Categories
редакцийн-нийтлэл

М.Батчимэг: Иргэд рүүгээ буу шагайх хуулийн төслийг Засгийн газар дэмжиж УИХ-д өргөн барьсан

Ерөнхийлөгчийн аюулгүй байдлын бод­логын зөвлөх М.Бат­чи­мэгтэй ярилцлаа.

Сүүлийн үед төр ир­гэд рүүгээ буу шагайдаг болох нь. Үзэл бодлоо илэрхийлээд жагсах үед ч бууддаг болох нь гэж байна. Үнэхээр ард­чил­сан төрд ийм юм байж болох уу?

-Үүнийг харин өөрөөс чинь, бас иргэдээс асуу­маар байгаа юм. Энэ та­лаар хэн нэг албан ту­шаалтан байр сууриа илэр­­хийлэхээс илүү ма­най иргэд, сонгогчид юу гэж бодож байгааг мэдэх нь ийм юм санаачлаад байгаа улстөрчдөд илүү цочоо өгөх байх. Аль бо­лох олон хүн энэ талаар яриасай гэж бодож байна.

Та аюулгүй байд­лын асуудлаар Ерөн­хийлөг­чид зөвлөдөг хүн шүү дээ?

-Миний хувьд байр суурь тодорхой. Ц.Ням­дорж сайд ийм хууль са­наачлаад явж байна шүү гэж хамгийн түрүүнд са­наа зовж, сонин хэв­лэ­лээр эсэргүүцсэн байр сууриа илэрхийлж бай­сан хүмүү­сийн нэг нь би. Тэр ч ут­гаараа Засгийн газраас ийм хуулийн тө­сөл УИХ-д өргөн бариг­даж байна шүү, Ерөн­хий­лөгчийн зү­гээс Засгийн газрын хэ­лэлцүүлгийн түвшинд байр сууриа то­дорхой илэр­хийлсэн, эсэр­гүүцсэн.

УИХ-ын түвшинд асуудлыг ну­хац­тай анхаарч үзээрэй гэдгийг их хурлын гишүүдэд хэлж ярьж байна. Үүний үр дүн ч гарч байгаа гэж бодож байна.

АНын бүлэг хуулийн төслийг буцаах санал гаргасан, та үүнийг хэлж байна уу.

-Тийм. Гэхдээ энэ асуудлыг шүүмжилж байгаа нь зөвхөн АН-ын гишүүд бус, үүнийг шүүмжилж байгаа олон гишүүн байгаа гэж бодож байна.

Ерөнхийлөгч энэ асуудлаар ямар байр суурьтай байсан бэ?

-Тэр асуудлыг хэлэлцсэн Засгийн газрын хуралдаан дээр би Ерөн­хийлөгчийн байр суурийг тайл­бар­ласан. Аргагүй нөхцөл байдал үүсч, улс оронд онц байдал зарлаагүй л бол дотооддоо, тэр тусмаа ард иргэдийхээ эсрэг цэрэг, зэвсэгт хүчин оруулж, галт зэвсэг хэрэглэж болохгүй гэдгийг. Бас онц байдал зарлаагүй нөхцөлд цөөн хүн дур зоргоороо цэрэг, зэвсэг хэрэглэх үүдийг нээснээр ардчиллыг нухчин дарах, төрийн эргэлт гарах, цаашилбал улс орон иргэний дайн гарах нөхцөл үүсдэгийг ч хэлсэн. Үндсэн хуулийн эсрэг ийм заалтыг хуульчилж болохгүй гэж үзсэн. Ха­рамсалтай нь Ц.Нямдорж сайдаас эхлээд үүнийг Ерөнхийлөгчийн зүгээс гүйцэтгэх засаглалтай эрх мэдэл булаалдаж байгаа хэрэг гэж тайл­барлаж, над руу дайрч давшлаад өнгөрсөн. Элдвээр мэтгэлцэж байж нэг юм зэвсэгт хүчин оруулах асуудлыг хасч, бусдыг нь хэвээр үлдээх шийд­вэр гаргасан.

Энэ төслийг оруулж ирсэн гэж ХЗДХийн сайд Ц.Нямдоржийг ихээхэн буруутгаж байна. Таны харж байгаа өнцгөөр хашир сайд юунд үндэслэж бас найдаж энэ саналыг оруулж ирсэн юм бол?

-Ц.Нямдорж сайдыг би хэтэрхий олон жил төрийн чухал албан дээр дур зоргоороо авирлаж сурчихаад ингээд байж болдог юм, ингэж л нэр нөлөөгөө бэхжүүлдэг юм гэсэн итгэл үнэм­шилтэй болчихсон хүн юм уу гэж боддог. Эрх мэдэл, эрээ цээргүй байдлаараа улс төр хийж амжилт олж сурчихсан хүмүүс ганц Ц.Нямдорж сайдаар хязгаарлагдахгүй болжээ. Ийм хүмүүс улам л олон нийтийн санаа бодлоос өөрсдийгөө таслаад, явах тусам буруу замаар будаа тээх магадлал нь өндөр болоод байдаг юм байна. Хүмүүс Ц.Нямдорж сайдыг цагдаад галт зэвсэг өгч, ард түмний эсрэг буу шагайлгах гэлээ гэж эм­зэг­лэж байна. Гэтэл ингэж хүсч байгаа хүн ганц Ц.Нямдорж сайд биш шүү дээ.

Өөр ямар хүмүүс байгаа юм бэ. Та нэрлэж чадах уу?

-Ард иргэдийг айлгаж, эмзэглүүлж байгаа энэ асуудлыг санаачилсан хүн нь Ц.Нямдорж сайд боловч Засгийн газар танхимаараа үүнийг хэлэлцээд, дэмжээд УИХ-д өргөн барьсан шүү дээ. Тэгэхээр энэ бол нэг хүний асуудал биш, Монгол Улсын өнөөгийн Засгийн газар танхимаараа ийм байр суурьтай байна гэсэн үг.

Хамтарсан Засгийн газарт АНын сайд нар ч байгаа шүү дээ, тэд ямар байр суурьтай байсан бэ?

-Үнэнийг хэлэхэд Ардчилсан намын сайд нараас эргэлзсэн, тат­галзсан байр суурь илэрхийлсэн нь Засгийн газар дээр Ерөнхийлөгчийн байр суурийг харгалзаж үзэх, ядаж зэвсэгт хүчин оруулах асуудлыг хасуулахад дэмжлэг болсон гэдгийг энд хэлэх ёстой.

Үндэстэн дотроо аюулгүй байхын тулд буу зэвсэг агсах нь хэр зөв юм бол?

-Хамгийн ноцтой нь одоо яригдаж байгаа хуулийн төсөл дээр ганц цагдаад галт зэвсэг хэрэглүүлэх асуудал төдий бус, иргэдийн жагсаал цуглааныг дарахад дотоодын цэрэг, хилийн цэргийг оруулах асуудал байгаа. Засгийн газар дээр хэлэлцсэн эхний хувилбараар бол бүр зэвсэгт хүчин тэр чигээрээ дайчлагдах төсөл явж байсан. Төр ард түмнийхээ эсрэг буу шагайна, цэрэг оруулна гэдэг Ардчилсан орны хувьд байж болшгүй зүйл. Монголд ерэн онд ч ийм явдал болж байгаагүй. Гэтэл өнөөдөр ийм асуудал ороод ирэхэд Засгийн газар байх ёстой зүйл мэт огт цочихгүй хэлэлцээд, бүр дэмжээд алх цохиод явчихсанд нь би хувьдаа үнэхээр цочирдсон. Манай байдал бодсоноос хамаагүй дор байгаа юм байна, зарим хүмүүс эрх мэдэлдээ ташуурч юу хийж байгаагаа ч нухацтай бодохоо больчихжээ гэдгийг л илүү  тод мэдэрсэн.

Та хүчний чиглэлээр боловсон хүчин бэлтгэдэг сургуулиудыг нэгтгэснийг нэлээд шүүмжилж байсан. Тэдгээрийг нэгтгэснээр ямар сөрөг үр дагавар бидэнд гарах вэ. Яг одоо эхнээсээ мэдэгдэж эхэлсэн зүйл байна уу?

-Ц.Нямдорж сайд цэрэг цагдаа бүгдийг нь дотоод яамны мэдэлд авч нийгмийг атгандаа байлгахыг, хуучны дотоод яамыг сэргээхийг хүсч байна гэдэг нь сүүлд санаачилсан энэ хуулийн төслөөс хүмүүст ойлгогдож байгаа байх. Тэгэхээр яагаад цэрэг, цагдаа, тагнуулын сургуулийг нэгт­гэхээр улайрсан, одоо ч тэр хууль бус шийдвэрээ хамгаалж байгаа нь ойл­гогдох байх. Сөрөг үр дагаврын хувьд гэвэл энэ шийдвэр аюулгүй байдлыг хангах тогтолцоог дампуурал руу түлхэж байгаа. Цагдаагийн академийн сонсогч нарт цэргийн дарга нар хичээл заагаад эхэлсэн гэж бодохоор хү­мүүст бид чинь юу руу л яваад байна даа гэх бодол өөрийн эрхгүй төрж таарна. Нөгөө талаас, хууль хэрэг­жүүлэх үүрэгтэй Засгийн газар, түүний дотор Хууль зүй дотоод хэргийн сайд нь ингэж хуулийг үл тоомсорлож дур зоргоороо авирлаад ирэхээр энэ улс орон цаашид юу болох вэ гэдэг бол хамгийн ноцтой асуудал. Миний бод­лоор Монголд улсад Хууль зүйн яамыг байхгүй болгоод оронд нь бүх хүчний байгууллагаа атгасан хэмжээгүй эрхт Дотоод хэргийн яам байгуулах ажил л яваад байх шиг байна. Гэхдээ дахиад онцлоод хэлэхэд гурван сургуулийг нэгтгэх асуудлыг Ц.Нямдорж сайд ганцаараа шийдээгүй, Засгийн газар хэлэлцэж, тогтоол гаргаж шийдвэр­лэ­сэн. Ерөнхийлөгчөөс хууль зөрчсөн шийдвэрээ эргэн харж цуцлах шаард­лагыг Ерөнхий сайдад хүр­гүүлсэн ч өнөөг хүртэл ямар нэг арга хэмжээ авахгүй байна. Хилийн цэргийн дээд сургууль гэдэг цэргийн ангийн ду­гаартай, статустай, байлдааны тугтай цэргийн байгууллагыг хууль бусаар татан буулгаад, галт зэвсгийг нь нэг тийш зөөчихсөн байгаа. Хуулийн дагуу байршил өөрчилсөн, шинэ анги бай­гуулагдаж шилжүүлсэн зүйл огт байхгүй. Санаатай, санамсаргүй аль нь ч бай, хуулийг уландаа гишгэсэн үнэхээр том завхрал явагдаж байна. Хууль биелүүлдэг эрүүл саруул тогтолцоотой газарт энэ бол байж болшгүй зүйл.

Одоо тэгээд цаашаа яах вэ?

-Засгийн газар өөрийн хууль бус тогтоолоо хүчингүй болгохгүй бол түүнийг хүчингүй болгох эрх нь УИХ-д байдаг. УИХ-д хандаж асуудлыг тавихаас өөр аргагүй болж байна. УИХ бол ард түмний төлөөлөл болсон, сонгуулиар иргэдэд ажлаа шууд тайлагнадаг байгууллага. Ийм асуу­далд УИХ Засгийн газраас илүү нухацтай хандах байх гэж найдаж байна. Энэ алдаатай шийдвэрийн хор уршиг нь их, хэвээрээ байгаад байвал урт хугацаанд улс оронд олон уршиг дагуулна гэж санаа зовж байна.

Санаа зовох гэснээс, сэдвээсээ жаахан хазайгаад таны хувийн үзэл бодлыг сонирхмоор санагдлаа. Эмэгтэй хүний хувьд танд энэ ажил чинь хүнд санагдах үе байдаг уу?

-Энд эрэгтэй, эмэгтэй хүн гэхээс илүү мэргэжлийн итгэл үнэмшил чухал гэж би боддог. Ерөнхийлөгч итгэж найдаад ийм том хариуцлага оногдуулж байхад би эмэгтэй хүн гээд хойш суух боломжгүй. Тэр тусмаа хариуцсан чиглэлээр ийм хууль бус, бусармаг явдлууд өрнөөд байхад нүдээ аниад чимээгүй суух эрх байх­гүй шүү дээ. Сүүлийн үед өрнөөд байгаа энэ “хүчний” гэгдэх байгуул­ла­гуудын асуудлаар өөрт заримдаа амаргүй ч гэсэн олон түмэнд мэ­дээлэл, ойлголт өгч байх нь, улс орны ч, иргэдийн ч аюулгүй байдалд, бас Монголын төрийн дархлаа батжихад ч  хэрэгтэй гэж боддог. Манай Үндэсний аюулгүй байдлын үзэл баримтлалд ч яг ийм үзэл санаа шингэсэн. Улс үндэсний аюулгүй байдал монгол хүн бүрийн сонор сэрэмж, ухамсартай үйл ажиллагаан дээр суурилна, тиймээс төр иргэдээ шаардлагатай мэдээл­лээр нь хангаж байх ёстой.

Та сүүлийн үед дээр яригдсан асуудлуудаар нэлээд ярьж, бичиж байх шиг. Үүнийг тань Ерөнхийлөгч аюулгүй байдлын чиглэлээр энэ асуудлуудыг хамгийн их анхаарч байна гэж үзэж болох уу?

-Яг тийм биш ээ. Энэ бол анхаар­лын төвд байгаа асуудлуудын нэг л хэсэг нь. Ерөнхийлөгч аюулгүй бай­далтай холбоотой олон асуудал дотор хүний аюулгүй байдалд онцгой ан­хаардаг гэдгийг хэлмээр байна. Гурван сая хүрэхгүй хүнтэй Монгол Улс хүн нь аюулгүй байж аюулгүй оршино. Гэтэл өнөөдөр Монголд хүний аюулгүй байдлыг хөндсөн олон ноцтой асуудал бий болсон. Ерөнхийлөгчийн амьдрах орчноо эрүүлжүүлж мод тарих, агаа­рын бохирдлыг бууруулах, газар хөдлөлт, байгалийн гамшгийн эрс­дэлийг бууруулах, архидалттай тэм­цэх, цөмийн хог хаягдлыг бүрмө­сөн хориглох гээд олон асуудал үүнд чиглэгдэж байгаа. Сүүлийн үед хүнс­ний аюулгүй байдлын асуудлаар ажлаа эрчимжүүлэх зорилт тавьж байна.

Та мэдээж эмэгтэй хүний хувьд улс төр дэх эмэгтэйчүүдийн орол­цоог нэмэгдүүлэх асуудлыг дэмж­дэг байж таарна. Тийм үү?

-Шийдвэр гаргах түвшинд эмэгтэйчүүдийн оролцоо нэмэгдээд ирэхээр улс орон бүхэлдээ хождог юм байна, улс төр илүү ажил хэрэгч, зарчимтай болдог юм байна гэдгийг гадны улс орнууд өөрсдийн жишээн дээр хүлээн зөвшөөрдөг юм билээ. Манай улс төрд, бүр явцууруулж хэлбэл наад зах нь улсын төсөв хуваарилахад эмэгтэйчүүд, эхчүү­дийн оролцоо бараг байхгүй байгаагийн золиос нь бохир заваан хот, хортой хоол хүнс, эх нялхсын эрүүл мэнд, эмнэлэг, сургууль, цэцэрлэгийн хүрэлцээгүй байдал, гэр бүлийн элдэв бэрхшээлтэй асуудлууд гэж би боддог. Боловсрол, эрүүл мэндийн салбар уналтын байдалд байгаа нь ч үүнтэй холбоотой. Манайд наад зах нь өрх толгойлсон эмэгтэйчүүд хэчнээн олон байгаа билээ. Тэд ялгаагүй л Монголын ирээдүй болсон үр хүүхдүүдээ өсгөөд, амьдралын хатуу ширүүнийг нуруун­даа үүрээд явж байгаа монгол ээжүүд. Энэ мэт нийгмийн эмзэг асуудалд эмэгтэй хүн илүү мэдрэмжтэй ханддаг гэж би боддог. Төр тэр болгон хүрч чадахгүй байгаа ийм газруудад эмэг­тэйчүүд голдуу толгойлсон төрийн бус байгууллагууд идэвх гаргаад явж байдаг шүү дээ.

Сонгуулийн хууль гарахын өмнө эмэгтэйчүүдийн квот гэж их ярьдаг. Эрчүүд нь үүнийг бүр аймшгийн зүйл ярьж байгаа мэт хүлээж авах нь ч байх юм. Үүнийг квотоор шийдэж өгөх нь ямар хэрэгтэй юм бэ?

-Чадалтай юм бол өрсөлдөөд гараад ир гэж хэлдэг эрчүүд цөөнгүй байдаг л даа. Энэ бол шударга л үг. Гэхдээ шударга үг шударга орчинд л үнэтэй. Гарааны нөхцөл адил тэгш өрсөлдөөнийг л шударга өрсөлдөөн гэдэг. Гэтэл Монголд ч, гадны орнуу­дад ч эмэгтэйчүүд улс төрд ороход нэн түрүүн хоёр бодитой саад учирдаг. Нэгд, эрчүүд давамгайлсан улс тө­рийн орчинд угаасаа эрчүүд орон зайгаа алдах хүсэлгүй, тиймээс ч аль болох өөрсдөдөө ашигтай тохироо бүрдүүлээд, хоорондоо үгсээд явчих­даг. Нөгөө нь, улс төр их мөнгө шаарддаг. Эмэгтэйчүүд хэчнээн боловсролтой, чадалтай, нийтийн сайн сайхны төлөө сэтгэл зүрхтэй байлаа гээд мөнгөгүйгээсээ болоод улс төрд орж чаддаггүй. Ийм нөхцөлийг түр хугацаанд зөөллөж гарааны нөхцөлийг ойролцоо түвшинд аваачих үүднээс л олон оронд тодорхой хугацаагаар квот хэрэглэдэг юм билээ. Манайд ч ийм л утгаар квотын асуудал яригдаж байгаа гэж боддог.

Дэлхийн улс орнуудад шийд­вэр гаргах түвшиндээ эмэгтэй­чүү­дийн оролцоог тэгш байлгахын тулд ямар алхмуудыг хийсэн бай­даг юм бол?

-Парламентын квот бол сонгох, сонгогдох эрхтэй холбоотой асуудал. Сонгогчдын тодорхой хэсэгт квотын дагуу зөвхөн эмэгтэй хүн сонго гэж тулгах боломжгүй. Иймээс квотын тогтолцоо пропороциональ системд л үйлчилнэ гэдгийг бодох ёстой. Нөгөө талаас зөвхөн сонгогдох бус, томилог­дох түвшинд ч эмэгтэйчүүдийн тө­лөөл­лийг нэмэгдүүлэх чухал. Энэ бол сонгуулиас илүү амар бөгөөд богино хугацаанд шийдэж болох асуудал.

Э.ЭНЭРЭЛ

Categories
редакцийн-нийтлэл

Альпийн нурууны салхинд илбүүлж, Адриатын тэнгисийн усанд булхсан Хорват

Хүн төрөлхтний эртний үндэст­нүүдийн нэгээр хорватчуудыг нэр­лэдэг. Эндхийн газар нутгаас олдсон олдвор, булш бунхан нь дэлхийн түүхийн нэлээд өмнө үед тооцогддог бололтой юм билээ. Энэ үндэстэн одоогийн газар нутагтаа 600 оны орчим нүүдэллэн очжээ. 925 онд Томислав ван омог овгийн хорватчуудыг нэгтгэснээр анх Хорват улс үүссэн хэмээн үлджээ. Гэвч түүхийн нугалаанд Унгартай нэгдэн, Османы Туркийн эзэнт гүрний мэдэлд орж, Сербийн вант улс, Словенийн холбооны улс, Югославын холбооны улс гэж том улсуудын элгэнд наалдсан дэлүү шиг явсаар иржээ. Харин социалист гүрнүүдийн задралтай зэрэгцэн Югославаас 1991 оны зургадугаар сарын 25-нд салж тусгаар тогтнолоо зарласан байна. Гэхдээ бүрэн утгаараа аравдугаар сараас л тэр боломж нь ирсэн гэдэг.

