад ажилладаг. Нэг зүйл онцлоход би олон улсын тойм, хэлэлцүүлэг хөтөлж байхдаа хэн нэгний алдар нэрийг гутааж, голчилж яриагүй. Би зүгээр л өөрийнхөө хувийн орон зайд бодлоо илэрхийлсэн төдий. Миний бичсэн пост болон зураг Баттулгын Дуулим гэдэг охинд огт хандаагүй. Хэрэв буруугаар ойлгосон бол хүлцэл өчье. Харин би аавд нь энэ бол 100 хувь танд хандсан пост. Хэрвээ та ухаантай хүн бол үүнийг хоёр талаас нь эргэцүүлж хүлээж аваарай гэж хэлье.

-Хэсэг бүлэг хүмүүс аавтайгаа дуулахыг буруутгаж байна гэж ойлгож байна. Нийгмээрээ анзаардаг ч хэлдэггүй байсан асуудлыг хэлж шүгэл үлээснийхээ төлөө эргээд буруутан болох хандлага ажиглагдаж байна уу даа?

-Би аав, охин хоёр хамтдаа дуулахыг огт буруутгаагүй. Монголд төдийгүй дэлхийд ч аавтайгаа дуулаад алдар нэрд хүрсэн, амжилттай яваа уран бүтээлч олон байдаг. Гэхдээ тэдний арга барил манай хоёр гол баатрынхаас тэс өөр. Би зөвхөн үүнд л шүүмжлэлтэй хандсан. Өөрөөр хэлбэл, Б.Дуулим гэх охиныг угсаа гарал, шашин шүтлэг, арьс өнгө, ажил төрөл, ямар нэг байдлаар гутаан доромжлоогүй. Миний цахим хуудастаа оруулсан нийтлэл бол цэвэр Вандангийн Баттулга гэдэг хүнд хаягласан. Нийтийн дуутай холбоотой олон асуудал байдаг гэж сонссон. Би нэг л жишээн дээр шүгэл үлээсэн.

Аав, охин хоёрыг олон хүн үздэг, дэмждэг байж болно. Түүнийг би хүндэтгэнэ. Гэхдээ бид бодит байдлыг харах ёстой. Цахим орчноос хүүхэд залуус энэ постер, зургуудыг харж байгаа. Аав нь охинтойгоо дуулдаг сайхан дуучдыг алийг тэр гэх вэ. Гавьяат Д.Энхзул хүүтэйгээ, дуучин Э.Чулуунчимэг ч охинтойгоо дуулж л байдаг. Аав, ээжийн, үр хүүхдийн гээд хорвоогийн сайхан зүйлсийг харуулдаг. Харин энэ аав, охин хоёр хайрын, амраг сэтгэлийн, хаягдсан, салалтын гэх мэт утга агуулгатай дуу дуулдаг. Б.Дуулим охиныг би өсвөр насны охин гэж ойлгож байгаа. Хичээл сургуульдаа сурч, хүүхэд байх ёстой үедээ орон нутгаар тоглолт хийж, ийм утга агуулгатай дууг аавтайгаа дуулаад явах нь зөв ч юм уу, буруу ч юм уу. Хүүхдийг хүүхдээр нь байлгамаар байна л гэж хүсч байна. Би өөрөө ч охинтой хүн. Шилжилтийн энэ эмзэг үе дээр нь л ойлгож сонсдог, анхаарч төлөвшүүлэх нь үр хүүхэд, улс орныхоо ирээдүйд оруулж байгаа маш том хөрөнгө оруулалт.

-Нэг жишээн дээр шүгэл үлээснээр эргээд өөрөө буруутан болдог байдал олон давтагдвал нийгэмд шүгэл үлээх зоригтой хүн цөөрөх эрсдэлтэй болов уу?

