Categories
мэдээ соёл-урлаг энтертаймент-ертөнц

Ж.Сэнгэдорж: Пробонд орж ирэхдээ л Баярцэцэгийн асуултын тэмдэг шиг нүд таалагдсан || DNN.mn

Найруулагч Ж.Сэнгэдоржтой ярилцлаа.


-Таны “Худалдагч охин” УСК Олон улсын Азийн шилдэг бүтээл болж, шилдэг гол дүрийн жүжигчний шагналыг ч хүртлээ. Таны сэтгэгдлээс ярилцлагаа эхэлье?

-Үнэхээр гайхалтай, яагаад гайхалтай вэ гэхээр миний цөөнгүй кино гадны фестивальд оролцож, шилдэгт тунаж байсан. 12 жилийн өмнө “Адам”, дараа нь “Цагаан хадаг” УСК ч бас шилдэгт шалгарч байлаа. Энэ нь чамлахааргүй амжилт ч гэлээ шагналт байранд орж байсангүй. Энэ удаад шилдэг 15-т орж, тэр дундаа “Шилдэг гол дүрийн жүжигчин” шагналыг авсандаа их баяртай байна.

-Киноны ажил эхлэхээс л олон улсын кино фестивалийг онилж байв уу?

-Тэгсэн, хүмүүс ихэвчлэн энэ кино маань сайн болохоор гадны фестивальд оролцоно гэж боддог. Гэвч кино наадамд, олон улсад зориулж өргөн өнцгийг харуулж кино хийдэг. Дэлхийн хэмжээний жанр, хүн төрөлхтний асуудлыг сонгодог. Монголд л байдаг үйл явдал, сэдвийг сонговол Монголдоо л үлдэнэ гэсэн үг.

-Киноны ажил хэзээнээс эхэлсэн бэ?

-“Худалдагч охин” бол бодож явдаг маш олон санааны маань нэг л дээ. 2017 оны үед бид яагаад насанд хүрэгчдийн дэлгүүрийг (Sex shop) байж боломгүй, харь гаригийн өнцгөөс хүлээж авдаг юм бол. Гадны оронд энэ бол зүгээр л супермаркет шүү дээ. Нийгэм нь дасан зохицчихож, харин манайх чинь ардчилал руу алхаад 30 жил л болох гэж байна гээд бодож байсан юм. Энэ нь нийгмийн алхааны л хурд, аяндаа дэлхийн орчин цагийн хөгжилтэй зэрэгцээд л ирнэ. Хамгийн гол нь хүмүүсийн секст хандах хандлага нь их эмзэг туссан юм. Секс гэдэг нь нийгэмд тулгамдаад буй гэр бүлийн салалт, хүчирхийлэлд чухал нөлөөтэй. Хайранд сексийн оролцоо маш их байдаг. Бид хайр, бэлгийн харилцааны тухай ярихаас ичдэг учраас дуугарах ёстой л өнцөг гэж харсан юм. Зохиолоо 2020 онд бичиж, зураг авалтаа 2021 онд хийсэн.

-Гол дүрээ хэрхэн сонгов?

-“Худалдагч охин” УСК Саруул, Катя гэсэн хоёр гол дүртэй, гол дүрийн охин Саруулыг сонирхолтой, тэс өөр ертөнц байгаасай гэж хүссэн. Гол дүрийн жүжигчин Б.Баярцэцэг 300-аад охиноос шалгарсан. Б.Баярцэцэг амьдрал дээр маш нээлттэй охин, харин кинон дээр маш хаалттай охины дүр бүтээсэн. Пробонд орж ирэхдээ л асуултын тэмдэг шиг нүд нь таалагдсан. Катя буюу насан хүрэгчдийн дэлгүүрийн эзний дүрийг жүжигчин О.Энхтуул эгч бүтээсэн. Балетчин, амьдралыг олон өнгөөр хардаг ганц бие бүсгүйн дүрийг бүтээх жүжигчинг нэлээд хайсан. Жүжигчид зохиолоо уншаад л “Би чинь сексшофийн эзэн авгай юм байна” гэж бодоод эмээж байсан. Тэгээд манай киноны хоёрдугаар найруулагч Номунзул Герман руу О.Энхтуул эгчтэй холбогдож зохиолоо явуултал маргааш нь шууд л “Би энэ кинонд тоглох хүн байна” гэж хэлсэн. Би гайхаж, баярласан, О.Энхтуул эгч хатуу хөл хорионы үед эрсдэлтэй алхам хийж Монголдоо ирж зурганд орсон.

-Үзэгчид таны төсөөллөөс ямраар хүлээж авсан бэ?

-Энэ киног нээхэд л айж байсан. Гэтэл анхны үзэгчид маш сайхнаар хүлээж авсан, бид үзэгчдээ басамжилж болохгүй, залуусын сэтгэлгээ, хандлага шал өөр болсныг ойлгосон. Киноны сэтгэгдэл, шүүмжийг дандаа залуучууд бичиж байсан, миний үеийн кино шүүмжлэгчид таг (инээв).

No description available.

-Таны кинонууд ихэвчлэн эмэгтэй хүнтэй холбоотой байх юм. Та ер нь эмэгтэй хүний дотоод, гадаад ертөнцийг харуулахыг зорьдог юм уу, найруулагч аа?

-Ер нь би их гоо зүй хардаг, мэдэрдэг найруулагч. Хар нялхаасаа урлагийн хаяанд тонгочиж өссөн юм болохоор ч тэр юм уу. Гоо зүйн туйл бол эмэгтэй хүн л гэж бодож, биширдэг. Гоо зүй гэхээр л эмэгтэй хүн рүү орчихоод байдаг юм (инээв). Мөн Б.Навчаа, Д.Пүрэвсүрэн, Г.Анхмаа гээд эмэгтэй продюсерүүдтэй их ажилласан. Тэдний ертөнцийг гаргахын тулд энэ тал руу орсон ч байж магадгүй юм. Эмэгтэй хүн өөрөө судлаад баршгүй агуу ертөнц, цаашид ч эмэгтэй хүнийг судалсаар, үзүүлсээр байх болно. Зарим хүмүүс “Сэнгээ дандаа эмэгтэй хүнийг нүцгэлж байх юм” гэдэг. Гэхдээ би тэр хүний дотоод ертөнцийг гаргахын тулд нүцгэлж, үсийг нь хайчлуулж ер нь яаж ч магадгүй. Эмэгтэй хүний гоо зүй гэдэг чинь төгс харагдахдаа биш байхгүй юу. Эмэгтэй хүний гоо сайхан байхгүй болох тусам цухуйж байгаа зүйл нь гоо зүй. Багшийн хэлдгээр “Сайхныг үзүүлэх гэж байвал муухай үзүүл. Муухайг үзүүлэх гэж байвал сайхныг үзүүл” гэдэг нь шүү дээ.

-“Худалдагч охин” кинонд Саруул, Катя хоёр нэг хүн юм шиг санагдсан. Та юу гэж бодож найруулсан бэ?

-Тийм, маш сайн олж харсан байна шүү. Энэ зохиолыг арзайсан үстэй, царай муутай нэг л хүн бичиж байгаа шүү дээ, би. Саруул гэдэг чинь миний бага нас, эмэгтэй л болохоос. Би багадаа бүрэг яг л Саруул шиг хүүхэд байсан. Харин би 60 нас руу дөхөхөөр яг Катя авгай шиг егзгөр, амьдрал мэддэг ч юм шиг, үгүй ч юм шиг, амьдралын философийг өргөн хардаг өвгөн болно.

-Амьдралд их хялбар, хөнгөн ханддаг юм шиг харагдсан. Та одоо хэр “Easy” амьдардаг вэ?

-Яг зөв, хүн амьдралыг хөнгөн, амархнаар харвал амьдрал тийм л байна. Зовлонг хараад л байвал зовлонтой л амьдарна энэ чинь үйлийн үрийн философи.

-Нохойн дээр бэлгийн харилцаа, мэдрэмж бол амьд бодгаль бүрийн амьдралын салшгүй хэсэг гэдгийг харуулахыг зорьсон юм уу?

-Нохойг хүмүүс огт асуудаггүй, харин чи асуучихлаа (инээв). Амьтан бол амьтан гээд хаяж болохгүй. Секс орчлонгийн амьд бүхэнд хамаатай, амьд бүх юмны тухай л харуулах гээд байгаа юм. Кинонд Саруулын найз залуу гээд нэр ч үгүй, утсаа маажихаас өөр юм хийдэггүй залуу гардаг. Албаар нэр өгөөгүй юм. Тэр бол оршин тогтноод ч байгаа юм уу, үгүй ч юм уу, утсаа шагайсан, бүлт үсэрсэн, эцэг эхийнхээ ивээл дор амьдардаг залуу. Тэр мөрөөрөө амьдрахгүй, ойр байгаа амьд биет бүхэнд нөлөөлж байгаа нь хамгийн аймшигтай. Дэлхийгээр дүүрэн ийм хүн байна, бүгд утсаа шагайж түүний хажууд амьд юу байх нь үл хамаатай болжээ. Тийм хүний хажууд байгаа амьтан хүртэл гунигтай, мэдрэмжгүй болж байна. Саруул “Чиний нохой нохой шиг биш байна, жинхэнэ нохой гэдэг чинь тэр байна” гээд хөөцөлдөж тоглож байгаа ноход руу заадаг. Үүгээрээ бид бодит биш амьдарч, амьтаныг ч амьтан биш болгож байна гэдгийг л харуулсан.

-“Банана”, “Катя” гээр гарчиг өгч, тод неон гэрлүүдийг оруулсан байсан. Энэ нь үзэгчидтэйгээ илүү наалдацтай болгож буй хэлбэр үү?

-Гарчиг биш дүрийн тодотгол гэж хэлж болно. “Хүн хэлэхээс нааш, цаас чичихээс нааш” гэдэг дээ. Яг одоогийн хүүхдүүдэд, залууст зоож, хэлж өгч байгаа юм. Хуучинд бид тэр дүрийг хайж, ухаж бодож ойлгодог байлаа. Одоо бол “Энийг ойлгоод өгөөч” л гэж байгаа юм. Гэрлийн хувьд бид энгийн биш, тод өнгөтэй л юм хардаг болсон шүү дээ. Хүний анхаарлыг татах арга гэх юм уу.

-Дууны сонголтод их анхаарсан юм шиг байсан…

-Тийм ээ, энэ киноны хөгжмийг өмнөх кинонуудаас өөр илүү амьдралтай ойр байлгахыг хичээсэн. Би ихэнхдээ киноныхоо хөгжмийг сонсоод зохиолоо бичдэг. “Магналион”, “The Colors” хамтлагийн хөгжмийг сонсож байгаад “Худалдагч охин”-ы зохиолыг бичсэн.

-Таны “Амрагууд” киноны гол дүрийн эмэгтэй зураач, “Гэргий” киноны гол дүр дүрслэх урлагийн багш, “Худалдагч охин”-ы гол дүр бас зурах дуртай. Та зураач бүсгүйчүүдийг их чухалчилдаг бололтой?

-Яагаад ч юм зураач эмэгтэй л болчихоод байдаг юм. Би өөрөө зургийн ямар ч авьяасгүй, гэхдээ орчин үеийн галлериаг шимтэж үзэх маш дуртай. Үнэндээ уран бүтээлээ туурвихын тулд, өөрийгөө илэрхийлэхийн тулд ганцхан өөрөөс нь шалтгаалдаг хүмүүст байнга атаархаж явдаг. Зураачид зотон, будаг нь байхад л өөрийгөө илэрхийлчихнэ. Харин миний кино урлаг түмэн юмнаас хамааралтай. Өөрийгөө илэрхийлэхийн тул 40, 50 хүнтэй ажиллах шаардлагатай болно. Өөрийгөө илэрхийлэх гэж түмэн хүнтэй ажиллаж байгаад сүүлдээ өөрийгөө алдаад дуусдаг (инээв). Залуу байхад тэгдэг л байлаа шүү дээ. Зураачдын ертөнцийг мэдрэхийн тулд л зураач сонгочихдог байх.

-Таны хүүхдүүд урлаг сонирхож байна уу?

-Гэргий маань бүжигчин, хүүхдүүд урлаг сонирхвол сонирхох л байх. Гэхдээ өөрсдөө л сонгоно доо, сонгочихдог л юм байна (инээв). Аав, ах бид хоёрт урлагийг огт санал болгоогүй, бид өөрөө л орсон.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

М.Батболд: Үнэндээ аав минь “Чадахгүй бол урлагаас холд” гэж байсан л даа || DNN.mn

“Альфа” театр, “Орфей” театрын ерөнхий найруулагч, Монгол Улсын соёлын тэргүүний ажилтан М.Батболдтой ярилцлаа.


-“Мөнгөн мод”-2021 наадмын шилдэг найруулагчаар шалгарсан танд баяр хүргэе.

-Баярлалаа, “Мөнгөн мод” хэмээх нэр хүндтэй шагналын эзэн болсондоо баяртай байна, урам зориг, хүч өглөө. Энэ шагналд нэр дэвшинэ гэдэг нь нэр хүндтэй асуудал, шалгарсан гэдгээ мэдээгүй байлаа. Гэхдээ өөртөө итгэлтэй байсан.

-“Гэм зэм” постдрамын жүжиг хоёр дахь ээлж нь тоглож дууслаа. Та өөрийн бодож, төлөвлөж, төсөөлж байсан шигээ ажиллаж чадав уу?

-“Гэм зэм” миний тархинд ургаснаасаа ч илүү байлаа. Тайзан дээр миний төсөөлөл, хүлээлтийг давж байна.

-Эхний өдөрт жүжгээ үзэхэд ямар байсан бэ?

-Эхний тоглолтууд тэр чигтээ түгшүүр, айдас, бие, сэтгэлээ барьж ядаастай байсан. Дараагийн тоглолтуудаас сайжирч эхэлсэн.

-Эхний үзэгчид танд ямар сэтгэгдэл хэлж байв?

-Эхний тоглолтоос эхлээд л үзэгчид “Сайн болсон, сайхан байсан, үнэхээр гоё байлаа, бага зэргийн урт байна” гэж хэлсэн. Тоглолтоос тоглолтын явц дахь ритм шахагдаж, хурдаа нэмсэн. Ингэснээр жүжиг хурдтай, илүү сонирхолтой болсон.

-Таны аав Ардын жүжигчин Б.Мягмарнаранг ард түмэн андахгүй. Жүжгийг тань үзээд юу гэж хэлсэн бэ?

-Аавд их таалагдсан. Жүжигчидтэй ажиллах ажиллагаан дээр хэд хэдэн анхааруулга өгсөн. Тэдгээр анхааруулгуудыг зассанаар аавын зөвлөгөө хамгийн оновчтой байсан гэдэг нь шууд харагдсан.

-Яагаад “Гэм зэм” романыг жүжиг болгож тавьсан юм?

-Олон нөхцөл, шалтгаанууд бий. Нэгдүгээрт, би өөрөө сэтгэцийн эмч мэргэжилтэй, “Гэм зэм” сэтгэл зүйн шинжлэх ухаанд суурилсан роман. Хоёдугаарт, Ф.М Достоевский мэндэлсний 200 жилийн ой, Монгол Улс болон ОХУ-ын хооронд дипломат харилцаа тогтоосны 100 жилийн ойг тохиолдуулан энэхүү бүтээлийг Оросын шинжлэх ухаан, соёлын төвөөс дэмжиж, хамтарч театр байгуулж жүжгийг тавилаа. Ф.М.Достоевскийн бүтээл Монголд анх удаа тавигдаж байна.

-Монгол үзэгчдийг хүлээж авч чадахгүй байхвий гэх айдас байсан уу?

-Анх “Фауст”-ыг тавьж байхад монгол үзэгчид шинэ театрыг хүлээж авч, ойлгох болов уу гэсэн айдас байсан л даа. Харин тэр айдсыг давж, үзэгчид маш хүчтэй хүлээж авсан. Тэр нь надад их урам зориг өгсөн.

