Categories
редакцийн-нийтлэл

C.Батболдын ч зөв, У.Хүрэлсүхийн ч зөв

Сүүлийн 20 жилийн түүхэнд ах намын
нэр хүнд ингэтэл туйлдаа хүр­тэл дорд орж, намын ги­шүүд нь хуваагдан ингэт­лээ
итгэл алдарч байсан үе бий болов уу. Хөдөө хотгүй хийгдэж буй судал­гаануудаас МАН,
МАХН гэдгийн ялгааг мэдэж бай­гаа хүн цөөн гэдэг нь то­дорхой болж, алдарт 90 жилийн
түүхтэй намын рейтинг навс унасан нь харагдаж байна.

Хамгийн гол нь намын гишүүдийн итгэл
алдрах байдал, УИХ-ын гишүү­дийн сонгууль болоход ганцхан жил дутуу байхад удирдлагуудын
байж бай­гаа царай нь энэ гэсэн шивнээ байдлыг бүр дор­дуулна. Гэхдээ тэрнээс аюумшигтай
нэг зүйл нь тус намын дарга, ерөн­хий нарийн бичгийн дарга хоёр голын наана, цаана
гарчихаад байгаа явдал хэмээн тус намын гишүүн түшээд харамсан­гуй ярьж байх юм.
Уг нь сонгуулийн өмнөх жил, дээрээс нь нэрээ сольж, хуучин нэрийг нь экс дарга нь
авчихсан гээд эрсдэлт он цаг мөн үү гэвэл мөн.

Гэтэл Ерөнхий сайд, тус намын дарга
С.Бат­болд, намын ерөнхий на­рийн бичгийн дарга У.Хү­рэлсүх нар таарамж муу­тай
байгаа гэсэн мэдээ­лэл хуурай өвсөнд ассан гал мэт шуугиад ирлээ. Энэ үнэн бол хэнийх
нь буруу вэ. Бас хэний зөв бэ.

С.Батболд:

Тоглоомын дундаас орж ирээд бүх хариуц­лага
түүнд хамааралтай болоод явж байгаа учраас нэг талаас азгүй гэж бо­лох, нөгөө талаас
Ерөн­хий сайд С.Баяр эрүүл мэндийн шалтгаанаар ажлаа өгөхдөө түүнийг сонгосон учраас
азтай ч гэж болох. Гэхдээ түүний аз, эзийн талаар одоо ярихад эрт.

Тэр нэгэнт энэ том намын дарга болсон
уч­раас бүх л ялалт, гавьяа түүнтэй холбогдоно. Тий­мээс хичээж ажиллах үүрэг хариуцлага
ирсэн нь мэдээж. Тэгэхдээ на­мын аппаратын бүр доод шатнаас нь явсаар ерөн­хий нарийн
бичгийн дарга болсон У.Хүрэл­сүх­тэй хамтран ажиллах үүрэг түүнд оногдсон. На­мын
хөл гэж юу болох, анхан шатандаа байдал хэрхдэгийг томхон татаа­саар явсаар өнөөг
хүрсэн С.Батболд мэдэхгүй нь хэр билээ. Тиймээс тэрийг мэддэгээрээ түрий барьж,
ажилд оролцох давран­гуй, дэврэнгүй генсектэй байх амаргүй байж таар­на. Хэзээнээс
энэ намд дарга том байж ирсэн. Даргын үг эцсийнх байх ёстой. Бас дарга ч ха­риуц­лагаа
хүлээж таар­на. Гэтэл хааяадаа өм­нүүр нь орж ярьчих гээд байдаг, намын аппарат
дотроо түүнээс илүү мэ­дэлтэй байчих гээд бай­гаа учраас У.Хүрэлсүхэд уур хүрэх
нь аргагүй.

Уг нь түүхийн энэ мө­чид ялагдсан
намын дарга гэсэн нэр зүүмээр­гүй байдаг. Бас С.Бат­болдтой ороод сонгуульд ялагдлаа
гэсэн хар яриа­ны сэдэв болмооргүй бай­даг. Дээрээс нь замын дундаас бүр ч огцорчих­мооргүй
байдаг. Гэтэл өөрийнхөөрөө намын ажил­даа ороод зүтгэе гэхээр хүчтэй генсек гай
болоод байдаг. Ямар ч дарга ийм хүнээс са­лахыг хүсч эхлэх байх. Соёлтой боловсролтой
бас дипломатч мэргэ­жил­тэй С.Батболд цэргийнх бас залуучуудын бай­гуул­­­лагын
гэх тодот­гол­той У.Хүрэлсүхтэй дан­даа аргадангуй өнгө ая­саас хандаад байж бо­лохгүй
биз дээ. Дарга хүн зангараг үзүүлэх ёстой. Гэтэл энэ нь түүний мөн чанараас ангид.
Ядаж байхад АН зэрэгцээд тог­лолт хийгээд байдаг.

Нэгэнт дарга нь мөн хойно өөрөөс нь
илүү гарч ажиллачих гээд бай­гаа генсекээсээ сална гэж үзэж л таарах байх. Үүний
тулд мань хүний холбогд­дог “Хадгаламж” банкны асуудлыг ч дахин хөн­дүүлж эхлэх
арга нь зөв ч байж болох юм. Ерөнхий сайдын албаасаа гадна намын даргын албан ту­шаалыг
авна гэсэн нь “даахгүй нохойд булуу дараа” болсон ч юм бил үү хэн мэдлээ. Ер нь
У.Хү­рэл­сүх хөгзгөр С.Баярыг даргын албаа хашсан хэвээр байсан бол тэгж өрвөлзөө
ч үү хэн мэдлээ дээ. Мэдээж, хүнээс но­гоон гэрлээр том албан тушаал авчихсан тэгээд
үүрэгт хугацаа нь дуу­сахад жил үлдээд байхад янз бүрийн эрсдэл хүлээ­хийг хэн хүсэх
юм.

Тиймээс С.Бат­бол­дын зөв.

У.Хүрэлсүх:

Тэр бол бизнесээ өр­гө­­жүүлэхийн
тулд нам дагах ёстой гэдэг ч юм уу, эсвэл намд өгсөн хан­диваараа дэд сайд болж
улмаар намд хүчин зүтгэ­сэн хүн биш. Харин хорь гаруй наснаасаа намын анхан шатны
нэгжээс нь өгссөөр генсек болсон. Ерөнхийдөө хүчтэй зори­мог, танхай бүдүүлэгдүү
гэсэн имижээр өөрийгөө улс төрд тодорхойлсон. Тэр ч зангаараа на­мын­хаа даргын
өмнүүр орж юм хэлчихээд байдаг муу зантай. Даргынх нь удаан, байж байж шийд­дэг
зан шуурхай түс тас түүний зантай нийцэхгүй байгаагаас байнга бухим­дах болсон.
Өөрөөр хэл­бэл энэ хоёр хүний хурд нь нийцэхгүй байгаа нь хагарлын нэг асуудал болоод
байгаа юм. Энэ цаг үед даргатайгаа шууд ярилцаад асуудлыг ший­дэхгүй, хоёр талд
гомдож гуниад яваад байгаа нь аль аль нь энэ албан тушаалд тэнцэх хүмүүс мөн байсан
уу, үгүй юу гэдэг дээр эргэлзээ тө­рүүлж байгаа тал бий.

Гэхдээ У.Хүрэлсүхийн хувьд дарга нь
шууд тас няс үгээ хэлэхгүй дундын хатгаасаар яваад бай­гаад гомдож байгаа. Бас дээрээс
нь нам болохгүй байна гэж дэргэдээс нь түнших хүмүүс олон бай­на. Бас сүүлийн үед
илэр­хий Ерөнхий сайдын гэж хардагддаг хэвлэлүүдээр “Хадгаламж” банкны 14 тэрбумыг
сөхөх болсонд хямарч яваа.

Уг нь тэр бол даргын цэрэг байх ёстой.
Гэвч өнөөх л омголон зангаа­раа хүлцэнгүй байж ча­дахгүй байгаа. Ядаж бай­хад “МАН
нэрийг авснаар сонгуульд ялагдвал хэн хариуцлага хүлээх вэ” гэж намын 26 дугаар
их хур­лын дундуур сэтгүүлч­дийн асуултад хариу­лах­даа “Би хариуцлагыг хү­лээнэ”
гээд хэлчихсэн байдаг. Тэгэхээр ингэж хэлснээрээ асуудал үүс­вэл тэр яах аргагүй
туг тахиулж таарна. Гэтэл нэг­дү­гээр хүн байж, эцсээ болтол нь үзээд ялагдвал гомдолгүй
гэхсэн. Харин хоёрдугаар эрх мэдэлтэн атлаа хариуцлага хү­лээнэ гэвэл гомдолтой
санагдаад байгаа.

Ийм нэгэн эрх ашгийн дээсэн дөрөөн
дээр тэр тэнцэж явна. Хажуу ха­виргынх нь хүмүүс “Намд өөрийнхөөрөө тоглолт хийж
чадахгүй байж ха­риуцлага хүлээнэ гэвэл шатсан хэрэг болно. Тий­мээс нэгмөсөн үзсэн
шиг үзвэл дээр” гээд хатгаад байдаг. Гэтэл ёс зүйгээ бодохоор болохгүй бай­даг.
Бас нөгөө талаас харахад нэгэнт нам бо­лохгүй байхад болохгүй байгааг нь хэлэхээс
яах юм гэж өөрийгөө зөвтгөх. Бас үнэнхүү зангарагтай даргын дор бол ажил­лахад гомдохгүй
санаг­дах. Ийм тал талын бодол түүний дотор буцалж яваа байх. Бас даргынхаа адил
С.Батболд, У.Хү­рэлсүхийн үед энэ нам ялагдсан гэх гутамшгийг үүрэхгүй байх хязгааргүй
амбиц байж таарна. Ядаж байхад бүх судал­гаагаар намынх нь нэр хүнд унаад байдаг.
Тэгэ­хээр түүнийг буцалж огш­лоо гэж буруутгахад хэ­цүү. Ингээд бодохоор У.Хү­рэлсүхийн
зөв.  

Ер нь тэр хоёрын хоёу­лангийнх нь зөв. Өөр
өөрийнхөөрөө гомдлоо тээгээд өөрсдийгөө зөвт­гөөд
байх юм бол буруу­гүй хүн байхгүй. Ямартай ч эрх барих том намын хоёр толгой нь өөр, өөр тийшээ хараад байгаа нь л үнэн юм даг. Өөрсдөө асуудлаа хэрхэн шийдэх юм, намын олон нөхөд нь яах нь зөв
гэж харж бай­гаа юм хэн мэдлээ дээ.

Categories
редакцийн-нийтлэл

Дэлхийд “моод”-нд орсон гурав дахь хөршийн тэргүүний айлчлал

Наадам дуусч амралт эхлээд ч тэр үү,
эсвэл их улс төр  эхлэхийн өмнөх нам гүм ч
юм уу, ойрын хэд хоног улс төрөөр аядуу­хан бай­на. Харин ам­раад тарчихсан улс­төрчдийг
хөдөлгөөнд оруулж бай­гаа ганц зүйл нь гадны гийчдийн айлч­лал. Энэ сарын
27-30-ны өдөр Энэтхэгийн Ерөн­хий­лөгч хатагтай Пра­тиб­ха Девисингх Патил Монгол
Улсад төрийн айлч­лал хийхээр хүрэл­цэн ирэх гэж байна. Бүгд Найрамдах Энэтхэг Ул­сын
төрийн тэргүүн, Энэт­хэгийн нэгдүгээр ир­гэн, Зэвсэгт хүчний дээд командлагч тэрбээр
ма­най улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдор­жийн урил­гаар ирж байгаа юм.

Одоогоос яг нэг жи­лийн өмнө тус улсын
пар­ла­ментын доод танхим болох Лок Сабхагийн дар­га хатагтай Мейра Кумар Монголд
айлчилж, хариу айлчлалыг УИХ-ын дарга Д.Дэмбэрэл өнгөр­сөн арван­хоёрдугаар сард
хийж байв. Ерөн­хийлөгч Ц.Элбэгдоржийн хувьд Ерөнхийлөгчийн албыг авсныхаа дараа
хамгийн анхны айлчла­лаа Энэтхэгээс эхэлж байсныг хүмүүс санаж байгаа байх. Энэ
нь 2009 оны наймдугаар сар байв. Ерөөсөө жил да­раа­лан, жилд бүр хоёр ч удаа өндөр
дээд албан тушаалын хүмүүс харил­цан нэгэндээ найр тавьж айлчилна гэдэг энгийн хэрэг
биш. Энэ бол Энэт­хэг Монголыг, Монгол Энэт­хэгийг “ноцтой”-гоор сонирхож байгаагийн
том батал­гаа юм. Энэт­хэг бол сүүлийн үед дэл­хийн бүхий л улс орнуу­дын сонирхлыг
татаж байгаа гүрэн.

Дэлхийд маш хур­дац­тай хөг­жиж
байгаа орнуу­дын нэг, сүүлийн
арваад жилийн хугацаанд эдийн засаг нь дахин дахинаар өргөжсөн. 1985 оноос хойш 431 сая иргэнээ
ядуурлаас салгаж, 2030 он гэхэд дундаж амьд­ралтай иргэдийн тоо нь 580 саяд хүрнэ гэсэн тоо­цоотой. Дэлхийд техно­логийн
аутсор­сингоороо эхний 15-т багтдаг ком­паниудын долоо нь тэнд байна гэхээр нэг
ойлголт төрж байгаа байх.

Мөн харилцаа холбооны салбарт хамгийн
хурдацтай хөгж­лийг харуулсан, автомашины үйлд­вэрлэлийн хурдаараа дэлхийд хоёрдугаарт
гэсэн үзүүлэлттэй, худалдан авалтын чад­ва­раараа дэлхийд 13-т байгаа, энэ нь
2030 онд тавдугаарт очно гэгдэж байгаа ийм орон яаж ч анхаар­лын төвөөс гадна байх
вэ дээ.

Түүх, соёл заншил уламжла­лаа­раа
бол тэртэй тэргүй дэлхийн сонирхлын төвд байсаар ирсэн. Харин сүүлийн үед эдийн
засгийн бодит өсөлт, аж үйлдвэрлэлийн хөгжил нь энэ орныг бүс нутагтаа төдийгүй
дэлхийд анхаарлын төвд оруулаад байгаа юм. Дэлхийд газар нутгийнхаа хэмжээгээр до­лоод,
хүн амынхаа тоогоор Хята­дын дараа хоёрду­гаарт ордог Энэтхэг сүүлийн үед зөв бодлого
зөв менежментээр хөгжиж байгаа учир 1.2 тэрбум иргэнийх нь хүчирхэг байдлыг нь харж
үзэхээс аргагүй болоод бай­гаа. Эдийн засгийн үзүүлэлтээрээ дэлхийд аравт ороод
ирчихсэн шүү дээ.

Монголчуудын хувьд хамгийн том гурав
дахь хөрш маань яах аргагүй Энэтхэг мөн. Нэг бүс нутагт байр­ладаг эрт­ний түүхэн
харил­цаатай, шашин соёлын нөлөө хамаарал их, эдийн засгийн хувьд хүчирхэгжсэн бас
дээрээс нь Ази тивд Монголд хөтөлгөө морь мэт ханьсах ардчилсан орон Энэтхэг учраас
томоохон гурав дахь хөр­шид зүй ёсоор тооцогдоно гэж мэргэжилтнүүд үздэг юм билээ.
Монголчуудад Энэтхэгийг сонир­хох үндэслэл байна. Дор хаяж дэлхийд моодонд орж байгаа
улс гэдгээр нь. Харин энэтхэгчүүдэд Монголын юу нь сонин байгаа билээ. Ер нь аливаа
улс орны харилцаа гэдэг хүний харилцаа­тай адил. Хэн хэндээ ашигтай, таатай харилцаа
байх ёстой.

Энэтхэг гангийн үйлдвэрлэл, уран,
нүүрсийг ихээр сонирхдог. Үүнийгээ ч манай талд байнга илэрхийлсээр ирсэн байдаг.
Ер нь ган, уран, нүүрс бол тулгын гурван чулуу шиг байж гэмээнэ их хөгж­лийн үүд
хаалга нээгддэг гэдэг билээ. Энэтхэг улс цөмийн эрчим хүчийг хөгжүүлсэн, бас ч гэж
олон реактортой. Гэхдээ түүхий эд болох шар нунтаг хомс. Тиймээс бидэнтэй хамтран
ажиллах санал тавьдаг. Энэ удаад ч эрхэм Ерөн­хийлөгч үүнийг хөндөх байх. Бас энэтхэгчүүд
Монголын коксжих нүүрсэнд ихээхэн анхаардаг. Тэд ийм өндөр агууламжтай нүүрсээ гадагшаа
битгий гаргаач ээ, эндээ үйлдвэрээ барь. Ажлын байрнаас эхлээд нэмүү өртгийн ашиг
ч бий. Үүн дээр чинь туслахад бэлэн гэдэг юм билээ. Тэгэхийн тулд төрийн өмчит дэлхийд
нэртэй том том компаниа оруулахад бэлэн байгаа сурагтай. Бас Энэтхэгийг дэлхийд
таниулсан гангийн үйлд­вэр­лэлээ­рээ хамтрах саналыг тавиад ч удаж байгаа. Гангийн
үйлдвэрлэл гэж барагтай аавын хүү бариад хийчихдэг бизнес биш гэдэг. Гэхдээ гангийн
үйлдвэрлэл бол улс оронд тусгаар тогтнолын батал­гаа, нэр хүнд болж байдаг. Гангийн
үйлдвэртэй орон болж гэмээнэ сав л хийвэл дээрэлхэх гээд байдаг хөршүүдтэй улсад
зүрхэн тарни нь гэсэн үг. Энэтхэгүүд гангийн үйлд­вэ­рийн тухайд нэлээд нааштай
саналуудыг тавьж байсан гэж учир мэдэх хүмүүс хэлдэг. Гэвч Монголд нефть, цемент
гээд үндэс­ний аюулгүй байдлын баталгаа болсон үйлдвэрүүд баригддаггүй шиг ган­гийн
үйлдвэрийн санал Д.Зоригт сайдын ширээн дээрээс буцсан байх. Энэтхэгүүд Таван толгой
дээр америкчуудтай адил, япон­чуудтай адил горьдлого тээж бай­сан нь нууц биш. Гэхдээ
одоо бодвол байдлыг ойлгосон биз. Тийм хэдий ч Монгол шиг орны хувьд дэлхийд нэр
нөлөөтэй гурав­дагч хөршүүдтэйгээ ойр байж, хамтран ажиллах эх сууриа тавьж байх
нь шатахуу­наараа боодог, хилээ хаадаг чанга хөршүүдтэй Монголын хувьд байн­га бодож
байх асуудал. Хаданд хавчуулагд­сан халиуны зулзага шиг тэр олон эрх ашгуудыг тэнцүү­лэн
байж бодлого шигтгэж, Таван толгойн асуудлаа шийдэх гэж бай­гаа бид­ний монголчуудын
хувьд Энэтхэг бол сонирхол татах кан­дидатын нэг мөн.

Энэтхэгүүд бол манайхаас төмөр, ган,
уран, нүүрс дээр хамт­ран ажиллахын тулд Хятадаар дамжуулаад 1500 км газар төмөр
зам татах боломж бий тухай дур­даж байсан гэдэг. Эс бол Номхон далайгаар тойруулаад
зөөвөрлөх боломж бийг ч хэлдэг хүмүүс. Гэхдээ Хятад бол ганцхан улстай хилийн маргаантай
байдаг нь Энэтхэг.  Тиймээс манай хоёрыг тэгж
эрхлүүлэх нь юу л бол. Энэтхэг, Хятадуудын хувьд Түвдийн өндөр­лөгийн асуудал удаж
байгаа үл ойлголцлын сэдэв. Нөгөө талаас Хятадтай хамгийн урт зайнд буюу 4677 км
хил залгадаг Монгол орон энэтхэгүүдийн анхаарлыг татаж байх талтай.

