Categories
редакцийн-нийтлэл

Уугиж буй улс төр

Сүүлийн үед МАН-д ээлж да­раа­гүй, эх зах нь олдохгүй олон
томилолт томилгооны ажил өрнөж байна. АН-ын сайд нар ажлаа өгснөөр тэдний
дараагийн хүмүү­сийг томилох багагүй ажил гаргаа­дахлаа. Удирдах зөвлөл нь өдөр
болгон шахам хуралдаж байж зургаан сайдын нэртэй орж ирс­нийг нь УИХ дахь бүлэг
задалж багагүй өөрчлөлт оруулаад авсан. Ямартай ч УИХ дахь 45 гишүүний 28 нь
сайдад нэрээ дэвшүүлээд авсан гэхээр ард түмний төлөөлөл болж парламентад
суудаг хүмүү­сийн сайд болохын хүслэн ямар ч их юм бэ гэмээр. Тэгээд бүр
зургаан сарын настай сайд шүү дээ.

За тэгээд, ямар ч байсан МАН-даа дарга нар нь дээгүүрээ ху­ваагаад
авчихсан гэж хэлүүлэхгүйн тулд хаа очиж ардчилал үнэр­түүлсэн шалгаруулалтад
зургаан сайдын нэрс тодорсон ч энэ нь томилогдсон гэсэн үг биш гэдгийг Төрийн
тэргүүн өнгөрсөн долоо хоногт хатуухан сануулаад авсныг дурсалгүй өнгөрч
болохгүй. Ерөө­сөө эрх баригч нам асуудлыг шийд­сэн бол төрийн эрэмбэ дараа,
хууль ёсны процедур гэж уланд гишгэгддэг зүйл биш гэдгийг Ерөн­хийлөгч Ц.Элбэгдорж
АН-ын зур­гаан сайд, тэдний орыг залгах гэж байгаа зургаан нэр дэвшигчийг
МАН-ын дарга, Ерөнхий сайд С.Батболдын хамт оруулж ирээд огцомхон мэдрүүлэв.
Нээрээ л АН-ын сайд нар ч өөрсдийгөө огцор­сонд тооцож, МАН л шийдвэл бүх зүйл
ОК мэт санаж, дарга нь, цэрэг нь ч оодорч, хэвлэлийнхэн ч нэр­сүүдийг таамаглан
бичихдээ тэд­ний огцруулах асуудлыг Байнгын хороо, УИХ дэс дарааллаараа
хэлэлцэх ёстойг “мартсан” байжээ. Ямартаа ч Ерөнхийлөгч сайд боло­хоор горилж
байгаа хүмүүст ха­туухан үг хэлсэн. Ялангуяа УИХ-аас сайдад нэр дэвшиж байгаа
хүмүүст илүүтэй хатуурхсан нь хууль тогтоодог нь тогтоодгоороо,  гүйцэтгэх засаглалд байдаг нь бас тэндээ байя
гэсэндээ болов уу. УИХ-ын гишүүд нь тэр чигтээ ша­хам Засгийн газарт орж, УИХ
нь Засгийн газартаа дөрлүүлдэг биш хянадаг байя гэсэндээ энэ бүхнийг хэлсэн гэж
олон нийт ойлгож байгаа.
Өнгөрсөн лхагва гаригт болсон халуухан уулзалтыг МАН-ын
удирдлагууд багагүй ууртай орхиж явсан билээ. Ийм уулзалтын дараа сайд нарын
асуудлыг шуурхайлаад оруулаад ирэхэд өөрсдөө эвгүй байдалд орох гээд байдаг бас
сөрөг хүчнээсээ гарч ирсэн Ерөнхийлөг­чийн үгээр явах гэхээр өөрсдөө тоглолтод
нь орчих гээд ацан шалаанд орсон тал бий. Гэвч яах ч аргагүй сайдад нэр
дэвшигчид нь Ерөнхийлөгчийн өгсөн үүрэг даал­гаврыг маргааш өдрөөс нь хэрэг­жүүлж,
байнгын хороо, УИХ-аар ажлаа өгч байгаа сайд нарын асуудлыг хэлэлцүүлээд л
чухам бүх зүйл Ерөнхийлөгчийн үгээр явлаа.
Маргааш гэхэд хуулинд заас­наар Ерөнхийлөгчтэй зөвшилцөх
долоо хоногийн хугацаа нь дуусах учраас сайд нарын асуудал жам ёсоороо яваад
өгөх байх.  Бас ч гэж хугацаа алдлаа гэж
МАН-ынхан яарч байвал лхагва гаригт чуулган хуралдуулаад  шийдчих биз ээ.
Багагүй яриа хөөрөө, хэлцээ найрааны дунд өрнөсөн сайд нарын
дараа дэд сайд нарын томилгоо гэж асуудал өрнөж таар­на. Жинхэнэ сайд нар нь томи­логдсоны
дараа дэд сайдуудын асуудлыг салбарын сайд нартай нь ярьж байж шийднэ гэсэн
шийд­вэрийг МАН-ын Удирдах зөвлө­лөөс гаргасан. Тэгэхээр ирж буй баасан
гаригаас эхлээд дэд сайд нарын нэрс илүү хүчтэй яригдах нь тодорхой. Сайд
нартай зэрэгцээд яригдаж байсан дэд сайд нарын нэр одоохондоо намдуухан бол­чихоод
байгаа. Сая зургаан сайдад нэрс тодруулахдаа ганц ч эмэгтэй хүнийг нэр
дэвшүүлсэнгүй. Уг нь НАМЭХ-ны ерөнхийлөгч, УИХ-ын гишүүн Д.Оюунхорол бүхий л
талаараа байж болох нэр дэвшигч гэгдэж байсан ч тойргийн гадна үлдсэн билээ.
Тэгэхээр Ардын намынхан жендэрийн бодлого алдагдсан томилгоогоо дэд сай­дууд
дээр цайруулах магадлалтай хэмээн эх сурвалжууд хэлж байна. Тухайлбал, ирэх
сонгуульд тойрог нэхэх ч хүчтэй өрсөлдөгч байж чадахгүй эмэгтэйчүүдэд зургаан
сарын настай дэд сайдын албыг өгч магадгүй гэсэн яриа байна. Үүнд “Бишрэлт”-ийн
Б.Ундармаа, “Улаанбаатар Буян” ХКК-ийн Ю.Идэр­маа гэсэн нэр сонстож байна. Бас
бусад дэд сайдуудын хувьд намдаа олон жил болсон ч урьд өмнө нь албан тушаалд
яригдаж байгаагүй хүмүүсийг гаргая гэсэн хувилбар явж байгаа аж. Тэрүүгээр
болбол Г.Тэнгэр, С.Төмөрчулуун гэх жишээтэй жаг­саалт үргэлжилнэ.
Бодвол ирж буй амралтын өдрүүдэд уламжлал ёсоор дэд сайдуудын
томилгооны гол хор яригдаж, дараагийн даваа гаригаас тодорхой болж, лхагва
гаригийн буюу ирэх хоёрдугаар сарын 1-ний Засгийн газрын хуралдаанаар
томилогдох байх гэсэн таамаг байгаа юм. Ямартай ч хоёрдугаар сарын 2-нд болох
Бага хурлаараа  Ерөнхий сайд С.Батболд
элэг бүтэн Засгийн газрыг орж танил­цуулах учиртай юм. Тэд энэ Бага хурлаараа
Хөгжлийн хөтөлбөрөө танилцуулахаас гадна ерөнхий нарийн бичгийн даргын албандаа
хэнийг залахаа ярих учиртай.
Ерөнхий нарийн бичгийн дарга нь Тэргүүн шадар сайдын албанд
очих болсноор намын гал тогоо эзгүйрсэнд МАН-ынхан дотроо эмзэглэнгүй байгаа нь
олон хүний ярианаас мэдрэгдэнэ.
У.Хүрэлсүхийг энэ албанд то­милсноор С.Батболд өөрөөсөө илүү
хүчтэй генсекээ намаас хол­дуулж чадлаа гэж байгаа бол нөгөө талд сонгууль
дөхөхөд хариуц­лагаас мултрах гэсэндээ У.Хүрэл­сүх зугтаж байгаа юм гэх нь ч
байна. Аль нь ч байсан хамаагүй гэхэд эрх баригч нам ерөнхий нарийн бич­гийн
даргын томилгоо болох нь тодорхой болоод байна. Тэгвэл хэн энэ албанд суух вэ.
Томилгоо хэнийг чиглэх вэ. Хэд хэдэн ху­вилбар яригдаж байна.
Сонгууль дөхөж байгаа үед санаанд оромгүй санаа гаргаж
чаддагаар нь С.Баярт энэ саналыг тавина гэх хэсэг байна. Энэ алба байтугай
намын даргын суудалд сууж байсан түүний хувьд хэрхэн хүлээж авах нь
тодорхойгүй. Тэр­гүүн шадар сайдын суудлыг санал болгоход татгалзсан шиг үлдэж
магад бас стандарт бус шийдвэр гаргадгаараа очиход ч гайхах зүйлгүй.  Гэхдээ энэ албанд очсон тохиолдолд УИХ-ын
гишүүний ажлаа өгөхөөр намынх нь дүрэмд байдаг учраас үгүй биз дээ.
Дараагийн хувилбар У.Хүрэл­сүхийг хэвээр нь үлдээх. Хэдийгээр
МАН-ын дүрэмд заасны дагуу Ерөнхий нарийн бичгийн дарга дангаар албан тушаалаа
хаших ёстой ч Д.Сүхбаатарын төрсөн өдрөөр хийх Бага хурлын нь шийд­вэр ингэж
гарлаа. Улс төрийн онцгой нөхцөл байдлын дунд Бага хурлын гаргасан шийдвэр ийм
байна гээд түүнийг үлдээж магадгүй байна.
Харин шинэ хүнийг гаргах ту­хайд МАН дотор хоёр хүний нэр
нэлээд хүчтэй яригдаж байна. Үүнд ХХААХҮ-ийн сайд Т.Бадамжунай хийгээд МАН-ын
нарийн бичгийн дарга Я.Содбаатар нар. Я.Содбаа­тарын хувьд одоо намдаа нарийн
бичгийн дарга хийж байгаа хүн дараагийн нэг шат ахиад ерөнхий нарийн бичгийн
даргын албыг хашихад болохгүй зүйлгүй гэж байгаа бол Т.Бадамжунай сайдын нэр
сүүлийн үед нэлээд хүчтэй яригдаад эхэлсэн. Хотын фракц намынхаа генсекийн
албыг авах гэж томоохон бодлогоор зүтгэж эхэллээ гэх болсон нь Т.Бадам­жунайг
хэлж байгаа хэрэг юм. Бас хотын мэр Г.Мөнхбаярын нэр ч тодхон сонстож байгаа.
Гэхдээ байдал хэрхэн эргэх нь тодор­хойгүй. Улс төр гэж тоймлоход амаргүй, хар
хор нь дийлддэггүй учраас одоогийн байдлаар яриг­даж байгааг нь дурдахад ийм
бай­на. Хэрэв МАН Т.Бадамжунай гэдэг ерөнхий нарийн бичгийн даргатай болох юм
бол ХХААХҮ-ийн сайдын алба, Т.Ганди сайд Бүгд найрам­дах Итали улсад суух элчин
сай­даар томилогдох болбол НХХ-ийн сайдын албан дээр да­раагийн томилгоонууд
яригдаж таарах биз.
Бас нэг томилгооны асуудал хүчтэй яригдаж байгаа нь Төрийн
өмчийн хорооны даргын суудал. Уг албанд У.Хүрэлсүх найз Ц.Хэр­лэнгээ зүтгүүлж
байгаа гэх бол нөгөө талд нь С.Батболд бас найз В.Энхболдоо тавих гэж байгаа
гэнэ. Саяхан элчин сайдуудын томил­гооны үеэр Энэтхэгт суугаа Элчин сайд
В.Энхболд өөрийн хүсэлтээр албаа өгөхөө илэрхийлсэн тул гэсэн тодотгол явж
байсан нь Үйлдвэр худалдааны яаманд бай­хаас нөхөрлөж ирсэн найзаа тата­хаар
МАН-ын дарга хатуу шийдсэн байхыг үгүйсгэхгүй.
Мөн сүүлийн үед МАН-д яриг­даж байгаа томилгоонуудын нэг нь
Орхон аймгийн Засаг даргын асуу­дал. Баярын үеэр элдэв ажиллагаа хийдэг
зарчмаар он солигдох үед Засаг дарга Д.Оюунбатыг нь огц­руулсан хэмээн
хэвлэлээр бичиг­дэж байсан билээ. Ажлын байр нэмэгдүүлснээр улсын хэмжээнд
тэргүүний аймаг, шилдэг бүтээн байгуулагч хотоор Эрдэнэт нь шалгараад байхад
Засаг даргыг огцруулсан нь Иргэдийн төлөөлөгч­дийн хурал нь худалдагдсаных
хэмээн хэвлэлээр бичиж байсан нь саяхных. Үүнд “Гок” оролцсон гэгдсэн бөгөөд
дараагийн томил­гоонд ч оролцох гэж байгаа талаар энэ намд нэлээд яриа үүсчээ.
Ямар ч байсан Орхон аймгийн Засаг даргыг томилох тал дээр томоохон хор
найрагдаж эхэлсэн нь Тусгаар тогтнолын ордны өмнө зогсч ха­рагдах Орхон аймгийн
дугаартай томчуудын машинуудаас анзаа­рагдаж байгаа юм. Нам дамнасан бус зөвхөн
ах намынхан дотроо бүлэглэл хоорондын зөрчлөөсөө болж Засаг даргаа өөрчилсөн
энэ явдал удирдлагуудынх нь анхаар­лыг татаж байгаа бололтой. МАН-ын
удирдлагуудын зүгээс Орхон айм­гийн Засаг даргаар хуучин УИХ-ын гишүүн байсан,
дараа нь ГОК-ийн орлогч захирал байж байгаад АН-ын хүнд албан ту­шаалаа өгөх
шаардлагатай боллоо гэхэд ажлаа хэл амгүй өгөөд явсан гэх Ё.Баяр­сайханыг
оруулж ирж байгаа юм байна. Гэхдээ хоёр хуваагдчихаад байгаа Иргэдийн
төлөөлөгчдийн хурал хэрхэн шийдэх нь тодорхой­гүй. Бас Засаг даргад нэр нь яриг­даж
байгаа Б.Винтовын хувьд “ГОК”-ынхны дэмжлэгтэй байгаа нь тодорхой байгаа аж.
Аймгийнхаа гаалийн газрын даргаар арав гаруй жил ажилласан түүнтэй хол­боотой
элдэв яриа хөөрөөг Эрдэнэ­тийнхэн мэддэг учраас намын нэр хүндээ бодвол явцгүй
кандидат хэмээн намын хүрээлэлдээ ярьж байгаа гэнэ. Тэгэхээр “ГОК”-ын халаасанд
орсон гэгдээд байгаа тус аймгийн Иргэдийн хурал нь намынхаа шийдвэрээ дагах нь
уу, өөр эрх ашгаа дагах нь уу гэдэг нь гадна талаас нь хараад сууж бай­гаа
АН-ынхан хийгээд энгийн иргэ­дэд сонин байгаа юм. Уг нь зар­чимч, шударга,
тулхтай хүн айм­гийн засаг дарга болбол ард тү­мэнд нь хэрэгтэй байх. Үүний
дараагаас огцрох өргөдлөө өгсөн Говьсүмбэр аймгийн засаг Ц.Баян­мөнхийн орыг
хэн залгамжлах вэ гээд мөн л томилгоо өрнөх нь тодорхой болоод байна.
АН-ын Хамтарсан Засгаас га­рах нь тодорхой байсан ч үйл
явдал бодитоор өрнөж эхэлснээр унтаж байсан улс төрөөс утаа гарч эхэлсэн юм.
Энэхүү уугилт сонгуу­лийн гал хүчтэй өрнөж эхэлтэл хэсэгтээ энэ мэтээр уугих нь
тодор­хой байна. Ямар ч байсан энэ өдрүүдэд томилгоогоор гал өрдөж, улс төр
уугиж байна. 

Categories
редакцийн-нийтлэл

Тэргүүн шадрын албанаас С.Баяр татгалзсанаар Ч.Улаан болох магадлалтай болов

АН-ын сайдууд албаа бу­цаан өгсөн нь МАН-д тоглоо­мын тойрогт дахин орж ирж, олон нийтийн анхаарлыг татах нэгэн боломжийг өгсөн. Сүүлийн үед хүмүүсийн сонир­хож байгаа нэг сэдэв бол МАН сайд нарынхаа асуудлыг хэрхэн шийдэх бол гэдэг билээ. АН-ын дарга Хамтарсан Засгаас гарах болсноо мэдэгдсэнээс хойш өдөр бүр хуралдаж байгаа МАН-ын Удирдах зөвлөл амралтын өдөр ялгалгүй сайд нарынхаа суудалд хэн, хэ­нийг тавих вэ гэдгээ ярилцаж сууна. Бүр хуруу дарам цөөн том дарга нарынхаа хүрээнд ч нарийвчлан ярилцжээ. Гэх­дээ МАН-ын шинэ сайд на­рын жагсаалт албан ёсоор тодорхой болоогүй л байна.

Өнгөрсөн лхагва гаригт болсон Удирдах Зөвлөлөөр сайд нараа томилох зарчмаа тохирсон бөгөөд УИХ-аас 50 хувийг нь, гаднаас 50 хувийг нь хэмээн тохирсон юм. Уг нь Үндсэн хуулинд оруулсан дордуулсан гэгддэг өөрчлөл­төө засч залруулъя гэвэл аль болох парламентаасаа цөө­хөн сайд томилох хэрэгтэй билээ. Нөгөө талаас төрийн тэргүүн ч үүнийг анхааруулан хэлсэн байсан. Гэвч УИХ-ын бүлэг дээр хоёр талаас тэнцүү оруулъя гэсэн санал МАН-ын амбицтай гишүүдэд таалаг­даа­гүй юм билээ. Тэд дөрвөн сайдаа УИХ-аас, хоёрыг нь гаднаас гэсэн болзол тавьсан юм билээ. Гэхдээ МАН-ын Удирдах Зөвлөлийн шийдвэр чухал учраас эхнийхээ хувил­бараар тогтсон.