-Сэтгэцийн эмч мэргэжлийнхээ үр шимийг өөр дээрээ яаж мэдрэв?

-Алхам тутамдаа үр шимийг нь мэдэрдэг. Хүмүүстэй харилцах, ойлголцох гээд өдөр тутам, цаг тутамд мэргэжил маань надад тусалдаг. Би өөрийгөө таньж мэдэх, ухаж ойлгох, өөртэйгөө ажиллахад хэрэг болдог.

-Яагаад сэтгэцийн эмчийн ажлаа орхиж урлаг руу орохоор болов?

-Дуртай л байхгүй юу, багаасаа театрт дурлачихсан. “Насан туршдаа харамсахгүйгээр хийх, хүссэн ажил маань юу байж болох вэ” гэж өөрөөсөө асуугаад хариулт нь яалт ч үгүй театр байсан.

-Таныг эмчийн ажлаа орхиход гэр бүлийнхэн нь юу гэж байсан бэ, ялангуяа аав нь?

-Маш их загнасан, уурлаж эсэргүүцсэн. Одоо л хүлээн зөвшөөрч байна. Аав огт дэмжээгүй “Би чамайг дэмжихгүй, урлагт арын хаалга гэж байдаггүй юм. Чи өөрөө өөрийнхөө хүчээр гарч ирж чадвал чад, чадахгүй бол тэр чигээрээ урлагаас холд” гэж хэлсэн. Яг үнэндээ ямар ч дэмжлэггүй, өөрийнхөө хүчээр зүтгэсэн дээ.

-“Гэм зэм” романыг тайзнаа тавихын хамгийн гол зорилго юу вэ?

-Энэ агуу зохиол, агуу философийг олон залууст хүргэхийг хүссэн. Орчин үеийн театр олон хүмүүсийг өөрчлөх зорилготой.

-“Гэм зэм”-ээс хүмүүс юуг ойлгож авах вэ?

-Хүмүүс нигүүлсэнгүй сэтгэл, нигүүлсэл гэж юу юм бэ гэдгийг ойлгох ёстой.

-Тэгвэл нигүүлсэл гэж юу юм бэ?

-Ерөөсөө л хайр, хайр байж нигүүлсэл байна. Хайр, нигүүлсэл хоёр байж хүн аз жаргалтай амьдарна. Хэцүү бүхнийг даван туулах цорын ганц зүйл бол хайр, нигүүлсэл юм.

-Анх “Гэм зэм”-ийг хэзээ уншиж байв?

-Сурагч байхдаа уншсан ч ойлгоогүй (инээв).

-Зохиолтойгоо хэрхэн ажилладаг вэ?

-Маш их судална. Зохиол судлахад сэтгэцийн эмч мэргэжил маань их хэрэг болдог. Зохиолыг ул үндэстэй, гүнзгий судалж чаддаг гэж өөрийгөө тоодог.

-Дараагийн зорилго ямар жүжиг вэ?

-“Мастер Маргарита хоёр” есдүгээр сарын аравдаар тавигдаж эхэлнэ, судалгааны үе шатандаа явж байна. Нэг жүжгийг тавихад жүжигчидтэйгээ зургаан сар ажилладаг.

-Тэгвэл таны толилуулах мөрөөдлийн жүжиг юу вэ?

-Уильям Шекспир.

-Мөрөөдөл, зорилго хоёр хэр ойр орших уу, таны?

-Миний зорилго, мөрөөдөл хоёр хол биш, ойр биш, нэг.

-Одоо бодоход сэтгэцийн эмч, найруулагч хоёр хол ялгаатай юм байна уу?

-Ялгаагүй юм байна. Сэтгэцийн эмч хүнийг нэг нэгээр нь эмчилдэг бол найруулагч заалаар нь нөлөөлж, эмчилж, ажилладаг юм байна.

-Сэтгэцийн эмч биш бол…

-Сэтгэцийн эмч болоогүй бол сайн найруулагч болж чадахгүй байсан байх.

-Сайн найруулагч бэлтгэхэд юу чухал юм бол?

-Маш их судалгаа, хөдөлмөр, хичээл зүтгэл, сургалт, өгөгдөл бүх юм чухал.

-Таны хувьд Монголд хамгийн сайн найруулагч хэн байна?

-Гүрсэдийн Доржсамбуу гуай болон олон сайн найруулагч байна даа.

-Таны бодлоор Монголын театрын хөгжил хэр түвшинд явж байна?

-Монголын театр маш хоцрогдмол түвшинд явж байна. Өөрийгөө үүнийг арилгахын төлөө тэмцэж байгаа гэж ойлгодог.

-Театрын хөгжлийг ахиулах, урагшлуулахын тулд юу үгүйлэгдэж байна?

-Урагшлуулахын тулд маш их ажиллах л ёстой юм шиг санагдаж байна даа.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Б.Анужин: 21 насандаа мөрөөдлийнхөө эхний шатанд хүрсэн гэж боддог || DNN.mn

“The Voice of Mon­golia” шоуны шилдэг оролцогч,“B” продакшны уран бүтээлч Б. Анужинтай ярилцлаа.


-Шинэ цомгоо өлгийдөн авсанд нь баяр хүргэе. Цомог бэлэн болоход багагүй хугацаа зарцуулав уу?

-Өнгөрсөн оны аравдугаар сараас цомгийн ажилдаа орж, Сингапурт дууныхаа микс мастерыг хийлгэлээ. Хөл хорионы үеэр цомгийн ажил минь эхэлсэн учраас өдөр бүр студидээ бэлтгэлээ хийх шаардлагатай учраас алхаад л очдог байсан. Төрийн соёрхолт дуучин, продюсер Д.Болд ахтайгаа найман дуутай цомог хийхээр төлөвлөсөн хэдий ч найм дахь дуугаа хоёр дахь цомог руугаа шилжүүлж долоон дуу, хоёр клиптэй анхны бие даасан цомгоо гаргалаа. Хоёр дахь цомгийн маань ажлын төлөвлөгөө гарч байна. Би Royal academy-д бизнесийн удирдлагаар суралцдаг. Энэ жил төгсөх ангийн оюутан учир эхлээд сургуулиа төгсчихөөд дараагийн цомгийн ажилдаа бүрэн шамдана гэсэн бодолтой байна. 21 насандаа мөрөөдлийнхөө эхний шатандаа хүрлээ гэж бодож байна даа.

-Багаасаа дуулах сонирхолтой байв уу?

-Би багадаа их бүрэг, ичимхий хүүхэд байсан. Арван жилд надад таньдаг хүүхэд байгаагүй, намайг ч таньдаг хүүхэд байдаггүй тийм л бүрэг дуугүй хүүхэд байсан. Тийм учраас ээж, аав хоёр минь намайг хөгжүүлэхийн тулд “Хүүхдийн ордон”-ы С.Ганчимэг хэмээх мундаг багшид шавиар оруулсан. Багш маань олон сайн дуучдыг төрүүлсэн, одоо ч “Хүүхдийн ордон”-д ажиллаж байна. Ингээд би гэдэг хүн “Хүүхдийн ордон”-д явснаар илүү задарч, ядаж л хүний өөдөөс харж ярьж чаддаг болсон шүү дээ. Дуулах сонирхол минь ч нээгдсэн гэж боддог.

-Танай гэр бүлд урлагийн хүн бий юү. Аав, ээж нь ямар ажил эрхэлдэг вэ?

-Манай аав, ээж хувиараа бизнесэр хэлдэг. Миний дуулах хүслийг бүрэн дүүрэн

дэмжиж, ар талд минь бат зогсож, намайг дэмждэг хүмүүс бол гэр бүл минь.

-Хамгийн анхны тэмцээн чинь “Усан шоо” байсан гэсэн үү?

-Тиймээ. Монголд “Дорнын уянга” хятад дууны тэмцээнд түрүүлж Бээжингийн олон улсын тэмцээн буюу монголчилбол “Усан шоо” тэмцээнд явж байсан. Тухайн үед олон улс орноос дуучид ирж оролцож байсан л даа. Миний хувьд шилдэг 15-д багтсан. Өмнө нь Монгол оролцогчдоос шилдэг 15-д багтсан хүн байдаггүй юм билээ.

-Мальдивд аялах үеэрээ 2023 онд Итали улсад болох нэгэн тоглолтод оролцох санал авсан гэж сонссон. Энэ талаараа тодруулаач?

-Роберто гэх хөгжмийн зохиолч залуу Италийн “Ромео” 2023 оны тоглолтод оролцооч хэмээн урьсан юм. Энэ тоглолтод оролцох гээд бэлтгэлээ хангаж байна.

-“The Voice of Mongolia” өөрийг чинь нээсэн, олон нийтэд таниулсан тэмцээн гэж ойлгодог.

-Тэгэлгүй яахав. “The Voice of Mongolia” тэмцээн бол миний хувьд хамгийн гайхалтай, надад маш том шагнал авчирсан гэж хардаг. Энэ тэмцээнд оролцсоноор миний амьдрал бүрэн өөрчлөгдсөн. Маш сайн бодож, төлөвлөж, бэлдэж байгаад энэ тэмцээндээ оролцсон доо.

-“The Voice of Mongolia” шоуны хоёрдугаар шатнаас хойших оролцогчийн хувцаслалт, нүүр будалт, үс засалт их тансаг байдаг шүү дээ.

-Тийм ээ. Бидний нүүр будалт, үс засалт, хувцаслалт гээд тайзан дээр уран бүтээлч хүн хэрхэн гоё сайхан харагдах тал дээр көүч болон телевиз маань бүрэн хариуцаж ажилладаг.

1 хүн-н ойртуулж авсан зураг байж магадгүй

-Та “UBS”телевизийн “Universe best songs-2017” тэмцээний Гран при шагналын эзэн. “The Voice of Mongolia”шоунд оролцохдоо өөртөө хэр итгэлтэй байв?

– Аливаа уралдаан тэмцээнд оролцохдоо хүн бүр л би чадна гэж зорьж оролцдог шүү дээ. Үүнтэй л адил би чадна аа гээд л оролцсон.

-Энэ шоунд оролцоод олон найзтай, мөн олон өрсөлдөгчтэй ч болов уу?

-Нөхөрсөг өрсөлдөөн гэж ярих нь зөв болов уу. Би олон найзтай. “The voice of Mongo­lia” тэмцээнд оролцсоныхоо дараа мөн л олон хүнтэй найзалж нөхөрлөсөн.

-Таны хувьд “B” продакшн-д хамрагддаг залуу уран бүтээлч. Бэлтгэл сургуулилтад хэр цаг зав зарцуулж байна?

– Байнгын бэлтгэлтэй байхыг Д.Болд ах маань зөвлөдөг. Одоогоор би төгсөх ангиийн оюутан учраас ойлгож авч үзэж байна л даа. Захирлынхаа үг, үйлдэл бүрээс эхлээд залуу артистууд бүгд суралцаж явдаг.

No description available.

-“Нийслэл хүүхэн” кинонд таны дуулсан “Хөдөөгийн сайхан талд зорино” дуу эгшиглэдэг. Энэ дуугаа киноны дуу болсноо мэдээгүй байсан гэсэн үү?

-Мэдээгүй байсан. Энэ киноны дуугаар эгшиглэж байгаа нь үнэхээр гоё санагдсан. Ингээд энэхүү дуу маань хит болж, олон хүн намайг мэддэг, сонсдог болсон байна лээ. “Хөдөөгийн сайхан талд зорино” дуугаа шоунд оролцож байхдаа өөрчилж дуулсан болохоор “Монгол HD” телевизийн өмч.

Categories
мэдээ энтертаймент-ертөнц

С.Нинжин: Өмнөд Монголоос “Таны тоглолтыг зохион байгуулмаар байна” хэмээх санал ирсэн || DNN.mn

МУСТА дуучин С.Нинжинтэй ярилцлаа.


-Сүүлд “Малчин түмний мэнд” тоглолтоо зохион байгуулав уу?

-Тийм ээ, оюутан цагаасаа Монголын үндэсний “Малчин” телевизэд шууд нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажлын гараагаа эхэлсэн, есөн жил гаруйн хугацаа өнгөрчээ. Малчин удамтай монгол түмэндээ зориулан, телевизийнхээ нэрийг оруулж үндэстэн ястнуудын дуунаас бүрдсэн теле концертыг өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 13-ны өдөр хийсэн. Энэ концертод аавын маань 52 жил урлагт зүтгэсэн хөдөлмөр ч багтсан.

-Өнгөрсөн онд МУСТА цол тэмдгээр энгэрээ мялаасанд нь баяр хүргэе. Аавынхаа урлагийн салбарт ажилласны 50 жилийн ойгоор энэхүү шагналыг хүртэх сайхан байсан биз?

-Их урлагт аав минь 52 жил зүтгэж байна. 50 жилийнх нь ой цар тахлын үед таарсан учир өнгөрсөн оны арванхоёрдугаар сарын 12,13-ны өдөр тоглолтоо зохион байгуулсан. Миний хувьд арван жилээ төгсөхдөө л алтан медаль авч байсан (инээв). Тэрнээс хойш ахынхаа удирддаг газар ажилладаг учраас ямар ч шагнал авч байгаагүй. Тухайн үед энэхүү шагналыг авах гэж байгаагаа мэдээгүй байсан. Манай ажлынхны 100 хувийн саналаар ийм шийдвэр гарсан юм билээ. Тоглолтын орой тайзан дээр төгсгөл хөтлөлтөө хийх гэж байхад шагнал гардуулсан. Би тайзан дээр гайхширлын байдалтай ахыгаа хайж харсаар л өнгөрсөн дөө (инээв).

1 хүн болон зогсож байгаа-н ойртуулж авсан зураг байж магадгүй

-Та Соёл урлагийн их сургуулийн дуурийн дуулаачийн ангийг төгссөн. Төгсөөд шууд уран бүтээлдээ орсон уу?

-Үгүй ээ, мэргэжлийн уран бүтээлд хожуу орсон. Өнгөрсөн оны аравдугаар сараас л уран бүтээлдээ шамдаж байна. 2018 онд аавтайгаа “Үйлсийн сайхан Улаанбаатар” дууг үндэсний урлагийн их театрын найрал дуучдын бүрэлдэхүүнтэй Төрийн ордныхоо өмнө дуулсан. Мөн Өмнөд Монголын Үзэмчин хошууны сүлд дууг Цагаан сарын баярт нь зориулж очиж дуулсан. Одоо л яг мэргэжлийн чиглэл рүүгээ хандаж ажиллаж байна.

-Та өөрөө урлагийн хүн телевизийн салбартай хэрхэн холбогдов оо?

-Багаасаа урлагийн л хүн болж байвал аль салбарт юу хийх нь хамаагүй, телевизээр гарах, дуулах гээд бүгд их сонирхолтой санагддаг байсан. Энэ салбар бол миний багын мөрөөдөл. 17 настайдаа Үндэсний “Малчин” телевизэд хичээлийнхээ цаг заваар шууд нэвтрүүлгийн хөтлөгчөөр ажилд орсон. Тухайн үед “Малчин” ТВ хотод гардаггүй, зөвхөн хөдөө орон нутагт гардаг байсан. -“Талархал” нэвтрүүлэг таны нэрийн хуудас гэж хэлж болмоор. Энэхүү нэвтрүүлгийнхээ санааг хэрхэн олж байв?

