Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

С.БАЯР: Суусан газраасаа чулуу атга

Монгол Улсаас Их Британи, Умард Ирландын Нэгдсэн вант улсад суугаа Элчин сайд Санжийн Баяртай ярилцлаа.


-Сайн байна уу та. Ярилцлага авах хүсэлтийг маань хүлээн авсанд баярлалаа. Та Монголдоо ирээд удаж байна уу?

-Сайн сууж байв уу. Би нутагтаа ирээд удаагүй байна.

-Аль хавар таныг энд ирчихсэн байгаа гэсэн мэдээ яваад байсан болохоор асуулаа л даа…

-Тэгсэн үү. Мэдээ яваад байж гэнээ… Мэдээнээс үнэн баримжаа авдаг цаг өнгөрсөн, харамсалтай нь.

-Ингэхэд та энэ удаад ямар ажлаар ирэв дээ?

-“Суусан газраасаа чулуу атга” гэсэн үг бий. Тэрэн шиг суугаа орноосоо хөрөнгө оруулагч татах нь Элчин сайдын хичээх ёстой ажил. Гаднынхан үргэж бусгаад байгаа одоо цагт энэ бол бүр чухал. Тиймээс Английн нэг том компанийн удирдлагыг Элчин сайдын хувьд би Монголд урьсан юм. Манайд их хэмжээний хөрөнгө оруулах тухай яриад байгаа улс.

-Их гэж яг хэр хэмжээний хөрөнгө юм бэ. Яг ямар салбарт хөрөнгө оруулах юм бол?

-Төслийн өртөг нь 1.2 тэрбум ам.доллар. Эрчим хүчний салбарт хөрөнгө оруулах төсөл. Шивээ овоо дээр цахилгаан станц барих тухай ярьж байгаа. Хоёр талдаа ярьсаар байгаад овоо чамбай болсон төсөл. Лондонд очсон цагаасаа хойш л би энэ төслийг онцгойлон чухалчилж байгаа санаатай.

-Тэгж чухалчлах ямар онцлогтой төсөл юм бэ?

-Хэд хэдэн онцлог бий. Нэгдүгээрт, төсөл сайн учраас оруулах хөрөнгө нь бэлэн гэнэ. Төсөл санхүүжүүлэх банкны төлөөлөл хамт ирсэн. Хоёрдугаарт, нийлүүлэх цахилгааны үнэ өртөг нь харьцангуй хямд. Гуравдугаарт, говь нутагт ус ховор. Тиймээс ус хэмнэдэг хөргөлтийн “хайбрид” системтэй байх гэнэ. Мөн Хаялга нуурын усыг цэвэршүүлж ундных болгоно. Дөрөвдүгээрт, цахилгаан станцаас гарах хаягдал үнсээр нь барилгын блокийн үйлдвэр барина. Тавдугаарт, станцын дэргэд хүлэмжийн том аж ахуй байгуулж, хүнсний ногоо тарина, ажлын байр бий болгоно. Уг төслийг дагаад нийтдээ 800 гаруй ажлын байр шинээр бий болно гээд байгаа. Энэ мэтчилэн яривал боломжийн төсөл болсон мэт. Гэхдээ хэлэлцэх, тодруулах, нягтлах зүйл бас байна. Тиймээс Эрчим хүч, Байгаль орчин, Хүнс Хөдөө аж ахуйн яамаар орж уулзалт, хэлэлцээ хийж байна. Элчин сайдын ажлаа хийж яваа маань энэ.

-Таныг Элчин сайдын хувьд итгэмжлэх жуух бичгээ Английн хатан хаанд барьсны дараа яриа хөөрөө болсныг та анзаарсан уу. Таны тухай гэхээсээ таны гэргийн талаар нэлээд шуугисан…

-Өө тийм үү…

-Хатан хаанд бараалхахдаа таны гэргийг дипломат ёс жаяг зөрчсөн, холоос гараа зүтгүүлж алдаа гаргалаа, хатан хааны мутрыг нь үнсдэг ёстой гэж багагүй шүүмжилсэн. Таны гэргий энэ асуудалд хэрхэн хандсан бэ?

-Дипломат ёс жаяг нарийн. Английн ёслол бүр ч нарийн юм байна. Хатан хааныг нь үнсэх, тэврэх, биед нь хүрэх энэ тэр бол хориотой. Тэр жил Ерөнхийлөгч Обамагийн эхнэр хатан хааныг нь үнсээд ч бил үү, тэврээд ч бил үү буруудсан гэдэг. Гадаадын Элчин сайд нарыг гэргийтэй нь хамт хатан хаандаа бараалхуулна гэдэг нь тусгай дэг жаягтай. Хэдэн өдрийн өмнөөс бэлтгэл сургууль хийлгэдэг тогтсон журамтай. Хатан хааны ёслол хариуцсан маршал хэмээх албан тушаалтай хүн удирдаж тэр бэлтгэлийг хийлгэдэг юм байна. Арга хэмжээний үед хэн хаана зогсох, хоорондоо ямар зай авах, хаанаас яаж мэндчилэх, хэрхэн яаж хандах, юу ярих, эс ярих гээд бүх юм нарийн заавартай. Өгсөн тэр зааврынх нь дагуу бүх арга хэмжээ болсон л доо, уг нь. Ёслохдоо алдсан гэж байгаа бол ёслолын тэр маршал л бидэнд мадагтай юм зааж дээ (инээв).

-Хатан хаан сүйх тэргээ явуулж Элчин сайдыг ордондоо авчирдаг гэдэг байх аа?

-Тийм. Бас л сүр бараатай хийж байна билээ. Алтан тоног, саа, торго болсон хоёр ч том сүйх тэрэг ирж үйлчилсэн. Нэгэнд нь ёслол хариуцсан нөгөө маршал болон Элчин сайд, эхнэрийнхээ хамт сууна. Нөгөө тэргээр нь Элчин сайдын яамны дөрвөн ажилтан явна. Тэгээд хатан хааны ордныг зорино. Манай элчингээс хатан хааны ордон хүртэл хориод минут явах зайтай. Задгай сүйх тэргэнд торгон цэргийн гоёмсог өмсгөлтэй ёслолын маршал болон өнгө өнгийн үндэсний дээлээрээ гангарсан бидний хэдэн монголчууд хатан хааны ордныг зорин морин цагт хөдөлсөн. Ийм содон хөсөг замын хөдөлгөөн хаалгаж байгаад Лондоны төвөөр зорчиход олны нүд бүлтийнэ биз дээ. Тэр хавьд жуулчин ихтэй, бараг хүн болгон гар утсаараа зураг дардаг болсныг ч хэлэх үү, бид бүгд тэр зуур папарацийн бай болсон. “Гэрэл зургаа олон даруулсан тоогоороо Монголын дипломат та хэд яг энэ мөчид дэлхийд тэргүүлсэн байх шүү” гээд ёслолын маршал өвгөн жуумалзаж байсан.

-Та Н.Багабанди Ерөнхийлөгчийн Тамгын газрын даргаар ажиллаж байхдаа гадны Элчин сайд нар Монгол Улсын Ерөнхийлөгчид итгэмжлэх жуух бичгээ барих ёслолд оролцож л байсан. Бас ОХУ-д суух Элчин сайдын хувьд В.Путин Ерөнхийлөгчид жуух бичгээ барьж явсан хүн. Манай ёслол гадныхнаас хэр их ялгаатай вэ?

-Орчин цагийн хандлагаа дагаад манай ёслол нэлээд энгийн, ажил хэрэгч ангилалдаа багтана. Оросын ёслол ч бас тийм. Харин Английн протокол бол, ялангуяа хатан хаан нь оролцдог арга хэмжээ нь чамин, сүртэй талдаа. Олон зуун жилийн уламжлалт ёсоо харуулах, хүндлүүлэх зорилго, агуулгатай ёс жаяг. Нэг юм бодогдсон. Монголын төрт ёс маань олон зуун жилийн уламжлал байхгүй гэх биш, бид ч бас ёслолоо бэлгэдэл, түүхэн заншил талаасаа арай нарийсгаж, арай сүр оруулах ёстой ч байж мэднэ. Гэхдээ үүнийг түүхч, судлаачид, мэргэжлийн дипломатууд маань надаас илүү сайн мэднэ, хэлээд өгнө дөө.

-Лондонд байгаа Монголын ЭСЯ таныг очсоноос хойш хөлтэй байгаа дуулдах юм…

-Хөл хөдөлгөөнтэй байлаа. Сар гаруйн өмнө бид Монгол, Британийн бизнесийн чуулганыг Лондонд хийсэн. Английн парламентын гишүүн асан Жон Гроган гуай тэргүүлсэн тэр талын улс төр, бизнесийн хүрээнийхэн, Монголын талаас төр, бизнесийн болон төрийн бус олон байгууллага, манай ЭСЯ оролцоод тэр арга хэмжээг хамтран зохион байгуулсан. Манайхтай бизнес хийх гэсэн санаа бодолтой Английн компаниуд миний төсөөлж байснаас илүү олон байна. Тиймээс чуулганы өмнө, хойно тэдэнтэй уулзах, яриа хөөрөө өрнүүлэх гээд сүүлийн хоёр сар хэрэндээ л зав муутай байж байгаад ирлээ.

-Манайхыг яагаад гэнэт сонирхоод эхлэв, таны бодлоор?

-Гэнэт л нэг их сонирхоод эхэллээ гэх нь юу юм. Гэхдээ глобаль том хандлагаа дагаад юм юм хөдөлгөөнд орж байна. Жишээ нь, Англи улс Европын Холбооноос гарах болсноор нөхцөл байдал илт өөрчлөгдөж байна. Европыг гол тулгуур, чиглэлээ болгож ирсэн харилцааны хуучин тогтолцоо нь халагдана. Ингэснээр шинэ шинэ асуудал дэгдэж, шинэ бэрхшээл үүсч, шинэ боломж нээгдэж байх шиг. Монгол Улс маань тэр шинэ боломж гэсэн ангилалд нь багтаж чадвал сайн сан. Монгол орон өөрөө сонин содон зах зээл байхаасаа гадна Хятад улсад газар зүйн хувьд ойр дөт байдгаараа онцлогтой. Энэ мэтийн олон хүчин зүйл бий. Гэхдээ бид тэр сонирхлыг нь зөв өөгшүүлж, ундрааж чаддаг байх ёстой. Эндээс л учир ургаж, учиг сэжүүр олдоно.

-Сэдвээ жаахан өөрчилье. Танай ЭСЯ дотроо төдийгүй гаднаа ч хөл хөдөлгөөнтэй байх шиг. Яамны гадна байнгын жагсаалтай байгаад байна уу?

-Байнгын жагсаалтай гэх нь хаашаа юм. Хэд гурваараа ирээд, яамны үүдэнд ухуулах хуудас дэлгэн барьж, “сэлфи” зургаа дарж байгаад яваад өгдөг. Эхэндээ манай ЭСЯ-ны гадаа ирж саатдаг байснаа одоо хотын төв, Английн парламентын ордны хавьд үзэгддэг болсон гэдэг.

-Та тэр хүмүүстэй уулзсан уу?

-Албан ёсоор бол үгүй. Уулзах санал байна уу гэхэд татгалзсан хариу өгсөн. Үдийн цайны цагаар голдуу ирдэг болохоор яамнаасаа гарч, орох зуур тэр хүмүүстэй хэд хэд таарсан. Мэндээ мэдэлцэж хэдэн үг сольсон. Инээд алдсан, яриа хөөрөөтэй л бүсгүйчүүд байна билээ. Тэр нутгийн шар толгойтой нэг нөхөр хамт харагддаг. Мүүнийн шашны зүтгэлтэн, манайхныг урьж дайлсан найрсаг хүн гэдгээр нь тэнд байгаа монголчууд түүнийг анддаггүй гэсэн.

-Таныг Элчин сайдын албан тушаалаас эгүүлэн татах хэрэгтэй гэж шаардаж байгаа, энэ талаар төр засгийн байгууллагад өргөх бичгээ өгсөн гэж байсан. Хариу нь гарсан уу?

-Өргөх бичгийн хариу нь төвөөс ЭСЯ-нд ирснийг тэдэнд дамжуулсан. Надад ч бас хандсан шаардах бичиг тэд ирүүлсэн. Би ч бас хариуг нь тогтсон журмаар өгсөн. Гэхдээ нэг бичгийн хариуг өгөхөд өөдөөс шинэ бичиг гардуулдаг байдалтай яваад байгаа. Зөвхөн Монголын талд хандаад зогсохгүй Английн талд ч сонгогчийнхоо хувьд ханддаг юм байна.

-Сонгогчийнхоо хувьд гэдэг нь юу гэсэн үг вэ?

-Тэр улсын иргэд учраас Английн төрийн байгууллага, албан тушаалтнуудад сонгогчийнхоо хувьд ханддаг юм билээ. Гэтэл тэдний нэг нь 2016 оны УИХ-ын сонгуульд Баянзүрх дүүрэгт нэр дэвшиж байсан гэсэн. Хоёр талд азаа үзээд байгаа хүн шиг. Одоо Английн парламентын ордны гадаа очиж жагсаад байгаа болохоор тэндээ сонгогдох гээд байгаа ч юм шиг. Би сүүлдээ бүр ойлгохоо больсон.

-Зөвхөн Лондонд Г.Ичинхорлоо тэргүүтэй хүмүүс гэлтгүй энд тэнд иймэрхүү арга хэмжээнүүд болоод байгаа. Ганцхан хүн рүү чиглээгүй нэлээд томоохон зохион байгуулалттай арга хэмжээ гэж ойлгогдож байгаа. Энэ тал дээр танд мэдэж байгаа зүйл юу байна?

-Хувь, хувьсгалын олон зорилго байгаа байх. Юутай ч цаг зав, хөрөнгө мөнгөө гаргаад, тэнд хийж байгаа жижиг цуглааныг нь энд том сурталчлаад байгаа учраас зориудын зохион байгуулалттай нь ойлгомжтой. Хэн зохион байгуулаад байгаа нь ч тодорхой. Бусад газар юу болж байгааг би мэдэхгүй. Сайнаар хэлвэл Монголын улс төр хил хязгаараа тэлж байгаа ч юм шиг. Саар талаасаа бол Монголоо л муухай болгон харагдуулж байгаа юм. Лондонд Баяр, Энхбаяр, Дорж, Дондог гэж танихгүй, тэдний сайн, мууг мэдэхгүй. “Энэ хэдэн монголчууд яачихсан юм бол доо” л гэж гадныхан гайхна. Монголын муу муухайг монголчууд Монголдоо л засна. Түүнээс биш гадаадынхан, эсвэл гадны шахалтаар тэрнийг хийхгүй.

-Та Ерөнхий сайдын албаа өгөөд явж байсан хүн. Заримдаа Элчин сайдын энэ алба яамай гэж бодогдох үе гардаг уу?

-Аль ч алба амь биш, заяа биш. Авч болсон юм, өгч болно. Очиж болсон юм, буцаж бас болно. Гэхдээ таних танихгүй, гадна дотны хэдэн хүн шаардлаа гээд хаяад явчихдаг төрийн алба гэж юу байх вэ.

-Таныг Оюу толгойн гэрээг хийхдээ хувьдаа мөнгө завшсан, тэр мөнгөөрөө хилийн чинадад долоон байр авсан гэж хардаж байгаа учраас жагсаад байгаа гэж ойлгож байгаа, тийм үү?

-Жагсаалын сэдэв тэрнээс ч олон. Надад өгсөн, дээшээ илгээсэн шаардах бичигт арав гаруй иймэрхүү аястай сэдэв харагдсан. МАНАН-г байгуулж Монголын ард түмний амьдралыг доройтуулсан, долоон байшин авсан, долоон сарын 1-нийг дэгдээсэн, таван хүний аминд хүргэсэн гээд олон муу муухай юмны буруутан болгосон байсан.

-Таныг буруутгах үндэс бол Оюу толгойн гэрээ шүү дээ. Энэ гэрээ байгуулагдахаас өмнө таны нэр хүнд маш өндөр байсан. Харин Оюу толгойн гэрээ байгуулагдсанаас хойш таны нэр хүнд огцом унаж, таныг бүхий л юманд буруутгадаг болсон. Тийм биш гэж үү. Гэтэл та Оюу толгойн гэрээг байгуулсанаараа бахархдаг гээд байдаг…

-Оюу толгойн гэрээ бол ардчилал, зах зээлд шилжих сүүлийн хорь гаруй жилийн явцад Монголын төр засгаас гаргасан хамгийн том шийдвэрийн нэг. Том шийдвэр учраас том анхаарал татах нь ойлгомжтой. Оюу толгойн гэрээ байгуулсанаараа, байгуулах ажлыг удирдсанаараа би үнэхээр бахархдаг. Үүнийгээ би хаана ч, хэзээ ч хэлдэг. Харин энэ бахархлыг маань унтраах, намайг гутаах, гүтгэн доромжлох гэсэн кампанит ажил гэрээ байгуулсан тэр цагаас хойш өнөөг хүртэл үргэлжилж байна. Энэ бол дотоод, гадаадаас тэтгэгддэг кампанит ажил байгаа юм.

-Дотоод нь ойлгомжтой. Харин гадаадаас үүнд оролцох ямар учир шалтгаан байна гэж?

-Монгол Улс маань хил залгаа хоёрхон хөрштэй. Энэ хоёртойгоо сайн харилцаатай байх нь юу юунаас чухал. Гэхдээ энэ хүрээндээ явцууралгүй, бусад тив, дэлхийтэй өргөн харилцаатай байх нь бас чухал. Ялангуяа барууны том орноос том хөрөнгө оруулж ирж нутагтаа шингээх нь бидний аюулгүй байдлын нэг том баталгаа. Монголыг өөрийг нь биш юмаа гэхэд Монголд оруулсан хөрөнгөө тэд хамгаална. Үүнийгээ бид “гуравдахь хөршийн бодлого” гэж томьёолон хэрэгжүүлж байгаа. Оюу толгойн гэрээ бол гуравдагч хөршийн асар том хөрөнгө оруулалтыг хангаснаараа онцлог. Бидний баярлах, бахархах ёстой зүйл бол энэ. Энэ төслийн хөрөнгө оруулалт нь хоёр хөршийн нийлбэр хөрөнгө оруулалтаас хоёр дахин их. Тэр хэмжээгээрээ биднийг хоёр хөршийн хүрээнээс гарган өгч, цаана нь байгаа дэлхийтэй холбон уяж өгч, өөрөөр хэлбэл нэлээд өргөн хүрээний зах зээлийн тоглогч болгож байгаа юм. Үүнд эгдүүцдэг, үүнийг нь эргүүлж тонгорохсон гэсэн этгээдүүд дотоодод ч, гадаадад ч бий.

-Гурав дахь хөршийн хөрөнгө оруулалтыг татсанаараа сайн юм байж. Гэтэл энэ хөрөнгө оруулалтыг Монгол Улсад огт ашиггүй байхаар хийсэн, энэ нь санаатай үйлдэл байсан гэж ярьдаг. Гэрээ байгуулахаас өмнө Ерөнхий сайдын хувьд хэлсэн үгийг тань хүртэл сануулдаг. “Оюу толгойн гэрээ байгуулагдахгүй удах тусам Монгол Улс өдөртөө нэг сая ам.доллар алдаж байна” гэж хэлсэн үг таны үг мөн байх аа?

-Тийм. Тэр үед би болгоомжлоод харин ч даруухан дуугарчээ. Оюу толгойн гэрээг 2009 оны аравдугаар сард байгуулсан. Эхний бүтээгдэхүүнээ 2013 оны зургадугаар сараас гаргаж эхэлсэн. За одоо хоёулаа бага ангийн тоо бодъё л доо. Энэ хугацаанд Оюу толгой улсын татварт 1.4 тэрбум ам.доллар тушаасан байна. Бараа бүтээгдэхүүн, үйлчилгээ нийлүүлсэн Монголын аж ахуйн нэгжүүдэд 4.5 тэрбум ам.долларын төлбөр хийсэн байна. Энэ хоёр нийлээд 5.9 тэрбум ам.доллар. Төгрөгт хөрвүүлбэл 14.3 их наяд. Монгол Улсын хоёр жилийн улсын төсөвтэй тэнцэх хэмжээний мөнгө. Мөн үү. Ашиггүй гэрээ байсан бол энэ мөнгө манайд орох уу.

-Энэ мөнгө Монголд орж ирсэн юм уу?

-Монголд орж ирснийг нь ярьж байна. Улсын болон орон нутгийн төсөвт орсон мөнгө. Монголын 600 гаруй аж ахуйн нэгж, компани, тэнд ажилладаг мянга, мянган хүмүүсийн цалин, орлого болон орсон мөнгө. “Өдөрт нэг сая доллар орно” гэсэн үг маань биелж үү, үгүй юу одоо үзье. Оюу толгойн гэрээ байгуулсанаас хойш долоон жил найман сар өнгөрчээ. Өдрөөр нь хөөж тоолвол 2847 өдөр болж байна. Баяжмалаа экспортолж эхэлснээс хойш яг дөрвөн жил буюу 1460 хоножээ. Одоо Монголд орсон 5.9 тэрбум ам.доллараа өнгөрсөн хоногтоо хуваана. За, ийм байна. Гэрээг цаасан дээр зурсанаас хойш өдөр бүр 2 сая 72 мянган ам.доллар, бүтээгдэхүүнээ экспортолж эхэлсэнээс хойш өдөр бүр дөрвөн сая 41 мянган ам.доллар орсоор иржээ. Ийм хэмжээний мөнгө нэг өдөрт Монголд орсоор байна. Оюу толгойд одоо зөвхөн ил уурхайн олборлолт хийж байгаа. 2020 оноос гүний уурхай ашиглалтад орно. Гаргах бүтээгдэхүүний хэмжээ хоёр дахин нэмэгдэнэ. Манайд орох орлого ч нэмэгдэнэ гэсэн үг. Миний баярлаад, бахархаад байгаагийн өөр нэг учир нь энэ.

-Уучлаарай, та бахархлаа ярьдаг шиг алдаагаа ярьж чадах уу. Оюу толгойн гэрээг олон хүн, олон талаас нь шүүмжилдэг. Энэ бүх хүн бүгдээрээ худлаа зүйл ярьж таныг буруутгаад баймгүй гэж санагдах юм. Оюу толгойн гэрээнд өө сэв огт үгүй гэж та арай хэлэх гээгүй биз дээ?

-Гэрээ бол гэрээ. Нэг талаас гаргадаг тунхаглал, тулгадаг мэдэгдэл биш. Гэрээ бол хоёр тал хэлэлцэж байгаад хүрдэг зөвшилцөл. Ийм том гэрээг бид урьд өмнө хийж үзээгүй. Тэр чиглэлийн туршлага, мэдлэг бидэнд бага байлаа. Тиймээс дутуу, дулимаг юм байхыг үгүйсгэдэггүй. Гэрээг шүүмжилж болно. Шүүмжлэх ч ёстой. Ийм шүүмжлэлийг хүлээж авах естой. Харин Оюу толгойн гэрээг санаатайгаар муу хийсэн, эндээсээ мөнгө завшсан гэх гүтгэлгийг би хэзээ ч хүлээн зөвшөөрөхгүй, тийм үндэс ч байхгүй. Байгуулсан гэрээг сайжруулах, тодотгох боломж бий. Гол нь нөгөө талтайгаа яриа, хэлэлцээр тогтмол хийх хэрэгтэй. Тоо, баримтаа дэлгэж байгаад ойлголцох естой. Тэгвэл бүтнэ. Дэлхийн практик ийм юм. Тэрнээс нэг талын тулгалтаар хоёр талын ямар ч асуудлыг шийддэг практик байхгүй. Юутай ч нэг зүйлд би бат итгэлтэй явдаг. Цаг ахих тусам миний итгэл нэмэгдсээр байгаа.

-Юунд итгэх итгэл гэж ?

-Оюу толгойн гэрээ байгуулахдаа төрийн том бодлого дээрээ бид алдаагүй юм байна гэсэн итгэл. Геополитик талаасаа ч, бизнес талаасаа ч. Оюу толгойн гэрээг байгуулаагүй байсан бол Монгол маань хаданд хавчуулагдсан халиуны зулзага хэвээр байх байлаа. Миний сая ярьсан тэр их мөнгө орж ирэхгүй байх байлаа. 2009-2012 онд эдийн засгийн огцом өсөлт гарч Монголын бүх бизнес, бүх салбар сэргэлт авахгүй байх байлаа. Оюу толгойн гэрээ байгуулсны эерэг инерци дараа, дараагийн Засгийн газрын төсөв, хөрөнгийн гол эх үүсвэр нь болсон. 2012-2016 онд гадны зах зээлээс босгосон бүх бонд Оюу толгойн гэрээний хаялга, шууд ба дам нөлөө нь юм. Бондын тэр их мөнгөө зөв зарцуулсан эсэх нь тусдаа асуудал. Юутай ч Монгол гэх айлд мөнгө зээлж болно гэсэн итгэл гадныханд тэр үед байж. Гэх мэтээр яривал их юм бий.

-Саяхан “25 дугаар суваг” телевизийн “Ам нээвэл” нэвтрүүлгээр МАХН-ын дарга Н.Энхбаяр ярихдаа “С.Баяр Оюу толгойн гэрээ хийснээрээ бахархана гээд байдаг. Гэтэл Монголын хувь 51 хувь байх ёстой байтал С.Баяр зориуд 34 хувиар гэрээ хийсэн. Би Ерөнхийлөгчийн хувьд түүнд зориуд анхааруулж, бүр загнаж хүртэл байсан” гэсэн байна билээ. Та энэ ярилцлагыг нь үзсэн үү ?

-Надтай ярихаар Энхбаярыг, Энхбаяртай ярихаар намайг ёс юм шиг асуудаг болоод удлаа. Заримдаа ч залхмаар. Гэвч тодорхой асуусан учраас би тодорхой хариулъя. Тэр ярилцлагыг нь үзсэн. Хүмүүс над руу утасдаад “Энхбаяр таны тухай аймаар, аймаар юм ярьсан шүү” гэсэн. Би тэр ярилцлагыг нь Ютүүбээс татаж үзсэн. Хачин л юм билээ…

-Яг аль яриа нь таны хачирхлыг төрүүлэв?

-Төрийн том сэнтийд сууж байсан хүн гэхээргүй арай л задгай зайдан ярьж байна билээ. Ганц Оюу толгойн гэрээ гэлтгүй, намайг дэмжиж дарга болгосон тухай, долоон сарын 1-ний хэрэг явдалд өөрөөс нь бусад бүх хүн буруутай тухай, 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль намын удирдлагын уршгаас болж амжилтгүй болсон тухай гэхчилэн өөр олон хүнийг хамарсан, өөр олон сэдвийг хөндөөд байсан. Уур бухимдалтай, сэтгэл санааны хувьд ихээхэн тогтворгүй байсан учраас тэр үү, эсвэл ерөөс ингэж ярьдаг болсон юм уу, илэрхий худлаа, огт авцалдаагүй үг амнаас нь унаж байх юм.

-Тухайлбал…

-Жишээ нь, Оюу толгойд манай эзэмших хувийн тухай асуудал байна. Энхбаярын ярьснаар бол, тэр намайг дуудаад л, Монголын тал 51 хувьтай байна шүү, нөхөөр, гэж захиж анхааруулжээ. Тэгтэл Монголдоо хайргүй би бээр түүнийг хуурч мэхлэн 34 хувь болгосон гэж ойлгохоор. Гэтэл бид хоёрын хооронд ийм яриа огт болоогүй. Болох ч үндэсгүй. Үүнийг хоёр том дарга яриад шийддэг ч юм биш. Энэ асуудал яриагаар биш хуулиар зохицуулагддаг.

-Ямар хуулиар зохицуулагдана гэж?

-Ашигт малтмалын тухай хуулиар. Хуулийн томьёоллыг нь цээжээр хэлж мэдэхгүй. Гэхдээ агуулга нь бол ийм юм. Улсын төсвийн хөрөнгөөр хайгуул хийж, нөөцийг нь тогтоосон бол тухайн орд газар төрийн оролцооны хэмжээ 50 хүртэл хувьтай байж болно. Улсын төсвийн бус хөрөнгөөр хайгуул хийсэн бол 34 хүртэл хувийг төр эзэмшиж болно гэж хуулинд заасан. Оюу толгойн хайгуулын ажлыг төсвийн бус хөрөнгөөр хийсэн байдаг. Ашигт малтмалын тухай хууль 2006 онд наадмын өмнөхөн батлагдсан санагдана. Тэр үед Энхбаяр хуулинд хориг тавих эрх бүхий Ерөнхийлөгчөөр ажиллаж байсан. Хуулийн заалт нь ийм тодорхой байхад нэг нь нөгөөгөө дуудаж үүрэгдээд л, загнаад байх нь ерөөс утгагүй. Яах юм. Загналаа гээд хуулийн зүйл заалт өөрчлөгдөх биш. Тэгээд ч загнуулдаг Ерөнхий сайд ч гэж юу байх билээ. Энхбаяр ч Ерөнхийлөгч байхдаа хүн загнаж байхыг би хараагүй. Өнөөдрийнхөөс эрхбиш арай л өөр араншинтай, ажлын өөр арга барилтай хүн байсан санагддаг.

-Н.Энхбаяр дарга намынхаа хуучин нөхдөд их гомдолтой байгаа анзаарагддаг. Бүгдийг нь дэмжээд дээш нь гаргасан, гэтэл ач тусыг нь санадаг, хариулдаг нэг ч хүн байхгүй…

-Байнга ярьдаг сэдэв нь. Ач тусыг минь хариулсангүй гэж гомдоллоод явдаг. Ач тусыг мартвал алдас болно гэдгийг монгол хүн бүр сайн мэднэ. Гэхдээ ач тусынхаа хариуг нэхэж авдаггүй, тосож авдаг нь бас Монголын ёс. Тэгээд ч төрийн, намын шугамаар хийсэн боловсон хүчний томилгоог хувийн хишгээ хайрласан мэт үздэг үзэл нь өөрөө буруу. Удирдах албан тушаал хашиж байгаа аль ч хүний эдлэх нэгэн эрх, үүрэх нэгэн үүрэг нь томилгоо юм. Тэнгэрээс буугаад дарга болсон нэг ч хүн байхгүй. Бүгд л удирдлага, хамт олны дэмжлэгээр дэвшиж, ахиж байдаг. Энхбаяр бид хоёр ч ялгаагүй.