МАН-ын удирдлагын зүгээс Тэргүүн шадар сайдын суудалд очих саналыг С.Баярт тавьсан бөгөөд цаа­дах нь татгалзжээ. Угаасаа энэ кабинетыг бүрдүүлчи­хээд эрүүл мэндийн шалтгаа­наар гэж Ерөнхий сайдын суудлаа өгсөн хүн дараагийн­хаа ал­бан тушаалд очно гэ­дэг утгагүй гэдгийг өөрөө ч мэдэж байгаа биз. Уг албан тушаалд Сангийн сайдад нэр нь нэ­лээд хүчтэй яригдаж байсан Ч.Улаан очиж магад­гүй. Үгүй тохиолдолд Сангийн сайдын суудал түүнийг гурав дахь удаагаа хүлээж байгаа. Ер нь ЗГХЭГ-ын дарга Ч.Хү­рэлбаа­тарыг Сангийн сай­даар очно гэсэн хувилбар нэлээд ноц­тойд тооцогдож байгаа бө­гөөд тэр тохиол­долд Ерөнхий сайдын ерөн­хий зөвлөх гэсэн албатай болоод байгаа Д.Цогтбаатар Засгийн газрын арын гал тогоог эрхлэхээр очих юм байна. ЗТБХБ-ын сайдаар Я.Содбаатар томилогдох бө­гөөд энэ суудалд УИХ-аас сайд суулгавал зүгээр гэсэн яриа явж байгааг ч хэлэх хэрэгтэй.

БОАЖ-ын сайдын хувьд Д.Оюунхорол гишүүнийг гэ­сэн яриа нэлээд хүчтэй явж байна. Эмэгтэйчүүдээсээ сайд гаргах ёстой гэсэн байр сууринаасаа нэлээд дэмжиг­дэж байгаа сурагтай. Харин Эрүүл мэндийн сайдын ту­хайд мэргэжлийн хүн гэдэг үүднээсээ эмчийн дипломтой Д.Очирбат гишүүн очих ма­гад­лал өндөр гэж байна. Гэхдээ сайд нарын шинэ хуваарилалт нэг талаасаа намын бүлэглэл, удирдлагуу­дын зүтгүүлж байгаа хүн бай­даг нь эргэлзэлтгүй үнэн болохоор хотын бүлэглэлээс Д.Очирбатыг ихээхэн дэмжиж байгаа юм байна. Нөгөө талд одоогийн Төрийн нарийн бичгийн дарга Н.Хүрэл­баа­тар дэмжлэг сайтай байгаа. Батлан Хамгаалахын сайдад сайд аавынхаа халааг зал­гамжлах хүсэл ихтэй байгаа УИХ-ын гишүүн Ж.Энхбаяр томилогдох бололтой. Түү­нийг тэргүүн шадар сайдад яригдаж, төрийн тэргүүн зөв­шөөрөөгүй гэсэн яриа гарсан ч аавынхаа орыг үргэлж­лүүлэх нь баталгаатай гэнэ. Ер нь сай­дын албан тушаалд горилогс­дын хүсэл мөрөөдөл дуусахгүй байгаа учраас АН-ынхны гаргаж өгсөн зургаан суудал дээр хүн олоод тавь­чих нь МАН-ын удирдлагуу­дад амаргүй даваа болж бай­гаа бололтой. Тиймээс УИХ-ын гишүүдээс тавих гурван сайдын суудал дээр тус бүр хоёр хүн дэвшүүлээд УИХ дахь МАН-ын бүлэг дээр өөрсдөөр нь шийдүүлчихье гэсэн яриа ч гарчээ.

Харин дэд сайдуудын асуудлыг яамдын сайдыг томилсны дараа ярилцахаар тохирсон бөгөөд салбарын сайдтай нь зөвшилцөж шийд­сэн нь зөв гэсэн шийдвэрт хүрсэн юм байна. Энэ сарын 20-ны өдөр хийхээр товлосон Бага хурлаа хойшлуулж ирэх сарын 20-нд хийхээр болсон аж. Өөрөөр хэлбэл, Цагаан сарын өмнөх өдрүүдэд МАН хуралдаж дөхөн ирсэн сон­гуулийн асуудлаа ярилцах нь.

Э.ЭРЭЛ

Categories
редакцийн-нийтлэл

Цоодолын ХУЛАН: Энэ сайхан эх орноо сэвхийтэл өөд татахсан

Д.Нацагдоржийн шагналт яруу найрагч, сэтгүүлч, Улсын Хүүхэлдэйн театрын захирал Цоодолын Хулантай цаг үеийн асуудлаар ярилцлаа.

Хамтарсан Засгийн газраас АН гарахаа мэдэгдсэн нь сүү­лийн үеийн ярианы гол сэдэв болж байх шиг. Гурван жил гаруй нэгдсэн МАНАНсарнижбуй энэ үйл явдлаас яриагаа эхэл­бэл ямар вэ?

-Сансарт манайхаас анх хүн нисэхэд “Монгол хүн хамгийн сүүлд хэзээ ингэж баярласан бол оо” гэж Ц.Дамдинсүрэн гуайгаас хүн асууж л дээ. Тэгэхэд нь “Манжаас салахад л нэг ингэж баярласан юм гэнэ лээ гэж хариулсан яриа байдаг. Одоо бол төр засаг солигдоход баяр­лаад, эсвэл гомдоод байх зүйл алга аа. Углуургаар нь бодох юм бол, ар өвөр монголчууд нэгэн нударга болж мөлжигч дайснаа дарсан Тусгаар тогтнолын их ойнхоо да­раа ингэж байгаа нь иргэн хэнбу­гайд ч олигтой байхгүй л байх. Монголынхоо төрийг би будааны үнээс болж огцордог Япон, Солон­гос, хөнгөн явдлынхаа горонд огцордог Берлусконигийн төрөөс том, дээгүүрт боддогтоо ч тэр үү. 
Муу хүүгийнхээ толгойг тэврээд нулимстай андгай тавьж явсан Ханд ван, 
цэргийн
их сүлд Маг­саржав Хатанбаатар, Хотгойдын Чингүнжав, Гоймон баатар нарын, эзэн Чингэсийн маань төр юм шүү гэж санадаг болохоор, тэдний сүнс одоо байгаа бол, алга ташихгүй л байх. Бид цөөхүүлээ улс. Муу ч болов эвтэй байхыг дээдэс захидаг л даа.

Та МАНын гишүүн учраас АНынхны шийдвэрт таагүй бай­гаа бололтой. Тийм үү?

-Миний аль нам байх хөндлөн­гийн хүнд бүү хэл өөрт нэг их сонирхолтой биш ээ. Төрийн албан хаагч болоод удсан. АН Засгийн газраас гарч буй нь улс төрийн шийдлийн хувьд өөрсдөд нь зөв санагдаж болно, харин жаахан хүнлэг бус, ёс зүйгүй юм болчихлоо доо гэж айж байна. Улс төр бол оволзоод өнгөрдөг сонгууль төдий­хөн биш байх аа. Өргөн их амьд­рал, хүмүүсийн итгэл, бидний бүтээж ядаж 
яваа улс гүрний нүүр царай, нэр хүнд гээд яривал улс­төрч­дийг их л өөр, уужим дэлгэр сэтгэдгээр хармаар болдог юм. Энэ жил аанай л их хүйтэрч байна. Сүүлийн 5О жил унаагүй их цас орно гэж хүртэл ярьсан. Малчид гэж урдаа барьдаг ганц үгийг биш гэхэд, баялаг бүтээдэг эгэл хүмүүсийн төлөө зовних зовиур улстөрчдөд ер нь байдаг юм болов уу?

Эхлүүлсэн
ажлынхаа
ард гарч, чадвараа сорих, дүгнэх, олсон жаахан нэр хүндээ ахиулах болом­жоо энэ хоёр нам алдчих шиг болдог юм. Ард түмэн хохирч байна гээд л одоо өөрсдийгөө гурав дахь хүчин гээд эндүүрчихсэн эрээвэр хураавар улс оодорно доо. Төрд ч гэсэн хүндийн жин гэж байдаг бол тэр нь гарцаагүй МАН, АН хоёр юм. Энэ нэгдмэл, жинтэй болж ирж байсан ололтоо яасан хямдхан арилжчихав аа гэж санагдаж байна. Хорин жил нэгнээдээ хөрөөний ир шиг арсайж байснаа эвлэж засаг­лаад, эрүүл сөрөг хүчнийг дундаа­саа төрүүлэх боломж байсан юм шүү. Намчирхал бол аяандаа хоцрогдох эд. Хамтарсан Засгийн газрын 
хамгийн
нааштай,
ирээдүй­тэй алхмууд чухамхүү хамтар­сандаа л байсан. Ийм эв эеллийн засгийг зөгнөлцөж байсан хүний нэг би.

Сү.Батболдод долигонож байна л гэж хэлэх байх, өөрсдөө тийм улс. Зөвхөн уул уурхайн салбарт гэхэд, бусад ширүүн оронд иргэний дайн ч гардаг энэ хүнд 
салбарт
олон асуудал гацаанаас гарсан. Хувь, ногдол ашгийн тухай ярих эрт байна, гэхдээ л галт тэрэг хөдөл­чихлөө. Аядуу хүлээцтэй чанарыг нь зөөлчилсөн, бассан Ерөнхий сайд л кабинетаа жигд ажиллуулж, урьд урьдынхтай харь­цуулахад нэр цэвэр багийг удирд­лаа. Гэрэл гэгээтэй, сайн сайхан талуудыг энэ нэгэнт зэлээ эвхэж буй Засгийн газраас олж хараа­сай. Монгол төрийн жишиг болмоор эрч хүчтэй, далайцтай сэтгэдэг сайдууд тор­нис­ны магнайд ЗТБХБ-ын сайд Х.Баттулга байлаа. Шинэ төмөр зам барих, Сайншандад үндэсний хэмжээний аж үйлдвэрүү­дийн цог­цолбор барих, орон сууц­жуулах ажлуудыг, эхлэлийг зэврээмгүй байна. Мөн Тусгаар тогтнолын ойн хүндэтгэлийн чуулганд Ерөнхий­лөгчийн хэлсэн үг бол 
дан Засгийн газар, тэргүүнд нь хэлсэн үг биш. Нэг хөллөгөөний морьд нэгнээ цавчдаггүй. Төртэй хавсайдсан бизнесийнхний да­рамтаас салах нь МАН, АН, ерөөс нам бүрт, хэнд ч өгч 
буй хатуу сануулга гэж ойлгож байна. Олонд их хүрсэн дээ. АН-ын ҮЗХ-ны хуралдааныг хөндлөн­гөөс ажигла­хад ч бизнесийн том бүлэг нэгдлүү­дийн эрх ашиг л улс төрийг улс төр биш болгож байгаа нь тод байна.

Монгол Улсын хөгжлийн гарц тэгвэл  юу вэ, таны бодлоорУг нь ийм асуулт тавихаар бодоогүй юм л даа. Гэхдээ таны хариул­тын дараа ингээд асуучихмаар санагдлаа

-Муу хүн сонжооч гэгчээр, яри­хын тулд яригсад олширсон нь төрийг сайжруулах биш харин ч догшруулаад байна уу даа. Шахаа дарамтны аргаар хождог нийгмийн давхарга, сул иргэд бий бол­чих­жээ. Энд би хаврын синдромтнууд, элдэв ТББ, тул хамгаалах нэрээр Бороо гоулдаас гэсэн байх аа,12О мянган доллар ч бил үү аваад тэр ажлынхаа гадуур бас улс төр яриад явдаг их завтай 
эдийн засагч З.Дашзэвэг гуай энэ тэрийг огт хэлсэнгүй. Нүүрэн дээр гарсан батга шиг яршигтай, мөнхөд да­рамталж байдаг нэг газар бол МҮЭ боллоо. Мөн чанар нь тийм гэдгийг ойлгож хүндэтгэж байна, цалин нэмэхийг нэх ээ, нэх. Харин 
монгол хүнийг ажиллуулдаг, чадваржуул­даг, хариуцлага тооцдог газар байна уу? 
Ажил олгогч нар айдас­тай байдаг болсон, би 
ч ийм айдсыг мэднэ. Ажлаа оронцоглоод цалин­гаа бүтнээр нь хүртээд явдаг, бэлэнчилдэг, социализмын үеийн сэтгэлгээтэй улсын арми гадаа ярайтал жагсаж байгаа нь НХХЯ гэдэг зохиомол нүсэр бүтэц угаасаа 
зах зээлийн нийгэмд илүүцийг харуулж байна. МАН ч гэсэн, АН ч гэсэн, халамжийн мөнгө түгээхийг хавтгайруулснаар шударга хөдөл­мөрийн үнэ цэнэ уначихлаа. Олон хүүхэдтэй эх, өнчид, өндөр настан, хөгжлийн бэрхшээлтэй иргэдээс бусдад нь халамж бүү өгөөч ээ.

Халамжаар амьдардаг хү­мүүс манайд цөөнгүй бий. Төрөөс өгөх хэдэн цаас амьжиргаа нь болдог хүмүүст таны энэ яриа таалагдахгүй байх даа?

-Ядуу дордос, ажилчин хүнийг хар багаасаа өрөвдөх өмөөрөх үзэл суртлаар хүмүүжсэн ч одоо бодлоо өөрчилсөн. Би нэг хэсэг өөрт огт хамаагүй хүмүүсийн амьдралд оролцож, чадлаараа тусалж, дүрдээ баахан итгэж, сүүл­дээ гутарсан. Гэлээ гээд хүнд тус­лахаа больчихоогүй л дээ. Заяа заяандаа төрдөг улсыг бурхнаас илүү гарч мэднэ гэж байхгүй. Нэг ядарсан айлд ганц шүдлэн хонины мах өгье гэж бодоход ганц л орой бүхлээр нь чанаад идчихээс биш, долоо хоногтоо хүргэе гэхгүй. Энэ яльгүйхэн жишээ ч 
Засгийн
газрын  халамжийн бодлогын буруу гэдгийг илчлээд байгаа юм. “Адмирал” гэж нэг гоё кино гарсан юм аа. Боль­шевикуудын тухай. Өөрсдөө хэзээ ч бүтээж чадахгүй юмыг хядаж устгаж байсныг нь харахад одоо­гийн балар харанхуй массын дүр төрх санагдсан. Дээд боловсролгүй ч бай, Монголд эрүүл зөв сэтгэ­хүйтэй, ажил хийвэл ам тосдоно гэж хичээдэг улс л хэрэгтэй болохоос 
мянган долларын цалин авах, эрдэнийн хувь хишиг хүртдэг байх энэ тэр бол хөгжлийн зөв хандлага биш ээ.

Одоо сонгууль ч эхэлчихлээ дээ гэж хэн хүнгүй ярьж байна. Сонгуулийн тухай хуулиар зохи­цуу­лалт хийх гэж оролдсон ч баахан амлалт ил далд  явах байх даа?

-МАН өөр дотроо учраа олж, заримдаа буулт хийж сурч, сонгуу­лийн луйвар гээчээс хол байвал дийлдэхгүй нам л даа. (инээв) Сүүлийн олоон жилд улс төрийн ховоор амьдрахаас өөр авьяасгүй нэг хэсэг улс шигдчихээд баллаад байсан юм. Нутгархагчид, олигар­хиуд, дүрэмдэхээс цаашгүй, тархи зүрх хоосон хэнхэгчүүл гээд юм юмтай байснаа одоо арай дээрд­сээн. Гэхдээ л тэдний заримынх нь үр сад болох мөрөн дээрээ буусан хялгасыг үлээсэн цагаан гартан, алтны уурхайн магнат банди нар том, том портфель бариад дарга нар луу мессеждээд л явж байгаа. Муу улсын балаг яасан ч дуус­даггүй юм бэ.

Энхбаярыгаа
“өхөөрдсөөр”
байгаад
өсгөчихлөө.
Анхнаасаа
тоохгүй
байх ёстой байсан юм. Одоогийн удирдлага, дээд дунд албан тушаалтнууд дунд түрийв­чээрээ холбогдсон, одоо хүртэл нэрнээс нь айж бэмбэгнэж явдаг цөөнгүй улс бий. Тийм л 
болохоор
авлига,
хууль бус үйлд­лүүд ил гарсан ч удалгүй замхраад байна. Эднээсээ зоригтой салчих­вал МАН 
гүйцэгдэхгүй
ээ.

АН гадаадын хөгжлийн загва­рыг манайдаа шууд наачих гэдэг нийтлэг алдаатай л болохоос өсч өөдөлж яваа хөгжингүй нам. Хоёр­дугаарт, энэ намуудын аль алинд нь байх албан тушаалаас албан тушаалд сууж байсан хүмүүсээс Монгол Улсын хөгжил ингэтлээ удааширсны ялыг асуух цаг бол­жээ. Оронд нь ид хийж бүтээж яваа улсыг нэр дэвшүүлээсэй, жишээл­бэл БЗД-ийн дарга Ч.Батзориг байна. У.Хүрэлсүх түүний үеийнхэн ачаа даадаг, ажиллаж сурч байгаа нь сүндэрлүүлсэн Тусгаар тогтно­лын ордон шиг нь бодитой, юмлаг юм болж харагдаж чадаж байна. МАН-ын гол ололт нь алдаагаа харах, засах замдаа шулуудсанд байгаа, ингэхгүй нэг хэсэг “зөрүүд­лээ” биз дээ. (инээв) МАН-ын тө­дийгүй АН-ын дол цохисон архаг гишүүд, тэр дундаа архи тамхины, хүмүүнлэг бус, бизне­сээр хөлжиг­чид, цаашлаад уул уурхайн лицен­зүүд өвөртлөөд орж ирж байгаа нэр дэвшигчдийг ха­жиглах, сэжиг­лэх эрх сонгогчдод бий шүү. Х.Баттулга сайдын өргөн бариад дэмжигдээгүй хуулийн төсөл нэр томьёолол, найруулгын хувьд олзлогдохоор алдаатай байсан ч, маш зөв зүйтэй санал. Үндсэн хуулин дахь эрхийг нь хөндөлгүй, тухайн бизнес эрхлэгч гишүүдийг тухайн салбарын хууль, нэмэлт өөрчлөлт, Засгийн газрын төсөв, тендерийг УИХ-аар хэлэл­цэхэд эрхийг нь хязгаарлах, тэр бүү хэл огт оролцуулахгүй байх зэргээр 
эхний ээлжинд зохицуулах ёстой юм биш үү. Ард түмэн цаагуураа их дэмжсэн санал даа. Иймэрхүү өөрчлөлт парламентыг эрүүл­жүүлж, цаашдаа ийшээгээ орохсон гэх улсын хорхой дарагдана. Сон­гууль ч арай шударга болно. Энэ сонгуулиар арай амжихгүй, тул­гамдана.

Та МАНын дэргэдэх эмэг­тэй­чүүлийн байгууллагын Удир­дах зөвлөлд багтдаг хүн. Эмэг­тэйчүүд энэ сонгуульд хүчтэй­хэн үзэх бодолтой байх шиг, та яах вэ?