-“Талархал” нэвтрүүлгийг анх ийм хэмжээнд хүрнэ гэж огт төсөөлөөгүй. Өөр төслүүдийг хэрэгжүүлж байсан ч энэ бол миний хувьд асар их хариуцлага байлаа. Удирдлагууд маань нэвтрүүлэг хийх эрх олгож маркетинг, зочид, ямар байдлаар хийх эсэхээ чи өөрөө хариуцна шүү гэж хэлж байсан. Нэрийн хуудас, хамтран ажиллах саналаа бариад өглөө ажил цуглахас орой тартал Мишээл экспогоос 100 айл хүртэл бүх газраар орсон. Надад нэг ч нааштай хариу ирээгүй. Яг долоо дахь хоног дээрээ гэртээ ирээд юу ч бүтэхгүй байгаад гуниглаад ч юмуу, шар хөдлөөд уйлж байсан үе санаанаас гардаггүй юм. Маргааш нь “Би заавал болгоно” гээд цүнхээ үүрээд тавилгын үйлдвэр эрхэлдэг хамаатныхаа ах дээр очиж 240 мянган төгрөгөөр зургаан ширхэг ширээ хийлгээд, захирлынхаа өрөөнөөс хоёр буйданг нь аваад 30 мянган төгрөгөөр Талархал гэж хөөсөнцөрөөр бичүүлээд л нэвтрүүлэг эхэлж байсан даа. Анхны оролцогч маань МУГЖ С.Өлзийхүү эгч байсан. Нэвтрүүлгийг удирдах албаныхан үзээд “Цааш үргэлжлүүлэх хэрэгтэй юм байна” гэж хэлсэн. Сар, улирал дамнаж хийсэн нэвтрүүлгийн дугаар ч бий. Цар тахлаас шалтгаалан нэвтрүүлэг маань зогссон. Цаашид найруулга, зураг авалтад анхаарч нэвтрүүлгээ үргэлжлүүлнэ.

-Та хүмүүнлэгийн үйлс хэр хийдэг вэ?

-Цар тахлын үед Архангай аймагт болон Цэнхэр, Батцэнгэл сумын өрхүүд, СХД, Чингэлтэй дүүргүүдэд багахан хэмжээний хүнс, хэрэгцээт маск, гар ариутгах хэрэгслүүдээр туслалцаа үзүүлсэн. Хороон дээр очиход амьдралын түвшин доогуур, тусламж хэрэгтэй айлуудыг судлаад гаргачихсан байдаг.

нэг буюу түүнээс олон хүн, зогсож буй хүмүүс, нуур болон уул гэх мэтийн зураг байж болно

-Өөрөө айлын отгон охин уу, хэр эрх өссөн бэ?

-Тийм ээ, би айлын бага охин, хамгийн эрх нь шүү дээ (инээв).

-Өмнөд Монголын томоохон сайтуудад таны уран бүтээл байршсан гэсэн үү?

-Өмнөд Монголын Үзэмчин хошууны сүлд дууг Цагаан сарын баярт нь зориулан дуулсан. Тэрнээс хойш төлбөртэй болон төлбөргүй, Хятадын хандалт өндөртэй сайтуудад миний уран бүтээл тавигдсан, хэн тавьсныг нь мэдэхгүй. Хятад хэлний багш дүү маань ийм сайтад таны дуу өндөр үзэлттэй явж байна гээд хэлж өгдөг. Өмнөд Монголоос “Хил нээгдэхээр таны тоглолтыг зохион байгуулмаар байна” хэмээх санал ирсэн.

-Та бизнесийн удирдлагаар магистр хамгаалж байгаа гэсэн үү, цаашдын төлөвлөгөө тань юу вэ?

-Би хэд хэдэн жижиг бизнес эрхэлдэг, тэднийхээ хүрээг тэлнэ. Хэвлэл мэдээллийн салбарт нэлээд удчихлаа. Одоо уран бүтээлдээ түлхүү анхаарах бодолтой байна.

-Та урлагийн, мөн телевизийн салбарт ажилладаг. Бизнесийн салбар руу ч орсон юм байна. Энэ бүхэн таны хөдөлмөрч, шинийг эрэлхийлэгч зантай холбоотой юу?

-Ер нь идэвхтэй хүн шүү. Гэртээ нэг өдөр өнжихөөр л буруу юм хийчихсэн юм шиг гэмтэй санагдаад байдаг. Хүн ер нь завгүй, бүтээлч байх ёстой л гэж боддог.

-Таныг бөхөд их сонирхолтой юм уу гэж харсан шүү?

-Хүмүүс бөх хүнтэй суух уу, бөх их үздэг үү гээд л асуудаг (инээв). Миний ах бөхөд маш дуртай. Телевизийн ажлаар бөхийн барилдаан зохион байгуулах болон аав ээжийнхээ нутгийн бөхчүүдийг таньдаг учир наадам, баяр ёслолоор тэр хэдийгээ харах гэж үздэг. Би Архангай аймгийнх, манай нутаг олон сайхан хүчтэнтэй. Нарийн ширийн мэхийг нь мэдэхгүй ч монгол хүн л юм болохоор морь барианд орох, нутгийн бөхөө түрүүлэхийг үзээд их огшдог. Би бөхөө дээдэлдэг, хүндэлдэг. Энэ бол бидний өв уламжлал.

-Ингэхэд та гэр бүл зохиосон уу?

-Үгүй ээ (инээв).

-Цаашид ямар нэгэн уран бүтээлчтэй хамтарсан уран бүтээл хийх бодол байна уу?

-Өмнөд Монголын П.Алтанбүргэд гээд маш сайхан дуулдаг дуучин байдаг. Олон жилийн өмнөөс энд хамтарч ажиллах талаар ярьсаар. Ойрын хугацаанд хамтарч ажиллахаар төлөвлөчихөөд байна.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Ж.Очир: Есөн сая гаруй мод тариалсан ч 45 хувь нь ургасан || DNN.mn

ХААИС-ийн Агроэкологийн сургуулийн ахлах багш доктор (Ph.D) Ж.Очиртой ярилцлаа.


-Битүү үндэстэй мод гэж ямар модыг хэлдэг юм бэ. Модыг битүү үндэстэй бэлтгэх ямар арга технологи байна?

-Эрс тэс уур амьсгалтай манай орны нөхцөлд бортого буюу хоовонд тарьц, суулгац бэлтгэж тариалдаг технологи нэвтэрч байна. Үүнийг л ойн мэргэжлийн судлаачид битүү буюу далд үндэстэй суулгац гэж нэрлээд байгаа юм. Агрономич бид бол “Үндэсний системийг далдалсан” суулгац гэж нэрлэмээр ч юм шиг. Ер нь энэ хөрсөн бортогонд мод тариалах технологийг анх Японы эрдэмтэн Ямадера Ёшинаро гэдэг хүн судлан боловсруулсан байдаг. Харин манай орны хувьд ХААИС-ийн эрдэмтдийн баг өөрийн орны нөхцөл, түүхий эдийн боломж, бололцоонд тулгуурлан хөрсөн бортогоны найрлагыг өөрчилж, бионүүрс болон бусад идэвхжүүлэгч бодисоор баяжуулж үйлдвэрлэлд нэвтрүүлсэн. Ингэж тариалахад амьдралт 98-100 хувь байна. Мөн бортого хийх багаж, тоног төхөөрөмжийг зохион бүтээж Төв аймгийн Заамар суманд үйл ажиллагаа явуулж байгаа Монполимет ХХК-ийн Тосонгийн уурхайн нөхөн сэргээлт болон хэд хэдэн аж ахуйд өргөн хэрэглэдэг. Энэ технологийн оюуны өмчийг ХААИС-ийн баг эзэмшдэг.

-Битүү үндэстэй модыг хэзээ суулгавал тохиромжтой вэ?

-Хөрсөн бортого болон хоовонгийн технологиор үржүүлсэн тарьц суулгацыг хөрс хөлдүү, хаврын салхи ихтэй үеэс бусад хугацаанд тариалах боломжтой. Учир нь модны үндэс шим тэжээлийн бодисондоо баригдсан ямар нэгэн гөвөгдөлтөнд өртөхгүй, ургамлын ургалтын хугацаанд бол хэвийн ургаж байдаг юм. Энэ орчны тохиромжтой байдлаараа хөрсөнд суулгагддаг.

-Задгай үндэстэй мод нь битүүгээс ямар ялгаатай вэ?

-Мод үржүүлгийн газарт болон хүлэмжинд үржүүлсэн тарьц суулгацыг бойжуулгаас гарган авч талбайд тариалах хүртэлх хугацаанд технологийн алдаа гарч, үндэс хатах, нахиа задрах, тариалах хугацаа алдах, суулгац тээвэрлэлтийг стандартын дагуу хийхгүй зэрэг эрсдэл үүсдэг. Энэ нь тарьц суулгацын амьдралт буурах үндсэн шалтгаан болж байна. Манай оронд мод тариалах өдөртэй болсноос хойш 9 сая гаруй мод тариалсан ч, түүний 45 хувь нь ургасан гэдэг дүн байдаг. Энэ нь дээрх шалтгаан болон ургалтын үеийн арчилгаа муу хийдэгтэй холбоотой.

-Модны ургалтын үйл явцад юунд анхаарах ёстой вэ?

-Мод бут нь нэг талбайд олон арван жил ургадаг учраас эхнээс нь зөв төлөвлөлт хийх шаардлагатай. Манай орны нөхцөлд мод бутны тариалалт хийхэд анхаарах зүйл нь модны төрөл зүйлийг тухайн бүс нутгийн онцлогт тохируулан зөв сонгох, хөрсний агрохимийн шинж чанартай уялдуулан бордооны тун норм тохируулах, тарих модны суулгац бэлтгэхдээ тарих бүс нутагт нь бэлтгэж нийлүүлэх, модны тоог усалгааны эх үүсвэртэй нь уялдуулан тогтоох, усалгааны хэмнэлттэй технологийг ашиглах, хашаа хамгаалалтыг заавал хийх нь модыг амжилттай ургуулах үндэс болно. Модны төрөл зүйл, хашаа хамгаалалт, усалгааны эх үүсвэрийг шийдсэний дараа тариална.

-Манай оронд ямар модыг тарихад хамгийн тохиромжтой юм бол…

-Байгалийг дуурайх агуу их эрдэмтний сургаал бий. Энэ онолын дагуу нутгийн унаган ургамлыг түлхүү сонгоход арчилгаа тордолгоо шаардах нь арай бага, амьдран дасан зохицож ургах чадвар өндөр байдаг. Ер нь говийн бүс рүү хайлаас, бургас, заг, жигд, харгана, торлог гэх мэт, харин газар тариалангийн төв бүсэд хайлаас, бургас, агч, монос, чацаргана зэрэг эдийн засгийн ач холбогдолтой мод тариалах шаардлагатай.

-Манай оронд мод бут тарихад орчин үеийн шинэ технологиуд хэрэглэх шаардлагатай юу?

-Зайлшгүй шаардлагатай, хөгжилтэй орнуудын модыг тарьж ургуулах, арчлах, хамгаалах шинэ арга технологиудыг ашиглах хэрэгтэй. Дээр дурдсан хөрсөн бортого, хоовонд тарьц суулгац бэлтгэхээс гадна үр бүрэх технологиор модны үрийг бүрэх технологийг ашиглах хэрэгтэй. Үр бүрэх технологи нь анх АНУ-д гарсан бөгөөд төрөл бүрийн таримал, ургамлын үрийг ургамал хамгаалал болон өсөлт идэвхжүүлэгчээр бүрж тариалж эхэлсэн байдаг. Энэ арга технологиос санаа авч өөрийн орны нөхцөлд ХААИС-ийн доктор Д.Түвшинжаргал модны үр бүрэх арга технологи боловсруулсан. Энэ судалгааг өргөжүүлэн тухайн бүс нутгийн хөрсний агрохимийн шинж чанарт тохирсон үрийг бүрэх материалын орц норм тогтоох судалгаа хийгдэж байна. Мод тариалахаар сонгогдсон газрын хөрсний уусмалын орчин (pH)-г тэнцвэржүүлэх, шаардлагатай шим тэжээлийн бодис, чийг баригч зэргийг үрийн бүрээсэнд оруулж өгдөг. Ингэснээр бүрж тариалсан үр маань тохиромжтой нөхцөл бүрдээд ургаж эхлэнгүүт шаардлагатай бодисуудыг бүрэх материалд нь оруулж бэлдэж өгдгөөрөө онцлогтой.

-Бортгонд суулгац яаж бэлтгэх вэ?

-Бид бортгонд суулгац бэлтгэх технологийн талаар нэлээд судлаад дөрвөн үндсэн хэсэгт хувааж үзсэн. Үүнд:

1. Хөрсөн бортого үйлдвэрлэх хэсэг. Энэ хэсгийнхэн мод үржүүлгийн газарт тухайн талбайн хөрсөөр үндсэн түүхий эд болгохоос гадна барьцалдуулагч, эрдэс болон гумины бордоо, бионүүрс, ялзмаг, ус зэрэг материалаар бортогоо үйлдвэрлэж талбайд эгнүүлэн байрлуулна. Га талбайд 550 мянган ширхэг бортого байрлуулах боломжтой.

2. Усалгааны системийг сонгож, угсарч зүгшрүүлэх баг. Энэ багийнхан тухайн талбайд тохиромжтой намираа болон мини бороожуулагч машиныг сонгож ажиллагааг хангана.

3. Үр, ургал эрхтэнг тарьж суулгах, арчилж ургуулах баг. Энэ баг бэлдэж эгнүүлэн байрлуулсан бортогыг зориулалтын субастрат (хиймэл хөрс)-өөр цэнэглэж, үр, ургал эрхтэн (вегататив эрхтэн)-г суулгах, арчлан ургуулна.

4. Цахим хяналтын системийн баг. Энэ баг тарьцын ургалтын байдлыг сансрын хиймэл дагуулын тусламжтайгаар хянах боломжтой. Эдгээр хэсгүүдээс бүрдсэн иж бүрэн мод үржүүлгийн механикжсан технологи ашиглах боломж байгаа.

-Модыг хэддүгээр сард таривал хамгийн тохиромжтой вэ?

-Бортого болон хоовонд үржүүлээгүй, модны тарьц суулгацыг суулгахдаа аль болох тайван байдалд орсон үед суулгаад ханатал усалгаа хийх шаардлагатай. Намрын тариалалтыг манай орны төвийн бүсэд есдүгээр сарын сүүлчээс аравдугаар сарын дунд хүртэл, говь тал хээр рүү аравдугаар сар бүхэлдээ хамаарна. Харин хавар дөрөвдүгээр сарын сүүлчээс тавдугаар сарын 20 хүртэл тариалж байна. Ер нь хаврын тариалалтанд суулгацын нахиа задраагүй, өөрөөр хэлбэл тайван байдлаасаа гараагүй байх ерөнхий шаардлагатай.

-Сүүлийн үед модыг их шилжүүлэн суулгадаг болжээ. Энэ үед юунд анхаарах хэрэгтэй вэ?

-Энэ бол харьцангуй ойлголт юм. Тохиромжтой нөхцөлд ургаж байгаа мод бут газрын гадарга дээр болон доор байгаа биомасс тэнцүү байдаг талаар олон судлаачид тэмдэглэсэн байдаг. Гэхдээ говийн бүсийн мод бутны энэ харьцаа газрын гадарга дээр үүссэн биомассаас үндэсний системийн биомасс хоёр дахин их байдаг. Иймээс хэдий чинээ том модыг шилжүүлэн суулгана, төдий чинээ том үндэс хөрстэйгөөр шилжүүлэх болох нь. Иймээс ямар төрөл зүйлийн модыг шилжүүлэн суулгахаас шалтгаалан хэр зэрэг хөрс, үндэстэйгээр шилжүүлэхээ тогтооно.

-Тухайлбал, уулын ард сүүдэрт байсан модыг нартай газар суулгаж болох уу?

-Шигүү ургасан ойгоос болон сүүдэр газар ургасан модны нар тусдаг талын мөчрүүд ихээхэн өтгөрч ургасан байдаг. Иймд наранд дуртай ургамлуудыг шилжүүлэхдээ нарны чигийг бариулж тариалах, газрын дээрх хэсгийн мөчир салааг танаж тариалдаг. Ингэснээр үндэсний систем сэргэн хөгжихөд сайн нөлөөтэй.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Б.Шүүдэрцэцэг: Хүчтэй байя гэвэл бусдын бодлыг, яль шальгүй атаархагчдыг, өөрийнхөө хулчгар занг авч хая || DNN.mn

Монгол Улсын соёлын гавьяат зүтгэлтэн, зохиолч Баатарсүрэнгийн Шүүдэрцэцэгтэй ярилцлаа.