Энэтхэг манайх хоёр сүүлийн үед шууд
нислэгийн талаар ярилцах болсон нь энэ айлчлалын үеэр яригдаж таарах болов уу. Мэдээж,
шууд нислэг хоёр улсын харилцаанд шууд үр нөлөөгөө өгдөг. Дорнын шашин соёлын ойр
байдалдаа дулдуйдан шууд нислэгийг бий болгоход эргэл мөргөлөөр тийш зорчигчид дуртай
байх биз. Нөгөө талаас Ойрхи Дорнод, Африкийн орныг зори­хоор явахдаа наана нь дэвэн
дэлхийг тэнэдэг бидний зовлон шууд алга болох сайн талтай. Тэгэхээр энэтхэгүүдэд
гэхээсээ манайд ашигтай шууд нислэгийг удахгүй болох айлчла­лаар хөндөх нь чухал.
Мөн Доголон Төмөр хааны ач хүү Бабур хааны байгуулсан Их Мого­лын улсаас гаралтай
энэтхэгүүд Чингэсийн удам монголчуудтай батлан хамгаалах салбарт сүү­лийн үед нэлээд
ойртон ажиллаж байгаа. Тэр сэдэв ч яригдаж таарах биз ээ. Энэтхэг улс сүүлийн жилүү­дэд
АНУ хийгээд Европын холбоо­той эдийн засаг, цэрэг стратегийн салбарт тун ойртон
түншилж бай­гаа. Цөмийн зэвсгийг энхийн зорил­гоор ашиглах гэрээ нь анхаарал татдаг.
Цөмийн зэвсгийн тухайд зургаа дахь де факто улс гэдгээрээ ялгар­даг. Энэтхэгт
1.3 сая цэрэг армид алба хааж байгаа. Манай улаан­баатарчууд тэр чигээрээ гээд бод
л доо. Цэргийн албан хаагчдын тоогоороо тэдний өмнө гишгэх улс дэлхийд хоёрхон л
байгаа. 

Энэтхэг бол манайхны хувьд яах аргагүй
анхаарал хийгээд эрх ашиг татсан гурав дахь хөрш маань билээ. Улс төрд 27 настай­гаасаа
эхлэн 40 жил зүтгэсэн Энэтхэгийн анхны эмэгтэй Ерөн­хий­лөгчөөр тодорсон Пратибха
Девисингх Патил гуай ч нэгийг тунгааж ирж буй биз ээ.

Categories
редакцийн-нийтлэл

Намууд ба улс төр

Баяр наадам дөхө­хөөр улс төрийн өрнөл хэмнэл аандаа сулраад,
хэсэгтээ намжаад ирдэг сэн. Өнөө жил ч ингэх янзгүй л ар, араасаа үр­гэлжлээд
байх юм. Бүр нэг намынхан зэрэгцэж ху­рал зарлаад л, нөгөө на­мынхан араас нь
хурал хийл­гээд л хачин. Ер нь ингэхэд улс төрд чухам юу гээч нь өрнөөд байна
вэ. Намууд дотроо хэрхэн хэрүүл маргаантай, үйл явдал тэнд яажшуухан өрнөж
байгааг тандац­гаая.

МАХН

Дээд
шүүхээс
албан ёсны нэрээ аваагүй
байх­даа олон нийтийн дунд хэдийнэ МАХН нэрээрээ яригдаж, бичигдээд эхэл­сэн
отгон намынхан жин­хэнэ л эрч хүчтэй­гээр
улс төрөө эхлүүлж баймаар үе сэн. Эрх мэдэл, албан
тушаалаар хахсан МАН-ынхныг амаар нь шороо үмхүүлж чадсан явдал МАХН гэсэн
брэнд нэрийг Н.Энх­баяр ба түүний
нөх­дөд өгсөн явдал байс­ныг бүгд мэдэж байгаа. Энэ нэрээ
авч чадсан тэдний хувьд жинхэнэ улс төр
хийж байх ёстой бай­тал өчигдөр гэхэд нэг өдөр, нэг цагт хоёр өөр газар хэвлэлийн бага
хурал зарласан нь олон хүнийг
гайхшруулав. Тэ­гээд тус намын дөрвөн нарийн бичгийн даргын
хоёр нь зэрэгцэн сууж байгаад албан тушаалаа өгч бай­гаа­гаа мэдэгдлээ.
Харин нөгөө талд нь ерөн­хий нарийн бичгийн дарга
нь “Нам ер нь хү­нээр
дут­даггүй.
Олон түм­ний
мэдэх 20 мянган гишүүн­тэй
энэ нам хүнээр
дутахгүй”
гэсэн мэдэгд­лийг хийж байх юм. Өвгөн намын нэртэй отгон нам
дотор юу болоод байгаа нь энэ вэ. Дөрвөн нарийн бичгийн даргын нэг
нь хэвлэлээр албан тушаа­лаасаа татгалзаж бай­гаагаа мэдэгдэж, хоёр нь
хэвлэлийн бага хурал хийлгэн үүнийгээ
зарлалаа. Бас үүнээс
өмнө УИХ-ын гишүү­дээс ганц дэмжлэг нь болж,
багагүй
галыг өөр
дээрээ дуудаж ир­сэн Ц.Шинэ­баяр дэд даргынхаа ал­бан тушаалыг өгч буйгаа мэдэгд­сэн.
Хэдийгээр “Би үүргээ
гүйцэтгэ­сэн.
Одоо дэд даргын ажил хийж хүчээ
цалгардуулахгүй,
парламент дотроо МАХН-аа бэхжүүлэхээр
ажиллана” гэсэн нь төдийлөн үнэмшилтэй сонсдож чадаагүй билээ. Дэд дарга гэсэн гуншин байх нь тэгтэл ажил удаад байх юу
билээ, учир начир байгаа гэдэг нь тодорхой байсан.

Үнэндээ ийм явдал болжээ. МАХН нэрээ Дээд шүүхээр батал­гаажуулж
авангуутаа бөөн баяр болсон хүмүүс хуралддаг юм бай­гаа биз дээ. Намын дарга,
экс Ерөнхийлөгч Н.Энхбаяр энэ хурал дээр 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуулийн
талаар л яриад бай­санд олон хүн дургүйцэж эхэлсэн байна. Бас МАН-тай тохироо
хийвэл нэгдэх тухай ч ярьсан юм байх. Өөрөөр хэлбэл, 2013 оны Ерөнхийлөгчийн
сонгуульд нэр дэвших талаар тохиролцож чадвал МАН-тай нэгдэнэ гэсэн бололтой
юм. Үүнд нь Ц.Шинэбаяр гишүүн ихэд уурссан байна. “Би хамаг эрсдлийг үүрч,
төдийгөөс өдий болтол явж ирлээ. Тэгээд байхад 2013 оны Ерөнхийлөгчийн сонгуу­лийг
л яриад байна. Тэгвэл би дэд даргын ажлаа өгье” гэж. Ерөнхий­дөө намынхных нь
ярьж байгаа­гаар эр хүн шиг загнасан гэнэ лээ. Уг нь энэ намд 2012 оны
сонгуульд МАХН нэрээр дэвшиж, аз таарвал гишүүн болчих бодолтой хүмүүс цөөнгүй.
Их багагүй л өөрийн­хөөрөө улс төр хийж, карьер хийх гэж оролдож байгаа улс.
Тэднээс 2012 оны сонгуулийн талаар хөн­дөөд эхэлтэл намын ерөнхий нарийн
бичгийн дарга Н.Удвал “Ер нь сонгуулиар олон хүн нэр дэв­шүүлж байснаас
намынхаа дарга, дэд дарга, ерөнхий нарийн бич­гийн даргаа дэмжиж, сонгуульд
ялуулах тал дээр ажиллавал яасан юм” гэж хэлсэн гэнэ. Энэ мэтээс МАХН нэрээ
авсан баярын хурал их хагарлын үүд болсон ажээ. МУИС-ийн багш, тус намын нарийн
бичгийн дарга Ю.Атар гэхэд МАН-ынхантай уулзаж нам­даа эргэж ирэх бодолтой
байгаа­гаа ярьсан гэх. Ямартай ч Ю.Атар, мөн Н.Энх­баярын хэвлэлийн асууд­лыг
сүү­лийн жилүүдэд хариуцан ирж, улмаар шинэ нам байгуулагдахад нэг нарийн бич­гийн
дарга нь бол­сон Ч.Өрнөхбаяр нар өчигдөр албан тушаалаа өгч буйгаа мэдэгд­лээ.
Энэ бүх үйл явц отгон нам хөеөгөө бусниулсан оготно шиг бужигнаж байгааг илтгэж
байна. Нөгөө талаас УИХ-ын гишүүдээс намдаа орж ирнэ гэж тооцоолж байсан ч
эхнээсээ үгүй гэдгээ хэвлэлээр мэдэгдэж эхэлсэн нь тэдэнд том цохилт болжээ.

АН

АН-ынхан Сонгуулийн тухай хууль дээр 38:38 гэсэн хувилбараа
дэвшүүлчихээд байдлыг хараад суусан хэвээр л байна. Уг нь уржиг­дар хуралдсан
хоёр намын ажлын хэсэг бас хоёр намын дарга нар зөвшилцсөний үндсэн дээр тохир­сон
тохироогоор Сонгуулийн тухай хуулийг намрын чуулганы эхэнд батална, харин тэр
болтол чуулган, байнгын хороо гээд зав­сарлага авсан үйл ажиллагаанууд­даа
хэвээр оролцоно гэсэн байгаа. Гэвч тус намын бүлгийнхэн ажлын хэсгийн
тохироогоо дэмжээгүй бололтой, өчигдөр болсон хоёр ч байнгын хороонд
оролцсонгүй. Харин нөгөө нам нь ирцээ хан­галттай гэгч нь бүрдүүлээд хуралд­чихаж
байгаа харагдах юм. АН-ынхан Сонгуулийн тухай хууль дээр МАН-даа нөлөөлөхийн
тулд намын дарга, Ерөнхий сайд С.Бат­болдыг огцруулах үгүй бол Засгийн газрыг
огцруулах талаар ярилца­хаар тохирсон юм билээ. Сүүлийн үед яригдаад байгаа 17
гишүүний гарын үсэгтэй бичиг ч үүнээс эхлэлтэй. Гэхдээ сүүлийн үеийн байдлаар
энэ асуудал таг зогсчи­хоод байгаа гэх. Уг нь бүлгийн хурал дээр Ардчилсан
хүчний холбооныхноос эхлээд Э.Бат-Үүл гишүүн нарын цөөнгүй хүмүүс уг санаачилга
дээр нэгджээ. Мэдээж, Хамтарсан Засгийн газарт гол төлөөлөлтэй “Алтан
гадас”-ынхан санал нэгдээгүй нь тодорхой. Гэхдээ бүлгийн хурлын дараа Э.Бат-Үүл
гишүүн хэвлэлийн бага хурал хийлгэж, Ерөнхий сайд С.Батболдыг огцруулах болно
гэдгээ мэдэгдсэн нь бүлгээрээ санал гаргах хэцүү, байх хэцүү байдалд оруулсан
юм даг уу даа. Үүл баатар энэ бол хувь гишүүний байр суурь гэж зарласан. Одоо
нөгөө хэд нь дэмжээд явах гэхээр “Ер нь яахаараа Э.Бат-Үүл гишүүн ингэж байдаг
юм. Өмнө нь С.Бая­рын Хамтарсан Засгийн газар зөв зүйтэй гээд л байсан. Одоо
боло­хоор ийм юм яриад ганцаарчилсан тоглолт хийгээд. Ер нь түүнийг дэмжиж
байгаа мэт яаран хөд­лөхгүй” гэж бусад нь гэдийсээр асуудал гацжээ. Үнэндээ
гарын үсэг зурсан хүмүүсийн тоо нь цөөн, яаж ч хөдөлгөх гээд тоондоо хүрэх­гүй
байх гэж ажиглагчид үзэж бай­гаа юм. Харин Хамтарсан Засгийн газарт орсноор улс
орны эрх ашигт тустай гэж тайлбар хийдэг Н.Алтанхуяг дарга бол намынхан­даа ийн
хэлж байгаа гэнэ. “Хамтар­сан Засгийн газраас бид гарах нь гарна аа. Гэхдээ
одоо биш гэж”. Түүний үзэж буйгаар АН-ынхан Засгаас яаран гарснаас алдаж байсан
түүх нь 2007 оных. Аль болох Хамтарсан Засгийн газар­таа удаан байж чадвал
МАН-ынхныг мөнгө босгох ажилд нь саад болж, хяналт тавьж чадна гэж үзэж байгаа
юм байна. Бас С.Бат­болдтой сонгуульд орох нь өөрс­дөд нь ашигтай гэж харж байгаагаа
намынхандаа хэлсэн сурагтай. Гэхдээ нам дотор нь үүнийг зөв гэж харах хүмүүс
байгаагаас гадна өөрөө аль болох удаан эрх мэ­дэлтэй байх гэснийх хэмээн хар­даж
байгаа хүмүүс ч бий аж. Сон­гууль эхлэхэд яг нэг жилийн хуга­цаа үлдээд буй энэ
үед АН-ынхан “Бодь”, “Женко”, “АПУ” гэсэн тусгай ажиллагааны баг байгуулж төсөв
бүрдүүлэх төлөвлөгөөтэй байгаа юм байна. Ерөнхийдөө эдийн засгийн хувьд ирэх
сонгуульд гол түшиц нь болох газрууд яах арга­гүй эд. Удахгүй хэрэгжиж эхлэх
хоёр, гурван том төсөл байгаа учраас Хамтарсан Засгийн газраас яаран гарах нь
зохимжгүй гэж АН-даа нөлөө бүхий бас Засагт багт­сан нэгэн сайд нь хэлсэн
учраас АН-ын хувьд хэзээ мөдгүй Хамтар­сан Засгийн газраас гарч бас Зас­гийг
огцруулна гэх яриа үнэм­шилгүй.

МАН

Харин АН-ынхны 17 гишүүний гарын үсгийн сураг МАН-ынханд
сэтгэлийн гүнд нь нуугдаж байсан шувуухайг сэрээчихжээ. Ер нь энэ асуудал
босоод ирвэл дэмжээд өгөх сонирхол МАН-ынханд АН-ынхнаас их байгаа аж. Гэхдээ
энэ талаар хэсэг бусгаараа, хэд хэдээ­рээ ярьж байгаа юм байна. Үүнийг нь
дагаад олон сонирхол, олон хувилбар байгаа. Тэр бүгдийг нь дурдах гээд үзье.

Ерөнхийдөө бол МАН-ынхан АН-ынханд тун эгдүүцэж байгаа.
Сонгуулийн үр дүнгээр олонхи болж чадаагүй ч С.Баяр даргын хачин шийдвэрээр
Засагт багтаад ороод ирсэн. Тэгсэн атлаа одоо УИХ-ын үйл ажиллагаанаас завсар­лага
аваад, яршиг л байна. Хэрэв Засгаас гарчихвал сайн л биз гэхсэд олон байна.
Боломж олгоод байхад давраад байвал гудамжиндаа гарна биз, Бага хур­лаараа
томилгоогоо шийдэхэд боловсон хүчин ихтэй нам гэж дийлэнх нь ярьж байгаа ажээ.
Нээрээ, боломж олдвол сайд бол­чих шанс байж ч магад гэж хүлээг­сэд олон.
Ялангуяа залуус энэ боломжийг алдахыг хүсэхгүй байгаа. МАН-ынхан хамтрагчдаа
нэг гараараа тэвэрчихээд нөгөө гараараа цохилт хийгээд байна гэж өөр хоорондоо
гомдоллож байгаа юм. Тэднээс салах нь Хам­тарсан Засгийн газар нурна гэсэн үг ч
тэд үүнийг тоохгүй байна. Энэ нь нэг талаас намынхаа даргад итгэл алдарсантай
холбоотой. МАН-ынхны хувьд С.Батболд тэг­тэл харамсал төрүүлэхгүй байгаа аж.
Тиймээс ч намын дарга хэн байж болох талаар яриад эхэлжээ. Хэд хэдэн хувилбарыг
ярьж байгаа юм байна. Жараад оныхонд ирсэн намын даргын суудал буцаад тавиад
оныхон руу шидэгдэж магадгүй байна. С.Баяр эдгэчихлээ гээд буцаад эрх мэдлийг
авч болох нэг хувилбар байж болно. Бас УИХ дахь бүлгийн даргын суудлыг алга
урвуулахын адил зангаргаараа авч чадсан Ө.Энхтүвшинд ч энэ суудал ойрхон. Урьд
нь нөгөө намын Ц.Элбэгдоржтой эн тэнцүү байх улстөрч хэрэгтэй байна гээд
өөрийгөө Удирдах зөвлөл дээр нэр дэвшүүлж байсан Ц.Нямдор­жид ч ийм бодол байхыг
үгүйсгэх­гүй. Бас нэг яригдаж байгаа хувил­бар бол намын даргыг Н.Багабан­дид
өгөх гарц. Ерөнхийлөгч байсан хүн улс төр рүү эргэж хөрвөхгүй байх гэсэн зарчим
нэгэнт алдагдсан учир Н.Багабандид ийм боломж гарахыг үгүйсгэхгүй. МАН-ынхан
Н.Энхбаярын эсрэг С.Батболд гэж байснаас Н.Багабанди гэж байвал зүгээр ч гэлцэж
байгаа юм байна. Нөгөө талаас У.Хүрэлсүхийг намд нь эрэгдэж байгаа хүмүүс олон
байгаа гэнэ. Нэгэнт хариуцлагыг хүлээнэ гэчихсэн хүн эрх мэдлээ аваад
хариуцлагаа хүлээгээч, цэргийн хүний ёс жудаг бодоод байх юм бол өөрөө хэн ч
биш болно, нам ч хэн ч биш болно. Өмнө нь С.Баяр М.Энхболдоос намаа авсан,
эцсийн дүнд нам сонгуульд ялсан учраас тэд одоо найзууд байна” гэж ирээд л
тархийг нь угааж байгаа ажээ.

МАН-ын хувьд намынх нь рей­тинг ингэж тартагтаа тулж байсан
түүхэн судалгаа байхгүй учраас хаа хаанаа хэрхэхээ мэдэхгүй л болчихоод байна.
Гэхдээ хэн нь намын дарга болж, хэрхэн авч явахыг хэн мэдлээ.

С.Батболд сайдын хувьд улс төр ажиглагчдын үзэж буйгаар ирэх
есдүгээр сар хүртэл рефор­мын шинжтэй өөрчлөлт хийж чад­вал боломж бас бий. Уг
нь улс төрд үйл явдлаа мэдрээд томоохон ажиллагааг эхлүүлж чадвал сэв хийтэл
өсчих боломж байдаг. Гэх­дээ зуны налгар цаг гэлтгүй ажил­лаж чадвал шүү дээ.
Хэрэв өнгөр­сөн жилийнх шиг амраад явчихвал тэгээд дуусаа. Ямартай ч нөгөө талд
нь МАХН нэрийг нь өгчихсөн, МАН-ын цуврал судалгаануудаар рейтинг муу байгаа
зэрэг нь ах намын гишүүдэд хэзээ ч байгаагүй зэвэргэн өдрүүдийг мэдрүүлж байгаа
нь үнэн.