Тусгаар тогтнолоо зарласны дараа Хорват дахь үндэсний цөөнх болох сербчүүд босч, Югославын үндэсний арми Хорватын нутаг дэвсгэрийн гуравны нэгийг эзлэн авсан байдаг. Өөрөөр хэлбэл, тэртээх угсаандаа тусгаар улс байж ирсэн омогшлоороо өрх тусгаар­лах гэж үзээд дайны хөлд нэрвэгд­сэн он жилүүд энэ цаг үед байв. Хорватчууд тусгаар тогтнолоо зарласныхаа дараагаас олон улсын тавцанд өөрийгөө ойлгуулж, Европын холбоотой эдийн засгийн салбарт харилцаагаа дээшлүүлж улмаар НҮБ-тай ойртож чад­санаар энэ бүс нутагт шинэ улс мэндэлж чаджээ. 1995 оны төгс­гөлөөр дайн бүрэн дуусч, газар нутгийн бага сага маргаан­тай асуудлаа шийдсээр усан хил дээр ганц хоёр асуудал үлдсэнийг эс тооцвол бараг шувтарчээ.

Мэдээж, дайныг биеэрээ туул­сан гэдгээрээ тэдний хагацал зов­лон, айдас хүйдэс, гуниг цочрол одоо ч байдаг байх гэж Хорватын нийслэл Загребийн эртний гудам­жаар алхаж явахдаа бодож явлаа. Ерөнхийдөө гудамжинд нь хүн цөөн, машин тэрэгний түгжрэл бага юм. Үдэш орой хуруу дарам хүмүүс явж байхыг нь хараад дайны үеийн айдас одоо ч байдаг байх нь хэмээн хардан бодлоо.

Ердөө арван зургаан жилийн өмнөхөн дарийн утаа үнэртэж байсан нутагт бүхэл бүтэн үе солиг­дож байж л айдсын хургаа арилах байх даа. Дайны хөлд сүйдсэн түүх дурсгалын зүйлс, байшин барил­гаа одоо ч сэргээн янзалсаар байгаа тухай тэд ярьж байсан. Дайны уршиг нүднээс арилсан ч сэтгэлээс арилдаггүй гэдэг боло­хоор хорват түмнээс ч удаандаа алсрах нь аргагүй.

Гэхдээ энэ бүхэн саяхан болтол дайнтай байсан гэдгээрээ л бодог­дож байгаа болохоос ангиараа кино үзэ­хээр явж байгаа хүүхдүүд, трам­вайны буудал дээр найз охиноо хөтлөн зогсоо хөвгүүний харцнаас энэ бүхнийг хэрхэн мэдрэх билээ. Тэгээд ч тэд дайны дараа төрсөн хүүхдүүд хойно.

Югославын холбооны улсын их задрал 1999 онд НАТО-гийн хүчин ялалт байгуулж, Ерөнхийлөгч С.Милошевич дайны гэмт хэрэгтэн болсноор дууссан билээ. Гэхдээ хуучин нэг холбоонд нэгдэж байсан энэ улсуудын холбоо одоо болтол зарим нэг сэжмээр цуг. Ямартаа л хуучин Югославын орнуудаас тэднийх энэ салбараараа илүү, эднийх үүгээрээ сайн гэж байнга харьцуулагддаг байхав дээ. Мэдээж, Словени бол Европын холбоонд нэгдэн орчихсон байгаа гэдгээрээ, хуучин язгуур улс нь болоод ч тэр үү хошуучилдаг. Гэхдээ сүүлийн жилүүдэд Хорват хурдацтай хөгжиж байгаа гэд­гээрээ ялгарч байгаа. Экс хол­бооны улсууд дундаа аман хүзүү­дэж байгаа ч тэргүүлээд эхлэхэд гайхах зүйлгүй гэлцэнэ. Дээрээс нь Хорватыг олон улсын тавцанд зөв тоглолт хийж, нэр нөлөөгөө бэх­жүүлж байгаа гэдэг дээр ихээхэн тодотгол өгөх болж. Мэдээж, Европын холбооны гишүүн болох шат дараалсан шалгууруудыг давчихсан улс учраас стандарт нь аль түвшинд байгаа гэдгийг хэлүүлэлт­гүй ойлгочихож болно. Одоо албан ёсоор нэгдэх 2013 оныг л хүлээж байгаа юм билээ.

Ямартай ч бүс нутагтаа аялал жуулчлалын гол газар нь Хорватыг гэх болжээ. Европын гурван хүн тутмын нэг нь энд жуулчлан ирдэг гэсэн үзүүлэлтийг харвал үнэхээр өөрийг юу нуршихав. Хорватад Европын бусад орнуудаас эд бараа, хоол ундны үнэ хөлс хямд гэж байгаа, дээрээс нь гайхалтай тэнгисийн эрэг тэнд л байна шүү дээ. Мөн их гүрний дээрэнгүй чанар цусанд нь шингэж амжаагүй хорват­чууд зочдод найрсаг эзэн болж чаддаг биз.

Альпийн нурууны төгсгөл уулс их ус руугаа орж ирсэн Хорватын байгалийг гайхалтай гэхээс өөр юу гэх билээ. Газар нутгийн онцло­гоороо эх газрын, Альпийн нуруу­ны, газар дундын тэнгисийн гэж гурав хуваагдана гэж үздэг.

Адриатын тэнгисийн сувд хэмээн хорватчууд нутгаа нэрийд­дэг. Манайхан нөгөө Улаанбаа­тараа Азийн цагаан дагина гэдэг байсан шиг гэмээр юм уу. Нөгөө байлдаж дайтаж байгаад тусгаар улсаа зарлаж авсан газар нутаг нь хойноосоо урагшаа сунасан уртаа гэгчийнх. Тэр нь Адриатын тэн­гисийг мөрлөн тогтсон учраас яалт ч үгүй энэ тэнгис тэдэнд хамгаас илүү хамаарч таараад байгаа юм. Газар дундын тэнгисийн нэг гар нь болсон гэгддэг Адриатын баруун эрэгт нь Итали, харин зүүн эрэгт нь Словен (47 км). Босни Герцоговен (26 км), Монтенегро (249 км), Албани (295 км), Хорват (5835 км) байдаг гэхээр яах аргагүй тэнги­сийн эрэг дагасан амьдрал тэнд харагдаж байгаа биз. Аялал жуулчлал ч хөгжихөөс аргагүй. Энэ тэнгисийн нэрийг эртний адриа хэмээх овгийн нэртэй холбоотой гэдэг юм билээ. Харин монголчууд бид өөрсдөө өгсөн гэх дуртай шүү дээ. Их Монгол улсын хүчирхэг цэргүүд баруун тийш дайлаар мордсоор их усанд очсон нь өнөө­гийн Адриатын тэнгис байсан гэдэг. Харин тийм их усан хараагүй монголчууд тэнгисийн атиран хүүх­рэх усыг хараад атриат ус хэмээн нэрийдсэн нь өнөөгийн нэр гэх нь ч бий. Хэн үгүйсгэх билээ.

Монголчуудын түүхэнд Хор­ватын Загребээр уулгалан айлгаж явсан түүх байдаг хойно. Мон­голчуудын их байлдан дагуулал­тын үед Хорват нь Унгарын хаан IV Бэлад захирагдаж байжээ. 1241 онд монголчуудад ялагдсан Бэла хаан өөрийн харьяаны улс Хорватын Загреб хотноо дутаан ирж, амь хоргодохыг оролджээ. Гэвч Загреб монгол­чуудын довтолгооныг торгоож чадсангүй. Бэла хаан Адриатын тэнгисийн зүүн хойд эргийн Далматиа руу зугатсан гэж байгаа юм. Хорватын язгууртнуудын дэмж­лэгтэй шүү дээ. Тэд ч хөөрхий, хааныгаа амь мулталж авч үзэхийг үүргээ гэж үзэж байсан байлгүй, монгол нэхүүл цэргүүд ч амаргүй шаналгаанууд байсан байж таарна. Ширээгээ хаян зугт­сан хааныг хайсан нэхүүл цэргүүд Өгэйдэй хаан таалал төгссөн мэдээ­гээр Төв Азийн зүг хөлгийн жолоо татсан талаар түүх бичигт үлджээ.

Нээрээ дээр өгүүлсэн Далматиа нутгаас Монголын их эзэнт гүрэнд он жилээр сууж байсан Марко Пологийн гэр бүл гаралтай гэж тэмдэглэгдсэн байдгийг давхар сонирхуулахад нуршсан болохгүй биз ээ.

Харин Өгэдэйн нэхүүл цэргүүд нэгжиж явсан тэр газраар Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж өнгөрөгч сарын 19-20-ны өдрүүдэд албан ёсоор анх удаа айлчилсан билээ. Эрт урьд цагт монголчууд дээр өгүүлсэн агуулгаар Загребт хөл тавьж байсан бол энэ удаагийнх өөр. НҮБ-ын Аюулгүйн зөвлөлийн байнгын бус гишүүний сонгуульд Чехтэй өрсөлдөн ялж 2009-2010 онд зөвлөлд ажиллаж, НҮБ-ын энхийг сахиулах 18 ажиллагааны 15-д нь оролцдог орон. Бас Хорват НҮБ-аас гадуур байгуулагдсан цэрэг дайны ажиллагаанд оролцохгүй гэж мэдэгдсэн юм билээ. Нөгөө талаас нэгэнт Европын холбоонд жил гаруйхны дараагаас орох учраас евро стандартыг нутагшуулах дээр хамтран ажиллахад болохгүй нь юу байхав.

Хорватын нийслэл Загреб бол Төв болон Зүүн Европыг холбосон гол замын уулзвар дээр оршдог эртний хот. Бүр эртний Ромын үеэс энэ нэрээрээ суурин газрын төлөө­лөл болж иржээ. Одоо ч гэсэн ром цэргүүдийн цайз, бааз байсны туурь энд тэндээс нь гарч ирдэг гэсэн. Хорват ганц хот, хорин мужтай бөгөөд манай Улаанбаа­тар шиг цор ганц хот нь нийслэл Загреб. Хүн амынх нь хувьд мөн л манайхтай адил сая гаруй хүнтэй. Улаан шүр мэт тоосгон дээврүүд, цагаан тоосгон байшингууд нь энэ хотын нэг өнгө нь юм уу даа.

Хорватчууд бол ам бүл тийм олон биш үндэстэн. Хүн ам нь 4.5 сая хараахан хүрээгүй. Гэхдээ нэг сонин нь энэ үндэстнээс гайхмаар спортын алдартнууд төрсөн байдаг билээ. Альпийн нурууны салхи, Адриатын тэнгисийн ус нь тэгж бие бялдрын гайхалтай чадалтай болгодог юм уу л гэмээр. Тэгэхээр спортын амжилт гаргахад хүний олон цөөн ер падгүй аж. Хорватын улаан цагаан хосолсон шоо бүхий далбааг спортын хорхойтнууд анд­даггүй. Дайн дажин дөнгөж дууссан Хорват 1998 онд болсон хөлбөм­бөгийн ДАШТ-д гуравдугаар байр эзэлж байсныг хүмүүс одоо хэр санадаг. Чухамдаа НҮБ-аар батал­гаажуулснаас илүү дэлхийд өөрс­дийгөө тунхагласан он цаг энэ байсан биз. Мөн эдний өндрийн харайлтын тамирчин Бланка Влашич гээд бүсгүй бий. Дэлхийн хоёр удаагийн аварга, мөн нэг удаа аман хүзүүдэж, түүнчлэн олимпоос мөнгөн медаль хүртсэн энэ бүсгүй Хөнгөн атлетикийн холбооноос шилдэг тамирчдадаа өгдөг гулууз алтыг авч л явсан нэгэн дээ. Бас Английн хөлбөмбөгийн “Тотенхэм”-д тоглодог Лука Модрич бас овоо өндөр үнэтэй тамирчны нэг.

Хорват хийгээд манайд адилт­гах зүйлс олон шиг санагдсан. Хүн ам ойролцоо, тогтолцооны хувьд адил, ардчилсан парламентын засаглалтай, Ерөнхийлөгчөө ард нийтээрээ сонгодог. Бас хүүхэд, залуус олонтой улс байна лээ. Дундаж нас нь 41.4 гэж байгаа. Одоогийн Ерөнхийлөгч Иво Ёси­пович хөгжимчин хүн. Хорин жилийн турш Хөгжмийн академид багшилсан багш. Бас хөгжмийн зохиолч. Дөлгөөхөн өндөр тэр эрийн хэлснээр манай хоёр улс ашигт малтмал, дэд бүтэц, жижиг дунд үйлдвэрлэл, хөдөө аж ахуй, малын эм бэлдмэл, хүнсний бүтээг­дэхүүн, аялал жуулчлалын салбарт ажиллах бүрэн боломжтой ажээ. Ер нь Хорват бол мал аж ахуйн эм бэлд­мэлийг бэлтгэдэ­гээрээ бүс нутагтаа хамгийн шилдэгт тооцогд­дог бай­на. Манай Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж монгол­чууд олон сая мал хуйтай. Хэрэв эрүүл ахуйн талаас нь түүнийг анхаарч чадвал гадаад руу экс­портлох боломж их байдгийг дур­даж байсан. Харин нөгөө талаас бүхий л салбарт хамтран ажиллах боломж хийгээд хүсэл байгааг онцолж байсан билээ. Хорватад манай Элчин сайдын яам байхгүй, хэргийг Автри дахь ЭСЯ яам хавс­ран ажилладаг. Харин Хорват дахь Монголын өргөмжит консулаар Златко Матеша хэмээх эрхэм ажил­ладаг юм билээ. Хорватын Ерөнхий сайдаар ажиллаж байсан одоо Хорватын Үндэсний Олимпийн даргын албыг хашдаг тэрбээр энэ айлчлалын үеэр багагүй дэм болсон нь мэдээж. Угаас хуучны нэр нөлөөтэй хүн харин яаж яваад манай өргөмжит консул болчихсон юм гэж санагдсан шүү. Адил цөөхөн хүн амтай атлаа спортод амжилт гаргадаг тэр туршлагаас нь Үндэсний Олимпийн хорооны даргынх нь хувьд лавлаж, хамтран ажиллахад болохгүй нь юу билээ гэж санагдаж байсан. Хорват гээд манайхан мэддэг ч юм шиг, огт мэддэггүй ч юм шиг орны тухай өгүүлэхэд ийм байна. Мэддэг бүхэн дахин үзсэнээр арвижиж, мэддэг­гүй бүр шинэ мэдлэгээр тэлдэг билээ. Түүхэн улбаагаараа хуучны танил, ирж буй аясаараа шинэ түнш Хорват. Альпийн нурууны салхинд илбүүлж, Адриатын тэн­гисийн усанд булхдаг үндэстний талаар өгүүлэхэд ийм байна.

Categories
редакцийн-нийтлэл

Дорнын сэтгэлгээтэй италичуудын нутгаар

Ромын нисэх онгоцны “Риүмичино”
буудал дээр буумагцаа харсан хон­гор­хон шар үстэй
жаал­хүү одоо бол­тол сэтгэ­лээс
гардаггүй. Тав зур­гаан настай
болов уу даа. Хүү эмээтэйгээ
хамт хэн нэгнийг тосо­хоор иржээ. Баганын цаа­на нуугдаж, савдаг хаал­гаар гарч
ирж байгаа хүн бүрийг догд­лон ширтэнэ. Дагаад эмээ
нь хүртэл бөгтийн нуугдаж ач хүү­гийнхээ  догдлол цөхрө­лийг хамт­даа мэдэрч байх шиг.
Харь нутаг ч ялгалгүй хүн л бол адилхан юм даа гэж тэр
агшинд бодогдож бай­сан. Ядахад яасан ч гарч ирдэггүй зочид юм, хүү
баганын цаанаас гэ­нэт гарч ирээд яаж цочоо­хоо бодон инээж байгаа бо­лол­той нуг
нуг хийж, за­римдаа өнөөх хүсэн хү­лээсэн
хүн нь үүрд гарч ирэхгүй нь гэсэн шиг цө­хөрсөн
байдал харцанд нь илэрнэ. Элбэг хагас цаг хүү
тэгж догдолж зогс­сон байх. Ирсэн зорчиг­чид шувтарч бараг гүй­цэхэд залуухан бүсгүй, хархүү
хоёр гарч ирсэн нь өнөөх хонгор үстийн ээж, аав нь байж. Хүү ээж рүү­гээ гүйхээрээ
үсрэн энгэрт нь асаад авах
нь тэр. Эхэндээ гэнэт гарч ирээд цочоох гэсэн төлөвлөгөө
ч байхгүй болсон л доо. Хараад
л гүйхээрээ ха­рай­сан. Тэр
л хөөрхөн хүүгийн ээж баймаар үзэс­гэлэнт
бүсгүй ч нү­дэндээ нулимс гялтга­нуулан тас тэврээд авлаа. Аав
нь бас үнсмээр бай­гаа бололтой
өмнө хойно нь гарч, эмээ нь харин тэднийгээ
хараад бахар­хан зогсч байсан. Яг л аав ээж, эмээ өвөө,
үр ач гээд нэг нэгийгээ даган
эл­гэмсч нялхарч байдаг мон­гол гэр бүл
шиг са­нагдсан билээ.

Үнэндээ гэр бүлсэг байдлаараа италичууд европчуудаасаа өөр гэгддэг ажээ.

Аав, ээжийнхээ гэрт томоо болт­лоо амьдарна. Бас тэндээ эхнэрээ дагуулаад ирэхнээ ч сийхгүй. Туринд улс төр судлалаар суралц­даг Төгсөөгийн хэлснээр итали­чууд их гэр бүлсэг хүмүүс ажээ. Итали залуу насанд хүртлээ ээжийгээ хормойдож амьдарна. Бас гэрлээд аав, ээжийнхээ гэрээс бараг тэдэн диаметрийн тойрог дотор шинэ байраа авах ёстой байдаг гэх. Ямартай ч нэг тийм дорнын хүний гал халуун зан энэ үндэстнээс үнэртэх ажээ. Манай хоёр улс Ромын эзэнт гүрний үеэс харилцаатай явж ирж, албан ёсоор 1970 онд дипломат харилцаа тогтоосон гэдэг. Гэвч 1990 оныг хүртэл Соёлын хэлэлцээрээс өөр эрх зүйн баримт байгуулагдаагүй иржээ. Харин ерээд оноос хойш бага сагаар урагшлан ирсэн ч өнөөг хүртэл Итали улсад манай Элчин сайдын яам байгуулаг­даагүй байсан юм. Өнгөрсөн долоо хоногт Ерөнхийлөгч Ц.Элбэгдор­жийн Бүгд найрамдах Итали улсад хийсэн айлчлалын үеэр манай тал Ром хотноо Элчин сайдын яамаа албан ёсоор нээсэн юм. Ер нь Ромд байрны түрээсийн үнэ өндөр бай­даг талаар тэнд байдаг монголчууд ярьж байсан. Харин манайхан аятай газарт тохьтой байрыг тун боломжийн нөхцөлөөр олж авчээ. Элчин сайдын яамыг албан ёсоор нээх ажиллагаанд Ерөнхийлөгчийг дагаж ирсэн Д.Чойжамц хамба хамгийн чухал үүргийг гүйцэтгэсэн нь мэдээж. Дэлхийн их найман гүрнээс ганц Италид өнөөг хүртэл Элчин сайдын яамгүй байсан бид ийнхүү албан ёсоор Ромд өрхөө татаж, тулгаа туллаа. Бодвол хэнээр галаа мануулахаа Г.Зан­дан­шатар сайд тооцоолж байгаа биз ээ.