-Таныг Ерөнхий сайд, намын дарга болгосон гэж тэр нэвтрүүлгээр бас ярьж байсан. Таныг дэмжиж байсан гэдэг нь үнэн үү. Миний санаж байгаагаар намынхаа их хурал дээр М.Энхболд дарга та хоёрыг зогсч байхад таны биш нөгөө хүний гарыг өргөөд өөрийнхөө үйл хэргийг залгамжуулж байгаа талаар зарлаж байсныг санаж байна. Магадгүй дараа нь намын дарга болох үед чинь таныг дэмжсэн юм болов уу?

-Чи 2005 оныг ярьж байна. Би 2007 онд намын дарга болсон. Миний хувьд, юу үнэн гэвэл тэр үнэн гэхээр нэгэн зүйл бий. Түүх хуучраагүй учраас бүгд санаж байгаа. Намайг намын их хурлаас намын даргаар сонгогдох тэр үед Энхбаяр Ерөнхийлөгч байсан. Намынхаа харьяаллаас түдгэлзсэн Ерөнхийлөгч намын их хурлын шийдвэрт нөлөөлөх нөлөө юу байх билээ. Намын даргаар сонгогдчихоод тэр их хурал дээр “Үүрсэн хариуцлагатай минь дүйх эрх мэдлийг олгоно уу” гэж би их хурлын төлөөлөгч нөхдөдөө хандаж байсан, санаж байна уу? Ингээд намын их хурлаас намайг Ерөнхий сайдад нэр дэвшүүлэх улс төрийн шийдвэр гарсан. Ийм л юм. Бүгд мэдэж, санаж байгаа, бүхний өмнө болоод өнгөрсөн ийм асуудлаар огт оргүй юм зохиогоод ярьж байгаа юм чинь, тэр бүр хүн мэдэхгүй асуудлаар бол юу ч ярьж мэднэ гэсэн үг.

-Н.Энхбаяр дарга хуучнаасаа өөрчлөгдөөд байгаа юм уу, эсвэл ийм хүн байсан юм уу гэдгийг та л сайн мэдэж байгаа байх. Гэхдээ эцсийн дүндээ, түүний яриад байгаа юм нь үнэн үү, худлаа юу гэдэг нь л олон нийтэд чухал байна…

Тийм ээ. Үнэн юм ярьж байгаа бол тэр үнэнд хэн ч гүйцэгдэнэ. Харин худлаа яриад байгаа хүн бол түүндээ заавал ороогдоно. Энхбаяр дарга албаа өгснийхөө дараа үе үе хачин сонин юм ярьдаг болсон. Эхэндээ бол арай гайгүй байсан. Болсон явдал, яриа хөөрөө энэ тэрхнийг хачирлах, давслах хэмжээнд ярьдаг байлаа. Сүүлдээ болсныг давслах биш, болоогүйг зохиож ярьдаг, шууд гүтгэдэг болсон байна. Сая ам нээгээд ярьсан зарим зүйл нь эрүүл ухаанд багтамгүй. 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар түүний сурталчилгааны материалыг тэвш дүүрэн машинд ачаад Цагаан давааны хог дээр намын удирдлагын заавраар шатаасан ч гэх шиг. Сонгуулийн дараа би түүнтэй уулзаад “Шоронд хийнэ шүү” гэж сүрдүүлсэн ч гэх шиг… Энэ арай дэндэнэ. Хэлэх үг олдохгүй байна. Үүнийг нь сонссон ард, иргэд юу бодох вэ. Төрийн өндөрлөгүүд гээд байсан энэ хэд чинь дээрээиймэрхүү юм хийж, ярилцаж суудаг байх нь ээ гэнэ биз дээ. Өрөөлийг гутаах гээд өөрийгөө гутааж байгаа нь түүний хэрэг. Харин Монголын төрөө эрхбиш ингэж гутааж болохгүй.

-Долдугаар сарын 1-ний сэдэв гэж эмзэг нэгэн сэдэв байна…

-Тийм. Бас л бүхний нүдэн дээр болоод өнгөрсөн явдал. Эмгэнэлт энэ явдал тохиоход Энхбаяр бид хоёр хоёулаа төрийн дээд удирдлагад байсан. Хүнд хэцүү үед шийдвэр гаргах шаардлага тулгарсан. Оносон бол хамт оносон, алдсан бол хамт алдсан. Гэтэл бусдыгаа муулаад, өөрийгөө өмөөрөөд л сууж байх юм. Муу муухайг бусдад тохсоноор өөрөө сайхан харагдана гэж байхгүй. Хэн ч итгэхгүй. Долоон сарын 1-ний явдал дахин давтагдах ёсгүй. Урьдын явдлаас сургамж авах, ухаарах хэрэгтэй. Үүнд хэрэг болно гэж үзээд би нэг тодорхой санал хэлдэг. Төр засгийн, улс төрийн намуудын удирдлагууд тэр өдрүүдэд хаана байв, юу ярив, юу хэлэв, ямар шийдвэр гаргав гэдгийг тэмдэглэсэн Үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн хуралдааны тэмдэглэл байдаг. Нууцын зэрэгтэй материал. Тэнд одоо нэг их нууцлаад байх сүйдтэй юм байхгүй гэж боддог. Энэ тэмдэглэлийг ил болговол олон зүйл тодорхой болно, иймэрхүү явдал дахин тулгарвал яавал зөв, яавал буруу болох нь ойлгогдоно. Үгүйдээ л энэ сэдвээр хий хоосон улс төр хийдэг нь зогсоно.

-Н.Энхбаяр дарга та хоёр ер нь уулздаг уу. Нэг сайхан уулзаад, сэтгэлээ онгойтол ярих сан гэж боддог уу?

-Уулзаагүй удаж. Хэдэн жилийн өмнө дөө, нэг уулзсан. Би нам, засгийн ажлаа өгөөд УИХ-ын гишүүн байсан үед. Манай намын удирдлагууд энэ уулзалтыг санаачлан зохион байгуулсан юм. Бид хоёр удаан ярьж суусан. Эцэст нь инээлдээд, хөхрөлдөөд л салж байлаа. Тэглээ гээд байдал сайжраагүй, харин ч бүр дордсон. Сүүлийн жилүүдэд Энхбаяр дарга байсхийгээд л гэнэт гарч ирж, аймаар аймаар сенсаац дэлгэдэг боллоо. Тэрэн дотроо намайг нэрлэж байгаад элдэв долоон ял тулгана. Үүнийг нь эс тоогоод дуугүй явна гэхээр ярьсныг нь хүлээн зөвшөөрсөн болчих гээд байдаг. Тоогоод хариу барина гэхээр бид хоёрын нас, намбанд зохихгүй хэрүүл маргаан болчих гээд хэцүү. Энхбаяр бид хоёр элий балай юм ярьж, хүүхэд нохойн доог болж явах улс биш, уг нь. Би сая жар хүрлээ. Энхбаяр надаас ганц нэг дүү ч жар шүргэж яваа. Туулсан нас намтраа бодсон ч, зүтгэсэн нам засгаа бодсон ч тэр. Бид хоёр хоёулаа хүссэн ч, эс хүссэн ч орчин цагийн Монгол Улсынхаа түүхэнд орох, дурсагдах ажил, албан тушаал хашиж явсан. Хийдгээ хийсэн улс. Зөв, бурууг маань цаг хугацаа, хойч үе маань дүгнэхээс хойш наана нь есөн шидийн яриа дэлгээд байх нь илүүц гэж би боддог юм, уг нь.

-Та хоёр бага залуудаа дотны найз нөхөд явсан гэдэг үнэн үү. Одоо та түүнийг найзаа гэж хэлж чадах уу?

-Бид хоёр залуудаа ойр дотно үерхэж явсан маань үнэн. Мань хүн Ерөнхий сайд байхад би түүний удирдлага дор Их өрийн асуудал шийдэх багийн бүрэлдэхүүнд нь Элчин сайдын хувьд зүтгэж байв. Тэр үед зориг, шийдэмгий чанарыг нь үнэлж байлаа. Манай намыг Социнтернд элсүүлнэ, дэлхийн том хандлага дагасан орчин цагийн нам болгоно гэж намын даргын хувьд зүтгэж байхад нь мань мэт түүнийг маш их дэмждэг байв. Түүнээс хойш юм их өөрчлөгджээ. Миний мэддэг тэр Энхбаярыг өнөөдөр би олж харахгүй байгаа. Түүнийг одоо найзаа гэж хэлж чадах уу гэж чи тавлаж асууж байх шиг. Сүүлийн хэдэн жил байнга гүтгүүлээд, ил далд элдэв дайралтынх нь бай болж яваа би “чадна” гэвэл дэндүү худлаа сонсогдоно. Хэн надад итгэх юм бэ. Нэг ийм орос үг байдаг. Махчилбал, “Ийм найзтай байхад дайсан хэрэггүй” гэсэн утгатай үг. Монголчилбол,“Өөдгүй найзаас өст дайсан дээр” гэж буулгаж болмоор. Тэр үг санаанд орж байх чинь.

-Та бид хоёр өмнө нь ярилцаж байхад “Би том амбицтай хүн” учраас үе хойчдоо муугаар хэлүүлэхгүйн тулд хичээж ажилласан гэж та хэлж байсан. Гэтэл Оюу толгой, долоон сарын 1, 2009 оны Ерөнхийлөгчийн сонгууль гээд танаас салдаггүй энэ хэдэн сэдвээр таны тухай хүмүүсийн ойлголт сөрөг талдаа байдаг юм шиг ээ. Та үүнийг мэдэрдэг үү, өөрийнхөө тухай хүмүүст бүрэн дүүрэн ойлголт өгч, олигтойхон дуугарч болдоггүй юм уу?

-Би дуугардаг. Гэхдээ жилдээ ганц нэг дуугарахаас хэтрэхгүй л явна. Гэтэл миний эсрэг сурталчилгааг хувийн телевиз, сонин, интернэт сайттай, бэл бэнчин сайтай “сайн эрс” хийсээр ирлээ. Жилдээ ганц биш, жилийн дөрвөн улиралд намайг муулж, гоочилж байна. Хийж бүтээсэн хэд гурван ажлыг минь шүүрэн шанага болтол буудах гэж чардайж байна. Намайг сөрөг дүрийн гол баатар болгох гэж байдгаараа үзэж байна, цаана чинь.

-Ийм нөхцөлд өөрийнхөө тухай сөрөг ойлголтыг өөрчлөхсөн гэж та боддог уу гэж би асуугаад байна л даа…

-Зарим хүн надад зөвлөдөг. “Чадахгүй гэх биш, өөрийн сонин гаргаад, телевиз байгуулаад, сайт нээгээд эдэнтэй адилхан үзэлцээч” гэж. Боддог л бодол, уг нь. Тэгвэл жилдээ ганц биш, жилийн дөрвөн улиралд санасан, бодсоноо олонд хүргэх бололцоотой болох л юм. Гэхдээ өөрийгөө магтуулаад, өрөөлийг муулдаг ганц гол хөтөлбөртэй дахин нэг сонин, телевиз, сайт нэмэх гэж явах нь утгагүй, хайран цагийн гарз. Ардаа ганц эзэнтэй бол аяндаа л ганц хөтөлбөртэй болчихдог. Мэдээлийн өрөөсгөл ийм хэрэгслийн нэр нөлөө үнэндээ бага. Хүн үзээд, уншаад байгаа юм шиг хэрнээ авч байгаа мэдээллийнхээ цаад эзэн, цаад санаа, үнэр танар, үнэ цэнийг хэн ч гэлээ мэддэг, мэдэрдэг болсон. Долоон буудлын Должин авгай ч мэдэрдэг болтлоо хэрсүүжсэн цаг. Тиймээс үр дүн багатай. Харин нийгмээ тал бүрийн бодит мэдээллээр хангах, гэгээрүүлэх зорилготой, аль нэг нам, хэсэг бүлэг, хувь хүний ашиг сонирхолд үйлчилдэггүй, хараат бус мэдээллийн тийм хэрэгсэл манайд ус, агаар шиг хэрэгтэй байна.

-Та тэгээд мэдээллийн ийм хэрэгсэл Монголд бий болгохын төлөө зүтгэх үү. Ер нь энэ хэр боломжтой вэ?

-Боломж ч бий, шаардлага ч бий. Үүний төлөө бол би явна. Өнөөдөр нийгмийн маань байдал ямар байгаа вэ.Санжийн Баяр гэдэг хувь хүний сөрөг, эерэг дүр гэдэг нь жижиг асуудал. Худал, хуурмаг мэдээллээр хүмүүсийн тархийг тасралтгүй угааж байгаа нь аюултай. Ганц миний тухай сэдвээр биш. Би яах вэ… Улс орны өнөөгийн улс төр, эдийн засаг, нийгмийн байдал, хэтийн төлөв, тулгарч байгаа бэрхшээл, гарах гарцын тухай үнэн бодит мэдээлэл туйлын хомс орчинд бид амьдарч байна. Өнөөдрөө зөв мэдэхгүйгээр маргаашаа яаж зөв бүтээх юм. Мэдээллийн согогтой орчинд байгаа учраас дүр эсгэсэн эх орончид, улс орны ямар ч асуудлыг шийдэх хялбархан жортой улстөрчид олшроод байна, цаана чинь.Балмад популизмын нян улам тархаж Монголыг маань сүйдлэх нь байна шүү.

-Тэгээд бид яах ёстой гэж?

-Надад бэлэн жор, шийдэл алга. Монголын ардчилал маань нялх нойтон байна. Популизмын улаан бурхан туссан хүүхэд шиг халуураад, туураад, эцэст нь эдгэж илааршдаг шиг эдгэх цаг нь ирнэ дээ л гэж найдахаас. Ийм үеийг заавал туулдаг жамтай гэж зарим онолчид онолддог. Тийм ч байж магадгүй. Гэтэл цаг хугацаа талийж байна. Жар хүрэхлээр үүнийг илүү сайн мэдэрдэг юм байна. Бидний ард шахуу саяхан сажилж яваад зүг чигээ зөв олсон зарим орон хажуугаар маань салхи татуулан хөгжлийн замаар хурдалж байна. Атаархмаар. Гэтэл бид бие биенээ хэмлэх, намнах, унагах уралдаанд л хурдлаад… Гэхдээ яах вэ, юм өөрчлөгдөнө. Хэн хэлсэн гэдэг билээ дээ, нэг ийм үг байдаг. Ард түмний нэг хэсгийг байнга хуурч болно. Ард түмнийг бүхэлд нь нэг хэсэг хуурч болно. Харин ард түмнээ бүхэлд нь байнга хуурч чадахгүй гэсэн утгатай үг. Цаг хугацаа бүхнийг харуулна.

-Таны биеийг эрүүл болж гэж яригдах үед намынханд тань маш их хүлээлт байсан. Цөөнх ч байсан, нэг сэвхийтэл татаад босгох лидер хайж байсан. Дипломат алба танд шинэ биш л дээ. Гэхдээ улстөрчийн карьер хийх боломж байхад та яагаад элчингээр явахаар шийдсэн юм бэ?

-Цагийн юм цагтаа. Нэг урсгалд хоёр ордоггүй юм. “Сэвхийтэл татна, матна” гэдэг нь чиний л бодол байна. Надад бол өөр бодол байдаг. Ямартай ч ажилгүй удаан сууж байхаар алба хашия гэж бодсон. Тэрнийгээ ч намын нөхдөдөө хэлсэн.

-Англи явья гэж таныг өөрөө хүссэн талаар танай намын дарга М.Энхболд хэлсэн гэж Н.Энхбаяр дарга манай сонинд өгсөн ярилцлагадаа дурдсан байсан. Та тэр ярилцлагыг нь харсан уу. Юу гэж бодогдов доо?

-Юу бодогдов гэж. Хуучны танил журмын нөхөд маань намайгаа дурсан санаж дээ л гэж бодсон.

-“Гадаанаа жагсаалтай ингэж шившгээ хутгаж байхаар болимоор юм, өөрийгөө биш ард түмнээ бодмоор юм, Баяр маань” гэж Н.Энхбаяр гуай шуудхан хэлсэн байсан…

-Ард түмнээ бодох тал дээр зөв зүйтэй л зөвлөгөө надад өгсөн байна, Энхбаяр маань. Өөрт нь нэг хэлэхсэн гэж миний бодож явсныг л тэр хэлжээ. Харин тэр “гадаанаа жагсаалтай” байгаагийн талаар бол нохойтож байна. Бас л янзын хүн шүү. Өөрөө зохион байгуулна, араас нь ашигтай зөвлөгөө муу нөхөртөө өгсөн болж хөөрхөн дамшиглана (инээв).

-Та Элчин сайдаар явахдаа яагаад заавал Английг сонгосон юм бэ. Хардалт үргэлжлэхдээ Рио Тинтогийн толгой компани Лондонд байрладаг учраас тэгж сонгосон хэрэг гэж хүртэл дуулдаж байна…

-Тийм үү. Авлигаа авахад амрыг нь бодоод Англи явлаа гэж байна уу. Толгойгоо холбосон толгой компанийнхаа авлига олгодог кассанд нь дөхөж буулаа гэж байна уу.(инээв) Юу ч гэх вэ дээ… Дэлхийд данстай, нээлттэй хувьцаат компани гэж юу байдаг талаар одоо тэгээд ярих юм уу, яах юм. Ийм компанийн орлого, зарлага шилэн дансаараа тэр дороо олон нийтэд хүрдэг, энэ тэр гээд лекц унших уу, яамаар ч юм бэ дээ.

-Тийм хардалт байгаа талаар л хэллээ. Одоо сэдвээ өөрчилье. Намын дарга байх үедээ хүмүүст бяр амтагддаг байх. Та ч намын дарга байсан хүн. Яг одоо Ерөнхийлөгчийн сонгуулийн үйл явдал өрнөж байна. Та хэзээ нэгэн цагт Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшинэ гэж боддог байсан уу. Ерөнхийлөгчөөр нэр дэвшиж, ялчихаад явж байхсан гэж…

-Наад асуултанд чинь би арван хэдэн жилийн өмнө хариултаа өгсөн. Сэтгүүлч Б.Ганчимэгтэй ярилцаж байхдаа хэлсэн санагдана. Түмэн олноосоо сонгогддог төрийн тэргүүн гэдэг бол том эрх мэдэл, том хүндэтгэл, том бэлгэдэл юм гэж. Үгүйдээ л хувийн өгөгдөхүүн, хувийн амьдрал талаасаа бусдад саарын биш, сайны жишээ байх учиртай гэж. Гэтэл тэр талаасаа би зөөлөн хэлбэл ихээхэн учир дутагдалтай хүн. Үүнийгээ мэднэ. Тэр жилийн миний бодол өөрчлөгдөөгүй байгаа.

-Та өөрийгөө учир дутагдалтай гэж байхдаа гэр бүлгүйгээ онцолж байсан санагдаж байна. Одоо таны гэр бүлийн талаар хүмүүс мэдэх болсон. Та гэргийгээ танилцуулахгүй юу, хамт амьдраад хэр удаж байгаа вэ?

-Хашир хүн гэж хаширсан хүнийг хэлдэг. Хулан бид хоёрын хувийн амьдралын сэдвээр тэр үеийн олон шар сонин хөлжсөн байх шүү. Одоо тийм юм байхгүй. Хувийн амьдрал, гэр бүлийнхээ талаар ярих бодол алга.

-Энэ тухай асуух учир шалтгаан бас байлаа л даа. Сүүлийн өдрүүдэд жиргээгээр С.Баярын байшингийн баримтууд гээд Э.Сувд гэдэг нь эхнэр нь, 2010 онд АНУ-д байшин аваад 2013 онд зарсан байна гэсэн мэдээлэл ихээхэн цацагдаж байна. Та үүнд хариулт өгөхгүй юу?

-Энэ асуултанд ч гэсэн би хариултаа өгсөн. Энэ сэдвээр ярилцлага хэд ч хийв. Саяхан Лондонд гурван цаг гаруй энэ сэдвээр фэйсбүүкээр лайв-он-лайн туулаа. Одоо лавлах, тодруулах зүйл байвал УИХ-ын гишүүн асан Уянга, Лондонд яваа Ичинхорлоо нараас асуусан нь дээр. Тэд маань надаас илүү сайн мэднэ.

-Эцэст нь асуух нэг зүйл байна. Та намынхаа ажилд хэр оролцож байгаа вэ. Танай намд дахин хуваарилалт явагдана гэж хүлээж байгаа хүмүүс олон байна…

-Би дипломат албанд байгаа учраас намын ажилд оролцохгүй, намын тухай ярихгүй. Оролцох, ярилцах эрх маань хуулиар хаагдсан. Тиймээс хуучных шигээ энэ сэдвийг хөгжүүлээд байх боломжгүй байгааг минь ойлгоорой. Ярилцсанд баярлалаа.

-Танд бас талархлаа.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Далай даян дархан аварга тахимаа өгөх цаг иржээ

Өнгөрсөн сарын 11-ний өдөр Таван толгой дахь Зэвсэгт хүчний сургалтын төвд байлдааны буудлага хийж байх үед гар бөмбөг дэлбэрснээс хоёр цэрэг амь насаа алдаж, найман хүн гэмтэж бэртсэн хэрэг гарсан билээ. Хоёр за-луухан амь цаг бусаар хорвоогоос буцаж, арваад залуу сумын шархнаас гадна анд нөхрөө алдсан сэтгэлийн шархтай үлдээд байна. Гуч ч хүрээгүй нас барсан хоёр залуугийн ард цэл залуухан бэлэвсэн бүсгүйчүүд, аавыгаа дахиад хэзээ ч харахгүй үрс нь хоцорлоо. Тайван цагт цэрэг эрчүүд дэлбэрэлтийн улмаас амь насаа алдана гэдэг үнэхээр харамсал харуусалтай. Үнэхээр уцаар унтуу ч хүргэм. Амьдын зол үхсэний хохь болгоод өнгөрөөх ёсгүй, хариуцлагын асуудлыг хөндөхөөс аргагүй хэрэг. Хариуцлагын асуудал яригдаагүй биш яригдсан л даа. Гэхдээ хариуцах ёстой хүмүүс нь хариуцаж чадсан уу.

Осол болсны орой Батлан хамгаалахын сайд Б.Бат-Эрдэнэ сайдын дэргэдэх өргөтгөсөн зөвлөлийн хурлаа зохион байгуулж Таван толгойд явагдаж байгаа байлдааны буудлагатай хээрийн сургуулийг зогсоох, буудлагын зэвсэг техникүүдтэй харьцахыг цэргийн ажиллагааны стандартын дагуу явуулах, галт зэвсэгтэй харьцахаас өмнө заавал 3-5 удаа хуурай дадлага хийлгэж нэг бүрчлэн сургах талаар хатуу чиглэл өгсөн гэж байгаа. Хожимдсон чиглэл юм даа. Үүнээс гурав хоногийн дараа дахин хуралдахдаа гэм буруутай этгээдүүдийг хатуу шийтгэх үүрэг даалгавар өгсөн. Хэрэг явдал ингэж өрнөөд ирэхээр олон нийтийн дунд хариуцсан яамны сайд нь хариуцлага хүлээж огцрох ёстой гэсэн яриа газар авах болсон бөгөөд тухайн үед цэргийн алба хаагчид сонор сэрэмж алдсан байлаа ч гэсэн энэ бол яах аргагүй салбарын сайдтай холбоотой, ийм тохиолдолд өндөр дээд албан тушаалтан ёс зүйн хариуцлага хүлээж огцордог. Б.Бат-Эрдэнэ сайд ч огцрох ёстой гэж өөр зуураа хэлэлцээд эхэлсэн юм. Б.Бат-Эрдэнэ сайд бол спортын хүн, тэр дундаа үндэсний бөхийн хайр хүндэтгэл хүлээсэн аварга хүн. Тийм болохоор энэ тохиолдолд цэргийн хүний, эр хүний, аваргын буурийг харуулж үлгэр жишээ үзүүлнэ гэж хүлээж байлаа. Гэтэл тэгсэнгүй. Харин ч хэлж байгаа, хийж байгаа нь бүр эсрэгээрээ. Гэм буруутанд хатуу арга хэмжээ авна гэж мэдэгдээд хэсэг явлаа. Бас нэг хэсэг хэвлэлээр “Зэвсэгт хүчний Жанжин штабын даргыг Ерөнхийлөгч, УИХ-тай зөвшилцөөд томилдог” гээд өөрөөсөө холдуулах гэж үзлээ. Түүнийхээр Монгол Улсын Ерөнхийлөгч Зэвсэгт хүчний Ерөнхий командлагч гэгддэг тул хариуцлагын асуудал босоод ирэхээр Батлан хамгаалахын сайд биш Ерөнхийлөгч огцрох ёстой юм уу даа. Тэгсэн мөртлөө “Хуулийн хүрээнд Зэвсэгт хүчний даргад тодорхой хугацаатай үүрэг өгөөд хариуцлага алдсан албан тушаалтнуудад хатуу хариуцлага тооц” гэж үүрэг өгсөн гэж яриад байгаа юм. Тэгэхээр өөрөө үүрэг чиглэл өгдөг хүн мөн болж таарах шиг. Түүний ар, араасаа хийсэн мэдэгдлүүд, ангийн дарга нараар туг тахиад хариуцлага тооцсон болж харагдах гэсэн арга нь УИХ-ын гишүүн, Монгол Улсын сайд хүнд, бүр улс төрийн албан тушаалыг нь тооцохгүй байлаа гэхэд Даяар дуурсагдах далай даян дархан аварга хүнд, энгийнээр хэлэхэд жүдо барилдаж байсан хүнээс гарамгүй зан харагдаж байгаа юм. Жүдочид бол ёсзүйн асар өндөр хариуцлагатайгаараа гайхагддаг сан. Энд ямар нэгэн эд мөнгөний хохирол биш, хүний амины асуудал яригдаж байна. Амиа алдсан залуус амиараа хариуцлагаа үүрээд одлоо. Гэтэл ерээд оноос хойш батлан хамгаалах салбарт гарч байгаагүй ийм хэрэгт хариуцлага хүлээх ёс зүйтэй албан тушаалтан байна уу. “Монгол тулгатны 100 эрхэм” нэвтрүүлгээр уригдаж оролцсоны дараа түүнийг жудагтайг нь гайхаж, жинхэнэ монгол эр, дархан аварга гээд байгаагүй бил үү. Энэ хэрэг явдалд хандаж байгааг нь харахад зүлэг ногоон дэвжээн дээр наадамчин олны нүдэн дээр өвдөг шороодчихоод цол дэвээрээ аархаад тахимаа өгөлгүй гүлдийчихээд нааш цааш алхаад байгаа юм шиг байх юм. Бас энэ нь Б.Бат-Эрдэнэ аваргыг хамгийн сүүлийн олимптоо оролцохдоо хориотой мэх хийгээд татамигаас хөөгдсөнийг нь санагдуулах ажээ. Тэрбээр Монголын тамирчид ямар ч медальгүй ирсэн 2000 оны Сиднейн олимпод амжилт муутай оролцсон жүдочдын сүүлийг мушгихдаа зүгээр ч нэг ялагдаад дэвжээнээс буугаагүй хориглосон мэхийг хийснээр тэмцээнээ дуусгахад хүрч байлаа. Түүнийг жүдоч хүн, бөх хүн шүү дээ гэж сануулаад байгаа нь арга л ядсан хэрэг юм даа. Өөр улс оронд иймэрхүү хэрэг гарсан бол Батлан хамгаалахын сайд хамгийн түрүүнд ёс зүйн хариуцлага хүлээж, огцордог. Батлан хамгаалахын салбар маш эмзэг, эрсдэлтэй салбар учраас энэ чиглэлийн сайд нар огцрох явдал харьцангуй түгээмэл байдаг юм. Түүнээс нэг албан тушаал авчихаараа улсын баяр наадамд завсаргүй 22 шөвгөрдөг шиг хэрэг биш л дээ.

Өнгөрсөн долоо хоногт гэхэд Афганистаны Батлан хамгаалахын сайд Абдулла Хабиби армийн командлагч Кадам Шах Шахимын хамт огцорлоо. Талибануудын зохион байгуулсан ээлжит дэлбэрэлтээс урьдчилан сэргийлж чадаагүй учраас хариуцлага хүлээн огцорч байна гэдгээ мэдэгдээд тэр ажлаа өгчээ. Афганистанд үргэлж дэлбэрэлт болж, асуудал өрнөж байдаг ч үүн шиг том хэрэг 2001 оноос хойш гараагүй ажээ. Талибчууд цэргийнхний дүрэмт хувцсыг өмсч цэргийн бааз руу орж дэлбэрэлт үйлдсэнээр нийтдээ зуу гаруй цэрэг дайчин амь насаа алджээ. Үүнийг үйлдсэн гэдгээ талибанчууд мэдэгдэж, харин Батлан хамгаалахын сайд нь ёс зүйн хариуцлагаа ингэж хүлээсэн байх юм. Дөрөвдүгээр сарын 21-нд хэрэг гарч, 24-нд тэр огцорчээ. Харин манайд амь алдсан ахмад, ахлагчийн 21 хоног нь болж байхад нам гүм. Афганистанд Хамид Карзайн үед тагнуулын газрын дарга нь Дотоод хэргийн сайдтайгаа бас л урьдчилан сэргийлж арга хэмжээ авч чадаагүйдээ хариуцлага хүлээн огцорч байсныг санаж байна. Тэнд бол ёстой хэзээ ч юу ч болж магадгүй газар.

Харин манайд дайн байлдаантай улс орон биш, үргэлж буу тачигнаж, дэлбэрэлт болж байдаг биш. Монголд энх тайван цагт цэргүүдээ ингээд алдчихна гэдэг дэндүү хариуцлагагүйнх.