-Ярих гэж бурдаг, явах гэж нурдаг, сэтгэх гэж гүтгэдэг, сэлэх гэж живдэг насандаа тулчихаагүй дээ­рээ тийм юм боддог л юм. Гэхдээ энэ удаа биш ээ. Төрийн их өндөр баганын дэргэд би нуруугаар ямар­хан 
амьтан бэ гэж өөрийгөө басч, хувьдаа ч их бэлдэж орох ёстой байдаг байх аа. Улс төр бол хүн өөрөө юм гэх ухааны юм ярьдаг даа. Ухаандаа, тохитой төвшин хүн гайт долдугаар сарын нэгэнд тө­рийн тэргүүний сэнтийд заларч байсан бол саарал ордон цагдаа нарыг зэвсэглэж ээж аав, ахан дүүс рүү нь буудуулах уу. Үгүй ш дээ. Жишээ нь Миеэгомбын Энхболд тэр үед Ерөнхийлөгч 
байсан бол эргэлзэж, нүдээ эргэлдүүлээд дот­роо банжаад сууж байтал нь нө­гөө­дүүл тараад явчих хэмжээний хүлээцтэй, суурьтай хүн. Яаран мэс барьдаг, хүч түрэмгийлдэг харчуу­лаас төр маань хөндий байж, эртнээс нааш цэрэг цуух, суутай жанжиддаа 
ч хэтэрсэн их мэдэл өгч байгаагүй. Эхнэрээ үсдэж зоддог гишүүн манайд нэг бус байгаа хойно юуны чинь жендер ярих. Тийм балиар юмнууд эхлээд 
эр хүн болж, дараа нь төр улсын хэрэгт ор. Шуналаа дарж сураагүй нь ша­хааны бизнес цэцэглүүлдэг, энгийн албан хаагчдыг намаар ялгадаг зэргийг би хувь хувьсгалын олон жишээгээр баримттай нь но­толно. Манай гэр бүл ил ч, далд ч зөв ява­хыг хичээж, түмний даал­гасан аж­лыг аваад явах хэмжээний улс гэд­гээ бардам мэдэхтэйгээ бо­ло­хоор миний бүхэн рүү хулгайч гэт­вэл эм бар шиг үзэлцэнэ. Заавал ги­шүүн байх ч албагүй. Миний үг үйлдэл зөрөхгүйг түмнээрээ мэднэ ээ.

Хоёулаа баахан улс төр ярь­лаа. Одоо жаахан гэгээн зүйл ярья. Таны удирддаг Хүүхэл­дэйн театрын тухай ч юм уу?

-Манай театрыг асуудаг чинь сайн боллоо. Хамт олон минь ажлын ачаалалтай, ихийг бүтээсэн он гарлаа. Олон уран бүтээл тавьж, багцаагаар наймаас есөн мянган хүүхэд, мөн тийм тооны 
эцэг эх манайхаар ороод гарсан байна. Таван аймагт аялан тоглолт хий­лээ. Бид олон сая төгрөгөөр ор­логын төсвөө гурав дахь жилдээ давуулан биелүүллээ. Бид хийх ёстой юмаа л хийж байна. Яамнаас овоо доо гэж баярын бичиг шидээд байхгүй ч 
цаагуураа
дэмждэг  ээ. Бас нэг баяртай мэдээ гэвэл Хүү­хэлдэйн театрыг шинэ ордонтой болгохоор Засгийн газрын 2О12 оны нийгэм, эдийн засгийн үндсэн чиглэлд оруулсан. Одоогоор газ­раа олоогүй л байна.

Ирэх жил Данзанравжаагийн “Цаасан шувууны үлгэр” сургаалт найргийг сүүдэрт жүжгийн төрөл зүйлээр найруулан тавихад зо­риулж Соёл урлагийн сан 2О ша­хам сая төгрөг өглөө.

Оны өмнө хэсэг найрагч АНУд очиж, тэнд суугаа монгол­чуудтайгаа уулзан шүлэг найр­гаа уншаад ирсэн гэж дуулсан. Та явсан газрынхаа сониноос дуулгаач?

-АНУ-ын Денверт “Тулга” клу­бийнхэн гэж романтик, бас нутгаа санаж гүйцсэн хэсэг амьтад байна. Зу­раачид, жүжигчид, банкирууд, ба­рилгынхан, багш, эмч гээд мэргэ­жил мэргэжлийн улс, тэр дундаа есөн гэр бүл “Тулга” клубийг анх байгуулсан юм байна.Тэд гэр ба­рьж, цагаан сар, наадмаа ёс төртэй хийж, хотынхоо цэцэрлэгт найман метр өндөр мөнгөн тулга босгосон байхыг үзлээ. Тэд ердөө эх орон гэж байдгийг үр хүүхдэдээ мартуул­чихгүйн тулд ингэж байгааг нь сонсоод нулимс гарч байлаа. Хү­ний эх орон, нутаг яасан ч хүчтэй юм. Манайхан цөм сайн явна лээ. Нэлээд нь хувийн хаус энэ тэртэй болчихож. П.Бадарч гуай, Г.Мөнх­цэцэг бид гурав баахан амьтан инээлгэж уйлуулж, өөрсдөө ч хөөрч хөгжиж яваад ирсэн. Яруу найргийн уулзалт анх зохиогдсон болоод ч тэр үү, муж мужаас үзэгчид, тэнд суугаа 
үгийн уран бүтээлчид маань цуглаж, танхимдаа багтаж ядан найман цаг шүлэг сонслоо. Бас тэднийхээ уран уншлагын тэм­цээнийг ч үзлээ. Дараа жил Чика­год хийнэ гэсэн. Сая Коло­радогийн монголчуудын холбоо ч биднийг урьж, бүгд л зүтгэсэн дээ.

Нээрээ, яруу найраг гэснээс өнөө жилийнБолор цом“-ын эзнээр нэр нь таамагт ороогүй яруу найрагч түрүүлсэн. “Болор цом“-ын тухай сэтгэгдлээсээ хуваалцаач

-Овоо юм уншдаг байрын хүү түрүүлсэнд баяртай байгаа. Арын хангайн идээ цагаа шигээ танан сэтгэлт ард олны буянд “Болор цом” маань сайхан боллоо. Бид саяхан л өөрсдийгөө годгоносон охид,шоволзсон хөвгүүд гэж бодож явжээ. Найргийн ачаа тэн бидний нуруун дээр ирснийг, энэ хэдэн хөгшдөө амьдрал, аяны алтан замд зутраалгүй авч явах энэ тэрийг бүгдэд бодуулах шиг болсон. Энэ муу хэд маань Монголд дахин төрөх юм биш.

Утга зохиолын ахас ихэс нэг нэгээрээ одоод л байх юм. Сая­хан л гэхэд яруу найрагч Цэн­дийн Чимэддорж хорвоогоос халилаа. Гэнэт л явсан дуул­дах юм?

-Манай муу Чимээ ах 55-тайдаа зүрхний шигдээсээр өөд боллоо. Гурван жилийн өмнө хань нь унаад, нэг л бүүдгэр гундуу яваад байсан даа. Энэ үеэс эцсийг нь хүртэл ажилтнаа, найрагчаа яаж ийгээд хадгалж авч явсан Мон­голын Радио гэдэг их айлд, тэнд­хийн уран бүтээлчид, дарга нар, үүдний харуул, дэргэд нь хоноглож ч явсан байж мэдэх модон ширээнд нь хүртэл найрагчдынхаа өмнөөс 
гүнээ хүндэтгэлтэйгээр толгой мэхийе. Найрагчийг ойлгох буян заяа хүн бүрт байдаггүй билээ. Эцэг хорвоогийн гунигийг өвлөөгүй гурван хүүхэд нь мэлтийтэл хараад хоцорлоо. Нутгийн хүний гар сун­гасан Мон-Ураны Наранхүү овоо эр хүн юм. Хотын баруун зүүнд буяны газрын ханш гаарсан байдаг юм байна. Доод ханш дөрвөн сая болохоор нэрэлхээд л аргалдаг байх даа, хүмүүс.

Ийм газраа төр биш гэхэд, хот мэдэлдээ авмаар юм. Анд найз П.Адарсүрэнгээсээ хойш хиймо­рийн туг нь гудайж, амраг ханиасаа хойш дэлхий тамгалахад бэрх явсан алдарт “Дэрэнгийн хар азар­га”одоо л нэг амарч, Шүлэг ууланд шингэв ээ. /санаа алдав/

ТаныЗүлгэн дээр гэрээн бариад зүгээр л нэг амьдрахсангэдэг ишлэлийг олон хүн ярилц­лага энэ тэрдээ хэлсэн харагд­даг юм. “Зүгээр л нэг амьд­рахсанном тань гурав дахиа хэвлэгдчихэв үү дээ?

– “Соёмбо” хэвлэлийнхэн ивээж, хатуу хавтастайгаар анх удаа гар­га­лаа. Шилмэл шүлгийн түүвэр маань удалгүй гарна. “Ногоон асрын зүүдэн билгийн дэвтэр”-ийн шилбэ товчийг хадаж арай амжаа­гүй байна. Харин сайхан ном олж уншиж байна. Я.Ганбаатар эрх­мийн эмхэлсэн “Юань улсын үеийн монголчуудын хятадаар бичсэн шүлгийн сонгомлыг” хавар уншаад, агаар нь зунжин, намаржин салхи шиг дагалаа. Одоо Д.Цэнджавын “Цагаагчин гахай жил” түүхэн ро­ман дээр буусан, салдаггүй ээ. Үнэхээр том зохиолч юм даа.

Олон л сэдвээр баахан асуулт танд тавилаа. Харин сүүлчийн асуултыг таны мэдэлд үлдээе?

-Энэ сайхан эх орноо сэвхийтэл өөд нь татах юмсан. Хүн бүр дор бүрнээ мэрийж, нэгэндээ зөөлөн хандаж, ёс төртэйгөө байж, үнэн байж гэмээнэ болохгүй бүтэхгүй зүйл алга л баймаар юм.

Ярилцсан Э.ЭНЭРЭЛ

Categories
редакцийн-нийтлэл

Ардчилсан нам, Иргэний Зориг намууд нэгдвэл ард нь ялалт харагдаад байх шиг

Парламентын засаглалт Мон­го­лын хувьд энэ он маш чухал жил. Төрийн
эрх барих дээд байгуул­лагаа бүрдүүлэгчдийг бид зургаан сарын дараа сонгоно. Ажил
ураг­шуулж, асуудал шийднэ гэж нэгд­сэн барууны чигт АН, зүүний чигт МАН эрхбиш
улс төрийн намуудын чиг баримжаагаа дагаж, голынхоо наана цаана сонгуулийн өмнө
гарч таарах болов уу. Хамтарснаа хадгалсаар арай ч сонгуульд орох­гүй байлгүй. 

Уг нь энэ хоёр нам үзэл баримт­лалын хувьд эрс өөр. Нэг нь нийг­мийн
амьдралд төрийн оролцоо бага байхыг илүүд үзэж, татварыг бага байлгахын төлөө зүтгэдэг.
Барууны чигтэй. Нөгөө нь зүүний чигийн буюу татвар хураамжийг өндөр тогтоож, халамжийн
бодло­гыг шүтдэг. Одоогийн МАН олон арван жилийн турш МАХН нэрийн дор зүүний чигийн
үзэл баримтлал, тэр дундаа хэт зүүнийх болох коммунист чиг баримжаагаар зам­наж
ирсэн угшилтай. Сүүлийн жилүүдэд ардчилсан социалист үзэл баримтлалыг сонгон авч,
бодлого хөтөлбөрөө явуулж бай­гаа. Харин АН бол барууны үзэлтэй МҮАН, зүүний үзэлтэй
МСДН-ын нэгдлээс үүсч бойжсон.  Гэхдээ МСДН-ын
гишүүнчлэлтэй байсан Соц-Интерний гишүүнчлэлээс татгалзаж, барууны намуудын нэгдэн
ордог Дэлхийн ардчилсан холбоонд элссэнээрээ улс төрийн замналаа нэг мөр тодорхойлсон
гэж болно.
Ийм хоёр нам нэгдэж, сүүлийн дөрвөн жил төр барихдаа янз янзын
ааш аяг, өнгө төрх дагуулав. Эрхбиш зарчмын өөр, өөр үзэл санаатайн хувьд сонгуулийн
өмнө учир начраа ялгаж, салгаж зам замаа хөөх байлгүй гэж найдна. Эс бөгөөс энэ
хоёр намын аль нэг нь татан буугдаж, нөгөөдөө нэгдэхэд болно гэсэн яриа гарахад
хүргэнэ.
 Монголын сонгууль бүрийн
өмнө ардчиллын чигийн намууд нэгдэж, сонгуульд хүч үзэх ёстой гэсэн яриа жам мэт
гардаг. Ингэхээс ч аргагүй. Хэрэг дээрээ зөвхөн ийм яриа гарах төдийгөөр дуусах
биш, амьдрал дээр хэрэгжүүлэх нийг­мийн захиалга зүй ёсоор байдаг. Ардчилсан үзэл
баримтлалтай намууд тарж бутарч, өөр хоорон­доо хөлөө жийлцсэнээс ная, ерэн жилийн
турш бэхжиж ирсэн комму­нист угшилтай намаа дийлж чада­хаа байсан. Сонгууль бүрийн
да­раа ялагдал хүлээсэн ардчилагчид толгой руугаа шааж ирээд үүнийгээ хэлдэг ч,
хувь амбиц нь болдоггүй юм уу, нэг нэгнээ хүлээн зөвшөөрөх сэтгэлийн тэнхээ байдаггүй
юм уу хуучнаараа л хүчээ тарамдуулан бахь байдгаараа л сонгуульддаг. 1996-2000 онд
төрийн эрх барьж байсан ардчиллынхан 2000 оны сонгуульд тус тусдаа сонгуульд орж,
ёстой амаараа шороо үмхсэн билээ. Угаасаа ардчилагчид ба коммунистууд гэсэн хоёрхон
ял­гамж­тай сонгогчдын өмнө жинхэ­нээрээ саналаа хуваасан. Үүний дараа нэр бүхий
улстөрчид ИЗН-ыг байгуулан, ардчиллын чигийн­хэн бас л хуваагдаж байлаа. Ту­хайн
үедээ МАХН С.Зориг агсны үхэлд ардчиллынхныг нь буруут­гаж, бас эрх мэдлийг нь өгвөл
алуурчдыг олж өгнө гэж барин тавин амлаж байсныг нь хүмүүс одоо хэр мартаагүй.
Ямартай ч сөрөг хүчнээ сул­руулах ах намын ажиллагаа ту­хайн үедээ
амжилт олсных биз, үзэл бодлын хувьд яг адил энэ хүмүүс хуваагдсанаас хойш арван
жил өнгөрчээ. Өнгөрч буй он жи­лүүдэд өөр өөрийн замаар явсаар, бас өөр өөрийн гишүүн,
дэмжигч нартай ч болжээ. ИЗН анх байгуу­лагдахдаа л барууны үзэл баримт­лалыг дагахаа
илэрхийлж байсан нам. Нэг хэсэг нео-консерватив үзэл номлолыг баримт бичгүүддээ
тусгаж байсан ч либерал чиглэлээр үзэл нь тогтсон. Гэхдээ аль нь чиг байсан барууны
чигийн нам.
Адил барууны чигийнх гэгдэх АН, ИЗН-ын талаар сонгууль бү­рийн
өмнө нэгдэх ёстой хэмээн яригдаж, өөрсдөө хүртэл энэ та­лаар хэлдэг ч өөрчлөгдсөн
зүйлгүй өнөөг хүрэв. Одоо бас сонгууль дөхсөн болохоор энэ ярианы сэдэв эрхгүй босч
ирж байна.
Гэхдээ үүнийг яриад өнгөрөх бус ажил хэрэг болгох цаг болжээ.
АН, ИЗН хамтарч байсан цаг үедээ хүчээ нэгтгэж, саналаа нийлүүлж чаддаг. 2004 оны
сонгуульд эвсэл болон оролцож, дийлдэхгүй мэт төсөөлөгдөж байсан МАХН-ыг шороодуулахаа
шахаж, 2009 оны Ерөнхийлөгчийн сонгуульд хам­тарс­наар ардчилсан Ерөнхий­лөгчөө
гаргаж чадсан. Тэгэхээр ирж буй сонгуульд энэ хоёр нам нэгдэж оролцох нь яахын аргагүй
цаг хугацаа нийгмийн захиалга бол­жээ.
1950 оноос хойш хил дээрээ хамгийн их цэрэг дайны хэрэгсэл төвлөрүүлсэн
хоёр улс болсон БНАСАУ, БНСУ хоёр улсын тамир­чид 2000 оны олимпод Солонго­сын хойгийг
дүрсэлсэн далбаан дор нэгдэн алхаж цэнгэлдэх хү­рээлэнд орж ирэхэд олон хүмүүс уухайлан,
дэлхий тэр аяараа энэ тухай ярьж байсан билээ. Хэдий­гээр олимпийн тэнгэр дор нэгдэж
эхний алхмаа хийж чадсан ч дотоод гадаад хүчин зүйл, хоёр өөр лаге­рийн үзэл баримтлалын
зөрүү нэгдэхэд нь багагүй саад болсоор байгаа.
Харин тэгвэл Монголд АН, ИЗН нэгдэхэд харшлах зүйл юу байна вэ.
Ардчиллын чигийн намууд нэгэн дор нэгдэж, сонгуулиас сон­гуульд ялагддаг тэр алдаагаа
засах цаг болжээ. Өнгөрсөн жилийн сүү­лийн хоногуудад өдөр алгасахгүй болсон сүлд
модны наадмуудаас хамгийн их анхаарал татсан нь АН, ИЗН-ын залуучууд нэгдэж баяраа
тэмдэглэсэн явдал байлаа. Ард­чиллын төлөө гэсэн нэрийн дор залуус нэгдэж “Mind
Awards-2011” цэнгүүнийг хамтарч хийж чаджээ. Ямартай ч энэ намуудын залуус нь ардчиллынхан
нэгдэх ёстой гэдгийг ойлгожээ. Тэд хамтарч байж, тэд хүчээ нэгтгэж байж сонгуульд
ялалт байгуулна гэдгийг мэдэж байна.
Энэ үйл явдлыг нийгэм ихээхэн анхаарч хүлээж авч байгаа нь харагдаж
байна. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр үүнийг онцолж, бас ийм яриа хөөрөө албаны
хэмжээнд яригдаж байгаа эсэхийг ч тодруулжээ. Бас зарим нь энэ нэгдлийн цаана ямар
эрх ашиг нуугдаж байгаа эсэхийг ч олж нээхээр хардаж байгаа бололтой.
Гэхдээ үүнийг ямар нэгэн хувь хүн, хэсэг бүлэг хүмүүсийн эрх ашиг,
захиалга гэхээсээ нийгмийн за­хиал­га гэж харвал ойрхон хараг­даад байгаа юм. Яагаад
гэвэл ардчиллын чигийн намууд хүчээ нэгтгэх хэрэгтэй гэсэн хүлээлт Монголын нийгэмд
дуншаад удаж байгаа билээ.
Ардчилсан нам, Иргэний Зориг намууд нэгдвэл ард нь ялалт  харагдаад л байх шиг.