ИЗНН

Уг нь ч энэ нам Дээд шүүхээр нэрээ ч баталгаажуулж аваагүй л дээ.
Гэхдээ улс төрийн өнөөгийн нөхцөл байдалд энэ нам хэдийнэ хүлээн зөвшөөрөгдсөн.
Бас дээ­рээс нь сөрөг хүчин байхгүй одоо­гийн парламентад сөрөг талын байр
сууринаас хэлэх үгээ ганц чөлөөтэй хэлж байгаа нам. Тийм ч учраас тус намын
дарга Д.Энхбат зоригтой нь аргагүй “Ажлаа хийж чадахгүй байгаа УИХ тар” хэмээн
мэдэгдэж байгаа билээ. Үнэхээр ч улс төр хийх газар мөн л дөө. Угаасаа ч үнэн
юм хойно. Тийм ч учраас цөөхөн ч гэлтгүй, нэрээ албан ёсоор баталгаажуулж чадаа­гүй
ч гэлтгүй тэр ч байтугай дарга нь АТГ 72 сая төгрөгийн хэргээр шалгагдаж байгаа
ч гэлтгүйгээр нь тэдний үг хүчтэй сонсдож байгаа л юм. ИЗНН-ын дарга нь
“Монголын улс төрд хамгийн хариуцлагатай байх ёстой МАН эгзэгтэй үед хүүхэд шиг
аашлах нь зүйд нийцэхгүй. АН ч гэсэн сонгуулийн шинэчлэлийг хийнэ гэж МАН-тай
хамтраа биз дээ. Гэтэл 38:38 гээд яриад сууж байх нь хариуцлагагүй байна. Намын
бүлгүүд Сонгуулийн хуу­лийн асуудлыг шийдэж чадахгүй юм бол УИХ хуралдаад бүрэн
эрхийнхээ хүрээнд асуудлыг ший­дэх хэрэгтэй. Д.Дэмбэрэл дарга ч үүнийг анхааруулж
эхэлж байна. УИХ-ын мандатыг ард түмэн бидэнд өгдөг болохоос нам өгөөгүй шүү
дээ” гэж ярилцлагадаа дурд­сан байна лээ. Үнэхээр ч ард түмний өгсөн саналаар
асуудлыг  өмнөөс нь төлөөлөн шийднэ гэж
УИХ-ын гишүүн болчихоод ажлаа хийж чадахгүй гээд өөдөөс асуугаад байгаа нөхдийг
дахин нэр дэвшихийг нь хүлээн авахгүй байх хэрэгтэй. Ерөнхийлөгч ч үүнийг
анхааруулж хэлсэн нь учиртай биз. Сүүлийн үед УИХ-ын удирдлагын зүгээс маргаад
байгаа Сонгуулийн тухай хуулийг УИХ бүрэн эрхийнхээ хүрээнд шийдэх ёстой гэсэн байр
суурийг гаргаж байгаа. Үнэхээр ч асуудлыг Удирдах зөвлөл биш харин УИХ өөрөө
бүрэн эрхийнхээ хүрээнд шийдэж явах ёстой. ИЗНН хүн бүл цөөтэй ч энэ байр
суурин дээрээ хатуу байгаа юм билээ. Зарчмаа барих ёстой гэж үздэг тулхтай
гишүүд дэмнээд өгвөл олон жилийн турш яригдсан ч жижиг эрх ашгаас
гацчихаад  байгаа Сонгуулийн тухай хууль
батлагдахад ойрхон л байна даа. Гэхдээ Сонгуулийн тухай хууль батлагдвал Засаг
салчихна гэсэн хэдэн сайдуудын айдас амин чухал хуулийг батлахад ихээхэн тээг
болж байгаа гэх юм билээ.

Наадмын сунайсан урт амралт эхлэхээс өмнөх Монголын улс төрийн тойм нэг иймэрхүү.

Categories
редакцийн-нийтлэл

Морь унаад ч болов Монголоо авч үлдье

Сахалин,
Сибирь, Чеченьд  нефть, байгалийн хий нийлүүлдэг
Оросын төрийн өмч давамгайлсан нэгэн компани бий.  Удирдлага нь Монгол төрийн сайдад хаяглан захидал
бичиж дарамталсан хэрэг дахин гарлаа. 2008 онд Үйлдвэр худалдааны сайд Х.Наранхүүг
ОХУ-д очиж, “Роснефть”-ийнхэнтэй уулзаж ирснээс хойш тун удалгүй ийм захидал ирж
байсан билээ. Энэ сарын 2-нд Эрдэс баялаг, эрчим хүчний сайд Даш.Зоригт очиж тус
компанийнхантай мөн уулзсан. Дагавар захиа араас нь “номоороо” ирлээ. Утга нь жижиг­лэн
компанийн 100 шатахуун түгээх станцыг Монголд байгуулах тухай өмнөхийн адил. Эдуард
Юрьевич Худайнатов монголчуудад томров. Зангаргаа харуулав. Нефть олз­ворлодог нэг
компанийн дарга монголчуудыг дарамтлав. Гэхдээ энэ нь орос захирлын томд бус монгол
төрийн арчаагүйнх. Ийм арчаагүй байдалд орсон нь өөрс­дийн тусгаар тогтнолын чадамж
муугийнх, аливаа нэг зүйлээс ха­раат бус оршиж чадаагүйнх.

Монголчуудад
сүүлийн зуугаад жилийн хугацаанд суусан айдсын нэг нь оросуудаас эмээх зуршил. Далан
жилийн турш шууд хараанд нь байж ирсэн оросуудаасаа анги­жирч чадсан гэх сүүлийн
хорин жилийн хугацаанд ч жижигрэхгүй байж чадахгүй л байна. Энэ нь далан жил оросуудын
нөлөөнд төр барьж ирсэн ах нам ардчиллын 20 жилийн 16 жилд нь эрх барьж байгаатай
мэдээж холбоотой.

Уламжлагдаж
ирсэн айдсынхаа нөлөөнд эдийн засгийн тусгаар тогтнолын талаар бодож ч чадах­гүй
байна. Анх “Роснефть”-ээс захиа авсан даруйдаа л төр зас­гийн томчууд өөрсдөө нефтиэ
нэрдэг болохгүй бол болшгүй нь гээд халаглаад эхэлсэн ч гурван жилийн хугацаанд
ямар ч өөрч­лөлт гарсангүй. Чухам л сүх далай­тал үхэр монголчууд амар амгалан амьдарч
ирлээ. Эхний захидлыг авсан даруйд л нүүрснээс шингэн түлш гаргах улс төрийн шийдвэрийг
гаргалаа хэмээн сүр дуулиан болж байсан. Хаа байна, одоо тэр нүүрс­нээс гаргаж авсан
шингэн түлш. Монголыг одоо дэлхий нүүрсээр нь л мэдэж байна. Тэгвэл тэр нүүрсээ
түүхийгээр нь вагон вагоноор ачиж, харин өөрсдөө захын нэг оросын аманд улс үндэстнээрээ
багтаж байна. Угтаа газрын тосны үнэ баррель нь 40-60 ам.доллар хүрэх үед нүүрснээс
шатахуун гаргаж авах ашигтай болж ирдэг гэх юм билээ. Гэтэл зуу дөхчихөөд байгаа
өнөө үед ямар ч алхам хийгээгүй сууж л байна. 
Нүүрснээс шатахуун гаргаж авах технологи нь энэ байна, зүтгээд үзэх сэтгэл
нь байна, хамтрах саналууд нь энэ байна гээд хавтас хавтсаар нь бичиг баримтаа цүнхлээд
явдаг компаниуд байдаг. Зөвхөн нүүрс­нээс ч бус аль нэг газраас шууд хараат байхгүйн
тулд гадаадаас түүхий нефть оруулж ирээд бо­ловс­руулъя гэсэн компаниуд зөн­дөө.
Гэвч үйлдвэрээ байгуулах тусгай зөвшөөрөл гэж нүдэнд харагдаж, гарт баригдахгүй
тэр эрхийн бичиггүйгээс болж ямар ч ажил урагшилсангүй. Яг л гурван жилийн өмнө
ямар шахалтад орж, ямар доромжлол амсч байсан тэр давтагдлаа. Анхиатайхан бөх нэг
унасан мэхэндээ унадаггүй гэдэг­сэн. Гэвч энэ бүхэнд ганцхан тайл­бар бий.

Эрх
мэдэлтнүүдийн ашиг со­нир­хол нь олон түмний ашиг со­нирхлоос давчихаад байгаа уч­раас
ажил урагшлахгүй байна. Шатахуун түлш импортолдог ком­паниуд байх. Нэг төрлийн болов­сон
ченж л дээ. Нэхийний ченжээс ялгагдах зүйл үгүй. Хойноос оруулж ирсэн дээрээ хэдэн
төгрөг нэмээд зарчихдаг. Хэрэв ний­лүүлэлт нь хомсдоод эхэлбэл үгсэн ярьж байгаад
үнээ нэмж, хэдэн төгрөг гулгуулаад авах боломжийг алдана гэж ёстой байхгүй дээ.
Тэр чен­жийн компанийн эзэд нь дандаа төр засагт өндөр албан тушаал хашдаг, эрх
барих намын Удирдах зөвлөлд багтдаг, бас аль нэг том хандивлагч нь байж ирсэн учраас
өдий болтол энэ асуудал шийдэгд­сэнгүй ирлээ. Уг нь төрд ийм алба хашдаг байх тусмаа
хамгийн тү­рүүнд шатахуун импортлогч компа­нийнхан зориглож өөрсдийн боловсруулах
үйлдвэрийн тухай ярих ёстой байсан юм. Гэвч паразит сэтгэлгээ нь ихэдсэн улсууд
тэгж хариуцлага хүлээхийг ял үүрэхийн чинээ үзэж байгаа бөгөөд гаднаас оруулж ирээд
ашгаа гаргаад авбал барав гэж үзсэнээс өнөө ийн бай­далд хүрээд байна.

Салбарын
сайд, мэргэжлийн байгууллагууд нь ч эдийн засгийн хараат байдлаас гарахыг хүсэлгүй
өнөөг хүрснийг ашиг сонирхлын дөнгөнд хүлэгдсэнийх гэхээс өөр юу гэх билээ. Аливаа
улс орны хувьд эдийн засгийн тусгаар тогт­нолын үзүүлэлтийн толь нь нэгдү­гээрт
түлш шатахуун, хоёрдугаарт цемент, гуравдугаарт хүнсний аюулгүй байдал гэсэн тэргүүн
эрэмбэтэй. Монголд бусдаас ха­раат бусаар өөрсдөө үйлдвэрлэсэн түлш байна уу. Хэдэн
машин нь зогсчих гээд л байгаа биз дээ. Хур бороо сайхан байна л гэнэ. Хаврын тариалалт
шатахуунаас болоод хангалттай тариалаагүй гэсэн яриа л сонстохгүй байгаасай. Цемент
нь чанарын баталгаа бий юу. Хэд гэсэн үзүүлэлттэй маркийн  цемен­тээр барилгаа бид барьдаг юм, бүү мэд. Хүнсний
аюулгүй байдлын хувьд яриад байх зүйлгүй. Зөвхөн итгэж найдах гэсэн тодорхойлол­тоор
хоолоо идэж байна. Урд хил хаалаа. Маргаашнаас бөөн хям­рал. Хэнд ч ойлгомжтой.

Аль
нэг улсаас эдийн засгийн шууд хараат байдлыг арилгах талаар тэр дундаа нефтийн бү­тээгдэхүүнээр
гээд нэр зааж бай­гаад Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалдаа бид тусгасан.
Үүнийг УИХ-аар батлаад нэг жил болж байна. Энэ үзэл баримтлалаа ажил болгохын тулд
юу хийсэн бэ, өнгөрсөн жилийн хугацаанд. Юу ч алга. Уг нь бид ганц дан хойд хөршийн
аманд багтдаг байхгүйн тулд өмнөд хөрштэйгээ эн тэнцүү харьцах ёстой. Гэвч Хятадын
бен­зин чанар муу, мотор цохино энэ тэр гээд хөөрхөн хар пиар бодоод олчихдог. Гэтэл
Хятадад дэлхийн бүх л нэртэй машинууд тэр чанар­гүй бензинээр нь явж байгаа харагдах
юм.

Албаны
хүмүүс Оросын буул­ганаас салсан 20 жилийн хуга­цаанд нефть боловсруулах үйлд­вэртэй
болоогүйгээ албан ёсоор нефтийн нөөцөө зарлаагүйгээс гэдэг. Тэгвэл өнгөрсөн оны
хоёрду­гаар сард Монгол Улс нефть ол­бор­логч орон гэдгээ зарлаж, дэл­хийд бүртгэгдсэн
зуу гаруй олбор­логч орноос гуч гаруйд нь байна гээд бахархаад байсан биз дээ. Өнгөрсөн
жил гаруйн хуга­цаанд нефть олборлогч Монгол орон юу хийсэн юм бэ. Нефть олборлодог­гүй
мөртлөө гаднаас түүхий нефть худалдаж аваад боловсруулдаг орнууд олон байна. Энэ
нь эдийн засгийн тусгаар тогтнолоо хам­гаалж байгаа хэрэг. Манайх шиг орос ах нар
хямд үнээр өгдөг гээд ивээсэнд нь нурж унаад байдаггүй. Монголд түүхий нефтиэ өгье
гэсэн орон Кувейтээс эхлээд Казахстан гээд байж л байна. Гэвч үүнийг сонирхохгүй,
өөрсдөө үйлд­вэр­лэхгүй байгаагийн шалтгаан ердөө ганц. Монголын төр нэрээр эрх
мэдлийг авсан ашиг сонирхлын зөрчилтэй хэдэн иргэний шунал. Гэхдээ үүнийгээ стратегийн
ач холбогдолтой бүтээгдэхүүн, тээвэр­лэхэд ноцтой гэж ирээд бас л тархи угаана.
Тэгж яривал Монголд бүрт­гэлтэй  300 мянган
автомашин бүгд аюултай бүтээгдэхүүн тээвэрлэгч болж таарна. Тэгвэл машиныхаа түлшний
сав руу шүдэнз асаагаад шиддэг тэнэг байна уу. Ингээд л бодохоор дарга даамлуудын
ярьж байгаа шалтаг, шалтгаан нь өчүү­хэн эрх ашиг дээр чагтлагдаж байгаа нь мэдэгдээд
байгаа юм. Дэлгүүрийн лангуун дээр давс, гоймонгоос өөр зүйл байхгүй боло­ход Ерөнхий
сайд Д.Бямбасүрэн гуай иргэддээ найдлаа гэж мэдэгд­сэн. Удахгүй ганзагачид лангуу
хотойтол бараа авчирч байсан билээ. Түүн шиг иргэддээ найдах цаг ирж.

Одоо монголчууд
эдийн зас­гийн тусгаар тогтнолоо олж авах цаг иржээ. Морио унаж, үхэр тэргээ хөллөж
аваад ч хамаагүй монгол­чууд зүтгэх юм бол богинохон хугацаанд нефтиэ боловсруулж,
түлшээ гаргаад авчихдаг болно. Манайх шиг цомхон хотод бүгд алхаад явахад ажил амжуулахгүй
гэж айхын ч хэрэггүй. Нэг км замыг дундаж хэмнэлээр алхахад 7-9 мин алхдаг гэдэг.
Сансраас Сүхбаата­рын талбай, Сүхбаатарын талбай­гаас гурав, дөрөвдүгээр хороолол
ороход үсрээд 30 минут. Наадмаа морио унаж байгаад үзсэн ч яадаг юм. Ямар ч л байсан
том ашиг сонирхлоороо монголчууд нэгдэж чадвал эдийн засгийн тусгаар тогтнолоо олж
чадна. Морь унаад ч болов Монголоо авч үлдье.

Categories
редакцийн-нийтлэл

Түүхий хүнсний улирал ирлээ, УРАГШАА

Зохимжит хоол, органик хоол хүнсний тухай сүүлийн үед ихээр ярих болсон. Дэлхий
нийтийн чиг хандлага ийм болж, манайд ч энэ тухай ойлголт багаг
үй газар авч байгаа билээ.
Тиймээс бид “Органик булан” ажиллуулж энэ тухай ойлголтыг уншигч та б
үхэндээ хүргэж байхаар боллоо. Зохимжит
хоол х
үнсээр
дагнасан х
үмүүст анхан шатны мэдээлэл мэт
санагдах ч энэ тухай ойлголтг
үй
яваа олон х
үмүүст анхлан хүргэх үүднээс эхнээс нь цувралаар хүргэж байгааг маань хүлээн авна уу.

Одоогоос хоёр, гурван жилийн өмнө
байх, Э.Бат-Үүл гишүүний Сэлэнгийн тариаланчдаа дэмжин “Скай” их дэлгүүрийн
үүдэнд нээдэг монгол ногооны зах дээр явж байгаад ихээр нь овоолчихсон
эрдэнэшиш харж билээ. Жилийн турш тордож ургуулсан хүнсний ногоогоо борлуулж
хэдэн цаас олдог ногоочноос тэрхүү эрдэнэ­шишийг хэрхэн боловсруулж идэж болох
талаар тодруулахад “Мэдэхгүй ээ. Энэ гонзгой шар юмыг манай тэндхийнхэн тариад
байхаар нь дуурайгаад булчихсан чинь зөндөө их ургасан. Уг нь хөөрхий, ургаж
яддаггүй юм билээ л дээ. Гэхдээ юунд хэрэглэдэг, яаж болгохыг нь мэдэхгүй юм.
Овоол­чихоод л сууж байна” гэж байсан билээ. Ер нь монголчууд бидний хүнсэнд
хэрэглэдэг ногоо­ны хүрээ тун бачимхан. Төмс лууван, манжин байцаа, сонгино
сармис, нарийн ногоо гэх юм бол өргөст хэмх, улаан лооль гээд л таг болчихдог
байлаа. Улирлын чанартай халиар, жууцайг бас хоолондоо хэрэглэдэг байсныг нэмж
таарна. Харин сүүлийн үед монголчуудын хүнсний ногооны тоо төрөл овоо нэмэгдэх
боллоо. Ногоонд ч нарийн ногоо тарихдаа туршлагажив. Хятад, солонгос хоолны газар
иддэг ногоонуудаа гэрийнхээ гал тогоонд оруулж ирж байгаа нь сайн хэрэг.
Монголчууд шиг мах, гурилыг боогоод л шарж нэг, жигнэж нэг бас чанаж нэг хоолны
орцоо нэмэг­дүүлдэг үндэстний хувьд ногоо амин чухал шаардлагатай билээ. Энэ нь
эрүүл зөв аж төрж, урт удаан наслахад цэцэгт ус хэрэгтэйн адил тустай.
Эрдэнэшишийг юунд хэрэглэхээ  мэдэхгүй
тарьдаг байснаа бодвол манай хүнсчид нарийн ногоог төрөл төрлөөр нь тарьдаг
болжээ. Саладны навч, бууцай, юуцай, гоньд, яншуй гээд Монголын хөр­сөнд
ургасан нарийн ногоонуудын сезон ид ирлээ.

Зайлуул, улирлын чанартай учраас
зуны хэдэн сардаа л бид монгол нарийн ногоогоо иднэ. Тэгээд бусад гурван
улиралд нь Хятадаас оруулж ирснийг авч болно.

Зун цагт мах идэлгүй, сүү цагаа
идэж дотроо цайлгадаг байсан уламжлал ард хоцорч, зун, намар, өвөл, хаваргүй
мах иддэг болсноор өвчлөл ихэслээ гэж захын хүн л ярих болсон. Тэгвэл бид зуны
цагтаа улирлын чанар­тай ногоо нь ургаж байгаа энэ үед ногоо идэж, ходоод
гэдсээ цэвэр­лэн амрааж байвал ямар вэ.

Түүхий ногоо, түүхий хүнсэнд
дурлах явдал дэлхийд нэг том үзэгдэл болоод удлаа. Ямаа мэт түүхий ногоонд юунд
нь сүжрэх вэ гэж таны дургүй хүрч байна уу. Ямаа мэт ногоонд дурласнаар өвчин
эмгэгээ орхиж, эрч хүчтэй эрүүл саруул амьдрах олон болом­жууд байдаг нь
батлагдсан учраас эл байдал дэлхийд хөдөлгөөн болтлоо хөгжжээ.

Түүхий ногоонд амьд чанар нь
хадгалагдсаар байдаг учир хүний биед боловсрогдож, хүний биеэс ялгаран гарахдаа
гайхалтай түр­гэн. Түүнээс гадна аливаа ногоон ургамалд байх шим тэжээлийн ашиг
тус нь хэлүүлэлтгүй тодорхой. Хар үгээр хэлбэл түүхий хэвээрээ байгаа хүнс 100
градусын шалзмал тос, усанд чанаж болгосон буюу үхмэл хүнсний дэргэд амьд
учраас хүний биед хамаагүй тустай.

Ер нь хэт халааж, шарж боловс­руулсан
бүтээгдэхүүний халгаатайг шинжлэх ухаан нотлоод эхэлсэн хойно олныг нуршаад юу
хийхэв.

Түүхий хүнстнүүдийн бүлэг
давхарга нэгэнт бий болчихсон нь дээрх шинжлэх ухааны нээлтүү­дээс эхтэй.
Түүхий хүнстнүүд цель­сийн 40 градусаас дээш темпе­ратурт боловсруулсан хүнс
иддэг­гүй. Түүхий хүнстэн нь түүхий ногооны бас түүхий ногоо-түүхий махан
хүнстнүүд байдаг юм билээ.