Германы улс төрд од болон гялалзаж байсан барон Гуттенберг Батлан хамгаалахын сайд байхдаа огцорч байлаа. Ангела Меркелийн гаргаж ирсэн Карл Теодор Гуттенберг герман Кенниди гэгдэж, Афганистанд очихдоо өмссөн цэргийн хувцас, цөлийн шар, эрмэг харц бүхий фото зураг нь маш их эрэлттэй хэвлэлээр чухам шуугиулж байлаа. Түүнийг дэлхийн хоёрдугаар дайнаас хойш Германы батлан хамгаалах салбарт шинэчлэл хийсэн нэгэн гэж үнэлдэг. Хэдийгээр түүнийг унагахаар докторын зэрэг хамгаалахдаа бичсэн эрдмийн ажил нь бусдаас хуулбарласан байсныг ил болгож, үг үсгийн алдаатай нь чамгүй зууралдаж ажлаа өгөхөөс аргагүйд хүргэсэн ч тэрбээр хариуцлага хүлээж байгаагаа мэдэгдэхдээ герман цэргүүд гэмтэж, амь насаа алдсан хэрэгт хариуцлага хүлээн огцорч байна гэж мэдэгдэж байлаа. Бид сайд нарын яаж, ямар сэдвээр докторын зэрэг хүртсэнийг нь яриагүй байна. Яривал ч гарах зүйл байх л биз. Олон улсад Батлан хамгаалахын сайд нар хариуцлага хэрхэн хүлээдэг талаар үргэлжлүүлэхэд жагсаалт дуусахгүй бололтой. Өнгөрсөн оны өдийд Израилын Батлан хамгаалахын сайд Моше Ялон улс оронд нь амар амгалан тогтохгүй, палестинчуудтай хийх мөргөлдөөн газар авч байна гээд огцорч байв. Саяхан гэхэд Энэтхэгийн Батлан хамгаалахын сайд ажлаа өгсөн дуулдсан. Энэ салбар бол маш эмзэг салбар. Тэр хэрээрээ хариуцлагаа хүлээж, мэдэрч чаддаг хүмүүс сайдаар очдог. Түүнээс тахим өгч үзээгүй, хариуцлагаа хүлээж сураагүй, үргэлж түмний магнайд залаатай юм шиг байх ёстой боддог хүмүүст амаргүй салбар ажээ. Нэг Батлан хамгаалахын сайд огцрох үедээ “Батлан хамгаална гэж өөрийгөө хамгаалахын нэр биш учраас би албаа өгч байна” гэж хэлсэн гэдэг. Түүн шиг Батлан хамгаална гэдгийг Бат-Эрдэнийг хамгаална гэж ойлгоод байж болохгүй юм. Хариуцлагыг хүлээх цагтаа хүлээж, албыг өгөх цагтаа өгч сурна гэдэг улстөрч төдийгүй улсын аварга хүнд том соёл. Монголчуудын хайрлаж хүндэлж явдаг дархан аваргын тахимаа өгөх цаг иржээ.

Categories
мэдээ цаг-үе

Т.Намжим: Газрын тос боловсруулах үйлдвэрийн талаар Засгийн газар зохисгүй шийдэл бүү гаргаасай

Монгол Улсын сайд асан, ШУА-ийн жинхэнэ гишүүн, ШУ-ы гавьяат зүтгэлтэн, Төрийн соёрхолт Академич Т.Намжимтай ярилцлаа.


-Газрын тос боловсруулах үйлдвэртэй болох талаар яриад нэлээд удлаа. Ярьснаараа бол аль хэдийнэ байгуулагдаад, бүтээгдэхүүнээ гаргаад ирэхээр хугацаа болчихсон. Одоогийн байдлаар таны ярьдаг япончуудтай хамтарсан төслөөс өөр төсөл байгаа юу?

-Газрын тос боловсруулах үйлдвэртэй болох явдал үнэхээр шаардлагатай тулгамдсан асуудал гэдгийг бүгд л мэдэж байгаа. Манайд одоогийн байдлаар Монгол, Японы хамтын ажиллагааны шугамаар Дарханд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулахаар бэлтгэгдсэн төслөөс гадна “Сод Монгол” компанийн шугамаар Сайншандад Газрын тос боловсруулах үйлдвэр барих тухай яриа байгаа дуулдана. Тус компанийн захирал нь Энэтхэгийн банкнаас авахаар зөвшилцсөн нэг тэрбум ам.долларын зээлийг авч, Сайншандад газрын тос боловсруулах үйлдвэр барихаар сайд дарга нартай яриад явж байгаа юм байна гэж ойлгосон.

-Дарханы төсөл юунаас болоод урагшлалгүй өдийг хүрчихэв. Юу нь болдоггүй юм бэ?

-Дарханд Газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төсөл саатаж эдүгээ хүрсэн явдал өнөөгийн тогтолцоо, эрх баригч, төрийн түшээдийн улс эх орныхоо эрх ашгийг эн тэргүүнд тавих сэтгэл, ухамсар, мэдлэг дутсантай холбоотой. Гэхдээ энэ төслийг тодорхой хугацаанд саатуулсан нэг учир холбогдлыг дурдахгүй өнгөрч болохгүй. Японы Олон Улсын Хамтын Ажиллагааны Банкны буцалтгүй зардлын санхүүжилтээр хийгдсэн энэ төслийн ТЭЗҮ-д тусгагдсан графикийн дагуу Дарханд уг үйлдвэрийг Японы тухайн банкны экспортын харьцангуй таатай нөхцөл бүхий зээлийн хөрөнгөөр 2009-2012 онд барьж ашиглалтад оруулах ёстой байсан.

Гэвч манай улсад 2009 онд тохиосон санхүүгийн хямралын улмаас ОУВС-гийн “Стэнд бай” хөтөлбөрт орсон, улмаар зээлийн хязгаарлалтын хориг тавигдсан учраас 2012 он хүртэлх хугацаанд баригдах боломжгүй болсон юм.

-Хэрэв тооцоолж байснаараа үйлдвэрээ байгуулчихсан байсан бол ямар ашиг авчрах байсан бол. Тооцоолол байгаа л байх даа?

-Хэрэв Дархан-Газрын тос боловсруулах үйлдвэрийг барьж, 2012 онд ашиглалтад оруулсан бол жилд дунджаар 1.6 их наяд төгрөгийн нэмүү өртөг бүтээх, улсын төсөвт 576 тэрбум төгрөгийн татварын орлого оруулах байсан тооцоо байна. Тэгэхээр өнгөрсөн болон өнөөгийн найман жилийн нийлбэр дүнгээр 12.8 их наяд төгрөгийн Нэмүү өртөг бүтээх, 4.6 их наяд төгрөгийн татварын орлогыг улсын төсөвт оруулах боломж алдагджээ. Энэ үйлдвэр маань ашиглалтад орчихсон байсан бол өнөөдөр УИХ, Засгийн газар эдийн засгийн хямрал, хүндрэлийг яаж давах вэ гээд яриад сууж байхгүй л байсан юм. Шинэ Засгийн газар байгуулагдаад есөн сар болсон ч энэ төслийг урагшлуулах ямар ч шийдэл гаргаагүй болохоор бидний алдагдсан боломжийн тооцоо нэмэгдсээр л байна гэсэн үг.

-Гэхдээ энэ Засгийн газар чинь Газрын тос боловсруулах тал дээр тогтоол шийдвэр гаргаад ажиллаад байгаа юм биш үү?

-Сүүлийн үед Засгийн газрын гаргаж байгаа тогтоолыг анхааралтай харж байна л даа. 2017 оны хоёрдугаар сард Энэтхэг улсын банкны нэг тэрбум ам.долларын зээлийн хөрөнгөөр газрын тос боловсруулах үйлдвэр барих тухай, гуравдугаар сард газрын тос боловсруулах үйлдвэр барих төслийн хүрээнд 100 хувь төрийн өмчит компани байгуулах тухай хоёр удаа тогтоол гаргасан байна.

Тэрхүү хоёр тогтоолоор чухам хаана барих асуудлыг шийдээгүй байна. Энэ үйлдвэрийн тухайд байршил тун чухал. Тиймээс байршлын асуудлыг, тэдгээр төслүүдийн ТЭЗҮ, судалгаа тооцоог харьцуульж үзсэний үндсэн дээр төрийн өмчит тодорхой нэр, хаяг бүхий компани байгуулах асуудлыг шийдэх нь зүйн хэрэг болов уу. Сайншандын хувьд ТЭЗҮ байхгүй, судалгаа тооцоо дутмаг байгаа нөхцөлд Дарханы төсөлтэй харьцуулалт хийх боломжгүй байж болох юм.

-Байршил яагаад чухал байдаг, ийм төрлийн үйлдвэрийн байршлыг тогтоодог ямар үндсэн зарчим байдаг юм бэ?

-Газрын тос боловсруулах үйлдвэрийн байршлыг регионал эдийн засгийн шинжлэх ухааны арга зүй болон олон улсын хэмжээнд тогтсон нийтлэг хэв туршлагын үндсэн дээр хоёр зүйлийн зарчим, шалгуурыг баримтлан тогтоодог зүй тогтолтой. Нэг дэх нь нефть боловсруулах үйлдвэрийг олборлодог газарт бус, чухамдаа бэлэн бүтээгдэхүүний хэрэглээний төв бүст байгуулдаг. Тэгэхээр олборлож байгаа Тамсагт барих нь зөв гэж бодоод байгаа нь буруу ойлголт. Манай улсын бензин шатахууны хэрэглээний 85 орчим хувь нь Улаанбаатар, Дархан, Эрдэнэт, Төв, Сэлэнгийн бүс нутагт ногддог учраас үйлдвэрээ энэ бүс нутгийн нэг тулгуур төвд байгуулах ёстой юм. Үүнд Дархан шууд нийцдэг. Харин Сайншанд бол Улаанбаатараас 450 км, Дарханаас 670 км, Эрдэнэтээс 830 км зайтай болохоор бензин шатахууныг хол зайд тээвэрлэх төмөр замд ихээхэн ачаалал, хэрэглэгчдэд зардал, чирэгдэл үүдэх сөрөг талтай болно.

Хоёр дахь шалгуур бол үйлдвэрийн бүхий л шаардлагыг хангах дэд бүтцийн иж бүрэн нөхцөл бүрэлдсэн газарт байгуулдаг. Манай орны бензин шатахууны ойрын ирээдүйн хэрэглээг хангах, жилд хоёр сая тонн түүхий тос боловсруулах үйлдвэрийн 45 мВт цахилгааны, хоногийн 5000 тонн цэвэр усны хэрэглээг хангах боломжтой, магистрал төмөр зам, авто зам дээр байрладаг төв суурин газар бол Дархан хот гэдгийг төр засгийн эрхэм түшээдэд ойлгуулах нь чухал болсон байна. Сайншандад ийм төрлийн үйлдвэр ажиллуулах эрчим хүчний болон цэвэр усны эх үүсвэр, техникийн байгууламж байхгүй. Ялангуяа усны хэрэглээг шийдэх боломж огт байхгүй.

-Дарханы үйлдвэр баригдвал жилд ямар хэмжээний түүхий тос боловсруулна гэдэг билээ?

-Жилд хоёр сая тонн, хоногт 44 мянган баррель түүхий тос боловсруулахаар ТЭЗҮ-д тусгасан. Энэ хэмжээ манай улсын шатахууны ойрын хэрэгцээг л хангах юм. Түүнээс бага бол хангаж чадахгүй, эдийн засгийн үр ашиггүйгээс гадна дагаад зохих стандартыг хангасан бүтээгдэхүүн гарахгүй байх талтай. Дарханд барих үйлдвэрт Японы нефть химийн үйлдвэрийн мэргэжлийн хамгийн том компани болох Чиёда корпораци, үйлдвэрлэлийн бүрэн циклийн техник төхөөрөмжийг нийлүүлж, барилга-угсралтын ажлыг “түлхүүр гардуулах” нөхцлөөр гүйцэтгэж ашиглалтад хүлээлгэж өгөх тохиролцоотой байгаа юм. Ийнхүү Японы техник технологиор барьснаар, олон улсын дээд зэрэглэлийн стандартад тэнцэх, хар тугалга, хүхрийн хорт агуулгагүй бензин шатахуун үйлдвэрлэнэ.

-Дарханы төслийн хөрөнгө оруулалт хэрхэн шийдэгдсэн байдаг, одоо яригдаж байгаа төслүүд ямар хэмжээнд явж байгаа бол?

-Японы JBIC Банкны боловсруулсан ТЭЗҮ-д Дарханы төслийн хөрөнгө оруулалтын санхүүжилтэд харьцангуй урт хугацаатай (10 жил), бага хүүтэй (2.39 хувь) экспортын зээл олгохоор тусгасан тохиролцоотой байгаа юм. Мөн Монгол, Японы Засгийн газрын хооронд 2013 онд байгуулсан Стратегийн түншлэлийн Дунд хугацааны хөтөлбөрт (2013-2017) Японы Олон улсын хамтын ажиллагааны банкны (JBIC) болон хувийн хэвшлийн хамтарсан зээлийн хөрөнгөөр Монголын Дарханы газрын тос боловсруулах үйлдвэрийг санхүүжүүлж байгуулахаар заасан. Харин Сангийн сайдын саяхны ярилцлагаас харахад Сайншандын төсөлд Энэтхэгийн банкны нэг тэрбум долларын зээлийг ашиглах, мөн Хятадаас нэг тэрбум долларын зээл авах хэлэлцээр явагдаж байгаа юм билээ. Ер нь нэг тэрбум ам.доллар бол манай шатахууны хэрэглээг хангах хэмжээний хүчин чадалтай олон улсын стандартын техник технологитой үйлдвэр болон түүхий тос, бэлэн бүтээгдэхүүний 30 хоногийн нөөц хадгалах резервуар савны паркийн хамтаар байгуулж дийлэхгүй. Шаардлагатай хөрөнгө оруулалтын гуравны хоёрт хүрэх хөрөнгө л дөө. Сайншандын төслийн хувьд ТЭЗҮ нь хийгдээгүй учраас хаанаас үйлдвэрийн тоног төхөөрөмжөө нийлүүлэх, хэрхэн барьж байгуулах асуудал тодорхойгүй нь мэдээжийн хэрэг байгаа.

-Энэ үйлдвэрийг барилаа гэхэд түүхий тосоор хангана гэдэг том асуудал шүү дээ. Үүнийг яаж шийдэх вэ. Дарханы үйлдвэрийн хувьд Монголоосоо биш гаднаас оруулах тухай яриад байдаг нь ямар учиртай юм бэ?

-Мэдээж, Монголоосоо олборлосон тосоо боловсруулбал нэн сайн. Гэхдээ Хятадын компанийн манай нутагт олборлож буй газрын тосны 20 гаруй хувь нь Монголынх, үлдэх 80 шахам нь Хятадынх. Хэдийгээр Монголын газар нутгаас гаргаж авсан тос ч гэсэн олон улсын зах зээлийн үнээр авах учраас хилийн гаднаас авч байгаатай адилхан гэдгийг хэн хүнгүй ойлгох учиртай. Зүүн бүсийн Тамсагийн сав газарт хийж байгаа Хятадын Петро Дачин Тамсаг компанийн олборлож байгаа түүхий тос манай шаардлагыг хангах хэмжээнийх байж чадах уу гэдэг хамгийн том үзүүлэлт. Түүхий тосны ашиглах нөөцийн талаас нь авч үзвэл, Тамсагийн сав газарт 40 орчим сая тонн ашиглалтын нөөц тогтоогдож батлагдсан юм билээ. Өнөөг хүртэл олборлосон болон 2020 оныг дуустал олборлох тосыг хасч тооцвол 30 орчим сая тонн буюу арван хэдэн жил л ашиглах түүхий тосны нөөц үлдэх тооцоотой байгаа юм. Бас жилд нэг сая тонн орчим түүхий тос олборлож байгаагаа нэмэгдүүлэх хэдий ч 1.5 сая тонноос хэтрэхгүй гэж мэдэгдсэн учраас жилийн 2 сая тонн түүхий тосны манай хэрэгцээг хангахад хүрэлцэхгүй. Манайд үйлдвэр байгуулагдлаа ч Хятадын тал түүхий тосоо нийлүүлэх магадлал бага. Учир нь цаанаа улсын үйлдвэртээ урт хугацааны гэрээгээр нийлүүлж байгаа. Манай мэдлийн 20 гаруй хувь гэдэг нь 240-360 орчим мянган тонн шүү дээ.

Бас нэг бэрхшээл байдаг нь тэндээс наашаа тээвэрлэх зам тээврийн нөхцөл байхгүй. Ер нь автозамаар түүхий тос тээвэрлэнэ гэвэл зардал асар өндөр болно, төмөр зам барина гэвэл наад зах нь 2,5 тэрбум ам.долларын хөрөнгө оруулалт шаардагдана. Дамжуулах хоолойны талаар бас яригддаг. Унгарын “EUROIL” компанийн хийсэн урьдчилсан судалгаагаар гэхэд л энэ нь ихээхэн зардал чирэгдэлтэй, төвөгтэй болох нь тогтоогдсон юм билээ. Тээвэрлэлтийн тухайд иймэрхүү шалтгаантай. Нөгөө талаас Тамсагийн түүхий тос нь зуурамтгай бөгөөд царцамтгай. Тийм болохоор түүхий тосны урсах чанарыг сайжруулахын тулд их хэмжээний шингэлэгч бодис буюу нафта, керосин, мөн тосны царцах хэмийг бууруулахын тулд мөн тусгай бодисыг нэмэх шаардлагатай гэсэн тооцоо бий.

-Тэгвэл дотоодоосоо түүхий эдээ авахгүй гэвэл хаанаас авах нь илүү дээр гэж?

-Мэдээж хойд хөрш. Монгол улсын болон ОХУ-ын Засгийн газрын хооронд, мөн хоёр улсын холбогдох компаниудын хооронд, түүнчлэн Монгол, Японы холбогдох яам, корпораци, компанийн хооронд буюу гурван түвшинд түүхий тос нийлүүлэх харилцан тохиролцооны баримт бичиг байгуулагдсан байгаа. Дарханд баригдах үйлдвэрийн хувьд Иркутскийн нефтийн компанийн шугамаар нийлүүлэхэд нэг тонн түүхий тосны тээврийн зардал Наушка-Дарханы хооронд 3 ам.доллар хавьцаа байх юм. Хэрэв Тамсагаас түүхий тосыг төмөр замаар тээвэрлэнэ гэж бодвол нэг тонн түүхий тосны тээврийн зардал 30-35 ам.доллар байх тооцоо гардаг л даа. Импортын түүхий тосны тээврийн зардал дотоодынхоос арав дахин хямд болдог. Энэ харьцуулалт тоог харахаар Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлөөс газрын тос боловсруулах үйлдвэрт дотоодын газрын тосыг ашиглах тухай 2014 онд гаргасан зөвлөмж нь эдийн засгийн тооцоо үндэслэлгүй, бодит нөхцөл байдалд нийцээгүй өрөөсгөл хандлагаар гаргасан буруу үйлдэл юм билээ.

-ОХУ-аас манайд түүхий газрын тос нийлүүлэхгүй гэсэн яриа байдаг. Та үүн дээр ямар хариулт өгөх вэ?

-Зарим хүн зориудаар ийм худал хуурмаг яриа гаргадаг байх. Гэтэл бид нэгэнт албажуулж, бичиг баримт дээр гарын үсгээ зурчихсан. Ер нь олон улсын нийтлэг журмаар өөр хоорондоо дайны байдалтай болж харьцаа нь хурцадсан улс орнууд л нөгөөдөө газрын тос нийлүүлдэггүй жишиг байдгаас өөр тохиолдолд тийм зүйл байдаггүй. Хэрэв тэгж түүхий тос нийлүүлэхгүй юм бол, ах дүүгийн найрамдалт харилцаатай байсан хоёр улсын хоорондын харилцааг хэн гэдэг дарга, сайдын үед ингэтлээ муудуулсан хэрэг вэ гэж хариуцлага ярих хэрэгтэй болох байх. Тэгээд ч ОХУ олон жилийн хүчин чармайлтынхаа хүчинд саяхан Дэлхийн худалдааны байгууллагад гишүүн болсон. Ийм орны хувьд Монгол Улсад газрын тос нийлүүлэхгүй гэсэн асуудал байхгүй л дээ.

-Таны хэлж байгаагаар Дарханы төслөөр үйлдвэр баригдахад бүх зүйл бэлэн байгаа гэж та хэлэх гээд байна аа даа. Яг юун дээр гацаад байдаг юм бэ?

-Дарханы үйлдвэрийн техникийн зураг төслийг эцэслэн боловсруулах гэрээг Чиёда компанитай 2015 оны дөрөвдүгээр сард байгуулсан ч уг ажлыг хийх боломж бүрдэхгүй байсаар өнөөг хүрээд байна. Яагаад гэвэл, Японы тал Монголын өнөөгийн Засгийн газар өмнөх бүтэлгүй Засгийн газрын алдааг засч, газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах тухайд зөв шийдэл гаргана гэж найдан хүлээж байгаа. Уг нь аливаа зүйл шударгаар шийдэгддэг сэн бол Дарханы төсөл бол бэлэн төсөл. Дарханы төслийн ТЭЗҮ, БОНҮ болон бусад Япон, Монголын талуудын хооронд хийсэн гэрээ хэлэлцээр зэрэг баримт бичгүүдтэй танилцсан зарим сайд, УИХ-ын гишүүд, төр засгийн ажилтнууд “Энэ чинь бэлэн төсөл юм байна шүү дээ, яагаад хэрэгжүүлж болдоггүй юм бол доо” гэж гайхаж байдаг юм.

Сайншандад барина гэдэг бүтэл муутай, сүүлдээ үр дүнгүй юм болно. Ийм янзаар манай улс 2030 он хүртэл нефть боловсруулах үйлдвэртэй болж чадахгүй нь гэх хүмүүс ч олон байна. УИХ-ын дарга М.Энхболд өнгөрсөн намрын чуулганы нээлтийн үгэндээ “Тамын тогооны үлгэр хэлэлцэхээ хойш тавьж, гацаанд ороод байгаа томоохон төслүүдийг хөдөлгөх цаг нь одоо болсон. Дөрвөн жил өнгөрсний дараа, хийж амжаагүйдээ халаглан харамсч суухгүйн тулд хурдтай ажиллах шаардлага УИХ, Засгийн газрын аль алинд нь тавигдаж байна” гэж хэлэхийг нийтээрээ л сонссон байх. Дарханы төсөл бол яг тийм тамын тогооны үлгэрийн эргүүлгэнд орчихсон байгаа юм л даа.

-Дарханы төсөл Монгол, Японы хамтын ажиллагааны шугамаар хэрэгжих учиртай төсөл. Тэдний зүгээс энэ байдлыг юу гэж хардаг бол?

-Таны асуусан үнэхээр сэтгэл зовоож буй асуудал. Японы Засгийн газар, Монгол Улсыг нефть боловсруулах үйлдвэртэй болгох зарчмын бодлогоор энэ төсөлд хандсан юм. Японы Ерөнхий сайд Шинзо Абэ 2013 оны гуравдугаар сард манай улсад айлчилсан үедээ энэ төслийг хэрэгжүүлэх асуудалд онцгойлон анхаарал тавьсан байдаг. Тэгээд ч хэдэн сарын дараа Монгол, Японы Засгийн газрын хооронд байгуулсан Стратегийн түншлэлийн анхны дунд хугацааны хөтөлбөрт “Японы JBIC банкны болон хувийн хэвшлийн хамтарсан зээлийн хөрөнгөөр Монголын Дарханд газрын тос боловсруулах үйлдвэрийг санхүүжүүлэн барьж байгуулна” гэсэн зарчмын заалт тусгагдсан байгаа. Энэ төслийн Техник-эдийн засгийн үндэслэл, Байгаль орчны нөлөөллийн нарийвчилсан үнэлгээ, техникийн зураг төсөл, үйлдвэрийг барьж байгуулах гэрээ, хэлэлцээрийн баримт бичгүүд Японы банк, корпорациудын оролцоотой хийгдсэн, хөрөнгө оруулалтын санхүүжилт, инженер-техникийн ажилтныг сургаж бэлтгэх асуудал бүгд Японы тусламж дэмжлэгтэй шийдэлд хүрсэн юм. Япончууд Монгол Улсын эдийн засгийн аюулгүй байдлыг хангах стратегийн гол асуудлыг шийдэх том бодлогоор Дарханд газрын тос боловсруулах үйлдвэр байгуулах төслийг хэрэгжүүлэх шийдэл гаргаж, бэлтгэлийг хангаж ирсэн. Япон бол үргэлж манай том хандивлагч байж ирсэн. Одоогийн хүндрэлтэй үед ч 850 сая ам.долларын буюу ОУВС-гийн амласан мөнгөнөөс бараг хоёр дахин их хэмжээтэй нэн хөнгөлөлттэй зээл олгохоор боллоо. Гэтэл манай улсын Засгийн газар, Япон улсын талаас үзүүлж буй энэ тусч үйлсэд нь “хариу” болгож байгаа юм шиг зөрүүлээд Монгол, Японы хамтын ажиллагааны шугамаар бэлтгэгдэж ирсэн “Дархан-Газрын тос боловсруулах үйлдвэр” Төслийг хэрэгжүүлэх явдлаас татгалзах явдал гаргаж хараахан боломгүй юм даа.

Та бидний энэ ярилцлагын төгсгөлд онцолж хэлэх зүйл бол Засгийн газрын удирдлага, УИХ-ын эрхэм гишүүд маань газрын тос боловсруулах үйлдвэрийг байгуулах байршлын тухайд шударга бус өрөөсгөл хандлагаар үндэслэл тооцоо муутай, улс орныхоо эрх ашигт алдагдал хохирол учруулахаар эндүү ташаа шийдэл бүү гаргаасай гэж залбирах байна.


Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

О.Баасанхүү хаданд гарах үе буюу Ерөнхийлөгчийн сонгуулийн сураг ажиг

ЭХЛЭЛИЙН ОРОНД

“Ноосоо тушаачихлаа, ажлаасаа халагдаж, авгайгаасаа салчихлаа” гэдэг монгол хэнэггүй зангаар ОУВС-гийн Захирлуудын зөвлөл хуралдахын өмнө Төсвийн тодотголоо баталчихлаа, тулчихаад байсан өрнүүд түр амсхийлгэж байна гэж болохоор үе ирэв үү дээ. Гэтэл бас биш юм аа. Нөгөө Ерөнхийлөгчийн сонгууль хаяа хатгаад ирчихжээ. Дөрвөн жилд нэг удаа болдог Ерөнхийлөгчийн сонгууль болоход хоёр сар гаруйхан хугацаа үлдээд байна. Намуудын дотор гэлтгүй нийгэмд энэ удаад хэн, хэн нэр дэвших бол, хэн дараагийн Ерөнхийлөгч болох бол гэсэн яриа хөөрөө ч дуулдаад эхэлжээ. Ардчилсан намынхан дотоод сонгуулиа дөнгөж хийгээд дуусчихсан, ерөнхийдөө шинэчлэл тун давгүй боллоо гэж өөр хоорондоо ярьж байгаа дуулдана. Зарим нэг газар нь сонгуулийн дүн гарахгүй, бусад хорооддоо сураггүй байсан нөхөд төгсгөлийн хайрцгийн саналаараа өм цөм ялаад эхэлсэн гэсэн шүүмжлэлийг эс тооцоход АН-ын бодлогыг тодорхойлох бүрэлдэхүүн хэсэг нэлээд өөрчлөгдсөн. Хуучин дарга нарыг нэр дэвшүүлэхгүй байхаар зориуд бодлого гарсны хүчинд бас ч шинэчлэлийн салхи орлоо гэх хүмүүс байгаа. Нөгөө талаас фракцууд нэр бүхий хүмүүс араа хөлөө нэмэхийн тулд нэлээд анхаарч ажилласан гэх яриа ч сонстсон. Юутай ч даргаар очсон хүмүүс нөлөөллөө алдахгүйн тулд ҮЗХ-оо хуралдуулахгүй олон жил болдог тэр гажиг энэ удаад засагдлаа. С.Эрдэнэ дарга намын дотоод сонгуулиа хийж, АН-ынхан ялагдлын дараахь шинэ хүмүүсээр хүч сэлбэв. Мэдээж 389 гишүүний 30-40 хувь нь Шонхор фракц гэгдэж буй. Харьцангуй хүчний хуваарилалт тэнцүү хуваагдлаа гэж ажиглагчид үзэж байна лээ. МҮДН тоогоо багахан ч гэсэн нэмж, МоАХ, мөн Нэг ардчиллыг багтаасан МОАН гэхчилэн дараалжээ. “Алтан гадас”-ын хүч илэрхий суларсан ч бас ч гэж төлөөлөл нь багтжээ. АН-ынхан ийнхүү дотоодын асуудлаа цэгцэлж байгаа бол үлэмж олонхи болсон гэгдэж буй МАН-ынхан УИХ дотроо багагүй хагаралтай суугаа. Гэхдээ үүнийг хагарч байна гэхээсээ зүй тогтол гэж болно. Улс орны томоохон асуудал дээр яах аргагүй хуваагдаж байгаа бөгөөд энэхүү хуваагдал бага багаар хураагдсаар цаашдаа юу дагуулахыг хэлэх аргагүй. 65 гишүүнтэй бүдүүн бүлэг гэхдээ нэг санаагаар бүгдийг шийдээд байна гэж ч юу байхав. Өчигдөр гэхэд олонхийн бүлгийнхэн Засгийн газар, сайдын сонирхол санаачилгаар томоохон асуудлуудыг шийдээд байдаг нь буруу гэж үзээд концессын гэрээ байгуулах эсэхийг Засгийн газар биш харин УИХ мэдэх ёстой гэсэн шийдвэрт хүрчихлээ. Ер нь бүлэг дотроо Засгийн газрын оруулж ирсэн бүрийг сайн гэж гар өргөн шийдэхгүй, харин нэлээд шахаж ажиллах ёстой хандлага давамгайлаад байгаа ажээ. Тэр нь ч өчигдрийн нэлээд ширүүн болсон бүлгийн хурлаас тод харагдаж байгаа юм. УИХ-ын гишүүн Ц.Нямдорж Ерөнхий сайд Ж.Эрдэнэбатыг “Чи Монголын Ерөнхий сайд юм уу, МАК-ийн Ерөнхий сайд юм уу” гэж загнасан аж. Ерөнхийдөө эрх ашигт үйлчлээд байгаа, ашиг сонирхолтой нөхдөө шүүмжлэх, бодлогыг нь унагаж анхааруулга өгөх хандлага эднийд давамгайлжээ. Энэ байдал ч цаашдаа нэлээд үргэлжилж, эргээд нам дотроо ч томоохон өөрчлөлтөд хүргэхийг үгүйсгэх аргагүй. Эргээд Ерөнхийлөгчийн сонгуулийн асуудалдаа эргэж орцгооё. УИХ-д суудалтай намууд Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ өрсөлдүүлэх эрхтэй байдагчлан өнөө жил 2013 оны сонгуулийн адил МАН, АН, МАХН гэсэн гурван намаас нэр дэвшигч тодрох боломжтой.