  Э.ЭНЭРЭЛ 

Categories
редакцийн-нийтлэл

Хуулиа хөлдөө гишгэсэн хуульчдыг тэтгэвэрт нь гаргая

-ШҮҮХ, ХУУЛИЙН ШИНЭТГЭЛИЙГ ХИЙХ БОЛ
ЭНДЭЭС Л ЭХЛЭХ ХЭРЭГТЭЙ-

Хуульчид хүний гар хөлөөр хөдөлдөг, цагдаа прокурор, шүү­хийнхэн ямар нэг ашиг сонирхол, зөрчил даалгавраар асуудалд ханддаг тухай яриад олон оныг элээлээ. Яриад л байдаг, гомдол­лоод л байдаг. Он жил урссаар. Шударга ёс байдаг гэдэгт, үнэн зөв хэзээ нэг цагт ялдаг гэдэгт итгэдэг хүмүүс улам ховордсоор. Нэг үеэ бодвол энэ салбарыг өөрчлөх, шинэчлэх хэрэгтэй гэдгээр дээрээ­сээ эхлээд дуугарах болов. Бас шинэч­лэгдээд л байгаа шүү дээ гэж зөрүүдэлдэг хуулийнхан ч өөр дотроо шинэтгэлийг хүлээн зөв­шөөрөх болов. Гэвч эрс тэс өөрч­лөлтийг огцом хийж шинэтгэлийг авчрахгүй бол хохирч байгаа хүний эрх, шударга ёс ийм зовиуртай удаан шилжилтийг хүлээхийн аргагүй дорд оржээ.

Өнөөдөр энэ салбарт ажиллаж байгаа хүмүүс тэр чигтээ хуучин нийгмийн хүмүүс. Социализмын үед боловсрол олж, нам төвтэй тэр нийгэмд хүмүүжсэн. Тэр ч үүднээсээ дарга юу хэлнэ, нам ямар чигтэй байна тиймийг л дагадаг. Уг нь намын харьяалалгүй гэгдэх ч тийм нийгэмд төлөвшсөн болохоороо яаж ч хичээгээд түүнийгээ тавьж чадахгүй юм.

Ерээд оноос ч өмнө энэ салбарт ажиллаж байсан хүмүүс одоо ч ажилласаар. Одоо Н.Энхбаяр ба түүний эргэн тойрны хүмүүсийг залхааж байна хэмээн буруут­гагдаж байгаа хүмүүс өмнө нь Н.Энхбаяр ба түүний эргэн тойрны хүмүүсийг хамгаалж ажилладаг байлаа. Түү­ний эрх ашгийг хөнд­сөн, эрх ба­ригч намыг муулсан хүмүүсийг залхаан цээрлүүлэхэд гар бие оролцон ажилладаг байв. Тийм хүмүүсийг шоронд илгээх буюу түүний өмнөх шат дамжлагыг бүг­дийг туулдаг байв. Н.Энхбаярын эхнэртэй нь муудсан У.Хүрэлсүх, аавтай нь муудалцсан рашаан судлаач, сонин булаалдсан эрх­лэгч Б.Ганболд, шүүмжилж бичсэн сэтгүүлч Г.Дашрэнцэн, хэмжээлш­гүй эрх мэдэлт МАХН-д (тухайн цагийн нэршлээр нь) нь эсэргүүц­лийн туг намируулсан “Шударга ёс бүлгэм”-ийн Г.Баярсайхан, тэдний мэдэгдлийг хэвлэсэн “Өдрийн со­нин”-ы эрхлэгч Ж.Мягмарсүрэн, үг хэлж байхад нь хойно нь эсэргүүц­лээ илэрхийлж цаас барьсан Л.Гүн­­далай. Тэднийг бүгдийг шорон руу, эсвэл шоронд оруулах ял тулгах бүр шатыг дамжуулж, ясанд нь тултал “буруу”-г нь мэд­рүүлнэ. Ингэхийн тулд намын хий­гээд хуулийн бүх араа машинуудаа хөдөлгөдөг байв. “Өдрийн сонин”-ы эрхлэгч Ж.Мягмарсүрэн МАХН-ын араа зуултанд орж, шалгагдаж байхдаа түүнийг буруутган өргөдөл гаргасан гэх МАХН-ын ерөнхий нарийн бичгийн дарга Ө.Энхтүв­шин рүү утас цохин “Залуу цагийн андаа юунд цагдаад өгөв дөө” гэхэд “Н.Энхбаяр шахаад суулгах­гүй байна шүү дээ” хэмээн учирлаж байсан гэдэг. Тэд нэгэн цагт “Ардын эрх” сонинд хамтдаа зүтгэж байсан болохоор нэг нь тийн утастаж, нөгөө нь үнэнээ тэгж хэлсэн хэрэг л дээ.

Ингэж л нэгэн цагт Н.Энхбаяр гэдэг “үндэсний удирдагч”-д таа­лагдаагүй, түүний уур хилэнг хө­дөлгөсөн хүмүүсийн эсрэг “шударга ёсыг тогтоох” ёстой хуулийнхан ийнхүү ханцуй шамлан зүтгэж байсан юм.

Харин одоо эзэн нь солигдож. Тэр эрх баригч МАН-тай муудал­цаж, ХЗДХ-ийн сайд Ц.Нямдор­жийн тухай элдэв бүхнийг дэлгэн тавьснаас өөрөө шахаанд оржээ. Яг хуучин цагт хийсэн хийгээгүй бүхний төлөө буруутдаг байсан тэр л зохиолын дагуу өрнөв.  Эзэн байсан Н.Энхбаярыгаа элдвээр ороож гоочлох болов, хуулийнхан. Яг л танил хэв маягаараа шахаж байгаа учраас Н.Энхбаяр нь мэдэ­хийн цаагуур мэдэж, нүүдлээ ч хийж, хариу арга хэмжээгээ ч авч байх шиг ээ.

Түүнийг Ерөнхийлөгчийн албыг хашиж байхад шадар туслахаар нь ажиллаж байсан, хэсэг хугацаанд харьд сурч байгаад ирсэн туслах Б.Тулга хэмээх залууг цагдаа­гийнхан баривчилж нэг, тавьж нэг жүжиг тавилаа. Энэ бол хуулийнх­ны дэглэсэн жүжиг. Драмын теат­рын ойд зориулж “UBS” телеви­зийнхэн “Орших уу, эс орших уу” гээд нэгэн төсөл хэрэгжүүлж байгаа нь олон нийтэд драмын урлагийг ойлгуулахад томоохон хувь нэмэр оруулж байгаа билээ.

Энэ төсөл хуулийнханд хүртэл очиж, нөлөөлөөгүй л баймаар юм. Гэвч цагдаа нь ч, прокурор нь ч, шүүх нь ч бүрэн бүрэлдэхүүнээрээ гайхалтай хоршин эмгэнэлт инээд­мийн жүжиг тавив. Дуудахад өөрөө очсон Б.Тулгыг цаг­даагийнхан оргон зайлахыг завд­сан гэж үзээд баривчилжээ. Баривч­лан саатуу­лах 14 хоног нь гүйцэхийн алдад прокурор нь сун­гах гэж цаасаа аваад шүүх рүү гүйжээ. Гэтэл түүнийг эрүү өвдөг нь нийлсэн хэдэн өвгөн, эмгэн замд нь барь­цаалаад авчихаж гэнэ. Бүр 18 цаг барьцаалсан гэж байгаа шүү. Ха­рин шүүх ирэхийг нь хүлээж цө­хөөд, суллах ёстой юм байна гэж ойлгоод тогтоолоо гаргасан байна. Үүн шиг жүжиг гэж байх уу. Тэгээд бас болоогүй прокуророос хэвлэ­лийн бага хурал зарлаж шогтлоо. “Бид үргэлжлүүлэн хорих гэж бай­сан чинь өвөө, эмээ нар мөрдэстэй албан хаагчийг маань барьцаа­лаад чадсангүй” хэмээн мэдэгдэв. Уучлаарай, ийм юм байдаггүй юм. Улс төрийн байгууллага юм уу, прокурор чинь. Угаасаа ганц проку­рор гэлтгүй манай хууль хянал­тынхан улс төрийн байгууллага шиг, ажилтнууд нь намын гишүүд шиг байсаар удлаа. Миний, миний эцгийн, миний өвөөгийн мэдэхийн ийм байсаар. Ардчилсан нийгэм, ардчилал үнэртсэн ахуй бидний олон зүйлийг өөрчилсөн. Ганц өөрчлөгдөөгүй нь хуулийн салбар. Яагаад гэвэл тэр л үед байсан хүмүүс тэр чигтээ энэ салбартаа ажилласаар байна. Гэтэл сая юу болов. Үргэлжлүүлж сунгах байсан чинь чадсангүй гэж, бичгээ ирүү­лээгүй болохоор суллачихлаа гэж ам амандаа хууль дүрэм, цаг нараа ярьцгаав.

Хэзээ Монголд хууль дүрэм ингэтлээ үйлчилдэг болчихсон юм бэ. Шорон руу явуулсан хойноо бичгээ үйлддэг биз дээ. Эмнэлэгт хэвтэж байгаа хүнийг “Чамайг маргааш цагдаа явж баривчлуулна даа” гэж нэг утасдаад л хэлсэн сүрдүүлгийн нь дагуу  цагдаа ирж “Оргон зайлах гэсэн” үндэслэлээр баривчилж л байдаг ш дээ. Шүүг­чид нь гэнэт гурван талаасаа бол­зож ирээд л захирамжаа гарган, гарын үсгээ зурчихсан л байдаг. Гэхдээ бодит үндэслэлээр бус харин дээрээс нь утасдаж заавар­чилгаа өгсний дагуу шүү. Дээд шатны шүүгчийнх нь үг хууль байд­гаас тэр биз. Тийм бусармаг хүмүүс нь улам бүр дэвшин дээшлэхийг яана.

Хэзээ ингэж жинхэнэ ёсоороо хууль дүрэм үйлчилж байсан юм. Ингэдэггүй гэдгийг явж ирсэн турш­лага, түүх, нулимс шаналангаараа ард түмэн чинь мэддэг болчихсон. Хувь хүмүүс хоорондоо гомдол гарган, хэрүүл маргаанаа шийдүү­лэх гэвэл шударга үнэн тэнд байгаа гэж итгэх ч аргагүй. Зуд­наар ноход зоолдгийн адилаар хуулийнханд зоолуулаад л дуусна. “Хэрэг хааш нь ч эргэж мэдэхээр байна” гэж хэлээд гар харахаа тэд андах­гүй. “Буруугүй ч буруутан болохгүйн тулд байдгаа барьж өгөгсөд Мон­голын нийгэмд дэндүү олон доо. Хуулийнхан хэнийг зоо­лохоо өөр хоорондоо тохирч, үгсэн ярьж сүлжээ хэлбэрээр ажиллад­гийг ч учир мэдэх хүмүүс хэлдэг. Өнөөдөр Зайсанд хаус худалдан аваад амьдарч байгаа хүмүүсийн хэд нь хууль цагдаагийнхан гэж та бодож байна. Зайсан байтугай Америкт хаус худалдан авагсад ч байгаа, энэ салбарынхаас. Хийж бүтээж хөдөлмөрлөсөн хүн авч болно оо. Харин хуулийн нэрээр хүний зов­лон нулимсаар хөлжиж байгаа бол дэндүү харамсалтай. Бас хуулийн нэрийг барьж эрх мэдэлтэн, намын даалгавраар ажиллаж байгаа бол эмгэнэлтэй. Шүүгчид дунд “Удахгүй тэтгэвэрт гарах гэж байгаа” гээд улайрагсад, бас “Аргагүй тэтгэ­вэрт гарахаасаа өмнө” гэж хүлээн зөв­шөөрөгсөд бас байдаг гэлцдэг. Мэдээж, энэ бүгдийг шүүмжлэн бичихдээ шударга ёсыг барьж, нэг сэтгэлээр ажиллаж байгаа бүх хүний зүтгэл сэтгэлийг үгүйсгэх гэсэнгүй. Гэхдээ цэврээс цэвэр байх ёстой хүмүүс дунд бохироос бохир хүмүүс байгаа учраас энэ салбарт эрс шинэчлэл хэрэгтэй байна. Үүний тулд тэр чигээр нь хүмүүсээ солих нь зөв. Арав хорь гучин жилээр эзэн сууж, шударга ёсыг тогтоохын оронд алдагдуулсан хүмүүсийг бүгдийг тэтгэвэрт нь гаргах хэрэгтэй. Гэхдээ ажиллах жилийг нь тооцож, цалин пүнлүүг нь өгсөн ч яахав. Ирэх үр дүнгээ бодвол гарах гарлага ч яамай байна. Харин оронд нь нам, дар­гын төлөө ажиллаж болдог гэдгийг огт ойлгохгүй залууст хууль эрх мэдлийг атгуулъя. Хүний эрх бүх­ний толгойд байдаг гэдгийг төрөх цагаасаа мэдэрч өссөн, хүнээ дээдэлдэг улс оронд хууль эрх зүйн чиглэлээр сурч болов­сорсон мэргэжилтнүүдээр дүүргэе. Явж байгаа хүмүүсийн гомдол, цав цагаан цаас мэт шинэ хуульчдыг дагаад ирэх эрсдэл байж болох ч шударга ёсыг хөлдөө гишгэж бол­дог мэт ойлгон явж ирсэн хүмүү­сийн гаргах уршгаас л бага байж таарна. Дэлхийн улс орнуудад ч ингэж ирсэн нь бий. Хоёр Герман нэгдэх үед Зүүн Германд таваас дээш жил ажилласан шүүгч нараа хуйгаар нь сольж байсан гэдэг. Яагаад гэвэл тэднийг шүүгчид биш даалгавар биелүүлж ирсэн хүмүүс гэж үзсэн учраас хууль тогтоох байгууллагад байлгахаас цээрлэ­сэн ажээ. Хэрэв Монголд шүүхийн шинэтгэл хэрэгтэй хэмээн үзэж, шударга ёсыг тогтооно л гэж үзэж байгаа бол эндээс л эхлэх хэрэгтэй. Шүүхийн шинэтгэл, шудар­га ёсыг ярьж л байгаа бол зоригтой өөрч­лөлтөөс ч айхгүй байх ёстой.

Э.ЭНЭРЭЛ

Categories
редакцийн-нийтлэл

Путины төгсгөл үү

Орост манай долдугаар сарын 1 шиг юм болж байна. Хэдийгээр хүний амь үрэгдээгүй, элдэв зүйл болж байгаа мэдээлэл байхгүй байна ш дээ гэж гайхшрах хүмүүс байгаа ч Орос шиг ардчилал нь ард хоцорсон улсад өрнөөд байгаа үйл явдал бол долдугаар сарын 1 байтугай, ардчилсан хувьсгалын энтэй асуудал гэхэд даваадсан хэрэг болохгүй билээ. 

Ард түмэн бол номхон тэмээ мэт ч номхчилж дээрэлхээд бай­вал ноолуулаад байдаг улс биш. Үгээ хэлнэ, эсэргүүцнэ. Босно, тэмцэнэ. Гэхдээ тэгж эсэргүүцээд эхэлтлээ уддаг. Жинхэнэ л тэв­чээ­рийн тэлээ нь тасрахын алдад үгээ хэлдэг. Оросын ард түмэн удтал дуугүй явж ирсэн нь үнэн. Өөрчлөлт шинэчлэлтийн давалгаа эхэлж, өөрчиллөө шинэчлэгдлээ гэсэн сэтгэлгээгээр хорь гаруй жилийг үдсэн ч үндсэндээ Сталины засаг­лалаар замнасан орос  үндэстэн Путины буулганаас залхаж бай­гаа нь сүүлийн үед илүү тодорхой харагдаж эхэлсэн билээ.

Өнгөрсөн ням гаригт болсон ОХУ-ын Төрийн Думын сонгуулиар В.Путины “Нэгдсэн Орос” нам 238 суудал авч,  сөрөг хүчин Коммунист нам 92, бусад намууд 64, 56 сууд­лыг тус тус авсан дүн гарав. Са­налын хуудас 99,99 хувь тоо­логдсон гэж байгаа. Хэдийгээр “Нэгдсэн Орос” нам өмнөх парла­ментад байсан 300 суудлаасаа цөөрч 238-ыг авсан ч энэ сон­гуу­лийг шударга бус болсон хэмээн ард иргэдийн төлөөлөл эсэр­гүүц­лээ илэрхийлэн жагсч байна. В.Пу­тин болон түүний эргэн тойрны хүмүүст үг хэлж болохгүй бичиг­дээгүй хууль энэ улсад уламж­лаг­даад удаж байна. Гэхдээ одоо Оросын ард түмний тэвчээр ба­рагджээ. Тэд Ходорковскийг ялтан болгож, Березовскийг эх орноос нь хөөж, бас үг санал нэгдээгүй хүмүү­сийг үхдэл болгож байсан гашуун түүхийг мэддэг ч энэ удаад айж суухыг хүсэхгүй байх шиг.  Ялан­гуяа залуу үе нь шударга бусын эсрэг ихээхэн дургүйцэж байна.

Тэд энэ сонгуулийг луйвар бол­сон хэмээн үзэж байгаа бөгөөд эсэргүүцлээ тайван замаар илэр­хийлж жагсаал хийж, эхнээсээ баригдаад байна. Цагаан, цэнхэр бөмбөр цохин эсэргүүцлээ илэр­хийлж, хуучин, шинэ цагаан хоо­лой­гоор үгээ хэлж байгаа залуу­чуудын бичлэгийг “CNN”-ээр хара­хад бахархам санагдаж байлаа.  Ийм мэдээллийг барууны сурвалж­лагч нар л хүргэж байгаа болохоос Орост энэ төрлийн мэдээлэл хаагд­мал байна. Өчигдөр гэхэд бид Москвад ажиллаж, амьдарч байгаа хүнтэй холбогдон мэдээлэл авахыг хүсэхэд “Энд юу болж байгаа юм бэ. Телевизээр янз бүрийн мэдээ­лэл явж байгаа юм алга. Цагдаа нар өндөржүүлсэн байдалд байгаа нь л анзаарагдаж байна” гэж ха­риулсан билээ.  Гэхдээ байдал өөр байгаа юм.