Түүхий хүнсийг эмчилгээний асар
үр дүнтэй гэдгийг 1800-гаад оны сүүлчээр Швейцарийн эрдэм­тэн Максимлиан
Бирчер-Беннер олж тогтоосон гэдэг. Өглөөний цайны шидэт хоол түүхий овьёосны
эцэг тэрбээр шар өвчин туссаныгаа түүхий хоол идсээр эдгээж байсан ажээ. Улмаар
1897 оны арваннэгдүгээр сард Цюрих хотод “Гайхамшигт хүч” сувиллын газрыг
нээсэн бөгөөд түүхий хүнсээр төрөл бүрийн өвчнийг эдгээдэг эл сувиллын газар
одоо ч ажилласаар байдаг гэнэ лээ.

Түүхий хүнс хэрэглээд эхлэхээр
учиргүй нус цэр ялгарч, уушгинаас шингэн салст 
ихээр ялгарч эхэлдэг гэж зохист хоол­лолтын номуудад өгүүлсэн байх юм.
Энэ нь бидний махбод гадаад орчин хүнс тэжээлээсээ ихээр бохирдож, холбогч
эдүүд нь салсаар дүүрсэн байдагтай холбоотой гэнэ. Харин ургамлын гаралтай хүнс
бие орга­низмыг цэвэршүүлж эхэлснээр нөгөөх салс ялгарч байгаа нь тэр ажээ.
Түүхий хүнс хэрэглэхэд энэ цэвэрлэгээ эхэлдэг бөгөөд болсон хоол идээд эхэлбэл
зогсдог байна. Манайд гэхэд түүхий хоолтнуудын бүлэг хэдийнэ бий болсон гэх
бөгөөд саяхны манай сонинд ногоон хоолтон нэгэн өвгөний ярилцлага хэвлэгдсэн нь
хүмүү­сийн анхаарлыг ихэд татсан юмдаг. Бас миний мэдэх хэд хэдэн хүн хорь
гаруй хоногоор түүхий хүнс хэрэглэж, эрүүл мэнддээ мөнгөөр үнэлэхийн аргагүй
хөрөнгө оруулалт хийж байсан билээ.

Өнгөрсөн зуунаас дэлхий нийтэд
тархсан анагаах ухааны гайхамшигт ололт болсон түүхий хүнсний талаар зарим
хүмүүст хэзээний мэдэх зүйл байж болох талтай ч ямаа биш дээ гэдэг нийтлэг
олонхийн хувьд мэдээлэл болгож энэ бүхнийг нуршлаа. Түүнээс хүн бүрийг түүхий
хүнстэн бол гэж ятгаж байгаа хэрэг биш юм. Нэгэнт түүхий хүнс­ний ач холбогдол
асар их нь тодор­хой уч­раас ядаж ногоо цагаа болов­сордог зун цагтаа түүхий
хүнсийг түлхүү хэрэг­лээч гэсэндээ учирлаж бай­на. Бас хоолоо түүхийгээр эхэлж
болсноор төгсгөж байх нь зөв хооллож, эрүүл энх амьдрахын эхний түлхүүр юм шүү.

Монголд урга­сан нарийн ногоо­нууд
гарч, түүхийн хүнс­ний улирал ирлээ гэж уриалс­ны хувьд хоёр төр­лийн зуушны
жорыг танил­цуулъя. Магадгүй өглөө хөнгө­хөн хооллож, өдөр түүхий ногооны
саладаар хоолоо эхэлж, болгож боловсруулсан хоолоор төгсгөх их зорилгод тань
таалагдаж болох юм.

Шинэ ногооны зууш

Энэ зуушны дал орчим хувийг нь
саладны шинэхэн навчаар бүрдүүлээрэй. Дэлхийд хамгийн түгээмэл зуушинд
хэрэглэдэг навч гэгддэг. Нөгөө гахайн мах боож иддэг ногоон навч шүү дээ.
Солонгосчууд сонжу байцаа гэх. Түүнийгээ жижиг жижиг таслаад, хоёроос гурван
ширхэг улаан лоолийг тус бүрийг нь 8-10 жижиг хэсэг болгон зүснэ. Бас бөөрөнхий
сонгино хөшиглөж, ногоон сонги­ноор хачирлаж болно. Манайхан өргөст хэмх, улаан
лоолийн зууш их хийж иддэг. Энэ хоёр ногоо ашиг тустай ч хамтдаа тохиолдолд
нэгнийхээ ашигт чанарыг үгүйс­гэдэг гэх тул улаан лооль хийсэн тохиолдолд
өргөст хэмхээ үлдээ­гээрэй. Шинэ ногооны саладад амтат чинжүүг улаан, шараар нь
урт уртаар нь зүсч, хүрэн байцаа­наас хэсгийг савхан хэлбэртэй зүсч хийхэд
байгалийн тансаг өнгөний хосолмол болдог. Ингээд л дээрээс нь ургамлын тос
хийж, шар буур­цагны цуугаар амтлахад гайхал­тай ашигтай шинэхэн ногооны салад
бэлэн болно. Наймдугаар сард жимс гараад ирвэл нэрсээр амт­лаад үзээрэй. Үнэн
янзтай. Гэхдээ амтлагч соусын хувьд бол төрөл, төрлөөрөө байх учраас алийг
сонгох нь чухам таны таалал мэдэх хэрэг шүү дээ. Саладны байцааны талаар сонин
хачин болгоход эртний Египет, Грекийн үеэс л хүнсний гол хэрэглээ байсан гэж
бичжээ. Бас шинэ тивд Христофер Колумбийг аваачсан гэдэг юм байна. Хэд хэдэн
төрөл нь түгээмэл хэрэглэгддэг.

Бас л хятадууд дэлхийд хам­гийн
ихээр тариалдаг. НҮБ-ын Хүнс, Хөдөө аж ахуйн байгуул­лагын гаргасан судалгаагаар
2007 онд гэхэд өмнөд хөрш маань 23.55 тн-ыг тариалж, дэлхийн нийт хэрэг­цээний
51 хувийг хангаж байсан бол АНУ 22, Испани таван хувийг нь тариалдаг ажээ.

Бууцайны зууш

Ногоон навчит ургамлаас хам­гийн,
хамгийн гэх тодотголыг зүүсэн ургамал нь бууцай. Нөгөө хүүхэл­дэйн кинон дээр
далайчин эр Поапай хаа нэгтээгээс гаргаж ирж идэн­гүүтээ дийлдэшгүй их хүчтэй
болдог spinach шүү дээ.

Төмөр бас кальцийн маш өндөр
агууламжтай энэ навчит ургамал Зүүн өмнөд Азид ихээр ургадаг. Бас биеэс хорт
бодис зайлуулах антиоксидант чанар өндөр. Энэ нь түүхийгээр идэх бас уураар
болгож, богино хугацаанд буцалсан усанд дүрээд авахад ч байж байдаг гэдэг юм
билээ. Мөн бүх төрлийн витамин, фоль, зэс, фосфор, цайр түүнчлэн омега 3-аар
баялаг гэж тайлбар толи­нуудад өгүүлсэн байх юм. Ерөөсөө л ногоон алт юм аа.
Буцалсан усанд дүрээд авсан 180 грамм бууцайнд 6.43 мг төмөр байдаг гэж АНУ-ын
Хөдөө аж ахуйн депар­таментаас гаргасан статистикт дурдсан байдаг аж. Гэтэл 170
гр хамбургерт 4.42 мг байх жишээтэй. За ийм нэг ашигтай ногоон навчийг сайхан
угааж цэвэр­лэчихээд идэхэд хялбар хэм­жээтэй тасална. Бас алимыг арилгаж
цэвэрлээд, нимгэн хавтгай зүснэ. Ингээд л тос, шар буурцагны цуугаар амтлахад
тэр чигтээ витамины комплекс таны өмнө бэлэн болно доо. Үүн дээр хушга, цангис
жимс нэмж амталж болох юм. Гарын дор хамгийн ойр байх бүтээг­дэхүүнээр хийж
байгаа нь энэ шүү дээ. Бууцайны саладын орц, жор гэж үй түмээрээ. Солонгос
хоолны газарт хар ногоон ургам­лын хачир байдаг нь мөн л бууцай. Үүнийг хийхдээ
буцалж байгаа усанд бууцайгаа дүрээд 3-6 сек буцалгаад авдаг. Удаавал шимт
чанар, ногоон өнгө нь алдагдана. Тэгээд тос, гүнжидийн үр хийж, сармис
нунтаглаж цацаад цуугаар амтал­сан нь тэр шүү дээ.

Бууцайны үнэ одоо захууд дээр нэг
кг нь 2000-2500 орчим төгрөг байгаа. Нэг кг-т багсайгаад уут дүүрэн ирдэг нь
урамтай байдгийг зориуд хэлмээр санагдаж байна шүү. АНУ-д бууцайны хэрэглээ их
байдаг бөгөөд 2004-2006 онд оргил үнэдээ хүрсэн гэдэг юм би­лээ. АНУ бол
бууцайны үйлдвэр­лэлээрээ дэлхийд хоёрдугаарт ордог. Гэхдээ энэ нь нийт
бууцайны нийлүүлэлтийн гурван хувийг л хангадаг. Харин нэгдүгээрт 85 хувиар урд
хөрш маань ордог байна.

Э.ЭНЭРЭЛ

Categories
редакцийн-нийтлэл

Лидерийн хямрал

Дэлхийн эдийн засгийн нэгээ­хэн
хүндрэлийн үе л дээ. Эрх баригч Английн Хөдөлмөрийн намынхан улс орныг төдийгүй
дэлхийг түгшээж байгаа энэ асууд­лаас хэрхэн гарах талаар хэлэл­цүүлэг явуулж.
Тэр үед Ерөнхий сайд асан Тони Блэйр “Эдийн засгийн хямрал ч яахав. Үүнээс
хэцүүтэй нь лидерийн хямрал болоод байна” гэсэн гэдэг. Түүний­хээр лидергүйдэл
нүүрлэж, салбар салбараа зохицуулаад аваад явах толгой ховордож, эдийн засгийн
уналт гаарчээ. Зөв онош. Дэлхийн улстөрч тэрбээр дэлхийд лиде­рийн залгамжлал
тасалдсанд зовнисноо ийн илэрхийлжээ.

Хүн төрөлхтөнд уур амьсгалын
өөрчлөлт, уул уурхайн олборлолт, хүнсний хомсдлоос эхлээд нийтлэг эрх ашигт
ноцсон асуудлууд зөндөө. Харин энэ бүгдэд нь зүг чиг болж түүчээлэн дагуулах
лидер алга болжээ.

Дэлхий, түүний нэгж улс орны
хэмжээнд ч лидерээр гачигдсаныг нэрлэж байна. Германыг гэхэд хэдийнэ лидерийн
хямралтанд тооцжээ. Бод л доо. Ангела Меркель канцеллор болж, саяхан гэхэд
ердөө сарын өмнө вьетнам гаралтай залуу дэд канцеллороор сонгогдлоо. Манайхны
төлөг гэлцдэг вьетнам шүү дээ. Гэтэл германчууд үндэстнээ эрхэмлэн дээдэлдэг
үзлээр ямар улсууд билээ. Палестины газар нутагт оршин суудаг байсан хоёр,
гуравхан омгийн жүүдүүд дэлхий­гээр нэг тарж, хөрөнгө мөнгөтэй болж аваад
Германы эдийн засгийг гартаа атгах нь гэсэн эсэргүүцэл, эгдүүцэл сүүлдээ ямар
аймшигтай хядлагад хүргэснийг бид мэднэ. Германчууд бол ийм л үндэстэн байсан.
Яах аргагүй он цагийнхаа лидер бай­сан Адольф Гитлерийн еврей үндэстэнд хандсан
хандлага, харгис­лалыг зөвтгөхийн аргагүй. Оюун санааны лидер Жавхарлал Неру
“Аливаа омголон, онгироо үндэстэн үргэлж мөнхөд шаналж явах учиртай” гээд
үргэлж Йерус­лимийг мөрөөдсөн ийм нэгэн үндэс­тэн орон гэр ч үгүй дэлхийгээр
зовж явах юм даа хэмээн 1933 онд бичсэн номондоо дурдсан байдаг билээ. Олныг
нуршиж, төөрөөд яахав. Ямартай ч дэлхийн их гүрэн Герман лидерийн хомсдолд
орсон нь Ангела Меркель (жендэрийн тэгш байдлыг хангасан гэдгээрээ биш шүү)
гэдэг канцеллортой болж, орлогчоор нь вьетнам хүн сонгосноор батлагдаж байна.

АНУ ч гэсэн цэвэр лидерийн
удирдлага, лидерт итгэх итгэл үнэмшлээр урагшилж ирсэн орон. Ерөнхийлөгчийн
засаглал нь ч иймийг илүү хурцаар шаарддаг. Гэхдээ 2007 онд Барак Обамаг нэр
дэвших тухайгаа зарлахад Ерөн­хийлөгчөөр сонгогдоно гэж итгэсэн хүмүүс цөөхөн.
Богино хугацаанд хамгийн их мөнгө босгочихоод байхад нь ч шүү. Барак Обама
гайхалтай лидер байж болно. Гэхдээ индиануудыг мулгуу халта­рууд гэж бодож
ирсэн, харуудыг цагаан арьстантай нэг ангид хамт суралцаж нэг автобусанд суух ч
эрхгүй байлгаж ирсэн, домогт дууч Майкл Жексоныг хүртэл арьсны өнгөө солиход
хүргэсэн Америкт тэрхүү ханыг нэвтэлж зөвшөө­рөгдөнө гэдэг ямар ч лидерт хэцүү.
Үүнийг манлайллаас бус лидер­гүйд­лээс гэж тайлбарлавал илүү үнэмшилтэй.

Одоо ч гэсэн  Ойрхи Дорнодод Израилийн алагдсан Ерөнхий
сайд И.Рабин ч юм уу, эсвэл эрээн алчуурт Ясир Арафат шиг лиде­рүүд гарч
ирэхгүй л байна шүү дээ. Газар нутгийн маргаан нь дууссан уу гэвэл үгүй. Хэрүүл
тэмцэл нь үргэлжилсээр байгаа ч тэдэн шиг танигдсан хүмүүс харагдахгүй л байна.

Дэлхийд асуудал үүсгээд байгаа
лидерийн хямрал манайд хэрхэж байгаа вэ. Лидерүүд хаа сайгүй байна уу, лидер
огт алга уу.

Улс төрийн ажиглагчид Мон­голд
лидер алга гэх болов. Алга болчихсон уу, ерөөсөө төрөхгүй байна уу, байгаагаа
бид хүлээн зөвшөөрөхгүй байна уу. Хэсэг бүлэг хүмүүсийг нийтлэг эрх ашигт  хөтөлж, удирдан зохион байгуулж чадах хүнийг
лидер гэнэ гэсэн онолын өгүүлбэр байдаг. Эртний гүн ухаанч Плато лидерийн мөн
чанарыг тодорхойлохоор оролд­соныг одоо ч эрдэмтэд үргэлж­лүүлж  байгаа.

Зарим судлаач лидер төрдөг гэдэг
бол зарим нь цаг үе лидерийг төрүүлдэг ч гэдэг. Хятадын эдийн засгийн
өөрчлөлтийг хийсэн Дэн Сяопинь, хогондоо дарагдсан хөгийн хотыг хөгжлийн
өндөрлөгт хүргэсэн Сингапурын Ли Куан Юу, Английг социалист зам руу халти­ра­хаас
нь өмнө татан авч эдийн засгийн хувьд хүчирхэг болгосон Маргарет Тетчерийг ч
цаг үе л төрүүлсэн гэх. Тэдэн дээр Мартин Лютер Кинг, Махатма Ганди, Нельсон
Манделла, Хенри Киссин­жерийг ч нэмдэг. Бас лидерийг бэлтгэдэг гэх бөгөөд үүн
дээр хятадууд нарийн чанд дэг сургуу­лийг бий болгоод ч байгаа гэх юм.

Монголд хэн лидер вэ. Энэ талаар
хамтдаа сонжих гээд үзье. Лидер хүн судалгаагаар 40-өөс доошгүй хувийн санал
авч, нийг­мийн сэтгэл зүйг дагуулдаг гэдэг нь батлагдах ёстой гэдэг юм билээ.
Харин манайд дээд талынх нь 20-25 хувь. Тэртээ 2000-2004 онд үндэсний их
удирдагчаар тодорч байх үедээ Н.Энхбаярын чансаа 40 хувьд хүрч байсан гэсэн
яриа бий. Гэхдээ тухайн үеийн нөхцөл бай­дал, судалгааны байгууллагуудын
зулгуйдал хэт их байсан учраас үүнийг бодит гэхэд бас эргэлзээтэй.

Судалгаануудад нэр нь байнга
тогтмол орж ирдэг тэр эрхмүүдийн талаар хамтдаа тогтож үзье. Өөрөөр хэлбэл
лидер гэж тооцог­дож болох тэр хүмүүсийн тухайд саатаж сонжиж байгаа явдал юм.

  Н.Энхбаяр:

Хэдийгээр 40 хувийн бодит эсэхийг
нь хардаж байгаа ч манайдаа хамгийн өндөр хувийг авч, нийгмийг дагуулж байсан
баримтыг нь харгалзаж үзэх ёстой. Бас МАХН-ыг 2000 оны сонгуульд удирдан авч
орж, үнэмлэхүй ялалт байгуулсан нь түүнд манлайллын чадвар байсныг шууд
харуулдаг. Дээрээс нь 2004 оны сонгуулийг ч дурдахаас аргагүй. Түүнийг Намбарын
бус самбарын Энхбаяр боллоо гэдэг нь 
түүнээс өөр хэнтэй зураг авахуулах билээ гэсэн итгэл үнэмшилд
дагуулсан  бодит байдлаас үүдэлтэй. Бүх
намаараа дагаад ард олон түүнд итгэхээс өөр замгүй байсан үе бий. Энэ он жилүүд
маш удаан үргэлжилсэн гэдгийг санах.

  С.Баяр:

Тавиад оныхны төлөөл­лөөс бас л
хошуучлагчдын нэгд байсан гэхээс өөр аргагүй. Тиймээс ч сонгууль болоход ердөө
зургаахан сар үлдээд байхад эрх баригч намын эрх мэдлийг авч ялалтын төлөө
зүтгэсэн. Өөрийнх нь мөнхийн хөрзгөр царайнд зохиогүй гэмээр инээмсэглэсэн
зураг авахуулсаар нэр дэвшигчдээ дэмжсэн. Бас Засгийн эрхийг дангаар байгуулах
боломжтой атлаа долдугаар сарын 1-ний хэл амыг намжаахаар Стандарт бус Засгийн
газрыг байгуулна хэмээн зарлаж үүндээ намынхнаа, бас ард түмнийг ч дагуулж
чадсаныг анзаарч санах хэрэгтэй байх. Түүнчлэн Оюу толгойн гэрээг бай­гуулна гэж
зүтгэж, Таван толгойн хувьцаа эзэмшигчдийн хувийг нь төрд өгүүлж, дараагийн
холио солио хийсэн баримтуудыг ч хар­галзаж үзэх ёстой байх. Хамгийн гол нь тэр
Ерөнхий сайдын албаа өгч чадсан. Орост гэхэд л В.Путин энэ алхмыг хийж чадахгүй
л байгаа.

М.Энхболд:

Түүний багийг маш хүчтэй гэдгийг
улс төрийн хүрээнийхэн байнга ярьдаг. Хотын фракц нь эрх барьдаг МАН-д хамгийн
хүчтэй гэдгийг нь өрсөлдөгч фракцынхан ч хүлээн зөвшөөрдөг. Аж ахуйн ажлыг сайн
хийдэг, хүмүүсийг ажиллуулж, бас хэзээ зандарч хэзээ хайрлах вэ гэдгээ сайн
мэддэг учраас түүний хүмүүс үнэнч. Тэрбээр ярьж чад­даггүй нь түүний гол
дутагдал. Өөрөө үүнийгээ эерүүлэхээр “Ярих биш хийх нь чухал” гэх ч ард олон
популизмыг үл ялган сайхан яриагаар итгэл үнэмшлээ хийж урагшилдаг нь дэлхийн
түүхээр батлагдсан явдал. Ер нь лидерийн мөн чанар популизм хийх явдал гэдэг.