АН

АН-ынхан уг нь нэр дэвшигчээ сунгаагаар тодруулдаг уламжлалтай. Харин оны эхэнд намын даргаа сунгаагаар тодруулсан тэдний хувьд энэ удаад Ерөнхийлөгчид нэр дэвшигчээ “сунгахгүй”. Сунгаа энэ тэр нь ямар нэгэн хуулийн заалтыг санаатай хийгээд санамсаргүй зөрчсөн ялд унаж, алдаа гаргачих вий. Өөрөөр хэлбэл, Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ нэр дэвшүүлэх эрхгүй болчих вий гэсэн давхар, давхар болгоомжлолын үүднээс тэд сунгаанаас татгалзжээ. Тэгээд ч сунгаагаар өөр хоорондоо хэмлэлдээд юун цаашаа өрсөлдөх манатай нэр хүнд нь хог дээр үлддэгийг тооцоолсон байж болзошгүй. АН-д одоогийн байдлаар арваад хүн нэр дэвшихээр дуулдаад байгаа. Хамгийн анх АН-аас экс дарга Н.Алтанхуяг нь нэр дэвшихээ илэрхийлсэн билээ. Одоо ч тэр байр суурь дээрээ хатуу байгаа аж.

Түүнээс гадна Э.Бат-Үүл, Лу.Болд, Д.Дорлигжав, Б.Жаргалсайхан, Б.Баабар нар нэр дэвшихээ илэрхийлсэн. Мөн Г.Батхүү, Р.Амаржаргал, Х.Баттулга нарыг нэр дэвших хүмүүс гэгдэж буй. Ер нь бол маш олон хүн нэр дэвших санаа зүүж байна. Өнөөдрийн байдлаар АН-д хэн нэр дэвшихийг шийдэх гурван хүн бол С.Эрдэнэ, З.Энхболд, Х.Баттулга нарыг гэж үзэж байгаа. Саяхан бүрэлдсэн ҮБХ-ны 70 хувийг “Шонхор”, МоАХ бүрдүүлж байгаа гэж үзвэл үнэхээр энэ гурван хүн мэдэж таарна. Хэрэв Женко Х.Баттулга үнэхээр хүсч байвал түүнд ногоон гэрэл асна. Э.Бат-Үүлд боломж бас бий. Д.Дорлигжав өөрийнхөөрөө пиараа хийж “Ерөнхийлөгчийн засаглалтай болгоно” гэж хэвлэлийн хурал хийж байгаагаас харвал бодитойгоор үүнд тэмүүлж байгаа нь харагдана. Харин Б.Баабарын “Би Ерөнхийлөгчид нэрээ дэвшүүлж байна” гэсэн нийтлэл намынхан байтугай ард иргэдэд хүчтэй нөлөөлж чадсан. Нээрээ эрх мэдэлтэй байгаагүй, эрх мэдэлтнүүдийг хүний өөрийн нам гэлтгүй шүүмжилж чаддаг түүний төрийн эрх мэдлийг ашиглан өөрсдөдөө үйлчилдэг хүмүүсийн эсрэг хамтдаа тэмцье гэсэн нь олон хүнд таалагдсан. Гэхдээ намын дарга С.Эрдэнэ байгаа тохиолдолд өөрийг нь үргэлж шүүмжилдэг Баабарыг нэр дэвшүүлэх нь юу бол. Ерөнхийлөгчид нэр дэвших хамгийн магадлалтай бас хүлээлттэй хүн гэж үргэлж яригддаг Р.Амаржаргал өөрөө ямар нэг байдлаар нэр дэвших эсэхээ илэрхийлээгүй байгаа. Гэхдээ түүнийг АН-аас нэр дэвшигчдийн хураангуйлсан жагсаалтад дээгүүрт байна гэдэгт олон хүн эргэлзэхгүй байгаа. Хэрэв намаасаа гарч чадвал хамгийн шанстай нэр дэвшигч нь үнэн. АН-ын шинэхэн дарга С.Эрдэнэ ялагдлыг буухиалан үргэлжлүүлэх үү, зогсоох уу гэдгийг батлан харуулах Ерөнхийлөгчийн сонгуульд хариуцлагатай оролцох талтай. Хэдийгээр хэвлэлээр түүнийг эрх баригчидтай хуйвалдан сул хүн хаяж өгч магадгүй хэмээн хардаж байгаа ч С.Эрдэнэ гэдэг хүний өөрийнх нь зан чанар бууж өгөх дургүй учраас юу л бол. Харин олон эрх ашгийн огтлолцол дээр хүнээ тодруулах болов уу. Р.Амаржаргалтай адил намаасаа гарч чадвал хүчтэй нэр дэвшигч болно гэгдэж байгаа хүн Н.Алтанхуяг. АН-ынхны унасан нэр хүнд сөрөг хүчин болоод ч өсч чадахгүй байгаа ч олон нийтийн дунд Н.Алтанхуяг ажлыг хийж чадсан Ерөнхий сайд гэсэн имижтэй. АН-ын хувьд тухайлсан судалгааг хийгээгүй ч судалгааны байгууллагуудын гаргасныг анхааралтай ажиж байгаа гэсэн. Түүгээр бол Р.Амаржаргал, Н.Алтанхуягаас гадна Х.Баттулгын нэр хүнд өндөр байгаа гэж гарчээ. Гэхдээ АН-ын нэр дэвшигчийн хувьд судалгаанаас гадна дэнчингийн мөнгөө төлөхөөс эхлээд шалгуур их бий. АН-ын даргын сунгааны дэнчин 250 сая төгрөг байсан бол нэр дэвшигчийнх 150 сая төгрөг болох сурагтай. АН-ынхан нэр дэвшигчдээ ирэх сарын 2 гэхэд бүртгэж дуусахаар төлөвлөсөн бөгөөд түүнээс наана мөрийн хөтөлбөрт юу багтах, нэр дэвшигчийг ямар журмаар тодруулахаа тодорхой болгох аж. Сунгааныхаа оронд аймаг, дүүргийн намын хороогоо сум, хорооны гишүүдээр өргөтгөөд хамгийн магадлалтай 2-3 нэрийг тодруулж, Их хурлаараа шийдэх төлөвтэй байна. Хуульд зааснаар нэр дэвшигчдээ ирэх сарын 2-6-ны хооронд тодруулах ёстой учраас намууд 5-6-наас нэр дэвшигчдээ тодорхой болгоно.

МАН

Нэр дэвшигч нь хамгийн тодорхой гэгдэж байсан МАН-д одоогоор юу ч тодорхой биш байна. Уг нь өнгөрсөн сонгуулийнхыг эс тооцвол МАН-аас намын дарга нь Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшдэг байв. Бас хэд хэдэн хүнийг өрсөлдүүлж биш тодорхой нэг хүний нэрийг явуулдаг байлаа. Харин энэ удаад хэрхэх бол. Уг нь МАН-ын дарга М.Энхболдыг нэр дэвших нь тодорхой гэж намын энгийн гишүүд, олон нийт бодож байгаа. Өөрөө ч үүнийг нэлээд эртнээс тооцоолж бэлдэж байсан нь үнэн. Сүүлийн үед тооцоо жаахан өөр болж байж магадгүй байна. Нэр дэвшихийг хүсэх юм бол тэр шууд нэр дэвшигч болно. Хүсэхгүй бол Б.Бат-Эрдэнэ, Ө.Энхтүвшин, Ц.Нямдорж нарын нэр бас байгаа. Батлан хамгаалах салбарт гараад байгаа асуудлууд нь Б.Бат-Эрдэнэ сайдыг нэр дэвших байтугай огцрох асуудлыг хөндөхөд хүрсэн учраас худлаа болж байх шиг байна. Ц.Нямдоржид Ерөнхийлөгчид нэр дэвших амбиц бий. Бас тэрбээр олон нийтэд нэр хүнд сайн байгаа ч намын удирдлагууд дэвшүүлэх нь юу л бол. Ер нь Ерөнхийлөгчид нэр дэвшихээр эртнээс тооцоолж байсан М.Энхболд даргыг юу тээнэгэлзэхэд хүргэв. Улс төрийн хүрээнийхэн дунд яригдаж байгаагаас МАХН-аас Н.Энхбаяр нэр дэвших магадлалтай болсон нь түүнийг болгоомжлоход хүргэжээ. Нэгэн үе сайн ойлголцол харилцаатай байсан хоёр Э Эрдэнэтийн 49 хувиас болж хоёр тийшээ харснаар гурав дахь Э-д нэр дэвших боломж гарч байгаа гэх. Монгол Улсын Ерөнхийлөгчийн сэнтийд суух хувьтай төрсөн хоёр Э буюу дөрөв дэх Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж, гуравдахь Ерөнхийлөгч Н.Энхбаяр нар Тэрэлжид уулзсан тухай яриа МАН-ынхан дунд барим тавим яригдаж байна. Тэдний уулзалтаас болж М.Энхболд дарга Ерөнхийлөгчийн тамгыг барих боломжоо ашиглах эсэхээ бодож байгаа бололтой. МАН-ынхны хувьд АН-аас ялгаатай нь судалгааг тогтмол явуулж байгаа ажээ. Судалгаагаар Ц.Нямдоржийнх өндөр байсан хэдий ч тогтмол бус дээшээ, доошоо савлагаатай байдаг гэнэ. Харин намын дарга М.Энхболдынх аажим ч гэсэн өсч байгаа ялгаа байгаа дуулдсан. Сонгуулийн сурталчилгаа богино, ердөө 18 хоног байгаа тул савладаг рейтинг эсвэл хэт өндөр рейтингтэй орох аюултай байдаг. Санал авах хугацаа доош савласан үед таарвал ихээхэн эвгүй талтай. Ц.Нямдоржийнхтой адил байдал Р.Амаржаргал дээр гарч ирэх талтай гэдгийг судлаачид ярьж байна. МАН-ын нэр дэвшигчдийн байдал нэг ийм. Хэрэв намын дарга нь нэр дэвшихээ больсон тохиолдолд өмнө нь намын дарга хэрнээ нэр дэвших боломжоо ашиглаагүй Ө.Энхтүвшинд ирэх талтай. МАН-ын тухайтад АН шиг хүмүүс уралдуулахгүй нэг хүний нэрийг оруулж ирж магад. Бага хурлын тов ирэх долоо хоногоос зарлагдах сурагтай байна.

МАХН

Ерөнхийлөгч асан Н.Энхбаярт нэр дэвших боломж яригдахтай зэрэгцээд хамгийн их хаданд гарч байгаа хүн бол О.Баасанхүү гишүүн. Оймсонд наалдсан бөөс үсрээд УИХ-д ороод ирсэн гэж хэлэгдэж байсан ч 2016 оны сонгуулиар намаасаа ганцаараа гишүүн болж чадсанаар МАХН-ыг Ерөнхийлөгчийн сонгуульд хүнээ дэвшүүлэх эрхийн бичиг болсон нь үнэн юм. Сүүлийн өдрүүдэд МАН-ынхан ч, АН-ынхан ч түүнийг намдаа урвуулах их аянд гарчээ. Орой болгон хоолны урилгатай байгаа гэх. Хэрэв тэр МАХН-аас гараад аль нэг намд нь элсвэл МАХН Ерөнхийлөгчийн сонгуульд уралдах эрхгүй болно. Үнэндээ гудамжинд явсан О.Баасанхүүг ингэж томрох боломжийг гаргаж өгсөн хүний хувьд Н.Энхбаяр дарга тэсэлгүй түүнийг урвагч энэ тэр гээд уурлаад авсан сурагтай. Одоогийн байдлаар О.Баасанхүү ямар зан гаргаж, ямархуу шийдвэрт хүрэхийг хэн мэдэхэв. Харин нэр дэвших боломж яригдаж эхэлсэн цагаас хойш Н.Энхбаяр нуувчинд орох маягтай нам гүм байгаа юм.

ТӨГСГӨЛИЙН ОРОНД

Ерөнхийлөгчийн сонгууль дөхөөд ирчихсэн байхад намууд бужигналдахгүй байгаа нь сүүлийн үед яригдаад байгаа Үндсэн хуульд өөрчлөлт оруулах асуудалтай ямар нэг байдлаар холбоотой гэж үзэгсэд байна. М.Энхболд дарга үнэхээр өөрөө нэр дэвших байсан бол ОУВС-гийн хөтөлбөрт хамрагдах асуудлыг сонгуулийн дараа хийх байсан бас Үндсэн хуулийн өөрчлөлтийг ингэж шахахгүй байх талтай билээ. Харин өөрөө нэр дэвших бодлоо орхисон учраас энэ өөрчлөлтийг хийх гээд байж магадгүй юм. Нөгөө намуудаас нэр дэвшихээр ярьж байсан хүмүүсийн эрч саарсан нь Үндсэн хуулийн өөрчлөлтөөр Ерөнхийлөгчийн эрх мэдэл шууд хумигдахтай холбоотой гэж таамаглаж болох. Ярьж байгаа хувилбараар Ерөнхийлөгч ямар нэгэн томилгоо хийхгүй, хууль санаачлах эрхгүй болно гэхээр жинхэнэ утгаараа бэлгэ тэмдэг болно. Нөгөө шүүгч, прокурорыг томилдог нь алга болно гэсэн үг шүү дээ. Харин Ерөнхий сайд УИХ-аас томилогдмогцоо өөрөө кабинетаа бүрдүүлдэг, цаашлаад УИХ-ыг ч тараадаг эрх мэдэлтэй болгох талаар хөндөж байгаа. Өөрөөр хэлбэл, УИХ-ыг чадамжгүй гэж үзвэл тарааж, сонгуулийг наана нь зохион байгуулж өөрөө нэр хүнд өндөр байвал ялалтыг авч, үгүй бол гудамжинд гардаг сонгодог парламентад байдаг хувилбар яригдаж байна. Ерөнхийлөгчийн сонгуульд хэн, хэн нэр дэвших, хэн хүсч хэн болихтой холбоотойгоор үйл явдал ийнхүү өрнөхөөр байна.

Categories
мэдээ цаг-үе

Д.Амарбаясгалан: Эцсийн хариуцлагыг сонгогчид намтай л тооцдог

МАН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Д.Амарбаясгалантай ярилцлаа.


-МАН-ын Ерөнхий нарийн бичгийн даргын алба олон нийтийн анхаарлын төвд байдаг албан тушаал. Та энэ албыг хүлээн авснаас хойш хэвлэлд анх удаа ярилцлага өгч байна. Тиймээс нэлээд өргөн хүрээнд ярилцана гэж ойлгож байна. Ингэхэд өөрөө ууган энэ намын хэд дэх генсек болж байгаа билээ. Бас яах аргагүй залуу ерөнхий нарийн бичгийн даргын нэг болох байх?

-Уншигчдадаа энэ өдрийн мэнд хүргэе. Улс төрийн ууган хүчин гэдэг утгаараа ч, уламжлагдан ирсэн дотоод тогтолцооныхоо хувьд ч манай намын ерөнхий нарийн бичгийн даргын ажил бусад улс төрийн хүчнээс илүү анхаарлын төвд байдаг гэдэгтэй санал нэг байна. Үүнд мэдээж түүхэн шалтгаан бий л дээ. Шинэ Үндсэн хуулиас өмнөх тогтолцоонд намын төв хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг албан тушаал төрийн тэргүүний ажил байлаа шүү дээ. Юмжаагийн Цэдэнбал, Жамбын Батмөнх гээд төр, нийгмийн нэрт зүтгэлтнүүд бүгд л манай намын ерөнхий нарийн бичгийн дарга гэдэг албан тушаалаар овоглодог байсныг та мэднэ. Шинэ нийгэмд шилжсэнээс хойш ч 2000 он хүртэл намын ерөнхий нарийн бичгийн дарга намын даргын үүргийг гүйцэтгэдэг байсан. Тиймээс энэ бүх түүхэн сэжим өнөөдрийг хүртэл үргэлжилж үе, үеийн манай намын ерөнхий нарийн бичгийн даргын алба чухалд тооцогддог, тэр хэрээрээ бүгд л энэ эрхэм үүргийг нэр төртэй хашихыг хичээсээр ирсэн. Миний хувьд ч мөн адил үүргээ ухамсарлаж байгаа. Насны хувьд залуудаа орно оо. Энэ нь удахгүй 100 жилийн ойгоо тэмдэглэх ууган нам хэрхэн шинэчлэгдэж залуусаа дэмжиж чаддагийн нэг нотолгоо болох болов уу.

-Та намаа сөрөг хүчин байх үед нарийн бичгийн даргаар ажиллаж байсан. Ер нь сөрөг хүчин байх үед намын аппаратад байх, эрх баригч байх үед генсек байхын хооронд хэр зөрүү байдаг вэ?

-Маш их. 2015 оны арванхоёрдугаар сард МАН-ын сонгууль хариуцсан нарийн бичгийн даргаар томилогдож байлаа. Манай нам анх удаа сонгууль хариуцсан нарийн бичгийн даргатай болсон. Жижиг 76 тойрог учир тойрогт нэр дэвших намын удирдлагуудын орон зайг нөхөхийг хичээсэн шийдэл байсан. Оновчтой ч алхам байсан гэж боддог.Сөрөг хүчний байр сууринаас ажиллах заримдаа амаргүй ч заримдаа эрх баригч байхаас амар байдаг.

Харин эрх баригч намын тэр дундаа 65 суудалтай намын ерөнхий нарийн бичгийн дарга байна гэдэг өөр асуудал. Эрх баригч намын Удирдах зөвлөлийн шийдвэр Монгол Улсын төр засгийн бодлого болж хэлбэршдэг. Нөгөө талаасаа 2016 оны сонгуульд дэвшүүлсэн мөрийн хөтөлбөрийн хяналт үнэлгээг намын Удирдах зөвлөл хийх ёстой болно. Иргэд өнөөдрийн төр засаг гэхээс илүү Монгол ардын нам л гэж ханддаг, харьцуулдаг. Тиймээс бид хичээж ажиллах хэрэгтэй байгааг алхам тутамдаа мэдэрч байна. Дээр хэлсэнчлэн 65 гишүүнтэй бүдүүн бүлэгтэй улс төрийн намын ерөнхий нарийн бичгийн даргын албан тушаал бол амар биш. Би өнгөрсөн долдугаар сард үүрэг гүйцэтгэгчээр томилогдож, арванхоёрдугаар сард албан ёсоор болсон гэж үзвэл энэ албыг аваад бараг арван сар болж байна. Цаг мөч өнгөрөх тусам амаргүй алба гэдгийг мэдэрч, тэр хэрээрээ хичээн ажиллаж байна.

-Орон нутгаар явж ажиллаад байгааг тань анзаараад байгаа л даа. Ер нь Мөрийн хөтөлбөрийн хэрэгжилтэд үнэлгээ хийгээд яваад байна аа даа?

-Тэгж ойлгож болно оо. Намын дэргэдэх стратеги академи, хөндлөнгийн судалгааны байгууллага, төр засгийн шийдвэр гаргагчдын төлөөлөл гээд томоохон баг ажилласан. Нийгэм, эдийн засгийн нөхцөл байдал, иргэдийн бухимдал, цаашдын чиг хандлага гээд олон зүйлийг газар дээр нь мэдрэх хэрэгтэй. Ингэхгүй бол нөгөө алдарт вакумжих гэдэг өвчинд эрх баригчид дорхноо л нэрвэгддэг. Өнөөдрийн төрийн бодлогын хэрэгжилтэд намын Удирдах зөвлөл дүгнэлт өгөх үүрэгтэй. Маш энгийнээр тайлбарлахад иргэдийн хүлээлт төр засгийн бодлого хоёр нийцвэл намын нэр хүнд өсч, зөрвөл унадаг шүү дээ.Тиймээс мөрийн хөтөлбөрт хяналт үнэлгээ хийж, болохгүй тохиолдолд хариуцлага тооцохоос өөр сонголт байхгүй. Үүнийг ч сонгогдсон, томилогдсон бүх албан тушаалтнуудаас шаардана.Намаас сонгогдсон хийгээд томилогдсон хүмүүстэй ёс зүйн хариуцлагын гэрээ байгуулж ажиллах болно. Томилолт бол хариуцлага. Нам дотор хариуцлагын асуудлаа ярьж байж ард түмний өмнө дүнгээ тавиулна. Томилсон бол бас татаж болно гэдгийг шат шатандаа анхаарч ажиллах нь зүйтэй. Нам сонгогчдоос санал авдаг, эргээд дүнгээ тавиулдаг. Эцсийн хариуцлагыг сонгогчид намтай л тооцдог.

“Нэг үхрийн эвэр доргивол мянган үхрийн эвэр доргино” гэдэг. Нэг хүн ажилдаа эзэн болж чадахгүй бол тэр хүн гэхээс илүү МАН л гэнэ. Тиймээс энэ бол хамтын хариуцлагын зарчим, нөгөө талаас нийтийн эрх ашиг.

-Зоримог сонсогдож байна. Албан тушаалтнуудын ажлыг дүгнэж, хариуцлага тооцно гэхээр. Улс төрийн намын шинэчлэлийн хувьд олон асуудал цаашид гарах байх. Шинэчлэл гэснээс МАХН МАН болж нэрээ сольсноос болж ялагдсан, энэ нь хэлбэрийн асуудал байсан гээд олон шүүмжлэл байдаг…

-Парламентын тогтолцоотой улс орнуудын хувьд нам сонгуульд мөрийн хөтөлбөрөө дэвшүүлэн оролцож, төрийн бодлогыг тодорхойлдог. Тиймээс намын шинэчлэл өөрөө улс орны хувь заяатай холбогддог. Манай намын хувьд цаг үетэйгээ хөл нийлүүлэн шинэчлэхийг эрмэлзсээр ирсэн улс төрийн хүчин. Мэдээж алдаа онооны аль, аль нь бий. Гэхдээ Монгол Ардын Нам болсон нь хэлбэрийн биш агуулгын шинэчлэл байсан гэдэгт итгэдэг. Ерээд оноос хойш ардчилсан нийгэмд хүн болж төлөвшсөн залуу хүний хувьд өнөөдрийн нийгэмд Хувьсгалт намын Социалист үзэл баримтлал хэр хол явж чадах байсныг төсөөлдөггүй. Мэдээж шинэчлэл өөрөө төлөөстэй. Гэхдээ хэн нэгэн хийх ёстой. Энэ дэвшилтэд өөрчлөлтөд тухайн үед намын хэлтсийн даргын хувьд оролцсондоо сэтгэл хангалуун байдаг.

Ер нь аливаа нам олон нийтээс алсрах тусам суларч, иргэдийн сэтгэлзүйг бодитоор мэдрэх тусам хүчирхэгжин бэхэждэг. Цаашдаа эхлүүлсэн шинэчлэлээ үргэлжлүүлж, “Олон нийтэд суурилсан (people based), бодлогод тулгуурласан (policy ori­ented ) дэвшилтэт (progres­sive) улс төрийн хүчин болж төлөвшинө. Энэ талаар төлөвлөж, хийж байгаа олон ажил байгаа. Дэлхийн бусад социал демократ чиглэлийн намуудтай ч санал бодлоо солилцсон, ирэх сард олон улсын томоохон хурал хийхээр ажиллаж байна.

-Эрх баригч намын генсек байх амаргүй нь тодорхой ч эрх мэдлийн хувьд тун нөлөөтэй албан тушаал гэдгийг та хүлээн зөвшөөрөх байх. Томилгоонууд дээр их оролцдог, бүх төрийн албаныхан, сайдуудад нөлөөтэй байж чаддаг. Гэхдээ элдэв томилгоонууд дээр өөртэй чинь холбоотой яриа төдийлөн сонстоогүй. Анхнаасаа томилгоонуудаас ангид байхаар бодсон юм уу, эсвэл үүрэг гүйцэтгэгчээр ажиллаж байсан үе таарсан учраас боломж гарсангүй юу?

-Би ямар ч тохиолдолд эхлээд зарчмаа барих ёстой гэж боддог. Угаасаа миний баримталж ирсэн зарчим ч тэр, нөгөө талаас шинэ залуу үеийн төлөөлөл болж намын өндөр албан тушаалыг хашиж байгаа хүний хувьд зарчим барьж хичээн ажиллах ёстой гэж ойлгодог. Аливаад зарчмаа барьж, шударга, илүү хөдөлмөрлөсөн нь амжилтад хүрдэг тэр боломжийг нээлттэй байлгах үүднээс хандаж ирсэн, тэгэх ч болно. Өнөөдөр хэн ямар ч эрх мэдэлтэй байсан байж болно, ямар ч албан тушаалд хүрсэн байж болно. Гэхдээ намын өмнө бүгд эрх тэгш хариуцлага хүлээнэ гэдгийг л ойлгох ёстой.

-Намын удирдлагад байгаа хүмүүс эрх мэдлийнхээ хүрээнд бусдад боломж олгож, эргээд өөрийнхөө багийг бүрдүүлдэг жишиг байдаг л даа. Харин та бол арай өөрөөр зарчим гээд яриад байх юм…

-Заавал надаар томилгоонуудад ямар оролцоотой байсныг хэлүүлэх гээд байна аа даа. Үнэнийг нь хэлье. Сонгуулийн үр дүн бидний бодож байснаас ч өндөр гарсныг хүлээн зөвшөөрөх ёстой. Хэдийгээр сонгуулийн үеэр судалгааны дүн өндөр гараад байсан ч тэрэнд итгээд тайвшрах эрх байгаагүй. Дандаа дарж, тооцоолж байсан. Гэтэл үр дүн бодсоноос ч өндөр гарсан. Үүний дараа хэсэгтээ хөл толгойгоо олохгүй үе байсан нь бас үнэн. Зөвхөн УИХ-ын сонгуулийн дараах биш аймаг нийслэл гээд зэрэгцээд олон сонгуулийн дүн гардаг болохоор эмхлэх цэгцлэх том ажлууд үүссэн. Богино хугацаанд бүх зүйл бужигнаад л өнгөрсөн. Намын Удирдах зөвлөл, ерөнхий нарийн бичгийн даргын зүгээс бүх зүйл дээр ороод ингэнэ тэгнэ гээд яваад байх боломж ч байгаагүй, хугацаа ч гараагүй. МАН бүх түвшний ерөнхийлөн захирагчид, аймгуудын шинэ Засаг дарга нар, нийслэлийн Засаг дарга цаашлаад Ерөнхий сайдад баг бүрэлдэхүүнээ бүрдүүлээд ажиллах боломж нөхцөлийг олгосон. Харин ингэж олгосон шигээ хариуцлагыг нэхэх болно. Эрхийг нь авсан шигээ үүргээ ухамсарлаж, биелүүлэх ёстой гэсэн үндсэн зарчмаар асуудалд хандана.

Тухайн албан тушаалд хэн гэдэг хүн яаж, хэний дэмжлэгтэй томилогдсон гэдэг чухал асуудал биш. Гагцхүү тэр хүмүүс МАН-ын өмнө хариуцлага хүлээж ажиллах нь чухал. Сонгуульд МАН оролцсон, дараагийн сонгуулиар МАН ажлаа дүгнүүлнэ. Мөрийн хөтөлбөрөө хэрэгжүүлэхийн төлөө, намаас дэвшүүлсэн зорилтыг хэрэгжүүлэхийн төлөө бүгд хамтран ажиллах ёстой. Одоо бүгд нэг завин дээр суучихсан явна, бид. 2020 гэхэд энэ завьтайгаа хүрэх газраа хүрч чадах уу, сонгогчдын өмнө амласан амлалтаа биелүүлэх үү. Тэр газраа хүрэхийн тулд сонгогдсон, томилогдсон хүмүүсийн хэм хэмжээ, ёс зүй ямар байна, тэд үүргээ биелүүлж байна уу гэдэг чухал. Нэг албан дээр очоод чадсан, чадаагүй хадаастай юм шиг байдаг нь буруу. Хэрэв чадахгүй бол хариуцлагаа хүлээгээд ажлаа өгдөг байх хэрэгтэй. Түүнээс завьтайгаа бүгдээрээ живж болохгүй биз дээ. Тийм ч учраас үнэлэлт өгч, эргээд хариуцлага тооцдог тогтолцоог хэрэгжүүлнэ гээд байгаа юм шүү дээ.

-Сүүлийн сонгуулиудад гардаж оролцлоо. Ямар учраас ийм адармаатай ажлаа танд даатгаад байдаг юм бэ. Ямар зан чанарт чинь итгэдэг хэрэг вэ?

-Би 2004 оны сонгуулиас эхлээд ямар нэг байдлаар сонгуулийн үйл ажиллагаанд ороод эхэлжээ. 2004 оны УИХ-ын сонгуулиар нэр дэвшигчтэй ажиллаж, 2005 оны Ерөнхийлөгчийн сонгуулиар ажлын хэсэгт орж ажиллаж, 2006 оны нөхөн сонгуулиар ч ажилласан. 2008 онд өөрөө НИТХ-д нэр дэвшиж, бас УИХ-ын сонгуулийн багт орж ажилласан гэвэл бас нэлээд хэдэн сонгуулийн нүүр үзжээ. Тэр дундаа хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах чиглэлд голлон ажиллаж ирсэн. 2012 онд сонгуулийн хэвлэл мэдээлэл, пиарыг хариуцан ажиллаж байлаа, 2016 онд сонгууль хариуцсан нарийн бичгийн даргаар ажилласан. Сонгуулийн кампанит ажлыг намын дарга, ерөнхий нарийн бичгийн дарга удирдаж чиглүүлдэг юм. Өнгөрсөн сонгуулиар ч тэгсэн. Манай дарга нар аль аль нь тойрогт нэр дэвшиж өрсөлдсөн болохоор би голлосон харагдаж байгаа байх л даа. Төв штабт суурин ажиллаж, удирдах хүн хэрэгтэй байсан болохоор намайг туршлагатай гэж үзсэн байх. Надад яагаад итгэдэг юм гэж үү. Би ажлын гүйцэтгэлийг өндөр түвшинд тавьдаг. Энэ бол гэр бүлийн хүмүүжил, миний унаган зан. За бол за, ёо бол ёогүй л байх хэрэгтэй. Чадахгүй бол чадахгүйгээ хэлэх ёстой. Тэгвэл дараагийн арга замаа хүмүүс олно. Миний зарчим ийм. Тэгж ч ажилладаг, хамт байгаа хүмүүстээ ч тийм шаардлага тавьдаг. Ажлын гүйцэтгэлтэй холбоотой надад итгэдэг байж болох юм. Таныг асуухад ингэж л бодогдож байна даа.