Манай Ерөнхийлөгчийг Кири­нали ордондоо угтан авсан тус улсын Ерөнхийлөгч Ж.Наполита­нотой зоог барих үедээ Ерөнхий­лөгч Ц.Элбэгдорж “Монголчууд Элчин сайдын яамаа нээлээ. Харин та нар хариуд нь юу бодож байна даа” гэж тоглоом шоглоомын дундуур асуужээ. Тэгэхэд Ерөнхий­лөгч нь Гадаад харилцааны сайд руугаа харж, өнөөх нь “Эдийн засгийн хямрал яригдаж байгаа энэ үед шууд Элчин сайдын яамаа байгуулна гэхгүй. Гэхдээ бид бас хариу найр тавина” гэж. Тэгээд Ерөнхийлөгч Ж.Наполитано нэг өдрийн дотор асуудалд аятайгаар хандахыг үүрэгдсэн байна. Харин дараа өдөр нь Гадаад харилцааны сайд Г.Занданшатартай тус улсын Гадаад харилцааны сайд Ф.Фра­тини хэлэлцээр хийх үедээ сюрпризээ задалжээ. Тэд эхний ээл­жинд дипломат паспорттой хүмүү­сийг тус улсад визгүй зорчиж байх шийдвэрийг гаргажээ. Эхний шатанд дипломат паспорттой хүмүүс гэж байгаа ч цаашид албаны тэгээд энгийн гээд шат шат ахихын эхлэл энэ болж байхыг үгүйсгэхгүй.

Европоор хөлхдөг монголчууд Италид харьцангуй цөөхөн юм гэсэн. Ерөнхийдөө энэ улсад хууль хяналт чанга бас бусад улсууд шиг халамж тэтгэмж нь халгиж цалги­даггүй учраас манайхан цөөхөн амьдардаг юм байна лээ. Тэнд­хийн прокурорын байгууллагад гэрээгээр ажилладаг залуухан бүсгүй Э.Энхмаа Элчин сайдын яамны нээлтийн үеэр ирсэн байхад нь хэдэн үг сольсон. Тэр “Европын орнуудад буруу замаар ажиллаж амьдарч байгаа хүмүүсээс зарим нь надад дургүй л байдаг байх. Гэхдээ тэд амьдарч байгаа улсын­хаа хуулийг хүндэлж амьдрах ёсой гэж би боддог. Энд гэмт хэрэгт холбогдсон монгол хүмүүсээс мэдүү­лэг авахдаа намайг албан ёсны орчуулагчаар дууддаг юм. Эхлээд тэд хятадууд гэж өөрс­дийгөө хэлдэг ч Хятадын элчин дээр аваачихаар хэлээ мэдэхгүй байдаг учир эцсийн бүлэгт монгол­чууд болох нь тодорхой болдог” хэмээж байсан. Одоо Италийн шоронд ял эдэлж байгаа цөөн тооны монголчууд байдаг ажээ. Өнгөрсөн зун гэхэд найман монгол хүн баригдсан байна. Тэд Фран­цаас энд иржээ. Гэхдээ машиндаа зорчигчийн тоо хэтрүүлж явж байгаад цагдаагийн анхааралд өртөж баригдсан юм байна. Тэгээд шалгатал машин нь хулгайнх, бас ардаа ачсан их хэмжээний үнэртэй устай, нягтлаад үзсэн чинь бүгд хулгайлагдсан гэж бүртгэгдсэн дугаартай эд байж. Ингээд л харийн нутагт хүүхнүүд голдуу тэд ял эдлэх болжээ. Бас хоёр нь ч байна уу, нярайлж Монголын балчир иргэн харийн нутгийн шоронд өсч байгаа гэж дууллаа.

Харамсалтай юм. Гэхдээ хүний нутгийн хатуу тэнгэр дор хуулийг нь мөрдөж амьдрах нь зүйн хэрэг болов уу. Анх баригдсан шалтгаан нь ч манайхны гаргах хийдэл дээ. Сэтгүүлч биднийг зөөвөрлөж явсан автобус, машин гэхэд яг таг сууд­лын тоогоор л хүнээ суулгана. Тэгэхгүй бол жолооч нь “Би хоолноосоо сална” гээд хөдлөхгүй юм билээ. Суудлын тоогоороо байтугай нугасанд хүртэл чихүүлдэг манайхан бол ойрхон газар гайгүй гэж санадаг бол Италид дэндүү өөр ажээ.

Ерөнхийлөгчийг Италид айлч­лах үеэр нэгэн арга хэмжээ болсон нь “Hands of Cain” олон улсын байгууллагаас “Цаазгүй ертөнц” оны шагналаа Монгол Улсын Ерөнхийлөгчид гардуулсан явдал байсан юм.

Дипломат албаныхан уригдаж, бас шагнал гардуулахаар Италийн Сенатын дэд ерөнхий­лөгч хатаг­тай Эмма Бонино, Гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн орлогч дарга Винцензо Скотти, “Hands of Cain” байгууллагын ерөнхийлөгч Марко Панелла нарын албаны хүмүүс оролцсон. Хараад байхад итали­чууд хийж байгаа арга хэмжээгээ их бага гэлтгүй жигтэйхэн сэтгэл гарган бэлддэг ажээ. Хүн нэг бүр урт удаан гэгчийн үг хэлж, Ерөнхий­лөгчид хандан ямар учраас энэ оны шагналаа өгөхөөр тодруул­снаа учирлаж байв.  Бас дэлхийн хэмжээнд цаазаар авах ялын бай­дал ямар байгаа талаар гаргасан тайлангаа ном болгож, Ерөнхий­лөгч Ц.Элбэгдоржийн айлчлалд хэмээн тодотгоод хэвлэсэн байх юм. Түүнчлэн яагаад Монголын Ерөнхийлөгчид энэ шагналыг өгөх болсноо өгүүлсэн тайлбартаа Ерөн­хийлөгчийн өнгөрсөн жилийн чуулган дээр хэлсэн үгнээс нь иш татан хичээнгүйлэн бичжээ. Хүний амьд явах эрхийг баталгаажуулан, цаазаар авах ялын эсрэг шийдэм­гий алхам хийсэн лидерүүдэд энэхүү шагналаа гардуулдаг юм байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдор­жийн хэлсэн үг танхимд байсан хүмүүсийг сэрээж, алга ташихад хүргэсэн. Тэрбээр “Гучаад онд Монголын улс төр, шашин нийг­мийн элит олон хүн төрийн цаазаар амь насаа алдсан. Хэрэв одоогийнх шиг байсан бол тэр олон хүн амиа алдахгүй байсан гэж боддог” гээд “Өнөөдөр М.Каддафи нүхнээс нүхэнд харх шиг зугтан амьдарч байна. Тэр ард иргэ­дийнхээ хүсэл зоригийн эсрэг байсандаа өнөөдөр ингэж амь­дарч байна” гэж байсан билээ. Ийн ярьснаас нь хоёрхон хоногийн дараа М.Каддафийг сөрөг хүчний нөхдүүд нүхнээс гаргаж ирээд буудчихсан даа.

Нээрээ, биднийг Ромд газар­дахаас хэдхэн цагийн өмнө тэнд жагсаал цуглаан болсон гэж бай­сан билээ. Италийн хэд хэдэн хот бас Европын хэдэн оронд эдийн засгийн хямралтай холбоотой тайван жагсаал болсноос Ромд жаахан хурцадсан бололтой. Гуд­маар өнхрүүлээд хаясан мотоцикль энэ тэр харагдсан нь тэр өдрийн жагсаалынх. Ер нь Италид Засгийн газар нь бонд гаргаж, тэрийг банкууд нь худалдан авдаг байдал газар авсан бөгөөд энэ тогтолцоо нэг нурвал аюул дагуулна гэж үздэг юм билээ. Залуус нь ажлын байр алга, хойч үеийнхнээ харж үзэж байгаа зүйлгүй гэж тайван жагсаал эхлүүлсэн нь хэсэг хурцадсан ч биднийг яван явтал тэнд намуухан жагсаал үргэлжилсээр л байсан. Төрийн  ордныхоо гадаа туг намируул­сан хэдэн нөхөд ядахад цагаан хоолой ч үгүй зогсох юм билээ. Манай нэг байгууллагын нээлттэй хаалганы өдөр шиг л харагдана. Зарим нь намирсан тугныхаа өмнө зургаа ч авахуулж байх шиг.

Энэ удаагийн Ерөнхийлөгчийн айлчлалаар маш олон зүйл хөндөгдөж, бас цөөнгүй зүйлийн эхлэл тавигдсаныг хэлэх хэрэгтэй. ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай болон тус яамныхан айлчлалд багтан очсон нь учиртай байж. Арьсан эдлэлийн боловсруулалт, технологиороо Итали дэлхийд түүчээлэгч. Харин Монгол түүхий эдээрээ ямар гэдгийг бид хэлүүлэх юун. Ёстой л энэ хоёрыг нийлүүл­бэл лус баярлаж юу яана даа гэдэг шиг л болмоор. Эхэндээ Италийн тал манайхтай төдийлөн нээлттэй байж чадахгүй байсан нь учиртай байжээ. Дэлхийг арьсан эдлэлээ­рээ хангагч Итали манай­хыг өрсөл­дөгчөө гэж хараад бай­сан учраас технологийн дэвшил юугаа хуваал­цаж хамтран ажиллах дээр цаар­галангуй байж. Харин энэ айлч­лалын хүрээнд хамтран ярилц­санаар томоохон санамж бичгүү­дэд гарын үсэг үзэглэсэн. Мөн ЗТБХХЯ-ныхан гэхэд Генуя боом­тоор дамжин өнгөрөх гэрээнд үзэг­лэ­сэн бөгөөд Хятадын Тяньжинаар дамжин Европ руу ачаа бараа тээвэрлэх хамгийн ойрын  гарц энэ болох юм.

Мөн Миланд болсон Бизнес форум анхаарал татаж байсныг хэлэх хэрэгтэй. Аливаа улс орны харилцаа дээд түвшиндээ ахиж байвч хоёр орны иргэд, бизнесийн түншийн харилцаа байхгүй бол учир дутагдалтай байдаг. Тэр ч утгаараа энэ удаагийн айлчлалын хүрээнд болсон Бизнес форум чухал үйл явдал байсан. Уг фору­мын үеэр манай “Хьюндай Моторс Монголиа” компани Италийн “Ивеко Астра” компанитай хүнд даацын ачааны машин оруулж ирэхээр таван сая ам.долларын гэрээг үзэглэсэн билээ.

 Үргэлжлэл бий

Categories
редакцийн-нийтлэл

Ватиканы цаг тоололд

Дэлхийн хамгийн жи­жиг улс атал ертөнцийн хүн амын долооны нэг нь чин сэтгэлээсээ тэр зүгт сүслэн залбирч байдаг нэгэн газраар саатаад ирлээ. Монгол Улсын Ерөн­­хийлөгч Ц.Элбэг­дор­­жийн 16-20-ны өд­рүү­дэд айлчлах орнуу­дын жаг­саалтад Бүгд най­рам­дах Итали, Вати­ка­ны хот улс, Бүгд най­рамдах Хорват улс хэ­мээн ёсорхогоор тэмдэг­лэгдсэн ч Ватика­ныг улс гэхэд, бас биш гэхэд үндэслэл үл олдом сонин нутаг. Италийн нийс­лэл Ромоос ханаар тусгаар­лагдсаныг эс тооц­вол ердөө манай Гандан мэт, гэхдээ сүсэгтэн олны хувьд оюун санааны төвтусгаар улс мөн нь эр­гэлзээгүй энэ орны тухай ихийг өгүүлж таарах биз ээ. Гэхдээ элдвийг үл нур­шин айлчлалын хү­рээнд хэнтэй уулзаж юуг ярьсан, монгол хүний нү­дээр тэнд­хийн үйл зураг санаанд хэрхэн буусан талаар хүүрнэе.

НАСТНУУДЫН НАРТ ЕРТӨНЦ

Италийн Ром хотноо үдэш
орой хөл тавьсан Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж түүнийг
дагалдан яваа УИХ-ын гишүүд,
сай­дууд, албаны хүмүүс мөн хэвлэл мэдээллийн ба­гийнхны оролцоотой эх­ний уулзалт
маргааш өглөө нь Ватиканд очсоноор эхэлнэ хэмээн
албан хөтөлбөрт бичсэн байлаа.

Монголчуудын шашин төрийг хослуул­даг төрт ёсны уламжлал, бас монгол хүний бэл­гэдэл бэлгэ­шээлийг бод­догийн өнгөнөөс дэл­хийн шаш­ны нэгэн том төв Ва­тиканд хөл тавьж, Ерөн­хийлөгч Ромын паптай ганцаар­чилсан уулзалт хийснээр эхэлж байгаа нь сайхан санагдав.

Ерөнхийлөгчийн цуваанаас нэлээд өмнөхөн бидний сэтгүүлч­дийг Гэгээн Петрийн сүмийн өмнөх талбайд ирэхэд тэнд хүрээлэн буй хүмүүсийн олныг тоолж баршгүй. Сүсэгтэн олноос гадна жуулчид талбайг дүүргэжээ. XVII зууны үед л  бүрэн гүйцэд баригдаж дууссан гэдэг энэ сүмийн өмнөх талбайг одоогийн папыг сонгогдох үед телевизээр харж байснаа санав. Шинэ папаар хэн сонгогдохыг хүлээх хүмүүс зуухнаас нарийн цагаан утаа суунагласнаар шийд­вэр гарсныг мэддэг эртний зууны дүрэм журам сүлэлдсэн мөнөөх үйл явцыг хараад ихээхэн сонин мэдрэмж төрж асан тэр цаг зургаан жилийн өмнийнх. Гутлын өсгий халираах чулуун шалтай тэр тал­бай дээр харин одоо алхаж яваа маань дотно атал үнэмшимгүй байсныг нуух юун. Ватиканы хэвлэл мэдээллийг хариуцсан албаны хүмүүс бололтой хүмүүс нэг нэгээ­рээ нэмэгдэнэ. Нэмэгдэх бүрт нас нь нэмэгдэнэ. Эхлээд аавын үеийн хүмүүс тосч байсан бол дараа дараагийнх нь өвөө шиг маань болно. Энэ бол Ватикан хот улсын язгуур онцлог байсан юм билээ.

Угаасаа хааш хааш бараг нэг км ч хүрэхгүй газар нутагтай энэ улсын хүн ам 800. Тэнд 3000 орчим хүн ажилладаг байна. Гэхдээ тэд Ватиканы иргэн бус. Тэнд ажилла­хаар очдог, Ватиканыхаа гадуур буюу чулуун хэрмийн нь гадаа аж төрдөг хүмүүс. Хүн амынх нь дун­даж наслалт гэвэл эрэгтэй нь 74, эмэгтэй нь 81 ажээ. Харин иргэд нь дандаа шашны зүтгэлтэн, карди­нал, хувраг санваартан, гэлэнмаа болно. Уулзсан хүмүүсээсээ та “Ватиканы иргэн үү” гэж асуух бүрт “Үгүй” хэмээн хариулж байсан. Үнэндээ ч тэндхийн захиргаа, хэвлэлийг нь хариуцаж ажилладаг хүмүүсээс тэгж асууж байсан маань гэнэн хэрэг байж. Харин томоохон шашны цол хэргэмтэй эрхмүүд эсвэл папаас асуувал тийм гэсэн хариулт сонсох байсан биз ээ. Арга ч үгүй байх даа. Ердөө найман зуухан хүн энэ улсын иргэншилтэй гэдгийг бодохоор.

Хэвлэлийнхнээс зурагчин хийгээд зураглаач гурван хүн, бичдэг сэтгүүлч мөн тийм тооныхыг оруулна. Тэд энэ хонгилоор орж, тэнд зогсч, ийм зарчмаар явна гээд тун хатуу жаяг буулгаж байна. Буруу нь алга. Олон жилийн хатуу дэг, уламжлалтай газар хойно.

Буддын лам нар улаан, шарыг тунаруулдаг шиг католик санваарт­нууд ягаан харыг хоршуулах нь сүртэй харагдах. Ватиканд хөл тавьснаас хойш нас залуу хүн нэгээхэн бээр харагдсангүй. Ихэвч­лэн жар, далтай болов уу гэмээр кардинал, санваартан эрхмүүд том, том хар цүнх барин цахилгаан шатаар дээш, доош явна. Бас нөгөө өнгө будаг хослуул­сан “гала” хув­цас­тай швейцарь хамгаалагч нар жад юугаан сүүтэгнүүлэн зогсох нь аль зуунд ирчихэв гэж гайхмаар.

Эртний ном зохиолуудад швейцарь цэргүүдийн үнэнчийг өгүүлэх нь түгээмэл. Бас хөлсний швейцарь цэргүүд дундад зуунаас хойш Европын хаана дайн байл­даан болно тэнд зэвсэг агссаар ирсэн гэдэг. Харин Гэгээн ширээт улстай швейцарь цэргүүд холбогд­сон нь 1506 оноос аж. Юлиус II пап албан ёсны хамгаалагч нараараа швейцарь эрсийг тавьсан цагаас хойш уг уламжлал алдагдсангүй. Одоо ч Швейцарийн зэвсэгт хүчинд алба хаасан 19-30 насны гэрлээгүй эрс Ватиканд хамгаалагчаар ирдэг байна. Тэдний хувьд цэргийн боловс­рол олсон, гэр бүлгүй бас католик шашинтан байх гэсэн шаардлага тавьдаг ажээ. Бас 175 см-ээс өндөр, мөн өвөг дээдсийн­хээ хэрэглэдэг байсан халберд хэмээх том заазуур шиг хүйтэн зэвсгийг хэрэглэж сурсан байх ёстой аж. Швейцарь хамгаалагч нарыг эс тооцвол настнуудын нарт ертөнц тэнд л байх шиг санагдлаа.

48-Т БАС 84-Т

Угтан авалтыг бэлтгэн ажиллах Ватиканы хэвлэлийн төлөөлөгч тэнд байгаа хамгийн залуу нь бололтой. Дөч орчим насных болов уу. Тэр угтан авалттай хол­боо­той бүхий л зүйл дээр дэлгэ­рэнгүй мэдээлэл өгч байснаа хэрэгт дуртай хэвлэлийн бид тэнд ажил­лаад хэр удаж байгаа, дандаа настнууд ажилладаг юм уу гээд лавлавал илэрхий ундууцаад явчи­хав. Биднээс гадна Испанийн сэтгүүлч эмэгтэй тэнд сурвалжлага хийхээр иржээ.

Түүнийг дагуулан яваа Вати­каны ажилтанд манай Ерөнхийлөгч юу юунаас илүү чухал байх шиг. Тэрбээр Ерөнхийлөгчийн хэдэн настайг асуугаад төрсөн оныг нь хэлтэл учиргүй тоолж ирснээ гай­хаж байна. “Маш залуу юм байна. 48 настай юм байна. Пап ламтан 84 настай. 4 ба 8-ын тоог зөрүүлэ­хээр яг таарч байна. Хачин шүү” гэлээ. Бас “Танай Ерөнхийлөгч Германаар дайрч ирэхдээ Меркель­тэй уулзсан уу” хэмээн хэрэгт дурлаж байна. “Энэ удаад үгүй. Гэхдээ түүнээс долоо хоногийн өмнө А.Меркель Монголд айлчилж очиход уулзсан” гэхэд жигтэйхэн гайхав. Ордны алба хаагчид эртний ёслолын хувцас­тайгаа, харин биднийг дагуулж яваа ажилтнууд энгийн гонжоомтой байх юм билээ.

Харин Ромын пап гэгээн хутагт XVI Бенедикт цагаан торон унжла­гатай гал улаан хиаз бүхий өмс­гөлтэй байсан. Тэрбээр өмнөх ширээт лам Йоан Павелын ойрын шадар байсан гэдэг бөгөөд 2005 оны дөрөвдүгээр сард папаар тодорсон. Тэгэхдээ сүүлийн 100 жилд өргөмжлөгдсөн хамгийн өндөр настай пап хийгээд XVIII зуу­наас хойших анхны герман үндэс­тэн пап болсон билээ. Бас шашны боловсролыг албан ёсоор олсон, дипломтой анхны ширээт лам гэдгийг нь хэлэх ёстой болов уу.

Ерөнхийлөгчийг гар дэлгэн угтан авсан пап XVI Бенедикт намуу­хан алхаатай, зөөлөн дуутай нэгэн байна лээ. Шашны сүр хүч  тийм байлгадаг биз, насны их нь ч тийм болгоо биз ээ. Төр, шашны хоёр тэргүүн нүүр тулж уулзсаны дараа ганцаарчилсан уулзалт эхэлсэн юм. Уулзалтаараа шашин хоорондын хэлэлцээ нь хүн төрөлхт­ний нийтлэг эрх ашгийн төлөө хамтран ажиллах хэрэгсэл гэдэгт санал нэгдэж, цаг агаарын дулаарал, байгаль орчноо хамгаа­лах, сөргөлдөөнийг энхийн аргаар шийдэх, хүнсний хомсдлын талаар үзэл бодлоо хуваалцсан.