Сонгуулийг шударга бус болсон хэмээн эсэргүүцсэн, үгээ хэлсэн сонгогч, ажиглагч, сэтгүүлч нарыг баривчилж байгаа ч Орост их давалгаа үүсэх нөхцөл байдал нэгэнт бүрэлдлээ хэмээж олон улсын ажиглагчид мэдэгдэж байна. Зөвлөлт гүрний сүүлчийн удирдагч М.Горбачев өнгөрсөн 4-ний өдрийн сонгуулийг шударга бус болсон гэж мэдэгдээд дахин явуулахыг шаард­жээ. Дэлхийн улс төрийн тогтол­цоог өөрчлөхөд түүхэн алхам хийсэн гэгддэг, Нобелийн энх тайвны шагналт түүний энэ үг  коммунист намын гишүүн гэдгээрээ бус харин шударга үнэний төлөө дуугарах хүн гэдгээрээ олон орны хүмүүст ойлгогдож байгааг онцлох ёстой болов уу.  Үүнийг ч барууны­хан заавал анхаарах өнцөг гэж харж байгаа билээ.

Өнгөрсөн УИХ-ын сонгуулиар манай сонгогчид “Бидний өгсөн санал хаачсан бэ” хэмээн бухим­даж, үзэл бодлоо илэрхийлсэн. Харин энэ нь сүүлдээ үймээн са­муун болон хувирч, таван амь эрсдэж одсон харамсалт түүхийг дагуулсан. Орост хэдийгээр сонгог­чид хүчтэй тэмцэл өрнүүлж чадах­гүй байгаа ч Орос шиг хатуу дик­та­туртай газар харин ч чадаж байна хэмээн үнэлэхээс аргагүй юм.  Оросууд шударга бус сонгуулийг  буруутган ирэх бямба гаригт жаг­сахаар шийдээд байгаа ажээ. Жагсаалыг зохион байгуулагчид 2000 орчим хүн ирэх болов уу гэсэн тооцоо гаргаж байгаа бол одоогийн байдлаар 16 мянган хүн “Face book”-ээр дамжуулан оролцохоо мэдэгдсэн байна. 

Үнэхээр В.Путины засаглалын төгсгөл ирж байгаа юм болов уу. В.Путин бас л эзэн суух цагтаа суугаад, явах цагтаа яваад өгчихөж чаддаггүй л хүн юм. В.Путин Оро­сын ард түмний дунд нэр хүндтэй үе байсан уу гэвэл байсан. Хувь улстөрчийн рейтинг нь наян хэдэн хувьтай л байдаг байлаа. Орос улс эдийн засгийн хувьд дахин хүчир­хэгжих цагт тэр төр удирдаж байв. Нефтийн үнэ өсөх бүр Орост шинэ боломжийг өгч байдаг болохоор шилжилтийн үеийн шуурганд уруу­даж байсан Орос босч чадсан. Үүнд В.Путины гавьяа бий.

2000-2004,
2004-2008 оны Ерөнхийлөгчийн бүрэн эрхийн хугацаанд тэр Оросын эзэн байв. Хэрэв үнэхээр энэ улс ардчилсан замналаар явж байгаа бол В.Путин В.Медведевийг хөтлөн гарч ирж, бас өөрөө Ерөнхий сайд болохгүй л байх байлаа. Гэвч тэр эрх мэд­лийн төлөө үхэн хатан зүтгэж байв. Бас дахин сонгогдох боломжийг энэ удаад Д.Медведевт өгөхийг хүссэнгүй. Уг нь Димагийн үед Орост ардчиллын гэгээ үүлний цоорхойгоор өнгөлзөж байна гэж харж болохоор байсан ч жинхэнэ л үүлэн цоорхойн нар шиг хуурамч байж.

 Нэг хэсэг тэр хоёрын тэмцэл илтэд анзаарагдаж эхэлсэн билээ. Д.Медведев “Олигархижсан бүлэг­лэ­лийн эсрэг тэмцэнэ” хэмээн өнгөрсөн нэгдүгээр сард Давосын индрээс мэдэгдээд л, нэг нь баруун хязгаараараа явахад нөгөөх нь зүүн талаараа яваад л. Тухайн үед Д.Медведев эр хүн шиг зоримог байсан ч өнгөрсөн намар намын­хаа хурлаар В.Путиныг Ерөн­хий­лөгчид нэр дэвшихийг зөвшөөрс­нөөрөө хулчгар нэр зүүж орхисон.  Гэхдээ В.Путины улайрал улс төрд сайн зүйл авчрахгүй гэдгийг мэд­сэн­дээ, түүний төгсгөл ирж байгааг мэдэрсэндээ хүлцэнгүй байсан байхыг үгүйсгэх ч аргагүй юм, одоо ингээд харж байхад.

Орос шиг их гүрэнд хатуу гар байх ёстойг үгүйсгэх аргагүй. Гэх­дээ нэг хүнийг тахин шүтэхийн хар түүхээсээ салж ядаж байгаа энэ үндэстэнд зориулаад “Нэгдсэн Орос” нам, В.Путины хүрээл­лийн­хэн нүүр царайгаа сольж болох л байлаа. Арга заль, менежмент хэрэглэж болох  байв. Гэвч В.Путин үүнийг хүлээн зөвшөөрөх тэнхээ байгаагүйдээ түүний төгсгөл ойр­тож байна.

Тэр гурав дахь удаагаа Ерөн­хийлөгч болохоор нам дотроо эрх авсан тэр өдрөөс хойш дургүйцлээ оросууд шууд илэрхийлж эхэлсэн юм. Үүний тод жишээг олон улсын тоймчид цухас дурджээ. Хойд хөршийнхөө телевизийг тогтмол шахам үзэж мэдээлэл авдаг мон­гол­чууд үүнийг тэднээс ч өмнө анзаарсан гэхэд болно. Одоогоос сар орчмын өмнө Москва хотын “Олимпийский” цэнгэлдэх хүрээ­лэнд дүрэмгүй зодооны дэлхийн аварга Федор Емельяненко Аме­рикийн Жэфф Монсонтой зодол­дож, тэрийг нь Орос орон тэр аяараа хөхин баясч үзсэн юм. Сүүлийн жилүүдэд 5000 хүнээс илүү дүүрч үзээгүй гэх тэр цэнгэл­дэхэд 20 мянган хүн хуран цугларч, Япон, АНУ-д л зодолдохоос нутаг­таа ховор үзэгддэг “Баавгай”-даа хүндэтгэл үзүүлж байв даа. Мань нөхөр ч ялж, рингэн дээр ид ялал­тыг нь зарлаж байх үед В.Путин ч сэтгэл нь хөөрч гараад очсон. Харин тэгэхэд нь тэнд цугларсан хүмүүс тэр чигээрээ дургүйцэж байгаагаа илэрхийлсэн нь эрхэм Ерөнхий сайдыг тун эвгүй байдалд оруулсан юм. Манай улстөрчид Асашёорюүг ид байхад дагаж гүйгээд байдаг шиг л юм болсон хэрэг шүү дээ. Гэхдээ В.Путин хүмүүсээс тийм эсэргүүцэл ирнэ хэмээн ер санаагүй байсан нь илт болсон билээ. Уг нь сонгуулийн өмнө пиар хийх санаатай байсан ч алга ташиж эсэргүүцлээ илэрхийл­дэг оросууд сүүлдээ бүр шүгэлдэж эхэлсэн. Түг таг гээд үгээ давтсаар рингээс буухаас аргагүй болсон Ерөнхий сайд ямар их мэгдсэн нь маргаашийн үйлдлүүдээс нь ил болсон юм. Хэвлэлийн албанаас нь хүмүүсийн тэгтэл эсэргүүцсэн нь В.Путинд биш америк тамирчинд зориулсан гэсэн мэдэгдэл гаргаж, тэмцээний бичлэгийг  телевизээр давтахдаа шүгэлдсэн дуу чимээг таг дарсан байлаа.  Гэвч оросууд үнэнийг худал болгох гэж байгаад дургүйцэж, “Путин, чи зайлаач, чиний хэрэг байхгүй” гэж орилж байсан үзэгчдийн бичлэгийг утсаа­раа баримтжуулснаа интернэтэд энд тэндгүй байрлуулж эхэлсэн.  Бас америк боксчинд хандан твит­терээр “Оросын ард түмнийг хайр­лан алх хадуурыг хүртэл биедээ шивүүлсэн чамд бид дургүйцээгүй ээ” гэсэн захидлыг үй түмээр нь илгээсэн.  Энэ бол энгийн нуршуу түүх мэт боловч В.Путин гэдэг дарангуйлагчаас хүмүүс залхсаны баталгаа юм. Тэр ч өөрөө дэндүү сандарсан. Ямар сайндаа л энэ явдлаас хоёр хоногийн дараа Санкт Петербург хотод хар там­хины эсрэг цуглаанд үг хэлэх байсан Ерөнхий сайд ажилтай гээд ирээгүй байхав дээ. Тэр үнэнээс айсан биз. Гэхдээ өнгөрсөн он жилүүдэд хязгааргүй эрх мэдлийг төвлөрүүлж чадсаныхаа хүчинд “Нэгдсэн Орос” нам сонгуульд дахин олонхи болов. Сонгуулийн дүн туйлын үнэн байдаггүй, хүсвэл СЕХ  эрх баригчдад зориулан өөрчилж чаддаг гэдгийг бид мэдэх хойно. Энэ сонгуулийн дүн хуудуу­тай болсон гэж жагсч байгаа улсууд мэдэгдэж байгаа нь оргүй биш биз ээ.

Үнэндээ
ч энэ сонгуулиар В.Путины намд 99 хувийн санал өгсөн газар нь Чечень байсан гэхээр
хэн итгэх билээ. Бүр Чечень
шүү. Энэ удаад жагсагчид бариг­даж,
магадгүй цус асгарч, шо­ронгийн
ялтан болохыг үгүйсгэх аргагүй. Ирэх гуравдугаар сарын Ерөнхийлөгчийн сонгуульд тэр ялах л байх. Гэхдээ ард түмэн бол номхон тэмээ шиг ноолуулаад
байхгүй. Тэр тусмаа аугаа
орос үндэстэн үү.

Categories
редакцийн-нийтлэл

Сонгуулийн бэлтгэл бааз Бага хурлын тухай

Шатсан байшингийн суурин дээр сүндэрлэсэн даруйдаа дахин бас шатаад амжсан Тусгаар тогт­нолын ордонд өчигдөр МАН-ын Бага хурал болов. Яг л хуучны адил намынхаа эсрэг зүйл ярьж болох­гүй, ардчиллын үнэр үнэр­түүлж болохгүй гэсэн зааварчил­гаатай болсон энэ хурлаас гишүүд нь ч олон зүйлийг хүлээгээгүй биз. Хурал эхлэхээс өмнө намын Удир­дах Зөвлөл хуралдаж, асуудлаа хайрцаглаад ороод ирдэг тэр л зарчмаараа болжээ.

Харин ч өнгөрсөн жилийн Бага хурал нь намын нэр солихын эсрэг үнэндээ намынхаа удирдлагуудын эсрэг байсан Н.Энхбаярыг багтааж байснаараа бас сонирхолтой, амьд болж байсан юм. Энэ удаа­гийн хувьд дотор нь байсан “дайс­нууд” нь гаднаа гарч, тэдний хэлд­гээр ус тос нь ялгарсан болохоор хуучны коммунист хэлбэрийн ху­рал болоход саад болсонгүй бо­лолтой. Тэгээд ч гишүүддээ удирд­лагуудаас аятай байхыг үүрэгдсэн болохоор хичээхээс ч өөр яахав.

Мэдээж, Бага хурал МАН-ын дарга, Ерөнхий сайд Сү.Батбол­дын илтгэлээр эхэлсэн. Удаан хугацаанд орон байргүй байж байгаад будаг нь ханхалсан бас жаахан утаа угаар үнэртсэн ч гэсэн шинэ байшиндаа хурлаа хийж байгаа болохоор сайхан л байсан байж таарна. Тэрбээр хийсэн бү­тээ­сэн, намынхаа өргөжиж дэвжиж байгаатай холбоотой олон барим­тыг дурдсан илтгэл уншжээ. Нэгэнт бид намын гишүүд биш учраас бидэнд намтай холбоотой мэдээл­лээс илүү зарим нэг мэдээ анхаа­рал татаад байгаа юм. Тухайлбал, бүх аймаг, хот, сум, баг, хороо суурин газарт МАН-ын 1793 үүр ажиллаж байгаа ажээ. Тэгээд МАН-ын Удирдах зөвлөлөөс анхан болон дунд шатны байгууллагуу­дын тоног төхөөрөмжийн шинэч­лэлд зориулан 600 гаруй сая төгрө­гийн хөрөнгө оруулалтыг нэг жи­лийн дотор хийсэн юм байна. Энэ онд гэхэд 100 орчим сумын намын хороогоо өөрийн гэсэн байртай болгожээ.

Бас намынхаа гишүүдийн бо­ловс­ролд ихээхэн анхаарч, 310 хүнийг ОХУ, БНХАУ, АНУ, Англи гээд гадаад орнуудад сургуульд явуулсан гэнэ. Мөн Монгол Улсын Ерөнхий сайд, тус намын дарга С.Батболд Д.Сүхбаатар, Х.Чой­балсан нарын хөшөөг хү­рэлд­сэн, Тусгаар тогтнолын орд­ноо ашиг­лалтад оруулсан гээд есөн бүтээлч ажлыг намынхаа 90 жилийн ойд зориулсан бэлэг хэ­мээж буйгаа илтгэлдээ дурджээ. Тэрбээр бай­рыг нь ашиглалтад оруулахад туслалцаа үзүүлсэн хүмүүс бас Соц Интернийн гишүүн намууддаа хурлынхаа индэр дээрээс талар­хал илэрхийлж байна лээ. Манай нийслэлийн зүрхэн тольтод боссон уг байрыг босгоход гадаадын намуудаас дэмжлэг үзүүлсэн ажээ. Энэ бол анхаарлын гадна үлдээх зүйл биш шиг санагдсан. Мөн хоёр хөршийнхөө улс төрийн намуудтай нягт ажиллаж байгаагаа дурдаж байна лээ. Бодвол манай хоёр хөршийн намууд гэхээр коммунист угшилтай намууд биз ээ.

Ер нь энэ хуралд суусан МАН-ын Бага хурлын гишүүд ч гэсэн асар их коммунизм үнэртсэн на­мынхаа хуралд таатай хандахгүй байгаагаа нухацтайгаар нэг нэгдээ илэрхийлж байсан би­лээ. Зарим шинэ тутам гишүүд нь нийгмийн ардчиллын тухай ярьдаг энэ нам одоо ч баас хатавч өмхий­гөө тавь­даггүй гэдэг шиг коммунист арга барилаа халж чадахгүй бай­гаад гутарч байгаагаа өөр хоорон­доо хөөрөлдөөд авч.

Намын даргын нь илтгэлд дур­дагдсанаар намын гишүүний шинэ­чилсэн бүртгэлээр 163882 гишүүн­тэй гэсэн албан ёсны тоо гарчээ.

Монголд хамгийн эрэлттэй ал­бан тушаалыг тодруул гэвэл магад МАН-ын Бага хурлын гишүүн гэсэн нэр дээгүүр давхих биз. Энэ намын Бага хурлын гишүүний тоо 256 атал одоо горилогчдын тоо 350 гараад явчихсан байгаа гэсэн. Өчигдөр болсон Бага хурлын эхэнд хоёр гишүүн нас барсныг зарлаад, эмгэнэл илэрхийлжээ. Мэдээж, хамтран зүтгэгчид нь хорвоогоос халих эмгэнэлтэй байлгүй яахав, гэхдээ тэнд горилогсдоор ирсэн хүмүүс дүүрэн байсан болохоор энэ мэдээллийг огт өөр өнгө аясаар хүлээж авсан гэнэ лээ. Үүнийг МАН-ын Бага хурлын гишүүд өөрсдөө хэлж байсан. “Бага хурлын гишүүн болох тийм л чухал болчихсон бололтой. Тэнд байсан хүмүүс бараг л инээдээ нууж байсан шүү” гэж. Гишүүдийн тооноос нь давсан хүмүүс Бага хурлын гишүүн болох гэж байгаа гэхээр жинхэнэ уралдаж уралцдаг юм байлгүй.

Энэ өдөр МАН-ын дэргэдэх эмэгтэйчүүдийн байгууллага НАМЭХ-ын зүгээс Бага хурлын гишүүнд санал болгох хүмүүсээ оруулж ирсэн байна. Уг нь өнгөр­сөн жилийн Бага хурлын өмнө МАСЭХ-ны ерөнхийлөгчийг өөр­чилж, НАМЭХ болгочих байсан боловч Ардын намын хүүхнүүдийн амбиц дийлдээгүй учраас өөрч­лөлт хийж чадалгүй ноднин жи­лийн Бага хуралтай тулсан юм. Харин өнгөрсөн хавар их хурлаа хийж, НАМЭХ болж нэрээ өөрчлөн, УИХ-ын гишүүн Д.Оюунхоролыг ерөнхийлөгчөөрөө сонгосноор энэ удаад тэд Бага хуралд шинэ хү­мүүсээ нэр дэвшүүлэх эрхтэй бо­лов. Энэ удаад нэр дэвшүүлсэн хүмүүс нь “Д.Оюунхоролын гарын хүмүүс байна, мэдээж дараа нь өөрийнхөөрөө л дуугарах хүмүү­сийг оруулж ирэх нь ойлгомжтой” гэж хүүхнүүд нь тэр хавиараа баа­хан шивэр авир гэсэн сурагтай.

Уг холбооноос дөрвөн эмэгтэй Бага хуралд орсон байна.

Бага хурлын үеэр МАН-ын ги­шүүд ойлгох байх харин бид ойл­гож чадахгүй нэгэн яриа болсон нь намын гишүүд нэг үзэл бодолтой байх тухай хөндөгджээ. Намын дарга ч илтгэлдээ ганцаарчилсан тоглолт хийж болохгүй гэснийг нь зөв гэж хүлээн авах гишүүд ч бай­сан бол бас үүгээрээ олон ургальч үзлийг хорих нь гэж үзэгсэд ч байжээ.

МАН-ын хувьд ёс зүйн дүрэмтэй болж байгаа бөгөөд энэ тухайд нэлээд ярилцжээ. Ёс зүйн талаас хөндөж тавьсан нь сайн хэрэг боллоо. Улс төрийн ёс зүй гэж зүйл алга болсныг сайн хөндөх хэрэгтэй гэх хэсэг ч нэлээд байжээ. Зарим босч үг хэлсэн хүмүүс намынхаа эсрэг үг хэлсэн хүмүүст хатуу шийт­гэл оногдуулах ёстой гэж их ярьжээ. Энэ нам дотроо үзэл бод­лын зө­рүүг үгүй болгох тухай биш харин ёс зүйн зөрүүтэй байдлаа өөрчлөх тухай яривал ард түмэнд л сайн байх. Мөн хариуцлагын тухай ярьдаг болох тухай, үүнийг нэр дэвших эрхтэй холбох талаар их ярьсан нь гишүүдэд нь нэгийг бодуулсан биз. Ерөнхий сайдаа огцруулах талаар өөр намынхан­тай нийлээд яваад байгаа гэж зарим намын гишүүдээ шүүмжлэх хүмүүс байсан ч хурлыг аль болох дэвэр­гэхгүй байж байгаад нам­дуухан болох аргыг аль аль талдаа баримталжээ.