Ер нь аливаа хийж байгаа ажил, гаргах шийдвэртээ өөрийн хувийн ашиг сонирхол, улс төрийн агуулгыг шингээхгүйгээр нийтийн буюу төр, намын үндсэн зорилгоо бодож ажиллах ёстой. Тэр дунд миний жижигхэн эрх ашиг хамаа ч байхгүй. Тэгээд ч нийтийн эрх ашиг хангагдаж чадвал тэр дунд миний эрх ашиг ч хангагдана биз дээ.

-Сонгуульд хэвлэл мэдээллийн чиглэлд түлхүү ажиллаж байсан гэлээ. Өөрөө инженер мэргэжилтэй хүн байх аа. Яаж яваад хэвлэл мэдээллийн салбар руу орчихсон юм бэ?

-Тийм ээ би инженер хүн. Мэдээлэл хэмжлийн электроник, цахилгаан холбооны инженер гэсэн хос мэргэжлээр төгссөн ШУТИС-ийн анхны гурван оюутны нэг. Оюутан байх үеэсээ бусдын адил ажил хийдэг байлаа. Манай гэр бүлийнхний бизнес бол хэвлэлийн салбартай холбоотой. Ерээд оны сүүлээс ах нартайгаа нийлж эхлүүлсэн бизнестээ идэвхтэй оролцож явсаар инженерээр төгссөн ч мэргэжлээрээ ажиллаагүй. Харин хэвлэлийн салбарын хүн болж хувирсан. Хэвлэлийн компанийнхаа үйл ажиллагааг өргөтгөх зорилготой явсаар чөлөөт хэвлэл эрхлэх болж, улмаар өдөр тутмын сонин хүртэл гаргаж энэ гал тогоонд чанагдах болсон. Энэ ч утгаараа сонин хэвлэл, пиар улс төрийн намын сонгууль гэж явсаар сүүлдээ сэтгүүлч гэж андуурах болтол хэвлэлийн хүн болж хувирсан юм уу даа.

-Яагаад МАН-д элссэн юм бэ. Танай үеийнхэн ардчиллыг дэмжиж тийшээ хошуурч байсан баймаар юм?

-Манай аав Говь-Алтай 60 жил гэсэн хоршооллын намын үүрийн даргаар олон жил ажилласан. Ээж маань насаараа боловсролын салбарт ажилласан хүмүүс л дээ. Би дөрвөн хүүхэдтэй айлын отгон нь. Манай ах, эгч нарын хэн нь ч улс төрийн намын харьяалал байхгүй. Хамаатан саданд маань ч улс төр, нийгмийн зүтгэлтэн байгаагүй. Намайг 18 нас хүрдэг жил одоогийн МҮОНРТ-ийн хойхно байдаг БГД-ийн МАН-ын үүр дээр ээж маань дагуулж очоод намын гишүүн болгосон юм. Одоо бодоход намын сонгуулийн кампанит ажлын хүрээнд идэвхжүүлэлтэд ороод аав, ээж яриад аваачиж элсүүлсэн байх. Насаараа намын үзэл бодлыг түгээн дэлгэрүүлэхэд оролцож явсан хүмүүс ядаж нэг хүүгээ намд элсүүлье гэж бодсон байлгүй дээ. Эхний 4-5 жилд намынхаа үйл ажиллагаанд идэвхтэй оролцож явсангүй. Оюутан бас хажуугаар нь бизнес эрхэлдэг хүн. Гэвч аандаа намынхаа мөр зэрэгцэн зүтгэж яваа ах нар, найз нөхөдтэйгөө нөхөрлөж, үзэл бодлоо нэгтгэн улс төрийн үйл ажиллагаанд оролцоод эхэлсэн. 2007 оны сүүл гэхэд БЗД-ийн 37 дугаар үүрийн дарга болж, 100 гаруй гишүүн удирдаж байлаа. Цаашлаад нийслэлийн намын хорооны гишүүн, намын бага хурлын гишүүн, намын хэлтсийн дарга, нарийн бичгийн дарга гэж шат шатаар нь дамжиж явсаар ерөнхий нарийн бичгийн даргын албыг хашиж байна. Хэдийгээр би нас залуу ч намын гишүүн болоод 17 жил болчихсон бас ч хуучны хүн, намын шат шатны ажлын туршлага чамгүй зузаан гэгдэх учраас ерөнхий нарийн бичгийн даргын албанд залуудна гэж бодохгүй байгаа. Зүгээр ч явж байгаад генсек болчихсон гэж боддоггүй юм аа.

-МАН-ыг хуучинсаг нам гэж үзэх хүмүүс бий. Залуу хүмүүсийг ийм намыг сонгох үед хачирхах хүмүүс ч байдаг?

-Хүмүүс янз янзаар л хардаг байх. МАН-ыг хуучинсаг гэж хардаг хүмүүсийг буруутгах арга байхгүй. Гэхдээ МАН-ыг өөрчлөлт шинэчлэлийг зоригтой хийдэг гэж хүлээн зөвшөөрдөг хүмүүс ч бий. Ерэн оны ардчилсан өөрчлөлт шинэчлэл болох үед би есөн настай байлаа. Тэгвэл тэр есөн настай хүү 27 жилийн дараа тэр хуучинсаг гэгдээд байгаа намын ерөнхий нарийн бичгийн дарга болчихсон байна. Харин 1990 онд Ардчилсан намын толгойд байсан хүмүүс бас тэндээ л байна. Тэр үеийн есөн настны хэд нь энэ намд эрх мэдэл, хариуцлага хүлээх албанд байгаа вэ. Ингээд бодоод үзвэл МАН өөрчлөлт шинэчлэлийг хамаагүй хурдтай хийдэг нам гэж би хэлнэ. Ерээд оноос хойшоо хэд хэдэн үе солигдчихсон, социал демократ үзэл баримтлалаа тодотгочихсон, МАХН нэрээ анхны байгуулж байсан МАН нэрээрээ сольчихсон. Ер нь өөрчлөлтийг бол хамаагүй хурдтай хийж байна шүү дээ.

-Та НИТХ-д гурав дахь удаагаа төлөөлөгчөөр сонгогдлоо. Өнгөрсөн дөрвөн жилд цөөнхийн бүлгийг ахалж, Э.Бат-Үүл даргатай нэлээд тулж байсныг санаж байна…

-Нутгийн өөрөө удирдах байгууллага бол маш өндөр хариуцлагатай байгууллага. Иргэдийн хурлын гаргаж байгаа шийдвэрүүд шууд хүний амьдралд нөлөөлж байдаг. Тэр ч үүднээсээ Иргэдийн хурлын шийдвэр улстөрждөггүй, прагматик шийдвэр байх ёстой. Би НИТХ-д намаа олонхи байхад нь ажиллаж байлаа, цөөнх байхад нь ч бүлгээ ахалж ажиллаж үзлээ. Сая бас даргаар ажиллаж байгаад ерөнхий нарийн бичгийн даргын албатай хавсарч хийхэд цаг хугацааны боломж бага байсан тул даргын ажлаа шилжүүлсэн. Э.Бат-Үүл даргыг шүүмжилж, багагүй тулдаг байсан нь өнөөх зарчимтай л холбоотой. Манай нам ч байна уу, өөр нам ч байна уу. Худлаа дүр эсгэсэн байдалтай эвлэрч чаддаггүй. Түүнтэй зөрөлдөх болсон шалтгаан тийм асуудлаас эхтэй. НИТХ-ын шийдвэр хүмүүсийн амьдралтай шууд холбогддог байхад олон жил улс төр хийж, тийм тавцанд явсан хүн хотын дарга болсноор бодит байдлаасаа гажаад ирсэн. Эрхгүй бид шүүмжилж, алдаа дутагдлыг нь хэлэхээс аргагүй болсон. Хотын парламент бол УИХ биш. Тэнд улстөржиж, ард түмэнд таалагдах гэж худлаа хэлж болдоггүй. Гаргасан шийдвэр болгон амьдрал ахуй дээр нь очиж тусдаг. Авлигачдыг чангаар дууддаг хүн өөрөө ч тийм байх ёстой. Тиймээс би ам ажлын зөрүүг нь нэхэх болсон. Хүүгийнх нь барилгын компани дээр хүртэл очиж, хөшигний ард байгаа дүрийг нь ил болгож эхэлсэн. Гэвч бидний шүүмжлэлийг хүлээж авах байтугай үл тоож, асуудал байхгүй мэтээр ажлаа явуулсан. Дагалдагчдад нь хурал дээр усны саваар шидлүүлж, хэлж ярьж байгаа маань хад мөргөх мэт болдог байлаа. Олонхийн хүчиндээ дулдуйдаж, цөөнхөө үл тоосон. Уг нь энэ хүмүүс яагаад ингээд байна, ямар асуудал байна гэж анхаарч үзэхийн оронд Амарбаясгалангийн амнаас гарсан үг бүрийг эсэргүүцэх бодлого барьсан. Энэ бүхэн тэдний алдаа байсан болов уу. Би зарчим барьж шүүмжилж явсан болохоос Э.Бат-Үүл даргын нас намба, улс төрд өнгөрүүлсэн цаг хугацааг нь хүндэтгэдэг. Түүнийгээ ч хэлдэг байлаа. Гэвч цөөнхөө үл тоож, хүч түрэмгийлсэн. Үүнийхээ горыг ч 2016 оны сонгуулиар хүртсэн.

-Олноороо хүч түрэмгийлж яаж асуудал шийддэгийг нийслэл гэлтгүй УИХ дээр ч харж байсан. Одоо АН-ынхан биш та нар тэгэх эрсдэлт нөхцөлд байна. Энэ талаар бодолцож байгаа юу?

-Бодохоор барах уу. Ер нь ямар ч үед сөрөг хүчний үгийг ард түмэн илүү сонсдог. Эрх баригчид ард түмэнд таалагдах, таалагдахгүй олон шийдвэрийг гаргахаас аргагүй байдалд орж байдаг. Сөрөг хүчний үгийг анхааралтай сонсох ёстой юу гэвэл тийм. Үгэн дотроос нь авахаа аваад явдаг. Түүнээс дандаа улстөрждөг гээд үл тоогоод байж болохгүй. Манай намын дарга, УИХ-ын дарга М.Энхболд чуулганы нээлтэд хэлсэн үгэндээ сөрөг хүчнийхээ дуу хоолойг сонсч, хүндэтгэж ажиллана гэдгээ илэрхийлсэн. Тэр зарчмыг бид баримтлах болно. Сөрөг хүчнийхээ үгийг дөрвөн жил сонсоогүй АН өнөөдөр ямар байдалтай байгааг бид харж байна. Ганц АН, МАН биш ард түмнээрээ, улс орноороо хохирчихоод сууж байна. Өндөр хүүтэй бондыг ямар ч төлөвлөгөө бодолгүй гаргаж, зарцуулалтын тал дээр сөрөг хүчний шүүмжлэлийг нэг ч тусгаж аваагүй. Сөрөг хүчний үг бүрийг аваад байх боломжгүй ч ажил хэрэгч саналыг анхааралтай сонсч, шүүмжлэлийг нь үйл ажиллагаандаа тусгах ёстой. Бид тэгж ажиллах болно.

-Нам албан тушаалтнуудыг шахаж ажиллуулж, хариуцлага тооцно гэдэгтэй санал нийлж байна л даа. Гэхдээ гишүүд, сайд албан тушаалтнуудад намаас шахалт үзүүлнэ гэхээр мөнгө босгоход шахалт үзүүлчих вий гэсэн айдас давхар байна. Гаалийн Х.Баатарыг намаас нь шахаад мөнгө босгуулсан гэдэг дээр генсек нь гарын үсгээ зурсан түүх бий?

-Улс төрийн нам хуульд тодорхой заасны дагуу гишүүд, дэмжигчдийн татвар, хандив, хураамжийн дэмжлэгээр үйл ажиллагаагаа явуулдаг. Хувь хэмжээ нь ч тодорхой. Энэ байдлаар намын санхүүжилт босч байдаг. Алдаа гарч байсныг үгүйсгэхгүй. Бид илүү нээлттэй, ил тод зарчмаар ажиллана. Ер нь нам, олон нийтийн ажил гэдэг мөнгө гэхээсээ илүү чин сэтгэлийн ажил байдаг юм шүү. Мэргэжлээрээ ажиллах, гэр бүл үр хүүхэд, найз нөхдөдөө зориулах цаг хугацаагаа улс төрийн үйл хэрэгт зориулан ажиллана гэдэг бас их сэтгэлийн хат шаардсан ажил байдаг. Албан тушаалаа ашиглан мөнгө босгодог, албан тушаал зардаг, мөнгө хийдэг тэр байдлыг хаах ёстой. Манай намд албан тушаал зарж, нам дээрээ мөнгө төвлөрүүлж байгаа зүйл байхгүй гэдгийг би бардам хэлнэ.

-Өнгөрсөн сонгуулиар 60 тэрбум босгох төлөвлөгөөний талаар бичлэг явсан даа. Та түүнийг юу гэх вэ?

-Тэр бол сонгуулийн үеийн ядмаг зохиол байсан. Гэхдээ нэг зүйл тодорхой болж байна. Өнгөрсөн дөрвөн жилд АН өөрөө тийм схемээр ажиллажээ гэж. Нөгөө зүүдээ ярих гээд хулгайгаа хэлэв гэдэг шиг. Мэддэг, гардан хэрэгжүүлсэн хүмүүст ийм зохиол гаргахад амар байсан байх. Сая болж өнгөрсөн АН-ын дотоод сонгуулиар юу болов. Сошиалд хүмүүсийн ил гаргасан тооцоогоор бол АН-ынхан дотоод сонгуулиараа 60 тэрбумыг босгочихсон байна лээ. Албан тушаалаар мөнгө яаж босгодгийг АН-ынхан төгс эзэмшжээ гэж ойлгогдохоор байна. Төрийн албыг хэн төрлийн алба болголоо доо. Бид ийм байдлыг даган дуурайж болохгүй.

-Гэхдээ нэг засаг солигдохоор бүх албан хаагчид солигддог бурангуй байдал газар авлаа. Сайд дарга нь яамай гэхэд энгийн мэргэжилтэн хүртэл ажилгүй болж байна. Завханы Идэрт гарсан хэрэг явдал ийм байдал хэрээс хэтэрсний баталгаа боллоо. Төрийн мэргэшсэн алба хаагчдыг дөрөв, дөрвөн жилээр солиод байх буруу биз дээ?

-Төрийн албыг мэргэшсэн, тогтвортой байлгах ёстой гэдгийг МАН сонгуулийнхаа хөтөлбөрт оруулсан. Үүнийг хатуу хуульчлахгүй бол аль нэг улс төрийн хүчин ялахаар төрийн албан хаагчдыг өөрчилдөг байдал байсаар байна. Завханы Идэр суманд 28 жил төрийн санд ажилласан эмэгтэйг АН-ын суманд ялсан дарга гарч ирээд өөрчилснөөр шоконд орж, түүнээсээ гарч чадахгүй байсаар амиа хорлосон эмгэнэлт хэрэг гарлаа.

-Энэ удаад АН-ын засаглаж байгаа газарт гарсан нь үнэн ч гэсэн тэр энэ гэлтгүй хольж, сольж байна. Тэгэхээр энэ байдлыг яаж өөрчлөх вэ. Намын харьяаллаас бус мерит тогтолцоогоор төрийн албаныхныг үлдээдэг болохын тулд яах хэрэгтэй вэ?

-Хуульчлахаас өөр аргагүй. Одоо Төрийн албаны тухай хууль хэлэлцэгдэж, хаврын чуулганаар батлах гээд явж байна. Энэ хуулийг олон талаас нь сайн бодож хийх ёстой. МАН-ынхан өөрсдөө гарчихаад өөрсдийнхөө хүмүүсийг үлдээхээр хуульчилж, хуулиар хамгаалах гэж байна гэж сөрөг хүчин ярьж байгаа. Гэхдээ үүнийг өнөөдөр хуульчилж төрийн мэргэшсэн алба тогтвортой байх бодлогыг баталгаажуулж авахгүй л бол энэ цааш үргэлжилсээр байх болно. Монгол Улсын Ерөнхийлөгч ч хэлсэн үгэндээ хариуцлагыг хуульчлах ёстой гэсэн. Хуулиар баталгаажуулж явахгүй бол байнга ийм тогтворгүй байдал үргэлжлэх болно.

-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигчээ ямар зарчмаар тодруулах вэ?

-Ерөнхийлөгчид намаас хэрхэн яаж нэр дэвшдэг талаар эргээд харахад 2013 онд намын дарга Ө.Энхтүвшин, Б.Бат-Эрдэнэ гишүүн хоёр өрсөлдөж байсан. 2009, 2005 онд намаас нэг хүнийг буюу Н.Энхбаярыг нэр дэвшүүлж байсан. 2001 онд мөн нэг хүнийг өрсөлдөгчгүй нэр дэвшүүлж байжээ. Голдуу намын дарга нарыг өрсөлдөгчгүй дэвшүүлдэг байсан нь харагдана. Энэ удаад хэнийг нэр дэвшүүлэх вэ гэдгийг нам дотроо ярилцана. Намын жирийн гишүүд олноороо санал бодлоо хэлж байна. Нэлээд нь 2016 оны сонгуульд намаа үнэмлэхүй олонхийн ялалт байгуулсан намын дарга М.Энхболд байх ёстой гэж байгаа. Бас УИХ-ын гишүүн Ө.Энхтүвшинг дэвшүүлмээр байна гэсэн санал зарим гишүүдээс ирсэн. Өөрийнхөө зүгээс албан ёсоор илэрхийлсэн хүн одоогоор байхгүй. Бид бүхий л саналыг тусган, судалгаанд үндэслэн намынхаа Бага хурал дээр асуудлаа шийднэ. Өөрөөр хэлбэл, манай Бага хурлын 310 гишүүн Ерөнхийлөгчийн сонгуульд хэн дэвшихийг шийднэ.

-Ерөнхийлөгчийн сонгуульд нэр дэвшигч нь тодорхой, цаашлаад намын дараагийн хуваарилалт Намын их хурлын талаар танай дотор яригдаад эхэлчихсэн байна лээ. Бүр арваннэгдүгээр сард гэж хүртэл тов сонстсон шүү..

-Монголчуудын дунд алаагүй баавгайн арьсыг арав хуваах тухай үлгэр бий дээ. Улс төрийн намын хувьд хамгийн чухал асуудал бол Ерөнхийлөгчийн сонгууль. Энэ том сонгуульд бид бэлтгэлээ сайн хангаж, сайн оролцох ёстой. Тэр ч утгаараа бүсчилсэн зөвлөгөөнүүдийг хийгээд явж байна. Түүнээс Намын их хурлын талаар яригдсан зүйл байхгүй.

-Өөрийг тань залуу Б.Даш-Ёндон гэж онцолсон байсныг харж байсан юм байна. Ахмадуудаасаа дуурайл авна биз?

-Б.Даш-Ёндон дарга намынхаа ерөнхий нарийн бичгийн даргаар ажиллаж байсан 1992-1996 онд манай нам мөн төр барьж байлаа. Тэр үед бас л эдийн засгийн хувьд маш их хямралтай, дээрээс нь 72 гишүүнтэй буюу бүдүүн бүлэгтэй байсан. Нөхцөл байдлын хувьд өнөөдрийнхтэй адил гэмээр юм уу. Тэр утгаар нь адилтгасан байж болох юм. Б.Даш-Ёндон дарга бол манай намын уураг тархи нь болсон гайхалтай хүн. Түүний үгийг үе, үеийнхэн сонсч, зөвлөгөөг нь авсаар ирсэн байдаг. Би ч гэсэн Б.Даш-Ёндон даргыгаа улс төрийн бодлогын зөвлөхөө болгоод өдөр тутмын бодлого, чиглэлээ зөвлөлдөөд явж байна даа. Энэ бас манай намын соёл, төлөвшил, үнэт зүйл юм да.

-Сонгуулийн дараагаас танай намынхан АН-ын хийсэн болгоныг үгүйсгээд, тушаал шийдвэрийг өөрчлөөд явсан. Ингэх шаардлага байдаг юм уу, сайныг нь үргэлжлүүлээд саарыг нь засаад явж болдоггүй юм уу?

-АН-ын Монгол Улс, МАН-ын Монгол Улс гэж байхгүй. Бид нэг л эх оронтой. Тиймээс тэгж бүх зүйл дээр хандаж, айхтар өндөр авсан зүйл гэж бодохгүй байна. Сайн зүйлсийг цааш үргэлжлүүлээд явуулах нь аль нэг нам гэлтгүй монгол хүн бүрийн үүрэг байх. Түүнээс АН-ын эхлүүлсэн зүйл гээд унагаадаг байж болохгүй. Үүнийг манай намын нэрээр сонгогдсон хийгээд томилогдсон албан тушаалтнууд ч анхаарч ажиллах ёстой. Энэ бол улс эх орны эрх ашиг. Хэрэв асуудалд тэгж хандаж байгаа хүн байвал намын нэр хүндийг унагаж байна гэж хэлнэ. Дахин дахин хэлэхэд сонгогдож, томилогдсон бүх нөхөд эргээд МАН-ын өмнө үүрэг хариуцлага хүлээсэн гэдгээ ухамсарлах ёстой шүү.

-Төрд бизнесийнхэн бөөнөөрөө орж ирсэн талаар парламентаас парламентад ярьж шүүмжилдэг. Энэ талаар ууган намын залуу генсекээс бодлыг нь сонсмоор санагдчихлаа…

-Бизнесээ явуулахын тулд улс төрд орж ирж болохгүй ээ. Улс төрд орчихоод бизнес хийж болохгүй. МАН-ынхан бол мэргэшсэн төрийн хүмүүс гэж бид бахархан ярьдаг байсан. Тэр итгэл үнэмшил, байр сууриа олж авах ёстой. Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат “Та мөнгө хиймээр байгаа бол бизнесээ хий. Төрд ажиллаж байгаа бол төрийн албан тушаалтан гэдгээ ухамсарлаж ажиллах хэрэгтэй” гэсэн үнэхээр үнэн. Тэгж л ажиллах ёстой. Төр мөнгө хийдэг газар биш. Үүнтэй МАН-ынхан тэмцэх ёстой. Бид албан тушаалтан аливаа хэрэгт холбогдвол туйлын анхааралтай хандана. Хэдийгээр шүүхээс гэм буруутай нь эцэслэн тогтоогдоогүй байхад бид хариуцлага хүлээлгэх боломжгүй ч томилсон хүнээ буруу зөрүү ажиллаж байгаа эсэхийг нь хянаж, шаардлага тавих хүмүүс байдаг юм шүү гэдгийг сануулчихъя.


Categories
их-уншсан онцлох-нийтлэл туслах-ангилал

Дэлхийн тавцанд эрчүүд л тоглодог юм гэж үү?

Дэлхийг нэгэн тоглоомын тавцан гэж үзвэл улс төрийн өрөг дээр нь эрчүүд л тоглож байх ёстой ажээ. Харин энгийн эрчүүд, эгэл бүсгүйчүүдээс илүү хүч чадлаа шавхан байж гарч ирсэн эмэгтэйчүүдийг эмгэнэлт хувь тавилан угтана. Эрчүүд тэр өрөг дээр булхайцаж, булаалдаж, бусдыг алж хэмлэж байсан ч хамаагүй мундаг улстөрч, гайхалтай удирдагч мэт үлдэж чаддаг бол эмэгтэйчүүд үгүй ажээ. БНСУ-ын Ерөнхийлөгч асан Пак Гын Хэгийн эмгэнэлт түүх үүнийг харуулж байна. Яагаад ч юм бүх хэрэг явдал өөрөөр эргэж, төрийн том махны машин буруу эргэж эцсийн эцэст Пак Гын Хэ хэн ч биш болж, жирийн нэгэн хоригдол авгай болж хувирлаа. Гэвч эргээд харахад тэр юуны төлөө амьдарсан юм бэ, түүний ээж, аав хоёрын амь яах гэж хоосон үрэгдэж, тэр хань ижил ч үгүй, хөлөө хучуулах үр хүүхэд ч үгүй үлдсэн юм бэ гэж бодогдмоор. Хэрэв Пак Гын Хэ эр хүн байсан бол ийм байдалд орохгүй байлаа.

Түүнийг есөн настай байхад эцэг нь БНСУ-ын гурав дахь Ерөнхийлөгч болсон байдаг. Төрийн тэргүүний анхны хүүхэд болох бяцхан охины хүсэл мөрөөдөл энгийн байлаа. Охидын дунд сургуулийг төгсч, нутагтаа электроникийн инженерээр төгсөөд Францад үргэлжлүүлэн суралцаж багш болохоор шийдсэн байв. Энгийнээс энгийн багшийн ажлыг сонгочихсон суусан түүнийг хувь тавилан өөр зам туулуулахаар шийджээ. Аавынх нь амь насанд халдах гэсэн оролдлогын үеэр ээж нь амь үрэгдэв. Нутагтаа яаран ирж, гэр бүлдээ ижийнхээ оронд ээж болж, бас улс орондоо тэргүүн хатагтайн үүргийг гүйцэтгэхээс өөр сонголт түүнд байсангүй. Өнөөдрийн Солонгос орныг бий болгосон удирдагч бол эцэг Пак Ерөнхийлөгчийг гэдэг. Хэрэв тэгж үзвэл аавынхаа түшиг болж, тэргүүн хатагтайн үүргийг гүйцэтгэж явсан Пак Гын Хэ ч хорин хэдхэн насандаа энэ улсад түүхэн үүргээ гүйцэтгэж, тус дэм болсон гэж болно. Түүний “Миний хамгийн чухал үүрэг бол эцгийгээ ганцаараа биш гэдгийг улс орон, ард олондоо харуулах явдал байсан юм. Энгийн хүний амьдралаа тэгэхэд би орхисон билээ. Амар тайван амьдрах гэсэн миний мөрөөдөл тэр үед замхран одсон сон” гэж бичсэн нь ч учиртай.

Нэг хүний амьдралд тохиолдох сорилт хэмжээ хязгаартай баймаар юм. Харин Пак Гын Хэгийн өмнө ирэх саад, шаналангууд юу ч биш байжээ. Ээжийгээ бусдын гарт алдсан тэрбээр аавыгаа ч аюулгүйн алба хариуцсан ажилтандаа буудуулахыг үзэх тавилан зурагдсан байж. Магадгүй аавыгаа хөдөөлүүлчихээд Хөх ордноос явсан чигтээ явчих ёстой байсан байх. Гэвч хатуухан зурагдсан хувь тавилан түүнийг буцаагаад Хөх ордонд авчирлаа. Азийн санхүүгийн хямрал өмнөд солонгосчуудад хүнд тусч, ард иргэд нь алтан бөгж ээмгээ тайлж өгч байсан үе. Хүн бүр улс орноо гэж эрвийх дэрвийхээрээ байхад тийм аавын охин зүгээр сууж хоцорно гэж үү. Үгүй. Тэгээд Пак Гын Хэ улс төрд орохоор шийджээ. Хуучинсаг, эрчүүд голдуу намын дахин сэргэлтийг тэр өдөөж өгсөн юм. 1998 оноос 2008 оны хооронд гурван удаа нэг тойргоос парламентад сонгогдож ирсэн нь анхаарал татдаг. Эцэг эх нь халдлагад өртөж байсанчлан түүн рүү ч эрүүгийн найман удаагийн хэрэгтэй нэгэн эр халдсан байдаг. Хутгаар нүүрийг нь зүссэн халдлагын дараа эмнэлгийн орон дээр ухаан орохдоо тэр юу гэж хэлсэн гээч. “Тэжон яасан бэ” гэж асуужээ. Солонгосын тав дахь том хотыг асуусан хэрэг. Үүнийх нь төлөө хүмүүс түүнийг улам их хайрлав. Түүний толгойлсон нам удаа дараа ялалт байгуулж, дараалсан сонгуулиудад амжилттай оролцсоныг шууд Пак Гын Хэтэй холбодог. Нэр хүндээ алдаад байсан намынхаа нэрийг сольж, тактикаа өөрчилж хүртэл ялалтын буухиаг үргэлжлүүлж байв. Тиймдээ ч сонгуулийн хатан хаан нэрийг хүртсэн биз.

2012 оноос Ерөнхийлөгчийн сонгуульд оролцохоор нэр дуулдаж эхэлсэн бөгөөд нэр дэвшигчид дотроос хамгийн хуучинсагт тооцогдож байлаа. Гэвч хүмүүс түүнд итгэсэн. Түүний “Би Солонгос улстай амьдралаа холбосон. Надад өөрийн гэсэн үр хүүхэд байхгүй ч Өмнөд Солонгосын ард түмэн бол миний гэр бүл” гэснийг нь олон хүн хүлээн зөвшөөрсөн. Үнэхээр 60 нас хүрчихээд өөрийн гэсэн үр хүүхэдгүй яваа эмэгтэйн ингэж хэлсэнд эргэлзэх хүн гарна гэж үү. 2013 онд тэр Ерөнхийлөгчийн тангараг өргөж, 11 дэх Ерөнхийлөгч болов. Солонгосын түүхэн дэх анхны эмэгтэй Ерөнхийлөгч тэр болов. Солонгосын үе, үеийн Ерөнхийлөгч нараас илүү дэлхийд танигдаж, нэр хүндээ өсгөж байлаа. 2013-2014 онд “Форбес” сэтгүүлээс гаргасан дэлхийн нөлөө бүхий 100 эмэгтэйн жагсаалтын 11 дүгээрт тэр бичигдэж байв. 2014 онд мөн сэтгүүлийн Дэлхийн хамгийн нөлөө бүхий хүмүүсийн 46 дугаарт бичигдэж байлаа. Түүний өмнө хоёрхон солонгос хүн бичигдсэн нь бүгд Самсунгийнхан байсан. Тэгээд бодохоор тэр ямар алдартай улстөрч болж, Солонгосыг дэлхийд таниулах гүүр болж байсан нь харагддаг.