-Шинэхэн гавьяатад баяр хүргэе. Гавьяатын тэмдгээ зүүх агшинд ямар сэтгэгдэл төрсөн бэ?

-Баярлалаа. Өнөөг хүртэл шагнал, цолонд төдийлөн ач холбогдол өгч байсангүй. Арваад жилийн өмнө охинтойгоо хамтран “Дэлхийн алдартай эмэгтэй зохиолчид” намтрын ном орчуулж, эрхлэн гаргаж байв. Зуун зууны турш эмэгтэй зохиолчид нийгэм соёлын хичнээн их дарамт, ялгаварлан гадуурхалтын намгийг туучин байж, зарим нь эр хүний нэрээр бичиж, агуу бүтээлүүд үлдээж, өөрсдөө хэр их дарагдмал амьдарсныг дэлхийн 30 гаруй сод зохиолчдын намтраас ясандаа тултал ухаарсан гэх үү дээ. Надад хийж бүтээх, дөрвөн уулан дундахь хэл амнаас холхон байх нь таашаалтай байдаг учир МЗЭ-д ч элсэх бодолгүй явдаг. Мартын 8-ны өдөр Төрийн ордонд шагналаа гардах үед, Төрийн дууллаа эгшиглэхийг сонсоод өөртөө гэхээс илүү Монгол төр оршин буйг судсаар гүйх цусны лугшилт мэт мэдэрч сэтгэл догдолсон. Өнөөгийн ороо бусгаа үед, төрд итгэх итгэл ороо морь шиг алдууран одсон ч юм шиг цээж хоосорч явтал Монголын төр 1913 оных шиг автономит болж буураагүй, 1919 оных шиг мөхлийн ирмэгт очоогүй, бид туурга тусгаар Монгол Улсаа өнө мөнхөд бадраан авч явж чадах нь гэсэн итгэл гэнэт дүрэлзэн асах шиг л болсон.

Төрийн ордноос гараад ирэхэд хань, охин, ээж, хадам аав, хайртай дотно хүмүүс, “Хотулун гүнж” кино багийнхан намайг их сүртэй угтсан. Тэр агшин их сайхан байсан. Ерөнхийлөгч СГЗ-ний тэмдэг зүүж өгч байхад зургаан жилийн өмнө нартаас одсон аавыгаа энэ л агшинд амьд мэнд байсан ч болоосой гэсэн харуусал урсан орж ирсэн. Одоо ч уншигчид, хамтрагчид маань баяр хүргэсээр л байна.

-Та төрийн төв хэвлэл “Ардын эрх” сонинд сэтгүүлчээр ажиллаж байсан?

-Сэтгүүлч, зохиолч хоёрын хооронд ганц хуруу зай бий гэдэг байх аа. Багаасаа хүсч тэмүүлэн байж, уралдаант шалгалтад нэгдүгээрт жагсан ээж, ааваа баярлуулан байж Орост сургуульд явж, эзэмшсэн мэргэжил минь сэтгүүлч. Намайг хоёрдугаар курст ороход ардчилал эхэлж, сургалтын төлбөрөө валютаар төлөх болсноос би МУИС-д шилжиж ирсэн. Оюутан байхдаа “Ардын эрх” сонинд дадлага хийж, Бал эрхлэгчид тоогдон хагас цалинтайгаар үлдэн ажиллаад, 1996 онд шилдэг бичлэгийн шагнал авч ЗГХЭГ-т шилжээд явчихсан юм. Би хууль зүй гэмт хэргийн хэлтэст ажиллаж, жигшүүрт гэмт хэргийн сурвалжилга, шүүхийн тэмдэглэл олныг бичсэн.

-Одоогийнхоор эрэн сурвалжлах, шуурхай мэдээллийн алба гэсэн үг үү?

-Тийм ээ. “Шилдэг бичлэг”-ийн шагнал авсан нийтлэлүүдийн нэг нь “Чемодантай юм” гэсэн гарчигтай. Зургаан настай охиныг хойд эцэг нь зодож алсныг төрсөн эх нь нөхөртэйгээ үгсэн нууж, охины цогцсыг чемоданд хийж 10 дугаар хорооллын хойд энгэрт булсан. Таван жилийн дараа үерийн усанд урсаж ирсэн чемоданаас хүүхдийн араг яс олдсоноор илэрсэн хэрэг. Биднийг гэмт хэргийн тухай тоочин бичих, ярилцлага хийх биш, уран зохиол шиг өрнөлтэй, эрэн сурвалжилж шүүхийн тэмдэглэл бичихийг шаарддаг байв. Энэ нь хожим зохиолч болоход их нөлөөлсөн. Нийтлэлээ бичихдээ баримт судалгаагүй юм хийвэл, “Тэнгэр харж байгаад сараачсан байна” гэж шуурхай дээр зэмлүүлнэ.

-Та хэр их судалгаа хийж зохиолоо бичдэг вэ?

-Би зохиол бүрээ бичихдээ маш их судалгаа хийдэг. Сэтгүүлч байхдаа шүүхийн тэмдэглэл сайн бичдэг, нийтлэлдээ их судалгаа хийдэг байсны ач л даа. Тухайлбал, эх дагина Цэндийн Дондогдулам хатны тухай “Хүйлэн огторгуйн заадас” романаа долоон жил судалж бичсэн. Эх дагины төрсөн нутаг одоогийн Хэнтийн Баян-Адарга сумаас эхлээд тэр үеийн Хөвчийн жонон бэйсийн хошууны нутаг Биндэр, Дадал, Өмнөдэлгэрээр хөндлөн гулд явж, аман хууч цуглуулж, эх дагины шүтээний дуганы суурийг хүртэл нутгийнхнаар заалган олж байлаа. Лам нар, бурханч, нутгийнхан гээд уулзсан хүмүүсийн ярианы тэмдэглэл таван дэвтэр болсон.

-Сэтгүүлчийн ажлаа орхих болсон шалтгаан юу байв?

-Би багаасаа л уран зохиолын улаан хорхойтон байсан. Нэг л мэдэхэд би өгүүллэг бичиж эхэлсэн. Гэхдээ Монголын зохиолчдын уламжлалыг дагаагүй, өөрийнхөөрөө явсаар энэ өргөөнд хаалгыг нь ч тогшилгүй орж ирсэн дээ. Зохиолоо одон тэмдэгт зохиолчид уншуулж, номын өмнөтгөл бичүүлж, ахмадуудын архинд гүйж, айж эмээж хүнээр хөтлүүлж орж ирээгүй ээ. Багаасаа омголон бардам, өөртөө итгэлтэй охин байсан. Эрхүүгийн их сургуульд уран зохиолыг Античная литература-гаас нь Эртний Хомер, Грек, Ромын домгуудаар амлан заалгаж, сайн ч уншсан. Бусдыг царайчилж, бусдаар жим гаргуулж явах хүсэлгүй учраас. Тиймдээ ч энийг дарж өгнө гэсэн дайралтуудыг давсаар явна. Элдэв номын тэмдэглэл эрээчигсдэд бүтээлээ өгч, өөрийгөө магтуулах, элдвээр тал засахыг үзэн яддаг.

“Beloved” романаараа Нобелийн шагнал хүртсэн анхны өнгөт арьст эмэгтэй зохиолч “Тони Моррисон “Хэрэв чиний уншмаар байгаа ном хаанаас ч олдохгүй бол түүнийгээ чи өөрөө л бичнэ гэсэн үг” гэж хэлсэн байдаг. Тийм ээ, би өөрийнхөө уншмаар байгаа номуудыг бичдэг. Есдүгээр ангидаа Ш.Нацагдоржийн “Мандхай цэцэн” романыг уншаад маш гүн сэтгэгдэл төрж бодож явсаар 2010 онд анхны роман “Домогт Ану хатан”-аа бичсэн. Ингэж би Сономын Удвал ахайтны араас түүхэн роман бичсэн хоёр дахь монгол эмэгтэй зохиолч болж байлаа. Анхны романы баяр дээр АУЗ Ш.Дулмаа эгч 10 мянган төгрөг, алд хадагтай, Төрийн шагналт С.Оюун эгч хайрцаг шоколадтай ирээд намайг үнсэж, “Ийм залуугаараа том роман бичсэнд бахархаж байна, зогсолтгүй бичээрэй” хэмээн ерөөж байлаа.

-Та ахмад зохиолчидтой хэр ойр байдаг вэ?

-Номын дэлгүүрт тооцоо хийж яваад УГЗ Б.Пүрэвдорж эгчтэй таарч, “Хүүе, Шүүдэрцэцэг охин нааш ир. Танилцъя би романч Пүрэвдорж байна” гээд танилцаж байв. Одоо ихэнх ахмад зохиолчид, эмэгтэй зохиолчидтойгоо ойр дотно байдаг. Ялангуяа С.Оюун эгчтэй Ордосоор аялж, Б.Пүрэвдорж эгч тэр хоёртой Өмнийн говиор уулзалт хийж, Цагаан суваргаар тэнэж байлаа. Саяхан СГЗ болсон Б.Сарантуяатай дотно найз, “Хөх судар” бүлгэмд бид хамт байдаг.

-Та яагаад феминист үзэлтэй болсон юм бэ. Таны амьдралд хүйсийн ялгаварлал тийм их тохиож байсан юм уу?

-Миний найз MIT-ийн профессор, Харвардад доктор хамгаалсан антропологич Б.Мандхай гэж эрдэмтэн байдаг. Миний үзэл санааны андуудын нэг. Мандхай хэлдэг юм, “Эмэгтэй зохиолчийн шив шинэ өнцөг гэвэл феминист хандлага юм. ХХ зууныг хүртэлх уран зохиолд феминист чиглэлээс бусдаар агуу зохиолыг эрэгтэйчүүд биччихсэн гэж үздэг юм” гэж хэлж байсан. Монголд ч мөн адил даа. С.Удвал гуайгаас бусад том зохиолчид бүгд эрчүүд байсан. Миний хувьд багадаа зарим айл шиг охин хүүхэд нөхрөө халамжлах ёстой, сайн эзэгтэй болохын тулд гэрийн ажил хий гэх мэт жендерийн ялгаварлалыг хэзээ ч амсаагүй эрх зоргоороо өссөн.

-Монголд танаас өөр феминист зохиолч байна уу, зохиолдоо заавал тийм “изм” оруулах шаардлага байдаг юм уу?

-Ахлах ангид ороод тэр үеийн Улс төрийн товчооныхон арвуулаа эрэгтэй байгааг анх удаа л анзаарч, энэ том дарга нар дунд яагаад эмэгтэй хүн байдаггүй юм бол гэж бодож билээ. Тэгээд амьдралын явцад аажим аажмаар эмэгтэй хүнд тохиолддог асар олон бэрхшээл эрчүүдэд огт хамаагүй байдгийг анзаарч гайхширч эхэлсэн. Хамаатны эгч маань жирэмсэн болж үр хөндөлт хориотой учир, таньдаг эмчтэй аймаг руу онгоцоор нисч үр хөндүүлж ирэхийг харсан. Айлын эгч нар эмнэлгийн бус нөхцөлд үр хөндүүлж, зарим нь нас бардгийг сонсож их гайхаж байв. Хожим ажилчин болоод эмэгтэй хүн албан тушаал ахих тусам адлуулдаг, амьтан хүний өвөр түрийд орж алба ахидаг мэтээр хэвшмэл үзэл ноёрхдогийг мэдлээ. МУИС-д докторантурт ороод шинжлэх ухааны философийн лекцийн нэг семинарыг удирдсан логикийн эмэгтэй доктор Момолын Отгонбаяр багштайгаа танилцаж үзэл санааны үндэс суурь онолын хувьд тогтож байлаа. Отгоо багшийн хэлж өгсөн Францын сэтгэгч, философич, зохиолч Симона дө Бовуарын “The Second sex” номын хэсгүүдийг интернэтээс олж намтрыг нь уншиж, багаасаа өөртөө тавьж байсан өнөөх асуултууд, эргэлзээ гайхашралын учрыг бага багаар тайлснаар би феминист үзэлтэй гүн танилцсан. Дараа нь “180 хэм” теле жүжиг бүтээж DVD гаргасан. Манай уран зохиолд ингэж феминист өнцгөөс бичиж эхэлсэн зохиолч өмнө нь байгаагүй. Ерөнхийлөгчийн зарлигт “Эмэгтэйчүүдийн эрхийг хамгаалах чиглэлээр нийтлэлүүд бичиж, нийгмийг гэгээрүүлж буй…” гэж бичсэн байна лээ.

Зохиолч хүн зүгээр зугаацуулах зорилгоор бичээд байвал сэхээтэн хүн биш гэсэн үг. Үзэл санаатай байх ёстой гэж би боддог. Би феминист үзэлтэй зохиолч. Миний ихэнх бүтээл хүн төрөлхтний сэтгэлгээнд зуу зуун жил шигдсэн патриархатыг шүүмжилсэн, феминист үзэл санаатай. Үүгээрээ би Монголдоо анхдагч зохиолч.

-“Домогт Ану хатан”, “Хотол цагаан гүнж” романуудыг бичих санаа феминист үзэл санаанаас тань төрсөн үү?

-Авьяас бол эмзэглэл юм гэж нэг үг бий. Надад маш их эмзэглэл бий. Зүрх сэтгэлд соёолсон тэр эмзэглэлүүдээс л зохиол төрдөг. Багадаа Б.Ринчен гуайн “Ану хатан” өгүүллэгт дуртай байв. Хожим “Мандхай цэцэн” роман гүн сэтгэгдэл төрүүлсэн. Зохиол бичиж эхэлсэн хойноо Ринчен гуай өгүүллэгийнхээ төгсгөлд хэрэв миний нас хүрвэл эр нөхөртөө үнэнч, эрэлхэг энэ монгол эмэгтэйн тухай роман бичнэ гэсэн байдгийг анзаарав. Тэгээд тэр романыг би бичье гэж зориг шулуудан судалгаа эхлүүлсэн. Ойрадууд гэдэг чинь хэн билээ, Халхын түүх, соёлоос хэр ялгаатай билээ гэхээс эхлээд жил гаруй судлав.

Мэдэхгүй хүмүүс түүх хуулаад л түүхэн роман биччихдэг гэж боддог. Үнэхээр мэдэхгүйн хийдэл л гэхээс дээ. Хатдын тухай тэгж хуулаад байх юм түүхэнд огт байдаггүй. Он сар, хэдхэн томоохон үйл явдлын тойм л түүхэнд бий. Бусдыг нь харьцуулан судалж байж хэлхэж бичнэ. Ахуйг нь бичихэд алхам тутамд мэдэхгүй юм гарч ирнэ. Түүхэн зохиолын хэл гэж нэг чухал юм бий. Би зохиол бүрийн хэлээ өөр байлгахыг хичээдэг. Бяцхан Ану багадаа эцгийнхээ хүрээн дэх олон хатны тэмцлийг харж, ноён угсаатан хүнтэй ураглахгүй. Өрлөг ижий шигээ харц хүнтэй толгой холбовол олон хатангүй байдаг юм байна гэж эргэцүүлж байгаагаар бичсэн.

Хотулун гүнжийн тухайд Шведээс нэгэн уншигч, европын боловсролтой хүмүүс Хотулун гүнжийн тухай сайн мэддэг, их сонирхдог юм байна. Турандот дуурийн гол дүр учраас. Та энэ гүнжийн тухай кино хийгээч гэж 2013 онд над руу бичсэн юм. Тэр үед дөнгөж “Ану хатан” дуусаад зардлаа нөхөөгүй хэцүүхэн үе байлаа. Юун дахиж гүнжийн тухай кино хийх вэ гэж л бодоод өнгөрсөн. Алдагдлаа нөхөх гэж явсаар “Ану хатан” киногоо “Warrior Princess” нэрээр Америкт “Lion s Gate” LLC-д зарлаа. Гадаадын киноны хүмүүстэй танилцлаа. Дараагийн төсөл чинь юу вэ гэж асуудал гарахад 2015 онд “Хотулун гүнж” кино төслөө эхэлсэн. Санхүүгээс болж төсөл гацахад “Хотол цагаан гүнж” романаа бичсэн юм.