Энэ удаагийн Бага хурал 2012 оны УИХ-ын Сонгуулийн өмнө болж буй хурал гэдгээрээ онцлог. Тийм ч учраас намын удирдла­гуудын зүгээс сонгуулийн өмнө хүчээ нэмэгдүүлж бүтцийн өөрч­лөлт хийхээр шийдсэн нь нэлээд эртнээс мэдэгдэж байсан. Бас энэ удаад орон тооны хоёр, орон тооны бус хоёр нарийн бичгийн дарга оруулж ирж байгаа нь ч сонгуулийн өмнөх бэлтгэл биз ээ.  Эмэгтэйчүүдийн төлөөлөл болж намын нарийн бичгийн даргатай болж байгаа бөгөөд уг орон тоон дээр бат­лагдсан Д.Сарангэрэлийн хувьд энэ намтай холбогдсон түүх боги­нохон. Гэхдээ намд орж ирэн­гүүтээ Удирдах Зөвлөлийн гишүүн болсон зангарагийг нь бодохоор нарийн бичгийн дарга болсонд нь гайхах зүйлгүй. Бодвол түүний хэвлэл мэдээллийн салбар дахь туршла­гыг нь сонгуулиар ашиглах төлөв­лөгөөтэй байх. Өөр нэг на­рийн бичгийн дарга нь НАМЗХ-ны ерөн­хийлөгч Л.Оюун-Эрдэнэ. На­мын дэргэдэх залуучуудын бай­гуул­­лагыг удирдахаасаа өмнө МАН-ын Улс төрийн байгуулалтын хэлт­сийн даргаар ажиллаж байсан болохоор намын аппаратад орж ажиллах нь шинэ зүйл огт биш. Шинээр гарч ирж буй стратегич гэж нам дотор нь түүний талаар ярил­цах болсныг дуулбал, түүний энэ чадварт нь намын зүгээс най­даж байж болох юм. Бас л Удир­дах зөвлөлийн гишүүн. Энэ өдөр на­маа­саа итгэл хүлээж шинэ албан тушаал хүртсэн гурав дахь Удир­дах зөвлөлийн гишүүн нь УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Ө.Энхтүв­шин. Цагтаа намдаа ерөнхий на­рийн бичгийн даргаар ажиллаж явсан түүнд нарийн бичгийн ажлыг орон тооны бусаар хашихад түвэг болохгүй биз. Хотын фракцын гэсэн тодотголтой, Нийслэлийн засаг даргын орлогч Ц.Цогзолмаа мөн орон тооны бус нарийн бич­гийн даргаар сонгогдсон байна. Түүнийг НАМЭХ-ны ерөнхийлөг­чид өрсөлдөх хүчтэй нэр дэвшигч гэж үзэгсэд олон байсан ч намын бодлогоор нэрээ татаж байсан санагдаж байна. Ерөнхийдөө МАН нарийн бичгийн дарга нарынхаа чиг үүргийг нарийсгаж, шинээр хүмүүс сонгож, сонгохдоо нэлээд шигшиж, хүлээн зөвшөөрөгдөх хүмүүсээр эгнээгээ тэлсэн нь арга­гүй л сонгууль дөхсөнийг баталж байна. Дээрээс нь МАХН хэмээх амаргүй нэр, угшил нэгтэн байгаа учраас хичээх нь хэр биз. Хөдөө орон нутагт МАХН, МАН-ыг хүмүүс төдийлөн ялгаж салгаж ойлгохгүй байгаа нь энэ намынхны хамгийн ойрын үед шийдвэрлэх асуудал хэмээж, өрсөлдөгчөө АН бус МАХН гэж харж байгаа нь ч энэ хурлаас тод мэдрэгджээ. Ерөнхийдөө МАН-ын Бага хурал болдог зохиолын­хоо дагуу болсноороо онцлогдох зүйлгүй. Сонгуулийн өмнөх гэдгээ­рээ “дайн”-ы өмнөх бэлтгэл бааз нь энэ Бага хурал болж өглөө.

Categories
редакцийн-нийтлэл

Гуниггүй он жилүүд

Сильвио Берлускони Ерөнхий сайдын суудлаасаа 2011 оны арваннэгдүгээр сарын 12-ны өдөр огцров. Италийн Ерөнхий сайдын суудалд он удаан суусан тэр эрхэм халаагаа гэв гэнэтхэн өгчихлөө. Түүнд энэ суудлаасаа татгалзвал татгалзахаар, өгвөл өгчихөөр хатуухан, халуухан өд­рүүд зөндөө л байсан. Одоо ч өгөхөөс аргагүй дээ гэмээр хоногуудад юу ч болоо­гүй мэт гудиггүйхэн алх­даг байсан болохоор нь түү­нийг энэ удаад огцорчихно гэж олон хүн санаагүй байсан биз.

Тэрбээр Ерөнхий сайдаар 1994-1995 онд, 2001-2006 онд, 2008-2011 онд нийт гурван удаа томилогдон ажиллаж байснаараа дэлхийн II дайны дараахь Италид хамгийн өнө удаанаар гүйцэтгэх засаглалын тэргүүний албыг хаш­сан эрхэмд тооцогддог. Бас нэгд­сэн Итали улсын түүхэнд Бенито Мусолони, Жиованни Жиолитти нарын дараагаар суудалдаа удаан тухалсан Ерөнхий сайд ч хэмээн би­чиг­ддэг билээ. Мөн Дэлхийн их 8-ыг бас удаан буюу хоёр жил удирд­сан удирдагч гэдэг дээд амжилт түүнд бий. Мэдээж, энэ он цагуудад түүнтэй холбоотой асуудлууд га­рах­гүй байна ч гэж юу байхав, өрнөхгүй байна ч гэж хаа байхав. Дээрээс нь тийм их хөдөлгөөнтэй, галтай хөстэй, дэггүй, хүүхэмсэг эрд.

Дэлхий нийтээрээ түүнийг чухам ид гялалзаж яваа эр гэж санадаг байх. Уг нь “Галсан мээ­рэн­гийн авгай гэж шал хөгшин юм байхгүй юу” гэдэг шиг С.Берлускони чинь үнэндээ шал хөгшин нөхөр л дөө.

1936 онд тэрбээр одоогийн загварын төв гэж онцолдог Миланд дундаж амьдралтай нэгэн гэр бүлд төрсөн байгаа юм. Аав нь банкны ажилтан, ээж нь Сильвио тэргүүтэй гурван хүүхдээ асардаг тийм нэгэн эмэгтэй байж.

Мань хүний хувьд дунд сургуу­лиа төгсөөд хуулийн чиглэлээр сурал­цаж, удалгүй бизнесийн салбарт хөл тавьж, улмаар төр рүү орсон нь дийлэнх улстөрчидтэй адил. Гэхдээ түүнд улстөрчдийнх шиг ингэчих вий, үгүй бол тэгээд бо­догд­чих вий гэсэн айдсын шавар баг бага юм шиг. Тэр оюутан бай­хаа­саа басс гитар тоглодог, дууны үг бичдэг, нийгмийн идэвхтэй гээд манайхны “таван халуун” гээд чадахгүй юмгүй нөхөд байдаг шиг тийм нэгэн явсан бололтой. Бас дээрээс нь спортын улаан хор­хой­тон.

Сүүлийн үед хараад байхад зарим дэлхийн том удирдагч нар, улстөрчид спортод үхэн хатан татагддаг мэтээр харагдахыг хүсэх болж. Энэ нь энгийн хүмүүст таа­лаг­даж, тэдний нэг гэдгийг нь баталдаг талтай. Үнэхээр спортод дуртай бол яах ч билээ. Гэхдээ дийлэнх нь тийм дүр бүтээхийг хүсэх нь бий. Тухайлбал жүдоч В.Путиний орлогч С.Иванов Ар­мийн спортын төв клуб ЦСКА-г дэмжигч гэдгийнхээ хувьд хааяа сагсан бөмбөг, хөлбөмбөгийн тэмцээн дээр сууж байгаа нь ха­рагд­даг. Зүгээр л тэнд байхын тулд байгаа гэдэг нь ямар ч хүнд ойл­гомж­той суудаг. Бас болоогүй ороолт энэ тэрийг нь зүүчихсэн ч байх шиг.

Харин С.Берлускони бол өөр. Мэдээж тэр “AC Милан” гээд хөл­бөм­бөгийн том багтай. Гэхдээ тэр спортыг шүтсэн шиг шүтэж, үзсэн шиг үздэг нөхөр билээ. Тэр үзэж суугаагаа хүмүүст харагдуулахын тулд биш харин үзэж байгаагаа мэдэгдүүлэхгүйн тулд баганын цаанаас үзэж байхнээ сийхгүй. Хааяа чухал хуралдаанаар мань хүн тасалчихаад хөл­бөм­бөгийн стадионд сууж хэл аманд орж байсан удаа ч бий. Хамгийн гол нь энэ бүгдийг нуршсан нь дүр бүтээж бус харин байгаагаараа, хүслээрээ амьдарч ирсний ба­талгаа нь болох учраас тэр.

Хүний амьдрал богинохон мөртлөө урт, урт атлаа товч. Бас жаргал хийгээд зовлон ээлжилсэн даваа гүвээгээр өгсч, уруудаж явдаг. Хэн нэгний бахадсан сэт­гэлээр баярлан жигүүрлэж, хэн нэгний жад мэт сүлбэсэн харцанд шархдаж явдаг. Гэхдээ хэвэнд цутгасан мэт энэ амьдралд хэн гуниггүй явна тэр өөрийнхөөрөө аз жаргалтай явдаг мэт санагддаг аа. Хорвоогийн тоос хөдөлгөж яваа­гийнх янз бүрийн үйлд ороолдож, хэл аманд хутгалддаг л биз. Ялангуяа улс төрийн тогоонд чанагдаж байгаа хүмүүст энэ хам­гийн ойр учирдаг зүйл. Харин түүнийг давсан шиг давж, гуниг­гүйхэн шиг гудиггүй шиг явж чадсан нь хождог юм шиг.

Сильвио Берлускони тийм л гуниггүй амьдралаар явж ирсэн юм болов уу.

Тэр бол улстөрч гэдгээ харуу­лахаас өмнө бизнесч гэдгээ ба­талсан нэгэн байв. Жараад онд барилгын салбараас ажлаа эхэлж, 10 мянган айлын орон сууцыг барьж, багагүй мөнгөжсөн тэр хэвлэл мэдээллийн салбарт жижигхэн кабелийн суваг авч анхлан хөл тавьжээ. Харин тэр нь улам бүр өргөжсөөр Итали гэдэг улсын хэв­лэл мэдээллийн салбар зөвхөн энэ хүний гарт байдаг гэсэн ойлголт дэлхий дахинаа буух болсон. Түүнийг сонирхлын зөрчилтэй гээд эл байдлаа боль гэж байнга шахна, мань хүн Ерөнхий сайд бо­ло­хынхоо өмнө нь ёс юм шиг хувь хувьцаагаа зарна гэж зарлана. Эцэст нь зарсан нь үгүй л байдаг байв.

Түүнийг улстөрч хүнд байх чанар болсон буурь суурь, нягт чанд байдал үгүй гэж шүүмжлэх нь их. Ер нь улстөрч хүн гэж буурьтай хүнийг хэлнэ гэж хэн хэлсэн юм бэ. Харин улс төр хийж чаддаг хүнийг л хийдэг байх.  Түүнтэй холбогдсон элдэв яриа хөөрөөг дурсана гэвэл дуусахын аргагүй. Мафийнхантай холбоотой, сэтгүүлч нартай шүүх­дэлцдэг, нас залуу бүсгүйчүүдтэй нэр холбогддог, биеэ үнэлэгч нарт цаг хийгээд мөнгөө гарзаддаг, иймэр­хүү холбоо сүлбээгээрээ М.Каддафитай ойр байсан, нэр хүндээ өсгөхийн тулд хамраа хуга цохиулсан үйл ажиллагааг зохион байгуулсан гэх мэтээр ерөөсөө дуусахын аргагүй. Нэр хүнд нь нэлээд унасан байх тэр ахуйд гудамжны нөхөрт хамраа таглуулж, цус нус болсон зургаа баахан гаргасны эцэст рейтинг нь өсөөд ирж байх жишээтэй.

Гэхдээ түүний амьдралд бүс­гүй­чүүд маш том байр суурь эзэлж ирснийг хэлэх хэрэгтэй. Гуч дөхсөн хойноо буюу 1965 онд Карла Элвиратай гэрлэж хоёр хүүхдийн ээж аав болж, наяад оны эхээр жүжигчин Вероника Лариотой холбогдох болж, гурван хүүхдийн эцэг, эх болсон. Вероника Бер­лус­конигийн охиныг 1984 онд төрүүлж байхад тэр эхний эхнэрээсээ ал­бан ёсоор гэрлэлтээ салгаагүй л байсан гэдэг. Тэрбээр жүжигчин бүсгүйг хоёр, хоёр жилийн зайтай гурван ч хүүхдийг нь гаргачихаад байхад гэрлэлтээ батлуулахгүй явсаар сая 1990 онд бүртгүүлжээ. Гэвч түүний хүүхнүүдтэй нэр хол­богдох асуудал хэрээс хэтэрсэн учир 2009 онд салсан. Мэдээж тэр болтлоо олон зүйл болсон. Эхний паянгууд дэлгэгдэх үед эхнэртээ зориулж өр уярам захиаг тэр би­чиж байсан нь хэвлэлд дэлгэгдэж байсан билээ. Бас тэр нь хоосон үг байсан нь дараа дараагийн алх­муудаас нь харагдсан. Мэдээж, гоонь эр болсны дараагаас хүүх­нүүд­тэй нэр холбогдсон яриа бо­роо­ны дараахь мөөг шиг шуурсан. Охид бүсгүйчүүдийн нас нь улам залуужсаар 16 нас ч хүрч байх шиг.

Англи хэлэнд айл гэрийн бүтэл муутай хүүхдийг хар хонь гэдэг. Европын холбоо гэсэн гэр бүлийн хар хонь нь эдийн засгийн хям­ралтай Грек улс. Харин өнөөх хар хоньтой Их найман гүрний нэг Итали нэг холбоонд ороод зогс­чих­сон билээ. Мэдээж үүнд гүйцэтгэх засаглалыг тэргүүлж байгаа С.Бер­лус­кони заавал чиг холбогдож таарна. Италийн Засгийн газар асуудлаа шийдэх гэж бонд гаргаад л, орон нутгийн банкууд нь түүнийг худалдаж аваад л. Залуучууд нь ажил төрөл алга, амьдрал ахуй хэцүү байна гэж жагсаал хийгээд л. Мэдээж, асуудал чамгүй хэцүүд­сэн. Ямартай л Европ тивийн хаана нийгмийн халамж, боломж сайн орон байна тэнд очоод суурьш­даг монголчууд Италид хуруу дарам цөөн байхав. Энэ нь тухайн орныг ойлгох бас нэгэн сэжим.

Евро бүсийн асуудал хурцаар яригдах энэ үед, С.Берлускони Ерөнхийлөгчтэйгөө уулзаад гарч ирээд л огцорч буйгаа мэдэгдлээ. Тэр гуниггүйхэн эр шаггүй улстөрч гэдгээ олон зүйлээр баталж байна. Тэр яг хэрэгтэй гэж үзсэн үедээ өөрөө холдчихож чадаж байна. Ингэхдээ өөрийнхөө үгээр байж чадах Марио Монтигоор залгамж­луулж байгааг нь түүний башир заль гэхээс өөр юу гэх билээ. Олон сайхан мисс сайд нартай С.Бер­лус­конигийн Засгийн газрыг стан­дарт бус Засгийн газар гэдэг бай­лаа. Харин одоо баахан про­фес­сор цуглуулсан Мариогийн Засгийн газрыг хамгийн тэнэг, хамгийн стандарт бус Засгийн газар хэмээж байна. Учир нь Ерөнхий сайд Марио Монти багаа дан эр­дэм­т­дээр бүрдүүлэв. Харин өнгөрсөн лхагва гаригт зарлагдсан түүний багийг “нэг ч улстөрчгүй Засгийн газар” гэж хэвлэлүүд гайхшран бичиж байна. Уг нь улс төрийг улстөрчид л хийдэгсэн.

Харин улстөрчгүй энэ Засгийн газрын ард талд улстөрч С.Бер­лускониг байгаа гэж болох юм. Одоо тэр Дэн Сяопинь шиг Италийг хөшигний ардаас удирдах болно. Тэр сая албан тушаалаа барь­цаа­лан шинэчлэлээ аварч чадлаа. Одоо тэр тайзны голд бус харин араас нь утсан хүүхэл­дэй­нүүдээ хөдөлгөх болно. Ёстой гудиггүй эр дээ.

Ер нь улстөрчид ард нь суугаад өмнөө эрдэмтдийг барьдаг үе ч ирж байж болох юм. Францын Бонапарт Напелеон орчин цагийн төрт засгийг байгуулахдаа нэрт математикч Эллерийг боловс­ро­лын сайдаараа тавьжээ. Нэг сарын дараа сайдаа дуудаад “За, та явж хичээлээ заа” гээд явуулсан бай­даг. Улс төрийг эрдэмтэд хийдэггүй гэдэг л тэр байж. Харин одоо баахан эрдэмтнээр кабинетаа дүүргэсэн Марио Монтид супер Марио гэсэн хочийг хэдийнэ өгчээ. Яагаав, супер Марио гээд ком­пью­терийн тоглоом байдаг даа. Нэг жижигхэн нөхрийг өндөрхөн үсэр­гэ­вэл дээш дүүлж оноо цуглуулж, зоос түүгээд л, хүчтэй буулгахад амьтан гишгэж алаад л. Тоглуулж байгаа хүн нь сайн тоглож өгвөл супер Марио овоохон тоглочихдог. Өнөөгийн Ерөнхий сайд супер Мариог тоглуулагч нь С.Бер­лус­ко­ни байх болно. Тайзнаа гуниг­гүй­хэн он жилүүдийг үдэж асан С.Бер­лус­кони одоо сэнтийний араас эрдэмтэн хүүхэлдэйнүүдийг хөдөл­гөн хөгжилтэйхэн амьдрах нь ээ.