Cү.Батболд:

Магадгүй тэр хүнийхээ хувьд сайн
хүн, бас боловсролтой ч байж болох. Гэхдээ ард түмний итгэж дагадаг тэр хүн нь
амьдралын хар борыг ч мэддэг байх нь чухал байдаг. Бидэнтэй адилхан, бидний
асуудлыг мэддэг хүн шүү гэсэн итгэл үнэмшлээр хүмүүс дагадаг. Харин нөгөө хүн
нь бидний өдөр тутмын амьдралаас хол гэдгийг тэд мэддэг бол дагах нь
эргэлзээтэй.

У.Хүрэлсүх:

Сү.Батболдын нөгөө тал нь гэж
болно. Хөрсөн дээрээ ойрхон бууж, намын аппаратаасаа эхлээд хүмүү­сээ араасаа
дагуулаад явж чаддаг ч…

Яагаад лидерийн тухай асуу­дал
амьдрал мэддэг бас боловс­ролтой байхыг шаарддаг юм бол.

Ц.Элбэгдорж:

Ерөнхийлөгчийн алба нь на­мын
гишүүнчлэлээс нь түдгэлзүүлс­нээр нам төвтэй манай тогтолцоонд шатрын өргөөс
холдуулаад байгаа. Хорин жилийн өмнө хийсэн ардчилсан хувьсгалыг нь эртнийх гэж
үзлээ гэхэд түүний шинэ санааны машин, хүмүүсийг итгэн үнэмшүүлж дагуулж
чаддаг, тэр нь популизм байсан ч хамаагүй дагуулж чаддаг чанарыг нь онцлох
хэрэгтэй. Өөрөө газар ухаж, шороо зөөхөөс илүүтэй олон түмний ашиг сонирхлыг
нэгтгэн гаргаж ирж туг эргүүлдэг лидерийн чанар түүнд бий гэж хүмүүс онцолдог.
Түүний сүүлийн үед ярих болсон хууль эрх зүйн шинэтгэл, архинд нэвчигсдээс
салах, модыг тайрах бус ургуулдаг болох тухай зарлиг нь хүмүүст их хүрч байгаа.
 
Н.Алтанхуяг:

МАН-тай дүйхүйц том намын дарга
учраас тэр яах аргагүй анхаарлын төвд байж таарна. Гэхдээ МАН-ыг дагаж Засгийн
газар байгуулж, тэгээд Шадар сайдаар ажиллах болсон нь хүчтэй сөрөг хүчний
намын дарга байж том харагдах боломжоос нь авто­ма­таар холдуулсан. Бас Ерөнхий
сайдыг мэдээлэл хийх бүрийд дэргэд нь байж баталгаажуулж байгаа нь түүнд сөрөг
талыг авчир­даг гэж үздэг. Нөгөө талаас том эрх ашгийн төлөө нэгдсэн хэмээн
тайл­барладаг ч нам тогтолцоотой Монголд сонгогчид үүнийг өршөөн үзэх нь юу л
бол.

Монголд лидер байгаа үгүй эсэх
дээр өөр, өөрийнхөө дүгнэлтийг хийгээрэй. Гэхдээ дэлхий даяараа лидерийн
хомсдолд орсон нь нэг талаас батлагдаж, Монгол ч дэлхийн нэг орны хувьд
үндэсний лидерээр цангасан хэвээр байгаа. Харин үндэсний хэмжээний, дэл­хийн
хэмжээний лидертэй болохын тулд яах ёстой вэ. Байгаа хэдийгээ дэмжиж, үзэл
санааны хувьд нь дэмнэх ёстой юу. Эсвэл ирж яваа цагаа, шинэ үеийнхнийг
төрүүлэх ёстой юу. Ямар ч улс, ямар ч дэлхий ертөнц лидерийн үзлээр, лидерийн
дагууллаар, лидерийн популизмаар, лидерийн хөглөлөөр урагшилдаг нь тодорхой
болсон. Түүх үүнийг тодорхойлсон. Хаашаа явж байгаагаа мэдэхгүй хөлөг онгоцын
дарвуулыг ямар ч хүчтэй аясын салхи үлээлээ ч нэмэр үгүй гэдэг шиг лидертэй
байхын чухлыг мэдрэхгүй тохиолдолд улс үндэстэн хөгжихгүй билээ.

Categories
редакцийн-нийтлэл

Т.Баясгалан: Буурал аав минь ханийг маань илгээсэн гэж боддог

Д.Кёкүшюүзан Батбаяр, Т.Баясгалан, Б.Элбэгбаяр гурав.

Монгол Улсын гавьяат жүжигчин,
дуучин Түвшинжаргалын Баясгалантай ярилцлаа.

-Гэр бүл зохиож, шинэ хүнтэй болоод
уран бүтээлийн хэсэг завсарлага авсан дуучин Т.Баяс­галанг хэзээ шинэ дуугаа хү­мүүст
хүргэх бол гэж хүлээж байгаа хүмүүс цөөнгүй. Гэтэл дуучин маань шинэ дуугаар бус
кинонд тоглоод гараад ирлээ. Юу болж байгаа нь энэ вэ гэж асуу­маар байна?

-Би хэсэг хугацаанд уран бүтээ­лийн
завсарлага авсан нь үнэн. Гэхдээ сүүлийн үед зүгээр суусан­гүй. Шинэ уран бүтээлүүдээ
хийж эхлээд байгаа. Удахгүй үзэгч, сонсогч олондоо уран бүтээлээ хүргэх болно. Одоо
гэхэд Монголын анхны 3D клипийг үзэгчдэдээ хүргэ­хээр төлөвлөөд ажиллаж байна.

Киноны хувьд одоогоос гурван сарын
өмнө “Рашаантын 18” киноны уран бүтээлчид надад хандсан юм. “Хэцүү анги” киноны
захирал, багш нарын дүрээр нь хүмүүс андахгүй жүжигчин Навчаа, Сараа эгч нар энэ
кинон дээр хамтран ажиллаж, ивээн тэтгэж өгөөч ээ гээд орж ирсэн л дээ. Урьд нь
кинонууд дээр хамтран ажиллах санал ирдэг байсан ч дуунаас сэдэвлэж кино хийх гэж
байгаа гэдэг нь надад содон санагдсан. Биднийг бага байхад орцонд “Рашаантын
18” гэдэг дуу хаа сайгүй хангинаж, хүмүүс дагаж дуулдаг байсан даа. Ардын дууны
хэмжээнд хүртэл түгж чадсан энэ дуунаас сэдэвлэж кино хийнэ гэдэг нь, нөгөө талаас
хүмүүсийн хайр хүндэтгэлийг хүлээсэн жүжигчид хамтраад нэг баг болж байгаа нь надад
таалагдсан. Харин багийн­хан маань энэ кинонд нэг дүр бүтээчихээч гэсэн учраас сүүлд
нь нэг нүдний эмчийн дүрийг бүтээх гэж оролдлоо. Ер нь киноны багийнх­ны нэг сэтгэлээр
нэг цул болж ажилладаг нь надад тун сайхан санагдсан. Нэг нэгийгээ  сайхан энергиэр цэнэглэж, хур­цалж байдаг нь тун
гайхалтай.

-Өөрөө кино шиг л клипүүд хийдэг
байсан даа. Тэгтэл шинэ орчин санагдаагүй байлгүй?

-Чөлөөт уран бүтээлч бол ган­цаараа
бүгдийг хийдэг бол кинон дээр жинхэнэ багаар ажиллахын чухлыг харуулдаг юм билээ.
Нэгнээ өвдчих вий, алдаа гаргачих вий гэж жинхэнэ нэг гэр бүлийнхэн шиг биенээ халамжилж
байдаг.  Нэг нь алдчих юм бол киноны багт
тэр чигт нь нөлөөлж байдаг учраас  хичээ­хээс
аргагүй. Кино маань инээд­мийн кино. Амьдрал дээр өдөр тутамд гарч байдаг тэр үйл
явдлыг хөг­жилтэй хэлбэрээр харуулсан. Би өөрөө инээдмийн кинонд их дуртай л даа.

-Сүүлийн үед бүхий л хүмүүс кино
руу хуйлрах болжээ. Зарим кино тэрбумаар нь ашигтай байдаг гэх юм. Тийм болохоор
л та кино бизнес рүү оржээ дээ?

-Кино хийж байгаа хүн бүр овойж оцойтол
мөнгө олж байгаа гэдэг нь юу л бол.  Олж байгаа
нь ч байна, олохгүй байгаа нь ч нэлээд байна. Сүүлийн үед л энэ талаар судалж байна
л даа. Арваас ганц хоёр нь л ашиг олдог байх. Миний хувьд элдэв ашиг харахаасаа
илүүтэй дуу кино болж байгаа гэдгийг нь олзуурхан дэмжсэн хэрэг л юм.

-Дууны уран бүтээлдээ зү­гээр суугаагүй
гэлээ. Гэвч Баяс­га­лангийн гэсэн тодотголтой шинэ дуу сонсоогүй санагдаад байх
чинь. Яагаад уран бүтээ­лийн тал дээр ийм хойрго байгаад байдаг болов оо?

-Би “Өвөлжих хун” гээд нэг сайхан
бүтээл дээр ажиллаж бай­гаа. Нэгмөсөн дуугаа дүрсжүүлээд хүмүүст хүргэе гэж бодож
байна. Хуучин бас ч сайхан дуунууд дуулж байжээ. Би хэсэг уран бүтээлийн засварлага
авлаа. Тэгэхээр өмнөх дуунууддаа дүйцэхүйц хийгээд давж гарахуйц уран бүтээл хийе
гэж  бодож, хүлээж байна. Үнэнийг хэлэхэд
санаанд хүрсэн сайхан дуунууд ирэхгүй л байна шүү. Санаанд хүрсэн дуу ирвэл өнөөдөр
ч гэсэн дуулахад бэлэн байна.

-Хүмүүсийн танил болж, ал­дар цол
авчихаар хуучин шигээ дэврүүн сэтгэлээр шинэ бүтээ­лээ хүмүүст дор, дор нь хүргэж
чадахгүй хянаад байдаг тал байдаг уу?

-Би үнэндээ тэгж хэцүү талаас нь хүлээж
авдаггүй. Хүн хүн өөр өөр л байдаг байх. Үнэнийг хэлэ­хэд хэсэг уран бүтээлийн завсар­лага
авлаа, нөгөө талаас нэгэнт гавьяат гэдэг цолыг хүртсэн хүний хувьд мэргэжлийн дуучин
хүний чансааг шалгасан, дуучнаас техник шаардсан тийм дууг дуулахсан гэсэн хүлээлт
байна аа. Шинэ залуу дуучид ч олноор гараад ирж, тэдэндээ ч бас боломж олгох нь
зөв байх, тийм үү.

-Шинэ залуу дуучдад боломж олгоно
гэдэгтэй санал нийлэхгүй байна аа. Ер нь хүнийг ид бүтээх үед нь шагнаж, урам өгч
байх нь чухал гэдэг ч уран бүтээлийн хувьд царцааж хөргөчих юм бол хэрэггүй юм биш
үү?

-Бусдадаа боломж олгоно гэдэг нь тэр
газарт миний гэсэн орой зай үгүйлэгдэж байна уу, үгүй юу гэдгийг харж байгаа хэрэг
л дээ. Түүнээс Баясгаланг дуу хуураас холтгон төсөөлөхийн аргагүй. Дуугаа дуулаад
л гараад ирнэ. Би гавьяат цолыг хөл хүнд байхдаа хүртсэн. Хүүгээ төрүүллээ. Хүү
маань одоо ой есөн сартай боллоо. Би жил бүрийн гурав, зургадугаар сард уран бүтээлээ
үзэгч олондоо барьдаг байсан. Уг нь хоёр жил л өнжсөн юм шүү дээ. Гэтэл танаас эхлээд
хатуухан шаардаад эхэлж байна. Одоо уран бүтээлдээ илүүтэй анхаарч, үзэгч олондоо
чамбай сайхан бүтээлүүдээ барьж эхлэх болно.

-Хэзээ?

-Тун удахгүй. Одоо бяр амтагдаж байна
шүү.

-Олимпийн аварга төрдөг өдөр Кёкүшюүзан
та хоёрын хотын гудмаар машинтай дав­хиж байсан зураг энд өлгөөтэй байна. Ингэхэд
та хоёр хэдэн онд танилцсан юм бэ?

-Бид хоёр 2007 онд танилцсан юм. Хуримаа
2009 онд хийсэн.

-Цагаан хоолны ресторан нээсэн
байх аа. Баясгалан маань цагаан хоолтон болчихсон уу?

-Би цагаан хоолтон биш л дээ. Монголчуудаа
цагаан хоолтон бол гэж уриалахгүй. Гэхдээ махны хэрэглээгээ хянаж байгаасай гэж
хүсдэг. Цагаан хоолны “Хайрын зоог” ресторан бол махны хэрэг­лээгээ багасгаж цагаан
хоол идэхийг хүссэн тэр хүмүүст зориул­сан ресторан л даа.

-Сүүлийн үед энергийн ойл­голт,
бясалгалын тухай их ярих боллоо. Өөрөө бага залуугаасаа бурхан шашны дуу дуулдаг
бай­сан. Ямар нэг чиглэлийн  бясал­гал хийдэг
үү?

-Өвөө, эмээ маань бурхны шашин шүтдэг
байсан. Багадаа буурал ааваараа тарни заалгуулж, хааяадаа уншчихдаг хүүхэд бай­лаа.
Тиймдээ өөртөө тэрүүхэндээ итгэлтэй нэгэн байсан, хүүхэд байхаасаа л. Бурхан харж
байгаа, нүгэл үйлдэхгүй, бурхан шүтдэг болохоор сайхан амьдарна гэж л бодож өссөн.
2003 оноос бурхны тарни, буддагийн дуунуудыг дуулж эхэлсэн. 2009 онд хөл хүнд байх­даа
“Баяр баясгалан” гээд бурхны дуунуудаар цомог гаргаж байлаа.

Бясалгалын хувьд 2003 онд Шри шригийн
бясалгалд анх сууж байсан юм. Хүн бага боловч бясал­гаж байх хэрэгтэй. Тэгэхийн
тулд заавал ажил цагаа алдаж бясал­гаад байх хэрэггүй хэсэг хугацаанд сэтгэлээ чөлөө­лөөд
бясалгах нь чухал гэж боддог юм. Машиндаа ч юм уу, унтахынхаа өмнө ч юм уу.  Түүнээс хэт автаад хажуу хавиргын хүмүүсээ үгүйс­гээд,
таарч нийлэхгүй байх нь дэмий юм шиг санагддаг болсон шүү. Бид чинь монгол хүмүүс.  Монгол нүүдэлчин ахуйн амьдрал өөрөө агуу шүү
дээ. Сүүлийн үед би бүр илүүтэйгээр үүнийг ойлгоод байгаа. Заавал Энэтхэгийн аль
нэг шашны урсгалд хэт автах бус нүүдэлчин соёлоо шүтэж амьдрах ёстойг. Бясалга­лаас
авах юм бол бий. Би хэт дэврүүн, омголон байх хорин гурван настайдаа бясалгалд анх
яваад нэг зүйлийг ухаарч ойлгосон нь сэтгэлийн хөөрлөөр асуудалд хандахгүй байж
сурсан явдал юм.

-Баясгаланг эмээ, өвөөгийн охин
гэдгийг нь хүмүүс мэднэ. Хоёр буурайдаа зориулж дуул­сан сайхан дуу ч байдаг. Хөгшид
нь энх тунх байгаа юу?

-Би чинь төрсөн цагаасаа л зуны амралт
болонгуут хоёр хөгшин рүүгээ гүйдэг охин байв. Уг нь би хотод төрсөн хүн ш дээ.
Нийслэлийн 89 дүгээр цэцэрлэгт хүмүүжиж, арван жилийн хоёр­дугаар сургуулийг төгссөн
хүүхэд. Амралт эхлэнгүүт хөдөө явж, хичээл эхлэхээс хэдхэн хоногийн өмнө ирдэг байсан.
Би хоёр хөгшин дээр өссөнийгөө их азтай хэрэг гэж боддог юм. Хөгшдийн өвгөдөөсөө
өвлөж авсан тэр агуу ухааныг боломжийн хэрээрээ шингээж өссөн дөө.

Тоглолт болгондоо хоёр хөгш­нийгөө
хамгийн сайхан суудалд урьж, Юндэн Нансалмаа хоёр маань гэдэг байлаа. Сүүлд хоёр
буурлыгаа өөртэйгөө ойрхон байл­гах гэж Багануурын Гордок тосгонд мал хуйтай нь
авчирч, боломж л олдвол тэдэн рүүгээ гүйдэг байв даа.

Буурал өвөө маань гурван жилийн өмнө
таалал төгссөн. Бас аавын минь аав саяхан бурхан боллоо. Одоо хоёр хөгшин ээж маань
байна даа. Буурал аавыг өнгөрснөөс хойш эмээ маань зундаа Гордоктоо, өвөлдөө ээжтэй
минь хамт өвөлжиж байгаа. Өнөөдөр гэхэд эмээ маань манайд ирчихсэн л байна. Эмээгийнхээ
наадмын дээлийг хийж өгөх гээд л хөл болж байна даа, бид.

-Эмээ зээ охиндоо эрхэлж өгч байна
уу?

-Тэгэлгүй яахав. Эрхэлнэ ш дээ. Би
хоёр буурайдаа “Та хоёр намайг өчүүхэн нялхаас минь алган дээрээ бөмбөрүүлж, айлын
хооронд үүр­дэг байсан. Одоо миний ээлж ирсэн. Надад сайн эрхэл. Одоо би алган дээрээ
бөмбөрүүлж, айлын хооронд үүрнэ” гэж хэлдэг юм. Буурал аав маань охиндоо эрхэл­сээр
ная гараад бурхан болсон доо.

-Баясгалан гэдэг дуучин олны танил
болсон тэр үеийг сөхвөл С.Жавхлан гэдэг дуучин заавал холбог­доно. Та хоёрыг нэг
нэгээс чинь салгах аргагүй. Сүүлийн үед С.Жавхлан дуучин маань уран бүтээл гэхээс
илүү­тэй гал тахиж, улс төр хийгээд, Баясгалан нь бясалгал хийж, айлын гэргий болоод
нам бол­чих­лоо гэж хүмүүс яриад байгаа?

-Ангийн маань анд Жавхлан­гийн сүүлийн
үед хийгээд байгаа алхмуудыг харахад залуу хүний эрч хүч, алдахаас айдаггүй тэр
л сэтгэлээрээ үгээ хэлж, хийж яваа юм шиг санагдсан. Миний хувьд гэр бүлийн аз жаргалыг
эдэлж, гэр бүлдээ цаг заваа илүүтэй гаргаж яваа. Урьд нь дуучин Баясгалан байхад
өөрийнхөө төлөө л амь­дарч явлаа. Өөрийнхөө босно гэсэн цагтаа босч, орно гэсэн
тоглол­тдоо оролцоод явдаг байсан. Харин одоо 
ээж Баясгалан хүүгээ сэрсэн цагт дагаж сэрээд аяар нь байж байна даа.

-Мэдээж, гэр бүлээ гэлгүй яахав.
Эмэгтэй хүн бүр айлын галыг сахиж, ээж болдог. 
Гэхдээ бусдаас уран бүтээлийн авьяас­тай Баясгалан уран бүтээлээ ч хийж,
ар гэртээ ч анхаарлаа тавиад явж болохгүй байгаа юм. Зэрэгцүүлж чадахгүй байна гэж
үү?

-Зэрэгцүүлэхээр үү. Зэрэгцүү­лэхээр…

Гэхдээ зуун хувь урьдынх шигээ байна
гэж байхгүй л дээ. Гэлээ гээд таг болчихгүй. Урьдын адил жилд нэг удаа хийдэг шигээ
уран бүтээлийн тоглолтоо хийгээд л явна.