-Улсын Их хурал, Байнгын хороогоор шүгэл үлээгчийн эрх зүйн байдлын тухай хуулийн төслийг хэлэлцэж байгаа. Шүгэл үлээнэ гэдэг хэн нэгний мууг үзэхдээ бус нийгмийн сайн сайхны төлөө хийж байгаа зүйл. Шүгэл үлээгчдээ массаараа үзэн яддаг байдал даамжирвал цаашид шүгэл үлээгчгүй болно. Энэ нь эргээд нийгэмдээ маш хортой

Categories
арын-нүүр булангууд мэдээ

СОНИНЫ АРЫН НҮҮР: Ингэний хоормогт элдэв өвчнөөс сэргийлэх бичил биетэн агуулагддаг DNN.mn

Хоормог нь шим тэжээл, эмчилгээ сувиллын чанараараа хосгүй бөгөөд альбулин, глобулин гэх бөмбөлөг уургуудаас зонхилон бүтдэг. Тиймээс исэж бүрэлдэхдээ нягт тунаж шар сүү ялгаруулдаггүй нэгэн жигд маш өвөрмөц шинжтэй бүрэлдэлт үүсгэдэг сүү юм.

Хоормог нь гүүний айрагтай харьцуулахад хавьгүй өтгөн боловч хөөсөрч шуугьсан, тагнайд ууссан, исгэлэн сайхан амттай, уруул чимчигнүүлж, хамар цоргиулдаг их хийжилттэй ундаа болдог. Ингэний сүү нь хоол боловсруулах эрхтэний үйл ажиллагааг сэргээн идэвхжүүлж, тамир тэнхээ нэмж, дархлааг сайжруулдаг төдийгүй элэг, цөс, бөөрний архаг өвчнүүдийг анагаан эмчилдэг шидтэй. Ялангуяа дотор усан хаванг маш хялбар хөөж, зүрх, судасны үйл ажиллагааг идэвхжүүлдэг.

Хүний бие махбодын бодисын солилцоог асар ихээр эрчимжүүлж, маш хялбар шингэдэг учир түүнийг хүссэн хэмжээгээрээ буюу их хэмжээгээр ууж болдог цорын ганц ундаа юм. Зүрх, судасны үйл ажиллагаанд эерэг нөлөө үзүүлэн цусны даралтыг буулгаж, улмаар хэвшүүлдэг эмчилгээ сувиллын ач холбогдолтой.

Ингэний хоормогийг хоол боловсруулах эрхтэн буюу элэг, цөс, ходоод, гэдэс зонхилох төрлийн өвчлөлд сувиллын болон урьдчилан сэргийлэх зориулалтаар хэрэглэнэ. Учир нь ходоодны шүүрлийн булчирхайн үйл ажиллагааг эрчимжүүлэх, гэдэсний хэвийн үйл ажиллагааг дэмжих, бодисын солилцоог сайжруулдаг. Мөн жирэмсэн эхчүүдийн хаванг хөөх нэн тустай.

Хүний биед шингэхдээ хялбар, хоол боловсруулах эрхтний үйл ажиллагааг хөнгөвчилнө. Хамгийн гол нь хүний биеийн элдэв өвчнөөс сэргийлэх бичил биетэн агуулж байдаг онцлогтой. Эдгээр бичил биетэн нь хүний биед гаднаас орох хортой болон өвчин үүсгэх бичил биетэнтэй тэмцэж тэдгээрийг устгаж байдаг. Ялангуяа ханиад томууны улиралд орой бүр 200 гр хоормог бүлээсгэж уувал дархлаа сэргээх эмгүй эмчилгээ болно.

Categories
мэдээ утга-зоxиол

КИНО ШҮҮМЖ: “Гадны нөлөөгүй” DNN.mn

Найруулагч Д.Галбаярын бүтээл “Гадны нөлөөгүй” УСК нь нийтийн сууцны орцонд амь үрэгдсэн залуугийн шүүх эмнэлгийн “Гадны нөлөөгүй” гэх дүгнэлттэй хэргийн эргэн тойрон дахь хүмүүсийн талаар гэмт хэргийн трейлер кино юм.

Бүтэн хоёр цаг үргэлжлэх эл киноны найруулгын ур чадвар, уран сайхны мэдрэмж дүй дутагдалтай байгаагийн хамгийн энгийн илрэл нь үзэгчдийн уйдалт. Эхлэл хэсгээсээ сунжирч, үзэгчдийг уйдааж байв.