Categories
редакцийн-нийтлэл

Н.Алтанхуяг: Би багийн тоглогч хүн

УИХын гишүүн, Зас­гийн газрын гишүүн, Тэргүүн шадар сайд, АНын дарга Н.Алтан­хуягтай ярилцлаа.

Та сүүлийн өдрүү­дэд хэвлэлийнхэн, сэт­гүүлч­дийн хамгийн эрэлттэй хүн болоод байна. Учир нь таныг эзгүй байхад танай на­мын гишүүн, бас хам­тарсан Засгийн газарт тантай хамт ажилладаг нэг сайд чинь нэлээд хатуухан ярилцлага өг­сөн. Гэхдээ ярилцлагаа үүнээс эхлээд яахав. Харин та ямар хэргээр хааш зорчив, ямар уч­раас эзгүй байж таарав аа гэж асуумаар байна.

-Би
ОХУ, Их Британи Умард Ирландын нэгд­сэн Вант улсад очоод  өнгөрсөн мягмар гаригт ирлээ. Үндсэн гурван зо­рилготой явсан. Юуны өмнө ОХУ-ын Санкт Пе­тербург хотод болсон ШХАБ-ын (Шанхайн хам­тын ажиллагааны бай­гуул­лага) Засгийн газрын тэргүүнүүдийн уулзалтад Монгол Улсаа төлөөлж оролцсон. Энэ хуралд ОХУ-аас гэхэд Засгийн газрын тэргүүн В.Путин, БНХАУ-ын Ерөнхий сайд Вянь Зябао тэргүүтэй Ерөн­хий сайд нар, зарим орны орлогч нар оролц­сон л доо. Манай улс ажиглагч статустай оролц­дог ШХАБ-ын хур­лын үеэр тус байгуулла­гад ойрын үед тулгарч буй асуудал юу байна, АНУ, Европын бүсийн хямрал манай бүс нутагт ирэх болбол ямар бэлтгэл базаах хэрэгтэй юм, эдийн засгийн хувьд хэр­хэн хамтарч ажиллах вэ гээд өргөн хүрээнд ярилц­сан. Бидний хувьд Монгол Улсаар дайрч өнгөрөх авто зам, хийн хоолойн хувьд хамтран ажиллах хүсэлтэйгээ илэрхийллээ. Нэгэнт ОХУ-д очсоных Монгол Оросын Засгийн газар хоорондын комис­сын Монгол талын дар­гын хувьд нөгөө талын дарга, Тээврийн сайд И.Ле­витинтэй уулзаад авав. Өнгөрсөн хавар Улаан-Үдэд хийсэн уул­залтын үр дүнг ярьж, бен­зин шатахууны хангалт, манайд оруулж ирж бай­гаа малын вакцин эхнээ­сээ ороод ирсэн тухай, Улаанбаатар төмөр за­мын дүрмийн сангаа хоёр талаасаа тус бүр 125 сая ам.доллараар нэмэг­дүүлэхээр ярьсны дагуу бид төсөвтөө суулгаж бай­гаагаа хэллээ. Мэ­дээж, хоёр улсын хоо­ронд дипломат харилцаа тогтоосны 90 жилийн ой, бас Таван толгойн тен­дерт Оросын тал орол­цож байгаа талаар ярь­сан. Манайд асуудал ид яригдаад явж байгаа, та­най талаас асуудлаа ший­дэж, ойлгуулж чадах хүмүүсээ яриа хэлэл­цээн­дээ оруулаарай гэдгийг хэлсэн. Хилийн дээс алх­сан гурав дахь зорилго маань Лондонд болсон Дэлхийн Ардчилсан хол­бооны гишүүн намуудын дарга нарын хуралд орол­цох явдал байлаа. Энэ байгууллага Төв болоод барууны чигийн намуудыг нэгтгэсэн олон улсын байгууллага л даа. Манай нам энэ байгуул­лагын албан бус гишүү­нээр арав орчим жил байсны эцэст энэ удаад албан ёсны бүрэн эрхт гишүүн нь болсон юм. Тус хурал дээр үг хэлэхдээ Монгол Улс хорин жи­лийн өмнө ардчилсан хувьсгал хийж, манай орон улсын зэрэгтэй улс болоход АН-ын оруулсан хувь нэмэр их байсныг дурдаж, одоо ард иргэдээ эдийн засгийн эрх чө­лөөтэй амьдруулахын тулд бид зорьж ажиллаж байна гэсэн.

Мөн Ардчилсан ор­нуу­дын Хамтын нийгэм­лэгийг Монгол Улс дарга­лах болсон, Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж үүнд чухал үүрэгтэй оролцож бай­гааг онцолж хэлсэн. Тэнд байсан гадныхан ч Мон­гол Улс Азид ардчилсан хувьсгалыг цогцоор нь гайхалтай хийж чадсан орон гэдгийг, тэр хувьс­галыг хийхэд АН оройлж оролцсон гэдгийг нь хэ­дийнэ мэддэг болсон бай­на. Албан ёсны ги­шүү­нээр элсэхэд баяр­тай, талархалтай бай­гаагаа илэрхийлж бай­сан даа.

Дэлхийн Ардчил­сан хүчний холбоог ба­рууны чигийн намуу­дын Соц Интерн гээд ойлгочиход болох уу?

-Тийм  дээ. МАН-ын­хан Соц Интернийн ги­шүүн гэдэг шиг АН Дэл­хийн ардчилсан холбоо­ны гишүүн боллоо гэсэн үг.

Дэлхийн чиг ханд­лага ардчилал гээд л байдаг. Ингэхэд танай холбооны гишүүн ор­нуудын хэд нь өөрийн­хөө оронд эрх барьж байдаг юм бол?

-Европын
холбооны 27 орны 22-т нь энэ чиг­лэлийн намууд засгийн эрхийг барьж байна. Уг хурал дээр яригдсан нэг зүйл бол сүүлийн үед дэлхий нийтээр төв бо­лоод баруун чигийн на­муудыг дэмждэг болж байна. Энэ намуудын үнэ цэнэ нь хүний эрх чөлөө, эдийн засгийн эрх чөлөө, данхар төрийг цомхон байлгах гэж оролддог, халамжийг хавтгайруу­лах бус зөв зохистой ху­ваа­рилахыг илүүд үздэг, хариуцлагатай ил тод байдлыг дэмждэгт байд­гийг нэлээд ярьсан л даа.

Ямартай ч танайх энэ холбооныхоо бүрэн эрхт гишүүн болжээ. Харин одоо өмнөх асуулт руугаа оръё. Та Х.Баттулга сайдын ярилц­лагыг хэзээ унш­сан бэ. Гадаадад байх­даа юу, энд ирээд үү?

-Би
энд ирээд гүйлгэж харсан. Нэг бүрчлэн сайн уншаагүй дээ.

Танд юу бодогдов?

-Бодогдоод байх зүйл юу байхав. Ер нь хоёр гол санааг хэлье гэж бодсон шиг байна лээ. Нэг нь Засгийн газрын үйл ажил­ла­гаатай, нөгөө нь намтайгаа холбоотой. Яахав дээ, Засгийн газарт бол ажил хийж байгаа тохиолдолд хэрэлдэж, хэлэлцэх зүйл зөндөө байдаг. Гэхдээ намууд хоёр талд ойлголцохгүй ажил урагшлахгүй байс­наас хамтраад ажлаа урагшлуулж байгаа нь сайн гэж би ойлгодог. Өнгөрсөн гурван жилийн хугацаанд бид бас ч гэж ажил урагшлуулсан. Арав гаруй жилийн турш яриг­даад ярилцаад хийж ча­дахгүй байсан Оюу тол­гой, Таван толгой энэ үед л шийдэгдээд явж байна. Үүнд  хүмүүс таатай бай­гаагаа илэрхийлж бай­гаа. Би намынхаа “Мон­гол хүн-2020”-ийн хү­рээнд аймгуудаар явж иргэдтэй уулзсан учраас үүнийг хэлж байгаа юм шүү. Би том утгаар нь харж байгаа учраас хоёр тийш харж сууснаас хам­тарсан нь дээр гэж эхнээс нь хэлж байсан, Одоо ч үүнийгээ дахин хэлж бай­на. Түүнээс Засгийн газ­рын танхим дотор нэгэнт ажил л ярьж байгаа хойно хэлцэж, хэрэлдэх нь бай­даг асуудал. Гэхдээ хувь сайд нар, салбар сал­ба­раа ярьж маргалдахаас нам, намаараа талцаад муудалцаад байдаггүй юм шүү. Үүнийг зориуд хэлье.

АН энэ Засагт 15 сай­даас зургаан сайдын суу­далтай байна. Сайдууд өөр өөрийнхөөрөө л ажил­лаж байгаа, бас хам­тарсан Засгийн газ­рын үйл ажиллагааг өөр өөрийнхөөрөө дүгнэж яваа байх, АН, МАН гэлт­гүй. Тэр үүднээсээ Х.Бат­тулга өөрийнхөө бодлыг хэлсэн биз. Тэр хүн өөрийнхөөрөө бодлоо илэрхийлэхийг би зөв­шөөрнө. Угаасаа би тэр­гүүн шадар сайдын хувьд аль ч нам гэлтгүй бүгдтэй тулах үе ч байдаг юм. Одоо Засгийн газрын бү­рэн эрхийн хугацаа дуус­тал ердөө зургаан сар л үлдлээ. Алдсан нь ч бид­нийх, олсон ч биднийх. Хамтраад хийсэн сайн нь ч, муу нь ч бидний хамтын бүтээл. Тийм байтал нэг нь энхийн цагаан тагтаа болох гээд дэмий л дээ. Засгийн газрын нэг сайд нь эх орныхоо төлөө, бусад нь дандаа эсрэг ажиллаж байсан гэвэл итгэх хүмүүс олдохгүй болов уу. Засгийн тухайд ийм байна. Харин нам­тай холбоотой зүйл дээр санал нийлэхгүй зүйл байна лээ.

Чухам юу нь?

-Би дээр хэлсэн дээ. Бүх аймгаараа явж, ард иргэд, намынхаа гишүүд­тэй уулзлаа гэж. Тэгэхэд хүмүүс юу бодож, юуг зөвтгөж буруутгаж, бас юуг хүсч байгаа нь ерөн­хий зургаараа харагдаж байгаа юм. Ардчилсан нам нэгэнт ардчилсан хувьсгалыг хийсэн. Одоо тэгвэл эдийн засгийн эрх чөлөөг авчрах эдийн зас­гийн хувьсгал хэрэгтэй байна гэж хүмүүс хүсч байна. Үүнийг ганц хоёр аймгийн арга хэмжээнд оролцсон, орж ч амжаа­гүй хүн яаж мэдэхэв дээ. Жаахан мэдрэмж дутсан хэрэг юм уу даа гэж бод­сон. Бас хүн мэдэхгүй зүйлийнхээ дайсан ч гэ­дэг. Мэдэхгүйгээс тэгж хэлж, тэр нь буруу болж дээ гэж санасан. Би ч биш, манай намын нөхөд надад тэгж хэлж байна лээ. Бодвол Х.Баттулгад өөрт нь ч хэлэх биз.

Та улстөрчдийн рей­тингийн тухайд юу гэж боддог вэ. Таны нэр шилдэг арван улстөр­чийн жагсаалтад нээ­рээ яагаад ордоггүй юм бэ?

-Би гурван жил АН-ын даргаар ажиллаж байна. Намайг аравт алга, төдөд алга гэж хэлдэг байх аа. Надад яаж ярьдаг байх нь хамаагүй. Өнгөрсөн хугацаанд таныг “Нэгт оруулаад өгье, тэдэд оруу­лаад өгье” гэж хэлж байсан нь ч бий. Би түү­нийг яг яаж шалгаруулдаг юм ойлгоогүй. Надад хэ­дэд орох нь чухал биш. Би энэ намыг толгойлж ирэх хугацаандаа ганц зарчим л барьсан. Энэ нь АН-ыг олон нийт зөв талаас нь хараасай билээ, дандаа дотроо хэрэлдэж, муу­далцаж байдаг гэх тэр дүр зургаас нь салгаж ха­раа­сай билээ гэсэн ганц зүйл.

Ер нь манай намын олон гишүүн бидний нам дотроо авалцдаг, муу­далцдаг тэр явдал маань алдаа байжээ гэдэг. Тэ­гээд нийгэмд намынхаа ерөнхий ойлголтыг нь зөв болгох зорилго тавьсан. Тэр маань бас ч гэж биел­жээ. АН болсон болоогүй зүйлээс болж дотроо муу­далцаж, хүчээ тарамддаг байсан, харин одоо зов­лон дундуур яваад өөр болжээ, төлөвшиж, буурь­тай суурьтай, эрийн цээнд хүрсэн нам болжээ гэж олон нийт үздэг болж. Надад Н.Алтанхуяг рей­тин­гээрээ өндөрт байх нь чухал биш АН бүхлээрээ өндөрт байх нь чухал. Лидер дагаж нам явдаг биш, нам бүхлээрээ хүч­тэй байвал зөв юм шиг санагддаг. Тэгээд ч би багийн тоглогч. Найман хүүхэдтэй айлын хүүхэд. Багаасаа л ганцаараа биш ах дүүгээрээ гэдэг байсан учраас одоо ч намдаа би гэхээсээ ба­гаа­раа гэж боддог юм.

Өнөөдөр харин ямар ч судалгааны газраас яаж ч гаргасан судалгаагаар АН-ын рейтинг өндөр бай­гаа. Энэ бол өнгөрсөн гурван жилд олж авсан манай намын үнэ цэнэ гэвэл яах аргагүй мөн шүү.

Түүхэндээ АН өр­сөл­дөгч намаасаа өн­дөр рейтингтэй байгаа нь үнэн. Гэхдээ МАН, МАХН гэж салсан уч­раас АН тэгж харагдаад байгаа юм биш үү. Тэд нэг талдаа зогсчихвол танай намын рейтинг өндөр болж чадахгүй тал байна уу. Үүнийг сайд ч ярилцлагадаа дурдсан байна лээ?

-Бид зүгээр сууж бай­сан бол, эсвэл хэрэлдээд л байж байсан бол ийм дүр зураг гарахгүй л бо­лов уу. Рейтинг өндөр болсонд аль, аль талын хүчин зүйл байгааг би үгүйсгэхгүй. Магадгүй нө­гөө нам маань хоёр салсан нь нөлөөлсөн тал бий л байх. Гэхдээ хүн дуртай зүйлээ хараад дургүйгээ харахгүй байж болохгүй биз  дээ.

Өнгөрсөн гурван жил ганц би, намын дарга гэдэг энэ хүн зүтгэснийх биш манай намынхан бүгдээрээ хичээж ирс­ний үр дүн. Манайхан дотроо хэлцэж, хэрэлд­лээ гэхэд өөрсдийнхөө ганц үнэт зүйл болсон АН гэдэг дээрээ нэгдэж чад­саныг би хэлмээр байна. Манайхан бид бусдаас тохой илүү байна,  гэхдээ доторхи жижиг сажиг мар­гаанаасаа болж, яс зууж давхидагтаа буруу­таад байдаг байж гэдгээ энэ хугацаанд илүү ойл­голцож чадсан. Үүнийгээ ойлгож, нэг зүйл рүү явж чадаж байгаа маань бид­ний амжилт.

Гэхдээ рейтинг өндөр байгаагаа бид ялан дий­лээд байна гэж харж байгаа юм биш. Бидний өмнө цаг хугацаа байна. Олон ч үйл явдал байна.

Хамтарсан Засгийн газар хэзээ салах вэ гэдэг асуулт танд энэ Засгийн газрын эхний өдрөөс тавигдаж бай­сан байх. Би бас асуу­маар байна?

-Бидэнд нэг хэцүү асуу­дал байж, түүний ард гарсан. Тэр нь юу вэ гэвэл хамтарсан Засгийн газарт орох уу гэдэг асуулт. Өмнө нь Ц.Эл­бэг­дорж Ерөнхий сайдтай хамтарсан Засгийн га­зарт манайхан байж бай­гаад нөгөө намдаа өшиг­лүүлээд гарсан шүү дээ. Тийм шархтай хүмүүс дахин хамтарна гэдэг хэцүү байсан. Гэхдээ ма­най ҮЗХ-ныхон хам­тар­на гэсэн шийдвэр гарга­сан. Тэр хүмүүст би одоо ч баярладаг. Яагаад гэ­вэл гурван жилийн дараа харахад хамтарсан нь зөв байжээ гэдэг нь олон зүйлээс харагдаж, олон нийтийн үнэлэмжээр то­дорч байна.

Хамтарсан Засгаас гарах асуудлыг Н.Алтан­хуяг мэддэг юм биш, С.Бат­болд ч мэддэг юм биш. АН-ын асуудлыг ҮЗХ хуралдаж шийднэ. Гэхдээ ҮЗХ олон нийтийн санал бодлыг хараад шийдвэрээ гаргаж таа­рах байх. Гаргалаа гэхэд түүн дээр нь олонхи, цөөнхи болоод байх асуу­дал байхгүй.

Нэг хэсэг АН-ыг зас­гаас гарах тухай яриа нэлээд дэлгэрсэн. Нууц биш. Надтай хүмүүс таа­рал­да­хаараа “Хэзээ га­рах гэж байна” гэж мэн­дэлдэг болсон байсан үе ч байлаа. Одоогоор ма­най дээр ийм яриа гарсан зүйл алга байна.

Сонгуульд арай хамтарч оролцох юм биш биз дээ?

-Сонгуульд энэ хоёр нам хоёу­лаа орно. Орохдоо хоорондоо өрсөлдөнө гэдэг нь тодорхой. Аль аль нь, хийсэн зүйлээ ч ярих байх, ялгарч чадах талаа ч тодруулж ярих байх. Бас юу хийхээ ч ярьж таарна.

Тэгвэл танай нам ялалт бай­гуул­бал нөгөө намаа Хамтарсан Засгийн газарт урих уу?

-Тэрийг одоо хэлж мэдэхгүй шүү дээ. Хууль нь тодорхойгүй байна, юу юу нь ч тодорхойгүй байна. Гадуур “Энэ хоёр нам бүх  тохироо­гоо хийчихсэн гэнэ билээ. Зуу­рал­даж, наалдаж байгаад сонгуульдаа ороод дахиад хамтрах гэнэ” гэсэн яриа гарсан байна лээ. Хэн тэгж ярьсныг би мэдэхгүй юм. Ямар гээчийн холыг хардаг хүн үүнийг хардаг байна аа. Монгол Улс ардчилсан орон. Парламентад хэн хэдэн суудал авахыг ард иргэд мэдэхээс намын хоёр дарга мэднэ гэж байхгүй.