Элдэв ганган чимэг үгүй, халимаг үстэй, солонгос үндэстний онцлогийг илэрхийлэх өвөрмөц хувцас, хямдхан гутал өмсөөд явдаг түүнийг бараг л Махатма Гандитай адилтгаж байлаа. Гэвч одоо түүнээс муу хүн байхгүй болчихжээ. Хэрэг явдал үүсч, өнгөрсөн аравдугаар сараас хойш шуугиад эхлэхэд түүнийг огцруулчихна гэхэд итгэх хүмүүс цөөн байсан байх. Өөрөө ч тэгж бодоогүй биз. Гэтэл огцруулахаар барах уу, ажлыг нь авчихаад шоронд аваачаад хийчихдэг байна шүү. “Монголын төр зүтгэсэн хүндээ халгаатай” гэдэг. “Солонгосын төр зүтгэсэн хүндээ бүр ч халгаатай” ажээ. Бөөн бөөнөөрөө жагсч ирээд л түүнийг хэн ч биш болгов. Манайд эрх мэдэлтнүүд эрх мэдэлтнүүддээ халгаатай байсан болохоос биш ард олон тэгж махны машиныг ажиллуулж байгаагүй билээ. Гэвч хүний олон цөөнөө бариад идчихдэг л юм байна.

Тэсвэр тэвчээр гаргаж дуугүйхэн байсан эмэгтэй хорих өрөөнд орсныхоо дараа тэсэлгүй дуу алдан уйлж, бачимдан орилж байсан талаар хэвлэлд мэдээлжээ. Тэгэхээс ч яах билээ. Тэр чинь хүн шүү дээ. Дэлхийд улс орноо худалдаад, дайны хөлд сүйтгээд юу ч үгүй болгочихсон удирдагчид зөндөө л байдаг. Ирак гэж ямар улс байна одоо, Афганистан гэж дайны хөлөөс салж үзээгүй өрөвдөлт үндэстэнтэй улс байна, Сирид хэдэн мянган хүн дайны хөлөөс дайжиж нутгаа орхиж, хичнээн хүүхдүүд химийн зэвсгийн золиос болж байна вэ. Тэгвэл тэдний хажууд солонгосчууд яаж хохирсон юм бэ гэвэл өөр хариулт гарна. Дэлхийн хамгийн урт насалдаг хүмүүс боллоо. Сэтгэл амар, бие эрүүл байгаа үндэстэн урт насалдаг. Япончуудын олон жилийн турш хүндэтгэлтэй авч ирсэн энэ цол солонгосчуудад хамааралтай болов. Ная, ерээд оны үед нэг хүнд ноогдох дотоодын бүтээгдэхүүний хэмжээ 2300 ам.доллар байсан бол 2010 онд 30 мянган ам.доллар болов. 30 жилийн хугацаанд 13 дахин өссөн үзүүлэлттэй гэж байгаа. Авлига авсан, найз эмэгтэйтэйгээ дотно харилцаатай байсан, хамаг юмаа хэлдэг байсан гэж буруутгаж байх шиг. Нарийн ширийнийг хэн мэдэх билээ. Гэхдээ эмэгтэй хүний онцлог бүр байгалиас заяасан онцлог нь хэн нэгэнтэй харилцан ярилцаж, сэтгэлээ нээж байж оршин тогтнодог. Эрчүүдийн төрөлх зан араншинг хүлээн зөвшөөрч ирсэн шиг эмэгтэйчүүдийнхийг ч ойлгох ёстой. Пак Гын Хэ “Надад хэн ч байгаагүй” гэсэн байдаг. Үнэхээр түүнд хэн ч байгаагүй. Солонгосын түүх түүнд хэнийг ч үлдээсэнгүй. Эцэг, эхийг нь алж, дүү нараасаа хол байлгахаар болж, нөхөр, үр хүүхэд ч заяасангүй. Байлгах ч үгүй бүгдийг нь авсан байж бөө ч гэнэ үү, эмэгтэй найзыг нь яагаад үлдээж болдоггүй юм гэж өмөөрмөөр. Түүн шиг хэрэг хийсэн дэлхийн ямар ч орны удирдагч асуудалгүй байх л байсан. АНУ-ын Ерөнхийлөгч Билл Клинтон хүртэл ард түмнийхээ өмнө Моника Левински гэгчтэй холбоогүй гэдгээ андгайлж байлаа. Дараа нь ДНК-ийн шинжилгээ өөр гарахад итгэл үзүүлэх эсэх асуудлыг ярьж байсан ч хөндөөгүй. Тэр байтугай олон хэрэг дээр эрэгтэй удирдагчдыг тэгэх ёстой юм шиг өнгөрөөдөг. Харин Пак Гын Хэ хүйснийхээ зөрүүгээс болоод ийм ялд унав. Тэр эрчүүдтэй адил “Эр хүн эр хүндээ хайртай байдаг, ойлго” гэж учирлаагүй. Биллиардны ширээ, шар айрагны ширээний ард тохироо хийгээгүй. Мөнгө цаасаар аргалъя гэсэнгүй. Эмэгтэй хүн учраас эрчүүдтэй адил тохироо хийж чадахгүй. Тэгээд үр дүн нь энэ. Хөндүүрлэм юм даа. Эрчүүдийн тоглоомоор тоглосон учраас буруутан болж байна гэх хүмүүс олон гарах байх. Гэвч улс орны асуудал, улс төрийн бодлого зөвхөн эрчүүдийнх биш. Энэ дэлхий дээр байгаа хоёр хүйсний алинд ч хамаатай. Пак Гын Хэг Ерөнхийлөгч болохоос өмнө буюу 2010 онд гарсан “Аугаа үйлс” гээд олон ангит солонгос кино байдаг юм. Түүнд улс орон нь иргэнээ хамгаалж чадаагүйгээс нөхрөө алдсан эмэгтэй шударга ёсны төлөө дуугарч эхэлж улмаар эрчүүдийн улс төрийн заваан булхайд оролцохгүй явсаар байгаад Ерөнхийлөгч болдог тухай гардаг юм. Эмэгтэй учраас, тохироонд ордоггүй учраас тулгарах бэрхшээлүүд ч их байдаг тухай өгүүлдэг. Нийгмийн сэтгэл зүйд эмэгтэй гэдгээрээ ч буруутгагдаж байдаг. Гэвч тэр чаддаг. Кинон дээр чаддаг ч амьдрал дээр чаддаггүй ажээ. Дэлхийн хэмжээний тоглогчид, үндэсний хэмжээний тоглогчид эрэгтэй хүмүүс л байх ёстой гэсэн нийгмийн сэтгэл зүй зуун зуун дамнан байгаа учраас тэр бололтой. Харамсалтай юм, Пак Гын Хэ гэх энэ эмэгтэй бүхий л амьдралаараа, үр удмаараа золиод ч, зүтгээд ч солонгосчууд түүнийг нь ойлгосонгүй. Түүний алдсаны дэргэд авсан нь юу ч биш байсан байлгүй дээ. Гэхдээ хүмүүс эргэнэ, ойлгоно. Ойлгох цаг нь ойрхон л байгаасай даа.

Categories
мэдээ цаг-үе

Ирээдүй гэлтгүй энэ цаг үеийн дуу хоолой Хацүнэ Микү

Хиймэл оюун ухааны талаар хүн төрөлхтөн ярьж эхэлсээр багагүй цаг хугацаа өнгөрчээ. Хиймэл оюун ухаан гэж машины тусламжтай гарах оюун ухааныг хэлнэ гэсэн товчхон тайлбар бий. Гэхдээ тааварлашгүй том хүрээг хамрах салбар болжээ. Хубилайн хаанчлалын үед Европт амьдарч асан филисофич, логик гаргалгаачин, математикч, яруу найрагч Рэймундс Лиллус хиймэл оюун ухааны талаар ярьж бичиж, санааширч суусан бол хүмүүсийн хэрэглээнд хамгийн хүчтэй орж ирсэн нь хүн бүрийн мэдэх тооны машин. Арван есдүгээр зуунаас зөгнөлт уран зохиолын номонд ихээр дүрслэгдэх болсон хиймэл оюун ухааны яриа бага багаар бидний амьдралд нэвтэрсээр ирснийг тэгтэл анзаарахгүй явж иржээ. Бид роботын тусыг авах ёстой мэт, технологийн давуу талуудыг ашиглах албатай мэт явж ирсэн ч хүссэн хүсээгүй хамтрагчдын түвшинд ирж байгаагаа ойрхноос анзаарах болов. Цаашлаад хиймэл оюун ухаандаа ажлын байраа алдаж, хамтрах байтугай хараат байдалд орж магадгүй гэгдэж байна. Хүн өөрийнхөө бүтээсэн бүтээлүүддээ шахагдана гэж хэн санах билээ. Гэхдээ л тэгж байна. Мэдээж, зарим зөгнөлт кинон дээр гардаг шиг роботууд хүн төрөлхтний эсрэг дайтаад л, бид дэлхийгээсээ шахагдана гэж юу байхав гэхэд бага багаар орон зайгаа тэдэнд алдсаар байна. Эрдэмтэд гэхэд эхний шатанд ажлаа тэдэнд алдаж эхлэх ажээ. 2035-2040 он гэхэд эрдэмтэн судлаачдын ажлын байрыг 10-20 хувийг хиймэл оюун ухаан эзлэх аж. Бас инженерүүдэд ч ийм асуудал нүүрлэж байгаа. Гэхдээ чухам юуны инженер гэдгээс нь шалтгаалаад харилцан адилгүй байх гэнэ. Хамгийн эрсдэл багатай нь уран бүтээлчид, урлагийнхан гэгддэг ч бас л асуудалтай. Тухайлбал, Японы “Cryp­ton Future Media” компанийн “дуучид”-ын жишгээр явбал бас л эвгүй. Энэ компанийн дуучид шинэ клип, дууны уран бүтээл гаргахдаа маш хямд зардлаар хийж тэгсэн атлаа олдог орлого нь бусад дуучдаас дутдаггүй. Бас хоолой нь цуцаж, ядарна гэж байхгүй шинэ цомгийг бол үйлдвэрлэж өгнө. Бас үхэшгүй мөнхийн ус уусан юм шиг дандаа залуугаараа. Реклам сурталчилгаанаас ч их мөнгө олно. Хамгийн алдартай нь Хацунэ Микү. Өвдгөө давсан уртаа номин цэнхэр үсээ хоёр хувааж боодог. Япон анимэгийн уламжлалт төрх болох том нүд, шулуун гоё хамартай. 16 настай охины дүртэй. Бас 152 см, 42 кг жинтэй гэж байгаа. Тэрийг нь яаж мэддэг юм байгаа юм. Юутай ч танилцуулга дээр нь тэгж байна лээ. Тайзнаа гарсан арав, хорь бүр гучин жилийн ойгоо тэмдэглэхдээ ч энэ дүрээрээ байна. Бас олсон орлогын тэдэн хувийг авна гээд байх зүйлгүй. Өөртөө нэгийг ч авахгүй. Тэгээд үзэхээр компаниуд ийм дуучинтай болохыг хүсэхээс аргагүй.

Саппоро хотод төвтэй “Crypton Future Media” компани 1995 оноос аудио бараа бүтээгдэхүүнийг дэлхийн зах зээлд гаргах болж, улмаар CD, DVD нийлүүлж хөл дээрээ тогтсон том компани. Одоо Япондоо төдийгүй дэлхийд гар утас, онлайн дэлгүүрийн хөгжимтэй холбоотой бүх программ, аппликэйшн, тоглоом софтвэр нийлүүлдгээрээ алдаршжээ. Энэ компанийн бүтээгдэхүүнүүдийн үнэнч хэрэглэгчид нь нүдний шилтэй, гүзээлсэн хижээл эрчүүд байдаг гэж япончууд хошигнон ярьдаг нь үнэний ортой. Тэднийх анх 2004, 2006 онд Мэйко, Кайто нарыг тайзнаа гаргасан байдаг. Гэхдээ тэднээс дараахан буюу 2007 онд гарч ирсэн Хацунэ Микү илүүтэй алдаршсан. “Ямаха” корпорацийн воколайд 2, 3 технологийг үндэслэн бүтээгдсэн түүний дуу хоолойд дуртай хүмүүс олон болжээ. Шүтэн бишрэгч олонтой болсон гэсэн үг. Тоглоомын фэнүүд компанийнхаа дуучдад ч хайртай гэгддэг. Ерөнхийдөө дунд сургууль, ахлах ангийхан гэхээс насанд хүрэгчид Хацунэ Микүд дуртай. Түүнийг “Би дэлхийн номер нэг гүнж” гээд дуулаад гараад ирэхэд нь үзэгчид шүгэлдэн хүлээж авч буйгаар төсөөлөн хийсэн клип шиг нь дэмжигчид олон гэж ойлгож болно. Өөрийгөө гайхалтай үзэсгэлэнтэй хэмээн дуулдаг “Энэ дэлхий минийх”дуу нь you tube-д өндөр хандалттай. Японы анимэ киноны дуу оруулагч Саки Фүжитагийн дуу хоолойг ашиглан Хацүнэ Микүгийн дуу хоолойг бүтээсэн бөгөөд хүүхдэрхэг цангинасан хоолойгоор дуулдаг. 2007 оны наймдугаар сарын 31-нд анх олны хүртээл болж, 2013 оронд ахисан түвшний технологиор шинэчлэгдэхдээ англиар бас дуулдаг болсон гэж байгаа. Бас энэ робот дуучид маань хоорондоо нийлж уран бүтээлийнхээ цар хүрээгээ тэлдэг. Хакүнэ Микү Мегүринэ Лука хэмээх өөрөөсөө хоёр жилийн дараа гарч ирсэн эмэгтэй “дуучин”-тай хамтран дуулж байсан бөгөөд эгээ Мариан Кэри, Уитни Хьюстон хоёр хамтран дуулж байгаа мэт. Хакүнэ дуулж эхлээд удалгүй Амазон дээр тавигдсан бөгөөд 57сая 500 мянган иений борлуулалт хийгдсэн нь тухайн үедээ номер нэгт тооцогдож байсан юм. 2007-2012 оны хооронд Хацүнэ Микү нэр орсон бүхий л брэндийн орлого 10 тэрбум иен хүрсэн гэдэг нь урт номин цэнхэр үст охины нэр хүнд хэр болсны баталгаа болдог. “Crypton Future Media” компани 2008 оноос хөгжмийн зохиолчид руу хандаж маркетингаа хийж байсан бол танигдаад ирснийх нь дараа 2011 оноос Америкийн зах зээл рүү чиглэсэн бодлого явуулж иржээ. Виртуал зах зээл зөвхөн Япон биш АНУ-д өргөжсөний баталгаа дээр өгүүлсэн “Энэ дэлхий минийх” дууны амжилт гэж болно. Уг дуу I tune’s-ийн шилдэг 10-ийн долоод нь бичигдэж байв.

Зөвхөн дуу ч гэлтгүй Хацүнэ хаа сайгүй танигдаж, олон зүйлийн дүр төрх болж иржээ. Уралдаанч Микү болж бас цасны Микү ч болж үзэв. Саппоро бол цасан мөсний бэлгэ тэмдэг болсон хот. Тэр ч утгаараа жил бүрийн хоёрдугаар сард болдог цасны баяр нь дэлхийд томоохон аялал жуулчлалын арга хэмжээ болсон. Харин 2010 онд компани нь уг арга хэмжээг ивээн тэтгэхэд хотын автобус бүр дээр цасны Микүгийн зураг тавигджээ.Тэр цагаас хойш бүр өөрийн гэсэн тусдаа цасны фестивалийн арга хэмжээтэй болжээ. Өнөө жил ч бас цасны Микү битүү харагдсан. Цаашлаад манга зургийн гол дүр болсон. Ерөөсөө виртуал энэ дүрээр компани нь жинхэнэ брэндинг хийж чадсан. Мэдээж гол мэргэжил нь дуучин. Тайзнаа гараад гуравхан жил болоход нь түүнд зориулсан 22 мянган дуу бичигдсэн байсан гэхээр одоо хэд ч болсон юм. 2011 оны байдлаар түүний нэр дээр баталгаажсан 100 мянган дуутай гэж байсан. Ёстой хязгааргүй орон зайд, цуцаж ядрахыг мэддэггүй дуу хоолойгоор дуулдаг болохоор болдог байх. Манай дуучид сүүлийн үед цахим орон зайг ашиглахад анхаарлаа хандуулж эхлээд байгаа. Ерөөсөө интернэтэд байршуулаад цацаад байна, өмнөх шигээ их зарлага гаргаж телевиз, ФМ-д мөнгө төлөхгүй. Тэр нь илүү ашигтай гэсэн тооцоо гаргаад байгаа юм билээ. Үүнийг хамгийн сайн хэрэгжүүлж байгаа нь дуучин “Киви”-гийн Ука гэж дуучид өөр хоорондоо ярьж байна лээ. Манай дуучдын одоо ухаарч ойлгоод байгаа аргаар Хацүнэ Микү хэдийнэ алдаршжээ.

Хацүнэ Микү гэдэг нь Ирээдүйн анхны дуу хоолой гэсэн утгатай үг юм билээ. Ирээдүйд ийм дуучид байж, ийм хөг аялгууг хүмүүс эрхэмлэнэ гээд ч байгаа юм шиг. Цаашлаад дуу дуучин гэлтгүй бүхий л ажил мэргэжил хиймэл оюун ухаантнуудын мэдэлд очно гээд ч байгаа юм уу. Хиймэл оюун ухаан хүмүүн бидний бүтээл. Гэхдээ хүний хийсэн бүтээл нь эргээд тэднийхээ орон зайд хүчтэй орж ирж байгаа энэ цаг үеийнхээ гэрч нь бас бид юм даа.


Categories
онцлох-нийтлэл туслах-ангилал

Хэлэх яах вэ, хийх нь чухал

Монгол Улсын Ерөнхий сайд Ж.Эрдэнэбат төрийн захиргааны байгууллагынхан, төрийн өмчит улсын үйлдвэрийн газрын удирдлагуудтай уулзаж үүрэг даалгавар өгөхдөө нэлээд даацтай үг хэлсэн. Сайн ч үг хэлсэн, зоригтой дуугарч, зөв шүүмжиллээ. Олон түмэн ч залуу Ерөнхий сайдын хэлсэн үгэнд таатай хандаж, овоо доо гэцгээж байна. Гэхдээ ийм сайн сайхан үгийг, олон түмэнд таалагдахуйц үгсийг хэлдэг дарга нарыг олныг үзлээ дээ.

Сүүлийн хорин хэдэн жил үе үеийнхээ дарга нараас монголчууд сайхан үг сонссоор ирэв. Сонсдоггүй биш сонсдог. Чих баярлахаар сайхан үг сонсч, өнөөх үлгэрт нь итгэдэг. Нөгөө “Хүүхний сайхныг Монголдоо харлаа” гэж дуулдаг шиг “Үгийн сайныг Монголдоо л сонсдог”. Үүгээр бид азтай үндэстэн. Үлгэр болж, биелэхийг нь хэзээ ч харж байгаагүйгээрээ бид хувьгүй улсууд.

Хэрэв тэр сайхан үгс нь биелдэг байсан бол бид юуны өмнө Азийн бар улс болчих байлаа. Баруунаас зүүнийг холбосон төмөр замтай болж, Баян-Өлгийгөөс казах ээж Дорнодод цэргийн алба хааж байгаа хүүтэйгээ уулзахаар унтлагын вагоноор бие амар яваад хүрчихдэг болох байв. Аж үйлдвэрийн парктай болж, үйлдвэрлэл өрнөж, эдийн засгийн нээлттэй бүсэд нь түмэн хэлийн улсын наймаа арилжаа бужигнаж байхаар байлаа. Мөн гангийн үйлдвэртээ ган бөмбөлөг хайлуулж, зэсийн үйлдвэртээ өртөг шингэсэн бүтээгдэхүүнээ боловсруулах байв. Бас зэсийн баяжмалаа дагаад гарчихдаг алт, мөнгө гээд үнэт металлуудаа цуглуулчихсан шиг сууна. Тавдугаар цахилгаан станц байгуулагдах Засгийн газрын шийдвэр гарсны 20 жилийн ой гэж хоосон шийдвэрийн баяр тэмдэглэж суух биш үйлдвэр байгуулагдсаны арав, хорин жилийн ойг тэмдэглэж болох л байлаа. Магадгүй тэр үйлдвэрийн ахмад ажилтнууд эхнээсээ тэтгэвэртээ гарч эхлэхэд гайхахгүйгээр хугацаа өнгөрчээ. За цаашлаад, нефтийн үйлдвэртэй болчихсон. ОХУ нефтийн үнээ нэмчих вий гэж айж эмээх зүйлгүй амьдрах байв.

Дотоодын газрын тос маань дутаад байвал гаднаас түүхий тос оруулж ирж нэрээд л, гаргаж зараад л, бензиний үнэ дагаж талх өслөө гэж бухимдахгүй байх байлаа. Гадагшаа түүхий эдээ биш өртөг шингэсэн бүтээгдэхүүнээ тал бүрийн төмөр замаар илгээх байсан. Бас дарга нарын хэлж байсан үнэн бол Монгол Улсын иргэнийхээ хувьд сая төгрөгтэй, үгүй ээ 1.5 сая төгрөгтэй, биш юмаа хоёр намын хэлснийг аль алийг нийлүүлсэн 2.5 сая төгрөг тогтмол хүртдэг улсууд болох байв. Бас хувьцааныхаа ногдол ашгийг хүртээд л. Үе, үеийн дарга нарын хэлж байсан бүхэн биелж байсан бол бид өнөөдөр дампуурлаа зарлахдаа тулсан орны иргэд биш байгалийн баялагтай, бардам түүхтэй, нэг хүнд оногдох ДНБ-ий хэмжээгээрээ дэлхийн улсуудын дунд дээгүүр биш юм гэхэд толгой гудайхгүй явах улсын иргэд байхаар байсан. Гэвч тэд сайхан үг хэлж байгаагаа хийсэн юм шиг санаж, бид сонсч байгаагаа хүртэж байгаа мэт бодсоор иржээ. Нөгөө “Чи сайхан хоолны нэр хэлээд бай, би савхдаад идье” гэдэг шиг. Ж.Эрдэнэбат сайдын хэлсэн үгийг хүмүүс яагаад сайхан үг гэж талархан хүлээж аваад байна вэ. Уг нь төрийн албан хаагч, татварын мөнгөөр цалинжиж ирсэн хүмүүсийн хувьд хийх ёстой, дагаж мөрддөг байх ёстой бүгдийг нь хэлж байгаа юм л даа. Даанч хэн ч дагаж байгаагүй, тэгэх ёсгүй юм шиг санаж ирснийг нь тэг ээ гэж сануулсан хүн нь Ерөнхий сайд болсон учраас талархаад байгаа юм.

Хамгийн гол нь энэ хэлснээ хийгээсэй гэж хүсч байна. Ерөнхий сайдын хэлсэн үг сайхан ч барын бамбар, тугал хоёрын үлгэрийн жишгээр ард олон итгэхгүй байна. Түүнээс өмнөх бүх сайд, дарга нарын сайхан үгст хууртсаар байгаад итгэхэд хэцүү болж. Харин түүний хэлсэн үгэн дунд энэ л үнэн үг байна даа гэж анхаарал татсан нь “26 жилийн алдаа ч, оноо ч Монголын улс төрийг ээлжлэн барьж ирсэн гол хоёр нам дээр ирнэ” гэж хэлсэн үг. Хамгийн үнэн үг. МАН, АН гэсэн хоёр намын ээлжлэн барьж ирсэн төр өнөөдрийн энэ нийгмийг бий болгосон. Тэр байтугай нарийн яривал энэ хоёр намын эрх мэдэлтэй явж ирсэн арван хүнтэй л холбоотой. Хорь гаруй жилийн өмнө эрх мэдэлтэй байсан, одоо чиг л эрх мэдэлтэй яваа тэр хүмүүстэй холбогдоно. Ерөнхий сайд алдаа, оноо энэ хоёр намтай холбоотой гэдэг үнэнийг хэлж чадсанаараа магадгүй түүний хэлээд байгаа бүхэн үнэн байж болох юм гэсэн итгэл үнэмшлийг төрүүлж байгаа юм. Сайхан үгэнд хууртсаар байгаад эс итгэгч, эс үнэмшигч, үнэнээс зугтагч болсон хүмүүст нэг үнэн үг магадгүй бусад нь үнэн болж болох юм, дахиад итгээд үзвэл гайгүй ч юм уу гэсэн зурвас найдварыг төрүүлж байна. Үнэхээр тэгээд үзвэл төрд орж баяжина гэсэн итгэлээр шургалдаг жижигхэн сэтгэлтнүүдэд газар үгүй юм байна. Эдийн засгийн хямралыг давна гэчихээд дарга нар төсвөө данхайлгаж, баялаг бүтээгчдээсээ татаас нэмдэг байдал зогсох нь.

Өөрөөр хэлбэл, төрийнхөн өөрсдөөсөө эхэлж бүсээ чангалах юм байна. Өөрийнх нь эрх ашиг тусгагдахгүй бол хөрөнгө оруулагчдаа хуурдаг, хөөдөг биш эрх ашгийг нь хамгаалах Засгийн газартай болох нь. Санхүү болоод хууль цаазын дэг журамтай болох юм байна. Төрийн албанд очоод унаагаа шинэчлээд, хангамжаа нэмээд байдаг төрийн албан хаагчид байхгүй болох юм байна, төрийн мөнгөөр ажил хийж яваа нэрээр хэд дахин үнэтэй онгоцны үнэтэй суудалд тухалдаг дарга нар харагдахгүй юм байна гэж ойлгож байна.

Мөн төсвийн хөрөнгөөр хийдэг найр наадам бүхэн хяналттай болж, төрийн нэрийн өмнөөс алба залгуулж байгаа атлаа дүрэм журмаар далайлган авлига нэхдэг жижигхэн нөхөд гишгэх газаргүй болох ажээ. Энэ хэлсэн бүхэн даанч сайхан. Хэлэх яах вэ, хийх л чухал шүү.

Categories
мэдээ цаг-үе

​Япон хэмнэл-2

Сенкаку арлууд

Япон оронд очих болгонд надад сайхан санагддаг. Яагаад ч юм үйлчилгээ, хүнийг гэсэн сэтгэл, ёсорхуу тахимдуу байдал бүлээн, дулаан сэтгэл төрүүлдэг юм. Одоогоос яг арван жилийн өмнө Японы Гадаад хэвлэлийн төв байгууллагын шугамаар Киодо ньюс агентлаг дээр мэргэжлийн дадлага хийхээр очиж сар гаруй хугацаанд тэнд байсан сэтгэгдэл одоо хэр хүчтэй хэвээр. Богино боловч хугацаанд Токиогийн хүн болж, метрогоор нь төөрөлгүй төвөггүй зорчих болж, япон хэлгүй сурвалжлагчид ямар ажил даатгахаа мэдэхгүй өдөрт нэг сэтгүүлчээ суллаж зугаацуулах, юм үзүүлж харуулах давхар ажилтай болж байсан мэдээллийн том агентлагийн ажилтнуудыг санахаар нэг л хөөрхөн. Дөч гаруй насны, эрчүүд голдуу хэвлэл мэдээллийн салбарынханд нь Монголын хэвлэл мэдээллийнхэн бүсгүйчүүд давамгайлсан, тэгээд дандаа хорь, гучин настнууд бий дээ гэхээр толгой сэгсрээд байдаг байж билээ. Бас 30 дөнгөж хүрч байгаа мөртлөө хоёр хүүхэдтэй, хоёр нас хүрээгүй бага хүүхдээ нөхөртөө орхиод юм сурна гээд хүрээд ирсэн намайг “Галзуу ээж” гэдэг байлаа. Бас ажлынхаа хажуугаар хүүхдүүдээ асрамжлахаар үлдсэн гэхээр тэдний хувьд манай нөхөр баатар мэт төсөөлөгддөг байв. Тэдний амьдрал ахуйгаас ойлгохгүй асуудлууд надад ч олон байсан юм. Бас сурч авсан нь ч их. Өөрөө ч мэдэхгүй сурч авсан олон зүйл надад байдаг байжээ гэдгийг сар гаруйн өмнө Японы Гадаад хэргийн яамны урилгаар арлын оронд дахин очихдоо анзаарч мэдсэн билээ. Сэтгүүлчдийг тухайлан урьж, энэ орноос чухам юуны талаар мэдэхийг хүсч, лавшруулан үзмээр байгаа хүсэлтийг хүлээн авч тусгай хөтөлбөр гаргадаг ховор сайхан боломж л доо. Юуны өмнө энэ сайхан боломжийг миний өмнө нээж, улмаар Японы тухай тэмдэглэлүүдээ арван жилийн дараа дахин үргэлжлүүлэн бичиж, “Япон хэмнэл” цувралаа “Япон хэмнэл-2” хэмээн үргэлжлүүлэх боломж олгосон Монгол Улс дахь Японы Элчин Сайдын яамны хамт олонд талархаж байна. Албан ёсны айлчлал болон амин хувийн ажлаар Японд зорчиж байсан ч энэ удаагийн явалт маань арван жилийн өмнөх дурсамжийг маань гойд сэргээсэн билээ. Гарцаар гарахдаа зам тавьж өгч байгаа жолооч руу дохиж талархлаа илэрхийлдэг, хаалгаар орж гарах, цахилгаан шатаар өгсч уруудахдаа дараагийн хүнээ хавчихаас сэргийлж хаалгаа барьж, гараараа алдалж зогсдог тэр бүх дадал маань япончуудаас сурсан байжээ гэдгийг сая очихдоо л ойлгож байх жишээтэй. Ерөнхийдөө энэ удаагийн аялал маань хуучны дурсамжийг ихэд сэргээж, тэр үед маань аваачсан билээ. Тэгэхээс ч аргагүй. Нисэх онгоцны буудал дээр газардахад маань монголчуудын сайн мэддэг Р.Оцука сан угтан авсан.