Мөн 84 настай XVI Бенедикт 48 настай Ц.Элбэгдоржийн гаргасан хүний эрхийн төлөө санаачилгуу­дад нь баяр хүргэж, цаазаар авах ялын эсрэг зогсч буйд  талархсан. Ром Италийн нэгдсэн вант улсад нийлсэн цагаас Ватиканы асуудал ихээхэн хэцүү болж ирсэн гэдэг. Тэгээд 1929 онд Италийн удирдагч Б.Мусолонитой пап XI Пиус Латераны гэрээ гэгчийг хийснээр өвөрмөц тогтолцоотой хот улс бий болжээ. Тухайн гэрээгээр Италийн хуулийг Ватикан тэр чигээр нь авч хэрэгжүүлэх ёстой байсан бөгөөд хуулиа дагаж ирсэн ялын дээд хэмжээг огт хэрэглэхгүй байсаар 1969 онд албан ёсоор халсан түүхтэй юм билээ. Хэдийгээр хуулинд нь ялын дээд хэмжээ байгаа ч хэрэглэхгүй явсаар дөчин жилийн дараа халжээ. Харин манайд өнгөрсөн жил Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж  ялын дээд хэмжээг өөрийн эрх мэдлийн хүрээнд хэрэгжүүлэхгүй гэж зарласан ца­гаас хойш төрийн цаазын буул­гаар хүний амь үрэгдээгүй билээ.

Ватиканы номын сан болон нууц архивт хадгалагдаж байгаа бичиг баримт, түүхэн эх сурвалж хийгээд Ромын эзэнт гүрний түүх соёлын бичээсийг хамтран судлах хүсэлтэй байгаагаа Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж илэрхийлж, хариуд нь пап хүсэлтийг хүлээн авснаа илэрхийлээд эхлээд латин хэлтэй эрдэмтэд бэлтгэх тал дээр  хамтран ажиллахаар болсон. Угаасаа Вати­каны албан ёсны бүх ажиллагаа латин хэл дээр явагддаг учраас судалгаа хийх эрдэмтдээ бэлтгэх нь яах аргагүй чухал хэрэг болно.

Ерөнхийлөгч Ватиканы хот улсад айлчлах үеэрээ тус улсын их хамба, төрийн нарийн бичгийн дарга Э.Бертонетэй уулзсан юм. Ерөнхийлөгч манайд болсон зуд, байгалийн гамшгийн үед Ватиканы зүгээс байнга тусалж ирсэнд нь талархаад судлаачдын багийг хэрхэн хамтруулах тухайд нэлээд нарийн яриа хийсэн. Ватикан 1993 онд хүмүүнлэгийн тусламж болгон 1000 кг эмийн зүйл,196 онд ойн түймрийн дараа 31 мянган ам.дол­лар, 2000 оны зудны дараа пап Йоан Павел II хувиасаа 50 мянган ам.доллар, тусламжийн байгуул­лага нь 30 мянган ам.долларыг сэтгэлийн өглөг болгож өгч байсан юм билээ. Өмнөх папыг манайхан сайн мэддэг. Мэдэхээс ч аргагүй. Нийт 26 жилийн турш Гэгээн ширээт улсын эцэг байсан түүний гэрэл зураг, зурагт хуудас Ромын гудмаар энд тэндгүй. Одоогийн папаасаа илүү нэр хүндтэй хэвээр байгаа гэж тэндхийнхэн ярих юм билээ. Харин түүний хамгийн ойрын хүн одоогийн пап XVI Бенедект байсан гэдэг. Латинаар папа буюу эцэг гэсэн утгатай энэ нэрийн эзэн нэгэнт тодорсон бол жанч халтлаа уг албандаа залрах ёстой байдаг. Бид нутгаасаа  мор­дох өглөө манай Чой хамба “Итали орж, поптой уулзана” гэж хөгжил­тэйгээр хэлж байсан нь ч ортой. Сонсоход хэн нэгэн поп одтой уулзана гээд байгаа мэт ч папыг Pope хэмээн бичдэг. Одоогийн пап лам шашны мөр хөөх болсноо фашист дэглэмийн нөлөөгөөр хэмээдэг нь үнэний хувьтай. Тэр­бээр саяхан манайд айлчилсан Германы канцлерын эцэгтэй нас ойролцоо. Меркелийн аав цэргийн албанд байсныхаа төлөөсөнд дайны гэмт хэрэгтэн хэмээгдэж шоронд хэсэг сууж байсан бол пап Бенедикт мөн ийм замыг туулжээ. Харин шоронгоос гараад шашны зам мөрөөс гажаагүй өнөөг хүрсэн байна.

Ватиканы ордонд хөл тавьсан Ерөнхийлөгч болон дагалдан яваа зочид төлөөлөгчдийг хүндэтгэн авсан XVI Бенедикт хүн тус бүртэй гар барьж, зургаа татуулсан. Ерөн­хийлөгч зочдоо нэг бүрчлэн танил­цуулж, пап зөөлнөөр толгой дохин мэндэлнэ. Тэрбээр Ерөнхий­лөг­чийн гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэнтэй хэсэг саатан үг сольсон нь нутгийнх нь хэлээр мэндчилсэнтэй холбоотой болол­той. Сэтгүүлчидтэй зэрэгцэн зогс­сон ватиканчууд “Энэ хүн герма­наар яриад байна. Энэ хэн бэ” гэж эрхэм зөвлөхийг сонирхов. XVI Бенедикт бол Германы Бавари нутгийн хүн. Латин, итали, франц, англи гээд  олон хэл мэддэг юм билээ. Гэвч ямар ч хүнд төрсөн нутгийн нь хэлээр ярих шиг сайхан нь үгүй байх л даа. Албан ёсны төлөөлөгчид гарсны дараа сурвал­жилсан хэвлэлийн хүмүүсийг паптай гар барихыг зөвшөөрдөг аж. Гэхдээ асуулт асуухгүй, юм ярих­гүйг анхааруулж байсан. Ватиканы журам нь тийм ч пап өөрөө тэр хатуу дэгээ хааяадаа гэмгүйхэн зөрччихдөг бололтой юм. Арьс нь унжин суларсан ч илч нь хариагүй бүлээн гараараа хүн бүрийн гарыг барьж, зураг авахуулж байсан. Бас хүс­вэл үг сольж яриа өдөж байна лээ.

Хана хэрэм нь хүртэл түүхийн гэрч болох тэр газраас гарч ирэхэд католик шашинтнууд хийгээд ази голдуу жуулчдын хөл өмнөхөөсөө ч нэмэгдсэн байлаа. Тэнд амьдар­даг хэн нэгний хэлснээр холоос болов царайг нь харахаар ирдэг Ромын паптай гар барьж, үг соль­сон маань азтай явдал гэж онцлоход буруудамгүй бодогдов.

Гэгээн Петрийн сүмийг өдрөөр байтугай сараар үзээд ч дуусдаггүй гэж Францын уран зохиолын номд өгүүлсэн нь бий. Үнэхээр Гэгээн Петрийн сүмийн ур хийц, тэнгэрлэг байдлыг нь үгээр дүрслэхийн аргагүй. Биднийг сүмийг үзээд явж байхад хамт яваа Д.Чойжамц хамбыг харсан гадны­хан нэг нэгнээсээ Далай лам уу гэж асуух нь сонстоно. Хам­гаалалт гараад л хэсэг бүлэг хүмүүс тэр дунд нөгөө Далай ламын өмсгөлтэй хүн алхаад байхаар католикчууд тэгж бодох нь хэр биз.

ЭРТНИЙ ХААДЫН УЛБААГААР

Айлчлалын нэг гол үйл явдал бол Ватиканы нууц архивт зочил­сон явдал байв. Уг нь тэнд хэр баргийн хүмүүсийг оруулдаггүй гэдэг. Тэгээд Ерөнхийлөгч хийгээд цөөн тооны зочдыг оруулна гэж байсан ч Монголын төлөөлөгчдийг ямар нэгэн саадгүйгээр оруулсан нь олзуурхууштай. Энэ нууц архивт хүн төрөлхтний түүх тэр чигтээ хадгалагдаж байгаа гэхэд болно. 1098 оноос эхлээд бүхий л чухал үйл явцын түүх энд бичигдэн үлдэх болжээ. Ватикантай холбоотой бичиг баримт, түүхийн гэрч болсон захидал бичээс, ном, сонин гээд бүгд үлджээ. XVII зууны үед пап Павел V-ийн зарлигаар Ватиканы номын сангаас нууц архивыг тусгаарласан бөгөөд нууц газраа нууц юмаа л хадгалж иржээ.

Үнэхээр олон жилийн түүхийг хадгалж ирсэн учраас юу, юу бай­гааг тэр бүр мэдэхэд хэцүү. Ямартаа л Ватикан анх 1920 онд 800-гаад жилийн өмнө Ромын пап хийгээд Их Монгол Улсын хаадууд харилцаж байсан бичиг баримтыг олсон юм байна. Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржид үзүүлэхээр Вати­каны нууц архивынхан 1246 онд бичигдсэн Гүюг хааны захиа тэр­гүүтэй Монголын хаадын хэд хэдэн захидлыг дэлгэжээ. 16.5 см-ийн өндөртэй 97 см үргэлжилсэн цаасан дээр бэхээр Гүюг хаан VI Иннокент папад хариу болгон бичсэн нь энэ аж. Папаас анхны захиаг Плано Карпини хүргэхээр бүтэн жил зорчин байж хүргэсэн бол хариу захиаг өвөртлөөд мөн жил гаруй явж ирсэн байдаг. Ватиканы нууц архивт байгаа түүхийн үнэт өв болсон захид­луудад Их Монгол Улсын тамга хийгээд лалуудын эсрэг хамтран тулалдах санал санаачилга, хамт­ран худалдаа хийх хүсэлт түүх болон үлджээ. Хамгийн сонирхол­той нь тэр захидлууд эх хувиараа байгаа гэхэд огт элэгдэж муудаагүй байх юм. Өнгөрсөн жилийн сонины цаас гэхэд түүнээс илүү муудаж шарласан байгаа даа гэж бод­моор. Харин үүнийг Ватиканы нууц архивын эрхлэгч цэвэр байгалийн гаралтай эд эдлэл дээр бичсэн учраас тэр гэж тайлбарлана лээ. Ямартай ч Ватикан түүхийн тэр гайхалтай дурсгалыг авч үлдсэ­нээрээ нүүдэллэсээр юу ч үлдээж чадаагүй бидэнд ихийг сэхээрэх боломжийг өгч байгаа юм. Өвөр­мөцөөр хаагдаж нээгддэг номын тавиур бүхий тэр архивт алхан хээтэй номууд байсан. Ерөн­хий­лөгч түүнийг ихэд сонирхон “Манайд үндэсний ийм хээ байдаг юм. Энэ номууд дээр байгаа энэ хээ ямар учиртай юм” гэж сонирхоод “Алхан хээг XVIII зуунаас гоёл чимэглэлд хэрэглэж ирсэн” гэсэн хариу авав. Нийтдээ 84 км-ийн урт хонгил бүхий тавиуртай уг архивын багтаамжид санаа зовсон Ерөн­хий­лөгчийн асуултад нууц сангийн эрхлэгч “Дахиад 20 жилийн нөөц бий” гэлээ. Мөн уг архивт эртний ном болох 1070 оны ном байсныг сонирхуулсан. Тугал эсвэл хурганы арьсаар хийсэн гэж уг номыг үзэж байгаа юм билээ.

Энэ архивт бүр
наймдугаар зууны үеийн бичиг
баримт байдаг аж. Гэхдээ XIII зуунаас өмнөх нь хомс бөгөөд түүнээс
хойших нь хаадуудын гэрлэлтийн бичгээс эхлээд Микель Анжелогийн захид­лууд хүртэл бий. Одоо үечлэл­тэйгээр энэ архивын бичиг
барим­туудыг нээлттэй болгож байгаа бөгөөд ойрын үед Дэлхийн II дайны үеийнх нь дэлгэгдэнэ гэсэн. Гэхдээ
үүнийг хэн дуртай хүн нь үзэх боломжгүй
бөгөөд судлаачдад ч дижитал хэлбэрээр
нь үзүүлдэг аж. Харин монголчуудад нууц
архив энэ өдөр нэн нээлттэй байлаа. Улс гүрний Ерөнхийлөгч
удирдагч нараас ч ингэж ирж байсан нь ховор гэдгийг тэд ярьж байсан бөгөөд “Миний л мэдэж байгаагаар сүүлийн гурван жил энэ архивт тань
шиг хөл тавьсан Ерөнхийлөгч байхгүй”
хэмээж байв. Ватикан улсын ховор сонин, гэгээн орон зайд ийнхүү цаг хугацаанд саатав. Энэ нутгийн
дээвэр дор Европын цаг тооллын завилгаа ноёлж байх шиг санаг­дав. Тиймээс ч би энэхэн
тэмдэглэлээ гэгээн Ватиканы цаг тоололд гэвэл зохимжтой юм гэж бодлоо.

Categories
редакцийн-нийтлэл

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Хорватад айлчилж байна

Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж Итали улс дахь айлч­­лалаа өндөрлөөд Бүгд найрамдах Хорват улсад айлчлалаа эхлүүл­лээ. Дэлхийн эртний түүх­тэй Загреб хот дахь Ерөн­хийлөгчийн ордонд Мон­гол Улсын Ерөн­хий­лөг­чийг албан ёсоор угтах арга хэмжээ болсны да­раа Ерөнхийлөгч Ц.Эл­бэг­дорж, Ерөнхийлөгч И.Иосипович нар ган­цаарч­лан уулзаж, ул­маар албан ёсны хэлэл­цээр­тээ орсон юм. Мон­гол­чуудын их байлдан дагуулалтын үед тухайн үедээ Хорватыг эзэм­шил­дээ байлгаж байсан Ун­га­рын хаан Бэлаг монгол цэргүүд хаан ширээнээс нь унагахад Унгарын хаан Загреб руу зугтан амь мултарч байсан гэ­дэг. Хорватын язгуурт­нууд эзэн хаандаа ту­салж, харин Их Монго­лын хаан нэхүүл цэр­гүү­дээ Загреб руу илгээж байсан түүх манай хоёр улсын түүхэнд үлджээ. Харин энэ удаад аль аль нь ерээд онд нэг нь тус­гаар тогтнолоо тунхаглаж нөгөө нь ардчилсан зам­на­лаар явахаа дэлхий дахинд зарлаж байсан хоёр улсын Ерөнхийлөгч нар уулзаж байна.

“Монгол Улсын Ерөн­хийлөгчийн Бүгд Най­рам­дах Хорват Улсад хийж буй энэхүү анхны айлч­лал нь Хорват Улсын тус­гаар тогтнолын 20 жилийн ой, хоёр орны хооронд дипломат харилцаа тог­тоосны 20 жилийн ойтой давхцаж байна. Эдгээр чухал ой давхацсан цаг үед тантай уулзаж хоёр орны харилцаа хамтын ажиллагааны талаар са­нал солилцож байгаадаа баяртай байна. Монгол Улс, Хорват Улстай тог­тоосон ардчиллын үнэт зүйлст тулгуурласан найр­саг харилцаагаа улс төр, эдийн засаг, хү­мүүн­лэгийн бүхий л салбарт өргөжүүлэн хөгжүүлэхийн төлөө байна” хэмээн Хор­ватын Ерөнхийлөгч И.Иосипович хэлсэн бол манай Ерөнхийлөгч “Хор­ват Улс богино хугацаанд улс орноо хөгжүүлэх үйлст амжилт олж, олон улсын тавцанд нэр хүнд нь улам дээшилж, ул­маар Европын Холбооны бүрэн эрхт гишүүн болох гэж буйд Монголын ард түмэн баяр хүргэж байна” хэмээсэн юм. Сүүлийн үед Хорват олон улсын тавцанд маш их нэр хүнд­тэй байгаа талаар га­даа­дын хэвлэл мэдээллийн хэрэгслээр бичих болсон билээ. Нөгөө талаас эдийн засгийн хувьд тун хурдацтай байгаа бөгөөд хөгжлөөрөө хуучин Югос­лавын холбооны улсуу­даас Словенийн дараа ордог ч удахгүй тэргүүлнэ гэж ажиглагчид онцолж байгаа юм байна.

Ерөнхийлөгч Ц.Эл­бэг­дорж “2008 онд БНХорват Улсын Ерөнхийлөгчийн Монгол Улсад хийсэн айлчлал манай хоёр ор­ны харилцааг хөгжүүлэх, дээд хэмжээний яриа хэ­лэлцээний эхлэлийг тавь­сан билээ. Хорват Улс удахгүй Европын хол­боо­ны бүрэн эрхт гишүүн болох гэж буйд баяр хүр­гэе. Монгол Улс, Европын холбооны харилцаа түнш­лэлийн хэмжээнд хүрч эрчимжиж байна. Манай улс Европын стан­дартыг Монголд нутаг­шуулахаар ажиллаж бай­на. Энэ чиглэлээр та бүх­нээс туршлага судлахад дэмжлэг үзүүлэхийг хүсье” хэмээн уулзалтын үеэр онцолж байсан. Ма­най хоёр орны хувьд ашигт малтмал, дэд бү­тэц,  жижиг дунд үйлдвэр, хөдөө аж ахуй, малын эм бэлдмэл, хүнсний бүтээг­дэхүүн үйлдвэрлэл, ая­лал жуулчлал гээд  хамт­ран ажиллах салбар нэ­лээд бий гэж үздэг” гэс­нийг нь Ерөн­хийлөгч И.Ио­си­по­вич дэмжээд “Мөн бид­ний харилцааг хөг­жүү­лэхэд боловс­ро­лын сал­барын хамтын ажил­ла­гаа чухал. Манай оронд, олон улсад хүлээн зөв­шөө­­рөгдсөн их, дээд сур­гуу­лиуд байдаг бөгөөд бид танай талаас хөдөө аж ахуйн инженер, техно­логийн чиглэлээр оюутан сур­гахад бэлэн байна. Түүнчлэн аялал жуулч­ла­лын салбарт хамтарч ажил­лах бүрэн боломж­той. Манай улс жил бүр 10 сая жуулчин хүлээн авч байна” гэсэн юм. Хор­ват нь газар нутгийн хувьд манайхаас хэдэн арав дахин бага харин хүн амын хувьд 4.4 сая хүн амтай улс юм.

Хэдийгээр цөөхөн хүн амтай ч дэлхийд алдар­тай тамирчид олонтой. Сагс, хөлбөмбөг, газрын теннисний төрөлд өндөр амжилт үзүүлж ирсэн бө­гөөд улаан шоотой тө­рийн далбааг нь мэдэхгүй хү­мүүс ховор.

Хорватын хувьд 2013 онд Европын холбооны бүрэн эрхт улс болох бөгөөд аялал жуулчлал маш их хөгжсөн гэгддэг газар. Өөрөөр хэлбэл Европын хүн амын гур­ван хүний хоёр нь Хор­ватад ирж үзсэн байдаг байна. Гэхдээ хямд зар­далтай гэдгээрээ онцл­ог учраас мөнгөн дүн нь их биш гэх нь байдаг ажээ. Тийм хэдий ч аялал жуулч­лалаар олсон орлогоо хүн амдаа хуваахаар жилд нэг хүн 1000 евро ногддог байна.

Ерөнхийлөгч Ц.Эл­бэг­дорж айлчлалынхаа хү­рээнд тус улсын парла­ментын дарга Лука Бебич, Ерөнхий сайд хатагтай Ядранка Косор нартай уулзаж, эм бэлдмэл вак­цин тарилгын үйлдвэр­лэл­тээрээ бүс нутагтаа алдартай “Ветерина” ком­паниар зочилно.