Үнэндээ урьдынх шиг сайхан бүтээлүүд
ирэхгүй байна аа. Ямартай л би тоглоом шоглоомын дундуур яруу найрагч, хөгжмийн
зохиолч нартаа “Та нарын авьяас билэг чинь шавхагдчихаа юу. Та нар бүтээлээ хийхгүй
байгаагаас би хийхгүй харагдаад байна” гэж гомдоллодог юм. Баясгалан шинэ уран бүтээл
гаргахгүй байна гэх шүүмжлэл байгаа ч энэ нь зөвхөн надаас шалтгаалахгүй байна.
Чаддагсан бол би үгээ бичээд, аялгуу зохиох сон. Даанч, чадахгүй. Нэг хэсэг дууны
бүтээл маш ихээр төрдөг байлаа. Зарим нь хоорон­доо ялгалгүй шахам. Магадгүй нэг
талаас  үзэгчдээ залхаасан байхыг ч үгүйс­гэхгүй.
Ер нь яагаад уран бүтээл хийхгүй байна вэ гэдэг асуултаа хөгжмийн зохиолчид, яруу
найрагч­дад та нар тавих хэрэгтэй байна.

-Өөрөө дуурийн дуулаачаар төгссөн
хүн. Сонгодог дуулах төлөвлөгөө байна уу?

-Байлгүй яахав. Надад сүүлийн үед
поп опера чиглэл их таалаг­даад байдаг болсон. Энэ чиглэлээр дуулна аа.

-Таны нөхөр урьд нь гэр бүл зохиож
байсан хүн. Хоёр ч хүүхэд­тэй. Тэгэхээр гэргийн хувьд илүү ухаан зарах хэрэг гардаг
болов уу?

-Тийм ээ. Хань маань өмнө нь амьдрал
зохиож, хоёр ч сайхан хүүхэдтэй болсон хүн. Яахав, өмнөх амьдрал нь болж бүтээгүй
хоёр тийшээ болсон юм билээ. Ганц бие болоод гурван жил болсных нь дараа бид нийлсэн
гэдгийг зарим­даа онцолмоор санагд­даг юм. Аавгүй өсч байгаа хүүхдүүдийн сэтгэл
эмзэг байдгийг би мэднэ ээ. Би өөрөө ч хойд аавтай өссөн хүүхэд. Хүүхдүүд байнга
аавтайгаа уулзахыг хүсч мөрөөдөж байдаг юм. Тиймээс би өөрийнхөө хувьд энэ асуудал
дээр нээлттэй байхыг хичээдэг. Харин ээж нь хүүхдүүдээ аавтай нь хэр ойр байлгахыг
хүсэх эсэх нь тэр хүний л асуудал шүү дээ.

-Нэг хэсэг хэвлэлээр Кёкүшюү­зан
өмнөх эхнэртээ мөнгө өгөх­гүйн тулд хамаг эд хөрөнгөө Баяс­галангийн нэр дээр шилжүүлсэн
гэнэ, шүүхдэж шүүхдэж 500 сая төг­рөг өгөх болж гэнэ гээд баахан бичсэн учраас ингэж
асууж байна л даа?

-Хоёр хүүхэд болон урьдынхаа эхнэрт
өгөх ёстой юмыг нь хан­галттай өгчихсөн гэж ойлгож болно.

-Өгөхгүй гэж шүүхдээд, бие биенээ
үзэхгүйдээ асуудал хүр­сэн юм уу?

-Тийм айхтар сүртэй юм болоо­гүй.
Манайхан чинь юмыг дэвэргэдэг улсууд шүү дээ. Өгөх л ёстой юм чинь өгөлгүй яахав
дээ.

-Хүүгээ ах, эгч хоёртой нь уулзуулсан
уу?

-Одоохондоо уулзаагүй л байна. Би
хувьдаа нэгэнт ах дүүс улс хойно уулзах хэрэгтэй гэж боддог. Ээж нь ирүүлэх дургүй
байдаг юм аа. Гэхдээ уулзуулах л байлгүй дээ.

-Бас нэг асуух зүйл байна аа. Иймэрхүү
зүйл асуугаад байгаад уучлаарай. Гэхдээ өөртэй чинь уулзсаных гадуур яригддаг зүйлсийг
тодруул­маар байна л даа.
Баясгалан
аавын­хаа гэр бүлийн хүн ар­дын жү­жиг­чин Ш.Чимэд­цэеэ­тэй таа­рамж муутай байдаг
гэдэг тухайд юу хэлэх вэ?

-Эмзэглэх юу байх вэ. Би аав­тайгаа
үргэлж холбоотой байдаг.

Саяхан аавын ээж болох буурал ээж
маань хөдөөнөөс ирсэн. Тэр хэдтэйгээ уулзалдаад сайхан л байлаа. Дуучин болох удмын
үүргийг оноосон хүн бол миний аав. Тийм болохоор би дуулж явах үүрэгтэй хүн. Анхны­хаа
ярилцлагыг өгч байхдаа аав минь намайг орхиж явсан ч авьяасыг нь өвлөж авсандаа
баярлаж явдаг гэж хэлж байлаа. Одоо ч түүнийгээ л хэлнэ.

Ш.Чимэдцэеэ эгчийн хувьд би багадаа
түүний бүх дууг нь цээжээр мэддэг байлаа. Ямар царайлаг, яасан ч гоё эгч вэ гэж
бодож, жинхэнэ шүтэн бишрэгч нь байлаа шүү дээ. Харин сүүлд нь аавын маань эхнэр
болсон. Би анхнаасаа аавтайгаа өсөөгүй хүн. Ээжийн минь дараа аав өөр амьдралтай
байсан гэдгийг хүмүүс мэдэх байх. Дараа нь Ш.Чимэдцэеэ эгчтэй амьдрал холбосон.
Ш.Чимэдцэеэ эгчийн хувьд намайг мэддэг ч үгүй байсан биз. Тэд дөнгөж хоёр талаас
нийлж, ааваас маань гадна хоёр хүүхдэд нь анхаарлаа тавьж байхад нь гэнэт том болсон
охин гараад ирэхээр цочирдоо байлгүй дээ.

-Ямар ч аав нар бөх хүргэнд дур­тай.
Дээрээс нь танай аав уртын дууч бас бөхийн засуулч хүн. Кёкүшюүзантай гэр бүл болох
мэдээг хэр хүлээж авсан бол?

-Их сайхан хүлээж авсаан. Манай хүн
аавын хүндэлж, шүтэж явдаг бөх нь байсан.

Би ханийгаа Монголыг Чингэс хаан шиг
дэлхийд сануулж өгсөн хүн гэж боддог ш дээ. Аав маань ч манай хүнээр их бахархдаг.
“Буянтай учрал бэлэглэсэн өвөг дээдэстээ үргэлж залбирч байдаг болохоор удмыг нь
сайхан авч явах хэрэгтэй” гээд уулзахаараа л надад захидаг юм.

Аав минь их ухаантай хүн. Миний ээж
ч бас ухаантай мундаг эмэгтэй. Хамаг залуу насаа миний л төлөө зориулж, миний төлөө
амьдарсан хүн. Одоо охин нь энэ зэрэгт хүрч сайхан амь­дарч байгаад сэтгэл нь амарч
байгаа байх даа гэж боддог.

-Танай Элбэгбаяр хүү чинь хоёр
ой хүрэх гэж байгаа байх. Дахиад төрөх гэж байна гэсэн яриа сонстож байлаа. Бүл
нэмэх төлөвлөгөө юу байна?

-Миний амьдралын нэлээдийг нь хүмүүс
зохиочихдог юм ш дээ. Амны бэлгээс ашдын бэлгэ гэж л боддог юм. Хүүдээ дүү гаргаж
өгөлгүй яахав.

-Дуу дуулаад явдаг Баясгалан телевиз
удирдаж, янз бүрийн бизнес эрхлээд яваа харагдах юм. Бизнес хийх дуу дуулахаас хэр
ялгаатай юм бэ?

-Тун өндөр хариуцлага шаард­даг юм
байна. Алдах эрхгүй л ажил юм даа.

Телевиз бол урлаг. Би өөрөө урлагийн
хүн. Тиймээс надад теле­виз ойрхон санагддаг. Чадал­тай хамт олонтой учраас түүртэх
юм алга аа. Монголд олон телевиз байгаа ч соён гэгээ­рүүлсэн телевиз байдаггүй байв.
Байгуулагдаад жил гаруй болж байгаа ч манай “Эх орон” телевизийг мэдэхгүй хүнгүй
болсон учраас бид баяртай байдаг юм. Гэхдээ судалгааны ажлаас эхлээд анхаарах зүйл
их байдаг юм байна. Телевизийнхээ техник технологийн хувьд ч гэсэн нэлээд шинэчлэлийг
хийж байгаа.

Мөн “Баясгалантай дэлхий” гээд жирэмсэн
эхчүүдийг амраах төв байгуулж ажиллуулж байгаа. Йогийн дасгал, жирэмсэн эхчүү­дийг
ямар нэгэн эм уулгахгүй, стресст оруулах­гүйгээр амар­ тайван байлгаж бай­гаад төрүүлэх
зорилготой сайхан газар бий. Ер нь олон хүнийг удир­даад аваад явна гэдэг амаргүй
ч бас сайхан ажил юм. Би аль болох залуучуудыг дэмжиж ажилд авахыг боддог. Бас ахмадуудаар
хүрээ­лүүлэх дуртай. Тэднийхээ туршлагыг залуу­чууд­даа хүргэх гүүр болно гэж боддог
юм.  Дуулдаг байхдаа зөвхөн өөрийн­хөө ажлыг
зохицуулаад гүйдэг байсан бол одоо зуугаар тоологдох хүмүүсийг ажлын байр­тай болгож,
том баг удирдаж ажиллах үүрэгтэй болсон.

-Танай өрөөгөөр жүжигчин Б.Нэргүй­­баатар,
шог зохиолч Л.Одончимэд гээд аваргууд их хөлхөж байна шүү?

-Манай хэд чинь ажлаа хийнэ бас хажуугаар
нь надад эрхэлнэ ээ эрхэлнэ.

-Анзаараад байхад Кёкүшюү­зан та
хоёрын зан араншин их төстэй бололтой?

-Ер нь төстэй шүү. Манай хүн урлагт
хайртай, хөгжилтэй, нийтэч хүн. Бас л багаасаа амьдралын төлөө зүтгэсэн, тэвчээртэй.
Энэ мэт адилхан талууд бий.

-Амьдрал юм хойно зөрөл­дөх үе
байдаг л биз дээ?

-Бид ямар сэтгэлийн хөөр­лөөр суучихсан
жаахан хүүхдүүд биш. Байгаа амьдралаа бүр илүү сай­хан авч явахын төлөө л явж байгаа.
Нөгөө талаас Монго­лынхоо нүүр царай болсон гэр бүлүүдийн нэгийн хувьд өндөр хариуцлага
үүрч амьдарна шүү дээ.

Ер нь амьдралаа сайхан авч явах эсэх
нь эмэгтэй хүнээс шалт­гаалдаг шиг санагддаг. Аливаа асуудал гарахад 99 хувиар би
буулт хийдэг.

-Яагаад?

-Манай хүн угаасаа асуудалд зөв ханддаг.
Би бүрэн итгэдэг болохоор тэр шүү дээ. Тэгээд ч хэлэх юм байвал сүүлд нь хэлчих
арга бий, бий. (инээв)

-Таныг хадам ээжтэйгээ тун адилхан
гэж ярих хүмүүстэй олон тааралдсан?

-Хүн болгон тэгдэг юм шүү. Хадам ээж
маань их бурханлиг, залуу сэтгэлгээтэй, ойлголцоход их амар хүн. Хүүгийнхээ төлөө
16 жил залбирч суусан хүн шүү дээ. Хүүгээ гэмтэл бэртэлгүй барил­даасай гэж сэтгэлээ
чилээж амь­дарч ирсэн эх хүн. Би хадам ээжтэйгээ, харин манай хүн миний ээжтэй адилхан
ш дээ. Хоёр ээж маань хоёулаа Жав­зандулам нэртэй. Овог нь адил­­хан Ж гэж байгаа.
Бид хоёу­лаа л Жавзандулам нэртэй ногоон дарь эхийн хүүхдүүд болох хувь тавилантай
хүмүүс байжээ гэж би боддог юм. Бас бид хоёр адилхан өвөө, эмээ дээрээ өссөн.

-Өвөө, эмээгийн хүүхдүүд цаанаа
л өөриймсүү байдаг шүү?

-Тийм ээ. Манай хүн багадаа Авиа,
Адиа хоёр дээрээ өссөн юм билээ. Би бол угаасаа буурал эмээ, өвөөгийн хүүхэд хойно.
Буурал аав маань сумо их үздэг байлаа. Кёкшюүг хараад “Тэр уул овоо шиг Хавай арлын
бөхийг хаячихдаг. Сайхан хүү шүү” гэж ирээд шимтэн үздэг байсан сан. Өвөө маань
сумын заан, бас их сайхан дуулдаг хүн байлаа. Ханиа хараад байхад тэр чигээ­рээ
буурал аав маань. Унтаж байгаа нь хүртэл адилхан хараг­даж, илүү ихээр хайр хүрдэг
гээч. Миний буурал аавыг архи ууж, тамхи татаж байхыг нь энэ ертөнц дээр хэн ч харж
байгаагүй. Хүн битгий хэл бурхан ч хараагүй. Тун гэр бүлсэг, гэр амьтай хүн байсан.
Тийм хүний дэргэд өссөн боло­хоор би буурал аав шигээ л хүнтэй сууна гэж боддог
байлаа. Харин буурал аавыгаа бурхан болсноос хойш нэг их удалгүй ханьтайгаа танилц­сан
юм. Тэгээд ч тэр үү, буурал аав маань надад ханийг минь илгээсэн байх гэж боддог
доо.

-Батбаяр гишүүн та хоёрыг хааяа
гэр барьж зусдаг гэсэн яриа сонссон юм байна…

-Батбаяр бид хоёрын зундаа орж суудаг
тэр гэр учиртай гэр л дээ. Ханийн маань өвөө, эмээ болох Авиа, Адиа хоёр маань гучаад
онд дөрвөн ханатай энэ гэрийг барьж айл болж байсан байгаа юм. Тэд яг бидэн шиг
тахиа, үхэр жилтэй хүмүүс байсан гэдэг. Тэгээд олон жил хамтдаа сайхан амьдарч,
өнөр өтгөн айл болсон болохоор нь бэлгэшээдэг юм. Анх гэр бүл болохдоо бид зориуд
энэ гэрт орж, гурван сар амьдарсан гээч. Одоо ч өнөө маргаашгүй гэрээ барьж орох
гээд л байж байна. Аавынх нь өссөн гэр болохоор би хүүгээ ч тэнд байлгах их дуртай
байдаг юм.

-Танай хүн Монголын сумо­гийн холбооны
ерөнхийлөгч байх аа. Бас тэнд байгаа монгол сумоч­­дынхоо албан бус хол­бооны дарга
шиг харагдах юм?

-Монгол сумочид Японд асуу­далд ороход
манай хүн эндээс аав нь юм шиг л явна шүү дээ.

Сумогийн дүрэм нь өөрөө хатуу. Тусгай
дэг жаягтай, бараг л улс доторх улс шиг юм билээ. Хэдэн зуун жил явж ирсэн тэр дүрэм
журмаараа хэний ч нөлөөгүйгээр асуудлаа шийддэг.

-Танай хүн болон их аварга Д.Дагвадорж
хоёр таарамж муутай гэгддэг. Түүнийг зодог тайлах болсныг хэрхэн хүлээж авч байсан
бол?

-Эр хүмүүс дэвжээн дээр ба­рил­­дахдаа
омогтой шартай байдаг. Монголчууд чинь их шартай хүмүүс ш дээ. Тэр утгаар нь хүмүүс
таарамж муутай гэж харж байсан байж болох юм. Түүнээс надад тийм байдлаа илэрхийлж,
хэлж байсан нь үгүй ээ. Тэгж яривал Дагваа аварга чинь аавын минь нутгийн бөх. Би
гэр бүлийнх нь хүнтэй найзууд. Заримдаа сургаар асууд­лыг хурцатгахад хүмүүс үнэн
гэж хараад байдаг тал байх юм аа.

-Саяхан их аварга Дагвадорж улс
төрд орох бодолтой гэсэн байна лээ. Танай хүн Японоос ирээд УИХ-д сонгогдсон. Ер
нь бөхчүүд ингээд төр түшээд байх нь хэр зөв юм бол?

-Заавал бөх энэ тэрдээ биш улс эх
орондоо нөлөөтэй, зөв сайхан сэтгэлтэй хүн л гарах ёстой гэж би боддог. Бас гадаадад
ч дотооддоо ч нөлөөтэй байвал сайн байх. Би хувьдаа сонгинохайрханчуудыг их зөв
сонголт хийсэн гэж үздэг. Итгэлийг нь ч манай хүн сайн дааж яваа. УИХ-ын гишүүний
зарцуулах төсвөөс 16 дахин давуулсан хөрөнгө оруулалтыг тойрогтоо хийсэн хүн шүү
дээ. Тиймдээ ч АН-аас хамгийн их хөрөнгө оруулалт хийсэн гишүүнээр саяхан тод­руулсан
болов уу. Бага байхаасаа л амласандаа хүрдэг байсан гэгд­дэг тэр чанар нь одоо ч
байдаг. Цаашид ч тийм байх хүн.

Сонгогчдынхоо хүсэлт шаард­лагад тун
анхааралтай ханддаг. Юу л байна тойрог руугаа гээд байна шүү дээ. Тэгэх ч ёстой
байх.

-Олон сайхан бөхчүүд маань Японы
иргэн болж, харийн бүс­гүйтэй гэрлэж байгаа нь харагд­даг. Монголд нь авчирч, сонгогч
олны үүрэгт даруулж амьдрах замыг сонгуулсан танд баяр хүргэх ёстой юм шиг санагддаг
шүү?

-Баярлалаа. Бас ч тийм тал бий шүү.
(Инээв)

Илэн далангүй ярилцсанд баярлалаа.

-Баярлалаа. Энэ дашрамд зуны дэлгэр
сайхан цагийн мэндийг “Өдрийн сонин”-ы уншигчдадаа хүргэмээр байгааг минь дамжуулж
өгөөрэй.

Ярилцсан Э.ЭНЭРЭЛ

Categories
редакцийн-нийтлэл

Монголын улс төрийн ЗУСЛАН

ХҮЛЭЭГДЭЖ БУЙ СОНГУУЛИЙН ТУХАЙ ХУУЛЬ
Сонгуулийн
өмнөх жи­лийн Монгол оронд улс төр, нийгмийн бүхий л амьдрал Сонгуулийн тухай хуулийг
хүлээн гацагнаж байна.

Хаврын
чуулганыг нээг­дэх үед Сонгуулийн тухай хууль дашийн шог болох вий гэсэн айдас байсан.
Түүнтэй харьцуу­лахад юутай ч холимог ч гэсэн өөрчлөгдсөн хувил­бараар явах нь тодорхой
болчихоод байна. Улс төрийн намуудын удирд­лагуудыг Ерөнхийлөгч хүлээн авч ярилцах
үед бүгд өөрчлөлтийг дэм­жиж байгаагаа илэр­хийлж байв. Харин 76 сууд­лын хэд нь
пропор­циональ, хэд нь мажо­ри­та­раар явах нь тодор­хой­гүй. Энэ нь зөвхөн МАН-аас
шалтгаалж бай­гаа. Чу­хам хэд гэсэн харьцаа­гаар явах вэ гэдэг дээр МАН икс, икрэг
гэсэн ха­риул­тыг хэлсэн. X ба Y-ийн хувьд 50:26, 38:38, 24:52 гээд ямраар ч ярьж
болох бөгөөд сүүлийн үед 38:38 гэсэн хувилбар хамгийн хүчтэй яригдаж байна.

Хэрэв урьд яригдаж
байсан хуулийн төслөөр 50 нь намын нэрээр, 26 нь тойрог дээр өрсөлдөж гарч ирэхээр
болбол МАН дотор багагүй дажин үүсэх билээ. УИХ-д бай­гаа 44 гишүүн бүгд л нэг,
нэг тойрог ярьж, тойргийг нь өгөхгүй гэвэл зарим нь Н.Энхбаярын МАХН руу гүйж айлгах
гээд байсан тул тус намын удирд­ла­гууд эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүйгээр
асуудлыг шийдэх гарц хайх болсон. Энэ нь 38:38 гэсэн хувилбар болов. Ингэснээр намдаа
нэр хүндтэй, хүлээн зөвшөө­рөг­дсөн лидерүүд болох С.Баяр, С.Батболд, Д.Дэм­бэрэл,
Ц.Нямдорж нарын хүмүүс намын квотоор, харин луувангаа ч, лаагаа ч идэх хүмүүс нь
38 тойрог дээр нэг, нэг мандатын төлөө хүч үзнэ гэсэн үг юм.