-Их хэмжээний зардал, урт хугацааны үргэлжлэх төслийг удирдах зохиолч хүний ажил мөн үү. Яагаад кино хийх болов?

-Зохиолч хүнд продюсер хийх маш хүнд ажил. Продюсер гэдэг бол ивээн тэтгэгч биш шүү дээ. Манайхан холиод байдаг юм. Продюсер гэдэг бол киноны сэдвийг сонгож, хөрөнгө босгоод төслөө удирдаж, эцсийн цэгт нь хүртэл ажилладаг маш хүнд ажил. Яагаад би өөрөө кино хийдэг юм гэхээр миний нүдээ ширгэтэл сууж, хөлөө эцтэл явж хийсэн судалгаагаар, чөмгөө дундалж бичиж цаасан дээр амилсан тэр дүрүүдийг би өөрөө л дэлгэцэнд яг өөрийнхөө төсөөлснөөр амилуулах, тэр киногоор хэлэхийг хүссэн санаагаа гаргаж чадах учраас өөрөө бүтээх гэж зүтгэдэг. Хотулун гүнж “Талын чоно, тэнгэрийн бүргэд хүртэл эрх зоргоороо амьдардаг байхад оюун ухаант хүн атал би яагаад өрлүүлж байгаа хонь мэт ургийн газар одох ёстой юм” гэж асуудаг. Энэ л үг нь ХХ зууныг хүртэл хайр сэтгэлгүй хүнтэй богтлогдон гэрлэдэг байсан бүх л эмэгтэйчүүдийн асуулт юм.

-Таны хань Д.Болдхуяг кино зохиол бичихэд хамтардаг гэсэн. Та хоёр дунд сургуулийн нэг ангийнх гэсэн үү?

-“Хотулун гүнж” киноны зохиолыг ханьтайгаа хамтарч бичсэн. Бусдыг нь бол үгүй. Хотулун гүнж бол хүйс нь эмэгтэй болохоос бөх барилдаж, эцэг Хайдутай мөр зэрэгцэн тулалдаж, Хар хорумыг хүртэл эзлэхэд гавьяа байгуулж байсан эмэгтэй. Бөхийн барилдаан, тулааны урлагийн талаар бичихэд эрэгтэй хүний оролцоо шаардлагатай байсан юм. Манай киноны баатруудын нэрийг ч хань маань өгсөн. Гадаадын зах зээлд гаргахад шууд орчуулахад хялбар гээд Баавгай, Бүргэд, Харцага, Барс, Чину гэж амь сахигч баатруудаа нэрлэсэн дээ. Хань маань нийтлэлч хүн, сайн ч бичдэг. Бид хоёр Тавдугаар сургуулийн нэг ангийн хоёр.

-“Хотулун гүнж” кинонд мөнгөн эвэртэй буга гурван удаа гардаг. Ид шид яагаад хэрэглэв?

-Миний “Хотол цагаан гүнж” роман шидэт реализмын төрөлд хамаарахаар зохиол. XIII зууны эцсээр болж буй алтан ургийнхны зөрчлийн түүх шүү дээ. Үүнийг зүгээр л нэг хүүрнэн бичих юм бол дэндүү амтгүй санагдсан учир мөнгөн эвэрт буга, Хайду хааны эх Шибкан хатны үхэл үүрийн гэгээнээр ирж хөл дээр нь суусаар эс мэдэх зүгт дагуулан одох, Хотулуныг гэрэлт цохнууд тойрон нисэх гэх мэт дүрслэлүүд оруулж бичсэн. Киногоо тулаант, уран сэтгэмжийн төрлөөр хийсэн тул ид шид явж л байхаас яахав.

-“Хотулун гүнж” киногоо анхнаасаа олон улсын зах зээлд гаргах зорилгоор хийсэн үү?

-Тийм ээ. Хотулун гүнж бол 2021 онд бүтээгдсэн хамгийн их өртөг зардалтай монгол кино. Төсөл 2015 онд эхэлсэн ч 2021 онд дууссан гэхээр хэр их цаг хугацаа шаардсан, зардал ихтэй бүтээл вэ гэдэг тодорхой байгаа биз. Тиймээс олон улсын зах зээлд гаргаж байж зардлаа нөхнө гэж үзсэн л дээ. Тэгээд ч өмнө нь ханьтайгаа хамт зүтгэсээр “Ану хатан”-г гадаад зах зээлд гаргасан туршлага байсан. Гуравдагч орны кино “action” төрлийнх байвал гадаадад худалдахад илүү дөхөм байдгийг өмнө танилцсан дистрибьютор зөвлөсөн юм. Тиймээс тулаант кино хийхээр зүтгэлээ.

-Бүрэн утгаараа тулаант кино болж чадсан уу?

-“Хотулун гүнж” кинонд долоон удаагийн том жижиг тулааныг үзүүлдэг. Гол дүрд тоглосон Цэдо маань зургаан удаа тулаан хийсний гурав нь халз тулаан байсан. Эмэгтэй дүр ийм олон тулааны үзүүлбэр хийснээрээ Монголдоо анхдагч болсон. Мөн Монголд анх удаа “action” зураглаач ажилласан. Хөдөлгөөнт зургуудыг мэргэжлийн түвшинд авсан гэсэн үг. Хоёрдугаар сард болсон 72 дахь удаагийн Berlinale кино фестивалийн кино худалдааны ангилалд Монголоос анх удаа оролцож дистрибьютортэй гэрээ байгуулаад байна. Одоо “VOO Cinema”-д найруулагчийн хувилбараар орсон байгаа. Кино театраас илүү дэлгэрэнгүй, сонирхолтой болгосон гэсэн үг.

-Танай “Шүүдэр” продакшны дараагийн кино “Хагацашгүй” роман гэж сонссон?

-Тийм ээ. 2023 оноос “Хагацашгүй” төслөө эхлүүлэх төлөвлөгөөтэй. Мөн “Улаан могой” романаараа кино хийх бодол ч байна.

-“Хагацашгүй” романы гол баатар Сүнжидмаа хайртай хүнээ алдсанаас гадна гучаад оны үеийн эмэгтэй гэхэд сэтгэхүйн хувьд маш эрх чөлөөтэй юм шиг санагдсан. Бас энэ зохиол бодит хүмүүсийн амьдрал юм уу?

-Сүнжидмаа хайрынхаа төлөө хатан зориг гаргасан бүсгүй. Жанжин Сүхбаатарын гэргий С.Янжмаа гуай 1023 онд билүү, эмэгтэй хүнийг богтолж эрд гаргахын эсрэг тогтоол гаргуулсан юм билээ. Тэгэхээр Сүнжидмаа 1936 онд сэтгэлгүй хүнд богтлогдохгүй гэж тэмцэх үндэстэй. Бутач, ядруу амьдрал хувь заяа нь өөрийнхөө төлөө тэмцэх их хүчийг Сүнжидмаад өгсөн байх. Би ер нь уйлж унжсан, хохирч хаягдсан эмэгтэйн тухай бичих дургүй. Нөгөө л феминист үзэл маань хүчтэй эмэгтэй баатрыг төрүүлчихдэг. Сүнжидмаа бол бодит хүний амьдралаас сэдэвлэсэн дүр.

-Гучаад онд, ер нь дээр үеийн хүмүүс аав, ээж, лам гурвын шийдвэр, сонголтоор хуримладаг хэрнээ гэр бүл бараг салдаггүй байжээ. Гэтэл, орчин үед хүмүүс өөрийнхөө дураар ханиа сонгочихоод яагаад салдаг юм бол?

-За хоёулаа гэр бүл гэсэн том сэдэв рүү орлоо доо. ХХ зууныг хүртэл гэрлэлт гэдэг дэлхий даяар зүгээр л уламжлалт зан үйл байв. Тийм ээ, шашин уламлжлал хоёр гэр бүлийн үндэс байсан бөгөөд үр удмаа залгамжлах гэж гэрлэдэг байж. Гэтэл ХХ зууны эхэн үеэс гэрлэлт аажмаар хайр дурлалд үндэслэдэг болов. Хайртай хүнээ сонгохдоо хүн аз жаргалыг хайж гэрлэдэг болсон. Тиймээс гэрлэлт жаргалтай биш бол салчихдаг болжээ. Эрх зүйн орчин нь ч их өөрчлөгдсөн. Өмнө нь угаасаа өөрөө сонгоогүй, аз жаргал хайж биш, уламжлалд үндэслэсэн гэрлэлт, дээрээс нь аль ч шашин хосууд салахыг дэмждэггүй байв. Ялангуяа Ромын католицизм салалтыг хатуу чанд хориглодог байсан. Хүн гэрлэхдээ сайн бодох хэрэгтэй. Түүнээс биш салалт буруу зүйл биш гэж боддог. Бүтэхээргүй, хоёр биенээ зовоосон амьдралыг үргэлжлүүлэх хэрэг байхгүй.

-Таныхаар эмэгтэй хүн ямар байх ёстой вэ?

-Эмэгтэй хүн хэзээд өөрийн гэсэн бодолтой л байгаасай гэж боддог. Дахиад л Тони Моррисоноос эш татах нь. Түүний хэлсэн “Нисмээр байна уу, тэгвэл таны жинг хүндрүүлээд доош чангаагаад байгаа тэр новшийн юмнуудаас салах хэрэгтэй” гэсэн үгэнд дуртай. Хүчтэй байя гэвэл бусдын бодлыг, яль шальгүй атаархагчдыг, өөрийнхөө хулчгар занг авч хая л гэж хэлье дээ.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

“Энхийн манаа” аялсан эх орны хөвгүүд || DNN.mn

Өвлийн жавар буурч, нарны илч аажим аажмаар ээж Цэргийн гавьяаны улаан тугийн одонт, Зэвсэгт хүчний 015 дугаар ангид урин хаврын нэг өдөр ийнхүү эхэллээ. Үүр гэгээрч, хугацаат цэргийн албан хаагчид ротын жижүүрийн “Сэрээд, сэрээд, сэрээд, орноос бос” командыг 05:50 цагт биелүүлэв. Хугацаат цэргийн албан хаагчид дүрэмт хувцсаа бүрэн өмсөж, талбайд жагсаж, өглөөний гүйлт, гимнастикаа хийж эхэллээ. Цэргийн алба хаагчдын бие бялдрыг хөгжүүлэхийн тулд өглөөний гүйлт, дасгалыг тогтмол хийнэ. Цэргүүд амьсгалын дасгал хийсний дараа нэг, хоёрдугаар 16 тоот дасгал хийж, бие засахаар явав. Тус анги нь 101 жилийн өмнө буюу 1921 оны Ардын хувьсгалын үр дүнд туурга тусгаар Монгол Улсаа байгуулах, 1939 оны Халхын голын байлдаан, 1945 оны Чөлөөлөх дайн, улсын баруун хил дээр болсон зэвсэгт тулгаралтын ялалтыг авчрах үйл хэрэгт зэвсэг, галт хэрэглэлийн хангалтыг тасралтгүй зохион байгуулах үүргийг амжилттай биелүүлж ирсэн түүхтэй.

Ангийн захирагч, хурандаа Д.Нямгэрэл “2021 оны есдүгээр сарын 27-ны өдрөөс энэ ангийн захирагчаар томилогдон ажиллаж байна. Манай анги Зэвсэгт хүчний хэмжээнд зэвсэг, галт химийн инженерийн хангалтыг зохион байгуулах, дайчилгааны үүрэгтэн бэлтгэх үндсэн чиг үүрэгтэй. Зэвсэгт хүчний хэмжээнд анхны ногоон байгууламжтай анги, 2020, 2021 оны сахилгын зөрчилгүй ангиар шалгарсан. Энэ жил ч мөн энэ амжилтаа бататгах, бэлэн байдал, сургалт бэлтгэлээ дээшлүүлэхийг гол зорилгоо болгон ажиллаж байна. Энэ хүрээнд сургалтын төлөвлөгөөний дагуу гуравдугаар сарын 10-12-ны өдрүүдэд Зэвсэгт хүчний сургалтын нэгдсэн төвд анх удаа ротын байлдааны бэлэн байдлын сургуулилт зохион байгуулсан. Байнгын бүрэлдэхүүн маань анх удаа байлдааны бодлоготой ротын тактикийн гэрээний сургуулилтыг хийлээ Энэ жил цар тахлын дэгдэлтээс шалтгаалан зөвхөн Төв, Говьсүмбэр аймаг, Баянзүрх дүүргээс цэрэг татсан. Ямар нэг байдлаар бие биенээ таньдаг хүүхдүүд ч бий. Өчигдөр, өнөөдрийн хувьд төгсөлтийн шалгалттай байна, шалгалтад ангийн бүх албан хаагчид оролцоно” хэмээв.

Цэргүүд өглөөний цайндаа орж, байрандаа иржээ. Цэргийн амрах байранд 30 гаруй хугацаат албан хаагчтай хоёр салаа, нийт 63 хугацаат цэргийн албан хаагч байв. Амрах байр руу ормогц нэгдүгээр салааны цэргүүд хичээлээ бичиж, уншиж дор бүрнээ шалгалтын бэлтгэлээ базааж байлаа. Гурван өндөр цонхны наана нүүр харагдам гялайсан шалан дээр цэнхэр төмөр орыг дөрөв дөрвөөр нь угсруулан тавьжээ. Орыг саарал бүтээлгээр нямбай гэгч нь бүтээж, өнгө ижил гар нүүрийн арчууруудыг хоёр үзүүрийг нь тэнцүүлэн орны толгой дээгүүр тохсон байна. Орнуудын голд хоёр хаалгатай хүрэн өнгөтэй, намхан цэрэг шүүгээ, ор бүрийн баруун хөлөнд жижиг улаан дэвсгэр харагдана. Орондоо орохдоо углаашаа тавьдаг бололтой. Энд бүх зүйл номертой, дэр, малгай хийдэг дугаарласан ханын шүүгээ, аяга, сандал байв. Нэгдүгээр салаанаас хоёрдугаар салаа руу явах өргөн коридорт соёл амралтын өрөө, ахуйн өрөө, удирдлагын өрөө байлаа.