Categories
редакцийн-нийтлэл

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж Итали улсад айлчилж байна

Монгол Улсын Ерөн­хийлөгч Цахиагийн Эл­бэг­дорж Бүгд Найрамдах Итали Улс (БНИУ), Вати­каны улс, Бүгд найрамдах Хорват улсад айлч­ла­хаар өнгөрөгч ням гаригт эх орноосоо мордсон би­лээ. Тэрбээр БНИУ-д 16-19-ний өдөр айлчлах бө­гөөд эхний өдрөө Ита­лийн нийслэл Ром хотноо байх дэлхийн хамгийн жижиг улс болох Вати­каны хот улсад зочиллоо. Ерөнхийлөгч Ц.Элбэг­дорж Ромын пап  Ромын пап XVI Бенедикттэй ярил­цаж, Ватиканы тө­рийн нарийн бичгийн дарга кардинал Е.Бер­то­нетэй уулзлаа. Ватикан хот улс нь хаа хаашаа км болон нэг км хүрэхгүй хэмжээтэй ч дэлхийн 1.2 тэрбум католик шашинт­ны оюун санааны төв болдгоороо алдартай билээ.  Эндхийн хүн ам нь сүмийн өндөр хэргэмтэн болох кардинал, сан­ваар­тан, гэлэнмаа, мөн уламжлалаараа папыг хамгаалж ирсэн швей­царь хамгаалагч нар гээд 830 хүнтэй бөгөөд улсын гадна ажилладаг 3000 ажилтантай ажээ. Ромын пап гэгээн хутагт XVI Бе­недикт Ерөнхийлөгч Ц.Эл­бэгдоржийг найр­са­гаар угтан авч, ган­цаар­чилсан уулзалт хийсэн бөгөөд хүний эрхийн ту­хайд хийж байгаа алх­мууд, цаазаар авах ялыг халахын төлөө хийсэн санаачилгыг нь дэмжин буйгаа илэрхийлж, дэл­хийн уур амьсгалын өөрч­лөлтийн эсрэг хэрхэн тэм­цэх, байгаль орчныг хам­гаалах, ядуурал хүнсний хомсдлыг бууруулах, али­ваа сөргөлдөөнийг энхийн зарчмаар шийд­дэг болох талаар санал солилцсон юм. 1929 онд албан ёсны гэрээгээр бие даасан бүрэн эрхт улс болсон Ватикан нь тухайн үедээ гэрээний дагуу Ита­лийн хууль тогтоомжийг авч хэрэглэсэн бөгөөд ялын дээд хэмжээг ер ашиглахгүй байж байгаад 1969 онд халсан юм бай­на. Манай хоёр улсын хувьд Гүюг хааны үеэс их хаад, Ромын папууд хоо­рондоо захидал харил­цан илгээж байсан уламж­­лал байдаг бөгөөд тэдгээр түүхийн бичиг ба­римт Ватиканы архивт өнөөг хүртэл гайхалтай хадгалагдан иржээ. Айлч­лалын үеэр латин хэлтэй монгол эрдэмтэн бэлтгэх талаар ч хөндөгдсөн.

Ерөнхийлөгч Ц.Эл­бэг­доржийн айлчлалын бү­рэлдэхүүнд УИХ-ын ги­шүүн, Гадаад харил­цаа­ны сайд Г.Занданшатар, Монгол Улсаас Итали улсад хавсран суугаа эл­чин сайд Ж.Энхсайхан, УИХ-ын гишүүн С.Баяр, Д.Зоригт, ХХАХҮ-ийн сайд Т.Бадамжунай, Ган­дан­тэгчинлэн хийдийн тэргүүн хамба Д.Чой­жамц, Ерөнхийлөгчийн Гадаад бодлогын зөвлөх Л.Пүрэвсүрэн нарын ал­баны хүмүүс, хэвлэл мэ­дээлэл, бизнесийн төлөө­лөгчид багтаж байгаа юм. Монголын буддын шаш­ны тэргүүн, Ган­дан­тэг­чин­лэн хийдийн хамба Д.Чой­жамц  Ромын пап­тай уулзах үед улаан, шарыг тунаруулсаар орж ирэх нь бас л содон ха­рагдаж байв. Айлчлалын үдийн өмнө ийн Ватиканд зочилж, үд дунд БНИУ-ын Ерөнхийлөгч Ж.На­поли­тано Ерөнхийлөгч Ц.Эл­бэгдоржийг Киринали ор­дондоо албан ёсоор уг­тан авч, албан ёсны хэ­лэл­цээ өрнөсөн юм. Үүнээс өмнө 2000 онд Ерөнхийлөгч Н.Бага­банди тус улсад айлчилж байсан бөгөөд энэ удаа­гийн төрийн тэргүүний хэмжээний айлчлалын хувьд хоёр дахь нь болно.

Европын холбооны дөрвөн том улсын нэг Итали сүлжмэл нэхмэл эдлэлийн технологи, заг­вар дизайн, арьс ширэн бүтээгдэхүүний бо­ловс­руулалт, үйлд­вэр­лэл­тээ­рээ алдартай. Тийм ч учраас энэ удаагийн Ерөн­хийлөгчийн айлч­лалын бүрэлдэхүүнд баг­тан яваа бизнесийн тө­лөөлөгчдийн бүрэл­дэ­хүүнд ноос ноолуур, мах махан бүтээгдэхүүн, арьс ширний гээд мэргэжлийн байгууллага, жижиг дунд үйлдвэрийнхний төлөө­лөл түлхүү багтаж яваа нь анзаарагдаж байна. Айлч­­лалын үеэр энэ чиг­лэлийн хэд хэдэн гэрээнд гарын үсэг зурахаар тө­лөв­лөжээ.

Айлчлалын эхний өдөр Италид төвтэй “Hands of cain” байгуул­лага “Цаазгүй ертөнц” хэмээн оны шагналын 2011 оны эзнээр Монгол Улсын Ерөнхийлөгч то­дорсныг зарлаж, түүнд шагналыг нь гардуулан өглөө. Шагнал гардуулах ажиллагаанд Италийн сенатын дэд Ерөнхий­лөгч хатагтай Эмма Бо­нино, Гадаад хэргийн яамны төрийн нарийн бичгийн даргын орлогч Винцензо Скотти, тус бай­гууллагын ерөн­хий­лөгч Марко Паннелла нарын хүмүүс байж, Мон­голд өрнүүлсэн ардчил­лын үйл хэрэгт нь талар­хаж байдгаа илэрхийлэн, хүний амьд явах эрхийг баталгаажуулан, төр нь иргэнээ цаазаар явахгүй байх алхмыг эхлүүлснийг сайшааж буйгаа илэр­хийлж байлаа. Энэ шийд­вэр нь Монгол төдийгүй жилд хамгийн олон хүнийг цаазалдаг гэгддэг Азийн бусад орнуудад үлгэр болохуйц үйл хэрэг хэ­мээн үзэж байгаа тэд илэр­хийлж байв. Уг шаг­налыг хүний амьд явах эрхийг баталгаажуулж, цаазлах ялыг байхгүй болгохын төлөө эрс ший­дэмгий алхам хийж, ам­жилт гаргасан лидерүү­дэд олгодог ажээ.

Айлчлал үргэлжилж
байгаа бөгөөд Ерөн­хий­лөгч
Ц.Элбэгдорж Ита­лийн Депутатуудын тан­химын Ерөнхийлөгч Ж.Фини, НҮБ-ын Хүнс хөдөө аж ахуйн байгуул­лагын ерөнхий захирал Ж.Диүф нарын албаны хүмүүстэй уулзахаар тө­лөвлөжээ. Мөн
Милан хотноо болох Монгол Ита­лийн бизнес форумд оролцоно. Түүнээс гадна Ром хотноо Монголын
Элчин сайдын яам нээх ажиллагаанд оролцох юм.

Categories
редакцийн-нийтлэл

М.Наранбаатар: Энэ чинь тусгаар Монгол Улсын үндэсний радио, телевиз шүү дээ

MҮОНРТВийн ерөнхий захирал М.Наранбаатартай ярилцлаа.

Танайх гол хаалга­наасаа эхлээд зас­вар хийгээд бужиг­наантай байна шүү. Ер нь ингэ­хэд MҮОНРТВийн энэ нү­­сэр бай­гуул­лагад хам­­гийн сүүлд хэзээ засвар орсон юм бэ?

-Манай
энэ байшин 1987 оны байшин шүү дээ. Яг үнэндээ их засвар бол хийгдээгүй. Байшин ч гэсэн муудна аа даа. Сүү­лийн үед утаа байшин барилгыг яаж эвдэж, өөр­чилж байгаа билээ. Ямар ч сайн зүйлийг өөд татаж байхгүй бол муудаж л байдаг. Энэ байшин­даа гар хүрэхгүй бол үнэ­хээр болохгүй болсон байсан. Ямар ч байсан намайг ажиллаж байх үед зас­вар орох ёстой байжээ. Өнгө будаг ч гэлт­гүй олон зүйлийг нь ши­нэ­чилж за­сахгүй бол хэ­цүүхэн бол­сон. Манай байгууллагын тухай яри­хаар л хүмүүс баахан камер, ажилтнуу­дын ца­лин­гийн тухай гэж ойлго­дог. Гэтэл өнөөдөр 24 жилийн турш ашигла­сан дулааны шугам нь хүүх­дийн зулай шиг бол­чих­сон байдгийг мэддэг­гүй. Цахилгааны шит гэ­хэд бүр эртнийх. Одоо­гоос хэдэн жилийн өмнө ма­най цахилгааны КТБ станц шатаад асуудал гарсныг санаж байгаа байх. Нээгээд үзэхэд 1964 онд үйлдвэрлэгдсэн байсан. Түүнийг 1967 онд манай телевиз анх бай­гуулагдахад тавьж байж л дээ. Аргагүй ах нарын юм сайн тулдаа 42 жил ажил­ласан байгаа юм.

Манайх түрээсийн байр биш учраас уран бүтээлээсээ гадна аж ахуйн асар их шийдэх асуудал байдаг юм аа. Сүүлийн үед миний аж ахуйн мэдлэг хачин сүр­хий болсон шүү дээ. Аль болох асууд­лаа өөрөө сайн мэдэж мэдэрч, түү­нийгээ Удирдах зөвлөл­тэйгээ ярих, Сангийн яаманд зөв ойлгуу­лах, төсөв хөрөнгө шийддэг хүмүүс­тээ учирлахаас эхлээд асуудал бол бий, бий. Одоо хийгдэж буй засварын маань хувьд сайхан болчих байх аа.

Олон нийтийн ра­дио, телевиз гээд төс­вөөс жигтэйхэн мөнгө авдаг газар байдаг гэ­сэн ойл­голт бий. Тэр их мөн­гөөр сайн уран бү­тээл хийхгүй байна гэж шүүмж­лэх нь бий, бас өнөөх мөнгө нь хаанаа ч хүрэхгүй техникийн шинэч­лэл­дээ явчих нь бий ч гэдэг. Яг яадаг юм бэ?

-Би эхлээд жаахан тайлбар хэлчихье. Болох уу. Манайд теле­виз
бай­на, хоёр дахь суваг нээг­дэхэд бэлэн болчихлоо. Радиогийн гурван суваг байна,
таван хэлний нэвт­рүүлэг байна.
Монголын мэдээ гээд мэдээллийн том агентлаг байна. Энэ бүхэн нийлээд манайх гэдэг айл болж байгаа юм. Телеви­зийн
уран бү­тээл гэдэг нэг хүн машин унаж гараад өөрөө каме­раа барьж бичлэгээ хий­гээд, микро­фоноо гаргаж
асуулт тавьчихаад, бас өөрөө монтажаа хийж дуу оруулж эфирт
хальс түлхсэнийгээ хэлдэггүй юм. Дэлхийн долоон тэр­бум хүмүүс дунд тийм авьяастай хүмүүс
байдаг байх л даа. Тийм хэдий ч телевиз гэдэг зүйлийн
стандарт дэлхийд нэгэнт тогтчих­сон. Хэрэв нэг хүн
ганцаараа гүйж га­раад хийчихдэг
юм бол яах гэж тэр олон жил мэр­гэжил тус бүрээр
нь хүн бэлтгэ­дэг байсан юм
бэ. Тэр стандартаар бид явж ир­сэн, түүнийгээ
ч авч үлдэх ёстой. Өөрөө ху­вийн те­левизтэй ч юм уу, ямар нэг байдлаар хөрөн­гө
оруул­сан улстөрчид ярихдаа
“Телевиз 50 хүн­тэй бай­хад
болно” гэдэг. Уучлаа­рай, болдоггүй
юм.

Үндэсний хэмжээний телевиз бол хүүхдэд зориулсан нэвтрүүлэг, хөг­жөөнт цэнгээнт нэвтрүүлэг, сургалтын чанартай нэвтрүүлгүүд, ёс зан занш­лаа харуулсан танин мэдэхүйн сэт­гүүл байх хэрэгтэй. Мэдээж, кино байх ёстой. Кино нь хулгайнх байж болох­гүй. Нэгэнт олон нийтийн телевиз бол наад талдаа ийм байхыг шаардана. Радио гэхэд манайд үндсэн суваг байна. Монголын радио ярьж байна гээд. Залуучуудын сонирхол, хурд өөрч­лөгдөж байна. Бид Шведийн төс­лөөр гуравдугаар сувгаа нээсэн нь гоё ажиллаж байгаа. Радио­гийн сонсогч­дын тоо буураагүй. Монгол Улсыг сурталчилж байгаа Мон­голын дуу хоолой радио байна. Таван хэл дээр нэвтэрч, улсаа сурталчилж байна. Одоо нэгэнт интернэт, радио теле­визийг хөгжүү­лэх үүрэг бидэнд ирж байна. Мөн Монголын мэдээ агентлаг гэхэд өдөр бүр нэг цагийн мэдээллийн хөтөлбөр, сондгой цаг бүрт арван минутын мэдээлэл явуулдаг. Хөдөө орон нутагт сэтгүүлч сурвалжлагч нар явж мэдээлэл бэлтгэж ирж байна. Тэр хүмүүсийн явах унаа тэрэг, жолооч за тэгээд манай байр бол багагүй сав. Тэгэхээр тэнд бас тодорхой тооны үйлчлэгч нар байж таарна аа даа. Энэ бүгдийг тооцоод үзвэл 700 хүн их биш. Манайд 1200-1300 хүнтэй байсан үе бий. Харин ч бидэнд хүн хүрдэггүй.

Яагаад хүрдэггүй гэж. Түүнээс цөөн байхад л телевиз гарна гээд улстөрчид нь хүртэл хэлээд байгаа юм биш үү?

-Бид
шинэ менежментээр ажил­лаж эхлээд багагүй хугацаа өнгөрлөө. Бид зөвхөн телевиз, радиогийн уран бүтээл гэлтгүй үндэсний хэмжээний томоо­хон ажлуудыг хийх ёстой гэж зорьж ажиллаж байгаа. Олон төсөл хэрэг­жүүлж эхэлснээс Ногоон хөгжил, эрүүл мэндийн төсөл, Хорьдугаар зуун төсөл гээд хүмүүс мэдэж байгаа байх. Монголчуудын түүх гуйвсан. Харин манай хорьдугаар зуун төслийнхөн тэр бүгдийг бодит түүхээр нь үлдээ­хийн тулд маш нүсэр ажлыг зориглож барьж авсан. Жилийн 365 хоногийн өдөр өдөрт нь түүхэнд юу болж байсан бэ гэдгийг гаргаж ирнэ гэдэг маш нарийн шүлтүүртэй амар­гүй ажил байж таарна аа даа. Зарим өдөр нь гурав тэгээд тав, долоон үйл явдлыг багтааж гаргаж ирсэн. Үүнийгээ манайхан шинэ хэвлэл­тээр судар маягаар сар тус бүрт нь 12 DVD хийж, түүнийгээ шигтэж ном болгосноо саяхан хэв­лэлтээс гардаж аваад байна. Бас нэгэнт хийсэн том уран бүтээлийг ном болгож үлдээх нь зөв юм гээд Хорьдугаар зуун Монгол номоо хэв­лэ­лээ. Үүнийгээ дагаад 50 баримтат кино ирэх ондоо багтаж хийнэ. Энэ бүг­дийгээ бид Монголын түүхэнд үлдэх, манай байгууллагаас барьж бай­гаа бэлэг гэж ойлгож байгаа. Яг энэ мэ­тээр ажлууд хийгээд эхлэхээр хүмүүс цөөдөж байна гэж хэлэлгүй яах вэ.

Дээрээс нь энэ жил гэхэд 200 анги кино хийлээ. Үндсэндээ 1.5 өдөрт нэг кино гэсэн үг шүү дээ. Одоо гарч байгаа “Өдөр өдрийн наран” дуусахад дараа­гийн 60 ангит кино эхэлнэ. Бид контент үйлдвэрлэх ёстой. Одоо хулгай хийгээд л кино гаргадаг байсан үе өнгөрсөн. Бидэнд тийм үе байсан л даа. Бид үзүүлж, үлгэрлэж байж бусад маань хулгай хийхээс татгалзаж эхэлнэ. Бид нэгэнт жимийг нь гар­галаа, бусад нь ч явж байх шиг байна. Ийм хэмжээний уран бүтээл хийхэд өнөөх ад үзээд байдаг хүн хүч яах аргагүй хэрэг болдог юм. Бас бидний хийхээр төлөвлөж байгаа зүйл бол драмын хийгээд сонгодог урлагийн томоохон бүтээ­лүүдийг дэлгэцэнд мөнхөлж үлдэх явдал юм. Бид энэ талаар Драмын театр, Дуурийн театрын удирдла­гуудтай ярилцаад шийдэлд хүрээд явж байна.

Нүсэр бүтэцтэй атлаа чанар­тай бүтээгдэхүүн гаргахгүй бай­на гэж шүүмжилдэг хүмүүс бий шүү дээ?

-Ер
нь л үндэсний телевиз гээд муулаад л байдаг. Гэтэл үнэндээ түүнийгээ үздэг л байхгүй юу. Би нэг онигоо ярья. Онигоо гэж бодит явдал л даа. Та өөрөө ч тэр хурал дээр байсан байж магад. Хоёр бүлгийн дарга нар мэдээлэл хийх гээд хурлаа эхэлдэг­гүй. Бусад сэт­гүүлч нар хүлээж ядаад, хурлаа хийгээч ээ гэж шаардахад “ММ ирээ­гүй” байна аа гэж хэлээд уурыг нь барсан гэдэг. Энэ бол манайх тэр­гүүлэх байр сууриа мөнхөд хадгалж байгаа­гийн илрэл. Миний сайных бус харин явж ирсэн нэр хүнд уламжлалаа аваад явж чадаж байгаагийнх юм. Ер нь мэргэжлийн судалгааны байгуул­лагуудын гар­гаж байгаагаар бол дараагийн­хаасаа даруй 20-30 пунк­тээр илүү явдаг.

Та сэтгүүлчдийн армийн нэгээ­хэн хэсгийг удирдаж яваа хүн. Сэтгүүлчдийн ёс зүйтэй холбоотой асуудалд хэрхэн ханддаг вэ?

-Сэтгүүлчид мэргэжлийн байх, хариуцлагатай байх нь маш чухал. Сэтгүүлчид цалин нь ихдээ их, багадаа бага тийм л хүмүүс. Зарим нэг сайдаас хэдэн цаас авчихсан, ултөрчдийн хоолыг нь идчихсэн гээд сонстож байдаг зүйл бий. Манайд дөрөв таван зуугаад сэт­гүүлч байлаа гэхэд нэг хувь нь буюу 4-5 хүн тийм байхад сэтгүүлчид бүгдээрээ тийм юм шиг ойлгогдоод ирдэг. Би өөрийнхөө хамт олныг хариуцлагатай байгаа, ёс зүйтэй байгаа, мэргэжлийн байгаа гэдгийг хэний ч өмнө хэлнэ. Ер нь сэт­гүүлч­дийг хардах явдал их байдаг. ММ-ийн зураглаачийг гэхэд миний зургийг биш тэрний зургийг их аваад байна гэж ирээд хардана шүү дээ.