Манай намын хувьд гол үнэ цэнэ маань юу вэ гэвэл дотоодын ойлголцол, ард иргэдийн өгч бай­гаа үнэлэмж. Үүнийгээ бид цаашид улам бүр гүнзгийрүүлж дааж явахыг л хичээх болно.

Танай ҮЗХ хэзээ хуралдах вэ. Танай намынхан улс даяар явуулсан хэлэлцүүлэг дууссан, одоо л болох байх гэсэн яриа хөөрөөтэй байх шиг байна лээ?

-Бид хөдөөгүүр яваад дуус­чих­лаа. Нийслэлийнх хараахан дуу­саагүй байна. Энэ амралтын өд­рүү­дэд бид Сүхбаатар аймагт АН-ын аймгийн дарга удирдлага на­рын зөвлөгөөнийг хийх гэж байгаа юм. Сүхбаатар аймгийн дарга Ж.Батсуурь бол АН-аас сонгогдсон дарга л даа. Аймаг орон нутгийг хэрхэн хөгжүүлж болдгийг нүдэн дээр харуулж байгаа энэ даргын туршлагыг харуулах гэж АН-аас гарсан аймгийн цөөхөн ч гэсэн дарга нар маань цугларч, харил­цан туршлага солилцоно. Завханы Я.Санжмятав, Дорноговийн П.Ган­хуяг, Өмнөговийн Б.Бадраа нар бас аймагтаа хийж байгаа ажлуу­даа ярьж танилцуулах юм. Мөн ирэх сард ардчилсан хувьсгалын ойн өдрүүд маань болно. Үүний дараа л бид хуралдана даа.

Таныг нэг гараараа МАНтай гар бариад, нөгөө гараараа С.Эр­дэнэ, Т.Хасбаатар нарыг тур­хир­даг гэсэн яриа байх юм. Ялан­гуяа нөгөө намынхан тань тэгж харддаг бололтой юм?

-Би тийм юм хийдэггүй л дээ. Би асуудалд нь ханддаг болохоос тэр муу хүн, тэр сайн хүн гэж ханд­даггүй. Эрхбиш гурван жил хамт­раад ажиллахад нөгөө намынхан маань намайг ямар хүн бэ гэдгийг мэддэг болсон байлгүй дээ. Энэ нөхөр юуг хийдэг, юуг эс хийдэг вэ гэж. Хэрэв би тийм зүйл хийдэг байсан бол энэ Засаг аль хэдийнэ салж унах байсан. Үүнийг өмнөх Засгийн газар ха­руул­чихсан юм. Ц.Элбэгдорж Ерөн­хий сайд байхдаа гартаа өндөг бариад явж байна гэж хэлсэн нь яг үнэн. Хэзээ ч хагарчихаж магадгүй тийм эмзэг юм ш дээ.

Нэг хэсэг танай нөгөө хамт­рагч намын тань дотоодод бага­гүй асуудал өрнөлөө. Байдал багагүй ч хурцдаж ирээд намж­лаа. Тэр үед танайхан байдлыг юу гэж дүгнэж байв?

-Ерөнхий сайд С.Баяр бид хоёр анхнаасаа “Танай намын асуудал танай намынх, манай намын асуудал манай намынх” гэж тохирч байсан юм. Тиймээс бид нөгөө намынхаа асуудалд орж ярьдаггүй. Нам хойно ярих, хэлцэх асуудал байж л таарна шүү дээ.

Та анх С.Баяртай хамтарч, дараа нь С.Батболд залгамжлах үед үргэлжлүүлэн гар нийлсэн. С.Батболд сайдынС.Баяр бол том тоглогчгэдэг үгийг та юу гэж хүлээж авдаг вэ?

-Тэр хүн нөгөө хүний талаар юу гэж үнэлж байгаа нь надад хамаа­гүй. Би С.Баяр, С.Батболд нартай хамтарч ажилласан нь үнэн ч хувь хүнтэй хамтарч ажилласан бус, хамтарч хийх ажлын төлөө нэгдэж ажилласан юм шүү. Бид асуудлын төлөө, ажлын төлөө хамтарч ажил­ласан. Гэхдээ харилцан ойлголцож хамтарч ажиллаж чадсан.

Өчигдөр болсон Засгийн газрын хуралдаанаар Х.Бат­тулга сайдын салбарт шаард­ла­гатай мөнгө төгрөгийг яаралтай гаргаж өгөхийг Ерөнхий сайд үүрэгдсэн гэсэн. Салбарын сай­дын хувьд хатуухан ярилцлага өгч мөнгөө шийдүүлж авах тактик байсан юм болов уу?

-Мэдэхгүй ээ. Монгол Улсын төсвийн ихэнх нь сайдаар нь хэл­бэл Х.Баттулга, Д.Зоригт гэдэг хүн рүү л явдаг юм ш дээ. Салбараар нь хэлбэл барилга, зам тээвэр, эрчим хүч, уул уурхай гээд. Үнэндээ ч мөнгө хомсдчихоод байгаа юм байхгүй л байх. Харин ч мөнгө маань ихэдчих гээд байх шиг байна шүү. Мөнгө их орсны хэрээр улс хөгждөг юм биш, харин мөнгөө зөв зарцуулсны хэрээр улс хөгждөг гэж би ойлгодог. Намайг Сангийн сай­даар ажиллаж байхад манай ул­сын төсөв 600 тэрбум төгрөг бай­лаа. Харин одоо тав дахин нэ­мэгдэж. Тэгэхээр энэ их мөнгөө зөв зарцуулахын тулд эдийн засгийн хувьсгал хийх хэрэгтэй юм байна гэж ойлгож байгаа. Хүмүүс ч үүнийг хэлж баталсаар байна.

Х.Баттулга сайдын ярилц­лагуу­даасЭнержи ресурс“-т нэлээд шүүмжлэлтэй ханддаг нь харагдаж байна уу. Хувь хүний асуудлууд байна уу, салбарт нь байдаг хүний хувьд үнэхээр болохгүй зүйл байгаад бухим­даад байдаг болов  уу?

-Тэрийг хэлж мэдэхгүй юм даа. Би Таван толгойн ажлын хэсгийг ахалж байхад өргөн, нарийн төмөр зам гээд их маргасан даа. Тэр үед би хэлж байсан. “Төрийн ажлыг телевиз сонингоор хийхгүй шүү” гэж. Одоо ч тэр байр суурь маань хэвээрээ.

Сонгуулийн тухай хууль яг хаанаа, хэн дээр гацчихаад бай­на вэ?

-Сонгуулийн тухай хууль га­цаагүй, явж л байгаа шүү
дээ. Анх манай нам 50:26 гэж, МАН 26:50 гэж бүр
хоёр эсрэгээр нь тоо хэлж орж ирж байсан. Тэгээд ярьсаар байгаад нэг тоон дээрээ
тохирчих­лоо. Манай намын зүгээс
холбирч, хөдөлшгүй байгаа нь одоо байгаа засаг захиргааны хуваарилалтыг
өөрчлөхгүй шүү,
орон нутгийн сонгуулийг УИХ-ын сонгуультай хамтдаа явуулна шүү гэдэг зүйл байгаа юм. Түүнээс бусад дээр хэлэлцээд харилцан
тохироод явж болно гэж үзэж
байгаа.

Categories
редакцийн-нийтлэл

Хамтарсан Засгийн газрын баадуу зогсов

Хамтарсан Засгийн газрын гишүүн, ЗТБХБ-ын сайд Х.Бат­тулга өнгөрсөн долоо хоногт хэвлэлд тодорхой ярилцлага өгчээ. Ярилцлага одоогийн улс төрийн нөхцөл байдалд чиг заагч алтан гадас болохоор байна. Сөргөсөн, сөхсөн, анхааруулсан, буруутгасан олон өнгөтэй нь уншаад өнгөрөх бус үйл явдлын өрнөх гарц гаргалгааг бэлхнээ ургуулж харагдуулж байгаад гол утга учир байна.

Хамтарсан Засгийн газрыг нэгтгэж, торгоож байгаа эрхэм нь 
Х.Баттулгыг гэж бичих болоод удаж байгаа. Үүнийг аль, аль намынхан өөр хоорондоо ярьж, хэлцдэг. МАН-ынхан битүү­хэн­дээ Женкогийн байр суурь ямар байгаа бол гэж сэм танддаг. Ийм хүндтэй, хэрэгтэйгээс хэрэгтэй сайд Х.Баттулга кабинетээ хам­гийн ойлгомжтой бөгөөд нухац­тай­гаар шүүмжилж орхилоо.

Хамтарсан Засгийн газрын мөрийн хөтөлбөрийн биелэлт 30-40 хувьтай нь ард иргэдэд хан­галтгүй байна гэдгийг тус Хам­тарсан Засгийн газрын нэг ги­шүүн нь юуны өмнө ил тодоор мэдэгдэв. Гэхдээ түүний ийн хэлснийг тогоон дотроосоо урваж шарвасан гэхээс илүү ажлыг урагшлуулах гэж үзэхдээ эрх ашиг, сонирхлын зөрчилд баглаг­даад, аргаа барж, үсээ үгтээсэн улстөрчийн үг гэж үзэхэд бо­лохоор байгаа юм. Тэр “Хувийн компанийн ажлаас төрийнх хоц­роод яваад байдаг. Энэ нь ойл­гомжтой, зохион байгуулалттай шүү дээ” гэж харамсчээ. Х.Бат­тулга сайд нэг ноцтой зүйл мэдэгдсэн нь “Эрдэнэс МГЛ” 
нүүрсний
зах зээлийн ханш 110 ам.доллар байхад 70 ам.долла­раар гэрээ хэлэлцээ хийчихсэн, үлдэж буй 40 ам.доллар нь ард түмний хөрөнгөнөөс хумсалж хулгайлж байгаа хэрэг гэжээ. Өнгөрсөн 11-ний өдрийн Хятадын уул уурхайн сайт дээр хүрэн нүүрс нэг тонн нь 96.8-117.4 ам.доллар, коксжсон 193.5-225.8 ам.доллар ханштай гэсэн мэ­дээл­лийг харвал сайдын хэлсэнд эргэлзэх шаардлага алга.

Гэхдээ мань хүн дээрх бүг­дийг Засгийн газрын хуралдаан дээр хэлээд ч дэмжлэг аваагүй гэдгээ нэмж хэлсэн байв. Мөн татвар төлөхөөс зайлсхийж, Ухаа худгаас гаргаж авч буй нүүрсийг 70 ам.доллар гэсэн дарсан үнэ хэлж байгаа ч хилийн цаана өөр үнээр зардаг гэж барин тавин мэдэгдлээ. Хариуцлагатай ажил хийдэг хүн хариуцлагатай мэ­дэгдэл хийж байгаа байлгүй. Уг нь Засгийн газрын гишүүд УИХ дээр мэдэгдэл, мэдээлэл хийх­дээ яаж ийгээд л Засгаа өмөөр­дөг сөн. Тэгвэл Х.Баттулга гишүүн Засгийн газрын ажиллаж буй байдал, хурд, үр дүнд сэтгэл дундуур байдгаа зарлалаа. Ин­гэс­нээр танхимын дарга С.Бат­болд бас тэргүүн дэд дарга, Таван толгойн ажлын хэсгийн ахлагч, АН-ын дарга Н.Алтанхуягийг ажлаа муу хийж байна гэсэн дүн тавилаа. УИХ-аас Оюу толгой, Таван толгойтой холбоотой асууд­лууд дээр тодорхой тогтоол гаргаж, үүнийг хэрэгжүүлэхийг үүрэг болгосон байдаг. Парла­мен­таас бүх шийдвэр чиглэлийг нь хуульчлаад мөнгө төгрөг нь хүртэл байгаад байхад ажил явахгүй байна гэж үглэжээ. Ажил явахгүй байна гэж хэлэхээр Н.Алтанхуяг явж байгаа гэж хэлдэг, ам мурийгаад удаж бай­гаагаа нуусангүй. Засгийн газар үйлдэж буй үйл бас эс үйлд­лээрээ дагахгүй яваад ирснийг УИХ-ын гишүүд шүүмжилдэг нь оргүй биш бололтой. Үүнийг Засгийн газрын танхимын ги­шүүн нь хэлсэн болохоор хэрхэн итгэхгүй байх билээ. Угаасаа энэ кабинет нэг баг болж ажилла­даггүй, нэг намынхандаа бол нээлттэй нөгөө гаднаас орж ирсэн АН-ынханд хаалттай бай­даг бололтой юм гэсэн ойлголт уг ярилцлагаас нэвт харагдаж байгаа юм.

Тэрбээр “Энд тэнд болоод байгаа шиг дайн дажин, үймээн самуун алга. Дотоод талд хэрүүл тэмцэл гэж алга, гадаа жагсдаг иргэд, хөдөлгөөн алга. Одоо бүх шийдвэрийг УИХ батлаад гарга­чихсан, бас дээр нь мөнгө байна. Дээд зэргийн таатай уур амьсгал дунд л байна даа, уг нь. Одоо юу болохгүй байгаа юм, бүү мэд. Би бодоод олохгүй байна” гээд бүр “Дотроо байгаа мөртлөө шүү” гэж тодотгосон байгаа юм.

Ер нь энэ ярилцлага энэ төрд байгаа олон бүтэхгүй зүйлийг ил гаргаж өгснөөрөө ач холбогдол­той. Нэг гараараа архи зарж, нөгөө гараараа хууль баталдаг хүмүү­сийг шүүмжилж, Монголын бая­лаг хэдхэн гэр бүлийн гарт орж байгааг шүүмжилсэн нь танил тал, арга залиар бизнесээ өргө­жүүлдэггүй дундаж монголчуудад хамгийн ойрхон бууж байгаа мэдээлэл билээ. Бас эрхэм сайдын ярилцлагадаа өгүүлсэн нэгэн жишээг нэхэж дурдахаас аргагүй. Макдональдсын сүлжээ Монголд орж ирдэггүй нь иргэ­дийн орлого хүрэхгүй гэсэн судалгаатай нь холбоотой байдаг ажээ. Тав, зургаан мянгаар хачиртай талх аваад идчихээсээ зүсэм талх, шөлөөр өл залгачих­даг хүмүүс Монголд олон байна. Тиймээс нийгмийн дийлэнх нь ядуу Монголын нийтийн хоолны салбарт орж ирвэл дампуурна гэж дэлхийд тархсан энэ сүлжээ­нийхэн үздэг ажээ. Гэтэл мон­голчуудын баян болсны баталгаа болж байгаа гэгддэг Zegna, LV орж ирснийг авлигатай улс оронд орж ирдэг, нийгмийн тодорхой бүлэг хүмүүст л зориулагдсан гэдэг юм байна. LV-гийн салбарыг манайд анх нээгээд ганцхан сарын дотор борлогдсон барааны мөнгөн дүнгээ үзээд Бээжингээс манай­хыг хамаардаг салбарынхан цочролд орсон гэж дуулддаг. Тэд Монголд ингэж ихээр борлогдоно гэж зүүдлээ ч үгүй байж л дээ. Тэгэхээр үүнийг эргүүлээд унши­хаар “Монголд авлига хөгжсөн ч гэсэн ингэж ихээр хөгжсөн гэж санаагүй байсан” гэж ойлгог­дохоор.

Сайд Х.Баттулга баттай үнэ­нийг хэлсэн шиг хэлэв бололтой. Түүнээс жижиг сажиг найраа, хуйвалдаанд оролцоод байхгүй чанар илэрдэг. Тоймтой тулхтай, нийтлэг эрх ашгаа гэсэн сэтгэл харагдаад байдаг. Тиймдээ ч энэ удаад намынхаа даргыг танхи­мынхаа даргатай нийлүүлээд шулуухан буруушаав. Аль өнгөр­сөн сонгуулийн үеэр АН-ын дарга байхдаа одоогийн Ерөнхийлөгч Ц.Элбэгдоржийн гаргаж тавьсан “Ардчилсан хувьсгалын хоёр дахь шат нь үйлдвэржилт байх болно” гээд Монголд эдийн зас­гийн хувьсгал хэрэгтэй сонгуульд орж байсныг одоо 
“Эдийн Зас­гийн хувьсгал хийнэ” гээд зар­лаад байгааг ерөөсөө ойлгохгүй байгаагаа тэр хэлжээ. Бас каби­нетээ муу ажиллаж байгаа гэж дүгнэсэн нь Ерөнхий сайд С.Бат­болдод хаягласан нь мэдээж. Нөгөө талаас намынхаа даргыг шилдэг арван улстөрчийн жаг­саалтад багтаж чаддаггүй, өөрийнхөө өнгөн дээр намын рейтинг өндөр гэж үздэг нь буруу. МАН, МАХН гэж хоёр салснаар АН илүү рейтингтэй харагдаж байгаа хэрэг хэмээжээ. Даргад тал засахыг мэддэггүй энэ нөхөр танхимынхаа хоёр даргаа хоёу­ланг нь ийнхүү хусч орхиж. Хэн нэгэн улстөрч ингэж мэдэгдсэн бол өөр хэрэг. Харин Женко Х.Баттулга ингэж мэдэгдсэн нь дараагийн гаргалгаануудад хүр­гэж байгаа юм. Хамтарсан Засгийн газрын цаг зогсох нь тодорхой болжээ. Үүний баадуу нь болж байсан Х.Баттулга дээрх мэдэгдлийг хийснээрээ үүнийг нотолж байна. Бас АН-ын даргын суудалд тэр өрсөлдөх хүсэл хийгээд төлөвлөгөөтэй байгаагаа илэрхийлж байгаа нь харагдаж байна. Н.Алтанхуяг даргад хаяг­лан үгээ дайж, ҮЗХ дүгнэнэ биз гэснээрээ шатахуун шингээсэн алчуур ҮЗХ-ныхоо голд шидчих­лээ гэсэн үг юм. Намын асуудал бол жижиг асуудал. Жинхэнэ ҮЗХ нь хуралдаж, намынхаа даргыг шүүмжилсэн гишүүнтэйгээ асууд­лаа ярина биз. Харин Зас­гийн газарт асуудал өөрөөр тусч таарна. Өөрөөр хэлбэл Засгийн газар бол нам шиг фракцуудын нэгдэл болж ажиллаж таардаг. Засгаа шүүмжилсэн кабинетийн гишүүнд огцрох шийтгэл ирэх ёстой байгаа юм, уг нь.

Ерөнхий сайд бардам хий­гээд зоригтой бол Засгийнхаа ажлыг шүүмжилсэн сайдыг огц­руулчих бүрэн эрхтэй. Гэвч Сү.Батболд Женког яадаг юм бол доо. Хамтарсан Засгийн газрыг 
нь тогтоож буй сүүлийн тороос болохоор чадахгүй л байх даа.

Э.ЭНЭРЭЛ