Соёл амралтын өрөөний баруун жигүүрт өндөр ханын тавилга дотор албан хаагчдын амжилтууд, медаль, телевиз, морин хуур, гитар, цэнэглэгч, цаг, Сүхбаатар жанжны баримал хөрөг гэх мэт нарийн ширийн эд зүйлс байлаа. Өрөөний голд таван талт, гурвалжин хээтэй, саарал дэвсгэр түүнийгээ хамгаалж тунгалаг хулдаас дэвсчээ. Дэвсгэрийн зүүн гар талд цэвэрхэн тод шар өнгийн бүтээлгээр бүтээсэн ширээ, хоёр талд нь хар өнгөтэй тухлаг сандал байрлуулжээ. Харин эсрэг талд нь зөөлөн буйдан, сандалуудыг эгнүүлэн тохижуулсан байна. Ханаар уран зураг, төрийн дуулал, номын сан, загасны аквариум, хөлөгт тоглоомууд харагдана. Байлдагч н.Амарбаясгалан “Бид өөрсдөө загасаа үржүүлдэг. Анх ирэхэд 100-гаад загас байсан, одоо 300 хүрч байгаа. Бямба, ням гаригт соёл амралтын өдөр, орой бүр 18:40-19:30 хүртэл соёл амралтын цаг байдаг. Чөлөөт цагаараа мэдээ, нэвтрүүлэг, кино үзэх, шатар тоглох, ном унших, гитар тоглох, сонин сайхнаа ярилцаж энэ өрөөнд хүмүүжлийн байдалтай амардаг. Манай байлдагч Отгонбаяр гитар гоё тоглодог, бидэнд ч зааж өгдөг” гэв. Соёл амралтын өрөөний хажуу хаалга аж ахуйн өрөөнд гутал хувцас засварлах, ХЦАХ-дын үс засах тайлбартай, зураг бүхий самбар байлаа. Самбарт “Дайчдын үсийг долоо хоноод нэг удаа бүтэн хусах ба долоо хоноод гурван талаас нь авна. Дайчдын хувцсыг 14 хоногт нэг удаа угаана, захны даавууг өдөр бүр угааж солино” гэж бичжээ. Тус өрөөнд хувцас индүүдэх тавцан, гутал тослох сандал, индүү, үсний машин, хогийн сав, өлгүүр зэрэг ахуйн хэрэгцээний зүйлс байсан юм. Энэ үеэр сэтгэл зүйч офицер Л.Саранзаяа “Энэ өрөөнд нэгнийхээ үсийг засч өгч, захны даавуугаа хадаж, хувцсаа индүүдэж, ханзарснаа оёдог. Юм оёж чаддаггүй байсан бол энд сурна, чаддаг зүйлээрээ бусдадаа тусалдаг. Цэргийн амралтын байрыг бүрэн камержуулсан, ангийн жижүүр болон үүрэг гүйцэтгэж байгаа албан хаагч хянадаг. Бүх ажил дүрмийн дагуу явагдаж, хэн ч дүрмээс илүү хөдөлгөөн хийдэггүй. тавьдаг” хэмээв.

Цааш хоёрдугаар салаа руу ормогц салааны захирагч Д.Анхбаярын “Тараад, бос, номхон, болно” хэмээх командын дагуу хугацаат цэргийн албан хаагчид хичээлээ үргэлжлүүлэн давтлаа. Хоёрдугаар салааны өрөө нэгдүгээр салаатай харьцуулахад хоёр давхар ортой, бүх ороо нэг хана руу багтааж нөгөө талдаа дасгалын төхөөрөмж, теннисийн ширээ байрлуулжээ. Байлдагчид “Бүх хичээл дууссан, шалгалтдаа бэлтгэж байна. Цэргийн дүрмийн хичээл, тактик жагсаал, мэргэжлийн бэлтгэл, цэрэг эх оронч хүмүүжил, биеийн тамир гэх мэт хичээл ордог. Цаг агаар дулаарахаар бие бялдрын хичээлүүд түлхүү орно” хэмээн ярьцгаав. Хоёдугаар салаанаас гарч удирдлагуудын өрөө рүү орлоо. Өрөөнд интернэт, сандал, ширээ, зөөврийн компьютер байлаа. Ширээнд хоёр байлдагч хичээлээ хийж байв. Тэдний нэг Г.Баянмөнх “Би Төв аймгийн Алтанбулаг сумаас 2021 оны хоёрдугаар ээлжээр хугацаат цэргийн албанд татагдан ирсэн. МУБИС-д боловсрол судлаач, арга зүйч мэргэжлээр суралцдаг, төгсөх курсийн оюутан. Хичээлдээ онлайнаар хамрагдаж дипломын ажлаа бичиж байна, тавдугаар сард дипломоо хамгаална. Мөн жолооны курст суралцаж байгаа, бүх л ажлыг амжуулж байна (инээв). Интернэт, хичээлийн хэрэгсэл, хичээлд суух цаг гээд бүх зүйлийг ангиас хангаж өгдөг. Гэртээ байгаагаас ялгаагүй тав тухтай хуваарийн дагуу хичээлдээ ордог. Манай ангиас 30 гаруй байлдагч жолоонд сурдаг, жолооны багш нэгдсэн байдлаар машинтайгаа ирээд дромд гаргадаг. Бид өчигдөр дромдоо гарсан, цэрэгт оюутан байх их өвөрмөц мэдрэмж юм” гэв. Энэ жишээнээс харахад хугацаат цэргийн албан хаагчид цэрэгт ирснээр ямар нэг зүйлээс хоцрох, хугацаа алдахааргүй болжээ. Тус ангиас хоёр байлдагч онлайнаар их сургуульд сурч, саяхан нэг байлдагч хятад хэлний бэлтгэлээ төгсчээ. Цэргийн албанаас халагдаад БНХАУ-руу сургуульдаа явна гэнэ.

Ангийн зэвсгийн засвар, үйлчилгээний ротын хоёрдугаар салааны захирагч, дэслэгч Д.Анхбаяр “Өнгөрсөн наймдугаар сард ҮБХИС-ийг үндэсний цэргийн командын офицер мэргэжлээр төгсөөд эл ангид хуваарилагдаж ирсэн. Цэргүүдээр ард байсан амьдралыг нь яриулах хөгжилтэй, бас их хариуцлагатай ажил. Хүн удирдаж явна гэдэг амар зүйл биш, цэргүүдийнхээ сэтгэл санааг ажиглаж юунд баярлаж, гуниглаж байгааг нь мэдэж байж цэрэгтэй ажиллана. Мэргэжлийн сургуулийг төгсөөд ажиллаж байгаа болохоор хүндрэлтэй зүйл байдаггүй. Бүх зүйл ном журмын дагуу явагддаг. Цар тахалтай холбоотойгоор бүх төрлийн чөлөөг хаасан, тахлын дэглэлт багасч албан хаагчдаа хуваарийн дагуу ар гэрийнхний уулзалт нээгдсэн” хэмээв.

Байлдагч А.Мөнхтэмүүлэн “Би БЗД-ийн 24 дүгээр хорооноос татагдаж ирсэн. Энд ирээд ард байхдаа эмх замбараа, цаг баримтлах чадвар сул байсныг анзаарсан. Монгол, Солонгосын политехник коллежид суралцаад төгсөх жилдээ цэрэгт татагдсан. Багаасаа 18 нас хүрээд л цэргийн алба хаана гэж боддог байсан, өөрийн хүсэлтээр ирсэн. Цэргийн алба миний төсөөлж байснаас сайхан байна, онжавуудтай болсон. Дайныг сонирхолтой бас галзуугаар төсөөлдөг. Энд өглөө бүр шинэлэг, адал явдалтай байдаг. Халагдаж очоод дүүгээ, аав болохоороо хүүгээ өөрийн алба хаасан анги руугаа явуулна гэж боддог. Цэргийн алба хаах хугацаанд болж байгаа бүх зүйл миний амьдралд ганцхан удаа тохиох учраас гоё дурсамж бүтээхийг хичээдэг. Энэ жил цэргийн цагаан сар тэмдэглэж үзлээ, идээгээ засаад онжав, дарга нартайгаа өглөө нар харсан тухай хуваалцлаа. Мөн ангийн сэтгэл зүйч ярилцлагын олон төрлийг ашиглаж цэргүүдтэйгээ дарга цэрэг шиг, эгч дүүс шиг яриа өрнүүлэхэд тэдний хамгийн нандин чанарууд гарч ирдэг. Сэтгэл зүйн сорилго тестүүд авч, хамт олны сэтгэл зүйг судалдаг. Ихэнх нь 18 настай эвдрээгүй, хүүхдээрээ гэнэн, томоогүй, сониуч эрс ирдэг. Олдсон нэг тамхиа хувааж татах, чихэр хувааж идэхийн сайхныг мэдэрлээ, алба хааснаар хамт олонтой ажиллаж сурлаа гэх мэт хүүхэд бүр өөр сэтгэгдлээ ярьдаг гэв. Ингээд 12:30 цаг болж өдрийн хоолондоо орох боллоо. Хугацаат цэргийн алба хаагчид болон офицер, ахлахууд тусдаа хооллодог. Өдөрт гурван удаа нийт дөрвөн халуун хоолтой, пүрэв гаригт цагаан хоолны өдөр юм. Хоолыг хүнс хариуцсан албаны дарга, эмнэлгийн албаны дарга тэжээллэг чанар, илчлэгийг тооцож долоо хоногоор хоолны цэсийг гаргадаг.

Ангийн бүх албан хаагчид хооллож дуусаад 13:40-14:00 цагт зэр, зэвсгээ хүлээн авч гарын үсэг зураад Зэвсэгт хүчний 311 дүгээр ангийн буудлагын талбай руу офицер, ахлагч, цэргүүд бүгд жагсаад алхлаа. Тэдний алхаа гишгээ, гараа хаялах бүхэн амь нэгтэй. Цэрэг эрсийн гутал шил, толь гэмээр. Буудлагын талбай руу алхах бол тэдний хувьд ойрхондоо ордог гэнэ. Ингээд 14:25 цагт талбайд ирж буудлагын шалгалт эхэллээ. Хаврын салхи энгэр заам нэвт үлээнэ. Жагсаал буудлагын тэмдэглэгээтэй талбайд очиж аюулгүйн ажиллагааны дүрэмтэй танилцаж, офицер цэргүүд тусдаа хоёр ээлжинд хуваагдан АК болон гар буугаар гурван байрлалаас тус бүр хоёр удаа буудна. Эхлээд офицерууд гар буугаар зогсоо, суугаа, хэвтээ байрлалаас буудлаа. Офицерууд гараараа бууны ар тал руу сайн шахах хэрэгтэй, гох дарахад тийрэлт ирдэг тул эрхий хуруугаа гэмтээх аюултай. Буугаа байнаас өөр тийш нь чиглүүлж, сандарч, биеэ барьж болохгүй, буун дуунд цочих магадлалтайг маш олон удаа анхааруулж байлаа. Мөн мөрдөстэй бүх хүмүүс үүргээ биелүүлж байлдааны буудлагын шалгалтыг өгөх ёстой. Энэ үеэр ахлах сувилагч, дүн бүртгэгч н.Түмэндэмбэрэл “2015 оноос хойш цэргийн, зэвсэгт хүчний эмнэлгүүдэд ажиллаж байна. Цэргийн байгууллагад тушаал бүр өөр, нөхцөл байдалдаа тааруулан эмнэлгийн тусламж үзүүлдэг. Өвчнөөс урьдчилан сэргийлэх арга хэмжээ, эрүүл мэндийн боловсрол олгох, ил биеийн үзлэгийг тогтмол хийдэг. Хүндрэлээс сэргийлж үйл ажиллагаа явуулдаг. Цэргүүдэд ил биений үзлэг долоо хоногт гурван удаа тогтмол хийдэг” гэсэн юм. Жанжин Д.Сүхбаатарын “Цэргийн хүнд хоёр амь бий. Нэгд бие амь, хоёрт зэвсэг амь” үгийг бүгд санаж үүргээ гүйцэтгэдэг аж. 16:00 цаг өнгөрч офицерууд шалгалтаа дуусгаж, ангийн зүг жагсан алхлаа. Анги хүртэл овон товон зам, хуцах нохдыг үл ажран алхацгаана. Харин хугацаат цэргийн албан хаагчид олуулаа учир дарааллаараа буудсаар нар жаргах дөхөв. Нар жаргаж соёл амралтын цагаар хоёр салааны алба хаагчид соёл амралтынхаа өрөөнд тойрч суугаад “Цэргийн албанд татагдан очоод

Цэрэг шинель даахтай үгүйтэй

Явган маршийн ард хоцорсон

Ядарч яваа шинэ цэрэг би

Хайрт минь чи минь

Хүлээгээрэй намайгаа

Хугацаат цэргийн албаа хаагаад

Хонгор чамдаа очно оо би…” хэмээн дуулцгаана. Энэ үеэр албан хаагч н.Отгонбаяр “Би Төв аймгаас татагдаж ирсэн. 3-4 жилийн өмнө “Эмээ өвөө бясаа гурав” дууг гитараар тоглож сурч байлаа. Орой соёл амралтын цагаар онжавуудтайгаа дуулж, тэдэнд гитар тоглохыг зааж өгдөг, одоогоор хоёр нь сурсан” хэмээв. Мөн эл ангид “Ахан дүүсийн холбоо” гэж байдаг. Тэр нь нэг ХЦАХ-ийг нэг офицер, ахлагч, ажилчин албан хаагч гэсэн гурван хүн хариуцаж авдаг. Сард нэг удаа ХЦАХ-д ямар хэрэгцээ байна түүнийг нь гүйцэлдүүлдэг. Тухайлбал, гэр бүлээсээ хол байгаа хүүхдэд баяр ёслолоор бэлэг өгөх, сэтгэл санааг нь дэмжиж, ар гэрээ санахгүй байх тал дээр анхаарч ажилладаг аж.

Эр цэргийн сүр хүч, золбоо хийморь тугтайгаа мандсан энэ өглөөний наран жаргалаа. Цэрэг эрс оройн тоондоо орж нэгэн зэрэг алхлаа. Тэднийг хараад эх орон минь амгалан тайван байгааг мэдрэх шиг болов.

Categories
мэдээ нийгэм онцлох-нийтлэл туслах-ангилал

Д.Батчулуун: Багш хүн шавь нарынхаа сониуч занг хөдөлгөх, тэдний сэтгэхүйг хөгжүүлэхийн тулд “яагаад” гэдэг асуултыг олон удаа асууж байх ёстой || DNN.mn


Монгол Улсын гавьяат багш, доктор (Ph.D) Дагдангийн Батчулуунтай ярилцлаа.


-Та сайхан хаваржиж байна уу, эхлээд та манай уншигчдад өөрийгөө танилцуулахгүй юу?

-Сайхан хаваржиж байна аа. Хиад боржигоны Харуулчин овгийн Дагдан Ахын Батчулуун миний бие 1939 онд зуны адаг сарын тэргэл сартай 15-ны шөнө Засагт хан аймгийн дархан бэйлийн хошуу болох Ховд аймгийн Цэцэг суманд малчин айлын ууган хүү болон мэндэлсэн. Аав Жандалын Дагдан, ээж Дуучийн Гяваа мал маллаж жин тээдэг, нутаг усандаа нэртэй хүмүүс байлаа. Аав маань эх орны дайны үед 1943 онд фашист германтай байлдаж байсан зөвлөлтийн улаан армид бэлэг хүргэж Бийск хотод тэмээн жингээр очиж байсан гэдэг. Хиад гэдэг нь хиа аймгийнхны олон тооны нэршил.

-Багшаар заалгаагүй, багшаас эрдэм сураагүй хүмүүн ховор. Багш хэмээх эрхэм мэргэжлийг сонгох болсон түүх сонин байна?

-Би Ховд аймгийн Булган сумын 7 жилийн сургуулийг 1953 онд төгсөх үед хамгийн сайхан мэргэжил цэргийн дарга, багш байсан юм. Тэгээд Цэцэг сумын гаралтай хэдэн хүүхдийн хамт Архангайн Багшийн сургуульд хуваарь авч, 1957 онд бага ангийн багш болсон. Цэцэг сумаас Булган ортол долоон өртөө газар өртөөний мориор явж хүрдэг байлаа.

-Таныг бие дааж олон гадаад хэл эзэмшсэн гэж дуулсан. Та хэдэн хэлээр ярьдаг вэ?

-Би орос, англи хэлийг бие дааж сурсан. Мөн нийгэм улс төр, шинжлэх ухааны ном зохиолыг франц хэлээр уншиж ойлгодог. Герман хэлийг бага зэрэг гадарлана аа.

-Таныг хэл сурч байх үед интернэт, гар утас гэдэг зүйл байгаагүй шүү дээ. Өдөрт хэдэн цагийг зарцуулж, ямар арга барилаар сурч байв?

-Би чинь хөдөө орон нутагт зөвхөн ном зохиолыг унших замаар гадаад хэл сурсан хүн. Миний үед гар утас, интернэт гэж байсангүй. Гадаад хэл бие дааж эзэмшихэд амралтын өдөр гэж байгаагүй. Өдөрт дор хаяад 30-40 минутыг зарцуулах шаардлагатай. Болж өгвөл сонирхсон уран зохиолын номоо унших хэрэгтэй. Уран зохиол амьдралын тал бүрийг харуулсан баялаг хэлтэй. Уран зохиолыг орос, англи хэл дээр бие даан уншиж сурсан нь миний туршлага.