Үнэндээ сэтгүүлчдийг, сэтгүүл зүйг үнэлэх үнэлэмж ямар байна вэ гэдэг чухамхүү үнэн эргэлзээтэй цаг үе болчихоод байна. Нийгэм бидэнд итгэхгүй болоод ирвэл юу болохов. Нулимана биз дээ. Захиалга өгөөд хүн муулуулж болдог, халаасанд нь мөнгө хийгээд худалдаад авчихаж болно гэж боддог болно. Тэгж үнэлэгдээд ирвэл бидний мэргэжлийн хувьд аюул байх­гүй юу. Нэг талаас үнэ­лэмж байхгүй болоход сэтгүүлч­дийн өөрсдийн гарга­сан алдаа бий юу гэвэл байгаа. Угшил нь бидэнд өөрсдөд байгаа. Мөнгө өгөхөөр тэр хүнийг бичихгүй, хэн нэгэн мөнгө хүнээс нөгөөгийн тухай бичсэн үү гэвэл тийм. Гэхдээ нийгмийг эрүүл­жүүлэх эд эс нь сэтгүүлч мөн л юм бол өөрчлөгдөх ёстой. Одоо бүх бурууг нийгэм рүү чихдэг болсон. Харин бид өөрсдөөсөө эхлээд өөрчлөгдөж улмаар нийгмээ өөрчлөх ёстой.

Ёс зүйн асуудал дотооддоо бол ярих асуудал яах аргагүй мөн. Гэхдээ таны хэлснээр үнэ­лэмж буурсантай холбоотой ч юм уу, бүх бурууг сэтгүүлчид рүү чихдэг нэг тийм жишиг байх шиг. Манай сонин сэтгүүлчдийг Эрүү­гийн хуулиар шийтгэдэг тэр зүйл заалтыг хасах уриалга гаргас­ныг та анзаарсан уу?

-Тийм
ээ. Сэтгүүлчид эрхэлж байгаа ажлынхаа төлөө буруутан Эрүүгийн хуулиар шийтгүүлэлгүй бусад хууль тогтоомжоор асуудлыг нь шийдээд явах боломжтой. Сэтгүүлч­дийн ёс зүйг хөндөж ярьж байгаагийнх нэг зүйлийг хэлмээр санагдаж байна. Хуучны шар сонингууд өнөөдөр бүгд нэг, нэг сайтууд болчихжээ. Мэдээж, электрон сэтгүүл зүйн хөгжил яригдаж таарна. Гэхдээ ийм  сайтууд зорилго­той, захиалгатай хүн гүжирдэж гүтгэдэг хэрэгсэл болчихож. Бүр аль нэг томилгооны өмнө, эсвэл төсөв бат­лахын өмнө, цаашлаад хэн нэгэн хүнийг огцруулах, унагаах зорилготой мэдээлэл цацаж байна. За тэгээд сонгуулийн өмнө тамтгаа алдана. Сүүлийн үед ч надтай холбоотой мэдээлэл цөөнгүй гаргаж байна. Надтай гэж манай байгууллагатай холбоотой. Тэр худал мэдээллийг нь уншсан төсөв хуваарилдаг түшээд хүртэл ийм их мөнгийг үргүй зарлагад­даг юм уу гэж гайхшрах нь бий.

Би энэ удаад захиалагчийнх нь нэрийг хэлэхээ байя. Тэртээ тэргүй хүмүүс үнэн мөнийг нь өөрийнхөө хэмжүүрээр ялгачих бүрэн чадалтай учраас би үүнд ач холбогдол өгөхгүй байгаа. Гэхдээ энэ гал тогоонд ажил­лаж байдаг хүний хувьд сэтгүүлч­дийнхээ үнэлэмжийг өсгөж, ёс зүйтэй, цэвэр сэтгүүл зүйг хөгжүүлэхийн тулд бид эхлэх цаг болжээ гэж бодож байна. “Хувьсгал хийхэд золиос байлгүй яахав гэж хэлдэг хүнд маргаашийнх нь золиос та байна шүү” гэж хэлэх ёстой гэдэг. Үүнтэй адилхан үүнийг өнөөдөртөө орхиё гээд үлдээж болохгүй юм байна. 

Танайх төсвөөс мөнгө авдаг болоод ч тэр үү, биднийг гарга­сангүй, тэрийг гаргалаа гэсэн гом­дол төсөв батлагчдын зүгээс гар­даг юм билээ. Саяхан УИХын зарим гишүүн биднийг бус Зас­гийн газрыг их мэдээлээд байна гээд танд албан бичиг хүргүүлж байх шиг байсан?

-Тийм
зүйл байна аа байна. Хамаг цалин цуухыг чинь өгөөд байхад яах гээд байна гэсэн ханд­лагатай улс­төрчид байдаг. Үнэндээ манайд жилд 7.7 тэрбум төсөв­лөдөг ч 3.3 тэрбумыг нь бид төс­вөөс авдаг юм. Үлдсэнийг нь өөрс­дөө босгох үүрэг хүлээдэг. Тэр 7.7 тэрбумаас холбооны сувгийн түрээс, дахин дамжуулалтын мөнгө гээд асар их зардал шаардсан мөнгийг бид төлдөг. Дэлхийн зарим улсад 97-98 хувийг нь төсвөөс өгөөд үлдэх хувиа бэлгэдлийн чанартай олох нь бий. Харин бид талаас илүү хувиа өөрсдөө олдог. Мэдээж гурван тэрбум төгрөг их мөнгө үү гэвэл их мөнгө. Гэхдээ манай хүмүүсийн цалин гэхэд 3.7 тэрбум төгрөг шүү дээ. Өгч байгаа нь 3.3 атлаа 7.7 тэрбумыг өгсөн гэж цаасан дээр бичдэг юм. Нөгөө талаас олон нийтийн гэхээр гудам­жинд явж байгаа хүн, бизнесмэн, улстөрч ер нь бүгд эзэн суух гээд байдаг. Хэрэв бүгд орж ирээд л эфир эзэгнэх гээд байх юм бол тусдаа хууль гаргаж, нэг хүн бодлого тодорхойлох гээд байх хэрэг байна уу.

Гадаадын олон нийтийн теле­ви­­зүүд нийгэмдээ хүчтэй нөлөөлөл үзүүлж чаддаг юм шиг санагддаг. BBC байна, NHK гэхэд сумо бөх дэх найраа, ёс бус тэмцлийг нь эсэр­гүүцэж барил­дааныг дамжуулахаа байж байх жишээтэй. Манайх хэзээ тэдэн шиг тийм болох бол?

-Хэрэв
манайх үндэсний бөхийг дамжуулахгүй боллоо гэвэл бас нэлээд юм болох байх шүү. Харам­салтай нь нийгэмдээ нөлөөлөх оролд­лого гэж харахаасаа илүү “Яачихсан юм, Наранбаатар яагаад байгаа юм” гэсэн тал руугаа илүү явчих болов уу. Манай теле­виз хулгай хийхээ больё гээд эхний шатанд кино бүтээгээд эхэлчихлээ. Нэг талаас бусдыгаа чирээд зовлонтой л бай­гаа байх. Гэхдээ энэ бол сайн вирус юм. Ногоон хөгжилтэй хол­боотой төсөл бас нийгэмд нөлөөлж л байгаа. Үлгэр дуурайл болж байгаа гэж бодож байна.

Манайд хүмүүс гэртээ HD телевизтэй бол­чих­лоо. HD-гээр суваг дам­жуулдаг үйл­чилгээ бий болчих­лоо. Харин телевизүүд хэзээ ийм форматаар нэвтрүүлгээ цацах вэ. ГанцМонгол ТВийм форма­таар л цацаж байх шиг?

-“Монгол
ТВ”-ийн техник тасар­хай гэж дуулсан. Бас ийм хаягтай телевиз, телевизийн байр байдаг. Гэхдээ хөтөл­бөр гэх зүйл байхгүй. Бид техникийн дэвшилээ дагах ч нийтлэл нэвтрүүлэг, мэдээ мэдээл­лийнхээ чансаанд илүү анхаарал тавьдаг. Манай 150 студи ийм форматаар нэвтрэхэд бэлэн бол­сон. Яг энэ форматаар нэвт­рүүлгээ бэлтгээд явахад хөрөнгө мөнгөний хувьд асуудал шаардагдана. Гэхдээ Засгийн газ­рын түвшинд 2014 он гэхэд дижи­тал систем рүү шилжинэ гээд гэрээ­гээр үүрэг хүлээсэн байгаа учраас тэр хугацаандаа багтаад орчихно. Яг одоодоо бол “Ардын засаг ч гэж хаа байлаа , авдаг өгдөг нь ч юу байлаа” гэдэг л байна шүү дээ. Төсөв хэд болох юм яаж батлах юм гээд асуудалтай.

Үндэсний олон нийтийн зөв­лөлийн дэргэдэх олон нийтийн зөвлөл гэж бий. Тэр хүмүүс яг ямар эрх үүрэгтэй байдаг юм бэ. Хуулинд тэгээд заагаад өгчих­сөн болохоор тэр олон хүн байгаад байна уу?

-Хуулийг
хийхдээ бүгдийг тооцож төлөвлөж, дэлхийн томоо­хон сайн жишээ, жишгийг харж хийсэн байдаг байлгүй дээ. Үндэсний зөвлөлийнхөн бол олон нийтийн төлөөлөл болж орж ирсэн хүмүүс. Түүнээс ажилд ороод л, тэг ингэ гээд байхгүй. Ерөнхий захи­рал хөтөлбөрийн бодлогоо тодор­хойлж, олон нийтийн зөвлөлийн­хөн түүнийг нь хянах ёстой. Хуучин Ерөнхий сайдын шууд харьяанд энэ байгууллага бай­сан юм. Тэгэхэд шууд дуудаад л даргыг нь халчих эрхтэй байсан гэсэн үг. Одоо нэг хүн, нэг танхим мэддэг биш салбар салбарын хүмүүсийн төлөө­лөл мэдэж байгаа юм. Магад­гүй таны анзаарснаар М.Наран­баатар бол нэг улстөрч, нэг хэсэг улстөрчийн дургүйг хүргэх зүйл хийж байсан л байх. Тэгвэл тэрний зоргоор хусагд­чихалгүй яваад байгаа нь тэгүүлэхгүй гэж хийсэн энэ хууль тогтоомжтой нь холбоотой.

Өмнө нь эрх барьж буй намуу­дын гол үзэл суртлын зэвсэг нь үндэсний телевиз, сөрөг хүчний намуудын юуны өмнө өөрчлөхийг хүсдэг албан тушаалтан нь таны хашиж буй алба байсан. Харин сүүлийн жилүүдэд тэр байдал алга бол­сон нь уг хуультай холбоотой байна уу, хамтарсан засагтай хол­боо­той байна уу. Эсвэл М.Наран­баатар гэдэг хүн эхийг нь эцээж, тугалыг нь тураахгүй байна уу?

-Тогтолцоог нь хуулиар зохи­цуулж өгсөнтэй холбоотой гэж бодож байна. Цэндийн Мөнх-Оргил, Эрдэнийн Бат-Үүл, Нямаа­гийн Энхболд нарын хүмүүс байд­лыг ингэж шийдвэл нөлөө­лөлд автахгүй гэдгийг тухайн үед харж чаджээ. Тэгээд УИХ-аас, Ерөнхий­лөгчөөс, Засгийн газраас дамжуу­лан олон нийтийн төлөөлөл орж ирэг, харин УИХ нь баталж байг хэмээн шийдэж. Тийм ч учраас хуучин шиг аль нэг талд нь гуйвах шаардлагагүй нөхцөлд ажиллаж чадаж байна.

Ингэхэд та аль намын хүн бэ?

-Алиных
нь ч биш. Аль нэгнийх нь байсан бол алуулахгүй юу. Угаасаа эрхэлж байгаа ажил маань хуулиараа нам бус байхыг шаарддаг.

Ирэх сонгуулиар дэвшиж магадгүй гэх яриа ч дуулдах юм билээ. Та нэр дэвших үү?

-Би
угаасаа хуулиараа улс төрийн намын харьяалалгүй байх ёстой хүн. Гадуур л миний өмнөөс нэр дэвших тухай яриа гаргаад байгаа болохоос биш. Ер нь тэгээд намайг дэвшүүлэх нам нь хаана байгаа юм, дэвших тойрог нь ч хаа байгаа юм. Тэгээд тэр бас сонгуульд их хэмжээний мөнгө зарцуулдаг гэдэг биз дээ.

Нээрээ, танай байгууллагатай холбоотой машин тэрэг авсан, барьсан гэсэн яриа дуулдаж байх юм. Та үүн дээр ямар хариу өгөх вэ?

-Намайг
М.Наранбаатар гэд­гээр маань хараад байж болохгүй юм аа. Муу ч сайн ч тусгаар Монгол улсын үндэсний хэмжээний теле­виз, радио гэж харах хэрэгтэй. Өнөөдөр NHK телевизийн захир­лыг ямар унаа унаж байна гэдэг юм уу эсвэл онгоцоор хаашаа явсан гээд парламентын гишүүн нь асуу­гаад байвал өөрөө их эвгүй бай­далд орох болов уу. Нэг улсын олон нийтийн телевиз радио гэдэг утгаар нь харах ёстой гэж санадаг юм.

Төсөв мөнгөний асуудал ямар байдгийг та бид хоёр ярилцсан. Ер нь төсөв тиймэрхүү байдаг юм бол танайхан олон ангит кино хийгээд л өөрсдөдөө ажил удахын хэрэг байна уу?

-Бид
үүнийг хийх үүрэгтэй. Уран бүтээлч нөхөд маань шөнө оройгүй ажиллаж 200 ангит кино хийж байна. Үүнээс ч ихийг хийнэ. Нөгөө талаас уран бүтээлч хүнд нэг тийм сэтгэл байдаг даа. Өөрөө ч мэдэж байгаа. Хийгээд дуус­саныхаа дараа нийт­лэлийг хүн уншиж байхыг чинь хара­хад нэг тийм гоё байдаг биз дээ. Би ч урьд нь нэвтрүүлэг бэлдээд төгс­гөлд нь нэрээ гарахыг хараад баярлаж, урамшдаг байсан. Нэгэнт манайх ийм том баазтай хойно уран бүтээлчдээ хөглөөд, бүтээл төрүүлж тэд маань хийснээсээ урам, таашаал авч явах нь сайхан биз дээ.

Тусгай салаа кино гарсны дараа цэрэгт явж байгаа залуу­сын тоо нэмэгдсэн гэж байсан. Одоо эмч нарын тухай кино хийж байна. Ер нь шинэ төслөө хийх­дээ үр дүн нь ийм байх болно гээд тусгай зорилго хөтөлбөртэй явдаг уу?

-Ноднин
кино хийж байх үед цэрэгт очиж байгаа залуус тоондоо хүрэхгүй байсан. Харин киноны дараа гэхэд зураг авсан ангид илүү орон тоо байхгүй болсон гээч. Батлан хамгаа­лах яам ч бидэнд байдгаараа тусалж, бид ч энэ уран бүтээлийг босгох гэж хичээсэн. “Өдөр өдрийн наран” кино төслийн санаачлагч нь ЭМЯ. Эмч нарыг янз бүрээр л хэлдэг, тэгвэл амьдралд тэдэнд ямар бэрх­шээл тулгардаг юм, хүнийхээ хувьд ямар асуудал байдаг юм гэдгийг гаргахад хоёр талын сонирхол таар­сан, уран бүтээл хийсэн. Энэ бол бас ч том төсөл. БНСУ-д долоон хоног зураг авч, Дорно­говийн Алтанширээ, Сэлэнгэ аймагт бас зураг авсан. Кино дуусахад анагаах, сувилагчийн сур­гуульд орох хүмүүсийн тоо нэмэгдэх л байх. Бас ийм мэргэж­лийн хүмүүсийг ойлгох, ханиа, ээж аавыгаа ойлгох ч болно. Нөгөө талаас нийгэмд асар сайн нөлөөтэй. Тухайлахад хайртай жүжиг­чин нь янз бүрийн хавдраар өвчлөхөд үзэж байгаа хүмүүст сэрэмж болж байдаг гэж байгаа юм. Өөрөөр хэлбэл, амьдрал дээр эрт оношлуулах тал дээр анхаарна гэсэн үг шүү дээ. Бидний  ажил бол ингэж л нийгэмдээ очиж байд­гаараа сайхан.

Солонгос бол олон ангит кино­гоороо Ази төдийгүй дэл­хийг байл­дан дагуулж байна. Улсынхаа маш том суртал­чил­гаа учраас цаанаас нь төсөв гаргадаг ч гэдэг. Харин манайхан хийж байгаа киногоороо улсаа сурталчилдаг болох нь хэзээ бол?

-Ер
нь киноны зах зээл бол яг хар зах шиг. Маш том кино яарма­гууд байдаг. Бид өөрсдийнхөө павилонуу­дыг зарим дээр нь авья, гарч эхэлье гэж байгаа. Эхний шатанд худалдаж аваад сүйд болохгүй юм аа гэхэд бүтээл солилцох асуудал гарч болно. Бид бол эхэлж байна, хөгжөөд байгаа. Цааш цаашдаа олон боломж нээг­дэнэ. Одоо бид “Халтар царайт”-ыг үзвэл юунд тэгж хуйларч байв гэхээр л байна шүү дээ. Цаг цагт уран бүтээл хөгжиж, өөрчлөгдөж байдаг.

Нээрээ, “Халтар царайт“-ыг багагүй мөнгөөр худалдан авч байсан байх аа. Одоо танай фондод бий юу?

-Бий
бий. Манай өмчлөлд байдаг.

Ярилцсан Э.ЭНЭРЭЛ

 

 

Categories
редакцийн-нийтлэл

Эрүүгийн хуулиас сэтгүүлчдийн эсрэг заалтыг авч хаясан улстөрчийг дэмжин ажиллана

Дэлхийн улс орнуудад хөг­жил­тэй байх, баян байх, хүн амаар олон байх гээд олон шалгуур  үзүүлэлт  бий. Үүнээс  хамгийн жин дардаг, бас үнэн мөн, гэрэл гэгээ­ний хэмжүүр бол  хэвлэл  нь эрх чөлөөтэй эсэхийн үзүүлэлт билээ. Тийм ч учраас хэвлэлийн эрх чө­лөөний индекс улс орнуудын өөрс­дийгөө товойлгох, бас бүдгэрүүлэх бодит үндэслэл болдог. Гадаад ертөнцөд нэр төрөө хэрхэн ойл­гуу­лах эл хэмжүүрт сэтгүүлчдийн амь насанд халдах, хүлээлгэж буй ял шийтгэл, тэдний ажил үүргээ гүй­цэтгэх боломж, хэвлэн нийтлэх эрх чөлөө зэрэг олон үзүүлэлтүүд хамаардаг. Эдүгээ  пакистан, мех­сик, гондурасчууд энэ салбарт аймшигтай нь дэлхийн хар хаяг болж байна. Учир нь 2010 онд ажил үүргээ гүйцэтгэж яваад амь насаа алдсан 87 сэтгүүлчийн 43 хувь нь дээрх орнуудад нас барсан билээ. Ажил албаа залгуулж яваад амь насаа алдсан аль ч мэргэж­лийнх­нээс илүүгээр сэтгүүлчдийн хө­дөлмөрийг үнэлэх үнэлэмж нэгэнт дэлхий дахинд тогтсон. Яагаад гэвэл шударга ёс, бодит мэдээл­лийн төлөө зүтгэдэг тэдний хөдөл­мөр нь хүн төрөлхтний язгуур эрх ашгийн төлөө байдаг учраас. Сэт­гүүлийн ажлыг ч уурхайчны дараа ордог хүнд хөдөлмөр хэмээн он­цолдог. Тэдний үйлс хүн гээч амьт­ны суурь эрх ашгийг хамгаалах мөнхүү чанартай холбоотой уч­раас хөдөлмөрийн аюулгүй байд­лыг хангаагүйгээс нас барсан жирийн нэгэн ажилчны үхлээс сэтгүүлчийн үхлийг өөрөөр авч үзэх үнэлэмж нэгэнт жишигжжээ. Энэ нь сэтгүүлчийн хөдөлмөрийг эрхлэх үедээ алдаа гаргасан то­хиолдолд ч хамрагддаг нөхцөл. Учир нь тэд бусдаас үлэмж эрх мэдлийг төвлөрүүлсэн, бусад ол­ныг төлөөлөн хөрөнгө зарцуулах эрх мэдэлтэй хүмүүсийг хянах нүд болж байдаг учраас тэгэхээс ч өөр аргагүй.