Үнэхээр монгол хэлийг гойд эзэмшсэн түүнтэй арван жилийн өмнө очихдоо анх танилцаж байж билээ. Бүр монгол хэлээ “заалгаж” явсан хөгтэй гэж байгаа. Монголын үндэсний телевизийн Д.Ариунзаяа бид хоёроос япончууд “Хундага тулгахдаа бид “Кампай” гэдэг. Та нар юу гэдэг вэ” гэхэд “Эрүүл энхийн төлөө”, “Сайн сайхны төлөө” гэхээр ганц үгээр байдаггүй юм уу гээд байдаг. Ганц үг хэлнэ гэхээр Төлөө гэдгээс өөр санаанд буудаггүй. Арга ядахаар Холливудын од Жулия Робертс Монголд ирэхдээ “Хөнтөрье” гээд үг сурчихсан хэлээд байсан яриа л санагдах. Харин Оцука санг “Тогтооё” гэж хэлэхэд л “Нээрээ ингэж хэлдэг шүү дээ” гээд дуу алдаж билээ. Монголчуудад эх хэлийг нь заахдаа хүрч эзэмшсэн Оцука ах онгоцны буудал дээр тосон авлаа. Ийнхүү манай бүхий л чухал албан орчуулгыг хариуцаж залгуулдаг эрхэм хүнээр хөтөч хийсэн аялал маань эхэлсэн юм.

Япон улс бүс нутагтаа зарим улс орнуудтай газар нутгийн маргаантай байдаг. Хүүхэд ахуй цагаасаа Курилын арлуудын маргааны талаар сонсдог байсан бол сүүлийн жилүүдэд Хятад бас Солонгостой арлуудын маргаан дуулдах болсон билээ. Улс орон бүр өөр өөрийн өнцгөөс тайлбарладаг ч чухам үнэн нь тэр гэж бид тайлахад хэцүү. Гэхдээ Япон оронд зорчиж, бас зарим сонирхсон зүйлүүдээ нүдээр харж, япон хүмүүсийн байр сууринаас тайлбарлуулах боломж тохиосон учраас энэ асуудлууд дээр тайлбар авахаар хүслээ. Япончууд жүдогийн татами дээр сэтгэл хөөрлөө ил гаргахгүй, ялсан ч ялагдсан ч нэг л янзаараа төвшин байдаг. Элдэв сэтгэлийн хөдөлгөөнөө ил гаргахыг хориглодог жүдо гэлтгүй бусад спорт дээр ч өрсөлдөгч нь дургүйг нь хүргэж байсан ч хамраараа амьсгаагаа гаргаад тэсээд байх нь харагддаг. Заримдаа улс төрийн тавцанд, олон улсын үйл явдал дээр ч япончуудын энэ чанар анзаарагддаг. Дэлхийн хоёрдугаар дайны үеэр япон цэргүүдийн гаргаж байсан бусармаг үйлдэлд нь дургүйцэж байгаа гээд Хятад, Солонгост үе үе асуудал босч, жагсаал энэ тэр болдог доо. Үнэхээр хүчирхийлэлд автаж байсан улс үндэстэнд хэцүү л байдаг байх, гэхдээ хажуугаас нь харж байхад яасан ч дуусч өгдөггүй гомдол юм бэ гэж санагдах үе байдаг л юм. Заримдаа ч цаана нь эдийн засгийн сонирхол яваад байгаа нь анзаарагддаг. Солонгосчууд гэхэд хамтдаа зовж явсан гээд жаахан дэврээгээд өгөхөд Хятадууд зарим нэг бараа бүтээгдэхүүнийг Японоос авахаа болиод Өмнөд Солонгосоос худалдан авахад тэдэнд ашигтай шүү дээ гэж нэгэн эдийн засагч стратегийн үүднээс тайлбарлаж байсан удаатай. Юутай чиг Японы газар нутгийн маргааны асуудлыг тэд хэрхэн тайлбарлахыг өөрсдөөс нь сонсохыг хүссэн билээ. Японы ЗГХЭГ-ын Газар нутаг, бүрэн эрхэт байдлын бодлого төлөвлөлтийн газрынхантай уулзахад тэд энэ талаар нэлээд олон материал бэлтгэчихсэн сууж байв.
Японд далайн эргээс 20 гаруй км-ийг усан хил, дахиад 30 км-ийг завсрын бүс гэж тооцдог ажээ. Хятадууд эдийн засгийн хувьд хүчирхэг болохын хэрээр далай тийш хандсан бодлого явуулж, газар нутгаа тэлэхийг хүсэх болсон байна. 2007 онд АНУ-ын цэргийн командлагчид Хятадын талаас Номхон далайг хуваан эзэмших санал тавьсаныг америкчууд хүлээн аваагүй гэдэг. Хятадын Номхон далай руу гарах төлөвлөгөөнд Япон, Тайвань саад болдог. Далайн гүний ашигт малтмалыг ашиглахын тулд зайдсыг хэрчим хэрчмээр зүсч авдаг шиг бодлого баримталж байгаа хэмээн тэд шүүмжлэнгүй ярьж байлаа. Мөн хятадуудын энэ дээрэнгүй байдал эдийн засгийн үзүүлэлтээрээ Японыг давж гарсан цагаасаа бүр оодорсон гэж онцлов. Цаашлаад эдийн засгийн үзүүлэлтээрээ АНУ-ыг даваад нэгдүгээрт ороод ирвэл дийлдэхгүй болно гэж болгоомжилж байгаа ажээ. Гэхдээ Хятад газар нутгийн маргааны хувьд зөвхөн Япон биш хөрш зэргэлдээ улс орнуудтайгаа нэлээд асуудалтай. Үнэндээ эдийн засгийн давуу талаа ашиглан түрж байгаад нь анхаарч байгаа орон ч бий, бас иргэд нь төдийлөн ач холбогдол өгдөггүй улсууд байгаа ч гэж байв. Хятадтай хил хязгаарын маргаантай орнуудаас Япон, Филиппин, Вьетнамын иргэд маш эмзгээр анхааран үздэг буюу 78-91 хувь нь анхаарал хүчтэй тавьдаг бол Малайз, Индонез, Пакистан зэрэгт тал орчим нь л идэвхтэй анхаардаг гэсэн судалгаа байдаг ажээ. Нээрээ ч хэдэн жилийн өмнө Австралид сургалтад хамт сууж байсан вьетнам бүсгүйчүүд “Хятадууд манай газар нутгаас авах гэж үргэлж оролддог. Бид өгөхгүй тэмцэнэ” гэж хэсэгхэн улстөржиж авснаа камбожууд харин аялдаад байдаг гэж ангийнхаа нөгөө хэдэн нөхдийг муулж суусан нь санаанд оров. Тухайн үед тэдэнд хэлж байсанчлан “Манайх Хятадтай хилийн ямар нэгэн маргаан байхгүй. Хятадуудыг энэ тухай бодож эхлэхээс нь өмнө хилийн зааг зурвасаа НҮБ-д бүртгүүлж асуудлыг нэг мөр болгоод авсан нь азтай” хэмээж байснаа япончуудад ч дуулгаад авлаа.

Япон, Хятад хоёрын хооронд маргаан дагуулж байгаа Сенкаку арал 120 жилийн өмнөөс Японы мэдэлд иржээ. 1885 онд Окинава аймгаас хүмүүс илгээж энэ арлууд хэн нэгний мэдлийнх биш гэдгийг олж тогтоож, 1895 онд Окинавагийн харьяалалд оруулж байсан байна. 1920 онд Нагасаки дахь Хятадын консулын газраас Сенкакуг Японы Окинавагийнх гэдгийг баталж буй захидал хүртэл илгээж байсан бөгөөд 1951 оны Сан Францискогийн энхийн хэлэлцээрээр уг арлууд Японых гэдгийг батламжилжээ. Энэ хооронд далайн ашгийг ашиглах, нөөцүүдийг тогтоох үйл явдлууд өрнөсөн нь мэдээж. Улмаар 2008 онд Хятадын хоёр онгоц энэ арлын чигтээ ирж Японы усан хилийг зөрчсөн үйлдэл гарсан бөгөөд 2010 онд тэр хавьцаа Хятадын загасчны онгоц сүйрсэн нь энэ тохиолдол анхных биш гэдгийг баталсан гэнэ. Ерөнхийдөө далай тэнгисээс ашигт малтмал олзворлох Хятадын төлөвлөсөн зураглалд буюу ихээхэн хэмжээний нөөц тэр хавиас илэрсэн нь энэ бүх хэрэг дэгдэх шалтгаан болсон гэж япончууд ярьж байна. 2012 онд Японы Засгийн газар хувь хүний мэдэлд байсан Сенкакуг худалдан авч, Засгийн газрын мэдэлд оруулснаар байдал нэлээд хурцадсныг бид мэднэ. Хоёр тал харилцан албан бичиг шидэлцэн, байдал хүйтэрч, хэн хэнтэй нь гэмгүй байдаг хөрш зэргэлдээ орны бид хүртэл байр сууриа юу гэж илэрхийлэхээ мэдэхгүй сандарч байхав дээ. Шинзо Абэ Ерөнхий сайд 2012 оны арванхоёрдугаар сард Газар нутаг, Бүрэн эрхэт байдлын яамыг байгуулсан нь асуудал хэр хурцадсаныг баталдаг. Мөн маргаан дагуулсан арлын ойролцоо маш олон тооны хөлөг онгоц бөөгнөрч, япончууд ч түргэн авч байсан удаатай ажээ.
Харин тэр үед ямар нэгэн асуудал болоогүй бөгөөд нэг бол хятадууд хүчийг үзүүлэх гэсэн гэхдээ илүү магадлалтай нь Си Жинпиний эрх мэдэл, засаглалын эсрэг Хятадын томчууд дотооддоо үзэлцэхээр тэр хавьд цэргийн хүчийг цуглуулж байсан гэсэн яриа сонстож байжээ. Гарч ирмэгцээ авлигын эсрэг хүчтэй тэмцэж, эрх мэдлийн хуваарилтууд нэлээд хийгдсэн Хятадын дотоодын асуудал байсан гэж япончууд тухайн үйл явдлыг харжээ гэж бодогдлоо. 2010-2013 онуудыг бодвол энэ байдал хэсэгтээ намжмал байгаа бололтой. Гэхдээ асуудал шийдэгдээгүй байгааг сануулах юун. Харин солонгосчуудтай маргаад байсан Такешима арлын асуудал харьцангуй намжсан бололтой. Ерөнхийлөгч Пак Инхэ, Ерөнхий сайд Шинзо Абэ нар харилцан тохиролцоонд хүрсэн гэж дуулдаж байв. Японы бас нэгэн газар нутгийн маргаантай газар бол Курилын арлууд. Дэлхийн хоёрдугаар дайны дараа япончууд холбоотнуудад бууж өгсөн гэрээнд гарын үсэг зурахдаа Курилын арлууд нь Оросын мэдэлд гэдгийг зөвшөөрсөн ч тухайн үедээ оросууд холбоотнуудтай нэгдэж, уг гэрээнд үзэглэхээс татгалзсан. Мөн Курилын арлууд гэдэгт япончууд амьдардаг байсан одоо маргаантай байдаг дөрвөн арлыг оролцуулаагүй бусад арлуудыг нь хэлсэн гэсэн байр суурьтай байдаг юм байна. Бид Курилын арлууд гээд хэдэн ч арлыг хэлээд байдаг юм, ямар учиртайг нь тэр бүр мэддэггүй. Харин сөхөөд үзвэл тун сонин түүх байдаг юм билээ. Энэ талаар дээрх арлуудтай хамгийн ойр хойд нутгийн Хоккайдо муж руу очсон тэмдэглэлээрээ дараагийн дугаарт үргэлжлүүлье.
Categories
мэдээ цаг-үе

Д.Дэмбэрэл: Монголчуудын хэвшмэл хөрөнгө оруулалт, эдийн засгийн ойлголтыг засах замаар зөв бүтэц буй болгох хэрэгтэй

УИХ-ын гишүүн, дарга асан Д.Дэмбэрэлтэй ярилцлаа. Бидний ярилцлага улс орны эдийн засаг, цаг үеийн асуудлуудаар өрнөлөө.

-Улс орны эдийн засаг үлэмж сульдсан үед тантай ярилцаж байна. Таныг УИХ-ын даргаар ажиллаж байсан он жилүүдэд манай эдийн засгийн үзүүлэлт 17 хувьд хүрч байлаа. Өөрөөр хэлбэл, бэлтэй төр засаг байлаа. Гэхдээ улс төрийн нөхцөл байдлын хувьд намууд нийлж засаг байгуулсан, бэрхшээлтэй л байсан санагддаг. Тэр үед хэрхэн ажиллаж байсан талаараа дурсвал…

-Сонгуулийн бүрэн эрхийн хугацааны ажлын үнэлэмж эдийн засаг, нийгэмд ямар өөрчлөлт гарснаар хэмжигдэх биз. Үнэхээр 2008-2012 онд дэлхийд банк, санхүүгийн хямрал явагдсан ч гэлээ үр дүнгээрээ манай оронд муугүй байдлаар төгссөн. Хямралтай давхцаж томоохон бэрхшээлүүд ч тохиолдсон. Мэдээлэл багатай, түүндээ дүгнэлт хийхгүй бол улс орныг авч явахад учирдаг тийм бэрхшээл бидэнд учирч байлаа. Би нэг жишээ хэлье. 2008 оны сонгуульд МАН, АН нэг хүнд 1,5 сая төгрөг, үгүй бол сая төгрөгийн хувьцаа өгнө гээд амлачихсан. Энэ нь дэлхийн банк, санхүүгийн хямрал хаяанд ирчихсэн байсныг төдий л мэдэхгүй байсантай холбоотой гэж боддог. Хүнд байдалд байгаагаа 2008 оны сонгуулийн дүн гарсны дараа мэдсэн. Банк санхүүгийн удирдлагууд сонгуулийн өмнө дэлхийд ийм хямрал явагдаж байгааг сэрэмжлүүлсэн бол намуудыг иймэрхүү нүсэр амлалт авахаас сэрэмжлүүлж болох л байсан. Эдийн засгийн байгууллагууд, статистик, банк, Санхүүгийн зохицуулах хороо мэтийн байгууллагууд дэлхийн чиг хандлагыг сайтар судалдаг мэддэг байх шаардлагатай. Тэр амлалтаас болоод ихээхэн хүндэрсэн жилүүд бидэнтэй золгож байлаа. Дөрвөн жилийн хугацаанд 3,5 их наядын хэмжээний хөрөнгийг ард түмэнд өгөх ёстой болсон. Хэрэгжүүлэх шахаанд орсон. Зэрэгцээд хэд хэдэн банк дампуурч, зарим нь дампуурахад бэлэн болсноо илэрхийлж байв. Дампуурах шатанд нь зогсоосон банк ч бий. Дахиад нэг жишээ хэлье. Одоо манайд эдийн засгийн хямрал гээд яриад л байна. Монголын бүх салбар хэвийн ажиллаж байна. Мал аж ахуй, газар тариалан, барилга, уул уурхай. Тэгвэл доголдол хаана байна. Банк, санхүүд л байгаа шүү дээ. Монголбанк үнэ тогтворжуулахаар Засгийн газартай ярьж гурван их наядыг ганцхан жилийн дотор зарлаа. Бид амлалтаар гурван их наядыг дөрвөн жилд зарж байв. Аль, аль нь мөнгөө утга учир багатай зарсан хэрэг.

-Улс төрийн намуудын тоймгүй амлалтаас үүдэж түүртсэн, эдийн засгийн тэнцвэргүй Засгийн газар, Монголбанкны чадамжгүй байдал л улс орныг ийм байдалд оруулсан гэж та хэлэх гээд байна аа даа?

-Үнэндээ тийм. Сангийн яам мэргэжлийн үүргээ биелүүлээгүйгээс хүү ихтэй арилжааны зээл авах, гаднаас чамин нэртэй бонд босгож, үр ашиггүй зарж, улсаа өрөнд оруулж, дараа шатны хөрөнгө оруулалт хийж бүтээх, цаашид хийх ажлыг хумиж, улс орныхоо хөгжлийг царцанги байдалд орууллаа. Амлалтаас гадна бас нэг томоохон бэрхшээл бол 2009-2010 оны өвөл Монгол Улс арван сая малаа алдсан. Төлөвлөгдөөгүй том хохиролд орсон. 2009 ондоо мал их туранхай орсон учраас 2010 оны хавар төл авч чадаагүй. Тэр үед мал аж ахуйд том цохилт ирсэн л дээ. Дараа нь барилгын байгууллагууд ч зогсонги байдалд орсон. Эдийн засгийн өсөлт -1,6 хувь болтлоо унасан. Тиймээс 2008-2012 онд бид төсөв санхүү, мөнгөний бодлогын тухайд онцгой анхаарсан. Төсвийн тогтвортой байдлын хууль гаргасан. Бас Төсвийн хууль, Төсвийн тэнцэл хангах шалгуур, өр зээлийн лимит хатуу тогтсон. 2012-2016 оны эрх баригчид эдгээр баримт бичгүүдийг засварлан санаснаараа ажиллах болсон. Өрийн таазыг өндөрлөн зээл, бондууд босгож, дуртай зүйлдээ зарж ёстой л хотонд орсон өлөн чоно адил аашлан санхүү, төсөвтөө хандсан. Үр дүн нь банк, санхүүгээ нураасан өнөөгийн энэ байдал. Дэлхийн банк, санхүүгийн 2008-2010 оны хямрал манай оронд хүнд туссан юм. Бодлого талыг яривал Олон улсын валютын сан, Дэлхийн банк, Азийн хөгжлийн банктай хамтарч бэрхшээлийг давсан шүү дээ. Дэлхийн санхүү, эдийн засгийн байгууллагын зүгээс тавьдаг шаардлагаас бэргэх үндэс бидэнд огтхон ч байхгүй. Зарим хүн гар хөлөө хүлүүлнэ, хатуу шаардлага тавьж гаднаас зээл, тусламж авахыг хаана, болгоомжтой бай гэнэ. Засгийн газар алгуурлаж байна. Удаашруулах хэрэггүй. Монголд төсөв, санхүүгийн сахилга тэг болтлоо заачихаад байхад, шууд засах хэрэгтэй. Миний дүгнэлтээр бол дотооддоо Засгийн газар, УИХ-ын ажиллагаа нь Монголбанк, Сангийн яамны хариуцлагагүй байдлыг засахаас эхлэх биз гэж бодох юм. Тухайн нөхцөлд бид 2011, 2012 онд үлдэж байгаа хоёр жилдээ үр ашигтай ажиллах шаардлагатай тулгарсан. УИХ чөлөө завгүй ажилласан. Мөнгөө үр ашгаа өгөх, сэргэлт өгөхөд зарсан. Банкны салбарыг дампууруулахгүйн тулд зарим банкинд 100 тэрбумаар нь мөнгө зээлсэн. Мал аж ахуйгаа өөд татахын тулд бид 2009 онд малчдад 40 тэрбум төгрөг ямааны ноолуурын үнийн зөрүү гэж шууд өгснийг санаж байна уу. Телевизээр байнга л “76 ямаа” гэж УИХ-ыг муучилдаг байв даа. Гэхдээ тэр үедээ хоёр талын сонирхлыг ингэж шийдвэрлэсэн нь ашигтай болсон. Малчдыг өрнөөс нь салгаж, банкны чадавхийг дээшлүүлсэн хэрэг болсон. Ноолуур боловсруулах үйлдвэрүүдэд ч 120 тэрбум төгрөгийн зээл олгосон. Газар тариаланд бид том хөрөнгө хаясаан. Санаж байгаа биз дээ. Атрын III аянг. Нэг тонн улаанбуудайд өгөх урамшууллыг өндөр тогтоосон. Энэ мал аж ахуй, газар тариалан, банкинд зориулсан мөнгө эдийн засийн өсөлтийг хангах боломжийг богино хугацаанд олгосон гэж болно.

-Таны парламентын үед Оюу толгой, Таван толгойг эдийн засгийн эргэлтэд оруулсан. Энэ бол үнэхээр түүхэн чухал шийдвэрүүд байж…

-Оюу толгой, Таван толгойг эдийн засгийн эргэлтэд оруулсан. Тийм хэмжээний хөрөнгө оруулалт одоо ч хийж чадахгүй л байна. Баялгаа эргэлтэд оруулсныг буруу гэх хүн үгүй биз дээ. Үүнд тухайн үеийн Ерөнхий сайд байсан С.Баярын үүрэг их байсан. Харин үр ашгийн талаас хүмүүс үргэлж харамсдаг. Анхны баталсан гэрээ сүүл тийшээ бидний ч харууслыг дагуулах болсон. Тэгэхдээ энэ хоёр ордын ашиглалт үйлдвэрлэл, үйлчилгээнд томоохон боломж дагуулсныг, эдийн засгийн өсөлтийг хангасныг, хангах болсныг хүмүүс анзаарч байгаа байх аа. Өмнөговьд хөгжил дэвшил гарч байна гэж хэн ч харахаар байгаа. Гурав дахь хүчин зүйл, эдийн засгийн өсөлтөд гадна талаас нөлөөлсөн хүчин зүйл бас бий. Дэлхийн банк, санхүү, эдийн засгийн байгууллагууд хямралаас гарахад тусалсан талаар дээр хэлсэн. Үнэндээ Олон улсын валютын сантай бид хэл амаа ололцож ажиллаж чадсан. Тэд санхүүгийн хувьд, эдийн засгийн хувьд сахилга, дэг журмыг хатуу тогтоохыг шаарддаг. Тэр бол зөв шаардлага гэж би боддог. Тэрнээс нь монголчууд халширна гэвэл, улс орныхоо санхүү, төсөв, өр зээлээ замбараагүй байдалд барьж байх тийм салан задгай байдлын хандлага болно. Хямралыг боломж бас болгож болдог.

-Хямралыг яаж боломж болгож болох вэ?

-Хэрхэн давах вэ, яаж боломж болгон хувиргах вэ гэдэг бол тэр төрийн менежмэнт. Энэ тал дээр УИХ-ын гишүүдийн үүрэг их ээ. Тэд тооцно биз. Амжилтад хүрэхэд дотоод талаас тогтвортой Засгийн газар чухал. Засгийн газрын үйл ажиллагааг УИХ бүрэн хянаж чадаж байна уу, үгүй юу гэдэг парламентын гол үзүүлэлт. Өнгөрсөн дөрвөн жилийн үндсэн алдаа энд оршиж байна. Юу яриад байна гэхээр Засгийн газар, УИХ хоорондоо эрх мэдлийн зай барих хэрэгтэй. Үндсэн хуулийн заагласан эрх мэдэл хуваарилах хүрээнд. Би дөрвөн жилийн хугацаанд хоёр Ерөнхий сайдын нүүр үзсэн л дээ. С.Баяр, Сү.Батболд. Үндсэн асуудлаар уулзаж ярилцахаас биш юм болгонд тохирчихоод, түүнийгээ УИХ, Засгийн газрын гишүүдэд тулгаад байвал бусдын санаа бодол, бие дааж асуудал шийдэх боломж, хожмын хариуцлага хохирно. Зайгаа зөв барьж, эрх мэдлээ тус тусдаа эдлэх замаар Засгийн газраа хянах боломжтой.

-Ингэх хэрэгтэй гэдгийг хэлж ярьдаг ч үнэндээ барьж чадаж байгаа нь ховор. Ялангуяа энэ зарчим сүүлийн жилүүдэд алдагдав уу даа…

-Тэр үед би АНУ-ын парламентын урилгаар айлчлахад хоёр, гурван зүйлийг АНУ-ын талаас тэмдэглэж хэлж байсан. Тэрний нэг нь бол Засгийн газраа бүрэн хянаж байгаа парламент гэж танай парламентыг үзэж байгаа шүү гэж. Ерөнхий сайд нь өөрийнхөө бодлогыг явуулдаг, УИХ-д асуудлаа оруулдаг, УИХ бол өөрийнхөө байр суурин дээр байж асуудлыг шийддэг. Энгийн зүйлийг би хэлж байна. Засгийн газраас оруулсан, Оюу толгойн гэрээний орж ирсэн хувилбарыг бид хоёр ч удаа буцаасан. Тэрэнд С.Баяр нэг ч удаа гомдоллож “Нэг намынх мөртлөө миний оруулсан төслийг буцаачихлаа, чи асуудал хойшлуулав” гэж надад гомдол, гоншигнол илэрхийлээгүй. Тэр зарчим сайн барьдаг талтай. Намын дарга, Засгийн тэргүүн гээд омогдоод байдаггүй байлаа. Ингэхэд хүрвэл УИХ-ын гишүүд үг, үйлдлээ хумиад, хянаад эхэлнэ. Ингэвэл хор хөнөөлтэй л болж эхэлнэ. Оюу толгойн гэрээг хуулиар батлахыг бид зөвшөөрөөгүй. Стратегийн ордын асуудал ярьж байгаа гэлээ ч гэрээ байгуулах нь Засгийн газрын бүрэн эрх. Засгийн ажлыг шүүрч эхэлбэл буруу болно биз дээ. Бид ямар зарчим баримталж Оюу толгой болон Таван толгойн асуудлыг шийдвэрлэж болох чиглэлийг л баталж өгсөн. Эцэст нь бид 57 дугаар тогтоол гаргаж Оюу толгойн гэрээг ЗГ баталж болно, гэхдээ гэрээнд тусгагдчихаад байгаа манай талын 34 хувийг анхны хөрөнгө оруулалтаа нөхсөний дараа, Монголын талынхыг 51 хувьд хүргэх заалт өгсөн. Анхны хөрөнгө оруулалтыг 4,5 тэрбум төгрөгөөр тогтоосон. С.Баяр удирдлагын түвшинд хууль, зарчмаа сахидаг, түүндээ захирагддаг нь удирдах хүний сайн шинж.

-Сү.Батболдын Засгийн газрын үед энэ нь хадгалагдсан уу?

-Дараа нь Сү.Батболдын Засгийн газар өөрийнхөө явуулах зүйлүүдийг явуулж, парламентад батлуулах асуудлыг цэгцтэй оруулж байсан. Түүний санхүү, хөрөнгийн зах зээлийг хөгжүүлж хөрөнгө босгох, Евро стандартыг Монголд нутагшуулах, гадаад харилцааг эдийн засагжуулах гэсэн мэргэн, ирээдүйтэй санаа хэрэгжиж амжаагүй. Цаг хугацаа байгаагүй юм. Томоохон шийдлийг ярихдаа гол нь би эрх мэдлийн хуваарилалтыг зөв барих, эс барих тухайд зэрэгцүүлэлт хийхийг оролдъё. 2012-2016 онд Н.Алтанхуяг эхнээсээ л дураар авирласан. Тэр 2013 оны төсвийг батлуулахдаа Ерөнхий сайд нь 100 сая төгрөгөө өөрөө мэдээд зарцуулдаггүй юм бол ямар Ерөнхий сайд болох юм гээд л эхэлсэн. Төсөв, төсвийн тогтвортой байдлын болон аль ч хуулиар Ерөнхий сайд зориулалт нь тодорхойгүй мөнгө зарцуулах эрхгүй. Багцдаа тусгагдсан хэдэн арван тэрбумыг зориулалтаар нь зарах боломжтой байдаг. Тэр мөнгөөр зарим эмнэлэгт тоног төхөөрөмж авч өгсөн. Ховд зэрэг аймагт битүү зах барьсан гэдэг. Ерөнхий сайд дураар аашлан төсвийн сахилга зөрчсөний цаана УИХ-аас баталсан төсвийг мөн л дураар зарцуулах боломж бусад сайд нарын хувьд хэмээс хэтэрсэн болох нь дөрвөн жилийн эцэст тодорхой болоод байна. Харин Ерөнхий сайд байхдаа Н.Алтанхуяг Оюу толгойн асуудлаар УИХ, Засгийн газар, Үндэсний Аюулгүй Байдлын зөвлөлөөс гаргасан шийдвэрийн эсрэг хатуу зогссон байдал нь нэгэн шалтгаас тод харагддаг. Хөгжлийн банк саяхны шалгалтаар хичнээн тэрбумыг зориулалтын бусаар зарсан баримт, “Чингис” бондын хэдэн зуун тэрбумаар тодорхойгүй төсөл, арга хэмжээнд дураар зарсан нь тодорхой болж байна. Үүнээс ямар дүгнэлт гарч байна вэ. Эрх мэдлийг хэтрүүлэх, дур зоргоор авирлах нь улс орноо ямар байдалд оруулдаг, эдийн засаг, санхүүг босгох уу, нураах уу гэдэгт хүрэх үр дагавар харагдана. Улсын санхүү яагаад дампуурах болов, өрөнд яагаад унах болов. Нэг шалтгаан нь удирдлагууд хуулийг үл хүндэтгэн, эрх мэдлийн хуваарилалтыг үл ойшоон ажилласантай холбоотой.

-Тэгвэл одоо энэ Засгийн газар, УИХ яг юу хийх ёстой юм бэ. Ажлаа аваад хагас жил болох гэж байна. Зүг чигээ олох хугацаа ч болчихлоо…

-УИХ, Засгийн газар хийх юмаа хийж байна. Манай ард түмэн нүүдэлчид. Хөдөлгөөн, хурд ихтэй, сэтгэлгээний хувьд ч ийм. Түргэл, шинэчил гэх, үр дүнг даруй гаргахыг шаарддаг. Нүүдэлчдийн онцлог. Уг нь зөв. Өглөө нь ачаалаад орой нь хярд буучихдаг улс. Монгол хүний ийм сэтгэлгээ төр засагт байнга ташуур болдог. Ард түмэн Засгийн газрыг байгуулагдмагц л удаж байна, 100 хоногийн дотор юу хийсэн бэ. Яагаад үр дүн гараагүй байгаа юм гээд нэлээд хэсэг нь шалгаана. За, энэ ч муу зүйл биш. Гэхдээ бас хүлээцтэй хандах учир шалтгаан бий. Өнөөгийн Засгийн газрын байдал, ажлын үр дүнг би ямар ч байсан энэ оны ажлын дүн, тэгээд 2017 оны хоёрдугаар сарын 15 болоход өөрөөр хэлбэл, ажлын үр дүн, тайлан баланс гарч дуусах үед хариуцлага шаардан, хатуу нэхэлтэй хандвал зүгээр. Харин цаг үеийн шаардлага бол дээр хэлснээр сайн ташуур юм. Монголчууд ташуурдахдаа сурамгай, сайн ч ташууртай. Цаашид ч анхаарууштай зүйл олон байна аа. Яахав 2017 оны төсөв баталлаа. 2017 оны үндсэн чиглэл батлагдаж байна. Байдлаас харахад нааштай үр дүн барин тавин бага л ажиглагдаж байна. Энэ бол санхүүгийн хувьд манай улс доройтолд орсонтой холбоотой. Хамгийн гол нь хөгжлийн явц, эдийн засаг, санхүүгийн байдалд нухацтай дүгнэлт хийх хэрэгтэй. Монголд инфляци нэмэгдээд эдийн засгийн хямрал болоод байгаа юм биш. Ачаа хүнд жирийн иргэн, жижиг дунд үйлдвэрлэгчдийн нурууг хуга дарах нөхцөлд оржээ. Үүнийг юу гэж үзэх вэ. Энэ ер нь ямар эдийн засгийн шинж, ямар нөхцөлд ийм байдал ажиглагддаг юм бэ?