-Та өдгөө 83 насыг зооглосон ч гадаад хэл, эрдэм сурсаар л байна уу…

-Тийм ээ. Уран зохиолыг гадаад хэлээр уншихад ус, агаар мэт хэлний орчин өөрөө бүрддэг. Үүнд заавал тэр хэлээр ярьдаг хүн, амьд орчин шаардлагагүй. Одоо бол сонирхсон сэдвээрээ уншиж л байна даа.

-Та ажил, амьдралын гараагаа хаанаас эхэлж байв?

-Би Говь-Алтайн Чандмань, Тамч, Тонхил, Бигэр, Алтай хотод багшилж байсан. 1982 онд Тонхилд ажиллаж байхад Ардын гэгээрлийн яамны тогтоолоор шинэхэн байгуулагдсан Ховдын Багшийн дээд сургуульд гадаад хэлний тэнхимийн багш, эрхлэгч дeканаар ажиллаж эхэлсэн.

-Гэр бүлийнхээ хүний тухай ярихгүй юу?

-Миний гэр бүлийн хүнийг Б.Цэцэгээ гэдэг. Бид гурван хүү, гурван охинтой. Үр хүүхдээ сайхан өсгөн хүмүүжүүлсэн жирийн нэгэн эмэгтэй бий.

-Таны хүүхдүүдээс багш мэргэжлийг сонгосон хүн бий юү?

-Хүүхдүүдийн маань дөрөв нь багш, том хүү физикийн, гурав нь гадаад хэлний багш мэргэжилтэй. Хоёр нь бизнесийн салбарт ажилладаг.

-Та хүүхдүүддээ багш болохыг зөвлөсөн үү, өөрсдийнх нь сонирхол, сонголт уу?

-Би нэг их зөвлөөгүй. Өөрсдөө л сонгосон. Том хүү Б.Бат-Эрдэнийн шавь нар улсын физикийн олимпиадад тогтмол амжилттай оролцож байлаа. Түүний улс аймгийн олимпиадад амжилттай оролцуулж байсан шавь нарын нэг нь төрсөн дүү нь болох Б.Энхбат аравдугаар ангидаа улсын физикийн олимпиад зургадугаар байр эзэлж диплом авч байсан. Зарим шавь нар нь аймаг улсад 1-3 дугаар байр тогтмол ордог байлаа. Одоогоор эрүүл мэндийн шалтгаанаар ажиллахгүй байгаа.

-Нэг насны амьдралаа сурган хүмүүжүүлэх их үйлсэд зориулсан танд алдар, гавьяа шагнал олон бий байх даа…

-Би боловсролын салбарт 60 жил ажилласан. Шагналын хувьд баярын бичиг одон медалиас эхлээд олон бий. 1989 онд eрөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын гавьяат багш болсон.

-Таныг Пушкины алтан медальтай гэж сонссон. Одоогийн залуус энэ талаар сайн мэдэхгүй байх. Та энэ тухай ярьж өгөөч?

-1982 онд Прага хотноо болсон Олон улсын орос хэл утга зохиолын багш нарын V хурлын шийдвэрийн дагуу намайг орос хэл сурч, сургах үйлсэд гавьяа байгуулсан хэмээн тус холбооны /МАПРЯЛ/ дээд шагнал А.С.Пушкины алтан медалиар шагнасан юм. Энэ шагналаар хөдөө орон нутагт ажиллаж байгаад шагнагдсан анхны хүн би байлаа. Уг шагналаар Монголоос анх удаа шагнуулсан хүн бол миний багш эш удирдагч ардын багш С.Галсан. Энэ медалиа олимпийн аваргын алтан медальтай адилтган ярьдаг байсан.

-Багшлах үедээ та юуг хамгийн их чухалчилдаг байв?

-Багш бол юуны өмнө шавь нараа хүндлэн дээдэлдэг мэргэн зөвлөгч, туслагч нь байх ёстой. Гадаад хэлний багшийн хувьд зааж буй хэлээ сайн эзэмшсэн, судалж буй хэлнийхээ ард түмний соёл ахуйн мэдлэгтэй байж түүгээрээ дамжуулан тухайн хэлэнд шавь нараа дуртай, хайртай болгохыг хичээх хэрэгтэй. Би ч иймэрхүү янзаар л ажилладаг байсан. Нэг цагийн хичээл дээр хүүхэд бүрийг аль болохуйц их яриулж сонсгох хэрэг гарна аа.

-Та хэд орчим шавьтай вэ, тоолж байв уу?

-60 жил багшилсан багшид шавь нар олон л байдаг байх аа. Монголын шинжлэх ухааны акадeмийн eрөнхийлөгч Дүгэрийн Рэгдэлээс эхлээд олон сайхан эрдэмтэн багш, ажилтан, малчин гээд бахархаж явдаг шавь нар минь тун олон бий.

-Багш хүний гуних, баярлах мөчүүд юунд оршдог гэж боддог вэ?

-Мэдээж хэрэг шавь нартайгаа хамт баярлах, гуних цаг зөндөө л тааралддаг. Амьдралд тохиолдсон амжилтад нь баярлах мөч илүү давамгайлж байдаг юм. Би 1983 оноос Ховд Их Сургуульд гадаад хэлний тэнхимийн эрхлэгчээр ажиллаж байсан Б.Дэдэрмаа, Ю.Цэцэгээ, Х.Цэдэв цаашлаад манай тэнхимээр дамжин орос, англи, хятад хэлний салбарыг дүүргэж, эргээд тэнхимдээ багшаар ажиллах болсон олон сайхан шавь нараараа бахархалгүй яах вэ дээ. Миний удирдаж байсан гадаад хэлний тэнхим 30 гаруй багштай, сургуулийн хамгийн том тэнхим байснаа Европ судлал, Англи хэл, Хятад хэлний гэж гурван тэнхим болж хуваагдан ажиллаж байна. Дашрамд хэлэхэд, манай тэнхимийн шилдэг багш Ю.Цэцэгээ түүний хань тус сургуулийн сургалт хариуцсан дэд захирлаар ажиллаж байсан Х.Дондог нарын хүү, Д.Самбуу англи хэлийг бие даан маш сайн эзэмшиж АНУ-ын Элчин сайдын яаманд ажиллаж Элчин сайдтай чөлөөтэй ярилцаж байхыг хараад бахархах сэтгэл аяндаа төрсөн.

-Есөн сарын нэгэн болохоор догдолно биз?

-Энэ асуултыг сонсоод “Нарт eртөнцөд байхгүй нандин сайхан алба гагцхүү багш хүнд заяажээ” гэдэг үг аяндаа бодогдож байна. Мэдээж 60 жил есдүгээр сарын 1-нд сургуулийн босго алхсан хүн сэтгэл догдолно шүү дээ.

-Таны ажиллаж байсан үеийг өнөөтэй харьцуулахад хол зөрүүтэй байх. Тэр үеийг эргэн дурсаач…

-Хөдөөгийн сургуульд багшилж байх үед багш нар хичээл эхлэхээс өмнө жил бүр морь, тэмээгээр хожуухандаа мотоциклоор хөдөө бригад руу явж сурагчдаа цуглуулдаг байлаа. Заримдаа хүүхдүүд сургуулиас оргох, завсардах явдал их гарна аа. Одоо сумдад ямархуу байгааг хэлж мэдэхгүй юм.

-Залуу багш нарт таны үг сургаал үнэтэй дээ…

-Залуу багш нарт хэлэхэд, багш хүн шавь нарынхаа амьдрал, сэтгэл зүйг ойлгодог алдаа дутагдал бүрт уурлаж зандраад байдаггүй тэвчээртэй, нигүүлсэнгүй нэгэн байх ёстой болов уу.

-Таны бодлоор сургалтыг хэрхэн явуулах ёстой вэ?

-Орчин үеийн сургалтад сурагч, оюутнуудыг бие даан сэтгүүлж сургахад их анхаарч байна. Бие даан хөгжүүлэх сургалт манай оронд аль хэдийнэ 1980-аад оны дундаас эхэлсэн ч одоо болтол хэрэгжихгүй байна. Дэлхийн боловсролын түүхэнд хөгжүүлэх сургалтыг үндэслэгч эртний Грeкийн гүн ухаантан Сократ “Би хүнд юуг ч заадаггүй. Би тэднийг зөвхөн бодуулж сургадаг” гэсэн байдаг. Тэрбээр гудамжинд залуустай ярилцаж тэдэнд янз бүрийн асуулт тавьж хариулт авдаг байжээ. Түүнийг залууст буруу үлгэрлэж байна гэж үзэж хааны тушаалаар цаазлах ял онооход шоронд цаазлуулахгүйгээр амиа eгүүтгэсэн юм. Мөн дэлхийн алдарт ухаантнуудын нэг харьцангуйн онолыг нээгч Албeрт Эйнштeн “Баримт матeриалыг цээжлүүэх биш сэтгүүлж сургах хэрэгтэй” гэжээ. Эйнштейн өөрөө маш сониуч зантай хүн байсан бөгөөд нэг өдөр нарны туяаг харж эргэж ирэхийг нь хүлээж суугаад харьцангуйн онолоо нээжээ. Тэрбээр өөрөө еврeй үндэсний гeрман иргэн байсан тул еврeйчүүдийг хоморголон устгах фашизмаас зугтаж Америкт очиж зочид буудалд буунгуутаа түүний талаар тэндхийн хэвлэлүүдэд юу бичсэнийг сонирхохоор номын дэлгүүр хэссэн гэдэг. Багш бүр сурагч оюутнуудынхаа сониуч занг хөдөлгөх, улмаар тэдний сэтгэхүйг хөгжүүлэхийн тулд “Яагаад” гэдэг асуултыг олон удаа тавьж байх ёстой. Мөн орчин үеийн их дээд сургуулийн багш нарын эрхэмлэх нэг зүйл бол эрдэм шинжилгээний ажлыг хийх явдал юм.

-Танд эрдэм шинжилгээний ажил, сурах бичиг олон бий юү?

-Миний бие “Хэл шинжлэлийн удиртгал, “A contrastive grammar of Mon­golian and English”, “Шинжлэх ухааны англи монгол дэвсгэр толь” гэх мэт 30 гаруй ном зохиол, 130 гаруй эрдэм шинжилгээний өгүүлэл бичиж хэвлэн нийтлүүлжээ. Ажиллаж байхдаа Улсын багшийн дээд сургуульд эчнээ суралцаж онц сайн дүнтэйгээр улаан дипломтай төгссөн. Мөн АНУ-д Лий их сургуулийн ахлах курст нэг жил сурахдаа сайн суралцаж жилийн эцсийн шалгалалтаас чөлөөлөгдөж “Certificate of achievement” авч байлаа.

-Та залуусыг гадаад хэл рүү хошуурах тал дээр ямар бодолтой явдаг вэ?

-Даяаршлын эрин зуунд цөөн хүн амтай Монголын хувьд иргэд түгээмэл хэрэглэдэг аль нэг гадаад хэлийг эзэмших нь чухал ач холбогдолтой. Хэл мэдэхгүйтэй холбоотой ганц хоёр зүйл дурдъя л даа. Орост анх удаа ирсэн герман хүнтэй танилцах гээд оросоор яритал цаадах нь ойлгоогүй учраас дуугарсангүй гэнэ. Тэгэхээр энэ чинь хэлгүй хүн байна гэж бодоод нeмой (хэлгүй) гэдэг үгээс үүсэлтэй нeмeц гэж нэрлэжээ. Тэгээд германчуудыг оросууд эрэгтэйг нь нeмeц, эмэгтэйг нь немка, герман хэлийг “Немeцкий язык” гэх болсон. Энэ нэршил орчин цагийн орос хэлэнд ч тогтвортой хэрэглэгдэж байна. Дэлхийн бусад хэлэнд эдгээр үгийг хэрэглэдэггүй юм. Бас нэг жишээ дурдахад, Австрали тивд анх ирсэн хүн нэгэн сонин амьтныг хараад нэрийг нь асуухад нутгийн уугуул иргэн ойлгоогүй учир “Кeнгуру” гэж хариулжээ. Энэ үг нутгийн хэлээр “мэдэхгүй” гэсэн үг ажээ (инээв). Монголын орчуулагчдын эвлэлийн гишүүний хувьд нэрт зөгнөлт зохиолч Гeрбeрт Уэллсийн “Моро докторын арар” роман болон арваад шүлэг, өгүүллэг, түүхэн өгүүллийг орос, англи хэлнээс орчуулж нийтлүүлсэн. Би Монголын багш нарын IV их хурал, Монголын орос хэлний багш нарын анхдугаар их хуралд, 1990 онд Москвад болсон олон улсын орос хэл утга зохиолын багш нарын холбооны VII их хуралд төлөөлөгчөөр оролцож байлаа.

Categories
мэдээ онцлох-нийтлэл туслах-ангилал эдийн-засаг

Ч.Отгочулуу: Рублиэр худалдаа хийх нь эрсдэлтэй || DNN.mn

ОХУ-ын рублийн ханшны уналтын талаар эдийн засагч Ч.Отгочулуутай цөөн хором ярилцлаа.


-Рублийн төгрөгтэй харьцах ханш огцом унаж байна. Нэг рубль 35-40 төгрөгтэй тэнцдэг байсан бол 20 төгрөг рүү оржээ. Энэ нь дайнтай холбоотой байх даа?

-Тийм. рублийн ханш унах нь зүй ёсны үзэгдэл л дээ. Буриадууд ирж рублиэ доллараар сольж байгаа тухай яриа байсан. Хэрэв энэ үнэн бол рублийн нийлүүлэлт өсч ханш нь унана. Манай улс ОХУ-аас маш цөөн бараа авдаг, түүнийгээ ихэвчлэн доллараар төлчихдөг. Тиймээс рублийн эрэлт бага байдаг. Ихэвчлэн аялал жуулчлалын зориулалтаар л рубль сольдог.

-Дэлхий дахинд рублийн ханш ямар байгаа вэ?

-Маш цөөн хоногийн дотор рублийн ханш дэлхийн хатуу валютуудын эсрэг 50-60 хувь унасан.

-Рублийн ханш унаж байгаа энэ үед бид Оросоос худалдан авалт хийх нь зөв үү?

-Рублиэр тооцоо хийдэг бол тухайн барааны тодорхой хэмжээгээр хямдрах боломжтой. Гэхдээ хойд хөрш маань улс төрийн шалтгаантай хоригт орсон учраас рублиэр худалдаа хийх эрсдэлтэй. Буцааж солиход хэцүү. Их хэмжээний наймааны хувьд рубль, төгрөг хоёр шууд хөрвөдөггүй. Заавал доллараар

дамжина. Нөгөө талаас иргэдийн гар дээр байгаа рублийн ханш цаг цагаар унаж байна.

-Рублийн ханш өсөх төлөв бий юү?

-Дайн хэзээ дуусна, тэр үед л тогтворжино. Дайн дууссан ч гэсэн Оросын эдийн засагт тавьсан хориг үргэлжилнэ. Энэ нь эдийн засагт ужиг, мөн сөргөөр нөлөөлнө. Оросын нийт экспорт нь эдийн засгийнхаа буюу ДНБ-ийх нь 30-аад хувьтай тэнцдэг. Тэгэхээр энэ хэрээр эдийн засаг нь агших боломжтой гэсэн үг. Эдийн засаг агшихаар үндэсний валют нь улам үнэгүйднэ. Оросын төв банк бодлогын хүүгээ хэчнээн өсгөсөн ч рублийн ханшийг барьж чадахгүй. Учир нь хөрөнгө оруулалтын урсгал нь татарсан. Зээлжих зэрэглэл тогтоодог Мүүдиз, Стандард энд Пүүрз зэрэг компаниуд Орост хасах төлөв бүхий ‘C’ үнэлгээ өгч, хэрвээ богино хугацаанд ‘D’-рүү гулгавал дампуурна гэсэн үг. Өөрөөр хэлбэл, Оросын засгийн газар болон төрийн компаниуд нь дампуурлын ирмэгт байна. Хэрэв үнэхээр дампуурлаа зарлавал рубль улам л үнэ цэнээ алдана.