Сэтгүүл зүйд хэрхэн хандахаас улс орны үнэлэмжийн сайн муу шууд нөлөөлж байгаа талаар дээр дурдсан. Зах хязгааргүй сэтгүүлчид байгууллагаас Дэлхийн хэвлэлийн эрх чөлөөний индексийг анх гаргаж байх үед эрх чөлөөний орон гэдэг АНУ дээгүүр цохидог байснаа үн­дэсний аюулгүй байдлынхаа төлөө терроризмын эсрэг дайныг шүүм­жилсэн сэтгүүлчдийг сэжиглэх тухай заалт оруулснаар тэртээ дор шидэгдэж байсан талаар тухайн үед хэвлэл мэдээллээр бичигдэж  байлаа. Үнэндээ ч 2001 оны айм­шигт алан хядлагын хохирогч болсон америкчууд үндэсний аюул­гүй байдлынхаа төлөө тийм хандлагатай байх нь хэр шүү дээ гэж бодогдмоор. Гэвч түүгээрээ сэтгүүлчдийн хөдөлмөрт хориг тавих гэж оролдож байгаа гэсэн нөгөө өнцгөөрөө л буруутчихаж байгаа хэрэг шүү дээ. Сэтгүүлчийн хөдөлмөрт тэгж эмзэг, тэгж нандин ханддаг жишиг олон улсад байна.

Хэвлэлийн эрх чөлөөний ин­дексээрээ тэргүүнд нь эрэм­бэ­лэг­дэж байсан Дани улс 2006 онд 19 рүү бичигдэж байсан түүхийг хү­мүүс санаж л байгаа байх. Моха­медийн шог зургийг Данийн нэгэн хэвлэлд гаргасан нь лалын ша­шинтнуудын уур хилэнг багагүй хүргээд авсан. Магад тэр шог зургийн хор нөлөө нь тайван амга­лан улсад террор халдлага гара­хад хүргэх байсан ч юм билүү. Уг зургийг зурсан шог зураачдад заналхийлсэн хэрэг гарсан, бас тэдний аюулгүй байдлын төлөө цагдаагийн хамгаалалтад авсан төдийгөөр хэвлэлийн эрх чөлөө­ний индексээрээ 19 рүү уначихаж байв даа.

Тэгэхээр сэтгүүлчийн хөдөл­мөрийг яах аргагүй өөр үнэлэмжээр авч үзэхээс аргагүй. Монголд энэ тухай ярихаар хүмүүс алдаатай хэрэг хийсэн хэн боловч шүүхийн өмнө эрх тэгш байх ёстойг үндэслэл болгодог. Маргашгүй боловч нөгөө талд яах аргагүй өөр өнцөг, үнэ­лэмжээр авч үзэх ёстой хөдөлмөр гэдгийг дэлхий дахинд нэгэнт хү­лээн зөвшөөрснийг баримтаар бодитой харж байна. Угаасаа сэт­гүүлчид нийгмийг эрүүлжүүлж, болохгүйг илчилдэг тусгай даал­гавартай хүмүүс. Өөрөөр хэлбэл ардчилал гэдэг модыг өтөнд ба­риулчихгүйн тулд цэвэрлэгээ хийж байдаг тоншуулууд.

Энэ навчийг идэж байсан өтийг тэрийг нь идлээ гээд тоншчихсоны төлөө тоншуу­лын хурц хошууг огтлоод авч бо­лохгүй биз дээ. Түүн шигээр сэт­гүүлчийн ажлын онцлогийг яах аргагүй харгалзан үзэх шаардлага байгаа юм.

Тийм ч учраас олон улсын хэм хэмжээнд сэтгүүлчийн хөдөлмөр­тэй холбоотой алдаа мадаг улмаар түүнээс учирсан хор хөнөөл бай­лаа гэхэд эрүүгийн хэрэгт тоо­цол­гүй бусад хууль заалтын дагуу ял шийдээд явдаг. 

Харин Монгол бол Эрүүгийн хуулиндаа сэтгүүлчдээ яллах зүйл заалт оруулсан орон. Эрүүгийн хуулийн зургадугаар хэсгийн 110.1-ийн доромжлох, 111 дүгээр зүйлийн 1-3-т зааснаар гүтгэсэн бол нэгээс гурван сар баривчлах, гурваас зургаан сар баривчлах, хоёроос таван жил хүртэл хуга­цаагаар хорих ял шийтгэнэ гэж заасан байдаг. Хэрэв сэтгүүлч алдаатай ажиллаж, бусдын нэр хүнд, алдар хүндэд халдсан бол буруугаа хүлээх ёстой. Алдаатай ажиллагааг нь зөвтгөх ямар ч шалтгаан байхгүй. Гэхдээ сэтгүүл­чийн хөдөлмөр эрхэлж байгаад алдсаныхаа төлөө эрүүгийн гэмт хэрэгтэн болох учиргүй. Олон улс оронд сэтгүүлч ажлаа хийх явцдаа алдаа гаргасныхаа төлөө эрүүгийн гэмт хэрэгтэн болж, эрүүгийн хуу­лиар шийтгүүлэх ёсгүй гэдгийг зааж өгдөг. Тэгэхгүй бол эрүүгийн гэмт хэрэгтэн болгоно шүү гэсэн занал­хийлэл, шүүхээр ял оноолгоно шүү гэсэн дарамт нь сэтгүүлчийн ажилд дөнгө болно. Манайд ч үүнийг Эрүүгийн бус Иргэний хэргээр шийдэх бүрэн боломжтой.

Гэтэл манайх сэтгүүлчдэдээ хамгийн халгаатай улс орон гэдгээ баталж, сэтгүүлчдэдээ эрүүгийн хуулиар ял төлөвлөж байна. Уг нь манай Эрүүгийн хуулийн ерөнхий ангийн нэгдүгээр хэсэг, нийтлэг үндэслэл дотор “…Хүний үзэл бодол, итгэл үнэмшлийн төлөө эрүүгийн хариуцлага хүлээлгэхгүй” гээд заачихсан байдаг л даа. Их яривал энэ заалттай сэтгүүлчийн хөдөлмөр шууд уялдчихаж байгаа. Гэвч уг хуулийн дараагийн зүйл заалтуудад өнөөх баривчилна, хорино гэсэн ялууд нь ороод ирдэг л дээ.

Судлаач Ш.Сүхбаатарын сүү­лийн арван жилийн хугацаанд хийсэн судалгаанд дурдагдсанаар 2004-2009
онд нэр төр, алдар хүндэд халдсан иргэний 206 хэр­гийн 86 хувь нь хэвлэл мэдээллийн хэрэгсэл сэтгүүлчидтэй холбоотой байсан аж. Харин 2006-2010 оны хоорондох дөрвөн жилийн хуга­цаанд дээрх гомдлоор 102 эрүү­гийн хэрэг үүсгэсэн байгаа юм. Хэдийгээр шүүхээс тэдэнд ял оноо­сон хувь нь бага ч эрүүгийн хэргээр сэтгүүлч шалгагддаг, буруутдаг гэсэн агуулга нь өөрөө гунигтай билээ. Гунигтай ч биш байж бо­ломгүй асуудал.

Тэгэхээр нэгэнт сэтгүүлчийн хөдөлмөр өөр үнэлэмжээр цэг­нэгдэх ёстой учраас бид Эрүүгийн тухай хуулинд оруулж өгсөн энэ заалтаа авч хаях цаг болжээ. Угаа­саа энэ заалтыг оруулсан ал­даа­гаа засах цаг болсон гэхэд болно. Хууль санаачлагчдад ийм болом­жууд бий. АНУ-ын Конгресс гэхэд үзэл бодлоо чөлөөтэй илэрхийлэх  болон хэвлэл мэдээллийн эрх чөлөөг боогдуулсан ямар нэгэн хууль тогтоомжийг батлах ёсгүй гэсэн заалтыг тэртээ 1791 онд оруулж өгсөн цагаасаа хойш ер өөрчилсөнгүй. Мэдээж ийм заалт­гүй гээд үүнийг зохицуулах дүрэм журам байхгүй, сэтгүүлчид хүс­сэнээ гүтгээд доромжлоод явна гэсэн үг биш.

Хууль санаачлах эрхтэй улстөрчдөд хандан сэтгүүлчид бид Эрүүгийн хуулин дахь сэтгүүлчийн хөдөлмөрийн эсрэг заалтаа авч хаяхыг хүсч байна. Энэ нь сэтгүүлч­дийг дэмжиж тэтгэж байгаа хэрэг биш, тэднийг буруугаас авч үлдэх гэсэн арга саам ч бус харин хэв­лэлийн эрх чөлөөтэй ардчилсан улс байгаа гэдгээ нотолж, шударга бусын эсрэг, эрх мэдэлтний зүй бус авирлалын эсрэг зогсч байгаа гэдгээ харуулах л боломж юм. 

Хууль санаачлах эрхтэй улстөрч­дөө, сэтгүүлчдийн хөдөл­мөрийн эсрэг Эрүүгийн хуулийн 110, 111 дүгээр заалтыг авч хаях санаачилгыг гаргахыг та бүхэндээ уриалж байна. Тэгвэл хэвлэлийн эрх чөлөөний төлөө таны хийсэн том гавьяа тэр болно. Бас сэт­гүүлчид бид ч таны хийж байгаа ажлуудыг олон түмэнд хүргэх аж­лыг онцгойлон хийх болно. Сэтгүүлчдийн төлөө, хэвлэлийн эрх чөлөөний төлөө хийсэн тухайн түшээгийн гавьяаг бодлогоор хөхиүлэн ажиллахаа үндэсний өдөр тутмын сонин “Өдрийн сонин” албан ёсоор өөрийн хуудсаар дамжуулан зарлаж байна. Бас сэтгүүлчид ажлаа зоригтой, хэний ч дарамт шахалтад оролгүй шу­даргаар явуулах боломжийг нээж өгсөн түшээдийг бүхий л хэвлэл мэдээллийн хэрэгслийн үзэгт нэгт нөхөд маань буухиалан дэмжинэ гэдэгт эргэлзэхгүй байна.

Ингэснээр Монголд шударга ёсыг цэцэглүүлж, хүчтэний
өмнө хүчгүй
нь бөхийн зогсох тэгш бус
харилцааг алга болгосон гэрэлт үе
хэмээн хойчийн түүхэнд тэмдэг­лэг­дэн
үлдэх биз ээ.

Categories
редакцийн-нийтлэл

Сэтгүүлчид шинэчлэлээ нам-улс төргүй хийгээсэй

Сэтгүүлчид бусдын толгой дээрх харыг
илүү тод харж, засч залруу­лах талаар түрүүлж дуугардаг хүмүүс. Мэдээж, сайн сайхныг
нь хэлэхээс гадна болж бү­тэхгүйг нь ч шүүмжилдэг учраас хэн хүнээс илүү хариуцлага
үүрч амь­дар­даг. Тий­мээс илүү хариуцлагатай, бас хий­гүй бай­хыг нийгэм шаарддаг.
Энэ нь ч зүй ёсных. Сүүлийн үед сэт­гүүлчид толгой байгууллага дот­роо салхи савир
оруулж, өөрч­лөлт шинэчлэл хийх цаг болсон хэмээн дуу­гарч эхэлсэн билээ. Нийг­мийн­хээ
түүчээ нь болж явах ёстой учраас бусдаас тү­рүүнд шинэч­лэгдэж, бусдаас ши­нэлэг
байх нь ч зөв биз. Залуу гэх тодот­голтой сэт­гүүлч нөхөд маань одоогийн МСНЭ-ийг
“Удирдлагуудаа ярьж байгаад сонгочихдог эс­вэл улс төрд зүтгэж бай­гаа хүмүүсийг
то­милдог” хэмээн шүүмжилж, сэт­гүүлчдийнхээ эрхийг хам­гаалахын тулд олон зүй­лийг
хөндөх цаг болсон гэж мэдэгдсэн билээ.  Үнэ­хээр
ч алхам тутамд хөн­дөгдөж байдаг сэтгүүлчдийн эрхийг хам­гаалах тухай, нийгмийн
асуу­дал, цалин хөлснөөс эхлээд тэдний хөндөж байсан сэдвүүд сэтгүүлч­дийн хувьд
асуудал мөн үү гэвэл мөн билээ. Ямартай ч амралтын өдрүүдэд ч цаг наргүй ажилладаг
сэтгүүлчдийн төлөөлөл нэгэн бям­ба гаригт цугларцгааж, хэрхэн хамтрах талаараа ярилцацгаасан
нь сэтгүүлчид цугларч асуудлаа ярилцах шалтаг, шалтгаан нэгэнт бүрэлдсэнийг баталсан
юм.

Үүний дараахан буюу өнгөрөгч долоо
хоногт МСНЭ-ийн Ерөнхий­лөгч, соёлын гавьяат зүтгэлтэн, сэтгүүл зүйн судлаач, доктор
про­фессор Т.Баасансүрэн гуайн “Тэсэрч дэлбэрэхэд бэлэн болсон Монгол орон” хэмээх
нийтлэл гарсан нь сэтгүүл зүйн хүрээлэлд багагүй шуугиан дагуулав. Өнөө­гийн Засгийн
газрын чадамж хий­гээд Засгийн газрын тэргүүн С.Бат­болдын талаар сүүлийн үед хэвлэ­лүүдээр
гарсан нийтлэлүүдийг судлаач, нийтлэлч хүний хувьд базаж, багцалж хийснээрээ жинтэй
бүтээл болсон харагдсан. Уг нийт­лэлд дурдагдсан зарим баримт өөрийн эрхгүй анхаарал
татав. Тэрбээр түүний хариуцдаг “МОН­ЦАМЭ мэдээ” сонинд нэгэн сайдын хая­гаар шүүмжилсэн
материал гарсны дараа ЗГХЭГ-ын дарга Ч.Хүрэл­баатар ихэд эгдүүцэн түү­нийг зэмлэснийг
дурдаад үүнийг нь чөлөөт хэвлэлд цензур тавих гэсэн оролдлого гээд улмаар С.Батбол­дын
Засгийн газар чөлөөт хэвлэлд дургүй болж таарч байгаа юм хэмээжээ. Мөн “Үүнийг өнгөрсөн
долоо хоногт бүр илүүтэйгээр мэдэрлээ. Хэсэг залуу сэтгүүлчид МСНЭ-ийн ажилд шүүмжлэлтэй
хандаж шаардлага тавьж хурал хүртэл зохион байгуулсан. Түүнд дургүйцээд байх юу
ч байхав. Ардчилсан нийгэмд байдаг л нэгэн үзэгдэл. Ажил сайжруулах гэж байвал хүлээж
авах л ёстой. Гэтэл дээрх хурал болдгийн урьд орой саарал ордноос сонин мэдээ түгэв.
МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболд МСНЭ-ийн ерөнхий­лөг­чөөр түүнийг, дэд ерөнхийлөг­чөөр
тэрнийг томилуул гэж үүрэг өгч гэнэ ээ гэсэн эл мэдээ хоромхон зуурт тарсан юм.
Олон хүн янз бүрийн эх сурвалжаас энэ мэдээг олж мэдсэн байв. Үнэндээ би бол огт
итгээгүй. Маргааш нь болсон хурлыг зурагтаар харлаа. Ерөнхий сайдын “нэрлэсэн” гэгдэх
тэр хү­мүүс хуралд маш идэвхтэйгээр тэргүүлэх үүрэгтэйгээр оролцож, ар араасаа босон
үг хэлж харагдав” хэмээн уг нийтлэлдээ дурдсан байгаа юм. Шинэчлэлийн талаар үг
дуугарч байгаа хүмүүсийн ярианд ч, нөгөө талд нь үгээ дайсан Т.Баа­сансүрэн гуайн
бичлэгийг харахад ч Монголын сэтгүүлчдийн бай­гууллагын томилгоо, тэр дотор өрнөж
байгаа үйл хэрэгт улстөрч­дийн гар оролцдог тухай дур­дагджээ.

 Улстөрчдийн нөлөө хамгийн бага хүрч байх салбар
уг нь сэтгүүл зүйн гал тогоо боловч амьдрал дээр алдагдаад л байдаг. Одоо харин
сүүлийн үеийн өрнөөд бай­гаагаас харахад бүр гар бие орол­цоод байгаа мэт ойлгогдохоор
болоод байна. Сэтгүүлчдийн гал тогоонд өрнөсөн энэхүү халуун сэдвийг гаднаас нь
харсан хүмүүс янз бүрийн л бодол дайж байгаа юм билээ. Зарим нэг нь эрх мэд­лийн
төлөө сэтгүүлчид хагаралдаж байна гэж байгаа бол зарим нь сэтгүүлчдийн байгууллагыг
хэн нь өөрийн болгох вэ гэж улс төрийн хүчнүүд, улстөрчид өрсөлдөж бай­на гэх. Бас
улс төр ярих дуртай зарим нь ерөөсөө МАН-ын фракц хоорондын тэмцэл гэж мэтгэнэ.
Т.Баасансүрэн сэтгүүлчийн нийт­лэлээс Ерөнхий сайд С.Батболд МСНЭ-ийн удирдлагыг
авах гэж оролдож, хариуд нь одоогийн Засгийн газартай холбоотой бүхий л сөрөг мэдээллийг
нэгтгэсэн нийт­лэл бичигдсэн гэж хүмүүс дүгнэжээ.

Бас улс төрийн гаргалгаа ярь­даг хүмүүс
“Энэ бол МАН-ын фракц хоорондын тэмцэл. Одоогийн ерөн­­хийлөгч Т.Баасансүрэн угаа­саа
МАН-ын Бага хурлын гишүүн. Тэгэхээр ах намынхан л хоорондоо үзэж байгаа хэрэг” гэлцэж
байна. Дээрээс нь сонин хэвлэлүүдийн цаана нэг, нэг улстөрчид байдаг гэсэн яриа
нэрмээс болж байна. Нэг ёсондоо сонин хэвлэлүүдийн цаа­на байдаг улстөрчид сэтгүүлчдийг
наана нь утсан хүүхэлдэй болгон тоглуулаад байна гэж олон нийтэд харагдаж байгаа
хэрэг л дээ.  Дээр дурдсанчлан болж бүтэхгүй
бай­гааг шүүмжилдэг болохоор сэтгүүл­чид энэ хорвоогийн хамгийн эрс­дэлтэй албыг
хашдаг хүмүүс. Ямар хүн л шүүмжлүүлэхэд дуртай бай­даг билээ дээ. Тиймээс сэтгүүлч
худлаа бичсэн байна лээ гэж өөрий­­гөө хаацайлаад өнгөрөх нь олон. Муугаас нэр цэвэр
үлдэх тэдний арга энэ.

 Сэтгүүлчид рүү илүү муухайгаа чихнэ. Буруутан нь
аанай л сэт­гүүлчид болж хувирдаг. Уг нь сал­бар, салбарт шинэчлэл өрнүүлсэн үйл
ажиллагаа өрнөдөг ч сэтгүүлч­дийнх шиг анхаарал татах нь ховор юм.

Мэдээлэл цацах суваг нь өргөн юм даа.
Одоо сэтгүүлчдийн хоёр талд хэлцэж буй энэ байдлыг олон нийт юу юунаас илүү анхаарч
байгаа. Тэгэхээр сэтгүүлчид бид дотоодынхоо эл асуудлаа хэрхэн шийдэж чадахаас сэтгүүлчдийн
тухай нийтлэг үнэлэмж шууд ха­маарч таарна. Өнгөрсөн баасан гаригт МСНЭ-ийн одоогийн
удирд­лагууд, шинэчлэл ярьж байгаа сэтгүүлчдийн төлөөлөл уулзсан гэсэн. Хоёр тал
хамтарсан ажлын хэсэг байгуулж, асуудлаа ярил­цахаар болж.