Мөн эхлэл хэсэгт хэлсэн шиг “Гадны нөлөөгүй” гэж хаасан гэмт хэргийн талаар л өгүүлэх юм байна гэтэл бас үгүй. Гэмт хэрэгт, нууцлаг жанрын уран бүтээл туурвих гэж байгаа бол найруулагч болон кино багийнханд амаргүй ч Оскарын шагналт “Mystic River” (2003) уран бүтээлд суурилан хийсэн тул илүү сайн ажиллаж шинийг эрэлхийлэх, баяжуулах боломж байсан гэж харж байна.

Дүрүүдийн хувьд оюун сэтгэхүйн далд бэрхшээлийг манайхан дандаа гадаад үзэмжийн гажиг согогоор ялгаварлан дүрсэлдэг нь энэ удаад махлаг жүжигчинг сонгосноос харж болно. Жүжигчний гүйцэтгэл тун дажгүй ч зохиолд уг дүрийг дүрслэхдээ хангалттай сайн тодорхойлоогүй юм болов уу. Сэтгэн бодох чадваргүй хүн юм уу, аутизмтай ч юм уу яг ямар гэдэг нь тодорхойгүй. Харин эрэн сурвалжлах сэтгүүлчийн дүрд илүү логик сэтгэлгээ дутагдсан.

Бүх дүр хоорондоо ах дүү, амраг садан, анд нөхөд, унаган багын найз гээд гурвалжин дөрвөлжин ажил амины холбоотой нь энэ кино Улаанбаатар хотод биш, хөдөө нэг уулын аманд өрнөж байгаа мэт. Хүүгээ алдсан эцгийн дүр болон уг дүрийг бүтээсэн жүжигчний тоглолтууд хангалттай сайн байсан гэж бодож байна. Уг дүрийн мэргэжлийг үйл явдлын өрнөлд бага зэрэг холбож өгөх санаа цухуйсан нь зөв байсан ч санаагаа дутуу ашигласан санагдсан.

Дүрүүдийн холбооны талаар өнгөрсөн цагийн дурсамжит үзэгдлээр уйгагүй харуулж байлаа.

Харилцан яриа болоод жүжиглэлт тал дээр ажиглагдсан нэг зүйл нь хэтрүүлэн жүжиглэлт. Жүжиглэж байгаа гэдэг нь хэтэрхий ил тод, хэтэрхий үнэмшилгүй санагдах сценүүд нэг бус удаа ажиглагдсан юм.

Зураг авалт зарим камерын хөдөлгөөн болон шилжилтүүд дотоодын кинонуудад төдий л анзаарагддаггүй сонирхолтой элементүүд байлаа.

Үлгэрлэл авсан нь илт санагдах гадны алдартай бүтээлүүдээсээ хангалттай ялгардаггүй, өөрийн гэсэн өвөрмөц санаагүй зохиол, үйл явдал.

Өрнөл хэсэг хэргийг олон тийш нь хазайлгасан, сонирхолтой таамгуудыг дэвшүүлсэн, үзэгчдийг төдий л уйдаахааргүй боломжийн хэмнэлтэй байж чадлаа. Гэхдээ л гэмт хэрэг, цагдаагийн мөрдлөг зэргийг хэтэрхий хөнгөн хийсвэрээр харуулсан нь судалгаа дутуу хийсний илрэл гэлтэй. Монгол кинонуудад цагдаа, эсвэл тагнуулын байгууллагуудын хэрэг дээр ажиллах чадвар, мөрдлөгийн ажиллагаа, энэ хоорондох үйл явцыг дэндүү сул харуулдаг.

Төгсгөлийн хэсэгт үзэгчдийг төөрүүлж, гайхшируулах зорилго бүхий үйл явдлын эргэлтүүд хэд хэд байсан нь сонирхолтой гэхээс илүү хүчилсэн шинжтэй шийдлүүд байсан нь залхааж орхив. Мөн эдгээр эргэлтийн шийдвэрүүд нь эргээд киноныхоо нийт зохиолд логикийн алдаа бүхий хэд хэдэн нүхийг ухсан нь харамсалтай байлаа. Ерөнхийдөө л төгсгөлийн шийдлүүд киногоо тэр чигт нь балласан гэхэд буруудахгүй.