Сүүлийн үед хүчтэй яригдаж байгаа энэ хувилбарт аль, аль нь сэтгэл
таатай байгаа сурагтай. АН-ын хувьд ч уг хувилбар дээр реакц үзүүлээд байх шаард­лагагүй.
Ямар ч байсан хуучин хэлбэрээсээ өөрч­лөгдөж л байвал эхний шатанд заавал тийм бай­на
гэхгүй бололтой юм билээ. ИЗНН-ын хувьд ч пропорциональ гэдгээ ярина гэж байгаа
ч бас л өөрчлөгдөж байгааг нь дэвшил хэмээн үзэж байгаа сурагтай.

Ямартай ч энэ хав­рын чуулганаар Сон­гуу­лийн тухай хуулийг бат­лах
гэрэл хонгилын үзүүрт харагдаж эхэллээ. Хуулиараа долдугаар са­рын 1-нд чуулган
хаагдах ёстой ч уг урт настай хуулийг хэлэлцээд эхэл­бэл 14 хоногоор сунгахыг үгүйсгэхгүй.
Үнэндээ энэ хуулийг хүлээсээр Мон­голын улс төр дагаад эдийн засгийн амьдрал ч зогсчихсон
байгаа билээ. УИХ-ын гишүүд өргөн барьсан хуулиудаа га­цаа­чих­сан, нэр дэвших сонирхол,
хүсэлтэй хү­мүүс хууль хэрхэн батлаг­дахыг хараад түдгэлз­чихсэн, дагаад намууд
нь ямар ч санхүүжилтгүй болчихсон, улс төрийн акцууд бүгд хүлээгд­чих­сэн, бас төрийн
томилгоо өөрчлөлт нь ч үүнийгээ дагаад унтчихсан байгаа юм.

СОНГУУЛИЙН АМЛАЛТЫГ БИЕЛҮҮЛЭХЭЭР “ЭРДЭНЭС
МГЛ” МӨНГӨ ЗЭЭЛСЭН ҮҮ?

Монголын улстөрчид сонгуулиар худлаа баа­хан амлачихаад, тэрний­гээ
биелүүлэх гэж төр нь шившгээ дэлгэсэн гэх хэ­рэг дэлхийн түүхэнд би­чиг­дэх вий
гэсэн эмзэглэл төрөх боллоо. Хүний хөг­жил сангийн мөнгө авна гэсэн итгэл найдварын
оч цухуйлгасан хүмүүс энд тэндхийн банкинд ду­гаар үүсгээд удаж бай­на. Үнэхээр
амласан ам­лалтыг нь нэхэж, өгсөн мөнгийг нь авах эрхтэй хүмүүс, тэд. Саяхан сан­хүүжилт
нь зогсчихоод байсан 21 мянган төгрө­гийн буухиа дахин энэ сарын 15-наас эхэлж,
дугаар үүсгээд эхэлсэн нь зээлийн мөнгө байжээ гэх яриа чих дэлсэх боллоо. Үүнийг
ихээхэн нууцалж байгаа ч гэсэн баттай эх сурвалжаас харамсалтай ч гэсэн үнэн гэж
байна. Өнөө жилийн хувьд сон­гуулийн ам­лалт­даа зо­риулж 805 тэр­бум төгрөгийг
төсөв­лөсөн. Гэвч үүний 400 тэрбум төгрөгийн орло­гын эх үүсвэр нь тодор­хойгүй.
Тиймээс ирээдүйн “Эрдэнэс Таван толгой”­гоос орно гэж найдаж байгаа мөнгийг олох
үүр­гийг “Эрдэнэс МГЛ”-д Засгийн газар өгсөн гэх. Харин уг үүргийг биелүү­лэхээр
“Эрдэнэс МГЛ” 20 сая ам.доллар зээлжээ. Зээлийн энэ мөнгө буюу 25 тэрбум төгрөгийг
одоо ам таглаж, банкуудаар тараагаад эхэлсэн бай­на. Ёстой сонгуулийн ам­лалт гэж
нүглийн нүдийг гурилаар хуурах  их аж­лын
эхлэл байдаг юм бай­на гэхээс өөр юу гэхэв.

Н.ЭНХБАЯРТ М.ЭНХСАЙХАН ХЭРЭГГҮЙ, ХАРИН
Д.ЭНХБАТЫГ БОЛ БОДОЖ БОЛОХ ЮМ

Сонгуулийн тухай хуу­лийн чигийг хүлээнгээ намууд чухам хэрхэх
нь өөрсдөд ашигтай та­лаар бодсоор л. Бас өөр хоорондоо ч ярил­цаад эхэлчихсэн гэж
байгаа. Улс төрийн ажиг­лагчдын үзэж байгаагаар МАН хийгээд МАХН эв­сэл болоод орчихвол
бас ч гэж хэдэн суудлыг урь­дын адилаар зулгаачих­на гэдэг. Гэвч цугтаа байж байгаад
салсан энэ намын удирдлагуудын амбиц, нэгийгээ үзэн ядах сэтгэл нь дараагийн нүүд­лийг
харах чадварыг нь үгүй хийж байгаа билээ. МАН-ын удирдлагууд Н.Энх­баяртай бол хэзээ
ч үгүй гэсэн үгийг одоо­гийн байдлаар хэлж бай­гаа. Улс төрд мөнхийн дайсан үгүй
учраас ту­хайн үед ашиг сонирхол нь хэрхэн нэгдэхийг хэн мэдлээ. ҮШН-ын зүгээс МАХН-тай
нэгдэх сана­лыг тавьж, ярилцаад үз­сэн гэх. Харин МАХН-ын дарга Н.Энхбаяр үүнийг
боломжгүй гэж тооцоол­сон ажээ. Учир нь МАХН-ын дэмжигчид бол тэр чигээрээ хуучин
МАХН гэсэн үзэл баримтла­лаа­раа явж байгаа хүмүүс. Саяхан гарсан “Сант-Марал”-ын
судалгаагаар МАХН-ыг дэмждэг гэж гарсан таван хувь бол тэр чигтээ улаан хувьсгалт
намынхан. Тэдний хам­гийн дургүй хүмүүсийн жагсаалтын эхэнд л М.Энхсайхан бичигдэнэ.
Бас ҮШН-ын дэмжигчид ч МАХН-ын эсрэг үзэл бо­дол­той хүмүүс. Тэгэхээр суурь үзэл
бодлынхоо хувьд эсрэг тэсрэг дэм­жигчдийг дээд хоёр дарга нь толгой сээр холбоотой
гээд нийлүүлчих боломж­гүй.  Тиймээс Н.Энхбаярт
М.Энхсайхан хэрэггүй. Харин МАХН, ИЗНН нийлж магад гэсэн хувил­бар хүчтэй яригдаж
бай­гаа­гаас үзвэл Н.Энх­баярт Д.Энхбат нь илүү хэрэгтэй мэт. Хэрэв ИЗНН ирэх сонгуульд
үзэл баримт­лал чиг хандлага нэг АН-тайгаа эвсээгүй тохиолдолд Н.Энхбая­рын намтай
эвсэхийг үгүйсгэхгүй байна. Тэд нийгэмд байгаа МАХН-ын таван хувийн саналыг өөрсдийнхөө
5.6 хувийн саналтай нийлүүлж чад­вал хоёр том намтай өр­сөлдөх их хүч болно хэ­мээн
харж байгаа юм би­лээ. Иргэний зориг нам, Ногоон намынхантай дуу­лиан шуугиан болон
нэгдэхдээ Улсын Дээд шүүхийн бүртгэлд гурав­дугаарт бичигддэг Ногоон  намынхан МАХН-тай нэг­дэх эрсдэл байгаа гэдгийг
тооцоолж өрссөн билээ. Харин одоо тэд эрх ба­ригч хоёр намтай өрсөл­дөж, сонгуульд
амжилт­тай  орохын тулд МАХН-тай нэгдэхийг
үгүйсгэх аргагүй юм. Гэхдээ улс төр хэрхэн өрнөхийг таа­варлах боломж алга. Тэр
тусмаа Сонгуулийн тухай хууль батлагдаагүй бай­гаа өнөөгийн нөхцөлд. Ямар ч байсан
Н.Энх­баяр сард нэг удаа акц хийж, ирэх жилийн өдийг хүртэл 12 том арга хэм­жээг
төлөвлөчихсөн бай­гаа гэх юм билээ. Гэхдээ гол бай нь МАН байх аж. 

АН НЬ ЗАЛУУЧУУДАД УЛАМ ХААЛТТАЙ, МАН
НЬ УЛАМ НЭЭЛТТЭЙ БОЛООД БАЙГАА НЬ ЮУНЫХ ВЭ?

МАН, АН хоёр нэгдэж Хамтарсан Засгийн га­зарт байгаа хэдий ч энэ
хоёр нам үргэлж ах дүүс шиг явна гэвэл худлаа. Одоо дарга нар нь, ах нар нь сүрхий
байгаа ч за­луус нь урьдын адилаар өрсөлдсөөр байгаа гэх юм билээ. Дээхнэ манай
сэтгүүлч Д.Мөнгөндалай “МАН-д дараа үеийн арми жагсч байна, АН-д салаа цэрэг ч алга”
гэсэн нийтлэл бичиж байсан билээ. Үнэхээр энэ бай­дал нам дээрээ ч илт байдаг, одоо
бүр залуу­чуудын байгууллагын бүтэц нь үүнийг батлах болсон талаар гадуур ихээр
ярих болов. Хуучин МАСЗХ-ны залуус гэж тэнгэрийн амьтад байв даа. Жилд нэг удаа
тан­саг гэгчийн шинэ жилийн наадам хийж, айл айлын хойморт алтан сарнай барьсан
ганган нөхөд зочлоод л. Бас хамгийн түрүүнд албан  тушаалд очдог нэг тийм мундаг­чуудын холбоо байсан.
Харин одоо гэр хороо­лолд ч хэвлэлийн бага хурал хийлгэж байх шиг, Монголын залуучуудад
тулгарч буй бэрхшээлүүд гэж ирээд судалгаа ч хийж байх шиг тун энгийн байдлаар ажиллаад
бай­гаа юм. Л.Оюун-Эрдэнэ гэж Хэнтийн Бэрхийн хөдөөний гар холбооны ерөнхийлөгч
болоод нэр хүнд унагаад гэж ярих хүмүүс байсан ч яг үнэндээ энгийн байдал нь залууст
таалагдаад бай­гааг үгүйсгэх аргагүй. Лав сүүлийн хагас жилд элссэн гишүүдийн тоо
нь хэдэн жилийнхээ нийл­бэр­тэй тэнцсэн гэсэн. Л.Оюун-Эрдэнийг хрис­тийн шашин шүтдэг,
“Дэл­хийн зөн” олон улсын байгууллагад ажиллаж байсан гээд НАМЗХ-ны ерөнхийлөгчөөр
томи­лог­дох үед нь хэвлэлээр нэлээд бичиж байсан. Үнэхээр алдаа эндүү нь ямар юм,
тэр НАМЗХ-г өөрөөр ажиллуулаад эхэлснийг залуучууд нь яриад эхэлчихсэн байна лээ.
Монголын толгой баячуудын хүүхдүүдийг багтаасан холбоо мөрт­лөө олон улсын байгуул­лагын
зарчмаар мөнгө босгох төсөл бичицгээж, залуусыг тогтмол урьж нийг­мийн ардчилал
үзэл ба­римтлалаа танил­цуул­даг бол­сон тухай сонс­лоо. Бас олон улсын байгуул­лагад
ажилладаг чадал­тай за­луу­чуудыг НАМЗХ татах нарийн ар­га олчи­хоод байна, гэтэл
бид чадахгүй байна гэж АН-ын залуус халаг­лан ярьж байна.

Ер нь ямар ч хүн албан тушаалд дуртай байдаг. Хэрэв НАМЗХ-д элслээ
гэхэд бага хуралд нь багтах гэж багагүй шатыг туулах хэрэгтэй болж таарна. Тэгвэл
одоо­­­гийн НАМЗХ-ны удирд­лага багаараа, бай­­гууллагаараа буюу 300 хүнтэй баг
орж ирвэл бага хуралдаа шууд нэг квот өгнө гээд зарлажээ. Тэгэхээр энд тэндхийн
хүчтэй залуус багаараа НАМЗХ-д элсч эхэлсэн гэх. JCI-ийн залуучууд гэхэд тус байгууллага
руу “бөөнджээ”. Өөрөөр хэл­бэл, МАН-д гэсэн үг л дээ. Харин АН-ын АЗХ бүр эсрэгээрээ
байгааг на­мынх нь залуус шүүмж­лээд байгаа юм. Удирдах байгууллагад нь 60 хүн байдаг.
Түүнийг ерөнхий­лөгч нь өөрийнхөө хүмүү­сээр тавьж, бодлогоо явуулдаг нь шинэ урсгал,
шинэ давалгаа орж ирэх боломжийг хойш татдаг гол хаалт болсон гэх. Өрсөлдөгч тал
нь улам бүр нээлттэй бодлого баримтлаад байхад АЗХ улам хаагдаад байгаа нь буруу
гэж улс төрийн ажиг­лагчид үзэж байгаа. Учир нь өнөөдрийн НАМЗХ, АЗХ-ны гишүүд бол
ирээдүйн намын ги­шүүд. Дээрээс нь НАМЗХ-ны ерөнхийлөгч Л.Оюун-Эрдэнэ ямар нэгэн
дэд сайд, төрийн нарийн бич­гийн даргын албан ту­шаалгүй нь АЗХ-ны ерөн­хий­лөгч,
Гадаад харилцааны дэд сайд Б.Болороос давуу тал нь болоод байгаа юм гэж хардах хүмүүс
ч бай­на. Ямартай ч коммунист угшилтай МАН-ын залуус өөрчлөлт шинэчлэлтийг хийх
гээд саландаа суучи­хаж. Харин шинэ бүгдийн эхлэл гэж сүүлийн 20 жи­лийн хугацаанд
бидний ой тойнд хадагдаж ирсэн АН-ын залуус хаана байна вэ гэдэг асуулт өөрийн эрхгүй
төрж байна.

Хаваржаанаасаа нүүж, зусландаа гарсан Монголын улс төрийн амьдралын эрээвэр ху­рааврыг тоймлон хүргэ­хэд ийм байна. Зуны зугаа­тай цаг ирж, хүн бүр их амралтдаа гарах цаг дөхжээ. Гэхдээ их амрал­тын өмнө Сонгуулийн тухай хууль гэж бий, Сон­гуулийн тухай хуулийг хүлээсэн Монголын улс төр, нийгмийн амьдрал гэж бас байна.

Categories
редакцийн-нийтлэл

Социализм руу буцахгүйн төлөө АН-ААР АЖЛЫГ НЬ ХИЙЛГЭЕ

Египетийн Дээд шүүхээс Үндэс­ний Ардчилсан нам буюу Ерөнхий­лөгч асан Хосни Мубаракийн на­мыг татан буулгаж буйгаа зарлав. Ингэснээр уг намын бүх өмч хө­рөнгө Засгийн газрынхаа мэдэлд шилжих юм. Төвийн үзэлтэй гэгдэх энэ намыг Хосни Мубаракийн өмнө Ерөнхийлөгчийн сэнтийд сууж байсан Анвар Аль Садат 1978 оны аравдугаар сарын 2-нд үүсгэн байгуулжээ. Хэдийгээр олон намын тогтолцоотой ч өнгөрсөн он жилүү­дэд Нил мөрний хөвөөнөө Үндэс­ний ардчилсан нам гагцаар эрх мэдлийг эзэгнэж байсан гэдэг. Харин өнгөрсөн хавар болсон хувьсгалын дараа египетчүүд олон жилээр эрх барьж, бугшиж хөгцөр­сөн ийм нам бидэнд хэрэггүй хэ­мээн үзээд татан буулгах шийдвэ­рийг ийн гаргалаа.

Египетчүүд сүрхий улсууд юм. Хорин жилийн өмнө гаргасан мон­голчуудын алдааг давтахгүй байна шүү. Монголчууд Азид ардчилсан нийгмийг цогцлоосноороо анх­дагч­дын тоонд орно. Бас энэ бүс нутагт ардчиллын өлгий, түүчээ гэдгээрээ бид яах аргагүй ялгардаг. Гэхдээ бид шинэ нийгэмд шилжих­дээ, алдаж эндэж байсан зүйлийн нэг нь өнөөгийн египетчүүд шиг олон жилээр улирч ирсэн эрх ба­ригч намаа татан буулгаагүй явдал юм. Тухайн үедээ далан настай МАХН-ыг татан буулгаагүйн гор нь өнөө бүр тод мэдрэгдэж байна.

Хэрэв одоогоос хорин жилийн өмнө ард түмнээ үзэл бодлын буулганд боолчилж, олон мянган сэхээтэн, лам хуврагуудаа хэл­мэгдүү­лэн хороосон ах намыг татан буулгачихсан байсан бол сүүлийн үед үүсээд буй хэрэг явдлууд өрнөхгүй байх байсан билээ. Бас коммунист хийгээд социалист нэрнээс жийрхдэг олон мянган залуус ийм нэртэй холбог­дож байгаадаа эмзэглэхгүй байсан юм. Хорин жилийн өмнө л энэ алхмыг хийчихсэн байсан бол тэр үед арав орчим л настай байсан хүүхдүүд өнөөдөр Хувьсгалт гэсэн үгийг “овоглолоосоо” авах гэж зүтгэж, ингэснээрээ өөрсдөдөө гал дуудахгүй байх байлаа. Тэд ер насалсан хөгшин намаа дахиад хэдэн жил авч үлдэх гэж л ингэж байгаа хэрэг л дээ. Гэвч одоо нас бий болов уу. Хосни Мубаракийн нам бол 1921 онд байгуулагдсан манай ах намын дэргэд нялх хүүхэд л гэсэн үг. Гэвч улс төрийн нам буг болтлоо удах хэрэггүй гэж үзээд татан буулгаад хаячихлаа. Уг намыг татан буулгахтай холбоотой яриа ид өрнөх үед буюу Дээд шүүхийн шийдвэр гарахаас дөрвөн хоногийн өмнө намыг үндэслэгч Анвар Аль Садатын хамаатан Талаат Садат тус намын дарга болж байгаагаа мэдэгдэж байсан. Хэзээ ч уг намын гишүүн байгаагүй, харин ч сөрөг хүчний байр суурин дээрээс хандаж ирсэн энэ хүн авгынхаа байгуулсан намыг цэвэр­лэнэ гэв. Цаашид шинэ зарчмаар замнаж, “Үндэсний шинэ ардчил­сан нам” болгож нэрээ өөрчилнө хэмээв. Тийм хэдий ч Дээд шүүх татан буулгах шийдвэрээ гаргаж л орхисон. Уг нь Египетийн Үндэсний Ардчилсан шинэ нам манай ах намтай адил Соц-Интернийн ги­шүүн юм билээ. Бас үүх, түүхийг нь харвал адил төстэй зүйл их л үзэгдэх санж.

Урьд нь парламентын сон­гуульд 444 суудлын 39 хувийг нь л авч, дийлэнх олонх болж чадаагүй хэрнээ бие дааж гарч ирсэн 181 гишүүнийг талдаа татаж, олонхийг бүрдүүлж байсан нь 2004-2008 оны парламентад Симба Ц.Батааг намдаа урвуулж, олонхийг бүр­дүүлж байсан цаг үеийг сануулах мэт. Сүүлд гэхэд 2010 оны парла­ментын доод танхимын сонгуульд  508 суудлын 420-ийг авч, парла­мен­тын тавны нэгийг нь бүрдүүлж байсан сөрөг хүчний нам нэг ч суудалгүй хоцорч, таван суудалтай өөр нэг нам ердөө хоёрхонтой л үлдсэн сэлт нь танил технологийг өгүүлэх шиг. Бас уг сонгуулийг шударга бус болсон талаар олон улсын байгууллага, ажиглагч нар үгээ хэлж байсан нь нэгийг хэлнэ.