-Рублийн ханшийн уналт манай улсад хэрхэн нөлөөлөх вэ?

-Оросоос бараа импортлохдоо доллараар тооцоо хийдэг учир онцын нөлөөгүй. Манай улсаас Орос руу экспортолдог бараа бараг байхгүй. Яах вэ, Орост аялахад арай хямд байх боломжтой. Гэхдээ жуулчдын хувьд дайны улбаагаар нийгмийн эмх замбараагүй байдал үүсэх, хулгай дээрэм ихсэх эрсдэлтэй.

-Манай улсад рубль зарахад хязгаарлалт тогтоохгүй бол нөөц шавхагдах эрсдэл бий юү?

-Байхгүй. Сая хэлсэнчлэн Орост очиж амрах, худалдан авалт хийхэд л хэрэг болох байх. Гэхдээ юу л бол. Хомсдолын шинж тэмдэг илэрч эхэлсэн учраас Орос улс тун удахгүй экспорт, импортын хязгаарлалт хийж эхлэх биз ээ. Мөн картын барааны үе рүүгээ эргэн очих магадлал өндөр байна.

Categories
мэдээ онцлох-нийтлэл соёл-урлаг туслах-ангилал

Ц.Ганзориг: Найруулагч Б.Тамир “Жингээ хас, үс сахлаа ургуул” гэдэг даалгавар өгсөн || DNN.mn

“Маск” продакшны жүжигчин, МУСТА Ц.Ганзоригтой ярилцлаа.


-Уран бүтээлийн сонин сайхнаар ярилцлагаа эхэлье?

-Сүүлийн үед дэлгэцэнд нэг их гарахгүй байгаа. Уран бүтээлч хүний хувьд өөрийн дүрх төрхөд өөрчлөлт, шинэчлэл хийж байна. Ил гарахгүй байх хугацаандаа олон сайхан киноны арын албанд зургийн даргаар ажиллалаа. СУИС-ийн төгсөх курсийн оюутан, залуухан найруулагч Бат-Эрдэнийн “Хайрлах хүч” УСК-д зургийн даргаар ажиллаад дөнгөж дууслаа. Мөн Монголын эмэгтэйчүүдийн холбоо, “U Film”-ын хамтын бүтээл С.Удвал ахайтны бодит түүхээс сэдэвлэсэн “Улаан цэцэг” МУСК-д зургийн дарга болон С.Удвал гуайн аавын дүрийг бүтээлээ. Кино маань өнөөдөр нээнэ.

-Өөрөө дүр бүтээхгүйгээр зургийн даргаар ажиллах ямар байдаг вэ?

-Зургийн даргын ажилдаа дуртай, кино бүтэхэд чухал роль шүү дээ. Киноны орчин, цаг үеийг зураач нар бүтээж, зургийн дарга нар бодит болгодог. Зарим хүмүүс зургийн дарга бол боолын ажил гэдэг л дээ, үүнд жаахан эгдүү хүрдэг юм.

-Зургийн даргын ажил нэлээд судалгаа, мэдрэмж шаарддаг уу?

-Тэгэлгүй яахав, зохиолоо маш сайн уншаад найруулагч, оператор, зураач нартайгаа нягт холбоотой ажиллана. Жишээлбэл, “Улаан цэцэг” МУСК-д 1928-1990 оны үйл явдал гардаг. Тэр он цаг ямар байсныг маш богино хугацаанд харуулна. Түүнийг маш тодорхой харуулж, хүмүүст ойлголт өгөхийн тулд зургийн дарга сайн ажиллах хэрэгтэй. 1928 онд С.Удвал дарга есөн настай байхад ямар гэрт амьдарч, тухайн үеийн даргын өрөө гээд л тэр бүхнийг бүрдүүлэхэд мэдрэмж чухал. Миний хувьд болж өгвөл зэрэглэл өндөр, энэ цаг үед ховорхон объектуудыг сонгодог. Улс төртэй холбоотой кино байхад улс төрийнхөн хаана уулзах боломжтой вэ гээд л харна даа.

-“Улаан цэцэг” МУСК-д хэдий хугацаанд ажиллав?

-Хоёр жилийн өмнө Г.Ундармаа эгч зургийн даргаар ажиллах санал тавьсан. Энэ бол миний зургийн даргаар ажилласан анхны түүхэн кино. Цар тахлын улмаас хойшилж өнгөрсөн намраас зураг авалтаа эхэлж, одоо ард түмэндээ хүрэх гээд догдолж байна. Шинэ цагийн залууст С.Удвал гэж ямар хүн байсныг үзүүлэх гэж байгаадаа их догдолж байна. Энэ кинонд ажиллаж байхдаа С.Удвал гуай их ажлын хажуугаар хэзээ нь уран бүтээлээ туурвиж, үр хүүхдүүдээ өсгөж, гадагшаа томилолтоор явдаг байсан юм бол оо гэж гайхсан.

-Бас энэ цагийн хит “37-р точка” УСК-д зургийн даргаар ажилласан шүү дээ…

-Тийм ээ, бас л шандас сорьсон уран бүтээл байсан. Цаг үеийн байдлыг харуулахаар объектоо олох, “Фантастик” продакшны залуус маш дайчин, шаргуу ажилладаг. Одоо уран бүтээлээ харахад гоё байдаг. “37-р точка” УСК зургийн дарга гэдэг нэрийг маань илүү тамгалж өгсөн.

-Өөрөө тоглохгүй байсан юм уу?

-Тодорхой хэмжээний дүр байсан байх л даа. Нэг зургаас нөгөө зургийн хооронд объектуудаа бэлтгэх ажил маш их байсан. Тэр дунд жүжиглэх боломжгүй, жүжиглэж байхдаа дараагийн объектоо бодно шүү дээ (инээв).

-Одоо ямар уран бүтээлд зургийн даргаар ажиллах гэж байна?

-Би зөвхөн “Фантастик”, “U Film” ч юмуу зэрэглэл, карьер өндөртэй продакшнуудтай хамтарч ажилладаггүй. Хэн ч мэдэхгүй хэрнээ тэр киног хүнд таниулахын төлөө шинэ найруулагч залууст туслахын тулд зургийн даргаар явдаг. Дараагийн уран бүтээлийн санал ирчихсэн. Залуу найруулагч Давкагийн Хөвсгөл аймгийн эмнэлгийн байгууллагын 90 жилийн ойд зориулсан “Анагаагч” УСК-д ерөнхий зөвлөх, эмчийн дүрд тоглоно. Надад эмчийн дүр өгсөнд их гайхсан. Сахлаа л авах нь дээ (инээв).

-Та сүүлийн үед фитнессээр хичээллээд, үс сахлаа ургуулах боллоо. Ямар нэгэн дүрийн зорилго бий юү?

-Тоочиглосон дүр байна. Найруулагч Б.Тамир “Жингээ хас, үс сахлаа ургуул” гэдэг даалгавар өгсөн. Уран бүтээлч хүн дүрдээ дурлах ёстой, би дүрдээ дурлаад хичээж байгаа.

-Хөл хорионы үед эрүүл хооллож, жингээ хасахаар шийдэв үү?

-Өмнө нь би жингээ хасах тухай огт боддоггүй байлаа. Нэг өдөр эхнэр маань МУГТ Г.Угалзцэцэгийн “Хэвлийгээрээ инээмсэглэе” ангид хамт бүртгүүлчихсэн байсан. “Өнөөдрөөс бэлтгэл хийх гэж байгаа, намайг хүргээх өгчих” гэсэн. Би ч хүргэж өгчихөөд явах гэтэл хувцас бэлтгэсэн, хамт орно гэснээр анх удаа хичээлдээ орж хөлс, нулимсандаа холилдоод л гарч ирсэн (инээв). Угалзцэцэг манай найз болохоор шантрахаас ичээд долоон хоног таслалгүй хичээлдээ явсан. Гэтэл долоо хоногийн дотор хоёр кг жин хасчихсан байсан. Урамшаад хичээллэж байтал “Нийслэл хүүхэн” УСК-ны санал ирсэн юм. 20 гаруй кг жин хасч сүүлийн үед “Ган” спорт төвийн гишүүн болж, илүүдэл жингээ хасмаар л байна. Миний дараагийн зорилго фит биетэй болж ирэх жилийн Фитнесс тамирчдын улсын аваргад өөрийгөө сорих юм. Би тарган байж үзсэн, одоо эрүүл байвал ямар байдгийг залуустаа, үр хүүхдүүддээ үлгэрлэмээр байна. Ямар ч байсан 50 нас хүрэхэд эрүүл чийрэг бие, амьдралын хэв маягтай болчихно.

-“Овжин охид”-ын Сампил их намба сууж ээ дээ…

-(Инээв). Хүн 40 нас гарахаараа бодол санаа, төлөвшил их өөр болдог юм байна. 25 хүртэл өөрийнхөөрөө, аав ээжийнхээ чихнээс хонх уяад “Ганц л амьдарна” гэдэг уриатай байлаа. 35 хүртэл буурь суугаад ч байгаа юм шиг үгүй ч юм шиг, харин 40 нас гарахаар өөрчлөгддөг юм байна. Амьдралд хандах хандлага, хүүхдүүд өсч байна үзэл бодол гээд л. Том охин маань 18 нас хүрч, оюутан болоод хилийн чанадыг зорьсон. Аав, хань, хүү, уран бүтээлч, улаач хүн би энэ нийгэмд өөр юуг хийж чадах вэ, яаж илүү зөвөөр үлгэрлэх вэ л гэж боддог.

-Улаач гэснээс бөө болох ёстойгоо яаж мэдэж байв?

-Хүүхэд байхын л зөнтэй, “Би мундаг бөө болно, манайд олон хүн ирнэ” гэж ярьдаг байсан. Яг цагаа тулаад бөө болно гэсэн чинь өөрөө шоконд орсон. Яалт ч үгүй онгод тэнгэрийн шоглоом ч их байсан.

-Сэтгэл зүйн хувьд яаж хүлээж авсан бэ, урлагаа орхиё гэж бодсон уу?

-Бодолгүй яахав, урлагаасаа хэсэг завсардсан. Татаж унаад бие өвдөөд аргаа бараад л үнэхээр болох ёстой юм байна гэж шийдсэн. Онгод маань “Чиний урлаг уран бүтээлийг маш сайн явуулна, жил бидний үгээр яв” гэж хэлдэг байсан. Яг л үнэн байсан.

-Танд олон хүн даатгуулдаг уу?

-Тэгдэг, даатгуулсан хүн олоон.

-Хамтлагийнхан нь даатгуулж байх юм уу?

-Яахав, өдий арван жил болоход бид даваа, гүвээтэй олон замд явсан. Манай хамтлагийнхан намайг маш зөв, сайхан хүндэлж ойлгодог. Замд гарахад “За Ганзо уул усаа аргадаарай” л гэдэг. Түүгээрээ ч юмуу, энэ олон жилд манай хамтлаг хатуу хөтүүг дайралгүй сайхан л явж байна.

-Тайзны уран бүтээлд ажиллаж байна уу, та?

-Ковидын үед хошин урлагийн ажил зогслоо. Миний хувьд хошин урлагийн тайзан дээр 10-аад жил байсан. Өөрийн өнгө төрхөө өөрчилж, өмнөх ажилдаа анхаарч байтал тайзны уран бүтээлийн урилга ирэх байх. Ганц хүний “моно” жүжиг тоглоно гэж боддог, хараахан тохироо нь бүрдэхгүй л байна.

-Таны анхны тайзны уран бүтээл юу вэ?

-“Шинэ үе” продакшны “300 сарнай”, “Үнэгүй юм гэж үгүй” зэрэг шоу тоглолтуудад оролцож байлаа.

-Та тайзан дээр тоглож байхдаа юунд хамгийн их анхаардаг вэ?

-Инээдмийн жанраар тоглож байгаа юм чинь болж өгвөл хүнийг зөв талаас нь инээлгэх, хүний сэтгэлийг хөдөлгөчих юмсан гэж анхаардаг байсан.

-Тоглолтын уур амьсгал үзэгчдээс шалтгаалах үе байх уу?

-Байна, заримдаа эхний 15 минут үзэгчид халахгүй, инээхгүй байх үе байдаг. Заримдаа эхний жүжигчин гараад юм ярихад л инээдэг.

-Орон нутаг, Улаанбаатарын үзэгчид ялгаатай юу?

-Улаанбаатарын үг хэллэг үзэгчдэд шууд хүрчихдэг. Хотын үг хэллэгээр орон нутгийн тайзан дээр тоглоход “Энэ нь юу гэж байгаа юм бол” гэж бодох зүйл байдаг. Сүүлийн үед сошиалын хэрэглээ өндөр болсон учир үзэгчдийн ялгаа арилсан даа.

-Урлагийн хүн болоход өвөө тань нөлөөлсөн үү. Таны өвөө “Хөдөөгийн баясгалан” киноны Найдан, “Хүргэн хүү” киноны Жамц баяны дүрээр үзэгчдийн сэтгэлд хоногшсон жүжигчин шүү дээ?

-Хүүхэд байхын л урлагийн хэнээтэй байлаа (инээв). Даруухан, томоотой өөрт оногдсон зүйлээ маш сайн хийдэг, уран жиргээ, хүрэл тулга, бүжгийн тэмцээн гээд л урлаг соёлтой холбоотой бүх зүйлд оролцдог байсан. Багаасаа л бүжигчин юм уу дуучин болно гэж бодсон.

-Та 14 настайдаа КУДС-д элссэн гэсэн үү?

-Тийм ээ, наймдугаар ангиа төгсдөг жил дээд сургууль гэдгийг нь мэдэхгүй шалгалт өгөөд тэнцчихсэн. “Соёл” хувийн дээд сургууль шинээр нээгдэж 16-аас дээш насны хүүхдүүдийг элсэлтэд авч байсан юм билээ. Өөрийгөө 16 настай, жижигхэн биетэй гэж хэлээд орчихсон. Сургууль надаас жил гаруй бичиг баримт нэхсэн, гуравдугаар курст орохдоо “Би 14-тэй байсан юм аа” гээд л цайрсан (инээв).

-Та эхээс хэдүүлээ вэ, танаас өөр урлагийн хүн бий юү?

-Би айлын дунд хүү, нэг эгч, нэг дүүтэй. Эгч, дүү хоёр өөр салбарт ажилладаг.

-Танай хүүхдүүд урлагийг хэр сонирхож байна?

-Манайх таван хүүхэдтэй. Хоёр том охин хоёулаа урлагийн хүн болно гэдэг. Том нь сургуулиа сонгоод БНСУ руу явчихсан. Том хүү их гоё зурдаг, “Инженер болно 100 давхар байшин барина, 100 дахь давхарт нь таныг амьдруулна” гэж ярьдаг. Дараагийнх нь мэс заслын эмч болно, хамгийн бага охин дуучин болно оо л гэдэг.

-Гэр бүлийн хүн тань аль салбарын хүн бэ?

-Манай гэр бүлийн хүн сэтгүүлч мэргэжилтэй, гэр бүлийнхээ бизнесийг эрхэлдэг.

-Дараагийн ажил, амьдралын зорилго төлөвлөгөөний тухай сонирхуулахгүй юу?

-Түрүүнд хэлсэнчлэн өөхөө хайлуулж, тэмцээндээ оролцоно доо (инээв). Хамгийн чухал зүйл аав, ээж, хань, үр хүүхдүүд, найз нөхөд бүгд эрүүл энх, эх дэлхий маань өвчингүй, дайнгүй л байвал жаргал юм даа. Айх айдасгүй энх тунх байгаасай л гэж ерөөж байна.