-Харин танаас л асуумаар байна. Бид хэрхэх хэрэгтэй юм бэ?

-Би бол дифляцийн нөхцөл гэж үзнэ. Дифляцийн нөхцөл бол эдийн засгийн хямралаас ч долоон дор үр дагавартай үзэгдэл. Үндсэндээ төсөв, санхүүгийн дампуурлыг л хэлдэг. Инфляцийн өсөлт, эдийн засгийн хямралыг хэрхэн давахыг бид 2008-2012 онд үзсэн. Гэтэл энэ арга ажиллагаа өнөөгийн нөхцөлд тохирохгүй байх. Дифляцийн буюу санхүүгийн ноцтой доройтлын үед яаж ажиллах вэ гэдгийг шинэ нөхцөл байдалд авч үзүүштэй. Тэрнээс эдийн засаг хямралтай, хүнд байдалд орчихлоо гээд баахан хийх ажлын жагсаалт гаргаад ч нэмэргүй. Үндэсний аюулгүй байдлын зөвлөл энэ талаар зориуд авч үзэж шийдвэр гаргах биз. Засгийн газрын хүндрэлийг давах хөтөлбөрт цар хүрээтэй асуудал тусгагдах шаардлагатай байна. Асуудал Засгийн газрын гүйцэтгэх чадвар, бас УИХ-ын хяналт зөв тавихаас их зүйл шалтгаална. Тэгэхээр чадвар, хяналт яаж, ямар аргаар явагдах асуудлууд тусгагдана гэсэн үг. Яагаад хүнд байдалд орсон бэ гэдэг уг шалтгааныг зөв тогтоовол түүнийгээ арилгах арга хэмжээнүүд тодорхой болно. Буруутай эздэд хариуцлага тооцохоос эхлэх биз. Бид бие биенээ муучлаад яах вэ гээд найзан дундаа орхивол байдал засагдахгүй бахь байдгаараа л байх болно. Энэ бүхний цаад учир шалтгааны үндсийг нь тасалбал 2018, 2019 оны үед бидэнд нэн эерэг үр дүн харагдана. Дутагдалд дүгнэлт хийхгүй бол түүнийг давтаж бүр сөрөг үр дагаварт хүрнэ. Тэгж л харагдаж байна.

-Таныхаар тэр таслах ёстой шалтгаан нь юу гэж?

-Цаад уг чанартаа бол Монголд авлига, хээл хахуулийн асуудал эдийн засаг, санхүүг нураасан юм. Гадны зээл тусламжийг аваад үр ашиггүй зарцуулсан л гэнэ. Чухамхүү авлигаар энэ хөрөнгүүдийг үр ашиггүй зүйлд аваачиж чихчихсэн байх шүү. Харин үүнийгээ ойлгож байна уу, үгүй юу.

-Та хариуцлага тооцох ёстой гэж байна. Нэг нам хүчин гарч ирээд нөгөөхөө намнасаар байтал энэ нийгэм хагарч, өс хонзонгоор дүүрэх юм биш үү. Заавал хариуцлага тооцох хэрэгтэй юу?

-Хариуцлага тооцохоор барах уу. Нам хүчин гэж харахаасаа илүү бид авлигатай эвлэрч болохгүй. Бүхэлд нь засах ёстой. Авлигатай дэлхий дахин, улс орон бүр тэмцэл хийж байна. Авлигаас ангижрах нь хэтийн чиглэлтэй үйл явц. Ямар ч гэсэн сааруулж хүчтэй цохилт өгөх хэрэгтэй. Авлига багатай болчихсон оронд яахав Скандинавын орнууд гайгүй гэдэг юм. Европын зарим нэг хэсэг орнууд бол авлигыг сааруулж чадсан. Монголд бол үүнтэй хатуу ширүүн тэмцэл хийж, нам түвшинд аваачихгүй бол авлига Монголын эдийн засаг, санхүүг идсээр байх болно.

-Таны хэлдгээр авлига үнэхээр Монголын хавдар болж байгаа зүйл л дээ. Тэгвэл УИХ үүнд ямар үүрэгтэй оролцох ёстой вэ?

-Энд УИХ гол үүрэгтэй. УИХ-д түрүү түрүүчийн жилүүдэд зарим шийдэмгий арга хэмжээ авч авлигыг нэлээн дарангуйлсан. Сонирхлын зөрчлийн хуулийг бид баталсан. Хөрөнгийн болон сонирхлын зөрчлийн мэдүүлгүүдийг албан тушаалтнаар гаргуулдаг болсон. Хэрэгжүүлэх талаар Авлигатай тэмцэх газрын эрх, үүргийг тодорхой болгосон. Авлигыг 5-10 хувиар дарахад эдийн засаг мөн хэмжээний түвшинд ахиц гарна аа. Хатгаа тусаад хүндэрсэн хүн цээж онгойгоод гайгүй боллоо гээд амьсгаа авах шиг. Авлига яван явсаар хуулийг дэвсэлдэг. Төсөв, санхүүгийн бүх хуулиудыг чанд сахихаа саармагжуулаад эхэлсэн нь үүний илрэл шүү дээ. Дураар авирлах нь авлигын төрсөн дүүгээс өөрцгүй. Ард иргэд төрийг үл итгэлцэлд оруулан хүч алдан, дээр нь эдийн засаг тамирдаж, нийгэмд ёс зүйгүй авирлал газар авдаг. Энэ ноцтой үзэгдэлтэй хүчтэй тэмцэх нь эдийн засгийн уналт, бэрхшээлээс гарах гарц, зам юм. Засгийн газрын бэрхшээлийг туулах хөтөлбөрт энэ том тус болно. Мөн Монголын эдийн засгийн бүтцийг сайжруулах асуудал чухал. Бүтцийн гажуудлаас эдийн засагт хямралт байдал бий болж байна. Ухаандаа нэг төрлийн хоолыг хэт их порцоор идээд пологдож буйтай адил юм уу даа. Нэг салбарын хэт хамааралтай эдийн засаг. Дээхнэтэй дан мал аж ахуйн салбараас хамааралтайгаас, зуд болоход улс орон сүйрдэг байлаа. Одоо уул уурхайн болон гадаад үнийн өсөлт бууралтаас эдийн засаг гуйвж байна. Гайхамшиг болгон ярьдаг 2011 оны 17 хувийн өсөлтийн дараа бид нэг томоохон дүгнэлт хийсэн. Уул уурхайн хамааралтай эдийн засгийн өсөлт аюултай гэж. Оюутолгой, Тавантолгойг эргэлтэд оруулснаас эдийн засгийн өсөлт уулсын дундах ноён оргил мэт шовойгоод эхэлсэн. Тэнгийн ачааны нэг тал нь том, нөгөө тал нь бага. Холбироод унахад бэлэн. Энэ дүгнэлтээс уул уурхайн хамаарлыг багасгаж бусад салбаруудыг түлхүү хөгжүүлэхэд анхаарах хэрэгтэй гэж үзсэн юм. Үүнтэй холбогдуулаад урт нэртэй хууль баталсан. Стратегийн орд газар ашиглах зөвшөөрөл олгохыг УИХ шийдвэрлэх болгосон. Гадаад хөрөнгө оруулалтын уул уурхайн талын сонирхлыг зөв түвшинд барих, бусад салбарт хөрөнгө оруулалтыг нэмэх. Энэ үүднээс хөдөө аж ахуй, орчин үеийн технологи нэвтрүүлье. Аялал жуулчлал, оюуны хөрөнгө оруулалтыг хийе гээд Инновацын хууль хүртэл гаргасан. Ард түмэн дэмжсэн. Дараа дараачийн засагласан сайдууд харин дэмжээгүй л дээ.

Сайдууд байгалийн их баялаг, алт, мөнгө, зэсийн орд, хайгуулын зураг гаргаж тавиад л өөрийгөө бодсон, улсаа хохироосон гэрээ хэлцлийн шүүмжлэлтэй замаар алхацгаасан. Улс төрийн тогтворгүй байдал, улсын удирдлагад үл итгэх эргэлзээ гадаадын хөрөнгө оруулагчдыг гайхшруулан зогсоодог. Гэтэл эрх баригчид хууль руу заана. Ийм юм болсон биз дээ. Эдийн засгийн нэг салбарын хамаарлыг багасгаж хөдөө аж ахуй мал аж ахуй, бусад оюуны болон аялалжуулчлалын чиглэлд хөрөнгө оруулалтыг даллана уу, дуудна уу, хөөцөлдье.

-Одоо манайд хөрөнгө оруулалт байхгүй болчихлоо шүү дээ. Хөрөнгө оруулалтыг татахын тулд хамгийн түрүүнд юу хийх ёстой юм бэ. Ялануяа хөдөө аж ахуй, мал аж ахуйн салбарт…

-Манайх баялагтай алт, зэс байгаа үүнийг бид гаргаад өгнө өө гэж гадаадынхны нүдийг гялалзуулж хөрөнгө оруулагчдыг итгүүлдэг. Тэрнийхээ тусын тулд сайд дарга нар хөлөө хугалчих шахуу гүйдэг. Үүнийгээ зогсооё. Хөрөнгө оруулалт хуулиас болж зогслоо гэдэг. Хуулиа зассан ухарсан. Одоо хаана байна. Харин хуулиа олон өөрчилбөл тэдний эргэлзээг төрүүлнэ. Мал аж ахуй, газар тариалан, шинэ технологи, оюуны салбарын хөрөнгө оруулалтуудыг хийх хэрэгтэй. Ингэх юм бол өнөөдөр эс боловч хойдын өдөр бид эдийн засгаа зөв тэнцвэртэй, бас үр ашигтай болгоно. Эдийн засгийн бүтцийг 25 жил ярихдаа төр, хувийн хэвшлийн өмчийн харьцааг авч үзэж ирлээ. Хувийн хэвшлийнхэн хөлөө олсон. Төрд одоо өмч гэх зүйл бага үлдсэн байх аа. Санхүүгийн хүндрэлийн нөхцөлөөс гээд сүүлчийн өмчийг хувьчлах шатанд орсон. Одоо салбарын бүтцүүдийн доторх жин дарах нөхцөл нь бол жижиг дунд үйлдвэрлэлийг орчин үеийн технологид тулгуурлан хөгжүүлэх явдал. Бид явцуу ойлголтоос гарч асуудлыг нэлээд өргөн авч үзэх шаардлагатай. Баялаг бүтээгч хэн бэ гэж. Баялгийг бүтээгч нь нийт ард түмэн. Баялаг бүтээхэд оролцдоггүй тийм хөдөлмөр гэж байдаггүй. Одоо бол зөвхөн үйлдвэрлэдэг хүмүүсийг баялаг бүтээгч гээд манайхан ойлгочихож. Үйлдвэрлэгчид баялаг бүтээж байгаа нь үнэн. Үйлдвэрлэлийн салбарт нэмүү өртөг бүтээж буй нь гайхамшиг. Гэхдээ баялгийг бүтээх нь оюуны салбарт ч явагдана. Орчин үеийн технологи дэвшлийг ашигласнаараа үлэмж үр дүнд хүрэх боломж байна. Монголчууд ажиллах чадвартай, авьяаслаг. Баялгийг худалдаа, тээврийн салбарт ч бүтээж болно. Орос, Хятадын зах зээлийг холбосон транзитийн худалдаа, тээврүүдийг хөгжүүлэхэд л Монгол үлэмж баялаг олз хуримтлуулж болно. Энэ хоёр улсын баялгаас сороод авч байна гэсэн үг. Дэлхийд газрын хэвлийн баялаггүй орнууд гайхмаар баян чинээлэг амьдарч байгааг бид харж л байна. Зарим орнууд аялал жуулчлалаас өөрийнхөө үндэсний баялгийн ихэнхийг босгож байна. Банк санхүүгийн механизмыг ашиглан баян болж болно шүү дээ. Мал аж ахуйн бүтээгдэхүүний боловсруулах үйлдвэр байхгүйгээс ноос, арьс шир, мах бараг хэрэггүй болж малчдын хөдөлмөрийн үр шим будаа. Эдийн засгаа солонгоруулъя гэдэг дээр бодлогоо одооноос энэ зүгт чиглүүлбэл ирээдүйн үр өгөөж өндөр байх магадлалтай. Ашиглах нөөц арвин байна. Өнөө маргаашийг бодвол нэг хоёр стратегийн ордыг сонгон ашиглах, бас гаднаас зээл, тусламж авах замаар дөрвөн жилийн өнгөрөөж болно. Тэгэхлээр энэ бүхэн юу харуулж байна вэ гэхээр монголчууд бидний хэвшмэл ойлголтыг засах замаар хөрөнгө оруулалт, эдийн засгийн зөв бүтэц буй болгохын эргэлтийн шинжтэй зорилт хэрэгтэй. Баялаг бүтээх бол цогц арга хэмжээ юм. Байгалийн баялгаа ашиглах, үр өгөөжийг дээшлүүлэх шийдлээ тодорхой болгоё. Алдаа их гарч байна. Оюутолгой жилд 220 сая ам.доллар татвар оруулж байна. Ямар сайхан юм бэ гэнэ. Тиймээ, гэхдээ бидний бодож, төлөвлөж, анх ярилцаж байсны хагасын хагаст хүрэхгүй байна шүү дээ. Гэрээ батлах үед ямар их үр ашигтай гэж шагшин танилцуулж байлаа. Одоо болохоор еэвэнгийн талыг бус талын талыг харуулж байна. Шударгаар, тэгэхдээ мэдээж хөрөнгө оруулагч талыг хохироохгүй байхаар ажиллая. Оюу толгойн валютын ядахдаа Монгол талын оруулсан хувь хэмжээтэй дүйцүүлэн 34 хувь нь Монголын банкаар гүйлгээг хийж болно доо. Үүнийг яагаад ярилцаж болохгүй гэж.

Оюу толгойгоос авч болох боломжуудыг манай гүйцэтгэх засаглалын эрх мэдэлтнүүд алдаж, дураар авирласан. Дубайн гэрээгээр Монголын талын авах ашгийг олон жилээр хойшлуулсан. Яамдын хийсэн шалгалтаар гурван тэрбум ам.долларын зөрчил илэрч 1,2 тэрбум доллар манайд төлөхөөр байхад санхүүгийн асуудлыг дахин ярихгүй гэснээр хаасан. Тэрбум ам.доллараар шийдэгдэх ийм эрхийг Ерөнхий сайд Ч.Сайханбилэгт УИХ лав өгөөгүй юм даг. Төрийн өндөр албан тушаалтан эрх мэдлээ хэтрүүлэх, дураар авирлах нь улсад ямар хохиролтой үр дагавартайг эндээс харж болно. Дахин ийм явдал гаргуулахгүйн тулд эрх мэдэлтнүүдээр хуулийг чанд мөрдүүлэх, эрх үүргийн хуваарилалтыг хатуу сахиулах хэрэгтэй. Хэн үүнийг хэрэгжүүлэх вэ. УИХ, Үндсэн хуулийн Цэц, магадгүй Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл шийдвэрлэх үүрэг гүйцэтгэж болох.

-Энэ Засгийн газрыг харьцангуй залуу хүмүүсээр бүрдүүллээ. Ерөнхий сайд нь ч залуу хүн. Та энэ Засгийн газрын ур чадвар, чадамжийн талаар юу хэлэх вэ?

-Уг нь парламент бодлогын газар. Тэнд олон жилийн туршлагатай хүмүүс ажиллаж, харин гүйцэтгэх ажилд залуучуудыг шигшин тавих нь зөв хандлага. Гүйцэтгэх засаглал шуурхай ажиллагаа, ур чадвар шаарддаг. Яамдын сайдаар залуу хүмүүс тавигдлаа, туршлагатай хүмүүс ч орсон. Үр дүнд хүрч ажиллах боломжтой.

Манай улс төрийн хүрээнд учирсан нэг лай ланчиг бол өндөр эрх мэдэлтний дураар авирлах, сагсуурах явдал юм. Эдийн засгийн хүндрэл доройтлын нэг үндэс шалтгааныг эндээс эрж болно. Энэ их хурц тод илэрч байна. Үүнийг өнгөрсөн дөрвөн жилийн үйл ажилагаанаас харж болно. Хоосон шоуддаг, дураар авирладаг явдлыг гүйцэтгэх засаглалаас холдуулах хэрэгтэй. Тэнд залуучууд байж болно. Ажил хэрэгч, улсаа хөгжүүлье, эх орноо гэсэн сэтгэлтэй, эдийн засаг, хуулийн хэрэгжилтийг хангах чадамжтай цар хүрээтэй тийм залуучууд байвал амжилтад хүрнэ. Тэнд нийгмийн баялаг, мөнгөний сонирхол бүхий этгээдүүд шургалах аваас гэрээ, хэлцэл, эцэст нь байгалийн баялгаа зөв ашиглах асуудалд дээр дурдсан будлиан тарихаас эхлээд идсэн уусанд хүрэх, засаглалын нэр хүндийг унагана. Би Засгийн газрын залуу гишүүдийн тухайд ийм л зүйлийг хэлэх байна. Энэ нь хууль сахиулах байгууллагын удирдлагад ч хамаатай. Гүйцэтгэх засаглалын ажлыг бүхэлд нь сайжруулах, бэрхшээлийг гэтлэх санаачилга, сахилга, зохион байгуулалт, дэг журам бэхжүүлэх, нийгмийн хөгжлийн олон талт ажилд залуу сайдууд хүчээ сориг, туршлагажиг. Ямар ч ажил зохиогоогүй, сэрэмжлүүлээгүй байж хүмүүст хоосон хариуцлага тулган, Авлигатай тэмцэх газар, шүүх, прокурорт хөтөлж аваачихааргүй хууль дээдлэн, төрийн албаны ёс зүйг сахиж, төрийн албаны соёлд суралцаг.

Ийм зүйлүүд одоогийн гаргаад байгаа төсөв, төлөвлөгөө, төсөл арга хэмжээ, үндсэн чиглэлд тусгалаа олбол 2017, 2018, 2019 онд манай Засгийн газар үр дүн гаргана. Цар хүрээтэй арга хэмжээ авахгүй бол байдгаараа юм үргэлжилнэ.

-МАНУИХ-д үнэмлэхүй олонх болж, 65 суудал авсан. Сүүлийн сонгуулиудад гарч байгаагүй том боломж ирж, давуу олонхийн саналаар асуудлаа шийдэх боломж гарлаа. Та 2000-2004 оны УИХ-ын 72 суудалтай том бүлгийн гишүүн ч байсан. Олонхиор шийдэх боломжтой энэ үед ямар хуулиудыг батлаад авах хэрэгтэй вэ?

-Тодорхой зорилгоор гар хүрэх хуулиуд бий. Би тодорхой хууль дээр түшиглэж ярья. Төрд байгалийн баялгаас гадна хүн хэмээх баялаг хамааралтай. Хүний баялаг дотор хүний мэдлэг, боловсрол, оюуны чадамж орно. Монголын төр байгалийн баялгаа ашиглах гээд зовлонд ойчоод байгаа юм шиг байгаа нь хүний, боловсон хүчний нөөцөө зөв ашиглахгүй байгаатай холбоотой. Гаднаас акулууд ирээд идчих гээд, тэрний аманд явчихлаа хэмээн халагладаг. Гадныхан ирж янзалсан нь бага байхаа. Хүний нөөцийн баялгийг дотооддоо намууд шийдэж байгаа. Хүнийхээ чадамжийг зөв ашиглахад бүх юм болоо биш үү. Ардчилсан намын Засгийн газар гарч ирэнгүүтээ улс төржин, чадвар, ажил мэддэг, туршлагатайг үл харгалзан төрийн албаны ажилтнуудыг намынхнаар хуу сольсон. Энэ нь Засгийн газар амжилтгүй ажиллах нэг шалтгаан юм. Хүний нөөцийг зөв ашиглаж чадсангүй. Манай нам энэ дутагдлыг давтчих вий, мөрөөр нь орчих вий гэж санаа зовних юм.

Энэ бүхнээс дүгнэлт хийж Төрийн албаны хуулийг шинэчлэх хэрэгтэй. Төрийн албанд мэдлэг, чадвар, ёс зүйн хэм хэмжээний шалгуур гаргаж тавих хэрэгтэй. Туршлага суулгах, тогтвортой, шат ахиулах зарчмаар тушаал дэвшүүлж ажиллуулах хэрэгтэй. Улс төрийн зорилгоор гүйцэтгэх албанд нам оролцдог зарчмыг халах ёстой. Улс төрийн албан хаагчдыг нам мэдэж болно. Төрийн захиргаа, тусгай, үйлчилгээний бүх албан хаагчдыг шат шатны төрийн эрх мэдэлтнүүд өөрөө мэдэж тавьдаг, хариуцлага хүлээдэг болох нь чухал. Одоо хуулиар олгогдсон эрхийг байгууллагын дарга нь биш нам, намын байгууллага шүүрэн авч байгаа нь хууль үл хүндэтгэж буйн илрэл.

Та онож хэллээ. Саяын байгуулагдсан УИХ, Засгийн газарт ч энэ асуудал ихээхэн хамаатайг нийтээр шүүмжилж байгааг та анзаарсан байх аа…

-Байгалийнхаа баялгийг зөв ашиглаж чаддаггүй, хүнийхээ нөөц баялгийг цөөхөн хүнтэй мөртлөө зөв ашиглаж чаддаггүй болохоор ямар сайн юм харагдах билээ. Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж нэг удаа Төрийн нарийн бичгийн даргын алба төрд 15 жил ажилласан хүн тавигдах алба, энэ албан тушаалд мерит зарчим баримтална, бас сонголтын зарчим баримтлах ёстой гэж мэдэгдсэн. Би энэ нөхөр үүнийгээ л хэрэгжүүлээд өгөөсэй гэж бодож байсан. Тэгээд, байхгүй л байхгүй юу. Төрд ажиллаж байгаагүй хүн би УИХ-ын гишүүний сонгуульд явсан учраас л удирдах албан тушаалд очих ёстой гэнэ. Тийм юм байхгүй шүү дээ. Тийм шалгуур, хэмжүүр дэлхий дахинд хайгаад ч олдохгүй. Би УИХ-ын гишүүнээр зургаан удаа сонгогдоод гарч ирэхдээ миний энэ хүнийг албан тушаалд тавьж өг гэж нам, намын ажилтнуудыг хүндрүүлж байгаагүй.

-Харамсалтай нь хүн бүр тэгж асуудалд хандахгүй байна л даа. Бүгд л хариу бариу өгнө гээд төрийн албыг хүндгүй хэврэг болгож байна. Өөр өөрчлөх шаардлагатай хууль юу байна вэ?

-Дараачийн өөрчлөлтөө хүлээж буй хууль бол намуудын хууль. Намуудын буруу гэх нь хаашаа юм, ер нь мөнгөний эрхшээлд орчихсон. Намууд улс төрийн бодлогоо зүй бус эрхшээлийн дор явуулах боллоо. Мөнгөөр эрхшээгчдийн бурууг шүүмжилдэг. Асуудал төр нь ядахдаа парламентад суудалтай намуудыг санхүүжүүлдэг байх, намууд төрийн сонгуульд орох зардлыг зохих түвшинд олгодог болчихвол мөнгөтний төр гэхээ болих үндэстэй. Нэлээд хүмүүс улс төрийн нам хэрэггүй юм гэсэн ойлголтод хүрч байгаа. Маш муу үзэгдэл юм. Өдгөө төрийн ойлголтыг улс төрийн намгүйгээр төсөөлөх аргагүй. Үндэсний аюулгүй байдлын хуулийг шинэчлэх ёстой гэж боддог. Аюулгүй байдлын асуудал багагүй сөхөгдөх хандлага гарч байна. Жишээ нь, бидний ярилцаж буй гурав, дөрвөн жилийн дотор улсын санхүүгээ нурааж болох нөхцөл үүссэн болон санхүү, эдийн засгийн доройтол, Оюу толгой, Эрдэнэт цөм Үндэсний аюулгүй байдалд нөлөөлөхөөр асуудлууд. Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөл авч үзсэн байх л даа. Энэ мэтийн томоохон хуулиудын өөрчлөлтийг дагаж хуулиудад засвар хийх, өөрчлөх асуудлууд аяндаа шийдэгдэнэ.

-“Эрдэнэт”-ийн талаар хүмүүс олон талаас ярьж, маргаан дэгдэж байна. 49 хувь Монголд ирэх нь зөв боловч авсан арга зам ойлгомжгүй, тодорхой болгох хэрэгтэй гэхчлэн ярьцгааж байна. Та саяхан энэ байгууллагын Удирдах зөвлөлийн гишүүнээр томилогдсон. Таныг төрийн чигч хар хүний хувьд үүн дээр бодит мэдээллийг өгнө гэж найдаж байна?

-Эрдэнэтийн асуудал яах аргагүй олон нийтийн анхааралд байна. Иргэн болгон энэ тухай сонирхож байх шиг байна. Энэ нь 49 хувийн тухайд анхаарах зүйл байгаад тэр болов уу. Нийгэмд багагүй маргаан, талцал, тэмцэл болж байна. Хууль зөрчсөндөө тулбал маш төвөгтэй нөхцөл, олон асуудал дэгдэнэ. Эрдэнэт ямар ч тохиолдолд бөөн ашиг, орлого. Хэнбугай нь ч шимтэнэ. Төр ч, хувь компани ч, иргэд ч. Ийм болохоор яриа өрнөж таарна. Энэ чухал, том асуудлыг ийм байдалд хүргэсэн хүмүүс буруутай. Өмнөх Засгийн газрын тэргүүн, сайдууд “ичиг ичиг” л гэмээр байна. Одоогийн 49 хувийн маргаан хууль зөрчөөгүй бол ажил хэвийн үргэлжлэн явагдана. Харин хууль зөрчсөн булхай гарсан бол 49 хувийг төр авч тэдний мөнгийг нь өгч, шударгаар хувьчлал хийхэд хүрнэ. Ийм л хариулт өгье дөө.

-Хувьчлал нэгэнт болсон байхад буцвал багагүй хэмжээний торгууль өгнө шүү дээ. Ядаж байгаа эдийн засаг дээр түүнийг төлнө гэхээр…

-Зуун сая ам.долларын торгууль энэ тэрээс айх юун. Гэрээ, хэлцэлд ийм заалт оруулсан этгээдүүдээр өөрсдөөр нь хохирлыг гаргуулна биз. Зүй нь төр 49 хувийг аваад нээлттэй ил тод хувьчлал явуулж, төрд хохиролгүй, харин ч ашигтай байх эсэхийг сайн бодоогүй л юм болов уу. Эрдэнэт үйлдвэрийн ажилчид ч хувьчлалын нэг хэсэгт нь оролцох бололцоотой гээд олон асуудал бий шүү дээ.

-Хууль зөрчсөн гэж үзвэл хариуцлагыг хэн хүлээх юм бэ?

-Ойлгомжтой шүү дээ, хэн хууль зөрчихөд хүргэсэн этгээдэд хариуцлага хүлээлгэх болно шүү дээ. 2003 оны долдугаар сарын 1-нд Эрдэнэт үйлдвэрийн талаарх Монгол, Оросын Засгийн газрын хэлэлцээрийг УИХ соёрхон баталж хуульчилсан. Мөн Монгол, Оросын-Монросцветмет компанийн тухай Монгол улсын Засгийн газар, Оросын холбооны улсын Засгийн газрын хэлэлцээрийг 2009 оны нэгдүгээр сарын 16-нд соёрхон баталж хуульд нь би гарын үсэг зурсан. Эрдэнэт болон Монросцветметийн хоёр орны Засгийн газрын хэлэлцээрт протоколоор өөрчлөлт орсныг 2015 оны аравдугаар сарын 22-ний өдөр УИХ-аар хуульчлан соёрхон баталж З.Энхболд гарын үсэг зурж баталгаажуулсан гарын үсгийн бэх нь ч хатаагүй байхад асуудал шийдвэрлэгджээ. УИХ-ын дөрвийн дөрвөн хуулийг ач холбогдолгүй гэж үзсэн юм болов уу. Стратегийн ордын асуудлыг УИХ мэдэх ёстой, зарчимтай болохыг манай бараг бүх иргэн мэдэх байх. Үндэсний Аюулгүй Байдлын Зөвлөлд танилцагдсан байх учиртай. Асуудал шийдсэн нөхөд хариулах биз дээ.

Монголын тал авсан нь чухал гэж бүхнийг хаацайлах явдал байхгүй. Гадаадын хөрөнгө оруулалт, хувьцаатай аж ахуйн байгууллагын оролцоог дан Монголын талынх байх ёстой гэсэн атгаг санаа, нэг талыг барьсан “шунал”-ын зарчим Монголд үйлчлэх ёсгүй. Эрдэнэтийн маргаад буй 49 хувийг олон улсын түвшинд нээлттэй зарлах боломжтой. Энэ бол “зөвхөн Монголдоо” гэдэг үгэнд хашигдахгүй зүйл. Одоо УИХ-ын ажлын хэсгийн дүгнэлтийг л харж байна даа.

-Ерөнхий захирлыг нь тавих удаашраад байна уу?

-Эрдэнэт үйлдвэрийг удирдах хүн шударга, хууль, дүрэм журмаа сахидаг, мэдлэг, туршлага, ур чадвар өндөр, нэр цэвэр, ёс зүйтэй байх ёстой. Ийм хүн нэр дэвшвэл би дэмжихэд бэлэн. Одоогийн удаашраад байгаа шалтгаан дээрх шаардлагад тохирох хүнийг эрж сонголт хийхээр цаг алдаж байгаа хэрэг болов уу.