Сэтгүүлзүйн гал тогоонд багт­даг олон
хүн өнөөх л цаг наргүй ажлаасаа болж, үзэг цаасаа барих нь барьж, камер микрофоноо
үүрэх нь үүрээд гүйж яваа. Тэд үгээ хэлж, ширээний ард сууж амжихгүй бай­гаа ч улстөрчдийн
наадаан болж сэтгүүлчид хоорондоо маргалдсан бус харин тэднийхээ нийгмийн асуудлыг
нааштайгаар шийдсэн шийдэлд хүрч, аль болох чадав­хижуулж, мэргэжлийн ёс зүй, мэр­гэжлийн
нэр хүндийг өргөсөн алх­мыг хамтарч хийгээсэй гэж хүлээж суугаа. Бас сэтгүүлчдийн
мэргэж­лийн байгууллага улстөрчдийн зорилгоор бүрдүүлсэн баг биш юм шүү гэдгийг
батлаасай хэмээн харж байгаа. Энэ удаагийн алхмаар сэтгүүл зүй улстөрчидтэй хамаа­ралтай
бус харин ч бүр хамаа­ралгүй гэдгийг нэг талаас нотлоо­сой гэж хүсмээр байгаа юм.
Хэвлэл мэдээллийн хэрэгслүүдийн эзэд нь хэн юм, хөрөнгө санхүүг нь гарга­даг улстөрчид
цаад талд нь байна уу гэдгийг дурдаж цаашлаад хэвлэл мэдээллийн хэрэгслийг улс төрийн
нөлөөлөлгүй болгохын тулд татвар төлөгчдийн мөнгөнөөс тодорхой хувийг энэ салбарыг
бэхжүүлэхэд зориулах тухай ч хөндөхөд болох­гүй зүйл юу билээ. Нийгэмд, хү­мүүст
үйлчилдэг энэ салбарынхан ядуу байгаа талаар ярилцдаг. Энэ нь нөлөөнд автах эхний
алхам болж байдаг ч гэдэг. Нөгөө талаас тэр хэдэн сэтгүүлчдэдээ салбарын дарга нь
гэр гуйж, улстөрчид ч өөрөөсөө өгч байгаа мэт өгч орхи­дог жишээ бий. Ингэснээр
улстөрч­дийн аманд багтах эхний суурь болдог. Магад, нийгэмд үйлчилдэг гэдэг утгаар
нь тодорхой төсөв гаргаад баталж байхад болохгүй юу байхав гэсэн яриа ч сэтгүүлч­дийн
дунд явдаг билээ. Албан ёсных болгосноор аль нэгэн улс­төрч бус татвар төлөгчдийн
татаа­саар үнэн зөв мэдээллийг хүргэх дархан эрхээ тэд баталгаажуулна. Энэ мэтээр
сэтгүүлчдэд ярилцана гэвэл асуудлууд зөндөө байна. Гэхдээ тэд аль нэгэн нам, улс
төрийн хүчин, хэн нэгэн эрх дархт­ны нөлөөллөөр явдаггүй гэдгээ нэгэнт эхэлсэн энэ
шинэчлэлийн тухай яриагаараа баталгаажуулах нь чухал.

Э.ЭНЭРЭЛ

Categories
редакцийн-нийтлэл

Д.Цэрэнжигмэд: “Макс центр” дүү бид хоёрын 20 гаруй жилийн хөдөлмөрийн үр дүн

Нийслэл
хотод сүр нэмэн сүндэрлэсэн олон сайхан барилга байгууламжуудын нэг болох “Макс
центр” дэх “Макс молл” худалдааны төв, “Рамада” зочид бууд­лын нээлт өнгөрсөн долоо
хоногт болсон билээ. Яах аргагүй анхаарал татах энэ байгууламжийг “Макс”-ын ах дүү
хоёр мэдээж бариулсан. “Макс” группын захирал Д.Цэрэнжигмэдтэй ярилцлаа.

-Танай “Макс центр” бар жи­лийн шилдэг бүтээн
байгуулал­таар шалгарч байсан байх аа?

-Тийм ээ. 2010 оны шилдэг бүтээн байгуулалтаар
шалгарч байсан. Харин энэ төвийнхээ үйл ажиллагааг хэдхэн хоногийн өмнө албан ёсоор
нээж, “Grand opening”-оо хийлээ. Нийслэл хотод маань өнгө үзэмж нэмсэн сайхан барилга
босгож, ашиглалтад оруулсандаа сэтгэл хангалуун сууж байна.

-Сайхан барилгууд олноор босч байна л даа. Тэрэн
дундаа танайх ямар онцлогтой, ямар шинэ технологийг нэвтрүүлсэн юм бол гэдгийг сонирхмоор
байна?

-“Макс центр”-ийн барилгын зургийг нь Италийн
мэргэжилт­нүүдээр гаргуулсан. Агааржуулал­тын системээс эхлээд бүхий л зүйл нь тэндхийн
стандартаар хийгдсэн учраас манайд шинэлэгт тооцогдох зүйлс их байгаа. “Макс молл”
худалдааны төв гэхэд 43 мянган м/кв талбайтай. Бид бас дэлхий дахинд маш олон салбартай
олон улсын буудлын сүлжээг оруулж ирж байгаа. АНУ-ын “Виндэм” группын буудлын тоо,
өрөөнийхөө тоогоор дэлхийд толгой цохидог “Рамада” олон улсын буудлын сүлжээг оруулж
ирж нээлтээ хий­лээ. Буудлаар маань үйлчлүүлсэн хүмүүс сэтгэл тун хангалуун байна
лээ. Манай энэ буудал маань 128 өрөөтэй, дөрвөн одтой зочид буу­дал л даа.

-Гаднаас нь харахад ч, дотор нь ороод байж байхад
ч нүсэр барилга гэдэг нь анзаарагдаж байсан л даа. Энд шинээр яг хэдэн ажлын байр
гарч байгаа вэ?

-Энэ төв нээгдсэнээр 800 гаруй ажлын байр шинээр
нээгдэж бай­гаа юм.

-Манайд худалдааны төвүүд олон байгаа ч авто зогсоолоо
шийдээгүй нь олон байх юм аа. Харин танайхыг газар дор хоёр давхар авто зогсоол
барьсан гэх юм. Энэ үнэн үү?

-Тийм ээ. Манай энэ төв маань хоёр давхар авто
зогсоолтой. Италийн компани зураг төслийг нь гаргасан тухай дээр хэлсэн. Зурагт
байсны дагуу бүх барилгын ажил хийгдсэн. Дүү бид хоёр аливааг хамгийн сайнаар, чанартайгаар
хийхийг гол зарчмаа болгодог. Тэр ч алтан зарчмаараа энэ барилгаа босгосон. Худалдааны
төвөөр үйлчлүүлж байгаа хүмүүсийнхээ ч тав тухыг бодолцож хийсэн байгаа. Тэнд худалдан
авагч нар хүүхдээ харгалзуулах газраас эхлээд бүгд бий. Мөн фитнесс төв, спа, хоолны
сүлжээ газар гээд олон төрлийн газрууд байгаа даа.

Ер нь энэ төвийг ашиглалтад оруулсан нь дүү бид
хоёрын 20 гаруй жилийн хөдөлмөрийн үр дүн гээд хэлэхэд болно. Бодож явсан, эхлүүлсэн
зүйлээ үр дүнд хүрсний дараа хүн ямар сэтгэл хангалуун баяртай байдаг билээ, би
бас тийм л байна даа. Төслийг маань эхний өдрөөс дэмжин хамтарч ажиллаж ирсэн “ХААН”,
“Худалдаа хөгжлийн банк”-ны хамт олонд баярласнаа энэ дашрамд хэлмээр байна.

-“Нарны титэм” дээр байдаг худалдааны төвөө танайхан
нураагаад эхэлсэн байна лээ. Бас шинэ юм босгох гэж байна уу даа?

-Одоо хотын төвд аятай сайхан байрлал гэж байхгүй
болсон доо. Хуучин барилгуудаа нурааж ши­нээр барьсан нь дээр болж байна. Бид энэ
газар дээрээ дороо худал­дааны төвтэй, дээр нь орон сууцны зориулалттай барилга
барих гээд солонгосчуудаар зураг төслөө гаргаад ажилдаа орсон байгаа.

-Манайдаа тэргүүлэх компа­ниу­дын нэг “Макс” группыг
ах дүү хоёр босгосон гэж хүмүүс мэднэ. Дүү Д.Ганбаатарыг тань бол хүмүүс бас ч гэж
мэднэ. Харин та их даруу бас нууц­лагдмал нэгэн бололтой. Та хоёр компанидаа хэн
хэн нь ямар ямар салбараа хариуцдаг юм бэ?

-Би угаасаа нэг ийм хүн л дээ. Дотогшоо гэдэг
шиг. Бид хоёрын хувьд компанийхаа асуудалд адил­хан ороод явдаг.

-Та хоёрыг ерээд онд анх “Дөргөн” гээд ХЭАА байгуулж
байсан гэж сонсч байсан юм байна. Говь-Алтайн гаралтай хүүхдүүд яагаад Ховдын Дөргөн
нуураар хоршоогоо нэрлэж бай­сан юм бэ?

-Сайн мэдэж байна шүү. Тэр үед ганзагын наймаа
хийдэг байсан бид хоёр эндээ албан ёсоор бүрт­гэлтэй болж, хувиараа эрхлэх аж ахуй
байгуулахаар шийдлээ. Хүр­гэн ах маань тэгэхэд Дөргөн гээд их сай­хан нуур байдаг
юм гэж хэлэхээр нь бид хоёр нэрлэчихсэн юм. Янз бүрийн утга санаа байхгүй сайхан
нуур гэхээр нь өгчихсөн хэрэг.

Тэр үед хоршооны эзэн, захи­рал гэхээр их содон
сонстдог бай­лаа. Одоо бол захирал, компанийн эзэн гэдэг хэвийн мэт болж дээ. Удалгүй
хувиараа эрхлэх аж ахуй маань “Ган-3” гэдэг бүрэн бус хариуцлагатай компани болж
то­мор­сон.

-Яагаад “Ган-3” гэж?

-Өө, тэр үед “Ган” гээд авах гэхээр давхцаад байсан
учраас л гурвыг нэмж таарсан. Дараа нь шинэчилсэн бүртгэл хийгдэх үед одоогийн
“Макс” гэдэг нэрээ авсан даа. Одоо “Макс” групп маань 1500-гаад ажилтантай, нэлээд
олон салбар чиглэлд үйл ажиллагаа явуулж байна даа.

-Танайх италичуудаар зураг төслөө хийлгэсэн гэлээ.
Бас тэндхийн мебель эдлэл бор­луулдаг байх аа. Тийшээ ямар холбоо сүлбээ байна вэ?

-Бид анх машин оруулж ирдэг байхдаа, контейнертоо
мебель эдлэл хамт ачиж оруулж ирдэг байсан юм. Түүнийгээ анх хүүхдийн номын сангийн
хонгилын зааланд тавьж борлуулж байлаа. 1992 онд “Евро мебель” маань байгуу­лагдаж
байв. Одоо “Макс центр”-ийн дөр­вөн давхарт байгаа. Бид Италиас гадна Германтай
их хол­боо­той шүү дээ. Берлин бургер түргэн хоолны анхны сүлжээгээ 1996 онд бай­гуулж
байлаа. Одоо нэлээд олон салбар­тай болсон доо. Бас Герма­наас тоног төхөө­рөмжийг
нь оруулж ирж, герман мэргэжилтнээр суурийг нь тавиул­сан “Макс виндоу” гээд цонхны
үйлдвэр бий. Өөрийнхөө барьж байгаа барил­гадаа орон сууцны цонх, хаалга нийлүүлдэг. 

-Манайд бэлтэй хөрөнгөтэй хүмүүс морь уях нь их
болжээ. Одоогийнх шиг хошуурч, хуй­ларч эхлэхээс өмнө ах дүү хоёр морь уядаг байсан
байх аа?

-Хүүхэд байхаас л морь малд сонирхолтой хүүхэд
байсан. Бага­даа Говь-Алтайн Баян-Уул суманд өвөө эмээ дээрээ очоод  морь унаж, үхэр мал эргүүлдэг байсан. Яг хурдны
морь сонирхож эхэлсэн нь 1999, 2000 он. Дүү надаас арай өмнө сонирхоод эхэлчихсэн
бай­сан.

2002 оны наадмаар хязаалан насанд морь маань айрагдаж,
анх улсын наадмын айрагт хурд маань орж байлаа.

-Өнгөрсөн наадмаар хэр наадав даа?

-Өнөө жилийн наадам нартай, хуртай сайхан наадам
болсон. Энэ жилийн хувьд залуу уяачид, залуу бөхчүүд олноор төрсөн сайхан наадам
байлаа. Морьдыг эрлийз, монгол адуу гэж ялгаж урал­дуул­сан. Дүү бид хоёр “Тамирын
хурд”-д оролцож, бид хоёрын унаган хоёр морь хязаалан насанд ми­нийх хоёроор, Ганбаагийнх
гур­ваар орж ирсэн. Ах дүү хоёрын морьд дараалж орж ирээд сайхан л байлаа. Ер нь
Архангай нутаг надад ээлээ өгдөг сайхан газар. 2003 онд 80 жилийн ойгоор нь очиж
гурван түрүү, 2006 онд “Тамирын хурд-2”-т бас гурван түрүү авч байсан юм.

-Морины бай шагнал гэж улам бүр л нэмэгдээд байх
шиг?

-Морины бай шагнал өндөр ч түүнийг нь нутаг усанд
нь үлдээх, тараах бодол уяачдад их байдаг юм ш дээ. 2006 онд түрүү морины байнд
нь УАЗ-469 машин өгч байсан юм. Нэгийг нь гэхэд цаг­даагийн байгууллагад нь үлдээж
байлаа. 2009 онд Баянхонгороос гурван түрүү авсныхаа нэгийг нутаг оронд нь өгч байв.
Сая гэхэд бид хоёр суманд нь 100 охин хонь авч өгч, зуданд нэрвэгдсэн хүмүүст тусламж
болгож өгье гэж шийдээд албаны хүмүүстэй нь ярьчихаад л  ирлээ. Заримдаа байнаасаа дав­сан зүйл ч тараана
шүү дээ. Ер нь ард түмэнтэйгээ бай шагналаа ху­ваалц­даг нэг ийм жишиг бий бол­чих­лоо
л доо.

-Хурдан морь дагасан үнэ өртөг, жишиг, бас уядаг
хүмүү­сийн ч хүрээлэл тогтчих шиг боллоо. Бэлтэй хөрөнгөтэй, биз­нес, улс төрийн
хүрээнийхэн морь нэр дээрээ их уралдуулдаг болжээ?

-Залуу бизнесмэнүүд моринд шохоорхож, ийш мөнгө
хаяж бай­гааг би хөдөөгийн ард түмэндээ хөрөнгө оруулалт хийж байгаа сайн хэрэг
гэж хардаг. Хурдан морины өгч, авч байгаа ханш ч өндөр боллоо. Наадмаас өмнө Сүхбаатар,
Хэнтий тийш овоо хэдэн төгрөгийн хөрөнгө оруулалт хийгдсэн байх шүү. Тэр мөнгийг
гадагш гаргаад явуулчихаж байгаа биш, Монголдоо, малчин өрхөд хийгдэж байгаа сайн
хөрөнгө оруу­лалт. Ер нь болж байгаа, бүтэж байгаа хүмүүс л морь уяж байна шүү дээ.
Тэгэхээр тэр хүмүүсийн хөрөнгө нь малчдад хэрэг болж очиж байгаа нь болохгүй юу
байхав дээ.

-“Макс”-ын ах дүү хоёр л гээд байдаг. Ингэхэд
та хоёр эцэг, эхээс хэдүүлээ юм бэ. Танай­ханд та хоёроос өөр бизнес эр­хэл­дэг
хүмүүс байна уу?

-Бид долуулаа. Би дээрээ нэг эгчтэй, айлын том
хүү. Эгч маань өөрийн гэсэн бизнестэй. “Алтан ураг” гээд ресторан ажиллуулж байна.
Нэг эрэгтэй дүү маань бас хувийн компанитай. Заримдаа бид хоёрт тусалдаг. Охин дүү
нар маань АНУ-д амьдардаг.

-Таны ээж хоёр хүүгийнхээ өрөөгөөр ээлжилж ороод
гараад явж байхыг харлаа. Эх хүнд хүүхдүүд нь амжилттай ажил­лаж байгааг харахаас
илүү сай­хан зүйл юу байх билээ. Ээж, аав хоёр тань та хоёрын ажилд оролцдог уу?

-Манай аав, ээж хоёр маань бидний арыг даагаад
сууж байдаг юм. Жинхэнэ олонтойгоо хүмүүс л дээ. Гэрээр нь дүүрэн хүмүүс бужиг­наад
сууж байдаг. Бидэндээ бол ээж маань лам л гэсэн үг. Буян хурааж, ном уншуулаад арыг
маа­нь дааж суудаг юм. Бид тэдэн дээрээ очиж хааяа гарынх нь хоо­лыг нь идээд, ариулуулаад
л гарна шүү дээ.

-Танай хоёр ямар ажил алба хашиж ирсэн улсууд
вэ?

-Аав маань насаараа эмийн заводод, ээж Урт цагааны
гутал засварт ажилладаг байлаа.

 -Танай
гэр бүлийн хүнийг хэн гэдэг вэ. Хэдэн хүүхэдтэй вэ?

-Гэр бүлийн хүнийг маань Д.Эр­дэнэчимэг гэдэг.
Манайх хоёр охин, хоёр хүүтэй айл.Том хүү маань 20 настай ШУТИС-д суралц­даг. Дунд
хоёр нь сургуульд, бага нь цэцэрлэгт. Нэг ийм айл даа.

-Хүүхдүүд тань бүгд Мон­голдоо сурч байгаа юм
байна. Төгсөхөөр нь гадагшаа явуулах уу?

-Юутай ч эх орондоо сургуулиа төгсөг. Одоогоор
тэгнэ ингэнэ гэсэн юм алга. Өөрсдөө хүсвэл бас яах ч юм. Би хүүхдүүдээ Монголдоо
сурч боловсроод, ажиллаж, амьдраад яваасай гэж боддог. Ерээд оноос хойш олон хүн
харийг зорьж ажил­лаж амьдрах болсон. Дүү бид хоёр хүний нутагт очиж, наймаа худал­даа
хийж байсан ч гэсэн нутагтаа ажиллах ёстой гэсэн бодлоор эн­дээ компани байгуулж
ажиллаж үр дүнгээ үзээд өнөөг хүрлээ. Одоо бол Монгол улс эрчимтэй хөгж­лийнхөө
үе дээр байна. Солонгост очиж ажиллаад авч байгаа цалин эх нутагтаа гэр бүл үр хүүхдийнхээ
хажууд байгаад олох цалин бараг зөрүүгүй болж байна. Монгол нутагтаа сайхан ажиллаад
өндөр цалин аваад ажиллах боломж байгаа гэж би хэлнэ.

-Томоохон компаниуд өндөр цалинтай ажил байна,
харин ажиллах боловсон хүчин алга гээд байх юм . Энэ үнэн үү?

-Ажилгүй хүмүүс их байна л гэдэг. Нарийн мэргэжлийн
ажил­чин, удирдах албаны хүн авна гээд зарлаад шалгахаар тэнцэх хүмүүс алга байна
гэж манай ажилтнууд хэлж байна. Уг нь сурсан шиг сураад, мэргэшсэн шиг мэргэшвэл
ажлын байр бэлэн байна. Одоо монгол хүн гадагшаа гарч ажиллах биш, гаднаас ажилчин
авчирч ажлаа хийлгээд суух үе ойртсон гэж боддог.

-Бизнес эрхэлдэг хүмүүс, ажил нь амжилттай яваа
хүмүүс дараагийн алхмаа улс төрд орох гэж хараад байх шиг санагддаг. Та энэ талаар
ямар бодолтой явдаг вэ?

-Бизнесмэн хүн улс төрд орж болно л доо. Хийж
бүтээж байгаа салбартаа тодорхой амжилт гарга­чихсан хүмүүс мэдэж чаддагаа олон
түмэнтэйгээ хуваалцаж яа­гаад болохгүй гэж. Миний хувьд чаддаг, чаддагаа хийгээд
явсан нь дээр байх аа. Надад улс төрд орно гэсэн бодол байдаггүй. Ер нь хүн чадаж
байгаа юмаа л хийгээд явахаас сайхан зүйл байхгүй шүү дээ.

-Ярилцсанд баярлалаа.

Э.ЭНЭРЭЛ