Хэрэв үнэхээр л ард түмний саналаар дийлэнх олонхи болж байсан бол хэдхэн сарын дараа хувьсгал өрнөхөд тулж, улмаар нам нь татан буугдахгүй байсан биз ээ.

Ямартай ч египетчүүд олон жил толгойд суусан намаа ийнхүү татан буулгачихлаа. Харин бид яах ёстой вэ. Татан буугдах ёстой байсан ах намыг татан буулгаагүйгээс яршиг түвэг нь улам бүр нэмэгдсээр бай­на. Насаа уртасгах гэж оролдож, нэрээ өөрчилсөн нь энэ нам дахь үзэл бодлын зөрүүтнүүдийг бүр ангилчихав. Одоо Н.Энхбаяр тэр­гүүтэй хүмүүс МАХН гэсэн нэрийг барьж, улс төрийн тоглолт хийж байна. Дээрээс нь олонх болсон нам сөрөг хүчин бай гэж ард түм­ний сонгосон Ардчилсан намыг өвөртөө хийж, стандарт бус Зас­гийн газар байгуулснаар байдал улам хэцүүдлээ.

Өөрсдийгөө сөрөг хүчний байр суурин дээрээс ажиллана хэмээн мэдэгдээд байгаа бүлэг хүмүүсийн гаргаж буй байдал, хийж буй мэдэг­дэл нь олон хүнийг  гайхшруулаад байна. Зарим хүн социалист үеэ санагалзан, бүгдийг хөдөлмөрч­дөд, бүгдийг нийгэмчлэх тухай яриад эхэлжээ. Гэтэл бид бүгд нэг өмч хөрөнгөтэй, нийгэмчлэгдсэн сэтгэлгээнээсээ дөнгөн данган салж ядаж буй бус уу. Ах намынхны социализмаасаа салах гэж орол­дож буйн тэмцэл  нөгөө талд эргэн тэр үедээ очих их хүслийг нь тө­рүүлж байх шиг. Уг нь монгол хүн хүссэн цагтаа тогоо тослох хувийн ганц хоёр толгой малтай болсон­доо баярлаж, хүссэн үедээ гадаа­дад зорчиж, хэрэгцээ гарвал орон суу­цаа барьцаалж мөнгөтэй бол­чих­дог болсондоо баярлаж явах бол­сон. Тэгвэл одоо монгол хүн хө­рөнгөтэй байгааг нь буруутгах хүчин гарч ирэх нь. Угаасаа байдал энэ мэт болтол явсныг хүмүүс ганц л зүйлтэй холбож байгаа нь МАН-д АН нэгдэн нэг засаг байгуулсных хэмээж байгаа юм. Ардчилсан нам бол барууны үзэлтэй, хүнийг эд хөрөнгөтэй байхыг өөгшүүлж, үзэл бодлын хувьд ташуурдаж өгдөг нам билээ. Гэтэл энэхүү нам нь хууч­наар МАХН-тай нэгдсэнээр өөх ч биш булчирхай ч биш болсон. Хувьдаа хөрөнгөтэй байхыг үздэг­гүй, хэсэг цагаан чулуу харсан ч нийгэмчлэх тухай боддог энэ на­мын хуучин үзэлтнүүд нөгөө хэдээ хөрөнгөтөн үзлийг дэвэргэдэг хү­мүүс­тэй нийлчихлээ гэж үзсэндээ соц цагийг санагалзаад ирэв бо­лолтой. Энэ бол тухайн цагт нь уг намыг татан буулгаагүйн гай.

Ингэж хуучнаа санагалзан, өнгөрсөн үе рүүгээ тэмүүлэх нь асар хор холбогдолтой билээ. Нэгэнт тухайн цагт МАХН-ыг татан буулгаж, өнөөгийн их хагарлын үүдээс сэргийлж чадаагүйгээс хойш одоо үүссэн нөхцөл байдалд ухаалаг шийдвэр гаргах нь чухал. Энэ нь Хамтарсан Засгийн газраас АН гарах явдал юм. Баярлалаа гэж хэлнэ үү, болно оо гэнэ үү ямартай ч баяртай гэх цаг нь иржээ.

Энэ нь алдаа оноотой ч ард­чил­сан замналаараа урагшлах боломжийг нээж өгч таарна.

Египетэд Үндэсний
ардчилсан намаа татан буулгаж түүхэн
хэргийг хийж байгаа бол Монголд Хам­тарсан Засгаас АН-ыг салгаж, сөрөг хүчнийх
нь ажлыг хийлгэмээр байна.

Categories
редакцийн-нийтлэл

ХАВРЫН ЧУУЛГАНААР бид юуг хүлээж байгаа вэ?

Өнөөдөр УИХ-ын хаврын чуул­ган эхэлж байна. Энэ хаврын чуул­ган одоогийн парламентын бүрэн эрх хэрэгжиж эхэлсэн цагаас хой­ших гурав дахь чуулган. Өөрөөр хэлбэл, парламентчид нь хамгийн туршлагажиж, хамгийн ажил хэрэгч хандах хаврын сүүлчийн чуулган. Ирэх жилийн өдийд хууль батла­хаар бодол санаагаа төвлөрүүлж суух хүн хуруу дарам болж, ихэнх нь сонгуулийн буухиандаа морд­сон байх вий. Тийм ч учраас энэ удаа­гийн хаврын чуулганаас ихийг хүлээж байна. Улс төрийн нөхцөл байдлыг харж саатсан хуулийн төслүүд, улам бүр чамбайруулан сайжруулахаар буцаагдсаар өнөөг хүрсэн хуулийн нэмэлтүүд гээд ер нь хамгийн ажил хэрэгч байх чуул­ган энэ болж таарна.

Хаврын чуулганы хэлэлцэх асууд­­луудаас Сонгуулийн тухай, Ашигт малтмалын тухай, Үндсэн хуульд нэмэлт, өөрч­лөлт оруулах тухай хуулийн төсөл гээд хүмүүсийн анхаарлыг татаж байгаа асуудлууд бий. Сонгуулийн тухай хууль өөрчлөгдөх нь тун ойрхон байсан сан. Гэвч хаврын чуулган эхэлж байгаа энэ нөхцөлд асуудал хэрхэн шийдэгдэх нь тун бүрхэг болоод байгаа нь намууд дотор яригдаж байгаа яриануудаас тод болж байгаа юм. Бараг энэ хууль бат­лагдахгүйгээр дараагийн сонгууль болж магад гэдгийг ажиг­лагчид онцолж байгаа. Хэдийгээр төгс төгөлдөр сонгуулийн тогтолцоо байхгүй ч хамгийн боломжийн ху­вил­бар энэ гэдэг дээр намууд нэг­дэж, уг хуулийн төсөл бараг бэлэн болчихсон байв. Харамсалтай нь аль тогтолцоо ирэх жилийн сон­гуульд ашиг дагуулах вэ гэж тооцоо хийсэн нам хийгээд хувь хүмүүсийн жижиг­хэн сонирхлын улмаас энэ хууль гацахыг үгүйсгэхгүй. Үндсэн хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай хуулийн төсөл өмнөх чуулган дээр яригдахдаа 2007 онд оруул­сан дордуулсан долоон өөрчлөл­тийг сайжруулах тал дээр төвлөрөн, ажлын хэсэг байгуулагдаж байсан. Гэхдээ сүүлийн үед өрнөөд байгаа үйл явдлаар энэ өөрчлөлт хоёр танхимтай болох асуудлаар өрнөх төлөвтэй. Хоёр танхимтай болох нь хяналтыг сайжруулж, улс орны томоохон асуудлуудыг шийдэхэд чухал тустай гэж парламентын гол хоёр намын дарга нар онцлон ухуулж байгаа.

Хэлэлцэх асуудлуудын жаг­саал­тыг тэргүүлж байгаа нь Хөдөл­мөр эрхлэлтийг дэмжих тухай хуу­лийн төсөл билээ. Засгийн газраас өнөө жилийг Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих жил болгон зарлаж, хө­дөлмөр эрхлэлтийн яармаг үзэсгэ­лэн энэ тэр гээд олон ажил зохион байгуулаад эхэлсэн ч хууль нь батлагдаагүй байсан санж. Бодвол хуульгүй атлаа пиараа эхэлсэн Засгийн газарт хуулийг нь баталж өгөх гээд парламентын эхэнд нь тавьсан бололтой юм. Мэдээж, Хөдөлмөр эрхлэлтийг дэмжих хууль­тай болох нь ажилгүй олон иргэд ажлын байраар хангагдаж, энэ цагийн хүмүүсийн гол бэрх­шээлээс гэтэл­гэ­хэд тус дөхөм болж таарна.

Энэ удаагийн чуулганаар эрүүл мэндийн салбараас нэлээд хэд хэдэн бодлогын чанартай даацтай хуулиуд орж ирнэ гэж хүлээгдэж байгаа. Монголчууд шилжилтийн үеийг туулна гээд ханцуй шамлан орохдоо зарим салбаруудаа онхи тас мартаж орхисны нэг нь энэ салбар гэгддэг. Сүүлийн үед гараад байгаа асууд­лууд бүгд бодлого алдагдсантай холбоотой гэх нь ч бий. Тэгвэл энэ удаад хэлэлцэх асуудлын жаг­саал­тад орж ирсэн Эрүүл мэндийн тухай хуулийн төсөл (шинэчилсэн найруулга)-өөр эрүүл мэндийн тогтолцоо, эмнэлэг эрүүл мэндийн үйлчилгээнд тавих хянал­тын хоо­рондын уялдаа холбоог сайжруу­лах тал дээр ихээхэн анхаа­рах аж. Мөн анхан шатны болон хоёр, гуравдугаар шатны эмнэлгүү­дийг гүйцэтгэх үүргийг тодорхой болгоно гэсэн үг. Манайд аймаг, дүүргийн эмнэлгүүдийн хувьд өр­хийн эмнэл­гээс бичигтэй ирсэн хэдэн хүнийг үзээд, дотрын голдуу эмчилгээ хийхээс хэтэрдэггүй. Орц­ныхоо үүдэнд халтирч унаад хөлөө хугал­сан бол дүүргийнхээ эмнэлэг дээр очоод чиг бариад боолгуулах боломж ч үгүй. Өнөөх л Гэмт­лийн эмнэлэг рүү явах ёстой болдог. Тэгвэл мэргэшсэн хийгээд клини­кийн нэгдсэн нэг, хоёр, гурав гээд гурав дахь шатлалын эмнэлгүүд дээр ачаалал дийлдэх­гүй түмэн бэрх­шээл. Хэдийгээр сүүлийн үед энэ тал дээр уг салба­рынхан санаа­чил­га гарган зарим ажлуудыг хийж эхэлж байгаа ч хуульчилж байж л бодлогын хэм­жээнд үр дүнгээ өгч таарна.

“Иргэний эрүүл мэндийн даат­галын тухай хуулийн төсөл мөн шинэчилсэн найруулгаар орж ирнэ. Үүнийг мэргэжлийн хүмүүс тун чухал хууль болно хэмээн онцолж байгаа билээ. Өөртөө анхаарч эрүүл бай­даг хүн, биеэ гаргуунд нь хаячихаад эмнэлэгт үнэгүй эмч­лүүл­дэг хүмүүс адилхан мөнгө төлж ирсэн тэр асуудал энэ хуулиар хөндөгдөх болов уу. Мөн манайд олон жилийн турш явж ирсэн эрүүл мэндийн даатгалын тогтолцоог боловсрон­гуй бие даасан тогтол­цоотой болго­ход уг хууль нөлөөлөх ёстой юм. Манайд орныхоо тоогоор эрүүл мэн­дийн даатгалаас эмнэлэг, эрүүл мэндийн байгуулла­гууд руу мөнгө торхийн унаж, харин уг үйлчилгээ нь чанартай байна уу, үгүй юу гэдэг хяналтын тогтолцоо байдаггүй явж ирсэн. Тэгэхээр тэртэй тэргүй бага­хан төсвөөр урд хормойгоо хойдо­хоороо нөхөж ирсэн энэ салбарын­хан үйлчилгээ­гээ чанаржуулахын талаар бодо­ход хэцүү. Харин эрүүл мэндийн даатгалын тогтолцоог бие даалгаж, үүнд тохирсон үйлчилгээг гаргаад ирвэл хүмүүс чанартай үйлчилгээг авч, бас хяналтын хө­шүүр­гээр ахиц дэвшил гарах нь мадаггүй юм.

Мөн энэ удаагийн чуулганаар дэлхийн олон газар хэрэгжиж эхэл­сэн ч манайд л мэдээгүй мэт хоцор­соор ирсэн “Тамхины хянал­тын тухай хууль” яригдана гэж байгаа. Ингэснээр тэртэй тэргүй агаарын бохирдлоос өдөрт таван хайрцаг янжуур татдаг бид дахин бусдын татсан тамхийг дам татдаг тэр явдал эцэс болох юм. “Тамхины хяналтын тухай хууль” батлагдвал үйлчилгээ­ний бүх газар тамхи татахыг хориг­лоно. Энэ нь зарим тамхичдын уур унтууг барах ч тамхилдаггүй мөрт­лөө дам тамхи­далтын золиос бол­дог олон хүний талархлыг хүлээж таарна.

Бас “Мансууруулах эм, сэтгэцэд нөлөөт бодисын эргэлтэд хяналт тавих тухай хуульд нэмэлт, өөрч­лөлт оруулах хуулийн төсөл” ч энэ чуулганаар орж ирэх бөгөөд сүү­лийн үед үүссэн шинэ нөхцөл бай­далд тохирсон хууль цаг үеэ хүлээж байгаа асуудал билээ.

Сүүлийн үед хуулиар тусгайлан хамгаалагдаагүй мэдээллийг иргэд чөлөөтэй авч байх эрхтэй талаар онцлон ярих болсон. Гэтэл хуулиар тусгайлан хамгаалбал зохих нуу­цад хамаарахгүй мэдээллийг ч төрийн түшмэд, байгууллагууд нууц хэмээн цааш хийдэг байсан тэр явдал “Мэдээллийн ил тод байдал ба мэдээлэл авах эрх, эрх чөлөө­ний хууль”-аар эцэслэгдэх юм. Энэ хууль батлагдвал төрийн ажил бүхэлдээ ил ойлгомжтой байж, хөшигний ард байдгаас хаданд гарсан хүнд суртал, ашиг сонирх­лын зөрчлүүд тодорхой болж ирэх билээ. Жинхэнэ утгаа­раа төрийн ажил тунгалаг шилний цаана бай­хын эхлэл энэ хууль болно хэмээн олон хүн найдаж байгаа. Магад ингэснээр төрдөө итгэх итгэл нь алдарч, бүгд хуйвал­даан булхай­гаар хийгддэг гэж хүмүүсийн бухим­даж байсныг багасах байх.

Алслагдсан болон говийн бү­сийн нэмэгдлийн тухай хууль нэг талаасаа нийслэл хотоос зайдуу амьдардаг хүмүүсийг дэмжсэн мэт боловч нөгөө талаасаа хотын хэт төвлөрлийг сааруулах давхар ач холбогдолтой гэгдэж байгаа. Уг хуулийн төслөөр алслагдсан айм­гуу­дын төрийн албан хаагчдын цалин дээр 20 хувийг нэмж, таван жил тутам зургаан сар ажилла­сантай тэнцэх нэмэгдэл олгон, гурил будаа, цай, түлш шатахуун зэрэг чухал хэрэглээний бараа бүтээгдэхүүний НӨАТ, гааль, онц­гой албан татварыг багасгаснаар амьжиргааны чанарыг төвийн­хөн­тэй ойртуулах талаар ярих юм. ОХУ, Канад, АНУ гээд орнуудад хэрэглэгддэг энэ зарчмыг хэзээнээс хэрэглэж эхлэх бол гэсэн хүлээлт баруун аймаг, говийнхонд эл хуу­лийн төслийг яригдаж эхэлсэн цагаас нь л бий.

Цахим гарын үсгийн хууль цаг үеэ олсон гэгдэж байгаа нь үнэн ч нэг л асуудлаас болж гацах магад­лалтай юм. Монгол Улсын иргэний бүхий л мэдээллийг хадгалсан ухаалаг үнэмлэхийн асуудал яриг­даж, хувь иргэний эд хөрөнгө, хувь мэдээлэл гээд бүгд Улсын Бүрт­гэлийн Ерөнхий газарт бий. Шинэ­чилсэн бүртгэлээр ч иргэдийн тухай мэдээлэл нэгэнт төрийн энэ бай­гууллага дээр цугларсан. Ухаалаг үнэмлэх дээр тохирох цахим гарын үсгийг авахуулах ажлыг УБЕГ бус нэр бүхий гурван компаниар хийл­гэх зөвшөөрлийг Засгийн газраас өгчихсөн юм гэсэн. Уг нь цахим гарын үсэг хэрэгтэй ч Монгол Улсын иргэн бүр 90 ам.доллар хувийн компаниудад төлөх ёстой гэвэл багагүй маргаан дагуулж таарах болов уу. Ямар гурван компанид иргэн бүрээс орж ирэх 90 ам.дол­лар  нийт 180 сая, аж ахуйн нэгжүү­дээс орж ирэх 80-90 сая ам.дол­ларыг давуу эрхээр олгож байна гээд яривал яригдах л байх.

Бас хэлэлцэх асуудлын бусад гэсэн хэсэгт багтсан нэг хууль яах аргагүй хүмүүсийн анхаарлыг тат­на. Тэр нь Үндэсний аюулгүй байд­лыг хангахад стратегийн ач хол­богдол бүхий салбар дахь гадны хөрөнгө оруулалтыг зохицуулах тухай хуулийн төсөл юм. С.Бям­бацогт, Ө.Энхтүвшин, Ц.Батбаяр, Ц.Баярсайхан, Д.Ганхуяг, Д.Тэр­бишдагва гэсэн зургаан гишүүний өргөн барьсан уг хуулийн  төслөөр бол уул уурхай, төмөр зам, харил­цаа холбоо, банк санхүү, хэвлэл мэдээлэл гээд чухал чухал салбарт гадаадын хөрөнгө оруулалтыг зохи­цуулах чухал хууль ажээ.

Иргэдийн чухалчлан хүлээж байгаа нэг хууль бол Дээд боловс­ролын санхүүжилт, суралцагчдын цалин, тэтгэлэг, тэтгэмж, нийгмийн баталгааны тухай хуулийн төсөл. Ерөнхийлөгчийн санаачилсан уг хуулийн төслөөр суралцагчдад хөдөлмөрийн хөлсний доод хэм­жээний тал буюу 54 мянган төгрө­гийг сар бүрт өгөх тухай дурдсан нь бараг айл бүр оюутантай мон­голчуудын хувьд чухал сэдэв. Ма­най 670 мянган өрхийн 65 хувь нь оюутантай гэсэн судалгаа байдаг билээ. Уг хууль нь оюутанд тэтгэлэг өгөхөөс гадна дээр дурд­сан эрүүл мэндийн салбарын адил хаягдсан  боловсролын салбарыг дэлхийн жишигт ойртуу­лах, тэр гольдролд дөхүүлэх зорил­готой хууль гэгдэж байгаа. Зах зээлийн нийгэмд шил­жин орох үедээ хувийн сургуулиу­дыг хувийн компани мэт тооцож хаясан нь бидний том алдаа бол­сон хэмээн үздэг. Гэтэл дэлхийн улс орнуудад боловсро­лын салбар гэдгээр нь хамаагүй өөр авч үздэг. Европын холбооны улсуудад бо­ловс­ролын байгууллагадаа нийт зардлын 84, АНУ-д 47 хувийг нь төрөөс өгдөг бол манайд 5-9 хувийн үзүүлэлттэй гэж байгаа. Харин энэ хаврын чуулга­наар яригдах хуулийн төс­лөөр бол 20 хувь гэсэн хувилбар яваа юм билээ. Ямартай ч эхний шатанд үүнээс эхлэн олон улсын боловсро­лын чиг хандлага руу шилжинэ гэдэг нь чухал гэх хүмүүс олон.

Энэ мэт хаврын чуулганаар хэлэлцэж, шийдэх олон хуулиуд байна.

Э.ЭНЭРЭЛ